#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.17 10:50 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 220 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next
Author Message
PostPosted: Feb.26.11 6:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
2

Яагаад ч юм бэ миний амжилт намайг огт баярлуулахгүй байна. Зөвхөн амжилт өөд авирч байхдаа л аз жаргалыг мэдэрч болдог гэж ярьдаг хүмүүсийн зөв бололтой. Харин амжилтад хүрэнгүүтээ аз жаргалыг мэдрэхээ больчихдог юм. Амжилтад хүрсэн хүмүүс дотор аз жаргалтай нь цөөхөн байдаг. Харин дэлгэцийн одод, сайдуудыг бодвол халтар, ноорхой, өлсгөлөн тэнүүлчдийн дунд аз жаргалтай хүмүүс хамаагүй олон байдаг. Амиа хорлох явдал сахиулууд, хог цэвэрлэгчидтэй харьцуулахад дэлхийд танигдсан зохиолчид яруу найрагчдын дунд илүү түгээмэл байдаг.
Яагаад гэдгийг нь мэдэхгүй, миний сэтгэл санаа тун тааруу байна. Одоо би юу ч хийхэд бэлэн байна. Яагаад биднийг хэн ч элсүүлж авдаггүй нь сонирхолтой. Хэрэв яг одоо америкийн дипломатч над дээр ирээд «Хөөе, чи манайд элс!» гэвэл үнэнийг хэлэхэд би зөвшөөрнө.
Тэр ГРУ-гийн ааш араншинг мэддэг болохоороо гайхах л байх. Хүүе, тэнэг ээ, баригдвал юу болохоо төсөөлж байна уу гэж миний мэргэжил нэгт америк нөхөр асуух биз. Төсөөлж байна гэж би баяртайгаар хариулна. Алив намайг элсүүлээд аваач, хараал идсэн капиталист минь! Би танайд мөнгөгүй элсье. Америкийн тагнуулын алба надад өгөх мөнгөөр чи халаасаа түнтийлгэнэ биз! Би зүгээр л ингэж хар толгойгоороо дэнчин тавимаар байна. Ангалын ирмэг дээгүүр явах бахтай сайхан биш гэж ? Үхэлтэй наадах сонирхолгүй гэж үү? Зэрлэг мустанг булгиулдаг, галзуу бухтай бүжиглэн тулалддаг солиотнууд байдаг л шүү дээ. Мөнгөний төлөө биш харин сэтгэлийн таашаал авахын тулд.
Алив, дайснууд минь намайг элсүүлээч, би зөвшөөрч байна!
Юунд үл дуугарна вэ?
Шалгалт, шалгалт, бас дахиад шалгалт. Энэ шалгалтууд үнэхээр залхааж байна.
Бидний элсүүлсэн найзуудыг шалгах амархан. ГРУ-гийн мэдээллийн алба тэдний нэр, намтар түүх, эрхэлдэг ажлыг мэдэхгүй ч тэдгээр хүмүүсийг байнга хянаж байдаг юм. ГРУ-гийн сонирхож буй нэг объектын нууцыг тэндээс олон мянган километрийн зайтай хэд хэдэн газраас мэдэж болдог юм. Жишээ нь германы Жанжин штабын төлөвлөгөөг Женевээс, Токиогоос, Никозигоос ч мэдэж болно.
Хэрэв мэдээллийн нэг эх үүсвэрийн мэдээ бусдынхаасаа эрс зөрж байвал тэр эх үүсвэр ямар нэг асуудалтай гэсэн үг. Гэхдээ бүр эсрэгээрээ, бусад нь хоёр талд зэрэг ажиллаж, ганцхан эх үүсвэр үнэнийг хэлж байж ч болно.
Ямартаа ч ертөнцийн янз бүрийн өнцөг булангаас нэг ижил төхөөрөмжүүд орж ирээд, түүнийг амжилттай олноор нь хуулбарлан үйлдвэрлэж, армид тулгарсан асуудлыг шийдэж чадаж байвал санаа зовох зүйл байхгүй. Найз хоёр талд зэрэг ажилладаг ч бай хамаагүй. Гол нь нууц материалаа л өгч байвал боллоо. Хэрэв зөвхөн бидэнтэй тоглохын тулд тийм их үнэ төлөхөөр цагдаа нар шийдсэн юм бол төлж л байг. Бид тийм бэлгийг хүлээж авна аа. Харин тэр бэлэгнүүд нь чанаргүй, хуурамч болоод ирмэгц л мэдээллийн алба энэ тухай даруй мэдэгддэг юм.
Гэхдээ Аквариум зөвхөн найзуудыг шалгаад зогсохгүй биднийг ч мөн шалгадаг юм. Байнга, залхтал өө сэв хайн шалгана. Биднийг арай өөр аргаар, өдөөн хатгах замаар шалгадаг юм. Сурч, ажиллаж байх хугацаандаа би Аквариумын зүгээс хийсэн иймэрхүү зүйлийг өчнөөн олон удаа үзэж өнгөрөөсөн. Тэрхүү өдөөн хатгалгыг би хэрхэн тусгаж авах нь вэ гэдгийг л бүгд мэдэхийг хүсдэг юм. Харин би үргэлж зөвөөр тусган авч, надад болон миний нөхдөд тохиолдсон бүхнийг яг тэр хэвээр нь өөрийн дарга нарт илтгэж байсан. Өөрийн нөхрийг ойд харвал даргадаа илтгэ. Нөхөрт юу ч тохиолдоогүй, зүгээр л даалгавраа биелүүлэх гээд ойд явж байж ч магадгүй, эсвэл намайг нөхрөө харснаа даруй илтгэх нь үү, үгүй юү гэдгийг шалгахаар дарга түүнийг тийш явуулсан ч байж болно. Миний хувьд Аквариум үнэтэй юү эсвэл найз нөхөд нь үнэтэй юү гэдгийг цаг үргэлж шалгахаар оролдож ирсэн юм. Мэдээж, Аквариум илүү үнэтэй байх ёстой! Илтгэхгүй байх гээд оролдоод үз л дээ! Энэ зөвхөн шалгалт байлаа ч алдаа гаргавал шууд дамжлага уруу явуулна.
Энүүхэндээ гэж хэлэхэд сүүлийн үед надад урдахаасаа илүү итгэх болсон юм. Одоо би өөрөө янз бүрийн шалгах ажиллагаанд оролцдог болсон. Одоо ч гэсэн харанхуй шөнөөр, машинаа тэртээ хол тавьчхаад шавар шалбааг туучин алхаж явна. Хөл бээрч, нойтон оргино. Хариад заавал ч үгүй халуун усанд орж бүтэн цаг хэвтэн дулаацах юм шүү.
Миний халаасанд боодолтой Библи байгаа. Нимгэн цаасан дээр хэвлэсэн, авсаархан ном. Эсэн бусын шашны байгууллагууд Зөвлөлт улс уруу тээвэрлэхэд амрыг нь бодож зориуд ингэж хэвлэдэг юм. Энэ Библийг би Вовка Фомичевийн шуудангийн хайрцагт хийх ёстой. Тэр бол цэргийн атташегийн туслах хийдэг, ахмад цолтой, Аквариумаас саяхан ирсэн манай залуу. Тэр өөрөө ийм юм болно гэж бодоо ч үгүй байж магадгүй, гэхдээ одоо Аквариум түүнийг сайн муу янз бүрийн аргаар шалгаж байгаа юм. Тиймээс л би түүний гэр рүү явж байна.
Библийг тэр маргааш өглөө шуудангийн хайрцгаасаа олох болно. Төрөл бүрийн шашны байгууллагуудын зүгээс иймэрхүү зүйлсийг бидэнд байнга илгээж байдаг юм. Харин энэ удаа ийм зүйлийг бид түүний хайрцагт хийсэн гэдгийг Вовка мэднэ гэж үү? Магадгүй, түүнд энэ номыг хожим нь зарахын тулд хадгалж үлдээх сонирхол төрж болох л юм. Зөвлөлт улсын ард түмэн иймэрхүү номыг үнэ хайрлахгүй авдаг юм. Маргааш амралтын өдөр тул ажил дээрээ очих шаардлагагүй.
Тийм учраас л бид түүнийг маргааш өглөө хэрэг болгон ажил дээрээ очиж илтгэх нь үү эсвэл элдэв төвөг удахгүйн үүднээс Библийг зүгээр сэмхэн хог уруу хаях нь уу гэдгийг сонирхоод байгаа юм. Шууд нэн даруй илтгэхгүй л бол бусад хувилбарын алиныг нь ч сонголоо гэсэн түүний хувьд төгсгөл гэсэн үг. Өөрөөр хэлбэл шууд дамжлаг уруу шилжинэ.
Өнөөдөр гадаа чийгтэй, зэврүүн байна. Явган замаар навчис хийснэ. Харин тэдгээр навчис шалбааг уруу орох л юм бол гүйцэх нь тэр. Дахиад хийсэж нисэхгүй. Одоо тэдгээр навчсыг хогийн шүүрээр шүүрдэн хаях болно.
Гудамжинд агуу системийн тагнуулч Витя Суворовоос өөр хэн ч алга. Би өөрийн ах дүү нарынхаа нэгийг шалгахаар явж байна. Ер нь бол хэн хэн нь хэнийгээ шалгаад байгааг байгааг ч хэлэхэд бэрх. Вовка Фомичев миний найз. Би түүнтэй хоёр ч удаа ажиллагаанд хамт явж байсан. Тэр чадварлаг бөгөөд өөртөө итгэлтэй ажилладаг. Гэхдээ, чөтгөр ав, тэр саяхан ирсэн, тусгай даалгавартай ч ирсэн юм билүү бүү мэд. Эсвэл түүний тусламжтайгаар одоо намайг шалгаж байж ч мэднэ.
Тэр надтай их найзархаад байгаа юм. Туршлага судлахыг хүсээд байгаа юм гэнэ! Энэ дахиад л намайг шалгаж байж ч магадгүй. Би боодолтой зүйлээ түүний шуудангийн хайрцагт хийгээд түргэн очиж энэ тухай илтгэ гэж Вовкад өөрөө урьдчилан сануулахыг оролдох нь уу үгүй юү гэдгийг ч харж байж мэднэ. Тэгвэл би тэгээд л дууслаа гэсэн үг. Чамд найз чинь зөвлөлтийн алдарт цэргийн тагнуулын албанаас үнэтэй байна уу гээд намайг шууд дамжлагаар оруулах болно.
Вовка Фомичевийн гэр олон орны дипломатчид суудаг том сайхан байшинд байдаг. Тэдний байшин, тэр тусмаа гол хаалга нь цагдаагийн хяналтад байдаг нь ойлгомжтой хэрэг. Хянадаггүй ч байж болох боловч хянадаг гэдэг дээр үндэслэн ажиллагаагаа төлөвлөсөн нь өлзийтэй тул би гол хаалгаар нь орохгүй. Арын харанхуй хашаагаар эмх цэгцтэй байрлуулсан хогийн савнуудын хажуугаар явж газар доорх гарааш уруу орно. Манайд дипломатчдын амьдардаг олон байшингийн орцны болон гараашийн түлхүүрүүд бий. Мөн Вена хотын аль ч зочид буудалд би төвөггүй орж чадна. Маш олон түлхүүр хадгалдаг асар том шүүгээ манайд байдаг юм. Тэгээд бас манай Аквариумын ах дүү нар маань хаана ч явсан тухайн газрынхаа түлхүүрийн хэвийг авч хадгалсаар байдаг юм. Гол нь хэрэгтээ цагтаа хэрэгтэй түлхүүрээ олохын тулд маш сайн бүртгэлтэй байх хэрэгтэй юм. Өнөөдөр миний халаасанд гурван түлхүүр байна. Хэрэв шаардлага гарвал би Вовкагийн гэрт ч орж чадна. Гурван жилийн өмнө түүний байранд амьдарч байсан манай нэгэн бүтэлгүй ажилтан ГРУ-д зориулж тэр байрны түлхүүрийг хуулбарлан хийлгэсэн гэдгийг Вовка хэрхэн мэдэх билээ дээ. Харамсалтай нь үүнээс илүү баатарлаг зүйлд түүний чадал хүрээгүй тул тэр ажилтныг гутамшигтайгаар нүүлгэн шилжүүлж Жанжин штабаас хөөсөн юм.
Хогийн савны орчмоос муурнууд зүрх зүсэм зэвүүн чарласаар тал тал тийш бутран одов. Энэ ч сайны тэмдэг, учир нь тэр хавьд өөр хүн байхгүй гэсэн үг. Энд нууц телекамер тавьсан болов уу? Гэрэл алга, хэмнэж байгаа нь тэр. Арын хашаанд гэрэл тавьж яах юм бэ. Гэхдээ бас хэт улаан туяа мэдэрдэг телекамер ч байдаг. Ийм учраас би зангианы хавчаараа зориуд ил гарган пальтоны энгэрээ задгай тавьсан юм. Тэр хавчаар харахад огт энгийн мэт боловч хэт улаан туяанд гэрэлтдэг онцгой будгаар будсан тул харанхуйд хаа нэгтээгээс намайг хэт улаан туяагаар гэрэлтүүлбэл хавчаар гэрэлтэх ёстой. Би тал тал тийш эргэн түүгээр нууц телекамерын байгаа чигийг тогтоож чадна. Хэрэв намайг ажиглаж байгаа бол би хогийн савны тэнд түр саатсан дүр үзүүлээд цаашаа яваад өгнө. Гэвч хавчаар гэрэлтэхгүй байгаа тул камерын хяналт энд алга. Би түлхүүрээ гарган цоожны нүхэнд шургуулж зөөлөн эргүүлж гараашийн хаалгыг алгуурхан онгойлгоод хэдэн зуун машин тавьдаг асар том гараашид орлоо.
Би болгоомжтой гэтэн явлаа. Гэхдээ би хулгайч шиг гэтэн мярааж, ийш тийш гөлөлзөн харж болохгүй. Намайг дөнгөж сая ирээд гараашид машинаа тавиад гэртээ орж яваа хүн гэж бодох ёстой. Ган хаалгыг би өөр түлхүүрээр онгойлголоо. Газар доорх гараашаас цахилгаан шатаар хамгийн дээд давхарт гарч чимээ чагнан хэдэн минут хүлээв. Байрныхан бүгд унтаж байх шиг байна. Нэг ч хаалга дуугарахгүй, цахилгаан шатны хонгилоос ч чимээ үл гарна. Би цагаа харлаа. Хэрэв намайг мөрдөж байгаа бол миний хийж буй үйлдэл огт ойлгомжгүй байх ёстой. Би америкийн дипломатчтай уулзахаар ирсэн, эсвэл намайг эмэгтэй хүн хүлээж байж ч болно. Намайг мөрдөж байсан ч шуудангийн хайрцагт Библийн ном хийх үндсэн зорилго маань зүгээр л нэг өнгөлөн далдлалт шиг санагдаж тэд миний чухам яах гэж ирснийг бодож олох гэж тархиа гашилгах болно. Би дээд давхарт дэндүү удчих шиг боллоо.
Тэгээд ч цахилгаан шат ч дуугарахгүй, шатаар хэн ч явахгүй нам гүм байна.
Одоо би шатаар болгоомжтой доош бууж байна. Өлмий дээрээ ч биш, бүтэн улаараа ч биш. Үгүй.
Би гутлын улныхаа зөвхөн гадна ирмэгээр хүрэх төдий гишгэн алиалагч адил майга хөллөн бууж явна. Уг нь миний гутлын ул зөөлхөн бөгөөд чимээ үл гаргадаг юм. Гэхдээ л сурснаараа явсан нь дээр. Ингэж алхвал чимээ гардаггүй юм. За доод давхарт ч хүрээд ирлээ. Үүдний гантиг танхимд хэдэн арван шуудангийн хайрцаг байна. Чухам аль хайрцаг нь надад хэрэгтэйг би хэзээний мэдэж байсан боловч бусад дээр нь бичсэн нэрсийг уншин хайрцгуудын өмнө хэд хэдэн удаа зогслоо. Тэгээд хайрцгуудад бүх биеэрээ наалдан зогсоод боодолтой зүйлээ сэмээрхнээр зохих хайрцагт нь хийж орхив. Хэрэв миний араас харж байсан бол чухам аль хайрцагт юу хийснийг яг тодорхойлж чадахгүй л байсан болов уу.
Сонирхолтой зүйл юу ч олж хараагүй хүний уйдсан царай гарган доош шатаар газар доорх гарааш уруу орлоо.
Орсон замаараа буцаад гарч байгаа хүн нууц ажлын мэдрэмжгүй гэдгээ харуулж буй хэрэг. Энэ мэдрэмж надад бий. Тэр мэдрэмж бол гашуун дарс, гал халуун дурлалын мэдрэмжээс ч өөр, бас тэмцэл тулааны үед төрөх мэдрэмжээс ч өөр. Нууц ажил амьдралын мэдрэмж бол бусад бүх мэдрэмжээс огт өөр бөгөөд би түүнийг ойлгож үнэлдэг юм. Тэр мэдрэмж надад бий. Харин одоо надад харанхуй гараашаар гарахаас өөр зам алга даа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.27.11 7:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
3

Дахиад л нойр ханасангүй. Хэзээ нэг ханатлаа унтах юм бол? Миний хоёр нүд улайжээ. Хэдийгээр өнөөдөр амралтын өдөр боловч өглөө эртлэн Мөргөцөгт ирлээ. Би Вовкаг хүлээж байна. Хэрэв тэр надаас эртлэн хүрээд ирсэн байвал тун сайхан хэрэг. Гэвч энд зөвхөн Аэрофлотын Саша л ганцаараа эвшээн суух аж. Түүний нүд бас улайжээ. Тэр мөн л надтай адил хэн нэгэнд уршиг тарьж яваад ирсэн байх. Намайг ч дөнгөх гэж яваад ирсэн байж магадгүй л юм. Харваас тэр ч мөн хэн нэгний хар өглөөгүүр амьсгаадан гүйж ирэхийг хүлээн суугаа нь илт байна. Тэр санхүүгийн тайлан тооцоогоо гүйцээж гаргах ирсэн гэж эрт ирсэн шалтгаанаа миний өмнө зөвтгөх ажээ. Энэ хэдий үнэний хувьтай ч бас яг ч тийм биш гэдгийг мэдээж би ойлгож байна. Бүтэн сайн өдрийн өглөөний зургаан цагт түүнийг өөр ямар нэг шалтгаан энд авчирсан байх ёстой. Дараагийн шуудангаар явуулах ёстой гурван ч ажиллагааны тайланг би гүйцээн бичих ёстой гэж би хэллээ. Энэ ч үнэхээр тийм юм. Гэхдээ миний энд байгаа цорын ганц шалтгаан бол зөвхөн энэ биш гэдгийг тэр ч мөн ойлгож байна. Тэрээр ажлаа хийж байгаа дүр эсгэн, цаг уруугаа байн байн харна. Би ч мөн ажлаа хийж байгаа царай гарган сууна. Мөн л цагаа байсхийгээд хяламхийх боловч нууцаар сэмхэн харна. Би бичиг цаасаа ширээн дээрээ дэлгээд өөрөө хана ширтэн суув. Манай ажлын байр цонхгүй байх ёстой нь тоогүй хэрэг.
Өглөөний арван цагт Аэрофлотын Сашаг Бага Эзэн өрөөндөө урив. Одоо би ажлын том танхимд ганцаараа үлдлээ.
11.32-т Удирдагч орж ирлээ.
— За, яав?
— Нөхөр генерал, би бэлгийг ямар нэг адал явдалгүй хүргэсэн. Гэвч тэр одоо хүртэл ямар нэг зүйл мэдэгдээгүй байна. Удирдагчийн нүүрний хувирлаар намайг биш зөвхөн Вовка Фомичевийг шалгаж байсныг би ойлголоо.
Жирийн л нэг өдөөн хатгалга байж. Тэр ч өдөөн хатгалгад автчихлаа. Тэр шуудангийн хайрцгаасаа Библи олсон боловч ямар нэг шалтгаанаар тэр даруйд нь удирдлагадаа мэдэгдсэнгүй. Харин ямар нэг ноцтой асуудал гарвал тэр үед илтгэх хүн үү, эсвэл үгүй юү? Тэр манай нууц байгууллагад, цаашлаад бүх зөвлөлт системд аюултай гэдэг нь тодорхой байна.
— Виктор Андреевич, харьж амар. Орой зургаан цагт эргээд ирээрэй.
— Гүйцэтгэе.
Хэн ч ажилдаа явалгүй амарч өнждөг өдөр дэлхий даяар бий. Зөвлөлтийн дипломатчид ч мөн долоо хоногт хоёр өдөр амардаг юм. Бямба болон ням гаригт.
Гэвч ГРУ-д амралтын өдөр гэж байдаггүй юм. КГБ ч мөн адил. Гэвч дипломатчдын зарим нь амралтын өдрүүдэд элчин сайдын яаманд ирдэггүй байлаа гээд бодоод үзье. Харин нөгөө хэсэг буюу ихэнх хэсэг нь амралтын өдрөөр элчин сайдын яаманд ирдэг бол яах бол? Хэн нь цэвэр дипломатч, хэн нь жаахан явдалтай дипломат ч вэ гэдэг нь шууд л тодорхой болно.
Ийм зүйл болохоос урьдчилан сэргийлж цэвэр дипломатчдыг амралтын өдрүүдээр элчин сайдын яаман дээр байлгаж, тэдний нөхөрсөг инээмсэглэлээр төлөөлөгчдийн газрын идэвхтэй үйл ажиллагааг халхлахын тулд эсэн бусын ов мэх бодож олоход хүрдэг юм. Амралтын өдрүүдээр элчин сайдын яам шоргоолжны үүр шиг байдаг нь цаанаа нэг учиртай. Амралтын өдрүүдэд, зөвхөн амралтын өдрүүдэд л Зөвлөлтөөс шуудан ирнэ. Захидал, сонин хэвлэл ирэх бөгөөд бүгдээрээ валютын ханш хэвлэгдэн гардаг «Известия» сониноос хоцрохгүйг хичээнэ. Бүгд л тооцоо хийгээд завгүй байх бөгөөд одоо валютаа сертификат болгох уу эсвэл валютын ханш өөрчлөгдөхийг хүлээх үү хэмээн толгойгоо гашилгацгаана. Зөвлөлтийн Улсын Банкны албан ханш долоо хоногийн дараа ямар байхыг зөвхөн Бурхан л мэдэх бөгөөд өөр хэн ч, Улсын Банкны захирал өөрөө ч мэдэхгүй билээ.
Мөн ням гаригт бүх дэлхий даяарх зөвлөлтийн элчин сайдын яамдад хямд үнийн тусгай дэлгүүр ажилладаг бөгөөд түүгээр үйлчлүүлэх гэж бүх зөвлөлтийн хүмүүс зай завсаргүй цувцгаана. Бас амралтын өдрүүдээр лекц уншина. Тэрэнд ч мөн зай завсаргүй цувцгаадаг юм. Энэ бол лекц сонсох дуртайдаа биш харин зүгээр л бүртгүүлэх гэж тэгдэг юм. Тэр лекц дээр нь бүгдийг бүртгэж, ирсэн, ирээгүй хэмээн тэмдэглэнэ. Уг нь бол лекцэд заавал суу гэж хэн ч шахаж шаарддаггүй юм. Гэхдээ хэн нэгэнд, жишээ нь Иван Никанорович улс төр огт сонирхохгүй, идэвхгүй байдал гаргаад байгаа юм шиг гэнэт санагдвал түүнийг нүүлгэн шилжүүлэх л болно. Шөнө дунд гэнэт түүний хонхыг дарж аавын чинь бие тааруухан байна, чамтай салах ёс хийхийг хүсээд байна гэж хэлэх болно. Тэгээд л Иван Никанорович дамжлага уруу шилжих нь тэр. Эцэг эхтэйгээ салах ёс гүйцээхийг хүсэх эсэх чинь хамаагүй, тэр онгоцонд суу л гэж хэлэх болно.
Мөн ням гаригт зөвлөлтийн элчин сайдын яамуудад кино үзүүлдэг юм. Шинэ, хуучин төрөл бүрийн кино. Бас л ард түмэн зай завсаргүй цувцгаана. Байнга ирэх нь өндөр ухамсартай, социалист эх оронтойгоо салшгүй холбоотойн шинж.
Амралтын өдрүүдээр элчин сайдын яам хөл ихтэй байна. Машин тавих ч зай алга. Гэхдээ би машинаа тавьчихлаа. Миний машин тавих газрыг тусад нь хадгалдаг юм.
Удирдагч бид хоёр цэцэрлэгээр зугаалж явна. Асар том цэцэрлэг. Бид хоорондоо ярилцан, хаалга уруу алсаас харц бэлчээн зогсоно. Тэнд дэд консул Петр Егорович Дунаец, захирагчийн нэгдүгээр орлогч Николай Тарасович Мороз хоёр биднийг үл анзаарсан байдалтай бас л зугаалж явна. Тэд дэмий ч нэг зугаалж яваа юм биш, харин нүүлгэн шилжүүлэлтэд бэлдэж байгаа юм. Вена дахь Зөвлөлтийн цэргийн атташегийн туслах ГРУ-гийн ахмад Владимир Дмитриевич Фомичев бол найдваргүй этгээд тул түүнийг нүүлгэн шилжүүлэхээр онгоц аль хэдийн дуудсан байгаа. Нүүлгэн шилжүүлэлтэд маш цөөхөн хүмүүс оролцоно. Удирдагч, ийм шийдвэр гаргасан тул өөрөө, шалгах ажиллагаанд оролцож түүний найдваргүй гэдгийг нэгэнт мэдэж байгаа тул би, мөн захирагчийн орлогч болон нэгдүгээр орлогч нар болох хурандаа Дунаец, Мороз нар.
Фомичевийн саарал «форд» хаалгаар аажим орж ирж явна. Цэргийн атташегийн туслах кино үзэхээр гэргийтэйгээ хамт иржээ. Володя, чи өглөө яагаад хэлээ унжуулан гүйж ирсэнгүй вэ? Чи яагаад Библийг авчирсангүй вэ? Яагаад түүнийг нуух болов? Тэр чамд ямар хэрэгтэй юм бэ? Бурхан гэж байдаггүй гэдгийг ойлгох цаг хэдийн болсон байна. Бурханы тухай хуурмаг сургаал бол зөвлөлтийн эсрэг агуулгатай жигшүүртэй оронцоглосон зүйл. Диваажинд үхлийн дараа очдоггүй юм. Диваажинг дэлхий дээрээ байгуулах хэрэгтэй. Хэрэв чи үхээд диваажинд очиж болно гэж боддог бол үүгээрээ газар дэлхий дээр диваажин бүтээн байгуулах хувьсгалт ажлыг өөрөө үгүйсгэж байна гэсэн үг. Боловсролгүй, тосгоны авгайчууд ингэвэл өөр хэрэг. Өршөөж болно. Харин чамайг бол үгүй. Дамжлага уруу явах болно. Чамаар үнэнийг чинь хэлүүлэх болно. Библийг яах гэж нуусан бэ? Чи нуугаагүй ч байж болно. Чи элдэв явдлаас айгаад, хэн ч мэдэхгүй гэж бодоод зүгээр л хогийн сав уруу хаясан ч байж магадгүй. Харин бид бүгдийг мэднэ, чи өөртөө тохиолдсон бүхний тухай илтгэх ёстой. Дуугүй өнгөрөөхийг ГРУ өршөөдөггүй юм.
Захирагчийн орлогч аажмаар (зугаалж яваа!) хаалга уруу дөхөв. Зөвлөлтийн элчин сайдын яам уруу нэг л замаар орж болох бөгөөд зөвхөн тэр замаараа эргэж гарч болно. Цэргийн атташегийн туслахын хувьд тэрхүү буцах зам нь аль хэдийн хаагджээ. Хаалганы дэргэд харуул бий. Цэргийн атташегийн туслах зугтаахыг оролдохгүй л бол тэр юу ч мэдэхгүй. Харин зугтахыг оролдвол хамрынх нь өмнүүр хавх тас хийх болно. Захирагч, Бага Эзэн хоёр зугаалж буй маягаар номын сан уруу яаралгүй алхаж байна. Номын сангийн тэнд хонгил уруу ордог нөөц хаалга байдаг юм.
Би ч мөн тэнд хүлээн зогслоо.
Гуравдугаар нууц түлхүүрч Боря машин тавьдаг талбай уруу яаран алхав. Боря энэ ажиллагааны нууцыг мэдэхгүй. Түүний үүрэг бол Вовка дээр очиж мэндлээд «Владимир Дмитриевич, танд нууц түлхүүрт мэдээ ирсэн байна» гэж хэлэх явдал юм.
Би холоос ажиглан зогсоно.
Боря түүний машины дэргэд байна. Фомичев гарч ирлээ. Нүүр царайны хувирал нь эндээс харагдахгүй байна. Тэр эхнэртээ хэдэн үг хэлээд хөнгөхөн үнэсэж байна. Эхнэр нь кино танхим уруу ганцаараа орчихлоо. Ай, хөөрхий, чамайг юу хүлээж байгааг мэдэхгүй л байна даа ахмад аа! Чи бол гэмт хэрэгтэн. Хөрөнгөтний ертөнц чиний толгойг эргүүлэхийг оролдож, зөв замаас чинь гаргах гэж байхад захирагчдаа илтгээгүй гэмт хэрэгтэн. Мэдээж, үүний төлөө чамайг буудахгүй, гэхдээ төлөөлөгчдийн газрыг хуурахыг оролдсон хэргээр шоронд суулгах болно. Харин шоронд чиний ялын хугацааг улам нэмж орхино. Тэнд чам шиг хүмүүсийн ялыг заавал нэмдэг юм. Хэрэв чи хэзээ нэгэн цагт шоронгоос гарлаа ч эхнэр чинь чамтай уулзахыг хүснэ гэж үү? Тэр чинь чамайг хаяна. Би саяхан болсон дипломат хүлээн авалт дээр түүний царайг харсан. Эхнэр чинь чамайг хаях биз ээ.
Миний очих цаг ч боллоо.
Ган хаалга. Коридор. Уруудах шат. Бас нэг хаалга. Энэ нөгөө инээмсэглэж буй хохимой толгойтой хаалга. Дахиад доошоо. Хонгил уруу. Мөргөцөг рүү. Ажлын том танхим. Коридор, ажлын бага танхим. Дахиад коридор. Баруун зүүн талд хаалга. Тэр одоо Бага Эзний өрөөнд байгаа. Хонх дарлаа. Хаалганы цаанаас Бага Эзний царай цухуйв. Өрөөн доторхыг харуулахгүйн тулд хаалгыг бүх биеэрээ таглажээ тэр. — Яагаа вэ?
— Тусламж хэрэгтэй юү?
— Үгүй дээ. Явж киногоо үз, Виктор Андреевич. Өөрсдөө аргалчихна.
— Баяртай, Николай Тарасович.
— Баяртай.
Коридороор. Шатаар дээшээ. Ажлын бага танхим…
— Витя! — Бага Эзэн миний араас яаран ирж явна.
— Таныг сонсож байна.
— Витя, бүр мартчихаж. Кино гарч дуусахаар түүний эхнэр Валентинатай уулзаад нөхөр чинь яаралтай даалгавар биелүүлэхээр хоёр хоногийн томилолтоор явсан гэж хэлээрэй. Тэр санаа нь зовчихно. Нууц даалгавар гэж хэлнэ биз. Түүнд сэжиг төрүүлэхгүйг хичээгээрэй. Дараа нь гэрт нь хүргэж өг. Харин одоохондоо тэрний машиныг машины зогсоолоос холдуулж газар доорх гараашид тавьчих, май түлхүүр нь. Гүйцээ. Маргааш хүртэл байртай.
— Баяртай, Николай Тарасович.
Валя Фомичева бол онцгой эмэгтэй. Тийм хүүхэн хажуугаар яваад өнгөрөхөд бүгд эргэж хардаг юм. Тэр жаахан биетэй, богинохон үстэй, сэтгэл татам том алаг нүдтэй, үл ялиг эрхлэнгүй инээмсэглэсэн бүсгүй. Хэрэв сайтар ажиглавал түүний тэр инээмсэглэлд ямар нэг завхай шинж нуугдан байдаг юм. Түүнд ямар нэг шулмын чанар байгаа нь эргэлзээгүй. Гэхдээ яг ямар гэдгийг нь би хэлж чадахгүй. Түүний тэр гоо үзэсгэлэн тэр чигээрээ шулмынх байж ч магадгүй. Володя, чи яах гэж ийм эхнэр сонгосон юм бэ? Сайхан эхнэр бол бусдын эхнэр. Элчин сайдын яаман дээр түүнийг хардаггүй хэн байдаг билээ? Бүгд харцгаадаг. Хотоор явахад ч тэр. Ялангуяа өмнөд нутгийн харчуул, бадируун биетэй, бага зэрэг буурал сортой францчууд, италичуудад түүний гоолиг бие огт амар заяа үзүүлэхгүй байгаа бололтой. Машинаар явах зуур уулзвар дээр түр зогсмогц шалдан банди чамд ийм сайхан хүүхэн ямар хэрэгтэй юм бэ гэх шиг харах тэдний өлөн харц тал талаас нэвт сүлбэх ажээ.
Харин энэ чинь миний хүүхэн огт биш. Нөхөр нь хэдийн дамжлага уруу шилжиж, одоо мэдүүлэг өгч байгаа учраас би үүнийг гэрт нь хүргэхээр яваа юм. Түүнийг бүр энд Венад байхад нь хэлийг нь сугалж хэрэгтэй мэдүүлгээ авах хэрэгтэй. Харин дараа нь түүнийг Аквариум буюу Хорошевын өргөн чөлөөнд байдаг асар том шилэн байшинд аваачих болно.
Түүний эхнэр Валя одоогоор энэ тухай таамаглаагүй байгаа. Хангалтын ажилд шөнөөр ч хамаагүй гараад явдаг л байсан тул тэр тоохгүй байна. Тэр одоо Вена хотынхон бүгд өмсөж байгаа ямар нэг гялгар нөмрөгний тухай ярих аж. Алтлаг туяатай үнэхээр гоё нөмрөг гэнэ. Түүнд тийм нөмрөг үнэхээр зохих байх. Яг л Цасан хатан шиг ихэмсэг хүйтэн харцаараа бидний тайван амьдралыг сүйтгэх болно. Түүний тас зангидсан бяцхан гарт хэчнээн их эрх чадал оршдог бол? Тэр өөрийн замд тохиолдсон бүхнийг эрхэндээ оруулж чаддаг нь эргэлзээгүй. Иймэрхүү хүүхнүүдтэй зөвхөн ганц шөнийг хамт өнгөрөөгөөд дараа нь тэр хэчнээн гомдох байсан ч хамаагүй хаяад явах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол чи түүний эрхэнд нэгмөсөн орж, өвдөг сөгдөх болно. Миний амьдралд яг тийм нэг хүүхэн байсан юм. Яг л ийм бяцхан бөгөөд эмзэгхэн, зөрсөн бүхэн эргэж хардаг хүүхэн. Хөөж тууж, намайг хуурч, өвдөг сөгдүүлэхийг нь хүлээлгүйгээр би түүнээс өөрөө яваад өгсөн юм.
Ийм хүүхний араас гүйж байдаг, тэнэг байна даа, ахмад аа. Тэр чамайг шоолон хөхөрч, харин чи хардсандаа байж ядан булангийн цаанаас түүнийг дагаж мөрддөг байсан байх. Харин дараа нь түрхэн зуурын янаглалдаа автан чиний эхнэр болохыг зөвшөөрсөн биз. Одоо дамжлагад байхдаа ч чи түүнийгээ бодож байгаа. Хэн түүнийг гэрт нь хүргэх бол гэдэг ганцхан асуулт л чамайг зовоож байгаа. Тайвшир, ахмад аа, тэр хүн бол би, Витя Суворов байна. Тэр надад хэрэггүй, би тийм хүмүүсийг холуур тойрч гардаг юм. Тийм ээ, тэгээд ч Венад ийм зүйлээр хөөцөлддөггүй юм. Бид хэн хэнийгээ хэтэрхий хатуу шүүж, хэтэрхий ойрхноос ажигладаг юм.
— Суворов, чи яагаад над уруу хэзээ ч инээмсэглэдэггүй юм бэ?
— Би ганцаараа тэгж байна гэж үү?
— Тийм ээ. Бүгд над уруу инээмсэглэдэг юм. Чи харин надаас айдаг юм уу?
— Үгүй.
— Үгүй ээ, чи надаас айдаг Суворов оо. Гэхдээ би чамайг инээмсэглэдэг болгоно оо.
— Сүрдүүлж байна уу?
— Амлаж байна.
Үлдсэн замдаа дуугүй явсаар тэдний гэрийн гадаа ирлээ. Эн бол ГРУ-гийн өдөөн хатгалга биш гэдгийг би мэднэ. Иймэрхүү хүүхнүүд зөвхөн ингэж л ярьцгаадаг. ГРУ ч одоо миний араас ажиглаж байж таарахгүй. ГРУ-гийн ажиллагаа нь нарийн тодорхой зорилготой бөгөөд цэвэрхэн хийгддэг бөгөөд эгэл жирийн байдлаараа бусад тагнуулын албадаас ялгагддаг юм.
ГРУ хэзээ ч хоёр туулай хөөдөггүй учраас л түүний ажиллагаанууд ийм амжилттай болдог юм.
— Суворов, чи намайг манай байшингийн дэргэд ганцааранг нь үлдээгээд явчихгүй биз дээ. Би сайхан хүүхэн, намайг орцны шатан дээр хүчиндчихвэл чи хариуцах болно шүү.
— Венад ийм зүйл байдаггүй.
— Тэглээ ч гэсэн би айгаад байна.
Тэр амьдралдаа юунаас ч айж үзээгүй, би ийм хүүнүүдийг мэднэ. Банзал өмссөн араатан л гэсэн үг.
Бид цахилгаан шатанд хоёулхнаа байна. Тэр инээмсэглэн:
— Володя шөнө эргэж ирэхгүй гэдэгт чи итгэлтэй байна уу?
— Тэр даалгавар биелүүлэхээр явсан.
— Чи шөнө намайг ганцааранг нь орхихоос айхгүй байна уу? Намайг хулгайлчихаж магадгүй шүү дээ.
Цахилгаан шат алгуурхан зогсож би түүнд хаалгыг нь онгойлгож өгөв. Тэр түлхүүрээ цоожны нүхэнд шургуулан эргүүлж эхлэв.
— Чи өнөө шөнө юу хийх вэ?
— Унтана.
— Хэнтэй унтах юм бэ, Суворов оо?
— Ганцаараа.
— Би ч бас ганцаараа, — гээд тэр санаа алдав.
Тэрээр гэрийнхээ босгыг давж алхсанаа гэнэт над уруу эргэн харлаа. Нүд нь цоргих мэт төөнөнө. Онц сурлагатан, хөөрхөн охины царай. Энэ бол эмэгтэйчүүдээс хамгийн аюултай үүлдэр нь. Би ийм хүүхнүүдийг үзэн яддаг юм.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.28.11 10:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
* XV БҮЛЭГ *

1

— Наадахаа өмс, — хэмээн Удирдагч тушаасны дагуу би өнгөгүй тунгалаг дуулга толгойдоо өмсөв. Тэр ч мөн тийм дуулга өмсөж бид хоёр сансрын нисгэгчид шиг харагдана. Бидний дуулгууд хоорондоо уян хатан тунгалаг хоолойгоор холбогджээ.
Захирагчийн өрөөнд болж буй яриаг гаднаас сэм сонсох боломжгүй. Бүр онолын хувьд ч тийм боломж байхгүй юм. Гэвч тэр маш чухал зүйлсийн тухай ярилцахдаа хамгаалалтын системийн хажуугаар нэмэлт ярианы төхөөрөмж давхар ашиглахыг тушаадаг юм.
— Чи амжилттай ажиллаж байгаа. Зөвхөн дан ганц олборлох ажилд ч биш. Аквариумын зүгээс болон миний биечлэн явуулсан цуврал шалгалтыг чи саяхан туулж гарсан. Шалгаж байгаа гэдгийг чи өөрөө гадарлаагүй хэдий ч шалгалтыг гялалзтал давсан. Одоо чи маш их итгэлтэй хүмүүсийн ангилалд орсон…
Хэрэв энэ үнэн бол ГРУ намайг арай хэтрүүлэн үнэлжээ. Би гэгээнтэн биш, өчнөөн нүгэлтэй хүн. Харин Удирдагч бүх үнэн байдлыг надад хэлээгүй байж магадгүй л юм. Түүнийг дэмий ч нэг Зальт гэж нэрлэсэн хэрэг биш.
— ГРУ маш чухал ажиллагааг чамд итгэн даатгаж байна. Тун удахгүй Венад нэг Найз ирнэ. Тэр бидний хувьд маш чухал хүн. Түүнийг хурандаа генерал Мещеряков өөрөө биечлэн удирддаг гээд өөрөө бодоод үз. Энэ Найз чухам хэн бэ гэдгийг би мэдэхгүй, мэдэх ч эрх надад байхгүй. Чи бол тэр тусмаа мэдэх ёсгүй. Ийм хүнтэй бид хэзээ ч биечлэн уулзахгүй нь ойлгомжтой хэрэг. Түүнтэй нууц байр болон дохиоллын системийн тусламжтайгаар харьцдаг юм. Гэхдээ ГРУ түүнтэй уулзахад ямагт бэлэн байгаа юм. Бид түүнтэй хэзээ ч, ямар ч үед холбоо тогтоож болно гэдэгтээ итгэлтэй байх ёстой. Ийм учраас жилд хэд хэдэн удаа түүнтэй лавлах уулзалт зохион байгуулдаг юм. Тэр дуудлага хүлээн аваад холбоо тогтоохоор гарч ирдэг боловч бид биет холбоо тогтоолгүй зөвхөн холоос түүнийг ажигладаг юм. Тэр гарч ирнэ гэдэг ГРУ-гийн хувьд түүнтэй тогтоосон холбоо хэвийн байна гэдгийн нотолгоо болдог. Ингэснээрээ бид түүний аюулгүй байдлыг ч давхар хянаж араас нь мөрдөж байгаа эсэхийг шалгадаг юм. Одоо ч мөн тийм л ажиллагаа явагдана. ГРУ-гийн даргын тушаалаар энэхүү хяналтын ажиллагааг чамд даалгахаар болсон. Чамд зориулж зочид буудалд өрөө захиалсан байгаа. Хоёр хоногийн турш маш хүчтэй хангалтын бүлгийн хамт шалгах ажиллагаа явуулна. Австриар хөндлөн гулдгүй яваад машинаа Инсбрукт орхиод өөрөө уусаж алга болно биз. Тэгээд Венад яг л хий үзэгдэл шиг буцаж ир. Тэгээд дахин нягтлан шалгаад зоогийн газрын хаалгаар зочид буудал уруу орж хэнд ч анзаарагдалгүй дээш гараарай. Чамд татдаг дурантай «Минокс» өгнө. Аппарат «Микрат 93 Щит» гэрэл зургийн хальсаар цэнэглэгдсэн байгаа. Хальс нь төөрөгдүүлэх болон жинхэнэ гэсэн хоёр давхаргатай. Төөрөгдүүлэх давхарга дээр нь австрийн цэргийн нисэх буудлуудын зураг дараастай байгаа. Жинхэнэ давхаргыг нь чи ажиллагаандаа ашиглана. Хэрэв чамайг баривчлах юм бол хальсыг аппаратаас суга татан авч гэрэлд цохиулахыг хичээгээрэй. Хэрэв тэгж амжихгүй бол тэд хальсыг угааж нисэх буудлуудын зургийг үзэж чадна. Гэхдээ тэр зургийг угааж тодруулах явцад жинхэнэ давхарга устана. Тэд чамайг жижиг тагнуулын ажиллагаа явуулсан гэж л бодно биз. Бүгд ойлгомжтой юу?
— Тийм.
— Тэгвэл цааш нь сонс. Найз яг тогтсон цагт гутлын дэлгүүрийн шилэн хоргоны дэргэд гарч ирнэ. Чи түүнээс арван найман метр өндөрт, зуун метр алсад байх болно. Найзыг гарч ирэхээр зургийг нь авах хэрэгтэй. Тэр хэн байхыг би мэдэхгүй. Эрэгтэй хүний хувцас өмссөн эмэгтэй ч байж магадгүй. Эмэгтэй хүний хувцас өмссөн эрэгтэй ч байж магадгүй. Хиртэй хувцастай, даахирсан үстэй хүн гараад ирсэн ч аягүйрхэх хэрэггүй, ажлын шаардлагаар тийм байсан нь бараг дээр. Түүнийг гарч ирэхээс хагас цагийн өмнөөс эхлээд сэжигтэй санагдсан бүхий л үйл хөдөлгөөний зургийн авах хэрэгтэй. Түүнийг хэрхэн таних вэ? Тэр яг тогтоосон цагт, тогтоосон газарт гарч ирнэ. Баруун гартаа хуйлсан сонин барьснаар нь түүнийг таньж болно, бас бүх юм хэвийн байгаагийн тэмдэг. Харин тэр сониноо зүүн гартаа барьсан бол аюулын дохио. Найз уулзахаар ирнэ. Харин бид түүнтэй уулзах эсэхийг тэр мэдэхгүй. Харин тэр цагдаагийн хяналтад байгаа бол уулзалтыг болиулж чадна. Ингэснээрээ тэр манай офицерыг, өөрийгөө ч аварч буй хэрэг. Хэрэв тэр цагдаагийн хараанд орсон бол бид түүний ашиг сонирхлыг бодолцон үзэж уулзалтуудаа цөөлөх болно. Таван минут хүлээгээд хэн ч ирэхгүй бол Найз яваад өгөх бөгөөд дараа бидний шаардсан цагт дахин гарч ирнэ. Тэр нь арван жилийн дараа, энэхүү гаригийн нөгөө талд ч байж магадгүй. Тэр үед ч бас бид түүнтэй уулзахгүйгээр шалгаад явуулж ч магад. Ойлгомжгүй зүйл байна уу?
— Бүгд ойлгомжтой.
— Эцэст нь нэмж хэлэх зүйл бас байна. Ажиллагаа явуулах газар, цагийг би яг эхлэхийн өмнө чамд гэнэт мэдэгдэх болно. Одоо ажиллагаа эхлэх хүртэл чи ямар ч гадаад хүнтэй харьцах эрхгүй. Гарцаагүй харьцах болбол заавал надад биечлэн илтгэ. Энэ хэргийн тухай хэн ч, тэр бүү хэл нэгдүгээр нууц түлхүүр ч мэдэхгүй. Ирсэн мэдээ миний хувийн нууц түлхүүрээр уншигдахаар бичигдсэн байгаа. Ажиллагаа эхлэхийн өмнө миний чамд өгөх гэрэл зургийн аппаратаас өөр ямар ч аппарат буудлын өрөөнд чамд байх ёсгүй. Илүү аппарат байвал чи толгойгоороо хариуцах болно. «Минокстой» болгоомжтой харьцаарай. Тэр аппаратыг Аквариумд хальсаар цэнэглээд лацадсан байгаа. Лац нь бараг харагдахгүй. Тэр лацыг эвдсэн байгаад үзээрэй. Найзын харагдах дүр төрхийг чи хэнд ч, надад ч хэлэх эрхгүй шүү. Лацадсан «Минокс» дипломат шуудангаар Аквариум уруу явж тэнд тусгай аргаар хальсыг угааж дүрсийг тодруулах болно. Бүгдийг ойлгов уу?
— Бүгдийг ойлголоо.
— Тэгвэл эхнээс авахуулаад бүгдийг нь давтаад хэл.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.03.11 2:39 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
2

Зочид буудлын энэ өрөөг ажлаа тун сайн мэддэг хүн сонгожээ. Би энэ булангийн өрөөнөөс шууд гурван гудамжийг зэрэг хараандаа байлгаж чадна. Тэр нөгөө гутлын дэлгүүр байна. Ойр орчмын гудамжнуудаар бараг ямар ч хөл хөдөлгөөн алга. Найз иртэл гурван цаг арван минутын хугацаа байна.
Хэн нэг нь намайг хэрэгтэй бүхнээр хангах гэж их л санаа тавьжээ. «Миноксын» гар чийдэнгийн зай шиг авсаархан дуран, «Карл Цейс. Иена» хэмээх хоёр нүдний том дуран, «Омега» секунд хэмжигч, гэрэл зургийн аппаратын гэрлийн шүүлтүүрүүд, хотын газрын зураг, дүүрэн кофетой халуун сав бүгдийг бэлджээ. Харин «Минокс» миний гарт байна.
Бяцхан товчлуурууд болон нүдлүүр бүхий жижигхэн гялгар төмөр хайрцаг. Бүх тагнуулын албад «Миноксыг» бүр хагас зуун жил хэрэглэж байна. Филби зөвлөлтийн тагнуулын албадын ашиг сонирхлын дагуу британийн тагнуулчдын эсрэг ажиллахдаа «Миноксыг» ашиглаж байсан. Хурандаа Пеньковский ч мөн британийн тагнуулын албадын ашиг сонирхлын дагуу зөвлөлтийн тагнуулчдын эсрэг ажиллахдаа «Миноксыг» хэрэглэж байсан. Тэр жижигхэн, авсаархан «Минокс» аппарат одоо миний алган дээр байна. Дуранг нь угсарч аппаратаар шагайн зайг тохирууллаа. Ийм жижиг аппаратын хувьд зуун метр бол хол зай. Гар жаахан чичрэхэд л зургийн чанар алдагдаж, балархай болно. Уг нь «Миноксыг» алсаас зураг авахад биш харин бичиг баримыг ширээн дээр дэлгэн зургийг нь хальсанд буулгахад зориулан бүтээсэн юм.
Цаг хугацаа залхуутай удаан өнгөрнө. Халуун савны таган аяганаас нарийхан уур суунаглах нь Неаполь хотын дээрх Везувийн галт уул мэт харагдана. Нэгэн махлаг эмэгтэй байшингаас гаран гудамжаар уруудлаа. Шуудан зөөгч унадаг дугуйныхаа хонхыг жингэнүүлэн өнгөрөв. Сонирхоод байх зүйл одоогоор алга. Дахиад л хэсэг зуур нам гүм болов. Гудамжаар хар «мерседес» явж байна. Арын суудалд нь олон олбог жинтүүн дунд нэгэн нэлэмгэр цагаан хувцастай эрхэм тухалжээ. Олон улсын хурал зөвлөгөөн дээр ядуу орны элч төлөөлөгч баян орнуудаас мөнгө шаардахаар явж байгаа нь энэ. Баян орнуудын дипломатчид ч мөн хурал зөвлөгөөнд ирдэг юм. Гэхдээ тэдний хөлөглөдөг машин эд нарынхаас хамаагүй даруухан. Баян болон ядуу орнуудын ялгаа ирээдүйд улам ихсэх нь харагдаж байна гэж мэргэжилтнүүд ярьцгаадаг. Тэрхүү ялгаа гэдэг нь ядуу орнуудын дипломатчид зөвхөн «роллс-ройс» унаж, харин баян орнуудын дипломатчид улам бүр нарийлан унадаг дугуйгаар явдаг болохыг хэлсэн хэрэг байх л даа.
Секунд хэмжигчийн нарийхан зүү залхуутай удаан эргэлдэх ажээ. Дахиад нэг бүдүүн эмэгтэй явж байна. Бас нэг бүдгэрүүлсэн шилтэй том хар машин өнгөрлөө. Хөөрхий ядуу орныхон дахиад л тусламж гуйхаар явж байгаа биз. «Цейс» дурангаараа гудамжийг дахин нэг нягтлан харлаа. Юуг ч өнгөрөөж болохгүй, энэ хэдхэн машины дугаар, хүмүүсийн зүс царайг тогтоох хэрэгтэй. Гудамжинд гарч буй хөдөлгөөн бүрийг, өчүүхэн жижиг өөрчлөлт бүрийг тогтоох хэрэгтэй. «Минокс» маань яг л танкийн цамхаг дээрх пулемёт шиг сойлттой, ажиллагаанд байнга бэлэн байна. Сэжигтэй бүхнийг хальсанд буулгах учиртай. «Миноксын» хальсанд зураг нэг бүр тун өчүүхэн зай эзэлдэг юм. Ийм учраас богинохон хальсан дээр маш олон зураг багтаан авч болно. Үгүй, энэ юу вэ?
Юу болоод байна вэ?! Би чухам юу болохыг нь бүрэн ухаарч амжаагүй ч ямар нэг аймшигтай бөгөөд засаж болшгүй зүйл болоод байгааг мэдэрлээ. Гудамжинд ганган улаан «ситроен» ирж зогслоо. Бага Эзний машин байна. Би энэ машиныг мянган машины дундаас ч танина. Машинаас нэгэн бүсгүй бууж ирээд Бага Эзэн рүү тонгойн түүнийг үнсэв. Яг энэ торгон агшинг миний бяцхан «Минокс» хальсанд буулгаж орхив. Хүүхэн спорт загварын «фиат» машинд суугаад яваад өглөө.
Би сандлын түшлэг налан уруулаа хазлан суулаа. Мэдээж, энэ эмэгтэй Бага Эзний эхнэр биш, бас нууц туршуул ч биш. Түүний эхнэрийг би танина. Явагдаж буй бүх ажиллагааны болж байгаа газар, цагийг Удирдагч мэдэх тул тэрээр одоо энэ хавьд ямар нэг ажиллагаа явуулахыг хориглосон байх ёстой. Тэгэхлээр ГРУ дахин намайг шалгаж байгаа байх нь. Тэд намайг энэ новшийн өрөөнд суулгаад инээдмийн жүжиг тавьж байна. Одоо тэд өөрийн хүндэтгэж явдаг хүнийхээ хийсэн гэмт явдлыг илтгэх нь үү, эсвэл нуугаад өнгөрөх нь үү гэдгийг хүлээн харж байгаа. Намайг агшин зуур ч болов эргэлзэж тээнэгэлзэх нь үү эсвэл шууд зураг дарах нь уу гэдгийг мэдэх гэж л зургийн аппарат өгсөн байж таарлаа. Мөн авсан зургуудыг үзээд миний гар чичирч байсан уу, үгүй юү гэдгийг ч мэдэж болно.
Гэхдээ бас нэг боломж үлдэж байна. Эдгээр нам жим гудамжууд нь нууц уулзалтад бүх талаараа тохирно. Намайг энд, зургадугаар давхарт, зузаан хөшигний ард сууж байгаа гэдгийг тун цөөн хүн мэднэ. Хэрэв тэр энэхүү ажиллагаанд биечлэн оролцоогүй бол намайг энд байгаа тухай мэдээгүй байж болно. Бага Эзэн ба түүний нууц амраг. Америк хүүхэн үү? Англи бүсгүй юү?
Гадаад хүүхэн гэдэг нь тодорхой байна. Зөвлөлтийн хүүхнүүд хилийн чанадад машин унадаггүй. Тэр тусмаа спорт загварын машин бол бүр ч унахгүй. Энэ хүүхэн яагаад ийм машинтай байна вэ? Манайд бүх машин зөвлөлт засгийнх бөгөөд зөвхөн төрийн хүч чадлыг хямгадан гамнаж, өсгөн арвижуулж буй тэр хүмүүс л машин унадаг юм. Хэрэв энэ явдал шалгалт ч биш, инээдмийн жүжиг ч биш бол Бага Эзэн өнгөрөх нь тэр. Сүйрэл. Дамжлага. Маш таагүй төгсгөл бүхий бүрэн дамжлага. Гэхдээ энэ бүгд шалгалт байж ч бас болох талтай. Бид бүхнийг өчнөөн л олон янзаар шалгадаг шүү дээ. Тэгэхлээр би яг л шалгуулж байгаа мэт ажиллах хэрэгтэй. Түргэн бөгөөд шийдмэг. Миний хоосон харц эль хуль гудамжаар хэсүүчилнэ. Гудамжны амгалан тайван байдлыг эвдэх хэн ч алга. Зөвхөн гартаа сонин барьсан нэг бээцгэр этгээд гутлын дэлгүүрийн үзмэрийн цонх уруу гөлрөн зогсох нь харагдана. Хүн гуай, чи тэнд юугаа алмайран ширтээ вэ?
Сандлын түшлэг налан гэдийж адар ширтэн бодлогошров. Тэгснээ гэнэт халуун савтай кофег унагаан, огло үсрэн босож «Миноксоо» шүүрч аван галзуурсан мэт зураг дарж гарлаа. Энэ ӨНӨӨХ чинь байна! Чөтгөр гэж, энэ нөгөө НАЙЗ байна! Чаг, чаг хийлгэн, дахин дахин дарлаа. Хурандаа генерал Мещеряковыг бүх найзуудынх нь хамт, Бага Эзнийг нууц амрагтай цуг чөтгөр аваасай. Хүлээх болзсон цаг өнгөрчээ. Найз гартаа барьсан сониноо хогийн сав уруу дурамжхан шидээд булан тойроод яваад өглөө.
Авсан зургийн чанар хангалтгүй бол миний сэтгэл хэр цочирдсоныг харуулах болно. Бага Эзнийг барьж өгөхийг хүсээгүй, эргэлзэж тээнэгэлзсэн гэдгийг бүхэнд харуулах баримт болон үлдэнэ.
Би босоод аппаратын дуранг салгаж, халуун сав, хоёр нүдний дуран, аппаратын дуранг нийлүүлж боогоод хайрцагт хийн орхилоо. Намайг гарсны дараа хэн нэг нь ирж хайрцагтайг авах болно. «Миноксоо» зүүн гартаа атгав. Ингэвэл баривчлагдах тохиолдолд хальсыг суга татан хаяхад дөхөмтэй байх болно. Ээ хөөрхий, намайг баривчилчихдаг ч болоосой. Эсвэл цагдаа нар надад халдсан болгож жүжиглэдэг ч юм билүү? Үгүй ээ, ингэж болохгүй. Ерөнхий консул цагдаагийн газар уруу утасдаад хэн ч надад халдаагүй болохыг дор нь мэдэж орхино. Тэгвэл намайг дамжлага уруу явуулна.
Гадаа гарч ирэхэд нүд гялбам хурц нар гийж байлаа. Үгүй ээ. Энэхүү баяр баясгалантай ертөнцийн бүх зүйл тийм муу байж таарахгүй. Энэ ердийн л нэг шалгалт байсан байх. Би ч баарсангүй. Академид үүнээс хэцүү шалгалтуудыг давж л явлаа. Бидний хамгийн ойр дотнын хүмүүсийн амь, амьдрал жингийн тавган дээр тавигддаг байсан. Харин тэр нь манай дарга нарын зүгээс тавьсан инээдмийн жүжиг болох нь сүүлд тодорхой болдог байсан. Олон ч хүн үүнийг тэсэж чадалгүй хөөгдсөн дөө.
Би бол тэссээн. Харин өчүүхэн төдий эргэлзэхийг өршөөдөг байсан. Ямартаа ч бид чинь хүн шүү дээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.03.11 6:34 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
Минокс аппарат:
Image


Top
   
PostPosted: Mar.04.11 12:23 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
3

— Найз хаанаас гарч ирсэн бэ?
Би худлаа хэлэх үү, байх уу гэж хоромхон зуур эргэлзэв.
— Би хараагүй, нөхөр генерал.
— Чамд секунд хэмжигчтэй нарийн цаг байсан. Найз яг цагтаа гарч ирээгүй хэрэг үү?
Би дуугарсангүй.
— Чи юунд ингэтлээ алмайрчихаа вэ? Ямар нэг сэжигтэй, ойлгомжгүй, тайлбарлаж болшгүй зүйл болоо юу? Чи яагаад байж ядаад байна вэ?
— Таны нэгдүгээр орлогч…
Түүний нүдэнд гүн түгшүүр тодров.
— …Найз гарч ирэхээс арван хоёр минутын өмнө, уулзалт болох газар таны нэгдүгээр орлогч нэг хүүхэнтэй хамт байсан.
Тэр гараа бүр цайтал нь нударгаа зангидав. Нүүр нь цонхийн дуугаа хурааж намайг нэвт хана уруу гөлрөв. Тэгснээ тэр аяархан бөгөөд тайвнаар:
— Мэдээж, чи тэрний зургийг авч амжаагүй л биз дээ…
Тэр асууж байна уу эсвэл өөрийн дотроо бодсоноо баталж лавлаад байна уу гэдгийг ойлгоход хүнд байлаа. Эсвэл бүр заналхийлж байж ч болох юм.
— Амжсан…
би түүний нүд рүү эгцлэн ширтэхээс эмээн доош харлаа. Цаг урагшлахыг хүсэхгүй байх мэт удаан өнгөрч ханын цаг чаг, чаг, чаг хэмээн дуртай дургүй дуугарна.
— Одоо яах вэ?
— Мэдэхгүй, — би мөрөө хавчлаа.
— Одоо яах вэ?! — тэр шүлсээ миний нүүр рүү үсчүүлэн гараараа ширээ шааж «ОДОО ЯАХ ВЭ?!» гэж хашгирав.
— Нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэе! — гэж би гэнэт шар хөдлөн чанга хэлээд тавьчихав.
Миний хашгираан түүнийг сэхээрүүлэн тайвшруулав. Тэр гэнэтийн хүнд зовлонд барьц алдсан ердийн л нэг өвгөн. Тэр хэдий хүчтэй, чанга хатуу ч манай систем илүү хүчтэй.
Систем бид бүхнээс хүчтэй, асар хүчирхэг. Түүний энэрэхийг үл мэдэх балт сүхний ирэнд бидний хэн нь ч өртөж болно. Тэрээр дуугүй гөлрөн хэсэг суулаа.
— Витя, хурандаа Мороз жаран дөрвөн онд цаазаар авахуулах ялаас намайг аварсан юм. Түүнээс хойш би түүнийг бүх дэлхий даяар хаа явсан газраа өөртэйгөө хамт чирч яваа юм. Мороз олон хүүхнүүдийн толгой эргүүлдэг байсан. Ямар сайхан хүүхнүүд байсан гээч! Ай хөөрхий, амьдрал аа гэж. Тэр хүүхнүүддээ Мороз хайртай байсан, нөгөөдүүл нь ч түүнд хайртай гэж жигтэйхэн. Түүний энэ явдлыг, хот бүхэнд нууц амрагтай гэдгийг нь би мэддэг байсан ч уучилсаар ирсэн. Хэзээ нэг цагт баригдана гэдгийг нь ч би мэдэж байсан. Энэ Австрид үүнийг хэрхэн нуух билээ? За яах вэ. Бид хоёулхнаа нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулж дөнгөх үү?
— Дөнгөнө.
— Шүүгээнээс тариур ав.
— Авлаа.
Тэр ширээн дээрх товчлуурыг дарлаа.
— Нэгдүгээр нууц түлхүүрч.
— Би, нөхөр генерал.
— Нэгдүгээр орлогчийг над дээр.
— Гүйцэтгэе.
— Суу, — гэж Захирагч ядрангуй маягтай дуугарав. Өөрөө ширээнийхээ ард, зүүн гараа ширээн дээрээ тавьж, баруун гараа ширээнийхээ нүдэнд шургуулан суугаад хөшиж орхилоо. Харин би Бага Эзний сууж буй түшлэгтэй сандлын ард зогсоно. Ширээний шургуулгад буй захирагчийн гар Бага Эзэнд бүхнийг ойлгуулав. Харин миний энд байгаа нь би түүнийг ямар нэг байдлаар шалгаж, дараа нь матсан гэсэн үг. Тэр бүх үе мөчөө нужигнатал суниагаад тайвнаар хоёр гараа нуруундаа, сандлын түшлэгийн ард зөрүүлэв. Тэрээр энэ тоглоомын дүрмийг сайн мэднэ. Би түүний хоёр гарыг гавлав. Бага Эзний хослолын ханцуйг болгоомжтой дээш сөхөж ханцуйн алтан тээглүүр товчийг авч бугалгыг нь гаргалаа. Хараа зүйн багаж цэвэрлэдэг нимгэн цагаан алчуурыг ногоон лонхтой арцны архиар норгон тариа хийх хэсгийн арьсыг арчлаа. Тэгээд дотроо тарилгын бага зэрэг сүүмгэр шингэнтэй тариурыг задлав. Арьсан доорх тариаг маш болгоомжтой зөөлөн шахаж хийх хэрэгтэй. Тариурын зүүг сугалан тариа хийсэн газраа арцны архиар норгосон алчуураар дахин арчлаа.
Удирдагч толгойгоороо дохин намайг явахыг тушаав. Би түүний албан өрөөнөөс гарч хаалга хаах зуураа огт сэтгэл хөдөлсөн шинжгүй:
— За, яриад бай… гэж хэлэхийг хальт сонслоо.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.18.13 12:17 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Mar.05.11 1:39 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
4

Миний бие муу байна. Бүр маш муу байна.
Өмнө нь би хэзээ ч өвдөж байгаагүй. Зөвхөн сул дорой хүмүүс л өвддөг юм. Тэд л өөрсдөдөө мянга түмэн өвчин зохиож, цагаа дэмий үрцгээдэг юм. Сул дорой хүмүүс л толгой өвдөх, ухаан алдах, ядарч сулбайх, сэтгэлээр унах гэх мэт дэмий зүйлсээр өөрсдийгөө зовоодог. Харин ийм зүйлс хэрэг дээрээ бол огт байдаггүй. Зөвхөн сул дорой хүмүүсийн гэнэн төсөөлөлд л иймэрхүү зүйлс оршдог. Би хүчтэй, чанга хатуу нэгэн биш, байх ёстойгоороо байгаа жирийн л хүн. Харин жирийн хүн толгой өвдөх, зүрхээр хатгах, сэтгэл хямрах гэдгийг мэддэггүй юм. Би хэзээ ч өвдөж, уйлагнан гонгинож, хүний гар харж байгаагүй.
Гэвч өнөөдөр миний бие аймшигтай гуниглан шаналж байна. Үхлийн шаналал. Хэн нэгэнд халдчих вий дээ!
Би нэгэн жижигхэн шар айргийн газрын харанхуй мухарт, шархадсан чоно шиг сууж байна. Миний тохойлдон сууж байгаа ширээг тоонолжин цагаан судалтай шинэхэн улаан бүтээлгээр бүтээжээ. Цэвэрхэн том аягатай шар айраг нь шарз архины өнгөтэй юм. Харваас тансаг сайхан амттай байх. Гэвч би амтыг нь үл мэдэрнэ. Шар айргийн аяга нь бөөрөн дээрээ бамбай барин хойд хоёр хөл дээрээ зогссон хос арслангийн дүрстэй ажээ. Ягаан хэлээ унжуулсан арслан нь ч тэр, бамбай нь ч тэр гоё сайхан юм. Ирвэс, шилүүс, гэрийн муур гээд бүх төрлийн муужгайд би дуртай. Шар айргийн аяган дээр байгаа тэр арслангуудад ч бас дуртай. Муур, бүр гэрийн муур ч тэр, цэвэрхэн бөгөөд хүчтэй сайхан амьтан. Муурнууд эрх дураараа байдлаараа нохдоос ялгаатай. Мөн тэд хэчнээн уян хатан гээч! Хүмүүс бид яагаад мигуйн төрлийнхөнд мэхийн ёсолдоггүй юм бол?
Танхимд буй хүмүүс тун ч хөгжилтэй байна. Нэг нэгэн рүүгээ инээмсэглэж байхыг бодвол тэд бүгд бие биенээ таньдаг биз. Миний өөдөөс харсан ширээнд өдтэй бүрх малгай өмссөн, өвдгөөр татсан мөрөвчтэй савхин өмдтэй хүдэр чийрэг дөрвөн эр сууж байна. Улбар шар сахалтай, мундаг том эрчүүл хоосон аяга тавих зайгүй болтол ширээ дүүрэн аягатай шар айраг өрөөд инээлдэх аж. Юунд ярзайтлаа инээцгээнэ вэ, та нар? Чөтгөр гэж, тэр дөрвийн нударга гэж яг л манай хуучин хороон захирагчийн гар шиг, шар айргийн аяга шиг том юм.
Тэдэн рүү ухасхийн дайрдаг ч юм билүү? Тэдний гарт үхье. Царс модон сандлаар эсвэл шар айргийн аягаараа миний толгойг хага цохино л биз. Гэхдээ тэд алахгүй л дээ. Танхимаас чирч гаргаад цаглаа дуудах байх. Харин цагдаа нар уруу довтолж болох л юм даа. Эсвэл удахгүй Брежнев, Картер нар уулзалт хийхээр Венад ирэхийг хүлээж байгаад Брежнев рүү довтлох уу? Тэгвэл ч ёстой намайг ална даа.
Гэхдээ цагдаа нарын эсвэл Брежневийн нууц хамгаалагчдын гарт үхэх тийм сонин гэж үү? Харин энэ сайхан сэтгэлтэй, хүчтэй хүмүүсийн гарт үхэх бол огт өөр хэрэг.
Харин тэд бүгдээрээ инээлдэцгээнэ.
Би хэзээ ч, хэнд ч атаархаж яваагүй. Гэвч одоо хар хорын эрээн могой миний сэтгэл дотор гулсан орж ирж байх шиг. Ийм өдтэй бүрх, өвдгөөр татсан савхин өмд өмсөөд сууж байсан ч болоосой. Том аягатай шар айраг бол надад байна аа. Бүрэн дүүрэн аз жаргалтай байхад хүнд өөр юу хэрэгтэй юм бэ?
Харин тэд бүр элгээ хөштөл инээлдэж байна. Нэг нь инээсээр байгаад амьсгаа ч авч чадахаа болин эвхэрч харагдана. Нөгөөх нь бас л инээн хөөстэй шар айраг бялхсан аягаа барин бүр босоод ирлээ. Би түүний нүд рүү ширтэв.
Миний харцанд ямар гажууд зүйл байсныг би мэдэхгүй, гэхдээ л тэр дөрвийн ахмад нь болох тэр бадриун австри надтай харц мөргөлдөх эгшинд тэр дороо дуугаа хурааж, нүүрэн дэх инээмсэглэл нь арчсан мэт алга болов. Тэр ч над уруу анхааралтай бөгөөд удаан ширтэв. Түүний харц тун зоримог бөгөөд хурц юм. Намайг харан уруулаа жимийн, толгойгоо бага зэрэг гилжийлгэлээ.
Миний харцнаас үхлийн жаврыг мэдэрсэн үү, эсвэл би одоо өөрийгөө оршуулж байна гэж төсөөлсөн үү, миний тухай юу гэж бодсоныг нь мэдэх юм алга. Ямартаа ч тэр хүдэр эр надтай харц мөргөлдсөнөөс хойш барайж орхилоо. Түүний хамт суугаа хүмүүс бүгд хөхрөлдөнө. Аз жаргалтай хүмүүс аяга тагш юм уун цэнгэлдэж байхад өнөөх австри эр шал ширтэн дүнсийжээ. Би бүр түүнийг өрөвдөж орхилоо. Тэр хүний цэнгэлтэй үдшийг зовлонт харцаараа гутаачих ч гэж дээ.
Тэгж тэгж тэд босоод гарах хаалга уруу зүглэцгээлээ. Нөгөө хамгийн биерхүү эр сүүлд нь явна. Тэрээр хаалганы дэргэд түр зогсож над уруу духаараа харж байснаа бүхий л аварга биеэрээ тэмүүлэн миний ширээ рүү зүглэв. Яг л эрчлэн ирж буй танк шиг сүртэй байлаа. Миний эрүү, шүдээ үйртэл цохиулахаа мэдрэн татвас хийлээ. Харин айх юм огтхон ч алга. Чиний сайхан үдшийг гутаасны төлөө цохь, австри эр минь. Манайд бол үүний төлөө хоншоор дундуур өгчилгөх нь гарцаагүй. Тийм заншилтай юм чинь. Тэрээр аварга том биеэрээ гэрэл халхлан зогслоо. Цохиоч, австри эр минь! Би эсэргүүцэхгүй, бүү өрөвд! Түүний лантуу шиг хүнд гар миний зүүн мөрөн дээр аяархан бууж, миний дал мөрийг алгадлаа. Тэгээд тэр гараа над уруу сарвайв. Би баруун гараараа түүний гарыг талархан атгалаа. Яагаад ч юм бэ, би түүний нүд рүү харж чадсангүй толгойгоо бөхийлгөв. Харин тэр гарах хаалгыг чиглэн эргэж харсангүй явж одлоо. Харийн хүн, харь гаригийн амьтан.
Ямартаа ч тэр чинь хүн шүү дээ. Сайн хүн. Надаас зуу дахин сайхан сэтгэлтэй хүн юм.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.05.11 4:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
5

Би яагаад байна вэ? Юу өөрчлөгдөөд хувирчихав? Гэнэт хамаагүй дээрдлээ. Шар айраг ууснаас болоод тэр үү? Балрахын даваан дээр буй миний мөрийг эвэр ургасан бахим гараараа алгадсан тэр бадриун австри эр ингэж нөлөөлөв үү? Ингэхэд ер нь би яасан билээ? Яагаад миний хувьд гэрэлт хорвоо гэнэт бүүдийх болов? Өнөө сул дорой хүмүүсийг амар заяа үзүүлэхгүй мэрдэг хүн чанар гэдэг нь энэ үү? Мэдээж, үгүй. Намайг зовоогоод байх хүн чанар надад байхгүй. Тэгээд яагаад шаналаад байна вэ? Бага Эзнийг барьж өглөө гэж үү? Тэр бол сайн хүн. Гэвч би түүнийг биш юмаа гэхэд тэр намайг дамжлага уруу түлхэх л байсан. Манай ажил ийм л юм чинь.
Бага Эзнийг барьж өгснөөр би ГРУ-г элдэв болзошгүй тохиолдлоос хамгаалсан хэрэг. Төв Хорооны Кир ийм зүйлсийн төлөө баярлалаа л гэж хэлнэ. Бага Эзнийг авч яваад оронд нь шинийг л илгээнэ. Үүнээс болж сэтгэлээр унах гэж үү? Хэрэв хүн бүр өөрийн сэтгэлийн хөдөлгөөнд захирагддаг байсан бол манай тогтолцоо хэдийн тэр чигээрээ нураад уначих байсан. Харин тэр улам бүр батжин бэхжиж байна. Сул дорой зан гаргасан хэнийг ч бол үтэр түргэн хөөж орхидог тулдаа л манай тогтолцоо ийм хүчтэй байгаа юм. Сэтгэлээ дагасан хэнийг ч бол зайлуулдаг юм.
Харин би сул дорой байдал гаргасан гэдэг нь эргэлзээгүй. Үүнийг хэн нэг нь харсан ч байж магадгүй л юм. Миний гаслан, шаналж байгаа нь хөндлөнгөөс харахад л тодорхой байсан нь ойлгомжтой. Золгүй амьтны царай гарган, гараа унжуулж, харц нь бөхсөн явбал хэн ч хараад мэднэ. Хэрэв тэр австри эр шууд хараад л ойлгосон бол намайг мөрдөж буй туршлагатай тагнуулч үүнийг аль хэдийн мэдсэн байх нь тодорхой юм.
Бага Эзнийг нүүлгэн шилжүүлсний дараа Дөчин Нэг өөрийгөө хэрхэн эзэмдэж байна вэ, үлбэгэр дорой байдал гаргах нь уу, үгүй гэдгийг тандуулахаар Удирдагч миний араас туршуул тавьсан байж тун ч магадгүй.
Ямартаа ч би өөрчлөгдөж, хэдэн цаг өөрийгөө хянаж чадахаа байсан. Хэрэв Удирдагч энэ тухай мэдсэн бол өнөө шөнө намайг нүүлгэн шилжүүлэх нь гарцаагүй. Дараагийн онгоц гурав хоногийн дараа ниснэ. Тэр хүртэл намайг гэрэл зургийн харанхуй лабораторид байлгах болно. Харин өнөө шөнө намайг заавал тийш нь аваачих байх. Хянах багаж нь заримдаа гацдаг ердийн нэг онгоцыг хүртэл нислэгээс шууд хасдаг. Харин хяналтаа алдсан тагнуулч маш аюултай тул нэн даруй зайлуулах ёстой.
Шар айргийн газраас гараад би өөрийн машин уруугаа явлаа. Хэрэв араас мөрдөж буй эсэхийг мэдэхийг хүсвэл огт юу ч болоогүй дүр үзүүлэх хэрэгтэй. Үргэлж газар ширтэж, мөрдөж буй хүмүүсийг тайвшруулах нь зөв. Тайвширвал тэд алдаа гарган чи тэднийг олж харж чадна. Би машин барьж явахдаа мэргэжлийн дагуу урагшаа харахаасаа илүү голын толиндоо ар талаа хардаг болсоор удаж байна. Гэхдээ одоо бол тэгэхгүй. Одоо би мөрдөж буй хүмүүст аль болох боломж олгон сэрэмжийг нь алдуулж тэднийг тайвшруулах хэрэгтэй. Машинаа барин булан тохой тойролгүй, элдэв шид үзүүлэлгүй, чигээрээ, жигдхэн явлаа.
Дунай мөрний хөвөө дагасаар гүүрээр гарч дахин эргийн замаар цааш явлаа. Яаралгүй, аль нэг тийш эргэлгүйгээр төмөр замын далангаас зайгаа барьсаар урагшлан хотын төвийг тойрон олон машин битүү хөврөх өргөн гудамж уруу оров. Олон машинтай том зам дээр мөрдөж буй хүнд таатай, харин мөрдүүлж буй хүнд мөрдөгсдийг олж харахад хэцүү байдаг юм. Schwedenplats-аас Aspernplats-ыг зүглэв. Харин эндээс эхний уулзвараар зүүн тийш огцом эргэн Hauptpost-ын хажуугаар гарч дахин баруун тийш эргэх хэрэгтэй. Тэнд гэрлэн дохио байдгийг би мэднэ. Харин миний араас мөрдөж буй хүн мэдэх болов уу?
Хэрэв намайг мөрдөж байгаа бол тэр огцом эргэн миний араас дагана, эсвэл намайг алдана. Харин зэргэлдээ гудамжаар орж намайг гүйцэж түрүүлэх боломжгүй. Энэ хавийг би гарынхаа арван хуруу шиг сайн мэднэ. Бүх зам харгуйг нь би аль хэдийн нүхэлж орхисон юм.
Нарийхан тахир гудамжинд гэрлэн дохионы дор би ганцаар зогсож байна. За, алив, эргэлтийн цаанаас хэн миний араас цойлон гарч ирэх нь вэ? Хэдхэн хормын дараа ногоон гэрэл асна. Уулзвараас нэгэн саарал өнгөтэй ямбий «форд» машин дүүлэн гарч ирээд тоормосоо чахруулан зогсов. Залуу жолооч нь булангийн цаана гэрлэн дохио байдгийг мэдсэнгүй. Гэрлэн дохионы дор би түүнийг хүлээгээд зогсож байна ч гэж тэр бодсонгүй. Ногоон гэрэл асаж, би аажим хөдөллөө. Машины голын толинд харагдаж буй энэ нүдний шилтийг би сайн танина. Машин нь хэдийгээр дипломат дугааргүй ч чи зөвлөлтийн дипломат гэдгийг би мэднэ. Европын зэвсэглэлийг хорогдуулах чуулган дээр би чамайг харсан. Харин чамайг манай сүргийнх гэж бодоогүй юм байна. Би чамайг цэвэрхэн гэж бодсон, харин чи ажлын цагаар хотоор юу шиншилж явна вэ? Яах гэж булангийн цаанаас галзуу мэт хурдлан гарч ирээ вэ? Чамайг торгож орхино шүү дээ!
Харин одоо надад яарах юм алга. Юу ч анзаараагүй, хэнэггүй царайлан мөрөө хөөлөө. «Форд» дахиад гарч ирэхгүй. Гарч ирж ч магадгүй, гэхдээ би түүнийг илрүүлэх гэж дахин оролдохгүй. Нэг удаа харахад л надад хангалттай. Намайг мөрдөж байна гэдэгт дуслын төдий ч эргэлзэх юм алга.
Одоо «фордын» жолооч би түүнийг таньсан болов уу, үгүй болов уу гэж тархиа гашилгаж яваа. Намайг учраа мэдэхээ болтол самгардчихсан яваа учраас өөрийг нь анзаараагүй байх гэж сэтгэлээ тайвшруулж байгаа нь ч мэдээж хэрэг.
Удирдагч миний хойноос хэдэн машин тавьсан бол гэдэг нь сонирхолтой юм. Нэг биш гэдэг нь тодорхой. Хэрэв миний араас зөвхөн ганц машин мөрдөж байсан бол машин дотор доод тал нь хоёр хүн байх ёстой. Харин тэр ганцаараа байна гэдэг хэд хэдэн машин дагаж буйн шинж. Энэ бол хэнд ч тодорхой зүйл. Харин мөрдөлт бол зөвхөн нүүлгэн шилжүүлэлтээр л төгсөж болно.
ГРУ-гийн удирдлагыг ч бас ойлгох хэрэгтэй. Хэрэв хэн нэг нь аар саар зүйлээс болж биеэ хянах чадвараа алдаж байгаа бол ирээдүйд ч хамгийн хариуцлагатай үед мөн тэгнэ гэсэн үг. Тэр өмнө ч бас хяналтаа алдаж, дайсны тагнуулын байгууллагуудад ашиглагдаж байсан ч юм билүү?
Намайг өнөө шөнө баривчилна. Хэрэв би Удирдагчийн оронд байсан бол бас л тэгэх байсан. Нэгдүгээрт: Болсон явдлын дараа шууд араас нь мөрдлөгө зохион байгуулна. Хоёрдугаарт: Таагүй зүйл мэдэгдвэл шууд нүүлгэн шилжүүлэх тушаал өгнө.
Би элчин сайдын яам уруу явахгүй. Тэнд намайг гав гинж, тариа хүлээж байгаа. Би гэртээ харьж зайлшгүй зүйлд биеэ бэлтгэх ёстой. Хувь заяаны цохилтыг омог бардам угтах болно.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.06.11 1:08 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
6

Байрныхаа хаалгыг дотроос нь түгжиж, цонхоо бага зэрэг нээлттэй үлдээв. Хэрэв надад тэдэнтэй нүүр тулах зориг дутвал би цонхоор үсрэх болно. Долоон давхраас үсрэхэд үхэх нь эргэлзээгүй. Цонхоор үсрэх гэдэг хялбархан зам боловч би энэ тухай ч бодож л сууна. Дамжлагаас айдаг хулчгаруудын зам. Хэрэв сүүлчийн мөчид хулчийх юм бол би энэ замыг ашиглах болно. Саяхан ГРУ-гийн нэгэн бардам варяг Парис хотын яг төвд цонхоор үсрэн чулуун зам дээр унаж дамжлагаас мултарсан юм. Мөн Швейцарт маш чухал хангалтын ажилд алдаа гаргасан Лондонгийн өөр нэг варяг дамжлагаар орохыг хүсээгүй тул судсаа огтолсон. Харин тайга нохой, хошууч Анатолий Филатов дамжлагаас айгаагүй. Би ч мөн айхгүй.
Харин мөрдөн байцаалтын дамжлагаар орж, эрүүдүүлэх ямар байдгийг чөтгөр л мэдэх байх. Гэхдээ л би цонхоор үсрэхгүй. Би босоод цонхоо шийдвэртэйгээр хаалаа. Энэ надад тохирохгүй.
Би дамжлагаар ч орохгүй, цонхоор ч үсрэхгүй. Хаалга тогшмогц онгойлгоод хэн түрүүлж орж ирснийх нь хоолойг тас хазаж орхиё.
Би цагаа харлаа. Жавар бууж хэдийн шөнө дунд болжээ! Аквариумын арга барилыг би сайн мэднэ. Нүүлгэн шилжүүлэлтийг ихэнхдээ үүрийн дөрвөн цагт эхэлдэг юм. Бүх хүмүүс гүн нойронд автах шүлэг нойрын цагаар, үүр цүүрээр Аквариум цохилтоо хийдэг юм. Мэдээж, түүнээс эрт ч эхэлсэн байж болно. Хэрэв тийм бол бүр эрт хүмүүсээ тараан байрлуулсан байх ёстой. Би хэдийн хоцорсон байж ч магадгүй. Манай гэрээс нэг давхрын дээр хоёр тагнуулч товлосон цагаа хүлээн хэзээний зогсож байж тун магадгүй. Бас нэг хоёр нь орцны дэргэд, мэдээж, гараашт ч бас хэн нэг нь хүлээж байгаа байх. Харин үндсэн бүлгийнхэн хаа нэгтээ ойрхон байгаа.
Одоо надад хаалгаар сэмээрхэн гараад хоёр гурван давхар уруудаж цахилгаан шатанд суун гарааш уруу ороод тэндээсээ гарах биш, орох хаалгаар гадагш гарах ганцхан л зам байна. Мэдээж, хэрэв орох хаалгыг дотроос нь онгойлгож чадвал шүү дээ…
Хаалганы цоожийг би чимээгүй онгойлгов.
Бариулыг аяархан эргүүлж, гүнзгий амьсгаа аваад өөр лүүгээ татан хаалгаа нээж эхлэв. Шатны хонгилоос миний өрөөний шалан дээр тусах гэрэл улам бүр өргөссөөр... Амьсгаагаа түгжин хаалгаа хүчтэй татан онгойлгож гараад аажимхан хаалаа.
Машинаа байшингаас нэлээд зайтай, том зогсоолд олон машины дунд тавьсан юм. Эндээс манай байр тун сайн харагдаж байлаа. Одоохондоо сэжигтэй зүйл анзаарагдахгүй байна. Бүгд унтаж байна.
Гурван цаг дөчин минутын орчимд миний байрны бүх өрөөний гэрэл гэнэт аслаа. За яах вэ, яг л миний урьдчилан бодсоноор болж байна.
Би ойг чиглэн алхлаа. Үүрийн жихүүн жавар жиндүүлэн, манан буужээ. Одоогоор хаашаа ч гүйх хүсэл алга. Би зүгээр л тунгаан бодохын тулд алхаж байна. Миний бодлыг ямар нэгэн гэнэтийн зүйл, хаалганы хонх тасалдуулахад би дургүй.
Юуны өмнө, буцаж очоод бууж өгөн сайн дураараа дамжлагаар орох уу, эсвэл өөр яах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй байлаа… Надтай адил хүнд байдалд орсон, манай системтэй улаан халз тулсан сая сая хүмүүсийн өмнө сүүлийн хоромд ийм асуулт үргэлж тавигдсаар ирсэн юм. Одоо болон хойшид бусад хүмүүс миний тухай юу гэж бодох нь надад огтхон ч сонин биш. Миний өмнөх сая сая хүмүүсийг шүүсэн шигээ хөндлөнгийн хүмүүс намайг ч бас шүүх л болно. Үнэндээ бол хэрэв хүмүүс эсэргүүцэлгүйгээр коммунист дарангуйллын цаазын сүхний дор өөрсдөө очвол эсэргүүцэх чадваргүй, боол заяатнууд, тэгвэл л таарна гэж ярьцгаана. Харин сайн дураараа очихыг хүсэлгүй тэмцэж, зугтаах аваас урвагч, дайсны гар хөл бологч гэж ярьцгаана! Хэрэв би сайн дураараа бууж өгвөл тэнэг мал, бялдууч амьтан болно. Харин бууж өгөхгүй бол урвагч нэр зүүнэ.
Ах дүү нар минь намайг гэмт хэрэгтэн гэж тооцогтун, харин бялдууч дольдгонуур амьтан байсан гэж л битгий бодоцгоогоорой. Гэхдээ би тийм ч том гэмт хэрэгтэн биш. Троцкий, Зиновьев, Каменев, Рыков, Бухаринаас авахуулаад Ленинийг тойрон хүрээлж байсан бүхэн эцэстээ урван тэрслэгч, гадаадын тагнуулын гар хөл болж дууссан юм. Тэгэхлээр Ленин өөрөө хэн байх вэ? Ленин бол урвагчид, тагнуулууд, террористуудын бүлгийн толгойлогч болж таарах нь. Ленинд чин сэтгэлээрээ үнэнчээр зүтгэж байсан тэр хүмүүс юу болж таарах вэ? Тэднийг одоо хэн хүндэлдэг билээ? Сталинд ч бас ийм л зүйл тохиолдсон. Тэрээр урвагчид, ардын дайснууд, тагнуулуудаар хүрээлэгдсэн байсан хэрэг. Тэгэхлээр тэр өөрөө бүлэг дээрэмчдийн тэргүүн байсан байх нь. Түүний тушаалыг биелүүлж байсан хүмүүс тэгэхлээр юу болох вэ? Эрт орой хэзээ нэгэн цагт манай бүх удирдагчид урвагч, ардын дайсан, садар амьтан, зальхай этгээд, хоосон чалчигч гэж тооцогдох болно. Тэднээс зугтаах бол мэдээж гэмт хэрэг. Харин үлдээд тэдний тушаалыг биелүүлбэл юу болох вэ?
Ойд жихүүн хүйтэн байна. Би аливааг удаан бодож дадаагүй хүн. Гүн ухаан ч миний хийх ажил биш. Гэхдээ манай тогтолцоог үзэн яддаг учраас би зугтааж байна уу эсвэл тогтолцоо надаар оролдсон болохоор зугтааж байна уу гэдэг асуултын хариуг заавал олох ёстой юм. Энэхүү асуултад би тэрхүү тогтолцоог хэдийнээс үзэн ядаж, үргэлж түүний эсрэг байсан бөгөөд өөр ямар нэг тогтолцоогоор, бүр цэргийн дэглэмээр ч хамаагүй солихын тулд амь насаараа дэнчин тавихад ч бэлэн байсан юм гэсэн цорын ганц, тодорхой хариултыг өөртөө өглөө. Гэхдээ. Хэрэв энэ тогтолцоо надаар оролдоогүй байсан бол би зугтаахгүй байсан. Би үнэнч шударгаар үргэлжлүүлэн зүтгэж, их амжилтад хүрэх байсан байх. Хэзээ нэгэн цагт би эсэргүүцэн тэмцэгч болох байсан эсэхийг мэдэхгүй ч, яг энэ мөчид бол би зүгээр л хар толгойгоо аврахын тулд зугтааж байна.
Энэхүү гол асуултын хариу нь тов тодорхой хэдий ч миний сэтгэлийг тайтгаруулах зүйл энд алга. Витя минь, эртхэн эхлэх байж дээ! Эхний аятайхан тохиолдол гармагц л зугтаах байж. Пеньковский, Константинов, Филатов нар шиг Аквариумын тухай нууц материалуудыг барууны тагнуулынханд өгсөн бол бүр ч дээр байх байжээ. Жаахан тааруухан л юм болчихлоо, Витя. Одоо нөхцөл байдлыг өөрчилж болох болов уу? Үгүй ээ. Оройтож. Гэхдээ бүр ч оройтоогүй байж ч болох юм. Хэрэв би Аквариумаас мултарч чадвал чимээ аниргүй, ажин түжин амьдрах болно, эсвэл би… Би өөр юу хийж чадна гэж?
Хэдэн минут хэртээ чимээгүй суугаад би өөрийгөө эх орноосоо урвагч болчихжээ гэж дүгнэлээ. Би энэхүү тогтолцоог нэгэнт сайн дураараа орхин явж байгаа учраас хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлэх болно. Түүний эсрэг тэмцээгүйнхээ төлөө ч хуулийн дээд хэмжээ авна. Одоо би хар толгойгоо аварч гарахыг хичээж байна, энэ байдлаас гарах л юм бол би тогтолцооны эсрэг бүхнээ золиослон тэмцэх болно. Хэрэв би зугтааж чадвал хэзээ ч дуугүй суухгүй. Би өдөр бүр олон цагаар, шаргуу хөдөлмөрлөх болно. Хэрэв би овойж товойх сүйдтэй зүйл хийж чадахгүй байлаа ч, ядаж л хэдэн ном бичнэ. Өдөрт 15 цаг сууж бичнэ. Жилд нэг ном. Гэхдээ энэ гол нь биш. Үүнээс гадна би тэр тогтолцоонд жинхэнэ ноцтой хохирол учруулахыг хичээх болно. Харин яаж гэдгийг би мэднэ. Яаж гэдгийг надад сургасан. Би зоригтой байж азаа үзэх болно. Би өөрийн амьдралдаа тийм ч их харамсаад байхгүй.
Хаашаа зугтах вэ гэдэг сүүлийн асуулт үлдэж байна. Хариу нь ч тодорхой, Британи уруу л зугтах хэрэгтэй. Англичууд нэг удаа зөвлөлтийн 105 дипломат ажилтныг хөөж байсан юм. КГБ болон ГРУ-гийн төлөөлөгчдийн газрынхныг тэр чигээр нь бүрэн бүрэлдэхүүнээр нь хөөсөн. Британиас өөр хаана ч тэгж зүрхлээгүй юм. Тэд өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг юм чинь миний ашиг сонирхлыг ч бас хамгаалж чадна.
Харин одоо Британийн засгийн газартай хэрхэн холбогдохоо шийдэх хэрэгтэй байна. Энэ засгийн газрын төлөөлөгчдөөр дамжуулан харьцах нэг л зам байна. Хүнд суртлын шат дамжлага байгаа байх тусмаа л шийдвэр хурдан гарна. Гэхдээ намайг элчин сайдтай уулзуулахгүй. Тэгэхлээр би английн аль нэг өндөр алба хашдаг дипломатч дээр очих хэрэгтэй. Британи, Франц, Америкийн элчин сайдын яамдын үүдэнд Аквариумын залуус аль хэдийн намайг хүлээгээд сууж байгаа нь тодорхой. Тэгэхлээр элчингийн албан хаагчдын гэрээр нь очиж уулзах болох нь. Удирдагч мэдээж, энэ хувилбарыг ч мөн бодолцож үзсэн нь тодорхой ч барууны өндөр албаны бүх дипломатчдын гэрийг хараандаа байлгаж чадахгүй нь тодорхой юм. Түүнээс гадна би машинаа ойд нуугаад, явган явах болно.

7

Английн дипломат ажилтны гэр нь олон баганатай, том цагаан байшин байна. Жижиг чулуугаар хулдсан замтай, тансаг цэцэрлэгтэй юм. Би машин ч үгүй, сахлаа ч хусаагүй, савхин хүрэм өмсөж яваа. Би дипломат ажилтантай огт төсгүй, угаасаа ч одоо дипломатч байхаа больсон. Би үүнээс хойш өөрийн эх орноо төлөөлөхгүй. Харин ч манай эх орныхон эрж хайж болох газар бүрд намайг хайж байгаа.
Энэ байшингийн бүх л зүйлс нь бусад жирийн байшингуудынхаас нэг л өөр юм. Хаалганы хонх ч алга. Хонх дарахын оронд энд унжиж буй хүрлээр цутгаж хийсэн гялалзсан үнэгний хоншоороор хаалгыг тогших ёстой юм байна. Зарц нарынх нь нэг биш харин эзэн нь өөрөө гарч ирэх нь надад тун чухал. Би азтай байх шиг байна. Өнөөдөр бямба гариг тул тэр ажил дээрээ биш гэртээ байгаа, харин зарц нар нь энд байхгүй байх ёстой.
— Сайн байна уу.
— Сайн. Сайн байна уу.
Би түүн рүү дипломат паспортаа сарвайхад тэр нээж үзээд надад буцааж өглөө.
— Орогтун.
— Надад Хатан Хааны засгийн газарт яаралтай дамжуулж өгөх ёстой илгээмж байна.
— Элчин сайдын яаман дээр очихыг хүсье.
— Би элчин сайдын яам орж чадахгүй. Би энэ захидлыг танаар дамжуулан өгмөөр байна.
— Би наадахыг чинь авахгүй. — Тэр босоод хаалга онгойлгов. — Би тагнуул биш. Энэ тагнуул туршуулынхаа юманд намайг бүү хутга.
— Энэ бол тагнуул туршуулын өдөөн хатгалга биш. Энэ бол Хатан хааны засгийн газарт очих ёстой захиа. Хэрэв та захидлыг авахгүй бол би одоо танай элчин сайдын яам уруу утасдаж засгийн газарт очих ёстой захидал танд байгаа гэж хэлэх болно… Би захидлыг энд орхих болно, харин та хүссэнээрээ л бол.
Тэр надад огт сайныг хүссэн янзгүй харцаар намайг ширтэнэ.
— Тэр захидлаа өгнө үү.
— Надад дугтуй өгөөч.
— Танд дугтуй ч байхгүй хэрэг үү, — гэж тэр мушилзав.
— Харамсалтай нь тийм…
Тэр бөөн цаас, дугтуй, үзэг авчран миний өмнө тавилаа. Би цааснуудыг цааш нь түлхэж хармаанаасаа кафе, ресторануудын багц нэрийн хуудас гаргаж ирлээ. Тагнуулч бүр ийм хорь гучин хуудас нөөц болгон үргэлж биедээ авч явдаг юм. Шинэ найздаа уулзах газраа тайлбарлаж цаг үрэхгүйн тулд зүгээр л хуудсыг өгч би таныг энд урьж байна гэж хэлэх гэж тэр.
Би түргэхэн зуур бүгдийг нь гүйлгэж үзээд нэгийг нь сонголоо. Тэгээд чухам юу бичихээ хэдэн хором эргэцүүлэв. Тэгээд үзэг авч GRU гэсэн гуравхан үсэг тавилаа.
Нэрийн хуудсыг дугтуйнд хийн наалаа. «Эрхэмсэг Хатан Хааны засгийн газарт» гэж хаяглаад «173-В-41» гэсэн өөрийн хувийн лацаар тамгалав.
— Ингээд л болоо юу?
— Гүйцлээ. Баяртай.
Би ойд тавьсан машин дээрээ буцаж ирлээ. Би эндээс аль болох хол явах болно. Одоо орон нутгийн цагдаа нартай таарах ч осолтой болсон байж магадгүй. Зөвлөлтийн нэгэн дипломатч солиороод танай улсаар хаа сайгүй тэнэж явна гэж Зөвлөлтийн элчин сайдын яам цагдаагийн газарт мэдэгдсэн байж ч болзошгүй. Намайг сая доллар хулгайлаад зугтлаа гэж Интерполд мэдэгдсэн байж ч магад. Намайг Австрийн засгийн газар хүчээр булааж авсан тул нэн даруй буцааж өгөхийг шаардаж байна, хэрэв тэгэхгүй бол... гэж мэдэгдэж ч тэд чадна.
Тэд сүртэй мэдэгдэл хийж чаддаг улс. Харин одоо би Британийн элчин сайдын яамтай утсаар шууд холбогдох хэрэгтэй. Ямар нэг тосгоны цагдаа нар намайг барьж аваад зөвлөлтийн элчинг дуудахаас өмнө би тэдэнд нөхцөл байдлыг тайлбарлах ёстой. Хэрэв оройтвол юу ч гэж тайлбарлаад нэмэргүй болно. Тэгвэл зөвлөлтийн консултай уулзсаны дараа би шүлсээ савируулан, инээж, уйлж эхлэх бөгөөд тэд намайг тусгай онгоцоор зөвлөлт рүү буцаана. Шүлсээ савируулахгүйн тулд би байдгаараа хичээх ёстой… Утсаар ярьчихаж болох нэгэн буйдхан газрыг би мэднэ.
— Байна уу, британийн элчин сайдын яам уу, би нэг илгээмж явуулсан юм… Намайг элчин сайдтай яриулахгүй гэдгийг би мэдэж байна, гэхдээ ямар нэг хариуцлагатай хүнтэй холбож өгнө үү… Хэнтэй ярих нь хамаагүй, тэрийг та өөрөө тэрүүгээрээ шийд… Би нэг илгээмж явуулсан юм…
Тэд хэн нэг хариуцлагатай хүнийг арай гэж нэг юм олжээ.
— Сонсож байна… хэн ярьж байна вэ?
— Би нэг илгээмж явуулсан юм. Тэр илгээмжийг авсан хүн миний нэрийг мэднэ…
— Нээрэн үү?
— Тийм ээ. Түүнээс асуу л даа.
Харилцуур хэсэг чимээгүй байснаа гэнэт амь оров.
— Та өөрийн эх орныг төлөөлж байна уу?
— Үгүй. Би зөвхөн өөрийнхөө өмнөөс ярьж байна.
Харилцуур дахиад л чимээгүй болов.
— Та юу хүсээ вэ?
— Та тэр дугтуйг нээгээд миний илгээмжийг британийн засгийн газар явуулаасай гэж би хүсэж байна.
Харилцуур дуугарсангүй. Ямар нэг шуухинаан л сонсогдоно.
— Би энэ дугтуйг нээж чадахгүй. Энэ чинь надад биш британийн засгийн газарт хаяглагдсан байна…
— Таныг гуйя, наад дугтуйгаа нээ. Тэр захидлыг би бичсэн юм. Утгыг нь олон хүн бүү мэдээсэй гэсэндээ тэгж хаягласан юм. Харин би танд нээх эрхийг нь өгч байна…
Харилцуурт тэртээ цаана хүмүүс шивгэнэлдэх нь сонсогдоно.
— Энэ чинь маш сонин илгээмж байна. Энд ямар нэг рестораны…
— Тэр нь биш ээ… Ар талыг нь үз…
— Гэвч тэнд чинь бас л нэг ойлгомжгүй үсгүүд байна.
— Яг наадахаа л дамжуулаад өгч үз…
— Та солиороо юу. Гуравхан үсэгтэй илгээлт тийм чухал байж таарахгүй.
— Чухал уу, үгүй юү гэдгийг Эрхэм Дээдсийн Засгийн газар шийдэх болно…
Харилцуур чимээгүй болчихов. Аяархан ярилцаж шивгэнэлдэх сонсогдож байснаа гэнэт утасны харилцуур дахин амилав:
— Би нэг арга оллоо. Би таны илгээлтийг радио шуудангаар биш харин дипломат шуудангаар явуулчихъя! — түүний хоолойд хүнд гэрийн даалгавраа амжилттай бодож чадсан сургуулийн хүүхдийн баяр хөөр мэдрэгдэв.
— Таныг, тэр британийн сайхан аргатай чинь хамт чөтгөр аваг. Наад илгээлт чинь чухал эсэхийг би шийдэхгүй ч маш яаралтай юм. Цагийн дараа гэхэд, бүр түүнээс наана ч байж магадгүй, хэдийн оройтсон байж магадгүй. Гэхдээ би нэг эхэлсэн ажлаа дуусгаж байж л салдаг шаргуу хүн гэдгийг мэдэж ав. Би арван таван минутын дараа дахиад утасдана. Миний илгээлтийг элчин сайдад үзүүлэхийг гуйя.
— Элчин сайд өнөөдөр энд байхгүй.
— Тэгвэл хэнд ч хамаагүй үзүүл. Жишээ нь өөрийнхөө нарийн бичгийн даргадаа ч юм уу. Тэр сонин уншдаг ч байж магадгүй. Тэр чинь танд ямар нэг шийд хэлж ч магад…
Би харилцуурыг тавьлаа.
Би байрлалаа сольж, моддын дундуур, бөөн бөөн хүмүүсийн дундуур явлаа. Миний чихэнд «Чонын ав» дууны галзуу ая хангинана. Дөнгөж саяхан би өөрийгөө шархадсан араатан шиг төсөөлж байсан, харин одоо хүч чадал минь бүрэн сэргэжээ. Дайсны цувааг онгоцоороо мөргөн амиа золихоор шумбаж буй сөнөөгч онгоцны нисгэгч шиг шийдмэгээр жолооноосоо зуурлаа. Тэд намайг амьдаар минь гартаа оруулж хэрхэвч чадахгүй. Миний зам дээр хөндөлдсөн хэнийг болов би тасар татан хаях болно. Би амь амьдралаа худалдаж байна! Хүрч ирээд над уруу довтлоод үз л дээ! Та нарт их л үнэтэй тусна даа!
Британийн элчин сайдын яам уруу залгалаа. Энэ бол хоёр дахь буюу сүүлийн оролдлого. Би хоёр дахиа гуйх нь маш ховор. Харин гурав дахиа бол хэзээ ч үгүй. Тэгэхлээр одоо ганцхан оролдлого үлдлээ…
Би арван таван минутын дараа залгана гэж амласан. Гэтэл дөчин гурван минут өнгөрчээ. Миний ярих утасны бүхээгийн ойролцоо хүн ихтэй байлаа.
— Британийн элчин сайдын яам уу?
— Тийм байна. — Бүх зүйл маш хурдан болж, өнгөрөв. Яг л цэргийн команд шиг товч бөгөөд тодорхой богино үгс сонсогдож байлаа. Тэр даруй харилцуурт эрэгтэй хүний дуу гарч: — Та зүгээр үү? Бид санаа зовж байлаа. Та ийм удаан утасдалгүй алга болчихлоо…
— Миний илгээмж…
— Бид таны илгээмжийг Лондон уруу явуулсан. Энэ маш чухал мэдээлэл. Бид хэдийн Лондонгоос хариу хүлээж авсан. Таныг хүлээж байна. Та бэлэн үү?
— Тийм.
— Нэрийн хуудсан дээрх хаяг таны бидэнтэй уулзахыг хүсэж буй газрын хаяг уу?
— Тийм.
— Нэрийн хуудас дээр цаг заагаагүй байсан. Энэ чинь та бидэнтэй аль болох хурдан уулзахыг хүсэж байна гэсэн үг үү?
— Тийм.
— Бид ч мөн тэгж бодсон юм. Манай албан ёсны төлөөлөгчид хэзээний тэнд байгаа.
— Спасибо. — Баярлалаа гэсэн энэ үгийг би яагаад ч юм бэ оросоор хэлэв. Тэр намайг ойлгосон эсэхийг бүү мэд.



Виктор Суворов,
1993 оны дөрөвдүгээр сарын 13.
Оксфорд



FIN

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.28.12 10:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on May.14.13 9:48 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.28.12 11:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
yamar helnees orchuulaad baina?

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Jul.29.12 7:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Канаад хэл

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.30.12 12:18 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 147
Location: S.Korea
Мажар хэл биш үү :haha:


Top
   
PostPosted: Jul.30.12 1:45 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Гонкоонг хэл

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.07.12 5:11 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Aug.06.12 11:23 pm
Posts: 44
Аквариум номийг уншмаар бна. Худалдаж аваяа эсвэл тур солилцоогоор


Top
   
PostPosted: Aug.07.12 5:12 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Aug.06.12 11:23 pm
Posts: 44
Аквариум номийг уншмаар бна. Худалдаж аваяа эсвэл тур солилцоогоор pm hiigeereee


Top
   
PostPosted: Dec.25.12 5:40 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Aug.06.12 11:23 pm
Posts: 44
OK


Top
   
PostPosted: Dec.31.12 2:30 am 
Offline
Рок Гишvvн
Рок Гишvvн
User avatar

Joined: Jun.01.07 9:06 pm
Posts: 366
Location: Corea
Саруул wrote:
Миний хувьд хамгийн анхны бөгөөд сүүлээсээ хоёр дахь уран зохиолын орчуулга нь энэ юм даа. Одоо эргээд уншихад алдаа зөндөө, буруу буулгасан өгүүлбэр, хэлц ихтэй эд дээ. Гэхдээ яах вэ дээ, хүн амьддаа ямар нэг ном гаргаж үлдээх ёстой юм гэсэн, миний хувьд Ороолон, Аквариум хоёр ном, ингээд болоо доо.

Ene ingeed duuschij baigaa yum uu neleen heden honog unshij duusgalaa

Sent from my SHW-M180K using AsuultSambar mobile app


Top
   
PostPosted: Feb.16.13 10:40 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.17.10 7:34 pm
Posts: 87
Location: ...alive
sonirholtoi nom bn sn orchuuljee

_________________
Усаа хайрлаж гамная таминь ээ


Top
   
PostPosted: Mar.04.13 8:38 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Sep.28.10 10:34 pm
Posts: 52
uneheer sonirholtoi saihan zohiol sain ch orchuulga specnaz iig ehleed orhichih shig boloh yum huleegeed l baigaa guiceevel yasan yum zavgui baigaad bain uu oros bolon busad heleer buh zohioluud ni tatahaar baij baina lee daan ch minii gadaad helnii medleg bazaahgui bolhoor iim l saihan orchuulga huleegeed baina daa amjilt husey


Top
   
PostPosted: Mar.04.13 9:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Спецназыг өөр нэг гишүүн эхэлсэн байсан даа. Би биш

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.04.13 10:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Спецназыг Spirtpsy гишүүн энд оруулж байгаа юм байна

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.29.13 7:25 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 919
Location: canon 60d
Саруулын орчуулга тун давгүй юм. сайн орчуулж харин дараагийн орчуулгаа хийсэн бол надад линкийг нь өгөөч.

Мөн энэ зохиолын эзэн миний хамгийн дуртай сэдвээр зохиол бичдэг хүн байгаа юм. Өөр ямар нэгэн номыг нь орчуулсан болов уу

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: Apr.29.13 7:43 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jan.16.10 4:53 pm
Posts: 919
Location: canon 60d
Саруул wrote:
6

— Британийн элчин сайдын яам уу?
— Тийм байна. — Бүх зүйл маш хурдан болж, өнгөрөв. Яг л цэргийн команд шиг товч бөгөөд тодорхой богино үгс сонсогдож байлаа. Тэр даруй харилцуурт эрэгтэй хүний дуу гарч: — Та зүгээр үү? Бид санаа зовж байлаа. Та ийм удаан утасдалгүй алга болчихлоо…
— Миний илгээмж…
— Бид таны илгээмжийг Лондон уруу явуулсан. Энэ маш чухал мэдээлэл. Бид хэдийн Лондонгоос хариу хүлээж авсан. Таныг хүлээж байна. Та бэлэн үү?
— Тийм.
— Нэрийн хуудсан дээрх хаяг таны бидэнтэй уулзахыг хүсэж буй газрын хаяг уу?
— Тийм.
— Нэрийн хуудас дээр цаг заагаагүй байсан. Энэ чинь та бидэнтэй аль болох хурдан уулзахыг хүсэж байна гэсэн үг үү?
— Тийм.
— Бид ч мөн тэгж бодсон юм. Манай албан ёсны төлөөлөгчид хэзээний тэнд байгаа.
— Спасибо. — Баярлалаа гэсэн энэ үгийг би яагаад ч юм бэ оросоор хэлэв. Тэр намайг ойлгосон эсэхийг бүү мэд.



Виктор Суворов,
1993 оны дөрөвдүгээр сарын 13.
Оксфорд



FIN

Үүнээс болж Виктор Суворов Зөвлөлтийн шүүхээс эчнээгээр алах ял авсан байдаг.

Түүний бичсэн номууд голчон Зөвлөлт Германы хоорондох дайн мөн түүний дараах хүйтэн дайн. Мэдээж хэрэг цэрэг болно түүхийн талаар уншдаг сонирхдог улсуудад бол үнэхээр сонирхолтой. Миний хувьд "Амиа хорлогч" мөн энэхүү Аквариумг уншсан. Түүний бичлэгийн арга барил маш сонирхолтой.

_________________
viewtopic.php?f=157&t=158862


Top
   
PostPosted: May.17.13 2:06 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
battulga512 wrote:
Саруулын орчуулга тун давгүй юм. сайн орчуулж харин дараагийн орчуулгаа хийсэн бол надад линкийг нь өгөөч.

Мөн энэ зохиолын эзэн миний хамгийн дуртай сэдвээр зохиол бичдэг хүн байгаа юм. Өөр ямар нэгэн номыг нь орчуулсан болов уу

Мань лав орчуулга нтр гэж хэрээ мэдэхгүй хэрээ хошуулж явахаа больсон бөлгөө. :haha:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Nov.02.13 1:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.01.09 10:46 pm
Posts: 6942
Location: Алхам тутам асуултын тэмдэг
саяхан уншиж дууслаа сүүлрүүгээ их дажгүй боллоо.

_________________
Алхам алхамаар ...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 220 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: naran1962 and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited