#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.17.17 11:12 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 13 4 5 6 79 Next
Author Message
PostPosted: Apr.18.14 6:15 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 111
өө ашгүй дээ баярлалаа. :-D


Top
   
PostPosted: Apr.18.14 10:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
ХОЁРДУГААР АНГИ

Нэгдүгээр бүлэг
ҮНС ЧАНДРУУ


Бүүдийх ч гэгээгүй энэ шөнө Нао бодолд автан удтал суув. Төдөлгүй дорно зүгт хөөс шиг савсайх үүлэн дундуур сувдан өнгөөр сүлэн үүр хаяарч эхлэв.
Нао болон тэдний нөхдийн өмнө зүг явах замыг том нуур хөндөлсөн хаажээ.
Нуурын ус атриатан бидэрлэж тэртээ талын эрэг нь хөөнгө мананд умбасан аж.
Нао мэлтийн харагдах их усыг хараад хаагуур нь тойрч гарвал дээр вэ хэмээн бодов. Нуурын эрэг даган урт гүвээ үелэн эмжсэн баруун гap талд нь оочин соочин модтой зурвас тал үргэлжилжээ.
Нуурын мандал дээгүүр усыг нь бидэртүүлэх төдий хөнгөн салхи сэвэлзэн үлээх боловч хурсан үүлийг хэсэг бусаг тэвчин үлдэн хөөх хүчтэй салхи агаарт исгэрнэ. Хавирган саран хөнгөн үүлэнд умбаж нуурын цэнхэр мандалд бүүдийн тусна.
Нао нүдээ хурцлан сарны бүүдгэр гэрэлд баруун зүг хязгааргүй үргэлжлэх нуурын мандлыг, өмнө зүг сунасан битүү ойгоор бүрхэгдсэн тэгш талыг ширтэн харав. Тэдэнд дорно зүгийг барин явахаас өөр зам алга аж.
Нойрсож байгаа нуурын мандал дээгүүр юу ч үл цочоох нам гүм ноёлох нь агаар мандал, од мичид, хавирган cap бүхнийг эзэмдэн байх шиг санагдана. Салхи намдаж өндөр ургасан өвсний шажигнах чимээ үл мэдэг сонстоно.
Хөдөлгөөнгүй суусан Нао хөшсөн биеэ тэнийлгэж буурал улиангарын сүүдэр дороос гарч нуурын эргээр алхав. Тэнгэрийн хаяа түүний хязгааргүй уудмыг хааж газрын овон товон харагдана.
Нао намхан довцгийн орой дээр гарч дорно зүгт тахирласан жимийг олж үзэв. Газар дээр тахирлах тэр олон жим нь өвсөн идэштэн амьтан энд байнга ирдгийг гэрчилнэ.
Гэнэт гайхан балмагдсан Нао нүдээ бүлтийлгэн байрандаа нам мэлрэн зогслоо. Зүрх нь хүчтэй оволзон дэлсэв. Залуу эрийн тархинд Уламр овгийнхоо төрөлх отог, тэнд асаж байсан түүдэг гал, түүний дөлөнд гэрэлтэн харагдах Гаммлагийн уян налархай бие тодхон зурсхийн ороод ирэв...
Яг өмнө нь байгаа өтгөн ногоон өвсөн дунд дутуу шатсан мөчир, бөөн нурам харлан харагдлаа. Өглөөний намуун салхи энэ нурмын үнсийг хийсгэн аваачиж хараахан амжаагүй аж.
Нао түүнийг хараад хээрийн отог, галын тодхон дөл, шарсан махны таатай үнэр, галын улаан хэлийг сэтгэлдээ тодхон төсөөлөн бодсон боловч ийм юм үзээд баярласан сэтгэлийг нь энэ түүдгийн дэргэд саяхан л дайснууд дулаацан суусан биз гэсэн түгшүүрт бодол сарниулав.
Сэтгэл хөдөлсөн Нао өвдөг сөхрөн суугаад эргэн тойрон гарсан мөрийг нь ажиглаж эхлэв. Энд хоёр гарын нь хуруунаас гурав дахин олон хүн байсан бөгөөд тэдний дунд өвгөд хөгшид, эмэгтэйчүүд хүүхэд байсангүй гэдгийг таан мэдэхэд багахан хугацаа шаардагдав. Алсын авд анчдаа явуулдаг овгийнхон энд отоглосон бололтой аж. Эргэн тойрон тараан хаясан, мөлжсөн яснууд өвсөн дээр тэдний мөрийг зааж өгнө.
Эдгээр хүмүүс хаанаас ирээд хаашаа явсныг нь мэдэх явдал чухал байлаа. Их голоос урагш дээр үеэс амьдарч ирсэн хүний махан хүнстэн Кзамчууд хэмээх овгийнхон энд отоглосон юм биш үү гэсэн сэжиг төрөв. Тэд бол аварга том биетэй, догшин хэрцгий зантай бөгөөд Уламрчууд төдийгүй Наогийн мэдэх бүх овгийнхны дунд хүчээр давуу хүмүүс билээ. Тэд хүний махыг хандгай, буга, гахай зэрэг амьтны махнаас дээр гэж үзэж хүнсэндээ хэрэглэдэг одоо хэр байгаа цорын ганц овог ажээ.
Кзамчууд тооны хувьд цөөн. Уламрчууд дотроос эцэж цуцахыг үл мэдэх зоригт эрийн нэг Шилүүсний хүү Уаг нэгэн удаа алсын авд яваад ирэхдээ хүний мах иддэг овгийнхны отог үзсэн тухайгаа ярьж байсан билээ.
Нао тэдний мөрийг харан явахдаа түүний ярьсан үгийг дотроо бодож байв.
Өөрийнхөө хүчинд итгэсэн Кзамчууд мөрөө буруулахыг боддоггүй тул мөрөөр нь явахад төвөг байсангүй тэд нуурыг зүүгээр нь тойроод Их голын эрэг уруу зүглэжээ.
Нао Гал хэрхэн хулгайлан авах тухай бодов. Тэр Кзамчуудыг отогтоо эргэн очихоос өмнө урьтан очиж хулгайлж авах, эсвэл тэднийг гүйцэн очиж отогт нь нэвтрэн ороод сайн эрчүүлийг нь анд явсан хойгуур хүчээр булаан авах хоёр боломжийг төсөөлөн бодов.
Кзамчуудын отогт хүрэх замыг олохын тулд мөрөөр нь орж хурдан хөдлөх хэрэгтэй байлаа. Хүнй эрхэм нандин шүтзан болсон Галыг аван гол горхи, уул талыг гатлан яваа тэр анчдыг Нао сэтгэлдээ төсөөлөн бодов. Ийн бодоход Наогийн түүнд хүрэх зам ариун шударга боловч аюул осолтой болох нь улам ч тодорхой байлаа. Сэтгэл хөдөлгөсөн бодолдоо автан Ирвэсийн хүү удаан явав.
Үүр хаяарахаас өмнө боссон салхины хүч аажмаар буурах нь эргийн дагуу ургасан өндөр өвсөн дунд ууссан мэт санагдана.


Хоёрдугаар бүлэг
ГАЛЫН АРААС МӨРДСӨН НЬ


Уламрчууд хүний махан хүнстэнгүүдийн араас дагаж гурван өдөр явжээ. Эхлээд тэд нуурын эрэг барин ясаар сунан тогтсон гүвзаний бэлд хүрснээ цаашлан халуун орны өтгөн ойн багахан төгөл бүхий нуга газар хүрч очив. Кзамчууд айх сэрэмжлэх юмгүй алгуурхан урагш явсан тул тэдний араас явахад төвөггүй аж.
Тэд хаа нэг үдлэн, шөнийн хүйтэнд нөмөр хийж их түүдэг асаан явжээ.
Наогийн хувьд мөрөө буруулахын тулд элдэв aрга заль хэрэглэдэг билээ. Тэрбээр хөрсний хатууг даган аль болохоор өвс налуулахгүй явахыг хичээв. Боломжтой үед голын гулдралаар орж явсаар гүехэн гapмаар гарах юм уу, эсвэл нуурын тохойг сэлэн гарах зэргээр явсан мөрөө байнга буруулах тул маш удаан урагшилж байлаа. Гэвч ийн удаан явсан ч гэсэн Уламрчууд Кзамчуудыг төдөлгүй хөөн гүйцжээ.
Гурав хоног өнгөрөхөд тэд шар махчингуудад өдөрчийн газарт дөхөн ирсэн байлаа. Энэ үед Нао:
— Та хоёр зэвсгээ бэлтгэ. Бид өнөө орой Галын бараа дахиад үзнэ хэмзан Нам Гав хоёрт хэлжээ.
Галын бараа харна гэсэн үгийг сонсоод хоёр залуугийн царай баярлан гэрэлтсэн боловч тэдний хүч чадал аймшигтай авирыг бодоод дорхноо царай барайлгав.
— Юуны өмнө бид жаахан амраад авъя гэж Ирвэсийн хүү үргэлжлүүлэн өгүүлээд, — Бид шар махчингуудыг унтаж байхад нь дөхөж очоод манаачийг аргалахыг бодъё гэлээ.
Нам Гав хоёр урьд өмнө тулгарч байсан аюулаас илүү аюул ойртсон гэж бодохлоор дотор нь зарсхийнэ. Тэд Кзамчууд хэмээх тэр махчингуудын догшин хэрцгий зан авирын талаар ямар аймшигтай зүйл хар багаасаа сонссон билээ дээ.
Өвгөн Гоун, өөрийнхөө мэдэх овгуудаас хамгийн харгис догшин, зүрх зоригтойгоороо Кзамчууд алдаршсаныг олонтаа батлан ярьдаг байлаа.
Уламрчууд цөөн тооны Кзамчуудыг гэнэт уулгалан дайрч устгаж байсан нь цөөнгүй ч гэсэн шар махчингуудын хүнд царсан бороохой, хурц сүхний ирэнд олон зоригт эрсээ алдаж байсан билээ. Өвгөн Гоуны үгээр бол Кзамчууд гэгч саарал баавгайн үр удам аж. Ийм болохоор тэд хэмгүй урт гар, бүх биеийг нь битүү бүрхсэн өтгөн үс өвлөн үлджээ. Гэхдээ Кзамчууд амь эрсэдсэн дайсныхаа махыг ховдоглон иддэг гэж бодохоор улам ч айдас хүргэнэ.
Ирвэсийн хүүг үгээ дуусгахад Нам Гав хоёр үхтлээ айж дагжин чичрэх боловч хэлсэн үгийг нь зөвшөөрсний тэмдэг болгон толгойгоо дуулгавартай бөхийлгөв. Тэгээд тэд газарт хэвтэн шөнө дунд хүртэл амарчээ.

***

Cap мандахаас арай өмнө Уламрчууд босож цааш хөдөлсөн боловч cap гарахын алдад замаасаа төөрснөө сая мэджээ. Азаар харин Нао мөрөө хурдан эрж олжээ.
Уламрчууд төгөл бутан дундуур гарч, намгийг тойрон нарийхан голыг гармаар нь гатлав. Ингээд нэгэн гүвзаний оройд гараад холгүй гал улалзан байхыг олж үзлээ.
Сэтгэл хөөрөн баярласан тэр гурав өндөр өвсөн дунд амьсгаа даран нуугдан суугаад алсад харагдах галын дөлийг нүд үл салган ширтэв.
Шөнийн түнэр харанхуй, хүйтэн бороон дундуур өчнөөн шөнийг өнгөрүүлэн ангах цангах, өлсөж ундаасахын зовлон амсан саарал баавгай, эм бар, агуйн арслантай эр бяраа үзэн үхлийн тулаан хийж байж эцэст нь ийнхүү амь тэмцэн явсан зүйлээ олж харах нь тэр.
Тэгш талын дундах өдлөг болон ялам модоор битүү хүрээлэгдсэн жижигхэн нуурын дэргэд түүдгийн гал тал дугуй хэлбэртэй улалзана.
Галын дөл могой адил мушгиралдан, далайн давалгаа лугаа дайвалзаж агаарт хөвөн үүл шиг хэлбэр дүрсээ агшин бүр өөрчилсөөр дээшээ намуухан цойлж тал бүр уруугаа оч үсэргэн салхины аясаар багц багцаараа шөнийн тэнгэрт уусан алга болно.
Хэсэг Кзамчууд ангийн арьсаар биеэ хучин түүдгийн дэргэд унтацгаана. Тэдний зэвсэг болох ангийн болон хануур жад, бороохой нь газраар хөглөрнө.
Хоёр нь сэрүүн байгаа нь тэдний харуул бололтой бөгөөд нэг нь түлэх гэж бэлтгэн овоолсон гишүүн дээр бороохойгоо тулан сууна. Нүд нь гялалзах төдий битүү үстэй нүүрэн дээр нь түүдгийн улаан туяа тусна. Мөрөн дээрээ ямааны арьс тохжээ.
Apгаль шиг бүх биеэрээ өтгөн үстэй, сартайсан нүхтэй хавтгай хамар нь зузаан уруул дээгүүр нь арай ядан үзэгдэж урт гар нь бараг газарт шүргэм атлаа хөл нь гэж богинохон бүдүүн майга ажээ.
Хоёр дахь харуул нь хаа нэг чимээ чагнан түүдгээ тойрон алхана. Тэрбээр шөнийн чийглэг салхины хүргэн ирэх элдвийн үнэрийг хамраа татан үнэрлэнэ. Энэ нь Наогийн хэрийн нуруутай боловч хэмгүй том толгойтой, чонын чих шиг сортойсон чихтэй эр аж. Түүний хавирга нь хэрзийгээд, гэдэс нь хонхойжээ. Хэрвээ хөлийн нь урт хурууг эс тооцвол жижигхэн тавхайтай юм бодмоор аж. Богино хөлтэй болхидуу энэ амьтан тэнхээ чадал сайтай боловч хурдлан гүйхийн хувьд чац сайтай урт хөлтэй Уламрчууд тэдний дэргэд давуу болох нь эргэлзээгүй аж.
Гэнэт түүдгээ тойрон эргэх харуул зогсоод Уламрчуудын нуугдан байсан гүвзаний зүг толгой өргөн харав.
Тэр зүгээс гарсан үл мэдэгдэм төдий үнэр сэтгэлийг нь түгшүүлсэн бололтой. Энэ үнэр ямар нэг мах амьтны юм уу, өөрсдийнх нь овгийн хүмүүсийн үнэртэй огт төсгүй ажээ.
Овоолсон гишүүн дээр суусан харуул нь тийм ч содон үнэр үнэртэхгүй болохоор тайван үүрэглэнэ.
— Бид шар махчин уруу хэтэрхий ойрхон очжээ гэж Гав анархан хэлээд, — Бидний чимээг салхи тэдэнд хүргэжээ гэхийг сонсоод, дайсан нь хараа, сонороороо илүү болохыг сайн мэдэх тул Нао ихэд болгоомжлон толгой сэгсрэхэд:
— Салхин доор нь гаръя гэж Нам санал гаргав. Тэгэхэд нь:
— Салхи тэдний зүг салхилж байна. Хэрвээ бид тойроод салхины доор нь гарчихвал тэдний өмнө орчихно шүү дээ гэж Нао хариулав. Нам Гав хоёр хашир анчид болохоор ан мөрдөхдөө хэрвээ занг танихгүй бол тэднийг гүйцэж түрүүлдэггүй харин мөрөөр нь дагадаг гэдгийг сайн мэдэх болохоор Нао өөрийн бодсоноо тэдэнд тайлбарлах явдал байсангүй.
Энэ үед нөгөөх харуул эр хажуудахдаа нэг юм хэлэхэд нөхөр нь татгалзангуй толгой сэгсрэх харагдав. Тэгэхээр нь нөгөө эр түүнтэй зэрэгцэн суух гэснээ гэнэт нэгийг санав бололтой гүвзаний зүг хурдан хурдан алхан ирэхэд нь:
— Ухаръя гэж Нао хэлээд өөрсдийнхөө үнэрийг дарах ямар нэг хаалт болох юм нүдээрээ эрсээр гүвзаний орой орчмоор етгөн бут ургасан байхыг ажиж Уламрчууд тэр бут уруу нэлээд гүн шурган оров.
Одоо бол зөөлөн салхи дайсанд ямар ч үнэр хүргэх аргагүй болжээ.
Тэр Кзам эр хэд алхсанаа зогсоод чимээтэй нь аргагүй хамраараа агаар хэд хүчтэй татсанаа сэжигтэй юм юу ч олоогүй тул тайвширч түүдэг уруугаа буцав.
Уламрчууд бутанд нуугдан удтал суулаа. Ирвэсийн хүү алсад харагдах одоо хэр шатаж дуусаагүй бангаа түүдгээс нүд үл салгана. Нэг нь нөгөөгөөсөө хачин сонин мянга мянган бодол түүний толгойд ар араасаа өрсөлдөн орж ирэх аж.
Газрын өчүүхэн төдий бартаа довтлогсдыг дайсны хараанаас нууж чадах тул хамгийн сонорч хүн ч сонсож чадахааргүй чимээгүйхэн гэтэн очих хэрэгтэй байлаа. Гэтэл хүн буюу амьтнаас гарах үнэр гэгчийг гагцхүү газрын хол, угтах салхи л сарниулахаас өөр юу ч эс чадна.
Цөөвөр чононы улих дуу Наог гүн бодлоос нь салгаж эхлээд чимээгүйхэн сонсож байснаа сулхан хөхөрч:
— Бид цөөвөр чононы нутагт ирээд байгаа юм байна. Та хоёр тэднээс нэгийг нь алахыг бодооч гэлээ. Залуу дайчид түүнийг гайхсан байртай хартал цааш нь үргэлжлүүлэн:
— Би шар махчингуудыг харж байя. Цөөвөр чоно бол чоно шиг зальтай амьтан болохоор хүнийг ер ойртуулахгүй. Гэхдээ хэзээд өлсгөлөн явдаг амьтан... Та хоёр жаахан мах газарт тавьчхаад зайдуухан хараад байж бай. Тэгэхээр цөөвөр чоно удахгүй гүйж ирээд тавьсан махыг чинь нэг ойртон, нэг холдон эргэх болно. Хэрвээ та хоёр хөл гараа ч хөдөлгөхгүй хөшсөн чулуу шиг байж чадвал цөөвөр чоно эцэстээ тэсэж чадахгүй мах уруу дайрна. Тэгээд шүүрч аваад л ухасхийн холдоно. Энэ үед л та хоёрын хануур жад холдон одохоос нь өмнө амжих хэрэгтэй гэв.
Залуу Уламрчууд цөөвөр чононы авд явав. Тэдний улих дуу хаа байгааг нь бэлхнээ хэлээд өгөх учир мөрдөн явахад амархан аж. Нэг ч махчин амьтан махыг нь иддэггүй тул цөөвөр чоно юунаас ч үл айна.
Дөрвөн цөөвөр чоно өдлөг бутны төгөлд нэгэн амьтны ясыг ховдоглон химлэнэ. Тэд хүмүүсийн бараа хараад ч цааш холдон явсангүй. Дөхөн ирсэн Уламрчууд уруу хялалзан хараад хэрвээ урилгагүй зочид бүр тулаад очвол зугтахад бэлэн байдалтай цөөвөр чононууд аяархан архиралдана.
Нам Гав хоёр Наогийн хэлснийг ёсчлон гүйцэтгэж газарт үмх мах тавиад арваад алхам холдож салхинд ч үл хөдлөх өдлөг бутны иш шиг хөдөлгөөнгүй суулаа.
Цөөвөр чононууд эхлээд ухасхийн холдсон боловч төдөлгүй дөхөн ирж тавьсан өгөөшийн дэргэдүүр эргэлдэж эхлэв. Махны үнэр тэднийг өөрийн эрхгүй татаж хоёр хөлтэй энэ амьтнаас айх аюул нь аяндаа замхарч эхлэв бололтой. Цөөвөр чононууд урьд өмнө хүн гэгч энэ амьтантай тааралдаж байсан ч аль нь ч гэсэн ийм заль гаргана гэж мэдсэнгүй. Гэхдээ хүн гэгч хүчтэй амьтан болохыг нь ойлгосон цөөвөр чононууд нэлээд алсуур эргэлдэж байлаа.
Харанхуй ч бай, гэгээтэй ч бай, хур бороотой ч хуурай салхитай ч бай ямар ч үед аюул хзэээд oтож байдгийг сайн мэддэгээрээ цөөвөр чоно бол ухаантай амьтан.
Ийм ч учраас өдлөг бутны цаанаас нэг ил гарч, далд орон нуугдан хөдөлгөөнгүй сууж байгаа Уламрчуудыг тойрон удтал хэрэн тэнэж тэсвэр тэвчээр нь арай ч барагдаагүй байтал дорно зүгээс хавирган сар мандан улайран гарч ирэв.
Сарны гэрэлд зориг орсон тэд тавьсан өгөөшинд хориод тохой газар дөхөн ирээд аяархан архиралдан байрандаа удтал зогссон боловч ховдог хомхой зан нь aйx болгоомжлохыг нь дийлж цөөвөр чононууд нэгэн зэрэг өгөөш уруу бие биеэсээ урьтан авахаар дайран оров. Энэ явдал Наогийн урьдчилан хэлсэнчлэн нүд ирмэхийн зуур болж өнгөрсөн боловч залуу дайчдын шидсэн хануур жад агаарт исгэрэн хоёр цөөвөр чоныг нэвт сүлбэн онож унагав.
Уламрчууд шархадсан тэр хоёр амьтныг сүхээрээ дор нь тасар цавчин зүйл дуусгав. Энэ үед амьд үлдсэн нь тавьсан өгөөжийг булаацалдан ум хумгүй арилан оджээ.
Нам Гав хоёр барьсан ангаа авчран Наогийн хөлд хаяхад Ирвэсийн хүү:
— Одоо бид шар махчингуудыг дөнгөж чадна аа. Цөөвөр чонын үнэр бидний үнэрийг дарах болно гэжээ.

***

Шинэ шинэ гишүү мөчир нэмэх бүрийд түүдэг улам сэргэж галын улаан дөл тэнгэрт цойлно. Энэ гэрэлд Уламрчуудад унтаж байгаа шар махчингуудын царай, хоол хүнсний нөөц, газарт тараан шидсэн зэр зэвсэг нь цөм тодхон харагдав.
Харуулууд дахин шинээр солигдож шинээр гарсан хоёр эр түүдгийн дэргэд ямар ч ажиг сэжиггүй толгой унжуулан сууна.
Тэднийг ажиглан хараад Нао:
— Эднийг гэнэдүүлэн дайрахад амархан байна. Гэвч Нам Гав та хоёр сая тус бүр нэжгээд цөөвөр чоно олж ирсэн. Одоо Ирвэсийн хүү би анд явна гээд нэг цөөвөр чононы арьсыг шүүрэн авч гүвээн дээрээс бууж бутанд орон алга болжээ.
Эхлээд тэр тэдэнд харагдахгүй гэж шар махчны буудлаас холуур тойрон бутнаас гарч өндөр өвсөн дундуур мөлхсөөр битүү зэгстэй цөөрмийг тойрон далдуу модны төгөлд гулсан орж, түүдгээс бараг дөрвөн зуугаад тохой зайд орших өтгөн бутаар битүү хучигдсан газарт хүрч очжээ.
Харуулууд огт хөдөлсөнгүй. Нэг нь цөөвөр чононы үнэр авсан боловч тэр нь ямар ч түгшүүр төрүүлсэнгүй.
Одоо Нао дайсны буудлыг улам ч тодхон үзэх болов. Эхлээд тэднийг толгой дараалан тоолж хэн нь хэр зэргийн хүч чадалтайг нь тоймлон үзэхэд цөм л урт гар, өргөн цээж, богинохон бүдүүн хөлтэй аж. Үүнийг үзээд хэн нь ч Уламрчуудыг хөөн гүйцэж чадахгүй гэдэгт бат итгэн баярлав.
Тэгээд Ирвэсийн хүү газрын байрлалыг анхаарал ажиглав. Тэдний баруун талд намхан шиг бут уруу тулж тогтсон нүцгэн хэсэг газар үзэгдэнэ. Зүүн талд нь өтгөн өвсөн дунд хэсэг төгөл мод ургажээ. Түүнээс таваас зургаан тохой газарт Кзамчуудын хөлд гишгэгдэж чийрлэгдсэн газар үзэгдэнэ.
Нао удаан ч эргэлзэж түдгэлзсэнгүй. Харуулууд түүний зүг нуруугаа харуулан сууж байгааг ашиглан Нао бут уруу гүрвэл шиг мөлхөн очив. Нао харуулын хөдлөх бүрийд дороо нам зогсон алгуурхан урагш мөлхсөөр байлаа. Дээрээс гийгүүлэх сарны гэрэл, хажуугаас тусах түүдгийн туяа нь газарт тэрийн хэвтсэн түүнд хэн нэг нь хажуугаас нь гар хүрэх мэт санагдана.
Эцэст нь өндөр өвсөнд хүрч очоод цааш улам хурдан мөлхөж намхан моддын дундуур гулсан орж төдөлгүй түүдгийн галд бүр ойрхон хүрээд очив.
Одоо Нао гар сунгавал л биед нь хүрч болохоор унтаж байгаа дайсны яг гол дунд орж явчихжээ. Өчүүхэн төдий болгоомж алдаж хөдөлбөөс харуулууд мэдэж түгшүүр зарлан бүрмөсөн өнгөрөх байлаа. Азаар түүний эсрэг талаас салхитай байгаа тул түүдгийн утаатай хамт үнэр нь агаарт замхарна. Түүнээс гадна харуулууд үүргэлж байгаа юм шиг духайн суух агаад хаа нэг тэд толгой өргөн тал бүр уруугаа харна.
Нао ганц том харайж түүдгийн дэргэд үсрэн очоод гар сунган шатаж байгаа нэг цучил шүүрэн аваад агшин зуур эргэн өндөр өвс уруу харайн оров. Энэ үед аюултай хашхирах дуу ард нь сонстож нэг харуул түүний зүг ухасхийн нөгөө нь хануур жад шидэв. Энэ чимээнээр унтаж байсан Кзамчууд дорхноо сэрж арваад хүн үсрэн босоод ирэв.
Нао тэднээс урьтаж бүслэлтээс сугаран гарч дайчин уриагаа хашхирсаар Нам Гав хоёрын хүлээж байсан гүвээ уруу шууд хурдлав. Кзамчууд галзуу чоно шиг архиралдан араас нь бөөнөөрөө гүйлдлээ. Тэдний богинохон хөл хурдлан гүйхэд нь саад болсонгүй. Гэвч Ирвэсийн хүүг хөөн гүйцэхээргүй ажээ.
Уламр эр шатаж байгаа цучлаа толгой дээрээ даллан хурдлав. Түүнийг гүвээ хүрэхэд мөрдөгчид нь бараг таван зуун тохой газар хол хаягдсан байлаа.
Нам Гав хоёр түүнийг хүлээн зогсоно.
— Гүйгээрэй гэж Нао тэдэнд хандан хашхираад үг дуугүй араас нь алхам ч хоцрохгүй гүйлээ. Нао, өөртөө нас биед хүрсэн хөдөлгөөн багатай боловч хүч чадалтай эрсийн оронд ийм хөнгөн шингэн хөл хурдан залуусыг дагуул болгон авсандаа дотроо баярлаж байлаа. Агшин тутам Уламрчууд Кзамчуудаас алхам алхмаар холдсоор аж.
Ирвэсийн хүү Нам Гав хоёрын араас гүйхдээ барьсан цучлын нь гал унтарчих вий гэж санаа зовон үе үе зогсож үзнэ. Ийн гүйхдээ мөрдөгчид нь сөөм ч xoлдохгүй нэхэн хөөж байгаад сэтгэл түгшихийн гадна арай гэж өчнөөн зовлон амсан байж олж авсан Гал нь хуурай модны үзүүрт улам бүр цогшин байгаад санаа зовно. Одоо бол барьсан цучлын үзүүрт асаж байсан дөл аль хэдийн унтарч гагцхүү улаан цэг л үлдсэн нь Гал бас л амьд байгааг гэрчилнэ.
Наог мөрдөгчдөө ардаа орхин арай гэж олж авсан Галаа сэргээж авна гэдэгтээ бат итгэнэ. Cap xapaaxан шингээгүй боловч хөх огторгуйн мандлаар туулах замынхаа гуравны хоёрыг давчихсан энэ үед Уламрчууд гүйсээр намагт тулж ирэв. Кзамчуудын мөрөөр дөнгөж саяхан явж өнгөрсөн болохоор тэдэнд газрын багцаа танил ажээ. Гэвч намаг дундуур тахиралдсан чулуурхаг зөрөг зам гарчээ. Уламрчууд бодох юмгүй тэр зөргөөр орж хэдэн зуун тохой яваад зогсов.
Зөрөг тун нарийхан бөгөөд хоёр хүн ч явах боломжгүй аж. Харин олз гэхэд Кзамчууд тэдний зүг бүгдээрээ дайран довтолж чадахгүй, бас тэгээд эргэн тойрон гарч болшгүй балчиг намагтай тул тойрон гарч арааас нь довтлох аюулгүй аж. Иймд Нао Галаа сэргээхийн тулд энд түр үдлэхээр шийдэв.
Барьсан цучлын нь үзүүрт улаан цэг үзэгдэх төдий ёлтойно.
Нао Нам Гав гурав хуурай өвс, мөчир яаралтай олохоор эрэлд гарав.
Эргэн тойрон зэгс битүү ургаж намгийн өвс ногооны шарлаж унасан шилбэ, улиангарын хугарсан мөчир хаа сайгүй хөглөрнө. Гэвч тэр бүхэн шөнийн чийгэнд норсон тул цогон дээр тавиад Галыг асаах нь бүү хэл улам унтраана. Тэгээд хатсан мөчир, хуурай өвс олох хэрэг болов.
Үзэгдэх төдий цогон дээр олж ирснээ тавьж хэчнээн үлээгээд ч Гал сэргэсэнгүй. Хэсэг жаал уугьж хуурай өвсний үзүүрт бяцхан оч сүүмэлзэн үзэгдсэнээ гялан гялан гэсээр шөнийн чийгэнд цохигдон унтарна.
Энэ үед Нао алсан цөөвөр чононыхоо арьсыг гэнэт санав. Тэгээд хэдэн туг үс зулгаан аваад цучлын улаан цог доор тавибал жаал уугин цогшиж байснаа ба унтарчхав.
Уламрчуудын сэтгэл улам түгшиж цучлын үзүүр дэх улаан цэг бүүдийн багассаар. Эхлээд тэр шар зөгий шиг байснаа дараа нь ялаанаас томгүй болж, эцэст нь халуун өдөр намгийн дээгүүр үй түмээрээ язганан байдаг бяцхан дэлэнч шиг болжээ. Хэрвээ энэ л унтарвал Уламрчууд ийм гэхийн аргагүй гунигт автагдан сэтгэл зүрх нь хөрж хөших нь мэдээж.
Энэ бяцхан сүүмийх цогонд хэчнээн баяр итгэл оргилж байгаа билээ. Хэрвээ тэр дэгжин дэвжиж асваас харанхуй шөнийн буудлыг халуун түүдгээрээ гэрэлтүүлэн, саарал баавгай, бар, агуйн арслан мэт махчин амьтныг айлган сүрдүүлж, бээрч даарсан биеийг нь дулаацуулан харанхуй хүйтэн байгалийн бэрхшээлийг ялж түүхий махыг арааны шүлс гоожим амттай болгоход нь туслах бус уу. Баяр жаргал бүхнийг соёрхон туяарах энэ олзоо овогтоо аваачвал Уламрчууд ямар баяр хөөртэй угтаж тэдний арга мэх, авхаалж самбаа, эр зоригийг бишрэн хүндлэх билээ.
Гэтэл арай гэж байлдан авсан Гал нь мөхөв...
Уламрчууд махчин араатан болон байгалийн түмэн гамшигтай тулалдан тэмцэж явсан бол одоо хамгийн хорон санаатай аюулт дайсан болсон хүнтэй дахиад л тэмцэх боллоо.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.18.14 11:03 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
баярлав


Top
   
PostPosted: Apr.18.14 11:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Гуравдугаар бүлэг
ИХ ГОЛЫН ЭРЭГТ


Нао Нам Гав гурав Кзамчуудаас зугтан амь аврагдсан боловч одоо найм дахь өдөр нь тэдний араас нэхүүл мөн л дагасаар аж.
Шар махчингууд юутай ч гэсэн тэднийг ийнхүү шаргуу мөрдөх нь дайсагналцаж явдаг овгийнхных нь нэг гэж бодсон юм уу, эсвэл харь овгийнхныг байгалиас заяасан үзэн ядах зангаасаа болсон хэрэг биз ээ.
Өдөр бүр таваас зургаан тохой газар зугтах Уламрчууд тэднийг ардаа хол орхин одно. Хурдны хувьд тэднээс давуу Уламрчууд тэсвэр хатуужлаар ч Кзамчуудаас дутах юмгүй байлаа. Энэ үед гал булаан авах тухай бодлоо Нао огтхон ч орхисонгүй. Ийм учраас шөнө болохоор Нам Гав хоёрыг унтуулж орхиод тэр Кзамчуудын буусан буудлыг тойрон хэдэн цагаар эргэнэ. Тэр бага цагт бөх унтаж нойроо авна.
Ийн явахдаа Ирвэсийн хүү нэхүүлээсээ мөрөө буруулж дорно зүг уруу нэлээд хазайн явсаар Их голын эрэг дэх өндөр гүвээнд хүрч очжээ. Салхи, бороо, үерийн ус гүвээний чулууг ил гаргаж, хадан хавцлыг сэтэлж, аварга бул чулууг ч ховх цохин унагасан хэдий ч тэр бүхэн олон мянган жилийн байгалийн дэвшилтийг үл тоон нөгөө л байрандаа хэвээр аж. Гүвээний бэлээр мяралзан урсах дүүрэн урсгалт гол замдаа тохиолдох олон гол горхи, булгийн усыг хүчирхэг урсгалаар хаман аваачна. Энэхүү голыг оройд нь хүршгүй уулнаас буух мөсөн уруй, хад дамжин буух хүрхрээ, газрын гүнээс ундран гарах булгийн ус, орой дээгүүр харанхуйлан хурах хурын үүлс цөм тэжээн тэтгэх билээ.
Хавцал дундуур урсах голын ус хөөсрөн шуугьж аймаар сүртэй оволзож байснаа тэгш тал газарт ороод залхуу хүрэм тайван болчихно. Тэр мөн балчиг намгийн чийгээр тэжээгдэхийн цагт нуур цөөрмийн ус хальж тоо томшгүй арлыг үер авна. Ийнхүү дүүрэн урсгалт гол үл ширгэх нэгэн амьдралыг төрүүлнэ.
Уулын хүйтэн оргилоос халуун орны тэгш тал гaзар хүртэлх түүний урсах замд үржил шимтэй, шимгүй ямар ч хөрстэй гэсэн навчит шилмүүст элдэв төрлийн мод холилдон ургажээ. Улиангар, улиас, нүргэс, уд мод хар цагаан өнгөөр ээлжилж солигдоно.
Голын усанд амьдрал буцална. Шохойн чулуун ёроолд нь нальхан хорхойн бүхэл бүтэн сүрэг язганалдахад, хажуугаар нь хавч хэлбэртнүүд ихэрхүү мөлхөлдөн, загас жараахайнууд сүрэг сүргээрээ цахилгаан мэт гялсхийн өнгөрч, аварга, загаснууд замаг дунд яаралгүй хөвөн, хурдан шалмаг хэвлээр явагчид гулсан дөхнө.
Голын дээгүүр тогоруу шувуунууд зэллэн нисэхэд, нугас галуунууд усанд буун гангар гунгар дуугаралдана. Алтан хараацай сүрэг сүргээрээ эргэлдэн нисэж, нүсэр биет хөх дэглий, шивээ нугас, далайн шувууд шурхийн өнгөрч, ихэрхүү зант хун шувууд яаралгүй хөвөн, урт хошуут ус уруу шунган унаж, алаг өрөвтас ганц хөл дээрээ бодлогошронгуй зогсоно.
Гэтэл элээ, харцага, хэрээ, бүргэд мэтийн жигүүртнүүд олз хайн үүлэн доогуур элэн хальж эргэлдэхэд, шонхор шувууд цэлмэг тэнгэрт умбан цойлж, ууль, шар шувуунууд шөнийн харанхуйг далавчаараа чимээгүйхэн зүсэн ниснэ.
Буурал агч модны гол шиг Армаануудын нуруу тунгалаг голын урсгалд дайвалзан үзэгдэнэ. Зэгсэн дундуур уян халиу, том толгойт усны харх гулсан орно. Энэ үед аймхай зант буга, номхон марал, нүсэр биет хандгай, хөнгөн хөлт бөхөн, сахалт аргаль, соргог сэрэмжтэй хулан, хурц туурайт илжиг, хэзээд айж нүд нь томорч явдаг зэрлэг адуу, юунаас ч үл айх энэ газрын эзэн болсон арслан заан, аварга том бух гөрөөс, зэрлэг сарлаг тэргүүтэн орж ирнэ. Ямар ч хурц хумс, соёо үл нэвтлэх зузаан арьстай хирс хэмээх амьтан болхи биеэ сэрүүн усанд живүүлэн бах таваа хангана.
Аварга том биетэй найрсаг зант агуйн баавгай эгц эрэг дээрээс өнхрөн бууж ирэв. Шилүүс, цоохондой, ирвэс, бар, шар арслан, саарал баавгай мэт нь олз хайн мярааж, барьсан амьтныхаа халуун махыг ховдоглон залгина. Огцом хурц үнэр үнэртэж амьтны сэг иддэг чононцор, үнэг, цөөвөр чононууд дөхөн ирж байгааг илтгэв. Зэрлэг нохой, чонын сүрэг хүч буурай, шархадсан өвчтэй өвсөн идэштэн амьтныг мөрдөн дагана.
Эрэг орчмын шугуйд туулай, молтогчин туулай, хэрэм, зурам зэрэг жижиг амьтад буцална. Өндөр ургасан өвсөн дотуур могой гүрвэл мөлхөн, мэлхий дэвхэрэг харайлдана. Агаарт үхэр хэдгэнэ, шар зөгий, бөхгөнө, ялаа, эрвээхий, цох, тэмээлзгэнэ мэтийн шавжууд шурхийн нисэлдэнэ.
Голын урсгалд модны гол, унасан навчис, хугарсан мөчир, ургамлын үндэс хөвнө...
Нао хэзээний гол усанд хайртай билээ.
Тэр голын эцэс төгсгөлгүй урагшлах хүчит урсгалыг бахаа ханатлаа харан суух дуртай. Голын ус гэгч боргионд орохоороо хилэнтэй догшин шуугьж, өндөр хаднаас нижигнэн унаж буцлан хөөсөрч байснаа харгианд орохоороо намдан тайвширч саваа даган дөлгөөн тайван урсана.
Ийм болохоор ус гэгч яг л Гал шиг амьтай голтой амьтан юм шиг Наод санагдаж билээ. Үнэндээ л Гал шиг хүч нь буурч бөхөж муудаж байснаа хаанаас ч юм хүч сэлбэн дэгжин дэвждэг ажээ. Ус гэгч хурмастаас хур бороо, хөрсний гүнээс булаг шандаар тэжээгдэн гол болон урт замыг туулан өнгөрөхдөө хүн амьтныг алж ч чадна, аварч ч бас чадах билээ. Хэзээд үл цуцах шаргуу зангаараа тэр хадыг элээж, элс, чулуу, шаврыг араасаа дагуулна. Тэр шавж хорхой үл хүрэх газрын гүн уруу шурган нэвтэрнэ. Ойн булаг шандаас эх авсан тэр аажимдаа горхи болж эцэстээ уулын цасан уруйнаас ч аюултай, арслан заанаас ч хүчтэй болон хувирна. Нэг ч ургамал амьтан ус үгүй бол яахан амьдарч чадах билээ. Тэр амьд амьтан шиг хүрхрэн архирч, уухилж аахилан, шулганан дуулж, инээж хөхөрнө. Тэр намаг газар унтаж, нуур цөөрөмд амран голд орохоороо хурдлан гүйж хүрхрээ уруу бар шиг дүүлэн бууна.

***

Нао голыг ширтэн ийн бодлоо.
Энэ үед Уламрчууд шөнө хоноглох байраа олох хэрэгтэй болов. Гав голын дундах арал дээр гаръя гэж санал гаргав. Тэгвээс тэр арал мөрдөн хөөх хүмүүсэээс төдийгүй араатан амьтнаас ч найдвартай хамгаалж чадах ажээ.
Гэтэл хэрвээ Уламрчууд арал дээр ямар нэг занганд орчихвол Кзамчууд тэднийг устгах нь ёстой л алга урвуулахын төдий хэрэг болох байлаа. Түүнээс гадна Уламрчууд тэнд очвол Галаас улам л холдох байсан тул Нао эрэг дээр хоног өнгөрүүлэх газар эрж олох нь дээр гэж үзэж, төдсөн ч үгүй тэд дээр нь арваад хүн багтчихаар зайтай, хажуу бэл нь эгц, өндөр бус занар чулуун хад олов.
Шөнө хоноглох бэлтгэл ажил харанхуй болоход сая дуусжээ.
Уламрчууд Кзамчуудыг ардаа хол хаясан нь энэ шөнийг амар жимэр өнгөрүүлэхэд бололцоотой болжээ.
Тэнгэр хангай сэрүүхэн аж. Шингэх нарны зүгт тэнгэрийн хаяа улайж сэмжин үүлс тэнгэрт хөвнө.
Түүхий мах, мөөг, самраар оройн хоол хийсэн залуу дайчид газрын байрлалыг ширтэн ажиглав. Харуй бүрийд орчны юм харагдах боловч эрэг шөнийн харанхуйд аль хэдийн умбажээ.
Зэрлэг илжигнүүд усанд орж, адуун сүрэг гол руу бууж ирэв. Тэд бол өтгөн ширэлдсэн дэлтэй, том толгойтой намхан нуруутай, тагдгар биетэй, болгоомжилж сэрэмжилсэн гунхсан хөдөлгөөнтэй. хөхөвтөр өнгөөр гэрэлтэх том нүдтэй амьтад ажээ. Хэзээд амар тайван байж үзээгүй амьдрал нь тэднийг ийнхүү сонор сэрэмжтэй болгожээ. Тэд ус уухдаа ч гэсэн цаг ямагт сэрвэлзэн тал бүр уруугаа эмээсэн байртай тойруулан харах нь айх аюул, аливаад үл итгэх итгэлдээ бүрэн найдсан шинжтэй. Гэнэт тэд сандралдан амны цангаагаа гаргаж амжилгүй амь зулбан алга болов.
Газар дэлхий шөнийн харанхуйд умбажээ. Дорно зүг бив битүү харанхуйлж, гагцхүү өрнө зүгт шингэсэн нарны улаан туяа мөн л татсаар үзэгдэнэ. Хаа нэгтээ холгүй аюултай догшин архирах дуун сонстов.
— Арслан гэж Гавыг шивгэнэн хэлэхэд:
— Голын эрэг дагуу ан амьтан язганаж байхад арслан болгоомжтой амьтан болохоор хүнээс илүү буга, оронго зээр уруу довтлохоо мэднэ гэж Нао хариулав.
Арслангийн архирах дуун алсад нам гүм болов. Одоо гагцхүү голын эргээр хэрэн тэнэх цөөвөр чононы улих дуун сонстоно.

Уламрчууд ээлж дараалан амарч харуулд гарсаар үүрийн гэгээтэй золгов. Тэд өглөө болмогц замдаа гарч их голын урсгал уруудан явлаа.
Удалгүй тэд арслан зааны сүргийг өмнөө байхыг үзжээ. Энэ бол уртаараа мянга, өргөөшөө гурван мянган тохой талбайг дүүргэсэн бүхэл бүтэн их сүрэг аж. Энэ аварга амьтад өвс ургамлын шинэхэн найлзуур идэж тайван бэлчинэ. Тэдний итгэл төгс, аз жаргалтай амар тайван байдлыг гурван эр хараад өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрөв. Зарим нь хүч тамиртаа эрдэн ар араасаа хөөцөлдөн тоглох юм уу, үсэрхэг зөөлөн хошуугаараа гэм хоргүй цохилцон үзэлцэнэ. Энэ аварга амьтны гайхалтай том хөл нь агуйн арсланг ч нүд ирмэхийн зуур шавар мэт болгон дэвсэн хаяж чадах билээ. Тэдний аварга соёо зуун наст царс модыг үндэстэй нь суга татан хаяж, өргөн дух нь боржин чулуунаас үл дутах саадыг хэмх цохиж давах чадалтай ажээ.
Энэхүү аварга хүчирхэг амьтанд сэтгэл татагдсан Нао дуу алдан бахдуунаар:
— Энэ хорвоог эзэмдэгч арслан заанууд хэмээн хэлэв. Тэд аливаа амьтанд гэм хор хэзээ ч хийдэггүйг сайн мэдэх тул Нао арслан заанаас айсангүй.
— Хэрээний хүү Аум арслан заантай холбоо тогтоож байсан гэдэг гэж Ирвэсийн хүү жаахан дуугүй зогссоноо хэлэхэд:
— Бид Аум шиг арслан заантай холбоо тогтоож яагаад чадахгүй байх билээ гэж Нам асуув.
— Аум бол арслан зааны хэлийг ойлгодог байсан гэж Нао татгалзангуй хэлээд, — Харин бид бол ойлгохгүй гэлээ.
Гэхдээ Намын хэлсэн үг түүнд таалагдсан тул аварга сүргийн хажуугаар тойрон гарахдаа энэ тухай бодож явав.
Уламрчууд хэсэг зуур чимээгүй явлаа. Гэтэл Hао дахиад л ам нээж:
— Арслан заанууд хүмүүс шиг ярьдаггүй ч гэсэн бие биеэ ойлгож толгойлогчийнхоо хашхирах дууг ч анддаггүй аж. Өвгөн Гоун ярихдаа, тэд толгойлогчийнхоо өгсөн тушаалаар зэрэгцэн жагсаж, буудал солин шинэ газар уруу явахын өмнө зөвлөлддөг гэсэн. Хэрвээ бид тэдний хэлийг ойлгож чаддаг сан бол холбоо тогтоох сон гэлээ.
Улиангар модны шинэхэн найлзуур таслан идээд бусдаасаа зайдуу зогсож байсан нэг арслан заан толгой өргөн Уламрчуудыг харав.
Нао хэзээ ч тийм аварга амьтантай нүүр учран уулзаж байсангүй. Түүний өндөр арван хоёр тохой, арслан шиг хур дэлтэй, модны гол шиг бүдүүн хошуу нь аварга могой адил уян хатан ажээ.
Хүмүүс арслан зааныг илт сонирхох боловч aйх аюулгүй гэдгээ тэдэнд итгүүлж чадна гэж бодож болохгүй байлаа.
Тэр аваргууд тэднээс нүд үл салгана. Нао түүний зүг дөхөн очоод:
— Арслан заан бол хүчирхэг амьтан. Аварга хөлийнхөө ганц цохилтоор арслан бар хоёрыг ч өт хорхой шиг няц дэвсэж, аварга хошууныхаа ганц ширвэлтээр арваад бух гөрөөсийг унагаж чадна. Бид гурав бол та нарын анд нөхөд мөн гэж хашхирав.
Уламр эрийн тасалдан хэлэх үгийг сонсоод тэр арслан заан чихээ хөдөлгөн сортойлгов.
— Арслан заан Ирвэсийн хүүгийн үгийг сонсож байна гэж тэр баяртайгаар дуу алдан, — Уламрчууд түүний тэнсэлгүй их бяр чадалтайг хүлээн зөвшөөрч байгааг ойлгож байна. Хэрвээ Нао Нам Гав гурав гал олбоос туулайн бөөр, царсны боргоцойг нурманд болгож арслан заанд авчирч өгнө гэлээ.
Нао ийнхүү хэлээд намаг уруу харц шидэн тэнд ургасан удвал цэцгийг олж үзэв.
Энэ цэцэгний шилбийг арслан заанууд дуртай иддэгийг Нао мэдэх билээ. Тэр дагуулууддаа дохио өгөн удвал цэцгийн улаавтар урт шилбийг түүж эхлэв. Тэр хом тэвэр шилбэ түүгээд нямбайхан цэвэрлэж арслан заанд аваачиж өгөхөөр дөхөн тавиад тохой газар очоод зогсож:
— Уламрчууд бид чиний анд нөхөд мөн болохын тэмдэг болгож үүнийг түүж ирлээ. Май гээд газарт тавиад ухрав.
Арслан заан сониучирхан газарт тавьсан зүйл уруу дөхөн очиж өөрийн нь сайн мэддэг, идэх дуртай тэр амттайхан шилбийг яаралгүй зажлан гурван Уламр эрийг сониучирхан харна. Тэгээд үе үе хошуугаа дээш өргөн хумүүсийн үнэрийг үнэрлэн дараа нь тэдний зүг найрсгаар дохино.
Энэ үед Нао аажим аажмаар арслан заан уруу дөхөж эхлэв. Гэхдээ ч Бизон хэмээх амьтны цээжин бие лугаа хоёр бүдүүн соёо, аварга могой шиг мушгиралдсан хошуун доор нь шууд яваад орчихсонгүй. Энэ аварга амьтантай зэрэгцэн зогсоход хэдий нуруу өндөр ч гэсэн Уламр эр бяцхан хүүхэд шиг харагдана.
Арслан заан нэг л хөдөлгөөнөөр түүнийг дор нь цусан гамбир болгон хувиргаж чадах ажээ. Гэвч арслан заан түүнд өчүүхэн ч хар хор хүргэхгүй гэдэгт Нао итгэж байлаа.
Уян налархай хошуу нь залуу эрийн биед хүрч үнэрлэхэд нь Нао амьсгаа даран байж гараа хошуунд нь хүргэв. Тэгснээ тонгойн хэсэг ногоон өвс, найлзуур таслан авч найрамдлын тэмдэг болгон арслан заанд өглөө.
Ер бусын үлэмжийн чухал үйл явдал болж байгааг Нао ухаарч сэтгэл зүрх нь баяр хөөрөөр бялхан булгилна.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.18.14 11:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
tsaganakul wrote:
баярлав

сэтгэл хөдлөв

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.18.14 11:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Дөрөвдүгээр бүлэг
АРСЛАН ЗААНТАЙ НӨХӨРЛӨСӨН НЬ

Наог арслан заан уруу дөхөн очихыг Нам Гав хоёр сэтгэл түгшин ажиглав. Тэгээд энэ аварга амьтантай хүнийг зүйрлүүлэхэд хэрхэн бие бага, хүч дорой болоыг мэдэрч байлаа.
Арслан зааны том хошуу Наогийн мөрөн дээр буухад Нам гашуудангуй:
— Хөөө, хараач Арслан заан одоохон Наог бяц дэвсэх нь. Ингээд чи бид хоёр Кзамчууд болон махчин амьтдаас хоёулхнаа амь биеэ хамгаалах хэрэг боллоо доо гэж шивнэв.
Гэвч Нао гараараа тэр аварга амыны хошууг хэрхэн илж байхыг үзчихээд шагшин гайхах сэтгэл тэдэнд өөрийн эрхгүй төрж:
— Нао арслан заантай холбоо тогтоочихлоо гэж Гав дуу алдан, Нао бол хамгийн хүчтэн мөн боллоо гэв.
Энэ үед тэдний сонорт:
— Нам Гав хоёр мөн над шиг арслан заан уруу дөхөж ир. Гэхдээ өвс түүгээд түүнд өг гэж хэлэх Наогийн дуу сонстов.
Энэ үгэнд бүрэн итгэх залуу Уламрчууд өвсний амтлаг мөчир газраас түүн авч арслан зааны зүг дуулгавартай ойртов.
Тэр аварга амьтан уруу бүр дөхөн очоод түүсэн өвсөө гар сунган барихад Нао ч мөн өвс зулгаан өгч байлаа. Тэр бүхнийг арслан заан тайвуухан зулгаана. Ийнхүү Уламрчууд аварга хүчит арслан заантай холбоо тогтоожээ.

***

Өдөр ирэх бүрийд шинэ саран улам томрон томорсоор ахиад нэг хоновол л нар шиг том дугуй хэлбэртэй болохоор аж. Энэ орон Кзамчууд Уламрчууд хоёрын хоорондын зай хориод мянган тохой байлаа. Тэд бүгдээрээ урьдын адил голын эрэг барин явсаар байв.
Кзамчууд шөнө хоноглох гэж нэгэн эгц эргээс хэдхэн алхмын зайтай буудаллажээ.
Тэд том түүдэг тойрон галын илчинд ээж, амттайхан мах шаран суух нь ан амьтан элбэг энэ газар oлз омогтой явсан бололтой аж.
Гэтэл Уламрчууд хүйтэн чийглэг газар жиндүүлэн ургамлын үндэс, зэрлэг тагтааны түүхий махаар дуугүйхэн хооллов.
Голоос арван мянган тохой газар ялам модны шугуйд арслан заанууд тайван нойрсоно. Тэд өдөр нь хүн дөхөхөд дажгүй байсан боловч шөнө болохоор сэтгэл тавгүйн шинж үзүүлсэн нь гэнэтийн аливаа довтолгооноос болгоомжилж ч тэгсэн хэрэг биш элэг буруу энэ хүмүүс амгалан тайванг нь эвдэх вий гэж дургүйцсэндээ тэр ажээ. Ийм учраас харуй бүрий болмогц арслан заануудын тав тухыг алдуулахгүй байя гэж бодоод Уламрчууд нэлээд холджээ.
Оройн хоолны дараа Нао дагуулуудаасаа:
— Та хоёр сайн амарч чадав уу? Одоо өдөрчийн газар туулсан ч чадахаар болсон биз гэж асуухад Улиангарын хүү:
— Өдрийн хагасыг унтаж өнгөрөөсөн би чадахгүй байх юу билээ гэхэд, Гав:
— Бөхөнгийн хүү би зогсолтгүй гүйж Кзамчуудын буудал хүрч чадахаар байна гэв.
Ирвэсийн хүү ийм хариулт сонсоод:
— За тэгвэл ийм байна. Залуу дайчид минь oдоо Кзамчуудын буудал уруу намайг дагаж яв. Энэ шөнө бид галыг нь булаан эзэмдэж авах болно гэлээ.
Нам Гав хоёр үсрэн босож Наогийн араас чимээгүйхэн дагав.
Хэдийгээр шөнийн харанхуй нөмөрсөн боловч Уламрчууд дайснаа гэнэдүүлэн дайрч Галыг нь булаан авна гэж урьдчилан тааварлахад бэрх аж. Их голын цаадах модны оройгоор тэргэл саран мандах бөгөөд улаавтар том хүрээ нь өндөр гуалаг улиангар, мөнх наст царс модны орой дамжин нэг үзэгдэн нэг алга болно.
Голын усанд туссан шөнийн саран мөнгөлөг туяагаараа хоёр эргийг нь холбон танан цайвар гэрлээ гялалзан гялтгануулна.
Уламрчууд эхлээд эрэг даган хурдлан гүйсээр Кзамчуудын буудалд дөхөн очоод алхаагаа саав. Тэд хоорондоо хэдэн арван тохой зайтай цувран яваа нь отсон дайсан гэнэт бүслэн авна гэж айх аюулгүй аж.
Тэгсээр удалгүй нэгэн бургасан шугуй тойроод сарны тодхон гэрэлд цайвалзах түүдгийн сүүмгэр гэрлийг олж үзлээ.
Шар махчингууд унтжээ. Гурван харуул галаа сэргээн, унтаж байгаа нөхдөө хамгаалан манана.
Уламрчууд шугуйд нуугдан Галыг атаархан шуналтай харав. Тэр их галнаас ядахдаа ганц оч ч болов эзэмдэх аз тохиолддог болоосой. Урьдын гашуун туршлагаасаа сургамж авсан тэд Галтай болбол түүнийгээ тэжээн тэтгэх хуурай өвс, навч, нарийхан зомгол, давирхайтай мөчир, модны холтос хүрэлцэхүйц хэмжээтэй бэлтгэн авчээ. Бас нарийн саваагаар сүлжиж хавтгай чулуу дэвссэн хорго барин яваа нь булаан авсан Галаа хийхэд хэзээ ч мөхөх аюулгүй ажээ.
Гэтэл Гал уруу яаж дөхөж очих билээ? Ирвэсийн хүү шөнийн цагаар гэнэт түүдэг уруу нь дайрч тэднийг улам ч сонор сэрэмжтэй болгочихсон болохоор одоо яаж гэнэдүүлэн хуурдаг юм билээ? Гэнэт Нао:
— За, та нар сонсож бай. Би голын эрэгт нуугдана. Энэ үед улиангарын болон бөхөнгийн хүү та хоёр Кзамчуудын буудлын хажуугаар нэг ил гарч, нэг далд орон явж Кзамчуудын анхаарлыг татмагцаа л та хоёр цаашаа гүйгээрэй. Гэхдээ байдаг хар хурдаараа битгий зугт. Гагцхүү Кзамчуудад хөөн гүйцэх найдлага төрүүлэхээр тэднийг аль болохоор хол дагуулан аваачихыг бодож гүй. Тэгээд Кзамчуудыг Улаан чулуу хүртэл дагуулан яв. Хэрвээ тэнд намайг байхгүй бол арслан зааны бэлчээр, Их гол хоёрын завсраар чиглэн яваарай. Ирвэсийн хүү би та нарын мөрийг олж чадна гэлээ.
Наогаас салж аюулт Кзамчуудтай улаан нүүрээрээ учирна гэдэг бодол тархинд нь орж ирмэгц залуу Уламрчууд цочирдов. Гэхдээ ийнхүү балмагдавч Кзамчуудын буудал уруу тэднийг дуугүйхэн гүйн одоход Ирвэсийн хүү эрэг уруу мөлхөв.
Хагас цаг өнгөрөв. Гэнэт Намын дүрс довцгийн оройгоор нэг үзэгдсэнээ алга болж дараа нь Гав өндөр өвсөн дунд сүүдэгнэн үзэгдээд нуугдчихав.
Шар махчингуудын харуул агшин зуур түгшүүр зарлалаа. Ингэхийн алдад Кзамчууд эмх замбараагүй босон харайлдаж чангаар хашхиралдан толгойлогчоо тойрон цуглав.
Толгойлогч нь намхан тагдгар нуруутай агуйн баавгай мэт нэгэн ажээ. Тэр бороохойгоо хоёр дахин дээш өргөн даллаж нэг юм сөөнгөтөн хашхирч хойноос нь нэхэн хөөх дохио өгөв.
Кзамчууд зургаан хэсэг болоод хагас тойргоор таран урагшлав.
Нао сэтгэл түгшин араас нь ажиглаж байлаа.
Шар махчингууд залуу Уламрчуудын араас мөрдөн төдөлгүй алсад бараа нь тасрав.
Энэ үед Нам Гав хоёрын тухай Нао бодохоо больж бүх анхаарлаа Гал уруу төвлөрүүлэв. Хамгийн хүч чадалтай дөрвөн Кзам эр галаа хамгаалан үлджээ. Тэдний нэг нь бүр ч аюултай харагдана. Тэр бол толгойлогч шигээ тагдгар намхан нуруутай боловч нуруугаараа нэлээд өндөр, мөн өтгөн битүү үсээр хучигдсан аж.
Тулсан аварга том бороохойг нь харахад ямар аюултай, хүчтэй амьтан болох нь аандаа тодорхой ажээ.
Түүдгийн дөл энэ Кзам эрийн аварга том эрүү, өтгөн урт хөмсгөөр бүрхэгдсэн жижигхэн нүд, модны бөгс мэт богинохон бүдүүн хөлийг нь тодхон гийгүүлнэ. Бусад гурав нь түүнээс нэлээд намхан боловч мөн л хүч чадал, зүрх зоригтой эрсийн шинжийг илтгэнэ.
Нао нуугдахад нэлээд сайн газрыг сонгон авчээ. Учир нь шөнийн намуухан сэвшээ салхи өөдөөс нь үлээх тул үнэрийг нь голын эрэг уруу аваачих ажээ. Бас холгүйхэн тэнүүчлэх цөөвөр чононуудын үнэр өөрийнх нь үнэрийг дарна. Бас тэгээд урьд нь алсан цөөвөр чононыхоо арьсыг бүсэлсний ачаар Ирвэсийн хүү түүдгийн зүг жараад тохой газар мэдэгдэлгүй мөлхөн очиж чаджээ. Тэгээд эндээ хөдлөлгүй, зохистой цагийг хүлээн жаал байв.
Тэгснээ мандсан cap улиангарын орой дээр очих алдад Нао дайчин уриагаа хашхиран гэнэт хөл дээрээ үсрэн босов.
Түүнийг ийнхүү гэнэт гарч ирэхэд нь Кзамчууд цочирдон, мэгдэж сандарсан байртай харцгаасан боловч сандарч удаан мэлрэн зогссонгүй. Тад ууртайгаар бахиралдан хүн бүр зэвсгээ шүүрэн авахад нь Нао:
— Бидний гал мөхсөн тул овгийнхон маань Ирвэсийн хүүг Галын эрэлд илгээсэн. Би халуун орны ойт хээр, уул усыг туулан ирлээ. Хэрвээ та нар түүдгээсээ хэдэн цүүчил өгвөл би тулалдахгүй яваад өгнө гэлээ.
Гэвч шар махчингуудад харь хүний энэ үг чоно улихаас дутуугүй сонстсон бололтой.
Тэд дөрвүүлээ тул энэ зориг зүрхтэй ганц харийн хүнийг доор нь сөнөөх шунаг хүсэл нь бадарч ирэв.
Нао, өөр уруу нь, тэд ганц ганцаараа дайрч ирнэ, тэгэхээр нь ухарч байснаа хуурай Гал уруу хүрч очъё гэж боджээ. Тэгсэн чинь харин Кзамчууд дөрвүүлээ өөр уруу нь зэрэг ухасхийв.
Хамгийн чацархаг нь гүйдэл дундаа цахиур зэвтэй жадаа Нао уруу тун мэргэн шидэж мөрийг нь онон газарт унахад нь Уламр эр зэвсгээ гамнан тэр жадыг нь шүүрэн авч эргүүлээд ширвэн шидэхэд агаарт исгэрэн нумлан дугуйрч явсаар Кзамчуудын нэгний нь хоолойг нэвт сүлбэн орохын цагт тэр хүн гуйвж ирснээ хэдхэн алхам гүйгээд унахад нөхөд нь улам ч ууртай орилолдон нэг зэрэг жадаа шидэцгзэв. Тэгэхэд нь Нао биеэ хамгаалж газарт түрүүлгээ харан унамагц шар махчингууд шархадлаа гэж бодсон бололтой баярлан хашхиралдаж бүр зүйл дуусгахаар гүйж ирэв.
Гэгэн ч Нао аль хэдийн хөл дээрээ үсрэн босоод хариу цохилт өгөхөд бэлхэн зогсож байлаа. Тэр үед Кзамчуудын нэг нь гүйж ирээд жаданд нь сүлбүүлэн газарт үхэтхийн унав. Нөгөө хоёрын нь шидсэн хануур жад Наогийн гуянд тусан цус гарсан боловч төдий л гүн биш тул төдийлөн өвдсөнгүй.
Нао дайсанд бүслэгдэхээсээ төдийлөн эмээсэнгүй, нэг урагш давшиж, нэг арагшаа ухран явсаар түүдэг гал Кзамчууд хоёрын дунд нь орж явчхав.
— Нао Кзамчуудаас хурдан гүйнэ гэж тэр ялсан эрийн сүрлэг дуугаар хашхираад, — Би Гал авлаа. Харин Кзамчууд хоёр дайчин эрсээ алдах шив дээ гээд,
Ирвэсийн хүү ганц харайгаад түүдгийн дэргэд хүрч очоод цүүчил шүүрэн авахаар гараа сунгатал зөвхөн халуун дөлөөр төөнөх цог үлдсэн байжээ.
Гартаа бариад явж болох дутуу шатсан ганц гишүү ч болов олох сон гэж түүдгийг хий дэмий төнхөв...
Кзамчууд улам ойртсоор!
Нао зугтан гүйх гэтэл модны үндсэнд бүдрэн золтой л уначихсангүй. Энэ үеэр Кзамчууд бүр ойрхон гүйлдэн ирж ухрах замыг нь хаан Гал уруу улам шахав. Нао түүдэг дээгүүр харайгаад зугтчихаж болох байлаа. Гэвч намрын хүйтэн харанхуйд гар хоосон дахиад л буцах нь гэж бодохоор даанч тэсэхүйеэ бэрх байлаа...
Ийм учраас тэр сүх бороохой хоёроо нэгэн зэрэг далайгаад тулалдаанд оржээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.18.14 11:56 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 874
Тив алгасах пуужин цөмийн эрчим хүч ашиглах дөхжээ.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.19.14 12:13 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Тавдугаар бүлэг
ГАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ

Хоёр Кзам эр алхаагаа сааруулсаар улам бүр дөхөн очив. Арай чацархаг нь сүүлчийн үлдсэн ганц xaнуур жадаа далайн Наод бараг тулган шидэхэд нь Нао сүхнийхээ онгиор доор нь хаан цохивол хануур жад нь хуга үсрэн түүдгийн голд унах нь тэр.
Энэ агшинд гурван бороохой салхи исгэрүүлэн агаар зүссээр мөргөлдлөө.
Нао арай жижиг биетэй Кзам эрийг найгатал хүчтэй ширвэснээ энэ агшныг ашиглан ганц далайлтаар нэг дайсныхаа толгойг цоо цохив. Гэвч энэ үед нөгөө нэг Кзам эр зүүн мөрийг нь бороохойдож хүнд байдалд оруулсан боловч азаар Нао сүүлчийн энэ агшинд булт үсрэн зайлж амжаагүй бол бороохой эзэмшиж cyрсан тэр эр гавлыг нь няц цохих байсан биз.
Хирдхийн цочирдсон Нао хөл дээрээ арай ядан тогтож арагш ухрав. Тэгээд бороохойгоо дээр өргөн дайснаа хүлээлээ.
Хэдийгээр Наогийн өмнө одоо ганцхан дайсан үлдсэн хэдий ч Уламр эрийн байдал хэцүү бэрхтэй болов. Тэр одоо шархадсан зүүн мөрөө арай ядан хөдөлгөх ажээ. Гэтэл сүх, бороохойгоор зэвсэглэсэн Кзам шалбараа ч үгүй байдаг.
Тэр ханхар том цээжтэй, Наогаас гурав дахин урт гартай аварга эр аж. Богинохон майга хөл нь хурдан гүйх авъяасгүй боловч газарт тулан зогсох нь ургаа чулуу мэт хөдөлшгүй болох нь аандаа мэдэгдэнэ. Шийдвэрлэх тулааны өмнө махчин эр дайсныхаа зүг духаараа ширтэн харц шидээд хоёр гараараа цохилт өгвөл хялбархан ялна гэж шийдсэн бололтой сүхээ хажуу тийш нь шидчихээд ганцхан бороохойтойгоо далайн довтлон орж ирэхэд хатуу царсан хоёр бороохой агаарт мөргөлдөв. Кзам эрийн цохилт өрөөсөн гартай Уламрын цохилтоос хэдийгээр хүчтэй байсан боловч Нао няцаалт өгч амжжээ.
Кзам эрийн далайсан бороохой замдаа ямар ч саадгүй агаар зүсэн бууж ирэхэд Нао шалмаг хөдлөн хажуу тийшээ булт үсрэн зайлав.
Наогийн бороохой гурав дахь удаагаа дайсан урүү цасан уруй шиг буухад хэрвээ Кзам эрийн урт шөрмөслөг гар цагийг нь олж цохилтыг зайлуулж чадаагүй сэн бол гавлаа бяц цохиулах байсан биз ээ.
Дахиад л булдруу болсон бороохойнууд тас нясхийн агаарт мөргөлдөж Кзам эр ухрахаас өөр аргагүй болов. Гэтэл тэр дороо сэхээ авч Уламр уруу галзуурсан юм шиг гэнэт дайрч бороохойг нь гараас нь золтой л алдуулчихсангүй. Тэгтэл Кзам эр Наог хүч сэлбэн авахаас нь өмнө бороохойгоо дахиад далайв. Уламр эр нэлээд сульдсанаас цохилтыг няцааж чадалгүй гавал дундуур нь бороохой бууж Нао сөхрөн унаж газар тэнгэр, өвс ногоо, түүдэг гал цөм нүдний нь өмнө эргэлдэв...
Гэвч сэтгэлийнхээ гайхамшигт тэнхээгээрээ хөл дээрээ тэр босон ирж Кзам эрийг сэхээ авахаас өмнө түүнийг үхэдхийн унатал бороохойгоороо ширвэж амжив.
Ялалтдаа үл итгэн Нао галын дөлний улаан хэл хөгжилтэй бүжих түүдэг уруу харж сөөнгө тасалданги дуугаар хөхөрч уулнаас буух хавар цагийн усны урсгал адил баяр баясгалан цээжинд нь оргилон буцлав.
Эргэн тойрон чив чимээгүй. Алсын одод толгой дээр юу ч болоогүй мэт гялалзаж, голын ус бөглүүхэн шоржигнон, шөнийн намуун салхины аясаар өвс ногоо үл мэдэг сэржигнэн байх агаад гагцхүү цөөвөр чононы улих, анд гарч байгаа арслангийн архирах дуу сонстоно.
Ялалтдаа сэтгэл догдолсон Нао тасалданги дуугаар:
— Нао одоо Галын эзэн боллоо гэж хашхирав.
Галын дулаан илчинд бие сэтгэлийн жаргалыг амсахаа больсоор удсан тэрбээр сэтгэлд таатай төөнөх түүдгийн дээгүүр гар сунган алгуурхан тойров.
— Нао Галын эзэн боллоо гэж өөрийн эрхгүй баярласан сэтгэлээр дахин хашхирч — Нао Гал эзэмдэн авлаа гэв.
Гэвч сэтгэл түгшээсэн бодолд гэнэт автаж Кзамчууд одоохон эргэж ирж болзошгүй тул арай гэж олж авсан олзоо аюулгүй газар түргэн аваачих хэрэгтэй гэж бодов. Гал хулгайлан авах гэсэн анхны оролдлогоос хойш өөртөө үргэлж авч явдаг болсон хавтгай чулуугаа гарган ирлээ. Тэгээд ургамлын шилбэ юм уу, холтос олж сүлжих хэрэг болов. Ийнхүү Нао эрэлд гарч явсаар түүдгээс холгүй газраас Кзамчуудын Галаа авч явдаг хоргыг олжээ.
Энэ бол шувууны үүртэй төстэй бөгөөд модны мөчрийг чадмаг сүлжин дотор нь хавтгай чулуу дэвссэн эд аж. Бас дотор нь цог улалзана.
Хэдийгээр Нао Уламр овгийнхны эрчүүдийн нэг адил Гал хадгалан явах хоргыг хийж чадах боловч өнгөрөх мөч бүхэн үнэтэй болсон ийм үед Кзамчуудаас олж авсан энэ хоргоноос илүү бат бэх эвтэй хорго хийж чадна гэж үү дээ!
Кзамчуудын энэ хорго нарийхан мөчрөөр сүлжин царсны холтсоор бүрэн нимгэхэн занар чулуу дэвсээд хананд нь агаар орох нүх гаргасан ажээ.
Бороо салхинаас хамгаалбал зохих Галтай ийм хоргыг авч явахад маш анхаарал сэрэмжтэй уйгагүй ажиллагаа шаардагдах билээ. Гал нь муудсаар унтарчих юм уу, эсвэл хэт асаж шатахаас сэрэмжилж гадуур нь бүрхсэн холтсыг байн байн сольж байх хэрэгтэй болно.
Өвөг дээдсийнхээ мянга мянган жил хуримтлуулсан Гал арчлах дүрэм горимыг Нао сайн мэднэ. Тэр бүрсэн холтсыг нь усаар норгон, агаар орох нүх, доор нь дэвсэн чулууг шалган үзээд цогийг дорхноо үлээж галыг хөгжөөв.
Дараа нь газраар нэг тарсан сүх, жаднуудыг цуглуулж, явахынхаа өмнө Кзамчуудын буудал, эргэн тойрны тал газрыг сүүлчийн удаа тойруулан харав. Хоёр дайсан нь нам үхэж нүүрээ тэнгэр өөд харуулан хэвтэх агаад нөгөө хоёр нь шархандаа шаналан зововч Наод үхсэн байдал үзүүлэх гэж аль болохоор хөдлөхгүй хэвтэхийг хичээх аж. Дайтах ёсны хатуу ширүүн хууль, болгоомжлол нь тэднийг зүйл дуусгахыг Наогаас шаардаж гуяараа шархадсан эхнийх уруу нь дөхөж очоод жадаа далайв.
Гэтэл гэнэт бас нэгний нь амьдрал ингээд өнгөрөх нь ээ гэдэг бодол харван орж ирмэгц үл ойлгогдох хачин жигшүүрт сэтгэл Ирвэсийн хүүд төрөв. Гэхдээ амь эрсэдсэн дайснуудыг үзэн ядах сэтгэл өөрт нь байсангүй. Харин үүний оронд түүдгийг нь бүр унтраах хэрэгтэй юм гэж л бодогджээ.
Тэгээд Нао тэртээ тэргүй шатаж дуусаж байсан нурмыг нь тараан хаяж, нөхдөө буцаж иртэл галаа хамгаалж чадалгүй үхсэн дайсны бороохойг хэдэн хэсэг болгон хугалж шидэв. Дараа нь шархадсан дайсныхаа хөл, гарыг өвсний шилбээр боож орхиод баярлаж хөөрсөн сэтгэлээ барьж чадалгүй:
— Кзамчууд ганц цүүчил Наод өгөөгүй. Гэтэл одоо та нар өөрсдөө галгүй боллоо. Овог отогтоо буцаж очтолоо та нар хүйтэн, харанхуйд зовж явах болно. Одоо Уламрчууд Кзамчуудаас хүчтэй болсон гэж хашхирав.

***

Нао дагуулуудтайгаа уулзахаар болзсон газраа очтол тэд байсангүйд Ирвэсийн хүү төдийлөн гайхсангүйн учир нь Нам Гав хоёр мөрдөгчдөөсөө мөр буруулан тойруу замаар явсан биз гэж бодсоных ажээ. Тэгээд Нао уд модны навчаар шархаа дарж, цаашдынх нь хувь заяатай холбоо бүхий галтай хоргоныхоо дэргэд суулаа.
Их голын усны урсгал адил цаг хугацаа урагшилсаар. Cap улам бүр дээшилж чанх оройд нь ирэхэд Нао толгой өргөн хараачлав. Шөнийн намуунд сонстох мянга мянган дууны дотроос хүний алхах нэгэн хөлийн чимээг олж мэдрэв. Энэ бол дөрвөн хөлтэй амьтны шажиг шажиг гэсэн алхаанаас шал анги товор товор хийсэн алхаа аж. Эхлээд чихэнд дуулдах төдий байснаа ойртох тусмаа улам тодхон болов. Удалгүй сэр сэр салхилах салхи хүний үнэрийг Наод авчирчээ.
«Мөрдөгчдөөсөө мөр буруулж амжсан Улиангарын хүү байна» гэж бодон Ирвэсийн хүү санаа амрав.
Үнэндээ Намын ар талд түүнийг хөөж яваа ямар ч чимээ үл сонстоно. Тал дээгүүр шөнийн нам гүм ноёлно.
Төдөлгүй залуу эрийн гонзгор дүрс ялам модны дундуур сүүдэгнэн үзэгдэхэд Нао эндүү ташаа бодоогүйдээ баярлахын ялдамд тэргэл сарны мөнгөлөг туяанаа Нам тодхон харагдаж мөчийн дараа залуу эр гүвээний хормойд хүрч ирэхэд нь Нао:
— Кзамчуудаас мөрөө буруулж чадав уу? гэж асуув.
Нам тэднийг араасаа дагуулж умар зүг уруу хол явжээ. Тэгээд хар хурдаараа гүйж дайснаа ардаа хол орхисныхоо дараа мөрөө баллахын тулд усан дотуур удтал явсаар Кзамчууд харж сонсохгүй, үнэрээр нь мэдэхийн аргагүй газар зайлан зогссон аж.
Нао үүнийг сонсмогцоо мөрөн дээр нь найрсгаар гараа тавиад:
— Маш сайн байна. Нам чи ёстой овжин зальтай шалмаг гавшгай эр юм. Харин Гав яасан бэ? гэхэд:
— Бөхөнгийн хүүг өөр Кзамчууд мөрдөөд явсан. Би түүний мөртэй ер тааралдсангүй гэж Нам хариулав.
— Тэгвэл Гавыг жаахан хүлээе. Чи тэнд байгаа юмыг сайн харж байгаарай гээд Нао гараас нь хөтлөн явав. Тэд гүвээний хошууг тойрон очвол залуу эр жижигхэн хорго дотор тэнгэрээс буусан од шиг хөгжилтэй гялалзах цог байхыг олж үзмэгцээ Ирвэсийн хүү:
— Хараач гэж энгийнээр өгүүлээд, — Нао гал олзлон авсан хэмээн баярлаж хөөрсөн залуу Уламр эр дуу алдан нүдээ бүлтийлгэжээ. Тэгснээ сэтгэл догдолж амьсгаа нь давхацсан тэр Наогийн өмнө газар алдлан сөгдөж:
— Нао, та хамгийн хүчирхэг дайчин эр мөнөөс мөн. Бүхэл бүтэн овгийнхон дундаас ганцхан та ухаалаг зальтай эр юм. Уламрчуудын удирдагч та болно. Ямар ч дайсан этгээд чиний өөдөөс эсэргүүцэн зогсож чадахгүй! гэлээ.
Тэд үл мэдэг анивалзан гялалзах галынхаа дэргэд суув. Ийн суухад Их намгийн чийглэг хүйтэн хийгээд шөнийн оддын доор байгаа хэдий ч отог овогт нь тэр нэгэн цагт халуун дулааныг хайрлаж байсан түүдэг нь төөнөж байх мэт санагдах ажээ.
Залуу дайчдын төрсөн нутаг хол, будах зам хэцүү бэрх байх нь одоо тэднийг айлгахаа больжээ. Кзамчууд тэднийг мөрдөн хөөгөөд Их голоос цааш хэтэрч чадахшүй нь мэдээж. Гагцхүү алсын замд тохиолдох элдэв махчин амьтад, байгалийн гамшиг л аюул учруулж болох юм.
Уламрчууд сэтгэл баясгах мөрөөдөлдөө удтал автан газрын хол, усны уртад юм бүхэн сайн сайхнаар ивээн байх мэт санав. Өрнө зүг уруу сар тонгойж эхлэхэд тэдний сэтгэл үл мэдэг түгшиж эхлэн:
— Гав явчхав аа? хэмээн Нао тэсэж ядан өгүүлээд,
— Кзамчуудаас тэр зугтаж чадсангүй гэж үү? Намгаар зайлж явсаар занганд орчхов уу? гэв.
Эргэн тойрон урьдын адил нам гүм. Шөнийн махчин амьтдын дуу алсад алгуурхан замхарч шөнийн салхи Их голын эрэгт ургасан зэгсийг ч үл хөдөлгөх аж. Гагдхүү голын урсгал зогсолтгүй шоржигнон шөнийи нам гүмийг цочооно.
Одоо яах билээ? Үүр гийхийг хүлээх үү, эсвэл цаг алдалгүй бөхөнгийн хүүг эрэхээр явах уу?
Арай гэж байлдан олж авсан Галаа Намд орхиод явна гэж бодохоор Наогийн сэтгэл үймэрнэ. Гэтэл бас ууртай догшин махчингууд Гавыг өсгий даран мөрдөж яваа дүр төрх нүдний нь өмнө зогсоо зайгүй харагдаж одоохон араас нь явахыг шавдуулавч овог отгийнхоо өмнө хүлээсэн үүрэг нь Бөхөнгийн хүүг хувь заяанд нь даатган орхиод Галаа дэвжээн авч явахыг шаардана. Гэвч өчнөөн хоног хамт аялан явахдаа Ирвэсийн хүү залуу дагуулууддаа улам ижилдэн дасаж амь амьдрал нэгтэй болсон нь тулгарах аюул өөрт нь тохиолдсоноос ч илүү сэтгэлийг нь түгшээнэ. Учир нь Нам Гав хоёр бол байгалийн гамшиг, махчин амьтадтай, ялангуяа хүмүүстэй хийх тулалдаанд өөрөөс нь арай дутмаг билээ.
Иймээс Нао:
— Би Гавын араас явлаа. Улиангарын хүү чи галаа манаж хоцор. Унтаж ер болохгүй шүү. Хэрвээ бүрсэн холтос нь шатмаар бол усаар норго. Голоос ус aвахаар явахаасаа бусад үед Галаа хэзээ ч битгий opxиж яваарай гэхэд залуу эр,
— Нам би, Галаа амь амьдрал шигээ манана! гэж итгэл төгс хэлээд, Улиангарын хүү Галаа дэвжээн манаж байж чадна. Миний ээж хар багаас минь Гал яаж арчлахыг зааж өгсний хэрэг юу билээ гэхэд нь:
— Цааш нь сонсож бай. Улиангарын орой дээгүүр нар мандахад би буцаж ирэхгүй бол Нам чи ганцаараа Уламрчуудын нутаг уруу яв гээд Нао аминаасаа үнэтэй гал агуулсан хорго уруугаа салах ёсны харц шидээд явж одлоо. Сэтгэл нь тайван бус агаад галаа үлээн дэвжээж байгаа Намын турьхан биеийг олж үзэх гэж байн байн эргэн xapнa.
Энэ үед хоргон дотор улалзах галынх нь бяцхан дөл сарны тодхон гэрэлд аль хэдийн уусан ялгагдах төдий байв.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.19.14 12:15 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Манай Могой байсан бол энэ бороохойн тулалдаанд цөм авахгүй юу :imhappy:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.19.14 1:07 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 883
бүр их баярлав


Top
   
PostPosted: Apr.19.14 10:47 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 131
+1

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Apr.19.14 2:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Зургадугаар бүлэг
ГАВЫГ ЭРСЭН НЬ


Гавын мөрийг эрж олохын тулд Нао махчингуудын буудал уруу буцаж очихоор шийдэв.
Тийнхүү удаан явахын цагт уд модны мөчир тавьж боосон шархтай мөр нь халуу оргиж, бороохойгоор цохиулж том хавдар болсон толгой нь дүйрнэ.
Одоо Галтай болсон ч гэлээ өмнө нь тоо томшгүй аюул заналхийлж байгаа болохоор Уламр эр гунигт бодолд автан явав. Тэр гурав хэзээ нэгэн цагт отогтоо буцаж очих болов уу, эсвэл амьд мэнд эргэж очих хувь тавилангүй юм болов уу?
Ийн явсаар Кзамчуудын буудлыг анхлан олж үзсэн яшил модны зах хүрэв. Тэднийг анх энд ирэхэд их түүдгийн тодхон дөлөнд сарны гэрэл бүүдийн үзэгдэж байсан бол одоо Нао явахдаа тараан шидсэн цүүчил нь аль хэдийн унтарч эмх замбараагүй тараан шидсэн зэвсэг, хөдөлгөөнгүй хэвтэх махчингуудын дээгүүр шөнийн харанхуй нөмөрчээ.
Харах, сонсох, үнэрлэх бүх эрхтнээ хөвчлөн мөрдөгчид буцаж ирсэн эсэхийг мэдэхийг оролдов. Гэвч дайсны энэ буудалд цөм нам гүм гагцхүү шархдагсад хаа нэгтээ гомдолтойёо ёолно.
Тэгээд Нао дайсны буудал уруу зоригтой алхан очив. Шархдагсад агшин зуур ёолохоо больж унтарч байсан түүдгийн дэргэд дан ганц амь эрсэдсэн махчингууд байгаа юм шиг болохын цагт энд Нао удаан байсангүй. Гавын анх зугтаан одсон газраас Ирвэсийн хүү мөрийг нь хялбархан олов. Эхлээд мөрөөр нь явахад амархан байлаа.
Шулуухан гүйн одсон Гавыг олж Кзамчууд араас нь мөрдөн явжээ. Төдөлгүй Гав хажуу тийшээ хазайн гүвээний дунд бүсэлсэн бүслэлтийг тойрон битүү бутыг нэвт гарч намагт тулан очжээ.
Нао голын эрэг хүрээд мөрийг нь эрж байж арай гэж олов. Тэдний мөр чийгтэй байгаа нь Гав болон мөрдөгчид нь саяхан уснаас гарсан бололтой аж.
Өндөр гуалаг ялам модны зах хүрээд Кзамчуудын мөр тал бүр уруугаа таран явсан байлаа. Энд тэд хэдэн хэсэг хуваагдсан бололтой аж. Ийнхүү хэдэн хэсэг болон хуваагдсаны учрыг тайлж, Гавын мөрийг олох хэрэг Наод учрав. Гэвч тэр цааш гурав дөрвөн мянган тохой газар явтал үүлэн цаагуур cap орж үүрийн гэгээ хаяарах хараахан болоогүй тул харанхуй болов.
Ийм болохоор Ирвэсийн хүү хэдэн арван үе удмыг үзэж өнгөрүүлсэн буурал инжрын ёроолд суугаад гэгээ орохыг хүлээв. Шөнийн махчин амьтад анд явахаа больж, өдрийн бужигнаж байсан амьтад шөнө болохоор шурган орж өтгөн шигүү бут сөөг, модны ховил хөндий үүр ноохойндоо нойрсон байгаа цаг аж.
Гүвээний цаанаас намар цагийн үүр шөнийн хөхөмдөг гэгээ алгуурхан урган гарах дорно зүг уруу Нао харан харан амарна. Модны оройгоор зэвхий цайвар гэгээ түгэн түгсээр хуурай навчис, хоосорсон шувууны үүрийг улам гийгүүлнэ. Үүрээс өмнө салхи сэрчигнэн хөдлөх нь буурал инжрын мод нойроос сэрж амьсгаадах шиг Наод санагдав.
Унтарч байгаа түүдгийн үнс шиг цайвар өнгөт өглөөний энэ гэгээг угтан Нао босож жаахан хатсан махаар гол зогоогоод Гавын мөрийг олж дахиад цааш хөдлөв.
Түүний мөр инжрын модноос гарч тачир өвстэй намхан бут битүү ургасан элсэрхэг тал уруу аваачиж намгийн захад орших зэгсэн шугуй уруу эргэв. Тэгээд хэц уруу өгсөн налуу гүвээн дундуур удтал эргэлдэн явсаар эцэст нь Гав гармаар гарсан бололтой жижигхэн голын эрэг хүрээд алга болжээ.
Нао нөгөө эрэгт нь гарч нэлээд эрж байж Кзамчуудын хоёр хэсэг энд нийлсэн мөрийг олсон нь тэд Гавыг бүсэлсэн бололтой аж.
Хэсэг зуур Ирвэсийн хүү яахаа үл мэдэн тээнэгэлзэн зогсов. Тэр Нам болон өөрийнхөө амийг бодоод хувь заяаг нь өөрт нь даатгаад орхиж болох байсан боловч энэхүү бодлоо хол таягдан хаяж мөр даган улайрсан тэр зогсох ч үгүй үл мэдэг найдвар өвөрлөсөөр явна.
Одоо Нао Гавыг мөрдөх хоёр хэсгийн төдийгүй Намын араас хөөж яваад мөрийг нь алдсан тэдэнтэй тулгарах аюулаас болгоомжлов. Хэрвээ тэгж тулгарвал онцгой аюултай байдалд орох нь гарцаагүй юм. Улиангарын хүүгийн мөрийг алдсан Кзамчууд өөртөө ашигтай байр эзэлж Наог бүслэн ухрах замыг нь хаавал хаахаар хангалттай хугацаа өнгөрчээ. Гэсэн ч хөлийнхөө хурданд найдан угийн авхаалжтай зангаараа Ирвэсийн хүү эргэн тойрноо харах гэж хааяа зогсон урагш явсаар байв.
Тал газрын зөөлөн хөрс, хар шороон нарийн давхаргаар үл мэдэгдэм хучигдмал хатуу боржингоор солигдоно. Эгц хажуу бэлээр явсан мөр довцгийн хормойг тойрон одов.
Нао довдог дээр гарч харахаар шийдэв. Газарт үлдсэн мөр нь шив шинэхэн байсан тул тэр довцгийн орой дээрээс Гавыг өөрийг нь юм уу, ядахдаа түүнийг мөрдөн буй хүмүүсийг олж үзнэ гэж итгэжээ.
Уламр эр бут сөөгнөөс зууран эгц бэл өөд авирсаар оройд нь гарангаа өмнөө цэлийн харагдах уудам талыг сэтгэл түгшсэн харцаар хараад биеэ барьж чадалгүй халаглан хашхирчхав. Нао Гавыг олж үзжээ. Тэр үй олон амьтдын цус бялдсан мэт улаан шавар дундуур гүйнэ.
Араас нь мянгаад тохой зайтайд урт гар, богино хөл, өргөн мөртэй хэдэн Кзамчууд хөөх бөгөөд умар зүт нь нэг хэсэг Кзамчууд амдан тосож ойртоно. Хэдэн цаг мөрдөн хөөлөө ч гэсэн Бөхөнгийн хүү ер дажгүй нь харваас илт ядарч цуцсан шинж үгүй ажээ. Харин чиг Кзамчууд илүү их ядарсан нь илт харагдана.
Намрын энэ шөнийн уртад Гав хүчээ нэлээд нөөж хаана хар хурдаараа гүйж холдон дайсныхоо отолтоос гарч явсан бололтой байлаа. Гэвч шөнө зугтахдаа зүг чигээ алдаж уулзахаар болзсон газраасаа төөрөн золгүй юм болжээ.
Өтгөн бутан дундаас Нао толгойгоо болгоомжтой өргөн Кзамчууд Гавыг хэрхан мөрдөн хөөхийг сэтгэл түгшин ажиглав. Гав зүүн хойд зүгт харлан харагдах нарсан ойг чиглэн гүйнэ. Ойртон очсон дайснууд мянган тохой урт газар гинжин цуваагаар таран өмнө зүг уруу ухрах замыг нь хаав.
Умар зүгээс гарч ирсэн хэсэг, Гавын савааг ойлгон гэнэт чиглэлээ өөрчилсөн нь ойн захад Бөхөнгийн хүүгэй зэрэг очихоор шийдсэнийх аж.
Хэрвээ Гав харлан харагдах тэр ойд хүрч чадах юм бол баруун хойшоо эргэж болох тул тийм ч найдваргүй зүйл биш байлаа. Тэгвэл шалмаг хурдан Бөхөнгийн хүү төдөх юмгүй Кзамчуудаас хол түрүүлж чадах бөгөөд хэрвээ Нао энэ үед нь түүнтэй нийлж чадвал хамтдаа их голын эрэг уруу зүглэж болох юм.
Нао газрын байдлыг ажиглавал өндөр бутан дундуур нуугдаж явсаар ойн зах уруу баруун талаас нь мэдэгдэлгүй хүрээд очиж болмоор байв.
Нао санаснаараа тал уруу гүйх гэтэл гэнэтийн явдал түүнийг зогсоов. Энэ нь баруун хойд зүгт Кзамчуудын гурав дахь хэсэг гарч ирсэнд байлаа. Одоо Гавд гагцүү баруун зүг уруу хөлийн хурдаар харайлган бүслэлээс гарах ганцхан л зам үлджээ. Гэвч тэрбээр шинэ аюулыг мэдээгүй бололтой яаралгүй шулуухан гүйнэ. Наогийн сэтгэлд гал ус шиг бодол зөрчилдөв. Гавыг аврах гэж яваад отог овогтоо байлдан олж авсан Гал, Намын болон өөрийнхөө амь насыг аюулд учруулах нь гэдгийг ойлгож амь тэмцэн яваа залуу эрийн болгоомжлох сэтгэл нь дийлж аядав.
Тэгш талыг бас дахин анхааралтай хараад ой тойндоо сайтар тусган авч Ирвэсийн хүү довцгийн орой дээрээс бушуухан бууж бутан дундуур нуугдаад баруун зүг гүйв.
Бут сөөг дуусмагц өндөр ургасан өвсөн дундуур шурган орж бөгтийсөөр ойн зах ypyу харвасан сум шиг хурдалжээ. Хүчээ нөөн гүйх Гав Кзамчууд хоёроос илүү хурдан тэр харайлгасаар ойн захад түрүүлэн хүрэв.
Тэгээд Гавд өөрийгөө мэдэгдэхийн тулд гурван удаа бугын дуугаар дуугарав. Энэ бол Уламр омгийнхны анчин эрсийн дохио байлаа. Гэвч хоорондын зай нь хэтэрхий хол тул Гав сонссонгүй. Apaacaa хөөж яваа дайснаа яахыг бодсоор тэр сонсоогүй ч байж болох юм.
Тэгэхээр нь Нао дайснуудад өөрийгөө үзүүлэхээр шийдэж өндөр өвсөн дотроос үсрэн босоод Уламрчуудын дайчин уриагаа хашхирав. Гурван талаас нь хумин гүйх Кзамчууд сунжруу дуугаар бархиралдан хариу өгөв.
Энэ үед баярлаж гайхсан Гав нүдэндээ үл итгэн доороо ****** гадас шиг зогссоноо нүдээр үзэж, чихээр сонссондоо сая итгэн ирвэсийн хүүгийн зүг хөл мэдэн хурдлав. Гав өөрийг нь олж үзсэнийг мэдээд Нао араасаа дагана гэдэгт бүрнээ итгэн баруун зүг уруу шуудхан гүйв.
Гэвч шинээр нэмэн ирсэн Кзамчууд бодлыг нь тааж зүгээ өөрчлөн өмнүүр нь тосон гүйв. Тэд одоо Наотай бараг зэрэгцэн гүйнэ.
Шар махчингуудын бодол тодорхой байлаа. Тэд гурван талаас нь шахаж хөөсөөр баруун зүгт харагдах давж гарахын аргагүй өндөр чулуун далан уруу аваачих бодолтой. ажээ.
Гэтэл Нао Гав хоёрыг өөрсдөө тэр далан уруу гүйхийг нь узчихээд тэд баярлан дуу алдаж бүсэлсэн хүрээгээ улам хумьж түрүүч нь бүр тавиад тохой ойртон ирж, явдал дундаа шидсэн жад нь аз болоход хажуугаар нь исгэрэн өнгөрнө. Гэтэл Гавыг араасаа дагуулан Нао өндөр бутан дундуур ороод, довцгийн орой дээрэээс олж харсан хавцал уруугаа орж нуугдав.
Шар махчингууд уурсан галзуурч орилолдон нэг хэсэг нь Уламрчуудын араас мөрдөн хавцал дундуур орж, бусад нь түүнийг тойрохоор гүйлдэв.

***

Нао Гав хоёр хавцал дундуур шуурга шиг хурдлав. Эндхийн хөрс нь овон товон ихтэй байгаагүй сэн бол тэд Кзамчуудаас өмнө түрүүлж хавцлаас гарч амжих байлаа. Тэднийг хавцал дундаас үсрэн гарч ирэхэд тойрон гүйж ирсэн гурван шар махчин замыг нь хаан зогсжээ.
Өмнө зүг уруу гүйж гарч болох зам байсан ч тэр талaac дайсны дөхөн ирэх чимээ сонстох нь бас л зам нь хаалттай аж. Гэтэл бас араас нь мөрдсөн дайснууд одоохон хавцал дундуур гарч ирэх гэж байдаг. Эргэлзэж гайхан өнгөрүүлэх агшин бүр тэдэнд үхлийг заналхийлнэ.
Ийм болохоор Нао дорхноо шийдвэр гаргаж нэг гараа бороохой, нөгөө гартаа сүхээ бариад Кзамчууд уруу зориг шулуудан дайрав. Гав ч Наогаас хоцролгүй жазаа өргөв. Дайснаа алдчихаас болгоомжилсон шар махчинууд тал талд нь гарахаар ухасхийцгээв. Нао заналхийлэн хашхирч ойролцоо зогсох өндөр залуу уруу дайрав. Тэр сүхээ далайн довтолгоог няцаахад бэлтгэсэн боловч Наогийн хүчтэй цохилт зэвсгийг нь алдуулж дахин нэг далайгаад нам унагаав.
Энэ үеэр хоёр Кзам эр учрыг хурдан олж дараа нь бөөн хүчээр Ирвэсийн хүүг довтлохоор тооцон Гавын зүг ухасхийв. Гав дайсны зүг хануур жадаа шидэж нэгийг нь шархдуулсан боловч онцын аюулгүй ажээ. Гавыг дахин жадаа өргөхөөс өмнө Кзам эр цээжийг нь дайруулан цохиод авсан боловч бөхөнгийн хүү хажуу тийшээ хурдан зайлж зайлшгүй үхэл авчрах байсан хоёр дахь цохилтоос амь хэлтрэв.
Кзамчууд араас нь дайрч нэг нь Ирвэсийн хүүгийн өмнөөс, нөгөө нь хойноос нь цохихоор бэлтгэв. Гав гарцаагүй үхэл нь ирэх шиг болсон боловч энэ үед Нао түүнд туслахаар дөхөн иржээ. Тэр аварга том бороохойгоо далайн нэг махчны гавлыг хага цохин унагаав. Нөгөө нь амиа бодож бусдынхаа зүг бушуухан ухарлаа.
Ийнхүү тэд хожимджээ. Уламрчууд бүслэлтээс мултарч баруун зүг уруу задгай газарт гарахаар зүтгэн гүйлдэж тэдний хоорондын зай улам холдох болов.
Замд нь хайрга чулуутай юм уу, эсвэл намгийн чийгтэй шалбааг тааралдаж тэд удтал гүйв. Замд нь үе үе эгц гүвээ тааралдахад арай ядан амьсгаадан орой дээр нь гараад ниссэн юм мэт уруудан бууна. Нар үд дунд голлоход Кзамчууд болон тэдний хоорондын зай бараг зургаан мянган тохойд хүрчээ. Заримдаа араас нь шар махчингууд нэхэн хөөхөө больсон юм шиг санагдах боловч төдөлгүй жаахан өндөр газар гараад харахад мөрөөр нь галзуурсан мэт шаргуу элдэх тэдний бараа үзэгдэнэ.
Гав мэдэгдэхүйц сульджээ. Цээжний нь шархнаас цус зогсолтгүй шүүрэн дусах боловч заримдаа нарийхан гожгодон гарахуйд шарх нь аньж байна гэж бодно. Гэвч огцом хөдлөх юм уу, бүдрэхээр цээж нь нэлдээ цус болно.
Замдаа тааралдсан улиангарын навчийг Нао таслан авч шархан дээр нь тавьж бооно. Гэвч навчин доороос цус шүүрэн гоожсоор. Гавын явдал улам саарсаар байлаа.
Нао эргэн харах бүрийдээ түрүүчийн Кзамчууд тэднийг одоохон гүйцэн ирэх нь гэдэгт улам итгэх болов. Хэрвээ Гав байдаг хүчээ шавхан хурдлахгүй бол Арслан заануудын өмгөөлөлд орохоос урьтаж тэднийг гүйцэн ирэх нь гэж бодохоор Ирвэсийн хүү хорсон бачимдана.
Тэр арай ядан гүвээний бэл өөд авирч оройд нь гараад ганхан зогсов. Залуугийн зүрх цээжнээсээ дэлбэ үсрэн гарах гэж байгаа мэт савлан цохиж, өвдөг нь сөхрөн царай нь зэвхий даажээ.
Нао эргэн харж улангасаж улайрсан Кзамчууд гүвээний бэл өөд авирч байхыг үзээд тэдний хоорондын зай нэлээд ойртсоныг ойлгон бөглүүхэн дуугаар:
— Гав чи хүчээ гаргаж гүйхгүй бол шар махчингууд биднийг Их гол хүрэхээс өмнө гүйцэж ирэх нь байна шүү гэлээ.
Гавын нүд харанхуйлж, зөгий дүнгэнэх шиг чих нь шуугина. Тэр дуулдах төдий шивнэн:
— Ирвэсийн хүү чи замаа бод. Гав, би олзолж авсан Галынхаа төлөө, Наогийн төлөө... үхье гэв.
— Үгүй, чи үхэх ёсгүй гэж Нао дуу алдан ууртай хашхирлаа.
Тэгээд Нао Кзамчуудын зүг эргэн харж дайчин уриагаа хашхираад Гавын гараас шүүрэн авч мөрөн дээрээ тавьж цааш гүйж эхлэв. Эхлээд тэр ер бусын гайхалтай хүч гарган хурдалж мөрдөгчдөөсөө холдож амжсан боловч төдөлгүй төмөр мэт чийрэг булчин нь сульдаж эхлэв.
Гүвээний хэвгий уруу буухдаа Гавд татагдах Кзамчуудаас хурдан явсан боловч бэлд нь хүрээд амьсгаа нь түргэсэн хөл нь чулуу шиг хүндэрчээ. Хэрвээ гуян дээрх шарх нь халуу оргин өвдөлгүй, бороохойд цохиулсан толгой нь дүүрч, чих нь шуугьж яваагүй сэн бол Нао Гавыг үүрээд тэднийг удтал мөрдөж ядарсан Кзамчуудаас хол түрүүлж чадах байлаа. Гэвч одоо энэ бүхэн түүний хүчнээс нь давсан ажил болов. Халуун орны ойт хээр нутагт нэг ч амьд амьтан ийм урт замыг ийнхүү ер бусын хүч гарган давж чадахгүй байсан биз...
Кзамчууд агшин бүрд Наогийн мөрийг даган элдэнэ. Тэдний хөлний хүнд гишгэлт ойрхон сонстох болсон тул эргэж ч харах завдалгүй таван зуу шахам тохой газар гүйв...
Тэгээд Нао зогсож Гавыг газарт болгоомжтой тавив.
Тэр сандарсан байртай тал бүр уруугаа харж шуухиран амьсгалж өвдөг нь чичрэн сөхөрч унаад арай ядан амьсгаадаж:
— Бөхөнгийн хүү чамайг би дахиад цааш авч явж чадахгүй нь гээд дөнгөн данган хөл дээрээ босон бүгэдхэн дуугаар шивнэж, — Нао Гавыг орхин явж Галаа аврах ёстой гэв.
Ингээд бадайрч хөшсөн гараа сэгсрэн элий балай ухаан санаагаа хөвчлөн дайчилж, хэдий үхтлээ ядарсан ч ядраагүй байдал үзүүлэхийг хичзэв.
Тэднээс жаран тохой газар ойртон ирсэн Кзамчууд довтолгоонд бэлдэн гүйдэл дундаа хануур жадаа сугалан авах нь харагдана. Нао эцсээ хүртэл үзээд ухрахаар эрс шийдэн тэдний зүг эргэв. Дайсан шидсэн эхний хануур жаднууд агаарт исгэрэн ихэнх нь Уламрчуудад хүрэлгүй газарт унана. Гагцхүү нэг жад Гавын хөлийг үүрэгний өргөснөөс ч өнгөцхөн шүргээд авав. Гэтэл Наогийн шидсэн хануур жад нэг махчинг сүлбэн унагав. Нөхдөөсөө түрүүлэн ирсэн бас нэг махчинг Уламр жадаараа саван унагаж дор нь алав. Энэхүү эрэлхэг цохилт Кзамчуудын түрүүчийн эгнээг сандралд оруулжээ Тэд ууртай орилолдон туслах хүчээ хүлээхээр шийдэв бололтой зогсов.
Уламрчууд энэ хэсэгхэн зуурын амсхийх чөлөө ашиглав. Түрүүчийн шүргэсэн жад ч Гавыг сэргээжээ. Ойртон ирсээр дайсан уруу шидэх гэж тэр чичирсэн гараараа жадаа атган авав. Үүнийг үзсэн Нао:
— Гав, цааш дахиад явах чадалтай болж байна уу? Тэгвэл цаашаа гүйж бай. Би дайсны нэхүүлүүдийг энд хоргоож байя гэв.
Залуу эр эргэлзэн доороо зогсоход Ирвэсийн хүү тушаангуй дуугаар:
— Гүйгээч гэж давтан хэлэв.
Гав цааш гүйлээ. Эхлээд итгэл муутай удаан гүйснээ аажмаар хурдан тавиун боллоо. Нао гартаа жадаа бариад арагш ухарна.
Кзамчууд түүнээс болгоомжлон яахаа үл мэдэн харан зогсоно. Эцэст нь тэдний удирдагч довтолгоонд opохыг тушаав. Хануур жаднууд агаарт исгэрэлдэн Кзамчууд Нао уруу дайрлаа. Уламр эр дахиад хоёр дайсныг хөнөөж амжив. Энэ үед шар махчингууд үймэлдэн сандрахад нь Нао эргэн гүйлээ.
Нэхүүлүүд хүч сэлбэн араас нь хөөв. Гав хуучин янзаар нэг гүйж, нэг алхан сульдсан хөлөө арай ядан зөөн явна. Нао түүний тохойноос барьж дэм өгөх боловч нэмэр тун бага аж. Кзамчууд, тэднийг одоо хаашаа ч мултарч чадахгүй гэдэгт бат итгэн яаралгүй алхана.
Наогийн шарх нь халуу оргин, бас ядарч бүх бие нь хөшиж, толгой нь эргэн, чих нь шуугих тул Гавыг дахиад мөрөн дээрээ тавиад авч явж чадахаа больжээ.
Гай болж хөлөө чулуунд цохиж доголох болов.
— Гавыг орхи. Үхвэл үхэг гэж залуу эр сулхан дуугаар хэлээд, — Ирвэсийн хүү чи, намайг эрэлхэг тулалдсан тухай Уламрчуудад яриарай гэв.
Нао царайгаа барайлган ард нь сонстох хөлийн чимээг чагнан дуугүй явна.
Одоо Кзамчууд тэдэнд хоёр зуугаадхан тохой газар ойртон иржээ. Тэр зай улам л ойртсоор...
Зугтагсад хэц өөд арай гэж өгсөв. Нао Гавд туслан явсаар оройд нь гарчээ. Тэд айх, баясах хосолсон харцаар баруун зүг хараад:
— Их гол Арслан заанууд! гэж баярлан хашхирав.
Аварга том гол гүвээний бэлээр ихэмсэг мяралзан харагдана. Их голын толин гадарга нүд гялбам наранд гялалзана. Түүний хөвөөг даган улиангар, нүргэс, удын бут ургажээ. Арслан заанууд түүнээс холгүй гурав дөрвөн тохой газарт харагдана.
Тэд залуу модны найлзуур идэн тайван идээшилнэ.
Гэнэт хөөрч баярласан Нао Гавыг дагуулан уруудан ухасхийв. Ганц агшин өнгөрөхөд Уламрчууд нэхүүлээ зуугаад тохой хол орхисон нь түр зуурын хэрэг байжээ.
Кзамчууд үе үе дайчин уриагаа сунжруулан хашхирсаар тэднийг өсгий даран элдэж төдхөн гүйцээд ирэв.
Арслан заануудад хүрэхэд хоёр мянган тохой газар үлдсэн боловч шар махчингууд тэднийг хөөсөөр...
Тэд Арслан заанууд уруу шууд чиглэн гүйх Уламрчуудыг шууд дайран довтлохоо үл түвдэн нэгэн хэмийн итгэлтэй алхмаар гүйнэ. Кзамчууд энэ аварга амьтад бусдыг дөхөн очиход дургүйцэх учир Уламрчууд эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн эрхгүй зогсох болно гэж бодсон аж.
Ар шнлэндээ шар махчингууд хүнд амьсгаадахыг сонсох Уламрчууд бас мянгаад тохой газар гүйх хэрэггэй байлаа.
Энэ үед Нао сунжруулан хашхирав. Нэг арсла заан хошуугаа өргөн сэтгэл зүсэм уухирав. Тэр дороо гурван арслан заан сүргээсээ тасран Ирвэсийн хүүг угтан алхах нь тэр.
Кзамчууд баярлан хашхиралдаж доороо зогсов. Тэд Уламрчуудыг бүслэн устгахын тулд арагш зугтан ирэхийг нь л хүлээх хэрэгтэй байжээ.
Гэтэл Нао Гав хоёр гайхал төрмөөр аварга амьтдыг угтан шууд гүйсээр байлаа. Зуугаад тохой газар гүйгээд Ирвэсийн хүү зогсон хэмжээлшгүй ядарч цонхийсон, баяр гийсэн хонхор нүдтэй царайгаа эргүүлэн:
— Уламрчууд арслан заануудтай холбоо тогтоосон. Нао одоо шар махчингуудаас ч айхгүй гэж хашхирав.
Түүнийг ийн хашхирч байхад арслан заанууд дөхөн ирж сүргийн ахлагч нь Наогийн мөрөн дээр xoшуугаа тавив. Ирвэсийн хүү үргэлжлүүлэн:
— Нао шар махчингуудаас Гал булаан авсан. Та нарын гал манасан дөрвөн эр, элдэн хөөсөн дөрвөн эрийг чинь би хөнөөсөн гэв.
Кзамчууд ийнхүү олзоо алдсандаа галзууртлаа yyрлан орилолдөно. Гэвч газар дэлхийг эзэгнэгч энэ aмьтантай эв эвдрэхгүйг бодон арслан заануудыг дөхөөд очихоор тэд бушуухан буцаад гүйлээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.20.14 2:19 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 919
Location: canon 60d
Крофт ямар сайхан ном эхлүүлчихээ бэ? 4-р ангид байхдаа уншиж дуусгаад ангийнхаа хүүхдэд өгөөд алдаж билээ. Араас нь хэдэн жил ч гол харлав.

Заан залуудайг уншихад давгүй ч гэсэн арай л бас нэг дутагдалтай санагдаад байдаг юм. Тэр үеийн хүмүүс одоогийн биднээс намхан жижиг байсан. Харин тэр үеийн бар арслан хэр том байсан ямар аюултай байсан талаар яриад ч хэрэггүй биз. Заан залуудай дээр сэлмэн соёот бар зэрэг амьтдыг арай л хялбар алж байгаа тухай гардаг нь жаахан үнэмшилгүй. Бараг л нохой алж байгаа мэтээр хялбар бичсэн байдаг.

Энэ номын өнцөг бол хамаагүй өөр. Киног нь үзэж байсан юм байна. Нэг ч үггүй бас хэтэрхий насанд хүрэгчдэд зориулсан гэмээр. Гэхдээ бас л сонирхолтой.
http://tfilm.tv/8600-bitva-za-ogon.html эндээс үзэж болно.

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Apr.21.14 2:19 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.09 9:21 pm
Posts: 217
Mash ih bayarlalaa.


Top
   
PostPosted: Apr.21.14 9:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Энэ нэг өрөвдөлтэй 3 гэртээ бүрэн бүтэн л хариасай даа

Баярлалаа Крофтоо :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.22.14 12:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16515
Ганц хайрцаг чуданз аваачаад егчих юмсан тээн Мираклаа :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.22.14 12:04 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 111
зээ сайхан уншлаа их баярлалаа. дараагийнх хэзээ бол гээд л даварчуул яадаг бол..


Top
   
PostPosted: Apr.22.14 2:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Мөн л завгүй. Орой нэг бүлэг оруулж өгье.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.22.14 10:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Саруул wrote:
Ганц хайрцаг чуданз аваачаад егчих юмсан тээн Мираклаа :hihi:

Харин тиймээ кк ямар нэг юм хийхиймсан

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.22.14 11:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Долдугаар бүлэг
АРСЛАН ЗААНУУДЫН ӨМГӨӨЛӨЛД


Наог эзгүй байх хойгуур Нам Галаа сайн арчилж байжээ. Хоргонд гал дөллөн асна. Ядарсан нь туйлгүй, чонын хурц соёо шигдсэн юм шиг шархнаасаа болж бүх бие нь халуу оргин толгой нь эргэх боловч Ирвэсийн хүү өөрийгөө хязгааргүй аз заяатайд тооцно. Үхэл ойртжээ гэдэг бодол түүнийг дахиад зовоосонгүй. Сэтгэл зүрх нь амьд явахын итгэл дүүрэн аж. Ирээдүйгээ харж, түүний тухай бодоогүй ч гэсэн сэтгэл нь нэг л өег тайван байлаа. Төрсөн нутаг орны нь дүр зураг сэтгэлд нь босон ирж тэнгэрт цойлон сэрвийх хулс, зэгс, уд, улиангарын шинэхэн навч, дэрхийн нисэлдэх шивээ нугас, xөх дэглий, зэрлэг тагтаа, чанга чангаар шулганан дуугарах уран жиргээ, газар дэлхийг сэргээн амилуулах хавар цагийн борооны бүлээн цацралыг олж үзэх шиг болов. Мөн хаврын их усанд сэргэн цэцэглэсэн ногоон моддын дундаас уян гуалаг Гаммла нь үзэгдэх шиг болов... Амьдрал Наод баяр баясгалан авчран өгч нүдэнд нь баяр гуниг хослон тусна.
Галын дэргэд мөрөөдөлд автан суусан Нао өөрийн нь өмгөөлөн хамгаалагч болсон арслан заануудын толгойлогчид өгөх гэж ургамлын үндэс цуглуулж эхлэв. Газар дэлхийн эзэн болсон арслан заантай ийнхүү тогтоосон холбоогоо өдөр бүрий сэргээн бататгаж байхын чухлыг тэр ийнхүү ойлгожээ. Тэгээд ч ийнхүү өдөр бүр идэх дуртай өвс ногоог нь түүнд өгдөг билээ.
Ингээд тэд их сүргийн гол дунд амрах байраа сонгон аваад Намыг харуулд гарахыг тушаагаад Нао Гав хоёр хэвтэв. Нам,
— Хэрвээ арслан заанууд бэлчээрээ хаяад явбал би та нарыг сэрээнэ гэхэд Нао:
— Бэлчээр нь өргөн уудам энэ газраас арслан заанууд мөддөө явахгүй гэж хариу өгөөд гараа дэрлэн дорхноо үхсэн юм шиг нам унтжээ.
Наог сэрэхэд нар аль хэдийнээ баруун зүг тонгойсон байв. Удвал цэцгийн дэлбээ адил шарлан харагдахуй шингэх нарнаас үүлсийн цаагуур ягаан туяа татна.
Наогийн бүх бие няцарсан юм шиг болж үе мөч нь янгинан, толгой нь халуу оргин үе үе нуруу уруу нь хүйт даана. Гэвч чих нь нэг их шуугиад байсан нь намдаж мөрний нь шарх аньж эхлэв.
Тэр арай гэж босон Галтай хорго уруугаа харц шидээд Улиангарын хүүгээс:
— Кзамчууд будаж ирсэн үү? гэж асуухад:
— Тэд хаашаа ч яваагүй. Биднийг голын эрэгт өндөр улиангар ургасан тэр арлын цаад талд отож байна гэв.
— Отож л байг гэж Ирвэсийн хүү доогтой хариулаад,
— Тэд одоо намрын хүйтэн шөнө дулаацах галгүй болсон. Удахгүй тэдний тэсвэр алдагдан отог овогтоо буцна. Одоо Нам чи унт гэв.
Нам дуулгавартай гэгч хагд өвс, хуурай мөчир дээр хэвтэхэд Нао сэтгэл нь үймрэн нойрондоо тийчлэх Гав уруу хүрч очив. Залуугийн толгой нь халуу шатан исгэрэн амьсгаадна. Харин шархнаас нь дахиад цус алдаагүй тул Нао амь насанд нь аюулгүй юм байна гэдгийг ойлгожээ. Ирвэсийн хүүд ихээхэн гал түлмээр санагдавч энэ нь арслан заануудын тав тухыг алдуулах биз гэж бодож харин юуны түрүүнд уламрчууд энэ сүргийн ивээлд шөнө өнгөрүүлж болох эсэхийг мэдэх нь чухал байв.
Нао сүргийн ахлагчийг эрэн харвал тэр урьдын адил хавь ойроо харж сүргээ манан зайдуухан ганцаараа зогсох аж. Нао газраас дөнгөж цухуйх шинэхэн найлзуур таслан авав. Ингээд Ирвэсийн хүү идэж болох өвсний үндэс, нугын шош, ойм түүж аваад сүргийн ахлагч уруу ойртон очиход Арслан заан химлэн зулгаах найлзуураа орхин үсэрхэг хошуугаа нөхөрсгөөр даллан угтаж авлаа.
Наогийн гарт идэх дуртай амттай өвс нь байхыг үзээд арслан заан илэрхий сэтгэл ханамжтай шинж үзүүлэв. Тэр, энэ гайхалтай хоёр хөлтэй амьтанд дассанаа аль хэдийнээс мэдэх болжээ.
Уламр авчирсан зоогоо Арслан заанд дөхүүлэн өгч:
— Арслан зааны ахлагч сонс. Кзамчууд биднийг Их голын эрэгт отсоор байна. Бид тэднээс айхгүй. Гэвч бид гурвуулаа, тэд хөл гарын минь хурууг нийлүүлснээс олон тоотой байна. Хэрвээ биднийг та нараас холдвол тэд ална гэв.
Бэлчээр нутаг нь шимтэй өвс ургамлаар элбэг дэлбэг болохоор арслан заан цатгалан авч Уламрын aвчирсан өвсний үндэс, шошийг бодлогошронгуй хивнэ.
Тэгээд хавь ойроо яаралгүй нэг хараад хэдэн агшин шингэх нарны зүг ширтэн зогссоноо газарт сөхрөн унаж хошуугаараа Наогийн цээжийг ороогоод авав.
Хорвоогийн хамгийн хүчтэй ийм амьтантай тогтоосон холбоо нь улам зузааран биеэ эдгэртэл Арслан зааны энэ сүргийн ивээлд байж болох нь гэдгийг ойлгов.
Нар уулын цаагуур тонгойж, тэнгэрийн хана цусаар бялдсан юм шиг улайжээ. Шингэх нарны туяанд оройн үүлс хулсан цэцэг шиг улаан, холтсон цэцэг шиг улаан шар, эсвэл бүр хавар цагийн далийн бут шиг ягаарч өнгө хувиран үзэгдэнэ. Нарны туяа голын усны толионд тусах нь гүн харанхуйг нэвт сүлэх мэт.
Намрын энэ орой, зун цагийн шингэх нарны тансаг сайхантай огтхон ч төсгүй боловч хэн хүний сэтгэлд хүрэх гуниг баяр дүүрэн тул хатуу сэтгэлтэй Наогийн дур хүслийг өөрийн эрхгүй татав. Тэгээд Ирвэсийн хүү, хан тэнгэрт орой болгон энэ олон түүдэг галыг хэн acaана вэ, үүлсийн дунд, дээр тэнгэрт ямар амьтан байна вэ? хэмээн өөрөөсөө гайхан асуулаа.

***

Нао, Нам, Гав гурав Арслан заануудын дунд гурав хоногийг өнгөрөөлөө. Үзэн ядагч Уламрчуудыг гэнэдүүлэн дайрч, Галаа алдаж, овог отгийнхныхоо амь насыг алдсаны өшөөг авна гэж найдсан Кзамчууд өс хонзон өвөрлөн Их голын эргийн ширэнгэн дуйд мөн л нуугдсаар байлаа.
Арслан заантай тогтоосон холбоо өдрөөс өдөрт улам батжин Нао шар махчингуудаас айхаа больжээ. Толгой нь өвдөхөө больж, мөрний нь шарх анин, халуун нь буурч хурдан тэнхэрч эхлэв. Гав ч мөн эдгэрчээ.
Уламрчууд бяцхан гүвээний орой дээр байн байн гарч дайснаа тохуу хийцгээнэ. Нао:
— Кзамчууд та нар юунд бэлчээр тойрон эргэлдэнэ вэ? Арслан зааны өмнө та нар саарал баавгайн өмнөөс цөөвөр чоно очсон юм шиг л байгаа биз. Та нарын сүх бороохой Нао миний сүх бороохойн өмнө тэсэхгүй. Хэрвээ та нар отог овог уруугаа тонилохгүй бол бид зангандаа оруулж цөмийг чинь хиар цохио шүү гэж хашхирав.
Энэ үед Haм Гав xoёp ч гэсэн дайчин уриагаа хашхиран жадаа далайн сүрдүүлэх аж. Гэвч Кзамчууд тэдний ийн тохуу хийхийг огт тоосон шинжгүй халуун орны ойт хээрийн зэгс, бутан дундуур хэсүүчлэн явах бөгөөд улиангар, нүцгэн ховол, агч модны дундуур шугуй дотроос тэднийг отон харуулдах Кзам эрийн сэгсгэр толгой үсэрхэг цээжин бие гэнэт үзэгдэнэ. Орой болохоор дайснууд харанхуй дундаас сүүдэгнэн үзэгдсэнээ дахиад л нуугдана. Хэдийгээр Уламрчууд Кзамчуудаас айх аюулгүй боловч ийнхүү салахгүй байх нь тэдний хорсол бухимдлыг хүргэнэ. Тэд ийнхүү отох тул Арслан зааны сүргээс алхам ч холдож болохгүй байлаа. Гэтэл Уламрчууд хүчирхэг холбоотноо орхин төрөлх отог овогтоо очихоор умар зүг явах хэрэгтэй байдаг. Дайсны мөрдөлтийг яаж таслан зогсоох вэ? Арга нь тасарсан Нао энэ тухай удаан бодов.
Өдөрт гурван удаа Ирвэсийн хүү Арслан заануудын ахлагчид ургамлын үндэс, нугын шош түүн аваачиж өгөхдөө тэдний хэлийг ойлгох, өөрийнхөө ярьсныг ойлгуулах санаатай дэргэд нь удаан суух ажээ. Арслан заан хүний яриаг дуртай сонсон том сарьсан чихээ хөдөлгөн юм бодох шиг толгойгоо аажимхан данхалзуулахад түүний жижигхэн хүрэн нүд гайхалтай гялалзан онийх нь инээж байгаа юм шиг Наод санагдав. Тэр үед Нао, «Арслан заан Наогийн хэлснийг ойлгож байна... гэтэл Нао түүний хэлийг ойлгодоггүй...» гэж бодов.
Уламр Арслан заанд идэш авчирч өгөхдөө алсаас:
— Хараач, Hao чамд идэш авчирлаа хэмээн хашхирна.
Арслан заан түүний хашхирах дуунд дасаж дороо л өөдөөс нь угтан алхана. Уламрыг бутанд юм уу, модны цаана зориуд нуугдахаар тэр эрж олоод түүсэн өвсий нь гараас нь авч иднэ.
Хүн арслан заан хоёр ийнхүү бие биесээ дуудан сурчээ. Арслан заан Наог урамдан дуудахад Нао үгээ тод хэлэн дуудна. Тэд хамтдаа байх дуртай ажээ.
Наог газарт суухад Арслан заан тойрон эргэлдэж заримдаа тоглон түүнийг хошуугаараа болгоомжтой ороон авч өргөнө.
Нао бас хоёр дагуулаа нэг нэг Арслан заан дасган авахыг тушаажээ. Тэгээд Нам Гав хоёрыг дуундаа яаж дасган авахыг заан сургасан аж. Нэгэн орой харуй бүрий болохоос өмнө Нао мөчир цуглуулан шатааж үзэхээр зориглов. Агаар хуурай, хүйтэн бөгөөд салхи модны мөчрийг үл мэдэг хөдөлгөнө. Тэд Галаа асааж xөгжөөв. Эхлээд хар утаа уугьж байснаа дараа нь намар цагийн үүрийн туяа шиг улааран дөллөв.
Тэгтэл арслан заанууд тал талаас нь түүдэг гал уруу гүйлдэн ирэв. Тэд сарьсан чих, үсэрхэг xошyyгaa сэтгэл түгшсэн байдалтай хөдөлгөн бяцхан нүд нь айсан байртай гялалзах аж. Зарим нь бүр сэттэл тавгүй урхирна. Заанууд Гал гэгч юу байдгийг уг нь сайн мэдэх билээ. Аянга бууж өвс, мод шатахад халуун орны ойт хээр талд Галтай учирч байжээ. Тэр Гал тэднийг өсгий даран элдэн хөөж, аюултай улин исгэрч тас няс буулган ямар ч хурц хумс, шүдэнд үл ажрах арьсыг нь тэсэхийн аргагүй хорсгож байжээ. Одоо тэр аюулт гайхалд өвдөг сөхрөн амь алдсан зарим нөхдөө сүргийн ахмадууд нь санан дурсах мэт байв. Гэтэл тэр хүчирхэг аюултай Галыг энэ хоёр хөлтэй амьтан ажиг ч үгүй тойрон суух аж.
Нао, Арслан заанууд сэтгэл тавгүй байгааг ойлгож сүргийн ахлагч уруу дөхөн очиж:
— Уламрчуудын асаасан Гал цааш явж өвс, модыг түймэрдэхгүй. Арслан заанд халдаж хор хүргэхгүй. Нао Галыг гартаа авч байна. Түүнд хар муу юм хийх боломж өгөхгүй гэлээ.
Арслан заанууд Галаас тавиад алхам зайтай зогсоод Галын дэргэд гар сунган тайван суух бяцхан дорой андуудаа сониучирхан харна. Аажимдаа сүргийн ахлагч Арслан заан айхаа больж тайвщрав. Сүргийн ахлагчийн зан байдал олон жилийн турш ижил сүрэгтээ үлгэр жишээ нь болж байсан тул ийнхүү бусад нь ч мөн тайвширч эхэлжээ. Тэд хаашаа ч үл хөдлөх Галыг гайхан харж аюултай тэр амьтан халуун орны ойт хээрийн нүд алдам талаар хуй салхи шиг хурдлан замдаа таарсан амьтай бүхнийг устган байсан бөгөөд эдүгээ түүнээс айхаа бүр больжээ. Ийнхүү Нао Арслан заануудын сүрэг дунд түүдэг гал асаах эрх олж авах нь тэр. Тэгээд энэ орой олон хоногийн дараа анх удаа Уламрчууд шарж болгосон мах, мөөг, иддэг үндсээр таатайхан хоолложээ.

***

Дайсны отолт зургаа дахь өдрөө үргэлжилж Кзамчуудын энэ шаргуу зан Наог тэсэхийн аргагүй байдалд хүргэв.
Шарх нь бүрэн эдгэрсэн тул хийх ажилгүй ингэж cyyx нь зовлонтой аж. Уламрчуудыг төрөлх отог, овог, танил нутаг нь урин дуудна.
Нэгэн удаа навчит модон дунд нуугдаж байгаа шар махчны сэгсгэр толгойг үзчихээд гэнэт уур хилэн нь бадарч:
— Та нар Уламрчуудыг устгана гэдэг бүтэлгүй гэж хашхирна. Тэгээд дагуулуудаа дуудан:
— Нам Гав та хоёр дасган авсан Арслан заануунуудыг би сүргийн ахлагчийг дагуулъя. Тэгээд шар махчингуудтай тулалдья гэв.
Уламрчууд найдвартай газар Галаа нуугаад шимтэй өвс, найлзуур хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөн аваад өмгөөлөгчдөө дуудав. Тэд хариу дуугаран араас нь дуртай нь аргагүй яаралгүй дагав. Уламрчууд тэдэнд идэх дуртай өвсийг нь өгч аргадан явсаар бэлчээрээс нь нэлээд хол аваачжээ. Нао цаг ямагт тэдэнд энхрийхэн дуугаар аяархан нэг юм хэлнэ. Гэвч цаашлах тусам Арслан заанууд дурамжхан байлаа. Тэд эргэж байнга зогсон түрүүлэн алхах сүргийн ахлагчаан гайхсан байртай харна. Эцэст нь Арслан заанууд бүр зогсож сүргийн ахлагч Наогийн дуудсан дуунд урагшаа явахын оронд харин түүнийг дуудан урамдав.
Ирвэсийн хүү арагшаа буцаж Арслан заан уруу очоод түүний хошуун дээр гараа тавиад:
— Кзамчууд тэнд бутанд нуугдаж байна. Хэрвээ Арслан заанууд бидэнтэй хүч хавсран тулалдаж тусалбал Кзамчууд дахиад биднийг тойрон тэнүүчилж зүрхлэхээ болино гэлээ.
Энэ аварга амьтан түүний үгийг бодлогошронгуй сонсоод урьдын адил ардаа хоцорсон сүргийнхээ зүг хараад байрнаасаа хөдөлсөнгүй. Гэвч Нао Кзамчууд хануур жад шидэх ойрхон зайд байгааг мэдээд бодлоосоо ухарч чадсангүй. Нам Гав хоёрыг араасаа дагахыг тушаагаад өөрөө бут уруу ухасхийв. Дайснуудын хануур жад исгэрэн бутан дундаас хэдэн Кзамчууд Уламрчуудыг угтан босоод ирлээ.
Энэ үед Ирвэсийн хүү сэтгэл зүсэм дайчин уриагаа хашхирахад Арслан зааны ахлагч түүнээс юу хүсээд байгааг ойлгосон бололтой хошуугаа дээш өргөөд чангаар урхиран бусдыгаа араасаа дагахыг тущаан хоёр Арслан заанаа дагуулсаар Кзамчууд уруу дайрав. Нао Нам Гав гурав ч бороохой, жад, сүхээ далайн урагшаа ухасхийв. Айж балмагдсан Кзамчууд ухаан алдан тал бур уруугаа бут үсрэн ширэнгэн дунд нуугдахаар гүйлдэв. Гэтэл Арслан заануудын уур омог гэнэт хөдөлж өнийн дайсан хирстэйгээ учирсан мэт шар махчингууд уруу хилэнтэй нь аргагүй довтолтол Их голын эргээс тэдний зүг туслахаар сүрэг нь нүүгэлтэн ирэх нь тэр. Аварга амьтдын хөл доорх бут мод хугаран, ширэнгэ шугуйд нуугдан байсан чоно, чогонцор, бөхөн, марал, зүр, гахайнууд талын түймэр юм уу, үер болоход арилан зугтдаг шигээ бужигнан арилав.
Сүргийн ахлагч нэгэн зугтсан эрийг хөөн гүйцэв.
Айснаасаа дуу алдан орилох тэр Кзам эр газарт тэрийн унатал Арслан зааны шөрмөслөг хошуу чичирсэн биеийг нь ороон авч агаарт өргөн арваад тохой газарт ширвэн хаяснаа газарт унаж амжаагүй явахад нь үсэрхэг том хөлөөрөө дэвсэн өт хорхой шиг няц дарав. Бас өөр нэг Кзам эрийг аварга соёогоороо газарт нэвг сүлбэн хатгахын зэрэгцээ гуравдагч этгээдийг өндөр өргөсөн хошуундаа ороон авахад тэр эр үхлийн саварт тарчилна.
Сүрэг ойртон ирлээ. Тэр сүрэг уулын уруй шиг замд таарсан бүхнээ хумин авч няц дарж омголон хүчтэй явдал дунд газар дэлхий доргино. Их голын эргийн бут сөөг, яшил модны ширэнгэд нуугдаж байсан Кзамчууд өм бяц дарагдан няц гишгэгдэж устжээ.
Сая л Арслан заануудын уур омог нь дарагдаж эхлэв.
Гүвээний хормойд зогсох сүргийн ахлагч дуусгах дохио өгөн урамдахад Арслан заанууд түүний зүг дуулгавартайяа хөдлөв. Сэтгэл хөөрсөн тэдний нүд гялалзан бөөр нь түмбэлзэнэ. Амь хэлтэрсэн шар махчингууд нь амь наана там цаана өмнө зүг зугтан арилав. Кзамчууд тэднийг мөрдөх зүрхгүй болсон тул Нао, Нам, Гав гурав одоо тэднээс айх аюул нэгэнт үгүй болжээ.
Умар зүгийн хүмүүс Арслан заантай холбоо тогтоосон тухай гайхалтай сонин мэдээг тэд төрсөн овог отогтоо аваачих нь мэдээж. Тэгээд энэ ер бусын явдал үеэс үе дамжин мянга мянган жил домог болон яригдах нь лавтай...

***

Арслан заанууд бэлчээр сэлгэн Их голын адаг уруу шинэ нутаг эрж эрэг даган арваад хоног явав. Газар орны эзэн болсон тэд үл яарах агаад байдал нь тайван, нэгэн хэвийн ажээ. Зэгсэн шугуй, хар хөрстэй тэгш тал буурал ойн ширэнгэ, намгийн чийгтэй хөрсний хаанаас ч гэсэн тэд идэх юмаа олж чадна.
Аварга хүчирхэг энэ амьтад аливаа юмыг голж сураагүй тул идэх юмаа голж шилэхээсээ илүү, их хэмжээгээр авахыг л бодно.
Нэг ч амьд амьтан замд нь зүрхлэн саад болохыг хүсэх ажээ. Арслан заанууд дээр үеэс л газар дэлхийг эзэгнэгч, амрах аялахдаа бүрэн эрхт эзэн нь байв. Эртнээс өвөг дээдэс нь энэ дэлхийг эзэгнэж олон мянган жилийн турш сүрэг дотроо хатуу захирах ёсыг тогтоосон тул амьдралын хөдөлбөргүй дэглэм болсон жагсах, дайснаа дайрах, довтлох, бэлчээр нутгаа сонгон авах, хүчтнүүд нь хоорондоо зөвшилцөх, хүч буурайгаа хамгаалах зэргийн мэдлэг туршлага хуримтлуулжээ. Ийм ч учраас Арслан заануудын уураг тархи нь хөгжиж, хараа соргог, чиx сонор, үнэрлэх чадвар сайн ер нь aливаа зүйлийг мэдрэмтгий болсон аж.
Аварга том атлаа тухайн үедээ нүсэр биеэ уян налархай хөдөлгөх чадвар бүхий Арслан заанууд ус, газраар чөлөөтэй холхино. Тэдний хүчирхэг мөртлөө мэдрэмж сайтай могой шиг ороож чадах хошуу нь баавгайгаас дутахгүй багалзуурдан алж, хүний гap шиг ажиллаж, замдаа тохиолдох саадыг зайлуулан, аливаа үнэрийг олж тогтоон, газраас үндэс эрэн олж авч, модны мөчрийг тастан авч чаддаг байлаа. Аварга хөл нь арсланг ч ганц цохилтоор л няц дарна. Аюулт соёоноос нь айж эмээхгүй амьтан энэ хорвоод нэгээхэн бээр байсангүй.
Арслан заануудын ягуухан алхааг саатуулах хэнбэгуай нь ч үгүй мэт санагдана. Цаг хугацаа, орон зай гэгч л тэдэнд заяажээ. Өөрийн өмнөх үеийнх шигээ аварга хүчит олон тооны үр удмыг төрүүлэн энэ хорвоогийн эзэн болсон ийм амьтны амар амгаланг эвдэж, амьдралд нь саад болохыг хэн ч зүрхлэх юм билээ дээ?
Энэ агуу том сүргийн араас хараад Нао ийнхүү бодов. Ийм тэнсэлгүй хүчтэй том амьтны хөлний аяар газар чичрэн доргихыг тэр сүрдэн сонсоод Их голын эрэг даган мөнх ногоон моддын мөчир доогуур тайван алхах тэдний урт саарал цувааг бахархан харна. Амьд амьтан бүхэн замаас нь яаран зайлахад гагцхүү шувууд аварга хүчтэнүүдийг харах гэсэн мэт тэнгэрээс сүргээрээ хошууран бууж ирэх юм уу, зэгсэн шугуйгаас нисэлдэн гарч ирнэ.
Хол газрын бэрх аялалд ядарч сульдсан Уламрчуудын хувьд энэ нь аюул түгшүүрээс ангижруулсан сайхан амралт болж байлаа. Тэгээд ч хэрвээ Гаммлагаа л гэхгүй сэн бол Нао тэднээс холдон явахыг түдгэлзэх байсан биз. Арслан заануудын занг сайн мэддэг болсон тэрээр одоо бусад амьтад юм уу, тэр ч атугай хүмүүсигиг тийм ч харгис хэрцгий муу санаатай амьтан биш юм гэдэгт итгэх бүрнээ болсон билээ. Сүргийн ахлагч нь өөрийн дотно нөхдөдөө ч үл итгэдэг Фаумтай огт төсгүй бөгөөд харин ямар ч аюул занал, тангараг эвдэх зүйлгүйгээр сүргээ тайван, ухаалгаар удирдана. Тэдний сүрэгт Агу болон сагсгар үст ах дүүс шиг уур омогтой, хорон муу санаат арслан заан нэгээхэн ч үгүй ажээ.

***

Эргэн тойрон юм бүхэн нойроос сэрээгүй үүрийн шаргал гэгээнээр голын ус тууз татан цайварлан харагдах үед Арслан заанууд сэржээ. Тэд хяруу унасан газраас босон ирж шинэ өдрийн мэнд хүргэн хошуугаа дээш өргөн хүнгэнэтэл урамдав.
Нарс, улиангар, ялам, далдуу модны мөчир овоолсон гал хөгжилтэйеэ тас нясхийн асна. Өтгөн буданд умбасан ойн чөлөө, Их голын эрэг дээрх ан амьтан, араатан жигүүртнүүд сэрж шинэ өглөө ирсэнд баярлан хөгжилдөх авай.
Намрын цайвар тэнгэрийг тодхон туяагаараа сүлэн, тэнгэрийн хаяанд нар мандахад Арслан заанууд халуун орны ойт хээрээр наадаж эхлэв. Өглөөний цэнгэг агаарт ийнхүү тоглон, голын эргээр бие биесээ элдэн хөөж байснаа цөм цугларан газраас ухан авсан үндэс, модноос саяхан тасалж авсан найлзуураа яаралгүй амтархан идэцгээнэ.
Бас тэд хөвдөн гартаам, сархиаг, малтуу болон үнэгэн мөөг эрэн, туулайн бөөр, царсан боргоцойг олж мэрнэ. Тэгээд бүх сүрэг ус уухаар гол уруу явдаг билээ.
Нао гүвээний орой дээр юм y, хадан дээр гараад Арслан заанууд гол уруу хэрхэн цувахыг харах дуртай.
Алсаас харахад Арслан заануудын хар хүрэн нуруу далайн түлхэлтийн давалгаа шиг үзэгдэх бөгөөд том хөлөөрөө эргийн лаг шавар дунд гүн мөр үлдээж, явдал дундаа том чихээ хөдөлгөх нь нисэхийг завдан буй том сарьсан багваахай шиг харагдах ба уян налархай хөдөлгөөн сайтай хошуу нь модны бүдүүн мөчир адил аж. Биед нь мөнх ногоон модны хөвд мэт өтгөн үс бүрхэж, дээш эргэсэн хүчирхэг соёо нь зүлгэсэн юм гилийгээд дайтахаар орох гэж байгаа зуу зуун жад мэт аймшигтайяа гялалзана.
Аажуу тайван нэгэн хэвийн өдөр ингээд өнгөрөв. Харуй бүрий болохоор Уламрчууд түүдгээ асаан галаа хөгжөөж эхлэв. Дээр нь хүмүүсийн шидэх давирхайтай нарсан мөчир, хуурай өвсийг ховдоглон улаан дөлөөр хумин авч галдан шатаана. Чийг даасан өвсний шилбэ улиангарын ногоон мөчир шидэхээр цайвалзан бүүдийж ёлтолзон муудна. Тэгснээ шажигнан асаж төдөлгүй хавь ойрын чийгтэй газрыг хатаан шөнийн харанхуйг мянган тохой тэртээ үлдэн хөөж түүхий мах, ургамлын үндэс туулайн бөөрийг сэтгэл татам амт үнэртэй болгоно.
Сүргийн ахлагч төдөлгүй Галд дасжээ. Орой бол гал үзэхээр ирдэг болсон нь түүний халуун илч, гэрэлд сэтгэл татагдсаных биз. Тэрээр түүдгийн дөлийг бодлогошронгуй ширтэн, гайхалтай амьтны улаан ам модны гишүү шидэх Нао Нам Гав гурвын хөдөлгөөнийг сониучирхан ажиглана. Тэр арслан заанууд «Энэ хүмүүс шиг ингэж Гал ашиглан сурсан бол улам ч хүчирхэг болж чадах сан» гэж бодож байж ч болох юм.
Нэгэн орой сүргийн ахлагч түүдэг гал уруу ойрхон дөхөж ирээд хэлбэр дүрсээ байнга хувилган өөрчлөх энэ гайхалтай амьтныг сайн үзээд авъя гэсэн шиг хошуугаа сунган үнэрлэж үзэв. Уул шиг хөдөлгөөнгүй зогсох тэр аварга амьтан бүжиглэн наадах дөлийг удтал ажигласнаа хошуугаараа бүдүүн мөчир аван Гал уруу шидэх нь тэр.
Тэгтэл өтгөн хар утаа дээш олгойлон босож Гал унтран завдсанаа төдөлгүй дорхноо хуурай мөчир дөллөн асаж гарав. Арслан заан ингэхийн үед сэтгэл ханамжтайгаар толгойгоо данхалзуулан хөдөлгөснөө Нао уруу дөхөн ирж мөрөн дээр нь хошуугаа тавив. Нао гайхан мэлэрч хөдөлгөөнгүй зогсохдоо энэ Арслан заанууд хүн шиг Галыг асааж, адгуулж чадах юм биш үү, гэтэл юунд хүйтэн нойтон шөнийг өнгөрүүлж явдаг юм бэ гэж өөрөөсөө асуухад хүрэв.

***

Энэ явдлаас хойш Арслан заан хүнтэй улам ч дотносон ойртжээ. Ингээд Уламрчуудад шөнийн түүдэг асаахаар түлээ мөчир цуглуулахад нь туслан бас хошуугаараа заримыг нь авч Гал уруу шидсэнээ дээш цойлох улаан дөлийг нь ширтэн хөдөлгөөнгүй зогсоно. Арслан зааны ахлагч одоо Наогийн хэлэх олон үг, хийх олон дохиог ойлгодог болсон төдийгүй сүрэгтээ энэ санааг бас дамжуулан ойлгуулж чаддаг болжээ. Тэр үеийн хүмүүс өдөр тутмын зүйлээ бие биедээ ойлгуулах төдий энгийн яриа л голлон хэрэглэдэг байсан тул хэл яриа нь тийм ч ярвигтай байсангүй. Тэгээд чиг Арслан зааны ухаан санаа дээд зэргийн хөгжлийнхөө үед хүрсэн цаг байж л дээ.
Хэрвээ сүргийн ахлагч Наотай хүний хэлээр ярьж чаддаг сан бол Уламр овгийн хамгийн ухаантай буурлын нэг Гоуны мэдэхгүй олон зүйлийг ч хэлж чадах сан билээ.
Гэтэл хүн олон мянган жилийн турш улам хөгжин, хэл яриагаа боловсронгуй болгон, шинэ шинэ зүйлийг тэр үед хийж, сурч байсан байхад Арслан заанууд ч мөн урьдын адил өөр хоорондоо багахан дуу авиа гарган дохио өгч хэл амаа авалцана. Мөн ухаалаг овсгоотой хүн шиг шинэ зүйлийг соргогоор тусган авах ажээ. Гэхдээ түүнийгээ бусадтайгаа хуваалцах авъяас үгүй байлаа. Үнэндээ Арслан зааны цэцэн цэлмэг ухаан гaгхүү өөрөө өөртөө л хэрэг болох ажээ. Үүний зэрэгцээ Арслан заанууд хүнийг бодвол урт Нао насалж чадаж байлаа. Учир нь, чулуун зэвсгийн үеийн хүмүүс ихэвчлэн хөгшрөхөөсөө өмнө элдэв аюулд өртөн амь эрсдэх нь олонтаа. Гэтэл Арслан заан гэгч гагцхүү жам ёсоо даган үхдэг байж л дээ.
Хүчирхэг найз холбоотон нь залуу зандан насныхаа бүхий л шинжийг хөгширсөн хойноо ч хадгалж, ой ухаан нь муудаж бие сэтгэлийн тэнхээгээ алдсан өвгөн Гоунаас ч илүү ухаан цэлмэг байж чаддаг юм байна гэдэгт Нао улам итгэх болов.

***

Арслан заанууд Их Голын эрэг дагаж алгуурхнаар уруудан явсаар. Тэдний явах зам алсдаа Уламрчуудын төрөлх овгийнхны нутаг уруу зүглэх чигтэй аж. Эхлээд Их голын урсгал шууд умар зүг уруу чиглэж байснаа гэнэт дорно зүг чиглэж, алсдаа бүр өмнө зүг чиглэн урсав.
Энэ нь Наогийн сэтгэлийг түгшээж эхлэв. Хэрвээ Арслан заануудын сүрэг идэш тэжээл элбэг голын эргээ орхин явахыг хүсэхгүй бол Уламрчууд тэднээс салж явахаас өөр аргагүй болно.
Тэгэхлээр энэ аварга амьтдын ивээл доор амар тайван байсан бид байгалийн дайсагнасан аюул дунд дахин орно гэхээс өөрийн эрхгүй айдас төрнө.
Бороо хуртай намрын энэ цагаар хойд зүгийн ой хээр талаар явахад алхам бүрд нь үхэл аюул отож байгаа билээ.
Нао нэгэн өглөө Арслан зааны сүргийн ахлагч уруу дөхөн очоод:
— Ирвэсийн хүү Арслан заануудтай холбоо тогтоолоо. Та нарын гүнд байхад сэтгэл зүрх минь хэзээд баяр бахдлаар дүүрэн байна. Эцсийн амьсгаагаа хураатал та нарыг даган явахад бид бэлхэн. Гэвч бид их намгийн эрэг хүрч овог отогтоо очих ёстой. Бидний зам баруун тийшээ явах атал та нар юунд тийшээ үл эргэнэ вэ? гээд дотно андынхаа том соёог мөрөөрөө тулан зогсоход сүргийн ахлагч түүний хэлсэн үг, сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгосон бололтой хөдөлгөөнгүй чагнана.
Наог ярьж дуусахад сүргийн ахлагч хүнд толгойгоо алгуурхан хөдөлгөснөө байрнаасаа чимээгүй хөдөлж Их голын эргээр уруудан араасаа сүргээ дагуулан алхав.
Үүнийг харсан Нао асуусан асуултад нь сүргийн ахлагчийн өгч байгаа хариулт энэ байна гэж боджээ.
Тэгээд өөртөө «Арслан заануудад өвс тэжээл, ус унд хэрэгтэй. Хэрвээ Уламрчууд тэдний оронд байсан бол мөн л идээшин дассан нутаг нугаасаа холдохгүй гэх байсан биз» гэж хэлжээ.
Тэгээд тэрбээр хүндээр санаа алдан дагуулуудаа дуудан гүвээний орой дээр гараад аварга сүргийн араас удтал харав. Нао өөрсдийг нь Кзамчуудаас өмгөөлөн аварсан том Арслан зааны холдож байгаа барааг нүд үл салган ширтэнэ.
Их сүргээс ийн салсандаа сэтгэл нь гунигаар дүүрч, бас угтаж байгаа аюулыг бодохоос айдас төрнө. Зах хязгааргүй шаргалтан цэлийх баруун хойд зүг ypyу гунигтай харц шидээд Ирвэсийн хүү хэчнээн хүч буурай, арчаагүй болохоо улам мэдэрч тэсэлгүй их хүчит амгалан дөлгөөн Арслан заануудын тухай гуниглан бодов.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.23.14 4:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Арслан заануудтай хамт бгаад бвал бүүр сул дорой болохын бишүү. Одоо салж явсан нь дээрээ овог аймаг нь тэнд галгүй хэцүүдэж бхад. Одоо нэг галаа бүрэн бүтнээр нь л аваачаасай даа. Энэ зохиолыг уншсан чинь аймар жаргалтай амьдарч бгаагаа бас жоохон ойлгож эхэлжийнэ шд ккк

Баярлалаа Крофтоо :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.23.14 3:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
ГУРАВДУГААР АНГИ

Нэгдүгээр бүлэг
УЛААН АРЬСТ ОДОЙ ХҮМҮҮС


Бороо зогсолтгүй асгаран орсоор байлаа. Нао, Нам Гав гурав шавар намагт шигдэн арай гэж урагшилна. Орой болохоор тэд навч нь унаж нүцгэрсэн моддын оройд мацан авирч гарах юм уу, эсвэл хагдарсан хүрэн өвсөөр хучигдмал гүвээн дээр гарч модны хонгил, aнгал ер нь ямар нэг нуугдах ан цав хайн орж хоргодно.
Мөөг жинхэнэ ургаж гүйцсэн цаг байлаа. Тэд мөөг түүж хүнсэндээ хэрэглэх боловч хорт могой хатгасан мэт хүнийг дор нь хөнөөж чадах тийм мөөг байдгийг мэдэх тул маш их болгоомжилно. Иймээс өнгө үнэрээр нь ялгаж сурсан тийм л мөөгөө түүн авах ажээ. Махгүй болсон цагтаа үнэгэн болон сархиаг мөөгийг түүж авдаг байлаа. Тийм мөөгийг чийг даасан шугуй, норж гүйцсэн царс, хайлаас, далдуу моддын доор унасан навчсан дундаас, ойн жим хадны ёроол ер нь хаанаас ч гэсэн олно.
Одоо тэд галтай болохоор түүсэн мөөгөө хэлхэн шорлоод юм уу, хавтгай чулуун дээр тарааж тавиад шарж илнэ. Гал дээрээ туулайн бөөр, царсны боргоцой идэж болох бүхий л ургамлын үндсийг хайрч болгон, эвэрлэг модны үр цөмж, агч модны амттай шүүсийг уух ажээ.
Гал бол Уламрчуудын хувьд баяр баясгалан нь төдийгүй байнга санаа тавин хийх ажлын нь эх булаг болжээ. Галаа догшин салхи, аадар борооноос хамгаалахын тулд хэчнээн их хөдөлмөр, ур чадвар, зориг тэвчээр гаргах хэрэгтэй билээ дээ. Хэдэн цагаар бороо зогсолтгүй цутгахад Галаа аварч гарах нөмөр газар эрж олох хэрэг болно. Хэрвээ ойролцоо нь байгалийн нуувч болох хад юм уу, модны хонгил байхгүй бол өөрсдөө мөчрөөр асар маягийн юм хийх явдал ч тохиолдоно. Энэ нь их цаг зарах ажээ.
Хэрвээ Галаа тэгж хамгаалах хэрэггүй сэн бол Уламрчууд элдэв саадыг тойрч гарах, зүгээр нэг сэлээд гарчих голоор олом эрэх зэргээр цаг үрэхгүй байсан л даа.
Уламрчуудад заримдаа арай дөт зам эрж яваад гаталж болшгүй намагт орчхоод хуурай газарт хүрэх гэж бүр тойруу замаар явах хэрэг ч гарна. Ийнхүү зам нь улам уртсах нь нутаг орондоо очих хугацааг улам удаашруулж байгааг ч тэд бадаг бүдэг төсөөлж байлаа. Өдөр өнгөрөх тусам тэд умар зүг Уламрчуудынхаа нутаг уруу шаргуу явсаар л байлаа. Ийнхүү тэд зөн билгээрээ зүг чигээ барин явахдаа хаана нэг нар, одоор баримжаа авч байв.
Тэгсээр явтал гэнэт нэгэн хэвийн шаргалтан дүнсийх элсэн цөл, хаа нэг овоорон тогтсон хүрмэн чулуун хад бүхий газарт ирж энэхүү уйтгар хүрам зэврүүн элсэн цөл замыг нь боов. Элсэн доороос хаа нэгтээ ов товхон өргөстэй бут цухуйж, гандаж хорчийсон хэдэн нарс ёрдойн үзэгдэнэ. Хар хүрэн хагд өвс манхны оройг бүрхжээ.
Энэхүү эл хуль газрыг ан амьтан ч холуур тойрч өнгөрөх тул хаа нэг турж эцсэн туулай, тураалдаа хүрсэн оронго зээр л үзэгдэх аж. Тийм амьтад хүний бараа үзчихээд дорхноо манхны цаагуур далд орно.
Гэнэт орсон аадар төдөлгүй шиврээ бороо болон хувирч битүү үүл бүрхэн ирснээ хэсэг бусгаар сарнин бутарч, энэхүү үүл өвлөөс өрсөж халуун орон уруугаа зүглэх нугас, галуу, тогоруу шувуудын тоо томшгүй цуваатай өмнө зүг уруу нүүн одно.
Энэхүү уйтгарт дарагдсан нутаг уруу улам гүн орохоосоо Нао айж, шийдэж ядан дороо зогсов.
Өдрийн ихэнх хэвийж харуй бүрий болоход хүйтэн салхи нүцгэн талын дээгүүр сэтгэлд гуниг авчран исгэрнэ.
Өмнө нь цэлийх элсэн далай, ов товхон барсгар хаднуудыг Уламрчууд бодлогошронгуй ширтэн удтал зогсов. Энэ амьдралыг уудам тал тэднийг айлгажээ. Гэвч тэд идэх махны нөөц нэлээдтэй, бас тэгээд хоргон дотор Гал нь хөгжилтэйеэ анивчин асах тул эцсийн эцэст энэ чигээрээ явахаар шийдэцгээв.
Залуу дайчид таван өдөр нүцгэн элсэн манхан дундуур явсан боловч зах нь бас л үл үзэгдэнэ. Эргэн тойрон ан амьтан, шувууд байхгүй тул махны нөөц нь барагдаж, юм олж идэх сэн гэдэг бодол улам ч зовооно. Борооны ус элсэнд дорхноо шингэчих тул бас өлсөхийн хажуугаар ам цангах аюул нэмэгджээ.
Юугаар ч тэтгэж үл чадах Галынхаа төлөө сэтгэл зовж явсан нь нэг бус удаа.
Зургаа дахь өдөр болоход өвс ургамлын байдал зөөлөрч эхлэв. Нарс, улиангар, чинар, цагаан агч модод ээлжлэн солигдоно. Үе үе нуга, намаг тохиолдох болж элсэн манхан саарал шавартай хөрсөнд байраа тавьж өгөв. Өтгөн хар үүл модны орой шүргэм нүүгэлтэнэ.
Уламрчууд энэ шөнө нэгэн буурал улиасны доор хоноглохоор болов. Газарт унаж чийг авсан навч, гишүүгээр түүдгээ арай гэж асаав. Түүдэг гал нь утаа манан болон борооны дусаал унаж шийхнах нь одоохон унтрах нь уу гэж бодмоор.
Эхлээд харуулд Ирвэсийн хүү гарч, дараа нь Нам ээлж авав. Нао чийгтэй хөвдөн дээр хэвтэж, улиангарын хүү хурц үзүүртэй царсан гишүүгээр үнсээ хутган утаанд жаал эврээж байгаад гал уруугаа шидэж түүдгээ тойрон эргэлдэнэ.
Галын бүдэг гэрэл чийглэг агаар, манаран баагих утаа арай ядан нэвтлэн шаварлаг нойтон хөрсөнд тусаж ойрхон байгаа нүцгэрэн үлдсэн мод, бутыг гийгүүлнэ. Түүнээс цааш шөнийн битүү харанхуй аюул занал агуулан дүнсийх аж.
Нам түүдэгт гараа ээгээд энэ харанхуй дунд үүсэх элдэв чимээг хүчлэн чагнав. Энэхүү харанхуй хөшигний цаана нуугдаж буй үл үзэгдэх аюул гэнэт гарч ирээд хүмүүсийг хурц хумстай савраараа тасчин хаяж, их сүргийн мянга мянган туурайгаар дэвслэн няц дайрах юм уу, шовх үзүүртэй жадаар нэвт сүлбэн, сүхээр тархийг нь цоо цохиж ч болох билээ.
Ийм болохоор залуу дайчин айдас төрж биеэ цэхлэв. Тэгээд сонсох, харах, үнэрлэх бүхий л эрхтнээ дээд зэргээр хөвчлөн дайчлав.
Түүдэг тойрон нэг амьтан тэнүүчлэхийг тэр бие сэтгэлээрээ мэдэрч унтаж байгаа Наог аяархан түлхэн сэрээв. Ирвэсийн хүү хөл дээрээ чимээгүйхэн үсрэн босоод орчныг үнэрлэн чимээ чагнаж эхлэв. Нам андуурсангүй. Ямар нэг амьд амьтан харанхуйд нуугджээ. Түүдгийн утаа, норсон өвсний эхүүн үнэр чухам юуны үнэр болохыг мэдэхэд саад хийх боловч Нао энэ бол хүмүүс юм гэдгийг дор нь тодруулав. Тэгээд түүдгээ гурав хүчтэй хутгатал өндөр дөл тэнгэр тулан босож шөнийн харанхуйг холдуулан хөөхөд яг өмнө нь бутан дунд хар дүрс үзэгдээд нуугдав. Нао Гавыг сэрээж:
— Хүүе, хүмүүс байна гэж шивнээд, тэд мөр зэрэгцэн зогсож харанхуй уруу удтал ширтэхэд, хөдлөх юм юу ч үгүй, гагцхүү орж буй борооны нэгэн хэвийн шиврээнээс өөр юу ч үл сонстох ажээ. Тэдний хамарт сэжигтэй үнэр мэдэгдсэнгүй. Гэвч ямар нэг аюул ойрхон байгааг тэд мэдэрч байлаа.
Энэ харанхуйд хэн нуугдана вэ? Бүхэл бүтэн овог отгоороо байна уу, эсвэл цөөн хэдэн хүн байна уу, яах вэ? Зугтах уу, эсвэл тосон тулалдах уу?
— Галаа сайн манаж бай! гэж Нао дагуулдаа тушаагаад, хажуу тийшээ хэд алхан дорхноо харанхуй ууссан юм шиг Нам Гав хоёрын нүдэнд үзэгдэхгүй болов.
Нао бут тойрон бөхийсөөр хүмүүсийн харагдсан шугуй уруу дөхлөө. Түүнд зүг чигээ олоход нь Гал тусажээ. Галынх нь сулхан улаавтар туяа хаа хол газрын багцааг гаргаж өгөх аж. Нао ч өөрөө дайсанд үзэгдэхгүйгээр гартаа бороохой, сүх атган алгуурхнаар мяраан урагшлахдаа байн байн зогсох агаад заримдаа бас хэвтэж бас чийгтэй газарт чихээ наан чагнана. Шаварлаг хөрс их орсон борооны усанд дэвтсэн тул алхах чимээг нь дарна. Ийм үед хамгийн сонор чих ч түүний алхах чимээг олж сонсож үл чадах байсан биз. Нао бут хүрээд удтал хөдөлгөөнгүй зогсов. Цаг хугацаа ясваар. Эргэн тойрон урьдын адил борооны ов тов дуслах, салхинд найгах өвсний чимээ л сонстоно.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.24.14 10:12 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 206
Location: Улаанбаатар
Хөөх шинэ ном, баярлалаа Крофт.


Top
   
PostPosted: Apr.24.14 11:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Энэ үед Нао бутыг нөгөө талаар нь тойрон гарч ирснээ арагшаа буцан явахад мөрийг нь хэн ч үзсэнгүй бололтой. Зөн билгээрээ Нао энэ тухай өмнө нь мэдсэн тул гайхаж барьсангүй, биеэ эгцлэн харанхуй болохоос өмнө олж үзсэн жижигхэн гүвээний зүг хурдлав. Гүвээний бэл хүрээд урьдах замаа гараараа тэмтрэн авирсаар, өтгөн бутаар хучигдмал оройд нь төдхөн хүрэв.
Нао бутны мөчрийг хажуу тийш болгож, борооны өтгөн буданг нэвтлэн байж нэгэн хотгорт ёолтойн гэрэлтэх гэрэл асад анивалзахыг олж үзэв. Энэ бол зайлшгүй хүмүүсийн асаасан гал байж таарна. Түүдгийн дэргэд хэдэн хүмүүс муухан сүүтэгнэж үзэгдэх нь нэлээд хол газар байгаа бололтой аж.
Кзамчуудын түүдгийн галтай өмнө нь тааралдсан үеийн тэр айдас биеийг нь эзэмдэв. Гэвч энэ удаагийн айдас бүр илүү байсан нь өөрсдийг нь олж үзэхээс өмнө тэр үл таних хүмүүс Уламрчуудыг илрүүлэн мэдсэн байлаа.
Нао дагуулууд уруугаа эргэхдээ алгуурхан явж байснаа Галаа үзээд алхаагаа хурдасгав. Нао:
— Тэнд хүмүүс байна гэж дорно зүг уруу гараараа заан нам дуугаар хэлснээ жаахан дуугай байж байгаад:
— Галаа хоргондоо асаая гэв.
Нам Гав хоёр тушаалыг нь биелүүлж байх хооронд Наос түүдэг галаа тойруулан гишүүгээр өндөр хаалт босгов. Одоо алсаас зөвхөн галын туяа л харагдахаас дэргэд нь хүн байгаа эсэх нь үл үзэгдэх болжээ. Хоргонд хийсэн гал асаж эхлэхэд нөөцлөн авсан түлээгээ дагуулууддаа хувааж өгөөд Нао замд гарахыг тушаав.
Бороо аажмаар намдаж чийглэг агаар тоггуун байх аж. Дайснууд хэрвээ Уламрчуудын яаран зугтсаныг мэдээгүй бол замыг нь отож чадахгүй байлаа. Тэд одоо эзэнгүй асаж байгаа түүдгийг болгоомжтой бүслэн Нао Нам Гав гурвыг урьдын адил галынхаа дэргэд унтаж байгаа гэж бодоод арга мэх аль бүхнээ хэрэглэн маш сэрэмжтэй гэтэн очих нь мэдээж. Харин энэ хооронд Нао дагуулуудтайгаа холоо яваад өгсөн байх болно...
Үүр хаяарахаас өмнө бороо бүр зогсов. Намар цагийн үүрийн гэгээ газарт буусан үүлэн дундуур мөлхөх мэт. Уламрчууд гүвээний хажуу бэлээр удтал авирч оройд нь гараад нүдний өмнө цэлийх халуун орны ойт хээр талыг ажиглан зогсоцгоожээ.
Эхлээд тэдэнд уйтгарт дарагдан дүнсийх мод бут, нүцгэн хээр тал, намрын хүрэн гоёлоо өмссөн өтгөн ой алсад үзэгдлээ.
— Бидний мөрийг тэд алдсан байхаа гэж Намыг хэлэхэд Нао:
— Үгүй ээ, тэд биднийг мөрдөж байна гэв. Үнэндээ ч нэрийг нь үл мэдэх нэгэн голын сав даган яваа хоёр хүний бараа, араас нь дагах гуч орчим хүнтэй баг алсад үзэгдэх нь тэр.
Хол газар яваа ч гэсэн энэ хүмүүс хачирхмаар пагдгар намхан нуруутай болохыг Нао олж үзэв. Харин чухам ямар зэвсэгтэйг нь харж авч чадсангүй.
Мөрдөгчид модны ард нуугдсан Уламрчуудыг олж үзэлгүй явсан мөрийг нь шалгаж үзэх гэж байн байн зогсоно. Тэдний тоо улам л өссөөр. Одоо бүр тавь илүү дайсан байхыг Нао тоолж үзэв. Тэд Уламрчуудыг бодвол илүү удаан урагшлах нь мэдэгдэхүйц аж.
Буцаж явах тухай ч бодох юмгүй болов. Ширүүн өвс битүү ургасан уйтгар хүрэм зэврүүн тэгш тал үргэлжилнэ. Дайснууд төдөлгүй ядарч мөрдөлтөө зогсооно гэж тооцоод бүхий л боломжоо ашиглан шууд урагшлан явах нь зүйтэй байлаа. Тэгээд Нао дагуулуудтайгаа ташлуураар хурдлан бууж эхлэв.
Эхлээд явах зам нь бартаа саад багатай байсан бөгөөд зугтагсад эргэн нэг харвал гүвээний сэрвэн дээгүүр мөрдөгчид нь гараараа даллан гарч ирэхийг олж үзэв. Тэдний хоорондын зай тавин мянган тохойгоос багагүй байх ажээ.
Зам нь аажимдаа овон товонтой явахад бэрх болж борооны усанд угаагдсан тал газар өнгөрөхөд хонхор хотгор, атираа нугачаа дүүрэн тул алхам бүрдээ хөрсний ангал, ус дүүрсэн гүн нүхэнд унаж болох аюул тулгамдан байтал удалгүй өргөст бут битүү ургасан чулуурхаг тал гарч ирлээ. Ийнхүү тоо томшгүй олон саадыг тойрон Уламрчууд урагшаа маш удаан явах аж.
Тэгтэл алсад дахиад л халуун орйы ойт хээр үзэгдэж зугтагсад баярласан боловч энэ цаг хараахан болоогүй байсан ажээ. Гэнэт тэдний зүүн гap талд нуруу намхан хэсэг хүмүүс үзэгдэв. Эд өглөөний мөрдөгчид мөн үү? Тэд газар орноо сайн мэддэг болохоороо арай дөт замаар яваад ирчих нь энэ үү? Эсвэл тэр овгийнхны өөр нэг баг тааралдчихав уу?
Ойрхноос тэднийг одоо харвал маш намхан нуруутай, хамгийн өндөр нь л гэхэд Наогийн өрцөөр татахуйц ажээ. Тэд гал шаргал үстэй том толгой, богинохон хүзүү бараг гурвалжин шахуу нүүр, гүргэм шиг шар арьстай хүмүүс байлаа. Нуруу нам, тамир дорой боловч хөдөлгөөн сайтай хүмүүс болох нь харваас ил.
Улаан арьст одой хүмүүс Уламрчуудыг олж үзчихээд хэрээ гуаглах адил дуу хадааж, жад бороохойгоо заналтайяа далайцгаана.
Ирвэсийн хүү шинэ дайснуудаа гайхан харав. Хэрвээ хууз сахал бүхий овор ихтэй царайгүй байсан бол ч тэднийг хүүхэд гэж андуурч болох байсан биз. Гэтэл тэд өргөн цээжтэй, гартаа зэвсэг барьжээ. Үгүй ээ, тэд хүүхдүүд биш ажээ.
Улаан арьст одой хүмүүс шууд довтолж зүрхлэхгүй гэж Нао бодов. Үнэндээ ч тэд эргэлзэнгүй байх aж. Уламрчууд жад бороохойгоо өргөн, Наогийн дайчин уриа дайсны сөөнгөтсөн дууг даран арслангийн хүрхрэх дуу шиг талын дээгүүр нүргэлэхэд тэд цаашаа ухрав. Гэвч энэ одой хүмүүс даанч овгийнхон бололтой ажээ. Тэд ухарснаа дахиад л заналтайяа хашхиралдан xaгас дугуй тойргоор таран байрлав. Нао тэднийг бүслэх нь гэдгийг ойлгож авав.
Ийнхүү тэдний хүний олноос илүү арга залинаас нь болгоомжлон Ирвэсийн хүү yxpax дохио өгчээ. Нао Нам Гав гурав шар махчингуудаас муу гүйх улаан арьст одой хүмүүсийг цөхөх юмгүй хол орхив.
Галтай хорго нь хүнд ч гэлээ хэрвээ өмнө нь ямар нэг гаталж болшгүй саад тохиолддоггүй л юм бол улаан арьст одой хүмүүс Уламрчуудыг хөөж гүйцэхгүй гэдэг нь тодорхой байлаа.
Гашуун туршлага өмнө нь амссан Нао хүн болон гал усны гамшигт сүр хүчнээс мөн болгоомжлов. Тэгээд дагуулууддаа цааш явахыг тушаагаад өөрөө зогсон Галтай хоргоо газарт тавиад дайснаа ажиглаж эхлэв.
Тэднийг хөөж улайрсан улаан арьст одой хүмүүс таран гүйнэ.
Бусдаасаа арай илүү гурав дөрвөн шалмаг эр багаасаа түрүүлэн явааг хармагц Ирвэсийн хүү газраас хэдэн чулуу аваад улаан арьст одой хүмүүсийн өмнөөс хөл мэдэн хурдлав. Энэ явдалд мэгдэн сандарсан тэд ямар нэг мэхэнд орохоосоо болгоомжлон зогсоод харваас толгойлогч нь бололтой нэг нь цангинасан дуугаар хашхирав. Гэвч энэ үед Нао бүр тэдний өмнө хүрээд оччихсон байлаа. Тэр дайсныхаа өмнө зогсоод чанга дуугаар хашхиран ийн хэлэв.
— Ирвэсийн хүү Нао би улаан арьст одой хүмүүс та нарт гэм хоргүй хүн. Хэрвээ Уламрчуудыг мөрдөхөө зогсвол та нарыг яах ч үгүй.
Одой хүмүүс түүний хэлэхийг дуугайхан сонссон боловч царай нь огтхон ч үл хувирав. Уламрын байрандаа зогсохыг үзээд тэд өөр уруу нь ойртох оролдлого хийсэнгүй. Гэтэл гэнэт тэд тушаал авсан юм шиг Наог бүслэж авахаар дахиад л гүйлдэв.
Энэ үед Нао толгой дээрээ чулуу өргөн ууртайгаар:
— Ирвэсийн хүү улаан арьст одой хүмүүсийг даран сөнөөнө гэж хашхирав. Түүний заналхийлсэн дохионы хариу болж агаарт гурав дөрвөн бяд муутай хануур жад исгэрч ирсэн боловч тэдний хувьд зай нь хол байсан тул өөрт нь хүрсэнгүй унав.
Нао далайж байгаад чулуугаа шидэв. Яг чиглүүлсэн нэг одой эр газарт унах нь тэр. Нао хоёр дахь чулуугаа шидвэл хэнийг ч оносонгүй. Гэвч гурав дахь чулуу нь нэг эрийг цохиж унагажээ. Дөрөв дэх чулуугаа шидсэнгүй, харин жадаа далайн сүрдүүлэв.
Улаан арьст одой хүмүүс дохио зангааг шар махчингууд болон тэр ч атугай уламрчуудаас өөрсдөөс нь илүү мэдэх ажээ. Тэд өөр хоорондоо тов тодорхой хэл авиагаар харилцахаасаа илүү дохио зангаагаар сайн харьцаж байв.
Одой хүмүүс чулуу гэгч жаднаас илүү аюултай юм гэдгийг сая ойлгосон бололтой. Өмнө нь гүйж байсан хүмүүс ухарч бусдынхаа дунд оров.
Энэ үед Ирвэсийн хүү хүлээж байгаа дагуулууд уруутаа түргэхэн эргэж гүйв. Одой хүмүүс тэдний aраас нэлээд холхан дагана.
Нао байн байн эргэн харж хэрвээ тэдний хэн нэг нь бусдаасаа түрүүлбэл зогсож ууртай хашхиран жадаа далайн сүрдүүлнэ.
Хэд хэдэн удаа ингэсний хойно улаан арьст одой хүмүүс цөм хамтдаа явбал аюулгүй юм гэдгийг сэхээрчээ. Ингээд Нао санаснаа гүйцээн Нам Гав хоёрыг гүйцэж очив.
Уламрчууд бүхэл өдөржин зогсолтгүй урагшаа гүйлээ. Тэгж тэгж амрахаар зогсоход улаан арьст одой хүмүүс аль хэдийн үзэгдэхгүй болсон байлаа.
Үүлэн хөшгийг нэвтлэн нap талыг уйтгар хүрэм гийгүүлэв. Энэ нутгийн хөрс эхлээд хатуу чулуурхаг байснаа дахиад л намгархаг болж эхлэв. Ногоон өвсөөр хучигдсан ёроолгүй намаг таарч хөлийг нь сороход шигдчихгүйн тулд хурдхан шиг сугалж авах хэрэг гapна. Том том хэвлээр явагчид лай балчиг ихтэй довон дотуур мөлхөн, усны могой замаг дундуур мурилзан мэлхийнүүд, чих дөжрөм дуугаар вааглан хөл доогуур нь харайлдаж, намгийн шувууд бөөн бөөнөөрөө чанга дуугаралдан агаарт хөөрнө.
Уламрчууд яарч сандран хүйтэн махаар голоо зогоов. Тэд алхам бүрд нь аюул занал отох энэ баларсан газраас хурдхан гарахыг эрмэлзэнэ.
Хөрс нь хатуурч улиангар, чинар зэрэг модод ургасныг үзэхүл зорьсон газартаа хүрэхэд тун ойртсон юм шиг үе үе санагдана. Гэвч дахиад л бамбалзуур намгийн ёроолгүй балчиг тааралдан урагш явахад хэмжээлшгүй их хүч чадал гаргах хэрэг болно. Шөнө болох ойртон харанхуй үүл татсан тэнгэрийн хана уруу дүгрэн улаан нар далд оров.
Өөрсдийн эр зориг, сонор сэрэмжиндээ найдахаас өөр аргагүй болсноо Уламрчууд ойлгоод үдшийн гэгээ тасартал ypагш явсаар үржил шимгүй элсэрхэг тал газрын зах хүрээд сая зогсов.
Арай гэж даван туулсан их намгийн эх захгүй уудам ард нь үлджээ.
Залуу дайчид хэдэн том бул чулуу өнхрүүлэн ирж мөчир хугалан чөдөр ургамал, гишүүгээр шөнийн гэнэтийн довтолгооноос хамгаалах хаалт шиг юм хийж аюулгүй болгов. Гэвч тэд их түүдэг асаахыг болгоомжлон бул чулуун доор нуусан хоргондоо гишүү нэмэв. Тэгээд урьдын адил нэгийгээ харуулд гаргаад туйлдаж ядарсан тэд газарт тэрийн хэвтээд нам унтжээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.24.14 11:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Хоёрдугаар бүлэг
БОРЖИН ЧУЛУУН ЗӨРӨГ


Шөнө тайван өнгөрөв. Үүр ханартал харуулд ээлжлэн гарсан тэд хүний бараа олж үзсэнгүй. Салхи гагцхүү намгийн өмхий үнэр, шөнийн махчин амьтад, шувуудын үнэрийг тэдний зүг авчирна.
Өглөөний цайвар гэгээ газар дэлхийг мөнгөлөг өнгөөрөө бялхан гийхэд нүдний нь өмнө уйтгар хүрэм тэгш хөндий цаана нь лаг шавар бүхий олон тооны аралтай балчиг намаг цайвалзан босож ирэв. Намгийн эргээс холдвол дахиад л улаан арьст одой хүмүүстэй тааралдах нь мэдээж байлаа.
Сэтгэлд хүйтэн энэ газраас гарах замаа эрж олохын тулд намгийн захыг барьж явбал л хамгийн аюулгүй болох нь харваас илт аж. Бас тэгээд үүгээр л явбал зүгээр юм гэх зам бас тааралдсангүй. Ингээд Уламрчууд ямар ч гэсэн занга отоонд орчхооргүй замаар явъя гэж шийджээ. Хөл доорх хөрс нь хатуу, гагцхүү эргээр нь хаа нэг өтгөн өвс битүү ургасан гүн нүх тааралдахаас өөр онцын саадгүй байсан тул зам нь эхлээд явж болмоор санагдав.
Үд гэхэд намхан ургасан мод, бутан шугуй улам бүр тааралдах болж хараа хүрэм газар нь улам нарийссан тул цаг ямагт болгоомжлон явахаас өөр аргагүй болов.
Гэвч Нао улаан арьст одой хүмүүсийг ойрхон байгаа гэж бодсонгүй. Хэрвээ урьдын адил мөрөөр нь мөрдөн хөөж яваа бол тэд нэлээд хол үлдсэн байх ёстой билээ.

***

Max нь дуусахад хүрэв. Нөөцөө сэлбэх гэж ан шувууд буцлах намгийн эргийн шугуй уруу шурган орж эхлээд тарган тоодог хөөсөн боловч лаг шавар бүхий аралд нуугдчихав. Гэвч Гав голын адгаас жижигхэн зоодой загас, Нам арваад могой загас барьж, Нао хануур жадаараа усны нугас алжээ.
Уламрчууд хуурай өвс, гишүү түүн галаа acaaxaд төдөлгүй шарсан махны таатай үнэр хамар сэтлэм агаад амьдрал гэгч хэчнээн сэтгэл булаам баяр баясгалантай болох нь дахиад л санагдаж, Нао залуу тэд шинэ хүч сэлбэх шиг болов. Хөөж ядарсан улаан арьст одой хүмүүс зөнд нь орхижээ гэж итгэж байлаа. Залуу дайчид түүдэг тойрон суугаад усны нугасны зөөлөн ясыг амтархан мөлжинө.
Гэтэл бутан дундаас тэднийг чиглэн хэдэн амьтан үсрэн гарч ирэв. Нао тэднийг дайснаасаа зугтааж явна гэдгийг дор нь ойлгоод хурдан үсрэн босож модон дундуур хүний дүрс сүүдэгнэн үзэгдэхийг ажиглаж амжив. Тэр:
— Улаан арьст одой хүмүүс гүйцээд ирлээ гэж хэлжээ.
Энэ удаагийн тулгарсан аюул урьдынхаасаа харьцангуй их байлаа.
Учир нь, улаан арьст одой хүмүүс бутан шугуй нуугдан отож, дайралт хийх зохистой үеийг хүлээн Уламрчуудын араас ажиглан байгаад билээ.
Намаг шугуй хоёрын дундуур хагд өвсний нарийн зурвас бүхий хуурай газар үргэлжилжээ. Уламрчууд түүдгээ хурдан унтрааж үлдсэн махаа хувааж аваад хуурай газар уруу ухасхийн гүйхэд нь хэн ч саад хийсэнгүй.
Ширэнгэн дундаас чихэлдэн гарч ирэх мөрдөгчид энэ зуур ард нь зайлшгүй хол хоцорно гэж бодоод Нао хөнгөхөн санаа алдав.
Мод, бут, эрэг дундуур чулуун зөрөг нэг өргөсөн, нэг нарийсан мурилзан оджээ. Гэвч газрын хөрс нь хатуу учир улаан арьстнуудаас жаахан түрүүлж амжина гэдэгт Нао эргэлзсэнгүй.
Хэрвээ гэнэтийн саад тохиолддоггүй л юм бол тэд алсдаа ч энэ зайгаа бариад явж чадах ажээ.
Гэвч төдөлгүй саад учрав. Замд нь эхлээд намаг тааралдаж цаашлах тусам өмхийрсөн устай шалбааг, гүн устай суваг, наалданги замаг бүхий татуурга тохой үргэлжлэв.
Зугтагсад замаасаа байн байн хазайхаар барахгүй тойрон явж заримдаа бүр эргэж буцна. Тэд ийнхүү удтал төөрөн будилж тэнэсээр хатуу боржин чулуун нарийхан зурвас зөрөг дээр гарч ирэв.
Энэ нь баруун талаараа эцэс төгсгөлгүй намгаар, зүүн талаараа намрын үерийн үе дүүрсэн хотгор газар хашигджээ.
Хэдэн зуун тохой газар яваад Уламрчууд зогсохоос өөр аргагүй болж боржин чулуун зөрөг усан доогуур шургаад орчхов. Тэд гурван талаасаа усаар хүрээлэгджээ.
Одоо, эсвэл бушуухан эргэж буцах, эсвэл энд улаан арьстнуудын довтолгооныг хүлээн суухаас өөр аргагүй болжээ.
Нөхцөл байдал улам ч аюултай болов.
Хэрвээ улаан арьст одой хүмүүс зөргийн эхэнд отож байвал ухрах аргагүй ажээ. Нао толгой унжуулан Арслан заануудаас салж аюултай ийм газраар явахаар санаа сэдсэн өөрийгөө зэмлэн эр зориг нь шантарч, айдас хүрэн, өөртөө итгэх итгэл нь алдарна.
Гэвч энэ бол зөвхөн агшны төдий зүйл байжээ. Сэтгэл нь дахин, тайвширч хэрхэн амиа аврах тухай бодохтой болов. Тэгээд Уламрчууд тэндээс гарах замаа эрж олохоор улайран явбал өмнө нь зуугаад тохой газарт улаан шаравтар өнгийн боржин чулуун овоо уснаас цухуйжээ. Энэ нь боржин чулуун зөргийн үргэлжлэл бололтой аж. Нам Гав хоёр тийшээ очих газрыг тэмтрэн эрсэн боловч хаа сайгүй ёроолгүй лаг шавар намаг байх ажээ.
Амь гарах ганц боломж бол гагцхүү эргэж буцах л байлаа. Нао удаан бодсон ч үгүй зөргөөр алхаж эхлэв. Залуу дайчид ч араас нь дагажээ. Тэд хоёр мянга гаруй тохой газар яваад үе үе намхан өвс ургасан битүү бутан шугуйн өмнө гарч очив.
Түрүүлж явсан Нам гэнэт зогсон, гараа урагш сунган:
— Улаан арьст одой хүмүүс тэнд байна гэлээ. Нао үүнд огтхон ч эргэлзсэнгүй. Бүр баттай мэдэх гэж чулуу түүж аваад Намын заасан зүг уруу нэг нэгээр нь шидэв.
Бутны мөчир хөдлөн нэг хүн тэдэнд үзэгдэхгүй шахам яаран холдов. Нэгэнтээ ингэж буцах зам нь боогдсон тул тулалдаанд бэлтгэх хэрэгтэй болсон ч гэсэн Уламрчуудад байрлал илэрхий ашиггүй байлаа. Бутанд нуугдсан улаан арьст одой хүмүүс тэднийг тал бүрээс нь нууцхан бүсэлж болохоор байлаа. Тиймээс дахиад боржин чулуун зөргөөрөө ухарч бэхлэлт хийсэн нь дээр байв. Тэгвэл түүдэг асааж бас ар талаасаа дайрна гэхийн аюулгүй ажээ.
Нао Нам Гав гурав дайчин уриагаа хашхирав. Тэгээ Нао бороохойгоо далайн сүрдүүлж дуу алдан:
— Улаан арьст одой хүмүүс та нар арслан шиг хүчтэй, буга шиг шалмаг Уламрчуудыг дэмий мөрдөж байна. Хэрвээ улаан арьст одой хүмүүс бидэн уруу довтолбол ихэнх чинь үхэх болно. Ганц Нао би арваас доошгүй хүн устгана. Нам Гав хоёр ч бас мөчөөгөө өгөхгүй. Улаан арьст одой хүмүүс та нар гурван Улам эр устгах гэж хорин сайн эрээ алдах гээ юу? гэлээ.
Хариуд нь бут болон өндөр өвсөн дундаас сөөнгөтсөн дуугаар дайнч маягтай хашхирчээ.
Ирвэсийн хүү улаан арьст одой хүмүүс дайн хийж цусаа урсгахыг хүсээд байгааг ойлгов. Энэ нь огтхон ч гайхах сэтгэл төрүүлсэнгүй. Учир нь, Уламрчууд дөхөн ирсэн харийн хүмүүстэй ингэж уулзаж эс үзсэн биш үү?
Өвгөн Гоун, харь омгийн хүнийг амьд орхисноос чонын бэлтрэгийг амьд орхисон нь дээр. Учир нь, амьд үлдсэн тэр хүн чинь дараа нь овгийнхонтойгоо нийлээд эргэн ирж ойр дотны чинь хүмүүсийг хүйс тэмтрэх болно гэж байнга ярьдаг сан.
Гэвч тэд ингэж мөр даран хөөж амар заяа үзүүлэхгүй байгаагүйсэн бол Нао улаан арьст одой хүмүүсийг заавал хүйс тэмтэрье гэж бодоогүй билээ. Тэд юунд ийнхүү шаргуу ширүүн мөрдөөд байгаагийн учрыг тэр ойлгов. Энэ нь олон янзын отог овгийнхон бие биедээ хирс, арслан заантай ясаа үздэгээс илүү дайсагналцдагт л байгаа ажээ.
Ханхар цээж нь уур хилэнгээр дүүрч дайснаа тулалдаанд дуудан, чангаар хашхирч зэвсгээ далайн сүрдүүлсээр бут уруу дөтлөн очиход нарийхан жаднууд агаарт исгэрэлдэх боловч нэг нь ч Уламрчуудад хүрсэнгүй. Нао доогтойгоор хөхөрч:
— Улаан арьст одой хүмүүсийн гар нялх хүүхдийн гарнаас ч дор бядгүй байх шив дээ гэж хэлээд, — Haогийн бороохой нэг далайлтаар л нэгийг чинь нам цохино гэв.
Улаан шаргал навчсийн дунд өнгө үл ялгарах шахам тэдний толгой зэрлэг усан үзмийн төгөлд гялсхийн үзэгдээд алга болно. Гэвч нүдний хараа хурц Нао тэднийг сайн ажиглан таньж байлаа. Тэгээд зэр зэвсэг хэрэглэхгүйгээр хүч чадлаа тэдэнд үзүүлэх дур хүрч чулуу аваад бут уруу ширвэн шидэв. Мөчир хөдлөн янгинасан дуу сонстоход нь:
— Хараа биз гэж Ирвэсийн хүү баярлан хашхираад, Нао ийм л хүчтэй. Хануур жадны хурц үзүүр улаан арьст та нарыг нэвт сүлбэнэ шүү дээ гэлээ.
Тэгээд уурлан хашхиралдах дайсны чимээг үл анзааран боржин чулуун зөргөөр буцаад алхав. Уламрчууд зөргийн бүр адагт очиж тулалдъя гэж боджээ. Тэнд гурван Уламрчууд зэрэгцэн зогсож байгаад тулалдаж болохоор айвуухан зайтай байлаа. Түүнээс цааш нарийссан аж. Тиймээс улаан арьст одой хүмүүс ганц нэгээрээ л ирэхээс биш бүгдээрээ зэрэг дайрахын аргагүй ажээ.
Зүрх зориг гарган сэлээд юм уу, салаар ирлээ гэхэд дороо л балчиг намагт шигдэж, ховх соруулах учир намгийн зүгээс дайрахын аргагүй байлаа. Бас тэгээд зөргийн үзүүрээс жаран тохойд усан дотроос цухуйх боржин чулуун арал хүрэх ямар ч боломжгүй аж.
Уламрчууд орой түүдэг асаах гэж хуурай бут сөөг цуглуулан дайсныхаа довтолгооныг хүлээлээ. Ингэх нь уйтгар хүрэм ядаргаатай аж.
Саарал баавгайн ичээнд араатантай тулгараад хэдэн мэргэн цохилтоор л ална гэж итгэж байсан. Хүрмэн чулуун овоон доор бүгж суухдаа ч эрт орой хэзээ ч гэсэн, агуйн арслан ан хийхээр явна гэж хатуу итгэж байсан. Тэд нэг ч удаа махчин амьтдад ингэж отуулж үзсэнгүй. Гэтэл тэд тоогоор олон, тэвчээртэй, зальтай боловч ингээд отоод сууж авах нь тэр. Цаг мөч шил даран үргэлжилсэр боловч улаан арьст одой хүмүүс бүслэлтээ орхихгүй бололтой ажээ. Хэрэв Уламрчууд уруу тэд довтолсон бол бүхэл бүтэн овог отгийнхны тэр дайралтыг гурван дайчин удаан тэсэж чадах байсан болов уу. Ер нь мултарч гарахын аргагүй занганд орсноо тэд ойлгож эхлэв. Янз бүрийн арьстай хүмүүсийн дотроос хамгийн дорой хөгжилтэй ийм отог овгийнхонд бүслэгдсэнээ болохоор харамсмаар.
Энэ намхан нуруутай овгийнхны хамгийн шилдэг эр ч Уламрчуудын аль ч анчин шиг чоныг багалзуурдан алж, арслангийн зүрхийг нэвт жадлан, бух гөрөөстэй ганц нэгээрээ тулалдаж эс чадах билээ.
Гэтэл одоо Нао энэ буурал амьтдын өмнө хучин мөхөстөөд сууж байдаг! Ийм болохоор Ирвэсийн хүү гyнигт бодолд автагдалгүй ч яах вэ. Үд дундын нарны туяанд нүд гялбам гялалзах зах хязгааргүй мэлтийсэн усыг хайхрамжгүй нэгэн харав. Улаан арьст одой хүмүүс, тэдэнтэй хийх тулалдаан, ийнхүү бүгж байгаагаа болон, амиа яаж аврах тухай сэтгэл шаналгасан бодлоосоо салж Нао огторгуйн уудамд гялалзах бяцхан түүдгүүд яаж ингэж гэрэлтэж байна вэ гэж сэтгэлдэ гайхан бодлоо.
Намаг зах хязгаар нь үзэгдэхгүй уудам аж. Гэтэ нар гэгч сараана цэцгийн дугуй навчнаас бага боловч хараа тэлэх тэнгэрийн хана, цэнхэр аяга шиг орой дээрээс бумбадах огторгуйг өгөөмөр гэрлээрээ нэлд нь дүүргэнэ.
Наогийн чамархайн судас хүчтэй лугшиж, зүрх нь ирвэсийнх шиг хүчтэй булгилж, хэнхдэг цээжинд нь гaлзуурсан мэт дэлсэхийг сонслоо.
Тэгээд арга барсан бодлоо таягдан хааж Ирвэсийн хүү бороохойгоо шүүрэн аваад хөл дээрээ үсрэн босох бөгөөд дайсныг довтлон, цөмийг нь бут цохихыг хүснэ. Гэвч хүй нэгдлийн хүмүүсийн ийм юмгүйгээр амьдарч үл чадах хашир ухаан, болгоомжлох зан гэгч нь түүний нөхцөл байдалтай эвлэрэн цагийн аясыг хүлээхийг шаардана.
Хэрвээ Нао тийнхүү угтан довтолсон бол үхэл нь цагаасаа өмнө ирж дайснуудын бах тавыг хангах байсан биз. Гэвч Нао ер үхье гэж бодсонгүй. Тэр дахиад Гаммлаг үзэж, Уламрчуудад гал аваачиж өгөхийг хүснэм.
Иймд эхлээд улаан арьст одой хүмүүсийг залхтал хүлээлгэж, айж бэргэх аюул улам амсуулан, чадвал тэднээс аль болохоор олныг хороох нь чухал билээ.
Нао дайсныхаа сонор сэрэмжийг яаж алдуулж занганаас мултран гарахаа бас л мэдэхгүй байгаа боловч сэтгэлд нь төрөх гунигт бодлыг тэднийг ялж дийлэн амьд гарах итгэл үлдэн хөөнө.
Ийм итгэл цаг ирэх тутам батжин дахиад л өөрш хөө хүч чадал, эр зоригийг мэдэрнэ. Амьдрал нь ид цэцэглэх насандаа амь алдалгүй харин хурцаар ээх нарны гэрэл шиг эцэс төгсгөлгүй үргэлжлэх учиртай гэдэгт Нао бат итгэнэ.

***

Отолтод орохоос айсан ч юм уу, эсвэл Уламрчуудын ямар нэг гэнэ алдахыг нь хүлээсэн ч юм уу эхлээд шаргал үст одойчууд ер үзэгдсэнгүй.
Гагцхүү орой болоход нуугдаж байсан бутнаасаа гулсан гарч ирээд боржин чулуун зөрөг уруу хүрч очоод өөрсдийг нь ажиглаж эхлэв. Энд тэндээс ганц нэг тасалданги дуугаар чанга хашхиралдах боловч ахлагч нь мөн л таг чиг дуугай байсаар байлаа. Харуй бүрий болоход тэд бөөгнөрч байгаа нь ил болов. Тэдний ийн зогсон бөөгнөрөхийг алсаас харахад цөөвөр чонын сүргийг санагдуулна.
Шөнө болов.
Уламрчуудын acаасан түүдгийн туяа намгийн дээгүүр цусан улаан туяа татуулна. Гэнэт бутан дунд одой хүмүүсийн асаасан түүдэг энд тэндгүй улалзаж эхлэв. Тэдний харуулын бараа шөнийн харанхуйд төдхөн үзэгдэж нэг гарч, нэг далд орно.
Гэвч отогсод ийнхүү аюул заналхийлан бэлтгэх авч Уламрчууд уруу дөхөн ирэхийг зүрхлэлгүй шөнө тайван өнгөрөв.

***

Дараагийн өдөр мөн л тэсэхүйеэ бэрх удаан өнгөрлөө. Улаан арьст одой хүмүүс одоо бүр Уламрчуудын өмнүүр ганц нэгээрээ, хэсэг бүлгээрээ тасралтгүй холхидог болов.
Тэдний аварга том эрүү нь хэчнээн шаргуу, няцашгүй зантай болохыг нь илтгэнэ.
Зуу зуун жилийн турш хуримтлагдсан төрөлхийн зан аашаараа харийн хүмүүст үхэл өгөхөөс буцахгүй нь тодорхой аж. Тийм шаргуу зангүй сэн бол улаан арьст одой хүмүүс хүч чадалтай боловч эв санааны нэгдэл муутай бусад овгуудын аль нэгэнд хөнөөгдөх байсан биз.
Хоёр дахь шөнө нь улаан арьст одой хүмүүс Уламрчуудыг мөн л довтолсонгүй. Тэд нам гүм, нуугдсан газраасаа ч цухуйсангүй. Тэр ч атугай галаа ер асаагаагүй юм уу, эсвэл гэгээ орохоор үзэгдэхээргүй хол газар аваачсан ч юм уу, түүдгийн бараа нь үзэгдэхгүй боллоо. Үүрээр дайсны зүгээс шар хийх чимээ сонстон гэнэт бут сөөг байрнаасаа хөдлөн газраар амьд юм шиг гулслаа. Гэгээ ороход боржин чулуун зөргийн эхэнд гишүүгээр том далан босчихсон байхыг Нао олж үзэв. Тэр бэхлэлтийн цаана улаан арьст одой хүмүүс өөрсдийг нь өдөн хашхиралдаж язганана.
Улаан арьст одой хүмүүс бэхлэлтээ алгуурхан урагшлуулан, ард нь нуугдаад хануур жадаа бүгэгсэд уруу шидэн зохистой цагийг ашиглан гэнэт довтлохоор зэхэж байгаа нь тодорхой болов.
Тэртээ тэргүй Уламрчуудын байдал хүнд байлаа. Махны нөөц нь дуусаж намгийн уснаас загас барих болов. Гэвч загас тун бага баригдах бөгөөд хаана нэг могой буюу зоодой загас л барих ажээ. Тэд хэдийгээр мэлхий мэтийн хоёр нутагтан амьтны махыг цээрлээгүй боловч хүнсэнд хэрэглэж төдийлөн сураагүй болохоор бүгэгсэд өлсөхийн зовлонг амсах болжээ. Ялангуяа Нам Гав хоёр өлсөхийн зовлонг амсаж, хүч чадал нь мэдэгдэхүйц сулрав.
Гурав дахь өдөр нь ч онцын өөрчлөлт гарсангүй.
Орой болоход түүдгийн дэргэд Нао суугаад гүн бодолд умбав. Нао байдлаа аль болохоор өөд татах бодох боловч хэрвээ ийм байдлаар дахиад хэдэн өдөр үргэлжилбэл Нам Гав хоёр улаан арьст одой хүнээс ч дор болно гэдгийг ойлгов. Бас тэгээд Нао өөрөө ч гэсэн жадаа баттай шидэх, хүнд бороохойгоор үхлийн цохилт өгөх чадалгүй болох ажээ.
Одоо жаахан хүч чадалтай байгаа дээрээ харанхуй дундуур зугтах гэж оролдоод үзвэл яасан юм бэ? гэж Ирвэсийн хүү бодовч төдөлгүй бодлоосоо ухарна. Учир нь улаан арьст одой хүмүүс тооны хувьд олон болохоор тэднийг гэнэдүүлэн, бүслэлтийг сэт цохиж гарах тухай бодох нь утгагүй зүйл байлаа.
Нао өрнө зүг уруу харц шидээд шөнийн саран нэлээд томорсныг олж үзэв. Саран авхай тас хар огторгуйд анивчин гялалзах тодхон цэнхэр оддынхоо хамт тэнгэрийн хаяа уруу тонгойжээ. Намгийн зүгээс гунигтай сөөнгө дуугаар бие биеэ дуудах өвгөн хүний дуу сонстоно.
Наогийн толгой дээгүүр сарьсан багваахай зөөлөн далавчаараа шүргэн чимээгүй нисэж, замган дундуур гулсах хэвлээр явагчдын хайрс үе үе гялалзан үзэгдэнэ.
Нао гэнэт алс хязгаар хойд зүгт харагдах хөх тэнгэрийн доор толь шиг тунгалаг усны эрэг дээр амрахаар буудалласан төрөлх овгийнхныхоо тухай нэхэн бодов. Залуу эрийн нүдний өмнө отог овгийнхных нь дүр зураг амьд юм шиг босон ирэхэд хүүхдийн гарт байгаа цагаан лав шиг зүрх нь зөөлрөн уярав.
Ялангуяа ийм нэгэн дүр зураг бүр ч тодхон харагднам.
...Өдрийн аянд ядарсан Уламрчууд оройн түүдгээ асаан, тойрон суугаад хэзээд сониучирхан шунан сонсдог өвгөн Гоуны яриаг амтархан сонсоно.
Шарсан махны хорхой хүрэм үнэр агаарт түгж, эрэгт ургасан өргөн зэгсний цаана тэргэл сарны гэрэлд усны мандал мөнгөлөг өнгөөр гялалзана. Хүүхнүүдээс зайдуухан зогсох гурван хүүхэн өдрийн уртад ядарсан шинжгүй түүдэг тойрон эргэлдэн бүжнэ. Тэд Наогийн дэргэдүүр өнгөрөхдөө залуу насны гудиггүй хөгжил баяслаар дүүрэн инээмсэглэлээр шагнана.
Шөнийн сэвэлзэх салхины аясаар бутран унах өтгөн үсээ хийсгэсээр дэргэдүүр нь эргэлдэн өнгөрөхдөө Ирвэсийн хүүгийн нүүрийг шүргээд авав. Нао араасаа түлхүүлсэн юм шиг цочин толгой өргөн харлаа. Тэр бол Гаммла байлаа...
..Нүдэнд үзэгдсэн бүхэн агаарт уусан алга болов. Нao толгой унжуулан амьсгаа нь давхцав. Тэгээд хүчлэн байж толгойгоо сэгсрэн, амттайхан бодлоо үлдэн хөөж, дайсны гараас яаж гарах тухай бодож эхлэв. Төдөлгүй бүр тэсэж суухаа болин босоод түүдгээ тойрч боржин чулуун зөргөөр дайсны буурал уруу явлаа. Нао хэдэн алхам яваад зогсож, уурсаж хорсон шүдээ хавирав. Улаан арьст одой хүмүүсийн бэхлэлт энэ орой бас хэдэн тохой урагшилжээ. Дараачийн шөнө гэхэд дайснууд довтолж ч магадгүй болов.
Гэнэт өмнө нь өрөвдөлтэй орилох дуу сонстон намаг ундаас нэгэн амьтан зөрөг дээр мөлхөн гарч ирлээ. Нao шагайн хараад энэ бол хүн юм гэдгийг ойлгов. Тэр хүнэнцэр арай ядан хөдлөх бөгөөд гуян дээрх шархнаас нь цус гожгодон урсана.
Тэр бол хачин янзын дүр төрхтэй амьтан аж. Урт нарийхан бие, илүү гарсан мөр, гонзгой толгойтой бөгөөд Уламр, Кзам, улаан арьст одой хүмүүсийн аль алинтай нь огтхон ч төсгүй аж. Нао хэзээ ч ийм хачин биетэй хүн олж үзсэнгүй. Гайхалтай энэ хүнийг улаан арьс одой хүмүүс тэр дороо ажиглаж үзээгүй бололтой ажээ. Төдөлгүй тэдний уурсах дуу сонстон агаарт жад, сумнууд гялсхийн өнгөрөв.
Үл ойлгогдох нэгэн сэрэл Наог эзэмдэж танихгүй энэ хүн дайсан байж ч болох юм гэдгийг умартан улаан арьст одой хүмүүст уурсан, тэднийг үзэн ядсандаа өөрийнхөө дагуулуудад туслах гэж байгаа юм шигээр шархадсан тэр хүний зүг ухасхийв. Хануур жад агаарт исгэрч мөрийг нь оносон боловч орсонгүй. Ирвэсийн хүү дайчин уриагаа хашхиран үл таних хүн уруу гүйн очиж мөрөн дээрээ тавиад гал уруугаа авчрав. Дайсны шидсэн чулуу араас нь онож, нэг жад далыг нь халти шүргээд авав. Гэвч шидсэн жад хүрэхээргүй газар холдон одов.
Энэ шөнө улаан арьст одой хүмүүс Уламрчуудтай шийдвэрлэх тулалдаан хийхийг бас л зүрхэлсэнгүй.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.25.14 6:32 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
За энэ хүн л ганц туслах нь лээ. Энэ улаан үст одой хүмүүсийг чинь овоо найрсаг майрсаг хандахын бол уу гэж бодсон чинь :miya:

Баярлалаа Крофтоо :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page Previous 13 4 5 6 79 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited