#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.23.17 7:14 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next
Author Message
PostPosted: Mar.27.14 11:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6375
Image

1

Зуун далан нэгдүгээр зөрлөгт арван хоёр хашаа байшин, гал командын саравч, бас энэ зууны эхээр барьсан ачаа агуулах навтгар чулуун байшингаас өөр юм бүтэн үлдсэнгүй. Сүүлчийн бөмбөгдөлтийн үеэр ус түгээгүүрийн цамхаг нурснаас хойш энд галт тэрэг ч зогсохоо больжээ. Германууд довтлохоо больсон боловч зөрлөг дээгүүр дайсны онгоц өдөр бүр эргэлдэн нисэх учир командлалаас ямар ч атугай энд зенитийн хоёр батарей байлдаж байлаа.
1942 оны тавдугаар cap юмсан. Өрнө зүгт (чийг даасан хүйтэн шөнө тэндээс их бууны нүргээн сонсогддог байв) хоёр талын аль алин нь хоёр 1 метр гүн нуувч шуудуу ухаж аваад байрлалын чанартай сунжирсан тулалдаанд нэгэнт оржээ. Дорно зүгт германчууд суваг болон Мурманы замыг өдөр шөнөгүй бөмбөгдөж умардад тэнгисийн замын төлөө ширүүн тулалдаан болж өмнөдөд бүслэгдсэн Ленинград шургуу тэмцлээ үргэлжлүүлж байв.
Гэтэл энд эгээ л амралт сувиллын газартай адил байлаа. Хийх юмгүй, нам жим байгаад байхлаар цэргүүд халуун ууранд цохиулсан мэт сулхайж гүйцэх аж. Эндхийн арван хоёр хашаанд хэрдээ цөөдөхөөргүй залуу хүүхэн, бэлэвсэн эмс үлдсэн бөгөөд тэд бол юухан хээхнээр ч нэрмэл гаргаж чадах увдистай хүмүүс байв. Цэргүүд гурав хоногтоо ханатал унтаж, энэ тэрийг ажиж шинжиж дөрөв дэх өдрөөс нь нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж эхэлнэ. Тэгмэгц эндхийн агаарт нутгийн нэрмэлийн эхүүн охь салхиар туугаад ч арилахгүй шингэж тогтох бөлгөө.
Зөрлөгийн комендант хүрлэгэр царайт ахлагч Васков цэргүүдийнхээ тухай байн байн илтгэх хуудас бичдэг байв. Илтгэл айлтгалын тоо арваад болоход удирдлагаас нь Васковыг аанай л донгодоод найр цэнгэлд хэнээгээ алдсан хагас салаа цэргийг нь сольж өгнө. Дараа нь комендант ганц долоо хоног хэртэй яаж ийсхийгээд дөнгөзнөж байтал дахиад л урьдын явдал яг эхнээсээ давтагдаж, эцсийн бүлэгт ахлагч нөгөө л түрүүчийнхээ илтгэх хуудсыг хуулан, зөвхөн cap өдөр хүмүүсийн нэр усыг сольж тавиад илгээдэг болжээ.
Сүүлчийн илтгэх хуудасны мөрөөр шалгаж ирсэн хошууч:
— Хэрэгтэй хэрэггүй юмаар цаг нөхцөөгөөд! Бичиг цаастай л ноцолдож суудаг болоо юу? Чи чинь комендант биш, цаас эрээчигч байна! гэж хангинажээ.
Васков ер нь дарга нарын загнах зандрахаас халширдаг боловч өөрийнхөөрөө зүтгэн:
— Уудаггүй улс ирүүлж өгнө үү. Архи уудаггүй, бас нөгөө талаар хүүхэн шуухан эргүүлдэггүй улс хэрэгтэй байна гэж хэлдгийгээ хэлж, нэхдэгийгээ нэхээд байлаа.
— Юу гэсэн үг вэ, тайган хүмүүс ирүүлэх юмуу? гэхэд нь
— Таны л мэдэх хэрэг дээ гэж ахлагч хаширлан дуугарав
— За яах вэ, мэдлээ, Васков aa гэж хошууч улам цухалдан ширүүхэн хэлээд, — Уудаггүй улстай болгоноо, гайгүй. Хүүхэн эргүүлдэггүйн хувьд ч хүссэн ёсоор чинь болгож өгнө. Харин ахлагч та өөрөө тэднийг захирч чадахгүй бол сайхан мэдээрэй.. гэжээ
— Ёсоор гүйцэтгэе! гэж комендант номхон зогсож хариулав
Хошууч тэвчээр алдсан зенитчидийг авч явахдаа Васковт архи, хүүхэн гэхлээр ахлагчаас ч илүү ярвайх тийм улс ирүүлэхийг дахин амлав. Гэвч гурав хоноход нэг ч хүн ирээгүйг бодоход амлалтаа биелүүлэх нь тийм ч амаргүй байж дээ.
— Маш бэрх асуудал. Хоёр бүтэн тасаг гэдэг чинь архи амсдаггүй хориод хүн олно гэсэн үг. Фронтын хэмжээгээр эрээд ч олох нь юу л бол... гэж байрныхаа эзэгтэй Мария Никифоровнад ахлагч учирлав.
Гэтэл ахлагчийн тийнхүү айж болгоомжилсон нь талаар болж, эзэгтэй маргааш өглөө нь зенитчид ирснийг мэдэгдлээ. Эзэгтэйн үгний аяс цаанаа нэг ёжтой байсан боловч ахлагч нойрмоглосондоо болоод учрыг сайн олсонгүй, зөвхөн сэтгэл зовж байсан зүйлээ л сонирхон:
— Цаадуул чинь даргатай ирж үү? гэж асуув.
— Үгүй л юм шиг байсан шүү. Федот Евграфыч аа гэхэд нь эндхийн комендантын албан тушаалаа алдчих вий гэж сэжиглэж байсан ахлагчийн сэтгэл амарч:
— Ашгүй дээ. Эрх дархаа хуваалцахаас дор юм хаа байх билээ дээ гэжээ.
— Баярлаад байх юм ч байхгүй дээ гэж эзэгтэйгээ учир битүүлэг инээмсэглэхэд нь:
— Дайны дараа л баярлацгаана даа гэж ахлагч амы нь дагуулж хэлээд саравчтай малгайгаа өмсөж гадагш гарлаа
Гарч хараад гайхан балмагдав. Юу вэ гэвэл байшингийн өмнө хоёр эгнээ нойрмог охид зогсож байлаа
Ахлагч өөрөө нойр сайн сэрээгүйгээс ингэж харагдав уу гэж бодоод нүдээ анивчин анивчин харвал цэрэг цамцны энгэрийн цаанаас цэргийн дүрэмд үл зохих зүйл овойн товойн үзэгдэж, малгайн дороос зүйл бүрийн өнгө, маяг бүхий буржгар үс эгдүүтэй нь аргагүй цухуйсан хэвээр байв.
— Нөхөр ахлагч аа, зенит-пулемётын тусгай батальоны тавдугаар ротын гуравдугаар салааны нэг, хоёрдугаар тасаг байрлал хамгаалахаар таны мэдэлд ирснийг илтгэе. Салааны туслах Кирьянова илтгэж байна гэж ахлагч бүсгүй нь томоотой царайлан мэдэгдэв.
— Аа мөн. Архи уудаггүй улс олж явуулсан нь энэ юм байж хэмээн комендант цэргийн дүрэмд огт хамаагүй юм хэлжээ.
Хүүхнүүд айлуудаар тарж байрлахыг зөвшөөрөөгүй учир ахлагч бүтэн өдөржин сүх хангинуулж, гал командын саравчинд ханз засав. Зенитчин бүсгүйчүүд банз зөөж, барьж бай гэсэн газар нь барьж өгөх зуур, шаазгай адил шуугилдана. Ахлагч дуугаа хураан таг чиг байв. Тэр нь нэрээ бодсоных ажээ. Тэгээд бүх зүйл бэлэн болсон хойно:
— Миний зөвшөөрөлгүйгээр гадагшаа ганц ч алхаж болохгүй гэж мэдэгдсэнд:
— Жимсэнд ч явж болохгүй юу? гэж хонгор шар үстэй бүсгүй цовоо дуугаар асуув. Васков түүнийг аль хэдийнээ ажигласан байлаа.
— Жимс болоогүй байгаа гэж ахлагч хэлэв.
— Хурган чих түүж болохгүй юу? гэж Кирьянова сонирхоод, хоолны хольцгүй бол бид чинь хэцүүднэ шүү дээ, нөхөр ахлагч аа гэв.
Федот Евграфыч цэрэг цамцаа цэмцийтэл өмссөн бүсгүйчүүдийг эргэлзэнгүй байртай гүйлгэж харснаа,
— Горхиноос хэтэрч болохгүй. Голын тохойд зөндөө бий гэж зөвшөөрөв.
Зөрлөгийн байдал амгалан тайван болсон боловч комендантын сэтгэл амарсангүй. Зенитчин бүсгүйчүүд сэргэлэн цовоо, дуу шуутай улс агаад ахлагч гэртээ байгаа атал айлын гэрийн зайд хоргодож байгаа хүний байдалтай болсноо мөч бүрийд л мэдрэх болов. Эвгүй үг хэлчих бий, болохгүй юм хийчих вий гэж үргэлж айх бөгөөд хаана ч орсон хаалгыг тогшин зөвшөөрөл авахгүйгээр орно гэж санахын ч хэрэггүй болж, хэрвээ мартаж орхивол түгшүүр зарлан орилж чарлах дуу чихэнд хадахад нь гэдрэгээ ухасхийж хуучин байрандаа ирдэг байв. Федот Евграфыч тэр бүсгүйчүүдийг өдөж оролдсон, алиалж наадсан гэдэг битүү үг яриа гарах вий гэж юу юунаас илүү айх тул бүтэн сарынхаа цалингаа гээчихсэн мэт газар шагайн явах болов.
Тэр хүүхнүүдтэй харьцаж байгаа түүний байдлыг ажигласан гэрийн эзэгтэй нь нэгэн удаа:
— За Федот Евграфыч минь битгий балмагд. Цаадуул чинь өөр хоорондоо таныг хөгшин гэцгээх юм билээ. Та тэр л хэмжээнд нь харилцаж баймаар юм гэжээ.
Энэ хавар л гучин хоёр хүрч байгаа болохоор Федот Евграфыч өөрийгөө хөгшин гэж тооцохгүй байв. Хэсэг бодсоны эцэст энэ бүхэн бол гэрийн эзэгтэйн явууллага гэж дүгнэв. Эзэгтэй нь өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх гэсэндээ ингэсэн байжээ. Хаврын тэр нэгэн шөнө эзэгтэй нь комендантын сэтгэлийн мөсийг хайлуулж амжсан бөгөөд одоо түүнээ улам бататгаж авах гэж байгаа нь мэдээж ажээ.
Зенитчин бүсгүйчүүд шөнөдөө дайсны онгоцыг энд байгаа найман буугаараа улайран буудаж өдөрт нь зогсоо зайгүй угаалга хийн, гал командын саравчны эргэн тойронд хэдийд л бол тэдний дэлгэсэн юм дүүрэн харагдана. Иймэрхүү чимэглэлийг ахлагч үл нийцэх зүйл гэж үзээд энэ тухай бага түрүүч Кирьяновад,
— Цэргийн байрлалыг илчилж байна гэж товчхон мэдэгдсэнд Түрүүч,
— Тушаал бий шүү дээ гэж огт торохгүй хариулав.
— Юун тушаал? гэсэнд,
— Зохих тушаал. Цэргийн албан хаагч эмэгтэйчүүд фронтын хаана нь ч хувцас хунараа хатаахыг зөвшөөрнө гэсэн тушаал байдаг юм гэжээ.
Комендант дуугүй өнгөрөв. Энэ хүүхнүүд үү, эдэнтэй хэл амаа орооцолдуулбал уу, инээж хөхрөлдөөд салахгүй улс.
Салхигүй дулаан өдрүүд үргэлжилж, шумуул олшрон модны мөчир барихгүйгээр ганц ч алхах аргагүй болов. Мөчир барьж явах ч яах вэ, цэргийн хүнд байж болох л зүйл. Харин комендант үнэхээр хөгшин хүн мэт нэн удалгүй, булан болгонд л хоолойгоо засан хяхтнуулж, чимээ өгч байх хэрэгтэй болсон нь огтхон ч байж боломгүй зүйл байв.
Бүх хэрэг ийм нэг явдлаас эхэлсэн юм. Тавдугаар сарын нэгэн халуун өдөр ахлагч агуулахыг тойрч яваад золтой л муурч унасангүй. Юу вэ гэвэл найман залуу хүүхний булцайсан чийрэг цагаан биес ярайн харагдахад хөөрхий Васковын нүүрнээс нь гал унах шиг болоод явчихжээ.
Бага түрүүч Осянина даргатай нэгдүгээр тасгийнхан брезентэн дэвсгэр дээр эхээс төрсөн улаан биеэрээ наранд шарж хэвтсэн нь тэр байлаа. Тэр хүүхнүүд ядахдаа нэрэлхэж ичингүйрэн чарлацгаасан ч үгүй, брезентэнд нүүрээ наасан чигтээ огт анир чимээгүй хэвтэцгээхэд нь Федот Евграфыч бусдын ногооны хашаанд орчихсон хүүхэд шиг гэтэн гэтэн эргэв. Түүнээс хойш л булан тойрох бүртээ ийнхүү хөхүүл ханиадтай хүн шиг ханиаж хяхтнаж чимээ өгөх болжээ.
Осянинаг ахлагч эртнээс ажиж, чанд төлөв зантайг нь мэджээ. Осянина хэзээ ч инээх нь харагдахгүй, инээмсэглэх аядан уруулаа мушийлгах боловч харц нь урьдын адил төв буурьтай хэвээр байиа. Осянина нэг л хачин бүсгүй байв. Иймээс Федот Евграфыч гэрийн эзэгтэйгээрээ дамжуулан, болгоомжтой судалгаа хийлээ. Ийм даалгавар өгөхөд гэрийн эзэгтэй дуртай биш байсан нь мэдээж. Хоногийн дараа Мария Никифоровна,
— Тэр чинь бэлэвсэн бүсгүй юм байна гэж уруулаа хазлан,
— Эмийн зиндаанд бүрэн хүрсэн хүн байна. Сээтэн хаях юм байгаа биз дээ гэжээ.
Авгай нар тэртэй тэргүй ойлгох биш гэж бодоод ахлагч юу ч хэлсэнгүй, сүх авч гадагш гарав. Элдвийг бодоход түлээ хагалах шиг сайхан юм хаа билээ. Бодох санах юм бишгүй байх тул бодлоо цэгцлэх хэрэгтэй байлаа.
Юуны өмнө мэдээжээр сахилга бат. Байлдагчид архи уудаггүй, нутгийн авгайчуудтай маасганадаггүй нь нэг хэрэг. Гэвч дотооддоо нэг л биш, замбараа алга.
— Люда, Вера, Катя нар харуулд гараарай! Катя чи ахлагч нь.
Ийм команд гэж байх уу даа? Харуул манааг халалцуулахдаа жинхэнэ цэргийн дүрмийн заалт ёсоор маш чанд, дэг журамтай гүйцэтгэх ёстой шүү дээ. Гэтэл бөөн инээдэм наадам болж байдаг. Үүнийг тас цохих хэрэгтэй. Харин яаж тас цохих вэ? Энэ тухай ахлагч Кирьяноватай ярьж үзвэл,
— Бидэнд тусгай зөвшөөрөл бий, нөхөр ахлагч аа. Бүр командлагч өөрөө өгсөн юм шүү гэсэн ганцхан хариу сонсоно.
Энэндээ л байна, чөтгөр авмарууд...
— Федот Евграфыч та зүтгэсээр л байна уу? гэх дуу гарахад нь эргэж харвал хамар хашааны нь бүсгүй Полина Егоровна хашаа руу шагайгаад зогсож байлаа. Тосгоны хамгийн цадиггүй энэ хүүхэн өнгөрсөн сард дөрвөн удаа төрсөн өдрөө тэмдэглэсэн хүн.
— Федот Евграфыч минь өөрийгөө битгий ингэж нэг их зовоо. Чи чинь биднийхээ дунд үлдсэн цорын ганц, эр сүвтэй нь шүү дээ хэмээн тас тас хөхрөв. Энгэр заам нь задгай тэр хүүхэн шургааган хашаа түшиж тонгойход нь дөнгөж сая халуун зуухнаас гаргасан шинэ талх шиг үзэсгэлэнтэй хөх нь цамцных нь цаанаас эгдүүтэй бултайн харагдана.
— Чи одоо малчин шиг айл айлаар хэсэх болно. Эхний долоо хоногт нэг айлд, дараагийн долоо хоногт өөр нэг айлд. Хүүхнүүд бид ингэж ярьж тогтсон юм.
— Полина Егоровна, чамд ичих нүүр байна уу, үгүй юу? Чи цэргийн эхнзр үү? Аль эсвэл завхарсан эм үү? Биеэ зохих ёсоор нь авч яваарай.
— Евграфыч минь, дайн болсон хойно. яаж байсан ч өршөөнө шүү. Цэрэг эрийг ч тэр, цэргийн ар гэрийг ч адил.
Ийм хөөтэй эм гэж байх уу! Зүй нь эндээс хөөж нүүлгэвэл зохихсон. Яаж хөөх вэ? Энгийн иргэдийн захиргаа юугаа харж байдаг юм бэ?
Энэ хүүхэн өөрт нь захирагдах учиргүй.
Энэ тухай ч нөгөө орилоо хошуучаас битүүхэн асууж байсан юм.
Үнэхээр хоёр шоо метр түлээ хагалах хооронд бодож бармааргүй элдэв бодол хуржээ. Бодоод бүрийг ялган салгаж тух тохитой тунгаах хэрэгтэй. Тун нарийн...
Тэрээр боловсролгүй шахам бүдүүн бараг хүн бөгөөд энэ нь юм бүхэнд их саад болдог байлаа. Бичиж, уншиж чадна, дөрөвдүгээр ангийн доторхи тоог бодчихно. Юу гэвэл яг дөрөв төгсөх үед эцэг нь баавгайд бариулжээ. Эцгийн нь баавгайд бариулсныг энэ хүүхнүүд мэдвэл бөөн инээд болно доо!
Дэлхийн дайны хорт утаанд, иргэний дайны сэлэмний ирэнд, аль эсвэл нударганчуудын оготор бууны суманд үхэлгүй, ядахдаа үхэх мөрөөрөө ч үхэхгүй, очиж очиж баавгайд бариулчихдаг нь юу ч билээ! Баавгай гэдгийг энэ хүүхнүүд ердөө л амьтны хүрээлэнд харсан бол дээд заяа...
Федот Васков минь чи харанхуй бөглүүгээс дарга болчихсон байна. Харин тэгэхэд эд хэдийгээр жагсаалын цэрэг ч гэсэн сэргийлэх арга, квадрат, буух өнцөг гэх мэтийн нарийн эрдэм ухаан нэгэнт сурсан улс. Яриагий нь чагааж байхад долоо юмуу, аягүй бол бүр есдүгээр анги төгссөн нь ил. Есөөс дөрвийг хасвал тав гэсэн үг. Иймд ахлагч маань тэднээс, өөртөө байгаа боловсролоосоо ч илүү хол хоцорчээ.
Бодол нь өөдтэй биш байлаа. Түүнээс ч болоод Васков түлээгээ маш хорсолтой хагалж байв. Хэнийг буруушаах вэ дээ? Нинжин сэтгэлгүй тэр баавгайг уу?
Васков эдүгээ хүртэл өөрийгөө азтай хүнд тооцож явсан нь сонин юм шүү. Нэг их азын шоо нь гозойчихоогүй ч харамсах юм ер байсангүй. Тэр хэдийгээр дөрөвдүгээр ангиа бүрэн дуусгаагүй ч цэргийн сургууль төгсөж, арван жил армид алба хаан ахлагчийн зэрэгт хүрсэн байлаа. Үүний хувьд алдсан нь үгүй боловч өөр замд хувь заяа нь өөрөөр эргэж, хоёр ч удаа амьдралд унатлаа түлхүүлсэн юм. Гэвч Федот Евграфыч давж гарч, тэсч өнгөрөөжээ...

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.27.14 11:46 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Bayarlalaa. Kinog ni uzej baisan yum bn. Goyo nom oruulj ehelsend bayarlalaa.

Neeree kontiki sal niihaa nomiig duusgahgui yumuu


Top
   
PostPosted: Mar.28.14 12:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6375
Харин "Үүрэг хүлээсэн цагт" гээд кино байдаг тэрний ном юм байна.

Санаандгүй явж байгаад дэлхийн хоёрдугаар дайнтай ном байхаар нь авчихсан юм. Уншиж үзээд жигтэй таалагдсан болохоор оруулдаг юм уу гээд л.

Тэр салыг надаас аваарай.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.28.14 1:01 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
"А зори здесь тихие..."

Image

... Комельковагийн амь үрэгддэг хэсэг дээр хоолой зангираад, нулимс цийлэлзээд л явчихдаг байж билээ...


Top
   
PostPosted: Mar.28.14 9:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6375
Финийн дайнаас өмнөхөн гарнизоны эмнэлгийн асрагчтай гэр бүл болжээ Тэр нь ёстой нэг хөгжилтэйхэн бүсгүй байв. Дуулж хуурдан, бүжиглэн наадах бас архи дарс ч уухаас будахгүй. Удалгүй хүү төрүүлж Игорька нэр өгсөн бөгөөд тийнхүү Игорь Федотыч Васков гэдэг хүн буй боллоо. Гэтэл Финийн байлдаан эхэлж, Васков фронтод яваад хоёр медалъ энгэртээ зүүчихээд эргээд иртэл анх удаа амьдралд нудруулах нь тэр. Түүнийг цасан дунд үхэх сэхэхээ үзэн тэмцэж байх хооронд эхнэр нь хорооны малын эмчтэй маасганаж, өмнө зүг рүү одсон байлаа. Федот Евграфыч тэр даруй эхнэрээсээ салж, шүүхээр заргалдан хүүхдээ авч, тосгонд эх рүүгээ явуулав. Жилийн дараа хүү нь нас барж, түүнээс хойш Васков гуравхан удаа инээмсэглэсэн нь одон гардуулсан генералд нэг, мөрөнд нь шигдсэн сумны хэлтэрхийг авч хаясан мэс засалчид нэг, аливааг гярхай онож таадаг гэрийн эзэгтэй Мария Никифоровнад нэг инээмсэглэсэн юмсанжээ.
Тэр сумны хэлтэрхийнээс л болж ахлагч одоогийн энэ ажилд томилогджээ. Агуулахад жаал зугаа эд хөрөнгө үлдсэн бөгөөд түүнд харуул тавилгүй комендантын албан тушаал буй болгоод агуулахыг давхар хариуцуулжээ. Ахлагч өдөрт гурван удаа агуулахыг эргэн, цоож түгжээг нь шалгаж өөрөө хөтөлж эхэлсэн тэмдэглэлийнхээ дэвтэрт: «Байрыг шалгав. Элдэв зөрчил үгүй» гэж нэг л зүйл давтан бичдэг байв. Бас үзэж шалгасан цагаа тэмдэглэдэг байв. Ахлагч Васковын алба тайван байв. Бараг өнөөдрийг хүртэл нам тайван байлаа гэтэл одоо болоход...
Ахлагч санаа алдав.


2

Дайны өмнөх бүхий л үйл явдлын дундаас баатар хилчидтэй уулзсан сургуулийн үдэшлэг Рита Муштаковагийн сэтгэлд юу юунаас илүү тодхон үлджээ. Хэдийгээр тэр үдэшлэгт алдарт хилчин Карацуны цууд гарсан Индус нохойтойгоо хамт ирээгүй ч гэсэн Рита энэ үдэшлэгийг дөнгөж сая тарсан мэт сайн санаж байсан бөгөөд ичингүй зантай дэслэгч Осянин одоо хэр нь хилийн жижигхэн хотхоны хөлийн дор тог тог хийх банз дэвссэн явган замаар түүнтэй зэрэгцэн алхаж яваа мэт санагдана. Дэслэгч хараахан баатар биш байсан бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд санамсаргүй орсондоо учиргүй ичингүйрхэн байжээ.
Рита ч гэсэн тийм сүрхий нүүрэмгий нь биш байв. Баяр хүргэхэд болон уран сайханчдын тоглолтод үл оролцон зүгээр л сууж байсан бөгөөд зочин төлөөлөгчдийн гуч хүрээгүй нэгэнтэй нь эхэлж ам нээснээс байшингийн бүх давхрыг нэвт доошилж оготоно үүрлэсэн хамгийн доод давхарт унасан нь дээр байв. Дэслэгч Осянин тэр хоёр санамсаргүй зэргэлдээ суудалд таарч өчүүхэн төдий хөдлөхөөс ч айгаад чанх урагш харж сууцгаав.
Дараа нь сургуулийн олон нийтэч нар тоглоом зохион явуулахад тэд тэнд мөн л хамт байх учир гарчээ. Тэнд хоёул хамт вальс бүжиглэх шийтгэл хүлээж, ёсоор болов.
Дараа нь цонхны дэргэд хамт зогслоо Тэгээд дараа нь тийм ээ, дараа нь дэслэгч, Ритаг гэрт нь дөхүүлж өгсөн.
Рита сүрхий заль гаргаж, түүнийг хамгийн тойруу замаар дагуулж явав. Цаадхи нь дув дуугүй тамхи татах бүрийдээ түүнээс бүрэгхнээр зөвшөөрөл гуйж явав. Залуу дэслэгчийн ийм дөлгөөн занд Ритагийн сэтгэл хязгааргүй уярчээ.
Тэр хоёр салахдаа ядаж гар барилцсангүй, энгийн нэг толгой дохилцоод өнгөрчээ. Дэслэгч застав руугаа буцаж очсон хойноо хагас сайн өдөр бүр маш товчхон захидал бичдэг болж, Рита түүнд бүтэн сайн өдөр бүр маш дэлгэрэнгүй хариу бичсээр. Тийнхүү зун болгов. Дэслэгч зургадугаар сард гурав хоногийн чөлөөгөөр хилийн хотхонд ирэхдээ, хил хязгаарын байдал түгшүүртэй байгаа, дахиад чөлөө олдохгүй байх, иймээс эртхэн бүртгүүлье гэжээ.
Рита огтхон ч гайхсангүй. Харин гэрлэлт бүртгэх газрынхан хүнд суртал гарган Ритаг арван найм хүрэхэд таван cap хагас дутуу байна гээд бүртгэхээс татгалзав. Тэр хоёр хотын коменданттай уулзаж, бас эцэг эхдээ хэлэн юутай ч санасандаа хүрэв.
Рита ангийнхнаасаа хамгийн түрүүнд нөхөрт гарсан бүсгүй боллоо. Хүнтэй суух суухдаа жирийн нэг хүн биш, харин улаан цэргийн дарга, тэгэх тусмаа хилчин дайчинтай суусан билээ. Хорвоод түүнээс илүү аз жаргалтай бүсгүй яахан байх билээ.
Хилийн заставынхан Ритаг тэр даруй эмэгтэйчүүдийн зөвлөлд сонгууль хүлээлгэн. бүх дугуйланд нэгэн зэрэг бүртгэн авав. Рита шархтан асарч, буу буудаж, мориор давхиж, гранат шидэж, хорт утаанаас биеэ хамгаалж сурав. Жилийн дараа хүү төрүүлж, түүнийгээ Альберт-Алик гэж нэрлэв. Дахиад нэг жил өнгөрч байтал дайн эхэллээ.
Дайн эхэлсэн тэр өдөр яах учраа олохгүй хий балмагдан алмайрч байсан хүмүүсээс тэс өөр тайван явсан цөөн хүний нэг нь Рита байлаа. Тэрвээр угийн тайван, буурьтай бүсгүй бөгөөд энэ удаа ийнхүү тайван байсны учир гэвэл тавдугаар сард хүүгээ эцэг эх рүүгээ явуулсан тул санаа зовох юмгүй, бусдын хүүхдийг аврах ажил хийх боломжтой байлаа.
Хилийн застав арван долоо хоног тэсэж тогтов. Өдөржин, шөнөжин алсад буун дуу нүргэлэх чимээ сонсогддог байв. Хилийн застав байгаа хэвээрээ, тийм болохоор нөхөр маань амьд, хилчин дайчид улаан армийнхныг иртэл дайсныг тогтоон, ирэх үед нь хамтран цохилтыг цохилтоор хариулах болно гэсэн итгэл дүүрэн байв. Заставынхан «Шөнө болж, сүүдэр харанхуй хилийг бүрхэв. Гэвч дархан хилийг маань давж гарахгүй, дайсанд бид зөвлөлтийн газар шороонд хоншоороо щургуулах боломж өгөхгүй...» гэж дуулах дуртай байв. Гэтэл өдөр хоног өнгөрсөөр байхад тусламж ирсэнгүй. Арван долоо дахь хоног дээр застав дуугаа хураалаа.
Ритаг ар тал руу явуулах гэсэн боловч өөрөө байлдахаар үлдээхийг гуйжээ. Түүнийг хөөн, дулаан газар хүчээр хорьж байсан боловч заставын даргын орлогч ахлах дэслэгч Осянины гөжүүд эхнэр хоногийн дараа дахин бэхлэлтийн районы штабт ирлээ. Тийнхүү арга буюу эмнэлэгт сувилагчаар авч хагас жил өнгөрсний дараа хорооны зенитийн сургуульд илгээжээ.
Ахлах дэслэгч Осянин дайны хоёр дахь өдрийн өглөө, сөрөг давшилтын үед амь үрэгджээ. Рита энэ тухай долдугаар сард, дайны хөлд үрэгдсэн заставаас азаар амьд гарсан хилчин ахлагчаас мэдэв.
Хилчин баатрын дүнсгэр бэлбэсэн гэргийг дарга нар хүндэтгэн тушаалд тэмдэглэж бусдад үлгэр жишээ болгон, тийм ч учраас сургууль төссөний дараа заставт байрлаж байсан тэр газар руу, нөхөр нь ана мана, ач тач гардан байлдаанд алтан амиа өгсөн нутаг руу явуулж өгнө үү гэсэн Ритагийн хувийн хүсэлтийг ёсоор болгожээ. Фронт тэр үед нэлээд ухарч, нуурын эргээс зууралдан, ойгоор халх хийж, газарт шургаад, хуучин хилийн застав, дэслэгч Осянин есийн «Б» ангийн сурагч охинтой анх танилцаж байсан жижиг хотын хооронд нам жим болсан байв...
Рита санасандаа хүрсэндээ сэтгэл хангалуун байв. Тэр ч байтугай ажил алба үүрэг зорилготой, дайсныг үзэн ядах тодорхой нэгэн бодолтой болсон болохоор нөхрийнх нь үхэл сэтгэл санааных нь тэртээ мухар руу холдсон байв. Үзэн ядахын ухаанд тэрвээр чимээгүйхэн бөгөөд өрөвдөх сэтгэлгүйгээр суралцаж, хэдийгээр Ритагийн тоот одоо болтол дайсны нисэх онгоцыг сөнөөж чадаагүй боловч дайсны агаарын бөмбөлгийг унагааж амжжээ. Тэр бөмбөлөг агаарт хагарч, хумигдан хянагч нь суудлаасаа тасарч, шидсэн чулуу мэт унаж ирэхэд:
— Бууд, Рита! Бууд гэж зенитчин бүсгүйчүүд зэрэг зэрэг хашгирч байлаа. Рита унаж яваа xap юмнаас овоо хараагаа үл салган хүлээж байв. Газарт хүрэхийн өмнөхөн тэр герман бурхны минь аврал гэж бодсон бололтой шүхрээ задлахад Рита гохоо зугуухан дарлаа. Зенитийн дөрвөн амнаас сум зэрэг шүнхийж, хар дүрсийг сэглэсэнд бүсгүйчүүд баярласандаа хашгиралдан Ритаг үнсэцгээв. Өөрөө үл мэдэг инээмсэглэлээ. Бүхэл шөнөжин сэтгэл нь хямрав. Салаааны улс төрийн туслах Кирьянова цай өгч,
— Рита минь аяндаа тайвширна. Би анхныхыгаа тонилгочихоод золтой л өөрөө үхчихээгүй. Муухай новш чинь бүтэн cap зүүдэнд орсон шүү гэж аргадав.
Кирьянова бол дайчин бүсгүй байлаа. Тэрээр бүх финийн тулалдааны үед сувилагчийн цүнх үүрэн тэргүүн шугаманд олон арван км мөлхөж явсан одон тэмдэгтэй хүн байв. Рита түүний зан аашийг хүндэтгэдэг авч тэр бүр дотночлон ойртож байсангүй.
Ер нь Рита олноос онцгойдуухан байдаг байв. Тасгийнхан нь цөм комсомолын гишүүн охид. Хэдийгээр тэд насаар түүнээс дүүгүй боловч, ердөө л ногооноороо амьтад байв. Жинхэнэ хайр сэтгэл, эх хүний энэрэл, гуниг зовлон, баяр баясгалан гэж чухам юу байдгийг тэд үл мэдэх агаад гагцхүү л дэслэгч залуустай уулзсан, үнсүүлж явснаа донгосоод унахад нь Ритагийн дургүй хүрдэг болжээ. Тиймэрхүү яриа гарвал,
— Унтацгаа!...
— Дахин ийм дэмий юм сонсогдвол больё гэтэл чинь харуулд зогсооно шүү гэж хэлнэ.
— Яах нь вэ дээ Рита минь гэж Кирьянова залхуутай нь аргагүй зэмлээд — Донгосвол донгосож л байг, зугаатай юм гэнэ.
— Үнэн сэтгэлтэй болсон байвал би юу ч хэлэхгүй. Харин хэтэрхий задгай гүйгээд байвал дэмий хэрэг. Би тийм явдлыг л ойлгодоггүй юм.
— Чи өөрөө үлгэр жишээ үзүүл л дээ гэж Кирьянова инээмсэглэв.
Рита тэр дороо таг чиг боллоо. Түүний хувьд бодож санах эр хүн байсангүй. Ер нь өөр хүнд сэтгэлтэй болно гэж ухаанд нь багтахгүй байв. Нэг эр байсан нь дайны хоёр дахь өдрийн үүрээр бүл цөөнтэй хилийн заставт халз тулалдаанд амь үрэгдсэн. Рита сэтгэлээ барин амьдарч байв. Ёстой л шүд зуун сэтгэлээ барьж байв.
Майн баярын өмнөхөн Ритагийн тоотод яггүй үүрэг тулгарч, «мессерүүд»-тэй хоёр цаг тулалдав. Германууд гялбах нарны туяан талаас дайрч зай завсаргүй шүршив. Цаг ямагт нэг юм зажилж явдаг, биеэр бүдүүн, царай муутай сум зөөгч хүүхэн дайсны суманд өртөгдөж, бас хоёр хүн, хөнгөн шархадлаа. Оршуулах ёслолд нэгтгэлийн комиссар ирж, охид орь дуу тавин гингэнэлээ. Булшин дээр ёслон буудсаны дараа комиссар, Ритаг зайдуу газар дуудаж аваачаад:
— Тасгаа нөхөх хэрэгтэй гэв. Рита дуугарсангүй.
— Маргарита Степановна, танайхан сайхан хамт олон юм. Фронт дээрх эмэгтэйчүүд гэдэг чинь yxaaндаа олны нүд хужирлаж байдгийг та сайн мэдэж байгаа. Тэгээд тэсэж чадахгүй байх явдал ч тохиолддог байна гэхэд нь:
Рита бас л дуугарсангүй. Комиссар дороо эргэлдэж, тамхи татсанаа нэлээд хөндий дуугаар:
— Штабын дарга нарын нэг нь гэр бүлтэй байж, найз бүсгүйтэй болж гэх үү дээ. Цэргийн зөвлөлийн гишүүн тэр хурандааг мэдмэгц өөрөөр хандах болж, найз бүсүйд нь ажил олгохыг надад даалгасан юм. Тэгэхдээ найрсаг сайн хамт олны дунд оруулах ёстой юм...
— Тэг л дээ гэж Рита дуугарав.
Өглөө нь өндөр гоолиг нуруутай, хонгор шаргал үстэй, нимгэн булбарай арьстай цэвэрхэн бүсгүй харж, өөрийн эрхгүй нүд булаагдлаа. Тэр эмэгтэйн нүд нь хүүхдийнхээрээ яг л таваг шиг дув дугуй ногоон нүд байлаа.
— Байлдагч Евгения Комелькова таны мэдэлд ирлээ...
Усанд ордог өдөр байлаа. Усанд орохын өмнө бүсгүйчүүл үүдний өрөөнд шинэ ирсэн хүүхнийг харж, ер бусын гайхамшгийг үзсэн мэт,
— Женя чи лусын дагина юмаа.
— Женя чи яасан цэвэрхэн арьстай юм бэ?
— Женя чамайг дууриалган уран баримал бүтээх юмсан!
— Жена чи хөхний даруулгагүй ч явсан болохоор юм байна.
— Женя чамайг шилэн гуунд хар торгон хилэн дээр зогсоогоод музейд тавьчих юмсан.. гэж шагшилдав.
— Азгүй эм!
— Ийм сайхан биеийг дүрэмт хувцсаар баглаж алах гэж хэмээн Кирьянова санаа алдав.
— Хөөрхөн бүсгүй юм. Даанч гоё улс тэр бүр аз жаргалтай байдаггүй дээ гэж Рита болгоомжтойхон өгүүлэв.
— Өөрийгөө хэлж байна уу? гэж Кирьянова инээвхийлэв.
Рита дахиад л дуугарсангүй. Салааны улс төрийн туслах Кирьяноватай нэг л нөхөрлөж болдоггүй ээ. Яагаад ч болдоггүй шүү.
Харин Женятай бол өөр хэрэг. Рита элдэв оршилгүйгээр шууд ойлголцож, амьдралаа түүнд ярьжээ. Нэг талаар битүүхэн зэмлэх, нөгөө талаар үлгэрлэх, бас жаахан гайхуулах гэж тэгсэн байжээ. Гэтэл Женя хариуд нь ер өрөвдөж, жаргал зовлонгий нь хуваалцсан шинжгүй:
— Ингэхэд чамд ч гэсэн хувийн тооцоо байгаа юм шив дээ гэж товчхон өгүүлэв.
Ингэж хэлэхэд нь Рита хэдийгээр хурандаагийн тухай дуулсан боловч,
— Чамд бас тооцоо бий юу? гэж асуув.
— Би одоо ганцаараа болсон. Ээж дүү нарыг минь бүгдийг пулемётоор шүршчихсэн.
— Буудлагын үед үү?
— Цаазалсан юм. Цэргийн дарга нарын гэр бүлийг барьж цуглуулаад пулемётоор шүршсэн. Эсрэг талын байшинд суудаг эстон авгай намайг гэртээ нууж, би тэндээс бүгдийг харсан. Бүгдийг! Хамгийн сүүлд охин дүү маань унасан. Түүнийг зориуд бүр гүйцээж буудсан...
— Гэтэл Женя чи нэг хурандаатай байсан гэл үү? Яаж байгаа чинь тэр вэ Женя... гэж Рита шивнэн асуув.
— Яадаг юм бэ! гэж Женя хэгжүүн маягтай, алтан шаргал үсээ задлан толгой сэжээд — Одоо хүмүүжүүлж эхлэх нь үү, аль эсвэл унтлагын дараа болох уу? гэлээ.
Женягийн хувь заяа Ритагийн зовлон онцгой тохиолдол биш болохыг мэдрүүлэв. Хачин юм шүү! Рита юунд ч юм бэ сэтгэл уяран нэг л зөөлрөв. Тэр байтугай зарим үед бүр инээх болж бүсгүйчүүдтэй хамт дуулдаг болов. Гэхдээ Женятай хоёулхнаа л байхдаа ёстой нэг өөрийнхөөрөө байна.
Шаргал үст Комелькова төдий их зовлон үзсэн хэр нь хэн хүнтэй туйлын найзархаг, хөгжилтэй цовоо хүн байлаа. Бүхэл тасгаараа гайхтал нь аль нэг дэслэгчийг ухаангүй дурлуулж, завсарлах зуурханд охидын «ля-ля» хэмээн аялах зуур цыган бүжгийг бүх л дүрэм горимоор нь цогтой бүжиглэж, аль нэгэн үүх түүх ярьж эхлэхэд нь хэн боловч чих тавихаас өөр үггүй болно.
— Женя минь чи жүжигчин болох нь яав. Хайран авхай үрэгдлээ гэж Кирьянова шүүрс алдана.
Тийнхүү Ритагийн нөгөө хичээнгүйлэн хамгаалж асан ганцаардмал байдал эцэс болж, Женя бүгдийг нь сэгсэрч орхив. Тэдний тасагт Галка Четвертак л ганцаараа үхээнц нэгэн байв. Туранхай биетэй ypт хамартай ширэлдмэл годон гэзэгтэй, эрэгтэй хүүхдийнх шиг хавтан цээжтэй. Женя усанд орох үедээ түүний гэзэг үсий нь самнан цэмцийлгэж цамцы нь биед нь тохируулан хасаж, шал өөр болгов. Түүнээс хойш Галька бүр царай орчихлоо. Нүд нь сэргэж, уруулд нь инээмсэглэл тодрон хөх нь хүртэл мөөг адил урган бондойв. Галька тийнхүү Женягаас алхам ч холдохоо больсон тул эдүгээ Рита, Женя, Галя гурав үерхэх болов.
Тэргүүн шугамаас байрлал хамгаалалтад шилжүүлнэ гэдэг мэдээг сонсоод зенитчин бүсгүйчүүд нэн дургүйцэв. Гагцхүү Рита л дуугарсангүй. Тэрээр штаб руу очиж, газрын зураг үзээд:
— Манай тасгийг явуулж өгөөч гэж гуйв.
Охид гайхаж, Женя эсэргүүцсэнээ маргааш өглөө нь гэнэт тэр шийдвэрээ өөрчилж, харин зөрлөгт очих нь зүйтэй гэж ухуулж явлаа. Чухам юунаас болж, яагаад ингэх болбоо гэдгийг хэн ч ойлгосонгүй, дуугүй болцгоон, хэрэгтэй л болоод тэгж байгаа биз гэж бодоцгоон, Женяд итгэцгээв. Яриа хөөрөө даруй намдаж явахаар зэхэцгээлээ. Зөрлөгт ирснээс хойш Рита, Женя, Галя гурав гэв гэнэтхэн цайгаа ёотонгүй уух болов.
Гурав хоногийн дараа Рита байрлалаас сэм алга боллоо. Гал командын саравчнаас гэнэт гарч, үүрэглэн буй зөрлөгийн дундуур сүүдэр даган, шүүдэрт бургасан дунд далд оров. Ойн зөргөөр явж, гол замд хүрээд анхны ачааны машиныг зогсоов.
— Гоо бүсгүй холыг зорио юу? гэж сахалтай ахлагч асуулаа. Шөнийн цагт машинууд байлдааны хэрэгсэл зөөж авчрахаар ар тал руу явж, цэргийн дүрэм горим үл мэдэх хүмүүс тэднийг дагалдан явдаг байлаа.
— Хот хүргээд өгөхгүй юу?
Машины тэвшин дээрээс хүмүүс гар сунгав. Зөвшөөрлий нь ч хүлээлгүй Рита машины дугуйн дээр гишгэж, хоромхон зуур дээр гарав. Түүнийг брезент дээр суулгаж, хөвөнтэй хөнжил нөмөргөж:
— Бүсгүй минь цаг хэртэй дугхийгээд ав гэжээ...
Өглөө нь байрандаа ирчихсэн байлаа.
— Лида Рая хоёр харуулд гар!...
Ритаг хэн ч хараагүй атал Кирьянова мэдэж орхижээ. Нэг нь алтан хошуу хүргэсэн бололтой Кирьянова юу ч хэлсэнгүй, харин дотроо инээвхийлж,
«Бардам хонгор маань нэг юмтай нөхцөж дээ. За яамай... сэтгэл нь ч зөөлөрч мэднэ...» гэж боджээ.
Васковт ганц ч үг дуулгасангүй. Ер нь Васковаас бүсгүйчүүдийн хэн ч үл эмээх бөгөөд Рита бол бүр ч бага. Хөвдөг хожуул мэт Васков зөрлөгөө эргэн явж л байна, дуугарах үг нь хориодхон, ядаж тэр нь цөм цэргийн дүрмийн үг шүү. Хэн түүнийг тоох билээ?
Гэвч журам бол журам. Тэр тусмаа армид бүр ч онцгой чухал зүйл. Тэгэхлээр Женя, Галя Четвертак хоёроос бусдад нь Ритагийн шөнийн аяллыг мэдэгдэх ёсгүй байлаа.
Хот руу ёотон боов, шийжүүний агшаамал зарим үед лаазалсан мах зөөдөг байв. Хэрэг бүтэмжтэй байгаад баярлаж хөөрсөн Рита долоо хоногт хоёр, гурван шөнө гүйх болж сүүлдээ бүр ядарч харшив. Женя түүний чихэнд:
— Хэтэрч байгаа юм биш биз, өвгөөн! Ингэж явж эргүүлтэй тааралдана, эсвэл нэг дарга нь сонирхоно. За тэгээд өнгөрөх чинь тэр хэмээн ятган шивнэнэ. Гэтэл цаадхи нь:
— Женя, дуугай, би азтай хүн шүү! гэчээд жаргалдаа ташууран нүд нь туяарна. Тийм хүнтэй яаж ч яриад ямар нэмэр байх вэ дээ? Женя хий л сэтгэл зовж,
— Рита минь мэдээтэй л яваарай! гэж захина.
Шөнийн аяллынх нь тухай Кирьянова мэджээ гэдгийг нүдний нь харц, егөөтэй инээвхийллээр нь Рита удсангүй тааварлав. Тэр нь Ритад өөрийнхөө ахлах дэслэгчийг мэхэлсэнтэй адил эвгүй санагдахад уур нь хүрч түүнтэй үг зөрье гэвэл Женя хориглон зогсоолоо. Женя түүнийг зайдуу аваачаад:
— Рита минь яах юм бэ? Юу л гэж бодвол бодог! гэлээ.
Рита нээрээ ингэсэн нь дээр гэж ухаарав. Элдвийн булай яриа гарвал гарч л байг, хамгийн гол нь дуугүй байж, надад саад болохгүй, Васковт алтан хошуу хүргэхгүй л байвал болоо гэж боджээ. Васков мэдчихвэл нэг ч амар заяа үзүүлэхгүй үглэж загнаад байх болно.
Тийм тохиолдол ч бий. Нэгдүгээр тасгийн хоёр бүсгүйг ахлагч голын цаанаас барьж, өдрийн хоолноос оройн хоол хүртэл бүтэн дөрвөн цагийн турш ёс суртахуун номлохдоо цэргийн дүрэм, заавар энэ тэрээс цээжээр иш татан ярьж, голын цаана гарах нь битгий хэл, хашаанаас ч гарахгүй гэсэн амы нь аван, нулимсы нь бараад өгчээ.
Кирьянова ашгүй дуугүй л байв.
Салхигүй тогтуухан цагаан шөнө болдог байв. Оройн нар жаргахаас үүр гэгээртэл цэцэг ногооны анхилам үнэр ханхалж зенитчин бүсгүйчүүд гал командын саравчны дэргэд тахиа дуугартал дуулж сууна. Рита одоо гагцхүү Васковоос л нуугдах болов. Хоёр өнжөөд гурав дахь өдөр нь оройн хоолны дараа явж, өглөө нь хүн амьтан босохоос өмнөхөн буцаж ирдэг байлаа.
Энэ үед буцаж ирэхдээ тэр тун дуртай байдаг байв. Харуулын нүдэнд өртөх аюул нэгэнт үгүй болж, гутлаа холбон мөрөн дээрээ тохчихоод яс янгинам хүйтэн шүүдэр дундуур хөл нүцгэн тайван алхана. Ийнхүү шүүдэр туучин явахдаа эхийнхээ сэтгэл зовнисон яриа, дараа дахиад чөлөөгүй явахаа бодон явна.
Дараачийн удаа очихдоо хэн нэг хүний хүсэл зоригт захирагдахгүй буюу бараг захирагдахгүй явж болно гэж бодохоос Рита цээж дүүрэн баяртай байлаа.
Гэвч дайн хүний амьдралыг дур зоргоор эзэгнэснээс хүмүүсийн хувь заяа гайхан хачирхмаар сүлбэлдэж ойлгохуйяа бэрх болсон байв. Эзэнт улсын СД албаны «ЗӨВХӨН УДИРДЛАГАД» гэсэн анхааруулга тэмдэг бүхий С 219/702 тоот удирдамжид фашистууд хэдийн гарын үсэг зурж, хэрэгжүүлж эхэлснийг нам гүм 171 дүгээр зөрлөгийн комендантыг мэхэлж яваа бага түрүүч Маргарита Осянина хэрхэн мэдэх билээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.28.14 9:38 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Goyo nom bnshuu.


Top
   
PostPosted: Mar.28.14 10:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6375
3

Энд үүрээр намуухан гэхэд аргагүй л намуухан. Рита гутлаа ар нуруун дээрээ савлуулан хөл нүцгэн шүүдэр туучин явна. Намгаас өтгөн манан нүүгэлтэн хөөрч, хөл жиндүүлэн хувцас чийгтүүлэхэд зөрлөгийн наахна байдаг танил хожуул дээр очиж суугаад оймсоо сольж гутлаа өмсөнө гэж баяртай бодож явав. Одоо харин яарахгүй бол болохгүй. Замын машинд суух гэж удаан хүлээснээ санав. Ахлагч Васков үүр цүүрээр босч агуулахын цоож, цyypгыг шалгадаг хүн. Ритагийн явах замд яг тэнд, бутны цаанаас харагдах шургааган хананаас хоёрхон алхмын зайд танил хожуул нь бий.
Хожуул хүртэл хоёр ч нугачаа тойрон, дараа нь бургасан дундуур чигээр явах ёстой. Рита эхний нугачааг тойрсноо зам дээр хүн зогсож байхыг хараад дороо зогтусав.
Цоохор майхан цув өмссөн өндөр нуруутай хүн цаашаа хараад бөхийж зогсоно. Баруун гартаа суран тэлээгээр ягштал багласан гонзгой юм барьж, хүзүүнээсээ автомат буу унжуулжээ.
Ритаг бут руу орж нуугдахад бут хөдөлж хүйтэн шүүдэр шүршсэнийг ч мэдэрсэнгүй. Амьсгалаа бараг хураан хаврын сийрэг навчсын завсраар зам дээр нь унтаа юм шиг огтхон ч хөдөлгөөнгүй зогсож байгаа тэр хүнийг харж байв.
Ойгоос бас нэг хүн гарч ирсэн нь түрүүчийнхээсээ нуруугаар арай намхан, мөн л хүзүүндээ автомат буу зүүж, яг адилхан баглаатай юм гартаа барьжээ. Тэр хоёр үдээстэй урт түрийт шаахайгаараа шүүдэрт ногоон дээгүүр сэм сэмхэн гишгэсээр Ритагийн чанх өөдөөс ирэв.
Рита гараа зангидан амандаа хийж, өвдтөл нь чанга хазлаа. Хөдлөхгүй л юмсан, хашгирахгүй л юмсан, бутан дундуур босож гүйхгүй л юмсан! хэмээн тэвчиж суув. Нөгөө хоёр хүн хажуугаар нь өнгөрөхдөө наад талынх нь Ритагийн зогсож байгаа бутны мөчрийг мөрөөрөө шүргэв. Өчүүхэн ч чимээ анир гаргалгүй сүг сүүдэр шиг явж өнгөрөөд далд оров.
Рита дахин хэсэг хүлээтэл өөр хүн гарч ирсэнгүй. Нуугдсан газраасаа болгоомжтойхон гарч, зам хөндлөн гүйж гараад, бутанд оронгуут чимээ чагнав. Нам гүм байлаа.
Хар хурдаараа гүйхэд гутал нь нуруугий нь балбана. Хүнээс нуугдаж барилгүй, эрчээрээ тосгон дундуур гүйж, бэх бат түгжээтэй хаалгыг нүдэж гарлаа.
— Нөхөр комендант аа!.. Нөхөр ахлагч аа!..
Ашгүй нэг үүдээ онгойлгов. Васков босгон дээр цэрэг урт өмдтэй, шаахайгаа холхиндог углачихсан, оосор бүчтэй дотуур цамцтай зогсож байв. Нойрмог нүдээ анивчин:
— Юу вэ гэхэд нь:
— Ойд германууд явж байна! гэсэнд,
Васков тоглож даажигнаж байна гэж бодоод үнэмшээгүй бололтой нүдээ онийлгон:
— Уухай... Чи яаж мэдээ вэ? гэж асуув.
— Би өөрөө нүдээрээ харсан. Хоёр хүн байна. Aвтомат буутай, өнгөлөн далдлах нөмрөгтэй байсан.
Рита нээрээ үнэн хэлж байгаа бололтой. Харцанд нь айдас тодорно...
— Энд хүлээж бай.
Ахлагч яаравчлан дотогшоо орлоо. Түймрийн чимээ сонссон юм шиг гутлаа сандчин яаран углаж, цамцаа сандчин өмсөв. Гэрийн эзэгтэй нь дан цамцтайгаа орон дээрээ сууж, гайхсандаа болж байдгаараа амаа ангайжээ.
— Федот Евграфыч аа, цаана чинь юу болоо вэ? гэхэд нь:
— Юу ч болоогүй ээ. Танд падгүй гэв.
Ахлагч гap буутай бүсээ явуут бүсэлсээр гарлаа. Осянина нөгөөх л байрандаа, гутлаа мөрөвчилсөн хэвээр зогсоно. Ахлагч түүний нүцгэн хөлийг харвал бээрч улайгаад, эрхий хуруунд нь урьд оны хатсан навч наалдсан харагдав. Гутлаа мөрөвчлөөд ойгоор хөл нүцгэн гүйсэн байна шүү. Одоо ч ингэж л байлддаг болж дээ... гэж бодлоо.
— Зэвсгэндээ гэдэг команд өгч, байлдааны түгшүүр зарла. Кирьяноваг над дээр ирүүл. Гүйгээд!
Хоёул хоёр тийшээ, Рита командын саравч руу гүйж, ахлагч төмөр замын бүхээг рүү утсаар ярихаар харайв. Хамгийн гол нь холбоо л... ажилтай байгаасай!
«Нарс аа!», «Нарс аа!»... ээ эцгий чинь!..
Унтчихаа юу, эсвэл тасарчихаа юу... «Нарс аа!» «Нарс аа!»
— «Нарс» сонсч байна
— Арван долоо ярьж байна! Гуравт залгаад өгөөч. Бушуухан яриулаач, тун чухал хэрэг байна.
— За за залгаатахъя битгий орилоод бай. Юун ч сүртэй юм билээ.
Утасны харилцуур удаан гэгч нь харжигнаж тачигнасан тэртээ холоос...
— Васков уу? Наана чинь юу болоо вэ? гэж асуух дуулдав.
— Яг тийм, нөхөр гурав аа. Байрлалын ойролцоо ойд германууд явж байна. Өнөөдөр хоёр герман явж байсныг илрүүллээ...
— Хэн илрүүлээ вэ?
— Бага түрүүч Осянина...
Кирьянова малгайгаа ч өмсөлгүй орж ирчихээд үдэшлэгт ирсэн юм шиг толгой дохив.
— Нөхөр гурав аа, би түгшүүрийн дохио өгөөд байна. Ойг самная гэж бодож байна.
— Самнахаа түр хүлээзнэ. Васков. Сайн бодох хэрэгтэй. Байрлалыг хамгаалалтгүй орхивол толгойг чинь илээд өнгөрөхгүй нь мэдээж. Чиний тэр яриад байгаа германууд чинь ямар шуухан байдалтай юм бэ дээ?
— Өнгөлөн далдлах хувцастай, автомат буутай юм гэнэ. Тагнуул л байж таарна...
— Тагнуул ий? Танай тэндхийн юугий нь тагнах юм бэ? Чамайг гэрийн эзэгтэйтэй тэврэлдээд унтаж байхыг чинь л тагнахгүй юм бол.
Дандаа л ингэж ярина шүү. Хэзээ л бол Васков буруутан болно. Бүгд л Васковоор тоглоом тохуу хийнэ.
— Чи яагаад дуугарахаа болчихов оо Васков? Юугаа бодоо вэ?
— Тэднийг барьж авах л хэрэгтэй гэж бодож байна нөхөр гурав аа. Холдоогүй дээр нь барья.
— Зүйтэй таван байлдагч авч халуун мөрөөр нь мөшгө. Кирьянова наана чинь байна уу?
— Энд байна нөхөр Гурав аа...
— Утсаа түүнд өгөөдөх.
Кирьянова тун товчхон ярьж, хоёр ч удаа мэдлээ гэж илтгэн, дөрөв тав дахин за за гэчээд утсаа тавьж, ярьж дууссаны дохио өгөв.
— Таны мэдэлд таван хүн гаргаж өгөхийг тушааж байна.
— Дайсныг харсан тэр бүсгүйг оруулаарай.
— Осянина нөхдөө ахлаад яваг.
— За тэгээд, хүмүүсээ жагсаагаач.
— Жагсаачихсаан, нөхөр ахлагч аа.
Жагсахаа ч алд даа. Нэгнийх нь үс адууны дэл шиг бүсэлхүйгээ хүртэл сагсайж, нөгөөх нь цаасаар малгай хийж духдуулсан харагдана. Цэргүүдээ ч алд даа! Ийм улстай ой самнаж, автоматтай германуудыг барих гээд үз. Ингэхэд цөмийнх нь буу ихэр юм шиг 1891 оны хийцтэй гучаад онд сайжруулагдсан нэг муу юм шүү...
— Сул зогс!
— Женя, Галя, Лиза...
Ахлагч ярвайж,
—Осянина байзаарай! Германуудыг барих гэж яваа болохоос биш, ямар загасанд явах гэж байгаа биш дээ. Ядаж буудаж чаддагаас нь...
— Чаднаа, чадна.
Васков үл тоомсорлон rap сэгсрэх гэснээ, биеэ барьж,
— Аа тийм. Герман хэл мэддэг хүн байхгүй биз.
— Би мэднэ.
Жагсаалын дотроос жингэнэсэн нарийхан дуу гарав. Федот Евграфычийн урам хугарч:
— Би гэнэ үү, би гэдэг чинь юу юм бэ? Илтгэж сурах хэрэгтэй!
— Байлдагч Гурвич.
— Ох—хо—хо! Гараа өргө гэхэд тэднийхээр юу гэх вэ?
— Хенде хох!
— Яг зөв гэж ахлагч тэсгэлгүй rap сэгсрээд —За Гурвичийг ав.. гэлээ.
Тавуул эгнэн жагсав. Хүүхэд адил хичээнгүйлэн зогсох тэдний царайд хараахан айсан шинж мэдэгдсэнгүй.
— Хоёр хоног явна гэж бодоорой. Хуурай хүнс, сум.. тав таван дайзыг ав. Сайн хооллож авах хэрэгтэй. Гутал хувцсаа хүн шиг өмсч, биеэ олигтойхон бэлтгээрэй. Энэ бүхэнд дөчин минутын хугацаа өгье. Одоо явцгаа..! Кирьянова Осянина хоёр надтай яв.
Байлдагчдыг өглөөнийхөө цайг ууж, алсын замд бэлтгэж байх зуур ахлагч хоёр түрүүчтэй зөвлөлгөөн хийхээр гэртээ аваачив. Аз болоход гэрийн эзэгтэй алга байлаа. Гэтэл ор дэрээ ч хурааж амжсан юмгүй, орон дээр хоёр дэр янаг нь аргагүй зэрэгцсэн харагдана... Федот Евграфыч түрүүч нарыг ногооны цутангаар дайлж нугалаасаараа элэгдсэн гурван мод хуучин газрын зураг дэлгэв.
— Энэ зам дээр тааралдсан гэл үү?
— Энд гэж Осянина газрын зураг дээр хуруугаа хүргэх төдий заагаад, — Тэд нар миний хажуугаар өнгөрч, засмал зам руу явсан.
— Засал зам руу гэнээ. Чи тэр xap өглөөний дөрвөн цагт ойд юугаа хийж явсан юм бэ?
Осянина дуугарсангүй.
— Шөнийн ажлаар л явахгүй юу гэж Кирьянова ажиг ч үгүй хэлэв.
Васков худлаа хэлж байгаагий нь хараач! гээд уурласандаа,
— Шөнийн ажил гэнээ? Шөнийн ажилд чинь зориулж би та нарт өөрийн биеэр хөтөвч тавьж өгөө биз дээ. Аль эсвэл түүндээ багтахгүй байна уу?
Хоёулаа хөмсөг зангидав
— Нөхөр ахлагч aa, эмэгтэй хүнд чинь заавал хариулах албагүй асуудал байдаг шүү дээ гэж Кирьянова дахин дуугарав.
— Энд эмэгтэй хүний асуудал яриагүй байна! гэж комендант уурсан, бүр ширээ зөөлөн цохиж, —Мэдэв үү? Жинхэнэ цэрэг, дарга нарын асуудал ярилцаж байна? Дайн болж байна. Дайн дуустал эр эмгүй бүгдээрээ саармаг төрөлд хамаарна... гэв.
— Нөхөр саармаг төрөлт ахлагч таны ор дэр одоо хүртэл задгай л байна шүү.
Энэ Кирьянова юу, ёстой нэг эгдүүтэй этгээд шүү. Хүнийг цусгүй алах хэл амтай хүүхэн!
— Засмал зам руу явсан гэл үү?
— Яг тэр чиглэлд..
— Тэд засмал замын дэргэд ямар элэнцгээ хийх вэ! Замын хоёр талаар байсан ой модыг бүр финий байлдааны үед шингэлчихсэн. Тэнд тэднийг дор нь бариад авна. Үгүй ээ нөхөр бага дарга нараа, тэд засмал замыг сонирхсон улс биш ээ.. За та нар наад хоолоо идэцгээ, идэцгээ.
— Тэнд бут ихтэй, бас манантай газар гэж Осянина хэлснээ,
— Надад тэгж санагдсан... гэв.
— Тэгж л санагдсан бол наминчлах хэрэгтэй байсан юм гэж комендант бувтнаад—Боодолтой юм авч явлаа гэл үү?
— Тийм ээ. Хүнд зүйл бололтой юм билээ. Баруун гартаа барьж явсан. Маш нямбай боосон байсан.
Ахлагч тамхиа ороож асаагаад нааш цааш холхив. Гэнэт бүх юм өөрт нь ойлгомжтой тодорхой болсонд бүр сэтгэл зовох шиг болоод иржээ
— Тэд чухам юу авч явсныг би таалаа. Тэсрэх бодис авч явжээ. Хэрвээ тэсрэх бодис авч явсан бол тэд засмал зам руу яваагүй, төмөр зам руу явсан байх ёстой. Тэгвэл Кировын төмөр зам руу явсан гэсэн үг.
— Кировын зам хүртэл хол шүү дээ гэж Кирьянова эргэлзсэн байртай дуугарав.
— Ой дотуур явж болно. Эндхийн ой мод эцэс төгсгөлгүй. Хоёр хүн битгий хэл, бүтэн арми ч нуугдаж болно.
Осянина сэтгэл зовсон янзтай:
— Хэрвээ тийм бол... төмөр замын харуулынханд хэлэх хэрэгтэй байна гэв.
— Кирьянова хэл өгнө. Өдөр бүрийн хорь гучид би илтгэдэг юм. «Арван долоо» гэж дуудна шүү. Осянина чи сайн хоолло. Бүх л өдөржин шогших болно гэж Васков хэлэв.
Дөчин минутын дараа эрэн хайх хэсгийнхэн цугласан боловч, ахлагч санаанд нь хэр баргийн юм таардаггүй хатуу хүн учир тэд бүтэн хагас цагийн дараа сая хөдөллөө.
— Бүгд гутлаа тайлаад!...
Тэгж л таарнаа. Хагас нь гутлаа дан нимгэн оймстой өмсөж, xarac нь ороолтоо хүзүүний ороолт аятай хайш яйш үрчийлгэн ороожээ. Гутлаа ингэж өмссөн улс гурван километр яваад л хөл нь холгож, цус гоожно... Харин хэсгийн ахлагч бага түрүүч Осянина л дүрэм ёсоор хөлөө зөв ороож өмссөн нь яамай. Гэвч захирагдсан хүмүүстээ яагаад зааж сургадаггүй байна вэ?
Хөлөө яаж ороох ёстойг дөчин минут зааж сургав. Дахин дөчин минут буугаа цэвэрлэхийг шаардав. Бууны гол төмөр нойтон биш л бол, бусад нь ч яамай, харин яаж буудацгаадаг бол?
Үлдсэн хугацаанд нь ахлагч байлдагчдадаа байдлыг танилцуулах зорилгоор бага зэрэг лекц уншив.
— Дайснаас айсны хэрэггүй. Дайсан манай талд яваа учир өөрснөө айж байгаа. Гэвч өөрсөддөө ойртуулж болохгүй. Тэд чинь юутай ч бол гүжирмэг эр улс, гардан байлдааны тусгай зэвсэгтэй байна. Хэрвээ тэд ойрхон харагдвал сэмхэн нуугдах хэрэгтэй. Зугтаж л болохгүй шүү, тэнгэр минь! Гүйж яваа хүнийг автоматаар шүршинэ гэдэг тэдэнд зугаатай зүйл. Хоёр хоёроороо л явах хэрэгтэй. Замд хоцорч өөр хоорондоо ярьж хөөрч болохгүй. Зам тааралдвал яах ёсгойг мэдэх үү?
— Мэднээ. Нэг нь баруун тийш, нөгөө нь зүүн тийш гэж хонгор шар үст бүсгүй ам нээв.
— Нуугдана гэж Федот Евграфыч тодруулаад — Явах журам гэвэл толгойн сэргийлэхэд бага түрүүч байлдагчийн хамт түрүүлж явна. Хойноос нь зуун метрийн зайд гол хүч гэснээ бүсгүйчүүдийг харж — Би хэлмэрчийн хамт явна. Биднээс зуун метрийн хойно сүүлчийн хоёр хос явна. Явахдаа нэг дор биш, бие биенийхээ барааг харах зайтай явна. Дайсан юмуу ямар нэгэн сэжигтэй зүйл харвал гэснээ, — Хэн амьтан, шувуу болж дуугарч чадах вэ? гэсэнд бүсгүйчүүд инээлдэв.
Юундаа айлгүйтсэн золигнууд вэ..
— Би үнэнээсээ асууж байна! Ойд бие биеэ хашгирч гуугалж дуудах аргагүй. Германууд чинь бас л чихтэй улс шүү дээ.
Чимээгүй болцгоов.
— Би чадна гэж Гурвич сэтгэл зовнингуй хэлээд, И—а, и—а! гэж илжиг шиг дуугарав.
— Манай энд илжиг байхгүй гэж ахлагч дурамжхан хэлээд,
— За яахав тэгвэл бүгдээрээ нугас шиг дуугарч сурцгаая.
Өөрөө дуугарч үзүүлтэл хүүхнүүд бас л хөхрөлдөв. Гэв гэнэт юундаа ингэж инээлдээд байгааг Васков олгоогүй атлаа өөрөө ч инээдээ барьж чадсангүй.
— Ингэж эр нугас эмийгээ дууддаг юм гэж тайлбарлаад,
— За дуугараад үзэцгээ! гэв.
Дуртай нь аргагүй дуурайцгаалаа. Хонгор шар үст Евгения бусдаасаа илүү хичээж байв (Ай хөөрхий сайхан бүсгүй юм, дурлачихгүй юмсан, тэнгэр минь даанч хөөрхөн хүүхэн юм). Гэвч мэдээжээр угийн авьяаслаг юм болохоор Осянина л илүү чадмаг байлаа. Бас Лиза билүү, нэг хүүхэн ч муугүй байв. Чийрэг биетэй, мөр, сүүжний нь чухам аль нь өргөн болох үл ойлгогдох тэр бүсгүй дуугаа сүрхий чадмаг хувиргаж байв. Ер нь ийм хүүхэн хаана ч хэрэг болно. Морь мал шиг зүтгэхээр эрүүл чийрэг хүн байна.
Хотын доожоогүй охид Галя Четвертак хэлмэрч Соня Гурвич шиг туяхан улстай зүйрлэх юм биш.
— Вопь нуур руу явцгаана. Үүнийг харцгаа гэсэнд бүгд газрын зураг дээр бөөгнөрч шахцалдан чих, хүзүү рүү нь амьсгалах нь хөгтэй .
— Германууд нээрээ л төмөр зам руу явж байгаа бол нуурыг заавал дайрч гарах болно шүү дээ. Дөт замыг тэд мэдэхгүй, тэгэхээр бид тэднээс түрүүлж тэнд хүрнэ. Тэр хүртэл бид хорин мод газар туулах ёстой. Үдийн хоол гэхэд хүрнэ. Бэлтгэл хийж амжина. Германууд тойруу замаар, бас нуугдаж барьж явсаар дор хаяад тавин километр явах болно Бүгд ойлгомжтой юу, нөхөд байлдагчид аа?
Байлдагчдын царай төлөв түвшин болж:
— Ойлголоо.. гэцгээв.
Дайн гэдэг эдний хувьд нүцгэн биеэ наранд шарж ирсэн цагт нь дайсны онгоцыг буудах ажил байдаг сан...
— Бага түрүүч Осянина зэвсэг хэрэгслийн бэлтгэлийг шалга. Арван таван минутын дараа хөдөлнө.
Висков байлдагчдаа орхиод гэр рүүгээ очих хэрэгтэй байлаа. Эзэгтэйд дайзтай сум бэлтгэхийг даалгаснаа санаж, бас аар саархан зүйл ч авах хэрэгтэй байв. Германууд гэгч хорлонтой дайсан. Шог зурагт л тэднийг бөөн бөөнөөр хиар цохиж байгаагаар үзүүлдэг болохоос биш үнэндээ тийм ч амаргүй амьтад сайн бэлтгэх шаардлагатай.
Мария Никифоровна захисан юмы нь бэлдчээд дээрээс нь бас гахайн өөх, давсалсан загас хүртэл нэмж бэлтгэсэн байхад нь загнах гэснээ болив. Найр хуримд очиж яваа юм шиг олуул явна шүү дээ. Сумныхаа дайзыг винтов, гар бууны сумаар дүүргэж, хэрэг болж мэднэ гэж хоёр ширхэг гранат авав.
Эзэгтэй айсан шинжтэй ширтэн нүдэнд нь нулимс гүйлгэнэн байрнаасаа ч эс хөдлөвч бүхий л биеэрээ түүн рүү тэмүүлж байлаа. Васков тэссэнгүй, эзэгтэйнхээ толгойг илж,
— Нөгөөдөр буцаад ирнэ. Их удлаа л гэхэд Лхагва гаригт ирнэ гэв.
Эзэгтэй уйлав. Ээ энэ хүүхнүүд үү, заяагүй ч улсаа даа! Дайн гэдэг чинь эрчүүдийг тартапг нь тултал хашраадаг юм чинь та нарыг бүр ч...
Хашаанаас гараад «торгон цэргээ» харвал винтов буугаа бараг газар шүргүүлэн зогсоцгоож байв.
Васков санаа алдлаа.
— Бэлэн үү?
— Бэлэн гэж Рита хариулав.
— Энэ ажиллагааны бүхий л явцад бага түрүүч Осянинаг орлогчоор томиллоо. Харилцах дохиог сануулъя. Нугас шиг хоёр дуугарвал анхаараарай, дайсныг харлаа гэсэн үг. Гурав дуугарвал цөм над дээр ирэх хэрэгтэй.
Хүүхнүүд хөхрөлдөв. Тэднийг инээлгэн зориг оруу лах гэж ахлагч зориут ингэж инээдтэй ярьжээ.
— Толгойн сэргийлэх алхаад марш!
Бүгд хөдөллөө.
Түрүүнд нь Осянина, тарган хүүхэнтэй хамт явав.
Васков тэднийг бутан дунд далд ортол хүлээгээд дотроо зуу тоолсныхоо эцэст хойноос нь хөдөллөө. Хэлмэрч бүсгүй түүнтэй хамт явлаа. Тэрвээр винтов буу, дайзтай сум, цүнх сэлтэд дарагдаж, туяхан бургас щиг өрөвдмөөр харагдана... Тэдний араас Комелькова, Галя Четвертак хоёр явав.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.28.14 11:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6375
4

Вопь нуур хүрэх аялалд Васков санаа зовохгүй байв. Нуурт хүрэх шулуун замыг германууд мэдэх ёсгүй. Учир юу гэвээс энэ замыг Васков финий тулалдааны үед өөрөө нээсэн билээ. Аль ч газрын зураг дээр энд намагтай гэсэн тэмдэг зурсан байдаг. Германчуудад тойруу замаар, ой дотуур явж нуурын зүг Синюхины хадан хясаа хүрэх ганцхан зам бий. Хясааг өнгөрөх ямар ч боломж байхгүй. Bacковын байлдагчид хичнээн удаан гэлдэрлээ ч гэсэн германууд тэднээс урьтахгүй. Германчууд сайндаа л орой тийшээ тэнд хүрнэ. Васков тэр болтол тэднээс өрсөж очоод орох гарах бүх замыг хааж амжина. Охидоо хадны цаана, найдвартай газар нууцлан байрлуулж, нэг хоёр буудаж урмы нь сэргээгээд дараа нь ярилцдаг хэрэг. Эцсийн эцэст хоёр германы нэгий нь нухчихаж болно. Ганцаараа нөгөөдөхтэй нь халз тулгаран үзэлцэхээс Васков үнэхээр айхгүй байв.
Байлдагчид нь урамтай алхалж, инээх, хоорондоо ярилцах явдал гаргахгүй дүрмийг ёсоор дагаж явлаа. Тэд хэрхэн ажиглаж явааг бүү мэд, ямар ч атугай ахлагч өөрийнхөө хөл дорхийг баавгайн мөр хөөж яваа шиг хянамгай ажиж явсаар харийн хүний иржгэр ултай гутлын үл мэдэг мөрийг олж харав. Тэр Федот Евграфычийн баримжаагаар бол дор хаяж дөчин дөрвөн размерын гутлын мөр байсан бөгөөд тэгэхлээр энэ гутлын эзэн нь лав хоёр метр өндөр биетэй, зургаан пүү илүү жинтэй лужир эр байхаас зайлахгүйг тооцоолон бодов. Бүсгүйчүүд хэдийгээр зэр зэвсэгтэй ч гэсэн ийм уул овоо шиг эртэй улаан нүүрээрээ учирч таарахгүй. Гэтэл асар удалгүй ахлагч өөр нэг бүр тод мөр олж, хоёр мөрний байдлыг шинжиж үзээд тэр герман намгийг тойрон одсоныг мэдэв. Бүх юм үнэхээр ахлагчийн бодолтой таарч байлаа.
— Энэ германууд яггүй хурдан явдаг юм байна. Нээрээ сүрхий явж шүү, лав дөчөөд мод явсан байна гэж тэр хамт яваа бүсгүйдээ хэлэв.
Хэлмэрч бүсгүй хариу дуугарсангүй, үнэндээ үүрч яваа юмандаа түүртээд ярихтай манатай байжээ. Ахлагч хэдэнтээ түүний царайг хяламхийн харж царай муутайхан ч гэсэн шөвгөр нүүр нь тун төв төлөв байртайг ажаад эр хүн ховордсон одоо үед гэр бүлийн бүлээн дулаан амьдрал ч үзэхгүй байхдаа гэж өрөвдөн бодсоноо санаандгүй:
— Ээж, аав чинь амьд мэнд үү? Эсвэл чи өнчин үү? гэж асуучихав.
— Өнчин үү гэв үү? гэж инээмсэглэснээ, — Нээрээ л би өнчин юм байна гэлээ.
— Өөрөө сайн мэдэхгүй байгаа юмуу?
— Одоо чинь үүнийг баттай сайн мэддэг хүн хаана байна вэ дээ, нөхөр ахлагч аа гэж эргүүлэн асуулаа.
— Нээрээ тийм дээ...
— Минскт миний ээж, аав байдаг юм гэж турь муутай мөрөө хөдөлгөснөө, буугаа засч, — Би Москвад сурч, шалгалтаа өгөхөөр бэлтгэж байтал.
— Сураг чимээ дуулсан уу?
— Хаанаас даа, одоо чинь..
— Тийм дээ... гэж Федот Евграфыч үгээрээ гомдоочих вий гэсэн янзтай хяламхийн харснаа—Эцэг эх чинь еврей үндэстэн үү гэв.
— Мэдээж хэрэг.
— Мэдээж хэрэг гэнэ шүү... гэж комендант унтууцсанаа,
— Мэдээж байсан бол хаанаас асуух билээ гэв.
Хэлмэрч бүсгүй дуугарсангүй. Нойтон өвсөн дундуур том бухаар гутлаа чирэн дүнсийж явснаа гэнэт аяархан санаа алдаж,
— Дайснууд амжаад зайлчихсан юм биш байгаа гэлээ.
Бүсгүйг тийнхүү санаа алдахад Васковын зүр шимшрэв. Ээ хөөрхий, бялзуухайн бядгүй бяцхан амьтан. Нуруундаа үүрсэн зовлонгоо дааж чадах юм болов уу? Болдогсон бол одоо хамаг мэддэг хараал ширээлээ урсгаж байгаад энэ золигийн дайсныг арван давхар дүнзээр дараад далд хийчих юмсан. Далиманд нь охидыг энд хөөж ирүүлсэн тэр орилоо хошуучийг шүлтээр зайлаад өгөх юмсан. Тэгвэл дотор онгойхсон байх даа. Ингэхийн оронд аль чадахаараа инээх царай үзүүлж явах ч гэж дээ.
— Алив байлдагч Гурвич, нугас болж гурав дуугар!
— Яах юм бэ?
— Байлдааны бэлэн байдлыг шалгая. За алив? Заасныг мартчихсан уу?
Бүсгүй тэр дороо инээмсэглэн нүд нь сэргэж:
— Үгүй ээ, мартаагүй! Гэв.
Мэдээж нугасны дуу гарсангүй, бөөн инээдэмтэй юм болов. Ший жүжиг шиг. Гэвч толгойн сэргийлэх, сүүлчийн хоёр юу ч атугай дохио өгч байгааг ойлгосон бололтой ойртож ирэв. Осянина бол винтов буугаа гартаа барин гүйж ирээд,
— Юу болов? гэхэд нь:
— Хэрэг явдал болсон бол та нар аль хэдий нь нөгөө ертөнцөд тонилж, тэнгэрийн орныхонтой уулзацгааж байх байсан даа. Оодонгийн тугал бяруу шиг сүүлээ өргөөд шал пал гүйж явах юм гэж түүнд ахлагч өгүүлэв.
Рита гомдсоноо царай нь хаврын сүүл сарын үүрийн туяа шиг улайгаад явчихлаа. Одоо яах вэ дээ сypraxaac л биш.
— Ядарцгаав уу?
— Яамай байгаа даа! гэж хонгор шар үст бүсгүй, Осянинаг өмөөрч байгаа бололтой ширүүн дуугарав.
Федот Евграфыч зөөлөрч
— За сайн байна. Замдаа юу ажиглав? Дэс дараагаараа хэлээрэй. Бага түрүүч Осянина ярь гэсэнд:
— Онцын юмгүй... гэж Рита, түгдчсэнээ:
— Тохойн тэнд модны мөчир хугарсан байсан.
— Зүйтэй, яг үнэн. За сүүлийн хоёр байлдагч Комелькова:
— Юу ч ажиглагдсангүй, бүгд л хэвийн юм шиг санагдсан.
— Замын зүүн талд бутны шүүдэр сэгсрэгдсэн байсан гэж Лиза Бричкина гэнэт яарангуй дуугараад, — Гэхдээ баруун талынх нь хэвээрээ, зүүн талынх нь сэгсрэгдсэн байсан шүү гэж нэмж өгүүлэхэд нь ахлагч урамшиж:
— Ёстой гярхай нүд гэдэг чинь энэ! Улаан цэрэг Бричкина сайн байна. Бас зам дээр хоёр мөр байсан. Германы десантынхны өмсдөг резин ултай гутлын мөр. Мөрий нь ажиглавал тэд намаг тойрч яваа бололтой. Тэгээд явж байг. Бид намгаар шуудхан гарчихна. Одоо арван таван минут тамхи татаж бие засаж болно...
Васковыг ямар нэг тэнэг үг хэлчихсэн юм шиг бүгд хөхрөлдөв. Гэтэл цэргийн дүрэмд заасан ийм команд байдаг юм. Bacков хөмсөг зангидаж:
— Битгий гуугалцгаагаад бай! Бас хамаагүй та болохгүй, гүйцээ!. гэжээ.
Үүргэвч шинель, винтов буугаа хаана xaaнa таахыг зааж өгөөд байлдагчдыг чөлөөлсөнд бүгд ахууна аятай бутан дотор шургацгаав.
Ахлагч жижиг сүх гаргаж, хуурай модоор зургаан сайн тулгуур мод засаж авсныхаа дараа амарч, юмныхаа дэргэд суун тамхи баагиуллаа. Төдөлгүй бүгд цугларч бие биенээ ажин, хоорондоо шивэр авир гэлцэв.
Комендант өгүүлрүүн:
— Одоо тун анхааралтай явах хэрэгтэй. Би түрүүлж явна. Дараа нь та нар цөмөөрөө миний хойно цуваад миний гишгэсэн мөр дээр алдахгүй гишгээд яваарай. Энд баруун, зүүнгүй бамбалзуур бий. Ээжээ ч гэж орилж завдахгүй живчихнэ шүү. Нэг нэг тулгуур мод авч, хөлөө тавихаас өмнө болгоомжтой хатгаж шалгасныхаа дараа гишгэх хэрэгтэй. Асуулт байна уу?
Энэ удаа хэн ч дуугарсагүй. Хонгор шар үст толгойгоо нэг сэжсэнээ бас дуугарсангүй. Ахлагч босч хөвдөнд хаясан тамхиныхаа галыг дэвсэлж унтраав.
— За хэн чинь илүү тэнхээтэй вэ?
— Яах нь вэ гэж Лиза Бричкина итгэл муутай асуув.
— Байлдагч Бричкина, хэлмэрчийн үүргэвчийг xaмт үүр.
— Яах юм бэ? гэж Гурвич гонгинов.
— Яахыг асуудаггүй юм. Комелькова аа!
— Би байна.
— Улаан цэрэг Четвертакийн үүргэвчийг ав.
— Четвертак үргэвчнийхээ хамт буугаа ч өгчих.
— Яриагаа татаарай! Хий гэснийг л хий, хувийн зэвсгээ хүн бүр өөрсдөө авч явах ёстой.
Ахлагч өөрөө хашгирч зандарч орхиод сүүлд нь биеэ зэмлэж: —Буруу л байна даа. буруу байна. Загнаж зандарснаар ухамсартай болгож чадах уу даа. Хоолойгоо сөөтөл хашгираад ч ажилд нэмэр болохгүй. Гэтэл бөөн яриа дэлгэж, яншаад байх боллоо. Яншина гэдэг бол цэргийн хүнд элэг рүү жадлахтай адил. Яах аргагүй тийм шүү.
— Дахиад хэлье. Эндэж болохгүй. Миний хойноос шил шилээ хараад яваарай. Мөр мөрөө даран гишгэ. Тулгуур модоороо хатгаж яв...
— Асуулт байна, болох уу?
Ай тэнгэр минь! Тэвчиж чаддаггүй байж дээ.
— Байлдагч Комелькова юу гээ вэ?
— Тулгуур гэж юу юм бэ?
Хонгор шар үст тоглоом хийж байгаа нь харваас ил байлаа. Усны эргүүлэг шиг аюултай харцтай гэдэг нь.
— Гартаа барьсан юм чинь юу вэ?
— Шийдэм шиг юм байна...
— Наадахы чинь тулгуур гэдэг юм. Одоо ойлгов уу?
— Одоо л ойлголоо: Даль гэсэн үг.
— Юуны чинь даль маль вэ?
— Нөхөр ахлагч аа, тийм толь бичиг байдаг юмаа. Ярианы дэвтэртэй төстэй юм байдаг юм.
— Евгения чи боль! гэж Осянина зандрав.
— Явах зам тун аюултай шүү, тоглоомгүй. Явах журам: би түрүүлнэ. Миний хойноос Гурвич, Бричкина, Комелькова, Четвертак нар яв. Бага түрүүч Осянина сүүл дарна. Асуулт байна уу?
— Тэнд чинь гүнзгий юу?
Четвертак асууж байна. Аргагүй, түүн шиг нуруутай хүнд хувин ч торх шиг санагдах нь зүйн хэрэг.
— Зарим газраа... Яагаав нөгөө... Та нарын бол бүсэлхийгээр чинь татна. Буугаа анхаарч яваарай.
Өвдөг тулсан усан дундуур туулахад бамбалзуур намаг шал пал хийнэ. Пүрштэй дэвсгэр дээгүүр яваа юм шиг найган байж урагшилна. Эргэж харалгүй явахдаа амьсгаадах, айсан янзтай шивнэлдэх чимээнээр хэрхэн урагшилж явааг нь мэдэрч байлаа.
Намгийн дээгүүр чийглэг бүгчим агаар тунарна. Хаврын олон шумуул халуун бие дээр бөөн бөөнөөрө шавааралдаж, нэхшмэл өвс ногоо намгийи ялзарсан замгийн үнэр холилдон ханхална.
Бүсгүйчүүд хөвчин биеэрээ тулгуур модоо дарж хөхөн зуурах хүйтэн намгаас хөлөө арай чүү салгаж явж байв. Нойтон банзал ташаанд нь наалдаж, бууных нь бөгс шавар дундуур чирэгджээ. Алхах бүрд их хүч орох тул Васков жижиг биетэй Галя Четвертакийн аяст тааруулан аажуухан явав.
Тэрбээр нойтон чийглэг болж, муруй сарий ургасан хоёр намхан нарс бүхий жижигхэн арлыг чиглэн явлаа. Комендант нарснаас нүд салгалгүй ширтэн, муруй ургасан голын нь завсраар тээр тэнд үзэгдэх хуурай хус модыг ажиж явав. Учир юу гэвээс түүний баруун, зүүн аль ч талаар нэвтрэх газар байхгүй.
— Нөхөр ахлагч aa!...
— Ээ савдаг чамайг! Комендант тулгуураа бөхөөхөн гишгэж тулаад чүү чай эргэж харлаа. Тэгж л таарнаа бие биенээсээ холдоцгоочихож.
— Зогсож болохгүй! Зогсож болохгүй шүү! Намаг ховх сорчихно!
— Нөхөр ахлагч аа, гутал сугараад үлдчихлээ!... гэж тээр сүүлд яваа Четвертак дуугарав. Дов адил шомбойж, банзал нь ч харагдсангүй. Осянина дэргэд нь очиж, татаж авав. Тулгуураараа бамбалзуур руу хатгаж харагдав. Гутлаа эрж байгаа юм байх даа!
— Олов уу?
— Үгүй ээ!...
Комелькова тулгуураа алдаж, хажуу тийщээ унах шахав. Аз болж цагий нь олж харлаа. Ахлагч гүрээнийхээ судсыг гүрийлгэн орилж:
— Хаачих нь вэ? Зогс наанаа!.. гэсэнд,
— Би тусалъя.
— Дуугүй наанаа загс! Эргэх зам байхгүй...
Ай тэнгэр. Эдэнтэй бүр үйлээ үзэж орхилоо. Заримдаа битгий зогс, заримдаа зогс гээд байхлаар толгой нь эргэж байгаа байхаа. Айж сандарч сүйд болох вий дээ. Намаг дунд айж сандарвал үхэж сүйднэ.
— Хамгийн гол нь тайван байгаарай. Арал хүртэл шальгүй газар үлдлээ. Тэнд очоод амарцгаана. Гутлаа олов уу?
— Үгүй ээ. Доош нь хөхөөд байна, нөхөр ахлагч аа!
— Урагшлах хэрэгтэй! Бамбалзууртай удаан зогсч болохгүй.
— Гутлаа яах вэ?
— Чи одоо олно гэж бодоо юу? Урагш яв!... Миний хойноос урагшаа! гэж эргэнгүүт дахин эргэж харалгүй урагшилж мөр мөрөө дарж гишгэ. Хоцорч болохгүй!.. гэв
Нөгөөдүүлийнхээ сэтгэлийг сэргээж, зоригий нь чангалахын тулд зориуд чанга хашгирчээ. Команд өгөхөд байлдагчдын сэтгэл сэргэдгийг өөрөө биеэр мэдэх билээ. Үнэн шүү.
Ашгүй нэг юм хүрч ирлээ. Тэрээр сүүлчийн хэдэн метр газраас л их айж байсан юм. Тэнд илүү гүнзгий байлаа. Бүхий л биеэрээ тулгуур модоо түшиж, хүч гаргахгүй бол хөлөө татаж гаргахын аргагүй. Энд хүч тэнхээ, ухаан, самбаа хэрэгтэй. Аз болж эсэн мэнд өнгөрөв.
Арлын ойролцоо зогсож болохтой газар очоод Васков түр азнан зогсч, бүх баг цэргээ дэргэдүүрээ өнгөрүүлж. хатуу газар дээр гарч ирэхэд нь тусаллаа
— Битгий л яараарай. Тайван байцгаа. Энд жаахан амарцгаая.
Хүүхнүүд арал дээр гарч ирмэгцээ ноднин жилийн хатангир өвсөн дээр гулдайн унацгаав. Юу ч үгүй норж, шавар шавхайд хутгалдсан тэд амьсгаадаж байлаа. Четвертак намагт өрөөсөн гутлаа хөлнийхээ ороолттой нь өргөж, дан оймстойгоо хоцорчээ. Оймсных нь цоорхойгоор бээрч хөхөрсөн эрхий хуруу нь хухуйна.
— За яав нөхөд байлдагчид aa, ядрав уу?
Байлдагчид нь дуугарсангүй, ганц Лиза толгой дохин:
— Ядарлаа.. гэв.
— За жаахан амарцгаа. Цаашдаа гайгүй. Хуурай хусны тэнд хүрээд авбал гүйцэх нь тэр!
— Нүүр гараа угаах юмсан гэж Рита хэллээ.
— Цаад талд цэвэр устай гол бий. Элсэн эрэгтэй. Усанд орцгоосон ч болно. Харин хувцсаа зам зуураа явдал дундаа л хатаах болно доо.
Четвертак нэгэнтээ санаа алдаад,
— Би гуталгүй яах билээ? гэж аяархан асуухад нь Федот Евграфыч инээмсэглэж:
— Чамд шаахай урлах арга бодноо хө. Харин тэгэхдээ энд биш, намаг өнгөрөөгөөд. Тэсэх үү? гэсэнд,
— Тэснээ гэв.
— Галя чи ямар салан амьтан бэ! Хөлөө татахдаа xypyyгaa ээтийлгэх нь яасан юм бэ! гэж Комелькова унтууцав.
— Би ээтийлгээд, ээтийлгээд хүчрэхгүй гутал сугараад үлдчихсэн юм.
— Хүйтэн байна уу охид оо.
— Би бүр хамаг байдгаараа норчихсон...
— Намайг хуурай явна гэж санаа юу? Би нэг хальт гишгээд палхийтэл суучихсан шүү!
Инээлдэв. Ашгүй ядаргаа нь гарч байгаа бололтой. Хэдийгээр бүсгүй улс ч гэсэн, залуу бага болохоо ямар ч гэсэн хүч байна. Энэ мөс шиг хүйтэн уснаа болж өвдчихгүй бол яамай...
Федот Евграфыч тамхиа дахин татаж, иший нь намаг руу шидээд боссоноо,
— За нөхөд байлдагчид аа тулгуур модоо ав. Миний хойноос түрүүчийнхээ дарааллаар яваарай. Тэр эрэг дээр очоод нүүр гараа угааж, дулаацах болно гэж хөгжилтэй хэллээ.
Тэгээд хүрэн шавхай руу шууд орлоо.
Энэ сүүлчийн хэсэг газар бас ч тийм амаргүй бололтой. Агшаамал будаа шиг зууралдсан шавхай хөлөөс зуураад тийм ч амар урагшлах юм биш. Шавхайг ярж урагшлах гэсээр байтал хамаг хүч хөлс шавхарч гүйцнэ.
— Ямар шүү байна нөхөд өө! хэмээн сэтгэлий нь сэргээх гэж, эргэж харалгүй хашгирав.
— Энд хануур хорхой байхгүй биз! гэж Гурвич амьсгаадан асуув.
Тэр Васковын араас түүний гаргасан мөрөөр явсан тул түрүүчийнхээс арай дээр байлаа.
— Энд амьтай юм байхгүй. Аминд халтай үхээрийн газар.
Зүүн талд шавхай хөөж бөндийснөө гэнэт хагарах нь намаг тэр аяараа бөглүүхэн амьсгаалах шиг дуу гарлаа. Ард хэн нэг нь хүрдхийн дуу алдахад Ваеков учрыг тайлбарлаж:
— Айсны хэрэггүй, намгийн хий гарч байгаа юм. Бид энэ намгийг сэрээж цочоож орхилоо л доо... гээд хэсэг бодлогоширсноо:
— Яг ийм л газар лус савдаг байдаг гэж хууччуул ярих юм билээ. Мэдээж хэрэг, худлаа л даа... гэж нэмж хэлэв.
«Торгон цэрэг» нь дуугүй л явав. Аахилж, амьсгаадан, дуу алдах авч урагшилсаар. Шантралгүй, шүд зуун урагшилна.
Арай дээр болж шавар нь шингэрч, хөлийн улд хатуу хөрс тааралдан, зарим газар дов сондуул ч тохиолдох боллоо. Ахлагч алхаагаа түргэсгэсэнгүй, баг цэрэг нь түүний хойноос шил шилээ даран цувж байлаа. Хусны дэргэд бараг нэг зэрэг хүрч, түүнээс цааш ой мод, дов сондуул хөвд хөвөө үргэлжилнэ. Харахад тун ч түвэггүй санагдаж намаг нь нимгэрэн нимгэрсээр хуурай бургасан төгөл болжээ. Тэд бүгд баярлалдан дуу алдаж, тулгуураа хаяцгаав. Гэвч Федот Евграфыч тулгуур модоо буцааж аваад бүгдийг нь сондгой ургасан нэгэн нарс түшүүлж тавихыг тушаагаад:
— Хэн нэгэн хүнд хэрэг болж мэднэ гэв.
Мөчийн төдий ч амсхийх чөлөө өгсөнгүй. Хөл нүцгэн Галя Четвертакийг ч үл өрөвдөн,
— Нөхөд улаан цэргүүдээ яльгүй хүчлэх үлдлээ. Голын цутгалангийн дэргэд амарна гэв.
Гүвээн дээр гартал нарсны завсраар гол урсах харагдлаа. Алтлаг элсэн эрэгтэй тэр цутгалан тув тунгалаг харагдлаа.
Хонгор шар үст Женя,
— Ура!.. охидоо усанд орж, наранд шарах газар байна хэмээн хашгирав.
Хөөрч баярласан охид хашгиралдан шуугиж, явдал дундаа үүргэвч, шинелээ хаяад гол руу ухасхийцгэхэд нь:
— Орхиод... номхон!.. гэж комендант хашгирав.
Бүгд таг чиг болж дороо зогсоод гайхаж, гоморхсон харцаар ширтэнэ.
— Элс гэнэ шүү!.. гэж ахлагч ууртай нь аргагүй дуугараад:
— Байлдагч хүн элс рүү буу зэвсгээ шиднэ гэнээ. Буугаа түшүүлж тавь, мэдэв үү? Сумны дайз, шинелээ нэг газар тавь. Угаалга хийх, биеэ засч янзлахад дөчин минутын хугацаа өгье. Би бутны цаана дуугарч холбоо барьж болох зайнд байх болно. Бага түрүүч Осянина та хэв журмыг зохицуул.
— Мэдлээ нөхөр ахлагч аа.
— За, ингээд гүйцлээ. Дөчин минутын дараа бүгд гутал хувцсаа өмсөж, юм хумаа цэвэрлэж янзлан бэлэн зэлэн болсон байна шүү.
Васков доошхиноо уруудаж, элстэй, эргэн тойрон буттай, гүн устай газар сонгон олж, зэр зэвсгээ aвч гутал хувцсаа тайчив. Охид нь чухам юу ярьж байгаа нь сайн дуулдахгүй, инээлдэх, хөөрөлдөх нь сонсогдоно. Тэгээд ч тэр үү, Васков чих тавин чагнасаар байлаа,
Федот Евграфыч юуны өмнө урт өмд, хөлийнхөө жийргийг дотуур хувцастайгаа угааж, чадлынхаа хэрээр мушгин, хатаахаар бургасны мөчирт дэлгэн тавив. Дараа нь биеэ хөөсөртөл савандаж, эргийн хөвөөгөөр дэвхцэж цовхчин, зоригоо чангалж аваад эргээс ногоорох эргүүлэг ус руу үсрэн орлоо. Хөвж гарвал голын мөс шиг хүйтэн ус чимчигнүүлэн амьсгаа авахад ч хэцүүхэн байлаа. Хар тэнхээгээрээ хашгирмаар байсан боловч «торгон цэргээ» айлгаж цочоохоос болгоомжилж биеэ барьж, дуртай дургүй шивнэх шахам чимээгүйхэн дуугарч савангаа арилгаад эрэг дээр гарлаа. Ширүүн алчуураар биеэ улайтал арчсаныхаа дараа дахин чих тавин чагнав.
Нөгөө хэд нь зугаалганд цугларсан юм шиг дүнгэнэлдэж бүгд л ам амандаа нэг юм хэлж, гагцхүү инээхдээ л нэг зэрэг нирхийтэл инээлдэж тэдэн дундаас:
— Ай Женя! Ээ мөн ч сайхан амьтнаа чи! гэж Четвертакийн бахдан хашгирах нь ялгарч сонсогдов.
— Урагшаа! гэж гэнэт Комельковагийн орилох сонсогдож, бутны цаана ус цалгиулах чимээ гарахыг ахлагч соислоо. «Ээ зайлуул усанд орцгоож байна» гэж тэр урамтай бодлоо. Баясан чарлалдах дуун орчны хамаг чимээ анирыг дарж байлаа. Германууд хол байгаа нь яамай даа. Охидын орилолдоон дундаас анхандаа юу ч ялгарч дуулдахгүй байснаа гэнэт Осянина:
— Евгения эрэг дээр гар! Одоохон гэж огцом хашгирах сонсогдов.
Федот Евграфыч ганцаараа инээд алдан тамхиа бүдүүн гэгч нь ороож «катюша» нэртэй хэт цахиураа цохин уугьсан уулнаас нь тамхиа асааж, тун ч яаралгүй тавтайхан татаж, хаврын сүүл сарын нарны дулаан илчинд ар зоогоо ээж хэвтэв.
Дөчин минутад нойтон хувцас хатахгүй нь мэдээж хэрэг. Гэтэл хүлээж бас болохгүй. Васков дотуур гадуур өмдөө нойтноор нь өмсч, золоор сэлэх хуурай жийрэг байснаар хөлөө ороож, гутлаа өмсөв. Цэрэг цамцаа өмсч, бүсээ бүслэн үүргэвч юүгээ аваад,
— Нөхөд байлдагчид аа, бэлэн үү? гэж хангинатал чанга асуусанд,
— Жаахан хүлээгээрэй! гэцгээв.
Ингэнэ гэдгийг яг мэдэж байсан юм! Федот Евграфыч жуумалзан инээж толгой сэгсрэн тэднийг шавдуулах гэж ам нээтэл, Осянина:
— За боллоо ирж болно! гэв.
Цолоор ахлах зэргийн хүнд «болно» гэж хашгирч байдаг байлдагчдыг хараач! Сайтар тунгаавал цэргийн дүрмээр тоглоом хийсэн хэрэг. Замбараагүй юм болж байна даа.
Харин ахлагч гэмгүйдээ нэг ингэж бодсон байжээ. Юу вэ гэвэл усанд орж, амарсны дараа комендантын сэтгэл Майн баярын үеийнх шиг тэнүүн сайхан байжээ. «Торгон цэрэг» нь нүүр гараа мөлчийтөл угааж цэвэр цэмцгэр хувцаслачаад ахлагчийг баясгалантай угтав.
— За нөхөд улаан цэргүүд ээ, бүгд журмаараа юу?
— Бүгд ёсоороо нөхөр ахлагч аа.
— Евгения маань усанд орсон.
— Сайн байна, Комелькова даарсангүй юу?
— Даарлаа ч гэсэн дулаацуулах хүнгүй юм чинь.
— Хурц хэлтэй гээч! Алив нөхөд байлдагчид аа жаал жуул юм идчихээд нэг их саатаад байлгүй хөдөлцгөөе.
Давсалсан загас, талхтай хольж зуушилцгаав. Ахлагч энэ удаа өлтэй хоолоо гаргасангүй. Дараа нь ахлагч бүтэлгүй Четвертакт шаахай урлаж өглөө. Сэлгүүр ороолтоороо хөлий нь ороож бас хоёр ноосон оймсоо (эзэгтэй нь нэхэж, бэлэглэсэн) гадуур нь өмсгөж, шинэхэн үйсээр ул хийж, хөлд нь тааруулж хуйлж нугалаад шархны ороолтоор боолоо.
— Дажгүй юу!
— Тун аятайхан боллоо. Баярлалаа, нөхөр ахлагч аа.
— За нөхөд байлдагчид аа аян замдаа оръё. Бид дахиад бүтэн цаг хагас таваргах хэрэгтэй байна. Бас очсон хойноо ч газрын байдлыг ажиглаж, «зочдоо» хүлээж авахаар бэлтгэх хэрэгтэй...
Тэрээр охидыг шавдуулан банзал тэргүүтэн нь явдал дундаа хатахаар элдэв. Охид ч мөчөөгөө өгсөнгүй, зөвхөн царай нь улайцгаажээ.
— Алив нөхөд байлдагчид аа, шалавлая. Миний хойноос гүйгээд!..
Ахлагч амьсгаагаа давхацтал гүйв. Мөчийн төдий амьсгаагий нь даруулаад дахиад л:
— Миний хойноос... Гүйгээд! гэв...
Вопь нуурын эрэгт ирэхэд нар баруунаа хэвийж байв. Нуурын ус эргийн сайрыг илбэн чимээгүйхэн давалгаалж, эргээр нь ургасан нарс мод үдшийн сэрүү орсон мэт сэрчигнэнэ. Ахлагч нуурын мандлыг хичээн гүйлгэн харавч нэг ч завь харагдсангүй, сэр сэр үлээх салхийг хичнээн шиншин үнэрлэвч хаанаас ч утаа үнэртсэнгүй. Дайны өмнө ч гэсэн энэ нуагт хүн амьтан ховор байсан билээ. Одоо бүр эзгүйрч гүйцээд, мод огтлогч, загасчин, давирхай нэрэгчид бүгдээрээ фронтод явсан мэт байлаа.
— Яасан чимээ аниргүй нам гүм юм бэ? Бүгдээрээ унтаад өгсөн юм шиг гэж чанга дуутай Евгения шивнэв.
— Зүүн эргээс нь Синюхины хадан хясаа эхэлдэг юм гэж Федот Евграфыч тайлбарлан, энэ хясааны нөгөө талд бас нэг нуур бий. Легонтын нуур гэдэг юм. Легонт гэдэг хочтой хар лам энд суудаг байсан гэлцдэг. Даян хийх гэж чимээ аниргүй газар хайж явсан юм байх.
Үнэндээ анир чимээгүй газар байна гэж Гурвич санаа алдлаа.
— Германчуудад хоёр нуурын хоорондхи энэ хясаа дамжиж ирэх ганцхан л зам бий. Тэнд нь цавчим хад, байшингийн чинээ том том чулуунаас өөр юм байхгүй. Энд л бид байрлалаа сонгох хэрэгтэй. Байрлал сонгож олоод, хоол идэж амарч байгаад дайснаа хүлээнэ. Зүйтэй юу, нөхөд улаан цэргүүд ээ?
Нөхөд улаан цэргүүд нь дуугаа хурааж бодолд автавцгаав.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.28.14 11:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6375
Bookcracker wrote:
... Комельковагийн амь үрэгддэг хэсэг дээр хоолой зангираад, нулимс цийлэлзээд л явчихдаг байж билээ...

Бүүк өөр иймэрхүү эх орны дайнтай гоё ном мэдэх үү.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.28.14 11:33 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
last_mogican wrote:
Goyo nom bnshuu.

Гоё гоё. Номыг нь уншихад киног нь үзэж байгаа юм шиг, киног нь үзэхэд номыг нь уншиж байгаа юм шиг л санагддаг юм. Монголоор уншихад сайхан байна шүү. Бага нас санагдах шиг л болж байна. Баярлаад баршгүй :cheerleader: 14-хөн бүлэгтэй юм чинь дор нь оруулах байлгүй.
...А немцы ранили ее вслепую, сквозь листву, и она могла бы затаиться, переждать и, может быть, уйти. Но она стреляла, пока были патроны. Стреляла лежа, уже не пытаясь убегать, потому что вместе с кровью уходили и силы. И немцы добили ее в упор, а потом долго смотрели на ее гордое и прекрасное лицо…
Энэ хэсэг дээр одоо ч хоолой зангираад л байдаг юм... :bawling:


Last edited by Bookcracker on Mar.28.14 11:38 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.28.14 11:33 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
croft wrote:
Бүүк өөр иймэрхүү эх орны дайнтай гоё ном мэдэх үү.

Зөндөө зөндөө :wink:


Last edited by Bookcracker on Mar.28.14 11:35 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.28.14 11:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6375
Ашгүй тоочоод байгаарай. Дараа гадуур харж явъя. Би ер нь бараг л уншиж байгаагүй юм байна шүү.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.28.14 11:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6217
Location: Энд
За гоё унших номтой боллоо. Баярлалаа Крофтоо :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.28.14 11:55 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
croft wrote:
Ашгүй тоочоод байгаарай. Дараа гадуур харж явъя. Би ер нь бараг л уншиж байгаагүй юм байна шүү.

Монгол хэлээр хэвлэгдсэн номнуудаас хамгийн түрүүнд Владимир Карповын ""Хэл" барих хэцүү даалгавар" -г санал болгоё доо. Надад их таалагддаг юм :col: . Арай нимгэн гэвэл Василь Быковын "Чонын сүрэг" шинээр хэвлэгдсэн харагдсан.


Top
   
PostPosted: Mar.29.14 12:12 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6375
Бүүк ер нь хэзээ ямагт засрашгүй спойлоо хийсээр явах юмаа :hihi:.

Би сүүлийн үеийн хэвлэлтийн номуудыг нэг их тоодоггүй. Яах вэ социализмын үеийнхээс мэдэхээ хэлээрэй. Намайг ч номын тэнгэр овоо ивээгээд байдаг юм шүү.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.29.14 12:27 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
croft wrote:
...спойлоо хийсээр явах юмаа :hihi:.
Мартин өвөөгийн ном орохгүй байхаар уйдаад... :hihi:
croft wrote:
Би сүүлийн үеийн хэвлэлтийн номуудыг нэг их тоодоггүй. Яах вэ социализмын үеийнхээс мэдэхээ хэлээрэй. Намайг ч номын тэнгэр овоо ивээгээд байдаг юм шүү.
Тэгвэл социализмын үеийн хэвлэл нь хуучин номын худалдаанд байгаа байхаа.
Борис Полевойн "Жинхэнэ хүний тууж" зэрэг бүхний мэддэг ном болон Алекса́ндр Покры́шкины "Дайны тэнгэр" мэт дурдатгал зохиолуудыг биш цэвэр уран зохиолын ном сонирхож байна гэж ойлголоо. :wd:
Харин Крофт гүүшийн унших ном заавал монгол хэлээр байх хэрэг байна уу ... :haha:


Top
   
PostPosted: Mar.29.14 12:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
Эх орны дайны тухай зохиолууд гэхээр хронологийн дарааллаараа бол Л.Рубинштейны «Ялалтын зам», Н.Поповын «Бородиногийн тулаан», Л.Толстойн «Дайн ба энх» гээд эхэлсэн нь дээр байхаа. Харин тэр Карповын номын хувьд бол Хамба шарилжтан тэргүүтэн хэдэн гар Гитлерийн төрсөн өдрийг тэмдэглэсэн тухай хэсгээс бусад нь нэг их сонирхолтой биш санагдсан шүү :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.29.14 1:08 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Саруул өөрөө ганц ном оруулахгүй юм уу. GOT-ыг оруулахаа байсан чинь уранзохиолын форум хүнгүй боллоо.

Коогийд бид ямар цалин мөнгө өгдөг биш. Юун олон ном оруулах даалгавар өгөөд байнаа хөөе. Наад хүн чинь цалин авдаг, мөнгө олдог ажлаа хийх хэрэгтэй биздээ.

ps. Саруул, Бооккракер 2-ыг нэг нэг ном оруулна гэвэл би ч гэсэн нэг ном сканнердаад, finereader-дээд, алдааг засаад оруулж болно шүү.


Top
   
PostPosted: Mar.29.14 1:15 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6375
Аан зүгээр намайг сонирхож унш гэж байх шиг байна :hoho:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.29.14 1:23 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
croft wrote:
Аан зүгээр намайг сонирхож унш гэж байх шиг байна :hoho:.


Яалаа гэж. Коогий мэргэн шиг оруулсан номоо дуустал оруулдаг хүн цөөн шүү. Мэдээж энэ номоо ч гэсэн дуусгах байлгүй.

Чамайг ажил ихтэй гэсэн болохоор олон ном оруулаад байж чадахгүй байх л гэж хүмүүст ойлгуулах гэсэн юм. Илүү юм бичсэн бол уучлаж ажаамуу. :angel:


Top
   
PostPosted: Mar.29.14 2:00 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Саруул wrote:
Эх орны дайны тухай зохиолууд гэхээр хронологийн дарааллаараа бол Л.Рубинштейны «Ялалтын зам», Н.Поповын «Бородиногийн тулаан», Л.Толстойн «Дайн ба энх» гээд эхэлсэн нь дээр байхаа. Харин тэр Карповын номын хувьд бол Хамба шарилжтан тэргүүтэн хэдэн гар Гитлерийн төрсөн өдрийг тэмдэглэсэн тухай хэсгээс бусад нь нэг их сонирхолтой биш санагдсан шүү :hihi:

Би бээр Крофт мэргэн "Эх орны дайн" гэж Дэлхийн II дайныг хэлсэн гэж ойлгосон тул бүтэн зууны өмнөх үйл явдал өгүүлсэн дээрх номнуудыг яригдаж буй дайнд ямар ч хамаагүй хэмээн мунхаглав. Тэгээд ч эдгээрийг "Их гүүш" өдий болтол уншаагүй байна гэж бодсонгүй. Н.Поповын «Бородиногийн тулаан» хүүхдэд зориулсан ном гэдгийг дурдаад ч яахав :wink: .
"Хамба шарилж"-ны салааныхан надад бол таалагддаг. Харин зузаан юм байна гээд уншихаасаа залхуурсан нэг хүнд сонирхолтой санагдаагүй гэж байсан тал бий нь ч бий шүү... :hihi:
Хүн хүний бодол өөр. Крофтод уйтгартай санагдвал уншихгүй л орхичихно шүү дээ. Би зүгээр санал болгосон төдий :lol: .


Top
   
PostPosted: Mar.29.14 3:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6375
5

Васков угаас өөрийгөө үеийнхнээсээ ахмад хүн гэж тооцож сурчээ. Арван дөрвөн настайдаа эхнэр хүүхэдтэй зарим эрээс дутуугүй зүтгэж эхлээгүй бол гэр орныхон нь өлбөрч үхэж мэдэх байсан билээ. Ядахдаа амьдрал төвхнөөгүй өлсгөлөн ядуурал элбэг байсан үе билээ. Тэгэхэд Васков гэртээ эр хүйстэйгээс ганцаар үлдэж, ганц хөдөлдөг нь, олдог нь, тэжээдэг нь болсон юм. Зун нь тарианы ажил хийж, өвөлд нь агнаж явсаар хорь хүрсэн хойно хүнд амрах бүтэн сайн өдөр гэж байдгийг мэджээ. Дараа нь армид aлба хаах болсон... Цэргийн алба гэдэг хүүхдийн цэцэрлэгт хүмүүжихтэй адилгүй шүү дээ. Армид буурьтай төлөв эрсийг хүндэтгэдэг болохоор Васков армийг хүндэтгэх болжээ. Тэгээд амьдралынхаа энэ шатанд ч гэсэн тэр, залуужсангүй, харин бүр ахлагч цол болжээ. Ахлагч гэдэг бол ахлагчийг хэлдэг юм болохоор цэргүүдийн дунд ямагт ахмад нь байдаг боллоо. Тийм ч дүрэмтэй юм хойно доо.
Федот Евграфыч нас сүүдрээ ч мартчихсан байв. Тэр өөрийгөө жагсаалын цэрэг, дэслэгч нараас ахмад, бүх хошуучтай чацуу, ямар ч хурандаагаас хэзээд бага залуу гэж үздэг болжээ. Үнэндээ энэ бол тушаалын эрэмбийг баримталсан ч хэрэг биш, ердөө л ертөнцийг үзэх сэрэл нь тийм болсон байжээ.
Ийм ч учраас өөрийнхөө захиргаанд ирсэн энэ охидын дэргэд өөрийгөө ахмад үеийн хүн гэж бодно. Яг л иргэний дайнд оролцож, Лбищенск хотын дэргэд Василий Иванович Чапаевтай хамт цай ууж явсан юм шиг сэтгэдэг байлаа. Энэ нь түүний оюун санааны хөгжил юм уу, ямар нэг адтай тангараг өгснөөс ч болсон хэрэг биш, ердөө л байж байгаа байдал нь ахлагчийнхаа ажил амьдралын эрхээр ийм болжээ.
Васковын толгойд өөрийгөө наснаасаа илүү хэрсүүд хүн гэсэн бодол хэзээ ч орж байсангүй. Гагцхүү намуухан, гэгээтэй энэ шөнө эргэлзэх сэтгэл төржээ.
Уг нь шөнө болох яагаа ч үгүй, байрлалаа сонгож байлаа. Байлдагчид нь хадан дээгүүр ямаа шиг дүүлж Васков ч тэднийг дагаж харайж дүүлэхэд хэнээс ч дутахгүй чадаж байгаагаа гайхав. Тэгж гайхаад хөмсөг зангидан хүрлийж, даруй алхаагаа саан төлөв намбатай болж, хад чулуу өөд хэдэнтээ мацан авирч байж гарах болов.
Үнэндээ бол энэ гол нь биш байлаа. Хамгийн гол нь тохирох сайн байрлал олжээ. Гүн нуугдах бололцоо сайтай, ойгоос нуур хүртэлх өргөн зайг хянаж болохуйц газар олж авлаа. Тэр байрлал нь нуурын зах хэмжин хонины дух аятай зурваслан, эргийн дэргэд нарийхан зурвас задгай газар орхиж тогтсон байв. Тэр зурвасаар германууд явахад хүрвэл гурван цаг хадан хясааг тойрох хэрэгтэй байхад Васков бол чулуу дамжин шулуухан ухарч бэлтгэл байрлалаа эзлэн дайсныг тосч болох юм. Энэ бол ямар ч аюулгүй болгох гэж ингэснээс биш, хоёрхон дайсныг гол байрлалынхаа дэргэд лав дөнгөчих бизээ.
Байрлалаа сонгож авсны дараа Федот Евграфыч цагаа тооцооллоо. Түүний тооцоолсноор бол германуудыг дахиад дөрвөн цаг хүлээх хэрэгтэй учир хоёр хүний дунд аяны жижиг тогоогоор нэг оногдохоор халуун хоол хийх тушаал өглеө. Лиза Бричкина саналаараа тогооч хийхээр болж, түүнд хоёр охиныг туслуулахаар өгч, гал түлэхдээ утаа гаргахгүй байхыг даалгав.
— Утаа гаргах л юм бол хийж байгаа хоолыг чинь тэр чигээр нь гал руу юүлнэ шүү. Ойлгов уу?
— Ойлголоо гэж Лиза доройхон дуугарав.
— Үгүй, нөхөр байлдагч ойлгоогүй байна. Ойлгосон бол надаас сүх гуйж аваад, туслахуудаа xyypaй мод цавчуулахаар явуулах байсан юм. Тэдэнд тэгээд цавчихад чанга дуугарах хуурай мод байх ёстойг хэлж өгөх байсан. Тийм мод шатахдаа утаагүй, халуу дүүгүүлдэг юм.
Тушаал бол тушаал, гэвч биеэр үлгэрлэн харуулахын тулд хуурай мод олж огтлон, гал өрдөж үзүүллээ. Осянинатай хамт байрлал эзлэн суухдаа байн байн тэр зүг харна. Утаа гарсангүй, зөвхөн хадан дээгүүр агаар үл мэдэг жирэлзэнэ. Үүннйг ажиглаж мэдэхэд дадсан нүд хэрэгтэй. Мэдээжээр германчууд үүнийг ялгаж харах нүд байхгүй л дээ.
Гурван бүсгүйг хоол хийж байх зуур Васков баг түрүүч Осянина, байлдагч Комелькова нартай хамт хясааг бүхэлд нь самнан шалгав. Буудах хэсэг, баримжаалах цэгийг нарийвчлан тодорхойлов. Баримжаалах зайг Федот Евграфыч алхмаар хэмжин шалгаж, дүрэм ёсоор зураг дээр тэмдэглэв.
Тэгтэл хоол болжээ. Хамт явдаг журмаараа хос хосоор суухад Васков байлдагч Гурвичтай хамт нэг тогооноос хооллох болов. Гурвич даруу зан гарган байн байн хоосон шахам халбагадаж, хоолныхоо дөмгийг орхиод байхаар нь дургүйцэж:
— Нөхөр хэлмэрчээ, тогооны ёроолыг дэмий хутгаж байна. Би ямар нялх хүүхэд биш, надад хоол үлдээгээд байсны хэрэггүй. Цэрэг хүний ёсоор эцээхэн ид.
— Эцээхэн идэж байна шүү дээ гэж Гурвич инээмсэглэв.
— Харж байна. Хаврын турлиах шиг туранхай байна.
— Миний төрөлхийн галбир ийм юм чинь.
— Төрөлхийн галбир гэнэ үү?.. Бричкинаг харахгүй юу, бид адилхан л яс махаар бүтсэн хүн. Тэгэхэд бие галбирыг нь хараач... Нүд дүүрэн байгаа биз дээ.
Хоолны дараа цай ууцгаалаа. Федот Евграфыч маршилж явах замдаа аньсны навч түүснээ чанажээ. Хагас цаг амарсны дараа ахлагч тэднийг жагсахыг тушаав.
— Байлдааны тушаал сонсоцгоо! гэж тэр хэдийгээр энэ тушаалынхаа зөв эсэхэд дотроо эргэлзэж байсан боловч ёслол төгөлдөр эхэлж:
— Вопь нуурын орчимд шүдээ хүртэл зэвсэглэсэн хоёр цэргийн бүрэлдхүүнтэй дайсан этгээд нууцаар Кировын төмөр зам хүрч, нөхөр Сталины нэрэмжит цагаан тэнгис-Балтийн тэнгисийн сувагт нэвтрэх зорилготой явж байна. Зургаан хүнээс бүрдсэн манай отрядад Синюхины хясаанд хориглон хамгаалалт хийж дайсныг амьдаар нь олзлон авах үүрэг өгсөн юм. Бидний зүүн хөрш Вопь нуур, баруун хөрш, Легонтын нуур гээд ахлагч дуугүй болж, хоолойгоо засаад, тушаалаа эхлээд цаасан дээр бичдэг байж гэж харамсан бодсоноо залгуулан: — Би дайсныг гол байрлалд отож байгаад гал нээлгүй бууж өгөхийг сануулахаар шийдэж байна. Хэрвээ эсэргүүцвэл нэгийг нь буудан алж, нөгөөг нь ямар ч байсан амьдаар нь барина. Бэлтгэл байрлалд байлдагч Четвертак эд юмсаа хамгаалж байх болно. Байлдааны ажиллагааг зөвхөн миний командаар эхлэх хэрэгтэй. Өөрийнхөө орлогчоор бага түрүүч Осянинаг томиллоо. Хэрвээ түрүүч Осянинаг жагсаалаас гарвал байлдагч Гурвич орлох болно. Асуулт байна уу?
— Яахаараа би бэлтгэлд байдаг билээ? гэж Четвертак гомдонгуй асуув.
— Утгагүй асуулт байна, нөхөр байлдагч аа! Танд тушааж байна, тушаалыг биелүүлэх ёстой.
— Галя чи бидний ар тал, бэлтгэл хүч гэж Oсянина хэллээ.
— Асуулт алга. Бүх юм ойлгомжтой байна гэж Комелькова цовоолог дуугарав.
— Ойлгомжтой бол байраа эзэлцгээ.
Васков байлдагчдаа түрүүнд Осянинатай хамт ажиж тэмдэглэсэн байр байранд нь хуваарилж, баримжаа болгоныг зааж хэлж өгөөд. хулгана шиг чимээгүй хэвтэхийг дахин сануулав.
— Хэн ч хөдөлж болохгүй. Эхлээд би тэдэнтэй ярина.
— Германаар уу? гэж Гурвич ёжиллоо.
— Оросоор! Ойлгохгүй бол та орчуулна гэж ахлагч эрслэн хэлэв. Би ойлгогдохоор ярьж байгаа биз дээ? гэв.
Цөм дуугарсангүй.
— Тулалдааны үе та нар ингэж булталзаж байх юм бол ойр хавь эмнэлгийн батальон байхгүй шүү. Бас ээж чинь хол байгаа гэчээд ээжийн тухай огт хэрэггүй юм хэллээ гэж өөрийгөө дотроо зэмлэв. Үнэндээ ямар буудлагын сургууль хийж байгаа биш, жинхэнэ тулалдаан болно шүү дээ гэж өөрөө өөртөө уурлалаа.
Германчуудтай холоос байлдах хэрэгтэй. Та нарыг буугаа онилж ядсаар байтал чинь тэд шүүр шиг сийчиж орхино. Иймээс хэвтэж байхыг хатуу тушааж байна. Намайг «галла» гэсэн команд өгөөгүй байхад хэвтэж л байх хэрэгтэй. Үгэнд орохгүй бол эмэгтэй гэж өршөөхгүй шүү... гээд Федот Евграфыч үгээ тасалж, гараараа зангаад, — За гүйцлээ. Зааварчилга дууслаа гэлээ.
Ажиглах хэсгийг ялган зааж дөрвөн нүд давхар хянахаар бодож, хоёр хоёроор нь хуваарилав. Өөрөө дээш авиран гарч, дурангаар ой модыг нарийвчлан нүдээ чилтэл дурандлаа.
Нар хэдийн уулын орой дээр очсон боловч Васковын араар нь хэвтсэн чулуу халуун бүлээнээ алдаагүй байлаа. Ахлагч дурангаа хажуудаа тавьж, нүдээ анин амрав. Дорхиноо бүлээн чулуу зугуухан бүвээлэх мэт болж, Федот Евграфычийг нам гүм, амгалан тайван оронд нь аваачих шиг болоход нь үүргэлж байна гэдгээ ч ухаарч амжсангүй. Зөөлөн салхи сэвэлзэхийг мэдэж, шаржигнах шуржигнах чимээг сонсоод байх шиг хэрнээ халуу дүүгсэн ханзан дээр тааран дэвсгэрээ дэвсэхээ мартаж, энэ тухай эхдээ хэлэх минь яалаа гэж бүүр түүр санагдан, шалмаг хөдөлгөөнтэй жижигхэн биетэй ээж нь хүртэл үзэгдэж, тариачин айлын борви бохисхийх завгүй ажилтай хөөрхий эх нь хааяахан атга чимх нойр авдаг байсныг санав. Хүнд хүчир ажил, чийг бамаас болж тэнийхээ больсон мойног хуруутай туранхай үрчгэр гар нь харагдах шиг болов. Түлэгдсэн юм шиг, үрчлээ суусан нүүрнийх нь хорчгор арьсыг даган нулимс урсаж байхыг хараад нас нөхөцсөн Игорийгоо одоо болтол бодон уйлж, өөрөөсөө л болсон мэт биеэ зэмлэн гашуудаж байгааг нь ойлгов. Хөөрхий ээжийгээ аргадаж тайтгаруулах аятай үг хэлье гэтэл хэн нэгэн хүн хөлөөс нь татахад аавыгаа гэж бодон ухаан алдатлаа айв. Нүдээ нээн харвал Осянина хаданд авиран, хөлөөс нь татах ажээ.
— Германууд уу?.. гэсэнд:
— Хаана... гэж Осянина айсан янзтай дуугарлаа.
— Ээ, савдаг... харагдах шиг болсон юм.
Рита удаан гэгчийн ширтсэнээ, инээмсэглэн:
— Федот Евграфыч та дугхийгээд ав л даа. Би танд шинель авчирч өгье.
— Юу гэсэн үг вэ, Осянина. Би жаахан ядрах нь ядарчээ.
Тамхи татъя.
Доош буувал хадны дэргэд Комелькова үсээ самнаж байв. Задгай тавьсан үснийх нь цаанаас нуруу нь үл харагдана. Самаар самнахад гар нь хүрэхгүй, дундаас нь барьж өргөнө. Өтгөн зөөлөн үс нь тунаран шаргалтана. Үсээ самнах гар нь ч хүртэл алгуур тайван хөдлөх аж.
— Будмал юмуу даа? гэчээд өөдөөс эгдүүтэй үг хэлж, энэ жирийн байдлыг алдуулах болов уу гэж айлаа.
— Үгүй угаасаа байгаа нь энэ. Би гэж сэгсийсэн амьтан байна уу? гэж дуугарав.
— Зүгээр гэмгүй.
— Та сэтгэл зовсны хэрэггүй шүү, тэнд Лиза Бричкина ажиглалт хийж байгаа. Тэр чинь хараа сайтай бүсгүй.
— Зүгээр, зүгээр. Наад үс гэзгээ янзал.
Ээ савдаг гэж. Бас нэг бүдүүлэг үг амнаас нь уналаа! Яая гэх вэ дүрэмд байдаг юмыг чинь. Ай даа Васков чи хөвчийн бор баавгай шиг мангуу амьтан!
Ахлагч хөмсөг зангидан, тамхи баагиулав.
— Нөхөр ахлагч аа, та эхнэртэй юу?
Харсан чинь гал шаргал үсний нь цаанаас ногоон нүд ширтэж байв. Зуун тавин хоёр миллиметрийн гаубица их буу шиг ер бусын хүчтэй нүд гээч.
— Эхнэртэй, байлдагч Комелькова.
Өөрийн эрхгүй худал хэлчихэв. Гэвч ийм хүнд ингэж хэлсэн нь дээр. Хэн нь хаана, ямар байр эзлэхээ мэдэж авна.
— Эхнэр чинь хаана байдаг юм бэ?
— Мэдээж хэрэг, гэртээ л байхгүй юу.
— Хүүхэдтэй юу?
— Хүүхэд үү?.. гэж Федот Евграфыч санаа алдсанаа, — Хүү байсан, үхсэн. Дайны өмнөхөн гэв.
— Үхсэн гэнээ?.. гээд үсээ хойш нь хаяж, сэтгэлийг нь дэнсэлтэл ширтэв. Яах аргагүй дэнсэлгэж орхилоо. Тэр бүсгүй өөр юу ч хэлсэнгүй. Тайтгаруулсан тоглоом тохуу хийсэн, жирийн явган үг ч хэлсэнгүй, иймээс ч Васков биеэ барьж чадсангүй санаа алдаж:
— Эхийн нь халамж дутсан юм даа гэв.
Ингэж хэлчихээд харамслаа. Харамссандаа болж тэр дороо босон харайж, шалгалтад орох гэж байгаа юм шиг цэрэг цамцаа дугтран засав.
— Осянина, наана чинь ямар байна вэ?
— Юу ч алга, нөхөр ахлагч аа.
— Ажиглалтаа үргэлжлүүл!
Тэрээр ийнхүү байлдагч нар дээрээ ээлж дараалан очив.
Нар хэдийнээ жаргасан боловч үүр цайхын өмнө юм шиг гэрэл гэгээтэй байлаа. Байлдагч Гурвич хадны ард ном уншиж байлаа. Залбирал унших мэт хүнгэнүүлэхий нь Федот Евграфыч ойртож явахдаа сонсов.

Манант тэр жилүүдэд төрсөн бид, замаа
Марталгүй санаж яахин чадах билээ.
Аймшигт догшин цагт оросын үрс болсон бид
Аанай л гэвч юуг мартах билээ.
Уулгалах он жилүүдэд чамд
Уймрал, итгэл найдвар минь шингээ юу.
Утаат дайн, эрх чөлөөний
Улаан туяа нүүрэнд чинь тодорно.

Дэргэд нь очоод:
— Хэнд уншиж өгч байгаа юм бэ гэж асуув.
Хэлмэрч бүсгүй ичингүйрч (ямар ч гэсэн ажиглалт хийхийг тушаасан шүү дээ) номоо хойш нь тавин босох гэв. Ахлагч гараа сэгсэрч:
— Хэнд уншиж өгч байгаа юм бэ гэж асууж байна шүү.
— Хэнд ч биш, өөрөө өөртөө.
— Тэгвэл дуудаж уншдаг нь юу вэ?
— Шүлэг шүү дээ гэхэд нь Васков сайн ойлгоогүй боловч,
— Аа мөн.. гээд номыг нь авч үзвэл гранатын заавар шиг нимгэн ном байлаа. Хуудсыг нь эргүүлж үзэнгээ,
— Нүд чинь муудна шүү гэсэнд,
— Гэгээтэй байна, нөхөр ахлагч аа.
— Ер нь хэлж байна... За ингэхэд чулуун дээр битгий суу. Хөрөхөөрөө чамайг мэдээгүй байхад чинь хамаг биеийн чинь илчийг татчихна. Шинелээ дэвс.
— Баярлалаа, нөхөр ахлагч аа.
— Ямар ч атугай чанга уншсаны хэрэггүй. Орой болохоор агаар их чийглэг, нягт болж, энд өглөө үдэш нам гүм байдаг болохоор таван мод газар ч чимээ нь сонсогдоно. Бас ажиглалт хий, сайн ажиглаарай байлдагч Гурвич.
Нуурт ойрхон газар Бричкина байрласан ажээ. Федот Евграфыч бүр холоос инээмсэглэн, ёстой хийморьтой бүсгүй шүү гэж бодож явав. Бричкина гачуур модны саглагар мөчир хугалан чулууны хооронд хэвтэр засч дээр нь шинелээ дэвсжээ. Хашир хүн гэлтэй. Тэгээд бүр,
— Бричкина чи аль нутгийнх вэ? гэж сонирхсонд,
— Брянскийнх, нөхөр ахлагч аа.
— Хамтралд ажиллаж байсан уу?
— Ажиллаж байсан. Голдуу эцэгтээ тусалдаг байсан. Эцэг маань ой хамгаалагч байсан юм. Ойн харуулын байранд бид суудаг байлаа.
— Тийм байх аа, нугас дуурайхдаа сүрхий байсан юм.
Бүсгүй инээд алдав. Эд маань инээхтэйгээ л байгаа юм байна даа.
— Юу ч ажиглагдсангүй юу?
— Одоохондоо тайван байна.
— Бричкина, чи бүгдийг сайн ажиглаарай. Бутны мөчир хөдлөх нь үү, шувуу үргэх нь үү. Чи ойд сууж байсан хүн болохоор бүгдийг мэдэх учиртай.
— Мэднээ.
— Уухайсдаа...
Ахлагч хэлэх гэснээ хэлж, зааварлах гэснээ зааварлаж дууссан шиг атал явах гэхлээр хөл нь урагш ахихгүй, дороо хавьчиж байлаа. Энэ бүсгүй нэг л өөрийн хүн шиг дотно санагдах агаад ойд сууж сурсан хүний ёсоор байрлалаа эвтэйхэн зааж тухалсныг үзээд өнөөдөр зүүдэнд нь орсон төрөлх орос ханз шиг нь дулаан бүлээн санагдаж, хоргодмоор бодогдов.
— Ай Лиза, Лиза, Лизавета минь, амар мэндээ мэдэгдэхгүй яав, аялгуу дуугаа дуулахгүй яав, амраг сэтгэл чинь хувираа юу? Аль эсвэл муудаа юу гэж эв дүй муутайхан дуулснаа:
— Манай нутагт ингэж дуулдаг юм гэвэл,
— Манай нутагт бол... гэтэл:
— Дараа хамт дуулъя Лизавета. Байлдааны тушаалыг биелүүлчихээд хамт дууламз гэв.
— Нээрээн биз? гэж Лиза инээмсэглэлээ.
— Амласнаас л хойш...
Ахлагч санаандгүй сээтэндэж нүд ирмэснээ өөрөө гайхаж, зовсондоо малгайгаа засч өмсөөд эргэв. Бричкина хойноос нь:
— Нөхөр ахлагч аа, мартуузай. Амласан шүү! гэх дуулдав.
Ахлагч түүнд хариу хэлээгүй боловч хясаа давж бэлтгэл байрлал хүрэн хүртлээ замын турш инээмсэглэн явлаа. Тэнд очоод хоромхон зуур инээмсэглэхээ больж, байлдагч Четвертак хаа нуугдчихав гэж эрлээ.
Тэгтэл байлдагч Четвертак хадны ёроолд шуудай дээр шинелээр мухлайдан, гараа ханцуйлаад сууж байна. Шинелийн босгосон захны цаагуур толгой нь даавуу малгайтайгаа далд орж, захны нугалаасны завсраар жижиг улаан хамар цухуйж харагдлаа.
— Чи юундаа уйтгарлаа вэ нөхөр байлдагч аа?
— Даарч байна..
Ахлагчийг гараа сунгасанд тэр бүсгүй цочин зайлав. Өөрийгөө барих гэж ирлээ гэж бодсон юмуу даа тэнэг жаал охин чинь..
— Ай тэнгэр, чи битгий зугтаад бай. Духаа нааш нь болго, алив?
— Хүзүүгээ сунгахад нь ахлагч духыг нь барьж үзтэл, халуун шатаж байв. Халуунтай байна. Савдаг аваасай чамайг!
— Нөхөр байлдагч аа, чи халуурч байиа. Өөрөө мэдэрч байна уу?
Дуу гарсангүй. Нүд нь тугалынх шиг уйтгартай. Хэн ч харсан өрөвдмөөр. Намаг гэдэг чинь ийм гайтай эд шүү дээ, нөхөр ахлагч Васков аа. Энэ байлдагч гутлаа гээчээд байхад чи хаврын хавсарганд хамаагүй яаруулж шамдуулж байж энэ дээ. Нэг байлдагч байлдах чадваргүй болж, бас баг цэрэгтээ тээр боллоо. Чиний л халамжгүйгээс боллоо гэж Васков өөрийгөө зэмлэн бодов. Федот Евграфыч үүргэвч уудлан маш чухал цагт хэрэглэх гэж нандигнаж хадгалсан долоон зуун тавин грамм спирттэй бортгоо гаргаж жаахныг аягалаад:
— Энэ чигээр нь уучих уу, аль эсвэл шингэлэх үү? Гэсэнд,
— Юу юм бэ? гэжээ.
— Усан эм. За яагаав спирт. Тэгээд яах вэ?
Бүсгүй гар сэгсрэн хойшоо ухарч:
— Пээ та юу ярина вэ? Юу гэсэн үг вэ? гэлээ.
— Уухыг тушааж байна.. гээд ахлагч хэсэг бодсоноо яльгүй ус нэмэв.
— Уу, хойноос нь усаар даруул гэв.
— Үгүй, яаж болох вэ...
— Дуугүй уу!..
— Нээрээ юу гэсэн үг вэ! Миний ээж эмнэлгийн ажилтан хүн..
— Энд ээж чинь алга. Дайн болж байна, германууд байна ахлагч Васков би байж байна. Ээж чинь энд алга. Дайныг эсэн мэнд дуусгасан улс л эхтэйгээ уулзана. Ойлгов уу?
Галя хахаж цацан, нулимс урсгаж байж арайхан угаад хөхүүлэн ханиалгав. Федот Евграфыч гараараа ар нуруу руу нь аяархан цохилсонд, гайгүй боллоо. Алгаараа нулимсаа арчин байж инээмсэглээд:
— Миний толгой эргэлдээд байна! гэлээ.
— Маргаашнаас эргээ нь гарнаа, гайгүй.
Хуурай мөчир авчран дэвсэж, шинелээр хучиж өгөөд,
— Нөхөр байлдагч амарч бай! гэв.
— Та өөрөө шинельгүй яах вэ?
— Би эрүүл хүн, зоволтгүй. Маргааш гэхэд эдгээрэй. Гуйя, эдгэж л үзээрэй.
Эргэн тойрон нам гүм болов. Ой мод, нуур, ус, агаар, тэнгэр хүртэл бүгд л аниргүй болж нэгийг хүлээлээ. Шөнө дунд өнгөрч, маргааш өдөр эхэлж байхад өнөөх германуудын бараа туруу ч алга. Рита Васковын царайг байн байн харж, хоёулхнаа үлдсэн хойно:
— Дэмий хүлээж суугаа юм биш биз? гэж асуув.
— Дэмий ч байж магад Васков санаа алдаад,
— Гэхдээ үгүй байлгүй дээ. Чи л модны хожуулыг герман цэрэг гэж андуураагүй бол.
Энэ үеэр комендант байрлалаас ажиглалт хийхийг болиулж, байлдагч нарыг бэлтгэл байрлал руу илгээж гацуурын мөчрөөр дэвсгэр хийж, сэрээх хүртэл унтахыг тушаав. Өөрөө гол байрлал дээр үлдэхэд Осянин ч мөн хоцров.
Германууд ирэхгүй байгаа нь Федот Евграфычийн санааг сүрхий зовоов. Тэд ерөөс энд ирэхгүй ч байж мэдэх юм. Өөр зам руу чиглэж ахлагчийн тааж бодсоноос тэс ондоо даалгавартай ч яваа байж мэднэ. Өдийд бөөн гай тарьж, дарга нарын нэгийг нь алчихсан юмуу, аль эсвэл чухал газрыг дэлбэлчихсэн ч байж мэднэ. Тэгсэн байвал ой самнан германчуудыг баривчлахын оронд ямар чөтгөрөө эрж хаашаа явсан учир начраа цэргийн шүүхэд тайлбарлаад нэмэргүй. Байлдагчдаа өрөвдсөн гэх үү? Эднийгээ шууд ил тулалдаанд оруулахаас айсан гэх үү? Тушаалыг биелүүлээгүйгээс хойш энэ бол цагаатгах зүйл биш. Яагаад ч шалтгаан биш.
— Нөхөр ахлагч та унтаад авахгүй юу. Үүрээр сэрээе..
Юуны чинь унтахтай манатай!
Комендант хэдийгээр дан ганц цамцтай байсан авч даарахыг ч мэдэрсэнгүй..
— Нойр ч яамай, Осянина. Тэр германуудыг алдах юм бол би чинь мөнх нойрсоно гэсэн үг.
Федот Евграфыч аа, тэр германууд одоо унтаж байгаа юм биш биз?
— Унтах ий?
— Тийм ээ. Тэд чинь хүн шүү дээ. Синюхины хясааг төмөр зам хүрэх ганц тохиромжтой зам гэж та өөрөө хэлээ биз дээ. Тэд одоо тэнд хүрэхэд...
— Байзаарай хө, Осянина хүлээгээрэй! Тавин мод газар, магадгүй яльгүй илүү байх, тэгээд таних мэдэхгүй газраар бас, дайралдсан бут сөөг бүрээс айж яваа улс, тэд чинь... Тийм биз? Зөв бодож байна уу?
— Тиймээ, нөхөр ахлагч аа, зөв бодож байна.
— Тэгвэл одоо тэнд чинь чөлөөтэй амарч байж мэдэх нь шүү дээ. Ойн аль нэгтээ, унасан дархи модны доогуур. Нар гартал унтана даа. Харин нар гарахаар... Тийм биз!
Рита инээмсэглэж, дахиад л түрүүчийнх шиг хүүхдээ энхрийлэн харах эхийн зөөлөн харцаар удаан гэгч нь ширтэв.
— За тэгэхээр та ч гэсэн нар гартал унтаж амар, би сэрээмз.
— Нөхөр Осянина, надад нойр хэрэг алга... Маргарита гээд эцгийн чинь нэрээр хэн гэж дууддаг вэ?
— Федот Евграфыч та намайг зүгээр л Рита гэхэд болно.
— Тамхилах уу, нөхөр Рита?
— Би тамхи татдаггүй.
— Тэднийг адилхан л хүн гэдгийг би мөчид ойлгожээ. Амрах ёстой гэж чи тун зөв санууллаа. Рита чи ч гэсэн явж амар.
— Би унтмааргүй байна.
— Тэгвэл хөлөө жийгээд хажуулж бай. Дасаагүй болохоор хөл чинь чилж байгаа биз дээ.
— Зүгээр зүгээр, би чинь харин дассан хүн шүү, Федот Евграфыч аа гэж Рита инээмсэглэлээ.
Гэлээ ч ахлагч Ритаг ятгаж үгэндээ оруулаад Рита асар удалгүй галын шугам болох тэр газар Бричкинагийн өөртөө зассан саглагар мөчир дээр хэвтлээ. Рита шинелээрээ хучин үүр цайтал зүүргэмлээтэхье гэж бодсон чинь унтаад өгчээ. Зүүдлэх ч үгүй үхсэн шиг нам унтаж, ахлагчийг шинелээсээ татахад нь сая сэрлээ.
— Юу болоов ээ?
— Чимээгүй! Сонсч байна уу?
Рита шинелээ ярж банзлаа засангуут босон xapaйв. Hap хэдийн мандан, хад чулуу ягаарч харагдав. Xартал тэртээх модны дээгүүр шувууд шаагилдан нисэж байлаа.
— Шувуу дуугарч байна.
— Шаазгай!.. гэж Федот Евграфыч аяархан инээгээд—Алаг булаг дахтай авгай нар шаагилдаж байна. Түүгээр хэн нэгэн нь явж шувуу үргээсний тэмдэг. Өнөөх «зочид» маань мөнөөс зайлахгүй. Осянина сэмхэн явж, байлдагчдаа сэрээ. Одоо даруйхан! Чимээгүйхэн нуугдаад яваарай.
Рита гүйлээ.
Ахлагч хуучин байрандаа, хамгийн урд талд бусдааc арай өндөр газар хэвтлээ. Гар буугаа шалгаж винтовоо сумлав. Өглөөний наранд гийсэн ойн цоорхойг сайтар дурандав.
Шаазгай бутдын дээгүүр эргэлдэн шаагилдсаар л байна.
Байлдагчид босоцгоон, дуу шуугүй байр байраа эзлэн хэвтлээ.
Гурвич, ахлагч дээр ирж:
— Сайн байна уу? Нөхөр ахлагч аа.
— Сайн сайн, Четвертак ямар байна вэ?
— Унтаж байна. Сэрээсэнгүй.
— Зүйтэй. Миний хажууд байж холбоо барь. Харин бүү цухалзаад байгаарай.
— Үгүй ээ, цухалзахгүй гэж Гурвич хэлэв.
Шаазгай бүр ойртон нисэлдэж, зарим газар бургасны үзүүр чичигнэж, тэр ч байтугай ирж яваа хүний хөлийн дор хуурай мөчир хугарч шажигнах шиг Федот Евграфычид санагдав. Дараа нь чив чимээгүй болох шиг, шаазгай ч тайвшрах шиг болсон атал ойн цоорхойд бутан дунд хүмүүс сууж байгааг ахлагч сайн мэдэж байв. Тэд тэндээс нуурын эрэг, энтээх ой мод, дайран гарах, одоогоор Васков нойрноос дөнгөж сэрсэн ягаахан царайтай байлдагчдынхаа хамт нуугдан буй хясааг ажиглаж суугааг лавтай мэдэж байлаа.
Нэгэн үйл явдал нөгөөд шилжиж, учир шалтгаанаас уламжлан үр дагавар гарч тохиолдол үүсдэг тааж мэдэхүйеэ бэрх учир битүүлэг мөч болов. Ерийн амьдралд хүн ийм мөчийг ер анзаарахгүй өнгөрдөг бол харин дайн самууны цагт хүний ухаан санаа чинээндээ хүртэл хөвчирч анхны хүй нэгдлийн үед л амьдралын гол агуулга болж байсан амьд явах, эсэн мэнд үлдэх бодол хамаг ухаан санааг эзэмдэнэ. Энэ мөч хөвчин биед мэдэгдэх эцэс төгсгөлгүй үргэлжлэн бодогдох бодит зүйл болно.
— Хөдөлцгөөгөөч, наашаа яваад ирээч.. гэж Федот Евграфыч аяархан шивнэн байлаа.
Тэртээх бургасны мөчир ганхаж, хоёр хүн мярайн гэтсээр модны цоорхойд гарч ирэв. Тэр хоёр цайвар ногоон цоохор нөмрөгтэй агаад нарны туяа тэдний чанх өөдөөс тусах учир комендант хөдөлгөөн бүрийг нь тов тодхон харж байлаа.
Хоёр герман автомат бууныхаа гохон дээр хуруугаа яг зэхэн бариад муур шиг сэмхэн мярайн гэтсээр нуур руу дөхөж явав...
Васков тэр хоёрыг ажихаа болив. Юу вэ гэвэл тэдний ард бургас дахин ганхаж автомат буугаа бэлэн барьсан цайвар ногоон хувцастангууд хойно хойноосоо цувран гарч ирсээр байлаа.
— Гурав... тав... найм... арав... гэж Гурвич шивнэн тоолно.
— Арван хоёр... арван... дөрөв... арван тав, aрван зургаа.. нөхөр ахлагчаа, арван зургаа байна..
Бургас ч хөдлөхөө болилоо,
Шаазгай тэртээд шуугилдсаар нисч одов.
Арван зургаан герман цэрэг ийш тийш хялалзан нуурын эргээр Синюхины хясаа чиглэн алгуур явлаа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.29.14 3:09 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6375
6

Федот Евграфыч насан турш дандаа л тушаал биелүүлж явсан хүн. Хэн юу тушаасныг түргэн шаламгай дуртай биелүүлж, бусдын хүсэл зоригийг ийнхүү яв цав гүйцэтгэхийг амьд явахын гол утга учир гэж ойлгож иржээ. Өгсөн үүрэг даалгаврыг ягштал биелүүлэгчийнх нь хувьд дарга нар нь түүнийг үнэлдэг бөгөөд өөр илүү юм ч шаардаж байсангүй. Тэрээр нарийн бодож тохируулсан асар том оньсон механизмын нэгэн дамжуулах араа шиг л өөрөө ч эргэлдэн бусдыг мөн адил эргэлдүүлж явахдаа энэхүү эргэлтийн хөдөлгөөн чухам хаанаас, яаж эхэлсэн, хаашаа чиглэсэн, хаана яаж, төгсдөгийг анзаарч сонирхдоггүй байлаа.
Германууд Вопь нуурыг хөвөөлөн алгуур боловч зогсолтгүй наашилж, ахлагч тийш, хад чулууны ард тушаасан ёсоор винтовын хүйтэн бөгс модонд хацраа наагаад хэвтэж байгаа түүний байлдагчид тийш дөтөлсөөр байв.
— Нөхөр ахлагч аа, арван зургаан хүн байна гэж Гурвич дуулдахтай үгүйтэй давтан хэлэв.
— Харж байна гэж Васков эргэж харалгүй хэлээд,
— Алив Гурвич явж, цааш нь дамжуул. Осянинад байлдагчдыг даруйхан бэлтгэл байранд очуул гэж хэл. Тун сэмхэн шүү, тун сэмхэн!.. Хөөе, чи хаачих нь вэ? Бричкинаг над дээр ирүүл. Нөхөр хэлмэрч ээ, мөлхөж явахаа мартав аа. Одоохондоо мөлхөж мацаж л амьдрах болно шүү.
Гурвич чулуун дунд хичээнгүйлэн гулсан мөлхөж одов. Комендант нэг юм эрэгцүүлэн бодож, нэг юм шийдэх гэсэн боловч толгойд нь юу ч орж ирсэнгүй, гагцхүү олон жил дасаж дадсанаараа дээд дарга нарт илтгэе гэсэн нэгэн бодол салахгүй эргэлдэнэ. Одоохон хэдхэн мөчийн дотор, командлалд байдал өөр боллоо, бидний өөрсдийн хүчээр Кировын төмөр зам, Сталины нэрэмжит сувгийн алиныг ч хамгаалж чадахгүй нь гэдгээ илтгэмээр санагдав.
Отряд нь ухарч байраа сольж эхлэв. Нэг нь буугаа хангинуулах, нөгөө нь чулуу нураах сонсогдоно. Хэдийгээр германууд сонсохгүйгээр хол байсан боловч энэ бүх чимээг Федот Евграфыч бүхий биеэрээ мэдэрч, сонсох бүрийдээ яс нь хавтайна. Ай даа, дайз дүүрэн сумтай пулемёт учир мэдэх олигтойхон туслах байдаг болоосой. Хөнгөн пулемёт ч хэрэггүй, тус автоматтай гурвын зэрэг самбаалаг эр байдаг болоосой... Даанч түүнд пулемёт ч, олигтойхон эрчүүд ч байсангүй, харин тав таван дайз сум бүхий винтов буутай тавхан хөнгөмсөг бүсгүй л байлаа. Иймээс ч хаврын сүүл сарын сүүдэрлэг сэрүүвтэр тэр нэгэн өглөө ахлагч Васковын хөлс нь цутгаж байлаа.
— Нөхөр ахлагч аа... нөхөр ахлагч аа,
Комендант ханцуйгаараа хөлсөө хичээнгүй арчсаныхаа дараа сая эргэж харав. Энэхэн дэргэд мэлтэлзэх яахын ч аргагүй хурц сэргэлэн харцтай тулгарангаа нүд ирмэж:
— Хөгжилтэй байгаарай, Бричкина. Тэд арван зургуулаа байгаа нь бүр ч аятайхан хэрэг ээ. Мэдэв үү?
Чухам яахаараа арван зургаан хорлон сүйтгэгч хоёрхон дайснаас дээр байдгийг ахлагч тайлбарлах гэж оролдсон ч үгүй. Лиза түүний үгийг зөвшөөрөнгүй толгой дохин итгэл муутай л инээмсэглэлээ.
— Буцах замаа сайн мэдэж байгаа биз?
— Мэдэлгүй яахав, нөхөр ахлагч аа.
— Тийшээ хар. Германуудын зүүн талаар нарсан төгөл байна. Түүгээр өнгөрөөд ойн цоорхой дагаж нуурын хөвөөгөөр яв.
— Таны хуурай мод цавчиж байсан тэр газар уу?
— Яг тийм, сэргэлэн бүсгүй байна чи! Тэндээсээ цутгалан руу яв. Шулуухан явахад төөрөхгүй.
— Тийм ээ, би мэднэ, нөхөр...
— Байз Лиза битгий яар. Гол нь намаг л байна. Мэдэв үү? Зүүн баруун талдаа хөхдөг бамбалзууртай нарийхан гарц л байгаа. Баримжаалах гол зүйл чинь хус гэдгийг сана. Арал дээрх хоёр хусыг яг алдахгүй чиглээд яваарай.
— За.
— Тэнд жаахан амраарай, шууд битгий яваарай. Арлаас цааш явахдаа түлэнхий хожуулаар баримжаал. Би тэр хожуулын тэндээс шавхай туучсан шүү дээ. Тэр хожуул сайн харагдана, яг чиглээд яваарай.
— За.
— Байдлыг Кирьяновад илтгэ. Бид эндээ германуудыг аргалж байя. Гэхдээ удаан тэсэж чадахгүй гэдгийг чи өөрөө сайн мэдэж байна.
— За.
— Буу үүргэвч, хуйлсан шинелээ бүгдийг орхи. Хөнгөн шингэн яв.
— Би тэгээд одоо явах уу?
— Намаг руу орохдоо тулгуур мод авахаа мартуузай.
— За. Би явлаа шүү...
— Салхи шиг хурдал, Лиза авхайтан минь.
Лиза дуугүйхэн толгой дохиод хажуу тийшээ очиж винтов буугаа хад түшүүлэн тавьж, дайзтай бүсээ тайлах зуураа ахлагчийг байн байн харж нэгийг хүлээн зогсоно. Васков германчуудыг харуулдаж байсан учир бүсгүйн түгшүүрт харцыг олж харсангүй. Лиза сэмхэн санаа алдаж, бүсээ чангалж бүслээд доош тонгойн хэсэг нарсны зүг ертөнцийн хүүхнүүдийн нэгэн адил хөлөө чирсхийн гүйв.
Дайснууд бүр ойртож, нүүр царайг нь харж болохоор болов. Федот Евграфыч хадан дээр хэвтсээр байлаа. Германуудыг нүднийхээ булангаар харах зуур хясаанаас ойн цоорхой хүртэл үргэлжлэх нарс моддыг ажиглана. Тэнд хоёр ч удаа бургасны үзүүр ганхсан боловч шувуу шүргээд өнгөрөхийн төдий хөнгөн хөдлөхөд нь Лиза Бричкинаг явуулсан минь oножээ гэж бодож хэвтэв.
Дайснууд холбоочин бүсгүйг ажиглаагүй болохыг баттай мэдээд бууныхаа замгийг хамгаалагч дээр нь тавьж доош буун чулууны араас Лизагийн орхисон зэвсгийг авч, шуудхан эргэж гүйхдээ хөлөө хаа тавивал чимээ гарахгүйг гагцхүү зөн билгээрээ мэдэрч байв.
— Нөхөр ахлагч аа!..
Будаа үзсэн бор шувуу шиг гүйлдэж ирэв. Четвертак хүртэл шинелийнхээ дороос цухуйлаа. Сахилгагүй гэдэг нь. Командлан загнаж, харуул гаргасангүй гэж Осянинаг зэмлэвэл зохихсон. Ахлагч захирах дарга хүний ёсоор хөмсөг зангидан ам нээх гэснээ тэдний бүлтэлзэхийг харж өрөвдөөд:
— Байдал тун хэцүү байна даа, хүүхнүүдээ гэж тарианы хээрийн буудал дээр байгаа мэт энгийн хэллээ. Чулуун дээр суух гэтэл Гурвич яаран шинелээ дэвсэж өгөхөд нь Васков тал өгч толгой дохиод суунгаа тамхиныхаа уутыг гаргав. Бүсгүйчүүд хажууд нь эгнэн сууцгааж тамхиа ороохы нь чимээгүйхэн ширтэн бүлтэлзэнэ.
Васков Четвертакийг харж:
— За яаж байна вэ? гэлээ.
— Зүгээрээ гэж инээмсэглэх гээд уруул нь эвлэсэнгүй.
— Би сайхан унтсан гэв.
Ахлагч аль болохуйц тайван дөлгөөн ярихын тулд үг бүрээ цэгнэн байж:
— За тэгэхлээр тэд арван зургуулаа юм байна. Арван зургаан автомат гэдэг чинь яггүй хүч. Ийм хүчийг халз тулаад дийлэхгүй ээ. Тэднийг зогсоохгүй байж бас болохгүй. Тэд гурван цаг хэртэй яваад энд ирнэ гэж тооцоолох хэрэгтэй гэв.
Осянина Комелькова хоёр бие биеэ харж, Гурвич банзлаа илж, Четвертак нүдээ ирмэлгүй бүлтийн ширтэж байлаа. Комендант хэдийгээр тамхиа татаж, ороосон тамхиа харж, суугаа авч бүгдийг ажиж, бүгдийг мэдэж байлаа.
— Бричкинаг би төв рүү явуулсан. Гэхдээ шөнөөс нааш тусламж ирнэ гэж найдах аргагүй. Хэрэв бид тэдэнтэй байлдвал ямар ч сайн байрлалтай байлаа ч гэсэн шөнө болтол тэсэж тогтохгүй. Яагаад гэвэл тэд чинь арван зургаан автомат шүү дээ.
— Тэгээд бидний хажуугаар өнгөрөхийг нь хараад суух хэрэг үү? гэж Осянинаг аяархан асуухад нь,
— Тэднийг хясаа давуулж хэрхэвч болохгүй. Замаас нь гаргах хэрэгтэй. Аргалж толгойгий нь эргүүлээд Легонтын нуурыг тойрч гарахаар чиглүүлэх хэрэгтэй. Харин яаж хийхэв? Байлдаанд бид дийлэхгүй. Тэгэхлээр яах вэ саналаа хэлцгээ гэж Федот Евграфыч хэллээ.
Ахлагч өөрийнхөө балмагдаж тэвдсэнийг ажчих вий гэж юу юунаас илүү эмээж байлаа. Шинжиж л орхих вий дээ. Тэгвэл өнгөрөх нь тэр. Тэгвэл давуу байдлаа ч алдаж, дарга хүний нэр хүндээ ч алдаж өөрт нь итгэхээ ч болино. Тийм ч учраас ахлагч зориуд энгүүн тайван ярьж, хөршийндөө тухлах аятай тамхиа аажуухан сорж суулаа. Үнэндээ гэвэл мохоо тархиа эргэтэл элдвийг эргэцүүлэн бодож, бололцоотой бүхнийг тунгааж байв.
Эхлээд байлдагчдаа өглөөнийх нь цайг уулгав. Тэд дургүйцсэн боловч Васков зандраад уутнаасаа гахайн өөх гаргалаа. Гахайн өөх, даргын команд хоёрын аль нь илүү нөлөөлснийг бүү мэд, ямар ч атугай урамтайхан хооллож эхлэв. Федот Евграфыч сандарч байгаад Лиза Бричкинаг өлөн явуулсандаа харамсаж байлаа.
Өглөөнийхөө цайг уусны дараа комендант сахлаа хүйтэн усаар норгож маш хичээнгүйлэн хусав. Сахлынх нь тонгорог эцгээс үлдсэн хурц гэж жигтэйхэн, ёстой л эр хүний эдэлдэг эд авч хоёр ч газар эсгэж орхив. Эсгэсэн газартаа сонин наасанд Комелькова уутнаасаа үнэртэй ус гаргаж, өөрөө шавшиж өглөө.
Эл бүхнийг ахлагч огт яарсан шинжгүй тун тайван тогтуухан хийж байсан боловч цаг мөч өнгөрөх тутам толгойд нь элдэв бодол гүехэн усанд жараахай бужигнах адил эргэлдэнэ. Бодлоо цэгцэлж даанч эс чадав. Хэрэв сүх бариад мод хагалах боломж байдагсан бол бодол цэгцэрч чухам яахыг тухтайхан бодож, тархи толгойд эргэлдэх энэ олон бодлоос хэрэгтэйгий нь авч, хэрэггүйгий нь хаяад эцсийн ганц шийдвэр олохсондоо гэж бодов.
— Германууд лав байлдах гэж энд ирээгүй гэдгийг Васков сайн мэдэж байлаа. Бөглүү зэлүүд газраар маш болгоомжтой урагшилж өмнөө толгойн сэргийлэх гарган явна. Яах гэж тэр билээ? Дайсандаа үзэгдэхгүй, харилцан буудалцахгүй, ингэж чимээ аниргүй явж байгаад дайралдаж болзошгүй хаалт саадыг нэвтрэн гарч гол зорилгоо биелүүлэх гэснийх. Тэгэхлээр ахлагч өөрөө, тэдэнд харагдаад тэднийг мэдээгүй юм шиг байх ёстой болж байна уу?.. Тэгвэл тэд эргэн буцаж, өөр газраар явахыг оролдох вий. Өөр газраар гэдэг чинь Легонтын нуурыг тойрч бүтэн хоног явна гэсэн үг..
Гэвч тэр тэдэнд хэнийгээ харуулах вэ? Дөрвөн бүсгүйгээ, бас өөртэйгөө харуулах хэрэг үү? За яах вэ тэд жаал саатаж тагнуул илгээн байдлыг судалъя гэж бодъё. Тэгж байгаад эцэст нь энд бидний тавуулхнаа байгааг мэдэж орхино. Тэгвэл юу болох вэ?.. Тэгвэл үү нөхөр ахлагч Васковаа, тэд хаашаа ч ухарч буцахгүй. Бүгдийг бүсэлж аваад, буу дуугаргах ч үгүй, хутгаар тав дүрж чиний отрядыг зүйл дуусгана. Энэ германууд дөрвөн бүсгүй, гар буутай ганцхан ахлагчийг хараад ой руу зугтаж байх тийм ч тэнэг амьтад биш байх аа.
Энэ бодлоо Осянина, Комелькова, Гурвич гурван байлдагчдаа ярив. Нойр авсан Четвертак өөрөө санал өгч, харуулд гарсан байжээ. Бүгдийг илэн далангүй ярьж орхиод:
— Бүтэн цат хагасын дотор өөр арга санааид орохгүй бол саяын хэлсэн ёсоор гүйцэтгэе. Бэлтгэцгээ гэж нэмж хэлэв
Бэлтгэцгээ гэнэ... Ингэхэд чухам юугаа бэлтгэх билээ? Нөгөө ертөнцөд очихыгоо юу!.. Тэгвэл түүнд чинь хичнээн л бага цаг зарцуулах тусмаа төдий чинээ сайн бус уу...
Гэвч Васков бэлтгэж эхэллээ. Үүргэвчнээсээ гранатаа гаргаж, гар буугаа цэвэрлээд, фин балиусаа чулуунд ирлэлээ. Ингээд л бүх бэлтгэл гүйцэх нь тэр. Охидод ингэж бэлтгэх юм ч байсангүй. Хоорондоо шулганалдаж, зайдуухан маргалдана. Тэнснээ ахлагчийн дэргэд ирээд:
— Нөхөр ахлагч аа, хэрэв тэд модчидтой тааралдвал яах бол? гэв.
Васков учрыг ойлгосонгүй. Юун модчдын тухай яриад байгаа юм бол? Хаана тэр вэ?.. Дайн болж, ой эзгүйрснийг өөрсдөө харцгаасан байж. Тэднийг тайлбарлаж эхлэхэд нь Васков сая л учрыг ойлгов. Ямар нэг цэргийн анги бол өөрийн гэсэн хил хязгаартай байдаг. Хил хязгаар нь нэн тодорхой, зэргэлдээх ангиа ч мэддэг байна. Тэгээд ч хаа сайгүй харуул манаа гаргана шүү дээ. Харин модчид бол ой модондоо байх ёстой. Тэд чинь хэд гурваараа ойн хаана ч явж мэднэ. Тийм модчидтой германууд тааралдвал яах вэ. Мэдээж, аюултай шүү дээ. Германчуудыг харсан тэр дороо зохих газар нь мэдээлчихнэ. Ийм модчид ойд хичнээн ч явдаг, яаж ч холбоо хэлхээгээ барьдгийг германууд мэдэхгүй шүү дээ.
— Охид та нар нээрээ сэргэлэн улс юмаа!..
Бэлтгэл байрлалын цаана жижиг боловч дуу шуутай гол урсана. Голын цаанаас нэвтрэхийн аргагүй улиас, гацууран ширэнгэ, унанги модтой ой эхэлжээ. Энд хүний нүд хоёр алхмын цаадахыг ч гэсэн сайн харж чадахгүй, ямар ч чадалтай дуран гэлээ ширэнгэний цаадхи зүйлс хэрхэн өөрчлөгдөж байгаа, хэр битүү ой болохыг ялгаж үл чадна. Энэ л охидын төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийн газар байна гэж Федот Евграфыч бодов.
Германуудын улаан зам дээр таарах төв хэсэгт Четвертак Гурвич хоёрыг томилж, утаа ихтэй задгай гал түлж, ой модоор цуурайттал хашгичин орилолдохыг тушаав. Бут бургасны цаанаас нэг их цухалзсаны хэрэггүй, хааяахан нэг харагдасхийгээд л өнгөрөх хэрэгтэй. Гутлаа тайлаарай. Гутал, малгай, суран бүс зэрэг цэргийн хувцсанд холбогдолтой бүхнээ тайлах хэрэгтэй.
Газрын байдлаас үзэхэд германууд задгай галыг зөвхөн зүүн талаар нь тойрч гарах бөгөөд баруун талдаа эгц хадан хясаа голд тулсан тул гарчихаар aятай газаргүй авч баараггүйг бодож Осянинаг тэнд байрлуулав. Бас л зэрвэсхэн харагдаж, гал түлж чанга чанга дуугарахыг даалгалаа. Дайсан тойрч гарах зүүн жигүүрийг өөрөө Комельковатай хамт авав. Үүнээс өөр нуугдах халхавч байсангүй. Тэр тусмаа тэндээс голын тохой алган дээр юм шиг ил харагдах бөгөөд хэрэв голын нөгөө талаас гэнэт дайсан этгээд гатлан ирэхэд хүрвэл хэдий нь унагаахад, бүсгүйчүүддээ холдох боломж олгож амжина гэж тооцооллоо.
Цаг бага үлдсэн учир харуулын хүнээ нэгээр нэмэгдүүлж, Осянина Комелькова нартай хамт бэлтгэлээ яаралтай хийв. Тэр хоёрыг гал ноцоох гишүү түүж ирэх зуур (дайсан сонсвол ч сонсог, бэлтгэвэл ч бэлтгэг!) ахлагч сүхээр мод цавчив. Аль өндөрхөн, дуу шуу их гарах газар сонгон авч мод цавчин түлхэхэд л унахаар болгож зэхээд дараагийн мод руу ухасхийнэ. Хөлс нүд рүү нь урсч шумуулд тэсэхийн аргагүй бариулж байсан боловч дайсныг ажиглаж байх тэргүүн шугамнаас Гурвичийн гүйж иртэл амьсгаадан байж цавчсаар байлаа. Гурвич цаад талаас гараар даллан,
— Ирж байна, нөхөр ахлагч аа гэв.
— Байр байрандаа. Байр байраа эзэлцгээ охид минь, тун хичээнгүйлэн гуйя, маш болгоомжтой байгаарай. Моддын цаагуур л харагдаад байгаарай, бургасны араар болохгүй шүү. Аль болохоор чангахан хашгиралдаарай... гэж Федот Евграфыч хэлэв.
Байлдагчид тарж одлоо. Гурвич Четвертак хоёр л нөгөө эрэгт будилна. Четвертак шаахайг нь боосон шархны боолтыг тайлж чадахгүй байлаа. Ахлагч дэргэд нь очиж:
— Хүлээж бай, би өргөөд гаргаадахъя.
— Яах юм бэ та! нөхөр..
— Хүлээж бай гэж байна шүү. Ус гэж мөс шиг байна, чи халуунтай хэвээрээ байна шүү дээ.
Нүдээр баримжаалж байгаад улаан цэргийг тэврэв. «Хариугүй хөнгөхөн, гурван пүү орчим л бололтой». Бүсгүй хүзүүгээр нь тэвэрснээ ичингүйрхэн улайв. Хүзүүгээ хүртэл улайжээ.
— Та яг л жижигхэн хүүхэд тэвэрч яваа юм шиг...
Ахлагч ямар мануухай өргөж яваа биш гэж xoшгинох гэснээ больж:
— Нойтон газраар нэг их гүйсний хэрэггүй шүү гэж огт өөр юм дуугарлаа. Яс янгинам хүйтэн ус өвдөг татав. Өмнө нь Гурвич банзлынхаа хормойг өргөн явна. Туранхай хөл нь тэнцвэр олж ядан чөрөг чөрөг хийж гутал нь савалзана. Эргэж харснаа:
— Ёстой л нэг хага ташсан ус байна даа! Тий тий гээд банзлынхаа хормойг тавьж, ус тууллаа. Комедант унтууцан,
— Хормойгоо тат гэж хашгирав.
Гурвич зог туссанаа инээмсэглэж:
— Ийм команд цэргийн дүрэмд байдаггүй шүү дээ.. Федот Евграфыч ээ гэлээ.
За яамай даа, тоглохтойгоо л яваа юм байна! Энэ нь Васковт аятайхан санагдаж өөрийн жигүүрт, Комельковагийн ноцоосон галын дэргэд хөгжилтэй ирээд,
— Алив охид оо, хөгжилтэйхэн шиг хийцгээгээрэй!.. гэж тэнхээ мэдэн хашгирав.
Алсаас Осянина хариуд нь:
— Хөөе.. ! Иван Иваныч аа, тэргээ аваад ир!... гэж хашгирав.
Орилолдон хашгиралдаж цавчиж бэлдсэн модоо унагаж, дуу дуугаа авалцан, гал түлцгээв. Ахлагч өөрөө ч эр хүний дуу сонсогддог гэж хааяа чанга xaшгирч, ихэнхдээ бут бургасны ард нуугдан, тэртээх бут руу нүд цавчилгүй ажиглаж байлаа.
Тэнд юу болж байгаа нь мэдэгдэхгүй нэлээд удав. Байлдагчид нь орилж хашгирсаар ядарч, цавчиж бэлдэн бүх модыг Осянина, Комелькова хоёр унагаж дуусаад, наран хөөрч, голыг гэрэлтүүлэх авч нөгөө эрийн бургас ямар ч хөдөлгөөнгүй таг чиг.
— Явчихсан юм биш байгаа? гэж Комелькова чихэнд шивгэнэв.
Ойн савдаг л тэднийг мэдэх байх. Явчихсан ч байж магадгүй. Васков ямар яндан дуран биш. Тэд эрэг үү гарсныг хараагүй байж мэднэ. Тэд бас хал үзэж хашир суусан амьтад байгаа биз.
Ийм ажилд аль дайралдсаныгаа явуулахгүй шүү дээ...
Тэр ингэж бодоод товчхон:
— Хүлээгээрэй гэв.
Тэгээд дахиад л саваа бүрийг нь таних болсон нөгөө бутыг нягтлан харж, нүднийхээ нулимсыг гүйлгэнэтэл ширтлээ. Анивчаад алгаараа арчсанаа, гэнэт зогтусав. Өөрийнх нь чанх урд шахам голын цаана боролжийн мөчир хөдөлж ярагдсанаа сахал нь ургасан залуугийн царай харагдлаа.
Федот Евграфыч гараа ар тийш нь сунган махлаг өвдгийг тэмтрэн барьсанд Комелькова чихэнд нь уруугaa наан:
— Харж байна.. гэлээ.
Түүнээс арай намхан бас нэг хүн харагдлаа. Тэр хоёр эрэг дээр үүргэвчгүй хөнгөн шингэн гарч ирлээ. Автомат буугаа бэлэн барьж, голын дуу шуу ихтэй нөгөө эргийн зүг ажиглан харж байлаа.
Васковын зүрх догдлон «тагнуул хийж байна!» гэдгийг мэдэв. За ингэхлээр эд ямар ч атугай битүү ширэнгийг нарийн нэгжиж, чухам хичнээн модчин байгааг мэдэж шургаад гарах завсар зай байна уу гэж үзэж тагнахаар шийдсэн улс байх нь. Санаж бодсон бүхэн талаар боллоо. Орилж, шуугилдаж, утаа униар тавьж мод цавчиж унагасны хэрэг нь гарсангүй. Германууд айсангүй шив. Одоохон гол гаталж, бургасан дотор шургачин ороод могой шиг гулсан мөлхөж ирээд охидын чимээгээр галын дэргэд хүрээд ирнэ. Хуруу даран тоолж, учрыг мэдээд, илэрч мэдэгдсэнээ ухаарна. Федот Евграфыч мөчир хөдөлгөхөөс болгоомжлон сэмээрхэн хөдөлж гар буугаа авлаа. Энэ хоёрыг ч дөхөөд ирэхээр нь уснаас гарч ирэхээс нь өмнө учрыг нь олчихож болно. Цаадуул нь автоматаараа намайг шүрших нь мэдээж. Гэхдээ охид маань зугтаж нуугдаж амжих байлгүй. Комельковаг л холдуулах юмсан...
Эргэж харвал ард нь Женя өвдөг сөхрөн сууж, шүд зуун цэрэг цамцаа тайчиж байв. Тэгснээ цамцаа шидэж, босоод нуугдаж харагдалгүй босон харайхад нь,
— Зогс! гэж ахлагч шийдвэртэй шивнэв.
— Рая. Вера явж усанд орцгооё гэж Женя чанга хашгиран бургасан дундуур шууд гол чиглэлээ.
Федот Евграфыч өөрийн эрхгүй түүний цэрэг цамцыг нь авч элгэндээ санамсаргүй наажээ. Сайхан үстэй Комелькова аль хэдийнэ нарны туяа гийсэн голын тохойд тулж очжээ.
Эсрэг талын мөчир хөдөлж, цайвар ногоон хувцас далд оров. Женя тун яаралгүй тайвнаар банзал, цамцаа тайчиж, хар өнгийн дотуур богино өмдөө илэн, цангинасан хоолойгоор:
Алим жимс нь цэцэглээд ирлээ.
Голын дээгүүр манан татна
гэж дуудав.
Ямар гайхамшигтай сайхан хүүхэн бэ! Өндөр гоолиг нуруутай булбарай цагаан биетэй тэр үзэсгэлэнт бүсгүй дайсны автомат бууны амнаас арваадхан метрийн зайд туялзана. Дуулахаа больж ус руу ороод, дуу алдан хөгжилтэй нь аргагүй ус цалгиулж эхэллээ. Уяхан зөөлөн гоолиг дулаан биеийг нь даган урсах усны дусал нарны туяанд гялалзана. Комендант одоо л буун дуу тачигнаж Женя гараа сарвалзуулан эвхрээд ойчих болов уу гэж амьсгаа даран хүлээж байлаа.
Бут хөдөлсөнгүй.
— Хүүе охид оо усанд орцгооё!.. гэж Комелькова усан дотор бүжиглэн баясгалантайяа хашгирав.
— Иван Иванычийг дуудаач!.. Эй Ваня чи хаана байна...
Федот Евграфыч түүний цэрэг цамцыг шидчихээд, гар буугаа гэрэнд нь хийж, ширэнгэ модны гүнд мөлхөн орлоо. Сүхээ шүүрэн авч нарс цавчлан,
— За за, одоо очлоо!.. гэж байдгаараа хашгичин, дахин мод цавчих зуур — Одоохон очлоо, хүлээгээрэй хашгирав.
Тэр хэзээ ч модыг ингэж хурдан цавчиж унагаж байсангүй. Хаанаас ийм их тэнхээ гардаг байнаа. Дуу шуугиан их гаргахын тулд цавчсан модоо мөрөөр түрж хуурай гацуур дээр унагав. Амьсгаадан байж түрүүчийн ажиглаж байсан газраа ирж харлаа.
Женя голын эрэг дээр гарч, хажуугаараа түүн рүү, германууд руу харж зогсоно. Дотуур цамцаа тун тайван өмсөхөд торгомсог даавуу биед нь наалдан, ойн цаанаас туяарах нарны гэрэлд хамаг бие нь нэвт харагдана. Чухам ингэж харагдана гэдгийг сайн мэдэж байсан бүсгүй, алгуур тонгойж мөрөн дээгүүрээ үсээ дэлгэн зугуухан намилзав. Васков дахиад л одоохон бургасны цаанаас автоматын ээлж тачигнаж, энэ харавч ханашгүй залуу сайхан гоо цогцсыг сийчнэ байх гэхээс ухаан алдталаа айжээ.
Женя булбарай биеэ гялалзуулан байж, цамцныхаа дороос богино өмдөө гарган усы нь шавхаж, чулуун дээр нямбай гэгч нь дэлгэлээ. Тэгснээ хөлөө жийн сууж, газар шүргэсэн задгай үсээ наранд хатаав.
Нөгөө эрэг аниргүй нам гүм. Бутны мөчир ч хөдөлсөнгүй. Васков хичнээн харавч германууд тэндээ байгаа эсэх, аль эсвэл эргээд явсныг мэдсэнгүй. Тааж суух хугацаа ч байсангүй. Комендант цэрэг цамцаа тайлж хаяад, өмднийхөө халаасанд гар буугаа хийж хуурай мөчир тас няс хугачин гишгэлсээр эрэг рүү очихдоо,
— Чи хаана байнаа? гэж хөгжилтэй хашгирах гэсэн боловч хоолой нь зангираад олигтой дуугарч босонгүй. Бутнаас гарч задгай газар хүрэхэд нь айснаас болж зүрх нь цээжиндээ багтаж ядан оволзож байв. Комельковагийн дэргэд очиж:
— Районоос утасдаж байна. Одоохон машин ирэх гэнэ. Хувцсаа өмс. Наранд шарж боллоо гэлээ.
Нөгөө эрэгт дуулдаг гэж чанга хашгираад Комелковагийн чухам юу гэж хариулсныг ч сонссонгүй хамаг анхаарал нь цаад эргийн бургас руу, герман руу хандсан байлаа. Навч унасан ч сонсож, хадны цаана навтасхийн орж гар буугаа гаргаж завдахуйцаар анхаарлаа тийш нь чиглүүлсэн байлаа. Одоохондоо ойр хавь юу ч хөдөлсөнгүй.
Женя түүний гараас татахад хажууд нь сууж харвал хэдийгээр инээж байвч нүдэнд нулимс дүүрэн мэлтэгнэж айдас тодрох ажээ. Энэ бол дааж ядмаар хүнд айдас шиг санагдав.
— Эндээс зайл, Комелькова гэж Васков албаар инээмсэглэх аядан хэллээ.
Бүсгүй нэг юм ярьж, тэр ч байтугай инээж байсан боловч Федот Евграфыч юу ч олж сонссонгүй. Бүсгүйг одоохон эндээс холдуулах хэрэгтэй байв. Түүнийг алчих вий гэж хором бүрийг тоолж байх чадалгүй болжээ. Энэ бүгд эсэн мэнд өнгөрч, новшийн германуудын толгойгий нь эргүүлж байгаа энэ тоглоомыг ойлгохоос нь өмнө нэг арга бодох хэрэгтэй.
— Зүгээр хэлээд явахгүй бол олны өмнө халаана шүү, чамайг гэж ахлагч гэнэт чанга гэгч нь хашгирснаа хувцсы нь шүүрэн авч — Намайг бариарай! гээд гүйлээ.
Женя эм хүний зангаар чарлан босож хойноос нь гүйлээ. Васков эхлээд түүнээс бултаж зугтан эрэг даган гүйж, дараа нь бутны цаагуур орж, ойн гүнд орсон хойно сая зогсов.
— Хувцсаа өмс. Галаар тоглохоо боль. Одоо боллоо!..
Буруу харж банзлыг нь өгвөл авсангүй. Васков гараа сарвайсан хэвээр. Уур нь хүрч эргэн хартал байлдагч Комелькова газар цомцойн сууж, нүүрээ гараараа дараад бариу цамцны нь цаана махлаг мөр нь чичигнэж байв...
Хожим тэд баахан хөхрөлдлөө. Германууд явсныг мэдсэний дараа ийнхүү хөхрөлджээ. Осянинаг элэглэж, банзлаа түлсэн Гурвичийг элэглэж, бүтэлгүй, Четвертакийг шоолж, Женя германуудыг хэрхэн хуурсныг санан, бас ахлагч Васковыг элэглэн, нулимсаа гартал, бүр элгээ хөштөл хөхөрцгөөв. Васков ч ахлагч цолтойгоо мартаж орхиод германуудыг хамраас нь хөтлөх мэт тун сайхан мэхэлж дөнгөснөө бодон, айж түгшсэн германууд одoo Легонтын нуурыг тойрох гэж бүтэн хоног таваргана гэхээс инээдээ барьж ядан байлаа.
— За одоо болох нь тэр!. гэж хөгжилтэй энэ наргиан дундуур Федот Евграфыч хэлснээ, — Одс боллоо, хүүхнүүд минь, Бричкина хугацаандаа хүрч амждаг юм бол дайсан гарах газаргүй гэлээ.
— Хүрч амжина. Тэр чинь хөнгөн хөдөлгөөнтэй хүүхэн гэж Осянина сөөнгөтөн дуугарахад хоолой үнэндээ инээд хүрмээр сөөснийг элэглэж дахиад бөөн инээд болцгоов.
Ахлагч нандин дашмагаа гаргаж ирээд:
— За саяынхаа амжилтын төлөө жаахан ууцгаая.
— За охид оо, Бричкинагийн хурдан хөл, та нарын ухаалаг тэргүүний төлөө энэ хундагыг тогтооцгооё!.. гэв.
Бүгд хөл хөөрцөг болж, чулуун дээр алчуураа дэлгэн тавьж талх, гахайн өөх, загас тэргүүтнээ зүсч хувааж эхлэв. Авгай хүүхнүүдийг тэр ажлаа хийж байх хооронд ахлагч эр хүний ёсоор зайдуухан тамхиа татан, ширээнд урихыг хүлээж суухдаа айдгийгаа авдрандаа хийж авлаа гэж нэлээд чилээрхсэн янзтай бодож суув...

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.31.14 1:21 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6217
Location: Энд
Би киног нь үзэж байгаагүйн байнаа. Номоо уншиж дуусгачаал олж үзье дээ. Гунигтай л зохиол бололтой Бүүккракерийн спойлоос харахад. Ахлагч нь ч хөөрхий аав шиг юмаа

Баярлалаа Крофтоо :wd: :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.31.14 2:08 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6375
Харин ном нь гоё л юм байна. Кинон дээр эмэгтэй цэргүүдийг нь ийм тааруу гэж мэдээгүй шүү. Би байсан бол нилээн дөмөгхөн цэрэг болох байлаа :imhappy:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.31.14 2:12 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16491
last_mogican wrote:
Саруул өөрөө ганц ном оруулахгүй юм уу. GOT-ыг оруулахаа байсан чинь уранзохиолын форум хүнгүй боллоо.

Коогийд бид ямар цалин мөнгө өгдөг биш. Юун олон ном оруулах даалгавар өгөөд байнаа хөөе. Наад хүн чинь цалин авдаг, мөнгө олдог ажлаа хийх хэрэгтэй биздээ.

ps. Саруул, Бооккракер 2-ыг нэг нэг ном оруулна гэвэл би ч гэсэн нэг ном сканнердаад, finereader-дээд, алдааг засаад оруулж болно шүү.

Би дахиж ном орчуулна нтр гэж хэрээ мэдэхгүй хэрээн хошуулахгүй гэж галын эзэн бурханд тангараг өргөсөн билээ :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 210 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited