#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.27.17 1:48 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 143 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Mar.13.11 11:23 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Aug.17.10 4:36 pm
Posts: 177
Image


Last edited by ...:::^(O¤O)^:::... on Apr.16.11 7:12 pm, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Mar.14.11 2:19 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Aug.17.10 4:36 pm
Posts: 177
Барон Олшеври

Ороолонгууд

Е. Л. X-ийн дурсгалд зориуллаа.

ЭХЛЭЛ

«Хүсэхгүй бол бүү сонс, харин
худал ярихад минь л бүү саад бол».


Өнөөдөр тосгоны буудлын том танхимыг баяр ёслолын байдлаар чимэглэж тод сайхан гэрэлтүүлжээ.
Тэнд баян чинээлэг эрхмүүд хуран цугласан байна.
Америкийн саятан, ноён Гарри Карди буудлыг тэр чигээр нь хөлсөлж аваад долоо хоног гаруй болж байгаа юм.
Түүнийг ирэх сургаар үлгэр домог мэт яриа энд тэндгүй тархжээ. Тэрээр хэмжээлшгүй баян, түүний хөвөнгийн тариалан нь гэхэд л бүхэл бүтэн хаант улстай тэнцэхээр тэнгүй их юм гэлцэнэ. Гарал үүсэл нь ч тун нууцлаг гэнэ. Тэр мексикийн хаан асан Монтезумын удам бөгөөд Вицли‑Пуцли бурхныг нууцаар шүтдэг ч гэж хэлцэх ажээ.
Хүмүүсийн санаанаасаа зохиосон эдгээр ярианд үнэний хувь багахан байсан нь мэдээж хэрэг. Харин ноён Гарри туйлын баян бөгөөд, нас залуу, ан авд их хорхойтой, тэр хүсэлдээ хөтлөгдөн Африкт ч тэр, Энэтхэгт ч тэр очиж байсан гэдэг нь л хөдөлшгүй үнэн ажээ.
Тэрээр ажил төрлөө амжуулахын хажуугаар аялан жуулчлах хүслээ ч мөн гүйцэлдүүлэхээр Европт иржээ.
Үлгэрийн хан хүү мэт ноён Гарри, Дракула гүнгийнхний эртний цайзыг эзэмшилдээ багтаахаар Карпатын уулсыг зорин ирсэн юм гэж тосгоныхон ярилцана.
Энэхүү цайз нь хамгийн багаар бодоход дөчин жил харж хайхрах эзэнгүй хаягдаж хоцорсон бөгөөд бүх эзэмшигчид нь хэдийн бурхан болж, хамгийн сүүлийн нэг нь хорвоогийн явдлыг умартаж хувраг сахил хүртэн хийдийн хашаанд нэгэн насыг баран ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэлцэнэ.
Нэг хэсэг хүмүүс ноён Гарри цайзыг худалдаж авсан гэж, бас нөгөө хэсэг нь өв залгамжлан авсан гэж мэтгэцгээх аж. Дракула гүнгийн удмынхны нэг нь Энэтхэг оронд очин тэндхийн бярман нарт шавь орж, хар шидийн аргад суралцсан бөгөөд хожим нь тэр хүний өв залгамжлагчид Америкт очсон гэнэ.
Ноён Гарриг албат зарц нар, найз нөхөд, зусар бялдуучдаас бүрдсэн бүхэл бүтэн чуулган дагалдах бөлгөө.
Саятны хамгийн ойр дотнын хүмүүс гэвэл: Вейс эмч хэмээх яриа хөөрөө сайтай, хөгжөөн наргиантай, балтгархан биетэй ноёнтон; ажиггүй тайван байдлын туйл болсон ахмад Райт хэмээх англи хүн хоёр юм. Ахмад Райт хэрцгий Бовамид олзлогдон гарцаагүй үхлээ хүлээн зооринд хоригдож байхдаа ч амгалан зангаа алдаагүй, амандаа навчин тамхи зуугаад ажиггүй сууж байсан гэлцэх бөгөөд бараг ид шидээр шахуу суллагдахдаа ч аяга ром дарс гуйж аваад анд нөхдийнхээ найран дээр суугаа юм шиг хээвнэг уусан юм гэнэ билээ. Хагацаж салшгүй энэ гурваас гадна хэдий америк хүн боловч франц цустай гэдэг нь гарцаагүй мэдэгддэг Жемс Уат хэмээх нэгэн сэргэлэн залуу бий.
Тэр бол үзсэн харсан бүхнийхээ учрыг нь олж хужрыг нь тунгаахыг үргэлж хичээж явдаг овтой сэргэлэн залуу. Энэтхэгийн нэгэн шүтээний цээжин дээрх алтан лянхуа цэцгийг барьж үзэх гэснийхээ төлөө золтой л гараасаа салчихаагүй гэнэ. Гарыг нь могой мэт ороосон улаан цоохор сорви одоо ч түүнд бий. Тэрхүү сорви нь шүтээнээ доромжлуулсны төлөө түүнийг занчсан нэгэн улайрсан шүтлэгтний үлдээсэн дурсгал болон үлджээ. Ийм ажигч гярхай, авхаалжтай сэргэлэн болохоор нь Вейс эмч түүнийг Шерлок Холмс хэмээн нэрлэх аж.
Эднээс гадна эрхлэгч Смит; Гарригийн шадар хиа Сабо; Вейс эмчийн зарц бөгөөд туслах, аюул осолтой ан гөрөө хийхэд аяндаа хэрэг болдог эм тан, ороох боох зүйлсийг хариуцдаг Жо болон бусад тогооч, зарц нар түүнийг дагалдан явна.
Бусад хөлсний ажилчдыг тухайн очсон газраасаа түр хэрэглээд буцахдаа халдаг ажээ.
Ноён Гарриг тойрон хүрээлэгчид ч мөн түүний оршин суугаа газрын аясыг даган өөрчлөгдөнө.
Одоо харин голдуу ан авын хорхойтой залуучууд эсвэл саятны хишиг горьдсон, хүний юмаар хүүдэгнэх дуртай хүмүүс ноён Гарриг дагалджээ.
Эрхлэгч Смит бол саятан эзнийхээ зочдыг зохих ёсоор нь хөгжөөн цэнгүүлж чаддаг нэгэн гэдгийг шударгаар хэлэх хэрэгтэй юм. Улам бүр их олз омогтой ав хомрого тасралтгүй үргэлжилж үдэш бүр элбэг дэлбэг зоог барьж, шилдэг сайхан дарсыг ширээ дүүрэн сөгнөсөөр байлаа.
Сархад зооглосон хүмүүсийн ам задгайрч оройн зоогийн сүүлээр санаандаа орсон бүхнийг хамж шимэн ярина. Эхэндээ хурдан морьдын уралдаан, хүүхэн шуухны тухай ярьж байснаа цаашлан уул гүвээ даван холдсоор ан авын сэдэв рүү шилжиж Америкийн ой шугуй, Энэтхэгийн ширэнгэнд болсон элдэв явдлын тухай өгүүлцгээнэ.
Гэрийн эзэн өнөө орой элдэв сонин түүх уншуулж уригдсан зочдыг хөгжөөхөөр шийджээ. Хэрэгтэй чухал бичиг баримтуудаа эмхлүүлэн цэгцлүүлэх, гол нь тосгоны сүмийн бичиг цаасан дундаас Дракула гүнгийн удмынхны нас барсан хийгээд оршуулсан тухай баримтуудыг олуулахаар номын санч өвгөн Карл Иванович Шмидтийг саяхнаас өөртөө ажиллуулж байгаа юм. Номын санч орой бүр өдөр юу олсноо ноён Гаррид тайлагнадаг бөгөөд сүмийн бичиг цаасан дундаас олсон зарим баримтыг, үнэндээ бол хэн нэгний, хэзээ нэгэн цагт бичсэн тэмдэглэлийг өнөөдөр эзэндээ авч иржээ. Эдгээр тэмдэглэлүүд ноён Гаррид сонирхолтой санагдсан тул оройн зоогийн дараа бүгдэд сонсогдохоор уншиж ирсэн зочдыг зугаацуулна уу гэж тэрээр Карл Инановичаас хүссэн ажээ.

I БҮЛЭГ


БАГШИЙН ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС


Нэгдүгээр хэсэг

Тэр нэгэн шөнөөс хойш нутгийн оршин суугчдын дунд түүний барааг харсан хүн нэгээхэн ч үгүй. Юу болох нь энэ вэ, санамсаргүй тохиолдол уу эсвэл ахиад нэг хүн үрэгдэх нь тэр үү?
Би нэг хүн үрэгдлээ гэж хэллээ, гэхдээ юунаас болж үрэгдсэн байх вэ?…

Хоёрдугаар хэсэг

Би энэ дэвтрийг гартаа барилгүй хагас жил болчихжээ. Бүх юм нам тайван байлаа. Эдгээр олон «санамсаргүй тохиолдлуудын» цаана ямар нэг аймшигт уялдаа холбоо байна гэх сэжиг төрөөд энэхүү азгүй явдлуудыг товчоолон бичиж эхэлсэн боловч эцэст нь ийм мухар сүсэгт автсандаа өөрөөсөө ч ичиж энэ ажлаа хойш нь тавихад хүрсэн билээ…
Харин тэгтэл өчигдөр орой анчин Генрих алга болсноор миний эргэлзээ дахин сэргэв.
Генрих бол тосгоны бүх хүүхнүүдийн нууцхан хайрыг татсан, үргэлж хөгжилтэй, баяр хөөртэй явдаг сайхан залуу.
Хамгийн сайхан бүжиглэдэг, хамгийн лут зоригтой эр. Тэр айх эмээх гэдгийг огт мэддэггүй, чөтгөрөөс ч хулчийдаггүй бөгөөд манай тосгоныг өршөөн ивээдэг Эх Дагиныг гүнээ шүтэн биширч, бүр түүний дүрийг сахиус болгон ногоон оосроор хүзүүндээ зүүж явдаг байсан гэлцэнэ.
Генрих баасан гаригийн өглөө анд мордохдоо сүмийн үдшийн хуралд амжиж ирнэ гээд явжээ.
Гэвч ням гаригт ч, даваа гаригт ч тэрээр ирсэнгүй.
Түүний дүү бүсгүй Мария, ах нь гай зовлонд унасан байх вий хэмээн маш их сэтгэл нь зовж манай гал тогооны өрөөнд ирж уйлж дуулан, арга чарга асуулаа.
Лхагва гаригт ч Генрих ирсэнгүй. Тэр хэдийн амь үрэгдсэн бөгөөд цогцос нь Шулмын хөндийгөөс л олдох байх хэмээн тосгоныхон ам дамжин цуурч эхэлжээ…

* * *

Гэхдээ Генрих яах гэж тийшээ явсан байх вэ?
Дархан Михелийг Шулмын хөндийгөөс олсон байдаг юм аа гэхэд тэр чинь согтуу байсан…
Харин Генрих архи амсдаг ч үгүй, түүний ан ав хийдэг газар нь ч хүний замаас хол, Шулмын хөндийгөөс огт эсрэг зүгт, ууланд байдаг.…
– Эндээс хэдэн хуудас ураад авчихсан байна, – гэж номын санч өвгөн хэлээд нүдний шилээ дээшлүүлэн дух уруугаа сөхөв.
– Ашгүй дээ, түр завсарлаад бүгдээрээ аяга аяга дарс ууцгаая гэж ноён Гарри олзуурхан дуу алдлаа! Хөөе, Сабо…
 – Ноёд оо, мартсанаас, төлөвлөсний дагуу маргаашийн ан авын дараа бид Анчдын байшинд хононо шүү. Харин тэр Анчдын байшин нь яг тэр Шулмын хөндийн аман дээр байдаг юм билээ. Ахмад Райт минь, чамд зориг зүрхээрээ гайхуулах боломж гарч ирж байна даа.
– Одоогоор би юу ч ойлгоогүй л байна шүү гэж ахмад Райт амандаа бувтнав.
– Шулмын гарт орохоороо ойлгоно оо, гайгүй.
– Тэр алдартай Шулмын хөндий гэдэг чинь тэгээд ямар учиртай газар вэ гэдгийг тайлбарлаад өгсөн нь дээргүй юү?
– Шулмын хөндий бол тун сайхан газар хэмээн зочдын дундаас энэ нутгийн уугуул нэгэн эр ярианд оролцлоо.
– Тэр муу ёр шүглэсэн газар чөтгөр шулам үүрлэж аймшигт баяр наадмаа хийдэг гэлцдэг. Сүнс сүүдрээ бодож, нүгэл чивлээс холхон байдаг хүмүүс тэднийг харах учиргүй юм гэдэг шүү гэв.
– Харж байна уу, миний эрхэм найзууд аа, – гэж Гарри дахин дуугараад, – Шулмын хөндий бол манай цайз оршдог хадан цохионы бэлд байдаг багашаархан сайхан хөндий. Гэвч хадан цохио нь дэндүү өндөр учраас тэндээс хөндий рүү буух боломжгүй юм.
Цаад талаараа битүү үргэлжилсэн модтой уулсаар хүрээлэгдсэн байдаг. Шулмын хөндийн нэг захад манай Анчдын байшин бий, харин нөгөө захаас нь холгүй цагаан зам өнгөрдөг юм. Хөндийн төвд ягаан удвал цэцгээр битүү хучигдсан жижиг нуур бий. Тэр нуурын эрэг хөвөө нь их намгархаг, нар жаргах цагаар нуурын дээгүүр манан суунагладаг юм гэнэ билээ.
– Ай даа, миний бодоход наад манан чинь л Шулмын хөндийн талаарх элдэв домог ярианы эх үндэс болсон гэдэг нь тодорхой байна хэмээн Вейс эмч хошуу нэмэрлэв.
– Наадахаа битгий сонсоорой, утга уянгын мэдрэмж өчүүхэн ч байхгүй хүн шүү гэж гэрийн эзэн түүний үгийг таслав. – Тэрхүү манан нь ялангуяа сарны гэрэлд үхмэл сарнай цэцгэн хэлхээ толгойдоо зүүж, дал мөрөн дээгүүрээ нимгэн цагаан нөмрөг дэрвэлзүүлсэн үзэсгэлэн төгөлдөр залуу бүсгүйчүүд болон хувирдаг юм… Тэдний нүд нь од мэт гялалзан, бие нь ягааран гэрэлтдэг…
– Муугүй л юм байна хэмээн Райт бөвтнөв.
– Тийм ээ, гэвч тийм дурлалыг таашаан соёрхох хүн тийм ч олон байдаггүй байх. Өөрийн хүслээр болон өрөөлийн эрхээр Шулмын хөндийд тэргэл сартай шөнөөр очсон хүмүүс тэндээ үхэцгээдэг бөгөөд амьд буцаж ирлээ гэхэд нэг сарын дараа тэргэл саран дахин гийх үеэр үхдэг юм. Нуурын хүүхнүүд шимэн үнсэхдээ хүний амь амьдралыг хамт сорчихдог гэнэ лээ. Тэр шимүүлсэн эр тамир тэнхээ нь тасарч, нүүр нь зэвхийрч явсаар үхдэг юм.
– Нуурын ус нь тогтонги бөгөөд ялзармал юм бол тэндээс үүсдэг манан будан нь ямархуу хортой уур шингээсэн байхыг бурхан л мэдэх байх. Тийм байхад үхэхгүй яадаг юм бэ гэж Вейс эмч нэмэрлэв.
– Эмч минь болгоомжтой байгаарай, эргэлзэж тээнэгэлзсэнийхээ төлөө хожим харуусах болов доо гээд Гарри инээв.
– Юу гэж дээ, хэрэв согтуу хүн намаг уруу очвол живж үхнэ, живдэггүй юмаа гэхэд ус чийгтэй газар унтсанаас болж намгийн чичрэг өвчин тусна гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна, харин намгийн чичрэг өвчин бол тоглоом ч биш дээ хөө.
– Харин чи Шулмын хөндийд үхсэн хүмүүсийн бие дээр байсан шархыг юу гэж бодож байна вэ?
Шарх нь маш жижиг, үзэгдэх төдий байсан ч цаанаа л нэг учиртай байх.
– Чи өөрөө дөнгөж сая дөнгөж мэдэгдэх төдий шарх байсан гэж хэллээ шүү дээ. Энэ чинь тайлбарлахад тун хялбархан, могой юм уу эсвэл хануур хорхой л хатгаа биз.
– Тэгээд ч, өнгөрсөн юмыг яриад яах вэ дээ, ноёд оо гэж Гарри гунихарсан байртай өгүүлээд: – Шулмын хөндийд хүн үхэж үрэгдэхээ больсоор гуч гаруй жил өнгөрчихөж, манай зоригт ахмад Райтад ч лут их зүрх зоригтой гэдгээ үзүүлэх шаардлага алга. Нойрсож буй гоо бүсгүй, тэнгэрийн луу битгий хэл жирийн нэг цус сорогч ч нүдний гэм болсон цагт амьдарч буйдаа харамсахаас өөр зүйл бидэнд үлдсэнгүй. Бид зөвхөн бусдын байгуулсан баатарлаг үйлсийн тухай л сонсож суухаас аргагүй болжээ. Дахиад нэг нэг аяга дарс уугаад нааш анхаарлаа хандуулна уу гэв.
Номын санч өвгөн нүдний шилээ буулгаад цааш үргэлжлүүлэн уншиж эхэллээ:
Түүнийг дөнгөж ухаан ормогц ямар нэгэн зүйл тас атгаж хөшсөн хуруунуудыг нь бид арай гэж тэнийлгэв. Үргэлж сахиус болгон хүзүүндээ зүүж явдаг Эх Дагинын дүр нь Генрихийн гарт атгаастай байжээ.

Арван таван

Өнөөдрөөс Генрих урд хойно нь оруулан, учир битүүлэг зүйл ярьж эхэлсэн ч ухаарч сайн нягтлаад үзвэл нэг иймэрхүү явдал болсон бололтой юм. Хэдийгээр Генрихийн хувьд энэ нутагт төөрөх гэдэг тун хачирхалтай зүйл боловч төөрч явсаар шөнө Шулмын хөндийн нуур уруу яваад оччихжээ. Аливаа цусан зүрхтэй, усан нүдтэй хүмүүсийн нэгэн адилаар тэрхүү нуураас айх сэтгэл төрж зугтахаар шийдэн нуурын манан будан үл хүрэх хадан цохион дээр авиран гарч тэндээ унталгүй үүр цайлгахаар шийджээ. Хадан цохионы орой дээр, долоогонын бутны дэргэд суун үнэн сүсэгт католик шашинтны ёсоор «Аве Марияг» амандаа уншин, бодлогошрон суусан ажээ.
Саран авхай хорвоо ертөнцийг гийгүүлж, нуурын мандал дээгүүр суунаглах манан буданг мөнгөлөг цацрагаараа нэвт сүвлэн туяарч, долоогонын цэцэгсээс адбиш сайхан үнэр анхилан байжээ.
«Бүх бие тавирах мэт урд өмнө үзэгдээгүй сайхан мэдрэмж яг л шууд харван орж ирэх шиг болж халуу оргисон» гэж Генрих ярилаа. Гэнэт салхи сэрчигнэн долоогонын бут найгаж мөчир нь түүний цээжийг дэлдэх тэрхэн хоромд долоогонын цагаан цэцэгс түүнийг хучин бүрхжээ.
«Намайг цагаан бүтээлгээр хуччих шиг санагдсан» – гэж тэр хэллээ. Сар бүүдийгээд иржээ. Тэрхүү бүтээлэг нь гэрэлтэн, том ногоовтор нүдтэй, улаан ягаан уруултай, үгээр хэлшгүй үзэсгэлэнтэй сайхан хүүхний цайвар царай тодхон харагдаж байсан ажээ.
«Тэр хүүхний үзэсгэлэн гоо царай улам бүр ойртож, би түүнээс нүдээ ч салгаж чадахгүй байсан» гэж Генрих хэлж байна. «Залбирал унших гэсэн чинь үг эвлэж өгсөнгүй, хүзүүндээ зүүлттэй сахиусаа шүүрэн гартаа атгах гэтэл оосор нь ч алга байхыг мэдээд би хэчнээн их айсан гээч» хэмээн тэр хоолойгоо чичрүүлэн хэллээ.
«Тэр хүүхэн» намайг цагаан бүтээлгээр хулдан авахдаа сахиусыг тас татан хаяжээ!
Эцэст нь тэрний уруул миний уруулд наалдаж…, бүх юм бүдгэрэн толгой эргэж… Би ухаан алдсан», – гэж Генрих нэмж хэлэв.
Генрих хүзүүгээр нь хүчтэй өвдөхөд хөндүүрлэн сэрж ухаан оржээ. Нүдээ нээж амжихаасаа өмнө шинэхэн цусны эхүүн үнэрт толгой нь эргэн мансуурч эхэлжээ…
«Миний толгой дахиад л эргэж би унаад өгсөн. Унахдаа ямар нэг юмнаас гараараа зууран авсан, цаашаа яасныг огт санахгүй байна» гэж Генрих өгүүлж байна.
Түүнийг цус сорогчдоос аврахаар Эх Дагина өөрийн биеэр тэнгэрээс бууж ирсэн гэдэгт Генрих чин сэтгэлээсээ бат итгэлтэй байна. Эх Дагинын нүүрнээс гэрэл цацран байхыг тэр харсан бөгөөд ялагдсандаа хорссон шулмын зэвүүн инээдийг ч сонссон гэнэ. Түүний унахдаа гартаа атгаж авсан зүйл нь өнөөх ариун нандин сахиус нь байжээ!

Арван зургаан

Тосгоны багш, соёл гэгээрлийн үрийг таригч миний бие цус сорогч мэтэд итгэх учиргүй.
Хэрэв Генрихт тохиолдсон явдлыг уужуу тайван тунгаан бодоод үзвэл утга учир нь ойлгогдохгүй зүйл огт алга.
Генрих төөрчээ. Ням гаригийн шөнө маш харанхуй байсан. Шулмын хөндийд явж байгаагаа мэдээд манай тосгоны бусад тариачдын адил маш их айж, хөндийг түргэн нэвтэрч тосгон уруугаа зүглэхийн оронд уул уруу гүйжээ.
Хөндийг нэвт гарна гэдэг бол нуурын хажуугаар явна гэсэн үг, харин энэ бол түүний хувьд зүрхэлж болшгүй зүйл.
Генрих чулуун дээр суугаад зүүрмэглэж, тэр яриад байгаа бүхнээ зүүдэндээ л үзжээ. Нойрондоо дийлдэн унахдаа толгойгоороо чулуу мөргөн ухаан алдсан байна. Ийм л юм болж дээ.
Харин яагаад түүний тамир тэнхээ нь ийм дорой байна вэ?
Маш ихээр цус алдсан үед л хүн ингэж тамиргүй болдог гэж бага эмч хэлээд байгаа.
Түүний биед ямар нэг шарх сорви байгаагүй тул ердөө л халууцаж, сэтгэл нь хэт хөөрснөөс хамраас нь цус гарсан байх, тэгээд л цамцных нь энгэрт цусан толбо тогтсон байлгүй гэж бага эмч үзэж байна. Харин тэр толбыг нь харахад нэг их цус гараагүй мэт байгаа хэдий ч ийм өчүүхэн юмнаас болж эрүүл саруул, залуу чийрэг Генрих ингэтлээ тамир тэнхээгүй болсон нь бага эмчийг гайхшруулж байна.

Арван долоон

Өнөөдөр би Шулмын хөндийд очиж, Генрихийн унтаж байсан газрыг амархан оллоо. Хад түшүүлэн тавьсан бууных нь дэргэд хаяж орхисон малгай нь ч байж байна. Түүний сууж байсан чулуун дээр сууж үзээд долоогонын бут хүчтэй салхинд найган ганхахдаа хэрхэн хурц өргөсөөрөө Генрихийн хүзүүнд байсан сахиусны оосрыг тасдаж, хүзүүг нь хатган шархдуулсныг ч маш тодорхой ойлголоо. Нөгөө сахиусны оосор ч энэ мөчрөөс унжиж байна. Чулууны ёроолд Генрихийн өвдөг, тохойн мөр гарсан байхыг ч үзлээ. Унах үедээ аль таарсан зүйлээс зуурч авахад оосор нь тасраад ойчсон сахиус гарт нь таарч тэрнийгээ тас атгасан бололтой. Хэрэв би хамраас нь гарсан цус хааш асгарсныг мэдэж болох ямар нэг сэжүүр олсон бол бүх зүйл маш тодорхой болох байлаа. Харамсалтай нь би тийм шинж тэмдэг олж чадсангүй. Эргэн тойрон бүх юм нам гүм байлаа.
Гэртээ харих замдаа энэ хавьд зөвхөн Шулмын хөндийн нууранд ургадаг ягаан удвал цэцэг зам дээр хэвтэж байхтай таарав. Хаанаас гараад ирсэн юм бол?
Бага зэрэг гундсан ч үзэмжтэй сайхнаараа л байна. Генрих цэцэг түүсэн тухайгаа яриагүй дээ, тэр угаасаа нуурын тэнд очоогүй гэсэн.
Би тэр цэцгийг гэртээ авчраад шилэн аяганд хийгээд ширээн дээрээ тавьчихсан нь одоо энэ байж байна. Ямар үзэсгэлэнтэй цэцэг вэ! Хатаж гундсаны ул мөр ч алга, амьсгал ч хүргэхийн аргагүй эмзэгхэн тунгалаг дэлбээ нь чичирсхийж, бөнжигнөн гялтганах усны дуслууд нь бүсгүй хонгорын нүд шиг гялалзах ажээ… Юутай анхилуун үнэр ханхална вэ? Энэ үхмэл сарнайн төрлийн цэцэгс ер үнэргүй байдаг биш билүү? Элдэв хоосон төсөөлөл ингээд хааяа орж ирэх болж дээ.
Унтаж амрах цаг болжээ. Бурхны авралаар цус сорогчийн явдал ингээд нэг юм дууслаа. Ойлгож цөхөөд байх юмгүй жирийн л зүйл байжээ.

Хорин нэгэн

…Үзэг барьж, үг холбосонгүй гурав хоночихжээ… Ойрд миний ухаан санаа нэг л биш байна.
Генрихт тохиолдсон тэр бүх явдлыг уужуу тайван эргэцүүлэн бодож үзээд миний сэтгэл амарч унтахаар хэвтсэн билээ.
Дэрэн дээр толгой тавингуут л унтаад өгсөн бололтой байх юм… Хэчнээн хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч нэг мэдэхэд би унтаа сэрүүн хоёрын завсар байх шиг санагдаж эхлэв.
Өрөөнд мөнгөлөг цайвар гэрэл анивчин гийж, жирвэлзэн байлаа. Энэ бол сарны хүйтэн ёлтгор туяа биш харин хүний хүсэл сонирхлыг гижигдэм хэрнээ сүрдмээр гэрэл байна… Миний өрөөний хаа нэгтэйгээс ийм гэрэл үүсэж буй нь тодорхой ч чухам яг хаанаас тусаад байна вэ? Гэрлийн цацрагийг угтуулан харвал миний бичгийн ширээний тэндээс тусаж байх ажээ.
Өнөө ягаан удвал цэцэг аягатай усанд амьгүй юм шиг хөвөхөө нэгэнт болиод өндөр гуалиг ишин дээрээ ихэмсэг бардам гунхалзаж байснаа тэрхүү цэцгийн иш нь аажмаар эмэгтэй хүний сэтгэл татам сайхан бие болон хувирч, цомирлогийн оронд нүд баясгам хөөрхөн толгой бий болов. Гуниг шингэсэн том алаг нүд, улаан ягаан уруул, цонхигор цайвар царайтай бөгөөд алтлаг шар үс нь цээж, хөх рүү нь асгаран буужээ.
Тэрхүү дүрс чимээгүйхэн гунхалзан хөдөлж гунхалзах тусам улам бүр эгэл жирийн эмэгтэй хүний бие төрх аажмаар цогцлон бий болох бөгөөд сиймгэр мөнгөн утсаар нэхсэн мэт нэвт харагдах ажээ.
Түүнийг ширээнээсээ холдон нааш чиглэхэд анхилуун тансаг үнэр, аялгуут сайхан эгшиг өрөөгөөр дүүрлээ. Хэрхэн хөдөлж байгаа нь сайн харагдсангүй, яг л агаарт хөвөн хөөрөх мэт байлаа…
Улам бүр ойртсоор хэдийн миний орны дэргэд хөвөн ирж ямар нэг зүйлийг шивнэх бөгөөд чухам юу хэлснийг нь би ухаарч ойлгож завдсангүй…
Тэр хүүхэн над уруу тонгойход миний хамаг бие хүйт оргиж, цээжин дээр минь даран унахыг завдахад би айсандаа хүч орж байдгаараа хашгиран хий үзэгдлийг түлхэж орхилоо…
Юм түчигнэх чимээ гарч, шил сав жингэнэн хагарлаа…
Мина сандарсандаа өрөөнд гүйн орж ирээд бяцхан байзнаснаа:
– Хар дарж зүүдэлж хашгираад ширээн дээр байсан шилэн сав унагаагаад хагалчихлаа. Хоёрхон жилийн өмнө худалдаж авсан цоо шинэхэн сав байсан юм гэж үглэх нь сонсогдов. Тэгэхлээр энэ зүүд байжээ!
Итгэж чадахгүй бичгийн ширээ рүүгээ харвал өнөө муу ягаан удвал цэцэг бүр гундаж хоцорчээ… Ердөө зүүдэлж дээ, хөөрхий!
Инээдтэй, бас ичмээр юм болж байна даа.

Хорин хоёрон

Өдөр ердийнхөөрөө л өнгөрөв.
Шөнө болохын хэрд нөгөө ягаан удвал цэцэг амилж эхлэх шиг санагдлаа.
Би орондоо орж хэвтээд ном уншиж эхэлсэн боловч нөгөө цэцэг рүү өөрийн эрхгүй байн байн хялмалзсаар байв.
Би андуурсангүй, тэр цэцэг улам бүр өнгөжин гэрэлтэж эхэллээ. Дахиад хэдэн хором өнгөрөхөд тэр бүр ишин дээрээ гунхаж эхэллээ шүү.
Би нойроо мартан орон дээрээ өндийн суулаа.
Харин нөгөө цэцэг аль хэдийн бүсгүй хүний биеийг олон хувирчээ. Нөгөө л эгшиг аялгуу, үнэр үүгээр нэг түгэж эхлэв…
Гэвч тэр над уруу ирсэнгүй, харин ямар нэг зүйл аргадан гуйх мэт царайчлан ширтээд л байх аж…
Тэр яах гэсэн юм бол?
– Амиа хорлож үхсэн азгүй нэгэн бүсгүйн сүнс аврал эрэн, өөрийнхөө хойноос мөргөл залбирал уншихыг хүсээд байна уу даа гэж надад бодогдлоо.
Хий үзэгдэл ёолон гиншсээр алга болчихов…
Хэрхэн яаж унтсанаа ч би санахгүй байна.




Хорин гурван

Өглөө болоход өнөө удвал цэцэг бараг бүрмөсөн гунджээ.
Би дахиад л зүүдэлсэн гэж үү? Үгүй ээ, огт үгүй!
Тэр хүүхэн надаас чухам юу хүсээд байгаа юм бол гэсэн бодол өдөржин намайг зовоов.
Өнөөдөр энэ тухай би өөрөө түүнээс асуух болно.
Оройн хоолны дараа би нөгөө ягаан удвал цэцгээ харах гэсэн боловч цэцэг ширээн дээр байсангүй. Минагаас асуувал, тэр хатаж хорчийсон цэцгийг гаргаад хаячихсан гэнэ ээ. Хайран цэцэг, би бүр дасаж орхиж.
Шөнө болсон хэдий ч миний нойр бүр хулжиж, би түүнийг хүлээсээр байлаа.
Харанхуйд хоосон ширээ бүртэлзэн харагдаж, бөгчим халуунд дотор давчдан, би хүлээсээр байсан боловч эргэн тойрон нам гүм байна.
Гэвч би дэмий хүлээжээ…
Эцэст нь цаашид хүлээх тэсвэр алдагдаж, босоод цонхоо нээлээ.
Сарны мөнгөн туяанд тэртээ Шулмын хөндийд буй манан будан элдэв хэлбэр дүрсийг олон суунаглаж харагдана. Тэр бүсгүй намайг Шулмын хөндийд хүлээн байх шиг санагдлаа.
Тэр хүүхэн юу хүсээд байгаа юм бол?
Манан буданг нүдээ чилтэл ширтэвч тэр харагдсангүй. Гэхдээ л нөгөө бүсгүй намайг тэнд хүлээж байгааг би тодорхой мэдэрч байлаа.
Түүн дээр очдог ч юм билүү? Хэрэв Шулмын хөндийн талаарх хүмүүсийн яриа үнэн бол яах вэ?
Намайг тээнэгэлзэж байх зуур наран мандаж, манан будан ч миний эргэлзээ хүслийн хамт замхран сарнилаа. Ямартаа ч бага эмчээс тайвшруулах дусал өгөөч гэж гуйя даа.
Хорин дөрвөн

Дашрамд хэлэхэд өнөө Генрих сүмийн манаачийн туслахаар ажиллах болжээ. Шинэхэн цус үзэж огт чадахаа больсон, одоо хийсэн нүглээ ариусган залбирах цаг болсон гэж тэр ярьж байх юм. Сүмийн манаач өвгөн түүнийг нэлээд хөхүүлэн турхирах ажээ. Зуу гаруй насыг зооглож, эрүү өвдөг нь нийлэх шахсан өвгөнд залуу туслах үнэхээр хэрэгтэй тул тэгэх нь ч аргагүй биз дээ.
Хэрэв цус сорогч хэн нэг хүний цусны амтыг авсан л бол түүнээс зугтаан амьд гарах тун хэцүү гэдгийг өвгөн Генрихт үнэмшүүлжээ. Харин сүмд байвал Эх Дагинын аврал хамгааллаас гадна өвгөн өөрөө ч түүнд тусалж чадна гэнэ.
– Тэр золигнуудыг хэрхэн аргалахаа би мэднэ! – гэж манаач өвгөн баталсаар байна.

Хорин таван

Дусаалга эм уугаад бөх сайхан унтах болсон нь хамаг учир цус сорогчид биш харин миний сэтгэл мэдрэлд байсны гарцаагүй нотолгоо биш гэж үү?
Цааш юу болохыг үзэлгүй би яагаад хулчийж орхисон юм бол? Генрих гүнээ сүслэн мөргөж, сүмийн хонхыг хичээнгүйлэн дуугаргах болсныг эс тооцвол бүх л юм урьдынхаараа хэвийн явагдаж байна.
Яагаад ингэх болсныг Генрихээс асуувал тоймтой юм ярьсангүй, гагцхүү хүзүүний шарх нь тун удаан эдгэж байгааг л хүлээн зөвшөөрлөө.
– Тэр хүүхэн өөр хүний цусыг сорохоос нааш Генрихийн шарх эдгэх ч үгүй гэж бидний яриаг чагнаж суусан хөгшин манаач дуртай дургүй өгүүлэв.
Өвгөн ойрд их л сонин байна. Цонх болон цонхны хүрээний дээд талд, хаалган дээр энд тэндгүй хэрээс зуржээ. Цоожны нүхнээс авахуулаад завсар зай бүрийг сармисаар чигжиж, сармисны иш, цэцгээр хийсэн хэлхээг Генрихийн орны дэргэд өлгөж, тэр муухай үнэртэй ургамлаар цэцэрлэгийг тэр чигээр нь дүүргэж орхижээ.
Яагаад ингээ вэ гэж намайг асуухад:
– Тэд сармиснаас жигшдэг юм гэж өвгөн хариуллаа!
Шинжлэх ухааны номоор бол цус сорогч гэж байдаггүй, үхсэн хүн ч авснаасаа босож ирнэ гэдэг боломжгүй зүйл гэж би түүнд тайлбарлахад тэрээр ёжтой мушилзаад:
– Залуу байна даа чи, миний насан дээр ирээд аяндаа мэднэ гэж үглэлээ.
Минагын ярьж байгаагаар бол өвгөн цагтаа цалгиж явсан хүн юм. Тэр Дракула гүнгийн удмынхныг хүмүүжүүлж цайзад амьдардаг байжээ. Гэвч гүнгийнхэнд золгүй явдлууд ээлж дараалан тохиолдож бараг бүгдээрээ хадан гэртээ харьцгааж, цайз орхигдон хөсөр хаягджээ. Гүнгийн холын төрөл садангууд Америкт амьдардаг гэж ярьцгаах боловч тэдний хаана байдгийг нь хэн ч үл мэднэ.
– Байзнаарай гэж залуусын нэг нь багшийн тэмдэглэлийг цааш уншихыг түр таслаад, – Тэр Америкт байдаг өв залгамжлагч гэдэг нь ноён Гарри та юм биш үү? Би ч бас нэг тиймэрхүү зүйл сонссон юм байна гэлээ.
– Тэр ч харин үнэн шүү, гэж залуу эзэн хэлээд, тэр хүн нь би, яг үнэндээ бол миний нагац ах байгаа юм. Нагац ах маань өөд болохдоо өөрийн хөвөнгийн тариаланг бас гүнгийн хэргэм ба цайз өвлөх эрхийн хамт надад өв залгамжлуулан үлдээсэн юм. Хөвөнгийн наймаа хямралд өртсөн учраас эхэндээ надад мөнгө төгрөгөө салхинд хийсгэчихгүйн төлөө зүтгэхийн хажуугаар хэргэм зэрэг, цайз шилтгээн бодож явах зав байсангүй.
Тэгээд эцэст нь нэг боломж гарч хагас жилийн өмнөөс Европт ирж энэ бүхнийг хөөцөлдөхөөр шийдсэн билээ. Цайз хийгээд эдлэн газар нь ямартаа ч байж л байгаа юм байна. Гэвч харж хайхрах эзэнгүй удсанаас бүр авах танаггүй болжээ.
Цайз нь нурсан балгас шиг л юм харагдана билээ. Би очиж ч үзээгүй байна. Тэгээд ч элэнц өвөөг оршуулсан тухай болон эсвэл хаана оршуулсныг нь гэрчлэх бичиг баримт олдохгүй байгаа тул би цайзыг шууд эзэмшилдээ авч чадахгүй байгаа юм.
Тийм учраас л би сургууль-сүмийн бичиг цаасыг нягтлан шалгаж өгнө үү гэж Карла Ивановичаас хүссэн билээ.
Хайгаад байгаа бичиг баримтаа олоогүй хирнээ Карл Иванович эндхийн цус сорогчдын тухай элдэв тэмдэглэл авч ирээд байх юм. Үнэнийг хэлэхэд цус сорогчдын тухай би өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй, тэр тусмаа эндхийн лам энэ бүхнийг эрт балрын үеийн үлгэр домог гэж тайлбарлаж, харин тосгоны ахлагч нь болохоор сүүлийн гучин жилд ямар нэг хүн амины хэрэг, нууцлаг үхэл тохиолдоогүй гэж баттай хэлж байна. Нэгэн согтуу мужаан эр эхнэрээ цавчиж орхисон ганц тохиолдол гарсан боловч эхнэр нь түүнээс хойш бүтэн жилийн дараа л өөд болсон гэнэ билээ.
Та бүхний мэдэж байгаачлан би өвлийг Парист өнгөрөөсөн. Харин хавраас миний ан ав хийх хорхой гозгонож, хараахан албан ёсоор өвлөж аваагүй байгаа эдлэн газартаа, энэ Карпатын уулс уруу хамтдаа ирэхийг та бүхэнд санал болгосон хэрэг.
Цайз нь тун олхио муутай харагдаж байсан тул одоохондоо Анчдын байшинг аятайхан янзлахыг тушаасан байгаа.
Карл Иванович энд түрүүлж ирээд хуучны бичиг цаасны тоос шороотой хутгалдаж байгаа юм.
– Хэрэв ноён Гарри та цайзын бичиг цаасыг үзэхийг зөвшөөрвөл тун сайн байна даа гэж номын санч өвгөн хэлэв.
– Тэгээрэй, тэгээрэй. Энэ ажил танаас зугтаагаад явчихгүй, маргааш бүгдээрээ хамтдаа цайзыг үзэцгээе.
Найзууд аа, одоо бүгдээрээ сүүлийн удаа нэг тамхилцгаая гэж эзэн бүгдэд нь санал болгоод, Карл Иванович, үргэлжлүүлээд уншина уу гэв.

Гуравдугаар хэсэг

Хорин долоон

Шөнөдөө саргүй харанхуй байх болж, миний сэтгэл санаа ч тайвшран сайхан унтдаг боллоо.
Өчигдөр Генрихийнд очиход царай нь хэдий цонхигор хэвээрээ ч мөн л тайвширч хуучин хэвдээ орсон бололтой байлаа. Өвгөн л харин нөгөө хэрээсээ идэвхийлэн зурж, хаа сайгүй сармис тараан тавьдаг нь янзаараа байх ажээ.
Сармис тараагаад байгааг нь жаахан шоолвоос:
– Ээ хөөрхий, энэ тухай чамтай яриад байх хүсэл алга, яривал ч мөн их юм ярина даа би гэж байх юм!
Өвгөнд аяга тагш юм уулгаж, үгийг нь сонсох хэрэгтэй юм байна даа.

Хорин найман

Бүх юм бахь байдгаараа, нэгэн хэвийн уйтгартай байна. Сүмийн хашаанаас сармисны үнэр шөнөдөө миний өрөөнд хүртэл ханхлах ажээ.

Хорин есөн

Өнөөдөр манаач өвгөн сүмийн зарим эд хэрэглэлийг Минагаар цэвэрлүүлэхээр манай гэрт ирлээ.
Би өвгөнийг өрөөндөө урьж хоёр халбага ром архи нэмж амжсан аяга халуун цайгаар түүнийг дайлав.
Өвгөн ч дорхноо ам нь халж цайз шилтгээн, тэндхийн дэг жаяг, анч тайга ноход, үзэсгэлэнтэй боловч өрөвдмөөр гүнгийн хатны тухай урсгаж гарлаа.
– Харин тэр золиг золтой л миний хоолойг тас хэмлэж орхиогүй шүү хэмээн өвгөн гараа алдлан дуу алдав!
– Хэн тэр вэ? Анч тайга ноход уу? – гэж би асуулаа.
– Юуных нь тайга ноход байх вэ дээ, гүнгийн ахайтныг л хэлж байна. Тэр хэдий нас барсан ч тэргэл сар гарахаар л босож ирээд үүгээр түүгээр яваад байсан юм. Түүнтэй наалдсан хүн бүхэн үхсэн гэж сонсогддог байлаа! Зарим нь цаанадаж хоёр сар амьд явна, зарим нь тэр дороо амьсгал хураана. Хүний амь амьдралыг зүгээр л сороод уучихдаг байсан юм.
Тэр үед тун ч олон хүн цайзаас дайжин зугтсан юм… Нэг удаа бид ойн чөлөөгөөр явж байлаа. Гэтэл нэг том азарган чоно үсрээд миний дээр буугаад ирлээ..., би ч ингээд л өнгөрдөг юм байж дээ гэж бодлоо! Харин тэгтэл миний хүүхэн хонгор Нетти тэр чонын сэрвээнээс зуураад авлаа, тэр минь сайхан ч амьтан байж билээ…
– Юу гэнэ ээ? Өнөө гүнгийн өөд болсон хатан уу? – гэж би гайхав.
– Ээ, чи бүр будлиж орхиж! Миний өөрөө тэжээж өсгөсөн Нетти нэртэй тайга нохой байхгүй юу, эзэндээ үнэнч нохой байж билээ! Гүнгийн залуу хатныг могойд хатгуулдаг тэр шөнө үхчихсэн юм. Тийм нэг ногоон нүдтэй..., мэдэх үү…
Цааш ярих тусам өвгөн улам бүр будилсаар, сүүлдээ бүр холион бантан болж, Нетти хэмээх жингэрийн тухай яриад байна уу, эсвэл гүнгийн ахайтны тухай, нэг бол могойн тухай яриад байна уу гэдэг нь ойлгогдохоо больсноор барахгүй хэн нь хэнийгээ хатгасан, хэн нь ногоон нүдтэй нь ч мэдэгдэхээ болиод ирлээ.
– Би түүнийг өөрийн гараар хуучин худагт живүүлж орхисон юм! гэж бардам ихэмсгээр мэдэгдсэнээр өвгөний яриа төгсөв.
Өвгөн ч гэртээ харихаар явах болж, би түүнийг саатуулсангүй. Босгон дээр очоод тэр над уруу эргэн харж мушилзаад:
– За яав, миний яриа тус болох нь уу гэж асуулаа.

Таван

Тэргэл саран тэнгэрт мандах үе эхэллээ. Сэтгэлд уйтгар гуниг хурган, учир битүүлэг нэгэн хүсэл намайг эзэмдэж хоосон оргино.
Тэр бүсгүй юу хүсэж, надаас юу гуйсан юм бол?
Шөнө бүр өөрийн эрхгүй түүнийг хүлээн, сэрвэлзэх боллоо…
Нам гүм.
Сармисны муухай үнэр өрөөнөөс салахаа болилоо. Цонхоо онгойлгон салхи савир оруулаад ч дээрдэх юм алга.
Би юу хүлээгээд байна вэ? Зүүд зэрэглээг үү, хий үзэгдлийг үү?…
Өдөр нь тайван амгалан байх боловч шөнө болохоор л дотор давчдан, орох байх газраа олохоо больчих юм. Хаашаа ч юм бэ явж, юу ч юм бэ хиймээр санагдах боловч хаашаа явж, юу хиймээр байгаагаа мэдэхгүй шаналж байна. Сүүлдээ бүр тэсэхийн аргагүй болж ирлээ.
Маргааш Шулмын хөндий орж ягаан удвал цэцэг түүж ирэхээс дээ.

Зургаан

Өдрийг арайхийн өнгөрөөгөөд үдэш болмогц тосгоноос гарч Шулмын хөндийн нуурын хөвөөнд гүйж очоод намагт өвдөгөө хүртэл шигдэн байж сайхан ягаан удвал цэцэг тасдаж авлаа.
Хүний юм хулгайлсан юм шиг хулмалзан гэтсээр нөгөөх цэцгээ өрөөндөө авчрав.
Ширээний дэргэд суугаад түүний гарч ирэхийг хүлээлээ. Юу ч өөрчлөгдсөнгүй! Орондоо орж хэвтэх ёстой юм болов уу?
Шөнийн турш унтаж чадалгүй хүлээгээд, хүлээгээд юу ч болсонгүй!
Ягаан удвал цэцэг огтхон ч хөдөлсөнгүй, харин сармисны үнэр л өрөөгөөр нэг ханхалж байна.
Яах вэ? Тэр хүүхнийг хэрхэн буцааж ирүүлэх вэ? Түүний шаналан зовж байгааг сэтгэл зүрхээрээ мэдрэвч хэрхэх учраа олохгүй л байна?!

Арван нэгэн

Шулмын хөндийн нууран дээр хэд хэдэн удаа очсон боловч хөлөө норгож, гутлаа шавар болгохоос хэтэрсэнгүй.
Уйтгар гуниг минь улам бүр ихэссээр…, тэр хүүхэн хий үзэгдэл, сүнс сүүдэр ч биш, харин миний сэтгэлийг булаасан хайртай бүсгүй минь шүү дээ…

Арван гурван

Генрихийнд очлоо. Нөгөө манаач өвгөн зальтайхан инээмсэглэх ажээ. Өнөөх Нетти хэмээх жингэрийн нь тухай асуухад гүнтний цайзад тун сайн анч тайга нохдын бүхэл бүтэн сүрэг байсан, харин Нетти бол хатан ахайтны хайртай нохой байсан бөгөөд байнга хатантны хөлийн дэргэд хэвтэж онцгой эрх дархтай амьтан байсан юм хэмээн тэрээр буурьтай гэгч нь тайлбарлав.
– Неттиг гарцаагүй тэр муу хөгшин америк чөтгөр л цааш нь харуулсан биз. Тэр чөтгөрийг анх ирсэн цагаас нь эхлээд л Нетти түүнийг үздэггүй байсан юм! Адгуусныхаа зөнгөөр мэдэрдэг байсан байх. Тэр америк чөтгөрийг харах бүрдээ л шүдээ ярзайлган, үсээ өрвийлгөж архидаг байлаа. Харин хатан авхайг өөд болдог шөнө Неттиг харахад ч аймаар байсан.
– Намайг хатантны өрөөнд гүйн ороход Неттигийн сэрвээний үс нь босчихсон, амнаас нь цагаан хөөс цахарч, шүд нь тачигнан нүд нь галзуурсан мэт гялалзан бүх бие нь байдгаараа чичирч байсан. Тэгэхэд нохойг анзаарахтай манатай байсан тул шууд гадна сүүдрэвч рүү гардаг хаалгыг онгойлгосноо л сайн санаж байна. Нетти галзуу юм шиг үсрэн гараад хуучин дуганын тийш давхин алга болсон…
Харин түүнээс хойш дахин үзэгдээгүй…
– Неттиг могой хатгасан байх гэж та бодож байна уу? – гэж би өвгөнөөс асуулаа.
– Үгүй ээ, могой хатантныг хатгасан юм.
– Цайзад могой хаанаас орж ирдэг байна аа? – гэж би гайхлаа.
– Тэр хөгшин америк чөтгөрийн авчирсан хайрцаг дотроос… гэж өвгөн хэлэв.
Намайг явахаар завдахад өвгөн надаас нойрондоо сайн болсон уу, нуур уруу очихоо больсон уу хэмээн асуулаа.
– Намайг нуур уруу очлоо гэж хэн танд хэлчихээ вэ?
– Та өөр хаана ингэж гутлаа арчиж зүлгээд ч арилахааргүй нуль замаг болгох билээ дээ. Зүгээр дээ, та сайхан унтаж амрах болно гэж манаач өвгөн хэлээд инээлээ.
Би гэртээ ирээд өвгөн яагаад миний нуур уруу очдог эсэхийг сонирхоод байгааг, миний сайхан унтаж амарна гэдэгт яагаад тийм итгэлтэй байгааг эргэцүүлэн бодлоо.
Бодолд автан өрөөн дотуураа нааш цааш явж байгаад цонхны хөшгийг санаандгүй хөдөлгөж орхитол шалан дээр нэг юм унаад ирлээ!… Сармисны хатсан цэцэг, хумсаар сүлжиж хийсэн цэцгэн хэлхээ байна! Сүмийн цэцэрлэгээс үнэртэж байна гэж миний бодоод байсан нөгөө муухай үнэр эндээс л ханхлаад байсан хэрэг. Солиотой өвгөн үүнийг энд хийснээс зайлаа гэж үү?
– Энд дахиад л хэдэн хуудас нь алга болсон байна гэж өвгөн номын санчийн хэлэв.
– За ашгүй, унтах цаг ч болсон байна, манай зочдын зарим нь зүүрмэглэж, ахмад Райт бүр хурхирч байна гэж ноён Гарри хэлээд – бүгдээрээ сайхан амарч, сайхан зүүд зүүдлээрэй гэв.
Өдөржин ан гөрөө хийж алжааж ядарсан хүмүүс дуртайяа босоцгоож тосгоны зочид буудлын өрөөнүүдээр тархан одлоо.

Дөрөвдүгээр хэсэг

– Ноёд оо, өнгөрсөн шөнө та бүхний хэн дээр чинь эндхийн хүүхнүүдээс ирэв? Хэн дээр ч ирээгүй гэж үү? – хэмээн өглөөний цайн дээр гэрийн эзэн хөгжилтэй гэгч нь асуув.
– Над дээр ирсэн хэмээн бараг хүүхэд гэмээр арван зургаа орчим насны, үлбэгэр дорой, бүрэг ичимтгий байрын нэгэн залуу гэрэвшсэн маягаар хариуллаа.
– Хөөх, за тэгээд яав? Алив яриад байгаарай хэмээн түүнийг тал талаас нь шалгаацгаав.
– Тэр над дээр ирээд өөрийнхөө удаан хоригдон зовж байгаа өрөөний хаалгыг нээж өгөөч гэж гуйгаад намайг өөрийнхөө хамгаалагч, хүлэг баатраа болгоё гэсэн гэж ичингүйрэн хэлэв.
– Хаана байдаг, ямар хаалгыг тэр вэ? – гэж Гарри асуулаа.
– Мэдэхгүй. Тэр хүүхэн өөрөө «хайгаад ол» л гэж хэлсэн.
– За, мэдээж хэрэг, үсээ задгай тавьсан, ягаан удвал цэцэгтэй хүүхэн л байсан биз дээ? – гэж эмч инээд алдан асуув.
– Огт үгүй гэж хөвгүүн хариулаад, – би түүнийг мянган хүний дундаас ч танихаар сайн харж авсан. Тэр хүүхэн урт хар үсээ яст мэлхийн хуягаар хийсэн том самаар дагзан дээрээ хатгаж шуусан байсан.
– Хий юм харж дээ, – гэж эмч бөвтнөв.
– Морьд бэлэн! – гэж зарц илтгэлээ. Бүгд л буу, цүнх, сумны дайз уруугаа ухасхийлдэж, ертөнцийн бүх хүүхнүүд, цус сорогчид мартагдсан хорвоо болж хоцорлоо. Анчид аа гэж.

Тавдугаар хэсэг

Орой нь анчид дахин хамтдаа цуглацгаав. Ав ав нь тун ч олз омогтой байсан тул бүгдээрээ сэтгэл хангалуун, хөөр хөгжөөнтэй байлаа. Тансаг оройн зоог барьж олон аяга дарс уусны эцэст ан гөрөө хийж явсан элдэв адал явдлын тухай яриа хөөрөө нь ахиад л босоо ороолонгийн сэдэв рүү халтирлаа.
Номын санч өвгөнийг дуудан ирүүлж нөгөө багшийн тэмдэглэлийн үргэлжлэлийг олсон эсэхийг шалгааж эхлэв.
– Үгүй ээ, ноёд оо, олж амжсангүй. Эх Дагинын мэлмий гийсний баярт бэлтгэх гээд сүмийн бичиг цаас хадгалдаг өрөө цоожтой байлаа. Гэхдээ хэрэв ноён Гарри таалан болгоох аваас өнөөдөр Анчдын байшингаас олсон захидлуудыг би уншиж өгье.
Өнөөдөр эрхлэгч бид хэд тэнд очсон боловч өнөө орой гэхэд тэр байшинг бэлтгэж амжаагүйг та бүхэн хэзээний мэдэж байгаа. Харж хайхрах эзэнгүй орхигдоод удсан тул тэр байшин бүр нурах шахаж. Маргааш орой гэхэд бүгдийг нь биш зөвхөн хоолны танхим, бас бус хэдэн өрөөг л янзалж амжих байх. Эрхлэгч унтлагын нэг өрөөг цэгцэлж байгаад ширээний нүднээс бөөн захидал олж надад өгсөн юм. Би тэдгээр захидлуудыг гүйлгэн уншиж үзээд нөгөө багшийн тэмдэглэлүүдтэй холбоотой юм байна гэж бодлоо. Хэрэв эрхэм ноёд та бүхнийг зөвшөөрвөл би тэр захидлуудыг уншиж өгье гэж Карл Иванович санал болголоо.
– За уншаад байгаарай!
– Тэмдэглэлийг нь үзвээс үүнийг бичсэн хүн Италийн Венец хотоос найздаа илгээсэн юм шиг байна гэж Карл Иванович нэмж хэлэв.


Top
   
PostPosted: Mar.14.11 2:23 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Aug.17.10 4:36 pm
Posts: 177
АЛЬФАД БИЧСЭН ЗАХИДЛУУД


ЭХНИЙ ЗАХИДАЛ

Хонгор найз Альф минь!

Миний хэчнээн их жаргалтай байгааг чи төсөөлж ч чадахгүй болов уу.
Намайг, долоохон настай байхдаа орхиж гарсан эх орондоо эргэж очихыг зөвшөөрсөн, яг үнэндээ бол очиж чадахаар боллоо. Яагаад эцэг эхийнхээ гэрээс өдий хүртэл тусдаа амьдрах учиртай болсон минь одоо хүртэл надад оньсого мэт учир битүүлэг хэвээр л байна.
Би манай эцгийн талынхны удам дамжин ирсэн цайзад хэрхэн баян чинээлэг, аз жаргалтай амьдарч байснаа олонтаа ярьсан хэдий ч гэрээсээ явах үед төрж үлдсэн сүүлийн сэтгэгдлээ чамд хэлэхээс санаа зовсоор өдийг хүрлээ.
Яагаад тэгэх болсноо би өөрөө ч мэдэхгүй боловч өнөөдөр тэр тухай яримаар байна.
За эхэлье.
Нар жаргах дөхөж, цэцэгсийн тансаг үнэр анхилсан хаврын тэр нэгэн сайхан үдэш манай гэрийнхэн бүгдээрээ цэцэрлэг рүү харсан сүүдрэвчид сууж байлаа. Миний бяцхан дүү Люси бид хоёр ч тэнд байлаа. Ээжийн хайртай нохой бидний дэргэд хэвтэж байсан юм.
Гэнэт манай зарц орж ирээд нэгэн ахимаг настай ноёнтон аавтай маань уулзаж ярилцах зөвшөөрөл хүсэж байгааг айлтгав.
Түүнийг сүүдрэвчид оруулж ирэхийг эцэг зөвшөөрсний дагуу санваартнуудын өмсдөг урт дээл өмссөн, буурал толгойтой, хөгшин настай ноёнтон орж ирлээ. Түүний цонхигор царай, улаавтар нүд, улаан хүрэн уруулыг нь би сайн санаж байна.
Түүний дууг сонсмогц манай ээжийн хайртай нохой Нетти ухасхийж босож ирээд үсээ өрвийлгөн архирч түүн рүү дайрлаа. Нохой үл таних өвгөний хөлөөс зуух гэсэн боловч гартаа барьсан таягнаас нь эмээгээд ухрав.
– Үгүй ээ, энэ Нетти яах нь энэ вэ,  та өршөөгөөрэй – гэж ээж хэлээд Нетти анх удаа л танихгүй хүн рүү ухасхийж байна гэж нөгөө үл таних хүнд хандан өгүүлэв.
– Петро, энэ нохойг гарга, – гэж эцэг зарцад тушаалаа.
Үл таних хүн манай нохойн ааш араншинг огт үл анзаарсан байдлаар эцэгт маань лацтай том дугтуйтай захидал өгөөд мэхийн ёслов.
Хэдхэн мөр гүйлгэж хараад аав маань захидалд юун тухай бичсэнийг ээжид ярьж өглөө. Мэдээж, би юу ч ойлгоогүй, юу гэж ярихыг нь ч бүрэн гүйцэд сонсоогүй юм. Эцэст нь эцэг, эх хоёр маань тэр хүнийг суухыг урьж, хүссэн зүйлийг нь зөвшөөрч байгаагаа илэрхийлснээр энэ хэрэг өндөрлөв.
Суухыг урьсныг үл таних хүн чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд ингэж асуулаа.
– Авсыг хэзээ авчирвал болох вэ?
– Хэрэв та хүсвэл маргааш ч аваад ирж болно гэж ээжийг хариулахад үл таних хүн мэхийн ёслоод явж одлоо.
Тэгэхэд аав ээж хоёр юун тухай ярьж байсны учрыг би олоогүй бөгөөд гэрийн бунхан, өвөг эцэг, хуучин хөргийн тухай дурдаж байсан боловч тэр бүхэн хоорондоо ямар холбоотой болохыг ойлгосонгүй.
Өчигдөр Сильвио манайд ирж Лидо арал уруу завиар хамт явъя гэж намайг ятгасан тул би энэ захидлаа дуусгаж амжилгүй түр хойш нь тавихад хүрсэн юм. Оройг маш сайхан өнгөрөөлөө. Манай завь усны мандал дээгүүр алгуурхан хөвж, шингэх нарны шижир туяанд үүлс алтран харагдаж, эргэн тойронд буй завинуудаас эгшиг яруу дуу хөгжим сонсогдон байлаа.
Би өнгөрсөн дурсамждаа умбаж, цагаасаа өмнө яваад өгсөн ээжийнхээ тухай бодлогошрон суулаа. Ээж маань намайг Нюрнбергд ирсэн хойно нас барсан юм. Хэдий маш үзэсгэлэнтэй сайхан хүн байсан ч тун хурдан хагдран хөгширсөн билээ. Ээж маань чухам ямар өвчнөөр өвдөж авсанд орох болсны учрыг би одоо хүртэл мэдээгүй л байна. Яагаад би гэрээсээ явах болсны учрыг надад хэлээгүй шигээ ээжийн үхлийн шалтгааныг асууж шалгаагаад ч аав хариулахгүй байна.
– Ээж чинь ингэж хүссэн юм гэхээс өөр юм аав хэлээгүй.
Гэхдээ яагаад тэр вэ? Ээж минь надад маш их хайртай байсан шүү дээ?
Өндөр гуалиг биетэй, өтгөн шар үстэй ээжийнхээ дүрийг би одоо ч маш тодхон санаж явдаг. Хайр энэрэл дүүрэн цэнхэр нүдээрээ намайг хайрлан хардаг байсансан… Би тэр харцыг зөнгөөрөө мэдэрч байна…, үгүй юу болох нь энэ вэ…, намайг ширтэж буй хоёр нүд ээжийн цэнхэр нүд биш харин нэвт ширтэж буй цоргим харцтай хар нүд байна.
Тэр хоёр хархан нүдний харц агшин зуур зурсхийгээд алга боллоо…, харин би мартаж чадахгүй нь!… Би заавал дахиад олж хармаар байна!…
За, түр баяртай.

Хүндэтгэсэн Д чинь.



Хоёр дахь захидал

Хонгор найз Альф минь.

Чамд захиа бичилгүй хоёр долоо хоног өнгөрчихжээ. Ийм урт хугацаа өнгөрсөн гэдгийг би бүр анзаараа ч үгүй гэдгийг төсөөлж байна уу!… Найз нь хэмжээлшгүй их аз жаргалтай байгаагаа чамд хэлбэл захидал бичээгүй удсаныг минь чи өршөөн уучлах биз ээ!!
Лидо арал дээр намайг ширтээд байсан нөгөө хар нүдэн бүсгүйг би оллоо. Түүний хар нүд нарны гэрэлд бүр ч гоё харагддаг. Үнэхээр хөөрхөн бүсгүй шүү! Венецийн гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийг хэрхэн дүрслэн бичсэн байдгийг чи хаа нэгтэйгээс олж уншвал түүний тухай жаахан төсөөлөлтэй болох боловч тэнд бичигддэг хүүхнүүд үзэсгэлэн гоо нь нар мэт гэрэлтсэн энэ бүсгүйн сүүдэр л гэсэн үг…
Тэр хүүхэн сурвалжит гэр бүлээс гаралтай ч асрагчдынхаа хараа хяналтад амьдардаг өнчин, ядуу хүн. Түүний талаар мэдэж байгаа бүхэн минь одоогоор ингээд л болоо.
Миний өөрийн эрхгүй эх орноосоо туугдсан явдал эцэс болж би төрөлх гэртээ харьж чадахаар боллоо гэж би хэдийн чамд хэлсэн шүү дээ. Миний буцаж очихыг хориод байсан эцэг маань нас барсан учраас л эргэж очих боломжтой болж байгаа тул ингэж харих гэдэг гунигтай л байна.
Би олон жил гэрээсээ сураг чимээ сонсоогүй. Хэрэв дур мэдэн цайзад буцаж очвол эцэг үрийн холбоогоо тасална гэж сүрдүүлж аав минь намайг буцаж очихыг хориглосон бөгөөд «Цаг нь ирэхээр чамайг би өөрөө дуудна» гэдэг байсан юм.
Манай хөгшин зарцын бичсэнээр бол аавыг маань зүрх нь дэлбэрсний улмаас зуурдаар өнгөрсөн гэж эмч дүгнэсэн гэнэ.
Хөгшин зарц Петро бол намайг өсгөж хүмүүжүүлсэн, хожим намайг Нюрнбергэд аваачсан хүн. Тэрээр цайзыг зарахад туслах нотариатч явуулахыг хүсээд, энэ бол эцгийн минь хүсэл гэж нэмж бичсэн байна. Харин миний буцаж очих талаар нэг ч үг цухуйлгаагүй байна. Ийм асуудал огт байж болохгүй юм шиг л хандсан байна…
Үгүй ээ, бас дахин үгүй! Би амь насаараа хохирох байсан ч гэртээ харина! Би ээжийнхээ үхлийн нууц учир шалтгааныг олж мэдмээр байна.
Харин би гэртээ ганцаараа биш, хоёулаа очно гэж мөрөөдөж байгаагаа бас чамд хэлдэг ч юм билүү…
Баяртай!

Хүндэтгэсэн Д чинь.

Гурав дахь захидал

Хонгор найз Альф минь.

Энэ хорвоо дээр над шиг заяа муутай хүн байдаг болов уу? Долоохон настай байхдаа эхээсээ хагацаж, ээжийн хайр энэрэл гэж юу байдгийг мэдэхгүй өдий хүрсэн надад эх орон ч байхгүй, намайг хайрлах хүн ч алга. Дутуу гуцуу зүйлгүй элбэг дэлбэг амьдарч байсан шүү дээ гэж чи хэлэх байх. Хэдий тийм боловч сэтгэл нэг л дундуур! Яадаг ч байсан би энд харийн л хүн юм, өнөө хүүхэн өчигдөр миний хажуугаар намайг харах ч үгүй өнгөрөөд явчихлаа!
Харин намайг харсан гэдгийг нь би сайн мэдэж байна, тэр ч миний баганын дэргэд зогсоод түүнийг харцыг хүлээж байгааг минь сайн мэдэж байсан. Харин тэр дэргэдүүр зүгээр л өнгөрөөд явчихлаа. Заяагүй би хэцүүдсэн үедээ чам шиг ээжийнхээ булшин дээр очоод уйлан хайлж сэтгэлээ дэвтээж ч чадахгүй юм… Би ерөөсөө гэртээ харихаар шийдлээ!
Өмнөх захиандаа ямар авсны тухай бичсэн юм бэ гэж чи асуусан байна. Зарц нь Америкаас авчирсан манай өвөг эцгийн авсны талаар бичсэн хэрэг л дээ. Өвөг эцэг маань ямар учраас Америк явах болсон, тэнд очоод юу болсныг би хэлж мэдэхгүй юм. Энэ талаар ямар нэг удам дамжсан яриа байдаг боловч тэр үед балчир хүүхэд байсан миний ой ухаанд одоо буухгүй байна. Өвөг эцэг маань өөрийн цогцсыг ацтек хэмээх индиан омгийнхны нутагт тавилгүй өөрийн удмынхны цайзад аваачиж нутаглуулаарай гэж гэрээсэлсэн гэдгийг л мэдэж байна.
– Ацтек гэв үү, хөөе? – хэмээн залуу эзэн дуу алдаад, 
– Би ч мөн ацтек газраас ирсэн, бас тэдний удам угсааны хүн шүү дээ гэлээ.
– Өв залгамжлах эрхтэй гэдгээ нотлоход чинь оршуулсан тухай гэрчилгээ нь дутаад байгаа нөгөө хамаатан садан чинь энэ биш үү, – гэж Вейс эмч хэлэв.
– Миний нотариатч энд байхгүй нь тун харамсалтай, гэхдээ цааш нь унш, унш хэмээн Гарри яарууллаа.
Өнөөх улаан нүдтэй өвгөн ирсний маргааш нь, орой болохын хэрд том хар авс ачсан дөрвөн дугуйтай морь тэрэг манай цайзын хаалгаар орж ирлээ, – хэмээн Карл Иванович цааш үргэлжлүүлэн уншиж эхлэв.
Аав ээж хоёр маань түүнийг угтан авах бэлтгэлээ базаах гээд өдөржингөө завгүй байсан юм.
Мөргөлийн танхимаас бунхан уруу ордог хаалгыг нээлээ. Мөргөлийн танхимыг ногоон мөчрөөр битүү чимж энд тэндгүй лаа асаасан байх бөгөөд ёслол үйлдэх үедээ санваартан урихаар шийджээ. Бунхныг ч мөн тоос шороо, аалзны шүлснээс нь цэвэрлэж дотор нь байсан, урдаас бэлдсэн чулуун авснуудын нэг дээр «Америкаас авчирсан» гэсэн тэмдэглэл сийлэн бичихийг аав тушаасан ажээ.
Өвгөнийг өглөөнөөс хойш хүлээсэн боловч тэрээр нар жаргахын үед л эмгэнэлт ачаагаа тээсээр ирлээ.
Авс нь аймшигтай хүнд аж.
– Энэ авс мөргөлийн танхимаас оршуулгын бунхан уруу орсон эгц нарийн шатаар багтахгүй л байх аа даа, – хэмээн улаан нүдэт өвгөн эргэлзэнгүй хэлээд
– Бунхнаас цэцэрлэг рүү гардаг баруун хаалгаар нь оруулбал дээргүй юү, – гэж асуув.
– Та энэ бүхнийг яаж мэдсэн бэ? – гэж аав гайхан асуувал
– Гүнтний ярианаас, – хэмээн өвгөн баргар царайлан хариулав.
Цогцсыг мөргөлийн танхимд оруулж шашны оршуулах ёслол хийх боломжгүй болсонд ээж маань их л гонсгор байлаа.
Удалгүй бунхны баруун хаалгыг онгойлгон авсыг оруулаад урдаас товлосон байранд тавив.
Өвгөн зарц нарын ярьж байгаагаар бол Ромын хамбатан өөрийн биеэр илгээсэн гэлцдэг загалмайн дүрс товойлгон гаргасан цоожоор бунхны хаалгыг цоожлох гэсэн боловч түлхүүр нь олдсонгүй.
Түлхүүрийг нь хамгийн сүүлд хэн авч байсан бэ гээд өчнөөн үймээн шуугиан болсон боловч олсонгүй ажээ.
Улаан нүдтэй өвгөн бунхны хаалган тушаа байдаг бүр хуучраад нурах шахсан манааны байранд сууж эзнийхээ бунхныг үнэнч нохой мэт манаж байя гэж ааваас хүслээ.
– Тэр манааны байр ч хүн амьдрахын аргагүй болчихсон эд шүү дээ, – гэж аав хэлэв.
– Зүгээр ээ, би өөрөө засаж янзлаад суучихъя, надад эзнийхээ булшийг харж хандаж байхаас өөр хүсэл энэ хорвоод үлдээгүй гэж өвгөн хэлэхэд:
– За тийм бол яах вэ, тэг, – гэж эцэг маань зөвшөөрлөө.
Өвгөн гүнээ мэхийн ёслоод халааснаасаа том хар хайрцагтай юм гаргаж ээжийн дэргэд очив.
– Манай эзэн гүнтэн амьд сэрүүн ахуйдаа энэхүү зүйлийг танд дурсгал болгон өгөөрэй гэж захисан юм гэж хэлээд өнөө хайрцагтай зүйлээ ээжид өглөө.
Зөөлөн цэнхэр хилэн дотортой хар хайрцгийг нээвээс дотор нь гайхамшигтай сайхан сувдан зүүлт байлаа. Тээглүүрийг нь маш уран сайхан хийцтэй, хоёр том ногоон нүдтэй могойн толгойг дүрслэн бүтээжээ. Тэрхүү нүд болгон шигтгэсэн хоёр том маргад эрдэнэ харваас маш үнэтэй нь тодорхой бөгөөд хачин жигтэй гялтганан байлаа.
Энэ зүүлт бүхэлдээ багагүй үнэтэй эдлэл болох нь мэдээж хэрэг.
Гарри гэнэт үргэлжлүүлэн уншихыг тасалж:
– Вицли-Пуцли бурхны цээжинд сувдан эрх, яг үнэндээ бол том ногоон нүдтэй, нууцлаг хүчийг агуулсан сувдан могой зүүлттэй байсныг та нар дуулсан уу? Тэр сувдан могой испаничууд Вицли-Пуцли бурхны сүмийг тоноход үрэгдэж алга болсон юм гэнэ лээ.
Гарри цааш үргэлжлүүлэн ярихыг хэсэг хүлээснээ Карл Иванович цааш үргэлжлүүлэн уншлаа:
Ээж, аав уруу асуусан маягтай харахад цаадах нь зөвшөөрөн толгой дохилоо.
Ингээд ээж маань тэрхүү бэлгийг авлаа. Уг нь авахаасаа татгалзсан л бол дээр байсан юм даа!…
За баяртай, нөгөө бүсгүй миний хойноос хүн явуулжээ…, би ямар их жаргалтай байна вэ!
Д.

Дөрөв дэх захидал

Альф, хонгор Альф, хүндэт Альф минь, тэр надад хайртай, хайртай гэнэ…, бид учраа ололцлоо!
Тэр надад хайртай юм байна. Тэр эртээр зориуд миний дэргэдүүр анзаараагүй дүр үзүүлэн өнгөрсөн гэнэ. Намайг өөрийнхөө араас дагаад ирээсэй гэж хүссэн юм байна. Би ямар их аз жаргалтай байна вэ! Ямар ч хүнд хайртай бүсгүй, төрөлх эх орноос нь өөр эрхэм зүйл гэж юу байх билээ дээ?
Баяртай. Бушуухан явж сарнай цэцгийн баглаа авъя.

Д.


ТАВ БА ЗУРГАА ДАХЬ ЗАХИДАЛ

Өмнөх захидлуудад чамд бичсэнчлэн бүх зүйл хуучин янзаараа үргэлжилж, цэцэрлэгчийн охин нас барсанд сэтгэл нь зовж байсан хэдий ч ээжийн бие эрүүл саруул байсан юм.
– Хэн нь үхсэн гэнэ ээ, хэзээ тэр вэ? – хэмээн тал талаас нь шалгаахад:
– Харваас энд нэг захидал дутуу байна, – гэж Карл Иванович хариуллаа.
– За яах вэ, цааш нь үргэлжлүүл, – гэж эзэн хэлэв.

* * *

… тэр гайтай шөнийг хүртэл ээж минь эв эрүүл байлаа.
Олон зүйлийн учир битүүлэг хэвээр байгаа ч тэр шөнө болсон явдлууд миний ой ухаанд гүн шингэж үлдсэн юм.
Люси бид хоёр ээжийн унтлагын өрөөнөөс нэг өрөөний цаана асрагч эх Катеринатай хамт нэг өрөөнд унтдаг байлаа.
Шөнө дөлөөр хэн нэгний хаа нэгтээ аймшигтай хашгирах дуунаар би сэрлээ. Орон дээрээ суугаад чагнаваас байшинд бөөн хөл үймээн болж, энд тэнд хаалга тачигнатал савах нь сонсогдож, хүмүүс нааш цааш гүйлдэх хөлийн чимээ, хоорондоо ярилцах нь дуулдлаа.
Катеринаг дуудвал тэр өрөөнд байсангүй, би ч их айлаа.
Би хөл нүцгэн, дан унтлагын цамцтай чигээрээ ээжийн өрөөнд гүйн орвол тэнд олон хүн цуглажээ.
Олон давхарласан өндөр дэрэн дээр ухаангүй хэвтээ ээжийн минь царай өмссөн цагаан унтлагын хувцас шигээ цонхийн цайж, энгэрт нь цусны толбо харагдлаа. Аав минь ээжийн дээрээс тонгойн манай гэр бүлийн эмч өвгөн ээжийн аманд эм цутган байлаа.
Зарц нар айн сандарч үүгээр түүгээр хөлхөлдөнө.
Хэдэн хормын дараа ээж ухаан орж сандарч түгшсэн маягтай өрөөн доторхийг тойруулж хараад:
– Фреди, энэ чинь чи юу, Фреди, чи түүнийг хөөсөн үү?
– Хэнийг тэр вэ, хонгор минь?
– Өвөг эцгийг, түүнийг нааш нь битгий оруулаарай, битгий оруулаарай!
– Тайвшир даа, хонгор минь, тэр энд байхгүй, өвөг эцэг хэдийн нас барсан шүү дээ, чи минь зүүдэлсэн л байх.
– Зүүд гэнэ ээ, үгүй, яг л бодитой юм шиг байсан даа, – гэж ээж амандаа үглэж байснаа:
– Үгүй, энэ бол зүүд биш!… – гэж итгэлтэйгээр хэллээ.
– Хэдий унтаж байсан ч хэн нэг нь өрөөнд орж ирэх нь сонсогдож бурхны өмнөх зул шажигнан бөхөхийг би гэнэт мэдэрсэн.
– Үгүй ээ. Зул түүнээс өмнө бөхсөн биз, харин тэр шажигнаж дуугардаг нь могой дуугарах чимээ байсан байх. Мэдэхгүй юм даа… Өрөөнд бүрэнхий байсан, – гэснээ түр чимээгүй болоод, – гэхдээ би өвөг эцгийг маш сайн харсан. Өнөөх л хилэн хувцас, хүзүүний том алтан гинжтэйгээ, хамгийн гол нь цус гүйсэн нүд нь үнэхээр аймшигтай харагдаж байсан. Хянган хамар, хатсан уруултай, өвөг эцэг яг мөн байсан!
– За болно доо, одоо тайвшир, – гэж аав түүний үгийг таслав.
– Үгүй ээ, сонс. – Тэр над уруу тонгойгоод чи яагаад миний өгсөн бэлгийг зүүхгүй байна вэ?  – гэж чимээгүйхэн асуусан. – Өвөг эцэг гартаа барьсан могой толгойтой сувдан зүүлтээ миний хүзүүнд зүүж өгөөд уруул дээр минь үнссэн, – гэж хэлээд ээж минь уруулаа гараараа арчиж, – түүний уруул яг л мэлхийнх шиг хүйтэн, биеэс нь нэг тийм ялзарч хөгцөрсөн муухай үнэр ханхалж байсан… Тэр сувдан зүүлт нь даруй могой болон хувирч намайг хатгасан…
– Тэгээд би ухаан алдсан, цааш нь юу ч санахгүй байна… – гэж ээжийг хэлж дуусмагц:
– Ээж ээ, могой хаана байна вэ? – гэж би тэсгэл алдран асуулаа. Тэр даруй миний сайн мэдэх хүний хоёр гар намайг шүүрэн тэвэрч аваад өрөөнөөс гаргалаа.
– Харанхуй шөнөөр хөл нүцгэн гүйж явахыг хэнээс сураа вэ чи, – гэж Катерина үглэлээ.
– Эгч ээ, тэр могой нь хаана байгаа юм бэ? – гэж намайг шалгаахад:
– Ямар юмных нь могой байх вэ, эзэгтэй зүүдлээд нойрондоо хашгирсан байлгүй.
– Унтлаганы хувцас нь цус болсон байсан шүү дээ, би харсан?
– Тэрийг би яаж мэдэх юм бэ. Эмчээс асуугаарай. За, одоо унт унт, – гэж асрагч эх үглэсээр намайг хөнжлөөр хучлаа.
Маргааш өглөө нь сэрэхэд нар хурцаар гийгүүлж, Люси маань чанга чанга инээн шулганаж, би ч өнгөрсөн шөнийн айдас, бас нөгөө могойг бүр мартаж орхив.
Люси бид хоёрыг хувцсаа өмсөж бэлэн болмогц Катерина ердийнхөөрөө биднийг эцэг эхтэй маань мэндлүүлэхээр дагуулан авч явлаа. Ээжийн чинь бие тааруухан байгаа учраас битгий их шуугилдаарай гэж бид хоёрыг хоолны танхимд орохын өмнө тэр захив.
Ээж маань ардаа олон дэр давхарлаж цээжээ өндөрлөн зөөлөн буйдан дээр хэвтжээ. Ганцхан шөнийн дотор ээж хэчнээн их тамирдаж, цонхийн цайсан нь балчир миний нүдээр харахад ч тодорхой байсан юм.
Ээж маань бид хоёрын орж ирэхийг бараг анзаарсан шинжгүй, зарцад хандаж:
– Нетти хаана байна вэ? Та яагаад Неттиг нааш нь авчрахгүй байна вэ? Би хагас цаг гаруй хүлээж байна гэж асуухад
– Нетти бүр алга болчихлоо, Бид өглөөжингөө хайгаад хаашаа орчихсоныг нь мэдэхгүй байна, – гэж зарц ээрч мууран хариулав.
– Үгүй ээ, Нетти хааччихдаг байна аа, энэ чинь юу болоод байна вэ? – гэж ээж тун их сэтгэл нь зовсон маягтай асуув.
Зарц дуугарсангүй.
– Нохойг хэн хамгийн сүүлд харсныг олж мэд, – гэж ээжийг тушаахад зарц чимээгүй гарч явлаа.
Үргэлж ээжийн хөлийн дэргэд хэвтэж байдаг Нетти алга байгаа нь надад ч хачирхалтай санагдсан боловч өнөө могой юу болсон нь илүү сонирхолтой байсан тул эрх хүүхдийн тэвчээргүй зангаар:
– Ээж ээ, та нөгөө могойгоо олсон уу? – гээд асуучихлаа.
Тэрхэн зуур аав маань уурсангуй маягтай миний гараас татаж: «Чимээгүй бай» хэмээн шивэгнэв.
Би учрыг нь олж ядан тэр хоёр уруу харваас аав маань хөмсгөө зангидан, ээж дэрээ налан гэдийж аяархан ёолов.
Намайг энэ бүхнийг ухаарч амжихаас өмнө, аав аль хэзээний надад амласан байснаа санасан ч юм уу, миний хүү тосгон уруу морьтой яваад ирэх үү гэлээ. Морь унана гэхээр би бүр баярласандаа болоод бүгдийг мартан хөөрч аавыгаа хүзүүдэж авлаа.
– Петро дээр очоод өөртөө «Карягог» эмээллэ гэж хэл, тэгээд Петро чамтай хамт яваг. Морьд бэлэн болохоор ирж хэлээрэй, надад Петрод захиж хэлэх юм байна гээд
– Болгоомжтой яваарай, ялангуяа уурын уруу хамаагүй давхиж болохгүй шүү, – гэж аав надад хэллээ.
Цагийн дараа гэхэд гэхэд бид хэзээний цайзын хаалгаар гарч явлаа. Тосгонд очвол Нетти тэнд байна уу, үгүй юү гэдгийг сайн мэдээд ирээрэй гэж хаалгач өвгөн биднийг гаргаж өгөх зуураа Петрогоос хүсээд:
– Бид одоо хүртэл Неттиг олж чадаагүй болохоор хатан ахайтан ууртай байна гэлээ.
«Өнөө муу хөгшин чөтгөр» гэх маягийн юм Петро амандаа үглэсээр бид уулын уруу болгоомжтой бууж эхлэв.
Би ядраад байна, Альф аа, маргааш хүртэл баяртай.

Хүндэтгэсэн Д чинь.


Долоо дахь захидал

Үүрээ эвдүүлсэн зөгий шиг бужигнасан олон дурсамж, бодол миний толгойд эргэлдэж, тэр бүхнийг бичээд л суухаас өөр арга алга даа.
За тэгээд, Петро бид хоёр морь унаад тосгон орохоор гарлаа.
Петро бол манай гэрийн эртний зарц, аав бид хоёрыг хайрлан хүндэлдэг, ер нь л манай бүх гэр бүлд хайртай, сайхан санаатай, хөгжилтэй өвгөн. Миний гуйсан бүхнийг биелүүлэн эрхлүүлэхэд хэзээд бэлхэн байдаг бөгөөд шувууны үүрийг аваад ир гэвэл аваад л ирнэ, загасны уурга хийгээд өг гэвэл хийгээд л өгнө, амьд туулай бариад ир гэвэл бариад л ирнэ… Петро бол миний байнгын хичээнгүй туслах л гэсэн үг.
Гэхдээ сүүлийн үед Петрогийн зан ихэд хувирч бидний нөгөө туулайг ч тэр, загас барихыг ч тэр огт тоохоо больж хөтчийн надад бэлэглэсэн өрөөсөн далавч нь гэмтсэн хэрээг хүртэл сонирхох нь үгүй болчихжээ.
Петро хэдэн ч цагаар хамаагүй дуугаа хураан чимээгүй бодлогошрон суух болсон бөгөөд өнөөх өвөг эцгийн авсыг хүргэж ирсэн өвгөн зарцыг холоос ч бол харах бүрдээ хоёр нүд нь эргэлдэж, уур хилэнгээр дүүрэх бөлгөө.
Тэгэх бүрдээ Петро үглэж «хөгшин чөтгөр» хэмээх үг байнга түүний амнаас унах болсон ажээ.
Энэ айлын зарц хамжлагууд Петро америкаас ирсэн зарц өвгөнийг үзэн яддагийг бүгдээрээ мэдэх боловч өмнө нь энэ цайзад түүнээс илүү эелдэг, сайхан зантай хүн байгаагүй тул их л гайхацгааж байлаа.
Америк өвгөнийг Петро яагаад ингэтлээ үзэн ядаад байгааг тайлбарлахад тун хэцүү байлаа. Тэр өвгөн юмыг голж шилдэггүй, чимээгүй хүн байсан бөгөөд үргэлж өөрийн засаж янзалсан манааны байранд эсвэл бунханд өөрийн эзний дэргэд байж байдаг байлаа. Хааяа цэцэрлэгт, өөрийнхөө нөгөө байрны тэрүүхэнд чимээгүйхэн алхаж яваа нь харагддаг байж билээ.
Хүмүүс цугладаг газар, гал тогооны тэр хавиар ч огт харагдахгүй ба нийтийн хоолноос ч мөн татгалзжээ.
– Миний эзэн ноён надад насан эцэс болтлоо өлсөж лав үхэхээргүй амиа зогооход хангалттай юм үлдээсэн гэж тэр үүнийгээ аавд тайлбарласан аж.
Манай зарц нарын бусдаасаа арай дөнгүүр зарим нь шинэ ирсэн өвгөнтэй сайхан танилцахыг хүссэн боловч түүний ихэмсэг, хүйтэн хөндий хариу үгсийг сонсоод даруй үргэн холджээ.
Мөн нийтийн хоолноос татгалзсан нь олон хүний дургүйг хүргэж, «өлсөж лав үхэхгүй» гэдэг үгийг нь шоолон инээлдэцгээнэ.
– Түүнийг хараач ээ, та минь, гуринхалсан чоно шиг хорчийсон юм ирсэн, одоо бүр хаалгаар ч багтахгүй болчихож, үгүй ээ тэр цусан улаан уруулыг нь ээ! – гэж Марина хэмээх залуухан, хөгжилтэй цэвэрлэгч хүүхнийг хөхрөхөд
– Битгий дэмий чалч! – гэж Петро түүнийг зандраад, – одоо чамайг идээд бүр ч таргалах вий гэв.
– Намайг идэх гэвэл хахаж үхэх байлгүй, – хэмээн Марина бүр чанга инээж байсансан.
За ингээд түр завсарлая, Альф аа.
Рита бид хоёр ямархуу байгааг чи асуужээ. Маш сайхан байгаа. Үзгээ тавимагц өнгөрсөн бүхэн тэр чигээрээ мартагдаж, гагцхүү үзэсгэлэнт хонгор сүйт бүсгүйгээ л бодох болсон.
Өнгөрсөн дурсамжуудаа бүгдийг мартаж, одоо байгаа бүхэндээ сэтгэл ханан жарган суувал дээр бус уу гэж би хааяа бодох юм.
Гэвч халуун янаг үнсэлтийн дараа, шөнийн нам гүм болох тэр мөчид өнгөрсөн дурсамжууд өөрөө аяндаа урсан орж ирж үзэг барихаас аргагүйд хүргээд байдаг нь ямар учиртай юм бол доо. Харь газар хүний нутагт олон жил цагаачлан амьдрахдаа сэтгэлдээ тээж явсан бүхэн минь бүрэлдэн боловсорч, хайр сэтгэлд хүртэл дийлдэхгүй сад тавин байгаа нь энэ үү?
За ингээд дараагийн захидал хүртэл баяртай. Маргааш хотоор явж хонгор хайртай түүнд минь таарч тэнцэхүйц бэлэг хайж олъё.

Д.

* * *

Карл Иванович захидлуудыг уншихаа түрхэн болих зуур
– Ноёд оо, одоо өөрсдийнхөө зүүд нойрны талаар санаа тавих цаг болсон юм биш үү?, – хэмээн ноён Гарри санал гаргав
– Юу гэж дээ! Унтахад арай эрт байна! – хэмээн тал талаас хэлэх дуулдлаа.
– За, та нар өөрсдөө л мэдэцгээ, харин би явж унтлаа гэж хэлээд ахмад Райт түрүүлэн босов.

* * *

Та нарын наад уншлагаас чинь болж өнөөдөр хүрэх газраа очиж чадаагүй. Тэгээд ч, үнэнийг хэлэхэд учир нь ч олдохгүй эд байна гэж түүнийг хэлэхэд залуус ахмадуудынхаа ая занг дагахаас өөр аргагүй болов.
Номын санч өвгөн хуучирч шарласан захидлуудыг нямбайлан эвхэж мэхийн ёслоод тасалгаанаас гарч одлоо.
– Маргааш Анчдын байшинд үргэлжлүүлнэ шүү хэмээн түүний араас хашгирцгаахад:
– За тэгье, – гэж тэр хэллээ.


Top
   
PostPosted: Mar.16.11 9:14 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Aug.17.10 4:36 pm
Posts: 177
АНЧДЫН БАЙШИН

Маргааш нь ноён Гарри дагалдан яваа хүмүүсийн хамт бүх л бүрэлдэхүүнээрээ наран шингэхээс нэг цагийн өмнө Анчдын байшинд очжээ.
Өндөр цамхгийн оройд эрх чөлөөт Америкийн далбаа намиран байсан нь (мөнгөн одтой хөх далбаа) эрх мэдэлтэй баян америк хүнд тал засан тэрхүү далбааг тийн босгосон хэрэг буй заа.
Анчдын байшин гэдэг нь тун сонин хэлбэр хийцтэй багашаархан байшин бөгөөд шууд нэгмөсөн барьчихаагүй, тухай бүрд нь бага багаар нэмж барьсаар этгээд сонин төрхтэй болсон нь харваас илт байлаа. Өгөршиж, халцарсан саарал чулуун хана нь маш өтгөн ургасан зэрлэг зөрөг цэцэг, ороонго мөлхөө ургамлаар бараг бүрэн хучигдаж, байшингийн доод давхрын цонхнуудыг долоогоно, мэлрэг цэцэгс талд нь хүртэл халхлан ургажээ. Ер нь л энд үртэй бүхэн ургаж үндэстэй бүхэн дэлгэрсээр бараг л хүн нэвтрэхийн аргагүй болжээ гэхэд хилсдэхээргүй. Ноён Гарри хийгээд түүнийг дагалдан яваа хүмүүсийг эрхлэгч Смит болон түүний туслах, энэ нутгийн уугуул эр Миллер нар Анчдын байрны өмнө угтлан тослоо.
Ирсэн зочид олон баганатай, их эртний, баргар харанхуй үүдний өрөөгөөр дамжин нар гийсэн, хоолны саруул танхимд орцгоолоо.
Том камин зуух, хэдэн ханын шүүгээ хийж тавьсан, ан амьтдын эвэр, толгой энд тэнд өлгөсөн том боловч хавчигдуу энэ танхим хэзээнээсээ л хооллох өрөө байсан нь илт. Хананд нь өлгөсөн ан гөрөөний сэдэвтэй, тааруухан зурсан хэдэн зураг нь эндхийн эзэд ноёдын ан авын адал явдлаас сэдэвлэн зурсан нутгийн зураачдын бүтээл болов уу гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлэх ажээ.
Агнасан баавгайнхаа толгой дээр хөлөө тавин зогсоо буурал өвгөний хөрөг байна. Дэргэд нь чоныг сэрвээдэн зуусан анч сайхан нохойн зураг өлгөжээ. Бас нэг зурагт анчны хувцастай нэгэн эрийг газар унагаан дарж авсан зэрлэг араатныг дүрсэлжээ. Хилэн нөмрөгтэй залуу эр нохойдоо туслахаар буугаа гартаа бэлэн бариад ухасхийж буй зураг байна. Зоримог сайхан анчин бүсгүйн хөлд зоргол халиун буга хэвтэж буй зураг ч байна.
Хэзээ нэгэн цагт алтран гялалзаж байсан үнэтэй ханын наалт нь өнгөө алдсан харласан ч аргатай чаргатай америк эрхлэгч олон үндэстнээс бүрдсэн зочдоо хүндэтгэх байдлаар улс бүрийн далбаануудыг ханын наалт нь хэтэрхий муудсан газруудад өлгөсөн нь олон улсын яармаг худалдааг эрхгүй санагдуулах ажээ. Камин зуухны өөдөөс харсан хананд хилэн мэт хөвсгөр сайхан хивс хадсан нь өрөөг улам бүр эрээн мяраан болгосон байх бөгөөд самрын модоор хийсэн нүсэр тавилга тавьсан байна.
Зарц нар нааш цааш яаран гүйлдэж оройн зоог бэлдэх бөгөөд хоол болтол байшингаар явж үзье гэсэн гэрийн эзний саналыг бүгд дуртай нь аргагүй зөвшөөрлөө.
Хооллох танхимаас гарсан дундаа хэд хэд тахиралдсан нарийн хонгилын эцэст олон өнгийн шилээр шиллэсэн боловч зарим хагарсныг нь ердийн шилээр сольж хийсэн дугуй цонх байна. Энэ цонхоор гэрэл гэгээ нэвтрэх нь тааруу тул хонгил өдрийн цагаар ч бүүдгэр харанхуй байдаг ажээ.
Хонгилын хоёр талаар унтлагын өрөө бололтой, олон жижиг өрөөнүүд байна. Өрөө бүр нь нэг юм уу хоёр ортой, ор нь хуучны модон ор байх боловч дээр нь шинэхэн өвс чихсэн шинэ ширдэг дэвсжээ.
Хонгилын нэг тохойд очоод эрхлэгч унтлагын өрөөнүүдийн өөдөөс харсан нэгэн өрөөний хаалгыг нээлээ.
Бөөндөө яваа хүмүүс нээлттэй хаалгаар нь инээд хөөртэй шуугилдсаар орсон тэрхүү өрөө нуур уруу харсан саруул том олон цонхтой уудам том тасалгаа байлаа.
Энэ өрөө баян тансаг байдлаараа бусад өрөөнүүдээс гойд ялгарч байлаа. Толгойд нь дурлалын бурхны алтан хөрөг дүрслэн бүтээсэн, дээгүүрээ хоргой торгон лавиртай сийлмэл модон ор нь эрэгтэй хүнийх байж яавч боломгүй бөгөөд бусад тавилга сэлт нь ч гэсэн үзэсгэлэн гоо, танхил бүсгүйн л өрөө болов уу гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлэх ажээ.
Венецийн үнэт шилээр хийсэн гоёмсог тольтой ширээ, нарийн тансаг хийцтэй шүүгээ, тавиур зэрэг нь хамгийн цамаан ихэмсэг гоо хүүхний ч сэтгэлд нийцэхүйц ажээ.
– Пөөх, Гарри минь, бид чинь тэнгэрийн дагинасын шилтгээнд ороод ирэх нь энэ үү?, – хэмээн үргэлжийн хэнэггүй тайван зантай ахмад Райт дуу алдлаа.
Бүгдээрээ өрөөн доторхыг шохоорхон харж байлаа.
– Тийм ээ, энэ гарцаагүй эмэгтэй хүний өрөө байна, та нар хар л даа, – гэж Вейс эмч хэлээд нэгэн ширээний шургуулгыг татав.
Шургуулга дотор тоосонд дарагдсан, эмэгтэй хүний оёдол үйлийн зүйлс, хурц тод өнгөө хараахан алдаагүй торго, бага зэрэг гандсан хэсэг ноосон даавуу, зөндөө олон жижиг сувд байна. Бас гэрэлт чимэд чулуун шигтгээтэй жижигхэн алтан хуруувч, бяцхан гоёмсог хайч, утас зүү гэх мэт эмэгтэй хүн бүрд байдаг аахар шаахар зүйлс байлаа.
– Бид энэ өрөөний юунд ч гар хүрээгүй, – хэмээн тоос шороог харж санаа нь зовсон эрхлэгч уучлал эрэх мэт өгүүлэв.
– Тэгсэн нь сайн болжээ, – гэж Гарри хариулаад:
– Тэнгэрийн дагинасын гэр орон ямар байдгийг үзэх нь миний нөхдөд ч тэр, надад ч тэр таатай сайхан байна гэж өгүүлэв.
Тэгээд саяны хэлсэн үгээ батлах гэсэн мэт нэгэн багахан шүүгээний хаалгыг нээлээ.
Лаваандрын сайхан тансаг үнэр өрөөгөөр нэг анхиллаа. Шүүгээний тавиурууд дээр жинхэнэ гар хийцийн тансаг сүлжмэл дотуур хувцас, өнгө өнгийн тууз, өндөр өсгийтэй чамин хээнцэр шаахай зэргийг эмх цэгцтэй өржээ.
– Харин эрдэнэсээ хадгалдаг хайрцаг нь энэ байна даа, – гэж хэлээд Вейс эмч нэгэн дориун том хайрцгийг заалаа. Харваас япон хийцтэй, алт, танаар чимэглэсэн тэр хайрцгийг ноён Гарри аваад:
– Гоо бүсгүй энэ хайрцагтаа юу нуусныг үзэцгээе л дээ, – гэв. Гэвч тэрхүү дотроо их юмтай нь эргэлзээгүй, нууц оньсон түгжээтэй хүнд хайрцгийг яаж ч оролдоод онгойлгож чадсангүй.
– За яах вэ, дараа л болохоос доо, – гэж ноён Гарри хайрцгийг байранд нь тавьж шүүгээний хаалгыг хаах зуураа хэлэв.
– Бүгдээрээ наашаа ирээд энийг хараач! – гэх ахмад Райтын дуу гэнэт цуурайтлаа.
Тэрээр багана, хашлагыг нь зөрөг цэцэг завсаргүй ороон ургаж, давирхай ханхлуулсан боргоцойнууд цэцгийн хэлхээ шиг бөнжигнөсөн тагтан дээрээс бусдыгаа дуудан хашгирсан нь тэр байжээ.
Бүгд тагт уруу ухасхийн яаран гарвал тэндээс үнэхээр гайхамшигтай сайхан байгаль нүдний өмнө дурайх ажээ!
Жаргах нарны туяа хөндийг гийгүүлж нуурын тэндээс суунаглах манан нарны гэрэлд нэг үе ягааран, нэг үе алтран туяарч, манангийн завсар чөлөөгөөр нуурын гүн хөх ус, сахлаг ногоон хөвөө харагдах ажээ.
Хөндийн зүүн талаар тод ногоон нарсан ой хүрээлж, баруун талаар нь барсгар ханан хад дүнхийх бөгөөд хадан цохион дээр дүнсгэр цайз бүртийн харагдана.
– Сайхан харагдаж байна шүү, үнэхээр гайхамшигтай,  – гэж зочид тал талаас дуу алдацгаалаа.
– Харин би энэ сайхан байгалийн үзэмжийг харсны дараа энэ хөндийд галууны хөл шиг савартай шулам байдаг гэдэгт бүр ч итгэхгүй, – гэж Вейс эмч чангаар өгүүлэв.
– Тэр ч аргагүй л дээ, цус сорогчид нар жаргах, мандах үеэр авсан дотроо л хэвтэж байдаг юм, – гэж сургууль-сүмийн бичиг цаасыг үзэх зөвшөөрөл өгсөнд нь талархан ноён Гарригийн урьсан тосгоны ахлагч, герман өвгөн хэлэв.
Гэнэт өрөөнөөс Гарри эзний цухалдсан дуу гарах нь сонсогдож:
– Хэрэв намайг тоос шороотой хөшигний доорх хуучин ширдэг дээр унтана гэж бодсон бол ноён Смит та бүр солиорч орхижээ. Огт үгүй шүү. Шинэхэн өвстэй ширдэг дээр, элдэв муусайн даавуугүй газар унтмаар байна.
– Өршөөгөөрэй, ноёнтоон, би энэ өрөөг л эндхийн хамгийн гайгүй өрөө гэж бодсон юм, – хэмээн эрхлэгч сэтгэл зовон хариулав.
– Алив, одоо миний юмнуудыг тэр жижиг өрөөнүүдийн нэгэнд оруулж тавь гэж цаадуулдаа хэл.
Эрхлэгч Смит ихэд сандарсан байдлаар туслах Миллертэйгээ бушуухан хэдэн үг солилцлоо.
– За бас юу болоо вэ? – гэж эзнээ асуухад:
– Зочдын тоогоор ор бэлдсэн байсан учраас эрхэм ноёдын хэнд нь энэ өрөөг санал болгодог юм билээ гэж бид гайхаад байна л даа, – гэж туслах Миллер гүнээ мэхийн ёсолж хариулав.
– Энэ бүхнийг урьдаас сайтар бэлтгээгүйн шийтгэл болгож таныг өөрийг чинь л энэ тоостой нүхэнд унтуулахаас даа гэж Гарри инээн өгүүлэв.
– Би, намайг…, энд …, унтаж чадахгүй… – гэж цагаан даавуу шиг хувхай цайсан эрхлэгч ээрч мууран хэлээд, – Үгүй ээ, би чадахгүй… Өршөөж хайрла!…
– Үгүй, та яачих нь энэ вэ? Жоохон учир нь олдохоор яриадхаач.
– Залуу гүнтний сүйт бүсгүй нас барахаасаа өмнө энд амьдарч байсан юм гэнэ лээ, тэр хүүхэн харанхуй шөнөөр хайлан уйлан энэ өрөөний хавиар явж байдаг гэж тосгоныхон ярьцгаадаг юм гэж Миллер хэлээд эмээсэн байртай ийш тийш хялмалзлаа.
За ноёдоо, одоо бүр хий үзэгдэл яриад унав уу? Үгүй мөн тоогүй хэрэг ээ, би урд нь мэдэж байсан бол заавал энэ өрөөнд буух байсан юм. Гэвч би өгсөн тушаалаа буцаадаггүй зантай хүн. Та нарын хэн чинь нөгөө ертөнцийн гоо бүсгүйтэй танилцахыг хүсэж байна вэ? Райт аа, чи танилцахгүй юм уу, гэж ноён Гарри инээд алдан асуув.
– Үгүй яах вэ дээ, нэг аяга ром дарс, овоо хэдэн навчин тамхи өгвөл үзээд алдаж болох л юм, – гэж ахмадыг хэлэхэд:
– Чи нөгөө дурлаад байдаг хар тамхины хольцтой навчин тамхинаасаа овоо хэдийг татвал ч нөгөө ертөнцөд тонилсон сүйт бүсгүй төдийгүй ногоон хурганы арьс нохойн битүү туурай ч үзэж чадах хүн гэдгийг чинь би сайн мэднэ, – гэж Вейс эмч үг нэмэрлэв.

* * *
– За, тэгэхлээр ахмад Райт энд унтана гэж шийдлээ. Цааш нь үргэлжлүүлээд байшингаа үзүүлээрэй Смит.
– Үгүй ээ, ноёнтон минь ингээд л боллоо.
– Юу ингээд л болоо гэж? Их том байшин харагдсан шүү дээ.
– Бидний засаж бэлдсэн хэсэг нь ингээд дууслаа л гэж хэлэх гэсэн юм. Үүнээс бүр том үлдсэн тэр хэсгээр нь бид бараг орж үзэж ч амжаагүй.
– Тэр хамаагүй ээ, алив, биднийг тийш нь дагуулаад яв.
– Тэр хэсэг уруу ордог хоёр ч хаалгыг бид битүүлээд хивсээр халхалчихсан учраас гадна цэцэрлэг дундуур л явах болох нь дээ.
Бүгд хөгжөөн шуугиантайгаар зочны өрөө, үүдний танхимаар дайрч байшингийн гадна довжоон дээр гарцгаалаа.


Top
   
PostPosted: Mar.18.11 10:11 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Зургадугаар хэсэг

Нар шингэж, гадаа түргэн зуур харанхуй болж эхэлжээ.
Өтгөн мод бут ургасан цэцэрлэгээр нэвт гарч нөгөө жигүүрийн битүү асрын өмнө ирцгээлээ.
Эрхлэгч Смит хаалгыг нээхэд хүн суугаагүй удсан аливаа байшингаас үнэртдэг хөгц, чийг хамар хамар цоргив.
Маш харанхуй болсон тул зарц нарыг дуудаж лаа авчрууллаа. Эхний өрөөнд хүний сонирхол татах гоц гойд зүйл байсангүй, угаасаа өмнөх өрөөнүүдийг засаж янзлахдаа илүү харагдсан эд хогшил бүхнийг энэ өрөөнд авчирч эмх замбараагүй тавьснаас чухам ямар зориулалттай өрөө байсан бэ гэдэг нь ч ойлгогдохоо больж хуучны эд зүйл зардаг мухлагархуу болж орхижээ. Цонхны дэргэд тавьсан, хугархай хөлтэй, бичгийн том ширээг зааж:
– Карл Иванович энэ ширээний шургуулганаас бөөн захидал олсон юм, цаана нь ч зөндөө бичиг цаас байна билээ, гэж эрхлэгч Смитийг өгүүлэхэд
– Карл Ивановичийг иртэл битгий гар хүрээрэй гэж ноён Гарри тушаав.
Тэгээд бүгд цааш явцгаалаа.
Өрөөнүүд нь онцгой сонин юмгүй болов ч бараг ямар байсан тэр янзаараа хадгалагдан үлджээ. Тавилга хогшил нь ч тэр, зургийн жаазууд нь ч тэр бүгд хар өнгөтэй юм.
Өрөө тасалгаануудын хана туургыг нь царсаар хийж мөн царс модон тавилгууд тавьсан байх бөгөөд бүх зүйл нь нүсэр хийцтэй, харагдах байдал нь ч баргар ажээ.
Нэгэн өрөөний хананд өлгөөтэй байсан хөрөг нийтийн анхаарлыг эрхгүй татав. Харанхуй бүүдгэр орчинд буй тансаг алтан жааз өөрийн эрхгүй хүний харцыг булаах ажээ. Хөрөг энд санамсаргүй орж ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэх бөгөөд орох хаалганы яг хажууд хазгай муруй өлгөсөн байхыг харвал анх тохиолдсон газраа яаруу сандруу тогтоогоод орхисон бололтой.
* * *

Ноён Гарригийн хүсэлтээр зургийг сайтар гэрэлтүүлэн харвал тансаг хилэн хувцастай, алтан гинж хүзүүндээ зүүж, тухайн цаг үеийнхний өмсдөг байсан өндөр бүрх малгай духдуулсан омог бардам харцтай өндөр янхигар өвгөний хөрөг ажээ. Том хамар, нимгэн уруул нь хатуу чанга зантайг нь илтгэх бөгөөд нүд нь …
– Хүүе, хараач та минь ээ, нүд нь яг л амьд юм шиг, – гэж нэгэн залуу уулга алдлаа.
Үнэхээр ч лааны сүүмэлзсэн гэрэлд өвгөний нүд улаавтар туяа татуулан үс өрвийм муухай гялалзах бөлгөө. Энэ хөрөг маш сайн зурагдсан бүтээл болохыг бүгд нэгэн дуугаар зөвшөөрөв. Учир нь нүд нь яг л амьд хүнийх шиг гялтганан байлаа.
Хуучны уран зургийг ихэд сонирхдог Вейс эмч хөргийг энд тэнд нь гарч харан өөрийн тэсгэлгүй сайшаан бахдаж байгааг тун ч тодорхой илэрхийлж байлаа. Ингэж байхдаа тосгоны ахлагчийг санаандгүй түлхэж орхивол цаадах нь унахгүйн тулд гараараа хана тулахаас аргагүй болов. Ахлагч тэр дороо харанхуй нүх рүү рүү үсрэн ойчиж ориллоо.
Бүгд хөргийг мартан өвгөнд туслахаар ухасхийлээ.
Тэгэхнээ ахлагч өвгөн бат бөх хана тулаад авлаа гэсэн чинь нууц өрөөний хаалгыг гараараа санамсаргүй түлхэж, хаалга ч онгойн өвгөн унасан нь тэр байжээ.
Азаар өвгөн ихэд айснаас өөрөөр бэртэж гэмтэн сүйдтэй явдал болсонгүй. Санамсаргүй нээгдсэн өрөөг бүгд ихэд сонирхон, яаран орцгоолоо.
Өмнө нь Анчдын байшинг үзэж явахдаа ийм өрөө байдгийг мэдээгүй хэмээн эрхлэгч Смит хийгээд түүний туслахууд баталж байлаа. Энэ өрөө бусдаасаа тэс өөрийн дээр хаалга нь ч огт анзаарагдахааргүй хийгдсэн байсан тул тэдний үгэнд итгэхгүй байхын аргагүй юм.
Венец маягийн саруул уудам цонхнууд, үнэтэй бөгөөд хээнцэр ганган тавилга сэлтийг нь харвал өнөөх цус сорогч болсон сүйт бүсгүйн л унтлагын өрөө байж таармаар ажээ.
Хэрэв зузаан шороо тоосыг эс тооцвол энэ өрөөнд хүн амьдрахаа байгаад удсан гэж хэлэхээргүй юм.
Ширээн дээр олон ном, хайчилбар зураг, бүсгүй хүний гараар урласан нэхмэл хатгамлууд харагдана. Тасалгааны бараг голд тавьсан зөөлөн буйдангийн өмнөх хээнцэр жижиг ширээн дээрх үнэтэй мөнгөн саванд хийж тавьсан хээрийн тансаг цэцгийн баглаа хэдийн хатжээ. Зөөлөн буйдангийн толгойд буй торгон дэрэн дээрх хүний толгойн ором арилаагүй хэвээрээ байна. Буйдангийн хажуугийн сандал дээр пийпаа хөгжим тавиад орхижээ.
Вейс эмч сандал уруу дөхөж яваад нэг зүйл дээр гишгэчихэв. Харин тэр зүйл нь алтан хүрээтэй хар хавтастай жижгэвтэр ном байлаа.

* * *

Католик шашинтны мөргөлийн ном байна! Нүүрэн дээр нь эмэгтэй хүний гоёмсог сайхан бичгээр, эцэж цуцсан хүний гараар «Зовлонт бүсгүйн төлөө залбирагтун!» гэж бичжээ.
Зөөлөн буйдангийн хөлд тод хүрэн улаан өнгийн дэгжин сахлаг хилэн нөмрөг, бас хэдэн хатсан сарнай цэцэг байлаа.
«Зовлонт бүсгүйн төлөө залбирагтун!» гэсэн талийгаач бүсгүйн сүүлчийн гуйлтыг Вейс эмч уншихад хүмүүсийн инээлдэж хөгжилдөх чимээ намдаж, тэр бүсгүйн шарил яг одоо энэ тасалгаанд байгаа мэт бүгд дуугаа хураацгаалаа.
Энэхүү өрөөний бүх зүйл хэн ч гар хүрээгүй, байсан янзаараа байгаа нь энэхүү сэтгэгдлийг улам ч лавшруулах ажээ.
Бөглөөг нь онгойлгоод орхисон усны шилэн сав хүртэл энэхүү өрөөг эзэн нь гэнэт орхин оджээ гэдгийг гэрчлэх бөлгөө.
Харваас энд амьдарч байсан хүмүүс ямар нэгэн томоохон гай зовлонгоос дүрвэн дайжаад хэн ч эргэж ирээгүй бололтой.
Шувууны торыг хараад тэрхүү таамаглал бүр ч баттай болоод ирлээ. Шувууны алтан торон дотор, ёроолд нь бараг хатаж орхисон шувуухайн сэг зэм хэвтэж байлаа. Хөөрхий амьтан өлсөж үхсэн бололтой, дунгийн хясаа хэлбэртэй, хоол тавьж өгдөг саванд нь ширхэг ч будаа алга.
Харанхуйд лааны гэрэл бүдэгхэн сүүмэлзэж тасалгааны цонхны зузаан торгон хөшигний завсраар цухуйх сиймгэр цагаан торон хөшиг нь нисэн одсон тэнгэрийн элчийн даль жигүүр мэт санагдана.
– Чөтгөр ав, Гарри минь, энэ чинь яг нөгөө нойрсож буй гоо бүсгүйн унтлагын өрөө байна шүү дээ, харин чиний үнсэж сэрээх учиртай тэр гоо бүсгүй нь өөрөө хаана байгаа юм бол доо, – хэмээн ахмад Райт тэсэж чадалгүй хэлчихлээ.
Тэгмэгц гайхаж алмайрсан хүмүүсийн хүлээс алдуурах мэт болон бүгд дуу шуу орцгоож санаа оноо, сэжиг таамгаа урсгаж гарлаа.
Эрхлэгч Смит хамгийн захын цонхны тэнд очиж хөшгийг нь сөхвөл тэр нь цонх биш харин хаалга болохыг олж мэдэв. Хаалга нь түгжээтэй байсан хэдий ч түлхүүр нь цоожныхоо нүхэнд ёрдойн харагдана.
Түлхүүрийг нь эргүүлвээс цоож нь гаслан ёолох мэт ёозгүй дуугаран хаалга нээгдлээ.
Шөнийн цэнгэг агаар тасалгаанд орж ирэхэд лааны гэрэл сүүмэлзэн, хатсан цэцэгс сэрчигнэж, цонхны торон хөшиг дэрвэлзэх нь амгалан тайван байдлыг нь алдагдуулсанд хилэгнэсэн талийгаач бүсгүйн сүнс өрөөнд ороод ирэв үү гэлтэй байлаа.
– Тийм ч болов уу гэж би бодсон юм, энэ тасалгаа нөгөө түрүүний ахайтны унтлагын том өрөөтэй залгаа юм байна, – гэж эрхлэгч Смит хэлээд, – байшингийн энэ тал нь цайз байдаг хадан цохио уруу харсан байгаа, эндээс нуур харагдахгүй, харин булан тойроод том тагт бий гэв.
Ноён Гарри энэ өрөөний алтан хараацайн үүр шиг бяцхан тагтан дээр гарч үзээд Смит үнэн хэлжээ гэдэгт даруй итгэлээ.

* * *

Унтлагын том өрөө рүү орсон хаалгыг олоход амархан байсан бөгөөд хаалга нь уран зураг гэж хэлж болохоор урлагийн бүтээл байсан тул тэр даруйдаа анзаараагүй байжээ. Хаалга түгжээгүй байсан боловч онгойлгож чадсангүй.
– Хаалганы нөгөө талд нь түрүүн бидний үзсэн дотроо зөндөө юмтай хүнд шүүгээ байгаа болохоор аргагүй л дээ. Надад тэр шүүгээ байраа огт олоогүй юм шиг санагдаад байсан нь ийм учиртай байж шүү. Буланд баймаар шүүгээг зай эзлүүлээд наана тавьчихсан байсан. За яах вэ, маргааш л энэ бүхний учрыг олъё, харин одоо бүгдээрээ оройн зоогоо барьцгаая. Олон шинэ сонин юм үзсэн чинь бүр хоол идэх хорхой хүрч орхилоо, – гэж ноён Гарри өгүүлэв.
Бүгд ноён Гарригийн үгэнд орж цэцэрлэгээр дайрч хооллох танхимд буцаж ирцгээлээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.19.11 1:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Долдугаар хэсэг

Өдрийн ан гөрөөндөө ядарч, оройжин хуучны өрөө тасалгаануудаар явж шинэ соргог зүйл мэдэж авсан хүмүүс тансаг оройн зоог, үнэтэй дарснаас юу гэж буцах билээ.
Эхэндээ бүгдээрээ зууш, утсан загас, нухаш гээд ам завгүй байснаа гэдэс цадаж, амны цангаа нь гараад эхэлмэгц яриа хөөрөө аяндаа өрнөв. Урд өмнө нь дан ан гөрөөний сэдвээр ярилцаж эхэлдэг байсан бол энэ удаа зөвхөн нөгөө нууцлаг өрөө тасалгаанууд, тэдгээрийн эздийн тухай л ярьцгаалаа. Хүн бүр өөр өөрийн санаа оноогоо хэлж, зарим нь энэ байрны эзэн авхай нас барсан, яг чухамдаа бол гэнэтийн тохиолдлоор амь үрэгдсэн гэж байхад нөгөө зарим нь түүнийг хулгайлсан байх хэмээж байсан бөгөөд ямартаа ч энэхүү нууцлаг өрөөнд эмгэнэлт явдал болсон гэдэг дээр бүгд санал нэгдэж байлаа.
Мөн Анчдын байшин шиг ийм тусгай зориулалтын байрыг, тийм сайхан хүүхэн амгалан тайван амьдрах газраа болгон сонгосны учрыг олохгүй бүгд их л гайхаж байлаа. Түүний залуу сайхан хүүхэн гэдэгт хэн ч эргэлзсэнгүй.
Энэ бол хэнд ч тодорхой юм шиг санагдаж байлаа!
– Тэр ахайтан харь нутгийн бүсгүй байсан юм, – гэж тосгоны ахлагч хажуугаас оролцлоо.
– Та үүнийг яаж мэдэж байгаа юм бэ? Хэн танд хэлээ вэ?
– Тэнгис далайн тэртээх харь газраас ирсэн гоо бүсгүй эх нутгаа санаж уйтгарлан гунигласаар үхсэн юм гэнэ билээ гэж манай эмээ ярьдаг байсан юм. Тэр хэдий машид гоо үзэсгэлэнтэй боловч манай шашинд сүсэггүй хүн байсан тул нүглээ наманчилж чадалгүй нас барсан учраас сүнс нь энэ байшингаар тэнэж өөрийнхөө бурхнаас мөргөн залбирахыг гуйж явдаг гэнэ лээ.

* * *

– Тэр хүүхэн яагаад хотод юм уу цайзад очихын оронд энд амьдарч байсан юм бол?
– Манай эмээ надад энэ тухай юу ч хэлээгүй.
– Карл Иванович, танд энэ тухай хэлэх юм байна уу?
Та өнөөдөр сүмийн бичиг цаасыг үзэв үү?
Эрхлэгч Смит, түүний туслах Миллер болон Карл Иванович нар хүндэт зочдын ярианд оролцолгүй ширээний нөгөө үзүүрт сууж байсан юм.
– Үгүй, ноён Гарри, сүмийн судар ном хадгалдаг газар цоожтой хэвээрээ л байгаа, маргааш л надад түлхүүрийг нь өгнө гэсэн.
– Энэ ч үнэн шүү, – гэж тосгоны ахлагч түүний үгийг батлав.
– Хэрэв та бүхний таалалд нийцэх аваас уншиж өгөхөөр бэлдсэн хэдэн захидал байна, – хэмээн Карл Иванович санал болгоход:
– Тэг, тэг, уншаад байгаарай! – гэж залуус тал бүрээс дуу алдацгаалаа.
– Дарс, навчин тамхи авч ир, – гэж гэрийн эзэн зарц нартаа тушаав.
Энэхүү тушаалыг даруй биелүүлмэгц сонсогчид аль болох ая тухтайхан сууцгааж аваад тамхиа баагиулж, Карл Иванович захидлыг уншиж эхэллээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.20.11 12:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
НАЙМ ДАХЬ ЗАХИДАЛ

Өмнөх захидлаас хойш бичилгүй удсанд өршөөгөөрэй Альф минь.
Хонгор хайртай түүндээ таарч тэнцэх бэлэг авах гээд би энэ хэдэн хоногт үнэхээр зав зай муутай байлаа. Мэдээж, Венец шиг том хотод бэлэг сонгох нь тун амархан хэрэг гэж чи бодож байгаа байх. Тийм ээ, олж болно, би ч бэлгээ олсон.
Хуучны эд зүйлс худалдаалдаг жүүд өвгөн, өөрийнх нь үгээр бол эрт цагт ромын аль нэг хатан хааны эдэлж хэрэглэж байсан гэх ихэс язгууртнууд үнэт зүйлсээ хадгалдаг хээнцэр хайрцгийг ав гэж намайг ятгалаа. Өвгөн өөрийн хэлснийг үйлийн үргүй үнэн гэж жүүдүүдийн шүтдэг Адон бурхныхаа нэрээр андгайлж байна. Мэдээж, тэрний андгайлан батлах нь үнэмшил төрүүлж чадахгүй ч тэрхүү хайрцаг үнэхээр гоё юмаа…
Энэ хайрцаг дангаараа л урлагийн үнэт бүтээл юм. Сувдан паалан дээр диваажингийн шувуудыг алтаар товойлгон дүрсэлсэн нь үлгэрийн юм шиг сайхан болжээ. Гадна талдаа цоож түгжээгүй боловч дотор нь уран нарийн оньсон тээглүүр хийсэн нь хийж бүтээсэн хүнийх нь дархан хүний бурхан ухааныг батлан харуулж байна.
Хайрцгийн таг дээр жаахан зүүн талд нь алим үмхэхээр завдаж буй шувууны дүрс бий бөгөөд товгор алимыг шувууны аманд хийвэл тээглүүр мултарч хайрцаг онгойдог юм.
Хайрцаг дотроо хэд хэдэн тасалгаатай. Тасалгаа бүрийг нь бүсгүй хүний гоёл чимэглэлийн зүйлсээр дүүргэжээ. Тэдгээр гоёл чимэглэлийн зүйлс нь бараг бүгдээрээ хуучны чамин сайхан хийцтэй боловч хамгийн нүд булаах гоё сайхан эд нь яст мэлхийн хуягаар алт, шар сувд шигтгэн чимэглэж бүтээсэн том сам байна. Энэ самыг миний Рита буржгар хархан үсэндээ хатгавал түүнд минь яасан сайхан зохих бол?

* * *

Рита минь хайрцагтай бэлгүүдийг задалж үзээд дуу алдан, өгүүлшгүй ихээр баярлаж, заримыг нь байн байн өмсөж үзэн, байн байн намайг хүзүүдэн тэвэрч, уран зургийн үзэсгэлэнд байдаг хуучны хөргүүд дээрх хатагтай нарынх шиг хувцас оёулж өмсөх юмсан хэмээн мөрөөдөн байлаа.
Ритагын баяр хөөр намайг ч баярлуулсан боловч торго дурдан, тансар хилэн үзээд намайг мартсанд нь би жаахан урамгүй байснаа нуугаад яах вэ!
«Ай даа, хүүхнүүд гэдэг адгийн улс», – гэж нэгэн яруу найрагчийн шүлгийн мөрүүд санаанд орж байна.
Түргэхэн шиг салах ёс хийгээд эртхэн гэртээ харихаас өөр зам надад үлдсэнгүй дээ хөөрхий.
Харин одоо өнөөх дурсгалынхаа сүүлийн хэсгийг чамд бичье.
Ээж ухаан алдаж унасан, нөгөө нохой алга болсныг эс тооцвол түүнээс хойш бүх зүйл жирийн үргэлжилж байлаа.
Гэтэл эх зах нь олдохгүй учир битүүлэг зүйлс ээлж дараалан болж эхэлсэн юм. За сонсож бай.
Цайзын амьдрал налгар тайван урссаар, ээжийн бие бараг бүрмөсөн эдгэсэн боловч ганцаараа үлдэхээс л их айна. Ээжийг ухаан алдаж унасны дараах эхний хэдэн хоног аав маань ээжийг шөнөжин сахидаг байснаа одоо манай хөгшин зарц авгай Пепа сахих боллоо. Пепа манай цайзын няравын ажлыг он удаан жил хийж байгаа юм.
Ээжийг өдрийн цагаар ч ганцааранг нь орхихгүй бөгөөд аав, дүү бид хоёр, манай өвгөн эмч үргэлж хамт байж, гаднаас ирэх хүмүүсийн хөл ч татрахгүй тул ээжид маань элдвийг бодож шаналах зав ч гарахгүй. Үдийн хоолны дараа ээж манай цэцэрлэгт байх талбайд очиж зөөлөн буйдан дээр хажуулан амарна.
Тэрхүү талбай гэдэг нь манай цэцэрлэгийн хамгийн сайхан газар. Хадан цохионы ирмэг дээр шахуу байх тэр талбайгаас эргэн тойрны байгалийн үзэмж төгс харагдах ба нэвтэршгүй хана болон ургасан анхилуун үнэрт зөрөг цэцгийн бутнуудаар шингэх нарны гэрэл болон бусдын харцнаас найдвартай нуугдаж болох газар билээ.
Тэр талбай дээр Люси бид хоёр дээрэмчид болж, бас элсэн суварга барьж тоглодог юм. Ээжийн минь царай улаа бутраад өнгө зүс нь янзандаа орсон боловч өмнөх авхаалж сэргэлэн зан нь хараахан сэргэсэнгүй, ихэнхдээ алсыг ширтэн чимээгүй хэвтэх ажээ.
Эхний хэд хоног ээж маань хэрхсэн нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон өнөөх Нетти нохойгоо байн байн санан гашуудаж, өөр нохой авах саналыг огтхон ч халгаахгүй байлаа.
Люси дүүтэйгээ дээрэмчин болон тоглож зөрөг цэцэгсийн дунд нуугдаж байхдаа тэр шөнө болж өнгөрсөн хэрэг явдлын тухай эцэг маань эмчтэй ярьсан зүйлийн зах зухыг санамсаргүй сонссон юм.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.20.11 6:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
* * *

– …Цус багатай, тэр тусмаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй эмэгтэйчүүдэд иймэрхүү шинж их тохиолддог юм, – гэж эмч хэлээд, – хүзүүний зүүлттэй хайрцгийг орныхоо дэргэдэх ширээн тавиад шөнө өөрөө ч мэдэлгүй зүүрмэглэж байхдаа зүүлтийг хүзүүндээ зүүх гэж байгаад хурц үзүүрээр нь өөрийгөө хүчтэй хатгасан байх. Харин өвдсөндөө хий юм үзэж, могойд хатгуулчихлаа гэж санасан биз. Энэ тохиолдолд миний санааг зовоож байгаа ганц юм бол шарх нь эдгэж өгөхгүй тун удаж байгаад л гайхаж байна, – гэж эмч бодлогошрон өгүүлэв.
– Уг нь ч тийм л дээ, гэхдээ хүзүүний зүүлт яагаад орон дотроос нь, хөнжлийн нугалааснууд дундаас гарч ирсэн юм бол?
– Би танд хэлээд байна шүү дээ, өөрөө тэр зүүлтийг хүзүүндээ зүүх гэсэн байх!
– Тийм ч байж магадгүй л юм, гэхдээ тэр хайрцаг нь өөр өрөөний тольтой ширээн дээр байсан нь хачин санагдаад байх юм… Эмч дуугарсангүй.
– Одоо бол би сэрэмжлэх арга хэмжээ авсан байгаа, – гэж аав үргэлжлүүлэн хэлээд, – эхнэр маань хүзүүний зүүлтийг олж чадахгүй, би түүнийг ажлынхаа ширээнд хийгээд түгжчихсэн гэв.
– Чамайг оллоо доо, оллоо доо, – гэж Люси шулганан хашгираад нуугдаж байсан зөрөг цэцэгсийн дундаас намайг чирч гаргалаа.
Нэг юм уу хоёр бүсгүйг үхэл авч яваагүй долоо хоног гэж байхгүй боллоо. Тэд бүгдээрээ гэнэт үхдэг байлаа. Урд өдөр нь амьдралын баяр баясгалангаар бялхаж байсан бүсгүй өглөө нь хүйтэн цогцос болсон байдаг болжээ. Хүч хэрэглэсэн, гаднын халдлагад өртсөн шинж байдаггүй тул тэднийг задлан шинжилдэг ч үгүй байна.
Анхандаа тиймэрхүү үхлийг айхтар анхаарч үзэхгүй байснаа адил төстэй нөхцөл байдалд тохиолдсон үхлүүд байнга давтагдаад ирэхээр ард олны сэтгэл түгшиж эхэлжээ. Хаа сайгүй зул асаан, шөнөөр ч гэрлээ унтраахаа больж, өсвөр насны охидтой хүмүүс нэг бол охиныхоо өрөөнд, эсвэл охиноо өвөртөлж унтах болжээ.
Өнөөх учир битүүлэг өвчин айсан юм шиг хэсэг зуур намжаад байтал тосгоны ахлагчийн арван гурван настай охин гэнэт алга болсон нь дахин түгшүүрийн харанга дэлдлээ. Тэр охин хонгор зул цэцэг түүхээр хажуугийн нуга уруу явсан гэж найз охид нь хэлжээ. Яаран тийшээ очиход охин нугын захад гартаа хонгор зул цэцэгс атгаад үхсэн хэвтэж байхыг олов. Нүүрэнд нь айж эмээсэн шинж тод илэрч, хүзүүнд нь хоёр бяцхан шарх байж гэнэ. Гэвч эцгийнх нь хүсэлтээр мөн л задлан шинжилгээ хийсэнгүй.
Түүнээс гурав хоногийн дараа тосгоны нэгэн чинээлэг тариачны охин амь үрэгдэв. Тэрхүү гэрийнхнийхээ хайрыг булаасан хөгжилтэй цовоо охин наймхан настай байжээ. Бяцхан охин ээжээсээ огт холддоггүй байсан бөгөөд учир битүүлэг аюул нөмрөн ирсэн тэр цагаас хойш ээж нь охиноо нүд салгалгүй харж байх болсон байна.
Тэр гайтай өдөр ээж нь ногооны талбайд ажиллаж, охин нь дэргэдэх үхрийн нүдний бутан дотор тоглон ээжтэйгээ дуу дуугаа авалцаж байжээ. Хүүхдийнх нь инээд сонсогдохоо байгаад жаахан удахаар нь санаа зовон дуудахад хариулаагүй тул ээж нь бут уруу ухасхийн очвол охин тэндээ байсангүй. Ногооны талбайн залгаа орших цэцэрлэг рүү гүйж очоод хөөрхий зовлонт эх охиноо тэнд байхыг нь олжээ.
Охин нь үхэж байлаа. Гар нь бүлээнээрээ байсан бөгөөд нүд нь хоёр ч удаа том харснаа үүрд аньжээ. Хүүхдийн хүзүүн дээрх хоёр шархнаас зөндөө цус гарч хувцсыг нь будсан байж.
Энэ удаа засаг захиргааныхан ч оролцож, охины цогцсыг задлан шинжилсэн боловч хүзүүн дээрх жижиг шархнуудаас өөр ноцтой зүйл юу ч олсонгүй. Харин тэр жижиг шархнууд нь охин унахдаа модны мөчир юм уу өргөсөнд хатгуулснаас ч үүссэн байж болох шүү дээ.
Асууж байцаагаад ч олигтой үр дүнд хүрсэнгүй харин ч хэрэг улам ээдрээтэй боллоо. Гурав хоногийн өмнө алга болсон ахлагчийн охиныг талбайгаас олоод гар дээрээ өргөн авах үед нэгэн том хар муур тариан талбайн зах уруу шурган орохыг харсан гэж гэрчлэх хүмүүс ч гарч ирлээ. Мөн зарим нь тэр амьтан бол муур биш том ногоон гүрвэл байсан гэж мэдүүлэх ажээ.
Ямартаа ч тариан талбай уруу нэг амьтан орж нуугдан алга болсон гэдэг дээр бүгд санал нийлж байна. Харин энэ удаагийн бяцхан охины тохиолдол дээр гэрчлэх ч хүн алга. Охины гэр тосгоны бүр захад байдаг бөгөөд хүмүүс гүйлдэж ирэх зуураа нэг ч амьд амьтны бараа хараагүй гэнэ. Тосгоны захад хашааны дэргэд сууж байсан гуйлгачин эмгэн л хувцас хунар сайтай, өвгөжөөр насны нэгэн ноёнтон тосгоноос гарч цайзыг зүглэн явахыг харсан гэнэ.
Учир битүүлэг оньсого тайлагдаагүй хэвээр үлдлээ. Айдас түгшүүр улам бүр нэмэгдэж, өсвөр насны охидыг нүд салгалгүй харгалзах болж, хаанаас хэзээ гараад ирэх нь үл мэдэгдэх аюул хамгийн амгалан тайван хүмүүсийг хүртэл нөмрөн авлаа.
Тосгоны тариачдын ид нүсэр ажлын үетэй энэ бүхэн давхацсан нь нөхцөл байдлыг бүр ч хүндрүүлж байлаа.
Энэхүү айдас түгшүүр удалгүй манай цайзыг ч бага багаар эзэмдэн авлаа. Хамаатан садан, танил тал хүмүүс нь тосгонд амьдардаг зарц үйлчлэгч нар цайзад олон байлаа. Аавын тушаалаар тосгонд гарч буй учир битүүлэг өвчнийг бид ээжээс нууж байсан юм. Заримдаа тосгонд дэлдэж буй оршуулгын хонхны чимээ бидэнд аясын салхиар тодхон дуулдахад ээж маань дагжин чичирч, царай нь хувхай цайна.
Хүүхэд гэлтгүй бидэнд ч аймшигтай санагдаж, бүгдээрээ л загалмайлан залбирч нэг хэсэгтээ яриа хөөрөө намдана. Гэвч тэр дороо аав, эмч, эсвэл өөр хэн нэг нь ээжийн анхаарлыг сүмийн эмгэнэлт хонхны чимээнээс холдуулахыг хичээн өөр ямар нэг зүйлийн тухай ярьж эхэлнэ. Сүмийн хонх дуугарч эхэлмэгц өнөө хөгшин америк өвгөн бэгцэгнэн атийж, өөрийн амьдардаг манааны байр уруу гүйх нь холгүй бушуухан далд ордгийг олон хүн анзаарчээ.
Долоо хоногийн дараа дахин шинэ гай гамшиг тохиолдлоо.
Нэгэн бэлэвсэн тариачин авгай арван наймтай охинтой байсан бөгөөд тэр охин нь тосгоны бүх залуус нүдээ унагадаг, үргэлж инээж баясаж явдаг сайхан бүсгүй байв. Их замын дэргэд оршдог тэдний байшин эргэн тойрон цэцэрлэгээр хүрээлэгдсэн байжээ. Тэр бүсгүй нэгэн залуухан ажилчин хүүний хамт ээжийнхээ тушаалаар цэцэрлэгт тошлой жимс түүж байсан гэнэ.
Замаар явсан хижээл насны, өндөр биетэй ноёнтон нөгөө хамт ажиллаж байсан ажилчин бүсгүйгээс уух юм гуйж гарт нь мөнгөн зоос атгуулжээ.
Огт ажиг сэжиг аваагүй мөнөөх бүсгүй мөсөн зоориноос исгэмэл хүйтэн ундаа авчрахаар гүйгээд арван таван минутын дараа эргэж ирвэл залуу эзэгтэй нь цэцэрлэгийн доторх зам дээр ухаангүй хэвтэж байсан бөгөөд нөгөө үл таних ноёнтон бараа сураггүй болсон байжээ.
Ажилчин бүсгүйг аймшигтай орь дуу тавихад ээж нь, бусад ажилчид, айл хөршийнхөн нь гүйлдэн ирж гай зовлонд өртсөн хөөрхий бүсгүйг өргөн авахад элсэн зам дээр цусан толбо бараантан тогтсон байхыг харцгаажээ.
Ихэд хичээн сувилсны эцэст бүсгүй ухаан орсон хэдий ч биеийнх байдал тун сул байсан учир түүнээс элдэв юм асууж шалгаахыг эмч хатуу хоригложээ.
Үл таних хүн хаанаас гарч ирсэн, хэрхэн алга болсон тухай ажилчин бүсгүй айж сандарсандаа ээрч түгдрэн хольж хутган ярьсан бөгөөд түүнийг мөсөн зоориноос эргэж ирэхэд хэн ч байгаагүй, ил цагаан зам дээр хэн ч харагдаагүй гэдгийг л бүсгүй батлан өгүүлж байлаа.
– Намайг буцаж ирэхэд зам дээр хэн ч байгаагүй тул би тэр ноёнтныг цэцэрлэг рүү орчихсон юм байх гэж бодсон, гэвч байшин хийгээд цэцэрлэгийг бүхэлд нь нэгжиж үзээд хэнийг ч олоогүй, – гэж ажилчин бүсгүй баттай хэлж байв.
Ямартаа ч ажилчин бүсгүйн үгэнд итгэхээс өөр аргагүй болсон бөгөөд учир нь хашаанд нарлаж байсан том хар муур дэргэдүүр нь гаднын хүн явсан шинжгүй тайван хэвтэж байжээ.
Энэхүү шинэ золгүй явдлын тухай яриа манай цайзад хэдийн хүрч ээжийн чихэнд ч дуулдах нь тэр.
Ээжийн сэтгэл их түгшиж манай өвгөн эмчийг тосгоны залуу эмчид туслуулахаар илгээлээ.
Хоёр эмч өвчтэй бүсгүйг шөнөжин сахиж хүүхэн өглөө гэхэд ухаан орсон боловч хүний ой тойнд оромгүй жигтэй хачин юм ярьж эхэлсэн тул эмч нар түүнийг өвчнөөсөө болоод солиорч байна гэж оношилжээ.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.20.11 11:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
* * *

– Хар хувцастай ноёнтон хашаан дээгүүр харайн цэцэрлэгт орж ирээд гараараа миний толгойг арагш гэдийлгэж хүзүүнээс хазсан, хазах үедээ өнөөх ноёнтон хэдийн хүн биш том хар муур болж хувирсан байсан…, – энэ бүх авцалдаагүй зүйлийг хольж хутган ярихдаа бүсгүй учир зүггүй ёолон орилж, ийш тийшээ айсан маягтай харж байжээ.
Залуу эмч энэ бүхнийг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бие нь тамирдаж доройтсон, цус багатай бүсгүй хүний нүдэнд хий юм үзэгдсэнтэй холбон тайлбарлалаа.
Харин манай оточ өвгөн дуугарсангүй, өвчтөний орны хажууд чимээгүйхэн сууж байв.
– Тосгоны залуухан хөөрхөн бүсгүй голын хийтэй, цус багатай байна гэдэгт би л лав итгэхгүй! – гэж тэр манай аавд хэлж байлаа.
Өнөө хүүхний хүзүүн дээрх жижиг шарх л өвгөний сэтгэлийг юунаас ч илүү зовоож байв.
– Гарцаагүй хазуулсан шарх байна!, – гэхдээ юунд ингэж хазуулдаг билээ? – гэж тэр үглэнэ.
Ахин хэд хоног өнгөрөхөд бүсгүйн бие сайжирсан боловч бие нь тамирдаж, царай нь цонхийсон хэвээрээ л байлаа.
«Нөгөө бүсгүйн бие яаж байна вэ?» гэж манай ээжийг асуухад эмч:
– Цус их алдсаны улмаас цус багадах өвчний шинж хүчтэй илэрч байгааг нуулгүй хэлэх нь зөв болов уу, шим тэжээлтэй хоол хүнс, сүү, дарс өгөх хэрэгтэй гэв.
Ээж дээр дурдсан бүхнийг нөгөө бүсгүйн эх, бэлэвсэн эмэгтэйн гэр рүү илгээхийг тушаалаа.
Эцэст нь мөнөөх гай зовлон манай цайзыг ч тойрсонгүй. Манай зарц нарын нэг, нөгөө Петрог америк өвгөнөөр айлгаад байсан хөгжилтэй, инээдээ барьж чаддаггүй Марина бүсгүй нас барлаа.
Марина өмнөх өдөр нь ердийнхөөрөө гурван хүний хийх ажлыг ганцаараа элбэгхэн амжуулах зуураа аятай тохиолдол гарах бүрд тоглоом наадам хийж тас тас хөхөрч байжээ. Өглөө нь Марина ажилдаа ирсэнгүй тул өрөөнд нь очиж үзэцгээжээ.
Түүний амьдардаг, бүр дээврийн дор байдаг, эгц нарийхан шатаар гарч ордог өрөөний хаалга нь онгорхой байжээ.
Маринагийн орон дээрээ хэвтэж байгаа байдал, нүүр царайд нь айж сандарсан янз огт байгаагүйгээр барахгүй өрөөнд нь ч үймүүлж түйвээсэн шинж мэдэгдсэнгүй, зөвхөн нээлттэй цонхоор урсан орж ирэх салхинд талийгаачийн үс сэвэлзэн байжээ.
Эхэндээ Маринаг унтаж байгаа юм байх гэж бодсон боловч тэр хэдийн мөнх амгалангийн оронд заларч, бүр бие нь хөшиж эхэлсэн байхыг удалгүй мэдэцгээжээ. Түүний хүзүүн дээр хөхөөд ховх сорж орхисон юм уу гэмээр цайвар хүрээтэй жижиг шарх цусан улаан өнгөөр тодрон харагдана.
Марина хүүхний нас барсан тухай мэдээ нартай өдөр аянга буусан мэт бүгдийг алмайруулж орхилоо. Урьд хожид үзэгдэж дуулдаагүй үнэхээрийн аймшигт амьтан хэдийн манай гэрт ороод ирчихсэн байна!…
Эмэгтэйчүүд айж эмээн залбирцгааж, эрчүүд нь дүнсийн дуугаа хураана. Талийгаач бүсгүйг оршуулах дэг жаягийн дагуу засаж янзлан бунхны үүдний өрөөнд тавьжээ. Тэр өрөө рүү цайзын танхимаас, гадна хашаан дотроос аль аль талаас нь орж болох хаалгатай. Цайзын хуучин зарц нар бүрлээчийг хойдын замд нь үдэх залбирлыг ээлж дараалан уншихаар боллоо.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.21.11 1:04 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
* * *

Шөнийн 12 цагаас өглөө хүртэл залбирал унших ээлж манай агтчинд таарчээ. Тэрээр талийгаач бүсгүй амиа хорлосноос зайлахгүй, сүнс нь шөнөжин цонх тогшин самардаж, муур шиг мяу, мяу гэж дуугараад байсан гэж тун ч итгэлтэйгээр ярьж байв. Агтчины ярианд зарим нь итгэсэн боловч түүний халааснаас архины шил гарсан тул нөгөө зарим нь шоолж, дооглоцгоолоо. Тэгээд Маринаг сүүлчийн замд нь үдэж цайзын дуганы хонх тосгоны сүмийн хонхтой эгшиг нийлүүлэн эмгэнэлтэйгээр хангинаж гарлаа.
Аав ээж хоёр хүүхдүүд бидний хамт цайзад үлдэж зарц нарын олонх нь тосгоны оршуулгын газрыг зүглэв.
Салах ёс гүйцэтгэх үеэр ч, оршуулах ёслол үйлдэхэд ч мөнөөх америк өвгөн үзэгдээгүй бөгөөд оршуулгын цуваа түүний суудаг харуулын байрны дэргэдүүр өнгөрөх үед хаалга нь дотроосоо түгжээтэй байлаа.
– Хөөрхий өвгөн үхлээс айдаг юм байж л дээ, – гэж аав өгүүлэв.
Түүнээс хойш асар удалгүй цайзынхны асрамжид байсан, гурван настай өнчин өрөөсөн охин нас барлаа. Түүнийг хавцлын ирмэг дээрх чулуун дундаас олжээ. Нэгэнт охины араас уйлж гашуудах хүнгүй тул түүнийг тэгсхийгээд бушуухан оршуулжээ.
Үдийн хоолны дараа ээжийн амарч хэвтдэг талбайн хажуухнаас бяцхан охины шарилыг олсон тул ээжийн амрах газрыг ядаж хэд хоног ч бол солих нь зүйтэй гэж аав маань шийджээ.
Хөндий рүү харсан, наран шингэх үед гайхалтай сайхан байгалийн үзэмж дурайн харагддаг том тагтыг аав сонголоо.
Хоёрдугаар давхрын тэрхүү том тагт нь цайзын ёслолын танхим буюу үнэндээ бол одоо хүн суухаа больсон тэр танхимын залгаа оршдог юм. Цайзын хуучин эзэд тэр танхимд хөл хөгжөөн ихтэй өргөн дэлгэр найр хийдэг байсан бөгөөд манай эцгийн үед хаалга үүдийг нь ч нээгээгүй хэдий ч хуучны баян тансаг засал, тавилга нь урьдын янзаараа үлджээ.
Тагтыг цэвэрлэн, таримал цэцэг, хивсээр чимэглэж, хөнгөн тавилга тавьж бэлджээ.
Тэрхүү тагтан дээр бид хэдэн сайхан өдрийг өнгөрүүлж билээ.
Гэхдээ нэгэн гайтай, санамсаргүй тохиолдлоос болж бүх юм хөл толгой нь мэдэгдэхгүй болж орхисон юм.
Нэг удаа ээж маань зочидтой ярилцаж дуусаад босож аавыг сугадан доошоо өөрийн өрөө рүү буухаар явжээ. Бид зочдын хамт араас нь дагалдлаа.
Тэгтэл зарц хаалга онгойлгож өгөв.
Ээж маань танхим дотуур хоёр гурав алхсанаа гэнэт аймшигтай орилон хажуугийн танхим уруу гараараа зааж:
– Тэр намайг хараад байна, хараад байна…, миний үхэл иржээ! – гэж хэлээд эцгийн гар дээр ухаангүй уналаа.
Ээжийн заасан зүг рүү бүгд харцгааж, олон хүний бие зарсхийж, нуруугаар нь хүйт оргижээ.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.21.11 1:53 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
* * *

Хажуугийн танхимд хаалганы яг өөдөөс харуулан манай эцэг өвгөдийн нэгний хөргийг өлгөсөн байдаг байлаа.
Том бүрх малгайтай, өргөн захтай хилэн хувцастай өндөр янхигар өвгөн хөргийн жаазан дундаас яг л амьд юм шиг харж байлаа. Нимгэн уруулаа жимийж, цус хурсан аймшигт нүдээрээ тас ширтэх нь юу юугүй үг хэлэх нь үү дээ гэмээр байлаа.
Хүмүүс бүгдээрээ цочирдон гайхаж дуугаа хураацгаажээ.
Азаар зочдын дундаас нэгэн залуу гэнэт сэхээ орж, эртний готуудын хийц маягаар бүтээсэн том цонхны дэргэд ухасхийн хүрч эгшин зуур онгойлговоос өнөө хөргийн нүдний гал тэр дороо бөхлөө.
Бидний өмнө хэдий уран чадварлаг зурсан болов ч ердийн л нэг хөрөг байж байх нь тэр. Харин одоо шингэх нарны туяанд зөвхөн алтадсан үнэт жааз нь л гялалзан байх ажээ.
Олон өнгийн шилээр шиллэсэн гот хийцийн цонхон дээр дүрсэлсэн эзэн вантны улаан нөмрөгийг хийсэн улаан шилээр нэвт тусах нарны гэрэл хөрөг дээрх өвгөний нүдийг амилуулан аймшигт сэтгэгдэл төрүүлсэн нь тэр байжээ.
– Энэ хэний хөрөг вэ? – гэж манай зочдын нэг асуулаа.
– Энэ нөгөө саяхан Америкаас шарилыг нь авчирсан өвгөний хөрөг л болов уу гэж таамаглаад байгаа юм, – хэмээн манай эмчийг хэлэхэд:
– Там уруугаа тонилоосой билээ чи! – гэж Петро ууртай гэгч нь хэлээд хөрөг рүү нударга зангидан занаж:
– Үгүй, та нар чинь юундаа гөлрөөд зогсчихов, энэ зургийг эндээс зайлуул! Бид дахиад энэ тасалгаанд орж ирэхгүй гэж бусад зарц нарыг зандарлаа.
Болсон явдлын шалтгааныг ээжид тайлбарлаж өгсөнд санасныг бодоход түргэн тайвширлаа.
Гаднаас нь харахад ээж маань хэдий тайвширсан мэт боловч тэрхүү өдрөөс хойш цус хурсан хилэнт улаан нүд байнга хаа нэгтээгээс түүнийг хараад байгаа юм шиг санагдах болжээ. Өрөө тасалгаануудаар явах үед нь хэдий харагдахгүй боловч цэцэрлэг дотор, хадан цохионы ирмэг дээр, зөрөг цэцэгсийн навчин дундаас ээжийг үе үе ширтээд байх шиг санагддаг гэнэ.
Ээж энэ тухай аавд хэлэхэд эцэг маань инээгээд:
– Боль доо, хонгор минь, чамайг айлгасан тэр хөрөг ч цайзад байхгүй, би тэр зургийг цөллөгт илгээж орхисон гэж билээ.
Гэхдээ л ээжийн хэлдэг үнэн шүү, Альф минь. Тэрхүү хилэнт улаан нүд ээжийг ширтээд л, бүр ч шуналтайгаар ширтээд л байсан гэнэ билээ. Би өөрөө ч зөрөг цэцэгсийн навчсын завсраар тэр улаан нүд өнөөх америк зарцынхтай төстэй хамар, уруулын хамт цухалзахыг харсан.

* * *

Би тэр даруй зөрөг цэцгийн бут уруу ухасхийн гүйж очих учраа ололгүй хэсэг мунгинаад явж очиход тэнд хэн ч байгаагүй. Өнөөх америк өвгөн тээр тэнд, өөрийн байшингийн довжоон дээр сууж байлаа.
Одоо би тэрхүү сүүлчийн аймшигт өдрүүдийн тухай бичих болж байна, гэвч надад үүнийг гүйцээх тэнхэл даан ч алга тул маргаашийн буюу үнэндээ бол дараагийн захидал хүртэл баяртай.

Хүндэтгэсэн Д чинь.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.22.11 4:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
ЕС ДЭХ ЗАХИДАЛ

«Харж байна уу намайг, хонгор Альф минь, би чинь хэлсэндээ хүрдэг, их нягт нямбай хүн болчихоод маргааш нь л чамд захиа бичиж сууна. Найзтайгаа хуваалцахаас аргагүй хязгааргүй их баяр хөөртэй байгаа болохоор л тэр шүү дээ!
Найз нь баян, бүр хэмжээлшгүй баян болсныг төсөөлж байна уу!
Өнөө өглөө манай аавын хуучны зарц, миний хүмүүжүүлэгч байсан Петро манайд ирж надад банкны хадгаламжийн дэвтэр өглөө. Аав маань сүүлийн жилүүдэд бүр даяанч лам шиг зожигрон, олны хөлөөс зайдуу ганцаар амьдарсан учраас хадгаламж нь маш их өсжээ. Венецийн банканд манай сая гаруй флорин байна гэвэл чамд ямар санагдаж байна вэ!
Түүнээс гадна манай ээжийн үнэт гоёл эрдэнэстэй хайрцгийг ч мөн Петро авчирчээ. Хэрэв нөгөө яст мэлхийн хуягаар хийсэн гойдын сайхан самыг эс тооцвол манай ээжийн эрдэнэс үзэмж тансгаараа ч, үнэ цэнээрээ ч нөгөө Ромын хатан хааны цуутай эрдэнэсээс дутах юм огт алга.
Сувд, эрдэнийн чулуунууд нь хамгийн дээд зэрэглэлийнх юм байна.
Би ээжийнхээ тэдгээр эрдэнэсийг үзэж байгаад өнөөх могойн толгойтой сувдан зүүлт байхгүй байхыг анзаарч Петрогоос асуулаа.
Түүний царай хувхай цайж, намайг хачин муухай хараад, тийм зүүлт огт байгаагүй гэв.
Сайн бодоод үз л дээ гэж намайг ятгахад тэр миний үгийг дор нь таслаад:
– Та намайг тэр зүүлтийг хулгайлчихлаа гэж бодоод байгаа юм уу? – гэх нь тэр.
Би дуугүй болохоос өөр аргагүй болов.
Петро хэдий нас сүүдэр тийм өндөр биш ч ихэд хөгширч, дүнсгэр царайлан дуугаа хураах болжээ. Хүн юм асуухад ихэнхдээ сонсоогүй царай гарган, дахин давтан асуулгаж байж нэг юм хариу хэлэхдээ тийм, үгүй хоёроос өөр үг амнаасаа эс унагах ажээ.
Харин миний өв залгамжлан авч буй эд хөрөнгийн тухай бол тун тодорхой тайлбарлаж өглөө.
Бэлэн мөнгө, үнэт эрдэнэсийг өөрийн биеэр хүргэн ирж, цайз ба цайзад харьяалагддаг ойн зуслангийн байшинг цоожилж, харуул манаа гарган орхижээ. Газар болон бусад орлого оруулдаг салбаруудыг хуучин нөхцөлөөр нь үргэлжлүүлэн түрээслүүлжээ. Орлогын мөнгө болон тайланг миний хаа явуул гэж тушаасан газар уруу илгээж байх юм байна.

* * *

Петро өөрөө ямар нэг гэгээн хутагтад очиж нүгэл хилэнцээ наманчлан мөргөж, авралд нь багтаад ирье гэж гуйгаад хагас жилийн дараа цайзад буцаж очихоор амлав.
Ээжийнхээ гэгээн дурсгалыг хүндлэх үүднээс танд хангалттай тэтгэвэр тогтоож өгнө, цайзад амьдрах эрх ч олгоно. Эргэл мөргөл хийхээр явахыг тань ч хориглохгүй, харин ч зам зуур хэрэглэх мөнгө өгье гэж би Петрод хэллээ.
– Мөнгө өгөх хэрэггүй, би явган явна! – гэж тэр миний үгийг огцом таслан ширүүн хэлэв.
Намайг эхнэр авч, цайз уруугаа явах бодолтой байгаа гэж хэлэхэд Петро өвгөн бүр солиорч орхив уу гэмээр янзтай болж залуу хүн шиг сандлаасаа ухасхийн босоод нүдээ гялалзуулан гараараа дохин хашгичиж гарлаа:
– Тийш ээ, тэнд очиж…, үгүй ээ, үгүй…, хэзээ ч…болохгүй, тийшээ очиж хэрхэвч болохгүй. (Урдхан нь намайг хүндлэн «та» гэж харьцаж байсан хүн шүү дээ) Нүүр нь байдгаараа улайж, үс нь сэгсийгээд ирлээ.
Түүний яагаад ингээд байгааг асууж лавлан, өөрийн ийм шийдвэр гаргах болсон учир байдлаа түүнд хэлвээс Петро учир нь олдохгүй юм ярьж амлалт, ам тангараг, хараал жатга, үхэл хагацал, хайр сэтгэл гэх мэт үгсийг учир тоймгүй ярьж, нэг үгээр хэлбэл бүр галзуу хүний солиорол шиг юм зогсоо чөлөөгүй урсгаж гарлаа.
Би түүнийг дарсаар дайлж жаал тайвшруулаад дараа нь тухтай ярилцъя гэж бодсон боловч бүтсэнгүй. Намайг цайздаа эргэн очих тухай цухуйлгаж эхэлмэгц өвгөн миний өмнө өвдөг сөхрөн унаж, гарыг минь үнсэн, тийшээ явах огт хэрэггүй гэж мөргөж сөгдөн гуйлаа.
Энд ямар нэг учир битүүлэг нууц учир бий бөгөөд Петро хараал жатгаас аюун сүрдсэндээ үнэн учрыг нь надад хэлж чадахгүй байгааг эцэст нь би ойлгов.
– Таныг ээж тань нааш явуулсан, та ээжийнхээ үгэнд орох хэрэгтэй, – гэж Петро өвгөн арай ядан хэллээ.
Бүх амьдралынхаа турш төрөлх эх орныхоо зүг хэрхэн тэмүүлж, эх нутгаа санан бэтгэрч явснаа, аав ээжийнхээ бунханд очин хүндлэл үзүүлж ачлалт хүүгийн ариун журмыг биелүүлэх цаг нь ирээд байгааг ч би түүнд хэлж, хэрэв шаардлагатай бол үүний төлөө алд биеэ золиосолж сүнсээ түймэрдэхээс ч буцахгүй гэдгээ өвгөнд ойлгуулав.
Мэдээжийн хэрэг, би эдгээр үгсийг аль болох аятайхан ярих гэж л хэлсэн юм. Харин Петро дахиад л догшрон галзуурч, бүр шалан дээр унан нааш цааш өнхрөн хөрвөөж, буурал үсээ зулгааж амнаас нь хөөс цахарлаа…
Эцэст нь өвгөн ядарч цуцахын эрхэнд номхорч чимээгүй болов.
– Намайг иртэл хүлээж байна уу, тэгээд хоёулаа хамт цайз уруу явъя, – гэж Петро надаас гуйлаа.
Түүнийг түр ч болов тайвшруулах, солиотой амьтнаас салахын түүс болохдоо би:
– Цайзад аль болох хурдан буцаж очоорой, харин би хагас жилийн дараа тэнд очно гэж би түүнд амлалаа.

* * *

Петро өвгөн мэхийн ёслоод гарч одлоо.
Орой нь би Петро хэрхсэнийг асуувал тэр надтай уулзсаны дараа яаран юм хумаа цуглуулаад хэнтэй ч үг дуугаралгүй байшингаас гараад яваад өгсөн гэнэ ээ.
Бодвол өвгөн явах гэж их яарсан бололтой.
Би түүнийг хүлээж суухгүй нь тодорхой бөгөөд бүх зүйлийн учир байдлыг сайтар мэдэж аваад цайз уруугаа явна даа.
Гэхдээ л сонин юм даа, Альф минь, өвгөнтэй уулзсанаас хойш цээжин дээр минь бөөн хар юм дараад ч байх шиг, сэтгэл зүрх минь хөвчлөн татсан хийлийн утас шиг эрчлэн байх боллоо. За баяртай.
Хүндэтгэсэн Д чинь.

* * *

Карл Иванович чимээгүй болж, захидлуудыг нямбайлан эвхэж хуучин утсаар нь боогоод:
– Ингээд дууслаа? – гэж хэлэв.
– Юу дууслаа гэж? Төгсгөлийн хэсэг нь хаана байна вэ?
– Өнөө нууцын нь учир олдсонгүй юү?
– Цааш нь уншаач ээ, – гэх үгс энд тэндээс сонсогдлоо.
– Ингээд дуусчихлаа гэж би хэлээд байна шүү дээ, энэ боодолд өөр уншаагүй захидал үлдээгүй, – гэж Карл Иванович дахин хэлэв.
– Яасан харамсалтай юм бэ!
– Их сонирхолтой байсан юмсан, төгсгөл нь алга уу? Харваас, гэрийн эзэн, ноён Гарри өөрөө үүнд бусдаас ч илүү харамсаж байлаа
– Карл Иванович, ширээн дотор өөр бичиг цаас зөндөө байна гэж эрхлэгч Смит яриад байсан. Тэр дотор энэхүү түүхийн төгсгөл нь байна уу, үгүй юү сайн үзээрэй, – гэж Гарри хэлэв.
– Мэдлээ, ноётоон, би маргааш тэнд үзье.
– За даа, өнөөдөртөө бол явж унтахаас өөр хийж гийгүүлэх зүйл үлдсэнгүй шив, – гэж Вейс эмчийг хэлэхэд бүгд бие биедээ тавтай сайхан амрахыг ерөөгөөд өөр өөрсдийн унтлагын өрөө рүүгээ явцгаалаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Mar.22.11 7:08 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.23.11 1:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
НАЙМдугаар хэсэг

Шөнө нь элдэв адал явдалгүй тайван өнгөрлөө.
Өглөө аяга кофе уух үед гэрийн эзэн Гарри харваас ахмад Райтыг ихэд хүндэлдэг бололтой, инээд алдан түүнээс ингэж асуулаа:
– За, эрхэмсэг ахмад минь, яаж шуу хонов доо, тэр тасалгааны эзэн авхай чамайг элдэвлэж зовоосонгүй юү?
Ахмад Райт дуугүй л навчин тамхиа угзчин сорж хэнтэй ч үг солилгүй дуугүй сууж байснаа:
– Чи намайг энэ элдэв дэмий балай юманд итгээд, бүр айна гэж бодсон юм биш биз?, – гэж ахмад Райт уцаарлангуй бувтналаа.
– Битгий санаа зов, чамайг мухар сүсэгтэй юм уу эсвэл аймхай хулчгар амьтан гэж бодох хүн энд нэгээхэн ч алга, – гэж Гарри ахмадыг яаран тайвшрууллаа.
– Харин би бол тэр өрөөнд хэзээ ч хонохгүй байсан, – гэж өмнө нь нэг удаа хий үзэгдэл үзсэн өнөөх Жорж К. хэмээх залуу хөвгүүн хоолой нь чичрэн өгүүлэв.
– Тэр хүүхний өөрийнх нь орон дээр хөшигнийх дэргэд унтаж байтал шөнө дундын үед шүлэг нойрын цагаар гэнэт хөшиг ярагдаж мөнөөх авхай гараад ирвэл яах билээ! С-с-санах ч юм биш…
– Та юу гэж дэмийрээд байна аа! – гэж ахмад Райт сууж байсан сандлаа тачигнуулан зандарлаа.
Бүгдээрээ ахмадыг гайхан ширтэцгээлээ. Төрөлхийн хэнэггүй тайван, олон үггүй ахмад Райт бяцхан хөвгүүний гэм хоргүй жирийн нэг үгэнд ингэтлээ уурссан нь санаанд оромгүй гайхалтай хэрэг байлаа.
Бүгдээрээ эвгүйрхэн дуугаа хураацгаалаа.
– Ноёд оо, өнөөдөр ан гөрөө хийхийн оронд бүгдээрээ явж цайзыг үзэх саналтай байна, – гэж үүссэн эвгүй байдлаас гарах гэж яаран хэлээд:
– Өв залгамжлах асуудал хараахан бүрэн шийдэгдээгүй байгаа ч нутгийн засаг захиргаа буюу манай хүндэт зочин, тосгоны ахлагч, – гээд ноён Гарри тосгоны ахлагчийн зүг мэхийн ёслоод, – цайзыг үзэхийг татгалзахгүй байна. Мэдээж, бид тэндээс сэтэрхий тэвнэ, сэмэрхий хадаг ч авахгүй нь тодорхой шүү дээ, – гэлээ.
Цайзын ирээдүйн эзэн өөрт нь найрсгаар мэхийн ёсолсонд тосгоны ахлагчийн царай баясан гийж газарчлан явахаар амлалаа.
– За тэгэхлээр өглөөний хоолны дараа бүгдээрээ явцгаая, харин Карл Иванович та бичиг цаасыг шалгаж, орой бидэнд уншиж өгөх юм олохыг бодоорой, – хэмээн Гарри хэлэв.
ЦАЙЗЫГ ҮЗСЭН НЬ

Карл Иванович, тосгоны ахлагч хоёр өглөөний хоолонд оролгүй тосгон орохоор явцгаажээ. Нэг нь сүмийн бичиг цаасыг уудлан үзэх, нөгөө нь сүмийн хадгаламжаас цайзын том хаалганы түлхүүрийг авчрах ажлаар явсан нь тэр ажээ.
Анчдын байшингаас гарсан хүмүүс тэндээсээ шууд цайз уруу хөдөлж, харин тосгоны ахлагч тосгоноосоо гарч өөр замаар цайз орохоор болсон бөгөөд бүгдээрээ цайзын хаалганы дэргэд уулзахаар болзжээ.
Цайз нь Анчдын байшингийн хажууханд орших хадан цохион дээр сүр бараа ихтэй сүглийн орших боловч хөндийн зүгээс эгц халил хад уруу явган хүн ч авирч гарах боломжгүй ажээ.
Ийм учраас тосгоны нөгөө талд орших ойгоор явж цайзад хүрэхээс өөр зам байхгүй аж. Энэ талаасаа газрын өгсүүр нь барагтай бөгөөд бараг үл анзаарагдана. Хэдэн зууны настай моддын захад орших бут сөөгөн дундаас дөнгөж гарч ирмэгц хэдийн цайзын хананы дэргэд ирсэн байх бөлгөө.
Элдэв гоёл чимэглэлгүй, буудах нүх, шагайвч ч гаргаагүй зэгэл саарал хана нь сэтгэлд хүйтэн харагдана.
Цайзын булангаар тойрч гол хаалганы тэнд очоод тосгоны ахлагчийг бага зэрэг хүлээх хэрэг гарлаа.
Цайзын гол хаалга нь царс модоор хийж, хуудас төмрүүдээр бөхөлсөн нүсэр том хаалга байсан бөгөөд гол хаалга болон жижиг явган хаалганы аль алинаас том цоож, лац ломбо зүүлттэй байна.
Удалгүй тосгоноос цайз уруу ирдэг замаар тосгоны ахлагч яаран алхсаар ирж явах нь харагдлаа.
Энэхүү зам нь илүү эгц өгсүүр бөгөөд эзэнгүй орхигдсоноос муудаж эвдэрчээ.
Ноён Гарриг дохио өгмөгц тосгоны ахлагч лац ломбыг нь хуулж, цоожийг онгойлгон хаалгыг түлхэхэд дотор арзгануулан муухай чахран онгойлоо.
Бүгдээрээ хашаанд орлоо.
Нэгэн цагт хөл хөөр ихтэй, хүн зон хөлхөж байсан энэ хашаанд одоо дүүрэн шарилж ургаж, салхиар хийсэж ирсэн элдэв хог новш хөглөрч, өнгөрсөн шөнийн борооны ус энд тэндгүй шалбааг болон тогтож, нэг үгээр хэлбэл харж хайхрах эзэнгүй хөсөр хаягдсаны шинж хаа сайгүй харагдах ажээ.
Цэцэрлэг нь ч бас зэрлэг ургамлаар дүүрч, бүхнийг элээх улиран одох цагийн аясаар элдэв төрлийн ургамлууд энд тэндгүй холилдон ургаж, явган замууд нь ч битүүрэн баларчээ. Цэцгийн мандал ор мөргүй алга болж, усан сан нь хог новшоор дүүрсэн нүх болж хоцорчээ. Талбайнууд нь арай танагтай хадгалагдаж үлджээ. Хадан цохионы бараг ирмэг дээр орших нэгэн талбайгаас харахад хөндий үнэхээр сэтгэл татам үзэсгэлэнтэй харагдана. Хөндийн тэртээд хөхрөн харагдах нуурын ус мяралзаж баруухан талд тосгоны сүмийн гонх цайран харагдах бөгөөд оройн мөргөлийн хонхны дуу үдшийн сэрүүн тунгалаг агаараар дамжин энэ хүртэл өртөөлөн сонсогдох ажээ.
– Энэ нөгөө Альфад бичсэн захидалд дүрслэн бичсэн талбай мөн юм шиг байна, – хэмээн Гарритай хамт америкаас ирсэн залуу анчин Жемс хэллээ. Жемс бол хөөрүү сэтгэлтэй, хөдөлгөөн түргэнтэй боловч насандаа баймааргүй ухаалаг, хянуур нямбай зантай, аливаа бүхний учрыг нь олж хужрыг нь тунгаах дуртай хүн билээ. Карл Ивановичийн бидэнд уншиж өгсөн түүхийг хамгийн анхааралтай сонсдог хүн бол Жемс юм.
– Захаар нь чулуу өрсөн хадан хясааны ирмэг энэ байна, харин энэ баруун талаар нь бодвол нөгөө зөрөг цэцгэн хана байсан байх, шингэх нар ч эндээс сайхан харагдаж байна, энүүхэн энд нөгөө америк өвгөний суудаг байсан харуулын байр байх ёстой гэж тэр өгүүлэв.
– Ай даа, Жемми минь, чиний зөв байх шүү! Хэрэв тэндээс харуулын байр олдвол нөгөө үйл явдал энд өрнөсөн нь тодорхой болно. Ура, манай Шерлок Холмс мандтугай, – гэж ноён Гарри дуу алдан хэлэв.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.24.11 3:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
* * *

Ширэлдэн ургасан мот бутсын цаахна өнөө харуулын байр байгаа байх хэмээн бүгд бодоцгоон ийш тийш харан хайж эхэлцгээлээ. Гэвч харуулын байр тэнд байх өчүүхэн төдий ч шинж тэмдэг мэдэгдсэнгүй.
– Ноёд оо, дотогш орох хаалга нээгдлээ, морилцгооно уу! – хэмээн тосгоны ахлагч өндөр дуугаар ёслол төгөлдөр хэллээ.
Тосгоны ахлагч өөрийн нэг ажилчны хамт цоожийг онгойлгох гэж удаан оролджээ.
Хар саарал царс модоор хийсэн, үзэмжтэй сайхан хаалгыг нээхэд үүдний бүүдгэр хүйтэн танхимд боссон ширүүн салхины аясаар бөөн тоос шороо хуйлран дэгдэж, үдийн нарны хурц гэрэлд дассан хүмүүсийн нүдэнд юу ч харагдахаа болин харанхуйллаа.
Ийм учраас зочид бүгдээрээ зэргэлдээх танхим уруу яарцгаалаа. Ноён Гарригийн дохиогоор зэргэлдээх танхимын цонхнуудыг онгойлговоос мөн л түрүүний явдал давтагдаж нарны гэрэлтэй хамт салхи шурган орж ирээд үүл манан мэт их тоос босож тэнд байгаа бүхнийг бүчин авлаа.
– Хий үзэгдлүүдийн саарал нөмрөгийг өмсөцгөөх нь энэ дээ! – гэж Жорж К. хошигнолоо.
Цонхнуудыг даруй хааж ахиж онгойлгохгүй байхаар шийдлээ.
Ингээд ордныг бүүдгэр харанхуйд үзэхээс өөр аргагүй болжээ.
Цонхны шил нь бүгд хуруу зузаан дагтаршсан тоос шороонд дарагдан нарны гэрэл нэвтрэхтэй үгүйтэй болж, өнгийн шилээр хийсэн хэсэг нь бүр гэрэл нэвтрүүлэхгүй болсон байлаа.
Гэхдээ ямартаа ч ордны өрөө тасалгаанууд тавилга, уран зураг, эд юмсаар дүүрэн байгааг ялган харж болохтой байлаа. Ихэнх эд зүйлсийг даавуун бүтээлгээр хучжээ. Ил задгай харагдах ном, дэвтэр элдэв аар саар зүйлс огт алга, бүгдийг сайтар янзалж, далд хийсэн байлаа. Харваас энд амьдарч байсан хүмүүс Анчдын байшингийнхантай адил гэнэг үргэсэн мэт дүрвээд алга болоогүй харин уужуу тайван явсан нь ил байлаа.
Энд буй олон өрөө тасалгааг тавилга хогшлоор нь аль нь унтлагын өрөө, аль нь зочдын өрөө болохыг ялгаж болохтой байсан боловч бүүдгэр гэрэлд зочдын анхаарлыг татахаар гоц гойд юм ажиглагдсангүй.
Бүгд явсаар хоёрдугаар давхарт гарч ирвэл эндхийн байдал арай тухтай харагдана. Ерөөс энэ давхрыг доод давхраас сүүлд орхиж гарсан бололтой. Хурааж далд хийгээгүй эд юмс энд тэндгүй харагдаж, хэн нэгний мартаж орхисон ташуур, хос бээлий, гарцаагүй эрхэмсэг бүсгүй хүн хэрэглэж байсан болов уу гэмээр гоёмсог цэнхэр тууз, дэлгээстэй ном зэрэг зүйлс шалан дээр хэвтэж байна.
Жемс номыг яаран авч дэлгэж үзээд:
– Латин хэл дээр бичсэн ном байна. «Босоо ороолонгууд хийгээд нөгөө ертөнцөөс ирэгсдийн тухай», – гэсэн байна гэж тэр дуу алдаад:
– Гарри, чи энэ цайзыг өөрийн өмч болгож авахаараа энэ номоо надад өгч уншуулаарай гэв.
– Мэдээж шүү дээ, Жемми минь, тэр үед чи наад номоо бүр аваарай.
– Энэ юү вэ, хагархай толь юм уу даа?
Үнэхээр ч толь байсан бололтой хоосон гялгар хар жааз байна.
Зочид цааш явж дахиад хэдэн өрөө үзлээ. Ханаар нь дүүрэн хөрөг эгнүүлэн өлгөсөн том танхим байна, бодвол энэ гэр бүлийн удам судрын хүмүүсийн хөргийн цуглуулга бололтой.
Гарри, Жемс хоёр олноос тасран зэргэлдээх тасалгаанд орлоо.
– Гарри, энэ хаалгыг хараач, үүгээр тагт уруу гардаг нь тодорхой байна. Нөгөөх аймшигт хөрөг зэргэлдээ өрөөнд эндээс харагдахаар өлгөөтэй байсан байх. Харин тэр хөрөг одоо алга байна.
– За боль доо, бүтэлгүй мөрдөгч гуай, – гэж энэ бүх яриаг хөндлөнгөөс сонсож байсан Вейс эмч инээгээд:
– Хаанаас нь ч харсан энэ хананд хоосон зай алга. Эсвэл энэ үзэсгэлэнт хатагтайн зургийг «аймшигт хөрөг» гэж хэлээд байгаа юм биш биз дээ? Жаахан утга учиртай бодоод үз л дээ, тэр үйл явдал болсон цайз энэ мөн юм бол цайзын эзэн тэр захидлуудыг бичсэн болж таарна. Хэрэв тийм бол захидлууд яагаад энд буцаад ирсэн байх вэ? Тэр хүн чинь өөрөө өөртөө захидал бичсэн байж таарахгүй шүү дээ. Харин захидлууд энд байна гэдэг чинь цайзын эзэн тэр захидлуудыг бичээгүй, зүгээр л хүний бичсэнийг хүлээж авсан гэсэн үг.
– Гэхдээ энэ цайз хадан хясаан дээр оршдог, бас цайзын тухай ард олон үлгэр домог шиг элдэв зүйл их ярьдаг шүү дээ, – гэж Жемс мөчөөгөө өгөлгүй хэлэхэд:
– Хадан цохион дээр байдаг цайз олон, цайзтай холбоотой үлгэр домог бүр ч олон доо! – гэж Вейс эмч түүний яриаг тасдлаа.
Тэд ийнхүү ярилцсаар нэгэн үзэсгэлэнт бүсгүйн хөргийн дэргэд очлоо. Өндөр гоолиг биетэй, өнгөлөг сайхан царайтай, гэрэлтсэн хар нүдтэй тэр бүсгүйг үзэсгэлэнтэй сайхан гэж хэлэхгүй байхын аргагүй ажээ.
Хархан үсээ сувдан тороор ороож өндөрлөөд гоёмсог том самаар шуун ардаа овоолон засжээ.
Самны сувд шигтгэсэн ирмэг нь бүсгүйн долгиолог хар үснээс үл ялиг цухуйн титэм адил харагдах ажээ.
Екатрина Медичийн үеийн загвартай мөнгөн хатгамалтай цагаан торгон хувцас нь бүсгүйн гуалиг сайхан биеийн хэлбэрийг улам товойлгож үнэт эрдэнийн чулуугаар чимсэн, жинхэнэ уран хийцтэй торон сүлжмэл том зах хун цагаан хүзүүг нь хөвөөлөн эмжжээ.
Бүсгүй сарнай цэцэг гартаа барьсан харагдана.
Гоо бүсгүйн хөргийн өөдөөс харуулан нэгэн эрэгтэй хүний хөргийг өлгөжээ. Цайвар шар үстэй, цэвэрхэн хувцасласан сайхан эр хөрөг дотроос өмнөө байгаа хайртай бүсгүйгээ хайрын харцаар ширтэн байх мэт.
– Ёстой л нэг тохирсон, сайхан хос байна даа, – гэж Вейс эмч шагшран дуу алдаад, – гэхдээ яарахгүй бол горьгүй нь, биднийг хүлээж байгаа шүү гэв.
Зочид бүгдээрээ нэгэн түгжээтэй хаалганд тулж ирлээ.
Хээнцэр гоёмсог алтадмал хээ хуартай, харахад хөнгөхөн мэт боловч нүсэр хүнд ширмэн хаалга ажээ. Гол чимэглэл нь хоёр хавтсан дээр нь байх том загалмай бөгөөд цайзын дугана уруу ордог хаалга мөн болох нь тодорхой байлаа.
Хаалгыг нээх гэж оролдоод бүтсэнгүй, сайтар харвал зөвхөн түгжээд зогсохгүй битүүлж бөхөлсөн нь тодорхой боллоо. Хаалганы завсар зай, цоожны нүхэнд ямар нэг төмөрлөг зүйл цутгажээ.
Хаалганы бариулаас нэгэн төрлийн цэцгээр хийсэн хэлхээ өлгөсөн байх боловч бүр хатаж өгөршсөн тул ямар цэцгээр хийснийг нь мэдэхийн эцэсгүй болжээ. Дөнгөж гар хүрэв үү үгүй юү цэцгийн хэлхээ бутран уналаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.25.11 12:23 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Есдүгээр хэсэг

Бүгдээрээ цааш үргэлжлүүлэн үзэхээр явцгаалаа.
Гуравдугаар давхарт үйлчлэгч, зарц нарын байр байсан бөгөөд эндээс гадна тавцангаар дамжин шууд цэцэрлэг рүү бууж болдгоор хийжээ.
Цэцэрлэгийн зүүн хэсэг нь ч баруун хагастайгаа адил хаягдаж зэрлэг ургамлаар дүүрчээ.
Цэцэрлэгийн бүр захад нь ирцгээлээ.
Цул хадан хясаа энэ хэсгээрээ бүр өргөгдөн товойж өндөр сайхан хад цохио үүссэн байх бөгөөд хадан цохионы ирмэгээр цайзын хана хэрэм дайран гарчээ.
Хана хэрмийн доорх хад цохио нь харваас хүний гараар засагдсан бололтой юм. Хэрмийн ёроолд гаргасан тэгш сайхан талбай нь цэцэрлэг рүү шууд эгц бууж ирээд ороонги ургамлаар битүү бүрхэгдсэн хана бий болгосон байх нь үнэт даавуун хөшиг лугаа адил харагдана.
Төдөлгүй ургамлын завсраар багашаархан хөндлөн гулданг тулсан, галт уулын бараан чулуугаар хийсэн хос багана харагдлаа. Илүү дутуу мөчрүүдийг зайлуулваас бяцхан дугана уруу өгсөх шат гарч ирэв. Чулуун шатны нэлээд хэдэн гишгүүр эвдэрч хазгай муруй болжээ. Хаалга байсангүй, шууд хөндий зай байх бөгөөд тэнд сайхан хийцтэй гантиг хөшөө байна.
Урлагийн аливаа бүтээлийг бишрэн шүтдэг Вейс эмч унаж хүзүүгээ булгалахаас ч айлгүйгээр холхиж ганхсан чулуун гишгүүрээр өгсөн гарч хөшөөг анхааралтай үзэж эхэллээ.
– Тун сайхан гантиг чулуугаар итали урчуудын хийсэн бүтээл байна, – гэж Вейс эмч мэдээлэв.
– Байзнаарай, энд нэг юм бичсэн байна гэж хэлээд:
«Үүрд нойрссон бие чинь, үймэрч догдолсон сүнс чинь өнө мөнхийн амгаланг олтугай…» – гээд эмч цааш уншиж байснаа гэнэт дуу алдан шатны гишгүүрээс нисэн унаж ирлээ.
Балрах шахсан бичгийг сайтар харах гэсэндээ гантиг хөшөөг гараараа тултал хөшөө үүнийг л хүлээж байсан мэт сууринаасаа нурж, онхолдон унахдаа эрхлэгч Смитийг ойчтол нь толгойг нь хүчтэй цохиж өнөө хөшөө газар унан бут үсэрчээ. Гагцхүү гайхалтай уран хийцтэй гантиг толгой нь зөөлөн хөвдөн дээр унасан түл сүйдтэй их гэмтэлгүй бүтнээрээ үлджээ. Эрхлэгч Смит хараал урсгасаар босож ирээд мөнөөх охин тэнгэрийн үзэмжит толгойг ууртай нь аргагүй өшиглөж орхив.
Энэ бүхэн ноён Гаррид тийм ч тааламжтай сайхан санагдсангүй бөгөөд тэрхүү толгойг Анчдын байшинд аваачихыг тушаасанд эрхлэгч Смит уг тушаалыг цааш нь нэг ажилчинд сэмээрхэн дамжуулав.
Зочид бүгдээрээ эмчийг дооглон инээлдэж шоолцгоолоо. Олны элэглэж шоолохоос тийм ч амархан мултарч чадахгүй гэдгээ сайн мэдэх Вейс эмч унасандаа шар нь хөдөлж, нэр төрөө бага боловч сэргээхээр шийдэн өөрийн биеэ энд тэндгүй хөх няц болгоход хүргэсэн өнөө бичгээ уншиж дуусгахаар болов.
Өнөөх шатаар дахин дээш өгсөж хөшөөний суурь уруу хэсэг тонгойн харж байснаа хэдэн хормын дараа их баяр хөөртэйгөөр:
– Та нар намайг бүү дооглогтун, би нэгэн чухал нууцыг нээлээ. Хөшөөний суурь дотроо хөндий хоосон юм байна. Энд нэг цагираган бариултай хавтан байна.
Өргөж онгойлгодог үүд байгаа нь тодорхой. Эндээс олдсон эрдэнийн сангийн гуравны нэг нь минийх гэдгийг битгий мартчихаарай Гарри минь.
Намайг шуудай алт ч юм уу, эсвэл атга дүүрэн алмааз эрдэнэ бариад гараад ирвэл эрхэмсэг ноёд та бүхний хэрхэн инээлдэхийг харъя л даа хэмээн эмч хошигнов.
Хоёр ажилчин хавтанг тун хялбархан өргөж үүдийг онгойлгов.
– Мэдээжийн хэрэг, газар доогуур орсон хонгил байна, – гэж доохон нь зогсож байсан Вейс эмч мэдээлээд: 
– Олс өгөөдөх, би эхлээд Жог доош нь буулгаж шат нь хир бөх болохыг үзүүлье.
– Хөөе эмч ээ, дахиад хөх няц болохоос айхгүй байна уу! – гэж дор байгаа хүмүүс дооглоцгоосон боловч эмчид олс өглөө.
Вейс эмчийн туслах бөгөөд зарц, Жо хэмээх шалмаг залуу олсыг авч бэлхүүсээрээ тойруулан уяад шатаар дуртайяа бууж эхэллээ.
– Шат нь маш бат бөх, сайн юм байна, – гэж Жо мэдээлээд, – энд бүхэл бүтэн өрөө тасалгаа байна, даанч юу ч харагдахгүй харанхуй байна. Хүлээгээрэй, надад шүдэнз байгаа, – хэмээн тэр үргэлжлүүлэн хэллээ.
Хормын дараа айж цочсон хүний муухай орилох дуун гарч Жо ганцхан ухасхийгээд шатны дээр гарч ирснээр барахгүй цэцэрлэгт харайгаад орчихов.
Түүний нүүр царай нь хувхайран цайж, ам уруул нь татвалзан чичирч байлаа.
– Юу болов? Тэнд юу байна вэ? – гэж тал талаас нь шалгаалаа.
– Тэнд, би дахиад тийшээ орохгүй! Тэнд үхсэн хүн сууж байна.
– Ямар юмны чинь үхсэн хүн, чи юу дэмийрээд байна вэ? Жаахан учир нь олдохоор юм яриач
– Ноён эмч ээ, би учир нь олдохоор л юм ярьж байна шүү дээ, тэнд үхсэн хүн сууж байна.
Хүний гавлын ясыг би эрхбиш ялгаж танилгүй яах вэ.
– За тэгж таарна аа, үхсэн хүн биш араг яс байж шүү дээ, тэнэг толгой минь. Шат нь хир бөх юм бэ хэлээд орхи?
– Ноён эмч ээ, таныг бүү хэл тарган зааныг ч даахаар бат бөх юм байна билээ.
– За дуугүй, дуугүй, – гэж Вейс эмч хэлээд аахилж уухилсаар нарийхан шатаар буулаа.
Нэг хэсэгтээ түгшүүртэй нам гүм боллоо.
Гарри тэсэлгүй өнөөх шатаар өгсөн нүхний амсар дээр очиж:
– Эмч ээ, чи амьд уу!
– За, амьд байлгүй яах вэ дээ, одоохон буцаж гараад та нарт ярьж өгөмз гэлээ. Хэсэг байзнаснаа эмч өөрөө нээлхийгээр цухуйж, Гарри туслан татаж гаргалаа.
– Нээлхийг хаа гэж тушаагтун, тэнд онц гойд юм юу ч алга, бүр тодорхой хэлбэл алт ч алга, алмааз ч алга, харин би тосгоны оршуулгын газрын эрх ашгийг хүндэтгэн үзээд олзны гуравны нэгийг авна гэснээ болилоо.
Дараа нь эмч навчин тамхи гаргаж ирээд түүнийгээ татахаар яаралгүй бэлдэж эхлэв.
– Алив, тэнд юу байна вэ, хэлээд өгөөч?
– Тэнд араг яс байгаа нь үнэн үү?
– Яг хаана байна вэ? – гээд л хэрэгт дуртай залуус асууж гарлаа.
– За байзнаарай, та нар настай хүнийг элэглэж шоолохоос өөр юм мэдэх биш ямар, тэр үхсэн хүн дээр та нарын хэн ч орж зүрхлэхгүй л байсан шүү дээ, хулчгарууд аа, – гэж эмч үглэлээ.
– Бид дахиад тэгэхгүй ээ, тэгэхгүй, та ч өөрийн эр зоригтойгоо харууллаа, одоо таныг яаж ч ойчиж байсан бид шоолохгүй, – хэмээн залуус батлан өгүүлцгээлээ.
– За, та нар амлалаа шүү! – гэж Вейс эмч сэтгэл ханасан маягтай өгүүлээд:
– Тэнд хааш хаашаа дөрвөн алхам хэмжээтэй жижигхэн өрөө байна. Тэр өрөөний уулан талын хананд нь «Энд эртний сурвалжит, өндөр язгуурт Дракула гүнгийн удам Фредерик, Мария хоёр нойрсож байна» гэсэн бичигтэй гантиг чулуун самбар байна.
– Үгүй, нөгөө үхсэн хүн чинь яав? – гэж сониуч залуус дахин шалгаав.
– Түр хүлээж бай, тэнд үхсэн хүн ч байж л байна! – гэж Вейс эмч хариулав.
– Миний тооцоолж үзсэнээр бол нуурын зүг, хадан хясаа тийш хандсан байж таарах талын хананд гарсан завсраар гэрэл тусаж байна. Тэр завсар буюу эсвэл ан цав нь ахмад Райт юм уу эсвэл над шиг бүдүүн биш л бол хэн ч багтахаар зайтай юм. Тэр ан цавын дотор амсрын ойролцоо шалан дээр үхсэн хүн буюу үнэндээ бол араг яс толгойгоороо хад дэрлээд сууж байна. Нүүрнийх нь арьс бараг алга болж, шүдийг нь харвал залуу хүн байсан бололтой, толгойд нь үс алга, ямар нэгэн төрлийн хүр хорхой идсэн буюу үсийг нь хуссан байсан байх. Хувцас нь бүүр өгөршиж муудаад анх ямар даавуугаар хийсэн, ямар хувцас байсныг нь мэдэх аргагүй болжээ. Нөмрөг юм уу халаад ч байсан байж мэднэ.
– За ингээд гүйцлээ! – гэж эмч үгээ төгсгөөд бэлдсэн тамхиа асаахаар завдлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.26.11 12:15 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
– Гэхдээ тэр хүн тийшээ яаж орсон байх вэ? – Жорж К. асуулаа.
– Энэ ч адармаатай асуудал даа. Хүслийнхээ эрхээр ч юм уу эсвэл хүний эрхээр ч орсон юм уу, мэдэх юм алга. Миний орсон нээлхийгээр ороод таг нь санаандгүй буюу зориудаар хаагдсан ч байж магадгүй л юм. Эцэст нь бас нөгөө завсраар ороод буцаж гарч чадаагүй байж болох ч ингэж таамаглахад хэцүү л байна. Тэрхүү ан цав нь цайзын байгаа хадан хясааны яг дундуур гарсан байх ёстой. Тийм болохоор түүгээр ороход хэцүү. Хэрэв хэн нэг нь сониуч зандаа хөтлөгдөн тэр завсраар орсон байдаг юм аа гэхэд яагаад орсон замаараа буцаад гарсангүй вэ? Яагаад тэр завсраа тээглээд үхэлгүй аврагдах гарцныхаа хажууд үхэх цагаа хүлээн суусан байх вэ? Энэ бүхэн тун ээдрээтэй байна.
– Тэр завсар бунхныг барьснаас хойш үүссэн гэдэг нь л тодорхой байна, тийм том завсрыг бунхан барьсан барилгачид анзаараагүй байж таарахгүй шүү дээ. Ямар утга учиртай юм бол доо? – гэж хэлээд эмч яриагаа өндөрлөв.
Бүгд л өөр өөрийн таамаг, тааврыг уралдуулсан боловч аль нь ч учир шалтгааны уялдаа холбоог давж чадсангүй.
– Бунхныг дуганын дор хийдэг байтал хажууд нь барьсан нь хачирхалтай хэрэг ээ, – гэж Жемс цохон өгүүлэхэд:
– Энэ доорх чинь бунхан биш тусдаа булш юм шиг байна билээ, өөр ямар нэг бичиг байгаагүй, – гэж Вейс эмч нэмлээ.
Үхдэл олсон нь бүгдийн сэтгэлийг тавгүйтүүлж цаашид үргэлжлүүлэн үзэхээ болихоор шийдлээ.
Бүгдээрээ хашаанд гарч ирээд агтны жүчээ, зарц ажилчдын байр, гал зуухны газрын дэргэдүүр өнгөрч шууд гарах хаалгыг зүглэв.

* * *

Тосгоны ахлагч гадна хаалгыг нямбайлан түгжиж, шинэ лац ломбо зүүлээ.
Нар жаргах хүртэл дахиад хоёр цагийн зай бий тул өөр замаар тосгон орж, бичиг цаас цэгцэлж буй газар нь Карл Ивановичтай очиж уулзахаар явцгаалаа.

* * *

Тосгон орох дөт зам нь огцом уруу бөгөөд улирах цагийн аясаар ихэд муудаж элэгджээ. Бүгд чимээ аниргүй явцгаалаа.
Харин замд тосгоны ахлагч алга болсныг хэн ч анзаарсангүй.
Тосгоны хаалган дээр ахлагч өөрөө Гарриг гүнээ мэхийн угтаж өөрийн гэртээ саатан морилохыг уриад:
– Манай цэцэрлэгт миний хоёр охины исгэсэн хүйтэн шар айраг бэлдсэн байгаа, – гэж хэллээ.
Тосгоны ахлагчийн гэрт ороод гарахаас өөр аргагүй болсон бөгөөд тэгээд ч халуун өдөр, тоос шороотой замд явсны дараа аяга хүйтэн шар айраг уухаас татгалзах хэрэг юү билээ дээ.
Зочид цэцэглэж буй зөөлөн цагаан далдуу модны сүүдэрт тухлан суухад тосгоны ахлагчийн хоёр хөөрхөн охин шаагьсан хүйтэн шар айраг авчирч өгөөд хүмүүсийн өмнөх аяга түргэн хоосроход дахин дахин дүүргэж байлаа.
Гагцхүү Вейс эмч л ганцаараа шар айраг уухаас татгалзаж, худгаас аяга хүйтэн ус авчирч өгөхийг хүсэв.
Нөхдийгөө дооглон инээлдэхэд:
– Би тосгоны шар айраг уух дургүй, үргэлж согтуу өвс хольсон байдаг юм. Жорж чи нэг их уух хэрэггүй шүү, согтуу өвстэй ундаа уусан уугаагүй гоо үзэсгэлэнтэй хий үзэгдэл зүүдэлдэг хүн шүү дээ гэж хариулав.
Жорж К. үүний хариу болгож зориуд том аягатай шар айргаа нэгмөсөн хоослоод:
– Энэ нутгийн сайхан бүсгүйчүүдийн эрүүл мэндийн төлөө тогтооё! гэж цовоолог хэлэх зуур тосгоны ахлагчийн охид уруу мэхийн ёслов.
– Энэ айлын хөөрхөн эзэгтэй нарын төлөө!  гэж залуучууд тал талаас нь түрэн авлаа.
Тосгоны ахлагчийн охид баярлаж бас бишүүрхсэндээ бүр улайж орхилоо.
Тэдгээр охид бол манай анчид шиг хийх юмаа олж ядан уйдсан залуус байтугай илүү дээгүүр хүмүүсийн ч сэтгэлийг догдлуулж чадах, эрүүл чийрэг, ид залуу насны өнгө жавхаа нь гэрэлтсэн, өтгөн сайхан гэзэгтэй, өөгүй сайхан хувцасласан, арван зургаагаас арван найман насны охидууд байсан юм.
Тийм учраас ноён Гарри, Вейс эмч, тосгоны ахлагч нарыг цэцэрлэгээс гарахаар босоход хэн ч цуг явахыг хүссэнгүй.
– Тэд нар эндээ үлдэг! гэж Вейс эмч ноён Гаррид хэлэв.
Манай гурав явсаар сүмд очвол агуулах нь онгорхой байх бөгөөд тосгоны ахлагч ба дагалдан яваа хүмүүсийг нь сүмийн манаач саадгүй орууллаа.
Сүмийн агуулахад санваартан нарын номын хувцас, туг хийморь, загалмай гэх мэт шашны элдэв эд зүйлсийг хадгалдаг ажээ.
Үхрийн бөөр шиг алаглуулан хийсэн нэгэн том загалмай Гарригийн анхаарлыг татаж:
– Үүнийг ямар модоор хийсэн юм бол? хэмээн манаачаас асуухад:
– Энэ бол модны ураар хийсэн загалмай. Миний өмнөх манаач нарын нэг нь хийсэн юм гэж цаадах нь хариулав.
– Дээр үед эндхийн манаач агсан тэр өвгөн маш этгээд сонин зантай хүн байсан гэж миний эмээ ярьдаг байж билээ гэж тосгоны ахлагч хажуугаас нэмж хэлээд:
– Тэр өвгөн хэдэн өдрөөр сууж том жижиг янз бүрийн загалмай хийгээд тосгоны бүх хүнд бэлэглэдэг байсан гэнэ билээ. Манай гэрт ч бас ийм загалмай бий. Түүний амьдардаг байсан манааны байраар дүүрэн загалмай байдаг байсан бөгөөд гол нь тэр загалмайнуудаа дандаа модны ураар хийдэг байсан гэдэг. Өвгөн зун болохоор сармис, илдэн навчит тарих их дуртай байж. Загалмайгаа яагаад царс юм уу эсвэл хусаар хийхгүй заавал модны ураар хийдэг юм бэ гэж манаач өвгөнөөс асуухад зальтайхан инээмсэглээд «Энүүгээр ад тийрэнг үргээдэг юм» гэж аман дотроо бувтнадаг байсан гэж ярьдаг юм хэмээн Гарри өөрийг нь анхааран сонсож байгаад урамшсан тосгоны ахлагч өгүүлэв.
Бүгдээрээ сүмийн бичиг цаас хадгалах өрөөнд орцгоолоо.
Тоос дарсан жижигхэн цонхтой бүүдгэр жижиг өрөөний шалан дээр Карл Иванович эргэн тойрон бөөн бичиг цаас овоолчихоод сууж байлаа. Карл Иванович нэрээр нь дуудахад л хүмүүс орж ирснийг сая нэг анзаарч Гарриг үзээд нас дээр гарч жаран тав хүрсэн гэж хэлэхээргүй, хорин тавт шиг л хөнгөхөн ухасхийн босоод сүмийн нэгэн хуучин бичиг баримтыг баярлаж догдолсон царайгаар түүнд гардууллаа.
Тэр бичигт Дракула-Карди гүнгийн удмынхны хамгийн дээд өвгийг тэдэн оны тэдэн сарын тэдний өдөр авсанд хийн авчирч гэр бүлийн бунханд тавьсныг тоочин бичиж, тэр тэр нар гэрчлэв гэсэн бичиг байлаа.
– Одоо таны шилтгээний эзэн болсонд тань баяр хүргэж болохоор боллоо хэмээн ноён Гарри өнөө бичгийг уншиж дууссаныг хараад Карл Иванович хэлэв.
Тэнд байсан хүмүүс бүгд ноён Гаррид баяр хүргэлээ.
Гарри үнэт чулуун шигтгээтэй бөгжөө хуруунаасаа сугалан Карл Ивановичид өгөөд:
– Энэ энэ өдрийн дурсгал болог! гэж хэллээ.
Баяр хүргэн, сайн сайхныг ерөөж, энэхүү тохиолдлын санаандгүй гэрч болсон сүмийн манаачид цайны мөнгө хэмээн алтан зоос өгсний дараа Гарри, – Нөгөө багшийн талаар ямар нэг юм олоогүй биз? Гэж Карл Ивановичаас асуув.
– Тэмдэглэлийн дэвтрийг нь олоогүй л байна, гэхдээ олох найдвар бий шүү. Энэ хэсэг боодолтой бичиг цааснуудыг үзэж амжаагүй байна гэж өвгөн хэлээд овоолоостой бөөн бичиг, цаасыг заалаа.
Дараа нь Гаррид зузаан хөх дэвтэр өгөөд:
– Үүнийг үзээрэй, энд эмнэлгийн «эмгэнэлт тэмдэглэл» гэж нэг юм байна. Энд тосгоны багш Петр Дорич гэдэг нэрээр бүртгэгдсэн нэг өвчтөний тухай буюу үнэндээ бол нэгэн галзуу солиотой хүний тухай бичсэн тэмдэглэл байна. Бидний уншсан нөгөө тэмдэглэлийг бичсэн багш, энэ Петр Дорич хоёр бол нэг хүн байх гэж би таамаглаж байна. Нөгөө багшийн тэмдэглэлийн дэвтэрт П ба Д үсгийг хослуулан нэгэн төрлийн тэмдэг болгон бичсэн газар олон тааралдаж байгаагаас уламжлан надад ийм таамаглал төрсөн юм. Ноён Гарри цонхны дэргэд очин «Эмнэлгийн эмгэнэлт тэмдэглэлийг» уншиж эхлэв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.26.11 4:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Тосгоны багш Петр Дорич өөрийн биеэр эмнэлэгт ирж хэвтээгүй боловч эмчийн тушаасны дагуу ...р сарын … ны өдрөөс эхлэн түүний тухай тэмдэглэл хөтлөхөөр боллоо.
Уржигдар орой Брасе эмч бид хоёрыг тосгоны багшийн эгч хатагтай Дорич гэртээ урьж, солиорсон гэж үзэж байгаа өөрийн дүү Петрийг үзүүллээ.
Хатагтайн ярьж буйгаар бол дүү Петрийнх нь зан авир өөрчлөгдөж, хачин жигтэй аяглах болсныг эртнээс анзаарсан боловч нэг их тоолгүй өдий хүрсэн ажээ. Тэгээд ч өдрийн цагаар хийх ёстой ажлаа ягштал хэвийн нэг хийдэг байсан бөгөөд гагцхүү нар жаргах үеэс эхлээд оройжингоо, ялангуяа сар гийсэн орой сэтгэл нь гэгэлзэн, хүний хэлэхийг ч сонсохоо байж, өрөөндөө ороод дотроос нь түгжчихдэг болсон гэнэ.
Мөн Петр урд өмнө нь огт тэгдэггүй байснаа байнга оройн цагаар салхинд гарч зугаалах болсон ажгуу.
Сүүлийн өдрүүдэд дүүгийнх нь хачин жигтэй ааш авир улам ихсэж ихэвчлэн шөнийн цагаар элдвээр аяглах болсон гэнэ.
Нар жаргах үеэр Петр багш өрөөндөө орж дотроос нь түгжиж аваад маргааш өглөө нь болтол гарч ирэхээ больжээ.
Хатагтай Дорич цоожны нүхээр нь шагайж үзэхэд толгой дээрээ титэм шиг юм тавьж мөрөн дээгүүрээ эмэгтэй хүний нимгэн алчуур нөмөрч унжуулаад хоёр гараа алдлан яг л нисэх гэж байгаа юм шиг өрөөн дотуураа явж байсан гэнэ.
Тэгээд асар удалгүй өрөөнд нь хэн ч байхгүй юм шиг чив чимээгүй болдог аж.
Петр багшийн гутал нь ихэвчлэн шавар шавхай болсон байдаг болсон ч гараад явахад нь хатагтай Дорич дагаад байж чаддаггүй гэнэ.
Хаалга нь цаг үргэлж түгжээтэй байдаг болжээ.
Дүү нь өдрөөр биш цагаар турж эцэн цонхийж, юу ч идэхээ больж яс арьс болж буйд л хатагтай хамгаас ихээр санаа зовж байлаа.
Хатагтай Дорич манай эмнэлэг дээр ирж энэ бүхнийг эмчид яриад зүгээр л санаандгүй явж байгаа мэт гэрт нь очоод дүүтэйгээ уулзаж ярилцахыг хүслээ.
Эмчийн тушаасан ёсоор тэрхүү уулзалтад би түүнийг дагалдан очиж «эмгэнэлт тэмдэглэлийг» бичиж хөтлөх учиртай боллоо.

Хорин долоон

Бид нар жаргахаас өмнөхөн Дорич багшийнд очлоо. Багш биднийг найрсаг сайхан хүлээж авсан бөгөөд тэрээр үнэхээр турж, хамгийн гол нь бүр эцэж туйлджээ.
Биднийг цэцэрлэгтээ цайгаар дайлан хамтдаа цагийг аятайхан өнгөрөөж байсан юм.
Харин нар жаргахын хэрд гэрийн эзний сэтгэл нэг л тавгүй болж босож нааш цааш холхин, юм асуухад ч сонсоогүй юм шиг хариулахаа байж ийш тийшээ хялалзан харц нь тогтохоо байгаад ирлээ.
Эцэст нь малгай, таягаа шүүрч аваад аман дотроо нэг юм бувтнаад цэцэрлэгээс явж одлоо.
Эмч түүнд бром бичиж өгөөд өвчтөний хаашаа явахыг сайн анзаарч бай хэмээн зөвлөв.

Хорин найман

Яагаад, юуны учир түүнд бром өгөх болсныг ч асуулгүйгээр өвчтөн эмээ дуулгавартай ууж байна.
Тэр өдөр ирэх тусам улам идэвхгүй сулбагар болж байна. Хаашаа очдогийг нь тогтоож чадаагүй ч цонхоороо гараад явчихдаг болохыг нь олж мэджээ.

Гурван

Өнөөдөр Петр багшийг эмнэлэгт авчирлаа. Багшийг цэцэрлэгээсээ гарч явахад нь хорьж саатуулахыг оролдсон боловч цаадах нь тэсгэлгүй уурлан эгч рүүгээ дайрсан байх бөгөөд өвчтөн мөрөн дээгүүрээ тохож унжуулсан эмэгтэй хүний нэлэмгэр алчуурт орооцолдон золоор унаагүй бол чухам юу болох байсныг Бурхан тэнгэр л мэдэх байх.
Түүнийг манайд хүлж авчрахад морфи өгч тайвшруулжээ.
Өдөр нь тайван байх хэдий ч хоол огт идэхгүй, судасны цохилт нь ч сул байх юм.
Орой дахин солиороход нь бас морфи өгчээ.

Дөрвөн

Өглөөгүүр тайван амгалан байна. Бэх, цаас сэмээрхэн аваад ямар нэг зүйл бичээд нуучихдаг болов. Түүнийг тайван байлга гэж эмч тушаасан юм. Орой өвчин нь хөдлөхөөс өмнө амжиж морфи өгөх бөгөөд тэгсхийгээд унтаад өгнө.
Долоо хоног ийм дэглэм баримталлаа.
Өвчтөний жин нэмэгджээ.

Арван хоёрон

Өвчтөний сэтгэл тогтворгүйтэж эхэллээ. Хэдийгээр цонхыг сайтар хааж битүүлсэн боловч айсуй тэргэл саран түүнд нөлөөлж байна гэж эмч таамаглаад морфийн тунг нэмлээ.
Өвчтөний тайван бус байдал улам нэмэгдэж, морфи тэр даруйдаа үйлчлэхээ больж нэлээд удаж байж нөлөөлөх болов.

Арван найман

Өвчин нь гааран догширдог үе эхэлж өвчтөний толгойн үсийг нь хусан номхтгох цамц өмсгөлөө.
Ноцолдон тэмцэлдэж байхдаа санаандгүй хүзүүгээ шалбалсан байх бөгөөд шарх нь жижигхэн боловч цус шүүрч байна. Тэр шарханд нь цайртай тос түрх гэж эмч тушаалаа. Тос түрхэхэд өвчтөн эсэргүүцээгүй хэдий ч зальжин инээмсэглэх ажээ.
Өвчин нь урдын адил орой тийшээ шөнө дундаас өмнө хөдлөх юм.
Өдөр нь тайван байх бөгөөд бараг хүчээр шахуу хоол идүүлж байна.
Өвчтөний эгч, манай эмч хоёр түүнийг хотын эмнэлэг рүү шилжүүлэн хэвтүүлэхээр хөөцөлдөж байна. Манай эмнэлэгт зохих тоног төхөөрөмж бүү хэл аятайхан өрөө ч алга. Харин морфийн нөлөөнд найдах бараг хэрэггүй болжээ.

Хорин

Тэргэл саран гарчээ.
Шөнө морфи өглөө.
Одоо унтаж байна.

Хорин нэгэн

Өглөө үзэхэд өвчтөн алга болсон байлаа. Өрөөнийх нь цонх онгорхой, эмчийн тушаалаар цонхонд нь хийсэн төмөр хэрээсийг нэг талаас нь нугалан тахийлгаж, хадсан хадааснуудыг нь суга татан хаяжээ.
Бүх тосгоноор хайгаад түүнийг олсонгүй.
Өчигдөр орой орсон борооны ачаар түүний үлдээсэн мөрийг мөшгөвөл нуурыг чиглэн оджээ.
Нуурын орчмыг самнаж үзлээ.
Гүехэн нуурын уснаас түүний хүүрийг эс олов.
Нар мандахаар түүнийг ойд хайж эхэлнэ.

Хорин хоёрон

Тэрээр ул мөргүй алга болжээ.
Ойр орчмын хүмүүст багшийн алга болсон тухай дуулгалаа.
Түүний байсан өрөөг цэвэрлэж байгаад зуухны яндангийн нүхнээс Дорич багшийн бичсэн хэдэн хуудас тэмдэглэл оллоо.
Хөө тортог болон халтартаж, бас гаргац муутай бичсэн болохоор ихэнх хэсгийг нь унших аргагүй болжээ. Уншиж болохоор хэсгийг нь дор сийрүүлэн бичлээ:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.26.11 5:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
БАГШИЙН ТЭМДЭГЛЭЛ

…Чөтгөр шулмын хар хүч намайг бүчин авлаа…, тэмцэх хэрэгтэй…, аймшигт луу адбиш шидээрээ намайг баглан авч унагаалаа… Гэхдээ тайван бай, би очно. Заавал очно…, намайг эмнэлэгт хэвтүүлсэн гэцгээж, ноён эмч нь тэр байна гэж байна, намайг ингэж хуурна гэж горьдсоны ч хэрэггүй… Чиний нөхөр намайг энд хорьжээ, харин биеийг минь хорьж чадах ч сүнсийг минь хорьж чадахгүй! Ха‑ха‑ха, би чинь сүнс шүү дээ, сүнс…, бас цаг нь ирж байгааг ч би мэдэрч байна…, миний зүг хөврөх алтан утсууд тархи, зүрх рүү минь шигдэн орж…, хэцүү байна. Бурхан минь би ямар их зовж байна вэ… Очно оо, очно…
Чиний янаглан шимэх дуртай миний хүзүү шатах мэт халуу оргиж, эд нар намайг маллах гэж тос түрхэж байна!… Ханхүү чинь, хонгор хайрт чинь удахгүй очно…

Дөчин зургааны өдөр

Шоронд сууж байна гэж бодсон минь зөв байжээ. Одоо үүнийг надаас нуухаа болиод өрөөний цонхонд төмөр тор хадлаа… Ха‑ха…, би бүгдийг ойлголоо…, энэ бол чиний эр нөхөр биш харин Вельзевул юм байна. Тэр намайг хатгуураараа хатгаж, оюун ухаан, зүрх хоёрыг минь авах болно. Харин би оюун ухаан, зүрх хоёроо хаа сайгүй хайж явах болох нь…

Далны өдөр

…Өнөөдөр би яндангаас оллоо.
…За яах вэ, эр зоригт хөлөг баатар бүр эрх танхи хүүхнийхээ төлөө нажид зовлон эдэлсээр ирсэн…
…Башир аргаар намайг урвуулах гэж оролдож байна. Ромын эзэн хаантны жанчаар намайг хувцаслаж, титэм өмсгөхийн тулд үсийг минь хуслаа.
…Хадааснуудыг нь хэзээний суга татаад хаясныг муу тэнэгүүд мэдсэнгүй… Эзэн хааны титэм, эрхэмсэг жанч намайг хуурч чадахгүй… Би чам дээрээ очих замаа мэднэ, очих ч болно…

Хорин

…Өчигдөр тэр дахиад л миний зүрхийг хулгайлах гэлээ… Гэхдээ би үүнийг урдаас мэдээд зүрхээ дэрэн доороо нуугаад өөрөө унтсан мэт жүжиглэлээ!… Хүлээ намайг.
…Аз жаргал ойрхон байна… Чимээ аниргүй нам гүм байна…, бүгд унтжээ…

Төгсөв.

Дорич багшийг олсонгүй. Тэр хэтэрхий хол яваад ядарсандаа морфиний нөлөөгөөр унтаад өгсөн биз, тэгээд үнэг чонын хоол болсон байх гэж эмч таамаглаж байна.
Хувцас нь ч олдсонгүй.
Өнөөдөр түүний хойдхыг уншуулна. Тэрний сүнс үүрдийн амгаланг олох болтугай.
Бага эмч Фриц бичив гэжээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.26.11 5:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
– Энэ бүхэн тун хачин юм байна даа гэж Гарри амандаа үглэх зуур нөгөө дэвтрийг эмчид өгөв.
Вейс эмч уншиж дууссаны дараа Карл Иванович:
Сүмийн дэвтэрт ч мөн тосгоны багш Петр Доричийн насан өөд болсныг бүртгэж «Шалтгаан нь тодорхойгүй» гэж тэмдэглэжээ. Ерөөсөө эндхийн сүмийн тэмдэглэлүүд хаа ч байхгүй ховорхон эд байна даа хөөрхий гэж Карл Иванович хэллээ.
– Жишээ нь таны удам судрын хүнийг оршуулсан тэр жил нас барсан олон хүнийг бүртгэсэн байхын ихэнх нь залуучууд, тэгээд бас бүгдийг нь «шалтгаан нь тодорхойгүй» эсвэл «зүрхний өвчнөөр» гэж тэмдэглэсэн байх юм. Залуу хүнийг «зүрхний өвчнөөр» үхсэн гэж тэмдэглэнэ гэдэг чинь угтаа бол бас л «шалтгаан нь тодорхойгүй» гэсэнтэй утга нэг хэрэг.
Ямар нэг өвчин тахал мэт дэлгэрсэн байх нь ойлгомжтой байгаа ч шалтгааныг нь тодорхойлж чадаагүй байна.
Арван таван жилийн дараа энэхүү тахал дахин тархсан боловч мөн л шалтгааныг нь олж чадаагүй байна гэж Карл Иванович яриагаа дуусгангаа нүдний шилээ авлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.26.11 6:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Аравдугаар хэсэг

Нэгэнт тогтсон заншлын дагуу орой нь бүгдээрээ нэгэн дор цуглав. Хайгаад байсан бичиг баримтаа олж ноён Гарри цайзыг эзэмшилдээ авахад өөр саад болох шалтгаан нэгэнт үгүй болсныг дуулаад бүгд хөөрөн баярлав.
Бүгдээрээ баяр хүргэцгээж, ноён Гарригийн эрүүл энхийн төлөө хундага өргөн, цайзад очиж суух завшаант өдрийг хэрхэн тэмдэглэж баяр наадам хийх төлөвлөгөөгөө зохиоцгоолоо.
Манай залуучууд ойр хавийн залуухан гоо бүсгүйчүүд, хүүхнүүдийн нэр усыг хэзээний асууж сураглан мэдсэн ажээ.
– Ноён Смит, бидний өнөөдөр бунхнаас олсон тэр хөөрхий амьтныг оршуулах талаар юуны өмнө санаа тавиарай, бас хадны ав цавыг сайтар судалж үзээд бөглөхийг тушаагаарай. Цайзыг эзэмшилдээ оруулсан эхний өдөр ийм цогцос олдсон нь надад нэг л уйтгартай зөн совин татуулаад байна гэж гэрийн эзэн ноён Гарри хэллээ.
Хэсэг зуур зочдын сэтгэл тавгүйрхлээ.
– Нөгөө хөөрхий амьтныг Петр Дорич нэрээр оршуулаарай хэмээн ноён Гарри нэмж хэлэв.
Бүгд гайхан бие биеэ харж, зөвхөн Вейс эмч, Карл Иванович хоёр Гарригийн энэ хүслийн үнэн учрыг ойлгосон боловч дуугарсангүй.
Удалгүй хөгжөөн наргиан дахин сэргэв.
Сулласан дарсны шилний тоо улам олон болж, олны наргиан наадам баахан хумигдсаны дараа хэрэв өнөө багшийн тэмдэглэлийг олсон бол гүйцээж уншиж өгөөч хэмээн ноён Гарри номын санч өвгөнөөс хүслээ.
Карл Иванович гэрийн эзний хүслийг даруй гүйцэлдүүлэхээр нүдний шилээ зүүн хуучин дэвтрийг нээлээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.26.11 7:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
БАГШИЙН ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭС

Энэ бүхэн хэдий зовлонтой шаналгаатай болохыг би ухаарч байгаа ч нэгэнт миний амьдралын утга учир болчихжээ. Бүхнийг умартан өдөржингөө зөвхөн шөнө болохыг тэсгэлгүй хүлээж, харин өдөр ер өнгөрч өгөхгүй эцэс төгсгөлгүй мэт сунжрах ажээ…
Эгч, Мина хоёр улаан луувантай бялуу хийгээд чи энэнд их дуртай гээд надад өгөх юм. Харин тэрийг нь би мэдэхгүй, санах ч үгүй байна. Бодвол тийм л юм байлгүй.
Ашгүй нэг удтал хүсэн хүлээсэн шөнө болж сар мандлаа! Агаар анхилуун тансаг үнэрээр дүүрч, сарны туяа мөнгөн долгио татуулан давлагаалж байна.
Эргэн тойрон нам гүм, навчны сэрчигнээн ч үл дуулдана… Гэвч чагнагтун, сайн чагна… Нэг юм сэржгэнэн, жингэнэж байна… Миний хайрт хонгор ирж явна. Чи минь хэчнээн үзэсгэлэнтэй, сайхан юм бэ! Өнөөдөр ягаан удвал цэцгээр гоёсон чинь үнэхээр чамд минь зохижээ. Алив орооч дээ, ороод ир… Цонх нээлттэй, тэнд байсан сармисыг би зайлуулчихсан, одоо байхгүй.
Гэвч тэр минь орж ирсэнгүй.
Хөөрхөн хоёр гараа над уруу сарвайж, нөмрөг нь даль жигүүр адил дэрвэлзэж, харцанд нь халуун хүслийн гал дүрэлзэх боловч цонхонд татсан үл үзэгдэх тор түүнийг минь хорьж саатуулаад байгаа юм шиг огт үл орж ирнэ..
Тэр минь ёолон дуу алдаад алга болчихлоо…, үдэш бүр л ингэдэг юм даа… Хөлгүй цэнхэр тэнгэрийн уудмаас хөмсгөн сарны мөнгөн туяа дамжин өртөөлсөөр хонгор чи минь наддаа ирнэ…

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.26.11 7:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Хорин

Би нэгэнт шийдлээ.
Өнөөдөр би цонхны дэргэд сахиж суугаад түүнийгээ бариад авъя. Ай даа, эгч минь би танаас яасан их залхаж байна вэ? «Чиний царай бүр цонхийчихож, чиний бие зүгээр үү, энийг ч ид, тэрийг ч уу» гээд алхам ч холдохгүй дагаад өсгий даран мөрдөх юм.
Харин сүмийн өвгөн манаач сүмээ манахаа мартаад намайг л манах болоо юу даа.
Өрөөнийхөө хаалгыг түгжиж байхаас өөр арга алга.
Тэд эцэст нь намайг бүр галзуу солиотой амьтан гэж бодсоноос зайлаа гэж үү!
Би ердөө л шинжлэх ухааны тусын тулд байгалийн энэ үзэгдлийг шинжлэн судалмаар байна.
Удахгүй шөнө болох нь.

Хорин нэгэн

Өчигдөр би бодож төлөвлөснөө ёсоор болгож цонхон дээр сууж байгаад гараас нь шүүрч аваад түүнийг өөр рүүгээ татсанд тэр минь ч эсэргүүцсэнгүй бүх биеэрээ надад наалдаж нөмрөг нь намайг ороон авахад би тэнцвэрээ алдан цонхоор цэцэрлэг рүү уначихлаа.
Азаар тийм ч их өндрөөс унаагүй болохоор хүзүү, хацраа бага зэрэг шалбалаад л өнгөрлөө.
Гэсэн хэдий ч би унахдаа ухаан алдаж, сэрэхэд тэр минь ч дэргэд байсангүй, сарны гэрэл хэдийн бүдгэрч эхэлсэн байлаа.
Өнөөдөр тосгон орлоо. Манаач өвгөн намайг хялалзан муухай харж, харин Генрихийн бие хэдийн илааршиж, хүзүүний шарх нь ч эдгэрчээ.
Өнөөдөр би яавал дээр вэ? Цонхоор дахин унахыг огт хүсэхгүй байна, гэхдээ түүнтэйгээ дахин учрах ёстой. Ердөө л цонхоор буугаад цэцэрлэгт түүнийгээ хүлээж байя.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.26.11 9:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Хорин таван

Хэдэн шөнийг гайхамшигтай сайхан өнгөрүүллээ! Цэцэрлэгийн сандал дээр сууж байхад тэр минь хүрч ирээд надад наалдан тэмүүлнэ… Миний толгойг гэдийлгэн өвдтөл шимэн үнсэх юм.
Гэвч хараал идсэн өвгөн хаанаас ч юм бэ гараад ирэхэд хонгор тэр минь алга болчихлоо. Уурлаж багтарсандаа би бүр тамир тэнхээгүй болж өвгөнөөр түшүүлэн байж арай гэж гэртээ орж орондоо хүрлээ.
Би гурав хоног хэвтлээ. Энэ хооронд өвгөн энд тэндгүй сармис өлгөж, загалмай тавилаа.
Инээд хүргэхээс цаашгүй юм. Цус сорогч аль хэдийн миний цусыг сорсон учраас ингэхгүй бол би үхэх юм гэнэ дээ.
Мэдээж энэ бол шал дэмий хэрэг. Гэхдээ надад чухам юу тохиолдсон юм бол? Зүүд үү эсвэл хий үзэгдэл үү? Зүүд гэхэд дэндүү бодитой юм. Харин хий үзэгдэл гэхэд? Хий үзэгдэл шимэн үнэсэж хаздаггүй шүү дээ. Тэгэхлээр үнэхээр жинхэнэ цус сорогч болж таарч байна уу?
Утгагүй юм, би ямар хөгшин авгай биш дээ?!
Харуй бүрий болж байна, удалгүй шөнө болж сар гарах нь. Сарны мөнгөн туяа хорвоо дэлхийг гийгүүлж, саруул тунгалаг агаар жингэнэн дуугарах шиг болж, цэцгүүд цомирлогоо дэлгэн шөнийн эрвээхэйнүүд өндрөөс өндөрт нисэлдэнэ… Би ч гэсэн нисэж яагаад болохгүй гэж? Хүсэх л юм бол би эрвээхэйнүүдийн хаан, эсвэл ханхүү болж чадна. Тэнэг Мина миний хөлийг хучихдаа зузаан алчуураар хучлаа гэж боддог байх. Харин тэр бол огтхон ч алчуур биш, харин хаан эзэнтний улаан жанч, тэр ч бүү хэл шидэт цув гэдгийг би тов тодорхой харж байна.
Өнөөдөр би нуур уруу явна…

Хорин зургаан

Өчигдөр би сүмийн манаач хөгшин тэнэгийг сайхан маллалаа. Тэр өвгөн «бидний» сандал дээр гадас ч юм уу эсвэл загалмай бариад сууж байхад нь би сэмээрхэн араар нь тойроод алга болж өглөө, далдын хар цув надад туслах нь энэ үү, эсвэл өвгөний чих хатуу байх л даа.
Өнөөдөр би дахиад л энэ аргаа хэрэглэнэ дээ…

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.26.11 10:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Хорин долоон

Өчигдөр манайд ирсэн эмч, бага эмч хоёрыг би найрсгаар угтаж цэцэрлэгтээ цайгаар дайлж байгаад дараа нь тэндээсээ хэнд ч мэдэгдэлгүй алга болж нуурын хөвөөнд эрт очлоо.
Миний хонгор хайрт сарнаас мөнгөн шатаар бууж тэр шатны гишгүүр нь жингэнэн дуугардаг юм байх гэж би бодож байтал тэр минь өчигдөр цайзаас, яг үнэндээ бол цайзын доорх уулнаас гарч ирэхийг хараад жаахан урам хугарлаа. Цайз бүрд газар доогуур ордог хонгил байдгийн адил тэнд ч бас тийм хонгил байх шиг байна.
Өдөр очиж үзэх хэрэгтэй. Тйишээ явна аа…
Мэдээж, миний зөв байна. Уулын дунд хэрд хонгил байна, гэхдээ би арайхийн багтмаар нарийхан завсар юм.
Би аймшигтай их тамирдаж сулбайж байна. Энэ ч мэдээж, ядарсных байх л даа. Тэр эгц шахуу элгэн хад уруу авирах ч тоглоом биш шүү дээ. Өгсөж явахдаа хэцүү бөгөөд осолтой болохыг нь сайн анзаараагүй ч буцаад нуур уруу бууж явахдаа л тэгж авирах амаргүй байсныг сая анзаарсан юм.
Гэтэл тэр минь тосгоны жирийн багш надтай уулзах гэж өдөр бүр бууж ирдэг шүү дээ, энгийн нэг багш миний төлөө шүү… үгүй, би юу яриад байна аа, юу багш гэж, би бол ханхүү. Тэр надад дурласан нь зүйн хэрэг…
Бас тэр минь хэчнээн гуа үзэсгэлэнтэй болж байна вэ! Зөвхөн уруул төдийгүй хацар нь ч бас улаа бутран ягаарч байна.
Миний хүзүүг хэтэрхий хүчтэй шимэн үнсэж, түүнээс болоод шарх нь эдгэхгүй, халуу оргин хорсоод байгаа нь л жаахан тиймхэн байна…
Өнөөдөр би дахиад нуур уруу явна…

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.27.11 12:49 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
– Цаашаа дан хоосон хуудсууд байна. Бодвол үргэлжлэл ерөөсөө байхгүй биз дээ гэж Карл Иванович ноён Гарри уруу харан хэлэв.
– Жинхэнэ цус сорогч байсан уу эсвэл ердөө галзуу солиотой хүний тэмдэглэл байсан уу гэдэг нь тодорхой биш байгаа нь харамсалтай гэж Жемс өгүүлэв.
– Харин та цус сорогч байдаг гэдэгт итгэдэг үү? – Жорж К. асуухад:
– Бүрэн дүүрэн мэдэхгүй юмаа үгүйсгэн мэтгэх зан надад байхгүй гэж Жемс хариулаад: 
– Шинжлэх ухаан бол «цус сорогч гэж байхгүй» гэдэг, харин ард олон «байдаг юм шүү» гэж байна… Хэнийх нь зөв юм бол доо? гэв.
– Бидний зүүд нойр ямар учиртай юм бэ, зөн мэдрэмж болон хий юм үзэх нь ямар учиртай юм бэ гэдгээс авахуулаад энэ ертөнц дээр учир нь олдоогүй зүйл зөндөө бий хэмээн Гарри батлан хэлэхэд:
– Хэрэв «цус сорогчид» үнэхээр байдаг юм бол аймшигтай хэрэг ээ гэж Жорж К. нүүр нь зэвхийрэн шивнэв.
– Айх хэрэггүй ээ, манай ууланд одоо тэд байхгүй болсон. Манай эмээ хэлэхдээ урьдын цагт «тэд» үүгээр түүгээр хэсүүчлэн явдаг байсан гэсэн, гэхдээ тэднийг улиас модон гадсаар ууц уруу нь нэвт шаачихвал дахиж босож ирдэггүй юм гэнэ билээ. Манай эмээ ч хэрхэн улиасан гадсаар нэвт сүлбэхийг нь харсан гэнэ лээ... хэмээн тосгоны ахлагч бага зэрэг хөлчүүрхэн хэллээ.
– Харин би тэднийг тарнийн хүчээр хүлж болдог гэж сонссон гэж эрхлэгчийн туслах Миллер даруухан нэмэрлэв.
– Би энийг ч бас мэднэ гэж ахлагч түүний үгийг тасдаад, гэхдээ улиасан гадсаар сүлбэсэн нь илүү найдвартай гэж манай эмээ хэлсэн юм. Тарнийг санаатай буюу санамсаргүй тайлж болно…
Гарри хэдэн хүний хамт сэрүүцэж, цэвэр агаар амьсгалахаар тавцан дээр гарлаа. Бусад хүмүүс цус сорогчдын тухай маргалдсаар үлдэв.
Төгрөг сарны мөнгөн туяа өдөр мэт гийгүүлсэн, үнэхээр үлгэрийн мэт сайхан шөнө байлаа.
Өчүүхэн ч манан будангүй үзэсгэлэнт хөндийд нуурын ус хайлсан тугалга мэт гялалзан, тэртээд тосгоны сүмийн гонх цайран үзэгдэнэ.
Зүүнтээ ой мод бараантан, баруунтаа илбэдүүлсэн юм шиг дүнсгэр цайз хадан хясаан дээр барсайн байх нь шөнийн сайхныг улам чимж, сүрдмээр ч юм шиг болгох ажээ.
Мөрөөдөлдөө умбах дуртай Жорж.К шөнийн сайхныг бахдан харж байтал цайзын цэцэрлэгийн тэндээс нэгэн бяцхан үүл уул уруу анир чимээгүй нисэн бууж ирэх шиг болжээ. Үүл хаанаас гараад ирдэг билээ, сонин юм аа? Өндөр гацуур мод орчныг харахад нь саад болсон тул Жорж.К олон юм бодолгүй тавцангаас бууж цэцэрлэгийн хаалга уруу явлаа.
Юу ч алга. Өнөө үүл алга болжээ. Хэсэгхэн зуур зогстол тэрээр гэнэт бие нь хүйтэн оргихыг мэдэрч хажууд хэн нэгэн байх шиг санагдаж… эргэн хараад Жорж.К хөшиж орхилоо.
Түүний дэргэд алтлаг шар үсээ задгай сул тавьж, нүүр нь цонхийн цайгаад, гартаа ягаан удвал цэцэг барьсан эмэгтэй хүний хий агаар мэт тунгалаг дүрс зогсож байх нь тэр.
Жорж айж сандарсандаа орь дуу тавин гуравхан харайгаад тавцан дээр гарч ирээд хооллох танхим уруу нисэх мэт гүйн орж зөөлөн буйдан дээр ёолон уналаа.
Бүгд босон харайцгаав.
Жорж чимээгүйхэн цэцэрлэг рүү заахад Вейс эмч аяганд ус дүүргэн түүнд өглөө.
Цаадах нь дуулгавартай нь аргагүй ууж орхив.
– За, одоо юу харснаа бидэнд ярьж өг дөө гэж эмч хэлэв.
– Тарнийн хүлээсийг тайлж орхижээ, тэр хүүхэн манай цэцэрлэгт байна.
– Чөтгөр гэж, тэр хүүхэн гэж хэн юм бэ?
– Цус сорогч хүүхэн! Алтан шар үстэй хүүхэн гэж Жорж хэлэв.
Эмч үүний хариу болгон исгэрлээ.
– Цэцэрлэгийг нэгжиж үзэгтүн гэж Гарриг зарц нарт тушаахад:
– Хэрэггүй дээ, Гарри хэмээн эмч болиулав.
– Алив залуу минь, тосгонд хэдэн аяга шар айраг ууснаа бидэнд хэлчихвэл дээргүй юү гэж эмч асуухад Жорж эмчийг гайхашран харлаа.
– Олон аягыг уусан уу? гэж цаадах нь улам лавшруулан асуув.
– Тийм.
– Харин дараа нь оргилуун дарс уусан биз?
– Тийм ээ гэж Жорж гэмшингүй хариуллаа.
– Хэрэв одоо таныг орны цагаан даавуу нөмрөөд өөрийгөө эрвээхэйн хаан гэж бодоод нисэн одохыг завдах юм бол би лав огт гайхахгүй. Би тосгоны шар айргийг сайн мэднэ! Дан согтуу өвс! Ноёд оо, ер нь бүгдээрээ унтаж амарцгаасан нь дээр байх.
Тэгээд ч өнөө шөнө амгалан тайван өнгөрөхгүй л болов уу. Манай зоригт залуус согтуу өвсний нөлөөгөөр цус сорогчидтой тулалддаггүй юм аа гэхэд чоно ч юм уу бусад аймшигт араатнуудтай тулалдсаар хонох байх гэж би айж байна гэж эмч үгээ дуусгав.
Түүний зөвлөгөөг хүлээн авч бүгд бие биедээ амар тайван унтаж амрахыг ерөөгөөд тус тусын унтлагын өрөө рүүгээ таран одлоо.
Харин ахмад Райт хооллох танхимаас хамгийн сүүлд гарав.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.27.11 2:45 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван нэгдүгээр хэсэг

Вейс эмчийн урьдчилан хэлсэн үг ёсоор болж шөнө дунд айж сандарсан хүний муухай орилох дуунаар бүгд гудманд гүйн гарцгаалаа.
– Юу болов, хэн орилов? гэж айж сандарсан, хагас дутуу хувцастай зочид бие биенээсээ асуувч юу болсныг мэдэх хүн огт байсангүй.
Тэр ч бүү хэл чухам аль унтлагын өрөөнөөс хашгирсныг ч мэдэх арга байсангүй.
– Цонхон талаас эхэлж тоолбол хоёр дахь өрөөнөөс хашгирсан болов уу гэж би бодож байна хэмээн Жемс хэлээд,  – Намайг гудманд хамгийн түрүүнд гараад харахад тэр унтлагын өрөөнөөс нэг хүн гараад цонх уруу зүглэж дараа нь гудмаар зүүн тийш эргэсэн. Тийшээ явцгаая гэв.
Бүгдээрээ цонхон талаасаа хоёр дахь унтлагын өрөөнд орж үзлээ.
Дуу цөөнтэй, ихэнхдээ олны дундаас нэг их ялгараад байдаггүй залуу тайж Рено гар нь хөшиж, нүүрэнд нь айдас хүйдэс царцан орон дээрээ ухаангүй хэвтэж байлаа.
Биеийг нь арчиж үрэн, эм өгсний дараа Рено ухаан орсон боловч аливаа асуултад юу ч санахгүй байна, юу ч үзээгүй, юу ч гэж хашгираагүй хэмээн аягүйрхэн хариулж байв.
– За, чиний үзсэн нөгөө дүрс мэдээж алтлаг шар үстэй, гартаа ягаан удвал цэцэг барьсан л байсан биз дээ гэж Вейс эмч Жемсээс дооглонгуй асуухад:
– Цоохор эрээн цонхон дээр сарны гэрэл шууд тусаж, жааз нь сүүдэртсэнээс тэгж харагджээ хэмээн Жемс огтхон ч сандарсангүй тайван хариулав.
Бүгдээрээ аажим аажмаар тайвшран дахин өрөө өрөөндөө орцгоов.
Өглөө хүртэл амгалан тайван байдлыг хэн ч эвдсэнгүй. Харин өглөө нь эрхлэгч Смит өнгөрсөн шөнө золгүй явдал болжээ хэмээн ноён Гаррид илтгэлээ.
Ажилчдын нэг нь гэнэт нас баржээ.
– Тэр яагаа вэ?
– Одоогоор сайн мэдэгдээгүй байна. Вейс эмч туслахын хамт цогцсын дэргэд байгаа хэмээн эрхлэгч Смит хүндэтгэлтэйгээр хариулав.

* * *

– Тэр ажилчныг хэн гэдэг байсан юм бэ?
– Блено.
– Блено гэнэ ээ? Би тийм нэр огт сонсож байгаагүй юм шиг санагдах юм гэж Гарри хэлэхэд:
– Энэ чинь нөгөө баримлын хугарч унасан толгойг аваад яв гэж Смит таны тушаал өгсөн тэр залуу мөн үү хэмээн Жемс асуув.
– Тийм ээ, ноёнтоон, тэр мөн. Тэр толгой түүний орны хөл дэхь цонхон дээр одоо ч байж байна.
– Тэр хаана үхээ вэ?
– Унтаж байхдаа орон дотроо өнгөрчээ. Түүний ор зарц ажилчдын нийтийн унтлагын өрөөнд, гудам талаасаа хамгийн зүүн талд нь байдаг юм. Өрөөндөө тавуулаа унтаж байсан боловч бусад нь шөнө юу ч сонсоогүй байна. Тэр огт чимээ аниргүй нас баржээ хэмээн эрхлэгч Смит хүндэтгэлтэйгээр илтгэлээ.
Энэ үед Вейс эмч орж ирээд тойрсон олны чимээгүй асуултад:
– За, мэдээж хэрэг, зүрхний саа л байна гэв.
– Зохих ёсоор нь аятайхан оршуулаарай, бас тосгонд төрөл төрөгсөд нь байдаг эсэхийг олж мэд гэж Гарри тушаав.
– Бленогийн настай нагац эгч нь байдаг юм хэмээн зарц нарын нэг хүндэтгэлтэй хэлэхэд:
– Түүнд нь нэг зуун доллар өг гэж Гарри нэмж хэлэв.
Тэнд байгаа хүмүүс ноён Гарригийн сайхан сэтгэл, өрөвч зөөлнийг магтан шуугилдав.
Гарри тэр шуугианыг бушуухан намдаах гэсэндээ эмчийн туслах Жогоос ийн асуулаа:
– Та яагаа вэ, доголоод байгаа юм уу даа?
– Энэ зүгээр ээ, ноёнтоон, хальт гишгээд шөрмөсөө жаахан гэмтээчихсэн юм. Тэр Блено гай болж орныхоо дэргэд ягаан удвал цэцэг хаяад, тэрэн дээр нь би харалгүй гишгээд хальтирчихсан юм.
Энэ өдөр тун ч уйтгартай болох төлөвтэй байлаа.
Ноён Гарри Америкаас ирсэн өчнөөн захидлаа унших гээд өрөөндөө ороод түгжчихлээ.
Эрхлэгч оршуулгын ажлыг хөөцөлдөж зочид өөрөө өөрсдийгөө зугаацуулахаас өөр аргагүй болов.
Морьд, ноход, зарц нар, бусад бүх зүйлс зочдын мэдэлд байлаа.
Зарим нь хот уруу явж, нөгөө зарим нь захидал бичин, ном уншицгааж ихэнх нь дэмий чалчин цагийг өнгөрүүллээ.
Ганцхан Ахмад Райт л тавцангийн нэг буланд суугаад навчин тамхиа ар араас нь угсруулан татаж, наадуулыгаа юм асуухад дэмий амьсгаадан шуухитнаж, гүвтнэхээс өөр хариу үл дуугарах тул бусад нь арга буюу түүнийг тайван орхилоо.

* * *

– Европын агаар түүнд нөлөөлж байх шиг байна гээд Жемс инээхэд
– За үгүй дээ, хүүхнээр дутаад л тэгээ биз хэмээн Жорж К маргав.
– Аль нь ч байсан сүүлийн гурав хоногт ахмад Райт огт өөр хүн болжээ. Бүр царай алдаж, турчихлаа гэм. Бид хамтдаа зэрлэг индианчуудад бүслэгдээд хориглон хамгаалж байсан тэр үед л ахмад Райт нэг иймэрхүү байсан байх. Тэр үед гурав, дөрвөн шөнө дараалаад нойргүй хонох ч хэрэг гарч байсан. За тэр ч бас яах вэ. Хаанаас, хэзээ ямар аюул нөмрөн ирэхийг мэдэхгүй бие сэтгэлээ байнга хөвчлөн чагнаж байх хэрэгтэй болсон. Тэр чинь л хүний мэдрэлд айхтар сүрхий нөлөөдөг юм шүү гэж Вейс эмч дурслаа.
– Эмч ээ, та өөрөө тийм юмыг биеэрээ үзсэн гэж үү хэмээн сониуч залуус шалгаахад:
– Тэр ч мэдээж шүү дээ, Райт, Гарри, Жемс бид хэд бусад анчдын хамт индианчуудын отолтод орж үйлээ үзсэн юм. Ёстой л үхэн үхтлээ мартахгүй юм болсон доо. Тэр үеэс хойш бид нэг нэгнээсээ бараг салаагүй юм. Аюул зовлон биднийг салшгүй бат нөхөрлүүлсэн юм гэж Вейс эмч үгээ төгсгөв.
Залуус эмчээс элдвийг асууж шалгаасанд өнөөх нь зөвхөн Америк төдийгүй бас Энэтхэгт ан гөрөө хийж явахдаа үзэж туулсан ангийн элдэв жигтэй адал явдлаасаа удаан хүүрнэн ярьж өглөө.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 143 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited