#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.17 5:09 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 62 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jun.21.14 6:03 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Oct.30.12 2:41 pm
Posts: 38
Location: com iin ard
Сайдын гадаад байдал хэдийнэ анхаарал татсан бол одоо түүний ер бусын ур чадвар,
шаламгай байдал бүхний гайхшийг төрүүлэв. Хүлэг нь шувуунаас хурдан, илд нь нэн
эрчимтэйеэ салхи исгэрүүлэн эргэлдэх ажээ. Түүний бие жадыг нумнаас сум баттайяа
онилон тавих мэт амархан, хол, оновчтой шиднэ. Эсрэг багийнхаа хамгийн эрэлхэг
залуусыг ялсан бөгөөд тэмцээний эцэст түүнийг бүх нийтээр ялагч хэмээн хүлээн
зөвшөөрсөнд Сайдтай нэг багт тэмцэлдсэн халифийн дүү нарын нэг, тэргүүн сайдын хүү
хоёр өөрсөдтэйгөө тулалдана уу гэж гуйв. Халифийн дүү Али түүнд ялагдаж, харин тэргүүн
сайдын хүү түүнийг нэн эрэлхгээр эсэргүүцэн тулалдсан тул дараагийн удаа хэн ялахаа
шийдвэл дээр гэж удтал тэмцэлдсэний эцэст тогтов. -Эл тэмцээний дараа өдөр Багдад даяар зөвхөн сайхан, баян, эрэлхэг харийн хүний тухай л
ярилцан байлаа. Түүнийг харсан бүхэн, мөн түүнд ялагдсан бүхэн тэр эрийн сурвалжит зан
төлөвийг бишрэн бахадсан байлаа. Тэр ч байтугай Калум-Бекийн дэлгүүрт өөрийнх нь
дэргэд өөрийнх нь тухай шагшин хэлэлцэж, хаана суудгийг нь хэн ч мэдэхгүйд халаглан
байлаа.
Дараачийн удаад дагинын гэрт өмнөхөөсөө илүү гоё сайхан хувцас, илүу их үнэтэй цайтай
зэр зэвсэг байж байлаа. Энэ удаа Багдадынхны тэн хагас нь хуран чуулаад халиф өөрөө
нэгэн тагт дээрээс тэмцээнийг үзэв. Тэр ч бас харийн эр Алмансорыг гайхан шагшиж,
тэмцээн дуусмагц бахдал бишрэлээ илэрхийлэн алтан гинжтэй дурсгалын том гэгчийн
алтан зоос хүзүүнд нь зүүж өгөв. Энэхүү хоёр дахь удаагийн, илүү их гялалзсан ялалт
Багдадын залуу ноёдын атаархлыг төрүүлэхээс өөр яах билээ. Тэд өвөр хоорондоо
- Харийн нэг эр энд Багдадад ирээд бидний алдар хүнд, ялалтыг булаан авах ёстой гэж үү?
Багдадын залуусын сор бологсдын дунд тэмцэлдээд ялах ганц ч хүн байгаагүй гэж өөр газар
оронд сайрхан ярихад хүрвэл яах вэ? гэцгээв. Тэд ийнхүү ярилцаад дараагийн тэмцээнд
санамсаргүй тохиолдлоор мэт тав зургуулаа түүнийг дайран оръё гэж шийдэцгээв.
Эл дургүйцлийн илрэл Сайдын хурц, хараанаас мултарсангүй. Тэд буланд бөөгнөрөн хэрхэн
шивнэлдэж, сэжигтэй байдлаар өөрийг нь занган байгааг ажиглав. Халифийн дүү нар болон
тэргүүн сайдын хүүгээс өөр хэн нь ч өөрт нь нөхөрсгөөр хандах хүсэлгүй байгааг тухайлсан
бөгөөд тэд нь өөртэй чинь хаана очвол уулзаж болох вэ, юу хийдэг вэ, Багдадад танд юу нь
илүү таалагдав гэх мэт зүйл шалгаасаар түүнийг бүр залхааж гүйцсэн байлаа.
Тэдгээр залуусаас Сайд-Алмансорыг хамгийн зэрлэгээр ажиглан түүний эсрэг бүхнээс илүү
дайсагнасан янзтай байдаг нэг нь хэдхэн хоногийн өмнө Калум-Бөкийн дэлгүүрийн өмнө
золгүй худалдаачныг сахлаас нь зулгаах гэж байхад нь Сайд газар түлхэн унагасан тэр эрээс
өөр хэн ч биш байлаа. Түүний бие Сайдыг улам бүр анхааралтай, атаархсан янзтай ажиглан
харах болов. Хэдийгээр Сайд түүнийг хэд хэдэн удаа ялсан боловч энэ нь ийм дайсагналын
ноцтой үндэс ердөө биш тул тэр эр өөрийг нь нуруу, дуугаар нь Калум-Бекийн дэлгүүрийн
зарц гэдгийг таниад эдгээр хүмүүсийн доог тохуу болгон бахаа хангах гэж байгаа юм биш
биз дээ гэж эмээн байлаа. Атаархан хорсогчийн нь төлөвлөсөн зүйл Сайдын няхуур зан,
эрэмгий байдалд болон халифийн дүү нар хийгээд тэргүүн сайдын хүүгээс түүнтэй
тогтоосон нөхөрлөлд бүтлийг олохгүй баларч байлаа. Тэд нь түүнийг мориноос нь унагах
юмуу зэвсгээс нь салгах гэж оролдсон наанадаж зургаан хүнд бүслүүлсэн байхыг нь үзмэгц
довтлон хүрч тэр бүлгийг тараан хөөгөөд ийм тэрслүү зан гаргагсдыг тэмцээний талбараас
хөөн зайлуулна гэж сүрдүүлдэг байв. Ийм байдлаар Сайд Багдадынхны гайхшийг төрүүлэн
эр зоригоо шалгасаар дөрвөн сар илүү болов. Чингээд нэгэн удаа тэмцээний талбараас
харьж явах замд өөрт нь танил мэт санагдсан хүмүүсийн дуу чихийг нь дэлсэв. Өмнө нь
ягуухан алхах зуураа ямар нэг юм зөвлөлдөн байгаа бололтой дөрвөн эр явж байлай. Сайд
сэмээрхэн дөхөж очвол тэд нь цөлд Селимийн отгийнхны хэлэлцэн байсан тэр этгээд
аялгуугаар ярилцан байгааг болон тэр дөрөв ямар нэг дээрэм хийх санаатай байгааг сонсож
мэдэв. Анхандаа энэ дөрвөн эрээс даруй холдсугай гэж сэтгэсэн боловч ямар нэг хорлонт
үйлийг тасалдуулж мэдэх бус уу гэж бодоод тэдний үгийг сонссугай гэж улам ойртон очив.
- Зээлийн баруун талын гудамж гэж хаалгач тодорхой хэлсэн. Түүгээр өнөө шөнө тэргүүн
сайдынхаа хамт гарах болно, гарах ч ёстой гэж нэг нь хэлсэнд нөгөө нь
- Сайн хэрэг, тэргүүн сайдаас би айхгүй байна. Тэр бол хөгшин хүн бөгөөд гойд баатарлаг
эр ердөө ч биш. Харин халиф илдэнд тун сүрхий хүн. Би түүнд итгэхгүй байна. Бие
хамгаалагчдаас нь арав юмуу арван хоёр нь дагалдан явах нь лав гэвэл гурав дахь нь,
- Нэг ч хүн түүнийг дагаж явахгүй. Ямагт сайдтайгаа юмуу тэргүүн бойдаатайгаа хамт явдаг
юм гэж түүнийг шөнө явж байхыг нь харсан хүмүүс ярьдаг юм. Өнөө шөнө тэр биднийх
болох ёстой, гэхдээ түүнд ямар ч осол гэмтэл учруулж болохгүй гэв.
- Түүнийг бугуйлдан барьж авсан нь дээр гэж би бодож байна. Хүүрэнд нь цаадуул нь бага
мөнгө өгөх болно, аягүй бол юу ч өгөхгүй байж мэдэх тул бид түүнийг алж болохгүй гэж
эхнийх нь хэлэв.
- За, шөнө дундаас нэг цагийн өмнө шүү! гэж бүгд дор дороо хэлээд тал тал тийш салан
одоцгоов.
Сайд энэ төлөвлөгөөг сонсоод багагүй айв. Даруй халифийн ордонд яаран очиж
заналхийлэн байгаа аюулыг түүнд мэдэгдье гэж шийдэв. Гэвч хэд хэдэн гудамж гэтлэн
гүйсний эцэст өөрийг нь халифт хичнээн муугаар танилцуулсан тухай дагинын хэлсэн үг
санаанд нь орж, түүний сануулгыг хүмүүс шоолон тохуурхах юмуу, эсвэл Багдадын
захирагчид зулгуйдан нүүр нягуур олж авах гэсэн оролдлого хэмээн үзэж болох юм гэж
сэтгээд алхаагаа саан сайн илдэндээ найдаж халифийг өөрийн биеэр дээрэмчдийн гараас
аврах нь дээр юм гэж үзэв.
Иймээс тэр Калум-Бекийн гэр рүү явсангүй, харин нэгэн сүмийн довжоон дээр суугаад
шөнө дүл болохыг хүлээв. Тэгээд зээлийг өнгөрөн дээрэмчдийн тодорхойлон ярьж байсан
тэр гудамжинд орон нэг байшингийн урагш илүү гарсан хананы ард орж нуугдав. Хоёр хүн
ярилцсаар ирж явааг сонсох хүртлээ танд лав нэг цаг хэртэй зогссон бизээ. Анхандаа
тэднийг халиф, тэргүүн сайд хоёр биз гэж баттай бодсон боловч тэдний нэг нь алга ташсанд
өөр хоёр эр тэр даруй зээлийн зүгээс гудамж аяархан өгссөөр хүрч ирэв. Тэд хэсэг зуур
шивнэлдэн байснаа хуваагдан гурав нь Сайдаас холгүй газар нуугдан нэг нь гудамжаар
нааш цааш холхин байлаа. Шөнө таг харанхуй боловч харин нам гүм байсан тул Сайд
гагцхүү сонор чихэндээ найдахаас өөр аргагүй болов.
Зээлийн зүг алхах хөлийн чимээ сонсдох хүртэл мөн л хагас цаг хэртэй хугацаа өнгөрчээ.
Дээрэмчин түүнийг мөн л сонссон бололтой, Сайдын хажуугаар зээлийн зүг гэтэн одов.
Хөлийн чимээ улам улам ойртсоор дээрэмчин алга ташсан даруйд нөгөө гурав нь нуугдсан
газраасаа ухасхийн гарах үес Сайд хэд хэдэн бараан дүрс байгааг харанхуйн дундаас ялгаж
харав. Илдний зөрөлдөх чимээ дуулдсан тул дайруулагсад лав л зэвсэгтэй явсан бололтой
аж. Тэгмэгц дамаск илдээ суга татан барьж «Аугаа их Харуны дайснууд сөнөтүгэй!» гэж
хашгиран дээрэмчид рүү дайран орж эхнийхээ цавчилтаар нэгийг газарт унагаж, бугуйлдсан
хүнийхээ зэвсгийг булаан авах санаатай байсан өөр хоёр руу нь дайрав. Бугуйлыг тас татах
санаатай таамгаар цавчтал дээрэмчдийн нэгний нь гар тэрхүү хүчтэй цавчилтанд өртөн тас
үсрэв. Гараа тас цавчуулсан тэр дээрэмчин аюумшигтайяа хашгиран сөхрөн унав. Тэгтэл
нөгөө нэгтэй нь цавчилдаж байсан дөрөв дэх дээрэмчин хэдийнэ гурав дахьтай нь тулалдаж
эхэлсэн Сайдын зүг эргэв. Гэтэл цаламдуулсан эр өөрийгөө чөлөөтэй болсныг төдий л
ухаараагүй байснаа тийнхүү хүн дайран ирэхийг үзээд чинжаал хутгаа суга татан хажуугаас
нь цээж рүү нь шаав. Дээрэмчдээс үлдсэн ганц нь үүнийг үзээд сэлмээ хаян зугтааж одов.
Нөгөө хоёр хүний өндөр нь Сайд руу хүрч ирээд
- Амь насанд минь юмуу эрх чөлөөнд минь халдсан энэ халдлага хийгээд үл ухагдам
тусламж ба авралын аль аль нь тун гайхалтай байна. Миний хэн болохыг та яаж мэдэв? Та
энэ хүмүүсийн төлөвлөгөөг мэдэж байсан юм уу? гэж хэлсэн тул Сайд удаан гайхширч
зогссонгүй билээ.
- Сүжигтнүүдийг захиран залагч минь ээ, ингэж хэлэхдээ би таныг эндүүрээгүй байх гэж
бодож байна. Өнөө орой миний бие Эль Малек гудамжнаа хэдэн эрчүүлийн ард явж байсан
бөгөөд тэдний этгээд аялгууг би нэгэн цагт сурсан байлаа. Тэд таныг олзлон авч эрхэм таны
сайдыг алахаар ярилцан байв. Танд үүнийг мэдэгдэх нь нэгэнт оройтсон тул өөрийг тань
тэдний отохоор тохирсон газар таныг хүлээн хамгаалан тэмцэхээр шийдсэн билээ би гэж
Сайд хариу хэлсэнд Харун
- Чамд баярлалаа. Дашрамд хэлэхэд энэ хавьд удах хэрэггүй. Энэ бөгжийг аваад маргааш
миний ордонд оч. Бид тэгээд чиний болон тусламжийн чинь тухай, мөн чамайг хэрхэн
шагнавал зохихыг ярилцана. Тэргүүн сайд минь нааш ир, энд удах хэрэггүй, тэд эргээд ирж
мэднэ гэв.
Тэр залуу хүүгийн хуруунд бөгжөө зүүж өгөөд ингэж хэлэн тэргүүн сайдаа дагуулан одох
гэсэнд цаадах нь харин түр азнаж байхыг түүнээс гуйгаад эргэж Сайдад нэгэн хүнд хүүдий
атгуулав.
- Залуу минь ээ, миний эзэн Халиф чамайг хүссэнийхээ дагуу юу ч болгож, миний суурийг
залгамжлагч ч болгож чадна. Надад бол чадах юм бага тул тэрхүү чадах зүйлээ маргааш
гэлгүй өнөө гүйцэлдүүлсэн минь дээр билээ. Иймээс энэ хүүдийтэйг ав. Гэхдээ миний баяр
талархал үүгээр дуусч байгаа юм биш шүү. Ямар нэг юм хүсэх болбол зовох юмгүй над дээр
очоорой гэв.
Аз жаргалдаа мансуурч гүйцсэн Сайд гэрийн зүг яаран одов. Гэтэл тэнд нь түүнийг таагүй
явдал угтав. Түүнийг удтал алга болов гэж Калум-Бек эхлээд дурамжхан байснаа
дэлгүүрийнхээ сайхан зарлагчийг алдуузай гэж сэтгээд болгоомжлов. Тэр түүнийг хараан
зүхэж, галзуу мэт загнан цовхчин, дэвхцэв. Хэдийнэ хүүдий дэхийг харж цэвэр алтан зоос
байгааг нь олж мэдээд тэргүүн сайдыхаасаа ч дутуугүй байх нь мэдээж халифийн өршөөл
энэрэлгүйгээр нутагтаа очиж болох болов гэж сэтгэсэн Сайд түүнд мөчөөгөө өгсөнгүй,
харин ч танайд цаашид ганц ч цаг байхгүй гэдгээ тов тодорхой мэдэгдэв. Анхандаа Калум-Бек түүнийг сонсоод ихэд айсан боловч төдөлгүй доогтойяа хөхрөн
- Чи муу тэнүүлч, гуйлгачин, адгийн шаар! Намайг өгөөмөр гараа татахлаар хаашаа явж
амиа хоохойлно гэж бодож байна? Хаана чи голоо норгож, хаана чи сүүжээ амраана гэж
бодож байна? гэв,
Тэгэхэд нь Сайд
- Ноён Калум-Бек, та энэ талаар санаа зоволтгүй, та миний барааг ахиж олж үзэхгүй, сайн
сууж байгаарай! гэж эрсхэн хэлээд үүд рүү гүйн хүрч гарч одов. Калум-Бек түүний араас үг
дуугүй харан хоцров. Гэвч маргааш өглөө нь бараа зөөгч зарц нараа тал тал тийш нь илгээн
оргодлыг газар сайгүй тагна гэв. Тэд нь удтал дэмий л хайцгаасан боловч эцэст нь тэдний
нэг эргэж ирээд дэлгүүрийн зарц Сайдыг нэг сүмээс гаран нэгэн жинчдийн буудал руу
орохыг нь харав. Тэр сайхан хувцас өмсөж, чинжаал хутга, сэлэм зүүн бас тун гоё турбан
өмсжээ гэж хэлэв.
Калум-Бек үүнийг дуулаад залбиран байж
- Тэр намайг тоноод түүгээрээ хувцаслачихжээ! Элээ минь, би гэдэг хүн баларлаа! гэж
хашгиран цагдаагийн харгалзагчид гүйн хүрэв. Түүнийг тэргүүн бойдаа Мессоурын
садангийн хүн гэдгийг нь мэдэх тул Сайдыг баривчлахын тулд түүнээс хэдэн цагдаа
шаардан гаргуулж авах нь Калумд хэцүү биш байлаа. Сайд жинчдийн дэн буудлын үүднээ
тэнд уулзсан нэгэн худалдаачинтай төрөлх хот Алеппо руугаа явах тухай ярилцаж байжээ.
Гэтэл хэдэн хүн гэнэт дайран, хэдийгээр эсэргүүцсэн боловч барин авч гарыг нь ард нь
хүлэв. Юуны учир ийнхүү хүчирхийлэн барьж байгааг асуусанд цагдаагийн газрын нэрийн
өмнөөс эрхэм Калум
- Бекийн хүсэлтийн дагуу ийнхүү баривчилж байна гэж хариулав. Тэгтэл нөгөө жигшүүрт
атигар эр хүрч ирээд дооглон доромжилж халаас руу нь гараа хийн баясан дуу алдаж дүүрэн
алтан зоостой том хүүдий гаргаж ирсэнд хүрээлсэн олон гайхаж цөхөв.
- Харцгаав уу? Энэ өөдгүй эр энэ бүхнийг надаас бага багаар хулгайлсаар ийм болгожээ!
гэж өндөр дуугаар зарлан хэлсэнд хүмүүс баривчлагдсан эрийг жигшсэн янзтай харцгааж
- Яанаа та минь ээ! Ийм залуу, сайхан эр байж ийм муухай явдалтай хүн гэж бас байдаг аа!
Шүүхэд өг! Шүүхэд өг! Хөлийнх нь улыг саваадуул! гэж хашгиралдацгаав. Тийнхүү
түүнийг чирэн авч одсонд газар бүрээс хурсан үй олны цуваа бас дагалдав. Тэд ам амандаа
- Харцгаав уу? Зээлийн дэлгүүрийн нөгөө сайхан зарц чинь энэ шүү дээ! Эзнээсээ хулгай
хийгээд зугтаасан юм гэнэ! Хоёр зуун алтан зоос хулгайлсан юм байна! гэж шуугилдах ажээ.
Цагдаагийн газрын харгалзагч нь баривчлагдсан эрийг баргар царайлан угтав. Сайд үг хэлэх
гэсэн боловч тэр түшмэл түүний дуугарахыг тас хориод атигар худалдаачин эрийн яриаг л
сонсох ажээ. Түшмэл түүнд хүүдийг үзүүлээд энэ алтан зооснуудыг та алдсан уу гэж
асуухад Калум-Бек тийм гэж тангараглав. Гэвч түүний тэрхүү хуурамч тангараг нь алтан
зоостой болоход нь тус болсон боловч мянган зоосноос үнэтэй зарцыгаа эрх мэдэлдээ
авахад нь тус болсонгүй. Учир нь шүүгч
- Хэдхэн өдрийн өмнө манай аугаа хүчирхэг эзэн халифийн чангатгасан хуулийн дагуу зуун
алтан зоосноос хэтэрсэн бөгөөд зах зээлийн газар гарсан аливаа хулгай өдөөгчийг эл цөл
арал дээр бүх насаар нь цөлж байх болсон билээ. Энэ хулгайч яг цагаа олж баригджээ.
Үүнтэй нийлээд ингэж шийтгэгдэгсдийн тоо яг хорь болж байгаа тул маргааш ачааны
онгоцонд суулган далайд гаргах бопно гэжээ.
Сайд гайхаш тасарч гүйцээд ганц үг хэлэхийг минь зөвшөөрөөч, Халифтай уулзуулж ганц
үг хэлэхийг минь зөвшөөрөөч гэж хичнээн тангараглан гуйсан боловч түшмэл ер
хайхарсангүй. Өмнө нь андгайлж тангарагласандаа харамсан байгаа Калум-Бек бас түүний
төлөө үг хэлсэн боловч
- Чи мөнгөө олж авсан тул гомдох юм үгүй болов. Одоо үг дуугүй харь. Эс тэгвээс
эсэргүүцэн хэлэх үг бүрийн чинь төлөө чамайг арван алтан зоосоор торгох болно би гэж
шүүгч хариулав. Калум гайхан дуугай болж, шүүгч дохисонд золгүй Сайдыг авч одов.
Түүнийг харанхуй чийгтэй шоронд хорилоо, Тэнд нь түүнийг сүрэл дээр тойрон хэвтсэн,
арван есен хөөрхий болсон эр зовлон нэгт нөхрөө орж ирэв хэмээн үзэж бүдүүлгээр
хөхрөлдөн шүүгч болон халифийг харааж зүхэн угтаж авцгаав. Эл цөл арал дээр цөлөгдөнө
гэхээс хичнээн аймшигтай, угтан золгох ирээдүй нь хичнээн гаслантай санагдавч маргааш
гэхэд Энэ муухай шоронгоос гарна гэж бодоход сэтгэл нь тайтгарах ажээ. Хөлөг онгоц дээр
эндээс арай дээр байх биз гэж бодсон нь эндүүрэл байлаа. Хүн нуруугаа тэнийлгэн өндийх
аргагүй хамгийн доод талын тасалгаанд хорин хэрэгтнийг чихэн оруулсанд хамгийн
дөнгүүр гэсэн суудлын төлөө бүгд зодолдож ноцолдож гарав.
Бархагаа өргөж эх нутгаас нь буруулан авч одох хөлөг онгоц хөдөлж эхлэхэд Сайд гашуудан
уйлав. Өдөрт ердөө ганцхан удаа жаахан талх, жимс, амталсан ус хуваарилж өгөх бөгөөд
тэнд нь учиргүй харанхуй тул хоригдлуудыг хооллох болоход гэрэл авчирч барих ажээ.
Уснаа хөвөгч эл шоронгийн агаар туйлын муу учир бараг хоёр гурван өдөрт тэдний нэг нь
үхсэн байдаг байлаа. Сайд гагцхүү залуу нас, эрүүл чийрэг бие бялдрынхаа хүчинд л энэ
зовлонг тэсч явав.
Тэд хэдийнэ арван дөрвөн өдрийн турш усны дээр аялан явж байтал нь давалгаа хүчтэй
шуугин хөлгийн дээр ер бусын үймээн шуугиан, хөл хөдөлгөөн гарав.
Далайн шуурга дэгджээ гэдгийг тэд тухайлсан бөгөөд Сайд эл зовлонгоос амархан шиг үхэж
ангижрах нь гэж найдсан тул ийн шуурга дэгдсэн нь таатай санагдаж байлаа.
Хөлгийн нааш цааш шидэгдэх нь улам улам хүчтэй болсоор эцэст нь аймшигтай их дуу
чимээтэйгээр яг зогсов. Тавцангаас хүмүүсийн орлилдон хашгирах дуу хадаад шуурганы
чимээтэй холилдон замхрав. Тийн байсаар гэнэт нам гүм болоход хоригдогсдын нэг нь
хөлөгт ус орж ирж байгааг олж мэдэв. Тэд тэрхүү өмгөр тасалгааны адарт байх даруулган
хаалгыг балбасан боловч хариу чимээ гарсангүй. Ус улам хүчтэй цутган орж ирэхэд нь
хүчээ нэгтгэж байгаад түлхсэнд хаалга нь онгойжээ.
Шатаар өгсөн гарч үзвэл хэн ч байсангүй. Хөлгийн багийнхан бүгдээрээ завинд суун
одоцгоосон ажээ. Шуурга улам хүчтэй оволзон хөлөг нижигнэн живэх тул хоригдлуудын
ихэнх нь арга тасрав. Тэд бас ч хоёр нэгэн цаг тавцан дээр суун хөлгөөс олсон хүнсний нөөц
сэлтээр эцсийн удаа хооллоцгоов. Тэгтэл шуурга дахин оволзож мөргөн хясаанаас нь
хөлгийг авч шидсэнд тэр нь хэмхрэн унажээ,
Сайд нэгэн шургаас зууран байсан бөгөөд хөлгийг зад үсрэхэд ч түүнээсээ салсангүй.
Давалгаа түүнийг нааш цааш нь шидлэн байвч хөлөөрөө сэлүүрдэн усны мандал дээр
тогтсоор байлаа. Ийнхүү улам улмаар заналхийлэх үхлийн аюул дунд хагас цагийн турш
сэлж байтал бяцхан жимбүүр бүхий гинж бас л энгэрээс нь гулсан гарч ирэв. Тэгэхэд нь бас
л дуугарахгүй биз дээ гэж сэтгэсэн боловч үлээж үзэх гэж оролдон өрөөсөн гараараа
шургаас зуурч нөгөө гараараа түүнийг аван амандаа хийж үлээсэнд яруухан тунгалаг аялгуу
цуурайтан агшин зуурт шуурга намдан дээрээс нь тос асгасан мэт далайн ус гөлчийн
тэгшрэв. Хавь ойрд газрын бараа үзэгдэнэ үү гэж амьсгал уужран эргэн тойрноо харж
амжаагүй байтал нь доор нь байгаа шураг нь жигтэй байдлаар тэлэн өргөжиж хөдөлж
эхлэхэд нь үзвэл түүний бие модон дээр бус харин нэгэн асар том далайн гахай унан яваагаа
мэдээд багагүй айн ширвээдэв. Гэвч хэдэн эгшмийн дараа сая сэхээ орж эл далайн гахай
хэдий хурдан боловч тайван итгэлтэйгээр урагшлан хөвж байгааг үзээд тийнхүү
гайхамшигтайгаар аврагдсанаа бяцхан мөнгөн жимбүүр, сайхан сэтгэлт дагинын ач гэж
сэтгэн гал халуун баяр талархлаа агаарт хашгиран хэлэв.
Тэрхүү гайхалтай хөлөг нь түүнийг авгч сум шиг хурднаар давалгаа зүсэн довтолгосоор
явтал орой болохоос өмнө газрын бараа, тэр даруй далайн гахайн мурилзан орсон нэгэн том
голын бараа ялгаран харагдав. Урсгалын эсрэг явдал нь удааширсанд эрт урьдын шидэт
үлгэр домгоос ид шидийн учрыг гадарлах болсон Сайд өлсөж зовохын хэрэг юу билээ гэж
сэтгэн бяцхан жимбүүрээ гаргаж ирээд үнэн сэтгэлийн угаас чанга гэгч үлээн сайхан хоол
бэлэн болтугай гэж хүсэв. Тэр даруйд далайн гахай дороо нам зогсоод амттан шимттэн
дүүрэн овоолоостой, найман өдрийн турш наранд байсан юм шиг хув хуурай тийм нэгэн
ширээ уснаас гарч ирэв. Хоригдон байх зуураа үргэлж өлөн зөлөн, өөдгүй амтгүй юмаар өл
зогоох төдий байсан Сайд ховдоглон идэж ууж, цадсаныхаа эцэст талархлаа илэрхийлсэнд
ширээ нь ус руу эргэн оров. Тэгэхэд нь тэр далайн гахайн бөөрийг алгадвал даруй цааш гол
өгсөн сэлж гарлаа.
Наран жаргаж эхлэх үес сүм дуганын нь цамхгууд Багдадынхтай адилхан санагдах нэгэн
том хотын бараа харанхуйлан агч алсад байгааг Сайд олж харав. Багдадын тухай бодсон
даруйд сэтгэл нь тавгүй болсон ч сайхан сэтгэлт дагинад итгэх итгэл нь хязгааргүй их
байсан тул тэр дахин намайг ичгүүрт Калум-Бекийн гарт оруулахгүй биз ээ гэж бат найдзв.
Хотоос нэг бээрийн хэр зайд, хажуу талд нь голын эрэгт нэгэн тансаг ордон байгаа үзэгдтэл
хөлөглөсөн загас нь тэр зүг хөвөхөд түүний бие машид гайхав.
Эл ордны дээвэр дээр гоё ганган хувцастай хэдэн эр зогсож байнам бөгөөд эрэг дээр баахан
зарц бөөгнөрөн түүнийг харуулдан гайхан шагшсандаа алга ташин байгааг Сайд харав.
Уснаас цэнгэлийн ордон руу хүрсэн гантиг шатны өмнө далайн гахай нь зогссонд Сайд
гантиг шатны гишгүүр дээр хөлөө тавьж бараг завдаагүй байтал хөлөглөж ирсэн унаа нь ор
мөргүй алга болжээ. Тэгтэл ч хэдэн зарц, бойдаа эл шатаар бууж ирээд эзнийхээ нэрийн
өмнөөс ордонд орохыг уриад торгон хувцас авчирч өгөв. Сайд тэр даруй хувцсаа сольж
өмсөөд зарц бойдаа нарыг даган ордны дээвэрт гарч очвол тэнд нь гурван эр зогсож байсны
хамгийн өндөр, хамгийн сайхан нэг нь өмнөөс нь найрсаг, ивээнгүйгээр тосон ирэв. Тэгээд
- Далайн амьтныг захиран хөлөглөж моринд гарамгай эр хүлэг юугаан залах шиг баруун
зүүн тийш нь залуурдан явагч гайхамшигтай залуу та хэн гэгч вэ? Та идтэн шидтэн үү, эс
бөгөөс бидний адил энгийн хүн үү? гэж асуусанд Сайд
- Эрхэм ноён! Сүүлийн хэдэн долоо хоногт надад тун золгүй явдал тохиолдсон бөгөөд таныг
таалах аваас би яримаар байна гэв. Чингээд тэнд байсан гурван эрд эцгийн гал голомтыг
орхин гарсан мөчөөс авахуулаад гайхалтайгаар аврагдсанаа хүртэл нэгд нэггүй өгүүлэв.
Цаадуул нь байн байн гайхан шагширч яриаг нь тасалдуулан байсан боловч түүнийг ярьж
дуусахад нь нэн найрсгаар угтан авсан, эл ордны эзэн
- Би чиний үгэнд итгэж байна, Сайд! Гэхдээ чи бидэнд тэмцээнд түрүүлж гинжин зүүлт
бүхий нэгэн алтан зоосоор шагнуулсан, халиф чамд бөгж бэлэглэсэн гэж ярилаа. Түүнийгээ
одоо (бидэнд үзүүлэхгүй юу? гэв.
- Аль алиныг нь би зүрхэн тушаагаа нандигнан авч явдаг бөгөөд аугаа их халифыг
алуурчдын гараас аварснаа хамгийн алдартай, сайхан үйл гэж үздэг тул эл үнэлж баршгүй
бэлгийг амь насаа алдахаас нааш хэнд ч алдах ёсгүй билээ гэж өгүүлээд залуу эр гинж бүхий
зоос, бөгжийг гаргаж ирэн тэдэнд өгөв.
- Вивгнгиридичийн сахлыг барин тангараглъя! Биднийг аврагч энэ зогсож байгаа нь үнэн
тул үүнийг тэврэн талархъя, тэргүүн сайд аа! гэж нөгөө өндөр сайхан эр хэлэв. Тэгээд
тэдний тэврэн авах нь Сайдад зүүд мэт санагдсан боловч түүний бие даруй сөхрөн унаж
- Та бол аугаа их Багдадын халиф, Харун Аль Рашидаас өөр хэн ч биш тул өмнө тань ийнхүү
ярьсныг минь уучлан өршөөнө үү, сүсэгтнүүдийн эзэн захирагч минь гэв.
- Тэр чинь би мөн бөгөөд чиний найз нөхөр билээ! Одоо энэ мөчөөс эхлэн гаслант хувь заяа
чинь эцэс болно. Харун чиний хувьд хамаагүй хүн биш юм байна гэдгийг чи тэр нэгэн шөнө
харуулсан нь үнэн тул намайг даган Багдадад очоод миний дэргэд үлдэн улмаар хамгийн
итгэлт түшмэлийн минь нэг бологтүн. Үнэнч албат нар бүрээ би тэр болгон ийм янзаар
шалгахыг хүсэхгүй билээ! гэж Харун хариу өгүүлэв.
Сайд халифт талархсанаа хэлээд өөрийнх нь төлөө машид сэтгэл зовинон байх ёстой
эцэгтэйгээ очиж уулзсаныхаа дараа дэргэд тань үргэлж байх болно гэж амласанд халиф
тийнхүү явж эцэгтэйгээ уулзах нь зүйтэй бөгөөд амархан хэрэг гэж зөвшөөрөв. Түүнээс
удалгүй мориндоо мордоцгоож наран жаргахаас өмнө Багдадад ирцгээв. Халиф ордондоо
маш тансгаар засаж чимэглэсэн хэд хэдэн өрөөг эзэгнэн сууг гэж Сайдад зааж өгөөд үүнээс
гадна чамд хувилж байшин бариулж өгнө гэв.
Эл явдлын эн тэргүүний сургийг сонсоод Сайдын зэвсэг нэгт нөхөд болох халифын дүү нар
болон тэргүүн сайдын хүү яаран хүрч ирэв. Эл эрхэм хүмүүсийн амийг аврагч хэмээн тэд
Сайдыг тэврэн авч бидний найз нөхөр болно уу гэсэнд
- Би аль хэдийнээс та нарын найз байсан билээ гэж хэлэн тэмцээний шагналд авсан алтан
гинжит зоосыг гаргаж үзүүлэн энэ тэрийг сануулсанд тэд нь үг дуугүй мэлрэн гайхжээ. Тэд
түүнийг зөвхөн хүрэн бор царайтай, урт сахалтай байхыг нь л харсан тул яаж, юуны учир
тийнхүү зүсээ хувилгах хэрэгтэй байснаа ярьж, түүнээ нотлохын тулд мохоо зэвсэг
авчруулан тэдэнтэй цавчилдаж зоригт Алмансор гэж нэрийдсзн тэр хүн мөн гэдгээ
үзүүлсэнд сая дуу алдан бахдан баясацгаав. Маргааш өдөр нь Сайдыг тэргүүн сайдын хамт
сууж байтал тэргүүн бойдаа Мессоур орж ирээд
- Сүсэгтнүүдийн эзэн захирагч аа, хэрэв таныг зөвшөөрвөл би танаас нэгэн зүйл өршөөл
энэрлийг хүсмээр байна гэсэнд Харун
- Эхлээд би учрыг нь сонсъё гэв.
- Гадаа миний хайрт ураг садан үеэл, зээлийн алдарт худалдаачин Калум-Бек зогсож байна.
Тэр хүү нь Калум-Бекийн дэргэд ажиллаж байгаад дараа нь хулгай хийн хаашааг бүү мэд
оргон одсон, Аллепогийн нэг хүнтэй төвөгтэй маргаан будлиантай болчихоод байгаа юм
байна. Одоо болохоор тэр хүүгийн эцэг нь Калум-Бекээс хүүгээ нэхээд, Калум-Бек хаана
байгааг нь мэдэхгүй тул яах ч аргагүй болчихоод байгаа юм. Иймээс Калум-Бек таныг
өршөөн соёрхож аугаа их гийгүүлэх чадвар ухааныхаа суугаар Аллепогоос ирсэн тэр хүн
хийгээд түүний хзргийг болгоон шийдвэрлэж учрыг ойлгуулж өгнө үү гэж хүсч байна гэж
хэлсэнд халиф.
- За, би уг хэргийг шийдье. Хагас цагийн дараа эрхэм үеэл чинь тэр хүнийхээ хамт шүүх
танхимд ирж болно гэж хариулав.
Мессоурыг талархлаа илэрхийлээд гарч одоход Харун
- Сайд, тэр хүн бол эцгээс чинь өөр хэн ч биш бөгөөд би нэгэнт азаар учрыг нэгд нэггүй
мэдсэн тул Салом шиг шийдэх болно. Сайд, чамайг дуудах хүртэл сэнтийний минь халхны
ард нуугдаж бай. Тэргүүн сайд чи одоохон тэр өөдгүй, хуумгай цагдаагийн газрын
шүүгчийг авчруул. Байцаалтанд тэр надад хэрэг болно гэв.
Тэр хоёр хоёул халифын тушааснаар гүйцэтгэв. Цонхийж, ядарч сульдсан эцгийгээ
шүүхийн танхимд сальдирхлан орж ирэхийг үзээд зүрх нь догдлон, өөрийн үеэл тэргүүн
бойдаад ямар нэг юм шивгэнэн байгаа Калум-Бекийн бардам, хангалуун инээвхийллийг
үзээд уур нь бадран халхны араас түүн рүү дайран хүрч очмоор санагдав. Учир нь энэ
өөдгүй эрээс болж түүний бие туйлын их гаслан зовлонд учирсан билээ.
Халифын хэрхэн хэрэг шүүхийг үзэх хүсэлтэй олон хүн танхимд цугларсан байлаа.
Багдадын захирагчийн Сэнтий дээрээ морилсны дараа тэргүүн сайд цугларсан олныг
чимээгүй болохыг хүсээд эзнийхээ өмнө хэн гомдол мэдүүлэн ирээд байнэ вэ гэж асуув.
Калум-Бек урагш давшин гарч ирээд ичгүүргүй дуугаар ингэж ярив:
- Хэдэн өдрийн өмнө нэгэн зарлан дуудагч гартаа хүүдий барин энд байгаа энэ хүнийг
хажуудаа дагуулан мухлагуудын дундуур гарч ирээд «Аллепогийн Сайдын талаар баттай
сураг гаргасан хүнд нэг хүүдий алтан зоос өгнө» гэж хашгиран явах үес би дэлгүүрийнхээ
үүдэнд зогсож байсан билээ. Тэр Сайд нь миний дэргэд ажиллаж байсан тул би Найз минь
ээ, нааш ир би наад хүүдийтэйг чинь авч чадах юм байна» гэж хэлсэн юм. Эдүгээ надад
машид дайсагнан байгаа энэ хүн найрсгаар хүрч ирээд намайг түүний талаар юу мэдэх вэ
гэж асуув. Тэгэхэд нь би «Та лав түүний эцэг Бенезар биз ээ? гэж хариу асуусанд
баяртайгаар тийм гэж батлахад нь би тэр залууг цөлд хэвтэж байхад нь хэрхэн олж авч авран,
тэтгэн тэнхрүүлж Багдадад авчирснаа ярив. Тэгэхэд энэ хүн чин зүрхнийхээ угаас баярлан
хүүдийтэйгээ надад өгөв. Гэхдээ энэ ухаангүй эрийн явдлыг сснсоцгоогтүн. Тэгээд би цааш
нь хүү нь миний дэргэд ажиллаж байсан, тусгүй зан гаргаж хулгай хийгээд зайлан одсоныг
ярьсанд ер итгэж өгөхгүй хэдэн өдрийн турш надтай маргаж, надаас хүүгээ, мөнгөө нэхэж
шалгаагаад байгаа юм. Сураг чимээг нь гаргаж өгсөн тул мөнгийг би авах нь зүй ёсны хэрэг
бөгөөд замаа алдсан хүүг нь олж өгөх аргагүй тул би аль алиныг нь биелүүлж чадахгүй.
Түүний дараа бас Бенезар ярив. Хүүгээ хичнээн хүмүүжилтэй, ааш авир сайтай, хэзээ ч
хулгай хийхээр хүн биш гэдгийг яриад хэрэг явдлыг нарийн болгоон шүүхийг халифаас
шаардав.
- Калум-Бек, чамайг би үүргийнхээ дагуу хулгайн хэргийг мэдүүлсэн гэдэгт найдаж байна
гэж Харуныг хэлсэнд цаадах нь инээмсэглэн байж
- Ээ тэгэлгүй яахав! Би түүнийг өөрийг нь цагдаагийн шүүгчийн өмнө аваачиж өгсөн билээ
гэв.
- Цагдаагийн шүүгчийг оруулаад ир! гэж халиф тушаав.
- Илбийн хүчээр аваад ирсэн мэт цагдаагийн шүүгч тэр даруй орж ирсэнд олон бүгдээр гай-хацгаав. Халиф түүнээс эл хэргийг санаж байна уу гэж асуусанд цаадах нь санаж байна гэв.
- Чи тэр залууг байцаасан уу? Тэр хулгайн хэргээ хүлээсэн үү? гэж Харун асуув.
- Үгүй, тэр танаас өөр хэнд ч хэргээ хүлээхгүй гээд адраад байсан гэж шүүгч хариулав.-Гэтэл би түүнтэй уулзсанаа санахгүй юм байна гэж халифыг хэлсэнд цагдаагийн шүүгч
- Ээ, яалаа гэж би тантай уулзуулах билээ! Тэгэх юм бол би тантай уулзаж ярилцах гэсэн
тиймэрхүү новшнуудыг өчнөөн төчнөөнөөр нь тан руу явуулж байх болно шүү дээ гэв.
- Миний сонсгол хүн бүхэнд нээлттэй гэдгийг чи мэдэж байгаа. Гэвч хулгай хийсний нь
баримт гарцаагүй тодорхой байсан учраас чи лав тэр залууг надтай уулзуулах хэрэггүй
байсан бизээ. Тэр мөнгө чинийх гэдэг нь, чамаас алдагдсан гэдэг нь баталгаатай биз, Калум?
гэж Харун тэдэнд хандаж хэлсэнд худалдаачин эр зэвхий даан
- Баталгаа гэнэ ээ? Үгүй, баталгаа байхгүй. Тэгээд ч алтан зоос нэг нь нөгөөгөөсөө
ялгагдахгүй ав адилхан байдгийг сүсэгтнүүдийн захирагч та мэдэх билээ. Эл зуун алтан
зоос миний мөнгөний сангаас дутсан гэдгийг гэрчлэх гэрч хаана байх билээ? гэсэнд халиф
- Тэр мөнгө яг чинийх мөн гэдгийг чи тэгээд юугаар нь мэдсэн юм бэ? гэж халифыг асуусанд
Калум-Бек хариуд нь
- Түүний байсан хүүдийгээр гэв.
- Тэр хүүдий чинь одоо чамд байна уу? гэж Харун цааш нь лавшруулан асуув.
- Байлгүй яахав гээд худалдаачин эр нэгэн хүүдий гаргаж ирээд халифт дамжуулаг гэж
тэргүүн сайдад өгөв.
Тэгтэл тэргүүн сайд гайхсан дүр үзүүлэн
- Вивангиридичийн сахлыг барин тангараглъя! Энэ хүүдий чинийх юм гэж үү, муу нохой?
Энэ чинь минийх байна. Үүнийг би зуун алтан зоосоор дүүргэн намайг нэгэн их аюулаас
аварсан эрэлхэг залуу эрд өгсөн билээ гэж дуу алдан хэлэв.
- Чи үүнийгээ тангараглан баталж чадах уу? гэж халифыг асуусанд
- Нэгэн цагт диваажинд очно гэдэг шигээ итгэл төгс батална. Учир нь үүнийг охин минь
өөрийн гараар урлаж өгсөн юм гэж тэргүүн сайд хариулав.
- Ай яа яа! Тэгэхлээр цагдаагийн шүүгч чи хэргийг буруу шүүсэн болж таарах нь ээ? Юуны
учир чи энэ хүүдийг энэ худалдаачных гэж итгэсэн юм бэ? гэж Харун дуу алдав.
- Энэ өөрөө батлан тангарагласан юм гэж цагдаагийн шүүгч хариулав,
- Тэгвэл чи хуурамчаар тангарагласан байх нь ээ? гэж өмнөө зэвхий даан дагжин чичирч
зогсоо худалдаачинд халиф аянга мэт сүртэй дуугаар хэлсэнд
- Аллах тэнгэр минь, Аллах тэнгэр минь! Ноён тэргүүн сайд итгэлтэй хүн тул би түүний
эсрэг юугаа хэлэх билээ. Гэвч элээ халаг гэж! Энэ хүүдий минийх бөгөөд өөдгүй муу Сайд
хулгайлчихсан юм. Хэрэв энд байдагсан бол би түүнд мянган туман өгөхсөнж гэж цаадах
нь арга тасран өгүүлэв.
- Чи тэгээд тэр Сайдыг яасан бэ? Миний өмнө авчирч учир явдлыг нь хэлүүлэхийн тулд
хааш нь хүн явуулбал зохихыг хэл чи! гэж халифыг асуусанд
- Би түүнийг эл цөл арал руу илгээсэн гэж цагдаагийн шүүгч хариулав.
Үүнийг сонсоод хөөрхий эцэг
- Сайд минь, Хүү минь, хүү минь! гэж халаглан гашуудаж уйлав.
- Тэгэхлээр тэр гэмт хэргээ хүлээсэн хэрэг үү? гэж Харуныг асуусанд
Цагдаагийн байцаагч зэвхий даан нүдээ эргэлдүүлэн байснаа сая ам нээж
- Миний санахад...тийм ээ гэв. Тэгэхэд нь халиф
- Тэгэхлээр чи тодорхой мэдэхгүй байгаа юм уу? гэж сүрдэм дуугаар асуугаад
- Тийм бөгөөс түүнээс өөрөөс нь асууя. Сайд гараад ир. Калум-Бек чи одоо түүний бие яг
энд байж байгаа тул юуны өмнө мянган алтан зоосоо төл гэв.
Калум, цагдаагийн шүүгч хоёр хий үзэгдэл үзэв гэж итгэсэн тул сөхрөн унаж
- Өршөө! Өршөө! гэж дуу алдацгаав. Бенезар баярласандаа ухаан алдах шахан алдагдсан
хүүгийнхээ гарт яаран очиж тэврүүлэв. Гэтэл халиф төмөр мэт хатуу чангаар
- Цагдаагийн газрын шүүгч ээ, Сайд энд зогсож байна, энэ хэргээ хүлээсэн үү? гэж асуусанд
цагдаагийн газрын шүүгч
- Үгүй, үгүй! Нэртэй төртэй хүн болохоор нь би ганцхан Калумын баталгааг л сонссон юм
гэж уйлан хайлан өгүүлэв.
- Зөвхөн нэр хүндтэйнх нь үгийг сонсож бай гэж би чамайг бүхний дээр шүүгчээр томилсон
уу? гэж Харун Аль Рашид хилэгнэн өгүүлээд
- Би чамайг далайн эл цөл аралд арван жилээр цөлнө. Тэнд чи шударга ёсыг бясалган бодож
болно. Аврахын тулд биш, харин боолоо болгохын тулд үхэж байгааг тэнхрүүлэгч өөдгүй
эр чи түрүүн хэлсэнчлэн чамайг гэрчлэхээр Сайдыг энд байгаасан бол гэж андгайлан
амласан тул мянган алтан зоос төл гэв.
Эл бузар хэргээс ийм амархан мултрах нь гэж баярласан Калум сайхан сэтгэлт хэлифт
талархсанаа илэрхийлэхийг завдтал цаадах нь
- Зуун алтан зоосны төлөө худал андгайлсны учир хөлийнхөө улыг зуу саваадуулах болно.
Бас дэлгүүрийг чинь авч чамайг ачаа зөөгчөөр ажиллуулах уу, эсвэл ажилласан
хоногийнхоо өдөр тутамд нь арван алтан зоос аваад сэтгэл амрах уу гэдгийг сайд шийдэх
болно гэж үргэлжлүүлэн хэлэв.
- Энэ өөдгүй амьтныг зүгээр л явуулж үз, халиф минь! Би үүний юмнаас юу ч авахыг
хүсэхгүй байна гэж залуу эр өндөр дуугаар хэлэв.
- Үгүй, чамайг хохиролгүй болоосой гэж би хүсэж байна. Би л чиний оронд байсан бол өдөр
тутмын арван алтан зоос авсан нь дээр гэж үзмээр байна. Чи үүний саварт хичнээн өдөр
болсноо тооцоол. За, одоо энэ новшнуудыг зайлуул гэж Харун өчив.
Тэднийг авч одсонд Бенезар, Сайд хоёрыг халиф өөр нэг танхимд дагуулан ороод Сайдын
хүчинд өөрөө хэрхэн гайхалтайгаар аврагдсанаа Бенезарт ярьж гарав. Яг энэ үес гадаа зуун
цэвэр алтан зоосны нь хариуд хөлий нь улыг саваадаж байсан тул Карум-Бекийн хашгирах
дуунд эл яриа нь үе үе тасалдан байв.
Халиф Бенезарыг Сайдын хамт Багдадад өөрийнхөө дэргэд суу гэж урив. Бенезар үүнийг
нь зөвшөөрөөд их эд хөрөнгөө авахын тулд зөвхөн ганц удаа гэрийн зүг оджээ. Харин Сайд
талархал төгс Халифаас өөрт нь зориулан барьсан ордонд язгууртан мэт аж төрөн суув.
Халифын дүү нар болон тэргүүн сайдын хүү түүний итгэмжит нөхөр болоод «Би-Бенезарын
хүү Сайд шиг, сайн, аз жаргалтай байхсан» гэдэг үг Багдадад цэцэн үг болжээ.


Top
   
PostPosted: Jun.22.14 11:47 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
— Ийм яриаг чагнан суусан цагт хоёр, гурав, түүнээс олон шөнө нойргүй хонох хэрэгтэй болбол нойр ер хүрэхгүй юм байна гэж анчныг яриагаа дуусгамагц уран дархан хэлээд
— Үүнийг би олон удаа үзэж мэдсэн. Урьд нь би хонх цутгагч нэгэн эрийн дэргэд туслахаар ажиллаж байлаа тэрээр баян, харамч хариг зангүй тийм нэгэн байлаа. Нэгэн удаа бид тун нүсэр ажил бүтээгээд дуустал дадсан заншлынхаа эсрэг байдгаараа гар татан байхад нь бид гайхавч бараагүй билээ.
Шинэ барьсан сүмд хонх цутгах хэрэгтэй болоод залуус болон туслахууд нь болох бид бүхэл шөнөжин голомт тойрон сууж гал манацгаахад хүрэв. Бид эзнийгээ хэвээ галд шургуулаад бидэнд шилдэг дарсаа сөгнөнө гэж баттайяа итгэн байлаа. Гэтэл тэгсэнгүй, цаг тутамд ганцхан жороо хундага бариад, өөрийнхөө аян зам, амьдралаас элдэв дээдийг ярьж эхлээд дараа нь тэргүүн туслах гэх мэтчилэн ярьж бид бүхэн тун шуналтайяа чагнан суусан тул хэн маань ч үүрэглээгүй билээ. Бидний тийнхүү үүргэлэхээс өмнө хэдийнэ өдөр болчихсон байлаа. Тэгэхэд яриагаар саатуулан сэрэнгэ байлгах гэсэн эзнийхээ залийг бид мэдэв. Тэгээд хонх бэлэн болмогц тэр дарсаа хайрласангүй, уг шөнө ухаалгаар нөөж үлдээсэн бүхнээ өгч билээ гэв.
Тэгэхэд нь оюутан
— Тэр чинь ухаалаг эр байна. Сэрэнгэ байхад ярианаас өөр юу ч тус болохгүй гэдэг нь мэдээж. Би арван нэгэн цаг болмогц нойроо дийлж чаддаггүй хүн тул энэ шөнө ганцаараа баймааргүй байна гэж хариу өгүүлсэнд анчин
— Үүнийг тариачид ч бас сайтар бодож олсон юм. Өвлийн шөнийн уртад авгай хүүхнүүд гэрэл барин утас ээрэхдээ ажлынхаа дундуур унтчихна гэж бодоод гэртээ ганцаараа байдаггүй харин дэнлүүт тасалгаа гэдэгт цугларан бөөнөөрөө сууж ажиллахын үед энэ тэрийг ярин байдаг гэнэ гэв. Тэгтэл хөтөч
— Тийм ээ нуга талаар хэсүүчлэн явдаг галт сүг сүнс шөнөөр өрөө тасалгаанд хүмүүсийг тарчилган тамлагч анахай хүн ба амьтдыг айлгадаг хий үзэгдлийн тухай ярихад хүн гарцаагүй айн сэтгэл эвгүйцдэг билээ гэсэнд оюутан
— Би бол үүнийг ер таатай яриа гэж бодохгүй байна. Хий үзэгдлийн тухай үлгэр домгоос илүү өөр юу ч би тэгтлээ жигшдэггүй гэдгээ хүлээн зөвшөөрье гэв.
— Ээ, би бол бүр өөрөөр боддог юм. Ёстой аймшигтай үлгэр домог сонсох надад тун таатай байдаг гээч. Яг л бороотой үед орон гэртээ байгаа юм шиг вааран дээвэр дээр бороо тов тов товшихыг чагнан хуурай газар таатай дулаахныг мэдрэн байдаг шүү дээ. Түүн шиг гэрэлтэй газар олуулаа суугаад хий үзэгдлийн тухай яриа сонсон байхад хүн өөрийгөө айх аюулгүй, тухтай байгаагаа мэдэрдэг юм гэж дархан дуу алдсанд оюутан
— Гэхдээ дараа нь яах вэ? Хий үзэгдэлд итгэдэг арчаагүй итгэлд автсан хүн түүнийг сонсчихоод дараа нь харанхуйд ганцаараа байвал аягүйцэхгүй гэж үү? Тийм хүн харанхуйд өөрийн сонссон тэр бүх аймшигтай зүйлийг бодохгүй гэж үү? Би хүүхэд ахуй цагаа дурсан санах бүрдээ хий үзэгдлийн тухай үлгэр домгийг бодохоос уур хүрдэг юм. Миний бие асрагч эхийнхээ хүсдэгээс илүү их зоригтой, сэргэлэн, магадгүй, төрхгүй ч байсан байж мэднэ. Тэгээд намайг нам гүм болгох гэхдээ айлгахаас өөр юм мэддэггүй байсан юм. Чингээд орон гэрт орогнож байдаг гэх элдэв аймшигтай хий үзэгдэл, чөтгөр, шулам, хорлонт муу сүнс сүгийн тухай надад ярин муур шалан дээр юм оролдож байвал айсан янзтайгаар «Хүү минь, чи сонсож байна уу? Үхдэл ахиад л шатаар өгсөж уруудаад байна. Тэр толгойгоо сугавчилчихсан хэрнээ нүд нь дэнлүү шиг гялалзаад байна. Хурууныхаа оронд уртаа гэгчийн хумстай юм. Тэгээд харанхуйд хэн нэгнийг олоод харчихвал хүзүүг нь хуга мушгина даа» гэж шивгэнэн ярьдаг байлаа гэв. Эрчүүл эл яриаг сонсоод хөхрөлдсөн боловч оюутан цааш нь үргэлжлүүлэн
—Би энэ бүгд худал, санаанаасаа зохиосон зүйл гэдгийг ухаарахааргүй балчир байжээ. Ямар ч том анч нохдоос айдаггүй, нөхдийнхөө хэнийг ч барьж аваад элсэн дээр гуядчихдаг хэрнээ харанхуй газар орохын хамт одоо нөгөө үхдэл хүрээд ирнэ гэж итгэдэг учраас нүдээ дардаг байлаа. Харанхуй болмогц ганцаараа гэрэл гэгээгүйгээр гадаа гарч чаддаггүй болсоор удсан бөгөөд эл жигтэй байдлыг минь аав минь ажиглаж мэдчихээд заримдаа яаж залхаадаг байсан гэж бодно. Гэвч удтал хүүхэд ахуйнхаа аймшгаас ангижирч чадахгүй байсан бөгөөд үүнд гагцхүү асрагч эх минь буруутай билээ гэж ярьсанд анчин
— Тийм ээ, хүүхдийн бодлыг энэ мэт утгагүй зүйлээр дүүргэх нь их алдаа мөн. Зоригтой, зүрхтэй хүмүүстэй уулзаж учирч явсан гэдгээ болон уг нь гурван дайснаас айхгүй тулалддаг анчид шөнөөр ан юмуу хулгайн анчин отох ёстой болоход л гэнэт зүрх нь үхээд явчихдаг гэдгийг би та нарт баттайяа хэлж чадна. Тэд модыг өөрсдийг нь харанхуйд отон байгаа сүг сүнс, бутыг шулам, хэд гурван гэрэлт цохыг мангасын нүд гэж хардаг тул айдаг юм гэвэл оюутан хариуд нь
— Зөвхөн хүүхдэд ч биш ер нь хэн бүхэнд энэ мэт яриа туйлын хортой утгагүй гэж би үздэг. Ер нь ч ухаангүй амьтдын толгойд л байвал зохих зүйлсийн хэрэг явдлын тухай ямар эрүүл саруул ухаан бодолтой улс ярилцах билээ. Галзуу солиотой улсын тархинаас өөр хаана ч тийм юм байх газаргүй юм чинь. Гэхдээ хамгийн хорлонтой нь хөдөөгийн хүмүүсийн дунд яригддаг зүйлс юм. Тэнд хүмүүс нь энэ мэт балай зүйлд эргэлтгүй итгэдэг бөгөөд бүгдээрээ хуран цуглараад зэвүүцэм муухай дуугаар хамгийн аймшигтай зүйлсийг хэлцдэг нэхэх тасалгаа юмуу уушны газар л ийм юманд итгэх итгэлийг өдөөн бадрааж байдаг юм гэсэнд хөтөч
— Тийм ээ, эрхэм ээ! Таны ярьдаг яриангүй үнэн! Энэ мэт ярианаас болж золгүй явдал тохиолдож байсан нь бий. Тэр ч байтугай төрсөн охин дүү минь үүнээс болж хөөрхийлөлтэйгөөр насан эцэс болсон юм гэвэл эрчүүл
— Яаж тэр вэ? Ямар юм ярьснаас тэр вэ? гэж гайхан асууцгаав. Цаадах нь
— Яахав, ийм л ярианаас болоод. Эцгийн минь аж төрөн сууж байсан тэр нэгэн тосгонд бас л авгай хуүхнүүд хийгээд охид өвлийн орой утас ээрэх юм нэхэхээр цугларан суудаг заншилгай байлаа. Тэгээд залуус тэнд нь орж ирэн элдэв дээдийн юм ярина. Тийн байтал нэгэн орой хий үзэгдэл, сүнс сүгний тухай хүүрнэлдэн суутал залуус аль арван жилийн өмнө үхсэн боловч булшиндаа амар байж чаддаггүй нэгэн хөгшин панзчны тухай ярьжээ. Шөнө бүхэн тэр булшныхаа шороог яран булшнаасаа гарч ирээд яг л амьд сэрүүн байсан үеийнх шигээ ханиалган сажилсаар мухлагтаа очиж ёотон, хүрэн цай жигнэн амандаа:
Шөнө дундын дульхан жин, дульхан жин
Өдөр болоход бүтэн жин, бүтэн жин гэж үглэн байдаг юм гэж ярьцгаажээ.
Түүний тэгж явахыг нь харсан гэж олон хүн батлан ярьсанд авгай хүүхнүүд болон охид айж эхэлжээ. Тэр үед арван зургаатай байсан охин дүү маань бусдаа ухаалаг байх гэж бодоод
— Энэ бүхэнд би ер итгэхгүй. Нэгэнт л үхсэн бол эргэж яавч өндийхгүй! гэжээ. Харамсалтай нь тэр өөрөө бас байн байн айдаг байсан тул үүнийгээ ямар ч баттай иггэлгүйгээр хэлжээ. Тэгтэл залуусын нэг нь
— Чи ийм гэдэгт итгэж байгаа бол түүнээс айх ёсгүй. Түүний булш хамгийн сүүлд нас эцэслэсэн Кэтхенийхээс хоёрхон алхам зайтай байгаа. Сүмийн хашаанд очоод Кэтхений булшин дээрээс цэцэг зулгаагаад ирж зүрхлэх юм бол чамайг панзчинаас айдаггүй юм байна гэж бид итгэе! гэжээ.
Бусдадаа доог тохуу болохоосоо ичсэн дүү маань
— Өө, тэгье! Үүн шиг амархан юм юу байх вэ. Тэгээд та нар ямар цэцэг авчруулмаар байна? гэжээ.
— Бүх л тосгон даяар тэндээс өөр хаана ч цагаан сарнай ургадаггүй шүү дээ. Тэгэхлээр нэг баглаа цагаан сарнай аваад ир гэж найз охидынх нь нэг хариулжээ. Охин дүү маань босоод гарч одсонд залуус түүний зоригийг шагшин магтаж авгай нар харин толгой сэгсрэн байж
— Энэ явдал сайнаар төгсөх болтугай! гэцгээж байжээ. Дүү минь сүмийн хашаа руу явсаар л, саран саруулхан бөгөөд арван хоёр цаг болсныг дохиолж хонх дуугарах үес сүмийн хашааны үүдийг нээн орохдоо их л аягүйцэж гэнэ.
Тэгээд өөрийнхөө мэдэх хэд хэдэн булшийг өнгөрөөд Кэтхений цагаан сарнай, хий үзэгдэл болсон панзчины булшинд ойртох тусам улам улам зэвүүцэн байжээ.
Эцэст нь сая нэг тэндээ хүрч доош тонгойн цэцэг зулгааж эхэлжээ. Тэгэхдээ хажуухан талдаа ямар нэг чимээ гарахыг сонсож гэнэ. Эргэж харвал өөрөөс нь хоёрхон алхмын зайтай газар нэгэн булшны шороо ярагдан нэг хүний дүрс ягуухан гарч иржээ. Тэр нь унтлагын цагаан малгай өмссөн цонхигор өвгөн хүн байж гэнэ. Охин дүү минь ухаан алдатлаа айж зөв харсан байгаа даа гэж бодоод дахин тэр зүг харвал булшинд зогсож байгаа тэр эр гонгиносон дуугаар
— Охин минь, сайн байна уу? Энэ орой болсон хойно хаанаас явж байгаа нь энэ вэ? гэж ярьж эхэлжээ. Тэгэхэд нь зүрхээ дэлбэртэл айж ухасхийн өндийгөөд булшнуудын дээгүүр харайлгасаар нөгөө байшиндаа хүрч очоод юу үзсэнээ бараг амьсгаагүй шахам урсгажээ. Тэгээд машид сульдсан тул гэрт маань түүнийг дамжлан хүргэж өгөхөд хүрцгээсэн юм. Тэр харсан зүйл нь тэнд булшны нүх ухаж, миний дүүтэй ярьсан ясчин байсныг маргааш нь мэдлээ гээд ямар ашиг байх билээ. Үүнийг мэдэхээсээ өмнө тэр маань байдгаараа халуурч эхлээд гурав хоногийн дараа насан эцэс болсонсон. Булшин дээрээ тавих цэцгийг тэгж өөрөө түүсэн юм даа гэв.
Хөтөч дуугай болсонд нүдэнд нь нулимс цийлэгнэн байсан бөгөөд бусад нь түүнийг өрөвдөн харцгаах ажээ.
— Хөөрхий охин тийнхүү сохор итгэлээс болж осолдсон байжээ. Та нарт яримаар гэхдээ бас ийм эмгэнэлт явдалтай холбоотой нэгэн үлгэр санаанд минь оров гэж инжаан өгүүлэв.


Top
   
PostPosted: Jun.24.14 6:30 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jul.15.08 8:27 pm
Posts: 19
Ямар гоё юм бэ? Үргэлжлүүлээд оруулаач. Бага байхад надад 2 ширхэг байсан боловч хүмүүс авчихаад буцааж өгөлгүй олдохоо байсан даа. "Хүйтэн зүрх" гээд хөөрхөн үлгэрийг нь их санадаг юм. Сүүлд багшийн дээдийн хажууд байдаг байсан номын худалдаанаас олсон боловч оюутан байсан тул 25000 төгрөг олдоогүй юм. Худалдагч ах: "Одооны номуудын хажууд чулуу. Энийг хямдруулж өгч ёстой чадахгүй" гээд халгаагаагүй дээ.


Top
   
PostPosted: Jun.24.14 7:22 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Oct.30.12 2:41 pm
Posts: 38
Location: com iin ard
Минийх яг энэ хүрээд дуусцөөн. Одоо пирамидыг л хүлээгээд байна даа.


Top
   
PostPosted: Jun.29.14 9:50 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
Оруулж чадахгүй удааж байгаадаа хүлцэл өчье. Ойрд ажил ихтэй байгаа болохоор шивж засч амжихгүй л байна. Гэхдээ чадах ядахаараа хурдан оруулахыг бодно оо. Уншиж байгаад баярлаж байгаа шүү. :-D


Top
   
PostPosted: Jun.29.14 9:53 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
ШТИЙНФОЛЛИЙН АГУЙ
(Шотланд үлгэр)
Олон он жилийн өмнө шотландын нэгэн хясаат арал дээр хоёр загасчин эр аз жаргалтай, эвтэй найртай аж төрөн сууж байжээ. Тэр хоёр хоёулаа гэрлээгүй, бас ах дүү хамаатан садан гэх юм ер үгүй бөгөөд хэдийгээр харилцан адилгүй боловч хамтын хүч хөдөлмөрийнхөө үрээр амиа тэжээн байдаг байлаа. Тэдний нас бараг чацуу, харин бие бялдар, ааш авирынхаа хувьд бүргэд, хав загас хоёрыг харьцуулсан шиг тийм өөр өөр бөлгөө.
Каспар Штрумпф нь бол уй гуниг яавч тогтомгүй байрын цайлганаар инээвхийлсэн нүдтэй, тэргэл саран мэт махлаг царайтай, балтгар, бүдүүн эр билээ. Тарган төдийгүй нойрмог, залхуу тул хоол ундаа болгох, талх барих, загас барих болон зарах, тор сэлбэх, сүлжих гэр орны нь ажил төрөл болон бяцхан тарианы талбайнх нь тариалбал зохих хэсгийн дийлэнх түүнд оногддог ажээ. Гэтэл найз нь огт өөр, гонжгор туранхай, эрэмгий шинжийг илтгэсэн бүргэд хамар, сэргэлэн хурц харцтай, хамгийн ажилсаг, хамгийн одтой загасчин шувуу өд сөдний хойноос хөөцөлдөхдөө хамгийн шаламгай, арал дээрээ хамгийн шаргуу тариачны зэрэгцээ зах зээлийн газар хамгийн мөнгөнд шунаг худалдаачин гэж алдаршсан нэгэн бөлгөө. Гэвч түүний бараа нь сайн, өөрөө ов мэх үгүй тул хүн бүхэн түүнтэй дуртайяа наймаа хийнэ. Хэдий шунаг сувдаг ч зовж олсон орлогоо нөхөртэйгөө бэлхнээ хуваалцдаг Вильм Фалке гэж нутгийнхны нь нэрлэдэг тэр эр болон Каспар Штрумпф нар гэдэс цатгалан төдийгүй чинээлэг байдлын тодорхой хэмжээнд хүрэх сайн зам мөр бүхий байлаа. Гэхдээ Фалкийн сувдаг зан нь чинээлэг байдал биш, харин баян, маш их баян болох хүсэл өөд хөтөлнө. Тэгээд ерийн хичээл зүтгэлийн замаар баяжина гэдэг тийм ч хурдан бүтэх хэрэг биш гэдгийг даруй ухаарч мэдсэний эцэст ямар нэг ер бусын азтай тохиолдлоор баялаг олж болох юм, гэсэн бодол төрөөд эл бодол нь улам улам хүчтэй ундран ундарсаар ухаан санааг нь нэгэнт эзэмдэн авч өөр юу ч бодохыг больсонд Каспар Штрумпфтэй энэ талаар тодорхой бодитой ажил хэрэг хэлцэж байгаа мэт ярьж эхэлжээ. Фалкийн хэлсэн ярьсан бүхэн өөрт нь тэнгэрийн зарлиг мэт санагддаг цаадах нь үүнийг нь хөршүүддээ ярьчихсанд даруй Вильм Фалке нэгэн бол алтны төлөө сүнс сүлдээ чөтгөр шуламд арилжчихлаа, эс бөгөөс (доод ертөнцийн лус савдгуудтай энэ талаар холбоотой болж таарлаа гэсэн цуу тархав.
Анхандаа энэ цуу үгийг дуулаад Фалке тохуурхан хөхөрдөг байснаа байн байсаар ямар нэг лус савдаг өөрт нь эрдэнэс баялгийн нууцыг нээн өгч болох юм шүү гэсэн бодолд автаж эхлээд нутгийнхныхаа өөрөөр нь тохуурхан хөөргөхөд ер эсэргүүцэхээ больжээ. Хэдийгээр ажил төрлөө хийсээр боловч хичээл чармайлт нь сулраад урьд нь загасчлах юмуу ямар нэг ашигтай үйлсэд зарцуулдаг цагийнхаа үлэмж хэсгийг гэнэт баяжих ямар нэг адал явдал хайн өнгөрөөх болов. Гай нь ирэхэд нэгэн өдөр эзгүй зэлүүд эрэг дээр зогсоод тэндээс л түүний үлэмжийн их аз жаргал ирэх юм шиг тухайлж үл мэдэх найдлагатайгаар оволзон агч далайг ширтэн байтал нь нэгэн их давалгаа хэсэг замаг чулуу сэлтийн хамт нэг шар үрэл, үрэл үрэлдээ алтан үрэл хөлийнх нь урьд гаргаж хаяжээ. Вильм илбэдүүлсэн мэт мэл гайхаж цэл хөхрөн зогсов. Үзтэл далайн ёроолд байхад нь давалгаа цахиур бууны үрэл шиг болтол нь элээж гүйцсэн хүнд гэгчийн гулуузны үлдэгдэл байлтай сайхан шижир алтыг далай өөрт нь хайрлаж байгааг бодоход итгэл найдвар минь хоосон мөрөөдөл биш байж таарах нь ээ гэж тэр сэтгэжээ. Тэгээд жилийн өмнө энэ эргийн хаа нэгтээ эд баялаг дүүрэн ачсан хөлөг сүйрсэн байж таарах нь, тэгээд миний бие далайн гүнд булагдсан тэр эрдэнэсийг шүүрдэн татаж гаргах заяатай юм байна гэсэн яруу тодорхой бодол төрөв. Энэ мөчөөс эхлэн өөр улс нээлтийн минь мөрөөр орчих вий гэж айсандаа олзоо найзаасаа ч хүртэл нуун аливааг умартан эл эрэг дээр загасны тороо биш, харин алтанд тусгайлан бэлтгэсэн багажаа шидэн өдөржин шөнөжин суух нь түүний ганц эрмэлзэл болов. Гэвч түүний бие өөрөө юу ч хийхээ больсон, Каспарын ноомой чармайлтаар олсон долсон нь хоёр биенээ тэжээхэд хүрэлцэхгүй тул ядуурлаас өөр юунд ч хүрсэнгүй. Илүү их эрдэнэсийн эрэлд, олсон алт нь төдийгүй яваандаа залуу нөхдийн хамаг байдаг нь зарцуулагдаж үгүй болов. Штрумпф урьд нь Фалкийн олсноос үг дуугүй хүртэж суудаг байсныхаа нэгэн адил одоо ч энэ мэт утга учиргүй ажил нь өлбөрөхөд хүргэж байгааг бас л ямар ч яриа хөөрөөгүй тэвчин байлаа. Чухамхүү найзынх нь энэ хүлцэнгүй байдал эрдэнэс баялаг эрэх үр дүнгүй ажлаа үргэлжлүүлэх бодлыг нь улам ч өгдөөжээ. Түүнийг бүр ч их зоригжуулсан зүйл нь юу гэвэл, амрахаар хэвтээд зүүрмэглэх аядан нүдээ анимагц нь нэн тодорхой сонсдож байгаа мэт боловч тухай бүрдээ учир нь олдохгүй өнгөрөх нэг үг чихэнд нь үргэлж дуулдан байдаг нь болой. Эл явдал нь хэдий жигтэй боловч одоогийнх нь эрмэлзэл зүтгэлтэй ямар учир холбогдолтой болохыг мэдэхгүй байлаа. Вильм Фалкийнх шиг ийм зан чанарт юу ч нөлөөлж мэдэх бөгөөд эл учир битүүлэг шуугиан хүртэл өөрийгөө нэн их одтой төрсөн хүн, тэр нь бөөн олз олоход нь зориулагдсан гэх итгэлээ улам батжуулахад нэрмээс болж байлаа.
Нэгэн өдөр урьд нь алтан үрэл олсон эрэгт болсон шуурга түүнийг арга тасрахад хүргэв. Тэр нь тун их хүчтэй шуурга байсан тул ойрын нэгэн агуйд толгой хоргодохоос өөр арга байсангүй. Нутгийнхан Штиймфоллийн агуй гэж нэрлэдэг эл агуй нь газар доогуур хавсан урт гэгчийн хонгил бөгөөд хоёр салаалан далайн зүг нээгдэж цухалдан агч давалгаанд чөлөөт зам нээх тул ус хүрхрэн хөөсрөн түүгээр цутган ордог билээ. Энэ нь зөвхөн ганцхан газраар орох боломжтой, тэгэхдээ тэр нь дээр нь байдаг нэгэн ангал болой. Орчны байдлын хувьд ийм осолтойн дээр бас буг чөтгөртэй гэх цуу тархсан тул төрхгүй багачуулаас өөр тийш орох хүн ховор. Вильм их л зүдэж байж тэр ангалаар орон газрын хөрснөөс доош арван хоёр тохой хэр гүнд нэгэн шовгор чулуун дээр, сэрвийн гарсан хясааны хөмөг доор суув. Хөлийн нь доор оволзох давалгаа хүрхрэн, толгой дээр нь галзуу мэт шуурга догшрон байлаа. Чингээд тэр нөгөө л бодолдоо, чухамдаа сөнөсөн хөлөг онгоцны тухай бодолдоо автав. Хэдийгээр эндхийн хамгийн ахмад оршин суугчдаас өөрийн биеэр хичнээн асууж сурагласан боловч энэ орчимд сүйрсэн онгоцны тухай хэнээс нь ч юу ч олж мэдээгүй тул чухам ямар онгоц сүйрсэн байж таарах вэ гэж толгойгоо эргэтэл бодов. Хичнээн болтол ингэж сууснаа өөрөө ч мэдсэнгүй. Бодол мөрөөдлөөсөө сая нэг ангижран үзвэл шуурга хэдийнэ намдсан байсанд буцаад авирч гарахыг завдтал тэртээ гүнээс нэгэн дуу сонсдоод «Кармилхан» гэдэг нэг үг чихэнд нь тов тодхон сонсдов. Айн дээш гараад хоосон хонгил руу доош харав.
— Тэнгэр минь! нойронд минь ч салахгүй дуулдаад байдаг үг чинь энэ байна шүү дээ. Тэнгэр минь энэ ер нь юу дохиолон байна вэ? Гэж дуу алдав. Тэгээд түүнийг ангалаас явахаар завдан нэг гишгэтэл «Кармилхан!» хэмээн агуйгаас дахин сүүрс алдан хэлэх нь дуулдсанд үргэсэн янзага мэт гэрийнхээ зүг дутаан одов.
Гэвч Вильм бол аймхай эр биш байлаа. Хэрэг явдал түүний хувьд санаандгүй байтал тохиолдсон, тэгээд ч аюулын ямар нэг илрэл түүнийг айлгахаас илүү мөнгөний шунал нь аюул осол дүүрэн жимээр өөрийг нь улам цаашлуулахуйц тийм хүчирхэг байлаа. Нэгэн удаа шөнө орой болсон хойно саран саруулд Штийнфоллийн агуйн харалдаа нөгөө л багажаараа эрдэнэс шүүрдэн байтал тэр нь ямар нэг юманд тээгэлдчихэв. Хар тэнхээгээрээ татсан боловч тэр тээгэлдсэн зүйл нь ер хөдөлсөнгүй. Энэ завсар салхи дэгдэж үүлс тэнгэрт хуралдаад далайн давалгаа завийг нь сэгсчин хөмөрчих гэж айлгана. Гэвч Вильм ер сандарсангүй. Татсаар байгаад сая гараа хөнгөрөхөд багажныхаа оосрыг тасарсан биз гэж бодов. Гэвч үүлс яг сар халхлахын даваан дээр усны мандал дээр нэгэн дүгрэг бараан юм хөвөн гарч ирээд түүнийг даган мөрдөгч «Кармилхан!» гэдэг үг цуурайтав. Вильм түүнийг яаран барьж авах гэж бодсон боловч гараа сунгамагц тэр нь шөнийн харанхуйд уусан үгүй болов. Тэгээд яг тэр үес дэгдсэн шуурга ойрын хясааны нөмөрт түүнийг хоргодоход хүргэжээ. Ядарсандаа болоод тэнд унтаж, жолоогүй болсон дүрслэн бодохын хүчинд автан тарчилж, өдөр нь зовоогч эрдэнэс баялагт шунан тэмүүлэх зогсоо зайгүй хүслэндээ бас дахин шаналав. Фалкег сэрэх үес мандах нарны түрүүчийн туяа эдүгээ дөлгөөн болсон далайн мандалд тусан байлаа. Түүний бие дадсан ажилдаа орохоор завдтал алсаас ямар нэг юм ирж явааг үзжээ. Төдөлгүй хүн суусан завь болохыг таньсан бөгөөд эл завь далбаа сэлүүрийн аль алин үгүйгээр, тэр ч байтугай хошуу нь эргийн зүг эргэчихсэн, ямар нэгэн залуурын зүйл бий аваас дотор нь сууж яваа этгээд тэр талаар өчүүхэн ч санаа тавьсан юмгүйгээр наашлан байлаа. Тэр завь улам улам ойртсоор Вильмийн завины дэргэд ирж зогсов. Тэнд сууж яваа хүн нь шар зотон өмсгөл, шовгор, улаан өнгийн унтлагын малгайтай намхан, агчгар, нүд нь аниастай хөгшин эр байсан бөгөөд занданшсан хүүр мэт хөдөлгөөнгүй суусаар байх ажээ. Түүнийг дуудаж, ёворч аргаа бараад чирж явахаар завдан завинд нь олс уятал тэр атигар эр зовхио нээн жигтэйеэ хөдөлж эхэлсэнд зоримог загасчин эр өөрийн эрхгүй айм сэрдхийв. Гүн шүүрс алдсаны эцэст
— Би хаана байна вэ? гэж голландаар асуужээ. Голландын загасчдаас хэл яриаг нь бага сага төсөөлдөг болсон Фалке түүнд арлын нэрийг хэлээд хэн болохыг нь болон юуны учир энд ирснийг нь асуув,
— Би Кармилханыг үзэхээр ирсэн юм.
— Кармилхан гэнэ ээ! Тэнгэр минь! Тэр чинь юу юм бэ? гэж шуналт загасчин дуу алдсанд тэр бяцхан эр
— Ийм маягаар асуухад би ер хариулдаггүй юм гэж илтэд айсан байдалтай хариулсанд Фалке
— Кармилхан гэж юу юм бэ? гэж хашгирвал
— Кармилхан одоо бол юу ч биш болсон. Уг нь урьд өмнө ямар ч хөлөгт ачаалж байгаагүй тийм их алт ачсан сайхан хөлөг онгоц байсан юм гэж тэр эр хариулав.
— Хэзээ, хаана живсэн юм бэ?
— Лав л зуун жилийн өмнө юмдаг, чухам хаана гэдгийг нь би тодорхой мэдэхгүй. Би живсэн газрыг нь эрж олоод алдагдсан алтыг шүүрдэн гаргасугай гэж энд ирсэн юм. Чи надад туслах юм бол олзоо хувааж болох юм.
— Чин сэтгэлийн угаас тусална. Харин миний юу хийвэл зохихыг хэлээд аль?
— Чиний хийх ёстой зүйл зүрх зориг шаардана. Чи яг шөнө дунд болохын өмнөхөн арлын хамгийн зэлүүд хэсэгт үнээ хөтлөн очоод тэрнийгээ тэнд нядлан арьсанд нь өөрийгөө нэг хүнээр баглуулах хэрэгтэй. Дагалдаж ирсэн хүн чинь дараа нь чамайг ганцааранг орхин явах ёстой. Тэгээд чи нэг цаг болохын өмнө Кармилханы эрдэнэс хаана байгааг мэдэх болно.
— Ийм маягаар өвгөн Енгролын хүү бие сэтгэлээрээ сүйрсэн юм! гэж Вильм айн хашгираад
- Чи бол чөтгөр шулам байна! Тамруугаа яв! Би чамтай юу ч хийхгүй гэж үргэлжлүүлэн хэлэх зуураа тэндээс сэлэн одов. Нөгөө бяцхан эр шүдээ тачигнатал хавиран, араас нь хараан зүхэх аж. Гэвч хоёр сэлүүрээрээ хүч мэдэн сэлүүрдсэн загасчин төдөлгүй түүний дууг сонсохооргүй холдож амжаад нэгэн хадан хошууг ороосны эцэст бараа тасарчээ. Чөтгөр шулам өөрийнх нь шуналыг ашиглан алтаар урхидаж авах гэж байна гэдгийг олж мэдсэн нь эргүүтэж гүйцсэн загасчинг ер ухааруулсангүй, харин ч түүний эрхэнд оролгүйгээр тэрхүү шаранги анахайн хэлснийг ашиглаж болох юм байна гэж сэтгэжээ. Чингээд зэлүүд эрэг дээр алт эрэх ажлаа үргэлжлүүлэн байсан тул далайн нөгөө хэсэгт агч загасны их олз омгоос олдог орлого, тэрчлэн урьд өмнө нь хүч чармайлтаа дайчилдаг байсан аливаа бусад ажил төрлөө умартан өдөр ирэх тутам нөхрийнхөө хамт ядууран хоосорч эцэст нь амьдралын хамгийн шаардлагатай зүйлсээр ч дутагдаж гуцагдаж эхлэв. Хэдийгээр энэ үгүйрэл нь бүхэлдээ Фалкийн хий хоосон улайрсан шунал, түүнээсээ няцахгүй байгаагаас болсон бөгөөд эдүгээ Каспар ганцаараа хоёр биенийхээ идэж уухыг олох хэрэгтэй болсон авч найздаа хэзээ ч гомдоллож байсангүй. Тэр ч байтугай найзынхаа аливаа ажил төрөл амжилттай байсан үеийнх шиг тийм л дуулгавартай, зөв зүйтэй гэдэгт нь итгэсэн хэвээр байсан тул Фалкийн сэтгэлийг улам ч зовоож байсан боловч найзынхаа одоогийн гачигдал гуцагдлыг эцэс болгож чадна хэмээн итгэж алтны эрлээ улам улайран үргэлжлүүлж байлаа. Ингэхэд нь нөгөө «Кармилхан» гэдэг хараалт үг нойронд нь салахгүй даган байв. Товчоор хэлэхэд гацаал, бүтэлгүйтсэн хүсэл эрмэлзлэл, шуналынхаа улмаас нэгэн зүйл солиоролд автаад эртний домгийн дагуу тамын эрхшээлд орно гэдгээ сайтар мэдэж байсан боловч нөгөө шар хүнэнцрийн хэлсний дагуу хийхээр шийджээ.
Каспарын аливаа ятгалга нэмэр болсонгүй. Эл сэжиглэлтэй санаа бодлоо орхи гэж хичнээн их ятгах тусам Фалке улам зөрүүдлэн зүтгэж байлаа. Чингээд хөөрхий уян сэтгэлтэй эр өөрийг нь дагалдан явж санасныг нь гүйцэлдүүлэхэд туслахаар болов. Эцсийнхээ өмч хөрөнгө болох ганц сайхан үнээнийхээ эвэрт олс уяхдаа аль альны нь зүрх шимширчээ. Тэд түүнийг бүр тугал байхаас нь тэжээн өсгөж бусдын гарт байхыг нь харна гэхээс зүрх нь хүрдэггүй тул зарахаас ямагт татгалздаг байсан билээ. Гэвч Вильмд шүглэсэн ад зэтгэр аливаа сайхан сэтгэлийг нь үгүй болгосон бөгөөд Каспар түүний үгнээс зөрхийг үл мэдэх билээ. Есдүгээр сар хэдийнэ болоод шотландын урт өвлийн урт шөнө эхэлчихсэн байлаа. Шөнийн тэнгэрт үүлс хуралдаад үдшийн жихүүн жаварт ягуухан нүүн умрын салхинд мөсөн уулс мэт овооролдон, уулсын хоорондох хавцал болон чийгт хүлэрт намгийг өтгөн сүүдэр нөмрөн агуйн амсар мэт харлан нэн аймшигтай үзэгдмүй. Фалке түрүүлэн Штрумпф араас нь даган ингэж зүрхэлсэндээ харамсан өдий болтол тэжээлийг нь тавьж өгдөг байсан гарт нь өртөн үхэх гэж байгаагаа мэдэхгүй итгэл төгс алхлан яваа хөөрхий адгуусыг харахаас нүдний нь нулимс цийлэгнэн байлаа. Хүний хөл ховорхон хүрч байсан, сааралтах мананд алдарсан зэлүүд уулсаар хүрээлэгдсэн, том том чулуутай, энд тэнд хөвд арц алаг цоог ургасан уулын нарийхан, намагтай хавцалд зовж байж сая хүрч очив. Намалзсан газраар явсаар хавцлын дунд байсан нэгэн том чулуу руу явж очвол тэндээс нэгэн бүргэд үргэн тагшин нисч одов. Эл орчны аюумшигт байдал хийгээд учрах гэж байгаа хувь заяагаа таамагласан мэт хөөрхий адгуус хүнгэнэтэл мөөрлөө. Каспар өөрийн эрхгүй урсан ирэх нулимсаа арчих гэж буруу харав. Тэгээд өгсөж ирсэн эл ангалын ам руу дараа нь хөө шиг хар үүлс хуралдаад байн байн бөглүү нүргэлээн сонсдон буй уулсын оргил руу харав. Тэдний зогсож байгаа газраас далайн чимээ дуулдан байлаа. Эцэст нь Вильм рүү эргэж харвал цаадах нь хөөрхий үнээг чулуунаас уяад гэмгүй адгуусыг унагахаар сүхээ далайчихсан зогсож байв.
Энэ нь найзынхаа хүслийг дагуулах гэсэн шийдвэрээс нь хэтэрсэн хэрэг санагдсан тул гараа өргөн сөхрөн суугаад
— Тэнгэрийг бодож Вильм Фалке минь өөрийгөө, энэ үнээг өршөөж үзээч! Намайг, өөрийнхөө сүнс сүлдийг бодооч! Амь амьдралаа бодооч! Хэрэв чи тэнгэр бурхныг ийнхүү сонжих хэрэгтэй юм бол маргааш болтол хүлээж өөрсдийнхөө хөөрхий үнээний оронд өөр мал гарзад! гэж цөхөрсөн дуугаар хашгиран хэлэв. Каспар, чи галзуурав уу? Би энэ үнээг өрөвдөөд турж үхэх хэрэг үү? гэж Вильм сүхээ далайсан чигтээ солиотой амьтан шиг хариу хашгирав.
— Чи өлбөрөх ёсгүй! Гар минь байгаа цагт чи өлбөрөх ёсгүй. Би өглөөнөөс үдшийн бүрий хүртэл чиний тусын тулд ажиллая. Гагцхүү чи сүнсээ бодож өөрийгөө бүү хөнөө, хөөрхий адгуусны амийг хэлтрүүл! гэж Каспар шийдвэртэй хэлсэнд Фалке арга тасарсан янзтай
— Тэгвэл энэ сүхийг аваад миний толгойг бяц цохичих. Би санасандаа хүрэхээс нааш эндээс явахгүй. Чи Кармилханы эрдэнэс баялгийг далайгаас надад гаргаж өгч чадах юм уу? Чиний гар амьдралын адгийн хэрэгцээнээс хэтрэх юм олж чадах юм уу? Харин тэр чинь миний гасланг эцэс болгож чадна. Нааш ир тэгээд намайг гарлага болго! гэв.
— Вильм, чи үнээг ч ал, намайг ч ал! Надад чиний сүнс сүлдийг бодсоноос өөр юм алга. Элээ минь, энэ чинь өргөлийн чулуу бөгөөд чиний өргөх гэж байгаа өргөл чинь тамын эздэд зориулагдаж байгаа юм шүү дээ!
— Би тийм юм ер мэдэхгүй. Каспар чи өөрөө галзуурчихаад намайг бас галзууруулах гэж байна хэмээн Фалке зорьсондоо хүрэхэд нь саад болох
юуг ч мэдэхийг үл хүсэн эргэлтгүй шийдсэн хүний маягаар зэрлэгээр хөхрөөд барьж байсан сүхээ шидэн өөрийгөө дүрэх гэсэн мэт чулуун дээрээс хутга шүүрэн авч
— Тэгвэл миний оронд чи үнээтэйгээ үлд! гэв. Каспар нүд ирмэх зуурт дэргэд нь гүйн очиж амь таслагч зэвсгийг нь гараас нь шүүрэн аваад сүхээ газраас аван толгой дээрээ далайж байгаад хайртай адгуусныхаа толгой дээр нэн хүчтэй буулгасанд цаадах нь эзнийхээ хөлд ганц ч удаа татавсхийлгүй үхэтхийн унав.
Эл эрчимтэй хөдөлтөөнийг аянгын сүртэй дуу, цахилгаан дагалдав. Өөрийн нь хийж зүрхлэхгүй байсан юмыг хийчихсэн хүүхдийг гайхан харах хүний адилаар Фалке найзыгаа дүрлийн ширтэв. Штрумпф аянгын дуунаас ч айсангүй, нөхрийнхөө мэлрэн гайхсанд ч тэсвэр алдсангүй, ганц ч үг хэлэлгүйгээр үнээний дээрээс бөхийн өвчиж гарав. Вильм түр амсхийснийхээ дараа түүнд эл ажилд нь тусалж эхэлсэн боловч өмнө нь ингүүлэх гэж шунан улайрч байснаа бодвол илэрхий зэвүүцсэн янзтай байх ажээ. Ийнхүү үнээгээ өвчиж байх зуур нь аянгын үүлс хуралдан тэнгэрийн дуу уулсыг цуурайтуулан нижигнэж чулуу, хавцлын хөвдөн дээгүүр аюумшигтай цахилгаан мурилзан цахилж эл өндөрт хараахан хүрээгүй салхи уулын бэлийн ам жалга, эрэг хавийг галзуурсан мэт их чимээгээр дүүргэн байлаа. Сая үнээгээ өвчиж дуусаад үзвэл хоёр загасчин голдоо ортол норсон байлаа. Тэд үнээнийхээ арьсыг газар дэлгэж Каспар түүнд нь өөрийгөө орооход Фалке хүссэнийх нь дагуу сайтар хүлэв. Энэ бүхнийг хийж дууссаны эцэст хөөрхий эр удтал ноёрхсон дуугүй байдлыг сая эвдэж төөрч мунгинаж гүйцсэн нөхрийгөө харамсан хараад чичирхийлсэн дуугаар
— Вильм, одоо миний чамд хийж чадах юм байна уу? гэж асуув.
— Өөр юу ч үгүй. Сайн сууж байгаарай! Гэж цаадах нь хариулсанд Каспар
— Сайн сайхныг ерөөе! Тэнгэр чамайг тэтгэж миний ижил өршөөх болтугай! гэв.
Энэ нь түүнээс Вильмийн сонссон эцсийн үг байсан бөгөөд Каспар даруй улам улам өтгөрөн байгаа харанхуйд орон алга болж мөн тэр эгшинд Вильмийн урьд өмнө ер үзэж дуулаагүй нэн аюумшигтай үер цутгав. Эл аянгатай үерийн өмнө нэгэн их цахилгаан цахилсанд түүний гэгээнд уулс болон хад асга дэргэд нь шахам харагдсан төдийгүй доор нь байгаа хөөсөрсөн далай бүхий хавцлын ам, далайн тохойд энд тэнд агч асгат арал, түүний дунд мөн эгшмийн зуурт харанхуйд уусан арилсан шураг нь уначихсан нэгэн том, этгээд хөлөг үзэгдэх шиг болжээ. Аянгын дуу галзуу мэт болж бөөн асга хэд уулнаас нижигнэн буухдаа түүнийг хэзээ хэзээгүй цохиж алчих гээд их л айлгажээ. Үер нэн хүчтэй цутгасан тул агшин зуурт цухалхан намагт хавцал үерийн усанд автан ус нь төдөлгүй Вильмийн мөрөнд хүрэв. Аз болоход Каспар түүний цээжийг өндөр газар хэвтүүлжээ. Түүнээс бус хэдийнэ усанд цацаж үхэх байлаа. Ус улам улам нэмэгдэн байсанд Вильм аюул осол дүүрэн хэвтрээсээ гарах гэж хичнээн оролдох тусам ороосон арьс нь төдийчинээ чанга чавхрах ажээ. Тэр дэмий л Касперыг дуудан хашгирав. Каспар хэдийнэ холдон одсон байлаа. Ийнхүү зовлонд учраад тэнгэрийг дуудаж зүрхэлсэнгүй. Эрхшээлд нь нэгэнт оров гэж сэтгэсэн тэр ад зэтгэрийг гуйя гэж боловч айдас нь хүрэх аж.
Ус хэдийнэ чихэнд нь цутган орж удалгүй урууланд нь тулав.
- Тэнгэр минь, би баларлаа! гэж хашгираад нүүрэн дээгүүр нь усны урсгал нөмрөн авахыг мэдрэв. Гэвч тэр даруй ойрхон байгаа хүрхрээний чимээ шиг сулхан чимээ чихэнд нь дуулдаад ам нь дахин ил гарав. Үер чулуут хөрснөө зам гарган урсаж түүний зэрэгцээ бороо яльгүй татраад нүх шиг харанхуй шингэрэхэд түүний цөхрөл ч бас гайгүй болоод итгэлийн туяа дахин гийх мэт болов. Хэдийгээр түүний бие амь өрссөн тэмцэлд туйлдаж гүйцсэн бөгөөд хүлээтэй баглаатай байдлаасаа мултрахсан гэж хичнээн их хүсэж байсан боловч улайрсан зүтгэлийнхээ зорилгод хараахан хүрээгүй, бас ч гарцаагүй заналхийлэх аюул алга болсон тул шуналын гал цээжинд нь дахин дүрэлзэж эхлэв. Зорьсондоо хүрэхийн тулд энэ чигтээ тэсч байх хэрэгтэй гэдэгт бат итгэсэн түүний бие тайтгараад даарсан, ядарсан хоёртоо болоод нам унтчихжээ.
Хүйтэн салхи нүүрийг нь үлээж, дөтлөн ирэх далайн давалгааных шиг шуугиан түүнийг таатай амар жимэр байдлаас нь сандчуулан сэрээх хүртэл лав хоёр цаг хэртэй унтчихсан бизээ. Тэнгэр дахин харанхуйлан бүрхээд анхны үерийг дохиолсонтой адил цахилгаан цахин дахин хавь ойрыг нь гийгүүлэхэд өдгөө нөгөө жигтэй хөлөг нь Штийнфоллийн хясааны өмнөхөн нэгэн өндөр давалгаан дээр гарч ирээд доош шуугин орохыг бас дахин харжээ. Зогсоо зайгүй цахилах цахилгаан далайг гийгүүлсээр байсан тул түүний бие эл хий үзэгдлийг гөлрөн харуулдсаар байлаа. Тэгтэл хавцлаас уул шиг өндөр усан хуй босон түүнийг хамаг ухаан мэдрэлийг нь алдагдтал нь хясаа руу шидэв. Ухаан ороход нь тэнгэр цэлмэж үер зогссон боловч цахилгаан цахилсаар л байв. Түүний бие эл хавцлыг хүрээлэн тагласан уулын бэлд хэвтэж байх бөгөөд өчүүхэн ч хөдлөх аргагүйгээр хамаг бие нь няцарчихсан мэт санагдах ажээ. Далайн давалгааны намуухан чимээ сонсдож, түүний дунд сүмийн дуулал мэт яруухан хөгжим дуулдан байлаа. Эл аялгуу нь анхандаа нэн сул байсан тул чихний эндүүрэл биз гэж боджээ. Гэтэл тэр нь байн байн, тэгэх бүрдээ улам тод ойрхон сонсодсоор эцэст нь өнгөрсөн зун голландын загасчдын хөлөг онгоцны тавцан дээр сонссон мөргөлийн дууллын аялгуу ялгаран сонсдохшиг болов.
Байн байсаар хүмүүсийн дуу хоолой хүртэл ялгаран, тэрхүү дууллын үгийг ч хүртэл сонсох шиг санагдав. Хүмүүсийн дуу эдүгээ хавцалд гарсан бөгөөд дэрлэж байсан чулуу руугаа огшин өндийвөл эл аялгууг дуулан яг өөр рүү нь ирж яваа хүмүүсийн цувааг олж харав. Тэдгээр хүмүүсийн царайд аймшиг, шаналан тодорном бөгөөд хувцаснаас нь ус дуслан байх шиг харагджээ. Тэд түүнд их л ойр ирсэн ба дуу нь таг чиг болов. Магнайд нь хэд хэдэн хөгжимчид, дараа нь далайчид, тэдний ард эртний алт эрхээн чимсэн хувцас өмсөж ташаандаа илд зүүн алтан товруунууд бүхий урт, бүдүүн испани таяг барьсан өндөр ханхар эр алхах аж. Түүний хажууд нэгэн негр жаал явах бөгөөд байн байн эзэндээ нэгэн урт ганс өгөхөд цаадах нь намбатайяа хэд хэд урт сороод явдлаа үргэлжлүүлнэ. Түүний бие Вильмийн өмнө ирээд саваа мэт цэх зогссонд үзэмжээр арай муухан хувцастай, тус бүр тэр бүдүүн эрийн араас барьж яваа шиг тийм их үнэтэй цайтай биш ганс барьсан бусад нь хоёр талаар нь эгнэн тэдний араас хүүхэд тэвэрсэн буюу хөтөлсөн авгай хүүхнүүд холилдож хутгалдсан хэсэг улс иржээ. Тэд нь бүгд нэн тансаг, этгээд маягийн хувцастай ажээ. Эл цувааны эцэст амандаа дүүрэн тамхитай, бяцхан хүрэн ганс зуун түүнийгээ баргар царайлан сорох баахан голланд далайчид ирж зогсов.
Загасчин эр эл жигтэй цуглааныг эмээн харсан боловч санаснаа биелэх нь гэсэн бодолд зоригжин байлаа. Тэд тийнхүү түүнийг тойрон удтал зогссонд гансны нь утаа тэдний дээгүүр үүл мэт нүүгэлтэн завсраар нь одод гялалзан байлаа. Эл хүрээ Вильмийг тойрон улам улам агшнам бөгөөд тэдний ам болон ганснаас гарах утаа улам их, улам өтгөн болов. Фалке зориг зүрхтэй, сэргэлэн эр бөгөөд ер бусын юм болно гэж биеэ бэлдсэн хэдий боловч эл учрыг нь ухах аргагүй бөөн улс өөрийг нь дарж алах гэсэн мэт улам улам дөхөн байгааг үзээд зүрх нь үхэж, духны нь хар хөлс чийхран өөрийгөэ өнгөрлөө гэж бодов. Гэвч санаандгүй толгойгоо хөдөлгөсөнд яг толгой дээр нь нөгөө шар одой хүн анх түүний харсанчлан эв эгц модойтол суучихсан, бусдыг бүгдийг нь элэглэх мэт амандаа ганс зуучихсан байгааг үзээд бүр ч их айжээ. Эдүгээ өөрийг нь нөмрөн авсан үхлийн аюумшигт автаад голлох хүнд нь хандан
— Та нар юун улс болохоо эзнийхээ нэрийг бодож хэлнэ үү? Бас та нар надаас юу хүснэ вэ? гэв. Тэр ханхар эр урьд өмнийнхөөсөө ч илүүтэй ёслол төгөлдрөөр гансаа гурвантаа сороод зарцдаа өгч сэрдхийм хүйтэн хөндийгөөр
— Би бол Батавиас эгэж явах замдаа энэхүү асгат эрэгт хүн амьтан, хулгана сэлтийнхээ хамт живэн одсон, Амстердамын Кармилхан гэгч хөлгийн ахмад Швелдерийн Алдрет Франц гэгч байна. Эд бол офицерууд минь, эд бол зорчигчид минь бөгөөд тэд миний хамт живэн одсон эрэлхэг далайчид минь билээ. Юуны учир чи биднийг далайн гүнд оршигч орон байрнаас минь дуудав? Гэжээ
— Кармилханы эрдэнэс хаана байгааг би мэдэх гэсэн юм.
— Далайн ёроолд.
— Хаана
— Штийнфоллийн агуйд.
— Би яаж түүнийг авах вэ?
— Галуу май загас олж идэх гэж онгорхой цоорхой бүхэн рүү шунгаж явдаг билээ. Тэгэхлээр Кармилханы эрдэнэс түүнээс хямд байх гэж үү?
— Тэндээс би хичнээн хэмжээний юм олж авах вэ?
— Чиний цөлмөж барахаас л илүү гэхэд нь нөгөө шар одой тохуурхан ярзайсанд тэнд цугларагсад бүгдээрээ хөхрөлдөв.
— Хэлэх юм чинь дуусав уу? гэж ахмад үргэлжлүүлэн асуув.
— Дууслаа, Баяртай
— Дараа уулзталаа баяртай гэж нөгөө голланд эр хариу хэлээд явахаар эргэхэд нь хөгжимчид манлайлан цуваа бүхэлдээ нөгөө л ирснийхээ нэгэн адил эмх журамтайгаар хөдөлж холдох тусмаа улам улам намуун, бүдэг болох ёслол төгөлдөр дуу хадаасаар хэсэг хугацаа өнгөрсний дараа далайн хүрхрээний чимээнд уусан арилав. Вильм хүлээснээсээ мултрах гэж эцсийнхээ хүчийг шавхан оролдсонд арайхийн өрөөсөн гараа гаргаж чадаад багласан олсыг тайлж сая нэг юм өнхөрч хөлбөрөн байж арьснаас мултрав. Тэгээд эргэж харалгүй гэрийн зүг яаран явж хүртэл хөөрхий Каспар нь ухаан балартан гөлөрчихөөд газар хэвтэж байжээ. Хишээнгүйлэн оролдсоны эцэст тэр нь сая ухаан ороод нэгэнт сүйрэн балрав гэж итгэж байсан багын нь найз өмнө нь зогсож байгааг үзээд баярласандаа уйлав гэнэ. Гэвч цаадах нь ямар их аюултай ажил үйлдэхээр сэдэж байгааг сонсмогц эл баяр баясгалан нь даруй үгүй болов.
— Энэ нүцгэн хананууд, энэ ядуурал зүдүүрлийг харж сууснаас агуй руу орж азаа туршсан минь дээр гэж би шийдсэн. Намайг дагавал дага, үгүй бол би явлаа гэж хэлээд Вильм нэгэн бамбар, хэт цахиур, урт олс аваад яаран гарч одов.
Каспар чадлынхаа хэрээр араас нь яаран гарч дагасанд цаадахь нь урьд шуурганаас нөмөрлөн хоргодсон хясааныхаа дээр хэдийнэ гарчихаад харлан хөөсөрч оволзох ангал руу олс дамжин орохоор зэхэн байлаа. Өөрийнх нь аливаа ятгалга эл улайрсан эрд ямар ч нэмэр болохгүйг үзээд Каспар түүний араас авирах гэсэнд Фалке тэндээ зогсоод олс барьж бай гэж хэлжээ. Зөвхөн ухаан мэдрэлийг балартуулсан шуналаас гарч чадах зүрх зориг, хүч чадал гарган аюумшигтай ихээр хичээн чармайж байж Фалке агуй руу буун доор нь хөөс цахруулан харлан эргэлдэж давалгаа хүрхрэн шуугьсан шонтгор цохион дээр буужээ. Түүний бие машид шунамхайран хавь ойроо өлөн нүдээр нэгжин харсанд яг өөрийнх нь доор усанд ямар нэг юм гялалзан байгааг сая олж харав.
Тэгээд бамараа газар тавин доош үсрээд ямар нэгэн хүнд юм барьж аван түүнийгээ тэвэрсээр гарч ирэв. Тэр нь дүүрэн алтан зоос бүхий бяцхан төмөр хайр цаг байлаа. Юу олсныгоо нөхөртөө хашгиран байж мэдэгдээд буцаж гарч ирээч гэж хичнээн их учирлан гуйхыг ерөөс үл тоон удтал чармайн зүтгэсний минь анхны үр шим энэ биз гэж сэтгэн дахин үсрэн орвол далайгаас чанга гэгч хөхрөлдөх чимээ цууриатав гэнэ. Тэгээд Вильм Фалкегийн бараа ахин ер үзэгдсэнгүй билээ. Каспар гав ганцаараа эргэж ирсэн боловч урьдын Каспар биш болсон байлаа.
Эл ер бусын гамшиг түүний мохоо ухаан, эмзэг зүрх сэтгэлийг нэрмэн ухаан мэдрэлийг самууруулжээ, Орчин тойрны бүхнийг зөнд нь орхиод өдөр шөнөгүй ухаан мэдрэлийн ул мөргүйгээр өмнөх газраа гөлрөн тэнүүчлэх болсон тул урьд өмнийн нь танилууд харамсан дөлцгөөмүй. Нэгэн загасчин эр Вильм Фалкег шуургатай шөнө Кармилханы багийн дунд эрэгт явж байгааг олж харсан бөгөөд тэр шөнөөс хойш Каспер Штрумпф ч бас алга болжээ.
Хүмүүс түүнийг газар сайгүй эрсэн боловч түүний ул мөрийг хаанаас ч олсонгүй билээ. Тэр үеэс хойш тогтмол хугацаанд Штийнфоллийн агуйд үзэгдэх болсон шидэт хөлгийн багийн дунд Фалкегийн хажууд түүнийг ямагт явж байхыг нь хүмүүс олж харсан гэж домогт өгүүлдэг ажээ.


_____________________________
Хүсэл дууссан газар хүн дуусдаг


Top
   
PostPosted: Jul.04.14 6:39 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Мөн сайхан ном шүү ^^

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.05.14 11:15 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
уншиж байгаа шүү. pyramid чамд амжилт хүсье.


Top
   
PostPosted: Jul.05.14 11:34 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2012
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
Тэмдэг уншиж эхэлнээ

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Jul.16.14 7:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: May.23.08 5:52 pm
Posts: 5218
Location: somewhere
Manaid bdaggui, Nomiin sanguudad l bdg bsan bolohoor ne horhoi hureeed ter chigeeer ne golruultsiishdeee :P alga bolgotson orond ne uur nom ugii tehuu gej bgaad heh, Odoo ch gesen unshihaar goe l bdiin :)

_________________
Keep Moving Forward!!! ^^


Top
   
PostPosted: Jul.21.14 8:40 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jan.20.12 8:05 pm
Posts: 348
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагт...
Нэг цэнкэр хавтастай гоё гоё чимэглэл зурагтай ном байж билээ... Дээрх бичиг энээ тэрээ нь бүр арилаад цэв цэнкэр болцон...

_________________
Copyright © 2012 - 2013. desmond


Top
   
PostPosted: Aug.01.14 2:04 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
Сайн байцгаана уу. эрхэм Асуулт форумынхаан. Номоо оруулалгүй баахан удаасанд та бүхнээсээ хүлцэл өчье. Өчүүхэн би бээр Монгол орныхоо үзэсгэлэнт сайхан газруудаар явж үзэх юмсан гэсэн өнийн хүслийнхээ хэсэгхэнийг налгар зуны саруудад гүйцээж, жоол жуул тэнэж, амарч, налайж, наргиж, даргиж, зугаалж өнгөрөөлөө. Одоо бөөн эрч хүчээр хувийн болон хувьсгалын ажилдаа шуурхайлан орж, та бүхэндээ энэхүү номоо нээг их хүлээлгэлгүй, дуустал нь оруулахыг ихэд хичээх болно оо. :brows:


Top
   
PostPosted: Aug.22.14 7:22 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
— Шөнө дунд хэдийнэ өнгөрчээ. Одоо ямар ч аюул үгүй болсон бөгөөд миний хувьд нойр хүрч байгаа тул хэвтэж тайван амарцгаа гэж бүгдэд зөвлөмөөр байна гэж оюутан инжааныг яриагаа дуусгамагц хэлэв.
— Үүр цайхад хоёр цаг дутуу байгаа тул би ч баттай итгэхгүй л байна. Арван нэгээс хоёр цаг хүртэл хулгайч нарын цаг байдаг гэдэг цэцэн үг бий гэж анчин хариу өчив.
— Би ч бас тэгж бодож байна гээд дархан
— Учир нь бидэнд ямар нэг хор хөнөөл учруулахыг хүссэн улсын хувьд шөнө дундаас хойших хугацаа шиг тохиромжтой цаг гэж үгүй. Иймээс оюутан маань бүрэн дүүрэн дуусгаагүй яриагаа үргэлжлүүлээсэй гэж би бодож байна гэсэнд цаадах нь
— Хэдийгээр бидний хөрш эрхэм өнчин эхийг нь сонсоогүй боловч надад татгалзах юм алга гэвэл анчин
— Яаж эхэлснийг нь би төсөөлж олъё, эхлэгтүн та! гэж дуу алдав.
— За тэгээд гээд оюутныг эхлэх гэтэл нохой хуцаж яриаг нь тасалдуулав. Бүгд амьсгаа даран чимээ чагнатал тэр даруй гүн ахайн өрөөнөөс зарц нарын нь нэг гүйн гарч ирээд арав арван хоёр орчим зэвсэглэсэн эрчүүл буурчийн газар руу хажуу этгээдээс айсуй үзэгдэв гэж хэлэв.
Анчин буугаа, оюутан гар буугаа, гар урлалчин залуус таягаа тус тус шүүрэн авч хөтөч халааснаасаа урт гэгчийн хутга гаргаж ирэв. Тэд тийнхүү босож зогсоцгоогоод бие биеийг гайхашран харцгаав.
— Шатан дээр гарцгаая! Биднийг хүчинд автахаас өмнө эл новшнуудын хоёр юмуу гурав нь үхлийн саварт өртөх ёстой гэж оюутан өндөр дуугаар хэлээд уран дарханд бас нэг гар буу гаргаж өгөн бүгд дэс дараагаараа буудахыг зөвлөв. Тэд шатан дээр байраа эзлэн зогсоцгоосныг өгүүлбэл: оюутан анчин хоёр шатыг голлон хажуугаас нь эрэмгий уран дархан хашлага дээгүүр бөхийн гар бууныхаа амыг шатны яг гол руу чиглүүлэв. Инжаан болон хөтөч тэдний ард, халз тулалдахад хүрвэл өөр өөрийн чадахыг хийхэд бэлхэн зогсож байлаа. Тэд тийнхүү хэдэн минутын турш юу болохыг амьсгаа даран хүлээцгээв. Тэгтэл сая хаалга онгойх дуулдан хэд хэдэн хүний шивгэнэлдэх сонсдох шиг болжээ.
Төдөлгүй олон хүний алхаа шат руу дөхөн, тэгснээ шатаар өгсөн ирж байгаа нь сонсдоод өөрсдийг нь ийнхүү отон байгааг ер сэжиглэсэн шинжгүй гурван эр шатны дунд хэрд хүрч ирэв. Тэгээд шатны багана тойрон эргэхэд нь анчин тэдэнд хандан өндөр дуугаар
- Зогс! дахиад нэг л алхах юм бол та нар эрлэгийнд очих болно. Найз нар минь замгаа татаад сайн хараалагтүн! гэв. Дээрэмчид давхийн цочиж, яаран ухарч бусадтайгаа зөвлөлдөв. Хэсэг азнасны эцэст тэдний нэг нь эргэж ирээд
— Ноёд оо! Та нарыг оргүй арчих хангалттай хүч бидэнд бий тул амь насаа золионд гаргах нь та нарын хувьд тэнэг хэрэг болох билээ. Та нарын хэнээс нь ч бид ганц зоосны ч гарлага гаргуулахгүй, хэнд чинь ч өчүүхэн ч гэм тарихгүй тул харин та нар буцаж байрандаа орцгоосон нь дээр гэсэнд оюутан хариуд нь
— Тэгээд та нар яах гэсэн юм бэ? Энэ мэт шаарнуудад биднийг итгэнэ гэж бодоогүй биз? Хэзээ ч үгүй шүү! Та нар ямар нэг юм авах гэсэн бол тэнгэрт залбиран тэмүүлээд ирцгээ. Гэхдээ зориглож ирсэн нэгий чинь тархи толгойны өвчин үүрд мэдэхээргүй болтол нь духан дээр нь төөнөөд өгье! гэж хашгирав.
— Бидэнд хатагтайг л энээ тэрээ гэлгүй өгчих гээд тэр дээрэмчин
— Түүнд муу юм ер тохиолдохгүй, бид түүнийг бат найдвартай, тухлаг газар аваачих болно. Түүний зарц шивэгчингүүд гэртээ буцаж хариад, түүнийг хорин мянган гульденээр зольж авна уу гэж эрхэм гүнгээс гуйх хэрэгтэй гэж хариу өчив. Анчин хариуд нь
— Энэ мэт шаардлагыг чинь бид тэгээд биелүүлэх хэрэгтэй болж байна уу? гэж уурласандаа шүдээ хавиран замгаа татаж
— Намайг гурав тоолохын дотор чи наанаасаа зайлахгүй бол би гохоо дарлаа. Нэг, хоёр... хэмээн тоолтол
— Боль! гэж нөгөө дээрэмчин сүртэйеэ хашгираад
— Та нартай эвээр хэлэлцэж байгаа зэвсэггүй хүнийг бууддаг тийм ёс бий юу? Солиотой залуу минь чи намайг нам буудаж болох юм. Гэлээ ч энэ чинь нэг их гайхуулахаар баатарлаг явдал бишээ. Гэхдээ миний өшөөг авах хорин нөхөд минь
энд зогсож байгаа шүү. Та нарыг үхчихсэн юмуу зэрэмдэглүүлчихсэн хэвтэж байхад гүн авгайд ямар олиг байх билээ? Тэр өөрөө сайн дураараа бидэнтэй явах аваас бид түүнийг эрхэмлэн үзэх болно гэдэгт итгэгтүн! Харин чи намайг гурав тоолохын дотор замгаа хариулахгүй бол муугаа үзнэ гэж мэд. Замгаа хариул, нэг, хоёр, гурав! гэв.
— Энэ ноходтой тоглох аргагүй! гэж анчин дээрэмчний тушаалыг дагах зуураа шивгэнээд
— Үнэндээ миний амь хайран биш, гэхдээ би нэгийг нь буудаад унагачих юм бол эд эзэгтэйг минь тарчилган зовоох биз. Би гүн ахайтай зөвлөлдье гээд
— Гүн ахайг энэ явдалд санаа сэтгэлийн нь хувьд бэлтгэхийн тулд бидэнд хагас цаг амгалан байх хугацаа олгоно уу! Хэрэв гэнэт ийм явдалтай учрах юм бол үхэж мэднэ гэж өндөр дуугаар хэлэв.
— Зөвшөөрч байна гэж дээрэмчин хариулаад шатны амыг зургаан эрээр сахиулав.
Золгүй аянчид гайхашран цөхөрч анчныг дагалдсаар гүн ахайн өрөөнд орцгоов. Түүний өрөө шатанд тун ойрхон бөгөөд чанга чанга дуугаар хэлэлцэцгээсэн тул нэг ч үг алдалгүй сонссон байлаа. Цонхийж цайчихаад дагжин чичирч байсан хэдий боловч хувь заяаны эрхийг дагахаар хатуу шийдсэн янзтай харагдаж байлаа. Тэгээд
- Яалаа гэж би ийм олон эрэлхэг хүмүүсийн амиар тоглох билээ? Намайг огтхон ч мэдэхгүй та нарыг ямар ч найдваргүй нөхцөлд хамгаал гэж би юунд шаардах билээ? Энэ бузар амьтдыг дагаж явахаас өөр ямар ч аврал үгүйг би мэдэж байна гэв.
Хүмүүс бүгдээрээ эл хатагтайн эр зориг золгүй явдалд сэтгэл машид доноголзов. Анчин уйлан, эл жигшүүрт явдлыг тэсэн тэвчиж чадахгүй гэж андгайлав. Оюутан бол өөрийгөө болон зургаан тохой өндөр биеэ зүхэн
- Миний бие дөнгөж хагас толгой намхан байгаад сахалгүй байсансан бол хэрхэхээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэхсэн билээ. Би эрхэм гүн ахайгаас хувцас хунарыг нь гуйж авах юм бол энэ новшнууд яасан их эндүүрснээ өнгөрсөн хойно ухаарах байсан билээ гэв. Феликсэд ч бас эл авгайн золгүй явдал нэн харамсалтай санагджээ.
Түүний бүх л байдат төрх үлэмж сэтгэл уярам, танил дасал санагдсан тул эрт насан өөд болсон эх нь ийм аюумшигт байдалд орчихоод байгаа мэт Феликсэд санагдсан байна. Сэтгэл үлэмж догдлон юу ч аймшигтай бус санагдсан тул амь амьдралаа түүний амь амьдралын төлөө дуртайяа өгмөөр санагдав гэнэ. Тэгээд оюутныг тэрхүү үгийг хэлж байхад нэгэн бодол сэтгэлд нь гялсхийн оржээ. Түүний бие аливаа айх эмээх сэтгэл яах бол, ийх бол гэдэг бодлыг умартан зөвхөн эл хатагтайг аврахыг л бодон байлаа. Тэгээд царайгаа улайлган ичингүйрсхийн урагш алхах зуураа
— Эрхэм хатагтайг аврахад зөвхөн давжаа бие, сахалгүй эрүү, түүний дээр эрэмгий зүрх хэрэгтэй бол би түүнд чинь тийм ч их гологдохооргүй байж мэдэх юм. Тэнгэрийг бодож та миний хүрмийг өмсөж, бүрхийг минь сайхан үсэн дээрээ тавин үүргийг минь шүүрэн инжаан Феликс болж зам мөрөө хөөгтүн гэв.
Залуу хүүгийн эр зоригийг бүгд гайхан мэлэрсэнд анчин баярлан түүнийг хүзүүдэж аваад
— Алт шиг сайхан залуу минь, чи ингэе гэж хүсэж байна уу? Чи эрхэм хүндэт хатагтайд маань хувцсыг өмсөн түүнийг аврах гэж байна уу? Энэ санааг чамд лав тэнгэр заяасан биз, гэвч чи ганцаараа явж болохгүй, би бас чамтай хамт барьцаанд очиж сайн нөхрийн чинь хувиар ямагт дэргэд чинь байх болно. Намайг амьд байгаа цагт тэд чамд ямар ч муу юм хийх ёсгүй! гэв.
— Би ч бас амьд байсан цагтаа чамаас холдохгүй, цуг явна гэж оюутан дуу алдав.
Гүн ахайд эл саналыг зөвшөөрүүлэх гэж тэд их л ятгахад хүрэв. Өөрийнх нь таньж мэдэхгүй өөр нэг хүн золионд гарах гэж байна гэж бодохоос түүний бие тэсч тэвчиж байж чадахгүй байлаа. Хожим нь учрыг олж мэдэх тохиолдолд золгүй эрд учрах дээрэмчдийн өшөө хорсол тун аюумшигтай байх биз гэж бодож байв. Гэвч эцсийн эцэст залуу хүүгийн гуйлт, хэрэв хатагтай аврагдах юм бол өөрийгөө аврагчдыг чөлөөлөхийн төлөө бүх боломжоо ашиглаж чадна гэж итгүүлсэн нь сая дийлж эл саналыг зөвшөөрөв. Анчин болон бусад аянчид Феликсийг дагалдан оюутны өрөөнд орсонд тэнд гүн авгайн хувцас хунараас яаран өмсөв. Анчин бас түүнд шивэгчин эмийн хиймэл үс болон эмэгтэй хүний малгай өмсгөв. Түүнийг хэн ч танихааргүй болов гэж бүгд баталцгаалаа. Тэр ч байтугай дархан түүнтэй гудамжинд тааралдах юм бол яаран малгайгаа авч ёслохдоо эрэлхэг нөхрийнхөө өмнө найрсаг үг хэлж байна гэдгээ даамч мэдэхгүй байхсйн гэж тангараглав.
Энэ завсар гүн ахай шивэгчнийхээ тусламжтайгаар инжаан залуугийн үүргэвчнээс хувцас хунар гаргаж өмсөв. Дух руугаа дарж өмссөн малгай, гартаа барьсан таяг, нуруундаа үүрсэн илтэд хөнгөрсөн үүргэвч сэлт нь түүнийг огтоос танигдамгүй болгосон бөгөөд өөр үедсэн бол аянчид эл инээдэмтэй багт наадмын талаар ярилцаж, багагүй хөхрөлдөх байсан бизээ. Шинэ тутам дүр төрхөө олсон гар урлалчин залуу Феликсэд нулимс унаган байж баяр талархлаа илэрхийлээд яаран туслахаа амлав.
— Надад ердөө ганцхан хүсэлт байна. Таны үүрсэн энэ бяцхан үүргэвчинд нэг жижиг хайрцаг байгаа. Та түүнийг хичээнгүйлэн хямгадаж яваарай. Хэрэв тэр алга болчих юм бол би гэдэг хүн үхэн үхтэлээ үүрд гасланд унах болно. Би түүнийг асрамжлан хүмүүжүүлсэн эхдээ өгөх ёстой гэж Феликсийг ярьсанд хатагтай хариуд нь
— Анчин Готфрийд манай шилтгээнийг мэднэ. Та бүх зүйлээ бүрэн бүтэн эргүүлж авах болно. Учир нь сайхан сэтгэлт эрхэм залуу минь, миний нөхрийн болон өөрийн минь талархлыг хүлээн авахаар таныг өөрийн биеэр очно гэж би итгэж байна гэв.
Феликсийг үүнд нь хариу хэлэхээс өмнө дээрэмчдийн сөөнгө дуу шатны зүгээс сонсдов. Тэд хугацаа өнгөрөв, гүн ахайн явахад бүх зүйл бэлэн зэхээстэй байна гэцгээх ажээ. Анчин тэдэн рүү бууж очоод эзэн авгайгүйгээр эзнийхээ өмнө очсоноос хаа ч хүрэх байсан хамаагүй тэдний хамт өөрийгөө явна гэдгийг хэлэв. Оюутан ч бас эл хатагтайг дагалдан явна гэдгээ хэлэв. Эл явдлын талаар тэд зөвлөлдөөд эцэст нь анчныг зэвсгээ хураалгасан тохиолдолд зөвшөөрч болох юм гэж мэдэгдэв. Мөн гүн ахайг авч явахад бусад аянчинд томоотой байхыг тэд бас тушаав.
Феликс малгай дээгүүрээ нөмөрсөн гивлүүрээ буулгаж магнайгаа гараараа тулан нэгэн буланд суун машид гунин гутарсан хүний байдлаар дээрэмчдийн орж ирэхийг хүлээв. Аянчид нөгөө өрөөнд нь орцгоосон боловч болж байгаа хэрэг явдлыг нэгд нэгэнгүй харах боломжтой байлаа. Гүн ахайн сууж байсан өрөөний нөгөө буланд анчин хэдий гунигтай царайлавч бүхнийг чих тавин чагнаж суув. Тэднийг тийнхүү хэдэн минут суусны эцэст хаалга сэвхийн нээгдэж гучин зургаа орчим насны, намбатай хувцасласан сайхан эр орж ирэв. Түүний бие нэгэн төрөл цэргийн дүрэмт хувцас өмссөн бөгөөд энгэртээ одон, ташаандаа урт сэлэм зүүж гартаа бүрх малгайгаа барьсан байх бөгөөд малгайны нь гоёмсог өднүүд намиран байх ажээ. Түүнийг орж ирмэгц дагалдан яваа хүмүүсийнх нь хоёр нь үүд харгалзан зогсов.
Тэрээр доор гэгч мэхийн ёсолсоор Феликс рүү хүрч очив. Үзтэл түүний бие ийм зиндааны авгайн өмнө яльгүй балмагдан байгаа бололтой аж. Цэгцтэй ярих гэж хэд дахин оролдсоны эцэст сая нэг юм эв дүйгээ олж
— Эрхэм хатагтай, хүн өөрийн эрхгүй тэвчээртэй байхуйц тийм тохиолдол байдаг билээ. Таны байдал мөн ийм юм. Ийм гайхамшигт хатагтайг хүндэтгэн үзэх явдлыг миний бие зөвхөн эгшин төдийд л гажуудуулж байгаад минь та итгэхгүй байгаа бизээ. Та бүх л талаар тавтай тухтай байх бөгөөд энэ орой өөрийн үзэж амссан түгшүүрээс өөр юунд ч гомдоллохгүй байх болно гээд хариу хэлэхийг хүлээх мэт үгээ тасалснаа Феликсийг ам нээлгүй суусаар байсанд цааш нь үргэлжлүүлэн
— Намайг өөдгүй хулгайч, алуурчин ердөө ч биш гэдгийг та харж байна. Би бол энэ амьдралд эсрэг хандсан золгүй амьтан билээ. Бид энэ нутгаас үүрд одох гэж бодсон боловч аян замын зардлаар гуцагдав. Худалдаачид юмуу шуудангийн тэргийг дайран довтолж тонон дээрэмдэж болох боловч ингэснээр илүү олон хүнийг үүрдийн золгүй явдалд учруулж мэдэх юм. Таны нөхөр эрхэм гүн еэ зургаан долоо хоногийн өмнө таван зуун мянган талерийн өв эзэмшсэн билээ. Бид эл их баялгаас хорин мянгыг өгөхийг гуйж байгаа юм. Энэ бол зүй ёсны, яльгүй шаардлага юм. Иймээс та мөн одоохон нөхөртөө ил захидал бичих хэрэгтэй бөгөөд түүндээ өөрийг тань бидний барьж авсныг болон аль болох хурднаар барьцааны мөнгийг ирүүлэх хэрэгтэй, эс тэгвэл та миний хэлснийг ойлгож байгаа, бид тантай арай хатуухан харьцах болно гэдгийг, түүнийг маш нууцаар ямар нэг хүнээр энд авчруулж өгүүлэхгүй бол уг мөнгийг хүлээж авахгүй гэдгийг бичнэ үү гэв.
Тэрхүү ойн буурчийн газар байсан бүх аянчин эл явдлыг туйлын анхааралтай ажиглаж байсан бөгөөд гүн ахай бүхнээс илүү түгшин байлаа. Өөрийнх нь төлөө биеэ золионд гаргасан залуу хэдийд ч илэрч мэдэгдэж болзошгүй гэж бодож байлаа. Түүнийг их үнээр худалдан авч чөлөөлнө гэж баттай шийдсэн бөгөөд бас ертөнцөд юу ч амлалаа гэсэн дээрэмчидтэй хамт ганц ч алхахгүй гэсэн бодол нь бат нот хэвээр байлаа. Хатагтай инжааны хүрэмний халааснаас нэг хутга олсон бөгөөд энэ мэт ичгүүрт явдлыг хүлцэн дагаснаас өөрийгөө хөнөөсөн нь дээр хэмээн эл хутгыг тэнийлгэн гартаа зууран атгасаар байв. Феликс ч бас түүнээс дутуугүй түгшин суув. Хүчинд автсан хөөрхий авгайг энэ мэт байдлаар хамгаалах нь эр хүний эрхэм үйлс гэсэн бодол нь түүнийг тайтгаруулж, зоригжуулж байсан хэдий боловч ямар нэг хөдөлгөөн дуу хоолойгоороо өөрийгөө илчилчих вий гэж айн байлаа. Уг дээрэмчнийг өөрийн нь бичих ёстой захиан тухай ярихад улам ч их айжээ.
Юу гэж бичвэл таарах вэ? Гүнг юу гэж нэрлэх билээ? Өөрийгөө илчлэхгүйгээр захиаг ямар маягаар бичих билээ? гэсэн бодол тархинд нь эрдгэлдэн байлаа.
Дээрэмчдийн толгойлогчийг цаас, үзэг өмнө нь тавьж гивлүүрээ сөхөн захидал бичнэ үү гэж хэлэхэд Феликс айсандаа ухаан алдах шахав.
Өмссөн хувцас нь өөрт нь хичнээн сайхан зохисныг Феликс өөрөө мэдэхгүй байлаа. Хэрэв тэр үүнийг мэдсэнсэн бол гивлүүрээ сөхөхдөө өчүүхэн ч эмээхгүй байсан бизээ. Учир нь түүнийг аргагүйн эрхэнд гивлүүрээ сөхөхөд нь дүрэмт хувцастай эрхэм, хатагтайн үзэсгэлэн гоо, түүний эршүүд эрэмгий маягийн төрхийг үзээд гайхан мэлэрч улам ч хүндэтгэлтэйгээр ажиглан байлаа. Залуу инжааны соргог хараанаас энэ байдал нь мултарсангүй. Эл осолтой эгшинд ядаж л нүүр царайгаа ил гаргахаас айх явдалгүй юм байна гэж тайтгарсан түүний бие үзэг шүүрэн авч эр нөхөр хэмээгдэгч хүндээ эртний нэгэн номоос уншсан захидлынхаа маягаар ингэж бичжээ:
«Эзэн бөгөөд эр нөхөр минь ээ! Золгүй авгай миний бие аяны зам зуураа шөнө явж байгаад гэнэт сайнаар бодохын аргагүй хүмүүсийн шахалтаар аргагүйн эрхэнд зогсоход хүрэв. Ноён гүн таныг миний төлөөний хорин мянган алтан зоос гаргаж өгөн өгтөл би барьцаанд байх болж байна.
Үүний болзол нь гэвэл, уг явдлын тухай засаг захиргаанд өчүүхэн ч болов гомдоллох юм уу тэдний тусламж дэмжлэгийг хүсэмжлэх ёсгүй. Уг мөнгийг ямар нэг хүнээр ганцаараангаар нь Шпессарт дахь ойн буурчийн газар хүргүүлэх нь болой. Эс тэгвээс намайг урт удаан хугацаагаар хатуу ширүүнээр харгалзан хорих аюул учрах болно. Яаравчлан туслахыг хичээнгүйлэн гуйгч таны золгүй Гэргий»
Түүний бие эл жигтэй захиаг дээрэмчдийн толгойлогчид өгсөнд цаадах нь уншаад зөвшөөрөн
- Шивэгчин юмуу анчныхаа хэнийг ч дагуул болгон авч явах нь гагцхүү таны дурын хэрэг. Эдний нэгээр нь би эл захиаг танай эрхэм нөхөрт хүргүүлэх болно гэсэнд Феликс
— Анчин болон энэ эрхэм намайг дагалдан явах болно гэж хариу өчив.
— За тэг ээ гээд тэр эр үүд рүү очиж шивэгчинг дуудаад
— Та энэ авгайд юу хийх ёстойг нь хэлж өгнө үү гэв.
Шивэгчин бүсгүй дагжин чичирсээр хүрч ирэв. Одоо бас түүний бие илчлэгдэхэд хичнээн амархан байгааг бодоод Феликс ч бас цонхийн цайжээ. Үүний өмнөх осолтой эгшинд өөрт нь төрсөн тухайлшгүй эр зориг одоо ч бас л түүнийг эзэмдсэнд
— Намайг аль болох хурднаар энэ золгүй байдлаас гаргана уу гэж гүнгээс гуй гэхээс өөр чамд даалгах юм надад үгүй гэв. Тэгтэл дээрэмчин цааш нь залгуулан
— Бас та гэргийгээ өөрийнхөө гарт оруулж аван автлаа энэ бүгдийн талаар таг дуугүй байж бидний эсрэг хэрхэвч хандаж болохгүй гэдгийг гүнд тодорхой тайлбарлаж өгөөрэй. Манай мэдээчид энэ талаар бидэнд дор нь мэдэгдэх бөгөөд би тэгсэн цагт юуг ч хайхарч үзэхгүй гэв.
Дагжим чичрэх шивэгчин бүгдийг биелүүлнэ гэж амлав. Их ачаа тээш авч явж чадахгүй тул гүн ахайд зарим нэг хувцас хунар алчуур хавтага тэргүүтнийг нэгэн боодол болгон бэлд гэж түүнд бас тушаасан бөгөөд үүнийг ёсоор гүйцэтгэсний эцэст дээрэмчдийн толгойлогч мэхийн ёслоод хатагтайг өөрийгөө даган гарна уу гэв. Феликсийг суудлаасаа босоход анчин, оюутан хоёр бас түүнийг дагалдан боссон бөгөөд тэд гурвуул дээрэмчдийн толгойлогчоор харгалзуулан шатаар бууцгаав.
Ой дахь эл буурчийн газрын үүдэнд олон морьд байсан бөгөөд тэднээс нэгийг нь анчинд, эмэгтэй хүний эмээл тохсон нэгэн сайхан бага биетэй морийг гүн ахайд, өөр нэгийг оюутанд тус тус унуулав. Толгойлогч, залуу инжааныг өргөн эмээл дээр нь мордуулж эмээлд нь бөхлөн даруулаад дараа нь өөрөө мориндоо мордов. Тэгээд хатагтайн баруун гар талд гарсанд өөр нэг дээрэмчин зүүн гар талд нь гарчээ. Анчин болон оюутныг мөн нэгэн адил тийнхүү харгалзсан байна. Бусдыгаа мориндоо бүгд мордмогц толгойлогч жингэнэтэл исгэрч хөдлөх дохио өгсөн бөгөөд тэр бүлэг хүмүүс бөөндөө төдөлгүй ойд орж бараа тасрав.
Буурчийн газрын дээд давхарт цугларагсад үүний дараагаар байн байсаар айх аюулаас ангижрав. Үлэмжийн их осол буюу гэнэтийн аюулын дараа тохиолддогийн нэгэн адилаар, аягүй бол түүнээс ч илүүгээр, харсаар байтал нь аваад явчихсан гурван нөхрийнхөө тухай бодлоос ангижрах арга байсангүй. Тэд залуу инжааныг гайхаад барсангүй бөгөөд урьд өмнө нь тусын нь тулд сайн юм хийх нь байтугай зүсийг нь ч үзээгүй тийм нэгэн хүнд хязгааргүй их талархах болж байгаагаа бодохоос гүн ахай уярлын нулимс урсган байлаа.
Эрэлхэг зоригтой анчин, шударга сэтгэлт оюутан хоёр түүнийг дагалдан, залуу хүүг золгүй явдалд гунин гутрах аваас санаа сэтгэлийг нь засах болно гэдэг нь хүн бүхнийг тайтгаруулж байсан бөгөөд аливаа юмны эв дүйг олохдоо гарамгай анчин хамтдаа оргон зугтах арга замаа олох биз ээ гэсэн горьдлого бас тэдэнд төрж байлаа. Одоо хэрхвэл зохихыг тэд бас хоорондоо зөвлөцгөөв. Дээрэмчдэд ямар ч андгай тангараг өгөөгүй тул гүн ахай даруй эргэн аялж эр нөхөртөө очоод баригдагсдын байгаа газрыг олж тэднийг чөлөөлөхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэж шийдэв. Хөтөч бол Ашаффенбург рүү давхин хүрч хуулийнхнаар дээрэмчдийг мөшгүүлнэ гэж амлав. Дархан бол харин аяны мөрөө хөөхөөр боллоо.
Аянчдыг энэ шөнө дахиж тух тав алдуулсангүй. Дөнгөж саяхан тийм аймшигт явдал болж өнгөрсөн эл ойн буурчийн газар нам гүм байдал ноёрхон байлаа. Харин маргааш өглөө нь гүн ахайн зарц нар аян замдаа зэхэхээр доош буугаад даруй эргэн ирж эл буурчийн газрын эзэгтэй болон зарц нар нь тун өрөвдөлтэй байдалд байна, тэд бүгд хүлэгтэй, аврал тусламж гуйн хэвтэж байна гэж хэлэв. Эл мэдээг сонсоод аянчид гайхан бие биеийг харцгаав.
— Юу-у? Тэгэхлээр энэ хүмүүс ямар ч гэм зэмгүй улс болж таарах нь уу? Тэгэхлээр бид тэдэнд зүй бус хандсан болж, тэд дээрэмчидтэй үгсэн нэгдээгүй болж таарч байна уу? гэж дархныг хэлэхэд хөтөч
— Хэрэв бидний зөв биш юм бол би өөрийгөө тэдний оронд дүүжлүүлэхэд бэлхэн. Энэ бүхэн бол ялд унахгүй гэсэндээ тэдний өөрсдийн нь зохиосон ов мэх. Намайг доошоо буух гэхэд сургуультай нохой турхиран тавьж эзэгтэй, гэрийн зарц хоёр тэр даруй гарч ирээд яах гэж байгааг минь унтууцан асуусныг санахгүй байна гэж үү, та нар? Гэвч бидний, наад зах нь гүн ахайн аз түшихэд бидэнд сэжиг төрсөн билээ. Хэрэв дарсны мухлагт сууж байхад ажиг сэжиг төрөөгүй, эзэгтэй бидэнд тийм их найдваргүй санагдаагүйсэн бол бид нэгэн дор бөөгнөрөхгүй, удтал сэрэнгэ байхгүй байхсан билээ. Дээрэмчид биднийг дуг нойрондоо дугжирч байхад маань дайран орж ирээд ядаж л хаалга үүдэнд маань цагдан зогсоод тэр эрэлхэг залуу хэзээ ч тийм ов сэдэх аргагүй болохсон гэж хариу хэлэв.
Тэнд байгсад бүгд хөтчийн үгийг нэгэн дуугаар зөвшөөрөн хүлээж буурчийн газрын эзэгтэй болон түүний зарц нарыг бас шүүхэд мэдэгдэхээр тогтов. Тэгээд үүнийгээ улам баттай болгохын тулд одоо тэдэнд ер ямар ч ажиг сэжиг авахуулахгүй гэж шийдэв. Иймээс шивэгчин, зарц хөтөч нар уушны өрөөнд орж дээрэмчдийн хамсаатнуудын хүлгийг тайлж харамсан өрөвдөж байгаагаа аль болох эелдэгээр илэрхийлэхийг бодоцгоов. Зочдынхоо сэтгэлд муу юм хийчих вий гэсэндээ эзэгтэй хүн тус бүрээс яльгүй мөнгө авч мөд дахин эргэж ирээрэй гэж урив.
Хөтөч хөлсөө төлчихөөд зовлонгоо хуваалцсан нөхөдтэйгөө салах ёс гүйцэтгээд замаа хөөн одов. Үүний дараагаар гар урлалчин хоёр залуу мөн аян замдаа оров. Инжааны үүрэг хичнээн хөнгөн байсан хэдий боловч эрх танхи хатагтайд тэр нь багагүй хүнд санагджээ. Гэвч салах ёс гүйцэтгэхээр буурчийн газрын эзэгтэйг гадаа үүдэн дээр бузар гараа сарвайхад нь сэтгэл санаа нь хэрхэн донсолсонтой харьцуулахад энэ нь юу ч биш байлаа.
— Элээ минь, бараг хүүхдээрээ хэрнээ газар дэлхийг хэрэн хэсэж явдаг байна шүү! Та лав дархны газраас эзэндээ хөөгдсөн, зовлонд ханасан амьтан бизээ. Миний тухайд гэвэл харьж очоод намайг сайнаар дурсан санаарай. Аян замдаа сайн яваарай! гэж тэр авгай үзэсгэлэн төгөлдөр залуу хүүг хараад хэлжээ.
Гүн авгай айн ширвээдсэндээ болоод хариу хэлж зүрхэлсэнгүй. Түүний бие уян яруу дуугаараа өөрийгөө мэдэгдчихнэ гэж айжээ. Дархан залуу үүнийг ажиж мэдээд аян замын нөхрөө сугадан авч буурчийн газрын эзэгтэйд баяртай гэж хэлчихээд ой руу ормогц хөгжилтэй дуу аялж гарав.
— Одоо л би аюулаас мултрав! гэж ахай тэндээс зуун алхам хэр холдсоны эцэст дуу алдаад
- Энэ авгай намайг таниад зарц нараараа бариулах биз гэж ямагт айсаар байлаа шүү. Би та бүхэнд талархсанаа чухам яаж илэрхийлэх билээ! Та бас манай шилтгээн рүү очоорой, тэнд та найзтайгаа уулзаж аян замаа цааш үргэлжлүүлэх ёстой билээ гэв.
Дархан түүнийг нь зөвшөөрсөн бөгөөд тэднийг ярилцан явтал гүн ахайн сүүх тэрэг гүйцэж ирээд хаалга нь онгойсонд хатагтай дотогш орж залуу гар урлалчинд дахин талархсаны эцэст сүүх давхин одов.
Яг энэ үес дээрэмчид болон тэдэнд олзлогдогсод уг бүлгийн буудалд хүрч очжээ. Тэд ойн бүдэг зөргөөр хар хурдаараа довтолгон явлаа. Олзлогдогсодтойгоо ганц ч үг үл сольном бөгөөд замын чиг өөрчлөгдөхөд л хааяа шивнэлдэхээс өөрөөр өөр зуураа ч үл хэлцэнэ. Чингээд уулын нэгэн их гүн хавцлын аманд сая зогсоцгоожээ. Дээрэмчид мориноосоо буусан бөгөөд толгойлогч нь инжааныг эмээлээс нь өргөн буулгаад ийнхүү яаран довтолгосондоо уучлал гуйгаад эрхэм авгай учиргүй их агсагдаагүй биз гэж асуув.
Феликс амрах хүсэлгтэй байгаагаа аль болох намбатай хэлсэнд толгойлогч хавцлаар түүнийг дэмнэн явахаар түүнд гараа өгөв. Тэд нэгэн эгц хяр уруудан явсан бөгөөд тэдний бууж яваа зөрөг нь маш нарийн огцом тул толгойлогч хөтөлж яваа хатагтайгаа унагачихгүйн тул ямагт түшиж тулж явахад хүрч байлаа. Тийн явсаар тэд сая бэлд бууж ирэв. Тогоо мэт хүрээлэн тэнгэр өөд арсайлдсан хадан ханан дунд сайндаа л зуун алхам талбай бүхий нэгэн нарийхан бяцхан аманд орж ирснээ Феликс өглөөний бүдэг гэгээнд олж үзэв. Эл аманд банз, огтолсон мод сэлтээр босгосон долоо найман бяцхан овоохой харагдав. Эл овоохойнуудаас хэд хэдэн заваан царайтай авгай сониучирхан шагайж, арван хоёр том ноход, тэдний тоо томшгүй гөлөгний сүрэг хуцан боргоож үсчиж, цовхчин, ирэгсдийг угтав. Толгойлогч гүн ахай гэгдэгчийг эл овоохойнуудын хамгийн дөнгүүрт нь дагуулан оруулаад түүнд энэ сууц бүрэн мэдэлд нь байх болно гэсэн бөгөөд Феликсийн шаардсаны дагуу анчин, оюутан хоёрыг түүнтэй хамт үлдэхийг бас зөвшөөрөв.
Эл овоохойд нэгэн зэрэг шалавч, суудлын үүрэг гүйцэтгэх зээрийн арьс, чийрс дэвссэн байлаа. Мод ухаж хийсэн хэдэн аяга сав, хуучин ангийн цахиур буу болон хамгийн хойд буланд хэдэн банз эвлүүлж ноосон бүтээлгээр бүтээсэн, ор гэж нэрлэмээргүй зүйл нь гүн ахайд зориулсан өргөөний хогшил ажээ. Энэхүү ядуулаг урцнаа ганцаар хоцорсны эцэст олзлогдсон гурав өөрсдийн ер бусын байдал төлөвийн талаар бодож үзэх боломжийг сая олж авцгаав. Сайхан сэтгэлийнхээ дагуу ингэхэд хүрсэндээ эгшин зуур ч харамсаагүй боловч илэрч мэдэгдвэл яана гэж эмээх Феликс гаслан гангинаж сэтгэлээ тайтгаруулах гэж бодсонд анчин яаран дөхөж ирээд түүнд
— Хайрт залуу минь, тэнгэрийг бодож чимээгүй байж үз. Бидний юу ярихыг чагнаж байгаа хүн байхгүй гэж бодно уу чи? гэж шивгэнэсэнд
— Хэлсэн үг бүрээс чинь ярианы чинь өнгөнөөс тэд сэжиг авах амархан гэж оюутан бас хажуугаас нь үг нэмэрлэв. Хөөрхий Феликсэд чимээгүй уйлахаас өөр арга зам байсангүй.
— Эрхэм өнчин минь, энэ дээрэмчдээс айсандаа юмуу энэ өөдгүй овоохойд сэтгэл гутран зэвүүцсэндээ биш, огт өөр шаналалд автаад уйлж байгаад минь итгээрэй! Миний яаран хэлсэн зүйлийг гүн ахай амархан мартаж болох бөгөөд тэгвэл би хулгайч хэмээн үзэгдэж үүрдийн гаслан зовлонд учрах болно! гэж Феликс хэлсэнд анчин
— Тэгвэл чиний сэтгэлийг ингэтлээ их зовоогоод байгаа юм чинь юу юм бэ? гэж өдий болтол тийм эрэлхэг, тэвчээртэй байсан залуу хүүгийн эл байдлыг гайхан асуув.
— Та нар анхааралтай сонсоцгоогтун! Тэгвэл миний зөв гэдэгт итгэцгээх болно. Эцэг минь Нюренбергийн маш уран инжаан байсан бөгөөд эх минь урьд нъ нэгэн сурвалжит авгайн шивэгчнээр ажиллаж байгаад эцэгтэй минь суухад тэрхүү гүн ахай нъ сайтар хувцаслаж хөрөнгө тасалж өгсөн юм гэдэг. Тэгээд тэр авгай эцэг эхэд минь ямагт хайртай байсаар намайг энэ орчлонд төрөхөд загалмай зүүлгэсэн эх минь болж үлэмжхэн бэлэг хайрласан юм гэдэг. Төдөлгүй эцэг, эх хоёр минь хижгээр нас барж миний бие орчлон дээр орь ганцаар болоод өнчин хүүхдүүдийн газар хүргэгдэх болоход загалмай зүүлгэсэн эх минь болох тэр хатагтай манай зовлонг сонсоод миний төлөө санаа тавьж намайг нэгэн хүүхэд хүмүүжүүлэх газар өгөөд тусгай мэргэжилд суралцах насанд хүрэхэд минь эцгийнхээ урлалд суралцах хүсэлтэй юу, үгүй юу гэж надад захидал бичсэн юм, Үүнд нь баярлан хүсэл бүхийгээ илэрхийлсэнд намайг Вурцбүргт агч багшид минь суралцуулахаар өгсөн юм. Миний бие эл ажилд эв дүйтэй байсан тул төдөлгүй мэргэжлийн үнэмлэх авч аялан явахад зэхэх хэрэгтэй болов. Энэ тухайгаа загалмай зүүлгэсэн эхдээ бичсэнд тэр даруй аялалд шаардагдах мөнгийг өгнө гэж хариу ирүүлэв. Тэгэхдээ бас эрдэнийн чулуу хамт илгээж тэднийг зүүлт болгон урлаж уран чадварынхаа дээж болгон өөрийн биеэр авчирч өгөөд аян замын мөнгөө авна уу гэж бичсэн байлаа. Миний бие загалмай зүүлгэсэн эхийгээ амьдралдаа ер үзээгүй хүн тул миний хичнээн их баярласныг та бүхэн тухайлж байгаа бизээ. Би өдөр, шөнөгүй тэр зүүлтийг урласан бөгөөд маш гоё, үзэсгэлэнтэй болсонд багш минь хүртэл гайхан шагшиж байсан юм. Тэгээд түүнийг бэлэн болмогц би бүгдийг нь бяцхан үүргэвчнийхээ ёроолд хичээнгүйлэн боож хийгээд багштайгаа салах ёс гүйцэтгэн загалмай зүүлгэсэн эх болох хатагтайн шилтгээн рүү гарсан юм гээд нулимс асгаруулан байж цааш нь үргэлжлүүлэн
— Гэтэл энэ бузар амьтад хүрч ирэн бүх итгэл найдварыг минь эвдэн бусниулав. Тиймээс танай гүн ахай уг зүүлт чимгийг алдчих юмуу миний хэлснийг мартаад муу үүргэвчийг минь хаячих юм бол би яаж загалмай зүүлгэсэн сайхан сэтгэлт хатагтайн өмиө хүрч очих билээ? Би юугаар энэ бүх явдлыг батлах билээ? Юугаараа тэр чулуунуудыг төлөх юм бэ? Тэгээд аян замд хэрэглэх мөнгө үгүй болно. Итгэж өгсөн эд уурсыг ийм хөнгөн хийсвэрээр өрөөлд өгсөн итгэлгүй, ачийг бачаар хариулдаг хүн гэж намайг үзэх болно. Тэгээд бас эл гайхалтай тохиолдлыг ярихад хүн надад ер нь итгэнэ гэж үү? Гэж Феликс ярив.
— Сүүлчийнхээ хэлсэн үгний тухайд бол санаа зовох юмгүй! гээд анчин
— Гүн ахай таны тэр зүүлт чимгийг алдаж үрэгдүүлэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэрэв тэгдэг юм гэхэд аврагчаа гарз хохиролгүй болгож эл явдлыг баталж нотлох болно. Үнэнийг хэлэхэд бидний нойр хүрч байгаа тул хэдэн цагийн турш ганцааранг тань үлдээе, энэ шөнийн ядаргааны дараа та ч бас унтах шаардлагатай. Үүнээс хойш түр ч болов золгүй явдлаа мартаж түүнийг дурсалгүй байхыг хичээн оргон зайлах тухайгаа бодсон нь дээр гэв.
Тэгээд анчин, оюутан хоёр явж Феликс ганцаараа үлдээд анчны үгэнд орох гэж оролдов.
Хэдэн цагийн дараа анчин, оюутан хоёрыг эргэж ирэхэд залуу нөхөр нь өмнөхөөсөө сэргэж зоригжчихсон байж байлаа. Толгойлогч хатагтайд тавих бүх анхаарал халамжийг өөрт нь даалгасан, хэдхэн минутын дараа энэ овоохойнуудын үүдэнд урьд нь харагдсан авгай нарын нэг эрхэмсэг гүн ахайд кофе цай авчирч өгөн үйлчлэх болно гэдгийг анчин инжаад хэлэв. Тэд өөрсөндөө саад тотгор болгохгүйн тулд эл найрсаг байдлыг хүлээж авахгүй гэж тогтсон бөгөөд зэвүүцэм муухай царайтай хөгшин цыган авгайг хүрч ирээд өглөөний зоог ширээн дээр өрөн өөр хийлгэх юм юу байна гэж найрсаг царай гарган арзайн байж асуухад нь Феликс гар гэж дохисон боловч эргэлзэн зогсоод байхад нь анчин түүнийг зандран хөөж гаргав. Дараа нь оюутан дээрэмчдийн буудлын талаар олж мэдсэн зүйлийнхээ талаар ярив.
— Үзэсгэлэн төгөлдөр гүн ахай минь, таны сууж байгаа энэ овоохой бол эндхийн хамгийн тохитой тавтай сууц нь юм байна. Анхнаасаа толгойлогчид зориулсан бололтой юм. Энэ чинь хэдийгээр зайтай биш боловч бусдыгаа бодвол дөнгүүр юм. Үүнээс гадна зургаан овоохой байгаа бөгөөд тэнд нь авгай хүүхдүүд суудаг юм байна. Ер нь дээрэмчдээс энд зургаагаас илүү хүн үлддэггүй бололтой. Нэг нь энэ овоохойгоос холгүй, нөгөө нь доор уул өөд өгсдөг зам дээр харуулд зогсож, бас нэг нь дээр энэ хавцалд орж ирдэг зам дээр байдаг юм байна. Тэд нь хоёр хоёр цагаар өөр гурван хүнтэй ээлжлэн харуулд гарах бөгөөд тус бүр хоёр том нохойтой байх юм. Тэд бүгдээрээ маш сэрэмжтэй байх тул тэднийг хөнөөхгүйгээр овоохойнуудаас гадагш гарна гэж саналтгүй. Бид оргож гарна гэж саналтгүй. Бид оргож гарна гэдэгт би итгэл тасарлаа гэж тэр ярьсанд Феликс хариуд нь
— Намайг сэтгэлээр бүү унага, би хэсэг зуур зүүрмэглээд зориг орчихлоо. Найдвар оргүй тасарч болохгүй. Харин өөрсдийгөө л илчилчихгүй байх хэрэгтэй. Иймээс одоо өөр юмны тухай ярилцсан маань дээр бизээ. Сэтгэлийн шаналанд удтал автах хэрэг үгүй. Эрхэм оюутан та буурчийн газар нэг зүйл ярьж хэлсэн билээ, одоо бидэнд элдвийг ярилцах цаг зав их тул түүнээ цааш нь үргэлжлүүлэгтүн гэв.
— Би ер санахгүй байна шүү, юу байсан юм бол доо гэж залуу эр хариу хэлсэнд инжаан
— Та хүйтэн зүрхний тухай домог ярьж байсан билээ. Тэгээд уушны газрын эзэн болон бусад тоглоомчид Нүүрсчин Петрийг үүдээр гаргаж хаясан тухай яриад зогссон шүү дээ гэвэл оюутан
— Өө тийм, би одоо л саналаа. За, та нарыг сонсох хүсэлтэй байгаа бол би цааш үргэлжлүүлэн ярья гэж хариу хэлэв.


Top
   
PostPosted: Aug.23.14 9:20 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
ХҮЙТЭН ЗҮРХ

ХОЁРДУГААР ХЭСЭГ

Петерийг даваа гаригийн өглөө шилнийхээ үйлдвэрт ирэхэд нь ажилчдаас нь гадна бас хүмүүсийн барааг нь харах дургүй улс буюу чухамдаа албаны хүн шүүхийн гурван ажилтны хамт байж байлаа. Тэр албаны хүн Петерийн мэндийг мэдэж сайхан нойрсов уу гэж асуугаад нэгэн урт бүртгэл гаргаж ирсэнд тэнд нь Петерийн өртэй хүмүүсийн нэрс байх аж.
— Та эдэнд өрөө төлж чадах уу, үгүй юу? Надад дэмий үрэх цаг зав үгүй тул хурдалж үз, гурван цагийн дотор амжуул гэж албаны хүн хэлсэнд
Петер арга тасран бэлэн мөнгө ер байхгүй гэдгээ хүлээж байшин хашаа үйлдвэр, морь тэрэг, жүчээ сэлтийг үнэлж авахыг гуйв. Чингээд шүүхийн ажилтнууд болон албаны хүнийг үүгээр түүгээр яван энэ тэрийг үзэж шалган үнэлж явах зуур түүний бие Нарст толгой хүртэл ч холгүй дээ, нөгөө Анахай надад ер туслаагүй, тэгэхлээр би Аварга эртэй дахин нэг яриад үзье гэж боджээ. Тэгээд шүүхийн ажилтан мөрийг нь мөшгөн хөөж байгаа мэт хамаг байдаг чадлаараа Нарст толгой руу харайлгаж гарчээ. Гэтэл шилэн хүнэнцэртэй анх ярилцсан тэр газрыхаа хажуугаар гартал нь нэг үл үзэгдэх гар барин зогсоох шиг болоход нь байдгаараа зүтгэн барьцыг нь шувт татан алдуулаад урьд нь сайтар ажиглаж авсан заагт газар хүртэл бахардаж унатлаа гүйжээ. Тэнд хүрээд
— Голланд Михель. хөөе ноён Голланд Михель! гэж хашгирсанд аварга биет салчин эр асар том сэлүүр модоо тулчихсан хэдийнэ өмнө нь зогсож байлаа.
— Хүрээд ирэв үү чи? Тэд арьсыг чинь хуулж аваад өртэй улсад чинь худалдах гээд байна уу? За тайвшир, чиний бүх гаслан миний хэлснээр, тэр муу хагалган бутаргагч, сүсэгтэн царайлагч бяцхан Шилэн хүнэнцрээс болж байгаа юм. Хүнд юм өгвөл өгөхийн дүрстэй өгөх хэрэгтэй, түүнээс биш тэр харамч шиг байх хэрэггүй гэж Голланд-Михель хөхрөн байж хэлээд ойн зүг эргэж
— Нааш ир, намайг дагаад гэрт минь оч, тэнд бид хэлэлцэж тохирох үгүйгээ үзэцгээе гэв.
«Хэлэлцэж тохирох гэнэ ээ? Энэ надаас юу шаардах юм бол, үүнд миний өгөх юм юу байдаг билээ? Энэ надаар ажил хийлгэх гэж байгаа юм болов уу, ер нь яах гэж байгаа юм бол?» гэж Петер бодов. Тэд эхлээд ойн эгц замаар өгсөн явсаар гэнэт гүн, их харанхуй, цавчим хавцлын ирмэгт тулж иржээ. Голланд-Михель налуухан гантиг шатаар бууж байгаа юм шиг хадан хясаа дамжин дэгдэн буув. Тэгээд доор буумагцаа сүмийн ганжир адил өндөр болоод гар нь гогцовч мэт урт, алга нь зоогийн газрын ширээ мэт өргөн болсонд Петер даруй ухаан алдан унах шахсанд цаадах нь үхлийн хонх мэт бөглүү дуугаар
— Миний алган дээр суугаад хуруунуудаас барь, тэгвэл чи унахгүй гэж хэлэв. Петер дагжин байж түүний хэлснээр алган дээр нь суун тэр аварга эрийн эрхий хуруунаас зуурав.
Хавцал учиргүй их гүн боловч улам харанхуй болсонгүй, харин ч өдрийн гэгээ улам улам нэмэгдэн байсанд Петер гайхжээ. Гэвч түүний бие уг гэрлийг удтал харж чадахгүй байлаа. Петерийг доош буух тусам Голланд-Михель дахин жижигрэн жижгэрсээр сая хуучин төрхдөө орж Шварцвельдын чинээлэг тариачдынх шиг тохилог сайхан нэгэн байшингийн өмнө зогсож байлаа. Петерийн дагалдан орсон өрөө баахан эл хуль болохоос биш бусад хүмүүсийн суудаг өрөөнөөс ялгагдах юм үгүй байв. Ханын модон цаг учиргүй том шаазан вааран пийшин, өргөн өргөн гулдан сандал, тавиурууд дээр тавьсан багаж зэмсэг сэлт нь газар бүр байдгийн нэгэн адил ажээ. Михель түүнийг нэгэн том ширээний ард суу гэж зангаад, гадагш гарч төдөлгүй ваартай дарс хундагануудын хамт барьсаар эргэж ирэв. Дарсаа хундагалаад түүнтэй энэ тэрийг ярилцан сууснаа ертөнцийн баяр баясгалан, харийн газар орон, сайхан сайхан хот, гол мөрний тухай ярьсанд Петер эцсийн эцэст энэ бүхнийг хүсэмжлэх сэтгэл төрөөд үүнийгээ Голланд-Михельд илэн далангүй хэлэв.
— Ямар нэг юм хийе гэх зориг зүрх, хүч чадал бүх биед чинь төрөхөд тэнэг зүрхний хэдэн цохилт чамайг чичрэхэд хүргэнэ. Тэгтэл нэр төрөө доромжлуулах, золгүй явдал учрахад ухаалаг эр энэ мэт юманд юугаараа зовох вэ? Саяхан чамайг хууран мэхлэгч, өөдгүй лүд гэж нэрлэхэд энэ чиний тархинд туссан уу? Албаны хүн ирээд орон гэрээс чинь хөөн гаргахад чиний ходоод гэдэс өвдсөн үү? Юу вэ? Хэл л дээ. Юу чинь эмзэглэснийг ярь.
— Зүрх минь гэж хэлэх зуураа Петер цохилон байгаа зүрхэн дээрээ гараа тавив. Учир нь зүрх нь түгшин бөнжигнөн чичирч байх шиг санагджээ.
— Надад битгий муу юм санаарай, чи олон зуун алтан зоосыг өөдгүй гуйлгачин болон бусад муусайн юмнуудад цацаж явсан, үүнээс чамд ямар ашиг гарав? Тэд хариуд нь чамайг ерөөж эрүүл энх байхыг хүсэж байсан. Тэглээ гээд чи урьд өмнөхөөсөө эрүүл саруул болсон уу? Ингэж дэмий үрэн таран хийсэн мөнгөнийхөө хагасаар дэргэдээ эмч хөлслөн суулгаж болох байсан. Хамаг эд хөрөнгөө хураалгаад орон гэрээсээ хөөгдөхийн цагт тэр ерөөл, тэр сайхан ерөөл ямар нэмэр болох билээ! Гуйлгачинг өмсөх аргагүй болсон малгайгаа тосоход халаас руугаа гараа хийхэд хүргэж байсан юм чинь юу вэ? Зүрх чинь, ердөө л зүрх чинь, харин хэл чинь ч, гар чинь ч, хөл чинь ч биш, зөвхөн л зүрх чинь хүмүүсийн онож хэлснээр энэ бүхнийг чи зүрхэндээ тун ойр авч үздэг байжээ,
— Тэгэхлээр хойшид ер ингэхгүйн тулд хүн яах хэрэгтэй вэ? Ингэхгүйн тулд би бүх л чадлаараа хичээе гэвч зүрх минь цохилон сэтгэлийг минъ эмзэглүүлэн байх шүү дээ.
— Яг үнэн, гэж цаадах нь хөхрөөд
— Хөөрхий минь чи үүний эсрэг яаж ч чадахгүй харин тэр цохилох төдий зүйлээ надад өгчих, тэгвэл хичнээн сайхан болохыг чи үзэж мэдэх болно гэв.
— Танд зүрхээ өгөх гэж үү? Тэгвэл би дороо нам үхнэ шүү дээ! Яасан ч үгүй! гэж Петер айн хашгирав.
— Тийм ээ, танай ноён мэс засалчдын нэг нь чиний зүрхийг биенээс чинь авах гэвэл үхэх чинь лав, миний хувьд энэ бол огтоос өөр зүйл, гэвч нааш ирээд өөрийн нүдээр үзэж итгэгтүн гэж Голланд -Михель хэлэн нэгэн тасалгааны үүд онгойлгон Петерийг урьтан оруулав. Түүнийг босго алхмагц зүрх нь чичивсхийн агшсан боловч түүнд үзүүлсэн зүйл нь гойд жигтэй гайхалтай байсан тул үүнийг анзаарсангүй билээ. Хэд хэдэн модон тавиур дээр нэвт харагдах шингэн дүүргэсэн шилнүүдэд нэг нэг зүрх байх ажээ. Шилнүүд дээр цаас нааж уг зүрхний эзний нэрийг бичсэн байв. Петер тэр нэрсийг сониучирхан уншив. Тэнд Ф., дахь албаны хүний зүрх, бүдүүн Эцехийлийн зүрх, Бүжгийн талбайн вангийн зүрх, ойн ахлах цагдаагийн зүрх, тариа дамлагчдын зургаан зүрх, цэргийн дарга нарын найман зүрх, мөнгө хүүлэгчдийн гурван зүрх гээд л товчоор хэлэхэд хорин дөрвөн цагийн дотор эргэлдэх газар нутгийн хамгийн хүндтэй зүрхнүүдийн цуглуулга байж байлаа.
— Харав уу! Эд бүхэн бүгд амьдралын аймшиг, түгшлийг таягдан хаясан юм. Эдгээр зүрхний нэг нь ч түгшиж зовнин цохилохгүй бөгөөд хуучин эзэд нь амгалан байдаггүй зочноо авч хаясандаа сэтгэл тэнүүн байдаг юм гэж Голленд-Михелъ хэлэв. Энэ бүхнийг үзээд бараг муужрах шахсан Петер
— Тэгээд оронд нь тэдний хэнхдэгт юу байдаг юм бэ? гэж асуув.
— Энэ гэж цаадах нь хариулаад нэгэн татуурганаас чулуун зүрх гаргаж үзүүлэв. Петерийн хамаг бие өөрийн эрхгүй агзасхийн
— Тийм үү? Чулуун зүрх үү? гэж асуугаад
— Ноён Голланд-Михель, та аан гэж бай, энэ лав хэнхдэгт тун хүйтэн байж таарна даа гэв.
— Мэдээж хэрэг, гэхдээ таатай сэрүүн байна гээч. Зүрх халуун байх хэрэг юу байх вэ? Өвөл бол үүний халуун хүйтэн байх нь чамд ялгаагүй, интоорын сайн дарс чамд халуун зүрхнээс илүү тус болно. Зун бүх юм халуун, бүгчим байхад ийм зүрх хичнээн сайхан сэрүүцүүлдэг гэхэд чи лав итгэхгүй. Ийм зүрх айх, эмээх, өрөвдөн харуусах тэнэг сэтгэл болон бусад гаслан зовлонг мэдэхгүй.
— Таны надад өгч чадах юм энэ үү? Би мөнгөнд найдаж ирсэн юмсан, гэтэл та надад чулуу атгуулж байх юм гэж Петер урам муутай хэлэв.
— За, миний бодоход эхний удаад чамд зуун мянган алтан зоос хангалттай биз ээ. Чи түүнийг овжин хөдөлгөвөл удахгүй саятан болж чадна.
— Зуун мянга гэнэ ээ? гэж хөөрхий нүүрсчин баярлан дуу алдаад
— За, золиг минь, цээжинд минь ийнхүү галзуу мэт цохилохоо боль бид удахгүй зам замаа хайх болно. Михель, чи надад тэр чулуу, мөнгө хоёроо өгөөд энэ түгшүүрийг байрнаас нь авч хая гэв.
— Чамайг би ухаантай залуу гэж бодсон юм шүү. Нааш ир, эхлээд бас ганц ганц хундага юм татчихъя, тэгээд би чамд мөнгөө төлье гэж Голланд-Михель найрсгаар инээмсэглэн байж хэлэв.
Тийнхүү тэд өмнө байсан өрөөндөө эргэж ороод ширээнээ сууцгаан уун уусаар байтал Петер гүн нойронд нам цохиулав.
Нүүрсчин Мункийн Петер шуудангийн тэрэгний бүрээний баясгалант яруу дуугаар сэрж үзвэл нэгэн гоё сүүхэнд суучихаад цэлийсэн өргөн замаар довтолгож явнам бөгөөд сүүхнийхээ цонхоор эргэн харвал тэртээ цэнхэртэх алсад Шварцвальд харагдаж байлаа. Эхлээд эл тэргэнд галгиулж яваа хүн бол өөрөө мөн гэдэгт итгэсэнгүй. Учир нь өмсөж зүүсэн хувцас хунар нь өчигдрийн нь өмсөж зүүсэн зүйл огтоос биш байжээ. Гэвч бүхнийг тов тодорхой дурсан санамагц сая гайхан эргэлзэж учрыг нь олох гэж хичээхээ болиод Нүүрсчин Мункийн Петер би мөнөөс мөн байна. Өөр хэн ч биш гэж дуу алдав. Ийн өнө удтал аж төрөн суусан ой, амар жимэр төрөлх нутгаасаа анх удаа алсад о|дож байгаа гэхэд сэтгэл нь ер төвдөхгүй байгааг үзээд өөрийгөө гайхжээ. Одоо мэдээж гаслангийн туйлд хүрээд арга тасран нулимсаа дуслуулж суугаа эхийгээ бодоход ч бүх юм түүний хувьд нэгэнт хамаагүй болсон тул ядаж нүднээсээ ганц нулимс унагаж юмуу эсвэл зөвхөн санаа алдаж ч чадахгүй байлаа. Тэгээд
— Өө, тэгэлгүй яахав. Нулимс, санаа алдах, орон гэрээ санах, сэтгэл энэлэн шаналах гэгч зүрхнээс гардаг билээ. Гэтэл би Голланд-Михелийн ачаар хүйтэн, чулуун зүрхтэй болсон шүү дээ гээд гараа цээжин дээрээ тавьсанд тэнд нь нам гүм, хөдөлж мэдэгдэх юм ер үгүй байсанд
— Зүрхийг минь ийм болгосныхоо нэгэн адил зуун мянган алтан зоос өгнө гэсэм амандаа хүрсэн бол ч би баярлахаас өөр хэрхэх билээ гэж өөр зуураа хэлэн сүүхээ нэгжиж гарав. Тэнд нь түүний эдлэхсэн гэж хүсэх янз янзын хувцас хунар дүүрэн боловч мөнгө байсангүй. Тийн эрж нэгж нэгжсээр байтал гарт нь нэгэн даалин тааралдсанд нээж үзвэл бүх том хотуудад байх худалдааны газруудад гүйлгээтэй олон мянган талер алтан зоос, цаасан дэвсгэртээр байж байлаа. «Хүсэл минь одоо л ёсоороо болов» гэж сэтгээд сүүхнийхээ буланд тухлан сууж өргөн орчлонг хэрэн хэсэхээр замаа хөөлөө.
Түүний бие хоёр жилийн турш газар орноор хэрэн хэсэж сүүхнийхээ цонхоор баруун зүүн талаараа үргэлжлэх байшин барилгыг харан энд тэнд зогсох болбол зөвхөн буух буудлынхаа хаягийг үсэглэчихээд дараа нь эл хотоор явж хамгийн сайхан гэгдэх зүйлүүдийг нь үздэг байлаа. Гэвч ямар ч зураг ямар ч байшин барилга, ямар ч хөгжим, ямар ч бүжиг үзээд сэтгэл нь баясан хөөрөх ч үгүй, чулуун зүрх нь ер юуг ч үл мэдрэх тул аливаа сайхан бүхэнд нүд балай, чих дүлий болсон байв. Идэх, уух, унтах гурваас өөр юунд ч баярлахаа нэгэнт больсон түүний бие ийнхүү ямар ч зорилгогүйгээр дэлхийгээр хэрэн хэсэж амьд байхын тулд идэж ууж, арга тасран уйтгарлахдаа унтаж явав. Ядуу зүдүү байж амь зогоохын тулд ажиллаж байхдаа илүү баяр баясгалантай, илүү аз жаргалтай явснаа ч бас үе үе дурсах аж. Тэр үес уулын ам хавцлын үзэсгэлэнт байгаль, хөгжим, дуу тэргүүтэн сайхан бүхэн сэтгэлийг нь долгилуулан догдлуулж нүүрс шатаах түүдгийн дэргэд эхийнхээ авчирч өгдөг ерийн хоолонд удтал баярлан байдагсан. Ийнхүү өнгөрснөө эргэн дурсахад урьд нь яльгүй наргиантай юманд тачигнатал хөхөрдөг байснаа одоо ганц ч удаа инээж чадахгүй болсон нь жигтэй санагдаж байлаа. Өрөөл бусдыг хөхрөлдөхөд түүний бие зөвхөн ёсыг бодож уруулаа шазайлгавч зүрх нь хөгжин инээх нь үгүй болжээ. Өөрийгөө туйлын амгалан байгааг мэдрэвч сэтгэл хангалуун байхын жаргалыг ер амссангүй. Эцсийн эцэст эх нутгийн зүг эргэсэн нь нутаг орноо санаж, ар гэрээ үгүйлсэндээ бус уйтгарлан гансарч, баяр жаргалгүй амьдралаас залхсандаа тэр байлаа.
Чингээд Штрасбургээс довтолгон нутгийнхаа харлах ойн барааг үзэж Шварцвальдынхны чийрэг бадриун дүр төрх, найрсаг, үнэнч шударга зүс царайг дахин харж, ижил дасал болсон сонсголон яруу аялгууг сонсоод цусны нь гүйдэл түргэсэж ирэхэд тэр зүрх минь байгаа юм байна гэж сэтгэн даруй баярласандаа уйлах нь ээ гэж бодсон боловч түүний бие чулуун зүрхтэй бөгөөд чулуу бол үхмэл, инээж уйлж чадахгүй тул энэ нь ёстой л ухаангүй мунхаг бодол байлаа.
Петер юуны өмнө Голланд-Михель дээр очсонд цаадах нь урьдын адил найрсаг нь аргагүй уулзав.
— Михель, би аялан явж элдэв зүйлийг үзсэн боловч цөм дэмий тул уйдаж гүйцэв. Цээжинд минь байгаа чиний энэ чулуун юм зарим нэгнээс хамгаалах тул би ер уурлахгүй, гуньж гутахгүй байх боловч ер баярлаж баясах нь үгүй тул амьсгаатай төдий байгаа мэт санагдах юм. Та эл чулуун зүрхийг яльгүй хөдөлгөөнтэй болгох юмуу эс бөгөөс ер нь хуучин зүрхийг минь өгнө үү. Миний бие хорин таван жилийн турш түүнд дассан бөгөөд үе үе тэнэг явдалд хүргэдэг боловч тэр минь чухамдаа эрэмгий цэнгүүн зүрх байсан юм шүү гэж Петер хэлсэнд ойн савдаг хорсол хилэнтэйеэ хөхрөөд
— Мункийн Петер минь, чи үхсэн хойноо л санасандаа хүрч уян зөөлөн, догдломтгой зүрхээ эзэмшин баяр баясгалан хийгээд гасланг мэдрэх болно. Харин наран доор байсан цагтаа ингэнэ гэж санасны ч хэрэггүй! Гэвч, Петер минь, чи ханатлаа аялжээ. Гэхдээ ийм байдлаар аж төрөх юм бол ер хэрэггүй. Одоо бол чи ойн хаа нэгтээ суурьшиж байшин бариулж, гэрлэж, хөрөнгөө арвижуул чи ажилгүй байсваас л ингэж байгаа юм.
Хийх юмгүй дэмий байснаас чи уйдан залхаж бүхний гэм зэмийг гэмгүй зүрхэнд тохож байна гэв.
Петер хийх ажилгүй хий дэмий байсны тухайд Михелийн хэлдэг түмэн зөв гэж ойлгоод, баян, улам баян болох хэрэгтэй юм гэж сэтгэв. Михель түүнд дахин зуун мянган алтан зоос өгөөд сайн нөхрийн адилаар үдэж явуулав.
Нүүрсчин Мункийн Петер буюу Тоглоомчин Петер урьдахаасаа улам баян болоод эргээд ирж гэнэ гэсэн яриа Шварцвальдад даруй түгээд ёстой юм ёсоороо л болов. Модоо барихад нь «наранд» түлхэн гаргаж байсан улс эдүгээ нэгэн Ням гаригийн орой тэнд явж очиход нь гарыг нь чанга чанга атгацгаан унасан морийг нь магтан, аян замын нь сониныг асууж шалгааж гарсан бөгөөд дахин бүдүүн Эцехийлтэй живгэнэсэн талер тавин тоглоход нь хүн бүхэн урьд өмнийхөөс нь хавьгүй ихээр хүндэтгэв гэнэ. Эдүгээ түүний бие шилний үйлдвэрлэл эрхлэхээ больж зөвхөн өнгөндөө л модны худалдаа хийх болов. Түүний гол ажил нь тариа, мөнгөний наймаа байлаа. Шварцвальдынхны тэн хагас нь байн байсаар түүнд өртэй болсон бөгөөд түүний бие даруй төлж чадахгүй ядуу зүдүү хүмүүст арван хувийн хүүтэйгээр мөнгө зээлүүлэх юмуу гурав дахин илүү үнээр тариа зээлүүлнэ. Албаны хүн одоо Петертэй тун зузаан түнш болсон тул өртэй хүмүүсийн нь хэн нэг нь товлосон өдөр өрөө төлж дийлэхгүй бол тэрхүү албаны хүн цагдаа нарынхаа хамт давхин очиж орон байр, хашаа хороог нь үнэлэн дор нь зарж орхиод аав, ээж, авгай хүүхэд юутай хүйтэй нь ой руу хөөдөг байлаа. Буй бүхнээ хураалгасан улс бөөн бөөнөөрөө үүдэнд нь шавааралдан сууж эрчүүл нь энэрэн үзэхийг гуйж, эмэгтэйчүүл нь чулуужсан зүрхийг нь үяраах гэж оролдон хүүхдүүд нь талхны булан нэхэн чарлалдах тул энэ нь анхандаа баян Петерт түвэгтэй байдаг байлаа. Гэвч төдөлгүй хэдэн лут зуудаг нохойтой болсноос хойш түүний хэлдгээр эл замбараагүй явдал эцэс болжээ. Тэрээр исгэрэн нохойгоо турхирахад гуйлгачингууд орь дуу тавин тал тал тийшээ бутран зугтаадаг билээ. Нөгөө «хөгшин авгай» бүхнээс илүү тээртэй байлаа. Энэ нь Петерийн эх Мунк авгай билээ. Байшин хашааг нь хурааж аваад зарчихсанаас хойш түүний бие гачигдал гуцагдлын туйлд хүрсэн бөгөөд хүү нь баяжиж эргэн ирсэн боловч ер харж үзсэнгүй. Иймээс өтөлж доройтож гүйцсэн тэр авгай таяг тулан майжигнасаар хааяа хааяа гэрийн нь үүдэнд ирдэг байлаа. Тэр авгай нэг удаа хүүдээ хөөгдсөн тул дотогш орж ердөө ч зүрхэлдэггүй ажээ. Төрүүлсэн хүү нь насны нь адагт жаргуулж чадах байсаар байтал бусдын халамжаар амь зууж байх нь түүнд гаслантай санагдана. Гэвч хүйтэн зүрх туйлын дотно, цонхигор зүс царай, өөдөөс нь сунгах хорчгор гар хийгээд бөгтийн агчсан биеийг нь хараад уярах нь ер үгүй. Бямба гаригийн орой түүнийг ирээд хаалга цохиход нь үглэн байж зургаан бетцнерийн зоос гарган цаасанд боож зарцаар дамжуулж өгнө. Тэгээд эхийнхээ талархал, өөрийг нь газар дэлхийд сайн сайхан явах болтугай гэж чичирхийлсэн дуугаар ерөөн хаалганаас ханиалгасаар холдон явахыг нь сснсдог байлаа. Гэвч түүний бие дахиад л бас нэг зургаан бетцнерийн зоос хий гарздав гэхээс өөр юм ер боддоггүй билээ.
Ийн байсаар сая түүнд гэрлэх санаа төржээ. Шварцвальд даяар түүнд охиноо өгөхөөс татгалзах эцэг нэгээхэн ч үгүй гэдгийг Петер сайн мэдэж байв. Энэ нь бас л аз жаргал тэнссэн оюун ухаан шийдэх хэрэг гэж бодох тул шийдэхэд бэрх байлаа. Иймээс бүх л ой дундуур довтолгон энд тэнд орж үзсэн боловч Шварцвальдын үзэсгэлэнт охидын нэг нь ч сэтгэлд нь дүйсэнгүй. Бүх л бүжгийн талбайгаар эргэлдэж хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг хайж ядаад эцэст нь бүх л ой даяар хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн ажилсаг нь нэгэн ядуу модчины охин гэдгийг нэг өдөр олж сонсжээ. Тэр охин тун даруу, эцгийн гэр орныг эвлэг, чамбай өөд татан суудаг бөгөөд ямар ч баяраар бүжгийн талбайд ер үзэгдэж байсан нь үгүй гэнэ. Петер Шварцвальдын эл гайхамшгийг сонсоод түүнтэй суухаар шийдэж гэрийг нь хүнээр заалган довтолгож хүрэв. Сайхан Лизбетийн эцэг нь тэр чинээлэг эрийг гайхан угтаж авсан бөгөөд энэ нь баян Петер гэгч, өөрийнх нь хүргэн болох санаатай гэдгийг дуулаад бүр ч их гайхжээ. Тэгээд өөрийн ядуу зүдүү байдал, зовлон гацаал эцэс болох нь энэ гэж сэтгээд удаан ч бодсонгүй, сайхан Лизбетээс ч санал хүслийг нь асуулгүй шуудхан зөвшөөрсөнд элбэрэлт охин нь үгэнд тун оромтгой тул ер эсэргүүцэлгүй Мункийн Петерийн авгай болов гэнэ.
Гэвч хөөрхий бүсгүйн мөрөөдөж байсан шит тийм сайн сайхан юм болсонгүй. Гэр орныхоо ажлыг хичнээн сайн хийсэн санагдавч Петерээс талархлын үг сонссон нь ер үгүй бөгөөд эр нөхөр нь баян тул ядуу зүдүү хүмүүсийг өрөвддөгийн үүднээс хөөрхий нэгэн гуйлгачин авгайд ганц пфенниг, нэг ядарсан өвгөнд ганц хундага дарс өгчихөд юу нь буруудах вэ гэж боддог байлаа. Гэтэл ноён Петер үүнийг нэг өдөр ажиж мэдээд хилэн дүүрэн харцаар төөнөн байж
— Адгийн амьтад, гудамжны тэнэмлүүдэд чи юунд хөрөнгий минь хий дэмий цацаад байна? Чи бусдад бэлэглэчихээр юм энэ гэрт авч ирсэн үү? Гуйлгачин эцгийн чинь таягаар шөл ч халаах аргагүй байтал чи хатан авгай шиг хавьтсан ойртсондоо мөнгө үрж байдаг чинь юу вэ? Ахиад ингэх юм бол миний гарын амтыг үзнэ гэж мэдээрэй! гэж ззрлэг балмад дуугаар хэлэв гэнэ. Сайхан Лизбет эр нөхрийнхөө хатуу сэтгэлийг бодон бодон өрөөндөө уйлан суусан бөгөөд баян боловч шунахай, хатуу сэтгэлтэй Петерийн дэргэд байснаас эцгийнхээ ядуу урцанд харьж очихсон гэж ямагт бодох болжээ. Хэрэв түүний бие хань нөхөр нь гантиг чулуун зүрхтэй бөгөөд хэнийг ч хайрлаж чадахгүй гэдгийг мэдсэн бол юунд ийнхүү гайхашрах билээ. Нэгэн удаа урьдын адил үүдэн дээрээ сууж байтал нь нэг гуйлгачин эр хүрч ирээд малгайгаа авч мэхийн ёслоод гаслан зовлангоо тоочин гарсанд эл хөөрхийг харахгүйн тулд нүдээ аньж, өөрийн эрхгүй гараа халаасандаа хийн нэг зоос гаргаад өгчих вий гэсэндээ гараа зангиджээ. Тэгтэл бүх л ой даяар сайхан Лизбетийг муулан шагшицгааж Мункийн Петерээс ч илүү шунаг гэсэн яриа тархжээ. Тэгээд түүнээс хойш бас нэгэн өдөр Лизбет үүдэндээ суугаад юм нэхэн агаар тэнгэр сайхан, ноён Петер тал руу одсон байсан тул сэтгэл нь сэргэн амандаа дуу аяланхан сууж байлаа.
Тэгтэл нүсэр том шуудайтай юм үүрсэн атигар өвгөн замаар ирж яваа харагджээ. Түүний уухичин амьсгаадах нь бүр холоос дуулдаж байлаа. Лизбет авгай түүнийг өрөвдсөн янзтай хараад ийм эрүү өвдөг нь нийлэх шахсан өвгөнд ийм хүнд юм үүрүүлнэ гэж юу гэсэн үг вэ гэж боджээ.
Энэ завсар тэр атигар өвгөн бөглөрчих шахан амьсгаадсаар Лизбет авгайн өмнө ирээд шуудайтай юмныхаа хүндэд сөхөрч унах дөхөн суугаад
— Эмэгтэй минь, сайхан сэтгэл гаргаж надад ганц аяга ус өгөөч. Цаашаа явж чадахгүй үхэх нь ээ гэжээ. Тэгэхэд нь Лизбет
— Та ийм өндөр настай хүн хүнд юм үүрэх хэрэггүй гэвэл өвгөн ядуугийн зовлонгоор амь зогоох гэж явдаггүйсэн бол ч яриа юу байх вэ. Тан шиг ийм баян авгай ядуугийн зовлон гэгч ямар хэцүү болохыг болон ийм халуунд хүйтэн унд уухад ямар сайхан байдгийг яаж мэдэх билээ гэв.
Үүнийг сонсоод Лизбет гэртээ яаран орж шавар вааранд ус хийсээр гарч ирээд өвгөнд ойртон ирснээ тэр атигар өвгөнийг хичнээн гаслантай, хөөрхийлөлтэйгөөр шуудайн дээрээ сууж байгааг үзмэгц туйлаас өрөвдөн эр нөхрийгөө эзгүй байгаа шүү дээ гэж сэтгээд устай савыг хажуу тийш нь тавин нэгэн цом авч дарсаар дүүргэн дээр нь хар гурилын зүсэм талх тавин авчирч
- Тан шиг хөгшин хүнд балга дарс уснаас илүү нэмэртэй бизээ. Гэхдээ бүү яаран залгил, энэ талхыг бас идчих гэв.
Тэр атигар өвгөн жалх нь буурсан нүдэндээ нулимс мэлтэгнүүлэн байж түүнийг гайхан хараад
— Би өвгөн болтлоо насалсан ч Лизбет авгай таны адил ийнхүү энэрэн үзэж өглөг буянаа ингэж үнэн сэтгэлээсээ хайрладаг хүнийг цөөн үзсэн билээ. Үүнийхээ төлөө та орчлонд сайн сайхан явах нь лав. Ийм сэтгэл заавал сайны хариуг хүртдэг юм гэв.
— Тийм ээ, хариугаа одоохон хүртэх болно гэх аймшигт дуу хадсанд эргэн харвал ноён Петер царайгаа минчийлгэн зогсож байлаа.
— Чи бас миний эрхэм хүндэтгэлийн дарсыг гуйлгачингуудад өгч өөрийн минь цомыг гудамжны тэнэмэлийн аманд хүргэнэ гэнээ? Май, энэ хариу нь болог! Лизбет авгай түүний хөлд сөхрөн өршөөж үз гэж гуйсан боловч чулуун зүрх өрөвдөх гэдгийг ер мэдэхгүй тул гар дахь ташуураа эргүүлэн таримал модон бариулаар нь үзэсгэлэнт духан дээр нь маш хүчтэй буулгасанд Лизбет авгай өвгөний гар дээр үхэтхийн унав. Үүнийг үзээд Петер даруй гэмших шиг болов. Амьсгаа байна уу үгүй юу гэж үзэхээр бөхийхэд нь тэр атигар өвгөн нэн танил дуугаар
— Нүүрсчин Петер одоо санаа зовоод яах вэ. Энэ бол Шварцвальдын хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн ялдам сайхан цэцэг байсан боловч чи түүнийг сүйтгэчихлээ. Одоо дахиад хэзээ ч цэцэглэхгүй гэжээ. Үүнийг сонсоод Петерийн царай нь хувхай цайн
— Та чинь эрдэнэсийн эзэн байсан юм уу? Болдог юм болоод өнгөрлөө, одоо яах ч арга үгүй. Таныг намайг алуурчин гэж шүүхэд мэдэгдэхгүй гэдэгт би итгэж байна гэсэнд шилэн анахай машид эгдүүцэн
— Өөдгүй новш! Чиний нүгэлт биеийг дүүжлүүрт аваачлаа гээд надад ямар ашиг гарах билээ? Чи нэгэнт сүнс сүлдээ муу зүгийн амьтанд худалдсан тул чамайг айлгах юм энэ газар дэлхийн шүүх биш, харин илүү хатуу ширүүн өөр шүүх байх болно гэв.
— Зүрхээ худалдсаны минь буруутан нь чи, чиний хуурамч эрдэнэсээс өөр хэн ч, юу ч биш. Чи муу зальт савдаг намайг сүйрэлд учруулж өөр нэгнээс тусламж горилоход хүргэсэн. Тэгэхлээр бүхний буруутан нь чи гэв.
Ингэж хэлэв үү үгүй юу шилэн анахай даруй өндөр, ханхар, аягын чинээ нүдтэй, улайдсан зуух шиг амтай нэгэн болоод амнаас нь дөл маналзан байлаа. Петер өмнө нь сөхрөн унасан бөгөөд чулуун зүрх нь түүний хамаг мөчийг улиасны навч мэт дагжин чичрэхээс өчүүхэн ч хамгаалж чадсангүй. Шонхрын савар мэт бахим гараараа ойн савдаг хүзүүн дээрээс нь шүүрэн аваад хуй салхи хатсан навч хөөргөдөн эргэлдүүлэх мэт эргүүлээд хамаг хавиргыг нь нажигнатал газар хаяжээ. Тэгээд аянга мэт сүртэй дуугаар
— Чийгийн өт минь! Ойн савдагт тэрсэлсэн тул чамайг би хүсвэл нохой шиншлэх юмгүй болгохсон билээ. Гэвч намайг хооллож, ундалсан, нөгчсөн эмэгтэйн сэтгэлийг бодож чамд найм хоногийн хугацаа олгоё. Чамайг сайны мөрд эргэж ороогүй бол би хүрч ирээд ясыг чинь яйруулаад нүглийн чинь замаар илгээнэ гэж мэдээрэй гэжээ.
Замаар явсан харчуул баян Петерийн газар хэвтэж байгааг олж харах үес хэдийнэ орой болсон байлаа. Тэд түүнийг нааш цааш нь эргүүлж хөрвүүлэн амьсгаатай байгаа эсэхийг мэдэх гэж хичээсэн боловч тэдний оролдлого талаар болов. Тэгээд нэг нь гэрт нь орж ус авчран шүршвэл Мункийн Петер сая гүн амьсгаа авч ёолон нүдээ нээгээд хавь ойроо удтал харсны эцэст өөрийн авгай Лизбетийг сурагласанд тэдний нэг нь ч түүнийг олж хараагүй ажээ. Тус хүргэсэнд нь эрчүүлд талархаад байшиндаа мөлхөн орж энд тэнд эрсэн боловч Лизбет нь хүлэмжинд ч, байшинд ч байсангүй бөгөөд аймшигтай зүүд биз гэж бодссн зүйл нь гашуун үнэн болж таарав. Тийнхүү одоо ганцаараа байхад жигтэй бодол санаа төрөв гэнэ. Зүрх нь хүв хүйтэн тул юунаас ч айхгүй билээ. Гэвч авгайнхаа үхлийг бодохуйяа өөрийнх нь үхэх мөч санаанд нь орох ажээ. Ядуусын нулимс, зүрхийг нь хэрхэвч уярааж чадаагүй, тэдний хараал зүхэл, нохойд нь хүүлүүлэх шахсан хөөрхий гуйлгачдын гаслаан, гангинаан, эхийнх нь үг дуугүй цөхрөл, үзэсгэлэн гоо, сайхан сэтгэлт Лизбетийн цусанд дааж давшгүй болтлоо дарагдан явах болно. Тэгээд бас тэр Лизбетийн эцэг өвгөнийг ирээд «Охин минь хаана байна?» гэж асуувал юугаа хэлэх билээ! Бүх ой, бүх нуур далай, бүх уул нуруудад хамаарах хүний амь амьдралын тухай асуултад юу гэж хариулах билээ?
Шөнө ч хүртэл энэ нь түүнийг зүүд нойронд нь тарчилган агшин бүрт «Петер минь, чи халуун дулаан сэтгэл зүрхтэй болооч!» гэж өөрт нь хэлэх яруухан дуунаар давхийн сэрж байлаа. Ийнхүү анхааруулан хэлэх дуу лавтайяа Лизбетийнх нь дуу мөн байлтай тул сэрмэгц тэр даруй нүдээ анина. Тэгээд өглөө нь бодол санаагаа мартагнасугай гэж уушны газар ороод бүдүүн Эцехийлтэй тааралдав. Петер түүний дэргэд суугаад энэ тэрийг хүүрнэн, сайхан агаар, дайн, албан татвар, эцэст нь үхлийн тухай болон тэнд энд хэн нэгэн гэнэт талийгаач болсон тухай ярилцав. Тэгээд Петер үхлийн талаар юу боддогийг болон дараа нь ямар байх тухай юу гэж үздэгийг Бүдүүнээс асуув. Хүүрийг нь хүмүүс газар булахад сүнс нь тэнгэрт юм уу тамд очдог гэж Эцехийл хариулав.
— Зүрхийг бас булах уу? гэж Петер нэн анхааралтайяа асуусанд
— Тэгэлгүй яахав, түүнийг ч бас булдаг юм гэж цаадах нь хариулав.
— Хэрэв зүрхгүй хүн байвал яах вэ? гэж Петер үргэлжлүүлэн асуусанд Эцехийл түүнийг улангассан харцаар ширтээд
— Чи юу гэх гээд байна? Намайг доромжлох гээд байна уу? Намайг зүрхгүй юм гэж чи бодоогүй биз? гэхэд нь Петер
— Өө, яалаа гэж. Чи чинь чулуу шиг бат бөх зүрхтэй хүн гэвэл Эцехийл түүнийг гайхашран хараад хүн амьтан сонсчихоогүй байгаа гэж хавь ойроо хулгай нүдээр хялайснаа сая
— Чи үүнийг хаанаас олж мэдээ вэ? Эсвэл чинийх бас цохилохоо больчихсон юм уу? гэж асуув. Тэгэхэд нь Мункийн Петер
— Цохилохыг больсон, чухамдаа энэ хэнхдэгт минь цохилохоо больсон! Миний юу гэж бодож байгааг чи нэгэнт мэдэх болсон тул бидний зүрх хэрхэх бол гэдгийг хэлж өгөөч гэсэнд Эцехийл хөхрөн байж
— Найз минь, үүнд чи юунд нь санаа зовсон юм бэ? Газар дэлхийд чи ханатлаа амьдарна, энэ чинь л хангалттай биш үү? Энэ мэт бодлоос айн дагжихгүй байдагт л бидний хүйтэн зүрхний ганц таатай тал нь оршино гэв.
— Тэр үнэн. Гэхдээ хэдийгээр би айхыг огт мэдэхээ больсон боловч ямар ч гэмгүй балчир хөвгүүн байхдаа тамаас хичнээн их айдаг байснаа тов тодорхой санаж байгаагаа бас бодох хэрэгтэй.
— Үгүй, ийм юм бидэнд ер тохиолдохгүй. Би нэг удаа энэ тухай нэг сургуулийн багшаас асуусан юм. Тэгэхэд минь тэр үхсэний дараа зүрхийг хэр их нүгэл хилэнц үйлдэж вэ гэж жигнэдэг гэж хэлсэн. Хөнгөн нь диваажинд одож, хүнд нь там руу живдэг гэсэн. Бидний чулуу ч овоо жинтэй байх нь мэдээж.
— Тэр ч тэгэлгүй яах вэ. Энэ мэт зүйлийн тухай бодоход зүрх минь ер хайхрамжгүй байдаг нь надад эвгүй санагдах юм.
Тэд ийнхүү ярилцсан бөгөөд тэр шөнө нь «Петер минь, халуун дулаан зүрх сэтгэлтэй болж үзээч!» гэж нөгөө л танил дуу тав зургаан удаа чихэнд нь шивгэнэжээ. Эхнэрийгээ алсандаа ер гэмшихгүй боловч зарц нартаа түүнийг хол аяллаар одсон гэхдээ «Тэр ер нь хаашаа явсан байж таарах билээ?» гэж ямагт боддог байлаа. Гэвч долоо дахь өдрийн нь өглөө орноосоо үсрэн босоод
— Цээжинд минь байгаа хайхрамжгүй чулуу амьдралыг минь уйтгартай болгож байгаа тул халуун дулаан зүрхтэй болж чадах эсэхээ үзэх минь! гэж дуу алдаад гоёлын хувцсаа өмсөн мориндоо мордож Нарст толгойн зүг одов.
Модод нь шигүү ургасан Нарст толгой дээр хүрч ирээд мориноосоо буун морио модноос уяад толгойн орой дээр яаран алхаж гараад нэгэн бүдүүн нарсны дэргэд очмогц,
Нарсан ногоон ойн
Нандин эрдэнэсийн эзэн чи
Тоолж баршгүй нас сүүдэртэй
Хэлж баршгүй эзэмшил газартай
Хишиг өдрөөр төрсөн хүүхдэд л
Харагдаж үзэгддэг чанд дэглэмтэй
гэж хэлэв.
Тэгтэл Шилэн анахай гарч ирэв. Гэхдээ ердийн байдлаараа найрсаг итгэлтэй биш, харин баргар, гунигтай царайлан гарч иржээ. Түүний бие хар шилэн хүрэм өмссөн бөгөөд малгайнаас нь гашуудлын урт гэгчийн хар бүч унжин байсанд хэнийг гашуудан байгааг нь Петер сайн мэдэж байлаа.
— Мункийн Петер, чи надаас юу хүсээ вэ? гэж бөглүү дуугаар асуусанд Петер газар шагайн байж
— Эрхэм эрдэнэсийн эзэн минь ээ, надад нэг хүсэл байна гэж хариулсанд Чулуун зүрх хүсэх чадалтай байдаг юм гэж үү? Муу муухай бодол санаанд чинь хэрэгтэй бүхэн чамд бий тул би хүслийг чинь биелүүлнэ гэдэг хэцүү дээ гэж анахай хэлэв.
— Та надад гурван хүслийг чинь биелүүлнэ гэж амласан билээ. Гэтэл би өдий болтол нэг хүслээ ер хэлээгүй байгаа шүү дээ,
— Хэрэв тэр хүсэл чинь утгагүй юм байвал би биелүүлэхгүй байж болно. Гэвч юу хүсэхийг чинь сонсъё л доо гэж ойн савдаг хэлэв. Тэгэхэд нь Петер
— Тийм бөгөөс үхмэл чулууг хэнхдэгнээс минь авч хаяад амьд халуун зүрхийг минь эргүүлж өгнө үү гэв.
— Би чамтай ийм арилжаа хийсэн гэж үү? Эрдэнэс баялаг, хүйтэн зүрх бэлэглэдэг Голланд- Михель би юм гэж үү? Чи түүнээс л зүрхээ эргүүлж авах ёстой шүү дээ гэж шилэн анахай хэлэв.
— Элээ халаг минь, түүнийг минь хэзээ ч эргүүлж өгөхгүй гэж Петер хариулсанд шилэн анахай хэсэг зуур бодолхийлсний эцэст
— Чи хичнээн муу хүн боловч би чамайг өрөвдөж байна. Хүсэл чинь нэгэнт тийм ч утгагүй биш тул би чамд туслахаасаа татгалзахгүй. Тэгэхлээр аан гэж бай. Чи зүрхээ хүчээр авч ер чадахгүй харин залъ мэхээр л болох юм. Хэдийгээр өөрийгөө учиргүй их ухаантай гэж боддог боловч тэнэг Михель тэнэг хэвээрээ л байх тул энэ нь тийм ч хэцүү биш. Иимээс чи түүн рүү шулуухан явж очоод миний хэлсний дагуу үйлд гээд хэрхвэл зохихыг нэгд нэггүй хэлж дан шилээр хийсэн бяцхан загалмай өгөн,
— Чи үүнийг өмнө нь бариад залбирал унших юм бол чиний амь насыг хөнөөж чадахгүй бөгөөд чамайг саадгүй явуулах болно. Авах гэж хүссэн зүйлээ авсны эцэст энд хүрч ирээрэй гэв.
Мункийн Петер бяцхан загалмайг аван уншлагыг нь сайтар тогтоож цааш Голланд-Михелийн орогнодог газар руу явав. Тэнд очоод нэрийг нь гурав дахин дуудвал аварга эр өмнө нь зогсож байлаа.
— Чи авгайгаа цохиод алчихаа юу? гэж зэвүүцэм муухай хөхрөн байж асуугаад
— Өмч хөрөнгийг чинь гуйлгачингуудад тараагаад байсан болохоор өөр яах ч билээ дээ. Харин чи хэсэг хугацаагаар нутаг орноосоо гарч яв. Түүнийг олохгүй болохоороо хүмүүс шуугиан тарина шүү. Мөнгөний хэрэгцээ гараад над руу ирсэн биз дээ? Гэсэнд Петер
— Чи зөв таалаа. Тэгэхдээ энэ удаад овоо ихийг авна шүү. Америк хүртэл хол шүү дээ гэж хариу өчив.
Михель түрүүлж явсаар гэртээ авчран асар их мөнгөтэй авдарны тагийг нээн бүхэл бүтэн боодол алтан зоос гаргаж ирээд ширээн дээрээ тавиад тоолж гарав. Тэгэхэд нь Петер
- Зүрхийг минь аваад оронд нь цээжинд минь чулуу хийсэн гэж хуураад байдаг чи ч ёстой завхруулдаг эр юм даа! гэсэнд Михель
- Тэгээд тийм биш байна гэж үү? Тэр чинь мөс шиг хүйтэн биш байна гэж үү? Зүрхээ байгааг чи мэдрээд байна уу? Айж, гуниглаж, гэмшиж байна гэж үү? хэмээн гайхан асуув.
— Чи зүрхийг минь зүгээр л хөдөлгөөнгүй болгочихсон юм байна. Гэвч би түүнийг урьдын адил цээжиндээ байгааг мэдэж байна. Эцехийл ч бас ялгаагүй. Чамайг биднийг хууран мэхлэв гэж хэлж байна билээ. Хүний зүрхийг огт мэдэгдэхгүйгээр, ямар ч аюулгүйгээр цээжнээс нь авч чадах хүн чи биш! Ингэхийн тулд илбэдэж чаддаг байх ёстой байнаа даа чи.
— Чи болон Эцехийл, ер нь надтай хэлэлцэж тохирсон бүх баячууд чиний нэгэн адил тийм хүйтэн зүрхтэй гэдгийг би чамд баталъя. Тэдний жинхэнэ зүрх энд, миний тасалгаанд байгаа гэж Михель унтууцан хэлсэнд Петер
— Чи яаж ингэж худлаа хэлж чадаж байна вэ! Чи өөр хүнд л ингэж хэлбэл үнэмших биз. Аялан явах зуураа ийм хуурмаг зүйл олныг үзээгүй гэж намайг бодож байна уу? Энд өрөөнд чинь байгаа зүрхнүүд бол лаваар дуурайлгаж хийсэн эд шүү дээ. Баян эр гэдгийг чинь би зөвшөөрнө, харин чиний илбэдэж чадна гэдэгт даанч итгэшгүй гэв. Үүнийг сонсоод тэр аварга эр уурсан хилэгнэж өрөөний хаалгыг угз татан нээгээд
— Наашаа орж ирээд энэ бүх шошгонуудыг унш, тэнд Мункийн Петерийн зүрх гэж бичээстэй байгааг үз. Түүний хэрхэн цохилж байгааг нь чи харахгүй байна уу? гэсэнд Петер
— Гэлээ ч гэсэн энэ чинь лаваар л хийсэн эд байна шүү дээ. Жинхэнэ зүрх ингэж цохилдоггүй юм, миний өөрийнх цээжиндээ байгаа. Үгүй ээ, чи илбэдэж яасан ч чадахгүй! гэж хариулбал цаадах нь
— Юу болохыг нь би чамд нотлоод өгье! Энэ чиний зүрх мөн болохыг мэднэ гайгүй! гэж уурсан өгүүлээд Петерийн хантаазыг яран цээжнээс нь нэгэн чулуу гаргаж ирээд өөрт нь үзүүлэв.
Тэгснээ нөгөө зүрхийг аван үлээж үзээд байранд нь хичээнгүйлэн хиймэгц түүний цохилохыг Петер мэдэрсэн бөгөөд өөрт нь даруй баясал төрөв.
— Одоо ямар байна? гэж Михель инээмсэглэн асуулаа.
— Үнэн байна, чиний зөв байжээ. Хүн энэ мэт юм хийж чадна гэж би яахан итгэх билээ! гэж хэлэх зуураа халааснаасаа бяцхан загалмайг болгоомжтойёо гаргаж ирэв.
— Одоо итгэв үү? Илбэдэж чаддагийг минь чи үзэж мэдлээ. За нааш ир, одоо цээжинд чинь чулуу буцааж суулгах минь.
— Ноён Михель, та аядаж үз! гээд Петер нэг алхам ухран бяцхан загалмайг өөдөөс нь бариад
— Өөх тавьж хулганыг барьдаг юм. Энэ удаад чи хууртлаа гэж хэлэн санаандаа орсон тарнийг уншиж гарав.
Ингэхэд нь Михель улам улам жижгэрсээр хөсөр унан чийгийн өт мэт тал тал тийшээ атиралдаж яраглан янцаглаж, ёолон эргэн тойрон байгаа зүрхнүүд цохилж эхлээд түүний айзам нь цагчны газар байгаа цагнуудын дуу мэт дуулдаж гарав. Энэ бүхэн Петерт тун аягүй санагдсан тул аюух сэтгэл төрж гүйн гарсан бөгөөд Михель ухасхийн босож газар дэвслэн араас нь аймшигт хараал зүхэл урсган байсанд айсандаа хадан хясаа өөд мацав. Чингээд хясааны орой дээр гармагц Нарст толгой руу харайлгав. Сүртэй их аянга хуралдан тал талд нь цахилгаан гялалзан аянга бууж, моддыг зад зад цохин байсан боловч түүний бие Шилэн анахайн эзэмшил газарт эсэн мэнд хүрч очив.
Зүрх нь зөвхөн цохилон байгаадаа баясгалантайяа булгилан баяр хөөрөөр бялхан байлаа. Ард нь баруун зүүнгүй нижигиэн бууж үзэсгэлэнт ойг салам цохин байгаа аянгыг ажихын зэрэгцээ амьдралаа бас ийн түгшиж эргэн дурслаа. Харамч хатуугаасаа болж хөнөөсөн сайхан сэтгэлт үзэсгэлэнт гэргий Лизбетийгээ, хүмүүсийн хараал зүхлийг санан санан уйлсаар сая Шилэн анахайн довцог дээр хүрч иржээ.
Эрдэнэсийн сангийн эзэн хэдийнэ нарсан доор бяцхан гансаа нэрэн суусан боловч урьдынхаасаа илүү урамтай харагдах ажээ.
— Нүүрсчин Петер, чи юунд уйлна вэ? Чи зүрхээ авч чадсангүй юу? Нөгөө хүйтэн чулуу хэнхдэгт чинь байсаар л байна уу? гэж асуусанд
- Ай эрхэм минь ээ! хэмээн мэгшин байж
- Хүйтэн чулуун зүрхтэй байхдаа би хэзээ ч уйлж байсангүй бөгөөд нүд минь долдугаар сарын газар шороо шиг хув хуурай байдаг байлаа. Одоо гэтэл хийсэн бүхнээ бодохоос зүрх минь дэлбэрэх гэж байна! Өр төлөөстэй улсаа би ядуугийн туйлд хүргэж, ядуу, өвчтэй улсын өөдөөс ноход турхиран тавьж явсан бөгөөд түүний үзэсгэлэнт магнай дээр ташуур минь хэрхэн буусныг та өөрөө мэдэх билээ! гэвэл анахай
— Петер! Чи асар их нүгэлт амьтан байсан! Мөнгө, ажилгүй суух хоёр л чамайг тонон дээрэмдэж гүйцээд зүрхийг чинь чулуу болгочихсон юм. Тэгээд баяр хөөр, өрөвдөх сэтгэл, гэмшил, гасланг мэдэхгүй болчихсон. Гэхдээ чи гэмшиж байна. Чи үнэхээр амьдралдаа гэмшин гасалж байгаа бол би чамд бас ч тус болж чадах бизээ гэв. Петер толгой гудайн байж
— Одоо надад юу ч хэрэггүй. Миний хувьд бүх юм өнгөрсөн. Амьд яваа үедээ баяр баяслыг үзэхээсээ өнгөрсөн. Би одоо газар дээр гав ганцаар хэрхэх билээ? Эх минь намайг хэзээ ч уучлахгүй, магадгүй надаас болж хэдийнэ булшинд орсон ч байж магадгүй. Би гэгч ийм л мангас юм даа! Бас миний авгай Лизбет! Эрхэм эрдэнэсийн сангийн эзэн минь, өөдгүй амьдрал минь нэгэн мөр эцэс болох тул та намайг зүгээр л нам цохиод алчихсан нь дээр гэсэнд анахай
— За, тийм бол яах вэ, чи өөр хүсэлгүй бол санаснаар чинь болгоё. сүх маань бэлэн байгаа гээд гансаа амнаасаа тайвуухан авч тогшоод далдхийн яаралгүй босч нарснуудын цаагуур орж одов. Петр газар суун уйлав. Амьдрал түүний хувьд юу ч биш болсон шиг санагдах тул үхлийн цавчилтыг тэвчээртэйеэ хүлээн байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний эцэст ард нь хөлийн зөөлхөн чимээ гарсанд« Одоо хүрээд ирлээ дээ» гэж сэтгэв.
— Мункийн Петер, чи эргээд нэг хараадахаач! гэж анахай өндөр дуугаар хэлсэнд нүднийхээ нулимсыг арчин эргэж харвал эх, эхнэр хоёр нь найртайяа харан зогсож байлаа. Тэгэхэд нь Петер баярлан үсэрч босоод
— Лизбет минь, чи амьд, ээж минь та бас энд байгаа юм уу? Та нар минь намайгаа өршөөж байгаа юм уу? Гэв
— Чи нэгэнт үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа тул эд чамайг уучилж байна. Бүгдийг мартах болно. Одоо эцгийнхээ овоохойд очиж суугаад урьдынхаа адил нүүрсчин бол. Эрэлхэг, шударга байх юм бол чи эл мэргэжлийг хүндлэх болж, айл гэрийнхэн чинь чамайг арван тонн алттай байснаас ч илүүгээр хайрлан эрхэмлэх болно гэж хэлээд шилэн анахай тэдэнтэй салах ёс гүйцэтгэв.
Тэр гурав түүнийг магтан шагшиж ерөөгөөд гэрийн зүг одов.
Баян Петерийн тансаг сууц оргүй болжээ. Аянга түүнийг галд авалцуулж алив бүх эрдэнэсийнх нь хамт чандар болгосон байна. Тэндээс эцгийнхээ гэрийг хүртэл холгүй байсан бөгөөд тэд тийш явлаа. Үлэмжийн их гарз хохиролд тэд ер санаа зовсонгүй.
Гэхдээ овоохойдоо хүрч ирээд тэд хичнээн их гайхсан гэж санана! Тэр нь үзэсгэлэнтэй сайхан тариачны байшин болчихсон байх бөгөөд дотор тавилга нь жирийн боловч сайн, цэвэр цэмцгэр аж.
— Сайхан сэтгэлт шилэн анахай ийм болгожээ! гэж Петер дуу алдав.
— Ямар сайхан юм бэ! Олон зарцтай том байшинд байснаас энд байх нь надад хавьгүй сайхан байна! гэж Лизбет хэлэв.
Энэ өдрөөс эхлэн Мункийн Петер хичээнгүй шударга хүн болов, Түүний бие өөрт байгаадаа сэтгэл хангалуун, эрхэлсэн ажлаа цуцахыг мэдэхгүй хийдэг нэгэн болоод өөрийнхөө хүчээр хөлжин тэр ой даяар нэр хүнд олж олны хайрыг булаав. Лизбеттэйгээ ер үг сөргөлцөхийг больж




эхийгээ хүндлэн асарч хаалга үүд цохих ядууст өглөгиин гараа сунгадаг байлаа. Чингээд жилийн хойно Лизбетийг хүү төрүүлж үрийн жаргал эдлэхэд Петер Нарст толгой руу очин шившлэгээ шившив. Гэвч шилэн анахай үзэгдсэнгүйд
— Эрхэм эрдэнэсийн эзэн минъ ээ, миний үгийг сонсооч. Таныг хүүгийн минь загалмай зүүлгэх эцэг нь болооч гэснээс өөр юуг ч би хүсэх гэсэнгүй билээ! гэж өндөр дуугаар хэлэв. Гэтэл ямар ч хариу дуулдсангүй бөгөөд бяцхан нөөлөг нарсан дундуур өнгөрөхөд нарсны хэдэн боргоцой газарт унав гэнэ.
— Та нэгэнт надад харагдахыг хүсэхгүй аваас би үүнийг дурсгал болгон авч харья гэж Петер хэлээд боргоцойнуудыг халаасандаа хийн гэрийн зүг одов. Тэгээд гэртээ ороод хишиг өдрийнхөө хүрмийг тайлахад эх нь түүнийг нь авч халаасыг нь эргүүлэн хайрцагт далд хийх гэтэл дөрвөн том гэгч ороолттой мөнгө шалан дээр унажээ. Тэднийг задалж үзсэнд бадений цоо шинэ талерууд байсан бөгөөд тэдэн дунд нь нэгээхэн ч хуурамч мөнгө байсангүй. Энэ нь нарсан ой дахь анахайгаас Бяцхан Петерт загалмай зүүлгэх эцгийн хувьд зориулсан бэлэг байлаа.
Ийнхүү тэд амар жимэр, аз жаргалтай амьдран суусан бөгөөд Мункийн Петер бүр буурал болсон хойноо ч
— Хөрөнгө, мөнгө хийгээд хүйтэн зүрхтэй байснаас яльгүй юмтайгаар сэтгэл хангалуун аж төрсөн нь хавьгүй дээр гэж байн байн хэлдэг байжээ.


Top
   
PostPosted: Aug.25.14 3:40 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
Феликс, анчин, оюутан гурав дээрэмчдийн дунд хоригдон суусаар даруй тав хоножээ. Толгойлогч болон түүний дагалдагчид нь тэдэнд эелдэг хандаж байсан хэдий боловч хоног хугацаа өнгөрөх тусам илчлэгдэх вий гэж айх нь улам ихсэх тул тэд чөлөөлөгдөхийн мөн болж байлаа. Тав дахь өдрийн орой анчин амь насандаа аюул учрах байлаа ч хамаагүй энэ шөнө оргон зайлахаар нэгэнт шийдсэнээ зовлон нэгт нөхдөдөө хэлэв. Түүний бие нөхдөө мөн ингэж шийдэхийг зоригжуулаад хэрхэн орговол зохихыг тайлбарлав.
— Бидэнд хамгийн ойр зогсож байгааг нь би хариуцна. Энэ нь аминд тулсан хэрэг тул учирлах ухуулах хэрэггүй. Тэр үхэх болно гэв.
— Үхэх гэнээ! Та түүнийг нам цохих гэж үү? гэж Феликс гайхашран дуу алдав.
— Хоёр хүний амийг аврах хэрэг тохиолдсон үед би ингэхээр хатуу шийдсэн. Би дээрэмчдийг сэтгэл зовнисон янзтай шивнэлдэн байхыг нь сонссоныг минь та нар мэдэж байна уу? Тэднийг эрэн ойг самнаж байгаа бололтой. Хөгшин авгай нар уурандаа тэдний хорон санааг илчилж, биднийг харааж зүхэн дээрэмчид довтолгоонд өртвөл биднийг амьд үлдээхгүй гэдгийг мэдэгдсэн.
— Тэнгэр минь! гэж залуу хүү гайхашран дуу алдаад гараараа нүүрээ дарав. Тэд бас бидний хоолой дээр хараахан хутга тавьчихаагүй байна. Иймээс бид тэднээс өрсөх хэрэгтэй. Харанхуй болмогц би хамгийн наад захын харуул руу хүрч очоод түүнийг дуудан гүн ахай гэнэт хүндээр өвчлөв гэж шивнэнэ. Чингээд түүнийг эргэж харах зуурт нь би хутгална. Залуу минь, тэгээд би та нарыг ирж авна. Удаах харуул мөн л бидний гараас гарахгүй. Гурав дахийг нь бол бид хоёулаа амархан дөнгөчихнө гэж бичин үргэлжлүүлэн ярив.
Ийн ярихдаа анчин нэн аймаар царай зүстэй байсан тул Феликс түүнээс эмээхэд хүрэв. Тэр түүнийг энэ цуст бузар бодлоо орхи гэж ятгах гэж бодсон боловч овоохойн үүд сэвхийн онгойж нэг хүн яаран орж ирэв. Тэр нь дээрэмчдийн толгойлогч байлаа. Түүний бие үүдийг хичээнгүйлэн түгжээд олзны хоёрыг тайван бай гэж дохив. Тэгээд Феликсийн хажууд газарт суун
— Гүн ахай минь ээ, таны байдал таагүй байна. Таны эрхэм нөхөр үгэндээ хүрсэнгүй. Тэр барьцааны мөнгө явуулаагүйгээр барахгүй намайг болон миний нөхдийг бариулахаар ойг тал талаас нь самнуулахаар зэвсэглэсэн хүмүүс гарга гэж засаг захиргааны улсыг шаардсан байна. Бидэнд халдах янз гаргаваас таныг хөнөөх болно гэж би нөхрийг тань сүрдүүлсэн билээ. Гэвч нэгэн бол тэр таны амь насыг төдий л эрхэмлэхгүй байгаа, эсвэл бидний тангарагт итгэхгүй байгаа бололтой. Таны амь нас бидний гарт бөгөөд манай ёс журмын дагуу та амь насаа алдах болно. Үүний эсрэг та хэрхэх гэж байна вэ? гэв.
Зүсээ буруулснаа хэлэх юм бол улам ч их аюулд учирна гэдгийг Феликс сайн мэдэж байсан тул олзлогдогсод сэтгэл шимшрэн газар шагайцгаав.
— Өөрийнхөө халамжинд байгаа хатагтайг аюулд учруулах нь бас надад боломжгүй хэрэг. Иймээс би та нарт амиа аврах нэгэн зүйл санал дэвшүүлэх гэсэн юм. Энэ бол та нарын хувьд үлдэж буй цорын ганц зам юм гэж дээрэмчдийн толгойлогч үргэлжлүүлэн өгүүлэв.
Тэр хоёр түүнийг гайхан харсанд толгойлогч цааш нь
— Миний нөхдийн дийлэнх нь итали руу одож тэнд алдаршсан бүлэгт нийлэхээр шийдсэн юм.
Миний хувьд өөр нэгэнд хүчин зүтгэх нь тусгүй санагдах тул миний зам тэднийхтэй нийлэхгүй болов. Гүн ахай, та хэрэв намайг өмгөөлөн хамгаалахын төлөө хүчирхэг хэлхээ холбоогоо ашиглан сайн сайхан үгээ хэлнэ гэдгээ амлах юм бол оройтоогүй дээр нь таныг би суллаж чадах билээ гэв.
Феликс эргэлзэн таг дуугай суув. Амь насыг нь аврах гэж хүссэн хүнийг эцэст нь өөрөө хамгаалж үл чадах аюулд санаатайгаар учруулахыг үнэнч шударга зүрх сэтгэл нь тэвчихгүй байлаа. Түүнийг тийнхүү үг дуугүй суусаар байгааг үзээд дээрэмчдийн ахлагч
— Одоо газар сайгүй цэрэгт элсэх хүн хайж байгаа юм байна. Миний хувьд яльгүй алба л болно. Таны их юм чадна гэдгийг би мэдэж байна. Тэгэхлээр энэ талын ажилд минь тус болно гэж амлавал боллоо гэсэнд Феликс
— Тийм бол би танд тус болохын төлөө өөрийнхөө чадах, хүч хүрэх хэмжээгээр зүтгэнэ гэдгээ амлая. Таны ийнхүү өөрийн хүсэл зоригоор дээрэмчний амьдралыг орхиж байгааг бахдууштай бөгөөд үүнд тань сэтгэл минь амсхийв гэж доош харан байж өгүүлэв.
Дээрэмчдийн ахлагч сэтгэл хөдлөн эл сайхан сэтгэлт хатагтайн гарыг үнсээд шөнө болсноос хойш хоёр цагийн дотор явахад бэлтгээд байж байгаарай гэж шивгэнэн орж ирснийхээ нэгэн адил овоохойгоос болгоомжтойгоор гарав. Түүнийг гарч одмогц олзлогдогсод сая сэтгэл тэнийн цээж дүүрэн амьсгаллаа.
— Тэнгэр үүний сэтгэлийг жолоодсоноос зайлахгүй! Бид ямар гайхамшигтайгаар аврагдах гэж байна вэ? Ертөнц дэлхийд энэ мэт зүйл тохиолдож болно, би өөрөө ийм адал явдалтай учирна гэж ер бодож байсан гэж үү? хэмээн анчин дуу алдав.
— Ямар боловч гайхамшигтай юм! Гэхдээ энэ хүнд худлаа хэлдэг маань зөв үү? Би яаж түүнийг хамгаалж чадах билээ? Би өөрийнхөө хэн болохыг үнэн мөнөөр нь хэлэхгүй бол түүнийг шуудхан дүүжлүүрт аваачлаа гэсэн үг биш үү, анчин та юу гэж бодож байна? гэж Феликс хэлсэнд
— Хэ, дүрдээ тэгж гайхамшигтай тоглочихоод эцэст нь ингэж гэмших хэрэг юу байна аа, залуу минь? Үгүй, та энэ талаар айх хэрэггүй. Энэ бол зайлшгүй хамгаалалт мөн. Тэр хүн эхлээд, эл ялт хэргийг үүдэж, нэртэй төртэй эмэгтэйг ичгүүргүйгээр хүч түрэн авч явах гэсэн бөгөөд таныг байгаагүй бол гүн ахайн амь нас юу болох байсныг хэн мэдэх билээ. Үгүй ээ, та ер буруу юм хийгээгүй. Дашрамд хэлэхэд, энэ өөдгүй амьтдын толгойлогч өөрөө биеэ илчлэхэд шүүх түүнд талтай хандана гэдэгт би итгэж байна гэж оюутан хэлэв.
Түүний хэлсэн сүүлчийн үг залуу инжааны сэтгэлийг тайтгаруулав. Дээрэмчдийн толгойлогчийг дахин овоохойд орж ирэхэд хэдийнэ харанхуй болсон байлаа. Түүний бие нэгэн боодолтой хувцас газар тавиад
— Гүн ахай, оргох явдлыг хөнгөвчлөхийн тулд та энэ эрэгтэй хүний хувцсыг өмсөх хэрэгтэй. Таныг бэлэн болмогц нэг цагийн дотор бид хөдлөх болно гээд олзлогдогсдыг орхин одсон бөгөөд анчин тачигнатал хөхөрчихгүй юмсан гэж байдгаараа хичээн байлаа.
— Энэ чинь одоо та хоёр дахь удаагаа зүсээ хувиргаж байгаа хэрэг шүү дээ. Энэ таны хувьд эхнийхээс чинь илүү тааламжтай байх болно гэдгийг би андгайлъя! гэж хэлэв.
Тэд боодлыг задалж үзвэл тэнд нь ангийн өвч бүрэн гоёмсог хувцас байх бөгөөд тэд нь Феликсэд гойд таарав. Түүнийг хувцасласны дараа гүн ахайн хувцсыг овоохойн нэг буланд хаях гэсэн боловч Феликс зөвшөөрсөнгүй. Түүнийг нэгэн бяцхан боодол болгон баглаад өөрөө гүн ахайгаас үүнийгээ өгөөч гэж гуйгаад энэ онцгой өдрүүдийи дурсгал болгон насан туршдаа хадгална гэв.
Тийм байтал дээрэмчдийн толгойлогч орж ирлээ. Түүний бие өвч зэвсэглэсэн бөгөөд анчинд өмнө нь хурааж авсан буу, дарийн хотыг нь авчирч өгөв. Мөн оюутанд нэг цахиур буу, шаардлагатай үед гаргаж зүүгээрэй гэж Феликсэд ангийн хутга өгчээ. Эл зэвсгийг гардаж азах үес Феликсийн харц очтон гийсэн бөгөөд энэ нь дээрэмчинд жинхэнэ байдлыг илчилж мэдэх байсан тул харанхуй байсан нь тэр гурвын аз болжээ. Овоохойгоос болгоомжтойёо гарцгаасны эцэст анчин овоохойн дэргэд, байдаг харуул энэ удаад үгүй байгааг олж мэдэв. Иймээс тэд хэнд ч мэдэгдэлгүйгээр овоохойнуудын дэргэдүүр гэтэн өнгөрч болох байсан боловч дээрэмчдийн ахлагч хавцлаас ой руу ордог ерийн замаар явсангүй харин авирч гарахын аргагүй баймаар эгц хясаа руу алхлаа. Тэгээд тэнд хүрч очсоныхоо эцэст уг хясаа руу унжуулан бэхэлсэн нэгэн олсон шатыг заав. Түүний бие буугаа үүрэн хамгийн түрүүнд түүгээр авиран гүн ахайг дуудан намайг дагаад яв гээд туслахаар гар сунгав. Хамгийн сүүлд анчин авирлаа. Эл хясааны чанад нэгэн явган зөрөг байсанд түүгээр яаран урагшлав.
— Энэ явган зөрөг Ашенбургийн замд хөтлөн аваачдаг юм. Таны нөхөр эрхэм гүн еэ эдүгээ тэнд байгаа гэдгийг би сайн мэдэж байгаа тул бид тийшээ явж байна гэж дээрэмчдийгн ахлагч хэлэв.
Дээрэмчин ямагт тэргүүлэн бусад гурав араас нь дагалдан үг дуугүй урагшилцгаав. Чингээд гурван цаг явсны эцэст сая зогслоо. Дээрэмчдийн ахлагч Феликсийг нэгэн модны хожуул дээр сууж амар гээд талх, дашмагтай хуучны дарс гаргаж ирэн сульдсан аянчдад бариад,
— Одоо цаг хүрэхгүй яваад цэргийнхний ойд татсан хилийн шугамд хүрэх болно. Иймээс таныг цэргүүдийг ахалж байгаа хүнтэй ярьж надтай сайнаар харилцахыг шаардана уу гэж гуйя гэлээ.
Феликс хэдийгээр ийнхүү зуучлаад нэмрээр бага гэж бодож байсан ч үүнийг зөвшөөрөв. Тэд хагас цаг хэртэй амраад цааш хөдөлцгөөв. Дахин цаг хэртэй яваад байтал дардан зам ойртоод ойд хэдийнэ үүрийн гэгээ түгж эхэлсэн бөгөөд гэнэтийн «Зогс! Зогс!» гэх дуунаар дороо зогсоцгоосонд таван цэрэг тэдний өөдөөс хүрч ирээд биднийг даган явж даргалж байгаа хошуучид аяныхаа учир явдлыг илтгэ гэв. Тэндээс тавь орчим алхам газар явтал баруун зүүнгүй бутнаас буугийн гол төмөр гялалзан харагджээ. Үзтэл ихээхэн олон цэрэг ойг эзэлсэн бололтой аж. Хошууч нь хэд хэдэн цэргийн дарга болон бусад хүмүүсийн хамт нэгэн нарсны дээр сууж байлаа. Олзлогдогсдыг түүний өмнө хүргээд «Хаанаас», «Хаашаа» гэх мэтээр байцааж эхлэх гэж байтал эрчүүлийн нэг ухасхийн босож
— Тэнгэр минь, энэ чинь юу вэ, манай анчин Готфрийд байж байна шүү дээ! гэж дуу алдсанд
— Тийм ээ, эрхэм хэрэг хөтлөгч өө, өөдгүй улсын гараас гайхалтай аврагдаад би энд байж байна гэж анчин баярласан дуугаар хариулав. Түүнтэй энд уулзсандаа офицерууд гайхжээ. Гэтэл хошууч, хэрэг хөтлөгч хоёрыг анчин хажуу тийш дуудан аваачаад хэрхэн аврагдсанаа болон өөрийг нь хийгээд залуу инжааныг дагалдан яваа гурав дахь этгээд хэн болохыг товч тайлбарлан ярив.
Эл мэдээг сонсож баярласан хошууч чухал олзлогдогодыг цааш нь хүргүүлэх тушаал даруй өгөөд залуу инжааныг нөхөд дээрээ аваачин гүн ахайг эр зориг, өгөөмөр сэтгэлээрээ аварсан баатарлаг залуу хэмээн танилцуулсанд бүгд түүний гарыг баяр хөөр болон атгацгааж, шагшин магтаж анчин тэр хоёроор болсон явдлыг яриулахаас нааш сэтгэл нь ханасангүй билээ.
Энэ завсар хэдийнэ өдөр болжээ. Хошууч чөлөөлөгдөгсдийг өөрийн биеэр хотод хүргэж өгөхөөр болов. Түүний бие гүн ахайн хэрэг хөтлөгч хийгээд чөлөөлөгдөгсдийн хамт өөрийнх нь сүүх тэрэг хүлээн байгаа удаах тосгонд хүрлээ. Тэнд очоод Феликс хошуучийи тэргэнд хамт суув. Тэдний урд хойно нь анчин, оюутан, хэрэг хөтлөгч нарын олон хүн дагалдан явсаар хотод ёслол төгөлдөр орж очив. Ойн буурчийн газар болсон явдал, залуу инжааны өгөөмөр сэтгэлийн тухай яриа тэр хавьд түймрийн гал мэт түргэн тархсан бөгөөд одоо түүний чөлөөлөгдсөн тухай мэдээ мөн тийм хурднаар ам дамжин дэлгэрчээ. Тэдний орж очсон хотод залуу баатрыг үзэхийг хүссэн хүмүүс гудамжинд чихэлдэн байгааг хараад гайхах хэрэг үгүй байлаа. Түүний суусан сүүхийг ягуухан явсаар гудамжаар орж ирэхэд бүгд л хуйлран шавж «Тэр энэ байна, сүүхэнд цэргийн даргын хажууд сууж явааг нь хараач! Залуу инжаан мандтугай!» гэж хашгиралдах бөгөөд мянга мянган хоолойн уухайд агаар долгилон байв.
Феликс ичингүйрч, үй олны ундарсан их баяр хөөрд сэтгэл нь хөдөлжээ. Гэвч сэтгэл догдлуулсан өөр нэгэн учрал хотын зөвлөлийн байранд болов. Дунд хэрийн насны, тун тансаг хувцастай нэг эр түүнийг шатан дээр угтан авч нулимс мэлтэгмүүлэн байж тэврээд
— Хүү минь, би ачийг чинь яаж хариулах билээ! Чи асар их гай гамшигт учрах гэж байхад минь авран туслав! Чи ханийг минь, хүүхдүүдийн минь эхийг аварсан. Учир нь түүний эмзэг уяхан сэтгэл энэ мэтээр олзлогдохын аюумшгийг тэсэн давж чадахгүй билээ! гэв. Энэ нь гүн ахайн эр нөхөр байлаа. Ийнхүү гүн ахайн амийг аварсны хариуд ямар шан авахаа хэл гэхэд нь Феликс хичнээн эсэргүүцсэн боловч гүн еэ үүнийг ер зөвшөөрөхгүй өөрийнхөөрөө зүтгэсээр байсанд дээрэмчдийн ахлагчийн золгүй тавилан залуугийн санаанд сая оров. Тэгээд энэ эр хэрхэн түүнийг аварсан энэ нь гүн ахайд нэгэн адил хамаарагдахыг ярив. Дээрэмчдийн ахлагчийн харьцаанаас илүүгээр Феликсийн өөрийн эрх ашгийг өчүүхэн ч бодолгүйгээр илэрхийлсэн хүслийг сонсоод сэтгэл нь улам ч их хөдлөн дээрэмчнийг аврахын тулд чадах бүхнээ хийнэ гэж амлав.
Тэр өдрөө гүн эрэмгий анчин, залуу инжаан хоёрыг дагуулан өөрийнх нь төлөө амь хайргүй барьцаанд очсон залуу эрийн хувь заяаны төлөө сэтгэл зовсон гүн ахайн хэл мэдээ юу байна гэж хүсэмжлэн суугаа шилтгээн рүү одов. Эр нөхөр нь амийг нь аврагчийг хөтлөн лавринд орж очиход түүний хэрхэн баярласныг үгээр илэрхийлж чадах хэн байх билээ? Феликсээс эцэс төгсгөлгүй асууж шалгаан талархаж байлаа. Тэгээд хүүхдүүдээ авчруулан өөрийнхөө баярлаж талархавч баршгүй ачтан болох уудам сэтгэлт залууг үзүүлсэнд тэр бяцхан багачуул гараас нь барин хүүхдийн ялдам цайлган сэтгэлээр талархсанаа илэрхийлцгээгээд энэ газар дэлхий дээр бидний хувьд эх эцгийн минь дараа орох хамгийн хайртай хүн маань болов гэж батлан хэлэхүй энэ нь дээрэмчдийн овоохойд нойргүй өнгөрөөсөн шөнүүдийн нь хамгийн сайхан хариу болжээ.
Баярт уулзалтын эхний мөчүүд өнгөрөхөд гүн ахай нэгэн зарцад дохин зангасанд тэр нь даруй ойн буурчийн газар гүн ахайд Феликсийн үлдээсэн хувцас, бидний сайн мэдэх үүргэвчийг авчрав.
— Тэр аймшигт эгшинд таны надад үлдээсэн бүхэн энэ байна. Мөрдөн мөшгөгчдийн минь тархийг эргүүлж ухааныг төөрөлдүүлэхийн тулд эл хувцсыг өмсгөсөн тань ид шидийн мэт болсон билээ. Одоо таны мэдэлд шилжих гэж байна. Гэхдээ энэ хувцсаа надад үлдээж, оронд нь дээрэмчдээс барьцаанд шаардсан мөнгийг авна уу гэж чамаас хүсье. Би үүнийг таны дурсгал болгон хадгалах гэсэн юм гэж гүн ахай сэтгэл тэнүүн инээмсэглэн байж өгүүлэв.
Ийм их бэлэг өгөх гэж байгааг нь сонсоод Феликс давхийн цочив. Сайн дураараа үйлдсэн зүйлийнхээ төлөө ямар нэг шан авахыг түүний ариун журамт сэтгэл тэвчихгүй байлаа. Тэгээд
— Эрхэмсэг гүн ахай минь ээ! Би үүнийг тань авч чадашгүй. Таны болгоосончлон хувцас хунар таных болтугай. Тэглээ ч гэсэн амлаж байгаа мөнгийг тэнь авч чадахгүй. Та намайг ямар нэгэн юмаар шагнах гээд байгааг би мэдэж байиа. Иймээс аливаа шагналын оронд энэрэлээ хайрлагтун. Таны тусламж шаардагдах тохиолдол гарахад би түүнийг хүсэх болно гэдгийг бодогтун гэж инжаан сэтгэл догдлон өгүүлэв.
Залуу эрийг хичнээн шахаж шаардсан боловч түүний санаа бодлыг өөрчилж чадсангүй. Гүн ахайг түүний нөхөр хоёр нэгэнт арга мухардаад зарц хувцас, үүргэвчийг авч явах гэсэнд Феликс энэ үлэмж их баярт явдлын улмаас ор тас мартаж орхисон нөгөө урласан зүйлээ санав.
— Байз! Өршөөлт авгай, үүргэвчнээсээ ганцхан зүйл авахыг минь зөвшөөрнө үү. Бусад нь бүгдээрээ бүрмөсөн таных гэсэнд гүн ахай
— Хүссэнээрээ бологтун! Хэдийгээр би бүгдийг нь таны дурсгалд авч үлдмээр байвч салах хүсэлгүй байгаа зүйлээ авагтун. Гэвч ийнхүү туйлаас эрхэмлэсэн зүйл тань юу вэ гэдгийг асууж болохсон болов уу? гэв. Түүнийг ийн ярих зуур залуу эр үүргэвчээ нээн улаан торгон илгэн бүрээстэй бяцхан хайрцаг гаргаж ирээд
— Миний гэсэн бүхнийг та авч болно. Харин энэ бол миний хайрт загалмай зүүлгэсэн эхэд минь хамаарах юм. Би үүнийг өөрийн гараар урласан бөгөөд одоо түүнд аваачиж өгөх ёстой юм. Өршөөлт авгай, энэ бол чимэг зүүлт гэж инээмсэглэн өгүүлээд хайрцгийг нээн гүн ахайд барьж
— Миний урлах гэж хичээсэн чимэг зүүлт гэв. Гүн ахай хайрцгийг аваад харсан даруйдаа гайхан гэдрэг болоод,
— Юу? Энэ чулуу юу? Тэгээд та үүнийг өөрийнхөө загалмай зүүлгэсэн эхэд зориулсан гэл үү? гэж дуу алдав.
— Тийм ээ! Загалмай зүүлгэсэн эх минь чулууг нь надад илгээсэн юм. Би түүнийг нь засаж янзлаад өөрийн биеэр хүргэж өгөхөөр явж байгаа юм гэж Феликс хариулав.
Гүн ахай түүнийг сэтгэл уяран харсан бөгөөд нүдэнд нь нулимс мэлтгэнэн байлаа. Тэгээд
— Тэгвэл чи Нюренбергийн Феликс Пернер болж таарах нь ээ? гэж дуу алдсанд
— Тийм ээ, тэгэхдээ та миний нэрийг энэхэн зуур хаанаас олж мэдэв? гэж залуу асуугаад түүнийг гайхан харав.
— Тэнгэрээс тэтгэсэн гайхалтай учрал! Энэ чинь манай загалмай зүүлгэсэн хүү, манай шивэгчин байсан Забинегийн хүү Феликс байна шүү дээ! гэж гайхаж цөхсөн нөхөртөө хэлээд гүн ахай
— Феликс, очих гэж зорьсон хүн чинь би байна. Иймээс чи өөрөө ч мэдэлгүйгээр загалмай зүүлгэсэн эхээ аварсан байна гэв.
— Юу? Надад болон манай эхэд өгүүлшгүй их тус болсон Зандау авгай та юм уу? Тэгэхлээр энэ чинь миний хүрэх гэсэн Майенбург юм гэж үү? Тантай ийм гайхалтайгаар учруулсан сайхан тохиолдолд талархавч баршгүй. Тэгэхлээр би хязгааргүй их баяр талархлаа бага боловч үйл хэргээрээ танд нотолж үзүүлж чадлаа!
- Чиний төлөө миний хийж чадахаас хавьгүй их зүйлийг чи миний төлөө хийсэн билээ. Гэвч би амьд байсан цагтаа чамд бид хичнээн их өртэйгээ харуулахыг хичээнэ. Эр нөхөр минь чиний эцэг, хүүхэд минь чиний дүү нар, би өөрөө үнэнч эх чинь байх болно. Хязгааргүй их гасланд учраад байх үед минь чамайг учруулсан энэ чимэг зүүлт миний хамгийн шилдэг чимэг байх болно. Учир нь энэ ямагт чамайг, чиний өгөөмөр уудам сэтгэлийг надад сануулж байх билээ.
Гүн ахай ингэж хэлсэн бөгөөд энэ үгэндээ ч хүрчээ. Аз жаргалд умбасан Феликсийг аялалд нь элбэг дэлбэг бэлтгэв. Чингээд түүнийг эзэмшсэн урлагтаа гарамгай болоод эргэж ирэхэд нь Нюренбергт нэгэн дархны газар худалдан авч өгөөд түүнийг бүрэн дүүрэн тохижуулсан бөгөөд ойн буурчийн газар болсон явдал, дээрэмчдийн дунд Феликсийн байгаа байдлыг үзүүлсэн сайхан зургууд түүний шилдэг өрөөний муугүй чимэг болж байлаа.
Ур дүйнх нь алдар, эрэлхэг зоригийнх нь тухай гайхалтай яриатай хамт тархсан Феликс тэнд гарамгай уран инжаан гэгдэж урласан зүйлийг нь улс гүрэн даяар худалдан авцгаадаг болжээ. Үзэсгэлэнт хот Нюренбергийг дайран өнгөрөх олон олон харийн хүн түүнийг харж гайхан шагших, мөн сайхан зүйл түүнд захиалан урлуулах гэж алдарт дархан Феликсийн дархны газрыг заалган очицгооно. Гэхдээ анчин, төмрийн дархан, оюутан, хөтөч нарын ирсэн нь түүнд бүхнээс илүү таатай байлаа.
Хөтөч Вурцбүргээс Фүрт рүү явахдаа Феликсийнхээр дайран уулзжээ. Анчин бараг жил болгон гүн ахайгаас бэлэг хүргэж ирнэ. Дархан бараг бүх орноор хэрэн хэссэнийхээ эцэст инжаан Феликсийн дэргэд суурьшжээ. Нэгэн өдөр оюутан тэднийг зорин ирэв. Түүний бие энэ завсар төрийн том хүн болсон боловч инжаан, дархан хоёрынд оройн зоог барихаас цээрлэсэнгүй билээ. Тэд ойн буурчийн газар болсон явдлыг нэгд нэггүй дурсацгаасан бөгөөд тэр үес оюутан байсан эр дээрэмчдийн толгойлогчийг Италид харсан одоо бүрэн засарч Неапалийн вангийн дэргэд эрэлхэг цэргийн ёсоор алба хааж байгаа гэж ярив.
Феликс үүнийг сонсоод баярлажээ. Тэр хүнийг байгаагүйсэн бол түүний бие тийм аюултай байдалд орохгүй байсан хэдий боловч түүнгүйгээр бас дээрэмчдийн бүлгээс ангижрахгүй байхсан. Ийнхүү эрэлхэг уран инжаан Шпессарт дахь буурчийн газрыг дурсан санах бүрдээ ямагт сэтгэл тэнийн баясдаг билээ.


Top
   
PostPosted: Sep.15.14 3:49 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
Александрын шейх хийгээд түүний боолууд

Александрын шейх Али Бану нь жигтэй хүний нэг болой. Их үнэт кашмир даавуун малгай, гоёлын хувцсаа өмсөн тавин тэмээний үнэтэй бүсээ бүслээд хотын гудамжаар өглөө бүр дүнсгэр царайлан духаа атируулж, хөмсгөө зангидан таван алхам тутамд урт бараан сахлаа бодолхийлэн илбэж ягуухан, сүр хүчин төгөлдөр алхан, зэрэг зиндааныхаа дагуу сүсэглэн бишрэгчдэд коран судрын тухай ном айлдахаар сүм рүү явж байгааг нь харсан бүхэн гудамжнаа зогсон араас нь харсаар өөр хоорондоо түүний тухай ярилцмуй.
«Энэ сайхан, намбатай хүн шүү!» гэж нэг нь хэлэхэд нөгөө нь «Бас баян, тун баян хүн дээ» гэж, өөр нэг нь «Маш баян. Түүнд Стамбулын боомтноо ордон шилтгээн байхгүй гэж үү? Эд хөрөнгө эдлэн газар, үй олон мянган үхэр мал, олон боол зардас түүнд үгүй гэж үү?» хэмээхэд бас нэг нь «Тийм ээ, их эзний өөрийн нь вивангиридич өршөөн соёрхох болтугай, түүнд зарж саяхан ирүүлсэн татар манай шейхийг Райс-еффенди, Капидши-Беши нарт, ер нь бүгдэд нь, султанд өөрт нь их нэр хүндтэй байдаг юм гэж надад ярьсан» гэхэд, удаах нэг нь «Тийм ээ, түүний алхаа гишгээг ч хүртэл тэнгэр таалан ариулсан юм. Тэр бол баян, хүндтэй хүн. Гэвч, гэвч ... Миний юу гэх гээд байгааг та нар мэднэ шүү дээ» гэвэл бусад нь хажуугаар нь «Тийм ээ, амьдралаас амсдагаа амссан хүн дээ, гэвч!» гэж бувтнацгаана.
Александрын хамгийн сайхан талбай дээр Али Бану нэгэн сүрлэг сайхан байшинтай билээ. Байшингийн нь өмнө гантигаар хүрээлсэн, далдуу модны сүүдэрт орших нэгэн өргөн саравчит тагт бий. Тэнд түүний бие оройн цагаар суун усан гансаа татах бөлгөө. Нэлээд зайдуухан дохио зангааг нь хүлээн гоёж гоодсон арван хоёр боол зогсоно. Тэдний нэг нь илдийг нь, нөгөө нь нарны халхыг нь, өөр нэг нь цэвэр алтан сав дүүрэн амтат ундаан, удаах нь эзнийхээ ойр хавийн ялааг үргээн хөөхөөр тогосын өдөн дэвүүр барин зогсном бөгөөд бусад нь хүссэн цагт нь дуу хөгжмөөр түүнийг зугаацуулахаар бүрээ бишгүүр, хэнгэрэг цан барин зогсох дуучин хөгжимчин болой. Тэднээс хамгийн эрдэмтэй номтой нэг нь түүнд уншиж өгөхөөр хэд хэдэн хуйлмал бичиг барин зогсох аж.
Гэвч тэд нь түүний дохио зангааг дэмий л хүлээн зогсоно. Шейх хөгжим дууны алиныг нь ч сонсох, эрт цагийн билгүүн оюунт найрагчдын шүлгээс уншуулах, амтат, ундаан уух, бетель зажлахыг хүсэхгүй ажээ. Ялаа жунгинан нисэж өөрийг нь тойрлоо ч ер анзаарахгүй тул тогосын өдөн дэвүүр барьсан боол хичнээн сэвэвч хэрэг нь бага аж.
Энэ үес түүгээр зорчин явагсад ямагт зогсон байшингийн нь тансаг сайхныг гоёж гоодсон зарц нар болон тав тухыг илтгэх алив бүхнийг нь гайхан шагшицгаадаг билээ. Гэвч усан гансныхаа манарсан цэнхэр утаанаас өөр юуг ч эс харан далдуугийн сүүдэрт баргар царайлан дүнсийн суугаа шейхийг хармагцаа толгой сэгсрэн байж
— Энэ баян эр хөөрхий хүн юм гэдэг нь гарцаагүй. Ийм ихийг эзэмшсэн байтлаа юу ч үгүй хоосон хүнээс хөөрхийлөлтэй байнам бус уу. Учир нь үүнийгээ эдлэн зугаацах ухааныг тэнгэр түүнд заяасангүй гэцгээнэ.
Хүмүүс ийн хэлэлцэж түүнийг шоолон инээгээд замаа хөөн одоцгооно.
Нэгэн орой шейхийг бас л байшингийнхаа үүдэнд далдуу модны сүүдэрт газар дэлхийн гял цал бүхнээр хүрээлүүлэн усан гансаа уйтгар гунигтай ганцаардангуй татан суутал тэндээс холгүй хэдэн залуу зогсон түүнийг ажин хөхрөлдөцгөөв.
— Шейх Али Бану лав ухаангүй хүн бололтой. Түүний баялаг надад байгаасан бол би өөрөөр зарцуулах байсансан. Өдөр бүхэн хөгжин цэнгэж найз нөхөд минь эл байшингийн цэлгэр лаврингуудад надтай хамт зоог барин энэ уйтгарт өрөө тасалгаануудад инээд наргиан, хөгжүүн дуу халгин байх байсан гэж нэг нь хэлсэнд нөгөө нэг нь
— Тийм ээ, ингэвэл муугүй байхсан. Олон найз нөхөд ямар ч эд хөрөнгийг, султаных шиг, тэнгэр түүнийг тэтгэх болтугай, их байлаа ч цөлмөн барна. Гэхдээ би бол орой бүхэн далдуу модны доорхи энэ сайхан талбар дээр суугаад боолчуудаар дуулуулж, хөгжимдүүлэн, бүжигчид маань ирж бүжиглэж үсэрч цовхрон аливаа гайхамшигтай бүхнийг хийж үзүүлэх болно. Тэгэхэд нь би усан гансаа нэн тухтай татан амтат ундаан аягалуулан уухсан. Чингээд энэ бүхний дунд Багдадын ван шиг л жарган суух асан гэсэнд энэ залуусын гурав дахь нь болох нэгэн зохиолч
— Шейх эрдэмтэй, ухаантай хүн байж таарна. Кораны талаар ном айлдахыг нь сонсвоос бүх найрагчдын хийгээд эрдэм ухааны номд нэвтэрснийг нь илтгэмүй. Гэвч аж төрлөө саруул ухаант хүний ёсоор зохиосон нь энэ гэж үү? Тэнд хуйлмал бичиг барьсан нэг боол зогсож байнам биш үү. Гэтэл тэд нь ховор зүйлс болох тул би тэдний ганцыг л зөвхөн уншиж үзэхийн тулд гоёлын хувцсаа өгөхөд бэлхэн байна. Гэтэл тэр яаж байна? Тамхи татан суусаар л номыг ч ном гэж тоохгүй байнам. Хэрэв би шейх Али Бенутийн оронд байсансан бол тэр гайхал амьсгаагаа давхацтал юмуу шөнө болтол тэдгээр бичгийг уншиж өгөх болно, дараа нь намайг унтан унттал унших болно гэсэнд дөрөв дэх нь хөхрөн байж
— Яаж тансаг сайхан аж төрөх талаар та нар ч харин нэг цэцэрхэж байна даа. Ууж, идэж, дуулж бүжиглэж, ном судар уншиж, хөөрхий найрагчдын шүлэг сонсож суух болох нь ээ! Үгүй, би бол огт өөрөөр аж төрнө. Энэ бол хамгийн сайхан морьд, тэмээ хийгээд учиргүй их мөнгөтэй. Тэгэхлээр би түүний оронд байсан бол аялаад алаг дэлхийн зах хязгаар хүртэл аялаад л байх байсан. Москвагийнхан, францынхныг хүртэл очин үзэх байсан. Ертөнцийн гайхамшгийг үзэхэд надад ямар ч зам холдохгүй. Би энэ хүний оронд байсансан бол ингэх байсан гэвэл тэдний хажууд зогсоод яриаг нь чагнан байсан дорой нэг өвгөн
— Залуу нас гэгч сайхан үе бөгөөд хүн баясал цэнгэлтэй байх аваас өтөл нас ч бас сайхан. Гэхдээ залуу нас бас ухаангүй, юү хийж байгаагаа мэдэхгүй, энд тэнд өдөр өнжин чалчин өнгөрөөх нь бий гэдгийг хэлэхийг минь зөвшөөрнө үү гэхэд залуус
— Өвгөөн, та үүгээр юу хэлэх гэсэн юм бэ? Та биднийг хэлж байгаа юм уу? Шейхийн аж байдлыг шүүмжлэн хэлэлцэх маань танд ямар хамаатай юм бэ? гэж гайхан асуусанд өвгөн хариуд нь
— Хэн нэг нь нөгөөгөөсөө илүү зүйл мэдэж байх аваас нэгийнхээ төөрөгдлийг засан залруулж байхыг вивангиридич таалдаг юм. Шейх бол эрдэнэс баялаг хийгээд хүний зүрх хүсэн тэмүүлэх бүхнийг эзэмшсэн хүн гэдэг нь үнэн. Гэхдээ ийм дүнсгэр, уйтгартай байх учир шалтгаан бүхий хүн юм. Түүнийг ямагт ийм байсан юм гэж та нар бодож байна уу? Үгүй шүү, түүнийг би бүр арван таван жилийн өмнөөс мэднэ. Тэгэхэд тэр зээр мэт цовоо цолгин байсан бөгөөд хөгжүүн цэнгүүн аж төрж, амьдралыг амтлан таашааж байлаа. Тэгэхэд түүнд нэг хүү байсан ба тэр нь амьдралын нь баяр бахдал болж байв. Үзэсгэлэн төгөлдөр, эрдэмд боловсорсон, түүнийг харж, яриаг нь сонссон хүн эл эрдэнийх нь улмаас шейхад атаархахаас өөр аргагүй байсан юм. Учир нь хүү нь дөнгөж арван настай хэрнээ өрөөл бусдын арван найман насандаа сурч мэдээгүйг сурч мэдсэн тийм нэгэн байсан болой гэвэл
— Тэгээд тэр нь насан өөд болчихсон юм уу? Хөөрхий шейх! гэж залуу зохиолч дуу алдав.
— Энд Александрид байснаасаа илүү байх вивангиридичийн орноо одсоныг нь мэдсэнсэн бол түүний сэтгэл амар байхсан билээ. Гэтэл түүний олж мэдсэн зүйл нь хавьгүй муухай юм байлаа. Тэгэхэд францчууд өлөн чоно мэт манай газар оронд ирж бидэнтэй дайн хийдэг үе байлаа. Тэд Александрыг хүч түрэн авч улам улам цаашлан Мамелюкуудыг байлдан дарсан юм. Шейх ухаантай хүн тул тэдэнтэй сайтар эвсэн зохицож чаддаг байв. Гэвч тэд нь түүний эд баялагт шунаснаас ч юмуу, эсвэл түүний бие шүтлэг нэгт ах дүүсдээ тусалсан ч юмуу, би хэлж мэдэхгүй юм даа, ямар боловч нэгэн өдөр гэрт нь орж очоод мамелюкуудыг зэр зэвсэг, унаа морь, хүнс хоолоор хангасан гэж түүнийг буруутгажээ. Шейх өөрийн буруугүйг нотлох гэж оролдсон боловч тэр нь нэмэр болсонгүй, мөнгө шахан гаргуулах болохдоо Францчууд зэрлэг, хатуу сэтгэлтэй улс тул түүнийг нь ер ойшоосонгүй бөгөөд Кайрам хэмээх хүүг нь барьцаа болгон цэргийнхээ хүрээнд авч оджээ. Тэр тэдэнд мөнгө амласан боловч хүүг нь өгсөнгүй, бүр их мөнгө авах гээ санаархан байжээ. Тэгтэл тэдний их сайдаас нь аян замд гар гэсэн тушаал иржээ.
Александрид хэн ч тэр тухай ганц ч үг сонсоогүй байтал тэд гэнэтхэн л их далайд гарч одсон бөгөөд Али Банугийн хүү бяцхан Кайрамыг хамт аваад явчихжээ. Түүний талаар тэр үеэс хойш сураг ажиг сонссон хүн нэгээхэн ч үгүй билээ,
— Ээ, хөөрхий эр! Аллах түүнийг ямар хатуу цээрлүүлээ вэ? гэж залуус нэгэн зэрэг дуу алдаад үзэсгэлэнт тансаг бүхний дунд далдуу модны доор уйтгартайяа ганцаардан суугаа шейхийг өрөвдөн харцгаав.
— Түүний туйлын хайртай гэргий нь хүүгийнхээ араас зовон шаналсаар байгаад насан элсэн билээ. Шейх өөрөө нэг хөлөг онгоц худалдаж аваад түүнийгээ тоноглон тэр доор усан оргилуурын хажууд суудаг франц эмчийг ятган алдагдсан хүүгээ эрж олохоор түүний хамт Франц нутаг руу аялах болсон юм. Тэд далайд гаран хөвж удтал аялсны эцэст Александрид байсан тэр шашин шүтлэгтүй тэрсүүчүүдийн нутагт очжээ. Гэтэл тэнд нь тун аймшигтай юм л болж байв. Тэд өөрснийхөө султаныг хороочихоод их сайд, баячуул хийгээд ядуус нь бие биеийнхээ толгойг хэрчин газар оронд нь эмх журам гэх юм үгүй болсон байлаа. Тэд хот бүхэнд очиж бяцхан Кайрамыг эрж сурсан боловч хэн ч түүнийг нь мэдэхгүй байсан бөгөөд ийм янзаар удвал өөрсдөө ч толгойгоо алдаж мэдэх байсан тул нөгөө Франц эмч нь нутгийн зүг хөвөн одъё гэж шейхийг эцсийн бүлэгт ятгажээ.
Тийнхүү тэд эргэж ирсзн ба ирсэн цагаасаа эхлэн шейх хүүгээ харамсан гашуудаж энэ өдрийн янзаар аж төрсөөр өдий хүрсэн юм. Энэ нь ч зөв билээ. Идэж, ууж суухдаа миний хөөрхий Кайрам өдийд өлсөх цангахын зовлонд автан яваа болов уу гэж бодохгүй байж чадах уу даа? Бас зэрэг зиндаа, ажил төрлийнхөө ёс горимын дагуу үнэт эдлэл зүүж гоёлын хувцсаа өмсөж байхдаа хүү минь нүцгэн биеэ халхлах юмгүй байгаа болов уу гэж бодохгүй гэж үү? Дуучид, бүжигчид, уран яруу уншигчид, зарц нараараа хүрээлүүлэн суухдаа одоо лав хөөрхий үр минь франц эзнийхээ хүссэний зоргоор үсэрч харайн, хөгжимдөж байгаа даа гэж бодохгүй байж чадах уу? Тэгээд эцгээсээ хол газар сүжиггүй улсын дунд тэдний элэг доог болон эцгийнхээ итгэл бишрэлээс бяцхан Кайрам нь урваад хожмын өдөр диваажингийн цэцэрлэгт тэврэлдэн учрах хувьгүй болоо болов уу гэж бүхнээс илүү сэтгэл шаналан суугаа нь лавтай!
Тиймээс ч Аллах таашаан таалж хүүгийнх нь франц эзний сэтгэлийг уясган хүүд нь энэрэнгүй хандах болгож юуны магад гэж бодсондоо боолчууддаа энэрэлтэй байдаг бөгөөд ядууст үлэмж их өглөг өгдөг билээ. Хүүгий нь булаан авч явсан тэр өдөр болох бүрийд арван хоёр боолыг сулладаг юм.
— Энэ тухай би хэдийнэ сонссон юм байна. Хүмүүс гайхалтай юм хэлэлцдэг юм. Гэхдээ хүүгийнх нь тухай ер дурсдаггүй юм билээ. Гэхдээ түүнийг үлгэр домогт жигтэйхэн дуртай тул жил бүр боолчуудынхаа дунд уралдаан зарлаж, хамгийн сонин юм ярьсныг нь чөлөөлдөг гэж ярьцгаадаг гэж зохиолч хариу өчвөл өвгөн
— Хүмүүсийн хэлэлцэх үгэнд бүү итгэгтүн. Би бүгдийг нь яг таг мэдэх тул миний ярьсан зүйл гарцаагүй үнэн юм шүү. Эл бэрх өдөр түүний бие сэтгэлээ сэргээх гэж үлгэр түүх яриулдаг байж болох юм. Гэхдээ тэр боолчуудыг хүүгийнхээ төлөө сулладаг юм. Оройн сэрүү орох нь, би замаа хөөе. Залуу ноёд оо, энх амгалан байх болтугай та бүхэн, хойшид сайхан сэтгэлт шейхийн талаар сайныг бодож явцгаагаарай! гэв.
Залуус сонин зүйл ярьж өгсөнд нь өвгөнд талархаад гашуудан суугаа эцгийг дахин нэг удаа хараад «Би л лав шейх Али Бану байхыг хүсэхгүй» гэж өөр зуураа хэлэлцэн гудамж өгсөн одоцгоолоо.
Түүнээс хойш удалгүй өглөөний мөргөлийн цагаар дахин энэ гудамжаар явж байгаад эл залуус шейх Али Банугийн тухай ярьсан нөгөө өвгөнтэйгөө тааралджээ. Тэгмэгц өвгөн хийгээд түүний ярьсан зүйл санаанд нь орсонд цөмөөрөө шейхийг харамсан түүний байшин руу харав. Тэнд бүгдийг нүд алдам гоёж чимснийг үзээд тэд хичнээн гайхсан гэж санана! Гоёж гоодсон боол эмс зугаацан яваа дээвэр дээр туг дарцаг намиран өрөө тасалгаануудад нь үнэт хивс дэвсэж шатны өргөн гишгүүрүүдэд дэвссэн торго түүнтэй нь өнгө хослон харагдмуй. Гудамжинд ч бас бүр гоё алчуур дэлгэн тавьсныг үзвэл зарим нэгэн хүн гоёлын хувцас юмуу хөлийн бүтээлэг хийхсэн гэж санамаар ажээ.
— Харав уу, энэ хэдхэн өдрийн дотор шейх яасан их өөрчлөгдөө вэ. Түүний бие баяр наадам хийх гээ юм болов уу? Дуучин, бүжигчдээ эцэж цуцтал нь дуулуулан бүжиглүүлэх гээ юм болов уу? Тэр хивснүүдийг хараач! Ийм сайхан хивс Александри даяар ер бий гэж үү?! Ерийн газар байгаа энэ эдийг хараач! Үнэнийг хэлэхэд харамсмаар юм гэж зохиолч залуу хэлэв
— Миний юу гэж бодож байгааг чи мэднэ үү? Түүний бие лав эрхэм хүндэт зочин хүлээн авах гэж байгаа байх. Учир нь том орны эзэн захирагч юмуу их эзний эффендийг орон гэртээ зочлон болгоох үед л ингэж бэлтгэдэг билээ. Өнөөдөр энд хэн гэгч ирж таарах вэ? гэж өөр нэг нь хэлэв.
— Хараач та минь, хэдийнэ уулзсан өвгөн маань тэнд явж байнам бус уу? Ээ, тэр бүхнийг мэдэх бөгөөд энэ тухай учрыг бидэнд хэлж чадах билээ. Өвгөн эрхэм ээ, та бидэн рүү ирэхгүй юм уу?
Тзднийг ийнхүү хашгирсанд өвгөн тэдний даллан дуудаж байгааг үзээд хэдэн өдрийн өмнө өөртэй нь ярилцан байсан тэр залуус болохыг танимагц тэдэн дээр хүрч очив. Тэд шейхийн байшингийн засал чимэглэлд түүний харааг хандуулаад хэн гэгч эрхэм зочин ирэх гэж байгааг мэдээгүй биз гэж асууцгаав.
— Али Бануг ямар нэг их баяр наадам хийх гэж байгаа юмуу эсвэл нэгэн их эрхэм хүн гэрт нь зочлон ирэх гэж байна гэж та нар баттай бодож байна уу? Энэ тийм биш ээ. Гэвч өнөөдөр бол Рамадан сарын арван хоёрон бөгөөд энэ өдөр түүний хүүг францын цэргүүд хүрээндээ аваачсан гэдгийг та нар мэдэж байгаа билээ гэж өвгөнийг хэлсэнд
— Вивангиридичийн сахлыг барин тангараглъя! Энд чинь юм бүхэн нь хурим найр юмуу их баяр наадмын үеийнх шиг харагдаж байна шүү дээ. Гэтэл энэ чинь түүний хувьд цуутай гашуудалт өдөр нь байдаг. Тэгэхлээр та энэ талаар юу бодож байна? Шейхийн ухаан санаа яльгүй самуурсан болов уу гэж бодохоос өөр арга алга гэж тэр залуусын нэг дуу алдсанд
— Залуу нөхөр минь, та бас л ийм адгуу шүүн хэлцсээр байна уу? гэж өвгөн инээвхийлэн асуугаад
— Энэ удаа ч гэсэн таны сум хурц, нумын хөвч чанга байгаа боловч байнд нь ч, банзанд нь ч оносонгүй. Шейх энэ өдөр хүүгээ ирнэ гэж хүлээж байгаа гэдгийг та мэдэж ав гэв.
— Хүүгээ олсон юм уу? гэж залуус дуу алдан хөгжилдсөнд өвгөн
— Үгүй, он жил улиран улиртал олдохгүй. Гэхдээ найм ч билүү арав ч билүү жилийн өмнө шейх энэ өдрийг гаслан гангинан гашуудан тэмдэглэж боолчуудыг суллан олон олон ядуусыг хооллож ундлан байтлаа тэр байшингийн сүүдэрт ядарч туйлдаад хэвтэж байсан нэгэн ядуу даяанчийг үзээд түүнд бас хоол унд өгүүлжээ. Тэр ядуу даяанч нь ариун гэгээн нэгэн байсан бөгөөд зурхай хийгээд вивангиридичлахын ухаанд нэвтэрсэн хүн байжээ. Шейхийн өгөөмөр буянд тэнхрэн сэргэсэн түүний бие шейх дээр явж очоод «Гаслангийн чинь учрыг би мэдэж байна. Өнөөдөр рамадан сарын арван хоёрон, энэ өдөр чи хүүгээ алдаагүй гэж үү? Гэхдээ нэгэн цагт энэ өдөр хүү чинь ирнэ гэдгийг би мэдэж байгаа тул гашуудлын энэ өдөр чиний хувьд баярын өдөр болно. Иймээс сэтгэл амгалан байгтун!» гэжээ. Тэр ядуу даяанч ингэж хэлсэн байнав Энэ мэт хүний үгэнд эргэлзэх нь мусальман шашинт хүн бүрийн хувьд хилэнц болох билээ. Алийн уй гашуу ингэлээ гээд барагдаагүй боловч энэ өдөр ямагт хүүгээ ирнэ хэмээн хүсэн хүлээж суух болоод түүнээ аль ч эгшинд хүрээд ирэх юм шиг орон байшин өрөө тасалгаа, шат тэргүүтнээ гоён чимдэг юм гэдгийг мэдэж ав. гэсэнд
— Гайхалтай юм! Гэхдээ яаж бүхнийг ийм тансгаар зассаныг хийгээд энэ тансаг орчинд түүний бие хэрхэн гашуудан суугааг болон зарц нараараа юу яриулдгийг нь үзэж сонсмоор байна гэж зохиолч хэлэв.
— Үүнээс амархан юм гэж ер үгүй. Энэ гэрийн боолчуудын харгалзагч нь миний эртиий найз нөхөр бөгөөд олон зарц нар хийгээд щейхийн найз нарын дунд ганц нэгэн хүнийг анзаарч мэдэхээргүй их танхимд энэ өдөр надад ямагт нэг суудал бэлдсэн байдаг юм. Та нарыг тийш нь оруулна уу гэж би түүнээс гуйя. Та нар ердөө дөрвүүлхнээ тул энэ бололгүй яахав. Есөн цагийн үес эндээ хүрээд ир, би тэгэхэд та нарт хариуг нь хэлье гэж өвгөн хэлэв.
Өвгөн ийн хэлсэн бөгөөд залуус түүнд талархан энэ бүхэн ямар болохыг үзэх хүсэл шунал нь оргилсон тэдний биес холдон одоцгоов. Тэд товлосон цагтаа шейхийн байшингийн өмнөх талбай дээр ирээд өвгөнтэй уулзсанд боолчуудын харгалзагч тэдний орохыг зөвшөөрсөнгэж хэлэв. Өвгөн түрүүлэн үлэмж тансгаар чимэглэсэн шат, том хаалгаар бус харин хажуугийн бяцхан хаалгаар ороод түүнийгээ хичээнгүйлэн хаав. Тэгээд олон олон гудам дамжин явсаар сая их танхимд удирдан оруулав. Тэнд нь хүмүүс тал талаас чихэлдэн байлаа. Гоёж гоодсон харчуул, уй гашууг нь тайтгаруулахаар ирсэн уг хотын нэр хүндтэй ноёд хийгээд найз нөхөд нь байх ажээ. Бас янз бүрийн үндэстний янз бүрийн боолууд байна. Гэвч тэд нь эзнээ хайрлах тул түүний хамтаар бас гашуудан бүгд сэтгэл шаналсан янзтай харагдмуй. Танхимын мухарт нэгэн тансаг буйдан дээр Алийн хамгийн нэр хүндтэй найзууд суугаад боолуудаар үйлчлүүлэн байх ажээ. Тэдний хажууд шалан дээр шейх сууж байлаа. Учир нь хүүгээ харамсан гашуудах уй гунигийн учир баярын хивсэн дээр суух ёсгүй ажээ. Түүний бие тэргүүнээ хоёр гараараа тулан суунам бөгөөд чихэнд нь найз нарынхаа шивгэнэн хэлэх тайтгарлын үгийг сонсож байгаа янз бараг үгүй ажээ. Түүний эсрэг этгээдэд боолын хувцас бүхий хэд хэдэн өвөгжөөр, залуу эрс сууна. Өвгөн залуу нөхдөд хандан эд бол Али Банугийн энэ өдөр суллах боолууд гэдгийг хэлж өгнө. Тэдний дунд бас францчууд байсан бөгөөд гойд үзэсгэлэнтэй, цэл залуу нэгэнд нь өвгөн залуусын анхаарлыг хандуулав. Шейх хэдэн өдрийн өмнө Тунисээс ирсэн боолын нэгэн худалдаачнаас түүнийг өндөр үнээр худалдаж аваад хичнээн л олон францыг нутагт нь явуулбал төдийчинээ хурднаар вивангиридич хүүг нь суллах болно гэж итгэх тул одоо түүнийг чөлөөлж байгаа нь энэ аж.
Бүгдэд идээ ундаа барьсны дараа боолуудын харгалзагчид шейх дохио өгсөнд цаадах нь босон зогсоход танхимд нам гүм болов. Түүний бие чөлөөлөгдөх боолчуудын өмнө очоод эелдэг дуугаар
— Александрын шейх, миний эзэн Али Банугийн ивгээлээр өнөөдөр эрх чөлөөтэй болох гэж байгаа эрчүүл ээ, энэ өдөр эл харшид заншил болон тогтсоны дагуу үлгэр түүх хүүрнэж эхэлцгээгтүн! гэв.
Тэд нь хоорондоо шивгэнэлдэн байснаа нэгэн өвөгжөөр боол ам нээн хүүрнэж гарав.


Top
   
PostPosted: Dec.12.14 12:33 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
:brows:


Top
   
PostPosted: Dec.12.14 2:22 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2012
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
Temdeh

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Jan.21.15 7:58 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
УНЖУУ ХАМАРТ АНАХАЙ

Эрхэм эзэн минь ээ! Багдадын эзэн захирагч Харун Ал Рашидийн үед л ид шидтэн, ад шулмас байсан, хотын зах зээлийн газар хүүрнэн яригчдаас хүмүүсийн сонссон ид шидтэн хийгээд түүний элч зардсын хэрэг явдлын тухай яриа худлаа гэж итгэцгээдэг хүмүүс тун их эндүүрч байгаа юм. Өнөө ч бас ид шидтэнгүүд байсаар байгаа бөгөөд үзтэл тийм ид шидтэн оролцсон, одоо миний та бүхэнд хүүрнэх гэж байгаа эл нэгэн явдлын гэрч болсон минь төдий л эртний юм бишээ.
Миний хайртай төрөлх нутаг германы нэртэй нэг хотод нэгэн гуталчин эр авгайнхаа хамт энгүүн даруу аж төрөн сууж байлаа. Өдөр нь түүний бие гудамжны буланд сууж гутал шаахай тэргүүтнийг загнаж, хэн нэг нь итгэмжлэн хүсэх аваас шинийг хийдэг болой. Гэвч түүний бие ядуу, бэлэн зэлэн шир үгүй тул шир худалдан авах хэрэгтэй болно. Авгай нь үүдэн дэх бяцхан цэцэрлэгтээ тариалдаг ногоо, жимс зардаг бөгөөд түүний бие цэвэр цэмцгэр хувцасладаг, ногоогоо харахад таатайгаар дэлгэн тавьдаг тул хүмүүс түүнээс ногоо жимс худалдан авах дуртай байдаг билээ.
Тэр хоёр сэтгэл татам зүс царай, чийрэг бие бялдартай, найман настай гэхэд хавьгүй том нэгэн сайхан хүүтэй бөлгөө. Түүний бие ямагт ногооны зах дээр эхийнхээ дэргэд сууж гуталчны авгайгаас их зүйл худалдан авсан авгай нар юмуу тогооч нарт жимс ногооноос нь хүргэлцэж өгдөг, ийн яваад ирэхдээ заавал сайхан цэцэг юмуу цөөн хэдэн мөнгө, эсвэл боов авчирдаг байлаа. Учир нь тэр үзэсгэлэнт сайхан хүүг дагуулж очихдоо тогооч нар дуртай тул тийнхүү элбэг дэлбэг шагнадаг билээ.
Нэгэн өдөр гуталчны авгай урьдын адил зээл дээр сууж байлаа. Өмнөө хэд хэдэн сагс байцаа болон бусад төрлийн ногоо, янз бүрийн үр жимс, нарийн ногоо тэргүүтэн, нэгэн багавтар сагсанд түрүү ургацын лийр, алим, гүйлс тавин сууж байв.
Якоб хэмээх бяцхан хүү нь дэргэд нь суугаад цээл нарийн хоолойгоор бараагаа зарлан «Ноёд оо, наашаа ирж ямар сайхан байцаа яасан сайхан үнэртэй нарийн ногоо, түрүү ургацын лийр байгааг, хатагтай нараа түрүү ургацын алим, гүйлс байгааг үзэж авцгаана уу? Миний ээж эднийг хямд төсөр өгөх болно» гэж дуудмуй. Тийн байтал нэгэн хөгшин авгай зах дундуур явсаар хүрч ирэв.
Түүний бие уранхай ноорхой хувцастай, насны улмаас үрчлээтэж гүйцсэн бяцхан, шөвгөр царай, улаан нүд, эрүүгээ даван унжсан шовх бүргэд хамартай тийм нэгэн байлаа. Нэгэн урт таяг тулан явнам бөгөөд хазганаж, хальтарч, ганхаж гуйван байхыг нь үзвэл хөлдөө дугуйтай мэт, агшин бүхэнд таварцаглан шовх хамраараа баргашин дээр хатган унах гэж байх шиг санагдах тул түүний хэрхэн явж байгааг хэлэхэд бэрхтэй ажээ.
Гуталчны гэргий эл авгайг нүд салгалгүй ажин байв. Арван зургаан жилийн турш түүний бие едөр алгасалгүй зээлийн газар сууж байгаа боловч ийм жигтэй хачин хүнийг ер хараагүй билээ. Тэр настай авгайг өөрийг нь чиглэн майжганаж ирээд сагснуудын нь дэргэд таг дуугүй гөлрөн зогсоход өөрийн эрхгүй давхийн цочив.
— Та ногоо худалдагч Ханне авгай мөн үү? гэж тэр хөгшин авгай толгойгоо зогсоо зайгүй бөнжигнүүлэн байж зэвүүн, хяхтанасан дуугаар
асуусанд гуталчны гэргий
— Тийм ээ, тэр чинь би байна гэж хариулбал
— Үзье! Үзье! Миний хэрэгтэй юм байна уу, үгүй юу үзье, энэ өвс ургамал дунд чинь үзье хэмээгээд эл хөгшин авгай сагснуудын өмнө бөхийн
үзэлд ором муухай хар гараараа нарийн ногоо бүхий сагсыг онгичин сэтгэл татам сайхнаар дэлгэн тавьсан нарийн ногоонуудыг аалзны хөл шиг урт хуруугаараа базалж нэг нэгээр нь унжуу хамартаа аваачиж үнэрлэн эргүүлж тавих аж. Ховор
нандин нарийн ногоонуудыг нь хөгшин авгайн тийнхүү үймүүлэн хутгаж байгааг үзээд гуталчны эхнэрийн зүрх шимшрэн байлаа. Авах зүйлээ шилж сонгох нь худалдан авагчийн эрх бөгөөд түүний дээр эл авгайгаас жигтэй хачнаар айж зэвүүцэх сэтгэл төрөн байсан тул юу ч хэлж зүрхэлсэнгүй.
Цаадах нь бүтэн сагс нарийн ногоог нэгд нэгэнгүй үзчихээд
— Муу юм, муу юм, муу ногоо юм, миний эрснээс ганц ч юм алга. Тавин жилийн өмнө хавьгүй дээр байсан юм. Муу юм! Муу юм! гэж үглэв.
Энэ үг нь бяцхан Якобын уурыг хүргэсэн тул
— Та ичгүүргүй хөгшин юм. Муухай хар хуруугаараа энэ сайхан нарийн ногоочуудыг онгичиж онгиччихоод шалчийтал нь базаж унжуу хамартаа аваачиж үнэрлэлээ. Үүнийг чинь харсан хүн энэ ногооноос худалдаж авахгүй болов. Тэгчихээд одоо болоход манай барааны муу муухайд нь хүрч байна. Тэгж яривал жанжин сайдын тогооч биднээс худалдаж авдаг юм шүү гэж зэвүүцэн хэлэв.
Хөгшин авгай зоримог хүүг муухай хараад зэвүүтэйеэ хөхрөөд сөөнгө дуугаар
— Хүү минь, хүү минь, чамд миний унжуу хамар, үзэсгэлэнт унжуу хамар таалагдаад байгаа юм байнаа даа. Эрүүгээ хүрсэн урт хамраар эрх биш нүүрээ чимэх болно доо чи гэв. Түүний бие тийн хэлэх зуураа байцаа дэлгэн тавьсан өөр нэг сагс руу мөлхөн хүрээд жигтэй сайхан цав цагаан бөндгөр байцаануудыг гартаа авч шажигнатал нь шахан базаад буцааж сагсанд эмх замбараагүй хаялан бас л
— Муу юм, муу байцаа юм гэв. Бяцхан хүү эмээсэн янзтай
— Толгойгоо ингэж зэвүүтэй муухайгаар битгий бөнжигнүүлээч. Хүзүү чинь байцааны иш шиг нарийхан, амархан тасраад уначихмаар тул сагсанд уначихвал хэн худалдаж авах билээ? гэсэнд авгай хөхрөн
— Нарийн хүзүү чамд таалатдахгүй байна уу? Тэгвэл ийм хүзүү чамд ер хэрэггүй, бяцхан биенээс чинь тасраад уначихааргүй байхын тулд толгой чинь мөрөндөө шигдэж байвал зохино гэж үглэв.
— Та хүүхэдтэй хэрэггүй юм бүү чалч. Юм худалдаж авах юм бол түргэлж үз.
Танаас болоод бусад хүмүүс үүгээр ирэхгүй нь гэж удтал үзэж, шалгаж, үнэрлэхэд нь дургүйлхсэн гуталчны авгай сая ам ангайв.
- За за чиний хэлснээр болог. Би чамаас энэ зургаан байцааны толгойг авъя, Гэхдээ таяг тулан сальдархлах миний бие юу ч авч явж чадахгүй тул хүү чинь авсан зүйлийг минь гэрт минь хүргэж өгөг. Би шангий нь өгөх болно гэж тэр хөгшин хилэмтэйеэ харан байж хэлэв.
Муухай авгайгаас айн ширвээдсэн хүү цуг явахгүй гэж уйлсан боловч хөгшин, тамир тэнхээгүй авгай ийм зүйл бариулан язуулах нь нүгэл хэмээн бодсон эх нь түүнийг зандран тушаав. Уйлагнаж байж түүний бие эхийнхээ тушаасан ёсоор байцаануудыг бааданд боон хөгшин авгайг даган зээл дундуур алхав.
Авгайн явах нь хорхой мөлхөх шиг тул хотын хамгийн захын хэсэг хүртэл гурван мөч хэртэй явсан бөгөөд сая нэгэн бяцхан, яйжгий байшингийн үүдэнд очицгоов. Тэнд хүрмэгц авгай зэвэрчихсэн муу дэгээ халааснаасаа гаргаж ирээд хаалганд байгаа бяцхан нүхэнд сурмаг гэгч нь шургуулсанд хаалга нь гэнэт хяхтанан нээгдэв. Гэхдээ бяцхан Якоб дотор нь ороод хичнээн их гайхсан гэж санана? Байшингийн доторхи нь үнэнхүү тансаг засалтай ажээ. Тааз хана нь гантиг, засал тавилга нь алт, засмал чулуу шигтгэсэн зандан, шал нь шил бөгөөд өөгүй гөлчгөр тул хүү хэд хэдэн удаа хальтран унажээ. Хөгшин тэгтэл мөнгөн шүгэл халааснаасаа гаргаж ирээд байшинд цуурайтан жингэнэсэн нэгэн аялгуу үлээсэнд даруй хэд хэдэн усан гахай шатаар бууж ирэв. Тэдний хойд хоёр хөл дээрээ босоо явж байгаа нь, гутлын оронд савартаа самрын яс углаж хүний өмсдөг хувцас өмсч, тэр ч байтугай хамгийн сүүлийн үеийн загварын малгай толгой дээрээ тавьсан нь Якобт тун жигтэй санагджээ.
— Өөдгүй новшнууд та нар миний шаахайг хаана тавьсан бэ? гэж хашгираад таягаараа тэднийг ширвэсэнд тэд нь гаслан гангиналдаж дээш цовхорцгоосон бөгөөд
— Би хэдий болтол энд зогсох юм бэ? Гэвэл бүгд шатаар дээш яаран гүйлдэж сарьсаар доторлосон наргилын самрын ясан шаахай авчирч хөгшин авгайн хөлд сурмаг гэгч углав.
Эдүгээ нөгөө хазганаж, майжганадаг нь үгүй болов. Түүний бие таягаа чулуудчихаад бяцхан Якобыг гараас нь хөтлөн шилэн шалан дээгүүр маш хурднаар тэшин одов. Тийн явсаар хэдийгээр сум модон ширээ, гоё гоё хивс дэвссэн буйдан эгнүүлэн тавьсныг нь үзвэл ёслолын танхим гэлтэй боловч аливаа засал тэргүүтнийг нь ажвал гал тогооны газар байлтай нэгэн өрөөнөө сая зогсов.
— Хүү минь суу гэж авгай найрсгаар хэлэх зуураа түүнийг нэгэн буйдангийн булан руу шахаж, өмнө нь нэгэн ширээ тулган тавьсан тул хүү тэндээс гарах аргагүй болов.
— Суу, суу, чи хүнд юм барьж ирсэн шүү. Хүний толгой гэдэг тийм ч хөнгөн юм биш, хөнгөн юм биш гэж үглэх аж.
— Авгай, та яасан жигтэй юм ярина вэ? Хэдийгээр би ядарсан боловч миний барьж ирсэн зүйлс байцаа билээ. Та тэднийг эхээс минь худалдаж авсан шүү дээ гэж жаал хүү хашгиран хэлсэнд авгай сагсны бүтээлгийг хуу татан нэгэн хүний толгойг үснээс нь татан гаргаж ирээд
— Ээ, чи худлаа ярьж байна гэв.
Жаал хүү айсандаа ухаан алдах шахав. Энэ бүгд яагаад ийм болсныг ухаж мэдэж чадсангүй. Харин юуны өмнэ эхийгээ бодов. Хэн нэг нь эл хүний толгойн тухай мэдвэл ээжийг минь үүний төлөэ яллан шийтгэх болно гэж боджээ.
— Чи ийм дуулгавартай хүү тул шанд нь юм өгөх хэрэгтэй. Түр тэсч үз, насан туршдаа мартахааргүй шөл хийж өгье гэж авгай үглэх аж. Ингэж хэлээд дахин шүгэлдсэнд эхлээд хүний ёсоор хувцаслаж гал тогооны хормогч зүүж, бүсэндээ хоол хутгадаг халбага, балиус, хавчуулсан баахан усан гахай, дараа нь өргөн шалбуур өмд, ногоон хилэн малгай өмсөж хоёр хөл дээрээ дэгдэн яваа хэрэм бужигналдан хүрч ирэв. Тэд нь асар хурднаар хананд авиран гарч хайруулын таваг, аяга, өндөг, шар тос, нарийн ногоо хийгээд гурил тэргүүтнийг пийшин дээр авчирч тавихыг үзвэл тогооч багачуул бололтой аж. Тэнд нь нөгөө авгай Наргилын самрын ясан шаахайтай байнга нааш цааш холхих нь өөрт нь ямар нэг сайхан хоол хийлгэх гэж их л чармайн байгаа бололтой гэж жаал хүү бодов. Тийн байтал гал шажигнан дүрэлзэж хайруулын тавагнаас уур савсан шаржигнах чимээ гараад тасалгаанд таатай үнэр түгэв. Гэвч нөгөө хөгшин авгай мөн л нааш цааш харайн хэрэм, усан гахай тэргүүтэн түүний араас гүйлдэх аж. Тэгээд пийшингийн дэргэд очмогцоо тогоо руу унжуу хамраа дүрчих шахан харж шиншлэх аж. Тэгтэл сая тогоонд юм буцлах, шуугих чимээ гараад уур савссан хөөс цахарч галд дэврэн асгарах үзэгдэв. Тэгэхэд нь авгай түүнийг гал дээрээс аван мөнгөн аяганд шөлнөөс хийн Якобын урд тавиад
— Авгай, та яасан жигтэй юм ярина вэ? Хэдийгээр би ядарсан боловч миний барьж ирсэн зүйлс байцаа билээ. Та тэднийг эхээс минь худалдаж авсан шүү дээ гэж жаал хүү хашгиран хэлсэнд авгай сагсны бүтээлгийг хуу татан нэгэн хүний толгойг үснээс нь татан гаргаж ирээд
— Ээ, чи худлаа ярьж байна гэв.
Жаал хүү айсандаа ухаан алдах шахав. Энэ бүгд яагаад ийм болсныг ухаж мэдэж чадсангүй. Харин юуны өмнэ эхийгээ бодов. Хэн нэг нь эл хүний толгойн тухай мэдвэл ээжийг минь үүний төлөэ яллан шийтгэх болно гэж боджээ.
— Чи ийм дуулгавартай хүү тул шанд нь юм өгөх хэрэгтэй. Түр тэсч үз, насан туршдаа мартахааргүй шөл хийж өгье гэж авгай үглэх аж. Ингэж хэлээд дахин шүгэлдсэнд эхлээд хүний ёсоор хувцаслаж гал тогооны хормогч зүүж, бүсэндээ хоол хутгадаг халбага, балиус, хавчуулсан баахан усан гахай, дараа нь өргөн шалбуур өмд, ногоон хилэн малгай өмсөж хоёр хөл дээрээ дэгдэн яваа хэрэм бужигналдан хүрч ирэв. Тэд нь асар хурднаар хананд авиран гарч хайруулын таваг, аяга, өндөг, шар тос, нарийн ногоо хийгээд гурил тэргүүтнийг пийшин дээр авчирч тавихыг үзвэл тогооч багачуул бололтой аж. Тэнд нь нөгөө авгай Наргилын самрын ясан шаахайтай байнга нааш цааш холхих нь өөрт нь ямар нэг сайхан хоол хийлгэх гэж их л чармайн байгаа бололтой гэж жаал хүү бодов. Тийн байтал гал шажигнан дүрэлзэж хайруулын тавагнаас уур савсан шаржигнах чимээ гараад тасалгаанд таатай үнэр түгэв. Гэвч нөгөө хөгшин авгай мөн л нааш цааш харайн хэрэм, усан гахай тэргүүтэн түүний араас гүйлдэх аж. Тэгээд пийшингийн дэргэд очмогцоо тогоо руу унжуу хамраа дүрчих шахан харж шиншлэх аж. Тэгтэл сая тогоонд юм буцлах, шуугих чимээ гараад уур савссан хөөс цахарч галд дэврэн асгарах үзэгдэв. Тэгэхэд нь авгай түүнийг гал дээрээс аван мөнгөн аяганд шөлнөөс хийн Якобын урд тавиад
— За, хүү минь, энэ жаахан шөлийг уучих, тэгвэл миний чамд таалагдсан бүхэн өөрт чинь бий болно. Бас чи гарамгай сайн тогооч болох ёстой. Үүнд чи муу ч үгүй юм шиг бололтой. Харин тэр нарийн ногоог, тэр ногоог бол чи хэзээ ч олох ёсгүй. Яагаад тэр эхийн чинь сагсанд ер байсангүй вэ? гэв. Жаал хүү түүний юу хэлснийг ойлгосонгүй бөгөөд өөрт нь гойд санагдсан шөлөнд л хамаг анхаарлаа хандуулжээ. Эх нь түүнд хааяа амттай шөл хийж өгдөг байсан боловч ер ийм сайхан амттай шөл урьд өмнө идэж үзсэнгүй билээ. Сайхан нарийн ногоо, үндэс тэргүүтний үнэр шөлнөөс ханхлам шөл нь амттайн зэрэгцээ исгэлэн, хэл ам дарвигануулсан гашуун ажээ. Түүнийг сүүлчийн дусал шөлийг ууж дуусах үес усан гахайнууд араб газрын хүж асаасанд өрөөнд цэнхэр утаа суунаглан утаан үүл улам улам өтгөрөн доош намиран бууж байлаа. Хүжийн үнэрт жаал хүү мансуурсан биеэ хөвчлөн байж эхдээ эргэж очилгүй болохгүй гэж лав хашгирсан бизээ. Гэвч төдөлгүй дахин үүргэлэн үүргэлсээр эцэст нь хөгшин авгайн буйдан дээр нам унтаад өгчээ.
Жигтэй хачин зүүд зүүдлэгдэв. Нөгөө хөгшин авгай хамаг хувцсыг нь тайлж аваад хэрэмний арьс нөмөргөж байх шиг түүнд санагдав. Тэгээд хэрэмний адилаар үсэрч, энэ тэрээд авирч чаддаг болжээ. Нэн дуулгавартай, ёсорхуу улс болох бусад хэрэм, усан гахайн хамт түүний бие түүгээр холхин хөгшин авгайн ажил төрлийг хийж байх юм.
Эхлээд гутал цэвэрлэгчээр ажиллав гэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл авгайн өмсдөг наргилийн самрын ясан шаахайг тосолж гялалзтал нь зүлгэх нь болой. Эцгийнхээ гэрт байхдаа энэ мэт ажил байнга хийдэг байсан тул энэ нь тун амархан байлаа. Нэг жил орчмын дараа арай нарийн ажилд тохоогдов гэж цааш нь зүүдлэв. Энэ нь өөр хэд хэдэн хэрэмний хамт нарны тоос барьж аван түүнийгээ хангалттай гэж үзвэл маш нарийн хялгасан шигшүүрээр шигших нь болой. Эл авгай чухамхүү нарны тоосыг машид эрхэмлэн үзэх бөгөөд ганц ч шүдгүйн улмаас сайтар хазаж чадахгүй тул тэрхүү нарны тоосоор талх бариулдаг байлаа.
Тэгээд бас нэгэн жил өнгөрөхөд авгайн ундны усыг цуглуулдаг ажилд тохоогдов. Борооны ус тосохын тулд том торх газарт суулгах юмуу сав гадаа тавьдаг юм гэж бүү бодогтун. Энэ нь тун нарийн ажил болой. Хэрэмнүүдийн хамт Якоб шид модны самрын ясан аягаар сарнайн дэлбээнээс шүүдэр цуглуулах бөгөөд энэ нь авгайн ундны ус болдог байлаа. Түүний бие уумхай гэж життэйхэн тул усчны ажил хүнд болой. Түүнээс нэг жилийн дараа гэрийн дотоод ажилд тохоогдов. Түүний ажил нь чухамдаа шал цэвэрлэх бөгөөд шал нь амьсгаа хүрэх төдий хүртэл аливаа хүний нүдэнд тусахуйц шил тул энэ нь багагүй хүнд ажил байлаа. Шалаа сойздож угаагаад дараа нь хөлдөө алчуур боон өрөөн дотуур шаламгайлан хөлхөнө. Дөрөв дэх жилдээ арайхийн гал тогоонд шилжин ажиллав. Энэ нь удтал шалгуулсны эцэст хүрдэг хүндтэй алба байжээ. Якоб тэнд гар хурууны үзүүрт зарагддаг байснаа ахь ахисаар тэргүүн зэргийн хуушуурчин болов. Тэгээд гал тогооны бүх төрлийн ажилд ер бусын уран, шаламгай, туршлагатай болсон бөгөөд үүнийгээ өөрөө ч гайхдаг байлаа. Хамгийн хэцүү ажил болох хоёр зуун янзын найрлага бүхий хуушуур, бууз, газар дэлхийн бүх төрлийн нарийн ногоо, амтат үндэс тэргүүтнээр бүрдэх нарийн ногооны шөл тэргүүтнийг бүгдийг хийж сураад, нарийн учрыг нь даруй ойлгож, амттай хийж чаддаг болжээ.



___________________________________


Top
   
PostPosted: Jan.21.15 8:00 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
Ийм янзаар тэр хөгшин авгайнд долоон жил ажиллаад байтал нэгэн өдөр эл авгай наргилын самрын ясан шаахайгаа тайлан сагс, суга таягаа аван гадаа гарахаар зэхээд нэгэн эм тахиаг зулмалан нарийн ногоо чихэн эргэж ирэхээс минь өмнө сайхан хүрэнтэж шарлатал нь шараад байж бай гэж тушаав гэнэ. Түүний бие энэ тушаалыг нь зүй ёсоор гараа гарган хийжээ. Шарах тахианыхаа хүзүүг хуга мушгин халуун усанд үйн, хамаг өдийг нь хурдан шаламгай зулгааж, арьсыг нь сайхан гөлчгөр болтол нь хусан гэдэс дотрыг нь авчээ. Дараа нь тахианы гэдсэнд чихэх нарийн ногоо түүж цуглуулав. Нарийн ногооны зооринд урьд өмнө нь түүний ерөөс ажин мэдээгүй нэгэн ханын бяцхан шүүгээний үүд хагас нээлттэй байгааг энэ удаа ажиж мэджээ. Түүнд юу байдгийг үзэхээр сониучирхан дөхөж очвол тэнд нь учиргүй хурц, сайхан үнэр бүхий олон бяцхан сагс байв гэнэ.
Түүний бие эл сагснуудын нэгийг онгойлгож үзвэл дотор нь гойд жигтэй өнгө хэлбэр бүхий өвс ургамал байлаа. Иш навч нь хөхөвтөр ногоон хэрнээ шар титэмтэй дүрэлзсэн улаан бяцхан цэцэгтэй ургамал байсанд түүнийг санаашран ажиж үнэрлэж үзвэл нэгэн цагт нөгөө хөгшин авгайн өөрт нь чанаж өгсөн шөлнөөс хадан байсан шиг яг тийм үнэр тархан байлаа. Тэр нь тун хурц үнэр байсан тул түүний бие найтааж эхлээд улам улам хүчтэй найтаасаар сая сэржээ.
Сэрээд үзвэл хөгшин авгайн буйдан дээр хэвтэж байсанд гайхан эргэн тойрноо харав.
— Хүн ийм сониноор зүүдлэх гэж байх уу ер! Миний бие эдүгээ усан гахай болон бусад амьтдын найз муухай хэрэм болоод гэхдээ харин лут мундаг тогооч болжээ гэдгээ андгайлан тангараглахад бэлхэн байна. Энэ бүгдээ яривал ээж минь хичнээн их хөхрөх бол! Зээлийн газар өөрт нь туслахын оронд айлын гэрт унтаж хоцорсонд минь уурлаж загнахгүй байгаа даа гэж сэтгээд явахаар завдан ухасхийн босвол хамаг үе мөч нь унтсаны улмаас хөшиж орхисон байлаа. Ялангуяа хүзүү нь хөшчихөөд толгойгоо хөдөлгөж болохгүй байлаа. Бас учиргүй их нойрмоглон байсан тул яах ийхийн завдалгүй хамраараа шүүгээ юмуу хана очиж мөргөн яаран эргэхдээ хаалганы гуя цохисонд өөрийгөө шоолж инээхээс өөр аргагүй байв. Хэрэм, усан гахайнууд өөрийг нь дагалдан гарах гэсэн мэт түүнийг тойрон гангиналдаж байлаа.
Тэд нь хөөрхөн амьтад тул босгон дээр очоод цуг явцгаая гэж үнэн сэтгэлээсээ урьсан боловч самрын ясан шаахайтай тул яаран эргэсэн тэдний орилолдон байгааг л сонсож байлаа.
Түүнийг эмгэний аваачсан газар нь хотын нэн захын хэсэг байсан бөгөөд нарийн гудамжнуудаас замаа олж гарч чадахгүй байв. Тэнд нь хүмүүс чихэлдэн, ойр хавьд нь нэгэн анахай харагдсан бололтой газар сайгүй хүмүүс «Та минь ээ, тэр муухай анахайг харцгаагаач! Хаанаас гараад ирэх нь энэ вэ. Яасан том хамартай юм бэ? Толгой нь бүр мөрөндөө шигдчихсэн юм, яасан муухай хар гартай юм бэ?» гэж хашгиралдан байлаа. Аварга том биетэн юмуу анахайг, бас жигтэй сонин хувцас тэргүүтнийг харах тун дуртай тул өөр үедсэн бол түүнийг үзэхээр гүйх байсан бизээ. Гэтэл одоо эхдээ очихоор яаран явлаа.
Зээлийн газар ирээд Якоб тун их айв. Эх нь мөн л тэр газраа суусаар бөгөөд сагсанд нь зөндөө их жимс байгааг үзвэл тийм ч их удаан унтаагүй бололтой аж. Жимс, ногоо худалдаж авна уу гэж хажуугаараа хөлхөх улсыг дуудахгүй толгойгоо гараараа тулан суугааг үзвэл их л уй гунигтай байгаа бололтой гэдгийг холоос ажиж мэдэв. Бас нэлээн дөхөж ирвэл урьд урьдынхаасаа илүү цонхигор царайтай байгааг нь үззв. Яахаа шийдэж ядан хэсэг зуур зогсоод зориг шулуудан ээжийнхээ араас гэтэн очоод гараа гар дээр нь уйтгартайяа тавиад
— Ээж минь ээ, та яагаа вэ? Та надад уурлаж байна уу? гэж хэлэв,
Гуталчны авгай түүн рүү эргэн харснаа айн цочиж дуу алдан арагш ухраад
- Муухай царайтай анахай чи надаас юу хүсээ вэ? Зайл! Зайл! Би ийм муухай тоглоомыг тэсэн тэвчиж чадахгүй гэж хашгиран хэлэв.
— Ээж минь ээ, та яагаа вэ? Таны бие нэг л таагүй байгаа бололтой. Яагаад хүүгээ хөөгөөд байгаа юм бэ? гэж Якоб ихэд айн цочиж асуусанд
— Замаа хөөн од гэж би чамд аль түрүүн шүү. Үзэлд орсон хүний оронцог минь мэхэлж надаас мөнгө салгаж чадахгүй ээ чи! гэж Ханне авгай хилэгнэн өгүүлэв.
- Үзтэл тэнгэр түүний ухааны гэгээг хаажээ гэж жаал хүү сэтгэл зовнин өөртөө өгүүлээд
— Гэртээ эднийг аваачихын тулд би яавал зохих вэ? Хайрт ээж минь, та амгалан байж үз, Намайгаа сайн хар, би таны хүү Якоб чинь байна шүү дээ гэсэнд Ханне хажуугийнхаа эмэгтэйд хандаж
— Харав уу, одоо надаар бүр ичгүүргүй тохуурхаж байна гээч. Энэ үзэлд орсон анахайг хараач. Энд зогсоод хамаг худалдан авагчдыг минь зайлуулж гүйцлээ. Тэгээд бас миний золгүй явдлаар даажигнаж байна. Ичгүүргүй амьтан чинь харин бүр «Би таны хүү Якоб чинь байна» гээд байгаагий нь яана! гэв.
— Тэгтэл зэргэлдээх авгай нар нь босож ирээд мэддэг муухай хараал бүхнээрээ зүхэн занаж долоон жилийн өмнө зураг шиг сайхан хүүгээ хулгайд алдчихсан хөөрхий Ханнегийн зовлонгоор тохуурхав гэж түүнийг хараав. Зээлийн газын авгай нар ийм юманд гаргууд гэдгийг та бүхэн мэдэх билээ. Тэгээд түүнийг даруй зайлахгүй бол дайран орж маажиж самардана гэж сүрдүүлцгээв.
Хөөрхий Якоб энэ бүхнийг юу гэж үзэхээ мэдэхгүй байлаа. Тэр өөрөө итгэж байсанчлан ердийн байдлаараа өнөө өглөө эрт ээжийнхээ хамт зээлийн газар ирээд жимс ногоогоо дэлгэж тавихад нь туслан дараа нь тэр нэг хөгшин авгайтай гэрт нь очин жаахан шөл ууж яльгүй дугхийчихээд эргээд ирсэн биш билүү. Гэтэл ээж нь болон хажуугийнх нь авгай нар долоон жилийн тэртээ энэ тэр гэцгээж байх юм! Бас өөрийг нь жигшүүрт муухай анахай гэсэн гээч! Ер нь тэр яачихсан юм бол! Ээж нь түүнээс ер юу ч сонсохыг хүсэхгүй байгааг үзээд нүдний нь нулимс цийлэгнэн ирсэнд эцгийнхээ өдөр өнжин гутал загнан суудаг бяцхан шовгорын зүг гудамж уруудан гунигтайяа алхав. «Аав бас намайг мэдэхийг хүсэхгүй байх нь үү, үгүй Юу үзье. Үүдэн дээр нь очиж зогсоод ярилцъя» гэж боджээ. Чингээд гуталчны шовгорт



хүрч ирмэгцээ үүдэнд нь очиж зогсоод дотогш шагайв. Гуталчин ажилдаа улайрчихсан байсан тул түүнийг ер харсангүй. Гэхдээ санаандгүй үүд рүү нэг удаа хяламхийн хараад гутал, олс, шөвөг тэргүүтнээ газар алдан унагаж
— Тэнгэр минь, юу гэгч нь энэ вэ, юу гэгч нь энэ вэ? гэж айн дуу алдав.
— Гуталчин гуай, амархан сайн байна уу? гэж хэлэх зуураа жаалхүү уг шовгорт орж очив.
— Муу, муу, бяцхан эрхэм минь! Ажил төрөл минь явцгүй байна. Гав ганцаар нас дээр гарсан болохоор тусгүй байна. Туслах хүн хөлсөлнө гэхэд миний хувьд их үнэтэй байна гэж эцэг нь хариулсанд Якоб учиргүй их гайхав. Эцэг нь бас түүнийг танихгүй байгаа бололтой аж.
— Ажил төрөлд тань гар хурууны үзүүрт тус болоод байх хүүгүй юмуу та? гэж жаал хүү туршин асуувал
— Би Якоб гэдэг нэгэн хүүтэй байсан юм. Тэр маань одоо бол хорин настай, туранхай, шаламгай, наддаа тун тустай залуу байхсан. Тэр минь байсансан бол амьдрал гэдэг ёстой л оволзож байхсан даа! Дөнгөж арван хоёртой байхдаа л тун сэргэлэн, юманд дүйтэй гар урлалын наад захын ойлголттой, хөөрхөн ялдам хүү байсан юм.
Тэр минь байсан бол захиалагчид овоороод л би гэдэг хүн хуучин гутал загнаж суухгүй зөвхөн шинэ гутал л уллаж байх сан даа. Гэтэл орчлон хорвоо гэдэг ийм л байх юм даа! гэв,
— Тэгээд хүү чинь хаана байгаа юм бэ? Гэж Якоб чичирхийлсэн хоолойгоор эцгээсээ асуув.
— Тэнгэр л түүнийг мэднэ байх. Долоон жилийн өмнө, бас л урт хугацаа шүү, түүнийг минь зээл дээрээс хулгайлчихсан юм гэж гуталчин хариулсанд
— Долоон жилийн өмнө гэнэ ээ? гэж Якоб айн сандарч асуув.
— Тийм ээ бяцхан ноён минь, долоон жилийн өмнө. Хүүгээ бүх л өдөржин хүлээсэн боловч эргэж ирсэнгүй, газар сайгүй эрж сураад олсонгүй гэж авгай минь уйлж орилсоор ирсиийг би яг л өнөө болсон юм шиг тодорхой санаж байна. Ийм юм болох вий гэж би ямагт боддог, хэлдэг ч байсан юм. Якоб маань хөөрхөн хүү байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Авгай маань үүнд нь бардамнадаг бөгөөд хүүг маань хүмүүс магтахад дуртай, ногоо юмуу жимс тэргүүтэн бариулан хүндтэй айл гэрт очуулдаг байлаа. Тэр бүрийдээ өгөөмөр их бэлэг авчирдаг тул энэ нь ч зөв байв. Гэхдээ би анхааралтай л байж үзээрэй гэдэгсэн. Хот том, муу хүн мундахгүй тул Якобыг минь анхаарч үзээрэй! Гэж ямагт сануулдаг байв. Тэгтэл миний хэлснээр болох нь тэр. Нэгэнтээ үзэшгүй муухай хөгшин авгай зээл дээр ирээд жимс ногоо үзэж үзэж эцэст нь өөрөө дааж явж чадахааргүй их ногоо авчээ.
Өрөвч сэтгэлт эхнэр минь хүүгээ дагуулж явуулаад өдий болтол барааг нь олж хараагүй юм даа.
— Тэгээд түүнээс хойш долоон жил өнгөрчихсөн гэж та хэлэв үү?
— Энэ хавар яг долоон жил болох юм. Бид түүнийг зарлуулж, айл айл хэсэн асууж сурагласан. Тэр хөөрхөн хүүг минь зарим нь мэддэг, хайрладаг байсан тул бидэнтэй цуг эрэлцсэн боловч өр нэмэр болсонгүй. Ногоо худалдаж авсан тэр авгайг ч мэдэх хүн бас байсангүй. Гэтэл бүр насны туйлд хүрсэн, одоо ертэй нэг эмгэн түүнийг илбэчин шулам, үндэс танигч байсан байж таарна. Тэр тавин жил тутамд энэ тэр элдэв дээдийн юм худалдаж авахаар хот орж ирдэг юм гэсэн дээ.
Якобын эцэг ингэж яриад гутлаа хүчтэй гэгч балбан олсыг нь хоёр гараараа татан гаргаж ирэв. Байн байсаар жаал хүүд өөрт нь тохиолдсон хэрэг явдал тодорхой болж, зүүдлээгүй юм байна, харин өөдгүй шуламд түүний бие долоон жилийн турш хэрэм болон зарцлагдаж байжээ гэдгээ ойлгов. Уур хилэн, гаслан зовлон зүрхэнд нь багтаж ядталаа хуран бараг дэлбэ үсрэх гэж байлаа. Залуу насны нь долоон жилийг тэр хөгшин авгай түүнээс хулгайлжээ. Тэгээд оронд нь юу олж авав? Наргилын самрын ясан шаахайг гялалзтал нь цэвэрлэж чаддаг нь уу? Шилэн шалтай тасалтааг цэвэрлэж чаддаг нь уу? Бяцхан усан гахайнаас хоол хийхийн нууцыг сурсан нь уу? Түүний бие тэнд удтал зогсон хувь заяагаа эргэцүүлэн бодож байтал сая эцэг нь ам нээж ингэж асуув.
— Залуу эрхэм ээ, танд надаар хийлгэх юм байна уу? Хос шинэ шаахай юмуу эсвэл гээд инээвхийлэн байж
— Хамартаа дугтуй хийлгэж болох юм шүү дээ гэж нэмж хэлэв.
— Та юунд ийм юм ярина вэ? Яагаад хамарт минь дугтуй хэрэгтэй болдог билээ? гэж Якоб асуусанд гуталчин хариуд нь
— За яахав, хүн бүхний дур хүсэл өөр өөр. Хэрэв би ийм муухай хамартай байсансан бол улаан өнгөтэй торгон илгээр дугтуй хийлгэх байсан гэдгийг танд хэлэх хэрэгтэй. Хараач, энэ тун сайхан эд байгаа биз? Таны хамарт дугтуй хийхэд лав тохой хэртэй орно бизээ. Бяцхан эрхэм ээ, чингэвэл уг нь танд сайн байхсан. Та лав хаалганы хатавч бүхнийг, замаас нь зайлах гэж бодсон тэрэг бүхнийг хамраараа мөргөдөг гэдгийг би мэдэж байна гэв.
Бяцхан эр айсандаа мэлрэн зогсов. Хамраа тэмтэрч үзвэл тэр нь бүдүүн монцгор, бардаагаар хоёр төө урт ажээ. Тийнхүү тэр хөгшин авгай түүний галбир төрхийг хүртэл хувиргасан байна! Иймийн учир эх нь түүнийг таниагүй юм болов уу? Иймийн учир хүмүүс түүнийг үзэлд орсон анахай гэж хараан зүхсэн бус уу?!
— Гуталчин гуай, нүүрээ харчихмаар толь танд байхгүй биз? гэж мэгшин байж асуувал эцэг нь тун нухацтайгаар
— Залуу эрхэм ээ, өөрийг чинь бахархуулаад байхаар галбир дүрс тэнд алга, тэгээд ч та цаг тутам тольдоод байх шалтаг алга. Та тэр зуршлаа орхи. Ялангуяа таны хувьд энэ чинь тун инээдтэй зуршил байна даа гэв.
— Элээ халаг минь, та намайг толинд харуулаад өгөөч, энэ маань ердөө л ихэрхэж бардсандаа биш юм шүү гэж бяцхан эр дуу алдсанд
— Та намайг амар байлгаж үз. Надад тийм юм ердөө ч үгүй. Авгайд маань нэг бяцхан толь бий боловч түүнийгээ хаана хадгалсныг нь би мэдэхгүй, Та толинд харахаас өөр аргагүй байгаа бол гудамжны эсрэг талд үсчин Урбан гэгч байдаг бөгөөд түүнд таны толгойноос хоёр дахин том толь бий. Тэнд та өөрийгөө сайн харж ав. Ингээд баяртай! гэж хэлээд эцэг нь түүнийг нэн эелдгээр шовгороосоо түлхэн гаргаад араас нь хаалгаа түгжин ажлаа үргэлжлүүлэхээр буцаж суув. Нөгөө бяцхан эр харин эртнээс таних үсчин Урбан руу ихэд уруу царайлан гудамж огтлон явав.
— Урбан гуай, сайн байна уу? Таныг надад тус болж үзнэ үү гэж гуйхаар ирлээ. Та өгөөмөр сэтгэл гарган намайг толиндоо харуулахгүй юу? гэж Якоб хэлсэнд
— Дуртайяа зөвшөөрье, тэнд байж байна гэж үсчин хөхрөн байж хэлсэн бөгөөд түүгээр сахлаа хусуулах гэсэн хүмүүс бас тачигнатал хөхрөлдөцгөөв.
— Та тун үзэсгэлэнтэй залуу юм. Зэгзгэр нарийхан, хун шиг сайхан хүзүүтэй, хааны гүнжийнх шиг гартай, хэнд ч үгүй сайхан шовх хамартай юм даа. Та үүгээрээ яльгүй бардамнадаг нь үнэн байна. Та дандаа ирж тольдож бай.
Атаархсандаа таныг тольдуулсангүй гэж хүмүүс намайг бүү гоочлох болтугай.
Үсчинг ийн хэлбэл янцгаах мэт хөхрөлдөх дуун үсчний өрөөг доргиулан донслуулав. Бяцхан эр энэ завсар толины өмнө очиж өөрийгөө харсанд нүдийг нь нулимс өөрийн эрхгүй бүрхээд иржээ. «Хайрт ээж минь, ийм болчихсон байхад та яаж хүүгээ таних билээ. Дагуулж яваад хүмүүсийн өмнө сайрхан байсан баяр баясгалант өдрүүд дахин ирэхээргүй үгүй болжээ!» гэж өөртөө хэлэв. Нүд нь гахайнх шиг жийтгар, хамар нь учиргүй том бөгөөд аман дээгүүр нь даван эрүү рүү нь унжаад, хүзүү нь ерөөс үгүй юм шиг болжээ. Толгой нь мөрөнд нь нугдайн шигдэж, ихэд эмзэглэн байж толгойгоо баруун зүүн тийш хөдөлгөхөд хүрч байв. Бие нь долоон жилийн өмнөхөөсөө өсөөгүй, яг л арван хоёр настай байх үеийнх шигээ байх бөгөөд бусад хүмүүс арван хоёроос хорин насандаа өндрөөшөө өсдөг бол өргөөшөө, өсөөд нуруу цээж нь ханхайн дүүрэн юм чихчихсэн оготор шуудай шиг л харагдаж байлаа. Энэхүү бүдүүн бие нь эл хүчир дарамтны улмаас өсөөгүй юмуу гэлтэй бяцхан, турьгүй гуян дээр нь данхайн үзэгднэм бөгөөд харин гар нь нас бие гүйцсэн эрийнх шиг урт, том тул биед нь санжиганан савлаж харагдмуй. Гарынх нь сарвуу парвигар, хүрэн шар өнгөтэй, хуруу нь урт, аалзны хөл мэт бөгөөд алгаа сайтар тэнийлгэвээс ер бөхийлгүйгээр газарт хүрэхүйц ажээ. Бяцхан Якоб ийм байдалтай харагднам бөгөөд галбир дүрсгүй анахай болон хувирчээ,
Түүний бие одоо нөгөө хөгшин авгай эхийнх нь сагснууд рүү хүрч ирсэн тэр өглөөг эргэн санав. Тэгэхэд тэр авгайг өөлөн шоолсон бүхэн, унжуу хамар, үзэшгүй муухай хуруу гээд л бүгд өөрт нь бий болоод ганцхан урт гулжганасан хүзүү нь орхигджээ.
— За, тольдож ханав уу эрхэм агь минь гэх зуураа үсчин хүрч ирээд хөхрөн байж түүнийг ажин
— Хүн энэ мэтийг зүүдэндээ үзье гэж хичнээн хичээвч ийм инээдэмтэй юмыг ер олж үзэхгүй. Гэхдээ бяцхан хүн гуай, танд би нэгэн зүйлийг санал болгох гэсэн юм. Миний үсчний газар хүн их ирдэг боловч саяхнаас санасанд минь хүрэхээргүй болоод байна. Учир нь миний хөрш үсчин Шаум хэнээс ч юм бэ нэг их аварга биет хүн олж аваад түүгээрээ үйлчлүүлэгчдийг татдаг болсноос ийм болов. Тэгэхлээр аварга том биетэн болно гэдэг чухамдаа ямар ч урлаг биш, харин тан шиг ийм хүний оронцог байна гэдэг өөр юм шүү. Бяцхан эр минь, чи миний дэргэд ажилла. Орон байр, хоол унд хувцас хунар бүгдийг би өгнө. Хариуд нь өглөөгүүр та үүдэн дээр минь зогсоод хүмүүсийг наашаа орно уу гэж урин залж, бас сахлын саван бэлдэж үйлчлүүлэгчдэд алчуур гардуулан өгч байх болно. Ингэвэл бидний хэн хэнд ашигтай гэдэг нь баталгаатай. Би тэр аварга биетэнтэй үсчингээс илүү олон үйлчлүүлэгчтэй болох бөгөөд үйлчлүүлсэн хүн бүхэн таны гарыг цайлгаж байх болно гэж хэлэв.
Үсчинд орлого оруулахын тулд өгөөшинд тавьсан шувуу адил ажиллана уу гэсэнд бяцхан эр дотроо хорсон дургүйлхэв. Эл доромжлолыг тэвчээртэй тэсэн өнгөрөөх юм гэж үү? Иймээс түүний бие энэ мэт ажилд зарцуулах цаг зав надад үгүй гэж тайвуухан хэлчихээд гарч одов.
Хорлонт муу хөгшин авгай түүний галбир төрхийг санааныхаа зоргоор эрэмдэглэж дөнгөсөн боловч ухаан санааг нь яаж ч чадсангүй гэдгийг сайтар мэдэрч байлаа. Учир нь түүний бие бодох сэтгэхдээ долоон жилийн өмнөхөөсөө огт өөр болжээ. Энэ хугацаанд илүү ухаалаг, илүү нухацтай болсон гэдэгтээ итгэж байлаа. Үгүй болсон гоо үзэсгэлэн, одоогийн үзэшгүй муухай бие бялдартаа гуньж гутарсангүй, харин эцгийнхээ гэрийн үүднээс нохой мэт хөөгдсөндөө л гоморхон байв. Иймээс эхдээ танигдах гэж дахин нэг оролдоод үзье гэж шийджээ.
Тэгээд зээлийн газар ээж дээрээ очоод миний яриаг тайван байж сонсоно уу гэж гуйв. Түүний бие ээждээ хөгшин авгайн хамт өөрийнхөө одсон тэр өдрийг, хүүхэд ахуйнхаа бүх л содон тохиолдлуудыг сануулан, дараа нь долоон жилийн турш хэрхэн шулмын дэргэд хэрэм болон үйлчилж байснаа, эмгэн шулмыг өөлөн гоочилсны учир хэрхэн түүнийг хувиргасан тухай ярив. Гуталчны эхнэр юу гэж бодохоо мэдэхгүй байлаа. Хүүхэд ахуйнхаа тухай ярьсныг бүгдийг нь үнэн гэсэн боловч долоон жилийн турш хэрэм байсан гэхэд нь «Энэ бол байж болшгүй зүйл, тэгээд ч шулам гэж байхгүй» гэв. Тэгээд түүнийг хармагц үзэшгүй муухай анахайг жигшин зэвүүцэж хүүгээ мөн гэж итгэх аргагүй болов. Эцэст нь эр нөхөртэйгөө энэ талаар ярилцах нь зөв гэж үзээд сагснуудаа аван анахайг цуг яв гэв. Тийнхүү тэд гуталчны шовгорт хүрч очлоо.
— Харав уу, зш хүн манай алдагдсан Якоб гэнэ. Долоон жилийн өмнө хэрхэн хулгайлагдсанаа болон нэгэн шуламд хэрхэн илбэдүүлснээ надад нэгд нэгэнгүй ярилаа гэж авгай хэлсэнд гуталчин
— Тийм бий? гэж үгийг нь хилэгнэн таслаад
— Чамд тэгж ярьсан бий? Зүггүй лүд чи хүлээж бай! Би дөнгөж цагийн өмнө бүгдийг түүнд ярьсан юм, тэгээд тэр минь чамайг маллах гэж тийшээ очсон
байх нь ээ? Хүү минь, чи илбэдүүлчихсэн юм бий? Хүлээж бай, би тэр илбийг чинь хариулж орхиё гээд дөнгөж зүсэж тавьсан нэгэн богц сур аваад бяцхан эр рүү үсрэн хурч нуруу, урт гарыг нь шавхуурдсанд цаадах нь өвдсөндөө орилон уйлсаар тэндээс дутааж одов.
Өрөөлийн элэг доог болох ямар нэг юм бүхий золгүй амьтныг өрөвдөн туслах сэтгэлтэн тэр хотод бусад бүх газрын нэгэн адил ховор юмсанжээ. Учир иймээс хөөрхий хувьгүй анахай бүтэн өдөржин хоол ундгүй явсаар үдэш нь хэдий хатуу хүйтэн ч гэсэн нэгэн сүмийн довжоог хоноглох газраа болгон сонгоход хүрчээ.
Маргааш өглөө нь нарны түрүүчийн цацраг түүнийг сэрээхэд эцэг эх маань нэгэнт халгаахгүй байгаа тул яасхийж амь зогоох билээ гэдгээ тун нухацтай бодож үзэв. Үсчний үүдэнд зарлал адил зогсоно гэхэд түүнд гутамшигтай саналдаж байлаа. Алиа салбадайн байдлаар бусдад биеэ үзүүлэн мөнгө олохыг хүссэнгүй. Чухам хэрхэх билээ? Тэгтэл хэрэм болон хувирсан үедээ тогоочийн урлагт үлэмж сайн суралцсанаа санав. Энэ талаар зарим нэг тогоочийг дагуулахгүй гэж найдах нь зүй бус хэрэг биш байлаа. Чингээд эзэмшсэн урлагаа ашиглахаар сэтгэл шулууджээ.
Даруй сэтгэл сэргэн гудамжнаа гарвал аль хэдийнэ өглөө болсон байсанд эхлээд сүмд орж мөргөн залбираад замаа хөөн одлоо. Энэ нутгийн захирагч, хязгаарын жанжин бол тэнгэр минь сайхан хоолонд учиргүй дуртай тул ертөнцийн зүг бүхээс тогооч нар шилзн сонгож цуглуулсан нэртэй наргианч, амттан шимттэнд амиа тавигч билээ. Бяцхан эр түүний ордонг зорив. Тэгээд хашааны нь үүдэнд очиход манаач нар хэрэг зоригийг нь асуун тоглоом тохуу хийжээ. Тэгэхэд нь түүний бие тэргүүн буурчтай уулзуулж өгөөч гэв. Тэд нь хөхрөлдөөд түүнийг дагуулан хашаанд орж очвол зарц нар зогтусан түүнийг харж чанга чанга хөхрөлдөн бөөгнөрөв. Тийнхүү байн байсаар үй олон зарцын цуваа ордны шатаар нүүгэлтэн өгсөв. Агтчид самнуураа шидчихээд, хурдан гүйгчид чадлынхаа хэрээр харайлгаж, хивс цэвэрлэгчид хивсээ гөвөхөө мартан бүгд чихэлдэн шахалдаж, хаалга үүдэнд нь дайсан этгээд ирчихсэн юм шиг үймэлдэн «Анахай! Анахай! Харав уу та минь, тэр анахайг!» гэж хашгиралдах дуун агаар долгилуулан байлаа.
Тэгтэл гартаа том ташуур барьж баргар царайлсан ардны захирагч хаалган дээр гарч ирээд
— Тэнгэр минь, та нар муусайн ноход, юунд ингэж шуугильдаад байна вэ? Эзэн ноён нойрсож байгааг мэдэхгүй байна уу? гээд ташуураа далайн шавхуурдаж хэд хэдэн агтчин, манаач нарыг газарт тэрий хадуулав.
— Ноёнтон оо! Та харахгүй байна гэж үү? Бид таны урьд өмнө ер олж үзээгүй тийм анахай авчирсан юм гэж тэд нь хашгиралдацгаав. Бяцхан эрийг хармагц чанга хөхөрчихгүйн тулд ордны захирагч биеэ хүчлэн барив. Хөхөрвөл нэр төрөө гутаачих болов уу гэж айжээ. Иймээс түүний бие ташуураар шавхуурдан бусдыг нь хөөн зайлуулаад бяцхан эрийг дагуулан ордонд оруулж
хэрэг зоригийг нь асуув. Тэргүүн буурчтай уулзах хүсэлтэйг нь сонсоод
— Хүү минь, чи андуурч байна. Чи лав надтай уулзах гэж бодсон биз. Хязгаарын жанжны дэргэдийн нь анахай болъё гэж чи бодсон байлгүй. Үгүй гэж үү? гэв.
— Үгүй, ноёнтон оо! Би бол чадмаг тогооч бөгөөд аливаа ховор нандин зоог хийхэд дадлагажсан нэгэн билээ. Та намайг тэргүүн буурчид аваачиж өгнө үү, түүнд миний чаддаг юм хэрэг болж магадгүй гэж анахай хэлсэнд
— Бяцхан эр минь, хүн бүхэн хүссэнээрээ байдаг билээ. Дашрамд хэлэхэд чи бодлогогүй, залуу юм. Гал тогоонд гээд байгаа Фүү! Ноёнтны дэргэдийн анахай! болох юм бол юу ч хийхгүй, бас хүссэн зоргоороо идэж, ууж, сайхан хувцас өмсөх болно. Гэхдээ ноёнтны гарын тогоочид байвал зохих чадвар чамд байгаа эсэхийг үзье л дээ. Гал тогоонд гар хөлийн үзүүрт зарна гэхэд чамд тусгүй болов уу даа гэж хэлээд ордны захирагч гараас нь хөтлөн тэргүүн буурчийн өргөөнөө оруулав. Тэнд орж очоод анахай хивсэнд хамраа хүртэл гүнээ мэхийн ёслоод
— Энэрэлт ноёнтон оо! Танд чадмаг тогооч хэрэгтэйсэн болов уу? гэв. Тэргүүн буурч толгойноос нь хөлийг нь хүртэл ажиглаад тачигнатал хөхрөн
— Юу гэнэ ээ? Чи тогооч болох гэж үү? Манай гал тогооны газрыг чи өлмий дээрээ өндийгөөд толгойгоо мөрнөөсөө зүй ёсоор нь сунгаж чадвал тогоон доторхийг өөрөө харж болохуйц тийм намхан юм гэж бодоогүй биз? Өө, бяцхан эр минь дээ! Тогоочийн ажил хийлгэхээр чамайг над руу явуулсан хүн намайг тэнэг мулгуу амьтан гэж үзсэнээс зайлахгүй гээд дахин тачигнатал хөхрөхөд түүний хамт ордны захирагч болон тэр тасалгаанд байсан бүх зарц хөхрөлдөв.
Анахай харин үүнд нь ер мэгдсэнгүй.
— Юм нь хангалттай байгаа газар гарын дор бэлэн байгаа ганц юмуу хоёр өндөг, бага зэрэг сүмс, бор дарс, гурил, халуун ногоогоор юу хийж болох вэ? гэх юмуу эсвэл надаар ямар нэг амттай хоол хийлгэхийг тушаагаад хэрэглэгдэх зүйлийг нь бэлдээд өгвөл би түүнийг дор нь таны нүдэн дээр хийж орхино. Тэгэхэд л та энэ ч аргагүй л тогооч мөнөөс мөн гэж хэлэх болно доо гэх мэтчилэн ярьж байсан бөгөөд ийн ярихад нь бяцхан нүд нь гялалзан, унжуу хамар нь нааш цааш мурчилзан, нарийхан, аалзны хөл шиг хуруунууд нь сарваганан байгааг харахад гайхалтай байлаа,
— За яахав! гэж тэргүүн буурч дуу алдаад ордны захирагчийг сугадан
— За яахав, наргиан байна, гал зуух руу явцгаая гэв. Тэгээд тэд, хэд хэдэн танхим, гудам дундуур явсаар гал зууханд орж очвол тэр нь том, цэлгэр сайхан төвхнүүлсэн барилга ажээ. Хорин зууханд гал тогтмол дүрэлзэн, нэгэн зэрэг загас хадгалахад зориулагдсан цэнгэг ус түүний дундуур урсан гантиг болон үнэт модон шүүгээнүүдэд ямагт гарын доор бэлэн байвал зохих нөөц агуулж, баруун зүүн гар талд байх арван том танхимд францаас авахуулаад, дорно зүгийн бүх орнуудад арааны шүлс асгаруулам амттай, үнэтэй гэж үздэг бүхнийг нөөцөлжээ. Гал зуухнаа ажиллагч төрөл бүрийн үүрэгтэй зарц нар нааш цааш гүйлдэн тогоо, хайруулын таваг, сэрээ, хөөс авах халбага сэлтийг хангир жингэр хийлгэн бужигналдах аж. Гэвч тэргүүн буурчийг гал зууханд орж очмогц бүгд таг чиг гөлрөн зогсоод зөвхөн галын дүрэлзэн шажигнах, бяцхан горхины хоржигнох чимээ л дуулдаж байлаа.
— Ноёнтон өглөөнийхөө зоогонд юу хий гэж тушаасан бэ? гэж тэргүүн буурч нэгэн өвгөжөөр тогоочоос асуув.
— Ноёнтон оо! данийн шөл, гамбургийн бөөрөнцөг хий гэж эзэнтэн болгоосон билээ.
— Сайн байна гээд тэргүүн буурч цааш нъ
— Ноёнтон юу зооглох гэснийг чи дуулав уу? Энэ хэцүү зоогийг хийж чадна гэж чи бодож байна уу? Бөөрөнцгийг бол чи яасан ч хийж чадахгүй, энэ бол нарийн нандин нууц идээ гэсэнд хэрэм болон хувирсан үедээ энэ зоогийг ямагт хийдэг байсан анахай бүгдийг мэл гайхуулж цэл хөхрүүлэн
— Үүнээс амархан юм гэж ердөө ч үгүй, үүнээс амархан юм гэж юу байх билээ. Шөл хийхэд тийм, тийм нарийн ногоо, тийм, тийм халуун ногоо, зэрлэг гахайн өөх, өндөг хийгээд чихэр өвсний үндэс хэрэгтэй гээд зөвхөн тэргүүн буурч болон өглөөний зоог бэлтгэх тогооч хоёрт дуулдахуйц аяархнаар
— Харин бөөрөнцөгт бол дөрвөн хувь мах, бага зэрэг бор дарс, галууны хайлуулсан тос, имбир болон ходоодыг тайтгаруулагч хэмээх нэгэн төрөл нарийн ногоо ордог юм даа гэсэнд
— Ха, Ариун Бенедиктийн нэрийг барин тангаргалъя! Ямар ид шидтэнээс сурсан юм бэ? Гэж тогооч гайхан дуу алдаад
— Энэ бүгдийг нэгд нэггүй хэллээ. Тэр ч байтугай ходоодыг тайтгаруулагч гэдгийг бид өөрсдөө ч мэддэггүй юм. Тийм ээ, энэ илүү амттай болгодог байж таарна. Өө, чи үнэхээр гайхамшигтай тогооч юм! гэв.
— Ийм гэж би бодсонгүй шүү! Гэхдээ үүгээр хоол хийлгэж туршъя. Шаардсан бүгдийг нь сав суулгын хамт өгөөд өглөөний зоог бэлдүүл гэж тэргүүн буурч хэлэв.
Түүний тушааснаар бүгдийг бэлдэж зуухны дэргэд тавив. Гэтэл анахай зууханд хамраараа ч хүрч чадахгүй нэгэн бэрхшээл тохиолдов. Тэгэхлээр нь хэдэн сандал зэрэгцүүлэн дээр нь гантиг хавтан тавьж эрдэм чадлаа үзүүлнэ үү гэж нөгөө бяцхан эрийг урив. Тогооч нар, гал тогооны газар ажиллагч залуус, зарц нар болон есөн шидийн улс амьтан тойрон зогсоод түүнийг ажин алив бүхэн гарын нь доор хичнээн хурдан шаламгай бэлэн болж, юм бүхнийг хичнээн цэвэр цэмцгэр, эвлэг хийж байгааг нь гайхан мэлэрцгээжээ. Түүний бие бэлтгэл ажлаа дуусаад хоёр тогоог гал дээр зэрэг тавь гээд өөрийг нь боль гэж хэлэн хэлтэл чана гэж тушаав. Тэгээд нэг, хоёр, гурав хэмээн тоолсоор яг таван зуу болмогц «Боль!» гэж хашгирсанд тогоог гал дээрээс авчээ. Бяцхан эр тэргүүн буурчийг хоол амсаж үз гэж урин залав.
Гарын тогооч нэгэн туслах залуугаар алтан халбага авчруулан горхинд зайлаад тэргүүн буурчид өгсөнд цаадах нь ёсорхог гэгч алхан зуух руу очиж хоолноос хутган авч амсаад нүдээ анин сэтгэл ханасан янзтай тамшаалж
— Амттай юм, жанжин сайдын амь амьдралаар тангараглъя, амттай юм! Ордны захирагч аа, та бас нэг халбага төдийг амсаж үзэхгүй юу? гэв. Цаадах нь бөхийн халбагыг авч амсаж үзээд сэтгэл ханасандаа хэрхэх учраа олж ядаад
— Өглөөний зоог бэлдэгч эрхэм нөхөр минь ээ, та чадвартай, туршлагатай тогооч билээ. Гэхдээ ийм гайхамшигтай амттай шөл ч, гамбургийн бөөрөнцөг ч хийж байгаагүй! гэвэл тогооч бас амсаж үзээд анахайн гарыг хүндэтгэл дүүрэн атган сэгсчиж
— Бяцхан эр минь ээ! та аргагүй л лут хүн юм. Ходоодыг тайтгаруулагч гэгч нарийн ногоо бүгдийг огтоос өөр амттай болгодог юм байна! Гэв.
Яг энэ эгшинд жанжин сайдын гоцго гал зуухнаа орж ирээд эзэнтэн өглөөний зоогоо авчирч өг гэж байна гэлээ. Зоогийг нь мөнгөн тавганд хийж хүргүүлэв. Тэргүүн буурч харин бяцхан эрийг өрөөндөө дагуулж орон түүнтэй ярилцаж байтал төдий л удалгүй, сайндаа л итгэлийн мэгзэм уншиж дуусах төдий хугацаа өнгөрөв үү үгүй юу (энэ нь францчуудын мэгзэм бөгөөд, тэнгэр минь нийт шүтлэгтнүүдийн мэгзмээс уртгүй билээ) нэгэн мэдээч ирж тэргүүн буурчийг жанжин сайд дуудаж байна гэв. Тэргүүн буурч яаран сандран гоёлын хувцсаа өмсөөд мэдээчийг даган одов.
Жанжин сайд сэтгэл машид ханасан янзтай байлаа. Түүний бие мөнгөн тавагнуудад байсан бүгдийг зооглож орхиод тэргүүн буурчийг орж очих үес дөнгөж сахлаа илбэн суулаа. Тэгээд
— Тэргүүн буурч аа чи аан гэж бай. Өдий болтол би танай тогооч нарын хувьд сэтгэл хангалуун байдаг байлаа. Гэхдээ өнөөдрийн өглөөний зоогийг хэн хийснийг хэлж аль. Эцгийн орыг залган суусан цагаасаа өдий хүртэл тийм амтлаг хоол идэж үзсэн минь ер үгүй. Хэдэн дукат бэлэг болгож өгвөл зохих тэр тогоочийг хэн гэдэг юм бэ? гэв.
— Ноёнтон оо, энэ бол тун сонин түүх билээ гэж тэргүүн буурч хариулаад заавал тогооч болохыг хүссэн нэгэн анахайг өглөө эрт хэрхэн түүнд авчирч өгснийг болон энэ бүхэн юу болж дууссаныг ярив. Жанжин сайд ихэд гайхан анахайг дуудуулаад хаанаас ирсэн хэн гэгч болохыг нь асуув.
Тэгэхэд нь хөөрхий Якоб илбэдүүлснээ болон урьд нь хэрэм болон хувираад тогоочоор ажилласнаа яриагүй нь лав шүү дээ. Гэвч эдүгээ эх ч үгүй, эцэг ч үгүй болсон, тогоочийн ажлыг нэгэн хөгшин авгайгаас суралцсан гэж ярьсан нь ер үнэнээс гажсан юм үгүй болой. Жанжин сайд түүнээс өөр юм асуусангүй, харин шинэ тогоочийнхоо жигтэй сонин бие бялдрыг шохоорхон суулаа.
— Миний дэргэд үлдвээс жил бүр тавин дукат, гоёлын хувцас, түүнээс гадна хоёр өмд өгөх болно. Үүний хариуд чи өглөө бүр зоогий минь бэлдэж, үдийн зоогийг хэрхэн бэлдвэл зохихыг хэлж зааварлаж ер нь миний гал зуухыг эрхлэх болно. Ордонд минь байгаа хүн бүхэн надаас тус тусынхаа нэрийг авдаг тул чамайг би Хамар гэж нэрлэе. Тэгээд чи дэд буурчийн янзаар хувцаслаж бай гэж айлдсанд Унжуу хамарт одой Франц орны эл хүчирхэг жанжин сайдын өмнө сөхрөн унаж хөлийг нь үнсээд үнэнчээр хүчин зүтгэхээ амлав.
Тийнхүү бяцхан эрийг эн түрүүнд хэрэгтэй бүхнээр нь хангасан бөгөөд түүний бие ч өөрийн ажил төрлөө хичээнгүйлэн хийж байлаа. Учир нь Унжуу хамарт одойг ордонд нь очсоноос хойш жанжин сайд огт өөр хүн болжээ. Түүнээс бус аваачиж өгсөн аяга тавгийг тогооч нарын толгой руу шидэх тун дуртай хүн байжээ. Тэр ч байтугай нэг удаа ялз болгож чадаагүй байна гэж жигнэсэн тугалын шийрээр тэргүүн буурчийн духан дундуур буулгасанд цаадах нь даруй ухаан алдан унаад гурван өдрийн турш хэвтсэн билээ. Хэдийгээр жанжин сайд хилэгнэсэн үедээ хийсэн гэмээ дараа нь атга дүүрэн дукатаар цагаатгах боловч айн дагжихгүйгэзр хоолыг нь аваачиж барьдаг тогооч ер нэгээхэн ч байгаагүй билээ. Анахайг ордонд ирснээс хойш бүгд илбэдүүлсэн мэт хувирчээ. Жанжин сайд урьд нь өдөрт гурван удаа зоог барьдаг байсан бол одоо бяцхан тогоочийнхоо ур чадварыг таашаан зугаацаж бие сэтгэлээ сэргээх гэж таван удаа зоог барих болсон боловч нэгээхэн ч удаа сэтгэл дундуур царай гаргаж байсангүй. Харин ч бүхнийг шохоорхон сониучирхаж таашаан таалнам бөгөөд ааш зан нь улам улам сайхан болоод өдрөөс өдөрт махлан авай.
Зоог барьж байхдаа түүний бие тэргүүн буурч, Унжуу хамарт анахай хоёрыг дуудуулж авчраад нэгийг нь баруун гар талдаа, нөгөөг нь зүүн гар талдаа суулган амтат идээнээс өөрийн гараар эмтлэн авч аманд нь хийж өгөх бөгөөд энэ нь тэр хоёрын аль алины нь машид бишрэн хүндэтгэж үздэг нигүүлсэл байлаа.
Анахай уг хотын гайхамшиг нь болов. Анахайн хоол хийхийг харъя гэж хүмүүс тэргүүн буурчаас хичээнгүйлэн гуйцгааж сурвалжит эрсийн зарим нь бүр өөрсдийнхөө тогооч нарыг гал зуухнаа анахайн дэргэд байлгаж ганц хоёр цагаар хичээл заалгая гэж жанжин сайдаас хүртэл гуйсан бөгөөд хүн бүхэн өдөрт хагас дукат төлөх тул энэ нь багагүй орлого оруулж байлаа. Тэгээд бусад тогооч нарыг өөртөө сайн байлгах, тэдний атаархлыг төрүүлэхгүй гэсэндээ Хамар эл тогооч нарын эздээс төлсөн мөнгийг тэдэнд өгдөг байлаа.
Хамар зөвхөн эх эцгийгээ бодож гунин гутрахаас өөр гачигдал зовлонгүй, элбэг дэлбэг, нэр төртэйгөөр хоёр жил шахам аж төрөв. Дараах нэгэн учрал болтол онцгой гойд зүйл үзэж амсалгүй байж байлаа. Унжуу хамарт анахай зах зээлийн газраар явж энэ тэр юм худалдаж авахдаа туйлын дадмаг, ямагт азтай байжээ. Иймээс зав л гарвал түүний бие тахиа шувуу, жимс, ногоо авахаар зээл рүү ямагт өөрөө явна. Нэгэн өглөө галууны зах руу одоод эзнийхээ дуртай зооглодог лагс тарган галуу хайн явж байв. Түүний бие авах галуугаа шинжин зээлээр хэд хэдэн удаа хөндлөн гулд явсан бөгөөд энд түүний галбир төрхийг үзээд шоолон инээхээ хэдийнэ больж харин ч хүндэтгэн биширцгээдэг болсон байлаа. Учир нь түүнийг жанжин сайдын алдартай гарын тогооч гэдгийг хүн бүхэн мэдэх тул өөрийн нь зүг хамраа хандуулахад нь галуу зарж суугаа авгай нар өөрийгөө азтайд тооцдог байлаа.
Тийн явтлаа нэгэн урт эгнээний бүр адагт мөн л галуу зарахаар сууж байгаа боловч бусдын адил бараагаа магтан худалдан авагчдыг өдөөн хашгиралгүй таг дуугүй байх нэгэн авгайг олж харав. Анахай маань түүн рүү явж очоод галуунуудыг нь хэмжиж жигнэж үзлээ. Тэд нь сэтгэлд нь нийцсэн тул гурвыг торны нь хамт худалдаж аваад ханхар мөрөн дээрээ тавин буцах замдаа оров. Тэгтэл тэдний хоёр нь эрүүл саруул галууны байдлаар гаагалалдан орилолдох атал нэг нь таг чиг, урвайн суугаад хүний адил санаа алдан байх нь жигтэй санагджээ. Үүнийг үзээд
— Энэ нь бараг өвчтэй юм шиг байна. Даруй төхөөрөх нь зөв гэж амандаа үглэтэл нөгөө галуу
Хатгах юм бол намайг
Хариуд нь чамайг хазна би
Хүзүүг минь хуга мушгих юм бол чамайг
Хүйтэн булшинд эрт оруулна би гэж чанга, тов тодхон хэлжээ.
Унжуу хамарт анахай айн цочиж тороо газар тавьсанд нөгөө галуу нь сайхан, ухаалаг нүдээрээ ширтээд санаа алдав.
- Ээ тэнгэр минь! Галуухан минь чи ярьж чаддаг юм уу? Ингэнэ гэж би даанч бодсонгүй. За чи бүү айгтүн! Амьдрал гэж юу болохыг мэдэх тул ийм жигтэй шувууны аминд хүрэх хүн яаж байх билээ. Харин чамайг ямагт ийм өд сөдтэй байгаагүй гэдэгт би мөрийцсөн ч алдахгүй. Би өөрөө нэгэнтээ муухай хэрэм байж үзсэн юм гэж Унжуу хамарт дуу алдсанд галуу
- Намайг энэ ичгүүрт байдалтайгаар эхээс төрөөгүй гэдэг үнэн. Халаг минь, аугаа их Веттербоккийн охин Мими нэгэн жанжин сайдын гал тогоонд хороогдох юм гэж өлгий дээр минь дуулж байсангүй билээ! гэвэл
— Эрхэм галуухан минь тайван байж үз. Миний бие тэр гэгээн эрхмийн дэд буурч бөгөөд үнэнч нэгэн тул хэн ч чиний амь насанд хүрэх ёсгүй. Би танд өөрийнхөө өрөөнд нэгэн байр гаргаж өгнө, хүнс тэжээлээр та дутагдахгүй. Тэгээд би чөлөө цагаа тантай ярилцахад зориуламз. Гал тогооны бусад улсад бол би нэгэн галууг жанжин сайдад зориулж янз бүрийн амтат үндсээр бордож байгаа юм гэж хэлээд боломж гармагц таныг сул чөлөөтэй тавих болно гэж унжуу хамарт түүнийг тайтгаруулав.
Галуу түүнд уйлан хайлан байж талархсанд анахай амласныхаа дагуу нөгөө хоёрыг нь алж, жанжин сайдад зориулан гойд тусгайлан бордож байгаа нэрийдлээр Мимид тусад нь байр засаж өгөв. Тэгээд түүнд ердийн галуунд өгдөг тэжээл биш, харин жигнэсэн боов, амтат хоол тэргүүтнийг өгч байлаа. Зав зай гармагц түүний бие Мимитэй ярилцаж, түүнийг тайтгаруулах гэж яаран оддог болов. Тэд бие биедээ өөрсдийн намтрыг харилцан ярьсан бөгөөд ийм замаар Унжуу хамарт эл галууг Готланд хэмээх арал дээр суугч илбэчин Веттербоккийн охин гэдгийг мэдэж авав. Илбэчин Веттербокк нэгэн хөгшин шуламтай хэрэлдсэнд цаадах нь түүнийг далдын хорон явуулга заль мэхээрээ дийлээд өширхсөндөө Мимийг галуу болгон хувиргаад энэ хүртэл алс холд авчирсан ажээ. Унжуу хамарт анахайг намтраа ярьж дуусмагц Мими
— Би энэ талаар юу ч мэдэхгүй. Гэхдээ эцэг маань надад болон миний эгч нарт өөрийнхөө л бусдад хэлж болох зүйлийн зах зухаас ярьсан юм. Нарийн ногоо бүхий сагсны дэргэд хэрэлдсэн, тэр нэгэн ногоог үнэрлэмэгц чиний гэнэт хувирсан, тэр авгайн хэлсэн үг сэлтээс үзэхэд чамайг нарийн ногоогоор илбэдсэн байна гэдэг нь надад илт болов. Тэгэхлээр чи, чамайг илбэдэхдээ эл шуламсын хэрэглэсэн тэр ургамлыг л олж чадвал хуучин хэвдээ орж болно гэв. Анахайн хувьд энэ нь төдий л их сэтгэл тайтгаруулах зүйл биш байлаа. Учир нь түүний бие уг ургамлыг хаанаас олох билээ? Гэвч анахай галуунд талархсан бөгөөд бага боловч найдвар төржээ.
Энэ үес жанжин сайдынд түүний найз хөрш ноён нь айлчлан иржээ. Иймийн учир жанжин сайд Унжуу хамарт анахайгаа дуудуулаад
— Надад үнэнчээр зүтгэж байгаа эсэхээ болон жинхэнэ чадварлаг тогооч мөн эсэхээ үзүүлэх цаг чинь болов. Манайд зочлон ирсэн энэ ноён бол миний нэгэн адил туйлын сайхан хоол зооглодог бөгөөд амттан шимттэнийг андахгүй мэдэн үнэлж чаддаг, ухаантай эр билээ. Тэгэхлээр өдрөөс өдөрт түүнийг улам улам гайхан шагшрах зоог бэлд. Тэгэхдээ түүнийг энд байгаа цагт нэг хоолоо хоёр дахин хийж болохгүй. Эс тэгвэл хар толгойдоо гомдоорой. Хэрэгцээтэй бүхнээ бүгдийг миний сангийн нярваар бэлдүүл. Алт, алмааз тэргүүтнээр амтат боов хийж болдог бол хийтүгэй. Түүний өмнө нүүр улайснаас гуйлгачин болсон минь дээр гэж тушаажээ.
Жанжин сайдыг ингэж хэлсэнд анахай дахин бөхөлзөн байж
— Эзэн дээдэс минь таны хэлснээр болох болтугай! Тэнгэр тэтгэх аваас тэр амттан шимттэнийг ноёны сэтгэлд гойд нийцэхүйцээр бүхнийг хийх болно гэв.
Бяцхан тогооч бүх л эрдэм чадлаа дайчилж гарав. Түүний бие эзнийхээ эрдэнэс баялгийг ч, өөрийгөө ч хайрлахыг мартаад өдөр өнжин үүл мэт нүүгэлтэх утаа, гал дунд зогсон туслах тогооч нар хийгээд гал тогоонд ажиллагчдад ямагт заан заавардах тул дуу нь гал тогооноо хадан байх болжээ.
Эззн минь ээ! аянчдад ярьдаг үлгэр түүхэндээ хүмүүсийг элдэв амттаныг зооглож байгааг дурддаг Алеппо нутгийн тэмээчид шиг би тийнхүү элдэв хоолны нэр дурдан өгүүлж чадахсан билээ.
Тэд ширээнээ өрсөн янз бүрийн зоогийн нэрийг тоочин, түүгээрээ сонсогчдынхоо хорхойг хөдөлгөн улмаар тэднийг өөрийн эрхгүй аяганы хийцээ задлан хооллоход хүргэж өөрсдөө түүнээс нь цадталаа иддэг билээ. Гэвч би ингэхийг үл хүснэм.
Харийн тэр ноён жанжин сайдынд арван дөрвөн өдрийн турш нэн баяр хөөртэй, идэх уухаар туйлан байлаа. Тэд өдөрт таваас доошгүй удаа зоог барьж, зочныхоо магнай тэнэгэр сэтгэл хангалуун байгааг үзээд жанжин сайд анахайн уран чадварыг таашаан байв. Арван тав дахь өдөр нь харин жанжин сайд зоог барьж байх үедээ түүнийг дуудуулан ирүүлээд зочин ноёнд танилцуулж түүнээсээ эл анахайн хувьд сэтгэл хангалуун байгаа эсэхийг нь асуувал харийн тэр ноён
— Чи бол зүй ёсоор хооллох гэгч юу болохыг мэддэг гайхалтай тогооч юм. Миний энд байсан бүх хугацаанд чи нэг ч хоолыг давтан хийсэнгүй бөгөөд бүгдийг гойд сайн бэлтгэж байлаа. Харин юуны учир өдий болтол бүх зоогийн хатан хаан гэгддэг Сузерайнийн татмагийг өгсөнгүй вэ? гэв.
Эл хатан хаан татмагийн тухай урьд өмнө ер сонсоогүй тул анахай цочин сандарсан боловч биеэ барин
- Өө, эрхэм ноёнтон оо, таны гэгээн нигур эл ордныг удтал гийгүүлэх биз ээ гэж бодсоны
учир миний бие эл зоогийг барихаасаа түдгэлзэн байсан билээ. Хэрэв түүнийг урьдчилан барьчихвал таныг эндээс морилон одохын цагт өөр юу барих билээ? гэж хариулсанд
— Тийм бий? гэж жанжин сайд хөхрөн байж хэлээд
— Чи надад ч бас эл татмагийг өдий болтол ер өгөөгүйг бодоход чи миний үхэх цагт л түүнийг барин үдэх гэж хүлээгээд байгаа юм бий? Гэхдээ үдэлтийн зоогонд өөр юм бодож ол. Харин маргааш чи тэр татмагийг өг гэвэл анахай
— Эзэн минь, таны айлдсанаар болтугай! Гэж хэлээд гарч одов. Нэгэнт түүний нэрийг гутаах золгүй өдөр ирсэн тул сэтгэл дундуур явлаа. Тэр татмагийг хэрхэн бэлддэгийг мэддэггүй байв. Үүний учир өрөөндөө ороод хувь заяандаа гоморхон уйлж гарав. Гэтэл тасалгаанд нь дураар сэлгүүцэн явдаг галуу Мими хүрч ирээд юунд гаслан гуньж байгааг асуув. Тэгээд Сузерайнийн татмагийн тухай сонсоод
— Нулимсаа татаж үз. Түүнийг эцэг минь ямагт зооглодог байсан тул юу ордгийг нь би багцаагаар мэдэж байна. Чи тэрнийг, энэнийг, тийм тийм хэмжээгээр ав. Түүнд орох шаардлагатай зүйлс бүрэн биш бол ноёдод тэр нь тийм ч амттай санагдахгүй гэв. Мимийг ингэж хэлсэнд анахай баярласандаа үсрэн босоод эл галууг худалдаж авсан өдрөө ерөөн залбирч уг зоогийн хатан хааныг бэлдэхээр одов. Эхлээд өчүүхэн хэмжээгээр туршин хийж үзвэл тэр нь гойд амттай болсон бөгөөд тэргүүн буурчид түүнээсээ амсуулсанд цаадах нь хоол хийх урлагийг нь дахин дахин бахдаад барсангүй.
Маргааш нь үлэмжхэн хэмжээний татмаг хийгээд тогооноос гаргасан халуун чигээр нь цэцгийн эрхээр чимэглэн ноёдын ширээнээ хүргүүлэв. Өөрөө бол хамгийн гоё гэсэн хувцсыг өмсөөд зоогийн танхимд орж очвол тэргүүн хуваарилагч эл татмагийг зүсэн мөнгөн дийзнээ тавиад жанжин сайд болон түүний зочинд барьж байлаа. Жанжин сайд том гэгч нь хазаад нүдээ анин зажилж залгисны эцэст
— Ай, ай, ай! Үүнийг зоогийн хатан хаан гэж зүй ёсоор нэрлэсэн юм байна. Гэхдээ миний анахай бас тогооч нарын хаан юм, тийм биз, эрхэм найз минь? гэв.
Зочин бага багаар хазан их л анхааралтайгаар амталж үзээд ёжтой, учир битүүлэг инээмсэглэн тавагтайг өөрөөсөө түлхэн зайлуулах зуураа
— Үүнийг үнэхээр сайн хийжээ. Гэхдээ энэ бол сузерайне яавч биш. Би ч тийм биз гэж бодсон юм гэв.
Тэгэхэд жанжин сайд дургүй нь хүрсэн янзтай хөмсөг зангидан, ичсэндээ улайж
— Өөдгүй муу атигар нохой! Чи эзэндээ ийм юм хийж яаж зүрхлэв? Муу хоол хийсний чинь шан болгож данхар толгойг чинь тас цавчуулах уу би? Гэж хашгирав.
— Ай эзэн минь! Тэнгэрийг барин тангараглахад би уг зоогийг бүх л дүрэм гуримаар нь бэлдсэн, юу ч дутсан байх ёсгүй! гэж хэлээд анахай дагжин чичирч зогсов.
— Энэ чинь худлаа! гэж жанжин сайд хэлээд түүнийг өшиглөн өөрөөсөө зайлуулаад
— Миний зочин үүнийг чинь мэдээд хэлж байгаа. Ямар нэг юм дутуу байж таарна. Чамайг тасар татуулаад татмаганд хольж жигнүүлэлтэй билээ! гэв.
— Өршөөж үз, та! гэж бяцхан эр дуу алдан мөлхөж зочны хөлийг зууран аваад
— Энэ зоогонд таны араанд амтагдахгүй дутагдаж байгаа юм юу болохыг хэлж хайрлана уу? Атга гурил, хэрчим махны төлөөнөө өөрийг минь үхэхэд бүү хүргээч! гэж гуйсанд харийн ноён тачигнатал хөхрөн байж
— Эрхэм унжуу хамарт минь, энэ чамд тусаар бага бизээ.
— Энэ зоогийг миний тогоочийн адил хийж чадахгүй гэдгийг чинь би аль өчигдрийн мэдэж байсан юм. Энэ газар ер мэддэггүй цэнгэннайтаа гэдэг нарийн ногоо дутуу байгааг мэдэж ав. Түүнгүйгээр татмаг ямар ч амтгүй болно. Тиймээс
эзэн чинь эл зоогийн амтыг миний адил зүй ёсоор нь ер үзэж мэдэх аргагүй юм гэж хариу хэлэв.
Үүнийг сонсоод франц нутгийн захирагч уурсан хилэгнэж
— Ямар боловч би түүнийг идэж үзэх л болно доо гэж нүдээ гялалзуулан байж хашпиран хэлээд
— Маргааш би тэр татмагийг таны шаардсаны дагуу хийлгэж үзүүлнэ, эс бөгөөс энэ залуугийн толгойг ордныхоо үүдэнд шорлуулан харуулна. Нохойн гөлөг минь, зайл! Чамд би дахиад хорин дөрвөн цагийн хугацаа олгоё гэв.
Жанжин сайд ингэж хашгиран өгүүлсэн бөгөөд анахай бас л уйлсаар өрөөндөө орж галуунд гаслант хувь тавилангаа өгүүлэн эл нарийн ногооны тухай урьд өмнө ер сонсоогүй тул үхэх болсноо ярьсанд
— Ердөө л энүүхэн юм бол би чамд тусалж чадах юм байна. Аав минь намайг бүх л нарийн ногоог ялган мэддэг болгосон юм. Өөр цаг үедсэн бол чи үхлийн аюулд орж мэдэх байсан биз, аз болоход одоо сарын шинэд гарч байна. Яг энэ үед тэр ногоо чинь цэцэглэдэг юм даа. Гэхдээ ордны хавьд өвгөн туулайн бөөр модод байдаг уу? гэж галууг хэлэхүйеэ унжуу хамарт даруй сэтгэл сэргэн
— Байлгүй яахав! Ордноос хоёр зуун алхмын зайтай газар нуурын хөвөөнөө бүхэл бүтэн төгөл бий. Гэхдээ тэр ямар хэрэгтэй юм бэ? гэвэл Мими
— Зөвхөн өвгөн туулайн бөөр модны ёроолоор тэр ногоо ургадаг юм. Тэгвэл цаг алдалгүй хэрэгтэй зүйлийг чинь хайцгаая. Намайг тэвэрч яваад задгай газар гармагцаа газарт буулгаарай. Би түүнийг эрэх болно гэв.
Анахай галууг хэлсний нь дагуу тэврэн ордны үүд рүү очвол үүдний сахиул буугаа урдуур нь хөндөлдүүлэн
— Эрхэм унжуу хамарт минь чиний гардаг хөг өнгөрсөн. Чамайг ордноос бүү гарга гэж надад хатуу тушаасан гэв.
— Гэхдээ би цэцэрлэгт гарч болохгүй юм гэж үү? Туслах залуусынхаа нэгийг явуулаад намайг цэцэрлэгт гарч үндэс ургамал эрж болох эсэхийг ордны захирагчаас асуулгаж тус болно уу? гэж гуйсанд сахиул хүссэнээр нь болговол түүний гарахыг зөвшөөрчээ. Учир нь цэцэрлэгийн эргэн тойрон өндөр хэрмэн хашаа бий тул тэндээс оргон зайлах тухай бодох ч аргагүй ажээ. Унжуу хамарт анахай Мими галууны хамт гадаа гармагцаа түүнийг газарт зөөлхөн тавьсанд цаадах нь түрүүлэн туулайн бөөр модод бүхий нуурын зүг яаран одов. Энэ нь түүний эцсийн ганц найдвар байсан тул араас нь сэтгэл түгшин дагав. Эл ургамлыг олохгүй бол толгойгоо авахуулахаас дээргэж үзэн нууранд үйж үхэхээр хатуу шийдсэн байлаа. Галуу туулайн бөөр бүрийн ёроолд очин өвс бүрийг хошуугаараа яран үзсэн боловч эрэл нь талаар болсон бөгөөд харуй бүрий болж эхлээд хавийн газраа танихад бэрх болсон тул анахайг өрөвдөх, бас ч айх зэрэгцэн уйлж гарав.
Тэгтэл анахай нуурын тэртээг ажиж байснаа гэнэт
— Хараач, хараач, нуурын цаана бас нэг том, хөгшин мод байна. Тийшээ явж, эрцгээе. Аз жаргал минь тэнд цэцэглэж байж мэдэх юм гэж дуу алдав. Галуу дэгдэн дэвхрэн нисэж анахай араас нь бяцхан хөлийнхөө чадлын хэрээр гүйж байлаа.
Тэр туулайн бөөр модны сүүдэр үлэмжхэн бөгөөд эргэн тойрон харанхуй болсон тул бараг юу ч харагдахгүй байв. Тэгтэл гэнэт галуу дороо зогтусаад баярлан далавчаа дэвж өндөр ургасан өвс рүү хошуугаа шаан ямар нэгэн ургамал таслан гайхан мэлэрсэн унжуу хамартад хошуугаараа ёслол төгөлдөр өгөөд
— Энэ нөгөө ургамал чинь. Энд учиргүй их ургасан байх тул чи үүгээр хэзээ ч дутагдахгүй гэв.
Анахай эл ургамлыг санаашрангуй ажиглан байлаа. Өөрийн нь хувиран байх үеийн явдлыг эрхгүй санагдуулсан үнэр түүнээс анхилан байжээ. Иш болон навч нь хөхөвтөр ногоон бөгөөд шар титэмтэй дүрэлзсэн улаан цэцэгс бүхий аж. Тийн байснаа анахай сая ам нээж
— Тэнгэр минь! Ямар гайхамшиг гэгч энэ билээ! Энэ чинь нөгөө намайг хэрэмнээс эл муухай галбирт хувиргасан ургамал байна шүү дээ. Одоо би туршаад үзэх үү? гэж дуу алдсанд галуу
— Болоогүй. Энэ ногооноос атга дүүрэн түүж аваад өрөөндөө очиж мөнгө болон бусад юмаа эмхэлж авсны эцэст эл ургамлын шидийг үзэцгээе гэжээ.
Чингээд тэд хэлцсэнээрээ үйлдэн анахайн өрөөнд эргэж ирцгээсэн бөгөөд түүний зүрх байж ядсандаа хажуугийн хүн дуулдам цохилон авай.
Хуримтлуулсан тавь, жаран дукатаа хэдэн гутал, хувцасныхаа хамт бөөгнүүлж боосны эцэст
— Тэнгэр нэгэнт таалсан тул би энэ арамдгаас ангижрах болно гэж хэлээд түүж авчирсан өвсөндөө хамраа шаан үнэрийг нь цээж дүүрэн амьсгалав. Тэгтэл бүх л үе мөч нь шажигнаж нужигнан толгой нь мөрнөөс нь дээш болохыг мэдэрчээ. Тэгэхэд нь хамраа харвал тэр нь улам улам багасаж үзэгдээд, нуруу, цээж нь тэгшрэн хөл нь уртасч эхэлжээ.
Галуу энэ бүхнийг гайхан ширтэж байснаа
— Хүүеэ! чи яасан өндөр, ямар сайхан залуу вэ! Тэнгэр чамайг ивээн тэтгэсний үрд өмнө байсан бүхнээс чинь өчүүхэн төдий ч юм үлдэж хоцорсонгүй! гэв. Үүнийг сонсоод Якоб машид баярлан алгаа хавсарч мөргөн залбирав. Түүний бие хичнээн их хөөрөн баярласан боловч Мими галууны ачийг хариулах ёстой гэдгээ мартсангүй билээ. Хэдийгээр зүрх сэтгэл нь эх эцэгтээ хурдхан очихсон гэж байж ядан тэмүүлж байсан авч ачийг хариулах хүслийн үүднээс эл тэмүүллээ тогтоон барьж чадаад,
— Хуучин биедээ эргэн зохирсон минь гагцхүү чиний ач биш үү? Чамайг байгаагүйсэн бол миний бие эл ургамлыг хэзээ ч олохгүй, үүрд тэр жигшүүрт дүр төрхтэйгөө байх байсан юмуу эс бөгөөс яргачны сүхэнд амиа алдах байсан бизээ. Тэгэхлээр би ачийг чинь хариулах ёстой. Би чамайг эцэгт чинь хүргэж өгье. Аливаа ид шидэд тийм гайхалтай мэргэжсэн болохоор чиний илбэдүүлснийг амархан хариулж чадна! гэжээ. Галуу баярын нулимс урсган байж түүний хүслийг зөвшөөрсөн бөгөөд Якоб Мими галууныхаа хамт ордноос мэдэгдэж танигдалгүй аз хиймортой гараад Мимийн төрөлх нутгийг зорин далайн хөвөө рүү оджээ.
Тэд аян замаа амжилттай туулж, Веттербокк охиноо ид шидээр дахин хуучин хэвд нь зохируулж, Якобыг дааж давшгүй их бэлэгтэйгээр нутагт нь буцааж, Якоб төрөлх хотдоо эргэж ирсэнд эцэг эх нь тэр сайхан залууг алдагдсан хүүгээ мөн хэмээн таньж сэтгэл тэнийцгээж, хүү нь Веттербоккийн өгсөн бэлгээс нэгэн дэлгүүр худалдан аваад элбэг баян, аз жаргалтай амьдран суужээ гэхээс өөр цааш нь би юу ярих билээ?
Якобыг тэндээс зайлан одсоны маргааш өглөө нь жанжин сайд амлалтаа биелүүлж, хэрэв нөгөө ногоог олоогүй бол анахайн толгойг авахуулахаар завдтал түүнийг хаанаас ч эрээд олсонгүйд жанжин сайдын ордонд маш их хөл үймээн болжээ. Гэтэл зочилж ирсэн ноён нь жанжин сайдыг шилдэг тогоочоо дараа нь харамсахгүйн тулд нууцаар оргуулав гэж бодсоноо хэлээд түүнийг үгэндээ хүрдэггүй мятрамхай эр гэж гомдолложээ. Үүний улмаас хожим нь «Нарийн ногооны дайн» гэж түүхэнд алдаршсан дайн хоёр ноёны хооронд гарчээ. Ганц нэгэн удаа тулалдсаны эцэст найрамдан эл эвлэрэн найрамдсаны баяраар ноёны тогоочоор сузерайн татмаг хийлгэн ноён жанжин сайд гойд таашаан зооглосон тул эл найрамдлыг манайхан «Татмагийн найрамдал» гэж нэрлэдэг болсон юм гэдгийг л би нэмж хэлэх байна.
Ийнхүү хамгийн яльгүй шалтгаан үлэмжийн уршигт хүргэдэг байна. Эзэн минь, «Унжуу хамарт анахайн үлгэр» энэ билээ.
Франц нутгаас ирсэн боол ийн ярьсан бөгөөд түүнийг ярьж дуусмагц шейх Али Бану түүнд болон бусад боолуудад жимс тараалгаад тэднийг жимсээ идэн байх зуур найз нартайгаа ярилцан суув. Өвгөний дагуулж ирсэн залуус харин шейх, түүний орон байр, бүх л тавилга заслыг нь туйлаас шагшин магтаж байлаа. Зохиолч залуу
— Үлгэр сонсохоос илүү зугаатай юм үнэндээ үгүй. Миний бие завилан суугаад жинтүү тохойлдон, магнайгаа өрөөсөн гараараа тулан, болдог бол шейхийн усан гансыг нөгөө гартаа барин өдөр өнжин ийнхүү үлгэр түүх сонсон суухаас ер уйдахгүй. Ер нь би Мохамедийн цэцэрлэг дэх амьдралыг ийм л янзаар тухайлан боддог билээ гэсэнд өвгөн
— Та нар залуу, ажиллаж хөдөлмөрлөж чадаж байгаа үедээ ийм үлбэгэр мөрөөдөлд үнэн сэтгэлээсээ автаж болохгүй. Гэхдээ ямар нэг юм ярихыг сонирхон сонсох хүсэлтэйг чинь зөв гэж бодож байна. Хэдийгээр далан долоон насыг насалж амьдралдаа ихийг сонссон хөгшин хүн боловч гудамжны буланд үлгэрчнийг тойрон суугаа улс өөрийг минь тэнд суугаад мөн үлгэр сонс гэхэд тоохгүй өнгөрч чаддаггүй билээ. Хүн сонссон хэрэг явдлаа хүсэмжлэн бодож, бидэнтэй тэр бүрий тохиох нь үгүй хүмүүс, гайхалтай сүнс сүг, ид шидтэй илбэчин жилбэчинтэй бодол санаагаараа цуг байдаг бөгөөд ганцаардан суухдаа цөл дундуур аялан явахдаа ихийг олж үзсэн аянчны адил эргэн санах зүйлтэй болдог юм гэв.
— Би энэ талаар ингэж бодож явсан минь ер үгүй бөгөөд энэ мэт үлгэр түүхийн хүнийг татах чадал юундаа байдгийг нь мэддэггүй байлаа. Гэвч би та нарын л адил сонирхон шохоорхдог билээ.
Намайг бүр жаахан байхад дүрсгүйтэхэд минь үлгэр ярин нам гүм болгодог байсансан. Анхандаа хэн нэгэн нь юм ярьж, тэнд нь ямар нэг юм тохиолдож л байвал чухам юун тухай болох нь надад хамаагүй санагддаг байлаа. Миний бие ухаант хүмүүсийн зохиож, ухааныхаа цөмийг шингээсэн ёгт үлгэрүүд хийгээд үнэг болон тэнэг хэрээнүүдийн тухай, үнэг чоно хоёрын тухай, арслан ба бусад адгуусан амьтны тухай олон олон үлгэрийг уйдахыг мэдэхгүй чагнан суудаг байсансан. Чингээд өсч өндийн хүмүүсийн дунд ороод ирмэгц тэрхүү богинохон үлгэрүүд сэтгэлийг минь татахаа болиод илүү урт, тэгэхдээ хүмүүсийн тухай, тэдний гайхалтай хувь заяаны тухай өгүүлсэн үлгэр түүхийг сонсох дуртай болж билээ гэж залуусын нэг нь хэлсэнд түүний нэг найз яриаг нь таслан
— Тийм ээ, би тэр үеийг сайн санаж байна. Элдэв төрлийн үлгэр түүхийг сонсох дур хүслийг бидэнд бий болгосон хүн бол чи билээ. Танай зарц нарын нэг Мекка, Медина хоёрын хооронд жин тээж насаа элээсэн хүн шиг л маш их үлгэр түүх мэддэг нэгэн байсан бөгөөд ажил төрлөө хийж дуусмагц байшингийн өмнөх зүлгэн дээр дунд маань суугаад биднийг хичээнгүйлэн гуйсны эцэст ярьж эхлээд бүр шөнө болтол хөвүүлчихдэгсэн гэвэл зохиолч
— Тэгээд л бид ургамлын ертөнцийн гайхамшиг бүхнээр, маргад, бадмаараг эрдэнээр бүрдсэн бөгжөө хааш нь ч юм бэ нэг тийш нь эргүүлэхэд юмуу, шидэт дэнлүүг арчихад, эс бөгөөс Саломын үгийг хэлэхэд алтан аяганд амтат зоог барин гарч ирдэг аварга биет боолууд бүхий тансаг шилтгээнүүдтэй шинэ, хэзээ ч, хэний ч дуулж мэдээгүй гүрэн, идтэн шидтэний орныг тухай бүр нээн мэддэг байсансан. Чингээд бид өөрийн эрхгүй өөрсдийгөө тэнд байгаагаар сэтгэн Синдбадын хамт гайхамшигт аянг нь хийлцэж, сүжигтнүүдийн ухаант захирагч Харун Аль Рашидийн хамт оройн цагаар зугаалж, түүний тэргүүн сайд Жиаффарыг өөрсөд шигээ сайн мэддэг байсан бөгөөд нэг үгээр хэлбэл бид хүмүүс шөнө зүүдэлдгийн адил тэрхүү үлгэр түүхийн оронд амьдарч байсан бөгөөд зүлгэн дээр цуглаад хөгшин боолоор үлгэр түүх яриулдаг оройн цаг шиг сайхан үе гэж ер байдаггүйсэн. Яагаад бид тэр үед хүмүүсийн ярихыг тийм их шохоорхон сонсож байсан хийгээд одоо ч бас ийн үлгэр түүх сонсохоос сайхан юм бидний хувьд үгүй байгаагийн учир юунд байгааг хэлж өгнө үү та? гэв.
Танхимд бий болсон үймээн шуугиан хийгээд боолуудын харгалзагчийн анхааралтай байхыг шаардсан дохио зэрэг нь өвгөний хариу хэлэхэд саад болов. Дахин бас нэг түүх сонсох болов гэж баярлах, эсвэл өвгөнтэй хөгжөөсөн сонирхолтой яриаг таслав гэж дургүйлхэхийн алиныг ч залуус мэдсэнгүй. Харин удаах боол босож ийн ярьж эхлэв.



____________________________


Top
   
PostPosted: Jan.21.15 9:28 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
ЮУ Ч ХАРААГҮЙ ЕВРЕЙ АБНЕР

Эзэнтэн! Би их далайн эрэг дэх Могадор хотын хүн билээ. Хамгаас хүчит Мулай Исмаэль Фэц, Мароко хоёрыг захирч байх үед болсон энэ явдлыг Та магад дуртайяа болгоох бизээ. Энэ бол юу ч хараагүй Абнер хэмээх еврей хүнд тохиолдсон явдал юм.
Еврейгүй газар байдаггүйг та бэлхнээ мэднэ. Тэд хаана ч гэсэн еврейгээрээ л байдаг. Овжин, өчүүхэн ч ашгийг олж харах гярхай хараатай, авьяастай, хавчигдах тусам овжин болж, түүнийгээ ч
өөрсдөө мэдэх учир баахан бардам зантай. Гэвч бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр еврей хүртэл өөрийн мэх залиас болж хохирч болохыг Абнер тэр нэг үдэш Мароккийн хаалгыг өнгөрөн зугаалж явахдаа нотлох тавилантай байжээ. Шовгор малгай толгойдоо тавьж, төдий л цэвэр биш даруухан дээл өмсөөд далд байгаа алтан хайрцагнаас үе үе хамрын тамхи сэмхэн татан, ямаан сахлаа имрэн алхална.
Үргэлж айх, зовох болон юмхнаас ашиг хонжоо олохын шунал нь түүний нүдийг ер амар байлгахгүй хэдэн тийш эргэлдүүлэх боловч түүний хөдөлгөөнтэй төрх цаанаа л нэг сэтгэл ханамжтай байдлыг илтгэнэ.
Тэр өнөөдөр сайн наймаа хийснээс зайлахгүй, үнэхээр ч тийм байлаа. Тэр эмч, худалдаачин, ер нь л мөнгө олж болох бүхнийг хийнэ. Өнөөдөр далд согогтой нэг боол зарж, нэг тэмээ ачаа хямд үнээр худалдан авч, нэгэн өвчтэй баян хүнд эдгэхийн нь өмнөх биш тонилохын нь өмнөх эцсийн ундыг нь бэлтгэж өгчээ.
Тэрээр далдуугийн төглөөс гарч яваад араасаа гүйж яваа хүмүүсийн хашгиралдахыг сонсов.
Хааны хэсэг боол ахлагчаараа толгойлуулан, ямар нэг зүйлийг ихэд сандарсан харцаар эрэн, гүйлдсэн нь энэ байжээ.
— Иргэн чи, хааны эмээл хазаартай морь давхиж өнгөрөхийг хараагүй биз? гэж тэдний ахлагч амьсгаадан асуув.
— Жижигхэн цомбон туурайндаа арван дөрвөн лангийн мөнгөн тахтай, алтан шаргал зүстэй, арван таван алга өндөр, гурван тохой хагас урт сүүлтэй,
алтан амгайвчтай, хосгүй жороо шарга морь билээ гэж Абнер хариулав.
— Тэр чинь яг мөн гэж боолууд ахлагчаа даган зэрэг хэлэв.
— Эмир байхгүй юу тэр чинь. Эмирийг тусгай амгайвчтай уна гэж хунтайж Абдаллад би хичнээн удаа хэллээ. Эмир түүнийг нэг л хаяна гэж би бүр
хэлдэг байсан юм. Түүний нурууны өвчнийг би толгойгоороо төлдөг юмаа гэхэд урьд нь би сануулдаг байсан юм. За, хурдан, тэр хаашаа давхиад явчихав гэж гаслан гангинасан өвгөн хэлэв.
— Ямар ч морь хараагүй хүн чинь хааны морь хаашаа явсныг яаж мэдэх юм бэ? гэж Абнер инээмсэглэн хэлэв.
Түүнийг ингэж хэлэхэд хааны албатууд гайхан цааш шалгаахыг завдтал өөр нэгэн хэрэг мандав. Тохиолдол мундах биш дээ. Яг энэ үед хааны хатны хайртай нохой зугтаагаад явчихсан байжээ. Хар арьстан боолууд холоос хашгиран, гүйлдэн ирж,
— Хатаны хайртай нохойг харав уу? гэцгээв.
— Та нарын эрж байгаа нохой чинь эм нохой юм гэж Абнерыг хэлэхэд
— Харин тийм, Алине чи хаана байна гэж нэг тайган хэлэв.
— Саяхан гөлөглөсөн, урт сахлаг сүүлтэй, урд талын баруун хөл нь доголсон жижиг нохой байна даа гэж Абнер үргэлжлүүлэн хэлсэнд
— Тийм, яг дүрээрээ мөн. Алине мөн байна. Түүний алга болсныг мэдээд хатан уйлж унжаад хариу алга. Алине чи хаана байна. Бид чамайг олохгүйгээр эргэж яаж очих билээ. Хаашаа явахыг нь харснаа хурдан хэл гэж боолууд нэгэн дуугаар шаардав.
— Би ямар ч нохой үзээгүй. Тэр байтугай хатныг, бурхан түүнийг өршөөг, тийм нохойтой гэдгийг ч мэдээгүй шүү.
Хааны эд малаар тоглоом тохуу хийлээ хэмээн ордны хүмүүс зэвүүцэж, морь, нохой хоёрыг Абнерыг хулгайлсан гэдэгт эргэлзэхээ болив. Бусад нь эрлээ үргэлжлүүлэх зуур жүчээний ахлагч, тэргүүн тайган хоёр еврейг баривчлан, айх, инээхийн хооронд болсон түүнийг хааных руу авч явав. Мулай Исмаэль хэрэг явдлыг сонсож, мэдээд уурлан, ордны зөвлөлийг дуудан хуралдуулж, хэлэлцэх хэргийн онц чухлыг харгалзан хуралдааныг өөрөө тэргүүлэв. Хуралдааныг нээж хэрэгтний хөлийн улыг хагас зуун удаа цохиж гэсгээх шийтгэл оноов. Хөөрхий Абнер орилон, гиншиж, болсон явдлыг тэр чигээр нь ярьж өгөхийг амлан, ном судрын сургаалиас «Хааны хилэн залуу арслангийн архирах, харин ивээл нь ногоон дээр унасан хяруу» гэх буюу «Үзэж, сонсоогүй байтлаа, бүү жанчигтун» гэж дуудавч, Мулай Исмаэль вивангаридичийн болон өөрийнхөө сахлаар андгайлж, морь, нохой хоёрыг авчрахгүй бол хунтайж Абдаллагийн нурууны өвчин, хатны уй гашууг чи толгойгоороо төлөх болно гэв.
Мароккийн хааны ордонд хөөрхий еврейн ёолох дуу тасраагүй байхад морь, нохой хоёрыг олсон тухай мэдээ иржээ.
Алинег өөр хэдэн нохойн хамт байхад нь барьж авчээ. Эмир эцтэлээ давхисны эцэст үргээлэгтэй анд яваад төөрч, ядарсандаа тариачны овоохойд талх, тос хараад өөрийн найрын ширээний амттанг мартах язгуурт анчны адил Тара голын зүлгийн ногоог хааны хашааны овьёосоос илүүд үзэж идээшилж байжээ. Мулай Исмаэль Абнераас сэжиг төрүүлсэн байдлын нь талаар тайлбар шаардахад хэдийгээр хожимдсон ч гэсэн хааны өмнө духаараа гурвантаа газар мөргөн байж хэлсэн нь:
- Хүч ихт хаан, хаадын хаан, үнэн мөнийн толь, алт шиг гялалзаж, алмаз эрдэнэ шиг туяарагч, төмөр мэт хатуу эзэнтэн минь ээ, өчиг мэдүүлэх завшаан тохиолдсон өчүүхэн боолынхоо үгийг сонсогтун!
Эцэг өвгөдийн шүтээн, бурхдын нэрийг барин андгайлж, таны шилдэг шидэт морь, эрхэмсэг хатны нохойг өөрийн нүдээр огт хараагүй гэдгээ тангараглая. Гэвч учрыг тунгаан, болгооно уу,
- Би өдрийн алжаалаас амрахын тулд гэгээнтний жүчээний ахлагч болон таны эмсийн ордны хар арьст харгалзагчтай дайралдах завшаан олдсон тэр төгөлд зугаалж явав.
Гэтэл далдуу модны хооронд торгон элсэн дээр ямар нэгэн амьтны мөр байхыг харлаа. Амьтдын мөрийг муугүй мэдэх учраас жижгэвтэр нохойн мөр болохыг зовлонгүй танив. Мөрний голоор нь элсний гүдгэр хэсгийг шүргэн өнгөрсөн зураас байсныг хараад гөлөглөөд удаагүй учир хөх нь унжсан гичий байж гэж мэдэв. Урд хөлийн мөрийн хавьцаа элсийг зөөлөн үлээсэн бололтой байсныг нохой доош унжсан гоё далбагар чихтэй байсных, элсийг нэлээд зайтай, үе үе мэдэгдэхүйц онгилсон байсан нь нохой үзэсгэлэнтэй сахлаг урт сүүлтэй ба түүгээрээ үе үе газар гуядах дуртай байсны тэмдэг, мөн нэг хөл нь элсэнд байнга дутуу шигдсэн байсан нь хатантны нохой, уучилна уу, бага зэрэг доголон байсны тэмдэг гэж ойлгосон юм.
Эрхэм дээдэс, таны морины хувьд бол төгөл дотор явж байхад бутны хооронд гарсан туурайн мөр миний анхаарлыг татав. Хөөрхөн цомбон туурайг нь хармагц би хамгийн сайн ченнер үүлдрийн морь түүгээр явсныг мэдсэн юм. Манай эзэн хаан франкуудын орны нэгэн язгууртанд энэ үүлдрийн сүрэг адуу худалдсанаас хойш дөрвөн сар ч өнгэрөөгүйгээр барахгүй тэднийг ингэж наймаа тохироход нь миний дүү Рубен байлцсан билээ. Энэ наймаанд манай эзэнтэн хожсон юм.
Мөр хоорондоо хол, жигд зайтай байсныг хараад би сайхан жороо морь болохыг ойлгож, ийм хүлэг эзэмших тавилан зөвхөн эзэн хаантанд заяах юм гэж бодож, «Тэр адгуусын туурайгаараа газар цавчлах нь бахадмаар хүчтэй, хуяг, дуулгатны өөдөөс аймшиггүй тэмүүлж, айх ичихийг элэглэн, исгэрэн шуугих сум, илд, жадны алинаас ч зугтахыг үл мэднэм» гэж Хиобьен шүлэглэсэн байдгийг санаж байв. Газарт нэг юм гялалзахад нь сурсан зангаараа бөхийн харваас морины тах чулуун дээр зураас татсаныг харваас мөнгөн тах байсан нь зайлшгүй. Миний байсан модны цоорхой нь долоон тохой өргөн байхад далдуугийн төглөөс хаа нэг газар тоос нь гүвэгдсэний учир бол морь сүүлээрээ ширвэснийх биз ээ. Сүүл нь гурван тохой хагас байсан нь гарцаагүй. Зарим модны таван тохой өндөрт унжих навчсыг хурдлан өнгөрөхдөө нуруугаараа шүргэн гарсны мөр нь шив шинэхэн байснаас харахад морь арван таван алга өндөр нь тодорхой. Мөн модны ёроолд алтан шаргал өнгөтэй туг үс унасан байлаа. Модноос гарангуут хадан хясаанд гарсан алтан зураас миний нүдэнд тусав. Энэ зураас юуных вэ? гэж би өөрөөсөө асуув. Хадан дээр гарсан тэр зураасыг Голландын нэгдсэн долоон мужийн уран дархан ч ингэж нарийн цэвэр татаж чадахгүйсэн билээ. Хурдан морь давхин өнгөрөхдөө амгайвчаараа хадыг шүргэсэн биз ээ.
Хаадын хаан таны үнэтэй, цэнэтэй зүйлд дуртайг мэдэх хойно доо. Таны адуун сүргийн адгийн агт алтаас өөр амгайвч зуухаасаа ичих биз ээ. Ийм л зүйл болсон юм даа.
— Гэгээн Мекка, Мединаг барин тангараглая, үүнийг би нүд гэж нэрлэнэ. Ийм хараатай бол тэргүүн анчин минь, чамд тэр олон нохой хэрэггүйсэн, цагдаагийн дарга чи цагдаа нараасаа илүү харахсан. Чиний хурц ухаан бидэнд таалагдсан учир чамайг өршөөе. Би тавин удаа цохиулж шийтгэсэн учир чамайг тавин зоосны төлбөрөөс чөлөөллөө. Ингэхээр чи ердөө тавин зоосыг бэлнээр төл. Мөнгөнийхөө уутыг гарга. Хааны эд хөрөнгөөр хойшид тоглоом, тохуу хийв ээ! Бид чамд өршөөлтэй хандлаа гэж Мулай Исмаэль хэлэв. Хаан түүнийг овсгоотой хэмээн сайшааж, хааны ордныхон тэр чигээрээ Абнерын хурц ухааныг шагшин магтсан ч энэ бүгд нь түүний өвчинг анагааж, үнэт зоосондоо харамссан сэтгэлийг нь засаж чадсангүй. Абнер зоосыг уутнаасаа нэг нэгээр нь гарган, салахын өмнө хурууныхаа үзүүр дээр цэгнэн үзэж байх зуур ордны алиа салбадай зоосны хуурамч биш нь Абдалла хунтайжийи морины мөрөө үлдээсэн тэр чулуун дээр батлагдсан эсэхийг асууж, «Цэцэн цэлмэг чинь өнөөдөр чамд алдар нэр авчирлаа. Гэвч чи дуугүй байсан нь дээр байсан юм гэж тавин зоосоор мөрийцөхөд бэлэн байна, Юу гэж хэлсэн үг байдаг билээ? Үг алдвал барьж болохгүй. Хурдан хүлэг хөллөсөн тэргээр ч, хуй салхиар ч түүнийг гүйцэхгүй гэдэг биз?» гэжээ.
Энэ гайтай явдал тохиолдсон өдрөөс хойш тун удалгүй Абнер нэгэн удаа Атлас уулын хормойд зугаалж явжээ. Тэр мөн л түрүүчийн адил зэр зэвсэг болсон бөөн улсад баригдаж, тэдиий ахлагч нь түүн рүү
— Сайн найз минь чи хааны хар арьст бие хамгаалагч Горог хараагүй биз? Тэр оргосон. Энэ замаар ууланд гарснаас зайлахгүй гэж хашгирав.
—- Та бухэнд тусалж чадахгүй нь эрхэм генерал гэж Абнер хариулав.
— Өө, чи чинь хааны жороо морь, нохой хоёрыг хараагүй нөгөө овжин еврей мөн шив дээ. Бүү маягла, тэр боол үүгээр л өнгөрсөн байх ёстой. Чи түүний хөлсний үнэрийг мэдрэхгүй байна гэж үү? Түүний хурдан хөлийн мөр энэ өндөр өвсөнд гараагүй байна уу. Хэл, тэр боол үүгээр өнгөрсөн байх ёстой. Тэр чинь хаантны хамгийн дуртай зугаа болох үлээдэг гуурсаар болжмор буудахад онц гарамгай хүн байгаа юм. Чамайг хэлэхгүй бол янгинатал нь хүлнэ шүү.
— Үзээгүй юмаа үзсэн гэлтэй биш дээ.
— Еврей минь, чамд эцсийн удаа хэлье. Боол хаашаа зугтав! Хөлийнхөө ул, зоос хоёроо бодоорой.
— Та нар намайг тэр болжморын анчинг үзсэн болгох гээд байгаа бол тийшээ яв. Хэрэв тэнд байхгүй бол өөр газар бий биз.
— Чи тэгэхээр түүнийг харсан байх нь ээ гэж цэргийг хэлэхэд
— Эрхэм дарга, яая гэхэв. Та нарын хүслээр болгосон нь тэр гэв.
Цэргүүд заасан зүгт нь яаран явцгаахад, Абнер тэднийг мэхэлсэндээ дотроо сэтгэл ханамжтайгаар гэртээ харив.
Тэгээд хорин дөрвөн цаг ч өнгөрөөгүй байтал ордны харуулын баахан улс гэрт нь дайран орж ирээд, амралтын өдөр байсныг ч тоолгүй тав алдуулж, сандарган түүнийг Мароккийн хаан дээр аваачив.
-- Еврейн нохой чи босгуул боолыг мөрдөж явсан хааны албатуудыг буруу зам зааж ууланд гаргана гэнээ! Гэтэл оргодол далайн эрэг бараадан, испанийн нэгэн хөлөг онгоцоор яваад өгөх дөхсөн байна. Цэргүүд ээ, наадхынхаа хөлийн улыг зуун удаа цохиж, зуун зоосоор торго. Хөлийн нь улны хавдсаны хэмжээгээр мөнгөний нь уут хоосрог гэж хаан уурсав.
Эзэнтэн та мэдэх хойно доо. Фэц болон Мароккод гэсгээлт яаруу болохоор хөөрхий Абнерыг зодож, жанчин, торгож гэнэ.
Абнер харин эзэн хааныг ямар нэг юм алдах болгонд хөлийн ул, мөнгөний уут нь хэлмэгдэх болсон хувь заяандаа гомдож суув. Түүнийг ордны албат нарт шоолуулан өрөөнөөс доголж гарахад алиа салбадай Шнури түүнд
«Болох юм биш үү. Абнер, талархана гэдгийг мэддэг үү чи? Хаантныг, бурхан түүнийг өршөөг, юм алдах болгонд чи зохих хувиа амсах нь чиний хувьд завшаан биш үү? Хэрэв чамайг надад барьц баривал баруун зүгийн эзэн хааныг юмаа алдахаас нь өмнө би танай гэрт очиж «Овоохойгоосоо битгий гар, Абнер аа. Учрыг чи мэдэж байгаа биз дээ. Оромжиндоо орж цоожлоод нар жаргахыг хүлээ гэж сануулж байя л даа» гэжээ. Юу ч хараагүй гэх Абнерын түүх энэ дээ, эзэнтэн минь.
Боол яриагаа дуусаж, өрөөнд чимээгүй болсонд залуу зохиолч яриагаа тасалдуулсныг өвгөнд сануулж, үлгэрийн хачин сонин нь чухам юунд байгааг тайлбарлаж өгөхийг түүнээс хүсэв.
— Түүнийг би одоо та нарт хэлье. Хүний оюун ухаан бол бүх хэлбэр дүрсийг олж чадах, хамгийн нягтыг ч гэсэн аажмаар нэвтлэх чадвартай уснаас ч илүү хөнгөн, шалмаг билээ. Тэр нь агаараас ч илүү хөнгөн, чөлөөтэй бөгөөд агаарын адил газар дэлхийгээс холдох тусам цэвэр, ариун болдог.
Тийм учраас хүн болгон хүсэл мөрөөдлөөр ч болтугай өдөр тутмын жирийн явдлаас ангижирч, арай илүү өндөрт амар чөлөөтэй хөдлөхийг хүсэж, тэмүүлж байдаг юм. Та нар өөрсдөө «Бид тэр үлгэрийн дотор амьдарч, тэр хүмүүсийн адил бодож, сэтгэн, мэдэрч байсан» гэж хэлсэн шүү дээ. Үлгэрийн хачин сонин чухам үүнд байгаа юм.
Хэн нэгэн хүний хэзээ нэгэн цагт зохиосон зохиолоос боолын ярихыг сонсоод та нар мөн хамт туурвилцаж, өөрсдийгөө хүрээлэн байгаа эд юмс, ердийн үзэл бодлоо үтэр орхин, энэ бүхэн өөрт нь тохиолдсон тэр хүнтэй хамт амьдарч, тэр хүний амьдралыг хуваалцсан. Та нарын оюун ухаан энэ намтрын үзүүрээс барилцан, та нарт төдийлөн сонин санагдаж, даллан дуудаагүй өнөөдрийг орхин танихгүй, шинэ орон зайд чөлөөтэйгөөр зорчиж, үлгэр нь жинхэнэ бодит байдал болсон буюу хэрэв та бүгд хүсвэл, бодит байдал үлгэр болон хувирсан байна. Учир нь та нар үлгэрийн дотор оршиж байсан юм.
— Би таныг нэг л сайн ойлгохгүй байна. Харин бид үлгэр дотор амьдарсан буюу үлгэр бидний дунд байсан гэж та үнэн хэллээ. Үржил шимгүй, эл хуль арал дээр очиж байна гэж төсөөлөн бодож, амьдралын эрхээр яахыг зөвлөлдөн хэдийгээр хэдхэн алхмын цаана гэртээ юм бүхнээр хангалуун байж болох байсан атал бид овоохой барьж, зэрлэг жимсээр тааруухан хоол бэлтгэж суухад илүү дуртай байсан тэр сайхан цагийг би сайн санаж байна. Хааяа бид сайн санаат дагина юмуу ер бусын одой хүнийг бидэнд дөхөн ирж: «Газрын хөрс онгойж, та нар миний уулын талст өргөөнд очиж миний албат болох далайн муураар зоогийн ширээнд үйлчлүүлэх болно» гэж хэлэхийг хүлээн суудаг байж билээ гэж залуу худалдаачныг хэлсэнд залуус инээлдэж, найзынхаа ярьсныг үнэн гэлцэв.
— Одоо ч гэсэн үлгэрийн ид шидэд би итгэдэг. Хэрэв дүү минь хаалгаар орж ирэнгүүт: «Манай хөрш, бүдүүн талхчинд тохиолдсон золгүй явдлыг сонсов уу? Нэг илбэчинтэй маргаад, нөгөөх нь түүнийг уурласандаа баавгай болгоод хувиргачихжээ. Одоо өрөөндөө уйлаад сууж байна» гэж яривал би түүнийг худалч хэмээн загнах бизээ.
Харин надад хэн нэгэн хүн миний хөршийг холын аянд яваад таньж мэдэхгүй газар илбэчний гарт орж, илбэчин түүнийг баавгай болгон хувиргаж гэнэ гэж яривал би уг үйл явдалд аажмаар автагдан бүдүүн хөрштэйгөө хамт аялж, сонин зүйл үзэж, хөршийгөө ширэнд боогдож, дөрвөн хөллөн явж эхлэхэд ч онц гайхахгүй биз гэж өөр нэг нь хэлэв. Залуу хүмүүс ийнхүү ярилцан байв. Шейхийн дохиогоор бүгдээр сууцгаав. Боолын харгалзагч суллагдсан хүмүүст үргэлжлүүлэн ярихыг шаардахад тэдний нэг нь босож ярив.


(ЯДУУ СТЕФАН)

Боол яриагаа төгсгөж шейх болон найз нөхдөөсӨө талархал хүлээв. Гэвч түүний яриа шейхийн уй гашууг арилгаж чадсангүй, тэр урьдын адил бодлогошрон суухад нь залуу хүмүүс ихэд өрөвджээ.
— Шейх яагаад боолуудаараа ингэж үлгэр яриулна вэ? Надад ийм зовлон тохиолдсон бол ингэж таних, танихгүй хүнээр хүрээлүүлэн суухгүй харанхуй ойд очно гэж худалдаачин залууг хэлэхэд
— Мэргэн хүн бол уй гашуудаа автан, бүрмөсөн дарагддаггүй, мэргэн хүн бодлогошрон, буурь сууртай хандахаас биш илтээр эмгэнэж, яахаа алддаггүй юм. Хэрэв чиний дотор харанхуй, гашуудалтай бол түүний дээр бараан хушны сүүдрийг яахан эрэлхийлэх билээ? Тэр сүүдэр нүдээр чинь дамжин чиний зүрхэнд хүрч улам харанхуй болгоно. Нарны гэрэл, нарлаг өдрийн гэрэлд явах нь зөв, нарлаг өдрийн илч, дулаанаас чи, чамайг Аллахын хайр нарны адил мөнх ивээж байдгийг мэдрэх болно гэж өвгөн хэлэв.
— Та үнэн хэллээ. Мэргэн хүн зовлон, гамшгийн хар сүүдрийг өөрөөсөө аль болохоор холдуулдагсан биш билүү? Уй гашууг мартахын тулд сархад ууж, хар тамхи татах гэж үү? Зовлон, жаргалын алиныг ч бол харилцан ярилцах нь зөв. Шейхийн зөв гэж зохиолч хэлэв.
— За яахав. Түүнд найз нөхөд, үлгэрчин байдаггүй бил үү? Яагаад заавал боолууд ярьдаг билээ! гэж худалдаачныг хэлэхэд өвгөн
— Эрхэм минь эдгээр боолууд олон янзын золгүй шалтгаанаар боол болсон байх. Тэд мөн тийм ч мэдлэггүй хүмүүс биш болохыг бид сая мэдэв. Үүнээс гадна тэд энд тэндхийн орны олон үндэстэн ястны хүмүүс учир тэдэнд ярьж сонирхуулмаар гэр орондоо үзэж харж, сонссон зүйл байх нь зайлшгүй. Шейхийн нэгэн нөхрийн надад хэлсэн үгийг би та нарт хэлье. Энэ хүмүүс өнөөдрийг хүртэл Шейхийн боол байсан бөгөөд хэдийгээр их хүнд хүчир ажил хийгээгүй ч гэсэн тэднийг албадан ажиллуулдаг байв. Гэхдээ эрх чөлөөтэй хүмүүсээс эдний ялгаа их юм. Шейхэд тэд зөвхөн хүлцэнгүй боолчлогдож байгаагаа илэрхийлж баймааж нь ойртдог байв. Шейхийг асуугаагүй байхад тэд ярих эрх байхгүй. Ярилаа ч хариулт нь товч байх ёстой. Өнөөдөр тэд эрх чөлөөтэй боловч хамгийн түрүүнд гүйцэтгэх алба нь нэгнийхээ өмнө илэн далангүй удтал ярих явдал юм. Энэ нь тэдний хувьд бага биш завшаан бөгөөд ингэснээр эрх чөлөө тэдний хувьд улам үнэтэй байх болно гэв.
— Харав уу дөрөв дэх боол бослоо. Харгалзагч түүнд дохио өгсөн бололтой, суугаад сонсоцгооё гэж зохиолч өгүүлэв.

(ЖИГНЭГДСЭН ТОЛГОЙ)

Шейх энэ яриаг сонсоод талархал илэрхийлэв. Хэдэн жилийн турш инээгээгүй Шейхийг хэдэн удаа инээмсэглэхэд түүний нөхөд үүнийг сайны билэг тэмдэг гэж үзжээ.
Энэ нь залуу хүмүүс болон өвгөний хараанаас мултарсангүй. Шейхийн уй гашуутай бодол хагас цаг ч болтугай сарнихыг хараад тэд ч мөн баярлав. Түүний золгүй явдалд тэд харамсан гашуудаж, түүнийг уйтгартай, зовлонгоо нэхэн санаж, бодлогошрон суухыг хараад тэдний цээж давчдаж, царайнаас нь хоромхон ч болов хугацаанд сүүдэр арилахыг үзээд, баярлаж байв.
—- Энэ яриа Шейхэд таалагдав бололтой, инээдтэй, ер бусын сонин зүйл их байсан нь хэзээ ч инээж үзээгүй, Ливаны уулын гэгээн даяанчийн ч инээдийг хүргэх нь лавтай гэж зохиолчийг хэлэхэд
— Гэлээ ч энэ үлгэрт лусын дагина, илбэчин, талст ордон, шидэт морь гарсангүй гэж өвгөн инээмсэглэн өгүүлэхэд
— Одоо хүртэл бидний сонирхлыг татаж, даллан дууддаг хүүхэд ахуйнхаа үлгэрийн талаар, үлгэртээ сэтгэл хөөрөн байж, дотор нь амьдрах мэт бодогддог байсан мөчийг бид үнэн сэтгэлээсээ ярьсныг та шоолж байна уу гэж худалдаачин залуу хэлэв.
— Огт үгүй, үлгэрийг хайрладаг та нарын хайрыг би хэрхэвч буруушаахгүй. Үлгэрийн үйл явцад сэтгэл санаагаараа оролцож, үлгэрийг хүүхдийн тоглоом мэтээр үл тоомсорлолгүй түүнээс уйдаж мориор давхих, орон дээрээ зүүрмэглэн хэвтэх юмуу, усан ганс татахын оронд үлгэрийг амтархан сонсдог тань их сонин хэрэг. Бидний үлгэр гэж нэрлэдгээс арай өөр төрлийн яриа та нарын сонирхлыг ихэд татаж байгаад би их баяртай байна.
— Юу гэсэн үг вэ? Бидэнд тайлбарлаж өгнө үү? Үлгэрээс өөр төрлийн гэнээ? гэж залуус ам өрсөлдөн асуусанд өвгөн
— Үлгэр, бидний түүх намтар гэж нэрлэдэг зүйлийн хооронд ялгаа бий. Хэрэв би та нарт үлгэр ярьж өгье гэж хэлбэл та нар энэ нь бодит амьдралаас ялгаатай, манай ертөнцөөс гадуур орчлонд болж байгаа зүйл байх болно гэдгийг дор нь ойлгоно. Өөрөөр хэлбэл үлгэрт хорвоод мөнх биш хүнээс өөр бусад олон зүйл гарна. Үлгэрийн баатруудын амьдралд дагина, илбэчин, шуламс, ид шидтэн зэрэг гадны хүч үйлчилж үлгэр маань француудын арабеск гэж нэрлэдэг манай нэрт зураачдын уран зураг, манай хивсний хээ угалз шиг ер бусын олон өнгөтэй сонин зүйл болж хувирдаг, мусульман шашинд Аллахын бүтээл болох хүнийг зураг хөрөгт өнгөтэйгөөр дүрслэхийг хориглодог. Тийм учраас зурагт хүний толгойтой, сонин дүрстэй мод, хүн шувуу, загас юмуу товчоор хэлбэл, бодит амьдралыг ер бусын үзэгдэл, дүрүүдээр дүрсэлсэн байдаг. Та нар намайг ойлгож байгаа биз? гэхэд зохиолч
— Таны санааг гадарлаж байх шиг байна. Цааш нь яригтун! гэв.
— Үлгэр нь шог, хошин, жирийн байхын дээр мөн санамсаргүй эргэлттэй байдаг.
Бодит амьдралаас ялгаатай учир үлгэрийг алс холын оронд юмуу эрт дээр үед болсон үйл явдал болгон ярьдаг. Улс орон, үндэстэн болгон өөрийн үлгэртэй. Турк, перс, хятад, монгол, тэр ч байтугай франкуудын оронд ч олон үлгэр байдаг. Нэгэн эрдэмтэй хүн надад нэг үлгэр ярьж өгсөн, тэр нь манайхыг гүйцэхгүй юм билээ. Учир нь манай үлгэрүүдэд гардаг гоё орд харшид сууж, цэнгэг агаарт сүүх тэргээр зугаалдаг дагинасын оронд тэдний үлгэрт ядуу овоохойд амьдарч, урт иштэй хогийн шүүр унан манан дундуур нисдэг шулам гэгч шидэт эмс гардаг юм. Бас үргэлж бүтэлгүй зүйл хийж явдаг одой хүн, хачин буруу бие төрхтэй далдын хүч бас гардаг юм билээ. Энэ бүгд бол үлгэр. Харин түүх, намтар бол үүнээс огт өөр.
Түүх намтар бол хорвоо дээр болж байгаа үнэн зүйлс, амьдралд тохиолдсон зүйл юм. Харин түүх, намтар нь үлгэрт гардаг шиг илбийн хүч, элдэв хараал, дагинасын өршөөлөөр биш, харин өөрөөсөө болон нөхцөл байдлын сонин зохицлоос болж баян, хоосон, аз жаргалтай, золгүй болсон хүний хувь заяаны ээдрээ юм.
- Зөв, онц сонирхолтой ийм түүх намтар Шехеразадын мянга нэгэн шөнийн үлгэрт гардаг юм. Харун Аль Рашид, түүний сайд нарын намтар нь бүгд адилхан үйл явдалтай шүү дээ. Тэд зөвхөн хувцсаа сольж өмссөн юм шиг санагддаг. Тэдэнд тохиолдох үйл явдал болгон эцэстээ зүй ёсоороо адилхан төгсдөг шүү дээ гэж залуусын нэг нь ярив.
— Гэхдээ тэр намтрууд чинь мянга нэгэн шөнийн үлгэрийн шилдэг зохиолууд юм шүү дээ. Үйл явдал, учир шалтгаан, ер нь бүх талаараа тэд хунтайж Бирибинкер, Ганц нүдтэй гурван даяанч Соломоны тамгатай хайрцгийг уснаас авсан загасчны үлгэрээс ямар их ялгаатай билээ. Гэлээ ч гэсэн үлгэр, намтар хоёрт нэг л зүйл амт шимт өгдөг юм. Тэр юу вэ? гэвэл бидний бүх үйл явдлыг хамт хуваалцаж байгаа явдал юм. Үлгэрт тэр амт шимт нь ид шидийн хүч, бодит амьдрал хоёрын холимогт байдаг байхад түүх, намтарт тэр нь зүй ёсоороо явагдах боловч ер бусын байдлаар илэрдэг гэж өвгөн хэлэв.
— Хачин юм, юмсын үнэн байдал үлгэрийн ид шидийн хүчний нэгэн адил бидний сонирхлыг татдагийн учир юунд байна вэ? гэж зохиолч өгүүлэв.
— Тэрний учир бол хүнийг дүрсэлсэн явдалд байгаа юм. Үлгэрт ид шидийн хүч давамгайлж, хүн өөрийн хүч, чадлаар ямар нэг юмыг шийдвэрлэх нь ховор байдаг. Үлгэрт баатрын хувийн зан, төрхийг цухас дурддаг. Харин түүх, намтарт бол дүр болгон өөрийн зан, байдлаар амьдарч, ажиллаж байдаг. Саяын бидний сонссон намтар ч мөн тийм байгаа биз дээ. Хэрэв баатруудын зан төрхийн ялгаанаас ээдрээтэй байдал гардаггүйсэн бол онцын санагдахгүй биз ээ! Оёдолчны дүрийг ямар сайн гаргаа вэ? Тэр нөхөөс тавигч бөгтөр эр нүдэнд үзэгдэх шиг болж байна. Амьдралдаа анх удаа гайгүй сайн эсгүүр хийх болсонд авгай нь баярласандаа байж ядан тэр хоёрын цай уух зуур ярилцаж байгаа үзэгдлийг, авгай боодлыг шуналтайгаар задалж, тэр аймшигтай толгойг үзэж байгаа үзэгдэлтэй харьцуулаад үзэгтүн! Дараа нь түүнийг мөргөлийн үеэр хүмүүсийг мөргөлийн ном уншихад дуудан, ийш тийш холхиж явснаа тэр боолыг харангуут аянганд ниргүүлсэн юм шиг таг дуугүй болж байгааг бодоод үз! Бас тэр үсчин байна. Савангаа хөөсрүүлэх зуур дэмий чалчдаг, бас хориотой дарс уух дуртай тэр нүгэлтэн та нарын нүдэнд харагдахгүй байна гэж үү? Түүнийг тэр хачин зочинд түмпэн дөхүүлэн өгч, хүйтэн гавлыг нь барьж авахыг та нар үзэхгүй байна уу? Талхчны халтар хүүг ч гэсэн цухас дурдсан боловч маш сайн дүрсэлжээ. Бас махны яргачин Янаки байна. Энэ бүхэн тэгээд тэр чигээрээ хошин шог үзэгдлийн цуврал биш үү дээ, та минь? Намтрын үйл хэдийгээр ер бусын ч гэсэн бүх юм үнэн байдлаар зохицов биш үү? Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, дүрүүд маш зөв дүрслэгдэж, тэд байгаа чигээрээ л гарсан учраас тэр дээ.
— Яг тийм, та үнэн үг хэллээ! Би энэ тухай сайтар эргэцүүлэн бодож байсан минь үгүй, зөвхөн үзэж хараад л өнгөрөөдөг байлаа. Өөр нэгэнд уйтгартай санагдах зүйл өөрийн минь сэтгэлийг догдлуулж байхад чухам яагаад тэр вэ гэдгийг би мэддэггүй байлаа. Гэтэл та бидэнд эл нууцын түлхүүрийг өгч, дэнслэн үзэж үнэн зөвөөр шүүн тунгаах билгийн нүдийг маань нээлээ гэж залуу худалдаачин эр хэлэв.
— Та нар үргэлж ийн сэтгэвэл өөртөө хамаатай бүхнийг эргэцүүлэн бодож сурах бөгөөд сэтгэлийн цэнгэлийг улам ихээр эдлэх болно. За бас нэг нь үүх түүх хүүрнэхээр бослоо гэж өвгөн хэлэв.



_________________________________


Top
   
PostPosted: Jan.21.15 9:30 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
Одоо ч нэг ухасхийвэл ч дууслаа даа


Top
   
PostPosted: Jan.28.15 7:56 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
АЛМАНСОРЫН НАМТАР

Эзэнтэн! Миний өмнө ярьсан хүмүүс харь оронд сонссон гайхамшигтай сонин намтар өгүүлцгээлээ. Харин би дээдэс таны анхаарлыг татахаар ганц ч зүйл мэдэхгүй гэдгээ ичингүйрэн хүлээж байна. Хэрэв таныг чилээхгүй бол би өөрийн нэг нөхрийн хачин сонин хувь тавилангаас өгүүлсүгэй. Таны авралаар савраас нь миний чөлөөлөгдсөн алжирын боолын худалдаачдын усан онгоцон дээр боолын хувцас өмсөхөөр заяагаагүй болов уу гэмээр нэгэн залуу байсан юм. Усан онгоцон дээр байсан бусад заяа нь орхимрууд хамт байхын аргагүй зэрлэг хүмүүс, эсвэл хэл яриа нь үл ойлгогдох хүмүүс байсан учир өчүүхэн зав гарах тэр мөчид би тэр залуу дээр дуртайяа очсон билээ. Тэр өөрийн нэрийг Алмансор гэсэн ба хэллэгийг нь сонсвол египет хүн бололтой. Бид хоёр дотно хүүрнэлдсээр хэдэн өдрийн хойно өөрсдийн намтраас харилцан ярилцаж билээ. Миний нөхрийн намтар минийхээс хавьгүй илүү, хачин сонирхолтой байсан юм даа.
Алмансорын эцэг нэрийг нь надад хэлээгүй египетийн нэг хотын чинээлэг хүн байжээ. Тэр бага насаа хөөр баяртай, энэ ертөнцийн хамаг чамин тансаг зүйлийн дунд өнгөрөөсөн байна. Түүний эцэт нь ухаалаг хүн байсан учир ахмадын мэргэн сургаалаас заадаг байсны дээр залуу хүний мэдвэл зохих зүйл болгоныг зааж сургадаг нэртэй эрдэмтэн багш нартай байсан учир эрх дураараа өссөнгүй, оюун санаа нь эртнээс төлөвшин тогтжээ. Францууд далайн чанадаас ирж, тэдний улстай дайтах үед Алмансор арав орчим настай байжээ. Хүүгийн эцэг француудад төдий л их тааламжтай биш байсан байлгүй яав гэж. Нэгэн удаа түүнийг өглөөнийхөө мөргөлд явах гэж байхад нь тэд ирээд франц гүрний эсрэг үзлийнх нь золиосонд авгайг нь барьцаанд авах гэжээ. Авгайгаа өгөхгүй байсанд тэд түүний хүүг хүчээр аваад явжээ.
Боол залууг ийнхүү ярихад шейх нүүрээ далдалж, тасалгаанд дургүйцсэн шивэр авир яриа үүсэв. «Шейхийн зовлон, уй гашууг мартуулж, хөнгөлөхийн оронд энэ залуу энэ мэтийн зүйл ярьж, түүний шархыг дахин хөндөж хэрхэн болно» гэж шейхийн нөхөд дургүйцэв. Боол харгалзагч ихэд уурлаж залууг дуугүй байхыг тушаав. Боол залуу үүнд нь ихэд гайхаж түүний ярьсанд шейхийн таалалд нийцэхгүй зүйл байсан эсэхийг шейхээс асуув. Шейх түүний үгийг дуулаад өндийн босож ингэж хэлэв.
— Нөхөд минь чимээгээ аяд, манай дээвэр дор дөнгөж гурав хонож байгаа энэ хүү миний гунигт хувь тавиланг хэрхэн мэдэх вэ? Нүгэлт франкуудын үйлдсэн гай гамшгаас болж миний ижил хувь тавилантан байж болохгүй гэж үү? Тэр байтугай энэ Алмансор ...ярь, залуу найз минь, цааш нь ярь.
— Боол залуу мэхийн ёслоод цааш нь ярив. Алмансор хүү тэгээд фрачкуудын хуаранд иржээ. Тэнд нэг ч их муу зүйл болсонгүй. Нэгэн жанжин хүүг асартаа дуудан ирүүлж хүүгийн яриаг орчуулагчаар дамжуулан сонссон нь сэтгэлд нь ихэд нийцсэнд хүүг хоол унд, хувцас хунараар дутаахгүй байхыг айлджээ. Гэвч хүү эцэг, эхээ санан гүн уй гашууд автаж, хэдэн өдөржин уйлсан боловч түүний нулимс тэр эрчүүдийн сэтгэлийг өчүүхэн ч хөндсөнгүй. Нэг удаа хуаран нүүх болж, Алмансор харих бололцоо гарах болов уу гэж горьдсон боловч талаар өнгөрөв. Цэрэг нааш цааш явж мамлюкуудтай байлдсаар, Алмансорыг дагуулж явсаар л байв. Гэртээ харих зөвшөөрөл хүсэхэд тэд татгалзаж, чи эцгийнхээ эх оронч үзлийн уршгаар энд байгаа юм гэж хэлдэг байв. Ингэж тэр олон өдрийн турш тэдэнтэй хамт аялжээ.
Нэгэн удаа цэргүүдийн дотор хөдөлгөөн орсон нь хүүд мэдэгдэлгүй өнгөрсөнгүй. Хүн болгон юмаа баглах, буцах, далайд гарах тухай ярих болсонд Алмансор франкуудыг нутагтаа буцвал эрх чөлөөтэй болно гэж ихэд баярлаж байлаа. Цэргүүд морь тэрэг хөллөн, далайн зэрэг тийш дөхөж байв. Явсаар зангуугаа хаясан усан онгоцны бараа ч харагдав. Цэргүүд онгоцонд сууж эхэлсэн боловч удалгүй харанхуй болж орхив. Мөдхөн суллагдана гэж бодсоноос Алмансор сэрүүн байхыг бодсон боловч тэсэлгүй гүн нойронд дарагджээ. Түүнийг унтуулахын тулд франкууд унданд нь ямар нэг зүйлийг хольсон байж. Тэр урьд өмнө дотор нь ер байгаагүй нэгэн жижиг өрөөнд өдрийн гэрэлд гялбан сэржээ. Тэгээд орон дээрээс үсрэн бууж, шалан дээр өнхөрч унав. Учир нь шал түүний хөл дор нааш цааш дайвалзан, бүх юм өөрийг нь тойрон бүжиглэж байгаа мэт түүнд санагдав. Хана түшин босож, тасалгаанаас гарахыг оролдов.
Эргэн тойрон хачин исгэрэн шуугьсан чимээ гарсанд урьд өмнө ийм зүйлийг үзээгүй учир үнэн байдал, зүүд хоёрын алин болохыг мэдэхгүй байв. Явсаар нэгэн жижиг шатанд хүрч, арай гэж дээшээ авиран гараад юу харсан гэж санана! Эргэн тойрон далай, тэнгэр! Тэр усан онгоцон дээр байгаа ажээ. Ус руу үсрэн орж, нутгийн зүг сэлэхийг завдсан боловч франкууд түүнийг барьж зогсоов. Дарга нарын нэг нь түүнийг дуудаж, дуулгавартай байвал нутагт нь буцаана гэж амлаад, хуурай газраас гэр рүү нь явуулж яагаад болоогүй, хэрэв тэгсэн бол хэрхэн үхэж болох байсныг хэлж өгөв. Гэвч тэд хэлсэн үгэндээ хүрдэггүй улс байжээ. Учир нь, онгоц олон хоног аялсны эцэст очсон газар нь Египетийн эрэг биш, харин Франц байжээ. Алмансор аяны урт замд, бүр хуаранд байхдаа франкуудын хэлийг бага зэрэг ойлгодог, ярьдаг болсон нь төрөлх хэлийг нь мэдэх ганц ч хүнгүй энэ газар их хэрэг болов. Түүнийг хэдэн өдрийн турш нутгийн гүн тийш авч явахад хүмүүс түүнийг харахаар цуварч байсны учир нь авч яваа хүмүүс нь: «Египетийн хаан хүүгээ францад суралцуулахаар явуулсан нь энэ» гэж ярьсных байжээ. Цэргүүдийн ингэж ярьсан нь ардуудад Египет орныг ялаад найрамдал тогтоосон мэтээр ойлгуулах гэсэн оролдлого байв. Хэдэн өдөр аялсны эцэст нэгэн том хотод ирэв. Хүүг нэгэн эмчид өгсөнд эмч түүнийг гэртээ авч, францын ёс заншилд сургаж эхлэв. Юуны түрүүнд тэдний хувцсыг өмсөх хэрэгтэй болсон нь биеийг барьж, эвгүй байснаас гадна египет хувцас шиг нь гоё санагдахгүй байв.
Мөн гараа зөрүүлэн бөхийн ёслохыг хориглов. Хэрэв хэн нэг хүнийг хүндэтгэн ёслох хэрэг гарвал хүн болгоны өмсдөг, түүний толгой дээр ч мөн тавьсан, хар эсгийгээр хийсэн хөгийн малгайг толгойноосоо шүүрэн авч, нөгөө гараа хажуу тийш, болгон баруун хөлөөрөө газар маажлах ёстой аж. Мөн дорно дахинд мөрддөг заншил ёсоор завилан сууж болохгүй учир өндөр сандал дээр хөлөө шал руу унжуулан суудаг болов. Хоол идэх нь түүнд мөн багагүй бэрхшээл учруулж байв. Учир нь аливаа зүйлийг амандаа хийхийн тулд сэрээ гэгч төмрөөр хатгах ёстой аж. Эмч ууртай, ширүүн хүн байлаа. Хэрэв хүү мартаж, гийчин ирэхэд «Салем алейкум» гээд хэлчихвэл таягаар цохино. Хүү «Votre Serviteur!» гэж хэлэх ёстой билээ. Тэр өөрийн хэлээр сэтгэж, ярих буюу бичих эрхгүй, харин зүүдэлж болох байсан болов уу, үгүй болов уу. Хэрэв тэр хотод, хүүд маш их тус болсон нэг хүн байгаагүйсэн бол хүү төрөлх хэлээ бүрмөсөн мартах байсан биз ээ. Тэр хүн өндөр настай боловч эрдэмтэй, араб, перс, копт, тэр ч байтугай хятад хэл мэддэг байжээ. Түүнийг тэр нутгийнхан эрдэм мэдлэгийн гайхамшиг хэмээн биширч, хэл заалгахын тулд их мөнгө төлдөг байж. Тэр хүн Алмансорыг долоо хоногт олон удаа гэртээ аваачиж ховор жимс сэлтээр дайлдаг байсан нь хүүд гэртээ байсныг нь санагдуулдаг байв. Тэр Алмансорт египетийн эрхэм дээдсүүдийн өмсдөг хувцас хийж өгчээ. Хувцсыг гэртээ хадгалж Алмансорыг ирэхэд үйлчлэгчийн хамт хувцас хадгалсан өрөө рүү явуулж, нутгийн нь заншлын дагуу хувцаслуулдаг байжээ. Тэндээсээ тэд бага арабд очно. Эрдэмтний байшингийн нэгэн том өрөөг ингэж нэрлэдэг байв. Энэ өрөөг далдуу, хулс, залуу хуш зэрэг таримал мод, зөвхөн дорно зүгийн оронд ургадаг цэцгүүдээр чимж, шаланд нь перс хивс дэвсэж, хана дагуулан суудал зассан бөгөөд франц сандал, ширээ байдаггүй байв. Суудлуудын нэг дээр өвгөн профессор суух бөгөөд ердийнхөөсөө огт өөр харагдана. Нарийн турк торгоор толгойдоо чалма ороож, бүслэхийгээ хүрсэн буурал сахал унжуулсан нь буянтай хүний сүртэй сахал мэт харагдана. Унтлагын хувцасны даавуугаар хийсэн, ламын дүрэмт хувцас өмсөж, өргөн турк өмд, шар шаахай өмсөөд, угийн энх амгалан энэ хүн турк сэлэм зүүж, бүсэндээ хуурамч чулуун шигтгээтэй хутга хавчуулна. Хоёр тохой урт гансаар тамхи татаж, нүүр, гараа хараар будаж, перс маягаар хувцасласан хүмүүсээр үйлчлүүлнэ.
Эхлээд энэ бүхэн Алмансорд сонин санагддаг байсан боловч нэн удалгүй өвгөний санаа бодлыг дагах нь түүнд хэр зэрэг хэрэгтэйг ойлгожээ. Эмчийнд ганц ч египет үг хэлж болохгүйн адил энд франц хэл хориотой. Хүү орж ирэхдээ мэнд амрыг нь эрэх бөгөөд өвгөн үүнд эелдгээр хариулсны дараа хүүг хажуудаа суу хэмээн дохиж, дараа нь перс, араб, копт хэлээр ярилцаж эхэлнэ. Энэ яриагаа тэр дорно зүгийн орны номын яриа гэж нэрлэнэ. Өвгөний дэргэд үйлчлэгч юмуу боол хүн том толь бичиг барин зогсох бөгөөд өвгөн ямар нэг үгийг мартсан бол түүн рүү дохиж, толь бичгийг сурмаг ашиглаж эрсэн үгээ олсноор үргэлжлүүлэн ярина.
Боолууд турк сав, суулганд жимсний шүүс сэлтийг авчрахад Алмансор өвгөний сэтгэлийг баясгахын тулд бүх юм дорно зүгийн орны заншил ёсоор болж байгааг хэлнэ. Алмансор грек хэлээр маш цэвэр уншдаг байсан нь өвгөний хувьд онц ашигтай байв.
Өвгөн Алмансорыг бэлэггүй буцаана гэж байдаггүй байснаас ойр зуурын хзрэгцээний зүйлээс эхлээд хувцас, хунар, мөнгө, үнэ цэнэтэй зүйлээр шагнуулсан хөөрхий хүүгийн хамгийн жаргалтай мөч нь тэр болдог байжээ. Эмч бол ийм зүйлийг хэзээ ч өгөхгүйсэн билээ.
Алмансор ийнхүү франкуудын нийслэлд хэдэн жил амьдрахдаа төрсөн нутгаа мөрөөдөх мөрөөдөл нь хэзээ ч буурсангүй. Түүнийг арван таван настай байхад тохиолдсон нэг явдал хувь заяанд нь их нөлөө үзүүлжээ.
Алмансор Египетэд байхдаа олон удаа уулзаж байсан жанжмыг франкууд өөрсдийн тэргүүн болгож, хаан ширээнд залсан байжээ. Ийм үйл явдал болсныг Алмансор том хотын хөл, хөдөлгөөнөөс ойлгосон боловч хаан нь түүний танил хүн гэдгийг мэдээгүй байв. Учир нь тэр үед жанжин их залуу байжээ. Алмансор хот дундуур урсдаг том голын олон гүүрийн нэг дээгүүр явж байгаад жирийн цэргийн хувцастай нэгэн хүн гүүрний багана түшин усны давалгаа харж зогсохыг олж харав. Тэр хүн түүнд урьд үзсэн танил хүн мэт санагджээ. Тэгээд сайтар нэхэн санасны эцэст хуаранд байхад нь олон удаа уулзан ярилцаж, түүний төлөө санаа тавьдаг байсан цэргийн жанжин мөн болохыг танив. Жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй учир зүрх гарган дөхөж очоод, цэргүүдийн дууддаг байсан нэрээр дуудаж, өөрийн нутгийн заншлаар гарыг элгэн тус газар зөрүүлж: «Салем алейкум бяцхан бага дарга» гэж мэндлэв. Тэр хүн гайхан эргэж, хүүг хурц харцаар ширтэн хараад, хэсэг бодож, дараа нь
— Тэнгэр минь! Алмансор чи мөн гэж үү? Аав чинь сайн уу? Чи юуны учир энд ирэв? гэв. Алмансор тэвчин байж чадсангүй, эхэр татан уйлж
— Танайхан намайг яасныг та мэдээгүй юм уу? Намайг эцэг, өвгөдийнхөө нутгийн барааг олон жилийн турш хараагүй явааг та мөн мэдэхгүй гэж үү? гэв. Үүнд би итгэхийг хүсэхтүй байна гэж тэр хүн хэлээд царайгаа барайлган
— Тэд чамайг нааш нь чирч авчирсан гэдэгт би итгэхийг хүсэхгүй байна гэв.
— Тэгэлгүй яахав, танай цэргүүд усан онгоцонд суусан тэр өдөр би төрсөн нутгаа эцсийн удаа харж, тэд намайг авч явсан юм. Харин миний зовлонд сэтгэл нь уярсан нэг хүн нэг заяагүй эмчид мөнгө төлж намайг үлдээсэн. Эмч намайг зодож, хагас өлсгөлөн байдалд байлгадаг. Гэвч би тантай дайралдсан нь сайн боллоо, та надад туслах ёстой гэж Алмансор хариулав.
Түүний хэлснийг сонсоод инээмсэглэж яаж тусалбал зохихыг асуужээ.
— Миний шаардах зүйл амар биш байж болно. Та надад хэзээнээс их сайн байсан боловч таныг мөн л нэг ядуу хүн гэдгийг би мэднэ. Хэдийгээр та жанжин байсан ч бусдын адил гоё ганган хувцасладаггүй байсан. Одоо ч гэсэн таны хувцсыг харахад ямар байдалд байгаа нь тодорхой байна. Харин франкууд саяхан султан хаанаа залсан, мэдээж хэрэг та хаанд ойр дотно байдаг хүмүүсийг танина биз дээ?
— За, тийм, тэгээд цааш нь? гэж жанжин хэлэв.
— Тэр хүмүүст та миний талаар хэдэн үг хэлж, тэднээр дамжуулан хаанаасаа намайг суллахыг хүсэж өгнө үү? Далайгаар аялахад надад бас бага зэрэг мөнгө хэрэгтэй. Харин та энэ талаар эмч, араб профессор хоёрт хэлэхгүй гэдгээ юуны урьд надад амлах хэрэгтэй гэв.
— Араб профессор гэж хэн бэ? гэхэд нь
— Тэр бол их сайн хүн, түүний тухай танд би дараа ярьж өгье. Хэрэв тэр хоёр үүнийг сонсчих юм бол Францаас би явж чадахгүй гэсэн үг. Та миний талаар ярьж өгөх үү? Надад шударгаар хэлээч гэв.
— Хамт явья, би чамд одоо ч тус болж магадгүй гэж тэр хүн хэллээ.
— Одоо юу? Хэрхэвч болохгүй. Эмч намайг зодно, би гэр рүүгээ яарах хэрэгтэй байна гэж хүү сандрахад нөгөө хүн түүнийг барьж зогсоогоод:
— Энэ сагсанд чинь юу байгаа юм бэ гэхэд Алмансор ичиж хэлэхгүй байснаа,
— Би энд эцгийнхээ адгийн боолын хийдэг ажлыг хийж байна. Харамч эмч намайг өдөр болгон зах руу явуулж, загас, ногоо авахуулдаг. Тэнд би
захын заваан авгайчуудаас худалдаж авдаг юм. Зах дээр юм хотынхыг бодвол хямд байдаг. Энэ муу загас, атга хэрчсэн ногоо, хэсэгхэн тосны төлөө би өдөр болгон хоёр цаг алхдаг. Аав минь үүнийг мэддэг ч болоосой гэж ярихыг сонсоод, нөгөө хүний сэтгэл хөдөлж,
— Тайвшир, хамт явъя, өнөөдөр хэдийгээр загас, ногоо зооглох нь өнгөрсөн ч гэсэн эмчийн төлөө санаа бүү зов, явъя гэж хэлээд хүүгийн гараас хөтлөн дагуулж явав. Хэдийгээр хүү эмчийг бодон зүрх нь дэлсэвч тэр хүний хэлсэн үг, төрх байдал нь их итгэл найдвар төрүулсэн болохоор дагаж явахаар шийдэв.
Сагсаа барин цэргийн хажууд явахад нь хүн бүр малгай аван ёсолж, араас нь харж зогсохыг хүү хараад ихэд баяртай явав. Энэ тухай хамт яваа хүндээ хэлэхэд тэр нь инээсэн боловч юу ч хэлсэнгүй. Тэр хоёр явсаар нэгэн тансаг ордонд ирлээ.
— Танайх энд юм уу? гэж хүүг асуухад
— Тийм, би чамайг авгайтайгаа уулзуулъя гэж нөгөө хүн хэлэв.
— Та их сайхан суудаг юм байна. Хаан танд энэ сууцыг бэлэглэсэн үү? гэхэд
— Тийм ээ, энэ ордныг би хаанаас авсан юм гэж хэлээд хүүг дагуулан оров.
Тэд өргөн шатаар дээш гарч нэг том өрөөнд хүүгийн сагсыг тавиад өөр нэг өрөөнд оров. Тэнд нэг хүүхэн буйдан дээр сууж байлаа, Нөгөө хүн хүүхэнтэй нэг гадаад хэлээр ярьж, тэр хоёр хэсэг зуур инээлдэж байгаад, хүүхэн нь Алмансороос Египет орны тухай франк хэлээр олон зүйл асууж лавлав. Тэгтэл бяцхан бага дарга хүүд;
— Ер би чамайг өөрөө хаан дээр аваачиж ярьж өгье гэв. Алмансор ихэд сандарсан боловч туулсан зовлон, эх нутгаа санаж,
— Зовох цагт Аллах хүмүүст их эр зориг хайрладаг билээ. Тэр намайг ч мөн орхихгүй. Тэгье би түүн дээр очъё. Харин очоод би түүний өмнө сөгдөх үү, духаараа газар мөргөх үү, хэрхэхийг надад хэлж өгнө үү? гэж тэр хоёроос асуув. Тэр хоёр дахин инээлдэж, энэ бүхэн огт шаардлагагүй гэлээ.
— Султан хаан аймаар, ихэмсэг хүн үү? Тэр сахалтай юу? Ямаршуу хүн бэ? Ширүүн харцтай юу? Надад хэлж өгөөч гэж хүүг хэлэхэд нөгөө хүн инээж,
— Би чамд түүнийг дүрслэн хэлэхээ больё. Чи өөрөө түүнийг тааж олоорой. Чамд зөвхөн нэг зүйлийг хэлье. Хааныг байхад түүний өргөөнд байгаа бүх хүн малгайгаа хүндэтгэлтэйгээр авдаг. Харин толгой дээрээ малгайтай үлдсэн хүн хаан мөн гэж хэлээд тэр хүүг гараас нь хөтлөн хааны өргөө тийш явав.
Ойртох тусам хүүгийн зүрх улам хүчтэй цохилж, хаалганд дөхөж очиход өвдөг нь чичирч эхэлжээ. Үйлчлэгчийг хаалга онгойлгоход франк нутгийн заншлаар хувцаслаж, алт, мөнгө, одон, тэмдэг зүүсэн, доод зах нь гучаад хүн хагас тойрон зогсож байгаа харагдлаа. Түүнтэй хамт яваа даруухан хувцасласан энэ хүн эдгээр хүмүүсийн хамгийн доод тушаалтан нь байх гэж Алмансор бодож байв. Бүх хүмүүс малгайгаа авсан байсанд Алмансор малгайтайгаа үлдсэн хүнийг эрж эхлэв. Тэр хүн хаан байх ёстой. Гэтэл эрэл талаар болж, хүн болгон малгайгаа авч, гартаа барьсан харагдлаа. Хаан эдний дунд байхгүй бололтой. Түүний харц санамсаргүй хамт ирсэн хүн дээр тусахад зөвхөн тэр малгайгаа аваагүй байлаа. Хүү гайхашран балмагдав. Түүнийг удтал ширтэж байснаа өөрөө малгайгаа авч,
—- Салем алейкум, бяцхан бага дарга франкуудын хаан би биш гэдэг нь тодорхой учир би малгайгаа авахгүй байж таарахгүй. Гэвч та малгайгаа аваагүй байна. Та хаан юм уу? гэв.
— Чи зөв таалаа, түүний дээр би бол чиний нөхөр. Өөрийн золгүй явдлын шалтгааныг надад оноолгүй, нөхцөл байдлын золгүй эртэлтэнд оноогоорой. Хамгийн эхний усан онгоцоор чамайг нутагт чинь буцаана гэж амлая. Одоо манай авгай дээр буцаж очоод, араб профессорын талаар мэдэх зүйлээ ярьж өг. Загас, ногоог чинь би эмчид хүргүүлнэ. Харин чи энд байх хугацаандаа миний ордонд байх болно гэж хаан хэллээ.
Алмансор түүний өмнө сөгдөн гарыг нь үнсэж, таниагүйдээ уучлалт гуйсанд
— Чиний зөв. Хаан болоод удаагүй хүн энэ тухайгаа духан дээрээ бичиж амжихгүй гээд инээв. Ингэж хэлээд тэр түүнийг яв хэмээн дохив.
Энэ өдрөөс эхлэн Алмансор аз жаргалтай, баяр баясгалантай амьдарч байлаа. Араб профессорынд хэдэн удаа очсон ба харин эмчтэй дахиж уулзсангүй. Хэдэн долоо хоног өнгөрсний дараа хаан дуудаж, түүнийг Египетэд аваачих онгоц бэлэн болсныг мэдэгдэв. Алмансор баярлан хөөрч байлаа. Нэлээд хэдэн өдөр бэлтгэж, цээж дүүрэн баяр хөөр болж үнэтэй арвин бэлэг сэлт ачиж, далайд гарлаа.
Гэвч Аллах түүнийг дахин шалгаж, эр зоригийг нь зовлон бэрхшээлд дахин сорихыг хүсэж, нутгийн нь далайн эрэгт хараахан хүргэсэнгүй. Тэр үед англичууд хаантай далайд дайтаж байжээ. Алмансорын суусан онгоц зургаа дахь өдрөө английн онгоцуудад бүслэгдэж буудуулав. Онгоцныхон бууж өгөхөд хүрч, тэднийг өөр арай жижиг онгоцонд суулгав. Гэнэт дээрэмчид хөлөгт халдав. Алан хядаж, тонож дээрэмддэг элсэн цөлөөс далай аюулаар төдийлөн ялгаагүй билээ. Шуурганаар бусад онгоцноосоо салж хоцорсон жижиг онгоцыг Тунисийн далайн дээрэмчдийн онгоц довтолж, эзлэн аваад, онгоцны багийн бүх хүнийг Алжирт аваачиж худалджээ.
Лалын шашинтны хувьд Алмансор хэдийгээр христос шашинтны адил боолчлогдоогүй ч гэсэн төрсөн нутаг, эх, эцэг дээрээ очих итгэл дахин тасрав. Тэнд таван жилийн турш нэгэн баян айлд байж, цэцэрлэгт ажиллаж, цэцэг ургуулж байлаа. Баян үхсэнд үе залгамжлагчгүй учир түүний хөрөнгийг тарааж, боолуудыг хувааж авахад, Алмансор боолын нэгэн худалдаачны гарт оржээ. Энэ үед тэр худалдаачин боолыг өөр газар өндөр үнээр худалдахаар усан онгоц төхөөрч байжээ. Намайг мөн тохиолдол тэр худалдаачны боол болгож, тэр онгоцон дээр аваачсан юм. Тэнд Алмансор бид хоёр танилцан надад өөрийн ер бусын хувь тавилангаас ярьж өгсөн юм. Эх газар буухдаа би Аллахын буянт үйлсийн гэрч боллоо. Бид Алмансорын төрсөн эрэгт завинаас бууж, түүний төрөлх хотын зээл дээр биднийг худалдав. Бурхан минь, товч хэлэхэд, түүнийг төрсөн эцэг нь худалдаж авсан даа.
Шейх Али Бану хүүгийн яриаг сонсоод гүн бодолд автсан байлаа. Хүүгийн яриа түүний сэтгэлийг хүчтэй хөндсөнөөс түүний нүд нь гялалзан боол хүүгийн яриаг хэд хэдэн удаа таслахыг завдаж байв. Тэр ярианы төгсгөлд сэттэл дундуур байлаа.
— Түүнийг одоо хорин нэгтэй гэж чи хэлэв үү? гэж шейх лавлав.
— Ноёнтон, тэр миний үеийн залуу, хорин нэг хоёртой болов уу.
— Төрсөн хотынхоо нэрийг юу гэж хэлсэн бэ? Үүнийг чи бидэнд хэлсэнгүй.
— Хэрэв би андуураагүй бол Александр гэсэн шиг санаж байна.
Александр гэнээ? Тэр чинь миний хүү байна! Одоо тэр хаана байна? Өөрийнхөө нэрийг Кайрам гэж хэлээгүй биз? Хар нүдтэй, хүрэн үстэй байсан уу? гэж шейх асуув.
— Тийм ээ, илэн далангүй ярилщах үедээ өөрийгөө Кайрам гэж нэрлэдэг байсан.
— Аллах минь, эцэг нь түүнийг чиний нүдний өмнө худалдан авсан гэв үү чи? Эцгээ мөн гэж чамд хэлсэн үү? Тийм бол миний хүү биш байх нь ээ!
— Тэр надад «Аллахыг магтъя, миний төрсөн хотын зах, зээл байна» гэж хэлсэн. Удалгүй чинээлэг байрын нэгэн хүнийг булан тойрон гарч ирэхийг хараад, «Нүд гэгч тэнгэрээс заяасан ямар их үнэтэй бэлэг билээ. Хайрт эцгээ ингэж дахин хардаг байж дээ» гэсэн. Тэр хүн бидэн дээр ирж, хүмүүсийг шилж үзсээр эцэст нь энэ бүх явдал тохиолдсон тэр залууг худалдаж авсан. Тэгэхэд,
Аллахыг дуудан талархлын халуун үг хэлж, надад, «Ингэж би аз жаргалынхаа замд эргэн ордог байж. Намайг миний эцэг худалдан авлаа» гэж шивнэсэн юм.
— Миний хүү Кайрам биш байх нь! гэж шейх гаслантайяа өгүүлэв. Залуу тзвчиж чадалгүй баярын нулимс асгаруулан шейхийн өмнө сөгдөж хэлсэн нь
— Таны хүү Кайрам Алмансор мөн. Та түүнийг худалдаж авсан шүү дээ гэлээ.
— Аллах, Аллах, ёстой гайхамшиг гэсээр тэнд байсан хүмүүс бүчин ирцгээв. Шейх хэлэх үгээ ололгүй, үзэсгэлэнт царайгаа түүн өөд өргөсөн залууг бишрэн харж зогсоно. Шейх
— Мустафа, найз минь, миний нүдийг нулимс бүрхэж, Кайрамын минь царайд эхийн нь төрх байгаа эсэхийг олж харахгүй байна. Чи ойртож түүнийг хараач гэж өвгөн даяанчид хэлэв.
Өвгөн ойртон ирээд, түүнийг удаан ширтэж, гараа залуугийн духан дээр тавин:
— Кайрам! Чамайг франкуудын хуаран руу авч явсан нүгэлт өдөр би чамд юу гэж хэллээ? гэж асуув.
— Эрхэм багш минь гээд залуу өвгөний гарыг уруулдаа хүргэж:
— Хэрэв хүн Аллахыг хайрлаж, сайн санаж явбал, зовлон зүдгүүрийн цөлд ч ганцаардахгүй. Түүнд хоёр анд нь туслан хамт явах
болно гэж та хэлсэн билээ тэв.
Өвгөн талархал илэрхийлж, тэргүүнээ тэнгэр өөд өргөн, залууг цээжиндээ тэвэрч, шейхэд хандаж:
— Хүүгээ ав! Арван жил гашуудсан тань үнэний адил, таны хүү Кайрам энэ болох нь үнэн гэв.
Шейх магнайгаа хагартал баярлан хөөрөв. Тэр хүүгийнхээ нүүрийг дахин дахин шинжиж, алдсан хүүгийнхээ төрхийг эргүүлэн олж авлаа. Тэнд байсан хүмүүс шейхэд сайн учир түүний баярыг хуваалцаж, хүн бүр өөрөө хүүтэй болсон мэт байв.
Урьдын аз жаргал, баяр цэнгзлтзй өдрүүдийн адил дуу, хуур өрөөгөөр бялхав. Залуу түүхээ дахин тодорхой ярьж өгөхөд, хүн болгон араб профессор, хаан болон хүүд тусалсан хүн болгоныг магтан дурсч байлаа. Шөнө болтол хамт байцгааж тарахад шейх хүн болгонд энэ баярт өдрийг билэгдэн их бэлэг өгөв.
Дөрвөн залууг хүүдээ танилцуулж дандаа зочлон ирж байхыг хүсэв. Тэр зохиолчтой ном хамтран уншиж, зураачтай аялалд хамт явах, худалдаачинтай дуу хуур болон бүжиглэх, дөрөв дэх залуу нь тэднийг хөгжөөн баясгаж байхаар тохиролцжээ. Тэд ч мөн бэлэг авч хөөр баяртайгаар шейхийн гэрээс гарав.
— Энэ бүхэн хэний ач вэ? Өвгөний ач бус уу? Энэ байшингийн өмнө зогсоод шейхийг элдвээр хэлэн байхад ийм юм болно гэж хэн бодох билээ?
гэж тэд хоорондоо ярилцаж явав.
— Түүний сургаалыг огт сонсохгүй байж болох л байсан. Тэр ч байтугай доромжилж ч болох байсан шүү дээ. Уранхай, ноорхой хувцастай түүнийг мэргэн Мустафа байна гэж хэн мэдэх билээ дээ гэж нөгөө нь хэлэв.
— Чухам энд л бид өөрсдийн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн биш үү? Нэг маань холын аянд явж, нөгөөх нь дуулж бүжиглэх, гурав дахь маань сайн нөхдийн дунд байж, харин би сонин хачин зүйлс уншиж сонсохыг хүсэж байсан биз дээ. Энэ бүх хүсэл минь биелсэнгүй гэж үү, та минь! Хэрэв би хүсвэл шейхийн бүх номыг унших юмуу, худалдан авч болох биш үү гэж зохиолч өгүүлэв.
— Би түүнд ширээ засаж, түүнийг зугаацуулан цэнгүүлэх ажлыг эрхэлж, өөрөө ч мөн байлцана гэж бас нэг нь хэлэв.
— Би ч гэсэн дээ, хүслээ ханатал дуу хуур, чавхдаст хөгжим сонсох юмуу, бүжиг харахын тулд түүний боолуудыг авч болно шүү дээ.
— Би ч мөн адил, өнөөдрийг хүртэл ядуугийн эрхэнд хотоос гадагш нэг ч алхаж чадахгүй байв. Харин одоо хүссэн зүгтээ аялж чадах болов гэж зураач хэлэв.
— Өвгөнийг дагасан минь болж. Эс тэгвэл яах байсныг хэн мэдэх вэ гэж тэд ам амандаа хэлцэн хөөр баяртайгаар гэр рүүгээ явцгаав.





_______________________
Дууслаадаа :wink:


Top
   
PostPosted: Feb.01.15 2:19 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
баярлалаа :bigthumpup: .чамд амжилт хүсье.


Top
   
PostPosted: Apr.18.15 5:52 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
баярлалаа талыг нь уншчаал яваад байсан одоо гүйцээж уншинаа


Top
   
PostPosted: Apr.19.15 2:03 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2007
Location: Nothins that bad if it feels good
mash ih bayrlalaa ehnees n saihan unshaad baidag hereg ee :laugh5:

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 62 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited