#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.28.17 11:27 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 143 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Apr.17.11 4:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16353
Арван есдүгээр хэсэг

Маргааш нь өглөөнөөс авахуулаад цайзад бөөн үймээн сандраан дэгдлээ.
Харуул манааны хүмүүс эрхлэгч Смитээс энд ажилласан хугацааныхаа хөлс мөнгийг бодуулан тооцоо хийж өгөхийг шаардаж, ад зэтгэр шүглэсэн газар цаашид ажиллаж чадахгүй гэцгээжээ... Бунханд талийгаачид шөнөжингөө орилолдон шуугилдаж, хөхрөлдөж хоносон гэнэ...
Харуул манааны хүмүүсийн энэ яриа бусад зарц ажилчдын ч сэтгэлийг түгшээлээ.
Мэдээжийн хэрэг, Смит харуул манааны улсыг та нар тосгонд болсон цайллагад ороод хөлчүү байсан биз гэж загнаад даруй тооцоог нь хийн халж явууллаа.
Тосгонд дахиад хоёр хүн өөд болжээ. Гэвч тэр хоёр хүн угийн яадгаа алдсан архичид байсан тул тосгоныхон тэднийг үнэгүй дайллагын пянг даасангүй архиндаа хордож үхсэн байх гэлцэж байлаа. Харин цайзад буй ноёдод тэдгээр хоёр хүний үхэл хүнд сэтгэгдэл төрүүлэв.
Карл Иванович, Жемс хоёр өдөржингөө мөнөөх “Ад зэтгэр буюу амьд үхдэлүүд” хэмээх хуучны номын зарим ойлгогдоогүй хэсгүүдийг дахин нягтлан уншиж, учрыг нь олохыг оролдон, сүүлдээ Вейс эмчийг туслуулахаар дуудсан хэдий ч... тэдний ажил нэг л урагшилж өгсөнгүй. Райт бунханд орж ороолонгуудыг отъё хэмээн зүтгэж, харин Жемсийн хувьд гэвэл Райтаас хоцрох бодол огт байсангүй.
Тэр хоёрын зүүсэн нууц тарнийн таван хошуу тэмдгийн оосор нь бөх эсэхийг Карл Иванович биечлэн сайтар шалгаж, Райтын үглэхийг эс хайхран Жемс тэр хоёрын халаасыг сармисаар дүүргэж, тэр ч бүү хэл сармисны муухай үнэртэй цэцгийн баглаа малгайд нь хатгаж өгчээ.
Нар шингэх үед Райт, Жемс хоёр бунханд орохоор шатаар уруудахад нөхөд нь сэтгэл түгшин үдлээ.
Бунханд урьдын адил чийгтэй, харанхуй байлаа... Жемс, Райт хоёр дэнлүүний гэрэлд явсаар бунхнаас цэцэрлэг тийш гардаг хаалга өөд харсан хананд хүрч хаалганы хоёр талд нэг нэгнээ харж болохуйцаар байрлаж авлаа.
Райт барьж явсан дэнлүүгээ том хар загалмайн хөндлөвч дээр тавиад өөрөө тэрхүү загалмайн хөлд суулаа. Харин Жемс өөрийнхөө дэргэдэх булшны тавцан дээр дэнлүүгээ тавьсан нь дээр гэж үзжээ. «Хэрэв загалмайг түшин суувал эвтэйхэн байх хэдий ч өөрийн эрхгүй зүүрмэглэж таарна, бас хэрэгтэй үед дэнлүү гарын дэргэд ойрхон байхад ер гэмгүй.
Миний халаасанд бас нууц гар чийдэн ч бий, гэхдээ юмыг яаж мэдэх вэ, ингэвэл илүү найдвартай» гэж Жемс дотроо бодож суулаа.
Дараа нь Жемс бунхны доторхыг нарийвчлан харвал эргэн тойрон авс, загалмайнууд сэрийлдэн үзэгдэхийн сацуу бичээстэй чулуун хавтан, чандрын бумба, булшны чулуу зэрэг хөшөө дурсгалын зүйлс ч байх аж.
Талийгаачдыг оршуулсан байдал нь ч мөн холимог шинжтэй, зарим авсыг ил тавьж, заримыг булшилж дээр нь хөшөө босгосон байх юм.
Бунхан нэлээд уужмын дээр, бас харанхуй байсан тул эсрэг талын хана эс үзэгдэнэ. Агаар нь бүгчим, нэхширмэл үнэртэй ажээ.
Жемс, Райтыг харвал цаадах нь тайван сууж байх бөгөөд тамхины гал хааяа улалзах нь түүний унтаагүй, сэрүүн байгааг гэрчлэх бөлгөө.
Жихүүдэс хүрмээр нам гүм байлаа.
Жемсийн бодолд туулж өнгөрүүлсэн амьдралынх нь дурсамжууд хөврөн орж ирлээ. Бага балчир цагийн болон идэр залуу насных нь дурсамж, адал явдлууд, Райттай хэрхэн танилцаж нөхөрлөсөн түүх санаанд нь орж, бизон хэмээх зэрлэг үхэр намнах сонирхолтой бөгөөд осолтой авд оролцон Хойд Америкийн хээр талд олон нөхдийн хамт бужигнаж явснаа ч эргэн саналаа.
Анд гарсны бүр гурав дахь өдөр л Жемс, Райт хоёр бизоны том сүрэг арайхийн олоод ангийнхаа хойноос улайран хөөцөлдсөөр бусдаасаа тасарч, тал хээрийн гүн рүү оржээ.
Нэгэн том бухын араас хөөцөлдсөөр эцэст нь арай гэж унагааж аваад нэг мэдэхнээ нар ч жаргаж, унаж яваа морьд нь ихэд эцэж цуцсан тул анчдын отогт өнөөдөртөө буцаж очно гэж саналтгүй болжээ.
Гэвч манай анчид үүнд огтхон ч санаа зовсонгүй. Хээр ганц нэг хонохоос юунд нь бэргэх билээ дээ.
Дулаан хөнжил, ус, дашмагтай дарс, бага зэрэг хатаасан талх, дөнгөж агнасан зэрлэг үхрийн өчнөөн мах байхад нэг битгий хэл нэлээд хэдэн шөнийг ч өлхөн ардаа хийж чадна.
Морьдоо чөдөрлөж тавиад, түүдэг гал асааж сайтар хооллож авлаа.
Эргэн тойрон амгалан тайван байсан хэдий ч хоёулаа ээлжлэн унтаж амрахаар шийдлээ. Хожим нь бодохноо ингэж шийдсэн нь тэр хоёрын амийг аварсан хэрэг байжээ.
Шөнө нь хээр талд мөн л зэрлэг үхэр ангуучилж явсан индианчууд ирэв. Гэхдээ тэд хоёр цагаан арьстны хуйхыг хуулахаас юу болоо гэж татгалзах билээ дээ.
Индианчууд манай хоёрын ангийн гол отогтоо буцах замд буудалласан тул төөрсөн хоёр нөхөр эрхгүй тэндээ боогдоход хүрлээ.
Райт, Жемс хоёр бүтэн долоо хоногийн турш индианчуудын махчин шувууных шиг хурц нүднээс нуугдан тал хээрээр хэрэн хэсэхээс өөр аргагүй болжээ.
Чухам тэр үед л хоёул бие биенээ үнэлэн хүндлэх болж отогтоо буцаж ирэхдээ хэзээний салшгүй найзууд болсон байжээ.
Жемс хуучны дурсамждаа автан орчин тойрондоо болж буй үйл явдлаас тасарсан байснаа гэнэт ухаарч, сэхээ авлаа.
Урьдын хэвээрээ нам гүм байх бөгөөд гагцхүү Райтын эргэн тойронд тамхины бөөн утаа хөшиглөн буйг үзвээс анх орж ирснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн бололтой.
Гэнэт нэг юм хөдлөх шиг болж Жемс ч нүд талбин ширтлээ.
Харанхуйн дундаас эхлээд хүний толгой, зэвүүн муухай гялтгар нүдтэй үхээрийн цонхигор царай тодорч, дараа нь хурц, урт зузаан хумстай, өрөөсөн гар нь булшны хавтангийн ирмэгээс зуурлаа. Тэгснээ нөгөө гарынхаа хумсаар чулуу чахруулан маажилсаар хавтанг хүчлэн түлхээд... бүх биеэрээ булшнаас мөлхөн гарч ирэх нь тэр...
“Үхээд боссон ороолон” үхэгсдийн ертөнцөөс чимээгүйхэн өндийж авснаасаа босож ирсэн нь тэр ажгуу.
Энэ бол хөгшин Дракула өөрийн биеэр байна гэдэгт Жемс огтхон ч эргэлзсэнгүй. “Үхээд боссон ороолон” Райт уруу ойртож очоод дэнлүүг газар авч шидээд унтрааж орхилоо.
Дараа нь “үхээд боссон ороолон” Райтыг тойрон, хүрээгээ улам бүр багасгахыг оролдон эргэлдэж эхлэв.
Харанхуйгаас нүд гялбам үзэсгэлэнтэй хоёр бүсгүй гарч ирээд мөн л дөхөж очоод газарт сууж буй Райтын дээрээс гар сунган бөхийх нь тэр гурав нийлж байгаад ахмадыг ховсдож үл үзэгдэх тороор баглаж авах гэж буй мэт харагдах ажээ.
Жемс бие сэтгэлийн аймшигтай их хүч гарган байж хөшсөн биеэ хөдөлгөөд гар буу гаргаж ирээд Дракулаг буудлаа.
Буун дуу тас хийж, сүүлчийн ганц дэнлүү унтран харанхуй боллоо. Бунхан дотор аймшигт хар салхи хуйлран эргэлдэх шиг болж, ямар нэг юм Жемсийг түлхэж тэрбээр өвдөг сөхрөн уналаа.
Тэрхэн даруйд цэцэрлэг тийш харсан хаалга онгойх сонсогдож, дэнлүү барьсан хүмүүс орж ирэн, дуганы шатны тэндээс Вейс эмч, Карл Иванович хоёрын дуу гарлаа.
Тэд Жемсийн буун дууг сонсоод туслахаар яаравчлан ирсэн нь тэр ажээ.
Райта, Жемса хоёрыг цэвэр агаарт гаргалаа. Хоёул эсэн мэнд, бүрэн бүтэн байлаа. Райт юу ч санахгүй, тархи нь дүйрээд байна хэмээн шуудхан үнэнээ хүлээлээ.
Жемсийн хувьд бол арай гайгүй, өвдгөө шалбалах төдийгөөр өнгөрчээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.17.11 9:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16353
Хорьдугаар хэсэг

Дээшээ гарч, өрөөндөө орцгоовол тэдэнд шинэ мэдээ дуулгалаа. Бүр орой болж байхад насан өндөр болсон нэгэн санваартан цайзад ирээд хонох байр гаргаж өгөхийг хүссэн гэнэ. Дараа нь тэрбээр цайзын эзэнтэй уулзахыг хүсэж, тэр хоёр Гарригийн ажлын танхимд орж дотроос нь түгжиж аваад хэдийн хоёр цаг гаруй болж байгаа аж.
Тэгтлээ удаан ярилцаж буй нь Смитийн сэтгэлийг түгшээж эхэлжээ. Ямар нэг муу юм болсон юм биш биз?
Учир битүүлэг түгшүүртэй байдал үргэлжилсээр ахиад нэг цаг өнгөрлөө.
Удалгүй Смитийн сэтгэлийн түгшүүр бусдад ч мөн нөлөөлж эхэллээ. Хэдий шөнө орой болсон байвч хэн ч унтах тухай бодсонгүй.
Зарц ажилчид ч мөн унтсангүй. Хаа сайгүй хурц гэрэл асаж байв.
Гэтэл тэртээ алсад, тосгоны тэндээс хонхны дуу сонсогдлоо. Хонх дахин дуугарлаа...бас дахиад дуугарлаа. Түгшүүрийн дохио өгч байгаад эргэлзэх юм алга. Гал түймэр гарсан юм болов уу?
Бүгдээрээ цонх уруу ухасхийлээ.
Үгүй ээ, тосгонд хав харанхуй байна, гэхдээ тосгоны тэндээс цайзыг чиглэн олон хүн ирж явна. Бамбар барьцгаасан байна.
Бөөн хүмүүс хэдий хол байгаа боловч өвсний сэрээ, хадуур, тэр ч бүү хэл буу барьцгаан зэвсэглэсэн болох нь бамбарын гэрэлд тодхон харагдах ажээ.
Бөөн хүмүүс хаашаа явж буйд эргэлзэх арга алга. Тэд цайз уруу ирж яваа нь тун тодорхой бөгөөд сайн санаа өвөрлөөгүй нь ч илт байлаа.
Царай хувхай цайсан хэдэн зарц танхимд гүйлдэн орж ирээд тосгонд үймээн самуун дэгдсэн тухай мэдээлж, тэнд ахиад гурван хүн нас барсан тухай дуулгаж, бөөн хүмүүс цайзын эзнийг алахаар наашаа ирж яваа тухай мэдээлэв. Бас Гарригийн америк найз нөхөд, америк зарц нарт ч аюул нүүрлэж буй ажээ.
– Одоо даруйхан цайзын бүх үүд хаалгыг оньслон түгжиж, хаа сайгүй харуул манаа гарга хэмээн ахмад Райт тушаалаа.
Зарц нар алгуурлаад хөдлөх царай алга. Тэдний үнэнчид итгэж болохгүй гэдэг нь харваас тодорхой байлаа.
– Би бүх гадна хаалгануудыг түгжиж, харуул манаа гарга гэж тушааж байна шүү! хэмээн зарц нарыг цочтол нь зандарч, гар занган далайвал тэд сая нэг тушаалыг биелүүлэхээр дэр хийн гарцгаалаа.
Райт, Гарригийн ажлын өрөөний үүдэнд очиж хаалгыг нь тогшлоо.
Гарри үймээн шуугианыг хэзээний сонсоод өөдөөс угтан ирж, араас нь өндөр нуруутай бөгтөр өвгөн таяг тулсаар гарч ирлээ.
Өвгөний царай нэлээд алжаасан шинжтэй боловч өөртөө итгэлтэй тайван байх ажээ. Цал буурал өтгөн их сахал нь өвгөний олны бишрэл хүндлэлийг хүлээсэн намбатай шинжийг улам тодруулжээ.
Өвгөн жирийн нэг гэлэн шиг тааруухан хувцасласан боловч хүмүүжил боловсрол сайтай, язгууртан хүн гэдэг нь алхах гишгэх бүрд нь мэдэгдэнэ.
– Гарри, тосгонд үймээн самуун дэгдэж, түгшүүрийн хонх дэлдэн, зэвсэглэсэн хүмүүс наашаа ирж явна гэж Райтыг хэлэхэд:
– Би бүгдийг мэдэж байгаа, бүгдийг нэгэнт шийдсэн. Цаг алдаад цайздаа суугаад байж таарахгүй, учир нь зарц нарт найдаж болохгүй. Зугтах хэрэгтэй! хэмээн Гарри хэллээ.
– Юу зугтах гэж, бид өөрсдийн болгоомжгүйн хар гайгаар энэ цайзын ад зэтгэрийг суллаж тавьчихаад, дараа нь ингэж болох уу? хэмээн Жемс дуу алдахад:
– Чи өөрийн ухаантай байна уу? гэж Райт нэмэрлэв.
– Миний хувьд ичгүүртэйгээр зугтсанаас ариун журамт хүний ёсоор тэмцэж байгаад амиа алдсан нь дээр гэж Жемс сэтгэл догдлон өгүүлэв.
– Хаанаас даа, найзууд минь, тайвширцгааж үз, би эндхийн ард олныг ороолонгуудын гарт орхиод өөрөө хар амиа бодон амь зулбах гэж үү гэж Гарри хэлээд өнөө цагаан сахалтай өвгөн санваартанг зааж:
– Та бүхний өмнө энэ цайзын урьдын эзэн, Карло буюу Дракула гүнтэн биеэрээ байж байна гэхэд бүгд хүндэтгэлтэйгээр мэхийн ёслов.
– Карло гүнтэн бид хоёр бүх зүйлийг ярилцаж тохирсон. Би өнөө шөнөдөө та нарт энэ бүхний учрыг тодорхой ярьж өгөөд маргааш оройдоо хөдлөх бодолтой байсан юм. Гэвч нөхцөл байдал өөрөөр эргэчихлээ. Бид нэн даруй хөдлөх хэрэгтэй байна. Учир иймд найзууд минь, одоо явж зөвхөн өөртөө зайлшгүй хэрэгтэй зүйлсээ бэлдэгтүн. Харин зарц нарт мэдэгдэлгүй сэмээрхэн амжуулаарай.
– Смит ээ, Сабо, Жо нарт болон манай бусад америк зарц нарт хагас цагийн дараа гэхэд доод танхимд бэлэн цугласан бай гэж хэл гэж Гарри үгээ төгсгөлөө.
– Карло гүнтэн яаж ганцаараа үлдэх юм бэ? Ороолонтой хэн тэмцэх болж байна вэ?хэмээн Жемсийг асуухад:
– Ноёд оо, миний төлөө огт санаа зовох зүйлгүй гэж өвгөн гүнтэн тайван хариулаад:
– Тосгоны оршин суугчид надад гар хүрэх ч үгүй. Ороолонгуудын тухайд гэвэл “Би чадах бүхнээ хийнэ” гэж ноён Гаррид хэдийн андгайлсан, одоо та бүхэнд мөн давтан андгайлъя.
Одоо “тэднийг” би ч, та нар ч устгаж чадахгүй. Гэхдээ би “тэднийг” бараг бүрмөсөн аюулгүй болгох аргыг мэднэ.
Эмэгтэйчүүдийг нь би энэ цайзын хананд гинжилж орхино (энэ цайзад дахиад хэн ч амьдрахгүй), харин өнөө хөгшин ороолонг өөр аргагүй болтол нь хавчин хяхаж, орох байх газаргүй болгож эндээс үүрд явуулна.
Одоогоор түүнийг устгаж үгүй хийх ямар ч боломж байхгүй, цаг нь хараахан болоогүй байн. Гэвч түүнийг даран сөнөөх ирээдүйн баатар хэдийн хэдийн төрсөн, удахгүй гар нь ганзганд хөл нь дөрөөнд хүрч... муу хөгшин чөтгөрийг устган арилгах болно! Өшөө авагч ирнэ.
Ингэж хэлэхдээ мөнөөх буурал өвгөний нуруу нь эгцрэн тэнийж, нүд нь гал цогтой гялалзан, ороолонгуудыг занан зүхэж гараа дээш өргөлөө.
Бүгдээрээ өвгөн гүнтэнг бишрэн харж, хэлсэн үгэнд нь өөрийн эрхгүй итгэцгээлээ.
– За ингээд морьдоо эмээллэж аян замдаа гарцгаа. Та нарыг Бурхан ивээх болтугай! гэж өвгөн үгээ төгсгөв.
Хүн бүр өөрт зайлшгүй хэрэгцээтэй, эсвэл өөрийн дуртай эд зүйлсээ авахаар өөр өөрсдийн өрөө рүү яарлаа. Гэтэл товлосон хагас цаг ч өнгөрөөгүй байтал үймээн самуун дэгдээсэн бөөн хүмүүс хэдийн цайзыг бүслэн авчээ.
Бүсэлсэн олны хашгиралдах, занаж зүхэх, хараал урсгах нь хаа сайгүй сонсогдоно.
Хэрмийн хаалгыг балбачин, оруулахыг шаардаж эхэллээ.
Харваас хүмүүс алхаж биш гүйж ирцгээсэн бололтой, ухрах зам нэгэнт таслагджээ.
Хаалга удаан тэсэх болов уу? Үймсэн олны дундуур тэдэнд ч гэм хор хүргэлгүй, өөрсдийн хүмүүсийг ч алдалгүй хэрхэн нэвтрэн гарах вэ.
Бүгдээрээ доод танхимд цуглаж бүгд бэлэн болжээ. Гэхдээ ямар шийдвэр гаргах вэ?
– Бид хаалгаар гарч нэгэнт чадахгүй тул морьдоо орхиод явган зугтах болж байна. Цайз бүслэгдсэн, гэхдээ эгц хадан хясаагаар буух гээд үзээд алдах хэрэгтэй гэж Гарри хэлэв.
– Энэ боломжгүй зүйл, өөр зам бас бий гэж Карло гүнтэн хэлээд Смитэд хандан:
– Танай цайзын ойролцоох усгүй худаг хэвээрээ бий юү? гэж асуулаа.
– Бий, бий. Банзаар таглаатай байгаа.
– Худгийг булчихсан юм биш биз? хэмээн Карло сэтгэл түгшин асуувал:
– Үгүй гэж хариуллаа.
– Ээ, Бурхны аврал гэж, Тэр худгаар дамжин уулын бэлд, нуурын тийшээ гарах нууц зам бий. Бушуул, бушуул, шат эсвэл олс аваад ир.
Энэ хоромд дуганы дээрх хонх дуугарч, бас дахин дахин үргэлжлүүлэн цохих дуулдлаа. Оройтжээ. Зарц нар урважээ.
Цайзад түгшүүрийн дохио дуугарч байна.
Хаалга хэдийн онгойж, хашаанд олон хүн бүчин орж ирлээ. Учир тоймгүй хашгиралдан шуугилдаж, хараал зүхэл урсгах нь танхимд дуулдлаа.
– Миний хойноос зоорь уруу дагаад бууцгаа. Смит ээ, царил, зээтүү, сүх, хэрэг болох бүхнийг аваад ир. Худгийн нэг хана нь цайзын хэрэмтэй нийлсэн байгаа. Хэрмийг бид цөм цохино хэмээн Карло гүнтэн тушаалаа!!!

Хоёрдугаар бүлэг төгсөв

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Apr.17.11 11:18 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.20.11 3:57 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16353
ТӨГСГӨЛ

(Е. Л. X.-ийн хүсэлтээр Дракула-Карди гүнгийн
удмынхны цадиг түүхээс сэдэвлэв)

Нар жаргаж байна. Асар том галт бөмбөлгийн тал нь долгилон давлагаалах усны мандалд шурган орж, тэнгис далай тэр чигээрээ алтран мяралзах галын дөлөөр хучигдаа юу гэлтэй гайхалтай сонихон харагдах ажээ. Далайн давлагаа хөлөг онгоцны хитэг мөргөн цалгилж, сэтгэлийн гүнд хөнгөн гуниг төрүүлнэ.
Америкийн том усан онгоцны тавцан дээрх ямбатан ихсийн байранд хэдэн эрчүүд сууж буй нь одоо Дракула-Карди гүнтэн хэмээгдэх болсон Гарри, Вейс эмч, Жемс, өвгөн номын санч Карл Иванович нар ажээ.
Карпатын ууланд орших хуучны цайзаас зугтаж гарсан тэр нэгэн дурсгалт шөнө Карл Иванович бүгдтэй хамт зугатахад өвгөн тэндээ үлдлээ ч амь насанд нь заналхийлэх аюул огт байхгүй гэдэг нь хэний ч санаанд орсонгүй.
Хожим нь уулнаас буух аюул ослоор дүүрэн хүн бэрх замыг туулж ядарч зүдрэн, хувцас хунар нь урагдаж, шавар шавхай болсон манай хэд хотод бүгдээрээ эсэн мэнд ирсний дараа ч Гарри өвгөнөөс салахыг хүссэнгүй. Тэгээд ч Карл Иванович бол хаа нэг олдох номын сангийн ажлаар амиа тэжээж явдаг, өмч хөрөнгөгүй, ганц бие хүн байжээ.
– Үгүй дээ, ноён Гарри, би дэндүү хөгшин хүн, танд дараа болохын нэмэр гэж өвгөнийг хэлэхэд хэзээний аливаа юмны арга эвийг олж сурсан Гарри номын санч өвгөнийг өөртөө тус чадах төдийгүй, маш их хэрэгтэй хүн, өөрт нь хувийн нарийн бичгийн дарга хэрэгтэй, бас Америкт байдаг асар том номын сан нь бүр эмх замбараагаа алдаж гүйцээд байгаа гэж хэлжээ.
Карл Иванович баярлаж талархсандаа нүдэндээ нулимс мэлмэрүүлэн зөвшөөрснөөр, Гарри тэр өдрөөс хойш бас нэгэн үнэнч хүнтэй болсон ажээ.
Хөлөг онгоц Гамбург хотын далайн боомтоос хөдлөөд гурав хонож байна. Аян замд яаралтай бэлтгэх, төлбөр тооцоо хийх, ажил төрлөө амжуулах гээд замд гарахын өмнөх хэд хоногт огтхон ч зав чөлөө байсангүй. Одоо тэр бүх санаа зовох зүйлс, хөл үймээн нэгэнт цэгцэрч ард үлдсэн тул манай нөхдийн сэтгэл уужирч, чөлөөтэй амьсгаа авахтайгаа болжээ.
– Бурхны авралаар энэ бүхэн ашгүй нэг дууслаа. Одоо би буян амлаж бурхан бүтээсэн ч мөддөө Европт ирэхгүй. Тэргэл сарны мөнгөн туяа хөлөглөн бууж ирээд хорт могой шиг хатгаж хаздаг гоо үзэсгэлэнт хүүхнүүдтэй орооцолдож байснаас зэрлэг индианчууд, махчин араатнуудтай үзэлцээд явж байсан нь хамаагүй дээр юм. Эсэн бусын ад зэтгэрийг үзэж ханалаа! хэмээн Гарри ярих ажээ.
– Үгүй, ингэхэд Карло гүнтэн чамд чухам юу хэлснийг бид одоо хүртэл мэдээгүй л яваа юм байна шүү гэж Вейс эмч хэлбэл:
– Үнэхээр тийм шүү, одоо ярихгүй юм уу хэмээн Жемс дэмжлээ.
– Та нарт сонирхолтой санагдаад байгаа бол би ярья л даа хэмээн Гарри ч зөвшөөрөв.
Бүгдээрээ шинэ навчин тамхи асааж аваад тухлан сууцгааж Гарригийн яриаг сонсохоор зэхлээ.
– Нар ч жаргаж байна, одоо л ярихад хамгийн тохиромжтой цаг даа гэж Жемс хэлэв.
Гарри ярьж эхэллээ.
– Анхандаа бадар барьж яваа ядуу лам гэж миний бодсон өвгөнийг Карло гүнтэн, тэр ч бүү хэл «миний» цайзын жинхэнэ эзэн нь гэж мэдээд би хэрхэн гайхсаныг та нар ойлгох байх.
Карло анх ам нээхээсээ эхлээд л цайзыг эзэмших ямар ч эрхгүй, бас эзэмших хүсэл ч байхгүй гэдгээ хэлж өөрөө хэдийнээс аливаа өмч хөрөнгийг мартан тоост орчлонгийн амьдралыг огоорч, бүх амьдралаа мацаг барин, бурхан тэнгэрт залбирахад зориулах болсноо ярьсан билээ. Аймшигт нүгэл хилэнц үйлдсэндээ сэтгэл нь шаналж, хорвоогийн амьдралаас аль болох хол байж нүглээ наманчлахыг хичээж иржээ. Сүм хийдийнхээ тиг гортигоос хэзээ ч гарахгүй гэж андгайлан тангарагласан гэнэ.
Гэтэл энд болж буй хэрэг явдлын тухай хэл сураг дуулж, өөрөөр хэлбэл намайг цайзад ирсэн тухай хийгээд ойр хавь нутгийн хүмүүс учир битүүлгээр үхэх болсон тухай сонсжээ.
Энэ мэдээ түүнийг аянга ниргэх мэт сочоон гайхуулсан аж!
Хаанаас гарсан ямар өвчнөөр хүмүүс үхээд байгааг, бас тэр нь өөрийнх нь нүгэл гэдгийг Карло сайн мэдэж байсан шүү дээ. Түүний ойр дотнын хоёр эмэгтэй болох эх, сүйт бүсгүй хоёр нь босоо ороолон болоход устган үгүй хийх зориг хүрээгүйн гайгаар одоо тэр ороолонгууд нутгийн ард иргэдийг хөнөөж цусыг нь сорж буй хэрэг байлаа.
Он жил улирах тусам тэдний ороолонгийн чадал хүч улам нэмэгдэж, учир байдлыг мэдэхгүй хүмүүс ороолонгуудтай тэмцэхэд маш хэцүү болдгийг ч Карло мэдэж байжээ.
Тэрбээр тоост хорвоогийн үйлд оролцохгүй гэсэн тангаргаа няцаж Карпатын уулсад буй цайзад дахин очих учиртай,тэнд их аймшигтай явдал болж өөрийнх нь бие тэнхээ дорой байсан хэдий ч хожимдсон ч гэлээ өөрийн үүргийг биелүүлэх ёстой гэдгийг сэтгэл зүрх, оюун ухаанаараа мэдэрчээ.
Карло өөрийнх нь гунигт намтар түүхийг хэзээнээс сайн мэддэг, маш хэтийдсэн эрдэм номтой өвгөн хамба, номын багшдаа хандаж сургаал зөвлөгөөгөө хайрлахыг гуйжээ. Номын багш өвгөн хамба нь гүнтний шийдвэрийг сайшаан дэмжиж, ад зэтгэрээс хамгаалах ариун сахиус өгөөд, эртний сударт Карпатын ууланд маш хүчтэй бөгөөд хорон муу санаатай «үхээд боссон ороолон» байдаг тухай бичсэн байдаг, түүнийг нэгэн эрэлхэг зоригтой эмэгтэй хүн дарах тавилантай юм. Гэхдээ тэр Карпатын «үхээд боссон ороолонгийн» үхэж далд орох цаг нь хараахан болоогүй гэж учирлан сануулжээ.
Арай хүч багатай ороолон эмэгтэйчүүдийн хувьд бол Карло өөрийн биеэр ажиглан, хянаж туслан бидэнтэй хамтдаа тэмцэх санал надад тавьсан билээ.
Гэвч тэрхүү саналыг гүйцэлдүүлж чадаагүйг та нар бэлхнээ мэднэ. Бидний бодож байснаас өмнө үймээн самуун дэгдсэн шүү дээ.
Бодвол ийм санамсаргүй саад бэрхшээл гарсныг үзээд гүнтэн цайзад ганцаараа үлдэж ороолон хүүхнүүдийг номын хүчээр унтаа байдалд оруулан цайзын хэрэмнээс гаргахгүй байхаар шийдсэн байх л даа.
Цайзад миний зөвшөөрөлгүйгээр хэн ч амьдарч болохгүй, би ч тэгэхийг зөвшөөрөхгүй. Би тэр цайзад зориулан худалдаж авсан өөрийн бүх хөрөнгөө зуучлах товчоогоор дамжуулан бүгдийг нь худалдсаныг та нар мэднэ. Одоо тэнд намайг очихоос өмнө байсан эд юмс яг тэр хэвээрээ байгаа.
Харин одоо ороолонгуудтай шууд холбоотой, бидний хувьд оньсого таавар хэвээр үлдсэн зарим асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.
Карло гүнтэн өөрийн амьдралын хүнд бэрх үед хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтрээ миний мэдэлд өгсөн юм.
Нэлээд урт, дэлгэрэнгүй тэмдэглэл бөгөөд заавал бүгдийг нь гүйцээн унших хэрэгцээ огт байхгүй. Тэнд тэмдэглэсэн олон зүйлсийг бид нэгэнт мэдэж байгаа. Хувийн чанартай зүйл тэмдэглэсэн ихэнх хэсгийг нь нийтэд задруулж болохгүй. Харин энэ хэрэгтэй хамаатай, бидэнд сонирхолтой хэсгийг нь түүвэрлэн уншихыг би зөвшөөрч байна гээд Гарри зузаан дэвтэр авчирч хуудсыг нь эргүүлэнгээ ийн ярьж эхэллээ:
– Жемсийн хийсэн дүгнэлтүүд ихэнхдээ зөв байжээ. Энэ бүх гай зовлонгийн эх үндэс, шалтгаан нь өвгөн зарцын дүрд хувилж өөрийн авсыг Америкаас цайзад авчрах зальт арга зохиосон өвгөн Дракула гүн байжээ. Түүнийг ирсэн үеэс эхлэн учир битүүлэг өвчин дэгдэж, Карлогийн эх гүнгийн залуу ахайтан Мария Дракула амь үрэгдсэн байна.
Тэр бол мөнөөх алтлаг шар үстэй, ягаан удвал цэцэг үсэндээ хатгасан ороолон. Карлогийн эцэг Фредерик гүнтэн түүний үхлийн нууцыг мэдсэн хэдий ч эхнэртээ хязгааргүй хайртайн эрхээр зүрхэнд нь улиас модон гадас шааж чадаагүй байна.
Карлогийн эцэг нь өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд өөрийн зарц өвгөн Петро хийгээд гэр бүлийн эмчтэйгээ хамтран хатны авсыг шинэ бунханд оруулж далд тарнийн хүчээр сайтар хүлж орхижээ. Дараа нь Фредерик гүнтэн хорвоогийн амьдралаас татгалзаж, эрхэм хүндтэй боловч аймшигтай талийгаач хатнаа манаж байхаар шийдсэн байна. Тэрээр өдөр шөнөгүй мөргөн залбирч, хатныхаа нүгэл хилэнцийг өршөөхийг бурхнаас гуйж, өөрөө ч хорвоогийн жамаар амар тайван үхэхийг хүсжээ.
Гүнтэн хатныхаа дурсгалыг хайрлан хамгаалж, ороолон болсныг нь хэн ч бүү мэдээсэй гэхдээ өөрийн хүү Карлог цайзад буцаж ирэхийг нь хориглож, эмч, Петро хоёроос хатныхаа үхлийн шалтгаан болон түүнээс гарсан уршиг дагаврыг Карлод хэлэхгүй гэсэн аймшигт ам тангаргийг нь авчээ.
Гэхдээ Фредерик гүнтэн ийм тушаал заавар өгснөөрөө нэгэн аймшигтай алдаа хийжээ. Хүү Карло нь эх орондоо эргэн ирэхийг хүсэж болох юм гэдгийг бодолцсонгүйн улмаас түүнд аюул заналхийлж буйг сануулан сэргийлж болох хоёр хүний амыг андгай тангаргаар таглаж орхисон байна.
Фредерик гүнтэн үхэхийнхээ өмнө чухам ямар тушаал заавар өгөхийг хүсэж байсан нь тодорхой бус бөгөөд гэрээслэлээ бичиж амжилгүй нас барсан байна.
Өвгөн Петро хатантны дэргэд урдаас бэлтгэсэн авсанд Фредерик гүнтний шарилыг хийн оршуулж дахин нууц тарнийн хүчээр хүлэхэд хэрэгтэй бүхнийг хийсэн ажээ.
Дараа нь тэрээр эргэл мөргөл үйлдэж Ромын пап ламтнаас адис авч, ариун сахиус хүртэхээр явах замдаа Венец хотоор дайрч цайзын шинэ эзэнд тайлангаа тавьжээ.
Удам дамжин ирсэн цайздаа буцаж очно гэсэн Карлогийн шийдвэр Петрог тун их айлгасан хэдий ч андгай тангарагтаа баригдаад үнэнийг хэлж чадаагүй ажээ.
Карлог хагас хүлээхийг арайхийн зөвшөөрүүлээд Петро өөрөө Ром орж аврал айлтгахын сацуу андгай тангаргаа няцах арга чарга, зөвшөөрөл соёрхол хайхаар явжээ.
Эмч өвгөн анд найзынхаа хүүг аврах гэхдээ өөрийн андгай тангаргаа няцсанаасаа болоод түр зуур ухаан самуурсан бөгөөд хамгийн гол нь Карло түүнд итгэсэнгүй билээ.
Түүнээс гадна эрдэм мэдлэгтэй, ухаантай хэмээн Карлогийн бишрэн хүндэлдэг эрдэмтэн найз Альф нь тэр бүхнийг үгүйсгэж санаанаасаа зохиосон зүйл гэж няцаажээ. Тэгээд эмч өвгөн ухаан самуурсан байгааг ч нотолж дөнгөжээ.
Гай болоход Карло гүнтэн Петрогийн буцаж ирэхийг хүлээсэнгүйгээр үл барам болзоот хүүхэн Ритагаа дагуулан цайздаа очиж суусан байна.
Эхэндээ бүх юм сайхан байжээ.
Шинэ бунхныг хараахан онгойлгоогүй, харин хөгшин Дракула өөрийн чулуун авсандаа тайван нойрсож байлаа.

* * *

Гарри уншиж эхэллээ:
«Дараа нь бүх юм буруугаар эргэлээ. Ритагийн бие өвдөж, өвчин хуучтай боллоо. Тэр бүр цонхийн цайж, өдөр хоногоор биш харин цаг мөч өнгөрөх тусам улам турж эцэхийн хажуугаар надад энхрий ялдам хэрнээ ичингүйрэн хандах боллоо. Намайг үнсэхэд огт дургүйлхэхгүй боловч үргэлж цагдаж байдаг хөгшин авга эгчээсээ айсан мэт ийш тийшээ хулган харах юм. Энэ нь надад ихэд инээдтэй санагдаж байна».
Франческогийн учир битүүлэг үхэл Ритад маш хүчтэй нөлөөлж, Карло “Ритаг өөр газар аваач, хэчнээн хол тусмаа сайн” гэж эмч өвгөний зөвлөснийг дагахаар шийдэж, бас өөрөө ч нутаг сэлгэвэл сайжрах байх гэж бодож байсныхаа дагуу сүйт бүсгүйгээ ойн байшинд, эрдэмтэн найз Альфынхаа нөмөр нөөлөгт байлгахаар болж ёсчлон гүйцэтгэжээ.
Тэнд очоод ч өвчтөний бие сайжралыг эс олж, эцэст нь үхширэх өвчнөөр нойрсоход нь Ритаг үхчихлээ гэж бодоцгоожээ гээд Гарри цааш үргэлжлүүлэн уншлаа:
«Бид бүрлээчид цэнхэр торгон даашинз өмсгөж, өөрийнх нь хайртай, хатан хааны мөнөөх алдартай самыг үсэнд нь хатгалаа. Авсыг Альф, Лючия хоёр бэлдэж янзаллаа. Харин би юу ч битгий хайрлаарай гэхээс өөр тоймтой юм хэлж чадаагүй…, миний хайрт тууз чимэг, торон сүлжмэл дунд амгалан сайхан нойрсож байгаасай гэж би хүссэн юм.
Бунхныг хар одончуугаар доторлож, цэцэрлэгт байсан бүх сарнай цэцгүүдийг бүгдийг нь огтлон авчирч тавихыг би тушаалаа. Тэр цэцгүүд эзэгтэйтэйгээ хамт үхэг.
Альф бид хоёр Лючия, Цецилия хоёроор туслуулан байж Ритаг танхимаас нь авч гарсан юм. Бидний хувьд ариун дагшин газар болсон тэр тасалгаанд дахин өөр хүн оруулахыг би хүсээгүй билээ. Альф, Лючия хоёр ч тэрхүү тасалгааг үүрд битүүмжлэн хаахаар шийдсэн миний саналыг даруй зөвшөөрлөө. Тэр тасалгаа одоо хүртэл битүүмжлэн хаасан янзаараа байгаа.
Сүмийн хонхны дуунаар бүх дарц ажилчид хийгээд тосгоныхныг дагуулан явсаар бид Ритагийн шарилыг бунханд аваачиж тавилаа. Маргааш өглөө нь түүний хойдохыг уншуулахаар товлосон байв.
Орой нь салхи шуурга болох шинж огт үгүй байсан хирнээ шөнө гэнэт аймшигтай догшин хар шуурга боллоо! Тийм айхавтар ширүүн аадар бороо, хар шуургыг урьд өмнө хэзээ ч үзээгүй гэж нутгийн өвгөд ярьж байв. Аянга цахилгаан тасралтгүй үргэлжлэн нүргэлж, түнэр харанхуйд хором мөч бүрд цахилгаан цахин гялалзаж, цайзын хэрэм тэсэхгүй нурж унах бий дээ гэмээр хүчтэй салхи хуйларч байлаа.
Бид бүгдээрээ хооллох танхимд цугласан юм. Амсаж эдэлж буй уй гашуу дээр аянга цахилгаан нүргэлэн цахиж, догшин хар шуурга исгэчин шуугих нэмэгдээд сэтгэлийн шаналал эцэстээ хүрлээ.

* * *

Бүгдээрээ дуугүй сууцгаалаа. Энэ амьдралын хамгийн үзэсгэлэнтэй сайхан чимэг болсон түүнийг минь нас барснаас хойш хэн ч цаашид амьдрахыг хүсэхээ байж, галав юүлж, газар дэлхий нурах гэж байгаа юм шиг надад бодогдов.
Тэгтэл аянга цахилгаан нижгэнэх чимээн дундаас сүнсээ зайлтал айсан хүмүүс аймаар муухай орилолдон хашгичихыг сонслоо…
Хаалга хүчтэй онгойж тав зургаан зарц өрөөнд гүйлдэн орж ирэв. Тэд бүгдээрээ царай нь хувхай цайж, үс нь өрвийчихсөн: «Тэр босоод ирж, наашаа ирж явна!» гэж хашгиралдан, зарим нь надаас өмөг түшиг эрэх мэт миний дэргэд гүйлдэн ирж, зарим нь нөгөө хаалга уруу ухасхийлээ.
Айж мэгдсэн хүмүүсийн орилж хашгиран уулга алдах замбараа муутай хэдэн үгнээс юу ч ойлгож амжаагүй байтал хаалган дээр нас барсан Рита өөрийн биеэр зогсож байхыг хараад бидний айсан гэж тоймгүй.
Эхний мөчид надад юу ч бодож санах ухаан сөгөө байсангүй эргэн тойрноо мэлрэн ширтэж, дэмий л, цээжиндээ гал улаан сарнай хатгаж, гоёлын цэнхэр даашинз өмссөн Ритаг нэг харж, нүд нь бүлтийж, доод эрүү нь дагжтал чичрэх эмч өвгөнийг нэг харж, цонхийн цайсан Альфыг нэг харж байлаа…
Бид хэдий удаан тийнхүү мэл гайхаж цэл хөхрөн хөшсөн мэт зогссоныг бүү мэд.
– Бурхан минь, ухаан алдсан байж шүү дээ, чи амьд байна, амьд байна, Рита минь, бид бүгдээрээ их баярлаж байна! гэж Лючия баярлан хашгирах дуунаар бид саян нэг сэхээ орцгоолоо.
Мэлрэн хөшиж орхисон байдал дорхноо үгүй болж, бүгд ам уралдан ярьцгааж, учир байдлыг ойлгоод Рита уруу ухасхийлдлээ. Өвгөн эмч л ганцаараа чулуун хөшөө шиг зогсож, ихэд мэгдэж сандарсан, чухам юу болоод байгааг ойлгоогүй янзтай байлаа.
Ритагийн царай их цонхигор, бие нь их сул байлаа. Тэгж гүнзгий ухаан алдсан хүн арга байж уу даа. Тэр тусмаа ухаан орохдоо авсанд байж байна гэдэг хэлэх ч юм биш! Тэгээд ч Ритагийн бие бие их сул байсан болохоор эмгэнэлийн байдлаар засаж янзалсан дуган ч тэр, авс ч тэр түүнд нэг их сэтгэгдэл төрүүлээгүй бололтой юм.
Ямартаа ч тэр үед ч гэсэн, түүнээс хойш ч гэсэн тэгэхэд ямар мэдрэмж төрсөн тухайгаа Рита ганц үг ч амнаасаа унагаагүй юм даг.
Үхэл манай эндээс гар хоосон буцахгүй шүү гэсэн шиг тэр шөнөдөө цайзын шивэгчин залуухан бүсгүй нас барлаа.
Цайзад үхэл шүглэжээ.
Хүн нас баралгүй өнгөрөх долоо хоног гэж огт байхаа больж, бид ч үүнд бараг дасаж, тосгонд ч мөн үхэл дэгдсээр байлаа» гэж уншаад Гарри түр зогсож, ахиад хэдэн хуудас эргүүлээд:
– Өвчний хоёр дахь давлагаа эхэлсэн хэрэг гэж хэлэв.
Лячия, Альф хийгээд итали зарц нар үхсэн тухай Карло тэмдэглэлдээ бичсэн байна, бас урд нь уяхан, өрөвч сэтгэлтэй байсан Рита одоо ойр дотныхоо хүмүүсийн үхлийг ч үл тоомсорлон хөндий хүйтэн хандах болсон тухай гомдолложээ.
Гүнтэн цааш нь ингэж бичжээ гээд Гарри үргэлжлүүлэн уншиж эхэллээ:
«Тосгонд оршуулгын хонх тасралтгүй хангинаж, миний бага насны үеийг санагдуулам аймшигтай байна… Эргэн тойронд хэчнээн айхавтар юм болж байна вэ… Гэтэл хажуугаар нь эмч өвгөн босоо ороолон, ад зэтгэр гэж дэмий балай юм яриад байх юм!
Хөөрхий өвгөн бүр солиорч гүйцжээ! Өвгөн өдөр шөнөгүй цайзаар хий үзэгдэл мэт энд тэндгүй хэсүүчлэн явж, сармисны муухай үнэр ханхлуулан, гар хүрэх газар бүрдээ ад зэтгэрийг хөөх увьдастай гэгддэг дундад зууны үеийн нууц тарнийн таван хошуу тэмдэг зурж явах боллоо.
Даан ялангуяа миний өрөө, миний эд зүйлсийг тэрхүү тэмдгээрээ зай завсаргүй эрээчлээ. Би хэдийн маргахаа ч больсон. Миний унтлагын өрөөнд тэр муухай үнэртэй сармисны цэцгээ л оруулж тавихгүй бол бусад нь дүүрсэн хэрэг гээд өвгөнийг дураар нь орхилоо… Одоо өвгөн бид хоёр энэ тал дээр бол үг дуугаралгүй ойлголцох болсон.
Солиорсон хүнийг уурлуулаад яах ч юм билээ дээ! Харин Рита, эмч хоёр ёстой л хонь чоно хоёр шиг дайсагналцах боллоо!
Өмнө нь эмч өвгөн манай Ритаг хөлөг баатар шиг л халамжилдаг байсан, Рита ч түүнийг манай эцэг эхийн хуучны найз, өвгөн настай хүн гэж үзэж энхрий ялдам ханддаг байсансан. Харин одоо бол Рита өвгөнийг тэвчихгүйгээр барахгүй бүр үзэн ядах болжээ.
Ритагийн өрөөндөө ганцаараа хоол цайгаа идэж уудаг болсны нэг шалтгаан нь энэ гэж би бодож байна.
Миний сүүлд өгсөн бэлгийг Рита авахаас татгалзсан нь ч мөн өвгөнийг үзэн яддагаас шалтгаалсан буй заа. Ритагийн өөрийнх нь хүслээр захиалж хийлгэсэн тэр зүйл хэчнээн гайхалтай сайхан эд болсон гээч! Нарийхан алтан гинжтэй, алтаар урлаж, зун цагийн шүүдрийн дусал мэт цэвэр тунгалаг алмааз эрдэнийн чулуу шигтгэж хийсэн нууц тарнийн таван хошуу тэмдэг…
Харин Рита тэр тэмдгийг гартаа барьж үзэхийг ч хүссэнгүй. Жаахан гомдмоор юм… Ай хөөрхий, аз жаргал, хайр сэтгэл, найз нөхөрлөл энэ бүхэн хуурамчхан байдаг гэдгийг дурсаж өөрөө л зүүж явъя даа…»
Гарри уншихаа түр больж дэвтрийг цааш тавиад:
Энэ удаа ч мөн адил бүх гай зовлонгийн шалтгаан нь мөнөөх өвгөн гүнтэн байжээ. Петрогийн тарнийн хүчээр хүлсэн өвгөн арван таван жил авсандаа номхон хэвтсэн ч гэсэн шидийн хүч нь мөн л их хэвээр байсан тул Ритаг дагуулан бунханд орох санааг Карлод төрүүлж, харин Ритад чулуун авсыг түших хүсэл бий болгожээ. Эмэгтэй хүний амьд бие махбод авсанд хүрснээр тарнийн хүлээс алдарч хөгшин ороолон чөлөөлөгдсөн байна.
Хөгшин гүнтэн өөрийн хайр сэтгэл хийгээд тэрхүү хайр сэтгэлийн аймшигт үр дагавраар бүсгүйг ач хариулан шагнаж өөрийгөө чөлөөлсөн хүнийг хөнөөснөөр шинэ цуст үйлээ эхэлжээ.
Рита ч өвгөн Дракулагийн тус дэмээр тун богинохон хугацаанд их хүчтэй ороолон болсон байна. Рита хоёрдмол амьдралтай болж, өдөр нь амьд хүмүүсийн дунд, тэднийг овжноор мэхлэн хамт байж, шөнө нь ороолон болон хувирч хүмүүсийг хөнөөдөг байсан аж. Өөрийн сүйт залуугийн найз Альфад тачаан дурласны учир сэрэмж алдан үнэн дүрээ илчилсэн хэдий ч Альф нь Ритагийн нууцыг Карлод хэлж амжилгүй нас баржээ.
Хуучны библи судрын завсар хавчуулсан Альфын салах ёс хийн бичсэн захидал ч зохих эзэндээ хүрч чадаагүй аж.
Карло гүнтэн тэр захидлыг олж үзээгүй хэрэг.
Гэсэн хэдий ч гүнтэнд өөрөө ч үл ойлгох сэжиг ажиг төрж, хардах сэтгэлдээ хөтлөгдөн Ритаг мөрдөх болжээ.
Тэгээд Карло гүн аймшигтай юм үзсэн байна.
«Рита бүр ичиж зовохыг мэдэхгүй, маш тачаангуй ааш аягтай болчихжээ. Би түүнийг ажиглан мөрдөх тусам улам бүр яахаа мэдэхээ байж, мухардаж байна. Рита нэг бол солиорсон байх, эсвэл ямар нэг учир битүүлэг өвчин туссан байх. Гэхдээ бие махбод нь өдрөөс өдөрт улам жавхаажин өнгө орж байгаа тул сэтгэцийн өвчин туссан байхаас зайлахгүй.
Рита ийш тийшээ сэмхэн харж байснаа миний ажлын тасалгаанд орж ширээн дээрээс үзэгний хүнд чулуун суурь авч өрөөний нэг хананд суурилуулсан толь уруу хамаг чулуудаж будаа болтол нь яйруулж орхисон байх юм.
Тэгснээ тэр дороо хүнд том хятад ваарыг сууринаас нь түлхэж шал дээр унагаахад их чимээ гарч зарц нар гүйлдэн очиход:
– Гойд юм болоогүй. Би санамсаргүй ваарыг түлхэж, ваар унахдаа ханын том толийг хагалсан гэж эзэндээ хэлээрэй. Одоо гарцгаа! гэж Рита зэвүүн хүйтэн өнгөөр хэлжээ. Зарц нар гайхан бие биенээ хараад гарцгаасан байна. Энэ бүхнийг яаж тайлбарлах вэ?» гэж уншаад Гарри цааш ярьсан нь:
– Яг энэ үед Карло мөнөөх «Босоо ороолонгууд хийгээд нөгөө ертөнцөөс ирэгсдийн тухай» латин номыг олж үзжээ. Карло тэрхүү номыг ойн байшингаас Альфын дурсгал болгон аваад нойр хулжихын эрхэнд уншиж эхэлжээ.
Хэрэв энэ тухай эмч өвгөний өмнө нь ярьж байсныг дуулаагүйсэн бол юу ч ойлгохгүй өнгөрөх байсан гэдгээ ч Карло хүлээжээ. Хэдий тийм боловч ороолон байдаг гэдэгт итгэх аргагүй байсан бөгөөд хайртай бүсгүйгээ ороолон болсон гэдэгт бүр ч итгэхгүй байжээ. «Номд бичихдээ «тэднүүс» булшнаас гарч ирдэг гэж тодорхой өгүүлсэн байна. Цааш нь тэр номд …» гээд хэдэн хуудас эргүүлж, за ер нь би та нарт уншаад өгье гэж Гарри хэлэв.

* * *

«Номд бичсэнээр бол ойр дотнын хүмүүстээ илүү аюултай байдаг гэжээ. Хэрэв энэ үнэн бол би л хамгийн түрүүнд үхэх байсан шүү дээ. Гэтэл би эрүүл саруул эсэн мэнд байна, шөнө ч над дээр хэн ч орж ирдэггүй…, харин нойрондоо л жаахан тааруухан байна… Үгүй, энэ юу вэ, хүн орилох шиг болов уу даа? Магадгүй…
Хөөх, ямар том хар муур вэ? Намайг бүр айлгаж орхилоо. Тэр муур миний өрөөнд мяраан орж ирэх гэснээ намайг үзээд бас айсан бололтой ухасхийн харанхуй гудам уруу ороод алга болчихлоо. Хаанаас гарч ирээ вэ? Цайзад ийм муур байхгүй шиг санагдах юм. Зэргэлдээх ойгоос төөрөөд ороод ирсэн юм байлгүй дээ. Ер нь…»

Арван есөн

Мөн ч хэцүүхэн шөнө байлаа даа! Одоо хэдийн хурц нар гийж өдөр болоод байхад би шөнийн аймшигт зүүдээ мартаж чадахгүй л байна…, магадгүй зүүд биш, үнэхээр болсон ч байж болох юм даа, за даа би ер нь учраа олохоо байгаад байна…

Арван есний орой

Өнгөрсөн шөнө хар муур миний өрөө рүү шагайгаад алга болсон. Би цааш үргэлжлүүлэн бичихээр үзгээ гартаа авч амжаагүй байтал биедээ халаад өмссөн, толгойдоо сармис зүүж, гартаа өнөөх огт салдаггүй гадсаа барьсан эмч өвгөн галзуу солиотой хүн шиг дайран орж ирлээ.
Тэр гадас нь улиас модон гадас байна. Улиас олохын тулд их л хол явах хэрэг гарсан байхдаа. Манай энэ хавьд улиас огт ургадаггүй юм.
Өвгөн гүйн орж ирээд миний хоёр өрөөгөөр ямар нэг юм хайж эхэллээ. Тэр орон доогуур шагайж, шүүгээн дотор, сандал дор, хананд өлгөөтэй хөргийн ард тэр ч бүү хэл ханын зууханд үзлээ.
– Алга аа, яваад өгч.
– Та хэнийг хайгаад байгаа юм бэ? Хэн яваад өгөө вэ? гэж би асуув.
– Яагаа вэ, «өнөөхийг» л хайж явна. Ээ-хэ-хэ-хэ, одоо ойлголоо, тэр ийшээ хамраа ч цухуйлгаж чадахгүй л дээ хэмээн солиотой өвгөн хөгжилтэй нь аргагүй инээд алдаад миний өрөөний босгон дээр сийлсэн нууц тарнийн таван хошуу тэмдгийг заалаа.
– Мэдэж байна уу, би хаалганд сармис түрхэж, бас бөөрөнхий сармис тэнд өлгөсөн юм. Гэтэл «өнөөх» чинь хар муур болж хувираад наашаа, дээш гарч ирлээ…, харин би түүнийг хөөсөн боловч хөл муутай хөгшин хүн яаж түүнийг гүйцэх вэ дээ, арилаад өгөх нь тэр гэж хэлээд өвгөн урт гэгч нь санаа алдаад сандал дээр суулаа.
Урд хойно нь оруулан замбараа муутай үглэх өвгөний үгнээс дуганы хаалганд сармис өлгөөд өөрөө улиас модон гадас бариад «өнөөхийг» отож үүдийг нь сахин сууж байсныг би эцэст нь арайхийн ойлголоо. Мөн өвгөний ярьж буйгаар бол «өнөөх» гэж Ритаг хэлээд байгаа бололтой, түүнийг тэр бас ороолон гээд байсан шүү дээ.
Хэрэв түүний өндөр насыг бодоогүй бол галзуу солиотой нь хамаагүй хийстэл нь дэлсээд авмаар байлаа. Би тэр үед алив дэмий балай юманд, тэр дотроо галзуурал солиоролд ч хэм хэмжээ гэж байх ёстой гэж үздэг байсан юм.
Өвгөнийг би яажшуухан сэхээрүүлдэг юм билээ гэж гайхшран бодож байтал тэр гэнэт нэгийг санасан бололтой бололтой босон харайж миний гараас шүүрч аваад:
– Явцгаая, явцгаая, «тэр» лав өнөө итали зураач дээр очсон байх, хөөрхий амьтны цусыг сорж орхино гэж шивнэлээ.
Түүний гараас мултарна гэж санахын ч хэрэггүй байсан тул би солиотой өвгөнд хөтлүүлэн явлаа, үнэндээ бол гүйх шахан шогшсон хэрэг л дээ. Өвгөн бид хоёр шатаар хурдхан өгсөж итали зураачийн амьдардаг гурван давхарт гарч ирээд яг л хулгайч адил гудмаар гэтэн түүний өрөө рүү дөхлөө. Өвгөн хаалгыг нь сэмээрхэн онгойлгов.
Цонх нь онгорхой, хөшиг нь нээлттэй байсан тул өрөөнд сарны гэрэл мэлтийтэл тусжээ.
Миний сүйт бүсгүй Рита итали залуугийн цээжийг дэрлэж хэвтээд үнсэж байхыг хараад миний гайхсан, галзууртлаа уурласныг хэлэх ч юм биш.
Би биеэ барьж чадалгүй дуу алдсан байх, учир нь Рита толгойгоо өндийлгөн эргэж харлаа…, Пөөх, ямар аймшигтай юм бэ, үнэхээр аймшигтай!… Сарны саруул гэрэлд түүний нүд хүсэл тачаал, хорсол хилэнгээр дүүрэн гялалзаж, уруулаас нь шинэхэн улаан цус савирч байлаа.
– Харав уу, харав уу, гэж хашгираад өвгөн түрүүлэн ухасхийлээ… Гэтэл маш хүчтэй салхинд цонх хүчтэй савж, өвгөнийг цохиж унагаав.
Би түүнд туслахаар яаран очиход сарны гэрэл бүдгэрч өрөөнд тас харанхуй болов. Төдөлгүй би лаа шүдэнз олж гэрэл гаргалаа.
Бүүдгэр гэрэлд тойруулан харвал тасалгаанд биднээс өөр хэн ч алга. Галзуу өвгөн шал дээрээс ёолон өндийж, итали залуу бөх нойрсож байна.
Би тэр бүхнийг хий юм үзсэн байж гэж бодож эхэлж байтал өвгөн орны дэргэд очоод зураачийн мөрнөөс өргөж өндийлгөөд:
– За тэр харав уу, миний зөв байсан байгаа биз? «Өнөөх» чинь үүний хамаг цусыг сорчихжээ гэв. Үнэхээр ч зураач залуу үхсэн байлаа.
Царай нь зэвхий дааж, гар нь сув сул унжиж, унтлагын цамц нь цус болжээ.
Ээ эзэн тэнгэр минь, энэ чинь юу болоод байна вэ? Миний толгой тэсэхгүй нь…, бүр хагарах нь байна… Рита маань «үхээд боссон ороолон»…, амьд хүмүүсийн цусыг сордог араатан болж таарч байна уу… Энэ бүхнийг би хэрхэн ойлгож, учрыг нь олох болж байна вэ?… Рита…, цус…, үгүй ээ, үгүй, огт үгүй. Би өвгөний нөлөөнд автан ухаан солиорч байх шиг байна… Өвгөн л надад өвчтэй санаагаа халдаасан байх…, Гэхдээ би эрүүл, цоо эрүүл байгаагаа мэдэрч байна…, за ер нь л галзуурсан хүмүүс бүгдээрээ өөрсдийгөө огт эрүүл байна гэж боддог юм…»
– Цааш юу болсон бол?
– Карло гүнтний хувьд энэ бүхэнд эргэлзэн тээнэгэлзэж итгэж ядан сэтгэлийн хүнд зовлон туулж эхэлжээ. Тэр нь хардаж жөтөөрхөхөөс ч илүү аймшигтай тусаж, галзуурахад ганц хуруу дутуу байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.
Аз болоход Петро өвгөн Ромоос эргэж иржээ. Тэрээр маш их турж эцэн, бүр ч хөгширсөн байлаа. Гэхдээ л өөртөө итгэлтэй, цог жавхаатай болсон байж.
– Эзэн тэнгэр намайг өршөөн соёрхож, гэгээн эцэг ламтан хамаг амьтны тусын тулд зүтгэ гэж намайг адисласан. Би одоо юунаас ч айхгүй. Эрхэм хүндэт ноёнтон таныхаа төлөө тэр бүх ад зэтгэртэй тэмцэх болно. Би таныг аварна, та бүү сэтгэлээр унагтун! гэж Петро хэлжээ.
Петро цайзад ирэхээсээ өмнө тосгонд өнжиж цайзад болж буй бүх гай зовлонг хэдийнээ дуулжээ.
– Дараа нь тэрбээр Ромын пап ламтан хийгээд түүний сүмийн тухай, нүглээ хэрхэн наманчилсан тухайгаа ярьж, «Тэнд үнэхээр сайхан байлаа. Зуун жил болсон ч байгаад л баймаар санагдсан. Даанч эзэн ноёныхоо төлөө санаа зовоод наашаа яаран ирлээ. Бурхны авралаар хожимдоогүй байна!» гэж өвгөн үнэн голоосоо өгүүлжээ.
Дараа нь Петро эхийнх нь хэрхэн нас барсан тухай Карлод бага багаар эвтэйхэн тайлбарлан ярьж эхэллээ. Гэвч хайрт ноёныхоо царайд гуниг тогтсоныг ажаад:
«Та тэгэхлээр энэ бүхнийг хэдийн мэджээ. Хэн танд хэлээ вэ? гэж гайхан асуужээ».
Карло нэлээд зүйлийг мэднэ гэдгээ зөвшөөрөн хүлээгээд өвгөн эмчээс тэр бүхнийг дуулснаа хэлэв.
– Аа, андгай тангаргаа зөрчсөн болохоор солиорсон байх нь гэж Петро өөрийнхөөрөө тайлбарлаад, тэр тэгээд хаашаа явсан юм бол? Та мэдэх үү? гэж асуулаа.
– Тэр хаашаа ч яваагүй, миний цайзад амьдарч байгаа.
Эхийнхээ талаарх бүх нууцыг мэдэж байгаа гэдгээ Карло хүлээсний дараа Петро тоост хорвоод ороолонг дарах үүрэгтэй ирснээ шуудхан хэлж Карлог ч өөртөө туслахыг гуйлаа.
– Бидний аз болоход таны ээж тайван нойрсож байна. Би бунхныг, бас уулыг сайтар үзсэн. Бүгд бүрэн бүтэн байна билээ. Фредерик гүнтэн хатныхаа төлөө гуйж залбирсаар өршөөл авралыг олсон биз дээ, Бурхны минь аврал гэж. Харин төрсөн ээжийнхээ зүрхэнд улиасан гадас шаана гэдэг яаж амар байх вэ.
Өвгөн Дракулагийн чулуун авсан Ритагийн бие хүрэлцсэнээс хөгшин ороолон чөлөөлөгдсөнийг Петро батлаад, шинэ цус сорон уусны дараа одоо тэр дахиад хүчирхэг болсныг ч хэлжээ. Гагцхүү хөгшин ороолон одоо хүртэл Ритаг яагаад хөнөөгөөгүй байгааг л Петро ихэд гайхаж байлаа. Уг нь ороолонгууд өөрийгөө сулласан хүндээ ингэж талархлаа илэрхийлдэг уламжлалтай ажээ.
– Чиний сүйт бүсгүй маш хүнд өвдөөд бараг үхэх шахсан гэж би дуулсан. Одоо харин илааршиж эдгээд өмнөхөөсөө ч үзэсгэлэнтэй болсон гэж хүмүүс ярилцаж байна билээ хэмээн Петро хэлэхэд:
– Өө, та миний сүйт бүсгүйтэй уулзаагүй явж байгаа юм уу? гэж би асуулаа.
– Үгүй ээ, одоогоор тийм завшаан таараагүй л байна гэж тэр хариулав.
Одоо би яавал дээр вэ? Өвгөнд өөрийн ажигласан, айж эмээж буй зүйлсийнхээ тухай ярих уу, эсвэл дуугүй өнгөрсөн нь дээр үү? Эсвэл яагаа ч үгүй байхад илүү дутуу юм бодуулахгүй байсан нь дээр үү? Манай солиотой эмч яагаад ч юм бэ хот уруу явчихсан байсан тул энэ ч амархан хэрэг л дээ.
За шийдлээ. Одоогоор чимээгүй байя.


Хорин долоон

Хэдий тус тусдаа хооллодог ч эртнээс тогтсон уламжлалын дагуу Рита бид хоёр хадан хясааны хөвөөгөөр зугаалдаг юм. Өмнө нь энэхүү зугаалга үгээр хэлэхийн эцэсгүй сайхан байдагсан. Бид хёр хоёр биендээ ярих юм ч мунддаггүй байжээ…, харин одоо бол бид хоёр зарц нарын нүдэн дээр л алба гүйцэтгэж байх шиг болжээ.
Гэтэл яагаад ч юм бэ Петро талбай дээр гараад ирлээ. Петро хуучин цагийн зарц хүний өмсдөг ёслолын хувцас өмсөж, хөлдөө том гархитай гутал жийж, буурал үсээ нямбайлан самнаж, бас гартаа нэгэн боодолтой зүйл барьжээ.
Өвгөн ирээдүйн хатан ахайтандаа бараалхаж өөрийгөө танилцуулахаар иржээ гэдгийг би шуудхан ойлгов.
– Рита, энэ бол манай эцэг эх хоёрын үнэнч зарц, миний хүмүүжүүлэгч байсан Петро хэмээн өвгөнийг танилцуулахад Рита зөөлөн ивээнгүй байдалтай толгой дохилоо.
Петро доор мэхийн ёслоод Ритагийн гараас адис авахаар ойртлоо. Ритагийн өмнөхөөс их л өөр болсныг тэр үед би анх үзэж жаахан эвгүйрхлээ. Урьд нь зөөлөн хумстай, энхрий ягаахан байсан хуруунууд нь хатуу хурц хумстай цагаан хуруу болсон байна.
Петро гарт нь дөнгөж хүрэхийг завдтал Рита гараа огцомхон татаж аваад:
– Үгүй, хэрэггүй! гэлээ.
Өвгөн яваад өгөхийн оронд балмагдсандаа Ритад өнөө боодолтой зүйлээ өргөн барьж:
– Үүнийг би танд авчирсан юм, гэгээн эцэг ламтан өөрийн биеэр адисласан юм гэж хэлэхэд Рита хажуу тийш огло үсрэн холдож, уурсаж хорссондоо царай нь мурийн татвалзаж:
– Зайл цаашаа, тэнэг өвгөн! гэж шүд зуун хараагаад гэртээ орохоор түргэн түргэн алхаад явчихав.
Хөөрхий Петрог харахад өрөвдмөөр байлаа. Түүний гар салганан чичирч, гартаа барьсан боодолтой зүйлийн цаас нь урагдан дотроос нь жижиг жижиг загалмайтай хув эрх цухуйж байв.
Миний хувьд энэ үзэгдэл их утга учиртай байлаа.
Гэгээн эцэг ламтны адисласан эрхийг ороолон болсон Рита авч чадна гэж үү дээ?
– Тайвшир даа, Петро минь, наад эрхээ надад өгчих, удахгүй надад хэрэг болно гэж би хэллээ.
– Карло минь дээ, энэ чинь юу болж байна вэ? Яалаа гэж энэ вэ? хэмээн бөвтнөсөөр өвгөн мэгшин уйллаа.
– За боль доо, өвгөн ах минь, сэтгэлээ барь. Энэ бол та хожимдож, хөгшин Дракула гүн хийдгээ нэгэнт хийж, чөлөөлж өгсөн хүнээ хөнөөчихөөд байгаа нь энэ болохыг л баталж байна гэж би хэлэв.
Карлогийн яриаг сонсож, өөрөө жаахан ажигласны эцэст Рита бол босоо ороолон бөгөөд нэн даруй устгах ёстой гэсэн дүгнэлтэд Петро хүрлээ.
Гэсэн хэдий ч Карлогийн сэтгэлд энэ бүхэн эндүүрэл байсан юм биш биз, хий юм, солиорол биш биз гэх найдлага үе үе төрсөөр байсан тул Петро бодит үнэн байдлыг түүнд нотлон үзүүлэхээр шийджээ.
Гарри уншихаа түр зогсоод:
– Хэрэв та нар уйдаагүй бол тэмдэглэлийн төгсгөлийн хэсгийг завсарлалгүй шуудхан уншаад явъя гэж хэлэхэд:
– Тэгэлгүй яах вэ, бид юу болсныг бүгдийг нь мэдэхийг хүсэж байна хэмээн Жемс бусдынхаа өмнөөс хариулав.
– Хэрэв тийм бол Карл Иванович та миний халааг авна уу, би бүр ядарчихлаа гэж хэлээд дэвтрээ Карлу Ивановичид өглөө.
Карл Иванович нүдний шилээ зүүгээд уншиж эхлэв:
«Петро Ритаг тун шаргуу дагаж, харуулдах боллоо. Рита өөрийн ороолонгийн нойрсох цагаа дуганд авсандаа өнгөрөөдөг гэдэгт Петро одоо бүрэн итгэлтэй байна. Ритаа авсаа зүгээр ч нэг тэгж их хайрлан хамгаалдаг хэрэг биш байх.
Өнөө шөнө Петро бид хоёр бунханд очиж үүнийг баттай мэдэж авна.
Өчигдөр нар жаргах үеэр буюу Петрогийн бодож байгаагаар бол ороолонгууд булшиндаа хэвтэж байх ёстой, Рита биднийг дагаж мөрдөж чадахгүй цагаар бид дуганд орохоор явцгаалаа.
Нам гүм байлаа.
Шингэх нарны улбар туяа ханан дээрх эмгэнэлийн засал чимэглэл, шал, авсны суурин дээр буй хатсан сарнай цэцэгсийг гэрэлтүүлнэ.

* * *

Петро өөрсдөдөө зориулж хоёр сандал тавиад түүнийгээ тойруулан шал дээр шохойгоор тойрог зурж, зураасны эхлэл төгсгөл нийлсэн уулзварт нь нууц тарнийн таван хошуу тэмдэг зурлаа.
Хагас цаг өнгөрлөө. Бүгд нам гүм. Нар жаргаж бүрэнхий боллоо.
Тэр дор авс хийгээд хар даавуугаар бүрсэн лааны тавиурууд бараантан харлаж эхэллээ… Жихүүдэс хүрэм аймшигтай зэвүүн байлаа.
Петро намайг тайвшруулах гэсэн бололтой, үе үе гараа миний өвдөг дээр тавина.
Харанхуй болж би нүдээ анилаа.
Нүдээ нээхэд дуганыг сарны туяа гийгүүлж, сарны гэрэлд юм бүхэн хачин сонин харагдана. Хатсан сарнай хүртэл амилж анхилуун үнэрээ түгээн байх шиг санагдлаа…
Петро дахиад л миний өвдөгийг базаж анхааралтай байхыг сануулав.
Юу болох нь энэ вэ? Дуганаас бунхан уруу ордог хаалгыг саяхан харахад хаалттай байсан. Гэтэл одоо хаалга дэлгэгдэн онгойж тэнд нэг хүн зогсож байна. Хар хилэн хувцастай, хүзүүндээ үнэт алтан гинж зүүсэн, буурал толгойтой, өндөр янхигар өвгөн байна. Тэр бол өвгөн Дракула гүн мөн гэдэгт эргэлзэх юм алга.
Хэрэв нээлттэй хаалга ард нь харлаж харагдаагүй, оронд нь алтан жааз байсансан бол дээр нэгэн цагт миний эцгийн тушаалаар ойн байшинд аваачиж тавьсан хөргийг энд, дуганд авчраад тавьчихаж гэж ам алдсан ч болохоор байлаа.
Өвгөн яаралгүй явсаар авсны дэргэд очлоо. Авсны таг гулсан онгойж дотор нь цээжиндээ улаан сарнай хатгасан цэнхэр даашинзтай Рита хэвтэж байлаа.
Рита нүдээ нээхэд аз жаргалтай инээмсэглэл нүүрэнд нь тодорч:
– Цаг боллоо хонгор минь. Чи миний багш, чи намайг хүчирхэг болгосон, би чамд хайртай гэж хэлээд өвгөн рүү гараа сунгалаа.
Рита өндийн суугаад хормын дараа хөл дээрээ бослоо.
– Чи яагаад намайг өдөр тэдний дунд амьдар гээд байдаг юм бэ? Надад харанхуй бунханд чамтай хамт байх сайхан байдаг. Тэдний дунд байхад тэсэхийн эрхгүй хэцүү байдаг юм. Одоо ч тэд энд байгааг би мэдэрч байна гэж хэлээд тэр түгшсэн байдалтай ийш тийш харж эхэллээ.
– За боль доо, тэд энд ирж зүрхлэхгүй!
Бид амьсгалаа түгжин суулаа.
– Хэрэв тэд энд байвал яах вэ гэж хэлээд Рита бидний байгаа зүг рүү харлаа.
Энэхэн мөчид Петрогийн гарт жижиг гуунд хийсэн ариун сахиус байхыг би харлаа.
– Явцгаая, эндээс явъя гэж Рита хэлээд тэр хоёр дотно тэврэлдэн шалнаас хөнгөхөн хөөрч сарны гэрлээр дамжин цонх уруу зүглэлээ. Тэд цонхоор тусах сарны гэрлийг хоромхон зуур халхлаад бунханд дахиад гэрэлтэй боллоо.
Авс бин битүү таглаатай, хаалга ч сайтар түгжигдсэн байхыг бид хоёр тодхон харав.
Тэр бүхэн зүүд шиг санагдлаа.
– Хүлээцгээе. Зуны шөнө богинохон. Тэд удахгүй эргээд ирнэ гэж Петро хэлэв.
Хэдий хугацаа өнгөрснийг бүү мэд. Би ядарч, нуруу янгинан, хөл чилж, толгой дүйрээд ирлээ.
Илжирч ялзарсан үнэр тодхон мэдрэгдэж, хажууханд үхдэл хүүр байх шиг санагдлаа.
Удахгүй нар мандах нь. Рита алга. Гэтэл цонхон дээр нэг хар муур сууж байна. Би бүр босохыг завдтал өнөө муур цонхноос үсрэн бууж дуганд орж ирээд Рита болон хувирлаа.
Рита алжааж ядарсан байдалтай алхсаар авс уруугаа алхахдаа нүд нь жаргалдаа мансууран гялалзаж, уруул дээр нь цустай хөөс харагдлаа. Хормын дараа тэр авсандаа орж алга боллоо.
– За одоо эндээс бушуухан явцгаая гэж Петро хэлээд миний гараас чангаав.
– Тийм, тийм, явъя, цаг ч боллоо гэж би шивнэв.
Арайхийн орныхоо дэргэд хүрээд үхсэн мэт унаад өглөө.

Долоон

Бунханд нойргүй өнгөрүүлсэн шөнийн дараа, хамгийн гол нь элдэв бодолд автаж гашуудан тарчилсны эцэст орон дээрээ үхсэн мэт унаж бөх гэгч нь унтаад өгчээ.
Гэтэл хэн нэг нь намайг ууртай түлхэн сэрээхэд нүдээ нээн харвал миний өмнө Рита зогсож байлаа.
Нүүрэнд нь хорсол буцлан эвгүй дүртэй болж, хурц хумсаа миний гарт шигтгэжээ.
– Бос! Энэ чинь юун замбараагүй юм болоод байна вэ? Чиний хоёр тэнэг өвгөн миний бунханд орчихоод тэндээс гарахгүй байна. Одоохон тэднийг хөөж гарга! Тэгээд тэр модон сараалж, тэнэг цэцгүүдээ бунхнаас зайлуул гэж тушаа гэж Рита хашгичлаа.
– Юун цэцэг, ямар сараалж? Би юу ч мэдэхгүй байна гэж намайг хэлэхэд:
– Чамайг юу ч мэдээгүй байгаа гэж би мэдсэн юм аа! Явцгаая! гэж хэлээд Рита намайг бунхан уруу чирэв.
Өнөө солиотой эмч өвгөн маань дуганы цонхонд модны ураар сараалж тор хийлгэх гэж хот уруу явсан хэрэг байжээ. Одоо тэр хоёр тэр сараалжуудаа дуганы цонхонд бэхэлж хаа сайгүй цэцгэн хэлхээ өлгөж байна.
Тэдгээр цагаан цэцгүүд нь сармисны цэцэг болохыг муухай үнэрээр нь би төвөггүй танилаа.
– Одоохон зайлуул гэж тушаа, зайлуул гэж тушаа! хэмээн Рита хашгирлаа. Би Петро уруу хальт хараад:
– За тэгье. Рита, би тушаал өгөөд маргааш бүгдийг нь гаргуулчихъя гэж хэлбэл:
– Үгүй ээ, өнөөдөр, яг одоо! гэж Рита шаардлаа.
– Өнөөдөр хэтэрхий оройтжээ, удахгүй нар жаргах нь, харин хэдий хоосон австай ч гэсэн оройн цагаар бунханд ажиллахыг зарц нарын хэн нь ч зөвшөөрөхгүй гэж би зориуд тоомжиргүй хэлээд май, энэ бунхнаас гарах хаалганы түлхүүр маргааш чиний хүссэн цагт тэднүүс бунхныг цэвэрлэх байх. Би тэгээд тушаал өгчихье гэв.
Рита түлхүүрийг авахдаа мөн л эргэлзсээр байлаа. Петро энэ үед хэнд ч тухайлан хандалгүйгээр:
– Нар жаргаж байна, «Аве Мариягаа» унших цаг боллоо гэж хэлэв.
– Явцгаа, би хаалгыг түгжчихье гэж Рита хэллээ. Бид ч гарцгаалаа. Хоёр өвгөн сэтгэл хангалуун инээмсэглээд бие биеэ нударсаар гарцгаалаа.
– За Карло, одоо ажилдаа орцгооё, чамайг унтаж байх хойгуур Петро бид хоёр бүгдийг бэлтгэчихсэн гэж солиотой өвгөн тун тайван, шийдмэг хэллээ. Дуу хоолой нь ч тун тод ойлгомжтой байв.
Би өөрийн эрхгүй түүн рүү харвал нүд нь ухаалаг гэрэлтэж байлаа.
– Тийм ээ, Карло минь, би эдгэрсэн. Би одоо ганцаараа биш. Петро надад тусална гэдгийг би мэдэж байна. Миний үнэн хэлж байсныг чи өөрөө ч гэсэн харж байгаа биз дээ. Гашуудан гутарч, аргаа барсандаа миний толгой эргэж, түр солиорсон байх. Өнөөдөр Петрог хармагц л миний хамаг бие хөнгөрч, түүний ярихыг сонсоод дотор минь байсан бөөн хар чулууг аваад хаячих шиг л боллоо! Одоо танд тусалж эндэх хэрэг явдлыг дуусгачихаад Петрогийн байсан тэр сүмд очиж суунаа. Тэнд тун сайхан гэж Петро ярьсан! хэмээн эмч өвгөнийг ярихад Петро үгийг нь тасалж:
– Ажлаа ярь, ажлаа ярь, цаг аль хэдийн болчихсон байна гэлээ.
– Бид ямартаа ч дуганы цонхонд модны ураар хийсэн сараалж хадахаар шийдсэн юм. Түүгээр ад зэтгэр нэвтэрч чадахгүй. Харин гаднахаас бусад хаалгануудыг ариун сахиусаар аравнайлсан хар тугалгаар шавсан. Одоо тэгэхээр тэдэнд ганц хаалганаас өөр гарах зам байхгүй.
Хоёр улиасан гадас, том алх бид бэлдсэн…, тэгэхээр мөчийн дараа бид хөдөлнө.
Би улиасан гадсыг, Петро гуутай сахиусыг барьж байх болно. Харин Карло улиасан гадсыг алхаар шааж оруулна. Битгий ай, би яг зүрх рүү нь чиглүүлнэ, юуны төлөө эмч билээ дээ. Эмэгтэйг зүйл дуусгаад бунхан уруу орцгооно. Ойлгомжтой юу?
Би ч зөвшөөрлөө.
Биднийг цайзын хашаагаар явахад хэн ч байсангүй. Зориуд зарц нарыг тарааж явуулсан бололтой.
Өвгөчүүл тэнгэр бурхандаа залбирч, харин цонхон дээр суугаад нар жаргахыг харж байлаа.
Тэгээд миний бодол дотор янз бүрийн дүр зураг ар араасаа хөвөрч эхэллээ.
Нар жаргаж, бараан сувгийн дундуур завь хурдалж, сайхан хар нүд…
Нэг сүм байна. Сүмийн бадралт баг бишгүүр намуухан эгшиглэж, миний дэргэд хархан хөөрхөн хоёр нүд, гэвч тэр хоёр нүд намайг харсангүй… ахиад л өнөө хархан нүд хайр энэрэл дүүрэн гэрэлтэж…, энхрий зөөлөн гар намайг илэн таалж…, сарнай цэцгийн үнэр…, удахгүй, тун удахгүй хархан нүдтэй хөөрхөн хүүхэн миний эхнэр болно…
«Явцгаая» гэж хэн нэг нь хэлээд миний гараас хөтөллөө..., хаашаа, яах гэж тэр вэ?
Хар одончуугаар бүрсэн уйтгарт ханыг муухай үнэртэй цагаан цэцгээр чимэглэжээ. Мөнгөн авсыг гоёмсог хээнцэр хатгамалаар чимэглэсэн бүтээлгээр хучин, дээр нь сарнай цэцэг цацжээ…
Нар жаргаж, хариугүй далд орохоор завдаж байна. Халуун бөгөөд бүгчим байлаа.
Хоёр бараан дүрс авсанд ойртож очлоо. Дуугүйхэн бүтээлгийг нь сөхөж, авсны тагийг нээлээ.
Авсан дотор цагаан торгон жинтүүн дээр торон сүлжмэл, тууз бүчний дунд миний хайртай хүний тас хар үсэндээ титэм мэт сувдан сам хатгаж, ягаахан уруулынх нь завсраар цагаан шүд нь гялалзсан толгой харагдлаа… Сувгийн тэнд, бас сүмд уулзаж байсан нь дахин бодогдож санчигны судас лугшаад ирлээ. Нэг хар дүрс надад ямар нэг урт юм өгч, тэгснээ тэр юмаа миний сүйт бүсгүйн цээжинд тулган бариад надад хүнд алх өгч:
– Цохь, хүчтэй цохь! гэж хэлэхийг би дууллаа.
Би тэдний үгэнд орж алх барьсан гараа өргөтөл…, хоёр хөөрхөн хар нүд нь алгуурхан нээгдэж над уруу хараад ягаахан уруул нь «Карло» гэж шивэгнэв.
«Цохь, цохь» гэсэн дуу чихэнд сонсогдоно. Би ахиад л тэр үгийг дагаж алхаа дахин өргөсөнд…, хархан нүд нь уйтгартай бүүдийж, уруулаа гунигтай жимийж, жижигхэн гараа аврал эрэн өргөлөө… нэг хормын дараа алх миний гараас алдран тачигнан унаж, би өөрөө авсны суурийн шатан дээр ойчлоо.
Цөхрөнгөө баран гаслах, зэвүүн муухай инээхтэй хослон сонсогдож…, би ухаан алдлаа.
Шөнө орой болсон хойно өрөөндөө ухаан орлоо. Нүдээ нээн харвал Петро, эмч өвгөн хоёр миний орны дэргэд зогсож байлаа. Петро миний толгой дээр хичээнгүйлэн хүйтэн жин тавьж, эмч:
– Зүгээр дээ, эдгэнэ, тэр муу ороолон л ховсдчихлоо. За яах вэ, бид хариуг нь хангалттай барина даа гэж байлаа.
Гэнэт цайзын дээгүүр асар хүчтэй догшин шуурга шуурч, хаалга үүд савчин, цонхны хаалтууд тас няс хийж, зарц нар сандралдан нааш цааш гүйлдэх дуулдлаа. Хар салхи дахин дэгдлээ.
– Дээврийг хуулж, хөгшин царс модыг булга татлаа гэж хашгирах сонсогдлоо. Би ч босон харайв.
– За даа, энэ ч тэдний л хийж байгаа ажил байх, тэнгэрт бөртийх ч үүлгүй байсан. Хэдийдээ тэнгэр муухайрах билээ? гэж Петро хэллээ.
– Тийм ээ, өөр хэн ингэх вэ, одоо яг тэдний цаг гэж эмч батлав.
Дараа нь тэр хоёр ухаан алдсаны дараа намайг даруй дуганаас гаргаад хаалгыг бушуухан хааж бусад хаалгыг өмнө нь тэгсэн шигээ ариун сахиусаар аравнайлсан хар тугалгаар битүүлэн шавсан гэж надад ярилаа. Одоо тэгээд ад зэтгэрийн амьтад тэндээс гарч чадахгүй болохоороо догшин хар салхи дуудсан нь энэ ажээ.
Гэнэд дээр нь манай цайз байгаа хадан хясаа тэр чигээрээ оройгоосоо авахуулаад сууриа хүртэл цуу үсрэв үү гэмээр асар хүчтэй аянга бууж, тасхийн нүргэлэх чимээ гарлаа.
Хоёр өвгөн гадагш гүйн гарч дуганы үүдэнд очлоо. Дотроос нь булай их хүчтэй араатан сэгсчээд байх мэт хаалга салганан чичирч байх ажээ,… Дуган дотор ямар нэг юм унаж хангир жингэр хийх нь дуулдаж, дахин дахин тачигнасаар байлаа. Хагарч буй шил, төмөрлөг зүйлс хангинан дуугарч догшин хар салхины аймшигтай шуугих чимээтэй холилдон сонсогдоно.
Дуган дотор улих, ёолон гаслах, шүдээ хавирах чимээ гарч цонхоор хар сүүдэр бүртэлзэн, заримдаа цагаан манан суунаглаж, ногоон нүд гялалзаж харагдлаа. …
Догшин хар салхи улам бүр гаарлаа.
Хаалга одоохон нугасаараа салж унах нь уу гэмээр болж хуучин дуганы хана салхи шуургыг тэсэлгүй нуран унаж биднийг нуранги дороо булшлах юм болов уу гэж би бодож байлаа...
Санваартан маягийн дээл өмссөн Петрогийн буурал үс нь салхинд хийсэж, ариун сахиустай жижиг гуугаа толгой дээрээ өргөн Петро хаалганы өмнө бат зогсож байлаа. Гүн бат итгэл бишрэл, шийдэмгий зориг нүүрэнд нь гэрэлтэнэ.
Эмч өвгөн өөрийн биеэр ад зэтгэрийн замыг хаах гэсэн мэт загалмайд цовдлуулсан мэт дөрвөн мөчөө тэлэн газар тэрийн хэвтжээ.

* * *

Аянга дахин бүр илүү хүчтэй тасхийн буухад би дуганы босгон дээр ухаан алдан уналаа…
Хоёр өвгөн эв хавгүйхэн хоолойгоор залбиран дуулав.
Зарц нар сандарч мэгдэн орилолдож цайзын хаалгаар гүйлдэн гарч тосгон уруу зугтацгаалаа
Гэнэт бүх зүйл нам гүм болов.
Шуурганаас ч илүү аймаар, жихүүдэс хүрэм аймшигт нам гүмийн дунд намайг дуудах энхрий намуухан дуу сонсогдож, уйлах, зов гаслах хосолсон тэр дуунд асар их хайр, энхрийлэл дүүрэн байв…
Би өөрийн эрхгүй өндийх гэтэл ямар нэг хүнд юм намайг газартай наалдтал дараад авахыг мэдэрч эмч өвгөн догшин ширүүн дуугаар:
– Хөдлөхгүй хэвтэж бай! Эс тэгвэл хоолойд чинь энэ хутгыг дүрж орхино шүү гэдгээ бурхны нэрээр андгайлъя гэх нь сонсогдож хүйтэн төмөр хоолойг минь хайрлаа.
Хаалганы цаанаас улам бүр энхрий ялдам гуйх нь дуулдсаар. Намайг энхрийлэн дуудаж, гуйж тунирхан, халуун хайраа зориулахаар амлах нь миний тэгтлээ дурлаж явдаг урьдын Рита, хонгор минь гарцаагүй мөн байна…
Дахиад ганцхан мөч өнгөрсөн бол энэ бүхэн юугаар төгсөх байсныг бурхан л мэдэх байх!…
Харин миний аз болоход сүмийн хонх хангинан дуугарах нь тэр, дахиад нэг, бас дахин дуугарлаа…
Тосгоны сүмийн хонхыг дуугаргаж байлаа. Хонхны дуу тэнгэрт цуурайлж, мөргөлийн хонх, түгшүүрийн харанга хослон дуугарч буй нь тэр байжээ…
Тэгэхнээ зарц нар тосгонд зугтаж очоод энд болж буй аймшигт явдлыг ярьцгаасан аж.
Цайзад ямар нэг муу юм болоод байна гэдгийг эртнээс гадарлаж байсан тосгоны ламтан сүм рүү яаран очиж, хонх дуугаргахыг тушааж цайзад загалмай залах ёслолд бэлтгэх лүндэн буулгажээ.
Загалмай залахаар туг хиураа барин хөдөлмөгц нарны хурц гэрэл бараан үүлийг зүсэн гэрэлтүүлж, дуганд тэр дороо чимээгүй боллоо.
Хонхны дуу улам чангарч улам сүрлэг хангиналаа.
– Аврагдлаа, аврагдлаа гэж хоёр өвгөн шивэгнэж бид гурвуулаа өвдөг сөхрөн уналаа.
Би амьдралдаа анх удаа чин сэтгэлийн угаас сүсэглэн мөргөлөө!

* * *

Бүр хожим нь. Надад энэ тэмдэглэл дээр нэмж бичих юм бага үлдлээ.
Бидний сэтгэл тохорч тайвширсан хойноо дуганыг дахин онгойлгож, осолтой юм хийхгүй гэж шийдлээ. Тэднийг салгаж, хүч чадлыг нь сулруулахын тулд хөгшин Дракулаг дуганд оруулахгүй байлгах аргыг олсон юм.
Хоёр өвгөн сэрэмж алдан бунхнаас дуган уруу ордог доторх хаалгыг тарнидалгүй орхисноос тэдэнд хүч хавсрах боломж олгосон алдаагаа хүлээлээ.
Бид бунхны дотор гүн нүх ухаж «Америкаас авчрав» гэсэн бичигтэй чулуун авсыг тэндээ булсан юм. Урьд миний ээжийн авсыг тарнидсан шигээ Петро, эмч хоёр тэр чулуун авсыг тарнидлаа».
Гарри өвгөн номын санчийн уншихыг түр болиулаад:
– За тэр, Жемс чи яагаад Дракула гүнгийн авсыг бунхнаас олоогүйн учир энд байж шүү. За цааш нь үргэлжлүүлээд унш гэлээ.
– Одоо ердөө хэдхэн мөр үлдсэн байна.
Бид гурвуул хийдэд очин сууж хэзээ нэгэн цагт дотно хайртай байсан хүмүүсийнхээ төлөө мөргөж залбирах болно. Авралт бурхан тэнгэр минь тэднийг минь соёрхон нигүүлсэж үүрд амгалан нойрсуулах буй заа.
Дуган тайван байгаа эсэхийг ажиглаж шалгахаар Петро буцаж ирж магадгүй.
«Урсан өнгөрөх цаг хугацаа тэдний аймшигт их хүчийг үгүй хийх биз ээ».

* * *

Бүгд Карлод тохиолдсон эмгэнэлт явдалд харуусан чимээгүй боллоо.
Удтал дуугүй байсны эцэст Гарри нам гүм байдлыг эвдэж:
– Чухам үүн дээр л тэд алдсан байна. Үгүй, ингэхэд би нэг юм та нарт үзүүлэхээ мартаж орхиж гэж хэлээд халааснаасаа нэгэн урт цагаан зүйл гаргаж ирлээ.
Тэр бол эмэгтэй хүний хүзүүний сувдан зүүлт байх бөгөөд түгжээг нь ногоон нүдтэй могойн толгой хэлбэрээр хийсэн маш уран нарийн хийцтэй эд байлаа.
– Үгүй, чи үүнийг хаанаас олоо вэ? Энэ чинь нөгөө Америкаас авчирсан Мария Дракулагийн сувдан зүүлт байна шүү дээ гэж Жемс асуувал:
– Бид хуучин худгийн ханыг цөм цохисон тэр шөнө худгийн ёроолын хогон дотор байхад нь олж халаасандаа хийгээд мартаж орхижээ. Харин өнөөдөр л миний гарт дахин тааралдлаа хэмээн Гарри хариулав.
Мөнөөх зүүлтийг хэлхсэн сувдны сайхныг, түгжээнийх нь уран нарийн хийцтэйг бүгд гайхаж шагшин магтлаа.
– Ай даа, энэ зүүлт худгийн ёроолдоо үлдсэн бол дээр байж дээ хэмээн Жемс санаа алдан шивнэлээ.


_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.08.13 10:41 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16353
Маазарсан хэсгийг арилгав :haha:
Мартчиж сорри.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.13.13 9:44 am 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Dec.01.10 4:35 pm
Posts: 302
Location: УБ
Уншлаа. Сонирхолтой сайхан зохиол байна. Орчуулсан улсуудад их баярлалаа.

Зохиолын төгсгөл харин жоохон амтгүй л байлаа даа. Муу сайн ороолонгуудыг болгоод өгсөн бол гэж бодлоо.


Top
   
PostPosted: Feb.13.13 12:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16353
Ороолонгуудыг дараагийн номд болгож өгнөшд хө.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.13.13 12:54 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11156
scroll evderlee........ jijig bichdee hooe

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: Feb.13.13 12:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16353
Эвдэрвэл надаас нэг мауз аваарай нтр. Гэхдээ яг энийг уншиж байхад эвдэрсэн тухай баталгаагаа хавсаргана шүү эдр :haha:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.13.13 12:58 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11156
neeree jijig bichee.......

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: Feb.13.13 1:00 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16353
Наах чинь аль хоёр жилийн өмнө ороод дуусцан эдшд хө.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.13.13 1:11 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
Энэ нэг гар эртний цайз худалдаж аваад ч билүү өвлөж аваад ч билүү найзуудаа дагуулаад ирдэг. Тэгээд тэнд хорьчихсон байсан Dracula маягын гарыг суллачихдаг. Цус сорогч нь бас сайхан сайхан хүүхэн ороолонтой. Нөгөө ирсэн гаруудыг нэг нэгээр нь цусыг нь сороод байдаг. Бас дээр үед болсон явдлын талаарх захиа тэмдэглэл уншаад байдаг тээ.


Last edited by Jade_Maiden_Art on Feb.13.13 6:14 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Feb.13.13 1:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16353
мөнө мөн

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.13.13 1:14 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11156
zaza unshsan met bolchloo kk...

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: Feb.13.13 1:21 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
Саруул wrote:
мөнө мөн


Анх ямар хэл дээр бичигдсэн зохиол юм бол. Эх хэл дээрх зохиолчынх нь нэр, зохиолын нэрийг нь хэлээд өгөөч. :think:


Top
   
PostPosted: Feb.13.13 1:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16353
Вампиры - Б.Олшеври

Орос хүн бичсэн. Яг хэн Б.Олшеври хэмээх нууц нэрээр бичсэн нь тодорхой бус. Гурав дөрвөн ч хүнийг тэр бичсэн байх гэж таамагладаг юм билээ. Чойжил гуай анх орчуулахдаа вампиры гэдгийг ороолон гэж орчуулсан тул мөхөс би түүнийг өөрчилж зүрхлээгүй бөлгөө нтр

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.13.13 1:35 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
Саруул wrote:
Вампиры - Б.Олшеври

Орос хүн бичсэн. Яг хэн Б.Олшеври хэмээх нууц нэрээр бичсэн нь тодорхой бус. Гурав дөрвөн ч хүнийг тэр бичсэн байх гэж таамагладаг юм билээ. Чойжил гуай анх орчуулахдаа вампиры гэдгийг ороолон гэж орчуулсан тул мөхөс би түүнийг өөрчилж зүрхлээгүй бөлгөө нтр


Өө тийм үү. Би багадаа нүүрний болон арын хэдэн хуудас нь урагдаад явчихсан навсархай юм олж уншиж байсан. Хэний юу ч уншсын бүү мэд. Жоохон ч байж. Нэлээн эротик зохиол тээ. Нээх хүмүүсээс нуугаа л уншиж билээ. Guilty pleasure :razz:.

Нэлээн сүүлд олж унших гээд Англи хэл дээрх болон Англи хэл дээр орчуулагдсан вампирытай зохиолууд дундаас шүүгээд олоогүй юм. Тэгээд орхичихсон байсан. Сая санамсаргүй энэ сэдвийг хараад асуугаад үзий гэж бодлоо. Баярлалаа Саруул. Тэгж байгаад сайхан уншнаа.


Top
   
PostPosted: Feb.13.13 2:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16353
Эротик гэмээр юм бараг байхгүй дээ

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.13.13 2:25 pm 
Offline
Movie Expert
User avatar

Joined: Jun.08.07 9:54 pm
Posts: 897
Location: Misty Mountains
Саруул wrote:
Эротик гэмээр юм бараг байхгүй дээ



Бага байхад л тэгж бодогдож байсан. Одоо ч элдэв есөн зүйл нь ил болчихсон. Хүмүүс ч тоохгүйн байгаа биз дээ. Хамгийн эротик ямар зохиол уншсан бэ ер нь.


Top
   
PostPosted: Feb.13.13 3:27 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: Dec.01.10 4:35 pm
Posts: 302
Location: УБ
Саруул wrote:
Ороолонгуудыг дараагийн номд болгож өгнөшд хө.

Тэрийг нь умших юмсан.
Jade_Maiden_Art wrote:
Нэлээн эротик зохиол тээ. Нээх хүмүүсээс нуугаа л уншиж билээ. Guilty pleasure :razz:.

Социализмын үед бөгөөд АСАР ичимхий охидууд уншвал жожкоон л үхлийн боорно санагдана л даа гэж мэгээд :P.


Top
   
PostPosted: Jun.25.13 12:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16353
Энэ номыг орчуулж энд оруулж байхдаа уншиж байгаа хүмүүст хөгжилтэй болгох гээд жаахан маазарчихсан хэсэг зохиогоод оруулчихсан байсан юм. Гэтэл kiebook.mn дээр epub болгож тавьсан нөхдүүд тэр чигээр нь оруулчихаж :wahaha:
Дээр тэр epub-ыг татаад iPad руугаа хийчихсэн байж байгаад өнөөдөр сөхөөд хэд гурван хуудас эргүүлж байсан чинь гэнэт тавин градусын цэнхэр Данзка архи, харь гариг, лазерын буу нтр болоод явчихаар нь гайхлаашд :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jun.25.13 3:09 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.20.13 6:12 pm
Posts: 980
Намайг сүүлд уншихад тийм хэсэг огт тааралдаагүй дээ. Одоо бол засчихсан байгаа юм байна тэ.


Top
   
PostPosted: Jun.25.13 3:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16353
Image

:haha:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jun.25.13 7:03 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.20.13 6:12 pm
Posts: 980
Хахаха.


Top
   
PostPosted: Jul.28.13 2:01 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jul.27.13 9:08 pm
Posts: 60
Location: On moon
Гоё төгсгөж чадаагүй ээ..Номын худалдаж авж уншсан.

_________________
www.facebook.com/puckeer


Top
   
PostPosted: Jul.29.13 2:19 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jul.29.13 2:15 am
Posts: 1
ene nomiig unshij bhda shunu bolgon zuudelj bj bile.. odoo ch gsn dundaas n unshhaar shunu n zuudledeg


Top
   
PostPosted: Oct.09.16 4:39 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Oct.09.16 4:28 am
Posts: 6
Ene oruulsan hun ooroo orchuulsan geed bgaa yum u? Nomiig ni avch unshihad oor hunii ner baisan daa. Hunuu ner zeeldehee boliochee


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 143 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited