#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.14.17 2:07 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: May.07.13 5:37 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
X бүлэг. ДОН ДИЕГО

Дон Диего де Эспиноса-и-Вальдесыг ухаан ороход дагз нь тэсгэлгүй өвдөж байв. Испанийн ахмад хөлгийн хажуугийн дөрвөлжин цонхоор нэвтрэх нарны туяанд гийсэн өрөөг бүүдгэр харцаараа тойруулан харав. Тэгээд ёолж, нүдээ аниад цаг хугацаа, хаана байгаагаа тодорхойлохоор оролдлоо. Гэвч тэвчихэд бэрх шаналгаа болон манарсан толгой нь юм бодоход саад болох ажээ.
Учир битүүлэг түгшүүр түүнийг нүдээ дахин нээж орчин тойрноо ажиглахад хүргэв.
Тэр яах аргагүй “Синко Льягас” хөлөг дээр, өөрийнхөө цэлгэр өрөөнд хэвтэж байлаа. Тийм бол түгшүүртэй бодол төрмөөргүй юм. Гэсэн ч, хэсэг бусаг дурсамж байдал нэг л биш байна гэж шаргуу хэлээд байлаа.
Дөрвөлжин цонхоор нэвтэрч, өрөөг шаргал өнгөөр гэрэлтүүлж буй нарны байрлалыг ажихад, хэрэв хөлөг баруун зүгт хөвж яваа бол өглөө эрт байгаа мэт. Дараа нь түүнд өөр бодол төрлөө. Тэд зүүн зүгийг зорьж байж болох юм. Тэгвэл үдэш болж байх нь. Ямар ч гэсэн хөлөг хөдөлж байгаа нь урагш хойш сулхан дайвалзаж байгаагаас тодорхой байв. Харин тэр яахаараа хөлгийн ахмад байж зүг чиг, хаашаа явж байгаагаа ч мэддэггүй билээ?
Түүний бодол өчигдөрийн үйл явдал руу эргэж оров. Ер нь тэгээд тэр явдал өчигдөр болсон юм болов уу? Дон Диего Барбадос руу амжилттай довтолсон тухайгаа тодорхой санаж байлаа. Энэ азтай аялалын нарийн ширийн зүйлс усан онгоцон дээрээ эргэж ирэхийг хүртэл ой санамжинд нь үлджээ. Энд л түүний дурсамж гэнэтхэн, ойлгомжгүйгээр тасарчихаад байв.
Испанийн язгууртан элдэв зүйлийг эргэцүүлэн тарчилж байтал хаалга онгойж түүний шилдэг хантааз орж ирэв. Тэр нь маш дэгжин, өнгөрсөн жил Кадикст оёулсан мөнгөн хиазтай, хар өнгийн, испани маягийн хантааз байсан бөгөөд “Синко Льягас”-ын ахмад бүхий л нарийн ширийн онцлогийг нь андахгүй мэддэг болохоор эндүүрэх боломжгүй байлаа.
Хантааз зогсч хаалга хаагаад дон Диегогийн хэвтэж байсан буйдан руу хүрч ирлээ. Тэр хантаазан дотор өндөр бөгөөд гуалиг - чац болон биеийн хэлбэр нь Диеготой тун ойролцоо эрхэм орчихсон харагдана. Испани хүн түүнийг гайхан ажиглаж байгааг тэр эрхэм анзаараад алхаагаа хурдасгаж, испаниар:
– Таны бие яаж байна? - гэж асуув.
Цочирдож гайхсан дон Диего түүний цэнхэр нүдний харцтай тулгарлаа. Тэр эрхэмийн шооч бор царайг хар өнгийн туг үс хүрээлжээ. Танихгүй эрхэм толгойгоо бөхийлгөөд хариу хүлээв. Гэтэл испани хүн ийм амархан асуултанд хариулж чадахааргүй их тэвдсэн байлаа.
Танихгүй хүн дагзанд нь хүрвэл дон Диего өвдсөндөө нүүрээ үрчийлгэн ёолов. Тэр хүн:
– Өвдөж байна уу? - гэж асууснаа гарын сарвууных нь
дээхнэ эрхий болон долоовор хуруугаараа дарлаа. Эргэлзсэн испани хүн:
– Та эмч үү? - гэж асуув. Бор царайтай эрхэм өвчтөнийхээ судсыг барих зуур:
– Өөрийнхөө үндсэн мэргэжлээс гадна хүн эмчилдэг юм аа. Судас түргэн, нэг хэмээр цохиж байна. Онцын гэмтэл алга
-гэж хэлээд гарыг нь тавилаа.
Дон Диего үстэй хилэнгээр өнгөлсөн буйдан дээр арайхийн өндийж суугаад:
– Чөтгөр аваг. Та хэн юм бэ? - гэж асуулаа. – Ер нь та яагаад миний онгоцонд сууж, миний хувцсыг өмсчихсөн байдаг билээ? Танихгүй хүн шулуухан хар хөмсөгөө өргөж, уруулд нь инээмсэглэл тодров:
– Та дэмийрсэн хэвээрээ л байх шив дээ. Энэ бол таны биш, миний онгоц. Энэ хувцас ч бас минийх.
– Таны онгоц гэнэ ээ? - хэмээн испани хүн гайхсанаа:
– Хувцас ч бас таных гэсэн биз дээ? Гэхдээ... тэгвэл... – Тэр юу ч ойлгохоо болиод эргэн тойрноо харж, нүдэндээ туссан бүхнийг няхуур ажиглав: – Би үнэхээр солиорчихсон юм болов уу? Энэ хөлөг яахын аргагүй “Синко Льягас” л байна даа?
- Тийм ээ, энэ бол “Синко Льягас”.
- Тэгвэл...
Испани хүн дуугаа хурааж, харц нь улам бүр тогтворгүй болж, сэтгэл нь хямарч гүйцлээ.
- Бурхан минь, намайгаа авраач! Та өөрийгөө дон Диего де Эспиноса гэж хэлэх гээд байгаа юм биш биз?
- Үгүй дээ. Намайг Блад гэдэг. Ахмад Питер Блад. Таны хөлөг, бас таны ганган хувцас миний байлдааны олз юм. Харин та өөрөө миний хоригдол болсон.
Энэ нь хэдийгээр гэнэтийн тайлбар байсан ч бодсоноос нь илүү бодитой зүйл болохоор дон Диего ялигүй тайвшрав.
– Тэгвэл... Та чинь испани хүн биш байх нь ээ?
– Та миний испани аялгыг хэтэрхий дөвийлгөж байна. Би ирланд хүн. Та ямар нэг гайхамшигтай явдал болчихож гэж бодоод байгаа юм аа даа. Үнэхээр тийм юм болсон. Үр дүнг нь та харж байна шүү дээ. Үүнийг би хийсэн юм. Миний толгой давгүй ажилласан байгаа биз? Ахмад Блад өнгөрсөн хэд хоногт болж өнгөрсөн үйл явдлуудыг товчхон ярьж өглөө. Испани хүн түүний яриаг сонсох зуур царай нь байсхийгээд л хувирч, заримдаа цайж, заримдаа улайж байв. Дон Диегогийн дагзан дээр тагтааны өндөгний хэртэй булдруу ургасан нь Бладын яриа үнэн болохыг батлах ажээ. Испани хүн инээж буй ахмадыг нүдээ бүлтийлгэн хараад:
– Харин миний хүү? Миний хүү хаана байна? Намайг наашаа ирэхэд хамт байсан - гэж орилов.
Таны хүү аюулгүй газар байгаа. Сэлүүрчид, таны их бууч болон түүний туслахуудын хамт гав гинж зүүгээд хөлгийн тохитой хөндийд сууцгааж байгаа.
Дон Диего ядарсан байдалтай санаа алдаж, гялалзсан хар нүд нь өмнө нь зогсож байгаа бор царайтай хүнийг анхааралтай судалж байлаа. Тэр эрсдэлд дассан зоригтой хүн болохоор биеэ барив. Одоо яая гэхэв. Шоо энэ удаад түүнд ашиггүйгээр буужээ. Амжилт гарт нь орсон тэр мөчид бор царайтай энэ хүн булаагаад авчихжээ. Тэр хувь тавиланд итгэдэг хүн болохоор шинэ нөхцөл байдалтай дорхноо зохицож:
- Ноён ахмад аа. Цаашдаа биднийг яая гэж бодож байна даа? – гэж тайвуухан асуув.
- Та нарыг уу? Би энэрэнгүй хүн болохоор та дагз руугаа цохиулж үхээгүйд харамсаж байгаагаа хэлмээр байна. Үхчихсэн бол дахиад үхэх гэж зовохгүй амар байхсан.
Дон Диего дахин шүүрс алдаад санаа зовсноо гаднаа харуулалгүйгээр:
– Тийм үү? Тийм шаардлага байгаа юм уу? - гэлээ.
Испани хүний зориг Бладад таалагдаж, цэнхэр нүдэнд нь сайшаасан янз тодров.
– Үүнийг өөрөөсөө л асуу. Туршлагатай, улай үзэх дуртай далайн дээрэмчин хүний хувьд надад хэлээд өгөөч? Та миний оронд байсан бол яах байсан бэ?
– Бидний хооронд их ялгаа байна шүү дээ. – Дон Диего энэхүү ноцтой асуудлыг цаашаа хэлэлцэхээр тохойн доороо дэр ивж тавтайхан суув: – Ялгаа нь гэвэл би өөрийгөө энэрэнгүй хүн гэж зарлаад явдаггүй. Харин ахмад Блад том царсан ширээний ирмэг дээр тухлав.
– Гэхдээ би ч гэсэн тэнэг хүн биш шүү дээ. Ирландчуудыг уяхан хүмүүс гэдэг ч би шаардлагатай гэж үзсэн зүйлээ хийж чадна. Таныг болон амьд үлдсэн арваад өөдгүй хүнийг хөлөг дээр байлгах аюултай. Миний онгоцон дээр ус болон хүнс хомсдуу байгааг та мэдэж байгаа. Бид үнэндээ цөөхүүлээ. Харин таны нутаг нэгтнүүд хоолны савны тоог олшруулж бидэнд төвөг удаж байна. Харж байна уу. Тэгэхээр бид таны хүрээлэлд байх аз завшаанаасаа татгалзаж, таны энхрий сэтгэлийг тохиолдох нь гарцаагүй үйл явдалд бэлдэж, хөлгийн тавцангаас үсрэхийг эелдгээр гуйхаас өөр арга алга даа. Испани хүн бодлогоширсноо:
– Тийм дээ, би ойлгож байна гэлээ. Тэрбээр Бладын бодлыг ойлгож, өнгөн дээрээ амгалан дүр эсгэж, адилхан хээнцэр үгээр харьцах гэж оролдлоо: – Таны үг нилээд үнэмшилтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга даа.
– Та надаас том ачаа хөнгөллөө. Би онцын шаардлага гараагүй үед бүдүүлэг загнадаггүй. Тэгээд ч би болон миний нөхөд таны ачаар л эрх чөлөөгөө олчихоод байна. Бусад хүмүүстэй элдэв бусын юм тохиолдсон байх. Харин бидний хувьд та нарын Барбадос руу довтолсон явдал их сайхан дууслаа. Бидэнд өөр сонголт байхгүй гэдэгтэй санал нийлсэнд таатай байна.
– Найз минь чи үг хэлэхийг зөвшөөрөөч. Яагаад сонголт байхгүй гэж? Үүн дээр л би таныг зөвшөөрч чадахгүй нь дээ.
– Хэрэв танд өөр санал байгаа бол түүнийг чинь би
хэлэлцэхдээ баяртай байх болно. Дон Диего шовхолж тайрсан хар сахлаа гараараа илснээ:
– Надад өглөө хүртэл эргэцүүлэх боломж олгооч? Одоо миний толгой өвдөөд байгаа болохоор бодож сэтгэх чадвар алга. Та зөвшөөрөөч. Ийм зүйлийг ямар ч гэсэн бодоод үзэхэд илүүдэхгүй гэдэгтэй та санал нийлнэ байх гэв.
Ахмад Блад босч гучин мөчийг хэмждэг элсэн цаг тавиур дээрээс аваад элстэй шилийг дээр нь гаргаж эргүүлээд ширээн дээр тавилаа.
– Таныг яаруулж байгаадаа харамсаж байна, эрхэм дон Диего. Танд өгч чадах хугацаа энэ л байна - гэж хэлээд элсэн цагийг заалаа. – Бид хоёр энэ элс урсаад дуусах үед надад хэрэгтэй зөвшилд хүрэхгүй бол таныг болон нөхдийг чинь хөлгийн тавцангийн хашлаганы цаана зугаалаач гэж хүсэхээс өөр аргагүй болно шүү.
Ахмад Блад эелдгээр ёслоод өрөөнөөс гарч хаалгыг нь түгжлээ.
Дон Диего тохойгоо өвдгөн дээрээ тавьж шанаагаа тулаад улаан шаргал элс доод талын урт хүзүүтэй шил рүү урсан орохыг ширтэн бодлогоширов. Цаг явах тусам түүний борлосон нүүр улам барайх ажээ. Элсний сүүлчийн ширхэг доод шилний ёроолд дөнгөж унаад байтал хаалга онгойв.
Эргэж ирсэн ахмад Бладыг испани хүн хараад санаа алдаж, шуудхан хариугаа хэллээ:
– Надад төлөвлөгөө байна. Бүтэх эсэх нь таны сэтгэлээс шалтгаална. Та биднийг энэ өөдгүй олтригийн аль нэгэн арал дээр буулгаж хувь заяанд минь даатгах боломж байна уу?
Ахмад Блад хатсан уруулаа хэлээрээ долоов. Тэгээд:
- Энэ чинь бага зэрэг хүндрэлтэй - гэж аажуухан хэллээ.
- Би таныг ийм хариулт өгнө байх гэж айж байсан юм.
– Дон Диего дахин санаа алдаад бослоо: – Энэ тухай дахиж
ярихаа больё. Цэнхэр нүд испани хүнийг хянуур ажиглав:
- Дон Диего, та үхэхээс айж байна уу? Испани хүн толгойгоо гэдийлгэж хөмсгөө зангидаад:
- Эрхэм ээ. Та намайг доромжилж байна гэв.
- Тэгвэл арай өөрөөр, хүлээж авахад арай хялбархан байдлаар асуултаа тавихыг зөвшөөрөөч: та амьд үлдэхийг хүсч байна уу?
- Үүнд чинь харин хариулж болмоор юм байна. Би амьдрахыг хүсч байна. Миний хүү амьд үлдээсэй гэж бүр их хүсч байна. Гэхдээ, миний хүсэл хичнээн ч их байсан таны тоглоом болохгүй шүү, доогтой ноён гуай.
Энэ нь уурлаж, дургүйцэж байгаагийн анхны шинж тэмдэг байлаа.
Ахмад Блад шууд хариулсангүй. Тэр урьдынхаа адил ширээний зах дээр суулаа.
- Та өөрийнхөө, хүү болон онгоцон дээр байгаа багийнхныхаа эрх чөлөө болон амьдралыг хичээл зүтгэлээрээ олж авах хүсэлтэй байна уу?
- Хичээл зүтгэлээрээ гэнэ ээ? - гэж давтаж асуухдаа дон Диего татвалзсан нь Бладын анхаарлаас мултарсангүй. –Та хичээл зүтгэлээрээ гэнэ ээ? Таны санал болгох ажил надад болон эх орны минь хувьд гутамшигтай зүйл биш бол яагаад болохгүй гэж?
- Та намайг ийм зүйлд сэжиглэж яаж чадаж байна аа! -гэж Блад эгдүүцэв. – Нэр төр гэдэг чинь далайн дээрэмчдэд хүртэл байдаг гэж би ойлгодог шүү. – Дараа нь тэр санал болгож байгаа зүйлээ шуудхан хэллээ:
– Цонхоор хар даа, дон Диего. Тэгвэл та тэнгэрийн хаяанд үүл шиг зүйлийг олж харна. Гайхах хэрэггүй. Энэ бол Барбадос арал. Бид бүгд тэр хараал идсэн арлаас аль болохоор түргэн холдохоор тэмүүлж байгааг та ойлгож байгаа. Бид хэцүү байдалтай байна. Усан онгоц залдаг цорын ганц хүн маань халуурсандаа дэмийрээд болдоггүй. Задгай далайд, газар харагдахгүй байхад, бид онгоцоо хүссэн зүгтээ чиглүүлж чадахгүй байна. Би өөрөө хөлгийг тулалдаанд удирдаж чадна. Үүнээс гадна надад туслах хоёр гурван хүн байгаа. Гэхдээ, таны онож хэлснээр, энэ өөдгүй олтригийн эрэг орчмоор тэнэнэ гэдэг гай зовлон дуудна л гэсэн үг. Миний тавьж буй санал тийм ч хэцүү биш: бид хамгийн богинохон замаар голландын Кюрасао эзэмшилд хүрмээр байна. Хэрэв таныг суллах юм бол үнэнч байхаа амлаж, биднийг тийшээ аваачиж чадах уу? Таны зөвшөөрөл байхад хангалттай. Би Кюрасаод очоод таныг болон бусад бүх хүмүүсийг чинь суллана.
Дон Диего толгойгоо унжуулан бодлогошироод арын цонх руу очлоо. Тэгээд наранд гийсэн далай, хөлгийн ард хөөсрөн цагаарах хэрсэнгийн долгиог ширтэв. Энэ бол түүний онгоц. Англи нохойнуудын олзолж авсан хөлөг онгоцыг хүсээд байгаа тэр боомтонд нь хүргээд өгчих юм бол Испани улс онгоцоо алдаж, магадгүй түүний эх орны эсрэг чиглэсэн байлдааны ажиллагаанд төхөөрөмжлөх болно. Энэ бодол жингийн нэг тавган нэг дээр, нөгөө талд нь арван зургаан хүний амь нас байлаа. Арван дөрвөн хүний амь нас түүний хувьд сүйдтэй зүйл биш байсан ч үлдсэн хоёр амьдрал түүнийх болон хүүгийнх нь байв. Эцэст нь тэр эргэж, цайсан царайгаа ахмадад харуулахгүй гэсэндээ гэрлийн эсрэг хараад:
– Би зөвшөөрч байна гэлээ.


Top
   
PostPosted: May.07.13 5:53 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
өө бүр Цагаан Соёот шиг гялалзах нь

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.07.13 6:33 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XI бүлэг. ХҮҮГИЙН ЭЛБЭРЭЛ

Дон Диего де Эспиноса хөлгийг Кюрасао хүргэхээр амласны дараа түүнд залуурчийн үүргийг шилжүүлж, урьд нь өөрийнх нь байсан тэрхүү онгоцон дээр чөлөөтэй зорчих боломж олгов. Бүх босогчид испанийн язгууртны тансаг бөгөөд эелдэг үгэнд хүндэтгэлтэй хандаж байлаа. Энэ нь, түүнээс өөр хүн Мэйний эргийг угаадаг аюултай уснаас хөлгийг гаргаж чадахгүй гэж бодсон, Бишопын боолчууд түүний Бриджтаунд үйлдсэн айм¬шигт хэргийг нүдээрээ хараагүйгээр тайлбарлагдана.
Тэгээгүй бол тэд испанийн далайн дээрэмчидтэй харсан газар нь устгаж байх ёстой хэрцгий араатан мэт харьцах байсан нь мэдээж.
Дон Диего цэлгэр тасалгаанд Блад болон түүний офицерууд болох Хагторп, Волверстон болон Дайктай хамт өдрийн зоог барьж байлаа. Тэр тааламжтай бөгөөд сонирхолтой ярьдаг хүн байсан бөгөөд түүнийг нөмөрсөн гай барцдыг тэвчээртэй, тайвуухан хүлээж авсан явдал босогчид түүнд татагдах бас нэгэн шалтгаан болсон ажээ.
Дон Диего шударга бус зүйл хийж байсныг хэн ч сэжиглэх аргагүй байсан ажээ. Тэр шуудхан л тэдний алдааг хэлж өгөв: тэд олтригоос Карибын тэнгис рүү явахын тулд Барбадосыг салхины доор үлдээх ёстой байтал тэндээс салхины дагуу хөвсөн байжээ. Тэгэхээр, Кюрасао орохын тулд алдаагаа засч, олтригийг дахин огтлохоос өөр аргагүй болжээ. Энэ замналаар зорчихын өмнө зарим нэг эрсдэлтэй болох тухай ч сануулсан ажээ. Арлуудын дундуур явах үед нь “Синко Льягас”-тай ижилхэн хэмжээтэй, эсвэл илүү хүчирхэг цэргийн хөлөг таарч, тэр хөлөг англи, испанийн алиных нь ч байсан аюул тулгарах байв.
“Синко Льягас”-ын баг хүн цөөнтэй байсан болохоор тулалдах чадваргүй байлаа. Дон Диего энэхүү эрсдэлийг аль болох багасгахын тулд хөлгийг эхлээд өмнө зүг рүү хөтөлж, дараа нь баруун зүг рүү эргүүлэв. Тэд Тобаго болон Гренада арлуудын хоорондуур азтай өнгөрч, аюултай бүсийг гэтэлж, Карибын тэнгисийн харьцангуй тайван ус руу гарч чаджээ.
Дон Диего хөлгийн байрлалыг тодорхойлсны дараа:
– Хэрэв салхи өөрчлөгдөхгүй бол бид гурав хоногийн дараа Кюрасаод очно гэлээ. Энэ гурван хоногийн турш салхи тогтвортой үлээж, хоёр дахь хоногт нь харин ч ширүүсэв. Гэсэн хэдий ч гурав дахь хоногийнх нь орой өмнө нь хуурай газар байгаа ямар ч шинж тэмдэг мэдэгдсэнгүй. “Синко Льягас” долгио зүсэн хурдлах боловч далайн ус болон цэнхэр тэнгэрээс өөр зүйл үл харагдах ажгуу. Түгшсэн ахмад үүний учрыг дон Диегогоос асуухад:
– Газар маргааш өглөө харагдана -гэж тайвуухан хариуллаа.
– Ариун нандин бүхнээрээ тангараглая. Испаничууд та нар үргэлж л маргааш гэх боловч тэр “маргааш” нь хэзээ ч эхлэхгүй юм даа, найз минь.
– Санаагаа бүү зовоо. Энэ удаад “маргааш” эхэлнэ. Та хичнээн эрт сэрсэн ч өмнө чинь хуурай газар харагдах болно, дон Педро.
Ахмад Бладын сэтгэл амарч, Джереми Питийг эргэхээр явлаа. Залуу далайчин хэвтэрт орсон нь Дон Диегогийн хувьд азтай явдал болж, амь хэлтэрсэн билээ.
Энэ үед Питийн халуун бууж, нурууных нь шарх эдгэж эхлээд хоёр хонож байв. Түүний бие давгүй сайжирсан болохоор өрөө бүгчим байна гэж үглэх болсон ажээ. Блад түүнийг гуйж гувшаад байхаар нь эрүүл агаар амьсгалахыг нь зөвшөөрч, бүрэнхий болсон хойно гараас нь түшээд тавцан дээр гаргав.
Тэр орцны таглаан дээр суугаад шөнийн цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалж, далайн ус, үй түмэн од гялалзах шөнийн хар хөх тэнгэрийг сурсан зангаараа сонирхон ширтэв. Пит хэсэгхэн зуур амгалан бөгөөд жаргалтай байсан боловч дараа нь хязгааргүй далайн дээр түгсэн оддыг түгшүүртэй ажиглаж эхэллээ. Тэгснээ:
– Питер, чи одон орны ухааныг урьд нь судалж байсан уу?-гэж асуув.
- Одон орны ухаан гэнэ ээ? Харамсалтай нь Орионы бүсийг Цолмонгийн бүсээс ялгаж чадахгүй.
- Харамсалтай байна. Манай багийнхны эрээвэр хураавар хүмүүс бас л тань шиг харанхуй хүмүүс болов уу?
- Тэд надаас бүр бага юм мэддэг гэж төсөөлбөл үнэнд арай дөхөх байх.
Джереми хөлгийн хошууны баруун талд харагдах одыг заав:
- Алтан гадас тэр байна. Харж байна уу? Блад залхуурсан байдалтай:
- Мэдээжийн хэрэг. Харалгүй яахав гэлээ.
– Алтан гадас од бидний өмнө, бараг баруун хашлаганы дээр харагдаж байна гэдэг чинь бид хойт-баруун хойт зовхис руу, магадгүй баруун хойш явж байна гэсэн үг. Бид баруун зүгт явж байна гэдэгт би эргэлзэж байна.
– Тэгээд юу гэж?
– Чи чинь Тобаго болон Гренада арлуудын хоорондуур гараад олтригоос баруун тийш явж, Кюрасао арал руу очно гэж ярьсан биз дээ? Бид тийшээ явж байгаа юм бол Алтан гадас од хөлөг замнаж буй чигт тэгш өнцөг үүсгэж, тэнд үзэгдэх ёстой - гэж хэлээд хуруугаараа заав. Бладын лазан наазгай байдал хоромхон зуур өөрчлөгдөв. Тэр муу ёрлон барайж биеэ хумьснаа ямар нэгэн юм хэлэх гэтэл хитэгний орцын хаалганы цаана гэрэл гарч хэн нэгэн хүн шатаар бууж ирсэн нь дон Диего байлаа. Блад Джеремигийн мөрийг учиртай атгаснаа испани хэл мэддэггүй залуурч хажууд нь байгааг харгалзан англи хэлээр:
– Дон Диего! Бидний бяцхан маргааныг таслаад өгөөч. Би энд аль од Алтан гадас вэ гэж Питтэй маргаж байна? - гэж зугаацсан байдалтай хэллээ.
– Ингээд л болоо юу? - гэж испани хүн хариулахад нь егөөдсөн шинж илрэв.
– Хэрэв би буруу сонсоогүй бол ноён Пит таны залуурч гэсэн байх аа?
– Олигтой хүн олдоогүй болохоор тэр л дээ. Би одоо Алтан гадас тэр байна гэж зуун песогоор мөрийцөхөд бэлхэн байна.
– Тэр ингэж хэлээд хаа хамаагүй нэгэн одыг хуруугаараа тоомсоргүй заав.
Блад хожим нь, хэрэв дон Диего түүнтэй санал нийлбэл газар дээр нь алж орхих байсан гэж Питэд ярьж байжээ. Гэтэл испани хүн Бладын одон орны мэдлэгийг голж байгаагаа шуудхан илэрхийлж:
– Та мэдлэг муутай болохоор дэмий зүйлд итгэсэн байна. Та мөрийгөө алджээ. Алтан гадас тэр байна - гэснээ зөв одыг заалаа.
– Та үүнд итгэлтэй байна уу?
Энэ асуулт испани хүнд зугаатай санагдаж:
– Эрхэм дон Педро минь дээ! Би эндүүрч чадна гэж та яаж бодож зүрхлэв ээ? Бидэнд луужин гэдэг сайн нотолгоо байгаа шүү дээ. Ямар зүгт хөвж байгаагаа явж харцгаая гэлээ.
Түүний илэн далангүй байдал, нууж хаах юмгүй хүний амгалан төрх Бладын сэжгийг дор нь замхруулав. Гэхдээ Питийг үүнд итгүүлэх амаргүй байлаа:
– Дон Диего! Тэгвэл бид Кюрасао арал руу яахаараа ийм
хачин замналаар яваад байгаа юм бэ? Дон Диего огтхон ч сандарсангүй.
– Та нар ингэж асуухаас өөр аргагүй дээ - гэснээ санаа алдлаа. Миний хайхрамжгүйгээс гарсан алдааг та нар анзаарахгүй гэж найдсан юмсан. Би замналаа сайн тооцоолдог болохоор одон орны хэмжилт барагтай л бол хийдэггүй. Гэхдээ өөртөө хэтэрхий итгэлтэй байж болохгүй юм шиг байна. Би өнөөдөр квадрантаар хэмжилт хийгээд явах замаасаа урагшаа хагас градусаар хазайснаа илрүүлсэн.
Ичмээр алдаа л даа. Тийм болохоор л Кюрасао одоо биднээс бараг хойт зүгт байгаа юм. Үүнээс болоод л хүрэхгүй удаад байгаа юм. Одоо учрыг нь олчихсон. Маргааш өглөө гэхэд бид тэнд хүрчихсэн байна.
Дон Диего алдаагаа шулуухан, илэн далангүй хүлээсэн болохоор түүний шударга занд эргэлзэх шалтгаан ахмад Бладад байсангүй. Тийм ч болохоор испани хүнийг явсаны дараа шударга гэдгээ баталж, өөрийнхөө нэр төрд харш зүйл хийснээс үхсэн нь дээр гэж илэн далангүй хэлдэг энэ хүнийг учир утгагүй сэрдэж болохгүй гэж Питэд хэлж байжээ.
Карибын тэнгист анх ирж, эндэхийн зальхай этгээдүүдийн занг мэддэггүй байсан болохоор Блад ийнхүү итгэл үзүүлсэн ажээ.
Гэтэл маргааш нь болсон үйл явдал тэр итгэлийг нь замхруулав.
Тэрбээр нар мандахаас өмнө тавцан дээр гараад испани хүний амлаж байсан, манан дунд сүүмийх хуурай газрыг олж харлаа. Хөлгөөс ойролцоогоор арван милийн зайд эргийн урт шугам үргэлжилж, баруун болон зүүн төгсгөл нь харагдахгүй байлаа. Түүний чанх өмнө том хошуу харагдах ажээ. Блад Кюрасао арал ийм том гэж бодоогүй болохоор эргийн бараа түүний сэтгэлийг зовоож, хөмсгөө зангидлаа. Урд нь байгаа газар арлыг биш, эх газрыг санагдуулж байв.
Баруун талд нь “Синко Льягас”-аас илүү биш гэхэд дутуугүй усан түрцтэй том онгоц хөвж байлаа. Бладыг ажиглалт хийж байх зуур тэр онгоц чиглэлээ өөрчлөн огцом эргэж өөдөөс нь дөхөв.
Тавцан дээр байсан арван хоёр хүн түгшиж, онгоцны өмнө талын тавцан руу сандран гүйлдлээ.
Бладын ард хэн нэг хүн испани хэлээр:
– Дон Педро! Танд амласан газар энэ байна даа - гэж хэлэх нь сонсогдов.
Энэхүү хоолойд илэрсэн баяр хөөр Бладад сэжиг төрүүллээ.
Тэр дон Диего руу огцом эргэвэл нүүрэн дээр нь тодорсон егөөтэй инээмсэглэлээ нууж амжсангүй.
– Энэ газрыг хараад баярлаж байгаа чинь багаар бодоход
ойлгомжгүй байна.
Дон Диего:
Мэдээжийн хэрэг! - гэснээ чичирч байгаа гараа Бладад харуулахгүйн тулд хооронд нь үрлээ:
– Газар харна гэдэг чинь далайчин хүний хувьд баяртай үйл явдал шүү дээ.
- Урвагчийн хувьд баяр гээч - хэмээн Блад залруулав. Ингэж хэлмэгц испани хүний царай хувирч нүдээ буруулсан болохоор Бладын сэжиг ариллаа. Тэр хуурай газрыг хуруугаараа заагаад:
– Та үүнийг Кюрасаогийн эрэг гэж ичгүүргүйгээр хэлж зүрхэлнэ гэнэ ээ? – Тэр дон Диего руу давшилж, нөгөөдөх нь алхам алхмаар ухарч байлаа.
– Энэ ямар газар вэ гэдгийг би танд хэлээд өгөх үү? Та үүнийг хүсч байна уу?
Бладын өөртөө итгэлтэй яриа испани хүнийг цочирдуулж дуугаа хураалаа. Энэ үед Блад таамгаар, магадгүй ямар нэг ажиг сэжгээр, өөрийнхөө эргэлзээг тайлахаар шийдсэн ажээ. Эргийн энэ шугам Мэйнийх биш юм бол Куба буюу Гаити арлынх байж болох шүү дээ.
Гэхдээ Куба арал баруун хойт зүгт илүү алслагдсан болохоор дон Диего урвахаар шийдсэн бол хамгийн ойр орших испанийн эзэмшил рүү авчирсан байж таарах байв.
– Урвагч, тангаргаасаа няцагч минь! Энэ чинь Гаити арал байна. Түүний үг яаж туссаныг мэдэхээр испани хүнийг хянуур ажиглавал бор царай нь цайв. Тэрбээр хорсолтойгоор мушилзаж байлаа. Тэр үед аажимхан ухарч байсан дон Диего дээд тавцан дээр, урд болон дунд шургийн хооронд зогсож, хойт шургийн хамгийн доод талын хэлтгий далбаа тэр хоёрыг англичуудаас халхалж байсан болохоор энэ боломжийг ашиглан:
– Англи нохой чи хэтэрхий их юм олоод мэдчихжээ! - гэж хэлээд Блад руу дайрч хоолойг нь боохыг оролдов.
Тэд барилцаж аваад ач тач ноцолдож, Блад өрсөлдөгчөө дэгээдээд тавцан дээр хоёулаа уналаа. Испани хүн өөрийнхөө хүч чадалд дэндүү бардаж, Бладыг боож унагаад тэднийг чиглээд ирж явсан гоёмсог хөлөг хүрэлцэн ирэхэд шаардлагатай хагас цагийг хожъё гэж бодсон юмсанж. Тэр хөлөг испанийх гэдэгт эргэлзэх зүйлгүй байв. Учир нь, өөр улсын нэг ч хөлөг Гаити арлын эрэг орчимд холхиж зүрхлэхгүй байсан нь мэдээж.
Гэхдээ, тооцоо буруутсаныг тэр хэтэрхий хожуу, Бладын төмөр мэт хатуу гар түүнийг бахиар хавчиж байгаа мэт базах үед ойлгожээ. Блад испани хүнийг тавцан дээр өвдөглөж дараад хүмүүсээ дуудан хашгирвал шат тачигнаж, цаадуул нь дорхноо хүрээд ирлээ.
Блад улангасав:
– Наад бузар сэтгэлээ онгойлгож, наминчлах цаг чинь ирлээ дээ. Гэтэл ямар ч найдваргүй хэцүү байдалд орчихсон дон Диего өөрийгөө хүчлэн инээгээд:
– Энэ Галион хавиргалах тулалдаан хийж, та нарыг олзолж авсаны дараа хойтохыг чинь унших хүн олдохгүй дээ! - хэмээн Бладыг зүхлээ.
Дон Диегогийн урвалтын үр дагаварыг яагаад ч зайлуулах аргагүй болсныг Блад ухаараад сэтгэл нь зовсондоо:
– Энэ галион гэнэ ээ? - хэмээн дуу алдав.
– Тийм ээ. Энэ бол галион! Хэний онгоц болохыг чи мэдэж байна уу? Эндэхийн испанийн эзэмшлийг хамгаалах үүрэгтэй усан флотын захирагч, миний ах, адмирал дон Мигель де Эспиносын манлай онгоц “Энкарнасион”. Маш оновчтой тааралдлаа. Ертөнцийн эзэн Испаний эрх ашгийг хамгаалдагийг харж байгаа биз.


Top
   
PostPosted: May.08.13 12:04 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 155
Barjil wrote:
End nom unshij baihad uls tor yamar hamaa bnaa bitgii sedev buzarlaad bai
ном уншаад төрсөн сэтгэгдлээ бичиж болохгүй юу нохой минь ,юун эелдэг гишүүн ярдаг нохой байна.


Top
   
PostPosted: May.08.13 10:15 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Бладын нүд гялалзаж, царай нь ширүүн төрхтэй болов. Тэгээд:
– Гар хөлийг нь хүл - гэснээ өөрийнхөө хүмүүст хандаж:
– Наад бузар этгээдийн чинь үнэтэй толгойноос ширхэг үс ч унах ёсгүй шүү - гэж нэмж хэллээ.
Энэхүү сануулга илүү зүйл биш байсан юм. Учир нь, арайхийж зугтааснаас нь бүр илүү аймшигтай боолчлол хүлээж байгааг ойлгоод хилэгнэсэн хүмүүс дон Диегог тасчиж хаяхад бэлхэн байсан ажээ. Бладын төмөр мэт хатуу хоолойны өнгө ердийн биш, илүү шаналгаатай үхлийг амлаад байсан болохоор л тэд биеэ барьж, ахмадынхаа үгэнд орцгоосон юмсанж.
Блад зэвүүцэж:
– Балиар далайн дээрэмчин! Чиний амлалт яасан бэ, хүний шаар минь гэв.
Дон Диего бүгдээрээ ойлгог гэж бодсондоо англи хэлээр:
- Чи намайг дутуу үнэлж байна. Тийм ээ. Би үхлээс айдаггүй. Үүнийгээ одоо батална! Ойлгов уу, англи нохой минь? - гэж хэллээ.
- Ирланд нохой гээч - хэмээн Блад үгийг нь залруулав. –Харин чиний амлалт хаана байна аа? Испани мал минь.
- Та нарын заваан саварт ийм гоёмсог хөлөг үлдээж, түүгээр нь та нар испаничуудтай тулалдах юм биз дээ? Ха-ха-ха - гэж дон Диего тавлан инээлээ.
– Усан тэнэгүүд! Намайг алж болно. Би үүргээ гүйцэтгэсэн болохоор сэтгэл амар үхнэ. Удахгүй та нарыг гавлан дөнгөлж, харин “Синко Льягас” хөлөг Испани улсынхаа мэдэлд очно.
Ахмад Бладын амгалан царай наранд борлосон хэрнээ цайж, баригдсан хүнийг сонжин ажиглав. Улай үзэхийг хүссэн улангассан босогчид дээр нь овоорчээ.
Блад эзэрхэг хоолойгоор:
– Битгий гар хүр! - гэж тушааснаа огцом эргэж хашлаганы хажууд очоод гүн бодолд автав.
Түүн рүү Хагторп, Волверстон болон их бууч Огл нар очлоо. Тэд ойртож буй хөлгийг чимээгүй ажиглах ажээ. Тэр онгоц “Синко Льягас”-ын замыг амдан урагшлах ажгуу.
– Энэ хөлөг хагас цагийн дараа бидэнд дөхөж, их буунууд нь бидний зогсч буй энэ тавцан дээр байгаа бүхнийг арчиж хаяна даа - гэж Блад хэлэв.
Өрөөсөн нүдтэй үлэмж биетэн хараал урсгаж:
– Бид үзэлцэнэ дээ - гэж архирлаа. Блад түүнийг шоолон инээж:
– Үзэлцэнэ гэнэ ээ? Ердөө хориодхон хүнтэй байж яаж үзэлцэх юм бэ? Үгүй дээ. Бидэнд ердөө ганцхан зам байна. Бид бол испаничууд, бүх зүйл тайван байна гэж тэдэнд итгүүлээд цаашаа явцгаах шаардлагатай байна.
Үүнийг чинь тэгээд яаж хийх юм бэ? - гэж Хагторп асуув.
Харин яая даа? -хэмээн асуултыг Блад давтав.
– Мэдээжээр... хэрэв... – Тэр дуугаа хураагаад хөлгүй ногоон усыг ширтлээ. Егөөдөх дуртай Хагторп яриагаа үргэлжлүүлэв:
– Бид дон Диего де Эспиносыг испани сэлүүрчидтэй нь явуулаад түүний адмирал ахад нь бид бүгдээрээ Испанийн эрхэмсэг хааны үнэнч албат нар хэмээн итгүүлж... Блад тоглоомтой этгээдийг номхруулахаар огцом эргэсэн боловч гэнэтхэн зог тусч, царай нь хувирч, нүд нь сэргээд ирлээ.
– Чөтгөр аваг, энэ чинь зөв санаа байна! Хараал идсэн далайн дээрэмчин үхлээс айдаггүй ч гэсэн хүү нь өөр бодолтой байж болох юм шүү. Хүүгийн элбэрэл гэдэг чинь испаничуудын дунд их тархсан хүчтэй мэдрэмж байдаг юм -гэснээ баривчлагдсан хүний хажууд зогсч байсан нөхөддөө хандаж:
– Наадахаа миний хойноос чирээд ир! - гэлээ.
Тэгээд Блад зам зааж, давирхай ханхалсан онгоцны бүрэнхий хөндийд ороод, тэндээсээ хитэг рүү явж, урьдах хаалгаа цэлийтэл дэлгээд офицерууд амардаг том өрөөнд орлоо.
Хэдэн хүн түүний хойноос хүлээстэй Дон Диегог чирж авчрав.
Онгоцон дээр байсан бүх хүн урвагчийг Блад яаж хороохыг харахаар гүйлдэж ирсэн боловч ахмад тэднийг тавцанг орхихгүй байхыг тушаагаад хөөж явууллаа.
Амралтын өрөөнд цэнэглэсэн гурван их буу байв. Тэр буунуудын ам онгорхой шагайвараар цухуйх ажээ.
Блад дунд талынх нь бууг заагаад биерхүү их буучид хандаж:
– Ажилдаа ороорой, Огл оо. Энэ их бууг хойш нь ухраагаадах - гэж тушаав. Огл ахмадынхаа тушаалыг дор нь биелүүлэв.
– Наадахыгаа их бууны амтай холбоод хүлээтэх! - гэснээ тушаалыг нь яаран сандран биелүүлж байх хооронд бусдад нь хандаад:
– Хитгийн давхарлаг руу очоод олзлогдсон хүмүүсийг нааш нь аваад ир. Харин Дайк дээшээ гүйж гараад испанийн далбаа өргөөдөх гэлээ.
Их бууны амтай холбуулан хүлүүлсэн дон Диего нүдээ галзуу юм шиг эргэлдүүлж, ахмад Бладыг зүхлээ. Испани хүний гарыг ард нь хүлж, харин хөлийг нь их бууны суурьтай холбочихжээ.
Дон Диего үхлийн өөдөөс эгц хардаг зориг зүрхтэй хүн байсан ч ямар үхэл оноосныг мэдээд үхтлээ сүрджээ.
Испани хүний амнаас хөөс цахарч, өөрийгөө тарчлаагчийг харааж зүхсээр байлаа:
– Зэрлэг амьтан! Хараал идсэн буруу номтон! Чи намайг христосын шашинтай хүн шиг үхүүлж болохгүй байна гэж үү? Блад түүний хараалыг огтхон ч тоолгүй амралтын өрөө рүү хөөж оруулсан гав дөнгөтэй олзны арван таван хүн рүү очив.
Тэд ирэх замдаа дон Диегогийн хашгирахыг сонсч, өрөөнд орж ирээд түүний ямар хөөрхийлөлтэй байдалд орсоныг мэгдэн харав. Олзлогдогсдын дундаас хувцас болон ааш байдлаараа ялгарах царайлаг хүү урагшаа ухасхийж:
– Аав аа! - гэж ориллоо.
Тэгээд хүчлэн тогтоож байсан хүмүүсийн гараас мултрахаар мурчиганаж, энэхүү аймшигт аллагыг зогсоогооч хэмээн тэнгэр бурханаа дуудаж, догшин атлаа өрөвдөлтэй хоолойгоор эцгийг нь өршөөхийг ахмадаас гуйлаа. Ахмад Блад, дон Диегогийн удмыг залгамжлагч аавдаа элбэрэлтэй хүү юм гэж сэтгэл хангалуун бодлоо.
Хожим нь Блад түүний оюун ухаан хэсэгхэн зуур өөрийнх нь боловсруулсан харгис төлөвлөгөөг зөвшөөрөхгүй байсан гэж ярьж байжээ. Тэгэхээр нь тэр энэрэнгүй бодлоо сарниулахын тулд Бриджтаунд үйлдсэн испаничуудын ярга, түүнд алагдсан испанийн хүчирхийлэгчээс зугтааж явсан Мэри Трейлийн цайсан царай, энд тодорхойлон бичих аргагүй бусад аймшигтай явдлыг дурсан бодтол сэтгэл нь хатуужсан ажээ.
Өрөвдөх сэтгэлгүй, улай үзэх дуртай испанийн хэт шүтлэгтнүүд тэдэнд дөхөж буй хөлгийн шурагны оройд мандуулсан христосын шашны бэлэг тэмдгийн үнэр ч байхгүй хүмүүс байсан юм. Тэгсэн атал дон Диего ердөө ганцхан мөчийн өмнө бурхан тэнгэр христийн Испанийг таалан болгоодог мэтээр ярьж байсан. За яахав. Дон Диего энэ төөрөгдлийнхөө төлөө хатуу шийтгүүлнэ дээ.
Зориг орсоноо Блад мэдрээд дон Диегоог холбож хүлсэн их бууны бялтыг асааж, дарь ноцоодог нүхнээс тугалган хамгаалалтыг нь авахыг Оглд тушаалаа. Залуу Эспиноса дахиад л хараалын муугаар зүхэж, царай алдан гуйж гувшиж эхэллээ. Блад түүн рүү огцом эргээд:
– Дуугаа тат! - гэж ууртай хэллээ. – Дуугаа татаад сонсож бай! Чиний эцэг үхэх хэрэг үйлдсэн. Гэхдээ би түүнийг алах бодолгүй байна. Ойлгож байна уу?
Үүнийг сонсоод дон Диегогийн хүү мэлэртэл гайхаж дуугаа хураав. Харин ахмад Блад өөлөх аргагүй испани хэлээр үргэлжлүүлэн ярив:
– Эцгийн чинь бузар урвалтаас болоод бид хүнд байдалд орчихоод байна. Энэ хөлөг “Синко Льягас”-ыг олзолж авах үндэслэлтэй. Тэгвэл бид үхэх болно. Эцэг чинь ахынхаа манлай хөлгийг таньсан болохоор ах нь ч бас “Синко Льягас”-ыг таньсан гэдэг нь ойлгомжтой. “Энкарнасион” бидэн рүү дөхөж ирэхэд чиний авга ах энд юу болсныг ойлгоно. Бидэн рүү их буугаар галлаж, хавиргалах тулалдаанаар онгоцыг эзэлнэ. Бид хэтэрхий цөөхөн болохоор ялагдана гэдгийг эцэг чинь мэдэж байгаа. Гэхдээ бид бууж өгөхгүй. Тулалдаж байгаад л үхэцгээнэ! – Ингэж хэлснээ Блад их бууны суурин дээр гараа тавиад:
– Чи нэг л зүйлийг сайн ойлго: “Энкарнасион”-ны анхны буудлаганд энэ их буу хариу өгнө. Чи намайг ойлгов уу? Айж эмээсэндээ дагжин чичирч буй залуу Эспиноса Бладын өршөөлгүй нүдийг хараад чидун жимс шиг шар ногоон царай нь сааралтав.
– Би ойлгосон уу гэж үү? - хэмээн залуу хүү түгдчин бувтнав. – Би юу ойлгох ёстой юм бэ? Хэрэв тулалдаанаас зайлсхийх боломжтой, түүнд чинь би туслах шаардлага байгаа бол надад хэлээдэх.
– Хэрэв дон Диего де Эспиноса ахынхаа онгоц руу очоод “Синко Льягас” Испани улсынх хэвээрээ, хөлөг дээр бүх зүйл хэвийн байгаа гэж хэлсэн бол тулалдаанаас зайлсхийж болох байлаа. Гэтэл дон Диего... өөр ажилтай байгаа болохоор ах руугаа өөрийн биеэр очих боломжгүй болсон. Жишээлбэл, чичрэг өвчний хөнгөхөн дайрлагаас болоод өрөөгөө орхиж чадахгүй байж болох л юм. Чи түүний хүү болохоор ахдаа энэ бүгдийг дамжуулж, хүндэтгэл үзүүлж болох л юм. Чи чалчаад байдаггүй испанийн зургаан сэлүүрчийг сонгоод авч явна. Харин би Барбадост англичуудад олзлогдож, та нар сулласан испанийн язгууртны дүрээр дагаж явна.
Хэрэв би амьд мэнд эргэн ирж, тэд биднийг явахад саад хийхгүй бол дон Диего болон та нар бүгдээрээ амьд үлдэнэ. Харин таагүй явдал тохиолдох юм бол бидний тулалдаан энэ их бууны буудлагаар эхэлж, эцэг чинь анхны золиос болно. Тэр дуугаа хураав... Нөхөд нь дэмжин шуугиж, харин испанийн олзлогдогсдын сэтгэл хөөрчээ. Залуу Эспиноса эцэг нь түүнд ямар нэгэн шийд өгнө гэж бодоод хүндээр амьсгалан хүлээсэн боловч дон Диего дуугарсангүй. Бодвоос, энэхүү хатуу шалгуурыг тэр дийлэхээ больж зориг нь мохоод хүү нь л шийдэг гэж бодсон бололтой. Тэрбээр Бладын саналыг бүү зөвшөөр гэж хүүдээ хэлж зүрхлэхгүй, бас зөвшөөр гэхээр ичгүүртэй гэж бодоод дуугараагүй юмсанж.
– Байдал ийм л байна - гэж Блад хэллээ. Одоо чамд бүх зүйл ойлгомжтой боллоо. Юу гэмээр байна даа? Дон Эстебан омголтсон уруулаа хэлээрээ норгож, чичирсэн гараараа духныхаа хөлсийг арчив.
Тэрбээр эцгийнхээ зөвлөгөөг хүлээж арга ядан харах боловч цаадах нь дуугарсангүй. Залуу мэгшин уйлж, цурхиран уухилахтай төстэй дуугарав:
– Би... зөвшөөрч байна - гэснээ тэр испаничууд руу эргэж...
– Та.. та нар ч зөвшөөрч байгаа! - гэж сандарсан, бас шургуу байдалтай хэллээ.
– Дон Диегогийн төлөө, миний төлөө, бид бүгдийн төлөө. Хэрэв та нар зөвшөөрөхгүй бол ямар ч өршөөлгүй алчихна шүү дээ.
Дон Эстебан Бладын саналыг зөвшөөрөв. Удирдагч нь эсэргүүц гэж тушаагаагүй болохоор ямар ч ашиггүй баатарлаг зан гаргах хэрэггүй байсан нь ойлгомжтой. Тийм болохоор испаничууд хүссэн зүйлийг чинь ёсоор нь хийе гэж эргэлзэж тээнэгэлзэлгүй хариуллаа.
Блад дон Диего руу дөхөж очоод:
– Таныг хэсэгхэн зуур эвгүй байрлалтай үлдээх болсондоо харамсаж байна... - гэснээ хормын төдий завсарлага авч олзлогд сон хүнийг харав:
– Гэхдээ эмээх хэрэггүй гэж бодож байна. Муу явдал учрахгүй гэж найдахаас гэв.
Харин дон Диего дуугаа хураасан хэвээр байх ажгуу. Питер Блад “Синко Льягас”-ын хуучин ахмадыг дахин сүрхий харж, түүнд ёслоод холдон явлаа.


Top
   
PostPosted: May.08.13 10:26 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XII бүлэг. ДОН ПЕДРО САНГРЕ

“Синко Льягас” болон “Энкарнасион” мэндчилгээний дохио солилцсоны дараа өөр хоорондоо дөрөвний нэг милийн зайтай зогсов. “Синко Льягас”-ын зургаан испани сэлүүрчтэй завь наранд гялтганан үелзэх тэнгисийн мандлаар “Энкарнасион” руу хөвлөө. Хитгэн дээр нь дон Эстебан де Эспиноса, ахмад Блад хоёр суусан байв.
Завинд тавин мянган песо бүхий хоёр төмөр авдар ачсан байлаа. Алт хэзээ ч гэсэн үнэнчээ харуулах баталгаа байдаг. Харин Блад хамгийн аятайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байв. Үнэнийг хэлэхэд түүний нөхөд мэхлэх гэсэн чармайлт хэрээс хэтэрлээ гэж нотлохыг оролдсон боловч Блад өөрийнхөө бодлыг хамгаалж чадсан ажээ. Тэр бас нэгэн нотолгоо болгож “Синко Льягас” дээр яаран үйлдсэн, де Эспиноса-и-Вальдесийн сүлд бүхий олон сүржин тамга дарсан зузаан гэгчийн илгээмжийг авч гарсан байв.
Блад “Энкарнасион” хөлөгт хүрэхэд үлдсэн хэдхэн мөчийг ашиглан ямар нэг эргэлзээгээ хэлж зүрхлэхгүй байсан залуу дон Эстебанд сүүлчийнхээ зааварчлагыг өглөө.
Блад залууг хянуур ажиглавал цаадах нь:
– Хэрэв та өөрийгөө илчилж орхивол яана аа? - гэв.
- Тэгвэл бүх юм бүгдийн хувьд... маш эмгэнэлтэй төгсөнө дөө. Би эцэгт чинь бидний амжилтын төлөө залбираарай гэж хүссэн. Харин чамаас тусламж эрж байна.
- Би чадах бүхнээ хийнэ ээ. Бурхандаа андгайлая - гэж залуу хүний дэвэргэн сэтгэлээр дуу алдлаа.
Блад бодлогоширон толгой дохиж, завь “Энкарнасион” хэмээх аварга хөлгийн гадарыг шүргэх хүртэл нэг ч үг дуугарсангүй. Дон Эстебан Бладыг дагуулаад олсон шатаар хөлгөн дээр авирч гарлаа. Тэднийг дон Диегогоос арай ахимаг боловч түүнтэй их төстэй, санчигных нь үс бууралтсан, өндөр бөгөөд ихэмсэг төрхтэй адмирал дөрвөн офицер болон хар-цагаан өнгийн урт өмсгөлтэй доминиканы бүлэглэнгийн гэлэнгийн хамт хүлээгээд зогсч байв.
Испанийн адмирал зээ дүүгээ тэврэхдээ түүний цайсан царай болон тасалданги амьсгалыг ахтайгаа уулзсандаа сэтгэл нь хөдөлж сүрдсэнийх гэж бодсон ажээ. Дараа нь дон Эстебаныг дагалдагчтай мэндлэв.
Питер Блад хээнцэрээр ёсолсон бөгөөд гаднах төрхийг нь ажвал биеэ давгүй барьж байв. Тэрбээр:
– Намайг дон Педро Сангре* гэдэг - хэмээн өөрийнхөө овгийг испани хэл рүү махчлан орчуулж орхив. – Дон Эстебаны эрэлхэг эцгийн буянаар суллагдсан Леоны аз муутай тайж байна аа - гээд Барбадос арлын тэрс үзэлтнүүдэд хэрхэн олзлогдсон, дон Диего түүнийг хэрхэн сулласан тухай түүх зохиогоод хэдхэн үгээр ярьчихлаа.
Энэхүү товчхон түүхийг сонссон гэлэн:
– Benedicticamus Domino** - гэв.
Блад хэрэгтэй үедээ л христосын шашныг санадаг зуршилтай болохоор:
– Ex hoc nunc et usque in seculum*** - гэж хариулаад шал руу даруухан ширтлээ.
Адмирал болон офицерууд тайжийн яриаг өрөвдөн сонсч, чин сэтгэлээсээ баяр хүргэлээ. Дараа нь хүлээж байсан асуултыг нь тавив.
– Харин миний дүү хаана байна аа? Яагаад тэр надтай мэндчилэхээр өөрийн биеэр ийшээ ирээгүй юм бэ?
Залуу Эспиноса ингэж хариулав:
– Миний эцэг танд хүндэтгэл үзүүлж, сэтгэлийн таашаал авч чадахгүй болсондоо их харамсаж байгаа. Хүндэт ах минь! Харамсалтай нь бие нь тааруухан байгаа болохоор онгоцоо орхиж чадахгүй байгаа юм... Үгүй дээ. Ноцтой зүйл байхгүй!
Барбадосыг эзэлж, энэ тайж азаар суллагдсан довтолгооны үед хөнгөхөн шархдаж, түүнээсээ болоод бага зэрэг халуураад байгаа юм.
Дон Мигель ширүүн загнаж буй дүр эсгэж:
– Зээ минь, зөвшөөрөөч! Ямар довтолгоо? Би энэ тухай юу ч мэдэхгүй. Би энд Английн хаантай нөхөрсөг харьцаатай христосын шашинт Испанийн эрхэм дээд хааныг төлөөлдөг. Чи надад хэрээс хэтэрсэн мэдээлэл өгчихлөө... Гэхдээ би үүнийг мартахыг хичээе. Ноёд оо, та нар ч бас март - гэж офицеруудад хандсанаа инээж буй ахмад Блад руу нүдээ ирмээд:
– Тийм байдаг байжээ! Дүү маань ирэх боломжгүй юм бол би өөрөө очно оо - гэж нэмж хэллээ. Дон Эстебан үхдэл адил цайж, Блад инээхээ болилоо. Гэхдээ тэр барьц алдаагүй бөгөөд нууцалсан байдалтайгаар, хүндэтгэл, ятгалга, элэглэлийг хослуулан байж:
– Танд зүрхлэн айлтгахад ингэх хэрэггүй. Би энэ удаад дон Диегогийн баримталж буй шугамын тухай л ярьж байна. Түүний шархыг эдгэрэх хүртэл та түүнтэй уулзаж болохгүй. Энэ бол зөвхөн түүний хүсэл төдийгүй “Энкарнасион”-ы тавцан дээр байхгүй байгааг тайлбарлах үндсэн шалтгаан юм. Үнэнийг айлтгахад дүүгийн чинь шарх ийшээ ирэхэд нь саад болохоор хүнд биш л дээ.
Дон Диегоог эрүүл мэндээс нь илүү, тантай биечлэн уулзчихвал хэдэн хоногийн өмнө юу болсон тухай буруу мэдээлэл өгчих байх гэж санаа нь зовниод байгаа юм. Та Испанийн эрхэмсэг хаан, Английн хаан хоёр найрсаг харьцаатай тухай сая хэллээ. Харин таны дүү дон Диего... - гэснээ түгдрэв.
– Өөр зүйл нэмэх шаардлагагүй биз дээ.
Эрхэм дээдэс сайн ойлгож байгаа шүү дээ. Тийм биз дээ? Эрхэм дээд адмирал хөмсгөө зангидан бодлогоширч:
– Тийм дээ. Би ойлгож байна. Гэхдээ л... - гэж дуугарав.
Хормын зуур Блад түгшив. Түүний зан байдал сэжигтэй санагдсан юм болов уу? Педро Сангре испани хүн шиг хувцаслаж, испаниар цэвэрхэн ярьж, түүний хэлснийг нотлоход бэлхэн дон Эстебан хажууд нь зогсч байсан нь багадсан юм болов уу? Иймд Блад нэмэлт нотолгоогоо яаран гаргав.
– Эрхэм дээдэст өгч явуулсан тавин мянган песотой хоёр авдар завин дээр байгаа.
Адмирал хөөрсөндөө цовхчих шахаж, офицеруудынх нь сэтгэл хөдөлжээ.
– Энэ бол дон Диегогийн Барбадосын амбан захирагчаас...
– Бурхныг бодоод дуугүй бай! Би юу ч сонсоогүй шүү... Миний дүү энэ мөнгийг Испани руу явуулж байгаа юм уу? Бололгүй яахав. Гэхдээ энэ бол дүү бид хоёрт л хамаатай гэр бүлийн асуудал. Мэдээжээр хүргээд л өгнө. Тэгэхдээ би мэдэх ёсгүй... - тэр дуугаа хураав. – Тийм байдаг байж. Авдруудыг тавцан дээр гаргах зуур наашаа хундага дарс аваад ирээрэй.
- Адмирал ингэж хэлээд энэ таатай явдлыг тэмдэглэхээр зориуд урьсан дөрвөн офицер болон гэлэнгийн хамт хааны ордон мэт тансаг тохижуулсан өөрийнхөө өрөөнд орлоо.
Зарц хүрэн өнгөтэй дарс хундагалаад гарч одов. Дон Мигель ширээний ард суугаад буржгар, шовх сахлаа илэн инээж:
– Гэгээн эх минь! Дүү маань юмыг урьдчилж харахдаа сүрхий хүн юм. Би гэнэ алдан түүн дээр очиж, Испанийн адмиралын олж харахгүй байх аргагүй зарим зүйлийг анзаарчихаж болох байж.
Эстебан, Блад хоёр үгийг нь шуудхан зөвшөөрөв. Дараа нь Блад Испанийн хөгжил цэцэглэлт, английн хаан ширээнд суусан Яков гэдэг усан тэнэг амьтан мөхөхийн төлөө хундага өргөлөө. Тэгэхдээ, хундаганы үгний сүүлчийн хагасыг чин сэтгэлээсээ ерөөсөн ажээ.
Адмирал инээд алдав:
– Эрхэм ээ! Миний дүү энд байхгүй нь харамсалтай. Хэрэв байсан бол таны бодлогогүй занг дарах байсан даа. Христосын шашинт эрхэм дээдэс маань Яков хааны дотнын анд гэдгийг битгий мартаарай. Тэгэхээр, ийм хундаганы үгийг энэ өрөөнд хэлэх нь тохиромжгүй. Гэхдээ энэ үгийг англи нохдыг үзэн ядах онцгой шалтгаантай хүн өргөсөн болохоор бид дарсаа ууцгаана. Гэхдээ... албан ёсоор биш шүү. Бүгд чангаар инээлдэж, хундаганы үг нэгэнт албан ёсных биш болохоор Яков хааны мөхлийн төлөө бүр ч урам зоригтойгоор хундагаа хоослов. Дараа нь Эстебан эцгийнхээ төлөө санаа нь зовж, тэдний удахын хэрээр шаналал нь удаашрахыг санаад буцах цаг болсныг мэдэгдлээ. Тэгээд:
– Миний эцэг Сан-Доминго руу яарч байгаа. Хүндэт ах минь! Тэр намайг таныг тэвэрч үнсчихээд л буцаад ирээрэй гэж явуулсан юм. Тийм болохоор салах ёс гүйцэтгэе дээ гэлээ.
Адмирал мэдээжээр тэднийг саатуулах боломжгүй гэж үзсэн ажээ.
Блад олсон шат руу очмогцоо хөлгийн хашлаган дээгүүр тэгнээд тэртээ дор, давалгаан дээр ганхаж буй завины сэлүүрчидтэй дэмий чалчиж буй “Энкарнасион”-ы усан цэргүүдийн зүг түгшүүртэй харц чулуудлаа. Гэсэн хэдий ч, сэлүүрчдийн зан байдлыг ажихад түгших шалтгаан байсангүй. “Синко Льягас”-ын багт байсан хүмүүс аз болоход амаа хамхиж чадсан байлаа.
Адмирал Эстебантай ялдамхнаар, харин Бладтай ёсорхогоор салах ёс гүйцэтгэв.
– Дон Педро. Танаас ийм хурдан салах болсон нь маш харамсалтай байна. Уг нь би таныг “Энкарнасион” дээр илүү удаасай гэж хүссэн юмсан.
- Би аз муутай хүн юм аа.
- Гэхдээ бид удалгүй дахин учирна гэж найдахаас.
– Дон Мигель та миний өчүүхэн зүтгэлийг хэтрүүлэн үнэлж, надад өндөр хүндэтгэл үзүүлж байна - гэж Блад ёсорхуу хариуллаа.
Тэд завинд сууж, адмирал тэднийг үдэн гараараа даллаж, багийнхандаа байраа эзлэхийг тушаасан бага даргын шүгэл цангинах аварга хөлгийг орхин одов. Тэднийг “Синко Льягас”-т хүрээгүй байхад “Энкарнасион” дарвуулаа дэлгэн эргэж, салах ёс гүйцэтгэн их буугаар ёслолын буудлага хийв.
“Синко Льягас” хөлгийн багийнхны хэн нэгэнд (хожим нь олж мэдэхэд Хагторп байжээ) мөн адилхан хариу өгөх ухаан хүрсэн ажээ. Энэ жүжиг амжилттай дуусч байсан боловч санаанд оромгүй эмэгнэлтэйгээр төгссөн юм.
“Синко Льягас”-ын тавцан дээр тэднийг Хагторп угтав. Тэр хөшиж, бараг л мэгдсэн байдалтай байхыг Блад хараад:
– Чи бас анзаарчээ дээ? - гэлээ.
Хагторп түүнийг ойлгосон байдалтай харсан боловч энэ бодлоо таягдан хаялаа. Учир нь, Блад түүний юу гэж хэлэх гэснийг яавч таах боломжгүй байжээ.
Хагторп:
– Дон Диего - гэснээ үгээ таслаад Блад руу хачин жигтэй харлаа.
Хагторп, Блад хоёр харц солилцохыг анзаарсан Эстебаны царай зотон адил цайж тэдэн рүү дайрав.
- Муусайн ноход, та нар амласандаа хүрээгүй юм аа даа? Миний эцгийг яасан бэ? - хэмээн орилж, ард нь зогсч байсан зургаан испани хүн дургүйцэн гүнгэнэлдэв.
- Бид амлалтаа зөрчөөгүй - гэж Хагторп шийдэмгий хэлбэл шуугиан дорхноо намжив.
– Ингэх ямар ч шаардлага байгаагүй. Дон Диего та нарыг “Энкарнасион” руу дөхөж очихоос өмнө үхчихсэн байсан.
- Үхчихсэн гэнэ ээ? - гэснээ Эстебан цурхиран уйллаа. – Та түүнийг алсан гэж хэлэх гээд байна уу? Яагаад тэр үхчихэв?
– Миний бодлоор бол айсандаа үхчихсэн юм шиг байна.
Ийм доромжилсон хариултыг сонсоод дон Эстебан Хагторпыг алгадаж, хэрэв Блад хоорондуур нь орж, түүний хүмүүс испани залууг зогсоогоогүй бол нөгөөдөх нь мэдээж хариуг нь өгөх байв.
Блад:
- Больцгоо. Чи л өөрөө эцгийг нь доромжилж, хүүхдийг нь өдсөн.
- Би доромжлоё гэж ердөө бодоогүй. Болсон явдлын тухай л ярьсан шүү дээ - гээд Хагторп хацраа үрэв. – Явж харцгаая.
- Надад харах шаардлага алга. Тэр биднийг “Синко Льягас”-аас явахаас өмнө, намайг түүнтэй ярьж байх үед л үхчихсэн байсан юм.
Та юу гэнэ ээ? - хэмээн Эстебан ориллоо. Блад түүн рүү гунигтай инээмсэглэн ширтээд:
– Үүнийг өмнө нь мэдээгүйдээ чи харамсаж байгаа байх? Тийм үү? - гэв.
Эстебан түүнийг нүдээ бүлтийлгэн ширтээд:
– Би танд итгэхгүй байна гэлээ.
– Энэ бол чиний хэрэг. Гэхдээ, би эмч хүн болохоор үхсэн хүнийг амьд хүнээс ялгаж чадна. Бүгд чимээгүй болж, залуу хүү чухам юу болсныг аажмаар ойлгож эхлэв.
– Би үүнийг урьд нь мэдэж байсан бол та “Энкарнасион”-ы шурагны хөндлөвчөөс дүүжлээтэй байхсан!
– Мэдээжийн хэрэг. Тийм болохоор л би одоо өөрөө мэддэг боловч бусдын мэддэггүй зүйлээс ямар хонжоо гаргаж болох тухай бодож байна даа.
– Чи шурагны хөндлөвчөөс дүүжлүүлэх цаг ирнэ ээ -хэмээн залуу Эспиноса улангасан цамнав.
Ахмад Блад мөрөө хавчаад эргэлээ. Гэхдээ тэр, бас Хагторп болон тавцан дээр зогсч байсан бүх хүн, энэ үгийг эмзэг хүлээж авсан нь үдэш нь болсон зөвлөлгөөн дээр илэрхий болсон юм.
Тэр зөвлөлгөөнийг испанийн олзныхны хувь заяаг шийдэхийн тулд зохиосон юм байж. Тэгэхэд ундны ус болон хүнсний нөөц дуусч байсан болохоор Кюрасао хүрч чадахгүй нь бүгдэд ойлгомжтой болсон байжээ. Харин Пит залуурчийн үүргээ биелүүлэх боломжгүй хэвээр л байв. Энэ бүх нөхцлийг тэд хэлэлцээд Гаити арлын хойт хөвөөгөөр зүүн зүгт хөвж, Тортуга аралд хүрэхээр шийдсэн ажээ.
Францын Вест-Индийн компанийн мэдэлд байдаг тэндэхийн боомтонд наад зах нь олзлогдох аюул байхгүй байлаа.
Үүнтэй холбогдож, испанийн олзныхныг цааш нь авч явах, эсвэл тэднийг завинд суулгаад ердөө аравхан миль зайтай орших хуурай газар хүрэх боломж олгох хэрэгтэй байсан юм. Сүүлчийн саналыг Блад дэмжиж байв.
– Бидэнд өөр арга алга - гэж Блад шургуу нотлов.
– Тортугад аваачих юм бол эднийг амьдаар нь шатаачихна шүү дээ.
– Энэ гахайнуудыг шатаасан ч яадаг юм! - гэж Волверстон бувтнав.
– Санаж байна уу, Питер ээ? - хэмээн Хагторп ярианд оролцлоо. – Өнөөдөр залуу хүү чамайг юу гэж сүрдүүллээ. Хэрэв тэр аврагдвал адмирал ахдаа юу болсон тухай ярьж, сүрдүүлгээ хэрэгжүүлж магадгүй юм шүү.
– Би түүний сүрдүүлгээс айхгүй.
– Дэмий дээ - гэж Волверстон анхааруулав. Ухаалаг шийдвэр гаргая гэвэл түүнийг бусадтай нь хамт дүүжлэх хэрэгтэй. Блад саналаа хэлж:
– Энэрэнгүй ёс бол зөвхөн ухаалаг үйл хөдлөлөөр илэрдэг зүйл биш. Заримдаа энэрэнгүй ёсны төлөө алдаа хийх нь дээр байдаг. Мэдсээр байж гаргасан алдааг өрөвдсөнөөр тайлбарлаж болно. Бид аюултай гэдгийг мэдэж байгаа хэдий ч эднийг суллана. Би хүмүүсийг хүйтэн цэвдгээр хөнөөж чадахгүй. Бид үүр цайхаар испаничуудад завь, торхтой ус, хэдэн ширхэг бин өгье. Тэгээд чөтгөр шулам руугаа тонилно биз!
Энэ нь түүний эцсийн үг байлаа. Бладад эрх мэдэл өгсөн хүмүүс түүний шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Эстебан болон түүний нутаг нэгтнүүд үүрээр хөлгийг орхив.
“Синко Льягас” хоёр хоногийн дараа цохио хадаар хүрээлэгдсэн Кайоны буланд орлоо. Байгаль эхийн бүтээсэн тэнгисийн энэ булан түүнийг эзэлсэн хүмүүсийн хувьд халдашгүй цайз болдог ажээ.


* Sangre - Англи хэлний “Blood” (“цус”)-тай ижилхэн утгатай испани үг.
** Benedicticamus Domino - “Бурхандаа талархая” гэсэн латин үг.
*** Ex hoc nunc et usque in seculum - “Одоо, үргэлж, үеийн үед” гэсэн латин үг.


Top
   
PostPosted: May.08.13 2:28 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 114
хөөх зөндөө орчихож. гялалзуулдаг товарищ юм аа :wd:


Top
   
PostPosted: May.08.13 5:53 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XIII бүлэг. ТОРТУГА

Одоо ахмад Бладын гавьяа зүтгэлийн түүх Сомерсетширээс гаралтай хөлгийн залуурч Джереми Питийн хөдөлмөрч зан чанарын ачаар бидэнд хүрсэнийг хэлэх цаг нь болсон мэт санагдана. Тэр залуу сайн усан цэрэг төдийгүй гарамгай бичдэг хүн байсан бөгөөд Питер Бладтай дотноссондоо урамшиж тэрхүү чадвараа уйгагүй ашиглаж байжээ.
Питийн хөтөлсөн хөлгийн тэмдэглэл урьд хожид миний үзсэн бүх тэмдэглэлийн алинтай нь ч зүйрлэхээргүй тодорхой бичигдсэн байх ажээ. Тэр нь янз бүрийн хэмжээтэй хорь гаруй ботиос бүрдсэн байв. Тэдгээр ботийн зарим нь бүрмөсөн үрэгдэж, бусдынх нь цөөнгүй хуудас дутуу байсан юм. Гэхдээ, Комертинад амьдардаг ноён Джеймс Спекийн номын санд энэ тэмдэглэлтэй маш тодорхой танилцах явцад зарим хэсэг нь үрэгдсэнд би харамсаж, заримдаа ч бидэнд хүрсэн эмх замбараагүй баримтын дундаас хамгийн чухал нэгийг нь сонгож авахад ихээхэн бэрхшээл учруулсан Питийн хэтэрхий нуршуу тэмдэглэл үнэнхүү цөхрүүлж байсан билээ.
Питийн тэмдэглэлийн эхний ботиудад Блад Тортугад үзэгдэх болсноос өмнөх үеийн үйл явдлыг бичсэн байлаа. Эдгээр ботиуд болон шүүх хурлын протоколын эмхэтгэл энэ хүртэлх үйл явдлыг хүүрнэх бололцоо олгосон үндсэн эх сурвалжууд байсан билээ.
Дээр миний тодорхой бичсэн нөхцөл байдал Питер Блад Тортугад яах ч аргагүй орогноход хүргэсэн юм гэдгийг Пит онцгойлж, цохон тэмдэглэсэн байлаа. Хөлгийн залуурч энэ тухай дэлгэрэнгүй, сэтгэлийн хөдөлгөөнтэй, хорхойсон бичсэн байх бөгөөд энэ нь, тэр үед Бладын тухай өөр санал бодол ч бас байсныг харуулж байгаа хэрэг юм.
Тэрбээр Блад болон түүний зовлонг хуваалцсан нөхөд нь далайн дээрэмчидтэй нийлж, францчуудын бараг л албан ёсны өмгөөлөлд байсан Тортуга арлыг түшиц газраа болгоод испанийн эзэмшил болон усан онгоцуудыг уулгалан довтолж байсан явдал нь урьдаас төлөвлөсөн зүйл байгаагүй гэж нотолсон байлаа.
Питийн нотолсноор бол Блад эхлээд Франц юм уу Голланд руу явна гэж ярьж байсан гэнэ. Гэтэл тийшээ явах онгоц хүлээх зуур өөрт нь байсан бараг бүх мөнгийг барчихсан юм байж. Ер нь түүнд тийм ч их мөнгө байгаагүй бөгөөд тэр үед л найзынх нь сэтгэл санаа үймэрч буй шинж тэмдэг анзаарагдаж эхэлсэн гэж Пит бичиж үлдээжээ. Блад усан онгоц хүлээж, хийх ажилгүй уйдаж байхдаа Вест-Индэд бишгүйдээ нэг таардаг адал явдалын эрэлчидтэй дотносож, тэдний хэнээ халдварлаж орхисон гэж Пит таамагласан байна.
Найзыгаа цагаатгахын тулд элдэв зүйл санаанаасаа зохиосон гэж Питийг буруутгах хэрэггүй гэж би бодож байна.
Учир нь, Питер Бладын сэтгэлийг дарамтлах олон шалтгаан байсан билээ. Тэр Арабелла Бишопын тухай байнга бодож, түүнтэй уулзах боломжгүй болохоор галзуурах шахаж байсан нь эргэлзээгүй. Тэр Арабеллад дурлаж байсан бөгөөд түүнийг үүрд алдсанаа ойлгож байлаа. Франц юм уу Голланд руу явах түүний хүслийг мэдээжээр тайлбарлаж болох боловч тэнд юу хийхээ төсөөлж байсан нь юу л бол. Эцсийн эцэст тэр оргож боссон боол, эх оронд нь хуулиас гадуур гэж зарласан, харь нутагт яваа гэр оронгүй тэнүүлчин шүү дээ. Хүн төрөлхтөнтэй дайсагнасан ийм хүмүүсийн сэтгэлийг зөвхөн тэнгис л татаж байлаа.
Тэгэхээр, Блад зоригтой бөгөөд сүйхээтэй, урьд нь зүгээр л сонирхолдоо хөтлөгдөн адал явдал хайж явсан хүн болохоор шохоорхолдоо хөтлөгдөн буулт хийж, цэргийн хөлөг удирдах баялаг туршлагатай болохоор (би бол бүр авьяас гэж хэлмээр байна) түүнд тавьсан санал бүр ч боломжийн санагдаж, далайн дээрэмчин болчихсон биз ээ. Түүнчлэн, хорхой хүргэмээр саналыг зөвхөн Тортугийн архины мухлагуудаар дүүрэн байсан танил далайн дээрэмчид төдийгүй боомтын хураамж болгон тэдний олзны аравны нэгийг авдаг байсан арлын амбан захирагч д’ Ожерон ч тавьж байсан билээ.
д’ Ожерон үүнээс гадна бэлэн мөнгө авч, Францад төлбөрийг нь хийдэг вексель оронд нь өгөөд багагүй шан харамж авдаг байсан юм.
Ой гутмаар далайн дээрмийг бохир бөгөөд хөлчүү зальхай этгээдүүд, анчид, модчид болон тэнгисийн давалгаа эрэг дээр гаргаж хаясан хог хаягдлыг түүж амьдардаг эргийн оршин суугчид хөхүүлэн дэмждэг байсан төдийгүй францын Вест-Индийн компанийн ашиг сонирхолыг хамгаалах үүрэгтэй дэгжин хувцасласан ноёд Франц улсыг төлөөлдөг мэт загнаж, далайн дээрмийг бараг л хууль ёсны, буурь суурьтай үйл ажиллагаа болгон хувиргасан юм.
Питер Бладтай хамт Барбадосын эдлэнгээс зугтаасан хүмүүс, түүн дотор тэнгисийн давалгаа чихэнд нь үргэлж шуугиж байдаг Джереми Пит, өөрсдийгөө мөнхийн цөлөгдөгчид мэтээр сэтгэж, “агуу их эргийн нөхөрлөлийнхөн” гэж өөрсдийгөө өргөмжилдөг далайн дээрэмчидтэй нийлэх эрмэлзэлтэй байжээ. Тэд Бладын зөвшөөрлийг шургуу шаардаж, тэднийг удирдаач хэмээн ятгаж, түүний араас хаашаа ч явсан бэлхэн байна гэж тангараглаж байжээ.
Энэ асуулттай холбогдох Джеремийн тэмдэглэлийн хэсгийг ерөнхийд нь дүгнэх юм бол Блад хувь заяанаасаа зугтаах аргагүй боллоо гэж үзээд өөрийнхөө сэтгэл санаа, найз нарынхаа шахалтаар далайн дээрэмчин болчихсон ажээ.
Миний бодлоор, түүний удтал цааргалсан үндсэн шалтгаан Арабелла Бишоптой холбоотой болов уу. Тэр тэгэхэд ч, хожим нь ч, Арабеллатай хэзээ ч уулзахгүй гэж бодоогүй байх. Тийм ч болохоор, бүсгүй түүнийг далайн дээрэмчин болчихсоныг дуулаад хичнээн их зэвүүцэхийг төсөөлөн бодож байжээ. Энэ нь зөвхөн түүний хийсвэр төсөөлөл байсан хэдий ч үнэхээр ийм зүйл болчихсон мэтээр тарчилж байжээ.
Арабеллагийн тухай бодол Бладын толгойноос хэзээ ч салдаггүй байв. Тэр үзэл бодлоо худалдаж орхисны дараа бүсгүйн тухай дурсамж сэтгэл санааг нь тун ч эмзэг болгож, түүний сонгож авсан аймшигтай мэргэжилтэй хүнд байж болох тэр хэмжээгээр цэвэрхэн гартай үлдэнэ гэж тангараг өргөсөн юмсанж. Блад тэр бүсгүйтэй ойр дотно харьцаатай болно, тэр ч байтугай уулзаж учирна гэж хий хоосон найдаагүй ч, түүний тухай гашуун дурсамж сэтгэлд нь мөнхөд хадгалагдах ёстой байжээ.
Блад шийдвэр гаргамагц дээрэм хийх бэлтгэл ажлаа эхлэв. Далайн дээрэмчдэд үйлчилдгээрээ зартай д’ Ожерон нэрийг нь “Арабелла” болгож өөрчилсөн “Синко Льягас” хөлгийг төхөөрөмжлөхөд зориулж их хэмжээний зээл олгосон ажээ. Блад өөрийнхөө дотоод сэтгэлийг илчилж орхихоос эмээж, онгоцондоо шинэ нэр өгөхийн өмнө удтал эргэлзсэн байна. Гэтэл түүний нөхөд хөлгийн шинэ нэрнээс ердөө л удирдагчийнхаа егөөтэй занг л олж харжээ.
Блад хүмүүсийг муугүй таньж чаддаг байсан болохоор Тортугад дэмий тэнэж явдаг адал явдлын эрэлчдийн дундаас жаран хүнийг нарийн сонгож, өөртөө элсүүлэн авсан юм. Тэгээд “эргийн нөхөрлөл”-ийнхний бичигдээгүй хуулийн дагуу дээрэмдсэн олзныхоо хичнээн хувийг өгөхөө өөрийн багийн хүн бүртэй тохиролцож гэрээ байгуулсан ажээ. Гэхдээ, бусад заалт нь далайн дээрэмчдийн бусад гэрээнээс эрс ялгарч байв. Тэр үеийн далайн дээрэмчдийн усан онгоцон дээр сахилга батгүй, догшин уур амьсгал ноёрхдог байсан бол “Арабелла” хөлөг дээр омголон зан гаргахыг хатуу хориглодог байсан юм. Бладтай хамт далайд гарсан хүмүүс өөрсдөө сонгосон офицеруудад бүрэн дүүрэн захирагдахаа баталж, харин энэ нөхцлийг зөвшөөрөөгүй хүмүүс өөр удирдагчийн эрэлд гардаг байсан ажээ.
Блад шинэ оны өмнөхөн, ширүүн давалгааны улирал өнгөрсний дараа, хөлгөө сайтар төхөөрөмжлөөд далайд гарав. Тэрбээр үйл явдлаар дүүрэн байсан сунжирсан аялалаасаа тавдугаар сард эргэж ирэхээс нь өмнө түүний алдар нэр салхинд хөөгдөх далайн мандлын атираа мэт Карибын тэнгисээр түгсэн байлаа.
Энэ аялалын эхэнд Салхины дээрхи хоолойд испанийн галионтой тулалдан живүүлжээ. Дараа нь хэд хэдэн суман завиар Рио-дель-Хачад сувд олборлож байсан испанийн хөлгүүд рүү зоримог довтолж бүх олзыг нь булааж авсан юм. Улмаар Мэйний Санта-Мариягийн алтны уурхайд дээрэмчдийн багийг буулгасан бөгөөд энэ ажиллагааны нарийн ширийн зүйлд итгэхэд бэрх санагддаг юм. Үүнээс гадна дуулиан шуугиан багатай өнгөрсөн хэд хэдэн хэрэг тарьсан ажээ. “Арабелла” бүх тулалдаанд ялж, цөөн хүнээ алдаж, олз омог ихтэй буцаж ирсэн байна.
Дараа оны тавдугаар сард Тортугад буцаж ирсэн “Арабелла” хөлөг, ахмад Питер Бладын алдар гавьяа Багамаас Салхины дээрхи арлууд, Нью-Провиденсээс Тринидад хүртэл ийнхүү түгсэн ажгуу.
Энэ дуулиан Европ тивд ч хүрсэн юм. Английн хааны ордоныг тэгэхэд Сент-Джеймсийн ордон гэж нэрлэдэг байсан бөгөөд тэнд сууж байсан Испанийн элчин сайд бухимдсан ноот бичиг явуулж, түүнд нь ахмад Блад хаанд алба хаадаггүйгээр үл барам яллагдсан самуун дэгдээгч, оргосон боол учир энэ жигшүүртэй гэмт хэрэгтний эсрэг чиглэсэн Испанийн хааны бүх үйл ажиллагаа Яков II хааны халуун сайшаалыг хүртэнэ гэсэн албан ёсны хариу өгч байжээ.
Вест-Инд дахь испанийн адмирал дон Мигель де Эспиноса болон түүний зээ дүү дон Эстебан энэхүү балмад этгээдийг баривчилж, өөрийнхөө хөлгийн шурагны хөндлөвчөөс дүүжлэхийг тэсгэлгүй хүсч байжээ. Нэгэнт олон улсын шинжтэй болсон Бладыг баривчлах асуудал тэдний хувьд хувийн, гэр бүлийн хэрэг болсон байв.
Дон Мигель Бладыг заналхийлэхдээ үгээ хайрласангүй. Тэр сүрдүүлгийн сураг чимээ испанийн адмирал Бладтай тэмцэхдээ зөвхөн өөрийн улсын хүч төдийгүй Английн хааны нэр алдарт тулгуурлаж байгаа тухай мэдэгдэлтэй Тортугад хамтдаа дуулдсан билээ.
Адмиралын ойворгон зан Бладыг айлгасангүй. Тэр өөртөө болон багийнхандаа арлаар дэмий сэлгүүцэхийг зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө зовлонгийн хариуд Испани улсыг золигт гаргахаар шийдсэн ажээ. Үүгээрээ хоёр зорилго биелүүлж, түүний дотор буцалж байсан өшөөгөө авах хүслээ хангаж, соёлт хүн төрөлхтнийг Шинэ ертөнцтэй харьцуулахгүй гэж улайран оролдож байсан шунахай Испанийг эсэргүүцэх хэрэгт тус дэм болъё гэж бодсон байна.
Нэг удаа Блад тэнгисийн хөвөөний нэгэн бяцхан гуанзанд гаансаа сорж, Хагторп болон Волверстон нартай шил ром архи балгаж байхад нь хар хөх даавуугаар оёж алтаар хатгамалласан хантааз өмсч, хөхөвтөр ягаан өнгийн өргөн бүс бүсэлсэн танихгүй хүн хүрч ирээд:
– Ле Сан* гэж нэрлээд байгаа хүн та мөн үү? - хэмээн Бладад хандав.
Ахмад Блад энэ асуултанд хариулахынхаа өмнө гоёж гоодсон танхай эрийг ажиглавал төрхгүй этгээд гэдэг нь ойлгомжтой байв. Үүний тулд түүний уян налархай биений шалмаг хөдөлгөөн, бүргэдийн хамар, бүдүүн бараг боловч үзэсгэлэнтэй бор царайг харахад л хангалттай ажээ. Түүний тийм ч цэвэрхэн гэхээргүй гар илдний бариул дээр тавиатай байх бөгөөд ядам хуруунд нь асар том очир эрдэнэ гялбалзаж, алтан ээмэг зүүсэн чихийг нь тослог хүрэн туг үс хагас дутуу халхалсан байв.
Ахмад Блад гаансаа амнаасаа аваад:
Намайг Питер Блад гэдэг. Испаничууд намайг Педро Сангре гэхээр андахгүй. Харин франц хүнд таалагдаад байгаа бол намайг Ле Сан гэж дуудаж болох л юм гэлээ.
Сайн байна - гэж зальхай этгээд англиар хэлээд заваан ширээ рүү урилга хүлээлгүй сандал дөхүүллээ. Тэгээд дор хаяж хоёр нь сэжигтэйгээр харж буй ярилцагчиддаа хандаж:
Намайг Левасёр гэдэг. Та нар миний нэрийг сонссон л байх ёстой доо гэлээ.
Тэдэнд энэ нэр мэдээжээр танил байв. Тэр далайн дээрэм хийдэг хорин их буутай хөлгийг захирдаг бөгөөд долоо хоногийн өмнө Тортугийн боомтонд зангуугаа хаясан ажээ. Хөлгийнх нь баг Гаити арлын хойт хэсэгт амьдардаг, испаничуудыг англичуудаас илүү үзэн яддаг францын анчдаас бүрдэж байв. Левасёр амжилт муутай аялалаас Тортугад эргэж ирсэн бөгөөд хий хоосон яриатай энэхүү зальхай этгээдийн ханаж цаддаггүй сувьдаг занг дарахын тулд аар саар амжилтаас илүү ямар нэг дорвитой зүйл шаардагдаж байсан юмсанж. Захын наймаачин авгай шиг чалчаа, архичин, мөрийтэй тоглоомын дон шүглэсэн энэ этгээд “эргийн нөхөрлөл”-ийнхний дунд ихээхэн нэр хүндтэй байжээ. Тэрбээр өөр нэгэн зүйлээр бас цуутай байсан юм. Түүний хээнцэр завхайрал болон цэвэрхэн царай нийгмийн бүх давхаргын эмэгтэйчүүдийн анхаарлыг татдаг байв. Тэр өөрийнх нь хэлж зуршсанаар “хүн төрөлтний хоёр дахь хагас”-т олсон амжилтаараа илэрхий онгирдог байсан бөгөөд үнэнийг хэлэхэд ингэх ноцтой үндэслэл байсан билээ.
Тэр ч байтугай амбан захирагчийн охин д’ Ожерон хатагтай хүртэл хохирч, Левасёр түүнийг эцгээс нь ичгүүргүйгээр гуйсан тухай явган яриа намжихгүй удсан билээ. Садар самуун явдалтай дээрэмчний хадам эцэг нь болооч гэсэн бахдалтай гуйлтанд захирагчийн хариулж чадсан ганцхан зүйл гэвэл гэрээсээ хөөж гаргасан ажээ.
Үүнд нь Левасёр айхтар хилэгнэж, дэлхийн бүх эцэг эхчүүд эсэргүүцсэн ч амбан захирагчийн охинтой гэрлэнэ; д’ Ожерон ирээдүйнхээ хүргэнийг доромжилсондоо гашуу¬наар харамсана даа гэж занасан байна.
Хүчээ нэгтгэж, испаничуудтай хамтран тэмцэх саналыг архины мухлагийн ширээний ард ахмад Бладад дэвшүүлсэн этгээд ийм л хүн байсан юм.
Арван хоёр жилийн өмнө, дөнгөж хорин нас хүрч байсан Левасёр Л’ Оллонэ гэдэг харгис хэрцгий далайн дээрэмчинтэй тэнгисээр хөвж эхэлсэн бөгөөд сайн суралцаж, цагийг дэмий бараагүй болохоо удаа дараагийнхаа “гавьяа”-гаар харуулсан байна. Тэр үеийн “эргийн нөхөрлөл”-ийнхний дунд түүнээс илүү үл бүтэх этгээд байгаагүй л болов уу. Ахмад Блад хэдийгээр тэрхүү зальхай этгээдийг жигшиж байсан боловч түүний зоригтой бөгөөд бүтээлч санал, хүчээ нэгтгэвэл ганц ганцаараа хийж хүчрэхээргүй хэцүү зорилтыг биелүүлж чадна гэсэн бодлыг нь үгүйсгэж чадахгүй байв. Левасёрын санал болгосон ажиллагааны нэг нь тэнгисийн эргээс зайдуу байрлах Маракайбо хэмээн баян хотыг довтлох төлөвлөгөө байсан юм. Үүний тулд зургаан зуун хүн шаардагдаж байсан бөгөөд ийм олон хүнийг тэдэнд байсан хоёрхон онгоцоор зөөвөрлөх боломжгүй байсан ажээ. Иймд, хоёр гурван урьдчилсан аялал зохиож, дутагдаж буй усан онгоцуудыг булааж авах шаардлагатай гэдгийг Блад ойлгож байлаа.


Сан (le sang) - “цус” гэсэн франц үг.


Top
   
PostPosted: May.08.13 5:55 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Левасёр Бладад таалагдаагүй, тэр өөрөө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй хэдий ч, зальхай этгээдийн санал түүний сэтгэлийг татаж, бодож байж хариу өгөхөө амласан ажээ. Гэтэл Хагторп, Волверстон хоёр энэхүү франц хүнийг Бладын адил жигшин зэвүүцээгүй болохоор ахмаддаа хүчтэй шахалт үзүүлж, эцсийн эцэст Левасёр, Блад хоёр гэрээ байгуулж, зөвхөн өөрсдөө төдийгүй, тэр үеийн ёс жаягаар хоёр багийн сонгуульт төлөөлөгчид гарын үсгээ зурцгаасан ажээ.
Тэр гэрээнд хөлөг бүрийн олзыг хамтран тулалдсан төдийгүй бие биенээсээ алс хол байсан тохиолдолд ч ялгаагүй хатуу тооцож, тавны гурвыг нь тулалдаан хийсэн хөлөг авч, тавны хоёрыг нь нөгөө хөлгийнхөндөө шилжүүлэхээр тохирчээ. Харин бусад заалтууд нь ердийн гэрээнийхээс ялгагдах зүйлгүй байсан бөгөөд олзолсон эд хогшлыг хулгайлсан буюу нууж дарагдуулсан багийн дурын гишүүнийг тэрхүү дарагдуулсан эдийнх нь үнэ нэг песод хүрэхгүй байсан ч шургийн хөндлөвчөөс нэн даруй дүүжлэнэ гэх мэт байдаг л заалтууд тусгагдсан ажээ.
Далайн дээрэмчид бэлтгэл ажлаа дуусгаад далайд гарахад бэлтгэв. Гэтэл хөдлөхийн өмнө Левасёр түүнд дурласан д’ Ожерон хатагтайтай салах ёс хийхээр шийдэж, амбан захирагчийн өндөр ханан хашааг давах гэж байгаад харуулд нь золтой л буудуулчихсангүй. Бүсгүйн хашир эцгийн тушаалаар анхилам үнэртэй өтгөн сөөг дунд нуугдаж байсан харуулууд түүнийг хоёр ч удаа буудсан болохоор хайртынхаа царайг ч харж чадаагүй ажээ. Иймд Левасёр явж ирсэнийхээ дараа санасандаа тэртэй тэргүй хүрнэ дээ гэж тангараглаад тэндээс холдов.
Тэр шөнө Левасёр сүржин зангаараа “Ла Фудр”, орчуулах юм бол “аянга” гэж нэрлэсэн өөрийнхөө онгоцон дээрээ унтжээ. Маргааш өдөр нь хөлөг дээрээ Бладтай уулзахдаа тоглоом хийж, адмирал хэмээн шоолонгуй мэндэлсэн байна. “Арабелла”-гийн ахмад хамтарсан аялалын нарийн ширийн зүйлсийг хэлэлцэж тохирохоор түүн рүү ирсэн юмсаж.
Тухайлбал, хэрэв тэнгисээр аялах үедээ санамсаргүй, эсвэл цаг үеийн шаардлагаар салж төөрөх юм бол яаралтай эргэж ирээд Тортугад уулзахаар тохирсон ажээ.
Зөвлөлгөөнөө хурдан дуусгасны дараа Левасёр адмиралдаа үдийн зоог барьж, хамтарсан аялалын амжилтын төлөө хундага өргөцгөөв. Энэ үед Левасёр хичээл зүтгэл гаргасан болохоор ухаанаа алдталаа согтсон байна.
Блад үдэш нь их бууны алтадсан шагайвар нь оройн нарны гэрэлд гялалзах өөрийнхөө онгоцон дээр эргэж ирэв.
Түүний сэтгэл санаа түгшүүртэй байлаа. Тэр хүмүүсийг муугүй таньж мэддэг байсан тухай би дээр дурьдсан. Тийм болохоор далайд гарах цаг ойртох тусам түүнд төрүүлсэн Левасёрын тухай сэтгэгдэл санааг нь зовоогоод байв. Тэгээд энэ тухайгаа “Арабелла”-гийн тавцан дээр түүнийг тосч авсан Волверстонд хэлэв:
– Тэнүүлчин золигнууд! Чөтгөр та нарыг аваг. Та нар л надад тулгаж байгаад энэ гэрээг байгуулсан шүү. Бидний
хамтарсан аялалаас олигтой үр дүн гарахгүй байхаа даа. Өрөөсөн нүдтэй аварга биетэн цус гүйсэн ганц нүдээ онийлгон инээж, мантгар эрүүгээ өргөж байгаад:
- Хэрэв биднийг мэхлэх гэж оролдох юм бол тэр муу нохойн хүзүүг нь хуга мушгиж орхино гэлээ.
- Тэгэлгүй яахав. Харин тэр үед бидэнд тэгэх бололцоо олдох юм болов уу даа? Маргааш өглөө тэнгисийн татлага эхлэх үед бид далайд гарна - гэж Блад хариулав.


Top
   
PostPosted: May.08.13 6:07 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Oct.16.09 8:30 pm
Posts: 317
Location: Бодлууд дотроо...
Баярлалаа.Уншаад л байгаа шүү. Өнөөдөр дахиж орох юмуу. :lol:

_________________
smile for you


Top
   
PostPosted: May.08.13 6:13 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XIV бүлэг. ЛЕВАСЁРЫН “ГАВЬЯА”

Өглөө эрт, замд гарахаас нэг цагийн өмнө, нутгийн оршин суугчийн жижигхэн завь “Ла Фудр” хөлөг рүү хүрч очив. Тэр завинд элдээгүй арьсаар оёсон богино өмд өмсч, цувны оронд мөрөн дээгүүрээ улаан хучлага нөмөрсөн эрлийз хүн суусан харагдана. Тэрбээр усан онгоцны олсон шатаар муур шиг шаламгай авирч гараад хэд хэд нугалсан балиар цаас Левасёрт өглөө.
Ахмад тэрхүү үнгэгдсэн цаасыг дэлгэвэл амбан захирагчийн охин дараахи зүйлийг сараачсан байлаа:

Хайрт минь! Би голландын “Джонгроув” гэдэг бриг* дээр байна. Энэ онгоц далайд удахгүй гарна. Миний эзэрхэг эцэг биднийг үүрд салгахаар шийдсэн болохоор би дүүгийнхээ асрамжинд Европ руу явж байна. Та намайгаа авраач! Намайг суллаач, миний баатар минь! Таныгаа орхин одсон боловч халуунаар дурласаар байгаа Мадлен
Янагийн энэхүү захидал “халуунаар дурласан” баатрын сэтгэл санааг уяруулж орхив. Тэр хөмсгөө зангидан боомтыг тойруулан харж, Амстердам руу арьс болон тамхи зөөдөг голландын бригийг эрэв.
Хад цохиогоор хүрээлэгдсэн усан онгоцны зогсоолд тэр бриг харагдахгүй болохоор Левасёр эрлийз эр лүү дайран давшилж, хөлөг хайчсаныг хэл гэж шаардав. Эрлийз эр хариултын оронд тэртээд бяцхан дарвуул сүүмийх тэнгисийн хөөсөрсөн мандал руу салгалж буй гараараа заалаа. Тэр хөлөг холдож, боомтыг байгалийн цайз болгон хувиргасан цохио хадны цаана нэгэнт гарчихжээ.
Эрлийз эр:
– Бриг тэр байна - гэж бувтнав.
– Тэнд байна гэнэ ээ? - Франц хүний царай цайж хэдэн мөчийн турш тэнгис рүү ширтсэний дараа жигшмээр ааш нь хөдөлж: – Чи тэгээд одоо болтол юугаа хийгээд тэнэж явсан золиг вэ? Яагаад хурдан ирээгүй юм бэ? Энэ захиаг хүнд үзүүлсэн үү? Хариулаач! - хэмээн орилов.
Гэнэтхэн, ойлгомжгүйгээр дэлбэртлээ хилэгнэсэн Левасёроос ухаанаа алдтал айсан эрлийз эр бөгцийн атирав. Тэр мэгдсэндээ хөшчихсөн болохоор түүнд ямар нэгэн тайлбар байсан ч түүнийгээ хэлэх чадваргүй болчихсон байлаа.
Левасёр шүдээ хорсолтойгоор ярзайлгаад эрлийз эрийн хоолойноос зуурч, хоёр удаа сэгсрээд шидэж орхив. Тэр толгойгоороо хашлага мөргөж унаад хөдөлгөөнгүй болж, амнаас нь цус урслаа.
Ахмад өөрийнхөө хүмүүст:
– Энэ новшийг ус руу шидэж орхи! - гэж тушаав. – Тэгээд зангуугаа өргө. Бид голландчуудыг нэхнэ.
– Ахмад аа, тайван бай. Юу болоо вэ?
Бадриун, тагдгар бөгөөд майга, Бретониос гаралтай дэслэгч Каузак ахмадынхаа мөрөн дээр гараа тайвуухан тавилаа.
Левасёр яриагаа хараалын үгтэй хольж байгаад юу хийхээ түүнд мэдэгдэв. Каузак толгойгоо сэгсэрлээ:
– Голландын бриг гэнэ ээ? Үгүй дээ. Тэгж болохгүй.
Левасёр уурласандаа ч тэр үү, гайхсандаа ч тэр үү, биеэ барьж чадахаа больж:
– Ямар чөтгөр нь надад саад хийх юм бэ? - гэж орилов.
– Өөрийн чинь багийнхан. Бас ахмад Блад гэдэг хүн бий шүү дээ.
– Ахмад Бладаас би айхгүй...
– Түүнээс эмээх хэрэгтэй. Тэр хүн хүч болон их бууныхаа тоогоор биднээс илүү. Миний бодлоор бол Блад бидэнд голландчуудын учрыг олох боломж олгохоосоо өмнө өөрсдийг маань живүүлж орхих байх. Тэр ахмад далайн дээрмийн тухай өөрийн гэсэн өвөрмөц бодолтой гэж чамд хэлж байсан санагдах юм.
Левасёр шүдээ хавирч:
– Тийм үү? - гэж дурамжхан бувтнав.
Левасёр алсад сүүмийх дарвуулыг нүд салгалгүй ширтэн хэсэг зуур бодлогоширов. Ахмад Бладын урьд нь анзаарч байсан овсгоотой болон идэвх санаачлагатай зан чанар нь энэ удаад ч хүнд байдлаас гарах бололцоог түүнд олгосон юм. Тэр Бладтай нэгдсэндээ харамсаж, түншээ яаж мэхлэх тухай бодлоо. Каузакийн зөв байв. Блад голландын хөлөг рүү довтлохыг зөвшөөрөхгүй. Гэсэн ч үүнийг Бладын эзгүйд хийж болно шүү дээ. Харин бүх зүйл дууссаны дараа маргах нь учир утгагүй болж, Левасёрын үйлдсэн хэрэгтэй эвлэрэхээс өөр аргагүй болно.
“Арабелла”, “Ла Фудр” хоёр зангуугаа татаж тэнгист гарснаас хойш нэг цаг ч өнгөрөөгүй байв. Левасёр онгоцоо арай өөр зүг рүү залж байхыг хараад Блад гайхлаа. Гэвч удалгүй урьдаас тохиролцсон чигт хөвж эхэлсэн бөгөөд дашрамд нь тэмдэглэхэд тэртээ хол цагаан дарвуул нь цайрч харагдах хөлөг ч мөн л тэр чиглэлд урагшилж байв.
Голландын хөлөг бүхэл өдрийн турш харагдаж, үдэш нь нүдэнд үзэгдэх төдий цэг болон хувирлаа. Блад, Левасёр хоёрын замнал зүүн зүгийг чиглэж, Гаити арлын хойт эргийн дагуу хөвөх байсан ажээ. “Арабелла” бүхэл шөнийн турш тохиролцсон чигтээ хөвсөн атал үүр цайхад ганцаараа үлдсэн байв. “Ла Фудр” шөнийн харанхуйд бүх дарвуулаа дэлгэж зүүн хойт зүг рүү хазайсан байлаа.
Каузак дахиад л Левасёрын дураараа аашлахыг нь зогсоох гэж оролдсонд шазруун ахмад:
– Чөтгөр чамайг аваасай! Онгоц л бол онгоц. Голландынх, испанийх эсэх нь ямар хамаатай юм бэ? Бид онгоц олзлох гэж гарсан. Багийнханд маань энэ тайлбар л хангалттай - гэж хариулсан ажээ.
Дэслэгч түүнд юу ч хэлсэнгүй. Тэгэхдээ эрлийз эрийн авчирсан зурвасын агуулгыг гадарлаж, Левасёрын шунаад байгаа зүйл нь онгоц биш бүсгүй гэдгийг мэдэж байсан болохоор баргар царайлан толгойгоо сэгсрэв. Гэвч ахмадын тушаал бол тушаал л байдаг болохоор багийнхандаа үүрэг өгөхөөр майга хөл дээрээ маажиганасаар одсон ажгуу.
“Ла Фудр” үүрээр “Джонгроув”-т нэг миль орчим зайд дөхөж очсон байв. Хатагтай д’ Ожероны дүү Левасёрын хөлгийг таниад сүрхий түгшиж, энэ тухай голландын хөлгийн ахмадад хэлбэл цаадах нь ч сандарлаа. Тэгээд бүх дарвуулаа дэлгэж зугтаахыг оролдов. Левасёр баруун тийшээ ялигүй хазайгаад голландын хөлгийг нэхэж, хөвж буй чиглэлд нь хөндөлсүүлэн их буугаар сануулга өгч буудлаа. Тэгэхэд нь голландын бриг хитгээ эргүүлэн гал нээж, их бууны тийм ч том биш бөөрөнхий сумнууд Левасёрын хөлгийн дээгүүр исгэрэн өнгөрч, дарвуулыг бага зэрэг гэмтээв. Хоёр онгоц хоорондоо ойртох зуур “Джонгроув” хажуугийнхаа их буунуудаар ердөө ганцхан удаа галлаж амжсан ажээ.
Тавхан мөчийн дараа онгоц хавиргалдаг дэгээнүүд “Джонгроув”-ын хажуу бөөр лүү шигдэн орж далайн дээрэмчид “Ла Фудр”-ээс голландын хөлгийн тавцан руу орилолдон үсэрцгээв.
Уурласандаа царай нь хүрлийсэн “Джонгроув”-ын ахмад дээрэмчдийн толгойлогч руу очлоо. Голланд хүнийг дэгжин хувцасласан залуу дагасан байх бөгөөд тэр хүн өөрийнх нь ирээдүйн хүр дүү болохыг Левасёр танив.
- Ахмад Левасёр! Ямар үзэгдэж харагдаагүй булай явдал вэ? Танд юу хэрэгтэй юм бэ?
- Таны надаас хулгайлсан тэр зүйл л хэрэгтэй. Та эхлээд гал нээн тулалдааныг эхэлж, “Ла Фудр”-ыг гэмтээж, миний багийн таван хүнийг алсан болохоор таны хөлөг миний байлдааны олз боллоо.
Хатагтай д’ Ожерон хашлага тулж зогсоод амьсгаагаа хурааж, өөрийнхөө амрагийг бишрэн ширтэв. Эзэрхэг бөгөөд зоригтой энэ хүний хийсэн зүйл тэр мөчид баатарлаг үйлсийн биелэл мэт санагдсан ажээ. Левасёр бүсгүйг олж хараад баярлан хашгирч, түүн рүү ухасхийв. Гэтэл түүнийг зогсоохоор гараа дэлгэсэн голландын ахмад замыг нь хөндөлсөн зогсч байлаа.
Хайртыгаа шалавхан тэврэх гэж тэсч ядаж байсан Левасёр урт модон иштэй байлдааны сүхээр түүний толгойг цавчиж унагав. Тэвчээргүй нууц амраг хүүрэн дээгүүр алхаж гараад хөлгийн давхарлаг руу ухасхийвэл д’ Ожерон хатагтай үхтлээ айж хашлаганаас ухарлаа. Тэрбээр, яваандаа дур булаам авхай болох төлөвтэй өндөр, гуалиг бүсгүй байлаа. Түүний өтгөн хар үс зааны ясны өнгөтэй бардам царайг нь эмжиж, зовхио буулгасан том хар нүд нь ихэрхэг занг нь улам бүр тодруулах ажээ.
Левасёр дээшээ гүйж гармагц цус дусалсан сүхээ хажуу тийш нь шидэж орхиод гараа дэлгэж хайртыгаа элгэндээ наав. Гэтэл мултрах аргагүй чанга тэврүүлсэн бүсгүй айсандаа атирч, царай нь хувирч, ихэмсэг төрх нь ариллаа.
Түүний баатар чангаар:
– Одоо л чи минийх боллоо! Юу ч тохиолдсон чи минийх шүү! - хэмээн маадгар өгүүлэв.
Гэтэл бүсгүй цээж рүү нь түлхэн цахалж, мултрахаар оролдоод:
– Та... Та яагаад түүнийг алчихав аа? - гэж шивнэлээ.
Түүний баатар жирийн нэг хүнтэй өршөөнгүй ярьж буй бурхан мэт загнаж, чангаар инээж, бахархалтайгаар:
– Энэ новш бид хоёрыг уулзахад саад хийхээр оролдсон! Түүний үхэл бидний хоорондуур орж зүрхлэх хүмүүст сануулга болог! - гэлээ.
Энэхүү гялалзсан сануулга бүсгүйн сэтгэлийг хөдөлгөсөн болохоор эсэргүүцэл үзүүлэхээ больж, айдсаа таягдан хаяад баатрынхаа эрхэнд оров. Тэрбээр бүсгүйг мөрөн дээгүүрээ тохож, баясан орилолдох дээрэмчдийн уухайн дор өөрийнхөө нандин ачааг хөнгөхөн өргөсөөр “Ла Фудр”-ын тавцан дээр гарлаа. Бүсгүйн эрэлхэг дүү энэхүү уярмаар жүжгийг зогсоож чадах байсан хэдий ч холын хараатай Каузак түүнийг газар унагаж дараад гарыг нь бат бөх хүлчихсэн ажээ.
Дараа нь, Левасёр өөрийнхөө өрөөнд хайртынхаа инээмсэглэхийг харж, таашаал эдлэж байх үед, ялалтынхаа үр шимийг дэслэгч тодорхой тооцов. Голландын хөлгийн багийг том завинд суулгаад чөтгөр лүү нь тонилголоо. Аз болоход тэр баг гуч хүрэхгүй хүнтэй, харин завь уужуухан байсан болохоор яаж ийгээд багтаасан ажээ.
Тэгээд Каузак хөлгийн ачааг үзэж, “Джонгроув” дээр хориод хүнийг үлдээж ахлагчийг нь сонгоод өмнө зүгт орших Салхины доорхи арлуудыг зорих “Ла Фудр”-ын хойноос дагахыг тушаалаа. Каузакийн сэтгэл санаа дүнсгэр байв. Учир нь, олзных нь хэмжээ голландын бригийг олзолж, Тортугийн амбан захирагчийн гэр бүлийн хүмүүст хүч үзүүлсэн тэр эрсдэлтэй харьцуулахад хавьгүй бага санагджээ. Тийм болохоор цухалдсанаа Левасёраас нуулгүй, бодсон санаснаа хэлсэн юмсанж.
Гэтэл ахмад нь түүнд:
– Чи бодол санаагаа дотроо хадгал! Намайг яаж мултрахаа мэдэхгүй байж дүүжлүүрийн олсонд толгойгоо шургуулдаг тэнэг мал гэж чи бодоод байгаа юм биш биз?
Би Тортугийн амбанд хүлээж авахаас өөр аргагүй болзол тулгана. Хөлгийг Вихрен Магра арал руу аваач. Бид тэнд эрэг дээр гараад бүхнийг зохицуулна. д’ Ожероны гөлгийг нааш нь аваад ир гэлээ.
Левасёр ингэж хэлчихээд хайртай бүсгүйтэйгээ уулзахаар өрөөндөө оров. Удаж төдөлгүй бүсгүйн дүүг ч тийш нь аваачлаа. Ахмад толгойгоороо тааз мөргөхөөс болгоомжлон бөгцийсөөр түүнийг угтахаар босов. д’ Ожерон хатагтай ч бас өндийв.
Бүсгүй дүүгийнхээ хүлээстэй гарыг заагаад:
– Яах гэж хүлсэн юм бэ? - гэлээ.
– Аргаа бараад хүлсэндээ харамсаж байна. Би ч гэсэн үүнийг дуусгавар болгомоор байна. д’Ожерон ноёнтон амлах л юм бол...
Зоригоор ердөө дутдаггүй залуу хүүгийн царай хилэгнэсэндээ зэвхийрч:
- Би чамд ямар ч амлалт өгөхгүй гэв. Левасёр харамссан дүр үзүүлж:
- Харж байгаа биз гэлээ.
– Анри, энэ чинь тэнэг хэрэг! Чи надад найз нөхөр шиг хандахгүй байна. Чи... Бүсгүй дүүгээсээ илүү том биетэй болохоор “бяцхан” гэдэг үг тохиромжгүй байсан хэдий ч:
– Бяцхан тэнэгхэн минь дээ! Хүний үнэргүй далайн дээрэмчинтэй гэрээ хэлцэл байгуулсны дараа би өөрийгөө найз нөхөр чинь гэж яаж бодох болж байна аа? - гэж дүү нь хариулав.
Харин Левасёр сайн зүйл горьдохооргүй зэвүүн инээж:
– Тайван бай, залуухан азарган тахиа минь гэлээ.
– Сайн бодооч, эгч минь! Чиний тэнэглэл юунд хүргэснийг харж байгаа биз? Энэ мангасаас болоод хэд хэдэн хүний амь үрэгдлээ. Чи юу хийгээд байгаагаа ойлгохгүй байна. - Шуудуунд төрж, хулгайч, алуурчдын дунд өссөн энэ нохойд үнэхээр итгэж байна гэж үү?
Залуу цааш нь ярих гэсэн боловч Левасёр нударгаа зангидаад залуугийн нүүр лүү цохилоо. Тэр бусад олон хүний нэгэн адил өөрийнхөө тухай үнэнийг сонсохдоо дургүй байдаг юмсанж.
Хатагтай д’ Ожерон дуу алдах дөхсөн амаа хүчлэн хамхиж, түүний дүү цохилтонд ганхаж, хагарсан уруулаа хананд наав. Гэхдээ түүний зориг шантраагүй байлаа. Тэр эгчийнхээ харцыг хайж, зэвхий царайнд нь егөөдсөн инээмсэглэл тодров. Тэгээд тайвуухнаар:
– За хар даа. Ямар энэрэнгүй хүн бэ? Гар нь хүлээстэй хүнийг цохиж байгааг хараа биз? Хязгааргүй их зэвүүцсэн энэхүү энгийн үг тэртэй тэргүй дүрсхийсэн франц хүний хилэнг гааруулав.
– Гөлөг минь! Гар чинь сул байлаа гээд чи яах юм бэ? -Ингэж хэлээд тэр олзлогдсон залуугийн хантаазны захнаас базаж галзуу юм шиг сэгсрэв. – Чи хариул! Хий хоосон донгосогч, өөдгүй, бузар этгээд. -Чи ер нь яах юм бэ? - гэснээ хатагтай д’ Ожерон ойлгоогүй хэдий ч утгыг нь төсөөлж байсан олон үг урсгав. Айж мэгдсэн бүсгүйн нүүр үхдэл мэт цайж дуу алдлаа. Левасёр сэхээ аваад хаалгаа онгойлгож, дүүг нь түлхэн гаргаснаа:
– Наад өөдгүй амьтнаа онгоцны хөндий рүү шидэж орхи! -гэж орилоод хаалгаа тасхийтэл хаав. Тэгээд биеэ барьж бүсгүй рүү эргээд зулгуйдан инээвэл эмэгтэйн цонхигор царай чулуу мэт хөшчихсөн байв. Энэ мөчийг хүртэл өөрийнхөө баатрыг шударга ариун мэтээр төсөөлж байсан бол дөнгөж сая харсан зүйл нь түүнийг мэгдүүлжээ. Левасёр голландын ахмадыг хэрцгийгээр алсныг нь санаад энэ хүний тухай дүүгийнх нь ярьсан зүйл үнэн болохыг ойлгож, бүсгүйн нүүрэнд сандрал болон айдас тодорлоо.
– Чи яачихваа? Зүгээр дээ, хонгор минь - гэж Левасёр хэлээд бүсгүйд ойртов.
Бүсгүйн зүрх ёгхийгээд явчихлаа. Левасёр инээсээр түүн рүү очоод өөр лүүгээ хүчлэн татав.
Бүсгүй амьсгаадаж:
- Үгүй ээ... Үгүй... - гэж бачимдан хашгирав. Харин Левасёр тохуурхан инээж:
- Тийм ээ, тийм! - гэлээ.
Энэ тохуурхал бүсгүйд бүхнээс аймшигтай санагдсан ажээ. Дээрэмчин түүнийг өөр лүүгээ хүчээр ойртуулж, зориуд өвтгөв. Бүсгүй түүний тэврээс салахаар улайран оролдвол Левасёр догшрон хүчээр үнсч, баатрынхаа багийг бүрмөсөн хуулж хаялаа.
– Тэнэгхэн минь. Дүү чинь чамайг ингэж дуудсан байх аа? Чи өөрөө хүссэн болохоор л энд байгаагаа битгий мартаарай. Надтай тоглож болохгүй! Чи юу болохыг мэдэж л байсан. Тийм болохоор ухаалаг бай, муужгай минь - гэснээ бүсгүйг бараг л зэвүүцэн байж дахин нэг үнссэнээ хажуу тийш нь чулуудаж орхиод:
– Чи над руу дахиж ууртай харах юм бол харамсах болно шүү гэлээ.
Хэн нэгэн хүн хаалга тогшив. Левасёр хаалгаа онгойлговол өмнө нь Каузак зогсч байлаа. Бретони хүний царай барайсан харагдана. Тэр их бууны сум туссанаас хөлгийн хөндий рүү ус шүүрээд байгааг илтгэх гэж ирсэн юмсанж. Түгшсэн Левасёр гэмтлийг үзэхээр түүнтэй явлаа. Цаг агаар намуун байх үед цөмөрхий ямар ч аюулгүй байсан хэдий ч давалгаа ширүүсвэл байдал хүндэрч мэдэхээр байв. Иймд, хөлгийн хашлагыг давуулан хүн буулгаад цөмөрхийг зотонгоор бөглүүлж, усан шахуурга ажиллуулахыг тушаасан ажээ.
Тэнгэрийн хаяанд урт бөгөөд нарийхан үүл харагдаж, түүнийг Каузак Виржинийн бүлэг арлын хамгийн хойт талынх нь гэж тайлбарлав.
Левасёр:
– Бушуухан тийшээ явцгаая. Тэнд очоод “Ла Фудр”-ыг засварлая. Энэ бүгчим агаар нэг л таалагдахгүй байна шүү. Давалгаа ширүүсэх байх гэлээ.
– Ширүүн давалгаанаас долоон дор юм болох байхаа даа -гэж Каузак бувтнаад Левасёрын мөрөн дээгүүр ямар нэг юм зааж: – Харж байна уу? - гэлээ.
Ахмад эргэж харвал амьсгал нь бачуураад явчихав. Таван миль ч хүрэхгүй зайд хоёр усан онгоц тэднийг чиглэн хөвж байлаа. Үүнийг хараад Левасёр:
– Чөтгөр тэднийг аваг - гэж хараав.
– Эд нар биднийг нэхвэл яана аа? - гэж Каузак асуувал Левасёр: – Бид үзэлцэх болно. Бид тулалдаанд бэлэн эсэх нь хамаагүй - гэж эрсхэн хэллээ. Каузак зэвүүцлээ улам тодотгохоор тавцан дээр нулимаад:
– Цөхөрсөндөө зориг гаргаж байгаа юм биз дээ. Дурлалдаа хатсан усан тэнэг тэнгист гарахаар ийм явдал тохиолддог юм! Биеэ барь, ахмадаа! Голландчуудтай зууралдсан энэ тэнэг явдлаас бид тийм ч амархан мултрахгүй нь дээ гэв. Энэ мөчөөс эхлэн Левасёрын толгойноос хатагтай д’ Ожеронтой холбогдох бодол арчигдав. Тэр тавцан дээгүүр холхиж, алсад сүүмийх арал болон ямар ч авралгүй ойртож буй хөлгүүдийг тэсвэр алдан ээлжлэн харах ажээ. Задгай тэнгисээс аврал эрнэ гэдэг утгагүй, тэгээд ч бөөр нь цөмөрсөн үед бол бүр ч аюултай байсан нь ойлгомжтой. Үзэлцэхээс өөр аргагүй гэдгийг тэр ойлгож байлаа. Левасёр орой болж байхад эрэгт гурван миль дөхөж очоод тулалдаанд бэлтгэх тушаал өгье гэж бодож байтал шурган дээрээс ажиглалт хийж байсан усан цэрэг:
– Нэг нь “Арабелла”, нөгөөдөх нь олзолсон онгоц юм шиг байна – гэж хашгирсанд Левасёр баярласандаа золтой л ухаан алдчихсангүй.
Харин энэ тааламжтай мэдээ Каузакийг баярлуулсангүй. Тэр:
– Цаг өнгөрөх тусам байдал хүндрээд л байх юм. Блад голландын хөлгийн тухай юу гэх юм бол доо? - гэж үглэв.
Нуруун дээрээсээ том ачаа салгасан Левасёр инээж:
- Хүссэн зүйлээ л яриг гэв.
- Тэгвэл Тортугийн амбаны хүүхдүүдийг яах юм бэ?
- Тэр энэ тухай мэдэх ёсгүй.
- Эцсийн эцэст дуулж л таарна шүү дээ.
– Тийм л дээ. Гэхдээ тэр үед, чөтгөр аваг, би амбан захирагчтай тохирч бүх юм ёс зүйгээрээ болчихсон байна. Надад д’ Ожеронтой хэл амаа ололцох арга бий.
Удалгүй дөрвөн онгоц Вихрен Маграгийн хойт хөвөөнд хүрч ирлээ. Энэ нь ургамалгүй нүцгэн, шувуу болон яст мэлхий бужигнасан, арван хоёр миль урт, гурван миль өргөн, гонзгой хэлбэртэй жижигхэн арал байлаа. Арлын өмнөд хэсэгт давстай олон цөөрөм харагдана. Левасёр завь буулгахыг тушааж, Каузак болон өөр хоёр офицерын хамт “Арабелла” руу очив.
Ахмад Блад Левасёртой мэндэлж:
– Бидний удаан биш хагацал ашиг ихтэй байсныг би харж байна - гэж хэлээд үр дүнгээ хэлэлцэхээр өөрийнхөө цэлгэр өрөө рүү тэднийг урилаа.
“Арабелла” Пуэрто-Рикогоос 120 тонн какао, 40 мянган песо, 10 мянган песогийн үнэтэй бусад эд агуурс тээж явсан испанийн хорин их буутай хөлгийг булааж авсан байв. Энэ их олзны тавны хоёр нь гэрээний дагуу Левасёр болон түүний багийн мэдэлд очих ёстой байв. Мөнгө болон үнэт эд агуурсыг дор нь хувааж, харин какаог Тортуга арал дээр аваачиж худалдахаар шийдэцгээв.
Тайлангаа тавих Левасёрын ээлж ирэхэд түүний хөөрүү яриаг сонссон Блад аажмаар дүнсийв. Түншийнх нь мэдээлэл түүнд огтхон ч таалагдсангүй. Найрсаг харьцаатай голландчуудыг үнэ нь хорин мянган песод ч хүрэхгүй тамхи, арьс шир зэрэг хэрэггүй зүйлээс болж дайснаа болгоно гэдэг нь тэнэг хэрэг байлаа.
Харин Левасёр түүнд онгоц л бол онгоц, төлөвлөсөн аялалаа зохиоход усан онгоц шаардлагатай хэмээн урьд нь Каузакт хэлж байсан тэр зүйлээ л улиглан давтсан ажээ. Тэр өдөр Бладын хувьд урагштай байснаас ч тэр үү, мөрөө хавчаад олон юм ярьсангүй. Дараа нь Левасёр “Арабелла” болон олзолсон хөлөг Тортуга арал руу эргэж очоод какаогоо буулгах, зөөвөрлөх онгоц олдсон болохоор хүн хүчээ нэмэх санал гаргалаа. Харин өөрөө онгоцоо засварласны дараа өмнө зүгийг зорьж, хойт өргөрөгийн 11° 11’ -д оновчтой байрласан Салтатюдос аралд хүрээд тэндээ Бладыг хүлээж, улмаар Маракайбо руу хамтран довтлоё гэв.
Левасёрт аз таарч, ахмад Блад саналыг нь зөвшөөрсөн төдийгүй нэн даруй хөдлөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн ажээ.
Тэр “Арабелла”-г явсаны дараа онгоцуудаа далайгаас тасарсан буланд оруулаад “Ла Фудр”-ыг засварлах үед хөлгийн баг амьдрах майхнуудыг эрэг дээр босголоо. Үдэш болж нар жаргах үед салхи ширүүсч, улмаар далайн шуурга болон хувирав. Левасёр хөлгүүдээ аюулгүй буланд оруулж, хүмүүсээ эрэг дээр гаргасандаа баяртай байв. Тэр хэсэгхэн зуур энэ аюултай шуурганы үеэр ахмад Блад яаж байгаа бол гэсэн зовнисон боловч энэ бодлоо бушуухан сарниулав. Учир нь, санаагаа удаан зовоохыг хүссэнгүй.


Бриг - хоёр шурагтай дарвуулт онгоц.


Last edited by turuu_1022 on May.08.13 6:29 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.08.13 6:24 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Oct.16.09 8:30 pm
Posts: 317
Location: Бодлууд дотроо...
Хэхэ их яаарчээ би, дахин баярлалаа.

_________________
smile for you


Top
   
PostPosted: May.08.13 6:46 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Баярлалаа хурдыг ч харуулж байна шүү

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.09.13 10:57 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XV бүлэг. ТӨЛӨӨС

Маргааш өглөө нь цаг агаар сайжрав. Далайн шуурганы дараахи тунгалаг бөгөөд сэтгэл сэргэм агаарт арлын өмнөд хагасаас туугдаж ирсэн шорвог нуурын үнэр ханхалах ажээ. Цагаан өнгийн сэвхүүл элсний хажууд дарвуулаар босгосон Левасёрын майхны гадна хачирхалтай үзэгдэл болж байлаа.
Францын далайн дээрэмчин хоосон торхон дээр суугаад чухал асуудал шийдэж, Тортугийн амбан захирагчийн уур хилэнгээс өөрийгөө яаж хамгаалах тухай бодож байв.
Түүнийг зургаан офицер нь тойрон зогссон нь удирдагчаа хамгаалж байгаа мэт харагдах ажээ. Тэдний тав нь бохир арьсан хүрэм болон өмдтэй бүдүүн бараг анчид, зургаа дахь нь Каузак байлаа. Левасёрын өмнө залуу д’ Ожерон, харин түүний хоёр талд нүцгэн шахуу хоёр хар арьстан зогсч харагдана. д’ Ожерон ханцуй нь хунисан сүлжээсэн хөвөөтэй цамц, сатинаар хийсэн богинохон шалбуур өмд өмсч, ямааны идээлсэн арьсаар оёсон гоёмсог шаахай угласан байлаа.
Түүний хантаазыг тайлж гарыг нь ард нь хүлжээ. Залуугийн цэвэрхэн царай цонхийчихсон байв. Эгч нь элсэн довцог дээр эвгүй байрлалтай суусан харагдана. Тэр бас л цонхийж, юу юугүй урсах гээд байгаа нулимсаа ихэмсэг төрхөөрөө нуухыг хичээх ажээ.
Левасёр д’ Ожеронтой удтал ярьсны эцэст хүндэтгэсэн дүр үзүүлж:
– Эрхэм ээ. Одоо танд бүх юм ойлгомжтой болсон гэж бодож байна. Дахиад давтая. Таны төлөөсийг хорин мянган песогоор тогтоосон шүү. Хэрэв та надад буцаж ирнэ гэж амлах юм бол мөнгөө авчрахаар Тортуга руу яваад ирж болно. Би танд нэг сарын хугацаа олгоод арал руу хүргэж өгье. Энэ мөнгөнд хүүгийнх нь эрх чөлөөний төлбөр болон охиных нь инж орж байгаа болохоор эцэг чинь хэмжээг нь хэтэрхий их гэж хэлэхгүй байх. Чөтгөр намайг аваг. Би мөн ч даруухан хүн юм аа. Ноён д’ Ожерон баян хүн гэсэн сураг дуулдаад байх юм. Залуу д’ Ожерон толгойгоо өргөж далайн дээрэмчний нүүр лүү аймшиггүйгээр ширтээд:
– Би эргэлт буцалтгүй эрс татгалзаж байна! Ойлгож байна уу? Надтай хүссэн бүхнээ л хий. Нэр төр, ичгүүр сонжуургүй заваан дээрэмчин чамд хараал хүрэг гэв.
– Ямар сүрхий үг вэ! - хэмээн Левасёр жуумалзлаа. – Ямар дориун, ямар тэнэг юм бэ! Цааргалаад байвал намайг яахыг мэдэж байна уу? Надад ямар ч зөрүүд хүнийг номхруулах арга бий шүү. Үүнээс гадна эгч чинь надад барьцаалагдсаныг санаарай. Хэрэв та инжээ авчрахгүй бол би Мадлентэй гэрлэхээ мартчихаж магадгүй юм шүү. Тэр үед намайг шударга биш зан гаргасан гэж битгий бодоорой.
– Үгүй, муу нохой! Мянга дахин үгүй!
Левасёр ердөө хорссон шинжгүй, өрөвдөж тохуурхсан өнгөөр:
– Эсэргүүцэл үзүүлнэ гэдэг чинь тэнэг хэрэг - гэж хүйтнээр хэллээ.
Түүний гарт дагууд нь олон зангидсан шидмэс байв. Тэр түүнийгээ өргөж харуулаад: – Энэ юу болохыг мэдэж байна уу? Өвтгөдөг эрхи гэдэг юм. Үүнтэй танилцсаны дараа олон буруу номтон христосийн шашинтай болсон юм даа. Энэ эрхи хүний нүдийг духан дээр нь гаргаж, хэрсүү ухаантай болоход нь тусалдаг юм гэлээ.
– Хүссэн бүхнээ л хий!
Левасёр шидмэсээ хар арьстны нэг рүү шидвэл нисч явахад нь шүүрч аваад олзлогдсон хүний толгойг шалмаг ороов. Тэгээд дагууд нь зангилаа гаргасан дээс болон толгойны завсар гаансны толгойтой төстэй дугуй бөгөөд нарийхан төмөр хавчуулаад эрүүдэх дохио хүлээж ахмад руугаа мохоо харцаа чиглүүлэв.
Франц ахмад эрүүдүүлэх хүнийг харвал д’ Ожероны царай тугалга мэт зэвхийрч, духнаас нь хөлс дусалж байв.
Хатагтай д’ Ожерон муухай орилоод босохыг завдсан боловч харгалзагч нь дарж, бүсгүй гэнгэнэсээр элсэн дээр буцаад суув.
– Та сэхээрч, хүсмээргүй зүйлийг эгчдээ битгий үзүүлээч - гэж Левасёр алгуурхан хэллээ: – Эцсийн эцэст мөнгө гэдэг юу юм бэ? Эцгийн чинь хувьд шалихгүй зүйл. Дахиад давтая. Би хэтэрхий даруухан хүн юм. Гэхдээ, нэгэнт л хорин мянган песо гээд дуугарчихсан болохоор тэр хэвээрээ үлдэг дээ.
– Таныг зөвшөөрвөл хэнийг хорин мянган песогоор үнэлснийг би мэдмээр байна?
Энэ асуултыг тааруухан франц хэлээр, цээлхэн хоолойгоор хэлсэн бөгөөд Левасёрын хээнцэрлэх дуртай хорон егөөдөл хүртэл хоолойнд нь илэрч байлаа.
Левасёр болон түүний офицерууд гайхан харцгаав.
Сэвхүүлийн оройд, хар хөх тэнгэрийн дэвсгэр дээр, мөнгөн хиазаар чимсэн хар хантаазтай өндөр бөгөөд гуалиг хүний бараа харагдав. Бладын бор царайг өргөн хүрээтэй бүрх халхалж, тэмээн хяруулын улаан өдөн гоёл нь тодрон ялгарах ажээ.
Левасёр торхон дээрээс босч, гайхсандаа хараал урсгасан боловч төдөлгүй биеэ эзэмдэв. Уг нь тэр далайн шуургыг Блад давж чадсан бол Тортуга руу явж байх учиртай гэж бодсон ажээ.
Блад зөөлөн испани ширээр хийсэн гутлаараа элс нураан гулгасаар тэнгисийн эрэг рүү буув. Түүнийг Волверстон болон “Арабелла”-гийн багийн арван хоёр хүн дагажээ. Тэгээд гайхаж ангайсан хүмүүс рүү очмогцоо малгайгаа авч хатагтай д’ Ожероныг гүнээ хүндэтгэн ёсолсноо Левасёр руу эргэв.
Тэгээд: – Ахмад аа. Өглөөний мэнд хүргэе - гэснээ яагаад гэнэтхэн гараад ирсэнийхээ шалтгааныг шуудхан тайлбарлав.
– Өчигдөрийн шуурганаас болоод манай онгоцнууд эргээд ирсэн. Дарвуулаа хурааж, хувь заяагаа салхинд даатгасан болохоор өөр арга байсангүй. Шуурга биднийг эргүүлээд хөөчихлөө. Ядаж байхад “Сантьяго”-гийн дунд шураг цуурчихсан болохоор би түүнийг арлын баруун талд, эндээс хоёр миль зайд, тэнгисийн буланд оруулаад зангуугаа буулгачихсан. Тэгээд л бид хөлийнхөө чилээг гаргаж, далимд нь та нартай уулзаатхая гэж бодлоо.
... Эд нар чинь юун хүмүүс вэ? - гэснээ олзны хүмүүсийг заав.
Левасёрын царай хувирч уруулаа хазсан боловч биеэ бариад эелдгээр:
– Миний олзны хүмүүс байгаа юм аа гэв.
– Тийм үү? Өчигдөрийн шуурга эрэг дээр гаргаад хаячихсан юм уу?
Тоглоом тохуу хийхээр нь Левасёр уурласан хэдий ч биеэ барив:
– Үгүй дээ. Эд нар голландын хөлгөөр явж байсан юм.
- Эд нарын тухай та урьд нь дурсаж байсныг би санахгүй юм.
- Та мэдээд яах юм бэ? Эд нар миний хувийн олзлогдогсод. Энэ бол миний хувийн хэрэг. Эд нар франц хүмүүс.
- Францчууд гэнэ ээ? - Ахмад Бладын харц эхлээд Левасёрыг, дараа нь олзлогдсон хүмүүсийг нэвт шувт ширтэв.
д’ Ожерон түүний цоо ширтсэн харцнаас дальдарсан боловч айдас хүйдэс царайнаас нь ариллаа. Энэхүү гэнэтийн оролцоо тарчлаагч төдийгүй түрэмгийлэлд өртөгсдийн хувьд ч санаандгүй зүйл байсан бөгөөд залууд найдвар төрүүлжээ. Түүний эгч нүдээ бүлтийлгээд урагшаа ухасхийв.
Ахмад Блад хөмсгөө зангидаад Левасёрт хандаж:
- Та найрсаг харьцаатай голландчуудын эсрэг байлдааны ажиллагаа явуулж гайхлыг минь төрүүлсэн. Харин энэ явдлаас харвал эх орон нэгтнүүд чинь хүртэл танаас болгоомжлох хэрэгтэй болж байнаа даа.
- Эд нар... энэ бол миний хувийн хэрэг гэж би танд хэлсэн шүү дээ.
– Тийм үү? Юун хүмүүс юм бэ? Нэрийг нь хэн гэдэг юм бэ?
Амгалан, эзэрхэг, ялигүй зэвүүцсэн Бладын ааш огцом ууртай Левасёрын цухлыг хөдөлгөв. Түүний нүүрэн дээр улаан толбонууд тодорч, харц нь увайгүй, бараг л сүрдүүлсэн шинжтэй боллоо.
Тэр хариулах гэсэн боловч олзлогдсон хүн урьтав:
– Намайг Арни д’ Ожерон гэдэг. Харин энэ бол миний эгч.
– д’ Ожерон гэнэ ээ? - хэмээн Блад гайхав. – Миний сайн нөхөр, Тортуга арлын амбан захирагчийн хамаатан юм биш биз дээ?
– Тэр хүн миний эцэг юм.
– Гэгээнтнүүд минь, биднийгээ аварч хайрла. Левасёр та солиорчихсон юм биш биз? Эхлээд та бидний найз голландчууд руу довтолж, дараа нь нутаг нэгтэй хоёр хүнийг олзолсон байна. Нягтлаад асуухаар энэ залуу хүмүүс бидний хоргоддог цорын ганц газар болох Тортугийн амбан захирагчийн хүүхдүүд болж таарлаа... Левасёр түүний яриаг ууртайгаар таслав:
– Сүүлчийн удаа давтая. Энэ бол миний хувийн хэрэг. Би хийсэн хэргийнхээ хариуцлагыг амбан захирагчийн өмнө өөрөө хүлээнэ.
– Тэгвэл хорин мянган песо бас л таны хэрэг болж байна уу?
- Тийм ээ, миний хэрэг.
- Үгүй шүү. Би тантай санал нийлэх бодолгүй байна.
– Ингэж хэлээд Блад саяхан Левасёр дээрээс нь боссон торхон дээр суулаа. Тэгээд ширүүнээр:
– Цаг үрээд яахав - гэж хэллээ.
– Энэ хатагтай болон эрхэмтэй холбогдуулж таны гаргасан саналыг би сайн сонссон. Бид нар маш хатуу гэрээгээр хоорондоо холбогдсон хүмүүс шүү гэдгийг танд сануулья. Та энэ хоёрын төлөөсийг хорин мянган песогоор тогтоосон юм байна. Тэгэхээр энэ мөнгийг таны болон миний баг гэрээгээр тогтоосон хувиар хувааж авах ёстой. Та үүнийг үгүйсгэхгүй гэдэгт найдаж байна. Харин хамгийн таагүй бөгөөд харамсалтай зүйл гэвэл та надаас олзныхоо зарим хэсгийг нуусан байна. Бидний байгуулсан гэрээгээр ийм явдлыг нилээд хатуу шийтгэхээр тохиролцсон.
– Тийм үү? Хэрэв миний зан байдал танд таалагдахгүй байгаа бол гэрээгээ цуцлаад холбоогоо тасалчихья - гэснээ Левасёр увайгүй хөхрөв.
– Тэгье л дээ - гэж Блад шуудхан хариуллаа. – Гэхдээ миний шаардлагатай гэж үзсэн үед, аялалд гарахын өмнө бидний тохиролцсон нөхцөл биелэгдсэний дараа гэрээг нэн даруй цуцлах болно.
– Та юуны тухай яриад байна аа?
– Товчхон ярихыг хичээе. Би голландчуудтай дайтсан, францчуудыг олзолж, Тортугийн амбан захирагчийг хилэгнүүлэх үйлдэл хийсэн тухай ярихаа больё. Намайг ирэхэд бүрдээд байсан нөхцөл байдлыг би тэр чигээр нь хүлээн авч байна. Та өөрөө энэ хоёрын төлөөсийг хорин мянган песогоор тогтоосон. Таны ярианаас миний ойлгосноор хатагтай таны өмч болох учиртай юм байна. Бидний гэрээгээр бол энэ олз бид бүгдийн өмч. Яахаараа бүсгүй таны өмч болох ёстой юм бэ? Левасёрын царай дуутай борооны үүлнээс ч илүү барайв. Харин Блад хэлсэн үгэн дээрээ нэмээд:
– Гэсэн хэдий ч, хэрэв та худалдаж авах юм бол бүсгүйг тантай булаацалдаад байх хүсэл алга гэлээ.
- Бүсгүйг худалдаж ав гэнэ ээ?
- Өөрийнхөө тогтоосон үнээр л худалдаад авчих.
– Энэ бол залуу хүүгийн үнэ. Тэгээд ч төлөөсийг нь Тортугийн амбан өгөх учиртай.
– Үгүй дээ. Та энэ хоёрыг хамтад нь үнэлсэн. Үнэнийг хэлэхэд би яагаад ингэж байгаа юм бол гэж гайхаж байсан шүү. Эдний төлөөсний үнийг та өөрөө л тогтоосон. Та энэ үнийг төлж, багийнхан маань тэр мөнгийг хувааж авах болно. Тэгсэн цагт тэд хүлцэнгүй хандаж, гэрээгээ зөрчсөнийг чинь өршөөж магадгүй л юм.


Top
   
PostPosted: May.09.13 11:02 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Левасёр зэвүүн инээмсэглэв:
- Яана гэнэ ээ? Чөтгөр аваг! Муугүй л тоглоом байна.
- Би таныг бүрэн дүүрэн зөвшөөрч байна.
Левасёрын хувьд энэ тоглоомны учир утга Блад арваадхан хүнтэй ирсэн атал түүнийг сүрдүүлэхийг аймшиггүйгээр зүрхэлж, харин тэр өөрөө зуугаад дээрэмчнийг ядах юмгүй босгож чадах байсанд оршиж байжээ. Гэхдээ Левасёр нөхцөл байдлыг тооцоолохдоо өрсөлдөгч нь зөв цэгнэсэн нэгэн чухал нөхцлийг орхигдуулсан байжээ. Левасёр инээж, Бладыг өөрийнхөө офицеруудтай хамтдаа шоолохоор эргэвэл хөгжүүн ааш нь дорхноо унтрав. Тэднийг далайн дээрмийн ажилд татаж оруулсан сувьдаг шунахай занг ахмад Блад овсгоотой ашигласан байлаа. Левасёр тэдний царайнаас Бладтай санал нийлж, удирдагч нь өөрөө шомбодох гэж байсан төлөөсний мөнгийг хувааж авах хүсэлтэй байгааг олж харав.
Алуурчин тэдний шуналыг зүхэн хэсэг зуур бодлогоширч, болгоомжтой хандах ёстойгоо цагаа олон ухаарч, биеэ барив:
– Та нар намайг ойлгосонгүй. Төлөөсний мөнгө ирмэгц бид хувааж авна. Харин одоохондоо бүсгүй надтай хамт байж л байг.
– Энэ чинь харин өөр хэрэг шүү - гэж Каузак үглэв.
– Тэгвэл бүх юм болоод л явчихна.
– Та тэгж бодож байна уу? - гэж Блад асуув. – Амбан захирагч д’ Ожерон төлөөс өгөхөөс татгалзвал яах болж байна? Тэгвэл яах вэ?
– Тэр инээгээд аажуухан бослоо. – Үгүй шүү. Ахмад Левасёр бүсгүйг авах гээд байгаа юм уу? Бололгүй яахав. Гэхдээ тэр төлөөсийг нь төлж, бид хоосон хоцорч болох тэр эрсдлийг өөр дээрээ авах ёстой.
Левасёрын офицеруудын нэг нь:
– Зүйтэй - гэж дуу алдав. Харин Каузак үг хачирлаж:
– Ахмад Бладын зөв. Энэ нь бидний гэрээтэй зохицож байна гэлээ.
Левасёр биеэ барьж чадахаа болилоо:
– Тэнэгүүд ээ! Ямар гэрээтэй зохицож байгаа юм бэ? Чөтгөр та нарыг тасчиж хаяг! Надад тэр мөнгөний тал нь ч байхгүй. Энэ мөнгийг олтол би та нарын өртөн болъё. Тэгэх үү? Дээрэмчид дэмжин шуугицгаав. Энэ нь тэдний санасантай тохирч байсан боловч Блад өөр бодолтой байжээ.
– Та энэ мөнгийг олохоосоо өмнө үхчихвэл яах болж байна? Бид чинь эрсдэлтэй ажил хийдэг хүмүүс шүү дээ, ахмад аа.
– Таныг чөтгөр аваг! - гэж Левасёр ориллоо. Таны сэтгэл хэзээ ч ханахгүй юм аа!
– Үгүй, үгүй. Хорин мянган песогоо аваад нэн даруй хувааж авцгаая.
- Тийм их мөнгө надад байхгүй.
- Тэгвэл олзны хүмүүсийг мөнгөтэй хүн нь худалдаж аваг.
- Надад хүртэл байхгүй байхад өөр хэн ийм их мөнгө гаргах юм бэ?
Ахмад Блад:
– Би - гэж хариулав.
– Та юу? - хэмээн Левасёр гайхлаа.
– Танд... танд энэ бүсгүй хэрэгтэй юм уу?
– Яагаад хэрэггүй гэж. Эелдэг наалинхай ааш төдийгүй шударга зангаараа ч би танаас дутахгүй. Энэ бүсгүйг би авахын тулд мөнгөө үрэхэд бэлхэн байна. Левасёр гайхсандаа хөшиж, тэнэг юм шиг амаа ангайлгаад “Арабелла”-гийн ахмадыг харлаа. “Ла Фудр”-ын офицерууд ч мөн л тэгж харцгаах ажээ. Ахмад Блад торхон дээр дахин суугаад хантаазныхаа дотор талын халааснаас жижигхэн арьсан хүүдий гаргаж ирлээ.
– Би та нарын шийдэх аргагүй гэж бодоод байгаа хэцүү асуудлыг зохицуулж байгаадаа баяртай байна.
Левасёр болон түүний офицерууд бүлтийлгэсэн нүдээ Блад уяаг нь яаралгүй тайлж байсан жижигхэн арьсан хүүдийнээс салгахгүй байв. Тэрбээр хүүдийний уяаг болгоомжтой тайлаад зүүн гарынхаа алган дээр дөрөв таван ширхэг сувд унагав. Эдгээр сувдны хэмжээ бор шувууны өндөгний дайтай ажээ. Сувд олборлож байсан испанийн онгоцуудыг бут цохисны дараа олзоо хуваахад ийм хорин сувд Бладад ноогдсон юмсанж.
– Каузак аа. Та хэзээ ч билээ дээ, сувд сайн мэддэг гэж хэлж байсан санагдах юм. Энэ сувдыг үнэлээд өгөөч?
Бретони хүн солонгорон гялалзах үрлийг мойног хуруугаараа шуналтайгаар шүүрч аваад сонирхон үзэж эхлэв. Тэгээд догдолсондоо сөөсөн хоолойгоор:
– Мянган песо гэлээ.
– Тортуга болон Ямайкад энэ сувд арай илүү, харин Европт хоёр дахин илүү үнэтэй. Гэсэн ч би таны үнэлгээг хүлээн зөвшөөрч байна, дэслэгч ээ. Бидний байгуулсан гэрээгээр “Ла Фудр”-ын багийнхан авах ёстой, олзны тавны гурав нь болох арван хоёр сувд, өөрөөр хэлбэл арван хоёр мянган песогоо ав. Харин “Арабелла”-гийн багийнханд өгөх найман мянган песог би өөрөө хариуцна... Харин одоо Волверстон та миний өмчийг “Арабелла” руу аваад яваач - гээд олзны хүмүүс рүү зааснаа торхон дээрээс бослоо.
Левасёрын хилэн садарч:
– Үгүй ээ - гэж бахирлаа.
Тэгээд зайдуу зогсч байсан Блад руу ухасхийсэн боловч нэг офицер замыг нь хаагаад:
– Бурхан таныг ивээж байна. Бүх юмыг ёс зүйгээр нь шийдэж, бүгдийн сэтгэл ханамжтай байна шүү дээ гэв. Каузак аварга том алгандаа сувдаа атгаад Левасёр дээр гүйж очив.
– Ахмад аа! Битгий тэнэглээд бай. Хоёр багийнхныг хооронд нь зодолдуулах гээ юү? Бладын баг хоёр дахин олон хүнтэй. Чи яах гээд энэ бүсгүйтэй зууралдаад байгаа юм бэ? Чөтгөр түүнийг аваг. Бурхныг бодоод Бладтай бүү зууралд. Тэр бидэнтэй шударга харьцаж, бүсгүйн үнийг хангалттай төлсөн... Галзууртлаа уурласан ахмад:
– Шударга харьцсан гэнэ ээ? - хэмээн орилов.
– Чи... чи... - гэснээ өөдгүй үгээр дүүрсэн үгийнхээ сангаас таарч тохирох хараал олоогүй болохоор дэслэгчийг нударгаа зангидан дэлсч, золтой л нам унагачихсангүй. Сувднууд элсэн дээр таран унав.
Каузак болон түүний хүмүүс хариугаа авах цаг дараа нь олдоно гэж үзээд усанд үсрэн орж буй хүнтэй адил сувдны хойноос яаран ухасхийв. Тэд дөрвөн хөллөөд хажууд нь чухал үйл явдал өрнөж байгааг анзаарах ч сөхөөгүй сувдаа хайцгаалаа.
Уурласандаа царай нь зэвхийрсэн Левасёр илднийхээ бариул дээр гараа тавиад явах гэж байсан ахмад Блад руу очлоо. Тэгээд:
- Намайг амьд сэрүүн байхад чи бүсгүйг авч чадахгүй! -гэж ориллоо.
- Тэгвэл чиний үхсэний дараа авья даа - гэж Блад хэлмэгц илднийх нь үзүүр нарны гэрэлд гялсхийв. – Бидний байгуулсан гэрээнд ганцхан песогийн үнэтэй олз нуусан дурын хүнийг шургийн хөндлөвчөөс дүүжлэхээр заасан. Би чамайг дүүжлэе гэж бодож байсан юм. Өмхий баас минь. Чамд олс таалагдахгүй байгаа юм бол өөр аргаар нойрсуулахаас даа.
Тэгээд салгахаар оролдсон хүмүүсийг зогсоож, илдээ Левасёрын мэстэй хангинуулан зөрүүлэв.
д’ Ожерон энэ тулалдааны үр дүнд түүний хувь заяа хэрхэн өөрчлөгдөхийг огтхон ч төсөөлөхгүй цочирдон ажиглах ажээ. Энэ үед хоёр хар арьстны халааг авч франц залууг харгалзаж байсан хүмүүс түүний толгойноос шидмэсийг авч хаялаа. Харин түүний эгчийн царай шохойноос ч цагаан болж, гараараа цээжээ дараад нүд салгалгүй ширтэв.
Тулалдаан түргэн дууслаа. Левасёрын найдаж байсан араатны хүч чадлыг нь ирланд хүний туршлага болон шалмаг хөдөлгөөн ялав. Илдээр цээж рүүгээ бүлүүлсэн Левасёр цагаан элсэн дээр ойчмогц Блад дийлдсэн өрсөлдөгчийнхээ хажууд зогсч Каузак руу тайван хараад:
– Энэ явдлаар бидний гэрээ цуцлагдаж байна гэв.
Каузак атиран татвалзаж буй удирдагчаа хайхрамжгүй бөгөөд эрээ цээргүй харлаа. Левасёр арай өөр хүн байсан бол энэ явдал ийм эмгэнэлтэй төгсөхгүй байв. Тийм тохиолдолд Блад ч бас өөр арга хэрэглэх байсан биз ээ. Харин одоо бол Левасёрын хүмүүс түүнийг хайрлах ч үгүй, өрөвдөх ч үгүй байлаа. Хомхой сувьдаг зан л тэднийг эзэмдсэн байв. Тэдний энэхүү зан чанарыг л Блад ашиглаж, “Ла Фудр”-ын ахмадыг алт болгон хувиргаад бүгдээрээ хувааж авч болох олзыг завшсан хамгийн хүнд гэмт хэрэгт унагасан ажээ.
Далайн дээрэмчид энэ хэрэг болсон тэнгисийн эрэг дээр цуглаад гараа зангидан занаж эхэлсэнд Каузак тэднийг хэдхэн үгээр тайвшруулав.
Гэсэн хэдий ч тэд эргэлзсээр байгааг Блад ойлгоод энэ явдлыг аятайхан дуусгахын тулд:
– Та нар манай зогсоол дээр очоод бидний булааж авсан “Сантьяго” хөлгийн олзноос хувиа авч, хүссэнээрээ дургиж болно. Би шударга хандаж байгааг та нар харж байгаа биз гэлээ.
Дээрэмчид энэ үгийг сайшаан шуугиж, “Арабелла”-гийн зогсоол дээр очиж хувиа авахаар Бладыг дагаад явцгаав.
Үдээс хойш, олзоо хувааж дууссаны дараа тэд салах боллоо. Гэтэл Каузак, түүнийг Левасёрын оронд ахмадаараа сонгосон багийнханыхаа шаардсанаар дахин нэгдэхийг Бладад санал болголоо.
– Сайн байна. Би зөвшөөрье. Гэхдээ ганцхан нөхцлийг л биелүүлэх ёстой. Та нар голландчуудтай эвлэрч, онгоцыг нь ачаа бараатай нь буцааж өгөх хэрэгтэй.
Энэ нөхцлийг эргэлзэлгүй зөвшөөрсний дараа Блад өөрийнхөө зочид болох Тортугийн амбан захирагчийн хүүхдүүд рүү явлаа. Хатагтай д’ Ожерон болон шидмэснээсээ салсан дүү нь “Арабелла”-гийн том өрөөнд сууцгааж байв. Бладын тогооч бөгөөд зарц хар арьстай Бенджамэн ширээн дээр дарс, хоол тавьчихаад тэдэнд идүүлэхээр ятгаж харагдана. Гэсэн ч тэд хоолонд гар хүрээгүй байв.
Эгч дүү хоёр аврагдсанаа мэдээгүй болохоор чонын амнаас гараад барын аманд орчихлоо гэж бодоод яахаа ч мэдэхгүй шаналан сууцгаах ажээ. Эцэст нь хатагтай д’ Ожерон дүүгийнхээ өмнө өвдөг сөхрөн суугаад хөнгөн хуудуу загнаснаас нь болоод өчнөөн зовлон амсуулсаныг нь өршөөхийг гуйлаа.
Гэтэл дүү нь өршөөх янзгүй байв:
– Чи ямар хэрэг тарьсанаа удахгүй ойлгоно оо. Чамайг өөр нэгэн далайн дээрэмчин худалдаад авчихсан. Чи түүнийх. Ойлгож байгаа биз дээ?...
Тэр цаашаа ярих гэсэн боловч хаалга онгойхыг хараад дуугаа хураав. Босгон дээр Блад зогсч байлаа. Тэр Левасёрын хүмүүстэй тооцоо бодчихоод ийшээ ирсэн бөгөөд залуугийн ярианы төгсгөлийг сонсчихсон байжээ. Тийм ч болохоор д’ Ожерон хатагтай шинэ эзнээ хараад дагжиж, айсандаа бөгцийхийг хараад гайхсангүй.
Блад өдөөр гоёсон бүрхээ толгойноосоо авч ширээ рүү очоод:
– Хатагтай та тайван бай - гэж тааруухан франц хэлээр хэллээ. – Энд, “Арабелла” хөлөг дээр, тантай хүндэтгэлтэй харьцана. Бид тэнгист гармагцаа Тортуга арлыг зорьж, та хоёрыг эцэгт чинь хүргэж өгнө. Дөнгөж сая дүүгийнхээ хэлсэн үгийг, өөрийг чинь худалдаж авсаныг мартаарай. Би таныг аюулаас аврахын тулд тэр шившигтэй новшнуудыг бүр ч өөдгүй ахмадынх нь эрхшээлээс гаргах, ингэхийн тулд тэднийг худалдаж авах шаардлагатай байлаа. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл таныг аврахын тулд өгөхөөс өөр аргагүй байсан төлөөсийг нөхөрсөг зээл гэж бодоорой.
Бүсгүй чихэндээ итгэхгүй алмайран харж, тэр ч байтугай дүү нь гайхсандаа босоод зогсчихов.
– Та үнэнээсээ хэлж байна уу?
– Тэгэлгүй яахав! Үнэнийг хэлэхэд далайн дээрэмчнээс ийм үг тийм ч олон удаа сонсохгүй л болов уу. Би далайн дээрэмчин. Гэхдээ Левасёр шиг аашилж чадахгүй. Надад нэр төрийн тухай ойлголт, өөрийн гэсэн нэр төр байдаг юм... Хуучин байсан нэр төрийн үлдэгдэл гэх үү дээ. – Тэгээд ажил хэрэгчээр: – Үдийн зоогийг цагийн дараа барина. Та хоёртой хамтдаа хооллох завшаан олдоно гэдэгт итгэж байна. Харин одоо Бенджамэн та хоёрын хувцсыг солиход санаа тавиг.
Тэр мэхийн ёслоод явахаар завдсан боловч д’ Ожерон хатагтай чангаар дуу алдаж түүнийг саатууллаа:
– Ахмад аа! Эрхэм ээ!
Блад эргэвэл эмэгтэй аажуухан дөхөж очоод түүнийг айсан, бас гайхсан янзтай хараад сэтгэл нь хөдөлж:
– Ахмад аа! Та их буянтай хүн юм гэлээ.
- Хатагтай минь. Та миний сайн талыг хэтэрхий дөвийлгөж байна - гэж хэлээд Блад инээмсгэлэв.
- Үгүй дээ, үгүй! - хэмээн бүсгүй дуу алдлаа. Та бол ариун шударга баатар! Болсон бүх явдалд би их буруутай. Би танд хэлэх ёстой... Та ийм эрхтэй.
Дүү нь түүний яриаг зогсоохыг оролдож:
– Мадлен! - гэж дуу алдав.
Гэвч талархах хүсэл нь оргилсон эмэгтэй биеэ барьж чадахгүй байлаа. Бүсгүй гэнэтхэн Бладын өмнө өвдөг сөхрөн сууж гарыг нь бариад сэхээ авахаас нь өмнө үнслээ.
– Та яаж байна аа?
– Гэмээ цайруулах гэж оролдож байна. Би бодол санаандаа таныг гутаачихсан. Би таныг Левасёроос өөрцгүй хүн, та хоёрын тулалдааныг цөөвөр чононы химлэлдээн гэж бодсон маань алдаа байжээ. Өвдөг сөхрөн танаас гуйя! Намайг уучлаарай! Ахмад Блад бүсгүйг ажигласнаа гэнэтхэн инээмсэглэвэл түүний цэнхэр нүд гэрэлтэх шиг болов. Тэр бүсгүйг татаж босгоод аядуухнаар:
– Хэрэггүй дээ. Таны бодол чинь үнэндээ зөв юм шүү дээ. Та өөрөөр бодох аргагүй байсан гэлээ. Тэр олзлогдсон хоёр франц хүнийг аварснаа энэрэнгүй явдал гэж өөртөө итгүүлэхийг оролдсоноо санаа алдлаа.
Карибын тэнгисийн арлуудаар түргэн тархсан түүний эргэлзээтэй алдар Арабелла Бишопын чихэнд хүрсэн нь мэдээжийн хэрэг. Бүсгүй түүнийг бусад далайн дээрэмчидтэй адилхан жигшүүртэй амьтан гэж бодоод түүнээс зэвүүцэж байгаад ч итгэлтэй байв. Тийм болохоор, өнөөдрийн энэрэнгүй явдлын алсын цуурай ч болов хайртай бүсгүйд нь хүрвэл сэтгэл нь бага ч гэсэн зөөлөрч магадгүй гэж горьдсон юм байжээ. Тэр мэдээжээр хатагтай д’ Ожероноос энэ бодлоо нуусан байлаа. Ер нь бол Блад амь насаа эрсдэлд оруулсан тэр үед, хэрэв Арабелла Бишоп өнөөдөр энд хараад зогсч байсан бол сэтгэл нь хангалуун байх байсан даа гэсэн ганцхан бодол түүнийг эзэмдэж байжээ.

_________________
...project Manhattan


Top
   
PostPosted: May.09.13 11:53 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.12.10 6:51 pm
Posts: 136
Location: UB
Энэ их дажгүй зохиол байна шүү. Хурдан оруулж байгаад баярлалаа

_________________
2x2=5


Top
   
PostPosted: May.09.13 12:11 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XVI бүлэг. ЗАНГА

Хатагтай д’ Ожероныг аварсан явдал ахмад Блад, Тортугийн амбан захирагч хоёрын тэртээ тэргүй найрсаг харилцааг улам сайжруулсан нь мэдээж. Ахмад Блад Кайоноос зүүн зүгт, том бөгөөд хээнцэр цэцэрлэгт барьсан д’ Ожероны цонхондоо ногоон хөшигтэй гоёмсог цагаан байшинд нь ирдэг, хүсэн хүлээдэг зочин нь болжээ. Амбан захирагч Бладад төлөх өр Мадлений төлөөсөнд зарсан хорин мянган песогоор хязгаарлагдахгүй гэж үзэж байв. Тэрхүү ухаалаг бөгөөд туршлагатай, ажил хэрэгч хүн шударга зантайгаас гадна хүний ачийг мартдаггүй юмсанж.
Амбан захирагч энэ чанараа янз бүрээр харуулж, Бладын нэр төр түүний ивээл дор суга өсөв.
Тухайн үедээ Левасёрын санал болгож байсан Маракайбо руу довтлох хөлгүүдийг төхөөрөмжлөх цаг ирэхэд Блад хангалттай хүн хүч болон усан онгоцуудтай болсон байлаа. Тэр таван зуун хүн сонгож авсан бөгөөд хүссэн бол таван мянгыг ч элсүүлж чадах байв.
Мөн хөлгийнхөө тоог хоёр дахин олшруулах боломж байсан хэдий ч “Арабелла”, Каузакийн удирдсан зуун хорин франц хүмүүсээс бүрдсэн багтай “Ла Фудр”, “Элизабет” гэсэн шинэ нэр өгсөн “Сантьяго”-гоор хязгаарлав. Энэ нь, хаан ширээнд заларч байхад нь усан цэргүүд нь Испанийг сургаж өгсөн Английн хатан хааны алдар бөгөөд Блад испаничуудтай үзэлцэх бодолтой байсан болохоор энэ нэрийг сонгосон ажээ.
Тэр “Элизабет” хөлгийн ахмадаар Хагторпыг томилсон бөгөөд далайн дээрэмчдийн нөхөрлөлийн бүх гишүүд энэ томилгоог сайшаасан байна.
1687 оны наймдугаар сард Бладын жижигхэн нэгтгэл замдаа энд дурьдахгүй зарим адал явдалтай учирсны дараа аварга том Маракайбогийн нууранд орж, Мэйний баян хот болох Маракайбо руу довтолжээ.
Энэ ажиллагаа Бладын төлөвлөж байсан шиг өөгүй явагдаагүй бөгөөд түүний баг хүнд байдалд орсон юм.
Тэр үеийн хэцүү бэрх нөхцөл байдлыг Каузакийн үг хамгийн оновчтой тодорхойлсон байдаг. Блад балмадаар харуулын байр болгож хувиргасан Нуэстра Сеньора дель Кармений сүмийн довжоон дээр өрнөсөн хэрүүлийн үед Каузакийн юу гэж хэлснийг Пит хичээнгүйлэн тэмдэглэж авсан нь бидэнд хүрсэн билээ. Харин сүмийг харуулын байр болгосон тухайд бол Блад өөрт нь хэрэггүй үед христосын шашинтайгаа мартчихдаг байсан тухай би урьд нь дурьдсан шүү дээ.
Тэр хэрүүлд нэг талаас Хагторп, Волверстон болон Пит, нөгөө талаас аймхай хулчгар зан нь хэрүүлийн шалтгаан болсон Каузак оролцсон байна. Дээрэмчдийн удирдагч нарын өмнө аагим халуунаас болоод навч нь унжсан цөөн тооны дал мод эмжсэн, наранд түлэгдсэн тоостой гудамжинд хоёр талын хэдэн зуун танхай этгээд үймэлдэж байв.
Каузакийн яриаг хэн ч таслахгүй байсан болохоор Бладыг зүсэн зүйлээр муучилж буй түүний янгинасан орилоо хоолой цугласан хүмүүсийн эмх замбараагүй ярианаас ялгаран сонсогдоно. Каузак чихээ дараад зугтаамаар буруу хазгай англи хэлээр ярьсан гэж Пит бичиж үлдээснээс биш яриаг нь дуурайх гэж оролдоо ч үгүй ажээ. Франц ахмадын хувцас түүний яриа шиг болхи, үнгэгдэж навсайсан харагдах бөгөөд даруухан зантай Хагторп, гоёмсог хантааз болон богино түрийтэй гялалзсан гутал өмссөн, цэвэрхэн, бараг ганган хувцасласан Питээс эрс ялгарч байв. Цэнхэр өнгийн бөс даавуугаар оёсон, цусанд будагдсан гадуур цамц нь задран хэлхийж, үсэрхэг цээж нь ил гарчээ. Түүний арьсан өмдний тэлээнд хутга, гар бууны бүхэл бүтэн цуглуулга хавчуулсан байх ажгуу. Эд бүгдээс гадна хавиргалах байлдааны сэлэм мөрөвчилсөн байв. Түүний нүүр монгол хүнийх шиг өргөн шанаатай, толгойгоо улаан өнгийн алчуураар ороосон харагдана.
– Би аль эртнээс бүх юм хэтэрхий өөгүй, сэжиг төрүүлэхээр амжилттай байна гэж анхааруулаагүй гэж үү?- гэж тэр орилоод майга хөл дээрээ дэвхцэв.
– Нөхөд өө, би тэнэг хүн биш шүү! Надад ямар ч гэсэн нүд бий. Бид нуур руу хөвж орсон. Тэгээд юу олж харав? Эзгүй цайз. Та нар санаж байна уу? Тэнд хэн ч байгаагүй. Санаж байна уу? Хэн ч бидэн рүү буудаагүй. Их буунууд чимээгүй байсан. Би тэгэхэд л нэг л биш дээ гэж сэжиглэсэн юм. Миний оронд тархи болон нүдтэй хэн ч байсан ингэж л бодох байсан. Гэсэн ч бид цаашаагаа хөвсөн. Тэгээд бид юу харсан билээ? Цайз шигээ орхигдсон, оршин суугчид нь үнэтэй цайтай эд хогшлоо аваад зугтаачихсан эзгүй хот. Энэ чинь нэг л учиртай даа, занга байж магадгүй гэж ахмад Бладад би дахиж сануулсан. Гэтэл тэр намайг сонсоогүй. Ер нь сонсохыг ч хүсээгүй. Бид ямар ч эсэргүүцэлтэй учралгүй дахиад л цаашилсан. Эцэс сүүлдээ, цаашаа дахиад жаахан л явбал буцах аргагүй болох нь гэдгийг бүгдээрээ л харцгааж байсан. Би дахиад л сануулсан боловч хэн ч намайг тоогоогүй. Бурхан минь! Ахмад Блад цаашаа явах ёстой гэлээ! Тэгэхээр нь бид явсаар Гибралтар* хүрсэн. Үнэнийг хэлэхэд, эцсийн эцэст бид эндээс дэд амбан захирагчийг олоод энэ хотын төлөөсийг гаргуулж чадсан.
Гэхдээ тэр төлөөсний хэмжээ ердөө л хоёрхон мянган песо байсан шүү дээ! Энэ юу болохыг надад хэлж өгөх хүн байна уу? Эсвэл би та нарт тайлбарлаад өгөх үү? Хулганы хавханд зүүсэн бяслаг! Тэгээд хулгана нь хэн юм бэ гэж надаас асуугаач. Тэр хулгана нь бид нар, чөтгөр аваг! Муур нь хэн юм бэ? Удахгүй харна аа. Муур нь биднийг энэ занганаас гарах замд отож байгаа Испани улсын байлдааны дөрвөн хөлөг онгоц. Бурхан минь! Бид манай гайхамшигтай ахмад Бладын тэнэг, зөрүүд зангаас болж хавханд орчихоод байна.
Волверстон инээвэл Каузак уурлалаа.
- Чөтгөр аваг! Өөдгүй мал чинь инээж зүрхэлнэ гэнэ ээ! Надад хариулаач. Бид испанийн адмиралын нөхцлийг хүлээж авахгүй юм бол эндээс яаж гарах юм бэ? Довжооны дор зогсч байсан далайн дээрэмчид сайшаан шуугилаа.
Аварга биетэй Волверстон тэднийг цорын ганц нүдээрээ хилэгнэн хараад хүмүүсийг самууруулж буй франц хүнийг цохих гэсэн дүр үзүүлж нударгаа зангидав. Гэвч Каузак сүрдсэнгүй. Дээрэмчдийн дэмжлэгийг авсандаа зоригжоод тэр яриагаа үргэлжлүүлэв:
- Та нар ахмад Бладыг бурхан, гайхамшгийг бүтээдэг хүн гэж бодоод байгаа юм аа даа. Та нарын магтаад байдаг ахмад Блад хөх инээдийг минь хүргэж байна...
Ахмад Блад сүмээс тайвуухан гарч ирэхийг хараад тэр дуугүй боллоо. Түүний хажууд Ибервиль хэмээх өндөр нуруу, урт хөлтэй франц хүн явж харагдана. Тэрбээр цэл залуухан хэдий ч идэрхэг дээрэмчинд тооцогдож, түүнийг далайн жинхэнэ чоно гэж магтдаг байсан бөгөөд өөрийнхөө хөлгийг живсний дараа Бладад алба хаахаас өөр аргагүй болсон юм байжээ. Өд хатгасан өргөн хүрээтэй бүрх духдуулсан “Арабелла”-гийн ахмад хар өнгийн модоор хийсэн урт таягаа хөнгөхөн тулсаар далайн дээрэмчид рүү ирлээ.
Бладын гадаад төрх далайн дээрэмчинтэй огтхон ч төсгүй, Пел Мол** болон Аламедийн*** юу ч хийдэггүй хээнцэр этгээдийг санагдуулах ажээ. Түүний алтаар хатгамалласан гоёмсог хантаазыг испанийн сүүлийн үеийн загвараар оёсон байв. Харин илүү няхуур ажиглах юм бол түүний тухай сэтгэгдэл өөрчлөгдөнө. Арагш нь хааш яйш унжуулсан байлдааны урт илд, ган төмөр мэт хатуу харц адал явдлын эрэлчин гэдгийг нь бэлхнээ харуулах ажгуу.
Тэрбээр яриа нь яагаад ч юм гэнэтхэн гацсан бретони хүний өмнө зогсоод:
– Каузак аа! Би танд инээдтэй харагдсан гэнэ ээ? Тэгвэл би таныг хэн гэж үзэх болж байна? - гэж намуухан бөгөөд цуцсан хоолойгоор асуув. - Бид саатсанаас болоод аюул тулгарсан гэж та хашгичаад байна. Харин саатсанд хэн буруутай юм бэ? Та алдаа гаргаснаас болоод бид долоохон хоногт амжуулчих зүйлдээ бүтэн сар зарцууллаа.
– Бурхан минь! Бас л би буруутай болж таарах нь ээ?
– “Ла Фудр”-ыг нуурын дунд, гүехэн усанд би хайрдуулсан юм уу? Та л мэдэмхийрч, замчин авахаас татгалзсан. Үүнээс болоод бид таны хөлгийг хөнгөлөхийн тулд ачаа барааг нь эрэг рүү зөөж хайран гурав хоногоо алдлаа. Энэ гурван хоногт Гибралтарын оршин суугчид бидний тухай мэдээд зогсохгүй нуугдаж амжсан. Үүнээс болоод л бид амбан захирагчийг нэхэж, хоёрхон долоо хоногийн дотор хараал идсэн энэ хэрэмний хажууд зуу орчим хүнээ алдлаа!
- Бидний саатсан шалтгаан энэ л байна! Харин биднийг ингэж жонхуурч байх хооронд эргийн харуулынхны Ла Гуайраас дуудсан испанийн хөлгүүд амжаад ирсэн. Тэр ч байтугай, одоо л гэхэд “Ла Фудр”-ыг алдсанаас болоод задгай тэнгист гарч чадахгүй байна шүү дээ. Байдал ийм байхад өөрийн чинь буруугаас болж, яг үнэнийг хэлэхэд таны тэнэгээс болсон зүйлийг надад тохож зүрхэлнэ гэнэ ээ!
Маракайбо нуураас гарах гарцыг манаж байсан испанийн нэгтгэлийг түүний заналт дайсан, испанийн адмирал дон Мигель де Эспиноса-и-Вальдес удирдаж байсныг анхааралдаа авбал Бладын биеэ барьсан энэхүү даруу зан гайхалтай зүйл гэдэгтэй уншигч та надтай санал нийлэх биз ээ. Адмиралд улс орныхоо өмнө хүлээсэн үүргээс нь гадна нэг жилийн өмнө “Энкарнасион”-ы тавцан дээр болж, түүний дүү дон Диегогийн үхлээр төгссөн түүхээс болоод Бладтай учрахыг эрмэлзэх хувийн шалтгаан байсныг бид нэгэнт мэдэх билээ. Дон Мигельтэй хамт түүний зээ дүү дон Эстебан хөвж байсан бөгөөд тэр өшөөгөө авахыг адмиралаас илүү мөрөөдөж байсан юм.
Гэсэн хэдий ч, ахмад Блад тайван байж, Каузакийн хулчгар занг шоолж байв.
– Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн тухай ярих шаардлагагүй. Одоо яах вэ гэсэн асуудал л юунаас ч илүү чухал байна.
– Ямар ч асуудал байхгүй - хэмээн Блад түүний үгийг таслав.
– Яагаад байхгүй гэж? - Каузак бухимдлаа. – Испанийн адмирал дон Мигель хотыг бүтэн үлдээж, олзны хүмүүсийг суллаж, Гибралтар хотоос олзолсон баялгаа эргүүлж өгөөд даруйхан гарч явах юм бол бидний аюулгүй байдлыг хангана гэж амалсан. Ахмад Блад дон Мигелийн амлалтын үнэ цэнийг мэддэг болохоор инээмсэглэж, харин Ибервиль Каузакт зэвүүцэж байгаагаа нуулгүй:
– Испанийн адмирал хүчээр давуу ч биднээс эмээж байгааг энэ үг харуулж байна гэлээ.
– Бид хүн хүчээр дутуу гэдгийг мэдээгүй учраас л тэр. Бидэнд өөр зам байхгүй болохоор түүний нөхцлийг хүлээж авах хэрэгтэй. Би ийм л саналтай байна.
– Гэхдээ энэ нь миний санал биш - гэж Блад тайвуухан анхааруулав. Тийм болохоор би энэ нөхцлийг нь хүлээж аваагүй.
– Хүлээж аваагүй гэнэ ээ? Надтай ч зөвшилцөлгүй татгалзчихсан хэрэг үү? – Каузакийн өргөн нүүр барайж, ард нь зогссон хүмүүс түүнийг дэмжин шуугилдав.
– Та татгалзаад юуг ч өөрчилж чадахгүй. Хагторп миний бодлыг дэмжиж байгаа. Хэрэв та болон таны талын францчууд испаничуудын нөхцлийг хүлээж авах хүсэлтэй байгаа бол бид та нарт саад хийхгүй. Энэ тухай адмиралд мэдэгдээрэй. Таны шийдвэр дон Мигелийг баярлуулна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Каузак түүнийг ууртай харсан боловч биеэ бариад:
– Та тэгээд адмиралд ямар хариу өгөв? - гэж асуулаа. Бладын нүүр гийж инээмсэглэв.
– Хэрэв хорин дөрвөн цагийн дотор задгай тэнгис рүү биднийг чөлөөтэй гаргаж, Маракайбог бүрэн бүтэн үлдээсний төлөөсөнд тавин мянган песо өгөхгүй бол энэ гоёмсог хотыг чинь балгас болгож, эндээс гараад өөрийн чинь хөлгүүдийг устгана шүү гэсэн хариу өгсөн.


Гибралтар* -Маракайбо нуурын эрэг дээр оршдог Венесуэлийн жижигхэн хот.
Пел Мол** - Лондон хотын гудамж.
Аламед*** - Мадрид хотын гудамж.


Top
   
PostPosted: May.09.13 12:20 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Oct.16.09 8:30 pm
Posts: 317
Location: Бодлууд дотроо...
:hi: . bayrlalaa....

_________________
smile for you


Top
   
PostPosted: May.09.13 12:20 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Ийм шазруун хариу өгснийг Каузак сонсоод ам нь ангайв. Гэхдээ англи гаралтай цөөнгүй дээрэмчид занганд орчихсон атал түүнийг мэхлэн аргандаа оруулсан хүмүүст өөрийнхөө нөхцлийг тавьж зүрхэлсэн энэхүү цөс ихтэй эрийн наргиа таалагдсан ажээ. Далайн дээрэмчид инээлдэж, сайшаан орилолдов. Каузакийн талын франц хүмүүсийн олонхид нь урам зориг орж, Каузак ууртай зөрүүд зангаасаа болж ганцаархнаа хоцров. Тэр гомдоод явчихсан бөгөөд маргааш нь өшөөгөө авталаа тайвширч чадахгүй байв.
Тэр өдөр элч ирж дон Мигелиэс захидал авчирсан ажээ. Тэр захидалд испанийн адмирал түүний өгөөмөр саналыг хүлээж аваагүй болохоор тэднийг устгахаар нуураас гарах хоолой дээр хүлээнэ гэсэн байлаа. Хэрэв далайн дээрэмчид нуураас гарахгүй бол Ла Гуайраас ирж яваа “Санта Ниньо” хөлөг ирээд хүч нь зузаарч, таван онгоцтой болмогц өөрөө нуурт нэвтрэн орж Маракайбог тэднээс булааж авна гэж бичсэн байв.
Энэ удаа Блад амгалан байдлаа хадгалж чадсангүй. Тэр дахин дахин орж ирээд үглэх Каузакийг:
– Битгий төвөг удаад бай! - хэмээн хөөлөө. – Чөтгөр аваг. Чи надаас салсан гэж тэр адмиралдаа мэдэгд. Тэгвэл чамайг болон чиний хүмүүсийг гаргаад явуулчихна. Ганц шурагтай онгоцонд хүмүүсээ ачиж аваад зайлж үз!
Хэрэв францчууд нэгдсэн байр суурьтай байсан бол энэ саналыг хүлээж авах байсан нь дамжиггүй. Гэтэл тэдний санааг сувьдаг сэтгэл нь зовоож байлаа. Каузактай хамт яваад өгөх юм бол олзны хувь, олзолж авсан боолчууд болон бусад хүмүүсээс бүрмөсөн татгалзсан хэрэг болно.
Заль мэхтэй ахмад Блад эндээс хохирол амсалгүй гарчих юм бол тэд нарын алдаж байгаа баялгийг хууль ёсоор авах болно. Ийм хэтийн төлөвийн тухай бодоход хүртэл харамсалтай санагдах ажээ. Тийм ч учраас тэд Каузакийн ятгалгыг үл ойшоож Питер Бладын талд орцгоосон бөгөөд энэ аялалд Бладтай хамт гарсан, хэрэв завшаан олдох юм бол Тортугад Бладтай хамтдаа эргэж очно гэж мэдэгдсэн байна. Каузак Бладад энэ шийдвэрийн тухай дүнсгэр царайлан мэдэгдэв.
Ийм шийдвэр гарсанд Блад баяртай байсан болохоор яг тэр үед болсон, цаашдынхаа үйл ажиллагааны асуудлыг хэлэлцэх зөвлөлгөөнд бретони хүнийг урилаа. Тэр зөвлөлгөөн амбан захирагчийн байшингийн цэлгэр хашаанд явагдав. Чулуу өрж босгосон дөрвөлжин хашааны төвд, тор дагаж ургасан ороонго ургамлын дор усан оргилуур харагдах бөгөөд тойроод амтат зүржний мод ургаж, үдшийн тогтуун агаар анхилам үнэртэй болжээ. Энэ нь, мавританийн уран барилгачид африк маягаар Испанид барьж, дараа нь испаничууд Шинэ ертөнцөд дэлгэрүүлсэн, гаднаасаа, бас дотроосоо аятайхан харагддаг байгууламжийн нэг байв.
Зөвлөлгөөнд ердөө зургаахан хүн оролцсон бөгөөд шөнө дөл болсон хойно дууссан байна. Энэ зөвлөлгөөнөөр Бладын санал болгосон төлөвлөгөөг хэлэлцсэн ажээ.
Цэнгэг устай асар том Маракайбо нуурын урт нэг зуун хорин миль бөгөөд өргөн нь зарим хэсэгтээ уртынхаа хэмжээнд дөхөж очно. Хоёр талд нь орших цасаар хучигдсан оргилтой уулсаас эх авсан хэд хэдэн гол энэ нуурыг тэжээдэг ажээ. Энэ нуур хоолой нь тэнгис рүү харсан асар том лонх шиг хэлбэртэй болох тухай би нэгэнт дурьдсан билээ.
Тэр хоолойгоор гармагц нуур дахин өргөсөх боловч тэнгист дөхөхөөр Вихилиас болон Лас Паломас гэдэг нэртэй хоёр урт арал далайд гарах гарцыг хаана. Суулт ихтэй том хөлөг онгоц зөвхөн ганцхан замаар энэ хоёр арлын хооронд орших нарийхан хоолойгоор л тэнгис рүү гарах боломжтой ажээ.
Лас Паламос арлын эрэг рүү зөвхөн жижигхэн, усан түрц багатай онгоц л ойртох боломжтой юм. Энэ арлын зөвхөн зүүн төгсгөл орчмоор том онгоц ойртож болмоор ч тэнд далайн дээрэмчдийг довтлох үед эзгүй орхиж байсан, нарийн хоолойг хамгаалах зорилгоор байгуулсан хүчирхэг цайз байрлажээ. Харин хоёр арлын хооронд испанийн байлдааны дөрвөн онгоц зангуугаа хаяад зогсч байлаа.
Бид нэрийг нь сайн мэдэх “Энкарнасион” бол дөчин найман том их буу, найман жижиг их буутай хүчирхэг галион байв. Харин галынхаа хүчээр удаахи байранд гучин зургаан их буутай “Сальвадор” орно. Бүр жижиг “Инфанта”, “Сан-Фелипе” хоёр тус бүр хорин их буу, зуун тавин хүнээс бүрдэх багтай байлаа.
Ийм хүчирхэг нэгтгэлийн дуудлагыг дөчин их буутай “Арабелла”-гаас гадна хорин зургаан их буутай “Элизабет”, Гибралтараас олзолж авсан, тус бүр нь урт гол төмөртэй эртний дөрвөн их буугаар зэвсэглэсэн ганцхан шурагтай хоёр жижигхэн онгоц бүхий ахмад Блад хүлээж авах ёстой болжээ. Далайн дээрэмчид испанийн мянган усан цэргийн эсрэг дөрвөн зуугаас илүүгүй дайчид гаргаж чадах байв.
Бладын төлөвлөгөө их зоримог сэдэлтэй болохоор зөвлөлгөөнд оролцсон Каузакт цөхрөнгөө барсан мэт санагдаж, болгоомжилж байгаагаа хэллээ.
– Тийм ээ, маргах зүйлгүй - гэж Блад зөвшөөрөв. – Гэхдээ би илүү осолтой хэрэг тарьж л явлаа. – Тэр Гибралтарыг алдаршуулсан анхилуун үнэртэй тамхи чихсэн гаансаа амтархан сороод:
– Хамгийн гол нь эдгээр тулалдаанууд амжилттай төгссөнд л байгаа юм - гэснээ Audaces formuna juvat* - гэсэн латин үгээр хачирлав. Тэгээд эцэст нь:
– Үнэндээ бол римийн өвгөчүүд ухаалаг хүмүүс байсан юм шүү гэлээ.
Тэр өөрийнхөө итгэлтэй байдлаар сэжигч бөгөөд хулчгар Каузакийг хүртэл элсүүлж чаджээ. Тэгээд тэд ажилдаа орж, гурван хоногийн турш үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл Блад ялалт амласан тулалдаанд бэлтгэв. Цаг давчуу байлаа. Учир нь тэд Ла Гуайраас “Санто Ниньо” хэмээх хүчирхэг галион ирэхээс өмнө дон Мигелийг амжиж цохих хэрэгтэй байсан юм.
Үндсэн ажил Гибралтараас олзолсон хоёр онгоцны арай том дээр нь буцалжээ. Тэр онгоц Бладын төлөвлөгөөнд гол үүрэг гүйцэтгэх байв. Дээрэмчид хөлгийн тасалгаануудын хана хаалтуудыг бүгдийг нь цөмлөн нурааж, тавцангийн банзуудаар битүүлэгдсэн хөндий хоосон орон зай болгон хувиргалаа. Хажуу бөөрөнд нь хэдэн зуун нүх өрөмдвөл өтөнд идэгдсэн самрын тал ясны төстэй боллоо. Дараа нь тавцан дээр хэд хэдэн таг нэмж гаргаад хотоос олж ирсэн давирхай болон хүхрийнхээ бүх нөөцийг онгоцны хөндийд хураав. Эцэст нь зургаан торх дарь авчраад их бууны шагайврын нүх орчимд байрлуулав.
Дөрөвдөх хоногийнх нь орой бэлтгэл ажил дуусч, далайн дээрэмчид аятайхан бөгөөд эл хуль Маракайбо хотыг орхилоо. Тэд шөнө дөлөөр зангуугаа татвал нуурын татлага хөлгүүдийг даланцар** руу зугуухан хөөв. Улмаар, зөвхөн хошууныхаа гурвалжин дарвуулуудыг дэлгэж, дөнгөж мэдрэгдэх төдий эргийн зөөлхөн салхинд хөөгдөн урагшилсан ажээ. Хамгийн эхэнд нь Волверстоны удирдсан сайн дурын зургаан хүн бүхий брандер*** хөвөх бөгөөд тэдэнд тусгай шагналаас гадна оногдох ёстой олзон дээр нь тус бүр нэг зуун песо нэмж олгохоор амласан байв.
Брандерын араас “Арабелла” хөвж, түүний хойноос онгоцоо алдсан Каузак францын далайн дээрэмчидтэй шилжиж суусан “Элизабет” зайтайхан дагаж, энэ цувааны эцэст олзлогдсон хүмүүс, боолчууд, олзолсон эд баялгийн ихэнхийг ачсан жижиг онгоц болон найман завь хөвж байлаа. Завь бүрийг хоёр усан цэрэг залж, цахиур буутай дөрвөн далайн дээрэмчин олзлогдогсодыг харгалзах ажээ.
Бладын төлөвлөгөөгөөр бол тэд нар ар талд үлдэж, ямар ч тохиолдолд тулалдаанд оролцох ёсгүй байв. Үүр цайх шинж тэмдэг мэдэгдэж орчин тойрон нь бүүдийх үед алсыг анхааралтай ширтэж байсан далайн дээрэмчид дөрөвний нэгэн милийн зайд зангуугаа хаясан испанийн хөлгүүдийн барааг олж харав.
Испаничууд хүчээр илт давуу, анхаарал нь сул, амарлингуй байсан болохоор далайн дээрэмчид тэднийг олж харснаас хэзээ хойно Бладын хөлгүүдийг илрүүлсэн ажээ. Волверстон шөнө буусан манан дундаас испанийн галионуудыг олж хармагц бүх дарвуулаа дэлгэж, тэднийг сэхээ авахаас өмнө тулаад очив.
Волверстон онгоцоо асар том манлай хөлөг “Энкарнасион” руу чиглүүлээд жолоог нь хөдөлгөөнгүй бэхэлж, хажууд нь уугиж байсан бялтыг авч, сүрэл мушгиж хийгээд газрын тос түрхсэн бамбарыг асаав. Жижигхэн онгоц испанийн манлай хөлгийн бөөр лүү тас нясхийтэл мөргөх үед бамбар дүрэлзэн ассан байлаа. Хоёр хөлгийн татлага хоорондоо орооцолдож, брандер эвдрэн салж эхлэв. Волверстоны зургаан хүн нүцгэлж, дөрөв нь тавцангийн хашлаганы хажууд, үлдсэн хоёр нь шургийн хөндлөвч дээр хавиргалах байлдааны дэгээ барин зогсох ажээ. Брандер*** испанийн хөлөгтэй мөргөлдмөгц тэд дэгээгээ шидээд хоёр онгоцыг найдвартай холбоод авчээ. Шургийн хөндлөвч дээрээс шидсэн дэгээ татлагыг бүр ээдрээтэй орооцолдуулж, испаничууд урилгагүй зочноосоо салах ямар ч боломжгүй болох ёстой байв
Испанийн галион дээр түгшүүрийн бүрээ хангинаж, үймэлдэж эхлэв. Тэд нойрмог нүдээ нухах ч завгүй гүйлдэж, сандарцгааж, орилолдох ажээ. Цөхөрсөндөө зангуугаа өргөхийг оролдсон боловч ингэх хугацаа байгаагүй учир энэ оролдлогоо зогсоов. Испаничууд хөлөг дээр нь далайн дээрэмчид авиран гарч хавиргалах тулалдаан хийхийг хүлээж зэвсгээ шүүрцгээв.
Гэтэл далайн дээрэмчдийн ердийн арга мэхээс огт өөр, учир нь үл ойлгогдох үйлдэл “Энкарнасион”-ы багийнхны гайхашийг төрүүлж, толгой дээрээ дүрэлзсэн бамбар эргүүлэн хөлгийн тавцан дээгүүр гүйх нүцгэн, янхигар биетэй Волверстоныг хараад тэд алмайрч гүйцэв. Тэр нүцгэн хүн шатах, дэлбэрэх бодисоор дүүргэсэн торхнуудын бялтыг асааж байна гэдгийг испаничууд хэтэрхий оройтож ойлгосон ажээ. Нэг офицер дайсны онгоцон дээр гарч хавиргалах тулалдаан хийхийг цэргүүддээ тушаалаа.
Гэтэл энэ тушаал бас л хожимдсон байлаа. Зургаан сайн эр өгсөн үүрэг даалгаврыг гялалзтал биелүүлээд тавцан дээрээс ус руу үсрэв. Волверстон үүнийг хармагцаа онгорхой орцоор хөлгийн хөндий рүү дүрэлзсэн бамбараа чулуудаж орхиод тэнгис рүү шумбан орж, “Арабелла”-гийн илгээсэн том завиныхан түүнийг татаж гаргав. Волверстоныг завинд хүрэхээс бүр өмнө нэг шурагт онгоц асар том түүдэг болон хувирч, шатаж буй хэлтэрхийнүүд дэлбэрэлтийн хүчээр “Энкарнасион” руу шидэгдэж харагдана.
Түүдгийн урт хэл галионы бөөрийг долоож, нэгэнт оройтсон хэдий ч брандерыг түлхэн зайлуулахаар оролдож байсан испанийн цөөхөн зоригтныг ухраалаа. Испанийн нэгтгэлийн хамгийн хүчирхэг хөлөг тулалдааны эхний мөчүүдэд жагсаалаас ийнхүү гарч байх үед Блад “Сальвадор” руу дөхөж очив. “Арабелла” түүний хошууны урдуур өнгөрөхдөө хажуугийнхаа их буунуудаар гал нээсэнд тавцан дээр нь байсан бүхнийг хуу арчиж хаялаа.
Дараа нь эргэж, “Сальвадор”-ын хажуугаар дахин гарахдаа нөгөө хажуугийнхаа бүх их буугаар их бие рүү нь гал нээж жагсаалаас хагас дутуу гаргаад чиглэлээ өөрчлөлгүй урагшилж, хошууныхаа их буунуудаар “Инфанта”¬гийн багийг сандраав. Улмаар хавиргалах тулалдаан хийхээр түүнийг нижигнэтэл мөргөлөө. Хагторп “Сан-Фелипе”-тэй мөн л адилхан үйлдэл хийж харагдана.
Бладын гэнэтийн довтолгоо цочирдуулан сандрааж, гэнэгүй байгаад эзлэгдсэн болохоор испаничууд энэ хугацаанд их буугаараа нэг ч удаа буудаж амжсангүй.
Хөлгөө дэгээдүүлж, тавцан руу сэлмээ гялалзуулсаар авирах далайн дээрэмчдээс сүрдсэн “Сан-Фелипе” болон “Инфанта”-гийн багийнхан ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Дүрэлзэн шатаж буй манлай хөлөг болон “Сальвадор” жагсаалаас гарсан явдал тэднийг мэгдүүлж зэвсгээ хаяцгаасан ажээ.
Хэрэв “Сальвадор” хөлгийн баг шийдэмгий эсэргүүцэж, гэмтээгүй онгоцууддаа үлгэр дууриал үзүүлсэн бол аз энэ өдөр испаничууд руу эргэж магадгүй л байсан юм. Гэвч испаничууд сувьдаг зангаасаа болоод ялалтанд хүрч чадсангүй. Тэд “Сальвадор” дээр байсан нэгтгэлийнхээ мөнгөн санг аврахаар шийдсэн юм байжээ. Дон Мигель тавин мянган песондоо санаа нь зовж, далайн дээрэмчдэд мөнгөө алдахгүйн тулд багийнхантайгаа “Сальвадор” хөлөг рүү шилжиж, Лас-Паломас арал дээр босгосон цайзыг чиглэн хөвөхийг тушаав. Тэгээд дээрэмчид нэхэж ирэхээс болгоомжилж, цайзын зэвсэглэлийг сайжруулаад цэргийн баг үлдээсэн байна. Үүний тулд ердийн их буунаас илүү хүчтэй, холын тусгалтай хэд хэдэн “хаан их буу” Кохеро цайзнаас яаралтай татсан байлаа.
Ахмад Блад үүнийг мэдээгүй болохоор “Арабелла”, Ибервиль тэргүүтэй далайн дээрэмчид шилжиж суусан “Инфанта” хоёр испаничуудыг нэхсэн байна. Дээрэмчдийн ширүүн галын эсрэг “Сальвадор”-ын хажуугийн их буунууд эмх замбараагүй буудлаа. Гэсэн хэдий ч тэр хөлөг маш ноцтой гэмтэж, цайзны их буунуудын галаар халхавчилж гүехэн усанд хүрээд тэндээ живж, их биеийнх нь зарим хэсэг л усан дээр цухуйн үлджээ. Хөлгийн баг завиар, зарим нь сэлж байж Лас Паломасын эрэг дээр гарч чадав.
Блад дайснаа ялж, тэнгис рүү нэвтрэх зам чөлөөтэй боллоо гэж бодож байсан тэр мөчид нууж байсан асар их хүч чадлаа цайз гэнэтхэн харуулж, “Хаан их буу****”-нууд гал нээв. Хүнд бөөрөнхий сумнууд хөлгийн хажууг цөмлөн орж хэд хэдэн дээрэмчнийг алжээ. Хөлгөн дээр сандрал эхлэв.
Эхний буудлагын дараа хоёр дахь удаагаа зэрэг галлаж, хэрэв “Арабелла”-гийн залуурч Пит жолоогоо баруун тийш нь огцом мушгиагүй бол муугаа үзэх байв. Харин “Инфанта” илүү ноцтой гэмтэл авсан ажээ. Сум тэнгисийн ус болон хөлгийн их биеийн зааг дээр тусч, “Инфанта”-гийн зүүн хажууд үүссэн цөмөрхийгөөр ус олгойдон орж ирлээ. Хэрэв шийдмэг зантай, туршлага ихтэй Ибервиль зүүн хажуугийнхаа их буунуудыг тэнгис рүү хаяхыг тушаагаагүй бол хөлөг маргаангүй живэх байсан ажээ.
“Инфанта” ямар ч гэсэн живээгүй бөгөөд баруун тийшээ хазайсан ч “Арабелла”-гийн хойноос дагах чадвартайгаа л байлаа. Цайзын их буунууд холдож буй усан онгоцнуудын хойноос буудсан хэвээр л байсан боловч ноцтой хохирол учруулж чадсангүй. “Арабелла”, “Инфанта” хоёр их бууны тусгалаас гараад “Элизабет”, “Сан-Фелипе” хоёртой нэгдэж, дөрвөн хөлөгнийхөө зангууг ч хаялгүй салхинд даатгаж, зөнд нь орхив. Үүний дараа хэцүү бэрх нөхцөл байдлынхаа тухай зөвлөлдөх боломж сая олдсон ажээ.


Audaces formuna juvat* - “Аз жаргал зоригтнуудыг ивээдэг” гэсэн латин үг.
Даланцар** - Далайн давалгааны үйлчлэлээр, эргээс тодорхой зайд үүсдэг усан доорхи далан.
Брандер*** - Далбаат онгоцны эрин үед шатдаг, тэсэрдэг бодис ачсан онгоцыг дайсныхаа хөлгийг устгахад ашигладаг байсныг ингэж нэрлэдэг.
Хаан их буу**** - Тусгай модон тавцанд суурилуулсан бүдүүн гол төмөр бүхий хүнд их буу


Top
   
PostPosted: May.09.13 12:29 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XVII бүлэг. МЭХ

Өглөөний хурц нар төөнөж, хөлгийн хитгэн дээр шуурхай зөвлөлгөөн болж байлаа. Зөвлөлийг удирдаж байсан ахмад Блад сэтгэлээр унаж гүйцжээ. Ахмад олон жилийн дараа, тэр өдөр түүний амьдралын хамгийн хүнд өдөр байсан гэж ярьсныг Пит тэмдэглэж авсан байдаг юм. Тэр тулалдааныг бахархаж болохоор урлагтай төлөвлөж, хүчээр хол давуу дайснаа ялсан. Гэсэн ч Блад энэ ялалт ямар ч ашиггүй гэдгийг ойлгож байв.
Байгааг нь сэжиглээ ч үгүй “хаан их буу”-нуудын гуравхан удаагийн буудлага түүний ялалтыг ялагдал болгон хувиргажээ. Тэгээд эрх чөлөөнийхөө төлөө дахиад л тэмцэж, задгай тэнгис рүү нэвтрэх гарцыг хаасан цайзыг эзлэх шаардлага гарав.
Ахмад Блад эхлээд бухимдсандаа түргэдэж, онгоцуудаа нэн даруй засварлаад задгай тэнгис рүү нэвтрэх шинэ оролдлого хийх санал дэвшүүлэв. Гэтэл бусад нь болиулах гэж ятгалаа. Учир нь, ингэснээр байгаа бүхнээ алдаж болох байв. Блад ашгүй тайвширч, нөхцөл байдлыг эрүүл ухаанаар цэгнэлээ: “Арабелла” холын аянд гарах чадваргүй болж, “Инфанта” усан дээр дөнгөн данган тогтож, “Сан-Фелипе” дээрэмчдэд эзлэгдэхээсээ бүр өмнө ноцтой гэмтсэн байлаа.
Эцсийн эцэст Блад тэнгис рүү мултрах бас нэгэн оролдлого хийхээсээ өмнө Маракайбо руу буцаж очоод хөлгүүдээ засч, тоноглох шаардлагатай гэж үзсэн хүмүүсийн саналыг зөвшөөрөв.
Тэгээд богинохон боловч ширүүн тулалдаанд ялагдсан ялагчид Маракайбо руу буцаж ирлээ. Каузакийн баргар, гутрангуй үзэл Бладыг цухалдуулах ажээ. Саяхан л дайсны давуу хүчийг хялбархан ялж байгаадаа толгой нь эргэж байсан бретони хүн гэнэтхэн цөхөрч, түүнийг дагаад францын далайн дээрэмчдийн сэтгэл санаа алдарч эхлэв.
– Ингэж балардаг байжээ - гэж тэр Бладад хэллээ:
– Энэ удаад бид жинхэнэ занганд орлоо доо.
– Урьд нь ч би ингэж хэлэхийг чинь сонссон санагдах юм - гэж ахмад Блад тэвчээртэй хариуллаа. Чи юу болсныг ойлгосон л баймаар юм даа. Бид тулалдаанаас олон онгоц болон их буутай ирснийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Цаад онгоцуудаа хараач.
- Би тэртэй тэргүй харж л байна.
- Тийм бол ийм хулчгар адгуустай ярих ч хүсэл алга!
- Чи намайг хулчгар хэмээн доромжилж зүрхэлнэ гэнэ ээ?
- Тэгэлгүй яахав!
Бретони хүн шуухинаж, түүнийг духаараа харлаа. Гэвч Левасёрын хувь заяаг санаж, ахмад Бладаас чухам юу хүлээж болохыг сайн мэдэж байсан болохоор халз тулалдаанд дуудаж зүрхэлсэнгүй. Иймд тэр гомдсон дүр үзүүлж:
- Энэ ч арай хэтэрнэ ээ! Чи дэндүү даварч байна шүү! -гэж бувтнав.
- Каузак аа! Чиний гомдоллож гонгинохыг сонссоор байгаад үхтлээ залхаж байна шүү. Бид үдийн зоогонд уригдсан зочид биш болохоор болохгүй бүтэхгүй юм гарч л таарна. Хэрэв чи тайван амьдрал эрээд байгаа юм бол далайд гарах хэрэггүй. Надтай хэзээ ч тайван байх аргагүй болохоор бүр ч хэрэггүй. Үүнийг л би чамд хэлмээр байна даа.
Каузак хараал урсгаж, цаашид юу хийхээ хүмүүстэйгээ зөвлөлдөхөөр явлаа.
Харин Блад эмчийнхээ үүргийг мартаагүй болохоор шархтанууд дээр очиж, тэндээ үдэш болтол ажилласан ажээ. Дараа нь тэр эрэг дээр гарч дэд амбан захирагчийн гэрт очоод ширээний ард сууж, дон Мигельд тансаг испани хэлээр өдсөн аястай боловч хүндэтгэлтэй захидал бичлээ.
Өндөр дээд ноён та өнөө өглөө миний чадварыг үнэлсэн байх гэж найдаж байна. Та хүн, усан онгоц болон их бууныхаа тоогоор хоёр дахин илүү байсан хэдий ч би таны нэгтгэлийн Маракайбо руу биднийг устгахаар зорьж ирсэн бүх хөлгийг олзолсон буюу живүүлсэн. Одоо та нарын хүлээж байгаа “Санто-Ниньо” Ла Гуайраас ирсэн ч сүрдүүлгээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Та бага сага туршлагатай хүн болохоор юу болохыг төсөөлж байгаа биз ээ. Би энэ захидлаараа Эрхэм дээдэс таныг түгшээхийг хүсэхгүй байна. Гэхдээ би цус урсгахыг үзэн яддаг энэрэнгүй хүн. Иймд, халдах аргагүй гэж таны үзээд байгаа цайзны учрыг олохын өмнө хүн ёсны үүднээс эцсийн сануулгыг өгч байна. Таны ялагдашгүй гэж бодож байсан хөлгүүд яасныг санаарай.
Хэрэв та бидэнд задгай тэнгист чөлөөтэй гарах боломж олгож, тавин мянган песогийн төлөөс төлж, зуун толгой мал өгвөл бид Маракайбо хотыг сүйтгэлгүй орхиж, олзолсон дөчин хүнийг суллана. Эдний дунд олон чухал хүн байгаа. Бид задгай тэнгист гарах хүртлээ эднийг саатуулах бөгөөд дараа нь энэ зорилгоор зориуд олзолж авсан завиар буцаах болно. Хэрэв Өндөр дээд ноён та миний даруухан нөхцлийг ухааран хүлээж авахгүй бол олон хүний амь эрсдэх нь ойлгомжтой ч цайзыг эзлэхээс өөр аргагүйд хүрэх нь. Тэр үед битгий өршөөл гуйгаарай. Би эхлээд гайхамшигтай сайхан Маракайбо хотыг балгас болгон нураана..
.”
Блад захидлаа бичиж дуусгаад Гибралтар хотоос олзолсон Маракайбогийн дэд амбаныг авчрахыг тушаав. Тэгээд захидлын агуулгыг түүнд танилцуулаад дон Мигель рүү явууллаа.
Дэд амбан хотыг ямар ч үнээр хамаагүй аврахыг Маракайбогийн бүх иргэдийн хэнээс нь ч илүү сонирхсон хүн гэдгийг Блад зөв тооцоолсон байв.
Бүх зүйл Бладын бодсоноор л болжээ. Дэд амбан захидлыг дон Мигельд хүргэж өгөөд далайн дээрэмчдийн нөхцлийг хүлээж авъя гэж шургуу ятгаж эхэлсэн байна.
Гэсэн ч дон Мигель гуйлтыг нь хүлээж авсангүй. Түүний нэгтгэлийн зарим хөлөг олзлогдож, зарим нь живсэн нь үнэн. Адмирал түүнийг гэнэдүүлсэн гэж өөрийгөө тайвшруулж, ийм явдал дахиад хэзээ ч давтагдахгүй гэж тангараглаж байлаа. Цайзыг хэн ч эзэлж чадахгүй. Ахмад Блад Маракайбо хотыг газрын хөрснөөс арчвал арчиг. Гэхдээ задгай тэнгис рүү гарах замдаа тэртээ тэргүй хатуу цээрлэл амсах л болно.
Эрт юм уу орой задгай тэнгис рүү нэвтрэхээр оролдох нь дамжиггүй.
Дэд амбан цөхрөлөө барав. Тэр уурлаж, адмиралд шазруун зан гаргасан боловч бүр ч илүү шазруун хариулт авлаа:
– Хэрэв манай хааны үнэнч албат та нар хараал идсэн далайн дээрэмчдийг ийшээ оруулаагүй бол ийм хүнд байдалд орохгүй л байсан. Бид тэднийг эндээс гаргахгүй. Тийм болохоор надад хулчгар зөвлөгөө өгөх хэрэггүй. Ахмад Бладтай ямар нэгэн хэлцэл хийх тухай яриа байж болохгүй. Би хааныхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ. Үүнээс гадна надад тэр балмад этгээдтэй хийх хувийн тооцоо бий гэдгийг өөрийг чинь нааш нь явуулсан хүнд дамжуулаарай.
Дэд амбан Маракайбо дахь гоёмсог байшинд нь төвхнөж, дээрэмчдийн удирдагчдаар хүрээлүүлсэн ахмад Бладад ийм л хариу авчрав.
Адмирал болж өнгөрсөн сүйрлийн дараа ийм шазруун зан гаргасан. Тийм болохоор дэд амбан нэр төрөө гутаах вий гэсэндээ Бладад захидлын хариуг өгөхдөө мөн л хатуухан хандсан бөгөөд хэрэв адмирал яриаг нь чагнасан бол сэтгэл хангалуун үлдэх байлаа.
Блад арай нааштай хариу ирнэ гэж бодож байсан болохоор зүрх нь ёгхийсэн хэдий ч тайвуухан инээмсэглэв:
– Өө тийм үү? Одоо яая гэх вэ. Адмирал зөрүүд зан гаргасанд харамсаж байна. Энэ зангаасаа болоод л хөлгүүдээ алдчихсан юм шүү дээ. Би эвдэж сүйтгэхийг болон цус урсгахыг үзэн яддаг. Гэхдээ яах ч арга алга даа. Маргааш гишүү ачиж авчирна. Түймрийн утааг адмирал хараад Питер Блад хэлсэн үгэндээ хүрдэгийг ойлгоно биз дээ. Та явж болно, дон Франциско.
Дэд амбаны зориг мохож харгалзагчийг дагаад хөлөө чирсээр яваад өглөө.
Түүнийг гармагц Каузакийн царай хувирч, суудлаасаа үсрэн босоод чичирч буй гараа сарвагануулж, сөөнгө хоолойгоор:
– Амьдралынхаа төгсгөлөөр тангараглая. Чи юу хийснээ мэдэж байна уу? - гэснээ хариултыг нь ч хүлээлгүй үгээ үргэлжлүүлэв:
– Адмирал тийм ч хулчгар хүн биш гэдгийг би мэдээд байсан юм аа. Тэр биднийг занганд оруулсан гэдгээ мэдэж байгаа. Гэтэл чи өөрийнхөө тэнэг захидлаар биднийг алж орхилоо.
Блад франц хүний амьсгаа авах хоромыг ашиглан:
- Чи ярьж дуусав уу? - гэж тайван асуув.
- Үгүй.
- Надад чиний солиотой үгийг сонсох ямар ч шаардлага алга. Тэртэй тэргүй чи хэрэгтэй юм ярьдаг биш.
- Тэгвэл чи юу гэмээр байна? Тэр хэрэгтэй үгээ хэлээч? -гэж Каузак чарлав.
- Чөтгөр аваг! Би чамайг ямар нэгэн санал гаргах байх гэж найдсан юмсан. Хэрэв чи зөвхөн өөрийнхөө зовлогыг аврахын төлөө санаа зовоод байгаа бол бодол нэгтнүүдтэйгээ хамт чөтгөр лүүгээ тонилж үз. Испанийн адмирал бидний тоо цөөрснийг дуулаад баярлах байх даа. Биднээс завь аваад дон Мигель рүүгээ явцгаа. Тэртэй тэргүй та нар хэрэгтэй зүйл хийдэг биш.
- Үүнийг миний хүмүүс өөрсдөө шийднэ! - хэмээн Каузак цухалдаад багийнхан руугаа явлаа.
Тэр маргааш нь хашаан дотор холхиж байсан Блад дээр ирэв.
Ахмадын бодлогоширсон царайг хараад сэтгэлээр уначихаж хэмээн эндүү бодлоо.
Тэгээд:
– Ахмад аа! Бид таны саналыг хүлээж авахаар шийдлээ -гэж өдсөн янзтай хэллээ. Ахмад Блад нуруугаа үүрсэн хэвээрээ зогсоод далайн дээрэмчнийг хайхрамжгүй харвал Каузак ярьснаа тодотгов:
– Өнгөрсөн шөнө би испанийн адмиралд захидал бичээд бидэнд цэргийн ёсны хүндэтгэл үзүүлж, эндээс явахыг зөвшөөрөх юм бол чамаас холбоогоо тасална гэдгээ мэдэгдсэн. Би сая хариуг нь авлаа. Олзоо орхиод хоосон гарах юм бол бидний саналыг хүлээж авна гэлээ. Миний хүмүүс завинд сууцгааж байна. Бид одоо явлаа.
– Сайн яваарай - гээд Блад толгойгоо дохиж, эргэцүүлэлээ үргэлжлүүлэхээр эргэв.
– Надад хэлэх зүйл чинь ердөө л энэ үү? Блад эргэж ч харалгүй:
– Би чамд зарим нэг зүйл хэлмээр л байна. Гэхдээ миний хэлэх юм чамд таалагдахгүй байхаа даа.
– Тийм үү? Тэгвэл салцгаая даа, ахмад аа - гэснээ хорсолтойгоор: – Бид дахиад уулзахгүй гэж итгэж байна гэлээ.
– Би ч гэсэн тэгнэ гэдэгт найдаж байна - гэж Блад хариулав.
Каузак хараал урсгасаар хашаанаас гүйж гарав. Тэр үдээс өмнө өөрийнхөө талын жар орчим хүнтэй явцгаалаа. Тэд Ибервилийн ятгалгыг үл тоомсорлон Каузакийн үгэнд орж, хоосон явж байгаа болохоор урамгүй байв. Адмирал үгэндээ хүрч, тэднийг тэнгис рүү чөлөөтэй гаргасан бөгөөд испаничуудыг сайн мэддэг Блад ингэнэ гэж зүүдлээ ч үгүй байжээ.
Францчуудыг дөнгөж явсны дараа дэд амбан уулзая хэмээн гуйж байгааг ахмад Бладад мэдэгдэв. Дон Франциско шөнөжин бодлогоширч, Маракайбо хотын хувь заяаны төлөө улам зовниж, адмиралын зөрүүд занд дургүйцсан болохоор ингэж гуйсан юм байжээ.
Ахмад Блад түүнийг элэгсгээр хүлээж авлаа:
– Өглөөний мэнд, дон Франциско! Би галын наадмыг үдэш болтол хойшлуулсан. Харанхуйд сайн харагдана шүү дээ. Дон Франциско сул дорой, хийрхүү, ахимаг настай хүн байсан бөгөөд сурвалжит гаралтай хэдий ч хулчгар эр байжээ. Тэр Бладтай уулзмагц шууд л зорьсон хэргийнхээ тухай ярьж эхлэв:
– Дон Педро! Би танаас хотыг сүйтгэхээ гурван хоногоор хойшлуулаач гэж гуйхаар ирлээ. Энэ хугацаанд би дон Мигель танд өгөхөөс татгалзсан тавин мянган песо болон зуун толгой малыг олохоо амлаж байна.
Блад гайхаж:
– Та тэгээд хаанаас олох юм бэ? - гэлээ.
– Энэ бол миний хувийн хэрэг. Нутаг нэгтнүүд минь надад тусална. Миний амыг авч суллаад оронд нь хүүг минь барьцаалж бай.
Дэд амбан Бладыг дуугарахгүй болохоор түүний саналыг хүлээж аваач хэмээн ятгаж гарав.
Гэтэл ахмад яриаг нь тасалж:
– Ариун нандин бүхнээрээ тангараглая! Та надад ийм үлгэр ярих гэж ирсэнд гайхаж байна. Та төлөөсний мөнгийг хаанаас олохоо мэдэж байгаа атал надад түүнийгээ хэлэхээс татгалзаж байна. Хурууны чинь завсар уугиж буй бялт хавчуулчихвал та яриа хөөрөөтэй болох юм биш биз? Дон Францискогийн царай зэвхийрсэн боловч дахиад л толгойгоо сэгсрэв:
– Морган, Л’ Оллонэ болон далайн бусад дээрэмчид хүн тамладаг байсан. Харин ахмад Блад ингэж таарахгүй. Хэрэв би үүнийг мэддэггүй бол танд ийм санал дэвшүүлэхгүй байсан юм.
– Та ч зальтай гайхал юм даа! - гэж хэлээд Питер Блад инээлээ. – Миний уужим сэтгэлээр тоглож байгаа юм биз дээ. Тийм үү?
- Ахмад аа, би таны нэр төрд итгэж байна!
- Далайн дээрэмчний нэр төрд үү? Та солиорчихсон бололтой.
Гэсэн ч дон Франциско тэр чигээрээ зүтгэв:
– Би ахмад Бладын нэр төрд итгэж байна. Та ёс зүйтэй тулалддаг гэдгийг би мэднэ. Ахмад Блад дахиад л шоолон инээж, дон Франциско энэ яриа ч олигтой төгсөхгүй нь дээ гэж бодлоо.
Блад өөрийгөө шоолж байна гэсэн бодол түүний толгойд орсонгүй.
– Таны хэлснээр болоё доо, дон Франциско. Хүсээд байгаа гурав хоногийн хугацааг чинь олгоё.
Дон Франциско суллагдаад амлалтаа биелүүлэхээр одов. Харин ахмад Блад уужим сэтгэлийг далайн дээрэмтэй зохих хэмжээгээр нь хослуулбал заримдаа ашигтай ч байж болох юм гэж бодсоор хоцорлоо.
Дэд амбан гурав дахь хоног нь дуусч байхад мөнгө, алтан гулдмай ачсан луустай Маракайбод хүрч ирлээ. Хар арьстай боолчууд араас нь зуун толгой мал тууж авчрав.
Тэр малыг урьд нь ан гөрөө хийж байсан, мах бэлтгэн нөөцөлж чаддаг далайн дээрэмчдэд шилжүүлэв. Тэд долоо хоног эрэг дээр байж, малаа төхөөрөөд давсалжээ.
Блад хөлгүүдээ засварлаж, мах бэлтгэх зуур тэдний хувь заяаг аврах аргыг олохоор толгойгоо гашилгаж байлаа. Улаан арьстай тагнуулчид түүнд испаничууд “Сальвадор”-оос гучин их буу авч тэртэй тэргүй хүчирхэг цайзандаа авчирсныг мэдээлэв. Блад аргаа бараад тагнуулд өөрөө явах юм бол шинэ санаа төрж магадгүй гэж бодсон ажээ.
Тэгээд амиа дүйж, шөнийн харанхуйгаар, харгис испаничуудыг үзэн яддаг хоёр улаан арьстны хамт завиар арал руу очоод эргийг хучсан сөөгөн дунд нуугдаж, тэндээ үүр цайтал хэвтжээ. Дараа нь арлыг судлахаар ганцаараа явж, болгоомжлох ёстойг ч мартаж, цайзанд дөхөж очсон байна.


Top
   
PostPosted: May.09.13 12:36 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Тэр өөрийнхөө сэжиглэж байсан нэгэн зүйлийг тодруулахаар ийнхүү зориг гаргасан юмсанж.
Бладын мөлхөж гарсан өндөрлөг цайзнаас ойролцоогоор нэг миль орчим зайд орших ажээ. Тэндээс цайзны доторхи байрлал алган дээр тавьсан мэт илхэн харагдана. Тэр дурандаж, өөрийнх нь таамаг зөв байсныг олж харлаа. Цайзны бүх их буунуудыг тэнгисийн зүг чиглүүлэн зоосон байлаа.
Ахмад Блад Маракайбод сэтгэл хангалуун буцаж ирээд Пит, Хагторп, Ибервиль, Волверстон, Дайк болон Огл нарыг цуглуулж, цайзыг эх газар руу харсан талаас нь довтлох санал гаргав. Түүний төлөвлөснөөр, тэд шөнийн харанхуйд арал дээр сэмхэн гараад испаничуудыг гэнэдүүлэн довтолж, их буугаа зөөж байрлуулахаас өмнө амжиж цохих ёстой байв. Гэвч эрсдэлд орохоос буцдаггүй Волверстоноос бусад бүх офицер энэ саналыг хүйтнээр хүлээж авлаа.
Хагторп шууд эсэргүүцэв.
– Питер ээ. Энэ чинь тун ч хөнгөмсөг алхам байна -гэж Хагторп ширүүн хэлээд толгойгоо сэгсрэв.
– Бид цайз руу уулгалан дайрч болохоор ойр зайд мэдэгдэлгүй дөхөж чадахгүй гэж чамд бодогдохгүй байна уу? Испаничууд биднийг илрүүлээд зогсохгүй их буунуудаа зөөж амжина. Цайз руу нууцаар дөхөж чадсан ч их буунууд маань байхгүй болохоор хөнгөн зэвсэгтэй довтлох болно. Каузакийг биднээс салсаны дараа үлдсэн гурван зуун хүн цайзанд хориглосон хоёр дахин олон дайсан руу довтолж болно гэж чи үзээд байгаа юм уу?
Дайк, Огл, Ибервиль, тэр ч байтугай Пит хүртэл түүний бодлыг дэмжин шуугилдав. Блад татгалзсан яриаг анхааралтай сонсч, бүх боломж болон эрсдэлийг тооцсон хэмээн нотлохыг оролдлоо...
Тэгээд үгний дундаас яриагаа тасалж эргэцүүлснээ сэтгэл нь сэргэж нүд нь гялалзлаа.
Улмаар хэсэг зуур толгойгоо унжуулан бодлогоширч, “тийм”, “үгүй” гэж өөртэйгээ бувтнан ярьж байснаа офицерууд руугаа эрсхэн харлаа.
– Та нар сонсоцгоо! Эрсдэл нь хэтэрхий их, та нарын зөв юм байна. Гэхдээ би арга олчихлоо. Энэ нь хуурамч довтолгоо байх болно. Ийм нэг төлөвлөгөөг та нар хэлэлцээд үзээч!
Блад бодол санаагаа хурдан бөгөөд ончтой яривал офицеруудынх нь царай гийлээ. Түүнийг товчхон ярьж дуусгамагц бүгдээрээ нэгэн дуугаар “Бид аврагдлаа” гэж дуу алдав.
Хариуд нь Блад:
– Үүнийгээ батлах л хэрэгтэй байна даа гэлээ.
Тэр үед аянд гарах бэлтгэл хангагдаж, саатаад байх шалтгаан үлдээгүй болохоор тэд Маракайбогоос маргааш өглөө нь хөдлөхөөр шийдэв.
Ахмад Блад өөрийнхөө төлөвлөгөөнд итгэлтэй байсан болохоор олзолсон хүмүүс, тэр ч байтугай өөрсдийн хууль ёсны олз гэж үзэж байсан хар арьстай боолчуудыг хүртэл суллахыг тушаалаа. Тэгээд болгоомжлох үүднээс тэднийг чулуун ханатай том сүмд хөөж оруулаад цоожилж орхив.
Хотын оршин суугчид эргэж ирсэнийхээ дараа тэднийг чөлөөлөх ёстой байжээ.
Дээрэмчид булааж авсан эд баялгаа онгоцондоо ачиж аваад тэнгисийг зорилоо. Хөлөг бүр гурван том завь чиржээ.
Адмирал үдийн нарны туяанд цайрах далайн дээрэмчдийн хөлгүүдийн дарвуулыг хараад алгаа үрж хорсолтойгоор хөхрөв.
- Ашгүй дээ гэж тэр баяртайгаар хэллээ. – Бурхан тэднийг миний гарт атгуулж байна. Эрт орой хэзээ нэгэн цагт ийм юм болох л ёстой байсан юм. Хэлээд өгөөч, ноёдоо! - хэмээн ард нь зогсч байсан офицерууддаа хандав.
- Миний таамаглал зөв л байгаа биз дээ? Тэгэхээр, нэг удаа өөрийгөө Педро Сангре гэж надад танилцуулж байсан тэр өөдгүй этгээдийн Испани улсын эрхэм дээд хааны албатуудад учруулсан жигшүүртэй хэрэг өнөөдөр дуусгавар болж байна.
Тэгээд шаардлагатай зааврыг өгч, цайз удалгүй зөгийний үүр шиг бужигнаж эхэллээ. Их буунуудын хажууд цэргүүд жагсч, их буучид уугиж буй бялтаа барьжээ. Гэтэл далайн дээрэмчид Лас Паламос руу дөхөж явснаа яагаад ч юм баруун зүгт илт даялаж эхлэв. Испаничууд энэхүү хачирхалтай үйлдлийг гайхан харцгаах ажээ.
Дөрвөн хөлөг цайзанд нэг миль хагас, харин эрэгт хагас миль дөхөж, өөрөөр хэлбэл гүехэн усанд ойртож очоод зангуугаа хаялаа. Испаничууд тэднийг сайн харж байсан боловч их бууных нь тусгалд арай л ороогүй байв.
Адмирал баярлан инээлээ:
– Тийм бий. Энэ англи ноход эргэлзээд байна! Бурхандаа тангараглая. Эд нар тэгэхээс өөр яахав!
Сэтгэл нь хөөрсөндөө дагжиж буй зээ дүү нь:
- Эд нар харанхуй болохыг хүлээж байна - гэвэл дон Мигель түүн рүү харж инээмсэглээд:
- Ийм нарийхан хоолойг миний их буунууд хамгаалж байхад харанхуй байгаад ч нэмэргүй. Эстебан минь, тайван бай. Өнөө шөнө бид миний дүү, чиний эцгийн өшөөг авна аа гэв.
Адмирал дурандвал дээрэмчид чирж явсан суман завиудаа онгоц руугаа татаж аваачлаа. Тэрбээр энэ үйлдлийн учрыг ойлгосонгүй. Дараачийнх нь үйлдэл түүнийг бүр ч илүү гайхшруулав. Завинууд хөлгийн цаагуур орж хэсэг зуур харагдахгүй болсоноо зэвсэглэсэн дээрэмчдийг дүүртэл нь аччихсан гарч ирээд арлыг зүглэж, өтгөн сөөгөөр хучигдсан эрэг рүү хөдөллөө. Адмирал нүдээ бүлтийлгэж, завинуудыг нүд салгалгүй ажиглавал эргийн шигүү ургамалд тулаад бараа нь тасрав.
Тэр офицеруудаасаа:
– Юу гээч чөтгөр нь болоод байна аа? - гэж асуув.
Гэвч хариулах хүн нэг ч байхгүй, бүгдээрээ л алсыг гайхан ширтэх ажээ.
Хоёр гурван мөчийн дараа Эстебан ахынхаа ханцуйнаас татаж хуруугаараа заагаад:
– Ахаа, хараач гэв.
Түүний заасан зүгт үнэхээр завинууд харагдаж, онгоц руугаа эргээд хөвлөө. Гэхдээ зэвсэглэсэн хүмүүс эрэг дээр хоцорч, зөвхөн сэлүүрчид нь үлдэж хоцорчээ.
Суман завинууд буцаж очоод зэвсэгтэй дээрэмчдийг эрэг рүү дахиад л зөөв. Эцэст нь испани офицеруудын нэг нь өөрийнхөө бодлыг илэрхийллээ.
- Эд нар хуурай газраар биднийг довтолж цайзыг эзлэх гэж оролдох байх.
- Тэгэлгүй яахав - гэж хэлээд адмирал инээв. – Би тэдний санааг ойлголоо. Бурхан хэн нэгнийг залхаая гэвэл эхлээд ухааныг нь самууруулдаг юм.
- Бид гэнэдүүлж дайрвал яасан юм бэ? - гэж Эстебан хөөрөн хэллээ.
- Гэнэдүүлж дайрна гэнэ ээ? Энэ шугуй дундуур уу? Биднийг түүгээд буудчихна шүү дээ. Үгүй дээ. Тэдний довтолгоог бид эндээ хүлээнэ. Дайрахаар нь дор нь устгачихна. Үүнд эргэлзэх хэрэггүй.
Үдэш нь адмирал өөртөө тийм ч итгэлтэй биш болсон байлаа. Учир нь, энэ хугацаанд далайн дээрэмчдийн суман завинууд эрэг дээр зургаан удаа дээрэмчдийг буулгаж, дор хаяж арван хоёр их буу зөөж авчрахыг дон Мигель дурангаар харсан ажээ.
Тэр инээхээ больж офицерууд руугаа эргээд бухимдаж, сэтгэл нь түгшсэн байдалтайгаар:
– Хэн гэдэг мануухай далайн дээрэмчдийн тоо гурван зуугаас хэтрэхгүй гэлээ дээ? Эд нар эрэг дээр хоёр дахин олон хүн буулгачихлаа шүү дээ гэлээ.
Адмирал гайхаж байв. Гэхдээ Лас Паламос арал дээр нэг ч дээрэмчин, нэг ч их буу буугаагүй гэдгийн мэдсэн бол бүр ч их алмайрах байсан нь гарцаагүй. Суман завинууд нэг хэсэг хүмүүсийг л нааш цааш нь зөөгөөд байсныг дон Мигель ойлгосонгүй. Тэд эрэг рүү явахдаа завин дотроо сууцгааж, харин хөлөг рүүгээ буцах үед завиныхаа ёроолд хэвтчихээд байсан болохоор алсаас завь хоосон мэт харагдсан юмсанж.
Цус урсгасан тулалдаанд орох нь гарцаагүй боллоо гэсэн испани цэргүүдийн айдас адмиралыг ч бас нөмөрлөө.
Испаничууд аймшигтай ахмад Блад бодож байснаас нь хоёр дахин олон хүнтэйг олж мэдээд шөнийн довтолгооноос зүрхшээж эхлэв.
Тэгээд испаничууд бүрэнхий болсоны дараа Бладын найдсан тэр үйлдлийг хийж, дээрэмчдийн тэгтэл үнэмшилтэй жүжиглэсэн хуурай газраас хийх довтолгоог няцаахад бэлтгэж эхлэв. Испаничууд заналтайгаар зүтгэж, нарийн хоолой руу буудахаар тооцоолон байрлуулсан нүсэр их буунуудаа зөөв.
Тэд орилж, ёолж, хөлсөө асгаруулж, офицерууддаа хараалган ташуурдуулж байж хүнд их буунуудаа цайзын эсрэг талын хана руу яаран сандран зөөлөө. Удалгүй эхлэх довтолгоог няцаахын тулд их буунуудыг дахин суурилуулах шаардлагатай байлаа.
Испаничууд харанхуй болох үед тулалдаанд ямар нэгэн хэмжээгээр бэлэн болсон байв. Тэд удалгүй эхлэх довтолгооноос үхтлээ айцгааж, их бууныхаа хажууд зогсоцгооно. Ахмад Бладын солиотой чөтгөрүүдийн аймшиггүй зүрх зориг Мэйний тэнгисүүдээр зүйр үг болон тархсан байжээ...
Испаничууд довтолгоог хүлээж байсан тэр үед далайн дээрэмчдийн хөлгүүд шөнийн харанхуйгаар халхавчилж, тэнгисийн татлагыг ашиглан зангуугаа чимээгүйхэн өргөлөө. Тэгээд гэрлээ асаагаагүй дөрвөн хөлөг байсхийгээд л усны гүнийг хэмжин тэмтэчсээр тэнгис рүү гардаг нарийхан хоолойг чиглэв. Ахмад Блад зориуд хар өнгөөр будсан хошууныхаа гурвалжин далбаанаас бусад бүх дарвуулаа хураахыг тушаалаа.
Эхэнд нь “Элизабет”, “Инфанта” хоёр зэрэгцэн хөвөх ажээ. Хоёр онгоц цайзын хажуугаар өнгөрөх үед эсрэг зүгт нь ажиглалт хийж байсан испаничууд хөлгүүдийн барааг ямар ч гэсэн харж, тэнгисийн усыг зүсэх хэрсэнгийн долгионы бүдэгхэн цалгиаг сонсчээ.
Яг энэ үед Вавилоны үймээнээс* хойш сонсогдоогүй хүн бусын галзуу ширүүн орилолдоон агаарт хадлаа. Испаничуудын дунд гарсан сандралыг дэврээхийн тулд тэнгисийн татлага хоёр хөлгийг цайзны хажуугаар хөөх үед зүүн хажуугийнхаа бүх их буугаар гал нээв.
Энэ үед л адмирал түүнийг мэхэлж, шувуухай торноосоо гараад нисэн одсоныг ойлгосон боловч яагаад ийм байдалд орсоноо ухаарч чадахгүй л байлаа. Дон Мигель галзууртлаа уурлаж, өчнөөн ажил удаж байж зөөсөн их буунуудаа хуучин байранд нь эргүүлэн авчрахыг тушаав. Тэгээд, тусгал ойртой болохоор зөөлгүй орхисон цөөн тооны жижиг их буу руу их буучдаа хөөж явуулав. Алт шиг үнэтэй хэдэн мөч өнгөрсний дараа их буунууд гал нээлээ.
Үүний хариуд бүх дарвуулаа дэлгэсэн “Арабелла”-гийн их буунууд аймшигтай хүчтэй гал нээв. Галзуурах шахсан испаничууд их бууны буудлагын гялбаанд хөлгийн улаан өнгөтэй их биеийг зэрвэсхэн хараад л өнгөрлөө. Хөлгийн татлагуудын чахрах дууг их бууны нүргээн дарж, “Арабелла” хий үзэгдэл мэт харанхуйд замхрав.
Испаничууд холдож байгаа хөлгүүдийг жижигхэн их буунуудаар буудсан хэвээр л байсан болохоор шөнийн харанхуйгаар халхавчилсны дараа мэхлэгдэж, гайхаш нь тасарсан испаничуудад байрлалаа мэдэгдэхгүйг хичээж, нэг ч удаа буудсангүй.
Далайн дээрэмчдийн хөлгүүдэд шальтай эвдрэл гарсангүй. Бладын нэгтгэл өмнө зүгийн эргийн салхинд хөөгдөн нарийн хоолойг туулаад задгай тэнгист гарлаа.
Харин дон Мигель Бладтай тооцоо бодох сайхан боломжийг алдсандаа харамсаж, Испани улсын хорин их буутай хоёр ч фрегатыг** олзолж, хоёр зуун тавин мянган песо болон бусад эд баялгийг нь хамаад арилсан Питер Бладын тухай христосын шашинтай хааныхаа Дээд зөвлөлд яаж илтгэхээ бодсоор арал дээр үлдэж хоцров. Дон Мигель дөрвөн галион төдийгүй далайн дээрэмчдийг занганд нь тогтоох хүчирхэг цайзтай байсан хэдий ч Блад мултраад явчихжээ.
Питер Бладын “өр” асар их болж, дон Мигель ямар ч үнээр хамаагүй хариугаа авахаа бурхан тэнгэрээрээ андгайлав.
Испанийн хааны гарз үүгээр дууссангүй.
Маргааш орой нь Бладын нэгтгэл Аруба арлын хажууханд дон Мигельд туслахаар бүх дарвуулаа дэлгээд яаран хөвөх “Санто Ниньтой таарчээ. Испаничууд эхлээд дайснаа дарсан дон Мигелийн ялгуусан нэгтгэл тэдний өмнөөс ирж явна гэж бодсон ажээ. Гэтэл хөлгүүд ойртсоны дараа “Арабелла”-гийн дунд шураг дээр Английн далбаа намирч испаничуудын урмыг хугалав. “Санто Ниньо”-гийн ахмад зүрх зориг амьдралд тэр бүр тус хүргэдэггүй гэж үзээд далбаагаа буулгасан байна.
Ахмад Блад испанийн хөлгийн багийнханд завинд шилжиж суугаад Аруба, Маракайбо руу ч юм уу, ер нь л хүссэн зүгтээ явахыг тушаав. Тэр маш өгөөмөр байсан болохоор чирж явсан суман завинуудаасаа хэд хэдийг тэдэнд бэлэглэсэн ажээ.
– Таныг очиход дон Мигель ааш муутай байх болно. Адмиралд мэнд дамжуулаад дараахи зүйлсийг зүрхлэн сануулж байна гэж хэлээрэй:
- Түүнтэй учирсан гай барцадад зөвхөн өөрийгөө л буруутгаарай. Барбадос арал руу довтлохыг өөрийнхөө дүүд зөвшөөрснөөс үүдсэн хор уршгийг л тэр амсч байна. Тэр цаашдаа өөрийнхөө чөтгөрүүдийг английн ямар нэгэн суурин руу турхирахаасаа өмнө гарах үр дүнг нь нухацтай бодож байг.
Блад “Санто Ниньо”-гийн ахмадыг ийм үгээр үдчихээд олзоо үзэхээр явлаа. “Арабелла”-гийн багийнхан олзолсон онгоцны хөндий рүү ордог тагийг онгойлговол тэнд амьд бараа байв.
– Боолчууд байна - гэж Волверстон хэлээд испаничуудыг хараах зуур онгоцны хөндийгөөс нарны хурц гэрэлд гялбасан нүдээ онийлгож, нүүрээ үрчийлгэсэн Каузак мөлхөж гарлаа.
Бретони хүн мэдээжээр зөвхөн нүд нь гялбасандаа үрчийгээгүй байлаа. Багийнхнаас нь үлдсэн цөөн хүн түүний хойноос мөлхөж гараад, тэд урваж, үхэл рүү нь түлхээд хаяж орхисон хүмүүс өөрсдийнх нь амийг аварч, тэднийг олны шившиг болгосон Каузакийг хамгийн муухайгаар хараав.
“Санто Ниньо” гурван хоногийн өмнө өгөөмөр зантай Бладын тэдэнд өгсөн нэг шурагт онгоцыг нь живүүлсэн байлаа.
Тэгээд Каузак дүүжлүүрээс арайхийн мултарч, олон жилийн турш “эргийн нөхөрлөл”-ийнхний элэг доог болсон юм.
Энэ явдлын дараа Тортуга арлынхан түүнийг удтал шоолж: “Чи Маракайбогоос олзолсон алтаа яачихсан гэлээ?” хэмээн тохуурхаж байсан билээ.


Вавилоны үймээн - Библьд бичсэнээр Вавилоны хаан Нимрода тэнгэрт тулсан цамхаг барихаар оролдсонд бурхан хилэгнэж хүмүүсийн хэлийг нь хольчихжээ. Үүнээс болоод хүмүүс бие биенээ ойлгохоо больж, барилгын ажил зогсч, олон хэл үүссэн ажээ. Ердийн ойлголтоор хуран цугласан үй олон хүний үл ойлголцсон, эмх замбараагүй явдлыг хэлнэ.
Фрегат** - Гурван шурагтай цэргийн хөлөг.


Top
   
PostPosted: May.09.13 4:13 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Гялалзагч

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: May.09.13 6:58 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Image
Image
Image
Image

_________________
...project Manhattan


Top
   
PostPosted: May.10.13 12:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3625
Location: Өвөлд
Шуурхай оруулж байгаад баярлалаа. :wd:


Top
   
PostPosted: May.10.13 1:58 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
XVIII бүлэг. “МИЛАГРОСА”

Маракайбод болсон үйл явдлыг ахмад Бладын удирдан явуулсан тулалдаануудын шигтгээ нь гэж үзэх ёстой юм. Джереми Питийн няхуур тэмдэглэж үлдээсэн олон тулалдааны алинаас нь ч ахмад Блад усан цэргийн жанжны авьяастай хүн байсныг ойлгож болно. Гэхдээ, дон Мигель де Эспиносын тавьсан занганаас мултарч ялгуусан ялалт байгуулсан Маракайбогийн тулалдааны үед Питер Бладын холч ухаан болон жанжны авьяас хамгийн тод илэрсэн билээ.
Блад үүнээс өмнө ч алдартай хүн байсан. Гэхдээ түүнийг нь удаа дараагийн тулалдааны явцад олж авсан асар өндөр нэр хүндтэй нь харьцуулах аргагүй юм. Ийм алдарыг нэг ч далайн дээрэмчин, тэр ч байтугай алдар суут Морган хүртэл олж чадаагүй юм.
Тортугад тэр хэдэн сарыг өнгөрөөж, түүнийг устгахаар зорьж ирээд олзлогдсон хөлгүүдийг төхөөрөмжилж, энэ хугацаанд омголон зантай “эргийн нөхөрлөл”-ийнхний шүтээн нь болжээ. Өчнөөн олон дээрэмчин Бладын удирдлаганд алба хаахыг нэр төрийн хэрэг гэж үзэж байв. Энэ нь, өөрийнхөө шинэ хөлгүүдийн багийн гишүүдийг сайтар шилж сонгох ховорхон боломжийг түүнд олгосон юм. Тэр дараагийнхаа аянд мордохдоо сайтар төхөөрөмжилсөн таван хөлөг, мянга гаруй далайн дээрэмчнийг удирдаж байжээ.
Энэ нь зүгээр нэг алдар нэр ч биш, томоохон хүч байлаа. Ахмад Блад испаничуудаас олзолсон гурван хөлгийн нэрийг өөрчилж, шог хошин зангаараа “Клото”*, “Лахезис”* болон “Атропос”* гэж нэрлэсэн бөгөөд эдгээр үг Бладтай тэнгист тааралдах испаничуудын хувь заяаг тэд шийднэ гэсэн утгатай юмсанжээ.
Далайн дээрэмчдийн энэхүү нэгтгэлийн сураг испанийн адмиралыг Маракайбогийн хажууд бут цохисон тухай мэдээний дараа Европт хүрч шуугиан дэгдээв. Хэрэв та тэр үеийн дипломат харилцаатай холбогдох зузаан бөгөөд зарим нь тийм ч найрсаг биш бичиг баримтуудыг сөхөж үзэх юм бол Испани болон Англи улс янз бүрийн шалтгаанаар далайн дээрэмчдээс эмээж байсныг олж мэдэх болно.
Мигель де Эспиноса энэ үед галзуурах шахаад байлаа. Учир нь, ахмад Бладад ялагдсаны дараа дээдсийн ивээлээс гарч, түүндээ шаналаад ухаан мэдрэлээ алдсан юм байжээ. Хэрэв тал тохой таталгүй тунгаах юм бол дон Мигелийг өрөвдөхгүй байхын аргагүй. Тэр өдөр бүр өшөө хорслоор тэжээгдэж, хонзонгоо авах хүсэл нь түүнийг өт хорхой адил химэлж байлаа. Тэр дайснаа хайж, Карибын тэнгисээр галзуурсан мэт бачимдан тэнүүчилж, олдохгүй болохоор нь өшөө хорслоо бага ч атугай нимгэлэхээр англи болон францын хөлгүүд рүү уулгалан довтолж байсан ажээ.
Шуудхан хэлэх юм бол усан цэргийн нэрт жанжин бөгөөд Испанийн хамгийн нөлөөтэй язгууртны нэг самгардаж, Бладын хөлгүүдтэй хөөцөлдөж явсаар өөрөө далайн дээрэмчин болчихсон юм. Хааны зөвлөл үүнийг нь буруушааж байсан нь мэдээж. Гэхдээ өршөөл гуйх найдвараа барсан ялтай хүнийг буруушаагаад яах ч юм билээ?
Харин тэр ахмад Бладыг барьж аваад дүүжилчихвэл Испани улсын сор болсон хэд хэдэн усан онгоцыг алдсан гэм нүглийг нь бага ч атугай цайруулж магадгүй л юм.
Ийм ч учраас испанийн адмирал, Блад түүнээс хол давуу хүчтэй болсон хэдий ч зах хязгаар нь харагдахгүй цэлийсэн тэнгисийн хаана яваа нь ч мэдэгдэхгүй далайн дээрэмчнийг уйгагүй хайсаар л байлаа.
1688 оны есдүгээр сарын 15-ны өдөр гурван хөлөг Карибын тэнгисийн усыг ярсаар хөвж явлаа.
Тэдний эхнийх нь далайн дээрэмчдийн манлай хөлөг “Арабелла” байв. Ахмад Бладыг Бага Антилын арлуудын орчимд явахад нь далайн догшин шуурга дэгдэж, нэгтгэлийнхээ бусад хөлгүүдээс тэр төөрчихсөн юм байжээ. Энэхүү бүгчим улиралд зонхилдог зүүн өмнөдийн эргийн сэвшээ салхи “Арабелла”-г Салхины дээрхи хоолой руу хөөх ажгуу. Блад бие биеэсээ төөрсөн далайчид уулздаг цорын ганц газар болох Тортуга арал руу яаран хөвж байжээ.
Харин хоёр дахь хөлөг нь өширхөг зантай дон Мигелийн “Милагроса” хэмээх асар том галион байлаа. Түүнд туслах ёстой “Гидальго” гэдэг фрегат тэгэхэд Гаити арлын баруун өмнөд эрэг орчимд отолт хийж байжээ.
Бидний сонирхолыг татах учиртай гурав дахь хөлөг бол тэр өдөр Гаитийн баруун хойт эрэг орчимд, Францын Сен-Никола боомтонд зангуугаа хаяад зогсч байсан английн цэргийн хөлөг байв. Тэр хөлөг маш чухал зорчигч болох лорд Джулиан Уэйдийг Плимүтээс Ямайка руу хүргэж явсан юмсанж. Уэйдийн хамаатан лорд Сэндэрлэнд Англи болон Испанийн таагүй харилцаатай шууд холбоотой нилээд хариуцлагатай бөгөөд төвөгтэй даалгавар түүнд өгсөн байлаа.
Франц болон Англи улсын засгийн газрууд Испани улстай явуулж буй тэртэй тэргүй хүйтэрсэн харилцааг далайн дээрэмчид улам муутгаж байгаад ихээхэн цухалдаж байжээ. Тийм болохоор дээрэм тонуулыг зогсоохоор дэмий оролдож, далайн дээрэмчидтэй маш хатуу харьцахыг эзэмшил нутгуудынхаа амбан захирагч нараас шаардаж байсан юм.
Гэтэл Тортуга арлын амбантай адил төстэй захирагч нар далайн дээрэмчидтэй нууцаар хуйвалдан баяжиж, зарим нь ч Гаити арлын францын хэсгийн амбаны нэгэн адил хүчирхэг бөгөөд шунахай Испанийг тогтоон барихад далайн дээрэмчид чухал үүрэг гүйцэтгэдэг болохоор тэднийг устгах биш, харин ч сайшаах хэрэгтэй гэж үзэж байлаа. Тийм ч учраас амбан захирагч нар хоорондоо үгсэн тохиролцоогүй хэр нь далайн дээрэмчид дайжиж, үйл ажиллагаагаа өөр бүс нутаг руу шилжүүлэх хэмжээний ямар нэгэн шийдэмгий арга хэмжээ авахаас цааргалдаг байсан ажээ.
Тэр үед Английн Яков хаан Испани улстай харилцаагаа сайжруулахыг гадаад хэргийнхээ сайд лорд Сэндэрлэндээс шургуу шаардаж байв. Харин Испани улсын элчин сайд засгийн газрынхаа нэрийн өмнөөс дургүйцлээ удаа дараа илэрхийлж, Ямайка арлын амбан захирагчаар шийдэмгий хүнийг сонгуулах хүсэлтэйгээ мэдэгдэж байжээ. Тэрхүү шийдэмгий хүн нь Барбадосын нөлөө бүхий тариалангийн эзэн хурандаа Бишоп байв.
Хурандаа Питер Бладтай хувийнхаа тооцоог хурдхан бодохыг хүсч байсан болохоор амбан захирагчийн тушаалыг онцгой хичээл зүтгэлтэй хүлээж авсан ажээ.
Тэр асар их баялгийн эх булаг болсон эдлэнгээ орхиод, Ямайкад очсон даруйдаа далайн дээрэмчидтэй найзлах хүсэлгүй байгаагаа шуудхан харуулав. Тэдний олонхи нь муугаа үзлээ. Зөвхөн Бишопын боол байсан нэг дээрэмчин л гарт нь орж өгөхгүй мултарчихаад байв. Тэр тэнгист болон хуурай газар дээр испаничуудыг аймшиггүйгээр түгшээсээр л байлаа. Европт энх тайвныг маш их хүчин чармайлт гарган хадгалж байсан тэр үед Бладын зоригтой дайралтууд Англи-Испанийн хүйтэрсэн харилцааг улам муутгаж байсан нь мэдээж билээ.
Өдөр тутмын бухимдал болон ахмад Бладын учрыг олж чадахгүй байна гэсэн Лондонгийн тоо томшгүй олон донгодлого хуримтлагдсаар Бишоп солиорох шахаж, дайсныхаа түшиц газар болсон Тортуга арал дээр бариад авья гэж нухацтай бодох болжээ. Түүний аз болоход арлын байгалиас заяасан бэхлэлт төдийгүй, Франц улс Тортугааг далайн дээрэмчдээс чөлөөлөх санааг нь дээрмийн довтолгоо, нөхөрсөг харилцаатай улсыг доромжилсон хэрэг гэж үзэхээс болгоомжилж бодлоо хэрэгжүүлээгүй билээ. Гэсэн хэдий ч хурандаа Бишопт ямар нэгэн шийдэмгий арга хэмжээ авахгүй бол ерөөсөө юу ч өөрчлөгдөхгүй гэж санагдах болжээ. Энэ бодлоо тэр гадаад хэргийн сайдад бичсэн байна.
Бодит байдлыг ерөнхийдөө зөв дүгнэсэн энэ захидлыг лорд Сэндэрлэнд уншаад цөхрөв. Тэр энэхүү таагүй асуудлыг ердийн аргаар шийдэх боломжгүй, онцгой арга хэмжээ шаардлагатай гэдгийг ойлгож байсан юм. Тэгээд Карл II-ын үед Морганыг эзэн хааны албанд татан оруулсны нэгэн адил далайн дээрэмчдийн хувьд хүндэтгэлтэй энэ аргаар ахмад Бладын асуудлыг шийдэж болох юм гэж бодсон ажээ. Лорд Сэндэрлэнд Бладын хууль бус үйл ажиллагааг түүний муу авьяастай биш, зөвхөн Барбадос руу авчирсан аргагүй нөхцөл байдалтай холбож үзээд, эрсдэл дагуулдаг энэ ажлаасаа салах бололцоо олдсонд ахмад Блад баярлаж болох юм гэж найдаж байжээ.
Сэндэрлэнд энэ дүгнэлтэндээ тулгуурлан арга хэмжээ авч, өөрийнхөө хамаатан Джулиан Уэйдэд овог нэрнээс бусдыг нь бөглөчихсөн офицерын эрхийн хэд хэдэн бичиг өгөөд Ямайка арал руу явуулсан юм байжээ. Сайд түүнд ямар чиг шугам баримтлах тухай тодорхой зааварчилга өгч, тэгэхдээ даалгаврыг нь биелүүлэхдээ бие дааж шийдвэр гаргах эрх олгосон байв. Сэндэрлэнд далдуур хутган үймүүлэхдээ гарамгай, зальтай улс төрч байсан болохоор Блад дуу шуу муутай байх, эсвэл Уэйд ямар нэгэн шалтгаанаар эзэн хааны албанд түүнийг татах нь ашиггүй гэж үзвэл офицеруудынх нь толгойг эргүүлэн Бладын нөлөөг сулруулж, хурандаа Бишопын идэш болго гэж хамаатандаа зөвлөсөн ажээ. Боломжийн боловсролтой боловч бага зэрэг дэггүй явдалтай, өөлөх аргагүй тансаг хувцасладаг лорд Сэндэрлэндийн элчийн аялж явсан “Ройял Мэри” хөлөг Ямайкад хүрэх замын сүүлчийн зогсоол болох Сен-Николад сайн хүрчээ. Джулиан эхлээд Порт-Ройял дахь амбан захирагчтай уулзаж, тэндээсээ алдар суут далайн дээрэмчинтэй учрахаар Тортуга руу явахаа бүр Лондонд шийдчихсэн байв. Гэтэл амбан захирагчтай уулзахаас өмнө лорд Джулианд аз таарч, Сен-Николад суудаг хамаатныдаа айлчилж, энэ улиралд болдог Ямайкийн тэсвэрлэх аргагүй аагим халууныг тэндээ өнгөрөөгөөд буцаж буй зээ дүүтэй нь танилцсан ажээ.
Лорд Джулиан бүсгүй хамт явах болсонд их баярлажээ. Үүнээс өмнө аян түүнд зүгээр л сонирхолтой байсан бол одоо гайхалтай сонин болжээ. Учир нь, эрхэм дээдэс бүсгүйчүүдээс хол явна гэдэг нь өрөвдөлтэй, учир утгагүй, үлгэн салган амьдрал гэж боддог сээтгэнүүр эр юмсанж.
Хатагтай Арабелла Бишоп шулуухан бөгөөд ил тод зантай, ёсорхож цэмцэгнэдэггүй, бараг л эрэгтэй хүүхэд шиг дураараа загнадаг бүсгүй болохоор лорд Уэйд шиг хорин найман настай, туранхай болохоор байгаагаасаа өндөр харагддаг хүнд Лондон хотын ихэсийн хүрээлэнд байсансан бол хараагаа тусгаад байх бүсгүй биш байв. Эрхэм дээдсийн зууван нүүр, эмзэг уруултай цонхигор бөгөөд цэвэрхэн царайг алтан шаргал хиймэл үс хүрээлж, цайвар цэнхэр нүд нь түүнийг санааширсан, илүү оновчтой хэлбэл ноомой бөгөөд гунигтай харагдуулах ажээ. Тэр бүсгүйчүүдтэй найзлах туршлагатай эр байсан бөгөөд түүний анхаарлыг гунигтай, дорой, гэхдээ эелдэг зөөлөн ааштай бүсгүйчүүд татдаг байжээ. Хатагтай Бишоп дур булаам бүсгүй гэдэг нь маргаангүй. Гэхдээ түүнийг нь зөвхөн цагаан санаатай, хурц ухаантай хүн цэгнэж чадах байв. Гэтэл лорд Джулиан хэдийгээр болхи эр биш ч, хангалттай эелдэг хүн ч бас биш байв. Гэхдээ энэ үгийг эрхэм дээдсийн нэр төрийг хугалах зорилготой ёгт сануулга гэж бүү бодоорой.
Арабелла Бишоп ямар ч гэсэн маш сайн гэр бүлээс гаралтай, залуухан, сонирхолтой эмэгтэй байсан бөгөөд лорд Джулианы ирсэн газарзүйн өргөрөгт энэ нь ховорхон зүйл байв. Харин эрхэм дээдэс хэргэм зэрэг болон буурь суурьтай, найрсаг бөгөөд ордны ааш маягтай, амьдралынхаа ихэнх хэсгийг Антилын арлууд дээр өнгөрөөсөн Арабеллагийн хувьд зөвхөн сонссоноос цаашгүй асар том иргэншлийн төлөөлөгч байжээ. Тийм болохоор тэд “Ройял Мэри” Сен-Николагаас гарахаас ч өмнө бие биеэ сонирхож эхэлсэнд гайхах хэрэггүй биз ээ. Тэдний аль аль нь нөгөөгийнхөө мэдэхгүй олон сонин зүйл ярьж чадах байв. Эрхэм дээдэс бүсгүйд Сент-Джеймсийн ордны сонирхолтой түүхүүдийг ярьж, ихэнхэд нь өөрийнхөө гүйцэтгэсэн баатарлаг үүргийг хавчуулж чадах байлаа. Харин бүсгүй эрхэм дээдсийг анхлан хөл тавьж буй Шинэ ертөнцийн тухай мэдээллээр хангаж чадах байсан юм.
Тэд Сен-Никола арлын бараа тасраагүй байхад сайн нөхөд болцгоож, эрхэм дээдэс бүсгүйн тухай анхныхаа сэтгэгдэлд засвар оруулж амжсан бөгөөд эрэгтэй хүн бүртэй ах дүү мэт нөхөрсөг, илэн далангүй харьцдаг эмэгтэйн шулуухан зан сэтгэлийг нь татсан ажээ. Авсан даалгавар нь Уэйдийн толгойноос гарахгүй байсан болохоор бүсгүйтэй ахмад Бладын тухай ярьж эхэлсэнд гайхах хэрэггүй болов уу.
Тэр хитгэн дээгүүр зугаалж явах үедээ:
– Та Бладыг харж байсан эсэх нь надад сонин байна? Тэр нэг хэсэг ахын чинь эдлэнд ажиллаж байсан шүү дээ гэв. Хатагтай Бишоп зогсч тохойгоороо хашлага тулаад тэнгэрийн хаяанд далдарч буй арлыг харлаа. Тэгээд хэдэн мөч дуугүй зогссоны эцэст тайван бөгөөд намуухан хоолойгоор хариуллаа.
– Би түүнтэй байсхийгээд л таардаг байсан. Түүнийг маш сайн мэднэ.
– Тийм үү? Үгүй байлгүй дээ!
Эрхэм дээдэсийн сэтгэл нь хөдөлсөндөө бусдад харуулахыг хичээж явдаг хэнэггүй байдал нь ялигүй өөрчлөгдөж, тийм ч болохоор ажигч хүн атлаа Арабелла Бишопын хацар улайхыг анзаарсангүй.
Арабелла хайхрамжгүй царай гаргав:
– Яагаад үгүй гэж?
Харин Уэйд бүсгүйн хоолой сэжиг төрмөөр амгалан байгааг анзаарсангүй.
– Тийм дээ - гэж тэр хэлээд толгойгоо дохисон боловч үнэн хэрэгтээ өөр юм бодож байжээ. – Мэдээжийн хэрэг. Та таньдаг байж бололгүй яахав. Таны бодлоор тэр ямархуу хүн бэ?
– Тэр үед би түүнийг зовж яваа хүн гэж бодоод хүндэлдэг байсан юм аа.
– Та амьдралынх нь түүхийг мэдэх үү?
– Тэр надад ярьсан. Тийм ч болохоор өөрийнхөө зовлонг үүрсэн тэр гайхалтай тэвчээрийг би үнэлдэг. Харин далайн дээрэмчин болсноос нь хойш би үнэнээ ярьсан гэдэгт эргэлзэх болсон доо.
– Хэрэв та Монмутын босогчдыг ялласан шүүгч шударга биш явдал гаргасан эсэхэд эргэлзэж байгаа бол Бладын яриа үнэн. Тэр Монмутын үймээнд оролцоогүй, түүнийг хүн бүр мэдээд байдаггүй хуулийн зүйл ангиар ялласан нь одоо нэгэнт тодорхой болсон. Эмч хүний үзүүлэх ёстой жирийн нэг тусламжийг урвалт гэж үзсэн байна лээ. Нэр төрөөрөө тангараглахад тэр өшөөгөө ямар нэгэн хэмжээгээр авч чадлаа.
– Тийм ээ - гэж бүсгүй аяархан хэллээ. – Гэхдээ өшөө авалт нь л түүнийг баллачихлаа даа.
– Баллачихсан гэнэ ээ? – гэснээ лорд Уэйд инээв.
– Би таны бодлыг зөв гэж бодохгүй байна. Тэр баяжиж, испаничуудаас дээрэмдсэн олзоо алтаар худалдаад Францад хадгалчихсан гэж сонссон юм байна. Түүний ирээдүйн хадам эцэг д’ Ожерон л хөрөнгөнд нь санаа тавьсан хэрэг л дээ.
– Түүний ирээдүйн хадам эцэг гэнэ ээ? - гэж Арабелла асуувал нүд нь гайхсандаа бүлтийв. – Тортуга арлын амбан захирагч д’ Ожерон уу?
– Тийм ээ. Блад хүчтэй хамгаалагчтайг та харж байгаа биз дээ. Би Сен-Николагаас энэ мэдээг аваад урам зориг минь их хугарлаа. Яагаад тэр вэ гэвэл лорд Сэндэрлэндийн өгсөн даалгаврыг биелүүлэхэд д’ Ожерон хүндрэл учруулах болно. Би энэ мэдээнд баярлахгүй байгаа. Харин таны хувьд энэ нь шинэ мэдээ юм аа даа? Бүсгүй дуугүйхэн толгой дохиод хитэгний ард шоржигнох усыг харж зогслоо. Тэгсэнээ ярьж эхэлбэл хоолой нь дахиад л амгалан бөгөөд хайхрамжгүй болсон байв:
– Энэ бүгдийн учрыг олоход надад хэцүү байна. Хэрэв таны яриа үнэн юм бол тэр одоо далайн дээрэм хиймээргүй юм. Хэрэв тэр... хэрэв л хэн нэгэн эмэгтэйд дурлаад гэрлэх гэж байгаа, тэгтэлээ баяжчихсан юм бол амьдралаараа дэнчин тавих ямар хэрэгтэй юм бэ?
– Таны зөв. Ямар учиртайг нь надад тайлбарлаж өгөх хүртэл би ч бас ингэж бодож байлаа. Хэргийн учир д’ Ожеронд байгаа юм. Тэр сувьдаг хүн. Харин хатагтай бол Блад шиг хүнд таарахаар их зэрлэг бүсгүй гэсэн. Яагаад Блад гэрлэж, хөлгөн дээрээ хоёулаа амьдарч, хамтдаа дээрэм тонуул хийдэггүй юм бол доо. Бүсгүйн хувьд энэ нь шинэ сонин зүйл биш. Би Бладын тэвчээрийг л гайхаж байна. Тэр бүсгүйн сэтгэлийг татах гэсэндээ хүн алчихсан удаатай юм.
– Хүн алсан гэнэ ээ? Бүсгүй хүнээс болоод тэр үү?
– Тийм ээ. Левасёр гэдэг франц дээрэмчнийг алчихсан юм гэнэ лээ. Тэр франц хүн бүсгүйн хайртай залуу, Бладын үйлдсэн ямар нэг балмад явдлын хамсаатан байж. Блад тэр бүсгүйн хайрыг татахаар оролдож, гартаа оруулахын тулд Левасёрыг алчихсан юм. Ой гутмаар түүх шүү. Яалтай ч билээ дээ. Энэ хязгаарт амьдардаг хүмүүс өөр ёс суртахуунтай юм байна... Арабелла үхдэл мэт цайсан нүүрээ өргөвөл хархан нүд нь гялалзаж, Бладыг зөвтгөх гэсэн оролдлогыг тасаллаа.
– Таны зөв юм шиг байна. Хэрэв хамсаатнууд нь энэ хэргийн дараа түүний амийг өршөөсөн юм бол нээрээ л өөр ёс суртахуунтай хязгаар гэхээс өөр яах вэ.
– Яалаа гэж дээ. Бүсгүйн асуудлыг шударга халз тулалдаанаар шийдсэн юм гэнэ лээ.
– Хэн танд ингэж хэлэв?
– Сен-Николагийн боомтын жижигхэн гуанзанд надтай таарсан Каузак гэдэг франц хүн хэлсэн юм. Тэр Левасёрын дэслэгч байсан, түүний халз тулалдаан дээр байлцсан гэсэн.
– Халз тулалдаан дээр тэр бүсгүй байсан юм болов уу?
– Бүсгүй тэнд байсан. Блад андынхаа учрыг олчихоод бүсгүйг дагуулаад явчихсан гэнэ лээ.
– Тэгээд Левасёрын талынхан яваад өгөхийг нь зөвшөөрсөн хэрэг үү? – Бүсгүйн хоолойд эргэлзсэн өнгө илрэв: – Би ийм үлгэрт итгэхгүй. Хэзээ ч итгэхгүй!
– Үүний чинь төлөө би таныг хүндэлж байна аа, хатагтай Бишоп оо. Чухам юу болсон тухай Каузак тайлбарлаж өгөхөөс өмнө би ч бас итгэхгүй байсан юм.
– Юу гэнэ ээ? – Арабеллагийн урам зориг мохож, эргэлзэж эхлэв. Тэнгис хэдийгээр амгалан байсан боловч бүсгүй ус руу унахаас айсан мэт тавцангийн хашлаганы бариулаас тас зуурсан байлаа. Хожим нь Уэйд энэ мөчүүдийг дурсан санахдаа бүсгүйн зан авир нилээд хачирхалтай байсан боловч түүнийг нь анзаарсангүй дээ гэж бодсон ажээ.
– Блад тэр бүсгүйг далайн дээрэмчдээс хорин мянга гаруй песогийн үнэтэй сувдаар худалдаад авчихсан юм. – Эрхэм дээдэс зэвүүцэн инээв: – Давгүй үнэ шүү! Нэр төрөөрөө андгайлья. Тэд бүгдээрээ л өөдгүй новшнууд... Уучлаарай, хатагтай. Энэ мэт түүх эмэгтэйчүүдийн сонсох зүйл биш.


“Клото”, “Лахезис” болон “Атропос” - Эртний домгийн хувь заяаны бурхад.


Top
   
PostPosted: May.10.13 2:05 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Бүсгүй эрхэм дээдсээс нүдээ салгавал тэнгэрийн хаяа, тэнгэр, хөлгийн шургууд хүртэл бүдгэрч, нулимстай нүдээр юм харж байгаа мэт бүрэлзэхээр нь их гайхлаа. Гэвч Арабелла биеэ барьж, хэдхэн хормын дараа урьдынхаа нэгэн адил жигдхэн хоолойгоор ярьж сонирхсон асуултаа тавилаа.
– Тэр франц хүн энэ жигшүүртэй түүхийг яах гэж ярьсан юм бол? Ахмад Бладыг үзэн яддаг хүн байсан юм болов уу?
Лорд Уэйд үгээ удаан зөөж:
- Би тэгж бодохгүй байна. Надад л лав тийм сэтгэгдэл төрөөгүй. Тэр надад хэлэхдээ... улиг болсон, далайн дээрэмчдийн амьдралын чихэнд чийртэй түүх гэж ярьсан шүү.
- Улиг болсон гэнэ ээ? Бурхан минь! - гэж бүсгүй дуу алдав.
- Хатагтай Бишоп оо. Бид бүгд соёл иргэншил гэдэг нимгэхэн бүрхүүл дотор байгаа зэрлэгүүд юм шүү дээ. Харин тэр Блад Каузакийн ярьснаар бол чадвартай хүн бололтой. Урьд нь анагаах ухааны бакалавр байсан юм билээ.
-Тийм ээ, энэ үнэн шүү - гэж бүсгүй дөнгөж сонсогдохоор шивнэв.
- Тэр гадаад улсын усан болон хуурай замын цэрэгт алба хааж, де Ритёрын удирдлаган дор дайтаж байсан гэх Каузакийн үгэнд итгэж чадахгүй л байна.
- Энэ чинь бас л үнэн - гэснээ бүсгүй санаа алдлаа. – Тэр Каузак чинь түүнийг сайн мэддэг юм байна. Харамсалтай л юм даа.
– Та үүнд харамсаж байгаа юм уу?
Арабеллагийн царай нь цонхийж, нүд нь байж ядан гялалзав:
– Бид хүндэлдэг хүнээ нас барахаар эмэгнэдэг. Би урьд нь зүдэрсэн, тэгэхдээ хүндлэх ёстой хүн юм гэж бодож харьцдаг байсан. Харин одоо... - гэснээ муухан мушилзаж: – Одоо бол ийм хүнийг мартах нь зөв биз дээ - гэснээ яриагаа өөр сэдэв рүү чиглүүлэв.
Арабелла Бишоп, лорд Уэйд хоёрын үерхэл богинохон хугацаанд дотносон бэхжив. Ийм нөхөрлөлийг урин дуудна гэдэг нь Арабеллагийн агуу увидас байсан юм. Гэвч эрхэм дээдсийн жуулчлалын хамгийн тааламжтай хэсгийг баллаж орхисон нэгэн тоогүй үйл явдал удалгүй болсон ажээ.
Эрхэмсэг лорд, хонгор бүсгүй хоёрын таатай аялалыг Сен-Николагаас хөдлөөд хоёр хонож байхад нь нөгөө л испанийн галзуу адмирал тасалдуулжээ. “Ройял Мэри”-гийн ахмад зоригтой далайчин байв. Тэр Мигелийг гал нээхэд нь ч сүрдсэнгүй. Испанийн хөлгийн усан дээр сүндэрлэх их бие хорхой хүргэмээр бай байсан болохоор санамсаргүй таарсан дайсандаа таарах хариуг нь өгөхөөр шийдсэн байна. Испанийн далбаа мандуулсан хөлгийн ахмад бүтэхгүй юм руу тэмүүлээд байгаа юм бол хүслийг нь хангаад өгье л дөө.
Хэрэв “Милагроса“-гийн нэгэн оновчтой буудлага “Ройял Мэри”-гийн тавцангийн урд хэсэгт хураасан торхтой дарийг онож дэлбэлээгүй бол тэр өдөр Мигель де Эспиносын далайн дээрмийн үйл ажиллагаа шившигтэйгээр дуусах байсан байж ч болох л юм. Тэр дэлбэрэлтээр бүр тулалдаан эхлэхээс өмнө английн хөлгийн бараг л тэн хагас нь сүйдсэн юм. Эрэлхэг ахмад амь үрэгдэж, мөрдөн байцаалт явуулах боломжгүй байсан болохоор торхтой дарь яахаараа хөлгийн тавцан дээр гарчихсаныг хэн ч, хэзээ ч олж мэдэхгүй биз ээ.
“Ройял Мэри” ганцхан хормын дотор зэрэмдэглэгдээд, удирдлагаа алдан усан дээр арчаагүй дайвалзаж, ахмад болон багийн нэг хэсэг нь үрэгдсэн байв. Улмаар, амьд мэнд үлдсэн английн усан цэргүүдийг сэхээ авахаас өмнө испаничууд хөлгийг нь дэгээдчихсэн байжээ.
Дон Мигель “Ройял Мэри”-гийн тавцан дээр ялгуусан дүртэйгээр гарч ирэх үед Арабелла Бишоп ахмадын өрөөнд байсан бөгөөд харин лорд Джулиан бүх юм сайн сайхан төгсөнө хэмээн бүсгүйг тайвшруулж, сэтгэлийг нь сэргээхээр оролдож байлаа. Джулиан Уэйд өөрөө ч тийм тайван биш, царай нь ердийнхөөсөө илүү цайсан харагдана. Гэхдээ түүнийг аймхай хүн гэж үзэж болохгүй байх. Тэнгисийн ёроол руу юу юугүй живэх гэж байгаа модон онгоцон дээр таньж мэдэхгүй дайсантайгаа хийх гардан тулалдааны тухай бодож сууна гэдэг нь хуурай газар давгүй зоригтой байдаг хүний хувьд ч гэсэн тийм ч аятайхан биш шүү дээ.
Аз болоход хатагтай Бишоп тайвшруулаад байхаар сулхан эмэгтэй биш байлаа. Түүний царай мэдээжээр ялигүй цайж, хар нүд нь ердийнхөөсөө арай илүү дүрлийжээ. Гэхдээ бүсгүй биеэ сайн барьж, ахмадын ширээн дээрээс тонгойж, айсандаа болоод хөлнийх нь хажуугаар мөлхөж явсан эрлийз зарц эмэгтэйг тайвшруулах сэхээтэйгээ л байв.
Хаалга онгойж, чацархаг, наранд борлосон нүүр, бүргэдийн хамартай дон Мигель орж ирлээ. Лорд Джулиан түүн рүү эргээд гараа илднийхээ бариул дээр тавив.
Гэсэн хэдий ч испани хүн олон юм ярилгүй шуудхан л ажил хэрэгтээ орлоо:
– Битгий тэнэглэ. Онгоц чинь живж байна.
Дон Мигелийн ард дуулгатай хэд хэдэн хүн зогсч байсан болохоор Джулиан байдлыг хоромхон зуур цэгнэв. Тэр илднийхээ бариулыг тавибал мэс хуй руугаа зөөлхөн гулсаж орлоо. Дон Мигель инээж, цагаан шүдээ гялалзуулан илд рүү нь гараа сунгаад:
– Та зөвшөөрөөч гэлээ.
Лорд Джулиан эргэлзэж, Арабелла руу харвал биеэ давгүй барьж байсан бүсгүй:
– Өгчихсөн нь дээр байх гэж бодож байна гэв. Эрхэм дээдэс мөрөө хавчсанаа илдээ хураалгалаа.
– Одоо миний хөлөг рүү явцгаа - гэж хэлснээ Мигель өрөөнөөс гарав.
Захиран тушаах аястай хэлсэн энэ урилгыг няцаая гэж хэн ч бодсонгүй. Яагаад тэр вэ гэвэл испани хүн хүчирхэг байсан бөгөөд ер нь живж буй онгоцон дээрээ үлдэх нь учир утгагүй хэрэг байв. Тэд хэдэн мөч саатаж, Арабелла зарим эд агуурсаа цуглуулж, харин лорд Уэйд баримт бүхий аяныхаа савыг авч амжсан ажээ.
Саяхан л “Ройял Мэри” гэдэг нэртэй байсан хөлгийн сэгэн дээр амьд мэнд үлдсэн усан цэргүүдийг зөнд нь хаяж орхисон байлаа. Тэдэнд завинд сууж аврагдах, завь хүрэлцэхгүй бол шурагны хугархай гэх мэт усан дээр хөвсөн модноос зуурах, эсвэл удаан зоволгүйгээр усанд шуудхан живэх боломж л үлдсэн юм. Лорд Уэйд, Арабелла Бишоп хоёр үнэд хүрэх нь дон Мигельд ойлгомжтой байсан болохоор л хөлөг дээрээ авсан байлаа. Тэрбээр олзны хоёрыг ахмадын том өрөөнд хүндэтгэлтэйгээр урин оруулж өөрийгөө танилцууллаа.
Лорд Джулиан дөнгөж саяхан болж өнгөрсөн аймшигт дэлбэрэлтэнд цочирдоод байсан болохоор нэр усаа арайхийж хэлээд “Ройял Мэри” рүү хэн довтолж, английн хааны албатуудыг хэн олзолсныг хэлж өгөхийг шаардлаа. Уэйд өөртөө болон ойр орчмынхоо хүмүүст маш их бухимджээ. Тэрбээр, хувь заяа нь түүнийг ийм ердийн биш, хүнд байдалд хөтлөн оруулах үед нэр төрөө хугалах зүйл хийгээгүй хэдий ч, бахархаад байх шалтгаан байгаагүй болохоор өөртөө болон хүрээлж буй хүмүүстээ бухимдаад байсан ажээ.
Хэрэв түүний зан байдлыг хатагтай Арабелла Бишоп харж байгаагүйсэн бол үүнд онцын ач холбогдол өгөхгүй байж болох л байв. Тэр боломж гарсан эхний тохиолдолд л нэр төрөө сэргээнэ гэдэгтээ итгэл дүүрэн байлаа.
– Би Испанийн хааны тэнгисийн цэргийн хүчний адмирал дон Мигель де Эспиноса байна.
Лорд Джулиан гайхсандаа алмайрчихлаа.
Хэрэв Испани улс ахмад Блад гэгч балмад этгээдийн
дээрэм тонуулаас болж өчнөөн шуугиан дэгдээсэн бол одоо Англи улс юу гэж хэлэх ёстой болж байна аа?
– Тэгвэл та яагаад хараал идсэн далайн дээрэмчин шиг аашилсан юм бэ? Учир утгагүй урсгасан цус, хатагтай бид хоёрт хүч хэрэглэснийхээ төлөө хатуу ялд унахаа та ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Адмирал бүх хөзрийг нь гартаа атгачихсан тоглоомчин шиг маадгар аашилж:
– Би хүч хэрэглээгүй. Харин ч эсрэгээр, таны амийг аварсан гэлээ. Лорд Джулиан ийм увайгүй хариултыг сонсоод нэг хэсэг юу хэлэхээ ч мэдэхээ болилоо:
– Бидний амийг аварсан гэнэ ээ! Тэгээд амь үрэгдсэн хүмүүсийг яах болж байна? Бурханы нэрээр андгайлья! Үүнийхээ төлөө их үнэ төлнө дөө. Дон Мигель инээмсэглэсэн хэвээр л байлаа:
– Магадгүй л юм. Юу ч болж магадгүй. Харин одоохондоо та хоёрын амьдрал өндөр үнэ хүрэх болов уу гэж бодож сууна. Хурандаа Бишоп ч баян хүн дээ. Эрхэм дээдэс ч бас бэлтэй хүн гэдэгт эргэлзэх хэрэггүй л болов уу. Би бодож байгаад та хоёрын төлөөсний хэмжээг тогтооно оо.
– Та ч миний бодож байсанчлан хараал идсэн, улай үзэх дуртай далайн дээрэмчин юм даа - гэж Уэйд цухалдав. Тэгээд бас өөрийгөө Испанийн хааны тэнгисийн цэргийн адмирал хэмээн ичгүүргүй нэрлэж зүрхэлнэ гэнэ ээ! Танай хаан юу гэж хэлэхийг сонсоно оо.
Адмиралын царай дорхноо барайж, эелдэг зан нь ор мөргүй арилж, хүчлэн тэвчиж байсан бухимдал нь дэлбэрэн гарч хорсолтойгоор мушийв.
Английн тэрслүү үзэлтэй нохойнууд испаничуудтай яаж харьцдаг билээ? Би тэгж л харьцана! - гэж тэр бухимдан орилов. – Та нар бол дээрэмчид, хулгайч нар, тамын амьтад. Би өөрийнхөө нэрээр бүхнийг хийдэг шударга хүн. Харин та нар Морган, Блад, Хагторпыг бидний өөдөөс турхирч зоргоор нь аашлуулаад өөрсдөө хариуцлагаас мултардаг итгэл эвдсэн малнууд! Та нар Пилат шиг хариуцлагаас мултарсан. Харин одоо Испани улс Пилатын дүрд тоглоно. Танай элчин сайд Эскуриал руу дон Мигель де Эспиносын дээрмийн тухай гомдоллохоор очиход Испани улс маань хариуцлагаас мултарч, бүх хэргийг надад тохно л биз.
- Ахмад Блад бол английн адмирал биш! - гэж лорд Джулиан дуу алдав.
- Адмирал мөн бишийг бид яаж мэдэх болж байна? Испани улс үүнийг яаж мэдэх юм бэ? Английн тэрс үзэлтэй та нар үнэн зүйл ярьж чадна гэж үү?
- Эрхэм ээ! - хэмээн лорд Джулиан дургүйцэн хашгирч нүд нь гялалзав. Тэр дадсан зангаараа илд зүүлттэй байдаг хажуугаа тэмтэрснээ шоолон инээв: – Та мэдээжээр олзлогдсон, зэвсэггүй хүнийг дураараа доромжилж болно л доо. Энэ чинь таны зан байдал, испани нэр төрийн тухай миний сонссон зүйлтэй таарч байна.
Адмиралын царай барайж, Уэйдийг цохихоор гараа далайсан боловч лордын хэлсэн үгийг санаад ч тэр үү, уур хилэнгээ хазаарлаж чадлаа. Тэгээд огцом эргэж, дуугүйхэн гарч одов.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited