ХУУРАМЧ ХАНХҮҮГИЙН ТУХАЙ ҮЛГЭР
Александрид нэгэн уран хүний дэргэд суралцаж байсан шударга, шулуун оёдолчин залуу Лабакан гэгч байжээ. Лабаканыг хөх зүү хөндлөн барихдаа эв дүйгүй гэж хэлэх аргагүй, харин ч гоё чамин зүйл оёж хатгаж чадна. Түүнийг залхуу гэх юм бол бас буруу. Гэхдээ бусад нөхөдтэйгөө эв түнжингээр гойдгүй. Учир нь тэр хэдэн ч цагаар хамаагүй, зүүгээ улайдаж, утаснаасаа утаа уугьтал уйгагүй оёх нь олонтаа бөгөөд ингэсний нь эцэст өөр хэний ч хийж чадахааргүй тийм сайхан эд бэлэн болно. Гэхдээ зарим үес (харамсалтай нь энэ нь илүү олонтаа тохиолддог билээ!) гүн бодолд автан гөлрөн суух бөгөөд царай, байдал нь нэг л жигтэй болдог тул багш нь болон бусад нөхөд нь «Лабакан нөгөө л эрхэм дүрээ олжээ» гэхээс өөр юм хэлж эс чадна.
Баасан гаригт бусад хүмүүс мөргөлөөс таран ажил төрлөө хийхээр гэрийн зүг тайвуухан алхах үес эвлүүлж дэвлүүлж чармайн цуглуулсан гоёлын хувцсаа өмссөн Лабакан сүмээс гарч хотын гудамж талбайгаар тайван бардам алхлан найз нөхдийнх нь нэг тааралдаад «Амгалан байх болтугай», «Сайн байна уу?» гэж мэнд мэдэх аваас гараараа ихэмсгээр дохих юмуу, цаадах нь нэр хүнд бүхий хүн бол ихэмсгээр толгой дохино. Тэгэхэд нь багш нь тохуурхан «Лабакан минь, уг нь чи ханхүү байх хувьтай хүн байж дээ» гэхэд учиргүй баярлан «Та бас үүнийг ажиж мэдсэн бий?» гэх юмуу, «Би үүнийг эртнээс боддог болсон юм» гэж хариулна.
Эрхэмсэг дагалдан оёдолчин Лабакан ийм байдлаар нэлээд хугацаа өнгөрөөсөн бөгөөд үүнээс бусдаар бол тэр нь сайн хүн, авьяаслаг ажилчин тул багш нь түүний тэр тэнэглэлийг тэвчсээр байлаа. Гэтэл нэгэн өдөр яг Александрийг дайран аялж явсан, султаны дүү Селим энэ тэр зүйлийг засуулж янзлуулахаар нэг гоёлын хувцсаа оёдолчинд ирүүлсэнд хамгийн нарийн нандин зүйл хийж чаддагаар нь түүнийг Лабаканд өгсөн байна. Орой болж оёдолчин дагалдан сурагчдынхаа хамт өдрийнхөө ядаргааг гаргасугай гэж амрахаар явсан хойно хааны дүүгийн хувцас өлгөөтэй байгаа ажлынхаа газар эргэж очих тэсгэлгүй их хүсэл Лабаканд төржээ. Тэгээд гял цял хатгамал, хилэн, торгоны солонгорсон өнгийг харан харан тэр хувцасны өмнө удтал зогсож гэнэ. Тэгээд өөрийн эрхгүй өмсөж үзсэнд тэр нь чухам л өөрт нь зориулж хийсэн юм шиг таарч байгааг үзээд, «Би түүний адил ханхүү шиг биш байна гэж үү? Оёдолчин багш маань намайг ханхүү болох хувьтай төрсөн хүн гэж хэлээгүй билүү?» хэмээн өөрөөсөө асуун тасалгаан дотуур нааш цааш алхан байжээ. Эл хувцасны хамт тэрхүү дагалдан оёдолчин ханхүүгийн бодол санааг эзэмдсэн мэт болжээ. Өөрийгөө танигдаж мэдэгдээгүй ханхүү гэдгээс өөрөөр бодохоо болиод иймийн учир дорд байдлынх нь халханд автан төрөлхийн дээд чанарыг нь таньж мэдээгүй мулгуу хүмүүс өдий болтол оршин суусаар байгаа газар нутгийг орхин одож даян дэлхийг хэрэн хэсэхээр сэтгэл шулууджээ. Энэ гоё хувцсыг ямар нэг сайн сэтгэлт ид шидтэн илгээсэн мэт санагдсан тул эл нандин бэлгийг алдахгүйн тулд өөрийн гэсэн цөөн хэдэн мөнгөө авч шөнийн харанхуйгаар дулдуйдан Александрийн хаалгаар гарч оджээ.
Гоёмсог хувцас болон түүний эрхэмсэг байдал төлөв явган яваад нь ер нийцэхгүй учир шинээр бий болсон ханхүүгийн ийн хэрэн яваа нь газар сайгүй бусдын гайхшийг төрүүлж байлаа. Энэ тухай нь хүн асуухад ингэж явах учир шалтгаан бий юм хэмээн учир битүүлэг байдлаар хариулахад хүрч байв. Явган яваа нь бусдын нүдэнд инээдэмтэй харагдуулж байгааг мэдмэгц хямд үнээр нэг хөгшин морь худалдаж авсан нь ноомой, гарын аяар нэгэн байсан тул түүнд ёстой л дүйжээ. Учир нь үл мэдэх эрэмгий морьтон эрийн эрдмийг үзүүлэх гэж үйлээ үзэх хэрэг түүнд гарсангүй билээ.
Нэгэн өдөр Марва хэмээн нэрийдсэн мориороо сажлан замаа хөөж явтал нь нэгэн морьтон эр хүрч ирээд өөр хүнтэй энэ тэрийг ярилцан явахад зам хорох нь амар байдаг тул хамтдаа явахыг зөвшөөрнө үү гэж гуйжээ. Тэр морьтон бол хөгжүүн залуу эр бөгөөд ханилан явахад таатай нэгэн байлаа. Төдөлгүй хаанаас хаа хүрэх гэж яваа тухай Лабакантай яриа үүсгэсэн бөгөөд тэр мөн л оёдолчны дагалдан сурагчийн нэгэн адил ямар ч зорилгогүйгээр даян дэлхийгээр хэрэн хэсэхээр яваа болж таарав. Өөрийгөө Омар гэдэг, Кайрын золгүй тэргүүн жанжин Ельфи Бейн ач бөгөөд одоо нас нөгчихийн өмнө авгынхаа захисан зүйлийг биелүүлэхээр яваа минь энэ билээ гэж ярьжээ. Лабакан харин өөрийн тухай илэн далэнгүй ярьсангүй, удам угсаа өндөр, сэтгэлийн тааваар аялан яваа гэх төдийхнийг нь л түүнд ойлгуулжээ.
Хоёр залуу эрхэм бие биесийг таашаан цааш аян замаа хөөжээ. Аян зам нийлсний хоёр дахь өдөр санаа тавин яваа захиас тань юу вэ гэж Лабакан цуг яваа нөхрөөсөө асуугаад дараах зүйлийг сонсмогц машид гайхсан байна. Кайрын тэргүүн жанжин Ельфи Бей нь Омарыг хар нялхаас нь өсгөн хүмүүжүүлсэн бөгөөд төрсөн эцэг эхээ ер мэдэхгүй ажээ. Чингээд Ельфи Бей дайсан дайран довтлоход гурван удаагийн золгүй тулалдаанд үхлийн шарх олоод дутаах болохдоо сая өөрийн тэжээвэр хүүд ачаа биш, харин зурхайчийнхаа зөгнөн хэлсэн гай барцадаас айхдаа хорин хоёр нас хүрэх өдөр нь дахин нүүр учран золгох андгай тавин ордноосоо зайлуулсан нэгэн хүчирхэг захирагчийн хүү юм шүү гэдгийг нь хэлсэн ажээ. Ельфи Бей түүнд эцгийнх нь нэрийг хэлсэнгүй боловч яг хорин хоёр нас хүрэх өдрөө буюу ирэх Рамадан сарын таванд Александриас зүүн тийш дөрвөн өдрийн аяны газар агч алдарт Эль-Серужахын баганууд руу очих хэрэгтэй. Тэгээд тэнд зогсож байгаа эрсэд түүний өгсөн чичлүүр хутгыг «Та бүхний хайж буй хүн би байна» гэж хэлээд өргөн барих ёстой бөгөөд тэднийг «Чамайг ивээн авах Вивангиридич алдарштугай!» гэж хариу хэлэхэд нь тэднийг даган явах хэрэгтэй. Тэд түүнийг эцэг дээр нь дагуулж очих ёстой гэж захисан байна.
Оёдолчны дагалдан сурагч Лабакан эл зүйлийг сонсоод машид гайхсан бөгөөд ханхүү Омарыг атаархан ажих болж, хүчирхэг тэргүүн сайдын ач болох хувь заяа хэдийнэ түүнд оногдсон байтал бас дээр нь угсаат хүний хүү болох эрхэм хувь заяасан байхад ямар ч ханхүүд шаардлагатай бүхнийг өөрт нь хайрлахын хамтад бас нэр сүргүй удам угсаа, ерийн амьдралын замыг тохуу болгон оноожээ гэж бодон бухимдаж явлаа. Тэгээд өөрийгөө болон ханхүүг жишин бодож өөрөө бол сайхан баясгалантай нүдтэй, шулуун хянга хамар гээд л царай зүсний хувьд нэн сайханд орохоор, ялгуун, найрсаг харьцаатай тийм нэгэн гэдгээ нуух аргагүй байлаа. Гэхдээ бас тийм давуу тал хамт яваа нөхөртөө байгааг мэдсэн боловч эл ажиглалтаас уламжлан угсаат эрхэм эцэгт нь жинхэнэ ханхүүг бодвол Лабакан илүү таашаагдах юм байна гэж сэтгэжээ.
Энэ бодол Лабаканы толгойд өдөржин эргэлдсээр хээр талд унтахаар хэвтэхэд нь ч салсангүй, Өглөө сэрээд хажуудаа гарцаагүй ирэх аз жаргалаа зүүдлэн байгаа бололтой үнэн амгалан нойрсон буй Омар дээр харц нь тусмагц өөрт төрсөн бодлыг арга эв, хүчээр дарсугай гэж бодсон боловч муу заяа нь дийлжээ. Харьж яваа ханхүүгийн таних тэмдэг болох чичлүүр хутга унтаж хэвтээ түүний бүснээс цухайн байсанд эзний нь цээжинд дүрсүгэй гэж аяархан сугалан авав. Гэвч хүний амь хорооно гэхээс дагалдан сурагч залуугийн өрөвч сэтгэл айн түгшиж чичлүүр хутгыг аваад ханхүүгийн хурдан хүлгийг унаснаар сэтгэл нь ханажээ. Чингээд Омарыг сэрж итгэл найдвар бүхнээ дээрэмдүүлснээ мэдэхээс өмнө итгэлгүй замын хань нь хэд хэдэн бээр газар түрүүлэн давхиж одсон байлаа.
Лабакан ханхүүг дээрэмдсэн энэ өдөр нь яг ариун Рамадан сарын нэгэн байсан бөгөөд түүний сайн мэдэх Ел-Серужахын багананд хүрч очих ёстой өдрийг нь болтол дөрвөн хоног үлдээд байлаа. Хэдийгээр эл баганын орших газар нь цаанадаж хоёрхон өдрийн аяны зайтай байсан боловч жинхэнэ ханхүүд гүйцэгдэхээсээ ямагт айн тэнд хүрэх гэж улам улам шамдан явав.
Хоёр дахь өдрийнхөө орой нь Лабакан Эль-Серужахын багануудын барааг харав. Тэр нь өргөн талын дундах бяцхан өндөрлөг дээр байх бөгөөд хоёроос гурван цагийн хэр хол газраас харагдмуй. Түүний барааг хармагц Лабаканы зүрх оволзоод иржээ. Сүүлийн хоёр өдрийн турш хэрхвэл зохихоо бодох цаг түүний хувьд хангалттай байсан тул мөсгүй явдлаа бодохоос айх сэтгэл төрнө. Гэвч ханхүү болох заяатай төрсөн шүү дээ гэх бодол нь түүнийг дахин зоригжуулах тул зорьсноо гүйцэлдүүлэхээр санаа амирлангуй явах ажээ.
Эл-Серужах хавийн газар эл хуль тул хэдэн өдрийн бэлтгэлгүй гарсансан бол шинэ ханхүү гацагдаж гуцагдахын зовлонд учрах байлаа. Тэгээд тэр хэсэг далдуу модны дор мориныхоо дэргэд буудаллан хожмын хувь заяагаа хүлээн суув.
Маргааш нь үдийн алдад морь, тэмээ бүхий их цуваа талын дундуур Эл-Серужахын зүг наашлан явааг үзэв. Тэр цуваа баганын орших толгойн хормойд зогсож гоёмсог асар майхан шаан буудаллахыг үзвэл баян тэргүүн сайд буюу хааны аян жин гэлтэй харагдах ажээ. Энэ олон хүмүүс өөрийнх нь төлөө түвэг удан энд ирсэн гэдгийг Лабакан тухайлсан бөгөөд болдогсон бол өнөөдөр л тэдэнд ирээдүйн нь захирагчийг үзүүлчихмээр байсан боловч тэртэй тэргүй маргааш өглөө зориглосон эрмэлзлэл нь бүрэн дүүрэн биелэх тул ханхүүгийн маягаар явж очих тэсгэлгүй хүслээ хазаарлан барьж байлаа.
Магнайгаа хагартал баярлан хөөрсөн Лабаканыг доорд заяатай, хэнд ч ажиглагдамгүй байсаар үхэх тавилантнаас угсаат эцгийн нөмөр нөөлөгт өргөн аваачих ёстой амьдралынх нь тэр чухаг эгшинд золгуулахаар өглөөний наран сэрээжээ. Багана руу давхин очихоор морио эмээллэн байхад нь хэдийгээр зальхай явдал нь санаанд нь орж, сайхан итгэл найдвар нь талаар болон мэхлэгдсэн ханхүүгийн гаслан бодолд нь урган тодорсон боловч нэгэнт шооны нүх буудгаа бууж, хийсэн хэргээсээ мултрахаасаа өнгөрсөн бөгөөд бас ч хүчирхэг хааны өмнө хүү тань би гээд очиход чамлагдах юм өөрт нь ер үгүй гэдгийг аминчхан бодол нь шивгэнэн байлаа. Эл бодолдоо урамшсан Лабакан мориндоо үсрэн мордож жинхэнэ ханхүүгийн ёсоор довтолгон хүрэх гэж хамаг зориг зүрхээ чангалжээ. Тэгээд нэг мөч хүрэхтэй үгүйтэй хугацаанд толгойн ёроолд хүрч очсоод мориноосоо буун тэр толгойн хавьд олноор ургасан бутнуудын нэгнээс уяж ханхүү Омарын чичлүүр хутгыг өргөн барьсаар толгой өөд өгсөж гэнэ. Баганын ёроолд дээд язгуурт, хаан хүний янзтай өвгөжөөр хүнийг хүрээлэн зургаан эр зогсож байжээ. Алтан саан торгон дээл өмсөж кашемир бүс бүслээд гялалзсан эрдэнийн чулуун шигтгээ бүхий цагаан чалма ороосон нь тэр өвгөжөөр эрийг баян, нэртэй сүртэй хүн гэдгийг илтгэмүй.
Лабакан түүний зүг явж очоод доор мэхийн ёсолж чичлүүр хутгыг өргөн барих зуурга «Таны хайж буй хүн би байна» гэж хэлсэнд өвгөн баярын нулимс мэлтэлзүүлэн
— Чамайг ивээн авах Вивангиридич алдарштугай. Хайртай хүү Омар минь хөгшин эцгийгээ тэвэр! гэж хариулжээ. Хөөрхий муу оёдолчин эл ёслол төгөлдөр үгийг сонсоод машид уяран баярлах ичих хослуулан өвгөн ноёнд тэврүүлж гэнэ.
Гэвч шинэ байдлынхаа аз жаргалыг агшин зуурын төдийд л сэтгэл амгалан мэдрэх ёстой байжээ. Юу гэвэл өвгөн ноёны тэврээс мултармагцаа нэгэн морьтон талын дундуур толгойн зүг шавдан явааг харжээ. Морьтон болон морь нь аргагүй л жигтэй санагдахуйц аж. Морь нь хашиндаа юмуу эсвэл туйлдаж гүйцсэндээ ч юмуу урагш ахихыг ер хүсэх нь үгүй, шогших алхахын хооронд бүдчин, унасан эзэн нь хурдхан давхиулах гэж дөрвөн мөчөө байдгаар нь савчин явлаа. Өөрийн Марва хэмээх морь ба жинхэнэ ханхүү Омарыг Лабакан дор нь таньсан бөгөөд хууран мэхлэхийн ад сэтгэлийг нь дахин эзэмдэж, ийм үед зүй ёсоор тохиолддогчлон олдсон эрхээ улайран хамгаалахаар шийдэв.
Морьтон эрийг бүр хол явахад нь түүний дохиж занган байгааг тэнд цугларсан улс харжээ. Марва хэмээх морь хэдий сальдархлан явсан ч эдүгээ тэр эр толгойн ёроолд хүрч ирээд мориноосоо бууж толгойн орой руу яаран өгсөв. Тийн өгсөх зуураа
— Та минь ямар ч улс байлаа гэсэн больж үз! Бузар зальхай амьтанд бүү хуурт! Больцгоо! Омар гэдэг чинь би байна. Ямар ч хар тэргүүтэн миний нэрийг зээлдэх ёсгүй! гэж хашгирав.
Хэрэг явдал ийн эргэсэнд тойрон зогссон улсын царайд гүн их гайхашрал тодроод өвгөн бүр ч учраа олохоо болиод аль алиныг нь асуусан янзтай ээлжлэн харах ажээ. Харин Лабакан ихэд чармайн байж эзэмдсэн тайван байдлаар
— Эрхэм эзэн бөгөөд эцэг минь ээ, энэ хүний үгийг сонсож бүү төөрөлдөгтүн! Миний л мэдэхээр энэ бол Александрийн нэгэн солиотой дагалдан оёдолчин сурагч билээ. Тэгээд ч бидний уурыг хүргэхээсээ илүү харууслыг төрүүлэх нэгэн болой гэжээ.
Эл үгс ханхүүг галзууруулах шахсан бөгөөд уур хилэн нь багтаж ядан Лабакан руу дайран орох гэсэнд хүрээлэн зогссон улс тэдний хоорондуур орж түүнийг агдлан барьж авсанд өвгөн ноён
— Хайрт хүү минь, үнэхээр энэ хөөрхий амьтан галзуу юм байна. Түүнийг хүлж тэмээнүүдийн нэгэнд ачиж явсан нь дээр. Золгүй амьтанд бид тус болж ч магадгүй гэжээ. Ханхүүгийн уур омог дарагдаад уйлан байж ноёны зүг
— Та бол миний аав мөн гэдгийг зүрх минь мэдрэн байна. Эхийг минь бодож миний үгийг сонсогтун! гэж дуу алдав.
— Ээ, тэнгэр биднийг тэтгэх болтугай, энэ хүн дахиад л солиорч эхэллээ. Хүн яахаараа. ийм юм бодож болдог байна вэ! гэж наадах нь хэлээд Лабаканы гараас шүүрэн авч түүгээр хөтлүүлэн толгойгоос буужээ. Тэгээд хоёул гоёмсог хөлтрөг бүхий моринд мордоцгоон цувааны манлайд талын дундуур довтолгон оджээ. Золгүй ханхүүг бол нэг тэмээнд тэгнэн хүлээд хоёр харуул хоёр талд нь салалгүй даган хөдөлгөөн бүрийг нь соргогоор хянан явмуй.
Өвгөн ноён Вехабитений султан Саауд билээ. Удтал үрийн бараа харалгүй байсаар хүсэн хүлээсний эцэст ганц ханхүү төрсөн боловч хүүгийнхээ заяа зургийг нэгэн зурхайчаас асуусанд цаадах нь тэр хүүг хорин хоёр нас хүрэн хүртлээ дайсанд автах аюулд учрах юм байна гэж хэлсэн учир эл аюулаас гэтэлгэхийн тулд өөрийн шалгарсан нөхөр Эльфи Бейд өсгөн хүмүүжүүлүүлэхээр өгсөн юмсанжээ. Чингээд хорин хоёр жилийн турш хүүгийнхээ барааг харахын хүслэнд энэлэн байсан билээ.
Үүнийг султан «нэрийдсэн» хүүдээ харих замдаа ярьсан бөгөөд түүний бие бялдар, ааш авирыг таашаан байгаагаа илэрхийлэв.
Ханхүүгийн ирж яваа тухай сураг бүх л хот тосгодоор түймрийн гал мэт түргэн тархсан тул тэднийг султаны харьяа нутагт ирмэгц оршин суугчид нь баяр хөөр болон угтан тосжээ. Тэдний явсан гудамж бүрт цэцэг, мөчрөөр ёслолын хаалга босгож байшин барилгыг нүд гялбам хурц өнгөт хивсээр чимэглэсэн бөгөөд ийм сайхан ханхүүг заяасан тэнгэр бурханд талархсан дууг хүн ард хадаан байлаа. Энэ бүхэн нь оёдолчны бардам зүрхийг аз жаргалаар халгиулан, харин уяа хүлэгтэй хэвээр цувааны араас үг дуугүй гайхшран дагаж яваа жинхэнэ Омарыг улам бүр гуниглан гутрахад хүргэж байлаа. Чухамхүү өөрт нь зориулагдсан эл бүх нийтийн баяр баясгалан дунд хэн ч түүнд санаа тавьсангүй. Омар гэдэг нэрийг мянга мянган хоолой хашгиран байвч эл нэрийг зүй ёсоор эзэмшигч түүнийг хэн ч анхаарсангүй бөгөөд сайндаа л ямар хүнийг ийнхүү агдлан хүлж авч яваа юм бэ гэж хэн нэг нь асуухад харгалзан яваа улс нь энэ бол нэгэн солиотой оёдолчин гэж хариулах нь ханхүүгийн чихэнд зэвүүтэй сонсдомуй.
Цуваа яв явсаар султаны нийслэл хотод ирсэн бөгөөд тэнд бусад хотыг бодвол бүр ч жавхлан төгөлдөр бэлдсэн байлаа. Султаны хатан ахимаг насны намбалаг авгай ордны хамгийн тансаг танхимд бүх л бараа бологсдынхоо хамт тэднийг хүлээж байлаа. Эл танхимын шаланд учиргүй том хивс дэвссэн бөгөөд хананд нь тод цэнхэр хөшгийг том том мөнгөн дэгээнээс алтан оосор бүчээр зүүжээ.
Цуваа хүрч ирэхэд хэдийнэ харанхуй болсон тул танхимд бөмбөлөг мэт өнгө өнгийн дэнлүү барьсан нь шөнийг өдөр мэт гийгүүлмүй. Гэхдээ султаны хатны сэнтий дээр залран суугаа танхимын тэр хэсэг илүү хурц, олон өнгийн гэрлээр гийх ажээ. Сэнтий нь алт, том том хаш чимэг бүхий бөгөөд дөрвөн давхарлаг суурьтай нэгэн бөлгөө. Дөрвөн их эмир улаан торгон шүхэр султаны хатны толгой дээр барин Мединийн шейх тогосын цагаан өдөн дэвүүрээр дэвэн сэрүүцүүлнэ.
Султаны хатан ийнхүү эр нөхөр болон хүүгээ хүлээн суулаа. Бас л түүнийг төрсөн цагаас нь хараагүй боловч олон удаагийн яруу тодорхой зүүд зөнгөөрөө түүнийг мянган хүний дотроос танина гэж итгэдэг билээ. Эдүгээ дөтлөн буй цувааны чимээ сонсдож бүрээ бөмбөрийн дуу хурсан олны уухайнд холилдон хүлэг морьдын туурайн чимээ ордны хашаанд дуулдан ирж яваа хүмүүсийн хөлийн чимээ тодрон тодорсоор танхимын хаалга цэлсхийн нээгдэж эгнээ эгнээгээрээ сөхрөн унасан зарц нарын дундуур султан хүүгээрээ хөтлүүлэн эхийн нь сэнтийн зүг яаран айсав.
— Өнө удтал санан мөрөөдсөн хүнийг чинь авчирлаа би гэж султан хэлсэнд
— Энэ миний хүү биш! Тэнгэр бурхнаас зүүд зөнд минь харуулсан царай зүс энэ биш байна! гэж үгийг нь тас дайран хэлэв.
Султан түүний мухар сохор итгэлийг нь няцаахаар завдан байтал танхимын хаалга саван нээгдэж, буй хүчээ шавхан байж гараас нь мултарсан харгалзагч нартаа хөөгдсөөр ханхүү Омар дайран орж ирээд сэнтийн өмнө үхэтхийн унаж
— Энд үхэх минь, харгис хатуу эцэг та намайг хороолгож хайрла, энэ ичгүүрт явдлыг би тэсэн тэвчиж чадашгүй нь! гэжээ. Энэ үгийг сонсоод бүгд сэрдхийн золгүй эрийг бүчин, яаран сандран ирсэн харгалзагч нар түүнийг барин авч дахин хүлэх гэтэл энэ бүхнийг үг дуугүй гайхан харж байсан хатан сэнтийнээсээ үсрэн босоод
— Аядацгаа! Үүнээс өөр хэн ч жинхэнэ хүү минь биш! Энэ бол нүдээрээ хэзээ ч хараагүй ч зүрх сэтгэлээрээ таньсан хүү минь мөн! гэв.
Харгалзагч нар Омараас дуртай дургүй холдсонд уур хилэн нь дүрсхийсэн султан солиотой эрийг хүл хэмээн тэдний зүг хашгирч
— Энд би шийднэ, авгай нарын зүүд зөнгөөр бус тодорхой, гарцаагүй тэмдгээр шийднэ. Энэ бол гээд Лабаканы зүг заан
—Миний хүү. Учир нь тэр миний нөхөр Ельфийн гарцаагүй тэмдэг болох чичлүүр хутгыг надад авчирч өгсөн юм гэж захирангуй дуугаар хэлжээ.
— Энэ чинь түүнийг хулгайлсан юм. Харгүй итгэлийг минь хорт санаагаар хариулсан юм! гэж Омар хашгиран хэлсэн боловч аливааг өөрийн санасны дагуу шийдэж сурсан султан хүүгийнхээ үгийг сонссонгүй. Иймээс золгүй Омарыг тамхимаас чирэн гаргахыг тушаажээ. Тэгээд хорин таван жилийн турш эв найртай аж төрсөн гэргийдээ дэлбэртлээ уурлан Лабаканы хамт өрөөндөө морилжээ.
Хатан нь бол эл болсон явдлын талаар туйлаас санаа зовон байлаа. Хууран мэхлэгч этгээд султаны зүрхийг эзэмдэн чаджээ гэдэгт эргэлзсэнгүй. Учир нь тэр золгүй эр зүүд зөнд нь өөрийн нь хүү болж олонтаа харагдсан билээ.
Уй гашуугаа яльгүй дарагдахад эр нөхөртөө бурууг нь нотлон итгүүлэх арга олох гэж хичээв. Өөрийн нь хүү гэж өөрийгөө нэрийдэн байгаа тэр эр таних тэмдэг болсон чичлүүр хутгыг авчирч өгсөн бөгөөд хатны мэдсэнээр бол тэр Омарын урьд өмнийн аж төрлийн талаар нэгд нэггүй яриулж авсан тул өөрийгөө илчлэхгүйгээр түүний оронд жүжиглэж чадах учир энэ нь тун ч бэрх байлаа.
Бүхнийг тодорхой яриулахаар тэр Эль-Сержухын багана руу Султаныг дагалдан явсан эрсийг дуудан ирүүлээд дараа нь хамгийн итгэлтэй шивэгчингүүдтэйгээ зөвлөлджээ. Тэд энэ тэр арга сонгон сонжин байтал хатны гоёл чимгийн нярав хүүхэн
— Эрхэм хүндэт эзэгтэй минь ээ, хэрэв би зөв дуулсан бол чичлүүр хутгыг авчирч өгсөн хүн таны хүүгээ гэж бодож байгаа хүнийг солиорсон оёдолчин Лабакан гэдэг гэж хэлсэн байх аа? гэж асуусанд
— Тиймээ, яг тийм. Гэхдээ чи үүгээр юу хэлэх гэсэн юм бэ? гэж хатан асуувал
— Хэрэв тэр хууран мэхлэгч өөрийнхөө нэрийг хүүд тань гүжирдэн тулгасан байвал та яана гэж бодож байна? Тийм бол хууран мэхлэгчийг илрүүлэх нэг сайхан арга байна. Би үүнийг танд нууцхан хэлмээр байна гэж цаадах нь хариулсанд хатан шивэгчиндээ чихээ хандуулбал нэгэн зүйлийг шивнэсэнд тэр нь хатны сэтгэлд нийцсэн бололтой, даруй султантай уулзахаар оджээ.
Хатан нь султаны сул талыг мэддэг бөгөөд түүнийг ашиглаж чаддаг ухаалаг авгай байлаа. Иймээс түүний үгэнд орж хүүгээ хүлээн зөвшөөрөх янз үзүүлээд нэгэн зүйл болзол тавихыг хүсэв. Огцом уурандаа гэргийгээ гомдоосондоо харамсан байсан султан болзлыг нь зөвшөөрнө гэсэнд хатан
— Би тэр хоёрын хоёулангийн нь уран авьяасыг шалгаж үзмээр байна. Өөр хүн бол тэднийг морь унаж. сэлэм эргүүлэх, жад шидэх мэтээр шалгана гэнэ байх, гэтэл үүнийг хүн бүхэн чадах тул ингэхгүй! Би тэдэнд мэргэн ухаан зарцуулахуйц зүйл өгөх болно. Тухайлбал, тэр хоёр нэг нэг дээл, нэг нэг өмд оёх ёстой бөгөөд хэн нь илүү гоё хийх нь вэ гэдгийг бид үзмээр байна гэжээ. Султан хөхрөн
— Чи ёстой ухаалаг юм сэджээ. Миний хүү тэр солиотой оёдолчинтой хэн нь илүү гоё дээл хийж чадах нь вэ гэж ураа шалгах юм биз дээ? Үгүй, ингэдэггүй юм гэжээ.
Тэгэхэд нь хатан урьд нь султан болзлыг хүлээн зөвшөөрсөн биш билүү гэдгийг дурдан сануулсанд хэлсэн үгэндээ хүрдэг султан арга буюу тэр дагуу сорихоор болсон боловч тэр солиотой оёдолчин өөрт оногдсон дээлийг хичнээн гоё хийлээ ч гэсэн түүнийг өөрийн хүү гэж зөвшөөрөн хүлээхгүй гэдгээ андгайлав.
Султан өөрөө хүү дээрээ очоод чиний гараа гаргаж хийсэн дээлийг үзэхийг хүсэж байгаа эхийнхээ өрөөнд оч гэж хэлжээ. Хөөрхий Лабаканы зүрх хөөр баяраар оволзон байлаа. Зөвхөн энэ л дутаад байгаа юм бол султаны хатан мөд намайг баясан бахдах болно гэж боджээ.
Ханхүү болон оёдолчинд зориулж тус тусдаа хоёр өрөө бэлджээ. Тэнд тэд ур чадвараа шалгах хэрэгтэй болсон бөгөөд тус бүрт нь хангалттай торго, хайч, утас, зүү өгөв.
Хүүгээ ямаршуу янзын дээл хийдэг бол гэж султан машид сонирхон байсан бөгөөд хатан нь харин сэдсэн арга нь бүтэх нь үү, үгүй юү гэж сэтгэл түгшин байлаа. Тэдэнд хоёр хоногийн хугацаа өгсөн бөгөөд гурав дахь өдөр нь султан хатнаа дуудуулаад түүнийг ирсний хойно нөгөө хоёр өрөө рүү хүн явуулж хоёр дээл болон оёдолчныг нь авчир гэлээ. Лабакан итгэл төгс орж ирээд дээлээ дэлгэн харуулсанд султан гайхан мэлэрчээ.
— Аав аа, та түүнийг хар, эрхэм хүндэт ээж ээ, та үүнийг хар. Энэ маань ур дүйн сор болсон эд биш гэж үү? Үүгээр бол би ийм зүйл хийж чадах уу гэж ордны хамгийн уран оёдолчинтой мөрийцөх байна гэж хэлжээ.
Хатан инээмсэглэн Омарын зүг хандаж
— Хүү минь, чи юу хийж авчрав даа? гэж асуусанд цаадах нь торго болон хайчийг шалан дээр дурамжханаар хаяад
— Омголон хүлгийг номхруулах, илд эргүүлэх, барьсан жадаа жаран алхам газар байгаа байнд зооход намайг сургасан билээ. Зүү барих ур дүйг би ер мэдэхгүй, тэгээд ч Кайрын захирагч Эльфи Бейн хүмүүжүүлсэн хүүд энэ нь доромж мэт байх байсан бизээ гэж хариулжээ.
— Өө, чи бол ззний минь жинхэнэ хүү мөн байна! Чамайгаа тэврэн хүүгээ гэж дуудах эрхтэй боллоо би! Эр нөхөр минь, эзлэн захирагч минь гээд хатан султаны зүг хандан
— Ийм ов таны эсрэг хэргэлснийг минь өршөө! Хэн нь ханхүү, хэн нь оёдолчин болохыг та бас л ялгаж мэдэхгүй байвал ямар уран хүнээс үүнийг суралцсан болохыг нь асуумаар байна, үнэхээр ч таны хүүгийн оёсон дээл гайхамшигтай сайхан болжээ, тийм үү? гэжээ.
Султан гүн бодолд автан, өөрийгэө ийм мулгуу илчилсэндээ ичин улайх, балмагдах хоёроо нуух гэж дэмий л оролдон байгаа Лабакан болон хатнаа итгэлгүйхэн ээлжлэн харсаар байв. Тэгээд
— Энэ нотолгоо ч бас хангалттай бишээ. Хууртсан эсэхээ мэдэх аргыг Аллах надад хайрлах болно гээд хамгийн хурдан хүлгээ авчир гэж тушаагаад мориндоо үсрэн мордож хотоос холгүй орших ой руу давхин оджээ. Эртний домгоор бол удам угсааны нь вангуудад хүнд үед зөвлөн тусалдаг Адолзайде хэмээх сайхан сэтгэлт шидэт бүсгүй тэнд байдаг гэдэг юм байжээ. Тэгээд султан тийшээ яаран одсон юмсанжээ.
Ойн тэхий дунд өндөр хуш моддоор хүрээлүүлсэн сэлүүхэн талбай байдаг бөгөөд домогт хэлэлцдэгээр бол тэнд эл шидэт бүсгүй аж төрөн суух бөгөөд эртнээс уламжлан уг удамдаа хүмүүс болгоомжлуулан захисаар ирсэн тул тэр газар хар тэргүүт хүн очих нь ховор байв.
Султан тэнд очмогц бууж морио нэг модноос уяад талбайн голд очиж
- Хэцүү бэрх үед өвөг дээдэст минь сайхан зөвлөлгөө өгдөг байсан гэдэг чинь үнэн бол тэдний ач үрийн нь гуйлтыг бүү жигш. Хүний ухаан хүрэхгүй зүйл дээр надад зөвлөж хайрла гэж чанга дуугаар хэлжээ. Түүнийг үгийнхээ сүүлчийг хэлж дуусав уу, үгүй юу хуш моддын нэг нь нээгдэн урт цагаан саарийгаар биеэ ороосон бүсгүй гарч ирээд
— Султан Саауд, ямар хэргээр над руу ирснийг чинь би мэдэж байна. Чиний хүсэл бол ариун хүсэл тул миний тус дэмжлэг чамд шаардагдах нь зүй. Энэ хоёр бяцхан хайрцгийг ав. Чиний хүү гэгдэхийг хүсэн байгаа тэр хоёроор эдний алийг нь авахыг сонгуул. Жинхэнэ нь өөрт оногдох хайрцгийг эндүүрэхгүй гэдгийг би мэдэж байна гээд түүнд гивлүүр бүхий эл бүсгүй алт сувдаар зайгүй шигтгэсэн зааны ясан хоёр бяцхан хайрцаг өгчээ.
Султаны онгойлгох гэж оролдоод чадаагүй таган дээр нь алмаасаар шигтгэсэн бичиг байх ажээ.
Хичнээн оролдоод онгойлгож чадаагүй бяцхан хайрцагнуудад юу байгаа бол гэж султан харих замдаа бодсоор явсан бөгөөд нэгэн дээр нь «Алдар хүнд», нөгөө дээр нь «Аз жаргал, эд баялаг» гэж бичсэн нь ч ер ойлгогдохгүй байлаа. Аль аль нь дур хүсэл татах энэ хоёр зүйлийн алийг нь сонгон авах нь өөрт минь ч бас л бэрх байх болно доо гэж султан дотроо бодож явлаа.
Чингээд ордондоо эргэж ирмэгцээ хатнаа дуудуулан шидэт бүсгүйн үгийг хэлсэнд сэтгэл зүрхийг нь татан байгаа тэр хүү л хан угсааг нь нотлох тэр зүйлийг сонгон авах болно гэсэн гайхалтай итгэл эхийн сэтгэлд бадарчээ.
Султаны сэнтийн өмнө хоёр ширээ тавьсанд султан өөрийн гараар хоёр хайрцгийг тэдэн дээр тавиад сэнтийдээ заларч боолуудын нэгийг танхимын үүдийг нээ гэж дохив. Султаны дуудсан гүрний сайд эмирүүд нүд алдам жавхлантайяа цутган орж ирэв. Тэд хана дагуу зассан гоёмсог олбог дээр сууцгаалаа.
Тэднийг бүгд суудлаа эзэлсний дараа султан дахин дохивол Лабаканыг оруулсанд бардам итгэлтэйгээр танхим дундуур алхан ирж сэнтийн өмнө сөхрөөд
— Эзэн бөгөөд эцэг минь та надад юу айлдахсан бол? гэж асуусанд султан сэнтий дээрээ өндийгөөд
— Хүү минь ээ, энэ нэр чамд зүй ёсоор дүйх эсэхэд эргэлзэх явдал гарчээ. Энэ хоёр хайрцагны нэг нь чиний удам гарлын үнэн мөнийг нотлох болно. Сонгон ав! Зөвийг нь авна гэдэгт чинь би эргэлзэхгүй байна! гэжээ.
Лабакан босоод хайрцагнуудын өмнө очиж алийг нь авбал зохих вэ гэж удтал гайхсаны эцэст
— Эрхэм хүндэт эцэг минь ээ, хүү тань байх аз жаргалаас илүү эрхэм дээд, эрхэм таны баялгаас илүү ариун юм юу байх билээ? Би «Аз жаргал, эд баялаг» гэсэн бичиг бүхий хайрцгийг сонгон авлаа гэв.
— Зөв сонгосон эсэхийг чинь бид мөд үзэж мэдэх болно, одоохондоо Мединагийн захирагчийн дэргэдэх олбог дээр сууж бай гээд султан боолууддаа дахин дохив.
Омарыг оруулж иржээ. Түүний харц гутранги, байдал төлөв нь гунигтай байх бөгөөд эл байдал нь цугларсан улсын бүгдийн сэтгэлийг эмзэглүүлжээ. Сэнтийн өмнө сөхрөөд султаны хүсэл зоригийг асуусанд султан аль нэгийг нь сонгон ав гэж хайрцагнууд руу занган өгүүлжээ. Омар босож ширээний өмнө очоод хоёр бичгийг анхааралтайяа уншаад
— Аз жаргал хичнээн найдваргүй, эд баялаг хичнээн хуурмагийг сүүлийн хэдэн өдрийн явдал надад сургалаа. Гэхдээ бас эвдлэн устгашгүй эд баялаг болсон эрэлхэг эрийн цээжинд оршиж байдаг нэр төр, алдар сууны гялалзсан од аз жаргалын хамт арилж үгүй болдоггүйг сургалаа. Хаан титмээс татгалзахад хүрлээ ч гэсэн би нэр төр, алдар сууг сонгох болно! гэв. Тэгээд өөрийн сонгосон хайрцганд гараа хүргэсэнд султан хүлээ гэж тушаагаад Лабаканыг өөрийн сонгосон хайрцаг бүхий ширээ рүү ир гэж дохисонд тэр мөн хайрцган дээр гараа тавив.
Гэтэл султан Меккад байдаг Земзем хэмээгч ариун булгийн ус бүхий сав авчруулан мөргөл үйлдэхээр гараа угаагаад зүүн зүг харан сөхрөн сууж
— Эцэг өвгөдийн минь бурхан тэнгэр! зуу зуун жилийн турш ураг удмыг минь ариун байлгасан та Аббасидийн нэрийг үл дүйцэх хүнээр бүү гутаан бузарлуул, тэнсэн шалгах энэ мөчид жинхэнэ хүүг минь тэтгэж хайрла! гэж мөргөв гэнэ.
Тэгээд босож сэнтийдээ дахин заларчээ. Хуран цуглагсад бүгд юу болохыг тэсч ядан хүлээж амьсгаа авч ч зүрхлэхгүй шахам байсан тул дээвэр дээгүүр хулгана гүйх юм бол дуулдахаар тийм нам гүм байлаа. Араар суугсад нь хайрцагнуудыг сайтар харахын тулд урдаа суугсдын мөрөн дээгүүр хүзүү сунган байв. Султан «Хайрцгийг онгойлго!» гэсэнд урьд нь хүчээр оролдоод дийлдэхгүй байсан тагууд нь аяндаа торхийн нээгджээ.
Омарын сонгон авсан хайрцганд хилэн жинтүүн дээр бяцхан алтан титэм очирын хамт, Лабаканы хайрцганд нэгэн том зүү, бага шиг утас байх нь тэр! Султан хоёуланг нь хайрцгаа авчир гэж тушаагаад бяцхан титмийг гартаа авсанд улам улам томрон тодорсоор жинхэнэ титмийн дайтай болохыг харахад тун гайхалтай байлаа. Тэгээд тэр титмийт султан өмнөө сөхрөн суусан хүү Омарынхаа толгой дээр тавин духан дээр нь үнсээд өөрийнхөө баруун гар талд зэрэгцэн суу гэжээ. Харин Лабаканд хандаж
— Гуталчин хэвнээсээ холддоггүй гэдэг эртний зүйр үг бий билээ. Тэгэхлээр чи зүүнээсээ салах ёсгүй юм байна. Хэдийгээр чи миний өршөөлийг үзэх ёсгүй боловч өнөөдөр хэлснээс нь миний ер татгалзаж болохгүй нэг хүн чиний төлөө мөргөн гуйсан тул утсан чинээ улаан амийг чинь өршөөе. Харин миний газар нутгаас даруй яаран зайлахыг зөвлөе гэжээ.
Ичиж гутарч гүйцсэн дагалдан оёдолчин хариу юу ч хэлж чадсангүй бөгөөд ханхүүгийн өмнө нулимс асгаруулан сөхрөөд
— Ханхүү, та намайг өршөөхсөн болов уу? гэсэнд ханхүү түүнийг сугадан босгох зуур
— Нөхөртөө үнэнч, дайсандаа өгөөмөр сэтгэлтэй байх нь Аббасидийн бахархал билээ. Амар амгалан явж үз! гэж хариулжээ.
«Аяа, миний ёстой жинхэнэ хүү минь!» гэж дуу алдан өвгөн султан сэтгэл уяран хүүгийнхээ цээжинд толгойгоо наасанд эмирүүд болон захирагчид хийгээд гүрний томчуул бүхэн суудлаасаа босон «Султаны шинэ хүү мандтугай!» гэж хашгирцгаасан бөгөөд бүх нийтийн үймээн шуугиан дундуур Лабакан сонгон авсан хайрцгаа сугавчлан сэмхэн гарч оджээ.
Тэгээд султаны морины жүчээнд орж Марва нэрт морио эмээллэн унаж хотын хаалганы зүг Александрийг зорин явав. Ханхүүгийн байдлаар өнгөрөөсөн амьдрал нь бүхэлдээ зүүд мэт санагдан гагцхүү сувд, алмаасан шигтгээ бүхий гоёмсог бяцхан хайрцаг л түүний зүүдлээгүй гэдгийг нь сануулах ажээ.
Яв явсаар Александрид хүрч очоод өвгөн багшийнхаа үүдэнд мориноосоо бууж оёдлын газраа оржээ, Тэр даруйд түүнийг таниагүй багш нь их л хөл болж юу захиалах гэж буйг нь асуужээ. Гэвч ирсэн зочноо ойртон ажигласны эцэст хуучин дагалдан Лабаканаа танимагц дагалдан болон шавь нараа дуудан ирүүлсэнд тэд нь ингэж угтана гэж санаагүй байсан хөөрхий Лабакан руу бүгд галзуурсан мэт дайран орж цохиж нударч индүү, хэмжүүр модоор дэлсэж зүүгээр хатган хурц хайчаар чичлэн түлхэлсээр эцэст нь ядарч туйлдсан түүний бие хуучин овоолоостой хувцсан дээр үхэдхийн унажээ.
Түүнийг тийнхүү хэвтэж байх зуур багш нь хулгайлсан хувцсыг нь дурдан загнажээ. Түүнд бүгдийг төлж өгөхөөр эргэж ирсэн гэдгээ батлан, үнийг нь гурав нугалж төлнө гэж хэлээд ч нэмэр болсонгүй багш нь ба дагалдан оёдолчид бүгд түүн рүү дахин дайрч бахаа ханатал зодож жанчаад хаалгаар гарган чулуудчихжээ. Нэвширч салмартлаа жанчуулсан түүний бие Марва мориндоо дүүжигнэн мордож жинчдийн хоноглодог дэн буудалд хүрээд тэнд туйлдаж, балбуулж гүйцсэн толгойгоо амраахаар хажуулж газар дэлхийн гаслан зовлон, ойшоогдож таашаагддаггүй ач гавьяа ба аливаа эд баялгийн хоосон, арилан одох чанарыг эргэцүүлэн бодож гэнэ. Тэгээд агуу дээд бүхнийг умартаж шударга журамт иргэн болохоор шийдэн унтжээ.
Багшийн нь болон дагалдан оёдолчдын хүнд гар түүнээс аливаа сэхүүн байдлыг нь хуу гөвчихсөн мэт санагдсан тул маргааш нь шийдвэртээ гутарсангүй.
Нэгэн эрдэнэсийн наймаачинд хайрцгаа өндөр үнээр зараад байшин худалдаж аван ажиллах байр төхөөрчээ. Бүгдийг сайтар төвхнүүлж «Оёдолчин Лабакан» гэсэн хаяг цонхондоо хадаж аваад нөгөө бяцхан хайрцганд байсан зүү утсыг барин багшийнхаа хайр найргүй урж тастсан хүрмийг нөхөхөөр суужээ. Өөртэй нь хүн уулзахаар ирсэнд хийж байсан зүйлээ орхиж яваад эргэм ирж түүнээ дахин үргэлжлүүлэх гэтэл гайхалтай юм нүдэнд нь тусжээ. Зүү нь хэний ч тус дэмжлэггүйгээр шамдан оёсоор, Лабакан өөрөө ч урам төгс үедээ ч хийж байгаагүй тийм хатгамал хийн байв гэнэ.
Үнэхээр тэр сайн сэтгэлт шидэт бүсгүйн өчүүхэн төдий бэлэг хүртэл тустай бөгөөд эрхэм чухаг ажээ. Эл бэлэг нь бас нэгэн эрхэм чанартай байсан нь юу гэвэл, өчүүхэн төдий утас нь ер дуусах нь үгүй бөгөөд зүү нь санасныхаа зоргоор шаламгайлан оёдог ажээ.
Лабакан дээр олон хүн ирж хувцас захиалдаг болсон тул түүний бие алс холд алдар нь түгсэн оёдолчин болжээ. Даавуу эсгэж зүүгээрээ нэг хатгахад л тэр нь цааш нь нүд ирмэх зуур зогсоо зайгүй оёсоор эсгэсэн хувцсыг бэлэн болгоно. Оёдолчин Лабакан сайхан, нэн хямд оёдог тул төдөлгүй хотынхон бүгдээрээ түүгээр хувцсаа захиалан хийлгэдэг болсон ба дагалдан нэг ч оёдолчингүйгээр, хаалгаа түгжиж байгаад ажиллаж бүхнийг амжуулдгийг нь Александрийнхан толгой сэгсрэн гайхдаг ажээ.
Ийнхүү «Аз жаргал, эд баялаг» гэсэн бичиг бүхий хайрцагны шидэт үг хэрэгжин биелжээ. Хэдий даруухан хэмжээтэй ч болов аз жаргал, эд баялаг сайн оёдолчны алхам бүрийг дагалдан, залуу султан Омарын нэр бүхний аманд шагшигдаж, тэр зоригт эр ард олныхоо бахархал, хайр хүндэтгэл, дайсныхаа аймшиг түгшүүр болсныг сонсох бүрдээ ханхүү болж үзсэн түүний бие «Нэр төр, алдар хүнд олно гэдэг осолтой хэрэг тул оёдолчин хэвээр хоцорсон минь яамай» гэж өөр зуураа боддог ажээ. Ийнхүү Лабакан өөрөө өөртөө сэтгэл хангалуун, өрөөл бусдад нэр хүндтэй аж төрөн суусан бөгөөд хэрэв энэ зуур зүү нь ид шидээ алдаагүй бол сайн сэтгэлт шидэт бүсгүй Адолзайдегийн дуусашгүй мөнхийн утсаар одоо ч бас оёсоор л байгаа биз ээ.
Наран мандмагц жингийн цуваа хөдөлж Биркет эль Хад буюу мөргөлчдийн булагт төдөлгүй хүрч очив. Тэндээс Каир ороход ердөө гуравхан цагийн аян хэрэгтэй билээ. Яг энэ үес хүмүүс жингийн цуваа ирэхийг хүлээн байдаг ба найз нөхөд нь Каираас тэднийг тосон ирж явааг үзээд худалдаачид даруй хөхин баясацгаав. Тэд хотод Бебел Фалхын хаалгаар оров. Учир нь вивангиридич энэ хаалгаар орж ирсэн гэх тул Меккагаас ирж байгаа хүн үүгээр орох нь өлзийтэй сайны дохио болдог гэнэ.
Зах зээлийн газар ирээд турк дөрвөн худалдаачин замаас нийлсэн үл таних эр болон эллин худалдаачин Цалойкос нартай салах ёс гүйцэтгэн найз нөхдийн хамт гэрийн зүг одоцгоожээ. Харин Цалойкос үл таних эрд нэгэн сайн дэн буудал зааж өгөөд хамтдаа үдийн хоол барья гэж урьжээ. Цаадах нь зөвшөөрч энэ завсар хувцсаа сольж амжвал л ирнэ гэж амлажээ.
Эллин эр аян замын зуур сэтгэлд нь гойд нийцэх болсон тэр эрийг сайтар дайлах гэж гараа гаргасан бөгөөд хоол унд зүй ёсоор ширээнд бэлэн болмогц зочноо хүлээн суув.
Өрөө рүү нь ордог хонгилоор удаан бөгөөд нүсэр алхаа айсан буйг сонсов. Түүнийг найрсгаар угтан очиж гэрийнхээ босгон дээр уулзан золгож урин оруулсугай гэж өндийсөн боловч үүдээ нээнгүүтээ нөгөө аюумшигт улаан нөмрөгт эр урдаас нь ирж явааг үзээд машид айн ухарчээ. Тэр түүний зүг дахин харвал энэ нь гарцаагүй үнэн байлаа. Нөгөө л өндөр лужир бие бялдар, хар нүд нь л зөвхөн гялалзан харагдах нүүрний халх, алтан утас эрхээн хатгамалсан улаан нөмрөг амьдралынх нь аймшигт үеэс хойш эндүүршгүй хадангишран үлдсэн билээ.
Цалойкосын цээж уймран хямарсан сэтгэлдээ оволзон байлаа. Болж өнгөрсөн явдлын эл дүр зурагт хэдийнэ дасаж түүнийг уучилсан хэдий боловч барааг нь хармагц сэтгэлийн шарх дахин сэдэрч үхлийн аймшигт автан байсан шаналал дүүрэн үеүд, амьдралын жавхланг хорлосон гаслан эгшин зуур сэтгэлд нь зурсхийн өнгөрөв.
— Аймшигт амьтан чамд юу хэрэгтэй вэ? Надад хараалган зүхүүлэхгүй байхсан гэж бодвол эндээс хурдхан зайл! гэж тэрхүү үзэгдлийг босгон дээр хөдөлгөөнгүй зогссоор байсанд хашгиран хэлжээ.
— Цалойкос! гэх танил дуу тэрхүү нүүрний халхны цаанаас гарч
— Цалойкос! чи урьсан зочноо ингэж угтаж авдаг юм уу? гээд нүүрийн халхаа авч хүрмээ ярвал энэ нь замд нийлсэн үл таних эр буюу Селим Барух байлаа.
Гэвч Цалойкос бас л тайвшраагүй янзтай байв. Энэ бол нөгөө Понте векчиогийн үл таних хүн мөн гэдгийг сайтар мэдэж байсан учир мөн л айн ширвээдсэн хэвээр байх аж. Гэвч зочломтгой нөхөрсөг зан нь дийлж зоогийн ширээнээ суу гэж шинэ танилаа дуугүй дохин урив.
Чингээд ширээнд суусны эцэст цаадах нь
— Чиний бодлыг би таамаглаж байна. Харц чинь намайг асуусан янзтай ширтэн байна шүү дээ. Би таг чиг болоод харцанд чинь дахин ер үзэгдэхгүй байж болох байсан боловч чамд тайлбар тавих ёстой учраас хараан зүхэхээс чинь үл эмээн урьдынхаа янзаар уулзахаар зориглосон минь энэ, «Эцгийн минь итгэл сүжиг түүнийг хайрлахыг надад тушаасан юм. Тэгээд ч тэр өөрөөс минь илүү аз жаргалгүй хүн билээ» гэж чи нэгэнтээ надад хэлсэн Үүнд итгэж өөрийн минь үгийг сонс, найз минь.
Чамд өөрийгөө бүрэн ойлгуулахын тулд би бүр урьдаас эхлэх хэрэгтэй. Миний бие Алексакдрид христос шүтлэгт эх эцгээс төрсөн юм. Францын эртний алдартай айлын отгон хүү болох эцэг минь Александрид өөрийн орны консулаар сууж байлаа. Арван настайгаасаа эхлэн би францад нагац ах нарынхаа нэгнийд хүмүүжиж байгаад хувьсгал гарснаас хойш хэдэн жилийн дараа өвөг дээдсийнхээ газар нутагт сэтгэл төвшин байж чадахгүй болсон нагацынхаа хамт эцгийн дэргэд толгой хоргодохоор төрөлх нутгаа орхин гарсан юм. Францын уулгалан боссон ард түмний биднээс булаан авсан амар амгалан байдлыг эх эцгийн гэр оронд дахин эдлэх болно гэсэн итгэл дүүрэн эрэгт буусансан. Гэтэл, элээ халаг минь! эцгийн минь гал голомтонд юм бүхэн зүй ёсоороо байсангүй. Үймээнт үеийн гадаад шуурга энд хүрч амжаагүй байсан хэдий боловч золгүй явдал гэр орны минь халуун бүлийн сэтгэл зүрхийг гэнэтхэн нөмрөн авчээ. Миний ах найдвар төгс залуу эр эцгийн минь нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд манай хөрш, флоренцийн сурвалжит эрийн охинтой гэрлээд удаагүй байжээ. Гэтэл бидний ирэхээс хоёр хоногийн өмнө тэр авсан авгай нь сураг чимээгүй алга болоод манайхан болон түүний эцэг нь өчүүхэн төдий ч ул мөр олсонгүй. Тэгээд эцэст нь хэтэрхий хол газар зугаалж яваад дээрэмчний гарт орсон биз гэж итгэхэд хүрсэн байна.
Төдөлгүй бидний олж мэдсэн үнэнийг бодвол энэ бодол нь хөөрхий ахын минь хувьд илүү дээр байхсан. Тэрхүү хуурамч эм эцгийнхээ гэрт байхдаа танилцсан, Неаполийн нэгэн залуутай ханилан хөлөг онгоцонд сууж одсон юмсанжээ. Эл явдалд туйлаас бачимдсан ах минь гэмт эмийг шийтгүүлэх гэж бүх талаар оролдсон боловч энэ нь талаар болов. Неаполь ба Флоренцид шуугиан тарьсан түүний оролдлого өөрийн нь болон бид бүхний золгүй явдлыг туйлд нь хүргэхэд нь нэрмээс болсон юм, Флоренцийн тэр сурвалжит эр ахын минь эрхийг хамгаалах шалтгаар, чухамдаа бол харин биднийг баллан сүйтгэхээр эх орон руугаа буцсан билээ. Тэгээд ахын минь үүсгэсэн аливаа мөрдлөгийг Флоренцид тас цохин бүхий л талаар бий болгосон нөлөөгөө ашиглах аргаа олж эцгийг минь болон ахыг минь засгийн нь газарт хардуулан сэрдүүлж хамгийн бузар аргаар Франц орон руу баривчлан аваачиж тэнд яргачдын сүхэн дор хороолгосон болой. Хөөрхий эх минь солиорон арван сарын турш тарчилсны эцэст үхэл түүнийг аюумшигт байдлаас ангижруулсан юм. Гэхдээ наснаас нөгчихийн өмнөх хэдэн өдөр ухаан мэдрэл нь бүрэн дүүрэн эрүүл саруул болсонсон. Тийнхүү миний бие орчлон хорвоод цор ганцаар үлдсэн боловч зөвхөн нэгэн бодол сэтгэл санааг минь эзэмдээд, зөвхөн тэр л бодол уй гашууг минь мартагнуулсан нь даруй эх минь амьсгал хураахын өмнөх эцсийн мөчдөө сэтгэлд минь бадраасан гал дөл байлаа.
Чамд дээр дурдсанчлан ээж маань сүүлийн үе ухаан саруул болж намайг дуудуулаад бидний хувь заяа болон өөрийн үхлийн тухай амгаланаар хүүрнэж билээ. Тэгээд бүгдийг өрөөнөөсөө гар гэж тушаагаад зовлонгийн туйлыг үзсэн хэвтрээсээ сүр жавхлантай өндийн даалгах зүйлийг нь биелүүлнэ гэж тангараглах аваас надад ерөөлөө хайрлана гэж хэлсэн юм. Нөгчиж буй эхийнхээ үгэнд бүрэн автсан миний бие хэлсэн бүхнийг нь хийх болно гэдгээ андгайлсанд ээж минь нөгөө Флоренц эр болон түүний охиныг хараан зүхэж, намайг зүхлийн дээдээр сүрдүүлэн байж, гал голомтынхоо өшөөг түүнээс авахыг даалгав. Чингээд эх минь миний гар дээр амьсгал хураасан юм. Өшөө хорслын тэр бодол удтал сэтгэлд минь хадаатай явсаар нэгэнтээ дүрэлзэн бадардаг байна. Би эцгээс үлдсэн хөрөнгийг цуглуулж аваад бүхнийг өшөө авахад зориулна, эс бөгөөс өөрөө түүний хамт сүйрэн баларна гэж тангараглав.
Төдөлгүй Флоренцид очоод аль болохоор нууц байдалд байлаа. Дайснуудын минь байгаа байдлаас үүдэн төлөвлөсөн минь биелэхэд нэн бэрхшээлтэй болов. Флоренцийн эл өвгөн хотын захирагч болчихоод өчүүхэн сэжиг авах л юм бол намайг сүйтгэх бүхнийг гартаа атгасан байлаа. Нэгэн санаандгүй явдал надад тус болсон юм. Нэг орой миний мэдэх зарцын өмсгөлт нэг эр гудамжаар явааг харав. Түүний итгэлгүй алхаа гишгээ, хилэнт харц болон "Santo sacramento, Maledeto diavolo (Ариун наминчлал, хараалт лүд гэсэн итали үг)" гэж сонсдох төдий үглэн явааг нь үзээд бүр Александрид байхын мэдэх болсон нөгөө Флоренц эрийн зарц өвгөн Пиетро мөнийг танив. Эзэндээ уурлажээ гэдэгт нь би эргэлзсэнгүй бөгөөд түүний санаа сэтгэлийн эл байдлыг ашиглахаар шийдэв. Түүний бие надтай тэнд тааралдсандаа гайхан, эзэн нь захирагч болсноосоо хойш өөрийн нь хийсэн бүхнийг өөлж муулдаг болсон гэж зовлонгоо тоочсон бөгөөд алтан зоос минь түүний уур хилэнг дарж, төдөлгүй надад татав. Хамгийн бэрхшээлтэй зүйл нэгэнт шийдэгдэв.
Хэдийд ч дайсны маань үүдийг нээж өгөхөд бэлэн хөлсний хүнтэй боллоо. Тэгээд өшөө авах төлөвлөгөө маань улам бүр шуударч эхлэв. Гал голомтны минь сүйрэлтэй харьцуулахад өвгөн Флоренц эрийн амь нас даанч өчүүхэн санагдаж байлаа. Голт зүрх нь болсон хүнээ алуулчихсан байхыг түүний бие үзэх ёстой бөгөөд тэр нь Бианка хэмээх охин нь болой. Тэр бол ахыг минь ичгүүртэйгээр хууран мэхэлсэн, бас манайхны золгүй явдлын гол үрийг тарьсан хүн билээ. Яг энэ үес Бианка хоёр дахь удаагаа эрд гарах гэж байгаа сураг гарсан нь өшөө хорсол буцлан байсан сэтгэлд нэн нийлэмжтэй санагдаж түүнийг үхэх ёстой гэж эргэлтгүй шийдэв. Эл хэргийг хийхээс би өөрөө ширвээдэн байсан ба Пиетрог тэгж зүрхэлнэ гэж бас итгэхгүй байлаа. Иймээс уг ажлыг гүйцэлдүүлж чадах хүн олох гэж бид тагнан байв. Захирагчийнхаа эсрэг энэ мэт хэрэг хийж зүрхлэх хүн үгүй тул Флоренцийнхны дотроос хэнийг ч хөлслөхийг бодсонгүй. Тэгтэл Пиетро нэгэн зүйл сэдсэн ба би түүнийг нь гүйцэлдүүлж билээ. Пиетро чамайг харийн, бас эмч хүн тул хамгийн тохиромжтой гэж санал болгосон юм. Хэрэг явдал хэрхэн болж өнгөрснийг чи мэднэ. Гагцхүү чиний үлэмжийн их болгоомжлол ба шударга шулуун зан ажил төрлийг минь тасалдуулж мэдэх байлаа. Иймээс тэр хүрэмний хэрэг гарсан юм.
Пиетро бидэнд захирагчийн шилтгээний бяцхан хаалгыг нээж өгсөн бөгөөд бид хаалганы завсраар харагдсан аймшигт зүйлээс болж зугатаагүйсэн бол мөн л нууцаар удирдан гаргах байсан юм. Аймшиг, харуусалд автсан миний бие нэгэн сүмийн довжоон дээр лагхийн суун суутлаа хоёр зуун алхам илүү хол гүйсэн билээ. Тэнд би сэтгэлээ барьсан бөгөөд эн түрүүнд төрсөн бодол минь тэр байшинд байж байгаад баригдах юм бол чамд учрах аюул байлаа.
Шилтгээнд сэмхэн явж очвол Пиетрогийн ч, чиний ч ул мөрийг олсонгүй. Бяцхан хаалга нээлттэй байсанд эл боломжийг ашиглан чамайг зугтаж амжсан бизээ гэж найдаж болох байлаа.
Гэвч өглөө болмогц илэрч баригдахаас айх, аргалж болшгүй түгших сэтгэлээсээ болон Флоренцийн хэрмийн дотор сууж байж чадсангүй, Ромын зүг яаран одов. Гэхдээ тэнд очсон хойноо хэдхэн өдрийн дараа эл намтрыг хүмүүс хачирлан энд тэндгүй ярьж, тэр бүсгүйг хороосон хүн нь болох нэгэн эллин эмчийг барьсан тухай хэлцэхийг сонсоод хичнээн балмагдсаныг минь бодож үзээрэй. Өшөөгөө арай ч хэтрүүлээд авчихав уу даа гэж надад бүр өмнө нь санагдаж байсан бол одоо чиний амийр бүр ч үнэтэй зольсон тул тийн өшөөгөө авснаа хараан зүхэж сэтгэл түгшин зовнисоор Флоренцид эргэж очив. Чиний гарыг тас цавчсан яг тэр өдөр би тэнд оччихсон байлаа. Чамайг цаазын тавцан дээр гарч, зовлонгоо эрэлхэг зоригтойёо тэсэн давсныг би ярих юун. Харин цус чинь садран олгойдохыг үзээд амьдралын чинь үлдсэн хэсгийг аятай тавлаг байлгахаар бат шийдсэн билээ. Тэгээд юу болсныг чи мэднэ, гэвч яагаад чамтай ийнхүү аялах болсноо ярих л үлдээд байна.
Намайг ер уучлахгүй биз гэсэн бодол сэтгэлийн минь хүнд дарамт болж байлаа. Иймээс олон хоног чамтай хамт байж эцэст нь чамд юу хийснээ тайлбарлахаар зориглосон юм гэжээ.
Эллин эр зочныхоо яриаг дув дуугүй сонсож, түүнийг ярьж дуусмагц дөлгөөн харцаар өөрөө ярих зөвшөөрөл эрээд
— Тэрхүү бузар хэрэг амьдралыг чинь хар үүл мэт ямагт нөмрөн байх тул чамайг өөрөөс минь илүү аз жаргалгүй байгаа гэдгийг би сайн мэдэж байлаа. Би чамайг сэтгэлийн угаас уучилж байна. Гэхдээ энэ байдлаар цөлд чи яаж явав аа? Константинопольд надад байшин худалдаж авсныхаа дараа юу эрхэлж эхэлсэн бэ? гэдгийг лавлаж болохсон болов уу гэсэнд цаадах нь
— Би Александрид эргэж очсон. Хүн бүхнийг үзэн ядах үзэл ялангуяа боловсронгуй гэж нэрлэгддэг тэр үндэстнийг үзэн ядах гал дөл шиг хорсол хилэн хэнхдэг цээжинд минь буцлан байлаа. Мусальман шашинтнуудынхаа дунд надад илүү аятай тавтай байсан гэдэгт минь чи итгээрэй! Александрид хэдхэн сар болов уу, үгүй юу нутгийнхан маань тэнд ирсэн юм.
Тэднийг би эцэг болон ахыг минь яргалагчид гэхээс өөрөөр үзэх арга байсангүй. Иймээс танилуудынхаа дундаас санаа бодол нэгт хэд хэдэн залуусыг цуглуулж францын армийн аймшиг түгшүүр болсон тэрхүү Мамелюкд нэгдсэн билээ. Дайн дажин дуусахад миний бие амар амгалан байдлын ая эвд орж чадсангүй бөгөөд сэтгэл нэгт цөөн хэдэн нөхрийнхөө хамт тэмцэл тулаан, ан авд зориулагдсан байнгын бус, оргодол дээрэмчний маягийн аж төрөл эрхлэх болсон билээ. Намайг эзэн ноён шигээ хүндлэгч тэдгээр хүмүүсийн дунд сэтгэл тавлаг байдаг юм. Учир нь хэдийгээр миний азийнхан таны европчуул шиг боловсорсон биш байлаа ч гэсэн атаа хорсол, хов жив аминч үзэл, нэр төр хөөцөлдөх явдлаас даанч хол хөндий дөө гэж хариу өчив.
Цалойкос ийн ярьсанд нь түүнд талархсан боловч өөрийн нь байдал, боловсролын хувьд бол христос шүтлэгт европын орнуудад ажиллаж, амьдарвал дээр юм биш үү гэж бодож байгаагаа нуулгүй хэлэв. Тэгээд гарыг нь барин өөрийн дэргэд ирж үхэн үхтэлээ хамт аж тарнө үү гэж гуйв. Зочин нь түүнийг сэтгэл догдлон хараад
— Намайг бүрэн дүүрэн уучилж, хайрлаж байгааг чинь би үүнээс мэдлээ. Чин сэтгэлийн минь талархлыг болгооно уу гээд үсрэн босож эллин эрийн өмнө лужир биеэрээ ханхайн зогссонд зочныхоо эрэмгий дайчин байдал, гялалзсан хар нүд, аргил, учир битүүлэг дуунаас бараг айн ширвээджээ. Зочин нь
— Чиний санал өөр хэнийг ч бол уяруулан татах сайхан санал байна. Би үүнийг чинь дагах арга алга. Хүлэг морь минь хантаараастай, бараа бологсод минь хүлээн байна. Сайн сууж байгаарай, Цалойкос! гэжээ.
Хувь заяа ийм гайхалтайгаар золгуулсан найз нөхөд тэврэлдэн салах ёс гүйцэтгэсэн бөгөөд эллин эр
— Би чамайг хэн гэж байх юм бэ? Сэтгэлд минь үүрд хадаатай байх найз минь чамайг хэн гэдэг юм бэ? гэж асуусанд цаадах нь түүнийг удтал ажиглан харснаа гарыг нь дахин атгаж
— Намайг хүмүүс цөлийн эзэн гэдэг юм. Би бол дээрэмчин Орбасан гэжээ.
_________________________________
Амжилт гэж амжиж чадахыг хэлнэ.
