НОМЫН ОРЧУУЛГА
– Цус сорогч гэж чухам хэн болохыг “Ад зэтгэр буюу амьд үхдэлүүд” хэмээх энэ номд мэдээж, бүрэн дүүрэн биш ч гэсэн тайлбарласан байна гэж Жемс хэлээд савхин хавтастай, эртний номыг заахад: – Аа, энэ чинь нөгөө Гарригийн чамд бэлэглэсэн ном байна шүү дээ, би мэдэх юм байна гэж Райт хэлэв. – Тийм ээ, тэр ном мөн. Карл Иванович бид хоёр боломжийнхоо хирээр орчуулсан юм, орчуулахад тун хэцүү байсан болохоор боломжийнхоо хирээр гэж ярьж байгаа юм шүү. Эртний латин хэл дээр мэргэжлийн үг хэллэг их ашиглаж бичсэний дээр бидний огт мэдэхгүй зүйлийн тухай өгүүлсэн ном байна. – Энэ номд үхээд босогсод гэж нэрлээд байгаа тэр амьтад бол бидний хувьд тайлбарлаж болшгүй, эгэл бус зүйл юм. Гэхдээ энэхүү цайзын эзний бичгийн ширээн дээр иймэрхүү төрлийн ном байгаа нь л дангаараа хар аяндаа тун ч олон юм бодоход хүргэж, нэгийг хэлээд байх мэт. – За тэгээд, чи энэ номоос чухам юу олж мэдэв дээ? гэж Вейс эмч тэжэс ядан асуулаа. – Одоо хэлэх л гээд байна шүү дээ. Гэхдээ сайн тодруулж мэдэж чадаагүй, ойлгомжгүй зүйл их байгаа гэдгийг дахин хэлье. – Гол юм аа ярь, гол юм аа ярь хэмээн эмч дахин шавдуулав. – Тэр эрт дээр үеийн ад зэтгэр гэдэг нь үхсэн хойноо булшнаасаа амилан босоод ирсэн, амьдралд оролцож чаддаг амьд хүмүүс юм байна. Тэрхүү амьдралд оролцох гэдэг нь ихэнхдээ гай зовлон тарьсан, нүгэлт муу үйл байдаг гэнэ. “Үхээд босогсод”, цус сорогчид гэдэг нь тэрхүү ад зэтгэрийн нэгэн төрөл ажээ. Тэд ч мөн авснаасаа босож ирээд амьд хүмүүсийн цусыг сордог байна. Тэд хэдэн зууныг дамжин амьдарч чадах бөгөөд удаан амьдрах тусам улам хүчирхэг болдог гэнэ. Хүний цусыг сорох бүрдээ хүч чадал нь нэмэгдэж, мэдлэг чадвар нь ч нэмэгддэг байна. Тэд бас муур, сарьсан багваахай, могой зэрэг амьтан болон хувирч, үүл манангаар биеэ хүрээлүүлж, бүр заримдаа манан болж хувирч чаддаг гэнэ. Сарны шөнө болоход их дуртай, сарны цацраг дамжин голын усаар хөвөх мэт урсаж чаддаг. Урт хурц шүдтэй, сарвуу нь ч бас хурц хумстай, тэр хумсаараа эгц хана уруу ч авирч чадна. Цус сорогч хэдий хүчтэй байх тусмаа олз болох хүнээ нүднийхээ харцаар юм уу эсвэл биеэрээ шүргэх төдийд ховсдон унтуулж чаддаг. Хамгийн хүч тэнхээтэй хүн ч цус сорогчийн тэрхүү харцны дор ямар ч арчаагүй болж, хүн хэчнээн эр зоригтой байгаад ч өөрийн эрхгүй унтаж гарцаагүй цус сорогчийн зууш болдог байна. Цус сорогч тухайн хүний цусыг нэг юм уу хоёр удаа, ховор тохиолдолд гурав, дөрвөн удаа сордог. Эхний удаад бол цаад хүн нь айж, эсэргүүцдэг тул жаахан хэцүү байх бөгөөд дараа нь хялбархан болж, өвчтөн тамлан тарчлаагчаа бүр хүсэн хүлээж байдаг гэнэ... Заримдаа цус сорогч хүнд дурлах нь ч бий бөгөөд тэгсэн тохиолдолд цусыг нь бага багаар аажимхан сорж, хайртай хүнээ аль болох удаан амьдруулж таашаал авдаг байна. Ийм үед цаад хүн нь өөрөө цус сорогч болж хувирах ба харин бусад тохиолдолд тэгэх нь ховор. Дурлахдаа заавал эсрэг хүйстэндээ дурлана. Харни зүгээр цусыг нь сороход бол нас, хүйс хамаагүй. Гэхдээ голдуу хүүхэд, залуу хүмүүсийн цусыг сорох илүү дуртай болох нь ажиглагдсан байна. Цус сорогчид ялангуяа тэргэл сартай шөнийг ихэд таашаах бөгөөд харин илүү хүчирхэг, он удаан жил амьдарсан нь өдрийн цагаар ч явж, цус сорж чаддаг аж. Олонх амьтад цус сорогчдын эрхэнд захирагддаг бөгөөд бүгд тэднийг мэдэрч, айдаг байна. Хүний сайн нөхөд болох морь, нохой зэрэг амьтад цус сорогчдыг үзэн яддаг, тэднийг дайснаа гэж үздэг байна. Хамгийн хүчирхэг цус сорогчид салхи, үүл, манан зэрэг байгалийн үзэгдлийг ч тодорхой хэмжээгээр жолоодож чадна. Бүх цус сорогчдын нэг сул тал нь гэвэл цус сорогч бүр өөр өөрийн хоргодох газартай байх ёстой, мөн тэндээ өдөрт тодорхой хэдэн цаг үхсэн мэт хэвтэж байх учиртай гэнэ. Тийнхүү үхсэн мэт хэвтэж байх үедээ цус сорогчид ямар ч арчаагүй болдог тул хоргодох газраа чандлан нууцалдаг, зарим нь бүр хэд хэдэн хоргодох газартай байдаг аж. Тэрхүү хоргодох газар нь цус сорогчдын явдаг газрын ойролцоо байх учиртай, эс тэгвээс өнөө үйлийн үртэй цаг нь болоход хоргодох газраасаа хол унаад өгөх аюултай бөгөөд хэрэв тэгвэл тэдэнд тун осолтой гэнэ. Хамгийн удсан, туршлагатай цус сорогч өөрийн амьд ахуй цагийн хөрөгт шингэн орж чадах боловч удаан тэгж чаддаггүй байна. Явдал нь бүтэмжтэй байвал, өөрөөр хэлбэл хангалттай олон хүний цусыг сорж л байвал цус сорогч улам залуужин, өнгө зүс ордог байна. Зөвхөн улаавтар туяатай нүд, цусан улаан уруул нь л тэдний царайг ялимгүй гутаадаг ажээ. Цус сорогч ямар нэг шалтгаанаар нуугдахаас аргагүйдвэл, өөрөөр хэлбэл өлсвөл цонхийн цайсаар хөх саарал өнгөтэй болж, хөдөлгөөн нь багасан, аймаар ууртай болдог гэнэ. Гэхдээ л цус сорогч ямар нэг тарина, шившлэгэд хүлэгдэн нэг газар олон жил хэвтлээ ч амьд үлдэж чаддаг байна. Эхний аятай тохиолдол гармагц тэндээсээ мултран гарч дахиад л амьд хүмүүс рүү дайрдаг аж. Цус сорогчдын авсандаа байдаг цаг буюу тэдний нойрсох цагийг тодорхойлж мэдэх тун хэцүү. Нэг бол энэ номыг бичсэн хүн өөрөө сайн мэдэхгүй байх шиг байна, эсвэл Карл Иванович бид хоёр буруу ойлгосон байх л даа. Ямартаа ч энэ асуудал дээр зөрөөтэй юм их байна. Нойрсох цаг нь янз бүрийн газар нутагт өөр, бас хүчний хувьд өөр өөр цус сорогчдын хувьд бас өөр байдаг байж болох юм. Юу ч гэсэн тэр цаг нь өглөө нар мандах, орой нар жаргах үетэй давхацдаг болов уу. Цус сорогчдын хамгийн дуртай цаг нь шөнийн арван хоёр цаг буюу шөнө дунд. Цус сорогчид дотроо бас их багын ялгаатай, хүч муутай нь хүчтэйгээ хүндэлдэг. Гэхдээ тэр хамгийн хүчтэй гээд байгаа нь чухам юу болохыг мэдэх юм алга. Номд хүний цусаар тахидаг байсан эртний бурхад хамгийн хүчтэй нь гэж нэг удаа тэмдэглэсэн байх юм. Мөн бас нэгэнтээ: “үл захирагдагсдыг цээрлүүлэх болно, эсвэл бусдын олзыг булаавал цээрлүүлнэ” гэсэн байх юм. Гэхдээ хэн, хэрхэн цээрлүүлэхийг нь ойлгох аргагүй юм. Эрт дээр үед бүх цус сорогч, ад зэтгэр, ороолонгуудын бишрэн хүндэлдэг маш хүчирхэг цус сорогчид байсан бололтой юм. Өдөр цус сорогчийг ялган таних хэцүү бөгөөд харин шөнө таних амархан байдаг гэнэ. Шөнө зохисгүй цагаар, зохисгүй газар гэнэт гарч ирэх нь цус сорогчийн шинж. Жишээ нь залуу эр хүний унтлагын өрөөнд залуухан хүүхэн орж ирэх, эсвэл залуу бүсгүйн өрөөнд залуу эр орж ирэх гэх мэт. Ухаалаг цус сорогчдыг өдрийн цагаар ялган танихад тун хэцүү, тэд амьд хүнийг маш сайн дууриаж чадна. Тэдний хамгийн гол шинж нь гэвэл юу ч идэж уудаггүй гэнэ. Илүү ажигч гярхай хүн бол цус сорогчид нарны болон сарны гэрэлд огт сүүдэргүй байдгаар нь таньж болно. Түүнээс гадна цус сорогчид толийг огт үзэж чаддаггүй гэнэ. Хаа таарсан газраа толь хагалахыг хичээж явдаг байна. Яагаад тэр вэ гэвэл цус сорогчдын дүрс толинд ер харагддаггүй тул тэр шинжээрээ амархан баригддаг байна.” Энэ номоос бидний бидний орчуулан ойлгож мэдэж авч чадсан юм ердөө ингээд л болчихож байна. Тэнд бас зохиогчийн өөрийн эргэцүүлэл, жишээ татсан зүйл олон байгаа ч бидэнд нэг их хэрэг болохгүй л болов уу. Цус сорогчид чухам хэзээ хамгийн эмзэг байдаг вэ, тэд хэнд захирагддаг вэ гэсэн хамгийн гол асуултууд тун ч бүрхэг, тодорхойгүй хэвээр үлдэж байгаа нь харамсалтай байна.
_________________ ▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
|