#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.20.17 11:54 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Mar.29.13 7:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
three dimensional гэж зүгээр гүний гэсэн утгаар орж байгаа байх. Түүнээс 3 хэмжээс нтр гэсэн утгаар биш.

энд яг чиний яриад байгаа зүйл байх шиг байна: http://ixmedex.top.mn/pa/52

Гүний урсгалууд
Гренланди болон Норвегийн хоорондох Гольфстримийн ус ёроол руу орж эхэлдэг. Өөрийн замдаа Хойд туйлын салхинд мэдэгдэхүйц хөрч мөс бүрэлдсэнээс үүдэн давсжилт нь нэмэгддэг. Энэ шалтгааны улмаас усны нягтшилт болон жин нэмэгддэг. Туйлын бүсэд хамгийн хүнд усан давхрагууд хөнгөнийхөө доогуур живж аажмаар ёроолд хүрдэг. Ингэснээр ихээхэн гүнд урсгал Атлантын далайн өмнө зүгт чиглэдэг байна. Эндээс Энэтхэгийн далайг дамжин Номхон далайн өмнөд хэсэгт орж, тэндээ аажмаар халдаг. Гүний ус дахин гадарга руу урт замыг туулна. Өмнөд Америкийн эрэг орчмоос усны масс эргэгч урсгалд автан дахин Карибын тэнгист орж, шинээр Гольфстрим үүсгэдэг. Өсөн нэмэгдсээр байгаа дэлхийн дулаарлын үйл явц Гольфстримийг сулруулах юмуу түүний зүг чигийг өөрчлөж болох юм. Энэ нь Европын цаг уурыг ноцтойгоор өөрчлөхөд хүргэнэ.


Top
   
PostPosted: Mar.29.13 7:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6382
Масгүгээс будаа идэв хэ хэ.

Хорьдугаар зуунд далайн аварга том зөөвөрлөгч гүний усны удаан урсгалыг нээсэн.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.01.13 2:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
Орчуулах эрдэм

Саяхан хуучин номнуудаа ухаж байгаад ийм нэртэй нэг ном оллоо. 1972 онд Монголын Зохиолчдын Эвлэлээс тэр vеийн хэл шинжээч, орчуулагч нарын судалгаа шvvмжийг багцлан хэвлэсэн ном юм байна. Зарим vг хэллэг нь баахан vзэл суртал агуулсан боловч ерєнхий шинжлэх ухаан нь хэвээрээ учир таалагдсан хэсгээсээ сийрvvлэн орууллаа. Хэрэг болох хvн байж бас юу магад

Чой.Лувсанжав:

Ба олширвол барагтайхан орчуулга

Ажиглаваас Орос хэлний И, Англи хэлний and мєн бусад хэлний vvнтэй дvйх vг л бол монголоор “ба” болох ёстой хэмээн мєчид ташаа ухаардаг зарим нэгэн орчуулагч монгол vг, єгvvлбэр, найруулах, холбох арга эвээ олж ядахдаа сав л хийвэл улигт “ба”-аараа хэлхэн торгоогчоон болж, нэгэнтэйгvvр монгол хэлний хэлэх найруулах хэв журмыг зєрчиж, нєгєєтэйгvvр эх зохиолын аятай сайхан найруулга агуулсан санааг ч дутуу ядуу болгон зэрэмдэглэдэг байна...
Манай хэлэнд уг зvй нь and-ийг заримдаа vг оноон орчуулалгvй утгыг єгvvлбэрт хавсаргах, заримдаа бєгєєд, хийгээд, болон, хоёр гурван зэрэг vгээр хєрвvvлж мєн заримдаа хойно урдах vг хэллэгийн байдлыг харгалзан гэвч, гэтэл, боловч, бас, даруй ч... зэрэг маш олон vгийн аль нэгнээр орчуулж болох юм...
Дээр дурдсан орчуулах хэлбэрээс гадна Энэтхэг Европ хэлний “ба” хэрэглэдэг газар монголд нам засаг, мод чулуу, ирэх очихын зардал гэхчилэн vг давтагддаг ч ёс бий.
Ер нь манай ардын хэлэнд “эрт урьд цагт эмгэн євгєн хоёр байжээ” гэхээс биш “эрт ба урьд цагт эмгэн ба євгєн байжээ” хэмээхгvй нь мэдээж…

Идэвхигvй хэв

Хэл хэлэнд vйл vгийн хэв нь єєр єєрийн євєрмєц онцлогтой байдаг. Европ зvгийн ихэнх хэлэнд “усанд мод хєвєгдєж явна”, “хаалга онгойгдов”, “талх надад идэгдэв” гэхчлэн vйлд єртєгч юмний талаас хэлж бичигддэг идэвхигvй хэл зонхилдог бол монгол хэлэнд “усанд мод хєвж явна”, “хаалга онгойв”, “би талх идэв” гэж хийсэн эзний нь зvгээс хэлдэг идэвхитэй хэв зонхилдог юм. Харамсалтай нь манай зарим орчуулагч нєхєд монгол хэлнээ идэвхигvй хэв тун бага хэрэглэдгийг эс бодолцон Европ зvгийн хэлнээ тэр идэвхигvй хэвийг тэр бvрий махчлан хуулж тэгэгдэв, ингэгдэв гэж агдах, эгдэх тэргvvтнийг хэтэрхий их хэрэглэж байна. Монгол хvн гэрээ барихдаа “гэр надад баригдав” гэхгvй “би гэр барив”, “ах гэр барив” гэхчлэх хэлэхээс бус “гэр ахад баригдав” гэж хэрхэвч хэлэхгvй.

-ууд, -vvд олон бол урагш муутайхан орчуулга

Зарим орчуулагч нєхєд Европ зvгийн хэлний олон тоот vгийг монгол болгохдоо заавал ууд, vvд залгах албатай мэт ухаардгаас нилээд орчуулгын зохиолд ууд, vvд хэтэрхий их байдаг боллоо...
Монголоор “сайхан цагаан шvдтэй” гэхээс бус “сайхан цагаан шvднvvдтэй” гэдэггvй. “Сайхан цагаан шvд” гэдэг нь бvх шvдийг нь заасан хэрэг...
Талын таван толгой нь
Таана мангирын ургамалтай гэсэн ардын дууг зарим орчуулагчдын Энэтхэг-Европ хэлний олон тоонд автан орчуулдагт ойртуулсхийвээс
Талын таван толгойнууд нь
Таананууд ба мангируудын ургамлуудтай гэж гайхалтай этгээд сонсогдох болно. Ер нь ч vvнтэй тєстэй орчуулга vзэгдээд байх болсон шvv...
Олны санааг илтгэсэн дагавар заавал залгахгvй, том том гэр, давхар давхар байшин, єєр єєрийнхєє харандаагаар бич, хэдэн дэвтэр, тус тус гэх мэт vг хураах, давтах, мєн заримдаа vйл vгээрээ нэг юм уу олон юм уу гэсэн санаа нь илрэх ёс ч монгол хэлэнд бий...

гэх мэтчилэн бидний одоо байнга гаргадаг алдааг аль 30 жилийн ємнє хараад биччихсэн ажээ. Yvнийг би дан орчуулга хийж байгаа хvмvvст зориулсангvй. Сvvлийн vеийн хэвлэл мэдээлэл, телевиз радио бvгд маниасаа илvv алдаатай ярьж бичдэг болсон болохоор бид бас тvvнд нь уусаж монгол хэл яруу сонсголонт байдлаа алдаад байх шиг. Хэдийгээр хэл хувьсаж єєрчлєгдєх нь зvй ёсны асуудал боловч Б.Ринчен гуайн бичиж байсанчлан “МОНЦАМЭ-гийн модон хэл, Сонины содон хэл” болох ёсгvй болов уу. Ер нь блог бичиж байгаа хvн М.Саруул-Эрдэнийн “Сонирхолтой хэл шинжлэл” номыг нэг уншчихад тун их юм бодогдох юм шиг санагдсан. Блог гэдэг нь хэдийгээр хувь хvний тэмдэглэлийн дэвтэртэй тєстэй бєгєєд юу хvссэнээ бурж болох чєлєєт талбар нь боловч бас эх хэлнийхээ зvй тогтлыг алаад хаячихгvй байвал зvгээр юм сан. Хэл гэдэг нь єєрєє соёлын vнэт хэмжvvр болохоор Монгол хvн гэж хэлvvлэхийн тулд ядаж монголоороо санаагаа зєв илэрхийлдэг байвал дээр болов уу.

- Ogoogiin blogoos


Top
   
PostPosted: Apr.01.13 2:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
Буруу ярьж, зөв ойлгоно оо гэж...


Манай нэгэн яруу найрагч:
Хэл, хил, мал гуравтайгаа байхад
Хэн баян бэ? Монгол баян
Хэл, хил, мал гурваасаа хагацвал
Хэн эмгэнэлтэй вэ? Монгол эмгэнэлтэй

гэж маш оновчтой шүлэглэснийг хэн хүнгүй мэднэ. Хилийг ч яахав хилийн цэрэг хамгаалж байгаа. Мал сүргийг малчин эзнээс нь өгсүүлээд төр засаг ч хүртэл хамгаалалтандаа авчихсан. Харин хэлийг маань хэн хамгаалж байна вэ? Өнөөгийн монгол хэлний байдал энэхүү асуултын хариуг биднээс нэхсээр байна. Англи, орос гээд дэлхийн “том хэлнүүдийн довтолгоон”-д өртөж заримдаа өөрөөр нь угжуулж өссөн хүүхэд залуустаа хүртэл “шоовдорлогдох” болсон монгол хэл маань цагийн сайханд дэлхийн хэл болж, ургахуйгаас шингэхүй хүртэлх олон улс гүрэнд өнөөгийн англи хэл лүгээ адил хэрэглэгдэж, тэр хэрээр дээдлэгдэж байсныг зуун зууны хөх түүх гэрчилнэ. Гэтэл өнөөгийн бид тэр түүхийг мартаж орхиод англиар мэнд мэдэж, оросоор харааж, солонгосоор уулга алдах болсон нь нэн харамсалтай.
Би үүгээрээ гадаад хэл сурч байгаа хүүхэд залуусыг буруутгах гэсэнгүй, харин эх хэлээ сайн сурч дээдлэн хүндэлж гэмээнэ нь харь хэлийг төгс сурдаг учиртайг сануулах гэсэн юм. Монгол хэлээ хайрлан хамгаалах, зөв сайхан ярьж бичих талаар, үе үеийн эрдэмтэн мэргэд захин хэлж, заан залруулсаар ирсэн билээ. Үүнийг бичигч би бээр монгол хэлийг шинжлэн судалдаг хүн биш боловч эх хэлэндээ санаа тавих нь монгол хүний үүрэг гэдэг үүднээс энэхүү нийтлэлийг бичлээ. Алдаж ташаарсан зүйл байваас уучлан өршөөх буй за.

Нэг. Алдаатай бичих албатай гэж үү?

90-ээд оны ардчиллаас хойш манайд эх хэлний талаарх төрийн бодлого суларч ирснийг харуулах наад захын жишээ нь үсгийн дүрмийн алдаа ихэссэн явдал гэж хэлж болно. Гэхдээ өмнөх нийгмийн үеийн ном хэвлэлүүд огт алдаагүй байсан хэлж бас болохгүй. Алдаа гарах нь гардаг байж. Гэхдээ одоогийнхийг бодвол “өдрийн од” шиг цөөхөн байж. Хаа нэг алдаа гарвал түүнийгээ залруулдаг, алдаатай ном зохиолд залруулга гэсэн тусгай хэсэг үйлдэж хавсаргадаг байв. Бага, дунд сургуульд ч цээж бичиг гэдгийг ёстой нэг “цээжилтлээ” хийдэг байж билээ. Гэтэл өнөөгийн сургуульд цээж бичиг хийж байна уу гэж асуувал “За даа бараг үгүй л болов уу” гэж ихэнх хүн хариулах биз ээ. Үүнийг ч сүүлийн үеийн ном хэвлэл бэлхнээ харуулаад байгаа бус уу. Ном хэвлэл гаргаж байгаа хүмүүс нь бусдаасаа арай л илүү бичгийн боловсролтой хүмүүс байх учиртай атал тэд нар нь ингэж алдаж бичихлээр нөгөө дунд сургуулийн хүүхдүүд нь ямар байх нь ойлгомжтой. Тэгж, ингэж алдаж бичжээ гэж хэлэхлээр “Одоо алдаагүй бичдэг хүн гэж хаа байгаа юм. Угаасаа энэ кирилл үсгийн дүрэм чинь буруу юм гэнэ лээ” гэж ирээд л өөрийгөө зөвтгөх хүн бишгүй дайралдана. Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон “Шинэ үсгийн дүрэм”-д засаж залруулууштай юм бий нь бий. Уг дүрэм гарсан цагаас нь л манай эрдэмтэд бичиж шүүмжлэн, зас залруулсаар ирсэн. Гэхдээ нэгэнт л үсгийн дүрмээ шинээр батлан гаргаагүй л бол муу ч сайн ч хуучин дүрмээ л дагах учиртай баймаар. Гэтэл манайд бараг толгойтой бүхэн л өөр өөрийн дүрэм зохиож, түүнийгээ мөрддөг болчихжээ. За тэгээд нөгөө муу нэртэй “шар сонинуудтай” бол бүр ярилтгүй. Худлаа ярих хүнд бараг үг, өгүүлбэр бүр нь алдаатай. Тэгсэн атлаа зарим нь “Манай сонинд байгаа нэг алдааг олно уу” гэсэн таавар зарлахыг нь яана. Нэг байтугай нэг зуу, аягүйдвэл нэг мянган алдаатай сониноос чухам аль нь тэр “таалгаад” байгаа нэг алдаа болохыг нь “таах” хүн байдаг болов уу, та минь.

Харин өдөр тутмын хэдэн сонины хувьд үсгийн дүрмийн алдаа харьцангуй бага байдаг нь тэдгээр сонины түвшинг харуулж байгаа хэрэг болов уу. Үсгийн дүрмийн алдаа зөвхөн муу нэртэй, луу данстай кирилл үсэгт гарч байгаа юм биш, монгол бичгээр ч алдаатай бичсээр л байна. Одоо албан газрын хаяг, тамга тэмдгээс эхлээд монгол бичиггүй юм гэж үгүй болжээ. Монгол бичгээ сэргээн хэрэглэж, хос бичигтэн болох гэж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ бас л нөгөө үсгийн дүрмийн алдаагаа засахгүй бол болохгүй нь ээ. Нэг үе бүх нийтээр монгол бичигт шилжин орохоор бэлтгэж, бага сургуулийн хүүхдийг монгол бичгээр амлуулж байлаа. Гэтэл гэнэт монгол бичигт шилжин орохоо больж, баахан хүүхдүүдийг туршилтын туулай болгож “хэлмэгдүүлж” орхисныг бүгдээрээ санаж байгаа байх. Түүний үр дүнд кириллээр ч зөв бичдэггүй, монгол бичгээр ч зөв бичдэггүй “нэгэн үеийнхэн” төрөн гарсан. Одоо тэд нар хорь нэлээд гарч нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон бөгөөд нөгөө үсгийн дүрмийн алдаа гарахад гол үүрэг гүйцэтгэж байгаа бололтой.

Ганц нэг жишээ дурдъя.
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын хаягийг монгол бичгээр “Засгийн гацрын тохируулагц агендлаг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн гацар” гэж уншигдахаар бичсэн байх юм. Түүнээс гадна телевизийн зарим нэвтрүүлгийн нэр ус, нэвтрүүлэг бэлтгэсэн хүмүүсийнхээ нэрийг монгол бичгээр бичих болсон нь сайшаалтай хэдий ч үсгийн дүрмийн алдаа мэр сэр харагдах нь харамсалтай. Ямар ч атугай ном, сонин, телевиз гэдэг бол хүний нүдэнд хамгийн их тусч, тэр хэрээрээ бичгийн боловсролд нь нөлөөлдөг тул үүнд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ.

Хоёр. Буруу ярьж зөв ойлгоно оо гэж...

Сүүлийн үед монгол хэлний найруулга, утгазүйн хэм хэмжээг зөрчигчид хэтэрхий олширч, тэр нь бүүр “моод” болсон гэхэд хилсдэхгүй. Тэгсэн атлаа түүнийгээ “Монгол хүн буруу ярьж, зөв ойлгодог юм” гэж зөвтгөж суух нь инээдтэй ч бас эмгэнэлтэй. Ганц нэг жишээ авья. Сүүлийн үед “нэлээдгүй” гэдэг үг бараг л хүн бүрийн амны уншлага болжээ. Уг нь “нэлээд” гэдэг нь “олон, бага бус” гэсэн утгатай бөгөөд үүн дээр “–гүй-” гэдэг нөхцөл залгахаар “бага, цөөн” гэсэн утгатай болмоор. Гэтэл манайхан харин ч эсрэгээр “Нэлээдгүй амжилт гаргалаа”, “Төр засаг энэ асуудалд нэлээдгүй анхаарал хандуулж ирлээ” гэх мэтээр “бахдан сайшаах” болжээ. Мөн “FM радио маань”, “дуу маань” гэх мэтээр хамаатуулахын “маань” нөхцөлийг их хэрэглэх болжээ. Уг нь буруу ч юм биш л дээ. Гэтэл бүр дэндээд “гэмт хэрэгтэн маань, шорон маань” гэж ярих болсноор барахгүй “Осама Бин Ладен” маань гэж ярих нь холгүй болжээ. Монголчууд бид ч яах вэ бие биетэйгээ “хамаатархаж” болдог юм байж. Гэтэл саяхан телевизээр гадаадын нэг нөхөр “Монгол улс маань” гэж ирээд их л өөриймсөг ярьж байх юм. Бодоод байхад мань хүн арай ч тэгж хэлээгүй, гол учир хэлмэрчид “маань” л байх шиг. Социализмын үед монгол хэл орос хэлний нөлөөнд зарим нэг үг өгүүлбэрийн гаж сонин бүтэц хэдэн үеийн турш эх хэлийг маань эвдсээр ирснийг бид мэднэ. Гэтэл одоо энэ явдал арилах нь бүү хэл, улам гаарсаар байна. Энэтхэг-европ хэлний тооны айг монгол хэлэнд буулгаснаас олонх нь “хүүхэд” гэвэл нэг хүүхэд, “хүүхдүүд” гэвэл олон хүүхэд гэж ойлгодог болчихжээ. “Офицеруудын ордон” гэх мэт нэр, “Өндөр уулуудын дундуур түргэн урсгалт голууд урсана” гэх зэрэг орос хэлнээс шууд “орчуулсан үг өгүүлбэр орчин үед “уламжлагдан” ирсэн төдийгүй зарим нь “хөгжлийн дээд шатанд” гарчээ.

Саяхан зурагтаар нэгэн гоо сайханч бүсгүй “багс нар маань” гэж ярив. Уг нь “нар, нэр” хэмээх нөхцлийг хүнтэй холбоотой нэр үгэнд залгаж “багш нар, эмч нар” гэж ярьдаг атал “будгийн багс нар” гэж ярьж байгааг “хөгжлийн дээд шат” гэхээс өөр юу гэх билээ. Энд бас хэлэлгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол хүндэтгэлийн үг хэллэгийг зөв хэрэглэх явдал юм. Монгол хэлэнд хүндэтгэлийн үг хэллэг байсан, харин нэг хэсэг нь түүнийг “феодалын, хуучирсан, бүдүүлэг” гэх зэргээр ад шоо үздэг байснаас болоод ямар тохиолдолд хэрхэн хэрэглэдгийг нь мэддэг хүн ховор болжээ. Жишээлбэл: “таалах, зооглох” гэх мэт хүндэтгэлийн үгсийг өгүүлэгч этгээд өөр дээрээ хэрэглэх ёсгүй атал “Надад таалагддаг”, “Би бууз зооглох дуртай” хэмээн өөрийгөө “хүндэтгэн дээдэлдэг” хүмүүс олон болжээ. Ардчиллын буянаар уламжлал, ёс заншлаа сэргээх хандлага хүчтэй болж, нэг үе бараг мартагдаад байсан үг хэллэг, нөхцлийг хэрэглэх болсон нь сайшаалтай. Гэвч хэрэглэхэд бас учир бий. Зарим хүн ямар утгатайг нь мэдэхгүй атлаа дээрх үг хэллэг, нөхцлийг хэрэглэх болсон нь хий хоосон чамирхлаас хэтэрсэнгүй. Тухайлбал “лугаа, лүгээ” гэдэг нөхцөлийг буруу ойлгож “Саран лугаа үзэсгэлэнтэй бүсгүй” гэх буюу “Уншигч авхай та” гэх зэргээр ярьж бичсээр л байна. “-Лугаа, лүгээ-” гэдэг нөхцөл “-тай, тэй-“ хэмээх нөхцөлтэй ижил утгатай юм шүү дээ. “Сартай үзэсгэлэнтэй бүсгүй” гэсэн үг болж байгаа нь хэр оновчтой зүйрлэл юм бол доо. “Абугай” гэхийг “авхай” гэсэн тэр сониныг зөвхөн эмэгтэй хүн л уншиж болох нь ээ дээ.

Үүнээс гадна телевиз, радиогийн нэвтрүүлэгч, сурвалжлагчид ч өөрсдийн хэл ярианы соёлд анхаарах цаг нэгэнт болжээ. Зурагтаар гарч байгаа хэрнээ “Яагаад ингүүл” уг нь (“яагаад вэ гэвэл”) гэх ёстой, “Хоёулаагийн ярилцах цаг ингээд дуусч байна” гэж “эрхлэх” нь зохимжгүй. Ямар үг хэллэг, ямар тохиолдолд хэрхэн хэрэглэх вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй байна.

Гурав. Орчуулга гэдэг хэцүү ажил

Сүүлийн үед монголчуудын дунд, тэр тусмаа эмэгтэйчүүдийн нойр ноол, ажил төрлөө умартан үздэг болсон зүйл нь солонгос, хятад, японы телевизийн олон ангит кино бөгөөд урьд өмнө нь манайхан киног орос зэрэг европ хэлнээс голчлон орчуулдаг байсан бол одоо англи, хятад, япон, солонгос зэрэг дэлхийн олон хэлнээс шууд орчуулах болсон нь тухайн орны түүх соёлыг монголчуудад танилцуулахад ихээхэн ач холбогдолтой юм. Аливаа орчуулга, тэр дундаа киноны орчуулга гэдэг хүссэн хүн бүр хийгээд байдаг хялбархан зүйл огт биш. Сайн орчуулга хийхийн тулд зөвхөн гадаад хэлийг сайн сураад зогсохгүй тухайн орныхоо түүх, соёл, ёс заншлын талаар өргөн мэдлэгтэй байх ёстой. Гадаад хэлнээс кино олноор орчуулах болсон нь сайшаалтай хэрэг боловч зарим нэг алдаа дутагдал гарсаар байна. Энэ удаа би телевизээр хамгийн их гарч байгаа солонгос киноны орчуулгын тухай хэдэн үг хэлье. Хэдийгээр монголчууд солонгос хэлнээс зохиол бүтээл орчуулж байсан туршлага бага боловч бидэнд хятад хэлнээс ном зохиол орчуулж ирсэн арвин туршлага, уламжлал бий. Солонгос хэлэнд хятад хэлнээс орсон үг их байдаг нь орчуулгын ажлыг хөнгөвчлөнө гэсэн үг. Ялангуяа зарим хуучны түүхэн нэр томьёог орчуулахад хятад монгол толь бичгээс авч хэрэглэхэд буруудах зүйл байхгүй. Олон үг нуршилгүйгээр солонгос киноны орчуулгаас ганц нэг жишээ татъя.

“Нуган агь” гэсэн үгийг үзэгч та багагүй сонсоо биз дээ. Уг нь “агь” гэдэг нь хаад ноёдын хөвгүүнийг нэрлэсэн үг бөгөөд үүнийг “нуган” гэж тодотгох нь “эрэгтэй ах, эмэгтэй эгч” гэснээс ялгаа юун. Түүнчлэн “өдөр гэгээрэх”, “хамгаалж өгөх”, “тэгж хийгтүн”, “Би чамд үүнийг хйж өгвөл чи надаа юу хийж өгөх юм бэ?” зэрэг солонгос хэлнээс үгчлэн орчуулсан хэллэг ч олонтаа тохиолдохын дээр “Вантан айлтгаж хайрлана уу”, “Вантан та мутраа хайрлах аваас шинэ засаг тогтох болно” гэх зэрэг хүндэтгэлийн үгийг буруу хэрэглэсэн, эсвэл утгын авцалдаа муутай үг өгүүлбэр цөөнгүй гарч байна. Уг нь “айлтгах” биш “айлдах”, “мутар” биш “мутрын үсэг” гэсэн бол зөв болох байсан. Мөн ноён хүнд хандаж “Ноёнтоон та ганц үг ган хийгээч” гэсэн дорд хэллэгийг хэрэглэж болмооргүй мэт. Мөн нэгэн түүхэн кинон дээр “Чи арай будаанаас нь ажиллад байгаа юм биш биз дээ?” гэж хэлж байна. “Ажиллах” гэдэг үг монгол хэлэнд саяхнаас л “дундаас нь идэж хохироох, шамшигдуулах” гэсэн утгаар хэрэглэгдэх болсныг мэднэ. Гэтэл хоёр гурван зуун жилийн өмнөх үйл явдлын тухайд энэ үгийг хэрэглэх нь тун зохимжгүй байна. Саяхан зурагтаар гараад дууссан “Домогт жанжин И Сүн Шинь” гэдэг кинонд И Сүншинь жанжин монголчуудтай байлдсан тухай гарч байх юм. Хэрэв энэ үнэн бол Монгол-Солонгосын харилцааны түүхэнд чухал нээлт болох юм. Бодоод байхад арай ч ингэж хэлээгүй, “бүдүүлгүүд” гэсэн үгийг орчуулагч “монголчууд” гэж буруу ойлгосон бололтой юм. Уг нь энэ удаад “бүдүүлгүүд” гэж зүрчидүүдийг хэлсэн байх учиртай.

“Ам нээснийх уушиг нээ” гэгчээр телевиз радиогийн гадаад мэдээний орчуулгын талаар ганц хоёр үг хэлье. Орчуулагч хүн тухайн гадаад хэлээ сайн мэдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, улс төр, байгаль, нийгэм гээд олон талын мэдлэгтэй байх учиртай. Үгийн олон салаа утгаас тухайн тохиолдолд хамгийн тохиромжтойг нь сонгож байж орчуулга сайн болдог гэдгийг орчуулгын талаар наад захын мэдлэгтэй хэн ч гэсэн андахгүй. Түүнээс биш аливаа үгийг өөрийн мэддэг ганцхан үгээр л орчуулаад байх юм бол болохгүй. Гэтэл сүүлийн үед “Биологийн ухаанд нэр дэвшигч” “Умард Солонгосын удирдагч Ким Жон хоёр” гэх мэт үг хэллэг сонсогдох боллоо. “Кандидат биологических наук” гэдэг үгийн “кандидат” гэдэг нь оросоор 1. Нэр дэвшигч 2. Дэд доктор гэсэн утгатай гэдгийг бараг сэхээтэн хүн болгон мэдмээр юм. Гэтэл эхний утгаар нь орчуулснаар дээрх “жигтэй” хэллэг үүссэн байна. Харин Умард Солонгосын удирдагчийн нэрийг орос маягийн дуудлагаар Ким Чен Ир, харин англиар бол Kim Jeong ll (Ким Жен Ил) гэдгийн сүүлийн “Ил” гэдэг нь ромын 2-ын тоотой адил харагдсанаас “ II Фридрих хаан”, “V Карл хаан” гэх мэт хаадын цол болон “хувирчээ”.

Төгсгөл

Миний бие энэхүү нийтлэлдээ хэн нэгнийг гутаан доромжлох буюу хийсэн бүтээснийг нь үгүйсгэх санаа агуулсангүй, харин “Хүн хэлэхээс нааш ухаардаггүй, цаас чичихээс нааж цоордоггүй” гэдэгчлэн эх хэлээрээ зөв сайхан ярьж бичээсэй, санаа аваасай гэдэг үүднээс зарим нэг жишээ татаж бичлээ. Эх хэлээ хайрлах, зөв сайхан ярьж бичих нь монгол хүний бахархал төдийгүй үүрэг байх учиртай гэсэн үүнийг монгол хэл соёлынхоо төлөө мятаршгүй тэмцэгч, их эрдэмтэн Бямбын Ринчений
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээ бишрэн магтму гэсэн гайхамшигт шүлгийн бадгаар төгсгөлөө.

Ц.Цэрэндорж

Өдрийн Сонин
2006/07/25 - 15:30, Мягмар гараг


Top
   
PostPosted: Apr.01.13 2:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө


http://mongoliantranslation.blogspot.co ... -post.html
Орчуулгын блогоос
-------------------

Саяхан нэг залуу орчуулагч орчуулж буй номынхоо хэсгээс үзүүлж зөвлөгөө авах үед хэлсэн зүйлээ тэр чигээр нь дор тавив. Бусад хүмүүст ч хэрэг болох нь юуны магад.

Орчуулгын талаар саналаа хэлэхэд
Баяр хүргэж, амжилт хүсье. Тун дажгүй орчуулга болсон байна.

Ганц нэг газар үгийн байрлал буруу байна. Ж нь: хоёр бага оврын фургон гэснийг бага оврын хоёр фургон гэх нь зүйтэй.

Зөв бичгийн дүрмийн хувьд эр, эм үгийн “ы” , “ий” –г буруу хэрэглэх дутагдал давтагдаж байна. Мөн “ь”–ийн байх, байхгүй газрыг нь хольж хутгажээ. Гэхдээ энэ бол сүртэй юм бишээ. Редактор тэртэй тэргүй засчихна.

Ер нь нэгэнт орчуулаад эх хэл дээрээ буулгачихсан текстээ 2-3 удаа гүйлгэн уншиж, үгийн эргэлтүүдээ сайтар нягтлах нь зүгээр байдаг. Өө сэв нь дарагдсан текст уншихад аяндаа урсаад явчихдаг бол өө сэвтэй нь болохоор нэг л явж өгдөггүй шүү дээ. Тэгэнгүүт нь тогтож сайтар ажигла. Үг бүрийг нь амандаа хэлэн анхааралтай унш. Тэр үед чинь “хүмүүс тийм амархан шинэ боломж олддоггүйг” гэснийг “хүмүүст шинэ боломж тийм амархан олддоггүйг” гээд засчихвал дээр ч юмуу гэсэн бодол аяндаа орж ирэх вий. Эхнийх нь амархан шинэ боломж гэсэн санаа, хоёр дахь нь шинэ боломж амархан олдоггүй гэсэн санаа байгаа биз?

Өөрийн чинь орчуулж буйтай адил хэлбэрийн бичлэгтэй номыг орчуулахад шинэ орчуулагчдын гаргадаг хамгийн том алдаа нь тэр тэгж хэлснээ тэгж хэлэв гэж товчхонд нь томъёолж болох хэсгүүд байдаг. Ж нь: “Аутсорсинг бол дэлхий дээр болж байгаа энэ нүсэр зүйлийн ердөө ганцхан хэмжигдэхүүн юм” хэмээн Нилекани тайлбарлаад... гээд цааш явахад тухайн хэлний (эх текстийн) онцлогт баригдаад өгүүлбэрээ төгсгөлгүй орхих нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл чи эх текстийг бүрэн орчуулчихсан байдаг. Гэтэл монгол хэл дээр нөгөө өгүүлбэр, хэсэг чинь бүрэн төгсөөгүй мэт болчих нь бий. Энэ нь дараахь өгүүлбэртэй адил алдаа юм. “Чи бол сайн оюутан” гэж багш хэлээд “Гэхдээ чи үүндээ тайвширч болохгүй”. Энд ердөө “гэлээ, хэмээлээ, гэж хэлэв, гэж өгүүлэв” гэсэн төгсгөл нь дутагдаад буй хэрэг.

Энэ мэтийг анзааран засчихад чиний орчуулга тун дажгүй болох нь ээ. Амжилт хүсье.

Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө-2
Үгчилж орчуулах уу, утгачилж орчуулах уу? Аль нь дээр вэ гэж нэгэн нөхөр маань надад хандан асуужээ. Аль алинд нь давуу ба сул тал бий. "Алтан загасны үлгэр"-ийг Ц.Дамдинсүрэн гуай үгчлээгүй ч ямар гайхамшигтай боллоо? Гэхдээ эх зохиолынхоо онцлогийг хадгалж өөр хэлэнд буулгана гэдэг тун адармаатай, бас хорхой их хүргэдэг ажил л даа. Гайгүй хийвэл гайгүй орчуулга болно. Гайтай хийвэл хөөтэй оршуулга болно. Манайд орчуулахуйн урлагийн төлөө санаа тавьж, үлгэр үзүүлж байсан хамгийн том төлөөлөгч нь Бямбын Ринчен гуай. Түүний "Эх хэлээ энхрийлж, үгний боловсролыг эрхэмлэе", "Марк Твений минь махыг нь идэж дээ", "Шүлэг орчуулах эрдэм", "Энэтхэг яруу найргийн амт үнэрийг үлдээхсэн гэж..." гэхчлэн олон өгүүллийг манай мундаг орчуулагчдын нэг Г.Аким гуай 1991 онд эмхтгэн "Марк Твений минь махыг нь идэж дээ..." нэртэйгээр хэвлүүлсэн нь одоо хуучин номын дэлгүүрт хямдхан зарагдаж байна лээ. Гадаад хэлний боловсрол нэмэгдсэн, хэрэглээ ихэссэн, орчуулга хийхийг хүсэгчид олширсон энэ цаг үед хамгийн үнэтэй номын л нэг байх учиртай юмсан. Орчуулга, ялангуяа уран сайхны орчуулга хийх гэж байгаа залуус минь энэ номыг хэрэг болгоод нэг умшчихаарай. Саруул-Эрдэнийн сая гаргасан "Сонирхолтой хэл шинжлэл" номыг бас харчихаарай. Сайн сайн орчуулгуудыг эх зохиолтой нь тулгаж үзэх ч бас зүгээр л байдаг. Үүнээс гадна эх хэлнийхээ мэдлэгийг сайжруулахын төлөө хичээгээрэй. Монгол хэлээ мэдэхгүй байж орчуулга хийх гэх нь мохоо хутгаар яс сийлэх гэж оролдохтой л адил юм болно. Ялангуяа аль ч хэлний өвөрмөц хэллэг, хэлц үгнүүд, хар ярианы хэллэгийг сайн судлахгүй бол хол явахгүй. Оросоор как сельдей в бочке гэснийг монголоор үгчилж орчуулах уу, эсвэл бөгс эргэх зайгүй гэх үү, долгая песня гэснийг үгчлэх үү, нас гүйцэхгүй,туулж дуусахгүй зэргээр буулгах уу гэдэг бодох л асуудал. Түүнээс гадна тухайн зохиолын онцлогийг нь хадгалах гэдэг том ажил бий.Энэ л шалтгаан Шукшины өгүүллэгүүдийг монгол хэлнээ буулгахад хүндрэл учруулсаар өдий хүрч байх шиг... Эцэст нь Б.Ринчен абугайн нэгэн шүлгийг эрхэм орчуулагч танд сонирхуулъя.

ЭТГЭЭД ХЭЛ
Үг нь монгол, өгүүлбэр нь орос
Үзэхэд этгээд сонин хэл
Өв соёлоон үл тоомсорлон
Өнөөгийн байдал ийм болов
Зуун түмэн үгтэй хэлд
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх
...Хэвлэл сонин уншсан үдэшдээ
Хэлний шинжлэлтний нойр хулжаад
Хэвтэвч сэтгэлд эвгүй үг
Хэнхдэг дээр чулуу дарах мэт
Харь үгийн бүлхэнд хахаж
Харанхуй шөнө хар дарах мэт.

Галаарид
galaarid.blogspot.com


Top
   
PostPosted: Apr.01.13 2:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
Д.ЧОЙЖИЛ: Намайг зарим нь Чейз Чойжил гэдэг байсан гэдэг

Зууны мэдээ сониноос
----------------------------
Огноо: 2006-11-01 11:24:59

Бvрэнханы Доржпаламын Чойжил. Манай нэртэй орчуулагчдын нэг гэдгийг ном зохиолд ойрхон хэн бvхэн мэдэх биз.

Тэрээр Ю.Семеновын “Хаврын 17 учрал”, “Амьд vлдэх тушаалтай”, И.Плиевийн “Говь Хянганд тулалдсан нь”, П.Чеховын “Сээхэлзvvр”, В.Шукшины “Ийм нэгэн залуу” Л.И.Брежневийн “Бага газар”, “Дурдатгал”, “Атар”… гэхчилэн олон ном зохиолыг орчуулж, орчуулахад нь оролцож байсан нэгэн. Мєн Англи, Америк, Франц, Итали, Герман, Японы нэртэй зохиолчдын номыг орчуулан Монголын уншигч олондоо єргєн барьсан гавьяатай хvн. Ерээд оноос хойш Ж.Х.Чейзийн адал явдалт зохиолууд энэ хvний орчуулгаар уншигч олонд хvрсэн. Нийтдээ 100 гаруй ном орчуулан, бас єч тєчнєєн номыг хянан тохиолдуулсан аж. Сонсголгvй хэрнээ бие дааж орос хэлийг сурч, ийм олон бvтээл хийсэн орчуулагч Монголд тvvнээс єєр vгvй л болов уу. Саяхан нас сvvдэр 80 хvрсэн євгєн гvvштэй хєєрєлдсєнєє толилуулж байна.

-Таны бага насны тvvхийг сонирхмоор байна. Тэр тусмаа орос хэлийг яаж сурсан тань их сонин санагдаж байна?

-Би багын л ном унших дуртай байв. Хорин настайдаа дvлий болчихоод номноос єєр нєхєр vгvй болов. Тэгэхэд уран зохиолын ном ховор байлаа. “Арван таван наст капитан”, А.С.Пушкины “Дубровский” гэхчилэн арав гаруйхан номтой байсан. Тэрийг юу байхав, дор нь уншаад дууссан. Тэднийгээ дахин дахин уншина. Заримыг нь бvр арваад удаа уншсан. Надтай хамт гэрэл зургийн дугуйланд сурдаг Абмэд гэдэг найз маань дандаа л том том орос ном сугавчилчихсан явах. Тэгээд л орос хэл сурвал ийм сайхан олон ном уншиж болох юм байна гэж бодоод оролдож эхэлсэн хэрэг. Тэр vед аятайхан сурах бичиг ч байхгvй. “Родная речь” хэмээх хоёрдугаар ангийн ном олоод vзэж эхэлсэн. Єдєрт 15 vг цээжилнэ. Мартчихна. Дахиад таарахаар нь эргэж санана. Овоо тогтооно. Арваад жил оролдож байж ойр зуурын юм орчуулахтай болсон.

-”Yнэн” сонинд орчуулагчаар ажиллаж байсан гэж сонссон. Тэр vед тєр засгийн тєв хэвлэлд айхтар шалгуураар авдаг байсан байлгvй?

-“Yнэн” сонины хоёрдугаар эрхлэгч намайг “Манай гадаад мэдээний хэлтэст ажилд ор” гэсэн. Тэр том сонинд мань мэт нь юм орчуулж барах болов уу гэж дотроо их л айж байсан. Сахал Банзрагч, Дашдорж, Самбуугийн Бадраа нарын хvмvvс ажиллаж байв. Тэр vеэс л миний орчуулагч болох зам мєр эхэлсэн.

-Самбуугийн Бадраа гэж том гvvштэй та тохой залгаж сууж байжээ. Тэр хvнтэй холбоотой сонин сайхан дурсамж танд их бий дээ?

-Бид хоёр нэг ширээний хоёр талд єєд єєдєєсєє хараад сууна. Бадраа надад орчуулгыг “А”-гаас нь эхэлж заасан ачтай хvн. Тийм хvмvvсийн дэргэд тэгээд єдєр бvр орчуулга хийгээд байхаар дороо дээшилдэг юм билээ. Бадраа бид хоёр нэг насаараа нєхєрлєсєн. Миний орчуулгын багш. Их тусч, нийтэч хvн. Бадраагийн эхнэр манай эхнэртэй танилцаад бас нєхєрлєсєн. Бид гэр бvлийн анд нєхєд. Зєвхєн орчуулагч тєдийгvй сэтгvvлч зохиолч… Лут амьтан байсан даа. Утга зохиол орчуулах арга барилыг би Бадраагаас л vлгэр жишээ авч сурсан..

-Та бол уран зохиолын олон ном орчуулсан хvн. Хамгийн анх ямар бvтээл орчуулж байв даа. Анх орчуулсан тууж єгvvллэг санаанд тань тодхон байдаг болов уу?

-1956 онд байна уу даа. Дэлэг эрхлэгч намайг дуудаад “Огонёк” сэтгvvл єглєє. “Эндээс Энэтхэгийн Чандрагийн нэг бvтээлийг орчуул. Уран зохиол орчуулахгvй юм бол ямар орчуулагч байх вэ” гэлээ. Тэр нь “Алыча” нэртэй єгvvллэг байсан. Тэр єгvvллэгийг нь бариад автал “Алыча” гэдэг нэрийг нь орчуулж мэддэггvй ээ. Хамт ажиллаж байгаа улс маань ч бас мэддэггvй. Бадраа гуай намайг дагуулаад Б.Ринчен гуай дээр орлоо. Тэр vед Ринчен гуай “Yнэн” сонины дэргэд орос хэлээр гардаг сэтгvvлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга байв. Тэрбээр хэсэгхэн бодож байснаа “Халуун дулаан газар ургадаг нэгэн тєрлийн жимсний нэр. Жимснээс арай том исгэлэн амттай жимс байдаг юм. “Бадриун лисээ” гэхэд болох байх гээд Ринчен гуай єєрєє надад бичиж єгсєн. Тэр ёсоор гарчгийг нь тавиад дэргэдээ толь бичиг дэлгэж тавьж байгаад л орчуулж дууссан. Тэр нь “Yнэн” сонинд гарсан. Тэр миний уран зохиолын анхны орчуулга байв. Тvvнээс хойш том жижиг 100 гаруй ном орчуулсан.

-Орчуулгынхаа ажлыг ямар vед хийдэг байв. Танаас єєр 100 гаруй номтой орчуулагч манайд бий болов уу?

-Тэр бvх номыг би дандаа ажлын бус цагаар хийсэн. Yнэн сонин, МОНЦАМЭ агентлаг, “Энхтайван социализмын асуудал сэтгvvл” гэхчилэн хэвлэл мэдээллийн байгууллагад насаараа ажилласан хvн дээ, би. Орой ажлаасаа ирж жаахан амарч байгаад нєгєє орчуулгаа нухдаг байв. Надаас єєр 100 гаруй ном орчуулсан хvн байхгvй байх. Г.Амар 100 гаруй ном редакторлосон гэдэг. Редакторлох нь орчуулахаас арай амар л даа. Би орчуулагчаа хийж байгаад л 1991 оны намар тэтгэвэрт гарсан.

-Зах зээл эхэлж, дээр доргvй бужигнаж байх vед та тэтгэвэртээ суусан юм байна. Тэр vед юм юм ховор тарчиг, амьдрал барзгардуу байсан. Тэтгэвэрт дєнгєж гарсан хvмvvсийн амьдрал бvр ч тvвэгтэй байсан болов уу?

-Хэцvv байсан. Тэр тусмаа оюуны vнэлгээ муу, ялангуяа орчуулгын ажлыг тоож хэрэгсдэг хvн ховор байв. Тэр vед би Чейзийн адал явдалт зохиолуудыг орчуулж хоолоо залгуулж байв. Орчуулгынхаа буянаар талхан дээрээ тvрхэх масло, сvvтэй цайтай байж дєнгєдєг байсаан, тэр хэцvv цагт. Тэр vед зарим нь намайг “Чейз Чойжил” гэдэг байсан гэдэг. Би Английн зохиолч Ж.Х.Чейзийн 20 гаруй романыг орчуулсан. Энэ хvнийг Америкийн зохиолч гэж хvмvvс бодоод байдаг юм. Америкийн тухай бичдэг болохоор нь тэгж боддог байх. Английн зохиолч шvv дээ.

-Анхны ном гэдэг тухайн уран бvтээлчид их урам зориг хайрладаг байх. Таны анхны ном хэн гэдэг хvний, ямар зохиол байсан бэ?

-И.А.Гончаровын “Жирийн нэг явдал” гэдэг сонгодог зохиол байсан юм. Тэр vед сонгодог зохиолыг тєдий л орчуулдаггvй байсан юм. Хамт ажилладаг байсан Ш.Доржготовт хэлсэн чинь “Чи бид хоёр л орчуулахгvй юм бол єєр муу хvн аваад муу орчуулга гарна шvv дээ” гэхээр нь зориг ороод орчуулсан. Мэдээж тааруухан болсон байх. Одоо орчуулах юм бол нэлээд єєр болох байх.

-”Хаврын арван долоон учрал” номыг гарахад уншаагvй хvн ховор байсан биз ээ. Тэр зохиолын vргэлжлэл дараагийн хэсгийг нь ч та бас орчуулсан гэл vv?

-Тэр номын дараагийн хэсэг “Амьд vлдэх тушаалтай” номыг орчуулсаан. Хэвлэх газар олдохгvй, гар бичмэл ноорог нь надад одоо байж л байна.

-Орос, Зєвлєлтийн уран зохиолоос олон ном орчуулсан байх. М.Шолоховын зохиолуудаас орчуулж байв уу?

-Би Шолоховыг орчуулаагvй. Харин С.Бадраагийн “Сэтгэлийг шинэтгэсэн нь” романы хоёрдугаар дэвтрийг редакторлосон. Тэр маань надад шулуухан сургууль болсон.

-Шинэ нийгэмд шилжсэнээс хойш Америкийн зохиолчдын олон номыг орчуулжээ, та. Энэ номыг залуус маань заавал уншаасай гэмээр зохиол олон бий биз?

-Байлгvй яахав. Уран зохиолд чинь хэн хvнд заавал хэрэг болохоор юм гарна шvv дээ. Америкийн зохиолч Сидни Шелдоны зохиолуудыг залуус уншаасай гэж бодож явдаг. Америкийн орчин vеийн сонгодог зохиол.

-Таныг ямар ч зохиолыг шууд барьж аваад орчуулчихдаг гэж сонссон юм байна?

-Тэр бол худлаа. Ямар ч орчуулагч тийм биш болов уу гэж бодож байна. Би орчуулах номоо дор хаяж хоёр удаа уншдаг. Эхлээд жирийн уншигч шиг уншдаг. Дараа нь цаас vзгээ бэлдэж байгаад зориуд тэмдэглэгээ хийдэг. Арав гаруй уншиж байж орчуулсан ном ч бий. Италийн их бичгийн хvн Жованни Боккачогийн “Декамерон”-ыг бол арваад уншиж байж орчуулсан. Эхлээд орчуулгаа гараар бичдэг байсан. Дараа нь бичгийн машин дээр хийдэг болсон. Одоо бол компьютер дээр шивдэг болсон.

-Хvний орчуулсан номыг хянан тохиолдуулж байхад эх зохиолынх нь утга санаанаас тэс єєрєєр орчуулчихсан тууж явсан тохиолдол бий юу?

-Янз бvрийн алдаа мадаг таарахыг алийг тэр гэхэв. Хэлний мэдлэг, ерєнхий боловсрол дутсанаас болж алдах явдал бас л багагvй байдаг даа. Нэг залуу орчуулагч “Маленькие крепкие груди” гэснийг “Бяцхан бадриун цээж” гэж орчуулсан байв. Энэ гурван vгэнд найруулгын нэг, утгын нэг, алдаа байна. Бяцхан бадриун цээж гэсэн нь жижигхэн том цээж гэсэн огт утгагvй vг болчихож байгаа хэрэг. Хоёрт груди гэсэн нь хэрэглэсэн утгаараа цээж бус, хєх, мээм гэсэн утгатай нь маленькие крепкие груди гэж олон тоон дээр хэрэглэснээс ч тодорхой байна. Yvнийг зvй нь “Чийрэг бяцхан хєх /эсвэл мээм/” гэх ёстой байж. “Прогресс” хэвлэлийн газрын захиалгаар “Хvмvvжлийн тухай харилцан яриа” номын орчуулгыг хянан найруулж байтал “Ребенок кричал что ест мочи” гэснийг “Хvvхэд шээс хvрээд байна гэж хашгирав” хэмээн орчуулсан байж билээ. Хєх инээд хvрмээр. Энд мочь гэдэг vгийг моча буюу шээс гэдэг vгтэй андуурсан байв. Уг нь орчуулагч залхууралгvй толь сєхєж vзсэн бол “мочь-II”-ыг чадал тэнхээ гэж тайлаад “хар тэнхээгээрээ хашгирах” гэж орчуулах ёстой байв. Орчуулгад нэг vгийн оноолт буруу болбол тэр єгvvлбэр, улмаар уг зохиолын утга санаа ч буруу болох осолтой.

-Таны аав ээж хот хvрээний сэхээтэн улс байсан уу. Та єєрєє яг хаана єсч єндийсєн хvн бэ?

-Мал малладаг хєдєєний жирийн л ардууд байсан даа. Харин євєг эцэг маань монгол бичигтэй хvн байсан. Намайг долоотойд нас барчихсан юм. Аав ээж бол “А” ч vгvй, насаараа мал дагасан улс байв. Би 1939 онд Сэлэнгээс эцэгтэйгээ vхэр тэрэгтэй жин тээж хотод анх орж ирсэн.

-Москвад олон удаа очиж байв уу. Гадаад улс орноор хэр явж байв?

-Би 1950 онд бичээч байхдаа сурах бичиг хэвлvvлэх ажлаар анх Москвад очсон. Дараа нь 1956, 1957 онд бас сурах бичиг хэвлvvлэх ажлаар очиж байсан. 1967-1971 онд Москвагийн радиогийн Монгол нэвтрvvлгийн хэлтэст орчуулагчаар ажилласан. Дараа нь 1985-1988 онд Лениний 15 ботийг хэвлэх гэж “Прогресс” хэвлэлийн газар бас ажилласан. Нийтдээ Москвад 10 жил амьдарсан. Хуучин социалист системийн орнуудад бараг бvгдэд нь очсон доо. Би нэг хэсэг Хараагvй дvлий иргэдийн нийгэмлэгийн орлогч дарга байв шvv дээ.

-Оросуудтай хамт ажиллах урамтай сайхан байдаг байв уу?

-Би дvлий болохоор олон хvнтэй нєхєрлєж байсангvй. Ганцхан хvнтэй их дотно байсан. В.В.Генеразов гэж орчуулагч байв. Монгол бичгийн хэлийг монгол хvн шиг эзэмшсэн. Тvvн шиг тэгж сурсан хvн цєєн байх. “Энэ л муу хvн” гэхээр хvн таарч байгаагvй. Орос хvн, оросын ард тvмэн ч лут мундаг ард тvмэн шvv дээ.

-Та Монгол Улсын Соёлын гавьяат зvтгэлтэн гэсэн эрхэм цолыг 1970-аад оны эхээр хvртсэн байх аа. Тэр цолыг хvртэж байхдаа мэдээж их баярлаж догдолж байсан байх. Мэдээж баярт vйл явдал олон тохиож байсан биз. Тэр дундаас сэтгэлд их тод vлдсэн дурсамжаа хэлнэ vv?

-Гавьяат болоод баярлах бус, харин балмагдаж байсан. Харин орос хэлний дээд сургууль дээр нэг удаа тvргэн орчуулгын уралдаан болоход тvрvvлээд гавьяат болсноосоо ч илvv баярласан санагддаг. Ном гарах, номыг минь хvн уншаад сууж байх, орчуулгынхаа тухай хvнээс баяртай vг сонсох бас сайхан байдаг. Уншигч олноосоо урмын vг багагvй сонсч байсаан.


Top
   
PostPosted: Apr.01.13 2:49 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2006
Location: Nothins that bad if it feels good
m

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.01.13 3:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
Энэ их сонирхолтой. Заавал уншаарай.


Орчуулгаар бид юу алдаж болох вэ?

Даяар Монголоос
------------------------
2008 оны 5-р сарын 25, Ням гариг, 01:19

Ардын уран зохиолч, Монгол өгүүллэгийн мастер Сэнгийн Эрдэнэ авгайн “Наран тогоруу” хэмээх гайхамшигт өгүүллэг эхэлж байна:

“Өнө эртний сүйрэл болсон сүмийн хашааны хажууд суухдаа би нар шингэхийг үзнэ. Би амьдралынхаа 15 жилд олон баяртай явдалтай учирч байлаа”.

Ардын уран зохиолчийн хэл гэхэд нэг л биш байгааг утга зохиолд элэгтэй Монгол хүн та аль хэдүйн ажиглаа биз ээ? Орчуулга олон дамжсаны эцэст Эрдэнэ гуайн “Наран тогоруу” ингэж л эхлэх болчхоод байгаа юм даа. Чухам юу болсныг эхнээс нь өгүүлсү.

Мягмарын Саруул-Эрдэнэ (Ph.D.)

Францын хэл шинжээчдийн хийсэн нэг сонирхолтой туршилт байдаг юм. Уг санаа нь тухайн эх сэдэв орчуулга дамжихаараа уг утгаасаа хир гаждагийг мэдэхэд оршино. Тэд дугуй ширээ тойруулан өөр өөр хэлний шилдэг 14 орчуулагчийг суулгасан байна. Ингэхдээ орчуулагч тус бүр зэргэлдээ суугчийнхаа хэлийг мэддэг байхаар тохируулж. Анхны орчуулгыг Герман хэлтэн хийжээ. “Шар айраг исгэх нь ерөөс хүн төрөлхтөн үүссэн түүхтэй чацуу нэн эртний урлаг билээ” хэмээсэн өгүүлбэрийг орчуулаад дэргэдэх Испани нөхөртөө дамжуулав. Испани цааш нь Польшид гэхчлэн үргэлжилсээр анхны Герман орчуулагч дээр ирэхэд өөрөөс нь эхэлсэн өгүүлбэрээ уншаад мань эр мөрөө хавчин, уртаар санаа алдсан гэдэг. Учир нь 14 хэл дамжсаны эцэст мөнөөх өгүүлбэр “Нэн эртнээс шар айраг нь хүн төрөлхтний хамгийн дуртай умдаан байсаар иржээ” болчихсон байж.

Үүнээс санаа авч, Монгол өгүүллэгээр туршилт хийж үзье хэмээн бодсон юм. Надад тийм олон өөр хэлтэй орчуулагч олдох аргагүй тул монголоос англи руу, эргээд англиас монгол руу буулгуулан туршив. Монгол англи хоёр хэлээр чөлөөтэй ярьдаг зургаан монгол, хоёр америк андаасаа туслахыг хүслээ. Ингээд л нэг өдөр бүгдээрэнгий нь интернэт дээр байлгаж байгаад нэг нэгээр нь орчуулуулан нөгөө лүү нь цахим шуудангаар илгээсээр туршилтаа хийв. Нэг орчуулагчид ойролцоогоор таваас арван минутын хугацаа өгсөн болно.

Сонгож авсан эх маань өмнө дурдсанчлан Сэнгийн Эрдэнэ гуайн “Наран тогоруу” өгүүллэгийн эхний хоёр өгүүлбэр: “Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа. Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ”.

Эхний орчуулагч англи хэлэнд ийн буулгав: I am sitting on the fence of the dried out well at the ruins of the old church, was parting with the summer evening sun for the day. An amazing number of wonderful things happened within just 15 years since my birth.

Хоёрдахь орчуулагч үүнийг буцаагаад Монгол хэл рүү буулгасан нь: Би хуучирсан сүмийн хатаж хуурайшсан хайсан дээр зуны оройн нарыг үдэн сууна. Хүй орчлонд хүн болон мэндэлснээс хойших энэхэн 15 жилийн дотор мөн ч олон сайхан үйл явдал тохиолдож дээ.

Эндээс л ялгаа гарч эхэлсэн дээ. “Ус нь ширгэсэн” хэмээх үг англи хэлнээ “Dried out” болоод эргэж монгол хэлэндээ “хатаж хуурайшсан” хэмээн буусан нь утгаа хадгалсан ч “Худаг” биш “Хашлага” нь хатсан болчихжээ. “Хашлага” ч мөн “Хайс” болсон байна. Эрдэнэ гуайн “Гайхмаар их үйл явдал” – “Number of wonderful things” хэмээн буусан, үүнд хоёр дахь орчуулагч Wonderful гэсэн үгэнд нь утгын өргөлт оноож “Олон сайхан үйл явдал” болгосныг буруу гэх аргагүй. Үүнээс гадна Эрдэнэ гуайн “Сүмийн хуучин туурь” бүр эхний орчуулагч дээр “Туурь” нь бус “Сүм” нь Хуучин болж, Old Church болсныг бас анхаарууштай. Хоёрдахь орчуулагч мөн Эрдэнэ гуайн “Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жил...” гэдгийг “Хүй орчлонд хүн болон мэндэлснээс хойших энэхэн арван таван жил...” хэмээн бараг илүү болгон орчуулсан нь чөлөөт орчуулгын мастер Ц. Дамдинсүрэн гуайн шавь байж мэдэхээр.

Гуравдахь орчуулагч англи хэлэнд ийн орчуулав: On a desiccated fence of an old church, I am sending off the summer sunset. During the fifteen years of birth on the earth, many great events have occurred.

Нэлээд богиносчээ. “Хатаж хуурайшсан” нь Desiccated болсноос гадна “Суух” гэдэг үг байхгүй болсон байна. Wonderful нь “Сайхан” болоод эргээд англидаа харин Great events болж.

Дөрөвдэх орчуулагч үүнийг монголчилсон нь: Хуучин сүмийн хугархай хашаан дээр сандайлаад зуны нарны шингэхийг харж сууна. Хорвоо ертөнцөд хүн болж төрөөд арван таван жилийг үдэхэд амьдралд олон сайхан зүйл тохиолджээ.

Бүр анх “Ус нь ширгэсэн” байсан, бас Худагт хамаарч байсан үг олон орчуулга дамжсаны эцэст энэ удаад Desiccated – “Хугархай” болсон, бас дээр нь угаасаа бүр өмнөх орчуулга дээр Хашаа-нд хамаатай болсон байсан билээ. On the fence гэдгийг орчуулагч өөрөө ургуулан бодож “Хашаан дээр сандайлаад” хэмээх хүчтэй үгийг сонгосон байна.

Тавдахь орчуулагч англи хэлнээ хөрвүүлсэн нь: Watching the summer sun’s set while sitting on the broken fence of an old monastery. I have been faced with many happy moments during my 15 years of life

Нэгэнт “Хугархай хашаа” болсон тул энэ удаад Broken fence байх нь аргагүй юм. Нөгөө анхны Гайхмаар их үйл явдал маань Wonderful – Great тэгээд одоо Happy Moments болчихсон явна.

Зургаадахь орчуулагч: Зуны нар шингэхийг харан эртний сүмийн эвдэрхий хашаан дээр сууна. Арван таван жилийнхээ амьдралд би олон жаргалтай мөчтэй учирчээ.

Улам л богино болоод байх юм. “Хугархай хашаа” маань “Эвдэрхий хашаа” боллоо. “Гайхмаар их” нь “Олон сайхан” болоод одоо харин “Жаргалтай мөч” болов. Харин хачирхалтай нь нөгөө бүр алга болоод, дараа нь “Сандайлах” болсон байсан үг буцаад “Суух” болон уг эхтэйгээ нийцсэн байна. Олон орчуулга дамжихад зөвхөн утга холдон алдагдах бус бас буцаад уг эхдээ ойртох тохиолдол байж болохыг энэ үг баталлаа.

Долоодахь орчуулагч: As I watch the sunset sitting by the ruin of the ancient temple's fence. I run in to many happy events in my fifteen years of life.

“Туурь” гэсэн үг бүр эхний орчуулагч дээр Ruin болоод дараа нь алга болсон, энэ удаад харин эргээд гараад ирсэн нь сонирхолтой. Гэвч аанай л Сүмийн туурь биш Хашаатай л холбоотой хэвээр. Хуучин гэсэн үг Ancient буюу Эртний болсон байна. Шингэх нар нь “Зуных” байсан, энд үгүй болжээ.

Сүүлчийн долоо дахь орчуулагч: Өнө эртний сүйрэл болсон сүмийн хашааны хажууд суухдаа би нар шингэхийг үзнэ. Би амьдралынхаа 15 жилд олон баяртай явдалтай учирч байлаа.

Нөгөө Ruin хэмээх үгийг энэ орчуулагч Сүйрэл болсон гэсэн утгаар ойлгожээ. Хашааны Дээр биш Хажууд сууж байгаа нь долоо дахь орчуулагч By the … fence гэж буулгасантай холбоотой юм. Happy Event (заримдаа Moment) болоод байсан үг эцэстээ Баяртай явдал болжээ.

Энэ бүх орчуулгуудыг хасаад одоо уг эхээ эцсийн орчуулгатай харьцуулан юу өөрчлөгдөж, юу хадгалагдсаныг үзье.

Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа. Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ

Өнө эртний сүйрэл болсон сүмийн хашааны хажууд суухдаа би нар шингэхийг үзнэ. Би амьдралынхаа 15 жилд олон баяртай явдалтай учирч байлаа.

За, “Өнө эртний сүйрэл” бол үнэхээр болоогүй ээ. Хашааны хажууд биш дээр нь сууж байгаа. Тэр хашаа уг нь худгийн хашаа, худаг бол бүр эрт мартагдсан. Нар шингэж байгаатай салах ёс гүйцэтгэсэн, өөрөө хэлбэл үдэж байсан болохоос зүгээр нэг хараагүй л юм сан. Зуны нар байсан, ль улирлынх нь тодорхойгүй. Гайхмаар их үйл явдал болсон тэр бүгд харин Олон байртай явдал болжээ. Тэр их үйл явдал Арван тавхан жилийн дотор болсон гэдэг тэрхүү –хан гэдэг нөхцөлөөр илэрч байгаа тийм бага хугацаанд тийм их юм болсон гэсэн эсрэгцэл бас алга.

Гэхдээ ямар ч байсан эцсийн хувилбарыг уншаад ойлгоход: нэг Сүм бол байгаа юм байна. Сүм нь Хашаатай юм байна. Хашааны дээр ч бай, дэргэд ч бай, тэр хавьцаа лав сууж байгаа юм байна. Нар шингэж байгаа юм байна. Тэрийг харж байгаа юм байна. Хүн болоод 15 жил болсон нь тодорхой байна. Тэр 15 жилд их юм тохиолдож.

Нэг үгээр хэлэхэд зохиолын араг яс нь бол байж л байна. Орчуулгаар бид их юм алддаг ч бас овоо юм олдог л бололтой.

Жич: Энэхүү өгүүллийн маань гол санаа нь Утга зохиолын орчуулга хэрэггүй гэсэн үг огт биш. Дээрх орчуулагчид бүгд мэргэжлийн орчуулагчид биш, утга зохиолын хүмүүс ч биш, маш бага хугацаанд шууд орчуулсан болохыг бодолцоно уу. Гол санаа маань гарчгандаа өгүүлсэнчлэн “Орчуулгаар бид юу алдаж болох вэ?”. Ердөө л энэ.


Top
   
PostPosted: Apr.01.13 7:30 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Сонирхолтой туршилт юм, Ойлгомжтой жишээгээр өөр өнцгөөс үр дүнг нь харах боломж олгож

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Apr.08.13 8:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
Орчуулгын кино гэж...


Бодрол блогоос
-----------------------
2010-03-18 11:10:54

Боловсрол суваг гэж нэг телевиз байдаг.
Миний бодлоор улсаас байгуулсан бөгөөд Боловсролын яамны харьяа буюу эсвэл тус яамны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг болов уу.

Тэр ч утгаараа багш голдуу мэргэжилтэй байгалийн болон нийгмийн ухааны өргөн мэдлэгтэй хүмүүс ажилладаг биз.
Урд нь тус телевизийн нэвтрүүлгийг тогтож сууж үзэж байгаагүй юм.

Харин өчигдөр тус телевизээр орой бүр гарч байгаа BBC-гийн хийсэн Дэлхийн II Дайны цуврал баримтат киног үзэх завшаан тохиосон юм.

Намайг битгий буруу ойлгоорой. Би Англи хэлний орчуулагч биш. Тэр ч байтугай Англи хэлтэй ч гэж тооцогдохооргүй хүн. Гэхдээ уншаад ойлгох хэмжээнд очсон хүн.
Би кино орчуулгын талаар сайн мэдэхгүй л дээ.
Гэхдээ кино зохиолыг нь ч юмуу, эсвэл ядаж кинон дээр гарч байгаа яриаг мэргэжлийн орчуулагч орчуулаад дараа нь мэргэжлийн дуу оруулагч нар дуу оруулдаг байх гэж боддог байлаа. Гэтэл тийм биш бололтой юмаа.

Өчигдрийн кинонд эрэгтэй эмэгтэй 2 хүн дуу оруулжээ. Эмэгтэйгийнх нь дуу оруулж байгаа хэсэг дээр орчуулгын алдаа харьцангуй гайгүй, харин эрэгтэйгийнх нь хэсэгт маш их алдаа олж харлаа. Нэг ёсондоо тэр 2 хүн киног үзэж байхдаа шууд өөрсдөө орчуулаад явчихсан байгаа юм.

Надаас долоон дор Англи хэлтэй хүн улсын хэмжээний ийм том телевизэд бас байдаг гэхэд итгэмээргүй юм.
Тэгээд тэрийгээ мэргэжлийн хүнээр хянуулалгүй шууд цацаж байгаа бололтой.

Кинонд тухайн үед Британийн Эзэнт Гүрний Харьяанд байсан Энэтхэгийн цэргүүд дайнд хэрхэн оролцсон талаар өгүүлжээ.
Кинонд гарч байгаа хүмүүсийн яриа дэлгэцийн доод хэсэгт бичгээр (Англиар) давхар гарч байсан юм. Киноны үйл явдал маш хурдан өрнөж байсан тул доогуур гарч байсан ихэнхи бичгийг нь уншиж амжсангүй.

Ингээд ажигласан олон алдааны заримаас нь дурдвал:

Британийн цэрэгт байсан Энэтхэгчүүдээс 21 хүн "Victoria Cross" гэдэг одонгоор шагнуулсан юм байна. Тэгвэл энэ одонг “Ялалтын Одон” гэж орчуулсан байх юм. Миний бодлоор Хатан хаан Викториагийн (нэрэмжит) загалмай одон байсан болов уу.

Малайз, Сингапурт байсан Британийн харьяа Энэтхэгийн цэргийн ангиуд Япончуудад бүслэгдэн бууж өгсөн талаар орчуулахдаа бүр эсрэгээр Британичууд Энэтхэгчүүдэд бууж өгсөн гэж орчуулсан байх юм. 2-уулаа нэг талд байлдаж байсан атлаа яахаараа нэг нь нөгөөдөө бууж өгдөг байнаа.

Япончууд олзны Энэтхэг цэргүүдийг цаазлах үед нэгэн сүйхээтэй эр үхсэн цэргүүдийн дор нуугдаж амьд гарч л дээ. Тэгээд Япончуудыг явсны дараа үүрээр 4-5 цагийн орчим дээр нь унасан хүүрэн доороос гарч ирсэн байгаа юм. Гэтэл тэр хүний яриаг “Би 4-5 цаг ноцолдож байж гарч ирсэн” гэж орчуулсан байгаа юм.

Япончууд олзны Энэтхэг цэргүүдээс Indian National Army (INA) гэгчийг байгуулж Англичуудтай байлдуулж байжээ. Киноны орчуулагч нар энэ армийн нэрийг Энэтхэгийн Үндэсний Цэргийн Арми гэж орчуулсан байна. Миний бодлоор Энэтхэгийн Үндэсний Арми гэж орчуулвал зүйтэй мэт.

INA-гийн командлагч (генерал?) Нетажи Япончууд Бирмийн нутгийн гүнд болсон ширүүн тулалдаанд ялагдсаны дараа тэндээс зугтаж байгаад алагдсан талаар Бирм рүү зугтаж байгаад алагдсан мэтээр орчуулсан байх юм. Бирмийн нутагт байж, тэгээд ялагдчихаад байж яахаараа Бирмээс гадагшаа биш Бирм рүү зугтдаг билээ?

Энэтхэгийн энгийн иргэд Английн цэрэгт алба хааж байсан нутаг нэгтнүүдээ хэрхэн үзэн ядаж, зодож занчиж "Get lost to London" гэж загнаж байсан талаар гардаг хэсэг бий. Тэгвэл энэ хэсгийг “Лондон луу битгий ирээрэй” гэж загнаж байсан гэж орчуулсан байгаа юм.

Мөн нэг цэрэг өөрөөс нь хэн нэгэн "Are you Sikh or Indian?" гэж асуусан талаар ярьсан хэсэг байна. Энэ хэсгийг “Та Сикх гэдэг нэртэй Энэтхэг хүн мөн үү?” гэжээ. Энэтхэг улс маш олон шашинтай. Тэдний дунд Хинду болон Сикхийн шашнууд томоохон байр суурь эзэлдэг. Тэгэхээр энэ хэсэг “Та Сикх шашинтай хүн үү, Хинду шашинтай хүн үү?” гэсэн асуулт байсан болов уу?
Энэ мэтийн дунд сургуулийн эхлэн суралцагч ч хийхээргүй олон жижиг алдаа нь үзсэн хүнийг түүхийн талаар мэдлэгтэй болгох бүү хэл эсрэгээр маш буруу ойлголттой болгохоор болсон байна.
Харин уг киноны тухайд ярих юмгүй сайхан кино байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.

Ер нь миний бодлоор түүхийн чиглэлийн кино орчуулж байгаа хүн түүхийн тодорхой боловсролтой байвал зүгээр мэт.
Ганц Боловсрол суваг телевиз ч биш бусад олон телевиз энэ талаар анхаарахгүй бол болохгүй болжээ.

Ялангуяа UBS телевизээр гарч байгаа танин мэдэхүйн нэвтрүүлгүүд маш их алдаатай орчуулагдсан байх юм.
Заримдаа өөрийгөө хоцрогдоод зарим нэр томьёо өөрчлөгдсөнийг мэдээгүй яваад байгаа юм болов уу гэж хүртэл бодох юм.

Жишээ дурдвал:
Ла-Маншийн Хоолой - Английн Суваг
Усны Үхэр - Далайн Морь
Дэглий - Ягаан хун
Одоохондоо санаанд байгаа нь энэ хэд байх шив.
Та бүхэн санаж байгаагаа нэмэрлэнэ биз.

Монгол хэл рүү орчуулах тал дээр иймэрхүү байдалтай байгаа бол Монголоос Англи руу хөрвүүлэх тал дээр ч асуудал их байна.
Ялангуяа бидний бахархал болсон Монголын Эзэнт гүрний талаар гадныханд буруу ойлголт төрүүлэхүйц алдаатай орчуулга их болжээ.

Жишээ нь:
Chinggis Khan was a famous King of The Great Mongolian State.
Их хааны нэрийг Англиар Chinggis Khan бус Genghis Khan гэж орчуулдаг.

Тогтсон нэр томьёог хэн дуртай хүн нь тэгж дураараа өөрчлөөд байж болохгүй болов уу. Харин бид өөрсдөө санаачлаад Дэлхий нийтийг Chinggis Khan гэж бичиж байя гэсэн уриалга гаргаад хүлээн зөвшөөрүүлж чадвал өөр байх л даа.

King гэдэг Англи үг Монголоор Хаан гэж орчуулагддаг боловч их төлөв аймгийн хан, эсвэл бага хаан гэсэн утгаар ордог. Чингис Хаанаас Лигдэн Хааныг хүртэлх Монголын бүх хаадыг гадныхан King бус Emperor, эсвэл зүгээр л Khan, Han гэж бичдэг. Ер нь хаадын цол тэр бүр орчуулагдаад байдаггүй. Persian shah, Ottoman sultan, Russian tsar гэж бичдэг болохоос Persian King, Ottoman King, Russian king гэж бичдэггүй. Монголын Хаан гэхийг ч мөн адил Mongol han гэж бичдэг

Great Mongolian State гэдэг нь Их Монгол Улс гэдэг үгийг махчилж орчуулсан бололтой байгаа юм

Ер нь Монголоор ч гэсэн 1227 оноос хойших Монгол Улсыг Их Монгол Улс гэж нэрлэдэг юм болов уу? Би түүхч биш болохоор сайн мэдэхгүй байна. Монголын Эзэнт Гүрэн гэж нэрлэдэг байх гэж бодож байна. Их Монгол Улс гэдэг нь Чингис Хаан гадагшаа аян дайн хийхээс өмнөх нэр гэж ойлгож байна.

Гаднын эрдэмтэд Great Mongolian State гэж огт ярьдаггүй. Харин үүний оронд Mongol Empire гэж ярьж бичдэг.
Бид ч энэ жишгээр бичиж байвал зүгээр мэт.


Top
   
PostPosted: Apr.08.13 8:10 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
Орчуулга гэдэг мөсөн дээгүүр гулгаж байгаа юм шиг уншигдах ёстой

Цаг төр сэтгүүлээс
----------------------------
Бичсэн Ш.Билэгсайхан
2010 оны 5-р сарын 05, Лхагва гариг, 09:09

Орчуулагч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүйтэй уулзаж, орчуулгын зохиолын хэл найруулгын тухай ярилцлаа. Тэрбээр сантехникийн инженер мэргэжилтэй бөгөөд яруу найргийн “Ялалтын симфони” /1984/, “Сэтгэл хазгар биш бол...” /2005/, “Хөшүүрэг” /2004/, “Үхэл дагуулсан сүйрлүүд” /2007/ нийтлэлийн ном туурвиж, Михайл Веллерийн “Авсанд хэвтээ хүн” /1999/ зэрэг арваад ном орчуулжээ.

- Та Оросод суралцаж байхдаа, ямархуу оюутан байв даа?  
- Наргиангүйгээр хэлэхэд, манайхан хичээлийнхээ чөлөө заваар орос охид эргүүлж, нэх-мэлийн үйлдвэрийн бүжиг рүү гүйлддэг байхад би орос ном, уйгаржин бичгийн өөрөө сурах хоёрыг л “дээшээ хараад хэмлэж хэвтдэг” байсан. Орос оросдоо, Грек, Польшид хэвлэгдсэн эротик хийгээд адал явдалт зохиолууд. Тиймэрхүү номноос залуучууд салж чаддаггүй болохоор толь бичиг эргүүлэхээсээ залхуурдаггүй юм. Үйл явдалд хөтлөгдөөд, мэдэх¬гүй үгсээ заавал толь бичгээс мэдэж авч, утгыг нь бүрэн ойлгох гээд... Тэгсээр байтал, нэг л мэдэхэд орос үгийн яндашгүй баян сантай болчихсон байсан.

- Та тэгвэл эротик үгсийн баян сантай байх нь ээ?  
- Эротик зохиол гэдэг тухайн хэлний хамгийн нарийн нандин үгс, тансаг илэрхийлэл, тойруу хэллэг, адилтгал, зүйрлэл, далд утгыг бүгдийг нь хэрэглэж чадсан байдаг. Бас эротик зохиолд сэтгэлийн, хүмүүн бодын философи хамгийн гүнээр тусгалаа олсон байдаг. Италийн сэргэн мандалтын үеийн “Декамерон”, “Гептамерон”-ыг орос хэл рүү хичнээн сайхан орчуулсан байдаг гээч. Түүнийг нь манай Жамсраны Цэвээн бээр монгол руу хөрвүүлэхдээ мянгантаа илүү гоё болгоод “дуниартуулчихсан” байгаа юм чинь. Гэтэл сүүлд манай нэгэн нэрт орчуулагч гуай “новшруулаад” хаячихсан байна лээ. Уг эхтэй нь өрсөлдөхүйц тансаг хөрвүүлж байж л тэр бүтээлийн амтыг говьд ургадаг гогод, мангиртай болгож болно. Зөвлөлтөөс 1978 онд зугтаж гарсан ховрой Эдуард Тополийн “Россия в постели” гэдэг номыг би тэгж л орчуулахыг хичээсэн. “Ор, хөнжлийн Орос орон” гэж байгаа. Чи өөрөө харьцуулаад үзээрэй. Горбачевын авгайн тухай “Кремлевская жена” гэдгийг “Кремлийн эзэгтэй” нэрээр орчуулаад гаргачихсан чинь өөр дурдатгалтай андуураад байдаг юм. Лариса Горбачева зөвхөн эхнэр төдий биш, жинхэнэ орос эзэгтэй байжээ гэдгийг тодорхойлсон улс төрийн тийм романыг ч сексээр өнгөлж болдгийг тэр номноос үзэж болно. Бүүр гудамжны үгтэй сексээр шүү.

- “Хүмүүсийн тухай   роман” номноос Саддам Хусейн, Владимир Высоцкий ч харагдах шиг. Оссендровскийн “Хүн, араатан, бурхад” номын орчуулга таныг алдаршуулсан байх аа?
  
- Намайг биш ээ, Монголыг алдаршуулсан польш тэнүүлчний ном гэвэл зохистой. Монголд хачин их “дурлачихсан” хүн гэдэг нь аандаа харагдаад, хорхой гозгонуулаад байсан юм. Гэгээн хайр нэвт шингэчихсэн.

- Георгий Плехоновын “Улс төрийн гэрээслэл”,   Моррис Славины “Гильотины илдэн доорхи Эберчүүд” гэж байна. Энэ чинь юун тухай билээ?  
- 1789 оны Францын хувьсгалын бүтэц зүйн судалгаа. Хувьсгалчид бие биенээ хэрхэн хөнөөдөг талаар нууц цагдаа¬гийнхны мэдээлэл дээр тулгуурлан бичсэн ном. “Гильотины заазуур доорхи сагс руу ээлжит толгой цус олгойдуулан унахад, цугласан олон уухай түрэн хашгирлаа.” гэж байгаа. Улаан шугам нь тэр. “Усыг нь уусан худаг руугаа нулимж, ааруул тавьсан алгыг нь хазав” гэдэг шиг. Ер нь аливаа хувьсгалын удирдагчид голдуу хувь заяаныхаа шоглоом болох одон дор хорвоог олчихсон улс юм уу даа.

Харин Айн Рэндийн   “Капитализмыг өмөөрөх нь” гэдэг нь хөгжин¬гүй капитализмын онолын суурийг тавьсан философийн бүрэн бүтээл. Түүний үрээр дэлхийн капитализм хөлөө олсон. Манай улс төрчид түүнийг олоод уншчихвал өчигдөр, өнөөдрийнх шигээ маанагтахгүй л байхгүй юу. Цөөн хэдээс бусад нь Айн Рэндийг сонсооч үгүй гэдэг дээр мөрий тавихад ч бэлэн байна. Америкийн сүүлийн хоёр гурван ерөнхийлөгч Айн Рэндийг шүтэн бишрэгч байснаараа л их улс төрд хөл тавьсан байдаг. Дашрамд дурдахад, энэ хоёр зохиолч чинь хоёулаа л Оросоос зугтааж гарсан ховройнууд шүү дээ.

- Орчуулга хийхэд үгийн сонголт, мэдрэмж чухал юм шиг надад санагддаг юм?   

- Тийм шүү. Сайн орчуулахын тулд төрөлхийн авъяас, мэдрэмж нөлөөлөлгүй  яахав. Горький төгс¬сөнөөрөө сайн яруу найрагч болдоггүй биз дээ. Тэр нь эхийн сүү, өвгөдийн хүүрнэсэн домог хуучаар дайгдан ирдэг байх. Гадаад хэл мэддэг хүн бүхэн орчуулагч болдоггүй юм аа гэдгийг зоригтойхон дуугарчихмаар байна. Хамгийн гол нь монгол хэлээ төгс төгөлдөр мэддэг байх ёстой. Чиний орчуулгыг монгол хүн уншина гэдгийг санах хэрэгтэй. Түүнээс биш, аль нэг гадаад хэлийг 2-3 жил үзчихээд, 2-3 товхимол хазгай муруй монгол хэлээр гаргачихаад өөрийгөө орчуулагч хэмээн саг¬суурч, “агуу ихийн өвчин”-д дөрлүүлж явдаг хүмүүс бол гэмт хэрэгтнүүд. Үндэстнийхээ өмнө гэмт хэрэг хийж буй хүмүүс. Ер нь сүүлийн үед чадахгүй юм руу хошуурдаг хүмүүс аль ч салбарт үзэгдэх болсон нь сэтгэл зовоож байна. “Илжиг цогиулаад морь болохгүй, ишиг магтуулаад хонь болохгүй” гэсэн үг байдаг. Орчуулагч болохын тулд 20-30 жилийн туршлага хэрэгтэй. Тэр тусмаа монголоос юм уу, монгол руу синхрон орчуулга хийнэ гэдэг бол бараг байж болшгүй зүйл. Бусад хэлийг бодвол, өгүүлбэрийн гишүүдийнх нь байрлал өөр юм чинь. Монгол хэл бол өөр ямар ч хэлтэй зүйрлэмгүй онцгой байгуу-лалттай өгүүлбэрийн ачаар илэрхийлэгддэг хэл. Тэгсэн атлаа үйлдэгдэх хэв, тийн ялгал, үйлт нэр бараг хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл, “агд”-луулдаггүй, “эгд”-лүүлдэггүй, “хүний эрхэнд ордоггүй” хэл. Өнөөдрийн улс төрчид, сэтгүүлчид, албаныхны амнаас салдаггүй “Ашиглалтанд ордоггүй” гэх үгийг жинхэнэ монголоор нь бол “ашиглуулдаггүй” гээд л гүйцээ. Ер нь эх хэл маань даанч хурдан “гашилж” байна.

- Орчуулагч сайн бол төрөлх хэлээрээ зохиосон юм   шиг уншихад хялбар байдаг. Гэтэл зарим номыг уншихлаар учир утга нь ойлгогдохгүй бэрх юм аа?
- “Орчуулгын хэл сайн” гэдэг чинь буруу ойлголт. Хүмүүс тэгж яриад байдаг юм. Тэр талаас нь тодорхойлох юм бол Дамдинсүрэн гуайн “Алтан загасны үлгэр”-ийн орчуулгын хэл муу болж таарна аа даа. Пушкиных биш юм шиг, монгол зохиол юм шиг байгаа биз дээ? Пушкины “Полтава” найраглалыг Расул Гамзатов эх хэлээрээ орчуулчихсан чинь мөнөөх “хэтэрхий мэргэн уншигч авгай нар” нь “Яагаад зохиолынхоо түүвэрт оруулаагүй юм бэ?” гээд загнаад байсан юм гэнэ лээ. Өөрийг нь л авар хэлээрээ зохиосон гээд бодчихгүй юу. Уг нь тэгж л орчуулах хэрэгтэй байгаа юм. Эсвэл Ж.Цэвээн, М.Цэдэндорж нар шиг. Чи тэр Расул Гамзатовын “Миний Дагестан”-ыг Цэдэндорж гуай яаж орчуулсныг үзээ биз дээ. “Нэгэн биений уруул, хэл мэт найралдуулав” гэдэг чинь тэр байхгүй юу. Гэтэл өнөөдрийн манай зарим орчуулгыг унших гэхээр хэл хугарчих гээд байдаг болсон. Орчуулга гэдэг мөсөн дээгүүр гулгаж байгаа юм шиг амархан уншигдах ёстой.


Top
   
PostPosted: Apr.08.13 8:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
Орчуулгын үндсэн зарчим, төрөл зүйл

http://jesanmuugii.miniih.com/index.php/home/post/8 сайтаас авсан уг бичлэгийн фонт нилээн эвдэрсэн байсныг сэргээн орууллаа. Ялимгүй алдсан байж болзошгүйг анхаарна уу.
------------------------
2010-03-24 10:46

ОРЧУУЛГЫН ҮНДСЭН ЗАРЧИМ

Орчуулга бол эх зохиолын хуулбар, тайлбар, хялбарчлал огт биш ээ. Энэ бүтээлч хөдөлмөр нь аливаа эохиол туурвилыг орчуулж байгаа хэлээр үнэн бодотой илэрхийлэн гаргахын нэр юм. Үүнийг бид орчуулгын ҮНЭН ЗӨВИЙН зарчим гэж нэрлэж байна. Орчуулгын үнэн зөв байх нь орчуулгын ажлын дээр дурдсан үе шат бүрд орчуулагч хэрхэн чармайн ажилласнаас ихээхэн шалтгаална. Гэтэл шинжлэх ухаан-технологийн эрчимтэй хөгжлийн үрээр машины орчуулга бий болсон нь хүмүүсийн ажлыг хөнгөвчилсөн асар их дэвщилт мөн бөгөөд ялангуяа хоёрдмол утгагүй шинжлэх ухаан-техникийн нэр томъёог бэлэн тохироо/оноолт/-гоор орлуулж цаг, хөдөлмөрийг маш их хэмнэж байгаа ч гэсэн машины орчуулга нь найруулга зүйн хувьд, ялангуяа хүний сэтгэл хөдлөлийн өнгө аясыг илэрхийлэн гаргах боломжгүй учир уран зохиолын орчуулгад өнөө хэр ашиглах боломжгүй байна. Энд орчуулгын бүтээлч шинж чанарын тухай ярих нь илүүц биз ээ.

Орчуулга хэрэв үнэн зөв байх зарчимд тулгуурласан бүтээлч хөдөлмөр мөн юм бол үүнд хүний бүтээлч ажиллагаа, сэтгэн бодох нарийн үйл явц, зайлшгүй шаардлагатай, Гэтэл манайд орчуулгын зарчим, арга хоёрыг хольж хутгах нь мэр сэр үзэгдэж байна. Шинжлэх ухаанд энэ хоёр ухагдахуун бол өөр хоорондоо нягт уялдаатай ч гэсэн огт өөр асуудал юм. Зарчим /латины рrncipium-эхлэл, үндэс/ гэдэг нь ямар нэгэн онол сургаал болон ертөнцийг үзэх үзлийн утгыг заадаг байхад арга /грекийн methodos-судалгааны зам, арга барил/ гэдэг ухагдахуун бол ямар нэгэн зорилтыг шийдвэрлэх арга, бодот байдлыг онолын буюу практикийн талаас хэрэгжүүлэх арга барилын цогцыг хэлдэг. Жишээ нь орчуулгын онолд үгчлэх, утгачлах, тайлбарлах гэх мэтийн олон арга байдаг, харин орчуулгын зарчмын хувьд бидний бодлоор бол үнэн зөв байхыг чухалчилж байнаа. Энэ зарчмыг орчин үеийн орчуулгын онолд үндэс болгож байна. Гэхдээ үнэн зөвийн зарчмыг баримтлах нэрээр гадаад хэлний үг, нийлэмж үг, өвөрмөц хэллэг, өгүүлбэрийи бүтцийг яг байгаа хэлбэрээр нь буулгахыг эрмэлзвэл үгчлэх буруу арга барилд хальтран орох осолтойг орчуулагч бүр байнга анхаарах ёстой. Бид үнэн зөвийн зарчмын тухай онцлон тэмдэглэхдээ эх зохиолын агуулга, найруулга зүйн талыг чухалчилж байгаа юм. Энэ нь ялангуяа уран зохиолын орчуулгад илүү их ач холбогдолтой юм. Ийм ч учраас Оросын гарамгай орчуулагч, орчуулгын онолч К.И/Чуковский /1882-1969/ "Маршакийи орчуулга бол үсгийг үсгээр биш, харин шог хошныг шог хошноор, үзэсгэлэнтэй сайхныг үзэсгэлэнтэй сайхнаар сэргээж чадсанаараа хүчтэй байдгийг санацгаая" гэж онцлон тэмдэглэсэн байдаг.

ОРЧУУЛГЬШ ТӨРӨЛ ЗҮЙЛ

Орчуулгыг төрөл зүйлийн талаар

1/ Нийгэм-улс төрийн зохиол бүтээлийн

2/ Сонин сэтгүүлийн өгүүлэл, нийтлэл, мэдээллийн
хэрэглэгдэхүүний;

3/ Шинжлэх ухаан-техникийн эохиол бүтээлийн;

4/ Уран эохиолын орчуулга гэж ерөнхийд нь ангилж болно.

Гэвч зарим судлаачид өөрсдийн судлал шинжлэлийн үр дүнд дээрх ангиллыг хураангуйлах буюу задлан дэлгэрүүлсэн байх нь бий. Энэ боë жирийн үзэгдэл. Орчуулгыг тэгж хийх ёстой, эх зохиолын тийм бүтцийг тийм бүтцээр орлуулах хэрэгтэй гэсýн хатуу мөрдөх горим тогтоож болдоггүйн нэгэн адил орчуулгын төрөл зүйл тийм тийм байх ёстой гэж ганц хувилбарт хайрцаглаж болохгүй нь мэдээж. Бидний үзэж. байгаагаар орчуулгын төрөл зүйлийн дээрх таван ангилал орчуулгын өвөрмөц онцлогийг тусгаж байгаагийн дээр орчуулгыг төрөл зүйл тус бүрээр авч үзэхэд нэлээд тоймтой боломж олгож байгаа юм.

НИЙГЭМ-УЛС ТӨРИЙН ЗОХИОЛ БҮТЭЭЛИЙН ОРЧУУЛГÀ

Ухуулга сурталчилгааны хэрэглэгдэхүүн, засаг төрийн тогтоол зарлиг, нийгэм- улс төрийн зүтгýлтнүүдийн илтгэл, өгүүлэл, парламентын болон бусад их, бага, бүгд хурлын илтгэл шийдвэр зэрэг нийгэм-улс терийи чиглэлийн эохиол бүтээлийн орчуулга энэ төрөл зүйлийг бүрдүүлнэ. Нийгэм-улс төрийн зохиол бүтээлийн орчуулга нь яг тохирсон оноолт үг шилж сонгох, тэр оноолт нь хоёрдмол утгагуй байхыг орчуулагчаас шаарддаг. Тэгэхдээ итгүүлэх буюу маргах, эсвэл шинжлэх ухааны нотолгоог иш татсан эрс шулуун няцаашгүй үг хэллэг үе үе хэрэглэдэг нь энэ төрөл зүйлийн онцлог юм. Нийгэм-улс төрийн зохиол нь найруулга зүйн талаар олон үе дамжиж төгс боловсронгуй болсон байдгаараа нэр томъёо, хэллэг, найруулгын талаар тогтонги хэвшмэл болñон байдаг учир оруулахад нэг талаар аятай нөхцөлийг бүрдүүлэх боловч нөгө талаар жирийн нөхцөлд жирийн биш өнгө аÿсаар хэрэглэсэн үг, хэллэг орчуулгад санаандгүй бэрхшээл учруулж болно. Дээрхийг хураангуйлан товчоолбол нийгэм-улс төрийн зохиол бүтээлийн орчуулга нь эх зохиолын найруулгын онцлогтой уялдан өөрийн онцлогтой байна. Үүнд:

1/. Товч тодорхой, нягт чигжүү, хэлний хэмннэлий эарчмыг хатуу баримтлах шаардлагатай.

2/. Олон үеийн турш тогтож хэвшсэн нэр томьёо, хýллэг, хэлхэцийг өргөн хэрэглэдгийг орчуулагч аль болохоор өнгө төрхийг нь алдагдуулахгүйгээр илэрхийлэн гаргахыг чармайх ёстой. Ялангуяа хураасан үã элбэг тохиолддогийг зөв тайлах нь чухал.

3/. Үйлээс үүссэн нэр болон / “by reason of”, “en vertude”, “en vertud de, en azon de”, “на оснований” үндсэн дээр: “with the aim”, “dans le but de”, “con /e1/objeto de”, “в целях”- зорилгоор зэрэг/ нэрээс үүссэн угтвар үг/“in conneccion with”, “en rapport aves qch”, “con /la/relacion”, “в связи с тем что”, “-тай уялдан, -тай холбогдон" зэрэг/ бүрэлдмэл холбоо үгс үе үе их хэрэглэдэг.

4/. Хүүрнэлийн аястай болон нэрлэсэн, тоочсон өгүүлбэр зонхилдогийг орчуулгад мөн тэр хэлбэр, найруулгаар нь илэрхийлэх ёстой. 5/. Өгүүлбэрийн үгийн шууд дараалал давамгайлдаг. 6/. Хүний сэтгэл хөдөлгөх өнгө аяс бараг байхгүй, тэгэхдээ нийлмэл өгүүлбэрээр учир шалтгаан болон логик утгаар санаагаа илэрхийлдгийг орчуулагчид эрхбиш анхаарах ёстой.


Top
   
PostPosted: Apr.08.13 8:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
Орчуулахад анхаармаар зарим зүйл

Орлоогоос-------------
Ням, 2009 Гуравдугаар сар 01 03:48

Дэлхий нийтийн хөгжил даяаршиж, техник-технологи, шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийг даган Монгол хэлэнд гадаад үгсийн эзлэх хувийн жин сүүлийн үед илт өсөж байгааг бид анзаарч байна. Гадны хэлнээс авч хэрэглэж буй үгс, гадаад хэлээр бичиж буй хаяг, зар сурталчилгааг анхааран үзвэл эх хэлэнд маань байгаа үгийг авч хэрэглэсэн, тухайн хэлний дуудлагаар биш, буруу авиагаар хэрэглэж байгаа зүйл нилээд байна. Өнгөрсөн зууны дунд, сүүл үед манай орчуулгын зохиолын дийлэнхийг Орос хэлээр дамжин давхар орчуулж гаргадаг байлаа.

Энэ үеэс л манайд буруу авиагаар орчуулах явдал дэлгэрсэн бололтой. Англи хэлний "blue" мэтийн үгийг дуудах [u:], "how" мэтийн үгийг дуудах [au], "know" мэтийн үгний [ou] мэтийн дуудлага Монгол хэлний [үү, өө] авиа мөн бөгөөд түүнийг Оросууд Англи зэрэг хэлнээс авахдаа өөрийнх нь хэлэнд "ө, ү" үсэг байдаггүйгээс "о, у" үсгээр тэмдэглэдгийг бид төрөлх хэлэндээ залруулалгүйгээр, тэр хэвээр нь авч буруу дуудлагатай үгс Монгол хэлэнд орж ирдэг болсон байна. Орос хэлээр дамжин орчуулсан, "ау, оу" үсгээс бүтэж байгаа үгсийн дийлэнхи нь эх хэлэндээ [ааү, өөү] гэж дуудахаар үгс байдаг.

Тухайлбал: "Brown" гэдэг нэрийг Оросууд Браун, "house"-ыг хаус, "gold"-ийг гоулд гэдгийг Англичууд [Брааүнэ, хааүс, гөөүлд] хэмээн дууддаг. Англи хэлний "show" буюу "үзүүлбэр, үзэсгэлэн, жүжиг, хөтөлбөр" гэсэн утгатай үгийг Англичууд өөрсдөө [шөөү] гэж, Америк аялагаар [шооу] гэж дууддаг. Энэ үгийг Оросууд авахдаа америк аялагаас авсан уу, эсвэл тэдний хэлэнд "ө, ү" үсэг байхгүй, бас урт эгшгийг өргөлтөөр тэмдэглэдгээс болсон уу, [шоу] хэмээн оруулсныг Монгол хэлэнд тэр чигээр нь авч, одоо манай залуус [шооудах] (шоовуудах ч гэдэг) гэдэг шинэ үгийг, огт өөр, "олуул архидах, нийлж цэнгэх" гэсэн утгаар, бараг төрөлх хэлний үг шигээ өргөн хэрэглэх болжээ. "Know-how" /хэрхэхээ мэдэх/ гэсэн хэллэгийг англиар ярьдаг улсууд [нөөү-хааү] гэдэг байтал манайхан "ноу-хау" гэж бичээд [нооу-хаау] гэж дуудах болж. Энэ нь манайд уг авиаг дамжуулах үсэг байхгүйдээ биш, Орос хэлнээс залруулагагүй авснаас болсон хэрэг. Энэ мэтээр [ө, ү] дуудлагатай Англи үгийг манайхан "о, у" үсгээр авсан жишээ маш олон. Мөн "multimedia" гэдэг үгийг болон "sub..." зэрэг дуудлагыг Оросыг дуурайн мультимедиа, "суб ..." гэж оноох нь эдгээр үгсийг эх хэлний дуудлагаас холдуулдаг. Солонгосчууд Англи хэлнээс дээр дурьдсан үг болон өнгө, өмсгөл, спорт, субъект зэрэг үгийг авахдаа [маалтмээдиа], [сааб...], [каалө], [саиз], [споот], [саабжикт] гэх мэтээр, эх хэлний дуудлагаар авсан байдаг нь маш зүйтэй зүйл.

Англи хэлнээс орчуулга хийхэд бусдыг хүндэтгэсэн "mister, sir, gentelmen, miss, missis" зэрэг үг, бас "bar" мэтийн зарим үгийг монголоор онооход хүндрэлтэй байдаг. Эдгээр үгийг нэгэнт тэр хэлнийх нь утгаар гаргах үг оноож чадахгүйгээс хойш, Оросууд шиг дуудлагаар нь галиглан, "мийстө, сээө, жээнтлмэн, мийс, мийсийз" гэж буулгах нь зөв юм болов уу гэж би санадаг. "bar" гэдэг үгийг тэр хэвээр нь бар гэж галиглавал буруу ойлгох болчих гээд байдаг тул "баар" хэмээн урт эгшгээр бичих нь зөв. Неологизм буюу шинэ үг хэллэг аль нэг хэлэнд гаднаас ч, тухайн хэлнээсээ ч орж, мартагдан хуучирч байдаг нь хэвийн л үзэгдэл боловч гадны хэлнээс энэ мэт үгсийг авахдаа тухайн хэлэнд хэрхэн дууддаг чигээр нь авбал илүү ойлгомжтой болох байх гэж би санадаг. Цахилгаан шуудан гэсэн утгатай "electronic mail" гэдгийг барууныхан "e-mail", эсвэл "email" гэж товчилдгийг манайхан "э-мэйл" биш "и-мэйл" гэж хэдийн заншжээ.

John гэдэг Англи нэрийг Оросууд өөрийн хэлнээ Джон гэж галигладаг нь Монголоор [Жооно] гэж дуудахаар үг байдаг. Энэ үгийн төгсгөлийн "н" үсэг манай хэлний үзүүрийн "н" учир ард нь эгшиг оруулж өгөхгүй бол манай уншигчид хэлний угийн "н" үсгээр дуудаж буруу авиа гаргадаг нь Монгол бичгийн их энхлэг, Англи хэлний "ng"-гээр үүсдэг авиа даруй мөн. Энэ нэрийг Монгол уншигчид маань [Жоно] гэж ч, [Жонг] гэж ч уншдаггүй, чухамхүү [Жоонг] гэж сунжруулан, төгсгөлийг нь хэлний угийн "н"-ээр уншдаг. Манай уншигчид яагаад ийнхүү сунжруулж, уртаар дуу! даж байна вэ? гэвэл уг нэрийг Англи хэлэндээ уртаар дууддагийг мэддэг болсон учраас тэр, түүнээс бидний огт мэдэхгүй үг байсан бол бид [Жоно], эсвэл [Жонг] хэмээн дуудах байсан. Тиймээс гадаад хэлнээс авч оруулах үгсийг өргөлттэй хэсэгт нь урт эгшиг хэрэглэж [Жооно] гэж, эх хэлэндээ дууддагаар буулгах нь зөв бус уу? Гадаад хэл огт мэдэхгүй монгол хүн Роберт гэдэг нэрийг [орберт] гэж унших уу, [орооберт] гэж унших уу, эсвэл [оробеерт] гэж унших болов уу?

Хэрэв унших ёстой дуудлагаар нь Рообэрт гэж бичвэл хэн ч зөв уншина. Яагаад бид "миний" гэдэг үгний эцсийн "й" үсгийг хасчихаараа [мийний] гэж уншаад байна? Бас [мийна] хэмээх тэсрэх төхөөрөмжийг ах нар "мина" гэж бичдэгийг бид [мийнэ] гэж дууддаг. Мотор гэж бичсэнээ [мотоор] гэж, II үенд орсон эгшгийг уртаар унших дүрэм хэрэв байдаг бол матар гэдэг үгийг бид [матаар] гэж унших ёстой. Донор гэдгийг [доонор] гэж, I үен дахь эгшгийг уртаар унших дүрэмтэй байдаг юм бол сонор гэж бичсэнийг [соонор] гэж унших ёстой. Үгэнд орсон ганц эгшгийг бид богиноор "цаст" гэх мэтээр дууддаг. Гэтэл "жаст" гэж бичсэнийг "жаст" гэж яагаад уншиж байна?

Монгол хэлний хичнээн урт үгэнд, хэдэн эгшиг ч орсон бай, уртаар бичээгүй л бол бүгдийг богиноор дууддаг. Биднийг оюутан байхад нэгэн явган шогийг ам дамжин ярьдаг байсан нь: "ЗХУ-д сурч байсан манай нэг оюутнаас нэгэн Орос хаанахын хүн болохыг асуухад нөгөө оюутан "Солонгос хүн" гэж худал хэлж л дээ. Гэтэл нөгөө Орос нь ойлгосонгүйд тэр залуу буруу хэлчихсэн юм болов уу гэж бодоод "Солоонгос" гэж залруултал бас ойлгосонгүй. Болохгүй болохоор нь "Соолонгос" гээд, бүр барахаа болихоор нь "Солонгоос" гээд ойлгосонгүй, Солонгосыг оросоор юу гэдэг юм бэ? гэсээр байрандаа орж ирсэн" гэдэг. Үүнтэй төстэйгээр М. Шоолоховын "Дөлгөөн Дооно" романы "Дон" хэмээн бичсэн үгийг манай дийлэнх уншигчид "Донг" гэж уншдаг. Дооно мөрнийг мэдэхгүй хүүхэд залуучуудаар уншуулбал дийлэнх нь "Донг", их сайндаа л "Доонг" хэмээн уншина.

Бас их зохиолчийн овгийг "Шолоохов, Шолохоов" хэмээн буруу унших хүмүүс ч гарч ирэх л байх. Энэ бүхэн, бид эдгээр үгсийг эх хэл дээр нь мэддэг болсноос л болж буй хэрэг. Хэрэв эс мэддэгсэн бол, жишээлбэл "мини" гэхэд орсон хоёр "и", "мотор"-ын болон "донор"-ын хоёр "о" үсгийн алийг нь уртаар дууддагийг хэн, яаж мэдэхсэн билээ? Орос хэлэнд өргөлт хэрэглэдэг, Англи хэлний ихэнхи үгийг нэгдүгээр үе дээр нь уртаар дууддаг тул эдгээр хэлнээс манайд орж ирсэн үгс нэг эгшигтэйгээрээ орж ирсэн байдаг. Жишээлбэл доктор, радио зэрэг үгсийг бид өргөлттэй газарт нь уртаар уншаад дадчихаж. Зөв дуудаж эх хэлний үг шиг болсон радио, телевизор, доктор зэрэг үгийг раадио, телевийзор, дооктор гэж бичихээ байг гэхэд сүүлийн үед орж ирэх болсон, уншигчдад төдийлэн танил биш, мөнөөх "Know-how" мэтийн гадаад үгийн өргөлттэй үеийг урт эгшгээр бичиж занших нь зөв гэж би санадаг.

Англи хэлэнд түгээмэл тохиолддог "Bess, Bessy, Bett, Betty, Donald, Hugo, Jhonson, Hudson" зэрэг нэрийг [Вээс], [Вээси], [Бээт], [Бээти], [Доонөлд], [Хьюгөү], [Жооносана], [Хаадсана] гэж уншдагийг анзаарваас өргөлттэй эгшгийг уртаар уншдаг, гийгүүлэгчийг давхраар бичсэн ч дангаар уншиж байгааг тэр чигээр нь аваагүйгээс [Доонөлд[ гэж унших нэрийг [Донаалд], [Бээт] гэхийг [Бээтит], [Хьюгөөү] гэж унших нэрийг [Хюгоо], бүр [Гюго] ч гэдэг байлаа. Жооны хүү, Хаадын хүү гэсэн утгатай "Jhonson, Hudson" гэсэн нэрний "son"-ыг галиглахдаа [сана] (эсвэл ямар үгэнд орж байгаагаас нь хамааран [соно], [сөнө]) гэж, эх хэлэндээ хэрхэн дуудаж байгаагаар бичих нь зөв. Тухайн хэлэндээ дууддаг авиаг буруу гаргасан жишээг хүн бүрийн мэддэг, Билл Клинтон, Вашингтон гэсэн хоёр нэр болон "уран" хэмээх химийн элемент дээр авъя: Бидний бичиж, уншиж заншсанаар Билл Клинтон гэж бичээд, хэрэв кирийл үсгийн дүрмээр, зөв уншвал нэрийг "Билл" хэмээн богино эгшгээр, хоёр "л"-ийг нь "ажиллах" гэхэд ордог шиг давхар "л"-ээр, овгийн хоёр богино эгшгийг мөн богиноор унших ёстой.

Бас овгонд орсон хоёр "н" үсгийг хэлний угийн "н"-ээр унших уу, үзүүрийн "н"-ээр унших уу гэдэг нь тодорхой биш учир ихэнх хүмүүс угий! н "н"-ээр уншиж эх хэлэндээ байдаггүй авиа гарган, [Клийнгтонг], эсвэл [Клингтоонг] гэж уншдаг. Энэ нэрийг Англи хэлнээ дуудах зөв авиагаар нь бичвэл Бийл Клийнэтөнө гэж буулгах ёстой. Хотын нэрийн тухайд Англиар ярьдаг хүмүүс [Вайшингтөнө] гэж, харин манайхан [Вашингтоонг] гэж уншдаг. Монгол хэлний "уран" гэдэг үгтэй яг адилхан бичдэг химийн элементийг манайхан Оросуудын бичдэг чигээр нь аваад [ураанг] гэж уншдаг нь бас л буруу дуудаж байгаа хэрэг. Оросууд энэ үгийг [ураана] гэж уншдаг. Тэгэхээр бид энэ үгний зөв дуудлагыг гаргая гэвэл! "уран" биш, "ураана" гэж бичих ёстой. Англи хэлний "h" үсгийн гаргадаг авиаг Оросууд "г" үсгээр ч, "х" үсгээр ч хэрэглэдгийг манай орчуулагчид мөн л буруу ташаа авдаг. Оросууд яагаад тэгдэг юм бэ? гэвэл эрт цагт Орос хэлний "г" үсгийг "г", "х" хоёр янзаар дууддаг байсан бөгөөд "голова, город Волгоград, говорить" зэрэг үгийг [халаваа, хоорат валхахраад, хаварийц] гэж ярих нь одоо ч Төв Орос болон Украинд байдаг.

Тэр үеийн орчуулагчид гадаад хэлнээс "h" оролцсон үгийг мөн хоёр янзаар авдаг байсан нь одоо ч хэвээр байгаа тул Хээнри, Хаари гэдэг нэрийг Оросууд Генри, Гарри гэж буулгадаг. Иймээс "h" үсгийг манайх "х" үсгээр авах нь зөв. Энэ авиаг Буриад хэлэнд "h" үсгээр, Монгол бичигт "Буддха" гэхэд "д"-гийн ард ордог үсгээр тэмдэглэж, Кирийл бичигт "Лхагва", "Лхас" мэтийн "х" шиг маш бүдэгхэн дууддаг байтал манайхан Пхеньян зэрэг үгийг уншихдаа "х" үсгийг Кирийл цагаан толгойн "х" авиагаар дууддагаас Солонгос хэлэндээ байдаггүй [Пихэньяанг] гэсэн үг үүсгэчихээд байгаа. Энэтхэгийн нийслэл "Delhi"-г манайхан [Деелий] гэж уншдаг бол Энэтхэгчүүд өөрсдөө [delhi:] гэж, Англи хэлний "h" үсгийн бүдэг ав! иагаар, төгсгөлд нь уртаар дууддаг. Орос хэлний "ж, ч, ш, з" зэрэг үсгийг дуудах авиа манай хэлэнд огт байдаггүй, шуугиант авиа байдаг. Харин манай "ш" үсгийг дуудах авиаг Оросууд [щ], "ж" үсгийг дуудах авиаг [дж], "з" үсгийг дуудах авиаг [дз] гэж тус тус тэмдэглэдгийг бид мэдэх боловч энэ талаар эрдэмтэн мэргэд л гэхээс олон нийт яагаад ч юм ярьдаггүй.

Нэгэнт хоёр үсгээс бүтэж байгаа тул Орос хэл мэдэхгүй манай уншигчид түүнийг [дэжэ], [дэзэ] хэмээн уншдаг бөгөөд, саяхан болтол худалдаанд байдаг байсан "Алимны джем" хэмээх чанамалыг манайхан [Алимны дэжээм] гэж уншдаг байлаа. Хожим, Орос хэл сурч байхдаа энэ нь монголоор жээм гээд биччихэд л зөв дуудах үг байсныг олж мэдсэн. Мөн, Орос хэлний албан ёсны сургалттай байсан тэр үед манай зээр гэдэг үгийг Оросууд "дзерен" гэж бичсэнийг учир мэдэхгүй, хөдөөний хүүхэд бид [дэзээрэн] хэмээн дууддаг байснаа санаж байна. Харин Англи хэлний "J" үсгийг дуудах авиа манай [Ж] авиа мөн тул түүнийг цаашид "ж" үсгээр тэмдэглэж, хэлний үзүүрийн "н" орсон тохиолдол бүрийд ард нь зохих эгшгийг оруулж хэрэглэж байх нь зөв санагддаг. Жишээ нь, "Peterson" гэх нэрийг би англичууд дууддагаар нь "Пийтөөсана" гэх нь зөв. Маастер төлөвлөгөө, директор лавлах гэх мэтээр их ярьж, бичих болж. Төлөвлөгөөний тухайд маастер гэдгийг ерөнхий гэвэл болмоор. Энэ маягаараа бол удалгүй "Улаанбаатар сийтийн маастер палаанг" гэж, мөртөө "палаанг" гэдгийн "н"-ийг угийн [нг]-ээр дуудан ярих бололтой.

Директор гэдэг үгийг Орос хэлний тайлбар толиноос харвал "Үйлдвэр албан газар, эсвэл сургалтын байгууллагын удирдагч" гэж, харин Англи хэлний толиос харвал "1. Чиглүүлж байгаа хүн буюу зүйлс, 2. Компани эсвэл корпорацийн харилцааг удирдах, эсвэл хяналт тавихаар сонгосон нэг буюу бүлэг хүн, 3. Театр, кино, зурагт болон радиогийн бүтээлийг даргалагч, зохиолыг хэлмэрчлэгч хүн, 4. Дамжуулагч, 5. Мэдээжийн зохион байгуулалттай бүлгийн удирдагч, эсвэл мээнэжэр гэж байгаа нь Монгол хэлний удирдан чиглүүлэгч буюу "Сартваахи" гэдэг үгтэй утга даруй дүйнэ. Монгол хэлний идэвхигүй хэвийн нөхцлийг гадаад хэлнийхээс ялгаж хэрэглэх асуудал нилээд чухал байна. Жишээлбэл, Англи, Орос зэрэг хэлэнд "The book written by me" /миний бичсэн ном/, "the product made by our company" /манай компаний бүтээгдэхүүн/, "книга, подаренная другом" /найзын минь бэлэглэсэн ном/, "трава, примятая ногами" /гишгэсэн ногоо/ гэх мэтээр тухайн үйл хөдлөлд өртөж байгаа зүйлийг голчилсон хэллэг нилээд бий.

Ийм хэллэгийг монголчлохдоо өөрийн хэлний онцлогийг бодолцолгүй үгчлэн орчуулдгаас "надаар бичигдсэн ном", "манай компаниар хийгдсэн бараа", "найзаар минь бэлэглэгдсэн ном", "хөлөөр гишгэгдсэн ногоо" зэргээр орчуулж ярьдаг болсон бөгөөд тэр нь монголшиж: "УИХ-ын гишүүнээр сонгогдох, машин алдагдах, хууль батлагдах, ял шийтгэгдэх, баримт тогтоогдох" мэтийн үгс манай хэлэнд орж ирж хэвшсэн нь залруулах зүйлийн нэг яах аргагүй мөн. "Тэмдэглэлийг мөрдөн байцаагч уншиж сонсгов" гэсэн санаа бүхий "Протокол прочитан следователем и прослушан мною" гэсэн үгүүлбэрийг "Тэмдэглэл мөрдөн байцаагчаар уншигдаж, надад сонсогдов" үгчилбэл ойлгомжгүй хэллэг болно. Гэмт хэрэгт сэжиглэж буй хүнийг байцаахын өмнө барууныхан: "Таны яриаг тэмдэглэж авах бөгөөд түүнийг хожим таны эсрэг ашиглаж болзошгүйг урьдчилан сануулъя" гэж байнга анхааруулдаг. Үүнийг Англиар "I must warn you that your words will be taken down, and may be used against you" гэснийг орчуулагч Б. Халиун "Таны үг бүр тэмдэглэгдэх бөгөөд таны эсрэг ашиглагдаж болно гэдгийг сануулъя" гэсэн нь хүн тэмдэглэж аваад ашиглах биш, яриа өөрөө тэмдэглэгдээд, өөрөө ашиглагддаг мэт сонстоно.

Орон судлалын тухай мэдлэг буюу эх хэлний өвөрмөц бүтэц, хүмүүсийн сэтгэхүйн онцлогийг мэдэхгүйгээс үгчлэн, буруу утгаар орчуулж байгаа зүйл нилээд тохиолдох болсон байна. Манай "тэнгэрийн заадсыг" Англиар "Milky Way", Оросоор "Млечный путь" хэмээн нэрлэдэг. Энэ хоёр хэлнээс үгчлэн "Сүүн зам" гэвэл Монгол хүн "сүүгээ зам таттал асгасныг" хэлж байна гэж ухна. Мөн тэнгэрийн заадсыг үгчлэн "Sky border", эсвэл "Грань неба" гэвэл гадаад хүмүүс ойлгохгүй. ТV-9 сувгаар гарсан "Хөөрхөн төрөх албагүй" хэмээх Орос кинонд "...тэнгэрийн оронд га! рч, сүүн замд хүрнэ..." гэж байгаа дуулдсан. Үүнийг хичнээн үзэгч "тэнгэрийн заадас" гэж ухаарсан бол? Мөн л зурагтаар гарч байсан "Цагаан алт" гэдэг кинонд 1 баатар нь буудуулж үхсэн хүнийг хараад "Бэлэн болчихож" гэж байсан. Орос хэлний "готов" гэдэг нь "бэлэн" гэдгээс гадна "готово" гэвэл "бүх юм өнгөрсөн, дууссан" гэсэн санааг агуулдаг. Юрий Дольд-Михайликийн "Ганц дайчин ганцаардахгүй" номонд " - Готов! - бросил он кому-то из партизан. В голову!" гэснийг "Үхчихэж!, Толгойд нь оночихож! хэмээн тэрээр партизануудын нэгэнд хэлэв" гэвэл монгол уншигч ойлголоо. Тэрнээс биш дээрхи маягаар үгчилбэл: "Бэлэн болчихож гэж тэрээр партизануудын нэгэнд хаяв. Толгой руу!." гэвэл үүнийг хэн, юу гэж ойлгох вэ? Юу орчуулж байгаагаас хамааран, тухайн хэлний үгийг огт өөр үгээр орчуулах тохиолдол ч байдаг.

Жишээлбэл, нийтийн тээврийн жолооч донсолгоход Оросууд "Картошки возишь что ли?" /Төмс ачиж ява юм уу хаашаа юм чи?/, Харин манайхан "Мах ачиж яваа юм уу чи?" гэж гэдэг. Тэгэхээр энэ хэллэгийг Монгол ахуйд бууж, Монгол хүн ойлгохоор орчуулахын тулд Орос хэлний "төмс" гэдэг үгийг "мах" хэмээн орчуулахад хүрнэ. "После дождичка в четверг" гэдгийг "нар баруунаас гарахад" гэж орчуулалгүйгээр, "борооны дараагийн Пүрэв гарагт" гэвэл хэзээ ч биелэхгүй зүйлийг хэлж байна гэж нэг ч Монгол хүн ойлгохгүй. Ерөөс маш хайхрамжгүй орчуулсан зүйл нилээд байна. А. К. Доойлийн "A study in scarlet" /Час улаан судалбар зураг/ туужийг Б. Халиун дээр дурьдсан орчуулгадаа тод улаан, час улаан гэсэн утга бүхий "scarlet" гэдэг үгийг "улаан" гэж авсан ч "судалбар зураг" гэсэн утгаар орсон "a study" гэдэг үгийг "мөрдлөг" болгон, эх хэлэндээ байхгүй "зурвас" гэдэг үгийг өөрөө нэмэн, "Улаан зурвасын мөрдлөг" гэж орчуулжээ. Мөн туужид "The coyote skulks among the scrub, the buzzard flaps heavily through the air, and the clumsy grizzly bear lumbers through the dark ravines, and picks up such sustenance as it can amongst the rocks. These are the sole dwellers in the wilderness." гэснийг орчуулбал: "Бутан дундуур цөлийн чоно гүйлдэж, хааяа нэг сар шувуу агаар зүсэн нисэж, нүцгэн хадан дотроос идэх юм хайсан саарал баавгай эв хавгүй дайвалзан алхахаас өөр амьтангүй. Зэлүүд хоосон энэ нутагт байдаг амьд амьтад ингээд л болох нь тэр." гэхэд болно.

Гэтэл нуугдах, муу санаа гарган отох зэрэг утгатай "skulk" гэдэг үгийг гавлын яс гэсэн утгатай "skull" гэдэг үгтэй андуурч, дээрхи орчуулгад; "Бут сөөг дунд чонын гавал хөглөрч, элээ агаарт далавчаа хүнд дэвэх бөгөөд хар баавгай харанхуй хавцлуудын дундуур гэлдрэн чулуун дундаас хүртэж болох тэжээлийг түүн алхална. Эдгээр нь зэрлэг талд тэнүүчлэгч цорын ганц амьтад байв." гэж орчуулжээ . Энэ үгүүлбэрийн "coyote" буюу "цөлийн чоныг"орчуулагч Чинбат "гүрвэл" гэж орчуулсан бий . "When morning broke, a scene of marvellous though savage beauty lay before them. In every direction the great snow capped peaks hemmed them in, peeping over each other's shoulders to the far horizon. So steep were the rocky banks on either side of them that the larch and the pine seemed to be suspended over their heads, and to need only a gust of wind to come hurtling down upon them. ... Even as they passed, a great rock came thundering down with a hoarse rattle which woke the echoes in the silent gorges, and startled the weary horses into a gallop." гэснийг Б. Халиун "Өглөө болоход зэрлэг боловч гайхамшигтай байгалийн үзэсгэлэн тэдний өмнө дэлгэгдлээ.

Эргэн тойронг цасан оргилтой аварга уулс бүсэлж, хажуу хажуугаасаа цухалзан алс тэнгэрийн хаяанд шингэх аж. Тэдний хоёр тал дахь чулуун овоонууд аймшигтай эгц бөгөөд үхэр чулуунууд тэдний толгой дээр дүүжлэгдэж, салхи үлээхэд л нурахаар санагдаж байв. ... Бүр тэднийг өнгөрч байхад том чулуу ширүүн түчигнээнтэй нуран ирж, ядарсан морьдыг давхихад хүргэв." гэж орчуулжээ. Үүнийг Монгол руу найруулан буулгавал: "Үүр цайх үеэр тэдний нүдэнд зэлүүд нутгийн гоёмсог үзэмж дурайн тодров. Эргэн тойронд сүндэрлэх мөнх цаст өндөр оргилууд тэртээ алсыг харахаар бие биенийхээ мөрөн дээгүүр өнгийн харах мэт үзэгдэнэ. Уулсын, хад чулуу болсон бэлд ургасан нарс, шинэс модод зүүчихсэн юм шиг санагдаж, түүгээр явагсдын толгой дээр ганцхан ширүүн салхинд мултран уначих нь уу гэмээр цавчим аж. ... Тэднийг хөндий дээгүүр явж байх үед тэр хавиас нэг том чулуу ховхорч, ангал хад руу дуу хадаан унахад ядарсан морьд үргэн ухасхийв." гэсэн үгүүлбэр болно. Англи хэлнээ та, чи хэмээх утгатай "you" гэдэг үгийг манай орчуулагчид хэнд хамаарч байгааг харгалзалгүйгээр дан "та", эсвэл "чи" хэмээн орчуулваас ойр дотны хүмүүс бие биенээ "та" гэчих гээд байх буюу хүндэлбэл зохих хүмүүсээ "чи" гэчих гээд байдаг. Оросууд дотны хүмүүсдээ "чи" хэмээх утгатай "ты" гэдэг үгээр ханддагийг Монгол хэлнээ орчуулахдаа аав, ээж, ах, эгчийн тухайд "Та" хэмээн буулгадаг.

Англи "you"-г ч мөн хэнийг дуудаж байгаагаас нь шалтгаалан ингэж оноож орчуулах нь зүйтэй. Дунд сургуулийн газарзүйн хичээлээр "ойрхи дорнодын улс" гээд манайхаас баруун зүгт орших улсыг үзээд байхыг хүүхдүүд бид яагаад тэгдэг юм бол гэж өөр хоорондоо гайхан ярилцдаг байснаа санаж байна. Хожим Баруун Европын орнуудын дорно зүгт байдаг улсуудыг Оросууд Англи хэлнээс, тэдний нэрлэдэгээр, тэр чигт нь авсныг манайхан мөн л ингэж нэрлэж заншсаныг мэдсэн билээ. Орос, манай хоёрын хувьд ойрхи болон алс дорно гэвэл огт өөр улс байдаг тул залруулж орчуулах нь зөв байсан байж таарна. Европын улсууд овог, нэрээ бичихдээ нэр, эцгийн нэр, овог гэсэн дарааллаар бичдэг. Жишээлбэл, Александр Сергеевич Пушкин, Михаил Александрович Шолохов гэсэн нэрийг Монголоор Пуушкин овогт Сергейгийн хүү Алексаандр, Шоолохов овогт Алексаандрын Михаил гэж бичвэл зохилтой. Манайхан үүнийг ялгаж салгаж ойлгуулдаггүйгээс, тэр үед ургийн овгоо хэрэглэдэггүй байснаас, бидний үеийнхнийг ЗХУ-д сурч байхад Оросууд өөрийнхээрээ ойлгон, эцгийн нэрээр дуудаж, Дорж овогтой Болд гэдэг хүнийг "Доржийн Б" гэж заншсан байдаг байлаа. Англи хэлтэй улсууд захидал зэргийг бичихдээ хүний нэр, овогноос эхлэн хаяг, хот, улсыг "Рообэрт Жооносана.

Худалдааны зуучлагч. 34/27 тоот. Лийтл Жоорж гудамж. Төвийн дүүрэг. Индианапоолис хот. Индиана муж улс. АНУ." бичдэг бол Монголоор "Монгол улс. Хэнтий аймаг. Өндөрхаан хотын Номын дэлгүүрийн эрхлэгч, Боржигон овогт Доржийн Болд" гэж бичдэг. Монгол хэлний зарим нэр томъёог оноохдоо уг нэр гадаад хэлэнд хэрхэн буухыг бас бодолцмоор надад санагдана. Бидний сайн мэдэх МҮОН-ийн телевиз лоогоон дээрээ нэрээ Англиар "MNВ" гэж товчилсон харагддаг. Тэгэхээр энэ чигт нь орчуулбал Монгол орныг мэддэггүй харь хүмүүс "олон нийтийн" буюу "рublic" гэдэг тодорхойлолт байхгүйгээр "Монголын үндэсний нэвтрүүлэгч" гэж ойлгоно. Нийслэлийн засаг даргын тамгын газрын үүдэнд буй "The governor's office of Ulaanbaatar city the capital of Mongolia" гэсэн хаягийг Монгол руу буулгавал "Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар" гэж, "The presidium of the Ulaanbaatar citizens representatives khural (city council)" гэснийг Монгол руу буулгавал "Улаанбаатарын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид (хотын зөвлөл)" гэж буухаар байгаа нь түүний яг дэргэд нь бичсэн, эх хэлэндээ бидний нэрлэдэг нэрнээс зөрж байна. Нийслэлийг Англиар "capital" гэхээс гадна "metropolis" гээд нийслэлд хамаарах зүйлийг "metropolitan" гэдэг.

Энэ үгээр оноовол илүү дөхүү буух бус уу? Гадаад хэлнээс бусдаасаа илүү сайн орчуулдаг байх даа гэж бодож явдаг "Eagle TV"-ийн мэдээллийн хөтөлбөрөөр нэгэнтээ "Лондоны метрополитан цагдаагийн газар..." гэж ярьж байхыг сонсоод арай ч дээ гэж бодсон. "The metropolitan governor's office of Mongolia" гэсэн байсан бол "Метрополитан засаг даргын тамгын газар" гэж орчуулах байсан байх даа. Мөн "Шүүхийн шинжилгээний үндэсний төв" гэсэн нэрийг Англи руу энэ чигт нь буулгавал "The national centre of the court examination" гэж, харин Орос руу буулгавал "Национальный центр судебных исследований" гэж тус тус орчуулна. Орос дээрээ ойлгомжтой сонстож байгаа нь "судебный" гэдэг үгийг ойлгосноос тэр. Хэрэв гадаад хэлтэй холболгүйгээр ойлговол шүүх гэдэг үгний нэг утга шүүн таслах ажиллагаа мөн ч бидний ойлгуулах гэсэн, энд байвал зохих "forensic" буюу "криминалистикийн" гэдэг ухагдахуун Англи хэлээр ч, Монгол хэлээр ч бидэнд буухгүй байна. Хэрэв "forensic" гэдэг үгийг тайлбар тольноос харвал: "1. Хуулийн асуудал, цагдаагийн мөрдөн байцаалтад туслахаар хийж буй шинжлэх ухаанлаг судалгаанд хамаарах, 2. шүүн таслах, эсвэл хуульд ашиглах буюу холбогдох" гэж; харин "криминалистик" үг: "Гэмт хэрэгт холбогдолтой объект, эд зүйлс" гэсэн буюу адил утгатай байгаа. Тэгэхээр Оросууд "судебный" буюу "шүүн таслах ажиллагааны, хууль зүйн" гэж төрөлх хэлээрээ, "криминалистический" буюу криминалистикийн гэж гадаад хэлнээс үүсэн орж ирсэн үгээр нэрлэдгийг манай ядуу орчуулагчид "шүүхийн" гэж өрөөсгөл утгаар орчуулснаас ийнхүү эх хэлний утгаасаа холджээ.

Монгол хэлний онцлог болон ахуйтай холбоотой, мөн л Орон судлалд хамаарах, өөр ямар ч хэлэнд буухааргүй зарим хэллэг байдаг болов уу гэж би санадаг. Манайхны "За тэгээд тарган тавтай зусаж байна уу?" хэмээх мэндчилгээг "And well, do you spent the summer well?" гэх буюу "Ну как вы там, хорошо ли ваша летовка?" гэх мэтээр орчуулбал утга алдахгүй бууна. Түүнээс яг байгаа үгээр нь "And well, do you spent the summer comfortablу and fatly?" гэх буюу "Ну как вы там, уютно ли, толсто ли летуете?" гэх мэтээр үгчлэн орчуулбал уг хэлээр ярьдаг хүмүүс огт ойлгохгүй, уурлан хүлээж авахаар хэллэг болно. Сонирхогч миний нүдээр харахад иймэрхүү зүйлийг анзаарч байхад мэргэжлийн орчуулагч нарт мөн ч их юм байдаг байхдаа гэж, хэдий тийм боловч, бас ч нэмэр болох болов уу хэмээн, санаанд орсон зүйлээ чадан ядан буулгав. Авах гээхийг уншигч таны мэргэн оюун мэдсү.

Батчулууны Жаргалсайхан


Top
   
PostPosted: Apr.10.13 5:20 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Jun.14.07 2:22 am
Posts: 1628
Location: beehive
Memoirs of a Geisha g orchuulaad oruulaad uguuch :)

_________________
I love honey


Top
   
PostPosted: Apr.10.13 6:15 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Aug.27.12 1:28 pm
Posts: 3744
Гоё сэдэв байна.


Top
   
PostPosted: Apr.12.13 11:25 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
Ай яа сайхан сэдэв байна.


Top
   
PostPosted: Apr.14.13 8:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
zugiihun wrote:
Memoirs of a Geisha g orchuulaad oruulaad uguuch :)

Монгол хэлээр орчуулаад аль хэдийн хэвлээд гаргачихаагүй юм уу?


Top
   
PostPosted: Apr.15.13 1:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
ОРЧУУЛГЫН ТУХАЙ ЭШЛЭЛ

Доорх эшлэлүүдийг Фейсбүүк дэх Орчуулгын тухай ярилцъя бүлэгт гишүүн Amaraa Ubc оруулсан байснаас авав.
http://www.facebook.com/groups/orchuulg ... 036839970/

Г.Аюурзана:

Монгол хэлэнд орчуулж болохгүй, утга нь буухгүй үг гэж огт байхгүй. Буухгүй л байгаа бол орчуулагч молхи болоод тэр.


эх сурвалж: Г.Аюурзана - Би шагнал бодож явдаг хүн биш

----------------------------


Ш.Лувсанвандан:

Орчуулах ажил бол нэг зүйлийн мэргэжил юм. Орчуулахад хоёр хэлнийхээ хэл зүй, найруулга зүй, үгсийн сангийн судлал, бас ерөнхий орчуулгын онол гэх мэтийн өргөн мэдлэг шаардагдана. Сайн орчуулагч болоход бас орчуулах дадлагын ажил их хийж байж сурна. Улс төрийн зохиол, уран зохиол, шинжилгээний зохиол гэх мэтчилэн орчуулахад өөр өөрсдийн онцлогтой байх тул аль нэг буюу хэдэн талаар нь мэргэжин орчуулж сурах хэрэгтэй.



эх сурвалж: Орчуулга, нийтлэл, тэмдэглэл, Шадаэвын Лувсанвандангийн бүтээлийн чуулган, 10-р боть, МУИС МХСС, УБ хот, 2010, х.182.

-------------------------


Б.Ринчен:

"Сайн орчуулагч бичиг зохиолыг хөрвүүлэхдээ нүд хэдий гадаад бичгийг үзэвч, утгыг найруулан эвлүүлэхэд нэг эгшин хэмээн монгол үгийн ёс зүйгээс ангижрахгүй. Орчуулагч хүн иймийг эрмэлзвээс зохих буй заа."



Европын шилдэг зохиолоос орчуулдаг эрдэм боловсрол төгөлдөр дуун хөрвүүлэгч нь шинжилгээний дөрвөн хэл, тухайлбал оросоос гадна англи, франц, герман хэлийг заавал мэддэг байх ёстой ажээ. Энэ талаар Ринчен бээр "Европын хэлнээс эл дөрвийг сурахын хэрэгцээ нь гэвэл, амар мэнд хэдэн үг солилцохын төдийхнөөр бодож болохгүй, Европын соёлын хүрээнээс мэдвэл зохих зүйлийг нь мэдэж, орчин үеийн төгс боловсролтой болохын төлөө сурах учиртай юм. Чингэсэн хүмүүсийн дотроос аяндаа сайн зохиолч гарна, сайхан зохиолын зүйлийг эх хэлэндээ эвдэн гутаалгүй ухамсартайгаар баяжуулж, утга соёлоо орчин үеийн боловсон улстай мөр зэрэгцүүлэх чадал төгөлдөр дуун хөрвүүлэгч нар ч аяндаа гарах болно" гэж айлджээ.


Б.Ринчен:

"Цаад зохиол нь өөр соёлт, өөр түүхт, өвөрмөц байдалт улсын зохиол болохыг мэдэхгүй, дотор нь гарч байгаа юмны нарийн утга учрыг нь мэдэхгүй, буруу орчуулах боловсрол нимгэний гэм байна."

"Мэдлэг эс гүйцэх газар орон, түүх зэргийн нэрсийг орчуулах номдооо дайралдвал тэр тухай ядаж гэм нэвтэрхий толь, газарзүйн сурах бичиг, тухайн үеийн түүх бичиг зэргийг үзэж танилцаад, тэгсний үсүлээр уг орчуулах, найруулан засах зохиолдоо гарах нэр усны учрыг гүйцэд ухааран мэдэж аваад, очруулах найруулах ажилдаа орвол наад зах нь Йоркийн Елизавет гэх мэтийг Елизавет Йоркская гэх мэтээр бичихгүйсэн дээ."


Б.Ринчен:

"Тусгайлан хэлбичгийн оюутнаас зориулан утгазохиолын орчуулагч, редакторын нэгэн бүлэг бий болгож, жилийн хугацааг таваас доошгүйгээр тогтоон орос, монгол хэл, орчуулгын зүй, бас дэлхийн утгазохиол, нэг гадаад хэлний хамтаар сургаж, проктик ажилд нь хоёр дахь жилээс нь эхлэн юм орчуулж монгол болгох, редакторлах, шүүмж бичих зэргээр утгазохиол, сэтгүүлч, орчуулагчийн боловсон мэдлэгтэй, дэлхийн утгазохиолын зүйлийг дэлхийн их сургуулийн жинхэнэ хэмжээгээр үзсэн бөгөөд монгол хэлнээ жинхэнэ хэлний шинжлэлийн ухааны үүднээс ухааран мэдэхийн дээр орос хэлэнд мөн сайн оросч, славянч багш нараар заалгаж, европ, монгол, дорно зүгийн утгазохиолыг үзэж судалсан тийм боловсрон хүчин, утгазохиолын эрдэмтэн, орчуулагч нарыг их сургуульд бэлтгэвэл зохих цаг хэдийн болжээ."


Э.Равдан:

"Ринчен багш зай завгүй хөдөлмөрлөнө. Түүний ярьснаар нэгийн зэрэг роман юмуу, тууж, хоёрын зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл, хоёр гурван өгүүллэг, сонины өгүүлэл гэх мэт дөрөв таван зүйл зэрэг эхэлдэг, нэгийг нь бичиж байгаад "түгжрээд" ирэхээр нөгөөг нь бариад авахаар хүн хийгээд өгсөн юм шиг дуусдаг. Заримдаа том бүтээл нь зэрэг дуусах нь ч бий гэнэ. Үүнийгээ хөдөлмөрөө сольж байвал ядаргаа багатай байдаг гэсэн И.П.Павловын үгийг иш татан тайлбарладаг."


Эх сурвалж: О.Адъяа: "Орчуулгын онолч, орчуулгын шүүмжлэгч Б.Ринчен" өгүүлэл

------------------



М.Саруул-Эрдэнэ:

"Аливаа систем хөгжин дэвжих, ядаж оршин тогтнож байхын тулд өөрийгээ хамгаалах тогтолцоотой байх хэрэгтэй...

Огт агааргүй бол гал асахгүй , гэтэл их салхи галыг унтрааж орхино. Яг үүний адилаар аливаа хэл бусад хэлтэй огт харилцахгүй

“битүү” байвал ядуурч мөхөх замдаа орох бол ирсэн үг бүрийг өвөр хормой дэлгэн угтах аваас харийн хэлэнд эрлийзжэх аюулд учирна.

Ийм учраас хэлнүүд харь үгийг авахдаа “өөриймсүүлдэг”ажээ"



Эх сурвалж: Ч.Баттулга Монголжсон (харь) үгийн бичлэгийг журамлах асуудалд http://www.greenbough.mn/article.php?content=204&p=4

----------------------


Б.Галаарид:

"Аливаа нэгэн хэлнээс нөгөө рүү орчуулга хийнэ гэдэг эн тэргүүнд тухайн буулгаж байгаа хэлээрээ илүү сайн сэтгэнэ гэсэн үг юм шиг байгаа юм. Монгол хэл рүү буулгалаа гэхэд энэ өгүүлбэрийг монгол хүн ингэж хэлж, ингэж хүлээж авна даа гэдгийг хамгийн түрүүнд бодож чадвал орчуулга сайн болно. Түүнээс биш нөгөө хэл дээрээ сэтгэх юм бол монгол үгтэй, гадаад галбиртай эрлийз бүтээл төрнө. Хэл болгон өөр өөрийн гэсэн логиктой, тэр нь өөр хэлнийхтэй тохирохдоо тохирч, зөрөхдөө зөрдөг. Энэ зөрөөг хэр сайн номхотгож чадаж буйгаар нь орчуулагчийн чадлыг хэмжиж болно."

эх сурвалж: Үгийн эрэлд бэдрэхийн жаргал зовлон

http://galaarid.blogspot.com/2006/12/blog-post_07.html

-----------------



Н.Пүрэвдагва: Орчуулагч бол зохиолч биш шүү дээ. Зохиолч нар байгалиас заяасан авьяасаараа бичиж туурвидаг улс. Харин орчуулагч чанартай мэдээлэл, мэдлэг хоёроор түрж юм хийдэг. Хар хөдөлмөр ихтэй. Наад зах нь тэвчээрийн тэнэглэл байгаа биз дээ.


Эх сурвалж:

Н.Пүрэвдагва: Орчуулга гэдэг тэвчээрийн тэнэглэл

--------------------



-Орчин цагт монгол хэлээр гарч буй орчуулгын номуудын чанарын тухайд юу бодож явдаг вэ?

-Хэвлэгдсэн ном бүрийг үзэж чаддаггүй. Зарим нэг номыг сөхөж хараад орчуулагч нь монгол хэлийг дэндүү зэрэмдэглэж хаясанд их л гутарсан даа. Хамгийн гаслантай нь эх сайхан хэлний минь дотоод ёсзүйг нэр нүүргүй эвдэж байна. Хэлний яруу чадал, ур дүйг хайхрахаа больжээ.



-Сайн орчуулагч гэж хэнийг хэлэх вэ? Таныхаар бол монгол хэлнээ буусан хамгийн шилдэг орчуулгатай ном юу вэ?

-Үг дангаараа байхдаа үхмэл юм. Үгийг өөр үгтэй эвцэлдүүлж, зөв байрлуулахаар л амь орж байгаа юм. “Үгийн дарх”, “үгийн дархчууд” гэж ярьдаг даа. Уран зохиолын сайн орчуулагч юуны түрүүнд уран сайхны болоод үгийн нарийн мэдрэмжтэй байх ёстой. Бас хэлний гарамгай мэдлэгээс гадна юм юмны зах зухаас гадарладаг байхад илүүдэхгүй. Хоёр дахь асуултын тухайд гэвэл манайд зэгсэн сайн орчуулга Манжийн үед ч, 1921 оноос хойш ч овоо хэд гарсан байна шүү. Өөрөө надаар нэг номын нэр хэлүүлэх гээд байна аа даа? Тэгвэл би Ринчен гуайн орчуулсан, Гоголийн “Тарас Бульба”-г нэрлэе.



-Өнөөдрийн манай орчуулагчдын гаргадаг түгээмэл алдаа юу вэ?

-Махчилсан орчуулга зохиолчийн сэтгэлийн урыг тонилгочихдог гэж би дээр ярьсан. Бүтээлч сэтгэхүй үгүйлэгдэж байгаа хэрэг. Бага сага туршлагаасаа ярихад би Францын Александра ДавидНеел, Йонгдэн хоёрын бичсэн “Таван эрдэмд нэвтэрсэн лам” гэдэг Төвдийн сэдэвтэй роман орчуулахдаа “Цастын орны хээр талд шөнөөр тэмтчин яваа морьтон эр өлөн чоно улилдахыг сонсоод айсан мориныхоо жолоог атган үүр цайхыг хүлээв” гэж франц эхэд нь гардгийг монголоор буулгахдаа “айсан мориныхоо” гэдэг үгийн оронд “морь нь зогтусаж чих нь хулмалзахаар...” гэж монголчилсон билээ. Адуу мал цочихдоо үнэхээр зогтусаж чих нь хулмалздаг биз дээ? Мал ямар үг хэлэх биш. Ном бүтээх зохиолч, орчуулагч аль аль нь эхлээд өөрийгөө л танимаар байгаа юм даа.



эх сурвалж: http://www.mongolnews.mn/i/23485


Т.ТӨМӨРХҮЛЭГ: ГҮН УХААНТНУУДЫН ЗОХИОЛЫГ ОРЧУУЛБАЛ ТУХАЙН ХЭЛ БАЯЖДАГ

------------------



- Орчуулгын зохиолууд олширч байна. Та ч гэсэн эхнэртэйгээ хамт орчуулдаг. Хэд хэдэн хэлний хөрвүүлэг дамжсан бүтээл орчуулахад утга санаанд нь өөрчлөлт орох эсвэл орчуулга чанаргүйдэх аюул бий болов уу? Манай хэлэнд гэхэд л яаж ч орчуулаад утга нь яг таг гардаггүй үгнүүд байдаг гэж дуулсан.



- Утга зохиолын орчуулагч хүн хоёр чухал чанарыг зайлшгүй эзэмшсэн баймаар. Нэгдүгээрт, уран зохиолыг мэдэрдэг, хоёрдугаарт эх хэлээрээ сайн найруулж бичдэг байх ёстой. Монгол хэлээ сайн мэдэхгүй нөхөд орчуулга хийдэг болсонд заримдаа харамсдаг. Хэл дамжуулахын хувьд бол, манайхан нэгэн үе ганцхан орос хэлээр дамжиж л дэлхийн утга зохиолын зах сэжүүрт хүрсэн шүү дээ.



Жишээлбэл, “Зуун жилийн ганцаардал” романыг Аким гуай испаниас биш оросоос орчуулсан. Сайхан л орчуулга байгаа биз дээ? Нөгөө асуултын хувьд бол, монгол хэлэнд орчуулж болохгүй, утга нь буухгүй үг гэж огт байхгүй. Буухгүй л байгаа бол орчуулагч молхи болоод тэр. Орчуулгын зохиолууд олширч байна гэж чи сая хэллээ. Үүнд муу юм байхгүй шүү дээ. Аль болох л олон ном орчуулагдаж, хүн төрөлхтөний оюун санааны сор шимээс Монголчууд хүртэж л байвал сайхан хэрэг.



Эх сурвалж:

Г.Аюурзана: Би шагнал бодож явдаг хүн биш

http://tsugluulagch.blogspot.com/2009/0 ... _6034.html

----------------------



Х.Мэргэн:

“Орчуулах гэдэг үг орчих гэдэг үгнээс үүссэн бөгөөд орчих гэдэг үгийг монголчууд зөвхөн огторгуй тэнгэрийн од гараг, оюун санааны бүтээлийн тухайд л, өөрөөр хэлбэл ихэд өндөр, их эрхэм дээд юмны тухай хэрэглэдэг ажээ. Үүгээрээ өвөг дээдэс маань зохиолыг нэг хэлнээс нөгөө хэлэнд буулгах ажил бол од гарагийг огторгуйгаар орчуулахын дайтай ажил юм шүү, соёлын тэнгэрийн нэг хэсгээс нөгөө хэсэгт гэрэл гэгээг залан аваачихын нэр юм шүү хэмээн захисан мэт санагддаг билээ”



эх сурвалж: 2006 онд УБ хотноо болсон Дэлхийн яруу найрагчдын 26-р их хуралд тавьсан илтгэлээс.

-------------------



О.Адъяа:

“Орчуулгын зохиолын чанар чансааг үнэлж дүгнэдэг, оноо алдааг нь шүүн тунгааж, мэргэжлийн чиглэл зөвлөгөө, аргазүйн санамж зөвлөмж хайрладаг хүмүүсийг орчуулгын онолчид, орчуулгын шүүмжлэгчид гэдэг. “



Эх сурвалж: О.Адъяа, Орчуулга-онол туршлага сургамж, УБ, 2008

--------------------



Ц.Гомбосүрэн:

“Завшааныг далимдуулан хоёр санаа цухас хавчуулъя. Нэгд, оноосон орчуулга түгээмэл шинжтэй байх хэдий ч зөвхөн тухайн тохиолдоо илүү дүйсэн байдгийг орчуулагч хүн бусдаас үлгэр авахдаа байнга бодож байвал зохино. Орчуулга бол хэзээ ч нээлтийн шинжтэй уран бүтээл мөн гэж онолч хүн хэлсэн нь ч учиртай. Тиймээс их мэргэдийн сайхан орчуулгыг шүтэхийн хамт шүүмжлэлтэй хандах чигийг барьж байхад нүгэл эс болно. Гаргуудын оновчтой үг хэллэгийг ч гэсэн тооны томъёо шиг орлуулаад тавьчихна гэвэл онохдоо оноод, онохгүйдээ бүр хавирахгүй ч байж мэднэ. Хоёрт, орчуулагч хүн өөртөө л найдах ёстой. Өөрөөр хэлбэл хянан тохиолдуулагч, шүүн тунгаагч гэгдэх хүмүүс танд тус хүргэх талтай ч “шаварт унасан шарын эзэн” нь та, таны сэтгэлийн жудаг л хийж буй ажлын тань чансааны гол хэмжүүр болно.“



Эх сурвалж: О.Адъяа “Орчуулга – онол, туршлага, сургамж” номын Редакторын үг

------------------


Top
   
PostPosted: May.10.13 5:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
За хөө, ойрд энд юм оруулсангүй. Нэгэн сонирхолтой номын хэсгээс та бүхэнд хүргэх гэж байна.

М.Саруул-Эрдэнэ багшийн хэл шинжлэлийн ойлголт, онолыг олон нийтэд зориулан зугаатай, сонирхолтой хэлбэрээр бичсэн "Сонирхолтой хэл шинжлэл" номын бүлгээс

Академич Ринчен гуайн хөөрсөн нэг хөгтэй явдал бий. 80-аад оны эхээр ЗХУ-аас манай улст сууж байсан нэр бүхий элчин сайд амралтаараа хөдөөгүүр аялж, нутгийн хөгшидтэй уулзахаар орос хэлэнд ус цас нэгэн Монгол залууг дагуулан гарчээ. Харамсалтай нь багаасаа орос сургууль дамжсан мань орчуулагч эх хэлэндээ базаахгүй нэгэн байж. Хөдөөний нэгэн өвгөн элчин сайдаас “Нас сүүдэр хэд хүрч байна даа?” хэмээн асуухад “нас сүүдэр” хэмээх хоршоо үгийг үл мэдэх залуу балмагдаад “Таны сүүдэр хир урт вэ?” гэсэн маягтай орчуулж өгчээ. Элчин сайд энэ хачин асуултыг эртний дорнын гүн ухааны шалгуур хэмээн ойлгоод ухаанаа нэлээд дайчилсны эцэст “Миний сүүдэр өглөө оройдоо урт, өдөртөө богино байдаг даа” хэмээн хариулсан байна. Гайхсан өвгөн дуугүй л явж. Голын эрэг дээр модны ур хараад сайд “Что это?” хэмээн сонирхон асуухад өвгөн “модны яр байна аа” хэмээв. “Боловсролтой” орчуулагч залуу “Это сифилис” хэмээн хэлмэрчлэв. Сифилис хэмээгч нь бэлгээр[2] халддаг нэрийг нь ч хэлэхэд цээрлэм нэгэн өвчний яр юм. Түрүүнээс хойш орчуулга буруу яваад байсныг гэнэт ойлгосон сайд ихэд уцаарлаж нөгөө залууд “Ты сам сифилис” (Чи өөрөө т*****) гэсэн гэдэг[3].

Төгс орчуулга гэж үгүй

Эх хэлээ умартсан хөөрхий тэр залуу байтугай, эрдмийн далай болсон гүүш нар ч аливаа хэлний өгүүлэх бүх ил далд санаа, нарийн нандин мэдрэмж зэргийг өөр хэлэнд төгс буулгах боломжгүй билээ. Тухайн эх өөр хэлэнд буухдаа үндсэн утгаасаа хир гаждагийг мэдэхээр Францын хэл шинжээчид нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Тэд дугуй ширээ тойруулан өөр өөр хэлний шилдэг 14 орчуулагчийг суулгасан байна. Ингэхдээ орчуулагч тус бүр зэргэлдээ суугчийнхаа хэлийг мэддэг байхаар тохируулж. Анхны орчуулгыг Герман хэлтэн хийжээ. “Шар айраг исгэх нь ерөөс хүн төрөлхтөн үүссэн түүхтэй чацуу нэн эртний урлаг билээ” хэмээсэн өгүүлбэрийг орчуулаад дэргэдэх Испани нөхөртөө дамжуулав. Испани цааш нь Польшид гэхчлэн үргэлжилсээр анхны Герман орчуулагч дээр ирэхэд өөрөөс нь эхэлсэн өгүүлбэрээ уншаад мань эр мөрөө хавчин, уртаар санаа алдсан гэнэ. Учир нь 14 хэл дамжсаны эцэст мөнөөх өгүүлбэр “Нэн эртнээс шар айраг нь хүн төрөлхтний хамгийн дуртай умдаан байсаар иржээ” болчихсон байж.

Орчуулгын алдаа дайнд хүргэж мэднэ

Төгс орчуулга гэж үгүй ч “тун дөхсөн” орчуулга хийх эрдмийг авьяас хийгээд сургуулиар эзэмшиж болно. өнөөгийн Монголд орчуулагчийн ангигүй дээд сургууль гэж бараг үгүй болсон нь энэ мэргэжлийн нэр хүндийг унагаж, орчуулга амархан гэдэг сэтгэгдэл төрүүлэх болжээ. Гэтэл барагтайхан орчуулагчийн тарьж болох балаг дэндүү их ээ. Хүйтэн дайныг төгсгөл болгохоор АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУ-ын удирдагч Михайл Горбачев нар олон уулзсан. Нэг удаагийн уулзалтын үеэр Горбачевын үгийг орчуулагч нь дамжуултал Рейган хийгээд дагалдан явсан хүмүүс, ялангуяа Батлан хамгаалахын сайдынх нь царай эрс барайгаад явчихжээ. Буруу орчуулснаа мэдсэн хэлмэрч хурдхан засч хэлтэл Рейган жаахан уужраад “Та сая дэлхийн гуравдугаар дайн өдөөчих дөхсөнөө мэдэж байна уу?” хэмээн нухацтайхан асуусан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед орчуулгын алдаанаас болж Германчууд маш чухал боломжоо алдсан байна. Испанийн нэгэн нууц байгууллага Рузвельт, Черчилль хоёрыг Касабланкад яаралтай уулзах гэж байгаа талаар мэдээлснийг Германы тагнуулын албаныхан сонсож дөнгөсөн гэнэ. Харамсалтай нь (азаар) Касабланка гэсэн үгийг үгчлэн орчуулснаар “Цагаан ордон” (casa – байшин, blanca-цагаан = White House) гэж буулгасан бөгөөд тагнуулын удирдлагууд Их Британийн ерөнхий сайдыг Вашингтонд очих гэж байна хэмээн ухаарчээ. Гэтэл тэр хоёр хажууханд нь, Мароккогийн нийслэл Касабланка хотод уулзсан аж[4]. Алдарт Марк Твений “Ханхүү гуйлгачин хоёр” (англиараа The Prince and the Pauper, оросоор Принц и нищий) хэмээх зохиолыг монголчлохдоо “Жонон гуйлгачин хоёр” хэмээн алдсанаас болж одоо олон хүнд хааны хүүг “жонон” хэмээдэг гэсэн буруу ойлголт нэгэнт тогтжээ[5]. Гэтэл “жонон” гэж Баруун Монголыг захирагч ноёдод олгодог байсан огт өөр цол билээ. Ринчен авгай үүнд ихэд бухимдаж “Марк Твений минь махыг идэж дээ” гэж санаа алдсан сан. Ингээд бодохоор заримдаа “Traduttore – traditore” гэсэн итали зүйр үг голыг нь олоод хэлчихсэн мэт санагддаг юм. Үгчилбэл “орчуулагч бол урвагч”, манайхаар бол “орчуулна гэж оршуулжээ” хавьцаа буух санаа.

Хургыг янзага, ахыг найз болгон орчуулж болох уу?

Алдаж орчуулах ийм уршигтай атал албаар буруу орчуулж болно гэж үү? Тухайлбал харь хэлнээ “хурга” гэсэн байхыг эх хэлэндээ “янзага” болгон хөрвүүлж болох уу? “Хонь хурга нийлэв” гэснийг “янзага”-тай нийлсэн болгож орчуулахгүй нь лав. Тэгвэл хэзээ санаатайгаар “буруу” орчуулж болох вэ? Нэрт гүүш Бямбын Ринчен “Тарас Бульба” романыг хөрвүүлжээ. Уг зохиолын оргил хэсэгт гардаг Тарас төрсөн хүүгээ дайсанд урвасны учир буудан хөнөөх болдог эмзэг хэсэгт Гоголь “зүрхэнд нь сум туссан хурга адил” хэмээх зүйрлэл хэрэглэжээ. Ри доктор монголчууд хургыг хэзээ ч бууддаггүй учир энэхүү зүйрлэлийг уншигчид хүлээн авахгүй хэмээн “зүрхэнд нь сум туссан янзага адил” болгон буулгасан байна.

Хоёр хэлний ялгаанаас болж нэг хүн хэрэгт орохоо шахаж билээ. АНУ-ын гааль дээр ирсэн нэгэн Монгол залуу байцаагчид шалгуулж, миний бие тэр хоёрын яриаг утасаар хэлмэрчилж өгсөн юм. “Та АНУ-д хэн дээр ирж байна вэ?” гэхэд “Нэг ахындаа ирж байгаа” гэв. “Older brother – ындаа айлчилж явна аа” хэмээн дамжууллаа. Байцаагч гэтэл залуугийн Монгол дахь ЭСЯ-д өгсөн мэдүүлгийг ухаад гаргаад ирэв бололтой, “Та анх АНУ-д ойрын хамаатан садан байхгүй гэж худал мэдүүлсэн байна” хэмээн дуугаа өндөрсгөв. Тэгтэл мань эр “Төрсөн ах биш ээ, олон жил хамт ажилласан нэг ах хүү маань ногоон кард хожоод ирсэн юм” гэдэг байгаа. Америкт хамаатан садан биш агаад ойр дотнын харилцаатай бол хэдэн насаар ч зөрүүтэй бай “ах дүү” гэдэггүй “найз” л хэмээнэ[6]. Байцаагчид “Older brother биш old friend гэснийг нь би буруу орчуулсан байна, миний буруу, уучлаарай” гэж байж зөөлрүүлэв. Дараа нь “Та АНУ-д хир удаан байх вэ?” гэтэл өөдөөс харин нөгөөх чинь “Харин хэд гэвэл зүгээр юм бол оо?” гэж байна. Хошин шогийнхны хэлээр бол “ёстой том тэнэгтдэг гэжээшд”. Зүй нь мань эр энэ улст хир хугацаагаар, ямар зорилгоор орж ирэхээ бүр виза мэдүүлэхээсээ өмнө яв цав тогтоосон баймаар. Мэдүүлэг өгөгчийн амнаас унасан үг бүрийг махчлан орчуулж өгөх үүрэгтэй миний бие хэцүүхэн байдалд оров. “Энэ хүн ингэж асууж байна аа” гээд орхивол нэг хүний амьдрал нурж унах гээд байдаг. “6 сар юм үзэж, сайхан амарч аваад харина аа” гээд хөрвүүлчихлээ. Энэ мэтчилэнгээр мань эр дан буруу хариулсаар, цагаандаа гарсан би бээр дан буруу орчуулсаар, эцэстээ хоёр хасах цэнэг нийлээд нэмэх болдог шиг хөөрхий минь зөвдөж аваад хил нэвтрэх болж билээ. Америкийн энэ уудам нутгийн альхан хэсэгт нь манаргаж явдаг бол доо. Ажил олж хийгээд аав ээждээ хэд гурвыг илгээж байгаа бол ч яамай. Алдаж орчуулаад дайн гаргах шахдаг байхад албаар буруу орчуулаад амьдрал залгуулах тохиолдол бас байдаг байна шүү.

Орчуулга эхнэр хоёр юугаараа адил вэ?

Тухайн ард түмний ахуй, сэтгэхүйн өвөрмөц онцлогийг тусгасан үг, өгүүлбэр, ялангуяа хэвшмэл хэлц, хэллэгүүд, мөн толгой сүүл холбосон уран хэллэгт найраг шүлэг зэрэг нь орчуулагчдын толгойны өвчин болдог. “Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн, би” гэсэн сайхан шүлгийг “аргал”, “гэр” гэж огт мэдэхгүй харийн хүнд орчуулж өгөхөөр боллоо хэмээн бодъё. Алтангэрэлийн “Орчин цагийн Монгол-Англи толь”-ийг сөхөн харваас аргал: dry dung or droppings of cattle which are used for fuel, гэр: the Mongolian nomad’s tent; a house or dwelling place хэмээн тайлбарлан орчуулжээ. Үүгээр баримжаалбал өнөөх уран яруу найраг маань гадаад андын чихэнд “Түлшинд хэрэглэхэд зориулж хатаасан малын ялгадасны утаа бүхий Монголын нүүдэлчний оромж - майханд би төрсөн юм” гэсэншүү л сонстоно. “Сайхан бөгөөд үнэнч эхнэр яруу найргийн оновчтой орчуулга шиг ховор. Яруу найргийн орчуулга хэрэв үнэн зөв бол уран биш, уран сайхан бол зөв биш байдаг” хэмээн Германы зохиолч Моисей Сафирын хэлсэн үг ортой дог шүү. Дээрх шүлгийг харийнханд сайхан сонстуулах гээд гэрийг нь кондо хаус, аргалыг нь шахмал түлш болгочихвол “худлаа” болчихно, үнэн байхаараа “муухай” байгаад байдаг.

“Нар хиртсэн жил” кино хуучны ЗХУ-ын театруудад гарчээ. Дайнд явсан хүү нь ирэхгүй болохоор найдвар тасарсан хоёр хөгшин гэртээ байж байгаа зураглал. Эмгэн гал дээрээ сүү тавиад хажуулж, өвгөн ганс нэрээд сууж байна. Гэнэт гаднаас хүү нь ороод ирнэ. өвгөн “ ХҮҮ ! “ гэж дуу алдтал зүүрмэглэж хэвтсэн эмгэн нь “СҮҮ?” гээд гал руугаа ухасхийдэг. Орос хөрвүүлэг дээрээ өвгөн нь “ СЫН ! “ хэмээн хашгирахад эмгэн нь “Что? МОЛОКО?” гээд босоод ирнэ. Чих нь хатуу хатуу гэхэд даанч дээ. Хөрвүүлэгч нь “үнэн” орчуулсан учраас ийм хачин болчихсон хэрэг. .

Сайхан эхнэр дээр үү, үнэнч гэргий илүү юү?
(Зохиогчоо хүндлэх үү, уншигчаа хайрлах уу?)


Ри багш Гоголийн “хурга”-ыг “янзага” болгон буулгахдаа зохиогчийн “эрх”-энд халдаж, “үнэн”-ээс баахан гажсан ч, монгол уншигчдынхаа таалалд нийцүүлж, “сайхан” болгосон байна. Орчуулгын онолд орчуулагч хүн тухайн зохиогч, тухайн хэлийг хүндлэн яг байгаагаар нь аль болох үнэн, үгчлэн орчуулах хэрэгтэй гэсэн чиглэл байхад орчуулж байгаа хэлтэндээ зориулан чөлөөтэй, уран яруу, сайхан буулгах нь зөв гэж үзэх онолчид бас байдаг. Америк эхэд “Ширээгээ тойрон суугаад цацагт хяруулынхаа махнаас хүртлээ” гэж байвал хэрхэн орчуулбал зохистой вэ? Америк заншлыг гадарладаг уншигчид чухам ямар баяр болж байгааг нь шууд ойлгоно. Уншигчаа хайрладаг орчуулагч бол монголчууд цацагт хяруул гэж мэдэхгүй хэмээн сайхан баяр болж, тансаг ширээ зассаныг нь ойлгуулахын тулд ”тарган ууцаа задаллаа” гэж орчуулж магадгүй. Зохиогч хийгээд цаад хэл соёлоо хүндэлдэг орчуулагч харин “цацагт хяруул”-ыг гээх аваас америк соёлд нэн чухал Талархлын баяр болж байгаа нь мэдэгдэхгүй хэмээн үгчлэн хөрвүүлнэ. “As black as a coal” (нүүрс шиг хар) гэсэн хэлцийг англи хэлтнүүд харыг нүүрстэй зүйрлэдэг, тэдний амьдралд хамгийн ойр хар зүйл нь эртнээс нүүрс байсан гэдгийг мэдрүүлэхийн тулд махчлан орчуулсан нь дээр үү, “хөө шиг хар” хэмээн монголчилсон нь дээр үү? Үнэнч эхнэр дээр үү, сайхан эхнэр дээр үү? Ямар зорилгоор орчуулж байгаагаасаа шалтгаалаад, давс хужрыг нь тааруулсхийгээд л хөрвүүлэх хэрэгтэй болов уу? Үлгэрлэвэл “үнэнч эхнэрээ жаахан будаад гоодчих” нь л шилдэг сонголт бололтой. “Солдатами не рождаются” буюу “Цэрэг цэргээрээ төрдөггүй” хэмээх бүтээлийг “Хал үзэж цэрэг болдог” гэж буулгасан нь “оо энгэсэг нь” нь таараад аятайхан болж. Гэтэл сайхан Монгол үг олж оноох гэж байж “будгийг нь ихдүүлээд” бүр танихын аргагүй юм болгочих гэм бий. Виктор Хюгогийн[7] “Notre Dame de Paris” хэмээх суут бүтээлийг хэн хүнгүй мэднэ. Нотр Дам нь Парис хотноо орших гэгээн Мари эхэд зориулсан Готийн сүм бөгөөд бүр 12-р зуунд Пап 3-р Александр анхны чулуугий нь тавьж босгожээ. Манайхан энэ зохиолыг орчуулахдаа “Парисийн Дарь Эхийн Сүм” хэмээсэн нь арай л дэндүүлчихсэн байна. Ийм маягаар Исүсын ээжийг Дара эх болгон орчуулах дээрээ тулбал “Буш, Чэйни хоёр халуун коффе, хар түрс зооглон, гольф тоглож амарлаа” гэсэн өгүүлбэрийг “Энхбаяр, Элбэгдорж хоёр сүүтэй цай, сүүлний өөх хүртэн, чоно тарвагацаж өнжив” гэж хөрвүүлэхдээ хүрэх байлгүй.

Чөлөөт орчуулга, хэт чөлөөт орчуулга, өнгөн орчуулга

Өөрийн санааг оруулж, үг нэмж хасч, чөлөөт орчуулга хийхдээ манай ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гарамгай нэгэн билээ. “Сказка о рыбе и рыбаке” (Загас загасчин хоёрын үлгэр) зохиолыг “Алтан загасны үлгэр” хэмээн нэрнээс нь эхлэн өөриймсүүлээд цааш нь “Хөрст алтан дэлхийн хөвөө хязгаар нутагт, Хөх цэнхэр далайн эрэг ирмэг газарт...” хэмээн урсгадаг нь уг эхдээ огт байхгүй мөрүүд. Тэгээд ч Да багш энэ орчуулгаа Пушкиний уг үлгэрээс илүү болсон гэж ярьдаг байж. Монголын нууц товчооны жинхэнэ эх “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чоно ажуу. Гэргий ину Хоо Марал ажээ. Тэнгис гэтэлж ирэв. Онон мөрний эх Бурхан Халдунд нунтаглаж ахуд төрсөн Батачи хан ажуу” хэмээн дөрвөн өгүүлбэрээр эхэлдэг. Да багшийн “Нууц товчоо” харин “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ” хэмээн ганц урт өгүүлбэрээр “бөөндсөн” байна. Ингэхдээ “хамт”, “далай”, “уул”, “гэдэг”, “хөвгүүн” гэсэн таван үгийг нэмснээс гадна Хоо буюу ухаа хэмээх зүсмийг Гуа үзэсгэлэн, Батачи хан нэрийг Батцагаан болгон хөрвүүлжээ. Мэдээгүйдээ бус эртний хэлээ умартсан биднийгээ л болгоож, өдгөөчлөн орчуулсан нь энэ юм даа. Да багшийн орчуулга чөлөөтэй чөлөөтэй гэхэд Дантегийнхтай эгнэх ч үгүй. Суут Данте Алигиери орчуулга хийхдээ эхлээд уг номоо нэг мөсөн уншиж дуусгадаг байж. Тэгээд холоо шидчихээд дахин нэг ч нээж үзэлгүйгээр орчуулдаг байсан гэнэ. Ийм орчуулгыг чөлөөт гэхээсээ хэт чөлөөт, бараг хамтын бүтээл гэвэл онох байх. Үүнээс гадна өнгөн орчуулга (surface translation) гээч жигтэй орчуулгыг Австрийн яруу найрагч Эрнст Жандл (1925-2000) гаргажээ. Жандлынхаар бол яруу найрагт авиа хамгийн чухал учир өөр хэлэнд орчуулахдаа яг тийм авианаас бүтсэн өөр үгийг олж орлуулах ёстой гэнэ. Яруу найрагч Рилкегийн бүтээлээс Жандл хэрхэн өнгөн орчуулга хийснийг жишээлж үзье.

Герман найраг нь. Өнгөн орчуулга. Үгчилсэн орчуулга
Der Tod ist gros. Dare toadies gross. The death is big
Wir sind die Seinen. Vere sinned designing. We are their
Lachenden Munds. Laugh in the moons. Laughing mouths

Крис Норман, Сюзи Куатро хоёрын “Our love is alive...” гэж эхэлдэг дууг манай эгч “Аавын минь зулай” хавьцаа туугаад байдаг байсан нь, мөн “Happy Birthday to You” дууг “Хавийн бөөсөө түүе үү?” болгож дуулаад байдаг нь Жандлынхаар бол “өнгөн орчуулга” байж гээч. Анхлан жишээлсэн “Аргалын утаа бургилсан Mалчны гэрт төрсөн, би...” шүлгээ дээрх маягаар орчуулбал “Are gal Utah bore gill sane Mall chin girth tore sane, bee” гэж буух нь ээ. Нүүдэлчний оромжинд малын юу үнэртээд гэдгээс арай дээр ч юм уу?

Өнгөн орчуулга хэмээх жир бусын хөрвүүлгийг эс тооцвоос аль ч үеийн ямар ч онолчид орчуулга гээчийг үг-утгын харьцааг хэрхэн зөв оноосноор нь тодорхойлсон байна. Манай дорнын ард түмэн эртнээс нааш хоёр хэл, хоёр соёлыг хэлхэж өгдөг дуун хөрвүүлэгч нарыг үлэмж хүндэтгэн "лозава" (энэдхэгт), "жигдэм миг" (төвдөөр "ертөнцийн нүд" гэсэн үг), "гүүш" гэх мэт нэр цол хайрладаг байсан ажгуу. Гүүш нар нь ч цолондоо таарсан тансаг яруу орчуулга хийхдээ үг хийгээд утгын харьцааг чанд баримталдаг байж. 19-р зууны Амдо Төвдийн гүн ухаантан Гүнтан гэгээн сургуулийг үйлдэгчдэд зориулан бичсэн нэгэн зохиолдоо төвд хэлээр "Донжий гамбуу цэгийн харваа ла" хэмээн айлдсан нь монголоор "үгийн өвгөн утгын таяганд дулдуйдмой" гэсэн үг болно[8]. 1975 онд Гандан хийдийн гавж ламтан Данзан-Одсэр өөрийн шавь, өдгөө мөн гавжийн зэрэгт хүрсэн Сонинбаяр багштанд "Цэгий намба машир вар – Донжий намба гала шар" (төвд: Үгийнх нь байдал эс ургаваас Утгынх нь байдал яахин ургах вэ?) хэмээн Чойрын номоос айлджээ. Төвд, Монгол гүүш нар орчуулгыг гурван шатанд ангилан үздэг байж. Үүнд, анх нь "тажүр" (мөн цэгжүр ч хэмээнэ) буюу үгчлэн орчуулах, удаад нь "ложүр буюу оюун ухаанаар орчуулах, эцэст нь "донжүр" буюу утгачлан орчуулах, эдгээр болно. Үлгэрлэвээс, "When you are in Rome, Do as Romans do" гэсэн өгүүлбэрийг "Чи Ромд байхдаа Ромчуудын хийдгээр л хий" хэмээн орчуулбаас тажүр, "Хүн ер нь аливаа газар тухайн нутгийн ёс жаягаар явбаас зохилтой" гэж буулгавал ложүр, "усыг нь уувал ёсыг нь дага", "сохрын газар сохроор, доголонгийн газар доголонгоор" хэмээн хөрвүүлбээс донжүр болох мэт.

Ертөнцийг харагч цонх болсон ном дор мөргөдгийнхөө адилаар ертөнцийг үзүүлэгч нүд болж, оюуныг маань тэлсэн мэргэн гүүш танаа мөргөмүү.

[1] Хэлмэрчилнэ гэдэг хэн бїхний хийдэг ажил биш
[2] Бэлгээр халдах гэхийг бэлгийн замаар, амьсгалаар халдахыг амьсгалын замаар хэмээн махчлан орчуулж, илүү үг хэрэглэх шаардлагагїй.
[3] Энэ тїїхийг арай богино хувилбараар Ж.Лхагва зохиолчийн номоос уншиж байв. Яг энэ хувилбарыг Хар Дорж багш Ри багшаас сонссоноо надад хуучилсан юм.
[4] За рубежом сэтгүүлээс авсан мэдээ
[5] Нарийн яривал рauper нь "гуйлгачин" ч биш "үгээгүй, ядуу" гэсэн үг. Үгээгүй болгон гуйлгачин байх албагүй баймаар
[6] Ардчилсан хэл гэж байдаг уу? хэсгээс энэ талаар дэлгэрүүлэн уншина уу
[7] Гюго биш Хюго юм.
[8] Саяхныг болтол миний бие энэ үгийг Монгол зохиолчийн хэлсэн їг гэж боддог байв.


Top
   
PostPosted: May.10.13 5:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
Дээрх эрхэмийн талаар нэгэн шавь нь блогтоо ийнхүү бичиж ээ. Багшаа зориулж бичсэн шүлэг нь маш их таалагдсан.

Саруул-Эрдэнэ


Саруул багш маань 2009 оны зун эх орондоо ирж амрах үеэр бид хоёр хамтран “Эх хэлний эрэлд” хэмээх цуврал нэвтрүүлгийг “Монгол” телевизэд хийж өгсөн юм. Нэг орой хоёулаа хууч хөөрөн ганц нэг шар айраг шимэнгээ хэл шинжлэлийн судлагдахууны нэг төсөөт үг нь монгол яруу найрагт элбэг байдаг тухайд ярьж билээ. Орой нь хариад төсөөт үгсийг нийлүүлэн Саруул багшийнхаа нэрээр шүлэг бичсэн сэн. МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн багш Мягмарын Саруул-Эрдэнэ одоо АНУ-гийн Индианагийн их сургуулийн Төв европ судлалын тэнхимд судалгааны ажил хийж байгаа. Хэл шинжлэлийн ухааны доктор тэрээр Вашингтон хот орчмын монголчуудын холбооны удирдах зөвлөл, “Цахим өртөө” төрийн бус байгууллагын удирдах зөвлөл, Индианагийн их сургуулийн дэргэдэх “Монгол” нийгэмлэгийн захирлуудын зөвлөл болон Америкийн Монгол судлалын төвийн захирлуудын зөвлөлийн гишүүн юм. Мөн тэрээр гадаад дахь монголчуудын http://www.dayarmongol.com сайтыг эрхэлдэг. Саруул багшийн үг бүхнээс монгол ханхалдагт би баярладаг...

Санагдах алс, оногдох ойр, дүүжин гүүр шиг сэтгэл минь
Салхин зүгт, альхан цагт, даажин зүүд шиг мартагдах бол?
Амьсгалын хэмнэл, аньсаганы нэрмэл, амьдралын амттай итгэл минь
Амьсаад дурсахгүй, ханьсаад урсахгүй гольдролын дунд яах бол?
Рерихийн хөрөг, эгээрэхийн төлгө, аль нь ч надад сонин биш
Ренбрандтын зураг, эрээн бараан сураг, бүгд адилхан, сөгдөх хэрэггүй
Уул минь, уур минь, ууршаад манантах хүсэл минь
Уйтан хийгээд уудам, зурж болохгүй сүм-сэтгэл минь
Учрал минь хагацал минь, алсраад амьсах алдаа минь
Уйлж суугаад дуулахдаа үгийг нь мартсан дуу-зүрх минь
Лаврин үдэш авиран зүдэгч эвий хонгор гунигтай би
Лавран хийдийн уншлагат эдгэхгүй эртний ерөөлт хөндүүртэй би
Эрслэн зорих тэрслэн золих эмзэг зовиурт зүрхээ яалтай
Энэлэн шархирах зэмлэн архирах гэмшил дүүрэн өдрүүдээ яалтай
Рамын уулнаа мөнх оршсон даяанчийн билиг
Рахын сүүдрээс бодол аврахад сэм цэлмэнэм
Дагшин хөдөөд лагшин амирлаж үүлс өргөн шувууд одоход
Дахиад ирэх хаврыг хүлээж уулс урган тэнгэрт тэмүүлнэм
Эндэхийнхэн Тэндэхийнхтэй адилгүй эрвэн сэрвэн зөнтэй
Эдгэж өвдөхийн зуурт мартаж санах зүүдтэй
Нэг дэхийнх нь тав дахийнхтай адилгүй бүгд өөрийн замтай
Нэгдэхийн аргагүй ертөнц мөнх бусын жамтай
Эгээрэм алсын анир гэгээрэм совингоо илгээхэд
Элийрэм холын бодолдоо дүлийрэм чимээгүй дуншнам


Top
   
PostPosted: May.10.13 6:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
МОНГОЛ ХЭЛЭНД БАЙДАГГҮЙ ТЭМДЭГ НЭРИЙН ХАРЬЦУУЛСАН ЗЭРГИЙН ТУХАЙД

М.Саруул-Эрдэнийн "Сонирхолтой хэл шинжлэл" номоос

Yлгэр домог сонсч өссөн бага насандаа үзэсгэлэн гоо бүсгүй хэмээгчийг “цаснаас цагаан царайтай, цуснаас улаан хацартай” байдгаар төсөөлдөг байв. Бичгийн зохиол унших болсон цагаасаа харин гоо үзэсгэлэнг нь саранд адилтгавал сарнаас амьдлаг, цэцэгт үлтгэвэл цэцгээс анхилмал бүсгүйг битүү мөрөөдөх болов. Найраг шүлэг гадарлах болсноор мөнөөх гоо үзэсгэлэнгийн дүр зураг маань өнгө нь гурван хаврын тоорын цэцэг мэт, үнэр нь есөн намрын сүмэн өвс мэт болон хувирсан бөлгөө. Утга зохиолын иймэрхүү хэллэг хүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлдөг нь аливаа зүйлд байгаа шинж чанарыг өөр зүйлд буй мөн чанартай адил түвшинд болон бүр илүүд авч үзэхдээ туйлын ончтой зүйрлэл хэрэглэснийх юм.

“Цас шиг цагаан” гэж юмны цагааныг цасны цагаантай адилтган үзэх, “цаснаас цагаан” хэмээн илүү болохыг нь заахаас гадна “хамгийн цагаан” гэж тодорхой зүйлийнх нь дотор давуу болохыг үзүүлэхийг хэл шинжээчид тэмдэг нэрийн харьцуулсан зэрэг хэмээн нэрлэдэг. Хамгийн сонирхолтой нь Монгол хэлэнд “тэмдэг нэрийн харьцуулсан зэргийн ай” байхгүй. Англи, орос зэрэг Энэдхэг-Европын хэлнүүдэд whiter - whitest хэмээн тэмдэг нэрэнд тусгай нөхцөл залган илрүүлдэг -er, -st хэмээх залгаврууд байдаг учраас харьцуулсан зэргийн айг тусгайлан авч үздэг юм. Гэтэл Монгол хэлэнд тийм тусгай нөхцөл байхгүй учраас уг нь хэлзүйн ай болгон авч үзэх хэрэггүй билээ. Орос хэлэнд жишээ нь эзэнд хамаатуулах нөхцөл гэж үгүй, бидний “номоо уншлаа, ээжээ саналаа” гэх мэт хэллэгийг “свой” гэсэн үг хэрэглэн илэрхийлнэ. Гэвч тэд орос хэлний эзэнд хамаатуулах тогтолцоо бол... хэмээн хэзээ ч ярьдаггүй. Яг түүн лугаа зарим хэлэнд тусгай нөхцөлөөр илэрхийлдэг харьцуулсан зэрэг хэмээх айг бид гарахын тийн ялгал болон хамгийн хэмээх бие даасан үг хэрэглэн бүтээдэг билээ. Нэгэнт тусгай үгээр илэрхийлж байгаа учраас энэ асуудал үгзүйгээс хальж өгүүлбэрзүйн асуудал болно. Гэтэл одоо ч бид бүх шатны сургуулиудад харьцуулсан зэргийг үгзүйн ай хэмээн үзсээр байгаа. Энэ нь үлгэрлэвэл англи хэлэнд үйлдэхийн тийн ялгал гэж үгүй, түүнийг by, with гэсэн угтвар үгээр илэрхийлдгээ Америкийн сургуульд “англи хэлний үйлдэхийн тийн ялгал нь by мөн” хэмээн зааж буйгаас өөрцгүй юм.

Хэдийгээр зарим хэлэнд харьцуулсан зэргийн ай байхгүй ч ямар тэмдэг нэрийг юутай харьцуулж байгаа нь хэлзүйн талаасаа биш юм аа гэхэд угсаатны зүй, сэтгэхүйн талаасаа ихэд сонирхолтой байдаг.

Аль ч үндэстэн тэмдэг нэрийг амьдралдаа хамгийн ойр юмтайгаа зүйрлэн бодно. Хар өнгийг л гэхэд англичууд нүүрстэй, орос, хятадууд хэрээтэй, солонгосууд бэхтэй зүйрлэдэг бол нүүдэлчин Монголчуудын амьдралд хамгийн ойр хар юм нь хөө байсан тул “хөө шиг хар” гэж хэлцэх болжээ. Гэтэл энд нэг асуудал байна. Их сайхан хар юмыг яахин “хөө шиг хар” гэх билээ. Эртний бичгийн соёлт Монголчууд эерүү харыг өнөөгийн Солонгосчуудтай адил бэхтэй зүйрлэдэг байсны гэрч шүлэг найрганд үлджээ. Гүлирансын ”Сайхан хүмүүн” шүлэгт тас хар үстэй, улаан уруултай сайхан бүсгүйг
“... үсний нь хар эгнэгт бэхсийн харыг даван чадаад
yнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй”
хэмээн уран яруу хэлсэн буй. Сайхан хар морийг бас мэдээж хөө хар морь гэдэггүй, хилэн хар гэдэг билээ.

Мал аж ахуй эрхэлсээр ирсэн тул Монголчууд малын шинжийг сайтар таньж, зүйрлэлдээ хэрэглэсэн байдаг. Хонь шиг номхон, тэмээ шиг өндөр гэж бид ярьдаг бол англичуудын хувьд хонь шиг бол тэнэг гэсэн үг агаад өндрийг байшинтай зүйрлэнэ. Хүнийг тахиатай зүйрлэвэл Америкчууд “хулчгар”, Италичууд “өөдгүй хог” гэж ойлгох бол Испанид харин “царайлаг залуу” гэсэн үг болно. Монголд бол их эрт сэрдэг нөхөр байх нь гэж л бодох байх. Найз охин нь хархүүдээ “Чи яг паар шиг юм аа” гэхэд “Тийм халуун уу?” хэмээн баясахад “Yгүй ээ, хэрзийгээд” гэдэг онигоог харь улст явж байхдаа санаж байхгүй бол ямар ч амьтан, эд юмс олон шинжтэй, улс үндэстэн бүр өөр өөр талаас нь хардаг байна шүү. Нэг Герман авгай манай найзын бяцхан охиныг “жижигхэн сармагчин” гээд гомдоож байсан түүхтэй. Оросууд ч бас бүсгүй хүнийг обязанка гэж эрхлүүлдэг л юм. Гэхдээ ихэнх хэлтэнд яг адил санагддаг амьтад бас байна. Бараг дэлхий нийтээрээ илжигийг тэнэг, гахайг бохир, арсланг зоригтой гэж үнэлдэг аж.

Байхгүй айн тухай баахан өгүүлэхэд ийм байна.


Top
   
PostPosted: May.10.13 10:04 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
Mongolooroo zov yrij bichya humuusee

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: May.10.13 11:34 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4144
Location: Байдаг газраа л байна
LeRoy wrote:
Mongolooroo zov yrij bichya humuusee

:) монголоороо зөв ярьж бичье хүмүүсээ

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: May.10.13 11:37 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
Bayrllaa humuusee

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: May.10.13 11:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16506
LeRoy wrote:
Bayrllaa humuusee

Баярлалаа, хүмүүс ээ.
Bayarlalaa, khumuus ee

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.19.13 2:22 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23190
"Catcher in the Rye" -г юу гэж орчуулах уу?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited