#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.26.17 8:07 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Mar.21.13 12:38 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Бусад хүмүүс яадаг юм , миний хувьд орчуулга хийнэ гэж амныхаа бангаар л хусаад байх шиг байгаам. Энэ талаар монгол дээр ном сонин юу байдаг юм бол, МУИС Хүмүүнлэг эд нарын орчуулагчийн ангид юу үздэг юм бол? Сурч мэдэж, засч залруулах юм юу байна? Хэлэлццгээе! :wink:

_________________
Making my very OWN REALITY


Last edited by Juno on Mar.27.13 3:33 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Mar.22.13 12:13 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Бичгийн орчуулга хийх зөвлөмж

Бусад орчуулгыг бодвол бичгийнх нь тэр даруйдаа хариу үйлдэл үзүүлэх шаардлагагүй, цаг зарцуулж бодож, толь хэрэглэж, мэргэжилтэнтэй зөвлөлдөж, илүү дээр хувилбарыг сонгох боломжтой байдаг билээ. Гэхдээ бусад орчуулгын адилаар тухайн хэлнийхээ хөг хэмнэл, утга санааг зөвөөр хөрвүүлэн буулгах хэрэгтэй. Мөн түүнчлэн эх хэлнийх нь санааг яг таг харуулж, тухайн зохиомжийг үнэлж, тэр хэрээр нь харуулах нь зүйтэй
Дор чухал гэсэн хэдэн орчуулгын зөвлөмжийг орууллаа
- Махалж биш утга санааг орчуулах
- Хүнд текст орчуулж байх үед өөрийн ухаан сэтгэн бодох чадвар дээр тулгуурла
- Ойлгомжтой байгаа эсэхийг нь уугуул хэлтэн эсвэл мэргэжилтэнээр уншуулж шалгуулах
- Чадвараасаа хэтэрсэн зүйлийг орчуулая гэж бүү амла
- Цаг хугацааны явцад орчуулга чамбайрч, чадвар суудгийг сана
- Мэргэжлийн орчуулга хийж байх үед хэлний ньюнс чухал
- Сайн орчуулга хийхийн тулд цаг зарцуул
- Өөр хэл дээрх материалын бүтэц орчуулж байгаа хэл дээр чинь тэр хэвээрээ ойлгомжгүй байж болохыг анхаар
- Нэг үгийг олон давталгүйгээр ижил утгатай үгээр орлуулж хэрэглэх
- Тухайн орны соёлын онцлог бүхий орчуулагдах боломжгүй үгийг утгыг нь алдагдуулж орчуулхаас зайлсхийх
- Зохиогчын бичлэгийн стиллийг (жишээ нь хошин , шинжлэх ухаанч, нуршуу бол тэр байдлыг нь) хадгал гэнээ.
Нэгтгэж хэлсэн л болохоос энгийн, хар ухаанаар бодоод олчихоор л зөвөлгөө байна ш дээ гэж бодож байна уу, За мэддэг юм бол хэрэгжүүлдэг эсэхээ анзаараарай

Миний бодлоор найруулга их чухал юм шиг санагдсан
Энгийн өгүүлбэрүүдийг нийлмэл, хавсарсан нийлмэл болгож найруулах , нуршуу урт өгүүлбэрийг хувааж уншиж ойлгоход эвтэйхэн болгох гэх мэт Сүүлийн үеийн америк зохиолчдын номонд бутарсан их энгийн өгүүлбэр байгаад байдаг хэхэ арай сүртэй хэлчив үү ямартай ч миний уншсан хэдэд тийм хандлагатай байсан. Би тэгэв ингэв. Тэр тэглээ гээд л нэгдүүгээр ангийн хүүхдийн монгол хэлний сурах бичиг шиг л..

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Mar.22.13 12:33 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
Монгол хэлээ сайн сурах


Top
   
PostPosted: Mar.26.13 5:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Ийм сэдэв нээе гэж бодож байсан юм. Сайн юм боллоо.

Энд тэндээс сонирхлоороо цуглуулсан зарим нэг нийтлэл, өгүүлэл, ярилцлагуудыг оруулъя. Заримынх нь эх сурвалж байхгүй юм шиг байна.


Top
   
PostPosted: Mar.26.13 5:11 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10287
орчуулга хийхээр суухдаа өөрийгөө галзуу болгох юм хэрэглэх хэрэгтэй байх, хар тамхи ч юмуу


Top
   
PostPosted: Mar.26.13 5:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
“Урд гараараа цохих”

эх сурвалж: http://erdeelym.blogspot.com/2009/03/blog-post_23.html
________________________________________

Хэдэн жилийн өмнө хэсэг нөхдийн хамт орчуулгын төсөл хэрэгжүүлэхэд ажлын багт ажилласан нэг гишүүн маань хамтран ажилласан бусдадаа зориулж бичиж байсан санамжийг мэдээ солилцож бүлгийн нийтлэлээс авч тэмдэглэл дээрээ тавилаа. Мэдээллийн технологийн чиглэлээр сонирхон орчуулга хийж байгаа бусад залууст хэрэг болох бол вуу гэж бодоод нийтэллээ.
Монгол хэл нь гарал үүслээрээ Алтай овог хэлнээ багтах бөгөөд үүнд түрэг, манж хамниган (буюу түнгүүс), солонгос, япон хэлийг хамааруулдаг. Хэв шинжийн хувьд монгол хэл нь бусад Алтай хэлний нэгэн адил залгамал (агглютинативный, агглютинирующий/ agglutinative, agglutinating) хэлэнд хамаарна.

Монгол хэлний энэтхэг-европ хэлнээс ялгардаг нэг гол зүйл бол үйл үгийн үйлдэх хэв үйлдэгдэх хэвээсээ илүү идэвхтэй байдаг явдал. Энэ нь монгол хүний сэтгэлгээ, юманд хандах онцлогтой холбоотой, өөрөөр хэлбэл үйлд өртөгчийн талаас бус тухайн үйлийг үйлдэгчийн талаас илүү ханддагтай холбоотой гэсэн үг. Харин үйлд өртөгчийг илүүтэй анхаардаг нь европ зүгийн хэлний нэгэн гол онцлог. Монгол хүн “эвхдэг ор” гэж ор-ыг үйлд өртөгчийн талаас нь үздэг байхад оросоор “эвхэгддэг ор” гэх маягаар тухайн ор-ыг үйлийн эзэн болох талаас нь эхэлж бодох жишээтэй. Монголчууд Би 1970 онд төрсөн гэдэг бол энэтхэг европ хэлээр “Би 1970 онд төрөгдсөн” (I was born in 1970) гэж хэлдэг.

Монгол хэлний найруулгын нэг онцлог бол олон тохиолдолд “...жараад онд дуулж байсан дуу...” гэх зэрэгээр тухайн үйлийн эзэн нь монгол хүнд тодорхой учир далд байж болдог бол, европ зүгийн хэлэнд уг эзэн заавал байхыг шаардаж, тэрхүү эзэн нь тодорхой биш нөхцөлд үйлд өртөгчийг нь үйлдүүлэх хэвээр жишээ нь “...жараад онд дуулагдаж байсан дуу...” гэсэн байдлаар илэрхийлдэг ялгаатай ажээ.. Энэ ялгааг сайн мэдээгүйгээс орчуулгаар дамжиж үйлдэгдэх хэв үлэмжхэн орж ирсэн, тэр нь яваандаа монгол хэлний найруулгад санамсаргүй нэвтэрч орсон ажээ. Тэгээд ч манай дуучид “...жараад онд дуулагдаж байсан дуу миний тогтлолт дээр дуулагдана...” гэх зэргээр ярих болсон хэрэг. Уг нь “...жараад онд дуулж байсан олон дууг би дуулна...” гэхэд л монгол найруулгадаа ойртоод зогсохгүй улам ч товч тодорхой болоод явчих байсан билээ.

Орос хэлний эгэх төлөөний үг - себя гэдгээс гаралтай –ся –гаар төгссөн үйл үгс, түүний дотроос состояться гэдэг үгийг монгол хэлний мэдлэг дульхан хүмүүс явагда- гэдэг хэлбэрээр орчуулсан нь энэ мэтээр үйлдэгдэх хэв гаарах морий нь унуулсан бөгөөд одоо ч үргэлжлэн нөлөөлж, монгол хүн ерийн яриандаа даатгуулах, батлах ~ батлуулах, машинд дайруулах, шалгалт авч байна, үдэшлэг болно... гэдэг атлаа албаны зүйл дээр юм уу, зарлал бичихдээ даатгагдах, батлагдах, дайрагдах, улсын шалгалт явагдаж байна, үдэшлэг явагдана... гэх зэргээр бичиж ярьдаг болжээ.
Албаны хүмүүс албаны юм ярихдаа, наад зах нь цагдаа нар “машинд мөргөгдөх”, “машинд дайрагдах”, тэмцээн тайлбарлаж буй хүн “бөмбөг таслагдах”, “урд гараараа цохих”, “бут ниргэлээ”, “буулгаж авлаа” гэх зэргээр орчуулгын нөлөөгөөр монгол хэлний найруулах ёсыг хамгийн их гажуудуулах, сүр бадруулах болжээ.
Тус толь бичгийн дотор ч мөн үйлдэгдэх хэвийг ихээр хэрэглэсэн байдалтай байна. Жишээлбэл, 3- “ААА сервер – Энэхүү сервер нь Э-худалддаанд ашиглагдана” гэсэн байна. Монгол хэлний үүднээс, “Тус серверийг Э-худалдаанд ашиглана” гэх нь илүү оновчтой юм.


Top
   
PostPosted: Mar.26.13 5:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
ЯРУУ НАЙРАГ ДАХЬ ОД ЭРХИСИЙН ОРЧИХУЙ

эх сурвалж: http://www.mendooyo.com/2008/11/blog-post_01.html

Яруу найраг бол хүмүүний дотоод сансарын од эрхис юм.Түүнд орон зай орчил хөдөлгөөн, нууц дохиолол, үл тайлагдах олон чанар буй. Гэсэн хэдий боловч хүн төрөлхтөн бие биесийн оюун сэтгэлгээний тэрхүү гайхамшигт сансарт нэвтэрч үзэхийн хүсэл эрмэлзлэл нь яруу найргийн орчуулгын эрдмийг буй болгосон байна. Бичгийн мэргэд, тэрчлэн яруу найрагчид өөрсдөө ч яруу найргийн орчуулгыг бараг боломжгүй зүйл гэж үзэж бичиж ирсээр асан боловч, яруу сайхны цаглашгүй хэрэгцээ нь өөрөө тэр хана хэрэмийг гэтлэн давж яруу найргийн орчуулгын үнэт сан хөмрөгийг буй болгосоор авай. Яруу найргийн орчуулгын сан хөмрөг нэн баян. Бараг түүн шиг их очир эрдэнэсийг манай гарагийн хаанаас ч олдворлох аргагүй.
Монголчуудын орчуулгын уламжлалыг Хүннү, Хятан гүрний үеэс л авч ярина. За тэгээд Их монгол улс, Юань гүрний үед бол бүүр ч ярих юмтай. Энэтхэг, Төвд, Нанхиад, Дорно дахинаас орчуулсан дундад зууны ном эрдэнэсийн өв санг хэдэн зуун ботиор тоолдог билээ. Ялангуяа улс орнууд бие биеэс айж бэргэж, чулуун хэрэм, үзэл сурталын хүрээгээр тусгаарлагдсан төрх байдлаас интернэт мэдээллийн цаг үед нүүж ирсэн XXI зуунд яруу найргийн орчуулгын эрэлт бүүр ч чухал байна. Яагаад гэвэл, яруу найраг руу нь нэвтрэхгүйгээр хүн төрөлхтөн бие биесийн соёлын үнэт зүйлийг бүрэн танин мэдэх боломжгүй юм. Юнескогоос хоёр зууны зааг дээр хүн төрөлхтөнд хандаж яруу найргийг XXI зууны оюун соёлын хамгийн чухал хэрэглээ, үнэт зүйлс болгон зарлаж яруу найраггүйгээр ямар ч урлаг байхгүй хэмээх томъёоллыг эш үндэс болгохдоо улс үндэстнүүдийн хэлний үзэгдлүүдэд буй утга соёлын давтагдашгүй чанарыг хадгалж хамгаалалахын тухайтад онцлон анхаарсан байна. Өнөөдөр хятадын сонгодог яруу найргийг таван хэлнээ харьцуулан үзэх боломжийг соёлт уншигчдадаа олгож буй нь дээр өгүүлсэн хүн төрөлхтөний орчуулгын өв сан ялагдашгүй баян байгаагийн тод гэрч мөн буюу. Манай монголын авъяаслаг дуу хөрвүүлэгч, эрдэмтэн, хятадач Я.Ганбаатар яруу найраг хийгээд түүний орчуулгатай шадарласан олон жилийн сан хөмрөг дотроосоо хятадын 51 сонгодог яруу найргийг шилэн сонгож англи, герман ,орос орчуулгуудыг нь олж цуглуулахын хамт, хятадаас нь монгол руу яруу сайхан орчуулж таван хэлний яруу найргийн нэн сонин сайхан ном бүтээвэй. Чухамхүү яруу найргийг эрхэмлэн дээдэлж хайрлан биширч, ойлгож гэгээрдэг хүмүүн л ийм зовлонтой хийгээд жаргалтай үйлсийг сайн дураараа эрхлэж чадах буй заа. Эрхэм нөхөрт үнэн талархан мэхиймүү. Я.Ганбаатар Нанхиадын сонгодог яруу найргийн эдгээр бүтээлүүдийг монголчлохдоо хятад эхээс нь орчуулсан нь магад боловч, англи, герман, орос орчуулгуудыг харьцуулан тулгаж үзэх боломжийг олжээ. Соёлт мэргэн уншигч дээрх таван хэлний аль нэгээр нь уншихдаа, мөн бусад хэлний орчуулгуудыг харьцуулан харах аз завшааныг энэ номноос олмуй.

Я.Ганбаатар олон жилийнхээ орчуулгын сангаас дээжлэн “Нанхиадын сонгодог яруу найраг “ хэмээх таван хэлний яруу найргийн номоо энэ 2006 онд Монгол улсад болж буй Дэлхийн Яруу Найрагчдын XXYI их хуралд зориулсан байна. Үүнийг эрдэм соёлт эрхэм бичгийн хүмүүний, яруу найргийн их далай руу илгээж буй нэгэн тунгалаг ариухан булаг хэмээн зүйрлэлтэй. Монголын эрдэм билигт хөвгүүд охид дэвэн дэлхийн олон улс оронд сурч боловсорч, хэл соёлтой нь танилцахын хамт, ялангуяа уран зохиол, яруу найрагтай нь бүүр дотно найрсан холбогдож авъяас чадлаа хурцлан ард олныхоо оюун сэтгэлгээг ариусган гэгээрүүлэх энэ мэт буянт үйлсийг хийж болохын үлгэр нь энэ ном боллоо. Я.Ганбаатар орчуулгын энэ бүтээлтэйгээ зэрэгцүүлэн “Нанхиадын сонгодог утга соёл ” хэмээх томоохон бүтээлээ хэвлүүлж байгаагийн зэрэгцээ “Тэнгэрт бошгоор үүдсэн их хүн улсын түүх оршвой ” нэрт түүхийн судалгааны ном ,”Моодун Шаньюй” нэрт түүхэн роман бичиж дуусгаад байна.
Монголчууд нэг хэлний соёлын ертөнцийг өөр хэлний соёл руу нүүлгэхийг “дуун хөрвүүлэх” “орчуулах“ хэмээх үгээр илэрхийлдэг билээ. Дуун хөрвүүлэх гэдэг нь дуу аялгууны эгшиглэн хийгээд түүний сэтгэлийн дүрслэлийн айзам нугалааг яг эргүүлэн тавих лугаа дүйлгэн өөр хэл рүү буулгахын учрыг сэнхрүүлсэн мэт. Орчуулах гэдэг нь нэг хэлийг нөгөө хэл рүү зөөхдөө од эрхисийг огторгуйгаар оруулахын дайтай ажил эрхэлдэг хэмээн нэгэн орчуулагч зүйрлэсэн бий.
Чухам од гарагийн өөр өөр орд гэрийг бие биесд нь зорчуулах мэт нөр хичээнгүй үйл бүтээж, монголын утга соёлын эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулсны цагаан буян өнө үүрд дэлгэрэх болтугай.

2006.06.30


Top
   
PostPosted: Mar.26.13 5:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16507
Галзуу орчуулахаар тэгээд хэвийн нэг хүн ойлгох уу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.26.13 5:15 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11156
yamar helneesiin......

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: Mar.26.13 5:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Ж.НЭРГҮЙ: “Хүн, араатан, бурхад”-аа хулгайлуулчихлаа ...


http://www.mongolnews.mn/w/13986

2010-12-14 11:38

Түүний орчуулгын бүтээлийн сонголт тун өвөрмөц байдгаараа бусдаас давуу, сонирхолтой байж чаддагийг уншигчид андахгүй. Нэг сонсоход Сергей Есениний “Сонгодог шүлгүүд”, нөгөө сонсоход Саддам Хусейны роман, эсвэл бүр доошлоод Тополийн “Ор хөнжлийн Орос орон”, эсвэл бүр дээшлээд Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв”-ийг гаргачихсан дуулддаг. Заримдаа түүнийг Бароны үнэнч анд хэмээн хошигнох нь бий.
Учир нь Барон Унгерн гэдэг хүний талаар манайхан дайсан гэдгээс өөр ойлголтгүй байхад тэрбээр өөр өнцгөөс нь харж, судалсан нэгэн юм. Бас нэг зүйл гэвэл, Ж.Нэргүйг Монголдоо бүхэл бүтэн Чойбалсан хотын ундны ус цэвэршүүлэх станцыг эхлээд аж ахуйн аргаар босгож, дараа нь социализмын үеийн Оросын нэгэн том Хүрээлэнгийн зураг төслөөр бүрэн телемеханик удирдлагатай станц бариулсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэр нь өнгөрсөн зууны 80-аад оны дунд үе гэнэ. Одоо харин нийгмийн оюун санаа, сэтгэлгээг цэнгэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй түүнтэй ярилцлаа.

-Цэвэр, бохир усны мэргэжилтэй хүн яаж яваад бичгийн хүн болов?
-Минскт тэр мэргэжлээрээ сурч, төгссөн юм. Тэр үеийн нийгмийн захиалга юм уу даа. 70-аад оноос их барилгажилт хүчээ авахад түүнд чинь суух хүмүүсийнхээ усыг нь бэлдэх, хаягдлыг нь зайлуулах хэрэгтэй болдог юм байгаа биз дээ. Шинжлэх ухааны талаас нь шүү дээ. Ингээд л анхны 10 гаруйхан мэргэжилтний нэг болох хувь хүртсэн. Харин хүн бүр дурласан, сонирхсон ажлаа өөрөө сонгож болох нийгмийг авчирсан 1990 оны ачаар л хар багын мөрөөдлийнхөө зам руу орчихсон юм.

-Инженер байсан үеэ дурсаач?
-Уг нь анхны мэргэжлээрээ 13 жил ажилласан л даа. 10 жилд нь Дорнодын Ус, сувгийн ерөнхий инженерийн алба хашиж. Шинэ жилийн шөнө хагарсан шугамаа гагнаж хот руу ус өгөх гээд нусаа хамартаа нааж л яваа, тэвэрт багтамгүй бүдүүн бохирын яндан дундуур ч мөлхөж л явлаа. Цэвэрлэх диск нь дотроо гацчихгүй юу. Тиймэрхүү л ерөнхий инженершүү юм байж. Шингэн хлорт ч цохиулж л явлаа. Ногоон утаа суунаглаад л явчихсан. Амьсгаа авч чадахгүй, нүд л бүлтэлзээд байгаа юм чинь. Өлзийсайхан гэж хлорчинтойгоо хоёулаа арайхийн гүйж гарсан.
Одоо ч хоёулаа амьд шүү. Энэ их амьсгаадаад байгаа маань нийслэлийн утааных гэж бодоод байсан чинь, тэр л хлорынх байж таарлаа гэж одоо бодоод байгаа юм. Хүмүүс тамхиных л гэдэг юм. Миний тамхи бол энэ хотын утаа, майны дэргэд экологийн цэвэр бүтээгдэхүүн шүү дээ. Өдий зэргийн хорыг бол яахав, зөвшөөрөхөөс дөө гээд лабораториор эрхбиш оруулчихсон юм чинь. За тэр ч яахав.
Манай Дорнодын төвлөрсөн хангамжийн ундны ус зэв ихтэй, шингэхэн хар цай шиг л юм байдаг байлаа. Хүрэн нүүрсний ордтой газрын ундны усны эх булагт төмрийн дутуу исэл их байдаг юм. Түүнээс салах ганц арга бол Төмөргүйжүүлэх станц. Зэвнээс нь ангижруулна гэсэн үг. Шугам угаагаад ч, гүний худгаа тэсэлгээний аргаар лайдаад ч нэмэргүй. Тийм станцыг зөвлөлтийн мэргэжилтэнтэйгээ анх ашиглалтад оруулж байсан сайхан үе байлаа.
Монголд өөр хаана ч байхгүй. Багануурын оросууд ч босгож чадаагүй зүйл. Одоогийн энэ МонИнжБарынхан барьсан юм. Хмелевский гэдэг тэр орос инженерийн л ач даа. Хөөрхий минь одоо Эльбрусынхаа хормойд, тэр жилийн Гүржийн бөмбөгдөлтөнд байшингаа сүйрүүлчихээд сууж байдаг юм гэсэн.

-Ер нь нэг хэсэг манайхан ажилдаа эзэн болж, хийсэн шиг хийдэг байсан шүү.
-Тэгэлгүй яах юм бэ! 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхэн үеэс л үндэсний мэргэжилтнүүд маань чадваржиж эхэлсэн шүү дээ. Одоо бол харин чадвартай, оюуны талх бэлтгэж чаддаг хүмүүс нь нийгмийн пирамидынхаа орой дээр сүндэрлэх биш, хормойд нь хэвтэж байдаг цаг ирж.

-Уг нь та түрүүн ардчиллын ачаар гэж ярьж байсан. Гэтэл одоо эсрэгээр нь сөрөг талаас нь яриад байх юм.
-Тэр үеийн ардчилал одоо утгаа алдаад будаа байтугай “пида”/хүүхдүүд бүтэн хэлж чадахгүй ингэж хэлдэг биз дээ/ болчихоод байна. Өнөөдөр, тэртээ дээр байгаа хүмүүсийг сэтгэлгээнийх нь ёзоороор солихгүй бол нийгэм маань уулын уруу руу өнхрүүлсэн чулуу адил доошоо л жирийсээр байх болно. Ийм байгаагийн гол шалтгаан нь сэтгэлгээний хоосрол, туслах шалтгаан нь олигтой сөрөг хүчин байхгүйд л байгаа юм.

-Өнөөдөр Монголд сөрөг хүчин байгаа биз дээ?
-Байхгүй ээ, байхгүй. Ардчиллын эхэн үед байсан, 2000-2004 онд байсан. Түүнээс хойш манайд өөрсдийгөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд бодчихсон 77 хүн л байна. Нэг нь л хууль ёсных, бусад нь завшигчид. Бүгдээрээ ч биш л дээ. Хүчтэй сөрөг хүчингүй улс орон хэзээ ч хөгжихгүй. 77 толгойтой могой үхэр тэргэнд ч дайруулна.

-Одоо тэгээд яахав?
-Хүчтэйхэн Ерөнхийлөгчийн засаглал л хэрэгтэй. Гэхдээ Ардчилсан намынхан парламентад байгаа цагт Үндсэн хуулиндаа тийм өөрчлөлт хийхгүй. Тэд чинь ардчиллынхаа зарчмаар “Бүгдээрээ зөвлөвөл буруугүй” гэдэг ардын мэргэн үгийг үхтлээ баримтална. Бүгдээрээ зөвлөөд буруу юм хийчихвэл хариуцлага хүлээхгүй, хэн рүүгээ ч чихэж чадахгүй, амар шүү дээ.

-Хуучин МАХН ч гэсэн их л туйлширдаг шүү дээ.
-Тэд бол түүвэрлэж авсан түүхийнхээ хуудаснууд дунд төөрчихөөд яадгаа алдчихсан улс. Барьсан ташуураа ч олж харахгүй байгаа. Тэгсэн мөртлөө ерөнхийлөгчөө үл тоомсорлоно. Ерөнхийлөгчид нь ч гэж эрх мэдэл хомс. 1990 оны Ардын их хурлын л гай. Эх орон маань эзэнгүй болсон. “Азаргаа алдсан адуу” гэдэг шиг. Олон эзэнтэй юм банзал хүүхэнтэй л адилхан.

-Таны яриаг сонсоод бас орчуулж байгаа бүтээлүүдийг тань харахад яагаад ч юм бэ тэрс үзэлтэн гэж төсөөлөгдөөд байх юм.
-Монголд одоо жинхэнэ утгаараа улс төрийн тэрс үзэлтэн байхгүй. Өмнө нь Р.Чойном, О.Цэрэндорж, “Япон” ЦэндТөмөр-Очир гээд жинхэнэ тэрс үзэлтэй, сэтгэл, зүрхэндээ үнэнч хүмүүс байсан. Ер нь тэрс үзэлтэн гэдэг чинь олон янз. Сэтгэлгээний, сахилга батын, улс төрийн тэрс үзэлтэн гээд л. Эсэргүү сэтгэлгээтэй гэсэн үг. Хүмүүсийн хэлдгээр, ертөнц даяар “хараалгасан” Саддам Хуссейны номыг орчуулдаг “тэнэг” амьтан намайг өөр өнцгөөс нь харвал оюуны тэрс үзэлтэн байж болох л юм.

-Тэгсэн мөртлөө өнөөх айхтар хурц нийтлэлүүдээ бичихээ больчихож.
-Хүний амьд явах арга нь юу вэ гэхээр бодит хандлага, зөв сонголт. Харин амьд явах хэрэгсэл нь бол оюун ухаан. Яг өнөөдөр манайд сэтгэлгээний хоосрол, оюуны өлсгөлөн болчихоод байна. Толгойд нь юм хийхгүйгээр хэчнээн сайхан хувьсгал хийгээд нэмэргүй гэдэг нь манайд батлагдлаа шүү дээ. Илжигний чихэнд алт хийгээд хэрэггүй гэдэг биз дээ. Тэгэхээр би элдэв юм бичиж хүний хараал идээд яах юм? Номоо л мэрээд сууж байвал барав. Ер нь урам хугарна гэж байдаг. Манайхан одоо тийм дээрээ тулчихаж. Оюунлаг, шударга хүмүүс урамгүй болж, хурц, хурц нийтлэлүүд бичихээ больж. Бичдэг байсан хэд нь дээр үеийн номч лам нар шиг “даяан хийх” гээд алга болцгоочихож, сураг нь тасарчихаж. Аливаа үндэстэн этносын хувьд мөхөл рүүгээ ойртохоор ингэдэг юм. Нийгэмдээ урам хугарна гэдэг чинь шударга хүмүүсийн нулимсны суваг бөглөрчихөөд байна гэсэн үг.

-Та ер нь хэзээнээс эхлэн юм бичиж, орчуулах болов? Өөрийн уран бүтээлээ яриач?
-Уг нь миний шүлгийг анх наймдугаар анги төгссөн бандирхуу юм байхад маань агуу их Гайтав гуай “Үнэн” сонинд тавьсан байдаг юм шүү. Төгсөж ирээд ус, сувгийн шугам хоолой, эхнэрийн пансан хормой, ээжийн ширүүн харц гурваас “эмээгээд” олигтой юм бичиж амжих ч үгүй, чадах ч үгүй байлаа. Ухаанаа олохгүй л байхгүй юу. Яахав, 1984 онд Дорнодод байхдаа анхны шүлгийн түүврээ гаргасан. Тэгээд жаахан шуурхайлж эхэлсэн. 2005 онд гаргасан “Сэтгэл хазгар биш бол…” түүврээ харин овоо болчихсон гэж сэтгэлээ зогоож явдаг шүү. Хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман”-даа бол хамгийн их хайртай. 1990 оноос өмнө зөвлөлтийн мэргэжилтнүүдэд синхрон орчуулга хийж явснаас биш бичгийн орчуулга хийж явсангүй. 90-ээд оны сүүлээс л бичгийн орчуулгаа эхлэх шив дээ. Орчуулгын номуудыг маань мэдэх юм чинь тоочоод яахав.

-Та яагаад заавал Есенин, Барон Унгерн, Высоцкий гээд зарим хүний хэлдгээр түвэгтэй зүйл сонгож орчуулдаг юм бол?
-Миний хувьд гэвэл, амь зуух арга маань л энэ шүү дээ. Хэр сайн ном гаргана, төдийчинээ хэдэн төгрөг илүү орж ирнэ. Хэдэн ном маань л зарагдаж байвал болох нь тэр. Нэгдүгээр зарчим маань энэ. Хоёрт гэвэл нэгэнт л үгийн эрэлд хатаж үйлээ үзэж, үсээ үгтээх тавилантай юм бол хэн бүхний сонссоныг л дамжуулах гэж, хаана ч гэсэн байж л байдаг эрээн цаасыг л орчуулах гэж бөв бөөрөнхий толгойгоо цахим бичүүртэйгээ адилхан дөв дөрвөлжин болтол суугаад яах юм бэ! Орчуулга гэдэг бол миний хувьд “хообий” гээч нь байхаа болиод амь, насны маань салшгүй нэгэн хэсэг болчихлоо. Тийм болохоор сонин содонгоос нь түүж орчуулахыг л хичээдэг боллоо.
Сонин содон юм л ухаан тэлдэг. Тэрнийг нь харин монгол руугаа чинээнд нь тултал буулгах хэрэгтэй. “Алтан загасны үлгэр” шиг. Дэлхийд нэгэнт шалгарчихсан, соригдчихсон асар олон ном цаана чинь биднийг хүлээгээд хэвтэж байна. Нацагдоржийн “Хуучин хүү” шиг хөмөрсөн тогоон дотроо л суугаад байж болохгүй шүү дээ, энэ чинь. Уран бүтээл гэдэг чинь олон янз, түүнийгээ дагаад амь зуух арга нь бас олон янз.
Ухаандаа, би яруу шүлэг бичлээ гээд уншигчиддаа түр зуурхны сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээс биш, ухааныг нь нэмэхгүй. Данзангийн Нямсүрэнгийнх шиг авъяас надад байхгүй. Сэтгэлийн цэнгэлээр хорвоогийн хатууг давахгүй, ухааны бяраар туулна. Ухаантай юм уншиж байж л ухааны хэлтэрхий олж авна. Өөрийн олж уншсан өчүүхэн ч болов зүйлийг бусдад хүргэхийг л хүсдэг хүн. Өвгөчүүл үхэхээ дөхөхөөр ач нарынхаа толгойд юм хийхийг боддог биз дээ? Тэгэхээр ах чинь бол нэг сумаар хоёр туулай буудаж яваа хүн. Яагаад заавал тиймэрхүү Высоцкий мэтийг шүүрч аваад байна вэ гэхээр тэднүүсийг чинь над шиг танхай, солиотой нь л барьж авна шүү дээ. Высоцкий чинь жинхэнэ оюун санааны тэрс үзэлтэн байсан хүн.
Тэсэхээ байгаад тэсэрчихсэн юм. Тиймэрхүү хүмүүсийг орчуулна гэдэг бол ойлгоно гэсэн үг. Гэдэс дотрыг нь ёнзог тамжидаар нь онгично гэсэн үг. Яруу найраг гэхэд л уянгыг нь олно гэсэн үг. Тэрнээс биш “подстрочный перевод” (Үгчилсэн орчуулга. Сур.) гаргачихвал өнөөх Есенинийг чинь “Өө үхсэн баас, Есенин, Есенин л гээд сүйдээд байсан, иймхэн амьтан байсан юм уу?” гээд цааш нь чулуудчихна.
Орчуулагчийн хариуцлага гэж энийг л хэлдэг юм. Хэрвээ би өөрөө шүлэг бичих болбол хамгийн түрүүнд толгой дотор маань онгодоороо давхиад ороод ирсэн үгийг л цаасан дээр буулгах эрхтэй байдаг. Есенинийхийг тэгэх эрх надад байхгүй. Одоо чинь агуучуул алхам тутамд тааралдах болсон шүү дээ. Онгодтой болгон нь өөрийгөө Лхагвасүрэн гээд, орчуулдаг болгон нь өөрийгөө Аким гээд, дуулдаг болгон нь өөрийгөө Чимидцэеэ гээд бодчихдог байх. Би ч мөн саяхныг хүртэл тэгж л бодож явсан.

-Гэхдээ л таны орчуулгуудыг гайгүй сайн гэдэг шүү дээ.
-Яахав дээ, “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг л тэр. Өгүүлэхүйн сайхан арслангууд нь тэнгэртээ морилчихсон болохоор жаахан гайгүй санагдаж байгаа хэрэг. Нэг л мэдэхэд Л.Хүрэлбаатар гуай шиг “Огторгуйн цагаан гардиуд” маань нисээд л явчихсан байх юм байна шүү дээ. Би ч өөрөө их гайгүйхэн шиг монголчлохыг хичээдэг. Тухайлбал, чи тэр Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” дотроос нэг юмыг анзаарсан уу?

-Юуг?
-Тэр 1000 гаруй хуудсан дотор чинь “ба” гэсэн үг ганц ч байхгүй.

-“Ямар “ба”?
-Яахав дээ, холбоос “ба” л байхгүй юу? “Чоно ба долоон ишиг”, “Ленин ба Октябрь” гэдэг шиг.

-Яагаад?
-Чадлаа үзүүлж байгаа юм. Даанч манайхан тэрнийг анзаарахгүй л дээ. “Ба” гэдэг чинь үг их муухай үг шүү дээ. Муухай сонсогдохгүй байна гэж үү?

-Гэхдээ л наадхи чинь жинхэнэ монгол үг шүү дээ?
-Тэглээ ч гэсэн, муухай (Ярвайв) үг... Өөр чи бас нэг юм анзаарсан уу? Энэ “Ромео, Жулетта тэргүүтэн тууриуд”-ыг уншихдаа. Наад дотор чинь 86 үгтэй өгүүлбэр байгаа.

-86 үгтэй? Алинд нь байгаа юм бэ?
-“Ариун хайрын тухай шасдир” дотор нь байгаа. Бас л чадлаа үзүүлж байгаа юм. Гэхдээ Ринчин гуай, Навааннамжил гуай, А.Дашням гуай, Урианхай гуай энэ тэрийнхийг бодвол зүгээр л сорилт. Жинхэнэ монгол хэлнээсээ өдөр хоногоор холдож байгаа энэ үед залуучуудад хэрэгтэй шүү дээ. Наадхид чинь би хуучны сонгодог хэлний бичлэг оруулахыг хичээсэн юм. Эх зохиол нь ч тийм юм шүү дээ. Шекспирээс яг 75 жилийн өмнө бичигдсэн юм чинь. -

-Нээрээ тийм байна шүү дээ. Би зүгээр л уншаад өнгөрчихсөн байна.
-Чамд анзаарагдалгүй өнгөрсөн л бол орчуулга нь болоод явчихсан хэрэг. Эмгэнэл болохоор их хүнд л дээ.

-С.Есенинийг ч гэсэн орчуулахад үг хэллэг нь хүнд, сэтгэлд буухад хэцүү гэх юм билээ.
-Сергей Есенин хүнд биш ээ, зүгээр л асар баялаг, тансаг хэлтэй найрагч. Гоё ш дээ, орчуулахад урамтай. Тосон дээгүүр гулгаж яваа юм шиг аваад давхичихдаг юм. Дурласан сэтгэлд бол гайхалтай бууна. Шүлгүүд нь ямархан тансаг билээ? Өглөөний нар шиг ариун тунгалаг, эсвэл хайрын бачуурал шиг хав харанхуй. Бачуураад байгаа мөртлөө дуулаад байдаг юм. Би саяхан Б.Лхагвасүрэн гуайн тулгаснаар оросын хараал, салхин сарны явдлын яруу найргийн нэг ном орчууллаа. “Ёстой элэг авнаа”. Сайн хараал, салхин сарны явдал хоёрыг бичээгүй зохиолчийг сайн зохиолч гэдэггүй юм. Тэрэн дотор гүн А.Толстой, тариачин Есенин хоёрын амаар тэмдэглэгдсэн, Петр хааны нэг амиар хэлдэг байсан 165 үгтэй хараал, “Запорожийн хасгуудаас Түрэгийн султаанд бичсэн захидал” ч байлаа. Тийм нэг уран зураг байдаг шүү дээ. Үнэн түүх байхгүй юу. Харин Петрийн хараалуудыг орхихоос аргагүйд хүрсэн. Уг нь би чинь усан цэрэг байсан орос, белорусь оюутнуудтай андалдаж л явсан хүн шүү дээ. Тэднүүс чинь нэг амиар 32 давхар хараалыг тоохгүй пулеметолчихдог улс.

-Таны Есенинийг нутагшаад эхэллээ гэх юм билээ.
-Уянгыг нь олсон юм байлгүй дээ. Ер нь Есениний уянга л хамгийн нууцлаг гэж оросууд ярьдаг. Түүнийг өөрийн болгохын тулд сонсголынх нь, хөгжмийнх нь мэдрэмжийг олсон байх ёстой юм гэсэн. Хэлнийхээ үзүүрт цөцгий шиг тамшаалах хэрэгтэй. Зөвхөн “Правда” сонины орос хэлтэй байх нь хангалтгүй. Яруу найрагчийн өчүүхэн ч болов авьяас хэрэгтэй, орос ахуйг нь мэддэг байх ёстой. Тэр ч бүү хэл, уран уншигч байх хэрэгтэй. Өмнө нь Есенинийг манай томчуул бөмбөчүүлж л байсан. Гэхдээ тэд уянгыг нь олох байтугай улиангарыг тоорой мод гээд буулгачихсан байдаг юм байна. Саяхнаас л олж үзлээ. Тэгэхээр чинь яаж нутагших юм бэ? Рязаньд юуных нь тоорой мод байхав гэдгийг логик талаас нь ч гэсэн эргэцүүлэх л ёстой байсан биш үү?
Тэр ч бүү хэл “Анна Снегина” найраглалд нь байдаг Слыхали дворцовые своды Солдатскую крепкую “мать” гэсэн хоёр мөрийн “свод, мать” гэдэг үгсийн салаа утгыг мэдэхгүй, “Ордны олон хуулиудыг мэдлээ. Орос цэргүүдийн хараалыг сонслоо” гээд туучихсан байгаа юм даа. “Свод” буюу “хүнхэр адар” гэдгийг “Свод законов” буюу “Хуулийн эмхэтгэл” гээд андуурчихаж. Энэ мөрөнд, бүр хашилтанд байгаа “мать” гэдэг чинь ээж гэсэн ч үг биш, хараалын ерөнхий нэр -“маты” ч биш шүү дээ. Уг нь бол “Шилтгээн харшийн хүнхэр адрууд Шивэртэй цэргүүдийн “эхийгээ охмор”-ыг ч сонсжээ” гэсэн хоёр мөр босох байж.
1917 оны намар Өвлийн ордон руу дайран орсон зэрлэгүүдийн дүр зургийг Есенин тэгж л буулгасан байдаг. Миний нэмсэн “Шивэртэй” гэдэг нь бол яахав, толгой холбохын тулд л оруулсан тодотгол үг. Шивэртэй байх нь ойлгомжтой л юм чинь. Одоо бол Есенинээс нэмж орчуулах юм надад л лав байхгүй. Ноднингийнхийгоо өөрөө дахин редакторлоод, дээр нь баяжуулаад гаргачихлаа. Энийгээ би “Классический перевод” (Сонгодог орчуулга. Сур) боллоо гэж бодож байгаа шүү. Манайхан ийм үг сонсвол боогоод үхчихнэ биз. Үнэн л юм чинь. Даанч манайд орчуулгын байтугай уран зохиолын судлаач гэж ганц ширхэг ч олигтойхон амьтан байхгүй.

-Даанч дээ?
-Үнэн, үнэн. Олигтойхон судлаачид байхгүй болохоор уран зохиол нь хөгждөггүй юм. Их, дээд сургуулиудынх нь гадаадын уран зохиолын программ ч гэсэн дээ, ядуухан шүү дээ. Судлал талдаа бол Билигсайхан гуай “Утга зохиол, урлаг” сонин дээр саяхан “Монголд ер нь олигтой роман байхгүй” гээд овоо юм дуугарчих шиг болсон. Дээхэн цагт гадаадын уран зохиолыг агуу мэддэг хүмүүс олон байсан юм аа. Талийгаач Готовын Нямаа гуай энэ тэр гээд л. Тэд бол Сонгодог орчуулга гэж юу байдгийг сайн мэддэг байлаа. Есенинээс хойш навс уначихаад, дайн тулаан, эх оронч үзэл, пролетарийн хувьсгалын тухай нийтлэлийн шүлгүүдээр онгодоо хазаарлуулчихаад байсан Оросын яруу найраг Пастернакийн Шекспирээр дахин өндийсөн байдаг юм. Шекспирийн эмгэнэлт жүжгүүд, хэд хэдэн сонетын Пастернакийн орчуулга л жинхэнэ Сонгодог орчуулга гэдгийг хавчиж хавчиж, дүрст лагшингаа номын агаарт хураасан хойно нь л, өөрсдөд нь гай болохоо болихоор нь л нэг юм хүлээн зөвшөөрсөн шүү дээ.

-Одоо сэдвээ жаахан өөрчилье. Та Барон Унгерны тухай нэлээд эртнээс бичиж, ярьдаг байсан. Түүний тухай түүхэн жүжиг, кино хүртэл бичсэн гэл үү? Энэ хүнийг яагаад ингэж онцолдог юм бэ?
-“1921 он” нэртэй жүжгийн зохиол бичээд драмын театраас зарласан уралдаанд өгөх нь өгсөн. Богд, Барон хоёрын эрхэмсэг харилцааны тухай, монголчуудын нүүсэн шатрын тухай өгүүлсэн юм. Бас өмнө нь нэг кино зохиол аятай юм бичээд ном болгоод хэвлүүлчихсэн. Одоо бол тэрнийгээ хаячихсан. Тусгаар тогтнолын үнэ цэнийн сурталчилгаанд зориулдаг мөнгө гэж Монголд байдаггүй юм байлгүй. Уг нь би энэ талаар Ерөнхийлөгчид хандаж захидал бичсэн. Энэ муу ёрын “Улаан баатар” гэсэн нэрийг сольё гэж ч бичсэн, тоохгүй юм аа.
Эсвэл наадуул нь Ээбээ даргад дамжуулдаггүй юм уу, эсвэл солихынхоо оронд нүүлгэх нь зөв гэж үзээд байгаа юм уу, бүү мэд. Өргөө гэвэл хичнээн сайхан сонсогдохов. Жинхэнэ шүншигтэй нэр гэдэг чинь тэр. Унгерны тухай киног уг нь Монгол Улс л түрүүлээд хийчих ёстой юм. Колчакийн тухай ямар сайхан эрхэмсэг кино байдгийг бид үзсэн. Колчакийн 5 метр өндөр хөшөөг Эрхүүд босгоод хэдэн жил болчихлоо шүү дээ. Хэн нь юунаас айгаад байгаа юм, мэдэхгүй. Сэтгэлгээний чин зориг л дутаад байгаа нь энэ.
Унгерн Монголд орж ирээгүй бол бид өнөөдөр Хятадын Өвөрмонголын л нэг провинци байх байсан. Би саяхан маш чухал хоёр баримт үзлээ. Юу гээч? 1920 оны арван нэгдүгээр сарын 4-нд Ажилчин, тариачны улаан армийн ерөнхий командлагч Л.Б.Каменев Барон Унгерны эсрэг тэмцэхэд нь Хятадын бүгд найрамдах улсад туслах тухай 6528 тоот тушаал гаргасан байна. Тэр тушаалд “Гадаад явдлын яамтай зөвлөлдсөн тул Хятадын талын хүсэлтийг хүлээн авч, цагаантан Барон Унгерны цэргийг Монголын нутаг дээр бүрмөсөн бутцохих үйл ажиллагаа явуулахыг тушааж байна” гэсэн байна.
1920 оны намар шүү дээ. Тэгээд л Щетинкиний дээрэмчин партизанууд наашаа цуваад эхлэхгүй юу. Үүнээс гадна Сүхбаатарын партизанууд улаан цэргийн тусламжтайгаар Хиагтыг чөлөөлсөн гэдэг. Тэр бол 1921 оны гуравдугаар сарын 18-нд болсон үйл явдал. Тэгвэл Монголын хувьсгалчдад туслах цэргийн ангиудыг оруулах албан ёсны шийдвэрээ 1921 оны зургадугаар сарын 23-нд л Бүх Оросын Төвийн гүйцэтгэх зөвлөл гаргаж, Ленин, Свердлов хоёр гарын үсгээ зурсан байдаг. Тэгэхээр зургадугаар сараас өмнө орж ирсэн цэргүүд бол…

-Ямар учиртай юм?
-Бароноор далимдуулж Монгол орныг эзлэн түрэмгийлэх үйл ажиллагаа явуулсан. Хятадтай хийсэн хэлэлцээрийнхээ дагуу буюу ах, дүү гамингийнхаа дайсан Бароны цэргийг бут цохихоор ирсэн хэрэг шүү дээ. Нөгөө муу хэлээд байгаа Бароноосоо ялгагдах юмгүй, хэн ч дуудаагүй байхад саахалтынхаа айлд дайраад орсон хэрэг. Гэхдээ энд нэг их ухаарал байх ёстой. Улаан нь ч бай, цагаан нь ч бай Оросын хүчээр л манайх чинь Европ руу ойртсон юм. Муусайн гамингуудаас нь монголчуудыг салгаж өгсөн учраас Бароныг би хүндэлдэг. Ганц энүүгээр нь ч биш. Тэр хүн Богд гэгээнийг хаан ширээнд нь эгүүлэн залсан. Ирэх жилийн цагаан сарын шинийн 15-нд дахин заларсных нь 90 жилийн ой тохионо. Манайхан энэ тухай огт ярьдаггүй юм. Элэрч баларсан Хүннүгийн үеийг л яриад байдаг. Тэгвэл 1691 онд Манжид эзлэгдээд, тэрнээс хойш 220 жилийн дараа Монгол нутаг дээр анх удаа тусгаар улс байгуулсан хүн нь Богд хаан шүү дээ. Бароны цэргүүд ч гэсэн Монголд ялагдаагүй, зүгээр л байлдаж залхаад зугтаагаад явчихсан юм. 2500 хүн. Унгерны дараа Азийн морин дивизийг толгойлон үлдсэн тэр гурван хурандаад Монголоос дайны хөлийг зайлуулсных нь төлөө хөшөө босгох хэрэгтэй юм. Байлдвал байдсугай гэсэн бол ямар гээчийн цусан далайд Монгол орон маань живэх байсныг хэлж мэдэхгүй.

-Хэн, хэн гэдэг хурандаанууд?
-Торновский, Хоботов, Парыгин гэдэг юм. “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ. Барон Унгерн” гэдэг номон дээр тодорхой байгаа шүү дээ. Манайхан дуугүй л суугаад байх юм.

-Түүхээ мэдэхгүй болоод ярихгүй байна уу, мэдсэн ч сөхөхийг хүсэхгүй байна уу?
-Одоо бол мэддэг болж эхэлж байгаа. Гэхдээ түүхээ заах, сургах номлол нь социализмынхаараа үлдчихсэн. Түүхчид маань л өөрийн гэсэн толгойгүй хэвээрээ байна. Толгойгүй хүн амгүй. Амгүй хүн дуугарахгүй.

-Ирэх жил тусгаар тогтнолын 100 жилийн ой болно гээд л түүхийн хуурай хичээл заагаад байх юм.
- Тэр ”XX зуун” нэвтрүүлгийг нь хар даа. Дандаа л социализмын номлолоор яриад байгаа биз дээ? Социализмын үеийн л заах арга шүү дээ. Шинэ, сонирхолтой юм юу ч алга. Залуучууд тэрнийг нь хялайж ч харахгүй. Тэрнийхээ оронд хялбаршуулсан, театрчилсан тоглолт нь дээр. “Бага тайз” гэдэг шиг, богинохоон, богинохон юмнууд. “Монголын түүхийн сонирхолтой өгүүллүүд” ч гэдэг юм уу? “Онцгой үеүд” ч гэдэг юм уу? Гэхдээ сонголтоо сайн хийх хэрэгтэй. Намдаг гуайн “Ээдрээ” жүжгийн хэсэг байсан нь хамаагүй дээр. Энийг чинь ганц би яриагүй, хүн бүхэн гадуур ярьж байна. Таксины жолооч нарын ярьдаг юм нь гэвэл Их хурлыг муулах, хотын утааг хараах, монгол телевизийг голох гурав л болсон шүү дээ.

-Одоо л таны ам халаад ирлээ.
-Ам халж байгаа юм биш ээ, бухимдсандаа ингэж байгаа юм. Бас нэг жинхэнэ эмгэнэл байна. Ноднинхон доо, нэг хувийн телевиз өглөөнийхөө нэвтрүүлгээр “Энэ өдөр тохиолдсон дэлхийн түүхэн үйл явдлуудыг танилцуулъя” гээд ярьж байна аа. Хөх инээд биш, бүр уур хүргэчихэж байгаа юм чинь. Яаж байна гээч? “Владимир Ильич Ленин.. гээд бүр овог нэртэй нь тунхаглан зарлаж байгаа юм шүү, -Энэ өдөр албан өрөөндөө Правда сонин уншиж байгаагаар анх удаа зургаа авахуулжээ” гэж. Ёстой ичмээр! Тэр муу алуурчны хэзээ зургаа авахуулсан нь хэнд хэрэгтэй юмб? Өнөөх коммунизмын чинь үзэл суртал! Өнөөдрийн залуучууд тийм юм сонсох ч үгүй. Ялангуяа дунд ангийнханд үзүүлэх, уншуулах юм Монголд байхгүй болсон шүү дээ. Хамгийн эмгэнэлтэй насныхан бол тэднүүс. Тийм болохоор писи тоглохгүй яах юм?

-Нээрээ тийм шүү. Дунд ангийнханд уншуулах юм байхгүй.
-Чи байз л даа. Сургуулийн өмнөх насныхныг бол саатуулах ном цаана чинь хахчихаад байна. Зурагтай зураггүй, ярьдаг хэлдэг, исгэрдэг шүгэлддэг номнуудаа лангуунууд нь дааж ядаж байна. Гэтэл өнөөх 10-15-тай охид, хөвгүүдэд чинь унших юм ч олдохгүй, бэлэглэх ном ч харагдахгүй. Анагаахын оюутан хүүд “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийг бэлэглэчихэж болно, харин арван тавтай бандид хичнээн удаа Монголын нууц товчоог бэлэглэх юм бэ? Энийг чинь бидэн шиг өвөө нар л хамгийн түрүүнд олж хардаг юм байна. Өнөөдөр би Оюуны өмчийн газраар орлоо л доо. Чинбат дарга нь үсээ үгтээгээд сууж байх юм.

-Яагаад? Тийм номнуудыг хулгайлаад байна гэж үү?
-Үгүй дээ, харин тийм номнууд байдаггүй гэж зохиолч, орчуулагчдыг буруутгаад сууж байна. Бид чинь дэндүү томдсон ухаантай болчихсон юм байна шүү дээ. Өсвөр насныхнаасаа тасраад явчихаж. Гэгээн хайрын тухай ч юм уу, нинжин сэтгэл, эр зоригийн тухай сайхан хүүрнэлүүд, өнөөх Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх”, Гармаа гуайн “Хөгжөөнтэй туужууд” шиг юм алга. Тэгэхээр тэр банди нар чинь яах юм бэ? Түлээ хөрөөдөж, нүүрсээ үүрсээр байгаад л 18 настайгаа золгох юм уу? Охид нь болохоор хумсаа будаж, эгчийнхээ даашинзыг тайрсаар цагийг элээх үү?

-Уг нь ч зохиолч, орчуулагч та нарын л буруу байна шүү дээ.
-Тэгээд харин яагаав дээ.

-Одоо л та тийм юм руу орох болж дээ. Рерихийн “Азийн зүрх” ч гэх шиг энэ Шамбалын орны эрлийг чинь тэднүүс унших юм уу? Өсвөр насныхан л шүүрээд авдаг ном орчуулаач.
-За мэдэхгүй, мэдэхгүй, шүүрээд авдаг номыг нь хулгайлаад авчих юм байна шүү дээ.

-Яасан? Бас л оюуны өмчийн хулгай юу?
-Тийм болохоор нь л би тэр Чинбатад нь бараалхаад явж байна. Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”-ыг маань аль ноднингоос эхлээд энэ сайтууд чинь хулгайлаад тавьцгаачихсан юм байна шүү дээ. Даанч энэ зунаас эхлээд борлох нь багасчихсан юм аа. “Үнэгүй юманд нугасгүй” гэгчээр. Гэтэл би бас нэмээд хэвлүүлчихсэн байдаг. Их санасан газар есөн шөнө ч хоосон хонолоо л доо.

-Харин тэгдэг гээд байгаа юм аа.
-Тэгүүлэх ч үгүй дээ. Хэн нэгний хэд гурван шүлэг, ганц хоёр өгүүллэгийг хулгайлаад тавьчихсан байна гэж сонссоноос биш, ийм том номыг улаан цайм хулгайлчихаж гэж сонсоогүй юмсан гэж байна лээ.

-Одоо юу хийж байна?
-Хашрахгүй л бас Оссендовскийн “Ленин” гэдэг нэг айхтар номны арьсыг хуулаад сууж байна.

-Та чинь дээр Ленинг алуурчин гээд хэлчихэв үү, эсвэл би буруу сонссон уу?
-Нарийн ширийнийг нь олоод уншчихсан болохоор тэгж хэлж байгаа юм аа. Хэд хоногоос харин хүүхдүүдэд зориулсан гайхалтай үлгэрийн ном маань гарна даа. Английн Редьяр Киплингийн үлгэрүүд гэж байгаа. Манайхан урьд нь Маугли, Мангуст хоёроор нь л мэддэг байсан юм. Пржевальскийн “Монгол, тангад нутгаар” гэдэг нь ч гарна. Бууж өгөхгүй шүү.

-За баярлалаа.

Ярилцсан Ж.Эрдэнэцэцэг


Top
   
PostPosted: Mar.26.13 5:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Утга зохиолын орчуулгын ур чадвар ба чанар

http://www.inet.mn/publish/?vfile=item& ... vl=archive

2009-02-10 21:11:23
Утга зохиолын орчуулгын ур чадвар ба чанар

Монголын утга зохиол дэлхийд хэр танигдсан бэ? Дэлхийд таниулах гол гарц нь болох орчуулга хэр хөгжиж ирэв, мөн хэр хөгжиж байна вэ? Эрт үеэс бичгийн эрдэмд нэвтэрхий монгол эрдэмтэн мэргэдийн хичээл зүтгэлээр нанхиад, манж, түвэд, энэтхэг зэрэг голчлон Ази дахины хэлнээ, хожим орос, улмаар дам дамжин бусад “соц” орнуудын хэлнээ орчуулагдсан ихэвчлэн яруу найраг, шүлэг зохиол зонхилох цөөн хэдэн бүтээл, ном эмхэтгэлийг нэг бүрчлэн дурдаад ч түүхэн хөгжилтэй нь харьцуулахад төдийлөн урт жагсаалт гарахгүй. Харин нэгэн хэсэг бүр орхигдон мартагдсан энэ асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, нэг үеэ бодвол Монголын утга зохиолыг гадаад хэлнээ, ялангуяа англи хэлнээ орчуулан буулгах, хэвлэн нийтлүүлэх, түгээн сурталчилах ажил идэвхитэй өрнөж байна.

Сүүлийн хэдхэн жилд Монголын Зохиолчдын Эвлэлээс эрхлэн хэвлэсэн “Монголын Шилдэг Уран Зохиол” орчуулгын түүвэр эмхэтгэл, Монголын Соёл Яруу найргийн Академийн эрхлэн гаргадаг улирал тутмын “ГУНУ” сэтгүүл болон Дэлхийн Яруу Найрагчдын 26-р Их Хурлыг угтан гаргасан Монголын яруу найраг, уран зохиолын 20 гаруй түүвэр эмхэтгэлүүд зэрэг харьцангуй олон орчуулгын бүтээлүүд хэвлэгдэн гарчээ. Мөн зохиолч, яруу найрагчдын зохиол бүтээлээ гадаад хэлнээ хөрвүүлэх, олон улсад сурталчлах идэвхи сонирхол нэмэгдэж, гадаадын утга зохиолын мэргэжилтэн, орчуулагч нар Монгол хэлийг судлах, Монголын уран зохиолыг орчуулах, зохиолч, яруу найрагчидтай хамтран ажиллах явдал харьцангуй өргөжиж байгаа юм.

Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн дүнд орон зай, цаг хугацааны хил хязгаар улам бүр алга болж байгаа даяарчлалын өнөө үед Монголын утга зохиолыг дэлхий дахинд таниулах, олон улсын түвшинд холбоо харилцаа тогтоох, хамтран ажиллах, түгээн сурталчилах гарц нь нээлттэй, харьцангуй хялбар асуудал болж байгаа мэт боловч нөгөө талаар орчуулагчийн ур чадвар, орчуулгын чанарын тухай анхаарах нь зайлшгүй асуудал болжээ.

Эдүгээ хэвлэгдэн гарч буй монголын уран зохиолын орчуулгын зонхилох хэсгийг Монголын Соёл Яруу Найргийн Академиас эрхлэн гаргаж, орчуулгыг английн орчуулагч Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан С.Смит хариуцан гүйцэтгэж буй. Олон улсын орчуулгын “Пен” шагналт орчуулагч Саймон Смит нь Лондон хотын Кинг коллежийг герман хэл судлал ба дундад зууны уран зохиолоор мэргэшин англи хэл, уран зохиолын чиглэлээр бакалавр зэрэгтэй төгсчээ. Тэрбээр анх Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн зохиол бүтээлийн бүрэн эмхэтгэлийг англи хэлнээ орчуулан хэвлүүлснийхээ дараа (хэдийд нь монгол хэлийг сурсан юм бол доо?!) Монголын Соёл Яруу Найргийн Академиас эрхлэн гаргасан яруу найраг, үргэлжилсэн үгийн 10 гаруй эмхэтгэлүүдийг эрхлэн орчуулж Монголын утга зохиолыг олон улсад сурталчилахад ихээхэн хувь нэмэр оруулж буй. Эдүгээ тэрбээр АНУ-ын Вашингтон хот дахь Төв Азийн Утга Зохиол Орчуулга Судлалын Төв болон “Орчуулга.мн” зэрэг газруудтай хамтран ажилладаг бөгөөд МСЯНА-ийн Монголын уран зохиолыг англи хэлнээ орчуулан олон улсын хэмжээнд сурталчилах төсөлд орчуулагчаар ажилладаг.

Гэвч Монголын утга зохиолыг дэлхийд таниулах (ингэж хэлэхэд танилын нүүр халуун ч...) бараг л “ганц” гарц болж хувираад буй “Монголын утга зохиолын элчин сайд” энэ орчуулагчийн ажлууд Монголын утга зохиолыг жинхэнэ өнгө төрхөөр нь дэлхийд таниулж чадах чадал чансааны ажлууд мөн үү? Утга зохиолын орчуулгын шүүмж судлалыг хөгжүүлэх талаар шийдвэртэй алхам хийж, зоригтой дуугарах цаг хэдийнээ болсон мэт.

Энэ удаад Монголын үргэлжилсэн үгийн зохиолын англи хэлнээ орчуулагдсан байдал, орчуулгын чанарыг хөндөж, зохиолч Д.Намсрайн “Жамухын өчил” хэмээх богино хэдий ч маш сайн өгүүллэгийн орчуулгаар жишээ авлаа. (Энэ өгүүллэгийн орчуулсан эх нь Вашингтон хот дахь Төв Азийн Утга Зохиол Орчуулга Судлалын Төвийн http://depts.washington.edu/ccalt вэб хуудсанд Саймоны бусад орчуулгуудын хамт бий. Мөн энэ өгүүллэг нь 2008 онд БСШУЯамны Соёлын Сангийн санхүүжилтээр эмхэтгэн гаргасан ‘An Anthology of Mongolian Literature’ эмхэтгэлд багтсан болно.)

Өгүүллэгийн орчуулгыг бүхэлд нь уншихад өгүүлбэр бүрт (бүр заавал шүү!!!) тохиолдох утгын болон найруулгын алдаанаас үүдэн зохиолын үндсэн санаа, ерөнхий агуулга нь бүхэл болон зангилагдаж чадаагүй, зохиолын утга уянга, бичлэгийн онцлог, хэллэг найруулга ор тас алдагдсан байх бөгөөд “Чингис хаан бүх овог аймгийг ялмагцаа Жамухтай нөхөрлөж буй мэт дүр эсгэн ордондоо авчруулах ба улмаар Жамухаар (өөрөөр нь) цаазаар авахуулах хүсэлт (орчуулгын дагуу бол Жамух ёстой “хүсэлт” гаргадаг) гаргуулж, эцэст нь зальжин нулимс унаган хурдхан!!! шиг Жамухыг цаазал хэмээн зарлиглаж (замаасаа зайлуулж) байна” хэмээн ойлгогдох утга агуулгатайгаар орчуулагдсан байх юм. (Эх зохиол болон орчуулгын Монгол хэлнээ буулгасан хадмалыг харьцуулан үзээрэй)
Тал нутгийн хатуу хууль, Монгол эрсийн үнэнч шийдэмгий зан чанар, нөхөрлөл, хагацал хийгээд эртний монголчуудын эрхэм ёс заншлыг тод томруунаар гайхалтай дүрслэн гаргасан энэ зохиолыг ингэж гутааж болшгүй. Орчуулга гэдэг онолын хувьд ч, практикийн хувьд ч “тухайн эх хэл дээрх утгыг зөв зүйтэй, уншихад ойлгомжтой, тухайн зохиолын хэллэг бичлэгийн онцлогийг хадгалсан” байх ёстой. Үүний тулд тухайн хэлний бүтэц, дүрэм зүй, соёлын онцлогийг судалж мэдсэний үндсэн дээр утгыг зөв тодорхойлж, хоёрдогч хэл дээр аль болох язгуур байдлыг хадгалсан байдлаар хөрвүүлэн буулгах нь орчуулагчийн баримтлах үндсэн зарчим мөн.1
Өгүүллэгийн эхний хоёрхон өгүүлбэр зохиолын утга уянгыг хөтлөн, өрнөлийг залах хөтөч болж байх атал орчуулга нь нэг л биш ээ!
“Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж, эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганы толгой гашуудалтайяа бөхөлзөнө” гэсэн өгүүлбэрийг “Taлд найман зууны өмнө оршуулсан Жамухын цогцос дээгүүр нэгэн болжмор дуулж, энэ бүс нутгийн салхинд үлээгдсэн хялгана гашуунаар дохилзоно” хэмээн орчуулжээ.
(On the steppe a lark is singing over Jamuh's body, laid to rest eight centuries ago, and the feathergrass, blown about this region by the winds, bitterly nods its head.)

Найман зууны өмнө оршуулсан гэж зохиол дээр үнэхээр хэлдэг боловч энд шууд утгаараа энгийн ярианы ‘body’ буюу цогцос гэдэг үгийг ашиглах нь зохисгүй мэт. Шарил гэдэг нь монголчуудын хувьд хүндэтгэл цээрийн утгатай үг учир хааны булш бунхан, цогцос байгаа гэдгийг өгүүллэгийн эхэнд ялангуяа англи хэлтэн уншигчдад тодруулахын тулд ‘eight centuries-old tomb of Jamuha’ гэх мэтээр илэрхийлбэл илүү нийцэх мэт. Мөн “... lark is singing” гэснийг “болжмор жиргэж” гэж орчуулж болох боловч зохиол нь гунигт түүхийг өгүүлж байгаа учраас энд “sing” буюу махчилбал – дуулах гэдэг үгийг хэрэглэхээсээ жинхэнэ утгаараа жиргэх гэсэн утгатай –chirp гэдэг үгийг ашиглах нь илүү зохистой.

“Тэр газрын цээжийг аниртан чагнаваас монгол эрсийн нөхөрлөл, гунигт хагацлын тухай эмгэнэлт түүх өгүүлнэ” гэснийг “There's a story about the friendship and sad parting of Mongolian men which forcefully expresses the very heart of this land” буюу “Энэ орны жинхэнэ мөн чанарыг хүчирхэгээр илтгэх Монгол эрсийн нөхөрлөл, гунигт хагацлын тухай түүх бий” гэсэн нь газрын цээж түүх өгүүлээд байгаа бус харин нөхөрлөл, хагацал нь энэ нутгийн мөн чанарыг илтгээд байгаа мэт болжээ. Ингэхэд эрчүүд нь нөхөрлөөд л, хагацаад л, эвлэрээд л, дайтаад байдаг нь монгол нутгийн жинхэнэ мөн чанар юм байх гэж ойлгомоор. Тэгээд энэ өгүүллэгийн санаатай давхцуулж ойлговол Монголын тухай өөдтэй төсөөлөл харагдахгүй нь бололтой. Энэ мэтчилэн энэ өгүүлбэрт жишээ татаж (өөлж биш шүү) болох утга, үг найруулгын алдаа олон бий. Тэгээд нөгөө яруу сайхан өгүүлэмж, утга уянга хаана байна вэ?

Эх монгол зохиолыг дутуу мөхөс ойлгоод, “модон” гэх үү “махчилсан” гэх үү, үгсээр гөрдөж, утгыг гажуудуулсан дутуу дулимаг ажил болохыг та олон жишээн дээр харна. Уран зохиолыг, ялангуяа яруу найргийг орчуулна гэж байдаггүй гэж үзэх нь бий ч ядаж үргэлжилсэн үгийн зохиол нь огт орчуулагдахааргүй тийм хэцүү зүйл биш ээ. Нүүдлийн соёл иргэншлийг өрний сэтгэлгээнд буулгах боломж хомс гэвч тайлбар зүүлттэй орчуулж, утгыг ухуулах эртний уламжлал, арвин туршлага Монголын утга зохиолын түүхэнд уг нь бий юм сан.

Зүй нь эхний энэ 2 өгүүлбэрийг “On the eight centuries old tomb of Jamuha, today a little lark of the steppe chirps and the grass heads bow as if mourning by the king wind of motherland. Listening to the deep heart of the ground, it speaks of the tragic story of loyal friendship of ancient Mongolian men and their sorrowful parting” гээд орчуулчихад англи хэлнээ “газрын цээж”, “эх нутаг” гэдэг хоршоо үг, хэвшмэл хэллэг байхгүй ч агуулга нь маш ойлгомжтой болох төдийгүй зохиолын үг хэллэг, санаа, утга уянга хадгалагдан үлдэнэ. Орчуулагч хүн гэдэг уран сайхны орчуулгыг хийхдээ үг төдийгүй ...найруулгын онцлог, уран хэл, сэтгэлийг хөдөлгөх чадлыг бүрнээр хэрэглэж... (Ц.Дамдинсүрэн), хэлбэр, агуулга, уянга гурвыг төгс хослуулахыг хамгийн чухлаар эрмэлзэх ёстой байдаг билээ. Эл орчуулгын өгүүлбэр бүрт үгийн утгыг гажуудуулсан, үг буруу сонгосон, “хэтрүүлэн” орчуулсан буюу бүр өгүүллэгийн өрнөлийг буруу тийш эргүүлсэн маш олон алдаа бий ч нэг бүрчлэн үл нуршиж, хэдэн жишээ татъя.

Жамухын нөхөддөө баригдаж ирэхэд, Чингис хаан богд эзэндээ халдсан боолуудыг цаазалдаг хэсгийг орчуулахдаа англи хэлнээ:
Чингис Жамухтай нөхөрлөлийн гэрээ (?) хийгээд ордондоо авчруулах ба Чингисийн эсрэг боссон овог аймгуудыг (бараг л Жамухыг айлган сүрдүүлэх маягаар нүдний нь өмнө) цаазалж дуусгаад дараах өршөөлийн үгийг хэлэн Жамухыг суллав:
"Анд минь, бид энх амгалан байдлыг олонтаа эвдэн үймээн дажин дэгдээсэн боловч одоо өөрчлөлт хийе. Бид үүрд хамтран ажиллах ёстой, дотно нөхөрлөлөө батал” гэжээ.
(Chinggis Haan made a pact of friendship with Jamuh and had him brought to his palace. Until the grass turned to brown he destroyed the vassal states which had moved against his power, and released Jamuh with the following words of forgiveness: "My dear friend, though we have many times shattered peace into chaos, let us now make amends. Please confirm our close friendship, that we shall forever work together)

Уг нь эх зохиол дээрээ “эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь өршөөе, эгнэгт нөхөрлөлөө бататгая” гэдэг сэн. Эв эеэ эвдрэлцсэн гэдгийг андгай тангаргаа эвдрэлцэж байлаа гэсэн санаагаар хэлсэн болохоос биш тэр хоёр хамтдаа дахин ахин дажин дэгдээгээд байсан гэсэн үг биш сэн. Эсвэл ядаж ‘our peace’ гэсэн бол андгайн тухай санаа нь тодорхой гарах байв. Тэгээд ч уран сайхны, ялангуяа ийм утга уянгын зохиолын орчуулгад гэхээсээ албан газрын бичиг хэрэгт л “энх тайван, нөхөрлөлийн гэрээ, дараах, хамтран ажиллах, өөрчлөлт оруулах, батлах” гэдэг үгсийг түлхүү хэрэглэдэг баймаар. Эх зохиолын хувьд хоёр хаан бус андгай тангараг өргөн нөхөрлөсөн хоёр андын хувиар амьдрал үхлийг шийдэх чин үгсийг хоёр биедээ өчин хэлэлцэж байгаа атал харин орчуулагч маань хоёр хаан өөд өөдөөсөө харж суугаад харилцан хэлэлцээр хийж байна гэж ойлгон эдгээр үгсийг сонгон ийн орчуулсан бололтой.

Улмаар зохиолд “нас сүүдэр ид дундаа, төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух”-ын омог төгөлдөр авч өөрийн үйлд гэмшин хэлэх өчил үг нь орчуулгын ид шидээр Чингис хаан руу дайран бухсан үг болон хувирч, Жамухын хүч чадал ч гэнэт Чингис хаанд шилжчих юм. Жамухыг нас сүүдэр ид дундаа бус “идэр залуу”, харин Чингис хааныг “төрөлх чадавхиа бүрнээ мэдэрсэн” болгож орчуулахдаа Смит үнэхээр Чингис хааныг Жамухад насаар ч, хүчээр ч илүүрхэн хандаад байна гэж ухсан бололтой.

Эх зохиолд Жамух Чингис хаанд “Өндөр дээд хаан суудалдаа заларч өрлөг жанжны чинь тоо бүрэн байхад би илүүдэх биз ээ” гэж хэлдэг атал мөнөөх орчуулгад Жамуха өчлөө “Хүндэт хаан минь” гэж эхэлмэгцээ шууд “би бол хаан ширээндээ буцаан өргөмжлөгдсөн хаан” хэмээн Чингис хааны сэнтийд залраад, “надад хэтэрхий олон өрлөг жанжид байна” хэмээн баатруудыг нь булаагаад, гэнэт эргэж буцан “чамд зай гаргаж (тавьж) өгье” хэмээн эвлэрнэ.
(But Jamuh was full of youth, and he offered to the haan, who had fully realised the abilities with which he had been born, the following reply:
"Today, esteemed haan, my dear friend, I am restored to my throne, and I have too many generals. I shall make room for you...)


Тэгснээ Жамух “ямар гээч зайран үйлийн үрийн салхинд хөөгдсөнийг хэн мэдэх вэ?” гэж хадуурч, төдөлгүй “нэгэнт чи далд санаа агуулж, андгайгаасаа буцсан учир хувь тавилан чамд хариуг чинь өгнө дөө” хэмээн Чингис хааныг буруутган занах юм.
(...Who knows what kind of holy shaman has been blown by the gentle wind of karma?...Because, once you have reneged upon the oath, into which you are entering with hidden thoughts, such things will be even more focussed upon destiny…).

Уг нь эх зохиолдоо бол “Үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг санаат эмийн үгэнд орж андгай тангарагаа няцсан цагаас хойш тавилан заяаны хувь зэрэгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ” гэж хэлдэг атал орчуулагч маань Чингис хааныг андгайгаа эвдсэн хариугаа хүртэх учиртай далд муу санаатан төдийгүй атгаг санаат эм болгон төрөл арилжуулаадахжээ. Мөн Жамух “би өөрийн хүчиндээ найдах юм бол…чи ч миний зааврыг дагахгүй” гэх ухааны юм ярьснаа удалгүй ахин самуурах мэт “чи бол ариун бөө“ хэмээн Чингис хааныг “хувилгана”...
(If I think to count upon my own strength to take part in many battles, And nor can you bear to come under my instruction, You are a holy shaman...)

Эдгээр жишээгээр орчуулга хийхийн тулд Монгол хэлний бүх үгийг мэддэг байх ёстой гэж гоочлох гэсэнгүй, харин монгол үгийг мэдэхгүй байлаа гэхэд муйхарлан гөрдөх бус, ядаж монгол-англи хэлний толь ашиглаж болмоор сон. Бас монгол хэлний өгүүлбэрийн бүтэц, найруулгын онцлогийг мэдэж ойлгодог болчихоод, орчуулгаа жаахан няхуур нямбай, тогтож хийсэн сэн бол арай ч ийм түвшинд орчуулахгүй байв. Ер нь энэ зохиолыг орчуулахдаа эрхэм орчуулагч хэдэн удаа уншсан бол гэмээр?!.

Жамухын өчил цааш үргэлжлэх тусам үгс, хэлж байгаа санаа нь улам авцалдаагүй болох нь Чингис хаанаас сүрдсэндээ ухаан санаа нь орж гараад, яриа нь ээрч муураад байна уу гэсэн бодол уншигчдад төрөх вий гэхээс яс хавталзмаар. Жамух цааш “Чамд өнө үүрд итгэгдэх ийм замыг сонголоо” хэмээн өчдөгийг “өнө эртнээс итгэгдсэн найдвартай энэ замыг би сонголоо” гэх утга авцалдаа тааруухан өгүүлбэр болгон орчуулсны дээр “Тэнгэрт ганц нар, Дэлүүн болдогийг гийгүүлэх ганц сар байг” гэдгийг “Дэлүү ихтийг номхотгох ганц сар байг” гэжээ. Дэлүүн болдог хэмээх түүхт газрын нэрийг мэдэхгүй байж Чингис хааны тухай зохиолыг орчуулахаар зориглодог нь ихээхэн бөх зүрхтэй хүний шинж биз. “Дэлүү” гэдэг үгийг толь бичгээс харсан бололтой, “splenetic” буюу дэлүү ихт, монголоор цөс ихт гэдэгтэй дүйцүүлж болмоор, их ойворгон самуун, ааш муут гэсэн утгатай хоёрын хоёр үгээр орчуулсан нь “гийгүүлэх” гэдгийг “номхотгох” болгож давхар гөрдөхөд хүргэсэн хүчээр хөрвүүлсэн үйлдэл болжээ.Тэгээд ер нь тэр ганц сар нь яаж дэлүү ихт, ааш муутыг номхотгодог юм бол доо?!
(For you have I chosen the way which was relied upon in ancient times... And may there be only one moon to pacify the ill-tempered and splenetic!)

Улмаар Жамух нэгэнт “ганц нарны дор оршиж чадахгүйн учир хоёр агуу хаан, хоёр агуу Монгол эрийн хуулиар энэ нөхцөл байдлыг нэгтгэе” (For this reason, may the law of two great haans, two great heroes, and two great Mongol men unify the situation) гэж хэлж байгаа нь орчуулагч Монгол хэлний “нэг тийш болгоё” гэснийг мөн л буруу ухаж, “нэгтгэх” гэж ойлгосных. Жамух анддаа “I shall make of myself your footstool” буюу “би чиний өлмийн тавиур нь болъё” гэж амлах нь түүний эх зохиол дээрх “өлмий, өвдөг дор чинь өөрийн биеэ ивье” гэсэн далд утгатай санааг мушгин Жамухыг нэг үгээр хэлбэл footstool буюу хөлийн гишгүүр хэмээх эд зүйл болгон хувиргаж, Чингис хааныг андгай өргөсөн андынхаа дээр гишгэсэн “хүнээ байсан” ёс суртахуунгүй хүн мэтээр дүрсэлсэн болхидуухан хөрвүүлэг болж.

Есөн хөлт цагаан тугийг “есөн сүүлтэй цагаан туг” (the nine-tailed white banner) болгосон нь “хөл” гэдэг үгийг “сүүл” хэмээн толь бичгээс андуу харсных уу, эсхүл есөн хөхөл нь сүүл шиг харагдсан юм болов уу гэж гайхмаар. Уг нь энэ үг наад захын жуулчны халаасан дахь Монголын тухай танилцуулгад тогтсон англи хэллэгээрээ бий дээ. Эсвэл гадныхан манай есөн цагаан сүлдийг сүүлээр хийсэн гэж, бас биднийг сүүлэн тугтай гэж доромжилдог юм болов уу? Мөн Жамухын “Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлгэдэж хаан биеэрээ туг сүлдийг чинь тахия! Эзэнт улсын чинь төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багадах учиргүйг тэнгэр мэднэ” гэсэн өчлийг “Чиний эрхэмсэг улс орны төлөө миний өчүүхэн тавилан хамааралгүй гэдгийг Тэнгэр мэднэ” гэж буулгасан нь “хувь нэмэр” гэсэн санааг “хувь тавилан” болгож андуу ойлгосных. Уг нь “багадах” гэдэг үг “хамааралгүй” гэдэг үгтэй харин ч хамааралгүй баймаар сан. .
(Heaven knows that, for the sake of your noble land, this little destiny of mine is irrelevant!)

“Харь дайсан хатгалдахыг санаархвал Монгол цэргийн тахир сэлмээр дэлхийн дайдыг нумлан хэмжигтүн!“ гэснийг “Хэрэв чи гадны дайсныг довтолъё гэвэл” гэж Чингис хаан аливаа дайныг эхэлж өөрөө сэдэж, (энх тайвныг эвддэгийг нь баталсан) өдөөн хатгадаг байсан мэт болгосон эндүүрэл ч байна.
(If you intend to pierce the foreign enemy, please measure around the wide world with the curved blade of the Mongol army! Please notice from where the sun rises in the east! Please know of where the sun sets in the west!)

Мөн “Их төр, эзэнт гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хутгалдан зөвшигч надаар төгсгөл болог! Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог!” гэснийг “Агуу улс, эрхэмсэг хүмүүсийн тухай чиний үгсийг би бодож биелүүлж болгоох болтугай! Энэ мөчөөс эхлэн Жамух хааны нэрийг гутаасан хүн гэсгээлээс зайлахгүй нь хууль болог!” гэж орчуулсан нь Жамух өөрөө Чингис хаанд хэлмэгдсэн, нэр алдар нь цэвэр хүн гэдгийг баталсан мэт болсон төдийгүй “өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч Өүлэн эхийн сүү цусгүй байсныг санаж” гэдгийг “...хамгийн бэрх цагт ч чиний ээж Өүлэний цус болоод сүү нь надад байгаагүйг бодож” хэмээн хөрвүүлсэн нь үнэндээ дуугүй өнгөрч болшгүй орчуулгын алдаа юм.
(And may I consider your healing words about the state of the great state and the noble people, and fulfill them! From this moment forth, may it be law that anyone who betrays the name of Jamuh Haan will not avoid punishment! ... thinking that I have neither the blood not the milk of your mother Oulen...)

Зохиолын төгсгөл хэсэг дэх Чингис хааны зарлиг уг өгүүллэгийн оргил болох ёстой атал орчуулга дээрээ харин зохиолын өрнөл дунд орчуулагчийн далд совингоороо гэнэ гэнэ илрүүлээд, цухас хэлээд байсан Чингис хааны далд санааны тайлал болж хувирна. Эх зохиол дээрээ “Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтганав” гэж байдаг атал “туг буурал сахал дээр зальжин овт нулимс гялтганав” хэмээн орчуулсан нь “ов тов” гэдгийг “ов мэх, заль” гэж эндүү ухаарснаас болсон нь гарцаагүй. Энэ нь үнэхээр орчуулагчийн зохиолын ерөнхий санааг буруугаар ойлгосныг нь улам баталсан тайлал үг болсон бололтой. Орчуулган дээр ийнхүү хааны заавар (уг нь англи хэлэнд ‘decree’ буюу зарлиг гэдэг үг байдаг сан) хууль тул биелэгдэж, зохиол “бүс нутгийн эрхэмсэг салхи нөхөрлөлийн тухай үгийг олж урагш илгээхээр хялганыг хайн Жамухын цогцос дээгүүр гунигтайяа хэсүүчилж” байгаагаар төгсөнө.
(As he issued this decree, Chinggis Haan's cunning glittered teardrops in his wispy grey beard. The haan's instruction was law, it was in keeping with the will of Eternal Heaven...
Eight centuries later, the noble wind of this region is wandering sadly above the body of Jamuh, searching the feathergrass for words about friendship and sending them southwards).


Уг нь зохиол “Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн эрин зуунд илгээнэ” хэмээн уярам эмгэнэлтэйгээр төгсдөг. Энэ бол түүхэн зохиолыг төдийгүй зохиолчийн авьяас, ур чадвар, хөдөлмөр зүтгэлийг доромжилж байгаа хэрэг! Зохиолыг ч, зохиолчийг ч, эх хэлийг нь ч хүндэтгэж үзэх ёстой байдаг нь орчуулагчийн баримтлах үндсэн зарчим байдгийг эцэст нь цохон тэмдэглэе.

Зөвхөн ганц өгүүллэгээр жишээ авахад ийм л байна. Энэ бол зөвхөн С.Смитийн орчуулга болон түүний алдааны тухай биш юм. Манай өнөөгийн уран зохиолын орчуулга ямар түвшинд байна вэ? Хийсэн нь буруутдаг гэсэн зарчмаар хандах бус харин яагаад ийм нөхцөл байдалд хүрэв ээ гэдгийг бодож тунгаах учиртай мэт.

“Монгол улс дэлхий дахинд үүдээ нээж байна. Чухамдаа оюун сэтгэлгээнийхээ охь шимийн үүцээ задалж байна. Монголын уран зохиолын элчин сайд С.Смит Монголын уран зохиолын шилдэг бүтээлүүдийг дэлхийн хамгийн “чухал” хэл болох англи хэлнээ орчуулахад маш их хүчин чармайлт хөдөлмөр зүтгэл гаргасан” хэмээн “Монголын уран зохиолын түүвэр эмхэтгэл”2-ийн өмнөх үгэнд эрхлэн гаргагч зохиолч, яруу найрагч СГЗ Г.Мэнд-Ооёо тэмдэглэсэн байна. Монголын утга зохиол дэлхий дахинд танигдах хэрэгтэй ч, эрхтэй ч. Гэвч монгол хэлээр “ус цас” шиг ярихаа байг гэхэд бичгийн хэл сайн мэдэхгүй хүнээр хамаг орчуулгаа хийлгээд иймэрхүү чанаргүй, алдаа мадаг ихтэй, амт шимтгүй орчуулгаар танигдаж байгаа нь нэг талаар харамсалтай хэрэг юм.

Зөвхөн энд жишээ болгосон ганц энэ богино өгүүллэг төдийгүй бусад томоохон хэмжээний бүтээлүүд, ялангуяа бүр илүү их утга уянгын үг хэллэг ихтэй үргэлжилсэн үгийн зохиолууд хэр чанартай орчуулагдсан бол гэх эргэлзээ ч үүнээс үүдэн гарах нь эргэлзээгүй. Үүнийг тайлбарлахдаа Монголын уран зохиолын орчуулгыг гадаад хэлнээ буулгах чадварлаг боловсон хүчин цөөн, тэдгээрийг бэлтгэх бодлого алдагдсан, ажиллах нөхцөл бололцоо муу, уран бүтээлчид, мэргэжилтнүүдийн идэвхи сул, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломж хомс гээд маш урт үй олон шалтгааныг дурдаж болох л доо. Нэгэнт гадаад хэлийг эх хэл шигээ эзэмшсэн чадварлаг орчуулагч, боловсон хүчин дутмаг байгаа өнөө үед юуны түрүүнд орчуулгын чанар чансааг сайжруулахын тулд дотоод гадаадын уран бүтээлчид нэг нэгнийхээ дутууг нөхөж хамтран ажиллах ёстой мэт. Мөн утга зохиолын салбарт боловсон хүчин бэлтгэх бодлогыг дахин сэргээх, уран зохиолын шүүмж судлал, тэр дундаа орчуулгын шүүмж судлалыг хөгжүүлэх, үүнд утга зохиолын салбарын болон хэл судлалын салбарын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, энэ чиглэлээр ажиллах идэвхи, ур чадвараа ахиулах нөхцөл бололцоог сайжруулах гээд хийх шаардлагатай зүйл ч нэн олон, маш чухаг байна.

Монгол түмний өнө эртнээс бүтээн туурвиж баяжуулан уламжилж ирсэн ардын билиг, ялангуяа утга зохиолын аман болон бичгийн их өв санг дээдлэн биширч, оюуны охь шим болсон бүтээл туурвилыг хүмүүст хүргэхсэн гэж хүсч эрмэлзэж явдгийн хувьд энэ талаар та бүхэнд цухас боловч хүргэхийг хүссэн билээ.

Дараагийн удаад Монголын яруу найргийн орчуулгын чанарын талаар хэдэн жишээг татан өгүүлэх болно.

Г.Дэлгэрмаа
“Нарлаг Монгол өнөөдөр” сэтгүүлийн эрхлэгч

1 – “The Translation Theory and Practice”
2 – “An Anthology of Mongolian Literature”, Улаанбаатар, 2008


Top
   
PostPosted: Mar.26.13 5:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16507
Манай Монголын нэрд гарсан орчуулагчдын нэг Д.Чойжил гуайн "Орчуулагчийн жаргал, зовлон" хэмээх номыг хэдэн жилийн өмнө Асуулт самбарт оруулж байсан юм. Одоо холбогдох сэдэвт нь бас оруулчий нтр.

Д.Чойжил
ОРЧУУЛАГЧИЙН ЖАРГАЛ, ЗОВЛОН

1. ҮГИЙН ЭРЭЛД ХАТАХУЙ

Тийнхүү гэнэт нэгэн хуучин монгол үгс гарч ирээд түүний утга санааг мэдэхгүйд хүрвээс одоо хороо хүрээний хөгшин зэмдэг өвгөд эмгэдийг эрж, энэ нэг хар үг хуучин монгол үгсийг асууж айл тойруулахад хүргэнэ.
Инжаннаши (Хөх судар)
Монгол Улсын Төрийн шагналт, эрдэмтэн зохиолч, орчуулагч Ш.Гаадамба нэгэнтээ муу орчуулгыг уншихад баруун аймгийн дөрвөн мөөртэй үхэр тэргээр явж байгаа юм шиг эв хавгүй байдаг гэж өгүүлжээ. Энэ зүйрлэлээс уламжлан сайн орчуулгыг уншихад суудлын машинаар шунгинуулж яваа юм шиг байдаг болов уу гэж бодмоор. Уншигч авгайд тийнхүү "суудлын машинаар шунгинуулж яваа юм шиг" сэтгэгдэл төрүүлэхийн тулд орчуулагч хичнээн их хүч хөдөлмөр зарцуулдгийг тэр бүр анзаарахгүй өнгөрдөг байна.
Орчуулга хэмээгч амаргүй ажил гэдгийг хэн болгон тэр бүр сайн мэдэхгүй. Түүгээр үл барам орчуулга бол гадаад хэл мэддэг хэн ч гэсэн барьж аваад гар хурууны үзүүрээр хийчхэж болох ажил гэж эндүүрэх нь буй.
Орчуулга юунаас эхлэх вэ? Миний бодоход үгээс буюу нарийн хэлбэл үг оноохоос эхэлнэ. Үг болгоныг зөв оноогоод байвал сайн орчуулга болчихдог хэрэг биш л дээ. Гэсэн ч үгийн оноолтоос орчуулгын чанар үлэмжхэн шалтгаална. Бид орос хэлнээс монгол хэлэнд орчуулахад үгийг хэрхэн оноох тухай зарим жишээгээр үзүүлэхийг хичээе.
Ж. Бямбадорж бид хоёр оросын тагнуулч Виктор Суворовын "Аквариум" гэдэг зохиолыг хамтран орчуулсан юм. Энэ бол Зөвлөлт Холбоот Улсад тагнуулчдыг хэрхэн бэлтгэдэг нууцыг дэлгэсэн сонин сайхан ном байж билээ. Энэ номыг Титэм компани орчуулуулсан гэсэн. Албан хэрэгцээнд зориулсан юм уу, хаашаа юм бэ, хэвлэгдэн гарсныг нь санахгүй байна. Ямар ч гэсэн би барааг нь олж хараагүй яваа.
Энэ номд (орос эхийн 61 -р хуудас) нэн бага өндрөөс шүхрээр бууж буй диверсантуудын тухай өгүүлсэн нь:
Каждый из них пригает, прижимая контейнер к груди, и бросает его вниз после раскрытия парашюта гэж буй.
Эндээс бид контейнер гэдэг үгийг авч үзье. ЦДамдинсүрэн гуайн Орос монгол тольд (цаашид ОМТ гэе) чингэлэг гэж тайлжээ. Чингэлэг гэдэг үгийг Я.Цэвэл авгайн Монгол хэлний тайлбар тольд (цаашид ЯЦТ гэе) Гэрийн гадаа тавьж юм хум агуулахаар хийсэн томоохон авдар гэж тайлсан байв. Дээр иш татсан хэсгийг цааш үргэлжлүүлэн үзвэл:
...Контейнер летит вместе с парашютистом, но на пятънадцатъ метров ниже его. Контейнер ударяется о кемлю первым, после чего парашютист становится как бы легче, и впоследние доли секунды падения его скорость несколько падает гэжээ.
Дээрхийг шүхэрчин чингэлэг (эсвэл хүнд том авдар) тэврээд үсэрдэг гэж орчуулахад хаашаа вэ. Нэгэнт толийн оноолт тохирохгүй байгаагаас хойш тохирох үгийн эрэлд морддог хэрэг ээ. Годил гэдэг үг санаанд ороод ЯЦТ-д үзвэл дөрвөн өөр утгатай юм байна. Үүнээс II 2. Жин дэнсний туухай гэсэн нь контейнер гэдэг үгийг энд хэрэглэсэн утгатай дүйж байна гэж үзээд туухай гэж орчуулсан болно. Яах вэ, нэг их хол явалгүй хэрэгтэй үгээн оллоо.
Тэгсэн чинь уг номын өөр нэг газар энэ үг маань дахиад гарч байна:
О, одна группа много может сделать против узла связи, пригревшегося в теплых контейнерах, против очкастых ожиревших связистов...
Үүнийг бол чингэлэг гэхэд болмоор санагдсан. Ер нь контейнер гэдэг үг зохиогчийн дуртай, хайртай үг юм уу даа, энэ номд хэд хэдзн утгаар олон удаа гарч байна. Жишээ нь мөн номын 117-р хуудсанд:
Маневровые тепловозы формируют составы. На Дальный Восток с пушками. Вот какие-то контейнеры... гэж байгаа.
Энэ бол ёстой ямар ч эргэлзээгүй чингэлэг мөн бизээ. За ингээд энэ нэг үгийн учир тодорхой болов уу? Үгүй шүү, энэ үг ямар ч гэсэн энэ номд орчуулагчийн үйлийг үзэж дуусах болоогүй бололтой. Номын 126-р хуудсанд:
Тут стоит огромный МАЗ с оранжевым контейнером. Наше место внутри. А там – как в хорошем самолете: ковры нa кресло удобные. Только окон нет... гэж байх юм.
Энэ нь тагнуулын сургуулийн сонсогчдыг нааш цааш зөөдөг ачааны машиныг хэлж буй. Хүнийг чингэлгээр зөөдөг гэхэд эвгүй мэт. Мухлаг гэмээр санагдана. Гэтэл цонхгүй юм. Үүнээс гадна зохиогч нь бин битүү сав гэдгийг онцлон харуулах гэсэн бололтой тул чингэлэг гэж орчуулсан.
Бас тагнуулын нууц мэдээ, гэрэл зургийн хальс тэргүүтнийг дотор нь хийж, урьдаас болзож тохирсон газар тавьдаг савыг мөн контейнер гэнэ. Үүнийг чингэлэг гэхэд даанч тохиромжгүй жижиг төмөр бортого, хуванцар хайрцаг мэт юм байдаг. В.Суворовын номд энэ үгийг нилээд хэдэн газар ийм утгаар нь хэрэглэсэн байгаа. Тухайн байдалд тохируулан хуурцаг гэх мэтээр орчуулсан.
Жеймс Х.Чейзийн "Үхсэн хүн үг хэлдэггүй" номыг орчуулж байхад зубило гэж үг дайралдав. ОМТ-д цавчуур гэжээ. Энэ нь хам эхэд арай таарахгүй, цүүцэрхүү юм байгаа бололтой. Цүүц гэдэг үгийг А.Лувсандэндэвийн Монгол-орос тольд (цаашид MOT гэе) долото, стамеска гэжээ. Стамеска-г ОМТ-д хасуур гэсэн байлаа. Энэ нь нэр томьёоны толийн (цаашид НТТ гэе) 1 -р ботид зубило-г тайлсантай тохирч байгаа учир үүгээр орчуулсан.
Жоан Коллинзийн "Дурлал, тачаал, жигшил" номыг орчуулж байхад осьминог гэдэг үг дайралдав. Надад байгаа А. П.Евгеньевийн ерөнхийлөн редакторласан Словарь русского языка-д (цаашид СРЯ гэе) толгой хөлт нялцгай биетний багийн амьтан гэж тайлбарлажээ. ОМТ-д нядмар, НТТ-ийн 2-р ботид нюмар гэсэн байв. Энэ хоёр үг ЯЦТ-д алга. Би нядмар гэдгээр нь авсан.
Р.С.Пратерын "Алга болсон бүсгүин хэрэг" номд:
-Вы немогли не слышать о моих филантропиях гэж байсан.
Филантропия-r ОМТ-д нигүүлсэл, ивээл, энэрэл, тэтгэл, өршөөл тусламж гэсэн байна. Энэ үгсийн аль нь ч тухайн хам эхэд дүйх нь тааруухан байсан учир би:
-Та нар миний өглөг буяны уйлсийн тухай эрхбиш сонссон баймаар
гэж орчуулсан.
Энэ өглөг буян гэсэн үг хам эхдээ тун аятайхан зохиж буй. Түүнээс гадна не могли не слышать гэсэн давхар үгүйсгэлийг эрхбиш сонссон баймаар гэж баталснаар буюу эсрэгээр орчуулсан юм. Би энэ аргыг нилээд хэрэглэдэг.
Орчуулах ажлын явцад энэ мэтээр үгийн эрэлд хатахын алийг тэр гэх билээ. Би заримдаа тохирох үг олох гэж цөхрөөд хааяа нэг буудах арга хэрэглэдэг. Энд ганц хоёр жишээ хэлье.
Мөнөөхөн Р.С.Пратерын "Дээрэмчдийн холион" номд:
Три ударных, один язычковый, один медныи духовой
гэсэн өгүүлбэр тааралдав.
Энд хөгжмийн зэмсгийн тухай өгүүлж буй. Намайг Москвагийн радиод ажиллаж байхад хөгжмийн нэвтруүлгийн эх бичгийг дандаа надад өгч орчуулуулдаг байж билээ. Хажууд орос, монгол тав, зургаан орчуулагч байсаар атал таг дүлий надад хөгжмийн нэвтрүүлгийн эхийг өгдөг байсан нь хачирхмаар. Би нэгэн удаа ийнхүү гайхаж байгаагаа хөгжмийн нэвтрүүлгийн эрхлэгчид хэлсэнд таны орчуулга хамгийн аятайхан болдог энэ тэр гэх шиг тоглоомын үгээр дүйвүүлээд өнгөрсөн. Тийнхүү би дээр нэрлэсэн хэдэн хөгжмөөс гадна струнный. смычковый, щипковый гэх мэтийн хөгжмийн зэмсэг байдгийг мэдэх болсон юм. Харин язычковый инструмент гэж дайралдаж байсныг санахгүй юм. Өөрт байгаа хэдэн толийг шүүрдэж үзэхэд энэ үг алга. Хөгжмийн мэргэжлийн зарим хүнээс асуугаад мэдэхгүй байв. Язычковый гэдэг нь язык буюу хэл гэсэн үгнээс үүссэнийг бодоод гармоонь, баян хуур. аккордеон зэрэг хөгжмийн дотор өргөс гэх үү, нэг тийм нимгэхэн хавтгай төмөр байдаг, тэр нь хөөрөгдөн үлээхэд хэлбэлзэж дуугардаг, түүний нь хөг алдагдах юм уу дуугарахгүй болбол хөгжим хэлгүй болох гэж ярьдаг шиг санаж байна. Тэгээд энэ төрлийн хөгжмийг язычковый гэдэг юм болов уу гэж таамаглаад Словарь современного русского литературного языка-гийн 17-р ботиос язычковый гэдэг үгийг үзвэл утгыг тайлбарлаад язычковые музыкальные инструменты гэсэн жишээ авчээ. Даанч энэ нь ямар хөгжим байдгийг хэлсэнгүй. Арга ядаад "Малая советская энциклопедия" (МСЭ)-гаас гармонь гэдэг үгийг үзвэл тайлбарт нь язычок гэдэг үг байж байна. Овоо шүү. Гэхдээ яг таарах үг олж чадаагүй учир баян хуур гээд явуулсан даа.
Росс Манкдональдын "Уичерлийн хэрэг" романд мамонтове дерево гэдэг үг дайралдав. Энэ модны нэр надад байгаа хэдэн тольд бас байдаггүй. Ном зохиол уншиж байхад заан мод гэдэг үг дайралдаж байсныг санаад ЯЦТ-иос заан гэдэг үгийг сөхөж үзвэл тайлбарт нь заан мод гэдэг үг байж байна. Үүгээр явуул сан. Харин энэ бол шулуухан "буудаж" байгаа хэрэг. Байг нь оноогүй ч банзанд нь туссан болов уу гэж найдаж суухаас өөр юмгүй. Гагцхүү ингэж буудах их осолтой. Тиймээс бүр арга тасарсан цагт хааяахан ингэж болох юм биз дээ.
Жованни Боккаччогийн "Декамерон"-ыг орчуулж байхад некромания гэдэг үгдайраддав. ОМТ, НТТ, СРЯ-д энэ үг байхгүй. МСЭ-д буй товч тайлбарыг үзэхэд утга нь миний багцаалж байсантай таарч байна. Уг нь монголоор яг утга дүйсэн үг байх ёстойдоо. Бас л нилээд хүнээс асуугаад мэдэх хүн олдсонгүй. Хар дом гэдэг үг санаанд орж байна. Арай таарахгүй юм шиг. Бодож бодож нууц тарнийн ухаан гэсэн. Нилээд ойртож очсон болов уу гэж найдна.
Мөн Декамерон-ны аравдахь өдрийн есдэх туурьд:
Потом он (Саладин) надел мессеру Торрелу на палец перстень, в который был вделан карбункул...
гэсэн байлаа.
Карбункул гэж хатиг гэсэн үг гэдгийг мэдэх юм. Бөгжинд арай хатиг шигтгэсэн баймааргүйяа? Юмыг яаж мэдэх вэ гэж эргэлзээ төрөөд ОМТ, нэр томьёоны хэдэн тольд үзэхэд хатиг, мундас гэж тайлжээ. Өөр утга алга. Мундас гэдэг нь ЯЦТ-д тайлснаар бөгс орчинд хэд хэдэн хатиг нэгэн хэсэг газар бөөгнөрөн гарах өвчин аж. Одоо болохоо байлаа. Ингээд эрэл мухардах нь энэ. Эх авсан газраа эргэж очихоос.
СРЯ-д үзвэл карбункул гэж адил бичлэгтэй, адил дуудлагатай, өөр өөр утгатай хоёр үг байдгийн нэг нь красный гранат гэдэг эрдэнийн чулууны нэр юм байна. НТТ-ийн 2-р ботид нилээд олон янзын гранат байгаагийн нэг нь сайхь красный гранат буюу улаан анар аж. Ашгүй дээ. Ингээд дээрх өгүүлбэрийг:
Дараа нь мессер Торрелын хуруунд улаан анар шигтгээтэй бөгж зууж өгсөн...
гэж орчуулсан юм.
Ер нь орчуулагч нар үг эрж үйлээ үздэгийн хувьд зарим талаар зохиолчтой төсөөтэй юм уу гэмээр. Миний энэ бичсэнийг эрхэм зохиолч нар маань үзээд: "Энэ муу орчуулагч дээд тэнгэрээс заяат бидэнтэй зиндаархах гэдэг нь юу ч вэ" хэмээн зэвүүцэхгүй болов уу гэж найдна.
Өнгөрсөн зууны наяад оны сүүл хирд юмсан. Зөвлөлтийн "Прогресс" хэвлэлийн газрын захиалгаар академич Д.Лихачевын "Залуучуудад бичсэн захвдал"-ыг орчуулж байтал Умард нутгийн оросууд өөрсдийн суух байшинг барихдаа ургаа модыг үндсээр нь булгалж дам нуруу хийдэг байсан тухай өгүүлсэн хэсэг байв. Модны үндсийг морины цээжин бие болгож сийлдэг гэнэ. Тиймэрхүү үндэсний булцуу нь образует могучую грудь коня гэсэн байсан шиг санана. Үүнийг: Үндэсний булцуу нь морины хүчирхэг цээж болдог гээд орчуулахад болохгүй нь юу байх вэ. Гагцхүү энэ маань арай бүдүүн бараг юм шиг, орос эхийн дүрслэлийг гүйцэд буулгаж чадахгүй байх шиг санагдаад сэтгэл нэг л дундуур. Морины цээжний урд хэсгийг хэлдэг нэг үг байдгийг саналаа. Чухам юу гэдэгсэн билээ гэхээр санаанд орж өгдөггүй. Хүнээр бол хэнхдэг юм даа. Морины хэнхдэгийг юу гэдэгсэн билээ? Энүүхэн ойр, аман дээр эргэлдээд байх шиг мөртлөө санаанд орж ирдэггүй. Бүтэн өдөржин бодсон гэвэл худал болно. Ер нь хирэндээ нилээд удаан бодож, "энэ муу мангуу толгой" хэмээн тархиа шаагаад нэмэр болсонгүй. Маргааш нь хамт ажилладаг эрдэмтэн Лонжид дээр орж, Монгол хэл ний зүйл хуваасан толийн адуу малын биеийн зүйл хэсгээс омруу гэдэг үгийг олж, өөрийн эрхгүй инээд алдаж билээ. Тийнхүү:
Үндэсний булцуу нь морины хүчирхэг омруу болдог гэхэд дүрслэл нь орос эхтэйгээ их сайхан тохирч байх шиг санагдсан.
Энэ бас гайгүй. Заримдаа бүр шальгүй жаахан юман дээр будлиж хөглөнө гээч. Өтөлж буйн, бүр зөнөж буйн шинж юм уу даа. Пол Бреггийн "Хоолоо татахын гайхамшиг" номыг орчуулж байтал грецкий орех гэдэг үг гараад ирлээ. Хушга гэж санаж байна. Тэгсэн хир нь бас жаахан эргэлзээд өөрт буй хэдэн толиос грецкий, орех хоёроор толгой хийж эрээд олсонгүй. Эцэст нь А.Лувсандэндэвийн Монгол-орос тольд (цаашид МОТ гэе) хушга гэдэг үгийг грецкий орех гэж тайлсныг үзэж сая нэг санаа амрав.
Үүнийг ийнхүү нуршин өгүүлсэн минь өөрийн будлиж мунгинадгийг нэг их ид хав болгож гайхуулах гэсэн хэрэг биш, гагцхүү орчуулагч хүн эх зохиолд буй үгийн хам утгад дүйх үг олж оноохыг хичээж, уйгагүй оролдох хэрэгтэй юм шүү гэсэн санаа билээ.
Эцэст нь үгийн эрэлтэй уялдуулан Энэтхэгийн эртний их яруу найрагч Галидасын "Үүлэн зардас" найраглалын хэдэн монгол орчуулгаас би өөрийн сонирхож буй хэдэн мөрийг авч үзье. Б.Ринчен гуайн бичсэнээр:
Чухам монгол бичигт "Үулэн зардасыг "орчуулсан нь гэвэл бидний мэдэхэд XVIII зууны эхний хагасын сүүл хавьд төвдөөс орчуулсан нэгэн орчуулгыг Жанжаа Хутагт Ролбийдорж, Бээжинд хэвлэсэн монгол улаан шунхан Данжуурын хоёр зуун хорин тавдугаар ботид оруулжээ. Тэр Данжуурт оруулсан орчуулгаас бас өөр эртний орчуулга ч байсан байж болзошгүй... гэжээ.
Данжуурт орсон орчуулгыг үзвэл:
Манай эзэн зааны нойтон арьсыг дурласнаар өмсч бүжгийн туурвисныг больсон мэт. Чамайг ирэхийн урьд... ургамал нарны улаан гэрлээр улаан уснаас ургасныг барин үйлдээд...
гэсэн байх юм.
Эрдэнэпэл гавжтаны түвдээс хийсэн орчуулгыг үзвэл:
Малын эзэн зааны нойтон арьсыг дурласнаар өмсч бүжгийн зохиосныг булаасанчилан, чамайг ирэхээс урьдын хэсэг үед ургамал нарны улаан гэрлээр уснаас ургасныг бариад...
гэжээ.
(Энд манай эзэн гэснийг малын эзэн гэж ташаарсан байж болзошгүй.) Сагараажавын хятадаас орчуулсныг үзвэл:
Бүжиглэн эхлэхэд Шива гараа өргөхөд ой шугуй мэт болно. Чингэхэд чи наран жаргах үеийн улбар шар туяагаа цагираг мэт болгоход их бурхан шинэхэн хуулсан зааны арьсыг авах гэж хэзээд хүсэхгүй... гэжээ.
Ринчен гуайн орчуулгыг үзвэл:
Шингэх нарны гэрэлд жава цэцэг мэт час улаан болоод
Шива тэнгэрийн ойн том мод мэт мутрыг ороогоод
Зааны нойтон шир барин бүжих хүслий нь хангахад
Завсраас хатан нь хөдлөхгүй нүдээр бишрэн харам за ............... гэжээ.
Би энэ дөрвөн орчуулгаас өөрийн явцуу сонирхолд хөтлөгдөн зөвхөн зааны арьс гэдэг үгийг авч үзэх гэсэн юм. Үүнд эхний хоёр орчуулгад зааны нойтон арьс, гуравдахь орчуулгад шинэхэн хуулсан зааны арьс гэсэн бол Ринчен гуай зааны нойтон шир гэжээ. Заан хэмээгч аварга биет амьтны арьс лав их зузаан байж таарах учир зааны арьсыг зааны шир гэсэн нь илүү зөв байна. Үүнээс уламжлан орчуулагч нар зааны шир гэдэг үгийг гурван зуу гаруй жил эрж байж олжээ гэж хэлж болмоор мэт санагдана. Иш татсан хэсгийн гар - мутар гэдэг үгийн тухайд мөн ингэж хэлж болох байх. Үүний дэргэд омруу-r нэг өдөр эрсэн минь юу ч биш байж. Миний энэ үг зарим хүнд шалихгүй жижиг зүйлийг хэтэрхий дэвэргэсэн мэт санагдаж болох боловч орчуулга хэмээгч чухамдаа дан ийм шалихгүй зүйлээс бүрддэг юм шиг санагдаад байдаг.
Ринчен гуай "Үүлэн зардас"-ыг орчуулахын тулд уг зохиолыг маш нарийн судалж, нэгэн биеийн зуун алжаалаар хийсэн нь мэдэгдэж байгаа бөгөөд уг орчуулга нь бусад орчуулгаас илүү дөхөм ойлгомжтой, уран яруу болсон байна. Энэ орчуулга судлах эзнээ хүлээж байгааг цухас ч атугай дурьдалтай.
Орчуулгад үг оноох нь маш чухлыг хэн ч үгүйсгэхгүй бизээ. Гэхдээ үг бүрийг зөв оноогоод байхаар сайхан орчуулга болчихдогсон бол орчуулга хэмээгч тийм чиг ядаж цөхөөд байхаар ажил биш байх байсан сан. Даанч тийм биш. Харин ч хэтэрхий үг үсэг хөөцөлдөөд байвал үгчилсэн буюу махчилсан орчуулга болж, Марк Твений минь махыг идэж дээ гэж Ринчен гуайн хэлсэнчлэн тухайн зохиолчийн махыг идэхэд хүрч болзошгүй. Түүгээр ул барам уран зохиолын, ялангуяа "яруу найргийг үгчлэн орчуулбал ядуу найраг болно" (Г.Амар. Орчуулах эрдэм. 1988 он, 192 дахь талд.) Тэр байтугай яруу найргийн орчуулгын үг хэллэг уг эхээсээ хичнээн холдох тусам төдий чинээн үнэн зөв, төдий чинээн яруу сайхан болдог нэг ийм жигтэй хачин мөртлөө бараг зүй тогтол гэмээр үзэгдлийг К.И .Чуковский "Эрхэм дээд эрдэм" (Высокое искусство) номдоо ажиглан тэмдэглэсэн байна. Саяын хэлснийг нотлох жишээ Б.Ринчен гуайн орчуулгад элбэг арвин бий.

2. ШИНЭ ҮГ ЗОХИОХЫН ГАЙХАМШИГ

Эхлээд үг байсан. Үг Ертөнцийн Эзэнд байсан бөгөөд Үг өөрөө Ертөнцийн Эзэн байв... Түүнгүйгээр бүтсэн юм нэгээхэн бээр үгүй. Библи
Орчуулгын практикт шинэ үг зохиох хэрэгцээ цөөнгүй гарна. Ялангуяа хэвлэл мэдээллийн газар ажиллаж буй орчуулагч нарт ийм шаардлага их тохиолддог юм билээ. Нэр томьёо зохиох бол тэр аяараа шинэ үг зохиох ажил байдаг гэж болох билээ. Энэ бол эрдэм шинжилгээний их нарийн ажил байдаг учир үүнийг орхиод бид зөвхөн ойр зуурын "тулга тойрсон" үгийг авч ярья. Шинэ үг зохиоход үгсийн санд бэлэн байгаа үгийн урд, хойно угтвар, дагавар залгах, хоёр үгийг нийлүүлэх зэрэг хэд хэдэн янзын арга байдаг боловч цоо шинэ үг зохиох нь нэн ховор байдаг бололтой. Ер нь орос, англи, герман мэтийн хэлтэй жишихэд монгол хэл маань шинэ үг зохиох боломжийн хувьд нилээд хөшүүн юм шиг санагддаг нь миний мэтийн хүний уран сэтгэмж дутсаных болов уу даа.
Өнгөрсөн зууны наяад оны сүүл хирд өөрчлөлт шинэчлэлтийг дагалдан монгол хэлэнд олон шинэ гадаад үг орж ирсний сацуу шинэ үг цөөнгүй үүссэнийг тэмдэглэлтэй. Жишээ нь анекдот (францаар anecdote) гэдгийг онигоо гэсэн нь цоо шинэ үг гэж болмоор. Энэ үг оньсого гэдэгтэй ойролцоо дуудлагатай болсных юм уу, хэлний эргэлтэд амархан орж, одоо нэгэнт хэвшжээ. Тест (test) гэдгийг сонин хэвлэлд сонжоо гэж оноон орчуулах болжээ. Гагцхүү үүний оносон эсэх нь эргэлзээтэй байна. Энэ үгийн эх авсан сонжих гэдэг үгийг ЯЦТ-д голох, тэнсэж шүүмжлэх гэж тайлсан байна. Сонжих гэдэг үгийг хүний янзыг үзэх, өөлөх шоолох гэсэн утгаар хэрэглэсэн ч байдаг. Тэгэхлээр сонжоо гэдэг доогуур өнгө аястай үг болж таарлаа. Тест-ийг би тэнсэх-ээс үүсгэн тэнсээ гэж оноовол зүгээр юм уу гэж боддог. Тэнсэх гэдгийг ЯЦТ-д үзвэл: 1. Юмны үнэн ташаа, сайн муу зэргийг сорьж сунган үзэх 2. Үйл хэргийг хянан турших гэж тайлсан байна.
Ийм болохоор тэнсээ гэвэл тест-ийн уг утгад илүү дүйх мэт. Иймэрхүүхянаж үзүүштэй юм сонин хэвлэлд их байдгийн алийг тэр гэх билээ.
Би өөрөө шинэ үг зохиох гэж өчүүхэн чадлын хирээр оролдож байдгийн заримыг энд өгүүлье. Барагцаалбал мөн тэр үед сонин хэвлэлд стриптиз (striptease) гэдэг үг олон гарах болсон юм даг. Жеймс Х.Чейзийн "Эм хүн яахаас ч буцахгүй" романыг орчуулж байхдаа би энэ үгтэй анх тулгарсан шиг санана. Энэ үг ер нь Чейзийн зохиолд олон гардаг. Нэгэнт манай хэвлэлд хэвээр нь хуулбарлан хэрэглэж байсан учир би мөн дагалдаж болох байсан. Гэвч орчуулмаар санагдаад хувцас тайчих үзүүлбэр гэж оноосон нь баахан нуршуу боловч утгыг зөв гаргасан шиг. Түүнээс хойш сонин хэвлэлд тайчих үзүүлбэр гэж бичих болсныг зүйтэй гэж бодно. Тайчих гэхлээр юу тайчих нь аяндаа тодорхой учир хувцас гэдэг нь илүүц байж. Тайчих үзүүлбэр гэдэг шинэ үг биш боловч олны өмнө хамаг хувцсаа тайчин чармай нүцэглэж тоглодог, Монголд урьд өмнө байгаагүй үзэгдлийг оноож нэрлэсний нь хувьд шинэ үг гэж болох мэт. Харин сүүлийн үед тайчих урлаг гэх болсон нь хаашаа байдаг юм бэ? Энэ янзаараа бол тайчих урлагийн гавьяат зүтгэлтэн төрөх цаг асар холгүй болсон шиг.
Жеймс Х.Чейзийн зохиолд бас кастет гэдэг үг олон гардаг. Францаар casse-tete гэдэг нь үгчилбэл тархийг хага цохих гэсэн үг аж. Энэ нь танхай балмад этгээдийн хэрэглэдэг зодооны хэрэгсэл бөгөөд гартаа бээлий мэт угладаг, гадуураа төмөр өргөс, булцруу бүхий нэгэн зүйл хүйтэн зэвсэг юм. Үүнийг хэвээр нь хуулж аваад тайлбар зүүж болох байсан боловч бас л оноож орчуулах дур хүрээд нудруул гэсэн нь нудрах, нудрага гэдэгтэй үндэс нэг болохоор юу хэлж байгаа нь ойлгомжтой болсон гэж бодож байна.
Дэвид Зелыдерийн "Муу ёр" романыг орчуулж байхад уг романы нэг гол баатар, гэрэл зурагчин Жениферийн үйл ажилтай уялдан вспышка гэдэг үг олон гарсан юм. Энэ нь зургийн аппаратын замагтай зэрэг цагжин гялсхийдэг чийдэнг хэлж буй. НТТ-д байхгүй. Би зориуд хэрэг болгон Сүхбаатарын талбайд байдаг гэрэл зурагчид дээр очиж асуухад олонхи нь гэрэл гэдэг гэж хариулсан. Тэд өөр хоорондоо ингэж хэлээд юу хэлж байгааг ойлголцдог бололтой юм билээ. Энэ нь арай ерөнхий үг шиг, утгыг нарийвчилмаар санагдаад хусуур, утгуур гэх мэтийн үгийн үлгэрээр гялсгуур гэдэг үг өөрөө зохиож хэрэглэсэн. Энэ нь чухамдаа буруу үүсгэсэн үг л дээ. Дээрх үгсийн үлгэрээр зөв үүсгэх юм бол гялсхийгүүр 6aiix ёстой. Гэвч гялсгуур гэдэг нь нэгд хэлэхэд амар, богино, хоёрт гялсхийдэг юм гэж хүн ойлгохоор болсон гэж мунхаглана.
Дей Кийний "Хачин гэрч" романд чревовещание, чревовешатель гэдэг үт уг зохиолын эхнээс эцсийг хүртэл тууш гарсан байгаа. Энэ хоёр үгийг ОМТ-д уруулаа хөдөлгөлгүй дуугарах, уруулаа хөдөлгөлгүй яригч гэж тайлсан нь чухамдаа яг оноосон нэр биш, тайлбар орчуулга юм. Чревовешание гэдэг нь чрево, вещание гэдэг хоёр үгээс бүтсэн нийлмэл үт бөгөөд ОМТ-д тайлснаар үүний чрево нь хэвэл, вещание нь нэвтрүүлэг, дамжуулга гэсэн үг юм. Ер нь уруул амаа хөдөлгөлгүй ярьж чаддаг, тийм болохоор дуу авиа нь хэвлийн хөндийгөөс гарч байгаа юм шиг санагддаг онцгой авьяастай хүнийг чревовещатель, тийм авьяас чадварыг нь чревовещание гэдэг байна. Ийм онцгой авьяастай хүн байдаг нь эрт дээр үеэс мэдэгдсэн хэрэг. Дурьдсан зохиолын баатар нь ийм авьяастайн дээр жүжигчний их авьяастай хүн юм. Энэ үгтэй яг утга дүйх монгол үг байдаггүй бололтой. Би ОМТ-д байгаа орчуулгыг их төлөв хэвээр нь авч хэрэглэсэн. Гэтэл зарим газар яг оноож орчуулах шаардлага гарч байв. Жишээ нь:
-Я же за тобой наблюдал. Ты даже не шевельнул губами. -А разве чревовещатель обязан шевелънутъ губами?
гэж байгаа.
Энэ хоёрдахь өгүүлбэрийг ОМТ-ийн дагуу орчуулах гэвэл:
-Уруулаа хөдөлгөлгүй яригч уруулаа хөдөлгөх ёстой юм уу? гэсэн хачин юм болох байв. Тэгээд би далдын хэлтэй хүн гэдэг шинэ үг зохиож:
- Далдын хэлтэй хүн уруул амаа хөдөлгөх албатай юм уу?
гэж орчуулаад цаашид энэ үгээ болох зохихын хирээр хэрэглэсэн. Өөрийн санаа өөртөө зөв гэж болж л байх шиг санагдсан даа.
Эрдэмтэн орчуулагч Ч.Догсүрэнд чоно, нохой хоёрын дундаас гарсан амьтны нэр олох хэрэг гарсан аж. Ийм амьтны монгол нэр байдаггүй бололтой. Тэгээд Догсүрэн өөрөө чонохой гэдэг нэр зохиосон байна. Эрдэмтэн Догсүрэнгийн өөрөө надад тайлбарласнаар үүнийг галлология буюу авиа давхцуулах арга гэдэг юм байна. Өөрөөр хэлбэл чоно гэдэг үгийн төгсгөлийн но, нохой гэдэг үгайн эхний но-г давхцуулан чонохой гэдэг шинэ үг зохиосон нь чоно, нохой хоёрын эрлийз амьтны нэр болсноор үл барам чоно, нохой гэдэг хоёр үгийн эрлийз болсноороо маш сонин байна. Үүнийг шинэ үг зохиохын гайхамшиг гэхээс өөр юу гэх билээ. Ёстой гайхамшиг!
Ч.Догсүрэнгийн орчуулсан Казан, чонохойн тухай туужийн орчуулгын (редакгор Г.Аким) хэл найруулга нь тансаг гэхээр эвлэг аятайхан болсон учир уншихад суудлын машинаар шунгинуулж яваа юм шиг таатай сайхан байдгийг энэ ялдар дурьдан тэмдэглэлтэй.
(Энэ өгүүллийг нэгэнт бичиж дууссан хойно эрдэмтэн орчуулагч Х.Лхамдоржийн "Хүнгүй голын чимээ" номыг үзэж байхад чоно, нохойн эрлийзийг улингар гэдэг тухай өгүүлсэн байв. Энэ нь монгол орны бусад нутагт дэлгэрээгүй, тухайн нутгийнхны явцуу хүрээнд хэрэглэдэг үг байж болох юм. Улингар гэдэг үгийг ЯЦТ-д зөөлөн хөрстэй, өвс ногоо сахлаг ургах газар гэж огт өөр утгаар тайлбарласан байна. Нэгэнт ийм болохоор Ч.Догсүрэнгийн зохиосон чонохой гэдэг үгийн тухай миний дүгнэлт хүчинтэй хэвээр гэж бодно.)

3. СМЕРТЬ ГЭЖ АМЬ ГЭСЭН ҮГ

Сартай шөнө
Эрхэм зохиолч нойргүй,
Эмнэг үгсийг санаагаараа номхотгоно.
Ч. Чимэд

Хамт ажиллаж байсан нэгэн эрдэмт мэргэн дүү маань сайн орчуулгыг эхтэй нь тулгаж үзвэл мэргэжлээ дээшлүүлэхэд их тустай гэж зөвлөснийг дагаж, би дээхэн үед Б.Ринчен гуайн орчуулсан А.К.Толстойн "Мөнгөн ноён" романыг орос эхтэй нь тулган үзэж, зарим зүйлийг тэмдэглэж авсан юм. Түүнээсээ эрхэм уншигч танд сонирхуулъя. Тэнд:
Немало было тут рубцов, морщин, всколокоченных голов и бород нечесанных
гэж буй.
Орос хүн үүнийг уншихад нүдэнд нь зөвхөн сорви, үрчлээ, сэгсгэр үс, сахал үзэгдэх бус, цаад хүний нь дүр сэтгэлд нь буух болов уу. Үүнийг Ринчен гуайн орчуулсан нь:
Үрчгэр хүн ч олон, сорвитой хүн ч олон, сагсайсан үстэй, огт самнаагуй сахалтай хүн ч олон үзэгдэж... гэжээ.
Бас өөр нэг газар:
Каждый взгляд, каждое движеиие казалось ему подозрителъным...
гэснийг
Хүн бүхний харцаас нь эхлэн хөдлөх аашлах бүхэн нъ учиртай сэжигтэй мэт санагдаж суув
Гэж орчуулсан байв.
Ийнхүү орос эхэд байхгүй хүн гэдэг үгийг орчуулгад нэмсэнээр дээрх хоёр өгүүлбэрээс орос хүний сэтгэлд буух дүрийг монгол хүний сэтгэлд тэр хэвээрээ буух болгосон шиг байх юм. Өөрөөр хэлбэл орос сэтгэлгээг монгол сэтгэлгээ болгожээ гэж болох мэт. Орчуулагчийн сэтгэлгээний тухай бид хойно алдааны тухай өгүүлэхдээ эргэж нэг ярья.
Ер ажиглаваас орчуулагч хүн толийн оноолтоор хязгаарлан үгэнд хавчигдаад байвал орчуулга нь бядуухан болдог байна. Өөрөөр хэлбэл уран зочиолыг орчуулахад урлах гэж нэг айхавтар юм байдаг аж. Урлаж чаддаг нь Ринчен гуай билээ. Жишээ нь:
Голоса то сходилисъ, то расходились, то текли ровным тоном, как река широкая, то бурными волнами вздымались и опускались, и наконец, взлетев бысоко, высоко, парили в небесах, как орлы с распростертыми крылъями...
гэснийг
Ринчен гуай:
Хоёр дуучийн хоолой нь нэг нийлж, нэг салж, өргөн мөрөн тэнуун сайхнаар урсаж байгаа юм шиг жигдрэнхэн нийлж, заримдаа их усны долгион дэгдсэн юм шиг өндөр нам болж, өндөрлүүлэн татахад ая нь далавчаа дэлгэн халих бүргэд мэт огторгуйд халин хөгжих ажээ
гэж орчуулсан байв.
Та эх, орчуулга хоёрыг дуудан уншаад үзээрэй. Тэгвэл утга санаа нь яг тохирохын сацуу аялгуу нь нийлж байгааг анхааран ажиглах болно. Дуун хөрвүүлэх гэж үүнийг хэлдэг болов уу.
Орчуулгын үг хэллэг нь эх зохиолоосоо хичнээн холдох тусам төдийчинээ үнэн зөв, яруу сайхан болдог ийм нэг жигтэй хачин мөртлөө бараг зүй тогтол гэмээр үзэгдлийг К.Чуковский ажиглан тэмдэглэсэн байдаг гэж Үгийн эрэлд хатахуй хэсгийн эцэст дурьдсаныг эрхэм уншигч авгай санаж байгаа буйзаа. Үүнийг нотлох жишээ Ринчен гуайн орчуулгад элбэг байдаг. Энд хоёр нэгэн жишээ иш татъя:
И в праздник пей, да не допивай, пой, да поглядывйся!
Гэснийг би юм бол сайндаа: Баяр ёслолын үед ч гэсэн санасны зоргоор идэж ууж чадахгүй, дуулж хуурдсан ч эргэж харах хэрэгтэй болдог байв гэж орчууулах байсан даа. Тэгвэл Ринчен гуай:
Баяр цэнгэлийн өдөр ч гэсэн... чимхэж идэж, шивэгнэж хэлэлцэх цаг болчихож шуу!
гэж орчуулсан байв.
Энд үгийн оноолт нь эхээс огт өөр атал утга санааг хичнээн зөв гаргаж, хичнээн уран яруу орчуулаа вэ! Өөр нэгэн жишээ авч үзье.
Белая лебедушка! гэснийг би бол Цагаахан хун минь гэхээс хэтрэхгуй байсан биз. Надаас муухан орчуулагч бол Цагаан хунхан минь гэх магадгүй. Ринчен гуай үүнийг:
Цэнгэл болсон цэн шувуу минъ!
гэсэн байгаа юм.
Энд цагаан хун алга болсон ч гэсэн уг эхийн санааг уран яруу гаргасан нь гоц байна. Та үүнийг жижиг гэж битгий чамлаарай. Орчуулгын ажлыг үргэлжилсэн нээлтийн шинжтэй байдаг (перевод имеет эвристический характер) гэж Оросын орчуулгын онолч К.Латышевын хэлснийг үндэс болгон сайхь жишээг нэгэн бяцхан нээлт гэж үзэж болох бөгөөд ерөөсөө орчуулга хэмээгч дандаа ийм жижигхэн нээлтээс бүтдэг болж таарна. Бас:
У них уж таков обычай, не посмотря на святцы, да бух в колокол!
гэснийг
Учир нажир мэдэхгуй уухайн тac хийчихдэг нэг тийм гэмтэй улс юм даа!
гэсний үг үсэг нь уг эхээсээ хол зөрж байгаа боловч хам эх дотроо утга нь маш сайхан дүйж буй.
Ер нь Ринчен гуай орчуулгын арвин их өв үлдээсэн билээ. Гагцхүү М.Шолоховын "Хүний хувь заяа" өгүүллэгийн тухай С.Галсангийн, М.Горькийн "Салхич шувууны дуун" найраглалын тухай Д.Дашдаваагийн бичсэн өгүүлэл зэрэг жижиг сажиг зүйлээс өөр тэр их өвийг судалсан буурьтай бүтээл байдгийг санахгуй юм. Уг нь дан Ринчен гуайн орчуулгад тулгуурлан орчуулгын онолын бүхэл бүтэн ном бичиж бүрнээ болно. Энэ ажил эзнээ хүлээж байна.
Энд монголчилж болох хэмжээ хязгаарын тухай ганц нэгэн зүй хэлмээр санагдав.
Н.В.Гоголийн "Тарас Бульба" туужид:
...как молодой барашек, почуявший под сердцем смертелъное железо...
гэж буй.
Зохиолч үүний молодой барашек гэдэг үтийг уран зүйрлэл, яруу хэрэглүүрийн үүрэгтэй ашигласан гэж Г.Аким үзжээ (Орчуулах эрдэм. №6. 1989. 16 дахь талд). Тийм болохоор уг өгүүлбэрийг:... Зүрхэнд нь үхэлд хүргэх төмөр туссан хурга шиг гэж орчуулбал монгол хүн хурга төлгөө нум сумаар харваж алдаггүй учир их эвгүй сэтгэгдэл төрүүлэх байсан бололтой. Б.Ринчен гуай үүнийг харгалзсан бололтой, дээрх хэсгийг:
Зурхэнд амь таслах зэв орсон янзага мэт...
гэж орчуулсан нь зөв болсон гэж бодож байна гэсэн юм. Энэ талаар зарим нэг маргаан байдаг боловч би Г.Акимтай санал нийлж байна.
Жеймс Х.Чейзийн "Жонид тавьсан занга" романыг орчуулж байхад:
Мне в первый раз довелось видеть такой удар. Слона можно было убитъ...
гэсэн өгүүлбэр дайралдсан. Үүний слон-ыг би үхэр болгож.
Тиим хучтэй цохихыг би анх удаа узлээ. Үхэр алж чадахаар чанга цохиж байна билээ
Гэж орчуулсан.
Заан-ыг үхэр болгож нилээд жижигрүүлсэн ч гэсэн дүрслэл нь монгол хүний сэтгэлд буухын хувьд илүү зохимжтой болсон гэж санана.
Ингээд нэгэнт хургыг янзага, зааныг үхэр гэж орчуулж болж байгаа болохоор монголчлоход ерөөс хязгаар байхгүй юм уу даа гэж бодож болмоор. Гэтэл тийм биш бололтой. Англиас орчуулсан нэгэн уран зохиолд Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэсэн зүйр үг орсныг утга зохиол судлалч, орчуулагч Ц.Хасбаатар үзээд англи хэлэнд Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг үг байж болохыг үгүйсгэх аргагуй боловч үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг үг бий гэхэд тун эргэлзээтэй гэж үгүүлсэн юм. Энд зөвхөн Монголд байж болох өвөрмөц үзэгдлийг Английн ахуй байдалд тулгах гэсэн нь зохимжгүй болсон шиг байна.
Сидни Шелдоны "Шөнө дундын ар хударгаар" романыг орчуулж байхад:
В комнате царил полнейший развал
гэсэн өгүүлбэр дайралдав.
Үүнийг: Өрөөнд нь тэмээ туйлсан юм шиг байв гэж орчуулбал утга нь сайхан гарахын сацуу овоо уран гоё болох байв. Гагцхүү энд Парис хотноо болж буй үйл явдлыг өгүүлсэн учир тэнд тэмээ туйлуулах нь арай зохимжгүй юм уу даа гэж бодоод Өрөөний нь хамаг юм ундуй сундуй болжээ гэж дөмсөн. Товчдоо зөвхөн Монголд байдаг өвөрмөц бодит байдлыг харийн амьдралд албын хүчээр тулгаж болохгүй юм шиг билээ.
Манай нэрт дуун хөрвүүлэгч Г.Амар нэгэнтээ: "...Энэ байтугай аль нэг үгийг эсрэг үгээр нь орчуулах ёс бий. Үүнд здесь гэдгийг тэнд, это гэдгийг тэр, нет гэдгийг тийм, хороший гэдгийг муу гэдэг үгээр орчуулах нь эвтэй байх явдал дайралдана" гэж бичжээ (Орчуулах эрдэм. 1988 он. 183 дахьталд). Гагцхүү энэ туйлын зөв зүйтэй санаагаа нотлох баримт дурьдалгүй орхисон нь хайран. Бид энэ дутууг нь нөхөхийн тулд мөн л Ринчен гуайнхаа орчуулгаас жишээ татъя. "Мөнгөн ноён"-оос миний тэмдэглэж авсныг сөхөж үзвэл:
У меня имя не одно (би нэг биш нэртэй) гэснийг Би олон нэртэй хүн гэж, He одного доброго коня заморил (нэг биш сайн морио зовоосон) гэснийг Хэдэн сайн морио түгштэл давхиад... гэсэн байв.
Үүнийг эсрэг утгаар орчуулах (антонимическнй перевод) гэдэг юм билээ. Ринчен гуайн жишээгээр би орчуулгадаа энэ аргыг нилээд хэрэглэдэг. Ялдамд өгүүлэхэд миний ажигласнаар орос зэрэг өрнөдийн хэлэнд үгүйсгэх хэлбэр элбэг байдгийг дээрх хэдэн жишээ харуулж байна. Гурван давхар үгүйсгэл ч цөөнгүй тохиолддог. Монгол хэлэнд батлах хэлбэр түлхүү байх бололтой юм. Энэ бол манай орчуулагч нарын эрхбиш анхаарууштай зүйл гэж бодно. Англиас орос хэлнээ орчуулсан улс төрийн нэг номд:
Обсуждение этих антагонизмов не может не оказаться бесполезным
гэсэн өгүүлбэр дайралдаж байв. Энэ нь орос орчуулагчийн хэтэрхий үгчилсний харгаа байж болох боловч орос хэлэнд ийм гурван давхар үгүйсгэл цөөнгүй байх юм билээ. Дээрх өгүүлбэрийг үгчлэн орчуулбал:
Эдгээр антагонизмыг шуун хэлэлцэх нь ашиггүй үлдэхгуй байх учиргуй
гэсэн шүү юм уу даа. Үүний гурван үгүйсгэлийг баталснаар солиод:
Эдгээр антагонизмыг шүүн хэлэлцэх нь эрхбиш тус болох учиртай
гэвэл арай дээр болох мэт.
Одоо Г.Амарын дээрх санааг өөрийн орчуулгаас зарим нэг жишээ иш татаж давхар батлахыг хичээе.
Смерть гэдэг үгийг ОМТ-д үхэл, үхэх, нас нөгцөх гэж тайлсныг хэн буруу гэх билээ. Гэвч энэ үгийг заримдаа амь гэж орчуулах нь эвтэй байх тохиолдол бий.
Ерээд оны эхээр байна уу даа, М. Горбачевын үед, Оросын Дотоод явдлын яамны сайд байхдаа засгийн газрын эсрэг хуйвалдаанд оролцоод хуйвалдаан нь бүтэлгүй болох тийшээ хандахад амиа хорлож үхсэн хүний тухай Оросын "Совершенно секретно" сониноос "Смерть Пуго" гэдэг өгүүллийг "'Бодлын солбицол" сонинд орчуулж өгөхдөө гарчигийг нь Пуго сайдын амь гэж орчуулснаа санажбайна. Энд смерть-ийг амь гэж орчуулснаа зөв болсон гэж бодож байдаг.
Эстонийн эрдэмтэн Гуннар Аармын "Би Гитлерээс ярилцлага авсан" өгүүлэлд Я спас от смерти Хемингуэя (Би Хемингуэйг үхлээс аварсан) гэж буй. Үүнийг Би Хемингуэйн амийг аварсан гэж, өөрөөр хэлбэл бас л смерть-ийг амь гэж орчуулсан нь зүйтэй биз дээ.
"Тарас Бульбаас" дээр иш татсан жишээнд смертельно опасное железо-г Б.Ринчен гуай амь таслах зэв гэж орчуулсан байгааг та анзаарсан буйзаа.
Энэ мэтээр смертельно опасное положение гэдгийг амь насанд аюултай байдал, смертелный грех гэдгийг амьдын хар нүгэл гэж орчуулах нь зохимжтой. Ийнхүү бид энэ өгүүллийн гарчигт дурьдсанаар смерть гэдгийг дандаа эс ч гэсэн нилээд тохиолдолд амь гэж орчуулах нь зүйд нийлэмжтэй байдгийг баталж чадсан гэж найдаж байна.

4. АЛДААНААС СЭРЭМЖИЛЬЕ
Зарим хүн алдаа хийсэндээ ичдэг. Миний хувьд бол өөрийн алдааг ухамсарлах нь бахархлын уг сурвалж болдог юм... Алдаж онох нь ичгэвтэр биш, алдаагаа засаж залруулж чадахгүй байх нь ичгэвтэр.
Жорж Сорос
Хүн алдаж онож байж юм сурдаг бололтой. Энэ зүйл орчуулгын ажилд нэгэн адил хамаарах болов уу. Би хувьд алд дэлмээр алдаж эндэж байж энэ ажлыг өчүүхэн төсөөлөх болсон юм.
Мэргэн хүн бусдын алдаанаас сурдаг, тэнэг хүн өөрийн алдаанаас сурдаг гэх юм билээ. Гэвч энэ өгүүлэлд сэдэл болгож иш татсан үгийг үзэхэд ухаантан мэргэд ч алдаж онох нь аль овоо байдаг шиг. Ямар ч атугай мэргэн дүү нар минь миний мэтийн тэнэг хүний алдаанаас юм сураасай гэсэн санаагаар энэ бяцхан өгүүллийг тэрлэх аядав.
Орчуулгад нэг үгийн оноолт буруу болсон байвал тэр өгүүлбэр буруу болно. Уул үг ньтухайн зохиолд олон давтагдаж тууш гарсаy үг байвал мөнөөхөн зохиолын утга санаа бүрэн алдагдах аюул буй. Энэ тухай: Тухайн орчуулгын хувь заяа төдийгүй, орчуулагчийн өөрийн нь уран бүтээлийн хувь заяа ганц үгээс шалтгаалах нь бий гэж Оросын орчуулгын онолч Лев Гинзбур өгүүлжээ. Оросын зохиолч, орчуулагч, орчуулгын онолч К.Чуковский "Эрхэм дээд эрдэм" (Высокое искусство) номдоо дээр өгүүлснийг нотлох нэгэн сонин жишээ иш татсан байдгийг сийрүүлбэл:
Оросын гарамгай сайн орчуулагч Валентин Сметаныч (Стенич) Францын зохиолч Шарль-Луи Филиппийн нэгэн романыг герман хэлнээс дам орчуулахдаа эхний хэсэгт нэгэн залуу бүсгүй Парисаас бөглүү зэлүүд хөдөө нутагт суудаг өвөг эцэгтээ мөнгө явуулаад: Та эмээгийн үйлийг үзэхээ больж, энэ мөнгөөр бүсгүйчүүл дээр очиж бай гэж хүн үнэмшмээргүй жигтэй хачин зөвлөлгөө өгснөөр орчуулан буулгасан байжээ. Орчуулагч дээрх өгүүлбэрээс уламжлан бүсгүйг Парисын амьдралд зан нь эвдэрсэн юм байх гэж бодоод цаашид бүсгүйн бүх зан байдлыг эрээгээ алдсан ичгүүр сонжуургүй өнгө аястай болгож үзүүлсэн байна. Хэдэн жилийн дараа орчуулагч уг зохиолыг эх хэлээр нь уншиж үзээд тэр бүсгүйн өвөөдөө мөнгө явуулахдаа залуу бүсгүйчүүлтэй завхайр гээгүй, гагцхүү эмээгээ гэр ахуйн ажлаар ядраахгүйн тулд зарц хүүхэн хөлсөлж ав гэсэн байсныг мэдэж их гайхсан гэнэ. (К.Чуковский. Высокое искусство.Москва 1968. 13-14дэх талд үз.)
Орчуулагч яагаад ийм алдаа гаргахад хүрснийг Корней Иванович тайлбарласангүй. Үүнийг хожим оросын орчуулын онолч Л.К.Латышев ''Курс перевода" (Орчуулгын хичээл) номдоо (Л.К.Латышев. Курс перевода. Москва, "Международные отношения", 1981) тайлбарлажээ. Юу вэ гэвэл das Madchen гэдэг герман үг бүсгүй гэдэг гол утгатайгаас гадна зарц, шивэгчин гэсэн дам утгатай байдаг аж. Ядахдаа сүүлийн үед энэ das Madchen гэдэг үгийн шивэгчин гэдэг утга нь баахан хуучирч, ийм утгаар хэрэглэгдэх нь ихэд цөөрсөн байжээ. Тэгээд орчуулагч нь шивэгчин гэснийг бүсгүй гэж өчүүхэн ташаа ойлгосноос хамаг хэрэг мандсан юм байна.
Шинэ залуу орчуулагч нар адил буюу ойролцоо бичлэг, дуудлагатай үгдээр алдах нь элбэг байдаг бололтой. Энд миний өөрийн практикт тохиолдож байсан зарим жишээг иш татъя.
Нэгэн улс төрийн номын орчуулгыг хянаж байхад переговоры гэдгийг хэлэлцээ гэж зөв орчуулсан мөртлөө хэдхэн мөрийн дараа приговор буюу таслан шийтгэх тогтоол гэсэн үгийг мөн хэлэлцээ гэж орчуулсан байв. Мөн тэр залуугийн орчуулсан эмнэлгийн талын нэг номд санаторий буюу сувиллын газар гэдэг үгийг санитария гэдэг үгтэй андуурсан бололтой, ариун цэврийн газар гэж орчуулсан байлаа.
Иймэрхүү зуйл дээр залуу орчуулагч байтугай хашир туршлагатай орчуулагч хүртэл алдах явдал байдаг. Манай нэгэн нэртэй сайн орчуулагч кобель буюу эр нохой-г кобыла-тай андууран гүү гэж –орчуулсныг эрдэмтэн Ү.Нямдорж ажиглаж тэмдэглэсэн юм.
Нэгэн залуу орчуулагч:
Маленькие крепкие груди
гэснийг
Бяцхан бадриун цээж
гэж орчуулсан байв. Энэ гурван үгэнд найруулгын нэг, утгын нэг, ийм хоёр алдаа байна. Нэгд бяцхан гэж жижигхэн гэсэн үг биздээ? Бадриун гэдэг нь тольд тайлснаар бүдүүн, том гэсэн үг юм байна. Ингэхлээр бяцхан бадриун цээж гэсэн нь жижигхэн том цээж гэсэн огт утгагүй үг болжээ. Хоёрт груди гэсэн нь энд хэрэглэсэн утгаараа цээж бус, хөх, мээм гэсэн утгатай нь маленькие крепкие груди гэж олон тоон дээр хэрэглэснээс ч тодорхой байна. Үүнийг чийрэг бяцхан хөх (эсвэл мээм) гэх ёстой байж.
Эмнэлгийн нэг номын орчуулгыг хянаж байхад:
В присутствии инсулина глюкоза способна проникатъ сквозь
клеточную мембрану гэснийг
Цус харвах уед глюкоз нь эсийн хальсанд нэвтрэн орох чадалтай
гэж орчуулсан байв. Энд эхдээ инсулин гэж байхад инсульт гэж ташаа харжээ. Дээрх өгүүлбэрийг зүй нь:
Инсулин байж байвал глюкоз эсийн хальсаар нэвтрэх чадвартай
гэж орчуулах ёстой байж.
Иймэрхүү тохиолдол нэн элбэг байдаг тул жишээг үүгээр хязгаарлаад хэрэв орчуулагч анхаарлаа дайчлан төвлөрүүлбэл иймэрхүү алдаанаас зайлсхийж бүрэн болно гэдгийг сануулъя.
Хэлний мэдлэг, ерөнхий боловсрол дутсанаас болж алдах явдал бас л багагүй байдаг даа. Орчуулагч хүн зөвхөн гадаад хэл, эх хэлээ сайн мэдэхээр үл барам ерөнхий боловсрол сайтай байх ёстой гэж Б.Ринчен гуай үргэлж сануулан дурьддагсан.
"Прогресс" хэвлэлийн газрын захиалгаар "Хүмүүжлийн тухай харилцан яриа" номын орчуулгыг хянан найруулж байтал:
Ребенок кричал что есть мочи
гэснийг
Хүүхэд шээс хүрээд байна гэж хашгирав
хэмээн орчуулсан байж билээ. Хөх инээд хүрмээр. Энд мочь гэдэг үгийт моча буюу шээс гэдэг үгтэй андуурчээ. Уг нь орчуулагч залхууралгүй толь сөхөж үзсэн бол ОМТ-д МОЧЬ-II- ыг чадал, тэнхээ гэж тайлаад кричать что есть мочи - хар тэнхээгээрээ хашгирах гэсэн жишээ авсныг үзэж болох байв.
EAGLE TV-д ажиллаж байхад нэгэн орчуулагчийн навтрагат:
Абрахам Линкольн боолчуудыг устгасан
гэсэн өгүүлбэр дайралдав.
Оросоор Авраам Линкольн гэж бичдэгийг эс өгүүлэн орхиё. Харин боолчуудыг устгасан гэдэг нь тун гайхалтай санагдлаа. Миний мэдэхээр Линкольн боолчуудыг устгаагүй, боолчлолыг устгаж, боолчуудыг чөлөөлсөн байж таарна. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод редакгор Итгэлээс лавлахад мэдээжээр эхдээ боолчлолыг устгасан гэсэн байжээ. Энд орчуулагч Америкийн ТВ-д ажиллаж байгаа хүн мөртлеө америкийн түүхийн ийм наад захын юм мэдэхгүй байгаагаа харуулжээ.
Ер нь гадаад хэлийг ялангуяа насанд хүрсэн хойноо сурсан хүн нилээд сайн мэддэг болсон ч мэднэ чадна гэж бардах аргагүй байдаг учир өчүүхэн төдий эргэлзээ төрвөл залхууралгүй толь бичиг үзэх юм уу хүнээс асууж байх нь зүйтэйг сануулан дурьдалтай.
Эрүүл мэндийн холбогдолтой нэг номд:
При изометрических упражнениях мышцы сокрашаются, не сообщая движения суставам и конечностям гэснийг
Тууштай дасгалын үед булчингууд үе ба үзүүр төгсгөлийн хэсэгт хөдөлгөөнийг мэдэгдэлгүйгээр агшдаг гэж орчуулсан байв.
Энд конечности гэдгийг үзүүр төгсгөл гэж орчуулсан нь сонин байна. Энэ бол илт хэлний мэдлэг дутсаных. ОМТ-д тайлснаар энэ нь мөч гэсэн үг юм. Тэгэхдээ цаг хугацааны мөч бус, хүн амьтны мөч буюу хүний гар, хөлийг хэлж байгаа юм.
Жич дээрх өгүүлбэрийн изометрические упражнения гэдэг нь угтаа биеэ хөдөлгөхгүй булчингаа хүчлэх дасгалыг хэлж буй. Жишээ нь та хоёр гараараа гулууз юм уу төмөр хоолой атгаад түүнийгээ сунгах гэж байгаа юм шиг хоёр тийш нь хүчлэн татах юм уу богиносгох гэж байгаа юм шиг дотогш нь хүчлэн шахвал тийм дасгал болно. Иймд изометрические гэдэг үгийг орчуулалгүй орхиод тайлбар зүүсэн бол дээр гэж бодно. Ингээд уг өгүүлбэрийг зүй нь:
Изометрик дасгал хийхэд үе мөчөө хөдөлгөлгүй булчингаа хүчлэн агшаана гэвэл утга нь ойртох байж.
Уг номоос бас нэгэн жишээ иш татъя:
Производным белка в наших клетках являются также гормоны и генетико-направляющие соединения. Наши произволные и непроизволные движения совершаются мышицами, которые также состоит из белка гэснийг
Бидний эсүүд дэх уураг, бас гормонууд, генийн чиглүүлэгч нэгдлүүдийг үүсмэл гэдэг. Бидний үүсмэл ба үүсмэл бус хөдөлгөөнийг бас л уургаас тогтдог булчингууд хийж гуйцэтгэдэг
гэж орчуулсан байв. Энд эхний өгүүлбэрийг ерөөсөө буруу ойлгосныг түр үл өгүүлэн производные гэснийг үүсмэл гэж зөв орчуулсныг анхааръя. Гэтэл ганцхан мөрийн дор байгаа произвольные и непроизвольные движения гэснийг үүсмэл ба үүсмэл бус хөдөлгөөн гэж орчуулсан нь сонин байна. Энэ алдааг орчуулагчийн сэтгэл зүйтэй холбон тайлбарлаж болох мэт. Производный гэдгийг үүсмэл гэж орчуулчихаад байтал тэр дорхноо произвольные и непроизвольные гэж үг гараад ирэхлээр түрүүчийн үг орчуулагчийн толгойноос гарч амжаагүй байсан учир дараачийн ойролцоо бичлэг, дуудлагатай үгийг мөн дээрх үг маань гэж андуурчээ. Дээрх хэсгийг зүй нь:
Бидний эсүүд дэх даавар, бас генийн чиглүүлэгч нэгдэл нь уургаас үүсмэл юм. Бидний санаатай буюу санамсаргүй хөдөлгөөнийг бас л уургаас бүрдсэн булчин хийж гүйцэтгэдэг
гэх ёстой байж.
Орос болон Өрнөдийн орнуудад орчуулагчийн хөдөлмөрийг сэтгэлгээтэй нь холбон судалсан зүйл багагүй байдаг бололтой. Манайд ийм юм ихээхэн үгүйлэгдэж байна гэснээр энэ бяцхан тэмдэглэлээ дуусгая.
2005 он

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.26.13 6:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Саруул wrote:
Манай Монголын нэрд гарсан орчуулагчдын нэг Д.Чойжил гуайн "Орчуулагчийн жаргал, зовлон" хэмээх номыг хэдэн жилийн өмнө Асуулт самбарт оруулж байсан юм. Одоо холбогдох сэдэвт нь бас оруулчий нтр.

:wd:


Top
   
PostPosted: Mar.26.13 6:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Г.Аким гуайн орчуулагчдад өгсөн зөвлөгөө

Эх сурвалж: ganzo-n.blogspot.com

Дээхнэ тохиолдлоор Гоодаль сэтгүүл олж үзсэнд дотор нь СГЗ, орчуулагч Г.Аким гуайн ярилцлага гарсан байв. Уншаад үзтэл орчуулга хийж буй хүмүүст тун хэрэгтэй зөвлөгөө өгчээ. Яасан завшаантай хэрэг вэ гээд тийм зөвлөгөөтэй хэсгийг нь компьютертээ шивээд байсныгаа өнөөдөр оруулж байна. Би хувьдаа Аким гуайн орчуулгын нэг л номыг уншсан хүн, "Зуун жилийн ганцаардал"-ыг нь. Үнэхээр мундаг бүтээл, над шиг орчуулга оролдож буй хүмүүсийн заавал уншчихсан байх номны нэг болов уу. Аким гуайг сүүлийн үес харин мулгуу, бэртэгчин хүмүүс их л гомдоож буй бололтой. Ш.Баатар ахын блог дээр түүний бухимдаж бичсэн нийтлэл тавигдсан байна лээ.

Гоодаль: Орчуулга сайн боллоо гэж үзэхэд ямар ямар зүйлс чухал вэ?

Нэгд, орчуулж буй зүйлээ хэр зэрэг ойлгож байна вэ, хоёрт, хэр зэрэг сайхан монгол хэлээр орчуулж чадав аа гэдэг хоёр зүйлийг хэлнэ. Найруулга зүй нь их сайн, утга алдаагүй байх ёстой. Манайхны зарим орчуулгыг хэд хэд уншаад ойлгогдохгүй юм. Гэтэл жинхэнэ орчуулга гэдэг бол нэг уншаад л ойлгогдохоор байдаг.

“Монгол хэл их хатуу хэл юм. Та нарын ярьж байгаа, хэрэлдээд байгаа хоёр нь ялгагдахгүй юм” гэж гадаадынхан хэлэх нь бий. Гэтэл манайхан өөрсдөө монгол хэл бол их уянгын хэл гэж ойлгодог.

Бид чинь өөрсдөө л монгол хэлээ магтана шүү дээ. Б. Ренчин гуай “Хөндий цээжинд орогч бүгдийг илэрхийлэгч чадалт хөгжим мэт яруу сайхан монгол хэл минь” гэсэн байдаг. Энэ цээжин дотор юу л орно бүгдийг илэрхийлэх чадал буй нь хөгжим мэт яруу сайхан байх нь. Тэр сайхан нь алдагдаад манай сонин хэвлэлүүд хэлээ хазсан зүйл бичээд байх юм. Тэгэхээр хахир хатуу сонсогдохгүй яах билээ. Монгол хэлийг уянга яруу болгодог нь нэгд эгшгэндээ байна. Монгол хүн яагаад ямар ч хэлийг цэвэрхэн сурчихдаг вэ гэвэл дэлхийн бүх ард түмний авиа Монголд байдаг учраас тэр юм. Монгол хэлийг уян налархай болгож буй хоёр дахь шалтгаан нь үйл үгэндээ байна. Нэр үг хэлийг хатуу болгодог эд юм. Мөн нэр үг оруулахгүйгээр зөвхөн үйл үгээр ч бид ярих боломжтой. Энэ тухай би бичиж л байсан даа. Зурагтаар гар бөмбөгийн тэмцээн тайлбарлаж байгаа хүн “тэдэн номерын хүн дамжуулалт хийгээд, тэдэн номерын хүн өргөлт хийгээд... цохилт хийлээ” гэж байгаа юм. Гэтэл тэр тайлбарлагч баахан “лт”-үүдийг хэлж ядсаар байтал аль хэдийнээ бөмбөг уначихаж байгаа байхгүй юу. Үүнийг давууллаа, авлаа, өргөлөө, цохилоо гэхэд болчихож байгаа юм. Бөмбөгнийхөө хурдыг ч гүйцнэ. Ингэхээр орчуулга ч биш, зохиол ч биш зүйл бичихгүйн тулд хэлийг уян налархай болгогч үйл үгээр бичиж сурах хэрэгтэй.

Ном орчуулах сонирхолтой хүмүүс орчуулах номоо хэрхэн сонгох нь зүйтэй вэ?

Хүн өөрөө л сонирхож, үүнийг би орчуулж, уншигчиддаа хүргэж чадах юм байна, өөр хүн бол барахгүй ээ гэж бодож хийвэл тэр орчуулга сайн болно. Хүн дуртай юмандаа сайн шүү дээ. Ер нь нэгэнт уран зохиолын, уран орчуулагч болъё гэж бодож байвал өөрийнхөө зүрх сэтгэлийг өгсөн тэр зохиолчийн бүтээлийг орчуулах хэрэгтэй.


Top
   
PostPosted: Mar.26.13 6:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
О.Чинбаяр: Би “Үлисс”-ийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилсөн, амьсгалсан, амьдарсан…

http://utgazohiol.miniih.com/index.php//home/post/30

-Ер нь яагаад орчуулагчийн ангийг сонгон суралцсан юм бэ?
-Би гуравдугаар ангид байхдаа “Миний эх орон” сэдвээр 45 минутанд 12 мөр шүлэг бичсэн юм. Тухайн үед багш маань надад их урам хайрласан. Пионерийн ордны дэргэдэх утга зохиолын дугуйланд талийгаач, зохиолч Цэндийн Нямаагийн шавь болж байлаа. Энэ хүний анхны шавь нарынх нь нэг. Багш маань 1985 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн. Би 1989 онд, яг тэр сургуульд явсан. 1994 онд сургуулиа төгсөөд ирэхэд багш маань “Би 300 шавь төгсгөлөө. Ганцхан чи багшийнхаа сурсан сургуулийг төгссөн шүү” гэж хэлж байсан юм. Багшийн ачийг хариулах сайхан. Намайг есдүгээр ангид сурч байхад Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, орчуулагч Х.Мэргэн, Л.Нарангэрэл нар Зохиолчдын эвлэлд, Москвагийн УЭДС-д явуулах орчуулгын дараагийн злсэгчдийг бэлдэж эхэлсэн юм. Тиймээс Зохиолчдын эвлэлийн дэргэд сайн дурын дугуйлан байгуулсан. Би тэнд нэг жил гаруй суралцсан. 8, 9 дүгээр ангиасаа л Оросын мөнгөн үеийнхэн, А.Блок, С.Есенины шүлгүүдээс орчуулга хийдэг байсан. Багаасаа шүлэг уран бүтээлд хайртай, хичээж оролдсоны хүчинд тэр том сургуульд явсан гэж боддог. Миний дипломын ажил “Оросын мөнгөн үеийн уянгын яруу найраг” гэсэн сэдэв. Тютчев, И.Бунин гэшд мөнгөн үеийнхний шүлгүүдийг монгол руу орчуулсан. Хеёрдугаар бүлэг нь өөрийн бичсэн шүлгүүдээ Орос руу орчуулсан юм.

-Сургуулиа төгсч ирээд…
-”Ардын эрх” сониныг төрийн төв хэвлэл байхад нь “ТОЛЬ” сонины эрхлэгчээр ажиллаж байгаад 1997 онд “Маш нууц” сонинын үүсгэн байгуулж чөлөөт хэвлэл рүү хөл тавьсан. Чөлөөт хэвлэл эрхлэг гаргах болсноор нийгэмтэйгээ их ойр бас өөрийнхөө номыг бусдын царай харахгүйгээр хэвлэх боломжтой болсон.

-Анхны томоохон орчуулга Далай ламын “Шинэ мянганы хүмүүн төрөлхтний ёс зүй” /2000/ гэдаг ном байх аа. Буддын шашны ледирийн бүтээлийг ямар шалгуураар сонгож орчуулав?
-Би шүтлэггүй хүн, Монголчуудад Далай багшийн айлдваруудыг орчуулж хүргэх нь цаг үеэ олсон он жил байсан. Тухайн үед энэ ном Нью- Йоркт бестселлэр болж байв. Шашин гэхээсээ илүүтэй бидний амьдралд энж агуу хүний сургааль маш их ойр тусдаг. Түүнээс хойш орчуулсаар ес дэх номоо эх барьжээ. Хамгийн сүүлд Дээрхийн гэгээн XIV Далай ламын “Сонгомол бүтээл”-үүдийг орчуулж уншигчдын хүртээл болголоо. “Хайр сэтгэлийг хэрхэн бэлэглэх вэ”, “Өдөр тутмын 386 бясалгал” номууд бас бэлэн болсон. “Чи баян бай, ядуу бай авганд юу ч авч орохгүй. Эд мөнгө, их хэмжээний баялаг хэрэггүй. Дээраэ дээвэртэй, идих хоолтой, дэргэдээ сайн ханьтай нөхөртэй аз жаргалтай, эрүүл саруул, бусдад буруу зөрүү санахгүй нүгэл хийхгүй байх гэсэн үндсэн нэг шугам яваад байдаг. Энэ яваа насны хамгийн том баялаг бол сэтгэлийн амар амгалан гэхчилэн номлодог, соён гэгээрүүлэгч хүн л дээ.

-1997 онд хэвлүүлсэн “Ганцхан чамдаа” нэртэй яруу найргийн түүврийнхээ талаар…
-Энэ миний утга зохиолын дээд сургуульд диплом хамгаалсан орос, монгол хэлээр бичсэн шүлгүүд байдаг юм. Яруу найргийн төрлөөр диплом хамгаалсан хүн маань 2000 оноос хойш үргэлжилсэн үгийн зохиол оролдож эхэлсэн. Сүүлийн 10 жил мэргэжлийн уран зохиолын орчуулга хийлээ.

-Жэймс Жойсын “Үлисс”-ийг Монголын уншигчдад хүргэхийн тулд үнэхээр их хөдөлмөрлөж уран бүтээлчийн таньсан, бас бусдад таниулсан гэж ойлгож байна?
-20 дугаар зуунд энэ роман шуугиан тарьж олон жил хориотой номын жагсаалтад хүртэл орж байсан. Дэлхийн 14 хэл дээр орчуулагдсан байна. Үүнээс азид Япон, Солонгосын дараа гуравдахь орон нь Монгол болж байна. Монголын уран зохиолын орчуулга дэлхийн түвшинд ямар байгааг нотлох нэг том баримт юм. Мэргэжил нэгт нөхөд маань эээ бүтээлийн талаар дуугарах байх. “Үлисс” Монголд уран зохиолын мэргижилтнүүдийг бэлдэхэд нэлээд тух дөхөм үзүүлэх том хэмжээний бүтээл. Өнөөдөр дэлхийн утга зохиолыг “Үлисс”-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ зохиолыг уншихгүйгэар өөрийгөө золиолч гэж цээжээ дэлдэх нь утга учиргүй. Ойлгох, ойлгохгүйн хувьд тухайн хүний тархины багтаамжаас шалтгаална. “Үлисс”-ийг орчуулахад Далай Багшийн номын орчуулга дээр сууж байсан маань их тус дэм болсон. Өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг хэр хэмжээнд хүрэв гЭДГИЙН бас нэг шалгуур болсон. Нөгөөтэйгүүр Монголд энэ зохиолыг зайлшгүй орчуулах цаг нь болсон. 2001 онд анх орчуулахаар барьж авсан ч таван хуудас орчуулаад зогссон. 2003 онд би дэлхийн сонины холбооны хуралд Ирландын Дублин хотод очиж оролцсон. Тнр үед манай найз МУБИС-ийн тэнхимийн эрхлэгч доктор Ж.Батбаатар анд маань тэнд ажиллаж амьдарч байлаа. Богино хугацаанд Дублин хотын болон энэхуу агуу зохиолчийн ажиллаж амьдарч байсан газартай танилцуулсан нь энэ номыг орчуулахад их дөхөм болсон. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг. “Үлисс”-ыг орчуулж байхдаа Ирландын Дублин хотыг нүдэндээ харж, барилга байгууламж, хүмүүсийн амьдрал ахуйтай танилцсан нь орчуулахад нааштай байсан. Өмнө нь Ирландын бас нэгэн алдарт зохиолч Оскар Уайлдын “Дориан Грейн хөрөг” романыг орчуулсан. Хүн шат бүрийг алхам алхмаар нь гишгэдэг. Шууд өндөрт гардаггүй. Миний орчуулсан Г.Марквеын “Хурандаад хэн ч бичихгүй” тууж хамгийн анхны гишгүүр. Дараагийнх нь “Дориан Грейн хөрөг”. Гуравдахь шат нь Кафкагийн “Шүүх ажиллагаа”. Бичлэг, зохиолын арга барилын хувьд дандаа хүнд зохиолууд. Энэ бүх давааг давсны эцэст “Үлисс”-ийг барьж авсан даа.

-Мэдээж амар ажил гэж байхгүй л дээ. Ер нь орчуулагчийн ажлын хэцүү нь?
-Ямар зохиол орчуулахаас л шалтгаална. Адал явдал, хөнгөн орчуулга хөөцөлдөөд явбал болно. Халтуур гэдэг шүү дээ. Харин чанартай бүтээл барьж аваад нухна гэдэг их өөр л дөө. Сайхан бас хэцүү ажил юм.

-Та “Үлисс”-ийн өмнөтгөлд бичсэн байсан л даа. Би энэ романыг орчуулахын тулд Ж.ЖОЙСООр өвчилсөн гэж…?
-Ж.Жойсын зохиолыг орчуулна гэхэд л тэр хүний хэмжээнд сэтгэх хэрэгтэй болно. Мэдлэг боловссролын хувьд ч тийм байхыг тэр зохиол, зохиолч өөрөөс шаардана. Би “Үлисс”-ийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилсөн, амьсгалсан, амьдарсан… 2-3 кг жинтай 1000 гаруй хуудас 100 хэвлэлийн хуудас номыг яаж орчуулахав гэж олон жил сар бодсон. Зохиолыг нэг жил найман сарын хугацаанд орчуулсан. 1932-1935 онд гурван жилийн хугацаанд Японы зургаан орчуулагч “Үлисс”-ыг хувааж орчуулсан байдаг юм. 42 жилийн дараа 1967 онд солонгос орчуулагч орчуулсан. Дахиад азид 42 жилийн дараа Монголд орчууллаа. Давтамж нь их сонин байгаа биз. Сайн юмыг сайн хийхгүй бол болохгүй. Ж.Жойсыг гутаах, өөрийгөө болон уншигчдаа доромжлох эрхгүй гэдгийг анхнаасаа л бодсон. Тиймээс үг өгүүлбэр, цэг таслал бүхэн дээр анхаарсан, бодсон, хөдөлмөрлөсөн. “Энэ өгүүлбэрийн цаана ямар далд санаа явж байна. Юу хэлэх гэж байна, дараагийн өгүүлбэртэй яаж холбогдож байна” гээд бүх зүйл дээр маш анхааралтай хандсан. Зохиолоо орчуулахдаа хувийн зүгээс цаг зав, зохион байгуулалтаа бас их бодсон л доо. Тухайлбал мэдэхгүй бүх үгээ түүж бичээд толь шүүрдсэн. Нэг хэсгийг орчуулж байхад мэдэхгүй, харах үг байвал цаг алдахгүй гэж тэр. Агуу зохиол орчуулах хэцүү бас амттай байдаг. Тэр амтыг алдуулахгүй давс, чихрийг нь тааруулах, яг тэр үнэрийг нь хэвээр буулгахын төлөө тэмцсэн. Манай найз, яруу найрагч, зохиолч Г.Аюурзана “Үлисс”-ийг редакторласан. Нөхрийн хувьд магтаж байсан болохоос уран бүтээлчийн хувьд намайг магтаж байгаагүй. Харин “Үлисс”-ийн хувьд Г.Аюурзана онц дүн тавьсан. Тэгэхээр би “Үлисс”-т сэтгэл хангалуун байгаа. Бүхнийг хаяад зөвхөн “Үлисс”-ээр амьдарсан. Хамгийн их догдолж, дурлаж, сэтгэлээр унаж, босч хийсэн бүтээл маань яах аргагүй “Үлисс” юм. Ж.Жойс өөрөө жүжгийн зохиолч, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч хүн. Бүх төрлөөр бичдэг. Миний хувьд яруу найргын орчуулгаар мэргэшсэн. Тиймээс хэдэн хуудас яваад л гарч ирэх шүлгүүдийг орчуулахад ямар нэгэн асуудал гараагүй. Жүжгийн зохиолын 15 дугаар хэсэгт ч хүндрэл байгаагүй. Интернэт толь бичиг асар их хэрэг болсон. Нэгдүгээр курст эртний славьян хэл үзэж байсан маань их тус болсон. “Нарны бухнууд” хэсэгт эртний Библийн хэлээр бичсэнийг орос орчуулагч маань славьян болгож орчуулж буулгасан байсан. Орос орчуулагчийн тодорхойгүй бас гөрдсөн юм байсан. Эргэлзээтэй зүйлийг англи эхтэй нь давхар тулгаж буулгасан юм.

-Нэг жил найман сарын хугацаанд орчуулсан юм байна. Хоногт хэдэн цаг суув аа?
-Хоногт 12-14 цаг суусан, Хагас бүтэн сайнгү й. Үндсэндээ нэг жил найман сарын хугацаанд орчуулсан боловч өмнөх найман жилд нь бас л бэлдсэн. Өдөрт 6-8 цаг сайн унтаж амардаг байсан. Бусад цагт нь ширээний ард. Аз жаргалтай, нөгөө бодлын тамын ажил. Хэн ч намайг албадаагүй. Нөхөр Чинбаяр энэ ажлыг сайн дураараа л хийсэн.

-Уран бүтээлийн ажлын сайхан нь хэцүүдээ байдаг болов уу. Яг л уулчин хүнтэй төстэй. Хэцүү бэрх бүхнийг туулсны дараа түүнээсээ сэтгэлийн цэнгэл эдлэдэг…?
-Номынхоо хамгийн сүүлийн цагийг хатгах л хамгийн аз жаргалтай. “Үлисс”-ийн хамгийн сүүлийн 18 дугаар хэсэг маш сонирхолтой. Ерөөоөө 50-60 хуудас нэг ч таслаагүй ганцхан өгүүлбэр байгаа. Энэ хэсэг миний сонирхлыг маш их татсан. Эхний таван бичлэг орчуулсны дараа барьж авсан. Их олон хоног бодож байж орчуулсан. Энэ том зохиол маань ердөө 24 цагт өрниж байгаа үйл явдал гээд бодохоор асар сонирхолтой зохиол. 20 дугаар зууны модернист зохиолын эцэг гаж үзэж болно.

-ЗОХИОЛЧИЙН Тухайд…
-Ж.Жойсын хувьд Э.Хэмингуэйгээс эхлээд өчнөөн олон Нобелийн шагналтнуудын багш. Хэрвээ ном зохиолыг нь хориглоогүй бол Ж.Жойс хэдэн ч Неболийн шагнал хүртэх байсан юм. Шагналаар амьдраагүй уран бүтээлч. 25 жил харийн нутагт зовж шаналж амьдар¬сан. Садар самууныг сурталчилсан гэж үзээд Ирландад “Үлисс”-ийг хориглосон байгаа юм. Гэтэл зохиолд ямар нэгэн завхай зайдан үг хэллэг байхгүй. Хүмүүсийн бэлгийн харьцаа, эр эм хоёрын хайр сэтгэлийн ариун нандин хэлхээ холбоог утга зохиолын онцгой, нарийн хэлээр илэрхийлэн гаргасан зохиол шүү дээ. Садар самуун гэж хориглосон хэсэг байгаагүй бол зохиол амтгай болох байсан.

-Уран бүтээлч хүн тухайн цаг үедээ үнэлэгдэхгүй өнгөрнө гэдэг хамгийн эмгэнэлтэй зүйл. Дээр нь янз бүрийн хавчлага дарамт ирэх, зохиол бүтээлийг хориглох нь тухайн зохиолчоос асар их эр зориг шаарддаг. Ийм хүнд бэрх амьдрал туулсан зохиолч яаж ингэж гайхалтай сэтгэж, бичиж чадав гэдэг нь үргэлж асуултын тэмдэг дагуулсан хэвээрээ байдаг юм?
-Ж.Жойсын амьдрал угаасаа ийм л дээ. Маш өрөвдмөөр амьдрал туулсан. Эх оронч үзэлтэй. Миний “Үлисс” зохиолоор Дублин хотыг анхных нь байдлаар дахин сэргээж болно гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч тиим юм. Зохиолд тухайн үеийн Ирландын улстөрчдөөс авахуулаад гудамжны янхан хүртэл нэр устайгаа бодит хүмүүс орсон байх жишээтэй. Барилга байгууламжаас эхлээд хотын хаана юу байдаг бүх юмыг өнгөтөөр зурагласан. “Үлисс” тэр чигээрээ Ирландын түүх юм. Энд номыг ард талын зүүлт тайлбаргүйгээр унших боломжгүй л дээ. Зохиолд дууны нот хүртэл үгтэйгээ байгаа шүү дээ. Маш сонирхолтой, хүнд мөртлөө адармаатай зохиол. Ж.Жойс 42 насалсан. 1921 онд буюу манайд хувьсгал ялдаг жил “Үлисс”-ийнхээ сүүлчийн цэгийг хатгасан байдаг юм. Зохиолоо долоон жилийн хугацаанд Европын 4-5 улс дамжин хэрэн хэсч бичсэн. Ж.Жойс “Үлисс”-ээ бичихийн тулд-Чингис хааны амьдралыг хүртэл судалсан юм байна гэж бодогдсон. Зохиолын гол дүр Блум монгол цустай хүн. Энэ нь миний сонирхлыг маш их татсан. 20 дугаар зууны дэлхийн хамгийн агуу зохиолын гол дүр нь монгол хүн байна гэхээр үнэхээр миний хийморь сэргэж цус булгилсан. Энэ нь намайг бас их омогшуулсан.

-Монголын орчуулагчдаас хэнийг хүндэлдэг вэ. Ер нь орчуулгын салбарын маань хөгжил ямархуу байна аа?
-Манай уран зохиолын орчуулга “Морь унасан толгойгүй хүн” гэдэг шиг л явж байна. Хэдий тийм ч цаашдаа улам сайжирна гэдэгт, итгэлтэй байдаг. Хуучин бол нэгдсэн бодлогоор зохицуулдаг байлаа. Одоо эөвхөн мөнгө л олж байвал чанар чансаатай бүтээл түрүүлэх эсэх нь дараачийн асуудал болж хувирсан тал бий. Хүндлэхийн тухайд бол ахмад орчуулагчдаасаа Г.Аким, Ц.Гомбүсүрэн гуай, үеийнхээ уран бүтээлчдээс Г.Аюурзаныг нэрлэнэ. Харин орчуулгын хувьд залуу халаагаа бэлдэх тал даэр учир дутагдалтай байгаа нь үнэн. Дэлхийтэй танилцья гэвэл, гадаад ертөнцөд монголоо, уран бүтээлчдээ таниулья гэвэл яах аргагүй сайн орчуулагчдыг бэлдэн гаргах ёстой.

эх сурвалж: Зууны мэдээ сонин дугаар 236-2009.10.09


Top
   
PostPosted: Mar.26.13 6:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Сүүлийн үеийн кинонуудын орчуулгын тухай

http://kakadumn.blogspot.com/2009/06/blog-post_20.html

Орчуулагч Х.Мэргэн

Одоо юм их өөр бопжээ. Жараад оны сүүлчээр “Элдэв-Очирын нэрэмжит" кино театрт америкийн "Спартак" гэдэг кино гарч, тэрнийг үзэх гэсэн хүмүүс тэр кинонд гардгаас дутахааргүй "алалдаж" байж билээ. Гурван төгрөгний билет нь хорин таван төгрөг хүрч, тэр нь ч олдохгүй байв.

Харин өнөөдөр бол Улаанбаатарын хотын хэмжээнд зөвхөн манай өөрийн Монголын Үндэсний телевиз, Улаанбаатар телевиз, ТВ-9 телевиз, 25 дугаар суваг, Сансар кабелийн телевиз, ТМ гээд өчнөөн олон телевизээр өдөр бүр доор хаяад арваас арван таван кино монгол орчуулгатай гарч байна.

Энэний цаана орчуулагч, орчуулгын редактор, дууны найруулагч, дуу оруулдаг жүжигчид, дууны инженерүүдийн яавч бага гэхээргүй ажил өрнөж байгаа.

Угтаа киноны орчуулга гэж тусгайлсан зүйл орчуулгын онолд байхгүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ манайд сүүлийн үед киноны орчуулга гэж их ярих болжээ. Энэ нь манайхан ном зохиол унших нь багасаад кино үзэх нь түлхүү болсонтой холбоотой бололтой. Бодоход, жишээ нь, уран сайхны киноны орчуулга нь уран зохиолын орчуулгаас юугаараа ч ялгарах ёсгүй юм. Энд ч гэсэн эх зохиолын гэсэн шаардлага тавигдаж байгаа. Гэхдээ кино нь дотроо олон янз, баримтат кино гэж бий, хүүхэлдэйн кино гэж бий, хүүхдийн кино гэж бий, уран сайхны кино гэж бий, уран сайхны кино нь дотроо эмгэнэлт, инээдмийн, аймшгийн гэх зэргээр бас өчнөөн төрөл болгон ангилагдаж болно. Тйим болохоор баримтат киноны үг нь заримдаа түүхийн, шинжлэх ухааны, байгаль судлалын ч юм уу дорвитой өгүүллийн дайтай байдгийг бүгд мэдэж байгаа. Хүүхдийн, хүүхэлдэйн киноны орчуулга нь хүүхдэд зориулсан үлгэр, шүлэг зохиолын л орчуулга гэсэн үг.

Муха, мука-цокотуха,
Позолоченное брюхо,
Муха по полю пошла,
Муха денежку нашла гэсэн үгтэй хүүхэлдэйн киног шууд барьж аваад "шударчих" орчуулагч тэр болгон олдохгүй биз ээ. Эсвэл сонгодог зохиолоор хийсэн уран сайхны кино байна. Тэнд, нөгөө үгээр туурвисан хосгүй бүтээл нь тэр чигээрээ байж байгаа шүү дэ-э.

Би яагаад ийм маргасан аястай үг цухалзуулах гээд байна вэ гэвэл, нийтийн дунд киноны орчуулгыг амар хялбар гарын үзүүрээр хийдэг зүйл гэж үзэн "Сайн байна уу, баяртай, би чамд хайртай, зогс, буудлаа шүү" гэсэн хэдэн үг биччихээд л болдог гэсэн ойлголт байдаг бололтой. Гэхдээ орчуулга хийдэг зарим нэг хүн ажилдаа хөнгөн хуумгай ханддагаас ч үзэгчид ингэж боддог болсон байж болно.

Ингэхэд манайд хэдийнээс кино орчуулж эхэлсэн юм бэ? Аавынхаа яриа, бусад ахмад орчуулагчдын цухас цухас дурсч байсныг эргээд санахад, манайд 1940-өөд оноос, дайны үеэс киног орчуулж, дуу оруулж эхэлжээ.

Анх орчуулж дуу оруулсан киноны нэг бол Ванда Васильевскаягийн зохиолоор бүтээсэн "Солонго" гэдэг кино байжээ. Тэр бол германы фашистуудын ззлэгдсэн нутаг дэвсгэр дээр булаан эзлэгчдийн эсрэг эрэлхгээр тзмцэж байгаад амь эрсдэж байгаа зөвлөлтийн нэгэн эмэгтэйн тухай кино юм. Энэ киног Б.Ринчен гуай орчуулсан. Тэр тухай нь миний аав ингэж ярьж байсан юм. "Киконд нэг герман цэрэг орос айлд орж ирээд сүү нэхэж, бээлийнхээ эрхий хурууг шувтарч үзүүлээд "Млеко, млеко" гэж байгаа хэсэг бий. Тухайн цэрэг Польшийн нутагт дээрэм тонуул хийж явсан бололтой. Тиймээс "млеко" гэдэг үг мэддэг болжээ. Түүнийг нь Ринчен гуай "Үсүү, үсүү" гэж баруун монгол аялгаар орчуулсан байдаг. Энэ бол дүйцүүлэх аргыг чадамгай хэрэглэсний нэг жишээ юм" гэж надад хэлж байсан нь санаанд тод байна.

Ингээд жар, далаад оны үед манайд зөвлөлтийн урлаг соёл маш хүчтэй нэвтрэн орж ирж, түүний тэргүүн эгнээнд кино урлаг явсныг бид бүгд мэднэ. Тэр үеэс Монголкино үйлдвэрт киног орчуулан дуу оруулах тусгай хэсэг Герман Гомбо гуайн идэвх зүтгэлээр байгуулагдаж тэнд нь орчуулгын ажилд нь монголын урдаа барьдаг уран бүтээлчид оролцож байжээ. Энд манай нэрт уран бутээлч Б.Ринчен, Ч.Чимид, Б.Явуухулан, Э.Оюун, Ж.Бадраа, Ц.Шүгэр, Б.Дашцэрэн, Г.Аким гээд маш олон хүнийг нэрлэж болно. Тэд "Киевийн охин", "Хүний хувь заяа", "Үхэгсэд ба үрэгдэгсэд", "Цэргийн эцэг", "Сережа хүү", "Хөх цэцгийн арми", "Торгон цэргийн дууль" гээд тоочоод барахгүй олон хуучны кино орчуулсан байдаг билээ.

Энд уран бүтээлийн тус хэсэгт редактораар ажиллаж байсан, монгол хэлнийхээ цэвэр ариун байдлыг ихэд эрхэмлэдэг байсан Ж.Бадраа гуайн сэтгэл зүтгэлийг талархан дурсалгүй өнгөрвөл алдас болно оо. Түүний хянан найруулсан "Чапаев", "Торгуулийк цохилт" зэрэг олон киноны орчуулгын хэл найруулгыг нарийвчлан үзвэл сургамжтай зүйл их олдоно гэж бодогддог.

Тухайн үедээ орчуулгын үнэлгээ харьцангуй сайн байсан учраас орчуулга хийх сонирхол ч их, тэгээд ч үнэхээр орчуулгыг хийсэн шиг хийдэг байжээ. Жишээ нь, С.Оюун гуайн "Ийм нэгэн явдал" гэдэг киноны орчуулгыг одоо хэр нь үзэгчид ч, дуу оруулсан жүжигчид нь ч шагшин ярьдаг билээ.

Энэ ажилд киноны орчуулгын нэгэн гол онцлог шинжийг тодорхойпох орчуулгын рөдактор маш их үүрэгтэй байв. Учир нь орчуулгын үг киноны баатрын амны хайрцагт яв цав таарч байх ёстой. Тэгээд орос хэлнээс монгол руу орчуулахад орчуулга бага зэрэг сунах хандлагатай байдгийг бодох юм бол редакторын ажил амар байгаагүй нь ойлгомжтой. Энэ ажилд гаршсан хүн бол Өсөхбаяр байлаа. Өсөхбаяр гуайн халааг орчуулагч Б.Нарантуяа авсан. Тэд угаас орос хэлийг сайн мэддэгийн дээр монгол хэл найруулга сайтай тул ажлаа нэр төртэй хийж байлаа. Түүнээс гадна орчуулгын кинонд дуу оруулах жүжигчдийн бүхэл бүтэн бүрэлдэхүүн, мэргэжлийн найруулагч ажиллаж, жинхэнэ "ам барьсан" гэдэг тэр орчуулгыг ёсоор нь, одоогийн бидний нүдээр харвал - яаралгүй сайхан хийж байжээ. Харамсалтай нь "зах зээлийн шуурганаар" кино үйлдвэр, түүний дотор киноны орчуулгын тасгийн ажил унтарсан билээ.

Үүний зэрэгцээ 1970-аад оны эхнээс Монгол телевизийн кино орчуулгатай явж эхэлсэн. Бүр анх кино орчуулгагүй, урд нь нзвтрүулэгч гаргах гэж байгаа киноныхоо тухай ямар учиртай болох тухай товчхон хэлээд, кинонд нь дурлалт хос үнсэлцсэн хэсэг гардаг байсан бол "бага насны хүүхдэд үзүүлэхгүй байхыг зөвлөж байна" гэж хэлээд гаргадаг байсан. Улмаар орчуулдаг болсон. Киноны монтажны хуудсыг орчуулах ажилд мөн л манай урдаа барьдаг орчуулагчид оролцсон. Энд зөвлөлт, польш, герман, болгар, чехословак, унгар, солонгосын уран сайхны, баримтат, хүүхэлдэйн олон зуун кино орчуулагдаж үзэгчдийн хүртээл болсон билээ. Монгол телевизийн кино программын редакцийн орчуулгын бичвэрийн санд П.Чойжил, Г.Аким, Б.Дашцэрэн гээд манай бараг л бүх нэртэй орчуулагчдын бүтээл хадгалагдаж байдаг юм.

Гэхдээ телевизид киноны орчуулгыг эхтэй нь яв цав нийцүүлэн үзэгчдэд хүргэхэд саад болсон хэд хэдэн хүчин зүйл байлаа. Нэгд, орчуулгатай ажиллах хүн хүчний хүрэлцээ муу. Заримдаа кино редакц ганц хунтэй байсан үө бий. Хоёрт, орчуулгын үнэлгээ муу учир тэр болгон сайн орчуулагчид ажилд нь оролцдоггүй, үүнээс болоод орчуулгаа чадах чадахгүй хүнээр хийлгэдэг болсон. Гуравт, киноны орчуулгыг бэлдэх цаг давчуу. Дөрөвт, киногоо эфирт явуулаад нэг юм уу хоёр нэвтрүүлэгч орчуулгыг нь дагаад шууд уншдаг байсан явдал.

Гэхдээ ажлын нөхцөл тийм хэцүү байсан ч чадамгай сайн орчуулга хийж байсан жишээ зөндөө. "Нохойтой дөрвөн танкчин", "Аминаас чухал уйлс" зэрэг Польшийн олон ангит уран сайхны киног манай киноны нэрт орчуулагч Д.Ким өөрөө орчуулж, өөрөө уншаад үзэгчдэд хүргэж олны талархал хүлээж байсныг олон хүн мэднэ.

Телевизийн шахуу хуваарьт хавчигдан, киноны бодлогыг барьж, тэр олон киног орчуулагч нарт хуваарилж, орчуулгыг нь засч янзалж, цохиулж нийлээд, тэр яаруу ажлынхаа дундуур орчуулгынхаа бичвэрийг утга зохиол хянах газарт аваачиж хуудас болгон дээр нь тамга даруулаад, дараа нь нэвтрүүлэгчидтэйгээ хамт орчуулгаа дүрстэй нь тулгаж учир зүйг нь хэлж өгөн, ааг амьсгаагүй явсан кино редакцийн редактор Дожоодорж, Ш.Алтансүх, Г.Золжаргал, В.Гэрэлчимэг, Б.Оюунсүрэн нарын хичээл зүтгэлийг тэмдэглэхгүй өнгөрөхийн аргагүй юм.

Улмаар аливаа юм ахидаг хөгждөг жамаар киноны орчуулгыг бичдэг болсон. Анх америкийн "Бүжигчин залуус", "Хөх ган" зэрэг киноны орчуулгыг ВМЗ гэдэг нүсэр аппаратан дээр бичсэн. Тэр нь ямар онцлогтой вэ гэхээр дундаа зогсч болдоггүй, зогсох юм бол бичлэгээ дахиад эхнээс нь эхэлдэг байлаа. Тэр киног нэвтрүүлэгч Цоодол, Гантигмаа нар нэг амьсгаагаар уншин бичүүлж байсныг тухайн киноны орчуулгын редактораар ажиллаж байсан миний бие сайн санаж байна.

Тэгээд нэг их удалгүй японы ЮМАТИК аппаратууд орж ирж киноны орчуулгыг зогсож, эргэж засч бичих боломжтой болсон юм.

Энэ ажпыг анх эхлуүлэхэд телевизийн дууны найруулагч Ц.Гүндэгмээ, кино үйлдвэрт ажиллаж байгаад шилжиж ирсэн редактор Б.Нарантуяа, жүжигчин Равдан, дууны инженер Эрдэнэчимэг, Сүрэнхорлоо, Цогзолмаа нар ихээхэн үүрэг гүйцэтгэснийг энд заавал хэлэлгүй болохгүй.

Чухамдаа тэр цагаас хойш домогт "Халтар царайт", "Ошин" зэрэг олон ангит кино, америкийн, орос, франц, итали, германы нэртэй нэртэй кинонуудад дуу оруулан үзэгч түмэндээ толилуулж байгаа билээ. Телевизээр долоо хоногт олон кино гардаг учраас бид "амь барьсан" орчуулга хийх боломжгуй байна. Гэхдээ "амь барьж" чадахгүй биш чадна, Тухайлбал, бид "Салхины амт" гэдэг Л.Ванган гуайн зохиолоор хийсэн монгол киноны хувь Улсын кино гэрэл зураг дуу бичлэгийн архивт зөвхөн орос хэлээр байсныг нь эргүүлж монгол болгосон. Тэгээд шинээр дуу оруулж гэж огт анзаарагдаагүй.

Манай кино орчуулгын арга барилыг бусад телевизүүд авсан. Тэндэхийн олон "боловсон хүчин" манайхаар дамжсан юм.

Гэхдээ өнөөдрийн киноны баатруудын амны хайрцагт дөхүүлсхийгээд, сэтгэлийн хөдлөл зэргийг нь ойртуулсхийгээд хаядаг энэ дуу оруулалт бол тухайн цаг үеийн завсрын үзэгдэл биз ээ. Угтаа бол бүрэн жүжиглэлтэй, уруул амны хөдөлгөөнд орчуулга нь яв цав таарсан тийм л дуу оруулалт байх ёстой юм.

Харин орчуулгын чанарын хувьд телезизээр гардаг киноны орчуулга ямагт шүүмжлэгдсээр ирснийг хэн хүнгүй мэднэ. Алдаануудыг нь бараг анекдотны оронд ярьдаг байлаа. Байлаа ч гэж дээ ярьж байна.

Энд, юуны түрүүнд махчлан орчуулдаг явдал ихээхэн газар авсан харагддаг. Жишээ нь, "хладнокровный убийца" /чулуун зүрхт алуурчин/ гэснийг "хүйтэн цустай алуурчин" гэсэн ч байх шиг, "Под высокой дланью" - "Хүчит гарын доор захирагдан явъя" гэсэн утгатай үгийг "Өндөр мутрын доор" гээд "шударчихсан" ч байх шиг. Дашрамд хэлэхэд мутар гэдэг үгийг зөвхөн Бурхадын тухайд хэлдэг ажээ.

Орос хэлэнд тухайн нэг албан газрынхныг зүгээр тэр газраар нь хэлдэг ёс бий. Түүнийг махчлан орчуулахад утга ташаарах ажээ. Жишээ нь: "В милиции дали адрөс" гэснийг "Сэргийлэхэд хаягийг нь өгсөн юм" гэж орчуулжээ. Ингээд "монголчилчхоор" утга нь алд дэлэм зөрж хэн нэгэн хүний хаягийг сзргийлэхэд өгсөн мэтээр ойлгогдож байна.
Угтаа "Сэргийлэхийнхэн хаягийг нь өгсөн юм" гэсэн үг шүү дээ.

Махчлахын нөгөө туйл нь ерөөсөө нэмж чимж орчуулах явдал юм. Харин энэ тухайд нэг их хэлээд байх зүйл алга.

Хэл гэдэг нарийн зүйл учраас тэр болгон тухайн хэлний онцлогийг мэдэхгүй дутуу ойлгон орчуулснаас утгыг нь бүр эсрэг болгосон жишээ ч бишгүй байна. Тухайлбал: "Это надо же так пить" /Даан ч дээ, ингэтлээ уух гэж/ гэснийг "Архи уувал ингэж л уух хэрэгтэй юм" гэж дуу алдмаар байгаа биз дээ.

Түүнээс гадна монгол хэлний энхрийлсэн зөөлөн аяз оруулдаг "хэн", "хан", "хон" дагаврыг зөвхөн тэмдэг нэрэнд залгадаг гэдгийг /жишээ нь, хонгорхон, улаахан, цагаахан/ мэдэхгүй ч юм уу эсвэл бас л гаднын үгийг хар муйхраар махчлан буулгаснаас болоод нэр үгэнд залгаж "хотхон", "гацуурхан" гэсэн "чихинү чимэг" болохооргүй уг цөөнгүй бий болгожээ. Тэгээд ер нь буруу юм явуургүй л байдаг юм байна. Жишээ нь, "Дюймовочка" гэдэг үгийг "Ямххан охин" гэж "оршуулсан" байна. Тэр үгийг нь та түргэхэн хэлээд үз л дээ. Гэтэл тэр чинь хүүхдийн үлгэрийн баатар шүү дээ.

Дашрамд хэлэхэд манай ахмад үеийн орчуулагчид Мюнхаузен гэдэг нэрийг Мянгуужин, Золушка гэдэг нэрийг Үнсгэлжин гэж маш сайхнаар монголчилж тэр нь аяндаа монгол хэлэнд хэвшсэн жишээ бий.

За, энэ бол миний өөрийн гаргаж байсан, зарим нэг хүн "Үгүй, ингээд хэлчихсэн байна шүү дээ. Даан ч дээ. Чи цааш нь хэлээч" гэсэн алдаа мадаг юм аа. Харин үүнээс хамаагүй нарийн ширийн зүйлийн тухайд гэвэл би манай алдартэй орчуупагч, Монгоп Улсын Соёпын Гавъяат зуггэлтэн П.Чойжил гуайн киноны орчуулгын талаар ярьсан зүйлээс ишлэмээр санагдаж байна. Чойжил гуай манай редакцид ирээд бидэнд ингэж ярьсан юм.

"Би "Ийгл" телевизэд таван жил хэртзй ажилласан юм. Залуучуудын англи хэлнээс орчуупсан юмыг редакторлаад сууж байсан. Тэдэнтэй хэдэн жил ажиллахад хэд хэдэн юм анхаармаар санагдаж байсан. Хамгийн түрүүнд "Орос, англи мэт өрнөдийн хэлэнд нэрших хандпага их байдаг, тэгвэл монгол хэлэнд үйлших их байдаг" гэж Г.Аким бичсэн байдаг юм. Энэ бол ер нь маш их анхаарвал зохих юм байдаг юм. Жишээ хэлье: "Би од харвалтаар төрсөн болохоор од харвалтаар буцна" гэж байна. Англи эхдээ "харвалтаар" л гэж байна л даа. Үүнийг "би од харвахад төрсөн болохоор од харвахад явна" гэж үйлших хэлбэрт оруулвал монголоор эвтэй болно. Энэнүүнийг тун их анхаарч боломжтой газар нь нэр үгийг үйл үг болгож орчуулж байвал их сайн.

Бас нэг жишээ: "Бекки Кохены тусламжтайгаар амжилтанд хүрнэ шүү" гэсэн байна. "Тусламжтайгаар" гэдэг үгийг үйлшүүлээд "Бекки Кохейнаар туслуулж байж амжилтанд хүрнэ шүү" гэвэл дээр.

Бас нэг кинонд "Өшиглөлт зэрэг аргыг би Кармад зааж өгсөн" гэж, "Өшиглөлт ... арга" гэхлээр их эвгүй. "Өшиглөх арга" гэвэл арай дээр юм. Иймэрхүү жишээ дурсаад байвал өчнөөн төчнөөн бий л дээ. Тун их анхаарч байгаарай энэ их чухал зүйл шүү - үйлших хандлага гэдэг.

Чой.Лувсанжав гуай хоёр-гурван зүйл анхааруулж хэлсэн байдаг.

Нэгд. Европ зүгийн ихэнх хэлэнд "Усанд мод хөвөгдэж явна", "Талх надад идэгдэв" гэхчилэн хэлдэг. Энэ нь тэр хэлний ёс юм. Монголоор бол "Усанд мод хөвж байна", "Би талх идэв" гэж л хэлнэ. Уг нь энүүнийг хүн бүхэн мэдмээр юм шиг санагддаг, гэтэл жинхэнэ хэрэг дээрээ, орчуулгаа хийгээд ирэх дээрээ зэрэг "Талх надад идээгдээд" болж өгдөггүй. Энэ их олон дайралддаг юм.

Миний үзэж байсан киноны орчуулганд "Ийсус үхлээс дахин амилагдсаныхаа дараа" гэж. Нөгөө "талх идэгдээд" ийм болж байна. Уг нь энэ нь "Ийсус үхлээс дахин амилсныхаа дараа" гэсэн утгатай байгаа юм.

Ер нь иймэрхүү юмыг хэвлэл мэдээллийн газар ажиллаж байгаа улс их бодож байх хэрэгтэй. Орчуулга хийж байхдаа орчуулга маань хүний чихэнд ямаршуу сонсогдохов гэж бодож байвал зохиио.

Миний үзэж байсан нэг кинонд "Хуладагда-даг-гүй эмэгтэй хүн байдаг юм шүү" гзж. Нэд шиг хзл муутай хүи байтугай нилээн сайн хурц хэлтэй нэвтрүүлэгч ч хэлж чадахгүй дээ, энэнийг - "Худал-даг-даг-гүй эмэгтэй хүн байдаг" ... Энэ чинь үнэндээ хэлэх аргагүй юм ...

Чой.Лувсанжав гуай хоёрдугаарт: "Олон тоо олширвол олиг муутай орчуулга" гэж хэлсэн юм. Тэгээд их гоё жишээ иш татсан байдаг юм. Монголоор "Нүдний нулимс. хацраа дагаад урсав" гэдэг үгийг орос юм уу энэтхэг-европын хэлэнд "Нүднүүдийн нулимснууд хацруудаа дагаад урсав" гэж хэлдэг. Энэ нь угаасаа тэр хэлний зүй тогтол юм. Гэтэл бид монголоор орчуулахдаа гадаад хэлэнд олон тоонд байгаа үгийг яг тэр хэвээр нь орчуулаад, яг үүн шиг аятай "нулимснуудыг хацруудыг дагаад" урсаад байна. Энэ яах аргагүй, ер нь энэ олон тоо илүү хэлдэг бүр давагдахаа байгаад байна. Миний үзэж байсан кинонд, жишээ нь, "бүгдээрээ олон машинууд" гэсэн байсан. "Бүгдээрээ" гэчихээд, "олон" гэчихээд дараа нь "машинууд" гэх хэрэг байхгүй л дээ. Тоо заасан үг байвал олны нөхцөл хэрэглэх шаардлагагүй. "Олон машин" гээд л болно. "Бүлэг танхай этгээдүүд" гэж байна. Нэгэнт "бүлэг" гэсэн болохоор "этгээдүүд" гэх хэрэггүй. "Бүлэг танхай этгээд" гээд л болно. Бас нэг газар "Ихэнх цэцэгнүүдийг зөнд нь хаячихсан, аяндаа л ургадаг юм. Харин сарнайнуудыг арчлахгүй бол тун болохгүй". Энд "Ихэнх цэцэгнүүдийг" гэх хэрэг байхгүй, - "Ихэнх цэцэг" п гэхэд болно, "сарнайнууд" гэх хэрэг байхгүй - "сарнай" гээд л болно.

"Охин" - "охид" гэхэд олон тоо, "түшмэл" - "түшмэд" гэхэд олон тоо, "ноён" - "ноёд" гэхэд олон тоо. Гэтэл "охидууд", "түшмэдүүд", "ноёдууд" гэж давхар хэрэглээд болохгүй юм. Ялангуяа "охидууд" гэж их дайралдаж байна. Миний ажигласнаар орос, англи хэлэнд үгүйсгэх хэлбэр их юм. Монгол хэлэнд бол батлах хэлбэр нь арай түлхүү байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор, баталснаар орчуулж байвал зүгээр юм. "Тэр номнууд миний ой ухаанаас гардаггүй юм" гэж. Энд гардаггүй гэж үгүйсгэл хэрэглэсэн байна. Үүнийг "Тэр номууд миний ой ухаанд хадагдаж үлдсэн юм" гэж баталснаар бичвэл арай дээр шиг санагдаад байна.

"Би хадгаламжиндаа мөнгө хийлгүй өнгөрсөн долоо хоног байгаагүй" гэсэн байна. Энд хоёр давхар угүйсгэсэн байна. "Би долоо хоног болгон хадгаламжиндаа мөнгө хийдэг байсан" гээд баталснаар орчуулвал арай ойлгомжтой болох юм уу.

Нэг орчуулганд: "Би охид авахдаа ярилцлага хийлгүйгээр ямар ч өөгүй тодорхойлолтгүйгээр авахгүй гэж танд бичсэн" гэсэн байна. "Хийхгүйгээр", "өөгүй", "тодорхойлолтгүйгээр", "авахгүй" гээд ийм дөрвөн үгүйсгэсэн үг байж байна. Англи эх нь ийм байна л даа. Тэрнийг нь яг тэр чигээр нь буулгачихаар эвгүй болоод байна. Үүнийг жишээ нь, үг үсгийн найрлагыг нь засахын тулд: "Бид охид авахдаа заавал ярилцлага хийж, ямар ч өө сэвгүй тодорхойлолт авч шийддэг гэж танд бичсэн" гэвэл дээр юм.

За бас орчуулахдаа англи үг өгүүлбэрийн дэс дарааг яг буулгачихлаар эвгүй болох юм. "Фрэд, өрөө байхгүй гэнээ" гэж. Үүнийг "Өрөө байхгүй гэнээ, Фрэд ээ" гэж "Фрэд"-ийг сүүлд нь оруулөал эвтэйхэн болох юм шиг санагдаж байсан.

Түүнээс гадна миний ажигласнаар бие биенийхээ нэрийг нь их дууддаг бололтой юм. Ам ангайх болгондоо "Фрэд ээ, тэр ээ, энэ ээ" гээд. Түүнийг нь заавал бүгдээрэнг нь оруулах хэрэггүй л дээ. Монгол хүн бие биеэ нэрээр нь дуудаад байх нь нилээн цөөхөн байдаг. Тэгэхдээ заримдаа бас учир бий. "Мисс", "миссис" гэдэг хүндэтгэх аястай үгийг бол бараг хэвээр нь хэрэглэсэн нь дээр. Монгол хэлэнд англи оросыг бодвол биеийн төлөөний нэр хэрэглэх нь харьцангуй цөөн байдаг. Нэг орчуулганд: "Тэднийг хурдан хооллохгүй бол болохгүй. Тэд өлсөөд юу ярьж байгаагаа ч мэдэхээ больсон байна" гэжээ. Энд "тэд" гэдэг их эвгүй болж. Яагаад гэвэл хоёр эмэгтэй дэргэдээ байгаа улсыг "тэд" гэж яриад байгаа юм л даа. Ядахдаа "эд" гэж хэлбэл зүгээр юм уу.

Би тэнд дан уран сайхны кино үзэж байсан. Ажиглаад байхад англи хэлэнд өвөрмөц хэлц их элбэг юм шиг байдаг. Ер нь монгол, орос хэлнээс ч илүү байх. /Г.Акимын тэр нэг "Англи өвөрмөц хэлцийн толь" гэж зузаан ном бий шүү дээ/. Гэтэл орчуулганд нь өвөрмөц хэлц цөөхөн дайралддаг. Өвөрмөц хэлцийг нь зүгээр энгийн хэллэг болгоод мөлийлгөөд хаячих явдал их байна. Уг нь ввөрмөц хэлц олон байвал уран сайхан болно. Өвөрмөц хэлцийг өвөрмөц хэлцээр нь орчуулж чаддаггүй юм аа гэхэд өөр боломжтой газар аль болохоор монгол өвөрмөц хэлцээ хэрэглэж байхыг хичээх хэрэгтэй. Энд жишзэ нь: "Тэр жинхэнэ зангаа харуулсан" гэсэн уг байх юм. Уг нь утгаар нь: "Ёстой зэс нь цухуйж байх шиг" гзж орчуулмаар юм байна лээ. Бас нэг газар: "Би хөлөө жаахан тэнийлгэмээр байна" гэж. Монголоор "Хөлийнхөө чилээг гаргамаар байна" гэж хэлдэг. "Ёстой доо, хоосон юм хөөлгөөд .." гэснийг монголоор "чулуу хөөлгөөд..." гэвэл зүгээр. Иймэрхүү маягаар өвөрмөц хэлцийг аль болох олон хэрэглэж, ер нь урлахыг хичээх хэрэгтэй.

Орчуулгад үгийн оноолт маш чухал. "Археологчид ухалт хийсэн" гэсэн байв. Гэтэл археологчид ухалт хийнэ гэж хэлэхгүй л дээ. “Малталт" л хийнэ гэж хэлнэ. Уг нь "малтаж шинжлэх" гэвэл илүү онох юм байгаа юм. "Аавд худлаа хэлж зүрхийг нь эмтэлсэн шүү дээ" гэсэн орчуулга байх жишээтэй. Англиараа үнэхээр л "зүрх" гэж байна л даа. Гэтэл монгол хүн "зүрх эмтэлнэ" гэж хэлэхгүй "элэг эмтэлнэ" гэж хэлнэ. "Мото спорт бол шийдэмгий байдал шаарддаг спорт" гэж бас л үгчилсэн байна. Энд буруу юм байхгүй. Гэхдзэ "Мотоспорт бол эрэмгий зориг шаарддаг спорт", эсвэл "эрэмгий зоригтны спорт" гэвэл илүү зохимжтой байж.

Бас үгийг хэн хэлж байгааг нь бодолцож өнгө аясыг нь тааруулах хэрэгтэй юм. Нэг орчуулганд: "Хуримын өмнөх үймээн самуунаас" гэсэн байна. Энд хуримын өмнөх "үймээн" ч яахав "үймээн" биз, харин "самуун" гэдэг нь тун эвгүй болгосон байна. Хуримын самуун гэж юу байхав дээ. Үгийн өнгө аяс нь таарсангүй. "Хуримын хөл үймээн" гэвэл дээр юмсанж. Нэг кинонд нэг жаахан бүдүүлэг, тэнэмэл, цыган маягтай эр хэлж байгаа юм: "Эмэгтэйчүүдээ хамгаалах шаардлагатай болсон" гэж байгаа юм. Тэр хэлж байгаа хүн нь яавч “шаардлагатай болсон” гэж хэлэхээргүй хүн л дээ. Ийм үг тэр хүний аманд эвгүй. Энэнийг "эмэгтэйчүүдээ хамгаалах хэрэгтэй болсон" гэсэн бол арай дээр. Үүнд яг уггыг нь дагуулаад "эмэгтэйчүүд" гэхийн оронд "ээж эхнэр хоёроо" гэсэн бол бас болох байж. Бас нэг эмгэн - уг нь хэрэндээ боловсролтой хүн юм - нэг өвчтэй хүүхдийн тухай: "Наад хүүхдийн чинь ханиад бүр үгдэрчихжээ. Одоохон арга хэмжээ авахгүй бол юу болохыг хэн ч мэдэхгүй" гэж байна. Энэ "арга хэмжээ" гэдэг бас л таарсангүй. "Одоохон аргалахгүй бол..." гэсэн бол дээр байж. Нэг хүн хадам ээждээ хэлж байгаа юм: "Найзууд байя л даа, ээж ээ" гэж. Ээждээ хандаад "найзууд байя л даа" гэсэн үг их эвгүй болсон байгаа биз дээ, тийм үү? Уг нь "эвтэй бая л даа, ээж ээ" гэсэн бол болох байж.

"Өчигдөр толгой минь маш их хүчтэй өвдсөн" гэж. Монгол хүн "толгой хүчтэй өвдлөө" гэж хэлэхгүй. "Толгой их өвдсөн гээд" л болоо ... "Өөдөөс чинь буудаж эхлэвэл автоматаар зугатна биз дээ" гэсэн орчуулга тааралдаж байсан. "Өөрийн эрхгуй зугатна биз дээ" гэсэн уг байх л даа.

Ер нь залуучууд монгол хэлээ муу мэддэг байдал ажиглагдаж байна. Утгын алдаа гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. "Хэлний мэдлэгээс гадна ерөнхий мэдлэг хэрэгтэй" гэж үглэдэг байсан.

Би нэг кино редакторлаж байсан чинь: "Аврам Линкольн боолчуудыг устгасан" гэсэн үг дайралдсан. Энэ чинь юу гэсэн үг вэ? гээд би жаахан гайхлаа. Уг нь Линкольн боолчуудыг устгаагүй, боолчлолыг устгасан байх учиртай л даа ... Орчуулсан хүн нь ийм наад захын юм мэдэхгүй байна шүү дээ. Гадаад хэлийг мэднэ гэж бардаж болохгүй.

Орчуулгын онолын талаар жаахан мэдлэгтэй байвал зүгээр юм. Г.Акимын "Орчуулгын санг уудлахад" гэж ном байдаг. Бас орчуулга зүйн мэдлэгтэй болохыг хичээх хэрэгтэй. Ц.Сүхбаатарын бичсэн "Найруулга зүй" гэж жижигхэн ном бий. Их хөөрхөн жишээтэй, ойлгомжтой сайхан ном бий. П.Чойжил гуай ингэж хэлээд: "За юу гэдэгсэн билээ дээ, анхааран сонссонд баярлалаа. Би та нарын цагийг баахан дэмий ярьж үймүүллээ дээ" гэж хэлээд үгээ төгсгөсөн юм аа. Үүний дараа бид мэдэхгүй юмаа асууж П.Чойжил гуай хариулсан юм.

Ерөнхийд нь аваад үзэх юм бол зөвхөн киноны орчуулганд гарч байгаа алдаа биш манай нийт орчуулгын л алдаанууд юм гэдэг нь бэлхнээ ойлгогдоно. Гагцхүү олны нүдэнд илүү өртөж байгаа учраас л илүү содон харагдаж байгаа хэрэг биз ээ.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд орчуулагчдын үе үеийн хоорондох багш шавийн барилдлагаа гэх юм уу залгамж чанар зарим нэг талаар алдагджээ. Энэнээс болоод залуу орчуулагчид өмнөх үеийнхээ алдааг ахин дахин давтах явдал гарч байна.

Түүнээс гадна хэлж шүүмжлэх хүн алга. Тийм болохоор орчуулга хийж байгаа зарим хүн шал буруу орчуулж байгаагаа мэдэхгүй "цохиж" явна шүү дээ.

Энэ тухай бодож байтал мөрөөдөхөд мөнгө хэрэггүй гэдэг шиг надад нэг мйм санаа төрлөө. Урьд орчуулагчид Б.Ринчен гуай гэсэн нэг сайхан лавлахтай байсан гэдэг. Ярвигтайхан үг тааралдахад шууд Ринчен гуай руу утасдаад л асуухад дор нь хэлээд өгдөг байжээ. Тэгвэл одоо орчуулагчийн лавлах гэсэн дугаар нээж болох юм шүү дээ. Тийм лавлах бий болгосон хүн бол ёстой ямар ч кино орчуулснаас хавьгүй их мөнгө олох боломж байна гэж санагдах юм аа.

Одоо киноны сайн муу маш олон орчуулга гарч байна. "Тоо чанарт шилждэг” диалектикийн хууль бий. Энэ хууль орчуулгын тухайд ч батлагдах нь дамжигтүй.

Ер нь замбараагүй хавтгайрч ирсэн юм эргээд хумигдаж цэгцтэй болдог жамтай болохоор монгол хэлнийхээ зүй тогтлыг эвдэн хамаа намаагүй ярьж бичдэг энэ явдал яваандаа хумигдаж юм юм эвэндээ орох нь гарцаагүй юм аа. Ажиглаад байхад тийм ч чиг хандлагатай болж байна.

Эх үүсвэр: http://www.khelzasag.mn/


Top
   
PostPosted: Mar.26.13 7:02 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Хэрэгтэй сэдэв байна. Миний зүгээс хэлэхэд эх хэл дээрээ ном сайн унших хэрэгтэйн болуу...

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Mar.27.13 3:35 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.12 8:04 pm
Posts: 168
Location: Хараа гүйцэмгүй уудам шаргал талын зүггүй салхи үсээр минь наадна
Саруул wrote:
Галзуу орчуулахаар тэгээд хэвийн нэг хүн ойлгох уу?

Сэдвийн нэрийг залрууллаа :wink:

_________________
Making my very OWN REALITY


Top
   
PostPosted: Mar.27.13 3:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Орчуулгын онол практикийн 9-дэх удаагийн бага хурал

Тус сургуулийн Дипломат Орчуулгын тэнхим жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг орчуулгын онол практикийн 9-дэх удаагийн бага хурлаа “Орчуулгын онол арга зүйн асуудалд: орчин үе, чиг хандлага, онцлог”: сэдвээр зохион явуулах гэж байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.


Top
   
PostPosted: Mar.27.13 3:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16507
Masgu wrote:
Орчуулгын онол практикийн 9-дэх удаагийн бага хурал

Тус сургуулийн Дипломат Орчуулгын тэнхим жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг орчуулгын онол практикийн 9-дэх удаагийн бага хурлаа “Орчуулгын онол арга зүйн асуудалд: орчин үе, чиг хандлага, онцлог”: сэдвээр зохион явуулах гэж байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.



Дипломат орчуулга гэж юу юм бэ? Синхроон орчуулахынхаа хажуугаар бас бөхөлзөж нахилзах биеийн хэлийг нь орчуулна гэсэн үг үү?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.27.13 4:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Утга зохиол, техникийн, мэргэжлийн гэдэг шиг дипломат харилцааны орчуулга гэж төрөл байдаг байх аа.


Top
   
PostPosted: Mar.27.13 4:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Орчуулагчдын дүрэм


Орчуулагчдын Олон Улсын Холбоо нь 1953 онд байгуулагдсан орчуулагчдын олон улсын сайн дурын байгууллага юм. Түүний дүрмийн хоёрдугаар бүлэгт зааснаар уул байгууллагын зорилт нь:

-Орчуулагчдын Олон Улсын Холбоо нь дан орчуулгын мэргэжил, шинжлэх ухааныг үйл ажиллагааныхаа үндэс болгох;

-Янз бүрийн оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа орчуулгын ажил эрхэлсэн байгууллагыг нэгтгэх зорилт тавьж, тийм байгууллагагүй улс оронд зохих байгууллага байгуулахад тус дөхөм үзүүлэх, гишүүн байгууллагыг шаардагдах мэдээлэл, зөвлөмжөөр хангах, орчуулагчдын сонирхолд зохицсон нөхөрсөг харилцааг байгууллагын хооронд тогтооход дөхөм үзүүлэх, аль нэгэн байгууллагын хооронд гарч болзошгүй зөрөлдөөнийг арилгахыг эрмэлзэх, дэлхий дахины орчуулагчдын эдийн хийгээд оюуны эрхийг хамгаалах;

-Олон улсын хэмжээнд тухайлбал засгийн газрын ба засгийн газар хоорондын олон улсын байгууллагад мэргэжлийн орчуулагчдыг төлөөлөх үүргийг өөртөө хүлээхийн гадна орчуулга ба орчуулагчдын асуудлаар болох олон улсын хуралд төлөөлөгчөө оролцуулах, тэдэнд хамаарах хэвлэл нийтлүүлж улмаар хурал, уулзалт зохион байгуулахад нэмэр хандиваа оруулах;

-Орчуулгын бүхий л хэлбэрийн онол, практикийн хөгжилд анхааран дэлхий дахинд соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.

Энэ байгууллагад одоо гучаад орны орчуулагчдын үндэсний байгууллага нэгдээд байна. Орчуулагчдын Олон Улсын Холбоо 1955 оны 3-р сараас эхлэн БАБЛЬ (ВАВИЛОН) нэртэй улирал тутмын сэтгүүлийг ЮНЕСКО-тай хамтран гаргаж байна. Холбоо Парист байнга байрладаг боловч сэтгүүл нь БОННД хэвлэгдэнэ. Библи хэмээх шашны хөлгөн сударт гардгаар хэлний олон янз байхын шалтгаан болсон Вавилоны өндөр цамхгийн тухай домгийг үндэслэн сэтгүүлийг ийнхүү нэрлэжээ.

Орчуулагчдын Олон Улсын Холбооноос гаргасан “Орчуулагчдын дүрэм”-ийг “Бабль” сэтгүүлийн 1960 оны 2 дугаараас монгол хэлнээ орчуулан хэвлэв.

* * *

Орчин үед орчуулга бол хүмүүсийн үйл ажиллагааны өдөр тутмын, байнгын зайлшгүй хэлбэр болон хэвшиж, улс түмний хоорондын эдийн ба оюун санааны харилцааг боломжтой болгон тэдний амьдралыг баяжуулж, хүмүүс өөр хоорондоо улам сайн ойлголцоход тус дөхөм болж орчуулга хийж байгаа нөхцөл хэдийгээр янз янз боловч манай үед орчуулга нь биеэ даасан мэргэжил болсныг тэмдэглэн орчуулгын нийгмийн үүргийг тодорхойлох, орчуулагчдын эрх үүргийг тодруулах, орчуулагчдын ёс суртахууны үндэслэлийг бий болгох, орчуулгын үйл ажиллагааг явуулж байгааг эдийн засаг, нийгмийн нөхцөлийг сайжруулах орчуулагч ба мэргэжлийн байгууллагад тод чиг шугам заан зөвлөж өгөх, үүгээрээ орчуулгыг тодорхой, биеэ даасан мэргэжил болгон орчуулагчдын мэргэжилтэй салшгүй холбоо бүхий зарим гол зарчмыг албан ёсны баримт бичгийн хэлбэрээр үйлдэн орчуулагчдын үйл ажиллагаагаа явуулахад удирдлага болгохоор дүрмийг нийтэлж байна.

Нэгдүгээр анги
Орчуулагчдын үүрэг

1. Утга зохиол, шинжлэх ухаан, техникийн бичиг баримтыг нэг хэлнээс нөгөө хэлээр дамжуулах үүрэг бүхий оюун ухааны үйл ажиллагаа болсон орчуулга нь түүний мөн чанараас үүдэн гарсан онцгой үүргийг орчуулга хийж байгаа хүмүүст ноогдуулж байна.

2. Ямар ч гэрээ хэлэлцээр орчуулгыг хэрэглэж байгаа хүмүүс байгууллагыг орчуулагчтай холбож байлаа ч гэсэн орчуулгаа зөвхөн орчуулагч өөрөө хариуцна.

3. Орчуулагч өөрөө үл зөвшөөрсөн буюу мэргэжлийн үүрэг зорилттой нь харшилж байгаа тийм тайлбарыг орчуулгад нь хийх явдлыг орчуулагч зөвшөөрөх ёсгүй.

4. Ямар ч орчуулга эх зохиолын утга санаа, хэлбэрийг үнэн, яг зөв илэрхийлсэн байх ёстойн дээр ийнхүү үнэн зөв ёсыг баримтлах нь орчуулагчийн хууль ёсны бөгөөд ёс суртахууны үүрэг болно.

5. Үнэн орчуулгыг үгчилсэн орчуулгатай хутгаж болохгүй. Тэгэхдээ өөр хэлээр, өөр улс оронд зохиолын хэлбэр, байдал, дотоод утга агуулгыг зөв ойлгуулах зорилгоор зайлшгүй засвар хийх нь зөв орчуулгын ёсонд харшлахгүй.

6. Орчуулагч нь эх зохиолын хэлийг сайн мэдэх ба ялангуяа орчуулга хийж байгаа хэлийг бүрэн эзэмшсэн байх нь онц чухал болно.

7. Үүнээс гадна орчуулагч нь гүнзгий боловсролтой бөгөөд юуны тухай бичигдсэнийг хангалттай мэдэж байх ёстой. Өөрийн мэдэхгүй салбарт орчуулга хийхээс орчуулагч түдгэлзэх нь зүйтэй.

8. Өөрийн мэргэжлийн ажилдаа орчуулагч хүн шударга бус аль нэгэн өрсөлдөөнөөс зайлсхийх нь чухал. Тухайлбал хууль дүрэм, тусгай тогтоол, тогтсон ёс, мэргэжлийн байгууллагаас тогтоосон хөлс шагналаас доогуур шан харамжийг орчуулагч зөвшөөрөх ёсгүй.

9. Мэргэжлий нь буюу өөрий нь басамжилсан нөхцөлд орчуулагчид ажил эрэх буюу ажилд орохыг зөвшөөрөх ёсгүй.

10. Өөрт нь итгэмжлэн өгсөн орчуулгыг орчуулагч хийж байхдаа мэдээ сэлтийг мэргэжлийн нууц гэж үзэж орчуулгыг хэрэглэж байгаа хүмүүс, байгууллагын хууль ёсны сонирхлыг хүндэтгэж байх үүрэгтэй.

11. Орчуулагч нь “хоёрдугаар” зохиогчийн хувьд эх зохиолын зохиогчид хандахдаа өөртөө онцгой үүрэгтэй байх ёстой.

12. Эх зохиолын зохиогч буюу түүнийг эзэмшиж байгаа хүний зөвшөөрөлгүйгээр орчуулагч орчуулга хийх ёсгүйн дээр зохиогчийн бусад эрхийг хүндэтгэх ёстой.

Хоёрдугаар анги
Орчуулагчдын эрх

13. Орчуулагчийн ажиллаж байгаа улс орноос оюуны хөдөлмөрийн ажилтанд ноогдуулдаг бүх эрхийг орчуулагч бүхэн эдлэх ёстой.

14. Орчуулга бол оюуны хөдөлмөрийн үр дүн мөн болохоор ийм төрлийн ажилд зориулагдсан хуулиар түүний хөдөлмөрийг хамгаална.

15. Ийнхүү орчуулагч нь өөрийн орчуулгадаа зохиогчийн эрхийг эдэлж эх зохиолын зохиогчийн эдэлдэг хөнгөлөлтийг үзнэ.

16. Түүнчлэн орчуулагч нь өөрийн орчуулгын хувьд ёс суртахууны бүх эрх, мөн зохиогч хүнд ноогддог өв залгамжлуулан үлдээх эрхийг эдэлнэ.

17. Орчуулагч нь амьд ахуй цагтаа хийсэн орчуулгынхаа зохиогч байх эрхтэй. Үүнд:

а) түүний орчуулгыг олон нийтэд зориулан нийтлэх бүрд нэр алдры нь үнэн зөв гаргаж байх ёстой;

б) өөрийн орчуулгыг гуйвуулах, хураангуйлах буюу түүнд бусад ямар нэгэн өөрчлөлт оруулахыг орчуулагч татгалзах эрхтэй;

в) орчуулгыг хэрэглэж байгаа хэвлэн нийтлэгч хүмүүс орчуулагчтай урьдчилан тохиролцоогүйгээр түүнд ямар нэгэн өөрчлөлт оруулж болохгүй;

г) орчуулагч нь түүний орчуулгыг зүй бусаар ашиглахыг хориглох эрхтэйн дээр түүний нэр алдрыг гутаахад чиглэгдсэн аливаа нэгэн явуулгыг эсэргүүцэх эрхтэй.

18. Орчуулагч нь өөрийн орчуулгыг хэвлэх, тайзан дээр тавих, радиогоор нэвтрүүлэх, бусад хэлээр орчуулах, хялбарчлан тайлбарлах, засварлах болон түүнд бусад өөрчлөлт оруулах зэрэг ямар нэгэн хэлбэрээр ашиглахад зөвшөөрөл олгох онцгой эрхийг эдэлнэ.

19. Орчуулгыг ямар нэгэн хэлбэрээр хэвлэн нийтлэхэд орчуулагч нь хууль буюу гэрээ хэлэлцээрээр тогтоосон журмын дагуу шагнал авах эрхтэй.

Гуравдугаар анги
Орчуулагчдын эдийн засаг ба нийгмийн байдал

20. Орчуулагч нь түүнд ноогдуулсан нийгмийн хэрэг үйлсийг бүрэн дүүрэн гүйцэтгэж болохуйц амьдралын нөхцөлөөр хангагдсан байна.

21. Орчуулагч нь өөрийн бүтээлийн гүйцэтгэлээс хувь авах ёстой. Тухайлбал түүний орчуулсан зүйлээс олсон худалдааны ашгаас зохих шан харамжийг авах эрхтэй.

22. Зарим үед тусгай захиалгаар орчуулга хийж болно. Ийм үед орчуулагч нь орчуулгын зүйлээс олсон худалдааны ашгаас хамаарахгүйгээр шан харамж авах эрхтэйг дурдах хэрэгтэй.

23. Орчуулгын мэргэжил нь бусад чөлөөт мэргэжлийн нэгэн адил улс орон бүхэнд цалин хөлсөнд тавих хяналт, хамтын гэрээ болон бусад гэрээгээр чөлөөт мэргэжлийг хамгаалах эрхээр хангагдана.

24. Улс орон бүхэнд орчуулагчид нь нийгэм хангамжийн бүх хэлбэрүүд тухайлбал оюуны хөдөлмөрийн ажилтанд ногддог нас өтөлсний тэтгэвэр, өвчлөх, ажилгүй болох хийгээд олон хүүхэдтэй үеийн тэтгэмж авах эрхээр хангагдана.

Дөрөвдүгээр анги
Орчуулагчдын нэгдэл холбоо

25. Орчуулагчид нь бусад чөлөөт мэргэжлийн хүмүүсийн нэгэн адил мэргэжлийн нэгдэл холбоог зохион байгуулах эрхтэй.

26. Эдгээр байгууллагын үүрэг нь орчуулагчдын ёс суртахууны ба материалын сонирхлыг хамгаалахын зэрэгцээ орчуулгын чанарыг сайжруулах, орчуулгатай холбогдсон бусад бүх асуудлыг хянан үзэхэд оршино.

27. Орчуулагчдад хамаарах хууль зүйн арга хэмжээ, дүрэм боловсруулахын тулд эдгээр байгууллага нь засгийн газрын байгууллагатай холбоо тогтооно.

28. Нийтлэг асуудлыг судлан шийдвэрлэхийн үүднээс орчуулгыг хэрэглэж байгаа (хэвлэн нийтлэгчдийн холбоо, үйлдвэр худалдааны газар, улсын болон хувийн байгууллага, хэвлэл зэрэг) байгууллагатай бололцооны хирээр байнгын холбоотой ажиллана.

29. Эдгээр байгууллага нь өөрсдийн улс оронд орчуулгын чанарт анхаарч соёлын байгууллага, зохиолчид, ПЭН-ийн [1] үндэсний байгууллага, уран зохиолын шүүмжлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, техникийн институттэй холбоотой ажиллана.

30. Орчуулагчид ба орчуулгыг ашиглагчдын хооронд гарсан элдэв маргаанд жууч буюу зөвлөгчөөр оролцоно.

31. Орчуулгын боловсон хүчин сургах, тэдний эгнээг өргөтгөх тухай асуудлаар эдгээр байгууллага өөрсдийн саналыг дэвшүүлэн тавих ба уул зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тусгай байгууллага, их дээд сургуультай хамтран ажиллана.

32. Эдгээр байгууллага нь мэдээллийн онол практикийн албаныг зохион байгуулахын тулд орчуулагчдын сонирхсон боломжийн бүх мэдээ, эх баримтыг цуглуулж тэдгээрийг номын сан, хавтас, тойм, мэдээний хэлбэрээр орчуулагчдад хүртээл болгож хурал, семинар зохион байгуулна.

Тавдугаар анги
Орчуулагчдын үндэсний байгууллага ба олон улсын холбоо

33. Нутаг дэвсгэрийн шинж чанараар буюу тодорхой категорид хамаарагдаж орчуулагчид нь хэд хэдэн хэсэг, бүлэгт хуваагдсан оронд эдгээр саланги хэсэг бүлэг нь өөрсдийн биеэ даасан байдлыг хадгалан хүчин чармайлтаа нэгтгэхийн үүднээс үндэсний байгууллага байгуулах нь зүйтэй.

34. Орчуулагчдын нэгдэл холбоо байхгүй улс оронд өөрсдийн орны хууль зүйд зохицуулан ийм байгууллага байгуулахын тул хүчин чармайлтаа нэгтгэхийг орчуулагчдад зөвлөж байна.

35. Дэлхий дахины хэмжээгээр нийтлэг зорилтоо хэрэгжүүлэх зорилгоор Орчуулагчдын Олон Улсын Холбоонд (ООУХ) элсэхийг үндэсний байгууллагад зөвлөж байна.

36. Үндэсний байгууллагадаа болон Орчуулагчдын Олон Улсын Холбоонд орчуулагчдын элсэх нь сайн дураар гүйцэтгэгдэнэ.

37. Орчуулагчдын Олон Улсын Холбоо нь дэлхий дахины хэмжээгээр орчуулагчдын ёс суртахууны болон материалын сонирхлыг хамгаалж орчуулгын онол практикийн хөгжилтөд анхааран дэлхий дахинаа соёл боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд бололцооны хирээр тус дөхөм үзүүлнэ.

38. Орчуулагчдын Олон Улсын Холбоо нь дэлхий дахины хэмжээнд орчуулагчдыг төлөөлж засгийн газрын болон засгийн газрын биш мөн засгийн газар хоорондын байгууллагатай холбоо тогтоон олон улсын хэмжээгээр орчуулагчид ба орчуулгын сонирхол татаж байгаа зөвлөлгөөнд оролцож орчуулгад хамаа бүхий асуудлаар их хурал зохион байгуулах замаар уул зорилтыг хэрэгжүүлнэ.

39. Орчуулагчдын Олон Улсын Холбоо нь үндэсний байгууллагын ажлыг олон улсын хэмжээгээр үргэлжлүүлж тэдгээрийн хүчин чармайлтыг зохицуулан чиг шугамыг тодорхойлно.

40. Орчуулагчдын Олон Улсын Холбооны үндэсний нийгэмлэг, тэдгээрийн төвийн байгууллага нь орчуулагчдыг нэгтгэж байгаа эв санааны нэгдлийн санаагаар, улс түмний өөр хоорондоо улам сайн ойлголцох ба дэлхий дахинд соёлыг түгээн дэлгэрүүлэхэд тус дөхөм болохуйц орчуулгын давуутай тал дулдуйдан мэргэжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд зайлшгүй хүчин чармайлтыг гаргана.

“Орчуулах эрдэм” ном
1976 он

Зүүлт:

[1] ПЭН клуб – Улс төр, уран бүтээлийн талаар янз бүрийн чиглэл бүхий зохиолчдын олон улсын нэгдэл. Английн зохиолч Ж.Голсуорси, К. А. Даусан-Скотт нар 1921 онд үндэслэн байгуулжээ. Одоо 50 гаруй орны үндэсний 60 орчин байгууллагыг өөртөө нэгтгэж байна.


Top
   
PostPosted: Mar.27.13 4:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Орчуулагчдын их хурал гэж байхым?!


http://baabar.niitlelch.mn/content/197.shtml

Польшийн утга зохиол орчуулагчдын их хуралд 70 орны 300 гаруй орчуулагч таван тивээс Краков хотноо цуглажээ. Хурлыг хамтран зохион байгуулагчийн нэг “Дом кшёнжки” хэвлэлийн газрын дарга Тадэүш гуай “Ийм олон орчуулагч нарыг нэг дор харахад үнэхээр бахархмаар байна, та нар нэг зэрэг босоодох доо” гэв. Дараа нь зочдын хооронд нь танилцууллаа. Есөн орны англи хэл рүү орчуулагч нар, арванхоёр орны испани руу орчуулагчид гэх мэтээр. Японоос гурав, Солонгосоос гурав, Вьетнамаас тав, Хятадаас зургаан орчуулагч Алсын дорныг төлөөлж байлаа. Хятад орчуулагч Вү Лян гэгч эмэгтэй өөрийгөө монгол хүн гэж танилцуулав. “Улаан” гэдэг нэр нь ханзаар ингэж бууж буй учиртай гэнэ. Харин тэрээр польшоос хятад руу орчуулдаг юм байна. Монголоос нэг хэмээн намайг танилцуулахын зэрэгцээ энэ их хуралд хамгийн сүүлд 1976 онд профессор Ренчин оролцсоноос хойш олон жил завсарласныг онцлов.

Польшийн уран зохиол нь оросын зэрэгцээ слав хэлтний хамгийн хүчтэй утга зохиол юм. Ренчин авгай Адам Мицкевичийн “Пан Тадэүш”-ийг монголчилсоноор Польшийн утга зохиолын ноён оргилыг бидэнд танилцуулсан юм. Мөн тэрээр Анджэевскийн “Чандруу, алмааз хоёр”-ыг монголчилжээ. Харин Польш утга зохиолын хамгийн олон гадаад хэлээр хөрвүүлэгдсэн бүтээл нь Фэрдинанд Оссэндовскийн “Хүн, бурхан, бугийн орноор” хэмээх Монголын тухай баримтат бүтээл байдаг. Омскийн Их сургуульд химийн профессор асан зохиогч 1920 онд Барон Унгерний хамт Монголд орж иржээ. Энэ тухайгаа замын тэмдэглэлээ 1924 онд Нью-Йоркт хэвлүүлээдэхсэн чинь тэр дороо 26 хэлээр орчуулагдсан аж. Оссэндовский Унгерний хамт Дилав хутагтаар мэргэлүүлэхэд Унгернийг хэдхэн сарын дараа үхнэ, харин Осэндовскийг хожим Унгерн гэдэг хүнтэй уулзаад нас барна гэсэн гэдэг. Хожим 1945 онд дайн дуусч байхад Осэндовскийтэй герман офицер ирж уулзан шөнөжин ярилцжээ. Өглөө нь алдартай аялагч маань бие барсан байсан гэнэ. Энэ тухай домог маягийн олон яриа байдаг. Бароны Монголд нуусан гэгддэг асар их алт баялагийн тухай хамаатны хүн нь болох тэр нэг Унгерн ярилцсан гэцгээнэ. Оссэндовскийн өөр нэг алдартай бүтээлийг нь “Ленин” гэнэ. Большевик удирдагч Германы агент байсан, дэлхийн дайнд Оросыг ялагдуулахын тулд түүнд Людэндорф асар их мөнгө өгч Петроград руу хувьсгал хийлгэхээр илгээжээ. Энэ тухай анх баримттайгаар нотлон бичсэн юм. Зөвлөлт засаг унаснаас хойш энэ баримт тал талаар улам бүр батлагдсан. Харин тухайн үед улаан цэрэг Варшавыг эзлэхэд оросууд өөрийн удирдагчийг нь “гүтгэсэн” эсэргүүг хайсаар үхсэн болохыг нь мэдэж шарилыг нь ухаж гарган сэгэлж шатаан бахаа хангасан гэдэг юм билээ. Оссэндовскийн Монголын тухай зохиол Ж.Нэргүйгийн орчуулгаар хоёр ч удаа хэвлэгдэн гарсан. Үнэхээр сонирхолтой ч ном, сайн ч орчуулга.

Оссэндовский болон Унгерний Азийн морин дивизийн хөрөнгө болох булж нуусан алтны талаар эрэн сурвалжлага олон жил хийсэн сэтгүүлч Михаловски гэж эр бий. Тэрээр энэ тухай олон өгүүлэл, хэд хэдэн ном хэвлүүлсний “Бароны гэрээслэл” бүтээлийг Аюуш монголчлон 1992 онд хэвлүүлсэн. Үнэт эдлэл, алтан бурхан зэрэг нийтдээ 1800 орчим кг баялагийг Хайлаарын банкинд аваачиж хийх гэж яваад одоогийн Сүхбаатар аймгийн хавьцаа Цагаантолгой гэдэг газар нууж булсан юм гэнэлээ. Эрднэс авч явсан хүмүүс улаан цэрэгт хөөгдөөд яах ч аргагүй болсон аж. Михаловскийн баталж буйгаар гучаад оны үед Унгерн нэртэй нэгэн геологч экспедицээсээ оргон зүүн зүг явж байгаад говьд ангаж үхсэн аж. Мөн зөвлөлтүүд Унгерний алтыг олох гэж 8 удаа хайгуулын баг гаргасан боловч амжилтгүй болсон ч гэх шиг.
Барон Унгерн Штэрнбэрг гэгч энэ цуутай эр аль XII зуунаас эхтэй алдартай сурвалжит удмын хүн учир төрөл садан олонтой бололтой. 1956 онд Австри улс бас нэгэн Унгернийг Москвад суух элчин сайдаар томилтол Хрущев “Бидэнд нэг Унгерн байсан, тэр л хангалттай” гээд татгалзан хүлээж аваагүй. Зөвлөлтийн болон манай түүхчдийн хүндэрсэн гүтгэлгийн үрээр Унгерн адгийн амьтан болж будагдсан болохоос үнэндээ Монгол орныг хятадуудаас чөлөөлж тусгаар тогтголыг маань эргүүлэн олж өгсөн буянтай хүн. Ховдыг чөлөөлөх дайнд ч оролцох гэж 1912 онд ганцаараа довтолгон ирсэн авч Оросын Ховд дахь консул зөвшөөрөлгүй буцаасан байдаг. 1921 оны 2-р сард хүрээг чөлөөлсний дараа Богд хаан шинээр Засгийн газраа эмхлэн Мандушир хутагт Цэрэндоржийг Ерөнхий сайдаар томилсон. 7-р сард Бодоогийн засгийн газар байгуулагдах хүртэл 5 сар тогтож байсан хууль ёсны Засгийн газрыг эс хүлээн зөвшөөрч “Унгернийх” хэмээн гүтгэн дордотгож түүхээс хассан явдал хэвээр үргэлжилсээр. Яахав дээ, хутагт Цэрэндоржийн хөргийг Төрийн ордны коридорт Бадамдорж, Бодоо хоёрын хооронд байрлуулчихад юу л хорогдов гэж. Түүх л үнэн мөнөөрөө сэргэнэ шүү дээ. Сониноос элчин сайд Хангай Унгерний барьж байсан хөөргийг хуучин эдлэлийн дэлгүүрээс олж авчээ. Новониколаевскт цаазаар авахдаа хурааж авсан зүйл нь яван явсаар ингэж зарим нь олдсон хэрэг.
Польшийн утга зохиол үнэхээр хүчирхэг. Аль ч төрөл нь. Рэймонт, Шинкэвич, Милош, Шимборска нар утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн. Шинкэвичийн “Qua vadis, Domino?” хэмээх библээс ишилсэн латин нэртэй бүтээлийг хүний түүхэнд гарсан хамгийн аугаа зохиолын нэг гэж үнэлдэг юм билээ. Болеслав Пруссын “Фараон” хэмээх эртний Египтийн тухай роман их алдартай, хэд хэдэн оронд энэ зoхиолоор кино хийсэн. Их сонирхолтой нь энэ романыг монгол хэлнээ эспэрантогоос орчуулж хэвлүүлсэн байдаг. Саяхан нас барсан Хэрбэрт хэмээх найрагчийг дэлхийн яруу найргийн ертөнц маш сайн мэддэг юм билээ. Шимборска гуайтай гар барьж хөөрөлдөж үзлээ. Амьд нобельтонтой ярихаар хий сүрдээд хэцүү юм билээ. 90 шахаж яваа хөгшин, харин ухаан хичнээн саруул гээ! Намайг өөрийн бүтээлээ орчуулж хэвлэхийг санал болголоо, даанч миний чадал хүрэхгүй л дээ. Яруу найргаар оролдоно гэдэг цаана нь бас нэг тусгай “зургаа дахь мэдэрхүй”-тэй байх шаардлагатай. Шимборскагийн 1957 онд тууривсан “Алмаст бичсэн захидал” найраг нэр заагдан Нобель хүртсэн юм. Ер нь түүний шүлгүүд хачин гоё. Хүүхдийн түргэн хэллэг шиг хөвөрч байснаа сүүлчийн хэдэн мөрөнд гэнэт эргэлт хийж аугаа философи, бодрол эрэгцүүллийн шинэ ертөнц рүү түлхээд оруулчих шиг болдог. Алмаст бичсэн захидалдаа тэрээр хүн төрлөхтний иргэншлийг чийдэнтэй, Шекспиртэй гэх мэтээр баахан гайхуулдаг. Харин захиа бичээд суугаа тэрээр дөрвөн хананд хориотой өчүүхэн нэгэн аж. Ертөнцийн дээвэр дээр суугаа эрх чөлөөт алмас юутай жаргалтай, юутай аугаа, ер нь л атаархам!

Польшийн жүжгийн зохиолчид хичнээн аугаа гэж санана. Орчин үеийг жүжгийн урлаг буй болоход тэд их үүрэг гүйцэтгэсэн. Станиславскийн театрт хийсэн их шинэчлэлийн дараахи үндсэн эргэлт хийсэн хүн бол польш найруулагч Гротовски юм. Польшийн жүжгийн аугаа гигант зохиолч Мрожэк, Гомбрович нар Брэхт, Бэкэт, Инэску, Пинтэр нарын эгнээнд орчин үеийн жүжгийн дэлхийн тэргүүлэх зохиолчоор тодорчээ. Мрожэкийн “Азтай учрал” жүжгийг орчуулсныг минь 1997 онд Батзаяа тайзнаа тавьсан. Тавхан жүжигчин оролцсон тэрхүү модэрн жүжиг ер нь шаардлагын төвшинд болсон, даанч төрийн албан хаагч – урлагчдын эзэмшдэг зориулалтын театрт зай олдоогуй.
Коммунист орнуудад диссидэнт утга зохиол гээч нэг төрөл бас их хөгжжээ. Нам засаг, үзэл сурталд боймлогдон хориглогддогийг хэлж байгаа юм. Хамгийн алдартай нь Солженыцын байх шив дээ. Монголд Чойномоос өөр байгаагүй байхаа. Дээрх Мрожэк, Гомбрович, Милош нар бүгд эх орноосоо дайжин гарсан зохиолчид. Гэхдээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн учир хатуу үед ч тэдний бүтээлийг хэвлэдэг байлаа. Харин Марэк Хласко хэмээх диссидэнт 1990 он хүртэл хаалттай байсан. Түүний хоёр ч романыг би орчуулсан юм. Гар бичмэлээр шүү дээ. Дэндүү хайхрамжгүй байсан юм уу, хүмүүст үзүүлж гайхуулж байгаад тэгсгээд таг мартчихана. 1980 онд орчуулсан Хласкогийн “Дараа нь чиний ээлж” романыг багын найз Батсүх маань 2004 онд олж өгснөөр хэвлэгдсэн. 1977 онд орчуулсан Зигмунт Зэйдлэр-Зборовски хэмээх детектив зохиолчийн “Гаршсан мэргэжилтэн” романы гар бичмэлийг ердөө саяхан нэгэн үл таних эр авчирч өгч намайг их баярлууллаа. Ганцхан хувь тэр гар бичмэлийг мань эр 30 гаруй жил хадгалжээ. Ингээд сая орчуулагчдын их хуралд явахын өмнө амжиж хэвлүүлээд аваачиж гайхуулав. Одоо ч сайхан болж дээ, хэн дуртай нь юу дуртайгаа хэвлүүлж болно. Цэнзүүр байхгүй, цэнзүүр нь ердөө л зах зээл. Номын зах зээлийг хорлогч нь төр л юм даа. Иргэдээс хурааж авсан татварын мөнгөөр аймшгийн номнууд мөнгөөр зодож хэвлээд л тэрийгээ үнэгүй тараагаад л. Төр уг нь номын “бизнес” хийдэг газар биш шүү дээ.
2009.6.22


Top
   
PostPosted: Mar.27.13 4:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Готовын Аким: Одоогийн орчуулгын кинонуудыг харахаар элэг эмтэрмээр байдаг

Ярилцсан: С.Билигсайхан | Утга зохиол урлаг (2005.12.30)

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Үндэсний номын сангийн захирал, орчуулагч, сэтгүүлч Готовын Акимтай уулзаж ярилилаа. Энэ удаа бид зөвхөн уран зохиол, яруу найргийн орчуулгын талаар товчхон хөөрөлдлөө.

Таны орчуулсан Нобелийн шагналт зохиолч Г.Г.Маркесийн "Зуун жилийн ганцаардал" олон хүний ширээний ном. Энэ сайхан зохиолыг орчуулах санаа хэрхэн төрөв. Хэдий хугацаанд орчуулсан бэ?

Энэ номыг яагаад орчуулах болсон бэ гэсэн нь сонин байж болох. Манай утга зохиол бол тэр үед зөвхөн социалист реализмаар замнаж байсан. Маркесийн энэ зохиолыг уншаад Дэлхийн утга зохиол бол арай ондоо чиглэлээр явж байгаа юм байнаа гэдгийг би зохиолч нөхөддөө ч тэр, монголын уншигчдад ч тэр энэ номоор төлөөлүүлж хэлж өгөхөөр шийдсэн юм. Тэгээд л энэ номыг орчуулсан даа. Зургаан cap орчим л суусан байх. Тэр үед чинь уран бүтээлийн чөлөө гэж авдаг байлаа. Наян есөн онд Монголд яг ардчилалын морин төвөргөөн тачигнаж байх үед орчуулж дуусгасан юм.

Би тэр номыг хоёр гурван удаа уншсан л даа. Орчуулахад их л хэцүү баймаар санагдсан

Энэ зохиол нь "шидэт реализм"-ын төрөлд багтдаг зохиол. "Цаазын тавцан", "Зуун жилийн ганцаардал" хоёрыг орчуулахад бичлэгийн хэл, бичлэгийн байдал нь тэс ондоо. "Цаазын тавцан" роман бол монгол сэтгэхүйд ойрхон, Жишээ нь тэр Казахын талд болж байгаа тулалдаан гээд олон явдал нь, Есүсийн хэсэг нь нэлээн хол болов чиг ихэнхи нь төстэй. Ер нь Чингиз Айтматовын "Цаазын тавцан"-г орчуулахаас шал ондоо найруулгаар л "Зуун жилийн ганцаардал" романыг орчуулахгүй бол болохгүй байсан. Колумбын байдал Монголын байдал хоёр тэс ондоо. Тийм учраас Латин Амеркийн орны тэр бодит байдлыг Монголчуудад ийм газар, иймэрхүү сэтгэлгээтэй, иймэрхүү түүхтэй, ийм ард түмэн байдаг юм байна шүү гэдгийг л зохиолд тусгасан байдлаар нь харуулахыг зорьсон доо.

Ер нь аливаа нэг номыг орчуулахад хоёр хэлнийхээ аль талыг нь илүү баривал зохилтой вэ? Жишээ нь өөрийх нь хэлийг бариад орчуулчихаар нэг өөр, өөрийнхөө хэлийг бариад орчуулчихаар бас нэг өөр болоод байх шиг

Хүний хэлийг барина гэдэг чинь үгчилнэ гэсэн үг. Үгчилсэн зохиол хэзээ ч зохиол болж чадахгүй. Уран зохиол орчуулж байгаа бол чи уран зохиол л болгох ёстой. Улс төр болгож болохгүй. Улс төрийн хэллэгтэй болгож болохгүй. Гадаад орны байдлыг үгчлэлгүйгээр монгол сайхан хэлээрээ, монгол сайхан найруулгаараа гаргаж болно гэж би хувьдаа боддог. Тэгж ч оролддог. Тэгж чадаж байна уу, үгүй юу гэдгийг би өөрөө мэдэхгүй уншигчдын л шүүх асуудал.

Та ингэхэд ер нь ямар ямар хэлнээс орчуулж байна даа?

Орос, Англи хэлнээс л орчуулна

Орчуулагч хүмүүст тэрний тийм номыг орчуулчих юмсан гэсэн бодол байдаг даа. Таны хувьд?

Ер нь бол би өөрийнхөө сэтгэлд таарсан номыг л орчуулдаг. Магадгүй миний найруулгад ойрхон ч юм уу, үгүй бол миний үзэл бодолд ч ойрхон байдаг юм номыг л орчуулвал орчуулга нь гайгүй болдог. Захиалгаар, эсвэл өөрийхөө үзэл бодлоос зөрж хийсэн юм бол нэг их олигтой болдоггүй гэж би боддог юм. Тийм учраас би орчуулах номнуудаа өөрөө сонгосон байдаг

Манайхаас бусад улс оронд уран зохиол, яруу найргийн орчуулгын ажил ямархуу янзтай байдаг юм бол оо?

Орчуулах нь бол аль ч газрын орчуулга адилхан шүү дээ. Ганцхан манайхаас ондоо нь тэд оюуны өмчийг их дээдэлдэг. Заавал эрхийг нь худалдаж авч байж орчуулдаг. Манайхан ихэнхдээ л хулгайгаар орчуулдаг. Гэтэл манайх өөрөө оюуны өмчийн олон улсын гэрээнд элсчихсэн. Тиймээс энд гадаадын зохиолыг орчуулж байгаа бол заавал тэр хүнээс нь зөвшөөрөл авч зохиогчид нь зохих хувийг нь өгч гэрээ байгуулж байж орчуулах ёстой. Социализмын үед ч хулгайгаар хийж байсан. Одоо ч хулгайгаар хийж байна. Энэ байдлаасаа бид гарах ёстой. Бид алийн болгон бусдын соёлыг хулгайлагч байдлаар явах вэ? Бид жаахан боловсон соёлтой байдалд суралцах цаг болсон. Манайхан хөөрхий мөнгө төгрөг байхгүй гэдгээр шалтаг хийдэг л дээ. Гэхдээ хүмүүстэй нь өөрсөдтэй нь яриад, захидлаар харилцаад учраа хэлвэл манайхаас мөнгө нэхэхгүй. Харин нөгөөхийг нь гаргачихсан байж байдаг, баригдвал их муухай юм болноо доо. Шившигийн юм болно. Олон улсын хэмжээнд дэлхийн соёлын хэмжээнд шившигээ дэлгэхгүйг л бодох ёстой. Хүний оюуны бүтээлээр бизнес хийж болохгүй, зогсоох хэрэггэй. Энэ бол бузар.

Өнөөдөр гарч байгаа орчуулгын, энэ чиглэлийн ажил яавал илүү их ахицтай, чанартай, дзвшилттэй болох бол?

Уншигчдын бага хурал хийж орчуулгын онолын сэтгүүл гаргаж, сониндоо орчуулгын шүүмж тавьж, онолын маргаан өрнүүлж болно гээд олон юм байна. Хамгийн гол нь энэ орчуулагчдын монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх. Гадаадын хэлийг бол яахав сайхан тачигнатал ярьдаг, ус цас шиг хэрэглэдэг тийм залуучууд олон болж. Гэхдээ монгол хэлнийхээ найруулга зүйг мэдэхгүй болохоор нөгөө орчуулга нь түг яг "тэгсэн ш дээ" "ингэсэн ш дээ" гэх ч юмуу тиймэрхүү маягийн болчихсон байна. Гудамжны хар ярианы хэлээр хүртэл одоо орчуулж байна.Тэгж болохгүй, ялангуяа уран зохиолыг бол хэрхэвч тэгж болохгүй.Одоогийн орчуулгын кинонуудыг харахад үнэхээр элэг эмтэрмээр орчуулж байна. Монгол хэлний мэдлэгийг л дээшлүүлэхгүй л бол ерөөсөө урагшаа ахихгүй.

Үргэлжилсэн үгийн орчуулгын зохиолуудыг хараад уншаад байхад надад бууж байгаа нь их боломжийн санагддаг. Яруу найргийн орчуулгыг харахаар бүр хачин хачин юмнууд их байх юм. Энд ямар учир байна вэ?

Яруу найргийн орчуулга бол хэцүү. Яруу найраг бол яруу найраг л байх ёстой: Үргэлжилсэн үгийн зохиолыг бол тун арга ядвал тайлбарлаж ч болно. Яруу найраг бол тэгж тайлбарлаж болохгүй. Ялангуяа үндэсний онцлогтой зохиолууд бол их хэцүү. Манай Дэндэвийн Пүрэвдорж гуайн "Хөх даалимбан тэрлэг" гэдэг найраглалд "Уулын жавар орно хэмээн Унаган туурай нударга тавилаа" гэсэн шад байдаг, Оросууд орчуулсан чинь "Манжет в виде копит" гэж энэ нь унаганы туурайн хэлбэртэй ханцуй гэж бууж байгаа юм. Монгол хүний сэтгэлд бол монгол ахуй сэрхийтэл буугаад л уянгалаад л явчихаж байтап орос хүнд туурайн хэлбэртэй ханцуй гэдэг ч юм уу тийм юм төсөөлөгдөхгүй. Яагаад ч туурайн хэлбэртэй байгаа юм бүү мэд гэх мэтчилэнгээр ийм үндэстний онцлогтой яруу найргийг орчуулахад үнэхээр хэцүү. Гэхдээ сайхан сайхан орчуулгууд бол зөндөө л дөө. Ц.Дамдинсүрэн гуайн "Олег цэцний дуулал", "Муурын байшин" "Алтан загасны үлгэр" гэх мэт. Ер нь хүн төрөлхтний ерөнхий сэтгэлгээний, байгалиа магтсан ч юмуу, хайр сэтгэлийн шүлгүүдийг бол шууд орчуулж болно.

Та бол нилээд уншсан хүн. Тэр олон уншсан номоос уншууртай, санаанаас гардаггүй, эргэж хардаг тийм номнууд байдаг даа?

Би яг үнэнээ хэлэхэд мундаг уншсан ч юмуу даа бүү мэд. Энэ дэлхийн номыг бүгдийг нь уншина гэвэл шал худлаа. Өөрийхөө сэтгэлд л таарсан, үзэл бодолд нийцсэн тийм номнуудыг л хүн унших ёстой. Би бол бурханы шашны, гүн ухааны чиглэлийн номнуудыг нилээн сонирхдог. Хүн төрөлхтний гүнзгийрсэн сэтгэлгээний номыг л жаахан сонирхож уншдаг. Залуучууд сэтгэлгээний гүн рүү явбал зүйтэй. Одооноос л уншиж оюуныхаа сүвийг нээнэ. Хэн билээ, нэг ухаантан "Бодож уншихааргүй номыг уншаад хэрэггүй" гэж хэлсэн байдаг. Манайхан энэ адал явдлын, хүчирхийллийн юмнууд уруу их хошуурч байна. Энэ чинь сэтгэлгээг улам л өнгөцхөн болгоно. Өнгөцхөн хөнгөхөн юм уншина гэдэг бол оюуны залхуурал, Оюун залхуурах тусам тархины чинь атираа тэнийгээд бодож сэтгэж чадахгүйд хүрнэ. Юм боддог, сэтгэдэг, эргэцүүлдэг цаад учрыг нь олох гэж оролддог байвал тархины чинь атираа улам гүн болж улам ухаалаг болж оюуных нь сүв бүрэн нээгдэнэ. Бид бол ийм л номыг олж уншиж, ийм л номыг олж орчуулж байх ёстой. Энийг төр засгаас анхаарах ёстой, Гэтэл харамсалтай нь манайд ийм зүйл алга байна. Зах зээл гэхээр бүх юм зах зээлийн хуулиар л өөрсдөө зохицуулаад мөнгө төгрөгөө өөрсдөө олоод, соёл урлаг, утга зохиол ч тэр ингэж л явах ёстой гэсэн нэг буруу үзэл байна. Хүмүүсийг гэгээрүүлэхийн тулд төр засгаас тусгай бодлого явуулах ёстой. Тэр бодлого Монголд байхгүй байна.


Top
   
PostPosted: Mar.27.13 4:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16507
Г.Аким. Орчуулгын санг уудлахад/1984/

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.27.13 4:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3622
Location: Өвөлд
Гадаадын үгээр гайхуулагсад

Миний эргэн тойронд блогоос
------------------------------------------------
Ойрын өдрүүдэд зав чөлөөгөөрөө “Эх хэлээ эвдэхгүй юм сан...” нэртэй Ц.Шагдарсүрэн багшийн номыг амтархан уншиж байна. Програм хангамжийг нутагшуулах болон мэргэжлийн үг хэллэгийг монгол хэлээр хэрэглэхэд санаа авах, зориг өгөх олон сайхан зүйлс байна. Тус номын “Орчуулж болдоггүй үг гэж бий юу?” гэсэн бүлгийн эхэнд Б.Ринчен гуайн бичсэн “Этгээд хэл” гэсэн сайхан шүлгийг оруулжээ. Тэр шүлэг нь

ЭТГЭЭД ХЭЛ

Үг нь монгол, өгүүлбэр нь орос,
Үзэхэд этгээд сонины хэл,
Өв соёлоо үл тоомсорлон,
Өнөөгийн байдал ийм болмай.
Зуун түмэн үгтэй хэлэнд,
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх,
Харийн үгээр далдайлгагсадыг
Хамагийн боловсорсон гэхэд бэрх,
Гадаадын үгээр гайхуулагсадыг
Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх.
Хэвлэл сонин үзсэн үдэштээ
Хэлний шинжлэлтэний нойр хулжаад,
Хэвтэвч, сэтгэлд эвгүй үг,
Хэнхдэг дээр чулуу дарах мэт,
Харь үгийн бүлхинд хахаж,
Харанхуй шөнө хар дарах мэт.

Б.Ринчен
1958.05.07

Номонд "Орчуулж болдоггүй үг гэж байхгүй" гэдгийг ч тайлбарласан байна. Мөн би өөрийнхөө орчуулганд “ хэл хутгалдахын онол”-ыг хэрэглэдэг юм байна гэдгээ мэдэж аваад анхаарах хэрэгтэйгээ нуулгүй хэлмээр санагдлаа. Энэ номыг уншаарай гэж залуусдаа зөвлөмөөр байна. Уг нь 2007 онд хэвлэгдсэн юм билээ, дахин 9 сарын сүүлээр хэвлэгдэж гарна гэж байсан. Мэдэхэд илүү шүү.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited