#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.22.18 3:03 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 4 posts ] 
Author Message
 Post subject: тэр л залуу
PostPosted: Nov.23.12 8:06 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Jun.13.09 11:23 am
Posts: 21
Хаврын урь нэгэнтээ орж хахир хүйтнээс уйдсан, хөгжил хөөрийг мэдрэхийг хүссэн хүмүүс хэд хэдээрээ гудамжинд тааваараа зугаалцгаана. Оюу ч бас хотын гудамжаар ганцаар алхлан явахдаа гэртээ харих гэж яарсан ч үгүй, хэн нэгэнтэй уулзах ч гэсэнгүй. Зүгээр л энэ л өдрийг хүртэл нар ээсэн дулаахан болохыг, өнөө хайрчих шахам хүйтэн цаг агаар байхгүй болсныг мэдээгүй явжээ. Тиймдээ ч өглөө гарахдаа урт үзмэн ягаан пальто өмсөн, хүүхдийнх шиг харагддаг содон өнгөтэй ороолтоор энгэрээ байдгаар нь ороосон нь оройн ээх наранд арай л халууджээ. Гэсэн ч Оюу ороолтоо авсангүй, харин маргаашнаас нимгэн хувцасаа өмсье гэж боджээ. Гаднаас нь харахад тийм ч хөөрхөн биш боловч, өндөр туранхайвтар бие, цэвэрхэн царай, үсээ донжтой шуусан байдал, бас ч үгүй стилийг нь гаргасан хувцаслалт зэргээс түүнийг дэгжин бүсгүй гэдгийг илтгэнэ. Мөн түүнийг хэзээ ч 28тай гэж хэлэхээргүй хүүхэдэрхэг царайтай билээ. Оюу нэгэн хувийн байгууллагад маркетингийн менежерийн ажилтай бөгөөд угийн яриа хөөрөөтэй, хэнтэй ч эелдэг боловсон харилцдаг тул ажил нь ч түүнд таалагддаг, ажлыхан ч түүнд сайн ханддаг билээ. Ганц түүнд байхгүй зүйл нь гэр бүл..... Өдий болтол ганц бие яваа түүнд харц унагах, уулзая учрая гэх залуус байсан ч бүсгүйн сэтгэлд нийцэх хүн таарахгүй л байлаа. Жаахан охин байхдаа нэгэн хөвгүүнтэй удаан хугацаанд үерхэж сүй хүртэл тавьж, гэр бүл болохыг хүсэн мөрөөдөж байсан ч залуугийн гэр бүлийхэн энэ бүсгүйтэй гэрлүүлэхийг үл хүсэн эсэргүүцэж гэр бүлээрээ гадаадад амьдрахаар явж энэ хоёр холджээ. Шууд салаагүй ч хоёр биентэйгээ харилцаж, ойр байхыг хичээсэн ч яалт ч үгүй хол байгаа хоёр сэтгэлийг хичнээн хугацаанд нийлүүлэх билээ. Тэр залуу тэндээ монгол бүсгүйтэй сууж, Оюу энэ мэдээг сонсоод арай ч намайг гэсэн сэтгэл нь ингээд байхгүй болохгүй байлгүй гэж найдвар тавьсаар байсан ч тэр гэр бүл бяцхан үртэй болсноор энэ найдвар бүр мөсөн унтарчээ. Одоо энэ бүхэн түүнд хэцүү санагдахаа больсон ч дахиж тэр залууг хайрласан шиг өөр залууг хайрлаагүй ажээ. Оюу үнэндээ битүүхэндээ айж байлаа. Зүгээр л тэрийгээ ил гаргадаггүй болохоос... Гэхдээ түүний илэн далангүй зан, найрсаг байдал нь эрчүүдийн хараанаас мултрана гэж үгүй бөгөөд байнга л түүнтэй уулзах гэсэн залуус дугаарлаж байлаа. Бүсгүй тэдэнд эрс татгалзсан хариу өгдөггүй бөгөөд, үнэхээр таалагдаагүй биш бол кино жүжиг үзэх хоолонд орж гадуур зугаалах зэргээр цагийг зугаатай өнгөрөөдөг байж. Тэгээд үнэхээр таалагдсан цөөн хэдэн залуустай шөнийг амраглалийг гайхалтай сайхан өнгөрүүлж, өөртөө ч тэр залууд ч таашаалыг өгч, сайхан дурсамж нэмдэг бөлгөө. Шөнийн учралын дараа залуус түүнд баланд дурлах зөгий адил улам татагдаж дотносохыг хүсдэг боловч Оюу харин энэ үед зүсээ эрс хувирган хатуурхаж дахиж уулздаггүй зантай юмсанж. Учир нь дахиж зүрх сэтгэлээ шархлуулахыг хүссэнгүй..
Чаг чаг.... чаг чаг.... Сэрүүлэг урьдын адил өглөөний 7.00 цагт сэтгэл сэргэм жингэнэсээр Оюуг сэрээлээ. Тэрээр нойрмог нүдээр сэрүүлгээ хаана байгааг харах гэж хичээсэн боловч олсонгүй, харин гараараа тэмтэрсээр байж олж дуугий нь хаалаа. Гэнэт бүсгүй өнөөдрөөр эхлэн ээлжийн амралттайгаа санаж босох гэснээ больж баяртай нь аргагүй эргэж хэвтлээ. Хоёрхон хоногийн өмнө л дарга нь түүнд ээлжийн амралт олгох болсныг хэлсэн бөгөөд бүсгүй дурамжхан байсан ч яалтчгүй амрахаар болов. Одоо чинь дөнгөж 4р сар, байгаль дэлхий ногоон дээлээ өмсөх гэж ядаж байгаа энэ үед юу хийж амрах билээ гэж бодон хэвтлээ... Эхлээд хэд хоног сайхан амарч аваад, хөдөө амьдардаг аав ээж дээрээ очихоор ачаагаа баглалаа. Ачаа ч гэж хэдэн солих хувцас, гэрийхэндээ авсан бэлэг зэргийг цуглуулахад жижиг чемодан яг таарч байлаа. Хэдий том хүүхэн болсон ч ээж аавынхаа дэргэд үргэлж жоохноороо байдаг Оюу мөн л сурсан зангаараа эрхэлж хэд хоног жаргалтай өнгөрөөлөө. Ээж нь түүнд гарын хоолоо хийж өгөн халамжилж, аав нь хааяа нэг духан дээр нь үнэрлэн үнэсэх нь бүсгүйд үнэхээр сайхан. Болдогсон бол ингээд эднийхээ хажууд үүрд байхсан гэж бодогдоно. Гэвч цөөн хоногоор ирсэн болохоор Оюу хүссэн хүсээгүй их хотынхоо амьдралруугаа буцлаа. Хотод ирэнгүүтээ л урьд нь бүртгүүлсэн гар урлалын хичээлдээ суулаа. Оюу гарын дүйтэй юмханаар юм хийдэг боловч, яг сайн сураагүй болохоор сургалтанд явахаар шийджээ. Өдөр болгон жижигхэн боловч чамин гоёл чимэглэл хийж сурсаар одоо зөндөө их цуглуулгатай болжээ. Мөн жижигрүүлсэн эд хогшил, тавилга шүүгээ мэт зүйл хийжээ. Хамаг цаг хугацаагаа шинэ хоббиндоо зарцуулсаар ажилдаа эргэн орох болсныг ч анзаарсангүй.
Яг гурван хоногийн дараа ажилдаа орох юм байна даа гэж бүсгүй бодсоор сургалтаа тараад хариж явлаа.Гэтэл яг урдхан талд нь нэгэн өндөр биерхүү залуу утсаар ярьж, юуг ч юм нэг хүнд тайлбарлаж өгч байлаа.Тэгснээ ойр хавиа харснаа хүн байхгүй болохоор бүсгүй рүү харж утсаа барьсан чигтээ:
- Уучлаарай бал цаас өгөөч юм тэмдэглэж авах юм гэлээ. Оюу ч хэсэг тулгамдснаа тэр даруй цүнхээ уудлан тэмдэглэлийн дэвтрээсээ нэгийг урж балтай өглөө. Бурхан минь ямар царайлаг залуу вэ? гэж дотроо бодож амжив. Тэр залуу юм тэмдэглэж аваад цаасаа халаасандаа хийн балыг нь өгөхдөө зөвхөн амны хайрцагаараа баярлалаа гэж хэлэв. Оюу толгой дохин балаа аваад хэсэг байзнаснаа утсаар мөд ярьж дуусахгүйг нь анзаараад баяртай гэж аяархан хэлээд яваад өгөв. Дотроо хичнээн зогсоод хүлээхийг хүссэн ч хөл нь өөрийн мэдэлгүй явчихсан байлаа. Өөрийг нь нэвт харах мэт дүрлийсэн хар нүдтэй, хэр баргийн хүүхнээс илүү зассан юм шиг зургар хөмсөгтэй....Ойрд ингэж догдлоогүй байх чинь гэж бодсоор эргэж харж ч чадалгүй алхсаар... Гэнэт нэг хүн хажууд нь зэрэгцэн алхаж:
- Өөрөө яагаад намайг орхиод явчихваа. Би байж бай гэж ойлгуулаа биздээ гэж гүйснээсээ болж амьсгаадсан хоолойгоор хэлэх нь тэр. Оюу хажууд байсныг анзаарсангүй цочсондоо эгээтэй л саваад уначихсангүй залуу ч шалмаг гэгч түшээд авлаа.
- Би өөрийг чинь айлгаж орхивуудаа, уучлаарай. Чамайг олохгүй нь л гэж бодоод араас чинь гүйсэн юм, тэгээд харангуутаа баярлаад л..... Заза тэр ч яахав.. Ийм орой бараг хүн явдаггүй газраар явахаасаа чи айхгүй байна уу? Осолтой шүү дээ... гээд л тэр залуу ярьж гарав. Тэгснээ ганцаараа зөндөө юм ярьсандаа санаа зовсон юм байлгүй бүсгүйг нэг харснаа:
- хоёулаа танилцъя, намайг Тамираа гэдэг, барилгын компанид ажилладаг гээд гараа сунгалаа. Оюу хариуд нь гар барьж зүгээр л толгой дохилоо.
- Өө чи танилцахгүй байсан юм уу... Ямар онцгүй юм вэ? эсвэл би тийм итгэмээргүй хүн харагдаад байна уу? гээд бүсгүйд тал засан инээмсэглэлээ. Оюу золтой л дахиад саваад уначихсангүй , хэсэг зогтуссанаа алхав.
- Заза чи надтай танилцахгүй нь бололтой, би чамайг айлгаж орхих шиг боллоо уучлаарай. Ингэхэд одоо хаашаа явж байгаа юм, гэрлүүгээ юу, би тэгвэл гэмээ цайруулж хүргээд өгье, ядаж би цуг явбал чамд арай л аюулгүй тиймүү? гэж асуувал Оюу бас л толгой дохив.
- Өнөөдөр манай найзын хүүхдийн төрсөн өдөр болж байгаа юм, өдөр цайллага хийхэд нь очиж чадаагүй юм, одоо л очиж байна даа. Тэр бацаан 3 нас хүрч байгаа юм л даа. Их эгдүүтэй золиг шүү, эрэгтэй хүүхэд байж яг охин шиг харагдаад байдаг юм. Ядаж байхад урт үстэйг ч хэлэх үү, гэхдээ аав ээжид тэгж хэлээгүй л дээ. Тэгвэл ёстой алуулах байлгүй. Би хүүд нь удирдлагатай машин авсан, нилээн дээрээс хайж хайж өчигдөр л олж авлаа шд. Одоо ч тэрний удирдана гэж юу байхав, гэхдээ удахгүй сурах байх гээд авчихсан юм. Янзтай гоё бэлэг болно доо....
- Уучлаарай би гэрийнхээ хажууд ирчлээ гэж Оюу хэлэв. Харин энэ удаа залуу үл мэдэг цочсноо
- Чамайг юм ярихгүй л юм байх гэж бодлоо шд. Гэртээ ирсэн үү тээ? Тэгвэл орц руугаа болгоомжтой ороорой. Тэгээд нөгөө... Залууг ярьж дуусаагүй байхад Оюу түргэн эргээд яг хажуудах байр биш зүүн цаад байрлах байрлуу чиглэн явсаар булан эргээд алга болов. Ядаж байхад орц нь цаад талдаа.
- Ямар сонин хүнд итгэдэггүй хүүхэн бэ? Орцныхоо дэргэд биш өөр газраас явчихдаг байна шд гэж Тамираа гайхсаар хэдэн байрны цаадах найзынх руугаа орохоор яаравчлав.
Оюу гэртээ оронгуутаа гадуур хувцасаа тайлаад буйдан дээрээ суулаа. Зүрх нь түг түг цохилон яг амаар гарах гэж байлаа. Ойрд ингэж эр хүнээс болж догдлоогүй болохоор их гайхан юу болсныг ойлгох гэж хичээлээ. - Өө би ямар тэнэг юм бэ? Ганц ч олигтой зүйл яриагүй юм байна шдээ, нэрээ ч хэлээгүй... хайран залуу гэж өөртөө хэллээ. Одоо яая гэхэв, ямар цаг хугацааг буцааж болох биш гэж бодсоор хувцасаа солин, нүүр гараа угааж унтахаар хэвтлээ. Тийм сайхан залуу танилцах гэж хичээж байхад би жаахан охин шиг ичээд сандараад байхдаа яахавдээ, шал мангар юм гэж бодсоор нэг мэдэхэд гүн нойрондоо автсан байлаа.
Хэд хоногийн дараа Оюу ажилдаа орж, урьдын ажил хэрэгч , завгүй амьдрал руугаа ууслаа. Хааяа нэг өнөөх залуугаа боддог боловч, дэмий л шүүрс алдахаас цаашгүй. Өдөр хоног өнгөрсөөр тэр залууг ч мартаж эхэллээ. Нэгэн орой ажлийн цаг дуусах дөхөж байх үед утас нь дуугарлаа. Утсаа харвал найз хүүхэн Өнөрөө нь залгаж байна:
- Сайн уу? Оюунаа ажил чинь тарж байгаа биздээ, Сараа бид 2 сая л уулзалдаж байна. Нөгөө суудаг пабдаа шүү. Бид 2т ярих сонин ихтэй. Хурдан ирээрэй
- Заза би одоо гарлаа. Яг ажил тарж байсан юм гэж Оюу хэлээд утсаа таслан гарахаар хувцаслалаа. Ажлын хүн нь түүнийг ёжтой гэгч нь хараад
- Болзоонд явж байгаа юмуу? Ямархуу залуу юм, бодвол дажгүй л биз гэж шалгаахад нь
- Найз хүүхнүүдтэйгээ уулзана гэж хэлэх гэснээ болиод зүгээр л. – Тиймээ царайлаг залуутай уулзлаа гэж хэлчихэв. Өөрөө хэлсэн үгэндээ итгэчихээд баяртай нь аргагүй харж, ажлыхан нь бишрэлтэй нь аргагүй харсаар үлдэв. Гадаа гарсныхаа дараа ч нүүрэндээ мишээл тодруулсаар алхлаа. Удалгүй өөрийг хүлээж байгаа найзууд дээрээ очиж, тэр 3 ойрдоо уулзалдаагүй ч хэлэх үү, бие биендээ ярих сонинтой нэгэн оройг хөгжилдөн өнгөрөөв. Энэ 3 цөм хүнтэй суугаагүй бөгөөд, энэ тэдэнд амар хэн хэнийгээ хүнтэй суух, насных нь тоог оройтсныг сануулах гэж үглэдэггүй юмсанж. Харин ойр дотных нь хүмүүс энэ талаар залхтал нь үглэж дуулж байгааг 3 бүсгүй хэнээс ч илүүтэйгээр төвөгшөөдөг билээ. Өнөрөө хувцас захиалгын газар зохион бүтээгч, Сараа их сургуулийн газар багшийн ажилтай. Эдгээр бүсгүйчүүдийг гаднаас нь харахад хаанаас нь ийм үзэсгэлэнтэй, дэгжин бүсгүйчүүдийг нэг дор цуглуулж, бас ч үгүй найзууд болгодог байнаа гэж атаархмаар. Өөр өөр мэргэжилтэй ч санаа бодол, сонирхол, нөхөрлөлөө гэж үнэнч сэтгэл л энэ гурвыг олон жил найзлахад хүргэсэн байх. Тэр үргэлж бие биендээ өөрсдийн боломжоор тусалцгаадаг бөгөөд, гэр бүлээрээ ойр дотно баяр ёслол, зовлон гунигийн алинд ч хамт байдаг билээ. Орчин цагийн ороо бусгаа энэ үед л нөхөрлөл гэдгийг жинхэнэ утгаар харуулж байгаа нь бахархалтай. Цаг ч нилээн орой болж хүүхнүүд ёстой нэг шавийгаа ханатал чалчицгаасны эцэст гэр гэрлүүгээ харихаар болж хувцаслалаа. Үүдрүү гарахаар явцгаах үед гэнэт нэгэн хүн нүдэнд торох нь тэр. Сайн ажиглавал нилээн дээр үед өөрийг нь цочоосон, догдлуулсан залуу байлаа. Хэсэг харж зогсоход тэр залуу нэгэн бүсгүйтэй болзож буй бололтой, тэр хүүхэн залууд эрхэлж, залуу ч түүнийг тэвэрч үнэсэж байлаа. Ойлгомжтой.... найз хүүхэнтэй байсан байна шд гэж Оюу бодоод гарч явлаа. Яг гарах үед нь Тамираа Оюуг хараад танисан боловч болзоот бүсгүйтэй явж байсан болохоор яаж ч чадсангүй харсаар үлдэв. Оюу найз хүүхнүүдтэйгээ салах ёс хийн хацар дээр нь шов шов хийтэл үнэсэж гэрлүүгээ харихаар таксинд суулаа. Замдаа яагаад надаа таалагдсан ганц тэр залуу хүнтэй байдаг байнаа, миний сэтгэлд нийцээгүй зөндөө л залуус ганц биеэрээ байхад... Яагаад тэр л залуу... гэж бодсоор санаа алдав.


Top
   
 Post subject: Re: тэр л залуу
PostPosted: Nov.25.12 7:15 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Jun.13.09 11:23 am
Posts: 21
Өдөр хоногууд нисэх мэт өнгөрсөөр нэг л мэдэхэд зуны зугаатай өдрүүд дундаа оржээ. Энэ хооронд Оюу нэгэн залуутай учир ургуулаад амжсан бөгөөд түүнийг Саруул гэдэг ажээ. Саруул их найрсаг яриа хөөрөөтэй, бас ч үгүй бийлэгжүү болох нь Оюуд мэдрэгдэнэ. Аргагүй шүү дээ, уулзах болгондоо үнэтэй ресторанд хоолонд орж, бас шинэ гарсан кино жүжиг болгоныг алгасалгүй үзэж, сүүлд нь Оюуд сваровски зүүлт хүртэл бэлгэнд өгчээ. Энэ бүхэн эхлээд Оюуд сонирхолтой санагдаж байсан боловч зүүлт бэлгэнд авч, Саруулын ирээдүйд хамтдаа гэж ярьж эхлэх үед нь харин түүнд нэг алхам ухарч юу болоод байгааг эрэгцүүлж бодоход нь хүргэв. Уг нь Саруул хүнд гологдохоор зүс царай, бие хаатай биш боловч бас хараад шууд таалагдахаар биш байлаа. Хэсэг уулзалдсны дараа л дажгүй залуу болохыг нь мэдсэн билээ. Ер нь ямар ч залуу гайгүй хөрөнгөтэй, дээрээс нь өөрийгөө боловсон авч явдаг, яриа хөөрөөтэй сайтай байвал тэгээд болоод явчихдаг хойно. Гэхдээ л Оюуд энэ залуу яагаад ч юм сэтгэлд нь хүрэхгүй байлаа. Цаана нь нэг юм байгааг зөнгөөрөө гадарлаад байгаа ч тэр гэж хэлчих зүйл олдохгүй. Гэхдээ салаад явчихаж чадахгүй уулзсаар л.....
Нэгэн амралтын өдөр Оюугийн утас нь дуугарлаа. Утсаа авбал:
- Байна уу? чи хаана байна? Гэртээ байна уу? гэж Саруулыг асуухад
- Тиймээ гэртээ л байна. Юу болоов?
- Аан заза. Би одоо очлоо. Хоёулаа салхинд гаръя. Гарахад бэлдэж байгаарай гээд хариу хэлэх завдалгүй таслачихав. Оюу гайхсан боловч хийх юм олдохгүй дэмий байхаар салхинд гаръя, тэгээд ч ойрдоо бид 2 уулзалдаагүй байж гэж бодсоор бүсгүй хувцаслалаа. Төд удалгүй Саруул ч ирж, тэд хотоос холгүйхэн намуухан цэвэр агаар сэнгэсэн газар ирлээ. Ирэх хүртлээ тэр 2 олигтой ч юм ярьсангүй. Ярьсангүй ч гэж Саруул өнөөдөр нэг л дуу муутай байлаа. Оюу анзаарсан боловч юм асуусангүй, өөрийг нь хэлтэл чимээгүй байхаар боллоо. Тэгтэл ч залуу овоо нэг юм ярихтайгаа болж:
- Ойрдоо ч салхинд гараагүй ямар сайхан байнаа гээд цээж дүүрэн амьсгалж, орчин тойрноо эргүүлэн харж инээмсэглэсэн боловч Оюуг харсанаа царай дорхноо төв боллоо. Тэгээд дуугаа болж болж нэг зүйлийг хэлэх гэснээ больж санаа алдав. Бүсгүй тэссэнгүй:
- надад нэг зүйлийг хэлэх гээд байгааг чинь мэдээд байна аа. Удаалгүй хэлчихээч айн. Ажил дээрээ асуудалд орчихоо юу, эсвэл буруу хэрэг хийчихээд надаас тусламж авах гээ юу? Гэхэд нь
- Үгүй ээ, ажил харин ч сайн байгаа. Харин ч сайн ажилласан гээд урамшуулал хүртэл авахаар болсон гэж хэлэх гайхуулах хоёрын хооронд хэлснээ, гэхдээ чамд хэлэх чухал зүйл байнаа. Чи бол сайн, сайхан хүүхэн. Хэний ч хайрыг булааж, зүрхийг эзэмдэж чадна. Би чамтай учирсандаа өөрийгөө азтай гэж бодож явдаг. Тиймдээ ч чамтай хамт байгаагаар ирээдүйгээ төсөөлж бодох болсон. Гэхдээ саяхныг хүртэл.....
- Байз байз... Энэ үгнүүд чинь нэг л онцгүй сонсогдоод байх чинь... нэг тийм....
- Мэдэж байнаа, гэхдээ чи зөвөөр ойлгоорой.... Миний хэлэх зүйл юу гэхээр....
- Чи надад салъя гэж хэлэх гэж байгаа юмуу, би таасан уу? гэж Оюу асуухдаа эргэлзсэн гайхаж байлаа
- Үгүй ээ юу гэждээ, яалаа гэж шууд тэгж хэлж болох билээ дээ... Гэхдээ ер нь тэгж хэлэх гэж байсан юм л даа. Чи битгий гомдоорой, намайг уучлаарай. Хоёулаа цаашдаа уулзаад хэрэггүй байх гэж бодож байна. Гэхдээ энэ чиний буруу, чамаас болоогүй юм шүү..... Бүсгүй хэсэг чимээгүй болсны эцэст
- Би юу хэлэхээ ч мэдэхгүй нь, би уг нь чамайг л асуудалд орж надтай зөвлөлдөх гэж байгаа юм байх гэж бодсон ч, тэгтэл бидний тухай байжээ... гайхалтай гэж хэлээд бүсгүй газар өөрөө ч мэдэлгүй суучихав. Саруул яах учраа олохгүй хэсэг байзнаснаа хажууд нь суув. Тэгээд тайтгаруулах санаатай юм хэлэх гэтэл бүсгүй долоовор хуруугаа уруулдаа хүргээд гунигтай харлаа. Залуу ч тэр нь дээр гэж бодон босож алсын бараа ширтэн харах боловч сэтгэл нь тогтворгүй байлаа. Оюу одоо яах бол, одоохон л босч ирээд надруу хашгирч дайрах болов уу, эсвэл гомдсондоо уйлж унжих болов уу? гэж залуу бодохоос зүрх нь өвдөнө. Хэрэв Оюугаас өөр бүсгүй байсан бол тэгж орилж хашгирахаар байлаа. Гэвч бүсгүй яасан ч үгүй зөвхөн хэсэг хугацааны дараа:
Өнгөрсөн хугацаанд цагийг зугаатай өнгөрүүлсэнд баярлалаа. Цаашдаа ч чи аз жаргалтай амьдарна биздээ гэж хэлэх нь тэр. Залууд энэ үгс хашгирч уурлахаас илүү хүнд цохилт болж: - Чи салъя гэж байга бол яахав дээ, хоёулаа хоёр тийж болъё.
- Чи надаас яагаад гэдгийг сонсмооргүй байна уу? үгүй ээ тэгж асуухгүй юм уу? Зүгээр л ингээд салах учиргүй гэх ч юм уу....
- Үгүй ээ. Шалтгаан нь ямар ч байлаа гэсэн одоо надад хамаагүй ээ. Нэгэнт салж байгаагаас хойш. Заза хоёулаа явъя, орой ч болж, би даарч байна. Харьцгаая. Залуу гадуур хүрмээ тайлж өгөх гэсэн боловч бүсгүй авсангүй шууд л машинд ороод суулаа. Тэд Оюугийн гэрт иртлээ юу ч яриагүй бөгөөд, зөвхөн байрны гадаа ирж бүсгүйг орцруугаа орох үед Саруул түүнийг өөрлүүгээ хандуулж гарыг нь зөөлхөн барьснаа:
- Оюу чи гайхалтай бүсгүй. Цаашдаа зөвхөн чамайг л хайрлаж, халамжлах сайн залуутай учирч гэр бүл болоорой. Тэр азтай залуу нь би байгаагүйд уучлаарай. Гэхдээ чи заавал сайхан амьдрах ёстой шүү гэж хэлээд тэвэрлээ. Энэ л мөчийг хүртэл тэсэж нууж байсан нулимс зүгээр л сул асгарах сувд шиг бөмбөрлөө. Саруул түүний нулимсыг зөөлнөөр арчиж, дэмий л духан дээр нь үнэрлэлээ. Хэсэг хугацааны дараа Оюу биеэ хүчлэн Тамираагаас холдож толгойгоо дээш өргөн царайг нь сүүлийн удаа харснаа хацар дээр нь үнэсээд тэр даруй гэрлүүгээ орлоо. Гэртээ орсныхоо дараа буйдан дээрээ суун тусан дахин мэгшлээ. Оюу тэр залууд хайртай байсандаа биш, салъя гэдэг үг уруул даван гарахдаа хэцүү биш мөртлөө зүрхэнд хүрэн очихдоо хөмөрсөн тогоо мэт хүнд тусдгийг ойлгохын хэрээр улам ихээр уйллаа.... Тэгж тэгж тайвшираад бие сэтгэлээ сэргээхээр шүршүүрт орлоо. Уснаас гарсныхаа дараа халуун жимстэй цай уугаад унтахаар хэвтэж удалгүй нойрсов. Энэ өдөр Оюуг тэр залуутай байхыг Тамираа дэргэдүүр нь өнгөрөхдөө харсан бөгөөд, тэр орой найз залуутай болоод л надтай танилцахгүй дөлөөд байсан байж гэж бодон хажуугаар нь явлаа.
Оюу Саруулаас салснаас хойш яагаад ч хэсэг хугацаанд гунигтай ганцаардмал болж, угийн инээж баясаж бусадтай хөгжилддөг зан нь байхгүй болжээ. Үүнийг ажлыхан нь андахгүй мэдэж түүнийг хөгжөөх гэж оролдсон боловч нэмэр болсонгүй. Тэгээд зүгээр л тайван орхихоор шийдэж тус тусын ажилдаа орлоо. Хэсэг хугацааны дараа нээрээ л Оюу урьдынх шигээ хөгжилтэй нийтэч болж, ажлын өрөөгөөр хааяа нэг инээдээ барьж ядан инээх, цаанаас нь даргын ширүүн харцтай тулгарах боловч энэ баяр баясгалан нь даргад таалагдаж байгаа нь илт байлаа. Энэ салалтын дараа Оюуд том сургамж болж, дахиж залуустай хэт дотно учир ургуулахгүй байх, сэтгэлээ шархлуулахгүй байхыг хичээх болов. Мөн уулзах залуусын тоог ч багасгаж, ер л залуу гэдгийг амьдралаасаа хэсэг хугацаанд авч хаях болов. Тэгээд өөртөө ядам хуруундаа таарах чамин хийцтэй, харахад хуримын гэмээр бөгж худалдан авлаа. Солгой гарын ядам хуруундах бөгжийг хараад түүнтэй таницах зоригтой эрс цөөрчээ.
Байгаль дэлхий өнгөө өөрчилж улбар шаргал болон гоёлоо. Хаврын тэр азтай гэмээр орой Тамираа нэгэн дэгжин бүсгүйтэй гудамжинд бараг л танилцаж, дараа таарвал жинхэнээсээ танилцанадаа гэж боджээ. Анх хараад шууд л дурласан байжээ. Гэвч тэрийгээ сүүлд мэдсэн, мөн дараа нь хүүхэнтэй байхыг нь тэр бүсгүй харсан болохоор түүнд хэцүү байлаа. Тэр хүүхэн нь найз бүсгүй нь бөгөөд Тамираад тэгтлээ их таалагддаггүй боловч, цуг байхад залууг сүрхий халамжилдаг өөрт сайн болохоор салж чадахгүй байсаар өдий хүрчээ. Гэхдээ одоо бол найз хүүхнээсээ салах талаар бодох болж, өнөөх гудамжинд танилцсан бүсгүйгээ мөрөөдөх болов. Тэгээд энэ л намрын шаргал өдрүүдийн нэгэн үед нь Тамираа салъя гэдгээ хэлж, тэр хоёрын дунд бөөн маргаан дэгдэж, сүүлдээ бүсгүйн аргадах сонсогдож, Тамираа нэг хэлсэндээ эргэлт буцалтгүй байлаа. Эцэст нь хүүхэн арга барагдав бололтой чимээгүйхэн явж, залуу ч санаа амрав бололтой шүүрс алдсаар эргэж ч харалгүй алхав. Тэгээд өөрийн дурласан бүсгүйтэйгээ уулзахын хүслэн болсон ч хаанаас хайхаа мэдэхгүй дэмий л хэзээ нэгэн цагт учрах л байлгүй гэж найдах л үлджээ. Гэхдээ өдөр тэр бүсгүйг залуутай байхыг хараад сэтгэлээр унасан боловч, сайн ажиглавал хоёулаа гунигтай байхыг хараад, залууд нь уур хүрч ийм сайхан бүсгүйг яагаад гуниглуулдаг билээ, ёстой новшийн залуу байнадаа!!! Би л оронд байсан бол үргэлж инээлгэж жаргалтай байлгах байсандаа гэж дотроо харамсан бодлоо. Тэгээд яах ийхийн зуургүй тэр 2 ч алга болж, Тамираа ажлаар явж байсан болохоор тэгэсгээд хараад өнгөрсөн байжээ.
Өвлийн цас бударсан нэгэн орой Тамираа ажлаа тараад найзууд руугаа очихоор яаран алхаж явлаа. Гэтэл гэнэт зогтусаад замын нөгөө талруу харвал, өөрийнх нь хайж байсан өнөөх бүсгүй явж байх нь тэр. Тамираа ч баярлан шууд л зам хөндлөн гарах гэсэн боловч золтой л машинд дайруулчихсангүй, тэгээд сайн харж байгаад гарлаа. Бүсгүй дээр очоод
- Сайн уу? Сая чамаас болоод эгээтэй л машинд дайруулчихсангүй. Чи нээрээ..... гээд ярих гэтэл
Оюу ард нь хүн байгааг мэдэлгүй гэнэт харснаа цочсон боловч нөгөөх өөрийг нь догдлуулж сандраасан залуу болохыг хараад зүгээр л толгой дохив. Тэгээд л өөрийн мэдэлгүй цааш явах гэтэл Тамираа энэ удаа зоригтой гэгч урд нь зогсоод:
- Үгүй шүү.. өөрөө ингээд явах гэж үү? Чи ямар хүн бэ? Би чамтай уулзах гэж хичнээн хүлээснийг мэдэж байна уу? тэгтэл өөрөө ингээд явах гэж байдаг. Хоёулаа танилцъя тэгэх үү? Намайг Тамираа гэдэг хэрэв санаж байгаа бол анх уулзахдаа хэлж байсан шдээ. Чамайг хэн гэдэг вэ? бүсгүй хэсэг чимээгүй байснаа
- Намайг Оюу гэдэг гэж аяархан хэлэв. Залуу баярлан
- Ашгүй ингэж нэг танилцдаг байжээ. Хоёулаа гудамжинд зогсоод яахав, ойрхон кофе шоп орж кофе уунгаа ярилцгаая, чи завтай биздээ гэж асуухдаа битгий л татгалзаасай гэж дотроо залбирав. Оюу хэсэг тээнэгэлжснээ нэг орой ярилцгаахад юу нь болохгүй байхав гэж бодоод
- Тэгье. Гадаа хүйтэн байна, дотор орцгооё гэж хэллээ.


Top
   
 Post subject: Re: тэр л залуу
PostPosted: Nov.29.12 10:43 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Jun.13.09 11:23 am
Posts: 21
Хотын төвийн жижигхэн боловч тохитой, бас ч үгүй засал чимэглэл нь өвөрмөц, ирж үйлчлүүлэх зочдын сэтгэлд нийцсэн кофе шоп байх ажээ. Ерөнхийд нь зураглавал цайвар ногоон , цэнхэр өнгөөр голчилсон мебель тавилгатай, заалны ширээ сандал нь өндөрдүү ихэвчлэн хоёр хүний суудалтай, ханан дээр нь дээр үеийн сонгодог хар цагаан зурагнууд өлгөөстэй, эгшиглэх аяз нь жазз хөнгөн хэмнэлийн намуухан хэрнээ эрхэмсэг сонсогдоно. Тамираа Оюу цонхонд талын захын ширээнд сууцгаалаа. Зөөгчийг ирэн захиалга өгөхийг хүлээн зогсоход Тамираа санаачлага гарган:
- Юу захиалах вэ? эднийх хотын хаа ч байхгүй каппучино шейк хийдэг, бас бялуу жигнэмэг нь салахын аргагүй амттай шүү. Би боломж гарвал энд найзуудтайгаа ирдэг, намайг ч эднийхэн андахгүй гэж өөрийгөө ч, энэ газрыг ч гайхуулан хэллээ. Зөөгч тэдэнд зөвлөх хэрэг байсангүй чимээгүйхэн инээн зогслоо. Тэд харж харж захиалгаа өглөө. Удалгүй захиалсан зүйлс нь ирэхэд, Оюу амталж үзсэнээ нээрээл салшгүй сайхан амттай каппучино, аманд ороод уусах мэт шинэхэн амттай бялуу байлаа. Дараа энд найзуудтайгаа орноо, энэ залуу ч мэдрэмжтэй юм аа гэж Оюу дотроо бодсон ч гадна ил гаргахгүй зүгээр л сууж байлаа. Эхнээсээ ихэмсэг байх ёстой... Тэгтэл ч залуугийн утас нь дуугарч Тамираа утсаа авбал, найзууд нь цаанаас нь яагаад ирэхгүй удаад байгааг асууж, өөрийг нь хүлээж ядаад тэсгэлгүй залгасан байлаа. Тамираа харин үүнийг таг мартчихжээ. Энэ сайхан бүсгүйтэй уулзаж байхад юун найзууд вээ...
- найз нь аав ээжийнх рүү явах болчлоо. Аавын даралт ихэсээд ээж надруу залгасан юм аа. Тийшээ л явж байна гэж санаа зовсон өнгөөр хэллээ. Ингээд л гүйцээ найзууд нь итгэж, хэрэг гарвал туслахад бэлэн гэдгээ хэлж, Тамираа ч тэгэлгүй яахав гээд утсаа тасаллаа. Харин энэ бүхэн нь Оюуд таалагдсангүй.
- Найзууддааа ингэж хэлэхгүй бол болохгүй ээ. Нэг найз маань гадагшаа сурахаар явж байгаа юм аа. Өнөөдөр үдэлт хийж уулзацгааж байгаан тэр. Би харин маргааш нөгөөдрөөс уулзаж, хоолонд оруулж хувийн үдэлт хийнэ дээ. Хар багаасаа найзалсан найз минь байгаа юм аа гэж учирлалаа. Залуус эхэндээ хотын амьдралын тухай, өөрсдийн ажлынхаа тухай, хөгжилтэй зүйлсийн талаар ярилцлаа. Тамираа өнөөх хуурамч баг болсон бөгжийг түрүүнээс хойш ажигласан бөгөөд:
- Танай хүн ямар ажил хийдэг вэ? Бодвол их л сайн л залуу байдаг байхдаа гэж асуух, тандах хоёрын хооронд хэлвэл, Оюу хэсэг тулгамдсанаа:
- Нөхөр маань төрийн байгууллагад санхүүгийн мэргэжилтэн, одоохондоо гадаадад томилолтоор явсан гэж үнэмштэл хариулав. Тэгээд асуултыг нь өөрт нь сөргүүлэн:
- Өөрөө ч гэсэн эхнэртэй биз. Одоо чамайг ингээд сууж байгааг мэдэж байгаа болов уу? гэж ёжлоход
- харамсалтай нь тэгж байцаах хүн алгадаа. Саяхан найз хүүхнээсээ салсан гэж гунигласан шинжгүй хариулав. Хэсэг хугацаанд хоёулаа юм бодон чимээгүй суулаа. Саяны хэлсэн үгнүүдэд итгэх эсэхээ шийдэн ядан дэмий л орчин тойрныг ажиглан байлаа. Тэгээд Оюу чимээгүй байдлыг эвдэн:
- Заза тийм байж. Надад таны ажил чинь үнэхээр таалагддаг. Би багадаа барилгын ч юм уу, хувцас загварын дизайнр болно гэж их мөрөөддөг байж билээ. Даанч сонирхлоос хэтрээгүй юм даа. Ёстой л онцгой авъястай, уран сэтгэмжтэй хүний ажил юм байж. Хобби ажил хоёр нь нэгдсэн жаргасан хүмүүс та хэдийг л хэлэх байхдаа гэж хүүхэд шиг нүүрэндээ хүсэл мөрөөдөл дүүрэн ярисаар эцэст нь жаахан гуниглачихав. Үүнийг сонссон залуу нэг зүйлийг санав бололтой ёжтой инээвхийлж байлаа.
- Өөрөө ч муухай хүн юм даа. Тань шиг авъястай төрөөгүй болохоор намайг шоолж байх шив.
- Үгүй ээ, чамайг шоолоогүй юм шүү. Зүгээр л нэг зүйл санаанд ороод л
- Юу тэр вэ? хэлэлдээ, инээснийг асуу гэдэгдээ
- Харин л дээ, хэлэх үү, болих уу....
- Хэлээч дээ, бүүр хорхой хүргэчихлээ
- Чи сайн л зурдаг юм байналээ шд, бас өвөрмөц сэтгэдэг. Би л чам шиг гоё зурж чадахгүй уу гэж хэлэх нь тэр... Бүсгүй гайхахын ихээр гайхаж
- Та намайг зурдаг, үгүй ээ зурахыг оролддог гэж яаж мэдсэн юм. Намайг тагнасан юм биш биздээ. Тэгвэл ч ёстой...
- Байзаарай бүсгүй минь. Би тагнуулч биш шүү.. Юун айхтар юм боддогийн. Дээр үед бид хоёрын анх уулзсныг санаж байна уу? тэгэхэд чиний өгсөн хуудасны ард талд зурсан зураг байсан юм аа. Их гоё зураг, одоо хүртэл хадгалж байгаа. Тэгж хэлсний дараа л Оюу итгэн тайвширч, очиж очиж зурагтай хуудас өгөөд байхав дээ гэж бодлоо.
- Уучлаарай манайх хаах цаг дөхөж байна. Сүүлийн захиалга өгөх үү, эсвэл тооцоог чинь авчрах уу? гэж зөөгч охиныг хэлэхэд хоёулаа хэсэг бодсноо
- Цай авъя
- Тооцоогоо авъя гэж зэрэг хэлэв. Охин хэнийх нь үгэнд орохоо мэдэхгүй эргэлзэж зогсоход Оюу харин итгэлтэйгээр
- Тооцоогоо авъя, орой ч болж, эмэгтэй хүн шөнө дөл явах осолтой байдаг юм. Чи ч гэсэн ажлаа дуусгачихаад эртхэн хариарай гэж хэлэхэд зөөгч охин толгой дохин зөвшөөрч эргэн явж, удалгүй тооцоог нь авчирч өгөв. Тамираа энэ бүхнийг зүгээр л харж, Оюуд улам л дурлаж байлаа. Тэгээд гялс тооцоогоо хийж, зөөгчид цайны мөнгө өгөхөө мартсангүй. Оюу үүнийг сэтгэл ханамжтай харж, түүнийг соёлтой байгаад талархлаа. Тэндээс гараад Тамираа Оюуг гэрт хүргэж өглөө. Гэрийнхээ ойролцоо ирсэн Оюу оройг сайхан өнгөрөөсөнд баярласнаа хэлээд баяртай гээж буух гэтэл:
- Хүлээгээрэй бүсгүй минь ингээд зүгээр буух гэж байгаа юм уу? Орцныхоо дэргэд буухгүй байгааг гайхахгүй байгаа ч, дахиж уулзахгүй юм биш биздээ. Надад утасныхаа дугаарыг өгөөч чамтай дахиж уулзмаар байна гэж Тамираа үнэн сэтгэлээсээ хэллээ. Оюу юу хэлэхээ хэсэг бодсноо
- Өөрөө намайг гэр бүлтэй гэдгийг мартаагүй биздээ гээд гараө өргөн бөгжрүүгээ заахад
- Тийм л дээ. Гэхдээ хүнтэй суусан гэдэг чинь эрэгтэй хүнтэй танилцаж болохгүй гэсэн үг биш биздээ. Чамаас инээд сална, дахиж хэзээ болоо гэж бодох хэцүү байна гэж учирлахад
- Тийи үү. Би энийг харин бодсонгүй л дээ. Дугаараа өгнө гэдэг ч осолтой л доо. Удахгүй нөхөр маань ирээд хажууд залгаж таарвал би ч асуудалд орно гэж бүсгүй үнэмшүүлэх гэж царайгаа барайлгав.
- Тэгээд чам руу залгасан эрэгтэй болгоныг хардана хардана гэж юу гэсэн үг вэ? Өөрөө арай дэндүүлээд байгаа юм биш үү? гэхэд нь бүсгүй хэсэг түгдэрснээ:
- Гэхдээ юу болохыг таах аргагүй гэж гүрийлээ.
- Тэгвэл би чамтай яаж уулзах вэ айн? Би чамд дугаараа өгөх үү, боломжтой ганцаараа байх үедээ надруу залгах уу?
- За ёстой уучлаарай тэгж ч ярихгүй шүү.... за байж бодоодохъё... надтай тийм их уулзахыг хүсэж байгаа бол.... аан нэг арга олчлоо. Хоёулаа саяны уулзсан газраа 7 хоногийн дараа 19 цагт уулзъя гэж Оюу хэлээд их л мэргэн арга олсон мэт баярлав.
- Юу вэ? тэгээд цаг тогтож уулзахаас өөр арга байхгүй юм уу? ирэхгүй мартах юм уу, хоцорвол яах юм, тэр үед юу ч болоо юм билээ гэж гайхан асуухад
- Тэр өдөр, тэр цагт 15 минут хүлээнэ, ирэхгүй бол яахав явахаас биш
- Тэгээд нэг удаа ирэхгүй бол яах вэ? дахиж уулзалдахгүй юм биш үү, наадах чинь дэмий санаа байна.
- Үгүй ээ харин ч гоё санаа ирэхгүй бол тэрний дараагийн 7 хоногт дахин тэр газраа, тэр цагтаа уулзъя . харин тэр үед ирэхгүй бол би хэн хэнийгээ хүндэтгээгүйд тооцон цаашдаа уулзалдахгүй.
- Би ирэхгүй гэж хэлээгүй шд. Зүгээр л урьд нь ийм зүйл сонсож байгаагүй болохоор тулгамдчихлаа. Чи л харин ирэхгүй байж магадгүй. Заза энэнээс өөр арга байхгүй бол би гялс тэмдэглэчихье гээд утсан дээрээ сануулав. Оюуг ч бас шахаж байгаад тэмдэглүүллээ.
- За одоо явдаа. Би ч гэрлүүгээ оръё. Болгоомжтой яваад сайхан амраарай гэж хэлээд бүсгүй гэрлүүгээ орохоор жоохон цаашаа явж байгаад булан эргээд алга болов. Ядаж байхад орц нь цаад талдаа. Тамираа хэсэг зоссноо гэнэт ухаан ороод харихаар машиндаа суулаа.
Оюу гэртээ орсныхоо дараа саяны болзоо ч гэх юм уу, залууг бодон сэтгэл нь сайхан болж хайрын дуу аялан байлаа. Гэхдээ удалгүй хуруун дахь бөгжөө харан, чимээгүй болж уйтгарлав. Би нээрээ энэ залуутай байхдаа яагаад ийм жаргалтай байсан юм болоо? Бас дараагийн болзоогоо өөрөө санаачлаад... Ингэж болохгүй ээ, тэр хүн гэр бүлтэй, би ч гэсэн (хуурамч ч гэсэн ). Дахиж сэтгэлээ зовоохыг хүсэхгүй байна. Тэгэхээр юун дараагийн болзоо юун сэтгэл хөдлөл вэ? гэж доторх хүн нь эсэргүүцэж байлаа. Гэхдээ зүрх сэтгэл нь аль хэдийн тэр хүний талаар бодон баясаж байлаа. Оюу тэр хүнтэй уулзах эсэхээ бодсоор л байлаа. Дараагийн болзооны өдөр нэг мэдэхнээ болж, Оюу ажлаа тарчихаад тэр хүнтэй уулзах уу, гэрлүүгээ харих уу гэж хэсэг тээнэглэзснээ өнөөх кофе шопын зүг явлаа. Гэхдээ маш удаанаар. Тэр газрын үүдэнд ирсэн хойноо, - заза гэрлүүгээ харьдаг ч юм уу
- Сайн уу, чи одоо л ирж байгаа юм уу, ирэхгүй л гэж бодлоо шүү гэж танил дуу гарлаа...
- аан нөгөө.... ажил ихтэй байгаад оройтчихлоо. Өөрөө явах гэж байсан юм уу?
- чамайг хүлээгээд 30 аад минут болохоор чинь л ирэхгүй юм байх гэж бодлоо. Нэгэнт чи ирсэн юм чинь хоёулаа дотогшоо орцгооё.
Өдөр хоног өнгөрсөөр тэр 2 бие ойр дотно болж, ямар нэгэн асуудал, зовлон жаргалаа ярилцгаадаг болов. Нэг л сэдвийг ёс төдий ярьж, цааш нэг их үргэжлүүлдэггүй байлаа. Тэр нь гэр бүл... Оюугийн хувьд нөхөргүй гэдэг нь баригдах гээд байгаа учраас нөхрөө ихэнхдээ гадагшаа томилолтоор явдаг, гэрийн бараа ховорхон хардаг гэж аргацаалаа. Тамираагийн хувьд угаасаа ганц бие болохоор нуух зүй байхгүй ч Оюу түүнийг гэр бүлтэй гэж боддог нь мэдэгдэж байлаа. Ямар өөрийгөө ганц бие гэдгээ дандаа ярилтай нь биш өөртэй нь ингээд уулзаад илэн далангүй байгаад баярлаж байв. Гэхдээ л энэ бүсгүй минийх байсан ч болоосой гэж бодохоор түүний дотор бачимдана.
- Сайн байна уу? Чи ирчихээ юу. Өглөөний мэдээгээ цэгцэлчихээд миний өрөөнд ороод ирээрэй гэж дарга нь хэллээ. Оюу ч юм бодсонгүй, шинэ ажил өгөх гэж байгаа юм байхдаа бодон ажлаа эхлүүллээ.
- Орж болох уу даргаа?
- Ор ор. Ажил гайгүй байгаа биз? Жилийн эхний тайлант үе дуусч байгаа болохоор эртхэн бэлдэж байгаарай.
- За тэгэлгүй яахав. Энэ сард борлуулалт сайтай байгаа болохоор тайлангаа ч урамтай гаргана аа. Та харин биднийгээ урамшуулахаа л мэдэж байгаарай даа.
- Тэрийг ч харин сүүлд боломз. Чамд чухал мэдээ дуулгах гээд байна аа. Сая миний явсан Сингапур дахь томилолтыг мэдэж байгаа биз дээ.
- Аан мэдэлүй яахав. Өчигдөр борлуулалтын менежерээс сонссон, их өгөөжтэй уулзалт болж, гэрээ хэлэлцээр хийсэн гэж дуулсан.
- Тиймээ, тэр гэрээнд нэг зүйл байгаа нь манай компаниас нэг ажилтан тэдний компанид ажлын туршлага судлуулахаар явуулах болсон. Чамайг явуулдаг юм уу гэж бодож байна. Чи юу гэмээр байна?
- Өө тийм үү, намайг томилолтоор явуулах гэж үү?
- Тиймээ. Чи бодвол ийм мэдээ дуулна гэж бодоогүй л биздээ. Тэгээд чи явна биздээ.
- Тэгэлгүй яахав, үнэхээр их баярлалаа. Надад сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэх боломж олгосонд баярлалаа. Хэзээ явах вэ? хэдий хугацаагаар?
- Чамайг зөвшөөрөхгүй л гэж бодож байтал ашгүй баяртай байх чинь. Яамайдаа. Энэ сарын тайлан тооцоогоо дуусгачихаад, дараа сарын эхээр явна шүү хугацаа нь 2 жил.
2 жилээр гадагшаа явахыг сонссон Тамираа золтой л муураад уначихсангүй. Арайхийн биеэ бариад, тэнэг хүн шиг чимээгүй болчихов. Энэ явдал Оюуд ч гайшрал төрүүлж, яагаад энэ залуу намайг явах болсонд ингэж цочирддог билээ. Би ямар хайртай нь хүүхэн ч биш... Эсвэл надад татагдсан юм болов уу?
Оюу ч удахгүй явахаар болж ачаагаа баглаж байлаа. Түүний сэтгэл нэг л тогтворгүй, яагаад ч юм явмааргүй байлаа. Гэсэн ч юунаас болоод байгааг ойлгохгүй. Оюу гадаад явахыг үргэлж л хүсэж байсан ч яг яаж явахаа мэдэхгүй энэ л үед дарга нь түүнд боломж олгожээ. Оюу ч уухайн тас зөвшөөрч. Хувцас хунараа бэлдэж байтал түүний утас нь дуугарлаа. Утсаа авбал найз хүүхнүүд нь түүнийг гаргаж өгөхөөр орой уулзах болсныг санууллаа. Тэр оройжин найзуудтайгаа сэтгэлээ сэргэтэл ярилцгаажээ. Найзууд нь түүнд сайн сурахын хажуугаар найз залуутай болж ирэхийг захиж байлаа. Нээрээ ч тийм зүйл болвол сайхан л байна.
- Хүндэт зорчигчидоо, Улаанбаатар – Сингапурын шууд нислэг 18.50 д Айромонголия агаарын тээврээр ниснэ. Удахгүй бүртгэл эхлэх гэж байнаг гэж уезелээр зарлалаа. Үүнийг сонсоод Оюугийн сэтгэл нь уймарч сандран, дэмий л гараа базлаж байлаа. Үдэн өгөхөөр ирсэн найзууд нь
- Оюу маань сандрахаараа улам л хөөрхөн болох юм аа
- Чи анх удаа хол газар явах гэж байгаа биш юундаа догдолдог юм, очоод бидэнтэйгээ холбоо бариарай за юу?
- Тэгэлгүй яахав дээ, та нарыгаа гэхгүй бол өөр хэнийгээ ч гэхэв.
Оюу цүнхнээсээ утсаа гаргах санаатай онгойлговол нэгэн дугтуй байлаа. Тамираа түүнд явахад нь зориулж жижигхэн эгдүүтэй барималан хүүхэд гараа гарган хийж өгчээ. (Түүний хэлснээр өөртэй нь мааш адилхан) Мөн дугтуйтай захидал байсныг анзааралгүй сая л харж байлаа. Гаргаж ирээд уншвал “Сайн уу. Чамайг энэ захидлыг унших үед чи аль хэдийн монголд байхгүй байх даа. Чамд уг нь өөрөө хэлье гэж бодож байсан ч зориг хүрэхгүй байсаар энэ бяцхан захидлыг бичлээ. Анх чамайг харсан мөчөөс л чамд дурлачихжээ.Түүнээс хойш өдөр болгон үгүйлсээр, уулзах болгондоо догдолсон. Ингээд чамтай уулзахгүй гэхээс энэ амьдрал утгагүй санагдаж байна. Одоо чамайг бүүр ч илүүтэйгээр хайрлаж байна. Хэдий чи надад гэр бүлтэй гэж хэлсэн ч би худлаа гэдгийг яагаад ч юм мэдрээд байна. Гэхдээ үнэн байсан ч хамаагүй ээ. Энэ зүйлийг чамд хэлэхийг хүссэн юм. Хэлэхгүй бол дараа харамсах юм шиг санагдаад. Тиймээ БИ ЧАМД ХАЙРТАЙ. Чамайг мэдээсэй гэж хүссэн юм. Чамтай цуг амьдарч, миний гүнж байгаасай гэж би дотроо хичнээн хүссэн гээч. Гэхдээ тэр азтай залуу нь би байгаагүйд харамсалтай. Чи минь аз жаргалтай сайхан амьдраарай. Чамд хайртай Тамираагаас.” Оюу хэсэг хугацаанд эргэлзэж дахиад хол байгаагаасаа болж хайртай хүнээ алдах гэжүү бодохоос харамсалтай санагдлаа. Тиймээ Оюу өөрөө ч Тамираад хайртай болсон байжээ. Сая л мэдэрлээ. Тэгээд найзуудыгаа нулимс цийлэгнэсэн нүдээр харж:
- Найз нь үнэтэй зүйлээ мартчихжээ. Буцаад явцгаая гэж хэлэхэд нь Сараа Өнөрөө 2 Оюугийн хайр гэрэлтсэн царайг хараад, хүнд дурласныг нь шууд ойлгон тэврэн авч
- Тиймээ, энэ хорвоо дээр хайраас илүү чуха зүйл гэж юу байхав, явцгаая гэж цоглог өнгөөр хэллээ.
Нисэх буудлаас буцаж явахдаа дурлалт залуугаа хаанаас олж уулзахаа мэдэхгүй хэсэг бодсон ч нэгийг санав бололтой шийдэмгий явлаа.
Хотын төвийн нэгэн жижигхэн кофе шопт нэгэн залуу ганцаараа суух бөгөөд хэнийг ч хүлээгүй ч ямар ч баяр хөөргүй байлаа. Зүгээр л урдах аягатай кофегоороо тоглон ийш тийш хөдөлгөж байлаа. Яагаад өөрийнх нь хайрласан тэр л бүсгүй гэнэт орж ирсэн шигээ гэнэт явчихаж байгаа юм бэ? Аз жаргалтай төгсдөг хайр байхгүй гэж үү?
Гэнэт нэгэн бүсгүй түүнд зөөлнөөр хүрээд
- Уучлаарай энэ суудал эзэнтэй юу гэлээ. Толгойгоо өндийлгөн дээш харвал өөрийнх нь хайрын эзэн болсон бүсгүй дүрээрээ өөдөөс нь инээмсэглэн зогсож байлаа.... Тамираа нүдэндээ ч итгэсэнгүй хурдхан босон Оюуг тэврэн авч
- Үгүй ээ энэ суудал эзэнгүй. МИНИЙ ЗҮРХЭНД СЭТГЭЛД ТАВТАЙ МОРИЛ ГҮНЖ МИНЬ


Top
   
 Post subject: Re: тэр л залуу
PostPosted: Jan.08.13 11:41 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Jun.13.09 11:23 am
Posts: 21
minii anhnii bichsen ugyyllegiig 20 garan hun unshsand bayrtai bnaa.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 4 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited