#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.20.17 3:37 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: May.04.13 12:37 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Ахмад Бладын адал явдал - Рафаэль Сабатини энэхүү номыг багадаа уншиж далайн дээрэмчний адал явдалд үнэнхүү хорхойтож байж билээ. Энэ номыг энэ долоо хоногт багтааж оруулахыг бодноо


Last edited by pcd on May.13.13 9:10 pm, edited 2 times in total.
icon added


Top
   
PostPosted: May.04.13 12:49 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
I бүлэг. Элч
II бүлэг. Киркийн морин цэрэг
III бүлэг. Ерөнхий шүүгч
IV бүлэг. Хүний наймаа
V бүлэг. Арабелла Бишоп
VI бүлэг. Оргох төлөвлөгөө
VII бүлэг. Далайн дээрэмчид
VIII бүлэг. Испаничууд
IX бүлэг. Цөлөгдсөн босогчид
X бүлэг. Дон Диего
XI бүлэг. Хүүгийн элбэрэл
XII бүлэг. Дон Педро Сангре
XIII бүлэг. Тортуга
XIV бүлэг. Левасёрын “гавьяа”
XV бүлэг. Төлөөс
XVI бүлэг. Занга
XVII бүлэг. Мэх
XVIII бүлэг. “Милагроса”
XIX бүлэг. Учрал
XX бүлэг. “Хулгайч бөгөөд далайн дээрэмчин”
XXI бүлэг. Яков хааны албанд
XXII бүлэг. Хэрүүл
XXIII бүлэг. Барьцааныхан
XXIV бүлэг. Дайн
XXV бүлэг. Людовик хааны албанд
XXVI бүлэг. Де Ривароль
XXVII бүлэг. Картахена
XXVIII бүлэг. Эрхэм Де Риваролийн “Үнэн үг”
XXIX бүлэг. Вильгельм хааны албанд
ХХХ бүлэг. “Арабелла”-гийн эцсийн тулалдаан
XXXI бүлэг. Эрхэм дээд амбан захирагч


Top
   
PostPosted: May.04.13 12:54 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
I бүлэг. ЭЛЧ

Анагаах ухааны бакалавр* Питер Блад гаансаа баагиулж, Бриджуотер хотын Уотер Лейний гудамж руу харсан өрөөнийхөө цонхны тавцан дээр тавьсан ваартай шимтэглэй цэцэгний дээрээс тонгойсон байлаа.
Гудамжны эсрэг талын цонхоор хэн нэг хүний ширүүн харц өөрийг нь зэмлэнгүй мөшгиж байгааг Блад анзаарсангүй. Түүний анхаарал арчилж буй цэцгэнд төвлөрч, нарийн гудамжийг дүүргэсэн хүмүүсийн эцэс төгсгөлгүй цуваа анхаарлыг нь хааяа сарниулна.
Хүмүүсийн цуваа тэр өглөө герцогийн найрагч Фергюсен бурханыг магтахаас илүүтэйгээр үймээн самуунд уриалан дуудсан залбирлаа саяхан үйлдсэн цамхагийн өмнөх талбай руу хотын гудамжаар хоёрдахь удаагаа хөвөрч байгаа нь энэ ажээ.
Хөөрсөн олны ихэнх нь ямар ч учир утгагүй зэвсэг барьж, бүрх малгайндаа ногоон мөчир хавчуулсан эрчүүд байлаа. Үнэнийг хэлэхэд, зарим нь ангийн буутай, ганц нэг нь илд агссан харагдана. Олон хүн зөвхөн бороохойгоор зэвсэглэж, дийлэнх нь хадуураар хийсэн, харахад сүрдмээр боловч тулалдаанд хэрэглэхэд тохиромжгүй том том жад барьжээ. Дайчны дүр эсгэсэн эдгээр хүмүүсийн дунд нэхмэлчид, шар айраг исгэгчид, мужаанууд болон дархчууд, чулуучид болон чулуу хагалагчид, гуталчид болон гэм хоргүй бусад мэргэжилтэй хүмүүс байв. Бриджуотер хот Таунтоны нэгэн адил бараг л бүх эрчүүдээ бутач герцогийн тугийн дор нэгтгэхээр илгээсэн билээ. Энэхүү журамт цэрэгт элсэхээс зайлсхийнэ гэдэг нь зэвсэг агсах чадалтай хүн бүрийн хувьд өөрийнхөө аймхай хулчгарыг, эсвэл католик шашин шүтдэгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг байв.
Харин Питер Блад айж эмээхийг мэддэггүй, өөрт нь хэрэг болсон үед л католик шашныг санадаг байсан юм. Тэрбээр
зэвсэг агсаж байснаар барахгүй, түүнийгээ чадварлаг эзэмшдэг боловч долдугаар сарын тэрхүү дулаахан үдэш шимтэглэй цэцгээ тордож, эргэн тойронд нь юу ч болоогүй мэт гаансаа баагиулна. Тэр ч байтугай, дайнд хөөрсөн хүмүүсийн хэлэх дуртай “Солиотнууд та нар хаашаа тэмүүлнэ вэ?” гэсэн Горацийн* үгийг байсхийгээд л давтаж байлаа.
Одоо та Сомерсетширийн далайн тэнүүлчний удамтай эхээс нь өвлөгдсөн халуун цус судсаар нь гүйдэг Блад улайрсан бослого оволзож байхад яахаараа тайван байж, эцгийнхээ хүссэнээр эрдэм номын мөр хөөхийг хүртэл эсэргүүцэж байсан эсэргүү зантай атал эргэн тойронд нь тэмцэл буцалж байхад амгалан үлдсэний шалтгааныг гадарлаж эхлэсэн байж болох л юм. Тэрбээр Блейк хатагтай болон Масгров ноёгтой нарын сургуульд хүмүүждэг бүсгүйчүүдийн урласан эрх чөлөөний хатгамалтай тугийг яаран дагасан хүмүүсийг хэрхэн үнэлдэг байсныг та нэгэнт ойлгоо биз ээ. Гэмгүй бүсгүйчүүд Монмутын армийн тугийг оёхын тулд домог ярианд магтан дуулдагчлан, өөрсдийн торгон өмсгөлийг хүртэл урж байсан билээ. Гудамжаар гүйлдэж өнгөрсөн хүмүүсийн араас Бладын тоомсоргүй чулуудсан Горацийн үг түүний санаа бодлыг бэлхнээ харуулна. Тэд Бладад үхлээ эрсэн, мулгуу бөгөөд ухаангүй хүмүүс мэт санагджээ.
Учир нь улигт Монмут болон түүний ээж болох царайлаг бор эмэгтэйн тухай дэндүү ихийг мэддэг болохоор герцог английн хаан ширээнд хууль ёсоор суух эрхтэй гэх домогт итгэдэггүй байсан юм. Бриджуотер, Таунтон болон бусад газар наасан, “Англи, Шотланд, Франц болон Ирланд нь бидний эзэн хаан Карл II-ын таалал төгссөний дараа бүх эзэмшил, харьяа нутгийн хамт хууль ёсны угсаа залгамжлагч, Монмутын алдар цуут, сурвалжит герцог Джеймст шилжинэ” гэсэн тунхагийг уншсан байв.
Энэ тунхаг төдийгүй, түүнд нэмэлт болгосон “Йоркийн Яков бэйл талийгаач хааныг хордуулахыг тушааж, дараа нь хаан ширээг нь булааж авсан юм” гэсэн мэдээлэл хүртэл бас л инээдийг нь хүргэх ажгуу.
Тэр ч байтугай, эдгээр мэдээний аль нь илүү хуурмаг болохыг ч Блад хэлж чадахгүй л байв. Тэрбээр амьдралынхаа гуравны нэгийг эдүгээ Англи, Шотланд болон бусад нутгийн эзэн хаан гэдгээ зарласан тэрхүү Джеймс Монмут гучин зургаан жилийн өмнө төрсөн Голландад өнгөрөөсөн ажээ. Иймд Монмутын жинхэнэ эцэг эхийг сайн мэддэг байв. Бэйл ядахдаа Люси Уолтерстэй нууцаар гэрлэсэн гэх талийгаач хааны бутач хүү гэдэгт ч эргэлзэж байсан юм. Ийм увайгүй оролдлого гай зовлон болон сүйтгэлээс өөр юу авчрах билээ? Улс орон хэзээ нэгэн цагт ийм үлгэрт итгэнэ гэж найдах хэрэг байна уу? Гэтэл алдар цуутай хэдхэн виг* л Монмутын нэрийг бариад ард түмнийг үймүүлчихлээ шүү дээ.
– “Солиотнууд та нар хаашаа тэмүүлнэ вэ?”
Блад жуумалзсанаа шүүрс алдав. Тэрбээр чөлөөтэй сэтгэдэг олон хүний нэгэн адил босогчдыг ойшоохгүй байлаа. Амьдрал л түүнийг чөлөөтэй сэтгэж сургасан билээ. Түүн шиг өргөн мэдлэгтэй боловч илүү зөөлөн хүн яргын газар уруу туугдаж яваа сүрэг хонь мэт гүйлдэх энгийн бөгөөд дуулгавартай протестантуудыг харсан бол урам хугарах цөөн бус шалтгааныг олж харах байсан нь эргэлзээгүй.
Цуглахаар товлосон цамхагийн өмнөх талбайг зорьсон эдгээр хүмүүсийг ээж, эхнэр, охид болон дурлалт бүсгүйчүүд нь дагалджээ. Тэд гартаа барьсан зэвсэг нь хууль ёс, эрх чөлөө болон шүтдэг шашныг нь хамгаална гэдэгт бат итгэлтэй алхацгаана. Блад Бриджуотерын бүх иргэдийн нэгэн адил Монмут энэ шөнө тулалдах бодолтой байгааг мэдэж байв. Герцог Серджмур орчимд байрлаж буй лорд Февершегийн удирдсан хааны цэргийг цохих гэнэтийн довтолгоог биечлэн удирдах ёстой байсан юм. Феверше дайсныхаа санаа бодлыг нарийн мэдсэн гэдэгт Блад бараг л эргэлзэхгүй байв. Ер нь Бладын таамаг алдаатай байж болох ч тэгж бодох үндэстэй байсан юм. Учир нь гэвэл хааны цэргийн жанжин өөрийнхөө үүрэг хариуцлагыг умартсан гэж бодоход хэцүү шүү дээ.
Блад гаансныхаа үнсийг тогшиж гаргаад цонхоо хаахыг завдах хоромд гуалиг төрсөн Монмутыг бахдан хайрладаг ялдам хонгор эгч дүү Пит гудамжны эсрэг талын цонхоор дайсагнан ширтэхийг анзаарлаа.
Блад найрсаг харьцаатай, нэгийг нь эмчилж ч байсан бүсгүйчүүд рүү инээмсэглэн толгойгоо дохиод цэвдэг бөгөөд жигшсэн харцтай тулгарав. Тэгмэгц Бладын жимбийсэн уруулаас инээмсэглэл ариллаа. Монмут ирсэнээс хойш бүх насны эмэгтэйчүүдийн толгой эргэж, эгч дүү хоёр түүнд дайсагнаад байгааг тэр ойлгов. Тийм ээ. Эгч дүү Пит Бладын зан байдлыг буруушааж, цэрэг дайны туршлагатай, залуу бөгөөд эрүүл чийрэг эр хүн энэ шийдвэрлэх өдөр шударга үйлст дэм болж бослогод оролцохгүй, зүрх зоригтой бүх хүн протестантын сүмийг хамгаалагчидтай нэгдэж, хууль ёсны эрхтэй тэр хүнийг хаан ширээнд залахын тулд амиа өргөхөд хүртэл бэлхэн байхад гаансаа амарлингуй сорж, цэцгээ арчлахыг нь буруушааж байгаа нь илэрхий байлаа.
Хэрэв Блад энэ явдлыг эгч дүү бүсгүйчүүдтэй хэлэлцсэн бол хорвоогоор хангалттай тэнэж, олон ч адал явдалтай учирч, харин одоо залуу зандан ахуйгаас нь сургаж бэлдсэн тэр ажлыг үргэлжлүүлэх бодолтой байгаагаа учирлах байсан биз. Тэрбээр эмч болохоос цэрэг биш, аврагч болохоос алуурчин биш гэж хэлсэн ч болох л байсан юм. Гэхдээ Блад тэд юу гэж хариулахыг мэдэж байлаа. Өнөөдөр эр хүн бүр зэвсэг барих ёстой гэж хариулах нь мэдээж шүү дээ. Тэгээд зээ дүү, аз нь харьж, Бриджуотерын буланд зангуугаа саяхан хаясан худалдааны хөлгийн залуурч Джеремийг жишээ болгох байсан биз. Джереми шударга үйлсийг хамгаалахын тулд хөлгийнхөө жолоог орхиж, гартаа бялтат буу барьсан гэж хэлэх байлаа. Харин Блад маргаад байдаггүй, дээр дурьдсанчлан биеэ даасан хүн байв.
Тэр цонхоо хааж хөшгөө татаад гэрийн эзэгтэй Барлоу хоолныхоо ширээг засч байгаа лаагаар гэрэлтүүлсэн тохитой өрөөг чиглэлээ. Тэгээд эзэгтэйтэй бодлоо хуваалцаж:
– Би замын цаадах байшинд амьдардаг бүсгүйчүүдийн өршөөлд багтахаа больжээ гэлээ.
Бладын аятайхан бөгөөд цээлхэн хоолойд илэрсэн хахир өнгийг харийн орноор хэсүүчилсэн он жилүүд ч арилгаж чадаагүй намуухан ирланд аялга л ялигүй зөөлрүүлэх ажээ. Энэ хүний зан авир хоолойных нь өнгөнд илрэх бөгөөд хэн нэгнийг ятгах үед эелдэг ялдам болж, бусдыг захирах шаардлагатай бол хахир хатуугаар тушаана. Бладын гаднах төрх ч анхаарал татах ажээ. Тэр өндөр, туранхай, цыган шиг бор царайтай хүн байв. Тэгшхэн хар хөмсөгнийх нь дороос амгалан, бор царайтай хүнд баймааргүй гүн цэнхэр нүд нэвт шувт ширтэнэ.

1 Бакалавр - эрдмийн анхны зэрэг.
2 Герцог - хун тайжийн дараа орох язгууртны өндөр хэргэм.
3 Гораций - м.э.ө. I зууны үеийн римийн яруу найрагч. 4 Яков II - Карл II таалал төгссөний дараа халааг нь авсан Английн хаан.
Виг - Английн либерал нам байгуулагдахын өмнө, XVII–XIX зууны үед оршин тогтнож байсан улс төрийн нам.


Last edited by turuu_1022 on May.07.13 12:17 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.04.13 1:17 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Dec.20.06 2:12 am
Posts: 58
Mark barag martchij


Top
   
PostPosted: May.04.13 2:24 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 111
уншаагүй л ном бна. уншина аа


Top
   
PostPosted: May.04.13 9:24 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Sep.28.10 10:34 pm
Posts: 52
Asuuhaaraar asgaa gej unshilgui yahav dee harin zarim 1 nuhud shig 2-3jil alga bolohgui l baih gej itgey huleegeed l odriin hed shagaigaad neheed shanalgaa bolno l gej med!hehe. Amjilt husey! Bayarlalaa


Top
   
PostPosted: May.04.13 9:46 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Энэхүү харц болон зөв хэлбэртэй хамар хатуу бөгөөд шийдэмгий байрын уруултай нь зохицжээ. Блад мэргэжил нэгтнүүдийнхээ нэгэн адил хар өнгийн хувцас өмссөн хэдий ч тэр нь гойд зохисон нь нарийн мэдрэмжтэйг нь харуулна. Эд бүгд буурь суурьтай эмч гэхээсээ илүү адал явдал хайж явсан урьдынх нь дүр төрхийг санагдуулна. Түүний хантаазыг тэмээний ноосон даавуугаар оёж мөнгөн саагаар эмжсэн байх бөгөөд цамцных нь ханцуй болон захыг брабантын сүлжээсэн хөвөөгөөр гоёжээ. Сэвсийсэн хар хиймэл үсийг нь Уайтхоллын6 ихэс дээдсийнх шиг нягт нямбай буржийлгасан байлаа.
Хэрэв та Бладыг анхааралтай ажигласан бол нам гүм газар зургаан сарын өмнө санамсаргүй хаягдсан энэ хүн тэндээ удаан амьдарч чадах болов уу даа хэмээн өөрийн эрхгүй бодох байсан биз. Биеэ дааж амьдрахаасаа өмнө олж авсан гэмгүй тайван мэргэжлийн ажлаа тогтвортой эрхэлж чадах байсан болов уу? Гэсэн хэдий ч, хэрэв та Бладын амьдралын зөвхөн туулж өнгөрсөн бус, ирээдүйнх нь түүхийг олж мэдвэл удалгүй амсах хувь төөрөгтэй амьдралын нугачаа таараагүйсэн бол жижигхэн хотын даруухан эмчийн ажлыг сэтгэл ханамжтай хийж, Сомерcетширийн бөглүү нутагт амар амгалан аж төрж чадах байсан гэдэгт яаж ийгээд итгэх л байсан болов уу. Тэгж болох л байсан юм...
Блад Сомерсетшир гүнлэгээс гаралтай эмэгтэй болон ирланд эмчийн хүү байв. Дээр дурьдсанчлан, түүний судсаар далайн засрашгүй тэнүүлчний цус гүйдэг бөгөөд Питер хар багаасаа номхруулах аргагүй зан авиртай болсон явдал үүгээр л тайлбарлагдах болов уу. Ийм авир анх илрэхэд ирланд хүн гэхэд эе эвийг хэтэрхий хичээдэг эцэг нь сүрхий түгшсэн юм гэдэг. Хүү нь мэргэжлийг нь өвлөж өөрийнх нь мөрөөр замнах ёстой гэж аль эртнээс шийдчихсэн юм байж. Тэгээд Блад авьяас чадлаа дайчлан ихийг мэдэхээр тэмүүлж, хорьхон настайдаа Дублин хотын анагаах ухааны сургуулийг төгсөн бакалаврын зэрэг авсанд эцэг нь баярлаад барахгүй байсан бөгөөд энэхүү баярт мэдээг хүлээж авснаас хойш ердөө гуравхан сар амьдарчээ (ээж нь үүнээс хэдэн жилийн өмнө
таалал төгссөн байв). Питер эцгийнхээ нас барсны дараа хэдэн зуун стерлингийн фунт өвлөж, өөрийнхөө барагдашгүй сонирхлыг дарж хорвоог танин мэдэхээр мордсон ажээ. Хөгийн нөхцөл байдлаас болоод тэр үед францчуудтай дайтаж байсан голландын цэрэгт орж, далайд дуртай болохоор хөлөг онгоцон дээр алба хаах болсон байна. Алдар суут де Ритёр7 түүнийг офицер болгон дэвшүүлж, Газрын дундад тэнгист явагдаж, усан цэргийн тэрхүү нэрт жанжин амь үрэгдсэн тулалдаанд оролцож байсан юм гэдэг.
Неймегений8 энхийн гэрээнд гарын үсэг зурснаас хойших үеийн Бладын амьдралын зурвасын тухай бид бараг юу ч мэддэггүй. Питер испанийн шоронд хоёр жил хоригдсон тухай дуулсан боловч яагаад орсон нь бүрхэг хэвээр л байна.
Магадгүй үүнээс болоод шоронгоос суллагдмагц францын армид орж, испаничуудын эзлээд байсан голландын нутагт дайтаж явсан байж ч болох юм. Гучин хоёр нас хүрэхэд нь түүнийг зовоож байсан адал явдал хөөх хүсэл нь сая л ханаж, тэгээд ч сэдэрсэн шархнаас нь болоод эрүүл мэнд нь доройтож, төрсөн нутгаа санагалзах болсон учир Ирланд руу явахаар шийдэж, Нантагаас усан онгоцоор гарсан ажээ. Гэтэл замдаа Бладын бие бүр муудаж, хөлөг нь далайн шуурганаар Бриджуотерын булан руу хөөгдөж ирэхээр нь эхийн минь төрсөн нутаг юм даа гэж бодоод үлдчихсэн юмсанж.
Тэгэхээр Блад 1685 оны нэгдүгээр сард халаасандаа Дублинээс хорвоогоор тэнүүчлэхээр мордох үеийнхтэйгээ ойролцоо хэмжээний бэлтэй Бриджуотерт иржээ.
Ирсэн газар нь Бладад таалагдаж, эрүүл мэнд нь ч түргэн сайжирсан ажээ. Питер бусад хүн бүхэл амьдралынхаа турш туулж байгаагүй олон адал явдалтай учирсаны дараа энэ хотод суурьшиж, өөртөө ашиг багатайгаар хаяж орхисон эмчийн ажлыг үргэлжлүүлэхээр шийдсэн байна.
Питер Бладын товч намтар, тодруулбал Бриджуотерт ирсэнээс нь хойш хагас жилийн дараа болсон Серджмурын тулалдаан төгссөн шөнийг хүртэлх намтарын хэсэг ийм ажгуу.
Блад мөдхөн эхлэх тулалдаан түүнд ямар ч хамаагүй гэж үзээд тэр шөнө Бриджуотерыг нөмөрсөн хөөрлийг үл
хайхран унтахаар эрт хажуулжээ. Тэгээд уншигч таны мэдэж байгаачлан Монмут босогчдыг удирдаж, цаана нь хааны арми байрлаж байсан намгийг тойрохоор Бристоль руу хөдөлсөн шөнийн арван нэгэн цаг болохоос бүр өмнө амгалан нойрссон ажээ. Босогчид тоогоор илүү, хааны унтаа цэргийг гэндүүлэн дайрах боломж давуу талыг олгож байсан хэдий ч удирдсан хүмүүсийн унхиагүйгээс гардан тулалдаан эхлэхээс өмнө ялагдах нь тодорхой болсон байжээ.
Хоёр арми шөнийн хоёр цагийн орчимд тулгарав. Алсын нүргээнийг Блад сонссонгүй. Өглөөний дөрвөн цагт нар мандаж тулалдааны сэтгэл шимшрэм талбар дээрхи манангийн үлдэгдлийг хөөх үед Блад сэрэв.
Тэр орноосоо өндийгөөд нүдээ нухалж, юу болоод байгааг ухаарахыг оролдлоо. Хэн нэг хүн байшингийн хаалгыг чанга нүдэж, учир уялгагүй хашгирна. Энэхүү чимээ Бладыг сэрээсэн юм байжээ. Төрөхөөр сандаргасан жирэмсэн эмэгтэй рүү яаралтай дуудаж байна гэж тэр бодоод унтлагынхаа халаадыг нөмөрч, шаахайгаа углан өрөөнөөсөө гүйж гараад шатны хажууд Барлоу авхайтай тулгарав. Нижигнэх чимээнээс сүрдсэн эмэгтэй самгардаж яахаа ч мэдэхээ больжээ. Блад түүнийг тайвшруулаад хаалгаа тайлахаар шатаар уруудав.
Мандах нарны шаргал туяа гийсэн гудамжинд тоос шороонд хутгалдсан ноорхой хувцастай залуу эр зогсч байлаа. Тэр хүндээр амьсгалж, нүд нь тэнүүчилнэ. Хөтөлсөн мориных нь амнаас хөөс цахарчээ. Тэр хүн ярихаар оролдовч амьсгал нь давчдаад үг хэлж чадахгүй байв.
Тэр залуу гудамжны эсрэг талд амьдардаг бүсгүйчүүдийн зээ дүү Джереми Пит болохыг Блад танив. Далайчны тарьсан шуугиан гудамжийг сэрээж, хаалга цонх онгойж, хөршүү¬дийнх нь түгшиж гайхсан нүүр цухуйж харагдана. Блад:
– Тайвшир. Яарвал даарна шүү гэв.
Гэсэн хэдий ч нүдэнд нь айдас хурсан залуу түүний үгийг анхаарах ч сөхөөгүй байлаа. Тэр багтартлаа ханиаж байж сая л ярихтайгаа болов:
– Лорд Гилдой хүнд шархадсан... одоо голын хажууд, Оглторпын эдлэнд байгаа... би түүнийг тийш нь аваачсан... тэр намайг тань руу явууллаа... Бушуухан явцгаая... Хурдлаарай!
Тэгээд залуу эмчийг унтлагын халаад болон гэрийн шаахайтай нь хүчээр авч явах гэж тэмүүлсэн боловч Блад сарвайсан гарыг нь зайлуулав:
– Би очилгүй яах вэ. Гэхдээ ийм хувцастай яаж явах вэ дээ.
Лорд Гилдой түүнийг Бриджуотерт ирсэн өдрөөс нь эхлээд ивээлдээ авсан болохоор Блад урвагар байлаа. Тэрбээр тайж элэгсэг хандсанд талархаж, хариу барихыг хүсч байсан ч ийм гунигтай боломж таарсан болохоор урам нь хугарчээ. Энэ язгууртан залуу Монмут герцогийг халуунаар дэмждэг хүн гэдгийг Блад мэдэж байсан юм. Тэгээд урьд нь хэлснээ давтаж:
– Би очилгүй яах вэ. Юу ч гэсэн хувцсаа сольж, бидэнд хэрэг болох зүйлсийг цуглуулаадхая гэлээ.
Бид цаг алдаж байна.
Тайван бай. Яарахгүй байх тусмаа л хурдан очно шүү.
Залуу минь, ороод хүлээж бай. Пит байшинд орохоос татгалзан гараараа зангаад:
– Би эндээ хүлээж байя. Бурхныг бодоод түргэлж үзээрэй гэв.
Блад хувцаслаж, багажтай саваа авахаар шатаар яаран өгсөв. Гилдой тайжийн шархны тухай Оглторп эдлэн хүрэх замдаа лавлаж болох байлаа. Блад хувцаслах зуур Барлоу авхайтай ярилцаж, хэд хэдэн даалгавар өгч, дашрамд нь үдийн хоолоо ч захисан боловч харамсалтай нь түүнийгээ зооглох завшаан олдоогүй билээ.
Эмч өндгөө дарж буй гоморхсон тахиа мэт дуугарах Барлоу авхайн хамт шатаар бууж гудамжинд гарвал Пит хагас дутуу хувцасласан, сандарсан хүмүүсийн дунд зогсч байлаа. Эдний олонхи нь тулалдааны тухай шинэ мэдээ сонсохоор яарч ирсэн эмэгтэйчүүд байв. Өглөөний агаарт тэр дороо уйлах, эмгэнэн гаслах дуу хадсан болохоор Пит тэдэнд ямархуу мэдээ дуулгасныг таахад хялбархан байлаа.
Хувцаслаж, багажтай саваа сугандаа хавчсан эмчийг Пит хараад ядарснаа ч мартаад хүрээлсэн олны дундаас зүтгэн гарч, нулимсаа дуслуулан түүнээс зуурсан хоёр эгчээсээ мултрав. Тэгээд мориныхоо хазаараас шүүрч үсрэн мордоод:
– Явцгаая! Миний араар сундал - гэж хашгирав.
Блад энэ зөвлөгөөг дуугүйхэн дагаж, Пит ч морио давирлаа. Хурсан олон зай тавьж, морины хондлой дээр сундалсан эмч урьдах залуугийнхаа бүснээс атгаад адал явдалт аялал эхэллээ. Блад Питийг зөвхөн шархадсан босогчийн элч гэж бодож байсан боловч үнэн хэрэгтээ хувь заяаны элч байжээ.


Уайтхолл - Английн засгийн газрын ордон.
Де Ритёр - XVII зууны үеийн голландын тэнгисийн цэргийн жанжин.
Неймеген - дайтаж байсан Франц, Голланд, Испани, Австри, Швец, Дани улсууд 1678-1679 онуудад энхийн гэрээ байгуулсан Голландын хот.
Лорд - Английн тайжийн их цол.


Last edited by turuu_1022 on May.04.13 10:02 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.04.13 9:54 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
II бүлэг. КИРКИЙН МОРИН ЦЭРЭГ

Оглторпын эдлэн голын баруун хөвөөнд, Бриджуотерээс урагш ойролцоогоор нэг милийн10 зайтай байрлах ажээ. Энэ нь Тюдорын үеийн хэв маягаар баригдсан, суурийг нь өтгөн ногоон ороонго өвс халхалсан намхан саарал байшин байв. Блад өглөөний нарны туяанд гялбалзах Парретийн хөвөөнд тайван нойрмоглох жимсний цэцэрлэгийг огтолсон замаар эдлэн рүү ойртож явахдаа цус урсгасан дотоодын тэмцэлтэй улсад байна гэдэгтээ итгэж ядаж байлаа.
Тэр хоёр Бриджуотер хотоос гарч яваад тулалдааны талбараас зугтаж яваа ядарч зовсон хүмүүстэй гүүрэн дээр таарав. Тэдний дунд шархтан олон байлаа.
Тэд толгой хоргодох байр болон өмгөөлөл эрж, эцсийнхээ хүчийг шавхан хот руу хазганана. Тэдний айж цөхөрсөн харц Блад болон түүний замын ханийг өрөвдмөөр ширтэх ажээ. Хэд хэдэн хүний сөөнгө хоолой нэхүүлүүд ойрхон байгаа шүү гэж тэдэнд сануулав. Гэсэн хэдий ч идэрхэн Пит энэ анхааруулгыг тоолгүй тоостой замаар давхисаар л байлаа. Сержмурт ойртохын хэрээр дүрвэгсэд улам олшров. Тэр хоёр төдөлгүй шүүдрээр хучигдсан нугыг огтолсон жимээр замаас салав. Энд хүртэл тэд хандсан зүгтээ зугтаах хэсэг бусаг дүрвэгсэдтэй таарч байлаа. Тэд өндөр өвс туучиж, хаа нэгтэй хааны морин цэргийн улаан хантааз харагдах вий хэмээн эргэн тойрноо сэрэмжлэн харах ажээ.
Гэхдээ Пит болон түүний дагуул Февершегийн штабын байрлалд ойртсон болохоор удалгүй тулалдааны ул мөр үзэгдэхээ болилоо. Одоо тэдний хажуугаар амарлингуй жимсний цэцэрлэг хөвөрч, модны мөчир жимсээ дааж ядан бөхөлзөж харагдана. Хэдийгээр алимны дарс исгэх цаг болсон ч жимс түүж байгаа хүн харагдахгүй байв.
Эцэст нь тэд чулуун хавтан дэвссэн хашаанд сандран орж ирвэл эдлэнгийн эзэн Бэйнс гунигтай угтаж, сандарсан байдалтай мэндлэв.
Чулуун шалтай цэлгэр өрөөнд янхир эрүү, том хамартай өндөр хүн байсан нь лорд Гилдой байжээ. Царай нь тугалга мэт зэвхийрсэн тэр хүн том цонхны хажууд, зэгсээр сүлжсэн буйдан дээр нүдээ аниад хэвтэж байв. Лорд хүндээр амьсгалж, хөхөрсөн уруулаас нь сулхан гинших дуу гарах ажээ. Шархтаныг Бэйнсийн эхнэр болон царайлаг охин бөөцийлж байлаа.
Блад өвчтөнөө хэдэн мөч дуугүйхэн ширтэж, гялалзсан ирээдүй угтаж байсан энэ залуу язгууртан эрх тушаалд шунасан зальхай этгээдийн төлөө байгаа бүхнээрээ, тэр ч байтугай амь насаараа дэнчин тавилаа даа гэж харамсан бодов. Тэгээд санаа алдаж, өвчтөний өмнө сөхөрч суугаад залуу тайжийн зэрэмдэглэгдсэн биеийг чөлөөлөхийн тулд хантааз болон дотуур хувцсыг нь урж, ус, даавуу болон хэрэг болох бусад зүйлсийг авчир гэлээ.
Хагас цагийн дараа морин цэргүүд эдлэнд довтолгож ирсэн боловч Блад морьдын төвөргөөн болон зэрлэгээр орилолдох чимээг хайхралгүй өвчтөнөө сувилсаар байлаа. Ер нь, ялангуяа түүнийг ажилдаа улайрсан үед, анхаарлыг нь сарниулах амаргүй ажээ. Харин өвчтөн сэргэмэгц сүрхий тэвдэж, болж өнгөрсөн үйл явдалд оролцсон болохыг хувцас нь бэлхнээ илчлэх болохоор Джереми Пит орны даавууны шүүгээнд бушуухан нуугдав. Эдлэнгийн эзэн илт түгшиж, түүний эхнэр охин хоёр айсандаа чичирсэн болохоор Блад тэднийг тайвшруулав:
– Юунаас айсан юм бэ? Бид чинь христос шашинтны улсад амьдарч байна. Христосынхон шархтнууд болон тэднийг орогнуулсан хүмүүстэй дайтдаггүй.
Бладын энэ үг христос шашинтны тухайд хуурмаг ойлголттой болохыг харуулж байв. Дараа нь тэр өөрийнх нь заавраар найруулсан шилэн аягатай эмийг өвчтөнд уулгаад:
– Эрхэм лорд тайван бай. Аюул ард хоцорлоо гэв.
Энэ хоромд чанасан хавчны өнгөтэй хантааз өмссөн Танжерын хорооны арван хоёр цэрэг зэр зэвсгээ ханги¬нуулсаар орж ирэв. Тэднийг элбэг дэлбэг алтан хиаз хадсан ёслолын хувцастай, загзгар бөгөөд баргар хүн удирджээ.
Бэйнс өдсөн янзтай байрандаа зогсч, харин түүний эхнэр болон охин хажуу тийшээ ухасхийв. Өвчтөний хажууд сууж байсан Блад дайран орж ирсэн хүмүүсийг эргэж харлаа.
Офицер цэргүүддээ зогсохыг тушаагаад бээлийтэй гараа сэлэмнийхээ бариул дээр тавьж, давируулаа хангинуулан урагшаа ихэмсгээр хэд алхлаа:
– Би хурандаа Киркийн морьт хорооны ахмад Гобарт байна. Та үймээн дэгдээгчийг нуусан уу? - гэж чангаар асуув. Цэргийн даргын түрэмгий занд сүрдсэн Бэйнс чичирсэн хоолойгоор:
– Эрхэм ээ, би... би үймээн дэгдээгчийг нуугаагүй ээ. Энэ шархадсан хүн байгаа юм... гэв. Ахмад:
– Хэлсэн хэлээгүй ойлгомжтой байна - хэмээн түүнийг зандарч хүндээр алхалсаар буйданд ойртоод тайжийн дээрээс хөмсгөө зангидан тонгойвол шархтаны царай зэвхий саарал болов. – Хараал идсэн үймээн дэгдээгч хаана шархадсаныг асуух ч хэрэг алга. Залуус аа, үүнийг баривчил - гэж цэргүүддээ тушаав. Энэ хоромд Блад шархтаныг биеэрээ халхлаад ширүүн дуугаар:
– Эрхэм ээ, хүнлэг байгаач. Бид Танжерт биш Англид амьдарч байна. Энэ хүн хүнд шархадсан болохоор хамаагүй хөдөлгөж болохгүй гэв. Эмчийн өмгөөлөл ахмадын инээдийг хүргэж:
– Чөтгөр аваг. Бид самуун дэгдээгчийн эрүүл мэндийн төлөө санаа зовох ёстой юм биз дээ. Бид түүнийг эмчилнэ гэж та бодоогүй биз? Вестоноос Бриджуотер хүртэлх бүх замын дагууд дүүжлүүр босгосон байгаа. Алинд нь ч наадах чинь таарна. Хурандаа Кирк энэ мэт тэнэг протестантуудыг үр ач нар нь ч мартахааргүй болтол хашраагаад өгнө өө гэлээ. Блад эгдүүцэн дуугаа өндөрсгөв:
– Хүмүүсийг шүүлгүй дүүжилнэ гэнэ ээ? Би эндүү сонссон байлгүй. Бид Англид биш, танай хороо байрлаж байсан Танжерт байгаа юм болов уу?
Гобард эмчийг анхааралтай харав. Ахмадын харцанд уур хилэн буцалжээ. Тэр Бладыг хөлнөөс нь толгой хүртэл ажиглаж, горзгор булчинлаг бие, бардам өргөсөн толгой, эмчийн мэргэжилтэй авцалдахгүй эзэрхэг шинжийг нь анзаарч, өмнө нь түүнтэй адилхан цэргийн хүн зогсч байгааг танилаа. Тэгээд хэсэг зуур бодлогоширсноо:
– Чөтгөр аваг. Та чинь хэн бэ? - гэж хашгирав.
– Миний овог Блад. Питер Блад танд үйлчлэхэд бэлэн байна.
– Тийм бий. Таны овгийг санаж байна. Та францын цэрэгт
алба хааж байсан байх аа? Блад гайхсан байж болох ч түүнийгээ харуулсангүй:
– Тийм ээ. Алба хаасан.
бол өөрийнхөө хоолойд гогцоо углаж орхисон хэрэг болно шүү. Энэ эрхэм үгийг нь сонсолгүй дүүжилж орхидог тэр зиндааны хүн биш, пэрийн шүүхийг12 шаардах эрхтэй хүн гэв.
Бладын цохож хэлсэн хоёр үгийг ахмад сонсоод мэлэртэл гайхав.
– Пэрийн шүүх гэнээ?
– Тэгэлгүй яахав. Дурын хүн, хэрэв усан тэнэг, аль эсвэл зэрлэг омгийнх биш л юм бол хүн дүүжлэхийнхээ өмнө ядаж нэр алдрыг нь асуух ёстой. Наад хүн чинь лорд Гилдой. Энэ үед шархтан хөдөлж дорой дуугаар:
– Би Монмут герцогтой холбоотойгоо нуухгүй. Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээхэд ч бэлэн байна. Гэхдээ таныг зөвшөөрвөл эмчийн зөв анзаарснаар хариуцлагаа пэрийн шүүхийн өмнө хүлээнэ гэлээ.
Түүнийг ярьж дуусмагц тасалгаанд нам гүм болов. Гобарт онгироо олон хүний нэгэн адил хулчгар зантай болохоор шархтан өндөр хэргэмтэйг дуулаад эргэлзэж орхив. Тэр бялдууч хүн болохоор цол хэргэмийг биширдэг юмсанж. Гэхдээ, хурандаа Перси Кирк захиргаанд нь байдаг хүмүүсийнхээ алдааг өршөөдөггүй болохоор ахмад түүнээс эмээдэг байжээ.
Гобард өөрийнхөө хүмүүсийг зангаж зогсоов. Тэр бүгдийг тооцоолон бодох хэрэгтэй байлаа. Түүний тээнэгэлзээд байгааг Блад ойлгоод бодлыг нь өөрчлөх бас нэгэн өгөөш хаялаа.
– Ахмад аа. Мэдээд авахад илүүдэхгүй шүү. Гилдой лордын нөхөд болон хамаатнууд торийгийнхны13 дунд байгаа шүү. Түүнтэй ердийн эрүүгийн гэмт хэрэгтэн шиг харьцсаныг Кирк хурандаад ярьж орхивол яана. Болгоомжтой л байгаарай, ахмад аа. Миний сануулсанчлан, өөрийнхөө хүзүүнд олс углаж орхив оо. Ахмад энэ анхааруулгыг сонсоод зэвүүцсэн дүр эсгэсэн боловч үнэн хэрэгтээ тооцоолоод авсан байлаа.
– Буйдантай нь өргө - гэж тэр тушаав. – Баривчилсан хүнийг Бриджуотерын шоронд хүргэ.
– Замын аяыг даахгүй дээ -гэж Блад эсэргүүцэв.
– Одоохондоо түүнийг хөдөлгөх хэрэггүй.
– Хохино. Би үймээн дэгдээгчийг баривчлах үүрэгтэй -гэснээ гараараа зангаж өмнө нь өгсөн тушаалаа баталлаа.
Хоёр хүн зэгсэн буйданг өргөөд хаалга руу явлаа. Гилдой Бладын гарыг атгахаар оролдож:
– Эмчээ, би танд өртэй боллоо. Хэрэв би эсэн мэнд үлдвэл
өрөө төлөхийг хичээнэ ээ гэв. Блад энэ үгийн хариулт болгон мэхийн ёслоод цэргүүдэд:
– Болгоомжтой зөөгөөрэй. Энэ хүний амь нас үүнээс хамаарна шүү гэлээ.
Гилдойг авч явсаны дараа ахмад сэргэж Бэйнс рүү эргэж харав.
Нууж байгаа өөр босогч байна уу?
Өөр хүн байхгүй. Эрхэм дээдэс...
– Эрхэм дээдсийн чинь аяыг олчихсон. Байшинг нэгжсэний дараа тантай учраа олно. Бурхны нэрээр тангараглая. Хэрэв та мэхэлсэн бол...
Тэр цэргүүддээ архиран тушаал буулгаж, гурван хүн тэр дороо хажуугийн өрөө рүү ороод мөчийн дараа тэндээс тачигнах чимээ хадав. Харин ахмад байгаа өрөөгөө анхааралтай ажиглан ханын хавтангуудыг гар бууныхаа бариулаар тогшиж эхэллээ.
Блад энд үлдэх шаардлагагүй гэж үзээд Гобартад хандаж:
– Ахмад аа. Таны зөвшөөрөлтэйгээр би явья даа. Хамгийн сайн сайхныг хүсье - гэсэнд ахмад эрсхэнээр: – Миний зөвшөөрөлтэйгээр та энд саатах болж дээ - хэмээн хариулав. Эмч мөрөө хавчаад буцаж суулаа. Тэгээд:
– Та тэсвэрлэх аргагүй хүн юм. Танай хурандаа үүнийг одоо болтол анзаараагүй нь гайхалтай гэв.
Гэсэн ч ахмад царс модны бяцхан мөчир хавчуулсан, үнгэгдэж, тоосондоо дарагдсан хэн нэгний бүрх малгай шалан дээр хэвтэхийг олж хараад түүнийг анхаарах сөхөөгүй болчихсон байлаа. Тэр бүрх малгай хөөрхий Питийн нуугдсан шүүгээний хажууд хэвтэх ажээ.
Ахмад хорсолтойгоор инээгээд өрөөг дахиж ажиглав. Эхлээд Бэйнс, дараа нь ард нь зогсож байсан хоёр эмэгтэй, эцэст нь Бладыг тохуурхан харлаа. Эмч хөлөө ачаад тоомжиргүй янзтай сууж байсан хэдий ч үнэндээ үйл явдал хэрхэн өрнөхийг тэсч ядан хүлээж байв.
Гобард шүүгээ рүү очоод бахим царсан хаалганых нь нэгийг онгойлгож, тэнд атиран суусан Питийг чирч гаргалаа.
– Энэ чинь хэн гэгч этгээд вэ? Бас л ихэс дээдэс үү?
Ингэж хэлмэгц эмчийн тархинд ахмадын ярьсан дүүжлүүр бууж, Гобардыг аргалж байж гараас нь амьд мэнд мулталсан лорд Гилдойн оронд энэ залуу шүүхээр ч дамжилгүй дүүжлүүлэх болсныг ойлгов. Тэгээд залуу босогчид зориулж, зөвхөн цол хэргэм төдийгүй алдар цуутай гэр бүлийн тухай үлгэр зохиож орхив.
– Та таачихлаа, ахмад аа. Энэ хүн бол эрхэм Томас Верноны үеэл дүү, танай хурандаагийн үзэсгэлэнт дүү бүсгүй Молли Кирктэй гэрлэсэн виконт Пит шүү дээ. Тэр бүсгүй Яков хааны хатны шадар эмэгтэй гэдгийг та мэдэх л ёстой доо. Ахмад болон баривчлагдсан хүн гайхан цочирдож, амьсгал нь золтой л боогдчихсонгүй. Пит дуу шуугүй хүлцэнгүй зогсч, харин ахмад бүдүүлгээр зүхэж, баригдсан хүнийг сонирхон сонжиж харагдана. Тэгсэнээ Гобард:
– Худлаа ярьж байна. Тийм биз? Бурхны нэрийг барьж андгайлья. Тэр надаар тохуурхаж байна! - гэснээ залуугийн мөрнөөс базаж нүүр лүү нь догшноор ширтлээ.
– Хэрэв та өөртөө тийм л итгэлтэй байгаа юм бол наадахаа дүүжилж орхиод таныг яахыг хар л даа. Морин цэргийн дарга эхлээд эмчийг, дараа нь баривчилсан хүнээ ууртай харлаа.
– Үүнийг барь - гэж тэр тушаагаад залууг цэргүүд рүүгээ түлхэв. – Энэ этгээдийг ч хүл - гээд Бэйнс рүү заалаа. – Бид та нарт үймээн дэгдээгчдийг нуувал яадгийг үзүүлээд өгнө өө! Цэргүүд гэрийн эзэн рүү дайрч, Бэйнс тэдний ширүүн бөгөөд чанга гараас мултрах гэж ач тач үзэлцлээ. Айж сүрдсэн эмэгтэйчүүд орилолдоно. Ахмад тэдэн рүү очоод Бэйнсийн охины мөрнөөс базлаа. Сайхан шаргал үс, талимаарсан цэнхэр нүдтэй бүсгүй ахмадын өмнөөс царай алдан ширтэв. Морин цэргийн дарга бүсгүйн эрүүг өргөөд уруул дээр нь бүдүүлгээр үнсэхэд хөөрхий бүсгүй жигшсэндээ татвалзлаа. Харин ахмад баргар царайлан мушийгаад:
– Дэнчин авч байгаа юм аа, бяцхан самуун дэгдээгч минь. Энэ луйварчдын учрыг олох зуур чамайг тайван байлгахад ч тус болно гэв.
Тэгээд ухаан мэдрэлээ алдах дөхсөн бүсгүйг айж сандарсан эхийнх нь гарт үлдээгээд холдлоо. Түүний цэргүүд инээлдэж, найдвартай хүлсэн хоёр хүний хажууд тушаал хүлээцгээнэ. Гобард лүндэн буулгаж:
– Аваад яв. Корнет Дрейк эднийг толгойгоороо хариуцна шүү гэлээ. Түүний дүрлийсэн нүд айж цомцойсон бүсгүй дээр дахин туссанаа цэргүүддээ хандаж:
– Би энд удахгүй. Энэ ичээг нэгжиж өөр босогч байгаа эсэхийг тодруул. Энэ эмчийг ч аваад яв. Хурдан хөдөл - гэж тушаагаад Бладын зүг хайхрамжгүй дохив.
Блад гүн бодлоосоо гэнэтхэн салсан мэт Гобарт руу гайхан харлаа. Тэр мөчид багажных нь саванд хоёр талдаа иртэй хутга байгаа, түүгээрээ Гобардад хүн төрөлхтөнд их тустай хагалгаа хийчихвэл яадаг бол, морин цэргийн даргын цус хөөрсөн нь ойлгомжтой болохоор хануур хийхэд илүүдэхгүй гэсэн бодол зурсхийв. Гэхдээ энэ санаагаа хэрэгжүүлэхэд амаргүй байлаа. Ер нь ахмадыг хажуу тийш нь дуудаж бусдаас нь холдуулаад нуусан эрдэнэсийн тухай амттай үлгэр ярьдаг ч юм билүү гэж Бладыг бодож байтал Гобард цагаа ололгүй оролцож эмчийн зугаатай туурвилд цэг тавьж орхив.
Гэсэн хэдий ч Блад цаг хожих гэж оролдлоо.
– Нэр төрөөрөө тангараглая. Надад тохирох санал байна. Би Бриджуотерт байдаг гэр лүүгээ явах гэж байсан юм. Хэрэв та намайг саатуулаагүй бол би аль хэдийний замдаа гарчих байлаа.
– Та тийшээ явах л болно. Гэхдээ гэр лүүгээ биш, шорон руу очно доо.
– Хүүе! Та тоглож байгаа байлгүй!
– Хэрэв танд хэрэгтэй бол тэнд дүүжлүүр ч олдож болох юм шүү. Асуудлын гол нь таныг дор нь дүүжлэх үү, эсвэл хэсэг зуур хүлээлгэж төвөг удах уу гэдэгт л байгаа юм.
Цэргүүд Бладыг барьж, түүний хоёр иртэй гайхамшигт хутга байсан багажны сав ширээн дээр үлдэж хоцорлоо. Эмч тэнхээтэй, уян налархай хүн байсан болохоор цэргүүдийн гараас мултарч чадсан боловч тэд дахин дайрч түүнийг шалан дээр унагаад гарыг нь ард нь хүлээд босгов.
Гобард товчхоноор:
– Аваад яв - гэснээ морин цэргүүддээ удирдамж өгч: – Энэ байшинг адрынх нь хонгилоос зоорийг нь хүртэл нэгж. Үр дүнг нь надад илтгээрэй. Би эндээ байж байя гэлээ.
Цэргүүд байшингаар нэг таран одлоо. Харгалзагчид Бладыг гадагш нь гаргаад шорон руу туух гэж байсан Пит, Бэйнс хоёртой нийлүүлэв. Блад байшингийн үүднээс Гобард руу эргэж харвал цэнхэр нүдэнд нь уур хилэн буцалж байлаа. Хэрэв амьд мэнд үлдвэл ахмадыг яах тухай дэмий үг түүний амнаас цухуйх шахав. Гэсэн ч тэр амиа аварч, өшөөгөө авах найдварыг нь хөсөрдүүлэх болчимгүй алхам юм гэдгийг цагаа олон ухаарч амаа хамхилаа. Өнөөдөр хааны талын хүмүүс бослого дэгдсэн Английн баруун өмнөд хэсэгт түрэмгийлэн эзэлсэн улсад байгаа мэт аашилж, морин цэргийн жирийн нэг ахмад хүмүүсийн үхэл амьдралыг шийдэх үүргийг гүйцэтгэж байлаа.
Блад болон хэрэгт холбогдсон түүний нөхөд алимны цэцэрлэгт, эмээлийн дөрөөнд уяулчихсан зогсч байлаа. Корнет Дрейкийн хэсэг бусаг тушаалаас үзэхэд жижигхэн баг цэрэг Бриджуотер руу хөдөлсөн бололтой. Морин цэргүүдийн хувьд Английн энэ хэсэг дайснаасаа булааж эзэлсэн нутаг болжээ гэсэн Бладын түгшүүртэй таамаглал ийнхүү бүрэн дүүрэн батлагдав. Ховхолж буй хавтан тас няс хийх, унаж буй тавилга нижигнэх, хүмүүсийн бүдүүлгээр хашгирч инээх чимээ байшингаас хадна. Тэдний хувьд самуун дэгдээгчдийг эрнэ гэдэг нь дээрэм, хүчирхийлэл үйлдэх шалтаг төдий зүйл байлаа. Энэхүү зэрлэг шуугиан дунд эмэгтэйчүүдийн чарлан бархирах дуу ч сонсогдож байв.
Зовж шаналсан Бэйтс зогсоод цайсан үнсэн саарал нүүрээ эргүүлж гэрийнхээ зүг харлаа. Гэвч, түүнийг дөрөөтэй холбосон уяа угзарч хөсөр унагасан тул харгалзагч морийг зогсоотол хэдэн ярд14 зайд газраар чирэгдэв. Цэрэг Бэйнсийг бүдүүлгээр харааж, сэлэмнийхээ хавтгай талаар хэд хэдэн удаа цохиод авлаа.
Блад долдугаар сарын тэрхүү бүгчим өдөр жимсээ дааж ядан бөхийсөн алимны моддын дундуур явж, хүн гэдэг нь байгалийн титэм биш, харин түүний ой гутам туурвил бөгөөд усан тэнэг хүн л устгаж байвал зохилтой ийм бүтээлийг анагаах мэргэжлийг сонгодог байхдаа хэмээн эргэцүүлж байлаа.


1 миль = 1,609 км.
Лаймын булан - Монмутын буусан газар.
12 Пэрийн шүүх - Английн хуулиар лорд хэргэмтэй хүнийг зөвхөн парла¬ментын лордын танхимаас томилсон язгууртнууд шүүх эрхтэй байдаг.
13 Тори - [size=85]Газрын эзэд, шашныхны ашиг сонирхлыг хамгаалж байсан улс төрийн нам.


Last edited by turuu_1022 on May.04.13 10:33 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: May.04.13 10:10 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
III бүлэг. ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

Питер Блад хоёр сарын дараа, хэрэв та тодорхой огноог нь сонирхож байгаа бол 1685 оны есдүгээр сарын 19-ний өдөр, эх орноосоо урвасан хэргээр шүүгдэв. Уг нь тэр буруугүй гэдгийг бид мэднэ. Блад хүн тэсэх аргагүй, дүрслэн бичихэд ч хэцүү нөхцөлд хоёр сар хоригдохдоо Яков хаан болон түүний талынхныг тэсгэлгүй үзэн ядах болжээ. Ерөөсөө Блад тийм нөхцөлд солиороогүй гэсэн ганцхан баримт л түүний ихээхэн зориг тэвчээртэй хүн болохыг бэлхнээ харуулна. Гэсэн хэдий ч, тэр үеийн нөхцөл байдал хичнээн аймшигтай байсан ч, гэмт хэрэг хийгээгүй энэ хүн шүүхээр дамжсан, тэгэхдээ урьд нь биш, есдүгээр сарын 19-ний өдөр шүүгдсэн хувь заяандаа тэр баярлаж явах ёстой юм. Учир нь, тухайн үедээ мэдэхгүй байсан хэдий ч, Бладыг тэгтэл нь бухимдуулж байсан хүлээлт дүүжлүүрийн олсноос мултрах цорын ганц боломжийг түүнд олгосон билээ.
Тэрбээр тулалдааны дараахи өдөр хүнээр хахсан Бриджуотерын шоронгоос туугдан гарч, цусанд улайрсан хурандаа Киркийн тушаалаар, зах зээлийн талбайд шүүхээр оролгүй дүүжлүүлсэн олон хэрэгтний дунд байж болох л байсан. Хэрэв Мьюсийн хамба энэхүү хууль бус цаазыг таслан зогсоогоогүй бол Танжерын хорооны захирагч Бладтай бусадтай нь адилхан харьцаж, улмаар цаазлуулсан босогчдын хувь заяаг хуваалцах байсан нь эргэлзээгүй юм.
Серджмурын тулалдааны дараа долоохон хоногийн дотор Феверже Кирк хоёр “шүүх” хэмээх жүжиг тавилгүйгээр зуу гаруй хүнийг цаазалсан билээ. Ялагсдад улсын баруун өмнөд хэсэгт олноор нь босгосон дүүжлүүрээ тахих самуун дэгдээгч хэрэгтэй байсан бөгөөд егүүтгэх хүн хэзээ, хаана баригдсан, буруутай буруугүй эсэхэд огтхон ч санаа зовоогүй юм. Эцсийн эцэст хэн нэг дүйнгэ этгээдийн амь нас ямар ч үнэ цэнэгүй шүү дээ. Зандалчид олс, сүх болон буцалж буй давирхайгаар зэвсэглэн нойр хоолгүй зүтгэж байлаа... Гэхдээ би ой гутмаар энэхүү явдлын тухай тодорхой бичихээ больё. Эцсийн эцэст бид Монмутад мэхлэгдсэн үймээн дэгдээгчдийн шийтгэлээс Питер Бладын хувь заяаг илүү сонирхож байгаа шүү дээ.
Блад бусад хөөрхийлөлтэй хүмүүсийн хамт хос хосоороо холбуулан гинжлүүлж, Бриджуотерээс Таунтон руу туугдах тэр өдрийг үзэж чадсан юм. Цэргүүд боолт ч хийгээгүй, идээлж хувилсан шархтай, явах тэнхэлгүй болсон хоригдлуудыг хүнээр дүүрсэн тэрэг рүү ёсорхолгүй шидэлж, заримд нь ч аз таарч амь тавьж байв. Блад эмчийн мэргэжилтэй болохоор шаналж буй хүмүүст тусламж үзүүлэх зөвшөөрөл хүссэн боловч түүнийг увайгүй бөгөөд нүүр өгч болохгүй этгээд гэж үзээд ташуурдана хэмээн сүрдүүлжээ. Тэр одоо Монмутын удирдсан бослогод оролцоогүйдээ харамсаж байлаа. Энэ нь мэдээж учир утгагүй боловч ийм хүнд байдалд орсон хүнээс учир зүйтэй сэтгэлгээ хэрхэн шаардаж болох билээ.
Блад Бриджуотерээс Таунтон орох хар дарсан зүүд мэт аяныг гав гинжээр түүнтэй холбосон, өөрийнх нь зовлонд ихээхэн буруутай Джереми Питтэй мөр зэрэгцэн туулсан ажээ. Залуу усан цэрэг бүхэл замын турш Бладаас салсангүй. Долоо, найм болон есдүгээр саруудыг тэд хоригдлоор дүүрсэн халуун бөгөөд өмхий шоронд бахардсаар өнгөрөөсөн бөгөөд шүүх рүү илгээхдээ мөн л хамтад нь холбож гавласан байна.
Хэсэг бусаг цуурхал болон шинэ соргог мэдээ шоронг гадаад ертөнцөөс тусгаарласан зузаан ханаар шүүрэн орж байв. Зарим нэг цуурхалыг хоригдлуудын дунд зориудаар тарааж байсан бөгөөд Монмутыг цаазалсан тухай мэдээ ч мөн ийм л зүйл юм. Энэхүү цуу яриаг хаан ширээний хуурамч өвлөгчийн төлөө тарчилж байсан хүмүүс сонсоод чин сэтгэлээсээ гуниглаж байжээ. Олон хоригдол энэ цуурхалд итгэхгүй байв. Тэд Монмутын оронд түүнтэй төстэй өөр хүн цаазлуулсан, герцог өөрөө аврагдсан болохоор дахиад л алдар суугаа дуурсгах болно гэж ямар ч үндэсгүй нотолж байлаа.
Блад энэхүү хоосон ярианд Монмутын үхлийн тухай мэдээг хүлээж авсан шигээ хайхрамжгүй хандсан бөгөөд ганцхан шившигтэй зүйл л сэтгэл санааг нь хөндсөн төдийгүй Яков хаанд бүр илүү өшрүүлсэн ажээ. Хаан Монмуттай уулзахыг хүссэн юм. Хэрэв тэр самуун дэгдээсэн герцогийг өршөөх бодолгүй байсан юм бол гутааж доромжлон бахаа хангах хамгийн өчүүхэн бөгөөд өөдгүй зорилготой байсан нь ойлгомжтой.
Хожим нь хоригдлууд үнэн хэрэгтээ бослогыг толгойлж байсан лорд Грей дөчин мянган стерлингийн фунтээр15 эрх чөлөөгөө худалдаж авсаныг мэдсэн билээ. Тэгэхэд эмч Яков хааныг үзэн яддагаа илчлэхгүй байж чадаагүй юм:
– Ямар өчүүхэн бөгөөд балиар адгуус хаан ширээнд суучихсан юм бэ! Би түүнийг одоогийнх шигээ сайн мэдэж байсан бол намайг шоронд хатаах шалтгийг аль эрт гаргах байсан юм. Лорд Гилдой одоо хаана байгаа гэж та бодож байна? Пит шоронд хэдэн сар сууснаас далайд борлосон царай нь цайчихсан нүүрээ Блад руу эргүүлж, шоронгийнхоо нөхөр лүүгээ саарал нүдээ бүлтийлгэн харав.
– Та миний асуултанд гайхаж байна уу? Бид хоёр эрхэм дээдсийг сүүлчийн удаа Оглторпод харсан. Энэ бүтэлгүй бослогын жинхэнэ буруутнууд болох бусад язгууртнууд одоо хаана байгаа нь надад мэдээж сонирхолтой байна. Тэд энд, шоронд байхгүйн шалтгааныг Грейгийн түүх тайлбарлана гэж бодож байна. Тэд бүгдээрээ баян хүмүүс болохоор аль эрт мөнгө төлөөд дүүжлүүрээс мултарчихсан нь мэдээж. Язгууртнуудыг дагасан хөөрхий хүмүүсийг л дүүжлүүр хүлээж байгаа болохоос тэд өөрсдөө суллагдчихсан байгаа. Инээдтэй бөгөөд сургамжтай дүгнэлт байгаа биз? Хүмүүс ямар тэнэг юм бэ!
Тэр хэсэг хугацааны дараа жигшин зэвүүцэж, гашуунаар инээмсэглэсээр Таунтоны цайзад шүүгдэхээр орлоо. Нэг хэргээр хамтдаа шүүгдэх болохоор Пит, Бэйнс хоёр ч явсан бөгөөд тэдний байцаалтаар шүүх хуралдаан эхлэх ёстой байв.
Час улаан даавуугаар чимэглэсэн гудамлаг бүхий асар том танхим үзэгчдээр дүүрч, тэдний олонхи нь хатагтай нар байгаа харагдана. Энэ чимэг цусанд шунасан ерөнхий шүүгч Джефрейсийн санаачлага байсан ажээ. Тэрбээр өндөрт байрлуулсан хурлын даргын түшлэгтэй сандал дээр заларчээ. Доохно талд нь улаан жанч өмсч хар өнгийн хиймэл үс толгойдоо угласан дөрвөн шүүгч бөгцийж байв. Бүр доор тангараг өргөсөн иргэний арван хоёр төлөөлөгч сууж харагдана.
Харгалзагч нар хоригдлуудыг танхимд оруулав. Шүүхийн гүйцэтгэгч чимээгүй суухыг хүмүүст сануулж, зөрчвөл шоронд суулгана гэж сүрдүүллээ. Танхим дахь шуугиан алгуур намжиж, “энэрэнгүй бөгөөд шударга” байхаа тангараглаж буй иргэний төлөөлөгчдийг Блад анхааралтай ажиглана. Гэхдээ тэдний царайнаас энэрэнгүй болон шударга ёсны тухай бодох сөхөөгүй байгаа нь илт харагдаж байв. Дасаагүй орчинд орсон тэдгээр хүмүүс үйлдэл дээрээ баригдсан халаасны хулгайч нар шиг харагдах ажээ. Эдгээр арван хоёр хүн шүүгчийн илдэнд өртөх үү, сэтгэлийнхээ дуудлагыг дагах уу гэдгээ сонгох хэрэгтэй болжээ.
Дараа нь Блад шүүхийн гишүүд болон тэднийг даргалж буй, харгис хэрцгийгээрээ ард олны дунд зартай лорд Джефрейс рүү харцаа шилжүүлэв.
Энэ нь өндөр бөгөөд туранхай, царайлаг, гонзгор нүүртэй, дөч эргэм насны эрхэм байлаа. Хавдсан зовхи болон нүднийх нь доорхи хөх туяа гунигтай харцыг нь улам тодруулж, үхдэл мэт зэвхий царайнд нь бамбагар, тод улаан уруул болон уушигны сүрьеэтэйг нь илчлэх хоёр улаан толбо ялгарч харагдана.
Ерөнхий шүүгч түүнийг булш руу нь шуудхан чирж буй өвчиндөө шаналж явдгийг Блад мэдэж байлаа. Джефрейсийн амьдрал төгсгөлдөө ойртсон ч, магадгүй үүнийгээ мэддэг болохоор, садар самуун явдалд автсан хүн гэдгийг эмч бас мэддэг байсан юм.
– Питер Блад гараа өргөөрэй!
Шүүхийн гүйцэтгэгчийн сөөнгө хоолой Бладын бодлыг таслав. Эмч гараа өргөж, харин шүүхийн албан хаагч ялын нуршсан дүгнэлтийг нэг хөгөөр уншиж эхэллээ. Бурхны авралаар Англи, Шотланд, Франц болон Ирландын хаан болсон өөрийн дээд бөгөөд хууль ёсны эзэн Яков II-оос урвасан хэргээр Бладыг яллалаа. Тэгээд өөрийнхөө хааныг хайрлаж хүндлээгүй төдийгүй чөтгөрийн ятгалганд орж, хаант улсын амар амгаланг эвдэж, хааныг титэм, хэргэм, нэр төрөөс нь салгах зорилгоор дайн самуун үүсгэсэн гэв. Блад үүний хариуд буруутай, буруугүй эсэхээ хэлэх ёстой байсан юмсанж.
Тэр огтхон ч эргэлзэлгүйгээр:
– Би ямар ч буруугүй гэв.
Шүүгчийн ширээний өмнө сууж байсан шөнтгөр хамартай жижигхэн хүн суудлаасаа босон харайсан нь цэргийн прокурор Поликсфен байжээ:
– Буруутай юм уу, буруугүй юм уу? Ганцхан үгээр хариул.
– Ганцхан үгээр хариул гэнэ ээ. Буруугүй - гэж Блад хэлээд шүүгч нарт хандав: – Би ялын дүгнэлтэнд бичигдсэн хэргүүдийн алийг нь ч үйлдээгүй гэдгээ мэдэгдэе. Амь насанд минь асар их аюул заналхийлж байсан өмхий шоронд хоёр сар хоригдохдоо тэвчээр муутай байсан хэрэгт л намайг яллаж болох юм...
Тэр өөр олон зүйл ярих байсан ч ерөнхий шүүгч түүнийг зөөлөн, тэр ч байтугай өрөвдөлтэй хоолойгоор үгийг нь таслав:
– Би таны үгийг таслахаас өөр аргагүй боллоо. Бид шүүх хурлынхаа хэм хэмжээг баримтлах ёстой шүү дээ. Та шүүх хурлын дэгийг мэддэггүй хүн юм аа даа?
– Зөвхөн мэддэггүй ч биш, мэддэггүйдээ баярлаж явдаг хүн дээ. Хэрэв боломж байсансан бол танилцахаасаа баяртайгаар татгалзахсан. Ерөнхий шүүгчийн дүнсгэр царайнд хормын зуур үл ялиг инээмсэглэл тодров:
– Би танд итгэж байна. Та өөрийгөө хамгаалж үг хэлэх үед хүссэн бүхнээ ярих бололцоо олгоно. Харин заавал одоо ярих гээд байгаа чинь хууль бус үйлдэл юм шүү. Ийм урьхан бөгөөд анхааралтай шүүгч таарсанд баярлаж гайхсан Блад бурхан болон эх орон нь түүнийг шүүн таслахыг зөвшөөрч орхив. Шүүхийн албан хаагч үүний дараа ялын шударга шийдвэр гаргахад туслаач хэмээн бурхандаа залбирснаа Эндрью Бэйнсийн гарыг нь өргүүлээд ялын дүгнэлтийг зөвшөөрч байгаа эсэхийг асуув. Бэйнс гэмт хэрэг хийгээгүйгээ хэлсний дараа Пит өөрийнхөө ялыг зоримгоор хүлээн зөвшөөрөв. Ерөнхий шүүгч илт сэргээд ирлээ.
– Ингэсэн нь дээр дээ - гэж түүнийг хэлэхэд улаан жанчтай мэргэжил нэгтнүүд нь толгойгоо дуулгавартай дохицгоов. – Хэрэв цаазлуулах хэрэг үйлдсэн нь тэртэй тэргүй ойлгомжтой самуун дэгдээгчид бүгдээрээ зөрүүдлээд байвал шүүх хурал дуусахгүй шүү дээ - гэж шүүгч хэлээд Блад, Бэйнс хоёр луу дохилоо.
Шүүгчийн муу ёрлосон үгийг сонсоод бүгд зарсхийлээ. Үүний дараа Поликсфен босоод гурван шүүгдэгчийн хэргийн тухай нуршиж, түүнийгээ Питер Бладаас эхлэв.
Цорын ганц гэрч нь ахмад Гобарт байлаа. Тэр гурван шүүгдэгчийг лорд Гилдойтой хамт байхад нь олж баривчилсан нөхцөл байдлын тухай тодорхой ярив. Тэр Питийг хурандаагийн тушаалаар дор нь дүүжлэх ёстой байсан боловч хэрэгтэн Блад түүнийг анхаарвал зохих язгууртан хүн гэж мэхэлсэн тухай ч дурсав.
Ахмадыг мэдүүлгээ өгч дууссаны дараа лорд Джефрейс Питер Блад руу харав:
– Гэрчээс асуух асуулт танд байна уу?
– Надад ямар ч асуулт байхгүй ээ, эрхэм ээ. Болсон явдлыг тэр үнэн зөвөөр ярилаа.
– Та хэргээ булзааруулахгүй байгаа нь сайшаалтай. Ер нь тэгээд яаж ч бултаад нэмэргүй шүү дээ. Эцсийн эцэст бид үнэнийг тогтоож л таарна гэдэгт эргэлзэхгүй байж болно шүү. Бэйнс, Пит хоёр ч ахмадын мэдүүлгийг хүлээн зөвшөөрөв. Ерөнхий шүүгч тайвшран санаа алдаад:
– Бүх зүйл ойлгомжтой байгаа болохоор бурхныг бодоод асуудлыг сунжруулахаа больё. Өөр олон хэрэг байгаа шүү, ноён Поликсфен. Энэ гурван новш жигшүүртэйгээр урвасан нь нотлогдсон, түүгээр барахгүй өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн болохоор цаашид яриад байх зүйл алга.
Ингэж хэлэхэд нь түүний хоолойны эелдэг зөөлөн аяс ор сураггүй арилсан байлаа. Энэ мөчид Питер Бладын ширүүн, бараг л шоглонгуй гэж хэлж болох дуу хадаж:
– Хэрэв та сонсож болгоох юм бол хэлэх юм байна гэлээ.
Ерөнхий шүүгч Бладын шазруун үгийг сонсоод нүд нь орой дээрээ гартал гайхаж, дараа нь уурсав. Түүний дэндүү улаан уруул хорсолтойгоор мушийлаа.
– Чамд өөр юу хэрэгтэй юм бэ, адгийн шаар минь? Чи бас л хэргээ булзааруулж бидний цагийг үрмээр байна уу?
– Шүүгч нар, иргэний төлөөлөгчид болон хуралдагсад таны саяхан амласнаар надад өөрийгөө хамгаалах боломж олгохыг хүсч байна.
– За яахав... Сонсоё л доо... – Ерөнхий шүүгчийн хахир хоолой гэнэтхэн солонгорч бүдэгхэн боллоо. Тэгээд атирч, гүрдийсэн судастай цагаан гараараа нусныхаа алчуурыг гаргаж ирээд уруулдаа наав. Питер Блад эмч хүн болохоор Джефрейс тэсвэрлэх аргагүй шаналж байгааг ойлгож байв. Гэсэн ч шүүгч өвчнөө тэвчиж чадав: – Ярь, ярь. Бүх хэргээ хүлээчихээд өөрийгөө яаж хамгаалах гэсэн юм бэ?
Та л дүгнэнэ шүү дээ, эрхэм дээдэс ээ.
Үүний тулд л би ийшээ ирсэн юм.
Блад түүний цайвар цэнхэр нүдний шийдэмгий харцанд түгшин дальдчиж байгаа шүүхийн гишүүдэд хандаж:
– Эрхэмүүд та нар ч бас бодоорой доо гэв.
Джефрейс иргэний төлөөлөгчидтэйгээ эх орноосоо урвасан хэргээр шүүгдэж буй ялтнуудтай адилхан харьцаж байсан болохоор тэд түүнээс үхтлээ айж байв.
Блад зоригтойгоор урагш гарлаа. Тэр өөртөө итгэлтэй, харин царай нь барайсан харагдана. Тэгээд тайвнаар:
– Ахмад Гобард намайг Оглторпын эдлэнгээс олсон нь үнэн. Гэхдээ тэр намайг тэнд юу хийж байсан тухай дурссангүй гэлээ.
– Чи тэгээд гэм буруутай нь нэгэнт нотлогдсон үймээн дэгдээгчидтэй юугаа хийж байсан юм бэ?
– Харин энэ тухай л ярих гэсэн юм.
– Ярь. Тэгэхдээ товчхон шүү. Урвагч нохдын донгоссон бүхнийг сонсох юм бол хурал ирэх хаврыг хүртэл сунжирч таарна.
Би тэнд лорд Гилдойг эмчлэх гэж очсон юм аа.
Юу гэнэ ээ. Чи өөрийгөө эмч гэж хэлэх гээд байна уу?
Тийм ээ. Би Дублин хотын Тринити-коллежийг төгсгөсөн. Джефрейс:
– Авралт бурхан минь! - хэмээн дуу алдахад хоолой нь чангарчихсан байв. – Энэ новшийг хараач! - гэснээ шүүхийн гишүүд рүү хандлаа. – Гэрч түүнийг хэдэн жилийн өмнө Танжерт францын армийн офицер байсныг нь гэрчилсэн шүү дээ. Тэгээд ч хэрэгтэн өөрөө гэрчийн мэдүүлэг үнэн гэж зөвшөөрснийг та нар сонсоо биз дээ.
– Би үүнийг одоо ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ миний үг ч үнэн юм шүү. Хэдэн жилийн өмнө би цэрэгт байсан. Харин түүний өмнө эмч байсан юм. Би энэ оны нэгдүгээр сард Бриджуотерт төвхнөөд хүн эмчилж эхэлснийг зуу зуун хүн нотолно.
– Үүнд л цагаа зарах дутаж гэнэ! Өөдгүй золиг минь! Би чиний өөрийн чинь өгсөн мэдүүлгийг үндэслэж ял онооно. Дахиад асууя. Бриджуотерт хүн эмчилдэг гээд байгаа хүн яахаараа Монмутын армид орчихсон явж байдаг билээ.
– Би тэр армид хэзээ ч байгаагүй. Нэг ч гэрч үүнийг нотлоогүй, нотлох ч үгүй гэж хэлж зүрхлэх байна. Би бослогын зорилгыг дэмжээгүй бөгөөд энэ балмад явдлыг солиорол гэж үзсэн юм. Өөрийн чинь зөвшөөрөлтэйгээр танаас нэг зүйл асуумаар байна. Католик шашин шүтдэг хүн протестантуудын дунд юу хийж таарах вэ?
Католик гэнэ ээ? - гэснээ шүүгч түүн рүү баргар царайлан харлаа. – Чи бол гонгинохоос өөр юм мэддэггүй протестант. Хуурмаг шашин шүтэгч! Залуу минь. Би протестантуудыг дөчин милийн зайнаас үнэрлэж чаддаг хүн дээ.
Тийм юм бол гайхалтай үнэрч хамраараа католик шашинтныг дөрөвхөн алхам зайнаас таньж чадахгүй байгаа чинь сонин л байна даа. Хуралд оролцогсод инээлдэж, шүүгч тэднийг хэрцгийгээр харж, шүүхийн гүйцэтгэгч хашгирмагц шуугиан дорхноо намжив.
Джефрейс нусныхаа алчуурыг атгасан хэвээр байгаа нарийхан цагаан гараа өргөж, үг бүрээ жинтэй болгохын тулд долоовор хуруугаа сэгсчиж байгаад:
– Найз минь! Чиний шашин шүтлэгийн асуудлыг бид хэлэлцэхгүй. Гэхдээ миний хэлэх үгийг тогтоогоод ав. Ямар ч шашин худал хуурмаг зүйлийг зөвтгөдөггүй юм. Үүний тухай, бас чи, бид, бүх хүн бүхнийг чадагч бурханы их шүүлтэнд орох өдөр өчүүхэн төдий ч худлаа ярьсан бол хатуу чанга гэсгээж, гал дүрэлзэж хүхэр буцалсан ёроолгүй ангал руу шиддэг тухай бод. Бурханыг мэхлэж чадахгүй. Үүнийг үргэлж санаж яв. Харин одоо хэл. Яахаараа чи самуун дэгдээгчидтэй баригдсан юм бэ? Питер Блад гайхаж эгдүүцсэн харцаар шүүгчийг хараад:
– Эрхэм дээдэс ээ. Тэр өглөө намайг шархадсан лорд Гилдой руу дуудсан юм. Түүнд тусламж үзүүлэхийг эмч хүний үүрэг гэж үзсэн билээ гэв.
– Үүрэг гэж үзсэн гэнэ ээ? - Тэгээд цонхигор царайтай шүүгч мушийж Блад руу ууртай харав. Дараа нь Джефрейс биеэ бариад гүнзгийгээр амьсгалж, дуу нь ч зөөлрөв: – Бурхан минь! Бидний тэвчээр барагдах нь. За яахав. Хэн таныг дуудсан юм бэ?
– Энд байгаа Пит. Тэр миний ярьсныг нотолно.
– Тийм үү? Өөрөө урваснаа хүлээсэн Пит гэрч болж нотлох болж байна уу?
– Энд Эндрью Бэйнс ч байж л байна. Тэр ч бас гэрчилнэ.
– Эрхэм Бэйнс өөрийнхөө хэргийг яая даа гэж байна. Хүзүүнээсээ дүүжлүүрийн олс мултлах гээд завгүй л байх болов уу. За, тийм байдаг байж. Гэрч нар чинь ердөө энэ хоёр юм уу?
– Яалаа гэж дээ, эрхэм ээ. Намайг Питтэй сундлаад явсныг харсан хүмүүсийг Бриджуотерээс дуудаж болно шүү дээ. Ерөнхий шүүгч инээснээ:
– Ийм шаардлага байхгүй. Би та нарт цагаа зарах бодолгүй байна. Ганцхан зүйлд хариулаадхаач. Пит таныг аваачихаар ирэх үед тэр Монмутын талын хүн гэдгийг та мэдэж байсан уу?
– Тийм ээ, эрхэм ээ. Би үүнийг мэдэж байсан. Ерөнхий шүүгч:
– Тийм бий. Та мэдэж байжээ - гэснээ айсандаа атирсан иргэний төлөөлөгчдийг догшноор харав. – Тэгсэн хэр нь түүнтэй явсан юм биз дээ?
– Тийм ээ. Шархадсан хүнд тусламж үзүүлэх нь эмч хүний ариун үүрэг гэж бодсон юм аа.
– Өөдгүй амьтан. Үүнийг чи ариун үүрэг гэнэ ээ. Авралт бурхан минь! Чиний ариун үүрэг хаан болон бурханд үйлчлэхэд оршино! Гэхдээ энэ тухай ярихаа больё. Чухам хэнд таны тусламж шаардагдаж байгааг Пит хэлсэн үү?
– Лорд Гилдойд гэсэн.
– Лорд Гилдой тулалдаанд шархадсан, хэний талд байлдаж байсныг та мэдэж байсан уу?
- Тийм ээ, мэдэж байсан.
- Лорд Гилдойд туслахаар очсон атлаа манай хааны үнэнч албат гэж бидэнд итгүүлэх гээд байгаа юм биз дээ? Хэсэгхэн зуур Питер Бладын тэвчээр алдарч:
– Би түүний шархны тухай л бодож байснаас биш улс төрийнх нь үзэл бодлыг огтхон ч сонирхоогүй - гэж огцомхон хэллээ. Шүүх хуралд оролцогсод, тэр ч байтугай иргэний төлөөлөгчдийн дунд түүнийг сайшаан шивэр авир хийхийг сонсоод ерөнхий шүүгчийн хилэн оволзов. Джефрейс:
– Есүс минь өршөө! Энэ хорвоо дээр чам шиг ичгүүргүй хорон санаатан байдаг болов уу? - гэснээ үхдэл шиг цайсан нүүрээ шүүхийн гишүүд рүү хандуулав. – Эрхмүүдийн анхаарлыг энэ жигшүүртэй урвагчийн увайгүй зан явдалд хандуулья. Түүний хүлээсэн хэрэг арван удаа дүүжлэхэд ч хүрэлцэнэ... Яллагдагч хариулаарай. Ямар зорилгоор ахмад Гобартын толгойг эргүүлж, урвагч Пит өндөр хэргэмтэй гэж мэхэлсэн юм бэ?
- Би түүнийг шүүхээр оролгүй дүүжлүүлчих вий гэсэндээ л тэгсэн юм.
- Энэ шившигт этгээдийн хэрэг чамд ямар хамаатай юм бэ?
- Шударга ёсны төлөө санаа тавих нь үнэнч албат бүрийн үүрэг. Хааны албатуудын үйлдсэн бусармаг явдал түүний нэр төрийг ямар нэгэн хэмжээгээр гутаадаг юм.


Top
   
PostPosted: May.06.13 12:32 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 481
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
уншинааа... таалагдаж байна. :P амжилт хө

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: May.06.13 2:39 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Aug.02.12 5:13 am
Posts: 35
үргэлжлэлийг хүлээж байгаа шүү


Top
   
PostPosted: May.06.13 10:16 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Oct.12.08 10:05 pm
Posts: 559
Location: poker table
ЭНЭ НОМЫГ УНШААРАЙ. ҮНЭН КАЙФТАЙ ЗОХИОЛ ШҮҮ. ХҮМҮҮС ЕР НЬ МЭДДЭГГҮЙ ЮМ

_________________
View unanswered posts


Top
   
PostPosted: May.06.13 8:41 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Энэ нь шүүгчид рүү хүчтэй дайрч давшилсан үг байсан бөгөөд миний бодлоор Бладын биеэ барих чадвар үхлийн аюул тулгарсан үед улам бүр хурц болдог түүний сэргэлэн ухааныг харуулж буй хэрэг юм. Хэрэв шүүхийн хуралдаанд олигтой хүмүүс оролцсон бол дээрх үг Бладын хүссэн тэр сэтгэгдлийг төрүүлэх байсан нь дамжиггүй. Харамсалтай нь, иргэний төлөөлөгчдийн дүр эсгэсэн өрөвдөлтэй малууд эргэлзсээр байв. Энэ үед Джефрейс дахиад л хатган үймүүлэв.
Тэр хүндээр хүчлэн амьсгалж, Бладын төрүүлсэн нааштай сэтгэгдлийг үгүй хийхээр галзууран довтоллоо.
– Ертөнцийн эзэн минь! Та нар урьд өмнө ийм ичгүүргүй этгээдийг харсан уу? Гэхдээ би чамайг болгоод өгнө өө. Бүх юм дууссан! Хорлогч минь. Би чиний хүзүүнд олс углаж орхиноо! Джефрейс энэ үгээрээ иргэдийн төлөөлөгчид сэтгэлийнхээ дуудлагыг сонсох боломжийг хааж орхиод буйдан дээрээ итгэлтэй нь аргагүй суув. Шүүн таслах жүжиг төгсчээ. Шүүгчийн цонхигор царайнаас хөөрлийн шинж тэмдэг арилж, уйтгарлан дүнсийжээ. Тэрбээр хэсэг зуур дуугүй сууснаа зөөлөн, бараг л наалинхай хоолойгоор ярьж эхлэсэн бөгөөд үг бүр нь нам гүм танхимд тодорхой сонсогдох ажээ.
– Надад хэн нэгэнд хор хүргэдэг, хэн нэгнийг үхэхэд баярладаг зан байхгүй. Зөвхөн та нарын төлөө санаа зовсондоо, өөрсдийнхөө мөнхийн оюун ухааныг бодоосой, хуурмаг мэдүүлэг өгч, гөжиж байж бурхны хараалыг хүртэх вий гэсэндээ л олон юм ярьсан юм шүү. Гэхдээ миний бүхий л хичээл зүтгэл болон энэрэл талаар өнгөрснийг би харж байна. Надад одоо та нартай яриад байх зүйл алга - гэснээ шүүхийн гишүүд рүү эргэж харлаа: – Эрхэм ноёдоо! Хэн нэгэн хүн хааны эсрэг бослогод оролцоогүй байсан ч үймээн дэгдээгчдийг санаатайгаар орогнуулж, нууж, дэмжсэн бол тэр хүн гартаа зэвсэг барьсан босогчтой адилхан урвагч мөн гэдгийг хууль сахиулагч та нарт сануулья. Хууль бол ийм л юм. Та нар өөрсдийн үүрэг болон өргөсөн тангарагаа удирдлага болгон шударга ял оноох ёстой.
Дараа нь ерөнхий шүүгч, Бэйнс урвагчийг нуусан, харин Блад түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн болохоор аль аль нь урвагч гэж нотлохыг оролдож баахан ярив. Шүүгч хэлсэн үгэндээ бурхан бүгдийн дээр залсан хууль ёсны эзэн болох хааныг зусардан магтаж, протестантууд болон Монмутыг харааж, хууль ёсоор төрсөн ядуу хүн бүрийн хаан ширээ залгамжлах эрх тэрслүү герцогийн эрхээс хавьгүй илүү гэв.
Тэр үгээ хэлж дуусах үед тэнхээ тамир нь барагдаж, буйдан дээр суух биш унаж, хэдэн мөчийн турш уруулаа алчуураар арчин чимээгүй суулаа. Дараа нь өвчин нь дахин хөдөлснөөс бачимдан атирч, шүүхийн төлөөлөгчдийг зөвлөлдүүлэхээр явууллаа.
Питер Блад Джефрейсийн үгийг тоомсоргүй сонссон бөгөөд шүүхийн танхимд өнгөрөөсөн мөчүүдээ хожим нь дурсан санахдаа яагаад тэгсэн юм бол доо гэж нэг бус удаа гайхаж байсан билээ. Тэрбээр ерөнхий шүүгчийн зан ааш хичнээн түргэн хувирч байгааг хараад цочирдож гайхсанаас өөрийнх нь амь насанд аюул тулгараад байгааг бараг умартаж орхисон байжээ.
Шүүхийн гишүүдийн зөвлөлдсөн хугацаа ялын тогтоолтойгоо дүйцэхээр богинохон байсан бөгөөд гурвууланг нь буруутай гэж үзсэн ажээ. Питер Блад танхимыг тойруулан харахад хоромхон зуур хэдэн зуун хүний цонхигор царай өмнө нь дайвалзаад ирэв. Гэвч тэр биеэ барьж, хэн нэгэн хүн түүнээс улсаасаа урвасан буруутайгаа хүлээн зөвшөөрсөний дараа яахаараа түүнд цаазлах ял оноохгүй байх ёстой тухай хэлж чадах уу16 гэж асуухыг сонслоо.
Тэр гэнэтхэн инээвэл нам гүм танхимд этгээд бөгөөд зэвүүн сонсогдлоо. Улаан жанчтай, гаж донтой өвчтөний
зохион байгуулсан шүүх хурал тэр чигээрээ доромжлол байв. Ер нь тэгээд ерөнхий шүүгч хэрцгий, хорон санаатай, хонзон санадаг, хаанд худалдагдсан, хууль ёсыг элэглэдэг этгээд байсан билээ. Гэтэл гаж донтой хүнд хүртэл Бладын инээд нөлөөлсөн ажээ.
Ерөнхий шүүгч:
– Та хүзүүндээ олс углаад үхлийн босгон дээр зогсч байгаа хэр нь инээж байгаа хэрэг үү? - хэмээн гайхан асуулаа. Блад энэ удаад ч өөрт нь олдсон өшөөгөө авах боломжийг ашиглаж чадав:
– Үнэнийг хэлэхэд танд биш надад баярлах шалтгаан илүү байгаа шүү. Миний ялыг батлахаас өмнө цөөн үг хэлээдэхье. Та өөрийнхөө, эмчийнхээ үүргийг биелүүлсэнээс болоод хүзүүндээ олс угласан гэмгүй хүнийг харж байна. Та хурал эхлэхэд л миний хувь заяаг шийдчихсэн байсан. Эрхэм дээдсээ. Харин би эмч хүний хувьд таныг юу хүлээж байгааг урьдчилаад хэлчихье. Би одоо ч гэсэн тантай хувь заяагаа, та намайг боомилох гэж байгаа олсыг таны дотор байгаа тэр чулуугаар солихгүй. Та надад оноосон үхлийг өөрийн чинь байнга дурсдаг бурхан өөрт чинь оноосон үхэлтэй харьцуулбал үнэнхүү баяр цэнгэл юм шүү.
Цонхийн цайж, уруул нь чичирсэн ерөнхий шүүгч буйдан дээрээ хөшиж, танхимд нам гүм болов. Джефрейсийг мэддэг хүмүүс одоо л шуурга эхлэх нь дээ гэж бодлоо.
Гэтэл шуурга дэгдсэнгүй. Тод улаан нөмрөгтэй шүүгчийн нүүр ягаарав. Тэр мэгдэж, арайхийж өндийгөөд ялын тогтоолыг зангирсан хоолойгоор, өөрөө ч мэдэлгүй уншсан бөгөөд Бладын үгэнд хариу өгсөнгүй. Шүүгч ялынхаа тогтоолыг уншчихаад буйдан дээр дахиад л ойчоод өглөө. Тэр нүдээ дутуу аньж, духанд нь хөлс дааварлах ажгуу.
Харгалзагчид хоригдлуудыг аваад явлаа.
Энэ үед иргэний нэг төлөөлөгч, урьд нь тэрс намд байсныгаа нууж явдаг цэргийн прокурор Поликсфен мэргэжил нэгт өмгөөлөгчид хандаж, аяархнаар:
– Бурханы нэрээр тангараглая. Хар царайтай энэ луйварчин ерөнхий шүүгчийг үхтэл нь айлгалаа шүү. Энэ хүн дүүжлүүлэх болсон нь харамсалтай. Джефрейсийг айлгах чадвартай хүн хол явах байсан юм даа – гэж хэлэхийг санаандгүй сонсжээ.

_________________
...project Manhattan


Top
   
PostPosted: May.06.13 8:46 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
IV бүлэг. ХҮНИЙ НАЙМАА

Поликсфен нэг дор зөв, бас буруу зүйл ярьсан байлаа.
Тэрбээр Джефрейс шиг дарангуйлагчийг сандраах чадвартай хүн цаашаа хол явна гэж үзсэн нь зөв байсан юм. Харин Питер Блад гарцаагүй цаазлагдана гэсэн нь эндүү бодол байжээ.
Оглторпын эдлэнд очсоноос болоод Бладтай учирсан гай зовлонд эерэг хоёр нөхцөл байсан тухай урьд нь би хэлсэн. Үүний эхнийх нь түүнийг ерөөсөө шүүсэн явдал, сүүлчийнх нь шүүх хурлыг 19-ний өдөр хийсэн явдал юм. Есдүгээр сарын 18¬ны өдрийг хүртэл ялыг тэр дор нь гүйцэтгэж байсан ажээ. Гэтэл 19-ний өдөр улсын сайд лорд Сэндерлендээс лорд Джефрейсийн нэр дээр бичсэн захидлыг Таунтонд элч хүргэж ирсэн байна. Тэр захидалд эрхэм дээд хаан мянга нэг зуун босогчийг Ямайка, Барбадос болон Салхин доорхи арлуудад орших өөрийн өмнөд эзэмшил рүү илгээх зарлиг гаргасныг дуулгажээ.
Уншигч та энэ зарлигийг хоригдлуудыг энэрэн хайрласандаа буулгасан гэж бодохгүй байгаа нь ойлгомжтой. Яков II-ын томоохон түшмэдийн нэг болох лорд Черчиль хааны зүрх чулуу шиг мэдрэмжтэй гэж хэлсэн нь яах аргагүй үнэн билээ. Энэхүү “энэрэл”-ийн учир хялбархан тайлбарлагдана. Хааны эзэмшил нутгийн тариалангийн талбайд ажиллах хүч дутагдаж, эрүүл чийрэг эрчүүдийг 10¬15 стерлингийн фунтээр худалдах боломж байхад үй олноор нь цаазална гэдэг чинь үнэ цэнэтэй зүйлийг шал дэмий үрсэн тэнэг хэрэг шүү дээ. Түшмэд хааны хайр ивээлийг хүлээж байсан бөгөөд тэдний амин чухал хэрэгцээг хангах хямдхан бөгөөд боломжийн арга олдсон нь энэ байсан юмсанж.
Эцсийн эцэст хаан ойр дотныхоо хүмүүст тодорхой тооны яллагдсан самуун дэгдээгчийг бэлэглэж яагаад болохгүй гэж?
Лорд Сэндерленд өөрийнхөө захидалд хааны өршөөлийн тухай нарийн ширийн зүйлсийг тодорхой бичсэн байлаа. Үүнд, нэг мянган ялтанг хааны найман шадрын өмч, зуун хүнийг хатны өмч болгосон ажээ. Эдгээр хүмүүсийг хааны өмнөдийн эзэмшил рүү үтэр түргэн илгээж, улмаар арван жилийн дараа суллагдталаа тэндээ амьдрах ёстой байв. Хоригдлуудыг шилжүүлсэн хүмүүст тэднийг яаралтай зөөвөрлөх үүрэг хүлээлгэсэн байлаа.
Ерөнхий шүүгч Джефрейс тэр шөнө согтууран агсарч, түүний бодлоор байж боломгүй хааны “энэрэл”-ийг хараан зүхэж байсныг түүний нарийн бичгийн даргаас бид олж мэдсэн билээ. Ерөнхий шүүгч эзэн хаанд захидал илгээж, шийдвэрээ өөрчлөхийг түүнээс гуйж, харин Яков хаан татгалзсан хариу өгсөнийг ч бид бас олж мэдсэн юм. Учир нь, энэ “энэрэл”-ийн ачаар хаан шууд бус ашиг хонжоо гаргах боломжтой байсан бөгөөд ерөөсөө энэ шийдвэр түүний зан байдалтай нийцэж байв. Олон хоригдол боолчлолыг тэсэлгүй шаналан үрэгдэж, амьд үлдсэн нэг нь тэдний хувь заяанд атаархах болно гэдгийг хаан мэдэж байлаа.
Питер Блад, Эндрью Бэйнс болон Джереми Пит гурав ялын тогтоолын дагуу дүүжлүүлж, дөрвөн мөчөө тасчуулж, хүрдлэн алуулахын оронд тавин хоригдлын хамт Бристоль руу ачигдаж, тэндээсээ “Ямайкийн худалдаачин” хөлгөөр далайд гарсан ажээ. Тэгээд олуулаа ачигдаж, муу хоол, өмхийрсөн ус идэж ууснаас болоод хоригдлуудын дунд өвчин дэгдэж, далай хэмээх булш арван нэгэн хүнийг авч оджээ. Үрэгдэгсдийн дунд зовлонт Бэйнс ч бас байв.
Гэхдээ, хоригдлуудын үхлийг Бладын оролцоотойгоор цөөрүүлж чадсан юм. “Ямайкийн худалдаачин”-ы ахмад эхэндээ эмтэй хайрцагийг түүнд шилжүүлж, өвчтөнүүдэд тусламж үзүүлэхийг зөвшөөрөөч гэсэн шургуу хүсэлтийг хараал, сүрдүүлгээр угтсан ажээ. Ахмад Гарднер яваандаа амьд ачаагаа хэтэрхий олноор нь хорогдуулсан ялд хожим нь унаж, хэрэгт холбогдож болохыг ойлгосон байна. Тийм ч болохоор арай хожуу хэдий ч Питер Бладын анагаах ухааны мэдлэгийг ашиглаж эхэлсэн ажгуу. Харин Блад хоригдлуулын амьдралын нөхцлийг сайжруулж, эмнэлгийн тусламж үзүүлснээр өвчний тархалтыг зогсоож чадсан юм.
Арванхоёрдугаар сарын дундуур “Ямайкийн худалдаачин” Карлайлын буланд зангуугаа хаяж, амьд мэнд үлдсэн дөчин хоёр босогч хуурай газар дээр хөл тавьжээ.
Заяа муутай эдгээр хүмүүс (тэдний олонхи нь ингэж бодож байв) зэрлэг, соёлгүй орон руу явж байна хэмээн төсөөлж байсан боловч амьд барааг хөлгөөс завинд шилжүүлэн ачих үед орчин тойрноо хальт хараад энэ бодлоо өөрчлөв. Тэд европ хийцийн барилгатай боловч хөл үймээнгүйгээрээ Европын хотуудаас ялгагдах нилээд том хотыг олж харлаа.
Улаан өнгийн дээврийн цаана сүмийн ганжир сүндэрлэх ажээ. Далайн өргөн булан руу нэвтрэх орцыг шагаавараас нь их бууны ам ийш тийш арзайн цухуйсан цайз хамгаалж байв. Толгодын налуу хажууд амбан захирагчийн том байшингийн нүүр цагааран харагдана. Тэдгээр толгод Англид дөрөвдүгээр сард ажиглагддаг шиг нов ногоон ургамлаар хучигдсан байлаа. Борооны улирал саяхан төгссөн болохоор Английн хаврыг санагдуулах ажээ.
Ялтнуудыг харгалзуулахаар илгээсэн цагдаагийн зэвсэглэсэн баг чулуу дэвссэн эрэг дээр жагссан харагдана. Эндэхийн оршин суугчид ч бас цугласан байх бөгөөд Английн далайн боомтуудаас ялгагдах онцлог гэвэл эмэгтэйчүүд цөөхөн, харин хар арьстанууд олон байлаа.
Амбан захирагч Стид боомтын далан дээр жагсаасан хоригдлуудад үзлэг хийхээр хүрч ирэв. Тэр улаан царайтай, зузаан гэгчийн цэнхэр торгон хантааз өмсч алтан хиазтай таягаар гоёсон намхан бөгөөд махлаг хүн байлаа. Тэр ялимгүй доголдог болохоор хар өнгийн модоор хийсэн таяг тулдаг юмсанж. Түүний хойноос барбадосын цагдаагийн хурандаагийн дүрэмт хувцастай өндөр, бадриун хүн ирэв. Түүний шар царайнаас муу санаатай хүн гэдэг нь илэрхий харагдана. Хажууд нь морь унахад зориулсан дэгжин хувцастай гуалиг бүсгүй явж байлаа. Тэмээн хяруулын улаан өдөөр чимсэн саарал өнгийн дэлбэгэр бүрх халуун орны нар салхи ч мөрөө үлдээж чадаагүй зууван бөгөөд цэвэрхэн царайг нь нарнаас халхалжээ. Элгэн хүрэн өнгийн мушгиран гялалзсан туг үс мөрийг нь хучиж, дүрлэгэр хар нүд нь жавхаагаа алдаж зовнил тодорчээ.
Сонирхох зүйлээ яахын аргагүй буруу сонгосон гоо бүсгүйн дур булаам царайнаас харцаа салгаж чадахгүй байгаагаа Питер Блад гэнэтхэн ойлгов. Тэр эмэгтэй ч бас түүнийг анхааралтай ажиглаж байгааг Блад мэдээд ямар эмгэнэлтэй дүр зураг харагдаж байгааг ойлгож бөгцийн атирав. Ширэлдсэн бохир үс, хусалгүй удсан бавгар хар сахалтэй энэ хүний чанар сайтай хантааз ноорч, ногооны талбайн мануухайг ч гутаахаар болсон учир ийм үзэсгэлэнтэй нүдний харцанд өртөхөд даанч хэцүү байлаа. Дараа нь тэр эмэгтэй түншийнхээ гараас угзарвал нөгөөдөх нь дургүйцсэн янзтай үглэсээр эргэж харлаа.
Бүсгүй түүнд ямар нэг юм махран ярьж, хурандаа түүнийг тоомжиргүй сонсож харагдана. Цагдаагийн даргын махлаг, унжуу хамрын дээр шигдсэн гялалзсан онигор нүдний харц бүсгүйгээс салж Бладын хажууд зогсч байсан цайвар үс, чийрэг биетэй Пит дээр туслаа.
Энэ үед тэдэн рүү захирагч очиж, яриа өрнөв.
Бүсгүй аяархан ярьсан болохоор Бладад огт сонсогдсонгүй. Хурандаагийн яриа үхэр мөөрөх мэт ойлгомжгүй сонсогдов. Харин захирагч цангинасан хоолойтой хүн байсан бөгөөд өөрийгөө хурц ухаантай гэж боддог учир бусдын анхаарлыг эзэмдэх дуртай нэгэн байлаа.
– Эрхэм хурандаа Бишоп та сонсооч. Энэ сайхан цэцгийн баглаан дундаас өөрийнхөө тогтоосон үнээр дуртайгаа эхлээд сонгох эрх олгоё. Тэгээд үлдсэнийг нь бид үнэ хаялцуулж худалдана. Хурандаа Бишоп үүнийг зөвшөөрөн толгой дохиод:
– Эрхэм дээдэс та их эелдэг хүн юм. Гэхдээ, нэр төрөөрөө андгайлахад, эд нар чинь ажилчид биш, ясан хэдрэг болсон сүрэг адсага байна шүү дээ. Эд нар тариалангийн талбайд нэмэр болно гэдэг юу л бол доо гэв.
Тэгээд жижигхэн нүдээ зэвүүцэн онийлгоод ялтнуудыг дахиж харвал хэрцгий авир нүүрэнд нь тодров. Дараа нь “Ямайкийн худалдаачин” хөлгийн ахмадыг дуудаж хэдэн мөч ярьснаа түүнээс авсан жагсаалтаа харлаа.
Хурандаа жагсаалтыг Гарднерт буцааж өгөөд яллуулсан босогчид руу очив. Тэгээд Сомерсетширээс ирсэн усан цэргийн хажууд зогсоод булчинг нь тэмтэрч, шүдийг нь үзэхээр амыг нь ангайлгаж уруулаа долоосноо ард нь явсан Гарднер руу эргэж ч харалгүй:
– Үүнийг арван таван фунтээр авья - гэж бувтнав.
Ахмад дургүйцэн үрчийлээ:
– Арван таван фунт гэнэ ээ. Миний хэлэх үнийн тэн хагаст ч хүрэхгүй юм байна.
– Харин миний төлье гэж бодож байгаагаас хоёр дахин их үнэ л дээ.
– Эрхэм дээдсээ. Гучин фунт ч хэтэрхий хямдхан байна.
– Би тэр хэмжээний мөнгөөр хар арьстан худалдаж авсан ч чадна. Цагаан арьстай наад малууд чинь ажилд муу. Тэгээд ч ийм уур амьсгалтай газар дорхноо үхээд өгнө.
Гарднер хүн биш ачааны малын тухай ярьж байгаа мэт Питийн эрүүл мэнд, залуу нас болон тэсвэр хатуужлыг магтаж гарав. Соргог мэдрэмжтэй Пит хөдөлгөөнгүй, дуугүй зогсох ажээ. Зөвхөн хацар дээр нь нэг тодорч, нэг арилж байгаа улаан туяа л биеэ барихыг хичээж буй дотоод тэмцлийг нь илэрхийлж байлаа. Энэ бузар наймаа Питер Бладын гүн жигшэлийг төрүүлэв.
Энэ яриа өрнөх үед Бладын анхаарлыг татсан бүсгүй захирагчтай ярилцсаар бусдаасаа зайдуу очсон байлаа. Амбан захирагч түүний хажууд тэнэгээр маяглан инээж, тавьтаргүй цовхчих ажээ. Бодоход тэр бүсгүй хурандаа ямар жигшүүртэй хэрэг үйлдэж байгааг ойлгохгүй байгаа бололтой. Магадгүй, энэ бүхэн түүнд ямар ч хамаагүй байж болох юм гэж Блад бодов.
Энэ хоромд хурандаа Бишоп огцом эргээд явахыг завдлаа.
– Хорин фунт. Ганц ч пенс17 нэмэхгүй. Энэ миний сүүлчийн үнэ. Танд Крэбстоны санал болгох үнээс хоёр дахин илүү шүү.
Ахмад Гарднер ярианых нь өнгөнөөс энэ бол үнэхээр сүүлчийн үнэ юм гэдгийг ойлгомогц санаа алдаад зөвшөөрөв. Бишоп ялтнуудын эгнээг дагаад цаашаа хөдлөв. Блад болон хажууд нь зогсож байсан эцэнхий залууг хальт хараад л өнгөрлөө. Харин дараачийн хүн түүний анхаарлыг татаж, наймаа дахин өрнөв. Тэр нь Сержмурын тулалдаанд өрөөсөн нүдээ алдсан, үлэмж том биетэй, дунд зэргийн настай Волверстон байлаа.
Питер Блад нүд гялбуулсан нарны туяан дор зогсоод кампешийн18 мод, ямайкийн чинжүү болон хушны этгээд сонин анхилам үнэр шингэсэн агаарыг хомхойрон залгилна. Тэрхүү өвөрмөц үнэр бүхнийг мартуулж мансууруулсан болохоор дэмий юм бодогдохоо больж, ярихаас ч дургүй нь хүрэх ажээ. Бладын хажууд зогсож байсан Пит ч хэцүү хүнд саруудыг мөр зэрэгцэн туулж, дотнын нөхөр, ах шигээ хайрлах болсон хүнээсээ яах ч аргагүй салах нь гэж бодоод сэтгэл санаагаар унасан байв. Ганцаардал болон уйтгар гуниг түүнийг эзэмдэж, өмнө нь туулсан зовлон үүнтэй харьцуулбал шальгүй зүйл байсан мэт санагдах ажээ. Эмчээс сална гэдэг нь түүний хувьд туулж өнгөрүүлсэн зовлон зүдгүүрийн
шаналгаатай төгсгөл мэт санагджээ. Бусад худалдан авагчид ч ялтнууд руу дөхөж, тэднийг сонжсоор хажуугаар нь өнгөрөх боловч Блад ердөө анхаарсангүй. Дараа нь ялтнуудын эгнээний төгсгөлд хурандаа Бишоп бараагаа авч дуусахыг хүлээж байсан бусад худалдан авагчидтай ахмад Гарднер ярилцах нь сонсогдов. Бүсгүй Гарднерийг ярьж дууссаны дараа Бишопт ямар нэг юм хэлээд мөнгөн бариултай ташуураараа эгнээ рүү заалаа. Хурандаа наранд гялбасан нүдээ алгаараа хааж, ялтнуудыг ажигласаар Гарднерын хамт тэдэн рүү гунхалзсаар дөхлөө. Бүсгүй, захирагч хоёр араас нь дагажээ. Хурандаа эгнээний дагуу аажуухан явсаар Бладтай зэрэгцэн ирж, хэрэв бүсгүй ташуураа Бишопын гарт хүргээгүй бол өнгөрөөд явчих байв.
Бүсгүй:
– Би энэ хүнийг хэлсэн юм гэлээ.
– Энэ үү? - гэж хурандаа асуухад хоолойнд нь жигшсэн өнгө илрэв.
Блад махлаг шар нүүрэнд нь чунзанд шигтгэсэн үзэм шиг гүн суусан хурандаагийн дугариг нүдийг анхааралтай харж, доромжлуулж байгаагаа мэдрэн царай нь улайв.
Бишоп:
– Шуудайнд хийсэн яс л байна шүү дээ. Хүссэн хүн нь л авна биз - гэж хэлээд явахаар эргэсэн боловч Гарднер ярианд оролцов:
– Наадах чинь эцэнхий ч гэсэн их тэвчээртэй хүн. Ялтнуудын тэн хагас нь өвчлөөд байхад хөл дээрээ тогтож, нөхдүүдээ эмчилж байсан юм. Хэрэв наадах чинь байгаагүй бол хөлөг дээр бүр олон хүн үрэгдэх байлаа... Хямдхан зарна шүү. За байз, арван таван фунтээр ав. Эрхэм дээдсээ, дахиад хэлье: эцэнхий ч гэсэн чадалтай, тэвчээртэй хүн. Ийм хүн ямар ч халууныг тэсвэрлэнэ дээ. Уур амьсгал үүнийг хэзээ ч тонилгож чадахгүй. Амбан захирагч Стид инээгээд:
– Хурандаа та сонсож байна уу? Зээ дүүдээ найд. Эмэгтэй¬чүүд эрчүүдийг дөнгөж хараад л үнэлчихдэг юм шүү гэв.
Тэгээд хурц үг хэлсэндээ сэтгэл нь ханаж инээлээ. Бишопын зээ дүү цухалдаж, харин хурандаа наймаандаа улайрчихсан болохоор захирагчийн эргэлзээтэй хошигнолыг анхаарах ч сөхөөгүй байлаа. Тэр бувтнаж шилээ маажихад Джереми Питийн амьсгал бараг л хураагдав. Эцэст нь хурандаа шийдвэр гаргалаа:
– Арван фунт авах уу?
Питер Блад энэ саналыг хүлээж авахгүй байгаасай хэмээн бурхандаа залбирав. Энэ заваан малын, бас ямар нэгэн хэмжээгээр хар нүдтэй залуухан бүсгүйн өмч болно гэсэн бодол түүний жигшүүрийг төрүүлсэн боловч яалтай нь билээ. Боол бол боол, тэр өөрөө хувь заяагаа шийдэхгүй шүү дээ. Питер Блад ийнхүү тоомсоргүй худалдан авагч хурандаа Бишопт шалихгүй үнэ болох арван стерлингээр фунтээр худалдагдсан ажээ.



Пенс - Английн бутархай зоос.
Кампеш - Төв болон Өмнөд Америкт ургадаг мод. Энэ модны буцалгасан хандыг даавуу будахад ашигладаг


Top
   
PostPosted: May.06.13 8:54 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
V бүлэг. АРАБЕЛЛА БИШОП

Нэгдүгээр сарын нэгэн нарлаг өглөө, “Ямайкийн худалдаачин” хөлөг Бриджтаунд ирсэнээс хойш сарын дараа, Арабелла Бишоп хотын баруун хойт хэсэгт, нэгэн толгой дээр орших ахынхаа гоёмсог байшингаас мориор хөдөллөө. Түүнийг дагаад хоёр хар арьстан гүйж харагдана. Тэрбээр амбан захирагчийн гэргий, сүүлийн үед бие нь тааруу байгаа Стид авхайтай уулзахаар явж байсан нь энэ юмсанж. Арабелла өвсөөр хучигдсан налуу хажуутай толгойн оройд гараад өөдөөс нь бүрх малгай, хиймэл үстэй, ёсорхуу бөгөөд сайн хувцастай өндөр хүн ирж явахыг олж харав. Энэ арал дээр танихгүй хүн таарах нь ховор болохоор ч тэр үү, бүсгүй түүнийг хаа нэгтэй харсан санагдав.
Арабелла авхай мориныхоо жолоог татаад орчин тойрноо сонирхож байгаа дүр эсгэлээ. Эндэхийн үзэмж үнэн хэрэгтээ давгүй байсан болохоор энэ нь жирийн л явдал шиг харагдсан нь мэдээж. Тэгээд тэр хүнийг ойртож ирэхээр нь хар нүднийхээ булангаар анхааралтай ажиглав. Түүний хувцасны тухай анхны сэтгэгдэл тийм ч зөв байсангүй. Тэр хүнийг ёсорхуу гэж хэлж болмоор, гараар нэхсэн хантааз, өмд болон ердийн оймстой, сайн гэж хэлж арай боломгүй хувцастай байлаа. Гэхдээ тэр хувцас өөрт нь зохисон нь оёдолчны ур чадвараас илүүтэйгээр үл таних тэр хүнд байгалиас заяасан гуалиг биетэй холбоотой ажээ. Тэр хүн бүсгүйд ойртоод тууз болон өдгүй дэлбэгэр бүрхээ хүндэтгэлтэйгээр авбал алсаас хиймэл үс гэж эндүү харсан гялалзсан буржгар хар үс нь намирав.
Энэ хүний борлосон нүүрэнд гуниг хурж, гайхалтай цэнхэр нүдээрээ бүсгүй рүү ширтлээ. Хэрэв бүсгүй түүнийг зогсоогоогүй бол хажуугаар нь өнгөрөөд явчих байв.
– Би таныг харсан юм шиг санагдах юм?
Түүний хоолой хүүхдийнх шиг цангинав. Ер нь дур булаам тэр бүсгүй хүүхэд шиг ааштай ажээ. Заль мэхийг үзэн яддаг шулуун зан нь хүмүүстэй эвсэг явах боломжийг түүнд олгодог байв. Магадгүй, Арабелла хорин таван нас хүрсэн хэдий ч нөхөрт гараагүйгээр үл барам шүтэн бишрэгчтэй болоогүй нь ч мөн л үүгээр тайлбарлагдах биз ээ.
Тэрбээр таньдаг бүх эрчүүдтэйгээ ахан дүүс мэт чөлөөтэй харьцдаг болохоор толгойг нь эргүүлэх боломж олддоггүй байв. Арабеллаг дагаж яваа хар арьстнууд эзэгтэйгээ цааш явахыг хүлээж явган сууцгаалаа. Бүсгүй ярилцахаар өдсөн үл таних хүн ч бас зогслоо:
- Эзэгтэй та өөрийнхөө өмчийг мэдмээр юм.
- Миний өмч гэнэ ээ?
– Бас таны ахын өмч. Өөрийгөө танилцуулахыг зөвшөөрнө үү.
Намайг Питер Блад гэдэг. Миний үнэ яг арван фунт. Ах чинь ийм үнээр намайг худалдаж авсан юм. Хүн бүр өөрийнхөө үнийг мэдээд байдаггүй юм шүү.
Бүсгүй одоо л түүнийг санав:
- Бурхан минь! Та тоглоом хийхтэйгээ л байна уу?
- Би дэвжиж л байна. Урьд нь тааварлаж байсан шигээ муу амьдрахгүй байгаа шүү.
Арабелла товчхоноор:
– Би энэ тухай сонссоон - гэж хариулав.
Сонирхсон ялтан нь эмч байж таарсан тухай бүсгүй нээрээ л мэдсэн байлаа. Тулай өвчнөөр шаналж байсан амбан захирагч Стид Бладыг эзнээс нь зээлж авсан юмсанж. Ур чадвар сайтайгаас ч тэр үү, нөхцөл байдлаас ч болсон юм уу, хоёр ч эмч оролдоод чадаагүй тэр тусламжийг эрхэм дээдэст Блад үзүүлж чадсан юм байж. Дараа нь захирагчийн гэргий түүнээс толгойных нь өвчнийг эмчилж өгөхийг хүссэн ажээ. Тэр нь зөвхөн толгой таллаж өвддөг эмгэг төдийгүй угийн цухалдуу зан дээр нь Барбадосын уйтгартай амьдрал нөлөөлж, яншаа болсныг нь тогтоожээ. Гэсэн хэдий ч тэр эмчилгээгээ эхэлж, бие нь сайжирсан гэдгийг захирагчийн гэргийд итгүүлж чадсан байна. Үүний дараа Блад Бриджтаун даяар алдаршсан болохоор хурандаа Бишоп шинэ боолоо тариалангийн талбайд ашиглахгүй, мэргэжлээр нь ажиллуулбал хавьгүй илүү хожоотой гэж үзсэн ажээ.
– Хатагтай. Харьцангуй чөлөөтэй, цэвэрхэн нөхцөлд амьдарч байгаа минь таны л буян шүү. Тийм болохоор энэ бололцоог ашиглаад баярлаж талархсанаа илэрхийлье.
Гэсэн хэдий ч, үгээр илэрхийлсэн тэр талархал хоолойных нь өнгөнд илэрсэнгүй. Арабелла “энэ хүн доромжлоод байгаа юм болов уу?” гэж бодоод үнэн сэтгэлээсээ ярьж байгаа эсэхийг нь сонжиж, эмчээс өөр хүн байсан бол эвгүйрхмээр ширтэв.
Харин Блад тэр харцыг нь асуулт гэж ойлгоод:
– Намайг өөр эзэн худалдаж авсан бол миний эмчлэх чад¬варыг анхаарахгүй, би одоо ийшээ хамт ирсэн хөөрхий хү¬мүү сийн нэгэн адил мод цавчиж, газар зээтүүдэх байсан нь гарцаагүй.
– Гэхдээ та яахаараа надад талархаж байгаа юм бэ? Таныг би биш, миний ах худалдаж авсан шүү дээ.
– Хэрэв та түүнийг ятгаагүй бол тэр ийм юм хийхгүй байсан. Яг үнэнийг хэлэхэд би тэгэхэд их зэвүүцсэн шүү.
– Зэвүүцсэн гэнэ ээ? - гэж бүсгүй асуувал эрэгтэй хүүхдийнхтэй төстэй хоолойнд нь гайхсан өнгө илэрлээ.
– Тиймээ, зэвүүцсэн. Би өөрийгөө амьдрал үзээгүй хүн гэж хэлж чадахгүй. Гэсэн хэдий ч, урьд нь амьд бараа болж үзээгүй болохоор өөрийг минь худалдаж авсан хүнийг хайрлаж чадахгүй л болов уу. Бладыг шазруун зан гаргаж, тохуурхаж байна гэж бодоод бүсгүйн хоолойд зэмлэнгүй өнгө илрэв:
– Би таныг өрөвдсөндөө л ахыг ятгасан юм. Миний ах танд хэцүү хүн шиг санагддаг биз. Үнэндээ ч тийм л юм. Ер нь тариалангийн эзэд харгис догшин хүмүүс байдаг. Амьдрал шаарддаг бололтой. Гэхдээ, түүнээс долоон дор тариалангийн эзэд байдаг юм. Жишээ болгоод Спейгстауны Кребстоныг аваад үзье л дээ. Тэр хүн ахын наймааны дараа үлдсэн хүмүүсээс шилж авахаар далан дээр хүлээж байсан шүү дээ. Хэрэв та түүний гарт орсон бол... Аймшигтай хүн дээ... Тийм болохоор л би ахыг ятгасан юм.
Блад ялигүй эвгүйцлээ. Тэгээд:
– Гэхдээ тэнд илүү өрөвдөлтэй хүмүүс байсан шүү дээ -гэж бувтнав.
- Та бусадтайгаа адилгүй санагдсан юм аа.
- Тэр үнэн шүү. Бүсгүй сэрэмжлэн түүнийг гярхай ширтээд:
- Та биеэ их тоодог хүн юм шиг байна гэлээ.
– Үгүй дээ, хатагтай. Та намайг буруу ойлгожээ. Надаас бусад нь хүндэтгэвэл зохих босогчид байгаа юм. Харин би босогч биш. Үүнд л ялгаа нь байгаа юм. Би Английг цэвэрлэх хэрэгтэй гэж боддог ухаалаг хүмүүсийн нэг биш. Надаас дээр хүмүүс бузар дарангуйлагч болон ордныхныг хөөн зайлуулахаар цусаа урсган тэмцэж байхад би Бриджуотерт хүн эмчилж байгаадаа сэтгэл хангалуун байлаа.
– Миний бодоход та эсэргүү зүйл ярьж байна.
– Би өөрийнхөө бодлыг хангалттай ойлгомжтой хэлсэн гэж найдаж байна.
– Ингэж ярихыг чинь хүн сонсвол та ташуурдуулна шүү.
– Үгүй дээ. Амбан захирагч үүнийг зөвшөөрөхгүй. Тэр тулай өвчтэй, харин эхнэрийнх нь толгой таллаж өвддөг.
– Та үүнд найдаж байгаа юм биз дээ?
– Харин та тулайгаар өвчилж байгаагүй, тэр ч байтугай толгой таллаж өвдөхийн зовлонг ч мэддэггүй хүн бололтой.
Бүсгүйн тэвчээр алдарч гараараа дэвээд, хэсэгхэн зуур далай руу харснаа Бладыг дахин ширтэв:
– Хэрэв та босогч биш юм бол яагаад ийшээ ирчихсэн юм бэ?
Бүсгүй түүний үгэнд эргэлзэж байгааг ойлгоод Блад инээв:
– Үнэнийг хэлэхэд их урт түүх л дээ. Тэгээд ч нууж явах ёстой зүйл биз дээ.
Тэгэхээр нь Блад түүнтэй учирсан адал явдлын тухай товчхон яривал Арабелла дуу алдаж:
– Бурхан минь! Ямар жигшүүртэй юм бэ гэлээ.
– Англи Яков хааны үед “гайхамшигтай” улс болж хувирсан шүү дээ. Иймд намайг өрөвдөх хэрэггүй. Барбадос арал дээр амьдарсан нь дээр. Ядахдаа бурханд итгэж болмоор юм.
Блад ингэж хэлээд алсад барайн сүндэрлэх Хилбайн уулс, давалгаалж буй хязгааргүй уудам далайн мандал руу харлаа. Тэр өмнө нь дэлгэгдсэн гайхамшигтай дүр зургийг биширч, өөрөө ч, дайснууд нь ч, хичнээн өчүүхэн болох тухай эргэцүүлж, өөрийн эрхгүй бодолд автлаа.
– Бусад газар амьдрал тийм тааруу байдаг гэж үү? - гэж бүсгүй гунигтай асуув.
– Хүн л тийм болгож байгаа юм. Арабелла гашуунаар инээж:
– Ойлгож байна. Би Барбадосыг диваажин гэж хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ та хорвоог надаас илүү мэднэ шүү дээ. Таны хувь заяа хэтэрхий хатуу байгаагүйд баяртай байна гэж хэлмэгцээ морио ташуурдав.
Блад мэхийн ёсолж, Арабелла цаашаа хөдөллөө. Хар арьстнууд ч хойноос нь дагаад гүйлдлээ.
Эмч хэсэг зуур нарны гэрэлд гялтганах асар уудам Карлайлын булангийн мандал, цангинатал чарласаар элэн халих цахлайнууд, эргийн хажууд зангуугаа хаясан хөлгүүдийг бодлогоширон харж зогсов.
Энд үнэндээ сайхан байсан ч шорон л бол шорон шүү дээ. Блад бүсгүйтэй уулзахдаа зовлонгоо бүрэн дэлгээгүй байжээ.
Тэр эмх замбараагүй байрласан, шавар, мөчрөөр босгосон овоохойнуудыг чиглэн жигдхэн алхаагаар хөдлөв. Үүдний цэцэрлэгээр хүрээлэгдсэн энэхүү жижигхэн тосгонд тариалан дээр ажилладаг боолчууд орогнож, Блад ч бас тэдэнтэй хамт амьдардаг юмсанж.
Түүний ухаанд Ловласын мөрүүд буулаа:
Төмөр тор намайг түгжихгүй
Хар гяндан ч бас хашихгүй...

Гэхдээ Блад энэ хоёр мөрийг яруу найрагчийнхаас өөр, эсрэг утгаар нь ойлгож байлаа. Тэрбээр, “Үгүй дээ. Хичнээн уужим, хана, сараалжгүй байлаа ч шорон л бол шорон” гэж бодож байлаа.
Өнөөдөр тэр үүнийг онцгой мэдэрч, боол болсон гашуун үнэнийг цаг хугацаа өнгөрөх тусам улам хурцаар ойлгоно гэдгээ мэдэж байсан ажээ. Тэр өдөр бүр цөлөгдсөн тухайгаа л бодож, түүнд санамсаргүй олдсон эрх чөлөөний тухай ховорхон санах болжээ. Боол болсон зовлонт нөхөдтэй нь харьцуулахад амар жимэр амьдарч байгаа нь ч өөр хүн бол
мэдрэх байсан тэрхүү сэтгэлийн ханамжийг авчирсангүй. Түүгээр ч барахгүй, бусдыгаа зовж байхыг хараад сэтгэл санаа нь улам бүр догширч байлаа.
“Ямайкийн худалдаачин“ хөлгөөр Бладтай хамт авчирсан дөчин хоёр ялтнаас хорин тавыг нь Бишоп худалдаж авсан юм байжээ. Үлдсэнийг нь тариалангийн бусад эзэд худалдаж аваад Спейгстаун руу, заримыг нь умард зүгт түүнээс ч хол аваачсан ажээ. Тэднийг ямар хувь заяа угтсаныг Блад мэдэхгүй байв. Харин Бишопын боолчуудтай өдөр тутам харьцаж, тэд аймшигтайгаар зүдэрч байгааг харж байв. Хоригдлуудын хувцас урагдан ноорч, зарим нь бараг л шалдан хоцорчээ. Тэд заваан амьдарч, маш муу хоол иддэг байсан болохоор Блад эзнээсээ боолчууд үнэтэй бараа тул тэднийг эмчлэх зөвшөөрөл олгооч гэж гуйж гувших зуур хоёр ч хүн өвчилж үхсэн ажээ. Харгалзагч Кентийн зэрлэг араншинг тэсвэрлээгүй нэг ялтныг сургамж болгох үүднээс бусдынх нь нүдэн дээр үхтэл нь ташуурдсан байлаа. Зүрхэлж оргосон бас нэг хоригдлыг баримагцаа мөн л ташуураар ороолгож, амьдралынх нь эцсийн мөчийг хүртэл алдуул боол гэдгийг нь хүмүүс мэдэг гэсэндээ духан дээр нь “Б.К” гэсэн хоёр үсэгтэй тамга дарж орхисон боловч зовлонт тэр хүнд аз таарч, зодуураасаа болоод үхчихжээ.
Үүний дараа хоригдлуудын найдвар тасарч, хий дэмий гуниглах болсон байна. Тэдний хамгийн хэдэр нэгийг нь хүртэл номхруулсан болохоор өөрсдийн тэсвэрлэх аргагүй хүнд хувь заяандаа цөхөрч, эмэгнэлтэйгээр сүслэн дагах болсон ажээ.


Last edited by turuu_1022 on May.06.13 9:15 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.06.13 9:01 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Зөвхөн Питер Блад л энэ бүх зүдгүүрийг азаар тойрч, гадаад төрх нь хүртэл өөрчлөгдөөгүй хэдий ч дарлагчдыг үзэн ядаж, хүмүүсийг хайр найргүй доромжилдог Бриджтаунаас зугтаах хүсэл нь өдөр ирэх тусам нэмэгдсээр байлаа. Энэ хүсэл нь бүрхэг байсан хэдий ч цөхрөл нь барагдахгүй л байв. Тэгээд хайхрамжгүй дүр эсгэж, өвчтөн эмчилж байсан нь хурандаа Бишопт ашигтай хэдий ч Бриджтаун хотын хоёр эмчийн орлогыг их хумижээ.
Доромжлол, шийтгэл, гачигдлаар дүүрэн нөхдийнхөө эмгэнэлт хувь заяаг тойрч гарсан болохоор өөрийгөө хүндлэхтэйгээ үлдэж, тэр ч байтугай хүйтэн цэвдэг эзэн нь хүртэл тийм ч догшин харьцдаггүй байсан юм. Энэ бүхэн амбан захирагч Стидийн тулай өвчин, гол нь түүний гэргийн толгойны өвчинтэй холбоотой ажээ.
Блад хааяа Арабеллатай таарч, бүсгүй түүнийг сонирхож байгаагаа илэрхийлж яриа өддөг ч, гунхалзсан гуалиг бие, эрэгтэй хүүхдийнх шиг зан ааш болон аятайхан хоолойд нь хууртаж болохгүй гэж эмч үзээд энэ мэт уулзалтыг удаая гэж боддоггүй байсан юм. Тэрбээр үйл явдлаар дүүрэн байсан амьдралынхаа туршид түүний ах шиг үл бүтэх этгээдтэй таарч байсангүй. Гэтэл бүсгүй тэр хүний зээ болохоор энэ гэр бүлийн гажиг, магадгүй тариалангийн баян эзний харгис зан ч удамшсан байж болох шүү дээ. Тийм учраас л тэр Арабеллагийн нүдэнд өртөхгүйг хичээж, уулзахаас өөр аргагүй нөхцөлд хөндий бөгөөд хүндэтгэлтэй ханддаг байсан ажээ.
Бладын таамаг өөрт нь хичнээн үнэмшилтэй санагдсан ч огт өөр зүйлийг зөгнөөд байсан зөн совиндоо итгэсэн бол дээр байсан юм.
Хэдийгээр Арабеллагийн судсаар ургийн холбоотой хурандаа Бишопынхтой төстэй цус гүйдэг хэдий ч түүний гажгийг өвлөж авсангүй. Аз болоход зөвхөн Вильям Бишоп л хэрцгий догшин зан авиртай болохоос түүний дүү, Арабеллагийн эцэг Том Бишоп сайхан санаатай, аядуу зөөлөн хүн байсан ажээ. Залуухан гэргий нь зуурдаар нас нөхцсөн явдал түүнийг төрөлх нутгаа орхиход хүргэсэн бөгөөд таван настай охинтойгоо хамт Антилын арлууд руу ирж газар тариалангийн ажил эрхлэх болсон байна. Хэдийгээр тэр тариаландаа тэгтлээ санаа тавьдаггүй ч ажил хэрэг нь анхнаасаа л өөдөлж эхэлжээ. Тэрбээр шинэ нутагт амжилтанд хүрснийхээ дараа Англид цэргийн алба хаадаг, балай догшноороо цуутай дүүгээ санаж, Барбадост ирэхийг зөвлөсөн ажээ.
Гэтэл энэ зөвлөлгөө номхордоггүй ааштай Вильям Бишоп амьдарч буй уур амьсгалын нөхцлөө яаралтай солих шаардлага гарсан үед нь хүрсэн юм байж. Вильям Барбадост ирмэгц ах нь түүнийг тариалангийнхаа хамтран эзэмшигч болгосон юмсанж. Зургаан жилийн дараа ах Бишоп нас барж, арван таван настай охин нь дүүгийнх нь асрамжинд үлдсэн ажээ. Цагаан санаатай, өр зөөлөн, өөрийгөө төдийгүй бусдыгаа ч чимж явдаг байсан энэ хүний цорын ганц алдаа нь энэ байсан юм. Тэр Арабеллаг өөрөө хүмүүжүүлж, бие даасан бодолтой, хүний эрхшээлд орохооргүй болгосон хэдий ч хүмүүжлийн ач холбогдлыг хэтрүүлж үнэлсэн бололтой.
Нөхцөл байдлаас болоод авга ах болон зээ дүүгийн хооронд хүйтэн хөндий харьцаа тогтжээ. Тэгэхдээ бүсгүй ахынхаа үгийг дагаж, харин ах нь түүнтэй болгоомжтой харьцдаг байв. Тухайн үедээ Вильям Бишоп ахынхаа эрхэм зан чанарыг хүлээн зөвшөөрөх ёстойг ухаарч, үргэлж бишрэн эмээж явдаг байсан юм. Харин ахыгаа нас барсны дараа охинд нь бас л тэгж хандах болжээ. Тэгээд ч бүсгүй түүний ажил төрөлд идэвхтэй оролцоод байдаггүй ч газар тариалангийх нь түнш байсан билээ.
Питер Блад Арабеллаг тааруухан мэддэг болохоор олигтой хүн гэж боддоггүй байв. Гэвч удалгүй бүсгүйн сэтгэлийг буруу үнэлж байснаа олж мэдсэн ажээ.
Халуу шатсан тавдугаар сарын эцэст Карлайлын буланд английн зэрэмдэглэгдсэн “Прайд оф Девон” хөлөг хөдөлж ядсаар орж ирлээ. Түүний хажуу бөөрөнд том том цөмөрхий онгойн харагдаж, давхарлагийнх нь оронд том нүх харлаж, их бууны бөөрөнхий суманд өртсөн хойт шурагных нь угт эмтэрхий тайрдас л үлджээ. Ахмадын яриагаар бол түүний хөлөг үнэтэй бараа тээвэрлэж явсан испанийн хоёр усан онгоцтой Мартиникийн эрэг орчимд таарч, өөдгүй испаничууд тэдэн рүү довтолж, хүч тэнцвэргүй тулалдаанд орсон юм байж. Тэгэхдээ эхэлж довтлоогүй, зөвхөн өөрийгөө хамгаалсан гэж ахмад тангараглаж байлаа. Гэсэн хэдий ч испаничууд тулалдааныг эхэлсэн гэдэгт нэг ч хүн итгэсэнгүй.
Испанийн нэг хөлөг зугтаасан боловч “Прайд оф Девон” гэмтэж хурд нь саарснаас хөөгөөгүй гэнэ. Харин хоёрдахь онгоц нь живсэн бөгөөд энэ явдал тэнд байсан эд баялгийн ихэнхийг англичууд олзлон авсаны дараа болсон ажээ.
Энэ будлиан үнэн хэрэгтээ Сент-Джеймсийн ордныхон болон Эскуриал хоорондын байнгын зөрчилдөөнөөс болж бие биендээ ээлжлэн гомдоллодог далайн дээрмийн ердийн л нэг түүх байсан юм.
Гэсэн хэдий ч Стил колонийн олон амбан захирагчийн нэгэн адил английн ахмадын ярианд итгэж буй дүр үзүүлэв. Тэр Багамын арлуудын оршин суугчдаас эхлээд Мэйний бүх хүний нэгэн адил эрхэмсэг бөгөөд эзэрхэг Испанийг зүй ёсоор үзэн ядаж, “Прайд оф Девон”-д боомтондоо хоргодож, хөлгөө засварлах зөвшөөрөл өгчээ.
Английн ахмад засварын ажлаа эхлэхийн өмнө тулалдаанд зэрэмдэглэгдсэн хорь орчим усан цэрэг, испанийн зургаан шархтанг эрэг дээр гаргав. Тэгээд тэднийг зогсоолын хажуугийн урт саравчинд байрлуулж, Бриджтауны гурван эмч, түүний дотор Питер Бладын асрамжинд үлдээсэн юмсанж. Испани хэл мэддэг, ер нь цаадуулаасаа доогуур зиндаатай боол болохоор түүнд испаничуудыг эмчлэх үүрэг өгчээ.
Блад испаничуудад дургүй хүн байсан юм. Тэр тэндэхийн шоронд хоёр жил хоригдож, Испанид эзлэгдсэн Голландын нутагт дэгдсэн дайны үед испаничуудын зан авирын хэн ч аятайхан гэж хэлмээргүй талыг нь олж мэдсэн байлаа. Гэхдээ тэр эмчийнхээ үүргийг үнэнчээр биелүүлж, өвчтөнүүдтэйгээ нөхөрсөг харилцаатай байсныг хэлэх хэрэгтэй. Харин испаничууд өчиггүй дүүжлэхийн оронд анхаарал тавьж, асран эмчилж байгаад үнэн сэтгэлээсээ гайхаж, номхон хүлцэнгүй загнаж байв. Гэхдээ жимс, цэцэг болон амттан барьсаар английн усан цэргүүд дээр ирдэг Бриджтауны оршин суугчид испаничуудад дайсагнаж байгаагаа нуудаггүй байсан юм.
Блад шархтнуудыг арчлуулахаар илгээсэн хар арьстаны хамт нэг испани хүний хугарсан хөлийг боож байтал эзнийх нь үзэн ядсан сөөнгө хоолой сонсогдов:
- Чи энд юу хийж байгаа юм бэ? Блад боолтоо үргэлжлүүлж, нүдээ ч өргөлгүйгээр:
- Шархадсан хүнийг эмчилж байна аа гэлээ.
– Би өөрөө харж байна, маанаг аа! - гэж хэлэх чимээ сонсогдсоноо Бладын дээр хурандаагийн нүсэр бие сүүтэгнэв.
Сүрлэн дээр нүцгэн шахам хэвтэж байсан шархтан айдас хурсан хар нүдээрээ хурандаагийн шаргал царайг ширтэв. Орж ирсэн хүн дайсагнаад байгааг ойлгохын тулд англи хэлний мэдлэг шаардлагагүй байлаа.
Хурандаа Бишоп цухалдаж:
- Би харж байна, мангар аа! Чи хэнийг эмчилж байгааг ч бас харж байна. Хэн чамд үүнийг зөвшөөрсөн юм бэ?
- Хурандаа Бишоп оо. Би эмч хүн болохоор өөрийнхөө үүргийг л биелүүлж байна.
– Өөрийнхөө үүргийг гэнэ ээ? - хэмээн Бишоп даапаалав.
- Хэрэв чи үүргээ мэддэг байсан бол Барбадос руу ирэхгүй л байсан даа.
- Үүргээ биелүүлснээс л болоод би энд ирчихсэн юм даа.
- Чалчихаа боль. Би чиний худал яриаг сонсож ханалаа
гэснээ Блад ажлаа тайван гэгч нь үргэлжлүүлэхийг хараад бүр догширч:
– Эзэн чинь чамтай ярьж байна. Наадахаараа оролдохоо боль гэлээ.
Блад хоромхон зуур хурандааг харж:
– Энэ хүн тарчилж байна - гэж товчхон хариулаад шархтаны дээрээс дахиад л тонгойв.
Хурандаа:
– Хараал идсэн нохой тарчилж байгаа нь яамай. Харин би чамтай өөрөөр ярина аа. Чамайг хүний үг сонсдог болгоно доо - гэж орилсноо Бладыг гуядахаар урт гэгчийн хулсан таягаа далайв. Харин эмч цохихоос нь өрсөж:
– Намайг дуулгаваргүй гэж хэлж болохгүй байх. Би амбан захирагчийн тушаалыг л биелүүлж байна - гэж яаран хэлбэл хурандаа зог тусч, шар царай нь улайж, ам нь том ангайлаа. Тэгээд: – Амбан захирагч гэнэ ээ - гэж үгийг нь давтсанаа таягаа буулгаж саравчны нөгөө захад зогсож байсан Стид рүү яаран алхав.
Бладын сэтгэл нь ханаж мушийв. Хэрцгий эзэн нь түүнээс хонзонгоо авч чадсангүй.
Испани хүн эмчээс чухам юу болоод байгаа тухай бүдэгхэн дуугаар асуув. Блад дуугүйхэн толгойгоо сэгсрээд Стид, Бишоп хоёрын яриаг чагнахаар чих тавилаа. Хурандаагийн мантгар том биеэ нүцгэлсэн амбан захирагчийн үрчлээтэй жижигхэн биеийн дээр сүндэрлэж, галзууран догширч харагдана.
Гэхдээ бяцхан захирагчийг айлгана гэдэг нь тийм ч амархан зүйл биш байлаа. Эрхэм дээдэс хурандаа Бишопын хэрцгий үзэл бодлыг дэмжих хүн цөөхөн, олон түмний санал бодол түүний талд байгаа гэдгийг мэдэж байсан юм. Үүнээс гадна, өөрийнх нь эрхэнд халдсанд дургүйцэж байв. Тийм ээ. Тэр Бладад шархадсан испаничуудыг эмчил гэж тушаасан. Түүний тушаалын тухай олон таван юм ярилгүй шууд л биелүүлэх ёстой.
Харин Бишоп хэлэлцэх зүйл байна гэж үзэж байв. Тийм ч учраас тэр шархтай дайснуудыг яах тухай ёс зүйгүй саналаа чангаар илэрхийлж, цамнасан юм байжээ.
– Та жинхэнэ испани хүн шиг ярьж байна гэж захирагч хэлээд хурандаагийн ихэрхэг занг шархлуулж орхив. Бишоп дүрслэн бичих ч аргагүй хилэгнээд саравчнаас гарч одлоо.
Маргааш нь Бриджтауны баячуудын гэр бүлийн эрхэмсэг хатагтай нар шархтай усан цэргүүдэд зориулсан бэлэг барьсаар зогсоолд хүрч ирлээ.
Энэ үед Блад ажлынхаа байранд испаничуудад тусламж үзүүлж байв. Тэднийг урьдын адил хэн ч анхаарсангүй. Олон нийтийн санал амбан захирагчийг биш, Бишопыг дэмжиж байгаа мэт санагдах ажээ. Бүх бэлэг зөвхөн “Прайд оф Девон”-ы багийн усан цэргүүдэд очсон бөгөөд Питер Блад ер нь тэгэх ч ёстой гэж бодож байв. Гэтэл нэг хатагтай түүний нэгэн шархтаны хучлага болгон нөмөрсөн цуван дээр хэдэн ширхэг гадил, чихрийн нишингэний шүүслэг баглаа тавихыг хараад гайхав. Цайвар хөх ягаан өнгийн гоёмсог торгон хувцастай хатагтайг том сагс барьсан хар арьстан дагажээ.
Питер Блад хантаазгүй, ханцуйг нь тохойгоо хүртэл шуусан дан цамцтайгаа, цус болсон алчуураа барьсаар тэр хатагтайг хянуур ажиглав. Эмэгтэй түүний харцыг мэдэрсэн мэт эргэж харвал Арабелла Бишоп инээмсэглэсээр зогсч байлаа.
Эмч эндүүрч гэж бодоод алдаагий нь засах гэсэндээ:
– Наад шархтан чинь испани хүн - гэвэл хоолойнд нь үл ялиг егөөдсөн өнгө илрэв.
Арабелла инээхээ болилоо. Түүний хөмсөг зангирч, ихэмсэг дүр тодорлоо.
– Би мэдэж байна. Гэхдээ бас л хүн юм биш үү?
Бүсгүйн хариултанд түүнийг зэмлэсэн өнгө байхыг Блад ойлгоод их гайхлаа.
– Таны ах өөр бодолтой, эд нарыг эмчлэх шаардлагагүй новшнууд гэж үздэг юм билээ.
– Та надад яагаад ийм юм ярьж байгаа юм бэ?
– Хурандаагийн дургүйг хүргэх вий гэсэндээ танд анхааруулсан юм аа. Тэр энэ хэрэгт оролцвол эдний шархыг боох боломжоо би алдана шүү дээ.
– Та тэгээд намайг ахтайгаа яг адилхан сэтгэх ёстой гэж хэлэх гээд байгаа юм уу? - гэж бүсгүй хэлбэл хоолойнд нь дайсагнал илэрч, хар нүд нь хорсолтойгоор гялалзав.
– Би эмэгтэй хүнтэй бүдүүлэг харьцая гэж бодоогүй юм аа. Гэхдээ таныг испаничуудад бэлэг өгсөн гэдгийг хурандаа мэдэх юм бол...
гэж эмч хэлснээ санаа бодлоо яаж төгсгөхөө мэдэхгүй түгдрэв. Арабелла бухимдлаа арайхийж дараад:
– Их сайн байна! Эхлээд та намайг хэрцгий, дараа нь аймхай гэлээ. Бүсгүй хүнтэй бүдүүлэг харьцая гэж бодоогүй хүний хувьд давгүй шүү
гэж хэлээд эрэгтэй хүүхэд шиг инээвэл хоолойнд нь энэ удаад уйтгар гуниг тодров. Одоо л Бладад Арабеллаг анх удаагаа ойлгосон мэт санагдаж:
– Намайг өршөөгөөрэй. Хурандаа Бишопын зээ дүү сахиусан тэнгэр байх юм гэдгийг би яаж мэдэх билээ - хэмээн өөрийн эрхгүй дуу алдав. Бүсгүй түүнийг зэвүүцэн харлаа.
– Харамсалтай нь та тааж мэдэхдээ маруухан хүн юм гэж дооглоод хар арьстаны барьж байсан сагснаас жимс болон амттан гаргаж шархтай испаничуудад өгөөмрөөр тараалаа. Англичуудад өгөх бэлэг хоцорсонгүй. Ер нь тэгээд бусад хатагтай нар тэдэнд өчнөөн бэлэг өгсөн болохоор бүсгүйн тусламж хэрэггүй байлаа.
Арабелла сагсаа хоосолж аваад хар арьст боолоо дагуулан холдохдоо Бладад нэг ч үг хэлээгүйгээр үл барам тоож харсан ч үгүй.
Питер санаа алдаад бүсгүйн хойноос харлаа.
Тэр Арабеллаг уурлуулсан тухай бодохоор санаа нь зовоод байгаад гайхав. Яагаад тэр вэ гэвэл өнөөдөр л түүний өмнө бүсгүйн жинхэнэ араншин дэлгэгдсэн бөгөөд өчигдөр байсан бол огтхон ч тоохгүй байсан юм.
Блад “Би ч хүмүүсийг таньж чаддаггүй хүн юм. Хурандаа Бишоп шиг тамлагчийг төрүүлсэн гэр бүлд Арабелла шиг энэрэлтэй бүсгүй хүмүүжсэн гэж хэн санах билээ” хэмээн бодож, өөрийгөө зөвтгөхийг оролдов.


Top
   
PostPosted: May.06.13 9:23 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
VI бүлэг. ОРГОХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Арабелла Бишоп үүнээс хойш зогсоол дахь саравчинд өдөр бүр ирдэг болжээ. Эхлээд тэр испани хоригдлуудад жимс, дараа нь мөнгө болон хувцас авчирдаг болов. Тэгэхдээ бүсгүй түүний тооцоогоор Питер Бладтай таарахгүй цагуудад очихыг хичээдэг байв. Ер нь ч тэгээд эмчлүүлэгчид нь дараа дараагаар хөл дээрээ босохын хэрээр залуу эмч энд ховор үзэгдэх болсон юм. Энэ нөхцөл байдал Бриджтауны оршин суугчдын дунд Питер Бладын нэр хүнд өсөхөд нөлөөлсөн ажээ. Тэд түүний анагаах чадварыг дөвийлгэн үнэлсэн байж болох л юм.
Ямар ч гэсэн түүний өвчтөнгүүд эдгэж, харин нутгийн эмч Вакер, Бронсон хоёрын эмчилсэн шархтанууд аажимдаа саравчнаас оршуулгын газар руу шилжсээр байв. Хотын оршин суугчид үүнд зохих дүгнэлтийг хийсэн болохоор Вакер, Бронсон хоёроор эмчлүүлдэг хүн цөөрч, харин Питер Бладын ажил нэмэгдэж, эзнийх нь орлого өссөөр байсан билээ. Үүнээс болоод Вакер болон Бронсон удтал бодлогоширч, олон чухал үйл явдлыг өрнүүлсэн төлөвлөгөө боловсруулсан юм... Гэхдээ түрүүлж бичих хэрэггүй биз ээ.
Нэг удаа Блад ердийнхөөсөө хагас цагийн өмнө зогсоол руу очоод саравчнаас дөнгөж гарч буй Арабелла Бишоптой тааралдав. Тэр бүрхээ аваад зам тавихад бүсгүй толгойгоо ихэмсгээр өргөөд түүнийг харах ч үгүй хажуугаар нь өнгөрлөө.
– Хатагтай Арабелла! - хэмээн аргадангуй хандвал бүсгүй Бладыг дөнгөж сая анзаарсан дүр эсгэв.
– Энэ чинь нөгөө хүмүүжилтэй эрхэм шив дээ.
– Намайг хэзээ ч уучлахгүй юм гэж үү? Таныг гуйя, хатагтай. Уур хилэнгээ өршөөлөөр сольж хайрлаач!
– Өөрийгөө басамжилсан хэрэг болно шүү дээ!
– Та намайг элэглэж байна. Би мэдээжээр боол... Тэгэхдээ та хэзээ нэгэн цагт өвдөж болно шүү дээ - гэж Блад хэлэхдээ хүлцэнгүй дүр эсгэлээ.
– Тэгээд юу гэж?
– Хэрэв намайг муу хүн гэж боддог бол миний туслалцааг та авахад эвгүй санагдаж болох юм.
- Та Бриджтауны цорын ганц эмч юм гэж үү?
- Гэхдээ би хамгийн гэмгүй нь!
Питер Бладын хоолойд егөөдсөн шинж илрэхийг бүсгүй анзаараад бухимдсан дүр эсгэж ихэмсгээр ширтэв:
- Та хэтэрхий чөлөөтэй харьцаад байгаа юм биш үү?
- Магадгүй. Гэхдээ эмч хүн ийм эрхтэй байдаг юм.
Түүний тайван хариулт Арабеллаг бүр ч их бухимдуулж:
– Би таны өвчтөн биш! Үүнийг үргэлж санаж яваарай! гэлээ.
Тэгээд бүсгүй салах ёс ч хийлгүй зогсоолыг дагаад хурдан алхалсаар яваад өглөө. Блад түүний хойноос удтал харснаа аргаа бараад гараа дэлгэж:
– Энэ чинь юу гэсэн үг вэ? Эсвэл энэ бүсгүй хэрцгий, эсвэл би шал тэнэг амьтан болж таарах нь. Ер нь аль аль нь л ортой бололтой гэв.
Тэр ийм дүгнэлт хийгээд саравч руу орлоо.
Ер нь сэтгэл хөдлөм үйл явдлаар дүүрэн өглөө байлаа. Арабеллагийн явснаас хойш нэг цаг орчмын дараа Блад саравчнаас гарвал түүн рүү Вакер хүрч ирэв. Энэ хүн Бриджтауны гурван эмчийн нэг гэдгийг уншигч Та санаж байгаа биз ээ.
Өнөөг хүртэл тэр Бладыг анзаарахгүй байхыг хичээж, хааяа өршөөнгүй янзаар хүйтнээр мэндэлдэг байсан болохоор Питер их гайхав.
Пагдгар, өргөн мөр, унжуу хацар, сүүмгэр цэнхэр нүдтэй, дөчин тав орчим насны Вакер эмч:
– Хэрэв та хурандаа Бишоп руу явж байгаа бол таны зөвшөөрөлтэйгээр гаргаж өгье - гэж найрсгаар хэллээ.
Вакер ийм санаачлага гаргасанд Блад гайхсан боловч өнгөн дээрээ түүнийгээ мэдэгдсэнгүй.
– Би захирагчийн гэр рүү явж байна.
– Тийм үү? Гэргий рүү нь очно биз дээ? - гэж Вакер хэлээд жоготой нь аргагүй инээлээ. – Тэр таны цагийг их бардаг гэж сонссон. Яахав дээ, Блад эмч ээ. Залуу нас, аятайхан төрх гэдэг өөр шүү! Залуу нас болон өнгө үзэмж ялангуяа хатагтай нарыг эмчлэх үед асар их давуу талыг олгодог юм!
Питер Вакерыг анхааралтай ажиглав:
– Би таны бодлыг таачих шиг боллоо. Наад бодлоо надтай биш, Стид захирагчтай хуваалц. Түүнийг хөгжөөж магадгүй. Вакер болгоомжгүй хэлсэн үгээ залруулахаар яарч:
– Эрхэм ээ. Та намайг буруу ойлгожээ! Би ерөөсөө тэгж бодоогүй шүү гэлээ.
– Тийм байлгүй дээ - гэж Блад хэлээд мушийв.
– Найз минь. Битгий цухалд - гэж Вакер зулгуйдаад Питерийг дотноор сугадсанаа дуугаа намсгаж:
– Би танд туслах гэсэн юм! Тань шиг авъяастай хүнд боолчлол их хэцүү байдаг байх даа - хэмээн шивнэв.
– Та ч гярхай хүн юм аа! - хэмээн Блад егөөдлөө.
Харин эмч үүнийг нь анзаарсангүй. Анзаарах хэрэггүй гэж бодсон ч байж болох юм.
– Эрхэм түнш минь, би тэнэг хүн биш шүү. Би хүнийг нэвт шувт хардаг. Тэр ч байтугай бодлыг нь хүртэл хэлж чадна шүү.
– Миний юу бодож байгааг хэлээтэхвэл би үнэмшихсэн?
Вакер эмч эл хуль далайн зогсоолыг тойруулан харснаа Бладад улам ойртоод зулгуйдсан хоолойгоор:
– Далайн хаяаг та гунигтай ширтэж байхыг чинь би нэг бус удаа харсан. Таны бодлыг би мэдэхгүй гэж бодож байгаа юм уу? Хэрэв та энэ тамаас аврагдаж чадвал эрх чөлөөтэй болж, өөрөө чимэг нь болдог мэргэжлийнхээ ажлыг өөртөө ашигтайгаар эрхэлж болно шүү дээ. Хорвоо уудам болохоор Англиас өөр, тань шиг хүнийг халуунаар угтах улс орон олон байгаа. Английнхаас гадна өөр эзэмшлүүд ч бий.
– Вакер эргэн тойрноо сэрэмжлэн хараад хуйвалдагчийн дүрээр яриагаа үргэлжлүүлэв: – Голландын Кюрасаогийн эзэмшил эндээс холгүй оршдог. Жилийн энэ улиралд жижигхэн завиар давгүй хүрчихнэ. Кюрасао эрх чөлөөгөө олох гүүр болно. Та гинжнээсээ салмагц хорвоо өмнө чинь нээгдэнэ дээ.
Вакер эмч дуугаа хураагаад амгалан дүртэй Бладын хариуг хүлээв. Гэвч Питер дуугарсангүй. Вакерын тэвчээр барагдлаа:
– Та юу гэж хэлмээр байна?
Блад шууд хариулсангүй. Энэхүү гэнэтийн саналаас болоод түүнийг нөмрөн авсан бодол санааг нухацтай тунгаахад түүнд хугацаа хэрэгтэй байв. Тэрбээр сайтар эрэгцүүлсэний эцэст өөр хүн бол санаагаа дуусгах байсан тэр зүйлээс яриагаа эхэллээ.
– Надад мөнгө байхгүй. Харин ийм аялал зохиохын тулд багагүй мөнгө шаардагдана шүү дээ.
- Би тантай нөхөрлөе гэдгээ хэлээгүй гэж үү? Блад хариултыг нь мэдэж байсан хэдий ч:
- Яагаад? - гэж тулгаж асуулаа.
Мэргэжил нэгтэн нь боолчлогдоод энэлэн зовж, өөрийнхөө гайхамшигтай чадварыг ашиглаж чадахгүй байгааг хараад элэг нь эмтэрч байгаа тухайгаа Вакер эмч удтал тайлбарлан ярилаа. Харин Питер Блад жинхэнэ шалтгааныг нь мэдэж байв. Нутгийн хоёр эмч тэднийг үгүйрүүлж буй өрсөлдөгчөө ямар ч аргаар хамаагүй, зайлуулахыг хүсч байсан ажээ.
Шийдвэр гаргах гэж удсан нь Бладын дутагдал биш байсан юм. Тэр урьд нь бусдын тусламжгүйгээр оргохоор оролдоод нэмэргүй гэдгийг ойлгож байсан болохоор энэ тухай бодоод байдаггүй байв.
Харин одоо Вакерын тусламжинд найдаж болох учир оргож болмоор санагджээ. Үүнийг Бронсон ч бас дэмжинэ гэдэгт Блад эргэлзэхгүй байв. Тэр дотроо “Тийм” гэж хэлж байлаа.
Блад Вакерсын нуршуу яриаг сонсоод мэргэжил нэгтнийхээ нөхөрлөлд үнэн сэтгэлээсээ итгэж байгаа дүр үзүүлэв.
– Та их буянтай санаа сэджээ. Хэрэв боломж олдсон бол би ч гэсэн ингэх л байсан юм. Вакерын нүдэнд баясал тодорч, яаран сандран:
– Тэгэхээр та зөвшөөрч байнаа даа? - гэж асуув.
- Зөвшөөрч байна уу гэж үү? - гэснээ Блад инээмсэглэв. Хэрэв намайг барьж аваад ийшээ буцаагаад авчирвал миний духыг насан туршид тамга гоёх болно шүү дээ.
- Эрсдэлтэй нь мэдээж. Гэхдээ бодоод үз дээ. Амжилт олбол та эрх чөлөөтэй болж бүх дэлхий өмнө чинь нээгдэнэ шүү дээ.
Блад толгойгоо дохив:
– Тийм л дээ. Гэхдээ оргохын тулд зүрх зоригоос гадна
мөнгө хэрэгтэй. Завь л гэхэд хориод фунт болох байх.
Вакер сандарч:
– Танд мөнгө өгнө өө. Зээлсэн мөнгөө бидэнд... надад бололцоотой болохоороо эргүүлээд өгчихнө биз гэлээ.
Булхайг нь илчилсэн “бидэнд” гэсэн үг, түүнийгээ сандран залруулсан явдал Бладын таамаг зөв байсныг дахин нотлов.


Top
   
PostPosted: May.07.13 12:00 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Вакер эмч Бронсонтой хамтран түүнийг зайлуулах гэж байгаад эргэлзэх зүйлгүй боллоо.
Замд нь хүмүүс таарч эхэлсэн болохоор тэд яриагаа дуусгав. Үнэн хэрэгтээ Вакерт талархаад байх зүйлгүй гэдгийг ойлгож байсан хэдий ч Блад түүнд талархал илэрхийлэв. Тэгээд:
– Мэргэжил нэгт нөхөр минь! Яриагаа маргааш үргэлж¬лүүлье. Та надад итгэлийн хаалгыг онгойлгож өглөө гэв.
Блад энэ үгийг чин сэтгэлээсээ хэлжээ. Тэрбээр, өмнө нь гяндангийн хаалга гэнэтхэн нээгдсэн хоригдол шиг л хөөрсөн байлаа.
Блад Вакераас салаад юуны өмнө Джереми Питтэй зөвлөлдөхөөр шийдэв. Пит оргох үеийн аюул заналыг түүнтэй хуваалцахаас буцахгүй гэдэгт Блад итгэлтэй байлаа. Тэгээд ч хөлгийн залуурч байсан, урьдчилан таах аргагүй эрсдэлтэй аялалд туршлагатай залуурчгүйгээр мордоно гэдэг нь ухаалаг зүйл биш шүү дээ.
Эмч харуй бүрий болохоос өмнө өндөр шивээгээр хүрээлэгдсэн, боолчуудын овоохой болон харгалзагчдын том цагаан байшин байдаг тосгонд ирчихсэн байв.
– Бүгдээрээ унтсаны дараа над руу хүрээд ирээрэй - гэж Блад Питэд шивнэв.
– Би чамд нэг зүйл хэлэх хэрэгтэй байна...
Залуу эр Бладыг гайхан харав. Түүний үг хүний амьдралаас огт өөр боол заяандаа бэтгэрсэн Питийг нойрноос нь сэрээх шиг болов. Тэгээд толгойгоо дохиж, тэд салан одлоо.
Барбадосын тариалангийн талбайд ажилласан хагас жил залуу усан цэргийг үхээнц амьтан болгон хувиргажээ. Тэр урьд байсан шигээ тайван, хөдөлгөөнтэй, өөртөө итгэлтэй байхаа больж, зодуулсан нохой шиг гэтэж явдаг болсон байв. Түүний нүүр өнгө зүсээ алдаад жавхаагүй болж, нүд нь бүүдийчихсэн байлаа. Тэр байнгын өлсгөлөн, халуун орны наран доорхи зүдэргээтэй ажил болон харгалзагчийн ташуурыг үл харгалзан амьд үлдсэн ажээ. Цөхрөл түүний мэдрэхүйг мохоосноос мал болон хувирч, зөвхөн хүнийх нь эрхэм чанар бүрэн арилаагүй байв. Тэр шөнө Блад оргох төлөвлөгөөгөө яривал залуу бараг солиорох шахлаа.
- Оргоно гэнэ ээ! Бурхан минь! - хэмээн бачимдан дуу алдсанаа толгойгоо тэврээд хүүхэд шиг цурхиран уйлав.
- Чимээгүй бай! - гэж Блад шивнэлээ. Түүний гар Питийн мөрийг аяархан дарав. – Биеэ барь. Бид юу ярьж байгааг хүн сонсчих юм бол үхтлээ ташуурдуулах хэрэг гарна шүү.
Бладын эдэлдэг нэгэн эрх гэвэл тэр одоо тусдаа овоохойд амьдардаг байлаа. Тэрхүү сууцыг нь мөчир сүлжиж хийсэн болохоор чимээ анир чөлөөтэй нэвтэрдэг ажээ. Хэдийгээр ялтнуудын тосгон аль эрт гүн нойрондоо автсан ч ойр хавьд онцгой сэрэмжтэй харгалзагч чагнаж байж болно шүү дээ. Тэгвэл энэ нь засч залруулах аргагүй гай зовлонд унагаж болох байв. Пит биеэ барихыг хичээлээ.
Бүтэн цагийн турш дөнгөж сонсогдох төдий шивнэлдээн овоохойд үргэлжлэв. Чөлөөлөгдөх найдвар Питэд урьдынх нь авхаалжийг сэрээжээ. Тэд бодсон санаагаа хэрэгжүүлэхийн тулд найм есөөс илүүгүй хүнийг элсүүлэхээр шийдэв. Үүний тулд хурандаа Бишопын худалдаж авсан ялтнуудаас амьд мэнд үлдсэн хориод хүний дотроос таарах нэгийг нь сонгож авах хэрэгтэй байсан юм. Тэд бүгдээрээ далайд аялах туршлагатай бол зүгээрсэн. Харамсалтай нь тийм хүн цөөхөн эзэн хааны далайн цэргийн флотод алба хашиж байсан Хагторп, бага тушаалын офицер Николас Дайк, их буучин Огл гурав л байлаа. Пит энэ гурваас эхэлж, дараа нь зургаагаас найман хүн элсүүлэхээр тохирлоо. Блад Питэд болгоомжтой ажиллаж, хүмүүсийн санаа бодлыг сайн мэдсэний дараа элсүүлэхийг зөвлөв. Блад эцэст нь:
– Чи баригдах юм бол бүх зүйл баларна. Яагаад тэр вэ гэвэл чи ганцаараа залуурч, чамгүйгээр оргох боломжгүй шүү гэлээ.
Бүгдийг ойлгосноо Пит Бладад батлан хэлээд өөрийнхөө овоохой руу мөлхөн орж сүрлэн дэвсгэр дээрээ ойчоод өглөө.
Маргааш өглөө нь Блад зогсоол дээр Вакер эмчтэй таарав. Эмч завь худалдаж авах гучин стерлингийн фунт зээлэхийг зөвшөөрлөө. Блад баярласнаа хүндэтгэлтэйгээр илэрхийлээд:
- Надад мөнгө биш завь хэрэгтэй. Гэтэл амбан захирагч Стивийн тушаалд жагсаасан хатуу шийтгэлээс сүрдэлгүй надад завиа худалдах зүрхтэй хүнийг би танихгүй юм. Та тэр тушаалыг мэднэ биз дээ?
- Тийм ээ. Би тэр зарлалыг уншсан. Гэхдээ би та нарт хаанаасаа завь олж өгөх юм бэ! Дорхноо л бүгдээрээ мэдчихнэ шүү дээ. Тэгвэл би шоронд орж, бас хоёр зуун фунтээр торгуулна... Та ойлгож байна уу?
Бладын сэтгэлд дүрэлзэж байсан найдвар бүдгэрч, нүүрэн дээр нь цөхрөлийн сүүдэр уналаа. Тэгээд:
– Ойлгож байна. Тэгвэл таны мөнгө надад ямар хэрэгтэй
юм бэ? - хэмээн бувтнав. Вакерын нимгэн уруулд инээмсэглэл тодорч:
– Санаагаар унахад эрт байна. Би энэ тухай бодсон. Завь худалдаж авсан хүн та нартай яваг. Хожим нь хариуцлага хүлээх нэг ч хүнийг энд үлдээж болохгүй гэлээ. Блад эргэлзэв.
– Над шиг хөөрхийлөлтэй хувь заяатай хүмүүсээс өөр хэн эндээс зугтаая гэж бодох билээ?
– Арал дээр боолчуудаас гадна цөллөгийнхөн бий - хэмээн Вакер тайлбарлав: – Өрөнд унаад цөлөгдсөн хүмүүс далавчаа дэлгэхдээ баяртай байх болно. Би усан онгоцны мужаан Нэттал гэдэг хүнийг танина. Тэр эндээс явах боломжийг баяртайгаар ашиглана гэдгийг би мэдэж байна.
– Гэхдээ тэр хэн нэгнээс завь худалдаж авбал мөнгө хаанаас олсон бэ гэсэн асуулт гарна шүү дээ.
– Мэдээжийн хэрэг. Тийм ч учраас иймэрхүү асуултанд хариулах хүн арал дээр үлдэх ёсгүй. Блад учрыг нь ойлгосон янзтай толгойгоо дохиж, харин Вакер өөрийнхөө төлөвлөгөөг танилцуулав.
– Мөнгөө авмагц намайг өгсөнийг дор нь мартаарай. Хэрэв танаас асуух юм бол найз нар, эсвэл хамаатан садан чинь нэг өвчтөнөөр чинь дамжуулж Англиас мөнгө илгээсэн. Би шударга хүн болохоор нэрийг нь яагаад ч хэлж болохгүй гэнэ биз. Тэр дуугүй болж Бладыг асуусан маягтай ширтэв. Питер зөвшөөрч толгойгоо дохивол Вакерын сэтгэл уужирч санаа алдаад яриагаа үргэлжлүүллээ:
– Болгоомжтой хөдлөх юм бол ямар ч асуудал гарахгүй. Нэттал хөлгийн мужаан, таны багийн маш чухал хүн болох учиртай болохоор л тохиролц гээд байгаа юм. Тэр тохирох завь эрж олоод худалдаад авчихна. Оргох бүх бэлтгэлээ завь худалдаж авахаас өмнө базаагаад нэг ч мөч алгуурлалгүй арилж өгнө. Ойлгож байна уу?
Блад түүнийг хэтэрхий сайн ойлгосон болохоор нэг цагийн дараа Нэтталтай уулзаж, цаадах нь хамт оргохыг зөвшөөрчээ. Тэгээд мужаан тохирох завь эрж, олдмогц Бладаас шаардагдах мөнгө авахаар тохирсон ажээ.
Гэхдээ эрэл Бладын бодсоноос удаан үргэлжлэв. Өдөр бүр Бладтай уулзаж байсан Нэттал гурван долоо хоногийн дараа тохирох онгоц олсон, түүнийг хорин хоёр фунтээр худалдахыг зөвшөөрсөн тухай хэллээ. Тэр үдэш олны нүднээс зайдуу газар Блад мөнгө өгч, Нэттал маргааш орой нь завиа худалдаж авна гэж хэлээд явлаа. Тэр завиа зогсоол руу авчирч, Блад болон түүний нөхөд шөнийн харанхуйг далимдуулан эрх чөлөөгөө олохоор зугтах ёстой байв.
Оргох бэлтгэл арайхийж дууслаа. Нэттал шархтай хоригдлууд саяхан амьдарч байсан хоосон овоохойд центнер* талх, хэдэн ширхэг бөөрөнхий бяслаг, торхтой ус, арваад шил дарс, квадрант*, газрын зураг, элсэн цаг, лаг*, дэнлүү болон лаа нуув.
Боолчуудын тосгоныг хүрээлсэн үүдний цэцэрлэгийн гадна ч бүх зүйл бэлэн болсон байлаа. Хагторп, Дайк, Огл нар яллуулсан босогчдын дундаас нарийн шилж авсан найман хүний нэгэн адил оргохыг зөвшөөрчээ. Шаналгаатай хүлээлтийн үед Бладын эрсдэлтэй үйл хэрэгт оролцохыг зөвшөөрсөн таван хоригдолтой хамт суудаг Питийн овоохойд тосгоны өндөр шивээг давахад хэрэглэх олсон шат шөнийн цагаар томж амжсан байлаа.
Оргох хүмүүс Барбадос дахь тэдний аймшигтай амьдралын эцсийн өдөр болох ёстой маргаашийн өдрийг айж түгшсээр тэсч ядан хүлээв.
Блад нар жаргахаас өмнөхөн, Нэттал завиа авахаар явсан эсэхийг шалгасны дараа, харгалзагчид тариалангийн талбайгаас дөнгөж авчирсан боолчуудыг хөөн оруулж байсан тосгон руу аажимхан дөхөж очлоо. Тэр дааман хаалганы хажууд чимээгүй зогсоод үхтлээ ядарсан боловч учир мэдэх хүмүүс болохоор нүдэнд нь итгэлийн гал бадарсан боолчууд хажуугаар нь өнгөрөхийг харав. Тэгээд боолчуудын араас хаалгаар орж, өөрийнхөө доройхон сууц руугаа гэлдэрч явахдаа хурандаа Бишопыг олж харав. Тариалангийн эзэн таягаа бариад гэм хийсэн боолчуудыг шийтгэхэд зориулсан суурь модны хажууд зогсоод харгалзагч Кенттэй ярилцаж харагдана.
Бладыг анзаармагц баргар царайлан хараад:
- Чи хаагуур тэнэж яваад ирэв? - гэж орилов. Сүрдүүлсэн ийм үг түүнд жирийн зүйл байсан хэдий ч энэ удаад Бладын зүрх ёг хийгээд явчихлаа.
- Би хотод байсан. Патч хатагтайн чичрэг хөдөлж, Деккер ноён хөлөө булгалчихжээ.
- Хойноос чинь Деккерийнх рүү очиход чи байгаагүй. Сайхан залуу минь. Чамайг залхуурахгүй, эрх чөлөөгөө буруу ашиглахгүй байлгахын тулд ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй болох нь ээ. Чи ял эдэлж буй самуун дэгдээгч гэдгээ битгий мартаарай!
Блад одоо хүртэл амаа хамхиж сураагүй болохоор:
– Үүнийг хүн бүр л сануулах юм даа - хэмээн хэлж орхив. Хилэгнэсэн Бишоп:
– Чөтгөр аваг! Чи надад ийм үг хэлж зүрхэлнэ гэнэ ээ? -хэмээн хашгичлаа.
Өнөөдөр тэднийг маш чухал үйл явдал хүлээж байгаа, эргэн тойрных нь овоохойнуудад байгаа нөхөд нь Бишопт хэдэрлэхийг нь сонсоод санаа нь хичнээн их зовниж байгааг дүрслэн бодоод хүлцэнгүйгээр:
– Үгүй дээ, эрхэм ээ! Би тантай шазруун харьцая гэж
бодоогүй юм аа. Та намайг эрсэн явдалд би л буруутай... гэв. Бишоп дорхноо тайвшрав.
– Тийм үү? За яахав. Одоо чи бүр их буруутайгаа ойлгоно оо. Амбан захирагчийн тулай өвчин хөдлөөд төхөөрч буй гахай шиг чарлаж байна. Тэгтэл чи олддоггүй. Захирагчийн гэр рүү бушуухан яв. Тэнд чамайг хүлээж байгаа... Кент ээ, эмчид морь өгөөдөх. Тэгэхгүй бол энэ дүйнгэ золиг өнөө шөнөдөө амжиж очихгүй шүү.
Бладад эргэцүүлэх хугацаа байсангүй. Тэрбээр энэхүү санамсаргүй саад тотгорыг арилгахад хүчин мөхөсдөж байгаагаа ойлгов. Гэтэл шөнө дунд оргохоор тохирсон байдаг. Иймд үүнээс өмнө амжиж ирэх болов уу хэмээн эмч найдаад Кентийн авчирсан морин дээр үсрэн мордлоо.
– Намайг эргэж ирэхэд үүдний цэцэрлэгийн хаалгыг хаачихсан байна шүү дээ?
– Битгий санаагаа зовоо. Өглөө болтол чи ирэхгүй. Тэд
нар чамд унтаж амрах нохойн хэвтэр олоод өгчихнөө. Питер Бладын зүрх ёг хийв.
– Гэхдээ... - гээд тэр ярих гэтэл,
– Дуугүй яв! Чи шөнө болтол донгосох гээд байгаа юм уу. Захирагч чамайг хүлээж байгаа - гэж Бишоп хэлээд Бладын морийг таягаараа байдгаараа гуядаж орхивол урагш цойлж, эзнээ золтой л унагачихсангүй.
Питер Блад цөхрөлөө барах дөхөв. Дараачийн шөнө оргохоос өөр аргагүй болжээ. Гэтэл энэ нь байдлыг хүндрүүлэх байлаа. Нэтталын наймааны тухай яриа тарж, түүнээс сэжиг төрөхгүй байхын аргагүй асуулт тавьж болно шүү дээ. Блад захирагчийнхаас буцаж ирмэгц шөнийн харанхуйд шивээнд сэмхэн дөхөж очоод Пит болон бусад хүмүүст ирсэнээ мэдэгдэе гэж төлөвлөж байв. Тэгвэл оргож болмоор санагджээ. Гэтэл тэр тооцоог нь тулай өвчний ширүүн дайрлагад өртөж, Блад ирэлгүй удсанд хилэгнэсэн амбан захирагч нураачихжээ.
Амбан захирагч эмчийг шөнө дөл болтол саатууллаа. Цусыг нь ханаж, захирагчийг зовоож байсан өвчнийг нь бага зэрэг намжаасан боловч Стид Бладыг явуулах тухай сонсохыг ч хүсэхгүй байлаа. Эмч тэр шөнийг амбан захирагчийн унтлагын өрөөнд өнгөрүүлэхээс өөр аргагүй болжээ. Хувь заяа Бладаар даажигнаад байгаа юм шиг санагдав. Тэр шөнө оргоно гэсэн төлөвлөгөө бүрмөсөн нуран унасан нь тодорхой болжээ.
Блад өглөө эрт эмийнхээ сангаас эм олж ирнэ гэж байж захирагчийн гэрээс мултарч амжив.
Тэр Нэттал руу яаран очвол хэцүүхэн байдалд орчихсон байлаа. Аз муутай мужаан зогсоол дээр шөнөжин хүлээгээд нууц нь задарч, бүх зүйл баларсан гэж бодсон ажээ. Питер Блад түүнийг чадах ядахаараа тайвшруулав.
Тэгээд өөртөө итгэлтэй байгаа дүр үзүүлж:
- Бид өнөө шөнө оргоно. Амбан захирагчийн бүх цусыг нь ханасан ч хамаа алга. Өнөө шөнө бэлэн байгаарай гэлээ.
- Хэрэв өнөөдөр мөнгө хаанаас олсныг надаас асуувал яана аа? - хэмээн Нэттал бувтнав. Тэрбээр хохигор жижигхэн нүүртэй, өнгөгүй нүдээ байнга анивчдаг хүн байв.
- Ямар нэгэн зүйл бодож ол. Хулчийж болохгүй. Өөртөө итгэлтэй бай. Би энд удаж чадахгүй нь - гэж Блад зөвлөөд мужаанаас салан одлоо.
Түүнийг явснаас хойш нэг цагийн дараа амбан захирагчийн тамгын газрын түшмэл Нэтталын хөөрхийлөлтэй урцанд орж ирэв. Амбан захирагч яллагдсан босогчид арал руу ирсэний дараа завь худалдсан хүн бүр тэр тухайгаа тамгын газарт мэдэгдэж, завины эзэн бүр дэнчин болгож тавьдаг арван стерлингийн фунтийн барьцааг буцааж авдаг журам тогтоосон юмсанж. Гэтэл амбан захирагчийн тамгын газар Нэтталд завь худалдсан хүн наймаа үнэхээр хийсэн эсэхийг шалгах гэсэндээ барьцааны мөнгийг төлөхөө азнасан юм байжээ.
– Чи Роберт Фаррелаас завь худалдаж авсныг бид олж мэдлээ. Нэттал ингээд л өнгөрдөг байж гэж бодоод:
– Тийм ээ - гэж хариулав.
– Чи наймааныхаа тухай амбан захирагчийн тамгын газарт мэдэгдэх гэж нэг их яарахгүй байнаа даа? - гэж сүрдүүлсэн аястай хэлбэл Нэтталын өнгөгүй нүд бүр ч түргэн анивчаад эхлэв.
- М..мм.м... мэдэгдэх ёстой гэнэ ээ?
- Хууль ингэж шаарддагийг чи мэднэ.
- Хэрэв та зөвшөөрвөл... би... би мэдээгүй!
- Энэ тухай бүр нэгдүгээр сард зарласан шүү дээ.
- Би... би уншиж чаддаггүй. Түшмэл түүнийг зэвүүцэн харлаа.
– Тэгвэл чи одоо мэдлээ. Арван хоёр цагаас өмнө амбан захирагчийн тамгын газарт барьцааныхаа арван стерлингийн фунтийг тушаагаарай.
Түшмэл явж, хэдийгээр тэр өглөө халуун байсан хэдий ч Нэтталын хүйтэн хөлс цутгасан байв. Заяа муутай мужаан “Өр ширэнд баригдаад арал дээр цөлөгдсөн хүн хаанаасаа завь худалдан авах мөнгө олсон бэ?” - гэсэн хамгийн эвгүй асуулт тавиагүйд баяртай байлаа. Тэгэхдээ энэ нь хугацаа хожих төдий зүйл, энэ асуултыг тэртэй тэргүй тавьж, тэр балрах болно гэдгийг мэдэж байсан юм.
Нэттал тэгэхэд оргохыг зөвшөөрсөн тэр мөчийг зүхэж, тэдний төлөвлөгөө илэрч, түүнийг дүүжлэх байх; тэр өөрийнхөө тэнэгээс болоод дор хаяж улайсгасан төмрөөр тамгалуулж, хоригдлуудтай адил боол болон худалдагдана гэж эмээж байлаа. Хэрэв түүнд дэнчин тавих золигийн арван стерлингийн фунт байсансан бол тэр журмыг нь биелүүлээд эгзэгтэй асуулт тавих цагийг хойшлуулахсан. Нэттал өртэй гэдгийг түшмэл анзааралгүй өнгөрсөн. Тэгэхээр бусад нь ч гэсэн ядахдаа ганц хоёр хоног хайнга байж болох шүү дээ. Тэр хооронд Нэттал тэдний савраас мултарчихаж болох юм. Ер нь яаж ийж байгаад тэр мөнгийг арван хоёр цагаас өмнө олох хэрэгтэй байлаа.
Нэттал бүрх малгайгаа шүүрч аваад Питер Бладыг эрэхээр явлаа. Эмч одоо хаана байж таарах вэ? Тэрбээр бие нь тааруухан байгаа дүр эсгэж, ганц нэг хүнээс Блад эмчийг харсан эсэхийг зүрхлэн асуув. Гэтэл харсан хүн ердөө байсангүй. Энэ хуйвалдаанд Вакер ямар үүрэгтэй болох тухай мужаанд Блад хэлээгүй болохоор Питерийг олоход дуртайяа туслах байсан Барбадосын цорын ганц хүний гэрийн хажуугаар яваад өнгөрчихжээ. Эцсийн эцэст Нэттал хурандаа Бишопын эдлэн рүү явлаа. Тэнд Блад байхгүй байсан ч хуйвалдагчдын нэг гэдгийг нь мэдэж байсан Питтэй уулзаад болж өнгөрсөн явдлын тухай Бладад дамжуулж болно шүү дээ.
Түгшсэн Нэттал аагим халууныг ч анзаарах сөхөөгүй, умардыг чиглэн хотоос гараад эдлэн байрлах толгодыг зорилоо.
Блад яг энэ үед захирагчид эм хүргээд өөрийнхөө хэргээр явах зөвшөөрөл авчихсан байв. Тэгээд эдлэн рүү явахаар шийдэж, захирагчийн гэрээс гарсан бөгөөд санамсаргүй нэгэн явдал түүнийг саатуулж, хэд хэдэн тааламжгүй үр дагаварт хүргээгүйсэн бол Нэтталаас хавьгүй өмнө эдлэнд хүрчих байжээ. Харин замдаа саатсан шалтгаан нь Арабелла Бишоп байв.
Тэд захирагчийн байшинг хүрээлсэн цэцэрлэгийн хаалганы хажууд таарсан ажээ.
Тэр өглөө Питер Блад сайхан зантай байлаа. Алдартай өвчтөнийх нь бие сайжирч, чөлөөтэй зорчих боломж эмчид олдмогц түүнийг сүүлчийн арван хоёр цагийн турш шаналгаж байсан баргар бөгөөд гутрангуй бодол нь дорхноо сарнив. Түүний сэтгэлийн хэмжүүрийн мөнгөн ус дээшээгээ гозойлоо. Тэр ирээдүйгээ итгэлтэй харж байв. Өнгөрсөн шөнө бүтээгүй л биз. Харин өнөө шөнө бүтнэ. Ганцхан хоногийн наана цаана ямар ялгаатай юм бэ? Захирагчийн тамгын газар бол тийм ч олигтой газар биш. Гэхдээ тэд яаж ийгээд түшмэдийн анхаарлаас ганцхан хоног мултарч чадна. Энэ зуур тэдний завь эндээс холдчихсон байна.
Тэр амжилтандаа итгэчихсэн явдал гай учрах эхний шалтгаан болсон юм. Арабелла Бишоп тэр өдөр бас л сэтгэл өндөртэй, Бладад дайсагнах санаагүй байсан нь хоёр дахь шалтгаан нь байсан ажээ. Энэ хоёр шалтгаан түүнийг саатуулж, харамсалтай үр дагаварт хүргэсэн билээ.
Арабелла Бладыг хараад ялдамхан инээмсэглэж мэндлээд:
– Бидний сүүлчийн уулзалтаас хойш бүтэн сар өнгөрчихсөн байна шүү дээ гэв.
– Тодорхой хэлбэл хорин нэг хоног. Би тоолсон.
– Би ч таныг үхчихсэн юм болов уу гэж бодож эхлээд байлаа шүү.
- Тийм бол титэм өргөсөн явдалд танд баярлалаа.
- Ямар титэм?
- Шарил дээр тавьдаг титэм.
Сүүлчийн уулзалтын үед Бладад дооглуулснаас болоод түүнээс холдчихсоноо Арабелла саналаа:
– Та яахаараа үргэлж хошигнож явдаг юм бэ?
Хүн заримдаа өөрийгөө шоолдог байх ёстой. Тэгэхгүй бол галзуурна. Харамсалтай нь үүнийг мэдэх хүн ховорхон байдаг болохоор хорвоо дээр үй түмэн солиотон байдаг юм.
Өөрийгөө тааваараа л шоолж инээ. Та намайг ч гэсэн дооглоод байх шиг санагдах юм. Энэ чинь даруу зан биш шүү.
Та андуурч байна. Нээрээ шүү. Би инээдтэй зүйлийг харахаараа л инээдэг. Харин та инээдтэй санагдахгүй байна.
Тэгвэл би ямар юм бэ? - гэж Арабелла асуугаад инээд алдав.
Эмч дур булаам, итгэмтгий бөгөөд цагаан сэтгэлтэй бүсгүйг бахдан харлаа.
– Та бол боол миний эзний зээ дүү.
- Үгүй дээ. Наадах чинь хариулт биш. Өнөөдөр та надад үнэн сэтгэлээсээ хариулах ёстой.
- Үнэн сэтгэлээсээ гэнэ ээ. Ер нь та их хэцүү асуулт тавих юм. Тэгээд ч чин сэтгэлээсээ хариулна гэдэг чинь... За яахав. Тантай найзлах тэр хүн өөрийгөө азтай гэж тооцож болно... -
Тэр ямар нэг зүйл хэлэх гэснээ биеэ барилаа.
– Энэ чинь найрсаг гэхээс ч илүү дотно үг байна - гэж хэлээд Арабелла инээлээ. – Та аятайхан харьцаж чаддаг л юм байна шүү дээ. Таны оронд өөр хүн байсан бол...
– Миний оронд өөр хүн байсан бол юу гэж хэлэх байсныг би мэдэж байна.
– Та эрчүүдийг мэддэг байж магадгүй. Харин эмэгтэй-чүүдийг ойлгодоггүй гэдгийг саравчинд болсон явдал харуулсан шүү дээ.
- Энэ тухай та хэзээ ч мартаж чадахгүй гэж үү?
- Хэзээ ч мартахгүй.
– Ямар сайн ойтой юм бэ! Надад тэгээд ямар нэгэн сайн чанар байхгүй юм биз дээ?
- Байлгүй яахав. Хэд хэд бий.
- Ямар чанар? - гэж Блад яаран асуув.
- Та испани хэлээр сайн ярих юм.
- Ингээд л болоо юу? - гэж эмч урвагархан дуугарлаа. Харин бүсгүй түүний гомдсоныг анзаараагүй дүр үзүүлэв.
- Та энэ хэлийг хаана сурсан юм бэ? Испанид байсан юм уу?
Тийм ээ. Би испанийн шоронд хоёр жил суусан.
– Шоронд гэнэ ээ? - хэмээн Арабелла дахин асуухад хоолойнд нь болгоомжилсон өнгө илрэв.
– Олзны цэрэг байсан юм аа. Би францын армид тулалдаж байгаад испаничуудад олзлогдчихсон юм.
– Гэхдээ та чинь эмч хүн шүү дээ?
– Дагалдах мэргэжил гэх үү дээ. Уг нь би цэрэг хүн. Ямар ч гэсэн амьдралынхаа арван жилийг цэрэгт зориулсан хүн дээ. Энэ мэргэжил надад эд баялаг авчраагүй. Гэхдээ анагаах ухааны гайгаар боол болчихсоноо бодоход надад арай ээлтэй мэргэжил байж дээ. Бурхан багш хүмүүс бие биеэ эмчлэхийг биш, алж хядахыг илүүд үздэг бололтой.
– Гэхдээ та яагаад цэрэг болж, францын армид элссэн юм бэ?
– Би эмчийн мэргэжилтэй ирланд хүн. Гэхдээ ирландчууд их өвөрмөц хүмүүс л дээ. Тийм болохоор... Энэ их урт түүх. Гэтэл хурандаа намайг хүлээж байдаг.
Тэгтэл Арабелла сонирхолтой түүх сонсоё хэмээн шалж, ахынхаа захиснаар захирагчийн гэргийн биеийг асуух хооронд жаахан хүлээж бай, хамтдаа буцъя гэлээ.
Блад мэдээж хүлээхийг зөвшөөрч, тэд удалгүй хурандаа Бишопын гэр рүү морьдоо шавдуулалгүй яаралгүй хөдлөв. Замд нь таарсан зарим хүн боол - эмч эзнийхээ зээ дүүтэй эрээ цээргүй ярилцаж явахыг хараад гайхсанаа нуусангүй. Тэдний дунд хурандаад хов хүргэе гэж бодсон хүн ч байсан ажээ. Харин Питер, Арабелла хоёр энэ өглөө эргэн тойрноо анзаарах сөхөөгүй байв. Эмч адал явдлаар дүүрэн байсан залуу насныхаа тухай, яаж баригдаж, шүүгдэж байсан тухайгаа урьд нь дурсаж байснаасаа хавьгүй тодорхой ярьж явлаа.
Тэд бүсгүйн гэрийн хажууд мориноосоо бууж, хурандаа эдлэнгээсээ ирээгүй гэдгийг олж мэдээд хэдэн хором саатах үед Блад яриагаа нэгэнт дуусгасан байсан ч Арабелла түүнийг явуулахыг хүсэхгүй байлаа.
– Би урьд нь энэ бүхнийг мэдэхгүй байсан нь харамсалтай
-гэж бүсгүй хэлэх үед хар нүдэнд нь нулимс хурсан байлаа. Тэгээд салах ёс гүйцэтгэхээр гараа найрсгаар сунгав.
– Мэдлээ гээд бидний харьцаа өөрчлөгдөнө гэж үү?
- Өөрчлөгдөнө гэж бодож байна. Амьдрал танд дэндүү ширүүн ханджээ.
- Бүр ч дор байж болох л байлаа - гэж Блад хэлээд дүрэлзсэн халуун харцаар ширтвэл бүсгүйн царай улайж зовхио буулгав.
Блад салахдаа бүсгүйн гарыг үнсэв. Тэгээд байшингаас хагас миль зайтай орших үүдний цэцэрлэг рүү зугуухан хөдөллөө. Түүний нүдний өмнө ичиж зовсондоо царай нь улайсан, байдгаасаа нэг л өөр, зүрх алдсан янзтай бүсгүйн дүр харагдсан хэвээр ажээ. Энэ хоромд Питер арван жил цөлөгдөх ял авсан боол гэдгээ, тэр ч байтугай оргох төлөвлөгөөнд нь ноцтой аюул учирсаныг ч ор тас мартчихсан байлаа.


Английн центнер - ойролцоогоор 50 кг.
Квадрант - Нар болон оддын єнцгийг хэмждэг багаж. Дээр үед байрлал
тодорхойлоход ашигладаг байжээ.

Лаг - Хєлгийн туулсан замын уртыг тодорхойлоход ашигладаг хялбархан багаж


Top
   
PostPosted: May.07.13 12:15 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
VII бүлэг. ДАЛАЙН ДЭЭРЭМЧИД

Джеймс Нэттал хурандаа Бишопын эдлэнд түргэн хүрлээ. Түүний урт бөгөөд хатингар, нарийхан хөл халуун уур амьсгалтай нутагт аялахад давгүй зохицжээ. Яс арьс болтлоо хатаж, амь нь хаанаа байдаг юм бол гэхээр болсон ч эдлэнд дөхөж ирэхэд хөлс нь асгарч байлаа.
Дааман хаалганы хажууд тэр пагдгар, майга, бульдог нохойных шиг эрүү, Геркулесийнх шиг гартай Кент гэдэг харгалзагчтай таарав.
Нэттал амьсгаадаж:
Би Блад эмчийг эрж явна - гэж шулганалаа.
Чи их яарч явнаа даа. Бас юу болчихоов? Ихэр үү?
– Ихэр үү гэнэ ээ? Үгүй дээ. Би эхнэргүй ээ, эрхэм ээ... Миний үеэл ах л... эрхэм ээ.
– Яачихсан юм бэ? Нэттал хурдан сэтгэж:
– Өвдчихсөн юм аа, эрхэм ээ. Эмч байна уу? - хэмээн худал хэллээ.
– Овоохой нь тэр байна - гээд Кент тоомсоргүй заав. – Тэнд байхгүй бол өөр газар эрнэ биз - гэж хэлсэнээ яваад өглөө.
Кент холдсонд баярласан Нэттал дааман хаалга руу гүйж орлоо. Гэтэл Блад овоохойдоо байсангүй. Түүний оронд эрүүл ухаантай хүн байсан бол эмчийг тэндээ хүлээх байсан нь мэдээж. Гэтэл Нэттал тийм хүмүүсийн тоонд багтдаггүй юмсанж...
Тэр шивээний хаалгаар гүйж гараад мөч хэртэй бодлогоширсны эцэст Кентийн явсанаас өөр тийш хөдлөхөөр шийдэв. Тэгээд наранд хатсан нугаар, зургаан сарын нарны нүд гялбам туяанд шаргал хана мэт харагдах чихрийн нишингэний тариалан руу явлаа. Тэрхүү тариаланг тууш болон хөндлөн зүссэн замууд шаргал талбайг тусгаар дөрвөлжингүүдэд хуваасан харагдана. Алсад боолчууд ажиллаж байхыг хараад Нэттал яваад очив.
Тэдний дунд Пит байсангүй. Харин Нэттал түүний тухай асууж зүрхэлсэнгүй. Тэгээд хагас цагийн турш эмчийг хайж тариалангаар тэнэлээ. Нэг газар харгалзагч зогсоож юу хийж яваа, чухам юу хэрэгтэйг нь ширүүнээр асуув. Нэттал дахиад л Блад эмчийг эрж яваагаа хэлбэл харгалзагч чөтгөр лүүгээ тонил гэж хөөсөн ажээ. Мэгдсэн мужаан даруйхан явахаа амласан боловч андуураад боолчуудын овоохойнууд руу биш, эсрэг зүгт нь - өтгөн ойн чөлөөнд байдаг тариалангийн хамгийн алслагдсан хэсэг рүү явчихжээ.
Үдийн халуунд нозоорсон харгалзагч түүний алдааг залруулахаас төвөгшөөсөн бололтой. Нэттал замын төгсгөлд хүрээд хажуу тийш эргэвэл модон
хүрзээр усалгааны шуудуу цэвэрлэж байсан Питийн дээрээс орчихов.
Пит хөл нүцгэн, урагдсан богино өмд, өргөн хүрээтэй сүрлэн бүрх өмссөн байлаа. Нэттал түүнийг хараад баярласандаа бурхандаа залбирав. Тэгээд гунигтайгаар шүүрс алдаж, ёолж байгаад Бладыг даруйхан олж, түүнээс арван стерлингийн фунт авахгүй бол бүгдээрээ сүйрэх гэж байгаа тухай түгшүүртэй мэдээ сонсгов.
– Хараал идсэн мангуу минь! Чамд Блад хэрэгтэй юм бол яагаад энд цагаа барж яваа юм бэ? - гэж Питийг уурлавал:
– Би түүнийг олж чадахгүй байна - гэж Нэттал бувтнаад ингэж хандсанд нь гомдлоо. Тэр мэдээжээр түгшин хүлээж нойргүй хоносон Питийн тэвчээр барагдаж цөхөрсөнийг ойлгосонгүй.
– Би бодохдоо чи...
– Намайг хүрзээ хаячихаад эмчийг эрэхээр явна гэж бодсон юм уу? Бурхан минь! Энэ усан тэнэгээс бидний амьдрал хамаарах ч гэж дээ! Цаг хомс байхад чи дэмий үрж байна. Мануухай минь! Хэрэв харгалзагч чи бид хоёрыг харчих юм бол юу гэж хэлнэ ээ?! Ингэж доромжлуулсан Нэттал хормын зуур хэлэх үгээ ч олохоо больж, дараа нь цухалдав:
– Бурханы нэрээр тангараглая. Та нартай ерөөсөө зууралддаггүй л байж! Тангараглая...
Нэттал юу тангараглах гэж байснаа хэлж амжсангүй. Учир нь, өтгөн шугуй дотроос цайвар хүрэн нэхмэл хантааз өмссөн хүдэр том биетэй эр гарч ирлээ.
Түүнийг зөвхөн дотоожтой, хавиргалах байлдааны сэлмээр зэвсэглэсэн хоёр хар арьстан дагажээ. Тэд зөөлөн хөрсөн дээгүүр гэтсээр Нэттал, Пит хоёрт ердөө арван ярд зайд дөхөж ирсэн байлаа.
Айж мэгдсэн Нэттал ой руу туулай мэт дэгдлээ. Энэ нь хүний санаанд орж болох хамгийн тэнэг бөгөөд болчимгүй алхам байсан юм. Харин Пит дуу алдаж, хүрзээ тулж зогсоод байрнаасаа хөдөлсөнгүй.
Хурандаа Бишоп:
– Хүүе, чи зогс! - гэж хашгираад аймшигтайгаар сүрдүүлж, хараал урсгав.
Гэсэн хэдий ч Нэттал нэг ч удаа эргэж харалгүй төгөл рүү гүйгээд орчихлоо. Хурандаа өөртөө таалагдаагүй дурын хүнийг дүүжлүүр рүү илгээхэд хангалттай эрх мэдэлтэйг тэр мэдэж байсан болохоор түүнээс сүрдэж, Бишоп түүний царайг харж амжаагүй байх гэсэн ганцхан найдлага толгойнд нь эргэлдэж байв.
Тариалангийн эзэн зугтаасан хүн нэгэнт холдсоны дараа хойноос нь тайга нохой шиг дагаж явдаг хоёр боолоо саналаа. Тэр хоёр бол эдлэнгээрээ дагуулж явдаг Бишопын бие хамгаалагчид нь байсан бөгөөд нэг боол түүн рүү довтолж, боож алах шахсанаас хойш ганцаараа явахаа больсон юм байжээ.
– Хойноос нь хөө, малуудаа - гэж Бишоп хашгирснаа дөнгөж хөөж эхэлмэгц нь: – Буцаад ир, хараал идмэрүүд минь
-хэмээн болиулав.
Зугтаасан хүнийг шийтгэхийн тулд хойноос нь хөөх хэрэггүй гэж тэр бодсон юм байж. Түүний гарт Пит байгаа болохоор нэрэлхүү нөхрийнх нь нэр, нууцлаг яриаг нь мэдчихэж болно шүү дээ. Пит гөжүүд загнаж болох л юм. Тэрэндээ тулбал хурандаа өөрийнхөө боолчуудын адгуу занг нугалах олон арга мэддэг юмсанж.
Бишоп халууцаж догширсондоо шатаж буй нүүрээ эргүүлж, жижигхэн нүдээрээ боолыг ширтэж, хөнгөхөн хулсан таягаа далайгаад урагш алхав. Тэгээд:
– Зугтаасан хүн хэн байсан бэ? - гэж сүрдмээр тайван хоолойгоор асуулаа.
Пит хүрзээ тулж дуугүй зогссоор байлаа. Тэр эзэндээ юу гэж хариулья даа гэж бодсон боловч тархинд нь зөвхөн усан тэнэг Нэтталыг зүхсэн хараалын үг эргэлдэх ажээ.
Хурандаа хулсан таягаа далайгаад залууг байдаг чадлаараа цохивол Питийн нүцгэн нуруу хорсч дуу алдлаа.
– Хариул, муу нохой! Түүний нэр хэн бэ? Джереми тариалангийн эзнийг духаараа хараад:
Би мэдэхгүй - гэвэл түүний хоолойд илэрсэн цухалдангуй өнгийг хурандаа шазруун зан гэж ойлгожээ.
Мэдэхгүй гэнэ ээ? Сайн байна. Май чи, дахиад ав. Хурдан бодоорой. Дахиад ав, дахиад ав... - гэж орилоод залууг зөндөө зодлоо. – Одоо яаж байна? Нэрийг нь санав уу?
– Би танихгүй шүү дээ.
Хурандаа Питийг хорсолтой хараад:
– Тийм бий. Чи бас зөрүүдлэнэ гэнэ ээ! - гэснээ гэнэт хилэгнэв. – Тэнгэр минь! Чи надаар даажигнамаар байна уу? Үүнийг чинь би хүлцэнэ гэж бодож байгаа юм биз дээ?
Пит шүдээ зууж мөрөө хавчаад хөлөө сэлгэн гишгэв. Хурандаа Бишоп ялимгүй шалтгаанаар догширдог ажээ. Хийрхсэн Бишоп тарчилж зовсондоо залуу цөхөрч, өөр лүү нь дайрах хүртэл хайр найргүй занчиж, цохих бүртээ доромжлон харааж байв.
Гэтэл соргог харгалзагчдын гярхай нүд Питийн хөдөлгөөн бүрийг ажиглаж байсан юмсанж. Түүнийг эзэн рүүгээ дайрмагц булчинлаг хүрэл гараараа дор нь барьж аваад гарыг нь мушгиж ард нь гаргаад бүсээр хүлж орхилоо.
Бишопын нүүр толбоор хучигдав. Тэр хүндээр амьсгалж:
– Битгий алдчихаарай! гэв.
Хар арьстанууд заяа муутай Питийг нишингэний тариаланг огтолсон замаар чирж, боолчуудын эмээсэн харц тэднийг үдэв. Питийн цөхрөлд хэмжээ хязгаар байсангүй. Удалгүй эхлэх тамлал түүний сэтгэлийг нэг их зовоосонгүй. Гол нь, энэхүү тамаас мултрах сайтар боловсруулсан төлөвлөгөө гэнэтхэн, учир утгагүй нурсан явдалд зүйрлэшгүй их шаналж байв.
Питийг чирж явсан хар арьстанууд үүдний цэцэрлэгийн хажуугаар өнгөрөөд харгалзагчдын цагаан байшинг чиглэсэн бөгөөд тэндээс Карлайлын булан сайн харагддаг байлаа. Давалгаан дээр хар завинууд дайвалзах тэнгисийн булан руу Пит харлаа. Тэгээд, аз дутаагүй бол эдгээр завины аль нэгэнд тэд суугаад бараа сураггүй арилах байлаа гэж харамсан бодоод хөхрөн цэнхэртэх тэнгисийг гуниглан ширтэв.
Тэнд, үл мэдэг хуниран мэлтэлзэх Карибын тэнгисийн цэнхэр усанд, улаан өнгөтэй, английн туг намируулсан цэргийн далбаат онгоц эргийн зөөлөн салхинд хөөгдөн ихэмсгээр хөвөх ажгуу.
Хурандаа зогсоод тэр хөлгийг анхааралтай саравчлан харав. Салхи хэдийгээр сулхан байсан ч тэр хөлөг урд шургийнхаа доод талын дарвуулыг дэлгээд тэнгисийн булан руу аажимхан орж байлаа. Бусад бүх дарвуулаа хураачихсан болохоор тэр хөлгийн сүрлэг их бие - хитгэн дээр нь сүглийх цамхаг хэлбэрийн өндөр давхарлагаас эхлээд хошуун дээр нь урласан, нарны гэрэлд гялалзах алтадсан толгой хүртэл тодорхой харагдах ажээ.
Усан онгоц болгоомжтой урагшилж байгаа нь хөлгийн ахмад эндхийн усыг муу мэддэг, үзүүрт нь ачаа дүүжилсэн уяагаар тэнгисийн гүнийг байсхийгээд л хэмжиж явааг харуулж байв. Хөдөлгөөнийх нь хурдаар баримжаалах юм бол тэр хөлөг боомтод орж зангуугаа хаяхын тулд нэг цаг шаардагдмаар ажээ. Хурандаа хөлгийн үзэсгэлэнг бишрэн харж байх зуур Питийг үүдний цэцэрлэгийн цаана аваачаад залхаах ёстой боолчуудад зориулан үргэлж бэлэн байлгадаг суурь модонд дөнгөлж орхив.
Хурандаа Бишоп яаралгүй, гунхалзан алхсаар тийшээ очоод:
– Эзэн рүүгээ соёогоо ярзайлгаж зүрхэлсэн муу хав. Арьсыг нь хуулж байгаад ч хамаагүй үг дуулдаг болгоно доо -гэж хэлээд тарчлаах ажилдаа ханцуй шамлан орлоо.
Тариалангийн эзэд өөрсдийгөө хүндэлж, зарц нараараа хийлгэдэг булай ажлыг тэр өөрөө биечлэн хийдгээс энэ хүн хичнээн доошоо орсоныг ойлгож болох юм. Тэр өөрийн зэрлэг тачаалыг хангаж, боолынхоо толгой болон нуруу руу цохин таашаал авч байлаа. Хүчтэй цохьсоноос болоод хулсан таяг нь нарийхан бөгөөд уян, сахлын хутга шиг хурц ирмэгтэй цуулдасууд болон салбайлаа. Хурандаагийн тэнхээ тамир барагдаж, салбайсан таягаа хөсөр хаях үед золгүй боолын нуруу улаан нялга болсон байв.
Зандалчин хурандаа тэгээд:
– Би чамайг дуулгавартай болгож дөнгөнө өө! Чамайг дөнгөтэй чинь, ус хоолгүй үлдээнэ. Сонсож байна уу? Чи өөрийнхөө нэрэлхүү найзын нэр, яах гэж ирсэнийг надад хэлэх хүртэл усгүй, хоолгүй үлдэнэ! - гэлээ.
Тариалангийн эзэн огцом эргээд бие хамгаалагчдаа дагуулаад яваад өглөө.
Питэд зүүдэлж байгаа мэт санагдана. Бараг ухаан алдаж, аймшигтай өвдөн зовж, цөхрөн шаналж байлаа. Үхэх амьдрах нь түүнд хамаагүй болжээ.
Гэтэл шинэ шаналгаа түүнийг дүйнгэ байдлаас нь гаргав. Түүнийг дөнгөлсөн суурь мод задгай газар байрласан болохоор халуун орны нар Питийн гэмтэж, цус нь асгарч буй нурууг галаар түлж байгаа мэт хайр найргүй шарж эхэллээ.

_________________
...project Manhattan


Top
   
PostPosted: May.07.13 1:14 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 155
сонирхолтой ном юм аа. 300 жилийн өмнө англид байсан шүүгч ,өнөөдрийн манай шүүгч нартай адилхан байгаа нь гайхалтай.шүүх хурал дээр ямар ч баримт гарсан байсан дээрээс өгсөн тушаалын дагуу эсвэл авилга аваад өгсөн амлалтаараа л шийддэг ,дүүжлэхгүй нь одоо дэвшил юм даа.


Top
   
PostPosted: May.07.13 12:12 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Sep.28.10 10:34 pm
Posts: 52
End nom unshij baihad uls tor yamar hamaa bnaa bitgii sedev buzarlaad bai


Top
   
PostPosted: May.07.13 12:27 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Энэхүү тэвчихийн аргагүй өвчин дээр бүр илүү шаналгаа нэмэгдлээ. Цусны амт авсан Антилын арлуудын үй түмэн түрэмгий ялаа түүний нуруун дээр шавчихав.
Зөрүүд хүмүүсийг яриа хөөрөөтэй болгох урлагийг гаргууд эзэмшсэн хурандаа өөр аргаар тамлах хэрэггүй гэж үзсэн нь ийм учиртай байжээ. Тэр хичнээн харгис байгаад ч үүнээс илүү шаналгаатай тамлалыг бодож олж чадахгүй байсан биз ээ.
Залуу усан цэрэг гавтай гар, дөнгөтэй хөлөө хугалах шахан ёолж, таталдан мурчиганаж байлаа.
Ийм байдалтай байхад нь Питер Блад түүнийг олсон ажээ. Тарчилж байсан Питийн бүүдгэр харцанд дал модны навч барьсан эмч гэнэтхэн харагдав. Тэрбээр Питийн биен дээр шавсан ялааг үргээгээд, түүний нурууг ялаа болон халуун нарнаас хамгаалж дал модны навчаар хучлаа. Тэгээд Блад Питийн хажууд сууж толгойг нь мөрөөрөө түшээд нүүрийг нь дашмагтай хүйтэн усаар норгов. Пит татвалзаад хүндээр амьсгалан ёолж:
– Уух юм! Бурхан минь, уух юм! гэв.
Блад тамлуулагчийн чичигнэсэн уруул руу устай дашмагаа ойртуулбал шүдээрээ хоолойг нь тачигнуулж байгаад дуустал нь ууж, бие нь арай хөнгөрч суухыг оролдоод:
– Нуруу, миний нуруу! - гээд ёоллоо.
Бладын нүд гялалзаж гараа зангидсан боловч биеэ барьж, тайван бөгөөд жигдхэн хоолойгоор ярьж эхэллээ.
– Пит минь, тайвширч үз. Би чиний нурууг хуччихсан. Одоохондоо муу юм болохгүй. Юу болсон тухай товчхон яриадхаач. Чи Бишоп гэдэг адгууст өөрийгөө үхтлээ зодуулах шалтаг олгосныг бодоход бид хөлгийн залуурчгүйгээр оргож дөнгөнө гэж бодсон юм аа даа? Пит дахиад л ёолов.
Энэ удаад түний бие махбодиос гадна сэтгэл нь өвдөж байлаа.
– Питер минь! Залуурч хэрэг болно гэж бодогдохгүй байна шүү.
– Юу гэнэ ээ? - хэмээн Блад уулга алдав.
Пит багтрах шахаж, болж өнгөрсөн хэрэг явдлын тухай тасалдсан хоолойгоор найздаа ярилаа:
– Түүний нэрийг хэлэх хүртэл... би энд ялзарна... тэр яагаад... ийшээ ирэв дээ...
Блад босоод:
– Бишопыг хараал идэг! Гэхдээ бид ямар нэгэн зүйл бодож олох хэрэгтэй. Нэттал чөтгөр рүүгээ тонилог! Тэр барьцаагаа төлнө үү, болино уу, ямар нэгэн тайлбар бодож олно уу, байна уу - тэртэй тэргүй завь биднийх. Бид зугтаана. Чи ч бас бидэнтэй хамт явах л болно.
– Питер минь, энэ чинь зөгнөл - гэж тарчлагч шивнэлээ.
– Бид оргож чадахгүй... Барьцаагаа өгөөгүй... Түшмэл завийг хураана... Нэттал биднийг барьж өгөөгүй ч гэсэн... бидний духан дээр тамга дарахгүй ч гэсэн...
Блад эргээд тэнд л эрх чөлөө байгаа гэж шаналан бодож байсан тэнгисийн цэнхэр гадаргыг уйтгарлан ширтэв.
Энэ үед асар том улаан хөлөг боомтын усанд ороод эрэгт ойртож, зогсоолоос хоёр гурван завь хөдлөөд түүнийг чиглэн хөвж харагдлаа. Хөлгийн хошуун дээр зоосон зэс их буу гялалзаж, усан онгоцны зүүн хажууд нь байрлах зангууны гинжний хажууд зогсоод усны гүн хэмжиж байгаа усан цэрэг хүртэл Бладад харагдаж байв.
Хэн нэгний ууртай хоолой түүний бодлыг тасаллаа.
– Чи энд ямар чөтгөрөө хийж байгаа юм бэ? Энэ нь хурандаа Бишоп бие хамгаалагчидтайгаа хамт хүрээд ирсэн хэрэг байжээ.
Бладын бор царай хувирав. Тэгээд эелдгээр:
– Би юу хийж байна вэ гэж үү? Өөрийнхөө үүргийг л гүйцэтгэж байна гэв.
Хилэгнэсэн хурандаа Питийн нурууг дал модны навчаар хучсан, дөнгөнийх нь хажууд хоосон дашмаг хэвтэж байгааг хараад:
– Өөдгүй золиг минь. Чи энэ новшид тусалж яаж зүрхлэв? - гэвэл духных нь судас гүрэлзэн тодров. Блад гайхсан дүр үзүүлж:
– Тийм ээ. Би тусалсан юм гэлээ.
- Би түүнд миний зөвшөөрөлгүйгээр хоол, ус өгч болохгүй гэж тушаасан.
- Өршөөгөөрэй, ноён хурандаа. Гэхдээ би тэр тушаалыг чинь сонсоогүй шүү дээ.
– Чи сонсоогүй гэнэ ээ?! Өөдгүй новш! Тамын амьтан! Чи энд байгаагүй юм чинь яаж сонсох юм бэ?
Бладын урам хугарч:
- Тэгвэл таны тушаалыг мэдсэн байхыг надаас шаардаж болохгүй биз дээ? - гэж асуув.
– Таны боол шаналж байхыг хараад би өөртөө: “Энэ чинь миний хурандаагийн боолчуудын нэг, харин би эмч нь болохоор түүний өмчинд мэдээжээр санаа тавих ёстой” гэж хэлсэн. Тийм болохоор л би түүнд балга ус уулгаж, нурууг нь дал модны навчаар хучсан юм. Миний бодол зөв биш гэж үү?
- Зөв үү гэнэ ээ? - Хурандаа бухимдсандаа хэлэх үгээ ч олохоо болилоо.
- Сэтгэлээ хөдөлгөх хэрэггүй! - гэж Блад гуйлаа. – Биенд чинь муу. Ингэтлээ уурлах юм бол цус харвана шүү...
Хурандаа хараал тавьсаар эмчийг түлхэж, Питийн нуруунаас дал модны мөчрийг хуулж хаялаа.
– Нинжин сэтгэл гаргаач... гээд Блад цаашаа ярих гэв. Гэтэл хилэгнэсэндээ амьсгал нь давхацсан хурандаа:
– Эндээс зайл! Хэрэв чи хулсан савааны амтыг үзье л гээгүй бол намайг хүн явуулж дуудтал энэ боолд ойртож ч болохгүй! Тэр хэдийгээр аймшигтай уурлаж байсан боловч Блад цочирдсонгүй. Харин хурандаа зэс хүрээнд хийсэн цайвар индранил чулуу шиг, ийм бор царайтай хүний хувьд гайхал төрүүлэхээр цайвар цэнхэр нүднийх нь гярхай харцыг мэдрээд, энэ өөдгүй эмч сүүлийн үед хэтэрхий дураараа аашлах боллоо гэж бодов. Үүнийг дор нь залруулах шаардлагатай байлаа. Харин Блад тайван бөгөөд цөхрөлтгүйгээр:
– Та нинжин сэтгэл гаргаж энэ хүний зовлонг нимгэлэхийг зөвшөөрөөч. Үгүй бол би эмчийнхээ үүргийг биелүүлэхээс татгалзаж, энэ жигшүүртэй арал дээр нэг ч өвчтөнийг эмчлэхгүй шүү гэв. Хурандаа гайхсандаа хэлэх үгээ ч олсонгүй. Тэгсэнээ:
– Авралт бурхан минь! Муу нохой чи надтай ингэж харьцаж зүрхэлнэ гэнэ ээ? Чи надад шаардлага тавьж зүрхэллээ гэж үү? гэлээ.
– Яагаад болохгүй гэж? - Бладын цэнхэр нүдэнд шулмын гал асч, хурандаад шаардлагаа тулган ширтлээ.
Бладад эцэс төгсгөлгүй мэт санагдсан хэдхэн хормын турш Бишоп түүнийг дуугүйхэн ширтэв. Тэгээд хөмхийгөө зууж:
– Би чамд хэтэрхий зөөлөн хандаж байж. Гэхдээ үүнийг залруулж болно. Би чиний нуруунд алгын чинээ ч эрүүл арьс үлдээлгүй саваад гэж тушаана даа гэв.
- Та тэгнэ гэж үү? Харин амбан захирагч юу гэх бол?
- Чи энэ арлын цорын ганц эмч биш.
– Та тэгээд тулай өвчиндөө шаналж, хөл дээрээ ч зогсч чадахгүй байгаа амбан захирагчид ингэж хэлэх юм биз дээ? Тэр өөр эмчээр эмчлүүлдэггүй гэдгийг та мэднэ шүү дээ. Гэвч уур нь шатсан хурандааг тайвшруулахад хэцүү байлаа.
– Миний хар арьстанууд чамайг шийтгэсний дараа амьд үлдэх юм бол чи ухаарна аа.
Тэр хар арьстанууддаа тушаал буулгахаар эргэв. Гэтэл энэ эгзэгтэй хоромд хүчтэй ниргээн агаар доргиож, Бишоп, түүний хоёр бие хамгаалагч, гаднаас нь харахад амгалан дүртэй Блад хүртэл цочсондоо огло харайв. Тэгээд бүгдээрээ тушаал өгсөн мэт тэнгисийн зүг эргэж харлаа.
Тэртээ дор харагдах боомтоос нэг кабельт* зайд гоёмсог том хөлөг хөвж, цагаан утаа манарч харагдана. Улмаар утаа тараад хөлгийг тэр чигээр нь бүрхэж, шургийнх нь үзүүр л харагдсаар үлдэв. Хадархаг эргээс цочиж ниссэн тэнгисийн шувуудын сүрэг цэнхэр тэнгэрт цангинан чарласаар эргэлдлээ.
Хурандаа, Блад, сүүмгэр харцаараа тэнгисийн цэнхэр буланг ширтэх Питийн аль аль нь юу болоод байгааг ойлгосонгүй. Удалгүй дунд шурагны оройгоос английн туг доошилж цагаан манан дунд замхрав. Хэдхэн хормын дараа түүний оронд Испани улсын алтлаг - хондон улаан өнгийн туг намирав. Тэгмэгц бүх зүйл ойлгомжтой боллоо.
– Далайн дээрэмчид! -хэмээн хурандаа дуу алдав.
– Далайн дээрэмчид!
Түүний хоолойнд эмээсэн, бас эргэлзсэн өнгө тодорч байв. Бишопын царай цайж, жижигхэн нүд нь хилэгнэн гялалзлаа. Түүний бие хамгаалагчид эзнээ гайхан харж, нүд нь бүлтийж, шүд нь ярзайжээ.


Кабельт - Усан замд хэрэглэдэг уртын нэгж; 185,2 метртэй тэнцэнэ.


Top
   
PostPosted: May.07.13 12:38 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
VIII бүлэг. ИСПАНИЧУУД

Өөр улсын далбаа намируулж, Карлайлын буланд ийнхүү тайван нэвтэрсэн тэр хөлөг испанийн капер* байжээ. Тэр усан онгоц зөвхөн “эргийн нөхөрлөл”*-ийнхний зарим томоохон өр ширийг дуусгах төдийгүй Кадикс руу үнэтэй ачаа зөөж явсан хоёр галион* нь “Прайд оф Девон” хөлөгт ялагдсан өшөөг авахаар ийшээ ирсэн байв. Тэгэхэд, гэмтээд тулалдааны талбараас зугтаасан галионыг испанийн адмирал* Мигель де Эспиносын дүү, цочмог ууртай бөгөөд ихэмсэг зантай Диего де Эспиноса-и-Вальдес гэдэг эрхэм удирдаж байсан юмсанжээ.
Дон Диего ялагдал хүлээгээд өөрийгөө зүхэж, англичуудад хэзээ ч мартахааргүй сургамж өгөхөө тангарагласан байв. Тэгээд Морган* болон далайн бусад дээрэмчдийн туршлагаас зарим нэгийг нь ашиглаж, хамгийн ойр дөт орших английн эзэмшил рүү залхаан цээрлүүлэх дайралт хийхээр шийджээ. Харамсалтай нь, энэхүү балмад хэргийг үйлдэхээр сонгож авсан “Синко Льягос” хөлгийг Сан Хуан де Пуэрто-Рикод төхөөрөмжлөх үед Диего де Эспиносыг ятган болиулж чадах адмирал ах нь хажууд нь байгаагүй ажээ. Тэрбээр Барбадос арлыг хамгаалагчид дайсан довтлоход төвөгтэй байгалийн нөхцөлдөө хэтэрхий найддаг болохоор гэнэдүүлэн довтолж болно гэж үзсэн байна. Тэнд “Прайд оф Девон” хөлөг зогсож буй мэдээг туршуулууд олж ирсэн нь ч Барбадосыг сонгох бас нэгэн шалтгаан болжээ. Учир нь, өшөө авалтаа шударга харагдуулахыг тэр хүсч байсан юм. Дон Диего довтлохдоо Карлайлын буланд цэргийн нэг ч онгоц байхгүй үеийг сонгож авсан байлаа.
Түүний мэхийг илрүүлж чадаагүй болохоор тэнгисийн булан руу сэжиг төрүүлэлгүй тайвуухан хөвж ороод хажуу бөөрнийхөө хорин их буугаар тулгаж галласан юмсанж.
Тэнгисийн буланг ажиглаж байсан хүмүүс хөлөг утаан дунд болгоомжтой урагшилж байхыг хэдхэн мөчийн дараа олж харлаа. Хурдаа нэмэхийн тулд дунд шургийнхаа дарвуулыг дэлгээд огцом эргэж, зүүн хажуугийнхаа их буунуудыг хариу өгөхөд бэлтгэж амжаагүй байсан цайз руу чиглүүлэв.
Их буунууд хоёр дахь удаагаа зэрэг галлаж агаар доргилоо. Энэхүү нүргээн хурандаа Бишопыг алмайрсан байдлаас нь гаргав. Одоо л тэр барбадосын цагдаагийн даргын үүргийг гүйцэтгэх ёстойг санажээ.
Тэртээ дор харагдах хотод бөмбөр зогсолтгүй нүдэж, аюулын дохио өгөх шаардлага байгаа мэт бүрээ үлээх нь сонсогдоно.
Хурандаа Бишопын байх ёстой газар нь испанийн их буунууд овоорсон чулуу болгон нурааж байгаа, хот хамгаалах цөөн цэрэгтэй цайз байсан нь ойлгомжтой.
Тийм болохоор халуун нар, жин ихтэйгээ ч хайхралгүй хотын зүг яаран одов. Түүний хойноос бие хамгаалагчид нь ч шогшлоо.
Блад Джереми Пит рүү эргэж баргар царайлан инээмсэглээд:
– Хувь заяа шийдэхэд цагаа олж оролцоно гэдэг чинь үүнийг л хэлдэг юм шүү дээ. Гэхдээ эд бүгдийн дараа чухам юу болохыг чөтгөр л мэдэх байх гэлээ.
Их буунууд гурав дахь удаагаа гал нээсний дараа Блад дал модны навч газраас авч найзынхаа нурууг халхлав.
Яг энэ үед шивээгээр хүрээлсэн боолчуудын тосгонд сандарч мэгдсэн Кент тариалан дээр ажилладаг арваад ажилчинтай хүрч ирлээ. Тэд намхан цагаан байшинд гүйлдэж ороод тэндээсээ цахиур буу болон чичлүүр хутгаар зэвсэглээд гарч ирлээ.
Харгалзагч нартаа хаягдсан босуул боолчууд нийтийг хамарсан сандралыг мэдэрч Кентийн цагаан байшин руу хоёр гурваараа ирцгээж эхлэв.
– Ой руу явцгаа! Испани гахайнуудын учрыг бид олтол тэндээ нуугдаж бай - гэж Кент боолчуудад тушаав. Тэр ингэж хэлээд испаничуудтай тулалдах хүмүүстэй нэгдэхээр бусдынхаа хойноос хот руу яваад өглөө.
Хэрэв Блад байгаагүй бол боолчууд Кентийн тушаалыг дагах л байсан юм.
Эмч:
– Энэ халуунд яарах хэрэг алга - гэж гайхалтай амгалан хэлэхийг нь сонсоод боолчууд мэлрэв.
– Энэ жүжгийг үзээдэхье. Шаардлага гарвал бид испаничууд хотыг эзэлсний дараа ч зугтааж болно шүү дээ.
Тосгонд цугласан хорь гаруй боол бүх үйл явдал, ширүүн тулалдаан алган дээр байгаа мэт харагдах толгод дээр үлдэв.
Ялагдсан тохиолдолд өршөөгдөхгүй нь ойлгомжтой болохоор цагдаа нар болон зэвсэг барих чадалтай оршин суугчид арал дээр буусан испаничуудыг цохиж хөөхөөр оролдлоо. Испанийн цэргийн хэрцгий араншинг бүгд мэддэг байсан бөгөөд Морганы хамгийн жигшүүртэй хэрэг хүртэл кастилийн хүчирхийлэгчдийн харгислалын хэмжээнд хүрдэггүй байсан юм.
Испанийн ахмад өөрийнхөө ажлыг сайн мэддэг байв. Харин барбадосын цагдаагийнхны тухай ингэж хэлбэл үнэнийг гажуудуулсан хэрэг болох биз ээ.
Испаничууд гэнэдүүлэн довтолсон давуу талаа ашиглан эхний хэдхэн мөчид цайзыг аюулгүй болгож, хэн нь илүү вэ гэдгийг барбадосчуудад харуулав.
Тэдний их буунууд хөшүүн бөгөөд мулгуу Бишопын тушаалаар боомтын далантай залгах задгай газар хориглосон хамгаалагчдыг буудаж цус нөжтэй нь хутгалаа. Испаничуудын их бууны гал хамгаалагчдын эмх замбараагүй эгнээг бусниулахаас гадна эрэг рүү завиар зөөж буй цэргээ халхлах давхар зорилго агуулж байжээ.
Тулалдаан хайр найргүй шарах нарны дор үд дундыг хүртэл үргэлжилж, цахиур бууны дуу улам бүр ойртсоор байгаагаас үзэхэд хотыг хамгаалагчид испаничуудад түрэгдэж байгаа бололтой.
Нар жаргах үед испанийн хоёр зуун тавин цэрэг Бриджтауныг эрхэндээ оруулав.
Арлынхны зэвсгийг хураалаа. Дон Диего амбан захирагчийн байшинд байрлаад айж мэгдсэндээ тулай өвчнөө ч мартчихсан амбан захирагч Стид, хурандаа Бишоп болон өөр хэд хэдэн офицерт элэглэлтэй тун төстэй ёсорхуу үгээр золионы мөнгөний хэмжээг тогтоож өгөв.
Дон Диего зуун мянган песо, тавин толгой мал өгөх юм бол хотыг үнс нурам болгохгүй гэж өгөөмрөөр мэдэгдлээ.
Испанийн эелдэг бөгөөд ёсорхуу ахмад Их Британийн айж тэвдсэн амбан захирагчид нарийн ширийн зүйлсийг зааварчилж байх зуур цэргүүд нь ийм үед ердийн үзэгдэл болох дээрэм тонуул хийж, архидаж, хүчиндэж байв.
Блад харуй бүрий болох үед хот руу буухаар шийдэв. Тэнд түүний юу үзсэн тухай энэхүү хүүрнэлийн ихэнх хэсгийг зохиохдоо ашигласан Джереми Питийн олон дэвтэр тэмдэглэлд бичсэн байдаг. Гэхдээ би түүний тэмдэглэлийг давтах бодолгүй байна. Учир нь, испаничууд ой гутмаар гэмт хэрэг үйлдсэн юм. Тэд тэгтлээ дорд орж, хичнээн харгис, садар самуун хэрэг үйлдсэнд итгэхэд бэрх ажгуу.
Блад өмнө нь дэлгэгдсэн аймшигтай дүр зургийг хараад нүүр нь цайж энэхүү тамаас түргэхэн холдлоо. Тэр нарийхан гудамжинд үс нь задран унжсан бүсгүйтэй тулгарав. Түүний хойноос хүнд шаахайтай нэгэн испани хүн инээж, хараал урсгасаар хөөж харагдана. Блад түүний замыг гэнэтхэн хөндөлсөх үед бүсгүйг тэр бараг гүйцэж байв. Эмч юмыг яаж мэдэхэв гээд алуулсан цэргийн гараас авсан сэлэм барьжээ.
Бладын гарт сэлэм гялалзахыг харсан испани хүн бухимдан зогслоо. Тэгээд:
- Муу хар англи нохой - хэмээн орилоод үхлийнхээ өөдөөс ухасхийв.
- Та өөрийгөө бүтээгчтэй уулзахад бэлдсэн үү? - гэж Блад эелдгээр асууснаа сэлмээрээ түүнийг нэвт шувт бүлж орхив. Үүнийгээ тэр тун чадамгай, эмчийн урлаг, сэлэмчний шалмаг хөдөлгөөнөөр гүйцэтгэлээ.
Испани хүн ёолж ч амжилгүй газар унав. Питер хананы хажууд уйлж буй бүсгүйг өөр лүүгээ эргүүлж гараас нь татаад:
– Миний хойноос яваарай! гэв.
Гэтэл бүсгүй түүнийг түлхээд байрнаасаа хөдөлсөнгүй. Тэгээд:
– Та чинь хэн бэ? - гэж эмээсэн байдалтай асуулаа.
– Та намайг баримт бичгээ үзүүлтэл хүлээхээр шийджээ дээ – хэмээн Блад ярзганав.
Бүсгүй испанийн алуурчнаас зугтаж ирсэн гудамжны булангийн цаана хөлийн чимээ сонсогдов. Ашгүй цэвэр англи аялга сонсоод сэтгэл нь тайвширсан бүсгүй олон юм асуусангүй түүнд гараа өглөө.
Тэд азаар эл хуль байсан нарийн гудамжаар толгой руу өгсч Бриджтауны захад хүрэв. Удалгүй хот ард хоцорч, Блад хурандаа Бишопынх руу аваачдаг өгсүүр замаар бүсгүйг эцсийнхээ хүчийг шавхан чирэв. Хурандаагийн байшин харанхуй байхыг хараад тэр тайвшран санаа алдлаа. Яагаад тэр вэ гэвэл, хэрэв испаничууд ирчихсэн юм бол тэнд гэрэл асч байх ёстой нь мэдээж шүү дээ. Блад зүрх алдсаар хаалгыг нь хэдэн удаа тогшвол дээд талынх нь цонхноос айж эмээсэн дуу гарч: – Хэн бэ? - гэлээ. Чичигнэсэн хоолой яах аргагүй Арабелла Бишопынх ажээ.
– Би Питер Блад байна аа - гэж тэр хэлээд амьсгаа даран хариу хүлээв.
– Танд юу хэрэгтэй юм бэ?
Питер Блад бүсгүй яагаад эмээгээд байгааг ойлгож байлаа. Арабелла испаничуудаас гадна ахынхаа боолчуудаас ч болгоомжлох хэрэгтэй байсан юм. Тэд самуурч, испани¬чуудаас дутахгүй аюултай болсон ч байж болно шүү дээ.
Гэтэл Бладын аварсан бүсгүй танил хоолой сонсоод баярлан хашгирлаа.
- Арабелла! Би Мэри Трейл байна аа.
- Мэри гэж үү?! Чи ирчихсэн юм уу?
Ийнхүү гайхан дуу алдсаны дараа дээр чимээ тасарч хэдэн хормын дараа хаалга нээгдлээ. Цаана нь, үүдний том өрөөнд Арабелла харагдаж, гартаа барьсан лааных нь гэрэлд цагаан хувцас өмссөн түүний гуалиг бие учир битүүлгээр сүүмэлзэж байв.
Блад байшинд гүйж ормогц хаалгыг дор нь түгжив. Түүний дагуул Арабеллагийн цээжинд наалдаад цурхиртал уйллаа. Гэвч Блад бүсгүйн уйлахыг анхаарсангүй. Цаг алдаж болохгүй байлаа. Тэгээд:
– Байшинд зарц нараас хэн нэг нь байна уу? - гэж түргэн бөгөөд шийдэмгийгээр асуув. Тэнд эрэгтэй зарц нараас хар арьстай хөгшин Джеймс л байв. Джеймс агтач байсныг Блад санаад:
– Тэр бидэнд хэрэгтэй. Морь авчруулж Спейгстаун руу явцгаа. Та тэнд аюулгүй байх болно. Энд үлдэж болохгүй. Бушуулаарай - гэлээ.
– Гэхдээ тулалдаан дуусчихсан шүү дээ - гэж шийдвэр муутайхан хэлээд Арабеллагийн царай цайв.
– Хамгийн аюултай зүйл өмнө чинь байна. Трейл хатагтай танд дараа нь ярина. Бурхныг бодоод надад итгэж миний хэлснийг дагаарай!
Трейл хатагтай нулимсаа мэлмэрүүлэн:
- Тэр... тэр намайг аварлаа - гэж шивнэв.
- Чамайг аварсан гэнэ ээ? - Арабелла цочирдон гайхжээ.
– Юунаас аварсан юм бэ?
– Дараа нь болцгоо! – Тэдний яриаг Блад бараг л уурлаж байгаад таслав.
– Эндээс холдож аюулгүй газар очсон хойноо та нар шөнөжингөө ярьсан ч болно. Гуйя. Джеймсийг дуудаад миний хэлснийг хий! Түргэл!
– Та гуйх биш, тушаагаад байгаа юм биш үү?
– Бурхан минь! Би тушаагаад байна гэнэ ээ! Хатагтай Трейл, надад ингэх үндэслэл байгаа эсэхийг хэлээд өгөөч...
– Байгаа, байгаа – Бүсгүй эмчийг үгээ дуусгахыг ч хүлээлгүй яаран хариулав. – Арабелла, чамайг гуйя. Түүний үгийг дага. Арабелла Бишоп Трейл хатагтайг Бладтай орхиод гарч одлоо. Мэри нулимсаа мэлтэлзүүлэн:
– Эрхэм ээ. Би... би таны ачийг хэзээ ч мартахгүй - гэж хэлэв. Блад дөнгөж одоо л хүүхэд шиг нарийхан бөгөөд хэврэгхэн биетэй бүсгүйг сайтар ажиглав.
– Би амьдралдаа илүү ноцтой зүйлийг ч хийж л явлаа - гэж тэр эелдгээр хэлснээ: – Тийм болохоор л би энд ирчихсэн юм шүү дээ - хэмээн уйтгартайгаар нэмэв.
Бүсгүй мэдээжээр энэ үгнийх нь далд утгыг ойлгоогүй боловч ойлгосон дүр үзүүлсэн ажээ.
– Та... та түүнийг алчихсан уу? Лааны гэрэлд сүүтэгнэх бүсгүйг Блад няхуур ажиглаад:
– Тийм болов уу гэж найдаж байна. Алчихсан байх магадлалтай. Гэхдээ энэ чухал зүйл биш. Одоо Джеймс морьдоо бушуухан авчрах нь л чухал байна гэлээ.
Эцэст нь морьдыг авчрав. Зарц эмэгтэй нь эндээ яасан ч үлдэхгүй гэсэн болохоор Джеймс дөрвөн морь эмээллээд иржээ.
Блад өд шиг хөнгөхөн Мэри Трейлийг эмээл дээр нь өргөж тавьчихаад нэгэнт мордчихсон Арабеллатай салах ёс гүйцэтгэхээр эргэв. Тэр сайн явахыг ерөөж, ямар нэг зүйл нэмж хэлэх гэснээ больчихлоо.
Морьд од түгсэн шөнийн харанхуй руу төдөлгүй замхарч, харин Блад хурандаа Бишопын гэрийн гадаа зогссоор байлаа.
Шөнийн харанхуйд хүүхдийнх шиг чичигнэсэн дуу хадав:
– Эрхэм Блад аа. Таны ачийг би хэзээ ч мартахгүй! Хэзээ ч үгүй шүү!
Гэхдээ энэ үг Бладыг тэгтэл нь баярлуулсангүй. Учир нь тэр адил төстэй үгийг өөр хоолой хэлээсэй гэж хүсч байжээ. Тэрбээр шөнийн харанхуйд бут сөөгний дээгүүр сүрэглэн нисч буй гэрэлт цохуудыг хэдэн мөч харж зогсов. Тэгээд, морьдын төвөргөөн сонсогдохоо болимогц сэхээ авч маш олон зүйл хийх ёстойгоо санажээ.
Тэрбээр ялагчид юу хийж байгааг харахаар хот руу очоогүй юмсанж. Блад зарим нэг зүйл олж мэдэхээр явсан байлаа. Тэгээд тэр зорилгоо биелүүлчихсэн болохоор түүний нөхөд болох хурандаа Бишопын боолчууд түгшиж, бас итгэл найдвар өвөрлөн хүлээж байсан үүдний цэцэрлэг рүү бушуухан буцлаа.


Капер - Худалдааны усан онгоцуудыг булаан эзлэх ажил эрхэлдэг хурдан хөлөг.
Эргийн нөхөрлөл - Өөрөөр хэлбэл далайн дээрэмчдийн нөхөрлөл.
Галион - Гурван шурагтай, хүнд их буугаар зэвсэглэсэн, онцгой бөх хийцтэй усан онгоц. XV–XVII зууны үед Испани болон Португалийн эзэмшлүүдээс ийм хөлгөөр алт, үнэт чулуу, үнэтэй эд бараа Европ руу зөөдөг байжээ.
Адмирал - Тэнгисийн цэргийн даргын өндөр цол; хуурай замын цэргийн генерал цолтой дүйцнэ.
Морган - Хожим нь Ямайка арлын амбан захирагч болсон далайн дээрэмчин (XVII).


Top
   
PostPosted: May.07.13 3:30 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
IX бүлэг. ЦӨЛӨГДСӨН БОСОГЧИД

Харуй бүрий болоод тэнгэрийн хаяа ягаарч, Карибын тэнгисийг шөнийн харанхуй нөмрөх үед “Синко Льягос” хөлөг дээр харуул хийж буй арав хүрэхгүй хүн үлдсэн байлаа. Арлын хот хамгаалах цэргийг бут цохичихсон болохоор испаничууд өөрсөддөө итгэлтэй, сонор сэрэмж муутай байв. Би хөлөг дээр харуулын арван хүн үлдсэн гэж бичихдээ тэднийг үлдээсэн зорилгыг дурьдах гэснээс биш үнэн хэрэгтээ тэдний гүйцэтгэж байсан ажил үүргийн тухай өгүүлээгүй билээ. Хөлгийн баг эрэг дээр архидаж, дураараа дургиж байх үед усан онгоцон дээр үлдээсэн их бууч туслахуудтайгаа хамт эрэг дээрээс дарс болон шинэ мах авчруулаад хялбархан ялалтыг хангаж өгснөө тэмдэглэж, их бууны тавцан дээр наргиж байв. Хөлгийн хошуу болон хитгэн дээр нэг нэг харуул тавьсан байлаа. Гэхдээ тэд сонор сэрэмжтэй байсан гэж хэлэхэд хэцүү л юм. Хэрэв үнэхээр л болгоомжтой байсан юм бол зогсоолоос хоёр том завь хөдлөөд хөлгийн бөөрөнд чимээгүйхэн тулж зогссоныг анзаарах байсан нь дамжиггүй.
Бүр өдөр эрэг дээр гарах дон Диегог завинд суулгахын тулд буулгасан олсон шат хитгэн дээрээс унжсан хэвээрээ л байлаа. Хитгийн тавцан дээгүүр эргүүл хийж явсан манаач олсон шатны дээд талын гишгүүр дээр бараан дүрс байхыг хараад өөрсдийнх нь нэг байна гэж бодсон учир тоомсорлосонгүй.
- Тэнд хэн байна? Питер Блад испани хэлээр:
- Найз минь, би байна аа - гэж идэрхэгээр хариуллаа. Испани хүн ойртоод ирэв:
- Чи чинь Педро юу?
– Тийм ээ. Би их төстэй нэртэй. Тэгэхдээ чиний таньдаг Педро гэдэгт эргэлзэж байна.
- Юу гэнэ ээ?
- Ингэнэ гэнэ ээ - гэж Блад хариулав.
Гэнэгүй байсан испанийн харуул дуугарч ч амжилгүй ус руу чулуу шиг унаж, дор нь байсан завины нэг рүү золтой л орчихсонгүй. Тэр хүнд хуяг, дуулгатай байсан болохоор тэнгисийн ёроол руу шуудхан живж, Бладын хүмүүст чирэгдэл учруулсангүй.
Блад доор нь хүлээж байсан хүмүүст:
– Чшшшш!... Чимээ гаргалгүй авир - гэж шивнэлээ.
Тавхан мөчийн дараа цөлөгдсөн хорин босогч хөлөг дээр гарчихсан байлаа. Нарийхан гудамлагаас тэд гараад тавцан дээр түрүүлгээ хараад хэвтэцгээлээ. Хөлгийн хошуунд өлгөсөн дэнлүү тавцан дээр холхиж буй харуулыг гэрэлтүүлэх ажээ.
Доод талд нь байрлах их бууны тавцангаас наргих чимээ сонсогдоно.
Сонсголонтой хоолой “Кастильд ийм л алдартай заншил байдаг юм даа!” хэмээн хөгжилдөн дуулж, бусад нь түрж байлаа:
Блад:
– Өнөөдрийн хэрэг явдлын дараа үүнд итгэж болно шүү. Давгүй заншил юм - гэснээ:
– Миний хойноос, урагшаа! - гэж тушаав.
Босогчид бөгцийгөөд хөлгийн хитэг болон дунд хэсгээр тавцангийн хашлаганы бариул даган сүүдэр мэт чимээгүй урагшлав. Тэдний зарим нь цахиур буугаар зэвсэглэсэн байлаа. Эдгээр бууг Блад оргох үедээ хэрэглэхээр харгалзагчдын байшингаас ихээхэн чармайж байж олж авсан бөгөөд хэрэглэх цагийг нь иртэл нууж байсан юмсанж. Харин бусад нь хутга болон хавиргалах байлдааны сэлмээр зэвсэглэжээ. Хөлгийн дунд хэсгээс дээд тавцан бүхлээрээ харагдаж байсан бөгөөд гай болж хошууны хэсэгт нь харуул холхисоор байлаа. Блад хоёр нөхрийнхөө хамт харуул руу мөлхөж, бусад хүмүүсээ урьд нь хааны усан цэргийн флотын офицер байсан Натаниэль Хагторпын удирдлаганд үлдээв.
Блад удаан хүлээлгэсэнгүй. Тэр нөхөдтэйгээ эргэж ирэх үед испанийн хөлөг харуулгүй болсон байлаа.
Испаничууд өөрсдийгөө аюулгүй байна гэж бодоод доод тавцан дээр санаа амар хөгжилдсөөр л байв. Ер нь юунаасаа ч айх билээ? Барбадосын хот хамгаалах цэргийг бут ниргээд зэвсгийг нь хураачихсан. Эрэг дээр буусан нөхөд нь хотын эзэд болчихоод хялбархан ялалтынхаа үр шимийг ховдоглон хүртэж байгаа. Тийм болохоор европоос гаралтай мэт боловч хувцасгүй шахам, үс нь урт ургасан зэрлэг гэмээр хүмүүс гэнэтхэн дайрч, тэднийг бүслээд авахаар нь нүдэндээ ч итгэсэнгүй.
Дуу хуур, инээд ханиад дорхноо тасарч, испаничууд үхтлээ сандарч, тэднийг чиглүүлсэн цахиур бууны ам өөд нүдээ бүлтийлгэн харцгаав.
Зэрлэгүүдийн дундаас цайвар цэнхэр нүд нь муу ёрлон егөөтэйгээр гялалзсан өндөр бөгөөд гуалиг биетэй бор хүн гарч ирээд испани хэлээр:
- Хэрэв та нар надад олзлогдсон гэдгээ хүлээн зөвшөөрч, аюулгүй газар руу эсэргүүцэл үзүүлэлгүй явбал тааламжгүй олон зүйлээс мултарч чадна шүү гэлээ.
- Бурхан минь! - гэж их бууч шивнэсэн бөгөөд энэ үг түүнийг эзэмдсэн гайхшрал, халаглалын өчүүхэн хэсгийг илэрхийлж байв.
Блад:
– Та нараас гуйя гэв.
Үүний дараа испаничууд цахиур буугаар аяархан чичсэнийг тооцохгүй бол ямар ч ятгалгагүйгээр тагтай босоо орцоор бууж хөлгийн хөндий рүү орлоо.
Босогчид дараа нь испаничуудын үлдээсэн хоолыг амтархан идэцгээв. Бишопын боолчууд давсалсан загас болон эрдэнэ шишийн бингээр хооллодог байсан болохоор шинэ ногоо болон талх тэдэнд диваажингийн хүнс мэт санагдсан ажээ. Харин Блад бүх чадвараа шавхан хатуурхаж байж ууж наргихыг нь хориглож чадав.
Эцсийн эцэст тэд ердөө л шалихгүй мөргөлдөөнд ялсан болохоор эрх чөлөөнд хүргэх түлхүүрийг гартаа чанга атгаж, ялалтаа бататгах хэрэгтэй байсан юм. Тийм ч болохоор босогчид тэр шөнийн туршид цаашид өрнөх үйл явдалд бэлдсэн ажээ. Ямар ч гэсэн, Хилбай уулын дээгүүр нар цухуйж, гэнэтийн үйл явдлаар дүүрэн өдөр эхлэх үед бэлтгэл ажлаа амжуулчихсан байлаа.
Нар дөнгөж цухуйх үед хуяг дуулгатай, цахиур буу бариад тавцан дээгүүр холхиж байсан босогчдын нэг нь завь дөхөж яваа тухай мэдэгдлээ. Дон Диего де Эспиноса-и-Вальдес дөрвөн том авдар завиндаа ачаад хөлөг рүүгээ буцаж ирсэн нь тэр юмсанж. Тэр дөрвөн авдарт амбан захирагч Стид үүрээр хүргэж ирсэн золионы зуун мянган песо байв. Дон Диегоог түүний хүү Эстебан болон зургаан сэлүүрч дагалджээ. Цэргийн хөлөг дээр сэжиг төрүүлэхээр зүйл байсангүй.
Хөлөг зүүн бөөрөө эрэг рүү харуулаад зангуундаа татагдан тайвуухан ганхаж харагдана. Дон Диего болон түүний мөнгийг ачсан завь олсон шат унжсан хөлгийн баруун хажуу руу хөвж очлоо. Питер Блад де Ритёрын удирдлаганд дэмий нэг алба хаагаагүй болохоор зочдоо хүлээж авахад маш сайн бэлдсэн байлаа. Хөлгийн хажууд ачаа өргөх олс унжиж, эргүүлэгний хажууд хүмүүс зогсч, доор нь зоримог зантай Оглоор удирдуулсан их буучид хүлээж байв. Түүний зөвхөн гаднах төрх гэхэд л өөрийн эрхгүй итгэл төрүүлмээр харагдана.
Дон Диего сэжиг аваагүй болохоор хачин сайхан ааштай хүн тавцан руу авирч гарав. Ер нь яахаараа ямар нэг зүйлийг сэжиглэх ёстой юм бэ?
Хагторп барьж байсан модоороо түүний толгой руу чадварлаг цохиж орхивол дон Диего гүн нойрондоо автав. Хөөрхий ахмад ядахдаа түүнийг угтаж авахаар жагссан хүндэт харуулыг ч харж амжсангүй.
Испанийн язгууртныг ахмадын өрөө рүү дор нь аваачиж, мөнгөтэй хайрцгуудыг нь тавцан дээр өргөж гаргав. Мөнгийг усан онгоцонд ачиж дууссаны дараа Дон Эстебан болон сэлүүрдэгчид олсон шатаар нэг нэгээрээ авирч, тавцан дээр гарч ирэхээр нь хөлгийн ахмадынх нь нэгэн адил яаралгүй бөгөөд чадварлагаар учрыг нь олсон ажээ. Ер нь Питер Блад энэ мэт ажиллагааг гайхалтай цоглог бөгөөд ер бусаар гүйцэтгэдэг байлаа. Испанийн цэргийн хөлөг дээр болсон жүжиг шиг адал явдал аль ч театрын тайзыг чимэх байсан нь эргэлзээгүй юм.
Харамсалтай нь, сэтгэл хөдөлгөмөөр энэхүү үйл явдал хэтэрхий хол болсон учир эрэг дээр байсан олон үзэгч сонирхох боломжгүй байсан ажээ. Хурандаа Бишоп болон тулай өвчиндөө шаналсан амбан захирагч Стив тэргүүтэй Бриджтауны оршин суугчид эвдэрхий цайзан дээрээ суугаад усан онгоцыг биш, аллага хүчирхийлэлд ханаж цадсан испанийн алуурчид сууцгааж буй найман завийг ширтэж байв.
Барбадосчууд эргээс хөдлөхөөр зэхэж буй завинуудыг баяр цөхрөл хослуулан ажиглах ажээ. Тэд өршөөлгүй дайсан нь явж байгаад баярлаж, жижигхэн эзэмшлийнх нь аз жаргал болон хөгжин мандалтыг багаар бодоход хэсэгхэн хугацаанд зогсоосон аймшигтай үгүйрэл хоосролыг бодохоор цөхөрч байлаа.
Эцэст нь завинууд эргээс хөдлөв. Испаничууд тачигнатал инээж, зол муутай хохирогсдыг илтээр дооглох ажээ. Завинууд хөлөгт хүрэх замынхаа тэн хагасыг туулчихаад байтал их буу гэнэтхэн нүргэж, агаар доргилоо.
Их бууны бөөрөнхий сум эхний завины ард тусч, сэлүүрдэгчдийг усаар булхав. Тэд сэлүүрдэхээ ч мартаж, гайхсандаа алмайрлаа. Тэгээд, сумласан их буугаар ёслолын буудлага хийсэн болгоомж муутай их буучийг нэгэн дуугаар зүхэцгээв. Илүү мэргэн онилсон сум нэг завийг нь зомгол болгон бутлах үед тэд их буучийг хараасан хэвээр л байжээ. Завинд байсан амьд, үхсэн бүх хүн усанд цацагдан уналаа.
Хүйтэн угаалга усанд унасан алуурчдыг дуугүй болгосон бол үлдсэн долоон завин дээр харааж зүхэх чимээ улам чангарлаа. Тэд босч зогсоод сэлүүрээ өргөж, эвгүй хараал урсгаж, хэн гээч согтуу толгой хөлгийн их буунд хүрсэнийг хэлж өгөөч гэж бурхан тэнгэр болон буг чөтгөрөөс гуйж байв.
Энэ үед гурав дахь сум бас нэгэн завийг онож, дотор нь байсан бүхнийг тэнгисийн ёроол руу живүүлж орхив. Тэд хэсэг зуур муу ёрлон нам гүм болцгоосноо дахин хараал урсгаж, орилолдож, ус үсчүүлэн сэлүүрдэж эхлэв.
Испанийн далайн дээрэмчид самгардаж, зарим нь эрэг рүү эргэж, бусад нь ямар гээч чөтгөр шүглэснийг мэдэхээр хөлгийг чиглэлээ. Усан онгоцон дээр ямар нэг ноцтой зүйл болж байгаад эргэлзэх зүйлгүй болжээ. Тэд маргаж, хараал тавьж, цэнхэр тэнгэрээс аврал эрэх зуур дахин хоёр ч удаа буудаж, гурав дахь завийг живүүлсэн болохоор энэ нь бүр ч тодорхой болсон ажээ.
Шийдэмгий зантай Оглд дасгал хийх сайхан боломж олдож, муугүй их буучин гэдгээ бүрэн дүүрэн баталлаа. Испаничууд самгардаж, завинууд нэг дор цугласан нь түүний зорилгыг хөнгөвчилсөн ажээ.
Шинэ буудлага далайн дээрэмчдийн маргааныг таслав. Тэд бүгдээрээ хэлэлцэж тохирсон мэт эргэх үед, нарийн ярих юм бол эргэхээр оролдох зуур дахиад хоёр завь живлээ.
Үлдсэн гурван завиныхан живж буй нөхөддөө туслах гэж төвөг удалгүй зогсоолын зүг яаран хөвлөө.
Усан онгоцон дээр юу болоод байгааг испаничууд хүртэл ойлгохгүй байсан болохоор “Синко Льягас”-ын дунд шурагны оройгоос Испанийн тугийг буулгаж, оронд нь Английн далбааг мандуулах хүртэл арлын золгүй оршин суугчдад бүр ч учир битүүлэг байсан нь ойлгомжтой.
Далбаа солигдсоны дараа тэд сандарч, энэхүү маш тааламжгүй явдлын төлөөсийг барбадосчуудаас нэхэх нь ойлгомжтой байсан болохоор дайснууд нь эрэг рүү дөхөж явааг сэтгэл түгшин ажиглаж байлаа. Гэвч Огл их бууных нь мэдлэг хуучраагүй гэдгийг дахин нотолж, зугтаасан испаничуудын хойноос хэд хэдэн сум илгээв. Сүүлчийн завь зогсоолд дөнгөж хүрээд зомгол болон бутарлаа.
Аравхан мөчийн өмнө хар хэргийнхээ шанд хэдэн песо авахаа тооцоолон инээлдэж байсан далайн дээрэмчдийн багийн хувь заяа ийнхүү төгсчээ. Гэхдээ, ямар ч гэсэн жар орчим хүн эрэгт хүрч чадсан ажээ. Гэсэн хэдий ч, цаашдынх нь хувь заяаг мөшгих ямар нэг тэмдэглэл үлдээгүй болохоор тэд аврагдсандаа баярласан эсэхийг мэдэхгүй юм. Тэгэхдээ, тийм баримт байхгүй гэдэг чинь бас л нэг юм хэлээд байгаа хэрэг шүү дээ. Испаничууд эрэг дээр мөлхөж гармагц дор нь барьж аваад хүлснийг л бид мэдэх бөгөөд тэдний нүгэл хэтэрхий их бөгөөд шинэхэн байсан болохоор завь живэх үед амь аврагдсандаа харамссан гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.


Top
   
PostPosted: May.07.13 5:25 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.26.09 1:42 pm
Posts: 193
Location: Somewhere in UB
Эцсийн мөчид испаничуудаас өшөөгөө авч, арлын оршин суугчдыг сүрдүүлж байгаад авсан зуун мянган песог аварсан учир битүүлэг туслагчид хэн юм бол? Энэ оньсогыг тайлах хэрэгтэй байлаа. “Санта Льягас” хөлөг найз нөхдийн гарт орсон гэдэгт бүгд эргэлзэхгүй байв. Тийм болохоор Бриджтауны оршин суугчид бие биенээсээ “Тэд хэн юм бол?”, “Хаанаас ирсэн юм бол?” хэмээн асууцгааж байв.
Арлын зүрх зоригтой хэсэг хүн өнгөрсөн шөнө хөлөг рүү нэвтэрч, улмаар эзэлж авсан гэх ганцхан таамаглал үнэн байдалд дөхөж байв. Иймд, эдгээр нууцлаг хүмүүс хэн болохыг олж мэдээд зохих хүндэтгэлийг нь үзүүлэх хэрэгтэй байлаа.
Амбан захирагчийн бүрэн эрхт төлөөлөгч хурандаа Бишоп (захирагч эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө явах боломжгүй байжээ) яг ийм даалгавар авч, хоёр офицер дагуулаад хөлөг рүү явсан ажээ.
Хурандаа усан онгоцон дээр олсон шатаар авирч гараад хөндий рүү нь ордог тагтай нүхний хажууд мөнгөний дөрвөн авдар байхыг олж харав. Эдгээр авдарын нэгийг Бишоп өөрөө мөнгөөр дүүргэсэн болохоор энэ гайхалтай үзэгдлийг хараад нүд нь баяртайгаар гялалзлаа.
Авдаруудын хоёр талд хуяг болон испани дуулгатай, цахиур буу барьсан хориод хүн тавцанг хөндөлсөн, хоёр эгнээ болж жирийтэл жагссан харагдав. Эдгээр цэмцгэр бөгөөд дэг журамтай цэргүүд өчигдөрхөн түүний тариалан дээр ажиллаж байсан бохир, ноорхой боолчууд юм гэдгийг анхныхаа харцаар танихыг хурандаа Бишопоос шаардах ямар ч боломжгүй ажээ.
Түүнтэй мэндлэхээр дөхөж ирсэн хүнийг шуудхан таних боломж бүр ч бага байлаа. Тэр туранхай, дээдсийн ааш байдалтай, испани маягийн мөнгөн хиазтай хар хувцас өмсчээ. Алтан утсаар хатгамалласан мөрөвчинд нь алтадсан бариултай сэлэм зүүлттэй байх бөгөөд тэмээн хяруулын өдөөр гоёсон өргөн хүрээтэй бүрхнийх нь цаанаас хичээнгүйлэн буржийлгасан хар өнгийн хиймэл үс унжиж байв.
Хэн нэгний танил санагдах хоолой:
– “Синко Льягос” хөлөг дээр тантай мэндчилж байна, эрхэм хурандаа! Таны ирсэнийг хүндэлж испаничуудын хувцасны шүүгээг чадах ядахаараа онгичих хэрэг гарлаа. Гэхдээ, чин үнэнийг айлтгахад, та биеэрээ морилно гэж зүүдэлсэн ч үгүй. Та найз нарынхаа дунд, хуучин найз нарынхаа дунд байна! - гэлээ.
Хурандаа гайхсандаа зог тусав. Сахлаа цэвэрхэн хусч, өөрийнхөө гучин дөрвөн настай дүйцэх төрхтэй болсон Питер Блад түүний өмнө зогсч байлаа.
Бишоп гайхсандаа:
– Питер Блад! Энэ чинь чи юу? - гэж дуу алдав.
– Та андуурсангүй. Харин эд нар миний, бас таны нөхөд чинь байна - гэснээ ханцуйныхаа нарийн сүлжээсэн хөвөөг хааш яйш дохин арагшлуулаад номхон зогссон эгнээг гараараа заалаа. Хурандаа няхуур ажигласнаа:
– Чөтгөр намайг аваг! Чи энэ залуучуудтай испанийн хөлгийг эзэлж аваад үүргээ испаничуудтай сольчихож! Энэ бол гайхамшиг! Энэ бол баатарлаг явдал!
– Баатарлаг явдал гэнэ ээ? Үгүй дээ. Энэ бол домогт гавьяа. Хурандаа та миний авьяасыг хүлээн зөвшөөрч эхэлжээ дээ?
Бишоп хөлгийн хөндий рүү ордог босоо орцны таган дээр суугаад өргөн хүрээтэй бүрхээ авч духныхаа хөлсийг арчлаа.
– Чи намайг их гайхууллаа! Итгэмээргүй юм! Бүх мөнгийг эргүүлэн авчирч, ийм ганган хөлгийг эд баялагтай нь олзолж авна гэдэг чинь юу гэсэн үг вэ! Энэ онгоц бидний хохирлын зарим хэсгийг нөхнө. Чөтгөр намайг аваг. Чи өндөр шагнал хүртэх болно.
– Таны саналыг бүрэн дүүрэн хуваалцаж байна аа, хурандаа.
– Намайг хараал идэг! Та нар бүгдээрээ өндөр шагнал хүртэж, миний талархлыг хүлээх үйл бүтээжээ.
– Мэдээжийн хэрэг. Таны бодлоор бид ямар шагнал хүртэх ёстой, таны талархлын утга учир чухам юунд оршиж байгаа нь бидэнд сонирхолтой байна? Хурандаа Бишоп Бладыг гайхан харлаа.
– Энэ бол ойлгомжтой зүйл. Эрхэм амбан захирагч Англи руу таны гавьяаны тухай мэдэгдэж, хоригдох хугацааг чинь хасч магадгүй юм.
Хажууд нь зогсож байсан Натаниель Хагторп:
– Хааны өгөөмөр сэтгэлийг бид сайн мэднэ! - гэвэл жагссан босогчид инээлдэв. Хурандаа Бишоп түгшиж, ялигүй жихүүцлээ. Үйл явдал буруу тийш эргэж болох юм гэсэн бодол толгойд нь зурсхийв.
– Үүнээс гадна бас нэг асуулт байна - хэмээн Блад яриагаа үргэлжүүллээ. – Та намайг саваадна гэсэн байх аа? Ийм зүйл дээр та хэлсэн үгэндээ хүрдэг шүү дээ. Та миний нуруунд алга дарам ч эрүүл арьс үлдээхгүй гэж занаж байсан санагдах юм. Тариалангийн эзэн Бладын үгэнд гомдсон дүр үзүүлж гараа саваад:
– Эрхэм эмч минь. Та гавьяа байгуулсныхаа дараа ийм өчүүхэн зүйлийг санаж яаж болох юм бэ гэв.
– Та ийм эв эетэй байгаад баяртай байна. Гэхдээ, би их азтай хүн юм гэж бодогдоод байна шүү. Хэрэв испаничууд өчигдөр биш, өнөөдөр ирсэн бол би хөөрхий Джереми Пит шиг болчих байлаа...
– Одоо түүний тухай ярих хэрэггүй ээ.
– Хэрэгтэй, эрхэм хурандаа. Та хүмүүст харгис хандаж, тоочих аргагүй олон нүгэл үйлдсэн хүн. Тийм болохоор, бидний халааг авах хүмүүсийн төлөө таны сэтгэлд хоногших сургамж өгмөөр байна. Одоо хитгийн нэгэн давхарлагт нурууг нь та солонгын долоон өнгөөр будаж орхисон Джереми хэвтэж байгаа. Хөөрхий залуу дор хаяж бүтэн сар зовох болно. Испаничууд байгаагүй бол тэр нөгөө ертөнцөд оччих байсан байж ч магадгүй. Би ч мөн ялгаагүй... Энэ үед чацархаг, зоримог, аятайхан сархгар царайтай Хагторп урагш гарч ирээд:
– Та энэ бүдүүн гахайд цаг заваа зарах ямар хэрэг байна? Онгоцон дээрээс ус руу шидэж орхие. Тэгээд л гүйцээ -хэмээн гайхлаа.
Хурандаа нүдээ бүлтийлгээд:
– Чи чинь юу гэж солиороод байна аа? - гэж орилов. Харин Блад түүний үгийг таслаад:
– Юу танд тусалсныг та өөрөө төсөөлөхгүй байгаа хэдий ч их л азтай хүн юм гэв.
Бас нэг хүн ярианд оролцсон нь нөхдөөсөө илүү дайчин, нар салхинд борлосон, өрөөсөн нүдтэй Волверстон байлаа. Тэр:
– Наадахыг чинь шургийн хөндлөвчөөс дүүжилж орхие!-гэж ууртай хашгирвал босогчдын зарим нь энэ саналыг дуртайяа дэмжив.
Хурандаа Бишоп дагжиж, Блад эргэж харлаа. Түүний царай юу ч болоогүй мэт амгалан харагдах ажээ.
– Волверстон минь. Энэ хөлгийг чи биш, би захирч байгаа. Би хэрэгтэй гэж үзсэн зүйлээ л хийнэ. Бид ингэж тохиролцсоныг бүү мартаарай - гэж чангаар хэлээд хөлгийн багт хандав:
– Би Бишопын амийг өршөөхийг хүсч байна. Бидэнд барьцааны хүн хэрэгтэй. Хэрэв та нар түүнийг дүүжлэе гэж тулгаад байгаа юм бол намайг ч бас хамтад нь боомилж орхиорой. Хэн ч түүнд хариу хэлсэнгүй. Хагторп мөрөө хавчин мушийв. Блад яриагаа үргэлжлүүллээ.
– Хөлгийн тавцан дээр ганцхан ахмад байх ёстойг та нар санаж яваарай - гэснээ хурандаа руу эргэж хараад: – Би таны амийг өршөөхөө амлаж байгаа хэдий ч биднийг задгай тэнгист гарах хүртэл таныг барьцааны хүнээр үлдээж, амбан захирагч Стид болон цайзанд үлдсэн хүмүүсийн зүгээс бидэнтэй төвшин харьцах нөхцлийг бүрдүүлэх болно гэлээ.
– Та нарыг задгай тэнгист гарах хүртэл...
Хурандааг айдас нөмрөн авч, үгээ ч төгсгөж чадсангүй.
Блад:
– Та зөв ойлгожээ - гэснээ Бишопыг дагаж ирсэн офице-руудад хандаж:
– Эрхмүүд ээ. Та нар миний үгийг эрхэм дээдэст дуулгаж хамгийн сайн сайхныг хүсч байгааг минь уламжлаарай гэв.
– Гэхдээ эрхэм ээ...
– Ярих өөр зүйл алга даа, ноёд оо. Намайг Блад гэдэг. Би энд хоригдож байгаа дон Диего де Эспиноса-и-Вальдесаас булааж авсан “Синко Льягас” хөлгийн ахмад. Шат тэр байна, ноён офицерууд аа. Тавцан дээрээс ус руу шидүүлэхийн оронд шатаар буувал арай тохитой байх болов уу.
Офицерууд хурандаа Бишоп цөхрөн орилохыг харгалзалгүй, яг үнэнийг хэлэхэд цахиур буугаар аяархан ёвруулсны дараа, зайлаад өгсөн нь дээр гэж үзжээ. Харин өөрийг нь тэсгэлгүй үзэн яддаг боолчуудынхаа мэдэлд ганцаараа үлдэж байгаа хурандаа улам бүр догшров.
Зөвхөн зургаахан босогч далайн хэргийг гадарладаг байв.
Тэдний дотор мэдээжээр Джереми Пит ч байлаа. Гэхдээ тэр ажил хийх чадваргүй болсон тухай дээр дурьдсан билээ.
Хагторп урьд нь багагүй хугацааг далайд өнгөрөөсөн боловч усан онгоц жолоодох ухааныг хэзээ ч судалж байгаагүй ажээ. Гэхдээ, ямар ч гэсэн хагас дутуу ойлголттой байсан болохоор өчигдрийн боолчууд түүний удирдлагаар замд гарахад бэлтгэв.
“Синко Льягас” зангуугаа өргөж дунд шургийнхаа дарвуулыг дэлгээд эргийн зөөлөн салхинд туугдан задгай тэнгис рүү гарах гарц руу хөвлөө. Цайз чимээгүй байлаа. Амбан захирагчийн зан байдалд ч өөчлөх зүйл гарсангүй.
Питер Блад хөлөг онгоц тэнгисийн булангийн зүүн талд орших хошууны хажуугаар өнгөрөх үед босоо орцны таган дээр гуниглан сууж байсан хурандаа руу дөхөж очив:
– Хурандаа та сэлж чадна биз дээ? Бишоп Бладыг түгшин харлаа. Түүний царай шарлаж,
жижигхэн нүд нь бүр ч өчүүхэн болжээ. Блад:
– Би эмч хүний хувьд таныг хөргөхийн тулд усан эмчилгээ хийнэ - гэж эелдгээр инээмсэглэн хэлээд хариу өгөхгүй болохоор нь үгээ цааш нь үргэлжлүүлэв: – Та азтай хүн юм. Би тань шиг, эсвэл миний зарим нөхөд шиг улай үзэх дуртай хүн биш. Танаас өшөөгөө авах гэсэн тэдний шударга хүслийг няцаахад надад мөн ч хэцүү байлаа. Таны арьс миний хичээл зүтгэлтэй дүйцэхээр үнэ цэнэтэй гэдэгт би эргэлзэж л байна шүү.
Үнэндээ бол Бладад ямар ч эргэлзээ байгаагүй ажээ. Тэр худал ярьж байв. Хэрэв тэр оюун санаа болон зөн билгээ сонссон бол хурандаа аль эрт шургийн хөндлөвч дээр ганхаж байхсан. Блад үүнийг шударга төлөөс гэж үзэж байлаа.
Арабеллагийн тухай бодол л Блад алуурчныг өршөөж, зөвхөн өөрийнхөө хүсэл эрмэлзэл төдийгүй найз нөхдийнхөө өшөө авах шуналыг эсэргүүцэхэд хүргэсэн ажээ. Зөвхөн Арабеллагийн авга ах гэсэн ганцхан шалтгаанаар түүнд хүлцэнгүй хандсаныг хурандаа өөрөө төсөөлсөнгүй.
– Танд бага зэрэг сэлэх шаардлага гарлаа - хэмээн Блад яриагаа үргэлжлүүлэв. – Хошуу хүртэл дөрөвний нэгэн миль* зай байна. Замд чинь элдэв зүйл тохиолдохгүй бол та амархан
хүрчихнэ. Тэгээд ч та бүдүүн болохоор усан дээр сайн тогтоно. Бушуул! Битгий алгуурла! Тэгэхгүй бол та бидэнтэй алсын аянд мордох хэрэг гарч, маргааш юм уу нөгөөдөр тантай юу учрахыг чөтгөр л мэдэх болно шүү. Энд таны хүртэх ёстой тэр хэмжээнээс илүү хайрлахгүй шүү.
Бишоп сэтгэлээ чангалаад бослоо. Хэзээ ч биеэ барьдаггүй өршөөлгүй дарангуйлагч хонь шиг номхорчээ.
Блад тушаал өгч, тавцангийн хашлагыг дамнуулан урт банз бэхэллээ. Тэгээд түүнийгээ эелдгээр заагаад:
– Таныг гуйя гэв.
Хурандаа түүнийг хорсолтой ширтсэнээ харцаа яаран хувиргав. Тэгээд шаахайгаа тайлж, цайвар хүрэн өнгөтэй гоёмсог нэхмэл хантаазаа тавцан руу шидчихээд банзан дээр гарлаа.
Тэгээд дарвуулын татлаганы олсноос зуураад хөл доор нь, хорин таван фут* зайд цалгиж буй ногоон усыг мэгдэн харав.
– Дахиад ганцхан алхаадах, эрхэм хурандаа – гэх амгалан, егөөдсөн дуу ард нь гарлаа.
Бишоп олсноос зуурсан хэвээрээ эргэж харвал дээд тавцангийн хашлага дээгүүр наранд борлосон олон нүүр бултайж байв. Ердөө өчигдөрхөн хурандааг хөмсөгөө зангидахад айсандаа царай нь цайж байсан боолчууд өнөөдөр шүдээ ярзайлгаад тавлан инээлдэх ажгуу.
Гэнэтхэн хорсол бухимдал түүний айдасыг арчиж хаяв. Тэгээд учир утгагүй чангаар харааснаа олсоо тавьж урагшаа гурав алхвал тэнцвэрээ алдаж, тэнгисийн ёроолгүй ногоон ус руу уналаа.
Хурандаа тэнгисийн мандал дээр гараад хомхойрон амьсгалах үед “Синко Льягас” хэдэн зуун ярд* холдсон байв. Гэсэн хэдий ч, цөлөгдсөн босогчид түүнийг үдэж, шоолон инээлдэх чимээ сонсогдсон хэвээр байх тул хурандааг арга ядсан хорсол дахин эзэмдлээ.


Далайн 1 миль 1,85 км-тэй тэнцэнэ.
1 фут = 0.3 м.
1 ярд = 0,91 м.


Top
   
PostPosted: May.07.13 5:37 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 865
Баярлалаа чи гавшгай байна шүү

_________________
Х Ү С


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited