#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.10.18 11:10 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 18 posts ] 
Author Message
PostPosted: Sep.25.13 11:46 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Jun.27.13 7:59 am
Posts: 43
1-р Бүлэг. Газрын гүнд.

Image

http://khuslenreader.blogspot.com/2013/08/2033-1.html

2-р Бүлэг. Анчин.

Image

http://khuslenreader.blogspot.com/2013/08/2033-2.html

3-р Бүлэг. Хэрвээ би эргэж ирэхгүй бол.

Image

http://khuslenreader.blogspot.com/2013/09/2033-3.html

4-р Бүлэг. Хонгил дахь чимээ.

Image

http://khuslenreader.blogspot.com/2013/09/2033-4.html

5-р Бүлэг. Сумаар солилцсон нь.

Image

http://khuslenreader.blogspot.com/2013/09/2033-5.html

=========================================================

Метроны газрын зурагтай танилц!

Image

http://khuslenreader.blogspot.com/2013/ ... -post.html

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Last edited by Khuslen2 on Sep.25.13 11:55 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.25.13 11:47 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Jun.27.13 7:59 am
Posts: 43
6-р бүлэг : Эрх мэдэл зөвхөн хүчтэйн гарт бий.

Image

Артём аажуухан гэгч нь нүдээ нээлээ. Тэр нойрноосоо сэржээ. Хэзээ нэгэн цагт цагаан өнгийн эмульс замаскаар өнгөлсөн өртөөний адар түүдэг галын утаанаас тогтсон хөө тортогт халхлагдсан байх аж. Харин хаана байгаагаа мэдэлгүй эргэлзэх залуу хүү босох гэж тэгтлээ их яарсангүй. Гэтэл энэ үед,

'Өө чи сэрчихэв үү?' гэсэн танил дуу хоолой гарахыг сонсоод Артёмын толгойд урьд өдрийнх нь үйл явдлууд төвөггүй гэгч нь орж ирэх нь тэр. Эхэндээ түүнд үнэмшилгүй мэт санагдаж байсан авч сэргэх нойрны хамтаар энэ бүгдийг үнэн гэдгийг нь хүлээн зөвшөөрч эхлэв гэнэ ...

'Үдшийн мэнд' хэмээн өөрийг нь аварсан тэр хүнтэй аяархан дуугаар мэндлэхдээ Артём дүрэлзэн асах түүдгийн цаанаас, галд гэрэлтэх түүний царайг олж үзэв. Бодолд дарагдсан тэр хүний төрх, зөвхөн эртний цагийн оньсого үлгэрүүдэд л гардаг болов уу гэмээр ер бусын басхүү нууцлаг санагджээ.

'Одоо л бид нэр усаа мэдэлцэж, өөр хоорондоо мэндэлж болох нь. Нэрний маань хувьд би байдаг л нэртэй нэгэн. Хэтэрхий урт бөгөөд миний талаар юуг ч илэрхийлдэггүй юм. Үнэндээ над шиг ийм нэртэй улстай чи бараг л өдөр бүр өртөөнд зөрж өнгөрдөг гэдэгт чинь итгэлтэй байна. Харин чамд л гэж хэлэхэд би бол Чингис Хааны хойд дүр мөн бөгөөд намайг чи Хан гэж дуудаж болно шүү. Ингэж дуудах нь илүү амар байх болно.' хэмээн өнөөх эр урсгаж гарлаа.

'Чингис хаан гэнэ ий?' гэж дуу алдахдаа Артём мөнөөх эррүү үл итгэсэн харцаар харж суув. Артёмын хувьд хойд нас, өөр амьдрал зэргийн зүйлст даанч сүсэг бишрэлгүй нэгэн байлаа.

'Найз минь дээ!' гэж Хан учирлаад, 'Чи юунд надруу ийм сэжигтэй харц чулуудна вэ? Өмнө насандаа би их олон газарт, төрөл бүрийн амьтны дүрээр олон ч удаа амьдарсаар ирсэн хүн. Харин ч Чингис Хаан бол миний энэхүү түүхэн замналын хамгийн тод томруун үе нь байсан юм шүү. Гэвч харамсалтай нь, тэр амьдралаас би юуг нь ч санадаггүй юм даа.'

'За тийм байдаг байж. Тэгвэл яагаад Чингис биш Хан гэж. Хэрэв би буруу санаагүй бол Хан гэдэг чинь цол хэргэмийн нэр байхаа.'

'Нэртэйгээр нь түүнийг Чингиз Айтматов гэчихээч' гэж зэргэлдээ суусан нэг нь хошуу нэмэрлэв. 'За за, асуусан хэн болгонд нь өөрийн нэр усны үүсэл гарлыг тайлбарлаад сууж байх нь миний ажил биш. Харин чамайг хэн гэдэг вэ? Хэлээч хө.'

'Намайг Артём гэдэг, харин өнгөрсөн амьдралдаа хэн байснаа санахгүй байна.' гэж Артём түүний асуултанд хариулжээ.

'За тэгвэл танилцсандаа тун баяртай байна, Артём.' гэж хэлэхдээ Хан Артёмын хариултанд их л сэтгэл ханамжтай байгаа бололтой суув. Тэгээд 'За дүү минь голохгүй гэвэл миний хоолноос идээрэй л дээ' гэж хэлээд тэр гал дээр буцалж байсан хонхойж хуучирсан данхаа авахаар ухасхийв. Энэ бүхэн Артёмын хувьд ВДНХ-ын умард туннельд харуулд гардаг байсан үеийг нь санагдуулж л дээ.

Тэгээд Артём дээш өндийн үүргэвчиндээ гараа хийж, гэрээсээ нааш гарах замдаа авсан гозгор урт зайдсыг гаргаж ирэв. Тэгээд тонгорогоороо хэдэн хэрчим зүсээд мөн үүргэвч дотроосоо гаргаж ирсэн элэгдэж муудсан ч гэлээ цэвэрхэн даавууны өөдсөн дээр эвтэйхэн гэгч нь өрж тавилаа.

'За май идэцгээ, ууцгаа' хэмээн шинэхэн танилуудаа Артём дайлаад 'Ингэхэд цай болж байна уу?' гэж Ханаас асуув.

Ханы цай ВДНХ өртөөнийх байлаа. Амсаж үзээд Артём үүнийг тэр дор нь таньжээ. Тийнхүү паалантай төмөр аяганаас цай оочиж суух нь түүнд, өмнөх өдрүүдийн үйл явдлуудыг сануулсан байна. "Гэрийн эзэн" ч мөн адил өөрийн бодолдоо дарагдан суух агаад Артёмд ер садаа болсонгүй гэнэ.

Цоорхой хоолойноос үүдэлтэй тэр солиором үйл явдал хүн бүрт өөр өөрөөр нөлөөлж байсныг тэр эхлээд санав. Чих дөжрөм чанга тэрхүү дуу шуугиан түүнийг анхаарлаа төвлөрүүлэхэд нь саад учруулж байсан ч гэлээ бас нөгөөтэйгүүр оюун бодлыг нь халхалж бусад шигээ ухаан санааны урхинд автагдахаас сэргийлж байсан ч юм билүү, хэн мэдлээ. Энэ нь Бурбонтой хамт явж байхад учирсан хоёрдахь тохиолдлоор мөн гэрчлэгдэх шигээ. Гэвч энэхүү дуу чимээ нь хүнийг үхэлд хүргэх аюултай гэж Артём ер бодохгүй байлаа, хэрэв тэгээгүйсэн бол Проспект Мир болон Сухаревскын дундах харанхуй хонгилоор явахыг тэр зөвшөөрөх байсан гэж үү?

Эхлээд орчин тойрны бүх дуу чимээ алслагдаж эхэлнэ. Харин өнөөх дуу шуугиан эхэндээ бараг л үл сонсогдохуйц маш сулханаар дуулдаж байсан бол удалгүй бие тэнхээ сульдахын хамтаар улам бүр чангарч, эцэстээ аймшигтай тод болж ирнэ гээч. Ингээд л хэлж тайлбарлахын аргагүй учир битүүлэг үйл явдлууд ар араасаа хөврөх болно.

Гэвч Бурбон ямар учраас өөрийн мэдсэн байх боломжгүй зүйлсийн тухай өгүүлж, хэдий Артём дайнаас өмнөх энх тунх цагийн олон арван номыг уншиж байсан ч гэлээ өөрийнх нь мэдэхгүй зүйлсийн талаар өгүүлж байхад яагаад тэр дор нь анхаарч сонссонгүй вэ? Яг л Бурбон учир битүүлэг далдын хүчинд автаад ухаан санаагаа эзэмдүүлэх шиг болсон тэр мөчөөс эхлээд хэрэв тэр самуурч уналгүй үргэлжлүүлэн ярьсан бол чухам юун тухай өгүүлэх байв? Өөрөө түүнтэй ярилцсан бол тэр юу гэх байсан бол? Хэрэв Бурбон үхээгүй бол яах байсан бол? гэх мэтээр Артём элдвийн зүйлсийг ургуулан бодож суулаа ...

Болж өнгөрсөн бүхнийг мартахыг Артём ямар ихээр хүсч байсныг нь хэлэхэд илүүц биздээ. Гэвч тийм зүйлсийг мартаж чадах хэн байх билээ? ВДНХ-д олон жил амьдрахдаа мань хүн ер бусын явдлуудын талаар бишгүйдээ л олж сонссон юм. Тиймэрхүү хачирхалтай яриануудад итгэхэд бэрх ч гэлээ сонсоход сонирхолтой байдаг байлаа. Харин одоо бол тэр өөрөө адал явдлын баатар нь болжээ. Бодлын ертөнцөөс эргэн ирсэн Артём тэгээд толгойгоо сэгсэрч, ийш тийш нь харлаа ...

Дүрэлзэн асах галруу удтал ширтсэн тул хүрээлэн буй орчин нилэнхүйдээ харанхуйд автаж, зөвхөн өртөөнд түүдгийн хамтаар хоёул үлдсэн мэт түүнд санагджээ. Харанхуйд дассан хүүхэн хараа нь томорч сая нэг орчин тойрныг харах боломжтой болжээ. Туннелрүү нэвтрэн орох гарцын дээр байдаг, ажиллахаа болиод тоосонд дарагдаад удаж буй электрон цагийг олж хараад Артём, яагаад Ханыг өөртэй нь 'Үдшийн мэнд' хэмээн мэндэллэсэн талаар гайхан бодож суув. Тэгээд тэр :

'Одоо үнэхээр орой болж байгаа хэрэг үү?' гэж Ханаас асуув.

'Миний хувьд бол тиймээ'

'Юу гэсэн үг вэ?'. Артём түүний хариултыг ойлгосонгүй.

'Тэгэхээр чи цагтай газраас ирсэн нь тодорхой байна Артём, та нар бүгдээрээ л өртөөнүүдээр дайрч өнгөрөхдөө бугуйн цагаа туннелийн гарцны дээрх улаан тоонуудтай жишиж үздэг байх л даа. Чиний хувьд цаг хугацаа гэдэг бол хүн бүрт л адилхан нөлөөлдөг эд байх, яг л гэрэл шиг. Харин энд бол эсрэгээрээ гээч : энд бусдын үйл хэрэг нөгөө нэгэнд нь огт хамаагүй байдаг юм. Энэ хүртэл явж ирсэн явуулын гийчинтэй хэн ч гэрлээ хуваалцахдаа таатай ханддаггүй бөгөөд асуух гээд ч хэрэггүй, дэмий л тэднийг уурлуулахын нэмэр. Хэнд энд гэрэл хэрэгтэй байна тэр өөрөө л гэрэлтэйгээ хамт ирэх хэрэгтэй дээ. Цаг хугацаа ч мөн үүнтэй адилхан : хэн цаг мэдэхийг хүснэ, тэр хүн өөрөө л цагтайгаа ирэх хэрэгтэй болно. Бүгд л энд өөр өөрсдийн цагаар үйл хэргээ явуулдаг юм. Хүн бүр л өөрийнхөө тооцоог үнэн зөв гэдэгт итгэдэг. Миний хувьд одоо үдэш орой болж байна, харин чамд бол өглөө - тэгээд юу гэж? Яг л эрт үеийн хүмүүс зууханд цогшсон нүүрсийг унтрахаас нь урьтаж ахин дахин гал өрдөх гэж хичээдэг шиг та нар цаг хугацааг дэндүү нарийн хэмжиж, өдөр хоногийг тоолж суудаг улс юм. Бас нүүрс ч үгүй, зуух ч үгүй хоцорсон өөр хүмүүс бий гэдгийг санаарай. Аан гээч дүү минь, хэрэг дээрээ метроны хонгилуудад үргэлж харанхуй шөнө болж байдаг юм шүүдээ, тийм ч учраас цаг нарыг мэдэх гэж тэгтлээ их хичээх хэрэг байдаггүй юм. Чи өөрийнхөө цагийг ажиглаад нэг үз, харин хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг нь анзаарахыг хичээгээрэй. Энэ үнэхээр сонирхолтой шүү. Тэд чамд ажиглагдахгүйгээр хувьсан өөрчлөгдөж байдаг юм. Олон хэсэгт бутран хуваагдаж, цагийн зүүнүүд минут, секундыг заах болно. Цаг бол яг л мөнгөн ус шиг : тарж бутарсан ч гэлээ эргэж өөр хоорондоо нэгдэн нийлж чаддаг нь гайхалтай, ингээд зогсохгүй өөрийн чиглэлийг тэд олж дөнгөнө гээч. Харин хүмүүс түүнийг аргамжиж, ханандаа өлгөж мөн халаасандаа хийх болсон юм. Гэхдээ чи түүнийг сул орхиод нэг үз, тэгвэл чи цаг хугацаа гэдэг хүн бүрийн хувьд харилцан адилгүй үйлчилж байдгийг нь анзаарна. Зарим нэгний нь хувьд угзраад хаях тамхины иш шиг үнэ цэнэгүй мэт санагддаг байх, гэвч өөр нэгний хувьд зөвхөн болоод өнгөрсөн үйл явдлын дараагаар л түүнийг анзаарч амжихаар тийм чухал хэрэгцээтэй байдаг юм. За тэгээд одоо өглөө болж байна гэж бодож байна уу? Магадгүй чиний зөв ч байж мэднэ, үнэхээр өглөө болж байх магадлал тун өндөр юм. Ойролцоогоор 25%-ын магадлал бий гээд тооцоолоод үз л дээ. Гэвч тэр дээр хүмүүс амьдрахаа болиод удаж байна хүү минь, тиймээс газар доорх мань мэтэд нь энэ бүхэн ямар хамаа байх вэ? Тэгэхээр чи намайг "үдшийн мэнд" гэж мэндлэхэд хариуд нь "өглөөний мэнд" гэж хэлсэн ч болно. Учир нь энэ өртөөнд цаг гэж байдаггүй юм. Гэхдээ нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд би энэ газарт орогноод яг дөрвөн зуун ерэн өдөр болж байна даа.'

Ингэж хэлээд Хан чимээгүй болов. Түүнийг халуун цайгаа оочиж суух зуур Артём өөрийнх нь ирсэн газарт тэд өртөөний цагийг хэрхэн ариун нандин шүтээн мэт тахиж шүтдэгийг, мөн хэн нэгэн түүнд гар хүрэх юм бол ямархан хүндхэн шийтгэл оноогдуулдагийг, бас тэгээд хэрэв цаг нь алга болчихвол ямар хөгийн явдал болох бол гэж төсөөлөн дотроо инээд нь хүрч суулаа.

'Хууччуулын ярьдгаар бол ... галт тэрэг хөдөлж эхлэх үед вагоны зорчигчдод хандаж "Хаалга хаагдахаас болгоомжилно уу, дараагийн зогсоол бол тэр газар, харин дараагийн өртөө та бүхний зүүн эсвэл баруун гар талд чинь байгаа" гэж автомат хоолойгоор зарладаг байсан гэдэг ... энэ үнэн болов уу?'

'Тэгээд, чамд юу нь сонин байна?' гэж Хан хэлээд өрөөсөн өмсгөө өргөв.

'Үгүй яахавдээ, тэд зорчигчдыг өртөөний тавцангийн яг хаана нь явж байна гэдгийг яаж мэддэг байсан юм бол оо л гэж. Хэрэв би өмнөдөөс умардруу явж байсан бол өртөөний тавцан миний баруун талд, харин умардаас өрнөдрүү явж байна гэвэл зүүн талд минь байхсан. Бас би буруу санаагүй бол галт тэрэгний суудлууд нуруугаараа хананд налсан байдаг байхаа. Зорчигчдын тал нь баруун захад, нөгөө нэг нь эсрэг талын суудлууд дээр суугаад үлдсэн нэг нь зогсч явахад хүрнэ. Хүн бүрийн хувьд өөр өөр зүгрүү харж байна шүүдээ.'

'Давгүй сэтгэж байна гээч' гэж Хан их л хүндэтгэсэн янзтай хариулав. Тэгээд тэр, 'Учир нь галт тэрэгний жолооч нар өөрсдийнхөөрөө л зүг чигийг тооцоолно шүүдээ. Жолоочийн бүхээгэндээ тэд зөвхөн урагш замруу л харж явна. Тиймээс тэдний хувьд баруун бол баруун, зүүн бол зүүн болно. Харин чинийхээр бол тэд юу ч хэлэхгүй байж байсан нь дээр юм байна л даа, хэх. Бага байхдаа би эдгээр үгнүүдийг сонсч л байсан юм байна, гэхдээ анхаарлаа хандуулдаггүй байж.' гэлээ.

Хэсэг хугацаанд тэд чимээгүй суусны дараагаар нам гүмийг эвдэж Хан, 'Чи надад найзад чинь юу тохиолдсон талаар хэлэхгүй юм уу?' гэж асуув.

Артём жаал чимээгүй суух зуураа, энэ хүнд Бурбонд тохиолдсон хачирхалтай явдлын тухай мөн харанхуй хонгилд хоёр ч удаа олж сонссон учир битүүлэг шуугианы талаар ярих нь зөв үү гэж дотроо бодоод амжив. Хэрэв хэн нэгэн хүнд энэ бүгдийг ярих ёстой гэвэл маргаан байхгүй өөрийгөө Чингис Хааны хойд нас гэж өргөмжилсөн, өөрийнх нь хувьд цаг хугацаа үйлчилдэггүй энэ хүнд ярих нь зөв гэж тэр шийджээ. Тэгээд Артём өөрт тохиолдсон бүхнээ урд хойно нь оруулан байж ярьж гарлаа. Энэ бүхнийг сонсч суусан Хан :

'Наадах чинь үхлийн дуу хоолой байна.' гэж аяархан дуугаар шивнэх шахуу хэлжээ.

'Юу?' гэж Артёмыг гайхан асуухад,

'Чи үхлийн дуу хоолойг сонссон байна, дүү минь. Эхэндээ бараг л үл сонсогдом чимээгүй байж байгаад тодорч эхэлсэн гээ биздээ? Тиймээ, наадах чинь мөн байна.'

'Юун үхэл?'

'Метро анх баригдаж, ашиглалтанд орсон цагаасаа л эхлээд хүмүүсийн амь насыг авч одсоор ирсэн юм. Яагаад би өөрийгөө Чингис хааны хамгийн сүүлчийн хойд нас гэснийг чи мэдэж байна уу? Учир нь хойд нас гэдэг зүйл одоо байхаа больсон. Хүн бүр л төгсгөлтэй нүүр тулж байна, найз минь. Гэвч нарийн учрыг нь би яг таг сайн тайлбарлаж мэдэхгүй юм. Там бас диваажин ч мөн адил үгүй болсон. Завсрын ертөнц ч гэж байхгүй гэж мэд. Хүний сүнс биенээсээ салж одоход - ингэхэд чамайг ядаж л сүнсэнд итгэдэг гэж найдая ... За байз, чамд юу гэж тайлбарладаг юм билээ? Энэ бүхэн яг л энэ данх жинхэнэ гэдэгтэй адилхан бодит зүйл. Ойлгож байна уу, бодит зүйл. Бид там бас диваажинг хоёуланг нь үгүй хийсэн улс ... эхх ... бид ч үнэхээр хачин ертөнцөд амьдарч байна шүү. Энэ ертөнцөд бол үхэгсдийн сүнснүүд хаана байгаа тэр газраа л үлдэж хоцрох болно. Ингэхэд чи ойлгож байна уу? Чамайг нас барлаа гэж бодоход чиний сүнс чинь дахин хувилж, ахин төрөхгүй гэсэн үг. Диваажин гэж байхгүй болсон болохоор сүнс чинь амар тайван ангижрах талаар бүр санахын ч хэрэггүй. Өөрөөр хэлбэл чиний үхэн үхтлээ амьдрах энэ л метронд чи хоргодож үлдэх болно гэсэн үг. Магадгүй би чамд тодорхой сайн хариултыг өгч чадахгүй байж мэдэх юм, гэвч нэг зүйл тодорхой гэдгийг санаж яв : бидний ертөнцөд бидний сүнс биднийг үхсний дараагаар энд, энэ газарт, метронд үлдэх болно ... тэд хаашаа ч явах газаргүй болсон тул цаг хугацааг дуусан дуусах хүртэл газрын гүний харанхуй энэ нүхэнд орогнох болно. Метро бол одоо материаллаг ертөнцийн өөр ертөнцтэй нэгдсэн нэгдэл болсон. Бидний мэдэх там бас диваажин энд хамтдаа цогцолж, бид үхэгсдийн ертөнцөд амьдарч, биднийг үхэгсдийн сүнс тойрон хүрээлж байна. Галт тэргэнд няц дайруулсан, бусдад буудуулсан, хутгалуулсан, хүчиндүүлсэн, шатаж бас осгож үхсэн, араатан амьтдын идэш болсон, өөр бусдын хэзээ ч төсөөлөхөөргүй тийм хачирхалтай үхлээр үхсэн тэр бүх хүний сүнснүүд энд, энэ метроны хонгил туннелиудэд хуран цуглах болсон юм. Гэвч ... тэднийг би хааш нь явчихав бас яагаад, мөн яагаад тэд бидэнд мэдрэгдэхгүй байна вэ, яагаад түнэр харанхуйн дундаас тэдний хүйтэн харцыг мэдрэхээ болив хэмээн гайхахад хүрч билээ ... харанхуй хонгилын хар аймшигт танил дасал болоод тэр юм болов уу? гэж өөрийгөө би сэнхрүүлэх болов. Тэгээд би тэднийг хоосон хонгилоор, алхам алхмаар биднийг мөшгин дагаж, харин биднийг эргэн харах тэр мөчид эргээд харанхуйд нуугддаг байсан гэж сэтгэдэг байлаа. Хүний нүд гэдэг ийм зүйлд даан ч тусгүй юм. Үхэгсдийг чи нүдээрээ олж харж хэзээ ч чадахгүй. Гэвч ар нуруугаар чинь хүйтэн төмрөөр хайрах шиг болж, арьсны чинь үснүүд хөрзийн босч, хамаг бие чинь салгалан чичирч байгааг чи анзаарах болно. Энэ бол үл үзэгдэгч хүчний дэргэд чинь ирсний баталгаа гэж мэд ... Өмнө нь би ингэж л боддог байлаа. Харин чиний ярьж өгсөн зүйл чинь надад ихийг тайлбарлаж өглөө шүү, хүү минь! Тэд хоолой сувгуудруу, трубануудруу явж орсон байна. Тэд харилцаа холбооны шугамнуудруу яваад орчихсон байна ... их хачин хэрэг шүү ... их олоон жилийн өмнө, миний эцгийг, мөн миний өвөг эцгийг мэндлээгүй байхад одоо бидний дээр сүндэрлэх нэгэнт үхдлийн хот болоод удаж буй тэр газарт нэгэн жижиг гол урсдаг байж л дээ. Гэвч жирийн нэг гол биш, хүмүүс түүнийг аргамжиж, удирдаж бас чиглүүлдэг байсан тийм нэгэн урсгал ус байлаа. Магадгүй тэдний зарим нэг нь одоог хүртэл урссаар л байгаа биз. Харин одоо түүний оронд Стикс мөрөн өөрөө уг хоолой, трубануудаар цутгах болсон бололтой ... Найз чинь өөрийнхөө хэлээр ярьж байсан гэж чи бодно уу? Үгүйэ, тэгээгүй. Тэд үхэгсдийн дуу хоолой байсан юм. Түүнийг тэр бодол дотроо сонссон байна, тэгээд хэлж байгаа зүйлсийг нь давтан хэлсэн байна. Ингээд тэд түүний биеийн эзэмдэн авсан байна шүүдээ.'

Энэ бүх ярианы туршид Артём түүнийг нүд салгалгүй ширтэж суулаа. Хэдий түүний талд сүүдэр хуралдах авч Ханы царай улаа бутраад, бас түүний харцанд нь гал дүрэлзэж байсан юм ... Харин түүнийг яриагаа төгсгөх үед нь Артём, маргаан байхгүй Ханыг галзуу солиотой хүн байна гэх дүгнэлтэнд хүрч гэнээ. Хэдий Хан түүнийг үхлээс аварсан ч гэлээ, хэдий түүнд тус дэмжлэг үзүүлж хоол ундаар дайлсан ч гэсэн түүний дэргэд өнгөрүүлэх цаг мөч бүхэн нь улам илүү тав тухгүй болоод байгаа юм шиг түүнд санагдах боллоо. Мөн метроны ертөнц дэх туннелиудын дотроос муу нэрээрээ данстай, чөтгөр шүглэсэн гэмээр тэр газраар, Сухаревская болон Тургеневская хоорондох ёрын тэр хонгилоор хэрхэн явах талаараа тэр бас бодож суулаа.

Хэсэг хугацаанд чимээгүй суусны дараагаар Хан 'Намайг өршөөгөөрэй, ийм зүйл хэлж байгаад. Гэвч найзын чинь сүнс нэгэнт одоо дээд тэнгэрт заларч чадахгүй шигээ хойдын төрлийг мөн олж чадахгүй болсон учраас хоолой трубануудаар хэсүүчлэх бусадтайгаа нэгдсэн гэдэгт итгэлтэй байна.' гэлээ.

Энэ үгийг сонсоод Артём, эргэн явж Бурбоны цогцсыг эрж олоод, өртөөнд авчирч ном ёсоор нь оршуулах ёстойгоо санав. Бурбон хэлэхдээ энд түүний найзууд бий гэсэн билээ. Мөн Артём Бурбоны үүргэвчийг олж хараад, дотроос нь өөрийн хагас автоматыг авах зуураа хэрэг болох зүйлс тэнд бий эсэхийг шалгахаар шийджээ. Тэгээд тэр гараа сунгав.

Хүмүүсийн сэжигтэй харц түүн дээр болон түүний үүргэвчин дээр тусч байхад цүнх уудалж суух нь түүнд амар байсангүй. Ингээд тэр үүргэвчний амыг хагас онгойлгоод дотор нь гараа шургуулжээ, тэгээд тийнхүү тэмтэрч байтал,

'Эмээх хэрэггүй дээ' гэж Хан хэлээд, 'Одоо наад зүйл чинь чинийх болсон' гэв.

'Энийг чинь хулгай хийх гэдэг юм' гэж Артём түүнд аяархан шивнээд үүргэвчнээс гар авлаа.

'Одоо найз чинь үгүй болсон болохоор айх хэрэг юу байнаа.' гэж хэлээд Хан цааш нь, 'Би бодохдоо, үхэгсдийн сүнс хоолойруу явж орсныхоо дараагаар бусадтайгаа нэгдэж, нэгэн бүхэл болдог байх гэж сэтгэх юм. Тэдний хүсэл зориг нь ч мөн бусдынхтайгаа адил уусч үгүй болдог биз ... Яахав, чи үхэгсдээс биш амьд нэгнээс нь айдаг юм бол, энэ цүнхийг өртөөний голд аваачаад л хаячих. Хэн ч чамайг хулгайн хэрэгт хардаж сэрдэхгүй. Гэхдээ чи тэр залууг аврах гэж оролдсон гэдгээ битгий мартаарай, үүний чинь хариуд тэр чамд талархах байсан л биздээ. Тиймээс энэ цүнхийг түүний чамд өгсөн төлөөс гэж тооц.' гэлээ.

Тэр тун бардам бөгөөд итгэлтэй нь аргагүй ярьж байсан тул Артём үүргэвчийг нээж үзэхээр зориг шулуудав гэнэ. Тэгээд гараа тэр дотогш оруулаад дотор нь байсан зүйлсийг гаргаж ирээд нэвсийж урагдсан хуучин цэргийн хүрэмний дээр өрж эхэлжээ. Тэнд Артёмд өгсөн хоёрыг нь эс тооцвол бүтэн дөрвөн дайз дүүрэн сум байлаа. Худалдаачин эр гэхэд ийм хэмжээний хангамжтай явна гэдэг үнэхээр ер бусын хэрэг шүү. Артём таван дайзыг нь авч даавуунд ороогоод үүргэвчиндээ хийв. Харин үлдсэн нэгийг нь Бурбоны Калашниковын автоматанд хийлээ. Бууны замгийг нааш цааш нь хөдөлгөж тэр үзлээ. Аюулгүйн түгжээндээ эргэж орохдоо л жаахан гацаж байсныг эс тооцвол бууны эдэлгээ нь тун сайн, ажиллагаа нь хэвийн байх аж. Товчхондоо бол буу яг л шинэ мэт харагдаж байлаа. Бариул нь гарт эвтэйхэн бөгөөд эх биеийг нь сайхан гэгч нь зүлгэж өнгөлсөн байна. Бууны бөх бат байдал нь түүнд итгэл найдвар хийгээд аюулгүй байдлыг амлах шиг болжээ. Хэрэв Бурбоноос цор ганцхан зүйлийг нь ав гэвэл эргэлзэх зүйлгүйгээр Артём уг бууг сонгож авах байв.

Харин Бурбоны түүнд өгнө гэж амалсан 7.62-ын голчтой сумнууд тэнд байсангүй. Ийнхүү Артёмд хэрхэн төлбөр өгөх байсан нь ч мөн тодорхойгүй үлдсэн юм. Эсвэл ... бүр магадгүй тэр түүнд төлбөр төлөхөөс татгалзаж байснаас гадна, метроны тэрхүү аюултай хэсгийг өнгөрсний дараагаар ар нуруунд нь тулгаж байгаад Артёмыг буудаж хөнөөх байсныг үгүйсгэх аргагүй юм. Тэгээд амьгүй болсон түүний цогцсыг агааржуулалтын хавхлагруу унагаах байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Дараагаар нь түүнээс Артёмын хаана байгааг асуувал түүнд хэлэх түмэн янзын хувилбар бас бий билээ. Ер нь ч тэгээд метро бол, тэнд юу ч тохиолдож мэдэхээр тун аюултай газар байсан юм.

Зөвхөн эзэмшигч нь өөрөө л ойлгохоор элдэв янзын зураг тэмдэглэгээ хийсэн метроны газрын зурагнуудаас гадна тэнд зуун грамм өвс байж байлаа. Мөн пластик саванд хийж багласан утсан махнууд байсны дээр цүнхний ёроолд нэгэн тэмдэглэлийн дэвтэр байв. Сухаревскын хараалд идэгдсэн тэр туннелиэр эргэлт буцалтгүй явахаар шийдсэн Бурбоны цүнхнээс анхаарал татахаар өөр зүйл юу ч гарч ирсэнгүй. Урам нь хугарсан Артём тэрхүү дэвтрийг тоож уншсангүй. Учир нь мань эр уг цүнхнээс ямар нэгэн нууцлаг хийгээд хачирхалтай зүйлсийг хайж байж л дээ. Тэгээд Бурбоныг хэн нэгний гар хөл, магадгүй зам зуурын дээрэмчин тонуулчин байсан гэдэгт яагаад ч Артём итгэж эхлэх нь тэр. Удалгүй Артём аяны үүргэвчин доторх бүх зүйлсийг гаргаж тавьжээ. Бурбоны хэрэг зориг магадгүй өөр шалтгаантай байсан байж мэдэх юм гэж Артём өөртөө итгүүлж суулаа. Тэгээд тэр Бурбоны тухай, мөн түүний Сухаревская хүрэх гэсэн шалтгааны тухай удтал боджээ.

Гэнэтхэн Артём хөөрхий тэр эрийн амьгүй болсон цогцсыг эргээд санав. Хулгана хархнуудын зоог болгох гэсэн мэт метроны хүйтэн хонгилд үлдээсэн түүний хүүрийг эргэж очоод авчрахаар тэр шийдэв гэнэ. Харин нэгэнт авчирсан хойно хэрхэн түүнтэй салах ёс гүйцэтгэх билээ? Түүнийг шатаах уу? Хэрэв тэгж гэмээнэ метроны давчуу хонгилуудад амьсгалах аргагүй утаа манан татуулж, түлэгдсэн арьс махны үнэрийг талаар нэг тараах нь яавч сайн санаа биш байлаа. Мөн түүний цогцсыг тэндээс нааш нь зөөнө гэдэг бас л хүндхэн ажил байв. Ийм нөхцөл байдалд яах ёстойг та мэдэх үү? Зүгээр л түүнийг амьд байна гэж төсөөлөх хэрэгтэй бөгөөд энэ нь танд цогцсыг цааш нь зөөх хүчийг өгөх болно. Гэвч дараа нь юу болох бол? Магадгүй өөрт нь өгөх төлбөрийн талаар худал хэлсэн шигээ эндэх найзуудынхаа талаар мөн худал өгүүлсэн бол яана. Энэ тохиолдолд өртөөнд түүний цогцсыг авчирсан нь харин ч эсрэгээрээ муу зүйлийг дагуулж мэдэх юм.

Ийнхүү элдвийг удтал бодосны эцэст Артём, 'Ингэхэд та нар энд үхэгсдийг хэрхэн аргалдаг вэ?' гэж Ханаас асуужээ.

'Юу гэсэн үг вэ, найз минь?' гэж Хан асуултыг асуултаар хариулаад, 'Биенээсээ салж одсон сүнснүүдийг хэлж байна уу, эсвэл тэдний амьгүй болсон хүүрийг хэлэв үү?' гэжээ.

'Цогцоснууд' гэж Артём амандаа бувтнав. Ингэж хэлэхдээ Артём ахиад л Ханыг өнөөх далд ертөнцийн талаарх элдвийн дэмий балай зүйлсээ донгосох вий хэмээн айж байлаа.

'Проспект Мирээс Сухаревская хүрдэг хоёр туннель байдаг юм.' гэж хэлэхэд нь Артём галт тэрэг хоёр чиглэлд явдаг тул зэрэгцээ хоёр туннель байх ёстой гэдгийг саналаа. Хоёрдахь туннелийн талаар Бурбон мэдэж байсан болов уу? Аль эсвэл хоёрдахь туннельд нь илүү их аюул нуугдаж байсан хэрэг үү? 'Гэхдээ чи ганцаараа л явах хэрэгтэй' гэж Хан хэлээд, 'манай эндээс холгүй орших хоёрдахь туннел нь маш том ангалаар дайрч өнгөрдөг юм. Хүмүүсийн ярихыг сонсохнээ бүхэл бүтэн галт тэрэг газрын гүнрүү цөмрөөд орчихсон гэдэг юм билээ. Хавцлын ирмэг дээр чи зогсоод нөгөө төгсгөлрүү нь харах гээд үзээрэй л дээ. Чи юу ч олж харахгүй гэж мэд. Хэдий хурц гэрэл тусгаад ч ёроол нь хүртэл харагддаггүй юм. Яг л ёроолгүй юм шиг ... Энэ л бидний оршуулгын газар даа. Үхэгсдийн цогцсыг бид тийш нь чулууддаг юм.' гэлээ.

Харханд сэглүүлсэн Бурбоны цогцсыг хонгилоор нэг чирч гулдарч явсаар өртөөнд авчирна, тэгээд дараагаар нь Ханы хэлсэн өнөөх хоёрдахь туннелийн харанхуй нүхэн хавцалруу явна гэж бодохоос Артёмын хамаг бие нь эвгүйрхэж байлаа. Гэвч үнэндээ цогцсыг хавцалруу шидэх, хонгилд үлдээхийн аль нь ч ном ёсны оршуулга биш байсан тул энэ нөхцөл байдалд түүнийг тэнд нь үлдээх нь дээр байв. Артёмын бие нь хөлөрч, тэр бодолд дарагдаж бас эргэлзэж байлаа. Тэгээд тэр өндийн босч, өөрийн шинэ буугаа мөрөндөө үүрээд :

'Гүйцээ. Би явлаа. Нэгэнт түүнд амалсан учраас өөр арга алга.' гэж хэлээд Артём буудлын тавцангаас доош буудаг төмөр шатыг чиглэн алхав. Шатаар доош буухаасаа өмнө гар чийдэнгээ тэр асаажээ. Гэвч Артём тэндээс цааш хөдлөлгүй хэсэг хугацаанд эргэлзэж зогсов гэнэ. Чийгтэй бас тааламжгүй үнэр ханхийж, түнэр харанхуй хуралдсан харанхуй хонгилын зүг явахыг тэр оролдов ч яг л гүйдэлтэй газар ирсэн агт адуу мэт хоёр хөл нь тушигдаад цааш хөдөлж өгсөнгүй гэнэ. Зоригоо тэр чангалаад, гүнзгий гэгч нь амьсгаа аваад урагш алхах гэтэл хэн нэг нь түүний мөрөн дээр гараа тавьжээ. Цочсондоо Артём дуу алдаж, золтой л мөрөндэх буунаасаа шүүрээд авчихсангүй ...

Энэ Хан байлаа.

'Битгий ай.' гэж тэр Артёмыг тайвшруулав. 'Би зүгээр л чамайг шалгасан юм. Чи тийш нь явах шаардлагагүйэ. Найзын чинь цогцос тэнд байхгүй байгаа.' гэх нь тэр. Артём түүнийг гайхсан харцаар харахад Хан,

'Чамайг унтаж байх хооронд чинь би оршуулгын ёсыг гүйцэтгэчихсэн. Тийм болохоор чи тийш явах шаардлагагүй гэсэн үг. Хонгил одоо хоосон байгаа.' ингэж хэлээд Хан өртөөний зүг эргээд явчихлаа.

Сэтгэл санаа нь тайвширсан залуу хүү Ханы араас яаралгүйхэн шиг дагаж явлаа. Тэгээд арван алхмын зайд түүнийг гүйцэж очоод,

'Танд тэгэх хэрэг байсан гэж үү, бас яагаад надад хэлсэнгүй вэ? Түүнийг туннелд үлдээсэн, өртөөнд авчирсан хоёр ялгаагүй гэж хэлсэн хүн нь та биш билүү?' гэж асуув.

'Мэдээж хэрэг надад ямар ч хамааралгүй' гэж Хан хэлээд мөрөө сэгсэрлээ. 'Харин чамд бол чухал шүүдээ. Мөн чиний аялал чинь зорилготой, зам чинь урт бөгөөд эрсдэлтэй болохыг би мэдэж байна. Чухам чиний даалгавар юу болохыг би мэдэхгүй ч ганцаараа чи нуруун дээрээ ийм их ачаа үүрч явж яасан ч таарахгүй. Тэгээд л яахав, чамд жаахан тус хүргье гэж шийдсэн минь тэр.' гэж хэлээд Хан Артёмруу хараад инээмсэглэв.

Тэд цааш явсаар удалгүй өнөөх ил галын дэргэд хүрч ирсэн бөгөөд өнгөө алдаж үрчийж хуйларсан брезент дээрээ эргээд сууцгаалаа. Артём,

'Ингэхэд та миний даалгавартай яваа гэдгийг яаж мэдсэн билээ? Зүүдэндээ би ямар нэгэн зүйлийг хэлчихэв үү?' гэж тэр Ханаас асуув.

'Үгүй найз минь, унтаж байхдаа чи хүний урманд ямар ч чимээ анир гаргаагүй шүү. Харин чамайг ирж байгааг чинь би урьдаас харсан юм. Надад үзэгдсэн тэр нэгэн хүн хэлж өгсөн юм л даа. Тэгээд л би чамайг найзынхаа цогцсыг чирч явахад чинь олж очсон юм шүүдээ'

'Тийм гэж үү?' гэж Артём үл итгэсэн янзтай асуугаад, 'Таныг буун дуу гарахыг сонсоод ирсэн байх гэж бодож байлаа ...' гэв.

'Тиймээ би сонссон. Хонгилоор нэг цуурайтаж байхад сонсохгүй хэн байх билээ. Гэхдээ хонгилд буун дуу гарах бүрт намайг тийш нь явж очдог гэж санаа юу? Хэрэв тийм сониуч зантай байсансан бол альхэдийнээ би үхэлтэйгээ учрах байсан биз. Харин чи бид хоёрын учрал бол онцгой тохиолдол гэж мэд'

'Харин танд үзэгдсэн хүн гэдэг чинь хэн билээ?'

'Хэн гэдгийг нь би хэлж чадахгүй нь. Би түүнийг харж байгаагүй шигээ мөн түүнтэй уулзаж учирч явсангүй. Гэхдээ чи түүнийг мэдэж магадгүй. Тэр ер бусын их хүчтэй нэгэн гэдэг нь илт байсан, тэгээд би түүнийг олж харсан юм, гэвч бодит амьдрал дээр биш л дээ. Умардын хонгилоор ирж буй залуу хөвгүүнд туслахыг тэр надад тушаасан юм. Тэгээд чиний дүр зураг нүдэнд минь үзэгдсэн хэрэг. Хэдийгээр энэ бүхэн ердөө зүүд байсан ч маш үнэмшилтэй санагдсан гэдгийг хэлэх байна. Харин сэрэх үедээ би зүүд эсвэл бодит байдал хоёрыг бүр ялгах гээд чадаагүй шүү. Тэр хүчирхэг хүн халзан толгойтойгоос гадна цав цагаан хувцастай байсан ... Чи ингэхэд түүнийг таних уу?' гэж асуулаа.

Ханы дүрсэлсэн тэр хүний төрх Артёмын толгойд тод гэгч нь орж ирлээ. Түүнийг аварсан өнөөх эрийн зүүдэнд үзэгдсэн тэр хүн бол ... Анчин байлаа! Мөн өөрийнх нь зүүдэнд үзэгдсэн тэр дүр зураглалтай яг цав таарч байсанд Артёмд үнэхээр их балмагдав. ВДНХ өртөөнд байхдаа өмсч байсан борооны цувтайгаа биш цас шиг цагаан хувцастай байсан гэдэг нь хүртэл тохирч байлаа.

'Тиймээ. Би тэр хүнийг танина.' гэж Артём хэлээд, Ханруу арай л өөр харцаар харж эхлэв.

'Тэр зүүдэнд минь дайрч орж ирсэн явдлыг би хэзээ ч уучлахгүй. Гэвч тэр энгийн нэгэн хүн биш байсан' гэж хэлэхдээ Хан сэтгэл түгшсэн байдалтай ярьж суув. Тэгээд тэр, 'Яг л чамд миний тусламж хэрэг болсон шиг түүнд ч бас хэрэгтэй болж л дээ янз нь. Тэр надаас үүнийг шаардаагүй ч, мөн надаас асуугаагүй ч яг л тэр намайг захирах шиг болсон юмдаг. Гэхдээ тэр их л зовиуртай байх шиг надад санагдсан, тун их зовиуртай ... Тэгээд тэр гараа сунгаж миний мөрөн дээр гараа тавьсан. Харин сэрэнгүүтээ би чиний өөдөөс замд гарсандаа.' Хан ингэж хэлэв.

Артёмын толгойд хариултгүй үлдсэн түмэн янзын асуулт эргэлдэж байх атал Ханаас олж дуулсан сүүлийн эдгээр үгс бүр ч хачирхалтай санагдаж, тархи толгойг нь бүр эргүүлж гүйцэв гэнэ. Хэлэх үггүй залуу хүү хэлж тайлбарлахын аргагүй хачин зүйлс болоод байгааг зөнгөөрөө тэр мэдэрч байлаа. Үнэхээр энэ хүн бүхнийг урьдаас харж чаддаг гэж үү? Үнэхээр Анчин түүний зүүдэнд нэвтэрч ороод түүнд дохио сануулга өгөв үү? Анчин амьд байгаад, магадгүй тэр биегүй сүүдрийн биелэл болж хувирав уу? Удалгүй Артём өөрийн эрхгүй Ханы хэлж ярьж байсан далд ертөнцийн тухай элдвийн ярианд нь итгэж эхэллээ. Энэ бүхнийг үл ойшоож өнөөх эрийг галзуу солиотой нэгэн гэж хэлэх нь түүнд илүү амар байсан ч зөвхөн өөрийнх нь мэдэж байх учиртай зарим нэг зүйлсийг тэр хүн мэдэж байсанд нь мөн эргэлзэж байлаа.

Яг л түүний ухаан бодлыг уншиж байгаа гэлтэй чимээгүй бас тайван гэгч нь Артёмыг ажиглаж байснаа Хан, 'Чи хаашаа явж байгаа билээ?' гэж асуув. 'Надад хэл л дээ, хаашаа явж байгаагаа. Магадгүй миний хүч чадал хүрвэл дараагийн алхмаа хийхэд чинь чамд туслаж болох юм. Тэр ч бас надаас үүнийг хүссэн.' гэв.

'Полис' гэж Артём хэлэв. 'Би Полисруу явах хэрэгтэй байна.'

'Тэгвэл бурхан мартсан энэ өртөөнөөс чи яаж тийш нь хүрэх гэж байнадаа?' гэж эргэлзсэн Хан түүнээс асуув. 'Найз минь, чи Проспект Мирээс Курскаяа юмуу эсвэл Киевская өртөөнүүдрүү явах хэрэгтэй байж дээ.'

'Ханзагийнхан тэнд бий шүүдээ. Мөн тэндээс надад таньж мэддэг хүн амьтан байхгүй учраас түүгээр явахад бүр ч их асуудалтай байна. Тэгээд ч би Проспект Миррүү дахин очиж чадахгүй нь. Тэр аймшигтай туннелиэр дахин явна гэхээс хамаг яс минь хавталзаж байна. Харин би Тургеневскаяруу л хүрье гэж бодож байнадаа. Би хуучин газрын зургаас харсан. Тэнд Сретенский Бульвар хүрдэг гарц байдаг гэж дүрсэлсэн байна. Тэгээд тэндээс дутуу баригдсан туннелиэр дамжаад Трубнаяруу хүрэх боломжтой.' гэж хэлээд Артём халааснаасаа хуйлаастай газрын зураг гаргаж ирэв. 'Харин Трубная өртөөнөөс Цветной Бульвар хүрнэ. Тэгээд тэндээсээ Полис ороход ямар ч асуудалгүй харагдсан.' гэж нэмж хэллээ.

'Үгүй дээ', гэж Хан гунигтай нь аргагүй хэлээд толгойгоо сэгсэрлээ. 'Чи Полисруу наад замаараа явж хэрхэвч болохгүй. Наад газрын зураг чинь чамд худлаа зааж өгч байна. Энх тунх байсан цагт наад газрын зургийг чинь зурж хэвлэсэн байна шүүдээ, харахгүй байна уу. Яахав, магадгүй тэд гүйцэт баригдаж дуусаагүй метроны шугамнууд, аль эсвэл нурж сүйдсэн өртөөнүүдийг дүрсэлсэн байж болох ч зам дагуу нуугдах саад бэрхшээлүүд бас тэнд биднийг хүлээх элдвийн аюулуудын талаар юу ч бичээгүй гэдэг нь тодорхой. Наадахыг чинь гурван настай хүүхдүүдэд л зориулж зурсан юмуу гэмээр ухаангүй бас гэнэн юм. Алив нааш нь өгөөдөх.' гэж хэлээд Хан Артёмын гараас газрын зургийг нь шүүрч авлаа.

Артём ч татгалзсангүй түүнд өгөв гэнэ. Гэтэл Хан газрын зургийг нь базаж орхиод галруу чулуудчихжээ. Артёмын уур маш их хүрсэн ч, маргалдахгүй байхаар шийдэж тэр биеэ барьж суулаа. Хан,

'Харин чи найзынхаа цүнхнээс олсон газрын зургийг гаргаад ирээч.' гэв.

Артём эд зүйлсээ удтал уудалсны эцэст газрын зургийг сая нэг олсон боловч Ханд өгөх гэж тэр яарсангүй. Үнэндээ тэр газрын зураггүй хоцрохвий гэхээс эмээж байсан хэрэг. Хан энэ бүхнийг нь мэдэнгүүтээ Артёмыг сэнхрүүлэх зорилгоор,

'Би наадахыг чинь яах ч үгүйдээ, битгий санаа зов. Надад итгэ. Би ямар ч шалтгаангүйгээр юу ч хийхгүй. Магадгүй чи миний хэлсэн зарим нэг үгс бас хийсэн үйлдэлд минь гайхаж л байгаа биз, тэгээд бас энэ бүгдийг ухаангүй хэрэг хэмээн бодож байгаа байх л даа. Гэвч тийм биш. Чи ердөө л ойлгохгүй байгаа хэрэг. Учир нь ертөнцийн талаарх чиний мэдлэгийн хязгаар тун бага юм. Тэгээд ч замынхаа ердөө эхэнд нь явж байна шүүдээ, дүү минь. Зарим нэг зүйлсийн талаар мэдэхэд чи хэтэрхий залуухан байна.' гэлээ.

Артём Ханд Бурбоны газрын зургийг өгөв. Дугтуйн дайны хэмжээтэй шаргал өнгийн ил захидал бүхий уг дөрвөлжин цаасны ар талд гацуур модонд өлгөсөн бөмбөлөг дээр 'Шинэ оны мэнд хүргье-2007 он.' гэж бичсэн байлаа.

Удалгүй, 'Энэ ч хүнд байна шүү' гэж сөөнгөтсөн дуугаар Ханыг өгүүлэхэд Артём толгойгоо дээш өндийлгөж түүнийг анхааралтай гэгч нь ажиглав. Хан өнөөх картыг гартаа барьсан байв. Тэгээд тэрхүү ил захидал Ханы гараас мултран газарт унахдаа яг л килограмаас илүү жин татаж буй гэлтэй тавхийн унах нь тэр! Хэдхэн секундын өмнө л Артёмын гарт байсан шүүдээ, гэвч Артём юуг ч мэдрээгүй байна. Түүний хувьд цаас шиг л цаас байлаа.

'Энэ газрын зураг чинийхээс хавьгүй илүү юм гээч.' гэж Хан хэлээд, 'Энэ ил захидал дотроо маш их мэдлэгийг агуулж байна. Чамтай хамт явсан хүнийх гэхэд үнэхээр итгэх арга алга. Энэ зурган дээрх энэ бүх тэмдэглэгээ, бас энэ зурааснууд ... энэ бүхэн маш ихийг өгүүлж байна. Гэхдээ, энэ яг л ...'

Ханы дууны өнгө илүү тод бөгөөд хурц болж ирлээ.

Гайхаж гүйцсэн Артём түүнийг хоёр нүдээ цавчилгүй ширтэж суулаа. Хан гүнзгий бодолд автаж, духанд нь гүн үрчлээс тодорчээ. Түүдгийн цогшин унтрах гал түүний нүдэнд ойн үзэгдэж, секунд өнгөрөх тутам царай төрх нь улам илүү аймшигтай болж байлаа! Айж цочсондоо Артём өртөөнөөс зугтааж, өнөөх хараал идсэн ёрын хонгилоор хүртэл эргээд гүйхээсээ буцахааргүй болтол нь тийм аймшигтай болж иржээ!

'Надад буцаагаад өг.' гэж ширүүн өнгөөр Хан түүнд хашгирах шахам хэлэв. Зандрах гэхээсээ илүү энэ нь яг л тушаал шиг сонсогдож байсан юм. 'Чамд дахиад нэгийг өгсөн ч яахав. Гэвч ялгааг нь чи хэзээ ч олж чадахгүй. Бас чиний юу гэх чинь надад хамаагүй' гэж тэр үргэлжлүүллээ. Ийнхүү хэлж байхдаа тэрээр яг л өөр хүн шиг болсон байлаа!

'Май ав л даа, энэ таных' гэж хэлээд Артём, түүний эсрэг ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй үг дуугүй буулт хийжээ.

Төд удалгүй Хан ил галын дэргэдээс босоод явчихав. Тэгээд тэр сүүдэрт очиж зогсоод нүүрээ хоёр гарынхаа алгаар дарав гэнэ. Яг л тэр өөрийн биеийг хянаж буй гэлтэй, мөн өөрт нь бодол санааныхаа дотоод зөрчлийг харуулахгүй гэсэндээ нууж байгаа мэт Артёмд санагджээ.

'Харав уу, найз минь' гэж хэлэхдээ Ханы дуу хоолой хэдхэн хоромын өмнө сонсогдож байснаасаа хавьгүй илүү зөөлөн бас намдуу болсон байлаа. Тэгээд харанхуйн дундаас Хан, 'Наадах чинь газрын зураг биш байна. Гэхдээ яг ч биш гэж байгаа юм биш л дээ. Энэ бол Метроны хөтөч байна. Тиймээ, тийм, эргэлзэх зүйл алга. Энэ газрын зургийг эзэмшигч нь бүхэл бүтэн метрог хоёр өдрийн дотор туулдаг байж. Энэ газрын зураг чамд хаашаа явж, бас хэрхэн явахыг чинь зааж өгөх болно. Бас элдвийн аюулыг урьдаас хэлж өгч анхааруулах болно ... Нэг үгээр хэлбэл замыг чинь зааж өгнө гэсэн үг. Ийм л учраас хөтөч гэсэн юм шүүдээ.' Ингэж хэлээд Хан дахин галын гэрэлд гарч ирлээ. 'Би энэ зүйлсийн талаар сонсч байсан юм байна. Хэрэв би эндүүрээгүй бол метроны системд тун цөөхөн үлдсэн байх ёстой, магадгүй энэ хамгийн сүүлчийнх нь ч байж мэднэ. Маргаан байхгүй өнгөрсөн үед амьдарч байсан хүчирхэг зөн билигтний үлдээсэн өмч хөрөнгө биз.' гэлээ.

'Метроны хамгийн гүн хэсэгт суугч нэгэн' гэж хэлээд Артём, Хантай өөрийн сонссон зүйлийн талаар ярилцах гэснээ Ханы баргар цариаг хараад үгээ тасаллаа.

'Сайн мэдэхгүй зүйлийнхээ талаар хэзээ ч битгий ярьж бай! Метроны хамгийн гүнзгий хэсэгт нь чухам юу болж байдгийг чи мэдэхгүй биздээ - би ч бас тун бага зүйлийг мэднэ. Хэрэв бид мэдэж гэмээнэ бурхан биднийг өршөөх болтугай. Гэвч найзуудаасаа чи олж сонссон бол тэнд тэдний ярьснаас огт өөр зүйл болж байдаг гэдэгт итгээрэй. Тэнд юу ч болж байсан бай хамаагүй. Бусдын шалдир булдир дэмий хоосон төсөөллийг дахин чи давтах хэрэггүй, үгүй бол нэг л өдөр чи үүнийхээ төлөөсийг төлөх болно шүү. Тэгээд ч энэ бүхэн чинь энэ Хөтөчтэй огт хамааралгүй гэж мэд.' гэлээ.

'За за, тийм болог' гэж хэлээд Артём ярианы сэдвийг хазайлгалгүй, түүний хэлсэн үгсийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэв. Тэгээд, 'Яаж хэрэглэхийг нь би мэдэхгүйгээс хойш, наад Хөтөч-өө та авбал дээргүй юу. Мөн намайг аварсан явдалд тань маш их талархаж байна. Наад газрын зураг чинь ч үүнийг төлж барахгүй байх.' гэлээ.

'Тийм шүү.' гэж Ханы хэлэх үед нүүрэнд нь тодорсон үрчлээсүүд тэнийж, дууны өнгө нь зөөлөн болж ирэв. 'Үүнийг хэрэглэж чаддаг болох хүртлээ чи сааргүй урт хугацааг зарцуулах хэрэгтэй болно. Надад метроны шугамнуудыг харуулсан өөр нэгэн газрын зураг бий. Хэрвээ татгалзахгүй бол Хөтөч дээрх тэмдэглэгээнүүдийг хуулбарлаад өгч болох юм. Тэгээд бас ...' гэж хэлээд тэр цүнхээ уудлав. 'Үүнийг чамд санал болгоё.' гэж хэлээд хачин хэлбэртэй гар чийдэнг гаргаж ирлээ. 'Баттерэй хэрэг болдоггүй юм. Ердөө чи гар аргаар цэнэглэхэд л хангалттай - энд байгаа хоёр товчлуурыг харж байна уу? Хуруугаараа чи дарж өгөх хэрэгтэй. Ингээд л гар чийдэн чинь илүү тодоор гэрэлтэх болнодоо. Мэдээж хэрэг тийм ч хурцаар гэрэлтэхгүй л дээ. Гэвч цаг нь тулсан үед Полисын мөнгөн усны гэрэлнүүдээс ч тод асах шиг болдог юм ... намайг ч мөн олон удаа аварсандаа. Мөн чамд ч бас хэрэг болох байх гэж найдаж байна. Май энийг ав. Чинийх болсон. Май, ав, ав. Авахгүй бол шударга бус хэрэг болно шүү. Чамд өртэй хүн нь би боллоо.' гэж Хан хэлэв.

Артёмд энэхүү солилцоо үнэхээр ашигтай байлаа. Магадгүй Ханы хэлсэн шиг үнэхээр тэр газрын зураг идтэй шидтэй байж болох ч далдын дуу хоолойг сонсох билгийн мэлмий нь нээгдээгүй тул үрчгэр тэр цаасыг мянга эргүүлж үзээд Артёмын хувьд ямар ашиг байна.

'Тэгэхээр байнаа, чиний зурсан тэр маршрут чинь чамайг яавч сайн зүйлд хүргэж өгөхгүй.' гэж хэлээд Хан, гартаа байсан газрын зургийг анхааралтай гэгч нь харж суув. 'За одоо харж бай.' гэж хэлээд ардаа каледарьтай хуучин газрын зургийг халааснаасаа гаргаж ирэв. 'Чи Тургеневскаяас Сретенский Бульвар хүрэх гарцыг ярьж байсандаа. Энэ өртөөний талаарх элдвийн ярианууд болоод эндээс цааш Китай-Город хүрдэг муу ёрын туннелийн талаар сонсоогүй л гэж битгий хэлж үзээрэйдээ'

'Түүгээр ганц нэгээрээ явж болохгүй л гэж сонссон юм байна. Тэгээд ч би Тургеневская хүртэл ачааны цуваатай хамт явах бодолтой байгаа. Харин тэнд хүрэхээрээ дамжуулалтын гарцаар дамжаад цааш явчихнадаа ...' гэж хэлэхдээ Артём өөртөө итгэлгүй хариулав.

'Тэнд чинь дамжуулалтын гарц байдаггүй юм шүүдээ. Аркуудын хооронд хана босгосон байгаа. Чи чинь мэддэггүй юмуу?'

Артём үүнийг яаж мартаж чадав аа! Мэдээж хэрэг энэ тухай тэр өмнө нь дуулж байсан шүүдээ, гэвч тэр мартаж орхижээ ... туннел дэх элдвийн амьтдаас айхдаа Улаантнууд дамжуулалтын гарцуудыг хааж битүүмжлээд зөвхөн Тургеневская өртөөрүү хүрдэг цорын ганц замыг нээлттэй үлдээсэн байна.

'Гэвч, тэнд өөр гарц байхгүй гэж үү?' гэж тэр Ханаас асуув.

'Үгүйэ ... энэ хөтөч ч мөн адил чимээгүй байна ... Үнэнийг хэлэхэд метроны шугамд салаалах гарцыг Тургеневская өртөөнд барьж эхлээгүй юм шүүдээ. Хэрвээ байлаа гэж бодсон ч цуваанаас чамайг салаад ганцаараа түүгээр явах зориг зүрхтэй нэгэн гэж бодохгүй л байна. Ялангуяа цувааг хүлээх зуураа уг бяцхан газрын талаарх сүүлийн үеийн цуу яриаг олж сонссоныхоо дараагаа тэр шүүдээ.'

'Тэгвэл би яах хэрэгтэй гэсэн үг вэ?' гэж цөхөрсөн дуугаар Артём асуухдаа, календартай газрын зургийг эргүүлж тойруулан харж суув.

'Китай-Городруу явахад бол боломжтой л доо. Энэ ч их сонин өртөө шүү. Оршин суугчид нь ч гэсэн тун их сонирхолтой улс. Найзууд чинь хүртэл чамайг амьдарч байсан эсэхэд эргэлзэхэж орхихоор, чамайг бүр ор мөргүй, бараа сураггүй алга болчихдоггүй л юм бол Тургеневская хүрээд ... тэгээд тэндээсээ Китай-Город ороод, за одоо сайн харж байгаарай' гэж хэлээд Хан газрын зураг дээгүүр хуруугаа явуулж, 'Пушкины өртөө хүрдэг ердөө хоёрхон өртөө байдаг юм. Тэгээд Чеховын өртөөнд хүрдэг энэ гарц, аа тэгээд нөгөөх нь Полисруу хүргэж өгдөг энэ нэг гарц бий. Энэ замаар явбал илүү ойр байх болно.' гэлээ.

Артём аман дотроо тоолж, өртөөнүүдийг, тэдний хоорондох туннелүүдийнх нь хамтаар тооцоолж суулаа. Яаж ч тооцоолсон Ханы зааж өгсөн тэрхүү зам илүү ойрхон бөгөөд басхүү аюул багатай байлаа. Яагаад өмнө нь Артём үүнийг огт бодож байсангүй вэ? Харин одоо түүнд үүнээс өөр сонголт үлдсэнгүй.

'Таны зөв юм байна' гэж Артём эцэст нь хүлээн зөвшөөрөв. Тэгээд, 'Харин ачааны цуваа тийш хэр их явдаг вэ?' гэж асуужээ.

'Тийм ч их гэж бодохгүй л байна. Мөн Китай-Городруу хүрч очиход заавал ч үгүй дутуу баригдсан энэ ёрын өртөөгөөр дайрч өнгөрөх хэрэгтэй болох нь.' гэж хэлээд Хан Артёмын жийрхэж байсан өнөөх хүн амьтан ганц нэгээрээ явдаггүй хонгилын төгсгөлийг, тодруулж хэлбэл Тургеневская өртөөг зааж үзүүлэв. Тэгээд тэр, 'Өмнөдрүү хөдөлсөн сүүлчийн ачааны цуваа замдаа гараад удаж байна. Хэрэв биднийг аз дайрвал дараагийнх нь тун удахгүй хөдлөнө гэж найдая. Яваад хүмүүстэй ярилцаад үз, асууж сурагла, гэхдээ тэд ярихдаа тийм ч дуртай байхгүй л болов уу. Энд тав арван цаасны төлөө хэний ч хоолойг хэрчихээсээ сийхгүй шаар шавхруунууд олон бий, тиймээс мэдэлтэй байх хэрэгтэй .... За за, ердөөсөө л би чамтай хамт явж үзье. Тэгвэл чи асуудалд орооцолдож тэнэг зүйл хийхгүй байж мэднэ.' Хэсэг хугацаанд бодож суусныхаа дараагаар Хан ингэж хэлэв.

Артёмыг аяны үүргэвчээ мөрөндөө үүрэх үед нь Хан түүнд хандаж, 'Эд зүйлсдээ санаа зовних хэрэггүйдээ. Эндхийн хүмүүс надаас айдаг учраас, ямар ч этгээд миний үүррүү хамраа цухуйлгаж, хэвтрийн минь дэргэдүүр шиншлэхгүй гэж мэд. Мөн чи энд надтай хамт байх үедээ, миний хамгаалалтан дор байх тул санаа амар байж болно.' гэлээ.

Артём үүргэвчээ ил галын дэргэд үлдээсэн ч өөрийн автомат бууг биенээсээ огт салгасангүй гэнэ, шинэхэн эрдэнэсээсээ тэр хагацах тун дургүй байгаа нь илт байв. Харанхуй өртөөний цаахан талд, энд тэндгүй дүрэлзэн асах түүдгийн гэрэлнүүд сүүдэгнэн үзэгдэнэ. Харин тэднийг тойрон хүрээлээд хүмүүс хэсэг бүлгээрээ дулаацан суугаа нь харагдана. Мэдээж хэрэг Хан урд нь алхаж, Артём түүнийг дагаж байлаа. Хүмүүсийн дэргэдүүр тэднийг явж өнгөрөхөд яг л тэднээс айсан мэт орон гэргүй тэдгээр гуйлгачид халтар хөнжлийнхөө араар шургаж тэднээс нүүрээ буруулж байсан юм. Артём үүнийг анзаарч, энэ бүхнийг гайхан харж явлаа ...

Тэд цааш алхсаар эхний түүдгийг өнгөрчээ, гэвч Хан огтхон ч хурдаа сааруулсангүй. Бараг л унтрахаа дөхсөн жижигхэн тэр галын илчинд хоёр хүн зэрэгцэн суугаад дулаацаж байх аж. Эрэгтэй бас эмэгтэй. Тэд өөр хоорондоо үл мэдэгдэх харийн хэлээр ярих агаад тэдний шивнээ Артёмын чихэнд бараг л дуулдсангүй. Сониуч зандаа хөтлөгдөж Артём тэдний зүг харахыг хүссэн ч харанхуйн дундаас хос хоёрыг ялгаж чадсангүй.

Удалгүй тэдний урд бас нэгэн түүдгийн гал гарч иржээ. Том бөгөөд хурц гэрэлтэй гэдэг нь аргагүй юм. Өртөөний ихэнх хүмүүс тэнд цугласан байлаа. Ширүүн төрхтэй дориун эрс ил галын илчинд гарын алгыг хооронд нь хавсарч, дулаацан суух агаад элдвийн чимээ анир танхимаар нэг цууриатаж, тэдний инээлдэж хөхрөхтэй нь зэрэгцээд хэрүүл шуугиан алсаас тодорно. Харин Артёмыг энэ бүхнээс эмээж хурдаа бага зэрэг сааруулж байхад Хан урьдын адил тайван бөгөөд өөртөө итгэлтэй гэгч нь алхаж байлаа. Тэгээд тэр түүдгийн дэргэд суух хэсэг бүлэг залуусын дэргэд явж очоод тэдэнтэй мэндэлж, дэргэд нь суужээ. Артём ч мөн адил Ханыг дагаад хажууд нь сөхрөн суув.

'... тэгээд тэр өөрийгөө шалгаж үзтэл гаран дээр нь яг адилхан тууралт гарсан байлаа. Харин суган дотор нь хатуу идээтэй яр гарч, цэврүү үсрэн хагараад буглан идээлсэн байсан юм. Та нар төсөөлж байна уу, новш гэж ... Хүмүүс гэдэг харилцан адилгүй ааш авиртай байх юмдаа. Зарим нэг нь өөрсдийгөө үг дуугүй буудан хороож байхад, нөгөө нэг нь солиорч эхэлнэ. Тэгээд ганцаараа үхэхгүй гэсэндээ бусдыгаа тэвэрч авах гэж оролдохыг нь яана. Өөр нэг нь бусдад халдвар тараахгүйн тулд цагирагийн цаадах өртөөнүүдрүү дүрвэж байсан юм ... Тэгээд өнөөх залуу чинь энэ бүхнийг олж харангуутаа эмчдээ хандаж : Би эдгэрэх болов уу? гэж асуужээ. Харин эмч өнөөх эрийн хоёр нүдрүү нь харж байгаад : Үгүй гэж хэлсэн юмдаа. Хэрвээ чиний биен дээр ийм идээ бээр туураад эхэлсэн бол чамд амьдрахад ердөө л хоёр долоо хоногийн хугацаа л үлдсэн гэж мэд. Энэ үед батталионы захирагч альхэдийнээ макаров гар буугаа гэрнээс нь гаргаж бариад бэлтгэчихсэн байсан юм. Өнөөх залууг сэтгэлээ барьж чадалгүй, элдвийн ааш аяг гаргахвий гэж сэрэмжилсэндээ тэр ...' өтгөн сахалтай, туранхай биетэй, хөвөн хүрэм өмссөн хөгшин эр тийнхүү ярьж суулаа. Тэгээд гал нь унтарч, цэхийж саарал болсон нүдээрээ тэр орчныг эргүүлж тойруулан харж байлаа.

Артём тэр өвгөний чухам юун тухай ярьж байгааг нь нэг л сайн ойлгосонгүй. Өвгөний сөөнгө хоолой аниргүйг эвдэхээ больж чимээгүй болжээ. Эргэн тойрны залуус цөм дуугаа хураахтай нь зэрэгцээд Артёмын айдас дагаад нэмэгдэж байв. Тэгээд хэнийг ч анхаарлыг таталгүйгээр, аяархан гэгч нь Ханаас,

'Энэ өвгөн юун тухай яриад байна' гэж тэр асуужээ.

'Тахал' гэж Хан гунигтай өнгөөр хэлэв. 'Дэгдсэн' нэмж бас ингэж хэлэв.

Уутанд хийж битүүмжилсэн цогцоснууд, ялзарч өмхөрсөн тэдний мах арьс, хүүр шатаах галын утаа, аваарийн цуурай бас алсаас цохих түгшүүрийн хонхны чимээ ...

ВДНХ өртөөний хувьд ийм дүр зураглалыг тэд хэзээ ч үзэж байсангүй. Үхлийн тахлыг тээгч хулгана хархнуудыг тэд нэгийг ч үлдээлгүй устгаж дууссан тул тэр бизээ. Тэгээд ч өртөөнд чадварлаг сайн эмч нар цөөнгүй бий билээ. Зөвхөн ийм халдварт өвчнүүдийн талаар урьд өмнө Артём ганцхан номноос л уншиж байжээ. Дэндүү балчир байсан тул үхлийн аюултай эдгээр хижиг өвчнүүд балчир хүүгийн ой тойнд гүнзгий гэгч нь ул мөрийг үлдээсэн байна. Заримдаа жаалхүүгийн зүүд нойрны ертөнцөд тэд заларч бяцхан зүрхийг нь айдас хүйдсээр эзэмдэнэ. Тэр үеэс хойш 'тахал' хэмээх энэ үгийг сонсоод Артёмын нуруугаар хүйт оргиж, хүйтэн хөлс нь асгардаг болсон юмсанж. Артём Ханаас өөр асуулт асуусангүй. Гэвч туранхай тэр өвгөний чихэнд чимэггүй яриаг сонсохгүй байж бас чадсангүй.

=================================================================

Mэдээнд оруулах ёстой тэмдэгтийн тоо хэтэрчихсэн болохоор үргэлжлэлийг эндээс уншина уу ... http://khuslenreader.blogspot.com/2013/ ... -6_24.html

Мөн илүү HD-ээр уншихыг хүсч байвал блогоор зочилж байгаарай. Дүрүүдийн харилцан яриаг өнгөөр ялгасан байгаа, мөн таныг уншиж байх явцад тань чихэнд чимэгтэй аялгуу давхар эгшиглэх болно. :brows:

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Top
   
PostPosted: Sep.25.13 3:32 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Dec.01.10 12:15 pm
Posts: 4659
Тэмдэг

_________________
.: : :.: :


Top
   
PostPosted: Sep.25.13 11:06 pm 
Offline
Fantasy Formula1 Champion
User avatar

Joined: Nov.19.04 3:45 pm
Posts: 4304
Location: Хүсэл мөрөөдөл минь биелвэл Хүзүүнээсээ олс углана...
Баярлалаа...

_________________
Зэрэгцэн урсах цаг хугацаа...


Top
   
PostPosted: Sep.26.13 12:39 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 135
сайхан шүү

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Sep.26.13 7:02 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.09.04 8:01 pm
Posts: 5186
Гайхалтай.


Top
   
PostPosted: Sep.27.13 6:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3632
Location: Өвөлд
good


Top
   
PostPosted: Sep.27.13 7:21 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.31.13 11:49 am
Posts: 984
Сайн байна гэж Хүслэнг магтан дуулъя. Энэ зохиол шиг зүйл ганцхан надад тохиолдоосой.

_________________
Амьд л явж байвал үхсэн ч яах вэ


Top
   
PostPosted: Sep.28.13 5:29 am 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Sep.22.13 2:47 pm
Posts: 324
Хэцүү дээ цагаа тулахаар

_________________
Hey Old sport!


Top
   
PostPosted: Sep.28.13 5:45 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Mar.16.12 9:36 am
Posts: 690
Location: aberdeen, scotland
MARK

_________________
all nights reserved ©


Top
   
PostPosted: Oct.03.13 10:03 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Jun.27.13 7:59 am
Posts: 43
7-р бүлэг : Харанхуйн эзэнт гүрэн.

Image

Туннел хоосон байлаа. Цэвэрхэн бас чимээ аниргүй. Газар хуурай бөгөөд урин зөөлөн салхин тэдний нүүрийг сэвшиж байв. Хонгилд хулгана харх харагдахгүй байгаа шиг харанхуйд цөмрөн орох салаа зөрлөг туннелиуд тэнд мөн үл үзэгдэнэ. Заримдаа хаалттай түгжээтэй хаалганууд тааралдах ба бусад өртөөнүүдийн адилаар хүмүүс тэнд орогнож болохоор аж. Гэвч ер бусын аниргүй нам гүм хийгээд эл хуль энэхүү орчин - айх аюулгүй амгалан тайван байдлыг бус хэзээ мөдгүй айлчлан ирж мэдэх үхэл хагацал болоод ор сураггүй алга болж болох ёрын муухай бодлуудыг хамтад нь дагуулж байсан юм. Хэдий тийм боловч төдий л удалгүй хүмүүсийн энд ул мөргүй алга болдог гэх элдвийн таагүй ярианууд цөм худал цуурхал шиг Артёмд санагдаж эхэлжээ. Түүнээс гадна тахалтай хэмээн сэжиглэгдэж харанхуй хонгилоор гүйж явахдаа аймшигтайгаар зэрэмдэглүүлж амь эрсэдсэн өнөөх өвгөний цогцос хэзээ тааралдах бол хэмээн айж бас гайхаж явлаа. ... Гэвч, магадгүй энэ бүхэн ердөө хар дарсан зүүдний үргэлжлэл байсан юм болов уу?, тэр тэгээд ил галын дэргэдэх хуучирч муудсан брезентийн дээр зүүрмэглэж суухдаа энэ бүгдийг төсөөлөө юм болов уу? ...

Цувааны хүмүүсээс ганц нэгээрээ салж одохвий, мөн үлдэж хоцрохвий гэсэн шиг Хан тэдний дэргэд нь алхаж явлаа. Артём ч мөн түүнээс нэг алхам ч хоцорсонгүй. Хэрэв тэгж гэмээнэ хэн ч Китай-Городруу хүрэхгүй гэж Хан тэдэнд анхааруулсан билээ. Одоо тэр Артёмын дэргэд алхаж байна, тайван бөгөөд яг л урьдын адил юу ч болоогүй гэлтэй. Сухаревскаяад байхад нүүрийг нь эгээтэй л дундуур нь хуваахаа дөхсөн өнөөх гүн үрчлээсүүд одоо нэгэнтээ алга болжээ. Уур хорсол нь ор мөргүй арилж, одоо Артёмын дэргэд хилэн ихт азарган чоно бус дөлгөөн бөгөөд цэцэн цэлмэг Хан өөрийн биеэр алхаж явна. Гэвч цаг нь тулсан эгзэгтэй үед энэхүү өөрчлөлт минутын дотор биелдгийг Артём өөрөө харсан юм. Тиймдээ ч тэр Ханыг дахин уурлахыг нь ахиад харахгүй хэмээн найдаж явлаа.

Тун удахгүй тэд метроны бас нэгэн нууцын хөшгийг нээх болно. Үнэнийг тунгааж, худлаас ялгах мөч ойртож байна. Ийм ч учраас Артём анхаарал хийгээд сонор сэрэмжээ ер гээсэнгүй.

'Энэ туннелд яг юу болж байдгийг ингэхэд та мэдэх үү?' . Артёмыг ингэж асуухад,

'Хэн ч үүнийг мэдэхгүй, би ч мөн адил.' гэж хариулахдаа Хан таатай байсангүй. 'Тиймээ, миний хүртэл чухам үнэн учрыг нь ойлгодоггүй тийм нууцлаг зүйлс метроны хонгилд олон болж байдгийг би мэднэ. Харин чамд хэлж чадах цорын ганц зүйл гэвэл үүнийг би нүхтэй зүйрлэх байна. Яг л ёроолгүй гэлтэй хар нүх шиг .... Чи ер нь оддыг харж байгаагүй байхаа? Аль эсвэл нэг удаа харсан гэж байл уу? Мөн сансар огторгуйн талаар чи юуг мэдэх вэ? Одод заримдаа сөнөх үедээ гадны хүчин зүйлсийн нөлөөнөөс бус дотроосоо ялгаруулах ер бусын хүчирхэг энергийн тусламжтайгаар мөхдөг юм. Тэгээд маш жижигхэн цагаан од болж хувирах бөгөөд ямар ч тохиолдолд улам илүү нягт болдог гэж мэд. Нягт болох тусмаа хүндийн хүчний хэмжээ нь төдий чинээ нэмэгдэж ирдэг бөгөөд энэхүү процесс нь яг л цасан нуранги мэт саатуулж болдоггүй эд байгаа юм. Материйн тоо хэмжээ ихсэх бүрт бяцхан цагаан од илүү хурдан, илүү хурдтайгаар өнөөх хар нүх буюу харанхуй хар мангасын зүрхрүү ойртох болно. Далайц ихтэй үлэмж их хүч үйлчилж хөрш оддыг ч мөн өөртөө татна гээч, удалгүй харин түүний хамрах нөлөөн дор буй бүх маттериуд эцэстээ гэрлэн зам үүсгэн цуварч эхэлнэ дээ. Бусад оддын, бусад нарнуудын гэрлийг тэр тэгээд шуналтай нь аргагүй сорж байдаг бөгөөд түүний эргэн тойронд зөвхөн түнэр харанхуй тунарч байдаг нь аймшигтай. Мөн тийш нь татагдсан ямар ч зүйл буцах аргагүйд хүрнэ. Энэ бол түнэр харанхуйн од, хар өнгийн нар, зөвхөн түүнийг тойрон хүрээлээд гил хар сүүдэр болоод хүйтэн хөндий орчин л эцэстээ үлдэх болно.' ингэж хэлээд Хан чимээгүй болов, тэр тэгээд урдаа алхан яваа хүмүүсийн яриаг чих тавин чагнажээ.

'Таны ярьсан зүйл чинь энэ туннелтэй ямар хамааралтай билээ?' гэж таван минутын дараагаар чимээгүй явж тэсэлгүй Артём түүнээс асуув.

'Чи мэднэдээ, намайг далдын зүйлсийг хардаг гэдгийг. Заримдаа би ирээдүйд болох зүйлсийг хардаг, харин заримдаа өнгөрсөн үеийг сөхөж чаддаг. Аль эсвэл оюун санаагаа би өөр газарт шилжүүлж бас дөнгөдөг. Заримдаа тэд надад харагддаггүй, бас надаас нуугдаж орхидог юм. Тухайлбал, би чиний аялал яаж төгсөхийг харж чадахгүй байна. Мөн чиний ирээдүй надад нууц хэвээр байна. Энэ яг л булингартай усруу хараад ёроолыг нь харах гэж зүтгэхтэй адилхан гээч. Яг л үүнтэй адилхан энэ газарт чухам юу болж байдгийг би мэдэх гэж харах болгонд надад зөвхөн түнэр харанхуй л харагддаг. Тэгээд ухаан бодлын минь гялбаа энэ газраас эргэж над дээр ирдэггүй юм. Ийм л учраас хар нүх гэсэн юм шүүдээ. Чамд би ийм л зүйлийг хэлж чадах нь.' ингэж хэлээд тэр мөн л чимээгүй болов. Тэгээд хэсэг хугацааны дараагаар тэр, 'Ийм л учраас би бас энд байгаа юм шүүдээ' гэж нэмж хэллээ.

'Тэгвэл яагаад заримдаа олуулаа явах үед энэ туннел аюулгүй, тэгээд ганц нэгээрээ явах үед нь хүмүүсийг алга болгодог хэрэг вэ?'

'Мэдэх юм алгадаа. Итгэнэ байна уу өөрөө л мэд. Энэ нууцыг би тайлах гэж 3 жилийг зарцуулж байна.' гэж Хан хариулав.

Тэдний алхаа гишгээ хонгилоор нэг цуурайтаж байлаа. Эндхийн агаар сийрэг бөгөөд амьсгалахад саадгүй ажээ. Мөн саргүй шөнө шиг харанхуй ч гэлээ яагаад ч юм айх аюулгүй мэт санагдана. Ханы хэлсэн үгс Артёмыг айлгасангүй бас санааг нь огтхон ч зовоосонгүй. Мөн Ханыг зөвхөн туннелийн нууцлаг аюулаас сэрэмжилсэндээ бус түүнийг судлах гэж хичээсэндээ, бас анхаарлаа төвлөрүүлж бодол болсондоо баргар царайлан алхаж буйг нь Артём гадарлажээ. Түүний санаашрал нь хүртэл итгэлтэйн дээр бүр инээдтэй мэт Артёмд санагдав гэнэ. Туннелд ямар ч аюул байсангүй. Харин цааш үргэлжилсээр л байлаа, хоосон бас чимээ аниргүй хэвээр л ....

Хэтэрхий нам гүм байсан тул Артёмын чих нь шуугиж эхэлжээ. Гэвч энэ бол жирийн нэгэн шуугиан байсныг хэлэхэд мөн таатай байна. Харин түүний сэргэлэн цовоо гэгч нь алхаж буйг анзаарсан Хан түүнрүү тохуурхсан янзтайгаар хараад ингэж асуув.

'Тэгэхээр, инээдтэй биш байна гэж үү? Энд үнэхээр сайхан байна. Цэвэрхэн бөгөөд нам гүм гэдэг нь аргагүй юм. Тийм байгаа биздээ, Артём?'

'Аанха' гэж Артём баяртай нь аргагүй хариулав.

Артём санаа зовних зүйлгүй болж сэтгэл санаа нь бүрэн тайвширжээ. Ханд хүртэл түүний зан байдал нь нөлөөлөв бололтой ... бодол бодож элдвийг эргэцүүлэлгүй инээмсэглэн тэр алхаж явснаар үл барам туннелийг аюулгүй гэдэгт нь итгэж эхэлсэн байна ...

'Одоо нүдээ аниарай. Чамд нэг зүйлийг харуулъя. Харин би гарнаас чинь хөтөлчихье, тэгвэл чи газарт бүдрэхгүй байх ... за ... чи ямар нэгэн зүйл харж байна уу?' гэж Хан асуухдаа Артёмын бугуйг хөнгөхөн гэгч нь атгав.

'Үгүйэ. Юу ч харахгүй байна. Зөвхөн зовхины минь цаанаас нэвт гэрэлтэх гар чийдэнгийн гэрлийг л харж байна.' нүдээ аньсан хэвээр Артём тун ч урамгүйхэн ингэж хариулав. Тэгснээ тэр аниастай нүдэнд нь үзэгдсэн тэрхүү дүр зураглалыг олж хараад өөрийн эрхгүй дуу алдаж орхижээ.

'Ха, чи олоод харчихав уу?' гэж Хан сэтгэл хангалуун өгүүлээд 'Үзэсгэлэнтэй биш байна гэж үү?' гэж түүнээс асуув.

'Гайхалтай юмаа ... энэ, гэхдээ ... Ингэхэд тааз байхгүй байна уу даа?!, бас үнэхээр цэнхэр юм ... Бурхан минь, ямар гоё юм бэ? Бас амьсгалахад хичнээн хялбар байна гээч!'

'Найз минь, энэ бол тэнгэр. Сонин байгаа биз? Гэхдээ чи энд ингээд удаан зогсоод байвал хүмүүс биднийг харчихна шүү. Мэдээж хэрэг газрын гадаргуу дээр огт байж үзээгүй чамд бол ... үнэхээр хачин санагдаж байгаа байх л даа. Бас яг одоо энэ бүх аймшигт зүйлс болж өнгөрөхөөс өмнөх тэр ертөнцийг харахыг хүсч байгааг чинь би мэдэрч байна.' гэж Хан хэлэв.

'Харин та харж байна уу?' гэж Артём тэнгэр өөд хараад нүдээ аньсан хэвээр асуув.

'Үгүйэ' гэж Хан уйтгартай нь аргагүй хариулжээ. 'Бараг л хүн бүр үүнийг харж байхад харин би огт харахгүй юм. Би зөвхөн туннелийн эргэн тойронд өтгөн хар утаа тунаран байгааг л олж харж байна, чухам юу болохыг нь чи ойлгож байгаа биздээ? Түнэр харанхуй бидний дээр, бас бидний доор, мөн бидний эргэн тойронд хаа саагүй байна. Зөвхөн эрчлээс утас мэт нарийн зураасан гэрлийг бид дагасаар, эгээ л төөрдөг байшинд төөрсөн гэлтэй давчуу энэ хонгилоор алхаж явах юм. Магадгүй би сохорсон байх. Эсвэл магадгүй надаас бусад нь харалган болоод тэр биз. Харин одоо нүдээ нээж үз, ингэхэд би чиний хөтөч нохой чинь биш шүү. Тэгээд ч чамайг гарнаас чинь хөтлөөд Китай-Город хүргэж өгөх бодолгүй байна.' гэж хэлээд Хан Артёмын бугуйнаас тавив.

Артём нүдээ аньсан хэвээр урагш алхаж явсан бөгөөд төдий л удалгүй хөл нь бүдэрч ачаа цүнхтэйгээ, юутай хээтэйгээ газарт унахаа дөхжээ. Үүний дараагаар тэр зовхио дурамжхан гэгч нь нээж удаан хугацааны туршид амаа үдүүлсэн мэт чимээгүй алхав гэнэ. Мөн тэр дотроо өөрийгөө шоолж яг л тэнэг хүн шиг л ганцаараа инээмсэглэж явав.

'Сая яг юу болоод өнгөрвөө?' гэж тэр эцэст нь Ханаас асуув.

'Зөгнөл. Мөрөөдөл. бас Сэтгэл хөдлөл. Бүгд нэг дор байлаа.' гэж Хан хариулав. 'Гэхдээ хувьсан өөрчлөгдөхдөө тэд амархан байдаг юм. Энд бид олуулаа яваа тулдаа л бидэнд юу ч тохиолдсонгүй бололтой. Гэвч уур амьсгал хийгээд нөхцөл байдал маш хурдан хувьсан өөрчлөгддийг санаж аваарай. Чи удахгүй мэдрэх болноо. Харж байна уу, бид Тургеневскаяад хүрч ирсэн байна! Санасныг бодоход бид энд их түргэн явж ирлээ шүү. Гэвч бид энд хэрхэвч удаж болохгүй, ямар ч тохиолдолд саатаж бид яасан ч болохгүй. Хүмүүс мэдээж хэрэг эндээ буудаллаж амрая л гэх байх, гэвч тэдний хэн нь ч туннелийг над шиг мэдэрч чадахгүй. Мөн чамд ямар санагдаж байгааг ч тэдний олонхи нь мэдрэхгүй мөн мэдэхгүй. Чамд ч тэдний юун тухай бодох нь хүртээлгүй. Бид цаашаа л явах хэрэгтэй. Харин бидний зам илүү төвөгтэй бас жаахан хэцүү болж мэдэх юм шүү.' гэж Хан анхааруулав.

Цааш явсаар удалгүй тэд өртөөнд хөл тавив гэнэ. Өртөөний ханыг бүрхсэн гантиг чулуун шигтгэмэлүүд Проспект Мир болон Сухаревскаяа өртөөнүүдийнхээс онцын ялгаагүй юм. Тоос тортог болж, тос дааж харалсан хана адрын цаанаас чулуун тоосгонууд нь бас харагдахааргүй болсон байлаа. Толбо суугаагүй цэвэр байх үед нь энэ бүгдийг харсансан бол бахдахгүй байхын аргагүй юм гээч. Энэ өртөөг орхиж хүмүүс их олон жилийн өмнө нүүж одсон тул одоо тэдний амьдарч байсныг гэрчилж үлдэх ул мөр нэгэнтээ үлдээгүй байна. Мөн гал үзээгүйн дээр үер усны аюулаас ангид байсны хувиар өртөөний нөхцөл байдал онц сайн байх ажээ ... [Галт тэрэг ирж буйг бэлхнээ гэрчилж эгшиглэнт дохио алсаас цуурайтахуй буудлын тавцангаар нааш цааш зөрж өнгөрөх зорчигчид цөм галт тэрэгний зүг цуврах болно] ... Гэвч тэр цаг үеэс хойш олон жил өнгөрчээ. Харанхуйд тунарах сүүдрийн хөшиг байгаагүй бол, шалан дээр, бас вандан сандал дээр, мөн хүлээлгийн танхимын хана туургануудыг тоос шороо дараагүйсэн бол өртөөнд өөрчлөгдсөн зүйл бараг л байсангүй. Мөн эдгээр бүгдийг Артёмын эцэг түүнд бахдан ярьж өгдөг байсансан.

Тургеневская өртөөнд бас ямар ч багана байсангүй. Өндөр бус аркууд гантиг чулуун шигтгэмэл бүхий хана туургануудыг өөр хооронд нь тусгаарлахын зэрэгцээ өндөр адрын дороос тэд түшсэн байгаа үзэгдэнэ. Мөн цувааныхны хэнд нь ч гол танхимыг нэвт гийгүүлэх хүчтэй гэрэл чийдэн байсангүй. Аль ч зүгрүү тусгалаа гээд эсрэг талын ханыг нь та олж харахгүйд тооц. Иймийн учир аркуудын дундуур, өтгөн харанхуйд уусах тэдний гэрэл гэгээ эгээ л ёроол нь үгүй мэт харлан харагдах харанхуй хар ертөнцийн төгсгөлрүү явж орсон юм шиг тэдэнд санагдаж байсан юм.

Өртөөгөөр тэд түргэхэн гэгч нь алхацгааж байлаа. Ханы эмээж байсан шиг тэд өртөөнд саатахыг ер хүссэнгүй, харин ч энд үлдэж хоцрох хүсэлтэй хэн ч гарч ирсэнгүй гэнэ. Тэд эндээс хурдан гэгч нь явж хүн ам олонтой газарт очихын түүс болж байлаа. Тэгээд өөр хоорондоо элдвийн зүйлсийг ярилцаж, шивэр авир хийн эндэх газрын тухай аймшигт түүхийг тэд эргэж сөхөцгөөнө.

'Уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж буйг чи анзаарч байна уу ...' гэж Хан чимээгүй гэгч нь асуухдаа хуруугаа дээш өргөж салхины чигийг баримжаалахыг оролдож байв. 'Энэ бүгдийг би зөн совингоороо мэдэрч байгаа шиг тэд ч мөн дутахааргүйгээр мэдэрч байна гээч. Хурдан явах хэрэгтэй. Гэвч ямар нэгэн зүйл биднийг аяллаа үргэлжлүүлэхийг хориглоод байх шигээ. Хэсэг зуур азнаж юу байж болохыг нь олж мэдээдэхье ...' гэж Хан хэллээ.

Тэгээд Хан өнөөх Метроны Хөтөч гэж нэрлэсэн айхавтар газрын зургийг цүнхнээсээ гаргаж ирэв. Хүмүүст хандаж түр азнахыг тэр хүсээд хөтчийг анхааралтай гэгч нь ажигласаар хөнгөн хөнгөн тэр алхсаар удалгүй харанхуйд уусан алга боллоо. Мэдээж хэрэг тэр гар чийдэнгээ асаасан байв.

Түүнийг явсны дараагаар цувааны хүмүүсээс нэг нь алгуурхан гэгч нь ойртсоор Артёмын дэргэд дөхөж очжээ. Тэр хүн Сухаревскаяад Артёмыг заналхийлж байсан өнөөх бахим биетэй сахалт эр байсныг Артём эхэндээ анзаарсангүй.

'Сонсооч ... бид энд ингэж удах нь яавч сайн хэрэг биш. Бидний айж байна гэдгийг алив чи түүнд хэлээдэхээч. Хэдий бид олуулаа байгаа боловч энд юу ч тохиолдоо билээ ... Энэ туннелийг хараал идэг, энэ өртөөг ч бас хараал идэг. Эндээс биднийг явмаар байгаа гэдгийг түүнд хэл л дээ. Сонсч байна уу? Түүнд хэлчих ... гуйж байна' гэж хэлээд тэр хурдан хурдан алхсаар цувааны бусад хүмүүсрүү яваад өгөв гэнэ.

Түүний хамгийн сүүлд хэлсэн 'гуйж байна' гэдэг үг Артёмд их аймар сонсогджээ. Мөн өнөөх эрийн амнаас ийм үг гарсанд нь Артём итгэж ядан байв. Ахиад тэр хэдхэн алхам урагшлахад л тэдгээр хүмүүсийн ярьж хэлж буйг сонсох боломжтой болно. Харин энэ үед Артём өөрийнх нь өнөөх сайхан мэдрэмжүүд альхэдийнээ үгүй болоод айдас хүйдэс түүнийг эзэмдэж эхэлснийг тэр анзаарав гэнэ.

Яг л түүний толгойд бадрангуй найрал хөгжмийн оркестр эгшиглэж байгаад гэв гэнэтхэн чимээгүй болсон мэт Артёмд санагдаж байлаа. Харин одоо бол зөвхөн хоосон хөндий хонгилын зүгээс салхилах салхины исгэрээн л түүний чихэнд сонсогдоно. Артём чимээгүй боллоо. Түүний хамаг бие нь царцан хөшиж орхиод, яагаад ч юм удахгүй болох ямар нэгэн зүйлийг хүлээж байгаагаа тэр анзаарч бас мэдэрч байсан юм. Маргаан байхгүй тэдний аяллын төлөвлөгөөнд өөрчлөлт орсон гэдэгт мань эр итгэж эхэлжээ. Түүний зөв байлаа. Тэдний зүрхэнд айдас хуралдаж, тэндээс нааш энэ хүртэл явж ирэхдээ хамт авчирсан өнөөх итгэлтэй бас тайван амгалан тэр бүх мэдрэмжүүд ор мөргүй замхран арилаад оронд нь зөвхөн жихүүн хүйтэн хийгээд туйлын тав тухгүй уур амьсгалыг л үлдээсэн байв гэнэ. Артём тэгээд Ханы хэлж ярьж байсан уур амьсгалын өөрчлөлтийн талаар санажээ. Гар чийдэнгээ асаах үедээ Артём тийм ч таатай байсангүй. Тэгээд тэр орчин тойрныг эргүүлж тойруулан ажиглав гэнэ. Энэ газраас, мөн энд байгаа хүмүүсийн дундаас муу ёрын гэмээр хачин эвгүй уур амьсгал мэдрэгдэж байлаа. Тоосонд дарагдсан өртөөний гантиг чулуун гадаргуунууд гар чийдэнгийн гэрэлд гялтганан ойж үзэгдэх бөгөөд аркуудын доорх ёроолгүй мэт харанхуйруу тусгасан түүний гэрэл эргэж түүн дээр хүрч ирсэнгүй. Яг л тэдгээр аркуудын доор хуралдан буй түнэр харанхуй тэрхүү орон зайд ертөнцийн төгсгөл өөрийн биеэр хүрч ирсэн мэт түүнд санагдаж байлаа. Энэ бүхнээс эмээсэндээ, өөрийн эрхгүй Артём цувааны бусад иргэд дээр гүйж очмоор санагджээ.

'Нааш ир, дүү минь.' гэж цуваанхыхны дундаас урьд өмнө Артёмын анзаарч хараагүй нэг нь түүнд хандаж хэлэв гэнэ. Мөн тэд гар чийдэнгийнхээ баттерэйг хэмнэхээр шийдсэн бололтой хэдий айж дагжиж байсан ч гэлээ хэрэндээ тэд гэрэл гаргахгүйг хичээж байсан юм. 'Айх хэрэггүйдээ. Адилхан хүмүүс байнадаа, ийм үед хүмүүс бид өөр хоорондоо ойрхон байх нь зөв биздээ, чи юу гэж бодож байна?' гэлээ.

Үнэхээр энд ямар нэгэн зүйл болохгүй байгааг Артём үнэн голоосоо мэдэрч байлаа. Учир нь тэр маш их айж, мөн хэлгүй хүн шиг ер бусын дуугүй болсон байв. Заримдаа тэр цувааны хүмүүстэй үг солилцох боловч төдий л удалгүй Ханы хаана байгаа талаар санаа зовнин бодох аж. Арван минутын өмнө түүнийг эндээс холдон одсоноос хойш бараа сураг нь ер гарсангүй. Маргаан байхгүй тэрбээр хараалд идэгдсэн нүгэлт энэ хонгилоор ганц нэгээрээ явж болдоггүй гэдгийг мэдмээрсэн. Хэрэв тэгж гэмээнэ уг газрын талаарх бичигдээгүй энэ хуулийг зөрчиж тэр зүрхлэнэ гэж үү? Мөн энэ бүгдийг тэр мартаагүй байлтай, аль эсвэл өөрийн чонын мэдрэмжиндээ тэр найдахаар шийдсэн хэрэг үү? Нэгэнт Хан уг газрын талаар судлах гэж гурван жилийг зарцуулснаас хойш, Артём энэ бүх таамаглалд огтхон ч итгэсэнгүй. Тэгээд ч хонгилд ганцаараа явж болохгүй гэдэг нь метроны хамгийн энгийн дүрэм гэдгийг мэдэхгүй нэгэн байхгүй билээ ...

Үнэндээ Артёмын хувьд өөрийнх нь хамгаалагч чухам хаашаагаа явсан эсэхийг бодож тунгаах сөхөө байсангүй. Тийнхүү бодож суухдаа дэргэд нь Хан өөрийн биеэр хүрч ирснийг эхэндээ тэр анзаарсангүй.

'Тэд энд удаан саатахыг хүсэхгүй байна. Бас тэд их айцгаажээ. Бүгдээрээ хурдан эндээс явцгаая.' гэж Артём Ханаас гуйв. 'Бас энд ямар нэгэн зүйл болохгүй байгааг би бүр мэдрээд байна ...' гэж тэр хэллээ.

'Одоохондоо тэд тэгтлээ их айгаагүй л байна.' гэж Ханыг хэлэх үед нь Артём, түүний хоолой үл ялиг чичирхийлж байсныг анзаарав гэнэ. Хан үргэлжлүүлж, 'Бас чи жинхэнэ айдас гэж юу болохыг мэдэхгүй ... Үнэнийг хэлэхэд би ч гэсэн маш их айж байна. Учир нь тэнд байхад Хөтөч намайг урагш ер алхуулаагүй юм. Хэрэв би зогсоогүйсэн бол чухам юу болох байсныг чөтгөр бүү мэдэг. Тийм болохоор бид урагш явж болохгүй нь. Бидний урд ямар нэгэн зүйл байна ... Мөн миний оюун санааны гялбаа, зөв совин түнэр харанхуйг нэвтэлж дийлэхгүй нь. Тийм болохоор тэнд чухам юу биднийг хүлээж байгааг мэдэх боломж үнэндээ надад алга. Алив энийг хараач!' гэж хэлээд Хан газрын зураг гаргаж ирэв. 'Харж байна уу? Гар чийдэнгээ дээр нь тусгаад үз! Эндээс Китай-Город явж хүрэх шугамыг хараач гэм! Харин юу ч ажиглахгүй байна л гэж битгий хэлж үзээрэй дээ!' гэж хэлэв.

Артём хуучин газрын зурагны уг жижигхэн хэсэгрүү хоёр нүдээ өвдтөл ширтжээ. Онцын гойд зүйлийг тэр огтхон ч олж харсангүй. Мөн энэ бүгдийг тэр Ханд хэлэхээс эмээж байлаа.

'Чи чинь харалган юмуу? Үнэхээр юу ч харахгүй байна гэж үү? Хав харанхуй байгаа биздээ! Энэ бол үхэл гэсэн үг!' гэж Хан аяархан дуугаар шивнэн хэлээд газрын зургаа эвхээд эргэж халаасандаа хийв гэнэ.

Энэ үед Артём түүнийг анхааралтай гэгч нь ажиглаж байлаа. Ахиад л Хан түүнд галзуу солиотой хүн шиг санагдаж эхэлжээ. Мөн Зенягийн түүнд хэлсэнчлэн, тэрхүү хонгилоор ганц нэгээрээ явсан хүн ор сураггүй алга болдгийг, харин амьд үлдэж эсэн мэнд эргэн ирсэн нэг нь галзуу солиотой болоод буцаж ирдгийг санав. Үнэхээр энэ бүхэн Ханд тохиолдсон байж болох уу?

'Бас бид эндээс ухарч хэрхэвч болохгүй!' гэж Хан шивнэлээ. Тэгээд, 'Одоохондоо энд уур амьсгал харьцангуй тайван байгаа дээр нь бид даруй хөдлөх хэрэгтэй. Бас тэнд ямар нэгэн аймшигтай зүйл нуугдаад биднийг өөр дээр нь очихыг хүлээж байгаа гэдгийг яасан ч мартаж болохгүй шүү. Одоо бидний хийх ёстой цорын ганц зүйл гэвэл зөвхөн урагшаагаа л явах үлдээд байна. Гэхдээ энэ туннелиэр биш, зэргэлдээ параллель туннелиэр нь тэр шүүдээ. Магадгүй тэр одоо цэвэрхэн байж ч мэднэ ...' гэв. 'Хөөе!' . Бусдадаа хандаж Хан ингэж хашгираад, 'Та нарын түмэн зөв! Бид цаашаагаа явах хэрэгтэй. Гэхдээ энэ замаар явж болохгүй нь. Тэнд биднийг сайн зүйл хүлээж байгаа гэж бодохгүй байна.' гэхэд,

'Тэгээд бид яаж тийш нь очих болж байна?' гэж гайхсан нэг нь түүнээс асуув.

'Бид уг замыг параллель туннелиэр нь явж туулах болно. Бидэнд өөр сонголт байхгүйэ. Одоо аль болох түргэн эндээс явцгаая!'

'Өө үгүйэ!' гэх өөр нэгний дуу цувааныхан дундаас гарав. 'Аян замд явж байгаа үед урдах зам нь бэлхнээ цэвэрхэн байхад замаа сольж болдоггүйг хүн бүхэн мэднэ шүүдээ - ингэж яасан ч болохгүй, энэ бол муу ёр, энэ бол үхэл! Бид зүүн талын туннелиэр явж яагаад ч болохгүй' гэж тэвдсэн дуугаар тэр хүн өгүүлэв.

'Энэ хүн юун тухай яриад байна вэ?' гэж Артём Ханаас асуув.

'Гарцаа байхгүй муу ёр, мухар сүсэг.' хөмсгөө зангидаад Хан ингэж хэлэв. 'Чөтгөр гэж! тэдэнтэй ингэж маргалдаж мэтгэлцэж байх цаг даанч алга, бас надад хүч тэнхээ ч бараг үлдсэнгүй ... Алив сонсоцгоо!' гэж ирээд Хан, 'Би параллель туннелиэр нь явах болно. Надад итгэж байгаа нэг нь надтай хамт явахыг хүсье. Харин бусадтай нь салах ёс гүйцэтгье, мөн урьдчилаад хэлчихье ... үүрд баяртай! .... За одоо эндээс хөдөлцгөөе!' гэлээ. Тэгээд тэр газраас аяныхаа үүргэвчийг авах зуураа Артёмруу харж толгойгоо дохив гэнэ. Хэдий хүнд ч гэлээ өрөөсөн гартаа тэр цүнхээ барьсаар буудлын тавцан өөд авирч гарлаа.

Харин энэ үед яах учраа мэдэлгүй Артём зогссон газраа ганцаар үлдэж хоцорсон байна. Бусдын хараагүйг харж, мэдэх боломжгүй зүйлсийн талаар мэддэг гэдгийг нь Артём өөрөө гэрчилнэ шүүдээ. Тэгээд ч метроны ертөнц гэдэг хүний ой тойнд хэзээ ч багтамгүй хачирхалтай зүйлс олон өрнөж байдаг аймшигтай газар болсноос хойш чухам хэнд итгэсэн нь дээр вэ? Нөгөөтэйгүүр явах хүний тооноос шалтгаалж элдэв янзаар хувьсан өөрчилөгддөг гэх уг хонгилын талаарх бичигдээгүй хуулийг зөрчсөн нь дээр гэж үү? Ялангуяа ийм аятайхан боломж гарч ирээд байхад тэр шүү ...

'Яасан бэ? Цүнхэндээ тоосго чихчихсэн юм уу, яагаад хөдөлж ядаад байна? Алив гараа өг!' ингэж хэлээд Хан өвдөг дээрээ сөхрөн суугаад Артёмруу тэр гараа сунгав.

Энэ үед Артём аль болох түүнтэй харц тулгарахгүйг хичээж байлаа. Ханы нүдэнд оч үсрэн гэрэлтээд уурсан хилэгнэж байхыг нь дахин харахгүй гэж хэрэндээ тэр хичээж байсан юмсан. Харин Хан зөвхөн эдгээр хүмүүсийн биш туннелийн анхааруулгыг зөрчихөөр эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Зүгээр л тэр туннелийн уур амьсгалыг зөнгөөрөө мэдрэх нь хангалтгүй байсан хэрэг үү? Хөтөч дээрх түүний зааж үзүүлсэн тэр хэсэг газар лавдаг хар өнгөтэй байгаагүйсэн. Харин ч бусад шугамнуудын адилаар улбар шар өнгөөр тодорч байсныг нь Артём өөрөө харсан билээ. Эндээс бас нэгэн асуулт гарч ирж байна : Одоо тэдний хэн нь харалган болж таарав?

'Яасан? Юугаа хүлээсэн юм бэ? Хором мөч бүрийг алдах тусам бидний үхэл бидэнрүү ойртож байгааг чи мэдэхгүй байна гэж үү? Алив гараа өгөөд аль! Бурхны нэрийг бодож, наад гараа нааш өгөөд аль!' Хан ийнхүү Артёмруу хашгирч байлаа, харин Артём аажуухан гэгч нь алхам алхмаар түүнээс холдож байсан юм. Хоёр нүдээрээ тэр газар ширтсээр цувааны бусад иргэд рүү аажим аажмаар ухарч байв.

'Нааш ир, дүү минь, бидэнтэй нэгд. Наад тэнэгийнхээ үгийг сонсох хэрэггүйэ, чи бидэнтэй хамт байхдаа аюулгүй байх болно!' олны дундаас ингэж хэлэх нь Артёмд сонсогдов.

'Муу хар тэнэг! Чи тэдэнтэй хамт үхэх болно шүүдээ! Өөрийн амь нас амьдралыг юман чинээ боддоггүй юм гэхэд хүлээж авсан үүрэг даалгавраа чи санаач!'

Артём зориг гаргаж толгойгоо тэр өндийлгөлөө. Тэгээд тэр Ханы нүдрүү харахад, уур хилэнгийн очийг бус цөхөрч шаналсан мөн ядарсан түүний царай төрхийг олж үзэв гэнэ.

Артём эргэлзэж бас тээнэгэлзэж байлаа. Яахаа учраа үл олон тийнхүү зогсч байтал нь хэн нэгэн түүний мөрөн дээр гараа тавиад алгуур гэгч нь түүнийг арагш нь татах нь тэр.

'Явцгаая! Наад тэнэгээ ганцааранг нь үхүүл. Авсандаа ганцаараа орохгүй гэсэндээ чамайг дагуулж явах гээд байгаа юм!' тэр хүн ингэж хэллээ. Харин эдгээр үгс Артёмд онцгой нөлөө үзүүлжээ, удалгүй тэр мөрөн дээр нь гараа тавьсан өнөөх эрийг цувааны бусад дээрээ хүргэж өгөхийг нь хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ үед цувааны груп альхэдийнээ өмнөдрүү хөтөлсөн харанхуй туннелийн гүнрүү хөдөлж эхэлсэн байлаа. Яг л гол мөрний усыг туулж буй гэлтэй тэд тун ч удаан алхацгааж байсан юм.

Энэ бүгдийг харж тэсэлгүй Хан буудлын тавцангаас доош замруу үсрэн буужээ. Тэгээд тэр нүд ирмэхийн зуурт төмөр замын дээгүүр хоёр том гэгч нь харайлгаад цувааны иргэдийн талд хүрч ирсэн байна. Удалгүй тэр Артёмыг дагуулж явсан өнөөх эрийг ганцхан далайлтаар түлхэн унагааж орхив гэнэ. Хан өөрийнх нь гарнаас бариад арагш татан зогсоох хүртэл энэ бүхэн Артёмын хувьд яг л цаг хугацааг удаашруулсан гэлтэй тод бөгөөд тодорхой харагдаж байсан юм. Мөрөн дээгүүрээ тэр Ханыг замруу үсрэн бууж байхыг нь гайхан харж зогссон билээ. Харин хэдхэн секундын дотор тэр дэргэд хүрч ирсэн ба дэргэдүүр нь түүнийг салхи татуулан өнгөрөх тэр мөчид урагш Артёмыг харвал усан цэргийн хүрэм өмссөн өнөөх эр газарт өнхрөн унаж байгаа нь тодхон харагдсан байна.

Харин цаг хугацаа дахин хурдлах шиг болж цувааны иргэдийн дундаас дуу шуугиан метроны хонгилоор нэг хадах тэр үед л Артём сая нэг сэхээ авч чадсан байна. Энэ бүхэн үнэхээр хурдан болж өнгөрсөн билээ. Тэд өөрсдийн бууг гаргаж ирээд Ханруу чиглүүлж байх тэр мөчид Хан Артёмын мөрнөөс барьж мөн түүгээр халхавч хийсээр аажуухан гэгч нь арагш ухарч байлаа. Нөгөө гараа тэр дээш явуулж Артёмын нуруунд үүрээстэй байсан шинэхэн автоматнаас нь барьсан байв.

'Алив яасан, тэгээд буудаач!,' чанга дуугаар ингэж хашгираад Хан, 'Та нарыг ч гэсэн алах хүсэл надад алга. Тэртээ тэргүй цагийн дотор та нар үхдэл болохоос хойш. Биднийг орхи. Тэгээд цаашаа тонилцгоо.' гэлээ. Төдий л удалгүй тэдгээр хүмүүсийн дүрс сүүмийн сааралтаж, харин тэр хоёр арагш ухарсаар нэг л мэдэхэд харанхуйд замхран алга болсон байлаа.

Цувааны иргэд цохиулж унасан эрд туслахаар очиж буй бололтой харанхуй өртөөний боржин чулуун шалан дээр олон хүний хөлийн чимээ дуулдах нь алсаас тод гэгч нь сонсогдож байв. Дахиад хэдхэн хором өнгөрөхөд тэдгээр олон хүмүүс цөм эргээд өөрсдийн аян замд гарахаар өмнөдийн хонгилыг зорьж одов гэнэ. Гэвч тэдний хэн нь ч Ханыг дагахыг хүссэнгүй. Харин энэ үед л Хан Артёмын бууг доош буулгаж, залуу хүүг дээш тавцан өөд авирч гарахыг тэр тушаасан байна.

'Ахиад чи нэг л удаа ийм янзын үйлдэл гаргадаг юм бол, чамайг би дахин аварч чадахгүй шүү, залуу найз минь.' , Хан ууртай нь аргагүй ингэж хэллээ.

Харин Артём дуулгавартай гэгч нь буудлын тавцан өөд авирч гаржээ. Удалгүй Хан түүний араас өгсөж гараад газарт тавьсан цүнхээ авч нуруундаа үүрэв гэнэ, тэгээд тэр харанхуй хонгилын зүг үг дуугүй алхаад өгсөн байна. Артёмын хувьд энэ удаад өөр сонголт үлдсэнгүй ...

Тургеневская өртөө санасныг бодоход жижигхэн газар юм. Зүүн гар талд мухар гудам, тоосгон чулуун хана үзэгдэх бол нөгөө талд, хананд гарсан ан цавыг битүүлж төмөр торыг завсаргүй татсан байх нь гар чийдэнгийн гэрэлд тодхон харагдана. Энэхүү зам нь эрт нэгэн цагт Тургеневскаяаг Чистые Пруды, улаантнуудын дахин нэрлэснээр бол одоо Кировская болж өөрчлөгдсөн тэр нэгэн өртөөнд хүргэж өгдөг байлаа. Гэвч тэд цементээр цутгаж, бетонон хана босгоод хүн байтугай хулгана харх хүртэл нэвтрэхийн аргагүй болгож орхижээ. Мөн түүнээс гадна өртөө ердөө гуравхан арктайн дээр өнө удаан жилийн эргэлтэнд өнгөө алдаж шаргалтсан гантиг чулуун шигтгэмэлүүд өртөөний танхимыг бүхэлд нь бүрхсэн байх аж. Бас тэнд хоосон байлаа, шалан дээр нь хүртэл юу ч харагдсангүй, ямар ч хулгана харх бас жоом бясаанууд ... мөн тэнд хүн амьдарч байсны ул мөр огтхон ч үлдээгүй байсан нь хачирхалтай. Эргэн тойрныг тийнхүү ажиглаж явахдаа Артём Бурбоны хэлж ярьж байсан үгсийг санажээ. Хархнуудаас айх хэрэггүй, бас хулгана харх байхгүй байна гэдэг огтхон ч сайны дохио биш хэмээн тэр Артёмд хэлж байсансан. Мөн түүний мөрөн дээр гараа тавиад, өртөөний танхимаар түргэн гэгч нь алхаж явах үедээ Ханыг хэрхэн дагжин чичирч байсныг нь Артём зузаан хүрэмнийхээ цаанаас хүртэл мэдэрсэн билээ ...

Тэд цааш явсаар удалгүй тавцангийн эсрэг талын ирмэгт тулж иржээ. Тэгээд цүнхээ газарт шидээд өөрсдөө тэд замруу үсрэхээр зэхэж байх тэр үед гэнэтхэн бүдэгхэн гэрэл тэдний ар талд гялсхийх нь тэр. Гайхаж цочирдсондоо Артёмыг эргэн харж байх тэр үед хамтрагч нь харин шаардлагатай арга хэмжээг авч амжсан байлаа. Хан замруу үсрэн бууж өнөөх учир битүүлэг гэрлийн эх сурвалжийг олохоор тавцангийн ардаас ширтэж байсан юм.

Гар чийдэнгийн гэрэл хэдий тод байгаагүй ч тэдний өөдөөс эгцлэн тусч нүдийг нь гялбуулж байсан нь өөрсдийнх нь араас дагах нууцлаг нэгнийг ялгаж мэдэх боломжийг ер олгосонгүй. Хэдхэн секунд өнгөрөхөд Артём ч мөн адил газарт бууж, Ханы дэргэд тэр сөхрөн суужээ. Бас тэр цүнхээ уудалж дотроос нь өөрийн хуучин зэвсгийг гаргаж барьсан байна. Том бөгөөд бүдүүн болхи ч гэлээ 7.62 голчтой сумны нүхийг өлхөн гаргаж дөнгөнө гээч. Харин сум тусах нөгөө төгсгөлд биедээ тийм нүх гаргуулсан хэнбугай нь ч тэсч үлдэх нь юу л бол.

'Юун хүн бэ? Яах гэж явна?' гэж Ханыг түүнээс асуух үед Артём юмыг яаж мэдэхэв хэрэв тэр тэднийг хөнөөх зорилготой бол түүнээс нь өрсье гэсэн шиг буугаа тэр шагайж, анхааралтай гэгч нь ажиглаж байлаа. Гэвч урилгагүй тэр гийчин атгаг хар санаа агуулсан байсансан бол альхэдийнээ тэр хоёрын цусанд хутгалдсан хүүр цогцос хонгилын харанхуй хүйтэн шалан дээр үлдэж хоцрох байсан биз.

'Битгий буудаарай!' хэмээн үл таних хүн алсаас хашгиран хэлэв. 'Битгий ...'

'Гар чийдэнгээ унтраа!' гэж Хан түүнд анхааруулга өгөв. Тэгээд тэр өөрийн гар чийдэнг аваад зэргэлдээх баганы цаагуур явж орлоо. Артём ч мөн адил ил талбайгаас аажуухан гэгч нь холдож нөгөө талд, өртөөний адарт тулсан аркын ардуур явж орсон байна. Мэдээж хэрэг тэр бууныхаа овоо харааг өнөөх эрээс огт салгасангүй. Хэрэв тэр тэгээд галлаж эхэлбэл одоо нэгэнтээ Артёмын хувьд давуу байрлалыг олсон тул дэндүү тэнэг хэрэг болох байлаа.

Гэвч үл таних хүн Ханы тушаалыг тэр дор нь биелүүлж гар чийдэнгээ унтраахад,

'Сайн байна! Одоо зэвсгээ газарт хая!' гэж Хан хэлэв.

Боржин чулуун шалан дээр төдий л удалгүй металийн чимээ гарах нь тодхон сонсогджээ. Харин Артём харанхуйн зүгрүү буугаа шагайсан хэвээр л. Гэтэл удсан ч үгүй өөрөөс нь арван тавын алхмын зайд зогсох тэр хүн Сухаревскаяад өөрийг нь ална хэмээн сүрдүүлж байсан өнөөх сахалт эр болохыг Артём, аркын гантиг чулуун гадаргууд ойх Ханы гар чийдэнгийн гэрэлд олж үзэв гэнэ.

'Битгий буудаарай.' гэж айж сандарсан дуугаар сахалт эр ийнхүү өгүүлнэ. 'Та хоёрруу дайрах гээгүй юм шүү. Харин та нартай нэгдэхийг хүслээ. Хэрвээ хүсвэл хамт явж бол гээ биздээ. Би ... би тэгээд чамд итгэж байна.' гэж тэр Ханд хандаж хэлэв. 'Бас би тэнд байхдаа ямар нэгэн зүйл болохгүй байгааг мэдэрсэн, тэр баруун туннелд. Нөгөөдүүл чинь альхэдийнээ явчихсаан, явцгаагаад өгсөн. Харин би та хоёр дээр ирэх гээд тэднээс тасраад үлдчихлээ.' гэв.

'Зөв шийдвэр гаргасан байна.' гэж хэлэхдээ Хан өнөөх эрийг анхааралтай гэгч нь ажиглаж зогслоо. 'Гэвч, найз минь, чи надад итгэл төрүүлэхгүй л байнадаа. Яагаад гэдгийг нь хэн мэдэх билээ,' жоготой нь аргагүй Хан ингэж хэлэв. Тэгээд тэр, 'Яахав, бид чиний гуйлтыг бодолцож үзнээ. Гэхдээ зөвхөн бүх зэвсгээ надад хураалгасан цагт тэр шүүдээ. Бас хонгилд чи бидний урд алхах болно. Хэрэв чи бидний толгойг эргүүлэх гэж оролдвол чиний хувьд огтхон ч сайнаар төгсөхгүй гэж мэд.' гэлээ.

Сахалт эр шалан дээрх гар буугаа хөлөөрөө түлхэж Ханы зүг гулгуулав. Тэгээд болгоомжтой гэгч нь хөдөлж халааснаасаа тэр хэд хэдэн дайз сум гаргаж ирээд газарт тавив гэнэ. Артём түүнрүү явж очоод тэдгээр сумнуудыг нь авч байх үедээ буугаа огтхон ч доош нь буулгасангүй.

'Би авчихлаа!' гэж чанга дуугаар Артёмыг хашгиран хэлсний дараагаар өнөөх эрд хандаж,

'Гараа өргө!' гэж Хан алсаас тушаав. 'Тэгээд замруу үсэр, түргэл. Тэнд очоод зогс, бидний урд.' мөн ингэж хэллээ.

Хонгилруу тэднийг явж орсноос хойш хоёр минут өнгөрчээ. Мөн тэд гурвалжин дүрс үүсгэн алхаж байлаа, харин сахалт эр өөрийгөө Тамга хэмээн танилцуулсан байна. Хөзрийн Тамга, энэ нь түүний хоч нэр нь юм гэнэ. Артём Хан хоёроос таван алхмын урд алхаж явсан Тамга удалгүй хонгилд гарах бөглүү хашгирааныг олж сонсоод урагш тэр алхалгүй явж байсан газраасаа хөдлөлгүй хөшиж орхив гэнэ. Тэгээд Артём Хан хоёрруу тэр айсан харцаар эргэж харжээ.

Гар чийдэнгээ тэр өнөөх хоёрруу тусгаж байх тэр үед гар нь салгалан чичирч байлаа. Харин чийдэнгийн гэрэлд түүний царай нь айж цочирдсондоо цайж бас цонхийсон үзэгдэнэ. Энэ үед хонгилд гарсан тэрхүү чимээнээс илүүтэй түүний царай төрх Артёмд илүү аймаар санагджээ.

'Тиймээ,' гэж аяархан гэгч нь Хан хэлээд толгойгоо дохив. 'Тэд алдаа гаргажээ. Гэвч энд бид удаан саатаж таарахгүй,' гэв.

Удалгүй тэд урьд өмнөхөө бодвол хавьгүй хурдан явж эхэлсэн байна. Артёмын хувьд үе үехэн хамтрагчдынхаа зүг сэм харж явахдаа Ханы ядарч сульдаж буйг санаа зовнин харж явлаа. Түүний гар бага зэрэг чичрэн салгалж байх бөгөөд алхаа гишгээ нь жигд байсангүй. Мөн нүүрнээс нь хөлс урсаад газарт дусалж байсан нь сонирхолтой. Гэвч хүсээгүй зүйл хүзүүгээр ороож тэдний аялал амаргүй болж иржээ ... Энэ зам санаж байсныг бодвол илүү төвөгтэй байсны дээр альхэдийнээ тэднийг сульдааж эхэлсэн байлаа. Гэвч ямар учраас өөрсдөөс нь илүүтэй Ханы хүч чадал тийнхүү шавхагдаж байсныг Артём гайхан бодож явсан ч түүний хэлж ярьж байсан үгсийг мөн бодохгүй байж төвдсөнгүй. Хан ахиад л Артёмын амийг аварсан байна. Хэрэв Артём баруун талын туннелиэр цувааны бусад иргэдийг дагаж явсан бол альхэдийнээ үхдэл болох байсан биз, эсвэл тэгээд бусдын ярьдагчлан бараа сураггүй алга болох байсан бизээ.

Угтаа тэд их олуулаа явж байсан биш бил үү - дор хаяж тэд арван тавуулаа. Гэвч зэр зэвсэг байгаад, хэдий тэд олуулаа байсан ч нэмэр болсонгүй бололтой. Хан үүнийг мэдэж байжээ, үнэхээр тэр энэ бүхнийг мэдэж байж! Мөн түүний гарт явсан метроны шидэт Хөтөч-д мөн талархах нь зүйн хэрэг бизээ ... Ердөө л цаасны өөдөс бас бэхэн тэмдэглэгээнүүд байсан гэхэд үнэхээр итгэмээргүй юм. Итгэмээргүй шигээ бас инээдтэй байлаа. Үнэхээр тэр цаасны хэлтэрхий тэдний аминд орлоо гэж үү? Маргаан байхгүй Тургеневская болон Китай-Город хоорондын туннел улбар шар өнгөөр л зурагдсан байсандаа. Улбар шар өнгөөр. Аль эсвэл үнэхээр хар өнгөтэй байсан хэрэг үү?

'Энэ юу вэ?' гэж хэлээд Тамга дороо зогсов. Тэгээд тэр Ханруу тавгүй гэгч нь харж, 'Та нар үүнийг мэдэрч байна уу? Яг л ардаас ...' гэж хэлэхдээ хоолой нь үл ялиг чичирхийлж байсан юм.

Артём түүний зүг тээнэгэлзэн харж зогсохдоо түүнийг шоглох ёжтой нь аргагүй үгсийг бодоод амжив, үнэхээр л тэр юуг ч мэдрэхгүй байснаас хойш. Мөн тэд Тургеневская өртөөг орхин гарснаас хойш тэдний бүх л айдас, сэтгэл дарамт болон түгшүүр нь бүгд хараал идсэн тэр өртөөний хамтаар ард хоцорч үлдээд байсан билээ. Гэвч удалгүй Ханы царайнд гайхаж бас эргэлзсэн төрх тодорч иржээ. Тэгээд тэр өнөөх хоёрт чимээгүй байхыг анхааруулаад арагш харж, өөрсдийн явж ирсэн умард зүгрүү ширтсэн байна.

'Ямар хачин мэдрэмж вэ!' хагас минутын дараагаар тэр ингэж хэлэв. 'Бид хэн нэгний анхааралд өртсөн бололтой. Хэн нэгний анхааралд.' яагаад ч юм Хан мөн ингэж хэлжээ. 'Эндээс холдсоныхоо дараагаар бүгдээрээ энэ тухай ярилцсан нь дээр байх. Ингэхэд чи юу ч сонссонгүй юу?'

'Үгүйэ, ямар ч чимээ анир алга.' хэсэг хугацаанд чих тавьж сонссоныхоо дараагаар Артём ингэж хэллээ. Яг энэ мөчид Артём хэлж тайлбарлахын аргагүй ямар нэгэн зүйлийг тэр мэдэрчээ! ... Атаа хорсол? Гомдол цөхрөл? Дургүйцэл? ... яг л хэдхэн цагийн өмнө өнөөх зөрүүд сахалт эрийг өөрсдийг нь хөнөөнө хэмээн сүрдүүлж байх үед төрсөн тэр бүх мэдрэмжүүд ...

'Үнэхээр хачин юм. Уг нь чамайг хонгилын чимээг чагнах чадвартай гэж бодсон юмсан ... магадгүй чи чадвараа гүйцэт сайн хөгжүүлээгүй байгаа бололтой. Гэхдээ удахгүйэ, удахгүй. Дараа нь чи илүү туршлагажаад ирэх байх.' гэж хэлээд Хан толгойгоо сэгсрэв. Тэгээд, 'Чиний зөв байна,' гэж тэр Тамгад хандаж түүний сэжгийг батлан хэлэв. 'Үнэхээр ямар нэгэн зүйл энэ замаар ирж явна. Бид хурдан явах хэрэгтэй.' гэж хэлээд Хан яг л өөрийн чонын мэдрэмжийг ашиглаж буй гэлтэй чимээ чагнаж, агаарыг үнэртэж зогсов гэнэ. Тэгснээ тэр, 'Энэ зүйл яг л давалгаа шиг бидний ардаас нэхэж байна гээч. Зугтаах хэрэгтэй! Хэрэв тэр биднийг гүйцэж түрүүлбэл өнгөрөх нь тэрдээ!!' гэж хэлээд Хан ухасхийн урагш гүйлээ.

Артём ч мөн түүний араас гүйж Ханаас алхам ч хоцорсонгүй эн зэрэгцэн хурдалж эхлэв гэнэ. Сахалт эр богино хөлөөрөө ойр ойрхон гишгэж хэрэндээ тэр хурдлахыг хичээж байлаа. Бас тэр их амьсгааджээ.

Зогсолтгүй энэ янзаараа тэд гүйлдэж эхэлснээс хойш арван минут өнгөрчээ. Ард нь туннель хов хоосон байх агаад араас нь ямар нэгэн зүйл тэднийг хөөсөн шинж тэмдэг байхгүй атал юундаа Ханыг ингэтлээ их яараад байгааг нь Артём огт ойлгосонгүй. Тэр амьсгаадаж бас ядарчээ. Гэвч тэр ҮҮНИЙГ мэдрэхээс өмнө арван минут өнгөрсөн байлаа. Маргаан байхгүй ямар нэгэн зүйл тэдний ардаас элдэж байх нь тэр гэнэ!, хөлийн хурдаар бас алхам алхмаар ... ямар нэгэн харанхуй зүйл. Гэхдээ энэ зүйл давалгаа огт байсангүй, харин давалгаа гэхээсээ илүүтэй хуй салхи шиг юм, харанхуй хар хуй салхи ... аниргүйг эвдэж тэр урагшилсаар бас ойртсоор л ... хэрэв тэр тэгээд тэднийг гүйцэж орхивол нөгөө хонгилоор явсан цувааны бусад иргэд шиг, аль эсвэл буруу цагтаа энд хөл тавьсан золгүй тэдгээр тэнэгүүд шиг амьдрал нь үхлээр зурагдаж хувь заяа тэднээс эгнэгт нүүрээ буруулах байлаа. Догшин хуй хурдаа аван эрчилж, амьд бүхнийг арчин хаяхаар тэр хуйлран эргэлдэнэ. Юу болоод байгааг чухам сайн ойлгоогүй ч бараг л бүрэн мэдэрсэн Артём санаа зовсон харцаар Ханруу эргэж харсан байна. Хан ч мөн түүнрүү харжээ. Бүх зүйл тодорхой болов.

'Яасан, чи одоо ойлгож байна уу?' гэж тэр амьсгаадах зуураа Хан хэлэв. 'Энэ ч муу шүү! тун их муу. Тэр бараг л энд ирсэн байна.' гэж тэр хонгилоор нэг хашгирна.

'Бид илүү хурдлах хэрэгтэй!' гэж Артём хамаг чадлаараа гүйх зуураа мөн хэлэв. 'Оройтохоосоо өмнө түргэлцгээе!'

Хан хурдаа аван гүйж, хол гэгч нь тэр харайлгана. Мөн юу ч дуугаралгүй, Артёмын асуултанд ч хариу хэлэлгүй бас яарна. Ханы царайнд тодорсон өнөөх ядарч сульдсан шинж тэмдэг нь альхэдийнээ арилжээ, харин түүний оронд энгийн үгээр зүйрлүүлж хэлбэл эгээ л араатан амьтных гэлтэй догшин хэрцгий дүр төрх нь тодорсон байлаа. Энэ үед Артём ч мөн адил хурдаа огт сааруулалгүй гүйж байв. Гэвч тэдний ардаас элдэн хөөх өнөөх нууцлаг хуй тэднийг мөшгөхөө больсон мэт түүнд санагдсан яг тэр үед, хойно гүйж явсан Тамгын хөл төмөр замын хөндлөвч модонд бүдэрч нүүрээрээ тэр газарт хүчтэй гэгч нь унах нь тэр! Тэгээд зогссонгүй дух толгой нь шалбарч, нүүр болон гар нь улаан цусанд будагдаж хоцров гэнэ.

Тамгыг газарт унасныг мэдэх хүртлээ тэд дахиад арван алхам газарт гүйжээ. Артём хэдий түүнд очиж тусламаар санагдсан ч үхэл нь удахгүй айлчлан ирэх түүнийг золбин нохдод үлдээхээр шийдэв гэнэ. Тэр зогсохыг огтхон ч хүссэнгүй. Өнөөх харанхуй зүйл тэднийг гүйцэхээс өмнө амжиж тэр мэнд мултрахыг хичээж байсан нь лавтай.

Харин Ханыг түүнд туслахаар арагш ухасхийх үед Артём өөртөө урам нь хугарав гэнэ. Хан сахалт эрийн гарнаас угз татаж, хоёр хөл дээр нь тэгээд босгожээ. Гэвч Артём Ханыг өнөөх эрийг орхиосой хэмээн нууцхан хүсч байсан билээ. Яг л бусдын амь насны төлөө анхаардаг шигээ тэр энэ удаад зөвхөн түүний үхлийг л хүсч байсан юм. Тийнхүү Тамгыг тэнд нь мартаж орхиод цааш нь гүйж одохоосоо Артём огтхон ч татгалзахгүй байлаа.

Артёмыг сахалт эрийн нэг гарнаас барихыг тушааж байхдаа Хан түүний нөгөө гарнаас нь түшиж явав. Мэдээж хэрэг ийм байдалтайгаар хурдан гүйнэ гэдэг боломжгүй хэрэг байв. Алхам бүрт Тамга ёолон гиншиж, шүдээ тэр хавиран өвчиндөө шаналж явлаа. Артёмын хувьд түүнийг тэгтлээ их анхаарсангүй, харин ч эсрэгээрээ уур нь маш ихээр хүрч эхэлжээ. Мөрөнд нь өлгөөтэй явсан автомат бууных нь бөгс түүнийг зогсоо зайгүй шавхуурдах боловч түүнийг барьж явах сул гар түүнд даанч байсангүй.

Үхэл үнэхээр ойрхон байлаа. Хэрэв тэд зогсоод, тэгээд ердөө хагас минут л хүлээсэнсэн бол муу ёрын хуй тэднийг бүрхэж, хормын дотор хэдэн мянган хэсэг болгон тас татахаар байсан юм! Секундын дотор тэд энэ ертөнцөд харъяалагдахаа больж, үхэл тэдэн дээр өөрийн биеэр айлчлан ирэх байсан юм ... Гэвч эдгээр бодлууд Артёмын толгойд огт байсангүй, уур хилэн нь түүний чадал тэнхээг нэмээд зогссонгүй алхам бүрт урагш ахих ер бусын их хүчийг түүнд өгч байсан билээ.

Удалгүй гэнэт өнөөх шуурга гэнэтхэн гарч ирсэн шигээ эргээд замхрах нь тэр! Яг л амны хөндийд хөндүүрлэн өвчилж байгаад ёзоорыг суга татаад хаячихсан гэлтэй энэ бүхэн хурдан бас гэнэтийн болж өнгөрсөн юм. Тэгээд шүдгүй болсон буйлыг хэлээрээ тэмтэрч байх үеийнх шиг хоосон бас аниргүй мэдрэмж Артёмыг эзэмдсэн байна. Тэдний ард юу ч байсангүй. Цэвэрхэн, хуурай бас аюулгүй. Тэр бүх айдас хийгээд сандрал, мөн тэдгээр хэрэгцээгүй мэдрэмжүүд, энэ бүхэн залуу хүүгийн хувьд удалгүй маш их инээдтэй санагдаж эхэлжээ. Тэгээд Артём тэсэлгүй хөхрөн инээж гарав. Түүний дэргэд зогсч байсан Тамга эхэндээ Артёмыг гайхан харж байснаа удалгүй бас хөхөрч эхлэв гэнэ. Энэ үед Хан тэднийг залхсан байдалтай харж зогсоод :

'Яасан, юу нь инээдтэй байна? Хонгил чимээ аниргүй, цэвэрхэн бас энд сайхан байгаа биз?' гэж хэлээд тэр ганцаараа цааш алхаад өгөв. Харин өртөөнөөс тэд ердөө тавин алхмын зайд ирсэн байсныг Артём сая л нэг анзаарч мэдсэн байна. Мөн хонгилын төгсгөлд гэрэл үзэгдэж байлаа.

Хан туннелийн гарц дээр, төмөр шатан дээр гарч зогсоод тэдний ирэхийг хүлээж байв. Тэр өнөөх хоёрыг хөхрөлдөж дуусаад тайвшрах хүртэл нь, тэгээд тэндээс нааш тавин алхмыг туулж өөр дээр нь ирэх хүртэл гэрийн аргаар нэрсэн тамхиа гаргаж ирээд утаа баагиулан угзарч зогсох хугацаа гарав гэнэ.

Хөхрөхийнхөө хажуугаар ёолон гиншиж доголон гишгэх Тамгыг хараад Артём түүнийг өрөвдөж эхэлжээ. Тэгээд түүнийг хонгилын харанхуйд бүдэрч ганцааранг нь унах үед бодож байсан өөрийн бодлоосоо тэр ичиж байсны дээр энэ бүхэнтэй зэрэгцээд Артёмын зан авир нь дагаад өөрчлөгдөж байлаа. Харин Ханыг харах үед ядарч эцээд тэр туйлдсан харагдсан ба сэжигтэй харцаар харах түүний харц, мөн түүний царай төрх нь Артёмд огтхон ч таатай санагдсангүй.

'Баярлалаа!' . Хүнд гутлаараа төмөр шатан дээр гишгэхийн зэрэгцээ Тамга Ханд хандаж ингэж хэлэв, 'Хэрвээ та ... та байгаагүй бол ... магадгүй бүх зүйл талаар өнгөрч болох байлаа. Харин та ... намайг тэнд орхисонгүй шүүдээ. Баярлалаа! Ачийг тань би хэзээ ч мартахгүй.' гэлээ.

'Зүгээрдээ' гэж Хан урам зориггүйхэн хариулав.

'Яагаад та миний араас эргэж ирсэн юм бэ?'

'Яахав, чамтай ярилцаж явахад сонирхолтой хүн шиг санагдсан юм.' тэгж хэлээд Хан тамхиныхаа ишийг газарт хаяад, мөрөө хавчлаа. 'Ердөө л тэр.'

Шатаар дээш өгсөж гарахдаа Артём, яагаад Ханыг дээш явж өртөөний тавцанруу гарах гэж яараагүйг нь ойлгов гэнэ. Тэд их хотын өмнө тулж ирсэн байлаа. Китай-Городруу нэвтрэх гарцын өмнө элсээр дүүргэсэн шуудайнуудыг дээр дээрээс нь давхарлаж тавиад хүнээс өндөр болтол нь өрсөн байх аж. Харин тэдгээр халхавчны ард талд, модон сандал дээр суусан хэсэг бүлэг хүмүүс учиртай гэгч нь харцаар тэдний зүг ширтэж байсан юм. Цэргийн засалттай үс, савхин хүрэмний доорх өргөн бадриун цээж мөрнүүд, бас ноолорсон бэлтгэлийн өмднүүд - энэ бүхнийг нэг дороос харахад зугаатай байсан ч тэдгээр залуусын байр байдал огтхон ч найрсаг санагдсангүй. Гурвуулаа тэд сандал дээр суусан байх бөгөөд дөрөвдэх суудал дээр нь багц хөзрийг замбараагүй гэгч нь тарааж орхисон байв. Тэдний дундаас гарах үгс нь бүдүүлэг хийгээд чихэнд чимэггүй юм. Харин Артёмын хувьд эдгээр үгсээс нэгийг нь ч болов сайтар ойлгож чадсангүй.

======================================

Үргэлжлэлийг энд-ээс уншаарай.

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Top
   
PostPosted: Oct.03.13 11:22 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2244
Good job


Top
   
PostPosted: Oct.04.13 7:31 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Sep.03.13 5:29 pm
Posts: 104
nice


Top
   
PostPosted: Nov.15.13 10:46 pm 
Offline
Fantasy Formula1 Champion
User avatar

Joined: Nov.19.04 3:45 pm
Posts: 4304
Location: Хүсэл мөрөөдөл минь биелвэл Хүзүүнээсээ олс углана...
энэ яасан бэ...

_________________
Зэрэгцэн урсах цаг хугацаа...


Top
   
PostPosted: Nov.16.13 12:37 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
mark


Top
   
PostPosted: Nov.16.13 3:42 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Jun.07.13 10:28 pm
Posts: 54
huleegeel bgaa shuu husleen..


Top
   
PostPosted: Nov.16.13 3:43 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Mar.04.05 10:58 pm
Posts: 8741
Location: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
YEAH ! t1 oros deerl nomn bsan harchaad unshah yumsan gej bodoj bsan ... tnx

_________________
Eat sh*t.


Top
   
PostPosted: Dec.09.13 4:15 am 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Sep.22.13 2:47 pm
Posts: 324
Русский language-raa unshdag yumuu yadag yum huleeseer baital...

_________________
Hey Old sport!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 18 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited