#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.27.17 12:24 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 143 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Mar.27.11 2:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван хоёрдугаар хэсэг

Орой нь зочид бүгдээрээ хооллох танхимд цугларлаа. Вейс эмч, ахмад Райт нар хамгийн сүүлд орж ирлээ. Ахмад баргар царайлан дүнсийж, Вейс эмч санаа нь зовсон бололтой үе үе түүн рүү харна. Оройн зоог хөгжөөн наргиантай болж өнгөрлөө.
Халаасан холимог дарс авчирч өгсний дараа бүгд Карл Ивановичид хандан ямар нэг зүйл уншиж өгөхийг хүслээ.
– Би маш их баяртай байна аа, бөөн бичиг цаас, номуудын дундаас бас нэг боодолтой захидлууд олсон юм.
Цаг хугацааны хувьд нэлээд сүүлд бичигдсэн боловч өмнөх захидлуудын үргэлжлэл гэдэг нь эргэлзээгүй байна гэж Карл Иванович хэллээ. Харваас тэрээр энд цугласан зочдын таалалд нийцэх зүйл хийх завшаан тохиолдсонд баяртай байгаа нь илт байлаа.
– Уншаарай, уншаарай! хэмээн залуус түүнийг шавдуулав.
– За, чимээгүй болоорой. Би уншиж эхэлье.

Арав дахь захидал

Хонгор Альф минь, намайг гэр бүлийн аз жаргалдаа умбаж, андын нөхөрлөлөө мартаад андгай тангаргаа няцаж захидал бичихээ больчихлоо гэж чи бодож байгаа бол эндүүрч буй хэрэг шүү.
Миний гэр бүлийн аз жаргал тэртээ ирээдүйд л биелэх байх, харин одоо надад санаа тавьж хөөцөлдөх ёстой ажлаас их юм алга даа.
Амьдран суух шинэ газартаа ирээд анд найз чамдаа захидал бичиж буйг аль хэдийн анзаарсан биз дээ.
Би төрөлх нутагтаа ирээд байна.
Миний хүмүүжүүлэгч байсан өвгөн эргэл мөргөл хийхээр явах санаа сэдсэний дүйвээнээр би амьдралынхаа бүх төлөвлөгөөг арга буюу өөрчлөхөд хүрлээ.
Ритатайгаа сүй тавих ёслолоо хийгээд би түүнтэйгээ хамт шууд цайз уруугаа явна, харин Петро өвгөн наана нь цайзыг засаж бэлдсэн байх болно гэж би урд нь төлөвлөж байсан, одоо харин би өөрөө цайзаа засаж янзлах хэрэгтэй болчихлоо.
Хаана ямархуу газар Ритагаа аваачих гэж байгаагаа эхэлж мэдэхгүйгээр би түүнийгээ шууд аваад очиж чадахгүй. Түр зуур түүнээсээ салах хэрэгтэй боллоо.
Би энд түрүүлээд ирчихлээ, харин Рита хөгшин өрлөг эх болон хоёр зарц хүүхнийхээ хамт хэд хоногоос ирнэ.
Гоёл чимэглэл, хувцас хунар нь хэдийн бэлэн болсон, Рита маань ч сэтгэл хангалуун байгаа. Нөгөө ромын хатан хааны эрдэнэстэй хайрцгийг тэсгэлгүй худалдаж авсандаа хүлцэл өчье.
Цайз маань миний бодсоноос ч илүү хөсөр хаягдан мууджээ. Манаачийн хэлж буйгаар бол аав маань цайзад амьдрахаа болиод удсан бөгөөд ийшээ шагайдаг ч үгүй байсан гэнэ. Морины жүчээ, гал зуухны ойролцоо оршдог, зарц ажилчдад зориулж барьсан байшинд аав толгой хоргоддог байжээ.
Зарц ажилчдын зарим нь өөрсдөө яваад өгч, заримыг нь аав халжээ.
Цайзад адуу, үхэр битгий хэл нохой ч алга.
Аав маань яг л аглагт суугаа даяанч лам шиг аж төрж байжээ. Зарц ажилчдын хийдэг бүх л ажлыг Петро ганцаараа амжуулдаг байсан гэнэ.
Байдал нэгэнт ийм болсон тул цэцэрлэг хүртэл эзгүйрч дүүрэн сармис ургажээ. Сармисны зэвүүн муухай үнэр хаа сайгүй ханхалж байна.
Энэ их сармисыг түүж, шатаах гээд өчүүхэн ч завгүй ажиллаж байна.
Хуучин худгийг орхиж шинэ худаг гаргахаас өөр аргагүй болжээ.
Цэцгийн мандал байтугай ширхэг цэцэг ч энд алга. Энэ бүхэн хаашаа алга болчихсон юм бол? Ээжийг маань энд байхад манай цэцэрлэг цэцгэнд умбаж байдагсан.
Өнөөх америк өвгөний амьдарч байсан манааны байр алга болж буйран дээр нь том загалмай босгожээ.
Өвгөн хэдийн үхсэн буй заа.
За, ажилчид тооцоо хийхээр ирлээ.

Хүндэтгэсэн Д чинь.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.27.11 3:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Хөөх! Би ямар их ядраа вэ!
Өглөө зургаан цагт босож шууд мориндоо мордоод шилтгээнд очиж ажиллахаар явдаг.
Нээрээ, цайзаас холгүй орших ойн байшинд амьдарч байгаагаа чамд хэлэхээ мартсан юм байна шүү.
Энд амьдрах надад их сайхан санагдаж байна, Ритагаа ч энд дуртайяа авчрахсан.
Тэр ч бүү хэл түүнтэйгээ хамт энэ ойн байшинд амьдрах хүсэлдээ нэг хэсэгтээ л автаж Ритад зориулж хоёр өрөө бэлтгээд бараг дуусчихсанаа хүлээж байна.
Зарим зүйлсийг нь сольж, зарим хэсгийг нэмж барих хэрэгтэй болсон бөгөөд харин тэр бүхний эцэст бяцхан урам хугарах хэрэгтэй боллоо. Рита маань «эзэн авхайн» ёсоор шууд цайзад очиж сууна гэж захидалдаа бичжээ.
Ойн байшинд амьдрах мөрөөдөл минь хэдэн мянган алтан зоостой хамт хийсэн одлоо!
Бүх зүйлийг хотоос захиалан авчрах хэрэгтэй болж буйгаас цайзын засварын ажил удаан урагшилж байна.
Өнөөдөр цэцэрлэгчтэй хамт хаана цэцгийн мандал, хүрээ хийх талаар төлөвлөж өдөржингөө халуун наранд шарагдаж өнжлөө.
Өнөө хэлбэр дүрсгүй том загалмай байсан газарт сарнай цэцэг ургуулах хүлэмж хийх бодолтой байна.
Рита минь сарнай цэцэгт үнэхээр дуртай шүү дээ.
Сарнайн хүлэмж маань хэзээний бэлэн болчихлоо. Одоо цэцэрлэгт хийх ажил зөндөө. Царс модод бүгдээрээ уртай болжээ. Яг л хэн нэг нь энэ шимэгч урыг зориуд халдварлуулан тараасан юм шиг.
Цэцэрлэгийн зүүн хэсэг нь арай танагтай үлджээ. Тэнд хадан цохион дунд гантигаар урласан охин тэнгэрийн хөшөө байна. Намайг бага байхад тийм хөшөө энд байгаагүй юм. Аав маань ээжийн дурсгалд зориулан босгосон юм байлгүй дээ. Эргэн тойрон хатсан цэцгэн хэлхээ зөндөө байгаагаас үзвэл үнэхээр тийм бололтой. Өөр цэцэг оруулалгүй дан сармисны цэцгээр хэлхсэн байх юм.
Хатсан хэлхээнүүдийг шатаахыг тушаалаа.
Бас нэг хачин жигтэй зүйл гэвэл манай эцэг, эх хоёрын авс байхгүй байна.
Ихэд яаран бичлээ, нүд анилдаад байна. Маргааш хүртэл баяртай.
Хүндэтгэсэн Д чинь.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.27.11 3:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван хоёр дахь захидал

Өнөөдөр үлгэрийн юм шиг этгээд сонин хувцастай нэгэн залуу ирж ёсорхон бөхөлзөөд надад боодолтой зүйл гардуулж, болзоот бүсгүйгээс минь миний амар мэндийг эрэн асуулгасан хэтэрхий хээнцэр үгсийг надад уламжлан дуулгалаа.
Миний бяцхан хонгор «цайзын эзэн авхайн» дүрдээ нэгмөсөн орчихжээ.
Эхлээд тэр дундад зууны дүр төрхтэй элчийг шатны уруу түлхчихмээр тэсгэлгүй хүсэл төрсөн боловч өнөө боодлыг задалж үзээд би бүхнийг умартаж орхилоо…, миний хонгор хөөрхөн Рита намайг ширтээд байж байна! Ухаалаг хонгор тэр минь цайзын гэр бүлийн хөргийн танхимд тавиулах гэж өөрийнхөө хөргийг зуруулж илгээсэн нь тэр байжээ.
Хуримынхаа өдөр өмсөхөөр зэхсэн гоёлын хувцсаа өмсөж нөгөө цуутай самаа үсэндээ хатган гоёжээ.
Хонгор минь дээ, хонгор минь. Би түүнийхээ эрхэм дотно дүрийг ширтсээр өнөө элчийг мартаж орхиод «Хэзээ эхэлж болох вэ?» гэж асуухад нь л сая нэг сэхээрлээ.
Тэр залуу уран зураач хүн юмсанжээ. Үсээ дэл шиг урт ургуулж, мануухай шиг хувцасласан нь тийм учиртай юм байна. Ритагийн хүссэнээр миний хөргийг зурах гэж ирсэн тул зөвшөөрөхөөс аргагүй боллоо.

Хүндэтгэсэн Д чинь.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.27.11 4:10 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван гурав дахь захидал

Энэ зураач намайг бүр залхааж орхилоо! Ритагийн явуулсан эртний хөлөг баатрын хувцсыг өмсөж соёрхоно уу л гэх юм, эс тэгвээс Ритагийн хөрөгтэй зохицохгүй л гэх юм!
Эрээн тоть шиг этгээд марзан хувцас өмсөөд эртний хүн чулуу шиг сууж байх юм гэнэ дээ.
Завсар чөлөө гармагц бичиж сууна.
Ажил гэж мундахгүй их, бас дээр нь хөшөө шиг суугаад хөргөө зуруулах давхар ажилтай боллоо.
Хөргийн танхимд зориуд үлдээсэн юм шиг орхисон тэр хоосон зайд өөрсдийнхөө хөргийг өлгөнө дөө гэж өөрийгөө баясгаад сууж байна.
Цэцэрлэг бараг бэлэн болсон.
Өнөөдөр өнөө «гэзэгтийг» арай л хийстэл нь цохиод авсангүй.
– Хөмсгөө битгий зангид, би нүдийг чинь зурж байна гэнэ шүү! 
Чөтгөр чамайг... Тэгтэл гэнэт нэг сайхан санаа төрж, Ритагийнхаа хөргийг өмнөө өлгүүлээд хайртай хонгор бүсгүйгээ энхрийлэн ширтэж суулаа.
Өнөө мануухай дуугүй болсныг бодвол миний харцан дахь уйтгар гуниг хийсэн одсоных биз ээ.

Хүндэтгэсэн Д чинь.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.27.11 4:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван дөрөв дэх захидал

Ээ гялай! Маргааш Рита ирнэ.
Бараг бүх зүйл бэлэн болсон. Зөвхөн миний хөрөг л баахан хожимдож байна. Нөгөө зураач намайг сууж зуруулах нь цөөн, суусан ч зурахад таатайгаар сууж өгдөггүй учраас энэ бүхэн өөрөөс нь шалтгаалаагүй тул гүнж ахайтан өөрт нь уурлахгүй гэж мэтгэж байна. Ритаг минь гүнж ахайтан гээд байгаа юм шүү тэр.
Хонгор Альф минь, чи алс хол байгаа болохоор хамтдаа баярлах боломжгүй нь яасан харамсалтай хэрэг вэ.

Хүндэтгэсэн Д чинь.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.27.11 5:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван тав дах захидал

Рита энд ирээд аль хэдийн долоо хоног болчихжээ. Урд нь ярилцаж тохирсон ёсоор Рита өөрийн өрлөг эх хөгшин Цицилия хийгээд хоёр залуу бүсгүйн хамт иржээ.
Гэхдээ тэр хоёр бүсгүй хөлсний шивэгчид биш, Ритагийн холын хамаатан ядуу бүсгүйчүүд гэнээ.
Миний хонгорхон бүсгүй тэднийг зөвшөөрөлгүй авчирсныгаа өршөөн хэлтрүүлэхийг надаас гуйлаа. Харин би уурлах битгий хэл харин ч сэтгэл хангалуун байна. Ритад минь ярьж цаг нөхцөөх охид хүүхнүүд хэрэгтэйн дээр тэр минь намайг цайзаасаа хол ажил төрөл хөөцөлдөхөөр явахад ганцаараа үлдэхгүй болсон нь яамай даа.
Мөн түүнээс гадна Франческа, Лючия хоёр эелдэг хөөрхөн ааштай, сэтгэлд зохистой бүсгүйчүүд бөгөөд үдийн зоог хийгээд оройн цагаар тэдний хөгжилтэй яриа зугаа болдог юм.
Түүнээс гадна тэр хоёр Ритагийн төлөө амиа өгөхөөс ч буцахгүй тийм их хайртай гэж миний хонгор бүсгүй өгүүлж байна.
Бид ердөө хэдүүлхнээ амьдарч байна. Рита бид хоёр, түүний хоёр үеэл дүүгээс гадна гэзэгт зураач, уран барилгач болон түүний туслах, ингээд л гүйцээ.
Өглөө нь хүссэн ч, эс хүссэн ч би ажлаа хийх болдог. Энэ зуур Рита хоёр үеэл дүүгийнхээ хамтаар оёдол үйл шамдан хийж байна. Үйл оёдол хийж байгааг нь би мэдэх боловч чухам юу урлаж байгааг нь мэдэхгүй, үүнийгээ тэд надаас чандлан нууцалж байна. Надад өгөх бэлэг урлаж байгаа юм гэсэн шүү.
– Тэсэж үз, бид бүх эмжээрийг нь жинхэнэ сувдаар шаглаж байгаа юм гэж Рита хэлж байна.
Мөн л Ритагийн италиас дагуулж ирсэн хоёр зарц үдийн зоогон дээр бидэнд үйлчилдэг.
Үдшийг элдвийг ярьж, наргиан наадам хийж өнгөрүүлдэг юм. Лючия пийпаа хөгжим сайхан тоглодог юм. Ер нь Рита, Франческа хоёр ч мөн адил хөгжим сайхан тоглож, аятайхан дуучихдаг юм билээ.
Хоёр долоо хоногийн дараа бидний хурим болно. Чамайг хүрээд ирээсэй гэж би их хүсэж байна… хүрээд ир л дээ! Энэ хүслээ Ритад хэлэхэд тэр минь маш их хөөрөн баярлаж, өөрийнхөө нэрийн өмнөөс чамайг хүрээд ирээсэй гэж үнэхээр их хүсэн гуйсан шүү.
Өөрийн биеэр хүрэлцэн ирж бид хоёрыгоо баярлуулахыг хичээгээрэй дээ, Альф минь.

Хүндэтгэсэн Д чинь.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.27.11 9:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван зургаа дахь захидал

Ээ, хонгор Альф минь дээ, ирж чадахгүй гэсэнд чинь ихэд харамсаж байна. Рита бүр ч ихээр гуниглан гомдож, бүр «Энэ хорвоо дээр жинхэнэ нөхөрлөл гэж байдаггүй хэрэг үү» гэж тунирхаж байна.
Бидний хуримд ирж амжихгүй гэдэг чинь нөхөрлөлийн хэмжүүр огт биш, хэрэв бидэнд гай зовлон тохиолдоод чамаас тусламж эрвэл тэр даруй хүрээд л ирнэ гэж би хэчнээн нотлон хэлээд ч нэмэр алга. Рита үүний хариуд нь хөөрхөн толгойгоо сэгсрээд л юу ч дуугарахгүй юм.
Ритагийн сэтгэл сүүлийн хэд хоног тун тавгүй байгаа тул чи үүнд битгий гомдоорой. Түүний минь царай цонхийн цайж, үргэлж даарч, «германы нар» италийн нар шиг дулаацуулж чадахгүй байна гэх боллоо.
Харин энд өдөр байтугай шөнө ч урд үзэгдээгүй халуун байна.
Миний өөрөөр нэрлэж огт чадаагүй энэ «мэдрэлийн гаралтай чичрэг» нь би түүнийг бунханд дагуулан аваачиж тэнэглэсэн тэр өдрөөс эхэлсэн юм.
Мэдээж, бунхныг ч бас цэвэрлэн салхи оруулсан л даа.
Дашрамд хэлэхэд би аав ээж хоёрынхоо хэнийх нь ч авсыг олоогүй л байна! Сонин гэхэд бүр дэндүү сонин хэрэг шүү.
Рита бунхныг сонирхон үзэж дээрх бичээсүүдийг нь уншлаа. Нэг хэсэг нь гайхалтай цагаан цайлган үгтэй, зарим нь ч бүр омог бардам, ихэмсэг байдал нэвт ханхалсан үгтэй байх юм.
Рита ядраад мөнөөх америкаас авчирсан өвөг эцгийн шарилтай авсыг хадгалж буй асар том чулуун бунхныг налж зогссоноо:
– Ямар хүйтэн юм бэ гэж хоолой нь чичрэн хэлээд тэрхүү бунхнаас холдлоо.
Тэр маань хүзүү гараа ил гаргасан хөнгөхөн торон сүлжмэл бошинз өмссөн байсан юм. Ритаг «Ямар хүйтэн юм бэ» гэж дуу алдахад л би ямар тэнэг юм хийснээ ухаарлаа! Халуун өдөр дан сүлжмэл торон хувцастай хүнийг хүйтэн, чийгтэй бунханд аваачиж байдаг тэнэг илжиг юм даа би!
Орой нь ердийнхөөрөө л өнгөрлөө. Рита пийпаа хөгжим тоглон: «guella fiamma shk…» гэж дуулж байлаа.
Бунханд байх үед төрсөн эвгүй мэдрэмжийг тэр мартсан бололтой. Бүгд тарсны дараа Ритагийн өрөөний нээлттэй цонхны дор, цэцэрлэгт түүнтэй ярилцаж удаан зогслоо.
Маргааш нь нүүр нь цонхийн цайж, ядарч туйлдсан царайтай босож ирээд хийж буй ажлаасаа татгалзаж, өдөржин наранд ээж хэвтлээ.
Нөгөөдөр нь ч бас тэгэв.
Би тосгон уруу эмч дуудахаар хүн явуулах гэсэн боловч тэр хориглоод явуулсангүй.
Өрлөг эхийнхээ үгэнд үргэлж ордог Рита энэ удаа түүнийхээ үгийг ч авсангүй.
– Авхайтан эмчид үзүүлэхгүй гээд байх юм, харин зовиуртай ёолон хашгирахыг нь өнгөрсөн шөнө түүний хажуугийн өрөөнд унтаж байсан би хүртэл сонссон гэж эмгэнийг хэлэхэд:
– Нэг их сүртэй юм болоогүй ээ, би шөнө сүлбээр зүүгээр өөрийгөө хатгачихаад өвдсөндөө орилсон юм гэж Рита уцаарлангуй дуугарав.
Тэгээд Рита эрүүнийхээ дор, хүзүүн дээрх жижигхэн шархаа надад харууллаа.
Шарх нь хэдий жижигхэн ч би тэр шархыг үзээд аянгад ниргүүлсэн мэт боллоо. Тэр жижигхэн улаан толбо төдий шархыг хараад яагаад тэгж цочирдсоноо анхандаа би өөрөө ч ойлгосонгүй.
Харин бүр сүүлд нь манай ээжийн хүзүүн дээр ч мөн тийм жижигхэн улаан толбо байсныг гэнэт саналаа!
Ээж минь түүнээс болж үхээгүй нь мэдээж ч Ритагийн минь булбарай цагаан хүзүүнд тийм шарх байхыг үзээд зүрх минь зүсэгдэх шиг л боллоо.
Би учрыг нь асууж, шалгааж эхэллээ.
– Учрыг нь олж цөхөөд байх юм огт байхгүй, Цонхоо онгойлгоод унтсан чинь шөнө хүйтэн чийгтэй салхи үлээхэд даараад би сэрсэн юм гэж Рита ярьж эхэллээ.
– Рита, юу ярина вэ, шөнө маш бөгчим, халуун байсан шүү дээ гэж Лючия дуу алдахад:
– Хүйтэн салхи үлээж байсан, булш бунхан шиг хүйтэн байсан гэж би чамд хэлээд байна гэж миний сүйт бүсгүй зөрүүдлэв.
– Би дулаахан алчуураар биеэ ороогоод сүлбээр зүүгээр хоёр үзүүрийг нь зөрүүлэн тогтооё гэж бодлоо. Тэгээд нойрноосоо бүр сэрчихгүйн тулд нүдээ аниатай чигээрээ гараа явуулан тэмтэрч орны дэргэдэх ширээн дээрээс сүлбээр зүү авсан юм. Харин миний аз болоход чиний надад бэлэглэсэн, ягаан чулуун шигтгээтэй өнөөх миний дуртай зүү таарчээ.
Тэр сүлбээр зүү их урт бас хурц үзүүртэй гэдгийг чи өөрөө мэднэ шүү дээ.
Ямар ч байсан энэ бол шалихгүй жижигхэн шарх, маргааш гэхэд бүр эдгэчихнэ гэж яриагаа дуусгалаа.
Тэрхүү жижигхэн шарх бол ялихгүй зүйл гэдгийг би сайн ойлгож байгаа ч өөд болсон ээж, бусад явдлыг бодохоор сэтгэл огт амрахгүй байна…
Би өөрийн нөгөө түүхийг чамд гүйцэд яриагүйгээ бүр мартчихжээ, уучлаарай, энийг өнөөдөр гүйцээж чадахгүй нь. Бичих зав үнэндээ алга. Одоо даруй хот орж маргааш өглөө тэндээс эмч олж ирье гэж шийдлээ.
Рита эмнэлгийн тусламжаас авахаас нэгмөсөн татгалзсан тул арга заль л хэрэглэх болж дээ.
Манай аав ээж хоёрын гэрийн эмч байсан хөгшин хотод амьдардгийг би хэдийнээс мэднэ. Тэр маш хөгширсөн ч арай эрүү өвдөг нь нийлчихээгүй байгаа. Эмчийн ажлаа хийхээ бүр болиод манай аавын өгсөн тэтгэврийн мөнгөөр амьдарч, шинжлэх ухаанд биеэ зориулсан юм.
Тэр өвгөнийг эмчийн хувьд биш, харин манай гэр бүлийн эртний андын хувьд цайзад ирнэ үү гэж урья.
За түр баяртай. Захиа нэг тийшээ би нөгөө тийшээ явлаа.

Хүндэтгэсэн Д чинь.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.28.11 1:32 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван гуравдугаар хэсэг

– За, өнөөдөртөө ингээд болох юм биш үү? Карл Ивановичийн гарт дахиад нэг орой ч уншихад хүрэлцэхүйц зузаан хавтас байгааг би харж байна гэж ноён Гарри хэлэв.
Зочид гэрийн эзний хүслээс зөрөхийг хүсээгүй тул тавтай нойрсохыг бие биедээ ерөөгөөд хооллох танхимаас уван цуван гарцгаалаа.
Төдөлгүй ахмад Райт, Жемс хоёр хоёулхнаа үлдлээ.
Райт тамхиа баагиулж, хооллох өрөөнд аль болох удаан байхыг хүссэн мэт чимээгүйхэн суусаар байлаа.
Райтыг оройжингоо ажигласан Жемс ахмадын нүүр зэвхийрэн цайсныг үзээд сандран гайхаж:
– Райт, чи яагаа вэ? Өвчин тусчихсан юм биш биз? гэж сэтгэл нь зовсон байдалтай асуув.
Ахмад давхийн цочиж, энэ үгийг хэлсэн хүнийг ууртай ширэв татсанаа Жемсийн нөхөрсөг царайг олж хараад хүндээр шүүрс алдаж түүний мөрөн дээр гараа тавиад:
– Жемми, чиний зөв бололтой, би өвчин тусаад бүр солиорох гэж байна гэв.
– Райт, юу болох нь энэ вэ, чи яагаа вэ? Жемс дуу алдлаа.
– За яах вэ, Жемми минь, би чамд юу болсныг ярьж өгье, гэхдээ чи хэнд ч хэлэх ёсгүй шүү. Зөвшөөрч байна уу?
– За мэдээж шүү дээ, алив яриач.
Ахмад шинээр тамхи асааж аваад хэсэг зуур дуугүй сууснаа ярьж эхэллээ:
– Саяхнаас л энэ бүхэн эхэлсэн юм. Үнэндээ бол хий үзэгдэлтэй гэгдсэн тэр өрөөнд миний унтахыг зөвшөөрсөн тэр шөнөөс. Хий үзэгдэл энэ тэрд би огт итгэдэггүй, тийм юмнаас ер айдаггүйг минь чи ямар мэдэхгүй биш дээ.
– Хэлээд юү гэх вэ гэж Жемс үнэн сэтгэлээсээ дуу алдав.
– Өрөөнд их бөгчим байсан тул цонхоо онгойлгоод төд удалгүй би зүүрмэглэж эхэлсэн юм. Хир зэрэг удсаныг бүү мэд, гэнэт ямар нэг юм түлхэхэд би сэрлээ. Өрөөнд ямар нэг юм сэрчигнэж, ер нь бол яг эмэгтэй хүний торгон даашинз сэрчигнэх чимээ гарч лаваандын нялуун үнэр хамар цоргилоо.
Түрүүхэн Гарригийн онгойлгосон шүүгээнээс ийм үнэр ханхалж, цонхны хөшиг салхинд дэрвэлзэн сэрчигнэж байгаа хэрэг байх нь гэж бодоод санаанд ч оролгүй тун тайвнаар навчин тамхиа амандаа зуугаад асаахаар шүдэнз хавирлаа.
Харин шүдэнзний гэрэлд өнөө орны дээрх хөшигний хуниасны завсраар үнэт алмаазан бөгж зүүсэн эмэгтэй хүний сайхан гар тодхон харагдлаа.
Хөшиг ч чимээгүй хаагдаж, завсраар нь аймшигтай цонхийсон, том хар нүдтэй бүсгүй хүний царай харагдав. Өтгөн хар үсээ титмэрхүү юмаар чимэглэж, хүзүүндээ улаан ягаан шүрэн зүүлт зүүсэн байлаа.
Би бүр хөшиж орхилоо.
Шүдэнз шатаж дуусаад хурууг минь түлж эхлэхэд би сая нэг юм сэхээ орлоо.
Тэгээд бүх юм түнэр харанхуйд уусан шингэлээ.
Ухасхийн босоод лаа асаах бол ганцхан минутын ажил шүү дээ. Өрөөнд өчүүхэн ч салхигүй байхад цонхны хөшиг дэрвэлзэн байлаа. Асаалттай лаагаа нээлттэй цонх уруу ойртуулан барьж үзээд огт салхигүй байгааг би баттай мэдэж авсан юм.
Хаалга, цоожийг дахин нэг нягтлан шалгаад би дахиад унтахаар хэвтэв. Гэвч нойр хулжчихжээ.
Амандаа навчин тамхиа зуугаад болсон бүх явдлыг дэс дараалан санаж, чухам юу үзсэнээ ухаарах гэж оролдон хэвтэхдээ нөгөө хий үзэгдэл харагдсан тэр газар уруу өөрийн эрхгүй байн байн харж байлаа.
Мэдээж, чи Энэтхэгийн шилдэг алмааз эрдэнийн чулууны шинж чанарыг сайн мэднэ шүү дээ. Тод гэрэлтэй үед өнгө муутай үхмэл юм шиг байснаа харанхуйд өчүүхэн төдий гэрэл тусахад л од мэт гялалздаг.
– Чи нөгөө Энэтхэгийн Дурги дарь эхийн хүзүүний зүүлтийг хэлж байна уу гэж Жемс асуулаа.
– Тийм л юм даа. Миний навчин тамхины гал улалзахад орны хөшигний завсраар яг тийм гэрэл гялалзахыг би харсан юм.
Тамхиа татаж дуусаад дахин босож бүгдийг ахин шалгаж үзсэн боловч бас л юу ч байгаагүй.
Би дахиад унтахаар хэвтээгүй.
Маргааш нь Гарри тэр шүүгээг буланд аваачиж тавь хэмээн зөөлгөхөд бидний таамаглаж байснаар ард нь нөгөө нууцлаг өрөө рүү ордог хаалга байсан.
Зарц нар ойрхон байгаа завшааныг ашиглан, тэсэхийн аргагүй халуун байна гэж шалтаг заагаад орны хөшгийг ав гэж би тушаасан юм.
Өдөр нь би өнгөрсөн шөнийн явдлыг ор тас мартаж, унтахаар хэвтэхдээ ч тэр тухай санасангүй.
Шөнө хөгц ханхалсан хүйтэн салхи мэдрэгдэж би нүдээ нээлээ.
Өрөөний цонхны хөшигнүүдийн хоорондох өргөн завсраар зурваслан тусах сарны гэрэл миний орыг дайран нөгөө шүүгээ байсан тэр газрыг гэрэлтүүлэх ажээ.
Сайтар харвал нөгөө нууцлаг өрөөний үүд онгойж, тэнд нэг эмэгтэй хүн зогсож байв.
Урд шөнө нь миний харсан царай дүрээрээ мөн байх бөгөөд харин одоо би бүхлээр нь харж байлаа.
Тэр өндөр гоолиг биетэй, үлгэрийн юм шиг сайхан бүсгүйн өмссөн цэнхэр торгон даашинз нь түүний бие цогцсын сайхныг нууж эс чадах бөгөөд хувцасны нугалааснууд нь сарны гэрэлд хачин жигтэй гялбалзан уусаж харагдах ажээ. Амьсгалах бүр хөх нь төмбөлзөн хөдөлж хүзүүндээ зүүсэн улаан ягаан шүрэн зүүлт нь гялалзана. Түүний толгойд байсан титэм шиг зүйл нь гоёмсог хээнцэр сам байжээ.
Төдөлгүй мөнөөх хүүхэн миний орны дэргэд чимээгүй ойртож ирээд зогслоо.
Улам бүр ихээр хүйт оргиж, лаваанд хийгээд хөгц чийгний үнэр холилдон үнэртэнэ. Том хар нүднийх нь харц над уруу тэмүүлж эхлэхэд би тэсэлгүй өндийлөө.
Харин тэр дороо өнөө хүүхэн чинь алга болчихлоо.
Нууцлаг өрөөнд буцаад орсон юм уу, цонхны хөшигний цаана нуугдсан юм уу, бүү мэд, харанхуйд уусах шиг л алга болсон.
Би түүний буцаж ирэхийг шөнөжингөө хүлээлээ.
– Энэ одоо юу болсон байж таарах вэ, Жемми? гээд Райт үгээ төгсгөв.
– Хий юм л хараа биз.
– Юу гэж дээ, Жемми минь, ахмад Райт би хий юм үзэх гэж үү! Болзоонд явах гэж байгаа дурлалт залуу шиг л шөнө болохыг хүлээж…, бас айгаад байх боллоо, би ч удахгүй галзуугийн эмнэлэгт очих байх аа даа.
– Чи яагаад эмчид энэ тухайгаа яриагүй юм бэ?
– Эмчид хэлж яах юм бэ, би нэг бол өөрөө энэ бүхнийг давж гарна, эсвэл үхэж л дуусах байх.
– Райт минь, өнөө шөнө хоёулаа хамт танай өрөөнд суух уу? хэмээн Жемс санал болговол:
– За тэгье, Жемми гэлээ.
Ахмад Райтын унтлагын өрөөнд ром архи, навчин тамхи аваачиж өгөхийг тушаагаад зарц нарыг явуулав.
Найзууд удаан ярилцлаа.
Нээлттэй цонхоор сарны туяа гийж, цэцэрлэгээс цэцгийн сайхан үнэр анхилна.
Өнгөрснөө дурсан, ирээдүйнхээ тухай ч ярьж байснаа яриа нь алгуур аяархан болон намдсаар үүрэглэж эхэллээ…
Шөнийн аниргүй нам гүмд хэн нэг нь пийпаа хөгжмийн чавхдасанд хүрэн зөөлөн эгшиг уянгалж, бас нэгэн аялгуу, дахин нэг аялгуу сонсогдлоо…
Хоёр найз анхааран чагнав… Тэгтэл өнөөх нууцлаг өрөөний хаалга алгуурхан нээгдэж нэгэн бүсгүй гарч ирлээ.
Райт тэр бүсгүйн үлгэрийн мэт гоо үзэсгэлэнг ярихдаа өчүүхэн ч хэтрүүлээгүй гэдгийг Жемс ойлголоо. Гэвч үүний хамт энэ бүсгүйг урд нь хаа нэгтээ харсан юм шиг түүнд санагджээ. Гэгэлгэн зүүдэндээ үзсэн үү, гэрэлт нарны дор тохиосон уу ямартаа ч харсан л бүсгүй байх ажээ.
Хатан хааных шиг ихэмсэг хирнээ энхрий ялдам бие галбир, өтгөн хар үс, гантиган цагаан хүзүү, зурсан мэт зохисон улаан ягаан шүрэн зүүлт, од шиг очтон гялалзах хархан нүд?!

* * *

– Чи үүнийг харж байна уу? хэмээн Райт чимээгүйхэн асуухад:
– Тийм ээ гэж Жемс шивнэлээ.
Гэвч тэд тун аяархан ярилцсан боловч хий үзэгдэл үргэсэн юм шиг алга болчихлоо.
Хоёр залуу өглөө болтол нэг ч үг сольсонгүй чимээгүй суулаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.28.11 3:26 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван дөрөвдүгээр хэсэг

Өглөөний кофе уух үед ноён Гарри дахиад л зочдоосоо уучлал гуйж «Өнөөдөр ан ав хийхгүй» гээд
– Цайзыг эзэмшилдээ авах ажил дууссан. Эрхлэгч Смит бунхныг онгойлгох ажилчдыг бэлдсэн байгаа хэмээн нэмж хэлэв.
Зөвхөн цэцэрлэгээс бунхан уруу ордог хаалгыг хааж цоожлоод зогсоогүй цайзын хоёрдугаар давхраас тийш ордог хаалгыг ч мөн хааж цоожлоод бүр битүүлсэн байна гэж эрхлэгч Смит яриад байна.
Энэ нь миний сонирхлыг төрүүлж өөрийн биеэр очиж энэ бүхнийг үзмээр санагдаад байгаа юм гэж ноён Гарри хэллээ.
Зочдын зарим нь ноён Гарригаас цайз уруу түүнтэй хамт явах зөвшөөрөл эрэлхийлж, Вейс эмч, ахмад Райт, Жемс нар ч мөн дагалдлаа.
Ахмад Райт амаа үдүүлчихсэн юм шиг хүрлийн дуугаа хурааж, үргэлж хөгжилтэй байдаг Жемс ч ихэд дүнсгэр байлаа.
Анчдын байшингаас цайз хүрэх замыг хэдийн цэвэрлэсэн тул бүгдээрээ ан гөрөөнд хэрэглэдэг хөнгөн морин тэргээр явлаа. Хэсэг хэсэг ойн чөлөөгөөр нарны туяа алтран буусан өтгөн ногоон моддын дундуур явах үнэхээр сайхан байлаа. Тун ч удалгүй цайзын том хаалганы өмнө ирлээ.
Цайзын эзнийг хүлээн авахаар хаалгыг нь бүр дэлгэн онгойлгожээ. Ямар ч лац, ломбо үүнээс хойш хэрэггүй.
Хашаанд байсан хог новш, зэрлэг ургамлыг ч цэвэрлэн зайлуулж амжжээ. Нэгэн цагт чулуу дэвссэн засмал талбайтай байсан хашаанд өршөөл энэрлийг үл мэдэх улирах цагийн салхи өөрийн ул мөрийг тодхон үлдээсэн байх ажээ.
Хашааны нэг буланд ордны ойролцоо хоёр банз тоонолжлон тавьсан байхыг ноён Гарри үзээд «Энэ юу вэ?» гэж асуувал эрхлэгч Смит:
– Тэнд хуучин худаг байгаа юм, хана нь бүр нурчихсан тул хүн уначих вий гэсэндээ банзаар түр таглаад байгаа юм гэв.
– Ер нь манайд хэдэн худаг байна вэ? хэмээн эзнийгээ асуухад:
– Адууны жүчээний дэргэдэхийг тооцохгүй бол хоёр худаг бий, энэнээс гадна цэцэрлэгт арай шинэ нэг худаг байгаа хэмээн Миллер хариулав.
– Хоёуланг нь засаж янзал гэж Гарри тушааснаар энэ яриа өндөрлөв. Худгийн тухай яриа өрнөж байх зуур ажилчид дуганын том ширмэн хаалгыг онгойлгох гэж шаргуу ажиллаж байлаа.

* * *

Хаалганы цоожны нүх, зай завсраар нь битүү тойруулан цутгасан цагаан тугалгыг хайлуулж авах гэдэг хэцүүхэн ажил байлаа.
Бүх зай завсар, цоожны нүхийг эцэст нь нэг юм цэвэрлэж дууссан боловч хаалганууд нь цоожтой байлаа. Тосгоны ахлагч эрхлэгч Смитэд хүлээлгэн өгсөн бүх түлхүүр дотроос ч тэдгээр хаалганд таарах түлхүүр олдсонгүй
Юмыг урдаас харахдаа сайн эрхлэгч Смитийн урьж авчирсан төмрийн дархан түлхүүр тааруулж эхлэв.
Удаан оролдсоны эцэст цоож торхийн онгойх сонсогдож тэрхэн мөчид хаалгыг дотроос нь хэн нэг нь хүчтэй түлхэн савах шиг болж өөрөө дэлгэгдлээ.
Төмрийн дархан духандаа булдруу үүстэл цохиулаад огло үсрэн холдов.
Нээгдсэн хаалгаар бөөн шороо тоос бургилан бүгд өөрийн эрхгүй нүдээ анилаа.
Урд шөнийн адал явдлыг мартаж чадахгүй байсан Райт, Жемс хоёр зайдуу зогсож байгаад бөөн тоос шороон дунд ямар нэг амьд юм нисэн гарч ирэхийг харжээ.
Харин тэр нь том саарал сарьсан багваахай байж таарлаа.
Сарьсан багваахай өдрийн гэрэлд юу ч хардаггүй, шөнийн амьтан атал саяны амьтан баяр баясгалантайгаар халин хөөрч Анчдын байшингийн чиглэлд ниссээр тун удалгүй тунгалаг цэнхэр тэнгэрийн мандалд уусан бараа нь тасарлаа.
– Саяны сарьсан багваахай бунхан дотроос гараад л нисчих шиг боллоо гэж ахмад Райтыг хэлэхэд:
– Тийм байж таарахгүй дээ. Бунхныг хаагаад удаж байгаа, зүгээр л хаалганы хүрээ модны ард үүрээ зассан байгаад хаалга онгойх салхинд хийсээд гараад ирсэн байх гэж Жемс хариуллаа.
– Жемми минь, би байна шүү, сарьсан багваахай, хулгана мэтийг үзэн яддаг юм. Би хулганаас айдаг гээд бодоод үз дээ, инээдтэй байгаа биз дээ? Олонх хүн могойноос айдаг шиг би хулгана харахаараа дагжин чичирдэг юм гэж ахмад Райт өгүүлэв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.28.11 5:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
ДУГАНЫГ ҮЗСЭН НЬ

Тоос шороо намдаж, бүгдээрээ дуган уруу ороод…, эвдэрч сүйдсэн байдлыг хараад ихэд цочирдон гайхацгаав.
Хэзээ нэгэн цагт хар одончуугаар бүрсэн хана нь энд тэндээсээ нүцгэрэн, одончуу бүрээс нь салбайн унжиж, лааны мөнгөн суурь, арц утлага нь асгарсан сангийн бойпор шалан дээр хэвтэж байх ажээ.
Гэгээн Авраам хийгээд хутагт Исаак нарын амьдралаас сэдэвлэн бүтээсэн товгор хөрөг эвдрэн халцарч, нэгнийх нь хамар, нөгөөгийнх нь адис тавьж буй гар нь алга болжээ.

* * *

Цонхнуудад нь модон сараалж тор хаджээ.
Цонхны дээгүүр болон цайзын хоёрдугаар давхраас дуган уруу ордог хаалгыг тойруулан цэцгэн хэлхээ өлгөжээ. Хэн нэгний гараар эвдэрч сүйдсэн болохоос улирах цагийн догшин урсгал энд нөлөөлөөгүй мэт байх нь сонин байлаа.
Дуганы голд өндөр суурь дээр цагаан хоргойгоор гадарласан авс байна. Авсны доорх суурийн гурван гишгүүр дээр сарнай цэцэг хаа сайгүй тавьсан нь хэдийн хатсан байх бөгөөд авсны хөл талыг тансаг хатгамалтай хээнцэр бүтээлгээр хучжээ. Хар хилэн бүтээлгийг өнгө өнгийн торго, сувдаар битүү хээлэн шаглаж зах ирмэгийг нь хөвөөлжээ.
– Энэ ч ёстой урлагийн бүтээл байна даа гэж Жорж К. хэлэхэд Вейс эмч бүтээлгийг сайтар хараад
– Жинхэнэ сувдаар хийжээ гэж хэлээд барьж үзвэл хуучирч өгөршсөн бөс даавуу нь хуруу хүрмэгц үйрэн унаж сувд нь шал дээр асгарлаа.
– Энэ авсыг хэнд зориулж хийсэн юм бол, тодорхой хэлбэл дотор нь хэн нойрсож байгаа юм бол хэмээн эмч үргэлжлүүлэн асуухад
Гарригийн дохиогоор өнөөх төмрийн дархан авсны тагийг өргөж тэр даруй онгойлголоо.
Авс хоосон байлаа.
Цагаан пүүсүү дотор, нарийн торон сүлжмэл, тууз зэрэг нь үнэтэй сайхан чихрийн хайрцаг шиг санагдах ажээ.
Авсны доторх бүх зүйл бага зэрэг шарласнаас биш огт муудсангүй, тун сайхнаараа хадгалагдан үлджээ.
Гадна орчин нь нуран сүйрч, өгөршиж муудсан байхад авсны доторх нь бараг шинээрээ байх нь жигтэй хачин эрс тэс ялгаатай байлаа.
– Энд юу болсон юм бол доо? Ямар гунигт үйл явдал болж өнгөрсөн байх вэ? Хөнгөхөн цэцгэн хэлхээ байсан янзаараа өлгөөтэй байхад лааны хүнд суурь, жинтэй сангийн бойпор газар унаж, ханын одончуу бүрээс хуулран унжиж, ханын шавар нурсан байх юм.
– Энэ ямар жигтэй оньсого вэ?
– Алив, Шерлок Холмс минь, учрыг нь тайлбарлаад байгаарай гэж Гарри хүмүүсийн эвгүйцэн дуугаа хураасныг эвдэн Жемсэд хандаж хэлэхэд:
– Мэдэх юм алга! хэмээн цаадах нь ширүүхэн дуугарлаа.
– Манай тосгоныхны дунд нэг ийм домог байдаг юм. Дээр үед, олоон жилийн өмнө аянга цахилгаан бууж аймшигтай ширүүн аадар бороо орсон юм гэнэ билээ. Орчлонгийн хамаг хар хүч газар бууж ирээд энэ цайзыг довтлох шиг болсон гэдэгсэн. Цайзыг золтой л уулнаас хөмрөөд хаячихаагүй гэнэ!… Газар яг л амьд юм шиг тонгочин хөдөлж байжээ… Цайзын дуганч лам өвгөн санваартны мөргөл залбирлын хүчээр л эндхийн хүмүүс амьд мэнд үлдсэн гэнэ лээ… Хэрэв цайз салхинд хийсэн унасан бол манай тосгон ч юу ч үгүй болох байж… Тэр ч бүү хэл энэ үйл явдалд зориулж загалмай залах ёслол үйлдсэн гэж манай эмээ ярьдаг байсан.
Аянга цахилгаан, аадар бороо намдсаны дараа тун удалгүй хүмүүс энэ цайзыг орхин явцгаасан гэдэг хэмээн тосгоны ахлагч хуучлав.
– Үгүй яах вэ дээ, газар хөдлөх үед жинтэй хүнд зүйлс газар унаж, жижиг хөнгөн юмс байрандаа үлдсэн байж болно шүү дээ, энэ бол жирийн үзэгдэл гэж эмч хэлэв.
– Таны саяын тайлбарласнаар бол энэ цайзад дуганаас бусад газарт хүнд юм байгаагүй болж таарч байна уу? Өөр газар тэгтлээ эвдэрч сүйрсэн юм байхгүй биз дээ гэж нэгэн өвгөний хэлэхэд.
– Гайхаад байх юу байх вэ, цайзын доторхыг хэдийн засаж янзалсан биз гэж эмч гөжүүдлэв.
– Дуганыг цэгцэлж янзлалгүй орхисон нь хачирхалтай хэрэг ээ хэмээн өвгөн мөчөөгөө өгөлгүй асуухад.
– Үгүй, тэр дуганыг хааж битүүлсэн байж шүү дээ гэж эмч бууж өгсөнгүй.
– Ингэхэд дуганыг хааж битүүлснийг чи юу гэж үзэж байна вэ гэж Гарри эмчээс асуухад цаадах нь:
– За даа, «Хүн бүр адилгүй, хүлэг бүхэн жороогүй» гэж ярьдгийг мэднэ биз дээ, эндхийн эзэн ноён ямар учиртай тэгснийг би яаж мэдэх билээ гээд гараа алдлав.
Хэчнээн хэлцэж, яаж ч маргаад ямар нэг тоймтой дүгнэлт хийж эс чадлаа.
Дуган эвдэрч сүйдсэн, хаалгуудыг битүүлсэн, авс хоосон байсан зэрэг нь оньсого таавар хэвээрээ үлдэж амьдралын баяр баясгалангаар бялхаж байгаа залуус энэ бүхнийг төдөлгүй мартаж орхилоо.
– Энд бас нэг хаалга байна гэж бүхнийг үзэж, бүхнийг мэдсэн байдаг эрхлэгч Смит Гарригийн анхаарлыг хандуулав.
Үнэхээр ч дуганаас бунхан уруу буусан огцом шат байх бөгөөд тэндээс ялзарч хөгцөрсөн зүйлийн эвгүй үнэр ханхлах тул тийш орохыг дурлах хүн олдсонгүй билээ.
– Дуганыг цэвэрлэж, цонхны сараалжуудыг авч, авсыг бунхан уруу оруулж тавь гэж Гарри тушаалаа.
Цайз хөл хөөр хөгжөөн шуугианаар бялхлаа. Хаалга, цонхнуудыг онгойлгож хэдэн арван ажилчин угааж цэвэрлэж, аалзны торнуудыг арилгаж гарлаа.
Смит өрөө өрөөгөөр, давхар давхраар салхи мэт хурдлан орж аашилж загнах нэгийг нь загнаж, заримд нь илүү цалин өгөхөөр амлаж, аргыг нь олон шамдуулсаар байлаа.
Үйлчилгээний хэсгийг ч Миллер мөн тэгж л зохицуулж байна. Адууны жүчээ, малын саравчийг ч түргэн засаж янзлан адуу, үхэр, нохой авчрахад бараг бэлэн болгожээ…
Гарри өөрийн эрхлэгчдийн ажилд сэтгэл ханаж, тэдний элдэв тушаал заавар өгөхөд өөрөө эс оролцох ажээ.
Гарри ирсэн зочдын нэг хэсгийг дагуулан өөрийн ажлын өрөө болгосон тасалгаандаа аваачлаа.
Өмнөх эзэн нь ч мөн энэ тасалгааг ажлын өрөө болгож байсан бололтой.
Цонхны дэргэд бичгийн том ширээ, өрөөний буланд дүүрэн номтой хэдэн шүүгээ тавьж, суухад тухтай зөөлөн түшлэгтэй сандал, тамхины жижиг ширээ зэргийг донжийг нь олон байрлуулжээ.
Тасалгаан доторх тавилга сэлт нь их эмх цэгцтэй байсан болохоор сайтар салхи оруулж, арчиж цэвэрлээд, галлаж дулаацуулснаар шинэ эзнээ хүлээн авахад бэлэн болсон ажгуу.
Ганцхан толь нь хагарсан хоосон том жааз л баахан эвгүй харагдах аж.
– Шинэ толь авч тавиарай хэмээн тэр хавиар явж таарсан Смитэд ноён Гарри хуучин толийг заан хэлэв.
– Аль хэдийн захиалсаан ноётоон, энэ хавийн хотоос таарч тохирох толь олдоогүй гэж цаадах нь хариуллаа.
Ноён Гарри нэгэн арьсан хавтастай хуучны номыг анхааралтай үзэж байснаа:
– Жемс, чи энэ хуучны номыг авмаар байна гэсэн билүү? Одоо чинийх болсон, гэхдээ чи эндээс олигтой сонирхолтой зүйл олж уншихгүй л байх даа, маш эртний юм шиг байна. Харин хавтас нь их сонин юм байна шүү, хэрэв би андуураагүй бол хүний арьсаар хавтасласан байна гэв.
Жемс талархлын үг хэлэн номыг аваад эхний хуудсан дээр нь:
«Эрхэм дээдэс барон Фредерик Зуны тушаалаар энэхүү номыг агтчин Андрейн арьсаар хавтаслав» гэж бичсэн байхыг уншаад:
– Чиний зөв байна, Гарри, энэ номыг агтчин Андрей гэгч хүний арьсаар хавтасласан байна, бодвол амьдаар нь өвчиж авсан байж таараа гэвэл
Тосгоны ахлагч ихэд сүрдэж загалмайлан залбирлаа.
– Ноён Жемс, та тэгээд мэдсээр байж энэ номыг авч байгаа юм уу? Нөгөө агтчин арьсаа танаас нэхэж ирвэл яах билээ? хэмээн Жорж К. тэсэлгүй асуув.
– Тийм ээ, хонгор Жорж минь, энэ номыг би ямар ч байсан авлаа, тэр Андрейд би арьсыг нь юу гэж буцааж өгөх вэ дээ, харин чамд үүнийг өгчихье гээд Жоржид тэнд байсан цэнхэр торгон туузан цэцэг өглөө.
– Өө, баярлалаа, би туузны эзэн авхайн хөлөг баатар нь байхаас ч буцахгүй шүү гэж инээгээд Жорж туузыг авч энгэртээ тогтоохоор оролдлоо.
– Харин тэр хатагтай нь цус сорогч байвал яах билээ гэж Вейс эмчийг хэлэхэд өнөөх тууз Жоржийн гараас унаж түүний царай хувхай цайлаа.
– Тоглож даажигнахаа боль л доо, манай залуу шөнөжин ёолоод унтаж ч чадахаа больсон байна билээ хэмээн Гарри оролцлоо.
Ирсэн зочид цэцэрлэгээр хэсэг зугаалаад тал тал тийшээ тарж бүр орой болж байхад дахин цуглажээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Mar.28.11 6:36 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Mar.28.11 11:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван тавдугаар хэсэг

Зочид бүгдээрээ хөгжилдөн ширээндээ суухад нэг хүний суудал эзгүй байлаа.
– Рено тайж хаачаа вэ? хэмээн анхаарал халамжтай гэрийн эзний асуухад
– Морь унаад хот уруу явсан, хараахан эргэж ирээгүй байна гэж зарц хүндэтгэлтэй хариулав.
– Ноён Реног буцаж ирэхэд хоолыг нь халуун байлгах талаар санаа тавиарай гэж Гарри чимээгүйхэн тушаалаа.
– За мэдлээ, эзэнтээн!
Зочид дадсан ёсоороо хоол сайн идэж, архи дарснаас бүр ч ахиухан ууцгаалаа. Дуган хийгээд түүнтэй холбоотой оньсого таавар нь ярьж барагдахгүй сэдэв байсан тул яриа хөөрөө өчүүхэн ч завсарлахгүй үргэлжлэн хөврөв. Үнэхээр ч тэнд тархи гашилгам ээдрээтэй зүйл мундахгүй их байлаа. Хоосон авс олдсон нь хүмүүсийн сэтгэлийг гутаасангүйгээр үл барам харин ч сэтгэл хөдөлгөм гайхалтай дэврүүн сонин тохиолдол шиг санагджээ. Тэгээд Анчдын байшингийн өнөө нууцлаг өрөөтэй холбон элдэв янзын таамаглал тал талаас уралдуулан хэлэлцэв. Гэвч учир шалтгааны хатуу шүүлтүүрээр авч үзвэл бүх таамаглал дараа дараагаараа нуран уналаа.
Вейс эмч бол аливаа дэврүүн сэтгэмжийг дор нь бут цохиж чаддаг, иймэрхүү зүйлд барагтай л бол итгэдэггүй хүн.
Санал нийлж тогтсон тоймтой зүйл үгүй ч хөгжөөн шуугиан улам нэмэгдэж зарц нар зочдын сулласан аягыг арай ядан амжиж дүүргэж байлаа.
Оройн зоог өндөрлөх тийшээ хандаж байтал гадна тавцан уруу гардаг хаалга тар хийн онгойж нэгэн зарц хар хурдаараа орж ирэв.
Хөөрхий залуу үхтлээ айсан нь илт байлаа.
Хооллох танхим нам гүм боллоо.
– За юу болов, яриад өгөөч дээ, чөтгөр ав! гэж эцэст нь Симт тэсэж чадалгүй шаардан асуулаа.
– Би буруугүй шүү, ноён тайжийн үхсэнд би үнэхээр буруугүй!
– Юу үхлээ гэж?
– Хэн үхээ вэ?
– Рено тайж үхчихээ юү? гэж тал талаас нь шалгаан бүгд сандал ширээгээ тачигнуулан босож ирлээ.
– Энийг уугаад учир нь ойлгогдохоор яриадах гэж хэлээд Вейс эмч айж сандарсан залууд аяга хатуу дарс хийж өглөө.
Нөгөө залуу аягатай дарсыг шуналтай нь аргагүй хоослоод дотор нь баахан онгойв бололтой.
– Өнөө орой нар жаргахын хэрд ноён Смит хот ороод торх шар айраг захиалаад ир гэж намайг явуулсан юм. Би хашин хээрийг эмээллэж унаад явсан юм. Даалгавраа гүйцэтгээд би…, би…
– За мэдээж, буурчийн газар орж архидаа биз хэмээн эрхлэгч Смит хэлэхэд
– Миний буруу, ноён Смит, би тийшээ орсон, гэхдээ бурхан гэрчилнэ, би согттолоо уугаагүй.
– Мэднэ ээ, мэднэ.
– Ноён Смит минь, итгэж үзээч дээ, би ердөө ганцхан аяга шар айраг л…
– За болно оо гэж Жемс чангахан дуугарав.
– Гол юм аа ярь гэж Гарри хатуухан шаардлаа.
– За, би гэр лүүгээ буцаад явж, сартай саруулхан шөнө болж байлаа. Би зөөлхөн гэлдрүүлж явлаа, угаас манай улаач биднийг давхиж болохгүй гэж загнадаг юм, хашин хээрийг ч гуядаад гуядаад ямар давхиж өгөх биш. Нуурын хажуугаар амар тайван өнгөрөөд уул уруу өгслөө. Цэцэрлэгийн хашааны дэргэдүүр гарсан нөгөө хамгийн дөт замаар ирж явлаа. Нуур уруу харсан явган хаалга энүүхэнд харагдаж хариугүй дөхөж явтал хашин хээр гэнэт хөл нь тушигдсан мэт цахлан гэдийж хөх мах нь чичирч эхэллээ. Би ч урагш хараад бүр хөшиж орхилоо. Явган хаалганы дэргэд урт шар үсээ задгай асган унжуулсан, ногоон нүд нь гялалзан гэрэлтсэн цагаан хүүхэн зогсож, тэрний эргэн тойронд ад зэтгэрийн утаа манан савсаж байлаа.
Хашин бор хойд хоёр хөл дээрээ цоройн босож хажуу тийш бусгалаа. Ноёнтон минь, би морин цэргийн хүн ч биш, морь ч сайн унаж сураагүй хүн тэгж бусгахад яаж тогтох билээ…, би мориноосоо унаж хашин бор ч үргээд алга боллоо.
– Цааш нь яриач гэж Гарри товчхон хэлэв.
– Малгай минь хийсээд алга болчихсон, би ч толгойдоо нэг том булдруутай боллоо гэж залуу хэлээд толгойгоо тэмтэрч үзэв.
– Намайг хэвтэж байх зуур «өнөөх» миний хажуугаар гараад явсан. Айж бас даарсандаа миний эрүү, шүд дагжтал чичирч эхэлсэн. Би хэрхэн босож, хаалгаар хэрхэн гүйж орсноо санахгүй байна…, далавчтай юм шиг л нисээд орж ирсэн.
– Намайг талбайгаар гүйж явахад «өнөөх» чинь бутан дунд зогсож байх шиг санагдахаар нь би байшин уруу ухасхийлээ. Гадна тавцан уруу гүйж ирээд Рено ноёнтон хашлаган дээр сууж байхыг шууд танилаа. Өглөө түүнийг хувцсаа өмсөхөд би тусалсан юм чинь танилгүй яах билээ?
– Тайж ноёнтоон, тайж ноёнтоон! гэж би хашгиран дуудсан боловч тэр хөдөлсөн ч үгүй…

* * *

Тавцан дээр гүйж гараад би түүний мөрнөөс нь татвал нүд нь гөлийж, гар нь хөрсөн байв. Тэгэхэд л би түүний үхсэн гэдгийг ойлголоо.
Гарри болон бусад хүмүүс залуугийн цааш ярихыг сонсолгүй шууд тавцан уруу гүйлдэн гарлаа.
Рено тайж тавцангийн хашлаган дээр багана налаад энгийн нэг амарч байгаа юм шиг сууж байлаа. Сууж байгаа байдал нь тун тайван маягтай байх бөгөөд бүрх малгай нь арагш шил рүүгээ хазайж аймшигтай цонхигор царай, гөлийж тогтсон амьгүй нүд нь ил харагдаж байлаа. Язгууртан ихэс морь унахдаа өмсдөг рейт-фрак болон урт түрийтэй савхин гутал өмсөж, фракныхаа товчинд ягаан удвал цэцэг хатгасан байх ажээ.
Үхсэн гэдэгт эргэлзэхийн аргагүй байсан тул бүгд гашуудан дуугаа хураацгаав.
Талийгаачийг анх харсан зарц сэтгэл нь аймаар догдлон хөдөлсөн хэвээрээ, лус савдаг үзээд хэрхэн айж сандарсан тухайгаа бусад зарц нөхдөдөө ярьсаар байлаа.
Харин одоо бүр ч дэгсдүүлэн өнөө хүүхний хувцасны доороос галууных шиг сарвуу цухуйж байсан, хүүхнийг тойроод ад зэтгэрийн утаа манан савсаж байсан биш бүр бөөн үүл манан багширч байсан хэмээн ярих ажээ.
Цав цагаан, өд мэт хөнгөн тэр хүүхэн намайг гүйж явахад бүр дагаад нисэж явснаа тавцангийн өмнөх гэрлийг үзээд хоцорч тэр бут уруу орсон гэж залуу яриад цэцэрлэгийн зүг зааснаа
– Хүүе, тэрийг хараач ээ, өнөөх чинь тэр бутны тэнд цайраад байна гэж хоолойгоо чичрүүлэн өөрийн бус дуугаар орилоход хүмүүс цочин давхийцгээлээ.
Үнэхээр ч бутан дунд нэг юм цайран харагдах ажээ.
Тэр даруй ноён Гарри, ахмад Райт нар тэнд очиж үзэхээр явлаа.
– Ухаан орооч ээ, тэнэгүүд ээ, энэ чинь манай Тогос хочтой морь л байна шүү дээ гэх ноён Гарригийн захирангуй дуу төдөлгүй сонсогдож тэд сайхан цагаан морь хөтөлсөөр бутан дундаас гарч ирэв.
Айдас хүйдэс ч намдаж бүгд сэргээд ирлээ. Тогос бол манай саятны хамгийн шилдэг сайн морьдын нэг тул зочид хийгээд зарц нар бүгд түүнийг сайн мэддэг байлаа.
Эрэгтэй хүний эдэлж хэрэглэдэг эмээл тохоостой тэрхүү цагаан морь багтрах шахан амьсгаадаж, амнаас нь цагаан хөөс цахрах бөгөөд эмээлийн тохмоо нэвт нортол хөлөрчээ.
– Чамайг минь тайж ноёнтон бүр сүйд хийх шахжээ, гамтай унана гэж амлаад байсныг яана хэмээн хөгшин улаач морины хүзүүг илэх зуураа үглэж байлаа.
– Одоо ийм юм ярих цаг биш ээ, Матвей хэмээн ноён Гарри түүнийг зэмлэн болиулав.
– Уг нь хөөрхий Рено морио гамнасан бол өөрөө ч өдийд эсэн мэнд байх байсан сан, зүрхний гажигтай хүн тэгж учир зүггүй давхиж ер нь болох уу даа гэж Вейс эмч хэлэхэд
– Ягаан удвал цэцэг хаанаас авсан юм бол? Яг л дөнгөж сая тасдаж авсан юм шиг шинээрээ байна гэж Жемс цохон асуув.
– Аан, ийм цэцэг нуурын тэнд зөндөө бий хэмээн Жорж К хариулав.
– Хар хурдаараа давхиж яваа хүн яаж цэцэг түүсэн байх вэ гэж Жемс сөргөж асуухад хариу хэлэх хүн олдсонгүй.
Эзнийхээ дохиогоор зарц нар цогцсыг байшинд оруулав.
Мэдээж, оройн зоогоо дуусгах талаар ярих ч хэрэггүй боллоо.
Талийгаачийг эцсийн замд нь үдэхийн тулд бүгдээрээ хот уруу гурав хоног явахаар ярилцаж тохироод өрөө өрөө рүүгээ эртхэн тарцгаав.
Ахмад Райт, Жемс нар хэлцэж тохирсон юм шиг чимээгүй явсаар Райтын өрөөнд орцгоов.
Зөөлөн түшлэгтэй сандал дээр сууцгаан, чимээгүйхэн тамхиа татсаар цаг өнгөрсөөр байлаа.
Өрөөнд бүүдгэр харанхуй байснаа шөнө дунд болж сар өндөрт мандахад мөнгөлөг гэрлээр дүүрч тун удалгүй сарны туяа жирвэлзэн солонгорч эхэллээ.
Хоёр залуу хэн нэгнийг хүлээх боловч хаалга нээгдэхгүй л байлаа. Хаалганы цаана хүүхэн хүний хөнгөхөн алхаа, бошинз сэржигнэх сонсогдож, хэн нэг нь хөгжмийн чавхдасанд санамсаргүй хүрэн дуугаргах ажээ… Тэгтэл тагтны хаалга чахран дуугарахад тэр бүхэн огт чимээгүй болчихлоо.
Цаг өнгөрсөөр...
Райт, Жемс хоёр хаалга тогшиход сэрлээ.
Тунгалаг сайхан өдөр болж, өрөөнд нарны хурц туяа гийж, шил толин дээгүүр бүжиглэн хана таазан дээгүүр үсчин тоглох ажээ.
Хаалга дахин тогшлоо.
– Ороорой.
Зарц залуу орж ирээд:
– Эрхэм ноёдыг өглөөний кофе хүлээж байна. Оршуулгын цуваа хэдийн бэлэн болсон.
Соёрхох ажаамуу гэв.
Жемс, Райт хоёр юу болоод байгааг сайн ойлгоогүй нойрмог чигээрээ хувцас хунараа бушуухан засаж янзлаад хооллох танхимыг зүглэлээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.29.11 3:22 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван зургадугаар хэсэг

Гурав хоног өнгөрлөө.
Ноён Гарриг Анчдын байшиндаа эргэж ирэхэд түүний үнэнч анд Жемс, Вейс эмч, ахмад Райт нар ч мөн хамт иржээ.
Бусад зочдоос эргэж ирсэн нь хэдхэн ажээ. Рено тайж идрийн золбоо бялхсан цэл залуугаараа нас барсан нь сэтгэлийн хөдөлгөөнт ихтэй, соргог мэдрэмжтэй хүмүүст таагүй нөлөөлж ихэнх нь яваад өгсөн бөгөөд тэдний зарим нь цайзыг мялаах баярын үеэр эргэж ирэхээр амлаж, нөгөө зарим нь нэгмөсөн яваад өгсөн ажгуу.
Райт, Жемс хоёр хотод очоод хэд хоног сайхан унтаж нойроо базаагаад, сэтгэл санаа нь ч баахан тохорч хоёр биенээ шоолон инээлдэж, мань Жемс нөгөө сүг сүүдэр үзсэн паянгаа «хий үзэгдлийн хэнээ туссан явдал» гэж нэрлэж байлаа.
– Сонин юу байна? хэмээн Гарри хотоос буцаж ирээд асуухад
– Бурхан тэнгэрийн авралаар бүх зүйл сайхан байна! гэж эрхлэгчийн туслах Миллер хариулав.
Ноён Гарри, эрхлэгч Смит нарыг хот уруу явахад Миллер бүхнийг мэдэх эрх мэдэлтэй хүн болж, хамаг хариуцлагыг үүрч үлдсэн билээ.
– Цэцэрлэгийн ажил жаахан удаан байсан, гэхдээ ордонтой нийлсэн хэсгийг нь аль хэдийн хэвийн өнгө үзэмжид нь оруулж янзлан, худгийг нь ч бас лайдаж цэвэрлэсэн. Цайзыг бүрэн цэвэрлэж дууссан.
Хэд хоногоос хашаанд байдаг нөгөө худгийг бас лайдаж цэвэрлэнэ, гэхдээ ус гарахгүй л болов уу гэж тэрээр илтгэлээ.
– Өршөөгөөрэй, ноёнтоон, та намайг зэмлэж ч магадгүй, нэг ядуу хүний эхнэр уйлж унжаад байхаар нь би бүр яах учраа олохоо байгаад таны нэрийн өмнөөс оршуулгын зардалд нь хорин таван доллар өгчихсөн юм, талийгаач нь бүр маш ядуу хүн байсан юм билээ гэж Миллер хулган байж хэлээд илтгэлээ дуусгав.
– Дахиад л оршуулга уу, хэний оршуулга вэ? Гарри тэсэлгүй дуугаа өндөрсгөв.
– Мэдээж, тэр манай байнгын ажилчин биш л дээ, түүгээр ажил хийлгэх бүрдээ дор дор нь хөлсийг нь өгдөг байсан юм, гэхдээ тэр орох оронгүй, оочих аягагүй шахуу маш ядуу хүн байсан юм билээ хэмээн Миллер ихэд сэтгэл нь зовж амандаа бувтналаа.
– Үгүй байз гэм, та намайг ойлгосонгүй, мөнгөндөө гол нь биш, зүгээр л хэн үхсэнийг нь би мэдмээр байна гэж Гарри хэлэв.
– Нөгөө манай дуганыг онгойлгож өгсөн төмрийн дархан, ноёнтоон.
– Тэр чинь тийм ч хөгшин биш, эрүүл чийрэг хүн шиг л санагдсан даа.
– Тийм ээ, тэр өдөртөө буюу яг үнэндээ бол тэр шөнөдөө өвдсөн юм байх. Ухаан алдсан юм байна, хир удаан ухаан алдсаныг нь хэн ч мэдэхгүй гэнэ. Эхнэр нь өглөө л мэдсэн гэнэ лээ.
Тэгээд бие нь жаахан хөнгөрч босоод өдөржин ажил хийхдээ үг дуу ч үгүй, инээд хөөр ч үгүй байсан гэж эхнэр нь ярьж байсан. Шөнө нь дахиад л ухаан алдсан юм байх, эхнэр нь хажуу өрөөнд нь унтаж байгаад хоолой нь хоржигнох, ёолох чимээгээр орж үзэхэд ухаан алдсан байсан гэнэ.
Маргааш өглөө нь орноосоо босож чадалгүй өдөржин хэвтэж өнжжээ.
Тэгээд шөнө нь чимээгүй насан өөд болсон байна. Эхнэр нь уйлж унжиж усан нүдлээд бүр жигтэйхэн байсан, тэжээдэг ганц хүнээ алдсан болохоор аргагүй ч биз дээ. Гэхдээ тэр тэнэг тариачин авгай сахиусан тэнгэр ирээд нөхрийнх нь сүнсийг аваад диваажинд залахаар явсан гэж өөрийгөө тайвшруулаад байх юм гэж Миллер ярилаа.
– Бас юун сахиусан тэнгэр вэ? хэмээн Жемс учрыг нь олох санаатай асуув.
– Тэр өөд болдог шөнө нь төмрийн дархны эхнэр унталгүй нөхрөө асарч сувилан хонохоор шийдсэн юм байх. Тэгээд мэдээж, өдөржин ажиллаад ядарсан хүн зүүрмэглэж зүүдлээ байлгүй.
– Яадаг сахиусан тэнгэр, ямар зүүдний тухай яриад байна? гэж Жемс улам гайхан асуув.
– Тэр тэнэг авгайн өөрийнх нь хэлж буйгаар бол шөнө унтаагүй зүгээр л татран өвчний дайрлага түүнийг өөрийг нь дайрсан байсан гэнэ ээ, тэдний ярьдгаар бол татран гэж бүгдийг харж, сонсоод байгаа хирнээ хөдөлж чадахгүй болохыг хэлдэг юм байх.
Тэгсэн чинь толгойноос нь бөөрөнхий гэрэл цацарсан, тэнгэр бурхад шиг хувцастай үзэсгэлэнтэй сайхан хүүхэн нөхрийнх нь дээрээс тонгойж үнссэн гэнэ. Дараа нь сарны гэрлээр өртөөлөн дээд тэнгэр уруу нисээд явахдаа нөхрийнх нь сүнсийг аваад явсан гэж ярьж байна билээ хэмээн Миллер яриагаа дуусгав.
– Дарханы үхлийг тосгоны эмч хэрхэн тайлбарлаж байна вэ? гэж Гарриг асуухад
– Ноёнтон минь, эмч байгаагүй, түүнийг дуудаа ч үгүй гэнэ. Тэднийх маш ядуу айл гэж би айлтгасан шүү дээ. Саяхан тэдний гэр нь түймэрт шатаад одоо хаа таарсан газраа хоног төөрүүлж байгаа юм байх.
– Смит, маргааш тэр бэлэвсэн авгайд санаа тавьж үзээрэй, өнөөдөртөө ингэсгээд больё гэж Гарри хэлээд найз нөхөд, зочид уруугаа мэхийн ёслоод Смитийг дагуулан ажлын өрөө рүүгээ явлаа. Ноён Гарри оройн зоогноосоо ч татгалзаж Вейс эмчийг өөрийнхөө оронд гэрийн эзний үүргийг гүйцэтгэнэ үү гэж хүссэн ажээ.
Оройн зоог уйтгартай өнгөрч Вейс эмч чадах ядахаараа алиа хошин үг урсгаад ч нэмэр болсонгүй. Гэрийн эзэн эзгүй байснаас ч тэгсэн байж мэднэ.
Юм хум уншсан ч үгүй, холимог дарснаас ч татгалзаж яагаа ч үгүй эрт өрөө өрөөндөө орцгоолоо.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.30.11 1:47 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван долдугаар хэсэг

Өглөөний цайнд ахмад Райт хамгийн сүүлд орж ирэв. Тэрээр маш их уурлаж, уруул нь татвалзаж байлаа.
Ахмад нийтийн ширээний дэргэд дөхөж ирээд ердийнхөөрөө мэхийн мэндчилэхийн оронд шалан дээр том гал улаан сарнай шидэж, дээрээс нь дэвсээд:
– Ноёд оо, би хүүхэн биш, миний өрөөний цонхоор сарнай чулуудна гэдэг зөөлнөөр хэлэхэд тэнэг хэрэг. Би үүнийг доромжлол гэж үзэж байна, дахиад ингэвэл миний илдний амтыг үзэх болно шүү гэв.
Юм бүхэнд нягт нямбай хандаж сургасан зарц Райтын дэвсээд хаясан сарнайг шүүрэн авч Сабо хиад үзүүлээд:
– Энэ сарнайг хаанаас авсан юм бол, манай цэцэрлэгт ийм сарнай байхгүй шүү дээ гэхэд:
– Уулан дээрх цайзад бий, өчигдөр орой аваачсан юм хэмээн Миллер хэллээ.
Тэр өдөр өнгөрч өгөхгүй тун ч уйтгартай байв.
Орой нь үлдсэн зочид хооллох цуглалаа. Тун цөөхөн зочин үлджээ. Бүгдийнх нь царай тун урвагар байлаа.
Гэрийн эзэн зочдоо хөгжөөх, өөрөө ч өнгөрсөн таагүй явдлуудыг түр ч болов мартахын тулд нөгөө захидлуудаа гүйцээн уншиж өгөхийг Карл Ивановичаас хүслээ.
Карл Иванович харваас нэлээд эргэлзэн тээнэгэлзэж, нэг юм хэлэхээр завдсанаа гараа сэгсрээд нүдний шилээ зүүж:
– За, би уншиж эхэллээ шүү гэв.




Арван долоо дахь захидал

Альф минь, сүүлийн захидал бичсэн өдрөөс хойш ганцхан хоног өнгөрсөн боловч энэхүү ганцхан хоногт миний насан туршийн амьдрал эрс өөрчлөгдөж, ариун нандин, эрхэм дээд бүхэн минь нуран уналаа. Миний амин хувийн аз жаргал ч сүйрлээ. Рита минь яах бол? Тэр минь ямар буруутай билээ? Үгүй ээ, би сэтгэл зүрхэндээ нажид зовлонгоо эдэлж, түүнийхээ өмнө аз жаргалтай хүний дүр эсгэж байх ёстой! Ритагийнхаа төлөө л энэ шүү дээ.
За, дэс дараагаар нь сонсож бай.
Би Ритаг өрлөг эх, үеэл хүүхнүүдийнх нь гарт даатган орхиж, гэр аж ахуйнхаа талаар зохих заавар тушаалаа өгөөд өвгөн эмчийг эрж олохоор хот уруу явлаа.
Хэрэг болгон асууж сураглаад явах ч шаардлага байсангүй, буусан буудлаасаа асуун ам ангаймагц л шууд өвгөний гэрийн хаягийг хэлээд өглөө.
– Гэхдээ та түүн дээр очоод хэрэггүй л болов уу, эмч хүн эмчлэхээ байгаад удаж байна, гэртээ бараг хэнийг ч оруулдаггүй юм гэж миний буусан буудлын давхрын үйлчлэгч хэллээ.
Тэр маш хачин ааш зантай хүн. Хэрэв та зөвшөөрөн соёрхвол би таныг Фриш эмч дээр аваад очсон нь дээр байх. Маш сайн эмч, манай энэ буудалд амьдардаг юм.
Би түүнд талархаад Фриш эмч дээр очихоос татгалзлаа…
– Харин та яагаад өвгөнийг маш хачин зан ааштай гээд байгаа юм бэ? хэмээн сонирхвол:
– Юу ч гэх юм бэ дээ, бүгд л тэгж ярьцгаадаг юм, өвгөний ухаан санаа нь муудсан даг аа гэв.
Би ч өвгөнийд очихоор явлаа.
Хөлсний морь тэрэгч намайг хотын захад орших нэгэн жижиг модон байшингийн өмнө аваачиж буулгалаа. Гадна хашаанд нь нэгэн хижээлдүү авгай намайг тосон уулзаж эмч хүн үзэхээ больсон, хэнийг ч хүлээж авахгүй гэж дурамжхан дуугарч байна.
Намайг түүн дээр хүргэж өг гэж хэлээд алтан «үнэмлэх» гарт нь атгуулав.
Тэр даруй намайг үүдний хонгилоор дагуулан явж түүний өрөөнд орууллаа.
Эхний өрөө нь гоц гойд юмгүй, хотын борчуудын жирийн л нэг өрөө байна. Харин дараагийн өрөө нь маш өөр төрх байдалтай ажээ.
Дүүрэн ном хураасан хар бараан шүүгээнүүд, лабораторийн шилэн сав суулга, багаж хэрэгслүүд, амьтны чихмэл дүрсүүд, түүгээр ч зогсохгүй хүний араг яс тавьсан харагдах бөгөөд алхимич юм уу эсвэл эрдэмтэн хүний ажлын өрөө байна.
Цонхны дэргэдэх том зөөлөн түшлэгтэй сандал дээр мань өвгөн сууж байлаа. Эхлээд би хаяг андуураад өөр хүний гэрт ирчихэв үү гэж хүртэл бодлоо. Тэрхүү хатангир туранхай өвгөнийг манай бүдүүн тарган биетэй, хөгжөөн наргиантай эмч гэж бодоход хэцүү байлаа. Үс нь бүр халзарч, асар том нүдний шил зүүжээ.
Би хэнийд ирснээ өөрөө сайн мэдэж, өвгөний нүүр царайнаас эрхбиш бага боловч танил төрх олж харж байсан бол харин өвгөн намайг огт танихгүй байлаа.
– Танд юу хэрэгтэй вэ? Би хүн үздэггүй гэж хэлээд өвгөн шуудхан бослоо.
Би нэрээ хэлэв.
Тэрээр миний хэлснийг ойлгоогүй юм шиг хэсэг зуур хөдөлгөөнгүй зогссоноо шилээ жигтэй шөргөөж хоолой нь чичрээд ирлээ:
– Та хэн гэнэ ээ? Би нэрээ дахин хэлэв.
Альф минь, тэр өвгөн айсандаа царай нь цаас шиг хувхай цайж, зүүж байсан нүдний шил нь шалан дээр унахыг ч огт анзаарахгүй байсныг чи харсан ч болоосой. Биеэ ямар нэг юмнаас хамгаалах гэсэн мэт хоёр гараа урагш сунгаж:
– Үгүй ээ, тийм байж таарахгүй! гэж бувтнан хөл нь өөрийн эрхгүй нугалраад түшлэгтэй сандал дээрээ ёолон унаад өглөө.
Би түүнд аяга ус өгөөд гараас нь бариад ярьж эхэллээ.
– Эмч ээ, эмч минь, та өөрийн хайртай бяцхан Карлогоо мартаагүй биз дээ гэж асуугаад хүүхэд цагийнхаа аар саар зүйлс, түүний хэлдэг байсан тоглоом наадмын үгс, надад өгсөн бэлэг сэлт зэргийг ярьж түүнд сануулахыг хичээлээ...
Өвгөн бага багаар тайвширч, бүр инээмсэглэв:
– Үгүй нээрээ чи Карло мөн байна шүү дээ, эрүүл саруул эсэн мэнд явна. Ямар том, сайхан эр болоо вэ? Чиний эцэг, миний найзад ийм сайхан хүүгээрээ бахархаж явах хувь тавиланг бурхан тэнгэр заяасангүй дээ, хөөрхий гэв.
– Тийм ээ, эмч ээ, би долоон настай балчирхан хүү байхдаа эцэг эхээсээ холдсон, харин ямар учраас тэгэх болсныг одоо хүртэл ухаараагүй л явна.
Өвгөн цочисхийн надаас бага зэрэг холдож хэсэг дуугүй байснаа:
– Чи манай хотод ямар хэргээр ирэв, энд хир зэрэг удах вэ?
– Би өнөөдөр ирлээ, харин миний энд хир зэрэг удахыг та л шийдэх хэрэг. Хэрэв та миний хүсэлтийг зөвшөөрвөл маргааш өглөө хамтдаа цайз уруу хөдөлцгөөе.
Өвгөний хамаг бие салганаад ирэв:
– Юу гэнэ ээ? Танай удмынхны цайзад очих гэж үү? Чи тэнд очиж яах гээв? хэмээн өвгөн уурсан хашгичив.
– Юу яах гээв гэж? Би цайздаа очиж амьдраад хоёр сар гаруй болж байна шүү дээ хэмээн би инээд алдав.
– Чи цайздаа очоод хоёр сар гаруй болж байна гэнэ ээ гэж өвгөн амандаа бувтнан бүр шүд нь буюу үнэнийг хэлэхэд шүдгүй эрүү нь чичирч
– Чи эсэн мэнд, эрүүл саруул байгаа юм биз дээ тэгээд. Эх Дагинын өмнө өчүүхэн ч худал яриагүй гэдгээ батлан тангарагла гэж шаардангуй хэлээд тасалгааны нэг булан уруу заалаа.
Тэр буланд Бурхан тэнгэрийн том жижиг олон янзын хөргүүдийн өмнө зул барьсан байх бөгөөд тахилын ширээн дээр судар ном дэлгэн тавьжээ. Би өрөөн анх орж ирэхдээ тэр буланг анзаараагүй тул бурхан тахил дэлгэж, өмнө нь зул барьсны зэрэгцээ хүний араг яс тавиастай байхыг үзээд ихэд цочирдон гайхлаа.
– Тангарагла гэж чамд хэлж байна шүү, алив загалмайлан залбираадах! гэж өвгөн сүртэй гэгч нь шаардахад өвгөн эмч солиорчихож гэж бодоод түүнийг уурлуулахгүйг хичээхдээ загалмайлан залбирч:
– Эх Дагинын нэрийг барин тангараглая, би эсэн мэнд, эрүүл саруул байна хэмээн ёслол төгөлдөр хэллээ.
Өвгөн уйлж, үнэндээ бол гиншин мэгшсээр том алчуур халааснаасаа гаргаж ирэх зуураа:
– Чи яах гэж ирээ вэ, яах гэж ирсэн юм бэ? Юу хүсээ вэ? гэж байн байн үглэсээр байлаа.
Өвгөнийг бүр тайвширсны дараа би түүнд бүр бага балчир байхаасаа л эх орноо үгүйлэн санагалздаг байсан боловч эцгийнхээ үгнээс гарч зүрхлээгүй учраас харь хол хүний нутагт арга буюу суусаар байснаа ярьж аав маань гэнэт нас барснаар тэрхүү хөл хорио тавигдаж эцэг эхийн шарилд мөргөх гэсэн боловч бунханд байгаагүй тухай ч хэллээ.
– Олоогүй юм уу? Бунханд байхгүй байна уу? гэж өвгөн баяртай нь аргагүй шивэгнээд Шинэ бунхныг чи хөндөөгүй биз? гэж асуулаа.
– Өөр шинэ бунхан бас байгаа юм уу?
Хаана тэр вэ?
– Сайн байна, маш сайн байна гээд өвгөн гараа үрчлээ.
Би бүр учраа олохоо байж, дэмий л ухаан нь орж гардаг өвгөн дээр ирсэндээ харамсан эвгүй байдлаас хэрхэн гарах тухай бодолхийлэн дуугүй суулаа.
Өвгөн ч дуугарсангүй.
– Чи харь нутаг уруу хэзээ буцах юм бэ? гэж эцэст нь тэр асуув.
– Буцах аа? Тийм бодол алга аа! гэж би гайхан дуу алдлаа. 
– Цайзыг хэдийн цэвэрлэж, засаж янзалсан, хоёр долоо хоногийн дараа бидний хурим болно.
Өвгөний нүдэнд дахиад л айдас хүйдэс тодорлоо.
– Чи цайзад бүрмөсөн суурьшиж эхнэр аван тэнд амьдралаа төвхнүүлэх гээд бүр сүйт бүсгүйгээ олчихоо юу? Ухаангүй амьтан, ухаангүй амьтан, Петро өвгөн чам дээр очоогүй юм уу? Эцэг чинь өөд болохдоо чамайг цайзад хэзээ ч битгий эргэж ир, залуу эхнэр ээ дагуулаад ирж бүр ч болохгүй гэж гэрээсэлснийг хэлээгүй гэж үү? хэмээн өвгөн бүх бие нь салганан хашгичлаа.
Энэ бүх уйлаан майлаан, орилоон хашгираанаас би бүр залхаж гүйцээд:
– Эцэг минь надад нэг ч удаа тийм үг цухуйлгаж байгаагүй, тэгээд ч одоо тэр тухай ярихад нэгэнт оройтсон, миний сүйт бүсгүй аль хэдийн ирээд одоо цайзад амьдарч байгаа гэв.
– Гэгээн Эх Дагина минь тэр бүсгүйг аварч нигүүлсэж хайрла! гэж өвгөн гунигтайхан шивэгнэв.
Карло минь, би үхэн үхтлээ энэ гай зовлонг эдэлж явах үйлтэй хүн юм. Одоо яая гэх вэ! Бид зориуд чамайг энэ гай гамшгаас холдуулсан юм, гэтэл чи өөрөө дур мэдэн эцэг эхийнхээ элбэрэл нигүүлслийг талаар болголоо. Эцэг чинь Петро бид хоёрыг үхэн үхтлээ энэ нууцыг задлахгүй гэсэн андгай тангараг өргүүлсэн юм…, гэвч одоо би түүнээсээ няцах хэрэгтэй боллоо, би тэр нууцыг чамд хэлж өгөх ёстой… Элбэрэлт Эх дагина минь өчүүхэн намайг өршөөн соёрх…, эрхэм нөхөр минь, чи «Нэг ч амьд амьтанд, зүүдэндээ ч энэ тухай дурсаж болохгүй, би булшнаас ч чамайг харж байх болно шүү» гэж хэлсэн, хэрэв чи одоо намайг сонсож байгаа бол ойлгож уучилж үз, харин би одоо Карло хүүгийн чинь төлөө тангаргаа няцах хэрэгтэй боллоо, тангаргаасаа тэрсэлсэн нүгэлтэн болж сүнсээ түймэрдэх байсан ч хамаагүй! хэмээн өвгөн гунигтай боловч ёслол төгөлдөр хэлээд тэргүүнээ гашуудалтай мэхийлгэн дуугаа хураалаа.
Өвгөний урсгасан энэ олон үг зөнөсөн хүний дэмийрэл мэт санагдаж байсан ч яагаад ч юм бэ би түүний үгэнд итгэн, намайг аймшигт зовлон угтаж буйг зөн совингоороо мэдэрч, түүнийг ч солиотой хүн гэж үзэхээ болилоо.
Би эмчийг ярих зүйлээ цэгцлэн бодоход нь саад болохоос эмээн чимээгүй суухын хажуугаар надад ямар нууцыг задлан хэлэх гээд байгааг нь таамаглаж ядан байлаа. Хамгийн түрүүнд өвлөн авсан үлэмж их хөрөнгө зоорь минь санаанд бууж, үнэн шударга замаар хурааж хуримтлуулсан хөрөнгө юм болов уу, эсвэл хүний халуун амь тасалж, бүлээн цусыг урсган байж олсон юм биш байгаа даа, хэрэв боломжтой бол чадах хэрээрээ гэм нүглээ цагаатгах маягийн юм бодож суулаа.
Үгүй ээ, тийм байх учиргүй.
Ээжийн минь үхэлд аав буруутай юм болов уу?
Бас л үгүй. Аав маань ээжийг үнэн голоосоо хайрлаж, арван таван жилийн турш үнэнч ханийн журмыг умарталгүй сахиж, өнгөрсөн хойно нь ч гэгээн дурсгалыг нь хүндэтгэж байсан хүн.
Тэгээд өөр юу байж таарах вэ?
Эмч баахан дуугүй суугаад дараа нь надаас:
– Карло, чи хүүхэд насныхаа дурсамжуудаас санадаг уу? гэж асуув. Би санаандаа орсон зарим зүйлийг ярьж эхэллээ.
– Харин чи эхийнхээ нас барсан талаар ямар бодолтой явдаг вэ?
Үнэхээр тэр нууц нь ээжийн нас барсантай холбоотой болж таарах нь уу гэж бодохоор хамаг бие хүйт даагаад явчихлаа.
Би эртээд чамд бичсэн тэр зүйлүүдийг, өөрөөр хэлбэл ээж могойд хатгуулж зүүдэлснийг, шөнө орилж, айснаасаа болж өвчин туссаныг ярилаа. Дараа нь ээжийн бие хэдий илааршсан боловч хөргийн танхимд ухаан алдаж унаснаасаа хойш өвчин нь улам хүндэрсэн юм.
Түүнээс хойшихыг чи мэдэхгүй. Ээжийн бие өдөр ирэх тусам улам муудсаар, шөнө цээжин дээр нь хүнд юм дарчихаад түлхээд хаячихаж ч чадахгүй, дуугарч ч чадахгүй байна гэж ээж маань ярьдаг болсон.
Аав маань ээжийг сахих болсноос хойш ээжийн бие дахиад сайжирч эхэллээ. Хэдэн шөнө дараалан ээжийг нойргүй сахиад, аав нэг өдөр амарч нойр авахаар шийдээд Пепегээр ээжийг сахиулсан юм.
Харин тэр шөнө ээжийн бие бүр муудлаа.
Шөнө ээжийн бие хэдэн цагийн үеэс муудаж эхэлснийг Пепегээс асуувал цаадах нь өрөөнд байгаагүй тул би мэдэхгүй гэжээ.
– Ноён гүнтнийг орж ирэхэд би өрөөнд үлдэж зүрхлээгүй гараад явсан шүү дээ гэж Пепе бүсгүйн хэлэхэд
– Намайг очсон гэж Пепе чи юу яриад байна вэ гээд аав инээлээ.
– Эзэнтэн минь, юу гэсэн үг вэ, таныг тавцангаас ордог хаалгыг онгойлгоод орж ирэхэд хүйтэн салхи сийгээд явчихсан, та хэдий цув нөмөрсөн байсан ч би таныг шууд л таньсан гэж шивэгчин хүүхэн зөрлөө.
– За, цааш нь ярь гэж хэлэхдээ аавын царай хувхай цайсан байлаа.
– Таныг орж ирээд эзэгтэйн орны дэргэд сөхрөөд суухаар тань би гараад явсан гэж Пепе яриагаа төгсгөлөө.
– За мэдлээ, одоо явж болно гэж аав хэлээд эмчид хандаж:
– Би тэнд байгаагүй шүү дээ! гэсэн гээд би хэсэг дуугүй болов.
– Тийм, тийм гээд өвгөн толгой дохилоо.
– Энэ явдал хэрхэн дууссаныг, ээжийн өрөөнд байсан тэр хүн хэн болохыг би одоо хүртэл мэдэж чадаагүй яваа гэж сүүлд нь хэллээ.
– Цааш нь ярь, ярь гэж өвгөн бувтналаа.
– Гурав хоногийн дараа Люси, миний бяцхан дүү Люси орон дотроо үхчихсэн байлаа. Урд орой нь цоо эрүүл, маргааш өглөө намайг эрт сэрээгээрэй, би нар мандахыг хармаар байна гэж шувуухай шиг шулганаж байсансан.
Тэр өглөө Люси сэрэхгүй унтаад байхаар нь Катерина өрлөг эх гайхаж, орны нь дэргэд очиж үзэхэд охин дүү минь аль хэдийн үхээд, бие нь бүр хөшчихсөн байсан гэсэн.
– Тийм ээ! гэж өвгөн дахин баталж хэллээ. Люсиг оршуулсан тэр өдөр ээж намайг зөөлөн буйдангийнхаа дэргэд дуудаж ирүүлээд адислан ерөөл тавиад:
– Маргааш өглөө чи сургуульд сурахаар Нюрнберг хот уруу Петротой хамт явна, хагацъя даа гэж хэлээд нүднээсээ нулимс дуслуулан байж намайг чанга үнссэн. Би гуйж гувшиж, уйлж дуулаад ч нэмэр болоогүй, хэн нэг нь намайг тэндээс аваад гарсан юм.
Хэдий өчнөөн жил өнгөрсөн ч тэр тухай бодоход миний сэтгэл зангиран хоолой минь чичирч, би өөрийн эрхгүй дуугүй боллоо.
– Тийм ээ, тийм гэж тэр дахин толгой дохиод Люсигээс өөр хэн нэгэн үхсэн тухай санаж байна уу? гэж асуулаа.
– Саналгүй яах вэ, зөндөө олон хүн үхсэн, тэр тусмаа хүүхэд залуучууд олноор үхсэн. Тосгоноос гарах оршуулгын хонхны дуу цайзад тодхон сонсогддог байсан учраас би сайн санаж байна, бас манай ууланд ч хэд хэдэн хүн нас барсан гэж би хариуллаа.
Дахиад л удаан дуугүй болчихлоо. Өвгөн эмч хүч тэнхээгээ жаал сэлбээд авъя гэсэн шиг хүндээр амьсгаадан алчуур гаргаж ирээд халзан толгойгоо арчлаа.
– За, Карло, одоо миний хэлэхийг сонсож бай.
– Чамайг явсны дараа ч үхэл зовлон намжаагүй юм. Нэг үе сураггүй болж, нэг хэсэг дэлгэрч байлаа. Би тэдгээр үхлийн шалтгааныг эрсээр бүр солиорох шахсан. Эмнэлгийн ном дэвтрээ бүгдийг нь сөхөж онгичин, үхсэн хүмүүсийг судалж, тэр хавийн хүмүүсээс ч асууж үзлээ…
Тэр тохиолдлууд шинж тэмдгийн хувьд урд өмнө нь мэдэгдэж байсан нэг ч өвчинтэй адилгүй байсан.
Намайг задлан шинжлэхийг зөвшөөрсөн цогцоснуудад цус гэхээр юм бараг үлдээгүй тийм нэг хоорондоо төстэй шинжийг л би олж анзаарсан юм. Бас хүзүүн дээр нь, заримдаа цээжинд нь зүрхний орчимд толбо юм уу гэмээр жижигхэн улаан шарх байдаг байлаа. Тэгээд л гүйцээ.
Ард олны дунд дэлгэрсэн тэр жигтэй хачин өвчнийг би ихэд сонирхож байсан боловч чиний ээжийн өвчний өмнө хүчин мөхөсдөж өвдөг сөхөрсөн тул тэр өвчнийг нухацтай судалж чадаагүй юм.
Ээж чинь харсаар байтал тамирдан доройтож, хамаг эрдэм чадлаа гаргаад ч би эрүүл цус гэрэлтэж улаа бутарсан царайг нь эргүүлэн сэргээж чадаагүй юм.
Гарцаагүй үхэл рүүгээ явж байгаа нь тодорхой байвч амьдралын хамаг хүч нь нүдэндээ шингэсэн мэт харц нь гялалзаж байлаа.
Тэр цув өмссөн ноёнтны орж ирсэн тэр тохиолдлын учир одоо ч тодорхойгүй байна.
Харин тэр тохиолдлоос хойш ээжийг чинь нэг ч шөнө ганцааранг нь орхиогүй бөгөөд нэг бол аав чинь, нэг бол би сахиж байлаа.
Би өөрөө эмийг нь өгдөг байсан, гэвч энэ бүхэн талаар болж ээж чинь улам бүр доройтсоор байлаа.
Нэг өглөө намайг өөр нэг талийгаач дээр дуудаж, аав чинь эрхлэгчтэйгээ ажил төрөл ярилцаад завгүй, харин цэцэрлэгт хэвтэж байсан ээжийг чинь Катерина асарч үлджээ.
Хоёр цагийн дараа намайг буцаж ирэхэд ээжийн чинь бие эрс муудсан байв.
– Юу болоо вэ? гэж би Катеринагаас шивэгнэн асуулаа.
– Бараг юу ч болоогүй ээ, ахайтны цээжин дээр урд өмнө үзэгдэж харагдаагүй нэг хар шувуу ирээд суучихсан ч огт тайван хэвтсээр байсан. Би тэр шувууг үргээх гэсэн боловч ахайтан гараараа дохиод «битгий үргээ» гэсэн. Тэгээд л тэр гэж Катерина хариулав.
Юун шувуу юм бол? Катерина санаанаасаа зохиогоод байна уу?
Ээжийг чинь элдвээр түгшээхгүй гэсэндээ өөрөөс нь асууж зүрхэлсэнгүй.
Түүнээс хойш гурав хоног өнгөрлөө.
Чиний эцэг бид хоёр талбай дээр сууж, ахайтан урдын адил тосгон уруу хараад зөөлөн буйдан дээрээ хэвтэж байлаа.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Mar.30.11 2:30 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.30.11 7:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
* * *

Нар жаргаж байлаа. Гэвч хатан авхай дахиад цэвэр агаарт жаахан хэвтье гэж гуйсан юм.
Тун сайхан орой байсан даа. Бид тамхи татацгаан, аяархан ярилцаж байлаа.
Гэтэл цайзын тэндээс талбайн дээгүүр нэгэн асар том сарьсан багваахай нисэн өнгөрлөө.
Урьд хожид үзэгдээгүй хав хар сарьсан багваахай.
Ээж чинь гэнэт өндийж «Нааш ир, нааш ир» гэж хашгираад гараа сарвайж байх нь харагдлаа.
Тэгээд нэг минутын дараа орон дээрээ ойчив.
Биднийг ухасхийн гүйж очиход тэр амьсгал хураасан байлаа.
Бид иймэрхүү зүйл болно гэж мэдэж байсан ч ээжийг чинь өөд болсныг үзээд аянганд ниргүүлсэн мэт болов. Аав чинь түрүүлж сэхээ авч:
– Хүмүүс дуудах хэрэгтэй гэж бөглүү дуугаар хэлээд дааж дийлшгүй хүнд юм үүрсэн юм шиг гуйвж дайвсаар яваад өглөө.
Би таалал төгссөн ахайтны хөлд сөхрөн уналаа. Хэдий хугацаа өнгөрснийг бүү мэд, миний сэтгэл үймэрч би өөрийн ухаангүй байлаа. Гэнэт хүмүүс дуугарах сонсогдож гал гялалзахад ахайтны цээжин дээрээс нэгэн хар сарьсан багваахай босож ирсэн нь бид хэдхэн минутын өмнө харсан өнөөх сарьсан багваахай мөн байв.
Сарьсан багваахай талбай дээгүүр тойрон эргэлдээд харанхуйд шингэн алга болов.
Хатны шарилд задлан шинжилгээ хийе гэж бодсон ч үгүй. Аав чинь ч үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй байсан.
Талийгаачийн бие мөс шиг хүйтэн болсон ч үе мөчнүүд нь хөшилгүй уян налархай хэвээр байсанд би эмч хүний хувьд ихэд гайхаж байлаа.
Тэгээд бүрлээчийг бунханд аваачиж тавилаа.
Хатны хойдхыг уншихаар зэргэлдээ орших хийдээс нэг санваартан ирлээ.
Бэлцгэр нүдтэй, улаан хамартай тэр тарган лам эхнээсээ л миний сэтгэлд нийцсэнгүй. Сөөнгө хоолойтой, шүрэн улаан хамартай ламтныг анх хараад л архинд толгойгоо мэдүүлчихсэн хүн байна гэдгийг нь би мэдсэн юм
Тэр санваартан талийгаачийн дэргэд ганц хоноод л өглөө нь «бүрлээчийн сүнс ер тайвшрахгүй байна» гэж шалтаглан харамжаа нэмэхийг шаардаж бас дээр нь архи нэхлээ. Бид ч түүний хүслийг ёсоор болгов.
Маргааш шөнө нь ямар нэг ер бусын хүнд зүйл зүрхийг минь базаад байх шиг санагдаж миний нойр хулжлаа. Би авсны дэргэд очиж эргэж үзэхээр шийдэв.
Дуган уруу шууд ордог замаар би явлаа. Хашлага уруу ойртож очоод доош шагайн харвал бунханд бүдэг бадаг гэрэл харагдав. Авсыг тойруулан тавьсан өндөр суурьтай лаанууд сүүмэлзэн орчин тойрноо арай ядан гэрэлтүүлэх ажээ. Өнөөх санваартны залбирал уншиж байгаа ширээн тахилын дээрх лаанууд хайлан урсаад, гол нь час пас хийн дуугарна

* * *

Бүүдгэр гэрэлд арайхийн нягтлан харвал өнөө ламтан шалан дээр хөл гар тэрийлгэн дээш харан хэвтэж цээжийг нь орны цагаан даавуугаар хучсан байх шиг харагдлаа.
Миний харц өөрийн эрхгүй авсан дээр тусаж, би бүр хөшиж орхилоо…
Авс хоосон байх нь тэр!… Үнэтэй, тансаг бүтээлэг нь суурийн шатны гишгүүр дээр хэвтэж байлаа.
Би нэг бол зүүдэлж байх шиг байна, нэг бол лааны сүүмгэр гэрэлд буруу хараад байна гэж бодоод нүдээ гараараа нухалж үзэв, яагаад ч нэмэргүй авс хоосон байна, гарцаагүй хоосон байна…
Би учир зүггүй баярлан дуган уруу гадна тавцангаас буудаг нарийхан шатаар ухаан зулаггүй ухасхийлээ.
Үе мөч нь хөшөөгүй байсан нь ч тохиолдлын хэрэг биш байж, унтаж байсан байна, үхширэх өвчнөөр өвдөөд унтаж байж гэх маягийн юм зурс зурс бодогдож байлаа. Бурхны аврал, бурхны аврал.
Тас харанхуйд би шатаар дуган уруу гүйж биш бүр нисэн ороод авс уруу ухасхийн очлоо…
Ээ, бурхан минь, энэ чинь юу болох нь энэ вэ!… Талийгаач хоёр гараа цээжиндээ зөрүүлж, нүд нь аниастай, өнөө л янзаараа хэвтэж байна. Миний
Өнөө орой миний дэрнийх нь хажууд жаахан хэлтгийдүү тавьсан сарнай ч яг хэвээрээ байна.
Дахиад л нүдээ нухалж, сэрэхийг хичээлээ…
Авсыг тойрч үзлээ. Мөнөөх санваартан дөрвөн мөчөө тэрийлгээд, толгойгоо гэдийлгэн хэвтэж байна.
Нөгөө цагаан даавуу хаачих нь энэ вэ? Алга болчихно гэж баймааргүй дээ гэсэн бодол зурсхийлээ.
Хоёр нүдэндээ итгэж ядан..., чамархайн судас лугшаад ирлээ…
Үгүй ээ, хашаа уруу гардаг хаалгыг тогшиж байна шүү дээ. Юу ч бодох сөхөөгүй явж очоод түгжээг мултлан хаалгыг онгойлговол шөнийн манаач, хоёр ажилчны хамт орж ирлээ. Шөнийн цэнгэг агаар сэвшин орж ирэхэд миний сэтгэл ч овоо уужирлаа.
– Юу болоо вэ? хэмээн намайг асуухад:
– Өө, эмч та байсан юм уу! гэж хэлээд манаач сэтгэл нь амарсан бололтой санаа алдаж:
– Би бүр айчихлаа. Хашаан дотуур эргэж тойрч явтал дуганы цонхны цаана хүн хөдлөөд байх шиг байсан юм. Хулгайч ороод ирчихэж л гэж бодлоо шүү.
Бурхан минь, юу болохыг би яаж мэдэх билээ.
Хатан ахайтанд зүүлттэй байгаа очир алмаазыг зуун мянган кроны үнэтэй гэж хүмүүс ярилцах юм билээ!
Хаалганд нь дөхөж очоод чагнасан чинь дотор нь юм түжигнэж, хүн аахилж, ёолоод ч байх шиг…
Би ганцаараа орох гэснээ айгаад энэ залуусыг дуудсан юм гэж манаач хэлэв.
– Та нар яг цагаа олж иржээ, санваартны бие тааруухан байх шиг байна, түүнийг салхинд гарга гэж би тушаавал ажилчдын нэг нь өнөө ламбагуайг өргөх зуураа:
– Ишш, ном унших ч гэж, энүүгээр нэг арц уугиулснаас хэтрээгүй шив дээ, утаанд нь бүр толгой эргэчихлээ. Үгүй, энэ өвгөн чинь ямар хүнд юм бэ! гэлээ.
Энэ үед ламбагуайн ханцуйнаас архины хоосон шил унаж шалаар өнхрөхөд залуус инээлдэв.
– Ламтан гуай хэрээ мэдэхгүй гударчээ, даанч орилж, ёолоод байсан юм, айж орхив шүү би! гэж манаач өвгөн далан долоон үг дэлгэлээ.
Санваартныг дамжлан өргөж хашаанд гаргаад вандан сандал дээр тавьж ухаан оруулах гэж хэсэг оролдвол тэр даруйдаа шууд ухаан орсонгүй. Битүү байшингийн бөгчим агаар, утаа, сархад нийлээд махлаг тарган ламд сүрхий нөлөөлсөн ажээ.
Эцэст нь тэрээр нүдээ нээж ийш тийш ихэд гөлөгнөн харлаа.
Би түүнд аяга хатуу дарс өгөхийг тушаав. Тэр дарсыг шуналтай нь аргагүй уугаад хоолой нь хэржигнэн:
– Сүнс нь тайвшрахгүй байна, тайвшрахгүй байна гэж шивнэв.
Үүр манхайн цайж, тосгоны сүмийн хонх өглөөний мөргөлд дуудан хангинаж эхэллээ.
Би болсон явдлыг бүгдийг сайтар тунгаан бодох гэж өрөө рүүгээ явсан боловч орон дээрээ хэвтэв үү үгүй юү бөх гэгч нь унтаад өгчээ.
Өдөр хэвийн нэг өнгөрлөө.
Ламбагуайн бие бүр тэнхрээд талийгаачийн «сүнс тайвшрахад хэцүү» байгаа учраас урдахаасаа хоёр дахин их архи өг гэж нэхжээ.
Өнөө санваартанд нярав хүүхэн Пепе том домбо дүүрэн архи өгөхийг би хараад тоглоом болгон:
– Пепа минь, манай ламтан архиндаа түлэгдээд үхчихвэл нүгэл нь чам дээр л буух байхдаа гэвэл
– Юу гэж дээ, эмч ээ, эд нар тэр хийддээ ч үүнээс дутахгүй л уудаг байлгүй, архи уусаар байгаад бүр өөхөлж орхисныг нь харахгүй юү! гэж Пепа хариулав.
Шөнө би байн байн сэрсэн ч босохыг хүссэнгүй.
Өглөө эрт өрөөний минь хаалгыг байж ядан балбахыг би сонслоо.
«Бас л золгүй явдал болж дээ!» гэсэн бодол харван орж ирэв.
Түргэхэн хувцаслаад хаалгаа онгойлговол нүүр царай нь хачин болчихсон Пепа зогсож байна.
– Эмч ээ, эмч ээ, ламтан..., ламтан үхчихэж гэж ээрч мууран хэлээд тэр хүүхэн сандал дээр унаад өглөө.
Яарсаар очив.
Өчигдрийн нөгөө вандан сандал дээр ламыг тавьжээ.
Тэр аль хэдийн үхсэн байлаа. Нүд нь бүлтийн томорч, нүүрэнд нь үхтлээ айсан шинж тодорсон харагдана.
Зарц ажилчид шавсан байлаа.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Mar.30.11 8:17 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.31.11 2:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
* * *

– Ламтныг үхсэн байхад нь хаана, хэн эхэлж олсон бэ? гэж би асуув. Өрөөний үйлчлэгч залуу урагш гарч ирээд:
– Ноён гүнтэн хатан авхайтны шарилын дэргэд шинэ лаа асаа гэж тушаасны дагуу намайг дуганд орж ирэхэд ламтан гарах хаалганы дэргэд хэвтэж байсан.
– Амь нь тэмцээд гарах гэж зүтгэж л дээ хэмээн тал талаас хэллээ.
– Тэгснээс зайлахгүй, дуганыг тэр чигээр нь нэвт мөлхсөөр хаалганы дэргэд ирсэн байна билээ.
– Гартаа хоёр ширхэг ягаан удвал цэцэг атгажээ. Манай залуус өчигдөр тосгоноос сагс дүүрэн ягаан удвал цэцэг авчирч авсны суурийг хучсан юм.
– Хөөрхий амьтан унахдаа авсны сууринаас зуурч авахад гарт нь цэцэг таарч л дээ.
– Талийгаач ахайтныг түлхээд унагаачихаагүй нь л яамай гэх мэтчилэн тэд ам уралдуулан ярьцгаалаа.
Тэгтэл миний толгой дотор ямар нэг юм шуугиж, намайг анх удаа учир битүүлэг айдас эзэмдэн авлаа.
Санваартан нэгэнт үхсэн байсан тул энүүхэндээ гэж хэлэхэд надад хийх юм байсангүй.
Гэлээ ч гэсэн би үхдэлийг өрөөнд оруулж, хувцсыг нь тайлахыг тушаалаа.
Би юуны өмнө хүзүүг нь үзвэл багашаархан цусан толбо мэт жижиг шарх байхыг төвөггүйхэн олоо.
Тэр үед л анх удаа энэ шархнууд учир битүүлэг үхэлтэй холбоотой юм биз гэсэн таамаглал зурсхийн орж ирсэн юм. Тэр мөчийг хүртэл би тэдгээр шарханд нэг их ач холбогдол өгч, анхаарч үздэггүй байлаа.
Харин одоо бол өөр хэрэг. Шарх нь том биш боловч цусны судсанд хүрсэн гүнзгий шарх байна.
Хэн хэрхэн, юугаар ингэж шархдуулсан юм бол?
Энэ талаар одоохондоо дуугүй байхаар шийдлээ.
Санваартныг оршуулж, гүнгийн ахайтныг бунхан уруу оруулж тавилаа. Оршуулгын ажлыг илүү сүртэй болгохын тулд жижиг шатаар шууд бунхан уруу буулгахын оронд хашаан дотуур, дараа нь цэцэрлэгээр тойруулан авч явлаа.
Оршуулгын ёслол болсон тэр өдөр ч гэсэн хатагтайн үе мөч нь уян хатан хэвээр, хацар уруул нь харин ч бүр ягаарсан байлаа.
Харин тэр нь дуганы олон өнгийн шилтэй цонх, эсвэл нарны хурц гэрлээс болж тэгж харагдсан уу, бүү мэд.
Оршуулах ёслолд олон ч хүн ирж, дараа нь ёсыг даган хүмүүсийг дайлж, цайллаа.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.31.11 2:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
* * *
Зарц нар «хатан авхайтны хойчийн буяны» төлөө хундага өргөцгөөж байх үедээ өнөө америк өвгөнд дургүйцэн, шуугилдаж эхлэв. Тэр өвгөн ахайтантай салах ёс хийхээр огт ирээгүй, өглөө талийгаачийг хөдөөлүүлэхэд ч харагдаагүй. Харин ч бүр мөнөөх америк өвгөний суудаг манааны байрны хаалга, цонхыг дангинатал түгжсэн байсныг олон хүн анзаарчээ.
Архи дарсанд халамцсан хүмүүс эхлээд өвгөнийг муулж байснаа эцэст занаж зүхлээ.
Цөс нь хөөрсөн хүмүүс өвгөнийг шуудхан зодож занчихаар шийдлээ. Олныг оройлон дуудсан хүмүүс нь орилж хашгиран хүмүүсийг дагуулсаар цэцэрлэгт байдаг манааны байр уруу явцгаав.
Америк өвгөн ердийнхөөрөө шатны хашлага дээр сууж байсан бөгөөд цугласан олон харааж зүхэн өвгөнийг бүчин авлаа. Өвгөний хоёр нүд хорсолтой гэгч нь гялалзаад уулгалан дайрсан олныг ухаарч амжихаас өмнө босон харайж манааны байрандаа ороод хаалгыг нь тас хийтэл хаав.
– Аа, чи муу америк дух яана гэнэ ээ гэж залуу агтчин Генрих хашгирлаа. Тэгээд Герман довжоон дээр үсрэн гарч хаалгыг нь цөм өшиглөж орхив.
Хүмүүс манааны байр уруу гүйлдэн орвол тэнд хэн ч байсангүй. Угаас ор, ширээ, хоёр сандлаас өөр хогшилгүй ганцхан өрөө байранд эрж цөхөөд байх ч газар байсангүй.
– Хий сүг байжээ хэмээн Герман айсан маягтай ийш тийш харан байж хэлэв.
Бүгд айж эвгүйцэн, манааны байрнаас бушуухан холдохын түүс болцгоож,
цөмөрч унасан хаалгыг байранд нь буцааж тавиад, цэцэрлэгээс чимээгүйхэн увж цувсаар гарцгаалаа.
Зарц ажилчдын байрандаа эргэж ирээд дахин шуугилдаж эхэллээ.
Өвгөн хаашаа алга болсон байж болох тухай хэлэлцэж, тал талаас түмэн янзын таамаг дэвшүүлцгээв.
Манааны байранд хүн суудаг шинж огт байгаагүйг олон хүн анзаарчээ. Сандал, ширээ нь хуруу зузаан тоос шороонд дарагдаж, орон дээр нь хүн унтдаг шинж ер байсангүй. Америк өвгөн хаана амьдарч байв, хаашаа хэрхэн алга болчих нь энэ вэ?
«Хий сүг» гэдэг үг дахиад л олны амнаас унаж, дарс, шар айргаар хоолойгоо норгон цааш үргэлжлүүлэн хэлцэх тусам хэргийн байдал бүр ч ээдрээтэй болж ирлээ.
Төдөлгүй «биелсэн чөтгөрийн» тухай хавь ойрын хүмүүс ярилцах болов.
Долоо хоног өнгөрлөө.
Чиний аав бараг цаг үргэлж бунханд байх болж, үдийн зоогийн үеэр ч тэндээсээ гарч ирэхээ болилоо.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Mar.31.11 4:01 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.31.11 2:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
* * *

Цайзад ч, ойр хавийн нутгаар ч өнөө жигтэй үхлээр хүн үхэхээ болив.
Манааны байрны хаалгыг түшүүлэн тавьсан хэвээрээ байхыг харвал тэнд амьдардаг хүн эргэж ирээгүй бололтой.
Хотоос ямар нэг албан бичиг ирж, аав чинь гурав дөрөв хоногоор хот явахаас аргагүй болов.
Гэтэл аавыг чинь явсны маргааш дахиад л гай зовлон тохиолдлоо.
Асууж лавлавал нэг иймэрхүү хэрэг болсон ажээ: ажилчдын байранд өглөөний цай уусны дараа улаач өөрөө хэсэг нарлаж хэвтэхээр болж агтчин Германд морьдоо усалж, идүүлэхийг тушаасан юмсанж.
Өдрийн хоолны үеэр өнөө агтчин ажилчдын байранд үзэгдээгүй боловч хэн ч анзаарсангүй. Харин үдийн хоолны сүүлээр шивэгчдийн нэг нь сая агтны жүчээний тэрүүгээр явж байхад адуу янцгаалдан, морьдын туурай тачигнах сонсогдлоо гэж ярьжээ.
– Герман муу золиг яаж төрхгүйтэж байгаа нь тэр вэ гэж үглээд улаач агтны жүчээ рүү явснаа тун ч удалгүй «Туслаарай, туслаарай» гэж орилох нь дуулдаж бусад зарц нар ч ухасхийн араас нь очжээ.
Захаасаа хоёр дахь саравчинд улаач гартаа ташуур барин зогсож, өнөө Герман хөлийнх дэргэд түрүүлгээ харан хэвтэж байжээ.
Улаач жүчээнд орж ирээд Герман овоолсон сүрэл дээр унтаж хэвтэхийг хараад уур нь хүрч цохиод авбал цаадах нь үхсэн мэт өнхрөөд ирсэн гэж ярьж байлаа.
Германыг жүчээнээс гаргав.
Хүмүүсийн бараанаар морьд ч тайвширч, харин талийгаачийг олсон саравчны морьд л ихэд айсан юм шиг хөх мах нь чичирч байлаа.
Намайг дуудахаар нь явж очоод талийгаачийн цамцны захыг сөхөж хүзүүг нь үзвэл шинэхэн улаан шарх дурайж байлаа!
Герман хэдийн үхсэн гэдэгт би эргэлзэхгүй байсан боловч зарц ажилчдын сэтгэлийг бодож сэхээн амьдруулах яаралтай тусламжийн бүх л арга хэмжээг авсны дараа талийгаачийн хувцсыг тайлахыг тушааж цогцсыг анхааралтай үзэв.
Геркулес баатар шиг л эрүүл чийрэг бие хаатай залуу байжээ! Эсэргүүцэж татгалзах хэн ч байгаагүй тул цогцост задлан шинжилгээ хийж үзэхэд миний урдын ажигласан зөв болох нь батлагдаж, манай Геркулес баатрын бие цус гэх юм бараг үлдээгүй байв.
Намайг тэр цогцостой ноцолдож дуусаагүй байтал тосгоноос хэл ирж, дахиад золгүй явдал болсныг дуулгалаа.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.31.11 4:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
* * *
Галуу хариулж явсан бяцхан охин үхжээ. Ээж нь охиныхоо өдрийн хоолыг аваад очтол охиноо бутны дор амьдын шинжгүй хэвтэж байхыг олжээ.
Харин энэ тохиолдлын хувьд үхлийн шалтгааныг тусгайлан тодорхойлох хэрэг ер байсангүй. Охиных нь цээжин дээр ногоон могой цагираглан хэвтэж байхыг ээж нь тун сайн харсан бөгөөд түүнийг орь дуу тавин орилоход өнөө могой бутан дунд шурган алга болсон гэнэ.
Тэглээ ч гэсэн охины ар гэрт очиж мөнгөөр туслах буянтай сайхан шалтаг бодож олоод би охиныг үзэхээр очлоо.
Талийгаач охиныг хэзээний засаж янзлаад ширээн дээр хэвтүүлэн тавьжээ. Эхийг нь шалтаг гарган түр явуулаад хүзүүнд нь зүүсэн алчуурыг сөхөн толгойг нь өргөж үзлээ.
Өнөө муу ёрын шарх охины хүзүүнд байж байна!
Айж сандарсандаа миний нуруугаар хүйт оргиод ирлээ… Би солиорох нь энэ үү?! Эсвэл хий юм үзэх нь тэр үү!
Шөнөжин би өрөөндөө нааш цааш холхилоо. Нойр хулжиж, хоол ч идэх дур алга. Хүний хөлийн чимээ гарч, үг яриа дуулдах бүр дахиад л нэг гай зовлон учирсан тухай надад хэлэхээр хэн нэг нь ирэв үү гэж түгшсээр байлаа...
Удаан хүлээх ч хэрэг гарсангүй.
Тогооч жаал нас баржээ. Түүнийг цэцэрлэгээс алим түүгээд ир гээд явуулсанд эргэж ирсэнгүй…
Хөвгүүний цогцсыг би зохих журмын дагуу сайтар үзсэн боловч мөн л өнөөх хүзүүн дээрх шархнаас өөр юм олсонгүй.
Тэгж байтал ашгүй аав чинь ч буцаж ирлээ. Болсон бүх явдлыг түүнд ярихад огт тоомжиргүй, хөндий хүйтэн байсанд би ихэд гайхав.
Тэгэхээр нь би нас барсан хүмүүсийн хүзүүн дээрх өнөө аймшигт шархны тухай өөрийн таамгийг хэлтэл тэр ердөө л:
– Аан, талийгаач хатныхтай адилхан шарх байгаа юу гэж хэлчихээд бунхнаа сахих гээд яваад өгөв.
Би ч аймшигт оньсого тааврын учрыг ганцаараа л олох болж байх шиг байна.
Би лав удаан тэсэхгүй байсан биз ээ, гэтэл миний аз болж, чамтай хамт Нюрнбергд үлдэх байх гэж бодож байсан Петро эргэж ирлээ.
Петро цайзаас яваад удаагүй хэдий ч энэ богинохон хугацаанд маш их өөрчлөгдөж, хөгжилтэй цайлган эр байснаа дуугай дүмбийсэн зожиг нэгэн болжээ.
Ажилчдын байранд Петрог ирэхэд түүнд манайханд тохиолдсон гай зовлонг зарц нар тоочин яриад эцэст нь өнөөх америк өвгөн алга болсныг баяртайгаар дуулгаж, тэр өвгөн ерөөсөө хүн биш биелсэн чөтгөр байсан байх гэлцжээ.
Зарим нь америк өвгөнийг бунхны хаалганы өмнө зогсож байгаад гэнэт алга болохыг өөрийн нүдээр харсан, харин тэр хаалга нь ер онгойж харагдаагүй гэх аж.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.31.11 4:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
* * *

Бас зарим нь өвгөнийг сарьсан багваахай шиг эгц хадан хана уруу авирахыг харсан гэж байхад, нөгөө зарим нь тэр америк өвгөн харсаар байтал хар муур болж хувирсан гэх ажээ.
Америк өвгөнийг луу болж хувирахыг нь харсан хүн ч бас гарч ирлээ. Тэгээд луугийн тухай маргалдаж гарлаа.
Зарим нь лууг сүүлтэй байдаг гэж боддог бол зарим нь том чихтэй гэж, бас зарим нь могойтой адил, нөгөө зарим нь шувуутай адил хэмээн маргаж маргаж эцэст нь:
– Луу юм чинь луутай л адилхан байх ёстой гэж тогтлоо!…
Петро бүгдийг нь муусайн тэнэгүүд гэж хараагаад өрөөндөө орчихов.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.31.11 5:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван наймдугаар хэсэг

Маргааш өглөө нь Петро аавтай чинь удаан ярилцлаа. Чухам юун тухай ярьсныг нь харин хэн ч мэдсэнгүй. Юутай ч Петро аавтай чинь ярилцаж гарч ирээд хоёр ажилчныг нэр заан дуудаж америк өвгөний амьдарч байсан манааны байрыг нурааж хая хэмээн гүнтний нэрийг барин тушаалаа.
Цаадуул нь дуртай дургүй үгэнд нь оров.
Дээврийг нь хуулж хаяад ханыг нурааж эхэллээ. Манааны байранд хэн ч суудаггүй байсан нь өдрийн нарны хурц гэрэлд бүр ч тодорхой мэдэгдэх ажээ.
Тун удалгүй өнөө байшингаас яндантай жижиг тоосгон пийшин л торойж үлдлээ.
Бөх сайн хэвээрээ байсан дүнз, банзыг нь түлээний мод болгон хөрөөдөөд тэргэнд ач гэж Петро тушаалаа.
Мөн чулуучин дуудаж тоосгыг нь хайрлахгүйгээр пийшин, янданг нурааж хая гэж тушаажээ. Янданг нурааж байх үед чиний эцэг бид хоёр бунхны үүднээс хараад зогсож байсан юм.
Яндан дотроос нэгэн том хар сарьсан багваахай нисэн гарч ирээд шуудхан биднийг чиглэхэд би таягаараа далайн цохихыг завдвал үргэж огцом эргээд цайзын хана хэрмийн цаагуур орж алга болоо.
– Хараач, муу золиг чинь энд үүрлэчихсэн байж шүү гэж чулуучин үглэлээ.
Чиний ээжийг өнгөрдөг өдөр цээжин дээр нь суусан байсан хар сарьсан багваахай хаанаас гараад ирснийг би тэгэхэд ойлголоо. Сарьсан багваахай цагаан цайвар юман дээр суух дуртайг бүгд мэднэ. Талийгаач ахайтны цагаан хувцсанд татагдаж тийн суусан хэрэг байж шүү. Харин ердийн сарьсан багваахай саарал өнгөтэй байдаг атал тэр амьтан яндан дотор үүрлэснээсээ болоод хөө тортог болсон нь тэр биз ээ.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.01.11 1:19 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Тэрэгтэй түлээг Петро сүмийн хашаанд буулгуулахаар явуулж, сүмийн түлшний хэрэгцээнд зориулан гүнтний явуулсан бэлэг болгон хүргүүлжээ. Пийшингийн тоосгыг бүр хол, хээр аваачиж хаяжээ.
Манааны байр байсан талбайг Петро өөрөө тэгшилж янзлан, түүгээр тойрч явахдаа амандаа ямар нэг юм шивгэнэж байлаа.
Маргааш нь нэг үзүүрийг нь гадас шиг шовхлон хурцалсан улиас модон том загалмай тосгоноос авчирч нөгөө талбайнхаа гол дунд босгов. Петро тэр талбайг цэцгийн мандал мэт засаж, зарц ажилчдын шоолж инээхийг огт тоолгүй дээр нь сармис тарилаа.
Энэ бүхэн ямар учиртай юм бэ гэж намайг асуухад аав чинь гараа сэгсрэн дохиод:
– Цаадахаа мөрөөр нь орхи гэлээ.
Түүнээс хойш хэдхэн өдрийн дараа аав чинь шатаар бууж яваад хальт гишгэн хөлөө гэмтээлээ. Уг гэмтэл нь сэтгэл зовоод байх зүйл биш байсан хэдий ч цаг үргэлж чийгтэй бөгчим бунханд сууж, хоолтой хоолгүй байснаас бие нь доройтож, хэд хоног хэвтүүлэхээс аргагүй болов.
Тэр өдөр үдийн хоолны дараа би аавд чинь сонин уншиж өгөөд сууж байтал зарлага хөвгүүн ирж намайг доошоо буугаад ирээч гэж хүслээ.
Би өвчтөнийг Пепегийн гарт үлдээгээд цэцэрлэгт бууж ирвэл тэнд бөөн үймээн сандраан дэгджээ!
Цэцэрлэгч хийдэг Павел хэмээх залууг ухаангүй хэвтэж байхад нь хүмүүс олоод гар дээрээ дамжлан авчирчээ. Тэрээр зовиуртай, аяархан гиншин ёолж, одоо хариугүй үүрд дуугаа хураах нь уу даа гэмээр байлаа.
Би түүнийг өөрийн эмийн сангийн өрөөнд оруулахыг тушааж, өөрийнхөө туслахаас бусад зарц нарыг бүгдийг нь гаргалаа. Өвчтөнийг үзвэл мөнөөх л гайтай шархнаас шинэхэн цус гарч байлаа! Тэгмэгц би үхэж буй хүнийг ядахнаа ганц цаг ч билээ сэхээхийн тулд анагаахын шинжлэх ухаан огт зөвшөөрдөггүй, хуулиар ч бас хориотой арга хэрэглэхээр шийдлээ. Нууцын хөшгийг өчүүхэн ч болов сөхөж үзэхийн тулд тэгсэн хэрэг билээ.
Өвчтөнд хүчтэй цочроох үйлдэлтэй эм амаар нь цутган өгөөд түүнийг өндөр дэр налуулан суулгатал ямартаа ч нүдээ нээлээ. Ухаан орох анхны шинж тэмдэг илэрч эхэлмэгц би асууж шалгааж эхэллээ.
Өвчтөн эхэндээ үл ойлгогдох зүйл бөвтнөж байснаа яваандаа улам бүр ойлгогдохоор тод ярьж, дараах зүйлсийг надад хэлэв:
Нэгэнт тогтсон заншлын дагуу үдийн хоолны дараа бүх ажилчид нэг цаг амардаг юмсанж.
Тэрээр хуайс моддын дор хэвтэн, нойр хүрээгүй тул салхинаа нүүх үүлсийг ширтэн төрөлх тосгоноо дурсан байтал нэгэн бяцхан хөвөн цагаан үүл нар халхлах шиг болж таатай сайхан сэрүү оргиод иржээ…, тэгээд хартал нөгөө үүл хэдийн цагаан хувцастай хүүхэн болон хувирч талийгаач ахайтан дүрээрээ байж байна гэнэ! Үсээ сул асган задгай тавьж, толгойдоо цэцэг хатгажээ.
Залуу үсрэн босохыг завдтал ахайтан Павелийг бүү хөдөл гэж гараараа дохиод өөрөө дэргэд нь өвдөг сөхрөн суугаад улам ойртсоор нэг гараа толгой дээр нь нөгөө гараа хүзүүн дээр нь тавьж наалдан иржээ… «Надад хачин сайхан байсан! гэж хэлээд өвчтөн инээмсэглэв. – Жижигхэн хөөрхөн гар нь цэв хүйтэн байсан! Хатантан миний нүд уруу эгцлэн ширтэж, нүд нь хөлгүй гүн нуур шиг, ёроолгүй эргүүлэг шиг л байлаа… Гэтэл бүх бие эвгүй оргин хүзүү өвдөж, би нүдээ ч нээж чадахгүй болсон, дараа нь бүх юм эргэлдэж би хаа нэг тийш хөвж байх шиг санагдлаа. Ахлагч намайг дуудан:
«Павел, Павел» гэж хашгирахыг сонссон боловч би сэрж чадахгүй байсан. Миний цээжин дээр авсны зузаан банз дараад байх шиг болж амьсгаа ч авч чадахгүй болж «Залхуу хог чамайг ажлаас чинь халаад хаячихъя!» гэх ахлагчийн дуу дахин сонсогдсон.
Тэр даруй би нүдээ нээн харвал хатантан миний дээрээс тонгойсон янзаараа, харин нүднийх нь харц өмнөх шиг энхрий дотно биш харин хорсол заналаар дүүрэн гялалзаж, уруул нь цусан улаан болсон байлаа. Надаас нүд салгалгүй ширтэж, гэтэн ухарсаар, ухарсаар... нэг мэдэхэд алга болсон гэж ярьж байснаа Павелийн дуу суларч, хэл ам нь ээдэрсээр дахин ухаан алдлаа.
Өвчтөнд дахин сэргээш өгье гэж би бодсон ч үгүй, угаасаа хангалттай ихийг мэдэж авлаа.
Өвчтөнийг туслахынхаа мэдэлд үлдээгээд би цэцэрлэг рүү яаран гарч хадан хясааны ирмэг дээр очлоо. Миний дотор давчдаж уудам задгай газар, цэнгэг агаарт гарах гэсэн хэрэг л дээ…
Жаахан байж байтал Петро ч миний араас ирлээ.
Хэсэг зуур хэн хэн нь юу ч дуугарсангүй.
– Энэ ч дахиад л «өнөөхийн» хийсэн хэрэг байхаас зайлахгүй! хэмээн Петро хэнд ч тухайлан хандалгүй, гав ганцаараа ярьж буй мэт хэлэв.
– Чи «өнөөх» гэж хэнийг хэлж байна вэ? гэж би баярлан асуухдаа Петро надад тус нэмэр болох хүн гэдгийг зөнгөөрөө мэдэрч байлаа.
– Мэдээж хэрэг, тэр муу америк чөтгөрийг л хэлж байна.
– Петро минь, энэ тун ноцтой хэрэг шүү, бодож санаж буйгаа надад яриач?
– Хм, та өөрөө ч миний бодож буйг л бодож байгаа биз дээ…, Павелийн хүзүүн дээр өнөө шарх байна уу? гэж тэр надаас асуув.
– Байна аа.
– За яах вэ, би яръя, та сонсогтун.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.01.11 11:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Тэр америк хүнийг анх ирэхэд хөөрхий Нетти түүн рүү ухасхийхэд л «энэ ч сайны тэмдэг биш дээ» гэж миний зүрх рүү нэг юм ёгхийгээд явчихсан юм. Талийгаачийг авчирсан хирнээ загалмайлан залбирах ч үгүй, хачин улаан нүднийх нь харц ер тогтож өгөхгүй ийш тийш гөлөлзөөд нэг л биш байсан. Түүнээс хойш би түүнийг ажаад байхад ямартаа ч нэг л биш ээ тэр. Сүмд ч очихгүй, дуган уруу ч шагайхгүй, буян номын газраас цэрвэдэг нь илт байсан хэмээн Петро ярьж эхлэв.
Хүн амьтантай ч дуугарахгүй, тэр манааны байрандаа ганцаараа л суудаг, гэрэл ч асаахгүй, яндангаас нь утаа гарч харагддаггүйг бодоход гал ч түлдэггүй байсан байх. Тэгээд бас юу ч идэхгүй мөртөө улам таргалаад л өнгө зүс ороод байдаг. Юутай жигтэй хэрэг вэ?
Гэтэл хүмүүс ар араасаа үхээд л байдаг. Эмч нар болохоор үхсэн хүмүүст цус бараг алга гэж яриад байсан, та ч бас тэгж хэлж байна.
Тэгээд миний толгойд энэ өвгөн ёстой биелсэн чөтгөр юм, манайхны ярьдгаар босоо ороолон юм байна гэсэн бодол төрсөн юм. Үхсэн хүн булшнаасаа босож ирээд амьд хүмүүсийн цусыг сордог болохыг босоо ороолон болох гэж ярьдаг юм. Би тэгээд өвгөнийг өмнөхөөсөө ч илүү дагаж мөрдөх боллоо гээд Петро хэсэг чимээгүй болов.
– Чи тэгээд юу олж мэдэв?
– Би үүнээс өөр юу ч олж мэдэж чадаагүйд л хамаг учир зовлон нь байгаа юм даа, эцэг минь. Түүнийг хар хэргээ хийсэн газар нь эд мөрийн баримттай барьж авч огт чадаагүй юм. Зальтай хар чөтгөр юм даа! Элдэв аар саар зүйлс ихийг олж мэдсэн боловч тэрний хэрэг гэж юу байх вэ дээ, хэн ч итгэхгүй гэж Петро урамгүйхэн өгүүлэв.
Харин талийгаач ахайтан л ганцаараа ажиг сэжиг аваад Карлог эндээс аль болох хол аваач гэж гуйж гувшаад байсан болов уу даа. Тэрнээс биш долоохон настай хүүхдийг тэр хол газар сургуульд явуулна гэж юу байх вэ дээ хэмээн Петро яриагаа дуусгаад дахиад л дуугаа хураав.
Намайг буцаж ирэхэд хатан авхай хэдийн өөд болсон байсан. Энэ ч бас «өнөөхийн» хийсэн хэрэг юм биш биз? Эмч ээ, та намайг бодвол ийш тийш яваагүй эндээ байж байсан хүн, юу бодож байна даа?
Би дуугүй өнгөрсөн нь дээр гэж үзэв.
Петро цааш үргэлжлүүлэн:
«Өнөөхийг» улиас модон гадас, сармисны үнэрээс айдаг гэдгийг би эмгэдийн үгнээс мэдэж авсан юм. Улиасан гадсаар биеийг нь нэвт сүлбээд газартай хадаж орхивол ахиад босож ирдэггүй юм гэнэ билээ. Харин сармисны үнэр бол арц утлагатай адил муу ёрын юмыг үлдэн хөөж ирсэн газар уруу нь буцаадаг гэнэ лээ.
Мөн эмгэд хөгшдийн ярьснаар бол ороолон бүр хүний нүднээс далд хоргодох газартай байдаг, өдөр болохоор тэндээ үхсэн мэт хэвтэж байдаг гэнэ, эзэн тэнгэр тэднийг тэгж шийтгэсэн юм гэнэ билээ. Харин хоногийн бусад цагт араатан жигүүртэн амьтан болж аль дуртайгаараа хувилж чаддаг гэнэ хэмээн Петро далан долоон үг дэлгэж гарлаа.
Би манааны байрыг нураалгаж, модыг нь сүмийн түлшинд өгсөн, улиасан загалмай газарт шааж босгосон, сармис удахгүй цэцэглэнэ, харин «өнөөх» чинь түйвээсээр л байна гэж өвгөн гунигтайхан өгүүлэв.
– Одоо яах вэ? Тэр чөтгөр Америкаас элэнц гүнтний шарилыг, хараал шингэсэн сувдан зүүлтийн хамт авчирсан нь манай гүнгийн хатан ахайтны өвчний шалтгаан болсон юм биш биз? Энд нэг учир байна уу, үгүй юү?
Та үүнийг юу гэж бодож байна вэ, эмч ээ? гээд Петро намайг сорих мэт ширтэхэд
– За, бүү мэд дээ! гэж хэлээд би мөрөө хавчлаа.
За би нэг иймэрхүү юм бодоод байна. Элэнц гүнтний чулуун авсан дээр модны ураар загалмай хийж тавья, бас тойруулаад энд тэндгүй сармис өлгөе, ингэвэл сайн гэж ярьдаг юм. Харин та бунхныг зөвхөн Петро цэвэрлэж байх болно, бусад хүмүүс тийшээ орж болохгүй гэдгийг бүх зарц ажилчдад гүнтний нэрийн өмнөөс хэлж өгнө үү. Эс тэгвээс саваагүй амьтад миний тэнд тавьсан юмнуудыг гаргаад хаячихаж магадгүй, бас элдэв яриа ч гарч мэднэ. Тэгээд ч энэ бүхнийг маш нууц байлгахгүй бол «өнөөх» чинь гадарлаад арилаад өгч магадгүй.
Би ч хэлсэн ёсоор нь болгоё гэж амлалаа.
Петро ч загалмай хийх ажилдаа идэвхийлэн орлоо.
Тийнхүү Петрог бэлтгэлээ базааж байх зуур тосгоны хоёр хүүхэд, манайд өдрөөр ажил хийдэг нэг эр нас барлаа.
Эцэст нь бүх зүйл бэлэн болж, цайзын бүх зарц ажилчид шөнийн цэвэрлэгээ хийгээд завгүй байх үеийг тааруулан нар жаргах үеэр Петро бид хоёр бунханд орж, тэрээр урд ярьсан ёсоороо загалмай тавьж, энд тэндээс сармисан хэлхээ зүүлээ.
Тэгээд энэ бүхэнд гүнтний анхаарлыг хандуулахгүйн тулд авсыг хар одончуугаар бүтээв.
– За тэр, хэрхэн гаслан ёолж байгааг нь сонсож байна уу хэмээн Петрог хэлэхэд сайтар чагнаад үзвэл хаана, юу дуугараад байгааг тодорхойлоход хэцүү ч нээрээ л нэг юм дуугараад байх шиг байлаа.
Гэхдээ бунхны яндан юм уу, эсвэл агааржуулалтын нүхээр салхи үүгэх нь сонсогдсон нь тэр байлгүй дээ.
Петро санасан хэрэг амжилттай бүтнэ гэдэгт огт эргэлзэхгүй, хөгжилтэй сэргэлэн байлаа! Харин надад цаашдаа болох бүхнээс айж болгоомжлох үндэслэл их байв.
Гэтэл тэр шөнө гүнтний хувийн зарц амь үрэгдлээ. Түүнийг орон дотроо амьсгал хураах гэж байхад нь олсон бөгөөд тэрбээр ердөө л хатантан, хатан... гэж л шивнэж амжжээ.
Зарц нар болсон явдлыг шүүн хэлцэж байх зуур Петро ирж, талийгаачийн толгойг өргөж үзээд дуу алдан өөрийн эрхгүй шал дээр суун тусахдаа царай нь цэрд шиг цагаан болсон байв.
Тийнхүү Петрогийн айж балмагдан муурч унасан нь манай зарц нарын сэтгэлийн түгшүүрийг туйлд нь хүргэсэн сүүлийн дусал боллоо.
Олонх нь хөөрхий Петрод туслахын оронд тасалгаанаас зугтан гарч нэг цагийн дараа гэхэд нэлээд хэдэн хүн халагдах хүсэлтээ гаргалаа. Орой болоход өдрөөр ажилладаг ажилчид ч яваад өглөө.
Инээд хөөр, дуу хуур дуурсахаа ч больж, зарц нар хоорондоо ямар нэг юм шивгэнэлдэн үгсэн хэлцээд байх бололтой. Дахиад нэг л хүний амь үрэгдвэл бид зарц ажилчидгүй үлдэх нь тодорхой байлаа. Орой тийшээ...

* * *

– Ноёд оо, энэ бүхнийг сонсоход хэчнээн гайхалтай сонин байгаа ч гэсэн одоо бүгдээрээ унтаж амрах хэрэгтэй. Шөнийн хоёр цаг болж байна. Манай нөгөө цус сорогчид, биелсэн чөтгөрүүд одоо наргиж зугаацаж хэдийн ханаад дуг нойрондоо дугжирч хэвтээ биз би бодож байна. За, би лав явж унтах минь гэж Вейс эмч шийдмэгхэн хэлээд босов.
– За тийм бол маргааш хүртэл хүлээе дээ гэж зочдын нэг нь хэлэхэд:
Битгий санаа зов, Карл Иванович үлгэр туульсаа аваад зугтаад алга болчихгүй хэмээн эмч алиалав.
– Харин та энэ бүхнийг үлгэр домог гэж бодоод байгаа юм уу? гэж Жорж К. гайхшран асуувал
– Жорж минь, чи хэрэв үүнд эргэлзэж байгаа бол ёстой балчир хүүхдээрээ байна гэсэн үг дээ хэмээн нэг өвгөн хэллээ.


_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.02.11 7:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван есдүгээр хэсэг

Удаах өдөр нь маш хөл хөөртэй өнгөрлөө. Морь унацгааж, олонх нь ой модоор зугаалан, залуучууд хүч тамирын дасгал хийж, барилдацгаав. Өчигдөр оройн уншсан зүйлс хэний ч санаанд орсонгүй.
Орой нь ядарч, өлссөн ч гэлээ сэтгэл тэнүүн хүмүүс хооллох танхимд цуглацгаав.
Элбэг дэлбэг оройн зоогийн дараа бүгд Карл Ивановичид хандан нөгөө «үлгэрээ» гүйцээн уншиж өгөхийг хүслээ.
Урд нь зочдын ийм хүсэлтийг уриалгахан хүлээж авдаг байсан өвгөн харин энэ удаа цүнхээ арайхийн аваад, удаан гэгч нь уудаллаа.
– За, та өнөөдөр биднийг ямар гэгч дэмий балай юмаар дайлах гэж байна даа? гэж Вейс эмчийг асуухад өвгөн дуртай нь аргагүй цүнхээ хаах зуур:
– Тэгвэл ер нь өнөөдөр уншихаа болих уу? гэж баярлан асуув.
– Өө, үгүй, үгүй, бид төгсгөлийг нь сонсмоор байна шүү дээ гэж залуус эсэргүүцлээ.
– Карл Иванович, та бүх зарц ажилчид айсандаа цайзаас зугтан одлоо гээд зогссон хэмээн Жорж К. санууллаа.
Карл Иванович гүнээ шүүрс алдаад үргэлжлүүлэн уншиж эхлэв.

АЛЬФАД БИЧСЭН ЗАХИДЛЫН ҮРГЭЛЖЛЭЛ

Орой нь Петро «хараал идсэн биелсэн чөтгөрийг» мөшгөн барьж авахаас нааш бунхны үүднээс алхам ч холдохгүй гэж мэдэгдэв…
Шөнө нь нам гүм өнгөрөв. Маргааш өглөө нь ч тэр, өдөр нь ч тэр Петро бунхны үүднээс холдсонгүй. Тэрбээр ердөө зүсэм талх төдийг надаар дөхүүлүүлэв.
* * *

Удаах өдөр нь ч мөн элдэв адал явдалгүй тайван өнгөрлөө.
Ахиад нэг хоног өнгөрөв.
Энэ сайн дурын харуулыг яах билээ? Дан талхаар голоо зогоож, ядаж унтах ч үгүй юм.
Петро энэ янзаараа удаан тэсэх болов уу?
Бас нэг хоног өнгөрлөө.
Түүнийг яаж ч ятгаж, учирлаад тусыг эс олов.
Би зөрүүд өвгөнийг өнөө шөнөдөө зөнд нь орхиод маргааш өглөө нойрны эм дарсанд холиод өгчихье гэж шийдлээ.
Нойрны эм ахиухан тунгаар бэлтгээд өрөөндөө сууж байтал шөнийн хоёр цаг боллоо.
Гэнэт Петро гуйвж дайвсаар миний өрөөнд орж ирэв. Нүүр царай нь үхсэн хүнийх шиг хувхай цайж, үс өрвийгөөд хамаг бие нь салганан чичирч байлаа. Сандал дээр лагхийн суугаад учир зүггүй мэгштэл уйлж гарлаа.
Эрүү ам нь дагжтал чичрээд, эхэлж хэлсэн хэдэн үгийг нь би ойлгосонгүй, гагцхүү:
– Гүнгийн ахайтан…, яасан аймшигтай юм бэ…, манай ахайтан тэнд явж байна…, үхдэл… гэх мэт хэдхэн үгийг арайхийн ялгаж сонслоо.
– Тайвшир, Петро, тэгээд бүгдийг дэс дараагаар нь ярь, би ч бас өнөө америк өвгөн биш харин манай гүнгийн ахайтан л үүнд буруутай байх гэж бодож байсан юм хэмээн би өөрөө аль болох тайван байхыг хичээх зуур хэллээ.
– Ариун сахиусан тэнгэр шиг манай ахайтан цус сорогч, ороолон болчих ч гэж дээ… хэмээн Петро хэлээд дахин цурхиртал уйлж эхэллээ.
Сэтгэл нь баахан тайвширсны дараа Петро ингэж ярив:
Өнөө шөнө мөн л урдын адил бунхны өөдөөс харсан вандан сандал дээр суугаад хаалганаас нүд салгахгүй сахин сууж байж. Тэр хаалганы түлхүүр Петрогийн өөрийн нь халаасанд байсан аж.
Сартай шөнө болж, юм бүхэн илхэн харагдаж байжээ.
– Нэг харсан чинь үүдний тэнд манай гүнгийн ахайтан зогсож байна. Гоёлын цагаан даашинз өмсөж, үсээ задгай мөрөн дээрээ задгай тавьж толгойдоо цэцэг хатган, алмааз эрдэнэ гялалзуулжээ. Яг л амьд ахуйдаа бүжиг наадамд явахаар гоёдог байсан шигээ гоёжээ.
Тэрхэн зуур би ахайтны үхсэн гэдгийг мартаж орхиод ухасхийн очиж:
– Ээ, хатан авхайтан минь! гэвэл тэр над уруу эелдэгхэн хараад:
– Петро, чи намайг юунд дагаж мөрдөөд байна вэ? гэж хэлэхэд л би сая сэхээ орж түүний нас барсныг гэнэт санаад огло харайн зугтвал:
– Намайг тайван орхиод өг, би ч чамд гэм хор хийхгүй гэж эелдэг зөөлөн дуугаар хэлсээр хатантан миний араас дагалаа.
– Ээ бурхан тэнгэр минь, та аль хэдийн нас бараад, бид таныг оршуулсан шүү дээ.

* * *

– Би үхсэн…, гэхдээ амьд л байна. Над бүү саад бол гэж хатантан хэлээд намайг гараараа түлхэн замаасаа зайлуулахыг завдлаа.
Би түүнийг загалмайлан залбирал унших гэтэл тэр над ухасхийн дайрч миний мөрнөөс зууран авлаа.
Нүүр царай нь танихын аргагүй өөр болж, харц нь хорсол заналаар дүүрэн гялалзах бөгөөд жигтэйхэн их хүч тэнхээтэй ажээ. Би гараас нь мултрах гээд барсангүй, юу юугүй унах нь ээ… Бид зууралдан ухарсаар нөгөө сармис тарьсан талбайд тулж ирэв.
Би ч загалмайн ёроолд тээглэн унаж, хатантан намайг дараад авлаа.
За, ингээд л хоолойгоо тас хазуулдаг юм байж гэж бодлоо!…
Ашгүй бурхан тэнгэр өршөөв.
Сармисны үнэр авангуут ахайтан босон харайж, муухай орилсоор алга болов.
Би үнхэлцгээ хагартал айж хөдөлж ч чадахгүй удаан хэвтлээ. Тэгээд арайхийж нэг юм босоод шууд тан дээр ирлээ, эмч минь.
– Одоо бид яадаг хэрэг вэ? Би ахайтныг улиасан гадсаар нэвт сүлбэх нь битгий хэл өөдөөс нь гар далайж ч чадахгүй шүү дээ гэж хөөрхий үнэнч зарц шивгэнээд ахиад л уйллаа.
Петро бид хоёр цаашид хэрхэхээ тунгаан бодсоор үүр цайлгалаа. Цайз хийгээд тосгоныг цус сорогчдоос авран хамгаалахын сацуу гүн ноёнтон болон түүний хүү Карлогийн нэр төрийг сэвтээхгүйн тулд ард олны дунд ахайтны нэрийг ч авч гарах хэрэгтэй байлаа.
Биднийг юу ч шийдэж амжаагүй байтал улаачийн арван настай бяцхан хүү үхсэн тухай хэл ирлээ.
Харин түүний дараа зарц ажилчид ээлж дараалан халагдах хүслээ илэрхийллээ. Бүгдээрээ л:
– Манай цайзад муу юм шүгэлсэн байна гэх нэг л шалтгаан хэлцгээх ажээ.
Бүгдийг нь халж явуулахаас өөр аргагүй боллоо. Өөр очих газар, таних хүн огт байхгүй хоёр гуравхан хүн л үлдэв.
Сэтгэл зоригоо чангалан байж танай эцэгт болсон бүх явдлыг дуулгахаас аргагүй боллоо.
Би болсон бүх явдлыг ихэд болгоомжлон байж бага багаар түүнд ярилаа.
Харин энэ удаа тэр ажиггүй тайван шахуу байсанд би бүр гайхаж хоцорлоо. Зөвхөн энэ явдлыг Петро бид хоёроос өөр хэн мэдэж байгаа болохыг асууж өөр хэн ч мэдээгүй болохыг дуулаад санаа нь амарлаа.
Талийгаачийн аймшигт нууцыг тэр хэзээний мэдэж байсан бололтой байв. Мэдэж байсан болоод л олон хоногоор бунханд сууж байдаг байсан юм болов уу?
Гүнтэн цайзад байгаа морьд, үхэр тэргүүтэн амьд амьтан болгоныг, өөрөөр хэлбэл арчилгаа маллагаа шаардах бүхнийг нэн даруй худалдахыг тушаагаад ордны бүх өрөө тасалгааг түгжүүлж, зарц нарын гарыг чамгүй цайлган шагнаад тарааж явуулав. .
Дараа нь гүнтний тушаалаар ойролцоох хотоос өдрийн цагаар ажиллах хөлсний ажилчид ирж дотор нь хос авс тавих шинэ бунхан хадан хясаан дунд яаралтай барилаа.

* * *

Санваартан ч урьж зүрхэлсэнгүй, нар мандаж, тосгоны зүгээс сүмийн хонхны дуу өглөөний цэвэр цэнгэг агаарт өртөөлөн сонсогдох үеэр бид хэдүүлээ ахайтны шарилыг хадгалсан авсыг хуучин бунхнаас зөөн шинэ байранд нь аваачиж, хадан хананд битүүлэн оршуулж байдаг арга чаргаа хэрэглэн нууж далдлав.
Түүний дараа чиний эцэг Петро бид хоёрыг дуудаж энд болсон явдлыг хэнд ч хэлэхгүй гэсэн аймшигт андгай тангараг биднээр өргүүллээ.
Гүнтэн Петро бид хоёрт насан туршид хангалттай хүрэлцэх хөрөнгө тасдаж өгсөн.
Петро, өөрийгөө цайзад үлдээхийг аврал эрэн гуйж гүнтэнтэй хамт тэндээ арван таван жил амьдарсан юм.
Чамайг болон цайзыг цаашид хэрхэх бодолтой байгаагаа бидэнд огт хэлээгүй билээ.
Өөрийг нь ч огт санаандгүй байтал үхэл аваад одлоо.
Бид гүнтнийг түүний өөртөө бэлдсэн шинэ бунханд хөдөөлүүлсэн.
Петро амласан ёсоороо Ром орохоор явган явж, харин би гэртээ буцаж ирсэн билээ.
Карло минь, одоо явж үз. Би чиний төлөө андгай тангаргаа няцлаа, одоо намайг тайван орхи гэж өвгөн хэлээд тэргүүнээ гунигтайяа бөхийлгөв. Би ч гараад явлаа.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.02.11 10:59 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
* * *

Энэ шөнийг би хаана, хэрхэн өнгөрүүлснээ би огт санахгүй байна..., яваад л …, яваад л байсан… Үүр хаяарах үеэр би чамд бичиж сууна, Альф минь. Энэ нь бодол оюунаа жаахан ч гэсэн цэгцэлж, бага ч бол тайвширч, нөхцөл байдлыг тунгаан эргэцүүлэх сүүлчийн арга болоод байна. Энэ юу болоод байна вэ?
Би солиорох нь энэ үү? Миний сонссон бүхэн, бас тэр эмч өвгөн бүгдээрээ миний сэтгэцийн өвчтэй тархины дэмийрэл төдий юм уу?
Эсвэл өвгөн эмч бодитой оршин байгаа хэдий ч тэр өөрөө нас дээр гарч зөнөөд солиорчихсон юм болов уу?., бүр эсвэл энэ бүхэн амьдралын аймшигт үнэн юм уу?
Тэр нь ямар үнэн гээч?…
Би цус сорогч ээжийн хүү гэдэг үнэн!
Үгүй ээ, би солиорсон байх…
Ер нь аль дуртайгаараа л бод.
Ай даа, чи яагаад энд надтай хамт байсангүй вэ? Намайг хөндлөнгөөс харан үнэн байдлыг хэлэх байсан даа. Альф минь найзыгаа авраач!

* * *

Эмч өвгөний үгэнд итгэх нь солиотой хэрэг гэдгийг мэдэж байгаа мөртлөө би итгээд байх юм. Яагаад тэр юм бол? Өвгөний хэлсэн үгийг би хэрхэн няцааж, үгүйсгэх вэ? Үнэн бодит байдал нь чухам хаана дуусаж, санаанаасаа зохиосон нь хаанаас эхэлж байна вэ? Ямартаа ч яг бодитой үнэн болсон явдал шиг учир шалтгааны нарийн шижмээр холбогдсон байна!… Ээ, бурхан минь, Рита гэж нэг хүн байна! Би түүнийгээ бүр мартаж орхижээ!
Рита минь одоо яах болж байна вэ? Би одоо түүнтэй гэрлэж болох уу? Тэр бүсгүйг өөрийн зол заяа муутай амьдралдаа татан оруулах эрх надад бий гэж үү?
Үгүй ээ, түүнийгээ нутаг буцаая. Харин яаж буцаах вэ? Түүндээ хэрхэн хэлж, яаж тайлбарлах вэ!… Энэ явдал түүнийг минь цусгүй алж, нэр хүндийг нь ч гутааж орхино! Үгүй ээ, ингэж болохгүй… Одоо тэгээд яавал зохих вэ? Арга чарга юу байна вэ?…
Альф минь! Хүрэлцэн ирж, надад туслаач!

Д.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.02.11 11:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
Арван найм дахь захидал

Өмнөх үйлийн үртэй муухай захидлыг чамд явуулснаас хойш хэдийн гурав хоног өнгөрчээ Альф минь.
Би цайздаа буцаж очин Ритагийнхаа царайг харах зүрх хүрэхгүй энэ хотод байсаар л байна.
Хэрэв чи миний дэргэд байсан бол надад арай амар байх байсан даа… Тосгоноос холгүй, манай цайзын яг доорх ойд надад нэг байшин байдгийг чи мэдэх үү? Гэхдээ цайзаас нэлээд тойруу замаар явж тэр байшинд очдог юм.
Чам шиг эрдэмтэн хүнд энэ үнэхээр тохирсон газар гэж чамд бодогдохгүй байна уу?
Хэн ч саад болж, яршиг төвөг удахгүй. Зарц нарыг ойн байшинд очихыг би бүрмөсөн хориглож, чамд номхон сайн морь өгнө.
Чи энэ тухай юу гэмээр байна вэ?
Чи бүтэн өдөржин ном судраа шагайн сууж, харин би өөрөө чам дээр очихгүй зөвхөн захидал бичиж байх болно. Чамайг энүүхэн энд миний дэргэд шахуу байгаа шүү дээ гэж бодохоор надад их түшиг болж, би сэтгэл тайван байх болно… Альф минь дээ, Альф минь, намайг энэрч өрөвдөөч. Надад чамаас өөр ойр дотнын хүн ганц ч байхгүй.
Хүрээд ирээч дээ.

Д.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.03.11 2:01 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16454
АРВАН ЕС ДЭХ ЗАХИДАЛ

Эмч өвгөний надад ярьсан тэр аймшигт түүх намайг нэгмөсөн барьц алдуулж би яах гэж хотод ирснээ ч мартаж орхижээ.
Өнөөдөр би эмч өвгөнийд дахин очиж одоо надад дааж давахын эцэсгүй аймшигт зовлон нүүрлээд байгааг баттай мэдлээ. Өмнө нь надад тохиолдож байсан зовлон үүний дэргэд юу ч биш юм байна! За сонсож бай.
Сая би өвгөн дээр очихдоо миний энд анх ирэхдээ өвөрлөн ирсэн чухам зорилго юу байсан тухай буюу миний сүйт бүсгүй Ритагийн бие нь чилээрхэн, цонхийн цайж, уйдаж гиюүрэх болсны учрыг асуулаа.
Өвгөн хорт могойд хатгуулсан мэт огло үсэрч:
– Чиний сүйт бүсгүй бие нь чилээрхэн, цонхийн цайж, уйдаж гиюүрээд байна гэнэ ээ? Хүзүүн дээр нь шарх байна уу гэж чангаар дуу алдан асуулаа.
Миний хөл өөрийн эрхгүй гуйвалдаж…, үг дуугарч ч чадахгүй болчихлоо…
– Тийм шарх байна уу, алив, хэлээч? Чи эцэг эхийнхээ шарилыг олоогүй гэж надад худал хэлж, «өнөөхийг» суллаж орхижээ! гэж өвгөн хашгичин, миний мөрнөөс зууран галзуурсан мэт сэгсчлээ. Түүний хаанаас нь тийм их хүч гардаг байна аа.
Би тэр даруй сэхээ авч:
– Эмч ээ, жаахан байзнаарай, намайг ирснээс хойш цайзаас хэн ч үхээгүй, хэн ч өвдөөгүй байгаа гэж арайхийн дуугарлаа.
– Тосгонд яасан бэ?
– Тосгоноос ч хүн үхээгүй. Би шинэ бунхныг үзээ ч үгүй гэдгээ танд дахин андгайлан хэлье гэж би их л буурьтай суурьтай мэдэгдлээ. Эмч бага зэрэг тайвшраад:
– Бурхны авралаар би эндүүрсэн байж. Манай эндхийн уулын сийрэг агаар танай Рита шиг өмнөд нутгийн хүнд зохихгүй байж болох л юм даа. Чи түрүүлээд явж бай. Нөгөөдөр би танай эцгийн анд нөхрийн ёсоор цайзад очно. Чи харин тэр хүүхнийхээ хүзүүг эвтэйхэн далим гаргаж надад харуулах хэрэгтэй шүү гэв
– Энэ ч тийм хэцүү биш ээ, эмч ээ. Сайхан хүзүүтэйгээ сайн мэддэг Рита маань үргэлж задгай даашинз өмсөж явах дуртай юм.
Тэгээд би бүр гэртээ ирж явахдаа л өнөөх ягаан манан шигтгээтэй сүлбээр зүүтэй холбоотой гайтай тохиолдлыг гэнэт саналаа…
Хэрэв тийм байвал яана?! Бурхан минь, авран нигүүлсэж хайрла! Альф минь, хэрэв…, энэ бүхэн үнэхээр тийм бол… хэрэв Рита…, бодохоос ч айж байна… Альф минь, ариун гэгээн бүхний тусын тулд ирж үзээч дээ.
Хурдхан харья, тэнд юу болж байгаа бол? Би гэж тэнэг амьтныг энд сууж байх зуур орон гэрт минь юу болж байдаг бол…
Чамайг хүлээж байна.
Д.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 143 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited