#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.13.17 10:42 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 1 2 3 4 59 Next
Author Message
PostPosted: Apr.05.14 2:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Би харин энэ сэдэвт оруулна аа. Энэ сэдвийг янз бүрийн юмны collection болголоо шүү.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.05.14 2:41 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Бух гөрөөсний хүүхдүүд

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.05.14 2:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
ЦАГААН АРСЛАНГ НОМХТГОГЧ
Чулуун арслан. Төвд ардын үлгэр

Эрт урьдын цагт Төвд оронд Лувсан гэдэг нэгэн харгис, хэрцгий хаан амьдарч байжээ. Тэр нэг удаа гоо сайхан гэргий Дулмаадаа учиргүй уурлаж, түүнийг алс холын ой тайгад аваачиж хаяад, араатан амьтны идэш хоол болго! гэж үнэнч зарцдаа тушааж гэнэ. Харин Дулмаа нь тэр үед хөл хүнд байсан юмсанжээ. Зарц нь хөөрхий эмэгтэйг ихэд өрөвдсөн боловч, хааны зарлигийг биелүүлэхгүй бол өөрөө толгойгүй болох учир, Дулмааг Лувсангийн нүднээс хол авч явжээ. Тэр өдрөө явж гэнээ. Маргааш нь бас л явж гэнэ. Уул нь улам өндөрсөж, ой нь бүүрч өтгөн болж иржээ. Гуравдахь өдрийнхөө үдэш Дулмааг мориноос нь буулгаад, жаахан идэх юм хэт цахиур мөн нэгэн хутгатай өгөөд, өөрөө нутгийн зүг эргэн давхижээ. Дулмаа хүнгүй, зэлүүд гүн ойд гав ганцаараа хаягдсандаа айн уйлж, хандсан зүг уруугаа явжээ. Тэр яваад л байж, яваад л байж. Тэгтэл эвдэрч, нурсан жижигхэн овоохой тааралджээ.
Дулмаа «бүх араатан амьтдаас хамгаалагдаж болох юм» гэж бодоод тэр овоохойд амьдрахаар шийджээ. Хөөрхий бүсгүй хүнд амьдралтай тулгарлаа. Тэр зэрлэг үр жимс, ургамлын үндэс түүж иднэ. Үснээсээ авч тор сүлжээд жижиг амьтад бас, шувуу барьж хооллох боллоо. Зарим үед жижиг гол горхиноос загас жараахай гараараа барьж авна. Дулмаа зүрхэн доороо хүүхэд тээж яваагаа мэдрэх тутам түүнийхээ төлөө өөрийн амьдралыг улам тордохыг хичээх боллоо. Гэвч амаржих хугацаа болоход хүүхэд төрсөнгүй ээ. Харин гурав дахь жил дээрээ эрүүл чийрэг, цог золбоотой хүү төрүүлжээ. Хүү нь ер бишийн хүү байлаа. Тэр төрсөн дороо л ярьж гарчээ. Дулмаа хүүдээ Дорж гэж нэр өгчээ. Тэр нь «Аянгын сум» гэсэн утгатай үг ажээ. Дорж хүү өдрөөр биш, цагаар өсөж том болжээ. Нэгэн жил өнгөрөхөд, хүү арван тавтай гэмээр болж, нум сумаар сайн анчнаас дутахгүй харвах болжээ. Энэ үеэс Дорж өдөр бүр л шив шинэхэн ангийн мах авчирч Дулмаа хоол хүнсний талаар санаа зоволтгүй болжээ. Дорж нэг удаа анд яваад, тарган бор гөрөөс агнаж гэртээ иржээ. Гөрөөснийхөө махыг эвдэж байгаад, ээжээсээ гэнэт:
— Амаа! (төвд хүүхэд эхийгээ ингэж дууддаг) Хүүхэд болгон аавтай байхад, би яагаад ганцаараа аавгүй байдаг юм бэ? гэж асуужээ. Дулмаа нулимсаа арай хийн барьж:
— Хүү минь чи одоо даан ч бага байна даа. Улам өсөж, том болоод, жинхэнэ сайн анчин болоорой. Тэр үед би чамд бүгдийг ярьж өгнө гэжээ.
Дахиад нэг жил өнгөрчээ. Хүү улам ч бяр чадал сууж, хүч тэнхээ оржээ. Уулын баавгайг дор нь намнаж, том бугыг ч харайж байхад нь гүйцдэг болж гэнэ. Нэг удаа Дорж анд яваад, Дулмаа хичнээн хүлээсэн боловч эргэж ирэхгүй их удаж гэнэ. Тэгээд үдэш болоход том бар үүрсээр хүрч иржээ. Дулмаа хүүгээ ямар эрэмгий зоригтой, мэргэн анчин болсныг үзээд, тун ч их баярлажээ. Харин Дорж барын арьсыг өвчиж авангаа;
— Амаа! Миний аав хэн юм бэ? Тэр одоо хаана байдаг юм бэ? Би энэ барынхаа том арьсыг аавдаа бэлэг болгож өгье! гэж дахин асуужээ. Дулмаа учиргүй уйлж:
— За хүү минь, чиний аав бол манай улсын одоогийн энэ хаан байгаа юм гээд, гунигт түүхээ хүүдээ ярьжээ. Дорж ээжийгээ тэврэн авч хэсэг дуугүй бодолд автсанаа:
—Ээж минь! Та битгий гуньж гутраач. Би маргааш хааныд очиж, өөрийгөө хүү нь гэдгээ мэдүүлээд, таныг ордонд нь эргүүлж очуулна гэжээ. Дулмаа хүүдээ сэтгэл зовж, айсандаа түүнийг болиулах гэж хичнээн ятгавч хүү өөрийнхөөрөө зүтгээд болсонгүй. Хүү маргааш нь үүрээр, барын арьсыг хуйлж мөрөн дээрээ тавиад, нум сумаа аваад замдаа гарчээ. Тэр Лувсан хааны суудаг хотод хүрэхийн тулд олон ч даваа давж, олон ч хөндийг гаталжээ. Ордны нь хаалган дээр хүрч очиход түүнийг харуулууд нь зогсоож:
— Чи хэн гэгч хүн бэ? Ямар хэргээр манай хаантай уулзах гэж явна вэ? гэж асууцгаажээ. Дорж:
— Би бол хол нутгийн ууланд амьдардаг анчин хүн. Энэ барын арьсыг хаандаа бэлэглэх гэсэн юм гэж хэлж л дээ. Харуулууд нь хаандаа энэ тухай мэдэгдэхэд, тэрээр хүүг оруулахыг зөвшөөрчээ. Доржийг орж ирэхэд хаан түүнийг хараад:
«Би бүх нэртэй анчдыг мэднэ дээ. Харин ийм том барыг агнасан хүчтэнийг үзээгүй юм байна» гэж боджээ. Тэгээд:
— Чи энэ барыг хаанаас агнав? гэж асуужээ.
— Танай нутгийн захын нэг уулаас агналаа гэж залгуулан хариулжээ. Лувсан:
— Ийм сайхан арьс өгсний чинь хариуд би чамайг юугаар шагнах вэ? гэж асуужээ. Дорж:
— Надад ямар ч шан урамшил хэрэггүй. Би гагцхүү аавыгаа л үзэх гэж энд ирсэн юм гэж хариулжээ. Хаан:
— Чиний аав чинь хэн гэгч, одоо хаана байгаа хүн юм бэ? Надад хэлчих. Би түүнийг чинь ордондоо дуудаж ирүүлье! гэжээ.
— Миний эцэг бол та өөрөө шүү дээ! гээд, ээжийнхээ ярьсан бүх л түүхийг Дорж өгүүлжээ. Лувсан, хүүгийн яриаг сонсоод хөмсөг зангидан, бодолд орж: «Энэ хүү хэрэв энэхүү барыг ганцаараа агнасан бол мэдээжээр ер бишийн хүн байна. Надад яагаад ч ингэж сайн сайхнаар хандах учиргүй. Харин ээжийнхээ өшөө хонзонг авч, миний хаан ширээнд суух гэж байгаа юм байна. Иймээс яаж ийгээд үүнээс салах хэрэгтэй юм» гэж боджээ.
Тэгээд баярласан дүр үзүүлэн, их л эелдэг байдлаар:
— Би ер нь ямар аз завшаантай хүн бэ? Ийм хүч тэнхээтэй, эрэлхэг зоригтой хүү над төрнө гэдэг ямар их аз завшаан бэ? Харин хүү минь чи урьдаар миний зарлигийг биелүүл. Тэгэхээр би чамайг өөрийнхөө хүү гэдгийг зарлаж, ээжийг чинь ордондоо эргүүлж авчиръя гэж гэнэ.
— Би юу хийх хэрэгтэй вэ? Түүнийгээ хэл л дээ гэж Дорж баяртай нь аргагүй өгүүлэв.
— Тэртээ хойд ууланд нэгэн цагаан арслан байдаг юм. Тэр арсланг энэ ууланд амьдрах болсноос хойш хэн ч гэсэн түүгээр явахыг зүрхлэхгүй болсон юм. Чи л тэр цагаан арсланг агнаад, арьсыг нь надад авчирч өг! гэжээ.
— Тэгье л дээ. Харин амласнаа марталгүй намайг хүлээж байна биз дээ гэж Лувсанд хүү мэхэсхийн хэлээд, ордноос гарч явжээ.
Дорж шууд хойт зүг чиглэн яваад л байж. Яваад л байж. Тэгээд нэгэн өндөр ууланд хүрч, замын уулзвар дээр модны сүүдэрт амарч байгаа цагаан сахалтай өвгөнтэй тааралджээ. Хүү түүн уруу очиж, хүндэтгэн мэндлээд:
— Өвгөн ах аа энэ нутагт том цагаан арслан байдаг уу? Би түүнийг яасхийж олох вэ? гэж асуужээ. Өвгөн:
— Чамд цагаан арслан ямар хэрэгтэй юм бэ? гэж сонирхов гэнэ.
— Манай хаан тэр арсланг намнаад, нутгийн хүмүүсийг түүний аюулаас аврахыг надад тушаасан юм гэжээ.
— Чи бол туйлын их зүрх зоригтой хүн байна. Гэвч цагаан арслан бол ерийн нэгэн амьтан биш. Түүнийг намнана гэдэг маш түвэгтэй. Тэр бол ид шидтэй амьтан шүү дээ гэж анхааруулж;
— Уулын энэ нарийн жимээр шув шулуухан л яваад бай. Тэгтэл нэг даяанч ламын урцанд хүрнэ. Тэр л цагаан арсланг ялж дийлэхэд чамд тусална даа гэж хэлжээ. Дорж, өвгөнд баярласнаа илэрхийлээд, уулын замаар орж явжээ. Тэр зам цаашлах тутам улам нарийсаж, тун бэрхшээлтэй болж гэнэ. Гишгэсэн газрын чулуу бүр нурж гүн ангал нүх уруу уначих гээд аюул занал алхам тутамд нь нөмөрч байлаа. Дорж бүүр хүч тэнхээ алдсан боловч, улам урагшлан мацсаар л байлаа.
Явсаар байтал тэр жим түүнийг авсаархан овоохой байгаа нарийн хөндийд хөтлөн авчирчээ. Хүү эцэж цуцсанаа ч мартаж, түүн уруу байдаг тэнхээгээ шавхан харайсаар очиж, үүдийг нь тогшлоо.
Үүдийг нь их удаан цохижээ. Гэтэл үүд цэлийтэл нээгдэж, час улаан хувцастай туранхай өндөр хүн хаалган дээрээ гарч иржээ.
— Хөөе, энд чи юу гэж ирэв? Миний сууцыг чамд хэн зааж өгөв? гэж тэр их л ширүүн байдлаар хүүгээс асууж гэнэ. Тэр хүү хааныхаа зарлиг мөн түрүүнд уулзсан цагаан сахалт өвгөний тухай түүнд хэлжээ. Даяанч лам хүүгийн бүх намтрыг сонсоод, зөөлөрч, гараас нь бариад алсын алсад үзэгдэх зөрөг замыг зааж:
— Миний үгийг анхааралтай сонсоод, сайн тогтоож аваарай. Энэ замаар чи яваад байтал, уулын нуурын эрэгт хүрнэ. Тэр нуурын эрэгт зандан мод байгаа. Цагаан арслан ус уухаар үдэш бүр тэнд ирдэг юм. Тэр мод өөд авирч гараад, зандан мөчрөөс нь хугалж аваад, арсланг хүлээгээрэй. Эхлээд нуураас ус уухаар шувууд нисэж ирнэ. Тэднийг огтхон ч үргээлгүй сайн хараарай. Дараа нь бусад ан амьтан ирнэ. Чи тэднийг бас л битгий цочоож айлгаарай. Хамгийн сүүлд цагаан арслан хүрч ирнэ шүү. Түүний нуруун дээр үсэрч мордоод, зандангийн мөчрөөр ороолгоод: «Чи над туслах уу? Үгүй юу» гэж хэлээрэй. Арслан эхлээд тонгочиж давхина. Тэгэхэд нь чи айлгүй дэлэн дээрээс нь чанга атгаад, нөгөө мөчрөөрөө түүний толгой уруу нь цохиод байгаарай. Тэгтэл арслангийн тамир тэнхээ нь барагдаж, чиний төлөө зүтгэе гэх байх. Хэрэв чи айх л юм бол, чамайг нуруун дээрээсээ хаячихаад, хэдэн хэсэг тасдаад хаячихна шүү! гэж захижээ.
Хүү даяанч ламд чин зүрхнээсээ баярласнаа илэрхийлээд уулын нуур уруу явжээ.
Нууранд дөхөж очоод, ариухан үнэртэй цэцэглэж байгаа зандан модыг харжээ. Тэгээд Дорж энэ мод өөд авирч гараад, мөчрөөс нь хугалж аваад, өтгөн мөчир дунд орж нуугджээ.
Удалгүй тэнгэр харанхуйлан, маш олон сүрэг шувуу нисэн ирж гэнэ. Тэд даль жнгүүрээ хумин бууж эргийн дагуу ус ууж ханаад, агаарт хөөрч, ганганан гунганан, дуугарсаар оджээ. Түүний дараагаар нуурын зүг бүрээс нь янз бүрийн амьтад сүрэг сүргээрээ ус уухаар иржээ. Энд уулын буга, гахай, аргал, угалз, хулан ээрэг олон амьтан байжээ. Дорж модон дээрээ амьсгаагаа барин сууж, цагаан арслан ирэхийг хүлээжээ. Амьтдыг дөнгөж ус уугаад дуусахын сацууд, орчны уулсын оройг доргиулсан, аймшигтай хүрхрэх чимээ гарчээ. Айж сандарсан амьтад, хандсан зүгтээ таран оджээ. Асар том цагаан арслан нуур уруу давхиж иржээ. Үхрийн чинээ том биетэй тэр арслангийн цав цагаан өнгөтэй дэл нь газар шүргэн байжээ.
Арслан зандан модны яг дор нь ирж зогсоод, эргэн тойрноо сэрэмжлэн харж гэнэ. Айж сандарсандаа зүрх нь догдолжээ. Гэвч тэр зориг гарган, модноосоо арслангийн яг нуруун дээр үсэрч, нэг гараараа дэлнээс нь зуурч, нөгөө гараараа зандангийн мөчрөөр арслангийн толгой уруу ороолгож:
«Чи надад туслах уу? Үгүй юу?» гэж хашгирчээ. «Үгүй ээ, үгүй» гэж хүрхрэн дэлээ сэгсэлзүүлэн, сүүлээ шарван, хүүг унагах гэж тонгочин булгижээ. Гэвч хүү дэлнээс нь улам сайн зуурч, хоёр бөөрийг нь хөлөөр хавчаад, зандангийн мөчрөөр түүний толгой уруу угсруулан гуядаж,,
— «Чи над туслах уу? Үгүй юу?» гэж орилж байлаа. Зандангийн мөчрийн ид шидийн хүчинд галзуу арслан тэгсээр аргагүй номхорч;
— Залуу минь, намайг суллаж тавиач! Би цаашид чамд туслая. Чи хаа байгаа газраасаа зандангийн мөчрөөрөө дөнгөж даллаж:
— «Над уруу ир!» гэж хэлүүт чинь, би тэр дор нь очиж, чиний бүх зарлиг тушаалыг биелүүлж байя гэж арслан ам өчиг өгчээ.
— Тэгвэл сайн байна. Хаа нэгтэй тааралдсан замын хүнийг хэзээ ч битгий дайр. Номхон дөлгөөн ярж бай гэж Дорж хэлжээ.
— Чиний хэлснээр болгоё гэж арслан зөвшөөрөөд, уулынхаа зүг алслан оджээ. Дорж уулын гангад унан тусан ухарч бөмбөрөн явсаар apaй гэж ордонд хүрч ирэхэд, хааны амралтын өрөөнд харуулууд нь оруулжээ.
— Цагаан арслангийн арьс хаана байнав? Чи яагаад миний зарлигийг биелүүлэлгүй буцаж ирэв? гэж хаан их ширүүн хэлжээ.
— Би тэр цагаан арсланг номхруулсан. Тэгээд түүнийг алаад яахав гэж шийдлээ. Тэр одоо хэнд ч аюулгүй номхон болсон гэж залуу хариулжээ. Хаан:
— Чи тэгээд цагаан арсланг номхруулчихлаа гэж үү? Түүнийгээ чи надад яаж нотлох юм бэ? гэж эргэлзсэн байдалтай хэлж гэнэ.
Тэгэхээр нь Дорж зандангийн мөчрөө даллаад «Над уруу хүрч ир» гэж арсланг дууджээ. Энэ үгийг бараг хэлж амжаагүй байтал нь хүчит салхи исгэрэн үлээж агаарт чулуу, тоос шороон үүл босож гэнэ. Ордон их долгио мөргөсөн завь адил дайвалзан ганхаж гэнэ. Хүрхрэн хүржигнэсэн аймаар дуу гарч, ордонд аварга том цагаан арслан орж иржээ. Хаан айж залуугийн ард нуугдан чичирсэн хоолойгоор:
— Цагаан арсланг хөөж зайлуул. Цагаан арсланг хөөж явуул! Би чамайг хүүгээ гэж, бүхэнд мэдэгдье. Ээжийг чинь буцааж авчиръя гэж дуун нь тасалдан байж ам өчиг өгч гэнэ.
Гэвч цагаан арсланг холдож явахад, хааны дотор нь уужирч, «Хэрэв би энэ анчин хүүг үгүй болгож тонилгохгүй бол, тэр намайг алах юм байна. Тэгэхээр би түүнд, дахиад яасан ч эргэж ирэхээргүй бас даалгавар өгье байз! гэж бодож гэнэ. Тэгээд Лувсан их л эелдэгхэн Доржид хандаж:
— Чи үнэхээр миний хүү болж чадах юм байна. Тэгэхээр миний хүү, энэ дэлхийн хамгийн сайхан хүүхнийг эхнэр болгон авах ёстой гэж гэнэ.
Энэтхэгийн хааны охиноос илүү сайхан хүүхэн энэ хорвоод ерөөсөө байхгүй юм гэнэ лээ. Харин түүнийг харгис хар мангас хулгайлан аваад өмнө зүгийн өндөр уулын дундах яагаад ч нэвтэрч орж болшгүй цайзандаа аваачжээ. Хэрэв чи энэ хүүхнийг гэргий болгон авч чадах юм бол, би чамайг баяртайгаар хүүгээ болгоно гэжээ.
— За, тэгьеэ, тэгье. Тэр гүнж дээр би очъё! гэж Дорж зөвшөөрөн хэлээд алс замд гарахаар бэлтгэжээ.
Тэгээд шуудайд хэдэн атга бор гурил, хатаасан бяслаг, жаахан борц хийжээ. Нум сумаа агсаж, зандангийн мөчрөө аваад, алс замд гарчээ. Дорж хэдэн өдөр өмнө зүгийг чиглэн явтал, замд нь нэгэн том нуур тааралджээ. Тэр нуурын эрэг дээр өндөр нүсэр том биетэй нэгэн хүүхэн зогсож байжээ. Хүүхэн, залуу хармагцаа нуур уруу тонгойж, усыг нь балгасаар бүгдийг нь уучихаж гэнэ. Дорж учиргүй их гайхаж:
— Эгч ээ, та ямар гайхалтай хүн бэ? Ганц бөхийнгүүтээ л нуурын усыг бүгдийг нь уучихлаа гэжээ. Хүүхэн:
— Миний юу нь гайхалтай байх вэ дээ. Би харин цагаан арсланг номхон болгосон нэг анчин байдаг гэж дуулсан. Тэр л үнэхээр гайхалтай хүн дээ! гэжээ.
— Тэгвэл тэр анчин чинь би байна! гэж Дорж өгүүлжээ.
— Залуу минь чн намайг битгий хуурах гээд бай! гээд хүүхэн үнэмшсэнгүй ээ. Тэгэхээр нь тэр зандангийн мөчрөө даллан цагаан арсланг дуудаж л дээ. Тэгтэл хүчит хуй салхи гарч тэр хоёрын өмнө аймшигтай архирсан, аварга том цагаан арслан зогсож байжээ. Хүүхэн айж, Доржийн ард нуугдаад:
— Энэ цагаан арсланг хөөгөөд өгөөч хөөчихвөл, чамд тус болно шүү гэж хашгирч гэнэ.
Тэгээд хоёулаа нэвтэрч орохын аргагүй мангасын цайз уруу явжээ. Замын хагаст ч ороогүй явтал нь гартаа алтан нум барьчихсан нэгэн хүүхэн ямар нэгэн юм эрж хайж байгаа бололтой тэнгэр өөд хараад зогсож байжээ. Дорж:
— Дүү минь, тэнгэрээс юу эрээд байгаа юм бэ? гэж асуужээ.
— Би өглөө тэнгэр өөд алтан сумаа харвасан юм. Тэр одоо очиж, унаагүй л байна даа. Би түүнийгээ л харж байгаа юм гэж хариулжээ. — Та чинь тэгвэл мэргэн харваач хүн юм даа гэж залуу аргагүй гайхжээ.
Хүүхэн:
— Тэглээ ч гэсэн цагаан арсланг номхруулсан анчинтай эн ээрэгцэх яагаа ч үгүй байна даа. Тэр бол харин үнэхээр мэргэн хүн гэж сөргөн хариулжээ. Тэгснээ хүүхэн:
— Залуу минь тэр цагаан арслангаа энэ хүүхэнд үзүүлээдэхээч гэж нөгөө нуур уучихдаг хүүхэн хэлж, хөхөрчээ. Дорж зандан мөчрөөрөө даллатал, догшин арслан хүрхэрсээр тэдний өмнө ирж зогсжээ. Хүүхэн үнхэлцгээ хагартал айж, алтан нумаа унагачихаад, өөрөө Доржийн араар нуугдаж:
— Арсланг бушуухан зайлуулахыг гуйя. Түүний төлөө юү хүссэнийг чинь биелүүлж, тус болохоо амлая гэжээ. Ингээд цааш гурвуулаа явжээ. Гэвч мангасын эзний ордон уруу ойртох тутам, урагш ахихад улам л бэрхшээлтэй болжээ. Зөрөг зам ч үгүй болж, явах газрыг нь энд тэндгүй өндөр хадан хясаа, гүн ангал, хавцал хаасаар байлаа. Дорж хэсэг бодож байснаа, зандан мөчрөө даллатал, тэдний өмнө цагаан арслан иржээ. Дорж: «Чи биднийг мангасын эзний ордонд хүргэж өгч чадахгүй биз» гэж асуулаа. За нуруун дээр минь гарцгаа. Тэгээд дэлнээс минь сайн бариарай! гэж арслан хэлжээ.
Гурвуулаа арслангийн нуруун дээр гарчээ. Арслан хаднаас хаданд үсрэн харайж, ангал, жалга дээгүүр дүүлэн өнгөрч, тэднийг ордны яг хананы дэргэд авчирчээ. Тэр ордон яг л уул мэт сүндэрлэж харагдана. Хана нь хадан хясаа зүйж хийсэн, хаалга нь ган төмрөөр гагнаж хийсэн учир, нэвтэрч орохын аргагүй байлаа. Дорж туслагчдынхаа хамтаар том модны цаана нуугдан, гүнжийг яасхийж барьж авах вэ? гэж бодлоо. Тэгтэл хоёр хэрээ модон дээр ярьж байжээ. Түүнийг чагнатал нэг нь Энэтхэгийн хааны гүнжийг эндээс хулгайлан авахаар хүмүүс ирээд, яаж авахаа мэдэхгүй байна гэж нөгөөдөө хэлж гэнэ. Тэгтэл нөгөө нь чи тэгвэл яаж авах аргыг нь мэдэх үү? гэж асууж гэнэ.
— Мэдэлгүй яахав дээ. Хааны гүнж өглөө бүр л бараа бологчдынхоо хамт ус авахаар явдаг юм. Гэвч тэд цөмөөрөө ижилхэн гоо сайхан, ав адилхан хувцасласан байдаг. Харин ганцхан гүнжийн духан дээр бадам лянхуа цэцэг зурсан байдаг юм. Түүгээр нь гүнжийг ялгаж танина. Булаг уруу очих үед нь л түүнийг барьж авч болно л доо.
Тэглээ ч мангасын хаанаас зугатан зайлж чадахгүй шүү дээ. Түүний дэргэд цагаан арслан ч гэсэн, чадалгүй амьтан шүү дээ гэж гэнэ. Тэ гэхэд нэгдэх хэрээ нь: мангасын хааныг ч дийлж болно л доо. Түүний цээжинд зүүлттэй байгаа оюу чулууг алтан нумын алтан сумаар алдахгүй харвавал ч, тэр үхэлгүй яахав дээ гэж хариулжээ. Дорж хэрээний яриаг тогтоож аваад, өглөө болохоор хэн юу хийхийг нөхдөдөө хэлээд, тэд үүр цайхыг хүлээжээ.
Үүр хаяарч, уулын орой улааран, нар тусахын өмнөхөн, цул гангаар давтан хийсэн ордны хаалга чахран онгойжээ. Хулсаар сүлжин хийсэн сагс үүрсэн хэдэн хүүхэн хаалганаас гарч ирээд, Доржийн нуугдсан булгаас ус авахаар явлаа. Хүүхнүүдийг булгийн дэргэд ирмэгц, духан дээр нь бадам лянхуа цэцэг зурсан хүүхнийг бушуухан барьж аваад, цагаан арслангаа дууджээ. Гүнж айн хашгирч, бараа бологч хүүхнүүд нь ч орилолджээ. Энэ дуу чимээгээр мангасын хаан уур омог нь бадарч, ухасхийн гарч иржээ. Түүний ширүүн үс нь сагсайн босоод, соёо шүд нь ярзайн, том амнаас нь галын дөл цацран байжээ. Харин алтан нумтай хүүхэн харвахад бэлэн байлаа. Шөрмөслөг гараараа татаж тавьсан алтан сум, мангасын хааны цээжин дэх оюу чимгийг бут цохиж, түүний хар зүрхэнд нь шигджээ. Тэр амьсгал хураан унахад, түүнд туслахаар бусад мангас нь гүйж иржээ. Тэр үед нуурын усыг уусан хүүхэн амаа ангайхад нуурын ус амнаас нь урсан гарч, мангасын хааны ордон, оршин суугчид цөм живжээ. Дорж туслагчдадаа баяр талархлаа илэрхийлээд, тэднээс салж гүнжийн хамт ээжийнхээ овоохойд хүргэж өгөхийг цагаан арсланд тушааж гэнэ. Дулмаа хэзээ ч бараагий нь харах учиргүй болсон гэж ярьж байсан хүүтэйгээ уулзаж туйлгүй их баярлалаа. Гүнж ийм сайхан, эрэлхэг зоригтой залуу өөрийг нь суллаж гаргасанд туйлын их сэтгэл хангалуун байлаа. Бас тэгээд цагаан арсланг номхон болгосон гээч! Ингээд түүний гэргий болохыг баяртайгаар зөвшөөрчээ. Тэд бодож, бодож хааныдаа гурвуулаа очиж хаан амлалтаа биелүүлэх, эсэхийг үзэхээр шийджээ. Цагаан арслан агшин зуурт хурдлаж, хааны ордон хүргэжээ. Айж сандарсан харуулууд нь тал бүр тийшээ сандран зугадаж, Дорж ээж, гэргийнхээ хамт ордонд нэвтрэн оржээ. Харин арслангаа гадаа нь үлдээжээ. Гайхаж ядсан Лувсан:
— Энэ юун хүүхэн бэ? Та нар хаанаас авчрав? гэж дуу алдан хашгирчээ. Дорж:
— За би алс хол яваад ирлээ. Энэ хүүхэн бол Энэтхэгийн гүнж, миний гэргий юм. Одоо та бүх амлалтаа биелүүлнэ биз дээ? гэжээ. Лувсан:
— Харуулуудаа эднийг баривчлаарай! гэж хашгирлаа. Ордны хаалга асар их чимээ гарч нээгдлээ. Хаалган дахь харуулуудын нь оронд цагаан арслан зогсож байлаа. Амаа том ангайж Лувсан уруу ухасхийн шүүрч аваад, нүдэнд харагдахгүй алга болжээ.
Харгис, шунахай хааныг өрөвдөх хүн даан ч байсангүй ээ. Лувсангийн эхнэр Дулмаа түүний хаан ширээнд эрхийнхээ дагуу суужээ.
Дараа нь түүний хүүд захиргаа нь залгамжлан ирсэн гэдэг. Цагаан арсланг номхтгосон залуу улс гүрнээ үнэнч, шударгаар захиран удирдаж, олон жил аз жаргалтай, сайхан амьдарч гэнэ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.05.14 2:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Хүүхэд насаа дурсацгаая. Хэдэн үлгэр орууллаа шүү.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.05.14 2:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
БААТАР НАЗНАЙ
Дагестан ардын үлгэр

Сонсоорой, сонсоорой! Эрт урьд цагт нэг тал газар туулай, үнэг хоёр байжээ. Бас ойд баавгай гахай хоёр байж гэнэ. Дагестан оронд жаахан тагдгар нуруутай, ухаанаар дульхан баатар байжээ.
Энэ баатар, урагшаа гэвэл хойшоо, хойшоо гэвэл урагшаа болж байдаг юм санжээ. Тэр баатрыг Назнай гэж нэрлэдэг санжээ. Авгай нь гартаа хагалсан түлээ баривал, хаалганы цаагуур нуугдаж байдаг ийм л баатар юм гэнэ.
Тэр баатар авгайтайгаа шөнө хонинд өвс тавьж өгөхөөр гараад (Бүрэнхий болмогц л авгайгүй гадагшаа босго алхах гэж үгүй. Яагаад гэхлээр авгайгаа ганцааранг нь орхихоосоо айдаг юм гэнэ лээ. Харин авгай нь ярихдаа: «Цаадах чинь өөрөө ганцаараа гарахаас айдаг юм» гэжээ).
— За, саруул шөнө байна. Ийм шөнө ч дайсантай ганц сайхан байлдана даа гэж хашаанаасаа шагайн хараад Назнай баатар хэлжээ.
— Сэрэмжтэй байгаарай Назнай! Чоно явж байна! гэж авгайгаа хашгирахад Назнай баатар айсандаа үсрэн босож, тотго мөргөөд, гавал дээрээ нударган чинээн булдруутай болов. Авгай нь уурлаж:
— Чиний аймхай зан чинь миний дурыг гутаачихлаа! Чи одоо миний нөхөр биш! За миний гэрээс тонил, эс явбал өглөө үдшийн нэгэнд залтсаар тархийг чинь хага цохино шүү! гэв. Назнай арай гэж л авгайгаа ятгаж, үүрийн гэгээ болтол байхыг зөвшөөрүүлжээ. Назнай баатар үүрийн гэгээнээр холцорхой сэлмээ мөрөндөө өлгөж, явах замдаа оров. Яв явсаар замын хажуугийн чулуун дээр тарвасын хальс байхыг харав. Назнай тэнд амрахдаа явуулын хүн энд тарвас иджээ гэж бодов.
Тэр тарвасын хальстай чулуун дээгүүр хар батгана шавааран ниснэ. Назнай баатар анаж байгаад, чулуун дээр алгадаад тоолбол яг л таван зуун ялааг нэг цохилтоор алжээ!
Назнай баатар маань цаашаа явж хотод ирэв. Назнай, хүмүүсээс дархны газар хаа байдгийг асууж, «Баатар Назнай нэг цохилтоор таван зууг алдаг» гэсэн бичигтэй сэлэм захив. Тэгээд Назнай баатар дахиад аялж гарав. Зөндөө л яваад олон мэлхий харайлдаж байдаг газрыг дайран гарч, түүнийг хэн ч таньж мэдэхгүй, өөрөө ч үл мэдэх нэг улсад очжээ. Энэ улсыг нэг хүчирхэг хаан захирдаг юм санжээ.
Оройхон хэрд Назнай баатар маань хаана хоол идэж, хонодог билээ дээ гэж бодолхийлов. Гэтэл ойролцоо хөгжилтэй дуу хөгжим сонсдов.
—Над л ганц тохирох газар байна даа! гэж Назнай баярлав. За ер нь гэдэс хонхолзож явна гэдэг л энэ дэлхий дээр хамгийн адгийн юм даа. Тэр хөгжим дарж бүжиглэж байгаа газар лав л хоолтой байх гэж бодоод, нэг баян айлын хашаанд ирэв. Хүмүүс бүжиглэн дуулж, идэцгээж байв.
— Зочныг хүлээн авах уу? гэж мань Назнай асуув. Түүнийг зарц тосон ирээд, сэлмийг нь авч, их байшинд оруулан, хивсэн дээр суулгаж, ханатал нь уулгаж идүүлэв.
Назнай маань ордны их сайдынд орсон хэрэг байжээ. Тэр шөнө тэр их сайд хүүгээ гэрлүүлж, баяр хийж байгаа нь тэр юм санжээ. Назнай ууж идэж цадсан нь нэг сарын нөөцтэй болсон мэт. Тэгээд тэр их сайд,
— Зочин минь хаанаас яваа, аль улсын хүн бэ? Танай улс хаа байдаг вэ? Гэхэд,
— Би Дагестанаас яваа. Олныг яриад яах вэ. Миний сэлмийг харвал болох нь тэр Миний сэлэм намайг ямар хүн болохыг хэлж өгнө гэв
Тэр их сайд Назнайн сэлмийг хуйнаас нь сугалж аваад, бичгийг нь үзэж, зочноо харж, бас сэлмэн дээрх бичгийг нь дахин харж байгаад сэлмийг нь бариад хаан уруугаа шулуухан гүйлээ. Хаан нь тэр сэлмийн бичгийг уншиж, «Ганц цохилтоор таван зууг алдаг баатар Назнай» гэсний нь хэлэхийн аргагүй их гайхав. Тэгээд үгэнцэр тэнэгүүд, толгойгүй мэргэдээ дуудуулж их зөвлөгөөн хийлээ. Тэр зөвлөгөөн нь «Хаан та Назнайг юу ч гэсэн өргөмжлөх хэрэгтэй. Энэ баатрыг биеэсээ битгий холдуул! Танд энэ баатар зүтгэж байгаа цагт та чулуун хэрэмд байна гэж бодоорой» гэжээ. Хаан их сайддаа Назнайг авчир! гэв.
— Дагестанаас ирсэн баатар Назнай чамд баяр хүргэе! гээд Миний хэлэхийг сонсож бай! Би нэгдүгээр нь, чи хоёрдугаар нь. Би эцэг нь, чи хүү нь. Миний ганц охинтой суу. Миний дэргэд үлдэж, миний цэргийн дарга бол! гэв,
— Над хүнд боловч үлдэж, чамд юм бүгдийг чинь хийе! гэж зөвшөөрөөд Назнай баатар сахлаа имрэв.
Назнайг хааны охинтой суулгав. Ингээд Назнай маань их сайн амьдарчээ. Гэвч долоон хоногийн дараа хаан, Назнайг дуудав. Хаан, ордныхоо мэргэдийг тойруулан, хаан ширээндээ суугаад:
— Эелдэг хүргэн! Чи над аюултай цагт итгэлтэй зүтгэх ёстой. Би ганц охиноо чамд өгсөн. Одоо аюултай цаг боллоо. Жилд хоёр удаа манай нутагт хэрцгий могой үзэгддэг юм. Манай адуу, хонь, сүрэг малд амар тайвныг эдлүүлэхээ байлаа. Тэр могой маргааш ирэх ёстой. Чи ганц цохилтоор таван зуун хүнийг алдаг тул тэр могойтой ганцаараа тулалд. Түүний өөдөөс чамаас өөр тулалдах хүн яаж байх вэ! Хааныг «Могой» гэж хэлэнгүүт л Назнай чичирч эхлэв. Хааныг үгээ хэлж чуу дуусмагц Назнай ордноос гүйж гарав. Ордныхон зарим нь Назнайг хулчийлаа гэж, зарим нь омог нь хөөрч, могойтой тулалдахаар гүйлээ гэж маргацгаав. Назнай маань айсандаа шөнө дунд болтол нуугдан чичирчээ. Тэгж байсаар хааны охиныг унтахлаар хар хурдаараа зугтаажээ. Ингээд Назнай маань ойд хүрэв. Газар унтахад түүнд аймшигтай тул, өндөр том модонд авиран, гишүүн дээр аятайхан сууж унтав. Назнай маань өглөө эрт сэрж, доошоо харвал түүний унтсан модны их биеийг хэрцгий могой ороогоод үүрэглэж байв.
Назнай маань айсандаа ухаан алдаж, яг могой дээр унав. Могой нь намайг тэнгэр ниргэлээ гэж бодоод зүрх нь хагарч үхжээ. Назнай ухаан орж зугтав. Эргэж харвал могой хөдлөхгүй байв. Тэгээд могойн үхсэнийг ойлгож, эргэж ирээд, могойн толгойг тас цавчиж аваад, хааныд аваачив.
— Энэ чинь могой гэж үү? гээд могойн толгойг хааны хөлд хаяж, манай Дагестанд муур л ийм байдаг юм. Та уг нь мод барьсан хүүхдийг л энэ могойг алуулахаар явуулсан бол таарах байжээ гэв. Хаан юу гэж хариулахаа мэдэхгүй, амаа ангайн алмайран суулаа. Нэг хэсэг хугацаа өнгөрсний дараа Назнайг хаан дахиад л дуудаж:
— Эелдэг хүргэн Назнай минь, манай улсыг гурван баатар довтолж байна... Ингэхлээр чи маргааш эрхбиш тэдний эсрэг тулалдахаар явах хэрэгтэй боллоо гэхэд, Назнай гэртээ гүйн ирж, шөнө дунд болтол байх суух газраа олсонгүй. Шөнө дунд хааны охиныг унтмагц, хар хурдаараа зугтав. Назнай маань дахиад ойд хүрч, өнөөх өндөр том модон дээрээ гарч унтав. Үүр гэгээрч эхэлмэгц Назнай доошоо харав. Өнөөх гурван баатар нь морьдоо чөдөрлөөд, модон доор хэвтээд унтжээ. Назнай сүнсээ зайлтал айж золтой л ухаан алдаж унасангүй.
— Хаан, Назнай гэж баатар хүргэнтэй болсон гэж ярилцаж байна. Тэр баатар хүргэн нь нэг цохилтоор л таван зуун хүнийг алдаг гэнэ. Түүнээс хамгаалах хэрэгтэй. Бид морьдоо хэрэггүй чөдөрлөжээ гэж ахмад баатар нь хэлэв.
— Бид ертөнц дээр одоо хүртэл хэнээс ч айж яваагүй! гэж дунд баатар нь хэлтэл:
— Назнайн юунаас нь айгаад байгаа юм? гэж отгон баатар дүү нь буруушаан өгүүлэв. Ингэж баатрууд маргасаар уурандаа бие биесээ аллаа. Тэгэхлээр нь Назнай модноос бууж, ззвсгийг нь хурааж, морьдыг нь барьж, нэгийг нь өөрөө унаж, нөгөө хоёрт нь зэвсгийг нь ачаад, хаандаа очив.
— Баатрууд ийм байдаг юм уу? гээд баатруудын зэвсгийг хааны хөлд чулуудав. Манай Дагестан оронд энэ баатруудаас чинь ядуу өнчид илүү чадалтай шүү! Ийм юманд эр хүнийг явуулсан нь инээдтэй байна. Эднийг доройхон эмэгтэй ч дийлнэ! гэв.
Хаан, хааны ордныхон хачирхаж, эрэлхэг хүний үгийг татгалзаж чадахгүй байлаа. Гэвч нэлээд хугацаа өнгөрсний дараа хаан, Назнайг гурав дахь удаагаа дуудлаа.
— Эелдэг хүргэн Назнай! Зэрэгцээ улсын хаан бидэнд дайн зарлалаа. Маргааш чи миний цэргийг даргалан, түүний эсрэг байлдах хэрэгтэй. Хэрвээ ингэж байлдахгүй бол түүний, газар дээрх өвс ургамал, тэнгэрийн од шиг тоо томшгүй цэрэг манай нийслэлийг бүсэлнэ гэхэд Назнайн бүхий бие дагжин чичрэв. Дахиад л зугатъя гэж бодож байлаа. Тэгтэл бас дайсны эсрэг ганцаараа явж магадгүй гэж тэд бодоод тэр шөнө зуун харуулыг хүргэнээ хүрээлүүлэн тавив. Назнай гэрээсээ сэмхэн явахыг хичээн бодовч, харуулууд тавьсангүй. Хааны охин нөхрөө хэрээнд шүүрүүлчих вий гэсэн шиг араас нь салахгүй хөөцөлдөж байлаа.
Маргааш нь хаан, тоо томшгүй цэргээ жагсааж, түүний өмнө Назнайг зогсоогоод:
— Миний хүргэний тушаалыг зөрчсөн хүнийг урвасан дайсан гэж үзнэ. Баатрууд минь урагшаа! гэв. Их цэрэг тийнхүү аян дайнд хөдөлжээ. Цэргүүд нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо явсаар сүүлдээ дайсны цэргийн буудалд ойртов. Назнай дайсны цэргийг хармагцаа нүд нь харанхуйлж зэвсгээ авч тавиад, хувцсаа тайлж зугадахаар бэлдэв. Мань баатрыг цэргүүд харж, хувцсаа тайлцгаалаа. Учир нь хаан, эелдэг хүргэний хийсэн бүхнийг үг дуугүй хийцгээ! гэж тушаасан шүү дээ. Энэ үед тэнд гүйж явсан өлсгөлөн нохой, Назнайн (хонины тосоор тосолсон) гутлыг шүүрэн зууж, дайсны цэргийн буудал уруу гүйжээ.
— Хүүе, яасан золигийн гудрага вэ! Чи бас намайг элэг барих нь уу? гээд хувцсаа тайлсан Назнай гутлаа авах гэж нохойн араас хөл нүцгэн хөөлөө. Түүний хойноос хувцсаа тайлсан бүх цэргүүд хөөв.
— Энэ чинь хүн биш чөтгөрүүд байна! гэж дайсны цэргүүд хашгиралдан, аль чиглэсэн зүгтээ сан хөмрөг, хөрөнгө хогшил, зэвсэг хэрэглэлээ хаяцгаан бутран зугтацгаав. Мань Назнай дайсныг ялж, олз омог ихтэй буцаж иржээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.05.14 3:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16529
Ulgerch ania :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.05.14 3:27 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Ophiophagus Hannah wrote:
Бух гөрөөсний хүүхдүүд
Ирвэсийн хүү... Ирвэсийн хүү... :cheerleader:


Top
   
PostPosted: Apr.05.14 3:38 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
croft wrote:
Хүүхэд насаа дурсацгаая. Хэдэн үлгэр орууллаа шүү.
croft wrote:
Чулуун арслан. Төвд ардын үлгэр

Үнэхээр хүүхэд нас санагдаж байна. Уншчихаад өгье гэж гуйгаад байхаар нь хүүхдэд өгчихөөд буцааж авч чадаагүй 3-хан номны минь нэг дээ. Маш их баярлалаа. :cheerleader: /Бүтэн номоороо байвал ч бүр янзтай даа :wink: /


Top
   
PostPosted: Apr.05.14 3:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Хөөе тэр авсан хүүхэд чинь би байсан шд. Одоо ч гэсэн чамд буцааж өгөхгүй шүү :razz:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.05.14 5:00 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Чи хүний юм өгөөч нтр алив аваад ир би дамжуулаад өгчихье

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.05.14 5:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Image


НЭГДҮГЭЭР АНГИ

Нэгдүгээр бүлэг
ГАЛЫН МӨХӨЛ

Уламр овгийнхон муу ёрлосон шөнийн энэ түнэр харанхуйд хөлийнхөө хурданд л зугтан байж амьд мултрав. Учирсан гай тотгорт ухаан нь дэн дун болсон хүмүүс өвдөж зовох, эцэж цуцахыг ч үл анзаарна. Тэгээд бас гай газар доороос гэгчээр энэ золгүй явдлын хажуугаар хорготой Гал нь сүүмэлзэн сүүмэлзсээр харсаар байтал бөхжээ.
Уламр овгийнхон үүсэж буй болсон цагаасаа эхлэн шавраар шавсан бургасан гурван хөргөнд Галаа тахисаар ирсэн бөгөөд дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй өдөр шөнөгүй галаа хамгаалан явсан бөлгөө. Энэ овгийнхны хувьд хамгийн хүнд бэрх үед ч Гал нь л бөхөж сөнөхгүй бол тэжээлээ хэзээд олж авч чаддаг байлаа. Догшин шуурга, аадар бороо, үер уснаас найдвартай хамгаалуулсан тэр Гал энэ овгийнхонтой хамт өдрийн гэрэлд өрвөлзөн, шөнийн харанхуйд улалзан байж гол намгийг гатлан явдаг байжээ.
Галынх нь аугаа их хүч хар, шар арслан, агуйн болон бор баавгай, бар, ирвэс тэр ч байтугай халуун орны ойт хээрийн эзэн болсон арслан зааныг ч хүртэл буудалласан газраасаа үргээн хөөх эрхэм чадалтай байлаа. Хурц улаан галан хэл нь хүнийг агшин бүр дайсагнасан энэ уужим хорвоогоос хамгаална.
Гал хүмүүст хэчнээн их баяр баясгаланг бэлэглэдэг байлаа даа. Гал гэгч түүхий махыг арааны шүлс асгаруулам амттай болгож, модон жадны үзүүрийг чулуу шиг бэх бат, цахиурын хэлтэрхийг хэсэг бусаг болгон хатаадаг бус уу. Ойр дэргэд ахуйд нь бол сэтгэлд хэчээн өег таатай дулаахан байдаг байлаа даа. Хүйтэн салхитай шөнө, балар ойн ширэнгэ, чийг даасан харанхуй агүйн гүн, эцэс төгсгөлгүй уужим тал, халуун орны ойт хээр хаа ч гэсэн Гал хүмүүсийн сэтгэлийг сэргээн бүлээцүүлдэг байв. Гал бол энэ овгийнхны эцэг, өмгөөлөн хамгаалдаг аврагч нь болж байв. Басхүү нөгөө талаар Гал гэдэг хоргоноосоо гэнэт алдагдвал талын өвс ногоо, мөнх ногоон моддыг хуйхлан түймэрдээд эхлэхийн цагт арслан заанаас ч аюултай болох үе бас бий.
Гэтэл Уламрчуудын гал бөхжээ. Дайснууд гал агуулдаг хоёр хоргыг нь устгахад ухаан зулаггүй зугтаж явах үед гурав дахь хорготой нь сүүмэлзэн бүүдийж эхэлжээ. Шажигнасан хуурай өвс хийгээд ч сэргэж чадахааргүй туниа муутай анивалзан, шархадсан амьтан үхэхийнхээ өмнө тэмцэх мэт ёлтолзож байлаа. Дараа нь сэр сэр хийх салхины аясаар жижгэрсээр бяцхан улаан цэг болон хувирч тэгснээ бүр алга болжээ...
Хэлмэгдэж өнчирсөн Уламрчууд намрын шөнөөр нэвт шувт гүйв. Харлан харагдах шөнийн тэнгэрт нэг ч од үл үзэгдэнэ. Нүүгэлтсэн хар үүлс моддын сийрэг оройг шүргэх мэт аж. Намагт ургасан өвс ногоо чийг даасан хүйтэн шилбээ дээш сунгажээ. Хархан харагдах усан дунд хэвлээр явагчид мөлхөх нь сонстоно.
Өмнөө яваа удирдагчийнхаа дуугаар охид, хөвгүүд хийгээд өвгөд хөгшид цөм араас нь даган их намгийг нарийхан зурвас зөргөөр гатлав. Өчүүхэн төдий л хий гишгэвэл харлан харагдах хөлгүй усанд дуу нь ч гapч амжилгүй толгойгоороо унан живж алга болно. Уламрын гурван үеийнхэн энэ зөргийг мэдэх боловч шөнө төөрч будилахгүйн тулд оддын гэгээ ч хэрэг болдог байлаа.
Дүрвэн дутаагсад үүрээр намгийн захад хүрч өмнөө үргэлжлэх халуун орны ойт хээрийг олж үзэв. Нүүгэлтсэн хар үүлийг хүйтэн салхи дорно зүг уруу нэвт үлдэн хөөнө. Намгийн ус давирхай асгасан мэт салхинд өрөмтөн атираатжээ. Сондуул уснаас хаа нэгтээ үү шиг цухуйна. Удвал цэцэг, цагаан цэцэгт ургамлын шилбэн дунд нойрмог могойнууд язганалдана. Тогоруу шувуу намгийн дээгүүр эргэлдсэнээ дээш хөөрөн нисэж тэгээд өглөөний гэгээнд цайварлан харагдах модон дээр сууна.
Уламрчуудын өмнө эцэс төгсгөлтүй халуун орны ойт хээр үргэлжилжээ.
Үүрийн хяраанаар нэвт үлээх салхины аясанд сэржигнэх өвсний оройгоор улаан шаравтар өтгөн манан суунаглан хөлбөрнө. Хүмүүс эцсийн хүч зоригоо шавхан урагш тэмүүлсээр өтгөн битүү зэгсийг туулж өндөр өвс ургасан хатуу газарт хөл тавив. Шөнийн дүрвэлтийн үед уламрчуудыг эээмдэн байсан сэтгэлийн хөөрөл нь орхин одож ихэнх эрчүүд газарт тамирдан унаж агшин зуур гүн нойронд умбалаа.
Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол ядарсан ч гэлээ илүү их тэвчээр үзүүлнэ. Зугтах үедээ хүүхдээ алдсан эхчүүд өлөгчин чоно шиг гашуудан орилолдож, азаар бяцхан үрсээ амьд мэнд авч үлдсэн эхчүүд элгэндээ наан тэврэх юм уу, хэмжээлшгүй баярласандаа бүрхэг тэнгэр өөд дээш өргөн баясана.
Учирсан гамшиг зовлонгоо бодохын цагт хойшид ямар хүнд бэрх учрал угтаж байгааг төсөөлөхийн аргагүй тул сэтгэлээр унамаар.
Овгийн ахлагч Фаум үүрийн гэгээ тусмагч отог овгийнхныгоо тоолж үзэв. Тэр модны мөчир, гар хурууны тусламжтай тоолжээ. Арван хуруу нь нэг мөчиртэй тэнцэнэ. Ийн тоолж үзэхүл дөрвөн мөчир дайчин эрс, зургаан мөчир илүү эмэгтэйчүүд, гурван мөчир орчим хүүхэд, нэг мөчир хүрэхтэй үгүй шахам өвгөд хөгшид үлджээ.
Овгийнхон дотроо тоо сайн мэддэг өвгөн Гоун таван эрчүүдээс нэг, гурван эмэгтэйгээс мөн нэг, арван хүүхдээс зөвхөн нэг хүүхэд л амьд мэнд үлджээ гэв. Уламрчууд сая л ямар гэгчийн золгүй явдал учирсныг мэдэрлээ. Тэдний амьдралыг үхлийн аюул заналхийлэн Галаа алдаж, байгалийн догшин хүчний өмнө өмгөөлөн хамгаалах юмгүй өрөвдмөөр арчаагүй сөнөх тавилаитай нэгэн болсноо ойлголоо. Тэр ч байтугай эрэлхэг зоригт Фаум хүртэл цөхөрчээ. Тэрбээр өөрийн хэмжээлшгүй их хүч тэнхээ, бяр чадалтай гар булчингийн хүчинд итгэдэг итгэлээ алдлаа. Үс нь битүү ургасан нүүр, ирвэсийнх шиг шар нүдэнд нь туйлын ядарсан шинж илэрхий. Дайсны жаданд сүлбүүлсэн зүүн бугуйнаас нь бас л гоожсоор байгаа цусаа үе үе долоож шархаа царай барайлган харна.
Фаум бусад ялагдагсдынхаа нэгэн адил ялалт тэдний зүг хэлбийж байсан тэр агшинг санан дурсахаа болив. Уламрчууд тулаанд улангасан орж Фаумын том шийдэм дайснуудыг хиар цохиж байсан билээ. Дахиад л ганцхан агшин өнгөрсөн бол Уламрчууд дайснаа дарж авгай хүүхнүүдийг нь олзлон, Галыг нь няц дэвсэн зэрлэг амьтдаар элбэг баян аглаг ой, халуун орны ойт хээр болох төрөлх нутагтаа урьдын адил ангуучлан явах байсан даа...
Гэтэл муу ёр шүглэсэн ямар салхи хаанаас үлээв ээ! Айж балмагдсан Уламрчууд яагаад гэнэт эмх замбараагаа алдан гүйлдэж дайсны бороохой доор яс нь харжигнан, сандран гүйгчдийн биеийг тэдний жад, хануур хайр найргүй нэвт сүлбэн хэсэг бусаг таслан хаав аа?
Дайснууд төрөлх буудалд нь цөмрөн орж, ариун Галыг нь мөхөөсөн ийм явдал яагаад болчхов оо?
Фаумын тархинд ийм гунигт бодол өөрийн эрхгүй өрөмдөн орж ирэхэд уур хилэн нь тэсгэлгүй хүрнэ.
Өөрийнхөө хүч чадал, дайснаа үзэн ядах ухаан хэчнээн их байгаагаа мэдрэх тусам дайсанд ийнхүү ялагдсантайгаа эвлэрч үл чадах бөгөөд тэгэхийг ч үл хүснэ.

***

Өөрийн сүр жавхлан, үзэмж төгсөө илтгэн шинэ өдөр эхлэв. Ургах нарны туяа үүлэн хөшгийг нэвтлэн тусах тэр агшинд халуун орны ойт хээрийн намгаас уур савсаж гарлаа. Анхны энэ туяа шинэ өдрийн баяр, өвс ногооны таатай үнэрийг бас цуг авчирчээ. Тэр ч байтугай намгийн харлан харагдах энэ гадаргуу муу ёр мэт хар буруу санагддаг байсан нь одоо бүр больж дов сондуул нь төдхөн ногоон өнгөөр мөнгөрөх юм уу, эсвэл салхины аясаар гялтгануурын хайрсаар хучигдсан юм шиг сувдан ногоолин өнгөөр туяа татна. Улнангар, нүргэсийн төгөл шугүйг нэвтлэн усны сэрүү татсан үнэр ядарч зүдэрсэн энэ хүмүүсийн зүг хүрч ирнэ.
Мяралзан урсах усны мандалд нарны туяа тусаж ногоорон харлах замаг, удвалын шар цэцэг, усны цагаан сараана цэцэг тэргүүтнийг халти гийгүүлнэ. Мөн түүний ирвэгнэсэн гэрэлд намгийн сүүт өвсний бут, хөх үхэр хараацай юм уу, цагаан цэцэгт ургамлын урт шилбэ, шap холтсон цэцгийн хүрээ, чандаган байцайны саглагар бяцхан далбан, уст хагийн дугуй толин навч, усны халзан түнжүүр, цагаан нүдэт шунгадаг нугас, маргадын өнгөт хавтгалж, шалмаг түргэн эргийн болон нүсэр биет тоодог шувууд үүрлэн амьдрах удын бут, нэвтэрч болшгүй зэгсэн шугуй тэргүүтэн ээлж дараагаар гялсхийн үзэгдэнэ. Тохойрон тогтсон булангийн эргээр саарал хөх дэглийнүүд олз хайн явахад, тогоруун цуваа далавчаа дэвэн хадан хошуун дээр гангар гунгар дуугаралдан бууцгаана. Хурц шүдэт цурхай, дугуй сэрвээт том загаснууд чанга дуугаар ус цалгиулахад, сүүлчийн тэмээлзгэнүүд ногоон гэрлийн цацраг адил усан дээгүүр хурдан нисэн өнгөрөх ажээ.
Фаум амьд үлдсэн уламрчуудыг гунигтайяа ширтэн харав. Намгийн шаварт хутгалдаж шар замаг наалдаж, ногоон шархны нь цус урсан улаан өнгөтэй болсон хүмүүс бие биесээ шахан бөөгнөрөн суужээ. Тэдний зарим нь аварга могойн адил эвхрэлдэн, зарим нь асар том гүрвэл адил газар дээр тэрийн хэвтэнэ. Тэдний зүгээс ялзарсан махны эхүүн үнэр ханхийх аж. Зарим нь үхэлтэйгээ тэмцэлдэн шуухирч эргэж хөрвөнө. Тэдний шархны цус бүлэгнэн харлажээ. Гэвч Фаум энд байгаа шархадсан бүхэн амьд мэнд үлдэнэ гэдгийг ухаарч байлаа. Учир нь хамгийн бие султай дорой ядуу нь голын нөгөө эрэг дээр үхсэн буюу гол гатлахад живсэн билээ.
Фаум уитаж байгаа хэдий боловч ингэж ялагдсан нь ядарснаас нь ч илүү сэтгэлийг нь тамлан зовоож амарч үл чадах хүмүүс уруу харцаа шилжүүлэв. Эд бол Уламр овгийнхны шилдэг дайчин эрс байлаа. Тэдний намхан духтай, урт эрүүтэй биедээ томдсон толгой нь өргөн мөрөн дээр нь бат суужээ. Биеийн нь арьс наранд борлон онгосон боловч тийм ч хар биш, загзгар цээжин бие, ясархаг гap хөл нь өтгөн үсээр хучигджээ.
Томчуулын нь хонхор нүдний харц ихэнхдээ догшин ширүүн, заримдаа улангассан мэт боловч жаахан хүүхдүүд охид бүсгүйчүүдийнх бол арай ялдамхан зөөлөн байх бөлгөө. Мэдээж, чулуун зэвсгийн үеийн тэр хүмүүс гадаад дүр төрхөөрөө биднийг бодоход нэлээд ялгаатай байсан хэдий ч энэ үгийг бүрэн утгаар нь авч үзвэл бас ч гэж жинхэнэ хүн төрхөө олсон байсан үе. Тэгээд бас тэд тэр л тансагхан залуугаараа байсан нь анхны хүй нэгдлийн хүмүүс амьдрах эрхийнхээ төлөө хүрээлэн дайсагнасан ертөнцтэйгөө өдөр тутмын ширүүн тулалдаанд тэмцэж байсан үл ялагдах нөөц хүч, шаргуу зан нь орчин үеийн хүнд үл ойлгогдохын адил тэдний холын удам болсон бидэнд ч одоо хэр үл ухагдах зүйлийн нэг ээ.
Фаум мандах нарны зүг гap сунган сунжруулан өчихдөө:
— Уламрчууд Галгүй бол юу болох билээ? Халуун орны хээр тал, аглаг ойд хэрхэн яаж амьдрах билээ? Өвлийн хүйтэн, шөнийн харанхуйгаас хэн хамгаалах юм бэ? Өвсний гашуун үндэс, түүхий мах идэх цаг ирлээ гэж үү? Даарсан биеэ бүлээцүүлж чадахаа болих нь. Бас тэгээд хануур жадны үзүүрээ хатааж чадахгүй болохоор шавар шиг л зөөлөн байх болно шүү дээ. Арслан, хутган соёт бар, баавгай, ирвэс, бар чононцор цөм xapaнхуй шөнө биднийг амьдаар нь залгина биз дээ. Хэн овгийнхондоо Гал эргүүлэн авчрах вэ? Гал авчрах тэр хүн Фаумтай ах дүүс болж ангийн олзны гурван хувь, бусад олзны дөрвөн хувийг авч байх болно. Хэрвээ Фаум үхвэл тэр хүн овгийн ахлагч болох болно гэв.
Ирвэсийн хүү Нао байрнаасаа босон ирээд:
— Надад хурдан хөлтэй хоёр дайчин эрс өгчих гэж тэр хэлээд, — Би Хос голын эргээр ангуучилж яваа Шар махчин юм уу, Арслан зааны хүүхдүүдээс овгийнхондоо Гал олж ирьс гэлээ. Фаум залуу эр уруу эвгүйхэн харц шидэв. Нао бол Уламрчуудын дунд хамгийн чацархаг нь агаад жил ирэх тусам мөр нь тэвхийн сайн эрийн шинж бүрдэн буй ажээ. Энэ овгийнхны дунд гүйхдээ түүнийг гүйцэх хурдан шалмаг хүн нэгээхэн ч үгүй билээ. Тэрбээр энэ овгийнхны дунд бяр чадлаараа Фаумын дараа орох Бизоны хүү Муг тэмцэлдэн ялж байсан удаатай. Ийм болохоор Фаум Наогаас болгоомжиллоо. Тэр залуу эрд амь амьдралыг нь үхлийн ангал уруу эргүүлэх хамгийн аюултай ийм даалгавар өгснөөрөө бас, түүнийг бусад уламрчуудаас аль болохоор холхон байлгахыг хичээсэн хэрэг.
Нао ч гэсэн уламрчуудын ахлагч энэ эрд төдийлөн дуртай бус. Гэвч өндөр гуалаг бие, үзэсгэлэнтэй сайхан үс, нууцлаг харц бүхий том ногоон нүдтэй Гаммла битүүлэг нэгэн бахдалыг түүнд төрүүлнэ. Түүний тухай эсвэл энхрийлэн хайрлаж, эсвэл галзуурсан юм шиг хилэгнэн бодох билээ. Нао түүнийг ойн ширэнгэ, удны бутан дунд олонтаа отож байсан аж. Мөн модны ард зогсоод түүнийг энхрийлэн цээжиндээ тээрэн авах гэж гараа нэг алдалснаа, эсвэл түүний зүг тэмүүлэх хүсэлтэйгээ тэмцэлдэн бороохойнхоо цохилтыг намтган дайсагналцсан овгийн охидтой Уламрчууд учрахдаа тэгдэг шиг газарт хаяж гараа базална. Гэхдээ Гаммлад хар буруу санасан юм үгүй билээ. Хэрвээ эхнэр нь болдог юм гэхэд хэзээ ч түүнд бүдүүлэг хандахгүй байв. Учир нь хүрээлэн байгаа хүмүүс нь тэднийг харийн дайсан мэт царай гарган угтахыг үзэх дургүй байлаа.
Өөр цагт бол Фаум мэдээж Наогийн хэлсэн үгэнд итгэл муутай хандан түүнээс холдох шалтгаан олох байсан биз ээ. Гэвч амссан зовлон нь түүний бахдуун занг номхтгожээ. Хэрвээ ийм юм болохгүй сэн бол аюултай өрсөлдөгчөөсөө салах аргаа хэзээд нэг олохдоо л олох учир Ирвэсийн хүүтэй ийн холбоо тогтоох нь одоо түүнд ашигтай ч байж болох юм гэж тэр бодсон хэрэг. Тэгээд овгийн ахлагч, залуу руу эргэн:
— Фаумын үг ганц. Хэрвээ чи омогтоо Гал эргүүлэн авчирвал ямар ч солио арилжаагүйгээр Гаммлаг авах болно. Тэгээд чи Фаумын хүү болно гэж гараа өргөн хүйтэн ихэрхүү дуугаар үгээ зөөн хэлэв. Үгээ дуусгаад Фаум Гаммлад дохио өглөө. Охин айж чичирсхийн түргэн урсгалт голын ус шиг хувирамтгай тунгалаг нүдээ өргөн харж ахлагч уруу дөхөн очив.
Нао өөрийг нь өндөр ургасан өвс, төгөл модны аль нэгэнд хэзээд харуулдан байдгийг нь Гаммла мэдэх билээ. Өөрийн зүг гар сунган зүтгэх байдалтай байхыг нь үзээд тэр их айдаг байлаа. Өөр цаг сан бол тэр нэг их царай өгөхгүй байж чадах байсан биз. Гэвч Нао одоо эсвэл шар махчингуудын гарт үрэгдэнэ, эсвэл овогтоо Гал эргүүлэн авчирч өгнө гэж бодохоор өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрнө.
Фаум хүнд гараа Гаммлагийн мөрөн дээр эзэн хүний шинжтэй тавьж:
— Хүний охидоос хэн нь миний Гаммлатай эн зэрэгцэх билээ хэмээн омог бардам хашхираад, — Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол гол усыг гатлан өлсөж, ундаасахыг үл ажран явах хүн бол миний л охин. Алсан маралыг чинь ганц мөрөн дээрээ тавиад төвөггүй авчрах хүн бол энэ л. Ангийн арьсыг түүн шиг элдэж чадах хүн хэн байна вэ? Эр нөхөртөө эрэлхэг зоригт хөвгүүдийг төрүүлж өгөх эх хүн энэ л билээ. Хэрвээ Нао Гал олж ирж чадвал Гаммлаг ямар ч өр төлөөсгүй ав. Гаммлаг авахад ангийн үс, алаг дун, цахиур сүх, цааны эвэр аль алиныг нь өгөх явдалгүй гэв.
Уламрчуудын дунд хамгийн үсэрхэг хүмүүсийн нэг болох Бух гөрөөсний хүү Агу гэгч гэнэт урагш гарч ирээд:
— Агу миний бие бас Галыг байлдан олж авчрахыг хүснэм гэж намуухан сөөнгө дуугаар өгүүлээд, — Дүү нарын хамт дайснаас түүнийг олж ирэхээр намгийн нөгөө талаар явлаа. Дайсны суманд эрсдэж бид эсвэл сөнөнө, эсвэл бөхөнгөөс бядуу, буганаас арчаагүй болсон Уламрчууддаа Галыг нь эргүүлж авчирна гэв.
Агугийн царайг харахад цусан судлаар татсан зузаан уруул бүхий том амнаас л тогтжээ гэмээр аж. Нүд нь ногооноор эргэлдэнэ. Богинохон тагдгар биедээ ахадсан өргөн мөр, урт гартай аж. Агугийн царай хайрлаж өрөвдөхийг үл мэдэх адгуус шиг догшин хэрцгий харагдахаас гадна түүний ер бусын их хүч чадалтайг давхар илтгэнэ. Гэхдээ хэр хүчтэйг нь одоо хэр тэнсэн үзсэн хүн Фаум, My, Наогийн хувьд хэн нь ч байсангүй. Ер нь түүний зам дээр хөндөлссөн хэн ч гэсэн зайлшгүй ялагдал үзнэ гэдгийг тэд бүгд мэдэх бөгөөд зөвхөн бэртээд нэг салбал аз нь, ихэнх нь аминаасаа салж Агугийн олзонд нэмэр болох бий.
Агу мөн л өөр шигээ үсэрхэг, догшин хэрцгий зантай хоёр дүү, боолын ёсны бэрх амьдралаар сүйрэх тавилант заяа муутай хэдэн хүүхнүүдийн хамт отгоос зайдуухан амьдардаг билээ. Уламрчуудын дунд бие биедээ харгис хэрцгий, хахир хатуу хандах хүмүүс байх боловч Бүх гөрөөсний хүүхдүүд тэднээс хэт ялгарна. Иймд овгийнхны дунд тулгарсан аюулын өмнө хүмүүсийг нэгтгэн нийт нэгэн хүчээр эсэргүүцэн тэмцэх гэсэн анхны энэ оролдлого тэднээс болж хүчтэй дургүйцэл төрүүлжээ. Өшөө хорсол үл өвөрлөх, дайсан этгээддээ ч хүлцэнгүй байдал гаргадгийг нь зэмлэж байдаг Наогийн талынхан түүнийг хүрээлэв. Гэвч тэр чанарууд нь байгалиас авхаалж самбаа, хүч чадал заяасан тэр хүмүүсийн сэтгэлийг татна.
Фаум Агуг Ирвэсийн хүүгээс дутуугүй үзэн ядах боловч түүнээс улам их айдаг аж. Сагсгар үст ах дүү гурвын холбоо түүнд ялагдашгүй бат цайз мэт санагдаж байв. Хэрвээ тэдний нэг нь хэн нэгийг хөнөөхийг хүсвэл нөгөө хоёр нь ч мөн л хүсэх билээ. Агутай шөргөөцөлдсөн хүн, эсвэл өөрөө үхэх, эсвэл ах дүү гурвыг цөмийг нь устгахаас өөр замгүй.
Фаум Бух Гөрөөсний хүүхдүүдтэй холбоо тогтоох гэж үзсэн удаатай. Гэвч тэд аливаа хүмүүст битүүлгээр үл итгэн үг хэл, үйл явдалд нь итгэх чадваргүй болохоор тийм зулгуйдлаас байнга зайлсхийж байлаа. Тэд ер нь аливаа талархсан илрэлийг сэжигтэй хүлээн авч адгуусан амьтны өмнө сандран айхаас өөр долгомчлох хэлбэрийг үл ойшоох ажээ. Фаумын хувьд тэрбээр сэтгэлийнхээ гүнд Агу болон түүний дүү нар шиг итгэлгүй, өрөвч нинжин сэтгэлгүй байх хэдий ч тэр овгийнхныхоо гачигдаж дутагдсан бүхэнд анхаарал тавьж, өөрийн талыг баримтлагчдад ивээлтэй, шийдвэр зориг төгс, хэлсэн үгэндээ үнэнч, өөрийн үзлээр шулуун шударга байх жинхэнэ удирдагч хүний баараггүй шинж чанарыг эээмшсэн байлаа.
Фаум сэрэмжилсэн өнгөөр:
— Хэрвээ Бух гөрөөсний хүү уламрчуудад Галыг эргүүлэн авчирвал Гаммлаг өр төлөөсгүй авч миний эзгүйд бүхнийг захирах овгийн хоёр дахь удирдагч болно гэлээ. Агу Гаммлагаас гунигтай харцаа үл салган Фаумын хэлэх үгийг хайнгадуухан сонсоод онигордуу жижиг нүд нь гэнэт заналтайгаар гялалзаж:
— Намгийн охин Бух гөрөөсний хүүгийнх болно гэж тэр сөөнгөтөн хашхираад, — Түүнд халдсан хүнийг үхэл аваачна гэлээ.
Энэ үг Наогийн уур омгийг бадраав. Тэр түүний энэ аюултай өдөлтийг хүлээн авч, «Овогтоо Гал эргүүлэн авчирч өгсөн тэр хүнд л Гаммла очих ёстой» хэмээн тодхон тунхаг зарлав.
— Бух гөрөөсний хүү түүнийг эргүүлэн авчрах болно гэхэд тэдний харц хурцалсан сүх шиг солбилцов.
Энэ хүмүүст өнөөдрийг хүртэл бие биедээ дайсагналцах онцгой шалтгаан байсангүй. Тэд хэн хэнийхээ хүч чадлыг сайн мэдэх боловч ашиг сонирхол нь нэг ч удаа харшилдаж байгаагүй билээ. Фаумын хэлсэн үг тэр хоёрын цээжинд бие биетэйгээ өрсөлдөн үзэн ядахын сэрлийг ийн асаажээ. Таарах бүрийдээ дэргэдүүр нь айсан байртай гүйн өнгөрдөг Гаммлаг бүр өчнгдөрхөн хүртэл олж үзээгүй явсан Агу, охиныхоо сайн сайхныг магтах Фаумын үгийг сонсоод бүхэл биеэрээ дагжин чичирнэ. Түүний хүсэл сэрэл, шунал тачаал, хий галзуурал нь Агугийн цээжинд гэнэт бадарчээ. Энэ агшнаас тэр аливаа өрсөлдөгчдөдөө үхэл зайлшгүй авчрах нь баттай болов.
Нао ч үүнийг мэдлээ. Тэр баруун гартаа сүхээ чанга атгаад зүүн гартаа жадаа авав. Наогийн хэлэх үгийг сонсоод Агугийн дүү нар дөхөн ирж Бух гөрөөсний хүүгийн дэргэд дуугайхан заналхийн зогсов. Тэдний гал шаргал үс, жижигхэн хонхор, цохны далавчны хуяг шиг сүүмгэр нүдийг харахад ах дүү гурав бие биестэйгээ гайхалтай адилхан бөгөөд омголон зан нь хүч чадлаасаа илүү аюултай ажээ.
Ах дүү гурав Наогийн хөдөлгөөн бүрийг алдахгүй ажиглан түүний зүг хэзээ ч гэсэн дайрахад бэлэн байлаа. Гэвч дайчин эрсийн дунд битүүхэн дургүйцэл үүслээ. Наог хэзээд гэм хоргүй гэж үздэг тэр хүмүүс өч төчнөөн дайчин эрсээ алдсан энэ үед овгийнхондоо Гал эргүүлж авчирч өгнө гэж амласан түүнийг үхэлд хүргэхийг хүссэнгүй. Тэд цөм Наог ухаалаг, арга зальтай, аливаад үл цуцах, ялангуяа Галтай харьцах эв дүй сайтай гэдгийг мэдэх билээ. Түүнээс гадна ихэнх нь түүнийг олз омогтой эргэж ирнэ гэдэгт итгэж байлаа.
Агу ч гэсэн тавьсан зорилгодоо хүрэх хүч ухаан, шаргуу чанартай билээ. Иймд овгийнхны хувьд хамгийн шилдэг хоёр дайчин эрсээ нэгэн зэрэг Галын эрэлд явуулж байгаа учраас хожоотой байв. Сэтгэл нь хөөрсөн бүгд хөл дээрээ үсрэн босов. Бусдынхаа хашхиралдах дуунд урагш зүтгэсэн Наогийн талыг баримтлагчид Ирвэсийн хүүг хүрээлэн зогсоод ах дүү гурвын довтолгооноос түүнийг хамгаалахад бэлтгэв. Бух гөрөөсний хүү бол айх болгоомжлох гэдгийг огт мэдэхгүй түүнээс ёстой хол хөндий хүн билээ. Иймд Наотой арай илүү зохистой үед тооцоо хийх нь зүйтэй гэж бодож хойшлуулахаар шийдлээ.
Уламрчуудын хамгийн ахмад нь болох өндөр нарийхан чацархаг биетэй Гоун овог отгийнхоо хүмүүсийн сэтгэлийг илэрхийлэн:
— Уламрчууд үхлээ хүсэж байна гэж үү? Их намагт дайсны гарт хэчнээн олон зоригт дайчин эрсээ алдсанаа мартав уу? Дөрвөн эр хүнээс зөвхөн нэг нь амьд үлдсэн биш бил үү? Гартаа сүх, бороохой барьж чадах хүн л бол бүгд амьд байх ёстой. Халуун орны ойт хээр нутагт ангуучлах анчдин дундаас хамгийн хүчтэй нь Нао Агу хоёр даруй мөн. Хэрвээ энэ хоёрын нэг нь үхвэл овог отог маань дөрвөн сайн эрсээ алдсаны дайтай гарз үзнэ. Намгийн охин Уламрчуудад Гал эргүүлэн авчирч өгсөн хүний л гэргий болог. Овог отгийнхны маань хүсэл бодол ийм л байна гэлээ.
— Тэгэх ёстой гэж бусад дайчин эрс дэмжии өгүүлэв. Тооны хувьд эрчүүдээс хоёр дахин олон хэдий ч эр хүний сүр хүчинд дарагдсан эмэгтэйчүүд:
— Гаммла Гал хулгайлж ирсэн эрийн эхнэр болно гэцгээв.
Агу үсэрхэг мөрөө тоомсоргүй хавчлаа. Тэр хэнээс ч айж эмээгээгүй боловч овог отгийнхныхоо эсрэг зогсоно гэгч ямар аюултай болохыг ойлгосон бололтой.
Наогоос хүч чадал давамгай гэдэгтээ итгэсэн тэр халз тулан байж үзэн яддаг өрсөлдөгчөө устгахаар шийдэв. Тэгээд дүү нартаа дохио өгөөд эргэж хөлөө хүндээр зөөж тавьсаар бургасан ширэнгэ уруу холдон одов.

_________________
:f01:


Last edited by croft on Apr.05.14 6:45 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.05.14 6:00 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Ophiophagus Hannah wrote:
Чи хүний юм өгөөч нтр алив аваад ир би дамжуулаад өгчихье

Ха ха би харин тэр хүнээс нь дам авсан бололтой. Булан хэсэгтээ үзүүрийг нь хивчихсэн ном байна.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.05.14 8:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Хоёрдугаар бүлэг
АРСЛАН ЗААН, БУХ ГӨРӨӨСНҮҮД


Энэ явдал дараачийн өдрийн үүрээр болсон юм. Салхи үүлийг дээш хөөргөж газрын хөрсөн дээр өвсний анхилам үнэр дүүрсэн халуун агаар тунажээ. Хөхрөн харагдах их нуурын мандал шиг дээр тэнгэр цэлийнэ. Энэхүү нуурын мандлаар үүрийн туяа алгуурхан нүүдэллэн тархах ажээ.
Саяхан нойрноосоо сэрсэн Уламрчууд улайран харагдах тэнгэрийн хаяа уруу нүүр эргүүлэн шинэ өдрийн тансаг сайхныг сэтгэл зүрхээрээ мэдрэв. Мандах нарыг магтан алдаршуулах дууч бялзуухайн бяцхан цээжинд ч иим баяр бахдал дүүрэн.
Шархадсан дайчин эрс удтал ёолж халуундаа дэмийрэн шархны халуундаа болж ам нь хатан улам ч ядрах аж. Нэг шархтан шөнө нас баржээ. Хөшсөн бие нь өвсөн дээр хөдөлгөөнгүй сарвайна. Өвгөн Гоун нэг юм амандаа аяархан гүвтнэн дээрээс нь тонгойно. Фаум бурхан болоочийн цогцсыг усанд хаяхыг тушаав. Ийнхүү гунигт ёслол дуусахад овгийнхны анхаарал Галын төлөө явахаар замд гарахад бэлэн болсон Агу Нао хоёрын зүг чиглэв. Ах дүү гурав бороохой, сүх, хас тэнигэр зэвтэй жадаар зэвсэглэжээ. Нао ухаан сийлж, хүчтэн чадалтайгаас илүү эцэж цуцахыг үл мэдэх шалмаг хурдан хоёр залууг дагуул болгон сонгон авсан байв. Тэд мөн л сүх, жадаа авлаа. Ирвэсийн хүү бас үзүүрийг нь түүдгийн галд ширээсэн бүдүүн царсан бороохойгоо авчээ. Тэр энэ бороохойтойгоо бол хамгийн аюулт махчинтай хийх тулаанд орохдоо ч айхгүй билээ. Фаум Бух гөрөөсний хүүхдүүдэд эхлэн хандаж,
— Ирвэсний хүүхдүүдээс өмнө Агу үүрийн гэгээг үзсэн. Тэгэхлээр эхлээд явах замаа сонго. Хэрвээ Агу өмнө зүг Хос голын эрэг уруу явбал, Ирвэсний хүү шингэх нарны зүг намаг уруу яваг. Хэрвээ Бух гөрөөсний хүү намгийн зам сонговол Hao Хос голын зүг мөрөө гарга гэв.
— Хаашаа явахаа Агу би мэдэхгүй гэж сагсгар үст хар гүвтнэн — Тэр хаашаа ч явсан Гал эрэхдээ л эрнэ. Гэхдээ өглөө гол уруу яваад орой нь намаг уруу чиглэж ч байж болно. Гахай мөрдөж яваа анчин хаа гүйцэж очихоо мэддэг гэж үү? гэв.
— Хаашаа явахаа эхлээд Агу хэлэх ёстой хэмээн өвгөн Гоун татгалзангуй өгүүлэхэд хүмүүсийн сайшаасан дуу түүний үгийг дэмжив.
— Тэд хоёулаа нэг зүгт явж болохгүй. Тэгэхээр явах замаа эхлээд сонгож ав гэв.
Бух гөрөөсний хүү сэтгэл баргар ч овгийнхны хэлдэг зөв юм гэдгийг ухааран ойлгов. Бас ч тэгээд цаг нь болоогүй байхад Наод сэжиг төрүүлэхийг хүссэнгүй. Тэгээд,
— Агу шингэх нарны зүг явна гэж гүвтнээд дүү нартаа дохио өгөн огцом эргэж намгийн зүг шийдэмгий алхлав.
Нао тэр дороо түүний жишээг дагасангүй. Тэр явахын өмнө Гаммлаг нэг харахсан гэж бодно. Фаум, Гоун болон овгийн бусад ахмад настны ард саглагар яшил модны доор Гаммла зогсох ажээ. Нао алгуурхан түүний зүг дөхөв. Охин байрнаасаа хөдөлсөнгүй. Тэр халуун орны ойт хээрийн хязгааргүй уудмын зүг нүд үл салган ширтэнэ. Гаммла үсээ хөхөмдөг сараана цэцгээр гоёжээ. Түүний зүгээс өглөөний нарны алтлаг туяа, голын ус, талын өвсний ариухан үнэр сэнгэнэх шиг санагджээ. Наогийн зүрх хүчтэй цохилов. Хорсол гомдол, хайр энхрийлэл хослон сэтгэлийг нь давчдуулж байгааг тэр мэдрэв. Түүнийг Гаммлагаас салган явуулж байгаа хэн бүхэн түүнд Арслан зааны болон Шар махчны үр хүүхдүүд шиг үзэн ядах сэтгэлийг нь гэнэт төрүүлэв.
Тэр сүх барьсан гараа өргөн:
— Намгийн охин миний хэлэхийг сонс. Нао гал олж авч чадахгүй бол хэзээ ч овогтоо эргэж ирэхгүй. Hao би эсвэл ганганы ёроолд үхэж, усад живж, чонын хоол болно, эсвэл бүхнийг ялж эргэж ирнэ. Гаммлад дун, цэнхэр чулуу, ирвэсний шүд, Бух гөрөөсний эвэр авчирч өгнө гэж омог бардам хашхирав. Гэнэн хүүхдийн итгэл найдварын баяраар царай нь гийсэн Нао уруу охин харц шидэв.
Фаум Наогийн үгийг тэвчилгүй таслан,
— Бух гөрөөсний хүүхдүүд улиангарын цаагуур далд орлоо гэж хашхираад, — Ирвэсийн хүү юунд алгуурлана вэ? гэв.
Нао огцом эргэж дагуулуудаа дуудан эргэж харалгүй өмнө зүгийг чиглэв.

***

Нао, Нам, Гав гурав өдөржин халуун орны ойт хээр дундуур явав. Эндхийн өвс нь ногоон, салхины аясаар маргадын өнгөөр долгиотон намилзаж, нар хурцаар шарах бөгөөд халуун хуурай агаарт өвсний үнэр содон ханхална.
Анх харахад нэгэн хэвийн халуун орны ойт хээр ургамал, амьтны асар их нөөцийг өөртөө агуулжээ. Түүний үржил шим нь барагдашгүй аж. Залаат ургамлын нүд алдам цэлийх тэнгис дунд даль, буурцагт ургамал алтан цэгцүүхэй, шар дэр, холтсон цэцэг, төлөгч өвс, таван салааны бут өнгө ялгаран харагдана. Гэтэл бас ийм ургамал хаа сайгүй ургасан энэ нутагт үржил шимгүй чулуурхаг хөрс үе үе тааралдах аж. Гэвч дахиад л нохойн хошуу, замба цэцэг, улаан гэрийн хошингор, цагаан цэцгээр хучигдмал долоогоны бутан шугуй эхэлнэ. Заримдаа энэ нэгэн хэвийн тэгш тал газрын хөг аясыг намхан гүвээ, нарийн судаг, шавж хорхой язганах цөөрөм эвдэнэ. Найган долгилох өвсөн далайн дунд аварга том үхсэн амьтан шиг өнчин хад сүндэрлэнэ. Зээр бөхөнгийн сүрэг алсуур давхин өнгөрч, өвсөн дундуур дэлдэн чихт туулай харайн, бутан дундаас зэрлэг нохой, чонын сүрэг үзэгдэнэ. Халуун орны ойт хээрийн дээгүүр хэрээ, тогоруу, зэрлэг тагтаа эргэлдэн, нүсэр биет тоодог, түргэн хөдөлгөөнт ятуу дэрхийн ниснэ. Taл нутгийн нүд алдам уужим хязгаараар зэрлэг адуу, хандгайн сүрэг давхилдана. Тэнгэрийн хаяанд аварга том бух гөрөөснүүд аажимхан алхлан явна. Харин нэг удаа Уламрчуудын замд барнаас ч илүү догшин, агуйн арсланд ч хүчээ тавьж өгөхгүй саарал баавгай тааралдав.
Орой нь Нао, Нам, Гав гурав өнчин болдог толгойн энгэрт хоноглохоор буудаллажээ. Тэд энэ өдөр явах замынхаа арван хувийг ч туулсангүй. Хараа хүрэх газар хаа сайгүй салхины аясаар найгах өвсөн далай эцэс төсгөлгүй үргэлжилжээ. Үдшийн бүрийд халуун орны ойт хээр нэгэн хэвийн уйтгартай харагдана. Уулын цаагуур далд орох нарны сүүлчийн туяа үүлэнд тусаж час улаан гал ноцоожээ. Тэнгэрт мандах аварга том тэр түймрийг хараад Нао өөрийн олж авах ёстой Галын тухай бодов. Тэгээд гүвээний орой дээр гараад нарсны давирхайлаг мөчрийг тэнгэр өөд сунгаад л гал асаагаад авч болох юм шиг санагдана.
Наогийн толгой дээгүүр үүлс бөөгнөрч харанхуйлах боловч тэнгэрийн хаяанд час улаан туяа мөн л татсаар. Тэнгэрийн одод ар араасаа түгж эхлэв. Шөнийн сэрүүн салхи нойрсон байгаа халуун орны ойт хээрийн дээгүүр цацарна. Үл үзэгдэх аюул шөнийн харанхуйгаас найдвартай хамгаалдаг түүдэг галын гэрэлд дассан Нао өөрийгөө энэ харанхуйд ямар ч арчаагүй амьтан болохоо сая мэдрэв. Хэдийгээр том махчин амьтад задгай газар ан хийх нь ховор боловч энэ харанхуйд саарал баавгай, ирвэс, бар, арслан аль нь ч агшин зуур гараад ирж болох байлаа. Мөн бух гөрөөсний сүрэг гүйж өнгөрвөл хүний энэ эмзэгхэн биеийг бяц дэвсэж болно. Тэр ч бай тугай ийм арчаагүй хүмүүст сүрэг чоно ч аюул учруулж болох билээ. Ер нь махчин амьтдын хүч чадал нь тэдний тоонд байдаг бөгөөд өлөн зэлмэг ходоод нь ааш занг нь хэрцгий догшин болгож урагш элдэн хөөх ажээ.
Тэд зээрний түүхий махаар хооллов. Уламрчууд ийм юм идэхээс аль хэдийн хөндийрсөн болохоор энэ нь тун ч шорвог байлаа. Шарсан махны хорхой хүрэм үнэрийг тэд гуниглан дурсан бодов. Дараа нь Нао түрүүлж харуулд гарав. Тал бүрээс нь хүрээлсэн шөнийн энэ нууцлаг амьдралыг тэр бүхий л бие цогцсоороо мэдэрнэ. Нао орчин тойронд болж байгаа бүхнийг ойлгох авьяас бүхий нэгэн билээ. Нүд нь харанхуйд сүүдэгнэх хөдөлгөөн бүрийг ялган таньж, энд тэндгүй улалзах махчин амьтдын нүдийг олж үзнэ. Салхины шивнээ, өвс ногооны сэрчигнэх чимээ, шөнийн шавж, шувуудын нисэх дуу, өвсөн дотор гулсан мөлхөх могой, гүрвэлийн чимээг ч олж сонсох билээ. Тэрбээр алсад улих чоно, цөөвөр чононы эгдүү хүрэм улих дуу, далайн бүргэдийн гуаглах, царцаа дэвхрэгний чар хийх чимээг сонсоно. Хамар нь махчин амьтдын содон, өвс ногооны хурц, шөнийн цэцэгсийн анхилам үнэрийн аль алиныг нь алдахгүй ялгана. Сэнгэнэн үлээх салхины аясаар хуурай халуун, сэрүүн чийглэг агаарыг арьсаараа мэдэрнэ.
Нао үүнээс өөр амьдралыг үл мэдэх билээ. Хар бага наснаасаа отог овгийнхныхоо нэгэн адил хэзээ ч үл намдах түгшүүр аюулын дунд аж төрж ирсэн билээ. Хүрээлэн байгаа энэ ертөнц нь аюул занал, амь дүйсэн отолт занга дүүрэн аж. Ийм дайсагнасан хүч амарлингуй байгальтай тэмцэх тэмцэлд хамгийн их арга ухаан, хүч самбаа, сонор сэрэмжтэй тэр хүн л гагцхүү амьдарч чадах билээ. Шөнийн энэ харанхуйд Нао амьд бүхнийг тасчин хаях хурц хумстай савар, яс үсийг нь хэмхчих хурц соёотой махчин амьтдын нүд цог шиг гялалзан үзэгдэх тэр л мөчийг болгоомжлон хүлээв. Хүн гэдэг хоёр хөлтэй аюултай дайсан ирснийг үнэрээр нь мэдчихээд жижиг амьтад довцгийн хажуугаар зогсохгүй гүйж өнгөрнө.
Уламрчуудын хоноглосон газрын дэргэдүүр арсланд ч хүчээ өгөхөөргүй чононцрууд өнгөрнө. Алив амьтны сэгэнд цадсан тэд бусадтай тэмцэлдэхээсээ болгоомжлон ихэвчлэн зайлсхийнэ. Тэдний буудал уруу чонын сүрэг дөхөн ирээд тээнэгэлзэн зогсов. Чоно гэгч амьтан хүч чадлаа тоогоороо хэмждэг болохоороо бүгдээрээ зэрэг хөдөлбөл энэ гурван Уламрчуудтай бараг тэнцэх юм гэдгээ бүүр түүр ойлгов. Гэвч ходоод нь хойхолзож яая даа гэж яваагүй байгаа болохоор арай ухаалгаар сэтгэн зээрний халуун мөрөөр орж цааш хөдлөн одов.
Чононуудыг ийн холдсоны дараа хэсэг зэрлэг нохойн сүрэг гүйн ирэв. Тэд Уламрчуудын хоноглосон газрыг тойрон тэнүүчилж удтал улин хуцалдав. Хэсэг ноход Наод мэдэгдэлгүй дөхөн очих гэж ууртайгаар архиран урагш дөхнө. Гэвч тэднээс хэн нь ч гэсэн хоёр хөлтэй энэ амьтны заль мэхийг мэдэх болохоор улаан цайм дайрч зүрхлэхгүй байв.
Саявтархан ийм нэг нохойн сүрэг Уламр овгийнхны араас удтал дагасан билээ. Тэд хүний хаасан хоол хүнсний үлдэгдлээр хооллон ан ав хийхэд нь ч хүртэл оролцож явжээ. Тэр ч байтугай өвгөн Гоун өмбөл цөмбөл юм өгч байж хоёрын зэрэг нохойг өөртөө дасган авч байсан удаатай. Гэвч аз дутахад гахайн авд оролцож яваад хоёулаа үхсэн бөгөөд өөр нохой дасган авч чадсангүй билээ. Учир нь овгийн ахлагч Фаум араас нь мөрдөн дагах бүх нохдыг устгахыг тушаажээ. Гэвч Наод нохойтойгоо холбоо тогтоох тухай бодол тун таалагдсан ажээ. Нао хүний аюулгүй байдал, сүр хүчний эх булаг нохдуудад байхыг олж үзсэн байв. Гэвч төрөлх буудлаасаа алсад энэ халуун орны ойт хээр нутагт гурвуулхнаа байж сүрэг нохойтой холбоо тогтоох тухай санахын ч аргагуй байлаа.
Энэ зуур Уламрчуудыг нохдууд бүсэлсэн хүрээгээ улам хумив. Тэд хуцаж барьсангүй, гагцхүү түргэн түргэн амьсгаадах чимээ нь улам бүр тодхон сонстох болов.
Наогийн сэтгэл түгшиж эхэллээ. Газраас бөөн шороо атган авч дөхөж ирсэн нохой уруу цацан шидээд:
— Бид та нарыг байтугай баавгай, ирвэс, арсланг ч алж чадах жад, бороохойтой шүү гэж хашхирлаа. Шороо цацуулсан нохой хажуу тийшээ булт үсрэн хүний дуу сонсоод харанхуйд уусан алга болов. Бусад нь хэдэн алхам ухарч хоорондоо зөвлөлдөх шиг бөөгнөрөн зогсоцгоов. Нао тэдний зүг чулуу шидээд:
— Та нар Уламрчуудтай тулалдахад хүч хүрэхгүй. Амьд мэнд дээрээ эндээс зайл. Гөрөөс, бөхөн зэрэг чадах олзоо явж эр. Дахиад над уруу зүрхлэн дайрвал ална шүү! гэж дахин хашхирлаа. Наогийн хашхирах дуунаар сэрсэн Нам Гав хоёр бушуухан үсрэн босов. Ийнхүү дахин хоёр урт гонзгор сүүдэр гарч ирсэн нь нохдыг аргагүй зугтахад хүргэжээ.

***

Замд отох аюул заналаас зайлсхийн явсаар Нао, Нам, Гав гурав долоо хоног халуун орны ойт хээр нутгаар явав. Уламрчуудыг их ой уруу дөхөх тусам аюул улам ихэслээ. Ойн зах хүрэхэд таван өдрийн ажил үлдсэн боловч ойртон ирсний тэмдэг болох хэсэг бусаг төгөл мод, том том махчин амьтад одоо улам элбэг тохиолдох болжээ. Уламрчууд бар, ирвэсийг бүр ойрхон газраас ч үздэг болов. Ялангуяа шөнө болохоор бүр аюултай байлаа. Иймд харанхуй болохоос бүр өмнө залуу дайчин эрс хаа хоноглохоо бодож эхэлжээ. Тэд хадны агуй, довцгийн оройд талбай юм уу, ядахдаа өргөст бут ч болсон олох гэж эрнэ. Тэд том модны доор хоноглохоос хэзээд зайлсхийдэг байлаа. Аянд гарснаас хойш найм ес хоноход тэдний ам нь цангаж бас зовоох болов. Гол горхи, намаг xaa ч үл үзэгданэ. Хөл доор нь хуурай хатсан ширүүн өвс шаржигнана. Халсан чулуун дээр могой гүрвэлүүд наранд ээж цагираглан хэвтэж агаарт үй түмэн дэлэнч сүрэглэн ниснэ. Шавжууд хүмүүсийн толгой дээгүүр хурдлан нисэж өнгөрөхдөө тэдний халууцсан биеийг часхийтэл хазна. Ес дэх өдрийн сүүдэр хүүшлэхэд тал газар дахиад л гэнэт ногоорон сэрүү татав. Агаар чийглэг болж гүвээний цаанаас салхи сэрүү татсан усны үнэрийг авчрав. Төдөлгүй Уламрчууд өмнө зүг барин тэнүүчлэх бух гөрөөсний их сүргийг олж үзэв. Баярласан Нао дагуулууддаа хандан:
— Бух гөрөөснүүд ус уруу явж байна. Тэгэхээр бид юутай ч нар шингэхээс өмнө амаа зайлах усны бараа олж үзэх юм байна гэв.
Улиангарын хүү Нам, Бөхөнгийн хүү Гав хоёр энэ үгэнд сэтгэл сэргэн ядарсан мөрөө тэнийлгэв. Нао өөртөө дагуул болгон хормын зуур бие даан шийдвэр гаргах авьяас мөхөс боловч хурдан шалмаг хөдөлгөөнтэй энэ хоёр залууг сонгон авсан нь бас учиртай. Тэвчээр хатуужил, шийдвэр гаргах арга ухааныг тэдэнд суулгах явдал чухал байв.
Нам Гав хоёр ч тэднийг хүн гэж үзэж харьцдагийн нь хувьд бие сэтгэлийн бүхий л байдлаараа үнэнч шударга, үг хэлгүй дуулгавартай байх шинж чанар, зовлон жаргалаа агшин зуур мартаж авьяас, амьдралдаа баярлан бахдах энэ бүхнээрээ ачийг нь хариулахад бэлэн байв. Тэд дайсагнасан байгалийн гамшигтай нүүр тулж өөртөө байдаг хүч ухаанаа алдсан болохоор Наод одоо тэр бүхэн шингэсний нь үзээд түүний зүг улам татагдана. Хоёр залууд хурц нүд, сонор сонсгол, шалмаг гар, явах гүйхдээ үл цуцах хөл бий. Энэ бүхнээрээ самбаа зориг, уужим сэтгэлээрээ дур хүслийг нь булаасан удирдагчаа бас хялбархан хөтөлж чаджээ. Халуун орны ойт хээрээр хамт хэрэн тэнэсэн энэ өдрүүдэд Нам Гав хоёр Наод улам ч дасжээ. Нао бол тэдэнд байгалийн хүчийг захирах хүний арга ухаан, хичээл зүтгэлийг үзүүлэх үлгэр жишээ, хэрэг болоход жад шидэх, сүхээр цохих зэрэгт эр зоригийг үзүүлж чадах өмгөөлөгч удирдагч нь болж байв.
Тархи мансуурам сэрүүн намар цагийн өглөө Наогийн араас явахдаа Нам Гав хоёр түүний өргөн мөр, өндөр гуалаг биеийг хараад заримдаа талын цэцэг ногоог нар өөртөө татдаг шиг сэтгэл зүрхийг нь эзэмдсэн энэ хүнийг энхрийлэн хайрлаж баярлан бахдах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
Hаo ийм л сэтгэлийн хайрыг энэ залууст шингээсэн юм. Тэд хувь заяа, зүрх сэтгэлээрээ улам нягт oйртох тусам учирсан саад тотгорыг даван туулж, учрах аюулыг урьдчилан харж зайлуулахад тус болох нь мэдээж.
Моддын сүүдэр улам уртсав. Нар баруун зүг тонгойн тэнгэрийн хаяа уруу дөхөх тусмаа улам томорч тэгш тал газраар урагш алгуурхан хөдлөх бух гөрөөсний сүргийг улаавтар гэрлээрээ тодхон гийгүүлнэ.
Нао эргэлзэх юмгүй болов. Хоёр гүвээний дунд нарийн хавцлын цаана ус байгаа нь тодорхой аж. Үүнийг тэр зөн билгээрээ мэдэж байлаа. Мөн Бух гөрөөсний мөрөөр бусад олон амьтад тэр зүг сэмхэн дөтөлнө. Haм Гав хоёр ч бас тэгж бодлоо. Тэд хамраа сарталзуулан өмнөөсөө угтах чийглэг агаарыг ховдоглон соров.
— Бух гөрөөсийг гүйцэж түрүүлье гэж Нао хэлсэн нь бух гөрөөснүүд усанд хүрэн том бнеэрээ замыг нь хаачих вий гэж болгоомжилсных ажээ. Ингээд гүвээний дундуур орсон замаар бух гөрөөснөөс урьтаж гарах санаатай хурдаа нэмэв.
Сүрэг алгуурхан урагш хөдөлнө. Бух гөрөөснүүд тооны хувьд олон бөгөөд их газар дамжин явж залуу нь ядарч сульдсан шинжтэй харагдах боловч хөгшин буурлууд нь дадаж сурснаараа болгоомжлох зангаа үл орхино. Уламрчууд сүргийг яах ийхийн зуургүй гүйцэн очиж тойрон гарав. Олон амьтад тэдний жишээг дагасан нь тэд мөн л бух гөрөөснөөс урьтаж усандаа хүрэх гэсэн бололтой аж. Уламрчууд гүвээний хоорондох зам уруу хөнгөн хөлт бөхөн, аргаль, зэрлэг илжигнүүд хэрхэн хуйлран хурдлахыг олж үзэв. Бас тэдний өмнүүр дайран хулангийн сүрэг давхин өнгөрлөө. Ийнхүү ихэнх амьтад ус хүрэх нарийн аманд хүрч амжжээ.
Нао болон түүний дагуулууд бух гөрөөснүүдийг ардаа хол орхиж амны цангаагаа айван тайван гаргах бүрэн боломжтой болжээ. Дайчин эрс ус хүрэх нарийн аманд хүрэхэд Бух гөрөөс тэдний хоорондын зай мянган тохойгоос багагүй болсон байлаа.
Агшин бүрд амны нь цангаа тэднийг улам урагш шавдуулан Нам Гав хоёр явалтаа хурдасгав. Тэд гүвээг тойрон гарч нарийн хавцал ам уруу гүн шурган орлоо. Амьд бүхнийг бүтээгч эх болсон галаас илүү ачтай боловч түүнээс арай бага xaxиp хатуу ус алсад гялалзана.
Энэ нь хадат далангийн бэлд түрж орсон хошуу xoтгоор хэрчигдсэн том бус нарийн зууван нуур байлаа. Түүний баруун талаас дүүрэн уст гол цутгана. Зүүн гар талд нь гүн ангал уруу нуурын ус хүрхрээ болон бууна. Энэ нуур уруу зөвхөн гурван газраар л очиж болох аж. Гүвээний дундаас Уламрчуудын саяын ирсэн замаар, эсвэл гол даган очиж болохоос гадна гурав дахь нь хадат ухаагийн дундах нэг гүдэнгээр дамжин ирж болох ажээ. Бусад газраар бол хаа сайгүй хүрмэн чулуун эгц босоо хадан хясаа хаан сүндэрлэжээ.

***

Дайчин эрс баярласан уухайн дуугаар устай золгов. Шингэж байгаа нарны улбар шар туяанд нарийн хөлт бөхөн, номхон тогдгор биетэй адуу, хурц туурайт зэрлэг илжиг, аргаль, хулчгар зант бор гөрөөс, данагар том эвэрт хандгайнууд ус уруу чихэлдэв. Тэдэнтэй зэрэгцэн ус уруу хэдэр ярдаг зантай, болхидуу хөдөлгөөнт гахай мөн л хаширлан болгоомжлохоо умартан шунган дайрлаа. Бусад амьтад нь өчүүхэн төдий аюул тохиолдвол амьдралын төлөөнөө тэмцэлд хүч буурай амьтдад хүчирхэг зэвсэг нь болсон хурдан хөлөндөө найдан бушуухан буцан зугтахад бэлхнээр сонор чихээ сортойлгон цаг ямагт тал тал тийшээ нүдээ солбин харна.
Гэнэт тушаал өгсөн юм шиг бүгд толгойгоо өргөн чихээ сортойлгон чимээ чагнав. Агшин өнгөрөхөд бүх адуу, бөхөн, аргаль, илжигнүүд эмх замбараагаа алдан оройн улаан нарны туяа гийгүүлэх баруун хөтөл уруу хуйлрав. Гагцхүү тогтворгүй бяцхан улаан нүдээ эргэлдүүлэн гахай л байрандаа үлдлээ.
Ус уруу орж ирэх замд ойн чононы сүрэг үзэгдэв. Тэд эрүү, дух томтой бөгөөд толгойгоо урагш сунган шар нүдээрээ олз хайна. Нао, Нам, Гав гурав жад, хануураа бэлэн барив. Гахай махийсан соёогоо гялалзуулан хилэнтэй шуухирна.
Чононууд сэргэг жартгар нүдээрээ дайсныг аль хэдийн олж үзчихээд алсад зугтан одсон арай хялбархан олзны араас элдэн ухасхийв. Чононуудыг явсны дараа усан дээр нам гүм болж Уламрчууд ханатлаа уугаад цаашид хэрхэх тухайгаа зөвлөлдөж эхлэв. Хадархаг урт сэрвэнгийн цаагуур нар далд орж харуй бүрий болсон тул хаа хоноглохоо бодох хэрэгтэй болжээ.
— Бух гөрөөснүүд ойртож ирлээ гэж гэнэт Нао хэлээд баруун хөтөл уруу толгой эргүүлэн байдаг хүчээрээ чимээ чагнаж эхлэхэд Нам Гав хоёр ч мөн дагав.
— Тэндээс ирж байгaa бух гөрөөс биш байна гэж Гав шивнэхэд,
— Энэ бол арслан заанууд байна гэж Нао хариулав.
Гурван эрс газрын ерөнхий байдлыг хурдхан хараад авав. Тэдний баруун талд элгэн улаан хадан цохио, хүрмэн чулуун гүвээний дундуур урссан гол нуурт цутгажээ. Нарийхан чулуун хошуу тэр хадан цохиог ороон оргил өөд хөтлөн аваачих аж. Түүгээр хүн томхон махчин амьтан алин ч явж болохоор нилээд өргөн аж. Уламрчууд элдвийг бодож цаг алдсангүй. Шууд хадан цохионд хүрэх тэр чулуун хошуу уруу авирч эхлэв.
Чулуун хошууны гүн ангалаар голын ус харлан урсана. Тэр ангал дээгүүр чулууны нуралтаас ч юм уу аль эсвэл хар шуурганд суга татагдан унасан ч юм yу моднууд дамналдан унажээ. Гүн харанхуй хавцал дээгүүр унасан зарим модны гэрэл уруу тэмүүлэн сарвайсан мөчрийн чанх оройд үзэгдэх төдий урт мөртлөө яана гэмээр нарийхан ногоон навч үзэгдэнэ. Тэдний шилбэ хөвд хаганд дарагдан чөдөр өвс сүлжин ургаж үндэс нь мөнхийн хүйтэн чийгэнд идэгджээ. Гэвч тэд наран доорх хорвоод амьдрахын төлөө шаргуу тэмцэх ажээ.
Нао хадан цохионы орой дахь агуйг анх олж үзэв. Тэр нь жижигхэн, намхан атлаа бас буруу тийшээ харсан юм шиг санагдав. Тийшээ орохынхоо өмнө Уламрчууд харлан харагдах ёроол уруу нь удтал ажиглав. Тэгээд Нао толгойгоо нугдайлгаж, хамраа сартайлган хэд шинжиж үзсэнээ гартаа сүхээ атгаад түрүүлэн мөлхөж оров. Агуйн дотор амьтны сэг яс, арьс дүүрэн аж. Харваас энэ агуйд нэг том махчин амьтан байсан бололтой ажээ. Нао хэдэн удаа шиншин үнэрлэж үзсэнээ итгэлтэйгээр,
— Энэ бол саарал баавгайн үүр байна. Бараг cap шaxyy эзэнгүй байж дээ гэв.
Энэ осолтой махчин амьтантай Нам Гав хоёр хэзээний танил юм. Уламрчууд саарал баавгай хаа нэг дайралдаж бар, арслан, бух гөрөөс элбэг тааралддаг нутгаар нүүдэллэн явдаг билээ.
Хол газар анд явж байх үедээ түүнийг Нао олонтаа үзжээ. Энз махчин амьтан хирс шиг улаан галзуу уур хилэнтэй, агуйн арслан шиг хүчтэй атлаа хэзээ ч үл номхрох догшин заитайг сайн мэднэ.
Нао агуй яагаад эзгүйрснийг мэдсэнгүй. Магадгүй, өөр газар уруу зун шилжин нүүж түр зуур орхисон байж болох юм. Эсвэл ямар нэгэн золгүй явдал тохиолдож гол гатлахдаа усанд живсэн ч байж болох талтай. Юутай ч гэсэн баавгай өнөө шөнө агуйдаа эргэн ирэхгүй гэдэгт итгэн Нао энд хоноглохоор шийдлээ.
Энэ тухай нөхдөдөө хэлж амжаагүй байтал хадан цохионы бэлд бух гөрөөснүүд усанд орж ирэв. Тэдний дуу арслан архирах шиг догшин ширүүн агаад хүрмэн чулуун хаданд цуурайлан нуурын дээгүүр аянга ниргэх шиг нүргэлэв.
Том амьтны архирах дуу сонссон Наогийн дагжис өөрийн эрхгүй хүрэв. Тэр үед бух гөрөөс, зэрлэг үхрийг агнаж зүрхлэх хүн ховор байлаа. Тэд одоогийнхыгоо бодвол бие том, үлэмж хүчтэй байсан юм. Бух гөрөөснүүд өөрийн хүч чадлаа сайтар ойлгодог болохоор сүргээсээ тасарсан өвчтэй дорой амьтан уруу зөвхөн довтолж байдаг хамгийн том махчин амьтнаас ч үл айна.
Уламрчууд агуйгаас гарч доош шагайн харав. Ер бусын үзэгдлийг нүдээрээ үзсэн тэдний зүрх хүчтэй цохилжээ. Тэд энэ үзэгдлийг айх, бахдах хослон ажиглана. Гэтэл залуу дайчин эрсийг бух гөрөөсний сүргээр нүдээ хужирлаж амжаагүй байтал тэдний дуутай холилдон бас нэг чимээ сонстсон нь ямааны гулууз махыг сүхээр цавчих лугаа намуухан чичирхийлсэн дуу гарах нь бух гөрөөсний архирах дууг бодвол бөглүү сулхан аж. Гэвч энэ нь тэр үеийн хамгийн хүчтний нэг ойртон ирж буйг зарлана. Энэ бол арслан заан гэгч хуурай газрын ялагдашгүй бүрэн эрхт эзэн нь байлаа. Ийм болохоор догширсон арслан, махчин барнууд ч түүнээс холхон байхыг хичээнэ. Тэр ч байтугай хамгийн хүчирхэг гэгдэх саарал баавгай арслан зааитай халз тулалдахыг ч үл түвдэнэ. Ийм болохоор мянга мянган жил өнгөртөл хүн түүнтэй хүчээ үзэх тавилангүй байжээ. Гэтэл ганцхан хирс л хараа муу болон уурын мунхгаасаа болж замд нь хөндөлсөн зогсох зүрх гаргажээ. Арслан заан бол хөдөлгөөн хурдан, эцэж цуцахыг үл мэдэх, ухаалаг, ой сайтай амьтан билээ. Тэд уулын өндөр даваа, өргөн гол мөрнийг төвөггүй туулна. Хушуу нь хүний гар шиг зэвсэг болох аж. Аварга том соёогоороо газрын хөрсийг онгилон хадарч замдаа тааралдсан бүхнийг нугачин дарна. Бүхнээс давуу хүчтэйгээ сайтар ойлгосон тэр сүр хүчээрээ бах таваа хангана.
Хүний эрхшээлд он удаан жил талхигдан, оюун санаа нь мөхсөн одоогийн арсланг бодоход цэцэн цэлмэг хурц ухаантай, юмыг илүү мэдэрдэг байсан нь мэдээж. Арслан заан, бух гөрөөстэй бараг зэрэг шахам л усанд орж ирэв. Амьд бүхэн зам тавьж өгөөд сургачихсан арслан заанууд эхлээд усанд орох гэлээ. Бух гөрөөснүүд, зэрлэг үхэр ийм тохиолдолд ихэвчлэн зам тавьж өгдөгсөн. Гэтэл энэ удаа энэ бух гөрөөснүүд арслан зааны хүчийг өөртөө тааруухан төсөөлсөн бололтой аж. Өвсөн идэштэн бүхэн тэднээс мөр буруулж заншсан атал гэнэтийн зоригтон ийн гарсанд гэнэт хилэн нь бадрав.
Бух гөрөөснүүдийн ахлагч нь аварга том биетэй, бяр чадал сайтай нэгэн эр гөрөөс байлаа. Тэр хирсэнд ч бууж үл өгнө. Тэдний цангасан гэдэг жигтэйхэн болохоор тэсвэр нь алдагдав. Харваас арслан заанууд усанд эхлээд орохоор тэмүүлнэ. Бух гөрөөснүүд толгойгоо заналхийлсэн байдалтай ольсхийн дайчин уриаг сунжруулан гаргав. Арслан заанууд хүнгэнэлдэнэ. Ахлагчид нь гэвэл болдог толгой шиг аварга биетэй, мөнх ногоон ургаа мод шиг хүчирхэг хөлтэй, зантгар том толгойтой таван хөгшин эр арслан аж. Арван тохой урт соёонууд нь царсан, төглийг ч төвөггүй хуу татан авч хаяж чадах ажээ. Аварга могой адил хар хошуунууд нь агаарт мушгиралдана. Арьс нь хөгшин хайлаасны далнаас ч бат бэх зузаан аж. Ахлагч нарынхаа араас сүрэг нь урт цуваагаар хөвөрнө. Хэзээний омголон зантай арслан заанууд бяцхан цоглог нүдээрээ бух гөрөөснүүдийг анхааралтай ширтэн ус уруу орох замыг нь хааж эрэг дээр зогсов.
Бөгтөр нуруутай бух гөрөөс нүдээ улаанаар эргэлдүүлэн, үсэгхэг толгойгоо ууртай сэжлэн, хүнд зузаан зогдроо сэгсэрч, олон салаа шовх эвэртэй толгойгоо бөхийлгөв. Тэд зөн билгээрээ учирсан дайсныхаа аймшигт хүчийг мэдэрсэн боловч араас нь шаван дагасан сүргийн нь тэсвэр алдам урамдалт, тэмцлийн хилэнг нь бадраажээ. Гэнэт ахлагч нь болох хамгийн чацархаг нэгэн бух гөрөөс том духтай, олон салаа эвэртэй толгойгоо улам бөгтийлгөн ойролцоох арслан заан уруу гялавхийн дайрав. Арслан заан сөхрөн унаснаа хүчирхэг хошуугаараа хариу цохилт өгч няцаав. Гэнэтийн энэ довтолгооныхоо давуутай талыг ашиглах гэж бух гөрөөс aр араас нь цохилтыг ёстой нэг мундаглан өгч эхлэв.
Сөхрөн унасан тэр арслан заан гагцхүү хошууныхаа хүчээр л амиа хаацайлж чадаж байв. Аварга хүчтэнтэй ингэж барьцалдан авах нь бух гөрөөст бол чухамдаа сохор солиорол байлаа. Амнаас хөөс сахран, нүд нь улаанаар эргэлдэх нь нэн сүртэй аж. Арьсны нь аль нимгэн газар болон гүзээг нь эврээрээ нэвт сүлбэн унагаах гэж галзууран дайрна. Хэрэв заяа тэгж л чадах юм бол хүчтэнийг ялж гарах нь лавтай байлаа. Арслан заан тулгарсан аюулыг сайн ойлгов. Гэвч ийм аюултай агшинд ч аажуу тайван зан нь түүнийг орхисонгүй. Байдаг хүчээ шахан тэсвэрлэлээ. Бух гөрөөс ганц агшинд л довтлохоо больсон бол арслан заан хөл дээрээ ухасхийн босоход хангалттай зай болох байлаа. Бух гөрөөсний энэ гэнэтийн довтолгоон бусад арслан зааныг тэвдүүлэв. Дөрвөн арслан заан, долоон бух гөрөөс өөд өөдөөсөө аюулт агшныг хүлээн хэрэн зогсоно. Агшин бүрд өөрт нь аюул заналхийлэн байгааг мэдсэн тэд хэн нь ч түрүүлээд довтолъё гэж бодсонгүй.
Анх удаа арслан заанууд үл тэвчих зан гаргав. Хамгийн өндөр биетэй нэг арслан заан чангаар шуухиран далбагар том сарьсан чихээ хөдөлгөсөөр урагш алхлах нь аварга том сарьсан багваахай явна уу гэлтэй аж.
Энэ агшинд бух гөрөөсөнд довтлуулж сөхрөн унасан тэр арслан хошуугаараа дайсныхаа хөлөн дундуур гуядаад авахад бух гөрөөс найгаж эхлэв. Арслан заан энэ агшныг ашиглан ганц ухасхийгээд хөл дээрээ босоод ирлээ. Аварга хоёр амьтан бие биеийн эсрэг харж дахиад л өрж зогсоно. Арслан зааныг уур хилэн нь эзэмдэв. Хүчирхэг хошуугаа дээш өргөн чих дөжиртөл чарлана. Дайсан уруугаа ухасхийн матигар соёогоороо бух гөрөөсийг хумин авч агаарт зомгол шиг дээр өргөөд дараа нь газарт хүчтэй гуядан шидэхэд яс нь шажигнана. Арслан заан бух гөрөөсний цус бялдсан биеийг хөлөөрөө дэвсэж эхлэв.
Арслан зааны дайснаа дарсан ялалтын урамдалт нийтийн дуунд ууслаа.
Одоо долоон бух гөрөөс таван арслан заан бие бие уруугаа ухасхийлээ. Цусандаа улайрсан тэд одоо айх эмээхээ нэгэнт больж улайрчээ. Тулалдааны их тоос тэднийг бүрхэн авав. Бух гөрөөөний бөглүү мөөрөх дуу, арслан зааны сэтгэл зүсэм хүнгэнэх урамдалт холилдлоо. Уур хилэн нь тэдний аварга том бие, хурц соёо, эвэр, уян налархай хошуу цөмийг л хөдөлгөөнд оруулжээ.
Ахлагчид нъ уур хилэндээ автан айх эмээхээ мэдэхгүй тулалдав. Аварга том биесүүд барьцалдан бөмбөрч улангассан дуу, хугарч байгаа ясны нужигнах чимэ сонстоно.
Эхлээд тооны хувьд давуу бух гөрөөснүүд арслан заануудыг эвгүй байдалд орууллаа. Хүчээ нэгтгэсэн гурван бух гөрөөс нэг арслан заан уруу дайрч түүнийг газарт унагав. Хоёр дахь арслан заан ширүүн дайрах хоёр дайснаас арай ядан биеэ хамгаална. Гэвч гурван арслан заан нь үлдсэн бух гөрөөснүүд уруу дайрч агшин зуур ялалтыг өөрийн талд авчрав. Тэд бух гөрөөснүүдийг соёогоороо нэвт сүлбэн хаяж аварга том хөлөөрөө удтал дэвсэв. Гэтэл унасан арслан зааныг дайрч байсан гурван бух гөрөөс түүнийгээ орхин нөхдөө аврахаар гэнэт дайрлаа. Гэвч хоёр нь дороо үхэж, гурав дахь нь арай гэж амь зулбан зугтав. Ахлагч нар нь ийнхүү сандран айж амь зулбахад тулалдаж байсан бух гөрөөснүүд тэдний араас даган зугтлаа. Эхлээд тэд их аянгын өмнөх агшинд бүх юм нам гүм болдог шиг бүүр түүр түгшин бүгд дороо хөшлөө. Тэгээд дараа нь бүх сүрэг үймэн эргэж ухасхийлдэх нь тэр. Бух гөрөөснүүд ухаан зулаггүй бие биесээ түлхэн гүвээний дундах нарийн ам уруу хурдлав. Бяр чадалтай нь хүч чадалгүйгээ хөөн гүйцэж түлхэн унагааж, өрөвдөх сэтгэлгүй дээгүүр нь гатчихад яс нь ярах шиг нужигнах нь хар салхинд унасан мод тас няс хийх чимээг санагдуулам.
Зугтаж арилсан дайснуудаа арслан заанууд мөрдөн хөөх гэж огтхон ч бодсонгүй. Ийнхүү арслан заанууд аварга том бие, дэнслэмгүй их хүч чадлаараа энэ дэлхийн амьтай бүхний эзэн болохоо дахин нотлов. Урт үс, ширүүн зогдортой арслан заануудын зоо нуруу хүрэнтэн их цуваа нуурын эрэг даган зогсож яаралгүй ус ууж эхлэв. Саяын болсон аймшигт тулалдаанд үргэн зайлсан амьтад эдүгээ ус уун зогсох аваргуудыг элэгсгээр ширтэн гүвээний энгэр дээр бөөгнөрчээ.
Уламрчууд ч энэ нутгийн эзэн болсон тэднийг нүд үл салган ширтэнэ. Нао хоёр дагуулынхаа чөргөр гар хөл, танхилхан биеийг хараад энэ нүсэр том аварга амьтантай зүйрлэн бодохдоо халуун орны ойт хээрээр нүүдэллэн аж төрөх хүн гэдэг өчүүхэн дорой амьтны өрөвдөлтэй амьдралыг гашуудан бодлоо. Хүн ийм араатнуудад баригдвал бүргэдийн саварт орсон зулзага шиг л болох юм даа. Бидний замд бар, арслан, саарал баавгай гээд аймшигт араатан аль тэр гэх вэ дээ хэмээн гуниглан бодлоо.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.05.14 9:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Гуравдугаар бүлэг
БААВГАЙН ИЧЭЭНД

Шөнө тал хагаслав. Дэлбээ юугаа дэлгэсэн усны цагаан сараана цэцэг шиг мөнгөн сарны бараан үүлсийн хаяа даган гулсана. Сарны сүүн туяа дүнсийн харлах хадан цохио, гол нуурийн усанд тольдон тусна.
Арслан заанууд аль хэдийн яваад өгчээ. Хаа нэгтээ махчин амьтад усанд сэмээрхэн орж ирэх бөгөөд сарьcaн багваахай зөөлөн далавчаа дэвсээр агаарт шурхийн нисэн өнгөрөх чимээ сонстоно.
Гав агуйн аманд манаанд зогсож байлаа. Залуу эр маш их ядарсан тул цаг ямагт үүрэглэн салхи сэрхийх юм уу, аливаа амьтны шинэхэн үнэр үнэртэхэд сая нэг сэрнэ. Гэхдээ аюулыг мэдэрч бодол сэтгэлд нь болзошгүй аюулд байнгын бэлэн байх сонор сэрэмж хэзээний хадгалаастай.
Тэднээс холгүйхэн хурдлан өнгөрөх бөхөнгийн туурайн чимээ толгой өргөн орчныг сэрэмжлэн харахад аргагүй хүргэв. Голын цаад эрэгт хүрмэн чулуун гүвээний эгц хяр дээгүүр нэгэн том амьтан хөлөө зөөн хөдөлнө. Нүсэр том биетэй атлаа уян налархай хөдөлгөөн шовх хоншоортой, том толгой хүн шиг алхан хөдлөх нь Гавын өмнө асар том баавгай гарч ирснийг илтгэнэ.
Төвгөр духтай, үлэмж том биетэй, ихэвчлэн ичээндээ тайван амьдардаг бөгөөд ганц онцлог нь өвс ургамлаар хооллодог агуйн энэ баавгайтай залуу эр сайн танил билээ. Тэр их өлссөн цагтаа л ан хийж мах идэхэд хүрнэ.
Тэгтэл агуйд ойртон ирэх амьтан бол өөр төрлийн амьтан болох нь илэрхий. Сарны гэрэл тодхон гийгүүлмэгц гүвээний орой дээр түүний гарч ирж яваа нь Гавд бүр ч илэрхий болов. Энэ бол нарийхан духтай, тарчигдуу саарал үсээр хучигдсан хүдэр том биетэй, аюул занал агуулсан хүнд алхаатай, байдлыг нь харваас өөрийнхөө хүчинд итгэсэн байдал дүүрэн аж. Энэ нь хамгийн аюултай гэгдэгч махчин амьтадтай аймшиггүй өрсөлдөгч саарал баавгай биеэрээ мөн байлаа.
Саарал баавгай байдаг нутгаар явж байсан анчдын яриаг Гав сонсож байсан нь нэг бус удаа. Тэдний ярианаас үзвэл энэ нь хүчирхэг саврынхаа ганц цохилтоор бух гөрөөс, үхэр гөрөөсийг газарт унагаж, зэрлэг адуу, хандгайг ч багалзуурдан алах чадалтай ажээ. Тэр xypц хумстай савраараа хүнийг торох юмгүй бяц атгана. Улангасан догширсон арслан, цусанд дуртай барнаас ч үл айна. Түүнийг газар дэлхийн эзэн арслан заан, хирс, агуйн арсланд л хүч дутна гэж өвгөн Гоун ярьж байсан билээ.
Гэвч бар, арсланг үзээд төрдөг тийм айдас Бөхөнгийн хүүд төрсөнгүй. Амгалан номхон агуйн баавгайтай учирч явсан нь түүнийг энэ төрлийн амьтдаас айх эмээхгүй болгожээ. Гэвч ойртон ирэх амьтны алхаа нь бүдэг бадаг, түгшүүр төрүүлэм байсан тул залуу эр Наог сэрээх нь зөв гэж бодлоо.
Гарт нь ганц хүрэхэд л унтаж байсан Ирвэсийн хүү агшин зуур хөл дээрээ үсрэн босож ирээд:
— Гав юу болов? гэж Нао агуйн ам уруу дөхөн ирж асуув.
Бөхөнгийн хүү хүрмэн чулуун гүвээний орой уруу дуугайхан гараараа заалаа. Наогийн царай барайн:
— Саарал баавгай гэж шивнэв.
Тэр агуйн ханыг сэтгэл зовнин хэсүүчлэн харлаа.
Уламрчууд оройноос хойш чулуу гишүү овоолж базаасан билээ. Хэдэн том үхэр чулуу ойрхон хэвтэх бөгөөд хэрэг болбол түүгээр агуйн амыг таглаж бат бэх хаалт босгож болох байлаа. Нао зугтаж амь гаръя гэж бодсон боловч тэдэнд цорын ганц зам байлаа. Энэ нь усанд хүрэх чулуун хошуу бөгөөд тэгвэл саарал баавгайн яг өмнөөс угтан очих хэрэг гарна. Тэд тэр хошуу дамжин мэдэгдэхгүй гарч амжлаа ч гэсэн саарал баавгай нүсэр том биетэй болхи амьтан хэдий ч хурдан шаламгай хөөсөн амьтнаа ил задгай газар бол хялбархан хөөн барьдаг билээ.
Одоо тэдэнд ганц амь гарах арга бол модонд авирч гарах явдал байв. Гэтэл аз дутахад ойролцоо нь нарийхан саваа шиг мод үзэгдэх бөгөөд тийм модонд гарах хэцүү, гарлаа гэхэд энэ эцэж цуцахыг үл мэдэх зөрүүд зантай махчин амьтан бас олсон олзоо тийм ч амар хаяад явчихгүй эцсийг нь хүртэл харуулдан суух авъяастай билээ.

***

Нэг ч илүү хөдөлгөөн гаргахгүйг хичээн агуйн аманд хад налан суугаа Гавыг баавгай олоод үзчихэв үү, аль эсвэл орон дэлхийгээр хэрэн тэнэж явсаар сая гэртээ буцан ирж байгаа агуйн эзэн юм уу, юутай ч тэднийг чиглэн саарал баавгай дөтөлсөөр.
Наог муу, сайн элдвийг эргэцүүлэн бодох зуур баавгай огцомхон гүвээгээр уруудаж эхлэв. Бэлд нь хүрээд тэрбээр шонтгор хоншоороо өргөн чийглэг агаарыг үнэрлэн хэсэг зогссоноо яаралгүй урагш хөдлөх нь холдоод явчих шиг Уламрчуудад санагдлаа. Гэвч тэр голын эрэгт хүрээд гарам уруу хэзээний мэддэг юм шиг зоригтой хүрч очоод хадан цохиот оргил хүрэх чулуун хошууны эсрэг талд зогсоод авлаа.
Уламрчуудын ухрах ганц зам хаагджээ. Тэр чулуун хошуу агуйнаас арай дээрхэн төгсөж хадан цохио болон нуурын ус руу эгц буужээ. Ийм болохоор одоо тэд нарийн хошуу даган явахад тэр махчинтай нүүр тулан учирна. Тэгээд Уламрчууд доош гол уруудан зугтлаа ч саарал баавгай тэртээ тэргүй нарийхан голыг гатлан зугтагсдын замыг хааж амжих билээ.
Одоо тэр амьтан бидний энд байгааг үзэхгүй яваад өгчих юм биш байгаа гэдэг ганц сохор найдлага л тэдэнд үлдэв. Гэтэл саарал баавгай бүр агуй уруу довтлох янзтай бэлтгэж эхлэв. Нао Намыг сэрээж гурвуулаа бул чулууг агуйн ам уруу зөөж эхлэв.
Байрандаа эргэлдэж байснаа баавгай гэнэт ус уруу харайн орж гол гатлав. Эрэг дээр гарч ирээд тэр биеэ сэгсрэн нарийхан чулуун хошуу дамжин дээш яаралгүйхэн авирч эхлэв.
Агуй уруу ойртох тусам сарны тодхон гэрэлд үсэрхэг бие нь улам тодрон харагдаж том аман дахь хурц цагаан соёо нь заналтайяа цайран үе үе үзэгдэнэ.
Нам Гав хоёр энэ аюултай махчин амьтныг хараад сүрдэн түүний өмнө хүч буурайгаа ойлгон хумхаа өвчин туссан юм шиг чичирнэ. Тэдний орь залуу зүрх нь зайлшгүй тулгарсан үхлийн тулааныг бодохоор шархадсан шувуу адил чичрэн булгилна. Амьд явахын туйлын хүслэн залуу эрсийн бие сэтгэлийг эзэмдэв.
Нао ч гэсэн тайван биш байлаа. Тэр учрах дайсны аюултайг мэдэх болохоор түүнд гурван хүний учрыг олоход өчүүхэн хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгов. Түүний арьс нь боржин чулуу шиг бат бэх, яс нь хас тэнэгэр зэвтэй жад, чулуун сүхээс ч дутахааргүй билээ.
Уламрчууд агуйн амыг таглах ажлаа санд мэнд хийсээр төдөлгүй өмнө нь өндөр чулуун хана босов. Залуу дайчид баруун талдаа босоо хүний дайтай өндөрт ганцхан нүх бөглөлгүй орхилоо.
Энэ үед баавгай дөхөн ирээд агуйн ам уруу хүрч очив. Өмнөө тулгарсан саадыг үзээд тэр зогсон гайхсан байртай хүнд толгойгоо сэгсрэн дороо эргэлдэж эхлэв. Энэ махчин амьтан хүмүүс энд байгааг аль хэдийн мэдсэн, бас чулуун хаалт барих үед гаргаж байсан чимээг нь сонссон боловч ичээндээ орох хаалгыг нь гэнэт ингээд таглачих юм гэж огтхон ч бодоогүй биз.
Баавгай орон байрыг нь хоёр хөлтэй амьтан ирж эзэлсэн, өмнө нь гэнэтийн саад бий болсон хоёрын хооронд ямар нэг холбоо байна гэдгийг бүдэг бадаг мэдрэв. Өмнө нь учирсан саад түүнийг жаахан тэвдүүлсэн боловч ард нь нуугдсан дайсныхаа хүч буурайг зөнгөөрөө тааварлан сэтгэлээ өчүүхэн ч зовоосонгүй.
Тэр махчин эхлээд сэгсгэр толгойгоо яаралгүйхэн сэгсрэн, мөнгөлөг цагаан туяатай үсэрхэг цээжээ тэнийлгэв. Дараа нь байдгаараа гэнэт уурлаж гарав. Ер нь дуугаа дүнсгэр ууртай байдал бол түүний гол шинж аж. Сөөнгө хоолойгоор сунжруулан архирч хойд хөл дээрээ өндийн ирэв. Бие нь хэтэрхий урт атлаа богинохон майга үсэрхэг хөлтэй энэ байдал нь хүнтэй улам ч төстэй аж. Хүнд хөлөө ээлжлэн ээлжлэн зөөж чулуун хана уруу дөхөн ирээд толгойгоо бөхийлгөөд онгорхой орхисон нүхээр шагайгаад авав.
Агуйн тэртээ харанхуй буланд шигдэн нуугдсан Нам Гав цахиур сүхээ, Ирвэсийн хүү хүнд бороохойгоо бэлэн барьжээ. Тэд баавгай хана эвдлэх гэж онгорхой нүхээр савраа цухуйлгавал барьсан зэвсгээрээ бяц цохих гэж бэлтгэв. Гэвч бул чулууны завсраар тусах зурвас гэрэлд өмнө нь гэнэт хавтгай духтай том сэгсгэр хоншоор, хануур жад шиг хурц шүд нь хоёр эгнээ ярайсан хагас ангайсан ам нь харагдаад ирэв. Нам Гав хоёрын сүх тэр махчны толгойд нэг зэрэг хүчтэй буулаа. Нао бороохойгоо далайсан боловч бачуухан нүхээр үхлийн цохилт өгөхөд нь саад болов.
Баавгай архиран ухарлаа. Гэвч тэр шархдаагүйгээр үл барам хоншоор дээр нь ганц дусал ч цус үзэгдсэнгүй. Тэр махчны нүд ногоон туяа цацруулан, хүчирхэг эрүү шүдээ хавирч, доромжлогдсон дургүйцлээ илэрхийлнэ. Саяын авсан сургамжаа мартсангүй, агуйд шууд дайран түрж орохын оронд эхлээд аюултай саадыг устгахаар шийджээ.
Агуй уруу дахин дөхөж ирээд савраараа чулуун ханыг тэмтрэн үзээд түлхэв. Хана үл мэдэг чичрэн хөдөлнө. Тэгэхээр нь бүх хүчээ төвлөрүүлэн ганхуулж эхэллээ. Мөн мөрөөрөө нэг түлхэн, хумсаараа маажлан үзсэнээ жаахан ухраад аварга биеийнхээ бүх жингээр хүчлэн түлхэв.
Эцэст нь хананы сулхан хэсгийг олж тэнд байдаг хүчээ төвлөрүүлэхийн алдад хана ганхаад ирэв. Xол зогсож байсан Уламрчууд энээ тэрээ гэлгүйгээр яаж хамгаалах аргаа дорхон нь олж Нам Гав хоёр дотроос нь мөрөөрөө тулахад хана ганхахаа болив. Нам баавгайн нүдийг хануур жадаараа нэвт хатгах гэж нүхээр шагайн зохистой цагийг анан хүлээнэ. Төдөлгүй баавгай ийм маягаар саадыг зайлуулж чадахгүй нь гэдгээ ойлгов бололтой. Энэ амьтны мунхаг ухаанд, он удаан жилийн туршлага байвч ийм ойлгохын аргагүй юмтай учирсандаа бүр ч мэгдэв. Тэгээд хойд хөл дээрээ оцойн суугаад толгойгоо данхалзуулан үл итгэн гайхсан байдлаар үнэрлээд ажиглаж эхэлдэг байна. Эцэст нь буруу юм хийж байна гэж бодсон бололтой дахиад л хана уруу дөхөн ирж алгадаад авав. Тэгснээ холоос эрчтэй гүйж ирээд мөрлөн түлхсэн боловч хана ер бууж өгсөнгүй. Тэр амьтан болгоомжлон сэрэмжлэхээ умартан улангасан уурлаж дайралтад орлоо. Хананд харагдаж байгаа жижиг нүх анхаарлыг нь татжээ.
Тэр нүхээр чөлөөтэй ороод явчхаж болох шиг түүнд санагдсан бололтой, Учрах аюулын тухай ч бодох чөлөөгүй тэр түүний зүг дайрахад хануур жад исгэрэн зовхинд нь шигдэн орсон боловч тийм юм түүнийг зогсоож чадахгүй болжээ. Хана цөмрөн унав.
Нао Гав хоёр агшин зуур агуйн гүн уруу харайн холдов. Нам тэдний жишээг дагаж амжаагүй байтал галзууран дайрсан амьтны саварт орж явчхав. Залуу эр амь, амьдралаа аврах сөгөө ч байсангүй. Хүчин мөхөстсөн тэр арслангийн саварт үнгэгдэх зээр шиг нүдээ дүрлийлгэн, гараа сунган бэгтрэн зогсож үхлээ хүлээв. Энэ үед сандарч тэвдсэн Нао нөхөрт нь аюул тулгараад байгааг үзчихээд сэтгэл чанга, эр зоригт хүмүүсийн шинж болсон уужим тайван самбаа, зоримог сэтгэл дорхноо эзэмдэв. Хэрэггүй болсон сүхээ хажуу тийш нь шидээд булцуутай царсан бороохойгоо хоёр гараараа атган дайснаа угтан алхлаа.
Баавгай түүнийг олж үзэв. Саварт арваганах хүч дорой олзоо хэрцгийлэн дарахаа хойш тавьж, Намыг хажуу тийш нь шидчихээд сүртэй догшин архиран Ирвэсийн хүүгийн зүг эргэлээ. Гэвч тэр махчин аюултай соёо, хурц хумсныхаа ид шидийг гаргаж чадсангүй. Наогийн бороохой нүд ирмэхийн зуур хоншоор дундуур нь бууж, хамраас нь цус садрав.
Хажуу талаас өгсөн хоёр дахь цохилт урьдахын адил тийм хүчтэй эс ч эмзэг газрыг нь оносон тул аюулд оров. Баавгай өөрийн эрхгүй ухран ухасхийлээ. Тэр эмзэглэн шуухинана. Энэхүү цохилт юунд ч үл шантрах хүдэр том гавал дундуур нь таарчээ. Баавгай сэхээ авч, өвдөж хорсож уурласандаа дайсныхаа зүг дайран оров. Энэ үед Нао харанхуйг далимдуулан хүрмэн чулуун ханан хадан хошууны цаагуур нуугдан зайлж амжив. Түүний дэргэдүүр баавгай цасан уруй шиг давхин өнгөрч шархадсан хоншоороо өргөн чулуун ханыг мөргөөд авав. Түүнийг мэлрэн гайхах энэ агшинд аль хэдийн ард нь хүрч очсон Наогийн бороохой нуруу ясыг нь хэмх цохиж шилэн хүзүүн дээр нь бууж муужруулав. Тэр махчин дороо эргэлдэн ганхсаар газарт уналаа. Өөрийнхөө ялалтад баярлан бахархсан Нао эрсдэн унасан дайснаа галзуурсан юм шиг нүднэ. Энэ үед Нам Гав хоёр хүрч ирэн цахиур сүхээрээ гүзээг нь хага татав.
Цусаар бялдсан энэ аварга амьтны бие эцэстээ чичивч хийхээ болиход Уламрчууд сая нуруугаа тэнийлгэн, зэвсгээ доош нь тавьж бие биесээ дуугайхан харав. Энэ бол баярт мөч байлаа. Нам Гав хоёрын нүдэнд Уламрчууд болон ер нь бүхнээс хамгийн хүчтэй нь одоо Нао болж харагдав. Фаум, Гу, Барын хүү болон өнгөрсөн үеийн дайчид болох өвгөн Гоуны саруул ухаанд одоо хэр хадгалагдан үлдсэн тэр бүх нэрнүүдийн дотроос хэн нь ч тэр ил газар саарал баавгайтай халз тулалдаад бороохойгоор алж байсан түүх байсангүй. Тийм ч аз тэдэнд тохиолдсонгүй. Ийм болохоор тэдэнд хэрвээ Гал олзлон авч төрсөн овогтоо буцан очих аз байвал Уламрчуудад нөхрийнхөө энэ гайхамшигт ялалтыг дурсан ярьж тэр өдрийг мөрөөдөн үлэмжийн хүчит нөхрөө бахдан харах нь мэдээж.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.05.14 9:10 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Энийг багадаа ганц айлд олж уншсан. Их сайхан орчуулгатай ном байж шүү.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.05.14 10:41 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
croft wrote:
Ophiophagus Hannah wrote:
Чи хүний юм өгөөч нтр алив аваад ир би дамжуулаад өгчихье

Ха ха би харин тэр хүнээс нь дам авсан бололтой. Булан хэсэгтээ үзүүрийг нь хивчихсэн ном байна.

Тэгвэл надаас авсан золиг л хивчихэж дээ. Миний номнууд хэд ч уншсан цоо шинээрээ юм шиг л байдаг байсан юм даг :hihi:


Top
   
PostPosted: Apr.05.14 11:25 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
croft wrote:
Энийг багадаа ганц айлд олж уншсан. Их сайхан орчуулгатай ном байж шүү.

"Лённебергийн Эмиль хүүгийн адал явдал"-ыг орчуулсан Д.Гонгор гэдэг орчуулагчийнх байгаа биз дээ. Герман, Орос хэлнээс нэлээд олон ном орчуулсан байхаа :think: .


Top
   
PostPosted: Apr.06.14 3:54 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6306
Location: Энд
Би энэ номыг харж байснаа санахаас уншиж байснаа санахгүй байна. Заримдаа уншиж байсан юм шиг санагдаад Заан Залуудайтай андуураад байх шиг.

Баярлалаа Крофтоо :wd: :wd: Яанам бэ унших ном мөн ч их байнаа. Бушуухан нэг сайхан том номын цуглуулгатай болж авахиймсан тэгээл уншаал уншаал ккк

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.07.14 1:29 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Дөрөвдүгээр бүлэг
АГУЙН АРСЛАН, ӨЛӨГЧИН БАР ХОЁР

Нао болон түүний дагуулууд өмнө зүгийг барин явсаар нэг cap болов. Халуун орны ойт хээрийг ардаа аль хэдийн орхижээ.
Тэд өтгөн ойн дундуур явж байв. Энэ битүү ойн шугуй эцэс төгсгөлгүй юм шиг тэдэнд санагдана. Уламрчуудын замд өндөр өвс битүү ургасан ойн цоорхой, багахан хэмжээний нуур цөөрөм тааралдах боловч түүнийг өнгөрмөгц гаталж болшгүй ширэнгэ дахиад л залгана. Нүд алдам тэнгис мэт цэлийх ой үргэлжилж хаа нэг гүн гуу жалга тааралдан дээш доош өгсөн уруудна.
Ургамал амьтан бүхэн энэ ойд дүүрэн аж.
Бар, арслан, ирвэс, чоно, чононцор, гахай, марал, зээр, хирс, буга, илжиг, бор гөрөөс тэргүүтэн хаа сайгүй тааралдана. Энд тэр ч байтугай зуун жилийн өмнөөс сөнөж эхэлсэн махчин том амьтдын төрөл болох ховордсон агуйн арслан ч үзэгдэнэ.
Шугуйд хаа нэгтээ хамгийн хүчтэй гэгдэх салхи шуурганаас ч илүү хохирлыг ойд үзүүлдэг арслан заанууд явж өнгөрснийг илтгэх суга татагдаж унасан мод, нүцгэрсэн мөчир, хөглөрсөн өргөн цавчаал үзэгдэх ажээ.
Ийм аюултай газарт Уламрчуудад хоол хүнс элбэг олдох боловч хэзээ ч гэсэн өөрсдөө тэр том махчин амьтдын зууш болж болохоор байв. Нао Нам Гав гурав тохиолдож болох аюул бүхнийг нэгэн зэрэг харахын тулд өөр өөрсдийнхөө талыг маш хянамгайлан ypaгш ахисаар байлаа.
Өдрийн цагт бол хурц хараа, сонор чих нь аюулыг цаг алдахгүй урьдчилан хэлж өгч чаддаг байлаа. Бас тэгээд хамгийн аюултай махчин амьтад л өдөр нь амарч байгаад харанхуйд ан авд гардаг хойно доо. Тэдний нүд хүнийхээс ч хурц, аливаа зүйлийг мэдрэхдээ чонотой ч зүйрлэхийн аргагүй аж. Гэхдээ чоно мөрөө буруулж чадах боловч идэш хоол элбэг энэ ойд хүн шиг зальтай, хүчтэй дайсантай тааралдахаасаа бас сэрэмжилнэ. Хамгийн осолтой гэгдэх агуйн баавгай бол ургамал үндэс олдохоо болих өвөл цагаар ан амьтдын авд гарах бөгөөд жилийн бусад улиралд энэ аюулт амьтан үр жимс, идэж болох үндэс төдийгөөр өлсөх аюулаа дардаг билээ.
Ийнхүү Уламрчууд сэтгэл түгшин өдрийг өнгөрөөж орой болохоос өмнө хоноглох газраа олох гэж зүтгэх нь олонтаа. Тэд байгалиас тогтсон агуй олбол дээдийн нь заяа бөгөөд модны үндэс, өргөст бут сөөгөнд байдаг гүн нүх олж хоргодох нь цөөнгүй. Заримдаа бүр чулуугаар хоргодох байр барих хэрэг ч гарна.
Тэд ихэвчлэн бие биестэйгээ ойрхон тогтсон том модыг сонгон авч хоног өнгөрүүлэх ажээ.
Гэвч Гал байхгүй нь Уламрчууд бүхнээс илүү зовлонтой байлаа. Саргүй шөнө тэдэнд харанхуй гэгч мөнхийн юм шиг санагдана. Шөнийн харанхуй сэтгэлийг нь зовоож хүнд дарамт учруулах бөгөөд гэнэт хаа нэгтээ алсад галын оч дүрсхийн асаж хуурай мөчрийг галдан шатааж эхлэхийг хүлээх шиг ажиглан ширтэнэ.
Гэвч шөнийн энэ харанхуйд алсын одод анивалзан, махчин амьтдын нүд ногоон гал болон гялалзахаас өөр юу ч үл үзэгдэх ажээ.
Чухам ийм үед л дайсагнасан ширүүн хорвоогийн дунд ганцаардмал, хачин мөхөс болохоо дайчин эрчүүд сая мэдэрдэг байлаа. Тэд төрсөн овог отог, ах дүүсээ сэтгэлдээ гуниглан санагалзаж хамтдаа байсан сан бол ямар ч хүнд хэцүү сорилтыг сэтгэл амар давах сан гэж бодно.
Ой мод нэлээд сийрэгшиж ирэв. Гэвч баруун зүг бив битүү ширэнгэ харанхуйлан харагдана. Дорно зүг ахих тусам хэсэг бусаг модтой, намхан бутлаг ургамал ургасан тэгш тал газар үргэлжилжээ. Бух гөрөөс, бизон, буга, бөхөн, адуу модны шинэхэн төглийг мэрэн өл авч байдгаас ой модыг цааш түрэн ургах аюулаас хамгаалах ажээ. Тэгш тал дундуур өргөн гол дорныг чиглэн урсжээ. Энд хар улиангар, цагаан буурал бургаас, улиас, нүргэс, хулс, зэгс холилдон ургасан аж. Хаа нэгтээ мөсөн овооны хар хүрэн мөгцөг тааралдана.
Нэг өдөр ийнхүү шувтарч оройн урт сүүдэр газарт буужээ.
Голын эргээр гарсан олон тооны мөр харуй бүрий болохоор хэчнээн амьтад усанд орж ирдгийг илтгэнэ. Нао Нам Гав гурав амны цангаагаа яаран гаргаж хоноглох аюулгүй газар эрэх ажилдаа оров. Хаа сайгүй цацагдсан бул чулуу ямар нэг оромж барихад цаг их үрэх тул таарамж муутай байлаа.
Нам Гав хоёр тохирох оромж олохын тул цөхөрсөндөө ой уруу буцахад ч бэлэн байв. Гэнэт Нао орой нь бараг шүргэлдсэн, агуй шиг хэлбэр бүхий, шургаад орчих хоёр нүхтэй том бул чулуу олж харлаа. Түүний нэг ам нь нохой арай багтаад орчихгүй боловч бага жижиг амьтад айвуухан ормоор боловч нөгөө нэг нь хүн шургаж байж ормоор өргөн аж. Тийшээ бар, арслан, баавгай, арай ч орчхооргүй аж.
Нам Гав хоёр агуй уруу аяархан гулсаад ороод явчхав. Тэд Наог бие томтой болохоор орж ирж чадахгүй нь уу гэж болгоомжилсон боловч Ирвэсийн хүү байдаг чинээгээрээ сунаж хажуулдан зүтгэсээр ядах юмгүй орж ирээд мөн л тийм байдлаараа буцан гарч үзэв.
Энэхүү асар том цул бул хар чулууг арслан заанууд ч бут ниргэж чадахааргүй ажээ. Энд гурван хүн айвуухан багтахаар байлаа.
Уламрчууд нэг шөнийг ч болов айх аюулгүй, махчин амьтад довтлох вий гэж болгоомжлох юмгүй, анх удаа өнгөрөөх болсондоо хязгааргүй баяртай байлаа.
Гөрөөсний түүхий мах, ойн самраар өл залгасан тэр гурав газрын байрыг сайтар үзэх гэж оромжноосоо гарав. Хэдэн буга, бор гөрөөс ус уруу гүйнэ. Хон хэрээ хэзээний улайч зангаараа гуаглан эргэлдэнэ. Үүлэн дунд бүргэд шувуу сүрлэгээр элин халин, халуун орны ойт хээрийн шугуйд цоохор ирвэс, шилүүс тэргүүтэн зээр гөрөөсийг мярайн гэтнэ.
Оройн наранд модны сүүдэр улам уртсав. Нар авхай том үүлс дунд галан бөмбөлгөө асаан ойн цаагуур далд орлоо. Хэдэн мөчийн дараа махчин амьтад анд гарч хээр талын эзэн болох цагийг эзэлжээ. Гэвч одоохондоо тэдний үзэгдэх тэмдэг ер үл үзэгдэнэ.
Талын дээгүүр есөн өнгийн шувуудын шулганах чимээ сонстох агаад нар шингэх зүг уруу толгой өргөн, ирэх шөнийн харанхуйгаас айж, жаргаж байгаа өдрийн гэгээтэй салах ёс гүйцэтгэн сүлд дуугаа өргөн жиргэнэ.
Гэнэт ойн цоорхойд ганц бие бизон харагдлаа. Тэр сүргээсээ тасран хаашаа ийнхүү явдаг нь энэ билээ? Тэр ямар нэг махчин амьтнаас зугтан явна уу, эсвэл ижил сүргээсээ хоцорч хаа хүрэхээ үл мэдэн таамгаар тэнүүчилнэ үү?
Гэвч Уламрчууд ийм юм бодсонгүй. Тэдний төрөлхийн зан нь сэргэн ирэв. Тэр үед хүмүүс өвсөн идэштэн ийм сүрэг уруу довтлох гэж зүрхэлдэггүй байжээ. Тэд гагцхүү ганцаардаж шархадсан буюу, хүч дорой амьтныг агнах зоригтой байж.
Бизон гэгч өчүүхэн төдий аюулд сэрэмжтэй, шалмаг зоригтой хандан, амь амьдралынхаа төлөө тэмцэлд зохицсон амьтан билээ. Ийм болохоор өөрийн хүчиндээ итгэн тэр итгэлтэй тайван явax аж.
Нао бөглүүхэн дуу алдан хөл дээрээ үсрэн босов. Тэр өргөн цээжтэй, эгц босоо эвэртэй хүчирхэг амьтныг хараад зүрх нь дэлсжээ. Энэ өвсөн идэштэн амьтантай тулалдан үэвээс саарал баавгайг алснаас ч илүү өндөр ганьяаг авчирна гэдгийг мэдсэн Ирвэсийн хүүгийн зүрх цохилон судас нь булиглан эхлэв. Гэвч өөр нэгэн төрөлхийн зан нь дотоод сэтгэлд нь зөрчилдөнө. Энэ нь идэх төдий шуналдаа автан хэрэгцээгүй байж ийм амьтныг устгаж яах юм билээ дээ хэмээн тушаана. Тэр үед залуу дайчдад шинэхэн махны нөөц их байжээ.
Сав саяхан саарал баавгайг ялан дийлснээ бодохоор Ирвэсийн хүү бизонтой тулалдсанаар олдох алдар нэр хомсхон юм гэдгийг ойлгоод далайж байсан бороохойгоо газарт буулгав.
Юу ч үл сэжиглэх бизонууд алгуурхан гол уруу цувна.
Гэнэт гурван Уламрчууд олж үзэхээсээ өмнө аюул ойртсоныг зөнгөөрөө мэдэрч сэрэмжлэв. Тэдний эргэлзэж байсан нь төдөлгүй итгэл болон хувирлаа. Наогийн дохиогоор Нам Гав хоёр агуйд гулсан оров. Ойн цоорхойд гүйж яваа бугыг үзэн үзтэлээ Нао тэдний араас орохыг яарсангүй. Ан амьтад ухаангүй айж хуйларна. Салаа эврээ данхайлгасан буганы амнаас цустай хөөс сахарна.
Модны цаанаас хөөсөн амьтан нь гарч ирэхэд буга ойн цоорхойгоос бүр гучаад алхам холдож амжсан байлаа. Тэр бол бар бөгөөд тагдгар намхан биетэй, уян хатан, шөрмөслөг маягийн амьтан аж. Нэг харайлтаар хорин тохой газрыг авсаар урагш хүрдална. Хажуу талаас нь харахад харайх ч биш газарт тавхай нь хүрч ядан агаарт гулсан явах мэт ажээ.
Тэр бар нэг харайгаад л агшин зуур зогсосхийх нь шинэ хүч сэлбэн авах шиг харагдана.
Нөгөөх буга улам хурдлан зогсолтгүй харайна. Гэвч өдөржин амарч анд гарч байгаа бар бүхэл өдөр тэнэж ядарсан бугыг төдөх юмгүй гүйцэх дөхөв.
— Бар бугыг гүйцээд авлаа гэж Нам сэтгэл зовон чичирсэн дуугаар дуу алдав.
Энэхүү хоёр амьтны хөөцөлдөөнийг сэтгэл хөдлөн харж байсан Нао:
— Буга цуцахгүй гэлээ.
Гол хүрэх зай тал нь хорогдов. Гэтэл буга итгэхийн аргагүй хүч гарган хурдаллаа.
Хэсэг зуур энэ хоёр амьтан ижилхэн хурдлан байснаа барын харайлт аажимдаа саарав. Гол ойрхон харагдахгүй бол лав бугыг мөрдөн хөөхөө болих байсан биз. Гэвч усанд сайн болохоор бугыг усанд орвол дороо гүйцнэ гэж тооцоолжээ.
Буга голд орон эргээс тавин тохой холдсон энэ үед бар сая эрэгт хүрч очлоо. Бар шуудхан голд ороод ер бусын хурдаар сэлэв. Амь амьдрал нь агшнаар хэмжигдэх учир буга сэлэхийн хуньд мөчөөгөө өгсөнгүй. Гол нь нарийхан учир буга эхлээд цаад эрэгт хүрэх нь тодорхой байлаа. Гэвч уснаас гарахдаа нэг л бүдэрвэл дуусах ажээ.
Үүнийг сайтар ойлгосон буга хайргаар хучигдан хошуурсан налуу эргээр гарах гэж жаахан ташив. Бугын тооцоолсон зөв байсан боловч хуурай газар дээр зогсоод хэсэг зуур тээнэгэлзэн зогсож саатав. Энэ хугацаанд бар арван таван тохой газрыг туулав.
Барыг уснаас гарч харайх энэ үед буга эргээс apaй гэж хорин тохой газар холдож амжсан байлаа. Гэв энэ үед нэг юманд торон бүдэрч унаснаар барыг гэнэтийн золгүй явдалд учруулав.
Буга ингээд амь гарах нь тэр. Одоо түүний араас мөрдөөд ямар ч нэмэргүй аж. Бар үүнийг ойлгож бугыг элдэж байх үед нүдний нь үзүүрт бизон жирэлзэн өнгөрснийг нэхэн санаад эргэж ус уруу зугуухан орж хөвөв.
Бизон энэ хэр бараа нь тасарч амжаагүй байжээ. Бар буга хоёрын хөөцөлдөхийг хараад ой уруу буцан оржээ. Гэвч барыг зэгсэн дунд үзэгдэхгүй болохоор тээнэгэлзэн зогссон байлаа. Гэвч болгоомжлох нь туйлдаа хүрсэн тэр бизон ширэнгэнд нуугдах гэж Уламрчуудын хоргодож байсан чулуун овооны дэргэдүүр гарч ойн зах уруу гэлдэрлээ.
Хүмүүсийн үнэр аваад бага залуудаа тэдний шидсэн ирмэгтэй чулуунд оногдож нэгэн удаа шархадсанаа нэхэн санав. Тэгээд хажуу тийшээ булт үсрэн харайж oй уруу хар хурдаараа алга болов. Тэгснээ бараг ойн захад хүрэн алдах үедээ том томоор харайн ойртон айсуй барыг олж үзэв.
Одоо зугтаад нэмэргүй гэдгийг ойлгосон бизон халз тулахаар эргэв. Улаан шаргал үстэй өргөн цээж нь ухас ухасхийн өндийн ирж том нүд нь хөх ягаан өнгөөр гэрэлтэнэ. Энэхүү өвсөн идэштэй, тайван зантай амьтан одоо дайсантай тулалдах уур омог дүүрэн, айх эргэлзэх санаагүй аюултай дайсан болж, биеэ хамгаалах төрөлхийн зан нь эр зориг болон хувирав.
Бар аюултай дайсантай учирснаа сая ойлголоо. Иймд тэр дороо довтолсонгүй. Эхлээд хэвлээр явагчид шиг бүх биеэрээ мурилзан гэтэж дайсан этгээдийнхээ сандарч тэвдэн эгзэг гаргавал нуруун дээр нь харайн бууж ганц цохилтоор сээр нурууг нь хугалах юм уу, ил харагдах хүзүүг нь тас мэрэх агшинг хүлээв.
Гэвч анхаарал сэрэмжтэй бизон дайсныхаа хөдөлгөөн бүрийг алдалгүй ажиглан хурц эвэртэй ясархаг том духаа түүний зүг харуулан зогсов.
Гэнэт бар бизоныг мартаж таг болов. Тэр нуруугаа нумлан хөдөлгөөнгүй гөлийх шар нүдээ ойртон ирж байгаа чацархаг том өргөн цээж, өтгөн хар дэлтэй аварга амьтан уруу чиглүүлэв.
Энэ амьтны итгэл муутай алхаа нь бусдын нутагт дайжиж яваа ангуучны сэжигтэй байдлыг санагдуулна.
Бар бол өөрийн нутаг орондоо байгаа амьтан. Тэр арав гаруй cap энэ нутгийг эзэмдэн байгааг ирвэс, баавгай, чононцор зэрэг бусад махчин амьтад ч хүлээн зөвшөөрөх билээ. Иймд хэн ч түүний олзыг булаалдахыг зүрхлэхгүй нь мэдээж. Иймээс ч түүнийг буга, марал, аргал, бух гөрөөс, бизон, зээр гээд ямар ч амьтныг агнахад нэт ч амьд амьтан тээг болдоггүй байлаа. Гагцхүү өвөл болохоор саарал баавгай түүний энэ эзэмшил газар үзэгдэх явдал бий. Бусад барнууд хойд зүгт, арслангууд Их голын ойролцоо амьдрах аж. Тэр сонор соргог зан, уур омгоороо хэнд ч бууж үл өгөх хирс, мөнх ногоон модны гол шиг бүдүүн хөлтэй арслан заан хоёрт л зам таньж өгнө.
Гэтэл одоо болтол бараг сөнөж мөхсөн энэ аварга амьтантай нүүр тулан учирч байсангүй. Гэхдээ түүнийг аварга хүчтэй, шалмаг гавшгай амьтан болохыг зөнгөөрөө мэдэх билээ. Тэгсэн хэдий ч бар өөрийн хүч буурайг ойлгож удтал эзэмшсэн газар нутгаа ямар ч тэмцэлгүй найр тавин өгөхийг үл хүснэ.
Өрсөлдөгчийнхөө өмнө бууж өгөөгүй боловч нуруугаа хотойлгон газарт тэрийн хэвтээд хурц соёогоо заналтайяа ярзайлган толгойгоо гудайлгав.
Агуйн арслан цээж дүүрэн агаар сорон архирч, хойд савраараа газар самардан ганцхан ухасхийгээд хорин таван тохой газар харайгаад буучхав.
Бар айж арагш ухарснаа арслангийн хоёр дахь харайлтад буцаад зугтах гэж байгаа юм шиг сүүлээ хавчив. Гэвч айсан хүн адуу үргээнэ гэгчээр дэмий л нэг дайсан уруугаас архирав. Түүний шар нүд улангасан уурласнаасаа болж улам ч ногоорч угтан тулалдахаар зэхлээ.
Барын зан ааш гэнэт ийнхүү хувирахад Уламрчууд төдөлгүй учрыг нь ойлгож эхэллээ. Зэгсэн дундаас бардаа туслахаар хөл нь бараг газарт хүрэхгүй шахам харайсаар өлөгчин бар гарч ирэв. Нүд нь цог шиг гялалзана.
Агуйн арслан хүч чадалдаа эргэлзэх сэтгэл төрж ухрах ээлж нь ирэв.
Хүржигнэн архирах эм барынхаа дууг сонсоод гэнэт бар угтан харайгаагүй бол тэр хоёр эзэмшлээ тулалдаангүйгээр өгчих байсан болов уу гэж бодоход хачирхмаар...
Агуйн арслан санаа буцахад бэлэн байсан боловч ямар ч цээрлэл үзүүлэлгүйгээр ийм зоримог өдөөн хатгасныг нь хүлцэн орхиод явж чадсангүй. Хүч чадалдаа эрдэн тоо томшгүй амьтныг тасар татан идэж ялалт байгуулж байснаа бодохоор хөвчин бие нь чангарна. Одоо баранд ганцхан алхмын л зайтай байлаа. Агшин зуур нисэн харайж буув. Тэгэхэд нь бар хажуу тийшээ үсрэн холдож агуйн арслангийн бөөрөн талаас дайрах гэлээ. Энэ үед агшин зуурын довтолгооноос урьтаж хажуу тийшээ зайлав.
Арслан бар хоёрын хурц хумс, махир соёо нь харшилдлаа... Бөглүүхэн архирах дуу, аюултай эрүү шүдээ хавирах дуу сонстоно. Бие багатай ч гэсэн бар агуйн арслангийн хоолойд асан зууралдах гэж тэмүүлсэн ч том саврын нь ганц гялсхийсэн цохилт нь газарт унагав. Энэ агшиндаа агуйн арслан нөгөө савраараа гүзээг нь хага татлаа. Барын гэдэс дотор цустай холилдон цуврав. Халуун орны ойт хээр талд галзуурсэн юм шиг хурхирах дуун татав.
Эм барыг гүйн ирэхэд агуйн арслан гэнд барыг хэсэг бусаг тасчин аядаж байлаа. Шинэхэн цусны үнэр авсан эм бар тээнэгэлзэн зогсож ижил ханиа дуудан архирав.
Түүний дууг сонсоод гэнд бар ер бусын хүч гapгaн агуйн арслангийн савраас мултарч эм бар уруу гуйвлан дөхөв... Хоёр гурав алхаад зогслоо. Хүч нь сульдаж гагцхүү нүд нь амьдын гэрлээр гэрэлтэнэ.
Олсон олзоо хувааж, үр садаа хамгаалан, аливаа аюулаас өмгөөлөгч болж явсан нөхрийнхөө амьд явах хугацаа бага үлдсэнийг эм бар ойлгожээ. Түүний аливаа юманд харамсал үл төрөх сэтгэлийнх нь гүнд аюул учирсан гэнд бараа хайрлан өрөвдөх сэтгэл бүүр түүр төрнө. Гэвч өмнө нь гэнд бараас илүү хүчтэй амьтан байгааг ойлгон амиа бодон сүрдэн чичирч бөглүүхэн архирна. Тэгээд гэнд бар уруу сүүлчийн харцаа шидэн ой уруу зугтан одов.
Агуйн арсланд түүнийг мөрдөн хөөх хүсэл төрсөнгүй. Тэр гэнд барыг бүр зүйл дуусгах гэж яарсангүй, ялсандаа ид бахаа ханган амь таньж байгаа хөдөлгөөн бүрийг ажиглан зогсоно. Учир нь тэртээ тэргүй өнгөрч байгаа амьтан уруу ойртож дэмий шарх авахаасаа болгоомжилжээ.
Оройн нар хүүшилсэн цаг. Шингэх нарны час улаан туяа агаар тэнгэрээр нэг татна. Өдөржин бужигнаж байсан ан амьтдын хөл татарч нам гүм болов. Гагцхүү чонын улих, чононцрын улин инээж, шөнийн шувуудын шулганах, мэлхий вааглах, царцаа дэвхэргэ цар цар хийх дуун сонстоно. Шингэх нариы сүүлчийн туяа үүлэнд уусаж дорно зүгт тэргэл саран гарч ирэв.
Халуун орны ойт хээр талд үхсэн амьд хоёр махчнаас өөр юм үл үзэгдэнэ. Бизон ч тэдний тулалдаанаас дайжин алга болжээ. Харуй бүрий болоход мянга мянган амьтад шөнийн авдаа гарах махчингуудын үнэр аван хөдөлгөөнгүй нуугдацгаах аж.
Агуйн арсланг өлсөх аюул өдөр бүр нэрвэдэг болохоор тоо томшгүй зэрлэг шувууд хүртэл төгөл дунд нуугдана. Арслан хаа ч явсан мэдэгдэх аж.
Хүчирхэг савраараа хад чулууг булга татах, модны мөчрийг тас няс хугалах их чимээ нь амьтан бүхэнд түүний ирж байгааг зайлшгүй анхааруулах болохоор түрүүлж зугтан одно. Бас тэгээд түүний үнэр гэж нялуундуу эхүүн тул ив илэрхий байдаг аж.
Тийм үнэр амьтны хөл татарсан ширэнгэнд бол хааш хаашаа хол тархах бөгөөд усны гадаргаар ч хаа хамаагүй тархана. Энэ нь хүч буурай амьтдын хуньд авралтай байлаа. Ийм болохоор түүнийг ирэхээс өмнө бүгд гаран алга болох учраас хаа ч явсан газар нутаг ан авгүй эзгүйрнэ. Ийм үед олз омог муутай байгалийн хаан маань жинхэнэ ганцаардмал амьтан болон хувирдаг байв.
Ингээд шөнө болохоор өлсөх нь туйлдаа хүрнэ. Энэ намар дасаж cypcaн нутгаасаа өлсөхийн эрхээр гарч хэдэн голыг гатлан үл таних энэ хязгаар нутагт тэнүүчилж эхэлжээ. Нэгэнтээ гэнд барыг ялсан болохоор энэ хязгаар нутаг хэнд ч хүртээлгүй түүний эзэмшлийнх болов.
Агуйн арслан чимээ чагнан өвсөн дундуур зугтах бяцхан амьтдын чимээ, үүрэндээ шулганах бор шувууны бужигнааныг олж арай ядан сонсов. Бас хар улиангарын оройд хоёр хөх дэглий байхыг үзэв.
Гэвч сонор сэрэмж ихтэй арслан энэ жигүүртнийг гэнэдүүлэн барьж авч чадахгүй гэдгээ мэджээ. Бас тэгээд нас биед хүрсэн цагаасаа хойш гагцхүү гарын ая даах бүдүүн мөчиртэй модонд дөрөөлөн гарч байсан билээ.
Амь таньж байгаа гэнд барын цусны хурц үнэр өлсгөлөн арслангийн хоншоорт улам ч содон үнэртэж ходоодыг нь гижигдэнэ. Тэр гэнд бар уруу дөхөн очив. Гэвч түүнийг үнэрлэхээр хор үнэртсэн юм шиг ой гутна.
Гэнэт агуйн арслан улангасан уурлаж гэнд бар уруу дүүлэн очиж ганц далайлтаараа сээр нурууг нь хуга дэлсэв. Тэгээд түүний үхдэлийг дэвсэн авч шидчихээд ойт хээрээр тэнүүчлэхийг завдав.
Тэгтэл энэ үед түүний анхаарлыг бөөн хүрмэн чулуу татжээ. Салхин доор нь байсан болохоор эхлээд хүмүүсийн үнэрийг авсангүй. Гэвч ойртож очоод үнэрлэн байж тэнд хүн байгааг мэдэв.

***

Уламрчууд дагжин чичирч араас нь алдалгүй ажиглав. Тэд бол бугыг зугтан одсоноос хойш энд болсон бүхий л үйл явдлын, гэрч нь биеэрээ мөн байлаа. Үдшийн харуй бүрийд агуйн арслан хоргодсон байрны нь дэргэдyyp хэрхэн эргэлдэхийг ажиглан суув. Нүд нь харанхуйд ногооноор гялалзана. Өлсөх гэж туйлдаа хүрсэн тэр амьтан хүндээр амьсгална. Тэгснээ онгорхой газрыг нь олоод толгойгоо шургуулан зүтгэж үзэв.
Уламрчууд энэ аварга амьтны хүч түрэхийг энэ чулуун овоо тэсэх болов уу гэж түгшин ажиглана. Нам Гав хоёр айхын ихээр айж шүүрс алдан агуйн арслангийн хөдлөх бүрийд хана уруу улам шахан наалдаж байв. Гэвч Нао, сохор хүчиндээ итгэсэнгүй, харин ч оюун ухаанаа хөвчлөн амьд амьтныг үзэн ядах бодол нь улам буцалж үхлийн аюул заналхийлж байгаа боловч үл айна. Агуйн арслан орох үүдний нь хавиар газар малтаж эхэлснээ үзэн ядах ухаан нь уур хилэн болон хувирав.
Арслан нүх ухаж агуйн үүдийг өргөтгөж чадна гэдийг Нао ойлгож сэтгэл нь түгшинэ. Тэгснээ арслангийн хоншоор дундуур бороохойгоороо дэлсээд авав. Тэгэнгүүт архиран хажуу тийшээ болж харанхуйд гойд сайн харах нүдээрээ агуйн гүнд гурван хүний дүрс байхыг бүр тодорхой ялган таньжээ. Гарын доор ийм олз байгаа нь түүний өлөн ходоодыг улам ч гижигдээ биз.
Арслан дахиад л агуй тойрон эргэснээ нүхний дэргэд удтал зогсов. Тэгснээ доогуур нь ухсан нүхээ ахиад л өргөтгөж эхлэв. Гэвч Наогийн хоёр дахь цохилт бас л байрнаасаа ухасхийн зайлахаас өөр аргагүй болжээ.
Агуйд нэвтрэн орох боломжгүй юм гэдгийг apcлан ойлгосон боловч ийм хялбархан олзноос хойш ухрах гэж түвдсэнгүй. Тэгээд бас дахин дотогш татан гүнзгий амьсгалан олзоо үнэрлэснээ хүмүүсийг агнахаас түдгэлзсэн дүр үзүүлэн ой уруу гэлдрэв.
Уламрчууд үүнд хөхөн баясаж, хоргодсон байр нь анх бодсоноос нь ч илүү найдвартай юм шиг санагдаад явчхав. Тэр үеийн анхны хүй нэгдлийн хүмүүс аз жаргал, амар жимэр, гэдэс цатгалан байгаагаа ид хав болгон үгээр уран илэрхийлж тэр бүр чадахгүй байсан болохоор инээмсэглэсэн царайгаар бие биесээ харан хөгжилтэйеэ хөхрөлдөцгөөв.
Тэр гурвын сэтгэлийн гүнд агуйн арслан одоохон буцаж ирэх вий гэсэн сэжиг арилаагүй байсан нь мэдээж. Гэвч тэр үеийн хүмүүсийн цаг хугацааны тухай төсөөлөл ч бас өглөө оройн цагаар хэмжигдэж, энэ нь эцэс төгсгөлгүй юм шиг санагддаг байсан болохоор хөөрөн баярласан сэтгэлийг нь харлуулж чадсангүй.

***

Нао манаанд гардгаараа эхэлж гарав. Тэр унтах ч дур хүрэхгүй байжээ. Өдрийн үйл явдалд Ирвэсийн хүүгийн сэтгэл нь хямарч үхэл амьдралын тухай бодол толгойд нь эмх замбараагүй эргэлдэнэ.
Уламрчууд хүрээлэн байгаа орчлон ертөнцийн талаар багагүй зүйл мэдэх болжээ. Тэд cap хөдөлдөг болох гэрэл гэгээ, харанхуйгаар ээлжлэн солигдож хүйтэн халуун сэлгэн байдаг, гол горхины ус амсхийх завгүй хөдлөн урсаж, бороо, цас орохын гайхамшиг, аянга цахилгааны харгис ширүүн шинж, хүн төрж өсөөд өвгөрч үхдэг тухай олон зүйл мэддэг болсон байжээ. Тэд бас тоо томшгүй олон ан амьтдыг хүч чадал, зан авир, гадаад хэлбэрээр нь андахгүй ялгаж чадна. Өвс ургамал цэцэглэн дэлгэрч, хагдран гандахыг ажиглан мэдэж, мөн галын илчинд жадны зэвээ хатааж, сүх бороохой, хүрз малтуур, хануур жад хүртэл хийж сураад зогсоогүй бас ашиглаж чаддаг болов. Эцэст нь тэд хүмүүст хүч чадал өгч, сэтгэлийг нь сэргээх боловч арслан заан, хирс, бар, баавгай, бух гөрөөс алиныг нь ч болов залгих чадалтай хүсэл сэтгэлийг нь татсан Гал гэгч ямар аюултай хүчирхэг зүйл болохыг мэдэх болжээ.
Наог Гал гэгч хэзээд сэтгэл санааг нь эзэмдэж байлаа. Гал гэгчид амьд амьтан шиг бас хоол тэжээл ч хэрэгтэй. Хуурай мөчир, өвс ногоо, өөх тосны хүчинд өсөн өндийж өөр бусад олон салаа түүдэг үүсгэн бадрааж өөрөө эцэст нь мөхөх ч бий. Гал хэмжээ хязгааргүй тэлэн өсөж хэсэг бусаг түүдэг болон бадарч тэр бүхэн нь бас амьдарч өсөж дэвжинэ. Тэжээн тэтгэх юмгүй болбол Гал гэгч сүр сүлд нь мөхөж бүүдийн бүүдийсээр эцэсг ялаанаас ч бага цог болон хувирна. Гэвч тийм цогонд хуурай өвс дөхүүлбэл л дороо сүрхийн сэргэн дэвжиж ахиад л агуу их ойг ч түймэрдэн шатаах чадалтай болдог билээ. Ийнхүү тэр амьд амьтан шиг хэдий ч тэдэнтэй зүйрлэж яахан болно. Гэхдээ хөл гаргүй боловч зээр гөрөөстэй хурд үзэж чадна. Далавч үгүй боловч үүлэн дундуур ч ниснэ. Уруул ам байхгүй боловч амьд юм шиг уухилж аахилан архирч хүрхэрнэ. Савар хумс байхгүй ч аливаа зүйлийг даван туулна. Иймд Нао Галыг хайрлахын сацуу түүнийг үзэн ядаж, бас айж болгоомжилно.
Бага байхдаа түүнд нэг бус удаа хайруулж үзсэн Нао Галыг гаршуулж болохгүй гэдгийг мэдэж авчээ. Гал гэгч тэжээн тэтгэдэг хүмүүсээ ч залгиж устгах хэзээд бэлэн байдаг. Тэр барнаас хэрцгий догшин, чононцороос санаа муутай нэгэн билээ. Гэвч амьдрал түүнтэй ая зүйгээ олжээ. Шөнийн харанхуй, хахир хүйтнийг үлдэн хөөж, хоол ундыг ааг амттай болгон, ядарсан хүний алжаалыг тайлж, хүний хүчийг сэлбэнэ.
Нао энэ агуйн харанхуйд сууж байхдаа төрөлх отогтоо асан байсан галын тодхон дөл, түүний улаан туяа Гаммлагийн нүүрэн дээр хэрхэн тусаж байдгийг нэхэн санав.
Шөнийн тэнгэрт мандах capaн авхайг харахад Гал ийм л байдаг даа гэж өөрийн эрхгүй санагдана. Шөнийн цагаар хаанаас ийм cap гарч ирээд нар шиг яагаад дандаа шингэдэг юм болоо? Зарим орой тэр дөлөнд хуйхлагдчихсан юм шиг нарийхан хавирган хэлбэртэй болчихсон байдаг. Гэвч өдөр өнгөрөх тутам томрон томорcoop том тэргэл болон хувирдаг. Энэ лав тэртээ огторгуйд байдаг хүмүүс түүнийг бөхөж муудаад эхлэхээр нь гал шиг элдэв зүйлээр тэжээн тэтгэдэг биз ээ.
Өнөө орой бүр том дугараг cap гарчээ. Эхэндээ модны оройгоор том сүүмгэр юм үзэгдэж байснаа тэнгэрийн мандлаар хөөрөн хөөрөхдөө арай бага болсон боловч гэрэл нь яагаад ч юм улам тодхон болов. Энэ мэдээж тэнгэрийн хүмүүс түүнд их тэжээл өгөө биз...
Ирвэсийн хүү иймэрхүү юм эргэцүүлэн бодож суух агшинд шөиийн амьтад андаа гарч байлаа. Хулчгар сүүдэр өвсөн дундуур гулсана. Нао харанхуйд гэрэлзгэнэ, алагдаахай, хөнгөн суусар, оготны чоныг алдалгүй ялган таньж байлаа. Төдөлгүй сарны зурвас гэрэлд хандгай үзэгдэв. Царсны холтос шиг өнгөтэй, нарийхан хөлтэй, нуруун дээгүүрээ дарнайсан олон салаа эвэртэй aж. Хандгай алга болмогц чоно гүйлдэнэ. Тэдний толгой бөөрөнхий, хоншоор шовх, хөл нь чийрэг булчинтай aж. Гэдэс хэвлий нь цайвардуу, хажуу бөөр нь улаан шаравтар, сээр нуруугаар нь хар судал татжээ. Алхах гишгэх нь санаа муутай тэрслүү шинжтэй гуйвганасан, нүд нь тал бүр уруугаа хялалзсан амьтан аж.
Чононууд чийглэг салхийг хоншоороороо сорон татаж байснаа хандгайн үнэр авч явдлаа хурдасгав. Хандгай чононуудаас урьтан алга болжээ. Үнэр нь агшин өнгөрөх бүр намдсаар байгаа тул чононууд гүйцэхгүй гэдгээ ойлгосон бололтой. Гэлээ ч гэсэн мөрөөр нь орж ойн зах хүртэл гүйв. Тэгээд тэдний хамгийн хашир нь ч гэсэн энд зогсож хандгайг цаашаа мөрдөх нь ашиггүй болжээ. Урам хугарсан чононууд алгуурхан эргэж буцав. Тэдний зарим нь ульж, зарим нь ууртай ярдаглана. Тэгээд шиншлэх дуртай хоншоороороо дахиад л газар сорон үнэрлэж эхлэв. Хэрвээ гэнд барын хүүр, чулуун доор нуугдсан гурван хүнийг эс тооцвол ойр орчим нь анхаарал татах юм юу ч үгүй байлаа. Гэвч хүн гэгч аюултай дайсан болохоор чононууд идэмхий ч гэсэн барьж идэхийг төвдсөнгүй.
Түүгээр ч барахгүй тэд Уламрчуудын оромжийн хажуугаар тойрон гарч гэнд барын сэг уруу дөхөн очив.

***

Эхлээд чононууд аливаа занганаас болгоомжлон гэнд барын сэгийг болгоомжтой жаал тойров. Төдөлгүй зориг орж бүр тулан очоод саяхан сүртэй амьсгалж байсан аварга том амыг нь үнэрлэснээ хөдөлгөөнгүй болсон сэгийг шиншин хатсан цусыг нь долоов. Гэвч элээ, чононцор мэтийн төмөр шиг ходоод л зовлонгүй шингээж чадах өмхийрч байгаа махыг тэдний хэн нь ч зулгаахыг яарсангүй.
Гэнэт ойролцоо нь гомдолтой орилох, архирах, хүн хөхрөх мэт муухай улин инээх дуу хадав. Чононууд болгоомжлон харвал сарны гэрэлд зургаан чононцор гүйн гарч ирлээ. Тэдний цээж өргөн, бие урт, хойд хөл нь суунги, урт дэлтэй, соотойсон чих, гурвалжин нүд бүхий толгой, арслангийн ясыг ч тас мэрэх чадалтай том эрүүтэй амьтан аж. Тэдний зүгээс ой гутам үнэр үнэртэнэ.
Энэ биелэг амьтан хүч чадлаараа бол бартай ч үзэлцэж чадна. Гэвч чононцрууд халз тулалдах дургүй. Харин хэн нэг нь довтолбол л хариу тулалдах бөлгөө. Гэвч ийм тохиолдол ховор билээ. Махчин амьтад түүний ой гутам үнэртэй махыг идэхээс дур нь гутна. Харин хүч дорой бусад амьтадтай тулалдахаас үл айна.
Хэдийгээр чононцрууд чононоос хүчтэй гэдгээ сайн мэдэх боловч олзыг нь булаалдах гэж бодсонгүй. Тэд сэг эргэн нэг ойртож, нэг холдон эргэлдэж үе үе янгинан улих дуу нь агаарт цуурайтана. Тэгснээ нэг нь зориг гарган довтлохоор ухасхийв.
Чононууд амь бие, эрх дархаа хамгаалах гэж нэг их хичээсэнгүй. Хөлийнхөө хурданд найдан сэгний дэргэд байсаар. Гэхдээ бас тэдэнд олзоо алдчих вий гэж харамлана. Тэгээд чононцрууд уруу ууртай архиран өмнө нь дайрах гэж байгаа дүр үзүүлэв. Ийн тэд өрсөлдөгчөө хашрааж чадаж байгаадаа сэтгэл хангалуун ч байгаа юм шиг санагдана. Гэтэл чононцрууд огтхон ч тоосонгүй.
Тэгэхлээр чононууд сэтгэл гонсгордуу архиран сэгийг зулгаана. Хэрвээ өлсөөгүй сэн бол өмхийрсөн сэгний мах ингэж идэж байх гэж үү дээ?! Арай ч өөр юм олж идэх сэн гэж бодож байсан биз. Гэвч одоо илүү дутуу юм бодохын зав байсангүй.
Олон хоног өлөн хоосон ходоодтой яаж ийн амь зогоож явсан тэд өмхий ч гэсэн идэх юмтай болсондоо aрхиралдан зулгааж гэдэс гарна.
Харуй бүрий болохоос эхлээд халуун орны ойт хээрээр хэрэн тэнэсэн чононцрууд чононуудын цатгалан байдлыг атаархан харцгаана.
Аз хийморьгүй энэ явдалдаа уурлаж хорссон тэд Уламрчуудын хоргодсон чулууг үнэртэж эхлэв. Нэг нь онгорхой нүхээр толгойгоо шургуулж үзэх ч гэж оролдоход нь Нао жадаараа чичээд автал шархадсан тэр гомдолтойгоор улин цуурай хадааж гурван хөл дээрээ догонцон холдоход бүх чононууд уурсан заналтайяа aрхиралдав. Тэдний улаан шаравтар бие сарны бүдэг гэрэлд цайвалзан, амьдрахын төлөө айсан байдал нүдэнд нь тодорно. Тэд цагаан соёогоо ярзайлган нарийхан савраараа ууртай газар маажлах аж. Өлсөнө гэдэг туйлдаа хүрсэн хэдий ч бөөн чулууны доор хүчтэй, зальтай дайсан нь нуугдаж байгааг мэдсэн хэдий ч чононцрууд уламрчуудын хоргодсон байрыг тойрон эргэхээ болиод зөвлөлдөж байгаа юм шиг бөөгнөрөн зогсов. Тэдний нэг нь бүхнийг журамлаж удирдаж байх мэт. Бусад нь халцархай үстэй, шарласан соёотой түүнийхээ үгийг сонсох мэт зайдуухан зогсоод шиншилнэ.
Чононцор гэгч өөрсдийн хэлтэй, ан ав яаж хийх, олзоо яаж хуваах талаар өөр хоорондоо хэл амаа амархан ололцдог гэдэгт Нао итгэсэн ажээ. Ирвэсийн хүү тэдний араас сониучирхан харж санаа бодлыг нь тааварлах гэж хичээв.
Чононцруудын нэг хэсэг нь гол гатлан самран гарав. Бусад нь ширэнгэн дундуур тэнүүчиллээ. Одоо барын сэг дээр чононууд бужигнах чимээ л сонстох ажээ.
Өндөрт мандсан сарны гэрэлд оддын бараа тасарч хаа нэгтээ томхон од гялавхийн үзэгдэнэ. Халуун орны ойт хээрийг элчилгүй шөнийн нам гүм нөмөрчээ. Хаа нэгтээ шөнийн тэнгэрийн хөхөвтөр мандлаар ууль шувуу чимээгүйхэн далавчаа дэвэн нисэхэд сарьсан багваахай аливаа амьтны мөрдөлтөөс амиа хаацайлж шурхийн өнгөрнө. Шөнийн эрвээхий ийш тийшээ нисэлдэнэ.
Гэнэт шөнийн энэ нам гүмийг ширэнгэнд дуу дуугаа авалцан улих чимээ цочоов.
Нао чононцрууд олз олж бүслэн авчээ гэж таасан нь үнэхээр ч тийм байжээ. Ойн захад нэгэн амьтан хурдлан гарч ирэв. Цээж нарийн хулан хэмээх адуун төрөл гурван чононоос амь зулбан зугтах аж. Мөрдөгчид нь хулан шиг хурдалж чадахгүй боловч түүнийг орхисонгүй, харин ч хүчээ гамнах шиг ангайлан хөөж бусадтайгаа дуугаа явалцан улилдана.
Төдөлгүй сүүлчийнх нь ойт хээрийн талд үзэгдэж хуланг хүрээлэн авав. Айснаасаа сөхрөх шахсан хөлөө арай ядан зөөж тэр зогсоод эргэн тойрноо харав. Бүх талаас нь чононууд хүрээлэн авчээ. Гагцхүү умар зүгт нэг сиймхий харагдавч саарал зүстэй нэгэн хөгшин амьтан замыг нь хаасан байв. Сульдаж гүйцсан тэр умар үг уруу ухасхийв. Нөгөө хөгшин чоно түүнийг тайван хүлээх боловч хуланг дөхөөд ирэхээр нь гэнэт сунжруулан улив. Тэгтэл ч энэ дуутай зэрэгцэн довон дээгүүр гурван чоно гараад ирлээ.
Аз муутай хулан зогссоноо гомдолтойёо янцгаав. Бүх талаас нь үхэл хүрээлжээ гэдгийг ойлгосон бололтой. Хөлнийхөө хурднаар уужим тал уруугаа сугаран зугтаж гарах аргагүй болжээ... Одоо түүнд хүч чадал, арга заль аль нь ч туслахгүй болсон аж. Өвс ногоо идэж мэдэхгүй, амьд амьтны маханд шунах энэ араатнуудыг аврал эрсэн нүдээр ширтэн харна.
Чононууд тойрсон хүрээгээ улам хумьсаар. Хулангийн хөдөлгөөн бүрийг гучин хос нүд цавчрахгүй ширтэн зайлшгүй ирэх үхлийн тушаал унших аж. Чононууд хүчтэй тангаралтаас нь болгоомжлон тэртэй тэргүй золиосонд гарсан түүнийг ажиглахыг хүссэнгүй.
Хулангийн өмнө зогсож байсан нэг нь хажуунаас нь гэтэх бусдыгаа үзээгүй юм шиг түүний зүг үсрэх гэж байгаа дүр үзүүлж хэдэн тохой ойрхон зайд дөхөн очив. Цөхөртлөө мөрдөгдсөн хулан эр зориг гарган бас зугтаж амиа аврахыг оролдож тойрсон тэднийг тас дайран гарахаар шийдэж харайлаа. Нэг чоно газарт унаж, бас нэг нь гуйвж хулангийн өмнө амь нь аврагдах чөлөөтэй зам нээгдэв. Гэтэл энэ агшинд хулангийн хажуу бөөрнөөс нэг чоно дүүжлэгдэн, бас нэг чоно зуураад авав. Ингээд чонын аварга том арван ам түүнийг зулгааж гарлаа.
Цөхрөнгөө барсан хулан хүчтэй туурайгаараа чонуудыг өшиглөхөд нэг чонын эрүү заарч газарт унамагц бусад нь боорлон дайрч хоолойд нь зууралдан, бөөрнөөс нь зулгааж амьдаар нь тасар татах тэднийг хулан xүнд биеэрээ даран унав.
Нао хэсэг хугацаа өнгөртөл аз муутай тэр амьтны гомдоллон үүрсэх дууг сонслоо. Чононууд хав халуун тэгээд амь тасраагүй чичив татав хийх махыг нь баяртайгаар архиралдан зулгааж өлөн ходоодонд нь зогсолтгүй урсан орох амьд амьтны халуун цусыг удтал соров. Энэ үед барын махаар гол зогоосон хөгшин чононууд донголзон чононууд уруу атаархангуй харна.
Тэр шүд даахгүй шахам бүлхтэй барын махнаас хулангийн амт сайтай зөөлөн махыг дээр байгаа гэж бодсон бололтой аж. Хамгийн хулчгар амьтад ч ингэж байж олж авсан олзоо хамгаалж зоригтой болдгийг мэдэх тэд олэноос нь булаалдъя гэж бодсонгүй.
Саран авхай тэнгэрт нүүдэллэсээр чанх орой дээр иржээ. Голын дөлгөөн ус холоос шоржигноно. Гав харуулд гарч Нао унтав.
Гэнэт ойт хээрийн тал дээр дахиад л үймээн дэгдлээ. Ширэнгэний зүгээс ууртай архирах дуу гарч бут мод шажигнаж эхлэв. Чононцор болон чононууд цус болсон хоншоороо өргөн болгоомжлон харцгаав. Гав нүхээр толгойгоо цухуйлган мэдрэхүйн бүх л эрхтэнгээ хөвчлөн ажиглав.
Огцом хашхирах, догшноор архирах тасалданги дуу сонстоно. Дараа нь бут сөөгийг ярсаар агуйн арслан гарч ирлээ. Тэр амандаа саяхан барьсан марал гөрөөс зууж явна. Агуйн арслантай зэрэгцэн эм бар аварга хэвлээр явагч шиг мурилзан шарвалзаж гүйнэ. Тэр Уламрчуудын хоргодсон байр уруу дөхөн ирлээ. Түшүүрт автагдсан Гав Наог сэрээх гэж хурдлав.
Уламрчууд махчин амьтдын араас удтал даган харлаа. Арслан яаралгүйхэн олзоо идэхэд эм бар гэнд барыг нь алсан аюулт амьтныг байн байн харж шийдэмгий бус ховдоглон идэлцэнэ...
Наод хүнд совин татаж цээжийг нь давчдуулна...

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.07.14 2:16 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Тавдугаар бүлэг
ХҮРМЭН ЧУЛУУНЫ ДООР

Өглөө нь агуйн арслан эм бар хоёр нөгөө л байрандаа байлаа. Тэд марал гөрөөснийхөө сэгний дэргэд үүрэглэнэ. Чулуун овоон доор нуугдсан тэр гурав аюулт хөршөөсөө харц салгаж үл чадна.
Өглөөний нарны цацраг ойт хээр, голын дээгүүр баясгалантайяа гийгүүлнэ. Тогоруунууд загас барихаар үрсээ дагуулан цувах ажээ. Хөхөө шувуу голын усанд шидсэн чулуу шиг шунган унахад голын толионд танан тойрог үүсэн дайвалзана. Нойроос сэрсэн шувууд мөчир дамжин хөгжилтэйеэ шулганалдана. Ятга шаазгай мөнгөлөг тансаг өнгөөрөө солонгорон гайхуулна. Шооч шаазгай урт алаг сүүлээ хөдөлгөн модны мөчир дамжин зогсолтгүй шагширахад хулан бар хоёрын сэгэн дээр хэрээ гуаглан эргэлдэнэ.
Тэндээс нэг ч үмх мах олж чадаагүй тэд урам хугаран марал гөрөөсний зовлого уруу буцаж иртэл хоёр том үнсэн саарал элээ замыг нь боов. Тэд агаарт өргөн тойрог үүсгэн элин хальсаар унтаж байгаа амьтнаас холхон газар очиж суугаад хошуугаа цэвэрлэн дараа нь гүн бодолд умбах шиг таг чиг боллоо. Тэгээд татавсхийн эргэж дахиад л агаарт нисэж эцэс төгсгөлгүй эргэлдэж эхлэв.
Халуун орны ойт хээр талд нэг ч хөхтөн амьтад үзэгдэхгүй байгаа нь аюултай махчин амьтдын үнэр тэднийг найдвартай оромж, харанхуй шугуйд нь барьж байгаа бололтой ажээ. Гагцхүү шалмаг хөдөлгөөнтэй улаан шаргал хэрэм мөчирний цаанаас хоншоороо гялсхийн сунган гаргаж ирээд бар арслан хоёрыг үзчихээд бушуухан нуугдчихна.
Бороохойн амт үзсэн агуйн арслан мөд эндээс салахгүй нь гэдгийг Нао ойлгов. Тэгээд тэр аварга амьтдын хорыг нь хөдөлгөхийг хусэв.
Уламрчууд агуйн арслан эм бар хоёр үг нэгсэн тэдний хоргодсон байрыг ээлжлэн манана гэдэгт итгэж байлаа. Ийм махчин амьтад өс хонзон их өвөрлөдөг тухай өвгөд хөгшдийн яриаг санав. Арта ядаж атаа хорсол нь буцалсан залуу дайчин үе үе хөл дээрээ үсрэн босож сүх бороохойгоо шүүрэн авч байлаа. Гэвч ороо хэрсүү ухаан нь эзэмдэн авч хүн гэгч ийм том амьтдын дэргэд хэчнээн хүч дорой болохоо ойлгоно. Харанхуй агуйд баавгайтай тулалдан ялах аз тохиосон хэдий ч тийм аргаараа агуйн арслан эм бар хоёртой тулалдаж болохгүй байлаа. Үүний зэрэгцээ тулалдлаа ч гэсэн бултан зайлах газаргүй гэдгийг ойлгоно.
Одоо гагцхүү Уламрчууд энэ хүрмэн чулуун доор өлсөж цангаж үхэх, эсвэл тэднийг эм бар ганцаараа манан үлдэх тэр үеийг ашиглая зугтахаас өөр замгүй болжээ. Ийм аюул нөмөрсөн тулалдаанд ирвэсийн хүү Нам Гав хоёрыг өөртөө баараггүй тусалж чадна гэж иггэж болох уу?
Ийн бодохоор Наогийн жихүүдэс хүрэх шиг болсон боловч Нам Гав хоёрын ширтэх харцыг үзээд тэднийг зоригжуулах нь чухал юм гэдгийг ойлгожээ. Тэгээд:
— Нам Гав хоёр саарал баавгайн савраас амиа аварсан болохоор агуйн арслангийн савраас ч амьд мэнд гаpax ёстой гэв. Тэгэхэд нь залуу Уламрчууд толгойгоо эргүүлэн нойрсон буй аюултай хос махчин амьтад уруу харц шидэв.
Нао тэдний ил гарган хэлээгүй бодол санаанд нь хариулт болгон:
— Агуйн арслан, эм бар хоёр цаашид хэзээ ч хамт байхгүй. Өлсөөд ирэхээрээ нэг нь зайлшгүй явж таарна. Агуйн арсланг ой уруу явахаар нь бүгдээрээ эм бар уруу довтолъё. Нам Гав хоёр миний юу гэхийг сайн сонсож байгаарай гэв.
Наогийн энэ итгэлтэй үг хоёр залуугийн сэтгэлд итгэл найдвар төрүүлэв. Ирвэсийн хүү хүч чадалтай болохоор түүний дэргэд байхад үхэл ч тэдэнд аюултай санагдсангүй.
Сэтгэл арай хөгжүүн байсан улиангарын хүү сэтгэл догдлон дуу алдаж,
— Наогийн үгийг эцсийн амьсгал хураатлаа би дагана гэхэд нөгөө нөхөр нь хоёр гараа наманчлан өргөж,
— Наотой байхад Гав юунаас ч айхгүй гэлээ.
Сэтгэлийн үгээ илэрхийлж залуу дайчид сүхээ далайн дайчин уриагаа хашхирлаа. Нао тэднийг шийдсэн байдлаар ялдамхан энхрийлэн харжээ.
Энэ чимээгээр бар арслан хоёр сэрж хөл дээрээ бослоо.
Уламрчууд уриалан дуудсан дүр үзүүлэн улам чанга хашхирна. Махчин амьтад ууртай архиралдан хариу өгөхөд дараа нь бүгд тайвширч дахиад л нам гүм болов.
Тэнгэрийн хаяанд дээш хөөрсөн нар ойт хээрийн талыг өгөөмөр гэрлээрээ гийгүүлнэ. Нойрсож байгаа махчин амьтад уруу жижиг амьтад таагүйхэн харж ой гол хоёрын дундуур сүлжилдэж эхлэв. Эргэлдэн нисэх элээнүүд заримдаа зориг гарган марал гөрөөсний сэгнээс хэсэг бусаг мах шүүрэн авна. Тал газрын тоо томшгүй цэцэгсийн дэлбээнүүд нарны зүг тэмүүлжээ. Тал хээр, ой модонд амьдрал буцлан ундарнам.
Хүрмэн чулуун доор нуугдсан мань гурав агуйн арслангийн холдохыг тэсвэртэй хүлээв. Цаг хором улирах тусам Нам Гав хоёр үе үе зүүрмэглэнэ. Оргох тухай Нао хүчлэн бодовч хэзээ яаж оргохоо төдийлөн төсөөлж үл чадах ажээ.
Тэд идэх юмны тухайд бага зэрэг махны нөөцтэй боловч ам нь цангаж тэсгэлгүй зовооно.
Нар шингэхийн үед агуйн арслан сэрэв. Тэр гялалзсан харцаараа ширвэн харж хүрмэн чулуун доор хүн байна гэдгийг лавтай ойлгож байгаа бололтой.
Өчигдрийн үйл явдлыг санагдуулсан хүн гэдэг амьтны үнэр тэдний өшөө хорслыг нь сэргээжээ. Тэгээд арслан хөл дээрээ үсрэн босоод Уламрчуудын хоргодсон байрыг тойрон явав. Гэвч нэгд энэ хоргодсон байр нь эвдэж нураашгүй, хоёрт түүний доор нуугдсан хүмүүс хорстол хатгадгийг санаад агуйн арслан марал гөрөөсий сэг уруу буцан очжээ. Эм бар ч марал гөрөөсний зовлогоноос зулгааж эхлэв. Ингээд тэр хоёр гөрөөсний зовлогыг дор нь эд бад хийлээ. Гэдэс нь цадсан арслан эм бар уруу эргэв.
Догшин араатны гялалзсан харцанд хариу болгон эм бар ялдамхан дуутаар хариу өгнө. Өвсөн дунд түүний урт бие мурилзана, Агуйн арслан эм барын нурууг хоншоороороо үрж, зөөлөн иржгэр хэлээрээ долооно. Эм бар сэтгэл таатайгаар нүдээ ногооноор эргэлдүүлэн хагас анин хэвтэх аж. Тэгтэл гэнэт тэр арагш ухран үсэрч уурласан байдалтай зогсов. Арслан бөглүүхэн урин дуудаж архиравч эс тооно. Тэгснээ аварга могой адил өндөр өвсөн дундуур мурилзан мөлхсөнөө гэнэт дээш үсрэв. Шингэх нарны тодхон туяанд үс нь дөлний аварга хэл тэнгэрт бүжиглэх адил улбар шар өнгөөр туяаран харагдана. Арслан эхлээд хөдөлгөөнгүй зогсож тоглохыг нь харж байснаа дуугайхан түүний зүт ухасхийв. Эм бар хажуу тийшээ булт үсрэн зайлж үе үе эргэн харсаар яшил модон шугуй уруу гулсан орж алга болов.
Ийихүү махчин амьтдыг харагдахгүй далд орсон хойно Нам,
— Тэд явчихлаа... Хурдхан гол гатлаад авъя гэлээ.
— Нам, чи сонсох чих, үнэрлэх юмгүй болоо юу? гэж Нао татлалзангуй хэлээд, — Эсвэл чи агуйн арслангаас хурдан болоо юу? гэв.
Нам толгой бөхийлгөн зогсов. Наогийн хэлсэн үгийн үнэнийг батлах шиг шугуйн зүгээс арслангийн сөөнгөтөн архирах чимээ сонстов. Залуу эр оромжны нь дэргэд махчингууд унтаж байсан тэр үеийнх шиг аюул занал хэвээрээ байгаа юм гэдгийг ойлголоо. Тэгэвч Уламрчуудад намрын хүйтэн борооны үед томхон махчин амьтад ил задгай газар ховорхон хоноглодог болохоор aгyйн арслан, эм бар хоёрын ийнхүү нөхөрлөсөн нь тэднийг зайлшгүй орогнох орон эрж олоход хүргэнэ гэдэг итгэл төрнө.
Гэвч ойн цаагуур нарны гал бөмбөлөг нуугдах бүр мань гурвын сэтгэл улам гунигаар дүүрнэ. Өвсөн идэштэн бүхэн харуй бүрий болохоор ийм гунигт автагддаг биз ээ. Ойгоос агуйн арслан эм бар хоёрыг гарч ирэхэд сэтгэлийн зовлон нь улам нэмэгдэв. Арслангийн алхаа нэгэн хэвийн ихэрхүү агаад эм бар түүнийг тойрон эрхлэн шарвалзана. Үдшийн бүрий газар дэлхийг хучин авч ойт хээрийн дээгүүр өлсгөлөн амьтдын олон хэлийн дуу хадав. Махчин амьтад Уламрчуудын оромжийг тойрон эргэлдэж нүд нь харанхуйд ногоон өнгөөр гялалзана. Эцэст нь агуйн арслан хүрмэн чулууны дэргэд хэвтээд авахад эм бар олз эрэн голын эргийн зэгс уруу гүйгээд явчхав. Гүн шөнийн харанхуй тэнгэрт хэдэн том одод гялалзаж эхэллээ. Араас нь хилэн хар огторгуйд хаа сайгүй жижиг од түгэн тэнгэрийн заадас тодхон харагдаж эхлэв.
Нам Гав хоёр ийн гарсан оддыг огтхон ч үл сонирхоно. Гэтэл Нао шөнө хэчнээн гайхамшигтай болохыг бүүр түүр мэдрэх билээ. Түүнд ихэнх одод түүдэг галнаас үсрэн унтардаг оч лугаа адил санагдах авч шөнө болгон зарим одод нэг л байрандаа байдгийг ажиглан мэджээ.
Tоо томшгүй гал улалзах харанхуй огторгуйг xийх юмгүй гиюүрэн суусан Нао өчигдрөөс хойш ажигласан юм. Тэгээд байгаа газраас нь энэ тэнгэрийн очис хэр байдаг бол гэсэн хачин бодол түүнд төржээ.
Гол ой хоёрын дундуур олз эрэн тэнэх эм бар, өвсөн дунд үүрэглэн хэвтэх агуйн арслан хоёрыг гийгүүлсээр cap төгөл модны орой дээгүүр хөөөн гарч ирэв.
Нао түүнийг сэтгэл түгшин харлаа.
Эцэст нь эм бар гаталж болшгүй шугуйд удтал алга болохын үед Нао «Хэрвээ Нам Гав хоёр над шиг хүчтэй сэн бол амьтдын хаан болсон энэ арслантай одоо л нэг гурвуулаа тулалдаад үзэхсэн» гэж гуниглан бодов.
Ирвэсийн хүүг ам нь цангаж зовооно. Нам ам нь цангаж улам ч их зовж байлаа. Хэдийгээр тэр харуулд зогсох ээлжтэй боловч гарч чадсангүй. Улиангарын хүү яав ч унтаж үл чадна. Залуу эрийн нүд тэсэж ядан гялалзана.
Нао гунигт бодолд автан төрсөн овгоосоо хол газар ийм орь ганцаардмал байдалд орох юм чинээ бодож байсангүй...

***

Өчүүхэн төдий чимээнд давхийн сэрэх хөнгөхөн зүүрмэглэл Наог өөрийн эрхгүй эзэмдээд авав. Гэвч эргэн тойрон нам гүм байсан тул хэдэн цагийн дараа эм барыг буцаж ирэхэд сая тэр сэрэв. Эм бар олз омоггүй, дэмий жаал тэнэсэндээ ядарсан бололтой харагдана.
Агуйн арслан босон ирээд түүнийг удтал үнэрлэж байснаа энэ удаа анд явж эхлээд мөн л голын эрэг дагуу жаал гүйснээ зэгсэн шугуйг нэгжин үзэж, дараа нь ой уруу далд оров. Нао тэр махчны араас сайтар даган ажиглаж байлаа. Нао хэд хэдэн удаа дагуулуудаа сэрээх гэж бодсон боловч агуйн арслан ойрхон байгаа гэдгийг зөн билгээрээ мэдсээр эцэст нь Нам Гав хоёрыг сая нэг сэрээж босож ирэхэд нь:
— Нам, Гав та хоёр тулалдахад бэлэн үү? гэж шивнэн асуухад тэд:
— Бөхөнгийн хүү Наог хаа яв гэнэ вэ тийшээ яана гэхэд:
— Нам би тулалдаанд бэлэн гэцгээн залуучууд хариуллаа.
Уламрчууд эм бараас нүд үл салгана. Тэр бар өвсөн дотор хүрмэн чулуун овоо уруу нуруугаа харуулан хэвтэх боловч огт унтсангүй, харин түүний доор бүгэгсдийг сонор сэрэмжтэй манах ажээ. Нао оромжноосоо гарах замаа сайтар цэвэрлэв. Эм бард мэдэгдэхгүйгээр сэмхнээр нэг, сайндаа гэхэд хоёр нь гадагш гараад явчхаж болохоор байлаа. Нао зэвсгээ шалгаад нүхээр жад, бороохой хоёроо сунган анх түрүүн маш болгоомжтой мөлхөн гарч эхлэв.
Аз болоход чононуудын улих, бух шувууны хавих дуу чулуун дээгүүр түүний мөлхөх дууг дарж байлаа.
Нао хөл дээрээ бослоо. Гав түүний хойноос толгойгоо гарган харав. Гэтэл Нао босохдоо болгоомжгүй хөдлөн чимээ гаргатал эм бар тэр дороо толгойгоо эргүүлэн харжээ. Ийм явдал болно чинээ бодоогүй байсан эм бар түүний зүг довтолж амжсангүй. Учир нь Нам нөхөртөө туслахаар аль хэдийн хүрч очиж амжсан байлаа. Энө үед эм бар үсрэн босож нөхрөө дуудан архираад энэ хүмүүс хаашаа ч мултрах вэ дээ гэж итгэсэн байдлаар тэдний зүг яаралгүй дөхөв.
Энэ зуур тэд жадаа өргөв. Эхлээд Нам, дараа нь Гав жадаа шидэх ёстой байлаа. Тэр хоёр хоёулаа yрд саврыг нь онилов. Эхлээд Улиангарын хүү зохистой цагийг анаж байгаад шидтэл агаарт жад нь исгэрэн тэр махчны сарвууг нэвт сүлбэх шиг болов.
Тэгтэл эм бар огтхон ч тоосон шинжгүй харагдах нь газрын зайнд шидсэн жадны эрч харив уу, эсвэл алдаж онож үзүүр нь зөвхөн арьсыг нь шүргээд өнгөрөв үү гэлтэй харагдана. Эм бар сүрлэг архиран улам хурдан урагш хөлхөв.
Дараа нь Гав шидвэл эм бар хажуу тийшээ булт үсрэн зайлж жад нь түүнд хүрсэн ч үгүй хажуугаар нь исгэрэн өнгөрөв. Наогийн ээлж болжээ. Тэрбээр эм барыг хориод тохой ойртон ирэхийг хүлээж байгаад дөхөөд ирэхээр нь жадаа хүчтэй шидэв. Жад нь түүний шилэн хүзүүг нэвт сүлбэсэн боловч түүнийг зогсоож чадсангүй.
Эм бар ганц том харайгаад тэдэн уруу хуй салхи шиг шуугин ирж хурц хумстай саварын нь ганц цохилтод Гав өртөж газарт онхолдон өнхөрчхөв. Гэвч Нао хүнд бороохойгоо агаарт эргүүлэн ганц далайлтаар тэр махчны саврыг бяц цохиод авчээ.
Эм бар өвдсөнөөсөө болж архиран чарлаж, няцарч хугарсан савраа хавчаад авав. Нам түүний зүг хануур жад шидлээ. Энэ үед эм бар нүд ирмэхийн зуур эргэн ганц хүчтэй цохилтоороо түүнийг газарт унагааж Наог хумин авах гэж хойд хөл дээрээ босоод ирэв. Дайчин эрийн нүүрийг ой гутам амьсгалтай аварга том ам бүрхэн авч хурц хумсаараа мөрийг нь самардан урлаа... Наогийн бороохой бас дахин өргөгдөж хүчтэй буухад тэсэхийн аргагүй өвдсөн тэр амьтан улин архирчээ. Нао хоёр дахь саврыг нь тас цохив.
Эм бар тэнцвэрээ алдаж ганхсан боловч Нао бороохойгоороо зогсолтгүй нүдсээр байгаад унагаж авлаа.
Хэрвээ дагуулуудын нь шарх өвдөж зовоогоогүйсэн бол Нао эм барыг хялбархан цааш нь аль хэдийн харуулчхаж дөнгөх байжээ. Гэтэл Гав хэдийгээр хөл дээрээ босож амжсан боловч араатны хүчирхэг хумсны мөрөөр цус нь гожгодон цээж нь улаан нэлий болжээ. Нам одоо хэр хөдөлгөөнгүй хэвтэнэ. Хэдийгээр түүний шарх хөнгөхөн юм шиг боловч цээж, зоо нуруу нь няцарч бэртэн, босохын аргагүй өвдөх аж. Наог,
— Гав чи гол уруу очиж чадах уу? гэж асуухад дуулдахтай үгүйтэйгээр:
Гол хүрч чадна гэж шивнэв. Нао өвсөн дотор өвдөглөн суугаад газарт чихээ наан чагнаснаа босож агаар хамраараа сорон удтал үнэрлэв. Агуйн арслан ойр байгаагийн тэмдэг юу ч үл мэдэгдэх аж. Нао Намыг гар дээрээ өргөн гол уруу аваачив. Тэр эрэгт хүрээд алгаараа ус хутган Намын аманд хийлээ. Бас Гавыг ус уухад нь тусалж байв. Тэгээд тэд хоргодсон газар уруугаа буцахдаа Нао Намыг тэвэрч, найган ганхах Гавыг түшин явна.
Уламрчууд шархаа анагаах арга ухаан бас л олж чадаагүй үе байлаа. Гэхдээ араатан амьтныг бодоход хүн болохоор бас ч гэж анхилуун үнэртэй цэцэг, навчийг түүж шархадсан газраа тавьдаг билээ. Иймд хоргодсон газраасаа гарч Нао уд юм уу, гааны навч олж аван төдөлгүй гараараа дор нь нухаад Гавын цээжинд тавив. Ийн тавихад шархнаас нь гарах цус бага зэрэг тогтож эхлэв. Энэ шарх харин чиг амь насанд нь аюултай бус ажээ. Нам ухаан алдаад сэргэсэн боловч хөл гapaa хөдөлгөж бас үл чадах аж.
Нао,
— Улиангарын хүү, бөхөнгийн хүү хоёр эрэлхэг зоригтой тулалдлаа. Уламрчууд Нам, Гав хоёрын эрэлхэг зоригийг хэзээд мэдэх болно гэв. Удирдагчийнхаа магтан хэлсэн үгнээс болж залуу дайчдын царай улайснаа:
— Нао эм барыг алсан гэж Гав үл тасалдах дуугаар шулганан, — Саарал баавгайг алсан шигээ түүнийг ална гэлээ.
— Наогаас хүчтэй хүн үгүй гэж Нам сэтгэл бахдуун батлан хэлэв. Ирвэсийн хүү өөрийн залуу дагуулуудаа энхрийлэн хараад шархадсан хоёрын сэтгэлд ирээдүйдээ итгэх итгэл төрүүлэхийн тулд:
— Би омогтоо Гал заавал эргүүлэн аваачна гэлээ. Тэгээд босож:
— Агуйн арслан хол явна. Би анд явлаа гэв.
Эм барын дэргэдүүр өнгөрөхдөө Нао зогсон харвал амьд агаад нүд нь гялалзаж хажуу бөөрний нь шарх хөнгөн боловч бяц цохигдсон савар нь тийм ч амархан эдгэрэхээргүй ажээ.
Эм бар Уламр эрийн хөдөлгөөн бүрийг гөлрөн ширтэнэ. Тэр алсан махчныхаа ойролцоо зогсоод хүн гэгч амьтны сэтгэлийн илэрхийлэл болсон итгэлтэй дуугаар:
— Эм барын хоёр саврыг Нао бяцхан цохисон. Одо чи гичийнээс ч доор амьтан болжээ гэв. Уур омог, хорсол занал дүүрэн эм бар түүнд хариу өгч бөглүүхэн архирч босох гэж оролдоход нь Нао бороохойгоороо түүнийг занган:
— Нао, хүсвэл чамайг алж чадна. Гэвч эм бар Haог хорлож чадахаасаа өнгөрчээ гэлээ. Гэнэт нэгэн бөглүү дуу сонстов. Нао тонгойн өндөр ургасан өвсөн дундуур мөлхөн харвал нохойд хөөгдсөн бололтой хэсэг марал сүрэг үзэгдлээ. Нохдын хуцах дуу алсаас сонстоно.
Эм барын үнэр авсан тэр сүрэг гол уруу зүглэсэн боловч Наогийн шидсэн хануур жад агаарт исгэрэн нэг марал бөөрөөрөө сүлбүүлэн усанд унав. Нао түүин зүг яаран сэлж очин олзоо эрэг дээр татан гаргаж бороохойгоороо ганц цохиж зүйл дуусгаад аюул ойртсоныг үнэрлэн мэдэж мөрөн дээрээ олзоо тавиад хоргодсон байр уруугаа яаран буцав. Тэгтэл бул чулуун дундуур мөлхөн гарч амжаагүй явтал ойн захад агуйн арслан үзэгдлээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.07.14 2:42 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Зургадугаар бүлэг
ОРГОСОН НЬ


Уламрчуудын эм бартай тулалдсан тэр өдрөөс хойш зургаан хоног өнгөрөв. Гавын шарх анин эдгэрч байгаа ч гэсэн хэтэрхий их цус алдсан учир тамир тэнхээ aанай л сул хэвээр. Намын хувьд бараг эдгэрсэн гэж хэлж болохоор боловч өөртөө их л тээртэй хөдөлнө. Ийм үед Нао сэтгэл түгшин тэсвэр алдсангүй.
Агуйн арслан ан эрж явах бүрийдээ одоо Уламрчуудын хоргодсон байрнаас улам улам холдон явах боллоо. Хань ойрын амьтад түүнийг энд байдгийг мэдэх болжээ. Арчаагүй болсон эм барыг тэжээх хялбаргүй үүрэг ногдсон болохоор одоо хоёулаа байнга өлсгөлөн байх аж.
Эм барын шарх бас л эдгэрч байлаа бололтой, бяцарсан савраа арай ядан чирсээр халуун орны ойт хээрээр мөлхөнө. Эм бараас айх аюул Уламрчуудад огтхон ч үгүй аж. Нао түүнийг алалгүй зориуд орхисон, учир нь агуйн арслан түүнд хоол тэжээл өгөх гэж үйл тамаа барж тэдний хоргодсон байрнаас улам холдон халуун орны ойт хээрээр тэнэх болно гэж бодсон юм.
Хүн, ялагдал хүлээсэн эм бар хоёр бие биедээ аажимдаа дасаж эхлэв. Эхний үед эм бар ийм байдалд хүрч ялагдсанаа санах бүрийдээ уур цухал, хорсол занал нь буцалж архиран гасалж, гийнан, ульж архирч чадах бусад амьтнаас этгээд дуутай хүний дууг сонсоод толгой өргөн аюултай соёогоо ярзайлган амаа хилэнтэй ангайлгадаг байлаа. Энэ үед Нао сүх юм уу, бороохойгоо толгой дээр нь зориуд далайн доогтойгоор:
— Одоо эм барын савар яаж ч чадахгүй болоо шив дээ. Чиний гавлыг бороохойгоороо бяц цохиж, гүзээг чинь жадаараа нэвт сүлбэнэ. Наогийн өмнө эм бар марал, бөхөн гөрөөс шиг хүч буурай амьтан болоо биз гэж амыг нь асууна.
Тэр махчин аажимдаа хүний дуу, барьсан зэвсэгт нь дасаж эхлэв. Урд хоёр саврыг нь бяц цохиж зөвхөн хойд хөл дээрээ явах болгосон энэ амьтны хүчтэй цохилт нь хэдийгээр хаа нэг санагдах боловч тэр түүнээс айхаа больжээ.
Амьд амьтан бүхэнд байх аливаа зүйлд гүнээ итгэх итгэл нь бас биеийг нь барина. Нао ийнхүү үргэлж толгой дээр нь бороохойгоо өргөн далайж тоглоом тохуу хийх учир эцэстээ тэр бүр дасаж дахин дохиж гэмтээж барих вий гэж бодохоо болив.
Нөгөөтэйгүүр эм бар, хүн гэгч амьтны хүч чадлыг үнэлж аюултай дайсан хэмээн хүндэтгэж олз омгийн амьтан мэт харахаа больжээ. Ингээд түүнийг дэргэдээ хүрч ирэхэд нь яах ч үгүй байдаг болов. Нао шархадсан эм бараар ийнхүү тоглоом тохуу хийж зугаагаа гаргах бүрийдээ байгуулсан ялалтаа байнга дурсан санана.
Нэгэн удаа агуйн арсланг эзгүй хойгуур Гав Наогийн араас даган гол уруу гэлдрэв. Тэд амныхаа цангааг гаргаж Намд аваачиж өгөхөөр самрын ясанд ус авч явлаа.
Эм бар мөн л ам нь цангаж бэрхдэн мөлхөн мөлхсөөр эрэг хүрчээ. Гэвч эрэг нь огцом өндөр тул усанд хүрч яавч үл чадна.
Нао Гав хоёр түүнийг хараад шоолон хөхрөлдөхөд Ирвэсийн хүү дуу алдаж:
— Одоо эм бараас чононцор хүчтэй болж. Чоно ч түүнийг дөнгөхөөр болжээ гэв. Тэгээд инээд алдан caмрын ясанд авч явсан усаа эм бард тавьж өгөв. Тэр аяархан гасалж гийнан яах ийхийн зуургүй шавхан долоов.
Энэ байдал нь Уламрчуудад таалагдсан тул Нао бас дахин ус авчирч өгөв.
Түүнийг мөн л ховдоглон долоохыг нь хараад Ирвэсийн хүү доогтойгоор:
— Эм бар хүний гараас ус ууж сурч байх шив гэв.
Аюултай махчин ийм амьтныг эрхэндээ оруулж авсан нь таатай байлаа.

***

Найм дахь хоногтоо Нам Гав хоёр хуучин янзаараа явж чадахуйц засралыг олжээ. Тэгээд Ирвэсийн хүү ойрын шөнө оргохоор цаг товлов.
Үдшийн цагаан гэгээнд газарт буусан бараан үүлс улайран харагдана. Агаар чийглэг бөгөөд өтгөн манан мод, зэгсийг бүрхэн авчээ. Шар навчис хөнгөхөн чимээ гарган унана. Ой ширэнгэнд өлсгөлөн амьтдын гунигтайяа улих дуу сонстоно.
Өдөр юм идсэнийхээ дараа оройжин агуйн арслан сэтгэл тавгүй шинжтэй харагдана. Зүүрмэглэснээ чичив татав хийн байн байн сэрэх нь аятай тохитой ичээндээ байдаг үе нь бодогдоод амар заяаг нь үзүүлэхгүй байгаа бололтой ажээ. Нао түүнийг нүд салгахгүй ширтэн харахдаа арслан ичээ эрж удаан явах нь гэж бодов. Хэрэв тэгэх юм бол энэ үеэр Уламрчууд голын нөгөө эрэгт тайван гарч болох байлаа. Шиврэн орж буй бороо бас тэдний явсан мөрийг баллан тэдэнд тус хүргэх магад.
Удалгүй харанхуй болмогц арслан халуун орны ойт хээрээр хэсэн тэнүүчлэх ажилдаа оров. Эхлээд тэр орчмын газрыг нэгжин үзсэн боловч ямар ч ан амьтан алга гэдгийг мэдчихээд ой уруу бүр гүн шурган оров.
Чийгтэй ургамлын үнэр элдэв амьтны үнэрийг дарж, шиврэн орох борооны чимээнд түүний алхах чимээ үл сонстох учир Нао хүнд байдалд оров. Ийм болохоор Ирвэсийн хүү агуйн арсланг хол явсан эсэхийг мэдэж чадсангүй.
Нао удтал эргэлзэн байснаа эцэст нь сэтгэл шулуудан аянд гарах дохио өгөв.
Юуны өмнө нөгөө талын эрэгт гарах нь л чухал байв. Нао бараг голын дунд саадгүй хүрчхээр гүехэн газрыг урьд нь очиж байхдаа олж тогтоожээ. Тэр л хүрвэл хэдэн тохой газар намхан хадыг чиглэн сэлэн очих бөгөөд түүнээс цааш дахиад ус нь гүехэн болох байлаа. Уламрчууд шууд ус уруу яваад орчихсонгүй. Тэд мөрөө баллан эрэг дээгүүр ийш тийш явж, явсан мөр дээгүүрээ дахин гарч нэг газар удаан зогсож эргэлдэв. Бас шууд гарам уруу очихоосоо болгоомжлон тэр хүртэл усан дотуур самран хүрэхээр шийдэв.
Нөгөө эрэг дээр гараад тэд мөн л мөрдөгчөө төөрүүлэх гэж явсан мөрөө баллан нэлээд удлаа. Тэгээд өвс зулгаан өмнө газраа тавиад дээр нь гарч тавьсан өвсөө бас авч урдаа гарган тавих жишээгээр хэдэн зуун тохой газар явав.
Энэхүү заль нь бусад амьтнаас хүн гэгч хэр давуутайг батлах баримт байлаа. Чоно, буга аль нь ч гэсэн ийм уран аргыг яахан сэтгэх билээ.
Уламрчууд ийм сэрэмжилсэн арга хэмжээ аваад одоо айх аюл үгүйг ойлгон шуудхан цааш алхлав. Хауун орны ойт хээрийн дээгүүр анир чимээгүй нам гүм ажээ. Гэвч Нам Гав хоёр алхаагаа сааруулан үе үе чимээ чагнана. Нао ч гэсэн тэгэх ажээ. Тэдний сонорт эм барын гомдолтой гийнах дууны хариуд хүчтэй архиpax дуу сонстлоо.
Нам
— Агуйн арслан буцаад ирж гэхэд:
— Шалавхан явцгаая гэж Нао шивнэв. Тэд бас зуугаад алхам анир чимээ огтхон ч гаргахгүй явж өнгөрөв. Гэтэл гэнэт аянга нүргэлэх адил архирах дуу сонстсон нь энэ удаа агуйн арслан лавтай ирсэн нь бүр ч тодорхой болов.
— Агуйн арслан эрэг дээр хүрээд иржээ гээд Уламрчууд цааш чимээгүйхэн гүйлдэцгээв.
Уурлан хилэгнэж, тэсэж ядан архирах тасалданги дуу тэднийг өсгий даран мөрдөнө. Гэхдээ Уламрчууд түүнийг мөрөөр нь ороод будилж явна гэдгийг ойлгож байлаа. Тэдний зүрх гань галзуу булгилан дэлсэж, хуурай царсны долой тонших тоншуулын хошуу шиг санчигны нь судас лугшина.
Өөрсдийг нь нөмөрсөн энэ харанхуй хорвоод буурай өчүүхэн амьтад болохоо тэд мэдэрсэн ч гэсэн шөнийн энэ харанхуй гэгч дайсны нүднээс тэднийг нуун хаацайлах болохоор ганц аврал нь бас болж байлаа. Агуйн арслан мөрөөр нь мөшгисөөр голын эрэг дээр гараад ирж ч болох байлаа. Гэхдээ тэдний гаргасан заль сэтгэл санааг нь буруулж чадваас төөрч будилж хаашаа явсны нь мэдэхээ больж ч болох байлаа.
Аюултай архирах дуу агаарт дахиад л нүргэлэв.
—Нөгөө том арслан чинь гол гаталлаа гэж Гав шивнэв.
— Урагшаа хурдан явцгаая гэж Нао тушаангуй хариу өгөв. Тэгээд газарт сөхрөн суугаад чихээ наан чагнав.
Дахиад л арслангийн архирах дуу сонстов.
— Нөгөө том арслан чинь цаад эрэг дээрээ л байна гэж Нао босож ирээд хөнгөхөн санаа алдан хэллээ.
Ийнхүү арслангийн архирах дуу аажимдаа нам гүм болсон нь тэр махчин тэднийг мөрдөхөө больж умар зүг уруу холдох шиг боллоо.
Наогийн алсан саарал баавгай шиг том амьтад хэзээ ч өмнө зүгт ийм хол газар хүрч ирдэггүй болохоор голын энэ эрэг дээр өөр бусад бар, арслан байдаг гэхэд хэцүү байлаа. Харин энд байдаг ирвэс, цоохондойгоос бол Уламрчууд ер үл айна.
Тэд шөнийн анир чимээгүй дундуур удтал явав. Хэдийгээр бороо зогссон ч юу ч үл нэвтрэх гүн харанхуйн цаанаас одод үл үзэгдэнэ. Гагцхүү намгийн усан дээгүүр өчүүхэн төдий гэгээ гялсхийн үзэгдээд алга болох аж.
Хаа нэгтээ зарим амьтдын нойрмог хурхирах дуу сонстоно. Ангуучлан яваа зэрлэг амьтдын архирах, чарлан хуцах дуу алсаас сулдуухан дуулдана.
Уламрчууд алсын чимээ чагнан, салхиар хүрч ирэх шувуудын чуулах газрын үнэрийг үнэрлэн үе үе зогсон явав.
Нам Гав хоёр эцэст нь үнэндээ сульдаж Намын өвчтэй хөл янгинан, Гавын шарх дахиад л сэдрэв. Ингээд шөнө хоног өнгөрүүлэх хоргодох байр яаралтай олох хэрэгтэй боллоо. Гэвч Нао явдлаа урагш шаргуухан үргэлжлүүлсээр ойролцоогоор дөрвөн мянган тохой газар туулжээ.
Агаар дахиад л чийглэг болж сэрүүн салхи сэвэлзэхэд Уламрчууд ойролцоохон ус байна гэж мэджээ. Үнэхээр ч төдөлгүй тэд ус байна гэдэгт бүрэн итгэж эхлэв.
Эргэн тойрон нам тайван бөгөөд шөнийн энэ нам гүмийг хаа нэг явах амьтдын хөлийн чимээ эвдэнэ. Энэ бол тэднийг дөхөн очиход жижиг амьтад үргэн зугтаж байгаа нь тэр ажээ.
Эцэст нь Нао нэгэн том улиангарын ёроолд хоноглохоор шийдэв. Ийм мод махчин амьтад довтлох хамгаалалт болж чадахгүй нь мэдээж боловч харанхуйд аливаа амьтан эзэгнээгүй оромж олох тухай бодохын ч аргагүй байлаа.
Модны доорх хөвд усанд норсон нь яг л далайн хөвөн шиг болсон байх бөгөөд бас шөнийн агаар чийглэг хүйтэн аж.
Гэвч тэр үеийн хүмүүс хахир хатуу амьдралаар хатаагдсан болохоор ой хээрээр хэц хийж явдаг ийм улс агаар тэнгэрийн өөрчлөлтийг төдийлөн үл анзаарна.
Нам Гав хоёр модны ёроолд нойтон хөвдөн дээр тэрийн хэвтээд дорхноо гүн нойронд умбахад хар Нао сэрүүн байсан тул харуулд гарав.
Ирвэсийн хүү ядрахыг үл мэдэн ийн харуулд зогсохдоо ч холын аян, хөдөлмөр тулаанд хүч хуримтлуулах шиг болдог ажээ.
Ийм болохоор хүч тамир нь алдарсан дагуулуудаа сайн амарч аваг гээд тэр өглөө болтол ээлжгүй манаа хийхээр шийдэв.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.07.14 2:50 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Энэ үед амьдарч үзэхсэн хоног хүрэлгүй чадрах байх даа гэж

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.07.14 2:50 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Баярлалаа Крофт минь

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.07.14 4:47 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Их гүүш аргагүй л уйгагүй хөдөлмөрч хүн юм. Бишрэхээс аргагүй. :clap: :cheerleader: :clap:


Top
   
PostPosted: Apr.07.14 12:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Энэ жаахан сонирхол багатай ном уу үгүй юу. Дөрвөн хүн л уншаад байх юм.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.07.14 8:28 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.10.05 8:37 am
Posts: 138
Location: Утаанбаатартаа
Уншиж байгаа шүү.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 1 2 3 4 59 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited