#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Feb.18.18 4:05 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 
Author Message
PostPosted: May.12.11 12:49 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.10.11 1:44 pm
Posts: 32
Рэй Брэдбери, 1943 он
НӨГӨӨ НЭГ ЮУ

Хүмүүс дэлгүүрийн үүдэнд пиг чихжээ.
Кроуэлл цугласан олны дундуур хүч мэдэн чихцэлдэн орлоо. Ямагт гунигтай байдаг урт, гонзгой царай нь хэзэний байдгаараа, өөрчлөгдсөнгүй. Ёрдгор мөрөн дээгүүрээ эргэж нэг харснаа амандаа нэг юм бувтнаад хүмүүсийг тохойгоороо түлхэлэн урагшилж гарлаа.
Цохтой адил гялалзсан, урт, хар машин мотороо дүнгэнүүлсээр явган хүний замын хажууд, зуугаад ярдын хол очиж зогсохыг мань эр харсан байжээ. Хаалга чад хийн дуугараад онгойход цонхийсон саарал өнгөтэй нүүр нь бухимдаж уурлсан байдалтай хөшиж орхисон тарган эр арай хийн гарч ирэв. Урд нь хоёр бие хамгаалагч нь суучихаж.

Мэддэг хүмүүсийнхээ дунд бол Зальт гэсэн нэрээр алдартай Кроуэлл “Ингэхэд ер нь зугатах хэрэг байсан юм уу даа?” гэж бодлоо. Мань эр их ядарсан болохоор л тэр. “Пластике инкорпорайтед” –ийн нэг бүдүүн эр сүүлийн үед хууль бус юм хийгээд байгаа тухай хальт хэлсэн төдийгөөс болоод дээрэмчид сүүлдэх нь холгүй мөрдөж яваа гэдгээ өглөө сэрэх болгондоо санаж, санаж байгаа атлаа орой болгон мэдээний хөтөлбөрт орж юм ярьж суух тэнхэл алга болжээ. Ядаж байхад нөгөө бүдүүнээ нь өөрийн дүрээр залраад ирчихсэн байдаг. Хаа байсан Пасаденагаас мөшгөсөөр байгаад дагаад ирсэн.

Гэхдээ одоо бол Кроуэллыг бөөгнөрсөн хүмүүс ашгүй тойрсон байна. “Ингэхэд ер нь энд хэр олон хүн байгаа бол” гэж мань хүн бодов. “Тийм л ер бусын юм байгаа юм байх даа? Гэхдээ үнэндээ бол Өмнөд Калифорнид эгэл, жирийн юм гэж юу байна даа?”

Чихэлдэн урагш зүтгэсээр мань эр хөх өнгийн шилтэй цонхон дээрх томоос том гал улаан өнгийн үсэг рүү гөлрөн зогтусав. Туранхай, гунигтай царай нь хувирсангүй.
Хөх өнгийн шилэн дээр ийм зүйл биччихсэн байх нь тэр:

НӨГӨӨ НЭГ ЮУНУУД, ШАЛИХГҮЙ ЗҮЙЛС, БЭМБЭГЭР, ТОВГОР, ШОВХ МОВХ, ДАНДГАР, АРЗГАР, ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ЮМНУУД, ЭРЭЭН МЯРААН ЗҮЙЛС, ХАЧИН ЮМНУУД.

Кроуэллын нүдэнд гайхсан шинж тодорсонгүй. Редактор нь даалгавар өгч байхдаа энэ дэлгүүрийг хэлээд байсан болж таарлаа. Шал дэмий бас хэнд ч хэрэггүй юм байна.
Гэвч тэр даруй бүдүүн Стив Бишоп бас буутай бие хамгаалагчдыг санав. Амь наана там цаана байхад хаана нуугдах нь хамаа байж уу.
Кроуэлл халааснаасаа жижигхэн тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд нөгөө нэг юунууд, дэмий юмнууд гэсэн хоёр гурван нэрийг нь бичээд авлаа. Бишоп тэртээ тэргүй энэ олны дунд мань хүнийг буудаж чадахгүйгээс хойш. Гэхдээ ний нуугүй ярихад мань Зальт өөрөө гурван хэмжээст өнгөт зургаар далайлган илчлэх гэж айлгаад байгаа болохоор Бишопт ч буудах эрх бас бий л дээ.

Мөрөөрөө зай гарган түлхсээр Кроуэлл хагас тунгалаг хаалгаар чихэлдэн оров. Нийтэд нь цагаан ба цагаан цэнхэр гэсэн хүйтэн өнгөөр шийдэж чимсэн дэлгүүрийн доторхыг хаалга үйлчлүүлэгчдээс хүрхэрээ шиг зааглаж байна гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ. Мань эр жижигхэн шилэн шүүгээнүүдийг тоолоод (17 шүүгээ байв) юуг ч үл илэрхийлсэн харцаар шүүгээнүүдийн доторхыг сонирхож эхлэв.

Цагаан цэнхэр өнгийн шилээр хийсэн шүүгээний араас гэнэт арга яс шиг туранхай, халзан толгойтой, жижигхэн эр гараад ирэх нь тэр. Дэндүү намхан хүн байсан болохоор халзан толгойг нь алгадаж үзэх хүслээ Кроэулл арай гэж дарлаа. Дээрээсээ алгадуулж байхаар төрж дээ гэмээр халзан толгой байсан болохоор л тэр шүү дээ.
Жижигхэн хүний дөрвөлжин царай гундмал шар, хуучирсан сонинуудын өнгө шиг онцгой туяатай шар өнгөтэй юм.
-За, таныг сонсож байна гэж жижигхэн хүн хэлэв.
Кроуэлл:
-Сайн уу гэж нам дуугаар мэнд мэдэнгээ залгаад яах тухайгаа бодов. Одоо ингээд нэгэнт л дэлгүүрт ороод ирсэн болохоор юу ч юм ярих хэрэгтэй.
-Би ... би нөгөө нэг юу худалдаж авах гэсэн юм.
Кроуэллын царайнд тодрох гуниг, цөхрөлт дуунд нь ч бас шингэжээ.
-Ёстой гайхалтай, маш сайн байна гэж нөгөө жижигхэн хүн хэлээд алгаа хооронд нь үрлээ.
-Шалтгааныг тань мэдэхгүй ч үнэхээр, жинхнээсээ сонирхож байгаа ганц хүн нь та боллоо. Бусад хүмүс тэнд, гудамжинд дэмий зогсоод л инээлдэхээс цаашгүй юм. За тэр ч яах вэ, тэгээд та хэдэн оны нөгөө нэг юу авмаар байгаа юм бэ? Ямар загварынх?

Кроуэлл аль алиныг нь мэдэхгүй юм. Яахаа мэдэхгүй байгаа гэдгээ л мэдэж байсан ч царайг нь харсан хэн ч үүнийг анзаарахгүй байв. Орж ирэнгүүтээ л бүх насаараа ийм зүйлс мэддэг байсан хүн шиг царайлсан болохоор тэр. Тэгчихээд одоо өөрийгөө юу ч мэдэхгүй гэдгээ мэдэгдэх хэрэггүй биз. Хариултаа тунгааж байгаа дүр хэсэг зуур эсгэж байгаад:
-За байз надад бол 1993 оны загвар л яг таарах байх даа. Дэндүү шинэ юм дэмий байдаг юм гээд туучихлаа. Дэлгүүрийн эзэн анивчаад эхлэв.
Тэгснээ шүүгээ хоорондын чөлөөгөөр ухасхийгээд ард нь тэр гэхийн тэмдэггүй нэг юм хэвтэх шилний өмнө зогтусав. Тэр юм нь хэлхээст дамжуулагчтай төстэй мөртлөө бас галын өрөөний тавцантай адил юм. Төмөр ирмэг дээрээс нь хэдэн ширхэг ээмэг шиг юм санжиганаж, мөн тэр захад нь эвэртэй төстэй гурван шаантаг ба зургаан ширхэг хачин гайхалтай төхөөрөмжийг хөдөлгөөнгүй зоож, яг гол хэсгийнх нь дээрээс гутлын үдээстэй тун ч адил хачирхалтай юмны багц цухуйсан байх юм.

Кроуэлл товчиндоо хахаж байгаа аятай дууг өөрийн эрхгүй гарав. Мань эр дахиад харлаа. Үгүй одоо яалтай ч билээ дээ? Ямар ч байсан энэ атигар яав ч эрүүл биш нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг хэлэхгүй байсан нь дээр байх.
Дэлгүүрийн эзэн жижигхэн эрийн тухайд бол нүд нь гялалзан уруул ам нь хамгийн хамгийн найрсаг инээмсэглэл тодруулан сунаад хуруунуудаа зөрүүлэн атгасан хоёр гараа өргөн цээжиндээ барьж, хариу хүлээсэн нь илт байдалтайгаар урагш тонгойн зогсох нь магнайгаа хагартал баярлаж байгаа нь илт.
-Танд таалагдаж байна уу?
Кроуэлл царайгаа барайлган толгой дохилоо.
-Ер нь дажгүй шүү. Болох юм шиг байна. Гэхдээ наадахаас чинь илүүг ч харж л байсан юм байна.
-Илүүг гэнэ ээ? гэж жижигхэн эр гайхан уулга алдаад намхан нуруугаа чинээнд нь тултал сунган тэвхийх нь тэр.
-Та хаана харсан юм бэ? гэж нөгөө эр шалгаав.
-Хаана?
Өөр хүн байсан бол тэвдэх байсан биз. Кроуэл биш өөр хүн байсан бол шүү дээ. Мань эр тэмдэглэлийн дэвтрээ гаргаж аваад нэг юм хурдан хурдан бичингээ толгойгоо өргөлгүйгээр:
-За, та л тэрийг мэдэхгүй байв гэж дээ гэж их хатгасан байртай хэлж орхилоо. Ингэж хэлэхэд л хангалттай гэдэгт найдаж байв. Үнэнхээр ч оноод хэлчихэж.
Атигар эр:
-Аан! гэж ирээд л баярлаж байна гэж жигтэйхэн.
-Тэгвэл та бас юу байх нь ээ... Мэддэг хүнтэй ажил ярих ямар сайхан юм бэ. Үнэхээр таатай байна.
Мань эр цонхны цаана, хөхрөлдөн жиг жуг гэлцэн гөлөрцгөөх олны цаана юу болж байгааг харахаар харц чулуудав. Бүдүүнээ ч тэр, бие хамгаалагчид ч тэр, хар машин ч тэр алга. Ан завсарлав бололтой, түр зуурдаа.
Кроуэлл тэмдэглэлийн дэвтрээ халаасандаа хийгээд нөгөө нэг юуг хийсэн шүүгээн дээр гараа тавив.
-Би их яаруу явна. Үүнийг би аваад явж болно биз дээ. Мөнгө гэрт байгаа болохоор эхний удаагийн төлбөр болгоод танд өөр юм өгч болж байна? Зөвшөөрч байна уу?
-Яриа юу байна, зөвшөөрч байна!
-Их сайн байна.
Кроуэлл зоригоо чангалж байгаад богино ханцуйтай саарал цамцныхаа халаасыг ухсаар гаанс цэвэрлэдэг жижигхэн төмөр сэтгүүр гаргаж ирэв. Хугарч, тахийсан сэтгүүр ер нь бол энгийн биш харагдаж байлаа.
-Энэ байна. Шалихгүй зүйл. 1944 оны загвар.
-Наад чинь ямар юмных нь шалихгүй зүйл байх вэ дээ?
-Өө өө... биш гэж үү?
-Мэдээж биш.
-Нээрээ биш юм байна гэж Кроуэлл болгоомжтой нь арагүй давтан хэлэв.
-Энэ чинь нэг тийм зүйл л байна шүү дээ гэж атигар эр анивичиж ирээд л хэлж байна.
-Гэхдээ бүтнээрээ биш, нэг хэсэг нь л байна. Та ч наргих дуртай хүн байна шүү ноён...
-Кроуэлл. Тийм дээ, дуртай шүү. Тийм. Миний наргиан таныг гомдоогоогүй байх гэж найдаж байна. Тэгээд солилцоо хийцгээх үү? Би их яаруу явна.
-Тэгэлгүй яах вэ, тэгье. Би одоо таны авсан юмыг тэргэнцэр дээр тавиад, хамтдаа таны машин руу чинь гарцгаая.
Атигар эр жижигхэн дугуйтай түрдэг тэргийг нүд ирмэхийн зуур хаанаас ч юм бэ түрэн гаргаж ирээд Кроэуллыг “а” ч гэж амжаагүй байхад нөгөө нэг юуг дээр нь тавьж орхилоо. Дэлгүүрийн эзэн тэргэнцрийг үүд хүртэл түрэлцэв. Үүдний хажууд очоод Кроуэлл нөгөө эрийг зогсоолоо.
-Түр байж байгаарай.
Хар машин хаана ч харагдсангүй.
-За одоо болно оо.
Нөгөө атигар эр дуугаа намсгаж байгаад:
-Ноён Кроуэлл, та энэ юмаар хүмүүсийг хаа хамаагүй алаад байж огтхон ч болохгүй гэдгийг тогтоож аваарай. Алахдаа.. нэг тийм... бодлоготой байгаарай. Тийм шүү, зөвхөн бүх сайн мууг нь сайтар шүүн тунгаагаад бодлоготойгоор. Ноён Кроуэлл, та мартахгүй биз?
Кроуэлл хаанаас ч юм гарч ирээд хоолойнд нь тээглээд авсан бөөн хар юмыг залгиж байгаад:
-Мартахгүй ээ гэж хариулав.


Мань эр машинаа асаан туннель руу ороод Уилшир дүүргээс газар доорх замаар гэр рүүгээ, Брентвудийг чиглэн давхилаа. Араас нь дагасан юм алга. Дагаагүй нь ямар ч эргэлзээгүй. Гэхдээ Бишоп ойрын хэдэн цаг юу хийх гэж байгааг мань эр мэдэхгүй л байлаа. Мэдэхгүй. Энэ тухай бодохыг ч хүсэхгүй байв. Энэ заваан ертөнцөд бүх юм нь орвонгоороо эргэчихээд шударга хүн амьд явах аргагүй юм даа. Харин тэр муу Бишопыг уу, тэр муу заваан хорхойг уу...
Хажуу суудал дээрх худалдаж авсан зүйл дээр Кроуэллын харц тусахад ханиадтай адил хэсэгхэн зуурын хяхтнасан инээдэнд нь хамаг бие нь татагнан хөдлөв.
-Чи тэгээд нөгөө нэг юу юм биз дээ? гэж мань эр хэлэв.
-Чаваас гэж. Хүн гэдэг чаддаг чадагаараа л талхныхаа мөнгийг олох юм даа. Бишоп болохоор пластикаар, би илчилнэ гэсэн сүрдүүлгээр, харин тэр хөөрхий солиотой эр нөгөө нэг юу, нэг тийм зүйлсээр. Ер нь бодоод үзвэл атигар эр бидний дундаас хамгийн зальтай нь бололтой юм.

Мань эр давхиж явсан газар доогуурх замаасаа салж гадагшаа, гэрийнх нь үүдэнд шууд гараад ирдэг хажуугийн нэг салаа туннель руу эргэлээ. Цагаан “цох” машинаа гаражанд оруулж тавьчихаад, зогсоолын эргэн тойрныг ажигласнаа нөгөө нэг юугаа барьсаар давхартаа гарч, ганцхан өөрөө мэддэг тоогоо оруулан хаалгаа онгойлгоод нөгөө нэг юугаа оруулан хаалгаа хаачихаад, авсан юмаа ширээн дээр тавьлаа. Дараа нь мань эр өөртөө брэнди хундаглав.
Хаалгыг нь хоорондоо зай аван чанга биш тогшиж байх юм. Гүрийгээд байх нь утгагүй. Мань эр очоод хаалгаа нээв.
-Юу байна даа?
Үүдэнд нь бүдүүнээ зогсож байлаа. Нүүр нь гэж яг л хүйтэн, цэлцэгнэсэн, гахайн чансан өөхний том зүсэм шиг юм. Улаан судал татсан ногоон нүд нь унжийсан зовхиных нь доороос бараг харагдахгүй шахуу. Зуусан навчин тамхи нь ярих хэмнэлээр нь хөдөлнө.
-Гэртээ байхад чинь таарсандаа баяртай байна шүү Кроуэлл. Уулзах юмсан гэж бодоод удаж байна.
Кроуэлл хойш ухарч, бүдүүнээ өрөөнд орлоо. Цүндийсэн гэдсэн дээрээ гараа эвхэн сууж байгаад асууж байна:
-За тэгээд яах вэ хөө?
Кроуэлл шүлсээ залгив.
-Бишоп оо зураг яг энд одоо алга.
Бүдүүнээ хариуд нь юу ч хэлсэнгүй. Эвхсэн гараа хөдөлж ядан тэнийлгээд арчуур авах гэж байгаа мэт халаас руугаа хийгээд гаргаж ирэхэд гарт нь арчуур биш харин бага оврын саажуулагч буу байлаа. Хөхөвтөр туяатай ган төмрөөс нь хүйт даах шиг.
-Кроуэлл чи сайн бодоод үзэхгүй юм уу?
Кроуэллын гунигтай, цонхигор царайн дээр хүйтэн хөлс чийхран гарч, үүнээс болоод царай нь бүр ч гунигтай болж орхив. Хүзүү нь тугалга цутгачихав уу гэлтэй болжээ. Тархиа байдгаар нь хүчлэн асаах гэсэн болов ч өршөөхийг үл мэдэгч гэнэтийн айдсаар хөдөлгөөнгүй болтлоо цементлэгдсэн тархинд нь гэнэт тэсэхийн аргагүй халуу дүүгээд эхлэх нь тэр. Энэ байдал нь гаднаа илрээгүй ч Кроуэлыг харсаар байтал Бишоп, буу, өрөө нь дээш доош цамнаад эхлэв.
Яг энэ агшинд мань хүний харц нөгөө нэг юун дээр туслаа. Бишоп гар бууныхаа гал хамгаалагчийг буулгав.
-За Кроуэлл тэгээд хаашаа чинь буудах вэ? Толгой руу чинь болж байна, цээж рүү чинь ч болж байна. Тархи саажчихвал хурдан үхдэг л гэцгээх юм билээ. Би л хувьдаа зүрх рүү чинь онилсон нь дээр гэж бодож байна. Тэгээд хаашаа вэ?
-Бүү яар гэж Кроуэлл хайнга аястай хэлэв. Мань эр удаан, маш удаанаар ухарлаа. Бишопын хуруу нь гохон дээр чичигнэн хөдлөөд өчүүхэн төдий дарахад л орчин үеийн хамгийн агуу их бүтээлтэй учирсандаа баярлахаас өөр аргагүй болж, бүх зүйл дуусна гэдгийг эгшин төдий ч марталгүйгээр суулаа.
Бишопын нүсэр царай хөдөлгөөнгүй хэвээр. Навчин тамхи нь л ийш тийш хөдөлнө.
-Больж үз дээ Кроуэлл минь. Дэмий чалчих цаг алга.
-Харин ч эсрэгээр юу л байна цаг л байна шүү дээ гэж Кроуэлл тайван гэгч нь үг сөрлөө.
-Чамд зориулсан нэг төгс зэвсэг надад бий. Итгэнэ үү байна уу чиний л хэрэг. Тэр, тэнд ширээн дээр байгаа төхөөрөмжийг хар даа.

Гар буу ган төмрийнхөө хөх туяаг цацруулсан чигтээ өөдөөс нь хөдөлгөөнгүй ширтэнэ. Бишоп ширээ рүү хяламхийн харчихаад буцаад Кроэуллыг ширтэв.
-Тэгээд юу гэж? тэр шүд зуун хэллээ.
-Юу вэ гэвэл байна шүү одоо чи намайг дуустал нь анхааралтай сонсох юм бол Номхон далайн эрэг дагуух пластикийн бизнесийн хамгийн том акул болно шүү. Чи тийм болохыг хүсч байгаа биз дээ? Тийм биз?
Бишопын нүд бага зэрэг нээгдэснээ буцаад л жартайчихлаа.
-Цаг аргацааж байна уу?
-Бишоп чи аан гэж бай л даа, гарах газаргүй болсноо би өөрөө ч ойлгож байна. Тийм болохоор чамайг түншээрээ сонголоо. Яах вэ дээ наад хараал идсэн миний нөгөө нэг юуны юман дээр. Одоо хүртэл наадахад чинь нэр өгч чадахгүй явна.
Корнуэллын тархи нь нэг дэмий аргыг нөгөө дэмий аргын араас хөсөр чулуудан арга мухардлын хэт халсан эрчлүүр шиг л ажиллаж байлаа. Гэхдээ л цаг аргацаагаад бай, бууг нь булааж авах боломж гарах хүртэл толгойг нь эргүүл гэсэн ганц бодол салахгүй эргэлдсэн хэвээр. Чадах чинээгээрээ мангартуул. Харин одоо бол...
-Наад төхөөрөмж чинь нөгөө нэг радио долгионоор алдаг юм байхгүй юу гэсээр мань эр зохиож эхэллээ.
-Тушаал өгсөн байхад л миний хүссэн хүнийг шууд л алж орхино. Ямар ч иймээ тиймээ асуудалгүй. Ямар ч ул мөргүй. Ер нь юу ч үгүй. Төгс аллага шүү дээ Бишоп минь. Чамд ямар санагдаж байна?
Бишоп толгой сэгсэрлээ.
-Чи овоо гударчээ. За тэр ч яах вэ, цаг орой болж байгаа болохоор...
Кроуэлл гэнэт урагш бөхийгөөд:
-Байз гэм гээд үгийг нь таслаж орхилоо.
-Битгий хөдлөөрэй Бишоп. Чи овоо хараанд орчихсон шүү. Наад төхөөрөмж чинь чамайг овоо хараандаа авчихсан. Чамайг оруулахаасаа өмнө долгионыг нь тохируулчихсан юм. Тэгэхээр нэг л эвгүй хөдөлвөл сөнөнө гэж мэдээрэй.
Навчин тамхи нь Бишопын амнаас мултран шалан дээр уналаа. Буу барьсан гар нь салгалаад эхлэв.
Ашгүй дээ! Кроэуллын хамаг булчин нь тултал эрчлэгдсэн пүрш болон зангирлаа.
-Хохь нь шүү Бишоп! Төхөөрөмж ажиллаад! Бишопыг ал!гэсэн үгс харавсан сум мэт гялсхийв.

Тэр даруй Кроуэлл бүх биеэрээ хашуу тийш огил харайлаа. Сандал дээрээс ховхорч байгаагаа мэдрэх агшинд Бишопын балмагдсан царайг харж амжив. Анхаарал сарниулах мэх нь оржээ. Гар буу ч буудлаа. Мөнгөлөг туяа Кроуэллын чихийг шүргэн алдаж өнгөрөөд исгэрэн дуугарсаар ханаар нэг таран сарнилаа. Кроэулл ч Бишопын гараас бууг нь булааж авахаар хоёр гараа ухасхийлгэв.

Гэвч хоцорчээ.
Бишоп үхчихсэн байх нь тэр.
Нөгөө нэг юу Кроуэллээс өрссөн нь тэр аж.
Кроуэлл унтлагын өрөөндөө орж байгаад аяга юм уулаа. Дараа нь дахиад нэгийг. Одоо харин ходоод нь брэнди дотор хөвж байгаа мэт болов. Гэсэн хэдий ч үхдэл болсон Бишоп ямаршуу царайтай байсныг мартаж чадахгүй хэвээр.
Ахиад нэг аяга юм уух хэрэгтэй. Мань эр хаалга руу ширтээд бодолд дарагдав “Одоохон, хэдхэн минутын дараа бие хамгаалагчид нь боссоо хайж эхлээд манайх руу дайран орж ирнэ. Гэтэл... гэтэл зочдын өрөөнд ахиж ороод шалан дээр хэвтэх Бишоп, бас нөгөө нэг юуг харна гэдэг...” Кроуэллын ар нуруугаар хүйт даагаад явчихлаа.
Ахиад нэг аяага, дараа нь бас нэгийг татсан хэдий ч ганц дуслыг ч уугаагүй аятай хүний урманд халсан ч үгүй. Тэгээд мань эр чемоданаа нээн хувцсаа чихэж эхэллээ. Хаашаа явахаа мэдэхгүй байсан ч ямар ч байсан заавал явна гэдгээ мэдэж байв. Яг гарах гэж явтал нь аудиофоны дохио хонх цохиж байгаатай адил дуу гарган дуугарлаа.
-За?
-Ноён Кроуэлл уу?
-Тийм байна.
-Би “Нөгөө нэг юуны дэлгүүр”-ээс ярьж байгаа юм аа.
-Аан, санаж байна, санаж байна. Юу байна даа.
-Та манай дэлгүүрээр ахиад нэг ороод гараач? Тэгэхдээ нөгөө нэг юугаа бас бариад ирэх боломж байна уу? Хийсэн наймаа чинь таны хувьд алдагдалтай болсон байх гэж эмээж байна. Би хамаагүй илүү, өөр загварын нөгөө нэг юутай болоод байгаа юм л даа.
Кроуэлл шүлсээ залгив:
-Баярлалаа, гэхдээ энэ загвар ч бас гайхалтай ажилладаг юм байна.
Яриагаа таслачихаад толгойгоо тэврэн суулаа. Тархи нь холбирон гуллссар хэзээ мөдгүй гутал руу нь унаад ирэх гэж байгаа мэт санагдана. Мань эр ална гэж бодоо ч үгүй. Аллагын тухай бодох төдий л хамаг бие нь өрвөлзөөд ирдэг хүн шүү дээ. Үүнээс болоод мань эрийн байдал улам ээдрээтэй болжээ. Тэр зэвсэгтэй хүмүүс, бие хамгаалагчид түүнийг яахаас ч ...
Доод эрүү нь урагш түрээд ирэх нь тэр. Хүрээд ирэг л дээ! Энэ удаад ч харин мань хүн зугатахгүй шүү. Үгүй, хотдоон үлдээд, юу ч болоогүй юм шиг хамгийн сүүлийн үеийн мэдээгээ уншиж, тайван уншиж суух болно. Энэ бүхнээс мань хүн яадагтаа тултал залхажээ! Алвал алж л байг, түүнд ер хамаагүй. Муусайн юмнуудыг буугаа онилвол мань хүн маш ихээр баярлах болно.
Гэхдээ ер нь ингэтэл тулгах хэрэг түүнд юу байгаа билээ? Тэгснээс Бишопыг... Бишопыг ч гэждээ түүний цогцсыг машиныхаа арын суудал дээр тавьж яваад хүнгүй газар аваачиж, бие хамгаалагчдад нь харин Бишопыг хулгайлаад нуучихсан байгаа гэж хэлээд төөрөлдүүлчихвэл дээр юм байна. Ер нь муугүй санаа шүү, чөтгөр ав гэж. Мань Кроуэлл ч бас ухаантай эр шүү!
Бишопын лагс цогцсыг өргөх гэж мань хүн оролдлоо. Дийлсэнгүй. Гэхдээ эцсийн дүнд цогсыг доошоо, машиныхаа арын суудал хүртэл өргөж дөнгөсөн бөгөөд хамаг ажлыг нь нөгөө нэг юу өмнөөс нь хийгээд өгчихөв.
Нөгөө нэг юуг ажиллаж байх зуур Кроуэлл унтлагын өрөөндөө сууж байлаа. Нөгөө нэг юу яаж энэ тэр бүхнийг хийж байгааг харах хүсэл түүнд байсангүй.


-Ашгүй ноён Кроуэлл уу? гэсээр дэлгүүрийн эзэн атигар биеэтэй эр гялалзсан шилэн хаалгаа том гэгч нь нээлээ. Дэлгүүрийн цонхыг одоо хүртэл гөлөрсөн хүмүүс байж л байх юм.
-Та нөгөө нэг юугаа аваад ирсэн байх шив дээ. Маш сайн байна.
Кроуэлл толгойгоо байдгаар нь ажиллуулсаар төхөөрөмжийг лангуун дээр тавив. За байз... ядаж одоо бол зарим нэг зүйлийг мань хүнд тайлбарлаж өгөх болов уу? Тойруу замаар, аятайхан лавлаж асуух хэрэгтэй. Өөрөө ч мэдэлгүй тайлбарлаж өгөхөөр...
-Ноёнтон та аан гээч, таныг нэрийг мэдэхгүй юм гэхдээ би өөрийгөө сэтгүүлч гэдгийг танд хэлээгүй юм байна. Би “Шинэ мэдээ”-нд зориулаад таны тухай, танай дэлгүүрийн тухай нэвтрүүлэг хийх санаатай байгаа юм л даа. Хамгийн гол нь бүгдийг та өөрөө ярьж өгөх ёстой.
Нөгөө эр:
-Та чинь нөгөө нэг юу, хэрэгтэй хэрэггүй зүйлсийн талаар надаас дутахгүй мэддэг шүү дээ гэх нь тэр.
-Дутахгүй юм биз дээ?
-Ямар ч байсан надад тийм сэтгэгдэл төрсөн.
-Аан, тэгэлгүй яах вэ. Мэдээж мэднэ. Гэхдээ өөр хэн нэгний яриа ямагт илүү үнэмшилтэй байдаг юм аа. Ойлгож байгаа биз дээ?
-Таны логикийг сайн ойлгохгүй байгаа ч хүсч байгаа болгоныг чинь хийе. Тэгэхээр сонсогчид чинь манай “Нөгөө нэг юуны дэлгүүр”-ийн тухай дэлгэрэнгүй тайлбар сонсохыг хүсэх байх, тийм үү? За тийм бол... Миний арилжаа өнөөгийн цар хүрээнд хүрч томрох хүртэл мянга мянган жилийн урт зам шаардагдсан л даа.
-Мянга мянган бээрийн зам гэж Кроуэлл засаад авлаа.
-Мянга мянган жил гэж атигар эр давтан хэлэв.
Кроуэлл:
-Өө, нээрээ тийм л дээ гэж амыг нь дагуулав.
-Манай дэлгүүрийг зохистой бус утгачлалын энергийн үр дүн гэж нэрлэж болох юм. Таны энд харж байгаа төхөөрөмжүүд бол ямар нэг тодорхой зүйлийг бус харин ерөнхийдөө бүгдийг хийдэг бүтээлүүд гэж нэрлэх нь илүү оновчтой юм.
-Тэр мэдээж гэж Кроуэлл огт хувиралгүй хэллээ.
-Тэгэхээр энэ юу юм бэ гэхээр байна шүү нэг эрэгтэй хүн нөгөөдөө машины эд ангийг харуулаад нэрийг нь санахгүй болохоороо юу гэж хэлдэг билээ?
Кроуэлл гэнэт ойлголоо:
-Тэгвэл хүн тэр эд ангийг нөгөө нэг юу, эсвэл энэ нэг хачин юм, эсвэл юу ч билээ дээ энэ гэдэг.
-Яг зөв. Тэгвэл нэг эмэгтэй хүн нөгөөтэйгээ угаалгын машины тухай, эсвэл өндөг багсрагчийн тухай, эсвэл бүр дэгээ зүүгээр сүлжих, эсвэл нэхмэлийн тухай ярьж байгаад гэнэт ухаан нь орж гараад оноосон үгээ санаж чадахгүй болохоор юу гэж хэлдэг билээ?
-Тэгвэл хүүхнүүд “Наад унжигнасан юмаа энэ төмбийсэн дээр өлгө. Тэгээд наад хачин юм аа барьж байгаад сарзайсан юман дээрээс тат” гэж хэлдэг гэж Кроуэлл хэлэхдээ тооны дүрмийг гэнэт ойлгосон сургуулийн хүүхэд шиг л баярлаж байв.
-Яг зөв хэллээ гэж атигар эр дуу алдав.
-Сайн байна. Тэгэхээр бид энд тахианы үүрнээс эхлээд машины тосны хайрцаг хүртэл дурыг эд зүйлийг дүрслэн хэлэхэд л зөвхөн ашиглаж болох утга зүйн хувьд алдаатай тодорхойлолттой таарч байгаа юм. “Нөгөө нэг юу” гэж хиймэл үсийг ч тэр, эсвэл бүр шалны арчуурыг нь нэрлэж болно. Нөгөө нэг юу гэдэг бол ганц тодорхой зүйл биш. Энэ бол хэдэн мянган өөр өөр эд зүйлс.
Тэгээд.. тэгээд би яасан бэ гэхээр иргэншсэн хүмүүсийн ухамсарт нэвтрэн ороод нөгөө нэг юуг ургуулан хардаг хүн болгоны Төсөөөллийг нь, хачин юмнуудын талаарх Төсөөллийг нь гарган аваад, тэгээд тэдгээр төгс бус тодорхойлолтуудын материаллаг дүйцмэлүүдийг цөмийн энергиэр шууд бүтээсэн юм.
Өөрөөр хэлбэл миний зохион бүтээсэн зүйлс бол мөн чанартаа тодорхой утга санаануудын гурван хэмжээст төлөөлөл байгаа юм. Хүний ухаан санаад “нөгөө нэг юу” гэдэг нь сойзноос эхлээд есийн боолт хүртэл юу ч байж болдог болохоор энэ чанарыг нь миний зохион бүтээсэн зүйлд давтсан байгаа. Өнөөдөр таны гэр рүүгээ авч явсан нөгөө нэг юу бол бараг л таны хүссэн болгоныг шахуу хийж чадна. Миний цөөнгүй бүтээлүүд болвоос дотор нь суулгаж өгсөн сэтгэн бодох, бие даан хөдлөх, төрөл бүрийн үйлдэл хийх чадвартай болохоор мөн чанартаан бол роботуудтай адил юм шүү дээ.
-Тэд чинь бүгдийг чадах уу?
-Яг бүгдийг биш ч маш олон зүйлийг. Харин тэдний дийлэнхийнх нь үйл ажиллагаа явуулах чадварын хувьд гэвэл дурын нэгнийх нь дотор нэгэн зэрэг явдагдаж байдаг эрчим бөгөөд ба эзлэхүүнээрээ ялгаатай, хоорондоо харилцан үйлчлэлцэж байдаг, ер бусын жар орчим процессийн ачаар ажиллаж байдаг юм. Миний бүтээл болгон өөрийн гэсэн ашигтай функцийн цуглуулгатай. Зарим төхөөрөмж нь том. Зарим нь бага. Нэг ч төхөөрөмж нөгөөгөө нэг бүрчлэн хуулбарлан дуурайгаагүй. Миний нөгөө нэг юунуудаас ганцханыг авснаар та ямар их мөнгө, зай, цаг хэмнэхээ өөрөө бодоод үз л дээ.
-Тийм шүү гэж Кроуэлл хариулалаа. Мань хүн Бишопын цогцсыг санав.
-Таны наад нөгөө нэг юуг чинь маш олон янзаар ашиглаж болдог юм байна лээ, ярих юмгүй.
-Таны сануулдаг чинь сайн боллоо. Миний нөгөө нэг юуны төлбөрт нь надад өгсөн 1944 оны загварын шалихгүй юмны талаар танаас асуух гэсэн юм. Та түүнийг хаанаас олж авсан юм бэ?
-Хаанаас гэнэ ээ? Өөрөө нөгөө гансны... бишээ шалихгүй зүйлийн тухай асууж байна уу? Би ... юу л даа... би...
-Та надтай илэн далангуй байж болно, юунаас ч болгоомжлох хэрэггүй. Бид хоёр чинь адилхан мэргэжлийн нууцтай улсууд шүү дээ. Та түүнийг өөрөө хийгээ юу?
-Би... би худалдаж авад аа, тэгээд дээр нь ажилласан даа. Бодлынхоо энергийг шингээгээд л, шингээгээд л... Яаж гэдгийг нь та өөрөө мэдэж байгаа шүү дээ.
-Та чинь тэгвэл энэ нууцыг бас мэддэг юм уу? Ёстой гайхалтай. Би гэдэг хүн чинь гэтэл бодлыг энерги болгон хувиргах боломжийг надаас өөр хүн мэдэхгүй гэж бодож явсан юм. Үнэхээр гайхалтай ухаантай юм аа. Та Рругрт суралцаж байсан уу?
-Үгүй ээ. Тийшээ орж чадаагүйдээ одоо болтол харамсдаг юм. Боломж байгаагүй л дээ. Өөрийнхөө хүчээр л бүх юманд хүрсэн дээ. Харин одоо бол юу вэ гэхээр би энэ нөгөө нэг юуг чинь эргүүлж өгөөд оронд нь өөр ямар нэг юм авмаар байна. Энэ нөгөө нэг юу нэг л таалагддаггүй ээ.
-Таалагдахгүй байна гэнэ ээ? Яагаад тэр билээ?
-Яах вэ дээ зүгээр л таалагдахгүй болоод л тэр байхгүй юу. Хэтэрхий түвэгтэй юм. Би арай энгийн юм авмаар байна.
Ингэж хэлэх зуураа мань эр дотроо “Тийм шүү, энгийн, яаж ажиллаж байгаа нь харагддаг байхаар” гэж бодож байлаа.
-Надад шовх мовх юм, хэрэгтэй хэрэггүй зүйлс өгөөч.
-Ямар төрлийн шовх мовх зүйлс авах уу?
-Ямар ч байсан хамаа алга.
-Аан, та ахиад л наргиж байна уу.
Кроуэл шүлсээ хий залгиад авлаа.
-Мэдээж наргиж л байна шүү дээ.
-Шовх мовх юмнуудын чанар нь нэртэйгээ адил жилээс жил өөрчлөгдөг, ингэж өөрчлөгдсөөр мянга мянган жил болж байгааг та мэдээж мэдэж байгаа.
-Харин та өөрөө наргиагүй биз гэж Кроуэлл асуулаа.
-Үгүй ээ, наргиагүй юм байна. Зүгээр дээ, миний үгийг тоох хэрэггүй. Надад шовх мовх юмнаасаа өгчих би тэгээд харьлаа.
Мань эр ингэхэд юун “Харих” гээд яриад унав аа. Тийшээ одоо явна гэдэг тийм ч ухаантай алхам биш шүү. Хаа нэгтээ, нууцхан газар бүгж байгаад Бишопыг барьцаанд авсан тухайгаа биеэ хамгаалагчдад дуулгасан нь хамаагүй дээр. Тийм шүү.
Ингэсэн нь л хамгийн найдвартай. Харин тэр болтол энэ дэлгүүрийн тухай ахиухан мэдээд авбал муугүйсэн. Гэтэл дэргэдээ саяны нөгөө нэг юутай адил юм байлгана гэдэг ч... Тэгэж ч ярихгүй шүү. Энэ зуур дэлгүүрийн эзэн жижигхэн эр үргэлжлүүлэн ярьж байлаа.
-Надад түүхийн бүх эрин үеэс цуглулсан шовх мовх юмнууд хайрцгаараа байгаа, түүнийгээ өөрт чинь өгье. Энэ их сайхан юмнуудын хаашаа хийхээ ч мэдэхгүй байтал одоохондоо та л намайг нухацтай хүлээн авч, ойлгож байдаг. Өнөөдөр бүтэн өдрийн турш нэг ч худалдан авагч орж ирээгүй шүү. Миний сэтгэл их дундуур байна.
“Хөөрхий энэ атигарын тархи нь ч овоо гашилж дээ” гэж Кроуэлл бодоод:
-Ингэхэд байна аа, манайд юм хадгалах хоосон өрөө байдаг юм. Өнөө маргаашнаас манайд наад бүх жижиг сажиг юмнуудаа аваад ирвэл би харж байгаад таалагдсанаа сонгоод авъя.
-Тэгвэл та надад тус болоод барааны заримыг нь яг одоо аваад явж чадах уу?
-За байз, яадаг юм билээ дээ...
-Маш жаахныг. Тун цөөнийг. Нээрээ шүү. Энд байгаа. Та одоо харна аа. Хэрэгтэй хэрэггүй зүйлс, сарзгар барзгар юмнуудын хэдхэн жижиг хайрцаг. За энэ байна. Энэ.
Дэлгүүрийн эзэн тонгойгоод лангууныхаа доороос зургаан хайрцаг гаргаад ирлээ.
Кроуэлл нэгийг нь нээж үзэв.
-Эд нарыг би авна шүү, яриангүй. Хөөс шүүгч, ногоо арилгагч, хаалганы бариул, олсны ургамлын үндсээр хийсэн голланд гаанс гээд өөр илүү дутуу юмгүй юм байна. Эднийг бол би мэдээж авна аа.
Хачин аймаар юмгүй. Жижигхэн, эгэл. Ийм юмнууд гэнэтийн таагүй шид гаргах нь юу л бол.
-Танд гялайлаа. Маш их баярлалаа. Бүгдийг нь машиныхаа арын суудал дээр тавьчх, би төлбөр мөнгө гэж юу ч авахгүй. Эндээ зай гаргаж байгаадаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд хаашаа хийхээ мэдэхгүй болтлоо дэндүү их юм бүтээж дээ. Бүтээсэн зүйлээ харахаар л дотор муухайрах юм.
Хайрцагнуудыг тэврэн дээд талынхыг нь эрүүгээрээ тулж байгаад Кроуэлл гудамжинд гарч цагаан “цох” машиндаа очоод бүгдийг нь арын суудал дээрээ овоолж орхилоо. Дараа нь гараа өргөн атигар эртэй салах ёс хийж, хэдэн өдрийн дараа заавал уулзана гэдгээ хэлчихээд явав.
Дэлгүүрт өнгөрөөсөн нэг цаг, атигар эрийн хахаж цацах нь холгүй баяр хөөр, тасалгаан дах хурц гэрлийн нөлөөгөр энэ бүх хугацаанд Бишопыг, Бишопын бие хамгаалагчдын тухай анх удаа ор тас мартаж орхижээ.
Хөл доор нь мотор жигд дүнгэнэн дуугарна. Мань эр хотын төв рүү, студи руу явах зуураа цаашид юу хийхээ шийдэхийг хичээж байлаа. Гэнэт сониуч зан нь хөдлөөд арын суудал дээрх хайрцагнууд руу гараа явуулж ухаад гартаа хамгийн түрүүн таарсан зүйлийг сугалан гаргаж ирэв. Ердөө л нэг муу гаанс. Гансыг харангуутаа л түүнд тамхи татах хүсэл төрөхөд богино ханцуйтай цамцандаа барьж оёсон уутнаасаа дүнсэн тамхи гаргаж ирээд гаансыг нэрж аваад асаагаад болгоомжтой сорж үзлээ. Утаагаа шуухтинан гаргав. Ёстой гайхалтай. Сайн гаанс байна шүү!
Машиныхаа голын толинд нэгэн зүйлийг харах хүртлээ мань эр бүгдийг ор тас мартаад тамхи татаж байлаа. Түүний хойноос хар өнгийн хоёр “цох” мөрдөж явах нь тэр. Мөн байна, шөнө шиг тас харанхуй, хүчтэй хөдөлгүүртэй өнөөх машинууд яг мөн.
Кроэулл дотроо хараал урсгаад хурдаа нэмэв. Хар машинууд ойртсоор. Нэгэнд нь хоёр алуурчин, нөгөөхөд нь бас хоёр алуурчин.
Зогсоод боссыг нь барьцаанд авсан гэдгээ хэлээд үзвэл яах бол?
Навтгар машинд суух алуурчдын гарт бууны төмөр гялалзаж харагдав. Ийм этгээдүүд ч эхэлж буудчихаад дараа нь асуудаг улс. Үгүй ээ, ийм юм хийхэд бэлэн биш байна. Уг нь бол мань эр найдвартай газар нуугдаж байгаад эд нар руу утасдан тулган шаардана гэж бодож байсан шүү дээ. Гэтэл ийм юм болчихдог.
Машинууд яалт ч үгүй ойртсоор.
Кроуэлл хурдаа нэмлээ. Духан дээр нь бөнжигнөх хөлсний дуслууд хоорондоо уралдан урсана. Ёстой нэг баларлаа даа мань хүн ч. Нөгөө нэг юуг яаран буцааж өгсөн нь дэмий хэрэг болсон бололтой. Одоо байсан бол Бишоптой байхад огт санаандгүй тусласан шигээ маш их тус болох байсан даа.
Нөгөө нэг юу... Үгүй нээрээ шовх мовх юмнууд байгаа биш билүү.
Ялалтын уухай мань хүнээс түрэн гарах нь тэр.
Гараа арагш сунгаж байгаад шовх мовх юм, хэрэгтэй хэрэггүй зүйлс, бэмбэгэр, товгор юмнуудын дотор сандран тэмтчиж эхлэв. Янз нь тохирчихоор юм байхгүй бололтой ч мань эр үзээд алдана даа.
-За алив нөгөө нэг юунуудаа, ажлаа хийцгээ! Намайг хамгааларай, чөтгөр та нарыг аваасай билээ!
Арын суудал дээр нь юу ч юм бэ харжигнан дуугарч, жингэнэснээ юу нь мэдэгхэгүй төмөр зүйл нэвт гэрэлтэх далавчаа дэлгэн Кроуэллын чихний хажуугаар салхи татуулсаар гадагш нисэн гараад яг ард нь явсан “цох” руу эргээд шууд л салхины шилийг нь мөргөх нь тэр.
Дэлбэрэлт. Ногоон дөл, саарал утаа.
Тар тар гэж дуугарсан зүйл үүргээ гүйцэтгэжээ. Тэр зүйл нь тоглоомон онгоц ба их бууны сумны хослол байсан аж.
Кроуэлл даруулыг гишгэхэд “цох” машин нь ахин тасраад эхэллэ. Хоёр дахь машин харин араас нь дагасан хэвээр. Эд нар сайн дураараа салахгүй бололтой.
-Наадуулыгаа ч бас ал! гэж Кроуэлл хагширав.
-Алцгаа. Ямар ч аргаар хамаагүй ал!
Мань эр нэг хайрцаг шүүрч аваад дотор байсан бүгдийг цонхоороо асгаад, дараа нь бас нэг хайрцагийг тэр чигээр нь асгалаа. Юу нь мэдэгдэхгүй нэг юм шууд л агаарт хөөрөв. Үлдсэн нь зам дээгүүр нэг таран гэмгүй бутаран алга боллоо.
Агаарт хоёр зүйл гялалзана. Тус бүрт нь татах хүчийг арилгагч бяцхан хөдөлгүүр суулгаж дээ гэж бодмоор гялалзсан, иртэй хоёр хайч. Тэд агаарыг исгэрүүлэн зүссээр мөшгөж яваа хар “цох”-ыг чиглэн хурдаллаа.
Хайчнууд нэг гялсхийснээ машины нээлттэй цонхоор нисэн орох нь тэр.
Хар “цох” гэнэт жолоодлогоо алдан машин замаас гарч явган хүний зам руу эргээд хар хурдаараа хана мөргөн нэг, бас нэг удаа бүтэн эргээд зогсоход галын дөл түүнийг гэнэт үмхэн авлаа.
Сульдаж ядарсан Кроуэлл суудлынхаа түшлэгийг налав. Машин нь хурдаа саан булан тойроод явган хүний замын хажууд зогслоо. Мань хүн ойр ойрхон амьсгалах аж. Зүрх нь амаар гарах нь уу гэлтэй цохилно.
Харин одоо бол мань хүн хүсвэл гэртээ харьж болно оо. Одоо тэнд хэн ч түүнийг хүлээгээгүй, хэн ч отоогүй, хэн ч зогсоож байцаахгүй, заналхийлэхгүй.
Тийм ээ, одоо бол харьж болно. Гэвч ийм бодол төрлөө гээд мань хүнд сайхан ч болсонгүй, баярламар ч болсонгүй нь хачин. Харин бүр эсрэгээрээ юм болж сэтгэл нь харанхуйлан, гунигтай, тухгүй болох нь тэр. Энэ дэлхий гэдэг юутай заваан газар вэ. Аманд нь гашуун, муухай амт мэдрэгдэх шиг боллоо.
Мань эр гэрийн зүг хөдлөв. Одоо нээрээ магадгүй бүх зүйл сайхан болдог байгаа даа? Магадгүй л юм...
Үлдсэн хэдэн хайрцгаа аваад машинаасаа буугаад лифтээр өөрийнхөө давхарт ирэв. Хаалгаа онгойлгож хайрцагнуудаа ширээн дээр тавьж байгаад доторхыг нь сонирхож эхэллээ.
Нөгөө шинэ гаансыг ахиад л зуучихаж. Дөнгөж саяхан энэ гаансыг өөрөө ч мэдэлгүй аваад зуучихсан юм. Сэтгэл хөдлөлөө гэж. Тамхи татвал тайвширдаг болохоор яалтай.
Гаансаа дахин нэрж асаагаад татлаа. Ингэхэд ер нь энэ бүх чухал зүйлсийг солиотой хүн л огт танихгүй хүн өгдөг байх даа. Ийм юм хэн нь мэдэгдэхгүй хүний гарт орвол ч аюултай шүү. Янз бүрийн этгээдүүд энэ бүх эд зүйлсийг чөлөөтэй гартаа оруулаад авбал хомхой зорилгодоо ашиглаж мэднэ дээ.
Мань эр инээд алдаад, гаансаа ахиад сайн гэгч нь сорлоо.
Одоо бол мань эр тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. “Пластике инкорпорейтэд”-ийн муусайн архаг акулууд одоо бүгд өмнө нь сөгдөн мөргөж, мөнгө төлдөг болно, төлөх л болно доо чөтгөр тэднийг аваасай билээ. Мань эрийн бүх хүслийг биелүүлдэг болно. Үүнд нь харин жижигхэн дэлгүүрийн эзэн ба түүний бараа туслана.
Гэхдээ ер нь бол энэ бүхэн бөөн ядаргаа болох нь дээ. Мань хүн суугаад бодолд дарагдахад, сэтгэл санааг нь ахиад хар бараан бодол нөмрөн авав. Олон жилийн турш ингэж байгаа юм. Ахиад л сэтгэл гутралын давалгаанд автагджээ.
Энэ дэлхий дээр ер нь юунд хүрч болдог юм бол? Юуны төлөө амьд яваа юм бэ ? Мөн ч их ядарч дээ мань эр.
Заримдаа яг өнөөдрийнх шиг шөнө бас өнгөрсөн жилүүдийн бусад олон адил шөнө нэгэн бодол мань хүнийг байнга ээрнэ. Буутай хүмүүс мань хүнийг гүйцэж ирээд хамар амаар нь цутгатал саажуулагчаар дүүргээд өгдөгдсөн бол муугүй байхсан гэсэн бодол. Ийм үед гарт нь буу байсансан бол өөрөө ч гэсэн гавлаа зад буудах байсан.
Гэнэтийн тэсрэлт. Кроуэлл өндийн бослоо. Зогтуслаа. Сөхрөн унав.
Мань эр зууж байсан гаансаа, нөгөө нэг юуг зуучихсан байснаа таг мартаж орхисон байжээ.
Нөгөө нэг юунаас энэ тухай сануулсан арга нь хэдий харамсалтай ч засаж болшгүй үр дагаварт хүргэсэн нь энэ аж.


Last edited by pcd on May.19.11 4:08 pm, edited 1 time in total.
тэмдэгт нэмэв


Top
   
PostPosted: May.12.11 1:22 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
эрхэм saxal өөрийн биеэр орж ирсэнд туйлаас баярлаж байна.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.12.11 2:43 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Apr.07.11 2:36 pm
Posts: 113
Location: arhinii lonhnii yoroold
:wd: :wd: :wd: :wd:
иймэрхүү л юм уншмаар байсын :wd: :wd: :wd:
баярлаллаа хө.тавтай морил


Top
   
PostPosted: May.13.11 2:22 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
Баярлалаа. Дараагийн зөгнөлт зохиолыг тэсэн ядан хүлээж байна.


Top
   
PostPosted: May.15.11 1:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
орчуулагч маань өөрөө ороод ирээ юу дээ... сонирхолтой зохиолууд оруулдагт чинь баярладаг шүү saxal

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: May.15.11 2:06 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Apr.02.08 5:57 am
Posts: 212
Location: намайг орхисон тэр газарт нүдээ ширэгтэл харж байна
mark

_________________
намайгорхисонтэргазартхүлээгэлбн


Top
   
PostPosted: May.18.11 10:03 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.19.07 11:10 pm
Posts: 67
Location: Энд
Баярлалаа, энэ Робэрт Шэклийн тухай юм байвал оруулж өгөөч түүх намтар бичсэн зохиолууд гээд


Top
   
PostPosted: May.31.11 6:08 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: May.29.06 11:54 am
Posts: 59
Бяарлалаа.

Рэй Брэдберригийн "П... гэж Пуужин" нэртэй ном байгаа бол бүгдийг нь оруулаач


Top
   
PostPosted: Jun.05.11 11:18 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн

Joined: May.30.11 12:43 am
Posts: 225
Location: work ----> work
ene urgeljlexuu?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited