#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.18.17 12:59 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 220 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next
Author Message
PostPosted: Dec.22.10 9:06 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Image

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by pcd on Feb.22.11 11:14 am, edited 5 times in total.
Тэмдэгт нэмэв, сүүлийн үед эрэлттэй зохиолуудын тоонд ороод байгаа


Top
   
PostPosted: Dec.24.10 3:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Виктор Суворов

Аквариум

Эхлэл


— Манай дүрэм тун энгийн: ороход нэг, гарахад хоёр рубль. Энэ нь манай байгууллагад элсэхэд хэцүү ч гарахад бүр хэцүү гэсэн үг. Онолын хувьд байгууллагын бүх гишүүдэд түүнээс яндангаар дамжин гарах нэг л зам бий. Тэрхүү гарц нь зарим нэгнийх нь хувьд хүндтэй, зарим нэгнийх нь хувьд гутамшигтай зам байх боловч бид бүгдэд зориулсан нэг л яндан байдаг. Зөвхөн түүгээр дамжиж л бид байгууллагаас гарна. Энэ яндан тэр байна... гээд бүх ханыг эзэлсэн асар том цонх уруу заагаад... — Түүнийг харж сонирх л доо гэж Буурал хэлэв.
Есдүгээр давхрын өндрөөс харахад тэнгэрийн хаяа хүртэл үргэлжлэх зах хязгааргүй асар том цөлийн аэродромын дүр төрх алган дээр тавьсан мэт дурайх ажээ. Харин доош харах аваас найган ганхах бут, моддын завсраар хэрэн сүлжих элсэрхэг нарийн зөрөг замууд хөл дор харагдана. Цэцэрлэгийн ногоон ургамал ба аэродромын онгож гандсан өвс нь цагаан хөндлөвч дээр шигүү өргөст тор татсан бат бөх бетон ханаар зааглагджээ.
— Тэр байна… гээд замын хараар давирхайдсан хавтгай дээвэр дээр орших тийм ч өндөр биш, арван метр орчим дээш үргэлжлэх бүдүүн дөрвөлжин янданг Буурал заалаа.
Далайд хөвөх сал эсвэл хуучны намхан хитэгтэй, бахим бүдүүн яндантай хуягт усан онгоцыг санагдуулах тэрхүү баргар хар дээвэр нь голт борын ногоон мандал дунд хөвж буй мэт харагдана. Яндангаас шингэн утаа суунаглах ажээ.
— Хэн нэг нь байгууллагыг орхиж буй хэрэг үү?
— Үгүй дээ, — гээд тэрээр инээв. — Яндан бол зөвхөн гарц төдийгүй бидний эрчим хүчний эх үүсвэр, манай нууцыг хадгалагч юм. Энэ ердөө л нууц бичиг баримтууд шатааж байгаа хэрэг. Хадгалснаас шатаасан нь дээр гэдгийг мэднэ биз дээ. Санаа амар байж болно. Харин хэн нэг нь байгууллагыг орхиж одох үед гарах утаа нь ийм шингэн тунгалаг биш харин өтгөн хар байдаг юм. Хэрэв чи байгууллагад элсэх юм бол нэг л сайхан өдөр энэхүү яндангаар гарч тэнгэрт нисэн одох болно. Гэхдээ одоо биш л дээ. Одоо бол байгууллага чамд өөрийн хийх гэж буй сонголтын талаар сүүлийн удаа бодож үзэн татгалзах боломж олгож буй хэрэг юм. Харин юу бодох учиртайг чинь мэдүүлэхийн тулд би чамд нэг кино үзүүлье гэв.
Тэгээд Буурал удирдах самбар дээрх нэгэн товчлуурыг дараад миний дэргэдэх түшлэгтэй сандалд тухлан суулаа. Хүнд хүрэн хөшиг бага зэрэг чахран хаагдаж уудам том цонхыг халхлахтай бараг зэрэг шахуу ямар нэг бичиг, оршилгүйгээр дэлгэц дээр дүрс гарч эхлэв. Хальсыг нь гамтай хадгалсан, хуучны хар цагаан кино хөвөрч эхэллээ. Кино нь дуугүй болоод ч тэр үү кино аппаратын шаржигнах чимээ тодхон сонсогдох бөлгөө. Цонхгүй, бүүдгэр том өрөө дэлгэцнээ харагдах бөгөөд тэр нь уурын зуух ба үйлдвэрийн цех хоорондын завсрын өрөө ажээ. Жижиг цайзын хаалга мэт үзэгдэх хаалттай зуухны ам, уурхайн төмөр зам лугаа адил харагдах зуух уруу хөтлөн чиглүүлэгч ховилууд маш томоор дэлгэц дээр гарч байна. Зуухны ойролцоо саарал халаадтай хүмүүс харагдана. Галч нар ажээ. Тэд авс дамжлан явж байлаа. Тэгэхлээр энэ ямар газар вэ? Хүүр шатаах газар! Магадгүй миний дөнгөж сая цонхоор харсан тэр газар байх. Саарал халаадтай хүмүүс авсыг өргөн чиглүүлэх ховил дээр тавилаа. Зуухны хаалга хоёр тийш аажим онгойж, галч нар авсыг зөөлөн түлхэхэд авс өөрийн амьгүй эзний хамт улалзан дүрэлзэх дөлөн дунд орж одлоо. Харин одоо нэгэн амьд хүний нүүрийг томоор харуулж байна. Нүүрнээс нь хөлс урсах аж. Зуухны дэргэд халуун байгаа. Нүүрийг нь тал талаас нь эцэс төгсгөлгүй удаан харууллаа. Эцэст нь камерын дуран нүүрнээс нь холдож бүх биеийг нь харуулж эхлэв. Тэрээр халаадгүй бөгөөд үнгэгдэж үрчийж гүйцсэн үнэтэй хар хослол өмсжээ. Хүзүүндээ зүүсэн зангиа нь олс мэт эрчлэгдсэн харагдана. Түүнийг ган татлагаар эмнэлгийн дамнуургад чанга хүлсэн байх бөгөөд зуухын амыг тэрэнд харуулахгүйн тулд дамнуургыг хана түшүүлэн бариул дээр нь босгон тавьжээ. Галч нар гэнэт хүлээстэй хүн рүү эргэцгээлээ. Харваас ингэж анхаарлаа хандуулсан нь түүнд таалагдахгүй байгаа бололтой. Тэрээр хашгирна. Бүр аймшигтай хашгирах ажээ. Хэдийгээр дуу нь үл сонсогдох боловч шил доргитол хашгирч байгааг нь би мэдэж байлаа. Дөрвөн галч дамнуургыг болгоомжтойгоор шалан дээр буулгаад сурмаг хөдөлгөөнөөр дамжлан өргөх нь харагдана. Хүлээстэй хүн үүнд нь саад хийх гэж байж боломгүй их хүч гаргах ажээ. Нүүрээ байдгаар нь хүчилжээ. Духны судсууд нь гүрийн толгой нь хариугүй хагарах гэж буй мэт санагдана. Гэвч галчийн гарыг хазах гэсэн оролдлого бүтсэнгүй. Хүлээстэй хүний шүд өөрийнх нь гарт зоогдож, эрүүг нь даган хар судал татуулан цус урслаа. Тэр ч хурц шүдтэй юм аа. Хэдийгээр түүний биеийг бат бөх хүлсэн боловч тэрээр баригдсан гүрвэл шиг мурилзана. Түүний толгой амьд амьтныхаа зөнгөөр их биеэ даган савчиж дамнуурганы модон бариулыг жигд хэмнэлтэйгээр хүчтэй цохилно. Хүлээстэй хүн өөрийн амь насны төлөө биш харин хялбархан үхэхийн төлөө тэмцэх ажээ. Түүний санаа ойлгомжтой бөгөөд дамнуургыг савчуулснаар чиглүүлэх ховил дээрээс цементэн шал дээр унахыг хичээнэ. Энэ нь нэг бол хялбархан үхэх эсвэл ухаан алдана гэсэн үг. Харин ухаан алдчихвал зууханд орж болно шүү дээ. Айх юм үгүй... Гэвч галч нар өөрсдийн ажлаа сайн мэдэх аж. Тэд дамнуургыг ганхуулах боломж үл олгон бариулаас нь сайтар барьцгаажээ. Харин хүлээстэй хүн хүзүүгээ хугартал зүтгээд ч галчдын гарыг хазаж чадахааргүй харагдана. Хүн амьдралынхаа хамгийн сүүлийн мөчид гайхамшгийг бүтээж чаддаг гэж ярьцгаадаг. Амиа хамгаалах зөнгөөрөө түүний бүхий л булчин шөрмөс, ухаан санаа, амьдрах хүсэл эрмэлзэл нь нэгэн эгшинд төвлөрчээ… Тэр ч ухасхийлээ! Бүх л биеэрээ ухасхийв! Тэрээр хавханд орсон чоно хөлөө тас хазаад ухасхийдэг шиг ухасхийв. Тэрээр чиглүүлэх төмөр ховилыг доргитол ухасхийлээ. Тэр өөрийнхөө ясыг үйртэл, булчин шөрмөсөө тасартал ухасхийлээ. Тэр ухасхийлээ...
Гэвч түүнийг хүлсэн татлага нь бат бөх ажээ. Дамнуурга ч аажмаар урагшилж эхлэв. Цэвэрлээгүй удсан гутлынх нь улыг цайвар цагаан болтол нь гэрэлтүүлсээр зуухны хаалга хоёр тийш алгуур нээгдэв. Гутлынх нь ул гал уруу ойртлоо. Өнөө хүн хөлөө галаас холдуулахын тулд өвдгөө нугалахыг оролдоно. Гэвч тэгж чадсангүй. Зураглаач тэр хүний хуруунуудыг томоор харуулж эхлэв. Ган татлага түүний хуруунуудад гүн шигджээ. Гэвч хурууны үзүүрүүд нь чөлөөтэй байлаа. Тэрээр хурууныхаа үзүүрээр ч болов биеийнхээ хөдөлгөөнд саад болохыг хичээнэ. Хурууныхаа үзүүрүүдийг байдгаар нь хүчлэн тэнийлгэжээ. Хэрэв замд нь ямар нэг зүйл таарсан бол тэрээр гарцаагүй түүнээс зуурах байлаа. Гэтэл зуухны дэргэд дамнуурга гэнэт зогсчхов. Бусад галч нартай адилхан халаад өмссөн шинэ дүр дэлгэц дээр гарч ирэн тэдэнд гараараа ямар нэг дохио өгөв. Галч нар түүний дохиогоор дамнуургыг чиглүүлэх ховил дээрээс буулган хойд хоёр бариул дээр нь босгож буцаагаад хана түшүүлэн тавилаа. Яав? Яагаад саатах болов? Аа, ийм учиртай ажээ. Намхан тэргэнцэр дээр залсан бас нэг авсыг хүүр шатаах танхимд түрэн оруулж ирлээ. Түүнийг аль хэдийн таглан хаджээ. Тэр тансаг, чамин авс ажээ. Цацаг чимгээр гоёжээ. Хүндтэй авс ажээ. Хүндэт авсанд зам тавигтун! Галч нар түүнийг чиглүүлэх ховил дээр өргөн тавьж сүүлийн замд нь үдлээ. Одоо тэгэхээр түүнийг шатаж дуустал нь хүлээх хэрэгтэй боллоо. Хүлээх л болж дээ. Тэвчээртэй байх хэрэгтэй...
Харин одоо хүлээстэй хүний ээлж арай гэж боллоо. Дамнуургыг чиглүүлэх ховил дээр дахин тавилаа. Магадгүй хаалгыг нугасаар нь зад татахаар хүчтэй тэрхүү чимээгүй хашгирааныг би дахин мэдэрч эхэллээ. Хүлээстэй хүний нүүрийг би нэг итгэл тээн ажиглаж эхлэв. Би түүний нүүрнээс солиорлын шинж тэмдэг олж харахыг хичээж байлаа. Солиорсон хүнд энэ ертөнц илүү хялбар байх шүү дээ. Гэвч би түүний гоолиг, шийдэмгий царайнаас тэдгээр шинж тэмдгийг олж чадсангүй. Түүний царайд ухаангүй дэмийрлийн шинж үл харагдана. Зүгээр л тэрээр зуух уруу орохыг үл хүсэх бөгөөд түүнийгээ ямар нэг байдлаар илэрхийлэхийг оролдож байлаа. Харин хашгирахаас өөрөөр яаж илэрхийлэх билээ? Тэгээд л тэр хашгирч байгаа нь тэр. Азаар тэр нь нэг их удаан үргэлжилсэнгүй. За тэр. Лакдсан гутал нь гал уруу орчихлоо. Орчихлоо, чөтгөр ав гэж. Гал дүрэлзэнэ. Бодвол хүчилтөрөгчөөр хөөрөгдөж байгаа байх. Урдах хоёр галч хажуу тийш болж үлдсэн хоёр нь дамнуургыг хүчтэй түлхэн зуух уруу орууллаа. Зуухны хаалга хаагдаж кино аппаратын чимээ ч намдав.
— Тэр… хэн бэ? — Яах гэж ингэж асууснаа өөрөө ч мэдсэнгүй.
— Тэр үү? Хурандаа. Хурандаа асан хүн. Тэр манай байгууллагад байсан юм. Өндөр албан тушаалд. Тэр байгууллагыг хуурсан. Үүнийх нь төлөө түүнийг байгууллагаас хөөсөн юм. Тэгээд л явж буй нь тэр. Манай хууль ийм юм. Бид хэнийг ч хүчээр байгууллагадаа элсүүлдэггүй. Хүсэхгүй бол татгалзаж болно. Харин элссэн л бол чи бүхлээрээ байгууллагад харьяалагдана. Зангиатайгаа, гуталтайгаа юутай хүүтэйгээ харьяалагдана. Тэгэхлээр би танд татгалзах сүүлчийн боломжийг олгож байна. Бодох хугацаа нэг минут.
— Надад бодох хугацаа хэрэггүй.
— Ийм журамтай юм. Чамд бодох нэг минутын хугацаа хэрэггүй байсан ч байгууллага чамд түүнийг олгох ёстой. Чимээгүй сууж бай гэж тэр хэлээд нэгэн товч дарахад гэрэлтэж буй цагийн нүүрэн дээрх нарийхан урт зүү хором тоолон дуугарсаар гүйж эхлэв. Харин миний нүдэнд сүүлчийн хоромд хөл нь хэдийн гал дунд орсон ч толгой нь амьд, судаснууд нь гүрэлзэж, нүдэнд нь үхлийн харуусал, тэсэхүйеэ бэрх зовлон харагдахын сацуу оюун ухаан, амьдрах дийлдэшгүй их хүслэн очтон гэрэлтэж байсан мөнөөх хурандаагийн царай дахин үзэгдлээ.
Хэрэв намайг энэ байгууллагад авах юм бол би үнэн сэтгэлээсээ зүтгэх болно. Энэ бол маш чухал бөгөөд хүчирхэг байгууллага. Надад ийм дэглэм журам таалагдаж байна. Гэвч, чөтгөр ав гэж, хэрэв би тэр намхан дөрвөлжин яндангаар гарах болбол цацаг, чимэг болсон авсанд огтхон ч хэвтэхгүй гэдгээ яагаад ч юм урдаас мэдрээд байна. Энэ надад зохихгүй. Тэр цацаг чимэг надад таарахгүй. Би ч тийм хүн биш...
— Цаг дууслаа. Чамд дахиад бодох хугацаа хэрэгтэй юу?
— Үгүй.
— Дахиад нэг минут?
— Үгүй.
— За тэгвэл ахмад аа. Жанжин штабын харьяа Тагнуулын Удирдах Ерөнхий Газар буюу товчоор ГРУ (оросоор Главное Разведывательное Управление) хэмээн нэрлэгддэг манай ах дүүсийн нууц холбоонд элсэн орсонд чинь анхлан баяр хүргэх завшаан надад тохиож байна. Чи ГРУ-ын орлогч дарга хурандаа генерал Мещеряков ба Төв Хороонд хурандаа генерал Лемзенко нартай уулзах байх. Чи тэдэнд таалагдах байх гэж би бодож байна. Харин элдэв заль гаргах хэрэггүй шүү. Тийм үед дуугүй байснаас ямар нэг юм асууж байсан нь дээр. Манай шалгалт ба сэтгэлзүйн сорилын явцад заримдаа өчнөөн олон асуулт асуумаар чамд санагдах байх. Өөрийгөө бүү зовоо. Асуугаад бай. Өнөөдөр энд биеэ авч явсан шигээ л байвал бүх зүйл сайхан болно. Чамд амжилт хүсье ахмад аа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Jan.02.11 5:35 pm, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Jan.03.11 7:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
* I БҮЛЭГ *

1.


Хэрэв та КГБ-д ажиллахыг хүсвэл аль нэг мужийн төв ороход л болно. Аль ч мужийн төв талбай дээр Лениний хөшөө сүндэрлэн байх ба харин түүний ард заавал ч үгүй олон баганатай нүсэр том байшин байх нь гарцаагүй бөгөөд тэр нь мужийн намын хороо юм. Харин дэргэд хаа нэгтээ нь мужийн КГБ-ын удирдах газар бий. Төв талбай дээр анх таарсан нэгнээс нь асуухад л тэнд байгаа саарал дүнсгэр байшинг, тийм ээ, Ленин өөрийн төмөр бетонон гараараа зааж буй яг тэр байшинг танд зааж өгөх болно. Гэхдээ мужийн төв орохгүйгээр өөрийн ажилладаг газрынхаа тусгай хэлтэст хандсан ч болно. Түүнийг ч бас хонгилоор чигээрээ яваад баруун гар талд чинь байгаа хар савхин бүрээстэй хаалга гээд хэн ч заагаад өгнө. Мөн КГБ-ын ажилтан болж ч болно. Тусгайгийнханд л хандах хэрэгтэй. Тусгайгийн ажилтан төмөр замын жижигхэн өртөөнөөс авахуулаад үйлдвэр нэг бүрд, бүр цаашлаад үйлдвэрийн цех нэг бүрд бий. Мөн цэргийн анги нэг бүрд, их сургууль нэг бүрд, шорон нэг бүрд, намын хороо нэг бүрд, зохион бүтээх товчоо нэг бүрд байх бөгөөд залуучуудын эвлэл, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн ба сайн дурын байгууллагуудад бүр ч олноороо бий. Түүн дээр очоод КГД-д ажилламаар байна гээд л хэлчих! Харин авах эсэх нь өөр асуудал ч (мэдээж авахгүй л дээ!) КГБ-д хүрэх зам хэн бүхэнд нээлттэй бөгөөд тэр замыг хайгаад байх шаардлага огт байхгүй.
Харин ГРУ-д элсэх бол тийм ч амар хэрэг биш. Хэнд хандах вэ? Хэнээс зөвлөгөө авах вэ? Аль хаалгыг тогших вэ? Сэргийлэх дээр очоод асуувал болох юм болов уу? Харин сэргийлэхийнхэн мөрөө хавчаад тийм байгууллага байдаггүй л гэж хэлнэ дээ.
Тэр ч бүү хэл Гүржийн сэргийлэхээс «ГРУ» гэсэн үсэгтэй машины дугааруудыг эдгээр үсгүүд нь цаанаа ямар нэг нууцлаг утга учиртай гэж төсөөлөх ч үгүйгээр олгож л байдаг. Манай улсад тийм дугаартай машин явж байхад хэн ч гайхахгүй, хэн ч эргэж харахгүй. Зөвлөлтийн сэргийлэхийнхэнтэй нэгэн адилаар жирийн хүний хувьд эдгээр үсгүүд нь юу ч илэрхийлэхгүй бөгөөд юуг ч санагдуулахгүй. Шударга иргэд ч тэр, сэргийлэх ч тэр тийм байгууллагын талаар юу ч сонсоогүй байдаг.
КГБ-д сая сая сайн дурынхан байдаг бол ГРУ-д байхгүй. Гол ялгаа нь энд л байгаа юм. ГРУ бол нууц байгууллага. Түүний талаар хэн ч үл мэдэх бөгөөд түүнд өөрийн санаачилгаар элсдэггүй юм. Гэхдээ хэн нэг сайн дурын этгээд ямар нэг аргаар тэрхүү тогших ёстой хаалгыг мэдэж аваад намайг аваач гэж хэллээ гээд бодоод үзье л дээ. Авах болов уу? Үгүй ээ, авахгүй. Сайн дурынхан тэнд хэрэггүй. Тэрхүү сайн дурын этгээдийг тэр дор нь баривчлах ба түүнийг хүнд хэцүү мөрдөн байцаалт угтах болно. Түүнээс тун олон зүйл асууна. Энэ гурван үсгийг чи хаанаас сонссон бэ? Чи биднийг яаж олж чадав? Хамгийн гол нь хэн чамд туслав? Хэн бэ? Хэн? Хэн? Хариул, новш оо! Зөв хариултыг ГРУ хэлүүлж чаддаг юм. Хэнээр ч хэлүүлж чадна. Үүнийг харин би чамд баталчихъя. Сайн дурын этгээдэд тусалсан хүнийг ГРУ заавал олно. Тэгээд дахиад л мөрдөн байцаалт эхэлж, харин чамд энэ үсгүүдийг хэн хэлж өгсөн бэ, новш оо? Энийг чи хаанаас сонссон бэ? Эрт орой хэзээ нэгэн цагт анх хэлсэн тэр хүнийг олно. Тэр нь нууцыг итгэн даатгасан, тогтоосон хэмжээнээс урт хэлтэй хэн нэгэн байх болно. ГРУ тийм урт хэлийг сугалаад хаяхаа сайн мэднэ. ГРУ тийм хэлийг толгойтой нь хамт тас татдаг юм. ГРУ-д элссэн хүн бүр үүнийг сайн мэднэ. ГРУ-д элссэн хүн бүр хар толгойгоо хамгаалах бөгөөд хэлээ татаж чадвал л ингэж чадна. ГРУ-гын тухай тухай зөвхөн ГРУ дотор л ярьж болно. Ходынкад байдаг асар том барилгын шилэн хананы цаана л бусдад сонсогдохооргүй ярьж болно. ГРУ-д элсэн орсон бүхэн «Бидний аквариум дотор ярьсан бүхэн аквариум дотроо үлдэг. Бидний нэг ч үг шилэн хананы цаана бүү гараг» гэсэн Аквариумын хуулийг эрхэмлэн дээдэлнэ. Тийм ч учраас шилэн хананы гаднах хүмүүс дотор юу болж байгааг үл мэднэ. Харин мэддэг нэг нь үл дуугарах бөгөөд хэн ч дуугардаггүй юм. Би л лав ГРУ-ын тухай юу ч сонсоогүй байсан билээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.03.11 10:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Би ротын захирагчийн алба хашиж байлаа. Чехословакт хийсэн «чөлөөлөх» аяны дараах шилжилт хөдөлгөөний догшин шуурга намайг хаман авч Карпат орчмын цэргийн тойргийн 13-р армийн 318-р мото буудлагын дивизэд аваачиж хаясан юм. Тэнд би 910-р мото буудлагын хорооны танкийн батальоны 2-р ротыг захирахаар хүлээн авлаа. Миний рот гялалзсан шилдэг нь биш байсан ч хоцрогсдын тоонд ордоггүй байлаа. Өөрийн амьдралыг би олон жилээр урьдчилан төсөөлж байсан бөгөөд ротын дараа батальоны штабын дарга, тэгээд маршал Малиновскийн нэрэмжит Хуягт танкийн академи, дараа нь батальон, хороо, магадгүй түүнээс дээш ч явна гэж бодож байлаа. Энэ албан тушаал ахих хөдөлгөөний хурд өөрчлөгдөж болох ч чиглэл нь огт өөрчлөгдөхгүй. Чиглэлийг нь би бүх л амьдралынхаа турш дагахаар сонгосон бөгөөд өөрчлөх бодолгүй байсан юм. Гэвч хувь заяа өөрөөр шийдсэн билээ.
1969 оны дөрөвдүгээр сарын 13-ны 04 цаг 10 минутад миний зарлага мөрнөөс минь аяархан татаж:
— Босоорой, ахлах дэслэгч ээ, таныг агуу их үйлс хүлээж байна гэв. Намайг тоглоом хийх дургүй байгааг тэрээр дор нь анзаараад дууныхаа өнгийг өөрчилж товчхоноор:
— Байлдааны түгшүүр! гэж мэдэгдэв.
Би хөнжлөөсөө шууд босон гурван минут хагаст багтаан өмд, оймс, гутлаа өмсөв. Гимнастеркаа шууд углаад товчийг нь товчлолгүй ухасхийлээ. Түүнийг явдал дундаа товчилж болно. Цэрэг бүснийхээ арлыг хамгийн эцсийн нүхэнд нь татаж бүслээд хээрийн цүнхээ мөрөндөө углаж, офицер малгайгаа толгой дээрээ тавилаа. Алганыхаа ирмэгээр малгай дээрх ялгах тэмдэг хамартай нэг шугамд голлосон эсэхийг шалгалаа. Ингээд л боллоо. Харин одоо урагшаа гүйгээд марш! Гар буугаа зам зуураа зэвсгийн шүүгээнээс авна. Харин үүргэвч, шинель, хамгаалах өмсгөл, дуулгаа цаг үргэлж танк дотроо хадгалдаг юм. Доошоо шатаар гүйгээд марш! Шүршүүрт ороод, сахлаа хуссан ч болоосой. Гэвч тэгдэг цаг нь биш. Байлдааны түгшүүр! Мухар хамартай ГАЗ-66 аль хэдийн бараг дүүрчээ. Бүгд залуухан офицерууд, бас бүр ч залуухан тэдний зарлага цэргүүд. Харин тэнгэрт одод аль хэдийн шингэж эхэлжээ. Бидний амьдралаас хүмүүс салах ёс хийлгүйгээр явж оддог шиг, бидний хатуурсан сэтгэлийг заримдаа зовоодог амттайхан дурдатгалууд шиг одод чимээгүй шингэж байлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.05.11 2:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
2


Парк тэр чигээрээ нүргэлж хэдэн зуун байлдааны машины хөдөлгүүр нижгэнэх ажээ. Саарал униар хөшиглөн, утаа тортог хамар цоргино. Түгшүүрийн дохиогоор ассан танкууд тачигнан шил шилээ даран дөрвөлжлөн жагссан байлдааны техникүүд ээлжээ хүлээн арай ядан урагшилж шавар шороотой бетон замаар мөлхөцгөөнө. Хамгийн урд нь тагнуулын ротын өргөн хоншоортой хөвдөг танкууд, араас нь штабын ба холбоо ротын хуягт тээвэрлэгчид, тэгээд танкийн батальон, мото буудлагын гурван батальон, тэдний хойноос хорооны ба зенитийн болон танк эсэргүүцэх артиллерын батарейнууд, саперууд, химийнхэн, засварынхан уртаас урт цуваа татан зогсоно. Харин арын албаны ангиудын хувьд тэрхүү асар том паркт багтах зай байхгүй. Тэд түрүүчийн ангиуд холоо явсан хойно л өөрсдийн цуваагаа татна.
Би цуваа даган өөрийн ротын машинууд уруугаа гүйлээ. Харин хорооны захирагч хэн нэгнийг үнэн голоосоо уурлан зандарч, штабын дарга батальон захирагч нарыг чангаар хараах нь хэдэн зуун моторын дууг даран сонсогдоно. Би гүйсээр. Бусад офицерууд ч мөн гүйцгээнэ. Түргэл, түргэл. За, миний рот тэнд байна. Нэгдүгээр салааны гурван танк, хоёрдугаар салааны гурван танк бас гуравдугаар салааны гурван танк. Харин захирагчийн буюу миний танк өмнө нь харагдана. Арван танк бүгд байр байрандаа. Өөрийн арван хөдөлгүүрийн чимээг би бүр эндээс сонсож байна. Нийтийн нүргээн дотроос тэднийг би чихээрээ ялгаж чадна. Хөдөлгүүр бүр өөр өөрийн ааш зан, дуу хоолойтой. Харин тэдний нэг нь ч доголдохгүй байна. Муугүй л эхлэл байна. Би аль хэдийн өөрийн танкийн өмнө ирлээ. Духны налуу хуяг дээр хөнгөхөн үсэрч гараад цамхаг уруу авирлаа. Миний нээлхий онгорхой байх бөгөөд аль хэдийн дотоод холбоонд залгагдсан дуулга малгайг минь холбоочин над уруу сарвайв. Дуулгаа өмсмөгц гаднах нүргээн үгүй болж амар амгалангийн ертөнцөд ирсэн мэт санагдлаа. Гэвч дуулганы чихэвч тэр дороо амилж нөгөө хуурамч нам гүмийг эвдэв. Дэргэд суугаа холбоочин сүүлд ирсэн тушаалуудыг надад дотуур холбоогоор (эс тэгвээс чихэн дээр орилох хэрэгтэй болно) илтгэж байна. Тэр нь бүгд хэрэггүй зүйлс байх аж. Би түүнээс «Дайн уу эсвэл хээрийн сургууль уу?» гэж чухалчлан асуухад — «Чөтгөр бүү мэд», — гээд тэрээр мөрөө хавчив.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.09.11 1:33 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Юу ч болсон бай миний рот байлдаанд бэлэн тул паркаас нэн даруй гарах хэрэгтэй байсан бөгөөд тийм ч хуультай. Паркт хэдэн зуун байлдааны машин нэг дор бөөгнөрнө гэдэг нь манай дайснуудын л мөрөөдөж болох бай билээ. Би урагш харлаа. Гэвч ямар нэг зүйл харагдана гэж үү? Танкийн нэгдүгээр рот миний өмнө зогсож байна. Захирагч нь хараахан ирж амжаагүй бололтой. Өмнөх хэсгүүд бүгд л захирагчаа хүлээн зогсоно. Би танкийнхаа цамхаг дээр гарлаа. Эндээс илүү харагдана. Тагнуул ротын нэг танк унтарчхаад бүх хорооны зам дээр тээглэж орхисон бололтой. Би цагаа харлаа. Манай хороон дарга, манай эцэгт найман минут л үлджээ. Хэрэв найман минутын дотор хорооны цуваа хөдлөхгүй бол хороон захирагчийн мөрдэсийг хуу татаж хаяад, зөнөсөн нохойг хөөдөг шиг тэтгэвэр ч үгүйгээр армиас хөөх болно. Харин одоо засварын ротын нэг ч чирэгч машин цувааны эхэнд хүрч чадахгүй бөгөөд учир нь дүнсгэр саарал гражуудын хоорондох төв зам нэг захаасаа нөгөө захаа хүртэл танкуудаар пиг дүүрчээ. Би нөөц хаалгыг харлаа. Түүний наагуур гүнзгий шуудуу ухсан байх бөгөөд ямар нэг усны хоолой эсвэл кабель татаж байгаа бололтой.
Би нээлхий рүү үсрэн ороод жолоочдоо «Зүүн тийш эргээд, чигээрээ!» гэж байдаг чадлаараа хашгираад «Намайг дага!» гэж бүх ротдоо тушаав. Харин зүүн талд ямар ч хаалга байхгүй. Зүүн талд засварын газрын урт урт барилгуудын хоорондох тоосгон хана харагдана. Захирагчийн танкийг ротын хамгийн шилдэг жолооч барьдаг бөгөөд ийм журам эртнээс бүх арми даяар тогтжээ. Би дотоод холбоогоор түүнд хандаж: «Чи ротдоо хамгийн шилдэг нь! Өөдгүй амьтдын дотроос би чамайг сонгосон. Зальхай гайхал чамд би захирагчийн танкаа өгч чамайг өөд нь татсан. Захирагчийнхаа сонголтыг битгий гутаагаарай! Үзүүлээд өг!» гэж хашгирав.
Харин тэрээр хариу хэлэхийн оронд нүсэр хүнд хуягт үлэг гүрвэлээ огцом ухасхийлгэн хурдаа улам бүр нэмэв. Танкаар ханыг цөм мөргөх нь аймшигтай ажээ. Манай танк доторх бүх л зүйл хангир жингэр хийн чичрэн доргиллоо. Бут үсэрсэн тоосго танкийн их гэрэл, антенныг эвдэж, багажтай хайрцгуудыг мулт татан, түлшний гадна савуудыг хонхойлгосоор бөөн бөөнөөрөө асгаран нурлаа. Гэвч миний танк уухилан хүчээ нэмж, аалзны шүлс шиг хэрсэн өргөст торыг тас татан, бөөн тоосгон дундаас ухасхийн украины нам гүм хотын нойрсож буй гудамжинд үсрэн гарч ирэв. Харин би арын гурван танкийг харж байсан бөгөөд миний ротын танкууд ханын цөмөрхийгөөр хөгжилтэй, зоргоороо байдлаар орж ирцгээлээ. Ханын цөмөрхий рүү паркийн жижүүр гүйж яваа нь харагдана. Гараараа дохино. Ямар нэг зүйл хашгична. Амаа том ангайжээ. Түүний орилж буйг сонсох юм аятай. Дуугүй кинонд гардаг шиг нүүрний хувирлаар нь таахаас өөр арга алга. Тэрээр хашгичан загнах аж. Андуурахын аргагүй.
Миний ротын арав дахь танк цоорхойгоор гарч ирэх тэр агшинд хар хувцастай, цагаан дуулгатай зохицуулагчид тэнд аль хэдийн гараад ирлээ. Тэд журам тогтоодог юм. Хэнийг нь түрүүлж гаргахаа тэд мэднэ. Мэдээж тагнуулчдыг. Хороо бүрд онцгой техник, онцгой цэрэг офицеруудтай тагнуулын рот байдаг. Мөн түүнээс гадна мото буудлагын болон танкийн батальон бүрд онцгой техник, онцгой цэрэг офицеруудгүй ч тагнуулын үйл ажиллагаа явуулах чадвартай ротууд бий. Чухам тэдгээр ротуудыг л хамгийн түрүүнд явуулах хэрэгтэй. Цагаан дуулгатнууд минь биднийг явуулагтун! Бид яг одоо урагшаа холоос хол гарах хэрэгтэй байна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Nov.09.14 6:33 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.11.11 2:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
3.

Дивиз, хороодын ротуудыг хөндлөнгөөс харахад бүгд л адилхан мэт санагдана. Гэхдээ яг ч тийм биш л дээ. Батальон бүрийн нэгдүгээр рот бол нэгдүгээр рот л байдаг юм. Батальонд сайн муу янз бүрийн л цэргүүд байх бөгөөд харин батальон захирагч нар шилдэг гэсэн бүхнээ нэгдүгээр ротод хуваарилдаг юм. Хэрэв офицерууд дутагдалтай байгаа бол нөхөн хангалтаар ирсэн шинэ офицеруудыг эхлээд заавал нэгдүгээр ротод өгнө. Яагаад гэвэл нэгдүгээр рот нь цаг үргэлж батальоноо хөтлөх түүчээ нь болж явдаг юм. Нэгдүгээр рот дайсантай анхлан нүүр тулна. Харин тулалдааны эхлэлээс төгсгөл нь ихээхэн хамаардаг.
Аль ч батальоны хоёрдугаар рот нь дундаж л байдаг. Хоёрдугаар ротын офицерууд нь над шиг юугаараа ч товойж тодроогүй офицерууд байх бөгөөд цэргүүд нь ч мөн адил. Гэхдээ хоёдугаар рот бүр нэмэлт тагнуулын бэлтгэл хийсэн байдаг. Энэ талаараа бол давхар мэргэжилтэй гэж хэлж ч болно. Юуны өмнө бусадтай адил байлдааны рот мөн хэдий ч хэрэгцээ гарвал өөрийн батальон болон хорооны ашиг сонирхлын дагуу тагнуулын онцгой ротын оронд эсвэл тэдэнд нэмэлт хүч болон үүрэг гүйцэтгэж чадна.
Зөвлөлтийн армид 2400 мото буудлагын танкийн батальон бий. Тэр бүх батальоны гуравдугаар рот нь зөвхөн дугаарын дагуу ч биш амьдрал дээр ч гуравдугаарх нь л байдаг. Гуравдугаар ротод нэг ба хоёрдугаар ротод багтаагүй, хэтэрхий залуу, туршлагагүй эсвэл хэт хөгширсөн, ирээдүйгүй офицерууд алба хашдаг. Гуравдугаар ротод цэрэг үргэлж дутагдана. Тэр тусмаа Зөвлөлт улсын нутаг дээрх гуравдугаар ротууд нь ихэвчлэн огт цэрэггүй байдаг. Тэдний байлдааны техникүүд нь байнгын хадгалалтад зогсоно. Хэрэв дайн болбол мянга мянган ийм ротуудыг бэлтгэл хүчээр нөхөн хангаж богино хугацаанд жирийн байлдааны анги салбарын төвшинд хүргэнэ. Энэ тогтолцоонд маш гүнзгий утга учир орших бөгөөд дан бэлтгэл хүчээр бүрдсэн шинэ дивизүүд байгуулснаас хуучин дивизүүдийг бэлтгэл хүчээр сэлбэсэн нь мянга дахин дээр.
Миний рот маш хурдан урагш одлоо. Замын эргэлт дээр би арагш харан танкуудаа тоолов. Одоогоор бүгд хурдаа жигд барьж байна. Миний ротын сүүлчийн танкийн араас шил даран цагаан далбаатай гинжит хуягт тээвэрлэгч бетон замаас оч үсчүүлэн хурдална.
Миний сэтгэл амраад явчхав. Жижигхэн цагаан далбаа нь дундын хянагчид тэнд байгааг илтгэнэ. Харин тэд энд байна гэдэг нь дайн биш хээрийн сургууль эхэллээ гэсэн үг. Тэгэхээр дахиад удаан амьдрах нь ээ.
Миний дээр тэмээлзгэнэ-нисдэг тэрэг гарч ирлээ. Доош тонгойн ниснэ. Агаарын урсгалд хамуулчихгүйн тулд салхины эсрэг хандан ниснэ. Би цамхаг дээрээ гарлаа. Баруун гараараа саравчлан харав. Нисгэгч нь бүр улбар шар үстэй юм. Нүүр нь яг л хэрээний өндөг шиг цов цоохор сэвхтэй ажээ. Харин цасан цагаан шүдтэй юм тэр. Инээж байна. Түүний өнөөдрийн авчирсан тушаалаас болж манай хорооны ротын захирагч нарын хувьд хүндхэн өдөр эхэлж буйг тэр нисдэг тэрэгний хүн мэдэж байна аа янз нь. Нисдэг тэрэг тэр даруй хөөрөн одлоо. Харин тэр улбар шар үстэй, цасан цагаан шүдтэй нисгэгчийн инээж байгаа нь харагдсаар...

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.12.11 11:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
4.

Миний танк өмнөө байгаа бүх ертөнцийг өвчүүгээрээ хуваан зүссээр уухилан хурдална. Хэсэг хэсэг модод баруун зүүн талаар жирэлзэн өнгөрнө. Бүхээг доторх дуу чимээ тэсэхүйеэ бэрх. Газрын зургаа өвдөг дээрээ дэлгэлээ. Зураг дээрээс олон зүйл тодорхой болно. Дивизийг дайсны хүчний цөмөрхий уруу хаясан бөгөөд дивиз баруун зүг эрчимтэй довтлох ажээ. Харин дайсан хаана байгаа нь л тодорхойгүй. Газрын зураг дээр энэ тухай юу ч алга. Дивизийн өмнө хориод рот урагшлах бөгөөд миний рот тэдний нэг нь. Эдгээр ротууд нь сунгасан гарын хуруунууд л гэсэн үг. Манай дивизийн захирагчийн өөрийн олон мянган тонн жинтэй нударгаараа цохивол зохих тэр эмзэг газрыг нь дайсны хамгаалалтаас тэмтэрч олох нь тэдний үүрэг. Дайсныхаа тэрхүү эмзэг цэгийг маш өргөн уудам нутаг дэвсгэрт хайж байгаа тул толгойн харуулд илгээсэн ротууд тус тусдаа гав ганцаар урагшилна. Бидний хажуугаар хаа нэгтээ ийм ротууд дайсны эсэргүүцлийн голомт болсон хот тосгодыг тойрон, чимээгүй бөгөөд эрчимтэйгээр урагшилж байгааг би мэдэж байлаа. Мөн миний рот ч дайсантай шууд тулгарахаас зайлсхийх бөгөөд хэрэв дайсантай таарвал штабтаа мэдэгдээд л чимээгүй холдон одох бөлгөө. Түргэхэн шиг тойроод дахиад л урагшаа. Харин алсад хаа нэгтээ манай гол хүч нүргэлэн урсаж байгаа. «Урагшаа, хүүхдүүдээ, Баруун тийш урагшаа!»
Цагаан далбаатай хуягт тээвэрлэгч биднээс огтхон ч үл хоцорно. Тэр золиг танкаас хоёр дахин хөнгөхөн ч хүч чадал нь бараг адилхан. Хоёр ч удаа хурдаа нэмэн тэднээс тасрах гэж оролдоод бүтсэнгүй. Салаа захирч байхдаа иймэрхүү зүйлийг хийж дөнгөдөг байсан ч ротын хувьд боломжгүй ажээ. Цуваанаасаа салбал танкууд намгаар нэг тарж орхино. Ингэсний төлөө огт өрөвдөхгүйгээр ротын захирагчаас хусна. Чөтгөр ав, та нар шалгаж л бай, харин би ротоосоо салахыг хүсэхгүй байна…
— Кран харагдаж байна! — гэж түрүүлэн урагш илгээсэн зургадугаар танкийн дарга радиогоор хашгирлаа.
«Кран гэж үү? Өргөх кран уу? Яг мөн! Кран байна! Нов ногоон. Өргөх сумыг нь өнгөлөн далдлахын тулд мөчрөөр хучжээ. Байлдааны талбар дээр хаана кран байж болох билээ?  — Яг зөв! Пуужингийн батарей байна! Ийм аз ч өдөр бүр тохиохгүй шүү!»
— Рот! — гэж чангаар анхааруулаад  — Пуужингийн батарей байна! Тулалдаанд… Урагшаа! гэж би байдаг чангаараа тушаав.
Харин миний хүүхдүүд пуужингийн батарейг яахаа сайн мэднэ. Нэгдүгээр салаа намайг гүйцэн зэрэгцэж байлдааны шугамд хүчээ задлан тархан байрлав. Хоёрдугаар салаа баруун талаар хурдаа огцом нэмэн гинжээрээ бөөн бөөн шавар шороо тэнгэр рүү шидлэн нэг эгнээнд тархан урагшлав. Гуравдугаар салаа зүүн талаар тархан давшиж батарейг жигүүрээс нь ороож авлаа.
— Хурдаа нэм! — гэж би орилно.
Жолооч нар маань үүнийг надтай надгүй ойлгож байгаа. Одоо бүгдийнх нь баруун хөл хурдны гишгүүрийг шалтай наалдтал, эцэст нь тултал гишгэж байгаа гэдгийг би мэдэж байлаа. Хөдөлгүүрүүд хүчлэн уухилж, нүргээн улам нэмэгдэж утаа тэсэхийн аргагүй болов.
Түлш хөдөлгүүрт бүрэн шатаж амжилгүйгээр утаа тортог, хийн хүчтэй урсгал болон хувирч бөглөрөх шахсан яндангаар цацагдана.
— Тагнах ажиллагааг зогсоолоо... гарааны байрлал... 13-41-р хавтгай… тулаанд орлоо... хэмээн манай холбоочин-сумлагч эфирт хашгичих бөгөөд тэр нь манай сүүлчийн холбоо байж ч мэднэ. Дайсны пуужингийн анги ба штабыг хэн таарсан бүхэн, ямар ч тушаалгүйгээр, үр дүн нь ямар байхаас үл хамааран шууд довтлох ёстой билээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Nov.09.14 6:37 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.13.11 3:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Сумлагч маань холбоогоо тор хийлгэн таслаад эхний сумыг бууны хүхээгэнд хийлээ. Сум хүхээгэнд гулсан ормогц их бууны хүчирхэг замаг гильотин хутга мэт зүрх шимшрүүлэн цохиж гол төмрийг түгжив. Цамхаг займчин хөдөлж, хайрцагтай сум, жолооч-механикийн нуруу хөл дор тээглэн ийш тийш үсчинэ. Их бууны бөгс дээш доош савчин доргино. Чиглүүлэгч хараалах төхөөрөмжийн бариулыг атгахад хүчирхэг тогтворжуулагч төхөөрөмжүүд түүний бахим гарын атганд захирагдан, нисэх мэт давхиж буй танкийн галзуу бүжгийг даган савчуулахгүйгээр их буу ба цамхгийг хөнгөхөн угзчаад хөдөлгөөнгүй тогтоон барилаа.
Чиглүүлэгч баруун гарынхаа эрхий хуруугаар товчийг аажуухан дарав.
Аймшигт нүргээн чихийг гэмтээхгүйн тулд хүчирхэг их бууны дууг угтан бүгдийнх нь дуулганы чихэвчид чихний хэнгэргийг агшаан чангалах учиртай час хийх огцом чимээ гарлаа.
Дуулганы чихэвчид үүсэх чимээ буудлагын чимээнээс секундийн зууны хувиар илүү удаан үргэлжлэх тул бид өөрсдийн буудлагын чимээг үл сонсоно. Дөчин тонн жинтэй, урагш нисэж буй аварга машин чичрэн доргив. Их бууны гол төмөр гялсхийтэл ухран гарч ирэхэд утаа уугьж буй хонгио хангир жингэр хийн уналаа. Бусад танкууд ч даган буудлаа. Сумлагч аль хэдийн хоёрдох сумыг хүхээгэнд хийж харагдана.
— Хурдаа нэм! — гэж би орилно.
Харин шавар, шороо гинжин дороос оргилуур шиг цацагдах ажээ. Гинж харжигнах чимээ их буун дуунаас ч чанга сонсогдоно. Дуулганы чихэвчид час хийх дуу дахин гарах нь чиглүүлэгч буудах товчлуурыг ахин дарж буй нь тэр. Харин бид дахиад л өөрсдийн буудлагын чимээг эс сонсоно. Зөвхөн гол төмөр огцом арагш ухарч, хонгио хангинаж, машин доргино. Бид зөвхөн дэргэдэх танкууд хэрхэн буудахыг л сонсоно. Тэд ч биднийг сонсоно. Харин энэ буудлагын чимээ миний эрэлхэг азийнхныг чихэн дундуур нь ташуурдсан мэт галзууруулна. Тэд бүр улайрчээ. Би тэдний одоо яаж байгааг нэг бүрчлэн төсөөлж чадна. Тавдугаар танкийн чиглүүлэгч хараалах төхөөрөмжийн резинэн духавчийг буудлага хийх бүрдээ хөөрсөндөө шүдээрээ мэрж байгаа. Үүнийг нь зөвхөн рот ч биш батальон даяараа мэднэ. Энэ ч тааруухан хэрэг. Нөхцөл байдлыг хянахад нь саад болно. Үүнээс болж түүнийг золтой л сумлагч болгочхоогүй юм. Гэвч тэр маш мэргэн бууддаг. Наймдугаар танкийн дарга үргэлж гартаа сүх бариад гацах бүрд нь их буугаа сүхний онгиор балбана. Харин гурав дахь танкийн захирагч нь өмнөх хээрийн сургууль дээр холбоогоо ротын холбоонд залган дамжуулагч дээр нь тавиад салгахаа мартаж орхисноос түүний шүдээ хяхтнуулан чоно шиг улихыг бүх ротоороо сонссон билээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.13.11 9:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
— Будаа болгоод өг! — гэж би шивнэнэ. Харин радио долгион миний шивнээг эргэн тойрон гучин километрт түгээн би өөрийн ази гаралтай, догшин цэргүүдийнхээ чихэнд нь шууд шивнэх мэт байх бөлгөө.
 — Бу-д-аа бол-го-о-од өг!
Час хийх дуу чихэнд дахин сонсогдож, хонгио хангир жингэр хийв. Буудсан сумны хонгионоос өвөрмөц үнэр хан хийнэ. Тэр үнэрийг үнэртсэн бүхэн тэсэж ядан улангасан догшрох ажээ. Будаа болгоод өг! Нүргээн чимээ, дийлдэшгүй их хүч чадал, пулемётын тачигнаан энэ бүхэн миний танкчдыг бүр хөөргөж орхижээ. Тэднийг одоо ямар ч хүч зогсоож чадахгүй. Танкийн жолооч нар ч гинжнээсээ мултарсан мэт давхилдах бөгөөд хурдны ба жолооны хөшүүргүүдийг өөрсдийн бахим бадриун гараараа нужигнуулан, машинаа эцэст нь тултал хурдлуулна. Би арагш эргэж харан ар талаасаа тасарсан эсэхээ шалгав. Тэртээ алсад цагаан далбаатай хуягт тээвэрлэгч харагдана. Суга хоцорчээ тэд. Тэнд яваа хүмүүст ийм хүчтэй их буу, чих дөжрөм нүргээн, хонгионы мансуурам үнэр аль нь ч байхгүй нь өрөвдмөөр. Тэдний амьдралд бахдал, цэнгэл огт алга. Тийм ч учраас аймхай жолооч нь замын бартаа гарган, чулууг болгоомжтой тойрон явдаг байх. «Харин чи бүү ай! Машинаа гартаа авч хөлдөө жийн, хэн болохоо үзүүлээд өг. Хуягт машин бол эмзэг эд. Гэвч унасан эзэн нь хүчирхэг нэгэн болохыг мэдэрвэл араатан шиг аашилж чадна. Тэр боржин үхэр чулуун дундуур ч, мянган настай царсны хожуул дундуур ч, нүх шуудуун дундуур ч хар хурдаараа давхиж чадна. Гинжээ эвдэрнэ, эд ангиа хэмхэрнэ гэж бүү ай. Бут ниргээд өг, тэгвэл танк чинь сум шиг хурдлах болно. Тэр чинь тулалдахын төлөө төрсөн юм. Будаа болгоод өг!»
— Ротоо тулалдаанаас гарга…
Гинжнээс оч үсэрнэ. Пуужингийн батарейн байрлал дээгүүр рот нисэх мэт хурдална. Ган төмөр дээгүүр гинж явж өнгөрч байна уу, эсвэл чихэвчинд чиглүүлэгчийн шүд дуугараад байна уу, чихэнд ямар нэг зүйл хяхтнана.
— Ротоо тулалдаанаас гарга…
Бие биенээ оночихгүйн тулд танкууд тушаал хүлээлгүйгээр галаа зогсоож, бугыг тасар татан зулгааж байгаа чононууд шиг эргэлдэн урхирцгаана. Танкууд пуужин зөөгч машинуудыг хуягт духаараа хэмх мөргөж, пуужинт артиллерын бахархал болсон хөөргөх төхөөрөмж, краныг газартай тэгшлэн дэвсэлнэ. Будаа болгоод өг!
— Ротоо тулалдаанаас гарга… — гэж хэн нэгний алсад бүдэгхэн дуугарахыг би дахин сонсоод нөгөө хянагч надад хандан хэлээд байгааг гэнэт ойлгов. Ээ чөтгөр ав гэж! Хүмүүс дуртай юмаа хийж бараг л бэлгийн таашаал авах гэж байхад хэн саад болдог билээ? Тэр муу хянагч миний хүүхдүүдийг бэлгийн сулралтай болгох нь! Ийм сайхан танкийн ротыг баллах эрхийг хэн чамд өгсөн юм бэ? Чи ардын дайсан уу? Эсвэл хөрөнгөтний хорлон сүйтгэгч үү? Хараал идэг чамайг! Рот минь үзүүлээд өг! Би танкийн хуягийг гараараа шаан, дарийн утаа үнэрлэж үзээгүй штабын новшнуудыг нээлттэй эфирт хараасаар:
— Рот тулалдааныг орхи! Талбайн зүүн тал уруу салаа салаагаараа марш! гэж тушаалаа.
Миний жолооч зүүн талын хөшүүргийг ууртайгаар эцэст нь тултал татахад танк бүхий л жингээрээ ханаран, сайхан хус модыг хуга татсаар баруун тийш огцом эргэлээ. Чадварлаг жолооч хурдны хөшүүргийг бараг секундийн зайтайгаар ахиулсаар хуягт динозавраа агшин зуур хурдлуулан бут сөөг, гүнзгий нүхэн дээгүүр харайлгасаар талбай руу шуудхан чиглэж захад нь очоод гэнэт хурдаа хасан байран дээрээ царцах мэт зогслоо. Бусад танкууд ч урам нь хугарсан мэт урхирсаар ойгоос гарч ирэн цочмог тоормослон нэг эгнээ үүсгэн жагсан зогсоцгоолоо.
— Цэнэгээ салга! Их буунуудаа үзлэгт бэлдээд! — гэж тушаагаад дуулганы чихэвчийг залгуураас нь салгахад сумлагч бүх холбоог унтраалаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.14.11 10:39 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
5.

Хянагчийн суусан хуягт тээвэрлэгч тэртээ хол хоцорчээ. Түүнийг ротыг гүйцэж ирэх гэж ядах зуур би их буунуудаа шалгаж, машинуудынхаа нөхцөл байдлын тухай болон шатахуун, галт хэрэгслийн зарцуулалтын талаар илтгэл авч амжаад ротоо жагсаан түүнд илтгэхэд бэлдэн талбайн голд хөдөлгөөнгүй зогсон хүлээлээ.
Зогсоод сайшаал, шийтгэлийн аль нь ирж болохыг дотроо тунгаан бодов. Хугацаанаас нь найман минутын өмнө ротоо паркаас гаргасны төлөө сайшааж магадгүй л юм, үүний төлөө ротын захирагчдыг заримдаа алтан цагаар шагнадаг юм. Дайн эхэлж буй үед хором бүр үнэтэй. Бүх танкууд, бүх онгоцнууд, бүх штабууд агшин зуурын дотор дайсны цохилтоос зайлах хэрэгтэй. Тэгж чадвал дайсны хамгийн эхний бөгөөд хамгийн аймшигтай цохилт цэргийн хоосон хотхонууд дээр буух болно. Найман минут! Энд би зөв ажилласан нь эргэлзээгүй. Миний бүх танкууд бүрэн бүтэн байгаа, өдрийн туршид бүгд хэвийн ажилласан. Энэ нь миний техникийн орлогчид л сайн хэрэг болж байна. Гэхдээ офицер дутагдсаны улмаас манай ротод техникийн орлогч дарга байхгүй л дээ. Би өөрөө түүний өмнөөс тэр ажлыг хийдэг. Дайсны тулгуур цэгүүдийг хурдан тойрон гарч тухай бүрд нь тун тодорхой мэдээлж байсан. Энэ ч нэгдүгээр салааны захирагчид хамаарна л даа. Гэхдээ манай ротод нэгдүгээр салааны захирагч офицер байхгүй нь харамсалтай. Дахиад л нөгөө дутагдал. Пуужингийн батарейг нүдээ аниад өнгөрөөгөөгүй, илрүүлээд газартай тэгшлээд хаясан гэж байгаа. Харин хамгийн муу пуужингийн батарей ч хоёр Хиросимаг юу ч үгүй болгож дөнгөнө. Тагнах ажиллагааг зогсоож, өөрийн салбараа пуужингийн эсрэг хаяснаараа би тэдгээр Хиросимуудыг аварсан хэрэг. Ийм хэргийн төлөө дайны үед бол энгэрт нь одон зүүж өгдөг юм, харин хээрийн сургуульд бол удаан хугацаанд сайшаан магтах нь гарцаагүй…
За нөгөө хянагч хурандаа ирлээ. Гар нь цэвэрхэн цагаан, гутал нь гялалзана. Сарвуугаа норгохыг хүсээгүй муур шиг шалбаагийг цэмцэгнэн тойрч байна тэр. Хороон захирагч, манай эцэг бас л хурандаа цолтой ч гар нь яргачны гар шиг эвэршиж гүйцсэн бөгөөд хүнд хөдөлмөр түүний гарыг тийм болгосон юм. Харин манай эцгийн нүүр нь миний л мэдэх бүх л хээрийн сургуулийн талбар, буудлагын талбайн нар, салхи, жаварт онгож гандсан бөгөөд энэ хянагч хурандаагийн цонхигор царайтай огт адилгүй билээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.14.11 1:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
— Зэрэгц! Номхон! Зэрэгц баруун тийш!
Гэвч хянагч миний илтгэлийг сонссонгүй шууд таслаад:
— Дайнд хүүхэд шиг хөөрөөд байна уу, ахлах дэслэгчээ!
Би дуугарсангүй. Тэр намайг загнаагүй харин миний энгэрт медаль зүүж өгч байгаа юм шиг би инээмсэглэв. Харин миний инээмсэглэл түүний уурыг бүр шатаав бололтой. Түүний бараа бологчид дуугүй дүнсийцгээнэ. Зэвсэгт хүчний сахилгын дүрмийн 97 дугаар зүйлийн дагуу миний цэргүүдийн дэргэд намайг загнах хориотой гэдгийг дагалдагсад нь мэддэг юм байна. Тэр хурандаа миний цэргүүдийн дэргэд намайг загнаснаар зөвхөн миний захирагчийн нэр хүндэд төдийгүй баатарлаг Зөвлөлтийн армийн бүх офицерын бүрэлдэхүүний нэр хүнд, тэр дотроо өөрийн хурандаа цолны нэр хүндэд ч халдаж байгааг тэр дэд хурандаа, хошууч цолтнууд мэдэж байна. Харин би огт юу ч болоогүй юм шиг инээмсэглэсээр.
— Тушаалыг эс хайхарч, биелүүлэхгүй байх нь гутамшигтай хэрэг, нөхөр ахлах дэслэгч ээ.
Ээ хурандаа минь, тулаанд хөөрч, цусны үнэрт мансуурдаггүй хэнийг ч болов би их бууныхаа гол төмрөөс дүүжлэх байсан даа.
Энэ ч яах вэ, хээрийн сургууль. Харин жинхэнэ тулаан болсон бол дуураймал, хиймэл биш харин жинхэнэ цусан дундуур миний танкууд гинжээрээ туучиж, ази гаралтай цэргүүд минь үүнээс ч илүү үзүүлээд өгөх байсан даа. Энэ бол сул тал биш. Энэ бол тэдний сүр хүч. Тэднийг ертөнцөд хэн ч зогсоож чадахгүй байх байсан.
— Бас тэр паркийн ханыг яаж байгаа чинь тэр вэ? Чи тэр ханыг бүр эвдээд хаясан байна! Энэ чинь гэмт хэрэг!
Харин тэр хананы тухай би бүр бодохоо ч мартчихжээ. Их юм болж дээ. Өдийд аль хэдийн янзалчихсан байгаа байлгүй. Тийм ч их цаг орохгүй. Хорооны сахилгын хорих байрнаас арван хоригдол цэрэг аваачаад тавихад л хоёр цагийн дотор засчихна. Тэгээд ч хурандаа минь, хээрийн сургууль уу эсвэл дайн уу гэдгийг би яаж мэдэх билээ? Түгшүүрийн үед ер нь хэн үүнийг мэдэж чадах юм бэ? Хэрэв дайн байгаад тэр хана бүтнээрээ үлдсэн бол 2000 гаруй хүн, хэдэн зуун байлдааны техник нэг дор юу ч үлдэхгүй шатах байсан. Хурандаа гуай юу гэнэ ээ? 13-р армийн тагнуулын дарга гэдэг том сэтэр зүүчхээд миний хэдэн узбек цэрэг юу хийж байгааг өдөржин бүртгэж явах ч гэж! Тэд хэдий оросоор ярьдаггүй ч байгаа мадаггүй сөнөөж чаддаг юм. Тэднийг минь магт хурандаа минь! Надад биш ч ядаж тэдэнд инээмсэглээч. Тэгээд л би түүн рүү инээмсэглэн зогсоно. Би хурандаагийн өмнө нуруугаа рот уруугаа харуулан зогсож байгаа тул эргэж харж огт болохгүй байв. Зөвхөн миний ротынхон бүгд инээмсэглэж байгааг л би мэдэж байлаа. Зүгээр л ямар ч шалтгаангүйгээр. Тэд угаасаа ямар ч үед инээмсэглэж байдаг юм.
Харин хурандаад энэ таалагдсангүй. Бид өөрийг нь шоолоод байна гэж тэр бодож байх шиг. Хурандаа бүр галзуурах шахлаа. Миний чиглүүлэгч тулаанд орохоороо хэрхдэг шиг шүдээ хяхтнуулна. Бидний инээмсэглэлийг ойлгож, үнэлэх чадвар түүнд алгаа. Тиймдээ ч тэр миний нүүр уруу хашгичиж:
— Жаал аа, чи рот захирах эрхгүй. Би чамайг зайлууллаа. Ротоо орлогчдоо хүлээлгэж өг, тэр ротыг цэргийн байранд нь буцааж аваачиг!
— Надад орлогч байхгүй, — гээд би инээмсэглэв.
— Тэгвэл нэгдүгээр салаан захирагчид!
— Тэр ч бас байхгүй гэвэл тэрээр надаас дооших бүх албан тушаалтныг тоочиж гарав. 
— Би ротдоо ганцаараа офицер.
Хурандаа дуугүй болов. Огт уурлаж загнаагүй юм шиг нам болчхов. Ротод ганц офицер байдаг ийм үзэгдэл манай армид, тэр тусмаа Зөвлөлт улсын нутаг дэвсгэр дээрх анги салбаруудын хувьд бараг хэвийн үзэгдэл болсон зүйл байлаа. Офицер болохыг хүсэгчид олон ч бүгд л хурандаа байхыг хүснэ. Харин дэслэгчийн гараа сонирхол багатай ажээ. Ийм учраас хамгийн доод шатанд офицерууд дутагдана. Маш их дутагдана. Харин тэр дээгүүр, штабт үүнийг мартаж орхино. Тийм ч учраас би ротдоо ганц офицер нь байх юм гэж хурандаа бодсонгүй. Намайг ротын захирагчаас авч хаялаа, тэгэх эрх нь ч түүнд бий. Гэвч ротыг цэргийн байранд нь буцааж аваачих хэрэгтэй. Харин ротыг, тэр тусмаа танкийн ротыг хэдэн арван километр хол газар зөнд нь орхиж огт болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Ингэвэл шууд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж үзэх болно. Тэгвэл ч хурандаа чи өнгөрөх нь тэр.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.14.11 11:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Хэрэв чи тухайн нөхцөл байдалд орлох ямар ч хүн байхгүй үед захирагчийг нь зайлуулбал бүх хариуцлагыг өөртөө хүлээх бөгөөд хөндлөнгийн хэн нэгэнд ротыг итгэн өгөх эрхгүй. Хэрэв тийм эрх байдагсан бол дивизийн захирагч бүр цэргээ хээр гаргаж доод захирагч нараа өөрийн дураар өөрчлөөд цэргийн эргэлт хийж болохсон.
Харин манайд төрийн эргэлт гардаггүйн учир нь командлах боловсон хүчнийг сонгож, томилох энэ нарийн ажилд хүссэн хэн бүхэн оролцоод байдаггүйд л байгаа юм. Зайлуулах нь чиний эрх. Зайлуулах бол тун амархан. Зайлуулж хэн ч чадна. Энэ бол хүн алах шиг л хялбархан. Харин захирагчдыг албан тушаалд нь эргүүлэн тавих бол үхсэн хүнийг босгохтой адил тун хэцүү. За хурандаа минь яав? Намайг буцаагаад ротын захирагчаар томилох гэж байна уу? Тэгж болохгүй ээ. Би тэнцэхгүй. Бүгд үүнийг сонссон. Таарч тэнцэхгүй хүнийг ротын захирагчаар тавих эрх чамд байхгүй. Хэрэв улсын хилийн ойролцоо танкийн ротын хууль ёсны захирагчийг нь албан тушаалаас нь зайлуулаад оронд нь тэнцэж тохирохгүй этгээдийг тавилаа гэж дээд газар мэдвэл чамайг яах бол? Алив? Аан?
Манай батальон захирагчтай, эсвэл хорооны захирагчтай холбоо бариад энэ эзэнгүй ротоо аваарай гэж хэлж болно л доо. Гэвч хээрийн сургууль дууссан. Гэнэт эхэлсэн шигээ гэнэт дуусчихлаа. Харин сургууль дуусчхаад байхад байлдааны холбоог ашиглахыг хэн зөвшөөрөх билээ? 37 он байсан бол тэгж зүрхэлсэн хүнийг буудах байсан. Иймэрхүү зүйлээр эрхлэхийг хэнд ч зөвшөөрөхгүй. За яасан, хурандаа? Алив наад ротоо аваад явж үз. Харин магадгүй чи рот яаж удирдаж авч явахыг аль хэдийн мартсан уу? Эсвэл бүр хэзээ ч ротын жагсаал удирдаж байгаагүй юу? Штабт өссөн байх нь. Тийм хурандаа олон бий. Штабаас гадуурх ямар ч ажил аар саар зүйл шиг санагддаг байх л даа. Танкийн ротыг удирдан паркт нь аваачих ч хэцүү биш. Зөвхөн шинэ дүрэмд заасны дагуу тушаалуудаа өгөх хэрэгтэй. Ротын цэргүүд орос биш болохоор хэлээд ойлгохгүй. Харин ойлговол бүр ч муу юм болж мэднэ. Тэгвэл тэднийг ой намаг дундаас нисдэг тэргээр хайгаад ч олохгүй. Хүнд танкууд хүн дайрчхаж ч мэднэ, гүүрэн доогуур ороод гацаж ч магад, намагт живж ч болно. Харин үүний шийтгэл нь мөн л адилхан байх юм.
Би инээхээ болилоо. Нөхцөл байдал ноцтой болж байна, юун инээхтэй манатай. Гараа саравчиндаа хүргэж ёслоод: Нөхөр хурандаа, явахыг зөвшөөрнө үү?" гэж хэлэх цаг нь мөн дөө. Тэртэй тэргүй би тэнд хөндлөнгийн хүн, дарга нь ч биш, цэрэг нь ч биш. Та өөрийнхөө зуурсан жонхууны учрыг өөрөө олж үз. Захирахыг хүсээд байсан, одоо захираач нөхөр хурандаа. Гэвч миний хор шар, бах тав дорхноо алга боллоо. Миний төрөлх рот, миний хүмүүс, миний машинууд шүү дээ. Хэдийгээр ротыг би цаашид хариуцахгүй болсон ч зүгээр ингээд салж чадахгүй нь.
— Нөхөр хурандаад, гэж хэлээд би гараа саравчиндаа хүргэн ёслоод  — Ротоо сүүлийн удаа удирдаж явахыг зөвшөөрнө үү? Салах ёс хийх маягаар гэв.
— Тэг ээ, — гэж тэр товчхон хэлэв.
Тэрээр сурснаараа сургаал айлдаж, битгий хамаагүй давхи, битгий хөөр, цувааг тарааж болохгүй гэж хэлэх гээд байх шиг санагдлаа.
Гэвч тэгсэнгүй. Тэгэхийг тэр хүсээ ч үгүй, зүгээр л надад тэгж санагдсан байж ч болох юм.
— Тийм, тийм, ротоо аваад яв. Ротоо одоохондоо захирч бай. Миний тушаалыг одоогоор хүчингүй гээд тооцчих. Ротоо байранд нь аваачаад тэнд хүлээлгэж өгөөрэй.
— Гүйцэтгэе! — гэж ёслоод огцом эргэхдээ хурандааг дагалдагсад жуумалзахыг би анзаарав. «Одоохондоо захирч бай» гэж юу гэсэн үг вэ? Бараа бологсод нь «Одоохондоо захирч бай» гэдэг ойлголт байхгүй гэдгийг мэдэж байна аа. Захирагч нь эсвэл өөрийн анги салбараа аваад явж чадах тэр хүн нь түүнийгээ бүрэн хариуцах ёстой бөгөөд тэнцэж тохирохгүй хүнийг бол дор нь зайлуулах ёстой. «Одоохондоо захирч бай» гэдэг бол шийдвэр биш. Хурандаа энэ асуудалд ингэж хандсаныхаа хариуд их үнэ төлж болно. Надад болон хурандаагийн дагалдагсдад энэ нь тодорхой байлаа. Гэхдээ одоо юун тэрийг бодохтой манатай. Надад чухал ажил байна. Би рот захирч байна. Хэн юу бодсон, юунд яаж хандсан, хэрхэн шийтгүүлэх нь надад ямар хамаа байх вэ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.15.11 7:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Эхний команд өгөхийн өмнө захирагч өөрийн салбарыг хүсэл зоригоороо бүрэн захирсан байх ёстой. Жагсаал тэр чигээрээ анхаарлаа хандуулж, захирагч одоо команд өгөх гэж байгааг цэргүүддээ харцаараа мэдрүүлэх хэрэгтэй. Харин танкийн цэрэгт командууд нь чимээгүй байдаг. Миний гарт хоёр дарцаг байна. Би түүгээр командална.
Цагаан дарцгийг огцом өргөв. Энэ миний эхний команд. Энэхүү товч бөгөөд тодорхой дохиогоор «Ротыг би удирдаж байна! Дайсантай тулгарах хүртэл радио станцыг ашиглахыг хориглож байна! Анхаар!» гэсэн утгатай урт мэдээллийг өөрийн ротдоо өглөө. Анхааруулах ба гүйцэтгэх команд гэж бий. Анхааруулах командаар захирагч өөрийн хүсэл зоригийн төмөр мэт хазаараар удирдлагадаа байгаа хүмүүсийг хазаарлан авна. Тэгээд гол командаа өгөхийн өмнө жолоогоо татан таван секунд хүлээх учиртай. Бүгд тэр хазаарын төмөр амгайвчийг мэдэрч, булчин шөрмөс нь өвдтөл ороолгохын өмнө татвалзах мэт хөвчирч, сайн морь ташуурдуулахаа хүлээх мэт жагсаал тэр чигээрээ амьсгаа даран гүйцэтгэх командыг хүлээх ёстой.
Улаан дарцгийг огцом өргөөд хоёр дарцгаа баруун зүүн тийш алдлан буулгав. Рот агшин зуур тарж танкийн хуяг дээгүүр гутлын тах тачигнав. Роттойгоо салах ёс хийж байгаа болоод тэр үү, эсвэл шалгагч нарт өөрийн чадвараа харуулах гээд байгаа юм болов уу, бүр эсвэл хор шар хөдлөөд байгаа юм болов уу? Ямартаа ч энэхүү сэтгэлийн хөдөлгөөнөө өөрөөр илэрхийлэх боломжгүй байлаа. Ээ хөөрхий, хэн нэг нь секунд хэмжигч гартаа бариад харж байсан ч болоосой! Гэхдээ миний рот дивизийн дээд амжилтыг, бүр цаашлаад түүнээс ч илүү амжилтыг тогтоож чадна гэдгийг би тэр хоромд мэдэж байв. Хурандааг дагалдагсад дунд миний ази цэргүүдээр бахархан буй жинхэнэ танкчид олон байгаа гэдгийг ч би мэдэж байлаа. Танкийн цэргийн олон дээд амжилтыг би биеэрээ харсан бөгөөд тэдгээрийн үнэ цэнийг ч мэддэг байсан юм. Дээд амжилт тогтоох гэж гараа хугалж, шүдээ цөмлөхийг ч харсан. Харин тэр мөчид миний хүүхдүүд одтой байлаа. Гэхдээ би тэр үед яагаад ч юм бэ миний цэргүүд танкийн цамхаг уруу санаанд багтамгүй хурдан үсрэн орохдоо нэг нь ч хоцрохгүй, нэг нь ч халтирахгүй гэдгийг би урдаас мэдэж байсан юм. Хэн нь ч нээлхийн тагт хөл гараа хавчуулахгүй гэдгийг ч мэдэж байсан. Тэр агшинд л лав биш.
Арван хөдөлгүүр нэгэн зэрэг нүргэлэн асав. Би ч захирагчийн танкийн нээлхийд байна. Одоо миний дээш өргөсөн цагаан дарцаг «Би бэлэн!» гэж хэлж байна. Хариуд нь есөн цагаан дарцаг «Бэлэн! Бэлэн! Бэлэн!» гэх нь харагдана. Дарцгаа толгой дээгүүрээ огцом эргүүлээд зүүн тийш тодорхой заасан нь «Намайг дага!» гэсэн дохио.
Энэ бүгд тун амархан. Хялбархан. Хэтэрхий энгийн байна уу? Тийм ээ. Гэвч танкийн дөрвөн арми нэгэн зэрэг хөдөлсөн ч ямар ч радио тагнуул түүнийг илрүүлж чадахгүй. Дарцгаар дохих нь бусад төрлийн тагнуулчдын хувьд болхи мэт санагдах ч тун сайн арга билээ. Ийм ч учраас бид үргэлж гэнэт гарч ирдэг юм. Сайн ч бай муу ч бай гэв гэнэт. Чехословакт ч тэр, нэгэн зэрэг долоон арми байсан ч тэр. Хянагч хурандаа өөрийн хуягт тээвэрлэгч рүү авирч байгаа нь харагдана. Бараа бологсод нь түүнийг дагав. Хуягт тээвэрлэгч уухилсаар эргэж цэргийн хотхон уруу өөр замаар явж одлоо.
Хурандаагийн дагалдагсад нь түүнийг үзэн яддаг нь тодорхой байна. Хэрэв тийм биш байсан бол тэр миний танкуудыг дагаад явах ёстой гэдгийг хэн нэг нь түүнд хэлэх л байсан. Би одоо хэн ч биш шүү дээ. Нэр зээлдэгч. Ротыг надад итгэж хариуцуулна гэдэг ажлаасаа хөөгдсөн цагдаад хэн нэгнийг баривчлаад ир гэж тушаахтай адилхан. Хэрэв чиний толгойд тийм бодол орж ирсэн бол ядаж түүнтэй хамт явах ёстой. Ротыг хэн нэгэнд өгсөн бол өөрөө удирдаж чадахгүй ч бай цагийг нь олж тоормосны гишгүүр дээр гишгэхийн тулд дэргэд нь байх хэрэгтэй. Харин чи өөрийн амьдралаа залуухан ахлах дэслэгчийн гарт атгуулчихлаа гэж хурандаад хэн ч сануулсангүй. Албан тушаалаасаа зайлуулагдсан ахлах дэслэгч юу ч хийж мэднэ, тэр чинь хөндлөнгийн хүн шүү дээ. Харин түүнийг нь хурандаа чи хариуцах болно. Эсвэл хамт явагсад нь тэр ахлах дэслэгч ямар нэг адал явдалгүйгээр ротыг аваад явчихна гэж мэдээд байгаа юм уу? Хурандаагийн хувь заяаг ахлах дэслэгч баллаад хаячихгүй гэдгийг ч бас мэдээд байна уу? Харин юу ч тохиолдож магадгүй дээ…

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.16.11 3:32 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
6.
Дивизийг байлдааны түгшүүрээр ташуурдан хээр гаргаад буцааж оруулах нь байдаг л зүйл. Энэ нь цаанаа гүнзгий утга учиртай. Ингэж дадал зуршил бий болгодог юм. Жинхэнэ дайн болбол дивизүүд хээрийн сургуульд явж байгаа юм шиг л элдэв сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр явах болно. Мөн түүнээс гадна дайсны сонор сэрэмж алдагдана. Зөвлөлтийн дивизүүд өөрсдийн цэргийн хотхонуудаас байнга яаравчлан гарсаар байвал дайсан сүүлдээ тоохоо болино.
Замууд танкийн цуваагаар хахжээ. Хэн нэг нь бүх дивизүүдэд хээрийн сургуулиа дуусгах тушаал гэнэт өгсөн нь тодорхой. Өнөөдөр хэдэн дивиз байлдааны түгшүүрээр босож, одоо хэдэн дивиз өөрсдийн цэргийн хотхонд буцаж байгааг хэн мэдэх билээ! Ганц манай дивиз ч байж мэднэ, гурван дивиз, магадгүй таван дивиз ч байж болно. Эсвэл зуун дивизийг нэгэн зэрэг босгосон ч юм билүү хэн мэдэх вэ.
Цэргийн хотхоны хаалган дээр үлээвэр хөгжим хангинана.
Хороон захирагч, манай эцэг танк дээр гарч зогсоод өөрийн цувааг угтаж байна. Өө сэв хайсан, туршлагатай нүдээр бүгдийг ширтэнэ. Рот, батарей, батальон ба тэдгээрийн захирагчдыг үнэлэхэд түүний ганц удаагийн харц л хангалттай. Түүний тугалган саарал нүдний өмнүүр захирагчид биеэ барин бэгцийн өнгөрнө. Тэрээр лагс том биетэй тул офицер бүсээ хамгийн эцсийн нүхэнд нь арай гэж хийн бүсэлжээ. Харин аварга том гутлынхаа түрийг ар талд бага зэрэг зүссэн байх бөгөөд эс тэгвэл түүний хөлийн хүчирхэг эрээн булчин яаж багтах билээ. Түүний нударга нь данх л гэсэн үг. Тэр данхаараа хэн нэгэн рүү, магадгүй яг одоо хуягт тээвэрлэгчид нь хаалгаар орж яваа мото буудлагын гуравдугаар батальоны захираг уруу дохих ажээ. Минометын батарей хаалгаар орч явчихлаа, одоо миний ээлж. Хэдийгээр миний танкууд бүгд араас дагаж явааг мэдэж байсан ч, тэд араас дагах эсэх нь захирагчаасаа хусуулсан надад хамаагүй ч би хамгийн сүүлийн мөчид эргэж харлаа. Тийм ээ, Тэд бүгдээрээ явж байна, нэг нь ч хоцорсонгүй. Бүх танкийн дарга нар миний харцыг ойлгож байгаа. Харин би дахин урагш огцом эргэж баруун гараа танкчны хар дуулгандаа хүргэн ёслоход бусад есөн танкийн дарга нар эртнээс улбаатай энэхүү цэргийн мэндчилгээг яг дууриан давтлаа.
Хороон дарга яваад өнгөрсөн гуравдугаар батальоны араас ямар нэг гомдмоор, занаж зүхсэн зүйлс хашгичиж догшин харцаа арай гэж нэг миний рот дээр тусгалаа. Ойн горилл, дээрэмчдийн атаман минь, хэн чиний харцыг тэсэх болж байна вэ? Түүнтэй харц тулгармагц би өөрийн хувьд санаандгүйгээр түүний олон тонн жинтэй харцыг тэсэж гарахаар шийдлээ. Харин тэрээр хүрз шиг том алгаа саравчиндаа хүргэн ёслох нь тэр. Эцэг мэндэлсэн бүхэнд хариу мэндэлдэггүй хүн сэн. Ингэнэ гэж миний санаанд ч ороогүй юм. Дэмий л нүдээ анивчлаа би. Миний танк түүний хажуугаар яваад өнгөрсөн ч би хороон даргыг харсаар байлаа. Гэнэт тэр над уруу инээмсэглэв. Бараан царайтай эцэг цагаан шүдээ шүдээ яралзуулан инээх нь манай ротынхонд бүгдэд нь харагдах бөгөөд магадгүй миний ард яваа гаубицийн батарейнхан ч харж байгаа байх.
Ээ, захирагч минь. Би ротын захирагч байхаа аль хэдийн больсон гэдгийг чи мэдэхгүй л байна даа. Намайг ротоос аваад хаячихсаан, эцэг минь. Гутамшигтайгаар авч хаясан. Олны өмнө сийчээд хаячихсан даа бараг. Гэхдээ зүгээрээ захирагч аа. Намайг уйлна гэж бодож байна уу? Амьдралдаа хэзээ ч уйлахгүй. Би инээсээр байх болно. Үүрд. Тэгэхээс тэгэх гэж бүгдэд нь инээнэ. Баяр бахдалтайгаар инээх болно. Одоо чам руу инээж байгаа шиг л инээнэ. Удахгүй дахиад шинэ рот авна. Офицерууд дутагдаж байгааг чи өөрөө ч мэдэж байгаа. Ази гаралтай цэргүүдээсээ салах л харамсалтай байна даа. Зориуд шилж авсан юмсан. Гэхдээ зүгээрээ. Тэснэ.
Түгшүүрийн дохиогоор хороо цагтаа амжин гарч захирагч та хорооноосоо нисчхээгүй нь л надад хангалттай. Зангарагатай нударгаараа дохиод тэндээ зогсож бай. Тэгүүлэх гэж л чамайг наана чинь тавьсан юм. Бидэнд ямар ч өөр хороон захирагч хэрэггүй. Захирагч таны ааш авирыг бид хэлтрүүлэн уучилж байна аа. Хэрэв хэрэгцээ тохиолдвол бид чамайг хаа ч дагах болно. Би ротын захирагч ч бай, салаан захирагч ч бай араас чинь дагана. Их бууны жирийн чиглүүлэгч байсан ч дагана.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.16.11 4:48 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
7.
Байлдааны машинууд парктаа буцаж ирэхэд хамгийн түрүүнд юу хийх ёстой байх вэ? Зөв. Шатахуунаар цэнэглэх ёстой. Бүтэн ч бай, эвдэрсэн ч бай цэнэгтэй л байх ёстой. Түгшүүрийн дохио хэзээ дахин хангинахыг хэн мэдэх билээ? Байлдааны машин бүр сая туулж өнгөрүүлсэн бүхнээ давтахад хэзээ ч бэлэн байх хэрэгтэй. Тийм ч учраас парк дахиад л нүргэлж эхлэв. Хэдэн зуун машиныг нэгэн зэрэг цэнэглэж байна. Танк бүрд хамгийн багадаа л нэг тонн шатахуун хэрэгтэй. Хуягт тээвэрлэгчид ч мөн үүнээс дутуугүй ховдог. Их буу чирэгчид ч мөн адил. Бас тээврийн машинуудыг бүгдийг нь цэнэглэх шаардлагатай. Мөн бүх л байлдааны хэрэгслийг нөхөн дүүргэх ёстой. Танкийн их бууны сум нэг бүр нь 30 килограмм жинтэй. Зуу зуун сум авч иржээ. Сумыг хос хосоор нь хайрцаглажээ. Хайрцагтай сумнуудыг эхлээд тээврийн машинаас буулгах хэрэгтэй. Сумнуудаа гаргаж, боодлыг нь авна. Тэгээд бүх сумны үйлдвэрийн тосыг нь арчиж цэвэрлээд танк уруугаа зөөнө. Пулеметын сум ч бас хайрцагтай ирнэ. Хайрцаг бүрдээ 880 ширхэг байна. Сумнуудыг туузанд нь суулгах хэрэгтэй. Пулеметын нэг туузанд 250 ширхэг сум орно. Дараа нь тэр туузаа хамбуурт эвхэж хийнэ. Танк бүрд 13 хамбуур бий. Харин дараа нь бүх буудсан сумны хонгиог цуглуулж хайрцагт хийн агуулахад тушаах ёстой. Гол төмрөө сүүлд нь цэвэрлэмз. Үүнийг дараа нь танкийн салаа бүр, өдөр бүхэн олон цагаар давтаж хийх болно. Одоо бол гол төмрийг зөвхөн тослох хэрэгтэй. Дараа нь танкаа угаана даа.
Энэ бол тойм төдий угаалга. Үндсэн угаалга, цэвэрлэгээг дараа хийх болно. Харин одоо цэргүүдээ хооллох хэрэгтэй. Өнөөдөр үдийн хоол идээгүй тул оройн хоол нь өдрийн хоолтойгоо хамт байгаа. Дараа нь хөдөлгүүр, хурдны хайрцаг, явах анги, гинж гээд бүгдийг нь шалгах хэрэгтэй. Дөрөвдүгээр танкийн зүүн гинжний нэг хөтлөгч араа нь эвдэрчээ. Наймдугаар танкийн нэг жижиг эргэлт дамжуулах гол суларсан байна. Харин танкийн нэгдүгээр рот хоёр ч танкийн хөдөлгүүрийг шууд солих болжээ. Маргааш өглөөнөөс бүгд гол төмрөө өнгөлж эхэлнэ. Бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. Үзүүлээд өгнө дөө.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.16.11 1:59 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Гэнэт зүрхэн дор хоосон оргихыг мэдрэв. Маргааш өглөө гэхэд ротынхоо техникийн үйлчилгээний чанарыг шалгаад байж байхгүй гэдгээ гэнэт саналаа. Маргааш намайг бүр танкийн парк уруу оруулахгүй байж ч магад? Миний тухай бүх бичиг баримт аль хэдийн бэлэн болсон бөгөөд маргааш өглөө биш харин бүр өнөө орой намайг албан ёсоор ротын захирагчаас авч хаяна гэдгийг мэдэж байна. Офицер хүн албан тушаалаасаа авахуулахаар очихдоо одон авах гэж байгаагаас дутахгүй цог жавхлан төгөлдөр байх учиртай. Миний ротынхон ч үүнийг мэднэ. Тийм ч учраас намайг шатахуун цэнэглэгчтэй муудалцаж, зарцуулсан байлдааны хэрэгслийн бүртгэл гаргаж, гуравдугаар танк доогуур шургаж байх зуур хэн нэг нь аль хэдийн миний гутлыг толь шиг өнгөлж, өмд индүүдэж, захны цагаан даавууг сольжээ. Тос, шороо болсон комбинезоноо тайлж хаяад шүршүүрт түргэхэн орлоо. Удаан бөгөөд хичээнгүйлэн байж сахлаа хусав. За тэр, хорооны штабын зарлага ирж явна.
Парк тэр чигээрээ доргилно. Эвдэрсэн хуягт тээвэрлэгч чирэгч машинаар чирүүлэн хаалгаар орж байна. Хоосон хонгио энд тэндгүй жингэнэнэ. Тэвшээ давтал сумны хоосон хайрцаг ачсан асар том «Урал» машинууд хүнгэнэлдэнэ. Цахилгаан гагнуурын оч ёслолын буудлага мэт цацарна. Өглөө гэхэд бүх зүйл гялалзаж байх ёстой. Харин одоохондоо эргэн тойрон бүх зүйл тос, шавар болж, чимээ шуугиан чих дөжрөөх нь их барилгын талбай дээр байх мэт. Офицерууд нь цэргээсээ эс ялгарна. Бүгд комбинезонтой, бүгд халтар, бүгд чанга чанга дуугарцгаана. Энэ бүх эх адаггүй нүргээн дундуур ахлах дэслэгч Суворов алхана. Харсан бүгд дуугаа хураах ажээ. Халтайсан танкчид миний араас харцгаана. Ахлах дэслэгч албан тушаалаасаа авахуулахаар явж буй нь бүгдэд тодорхой. Чухам яасан гэж ротоосоо авахуулж байгааг хэн ч үл мэднэ. Гэхдээ л огт дэмий зүйлээс болж авахуулж байгааг бүгд мэдэрч байлаа. Өөр цагт бол харь ротын ахлах дэслэгчийг анзаарах ч үгүй, анзаарсан ч мэдээгүй царай гаргах байсан. Хөдөлгүүрээ тойрч суугаад тостой бөгсөө өндийлгөх ч үгүй байсан. Гэвч хүн албан тушаалаа өгөх гээд явж байна. Тийм болохоор л үл таних танкчид тос болсон малгайдаа гараа хүргэн мэндчилцгээж байна. Би ч хариу мэндчилнэ. Би инээмсэглэнэ. Тэд ч над уруу инээмсэглэж, үүнээс ч муу зүйл тохиолдож болно, тэснэ шүү гэсэн харцаар харна.
Паркийн хашаанаас цаашлаад цэргийн хотхон үргэлжилнэ. Асар том туулайн бөөр модод харагдана. Шинэ цэргүүд жагсаалын дууг чанга боловч эв дүйгүй дуулах нь сонсогдоно. Хичээцгээж л байна, гэхдээ болоогүй ээ. Идэрхэг бага дарга чанга дуугаар командална. Нөгөө шинэ цэргүүд надад ёсолж байна. Тэд одоохондоо ногооноороо байна. Тэд одоогоор юу ч ойлгохгүй. Тэдний хувьд ахлах дэслэгч бол бага даргаас хамаагүй том дарга. Харин тэдний гутал нь онцгой гялалзаж байхыг бодвол тэдний хувьд ямар нэг баяр болж буй бололтой...

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.16.11 4:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Штаб ч энэ байна. Тэнд бүгд цэвэрхэн. Бүгд нам гүм. Шат нь гантиг. Дайнаас өмнө румынчүүд барьсан юм. Бүх коридор нь тэр чигээрээ хивс. Харин энд гэрэл гийсэн хагас зууван танхим байна. Сүлдэт тамгаар лацадсан сум нэвтэрдэггүй тунгалаг конус дотор хорооны туг байх аж. Дэргэд нь тугийн харуул хөшөө мэт зогсоно. Түүний бууны богино хавтгай жадны үзүүрт нарны сүүлчийн туяа ойж гантиг дээр цацран харагдана. Намайг хорооны туганд ёслоход харуул нь хөдөлсөн ч үгүй. Тэр чинь автомат буутай хүн. Харин зэвсэгтэй хүн бол мэндчилгээний бусад хэлбэрүүдийг үл ашиглана. Түүний зэвсэг нь бусад бүх хүмүүст хандсан мэндчилгээ юм.
Зарлага намайг хороон захирагчийн өрөө рүү дагуулав. Сонин л юм. Яагаад штабын даргын өрөөнд аваачихгүй байгаа юм бол?
Зарлага хаалга тогшоод захирагчийн өрөөнд орж явчхав. Ороод хаалгаа сайтар хаалаа. Тэгснээ тэр дороо гарч ирээд ор гэж дохив.
Захирагчийн царс модон ширээний ард намхан нуруутай үл таних дэд хурандаа сууж байна. Энэ дэд хурандааг би өнөөдөр нөгөө хурандаагийн дагалдагсад дунд явахыг харсан. Чөтгөр ав, энэ чинь юу болоод байна вэ? Манай эцэг, манай штабын дарга хаана байна вэ? Тэгээд яагаад энэ дэд хурандаа захирагчийн түшлэгтэй сандал дээр сууж байдаг билээ? Тэр өөрийн албан тушаалаараа манай эцгээс дээгүүр гэж үү? Мэдээж дээгүүр байх нь. Хэрэв тийм биш бол тэр түүний ширээний сууж байхгүй байсан.
— Суу ахлах дэслэгч ээ, — гэж миний ирсэн тухайгаа илтгэхийг үл сонсон хэллээ тэр.
Суулаа. Сандлын ирмэг дээр. Одоо намайг загнаж гарах учраас босон харайх хэрэгтэй болно гэдгийг би мэдэж байлаа. Тиймээс ч нуруугаа цэхлэн суулаа. Яг л баярын жагсаалд зогсож байгаа юм шиг.
— Хурандаа Ермолов таныг ротын захирагчаас авч хаяж байхад яагаад инээмсэглээд байсан тухайгаа илтгээд бай ахлах дэслэгч ээ.
Би хурандааг харсаар сууна. Шинэхэн биш ч цэвэрхэн цагаан зах нь индүүдлэг сайтай гимнастеркны дороос цухуйна. Харин юу гэж хариулдаг билээ?
— Мэдэхгүй, нөхөр дэд хурандаа.
— Ротоосоо салах харамсалтай байна уу?
— Харамсалтай байна.
— Чиний рот тун чадварлаг ажилласан. Ялангуяа сүүл рүүгээ. Ханын хувьд бол хороогоо дайсны галын дор тавьж өгснөөс тэрийг эвдэх нь хамаагүй дээр гэдэгтэй бүгд санал нийлж байгаа. Ханыг дахин босгох хэцүү биш…
— Аль хэдийн босгосон.
— За тэгэхлээр, ахлах дэслэгч ээ, намайг дэд хурандаа Кравцов гэдэг. Би 13-р армийн тагнуулын албаны дарга. Чамайг тушаалаас чинь авч хаясан хурандаа Ермолов өөрийгөө тагнуулын албаны дарга гэж бодсоор байгаа. Гэхдээ тэр өөрөө огт мэдээгүй байгаа боловч түүнийг өөрчилсөн. Түүний албан тушаалд би аль хэдийн томилогдсон. Одоо бид дивизүүдээрээ явж байна. Тэр та нарыг шалгаж байна гэж бодож байгаа ч үнэндээ бол би ажлаа хүлээн авч, дивизийн тагнуулын албаны байдалтай танилцаж байгаа юм. Түүний гаргаж буй бүх шийдвэрүүд нь огт хамаагүй. Тэр өдөр бүр шийдвэр гаргаж байгаа ч орой нь би өөрийн бичиг баримтыг хороо, дивизийн захирагч нарт үзүүлснээр түүний бүх тушаал хүчингүй болж байгаа. Тэр энэ тухай мэдэх ч үгүй. Түүний хашгирах нь ой мод шуугихаас ч хэтрэхгүй гэдгийг тэр мэдэхгүй. Зөвлөлтийн арми ба манай бүх засаг захиргааны хувьд тэр одоо хэн ч биш, армиас тэтгэвэргүй хөөгдөж байгаа азгүй амьтан, зүгээр л нэг хувь хүн. Энэ тухай тушаалыг удахгүй түүнд сонсгоно. Тийм болохоор чамайг ротоос зайлуулсан түүний тушаал ямар ч хүчингүй гэв.
— Баярлалаа, нөхөр дэд хурандаа!
— Баярлаж талархахаа бүү яар. Тэр чамайг ротоос авч хаях эрхгүй. Тийм учраас би чамайг ротоос авч хаяж байна. Тэгээд тэр дууныхаа өнгийг өөрчилж захирангуйгаар: Ротоо өгөхийг тушааж байна гэв!
Би хувь заяаны цохилтыг инээмсэглэн угтаж эртнээс сурсан билээ. Гэвч энэ цохилт маш гэнэтийн байсан тул инээж чадсангүй.
Би босож гараа саравчиндаа хүргэн ёслоод тов тодхоноор:
— Мэдлээ, ротоо өгье гэж хариулав!
— Суу.
Суулаа.
— Энд ялгаа бий. Хурандаа Ермолов чамайг ротод балчирдаж байна гэж үзээд ротоос зайлуулсан. Би харин рот чамд багадаж байна гэж үзээд ротоос авч байна. Надад чамд зориулсан дивизийн тагнуулын батальоны штабын даргын албан тушаал байна.
— Би ердөө л ахлах дэслэгч.
— Би ч гэсэн ердөө л дэд хурандаа. Тэгсэн хир нь намайг дуудаад бүхэл бүтэн армийн тагнуулын албыг хариуцуулсан. Одоо би зөвхөн ажлаа хүлээж авч буй төдийгүй өөрийн багийг бүрдүүлж байна. Өмнөх ажлаасаа зарим нэг офицеруудыг дагуулж ирсэн. Би өмнө нь 87-р дивизийн тагнуулын дарга байсан юм. Харин одоо миний ажил өмнөхөөс олон дахин өргөжиж байгаа тул надад итгэж болох, чадварлаг гүйцэтгэх ажилтан маш олноороо хэрэгтэй байна. Тагнуулын батальоны штабын дарга гэдэг чиний хувьд хамгийн бага албан тушаал. Би чамайг бүр өндөр албан тушаалд ч сорьж үзнэ. Хэрвээ чи чадаж байвал…
— Тэр цагаа харлаа. — Юм хумаа бэлдэхэд чинь хорин минут өгье. 21.30-д 13-р армийн штаб байрлаж буй Ровно хот уруу манай автобус хөдөлнө. Тэнд чамд суудал авсан байгаа. Хэрэв чи маргааш шалгалтуудаа амжилттай өгч чадвал би би чамайг 13-р армийн штабын тагнуулын хэлтэст авна гэх нь тэр.
Харин тэр шалгалтуудыг нь би амжилттай давсан билээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Nov.09.14 6:57 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.17.11 12:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
* II БҮЛЭГ *

1.

Офицеруудын зочид буудлаас 13-р армийн штаб хүртэл яг 240 алхам. Би өглөө бүр өндөр тоосгон хананд тулган тавьсан түшлэгтэй вандан сандлуудын хажуугаар хөгшин агч моддын эгнээг даган яаралгүй алхана. Тэр хананы цаана өтгөн цэцэрлэг дунд хуучны нэгэн харш байх бөлгөө. Хэзээ ч юм маш олон жилийн өмнө энд нэгэн маш баян хүн амьдарч байжээ. Түүнийг алчихсан юм. Бусад хүмүүс жижигхэн байшинтай байхад тэр ганцаараа том байшинд амьдарч байсан тул энэ нь ч шударга хэрэг. Дайны өмнө энэ харшид Дотоодыг Хамгаалахын салбар байрлаж байсан бөгөөд мөн цагтаа бас Гестапо ч энд байжээ. Маш тохилог газар юм. Дайны дараа манай олон армиудын нэгний штаб энд байрлажээ. Харин одоо би тэр штабт алба хашиж байна.
Штаб бол үл нугарах, хэнийг ч үл өршөөх, хатуу ширүүн эрх мэдлийн төвлөрөл юм. Манай аль ч болзошгүй дайснуудтай харьцуулахад манай штабууд маш бага хэмжээтэй бөгөөд туйлын хөдөлгөөнтэй юм. Армийн штаб бол далан генерал, офицер, бас хамгаалалтын нэг рот. Ингээд л болоо. Ямар ч хүнд суртал байхгүй. Армийн штаб дуртай үедээ арван хуягт тээвэрлэгч машинд багтаж ороод захирах удирдлагаа огт алдахгүйгээр удирдлагадаа байгаа үй олон саарал-ногоон цэргийн ангиуд дунд уусан алга болж чадна. Энэхүү үл анзаарагдах бөгөөд хөдөлгөөнт байдалд л түүний амь бөхтэй чанар оршин байгаа юм. Гэхдээ энх цагт бол бүхий л санамсаргүй тохиолдлоос хамгаалагдсан байдаг. Бүр эхний эзэн нь өөрийн байшин, том цэцэрлэгээ өндөр тоосгон ханаар тусгаарласан юм. Харин дараа дараачийн эзэд нь бүгдээрээ энэхүү ханыг сайжруулан тордож, хана даван нэвтрэх гэсэн бүхий л оролдлогоос сэргийлэх төрөл бүрийн аргыг сэджээ.
Ногоон хаалганы дэргэд харуул зогсоно. Түүнд нэвтрэх үнэмлэхээ шалгуулцгаана. Тэр анхааралтай шалгаад гараа саравчиндаа хүргэн ёслоод: Та орно уу гэж хэлнэ. Харуулын цэгээс харш үл харагдана. Өтгөн мод бутаар бүрдсэн ногоон хананы дундуур зурайх зам харшид хүргэнэ. Замаасаа буцах аргагүй. Учир нь мод бутсын дунд нэвтрэх аргагүй өргөст тор бий. Битүү хонгилоор явж байгаа мэт тэр замаар явна. Харин тэр зам нь туулайн бөөр моддын дунд нуугдсан харш уруу алгуур эргэн хөтөлнө. Нэгдүгээр давхрын цонхнуудыг олон жилийн тэртээ шавж битүүлжээ. Хоёрдугаар давхрын цонхнууд нь гадна талдаа бат бөх тортой, дотроо нягт зузаан хөшигтэй аж. Гол хаалганы өмнөх талбай нь цэвэрхэн цагаан гялгар хавтангуудаар хучигдаж, эргэн тойрон бутаар хүрээлэгджээ. Хэрэв сайн харвал бутан дунд өргөст торноос гадна барзгар саарал бетон харагдана. Энэ нь харуулууд байрладаг штабын доорх хонгилтой газар доогуур холбогдсон пулемётын галын цэгүүд юм.
Мөн энэ төв хаалганы эндээс гол барилгад тулган шинээр барьсан гурван давхар байшин уруу харшийг тойрч очдог зам бий. Эндээс мөн манай тэрхүү Цагаан ордонг хүрээлэн буй цэцэрлэг рүү орж болно.
Цэцэрлэг доторх зам дээр өдөр бол зөвхөн штабын офицеруудыг харж болох бөгөөд шөнө нохойтой харуулууд явна. Тэр цэцэрлэгт газар дор гүнд орших, мянга мянган тонн ган, бетоноор хамгаалагдсан удирдах төв рүү ордог хөндлөнгөөс огт үл анзаарагдах орц бий. Тэнд газар дор ажилчдын сууц, холбооны зангилаа, цайны газар, эмнэлэг, агуулах гэх мэт бүрэн тусгаарлагдсан үед амьдрах бүх нөхцөлийг хангах бүхий л зүйлс бий. Мөн үүнээс гадна бас нэг газар доорх удирдлагын байр бий.
Тэр байр зөвхөн бетон, ган, нохойгоор хамгаалуулснаас гадна маш нууц. Тэр удирдлагын байр бол зүгээр л зэрэглээ гэсэн үг. Түүний хаана байдгийг тун цөөхөн хүн мэднэ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.17.11 6:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Ажлын өдөр эхлэхээс өмнө алтлаг шаргал навчис сэржгэнэх замаар би хорин минут хэртэй алхана.
Тэнгэрт холын холд, эндээс үл харагдах талбайг тойрон эргэлдэх тогоруунуудыг айлган цагаан зам татуулан сөнөөгч онгоц ниснэ.
Офицерууд Цагаан ордон уруу яарч байна. Цаг. Бид ч алхаагаа нэмнэ. Зам даган, өргөн модот гудамжаар, хоржигнох горхины дэргэдүүр, харин одоо харшийн зүүн жигүүрийг тойроод, за ингээд харагдах төдий намхан бетон халхавч дахь пулемётын буудах нүхний ёозгүй харцан дор орших өтгөн бутаар хүрээлүүлсэн төв хаалган дээр дахин ирлээ.
Саравчиндаа гар хүргэн ёслох харуулд нэвтрэх үнэмлэхээ дахин шалгуулаад хэзээ нэгэн цагт морин цэргийн давируул хангинан, тэмээн хяруулын өдөн дэвүүрийн ард гунигтай харцаа нуусан ордны хатагтай нарын торгон банзлын хормой сэржигнэн байсан цагаан гантиг танхимд орж ирлээ. Одоо энд банзал үл харагдана. Холбооны зангилаанд ажиллах телеграфч бүсгүй л хааяа нэг үзэгдэнэ. Тэрээр дүрэмт хувцасны шаргал ногоон бариу цэмбэн банзал өмсөнө. Хурандаа нар аа, яасан? Араас нь хараад байна уу? Тэр таалагдаа юу?
Тэгээд цагаан гантиг шатаар дээш гарна. Тэнд ч мөн харуул миний араас харсаар үлдэнэ. Дээр бас харуул бий. Дахиад л үнэмлэх шалгана. Энд дээд давхарт штабын хурандаа нарыг ч тэр бүр орохыг зөвшөөрдөггүй. Харин би хэдийгээр зөвхөн ахлах дэслэгч боловч харуулууд намайг нааш нь оруулна. Доод давхрын хүмүүс зогтусан алмайрч, энэ юун шувуухай гараад ирэв? Яагаад тэр гантиг шатаар дээш гарна вэ хэмээн гайхалцана.
Нэвтрэх үнэмлэхээ дахин шалгуулаад бүрэнхий коридорт орно. Коридорын хивс нь бидний хөлийн чимээг бүрэн шингээнэ. Коридорын мухарт дөрвөн өрөө, эхэнд дөрвөн өрөө байна. Коридорын мухарт Армийн захирагч, түүний нэгдүгээр орлогч, штабын дарга нарын ба Цэргийн Зөвлөлийн Гишүүн хэмээн нэрлэгдэх 13-р армийн улс төрийн зайрангийн өрөө бий.
Харин коридорын эхэнд байх дөрвөн өрөө бол штабын хамгийн чухал хэлтсүүд болох нэгдүгээр, хоёрдугаар, наймдугаар хэлтэс ба Онцгой хэлтсийн өрөө юм. Нэгдүгээр буюу оператив хэлтэст байлдааны төлөвлөгөө боловсруулна. Хоёрдугаар буюу тагнуулын хэлтэс нь дайсны тухай бүхий л мэдээллийг нэгдүгээр хэлтэст гаргаж өгнө. Наймдугаар хэлтэс нь нэргүй бөгөөд зөвхөн дугаартай. Энэ хэлтэс юу эрхэлдгийг цөөхөн хүн мэднэ. Харин Онцгой хэлтэс нь үүний эсрэгээр дугаар байхгүй зөвхөн нэртэй. Юу эрхэлдгийг нь ч бүгд мэднэ. Манай коридор бол штабын хамгийн сайн харуул хамгаалалттай хэсэг бөгөөд ийшээ нэвтрэхийг маш цөөн тооны офицеруудад л зөвшөөрдөг. Мэдээж манай коридороор генералуудын туслахууд, онцгойгынхон зэрэг хэдэн дэслэгч хааяа явах л даа. Ийм болохоор л энэ одоо юун галуу вэ гэж хурандаа нар миний араас хардаг юм. Би чинь онцгойнх ч биш, генералын туслах ч биш шүү дээ. Би зүгээр л хоёрдугаар хэлтсийн офицер. Тэр зүүн талын эхний хар савхин бүрээстэй хаалга бол манайх. Хажуугийн жижиг хянах самбарт кодоо хийнгүүт хаалга аажим нээгдэнэ. Харин түүний ард яг л танканд байдаг шиг хуягласан хаалга бий. Хонхны товчийг дарахад сум үл нэвтрэх шагайвчаар биднийг сэрэмжлэн харж цоож тачигнаад бид гэртээ орж явчих нь тэр дээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.17.11 7:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Энд өмнө нь нэг маш том танхим байсныг хожим нь зургаан жижиг өрөө болгон хуваасан нь бололтой. Давчуухан ч гэсэн гомдохооргүй л юм. Нэг тасалгаанд нь 13-р Армийн тагнуулын дарга, миний өмөг түшиг болсон, одоохондоо дэд хурандаа байгаа Кравцов сууна. Бусад таван тасалгаанд таван ажлын хэсэг ажиллана. Нэгдүгээр хэсэг нь дивизийн тагнуулын батальонууд, хорооны тагнуулын ротууд, химийн болон артиллерын ба инженерийн орон тооны бус тагнуулын ротуудыг удирдана. Тавдугаар хэсэг электрон тагнуулаар дагнана. Тэдний мэдэлд пеленгацийн ба радио тагнуулын хоёр батальон байхаас гадна манай 13-р армийн бүрэлдэхүүнд багтдаг бүх дивизүүдийн электрон тагнуулын ажлыг хянана. Хоёр ба гуравдугаар хэлтсүүд нь миний хувьд terra incognita юм. Би дөрөвдүгээр хэсэгт сар хэртэй ажилласны эцэст эдгээр хэсгүүд нь маш нууц үйл ажиллагааг хариуцдаг болохыг л дөнгөж гадарлаж эхэлж байна. Учир нь манай дөрөвдүгээр хэсэг нь бусад хэсгүүдээс ирсэн мэдээллүүдэд эцсийн боловсруулалт хийдэг юм. Түүнээс гадна манайд дороос дивизийн штабуудаас, дээрээс тойргийн штабаас, хажуугаас КГБ-ийн харьяа хөрш хилийн цэргийн ангиудаас мэдээлэл орж ирнэ.
Манай хэсэгт энхийн цагт гурван хүн ажиллах бөгөөд дайны үед арван хүн ажиллах ёстой. Өрөөнд гурван ажлын ширээ байна. Тэнд задлан шинжээч, урьдчилсан дүгнэлт гаргагч хоёр хурандаа ба нэг ахлах дэслэгч миний бие ажиллана.
Би хамгийн энгийн ажил болох шилжилт хөдөлгөөний хяналт дээр сууна. Задлан шинжээч нь манай хэсгийн дарга гэдэг нь ойлгомжтой.
Өмнө нь шилжилт хөдөлгөөн дээр бас хурандаа ажиллаж байсан юм. Гэвч тагнуул албаны шинэ дарга миний ажлын байрыг чөлөөлж түүнийг хэсгээс хөөж орхисон юм. Энэхүү ажил нь орон тоогоороо бол дэд хурандаагийн албан тушаал бөгөөд хэрэв би энд тогтож чадвал тун удалгүй ахмад цолтой болж, дөрвөн жилийн дараа автоматаар хошууч, дахиад таван жилийн дараа дэд хурандаа болно гэсэн үг юм. Хэрэв би энэ хугацаанд бүр дээшээ гарч чадвал дараа дараагийн цолнууд нь хугацаанаасаа өмнө ирнэ. Харин би доошоо гулсвал надад ирэх байсан шинэ таван хошуу нэг бүр нь өөр хэн нэгний хоолойг мэрэх болно.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.18.11 2:18 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Тагнуулын албаны шинэ дарга ахлах дэслэгчийг дэд хурандаагийн түшлэгтэй сандалд суулгасан нь дэд хурандаа нарт огт таалагдсангүй. Энэ нь тэдний нэр хүнд, дадлага туршлагыг дорд үзсэн хэрэг билээ. Гэхдээ гол учир нь хараахан үүнд биш. Гол нь шинэ дарга нь тэдний өөрсдийн түшлэгтэй сандалд ч бас шижигнэсэн залуу офицер суулгаж болох шүү дээ. Тэр хоёр миний мэндийн хариуд над уруу хальт хараад үл ялиг толгой дохино.
Тагнуулын хэлтсийн мэдээллийн хэсгийн ажлын тасалгаанд гурван ширээ, гурван том сейф, бүх ханыг тэр чигээр нь эзэлсэн номын тавиур бас нөгөө ханыг тэр чигээр нь эзэлсэн Европ тивийн газрын зураг байна. Овор багатай залуувтар хурандаа генералын том биш зургийг өрөөний хаалганы эсрэг талд өлгөжээ. Мөрдэс дээр нь гурван том таван хошуу харагдана. Заримдаа хэн ч хараагүй үед би хурандаа генерал уруу инээмсэглэж, нүдээ ирмэнэ. Гэвч хурандаа генерал над уруу хэзээ ч үл инээнэ. Түүний харц нь хүйтэн, ширүүн бөгөөд ноцтой. Сэтгэлийн толь болсон нүд нь хатуу чанга бөгөөд ихэмсэг. Уруулынх нь булан дээр үзэн ядалтын хөнгөн сүүдэр тусжээ. Зургийн дор ямар ч гарын үсэг байхгүй. Ар талд нь ч бас үгүй. Өрөөндөө ганцаараа байхдаа би үүнийг шалгаж үзсэн юм. Тэнд гарын үсгийн оронд «44388-р цэргийн анги» гэсэн бичигтэй тамга, «Зөвхөн Аквариумын ба түүний харьяа салбаруудын хамгаалалттай байранд хадгална» гэсэн сүртэй сануулга байх ажээ. Зөвлөлтийн Армийн удирдах бүрэлдэхүүнийг би сайн мэднэ. Офицер хүн үүнийг мэдэж байх ёстой. Гэвч зураг дээрх хурандаа генералыг цэргийн ямар ч сэтгүүлд, тэр дотроо нууц сэтгүүлүүдийн хуудсан дээр байхыг би олж хараагүй гэдэгтээ итгэлтэй байлаа. За яах вэ, нөхөр хурандаа генерал, ажилд минь бүү саад бол.
Миний өмнөх ширээн дээр нууц түлхүүрээр бичсэн өнгөрсөн шөнө ирсэн багц мэдээлэл байна. Дайсны цэргийн бүрэлдэхүүн хийгээд байрлалд гарсан өөрчлөлтийг «Өөрчлөн бүлэглэлийн бүртгэл»-д тэмдэглэж Армийн штабын нэгдүгээр хэлтэст хадгалагддаг том газрын зурагт тусгах нь миний ажил билээ.
Эхний нууц түлхүүрт мэдээ намайг шууд мухардалд оруулчхав. Кельн хотын ойролцоох төмөр замын гүүрэн дээр британийн хорин «Чифтен» танкаас бүрдсэн цуваа бүртгэгдэв.
Тэнэгүүд! Цуваа аль зүгт өнгөрсөн юм бол? Энэ чинь хүчээ зузаалж байгаа хэрэг үү? Эсвэл хүчээ буцаан татаж буй хэрэг үү? Хорин танк бол юу ч биш, гэхдээ ийм жижиг зүйлүүд нийлээд болж буй үйл явдлын ерөнхий зургийг бий болгодог. Задлан шинжээч, урьдчилсан дүгнэлт гаргагч хоёрын ширээн дээр яг энэ багц мэдээллийн адилхан хуулбар байгаа. Болж буй үйл явдлын дүр зургийг маш тодорхой төсөөлж, тархин дотроо мянга мянган тоо, огноо, нэр зэргийг тогтоосон тул энэ зэргийн жижиг асуудлын учрыг олох гэж өмнөх өдрүүдийн мэдээллийг сөхөж харах шаардлага тэр хоёрт байхгүй. Тэд намайг тэнссэн маягаар харж хэрэгтэй хариултыг хэлэх гэж огт үл яарна. Би суудлаасаа босоод сейф рүүгээ явлаа. Хэрэв өмнөх өдрүүдийн мэдээг уншвал хариу нь тодорхой болох биз. Харин хорссон дөрвөн нүдний харц миний араас: наад толгойгоо сайн ажиллуул, дэд хурандаа нар талхаа яаж олж иддэгийг мэдэж ав гэх ажээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.18.11 3:09 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
2.

Бид үдийн цайны нэг цагийн завсарлагатайгаар 17.00 хүртэл ажиллана. Яаралтай ажил гарсан үед 21.00 хүртэл өрөөндөө үлдэж болно. Үүний дараа бүх бичиг баримтаа нууцын номын санд өгч, сейфнүүд ба хаалгануудаа лацадна. Зөвхөн газар доорх удирдлагын байр л үл унтана. Нөхцөл байдал хурцадсан үед бид ээлж ээлжээр штабтаа үлдэнэ. Хэсэг бүрд нэг офицер үлдэх бөгөөд олон улсын нөхцөл байдлын хурц хямралын үед бүх офицерууд газар дор болон өөрийн ажлын өрөөндөө хэд хоногоор ажиллаж амьдарна. Газар доорх удирдлагын байр хамаагүй илүү тохитой ч нар эс үзэх учраас бид голдуу бага зэрэг давчуухан өрөөндөө байхыг илүүтэйд үзнэ.
Хэрэв нууц түлхүүрт мэдээ байхгүй бол би Жанжин штабын «Тагнуулын бүртгэл» уншина. Би энэхүү 600 хуудастай зузаан номд дурлаж орхисон юм. Түүнийг би байнга уншсаар хуудас бүр нь хэдэн зуун нэр томьёо, тоо баримтаас бүрдэх тэрхүү номын олонх хуудсыг нь бараг л цээжээрээ мэддэг болсон юм. Хямрал, түгшүүрт байдал үүсээгүй үед дэд хурандаа нар яг 17.00-д арилаад өгнө. Тэдний хувьд нөгөө Павловын шинжлэх ухааны туршилт хийдэг ноход шиг л тодорхой цаг болмогц сейфний хаалган дээрх баримлын шавар дээр дарахын тулд лацаа норгохоор шүлс нь ялгарцгаадаг юм. Тэр мөчөөс эхлээд би ганцаараа үлдэнэ.
«Тагнуулын бүртгэл»-ийг би зуу дахин уншина.
Мөн ерөнхий бүртгэлээс гадна хуягт танкийн техникийн тухай, флотын тухай, Бундесверын цэрэг дайчлах тогтолцооны тухай, францийн цөмийн судалгааны тухай, НАТО-гын түгшүүрийн дохиогоор ажиллах тогтолцооны тухай, бас өөр юуны ч тухай юм бэ өчнөөн зузаан номууд бий.
— Чи ер нь хэзээ нэг цагт унтдаг уу?
Босгон дээр дэд хурандаа Кравцов зогсож байхыг би анзаарсангүй.
— Хааяа л, харин та?
— Би ч бас хааяа л унтаж байна гээд Кравцов инээж байна. Кравцов өдөр бүр орой болтол сууж, харьяа анги салбаруудаараа хэдэн долоо хоногоор яваад өгдгийг би мэднэ.
— Чамайг шалгаадах уу?
— За.
— Америкийн цэргийн нисэх хүчний 406-р тактикийн сөнөөгч онгоцны дадлагын анги хаана байдаг вэ?
— Сарагоса, Испанид.
— Америкийн 5-р армийн корпусын бүрэлдэхүүнд ямар ангиуд байдаг вэ?
— Хуягт танкийн 3-р дивиз, 8-р механикжуулсан дивиз, хуягт морин цэргийн 11-р хороо.
— Эхэлж байгаа гэхэд муугүй шүү. Суворов минь мэдээтэй л байгаарай. Удахгүй шалгалт ирнэ, хэрэв чи ажилдаа тэнцэхгүй бол штабаас хөөгдөнө. Харин намайг хөөхгүй ч гэсэн зүгээр өнгөрөөхгүй л байх.
— Хичээе ээ нөхөр дэд хурандаа.
— Харин одоо явж унт.
— Дахиад ганц цаг ажиллаж болох уу?
— Би чамайг явж унт гээд байна шүү. Солио өвчин тусчихвал чи надад хэрэггүй.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.18.11 3:27 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
3

Хоёр долоо хоногийн дараа, урьдчилсан дүгнэлт гаргадаг дэд хурандааг тойргийн штабт байх үеэр би түүнийг орлон ажиллав. Хоёр шөнө нэг өдөр сууж бэлдээд «Бундесверын 3-р корпусын ирэх сард үзүүлж болзошгүй байлдааны идэвх» сэдэвтэй өөрийн анхны урьдчилсан дүгнэлтийг хоёр хуудас нимгэн цаасан дээр гаргав. Тагнуул албаны дарга энэ дүгнэлтийг үзээд нэгдүгээр хэлтэст өгөхийг тушаалаа. Бүх зүйл өдөр бүр хийгээд сурчихсан жирийн л нэг зүйл шиг өнгөрөв. Хэн ч миний бүтээлийг сайшаасангүй, бас шоолсонгүй.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.18.11 3:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Зүгээр дээ. Тэр үеийн зөвлөлтийн армийн хуурай замын цэргийн цол:

Цэрэг:

Байлдагч
Ахлах байлдагч

Түрүүч:

Бага түрүүч
Түрүүч
Ахлах түрүүч

Ахлагч

Дунд офицер:

Бага дэслэгч
Дэслэгч
Ахлах дэслэгч
Ахмад

Ахлах офицер:

Хошууч
Дэд хурандаа
Хурандаа

Генерал:

Хошууч генерал
Дэслэгч генерал
Хурандаа генерал
Армийн генерал


Маршал


Генералиссмус

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jan.18.11 10:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
4.

Ширээн дээрх цааснуудыг салхи хуу хаман хийсгэв. Дэд хурандаа нар биеэрээ халхлахыг хичээцгээнэ. Хийсгэчихгүйн тулд. Цаас нэг бүрийн төлөө арван таван жилийн ял сонсож болно. Хаалгыг тогшилгүйгээр байдгаар нь дэлгэн онгойлгов. Хаалган дээр нэг дэслэгч зогсоно.
— Сайн байна уу, Константин Николаевич, — гэж дэд хурандаа нар дэслэгч рүү инээмсэглэцгээв. Өндөр, ханхар, сайхан эр ажээ тэр дэслэгч. Өнгөлсөн ягаан хумстай юм. Тэр дэслэгчийг штабт зөвхөн овог нэрээр нь гуайлан дуудна. Армийн штабын даргын туслах хэмээх атаархмаар албан тушаалтай. Хэрэв түүнийг зүгээр «нөхөр дэслэгч ээ» гэж дуудвал гомдоочихно. Тийм учраас Константин Николаевич гэж авгайлах ажээ.
— Шилжилт хөдөлгөөн, — гэдэг үгийг Константин Николаевич амнаасаа тоомжиргүй унагав. Мэдээж тэрээр «Штабын дарга шилжилт хөдөлгөөн хариуцсан офицерыг өнгөрсөн шөнө дайсны бүлэглэлүүдэд гарсан өөрчлөлтийн талаар ирж илтгэхийг шаардаж байна» гэж хэлж болох л байсан. Гэвч хялбархан хийж болох ийм зүйлийг Константин Николаевич товч бөгөөд бага зэрэг үл тоосон маягтай хийх ажээ.
Би нууц түлхүүрт мэдээнүүдийг хавтсанд түргэхэн зуур нэгтгэж хийлээ. Генералын туслахын ааш зан нь бага зэрэг засарч, бүр инээмсэглээд «Битгий сандар, битгий сандар, үйлчлүүлэгч хүлээж л байг» гэв.
Туслахын тоглоом тохууны хариуд дэд хурандаа нар шүдээ ярзайлган инээмсэглэцгээх аж.
Штабын гөлөгнүүд. Дулаахан өрөөнийхөө төлөө тэвчиж байна. Харин би тэсэж чадахгүй. Надад гинжнээсээ өөр алдах юм юу ч алга:
— Битгий ичгүүргүй аашил, дэслэгч ээ.
Дэслэгчийн царай татвалзаад явчхав. Дэд хурандаа нар дуугаа хурааж хилэнт харцаараа намайг төөнөх нь «Тэнэг, шургалан орогч, бүдүүлэг амьтан. Туслахтай яаж харьцаж байгаа чинь тэр вэ? Константин Николаевичтай шүү? Энэ чинь чиний батальон биш. Энэ чинь штаб! Энд нөхцөл байдлыг нарийн мэдрэх хэрэгтэй. Тосгоны мангуу чамаас болж одоо бидэнд уурлана даа» гэх ажээ.
Өрөөнөөсөө гараад явахдаа генералын туслахыг урдаа гаргасангүй. Гаргах ч үгүй. Бодсоны ч хэрэггүй, туслах гуай! Генералын бөгсийг долоогч. Чи галын зурвас дээр байгаа цэргүүдийг хэзээ нэгэн цагт харсан уу? Бас буудлагын талбай дээр? Тэдний гарт сумтай автомат, харин чамд жижигхэн улаан дарцгаас өөр юу ч байхгүй тийм үе тохиолдож байсан уу? Зэвсэгтэй гэдгээ мэдэрсэн цэрэг байгаа буудахын оронд өөрийн дургүй захирагч уруугаа урт ээлжээр гал нээвэл яах вэ? Амьдралдаа би өөрийнхөө цэрэг нэг бүрийг хэдэн арван удаа галын шугамд хөтлөн аваачиж байсан. Гэхдээ нэг ч удаа би цэргүүдийнхээ нүдэнд байгаа буудах уу эсвэл жинхэнэ үхэл харж бахаа хангах уу гэсэн эргэлзээг олж хараагүй юм. Ээ хөөрхий дөө, туслахын оронцог чи хэрэв цэргүүдийг галын шугамд аваачвал яах бол? Чи тэдэнтэй хээр талд, ойд, уулын мухарт, голын жаварт улаан нүүрээрээ тулж үзсэн үү? Цэргийн уур хилэнг харсан уу? Тэр чигээрээ согтуу ротыг байлдааны зэвсгийг нь авахуулан жагсааж үзсэн үү? Чи, туслах гуай минь, зөөлөн хивсэн дээгүүрээ албан тушаалаа хөөцөлдөөд л гүйж бай, харин Витя Суворовыг бүү оролд. Чи ахмад цолтой, эсвэл надаас дор хаяж нэг насаар ах байсан бол би тэсэх л байсан. Харин чи муу нус, доод тал нь нэг насаар дүү жулдрай байж...
Коридорт генералын туслах санамсаргүй байдлаар миний өсгий дээр өвдтөл гишгэж орхив. Би түүнийг яаж ч мэднэ гээд бэлэн байсан юм. Би туслахын зүүн талд нь яльгүй түрүүлж явсан билээ. Ийм учраас баруун гараа арагш нь огцом явуулж орхив. Нэг зөөлөн юм цохих нь мэдрэгдлээ. Түүний ямар нэг юм шал хийн дуугарав. Огцом дуу алдан бөгтийж, агаар дутсан мэт амаа ангайж, хана түшин ёоллоо. Тэр удаан гэгч нь өндийв. Тэр надаас өндөр бадриун ажээ. Гарын сарвуу нь аварга том юм. Сагсны бөмбөгийг нэг гараараа төвөггүйхэн барьж чадахаар. Гэвч сулхан хөөс ажээ тэр. Эсвэл ердөө л цохиод авна гэж бодоогүй байх. Туслах минь чи тэнэг ч байна даа. Цохилт хэзээ ч ирж магадгүй гэж анаж байх хэрэгтэй шүү дээ. Эгшин бүрд. Хэрэв тэгсэн бол ингэтлээ цохиулахгүй л байсан.
Туслах аажим эгцэрч миний гараас хараагаа үл салгана. Харин би хоёр хуруугаа гозойлгов. Бусад бүх оронд энэ нь ялалт гэсэн санааг илэрхийлдэг дохио билээ. Харин манайд бол хоёр нүдийг чинь сохлоод хаяна шүү гэсэн утгатай.
Хана түшин аажим өндийх зуураа тэр миний хоёр хуруунаас нүд үл салгана. Түүний өндөр дээд өмөг түшиг нь энд хамгаалж чадахгүй гэдгийг тэр ойлгожээ. Бид эртний гладиаторууд тулааны дэвжээнд учирдаг шиг, эвлэршгүй хоёр арми дайны талбарт таардаг шиг хоосон коридорт хоёулхнаа халз тулсан байлаа. Тэр хэдий надаас өндөр, том биетэй ч энэ мөчид амьдралын хоосон чанар намайг хэдийн орхин одож, надад ялалтаас өөр юу ч чухал биш бөгөөд ялахын төлөө яахаас ч буцахгүй, бүр үхэхээс ч буцахгүй болсныг тэр ойлгожээ. Түүнийг ямар нэг үйлдэл хийвэл, тэр ч байтугай ямар нэг үг хэлбэл би түүний хоёр нүдийг хуруугаараа аймшигтай хатгаж, хэзээ ч тавихгүйгээр багалзуурдаад авахыг тэр мэдэж байлаа.
Нүдээ цавчилгүйгээр хоёр гараа аажим өргөн хүзүүндээ хүргэж зангиагаа тэмтэрч заслаа тэр.
— Штабын дарга хүлээж байна...
— Таныг... гэж би нэмж хэлэв.
— Штабын дарга ТАНЫГ хүлээж байна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 220 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited