АЛЬФАД БИЧСЭН ЗАХИДЛУУД
ЭХНИЙ ЗАХИДАЛ
Хонгор найз Альф минь!
Миний хэчнээн их жаргалтай байгааг чи төсөөлж ч чадахгүй болов уу. Намайг, долоохон настай байхдаа орхиж гарсан эх орондоо эргэж очихыг зөвшөөрсөн, яг үнэндээ бол очиж чадахаар боллоо. Яагаад эцэг эхийнхээ гэрээс өдий хүртэл тусдаа амьдрах учиртай болсон минь одоо хүртэл надад оньсого мэт учир битүүлэг хэвээр л байна. Би манай эцгийн талынхны удам дамжин ирсэн цайзад хэрхэн баян чинээлэг, аз жаргалтай амьдарч байснаа олонтаа ярьсан хэдий ч гэрээсээ явах үед төрж үлдсэн сүүлийн сэтгэгдлээ чамд хэлэхээс санаа зовсоор өдийг хүрлээ. Яагаад тэгэх болсноо би өөрөө ч мэдэхгүй боловч өнөөдөр тэр тухай яримаар байна. За эхэлье. Нар жаргах дөхөж, цэцэгсийн тансаг үнэр анхилсан хаврын тэр нэгэн сайхан үдэш манай гэрийнхэн бүгдээрээ цэцэрлэг рүү харсан сүүдрэвчид сууж байлаа. Миний бяцхан дүү Люси бид хоёр ч тэнд байлаа. Ээжийн хайртай нохой бидний дэргэд хэвтэж байсан юм. Гэнэт манай зарц орж ирээд нэгэн ахимаг настай ноёнтон аавтай маань уулзаж ярилцах зөвшөөрөл хүсэж байгааг айлтгав. Түүнийг сүүдрэвчид оруулж ирэхийг эцэг зөвшөөрсний дагуу санваартнуудын өмсдөг урт дээл өмссөн, буурал толгойтой, хөгшин настай ноёнтон орж ирлээ. Түүний цонхигор царай, улаавтар нүд, улаан хүрэн уруулыг нь би сайн санаж байна. Түүний дууг сонсмогц манай ээжийн хайртай нохой Нетти ухасхийж босож ирээд үсээ өрвийлгөн архирч түүн рүү дайрлаа. Нохой үл таних өвгөний хөлөөс зуух гэсэн боловч гартаа барьсан таягнаас нь эмээгээд ухрав. – Үгүй ээ, энэ Нетти яах нь энэ вэ, та өршөөгөөрэй – гэж ээж хэлээд Нетти анх удаа л танихгүй хүн рүү ухасхийж байна гэж нөгөө үл таних хүнд хандан өгүүлэв. – Петро, энэ нохойг гарга, – гэж эцэг зарцад тушаалаа. Үл таних хүн манай нохойн ааш араншинг огт үл анзаарсан байдлаар эцэгт маань лацтай том дугтуйтай захидал өгөөд мэхийн ёслов. Хэдхэн мөр гүйлгэж хараад аав маань захидалд юун тухай бичсэнийг ээжид ярьж өглөө. Мэдээж, би юу ч ойлгоогүй, юу гэж ярихыг нь ч бүрэн гүйцэд сонсоогүй юм. Эцэст нь эцэг, эх хоёр маань тэр хүнийг суухыг урьж, хүссэн зүйлийг нь зөвшөөрч байгаагаа илэрхийлснээр энэ хэрэг өндөрлөв. Суухыг урьсныг үл таних хүн чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд ингэж асуулаа. – Авсыг хэзээ авчирвал болох вэ? – Хэрэв та хүсвэл маргааш ч аваад ирж болно гэж ээжийг хариулахад үл таних хүн мэхийн ёслоод явж одлоо. Тэгэхэд аав ээж хоёр юун тухай ярьж байсны учрыг би олоогүй бөгөөд гэрийн бунхан, өвөг эцэг, хуучин хөргийн тухай дурдаж байсан боловч тэр бүхэн хоорондоо ямар холбоотой болохыг ойлгосонгүй. Өчигдөр Сильвио манайд ирж Лидо арал уруу завиар хамт явъя гэж намайг ятгасан тул би энэ захидлаа дуусгаж амжилгүй түр хойш нь тавихад хүрсэн юм. Оройг маш сайхан өнгөрөөлөө. Манай завь усны мандал дээгүүр алгуурхан хөвж, шингэх нарны шижир туяанд үүлс алтран харагдаж, эргэн тойронд буй завинуудаас эгшиг яруу дуу хөгжим сонсогдон байлаа. Би өнгөрсөн дурсамждаа умбаж, цагаасаа өмнө яваад өгсөн ээжийнхээ тухай бодлогошрон суулаа. Ээж маань намайг Нюрнбергд ирсэн хойно нас барсан юм. Хэдий маш үзэсгэлэнтэй сайхан хүн байсан ч тун хурдан хагдран хөгширсөн билээ. Ээж маань чухам ямар өвчнөөр өвдөж авсанд орох болсны учрыг би одоо хүртэл мэдээгүй л байна. Яагаад би гэрээсээ явах болсны учрыг надад хэлээгүй шигээ ээжийн үхлийн шалтгааныг асууж шалгаагаад ч аав хариулахгүй байна. – Ээж чинь ингэж хүссэн юм гэхээс өөр юм аав хэлээгүй. Гэхдээ яагаад тэр вэ? Ээж минь надад маш их хайртай байсан шүү дээ? Өндөр гуалиг биетэй, өтгөн шар үстэй ээжийнхээ дүрийг би одоо ч маш тодхон санаж явдаг. Хайр энэрэл дүүрэн цэнхэр нүдээрээ намайг хайрлан хардаг байсансан… Би тэр харцыг зөнгөөрөө мэдэрч байна…, үгүй юу болох нь энэ вэ…, намайг ширтэж буй хоёр нүд ээжийн цэнхэр нүд биш харин нэвт ширтэж буй цоргим харцтай хар нүд байна. Тэр хоёр хархан нүдний харц агшин зуур зурсхийгээд алга боллоо…, харин би мартаж чадахгүй нь!… Би заавал дахиад олж хармаар байна!… За, түр баяртай.
Хүндэтгэсэн Д чинь.
Хоёр дахь захидал
Хонгор найз Альф минь.
Чамд захиа бичилгүй хоёр долоо хоног өнгөрчихжээ. Ийм урт хугацаа өнгөрсөн гэдгийг би бүр анзаараа ч үгүй гэдгийг төсөөлж байна уу!… Найз нь хэмжээлшгүй их аз жаргалтай байгаагаа чамд хэлбэл захидал бичээгүй удсаныг минь чи өршөөн уучлах биз ээ!! Лидо арал дээр намайг ширтээд байсан нөгөө хар нүдэн бүсгүйг би оллоо. Түүний хар нүд нарны гэрэлд бүр ч гоё харагддаг. Үнэхээр хөөрхөн бүсгүй шүү! Венецийн гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийг хэрхэн дүрслэн бичсэн байдгийг чи хаа нэгтэйгээс олж уншвал түүний тухай жаахан төсөөлөлтэй болох боловч тэнд бичигддэг хүүхнүүд үзэсгэлэн гоо нь нар мэт гэрэлтсэн энэ бүсгүйн сүүдэр л гэсэн үг… Тэр хүүхэн сурвалжит гэр бүлээс гаралтай ч асрагчдынхаа хараа хяналтад амьдардаг өнчин, ядуу хүн. Түүний талаар мэдэж байгаа бүхэн минь одоогоор ингээд л болоо. Миний өөрийн эрхгүй эх орноосоо туугдсан явдал эцэс болж би төрөлх гэртээ харьж чадахаар боллоо гэж би хэдийн чамд хэлсэн шүү дээ. Миний буцаж очихыг хориод байсан эцэг маань нас барсан учраас л эргэж очих боломжтой болж байгаа тул ингэж харих гэдэг гунигтай л байна. Би олон жил гэрээсээ сураг чимээ сонсоогүй. Хэрэв дур мэдэн цайзад буцаж очвол эцэг үрийн холбоогоо тасална гэж сүрдүүлж аав минь намайг буцаж очихыг хориглосон бөгөөд «Цаг нь ирэхээр чамайг би өөрөө дуудна» гэдэг байсан юм. Манай хөгшин зарцын бичсэнээр бол аавыг маань зүрх нь дэлбэрсний улмаас зуурдаар өнгөрсөн гэж эмч дүгнэсэн гэнэ. Хөгшин зарц Петро бол намайг өсгөж хүмүүжүүлсэн, хожим намайг Нюрнбергэд аваачсан хүн. Тэрээр цайзыг зарахад туслах нотариатч явуулахыг хүсээд, энэ бол эцгийн минь хүсэл гэж нэмж бичсэн байна. Харин миний буцаж очих талаар нэг ч үг цухуйлгаагүй байна. Ийм асуудал огт байж болохгүй юм шиг л хандсан байна… Үгүй ээ, бас дахин үгүй! Би амь насаараа хохирох байсан ч гэртээ харина! Би ээжийнхээ үхлийн нууц учир шалтгааныг олж мэдмээр байна. Харин би гэртээ ганцаараа биш, хоёулаа очно гэж мөрөөдөж байгаагаа бас чамд хэлдэг ч юм билүү… Баяртай!
Хүндэтгэсэн Д чинь.
Гурав дахь захидал
Хонгор найз Альф минь.
Энэ хорвоо дээр над шиг заяа муутай хүн байдаг болов уу? Долоохон настай байхдаа эхээсээ хагацаж, ээжийн хайр энэрэл гэж юу байдгийг мэдэхгүй өдий хүрсэн надад эх орон ч байхгүй, намайг хайрлах хүн ч алга. Дутуу гуцуу зүйлгүй элбэг дэлбэг амьдарч байсан шүү дээ гэж чи хэлэх байх. Хэдий тийм боловч сэтгэл нэг л дундуур! Яадаг ч байсан би энд харийн л хүн юм, өнөө хүүхэн өчигдөр миний хажуугаар намайг харах ч үгүй өнгөрөөд явчихлаа! Харин намайг харсан гэдгийг нь би сайн мэдэж байна, тэр ч миний баганын дэргэд зогсоод түүнийг харцыг хүлээж байгааг минь сайн мэдэж байсан. Харин тэр дэргэдүүр зүгээр л өнгөрөөд явчихлаа. Заяагүй би хэцүүдсэн үедээ чам шиг ээжийнхээ булшин дээр очоод уйлан хайлж сэтгэлээ дэвтээж ч чадахгүй юм… Би ерөөсөө гэртээ харихаар шийдлээ! Өмнөх захиандаа ямар авсны тухай бичсэн юм бэ гэж чи асуусан байна. Зарц нь Америкаас авчирсан манай өвөг эцгийн авсны талаар бичсэн хэрэг л дээ. Өвөг эцэг маань ямар учраас Америк явах болсон, тэнд очоод юу болсныг би хэлж мэдэхгүй юм. Энэ талаар ямар нэг удам дамжсан яриа байдаг боловч тэр үед балчир хүүхэд байсан миний ой ухаанд одоо буухгүй байна. Өвөг эцэг маань өөрийн цогцсыг ацтек хэмээх индиан омгийнхны нутагт тавилгүй өөрийн удмынхны цайзад аваачиж нутаглуулаарай гэж гэрээсэлсэн гэдгийг л мэдэж байна. – Ацтек гэв үү, хөөе? – хэмээн залуу эзэн дуу алдаад, – Би ч мөн ацтек газраас ирсэн, бас тэдний удам угсааны хүн шүү дээ гэлээ. – Өв залгамжлах эрхтэй гэдгээ нотлоход чинь оршуулсан тухай гэрчилгээ нь дутаад байгаа нөгөө хамаатан садан чинь энэ биш үү, – гэж Вейс эмч хэлэв. – Миний нотариатч энд байхгүй нь тун харамсалтай, гэхдээ цааш нь унш, унш хэмээн Гарри яарууллаа. Өнөөх улаан нүдтэй өвгөн ирсний маргааш нь, орой болохын хэрд том хар авс ачсан дөрвөн дугуйтай морь тэрэг манай цайзын хаалгаар орж ирлээ, – хэмээн Карл Иванович цааш үргэлжлүүлэн уншиж эхлэв. Аав ээж хоёр маань түүнийг угтан авах бэлтгэлээ базаах гээд өдөржингөө завгүй байсан юм. Мөргөлийн танхимаас бунхан уруу ордог хаалгыг нээлээ. Мөргөлийн танхимыг ногоон мөчрөөр битүү чимж энд тэндгүй лаа асаасан байх бөгөөд ёслол үйлдэх үедээ санваартан урихаар шийджээ. Бунхныг ч мөн тоос шороо, аалзны шүлснээс нь цэвэрлэж дотор нь байсан, урдаас бэлдсэн чулуун авснуудын нэг дээр «Америкаас авчирсан» гэсэн тэмдэглэл сийлэн бичихийг аав тушаасан ажээ. Өвгөнийг өглөөнөөс хойш хүлээсэн боловч тэрээр нар жаргахын үед л эмгэнэлт ачаагаа тээсээр ирлээ. Авс нь аймшигтай хүнд аж. – Энэ авс мөргөлийн танхимаас оршуулгын бунхан уруу орсон эгц нарийн шатаар багтахгүй л байх аа даа, – хэмээн улаан нүдэт өвгөн эргэлзэнгүй хэлээд – Бунхнаас цэцэрлэг рүү гардаг баруун хаалгаар нь оруулбал дээргүй юү, – гэж асуув. – Та энэ бүхнийг яаж мэдсэн бэ? – гэж аав гайхан асуувал – Гүнтний ярианаас, – хэмээн өвгөн баргар царайлан хариулав. Цогцсыг мөргөлийн танхимд оруулж шашны оршуулах ёслол хийх боломжгүй болсонд ээж маань их л гонсгор байлаа. Удалгүй бунхны баруун хаалгыг онгойлгон авсыг оруулаад урдаас товлосон байранд тавив. Өвгөн зарц нарын ярьж байгаагаар бол Ромын хамбатан өөрийн биеэр илгээсэн гэлцдэг загалмайн дүрс товойлгон гаргасан цоожоор бунхны хаалгыг цоожлох гэсэн боловч түлхүүр нь олдсонгүй. Түлхүүрийг нь хамгийн сүүлд хэн авч байсан бэ гээд өчнөөн үймээн шуугиан болсон боловч олсонгүй ажээ. Улаан нүдтэй өвгөн бунхны хаалган тушаа байдаг бүр хуучраад нурах шахсан манааны байранд сууж эзнийхээ бунхныг үнэнч нохой мэт манаж байя гэж ааваас хүслээ. – Тэр манааны байр ч хүн амьдрахын аргагүй болчихсон эд шүү дээ, – гэж аав хэлэв. – Зүгээр ээ, би өөрөө засаж янзлаад суучихъя, надад эзнийхээ булшийг харж хандаж байхаас өөр хүсэл энэ хорвоод үлдээгүй гэж өвгөн хэлэхэд: – За тийм бол яах вэ, тэг, – гэж эцэг маань зөвшөөрлөө. Өвгөн гүнээ мэхийн ёслоод халааснаасаа том хар хайрцагтай юм гаргаж ээжийн дэргэд очив. – Манай эзэн гүнтэн амьд сэрүүн ахуйдаа энэхүү зүйлийг танд дурсгал болгон өгөөрэй гэж захисан юм гэж хэлээд өнөө хайрцагтай зүйлээ ээжид өглөө. Зөөлөн цэнхэр хилэн дотортой хар хайрцгийг нээвээс дотор нь гайхамшигтай сайхан сувдан зүүлт байлаа. Тээглүүрийг нь маш уран сайхан хийцтэй, хоёр том ногоон нүдтэй могойн толгойг дүрслэн бүтээжээ. Тэрхүү нүд болгон шигтгэсэн хоёр том маргад эрдэнэ харваас маш үнэтэй нь тодорхой бөгөөд хачин жигтэй гялтганан байлаа. Энэ зүүлт бүхэлдээ багагүй үнэтэй эдлэл болох нь мэдээж хэрэг. Гарри гэнэт үргэлжлүүлэн уншихыг тасалж: – Вицли-Пуцли бурхны цээжинд сувдан эрх, яг үнэндээ бол том ногоон нүдтэй, нууцлаг хүчийг агуулсан сувдан могой зүүлттэй байсныг та нар дуулсан уу? Тэр сувдан могой испаничууд Вицли-Пуцли бурхны сүмийг тоноход үрэгдэж алга болсон юм гэнэ лээ. Гарри цааш үргэлжлүүлэн ярихыг хэсэг хүлээснээ Карл Иванович цааш үргэлжлүүлэн уншлаа: Ээж, аав уруу асуусан маягтай харахад цаадах нь зөвшөөрөн толгой дохилоо. Ингээд ээж маань тэрхүү бэлгийг авлаа. Уг нь авахаасаа татгалзсан л бол дээр байсан юм даа!… За баяртай, нөгөө бүсгүй миний хойноос хүн явуулжээ…, би ямар их жаргалтай байна вэ! Д.
Дөрөв дэх захидал
Альф, хонгор Альф, хүндэт Альф минь, тэр надад хайртай, хайртай гэнэ…, бид учраа ололцлоо! Тэр надад хайртай юм байна. Тэр эртээр зориуд миний дэргэдүүр анзаараагүй дүр үзүүлэн өнгөрсөн гэнэ. Намайг өөрийнхөө араас дагаад ирээсэй гэж хүссэн юм байна. Би ямар их аз жаргалтай байна вэ! Ямар ч хүнд хайртай бүсгүй, төрөлх эх орноос нь өөр эрхэм зүйл гэж юу байх билээ дээ? Баяртай. Бушуухан явж сарнай цэцгийн баглаа авъя.
Д.
ТАВ БА ЗУРГАА ДАХЬ ЗАХИДАЛ
Өмнөх захидлуудад чамд бичсэнчлэн бүх зүйл хуучин янзаараа үргэлжилж, цэцэрлэгчийн охин нас барсанд сэтгэл нь зовж байсан хэдий ч ээжийн бие эрүүл саруул байсан юм. – Хэн нь үхсэн гэнэ ээ, хэзээ тэр вэ? – хэмээн тал талаас нь шалгаахад: – Харваас энд нэг захидал дутуу байна, – гэж Карл Иванович хариуллаа. – За яах вэ, цааш нь үргэлжлүүл, – гэж эзэн хэлэв.
* * *
… тэр гайтай шөнийг хүртэл ээж минь эв эрүүл байлаа. Олон зүйлийн учир битүүлэг хэвээр байгаа ч тэр шөнө болсон явдлууд миний ой ухаанд гүн шингэж үлдсэн юм. Люси бид хоёр ээжийн унтлагын өрөөнөөс нэг өрөөний цаана асрагч эх Катеринатай хамт нэг өрөөнд унтдаг байлаа. Шөнө дөлөөр хэн нэгний хаа нэгтээ аймшигтай хашгирах дуунаар би сэрлээ. Орон дээрээ суугаад чагнаваас байшинд бөөн хөл үймээн болж, энд тэнд хаалга тачигнатал савах нь сонсогдож, хүмүүс нааш цааш гүйлдэх хөлийн чимээ, хоорондоо ярилцах нь дуулдлаа. Катеринаг дуудвал тэр өрөөнд байсангүй, би ч их айлаа. Би хөл нүцгэн, дан унтлагын цамцтай чигээрээ ээжийн өрөөнд гүйн орвол тэнд олон хүн цуглажээ. Олон давхарласан өндөр дэрэн дээр ухаангүй хэвтээ ээжийн минь царай өмссөн цагаан унтлагын хувцас шигээ цонхийн цайж, энгэрт нь цусны толбо харагдлаа. Аав минь ээжийн дээрээс тонгойн манай гэр бүлийн эмч өвгөн ээжийн аманд эм цутган байлаа. Зарц нар айн сандарч үүгээр түүгээр хөлхөлдөнө. Хэдэн хормын дараа ээж ухаан орж сандарч түгшсэн маягтай өрөөн доторхийг тойруулж хараад: – Фреди, энэ чинь чи юу, Фреди, чи түүнийг хөөсөн үү? – Хэнийг тэр вэ, хонгор минь? – Өвөг эцгийг, түүнийг нааш нь битгий оруулаарай, битгий оруулаарай! – Тайвшир даа, хонгор минь, тэр энд байхгүй, өвөг эцэг хэдийн нас барсан шүү дээ, чи минь зүүдэлсэн л байх. – Зүүд гэнэ ээ, үгүй, яг л бодитой юм шиг байсан даа, – гэж ээж амандаа үглэж байснаа: – Үгүй, энэ бол зүүд биш!… – гэж итгэлтэйгээр хэллээ. – Хэдий унтаж байсан ч хэн нэг нь өрөөнд орж ирэх нь сонсогдож бурхны өмнөх зул шажигнан бөхөхийг би гэнэт мэдэрсэн. – Үгүй ээ. Зул түүнээс өмнө бөхсөн биз, харин тэр шажигнаж дуугардаг нь могой дуугарах чимээ байсан байх. Мэдэхгүй юм даа… Өрөөнд бүрэнхий байсан, – гэснээ түр чимээгүй болоод, – гэхдээ би өвөг эцгийг маш сайн харсан. Өнөөх л хилэн хувцас, хүзүүний том алтан гинжтэйгээ, хамгийн гол нь цус гүйсэн нүд нь үнэхээр аймшигтай харагдаж байсан. Хянган хамар, хатсан уруултай, өвөг эцэг яг мөн байсан! – За болно доо, одоо тайвшир, – гэж аав түүний үгийг таслав. – Үгүй ээ, сонс. – Тэр над уруу тонгойгоод чи яагаад миний өгсөн бэлгийг зүүхгүй байна вэ? – гэж чимээгүйхэн асуусан. – Өвөг эцэг гартаа барьсан могой толгойтой сувдан зүүлтээ миний хүзүүнд зүүж өгөөд уруул дээр минь үнссэн, – гэж хэлээд ээж минь уруулаа гараараа арчиж, – түүний уруул яг л мэлхийнх шиг хүйтэн, биеэс нь нэг тийм ялзарч хөгцөрсөн муухай үнэр ханхалж байсан… Тэр сувдан зүүлт нь даруй могой болон хувирч намайг хатгасан… – Тэгээд би ухаан алдсан, цааш нь юу ч санахгүй байна… – гэж ээжийг хэлж дуусмагц: – Ээж ээ, могой хаана байна вэ? – гэж би тэсгэл алдран асуулаа. Тэр даруй миний сайн мэдэх хүний хоёр гар намайг шүүрэн тэвэрч аваад өрөөнөөс гаргалаа. – Харанхуй шөнөөр хөл нүцгэн гүйж явахыг хэнээс сураа вэ чи, – гэж Катерина үглэлээ. – Эгч ээ, тэр могой нь хаана байгаа юм бэ? – гэж намайг шалгаахад: – Ямар юмных нь могой байх вэ, эзэгтэй зүүдлээд нойрондоо хашгирсан байлгүй. – Унтлаганы хувцас нь цус болсон байсан шүү дээ, би харсан? – Тэрийг би яаж мэдэх юм бэ. Эмчээс асуугаарай. За, одоо унт унт, – гэж асрагч эх үглэсээр намайг хөнжлөөр хучлаа. Маргааш өглөө нь сэрэхэд нар хурцаар гийгүүлж, Люси маань чанга чанга инээн шулганаж, би ч өнгөрсөн шөнийн айдас, бас нөгөө могойг бүр мартаж орхив. Люси бид хоёрыг хувцсаа өмсөж бэлэн болмогц Катерина ердийнхөөрөө биднийг эцэг эхтэй маань мэндлүүлэхээр дагуулан авч явлаа. Ээжийн чинь бие тааруухан байгаа учраас битгий их шуугилдаарай гэж бид хоёрыг хоолны танхимд орохын өмнө тэр захив. Ээж маань ардаа олон дэр давхарлаж цээжээ өндөрлөн зөөлөн буйдан дээр хэвтжээ. Ганцхан шөнийн дотор ээж хэчнээн их тамирдаж, цонхийн цайсан нь балчир миний нүдээр харахад ч тодорхой байсан юм. Ээж маань бид хоёрын орж ирэхийг бараг анзаарсан шинжгүй, зарцад хандаж: – Нетти хаана байна вэ? Та яагаад Неттиг нааш нь авчрахгүй байна вэ? Би хагас цаг гаруй хүлээж байна гэж асуухад – Нетти бүр алга болчихлоо, Бид өглөөжингөө хайгаад хаашаа орчихсоныг нь мэдэхгүй байна, – гэж зарц ээрч мууран хариулав. – Үгүй ээ, Нетти хааччихдаг байна аа, энэ чинь юу болоод байна вэ? – гэж ээж тун их сэтгэл нь зовсон маягтай асуув. Зарц дуугарсангүй. – Нохойг хэн хамгийн сүүлд харсныг олж мэд, – гэж ээжийг тушаахад зарц чимээгүй гарч явлаа. Үргэлж ээжийн хөлийн дэргэд хэвтэж байдаг Нетти алга байгаа нь надад ч хачирхалтай санагдсан боловч өнөө могой юу болсон нь илүү сонирхолтой байсан тул эрх хүүхдийн тэвчээргүй зангаар: – Ээж ээ, та нөгөө могойгоо олсон уу? – гээд асуучихлаа. Тэрхэн зуур аав маань уурсангуй маягтай миний гараас татаж: «Чимээгүй бай» хэмээн шивэгнэв. Би учрыг нь олж ядан тэр хоёр уруу харваас аав маань хөмсгөө зангидан, ээж дэрээ налан гэдийж аяархан ёолов. Намайг энэ бүхнийг ухаарч амжихаас өмнө, аав аль хэзээний надад амласан байснаа санасан ч юм уу, миний хүү тосгон уруу морьтой яваад ирэх үү гэлээ. Морь унана гэхээр би бүр баярласандаа болоод бүгдийг мартан хөөрч аавыгаа хүзүүдэж авлаа. – Петро дээр очоод өөртөө «Карягог» эмээллэ гэж хэл, тэгээд Петро чамтай хамт яваг. Морьд бэлэн болохоор ирж хэлээрэй, надад Петрод захиж хэлэх юм байна гээд – Болгоомжтой яваарай, ялангуяа уурын уруу хамаагүй давхиж болохгүй шүү, – гэж аав надад хэллээ. Цагийн дараа гэхэд гэхэд бид хэзээний цайзын хаалгаар гарч явлаа. Тосгонд очвол Нетти тэнд байна уу, үгүй юү гэдгийг сайн мэдээд ирээрэй гэж хаалгач өвгөн биднийг гаргаж өгөх зуураа Петрогоос хүсээд: – Бид одоо хүртэл Неттиг олж чадаагүй болохоор хатан ахайтан ууртай байна гэлээ. «Өнөө муу хөгшин чөтгөр» гэх маягийн юм Петро амандаа үглэсээр бид уулын уруу болгоомжтой бууж эхлэв. Би ядраад байна, Альф аа, маргааш хүртэл баяртай.
Хүндэтгэсэн Д чинь.
Долоо дахь захидал
Үүрээ эвдүүлсэн зөгий шиг бужигнасан олон дурсамж, бодол миний толгойд эргэлдэж, тэр бүхнийг бичээд л суухаас өөр арга алга даа. За тэгээд, Петро бид хоёр морь унаад тосгон орохоор гарлаа. Петро бол манай гэрийн эртний зарц, аав бид хоёрыг хайрлан хүндэлдэг, ер нь л манай бүх гэр бүлд хайртай, сайхан санаатай, хөгжилтэй өвгөн. Миний гуйсан бүхнийг биелүүлэн эрхлүүлэхэд хэзээд бэлхэн байдаг бөгөөд шувууны үүрийг аваад ир гэвэл аваад л ирнэ, загасны уурга хийгээд өг гэвэл хийгээд л өгнө, амьд туулай бариад ир гэвэл бариад л ирнэ… Петро бол миний байнгын хичээнгүй туслах л гэсэн үг. Гэхдээ сүүлийн үед Петрогийн зан ихэд хувирч бидний нөгөө туулайг ч тэр, загас барихыг ч тэр огт тоохоо больж хөтчийн надад бэлэглэсэн өрөөсөн далавч нь гэмтсэн хэрээг хүртэл сонирхох нь үгүй болчихжээ. Петро хэдэн ч цагаар хамаагүй дуугаа хураан чимээгүй бодлогошрон суух болсон бөгөөд өнөөх өвөг эцгийн авсыг хүргэж ирсэн өвгөн зарцыг холоос ч бол харах бүрдээ хоёр нүд нь эргэлдэж, уур хилэнгээр дүүрэх бөлгөө. Тэгэх бүрдээ Петро үглэж «хөгшин чөтгөр» хэмээх үг байнга түүний амнаас унах болсон ажээ. Энэ айлын зарц хамжлагууд Петро америкаас ирсэн зарц өвгөнийг үзэн яддагийг бүгдээрээ мэдэх боловч өмнө нь энэ цайзад түүнээс илүү эелдэг, сайхан зантай хүн байгаагүй тул их л гайхацгааж байлаа. Америк өвгөнийг Петро яагаад ингэтлээ үзэн ядаад байгааг тайлбарлахад тун хэцүү байлаа. Тэр өвгөн юмыг голж шилдэггүй, чимээгүй хүн байсан бөгөөд үргэлж өөрийн засаж янзалсан манааны байранд эсвэл бунханд өөрийн эзний дэргэд байж байдаг байлаа. Хааяа цэцэрлэгт, өөрийнхөө нөгөө байрны тэрүүхэнд чимээгүйхэн алхаж яваа нь харагддаг байж билээ. Хүмүүс цугладаг газар, гал тогооны тэр хавиар ч огт харагдахгүй ба нийтийн хоолноос ч мөн татгалзжээ. – Миний эзэн ноён надад насан эцэс болтлоо өлсөж лав үхэхээргүй амиа зогооход хангалттай юм үлдээсэн гэж тэр үүнийгээ аавд тайлбарласан аж. Манай зарц нарын бусдаасаа арай дөнгүүр зарим нь шинэ ирсэн өвгөнтэй сайхан танилцахыг хүссэн боловч түүний ихэмсэг, хүйтэн хөндий хариу үгсийг сонсоод даруй үргэн холджээ. Мөн нийтийн хоолноос татгалзсан нь олон хүний дургүйг хүргэж, «өлсөж лав үхэхгүй» гэдэг үгийг нь шоолон инээлдэцгээнэ. – Түүнийг хараач ээ, та минь, гуринхалсан чоно шиг хорчийсон юм ирсэн, одоо бүр хаалгаар ч багтахгүй болчихож, үгүй ээ тэр цусан улаан уруулыг нь ээ! – гэж Марина хэмээх залуухан, хөгжилтэй цэвэрлэгч хүүхнийг хөхрөхөд – Битгий дэмий чалч! – гэж Петро түүнийг зандраад, – одоо чамайг идээд бүр ч таргалах вий гэв. – Намайг идэх гэвэл хахаж үхэх байлгүй, – хэмээн Марина бүр чанга инээж байсансан. За ингээд түр завсарлая, Альф аа. Рита бид хоёр ямархуу байгааг чи асуужээ. Маш сайхан байгаа. Үзгээ тавимагц өнгөрсөн бүхэн тэр чигээрээ мартагдаж, гагцхүү үзэсгэлэнт хонгор сүйт бүсгүйгээ л бодох болсон. Өнгөрсөн дурсамжуудаа бүгдийг мартаж, одоо байгаа бүхэндээ сэтгэл ханан жарган суувал дээр бус уу гэж би хааяа бодох юм. Гэвч халуун янаг үнсэлтийн дараа, шөнийн нам гүм болох тэр мөчид өнгөрсөн дурсамжууд өөрөө аяндаа урсан орж ирж үзэг барихаас аргагүйд хүргээд байдаг нь ямар учиртай юм бол доо. Харь газар хүний нутагт олон жил цагаачлан амьдрахдаа сэтгэлдээ тээж явсан бүхэн минь бүрэлдэн боловсорч, хайр сэтгэлд хүртэл дийлдэхгүй сад тавин байгаа нь энэ үү? За ингээд дараагийн захидал хүртэл баяртай. Маргааш хотоор явж хонгор хайртай түүнд минь таарч тэнцэхүйц бэлэг хайж олъё.
Д.
* * *
Карл Иванович захидлуудыг уншихаа түрхэн болих зуур – Ноёд оо, одоо өөрсдийнхөө зүүд нойрны талаар санаа тавих цаг болсон юм биш үү?, – хэмээн ноён Гарри санал гаргав – Юу гэж дээ! Унтахад арай эрт байна! – хэмээн тал талаас хэлэх дуулдлаа. – За, та нар өөрсдөө л мэдэцгээ, харин би явж унтлаа гэж хэлээд ахмад Райт түрүүлэн босов.
* * *
Та нарын наад уншлагаас чинь болж өнөөдөр хүрэх газраа очиж чадаагүй. Тэгээд ч, үнэнийг хэлэхэд учир нь ч олдохгүй эд байна гэж түүнийг хэлэхэд залуус ахмадуудынхаа ая занг дагахаас өөр аргагүй болов. Номын санч өвгөн хуучирч шарласан захидлуудыг нямбайлан эвхэж мэхийн ёслоод тасалгаанаас гарч одлоо. – Маргааш Анчдын байшинд үргэлжлүүлнэ шүү хэмээн түүний араас хашгирцгаахад: – За тэгье, – гэж тэр хэллээ.
|