Offline |
Эрхэм Гишvvн |
 |
 |
Joined: May.10.11 1:44 pm Posts: 32
|
4 Арлен Биттербакийг, үнэн хэрэг дээрээ омгийн ахлагч биш харин Ваишта бөөнөөр суурьшуулах газар дахь овгийнхоо нэгдүгээр ахлагч бас ирокезүүдийн зөвлөлийн гишүүн байсан Арлен Биттербакийг цаазаар авах цаг нь ирлээ. Мань эр согтуугаар хүний аминд хүрсэн байсан, гэхдээ хоёулаа л согтуу байсан юм байна лээ. Омгийн ахлагч эр нөгөө эрийнхээ толгойг чулуужсан цементэн зуурмагаар бяцалсан байсан. Маргааны шалтаг нь хос гутал. Тэгээд миний захирагддаг омгийн ахлагч нар нэг их бороотой тэр зуны долдугаар сарын 17-нд мань хүний амьдрал дуусах ёстой гэж үзсэн байжээ.
Хүйтэн ууланд эргэлт хүлээн авах цаг нь маш хатуу, хорих өрөөний сараалжин тор л гэсэн үг байсан ч “Г” блокийн оршин суугчдыг харж үзнэ. Биттербакийг арван зургааны өдөр хоолны өрөөний хажууд байдаг “Аркада” нэртэй урт гэгч өрөө рүү оруулав. Өрөөг өргөст тор хэлхсэн тороор дундуур нь заагласан. Ийшээ Омгийн ахлагчийн хоёр дахь эхнэр, бас түүнийг эцгийгээ гэдгийг нь мартаагүй байгаа хүүхдүүд нь уулзахаар ирэх ёстой. Салах ёс гүйцэтгэх гэж.
Мань эрийг Билл Додж ба хоёр түр ажилтан өрөөнд авчирлаа. Бусад нь цагийн дотор ядаж хоёр удаа ч болов давталт хийх гээд завгүй байлаа. Аз нь таарвал бүр гурван ч удаа давтчих санаатай.
Биттербакийг цаазаар авах үед өөрийг нь төхөөрөмжийн өрөөнд Жек Ван Хейтэй хамт байлгана гэвэл Перси сайн, эсвэл муу газар зогсох болооод байгаагаа ойлгохгүй байсан болохоор л нэг их дургүйцэхгүй л байсан болов уу. Торлосон жижигхэн дөрвөлжин цонх, тэндээс сандлын ердөө түшлэг нь харагдах хэдий ч хангалттай ойр байсан болохоор үсэрч байгаа оч энэ тэрийг харах боломжтой гэдгийг мань эр мэдэж байлаа.
Яг тэр жижиг дөрвөлжин цонхны хажууд таслагч, дамар үгүй хар утас зоолттой. Утас дуугарна, гэхдээ мужийн амбан захирагчийн өрөөнөөс залгахад л дуугардаг. Амбан захирагчийн энэ утас нь ямар ч гэмгүй хүнийг цаазаар авах гээд бүх зүйл бэлэн болчихоод, цахилгааныг залгах л үлдээд байгаа эцсийн мөчид дуугарч байгааг харуулсан олон кино үзэж байсан ч намайг “Г” блокт ажиллах хугацаанд энэ утас ганц ч удаа дуугараагүй юм. Кинонд бол яах вэ дээ аврал гэдэг хямдхан юм. Яг л онгон бие шиг. 25 цент төлчихсөн байхад л авралыг үзнэ шүү дээ. Бодит амьдрал хавьгүй үнэтэйн дээр дийлэнх хариултууд нь огт өөр.
Хөргөгч машинд хийж зөөхийн тулд хонгилд бид хэд оёдолчдын ашигладаг хүний загварыг байрлуулсан байв. Бусад зүйлийг нь давтахад Байна-байна байна. Зул сарын баяраар таныг галуунд дуртай байна уу үгүй юу хамаагүй ширээн дээр шарсан галуу заавал тавьдаг шиг он жилүүд улиран өнгөрсөөр Байна-байна өвгөн хоригдлыг орлодог уламжлалт орлуулага болсон байлаа. Дийлэнх харгалзагчдад мань өвгөний франц, гэхдээ луизиан нутгийн биш харин канад, дээр нь өмнөд нутагт өнгөрөөсөн олон жилийн хугацаанд зөөлөрсөн франц аялага нь инээдэмтэй санагддаг байсан болохоор мань хүнд талтай. Брут хүртэл өвгөн Байна-байны хачин авирыг нь хараад инээдэг байсан. Харин би бол үгүй. Надад энэ хүн өөрөө мах шарна гэхэд дэндүү хямсгар хэрнээ шарсан махны үнэрт дуртай, нэг тийм Пэрси Уэтморын элэгдэж хуучирсан хувилбар гэж санагддаг байлаа.
Давталт дээр цаазаар авах ажиллагаанд оролцох хүмүүс бүгд цугласан байв. Брутус Ховелл бидний нэрлэдгээр “Гаргагч” байсан бөгөөд энэ бол дуулга өмсгөөд амбан захирагчийн утасны шугамыг чагнаж, эмчийг хананы хажуу дахь газраас нь дагуулан ирээд шаардлагатай бол хэрэгтэй үед “Хоёр дахийг нь асаа” гэсэн тушаал өгдөг хүн юм. Хэрэв юм алдаа мадаггүй явж өнгөрвөл хэнд ч талархал илэрхийлэхгүй. Харин иймээ тиймээ юм гарвал Брутыг гэрчүүд, харин намайг шоронгийн дарга загнадаг. Бид харин хариуд нь гомдол мэдүүлээд ямар ч нэмэргүйг мэддэг болохоор дуугүй л өнгөрнө. Дэлхий гэдэг чинь эргэлддэг бөмбөг юм шүү дээ. Аяыг нь дагаад хамт эргэлдэж болно, эсвэл эсэргүүцээд зогсож болох ч зогсвол чамайг арчаад л өнгөрнө.
Билл залуусын хамт Биттербакийг өрөөнөөс нь гарган “Аркада” руу оруулснаас хэдхэн минутын дараа Дин, Харви Тервиллижер бид гурав эхний давталт хийхээр Омгийн ахлагчийн өрөөнд ирлээ. Өрөөний хаалга нээлттэй, Омгийн ахлагчийн орон дээр Байна-Байна өвгөн суучихсан, цайвар үс нь сэгсийчихэж. Байна-байна: -Даавуугаар нь дүүрэн үрийн шингэний толбо гэж анзаараад авлаа. -Мань эр та хэдэд чануулахгүй гээд түүнээсээ салахыг хичээсэн бололтой.
Өвгөн хөхрөөд эхлэв. -Амаа тат Байна гуай гэж Дин ширвэв. -Одоо тоглоом шоглоомгүй үзнэ шүү.
Байна-байна: -За за гэж хэлээд тэр даруй аадар борооны өмнөх дүнсгэр байдлыг нүүрэндээ тодрууллаа. Гэвч нүд нь таталдан анивчих аж. Үхэгсдийн дүрд тоглох болохоор хөгшин Байна-байна дандаа л сэргээд ирдэг юм.
Би урагш алхав. -Арлен Биттербак таныг би тус мужийн шүүхийн төлөөлөгчийн хувьд авч явах тушаалтай бөгөөд цаазаар авах ажиллагаа нь тэдэн сарын тэдний өдөр 12:01-т болох ёстой тул та урагш гарна уу.
Байна–байна орон дээрээс босов. -Би урагш гарлаа, би урагш гарлаа, гарлаа гэж мань эр амандаа бувтнана.
Дин: -Цаашаа эргэ гэж тушаагаад Байна-байныг эргэхэд нь халзарсан зулайг нь шалгав. Омгийн ахлагчийн зулайн үсийг маргааш орой хусахад нь Дин нэмж хусах, янзлах юм юу байна гэж шалгана. Харин өнөөдөр бидний хийж байгаа юм болгон бодит үйлдлийг хялбар болгох зорилготой.
-За болно, яв Арлен гэж би Байна-байнад хэлээд бүгд гарлаа.
Байна-байна: -Би хонгилоор явж байна, хонгилоор явж байна, хонгилоор явж байна гээд үглээд эхлэв. Би мань хүний зүүн талд нь, Дин баруун талд нь, Харри яг ард нь явж байв. Урт хонгилын эхэнд нь бид баруун гар тийш эргэн салхилдаг довжооноос зайлан агуулахын өрөө рүү, үхэл өөд зүглэв. Бид миний өрөө руу ороход Байна-байна хэн ч юу ч хэлээгүй байхад сөхрөөд уначихлаа. Мань эр юу хийх ёстойгоо магадгүй бид хэд дотроо л хамгийн сайн мэдэж байсан байх. Энд тоолж барахааргүй олон жил болсон болохоор тэр шүү дээ. -Би залбирч байна, залбирч байна, залбирч байна гээд Байна-байна мойног хуруунуудаа зөрүүлэн атгав. Яг л “Бурхан тэнгэр надад зөв замыг заадаг” г.м. элдэв хэвлэмэл зураг дээрх шиг.
Харри: -Ингэхэд Биттербактай хамт хэн залбирал унших болж байна гэж асуулаа. -Нэг муу ирокез бөө мөө гэрч ирээд энд нөгөө нэг юугаа савчуулаад унавал дэмий юм болно доо? -Нээрээ тийм шүү...
Байна-байна харин: -Би залбирсаар л байна, залбирсаар л байна, би Исус эзэнтэнд залбирч байна гэж ирээд миний яриаг таслаж орхилоо. -Амаа тат даа хөгшин гайхал минь гэж Дин үг чулуудав. -Би залбирч байна шүү дээ. -Дотроо залбираач. -Та хэд юу хийгээд удаад байгаа юм бэ гэсээр Брут агуулахаас дуу гарав. Бидэнд туслаг гээд түүнийг бас л түр чөлөөлжээ. Бид хэд ахиад л үхлийн бүсд ороод ирсэн болохоор эндхийн үнэр нь хүртэл үхлийн үнэр мэт санагдана.
-Хүлээж бай, юундаа яараад байгаа юм бэ гэж Харри хариу орилов. -Жаахан тэвчээртэй бай л даа. -Залбирч байна. Өчүүхэн ч гэсэн тэвчээр хайрлаасай гэж би залбирч байна гэсээр Байна-байна эвгүй сэтгэгдэл төрүүлэм шүдгүй инээмсэглэлээрээ инээнэ. -Нээрээ Биттербак чинь өөрийгөө христийн шашинтан гэж хэлсэн шүү дээ гэж би тэдэнд хэлэв. -Тэгээд Тиллман Кларк дээр ирсэн баптист номлогч ирнэ гэсэн чинь баярлаж байсан. Номлогчийн овог нь Шустер. Надад ч бас таалагдсан. Их шаламгай, цаадуулыг чинь тайвшруулахад дэм болдог юм. Байна-байна гуай босоорой. Өнөөдөр залбирч дууслаа. -Явлаа. Ахиад явлаа, би ахиад явж байна, Ногоон замаар явж байна эрхэм ээ.
Байна-байна хэдий намхан ч гэлээ өрөөний алсын ханан дахь хаалгаар гарахдаа бөгтийхөөс өөр аргагүй болов. Бусад нь бүр ч илүү бөгтийлөө. Жинхэнэ хоригдлын хувьд энэ тун ч эмзэг мөч байсан болохоор би Хөгшин Спаркигийн байрлах тавцан, хажууд нь винтовтой зогсох Брутыг хараад сэтгэл амарч толгой дохилоо. Бүх юм ёсоороо.
Байна-байна шатаар буугаад зогслоо. Дөч орчим эвхдэг сандал байраа эзэлжээ. Биттербак үзэгчдээс аюулгүй зайнд явж тавцан дээр очихын дээр зургаан харгалзагч аюулгүй байдлыг давхар хангана. Үүнийг Билл Додж хариуцаж байгаа. Хэдий ийм бүдүүлэгдүү гэмээр хамгаалт, тавилга сэлттэй ч гэлээ цаазаар авахуулах гэж байгаа хүн гэрчүүд рүү дайрсан нэг ч тохиолдол гарч байгаагүй бөгөөд миний бодлоор ер нь тийм ч байх ёстой.
Бид миний өрөөнөөс гарсан шатнууд руу бүрэн бүрэлдэхүүнээрээ буцаж очих үед Байна-байна: -Залуусаа бэлэн үү гэж асуув.
Бид хэд энэ үед яг л хаа нэгтээ тугаа мартсан тугчидтай адил тухай би олонтаа бодож байсан юм.
Пэрси агуулах ба төхөөрөмжийн өрөө хоорондын торлосон дөрвөлжин цонхны цаанаас: -Би юу хийх ёстой болж байна аа гэж асуув.
-Хараад сурч ав гэж би хариу хашхирлаа. -Тэгээд боожгооноосоо гараа хол байлгаарай гэж Харри бувтнаад амжив. Гэсэн ч Байна-байна аль хэдийн үгийг нь сонсчихсон жиг жиг хийн инээж гарав.
Мань хүнийг бид давцанд ойртулахад Байна–байна эргэж хараад зогсов. Хуучны хүн гэсэндээ яах ёстойг хэлүүлэлтгүй мэдэж байна. -Би суулаа. Суулаа. Хөгшин Спаркигийн өвдөг дээр суулаа гэж мань эр зарлав.
Би баруун хөлийнх нь дэргэд баруун өвдөг дээрээ бохирон суулаа. Дин зүүн өвдөг дээрээ Байна-Байны зүүн хөлийн харалдаа суув. Яг энэ үед хэрэгтэн гэнэт өвчигнөөд эхэлбэл бид дайралтанд хамгийн өртөмтгий болдог, хоригдлууд ч цөөнгүй удаа тэгсэн. Хоёулаа цавиа хамгаалахын тулд нугалсан өвдгөө бага зэрэг дотогш эргүүлэв. Хүзүүгээ хамгаалахын тулд эрүүгээ доошлууллаа. Тэгээд аюултай байдлаас аль болох хурдан гарахын тулд шагайнуудыг нь чадах чинээгээрээ хурдан бэхлэхийг хичээнэ. Омгийн ахлагч сүүлийн замд гарахдаа углааш өмссөн байх ёстой ч, залгиураа зад өшиглүүлсэн хүнийг “яаж мэдэх вэ дээ” гэсэн үг тайвшруулах нь юу л бол. Тэр тусам эвхдэг сандал дээр суусан сэтгүүлчид энэ тэр гэсэн дөчин хэдэн хүний өмнө, шар айрагны аяга шиг томорсон төмсгөө тэврээд шалан дээр хөглөрөх хүнийг бол бүр ч тайвшруулахгүй.
Бид хоёр Байна-байны шагайг уяхад Брут баруун шууг нь холбож бэхлэв. Харри урагш алхаад зүүн шууг нь бэхлэчихлээ. Ингээд бэхлэх ёстой бүхнийг бэхлэсний дараа Харри Брут өөд толгой дохиод “Нэгдүгээрхийг асаа” гэж Ван Хэйд тушаалаа.
Энэ юу гэсэн үг болох талаар Жек Ван Хэйгээс Пэрси асууж, Ван Хэй аяархан хариулж байгаа би олж сонслоо. Энэ Пэрси “Г” блокт байх хугацаандаа юу ч сураагүй, ийм бага юм мэдэж авсан гэдэгт нь итгэж ядаж байлаа. Өнөөдөр бол “Нэгдүгээрхийг асаа” гэдэг нь ямар ч үр дагаваргүй боловч маргааш мань хүн энэ үгийг сонсох үед Ван Хэй “Г” блокийн шоронгийн үүсгүүрийн бариулыг эргүүлнэ. Ингэхэд гэрчүүд бүдэг, жигд дүнгэнэх чимээ сонсож, шорон даяар бүх гэрэл илүү тод болно. Бусад блокийн хоригдлууд гэрэл тодорохыг хараад бүх юм дууссан гэж бодоцгоох боловч үнэн хэрэг дээрээ дөнгөж л эхэлж байдаг юм.
Байна-байнад харагдаж байх байдлаар Брут сандлыг тойрлоо. -Арлен Биттербак танд цахилгаан сандал дээр цаазаар авах ял ноогдуулсан бөгөөд ялыг тангарагтны шүүх гаргаж, мужийн шүүгч баталгаажуулсан болно. Бурхан тэнгэр энэ мужийн оршин суугчдыг тэтгэг. Ялыг гүйцэтгэхийн өмнө танд хэлэх зүйл байна уу?
Байна-байна харин нүдээ гялалзуулж, уруулдаа шүдгүй инээмслэглэлээ тодруулсаар: -Байна гэдэг байна шүү. -Би шарсан дэгдээхий, төмс, сүмстэй идмээр байна. Би таны малгай руу баамаар байна. Бас дээр нь би хүүхнүүдийн жинхэнэ эрлэг болохоор Мэй Вэстийг * миний нүүрэн дээр суугаасай гэж хүсч байна.
Брут чухал царайтай байхыг хичээсэн болов ч үнэхээр дийлсэнгүй. Мань эр гэдийж байгаад тас тас хийтэл хөхөрлөө. Дин буудуулчихсан аятай тавцангийн зах руу мөлхчихсөн тархи нь хөдөлчих вий гэж айсан мэт гараа духандаа нааж байгаад цөөвөр чоно шиг гийнаж харагдав. Харри хоолойнд нь юм тээгэлчихсэн хүн шиг “гах-гах” гэчихсэн хана налаад авлаа. Наргиан мэдрэх чадвараар ядмаг Жен Ван Хэй хүртэл инээд алдаж байлаа. Надад ч бас инээдтэй, би ч бас инээмээр байсан ч би биеэ барьж байлаа. Маргааш бүх юм жинхнээсээ болж, Байна-Байны сууж байгаа газар хүн нас барна.
-Брут чи дуугүй бол гэж би хэлэв. -Дин, Харри та хоёр ч бас. Харин Байна-байна гуай та ахиад иймэрхүү үзүүлбэр хийвэл эцсийнх чинь болно гэж мэдээрэй. Би хоёрдугаархыг жинхэнээсээ асаа гэж Ван Хэйд тушаана шүү.
Байна-байна харин “Эжкум босс оо, үнэхээр догь болсон биз дээ, тийм үү” гэх гэсэн мэт над руу хараад мушилзав. Намайг бусдын адил хөгжихгүй байгааг хараад мушилзсан нь гайхаш тасралтаар солигдлоо. -Та чинь яасан бэ? гэж тэр асуув. -Яах юу байдаг юм гэж би огцом хариуллаа. -Инээдтэй биш байна. Ойлгохгүй байгаа бол наад дарвагараа нээхгүй байсан чинь дээр шүү.
Гэхдээ үнэндээ бол надад үнэхээр инээдтэй байсан бөгөөд магадгүй ингэж инээдтэй байсан нь миний уурыг хүргэсэн байх.
Хүмүүсийг тойруулан харвал Брут инээмсэглэсэн хэвээр.
-Чөтгөр аваасай билээ. Би энэ ажилд дэндүү хөгшдөөд байгаа юм байна л даа. Брут: -Үгүй дээ. Поль чинь жинхэнэ ид гялалзаж явна гэж хариулав.
Гэвч би гялалзаж яваагаа мэдрэхгүй, Брут ч бас мэдрэхгүй байсан бөгөөд тэнэг ажил ер нь бүтэл муутай байгааг бид хоёр хоёул ойлгож байсан юм. Ямартаа ч инээд замхарлаа. Ер нь маргааш орой нэгнийх нь толгойд Байна-байны тэнэг үг орж ирээд ахиад инээж эхлээсэй гэж хүсэхгүй байсан болохоор ингээд замхарсан нь ч болж. Магадгүй ялтанг цахилгаан сандал руу хүргэж явсан харгалзагч элгээ хөштөл инээнэ гэж баймааргүй юм гэж та хэлж болох ч хүмүүс стрессийн байдалд байгаа үед юу ч болж магадгүй байдаг юм. Тэгээд үнэхээр тийм юм болбол хүмүүс лав арав хорин жил марталгүй ярьцгаах биз. -Байна-байна гуай чи амаа хамхих уу гэж би дуугаа өндөрсгөлөө. -За гэж хэлчихээд мань эр хамгийн хөгшин хүүхэд шиг хошуугаа унжуулж орхилоо.
Би Брутэд давтлагаа үргэлжлүүл гээд толгой дохиход тэрээр сандлын түшлэгийн ард тусгай дэгээнд өлгөөстэй байсан дуулгыг аваад Байна-байны толгойд углан эрүүн доор нь бүчлэн тогтооход зулай дээр нь том нүх ил гарч үлдлээ. Үүний дараа Брут бөхийгөөд хувингаас нойтон хөөс гаргаж ирээд хуруугаа хүргээд дараа нь хурууныхаа өндгийг долоов. Үүнийг хийсний дараа хөөсийг буцааж хувинд хийв. Маргааш бол ийм юм болохгүй. Маргааш тэрээр хөөсийг сандлын түшлэг дээр өлгөөтэй байгаа дуулга дотор хийнэ. Өнөөдөр бол хийхгүй, өнөөдөр Байна-байны хөгшин толгойг норгох шаардлага алга.
Дуулга нь гангаар хийгдсэн, явган цэргийн дуулгатай төстэй. Дуулган дээрээс хар даавууг, нүхээр нь Байна-байны толгойг шургуулан углалаа. -Дуулга өмсөж байна, дуулга өмсөж байна гэж үглэж байсан Байна-байны хоолой яг тэр үед битүү, чахарсан өнгөтэй болж өөрчлөгдлөө. Бүчнүүд амаа ангахайд нь саад болоод байсан болохоор би Брутыг тэр үед давтлагад хэрэгтэйгээс илүү чанга татсан байх гэж боддог юм.
Брут хойш алхаад хоосон сандлуудыг гүйлгэн харснаа: -Арлен Биттербак мужийн хуулийн дагуу таныг нас бартал биеэр чинь цахилгаан гүйдэл гүйлгэнэ. Бурхан таны сүнсийг өршөөг гэж хэллээ.
Брут тор татсан дөрвөлжин цонх руу эргээд: -Хоёрдугаархыг асаа гэв.
Байна-байна харин өөрийн зохиосон хорвоод хосгүй хошин үзүүлбэрээ дахин үзүүлэх гээд сандал дээрээ хавчигнан таталдаж эхэлсэн ч Хөгшийн Спаркийн үйлчлүүлэгчид бол гол төлөв хэзээ ч тэгдэггүй байлаа.
Мань эр: -Би шарагдаж байна. Шарагдаж байна. Шатлаа. Би шарсан хяруул боллоо гэж орилж байв.
Харри, Дин хоёрыг огт өөр зүг ширтэж байгааг би олж харав. Тэд хөгшин Спаркигаас өөр зүгт, агуулахын цаад хана, миний өрөө рүү ордог хаалга руу харж байв. -Чөтгөр намайг аваасай билээ. Гэрчүүдийн нэг нь нэг өдрийн өмнө хүрээд ирсэн байх шив дээ гэж Харри хэлэв.
Хойд хоёр хөлөө сүүлээрээ эвлэгхэн нь аргагүй ороочихсон хулгана гуай босгон дээр гялалзсан мойл хар нүдээрээ ширтээд, сууж байх нь тэр.*Мэй Вэст -(Mae West, 1893 —1980) — америкийн жүжигчин, жүжгийн зохиолч, кино зохиолч, 30-40-өөд оны америкийн секс бэлгэдэл, тухайн үеийнхээ хамгийн их дуулианы, шуугианы эзэн болж байсан эмэгтэй. Тайзан дээрээс хамгийн анх сексийн сэдвийг чөлөөтэй хөндөж, ижил хүйстнээ сонирхогчдын эрхийг хамгаалах хөдөлгөөнийг эхлүүлэгчдийн нэг. 
Last edited by saxal on Jan.23.12 12:51 pm, edited 2 times in total.
|
|