Offline |
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн |
 |
 |
Joined: Dec.13.09 9:21 pm Posts: 217
|
1944 оны дөрөвдүгээр сарын 27. Пүрэв гариг Хайрт Китти минь! Өнөө өглөө Даан эзэгтэйн тэнгэр бүрхжээ. Дусал эм, ширхэг ч үрэлгүй боллоо гээд ханиадыг баахан харааснаа нар ч гардаггүй, давшилт ч эхэлдэггүй, адаглаад цонхоор ч юм харагдахгүй юм гэж бухимдав. Аль юманд уурладаг юм бэ гэж бидний хөхрөхөд эзэгтэй нээрээ ч тийм дээ гээд даган инээлээ. Би одоо Гөттингений их сургуулийн нэг профессорын бичсэн “Тавдугаар Карл” хааны тухай уншиж байна. Тэр эл номыг дөчин жил бичжээ. Би тавьхан хуудсыг таван өдөр уншив. Түүнээс хэтрэхгүй байна. Гэтэл энэ ном 598 хуудастай юм. Энэ зузаан номыг хэчнээн өдөр унших нь вэ чи бод л доо. Дараа нь бүр дэд дэвтрийг нь унших санаатай! Гэхдээ маш сонирхолтой ном юм! Жирийн нэг сурагч охин миний оролдож байгаа зүйлүүд ирээдүйд хийх ажилдаа бэлтгэж байгаа хэрэг юм. Нельсоны “Сүүлчийн тулалдаан” гэдэг жүжгийг холландаас англи руу орчуулж дуусаад дараа нь 1700-1721 онд болсон хойд зүгийн дайн, их Петр, арван хоёр дугаар Карл, аугаа их Аугуст, Леспинскийн Станислав, Мацеппа, Бранденбург, Поммерийнхны хөвгүүд, тэдний удмынхан, Дани түүний холбогдолтой он дарааллын бичгийг бүхэлд нь барьж авсан. Бас Бразил дээр тогтож, тамхи, кофены илүүдэл, Рио-Де-Жанейрогийн бүтэн хагас сая оршин суугч, Сан-Паула болон Пернамбук, Амазонк мөрний сав газрын ард түмний тухай уншихаа ч мартсангүй! Тэндэх нутгийн негр, мулатуудын тэн хагасаас илүү нь бичиг үсэггүйн дээр үе үе халуун томуу хижигт нэрвэгддэг тухай уншив. Мөн жаахан зав гарахаар нь өвгөн Ян, Людвигийн Вильхелм, Казмирын Эрнст, Казмир нэгдүгээрийн Хайнрих гээд л бяцхан Маргарет Францискаг хүртэлх үе залгамжилсан удмыг судлав. Би арван хоёр цагт агуулахад хичээлээ үргэлжлүүлэн хийлээ. Тэгэхдээ бүр сүм хийдийн түүх үзсээр нэг цаг болгов. Тэгээд л хоёр цагт хөөрхий жаал ажилдаа орох нь тэр дээ. Энэ удаад навтагар хамартай сармагчингийн тухай унших гэж байна. Дараа нь Ноа, Сем, Хаам, Жапет зэрэг архадуудын гэрээслэл, тавдугаар Карлын намтар зэргээс уншина. Мөн Петертэй хамт Такерийн “Хурандаа” зохиолыг англиар уншина. Франц үсгийн дуудлагыг чагнаад Миссиппи, Миссурийг харьцуулан үзнэ. За өнөөдрийн хувьд болох шив дээ, баяртай.
Анне
|
|