#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.30.17 2:26 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 143 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Apr.03.11 2:01 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
ХОРЬ ДАХЬ ЗАХИДАЛ

Чамайг ирнэ гэсэнд чинь баярлаад хэлэх сайн үгээ олж ядан байна! Одоо чи миний дэргэд байхаас хойш надад айх юм алга.
Манай үүгээр бүгд амгалан тайван байгааг бушуухан хэлж сэтгэлийг чинь амраая. Ритагийн бие сул, царай нь цонхигор байгаа хэдий ч огт өвчин зовлон тоочихгүй юм.
Эмч хэлсэн үгэндээ эзэн болж манайд ирсэн.
Рита түүнийг элэгсэг дотно хүлээн авлаа.
Өвгөн эмч Ритагаас шөнө нойрондоо ямар байдаг, дотор давчдаж, амьсгал бачуурдаг эсэх, юу зүүдэлдэг гэх зэргийг эвтэйхэн асуулаа.
Рита асуусан бүхэнд торохгүй тайван хариулж байв. Гагцхүү би одоо хүртэл эмчид Ритагийн хүзүүг үзүүлж чадаагүй л байна.

* * *

Рита сүлжмэл торон алчуур хүзүүндээ ороож, этгээд хачин тууз, зангиа зүйх болжээ.
Энэ бүхнээ тайлж сайхан хүзүүг чинь харж сэтгэлээ баясгах боломж надад өгөөч дээ гэж намайг гуйхад:
– Одоог хүртэл надад торон сүлжмэл, тууз байгаагүй, би хэсэгхэн зүүе л дээ гэж тунирхлаа.
Ингэж байгаа хүнийг яалтай ч билээ дээ!
Харин сүлбээр зүүгээр хатгасан шарх чинь эдгэсэн биз дээ хэмээн намайг асуухад уурлаж цочсон мэт мөрөө татвасхийлгээд:
– За мэдээж шүү дээ, үүнийг асуух хэрэг юу байна вэ хэмээн дурамжхан хариуллаа. Рита хуримаа хийх өдрийг хойшлууллаа.
Ойн байшин хүндэт зочноо хүлээн авахад аль хэдийн бэлэн болсон шүү. Удахгүй уулзъя.
Хүндэтгэсэн Д чинь.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.03.11 2:43 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
Уншиж дууслаа.
Бүгд дуугаа хураан дүнсийж, сэтгэл нь тавгүйрхэж, ихэнхийнх нь дотор эвгүй муухай зүйл бодогдоно. Яагаад тэр вэ?
– Ингээд л болоо юу, Карл Иванович, ямар нэг тайлбар алга уу? хэмээн гэрийн эзэн асуухад:
– Энэ боодолд өөр захиа алгаа гэж Карл Иванович хурдхан хариулав.
– Ноёд оо, энэ үлгэр домог уу, солиотой хүний дэмийрэл үү, юу вэ? Эсвэл жинхэнэ бодитой болж өнгөрсөн явдал юм уу? Та бүхэн юу гэж бодож байна вэ?
– Зарим нэг жижиг сажиг зүйлсээр нь хөөж үзвэл энэ хэрэг чиний цайзад болсон юм биш үү, Гарри? Танай энд цус сорогчид үүрлэчихсэн байсан хэрэг үү? хэмээн  зочдын нэг асуухад:.
Гарри дуугарсангүй.
– Та нар нэгэнт л цус сорогч байж болно гэдгийг хүлээн зөвшөөрч, байдаг гэдэгт нь итгэж байгаа юм бол одоо ч гэсэн тэд энд байгаа юм биш үү? гэж өөр нэг зочин Гарригийн өмнөөс хариулав.
– Больж үз, одоо ч гэсэн гэнэ шүү, ноёнтон гуай, та намайг хэн гэж бодоод байна вэ?.
Хэрүүл маргаан ч дэгдэх янзтай боллоо.
Маргагч талууд хэн хэн нь түргэн зантайг мэдэх ахмад Райт даруй хөндлөнгөөс оролцож:
– Байзнаарай, ноёд оо, би өөрөө бунханд орж үзээгүй, гэхдээ Жемс чи тийшээ орж үзсэн, Гарри ч бас. Тэнд Америкаас авчирсан өнөө том чулуун авс байсан уу? гэж асуулаа.
– Байгаагүй ээ, манайд ердөө элэнц гүнтний шарилыг Америкаас авчран гэр бүлийн бунханд оршуулав гэж тэмдэглэсэн сүмийн бүртгэл л бий гэж Гарри хариуллаа.
– Язгууртан гүнтнүүдийг харь газраас гэр бүлийнх нь бунханд авчран оршуулах явдал одоо бол байдаг л зүйл шүү дээ хэмээн Вейс эмч ярианд оролцоод:
– Энэ бүх үлгэр домог шиг юмыг заавал энэ цайзад хамааруулдаг чинь ямар хачин хэрэг вэ. Бүх захидалд чухамхүү Дракула гүнгийн цайзад энэ хэрэг явдал болсон гэх санаа огт байгаагүй. Нэрээ Д гэж тавьсан нь чухамдаа бол «Деронимо» нэрийн товчлол байж болно шүү дээ. Карло гэдэг нэртэй хүнийг дотночлон ингэж дуудах нь элбэг байдаг. Тэгээд ч бунханд өнөө алдар цуутай авс байхгүй байгаа нь чухамдаа бол таны андуурсныг харуулах нотолгоо бус уу гэлээ.
– Өөр захидал байхгүй нь тоогүй хэрэг ээ, хэрэв тийм биш байсан бол бид энэ бүх оньсого тааврын түлхүүрийг олох байсан даа хэмээн Гарри өгүүлэв.
– Шал дэмий юм, ямар юмных нь оньсого байх вэ дээ, энэ бүх захидал бол сайн найзыгаа аятайхан дөнгөж хуримдаа авчрах гэсэн ов мэх биз хэмээн Вейс эмч зүтгэхэд:
– Тоглоом тохуу гэж бодоход хэцүү л байна даа Жемс хэллээ.
– Аа тэгээд, чинийхээр бол эрт урд цагт ч бай хамаагүй цус сорогчид байсан гэж итгэх хэрэгтэй болж байна уу? Тэгж ч ярихгүй шүү гэж хэлээд Вейс эмч Жемсийн өмнө мэхийн ёсолж:
– Харин одоо баяртай ноёд оо, та бүхэнд цус сорогч хатагтайтай учран золгохыг хүсэн ерөөе. Би ч явж унтах минь гэж хэлээд өнөөдөр авчирсан сонинуудаа хаман аваад гарч одлоо.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.03.11 3:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
II БҮЛЭГ

Дөнгөж сая нэгний амийг таслав,
Даруй бас ондоо хүнийг олно,
Орчлон хорвоод амьд явахын тулд,
Олон хүний цусыг сорох хэрэгтэй.
(Цус сорогчийн болзоот бүсгүй)

Нэгдүгээр хэсэг

Цаг хугацаа цахилан өнгөрсөөр.
Өдөр богиносож, эрт харанхуй болдог болов. Гарри итгэлт сайн нөхөд, ирсэн олон гийчдийнхээ хамт Анчдын байшингаас аль хэдийн цайздаа шилжин суужээ.
Цайзад бүх зүйлс нь эмх цэгцтэй сайхан болжээ. Хөрөнгөтэй бэлтэй шинэ эзэн нь гүнтний хаягдаж эзгүйрээд нурах шахсан цайзыг танихын аргагүй өөр болгожээ. Хаалга цонхны дээрх аалзны тор, тоос шороог цэвэрлэж үнэтэй сүлжмэл тор, торгон хөшиг өлгөжээ.
Их танхим, хөргийн тасалгааны шил толь шиг гялалзсан зүймэл модон шалан дээр хөнгөн хөлтэй залуус хүсэл мөрөөдлийн хөөрхөн бүсгүйгээ тэврэнхэн бүжиглэж байна гэж сэтгэлдээ төсөөлөн эргэлдсэн нь цөөнгүй. Бусад өрөө тасалгаанд дорнын зөөлөн сайхан хивс битүү дэвсжээ.
Том жижиг ширээ, ханын тавиурууд дээр ихэнхдээ огт хэрэгцээгүй мэт санагддаг ч баян тансаг ахуйг бүрдүүлэхэд заавал шаардагддаг үнэтэй тансаг тавилга чимэглэл дүүрэн өрөөстэй байна.
Тасалгааны болон гоёл чимэглэлийн цэцэг ургамал ч энд тэндгүй харагдана.
Зоориноос эхлээд дээврийн хөндий хүртэл цахилгаан гэрэл гийж хаа сайгүй саруул сайхан, тохилог бөгөөд хөгжилтэй байлаа.
Өнгөгүй чий будгаар шинээр давхарлан будсан хуучны хөргүүд хүртэл амь орж хуучин жаазнууд дотроосоо найрсгаар мишээх ажээ.
Екатрина Медичийн үеийн захтай даашинз өмссөн үзэсгэлэн гоо бүсгүй ч 1залуусын бүжгийн дасгалаас хоцрохгүй шүү гэсэн маягтай ханан дээрээс амьд мэт инээмсэглэнэ.
Гойд сайхан төгөлдөр хуур, онцгой тансаг бильярдын ширээ, өчнөөн олон төрлийн тоглоом наадмууд дээр өдөржин тоглоод ч барагдахгүй мэт.
Бүх дэлхийн өнцөг булан бүрээс шилж сонгон авчирсан ном сэтгүүлүүдийг сөхөн үзэж ч амжихгүй санагдана.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.03.11 11:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
Ердөө айл хөршүүд болон хотын захиргаанаас зөвшөөрөл авах хэрэгтэй байлаа.
Энэ бол онцын төвөггүй хялбар бүтэх ажил байсан бөгөөд тэгээд ч өнөөдөр үдийн хоолны дараа Гарри зарим эрх баригчидтай уулзаж, цайзад шинээр нүүж ирсний баяраа тэмдэглэх хүсэлтээ гаргахаар төлөвлөсөн байжээ.
Багт наадмыг хошин наргианы байдлаар хийхээр төлөвлөсөн тэрхүү шинэ санаа нь олны сэтгэлийг улам сэргээлээ. Зочид өмсөх хувцасныхаа загварыг хэлэлцэж, ямар оёдолчдоор оёулахаа тогтож хувцасны материалаа захиалцгаалаа. Шуудан болон цахилгаан мэдээгээр өдөр бүр шинэ шинэ тушаал заавар тал тал тийш нь өгсөөр байлаа.
Багт наадмыг энэтхэг орны өнгө аяс оруулан хийхээр төлөвлөж, мэдээж Гарри өөрөө энэтхэгийн баян ноёнтон махранз болохоор болжээ.
Вейс эмч хоёронтоо тодорсон хувилгаан бярман болохыг хүсэж өөрийн нэр хүндийн илэрхийлэл болсон алтан оосор олж өг гэж нэхлээ.
Харин Жемс Рамаяна туульсын нэгэн баатар болохыг зөвшөөрөв.
– Харин ахмад Райт хэн болох вэ? гэж Жорж К. асуухад:
– За даа, ахмад бол Бовами дагинын шавь болвол хамгаас илүү зохино доо гэж Вейс эмч хэлэв.
Зочдын ихэнх нь Бовами дагинын нэрийг анх сонсож буй нь тэр байжээ.
Тэгээд шалгааж гарав. Бовами буюу Калийг Шива бурхны хатан гэж үздэг байна.
Шива бол индус шашны нэг толгойтой гурван нүүрт бурхны гурав дахь нүүр болон дүрслэгддэг бурхан. Шива бол догшин бурхан тул түүний хатанд өргөсөн тахилын цөгцөнд хүний шинэхэн цус байнга байх учиртай ажгуу.
Тахил өргөх ажлыг түүгүүд буюу нууц тонилгогчдын бүлгийнхэн гардан хариуцна.
– Тэнгэрийн дагинад цаг үргэлж хүний шинэхэн цусаар тахил өргөнө гэж юу гэсэн үг вэ! Энэ чинь ёстой үлгэр байлгүй. Та биднээр даажигнаж байна! гэлцэх сонсогдлоо.
– Тийм ээ, гэхдээ энэ үлгэр олон ч хүний толгойд хүрсэн юм шүү. Райтаас асуу. Жемми тэр хоёр та нарт энэ талаар жаал зугаа юм ярьж өгч чадна гэж Вейс эмч огт тоглосон шинжгүй хэллээ.
– Ахмад Райт аа, та ийм амь дүйсэн адал явдал туулсан хирнээ тэр тухайгаа ярихгүй дуугүй суугаад байх хүн үү…
– Үгүй яах вэ дээ, ярьж болох л юм. Гагцхүү сүүлд нь энэ чинь зүүд үү, эсвэл ховсдуулсан юм уу, хий үзэгдэл үү, учрыг нь тайлбарлаадах гэж нэхэхгүй гэсэн ганцхан болзолтойгоор шүү… Би өөрөө ч сайн мэдэхгүй байгаа юм гэвэл:
– Юуг нь мэдэхгүй байх вэ дээ!
Энэ чинь үнэн юм чинь хэмээн Жемс дэргэдээс оролцов. Райт ярьж эхэллээ:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.04.11 1:18 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
АХМАД РАЙТЫН ХҮҮРНЭЛ

18... оны эхээр манай хороо Делигээс холгүй хуарагнаж байлаа. Та бүхний харж буйгаар энэ явдал Энэтхэгт болсон юм. Биднийг байрлуулахаар тэндхийн нэг бурхны хаягдсан сүмийг цэцэрлэгийн хамт гаргаж өглөө.
Тэрхүү цэцэрлэг нь тансаг сайхан цэцэгс дүүрэн ургасан, далдуу, агар, агч тэргүүтэн халуун орны моддын их биеийг ороонго ургамал битүү ширэлдэн ургаж, сармагчин, могой зэрэг ан амьтад хүний нүднээс далд амгалан тайван орогносон, мод ургамлын сэрүүн сүүдэр ихтэй гайхамшигтай цэцэрлэг байлаа.
Хурандаа өөрөө хөнгөн маягийн зуны жижиг байшинд суух бөгөөд офицерууд бид мөнөөх сүмийн байшинд амьдарна. Үгүй яах вэ, дажгүй сайхан л байсан.
Зузаан чулуун хана нь халуун орны, нохой гаслам халууныг бага ч болов бууруулж, нарийхан цонхоор нь цэнгэг агаар хангалттай орж ирдэг байлаа.
Зөөлөн сүлжмэл дэвсгэртэй, урдуураа сиймгэр хөшигтэй орон дээр нь шөнөжингөө тайван унтаж болно.
Тансаг сайхан хоол унд, чанар сайтай элбэг арвин архи дарс нь бидний жаргалтай амьдралыг бүр ч таатай болгоно.
Гэхдээ маш уйтгартай, бүр уйдаж үхэх гэж байсан тул бидний сэтгэл дундуур л байсан даа. Уулзаж ярих хүн амьтан, уншчихаар аятайхан ном ч байхгүй, хамгийн гол нь эмэгтэй хүний бараа харахгүй байна гэдэг тун уйтгартай.
Зугаа цэнгэлээр дүүрэн Дели хот дэргэдхэн байх авч цагийн байдал ороо бусгаа байсан тул тийшээ явах боломж бараг байхгүй, явсан ч даргаасаа чөлөө зөвшөөрөл авч явна, тэр ахархан хугацааны чөлөөгөө дуртай дургүй өгнө.
Бид тун их уйдаж байлаа.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.05.11 1:28 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
* * *

Мөрийтэй тоглоом ихдэж, дарс хэтрүүлэн уусан нь дадаж дасаагүй аагим халуунтай хавсраад бидний зан ааш, ухаан санааг бүр тогтворгүй болгоод байх шиг.
Бидний яриа хөөрөө ч сонссон хүн дуугүй л толгой дохин итгэхээс аргагүй тийм үнэмшилтэй, уран сэтгэмжээр дүүрэн байдаг байлаа.
Энэтхэг газар олон жил амьдарсан, урд нь офицер байгаад нутгийн нэгэн сурвалжит ноёны хүргэн болж одоо өөрөө ч өргөн уудам тариалангийн баян эзэн болсон нэгэн эрхэм биднийг яг уйдаж үхэхийн даваан дээр очоод байхад манай хуаранд ирлээ.
Тэр эрхэм уг нь манай хороон даргатай уулзаж ажил хэрэг ярихаар ирсэн боловч офицерууд бүгдээрээ түүнийг ганц хоног зочлон саатаж нөхөрсөг сэтгэлийн зоог бариач гэж гуйж хоргоосонд тэрээр эрхгүй зөвшөөрлөө.
Орой нь сүмийн гол танхимыг үдшийн зоогт зориулан чимж, найрын ширээ заслаа.
Зоогийн ширээг хотойтол болор сав суулга, мөнгөн эдлэл, халбага сэрээ өрөөгүй боловч орчин тойрны нөхцөл байдал нь үнэхээр үлгэр туульсад л гардаг шиг үлэмж сайхан байлаа.
Сүмийн хана туурганд асар том заан, алаг эрээн бар, аварга ногоон могой гэх мэт үлгэр домогт гардаг аюумшигт амьтдыг зурсны завсраар үзэсгэлэн гоо эмс охидыг эр хүний сэтгэлийг хөвсөлзүүлэм байдлаар дүрсэлжээ. Харин эргэн тойрон халуун орны ургамлуудыг төрөл төрлөөр нь зурсан байх бөгөөд бадамлянхуа цэцгийг түлхүү дүрсэлжээ.
Хурц тод будгаар шинэхэн зурсан тэр бүх үлгэрийн ертөнц лааны сүүмэлзсэн гэрэлд амилан хөдлөөд ч байх шиг санагдана.
Тэдгээр зургуудыг толигор бус овгор товгор ханан дээр зурсан учраас бүр ч амьд юм шиг болжээ. Зарим амьтад гүнзгий хонхорт нуугдсан байхад зарим нь сүмийн адрыг тулсан асар том багануудыг ороон тодхон дурайх ажээ.
Хойд талын ханын дэргэд өмнө нь ямар нэг бурхан залж байсан бололтой гантиг чулуун хоосон суурь бий.
Найр эхэлж, архи дарсыг ч ахиухан хүртэцгээлээ. Оройн зоог барьж дуусах тийшээ хандаж байв.
Амтат нарийн хоол, архи дарс гээд одоо болтол ам нь завгүй байсан манай зочин ханын зургийг сая нэг юм анзаарч харлаа. Харсан дорхноо царай нь хувхай цайгаад хэсэг дуугүй болчихлоо.
– Хурандаа, танайхаас хүмүүс алга болдоггүй биз? гэж гэнэт палхийтэл асуулаа.
Энэ асуулт тун жигтэй санагдсаныг хэлэх юун.
– Энд байх хугацаандаа бид гурван хүнээ алдсан. Хоёрыг нь бар аваад явсан, харин нэг нь бидний бодож байгаагаар бол усанд живсэн болов уу гэж хурандаа хариуллаа.
– Үгүй яах вэ, бас ч гэж өршөөнгүй хандаж! гэж зочин өөртэйгөө ярих мэт амандаа бувтналаа.
Оройн зоог буюу үнэндээ бол архидаан цааш үргэлжлэв. Удалгүй бүгдийнх нь ам ч халаад ирлээ.
– Ноёд оо, бид яг одоо чухам хаана найрлаж байгааг мэдэж байна уу? гэж зочин гэнэт асуугаад.
– Энэ чинь Бовами дагинын сүм шүү дээ. Энэтхэг газрын хамгийн догшин, хэрцгий дагина.
Ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй дагина мөн боловч тахилын ширээн дээр нь хүний уур савссан халуун цус тавиастай байх ёстой гэдэг. Тэр цус нь харийн хүнийх байна уу эсвэл хамаг бүхнээ бурхандаа зориулах гэсэн халуун шүтлэгтнийх байна уу ер хамаагүй. Тун саяхныг хүртэл энд аймшигтай цуст тахилга болдог байсан юм.
Тахилд өргөсөн хүн дагинын хөлд цусаа асгаруулан хэвтэхүйд сүмийн зарц, зөвхөн өөрсдийн үс гэзэг, бадамлянхуа цэцгийн дэлбээ төдийгөөр биеэ халхалсан бүжигчин хүүхнүүд бурхны суурийг тойрон бүжих нь амьд цэцгэн хэлхээг санагдуулна. Тэд аяархан хөдөлж нүцгэн биеийнхээ төрх байдлыг янз бүрээр хувирган дэлбээгээ нэгэнтээ дэлгэн нэгэнтээ хумих амьд цэцгэн хэлхээ болох бөлгөө. Хаа нэгтээгээс хүсэл сэтгэлийг гижигдэм намуухан хөгжим эгшиглэнэ… Тэр хөгжмийн эгшгэнд амь тавьж буй хүний орилоон дарагдахгүй харин ч бүр тодрон сонсогдох ажээ. Арц хүжийн анхилуун үнэрт утаа суунаглан амьд бүхнийг мансууруулан униартана.
Эцэст нь өнөө зовлонт хүний хоолой хоржигнон сүүлчийн амьсгаагаа авахад хөгжим ёслол төгөлдөр, ялгуусан сүртэй нижигнэж, бүжигчин хүүхнүүд албин тийрэн шиг, галзуурсан мэт татвалзан бүжлээ.
Бамбарын гал ч бөхөж бүх зүйлс хөл толгой нь мэдэгдэхээ больж эх захаа алдлаа.
Ирсэн зочин чанх урагшаа гөлрөн байж энэ бүхнийг чимээгүйхэн өгүүлээд дуугүй болов.
Нам гүм боллоо.
Яг л энэ танхимд тахилын золиос болж тарчлан зовсон хүмүүсийн цуст сүүдэр найрлаж буй хүмүүс дээр туссан мэт чимээгүй болчихов... Тэгснээ:
– Энэ сүмийг Бовами дагинын сүм гэж та яаж мэдсэн юм бэ?
– Та өөрөө тэр тахилын ёслолд оролцсон юм биш биз? гэх мэтээр зочныг тал талаас нь шалгааж эхлэв.
Зочин нэг аяга рашаан ус уугаад тэр дороо архи нь гарчих шиг болж мушилзаад дээрх асуултуудад:
– Ноёд оо, танай сайхан дарсыг ууж бяцхан хөлчүүрхсэндээ «Яриад бай, яриад бай, давс хужрыг нь л харин тааруулаарай даа!» гэж дуулмаар л болчихлоо доо гэсэн нэг л өгүүлбэрээр хариу барив.
Хариуд нь бүгд нирхийтэл нэгэн зэрэг нөхөрсгөөр инээлдлээ.
Тэгээд Бовами дагиныг хэрхэн тахидаг тухай яриа өрнөлөө. Энэтхэгт олон жил амьдарсан нэг хүн тийм цуст тахилга үнэхээр байдаг гэдгийг батлав.
– Би гол тахилгыг газар доорх сүмд хийдэг бөгөөд тахилд өргөх золиосны хүнийг түүгүүд буюу тонилгогчдын нууц бүлгийнхэн олж аваачдаг гэдгийг дуулснаас цаашгүй. Бас тахилд өргөх хүмүүсийг газар доорх тусгай байранд хорьж байгаад хэрэг болсон үедээ сүмд орших шүтээний хөлд аваачиж бодийг нь хөтөлдөг байсан гэнэ билээ.
– Тийм шүү, Энэтхэгийн сүм бүр доороо зоорьтой, түүнийг нь тахилч, тайлгач нар л мэддэг юм. Харин тэнд бас шорон байдаг юм бол гайхаад байх юм огт алга гэж нэг офицер хэллээ.
– Зоорь ч бай, цуст дагина ч бай хамаа алга, харин тэр бадамлянхуа цэцгийн дэлбээнээс өөр хувцасгүй бүжигчин хүүхнүүдээс чинь арав гаруйг энд аваад ирэх юмсан! гэж залуухан бага дарга мөрөөдөнгүй өгүүлэв.
– За даа, алт мөнгө нь байвал ч авгай хүүхнүүд захаас авахуулаад замаар дүүрэн бий дээ хэмээн нэгэн ахимаг настай офицерын хэлэхэд:
– Манайдаа ахмад Райт л хамгийн баян хүн, алт мөнгөнд ч гар татахгүй! хэмээн өнөө бага дарга дуу алдлаа.
Би дүүрэн алтан зоостой хэтэвчээ гаргаж ирээд сэгсчиж:
– Хоёр бүжигчин хүүхэнд энийг тавья, илүү ихийг тавих хүн байна уу! гэлээ. Алтны бараа хараад бүгдэд нь хөзөр тоглох санаа төрж, тэр дороо хэсэг хэсгээрээ хуваагдаж, мөрийгөө тавьцгаан тоглож эхэллээ.
Жексон бид хоёр хөзөр тоглохоос татгалзаж сүмийн багануудын дундуур явсаар цэцэрлэгт очлоо. Хүрэл мэт хүрэн биетэй энэтхэг зарц бидэнд навчин тамхи авчирч, бид ч тамхиллаа.
– Хөөе, энэ тамхинд ямар нэг юм хольчихсон байна, Райт аа хэмээн Жемс хэллээ.
Тэр тамхи нэг тийм содон сайхан амттай болохыг би өөрөө ч мэдрэв. Хамгийн гол нь тэр тамхийг сорох бүрд толгой мэнэрэн шуугиж, хаашаа ч юм бэ явмаар болж, нэг юм хүсээд ч байх шиг болох ажээ.
Янаг амрагийн явдлыг хүсэмжлэв үү, адал явдал эрэлхийлнэ үү, ямартаа ч зүрх минь хүчтэй лугшиж, сэтгэл хөөрөөд ирлээ.
Бид хоёр түшлэгтэй гүнзгий сандалд тухлан сууж байлаа. Биднээс хоёрхон алхмын цаана орших нэвтэршгүй ширэнгэ ойн дундаас харанхуйд хоёр нүд гялалзан харагдлаа… бар биш байгаа гэх бодол зурсхийн орж ирлээ.
Үгүй ээ, хүн байна. Яг үнэндээ бол хүрлийн өнгөтэй хүрэн улаан арьстай, бэлхүүсээ тойруулан маалинган даавууны өөдөс унжуулсан, ясан хэдрэг шахуу болсон хүн байлаа. Нүүр царай нь чулуу мэт хүрлийж зөвхөн нүд нь л амьд гялалзах ажээ.
– Хэтэвч, бүжигчин хүүхнүүд, нууц гэж тэр ясан хэдрэг ойртон ирээд над уруу тонгойн хэлэв. Тэгэхнээ Жемс ч мөн тэдгээр үгсийг сонсож орхиод ухасхийн босож миний гараас шүүрэн авч:
– Явцгаая, очиж үзье! гэх нь тэр…

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.05.11 2:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
* * *

Өнөө ясан хэдрэг хэтэвчийг минь шүүрэн аваад хуруугаа уруул дээрээ аваачин чимээгүй бай гэж дохиод биднийг дагуулан явлаа.
Бид сүмийн хана, мод бутны хоорондох нарийхан завсраар шурган явсаар хажуугийн хаалгаар сүмд орлоо. Эндээс манай нөхдийн инээж шуугилдах сонсогдож, өнөө том багануудын ард байгаагаа бүүдгэр гэрэлд ч мэдэж болохоор байв.
Нууцлаг хөтөч маань нэгэн үл үзэгдэх пүршийг дарахад зааны урт том хошуу аяархан дээш сөхөгдөн онгойж цаанаас нь давчуу нарийн хаалга, дорогш одсон огцом шат харагдлаа.
Нарийхан эгц эргүүлгэн шатаар бид удаан уруудаж эцэст нь харанхуй гудамд гарч ирцгээлээ. Тэртээ алсад нэгэн гэрэлт цэг анивчиж байна.
– Чимээгүй! гэж манай газарч шивэгнээд бид түүнийг даган хий сүг аятай гулсах мэт чимээгүйхэн урагшлав.
– Хүлээж бай гэж манай хөтөч дахин шивэгнээд биднийг орхин одлоо. Халуун ногооны эхүүн үнэр нэвт шингэсэн зоорины агаарт бидний толгой улам эргэлээ.
Хэсэг хугацааны дараа бидний тэвчээр барагдаж эхлэв.
Харин бидний өмнө өнөө гэрэл даллан дуудах шиг сүүмэлзсээр.
– Урагшаа, дахиад л урагшаа!
Эцэс төгсгөлгүй мэт урт гудмаар явсаар нэгэн том танхимд орлоо. Баруунтаа, зүүнтээ хаашаа ч харсан алтан дүрсээр чимэглэсэн үй олон хар гантиг багана эгнэсэн асар том харанхуй танхим байв.
Орцгоолоо.
Бидний өмнө алтан хоргойгоор хийсэн зузаан хөшиг унжих нь хана мэт харагдана. Дээдэх дугуй нүхээр гэрэл тусаж танхимыг үл ялиг гэрэлтүүлэх бөгөөд гудмаас харагдсан гэрэлт цэг нь энэ байжээ.
– Урагшаа! Хөшигний цаана гармагц бидний нүд гялбан өөрийн эрхгүй зогслоо. Тунгалаг ягаан молор хана байх бөгөөд тэр хананаас юм уу эсвэл хананы цаанаас нэвт тусах ягаавтар шар гэрэл солонгорон долгилоод, тэрхүү шар ягаан гэрэл нь адраас тусах хөхөмдөг гэрэлтэй уусан холилдож урд үзэгдээгүй, ид шидийн мэт сонихон мэдрэмж төрүүлэх ажээ.
Шалан дээр хөвсгөр торгон хивс дэвсэж, бадамлянхуа цэцгийн шинэхэн дэлбээ цацжээ.
Бидний өмнөх жижигхэн өндөрлөг тавцан дээр орчлон хорвоод баймгүй үзэсгэлэн гоо хүүхэн зогсож байна. Чармай нүцгэн ажээ. Өтгөн хар үсээ эхлээд дээш нь шууж тэгснээ дөрөв салаалан сүлжиж толгойдоо туяаран гэрэлтэж харагдах эрдэнийн чулуун титэм тавьжээ. Хоёр салаа гэзэг нь нүүрнийх нь хоёр хажууг хөвөөлөн явсаар том сайхан хөхөн дээгүүр нь унжиж, нөгөө хоёр салаа гэзгээ нуруугаа дагуулан унжуулжээ.
Хүзүүний зүүлт, ташаагаа тойруулсан бүс нь ч мөн эрдэнийн чулуу байлаа. Хөлийнх нь шагайг маргад-индранил могой ороож тавхай дээр нь толгойгоо тавьжээ.
Тэр хүүхэн тунгалаг цэнхэр бадамлянхуа цэцэг гартаа барьсан байв.
Үнэт эрдэнийн чулуун гоёл чимэглэл нь солонгорон гялалзах хэдий ч түүний тормогор хархан нүд нь бүр ч илүү гялалзах ажээ. Хачин сайхан хоёр нүд нь асар том хос од шиг үзэгдэнэ! Шүрэн улаан уруулаа жимийжээ. Нүүрний төрх, биеийн галбир нь ямар ч өөгүй, үзэсгэлэн төгөлдөр юм!
– Гоо үзэсгэлэнгийн охь манлай болсон үзэсгэлэнт бүсгүй минь чи хэн юм бэ! Чи тэнгэрийн дагина ч бай, тамын хатан ч бай бид чиний үнэнч боолууд хэмээн хэлээд түүний үзэсгэлэн гоод мансууран өвдөг сөгдлөө.
Гайхамшигтай үзэсгэлэнт хүүхэн инээмсэглэж зөөлөн хөвсөөр ойртож ирээд гуа сайхан цагаан гараа өргөн тунгалаг цэнхэр бадамлянхуа цэцгээрээ бид хоёрын зүүн мөрөнд хүрэх тэрхэн эгшинд бид хоёр ухаан алдан уналаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.05.11 2:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
* * *

Тамын оронд ирчихээ юү гэлтэй орилж хашгирах, гаслан ёолох чимээнээр бид ухаан орон сэрвэл мөнөөх хар баганат танхимын голд хүлээстэй хэвтэх бөгөөд биднийг тойроод шар чөтгөр шулмууд ганиран галзуурч байлаа. Өрвийж сөрвийсөн үстэй, эцэнхий царайтай хүмүүсийн дүр төрх бөөн хар утаан дотроос жинхэнэ тамын элчүүд шиг харагдаж, тэнд бөөн хэнээтэй шүтлэгтнүүд, хэрмэл илбэчин, мэхчин гохчид байхыг бид төвөггүйхэн танив.
Тэдний учир зүггүй орилоон шуугиан дундаас:
– Дагиныг маань доромжиллоо! Нүгэлтнүүдийн цусаар дагинаа тахья, тахья! гэж орилолдохыг ялгаж болохоор байлаа.
Биднийг хаа нэг тийш нь чирч гулдран аваачиж тас харанхуй болов.
Дахиад л бамбарын гал сүүмэлзэн асаж, төдөлгүй өөр нэг зураг тодорлоо.
Бид үнхэлцгээ хагартал айж хөдөлж ч чадахаа болив! Бидний өмнө догшин Бовами дагина дүрээрээ зогсож байлаа… Эргэлзэх юм огт алга.
Хар гантиг чулуугаар болхидуухан урласан чулуун бүсгүй байна. Хар хүзүүндээ хүмүүний шинэхэн хохимой толгойгоор эрх сүвлэн зүүж, хүний гар хөлийг хэлхэж хийсэн бүсээ цацаг чимэг шиг унжуулсан байх бөгөөд тэрхүү бүс нь хар, шар, цагаан арьстай, том, жижиг хүмүүс, хүүхэд эмэгтэйчүүдийн гар хөлөөс бүтжээ. Тэр бүхэн нь ялзарч муудаж амжаагүй шив шинээрээ байна!
Чулуун дагина лужир том тавхайгаараа хүний толгой гишгэжээ. Тэр нь бар аваад явчихсан гэж бидний бодож байсан манай цэргийн толгой мөн байхыг бид танилаа. Дүүрэн шархтай биеэс нь цус годгодон урсаж цусанд дуртай шүтээний суурийг даган тунарч, амь нь хараахан гараагүй бие нь татвалзан байна.
– Дагинаа тахья, тахья хэмээн өнөө тамын амьтас хашгиралдаж биднийг хоромхон зуур нүцгэлэв. Гарцаагүй үхэх болжээ.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.05.11 2:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
* * *

Ямар гэгчийн азгүй үхэл вэ! Жигшүүртэй, зэвүүн муухай шүтээний хөлд галзуурсан хэнээтэй шүтлэгтний гарт хутга мэсэнд сүлбүүлэн алдар нэр ч үгүй, ичгүүртэйгээр үхэх нь!
Ийм л хувь тавилантай байж дээ.
Бид зэрэгцэн хэвтэж, би унтарсан навчин тамхиа амандаа хэмлэн, Жемми дуугаа хураажээ.
Нэгэн өндөр туранхай бярман бидний дэргэд ирлээ. Толгойдоо алтан бүслүүр углаж, хэлхгэр цагаан нөмрөгөө нарийхан оосроор бүслэж, гартаа тахилын том хутга барьжээ.
Нүдээ анилаа.
Гэнэт үхээрийн нам гүм болов. Өнөө тахилч аймшигт хутгаараа далайн өндийснөө гэнэт нүүрэнд нь айж бас гайхсан байдал тодорч, төдөлгүй тахилын хутга нь шал дээр хангинан унах нь тэр.
Эхлээд мөнөөх тахилч, тэгээд бусад нь бүгдээрээ өвдөг сөгдөн унаж «Дагинын таалалд нийцсэн хүмүүс байна, таалалд нийцсэн хүмүүс байна!» хэмээн хашгиралдлаа.
Биднийг болгоомжтой өндийлгөн босгоод хүлээсийг тайлж, зөөлөн торгон хувцас өмсгөн тэндээс авч явав.
Бид хоёрыг анхилуун тансаг сарнайн дэлбээгээр бүрхсэн зөөлөн орон дээр хэвтүүлж, эргэн тойрон арц хүжийн утаа суунаглаж, яруу сайхан хөгжим эгшиглэв.
Бидний өмнө түрүүчийн үзэсгэлэн гоо бүсгүй байж байх хэдий ч хурц тод гэрэлд харвал амьд бүсгүй биш, хөшөө чулуун баримал байлаа.
Түүнийг тойроод олон сайхан залуу хүүхнүүд эргэлдэн бүжиглэх нь сүмийн бүжигчин хүүхнүүд ажээ. Гар хөлдөө зүйсэн бугуйвчнууд нь хөдлөх бүрд нь хөгжим мэт яруухан эгшиглэх бөгөөд цэцгийн дэлбээ төдийхнөөр хувцасласан нь нүцгэн биеийг нь улам тодруулах ажгуу.
Хүүхнүүд биднийг тойрон бүжиглэж дэргэд ирээд хув аягатай ундаа өглөө. Цээж дотрыг уужруулан сэрүүцүүлсэн, ямар сайхан амттай ундаа гэгч вэ! Бурхдын ундаа л ийм байдаг байх даа.
Биднийг тойрон бүчиж, энхрийлэн илж таалж, цугтаа бүжиглэцгээлээ. Тэнгэр бурхдын орны дарсаа дахин бидэнд барьж, дахин биднийг үнсэн тааллаа…
– Ноён ахмад аа, ноён ахмад аа! Нүдээ нээвэл миний өмнө зарлага цэрэг зогсож байна.
– Ноён ахмад аа, даргын тушаал гээд нэг дугтуйтай бичиг өгөв.
Юу болоод байгааг сайн ойлгосонгүй, юутай ч өндийн суулаа.
Өдөр болжээ. Бид манай унтлагын өрөөнд байх ажээ. Жемс орон дээрээ тайван унтаж байна. Дугтуйг нээж захидлыг үзвэл хэдэн цагийн дараа хөдлөх тушаал байлаа.
Зүүдэлж байснаа сая нэг юм ухаарав.
– Жемс, Жемс, давших тушаал иржээ, босоорой хэмээн би найз нөхрөө сэрээв.
Жемс ухасхийн босоод миний өөдөөс гайхшран ширтлээ.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.05.11 3:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
– Түй, чөтгөр чамайг, үгүй энэ чинь зүүд байж шүү дээ! гэж тэр эцэст нь нэг юм дуугараад
– Өчигдрийн янжуур хар тамхины хольцтой байж, намайг мөн ч аятайхан чадлаа даа! гэв.
Би түүнийг шалгааж эхлэв.
Жемс «миний» зүүдийг надад ярьж эхэллээ.
Тэгээд дундаа орж байхад нь би түүний яриаг таслан цааш үргэлжлүүлэн ярьсанд Жемс амаа ангайлгаж, нүдээ бүлтийлгэн гайхаж чи миний зүүдийг яаж мэдээд байна вэ хэмээн гайхаж байна. Учир байдал нь бага багаар тодорхой болж бид хоёр яг адилхан зүйлийг маш тодорхой зүүдэлснээ мэдэлцэв.
Ийм юм байж болох уу гэдэг асуулт гарч ирлээ.
Удалгүй аян замд бэлтгэх тушаал цэргүүддээ өгөөд хажуугаас орох хаалга байгаа эсэхийг хайж сүмийн ханыг сайтар үзлээ. Харин сүмийн хананд хаалга байтугай ан цав ч алгаа.
Сүмийн доторх багануудыг ч нарийвчлан шалгав.
– Үгүй ингэхэд таны хэтэвч хаана байна вэ хэмээн Жемс гэнэт санаж асуув.
Халаасандаа, ширээн дээр, ер нь хаа сайгүй эрээд хэтэвчээ олсонгүй. Тэр өдрийн жижүүр цэргээс асуувал найрын танхимаас нэгэн зарцын олсон хоосон хэтэвч авчирч өглөө.
Удалгүй аянд гарах бөмбөр нүдэж бидний сонирхлыг тэгтлээ татсан сүмийг орхин явахаас аргагүй болов.
Ингэж яриад ахмад Райт дуугүй болов.
– Ингээд л болоо юу? гэж зочдын нэг нь урамгүйхэн асуухад:
– Бүр ч юм уу эсвэл бараг ингээд л гүйцлээ гэж Райт хариулав.
Тэр явдлаас хойш бүр нэг сарын дараа далайн усанд шумбаж байгаад Жемс бид хоёр бие биенийхээ мөрөн дээр ийм нэг юм байхыг олж үзсэн юм гээд гадуур хувцсаа тайлж цамцныхаа энгэрийг яран мөрөө гаргаж үзүүлэв.
Ахмадын цагаан мөрөн дээр бадамлянхуа цэцэг шивсэн байхыг тэнд байсан хүмүүс бүгдээрээ үзлээ.
Сайхан цэнхэр өнгөтэй бадамлянхуа цэцгийг үнэхээрийн амьд мэт дүрсэлжээ.
– Ахмад аа, та бидний толгойг аятайхан эргүүлээд байна аа даа гэж нэгэн өвгөн зочныг асуухад:
– Элдэв тайлбар шаардахгүй гэсэн болзлоо санаж байгаа биз гэж Райт огцомхон хариулаад эсэн бусын юм асууж шалгаах замыг хаалаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.06.11 1:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
ХОЁРДУГААР ХЭСЭГ

Багт наадмын өдөр боллоо.
Өглөөнөөс авахуулаад зочид гийчид, зарц үйлчлэгчид ялгаагүй хэн бүхний сэтгэл догдлон хөл хөөртэй байлаа.
Ойрд тэргэл сар гарч саруулхан шөнө болж байгаа хэдий ч цэцэрлэгт олон дэнлүү өлгөж, дэнгийн суурь тавьжээ.

* * *

Угаас шил толь болсон хээнцэр танхимуудыг ногоон мөчрөөр чимэглэж, гацуур, царс моддын тод ногоон шилмүүс, навчис нь цахилгаан чийдэнгийн цагаан гэрлийг улам хурц тод болгожээ.
Олон өрөө тасалгаанд халуун орны далдуу, агч моддын мөчир дор бусдын нүднээс далд сэтгэлийн үгээ хэлцэж болох буйдхан булангуудыг засаж бэлджээ.
Амтат идээ, зууш, архи дарс өрсөн урт урт ширээнүүд хүнд ачаагаа дааж ядан хотолзоно.
Энэтхэг сүмийн хэлбэртэй, оргилуун дарс, сэрүүн ундаа, амтат жимсээр дүүрэн жижиг мухлагууд энд тэндгүй харагдана.
Эмэгтэйчүүдэд зориулан тавьсан хамгийн урт ширээний дээрх хананд Америкийн далбааг хээнцэр сайхнаар урлан, тэлж тогтоосон байх бөгөөд цэнхэр торгон дэвсгэр дээр шижир алтаар таван хошуунууд хийн хатгажээ.
Гарригийн тушаал ёсоор өвлийн цэцэрлэгийг бүүдгэрхэн гэрэлтүүлж, сэрүүхэн байлгахын тулд салхивчуудыг нь онгойлгожээ.
Смитт, Миллер хоёр зарц үйлчлэгчид, хөгжимчдөд сүүлийн тушаал заавраа өгөн шатаар дээш доошоо нисэх мэт хурдлан гүйсээр.
Гал зуухны газар тогооч нар хийгээд тэдний туслахуудаар дүүрчээ.
Зочин гийчдийн сэтгэл ч мөн догдолж, хүн бүр өөр өөрийн хувцас, гоёл чимэглэлээ бэлдэцгээгээд огт завгүй. Заримынх нь захиалсан хувцас хотоос хараахан ирээгүй, заримынх нь гутал багадсан гэх зэргээр сандарч тэвдсэн хүн ч мундахгүй ажээ. Вейс эмч «хоёронтоо тодорсон хувилгаантны» алтан оосор арай л нарийхан байна гэж үглэнэ. Үсчид болон оёдолчдыг тал талаас нь гуйж шалан бүчиж, тэднийг хэдэн хэсэг тасдаад хаях нь холгүй байлаа…
Гарри ч бас Энэтхэгийн сурвалжит язгууртны хувцсаа өмсөж тааруулах гээд завгүй байна. Ахмад Райт Гарригийн өөдөөс харан навчин тамхиа баагиулан түшлэгтэй зөөлөн сандалд тухалж, харин Жемс Гарригийн тал талд гаран санаа тавин гүйх ажээ.
– Маш сайхан зохижээ, чи ёстой жинхэнэ баян махранз боллоо! Одоо чиний дэргэд бараа болон бүжиглэх арваад энэтхэг хүүхэн л хэрэгтэй байна даа хэмээн тэрээр дуу алдлаа.
– Харин миний бодлоор бол малгай хийгээд энгэртээ аль болох олон алмааз эрдэнэ, ер нь аль болох олон эрдэнийн чулуу зүүвэл гэмгүй шүү гэж Райт хэлэв.
– Энэ ч үнэн шүү гэж Гарри зөвшөөрөөд, – үгүй тэгээд яг одоо хаанаас олох хэрэг вэ? гэж асуухад:
– Байзаарай, Гарри чи Анчдын байшинд бид очсон анхны өдөр, мөнөөх өөд болсон хүүхний өрөөнд шүүгээн дотор эрдэнэсийн хайрцаг байсныг санаж байна уу? Овоо хүнд хайрцаг байсныг бодоход дотор нь лав бүсгүй хүний үнэт гоёл чимэглэлийн зүйлс байгаа байх гэж Жемс сануулан хэлэв.
– Аа нээрээ, тийм л дээ, чиний хэлдэг зөв шүү Жемми, одоохон Смитийг тийш нь явуулъя гэж Гарри хэлээд даруй ёсоор болгов.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.06.11 1:51 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
* * *

Смитийг Анчдын байшин уруу явуулж хагас цагийн дараа гэхэд хайрцгийг хэдийн авчирсан байлаа. Эрдэнэсийн хайрцаг нь маш сайхан, уран нарийн хийцтэй юм.
Гэвч манай залууст хайрцгийн нарийн сайхан хийцийг үзэж суух зав байсангүй тул шуудхан онгойлгох гэж яарлаа. Гэвч онгойлгох гэж оролдоод оролдоод барсангүй. Ил харагдах цоож, түгжээ огт харагдахгүй хирнээ таг нь огт хөдөлсөнгүй аж.
Гарри хайрцгийг гартаа эргүүлж тойруулан үзлээ.
– Яасан харамсалтай хэрэг вэ, өмнө нь мэдэж байсан бол дархан дуудуулах байж л дээ гэж харамсангуй хэлэв.
Ахмад Райт ч мөн хайрцгийг гартаа барьж, эргүүлж тойруулж үзээд:
– За даа, дархан байлаа гээд тус болно гэж үү, ил цоож, түгжээ огт алга байна шүү дээ гэв.
– Алив байзаарай, би нэг үзээдэхье гэж хэлээд Жемс хайрцгийг авлаа.
Нэг газар нь дарахад хайрцаг онгойж уянгалаг хөгжим эгшиглэлээ. Ээ, гялай!
Гарри, Райт хоёр хувцас хунартаа санаа тавиад Жемс эрдэнэсийн хайрцгийг хэрхэн тун амархан онгойлгосныг анзаарсан ч үгүй. Тэд Жемс хайрцгийн нууц түгжээг хаанаас олж мэдсэнийг асууя ч гэж бодсонгүй.
Харин Жемс өөрөө хөмсгөө үл ялиг өргөсөн нь түүний толгойд ямартаа ч нэг бодол төрсний шинж билээ.
Өнөө хайрцаг дотроо хэд хэдэн тасалгаатай, тасалгаа бүр эртний урлагийн бүтээл болсон бөгж, бугуйвч, ээмэг, хүзүүний сондор зэргээр дүүрэн байх бөгөөд бүгд өөр өөрсдийн үүрэнд байх ажээ.
Тун нямбай, эмх цэгцтэй юм.
Дунд эгнээний нэгэн үүрэнд ямар нэг шүр юм уу эсвэл шүр шиг бөөрөнхий зүйлээр хийсэн хүзүүний зүүлт дутуу байх шиг, жижиг жижиг дугуй ором гарсан нь хоосон байна. Доод эгнээнд бас том хоосон зай байна. Тэнд юу байсныг тодорхойлж хэлэхэд хэцүү юм.… Эмэгтэй хүний том сам байсан болов уу гэж хэлж болмоор ажээ.
Харин түүний байранд эмэгтэй хүний гараар дүүртэл нь бичсэн бололтой нэгэн жижиг дэвтэр байна.
Нөхөд түүнийг нээж үзээд ямар хэл дээр бичсэнийг нь мэдэж чадсангүй.
– Италиар л бичсэн байх ёстой доо гэж Жемс хэлэв.
– Энэ дэвтрийг Карл Ивановичид өгч орчуулуулъя, харин одоо таарч тохирох гоёл чимэглэлээ шилж сонгох хэрэгтэй байна гэж Гарри шамдан хэлээд дэвтрийг байсан газар нь буцааж тавилаа.
Гоёл чимэглэлээ шилж сонгосны дараа баян махранзийн хувцас манай хоёрт шууд л таалагдаж:
– Үнэхээр үнэт эрдэнэсээр гоёж чимсэн энэтхэгийн жинхэнэ сурвалжит язгууртан боллоо доо хэмээн шагшлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.06.11 11:39 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
ГУРАВДУГААР ХЭСЭГ

Үдэш орой болж шөнө дунд айсуй. Бүжиг наадам гоц сайхан болж танхимууд зочдын хөлд дарагдав!
Өнгө өнгийн хоргой торго, үйтэнхуар, тансар хилэн, чамин тууз, торон сүлжмэл, алмааз эрдэнэс тэргүүтэн үнэтэй тансаг, үнэхээр сонин сайхан хувцас хунар, гоёл чимгээ өмсөж зүүсэн хүмүүс хаа сайгүй харагдана…
Сувдан малгайтай венецийн эрхэмсэг хатан ахайтан ёслолын даашинзныхаа урт хормойг цэнхэр хувцастай хиагаар бариулан явна.
Хар торон сүлжмэлээр чимэглэсэн гоёлын хувцастай, том улаан дэвүүр барьсан испанийн язгууртан авхай ч явж байна.
Өнгө бүрийн цэцэгс, шувуудын дүрс шаглан урласан кимонотой япон хүүхэн ч байна.
Энд бас хэлхгэр торгон өмд өмсөж, хөвсгөр цагаан гивлүүрээр нүүрээ халхалсан турк авхай байна.
Мөн оросын бояр ноёдын хатад, польш, румын хүүхнүүд ч зөндөө байхын зэрэгцээ бүр хятад хүүхэн ч байна!
Энэ хорвоогийн үндэстэн ястан бүр аль өнгөтэй өөдтэй хүүхнүүдээ энэ найр наадамд ирүүлээ юү гэлтэй аж.
Харин эрчүүдийн хувцасны хувьд гэвэл домино хэмээх багт наадмын юүдэнтэй хэлхгэр цув голложээ. Хөгжим эгшиглэн төрөл бүрийн бүжиг ээлж дараалан явсаар. Гэрийн эзэн ч мөн баг зүүсэн хэдий ч энэтхэг орны сурвалжит баян махранзын үнэтэй хээнцэр хувцас, чимэглэлээр бүгд түүнийг таних бөгөөд Гарри ч хүн бүхэнтэй ялдам анхааралтай, найртай сайхан харилцах ажээ.
Хаа сайгүй байрлуулсан оргилуун дарс, тансаг архи, төрөл бүрийн амтат жимс түгээж буй сүм мухлаг хүссэн бүхний хэрэгцээг хангаж амжихтай үгүйтэй л байлаа.
Далдуу, агч модны мөчир доорх янаг сэтгэлийн үгээ ярилцахыг уриалах мэт хөхөвтөр ягаан гэрэлтэй тохилог буйдхан булангууд нь жаргалтай хосыг олны нүднээс халхлах ажээ.
Жемс, Райт хоёр, тэр ч байтугай Вейс эмч хүртэл хүүхэн шуухан эргүүлээд огт завгүй, байх бөгөөд гурвуулаа сэтгэлдээ таарсан нэг нэг хүүхэн олоод авчээ.
Шөнө дундаас хойхно гэрийн эзэн шинэ танилцсан хүүхэнтэйгээ сугадалцсаар гол танхимд орж ирлээ.
Хурсан олны дунд сайшаан шивнэлдэх сонсогдлоо. Үнэхээр ч тэр хоёр шиг үнэхээрийн сайхан хос хаанаас ч олдохгүй мэт санагдана. Хаанахын хэн гэгч хүүхэн юм бол?
Өмнө нь түүнийг харсан хүн үгүй аж. Уг нь үзсэн хүн мартахын аргагүй үзэсгэлэн гоо хүүхэн юм!
Өндөр гуалиг биетэй, өтгөн хар үсээ овоолон самнасан жижигхэн хөөрхөн толгойдоо том сам хатгасан байна. Баг зүүхийн оронд самныхаа дороос венецийн чамин хийцтэй нарийн торон сүлжмэл унжуулан нүүрээ халхалжээ.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.06.11 2:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
* * *
Хүслийг бадраасан, эрх танхи байрын торомгор хархан нүд нь ил байлаа. Торон сүлжмэлийн цаанаас сэтгэлд зохистой сайхан царай, хасын цагаан шүд, шүрэн улаан уруул нь зурс зурс харагдана.
Үл таних бүсгүй хуучин цагийн бөсөөр хийсэн дундад зууны үеийн донж маяг бүхий цэнхэр торгон даашинз өмсөж, хүзүүндээ ягаан шүрэн сондор зүүн, энгэртээ хэдэн улаан сарнай хатгаж, хуруундаа үнэт эрдэнийн бөгж зүүжээ.
Хүүхэн танхимын голоор энэ цайзын эзэн авхай нь би байна гэх шиг ихэмсэг бардам алхаж, хүмүүс мэхийн мэндчилэхэд хариу толгой дохих төдий өнгөрөх ажээ.
Нүднийх нь харцанд хэнийг ч эрх мэдэлдээ оруулж, бусдын сэтгэлийг эзэмдэж сурсан байдал тодхон байлаа.
Гарри цаад бүсгүйдээ бүрмөсөн сэтгэл алдарсан бололтой. Хүүхэнтэйгээ хамт бүхий л бүжгийн танхимаар эргэлдэн, цайллагын гол ширээний дэргэд ирлээ.
Гэвч найрсаг гэрийн эзний дайлж цайлах гэсэн бүхнээс өнөө хүүхэн толгойт сэгсрэн татгалзаж байлаа.
Гарри, хүүхнийг ядаж хундага оргилуун дарс уугаач дээ гэж гуйгаад гараас нь барилаа.
– Бурхан минь, гар чинь яасан хүйтэн байх юм бэ. Та бүр даарчихжээ! гэж Гарри хэлээд тэр даруй зарц дуудаж ажлын өрөөнийхөө задгай зуухыг түргэн галлахыг тушаалаа.
Гэрийн эзний ажлын тасалгаа, унтлагын болон хувцасны өрөө бол энэ давхарт орших зочин гийчин оруулдаггүй ганц газар юм.
Хөгжимд хөгжилтэй вальс бүжгийн ая эгшиглэж байлаа.
Гарри хатагтайгаа тэврэн хэдэнтээ бүжиглэв. Өнөө хүүхэн ч өөрт нь сэтгэл татагдсан залуу эрд тэврүүлэн хөвөн нисэх мэт тун гайхалтай сайхан бүжиглэв.
– За, одоо боллоо гэж бүсгүйг шивнэхэд Гарри ч тэр даруй бүжиглэхээ болилоо.
Жемс танхимын нөгөө буланд шар торгон банзалтай жижигхэн испани хүүхэнтэй сээтэн хаялцаад завгүй байснаа яг энэхэн хоромд толгойгоо өндийлгөн Гарритай хамт яваа сайхан хүүхэн дээр харц нь туслаа.
Жемс аяархан дуу алдаад өнөө испани хүүхнээсээ түр гуйж аваад байсан дэвүүрээ шал дээр чимээтэй нь аргагүй унагааж орхив.
Уучлаарай гэж арайхийн бөвтнөөд Жемс Гаррийн араас ухасхийсэн боловч түүнийг олны дундуур сүлжин зүтгэж байх зуур өнөө хоёр нь бүжиглэж буй хосуудын дундуур ороод хэдийн алга болжээ.
Жемс цаашаа гүйх гэтэл Райт түүнийг барьж зогсоолоо.
– Жемми, чи яагаа вэ, царай чинь үхсэн хүнийх цайчихаж? гэж ахмадыг хэлэхэд:
– Энэ чинь өнөө хүүхэн байна, би танилаа, алив намайг тавиач гэж гараас нь мултрахыг оролдох зуур Жемс хэлэв.
– Үгүй ээ, тэр хүүхэн гэж хэн юм бэ, алив хэлээдэх гэж Райт захирангуй тушаав.
– Яагаа вэ, нөгөө Анчдын байшинд үзэгдсэн цэнхэр даашинзтай хүүхэн гэвэл Райт ч мөн татвасхийн цонхийгоод ирлээ.
– Тэр хүүхэн хаана байна вэ? гэж Райт сэтгэл түгшин асуув.
– Гарритай сугадалцаад явж байна, Гарритай, Гаррид сануулах хэрэгтэй, Гаррид ямар нэг муу юм тохиолдоно гэж би зөнгөөрөө мэдрээд байна гэж Жемс сэтгэл догдлон дуржигнуулаад цааш гүйн одохоор зүтгэлээ.
– Тийм ээ, чиний хэлдэг үнэн. Түүнийг эрж олоод хэн гэдгийг нь мэдэх хэрэгтэй хэмээн Райт зөвшөөрлөө.
Тэгээд манай хоёр бүжиглэж байгаа хүмүүсийн дундуур эрээ цээргүй түлхэж гудчин, буйдхан булангуудад сэтгэлийн халуун үгээ ярилцаж байсан хосуудыг сандарган хайлаа. Хэдийн цэцэрлэгт хайхаар шийдээд гүйж явснаа Райт гэнэт санаа авч Гарригийн гарын зарцаас «Эзэн ноён чинь хаана байна вэ?» гэж асуух ухаанаа олов.
– Ноён Гарри ажлын өрөөнийхөө задгай зуухыг галла гэж тушаасан. Бодвол одоо тэнд байгаа байх гэж Сабо хариуллаа.
– Тийшээ явцгаая!

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.07.11 12:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
Дөрөвдүгээр хэсэг

Энэ зуур Гарри бүжгийн танхимыг орхиж өнөө хатагтайгаа дагуулсаар ажлын тасалгааныхаа үүдэнд ирлээ.
– Би таныг одоохон дулаацуулна. Энэ өрөөний задгай зуухыг галласан байгаа, ийшээ хэн ч орж ирэхгүй гэж шивнэв.
Үзэсгэлэн гоо хүүхэнтэй хоёулхнаа үлдэж, нүүрээ халхалсан торон сүлжмэлийг нь авахуулж царайг нь харна гэж бодохоос Гарри тэсэж ядан байлаа.
Зарц нь ажлын тасалгааны үүдийг цэлийтэл нээж өглөө.
Одоо энэ хүүхэнтэй хамт байхад би ямар харагдахыг үзье, толь ч чанх хаалга уруу харсан байгаа гэж Гарри бодлоо.
Тэд ч орцгоолоо. Юутай сонин хэрэг вэ? Толинд Гарри ганц өөрийгөө харахаас бус хажууд нь хэн ч алга. Гагцхүү хаалга хааж байгаа зарц л харагдах ажээ.
Гайхаж гөлөрсөн Гарриг сэхээ авч амжихаас өмнө дагуулж ирсэн хүүхэн нь түүнийг намхан зөөлөн буйдан уруу хөтлөн аваачиж өөрөө гар дороо дэр ивэн суугаад энэ өрөөнд хэзээний олон удаа орж гарч байсан юм шиг аяглан, гунхалзан байж ягаан молор шигтгээтэй сүлбээр зүүгээ авч торон сүлжмэл унжлагаа тайлав.
Сиймгэр торон унжлагын цаанаас үзэсгэлэнтэй сайхан харагдаж байсан бол одоо бүр ч илүү гуа үзэсгэлэнтэй харагдлаа.
Гарри энэ хорвоогийн хамаг бүхнийг умартаж орхиод зөөлөн буйдан дээр сууж байснаа хүүхний хөлд гулсан унаж толгойгоо буйдангийн түшлэг дээр тавилаа.
Хатагтай Гарригийн дээрээс улам бүр тонгойн Гарри лаваандын анхилам үнэрт мансууран, хамаг бие нь үгээр хэлэхийн аргагүй аятайхан болж тавираад ирэхийг мэдэрч өөрийн эрхгүй нүдээ анилаа.
Хүүхний урт хумстай мөс шиг хүйтэн хуруунууд цамцных нь энгэрийн товчийг тайлах гэж тэмтчин байгааг зүүдэлж байгаа юи шиг бүүр түүрхэн мэдэрч байлаа…
Гэнэт хаалга тасхийн онгойж, зарцын хорьж саатуулахыг үл хайхран Райт Жемс хоёр орж ирлээ.
Хүүхэн толгойгоо өндийлгөн хорсон зүхэж, үзэн ядсан харцаар манай залуусыг хэсэг ширтсэнээ босоход Гарри хивсэн дээр үхдэл мэт гулдайн уналаа. Гарри ухаан алдаж гүнзгий сааталд орсон байжээ.
Райт үл таних хүүхнийг барьж авахаар ухасхийсэн боловч нэгэнт хожимджээ. Хүүхэн хаалганы дэргэдэх хөшигний цаагуур ороод алга болчихов.
Гэрийн эзний найзууд зарц нарыг дуудалгүйгээр унтлагын болон хувцасны өрөөг гэрэлтүүлэн нэгжиж үзсэн боловч хэнийг ч олсонгүй. Бүх хаалга хаалттай, дотроосоо түгжээтэй байлаа.
Гарриг буйдан дээр өргөн тавибаас төдөлгүй ухаан орлоо. Ухаан оронгуутаа нөгөө үзэсгэлэн гоо хүүхнээ асуулаа.
Райт түүнийг андуурч байна, ердөө л танхимд бөгчим байснаас болж ухаан алдаж унасан гэж итгүүлэхийг оролдов.
– За больж үз дээ, би бүгдийг тодорхой санаж байна. Тэр хүүхэн энд байсан. Тохойлдож байсан дэр нь энэ байна, тохойлдсон ором нь ч байна гэв. Тэгснээ Гарри түргэхэн тонгойж шалан дээрээс нэг юм аваад ягаан молор шигтгээтэй сүлбээр зүүг бахархалтайгаар өргөн үзүүлж:
– Энэ юу вэ? Та нар одоо ч гэсэн тэр хүүхэн огт байгаагүй гэж мэлзэх үү! Та нар ер нь яах гээд байна вэ? хэмээн дуу алдахдаа түүний харцанд тун ч их хардсан байдал илэрхий байлаа.
– Больж үзээч дээ, Гарри, юу болох нь энэ вэ? гэж ахмад Райт гайхшран асуухад:
– Надад нэг л юм их хачин санагдаад байна, бид хоёр хамтдаа тасалгаанд орж ирэхэд тэр хүүхэн хэдий миний дэргэд зогсож байсан боловч толинд ер харагдахгүй байсан гэж Гарри хэлэв.
Энэ үгийг сонсоод Жемс давхийн цочиж, Райт уруу айсан маягтай харлаа.
– Энэ бүхний учрыг сүүлд олцгооё, харин одоо зочдоо дангаар нь орхиж болохгүй, тийшээ очих хэрэгтэй хэмээн ахмад Райтыг яахын аргагүй зөв үг хэлэхэд Гарри дуулгавартай босоод бүгдээрээ тасалгаанаас гарцгаалаа.
Жемс ахмад Райтыг сугадаж аваад түүнд ийн шивнэлээ:
– Надад энэ түүх ер таалагдахгүй байна, цаана нь нэг л жигтэй учир байна даа… Тэр хүүхнийг би өмнө нь гарцаагүй харсан боловч чухам хаана харснаа ер санаж өгөхгүй байна.
– Чи нэг жигтэй юм анзаарав уу? Гарригийн унтлагын өрөөнд, орных нь хөл толгой дээр таван хошуу хэлбэртэй нууц тарнийн тэмдэг байсан. Чи харсан уу гэж асуулаа.
– Таван хошуу гэнэ ээ? Дундад зууны үед иудаин шашныхан хэрэглэдэг байсан таван хошуу тэмдгийг хэлж байна уу? Домог ёсоор бол дундад зууны үед тийм тэмдгийг муу ёрын сүнсийг хөөж зайлуулахад хэрэглэдэг байсан гэдэг.
– Тийм шүү гэж Жемс батлан хэлэв.
– Гарри өөрөө орныхоо толгойд тийм тэмдэг хий гэж тушаасан юм байх даа? Тэр тэмдгүүд орны анх байсан загвар маягт огт нийцэхгүй, сүүлд дээрээс нь тогтоосон байхыг би тун сайн харсан.
– Энд гоц гойд юм огт алга гэж Райт тайван хэлээд
– Тэр таван хошуу тэмдэг яагаад ч юм бэ цайзын өмнөх эзний дуртай зүйлсийн нэг байсан юм шиг байгаа юм. Гаррид өвлөж ирсэн эд юмс дотор тийм тэмдэг олон харагдаж байсан. Цэвэр алтаар хийж алмааз эрдэнийн чулуу шигтгэсэн зүүлттэй алтан гинж байхыг ч үзсэн. Үнэхээр ч урлагийн дээд зэргийн нандин бүтээл байна билээ. Энэ тэмдэг л надад хамгаас их таалагдаж байна, байнга дуртайяа зүүж явах болно гэж Гарри хэлж байна билээ.
– Райт аа, өнөөдөр чамтай ярилцах гарцаагүй чухал хэрэг байна гэж Жемс хэлэхэд
– За тэгье, зочдыг үдэж өгчихөөд ярилцъя. Хараач, чиний нөгөө испани хүүхэн чам уруу ирж явна.
– Өө чөтгөр түүнийг аваг, одоо тэрэнтэй зууралдаж байх завтай хүн ер алга! хэмээн Жемс үглэлээ.
Зочид гийчид саяны болсон явдлыг огт анзаараагүй тул танхимуудад хөгжөөн наадам хэвээр үргэлжилж, урдын адил бүжиглэж, архи дарсаа уун цэнгэж, харилцан бие биедээ сээтэн хаялцсаар байлаа. Гагцхүү гэрийн эзэн л тоомжиргүй хүйтэн царайлж, хөөрхөн хөөрхөн хүүхнүүд хүслийн гал бадарсан харц чулуудаж, шүүрс алдан, нүүр өгсөн инээмсэглэлээр Гарриг харамгүй булах боловч огт тоох янз алга.
Гарри дуугаа хураан, танхимуудаар хэсүүчлэн явлаа.
Цэнхэр хувцастай үзэсгэлэн гоо бүсгүй гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болохдоо гэрийн эзний сэтгэлийн хамаг баяр баясгаланг аваад оджээ.
Жемс ч мөн хүүхэнтэй сээтэгнэх хүсэлгүй болжээ. Тэрээр хэдий өнөө жижигхэн испани хүүхэнтэйгээ сугадалцан явж, эелдэг үг хэлэх боловч өөр юм бодож, өөр зүйлд их санаа зовж байгаа нь илт байлаа.
Испани бүсгүй Жемсийн анхаарлыг хэрхэн буцааж өөртөө татах аргаа олж ядан цэцэрлэгээр хамтдаа зугаалах санал гаргав. Тэр хоёрыг цэцэрлэгт бууж ирэхэд тод сайхан гэрэлтэй ч нилээд жиндүү сэрүүхэн, хүн хөл цөөнтэй байлаа.
Хадан хясааны ирмэг дээр очвол хөндийг тэргэл саран гийгүүлж, тэртээ дор нуурын мандал мяралзан байх ажээ.
– Сонин л юм даа, тэнгэр цэлмэг байхад хадны дээгүүр зурвасхан манан суунаглаж байх юм гэж испани хүүхэн хэллээ.
Үнэхээр ч уулын хяр дээгүүр гэрэлт цагаан манан багана мэт эргэлдэн хөөрч мөлхөх мэт улам бүр дээш ахисаар хажуугийн бутанд орон алга болов. Испани хүүхэн Жемсэд наалдаж:
– Хэрэв би тантай хамт яваагүйсэн бол энэ манангаас айх байлаа, дотор нь гарцаагүй нэг хүн байх шиг байна гэж эрхлэнгүй шивнэв.
Хүүхний хэлсэн үгийг батлах гэсэн юм шиг бутан дундаас цагаан даашинзтай хүүхэн гарч ирээд хөнгөхөн алхсаар цайзыг зүглэв.
Жемс нөгөө испани хүүхнээ чирэх нь холгүй тэр хүүхний араас дагалаа.
«Энэ хүүхнийг би өнөө оройн багт наадам дээр ер хараагүй шиг санагдах юм. «Өнөөхөөс» огт дутах юмгүй үзэсгэлэнтэй хүүхэн байна» гэж Жемс бодов.
Цагаан хувцастай бүсгүйг бүжгийн танхимд ороход тэр даруй бөөн залуус тойрон бүчиж бүсгүйг бүжигт урилаа.
Хөнгөн цагаан даашинзтай бүсгүй бүжгийн танхимаар үүл мэт хөвөн эргэлдэж эхэллээ. Алтан шаргал үсээ сул асган мөрөн дээгүүрээ задгай тавьж ягаан удвал цэцгэн эрхи толгойдоо зүүжээ. Нүүрээ цагаан торгон тороор халхалж гагцхүү том цэнхэр нүд нь хүн бүхнийг энхрий ялдмаар ширтэх ажээ.
Цагаан хувцастай хүүхэн олны сэтгэлийг хөвсөлзүүлэв.
Словак хүн болж багт наадмын хувцас өмссөн, морин цэргийн залуухан дарга Визе тэр хүүхнийг бусдаас илүүтэйгээр эргүүлж, хаа явсан газар нь сүүдэр мэт дагасаар байлаа. Өнөөх хүүхэн ч өөрөө Визег илүү таашааж байгаа нь ил байлаа.
Тийнхүү бусад залуус бага багаар зайгаа тавьсаар, словак залуу, цагаан хувцаст гоо бүсгүй хоёрыг бие биенийх нь таалалд үлдээлээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.07.11 3:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
ТАВДУГААР ХЭСЭГ

Багт наадам тарж эхэллээ.
Гарри шатны дээр зогсоод ирсэн зочидтой салах ёс хийн барлаж талархсанаа илэрхийлэн мэхэлзэж байв. Багаа хэдийн тайлжээ.
Танхимууд бага багаар хоосорсоор гэрэл ч унтарлаа.
Хиа болж хувцасласан залуу өрөө тасалгаануудаар тойрон гүйж задгай захтай, хэлхгэр цагаан цамц өмсөж словак янзаар хувцасласан, миний найз, морин цэргийн дарга Визег харав уу хэмээн зарц үйлчлэгчдээс асууж сураглалаа.
Зарим нь үзээгүй хараагүй гэж, бас зарим нь цагаан хувцастай, толгойдоо цэцэг хатгасан хатагтайтай хамт явахыг нь харсан гэх боловч чухам одоо хаана байгааг нь мэдэхгүй гэлцэв.
Хиагийн хувцастай залуу хэдийн гэрлийг нь унтраасан харанхуй танхимуудаар явж үзсэн боловч Визе хаана ч алга.

* * *

«Өвлийн цэцэрлэгт янаглан цэнгэж байгаа биз!» гэсэн бодол найзын толгойд зурсхийж тийшээ яаран очив.
Цэцэрлэгийн гэрлийг ч мөн унтрааж гагцхүү асар том шилэн толиор сарны гэрэл мэлтийн тусах ажээ.
Жигд бус, нөлөөтэй шилээр туссан сарны гэрэлд цэцэрлэгийн доторх юмс хачин жигтэй, үлгэрийн юм шиг харагдаж дал модны навчис этгээд сонин угалзраад, өргөст мод аймшигт амьтан шиг лүглийж, ороонго мод хариугүй бариад авах гэж байгаа юм шиг навчин сарвуугаа сарвайлгаж, тэртээх буланд том агч модны сүүдэрт хөнгөн цагаан даашинз дэлгээд тавьсан юм шиг харагдаж, харин энүүхэн дэргэдэх цонхноос элсэн дээгүүр ус урсаж байгаа мэт цагаан зурвас зурайх ажээ.
– Визе, чи тэнд байна уу? гэж хиа болж хувцасласан залуу дуудав.
Хариу дуугарсангүй. Хөөх, ямар чийгтэй зэврүүн байх юм бэ гэж залуу дотроо бодлоо. Тэгтэл үнэхээр тэртээх булангаас зурвас манан хөвсөөр цаад талын онгорхой цонхыг чиглэв. Зурвас манан салхины аясаар намиран сарны гэрэлд жигтэй сониноор хэлбэр дүрсээ өөрчилж алтан шаргал задгай үстэй, цэнхэр нүдтэй бүсгүй болж нэг үзэгдээд цонхоор хийсээн одлоо.
– Визе! гэж өнөө залуу дахин дуудав.
Сүглэгэр том агч модны доороос хэн нэгний ёолох сонсогдов. Түрүүхэн эмэгтэй хүний цагаан даашинз гэж харсан зүйл нь словак залуугийн цагаан хувцас байсан аж.
Визе шал дээр хэвтээд зовиуртай ёолж байлаа.
– Үгүй, чи яах нь энэ вэ! гэвэл хариу дуугарсангүй.
Өнөө залуу үнхэлцгээ хагартал айж тусламж дуудахаар цэцэрлэгээс гүйн гараад Вейс эмч, ахмад Райт болон зарц нарыг дагуулан эргэж ирлээ. Лаа ч авчирчээ.
Визег өндийлгөн цэцэрлэгийн явган сандал дээр суулгалаа. Тэр бүр цонхийн цайж, огт тамиргүй болжээ.
Найз нь анхаарал халамж тавин, санаа нь зовж юу болсныг асуухад эхлээд хэсэг дуугүй сууж байснаа үлгэр аятай юм ярилаа. Архи их ууж, зөндөө бүжиглэж ядраад эцэст нь өвлийн цэцэрлэгт очиж түр амсхийхээр цагаан хувцастай хатагтайн хамт явжээ.
Тэнд очоод бүсгүйд хайр сэтгэлээ илчлэн хэлвээс өнөөх нь үнсүүлэхийг зөвшөөрч, нүүрний халхавчаа авчээ.
Визе хүүхнийг үнсэхээр нүүр рүү нь тонгойтол цаадах нь залуу эрийг эгцлэн ширтэж нэг л жигтэй харсанд ихэд сандран хөдөлж чадахаа болин хөшиж орхисон гэнэ.
Хатагтай түүний толгойг гэдийлгэж хүзүүг нь хазахад огт өвдөөгүй бөгөөд харин ч өмнө нь хэзээ ч үзээгүй таатай сайхан байсан ажээ!
Визе найзаараа түшүүлэн босож, салах ёс хийн мэхийн ёслоод хот орохоор явлаа.

* * *

– Энэ залуу ч тасартлаа уучихаж дээ хөөрхий! гэж Вейс эмч тоглоом шоглоом болгон хэллээ.
Сүүлчийн сүйх тэрэг ордны үүднээс хөдлөхөд хэдийн өглөө болж дорно зүгээс нар цухуйж байлаа.
Бултаараа ихэд алжааж ядарсан тул нэг цагийн дараа гэхэд цайзынхан бүгдээрээ нойрсож буй гоо бүсгүй шиг бөх нойронд автан унтацгаажээ.
Райттай чухал юм ярина гээд байсан Жемс ч тэр, Райт өөрөө ч тэр гүн нойронд дарагдан хурхирч байлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.07.11 5:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
ЗУРГАДУГААР ХЭСЭГ

Маргааш орой нь бүгд хоолны танхимд цугларлаа.
Тансаг сайхан, өргөн дэлгэр баяр наадам зохиосных нь төлөө баярлаж бахдан, талархаж буйгаа илэрхийлсэн өчнөөн захидал, нэрийн хуудас ирсэн ч Гарригийн царай нэг л баргар байлаа.
Илүү ойр дотно таних хэдэн хүн баяр талархлаа илэрхийлэхээр биечлэн ирэв.
Эмийн сангийн эзэн орж ирээд мэнд усаа мэдэлцэж амжилгүй шуудхан:
– Шинэ мэдээ сонсов уу? Цэргийн дарга Визе зуурдаар нас барчихлаа. Би тэднийд очоод ирлээ хэмээн муу мэдээ дуулгав.
– Яасан юм бэ? Юу болоо вэ? Алив, яриач! гэж тал талаас нь шаардан асуухад олны анхаарлыг татаж чадсандаа додигор байсан эмийн сангийн эзэн үргэлжлүүлэн:
– Визе өчигдөр орой багт наадам дээр ухаан алдаж унасан юм байна гээд ярьж эхлэхэд:
– Ухаан алдсан гэнэ ээ? Би огт мэдээгүй юм байна гэж Гарри хариулав.
– Тийм ээ, түүний найз, цэргийн дарга Давинсон түүнийг өвлийн цэцэрлэгт ухаангүй байхад нь олсон гэнэ лээ. Визе бүр шал согтож орхиод элдэв хачин юм ярьж байсан юм байх. Харин дараа нь гайгүй болж, тэр хоёр багт наадмаас шууд цэргийн хуаран уруугаа явж офицеруудын хоолны газар оржээ. Тэндээ өглөөний зоогоо нэлээд элбэг дэлбэг барьсан гэнэ. Визегийн царай цонхигор байсан ч бие нь зүгээр байсан аж.
Өдөр нэг цагийн үед хот орж, хүн амьтантай уулзаж, айл хунар хэснэ гэж байснаа гэнэт арван хоёр цагийн үед Визе их ядарч нойр хүрч байна, хөл дээрээ ч тогтож чадахгүй нь гэж хэлжээ.
Үнэхээр ч бие нь их сульдаж, Давинсоноор түшүүлэн байж цацартаа ороод орон дээрээ унаад өгчээ.
Тэгээд орноосоо дахин босох хувь ерөөл түүнд дутжээ.
Орой болохын өмнөхөн жижүүрийн цэрэг түүний үхсэн болохыг мэджээ. Царай нь амгалан тайван, бүр баяртай ч гэмээр, гартаа ягаан удвал цэцэг тас атгасан байсан гэнэ. Өнгөрсөн шөнийн багт наадмыг дурсан санасаар өөд болсон биз хөөрхий хэмээн эмийн санч учир зүггүй олон үг урсгаж гарлаа.
Цэргийн дарга Визе их залуухнаараа байсан тул бүгдээрээ түүнийг өрөвдөн гашуудав!
Олон хүн, мөн Гарри ч тэр, хэзээ оршуулахыг нь асууж, талийгаачийг нутаглуулах үед очиж сүүлчийн хүндэтгэлээ үзүүлэхээр ярилцаж тохирлоо.
Зөвхөн Жемс, Райт хоёр л дуугарсангүй дүнсийн байлаа…
Навчин тамхиа татаж дуусаад тэр хоёр зочидтой салах ёс хийж цэцэрлэг рүү гаран хадан хясааны тэнд очив.
– За юу бодож байна даа? хэмээн Жемс эхлэн ам нээвэл Райт дуугарсангүй.
– Хачин жигтэй юм болж байна даа. Өчигдөр орой Визед заналхийлж байсан хувь тавилан одоо ч Гарриг отож байна гээд хэлчихвэл би нэг их эндүүрсэн болохгүй л байх.
Райт дахиад л дуугарсангүй.
– Үгүй, чи яагаад хөшөө шиг дуугүй зогсоод байна вэ хэмээн Жемсийг уцаарлангуй асуухад:
– Чи өөрөө юун элдэв олон юм асууж шалгаагаад байгаа юм бэ? Энэ новшийн юмны учрыг би хаанаас мэдэх юм бэ? гэж Райт хэдэрлэв.
– Битгий уурла даа, найз минь, бид одоо яавал дээр вэ, сайн бод хэмээн Жемс сэтгэл нь догдлон гуйлаа.
– Хэрэв индиан омгийнхон юм уу эсвэл энэтхэгийн тахилчдын бүлгийнхэн байсан бол огт өөр хэрэг. Харин энд болоод байгаа юмны учрыг би ерөөсөө ойлгохгүй байна хэмээн Райт хөмсөг зангидан хэллээ.
– Гэхдээ л би тэр хүүхнийг урд нь харсан шүү дээ. Харин хэзээ, хаана харснаа л санахгүй байгаа юм, харах нь л харсан гэж Жемс зүтгэв.
– Чи «өнөө хүүхэн» л гээд байх юм, тэр чинь тэгээд хэн юм бэ? Цэнхэр хувцастай хатагтай, тэгээд л тэр. Бид түүний тухай юу мэдэх юм бэ?… Анчдын байшинд үзэгдсэн хий үзэгдэл, өчигдрийн баг зүүсэн хүүхэн хоёр зүгээр л адилхан байсан байж болох шүү дээ! Бас бид эхлээд тэр хүүхнийг жинхэнэ биеэр нь үзэхээсээ өмнө сүг сүүдрийг нь харсан байж таарах уу. «Горацио найз минь, манай мэргэдийн зүүд зөнд ч ороогүй зүйл зөндөө бий шүү!» гэж үг байдгийг чи мэдэхгүй гэж үү? Энд тэгээд аюултай юм юу байна вэ? гэж Райт ганцаараа ярьж байгаа мэт бодлогошрон өгүүлэв.  
–  Аюултай юм юу байна вэ гэнэ ээ! Би энэ тухай л яриад байна шүү дээ, би аюулыг сэтгэлийнхээ зөнгөөр мэдрээд байна, мэдрээд байна гэж Жемс бат итгэлтэй хэлэхэд:
– Аюул осол, гэмт хэргийг чи л мэдрэхгүй бол өөр хэн мэдрэх вэ дээ Шерлок Холмс минь гээд Райт инээлээ.
– За яах вэ, хэн нь хамгийн сүүлд инээж үлдэхийг харж л байя! гэж ууртай хэлээд Жемс огцомхон эргэж гэртээ орлоо.

* * *

Райт хадан хясааны ирмэг дээр тамхиа ар араас нь угсруулан татаж утаан цагирагийг өөрийн эрхгүй гөлөрч удтал суухдаа ямар нэг муу юм болохыг зөгнөн зүрх нь эмтэрч байлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.08.11 1:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
ДОЛДУГААР ХЭСЭГ

Бүжиг наадмаас хойш долоо хоног өнгөрөв. Цайзын урьдын хөл хөөртэй амьдрал нэг л сэргэж өгөхгүй байлаа.
Гарри өглөөнөөс орой болтол өмнө амласан ёсоороо уригдсан айлуудаараа орж, гэрийн эзэдтэй нь уулзаж явсаар ихэд алжааж ядран уцаарлангуй байх болов.
Райт хүн хөшөө шиг дуугаа хурааж, үргэлж хөгжилтэй, дэврүүн хөөртэй байдаг Жемс төрөл арилжсан мэт өөрчлөгджээ. Жемс олон ном судар, толь бичиг тойруулан дэлгэж тавиад өрөөндөө өдөржин суух болж хийж буй ажлаа хэнд ч үзүүлэхгүй чандлан нууцалж байлаа.
Зөвхөн Карл Иванович л түүний өрөөнд орох эрхтэй бөгөөд ер нь сүүлийн үед Жемс номын санч өвгөнтэй ихэд шадарлан нөхөрлөж хуучны бичиг цаас, номын сангаа эмхэлж цэгцлэхэд нь ч их туслах болсон байна.
Тиймээс цайзад ирсэн зочдыг зугаацуулан цэнгүүлэхэд санаа тавих үүрэг яалт ч үгүй Вейс эмч, Смит хоёрын нуруун дээр бууж иржээ. Тэр хоёр ихэд хичээнгүйлэн янгир, туулайн ав зохиож, зочид гийчидтэй хамт нугасны оройн чуулганыг тосож, хортой өгөөшөөр үнэг хордуулах гэх мэтээр бүхнийг хийж, эцэст нь тогтсон заншлын дагуу хоол зууш, архи дарсаар элбэг дэлбэг оройн зоог барьсаар байсан боловч урьдынхыг нэг л гүйцэхгүй байлаа.
Ноён Гарригийн ааш зан хувирч, алив бүхэнд тун хайхрамж муутай, уцаарлангуй хандах болсон нь илт мэдрэгдэж байв.
Вейс эмч хамар дороо бувтнан:
– Манай Гарри юу болох нь нь энэ вэ, багт наадмын үеэр хэн нэгэн бүсгүйд дурлачихсан юм байх даа? Үгүй тэгээд хэнд дурласан байж таарах вэ? Цэнхэр хувцастай, үзэсгэлэн гоо хүүхэн ирсэн гэж яриад байсан, тэр хүүхэнд дурласан юм болов уу? гэж үглэх бөлгөө.
Манай эмчид үзүүлэх нэг өвчтөн гарч ирсэн хэдий ч түүнд нэг их төвөг удаж сүйдтэй юм болсонгүй, өдрийн цагаар цайзад ажилладаг тэр залуу шөнө өвдөж хоноод орой нар жаргахын үед бурхан болжээ.
Гарри залуугийн үхлийн шалтгааныг Вейс эмчээс асуувал цаадах нь:
– Чөтгөр бүү мэд, салхинд зул унтрахтай л адилхан юм боллоо! гэж хариулжээ.
Тосгонд мөн хоёр хүн үхсэн байх бөгөөд хоёулаа бараг л гэнэт өөд болжээ.
Нас барсан хүмүүс нь ядуу зүдүү улс байсан болохоор тэдгээр үхлийг бараг хэн ч тоож анзаарсангүй.
Дээрх хоёр тохиолдлын аль алинд Гарригийн хандивласан буяны өглөгийг биечлэн хүргэж өгье гэж Жемс, Карл Иванович нар гуйжээ.
Эцэст нь цайзын эзний сэтгэлийн гуниг, гутрал цөхрөл зочид гийчдэд ч нөлөөлж тэд яваандаа ан гөрөө хийх, зугаацан цэнгэхээс зайлсхийн татгалзах болов.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.08.11 3:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
* * *

Вейс эмч олныг хэрхэн зугаацуулах аргаа олж ядан морин зугаалга, мөрийтэй хөзөр, бильярдын тэмцээн гээд л олон арга хэмжээ ар араас нь угсруулан зохиож, зочдын өчүүхэн ч гэсэн хэрэгцээг дутаалгүй хангах гэж тун анхааралтай ажиглан нүд чих тавьж байлаа.
Вейс эмч нэг удаа залуу хөвгүүн Жорж К.-д хандаж:
– Та яагаа вэ? Ямар нэг юм хэрэгтэй бол ичиж зоволгүй шуудхан хэл гэвэл:
– Би өөр унтлагын өрөөтэй болмоор байна гэж хөвгүүн ичингүйрэн хэлжээ.
– Яагаад тэр вэ? хэмээн эмчийг лавшруулан асуухад:
– Миний…, миний өрөө их хүйтэн байна л даа гэж Жоржийн царай нь ичсэндээ улайн хариу өчив.
– Зун даарлаа гэж үү? гэж Вейс эмч гайхан асууснаа Жоржийн царай улам бүр улайхыг хараад:
– За тэг, тэг! гэжээ.
Орой нь Вейс эмч Жоржийг өрөөндөө дагуулан орж асууж шалгааж гарлаа.
– Битгий ичиж зов шувуухай минь, лам хүнд ярьдгийн нэгэн адилаар эмч хүнд ч бас бүх зүйлээ нууж хаахгүй ярьж болно гэвэл:
– Ай, эмч минь, би танд маш их баярлаж байна, гэхдээ жаахан эвгүй юм аа гэж хөвгүүн бөвтнөлөө.
– Битгий сандар гэмдээ, зоригтой бай, би тамхиа татаад буруу хараад л сууж байя гэж Вейс эмч тоглоом болгон хэллээ.
– Бүр тосгонд байхад, зочид буудалд тэр хүүхэн над дээр ирсэн юм гэж Жорж яриагаа эхлэв.
– Хэн тэр вэ?
– Тэр хүүхэн..., хар үстэй, үсэндээ том сам хатгасан, үзэсгэлэнтэй сайхан хүүхэн…
– За цааш нь ярь, ярь хэмээн эмч тал өглөө.
– Харин Анчдын байшинд байхад над дээр дахин ирэхдээ энэ туузыг үлдээсэн юм гээд Жорж халааснаасаа цэнхэр торгон тууз гаргаж ирлээ.
Вейс эмч тэр туузыг нь авч үзсэнээ хөгжилтэй гэгч нь инээж:
– Жорж минь дээ, энэ чинь цайзыг анх үздэг өдөр манай шооч гайхал Жемми чамд өгсөн тэр тууз л байна шүү дээ. Санаж байна уу гэвэл:
– Гэхдээ би хаячихсан байсан юм гэж хөвгүүн бөвтнөлөө.
– Зарц нарын нэг нь Жеммигийн чамд тууз өгч тоглоом хийхийг үзээд туузыг чиний өрөөнд аваачиж тавьсан байлаа гээд юу өөрчлөгдөх вэ дээ. Манай эд зочдынхоо эд зүйлийг их хатуу чанд харж хамгаалж байдаг юм. Ноён Гарри энэ тал дээр тун ч чамбай хүн шүү гэж Вейс эмч хэллээ.
– Мэдэхгүй юм даа…, таны зөв ч байж магадгүй эмч ээ, гэхдээ… гээд Жорж түгдчин дуугүй болов.
– За, тэгэхлээр чи тэр хүүхнийг дахиад харсан хэрэг үү?
– Тийм ээ, харсан.
– Хэзээ, хаана, яаж тэр вэ? хэмээн Вейс эмчийн яаруулахад:
Өчигдөр, миний унтлагын өрөөнд. Тэр хүүхэн бүр урьдынхаасаа илүү хөөрхөн болсон байна билээ. Надад хайртай, бас намайг жаргаана гэж хэлсэн хэмээн Жорж ичингүйрэн өгүүлэв.
Эмч дуугарсангүй.
– Тэр ч бүү хэл намайг тэврээд үнсэх гэж байснаа гэнэд болиод намайг энэ зүйлийг юунд зүүж явдаг юм бэ гэж асуусан гэж хэлээд Жорж загалмайтай жижигхэн хар эрхи үзүүлж энэ бол эмээгийн минь адислаж өгсөн сахиус. Эмээ маань Ромоос авчирсан юм хэмээн тайлбарлаад, тэр хүүхэн надад бас сарнай цэцэг бэлэглэнэ гэж амласан гэв.
– Дараа нь тэгээд юу болсон бэ? хэмээн эмч ихэд сонирхон асуувал:
– Харин дараа нь…, дараа нь би унтаад өгсөн. Өдөр нь бид өдөржингөө газрын теннис тоглоод би их ядарсан байсан хэмээн Жорж ихэд ичингүйрэн хэлэв.
– Жорж, чи өнөөдөр миний ажлын өрөөнд, наад сууж байгаа зөөлөн буйдан дээрээ унт. Энэ өрөөтэй залгаа миний унтлагын өрөө хаалга байхгүй, дан хөшигтэй.
Тэгэхлээр бид хэн хэнээсээ санаа зоволгүйгээр нэг өрөөнд байгаа юм шиг унтаж болно.
Жорж, харваас ихэд баярлан зөвшөөрөв.
Ор дэрээ засацгаалаа.
Эмч сурсан заншлаараа гадна хаалгаа түлхүүрдэн цоожлоод унтлагын өрөө рүүгээ явлаа.
Эмч элдэв адал явдлаар дүүрэн, нүүдлийн шахуу амьдралыг туулсан хүн юм болохоороо сонор сэргэг унтаж сурсан хүн юмсанжээ. Тийм ч болоод тэр үү, шөнө хөлийн чимээ гарч, хаалга түлхэх чимээгээр сэрлээ. Хаалганы түлхүүр нь бичгийн ширээн дээр нь байжээ.
Эмч ухасхийн босоод хаалганы хөшгийг сөхөн харлаа.
Жорж хаалганы дэргэд нүд нь тас аниастай, хаалгыг онгойлгох гэж оролдон зогсож байлаа.
– Өө хөөрхий, чи чинь зүүдэн өвчтэй юм байна, сонирхолтой л хэрэг байна даа гэж эмч шивгэнэв.
Жорж тэр зуур зөөлөн буйдан дээрээ буцаж ирээд хэвтээд өглөө.
Эмч цонхны дэргэд очиж, хөшгийг ярж цонхны нэг талыг онгойлголоо. Сарны гэрэл өрөөнд мэлтийтэл туслаа.
– Жаахан харзная! гэж эмч шийдээд зөөлөн буйдан хийгээд цонх харагдахуйц газар зөөлөн сандлаа тавиад тухлан суулаа.
Жорж тайван нойрсоно. Эмч ч удалгүй өөрийн эрхгүй унтаад өгчээ.

* * *

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.08.11 3:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
* * *

Эмч түшлэгтэй зөөлөн сандал дээр унтаад үүр цайхад сая сэрэв. Нүдээ нухлах зуураа өнгөрсөн шөнийн явдлыг санаж зөөлөн буйдан уруу дөхөж очвол Жорж тайван бөгөөд бөх гэгч нь унтаж цээжин дээр нь нэгэн шинэхэн улаан сарнай тавиастай байлаа.
Вейс эмч тэр цэцгийг авч эргүүлж үзээд бичгийн ширээн дээрээ вааранд хийн тавилаа.
– Хөвгүүн цонхоор хэрхэн бууж цэцэрлэгт орохыг харж чадаагүй нь тоогүй хэрэг ээ. Шөнөөр босож явдаг зүүдэн өвчтэй гэдгийн нотолгоо ч энэ л байна даа гэж эмч үглэв.
Эмч хувцсаа өмсөөд дараа нь Жоржийг сэрээж эхлэв.
– Өө, энэ чинь та юу эмч ээ, би маш их баяртай байна! гэж Жорж хэлснээ нүдээрээ нэг юм хайж:
– Сарнай цэцэг хаана байна вэ? гэж асуулаа.
– Ямар сарнай цэцэг?… хэмээн эмч мэдээгүй царайлбал:
– Тэр хүүхэн шөнө ирээд надад таны ширээн дээр байгаа шиг яг ийм цэцэг өгөөд наадахаа битгий зүүж бай гэж хэлсэн юм гээд эрхээ заалаа.
– За болно доо, Жорж минь, сарнай цэцэг ч тэр, сайхан хүүхэн ч тэр огт байгаагүй. Өнөөдөр би чамд нойрны эм бичиж өгөмз хэмээн эмч хэлээд: Үгүй, ямар өөрт нь чи зүүдэн өвчтэй юм байна гэж хэлэлтэй нь биш дээ гэж дотроо бодсоноо:
– Харин одоо биднийг өглөөний цайн дээр хүлээж байгаа. Түргэхэн очъё гэж гэлээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.08.11 7:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
НАЙМДУГААР ХЭСЭГ

Өдөр хэвийн нэг өнгөрлөө.
Оройн нь Вейс эмч Жоржийг ятган байж нойрны эм уулгаад, ямартаа ч өөрөө сахиж хонохоор шийдэв.
– Сонирхолтой өвчтөн!
Жорж удалгүй унтаад өглөө. Вейс эмч цонх онгойлгож, хөшгийг нь яраад өөрийн ажиглах байранд тухлан сууж авлаа.
Өчигдөр шөнийнх шиг унтаж орхихгүйн тулд тамхи татаж эхлэв. Нойр нь их хүрч үүрэглэх тусам улам их тамхи татсаар тамхины бөөн өтгөн утаа нэмж хөшиглөсөөр байлаа.
Тэгтэл суунагласан хөх утааны цаана зэргэлдээх өрөөнд энгэртээ сарнай цэцэг хатгасан, хар үстэй хүүхэн зогсож байх шиг үзэгдэх нь тэр.
Тамхины утаа хөшилдөн хуйларч өнөө хүүхнийг халхлаад сайн харж болохгүй байлаа.
Үгүй, энэ чинь юу болох нь энэ билээ? Өнөө хүүхэн Жоржийн орны дэргэд өвдөглөн суугаад түүнийг үнэсэж байна уу дуу?...
Вейс эмчийн тамир тэнхээ алдран, бие нь сульдаж эхэллээ...
Арайхийн ухаан орж сэргэвэл өрөөнд харанхуй болж, сар аль хэдийн шингэжээ.
– Чөтгөр ав, тамхи хэтэрхий их татчихжээ! Ухаанаа алдтал татаж байдаг тэнэг хүнээ би хэмээн эмчийг шивнэх мөчид Жоржийн ёолох сонсогдлоо.
– Энэ хүүг ч бас тамхиныхаа утаагаар утчихжээ би! гэж хэлээд Вейс эмч шүдэнз зурж лаа асаав.
Жорж зөөлөн буйдан дээр үе үе зөөлхөн ёолж яраглан хэвтэж байлаа.
Эмч бөхийн хараад хөвгүүний цээжин дээр нь, бас цамцных нь энгэрт хэдэн дусал цус байхыг үзлээ. Шинэхэн гал улаан сарнай цэцгийн ишийг гараа чичиртэл тас атган хэвтэж байв.
Эмч гайхалзан хэсэг зогсоод... дахиад л зүүдэндээ босож явсан юм шиг байна, би тэгэхлээр ухаан алдаад нэлээд удаан хэвтжээ! гэж бодлоо.
Харин цамц нь яагаад цус болчихсон хэрэг вэ? За даа, үүнийг гайхаад байх юм алга, сарнай цэцгийн иш өргөстэй байдаг шүү дээ гэж эцэст нь дүгнэв.
Эмч өнөө цэцгийг авч, цонхоо хаагаад унтахаар хэвтээд өглөө.
Өглөө нь Жорж түрүүлж бослоо. Нүүр нь цонхийн цайж, бие нь суларч, нэг л сонин дүйнгэ ч юм шиг болчихжээ. Бие чинь зүгээр үү хэмээн эмчийг асуухад зүгээр ээ, зүгээр гэж хайнгадуухан хариулав.
Өглөөний цайны үеэр тосгонд өнгөрсөн шөнө дахиад нэг ажилчин нас барсан тухай хэл ирэв.
Жемс, Карл Иванович хоёр тэр даруй буяны тусламж хүргэж өгөхөөр тосгон явахаар боллоо. Тэд Смитээс иймэрхүү тохиолдол бүрд ноён Гаррийн өгдөг мөнгийг өөрсдөөр нь дамжуулан тэр айлд өгөхийг хүслээ.
Жорж К. хамт явахыг хүсэхэд Жемс дуртай дургүй зөвшөөрлөө.
Явцгаалаа. Замдаа хоорондоо нэг ч үг сольсонгүй, хүн бүр өөр өөрийн бодолд автан чимээгүй явлаа.
Тосгонд очвол талийгаачийн гэрийг дор нь зааж өгцгөөлөө. Хуучирч, нурах шахсан яйжгий байшин байх бөгөөд тартагтаа тулсан ядуу айл гэдэг нь харваас андашгүй ажээ. Бүрлээчийг нэгэн вандан дээр хэвтүүлэн тавьжээ.
– Яагаад нас барсан юм бол? гэж асуух зуураа Жемс цайзын эзний өгсөн мөнгөн тусламжийг гардууллаа.
– Мэдэхгүй ээ, ноёнтоон. Эв эрүүл унтахаар хэвтээд ахиж өндийсөнгүй! Тэнгэр бурхны таалал л тийм байж дээ талийгаачийн дүү бүсгүй нулимс асгаруулан хариулав.
– Танайд худаг байгаа биз дээ, надад ус авчирч өгөөч хэмээн Карл Ивановичийг хүсэхэд бүсгүй ч гарлаа.
Тэр даруй Жемс, Карл Иванович хоёр талийгаач уруу ухасхийн ойртож толгойг нь өндийлгөж үзэв.
Тэр хоёрыг үг ч хэлж амжаагүй байтал харин тэнд байгааг нь ч мартаж орхисон Жорж хөвгүүн хажуугаас:
– Үүний хүзүүнд яг минийхтэй адилхан шарх байна гэвэл:
– Юу? Таны хүзүүнд бас ийм шарх байгаа юм уу? Алив үзүүлээдэх! гэж Жемс тушаангуй хэлэх зуураа Жоржийн дэргэд очив.
Жорж толгойгоо гилжийлгэн цагаан хүрээтэй хоёр жижигхэн шархаа үзүүллээ.
Жемс, Карл Иванович хоёрын царай өнөө вандан дээр хэвтээ үхдэлийн нүүрнээс ч илүүтэйгээр хувхай цайж, аянгад ниргүүлсэн мэт гөлрөн зогслоо.
Гэрийн эзэгтэйг худгаас авчрахад тэр хоёр сая нэг юм сэхээ орж, хувинтай усанд ам хүрсэн ч үгүй гэрийн зүг яаравчиллаа.
Цайз уруу буцах замдаа Жоржоос зүүднийх нь тухай, шөнө эмчийн өрөөнд хэрхэн яаж шүү унтдаг тухай нь эвтэйхэн асууж тандлаа.
Хүзүүн дээрх шархныхаа тухайд бол өнөө өглөө л анзаарсан, өвдөж барьдаггүй, хэзээ, яагаад ийм шархтай болсноо өөрөө ч мэдэхгүй хэмээн Жорж хэлжээ.
Вейс эмч хэзээний гэртээ байсангүй, зөндөө олон хүний хамт овоо хол газар, арван таван мод газрын тэртээ загасчилахаар явсан ажээ.
– Оройн зоогоос өмнө эргэж ирж амжихгүй л байх даа хэмээн зарц илтгэлээ.
Карл Иванович, Жемс хоёр өнөөдөр өмнөх шигээ номын санд түгжиж суулгүй өдөржин Жорж К.-тай хамт байж дэргэдээс нь хором ч холдсонгүй.
Санаандгүй байтал тэр орой гэрийн эзэн өөрөө зочидтой нийлж, тэгсний ачаар оройн зоог ч ердийнхөөсөө хамаагүй илүү хөгжилтэй боллоо.
– Карл Иванович, та өнөө цус сорогчдынхоо тухай үлгэрийн үргэлжлэлийг хэзээ ярьж өгч биднийгээ баярлуулах гэж байна даа? хэмээн Гарри асуув.
Карл Иванович дуугарсангүй.
– Тэр жигтэй сонин намтар түүхийн тайлал үнэхээр алга уу? хэмээн гэрийн эзэн үргэлжлүүлэн асуулаа.
– Гарри минь, тэр дэмий балай юмыг дахин сөхөх хэрэг байна уу? Тэгснээс зуны урин дулаан цаг дуусахаас өмнө амжиж тосгоны баяр ч юм уу, эсвэл нууран дээр Венецийн баяр зохиовол дээргүй юү хэмээн цус сорогчийн тухай яриаг аль болох дүйвүүлэн өнгөрөөх гэсэн Жемс хэлэхэд:
– Тэгээд дараа нь би хариу айлчлал болгож өчнөөн айлаар хэсэх гэж үү? За тэрийг ч ёстой болих уу даа хэмээн Гарри ярвайлаа.
– Үгүй ингэхэд, заавал ихэс дээдсийг нь уриадах гэж хэн чамаас шаардаад байгаа хэрэг вэ? Зүгээр л, тосгоны сайхан хүүхнүүдийг цуглуул, тэгвэл бүр ч сонирхолтой байх болно гэж Райт хэлэхэд:
– Энэ ч ёстой санадаг л санаа байна даа, ёстой зөв! хэмээн залуус шуугилдаад ирлээ.
Төрөл бүрийн санал, төлөвлөгөө тал бүрээс урган гарч ирлээ... Жемс тэдгээр төлөвлөгөөг хэлэлцэхэд оролцсонгүй, цус сорогчийн тухай ярианаас нийтийн анхаарлыг хөндийрүүлж чадсандаа додигор суулаа.
Баяр зохиох ажлыг нэг их хойш тавилгүйгээр, тэргэл сартай үе дуусахаас өмнө хийхээр хэлэлцэн тогтлоо.
Бүгд тарж өөр өөрсдийн унтлагын өрөөнд орсны дараа Жемс өрөөнд чинь очиж тамхилж болох уу гэж Вейс эмчээс гуйгаад:
– Надад шинэ навчин тамхи авчирч өгсөн. Түүгээрээ чамайг дайлж хэр тамхи байна вэ саналыг чинь сонсох гэсэн юм гэв.
– Очоорой, очоорой, найз минь, би бүр баяртай байна, гэхдээ намайг уучлаарай, би тамхи татахгүй шүү. Өчигдөр би бүр муурч унатлаа тамхи татсан. Энэ ч харин эмч хүнд огт таарахгүй хэрэг шүү гэж эмч хэлэв.
– Яагаад муурч унатлаа татсан хэрэг вэ? гэж Жемс гайхан асуувал:
– Тэрнээс ч дор юм болсон, би бүр хий үзэгдэл үзсэн шүү! Алив, энэ халаадыг өмсчих, орж байгаад би чамд ярьж өгье гэлээ.
– За тэгье, одоохон.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.08.11 9:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
ЕСДҮГЭЭР ХЭСЭГ

Жорж К. зөөлөн буйдан дээр тайван унтаж, залгаа өрөөнд нь Вейс эмч, Жемс хоёр гэрэл асаалгүй харанхуйд намуухан ярилцаж суулаа.
Жоржийн өрөөний цонхыг онгойлгож хөшгийг нээсэн болохоор сарны гэрэл тасалгааг гийгүүлэх ажээ. Харин эмчийн өрөөнд хав харанхуй, гагцхүү Жемсийн татаж буй тамхины гал жижигхэн улаан од мэт хаа нэг улалзана.
Вейс эмч чимээгүйхэн инээн байж хэрхэн өөрөө “хий үзэгдэл” харсан тухайгаа хэдийн ярьж амжаад Жоржийн зүүдэн өвчтэй болохыг хэрхэн лавтай мэдсэн тухайгаа найздаа хэлэв.
Жемс, Жоржоос нүд үл салган эмчийн яриаг чимээгүйхэн сонслоо.
– За, чи юу хэлмээр байна даа? гэж эцэст нь эмч асуухад:
– Чимээгүй, дуугүй бай гэж Жемс сонсогдох төдий шивнэлээ.
Айдас жихүүдэс хүрмээр зэвүүн муухай нам гүм болов. Таван минут ч өнгөрөөгүй байтал Жемс, эмчийг анхааралтай байгаарай гэж хүсэх гэсэн мэт гарт нь зөөлөн хүрэв.
Нэг хүүхэн цонхон дээр цаашаа хараад цэцэрлэг рүү хөлөө унжуулан сууж байх нь тэр. Цайзын үйлчлэгч, шивэгчдийн дундаас ингэж ичгүүргүй, увайгүй аашлах хэн байдаг билээ? гэж эмч бодлоо.
Үсээ буржийлган зассан хөөрхөн толгойг нь харвал зарц, шивэгчдийн хэнтэй ч адилгүй мэт. Тэр хүүхэн наашаа эргэн харахад зарц шивэгчин хүүхнүүд яагаад ч ийм царайтай байж таарахгүй гэдэг нь улам ч тодорхой боллоо. Хүүхэн огт анзаарагдамгүй хөнгөхөн хөдөлж өрөөнд ороод ирлээ.
Хүүхнийг босон зогсоход нь харвал гуалиг сайхан биеэ барьсан гоёмсог даашинз өмсөж, товойн харагдах том хөхнийхөө тэнд багц гал улаан сарнай зүүжээ.
Хүүхэн зөөлөн буйдангийн дэргэд хөвөн очиж Жоржийн толгой дээр гараа тавин дээрээс нь бөхийхөд цаадах нь аяархан эмзэглэн ёоллоо.
Жемс үл таних хүүхнийг барьж авахаар үсрэн босож эмчийн ажлын өрөө рүү ухасхийлээ.
Өнөө хүүхэн өндийж хоёр гараа алдлан Жемсийг тэврэхээр өмнөөс нь угтан ирэв.
Тэр хүүхэн нүд гялбам үзэсгэлэнтэй ажээ. Гагцхүү хүний шинэхэн цус болсон час улаан уруул нь түүний гоо сайхан царайг нь үл ялиг гутаажээ.
Жемс зогтусан дороо зогслоо. Хүүхнийг мөрдөн хөөх юм бодсон чинь өнөө хүүхэн өөрөө өөдөөс нь хүрээд ирэх нь тэр!
Дахин нэг хором өнгөрөхөд хүүхэн Жемсийг тэврэн авч, цустай улаан уруулаа хацарт нь наалаа...
Айж мэгдсэн Жемс хөдөлж ч чадахгүй зогсоно.
Тэр хүүхэн нэг гараа Жемсийн мөрөнд хүргэснээ гэнэт огцом татаж аваад сайхан царайд нь гайхсан бас хүндэтгэсэн байдал илтэд тодорч:
– Өршөөгөөрэй, би таныг мэдсэнгүй, хэрэв мэдсэн бол ингэж зүрхлэхгүй байсан... гэж шивнэв.
Тэгээд тэр хүүхэн ухасхийн холдож, хормын дараа гэхэд цонхны цаана хувцас нь гялалзаад сарны туяанд шингэн алга боллоо.
Жоржийн тун зовиуртай ёолон хашгирах чимээнээр тэр хоёр сая нэг юм сэхээ орж хоёулаа зөөлөн буйдан уруу очив.
Хөөрхий жаал толгойгоо гэдийлгэн гараа алдлаад хэвтэж байлаа. Хүзүүн дээр нь тодхон харагдах шархнаас одоо хүртэл цус дуссаар байна.
Вейс эмч Жоржийг сэрээх гэсэн боловч Жемс хориглон болиулаад:
– Яах гэсэн юм бэ? Одоо Жорж амгалан тайван унтах болно гэлээ.
Дараа нь тэрээр Жоржийг хажуу тийш нь харуулан хэвтүүлээд хөнжлөөр нь хучлаа.
– За, одоо эмч та юу хэлмээр байна даа?
– Чиний зан байдлыг ажаад байхад бид хоёр адилхан хий юм үзсэн байна гэж би үзэж байна. Энэ ч тун сонирхолтой үзэгдэл шүү. Хий юм үзэх гэдэг бол...
– Тэгвэл энэ бас бодитой зүйл биш хий үзэгдэл болж таарах нь уу? гэж Жемс доогтой хэлээд үнгэгдэж хорчийсон гал улаан сарнай цэцэг шал дээрээс авч эмчид өгөв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.09.11 12:41 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
Аравдугаар хэсэг

Маргааш нь Жемс өөрийнхөө нэрлэснээр цэргийн зөвлөлийг хуралдуулав. Цэргийн зөвлөлд Вейс эмч, ахмад Райт, Карла Иванович нар хийгээд Жемс өөрөө багтсан ажээ.
Өмнө нь Жемс өнгөрсөн шөнийн болсон явдлыг Райтад ярьж танилцуулаад, Анчдын байшинд болсон явдлыг ярих зөвшөөрлийг түүнээс урьдчилан авсан байна.
Зөвлөл Вейс эмчийн өрөөнд хуралдаж, Жемс товчхон үг хэлснийхээ дараа:
– Одоо чухам яавал зохих вэ гэдэг асуудал бидэнд тулгараад байна. Бидний хэнд маань ч, тэр дундаа бид бүхэнд ач тусаа харамгүй өгсөн, бидний дотнын хайрт хүн Гаррид аюул заналхийлэл учирлаа гэж ёс төртэй мэдэгдсэнд:
– Жемми, чи арай хэтрүүлээд байгаа юм биш үү, Гарри бол үүл манангаас бүрдсэн хий үзэгдлээс айх хүүхэн шиг хулчгар эр биш болохоор түүнд ямар аюул заналхийлэх билээ дээ хэмээн Вейс эмч эсэргүүцэв.
– Ямар аюул гэнэ ээ? Тэр ердөө амархан; үхэх аюул гэж Жемс хариулахад:
– Юун дэмий юм ярина вэ! гэж эмч бувтналаа.
– Харин чи Жорж К.-ын хүзүүн дээрх шархыг шинжилж үзсэн үү? Юунаас болж тийм шарх бий болсон гэж чи бодож байна вэ? Тэр шарх нь амь насанд аюултай юу? хэмээн Жемс ар араас нь цувруулан асуухад:
– Яах вэ, нэлээд хачин шарх байсан нь үнэн л дээ, гэхдээ би тэр шархыг ямар нэг өвчин гэж, тэр тусмаа онц аюултай өвчин гэж үзэж огт чадахгүй, уучлаарай гэж эмч хэллээ.
– Багт наадамд ирээд үхсэн цэргийн дарга Визе, манай цайзын нэг ажилчин, тосгонд нас барсан манай гурван түр ажилчны хүзүүнд бас яг ийм шарх байсныг чи тэгвэл юу гэх вэ? гэж Жемс үргэлжлүүлэн шалгаасаар байлаа.
– Тэгээд тэднийг хэн үзэж, хэн энэ тухай чамд хэлээ вэ? гэж эмчийг асуухад:
– Тэр шархнуудыг Карл Иванович бид хоёр өөрсдөө үзээд дараа нь ажигласнаа нягтлан шалгах гэж тосгонд ч бас очсон.
– Тийм ээ, ноён Жемс үнэн ярьж байна гэж Карл Иванович, Жемсийн ярьсныг батлан хэлэв.
– Тэгээд ямар дүгнэлт хийв дээ? хэмээн эмч асуулаа.
– Тэр нас барсан бүх таван тохиолдлын үхлийн шалтгаан нь чухамхүү тэр хүзүүний шарх байсан бөгөөд хэрэв бид цагийг нь олж амжиж туслаагүй бол хөөрхий Жорж К. ч мөн үхэх байсан юм.
– Жемми, чи юу ярих нь энэ вэ? гэж хэлээд Вейс эмч суудлаасаа ухасхийн бослоо.
– Би баттай хэлж байна, ойлгож байна уу, бат-тай хэл-ж бай-на... Залуу тайж Рено, чулуучин, төмрийн дархан бүгдээрээ яг ийм шалтгаанаар амь үрэгдсэн байна. Харамсалтай нь би тэдний хүзүүг үзээгүй ч тэд бүгдээрээ хүзүүндээ шархтай байсан гэдэгт итгэлтэй байна гэж Жемс нухацтайхан хэлэв.
Вейс эмч сэтгэл нь зовсон байдалтай Жемсэд дөхөж очин гараа духанд нь хүргэж үзээд:
– Халуураагүй байна, судасны цохилт нь ч хэвийн байна гэж тэр шивнэв.
– Битгий санаа зов доо, найз минь, би одоогоор галзуураагүй, архины цагаан солио тусаагүй байна гэж Жемс инээмсэглэн хэллээ.
– За, чи эрүүл саруул байгаа юм бол чухам ямар учиртай юм болоод байгааг бидний толгойг эргүүлээд байлгүй аятайхан яриад аль хэмээн Вейс эмч уурслаа.
– Суугаад сонсож бай гэж Жемс тушаагаад:
– Тэгэхлээр, эрхэм ноёд оо, манай энэ хавьд маш хачирхалтай үхэл зовлон нүүрлээд байна. Эрүүл чийрэг, нас залуу, цус шингэн хүмүүс хүзүүн дээрх хоёр жижиг шархнаас өөр өвчний ямар ч шинж тэмдэггүйгээр бараг гэнэт үхэж байна. Энэ жижиг шархнуудыг Карл Иванович бид хоёр сайтар шинжиж үзэхэд цус шүүрсэн, хөхөж сорсон юм уу гэмээр цагаан хүрээтэй байсан. Хүн юм уу эсвэл ямар нэг амьтан хүнийг тийнхүү хазаж шархдуулаад цусыг нь сорсон байна.
Вейс эмч ууртай нь аргагүй мөрөө хавчив. Жемс үүнийг тоосон янзгүй үргэлжлүүлж:
– Одоо бол тэр чухам хэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. Анчдын байшинд байхад Карл Иванович үлгэр домог болгон бид бүхэнд уншиж өгсөн, одоо бидний ихэнх нь нэгэнт мартсан тэдгээр захидал, тэмдэглэлүүд дотроос л бид үүний тайлбарыг хайх хэрэгтэй гэж хэлэв.
– Жемми, би үүнд чинь ч итгэж чадахгүй нь. Тэр их сүйд майд болгоод байгаа Багшийн тэмдэглэл гэдэг юм чинь галзуурсан хүний дэмийрлээс өөр юу ч биш, тэр багш чинь өөрөө хүртэл надад номхотгох цамц өмсгөлөө гээд биччихсэн байсан биз дээ гэж Вейс эмч цааш тэсэж чадсангүй хэлэв.
– За яах вэ, тэр багш солиотой гэж хэлж байгаа чиний зөв болог, тэрийг бүр орхичихъё. Одоо тэр захидлуудыг аваад үзье гэж Жемс зөвшөөрөөд:
– Хэрэв чи тэр захидлуудыг Карл Иванович шиг анхааралтай уншаад үзвэл энэ цайзад урьд өмнө яг иймэрхүү үхэл нүүрлэсэн байсан гэдэгт итгэх болно. Цайзын эзэн ч бас үхлийн шалтгаан нь цус сорогчид байсан гээд шуудхан нэрлэсэн байгаа.
Эмч дахиад л тэсэж чадалгүй:
– Жемми минь дээ, Жемми минь, манай хорьдугаар зуунд цус сорогч гэдэг чинь дундад зууны үеийн үлгэр домог төдий л зүйл шүү дээ, ойлгож үзээч дээ! гэв.
– Тийм ээ, манай хорьдугаар зуунд ч цус сорогчид байдаг юм гэдгийг би батлан хэлж байна. Эдгээр захидлууд ч үлгэр туульс биш харин аймшигтай, үйлийн үргүй үнэн гэж өөртөө бат итгэлтэй хүний жишимгүй байдлаар хэллээ.
– Нэг удаа би үүнийг бүр асуудал болгон ярьж, тэр захидлууд хэрэв энэ цайзад бичигдсэн юм бол тухайн мөчид захидлууд цайзад байж байх боломж яагаад ч байхгүй гэдгийг тайлбарласан шүү дээ хэмээн эмч мэтгэсээр байлаа.
– Хамгийн сүүлд уншсан захидалд найз нь энэ цайзад ирэх болсон тухай бичсэн байсныг чи санахгүй байна гэж үү? Бас цайзын дор холгүй орших ойн байшинг түүнд зориулан бэлтгэж байгаа тухай ч бичсэн байсан. Эцэст нь хэлэхэд Карл Иванович тэдгээр захидлуудыг манай Анчдын байшингаас олсон юм шүү. Захиаг хаяглан бичсэн тэр эзэн нь захидлуудыг өөрөө энд авчирсан гэж дүгнэхэд ядаж цөхөх юм алга гэж Жемс хэллээ.
Вейс эмч барьц алдан дуугүй болов.
Жемс цааш үргэлжлүүлэн:
– Захидлуудын эцэст Д. гэж нэрээ тавьсан нь Деронимо ч биш, ердөө л Дракула, өөрөөр хэлбэл цайзын эзэн Дракула гүнтний нэр гэж би бодож байна. Бодох ч биш бүр бат итгэж байна гэлээ.
– Гэхдээ манай энд Америкаас авчирсан гэх мөнөөх чулуун авс байхгүй шүү дээ, чи өөрөө ч энийг хэлж байсан гэж эмч бас л мөчөөгөө өгөлгүй маргав.
– Чи ганц тэр австай зууралдаад яах нь вэ дээ, зөвхөн эцэг, эх хоёрыг нь оршуулсан “шинэ бунхан” гэж нэрлээд байгаа тэр хоёр дахь бунхан гэхэд л америк авснаас илүү жинтэй нотолгоо бус уу. Бас хадан хясааны ирмэг дээрээс нуур харагддаг, тосгоны сүмийн хонхны чимээ салхиар өртөөлөн сонсогддог гэж бичсэн байсныг сана. Бас Анчдын байшинд итали сүйт бүсгүйд зориулан бэлтгэсэн эмэгтэй хүний өрөөнүүд байна. Миний мөрөөдөл хэдэн мянган дукаттай хамт хийсэн одлоо гэж бичсэн байсныг санаж байна уу? Бас тэр япон хайрцаг Дракула өөрийн болзоот бүсгүй Ритадаа зориулж худалдан авсан ромын хатан хааны хайрцаг биш гэж үү? Дээр нь байгаа алимыг шувууны аманд түлхэн хийхэд хайрцгийн таг онгойж байсан шүү дээ. Үүнийг Райт ч гэрчлээд өгч чадна хэмээн Жемс ар араас давхцуулан урсгав.
Райт зориуд дуугүй суун тамхиа баагиулна.
Эмч өөрийг нь дэмжих хүн хайж бүгдийг нь царайчлан харах ажээ.
Хэсэг дуугүй сууцгаасны эцэст Карл Иванович эхлэн ам нээж:
– Сүмийн бичиг цаасан дунд хадгалагдаж ирсэн оршуулгын дэвтэрт энэ нутагт хоёр ч удаа үхэл ихтэй тахал өвчин дэгдсэн тухай, эмч нар тухайн үед нь өвчнийг таньж чадаагүй тухай бичсэн байна билээ. Эхнийх нь залуу Дракула гүнгийн хатагтай нас барахад, дараагийнх нь нэлээд хожуу тохиолдсон юм байна гэв.
– За тэгэхлээр, тэр өвчин одоо гурав дарь удаагаа дэлгэрээд байна. Хэрхэн, яагаад гэдэг бол жич асуудал. Ямартаа ч өвчин тархаж, аюул заналхийлж байгаа нь илт байна, бид ч тэр өвчинтэй тэмцэж, Гарриг болон өөрсдийгөө хамгаалах ёстой. Бас энэ нутгийн ард олон ч бидний тусламжийг найдан хүлээж буй нь зүй ёсны хэрэг хэмээн Жемс сэтгэл догдлон ярилаа.
– Энэ бүхэн сайхан л юм, Жемс минь. Харин тэр бидний тэмцэх ёстой дайсан нь тэгээд хэн юм бэ дээ гэж эмч асуувал:
– Цус сорогчид гэж би танд хэлээд байна шүү дээ.
– Үгүй тэр цус сорогч гэж бас хэн юм бэ? Хаана байна вэ? Тэдэнтэй яаж тэмцэх юм бэ? Жемми минь дураараа л болж үз. Би л харин ойлгохгүй юм байна гэж Вейс эмч гунигтайхан хэллээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.09.11 3:08 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
НОМЫН ОРЧУУЛГА

– Цус сорогч гэж чухам хэн болохыг “Ад зэтгэр буюу амьд үхдэлүүд” хэмээх энэ номд мэдээж, бүрэн дүүрэн биш ч гэсэн тайлбарласан байна гэж Жемс хэлээд савхин хавтастай, эртний номыг заахад:
– Аа, энэ чинь нөгөө Гарригийн чамд бэлэглэсэн ном байна шүү дээ, би мэдэх юм байна гэж Райт хэлэв.
– Тийм ээ, тэр ном мөн. Карл Иванович бид хоёр боломжийнхоо хирээр орчуулсан юм, орчуулахад тун хэцүү байсан болохоор боломжийнхоо хирээр гэж ярьж байгаа юм шүү. Эртний латин хэл дээр мэргэжлийн үг хэллэг их ашиглаж бичсэний дээр бидний огт мэдэхгүй зүйлийн тухай өгүүлсэн ном байна.
– Энэ номд үхээд босогсод гэж нэрлээд байгаа тэр амьтад бол бидний хувьд тайлбарлаж болшгүй, эгэл бус зүйл юм. Гэхдээ энэхүү цайзын эзний бичгийн ширээн дээр иймэрхүү төрлийн ном байгаа нь л дангаараа хар аяндаа тун ч олон юм бодоход хүргэж, нэгийг хэлээд байх мэт.
– За тэгээд, чи энэ номоос чухам юу олж мэдэв дээ? гэж Вейс эмч тэжэс ядан асуулаа.
– Одоо хэлэх л гээд байна шүү дээ. Гэхдээ сайн тодруулж мэдэж чадаагүй, ойлгомжгүй зүйл их байгаа гэдгийг дахин хэлье.
– Гол юм аа ярь, гол юм аа ярь хэмээн эмч дахин шавдуулав.
– Тэр эрт дээр үеийн ад зэтгэр гэдэг нь үхсэн хойноо булшнаасаа амилан босоод ирсэн, амьдралд оролцож чаддаг амьд хүмүүс юм байна. Тэрхүү амьдралд оролцох гэдэг нь ихэнхдээ гай зовлон тарьсан, нүгэлт муу үйл байдаг гэнэ.
“Үхээд босогсод”, цус сорогчид гэдэг нь тэрхүү ад зэтгэрийн нэгэн төрөл ажээ. Тэд ч мөн авснаасаа босож ирээд амьд хүмүүсийн цусыг сордог байна.
Тэд хэдэн зууныг дамжин амьдарч чадах бөгөөд удаан амьдрах тусам улам хүчирхэг болдог гэнэ. Хүний цусыг сорох бүрдээ хүч чадал нь нэмэгдэж, мэдлэг чадвар нь ч нэмэгддэг байна.
Тэд бас муур, сарьсан багваахай, могой зэрэг амьтан болон хувирч, үүл манангаар биеэ хүрээлүүлж, бүр заримдаа манан болж хувирч чаддаг гэнэ.
Сарны шөнө болоход их дуртай, сарны цацраг дамжин голын усаар хөвөх мэт урсаж чаддаг.
Урт хурц шүдтэй, сарвуу нь ч бас хурц хумстай, тэр хумсаараа эгц хана уруу ч авирч чадна.
Цус сорогч хэдий хүчтэй байх тусмаа олз болох хүнээ нүднийхээ харцаар юм уу эсвэл биеэрээ шүргэх төдийд ховсдон унтуулж чаддаг. Хамгийн хүч тэнхээтэй хүн ч цус сорогчийн тэрхүү харцны дор ямар ч арчаагүй болж, хүн хэчнээн эр зоригтой байгаад ч өөрийн эрхгүй унтаж гарцаагүй цус сорогчийн зууш болдог байна.
Цус сорогч тухайн хүний цусыг нэг юм уу хоёр удаа, ховор тохиолдолд гурав, дөрвөн удаа сордог. Эхний удаад бол цаад хүн нь айж, эсэргүүцдэг тул жаахан хэцүү байх бөгөөд дараа нь хялбархан болж, өвчтөн тамлан тарчлаагчаа бүр хүсэн хүлээж байдаг гэнэ...
Заримдаа цус сорогч хүнд дурлах нь ч бий бөгөөд тэгсэн тохиолдолд цусыг нь бага багаар аажимхан сорж, хайртай хүнээ аль болох удаан амьдруулж таашаал авдаг байна.
Ийм үед цаад хүн нь өөрөө цус сорогч болж хувирах ба харин бусад тохиолдолд тэгэх нь ховор. Дурлахдаа заавал эсрэг хүйстэндээ дурлана. Харни зүгээр цусыг нь сороход бол нас, хүйс хамаагүй. Гэхдээ голдуу хүүхэд, залуу хүмүүсийн цусыг сорох илүү дуртай болох нь ажиглагдсан байна.
Цус сорогчид ялангуяа тэргэл сартай шөнийг ихэд таашаах бөгөөд харин илүү хүчирхэг, он удаан жил амьдарсан нь өдрийн цагаар ч явж, цус сорж чаддаг аж.
Олонх амьтад цус сорогчдын эрхэнд захирагддаг бөгөөд бүгд тэднийг мэдэрч, айдаг байна. Хүний сайн нөхөд болох морь, нохой зэрэг амьтад цус сорогчдыг үзэн яддаг, тэднийг дайснаа гэж үздэг байна.
Хамгийн хүчирхэг цус сорогчид салхи, үүл, манан зэрэг байгалийн үзэгдлийг ч тодорхой хэмжээгээр жолоодож чадна.
Бүх цус сорогчдын нэг сул тал нь гэвэл цус сорогч бүр өөр өөрийн хоргодох газартай байх ёстой, мөн тэндээ өдөрт тодорхой хэдэн цаг үхсэн мэт хэвтэж байх учиртай гэнэ.
Тийнхүү үхсэн мэт хэвтэж байх үедээ цус сорогчид ямар ч арчаагүй болдог тул хоргодох газраа чандлан нууцалдаг, зарим нь бүр хэд хэдэн хоргодох газартай байдаг аж.
Тэрхүү хоргодох газар нь цус сорогчдын явдаг газрын ойролцоо байх учиртай, эс тэгвээс өнөө үйлийн үртэй цаг нь болоход хоргодох газраасаа хол унаад өгөх аюултай бөгөөд хэрэв тэгвэл тэдэнд тун осолтой гэнэ.
Хамгийн удсан, туршлагатай цус сорогч өөрийн амьд ахуй цагийн хөрөгт шингэн орж чадах боловч удаан тэгж чаддаггүй байна.
Явдал нь бүтэмжтэй байвал, өөрөөр хэлбэл хангалттай олон хүний цусыг сорж л байвал цус сорогч улам залуужин, өнгө зүс ордог байна. Зөвхөн улаавтар туяатай нүд, цусан улаан уруул нь л тэдний царайг ялимгүй гутаадаг ажээ.
Цус сорогч ямар нэг шалтгаанаар нуугдахаас аргагүйдвэл, өөрөөр хэлбэл өлсвөл цонхийн цайсаар хөх саарал өнгөтэй болж, хөдөлгөөн нь багасан, аймаар ууртай болдог гэнэ.
Гэхдээ л цус сорогч ямар нэг тарина, шившлэгэд хүлэгдэн нэг газар олон жил хэвтлээ ч амьд үлдэж чаддаг байна. Эхний аятай тохиолдол гармагц тэндээсээ мултран гарч дахиад л амьд хүмүүс рүү дайрдаг аж.
Цус сорогчдын авсандаа байдаг цаг буюу тэдний нойрсох цагийг тодорхойлж мэдэх тун хэцүү. Нэг бол энэ номыг бичсэн хүн өөрөө сайн мэдэхгүй байх шиг байна, эсвэл Карл Иванович бид хоёр буруу ойлгосон байх л даа.
Ямартаа ч энэ асуудал дээр зөрөөтэй юм их байна.
Нойрсох цаг нь янз бүрийн газар нутагт өөр, бас хүчний хувьд өөр өөр цус сорогчдын хувьд бас өөр байдаг байж болох юм.
Юу ч гэсэн тэр цаг нь өглөө нар мандах, орой нар жаргах үетэй давхацдаг болов уу. Цус сорогчдын хамгийн дуртай цаг нь шөнийн арван хоёр цаг буюу шөнө дунд.
Цус сорогчид дотроо бас их багын ялгаатай, хүч муутай нь хүчтэйгээ хүндэлдэг. Гэхдээ тэр хамгийн хүчтэй гээд байгаа нь чухам юу болохыг мэдэх юм алга. Номд хүний цусаар тахидаг байсан эртний бурхад хамгийн хүчтэй нь гэж нэг удаа тэмдэглэсэн байх юм.
Мөн бас нэгэнтээ: “үл захирагдагсдыг цээрлүүлэх болно, эсвэл бусдын олзыг булаавал цээрлүүлнэ” гэсэн байх юм. Гэхдээ хэн, хэрхэн цээрлүүлэхийг нь ойлгох аргагүй юм.
Эрт дээр үед бүх цус сорогч, ад зэтгэр, ороолонгуудын бишрэн хүндэлдэг маш хүчирхэг цус сорогчид байсан бололтой юм.
Өдөр цус сорогчийг ялган таних хэцүү бөгөөд харин шөнө таних амархан байдаг гэнэ. Шөнө зохисгүй цагаар, зохисгүй газар гэнэт гарч ирэх нь цус сорогчийн шинж. Жишээ нь залуу эр хүний унтлагын өрөөнд залуухан хүүхэн орж ирэх, эсвэл залуу бүсгүйн өрөөнд залуу эр орж ирэх гэх мэт.
Ухаалаг цус сорогчдыг өдрийн цагаар ялган танихад тун хэцүү, тэд амьд хүнийг маш сайн дууриаж чадна.
Тэдний хамгийн гол шинж нь гэвэл юу ч идэж уудаггүй гэнэ. Илүү ажигч гярхай хүн бол цус сорогчид нарны болон сарны гэрэлд огт сүүдэргүй байдгаар нь таньж болно. Түүнээс гадна цус сорогчид толийг огт үзэж чаддаггүй гэнэ. Хаа таарсан газраа толь хагалахыг хичээж явдаг байна. Яагаад тэр вэ гэвэл цус сорогчдын дүрс толинд ер харагддаггүй тул тэр шинжээрээ амархан баригддаг байна.”
Энэ номоос бидний бидний орчуулан ойлгож мэдэж авч чадсан юм ердөө ингээд л болчихож байна.
Тэнд бас зохиогчийн өөрийн эргэцүүлэл, жишээ татсан зүйл олон байгаа ч бидэнд нэг их хэрэг болохгүй л болов уу.
Цус сорогчид чухам хэзээ хамгийн эмзэг байдаг вэ, тэд хэнд захирагддаг вэ гэсэн хамгийн гол асуултууд тун ч бүрхэг, тодорхойгүй хэвээр үлдэж байгаа нь харамсалтай байна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.09.11 5:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
Арван нэгдүгээр хэсэг

Жемс ярьж дуусаад хэсэг дуугүй боллоо. Бусад нь ч дуугарсангүй.
– Би одоо яах ёстой болж байна вэ? гэж Вейс эмчийн асуухад:
– Цус сорогчид байгаа болохыг бид нэгэнт баттай олж мэдсэнээс хойш тэдний хоргодох газрыг нь олж тэднийг нойрсож байх цагаараа биеэ хамгаалах чадваргүй байхад нь устгах ёстой. Энэ бол бидний ариун үүрэг хэмээн Жемс халуун цочмогоор өгүүлэв.
– Чиний зөв, харин үүнийг хэрхэн гүйцэлдүүлэх вэ? гэж Райт хэллээ.
– Энэ тал дээр бол Дракула гүнтний бичсэн захидлууд, миний олсон зарим нэг бичиг баримт бидэнд тус болно гэж Карл Иванович энэ ярианд оролцов.
– Жемми, чи бол аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн Шерлок Холмс шүү дээ, тэгэхлээр сайтар бодож үзээд бидний юу хийх ёстойг хэл, бид чиний үгийг дагая гэж Вейс эмч дуулгавартай гэгч нь санал болгов.
– Итгэл хүлээлгэсэнд их баярлалаа гэж хэлээд Жемс мэхийн ёсолж, хэсэг бодолхийлснээ:
– За эхэлье. Карлогийн буюу Дракула гүнгийн захидлаас түүний эх нь цус сорогч байсан, бас өөрөө ч цус сорогчийн золиос болон үхсэн хүүхэн гэдгийг бид олж мэдсэн.
Хатан ахайтныг хэн хөнөөснийг хэлэх тун амаргүй. Америкаас ирээд хожим учир битүүлгээр алга болсон мөнөөх зарц өвгөн ч байж магадгүй, эсвэл өвөг гүнтний нэрээр авчирсан тэр талийгаач ч байж мэднэ. Карлогийн ээж анх өвдсөн шөнөө өвөг гүнтнийг зүүдэндээ үзсэн нь зүгээр ч нэг хэрэг биш байх, эсвэл бүр зүүдлээгүй, жинхэнээсээ харсан ч юм билүү. Бас өнөө сувдан сондор хэлбэртэй могой ч бас нэг учиртай л байх. Ямартаа ч америк зарц өвгөн, чулуун авсанд дотор ирсэн талийгаач хоёр нэг хүн гэж надад бодогдоод байна.
Захидалд олонтаа дурдсан тэр чулуун авс хаа ч байхгүй байгаа нь л намайг юу юунаас илүү барьцгүйдүүлж байна. Карл Иванович бид хоёр бунхныг тун ч анхааралтай нэгжиж үзсэн боловч тэр австай төстэй юм огт байгаагүй. Мөн Вейс чиний ачаар бидний олж нээсэн хоёр дахь бунханд ч тэр авс байгаагүй гэж Жемми гунигтай өгүүлэв.
– Миний нөгөө үхдэл олсон газрыг чи “хоёр дахь бунхан” гэж нэрлээд байгаа юм уу?
– Мэдээж хэрэг шүү дээ, хатан ахайтныг оршуулсан газрыг захидалд “хоёр дахь бунхан” гэж нэрлээд, ууланд байгаа хэмээн шууд дурдсан байсан.
– Вейс минь намайг өршөөгөөрэй гээд Жемс, эмч рүү гараа сунгаж, тэр ч бүү хэл цус сорогчид дахин гарч ирсний гол буруутан нь чамайг гэж бодож байгаа шүү гэв.
– Юун дэмий юм ярина вэ! хэмээн Вейс эмч дуу алдлаа.
– Байз л даа, чи сайн бодоод үз. Чиний тэр азгүй адал явдлаас өмнө бүх зүйл тайван амгалан байсан. Бид ойр орчимд хэн нэг хүн үхсэнийг, тэр тусмаа гэнэтийн, огт тайлбарлаж болшгүй учир битүүлэг шалтгаанаар хүн үхсэнийг огт дуулаагүй байсан. Харин чамайг тэнд унаснаас хойш хүмүүс ар араасаа үхэх болж, эхлээд нөгөө бутарч унасан гантиг хөшөөний толгойг авч явсан чулуучин нас барсан, тэгээд...
– Үгүй, байз гэм, чи намайг шившлэг тарниар хүлж битүүлсэн үүдийг нээж цус сорогчдыг суллаж тавьсан байна гэж хэлэх гээд байна уу? (Би мөн ч солиотой дэмий юм донгосож байна даа гэж тэр дотроо бодлоо). Гэхдээ тэр бунхан уруу хадан цохионы ан цаваар дамжиж ордог өөр нэг зам байдгийг чи мартаад байна шүү дээ. Тэр завсраар чиний тэр цус сорогч битгий хэл, бидний нөгөө араг ясыг нь олдог бүхэл бүтэн хүн шургаад орсон байсан.
Бас нөгөө багшийн тэмдэглэлд нуурын тэнд байдаг хүүхнүүдийн тухай бичсэн байсан. Тэгэхлээр тэднийг нуурын хүүхнүүд биш харин цус сорогчид байжээ гэж бодвол тэд биднийг ирэхээс ч өмнө чөлөөтэй зугаалж л байсан байна шүү дээ гэж Вейс эмч хэлээд доогтойхон жуумалзлаа.
– Эмч минь, инээж шоолох хэрэггүй, тэр солиотой хүний тэмдэглэлд хэрэг болох юм их бий. Би тэр багшийн тэмдэглэлийг гүнтний захидалтай харьцуулан жишиж үзээд ийм дүгнэлт хийгээд байна: Бид эхлээд багшийн бичсэн тэмдэглэлийг, дараа нь гүнтний захидлуудыг уншсан. Харин цаг хугацааны дарааллаараа бол гүнтний захидлыг эхэлж унших учиртай байжээ. Эхлээд гүнгийн ахайтан цус сорогч болж, дараа нь өнөө багш амь үрэгдсэн. Зарц Петро ч мөн үүнийг баталж байгаа.
Залуу Дракула гүн өөрийн захидалдаа Петро өвгөний тухай олонтаа дурдсан байдаг. Петро эргэл мөргөл хийхээр явсныг ч бид тэндээс мэдсэн.
Хэрэв залуу гүнтэн цус сорогчдоос айгаад эхнэр юм уу эсвэл сүйт бүсгүйнхээ хамт цайзыг орхиж явсаны дараа Петро эргэж ирсэн гэж бодоод үзвэл...
Карл Иванович хажуугаас нь ярианд оролцож, нэг юм хэлэх гэсэн боловч Жемс түүнд ам ч ангайх боломж өгөлгүй шийдмэг үргэлжлүүлж:
– Цайзыг бүгд орхин одсон тул эзгүй байсан байна, харин Петро сүмд орж, хонхчин болоод загалмайгаа хийж, сармисаа тарьсаар байжээ. Энэ бол тун ч байж болох хувилбар.
Шинэ бунхнаас бидний олсон тэр араг яс бол өөр хэнийх ч биш харин өнөөх хөөрхий солиотой Петр Дорич багшийнх гээд хэлчихвэл нэг их алдахгүй болов уу гэж би бодож байна.
Түүний тэмдэглэл нь ууланд очиж хайртай бүсгүйтэйгээ уулзахаар явна гээд тасалдсан байна, харин эмнэлгийн тэмдэглэл нь галзуу хүн алга болж, хүүрийг нь хайгаад олж чадаагүй гэдгийг нотолж байна.
Мөнөөх араг яс ямар нэгэн халаадархуу юм нөмөрсөн байна гэж Вейс чи өөрөө хэлж байсан шүү дээ. Харин эмнэлгийн халаад өмссөн байсан нь одоо тодорхой болж байна.
Үсийг нь хуссан юм уу эсвэл хүр хорхой идчихсэн юм шиг байна гэж чи хэлж байсан. Эмнэлэгт галзуу хүний хүний үсийг хусдаг учир түүний үсийг ч мөн хуссан байсанд эргэлзэх юм алга.
– Гарри ч мөн ийм бодолтой байгаа байх. Өнөө араг ясыг Петр Дорич нэртэйгээр оршуулахыг тэр тушаасан гэж Вейс эмч нэмэрлэв.
– За тэр, харж байна уу, энэ бүхэн миний зөв замаар орсныг л нотолж байна шүү дээ гэж Жемс сэтгэл хангалуун хэлээд:
– Одоо цааш үргэлжлүүлье...
– Чи өнөө хөөрхий солиотой амьтан өвчин нь хөдлөхийн эрхэнд хадны завсраар бунханд орж морфи хэмээх хар тамхины бэлдмэлийн нөлөөгөөр тэндээ унтаад дараа нь эцэж ядран, өлссөнөөсөө болоод үхсэн гэж хэлэх гээд байна уу гэж Вейс эмч дахиад л яриаг нь таслан асуулаа.
– Үгүй ээ, би арай өөрөөр таамаглаж байна. Дорич багш солио нь хөдлөхийн эрхээр бунханд орсон боловч гэнэт ухаан санаа нь саруулсаж уужирсан байх. Тэгээд өөрт нь ямар аймшигтай аюул тохиолдсоныг ойлгосноор барахгүй тэр аймшигт аюул түүний төрөлх тосгонд ч бас заналхийлж буйг ухаарсан байна. Тэгээд өөрийгөө цус сорогчдод золиослохын сацуу Петро өвгөнөөс хялбархан мэдэж авч болох байсан цус сорогчдыг дахин гаргахгүй байх ямар нэг арга хэрэглээд өөрөө үнэнч манаачийн ёсоор ангалын амсарт үүрд үлдэхээр шийдсэн байх.
– Пөөх, ямар сэтгэл хөдөлмөөр юм бэ! гэж Вейс эмч тэсэж чадалгүй егөөдөж орхивол:
– Би болсон явдлыг ингэж таамаглаж байгаагаас биш яг ийм явдал болсон гэж нотлоогүй байна хэмээн Жемс жаахан зовсхийн хариулав.
– Бас арай өөр нэг таамаглал ч байна. Петро өөрөө багшийн араас дагаж мөрдсөөр уулнаас гарах гарцыг тарнидсан байж ч магадгүй. Петро үүнийг хийж чадах байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Үүнээс гарах үр дүн нь л бол яг адилхан. Ялгаагүй л шившиж тарнидан түгжсэн гарцыг бид санамсар болгоомжгүйгээсээ болоод гэнэдэж онгойлгосон хэрэг.
– За одоо энэ бүхнийг дүгнээд үзье. Бид цус сорогчид байгаа гэдгийг баттай мэдэж байна. Хоргодож буй газрыг нь ч мэднэ, нойрсдог цаг буюу, үнэндээ бол тэдний огт арчаагүй болдог цагийг нь ч ойролцоогоор мэднэ. Тийм учраас бид тэднийг устгах ёстой!
– Тийм ээ, устгах ёстой! хэмээн бүгд дэмжин уухайлав.
Тэр мөчид нэг юм чанга тас нясхийн дуугарч цонхны шил хагаран хангир жингэр хийн унах дуулдлаа.
Тэнд байсан хүмүүс бүгдээрээ огло үсрэн босов.
– Энэ юу болов?
Манай хэдийн сууж байсан өрөөний цэцэрлэг тийш харсан цонхны нэг хавтас хүчтэй савагдсанаас шил нь хагаран үйрч унасан байлаа.
– Салхинд савсан байх л даа гэж Карл Иванович хэлвэл:
– Юу гэж дээ, Карл Иванович, цэцэрлэгт нэг ч навч хөдлөхгүй байна шүү дээ. Бид гэнэхэн жаалууд шиг баригдчихлаа, бидний яриаг сэм чагнаж байсан байна. Одоо бид яаравчлах хэрэгтэй боллоо хэмээн Жемс тэвдэнгүй хэллээ.
– Өнөөдөр би хот уруу явж, хэрэгтэй зүйлсээ авчирна. Харин маргааш орой нар жаргах үеэр бид бунханд орж авсыг нээн Райт бид хоёр улиас модон гадсыг гоо үзэсгэлэнт гүнгийн ахайтны зүрхэнд шаах болно.
Тэгээд цаашдаа бол Гарри хийгээд балчир хөвгүүн Жорж К. Нарын амь насыг нэг хэсэгтээ сэрэмжлэн хамгаалах ёстой. Гарриг ахмад Райт хамгаалж, Райтад Вейс эмч туслах болно. Харин Жорж К.-г би өөрөө сахин хамгаалъя. Зуны шөнө цонхон дээр сууж хонох нь надад бол тун таатай хэрэг, харин нар мандсаны дараа хоёр гурван цаг унтахад л би нойроо бүрэн авчихна.
Өнөөдөр намайг хот явсан хойгуур Жоржийг Карл Иванович харж байна биз. За тэгэхлээр тэдэнтэй тэмцье, ноёдоо хэмээн Жемс үгээ ёслол төгөлдөр дуусгалаа.
– Бид ч чамтай хамт хэмээн бусад нь дэмжлээ.
– Зориг тэвчээртэй байгтун, бид ялан дийлэх болно хэмээн Жемс үргэлжлүүлэн хэлэв.
– Та яагаад ийм бат итгэлтэй байна вэ? хэмээн Райт асуулаа.
– Шөнө дунд нэгэн мөнгөн хонхны жингэнээ шиг цангинасан дуу хоолой “Тэдэнтэй тэмцэгтүн, би танд тусална” гэж надад хэлээд байдаг юм хэмээн Жемс хэлэхэд:
– За даа, харин миний доторх хүн бол “Би өлсөөд байна!”гэж л хэлээд байна даа гэж Вейс эмч үнэнээсээ өгүүлэв.
Бүгдээрээ инээлдэж, бүгдийнх нь сэтгэл дорхноо сэргээд ирлээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.09.11 7:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
Арван хоёрдугаар хэсэг

Маргааш нь олны зугаа цэнгэлээс Жемс аятайхан шалтаг хэлж татгалзаад нөхдийн хамт бунхан уруу явлаа.
Хөшөөний суурины шатан дээр Жемсийн бэлтгэж тавьсан царил, хананы тоосго суллах зээтүү, авсны тагийг хөшиж нээх хавчуур, улиас модон гадас, дэнлүү бэлэн зэхээстэй байлаа. Буцааж сэргээн зассан хөшөөг арайхийн байрнаас нь хөдөлгөж, бүр ч их хүч заран байж дотогш орох тагийг нээлээ. Жемс дэнлүү бариад түрүүлэн бууж, бусад нь түүнийг дагалаа.
Хадан хясааны ан цавыг сайтар битүүлсэн тул бунханд тас харанхуй байлаа. Ханыг гэрэлтүүлэн Вейс эмчийн хэлж байсанчлан «Энд эртний сурвалжит, өндөр язгуурт Дракула гүнгийн удам Фредерик, Мария хоёр нойрсож байна» гэсэн бичигтэй цагаан гантиг хавтан харна гэж найдаж байсан хүмүүс гайхаж мэлрэн зогсоцгоолоо.
Цагаан гантиг самбарын оронд хоёр хоосон нүх онгойн харагдаж байлаа. Авснууд алга болжээ!
Вейс эмч нүдээ нухлан байж харлаа! Тэрээр өөрсдийн санаж сэдсэн ажлаа энэ мөчийг хүртэл сургуулийн хүүхдийн зүггүйтэл төдий гэж бодож явсан бол одоо зүрхээр нь хүйт оргиод явчихыг анх удаа мэдэрлээ.
Цагаан гантиг самбар байхыг тэрээр өөрийн нүдээр үзээгүй гэж үү? Аа, тэр буланд байж байх шив. Үгүй тэгээд авснууд хаачдаг билээ? Хэн, яах гэж тэр авснуудыг авсан байж таарах вэ?
– Бид хожимджээ! гэж Жемс өгүүлэхдээ хоолой нь зангирч байлаа.
Чимээгүйхэн бунхнаас гарцгааж, бүгдийг хуучин байснаар нь засаж янзлав.
Тоглоом наадам болгох аргагүй үнэхээр ноцтой явдал болж байгааг бүгд мэдрэн өөрийн эрхгүй дуугаа хураацгаажээ.
Жемс эхэлж сэхээ аван:
– Сургамжтай л явдал боллоо доо. Цаашид бидний яриаг чагнаж байж болох тийм газар юм хэлцэхээ больцгооё, яг одоогийнх шиг нар жаргах үеэр л ярилцаж байя гэлээ.
Ажил хэрэг улам ээдрээтэй болж, дахин эрж хайхаас өөр аргагүй боллоо.
– Сонин юм даа, Гарригийн зөвшөөрөлгүйгээр ийм юм хиймээргүй юм, харин Гарри урьд нь биднээс юугаа ч нуудаггүй, бид ч түүний гаргасан шийдвэр бүрийг мэддэг байсан гэж Вейс эмч бодлогошрон шивнэлээ.
– Хамгийн гол нь Гарри өөрөө бидэнд хэлэхгүйгээр шийдсэн бол түүнээс асууж шалгаагаад байх эвгүй юм даа, бас бид өөрсдөө дур мэдэн бунханд орсноо юугаар тайлбарлах билээ гэж Жемс нэмэрлэснээ:
– Байзнаарай, энэ явдалд Смит зайлшгүй оролцсон байх ёстой, би түүнийг жаахан оролдоод үзье гэж Жемс гэнэт санасан юм шиг өгүүлэв.

***

Гэвч Жемс эндүүрчээ. Энэ удаа тийм ч амархан байсангүй.
Смит нууран дээр шөнийн баяр зохиох ажлын бэлтгэл хангах гээд бүтэн өдрөөр яваад ер олдохгүй хэд хонолоо.
Эцэст нь Жемс түүнийг арайхийн олж уулзаад тойруулж битүү асуухад эрхлэгч тоглоом шоглоом болгон хариулж булзааруулаад байсан тул шуудхан асууж орхивол:
– Ноён Гарригаас өөрөөс нь асуугтун, би юу ч хэлж чадахгүй гэжээ. Жемс өөрийн бүтэлгүйтсэнээ нөхдөдөө дуулгаж одоохондоо чимээгүй байхаар шийдэцгээв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 143 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited