#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.17 6:10 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 220 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next
Author Message
PostPosted: Feb.16.11 4:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
8

Би цаг зүгээр өнгөрөөхгүй. Би Германд хэн нэгний арын ажлыг хийж явахдаа германы нууцад өөрөө хэрхэн нэвтрэх вэ гэдгийг бодож явна. Харин Италид байхдаа италийн нууцуудад яаж хүрэхээ бодно. Гэхдээ Италид америкчууд, хятадууд, австричуудыг ч мөн элсүүлж болно. Улсын нууцыг мэддэг тийм хүмүүс надад хэрэгтэй.
Одоо би Базелиас эргэж ирээд Удирдагчид ажиллагааны үр дүнг илтгэж байна. Уг нь илтгэлийг Бага эзэн сонсдог боловч өнөөдөр Удирдагч өөрийн биеэр сонсож байна. Маш чухал ажиллагаа байсан бололтой.
Аятай тохиолдлыг ашиглан «Флорида» ситемийн талаар нууц бичиг баримтыг хэрхэн гартаа оруулах тухай өөрийн саналыг илтгэлээ. «Флорида» бол Швейцарийн агаараас эсэргүүцэн хамгаалах систем юм. Швейцарийн «Флорида» бол нэг тоосго. Гэвч АНУ-ийн агаараас эсэргүүцэн хамгаалах систем ч мөн ийм л тоосгуудаар баригдсан юм. Хэрэв швейцар түрүүчтэй танилцвал америкийн системийн тухай олон зүйл тодорхой болно…
Удирдагч над уруу ширүүн харна. Түүний тугалган харц маш ширүүн. Түүний харц бол хүчирхэг эврээрээ сүлбэхийн өмнө залуухан бухтай тулалдагчийг хардаг бухын харц. Энэ бухын харцаас болж бодол санаа үймнэ. Надад Швейцарын агаараас эсэргүүцэн хамгаалах системийн командын цэгт ажилладаг албан хаагчдын нэрс, хаяг байгаа. Би тэр түрүүчтэй хэрхэн танилцахаа мэднэ. Гэвч тэр намайг харцаараа дарамтална. Би өөрийн тодорхой бодож төлөвлөсөн хэлэх үгийн дарааллыг алдаж орхив.
— Би үүнийг хийх гээд үзье…
Тэр дуугүй харсаар.
— Би бүх нарийн ширийнийг нь одоо илтгэе…
Тэр дуугарсангүй.
Тэр хамрынхаа нүхээр бүтэн шоо дөрвөлжин метр агаар халим шиг шуугичуулан сорж аваад:
— Ажиллагааны хангалтад яв хэмээн гаргав!
Ажиллагааны хангалт гэдэг бол ялаанд зориулсан чихрийн өтгөрүүлсэн шүүс гэсэн үг. Бэлэн, амттай боловч түүнээс гарч үл чадна. Далавчнууд нь хөөж орхино. Тэгээд энэ өтгөрүүлсэн шүүсэндээ живж үхнэ. Зөвхөн жинхэнэ тагнуул болж чадах хүн л түүнээс мултарч чадна. Жишээ нь консул Генка байна. Тэр бид хоёр Венад хамт ирсэн. Хотыг судлахад зориулж бидэнд гурван сарын хугацаа өгсөн юм. Биднийг энэ хотыг Венийн цагдаа нараас илүү мэддэг болгох гэж. Гурван сарын дараа бид хоёроос шалгалт авлаа. Люгерплац талбай дээр юу оршдог вэ? Бодох хугацаа арван секунд гэх мэтээр шалгав. Бүх дэлгүүр, зочид буудал, зоогийн газрын нэр, тэнд зогсдог автобуснуудын дугаар бүгдийг нэрлэ. Хурдал! Тэнд эсвэл нэг ч зочид буудал байхгүй юм уу? Хурдал, хурдал! Хотыг орон нутгийн цагдаагаас илүү мэдэх ёстой! Таборштрассе гудамжтай хөндлөн огтлолцдог бүх гудамжуудыг нэрлэ! Түргэл! Хэдэн зогсоол байдаг вэ? Хэдэн шуудангийн хайрцаг байдаг вэ? Хэрэв … чиглэлд явбал зүүн талд юу байх вэ? Юу? Юу? Яаж? Яаж? Яаж?
Бид хоёр шалгалтыг хоёрдохоо өгч байж давсан юм. Гурав дахь дээрээ чадахгүй бол Зөвлөлт рүүгээ буцна. Шалгалтын дараа намайг шууд хангалтын ажилд хуваарилсан юм. Харин түүнийг бол үгүй. Тэр хотыг судалж явахдаа хажуугаараа өнгөрч явсан, паспорт зардаг хүнтэй танилцаж амжжээ. Хагас хуурамч эсвэл юу ч бичээгүй хоосон бүр эсвэл зүгээр л жуулчдаас хулгайлсан паспортууд болон диплом, жолооны үнэмлэх, цэргийн батлах зэрэг хувийн бичиг баримтуудыг ГРУ-гийн 17-р хэлтэс асар ихээр нь цуглуулдаг юм. Ашиглах гэж биш л дээ. Шинэ бичиг баримт үйлдвэрлэх загвар болгох гэж тэр. Мэдээж, энэ бүх бичиг баримтууд тийм ч чухалд тооцогдохгүй бөгөөд тэдгээрийг олж авах нь тагнуулын дээд зэрэглэлийн ажиллагаа огт биш юм. Гэхдээ л намайг хангалтад томилсон бөгөөд Генкаг бол үгүй. Түүнийг тэр чөтгөрийн паспортуудаа цуглуулаад бай гэсэн юм. Паспортуудтайгаа ажиллаж байхад түүнд цаг зав хангалттай байсан. Тэр ч цаг алдсангүй. Тэр өөр хэн нэгэнтэй танилцсан юм.
Тэр үед намайг Генкагийн арыг халхлах, ажиллагааны хангалтад тавьсан юм. Түүнийг хэн нэгэнтэй уулзсаны дараа би түүнээс ямар нэг хавтсуудыг авч элчин сайдын яаманд аваачиж өгдөг байлаа. Намайг элчин сайдын яамны үүдэн дээр баривчилж, харин Геннадий Михайлович цэвэрхээн орж явчихна. Харин дараа нь түүнд илүү чухал даалгавар өгөх болсон юм. Тэр ажиллагаанд явж харин түүний арыг таваас долоон тайга ноход хамгаална. Дараа жил нь түүнийг хугацаанаас нь өмнө дэд хурандаа болгосон юм. Тэр ердөө хоёр жил хошууч цолтой явсан.
Би атаархуу жөтөөч хүн биш л дээ. Генка минь аз хийморьтой яв. Амжилт хүсье. Би ч бас энэ хангалтын ажлаас удахгүй мултарна.
Оройн найман цаг болж байна. Би гэр рүүгээ яарна. Дөрвөн цаг унтаад, шөнө хангалтын ажилд явна.
…Удирдагч над уруу инээмсэглэнэ. Сүүлийн хэдэн сард анх удаа.
— Ашгүй дээ! Би чамайг бие даан ажиллаж чадна гэдгийг үргэлж мэдэж байсан. Чи түүнтэй хэрхэн танилцав?
— Тохиолдлоор. Хангалтын ажлаар Инсбрук ороод буцаж явлаа. Нэмэлт нууц газар хайхаар шийдээд зам дээр түр зогссон юм. Тэр хавийн газрыг үзээд буцахаар шийдэв. Гэтэл хойд дугуй шавар суужээ. Хий эргэж байлаа. Бөөн шавар арагш үсчинэ. Өөрөө хөдөлж чадахгүй байв. Замын хажууд зогсоод явж өнгөрөх машины жолооч нараас тусламж гуйлаа. Бүгд хажуугаар давхин өнгөрнө. Гэтэл нэг «Фиат-132» зогслоо. Жолооч нь машиндаа ганцаараа явна. Тусаллаа надад. Тэр миний машиныг бага зэрэг түрлээ. Би ч шавраас гарав. Гэвч хэтэрхий хүчтэй хаазлаад түүнийг шавраар будаж орхижээ. Уучлал эрсний тэмдэг болгож түүнд шил виски өгөх гэснээ болив. Гэнэт өөр санаа орж ирлээ. Уучлаарай гэж хэлээд, зоогийн газар очъё, та хувцсаа цэвэрлэчих. Харин би таныг оройн зоогонд урьж байна гэж би түүнд хэлэв.
— Тэр зөвшөөрөв үү?
— Тийм…
— Тэр чиний хэн болохыг асуусан уу?
— Үгүй, тэр зөвхөн миний хаана амьдардгийг л асуусан. Би түүнд Венад амьдардаг гэж хэлсэн. Би үнэхээр одоо Венад амьдарч байгаа юм чинь.
— Машины чинь дугаар дипломат дугаар байсан уу?
— Үгүй. Би ажиллагааны хангалтад явж байсан. Хүний машинаар.
Удирдагч нэрийн хуудсыг гартаа эргүүлнэ. Харж ханашгүй эд. «Ото Велара» компанийн инженер. ГРУ-гийн генерал өдөр бүр ийм нэрийн хуудас гартаа барьдаг гэж үү? «Ото Велара»! Ширгэшгүй ундарга. Хэн нэг нь агуу их сэтгэгчдийн эх орон Италийг дутуу үнэлдэг байж ч мэднэ, гэхдээ ГРУ лав биш. Италичуудын толгой тун сайн ажилладгийг ГРУ мэднэ. Агуу зохион бүтээгчид. Итали орон дайны өмнө технологийн урд хожид үзэгдээгүй өндөр төвшинд хүрсэн байсныг цөөхөн хүн мэднэ. Италичууд дайнд гоц гойд шалгарч чадаагүй нь тэрхүү цэргийн техникийн тал дээрх италийн ололт амжилтын сүрийг дарчихсан юм. Харин тэр ололтууд, ялангуяа нисэх хүчин, шумбагч завь, хурдан хөлөг онгоц зэрэг салбарт гаргасан амжилтууд нь үнэхээр гайхамшигтай. ГРУ-гийн хурандаа Лев Маневич дайны өмнө асар чухал ач холбогдолтой техникийн бичиг баримтуудыг Италиас зөвлөлт рүү тонн тонноор нь явуулсан юм. Итали орон! Итали бол нийтэд үнэлэгдээгүй ч далайн цэргийн технологийн хүлээн агуу гүрэн. Итгэхгүй хүн байж болох ч ГРУ үүнд итгэдэг юм. «Ото Велара!» Инженер!
— Түүнийг зориуд явуулсан юм биш биз? — Ийм байх боломжтой гэдэгт тэр итгэл муутай байгаа хэдий ч Удирдагч үүнийг заавал асуух ёстой.
— Үгүй! — гэж би түргэхэн хариулав. — Шалгаж үзсэн. Радио хяналтаар ч тэрэнд сэжигтэй юм илрээгүй.
— Битгий түргэд. Ийм хэрэгт түргэдэж болохгүй. Хэрэв түүнийг зориуд явуулаагүй бол ч чамд том аз дайрчээ.
Үүнийг би өөрөө ч ойлгож байлаа.
— За тэгэхлээр, — гэ Удирдагч эхлээд, — бидэнд алдах юм байхгүй. «Шалгах нэрсийн жагсаалт» яаралтай гарга. Маргааш гэхэд амжих уу?
— Шөнө би хангалтад явна.
Тэр бага зэрэг тонгойв. Тэгээд утасны харилцуурыг авч ямар ч дугаар эргүүлэлгүй шууд ярилаа.
— Ороод ир.
Бага эзэн орж ирэв.
— Виктора Андреевичийн оронд маргааш өөр хэн нэгнийг тавь.
— Өөр хэн ч байхгүй, нөхөр генерал.
— Бод.
— Хэрэв Геннадий Михайловичийг л тавьдаггүй юм бол?
— Консулыг уу?
— Тийм.
— Түүнийг ажиллагааны хангалтад тавь. Тэр сүүлийн үед биеэ тоогоод байгаа юм, хангалтад ажиллаж л байг. Виктор Андреевичийг бусад бүх ажлаас чөлөөл. Тэр маш сонирхолтой хувилбар сэдээд байгаа юм.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.16.11 7:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
9

Хариу нууц түлхүүрт мэдээ хоёр хоногийн дараа ирэв. Удирдагч гайхалтай хурдан, хүчтэй цэргийн хөлөг онгоц үйлдвэрлэдэг «Ото Веларагаас» салахыг огт хүсэхгүй байлаа. Тэр ирсэн мэдээг надад надад уншиж өгөхөөс санаа зовж байна. Тэр ГРУ-гээс ирсэн хариуг зүгээр л давтаж «Үгүй» гэж хэлэв. Яагаад «үгүй» гэсэн тухай тайлбар алга. «Үгүй» гэдэг нь тэр ямар ч байсан ГРУ-гийн том компьютерт бүртгэлтэй байна гэсэн үг. Хэрэв түүний тухай ямар ч мэдээлэл байгаагүй бол зөвшөөрсөн, үзээд алд гэсэн хариу ирэх байсан. Харамсалтай байна. Ийм сонирхолтой хүнийг алдах гэдэг харамсалтай. Захирагчид ч миний өмнөөс харамсалтай байна. Эхний удаад ч бас харамсаж байсан байх. Би варяг болохоор хэрхэн зүтгэж байгааг тэр харж байна. Дахиад намайг тайга нохдын эгнээ рүү түлхэхийг тэр огтхон ч хүсэхгүй байв.
Тэр дуугарсангүй. Гэвч би хангалтын ажилд хүн хүч асар ихээр дутагдаж байгааг мэднэ.
— Нөхөр генерал, би маргааш хангалтын ажилд явъя. Явахыг зөвшөөрнө үү?
— Яв. — Тэгээд тэр гэнэт инээмсэглэв. — Муугийн дотор сайны үр байдгийг чи мэднэ шүү дээ.
— Нөхөр генерал, миний хувьд үргэлж дан муу байдаг юм.
— Тэр ч харин үгүй шүү. Чамайг инженертэй уулзахыг хориглосон нь муу хэрэг. Гэхдээ бид бас нэг хэрэгтэй туршлага олж авлаа шүү дээ.
— ?
— Чи хүнд байдалд ороод түүгээрээ дамжуулан сонирхууштай хүнтэй танилцсан. Манай ажилд хэн нэгтэй танилцах эхний хором туйлын чухал байдаг юм. Хүнд яаж ойртох вэ? Хэрхэн яриа үүсгэх вэ? Танилцсанаа яаж лавшруулах вэ? Одоо тэгэхлээр сонирхолтой хүн тааралдвал машинаараа түүний машиныг мөргөчих. Тэгээд л холбоо тогтоож эхэлнэ. Тэр чамд хаягаа өгнө. Харин чи уучлал гуйгаад хамт уухыг урь. Юу сонирхдог вэ? Зоос уу? Шуудангийн марк уу? Над нэг марк…
- Нөхөр генералаа та, мөргүүлсэн машины засварын мөнгийг төлөхийг зөвшөөрөх юм уу? гээд би инээв.
— Зөвшөөрнө, — гэж тэр үнэнээсээ хариуллаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.16.11 7:30 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Feb.17.11 12:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
* XI БҮЛЭГ *

1

Сонин ч цаг үе байж дээ! Гэвч хэдийн улиран оджээ. Гэхдээ л тийм үе байсан юм. Улаан арми гэж байсан, түүний эсрэг цагаан арми ч гэж байсан юм. Бас ногоон арми ч гэж байж. Түүнийг Фома Мокроус гэдэг сайн эр захирч байсан юм. Ногооныхон сайн ч байлддаг байжээ. Гэтэл гай болж улааныханд итгээд тэдэнтэй нийлж Улаан-ногоон арми болжээ. Тэгээд л тэд дуусах нь тэр. Харин шинэ арми нь эргээд л Улаан арми болчихсон юм.
Сайхан цаг үе байж дээ. Хүсвэл улааныхан дээр оч. Чөлөөтэй. Хүсэхгүй бол зугатаагаад цагааныхан уруу очиж болно, өөр ч бас байна. Григорьевчууд, антоновчууд, петлюрынхэн гээд л зөндөө байна. Украины Хувьсгалт Босогчдын Армид очвол бүр зүгээр. УХБА бол Арми хийгээд төр. Тэдний ухаан тун хялбархан, төрийн үүрэг бол ердөө л иргэдээ гадаадын дайснаас хамгаалах. Ингээд л болоо. Улс дотроо хүн бүр өөрөө өөртөө хаан. Юу хүссэнээ хийж болно, зөвхөн бусдыг л бүү гомдоо. Хэрэв дайснууд халдвал төр зөвхөн сайн дурынхнаас армиа бүрдүүлэх болно. Өөрсдийн эрх чөлөөний төлөө тэмцэхийг хүсэхгүй бол боол болно л биз. УХБА яг ийм дүрэм журамтай байсан юм.
Манай тосгоны бүх өвгөд тэр сайхан үеийг санаж явдаг юм. Тэр армийн удирдагч Нестор Иванович Махног ч дурсдаг юм. Өвгөцүүл ярихдаа Нестор Иванович улааныхны кинонд гардгаас огт өөр хүн байсан гэнэ. Тэр цэл залуугаараа байжээ. Би хожим нэвтэрхий толиос харсан юм. Өвгөцүүл худлаа яриагүй. Арван найман онд Нестор Иванович гуч хүрээгүй байжээ. Мөрөө хүрсэн урт үстэй байсан нь ч үнэн байна. Эрчүүд түүнийг бурхан гэж үздэг байжээ. Түүнийг хармагц загалмайлан залбирдаг байсан гэнэ.
Нестор Иванович хилэн хар морьд хөллөсөн дөрвөлсөн хөнгөн морь тэргээр Екатеринославын гудамжаар давхина. Хөмсгөө зангиджээ. Ухаалаг харц нь гэрэлтэнэ. Хилэн хар морьд хөллөсөн дөрвөлсөн морь тэргийг нь Великий Немой жолоодно. Нестор Иванович хөл муутай хүн байсан тул морь унадаггүй, харин пулемёт зоосон хөнгөн морин тэргээр явдаг байжээ.
Харин Великий Немой үргэлж түүнтэй хамт явна. Тэр эцэг Махногийн хөтөч, зэвсэг үүрэгч, бие хамгаалагч, цаазын яргач хийдэг байсан бөгөөд Нестор Ивановичмйн оноох ял ч тун товч тодорхой байдаг байж.
Нестор Ивановичийг явж байгааг хараад эрчүүд тун доор мэхийн ёсолно. Тэр тариачдын хаан. Түүний хөнгөн морин тэрэгний ард пулемётын дор «Ай даа, гүйцэх үү!», урд талд нь «Ай даа, барих уу!» гэж мөнгөн хадаасаар хадаж бичсэн байдаг байжээ. Эцгийн дэргэд Макета эцэг, Николай Мельник, Нүгэлтэн Гришка, Никодим Пустовойт, тагнуулын дарга Лев Андреевич Задов нар морин дэл дээр давхицгаана. УХБ Армийн тагнуулын алба дэлхийн шилдэг тагнуулын албадтай нэг төвшинд байсан юм. Тохиромжтой нөхцөл бүрдээгүй үед Махно хэзээ ч тулаанд ордоггүй байжээ. Яваад өгнө. Түүний арми тараад алга болно. Их буу, пулемётуудаа жалга, ганганд нууж, морьдоо бэлчээрт адуулан, хөнгөн морь тэргүүд нь охидыг яармаг худалдаа уруу зөөн давхилдана. Эрчүүд нь хашааныхаа гадаа нарлан сууж инээлдэцгээнэ.
Махногийн армийнхан тун хошин шооч улс байсан юм. Нестор Иванович өөрөө ч их алиа хүн байж. Сайхан хошигнол сонсоод тулаанд ялсан юм шиг л баярладаг байжээ. Нестор Иванович эрэлхэг байлддаг байж! Тэр ганцхан шөнийн дотор өөрийн бүх армиа нэгэн нударга болгон төвлөрүүлж тэр нударгаараа дайсныхаа хамгийн эмзэг газар нь дэлсдэг байсан юм. Түүний армид арван долоон морин дивиз байжээ. Түүний морин цэргийн туурайн төвөргөөнөөс хотууд айн чичирдэг байлаа. Хэрэв бүтэлгүйтвэл эцгийн нэг шүгэлдэхэд дараагийн хамгийн эхний харанхуй шөнийг хүртэл түүний арми бутран алга болно.
Махно баригдаж дийлдэшгүй хүн байсан юм. Гэвч тэр улааныханд итгэжээ. Эцэг дэмий итгэсэн юм. Итгэх юмаа олж дээ. Махногийн морин цэргүүд цагааныхныг цавчихаар улааныхантай хамт Крымийг уулгалсан юм.
Харин цагааныхныг цавчиж дуусаад Нэгдүгээр Морин арми гэнэт өөрийн холбоотны зүг эргэжээ. Морин арми! Нүцгэн тал. Хориод оны арван нэгдүгээр сарын сүүл. Морин арми! Тоо томшгүй олон морьт цэрэг. Туурайн төвөргөөн арван бээрийн газарт сонсогдоно. Талын жавар хэзээний тачигнана. Тал хөндий захгүй их бетон талбай шиг л хатуурчээ. Тэнгэрийн хаяаг дүүртэл. Улааныхан буудсангүй, «ура» ч хашгирсангүй. Хэдэн арван мянган сэлэм хуйнаасаа хангинан сугарч наранд гялалзав. Тэгээд Морин арми дайрчээ! Цэргүүдийн хашгираан, сэлэмний исгэрээн. Хүмүүс улангасна. Морьд ч улангасна. Араатан морьд, араатан хүмүүс! Сэлэм исгэрэн гялалзана. Морьдийн туурай нижигнэнэ.
Улааныхны морин дивизүүд Махногийн армийг ухрах замыг нь хаан алсуур бүсэлж тал талаас нь тулан иржээ. Гэнэт. Холбоотныхоо эсрэг! Цавч! Үзүүлээд өг! Онцгойлон томилсон тусгай бригад олзлогдогсдыг тэр дор нь цавчин хаяж байсан бөгөөд өөрийнхнөө ч бас цавчиж байсан юм. Тулаанд улайраагүй тэр хүмүүсийг. Ц а в ч!!!
Нестор Иванович пулемёт зоосон хөнгөн морин тэрэгнүүдээ тэдний эсрэг эргүүлэв. Дөрвөн зуун арван зургаан пулемёт Нэгдүгээр морин армийг тугалган шуургаар шавхуурдлаа. Гэвч оройтжээ. Оройтож. Нестор Иванович, та хэнд итгэх нь энэ вэ? Оройтож. Чи хүч тэнцүү үед хэзээ ч тулаанд орж байгаагүй. Яваад л өгдөг байсан. Харин холбоотноосоо хаашаа зайлах билээ? Цавч! Улааны 6-р морин дивиз өөрсдийн цусанд хахаж цацжээ. Хүний хүүр уул овоо мэт болжээ. Шархдагсад алга. Шархдагсдыг морьдын туурай дэвсэн хаяна. Нэгдүгээр морин арми үерийн ус шиг хаман айсуй. Тэдэнд өөрсдийн шархдагсдыг тойрох зав байхгүй. Цавч! Нестор Иванович, чи тэдэнд дэмий л итгэсэн юм даа. Дэмий. Би бол итгэхгүй байх байсан. Би одоо ч итгэхгүй.
Нестор Иванович минь, би улааныханд зүтгэхээр очихгүй байх байсан. Би таны хар тугийн дор зүтгэх байсан. Одоо улаан армиас өөр арми алга. Хаашаа ч зугтах аргагүй. Тэр сайхан цаг хэдийн өнгөрчээ. Зарчмын хувьд нэг их өөрчлөгдөөгүй. Хүн бүр өөрсдийн дээрмийн бүлгийг бүрдүүлнэ. Бүлгүүд бие биенээ сэлмээр цавчдаггүй нь үнэн ч тэглээ гээд амар байна гэж үү? Урьд цагт хэн нь цагаан, хэн нь ногоон гэдэг нь тодорхой байжээ. Харин одоо хүн бүр амрыг нь бодож өөрийгөө улаантанд тооцно. Гэвч улаантан бүр бусад улаантандаа үл итгэнэ. Бусад улаантнууд нь түүний хувьд Махно эцэгт Нэгдүгээр морин арми ямар холбоотон байсан шиг л холбоотнууд.
Цөвүүн цаг иржээ. Бүгд нөхөр. Бүгд ах дүү нар. Харин хүн хүндээ нөхөр, ах дүү нь болсон энэ үед чамд хаанаас цохилт ирэхийг хэрхэн таамаглах билээ? Гэнэт хаанаас чам уруу эргээд чамайг морьдынхоо туурайгаар дэвслэх бол?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.17.11 1:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
2

Ажиллагааны хангалтын балчиг намаг намайг улам гүн сорсоор. Сугарах арга алга.
Хэрэв чулуучин хана өрөх болбол түүнд гарын дор туслах гурван хүн хэрэгтэй болно. Шавар зуурах, чулуу авч өгөх, таарахгүй чулууг хагалж тааруулах гурван хүн.
Тагнуулын мэдээлэл цуглуулах ажилд бүр олон туслах ажилчин шаардагдана. Бас хүн бүр чулуучин байхыг хүснэ. Хэн ч туслах ажилчин байхыг хүсэхгүй. Харин чи бусад чулуучид шиг, эсвэл бусад чулуучдаас илүү ажиллаж чадна гэдгээ нотлон харуулсан цагт л чи чулуучин болно. Ажиллагааны хангалт бүх цаг завыг авчхаад байхад үүнийг яаж хийх вэ? Бүх шөнө, бүх баяр, бүх амралтын өдрүүдийг.
Николай Викторович Подгорный, зөвлөлтийн ерөнхийлөгч алга болжээ. Ууршчихаж. Алга болж. Байсан. Харин одоо байхгүй. Мэдээж, ерөнхийлөгч гэдэг зөвхөн шатрын хүү. Ерөнхийлөгч бол хэн ч биш. Халхавч төдий. Яг зөвлөлтийн элчин сайд шиг. Элчин сайдын яамаар бардам алхана. Дээдчүүлтэй ярилцана. Гар барина. Инээмсэглэнэ. Гэвч тэр шийдвэр үл гаргана. Том нууцуудад ч хавьтахгүй. Инээгээд гар бариад бай. Энэ чиний ажил. Харин бид захирагдах шууд сувагтай. Удирдагч ГРУ-гийн даргад захирагдана. Харин тэр нь Жанжин Штабын даргад, Жанжин Штабын дарга нь Төв Хороонд захирагдана. Харин ерөнхийлөгч, элчин сайдууд бол өнгөлөн далдлалт. Халхавч.
Гэхдээ, чөтгөр ав, хэрэв хуурамч ч бай ерөнхийлөгч алга болоход түүний тухай ердөө хагас өдөр дурсаж байгаа юм чинь би гэнэт алга болчихвол намайг ер дурсана гэж үү?
Венад ажиллаж байсан зөвлөлтийн цэргийн атташе алга болжээ. Алга болчхож. Агаарт замхарчихаж. Түүнийг гэр рүү нь буцаажээ. Зөвлөлт рүү. Бидний хэлдгээр бол нүүлгэн шилжүүлжээ.
ГРУ болон КГБ-гийн офицеруудыг ноцтой алдаа гаргах, ажлаа огт хийхгүй байх тохиолдолд, хориотой хэлхээ холбоо тогтоосон эсвэл зугтах гэж бэлдэж байна хэмээн сэжиглэгдсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлдэг. Цэргийн атташег яалаа гэж нүүлгэн шилжүүлснийг би мэдэхгүй. Үүнийг хэзээ ч тайлбарлаж хэлдэггүй юм. Алга болсон, тэгээд л тэр. Амралтаа аваад явсан, буцаж ирээгүй. Зөвлөлт Холбоот Улс асар уудам нутагтай. Хаа нэгтээ төөрөө биз.
Түүний ногоон «мерседес» цэргийн шинэ атташе хурандаа Цветаевт өв залгамжлагдан шилжив. Шинэ атташе бардам байна. Өөрийгөө дарга хэмээн сэтгэжээ. Манай хөрш КГБ-гийнхэн түүнийг Бага эзэн хэмээн бодоцгооно. Гэвч манайд бусад аль ч нууц байгууллагуудын нэгэн адилаар албан ёсоор эзэлж буй албан тушаал ямар ч ач холбогдолгүй байдаг юм. Бид өөрийн гэсэн, нууц, бусдад үл харагдах зэрэг дэвтэй.
Даналзаж л бай, хурандаа гуай. Гэхдээ удахгүй чамайг Удирдагч өөрийн албан тасалгаанд ярилцахаар дуудна. Чамайг Удирдагчид ч биш, Бага эзэнд ч биш, бусад аль нэг орлогчид нь ч биш харин ердийн нэг варягд шууд захирагдах ёстой гэдгийг чинь эелдэгхэнээр мэдэгдэх болно. Харин тэр нь хэн ч байж болно, жишээ нь чиний туслах ч байж магадгүй. Хүмүүсийн дэргэд, албан ёсоор бол чи инээмсэглэн гар барьж, харин цэргийн атташегийн туслах хошууч, аль эсвэл дэд хурандаа чиний бичгийн цүнхийг барин араас чинь дагах болно. Чи «мерседесе» унаж, тэр «форд» унана. Гэхдээ энэ бүхэн зөвхөн албан ёсоор л тийм. Харин бүхний нүдэн дээр, албан ёсоор хийгдэж байгаа зүйл ямар ч ач холбогдолгүй. Мафийн толгойлогч өдрийн цагаар хоол зөөгч хийж ч болно. Гэхдээ энэ нь зоогийн газрын эрхлэгч нь асар их нөлөөтэй гэсэн үг огт биш. Манай ГРУ ч мөн тийм тогтолцоотой. Гадна харагдах цол, албан тушаал ямар ч хамаагүй. Харин ч өөрсдийн шилдэг удирдагч, авьяаслаг офицеруудаа бид нүднээс далд байлгаж бардам ихсийг тайзан дээр гаргадаг юм. Харин хөшигний ард бол бид өөрсдийн зэрэг дэв, цол, үнэлэмжтэй. Хөшигний ард варягууд тайга нохдыг захирдаг юм.
Варяг бусдыг багалзуурдаж нууцыг нь олж авдаг юм. Түүнийг дэмжиж, ажиллах нөхцөлөөр нь хангах хэрэгтэй. Чиний туслах хэдийн амжилтаараа товойж варяг болсон. Харин чи, хурандаа минь, ердөө тайга нохой. Цөөвөр. Цэцгийн зургаа. Чи өөрийн «мерседесээ» унаад туслахаа халхалж, түүний ажиллагааг хангах болно. Жижиг алдааны төлөө хошууч чамайг бид бүхний өмнө зэмлэж, харин том алдаа гаргавал шоронд суулгана.
Тэр ГРУ-д нууц мэдээллүүдийг олж өгнө, харин чи ердөө түүнийг дэмжих үүрэгтэй. Тэр чиний тодорхойлолтыг бичнэ. Чиний хувь заяа түүний гарт. Алдаа гаргах л юм бол чи сураггүй алга болно. Чиний өмнөх шиг л чамайг нүүлгэн шилжүүлэх болно.
Харин одоо инээмсэглэж л бай тайга нохойн гөлөг минь. Гурван сарын дараа хотыг хэр мэдсэнийг чинь шалгах болно гэдгийг санаж яв. Зуун асуултад зөв хариулах ёстой. Хариулахдаа алдаа гаргавал хангалтын ажилдаа алдаа гаргана гэсэн үг. Харин тэгвэл тэгээд л өнгөрөө, бөөн хэл ам, Төв Хорооны комисс, шорон, дамжлага. Харин шалгалтаа өгөөд чи ч бас хангалтад ажиллах болно. Бусдын сүүлийг халхлах болно. Баяр амралтын өдөр гэж огт байхгүй. Ямар ч найдвар байхгүй. Харин одоо инээж л бай.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.17.11 4:41 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.17.11 6:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
3

Тагнуулын ажиллагааны хангалт нь шууд ба ерөнхий гэж хоёр янз байдаг юм. Шууд хангалтад манай төлөөлөгчдийн газрынхан бүгдээрээ, бүх сүргээрээ явна.
Хангалтын ажлыг Удирдагч өөрийн биеэр зохицуулан. Харин ерөнхий хангалтад Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын элчин сайд болон Ерөнхий консул ажиллана. Тэд юу болоод байгааг өөрсдөө үл ухааран ерөнхий хангалтын ажлыг хүмүүс. Зүгээр л Төв Хорооноос тэдэнд халхал, хаацайл гэсэн нууц түлхүүрт тушаал ирнэ. Хэрэв бид, шууд хангалтынхан алдаа гаргавал ерөнхий хангалтынхан биднийг халхалж утаан хөшиг тавьдаг юм. Яг л наймаалж өөрийн дайснаас будагт бодисоор хөшиг тавьчихаад зугтдагтай адилаар. Элчин сайд Ерөнхий консул хоёр Австрийн цагдаа нарыг хашгичин загнаж, бөөн үймээн шуугиан дэгдээн, өдөөн хатгалаа хэмээн буруутгаж, тэдний гаргаж ирсэн бүх л зүйлийг үгүйсгэнэ. Тэд огт гэмгүй байж байгаад аймшигтайгаар гүтгүүлсэн хүний дүр гарган жишим ч үгүй өөдөөс нь харцгаадаг юм. Тэд танай орноос найрсаг харьцаагаа тасална хэмээн сүрдүүлцгээнэ. Тэд Улаан Арми Австрийг чөлөөлснийг алхам бүрдээ дурсана. Тэд дайнд амссан хохирол, нацизмийн гэмт хэргийн тухай байнга ярина. Тэдний ажил тийм юм. Хэрэв бид алдаа гаргавал түүнийг хаацайлахын тулд л тэд тэнд байдаг юм.
Гэхдээ одоогоор бид алдаа гаргаагүй л байна. Одоохондоо бүх зүйл сайн явж байна. Одоо бидний явуулж буй ажиллагаа түүнд оролцож байгаа хэд хэдэн төлөөлөгчдийн газрын нийт офицеруудын хамтын хүчин чармайлтыг шаардаж байна. Австрийн нутгаар танкийн хөдөлгүүр дайран өнгөрч байгаа юм.
Тэр хөдөлгүүр хэдийн нэлээд хэдэн орны нутгаар дайран өнгөрөөд байна. Очих газар нь Турк гэжээ. Австри бол энэхүү төвөгтэй аяллын хамгийн сүүлийн хэцүү даваа. Цаашаа тэр Унгар ороод тэндээсээ аяныхаа чиглэлийг огцом өөрчлөх болно.
Танкийн хөдөлгүүр тонн хагас жинтэй. Манай варягууд түүнийг аль нэг орноос аваад нэрийг нь өөрчлөн хил давуулжээ. Тэр хөдөлгүүр ГРУ-гийн нууц тагнуул хил нэвтрэх бүрдээ паспортаа сольдог шиг хил гарах бүрдээ нэрээ өөрчлөн олон орны хил даван удаан аялж байгаа юм. Одоо танкийн хөдөлгүүртэй чингэлэг хэдийн Австрид иржээ. Тэр хөдөлгүүр одоо «тариалангийн услалтын системд зориулсан эрчим хүчний туршилтын төхөөрөмж» гэсэн нэрийн дор аялж явна. Ази, Африкийн орнуудад өлсгөлөн болж байна! «Эрчим хүчний туршилтын төхөөрөмжийг» нэвтрүүлэгтүн! Ядуу орнууд хүнснийхээ асуудлыг шийдвэрлэг л дээ!
Уур барсан хүнд ажил. Улсын хилээр хүнд ачааг дамжин өнгөрөөхөөр оролдож үзээгүй хүмүүс энэ ажилд хэчнээн их хүнд сурталтнууд хошуугаа шургуулсан байдгийг төсөөлөх ч үгүй! Харин ГРУ тэдгээрийн хэн нь ч «эрчим хүчний туршилтын төхөөрөмжийн» жинхэнэ учрыг мэдээгүй гэдэгт итгэлтэй байх ёстой. Харин түүний учрыг гэнэт таамагласан нэг нь өөрийн юмыг ухаарамтгай байдал хийгээд ухаарч ойлгоогүй дүр үзүүлсний төлөө маш том шагнал хүртэнэ. ГРУ тэднийг нэг бүрчлэн алсаас ч болов хянаж байх ёстой. Харин яг энэ ажлыг бид хийж байгаа юм.
Манай варягуудын нэг нь энгэртээ одон зүүх нүх гаргаж буй нь тэр. Танкийн хөдөлгүүр. Шинэ үеийн. Мэдээж, хуулах гэж биш харин судлах гэж. Яг л америкийн уралдааны машин зохион бүтээгчид японы шинэхэн хөдөлгүүр маш сонирхолтой байдаг шиг.
Чөтгөр ав, би иймэрхүү зүйлийг хаанаас олох вэ? Сонирхууштай зүйл асар их. Тэднийг олж авах ч заримдаа тийм хэцүү биш. Гэхдээ манай мэдээллийн алба нэг ижил зүйл эсвэл нэг ижил бичиг баримтаас дэлхийн өнцөг булан бүрээс нийтдээ гурав дөрвөн ширхгээс илүүг худалдаж авдаггүй юм. Илүү хэрэггүй. Өөр хэн ч олж чадахгүй бүр шинийг аваад ир гэнэ. Заримдаа үнэхээр сонирхол татах зүйл санал болголоо ч ГРУ татгалзсан хариу өгнө. Баярлалаа, гэхдээ Тунис дахь ГРУ-гийн дипломат төлөөлөгчдийн газар илүү хурдан ажилласан. Баярлалаа, бидэнд наадах чинь аль хэдийн байгаа.
ГРУ бол хатуу ширүүн өрсөлдөөний газар. Хэн хүчтэй нь ялна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.18.11 12:14 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
4

Цаг тун удаан өнгөрнө. Чаг, чаг, чаг. Шөнө. Харин манай мөргөцөгт үргэлж цэнхэр гэрэлтэй. Тодруулж бүдэгрүүлж болох боловч өнгийг нь өөрчилж болохгүй. 2 цаг 43 минут. Гарч нойроо сэргээх хэрэгтэй. Ер нь төлөөлөгчдийн газрын байранд ямар ч цонх байдаггүй юм. Манай Венийн төлөөлөгчдийн газрын асар том барилга ердөө гуравхан цонхтой. Нийтийн ажлын танхимаас коридорт гарч шатаар өгсөн гэрэл зургийн лабораторийн дэргэдүүр гарч дахин коридороор яван шатаар өгсөнө. Дөчин найман гишгүүр. Тэнд антенны төвийн хаалга хүрсэн бас нэг жижиг коридор бий. Энэ жижиг коридорт өнөөх гурван цонх байдаг юм. Бид тэр газрыг Невийн өргөн чөлөө гэж нэрлэнэ. Бодвол манай битүү нүхнээс гарч ирсэн хэн бүхэн тэнд нарлахыг хүсдэгээс тэр байх.
Энэ коридор манай ажлын өрөөнөөс арваад хаалга, бетон халхавч, хананы цаана байдаг юм. Тэнд цонхны дэргэд нууц асуудлыг авч хэлэлцэхийг хориглодог. Тэр гурван цонх ГРУ-гийн байрны цонхнууд хэрхэн хамгаалагдсан байдаг шиг хамгаалагдсан хирнээ тэр шүү. Гаднаас нь харахад бусад цонхнуудаас огт ялгарахгүй. Хаа сайгүй байдаг тийм л тортой. Гэхдээ манай цонх арай бүдэг. Тийм учраас дотор юу болж байгааг гаднаас харах хэцүү. Цонхны шилнүүд нь маш зузаан. Хагарахгүй. Зузаан шил агаарын чичиргээг муу дамжуулах учир цахилгаан соронзон цацрагийн хүчтэй үүсгүүрээр тандахад хэнгэргийн үүрэг гүйцэтгэж чадахгүй. Шилийг харахад жигд бус болхи хийцтэй юм шиг санагдана. Зарим хэсэгтээ арай зузаан, зарим хэсэгтээ арай нимгэн. Гэхдээ энэ бол зориуд хийсэн ов мэх байгаа юм. Шилний жигд биш гадаргууг электрон машинаар тооцоолон хийсэн юм. Жигд бус шил хийсний төлөө хэн нэг нь шагнал хүртсэн байх. Хэрэв манай цонхны шилийг хэнгэрэг болгон ашиглалаа гэхэд жигд бус гадаргуу нь туссан цахилгаан соронзон цацрагийг эмх замбараагүй ойлгож, тусгай төхөөрөмж нь тайлж унших боломжгүй байх юм. Манай цонхнууд салхивчгүй нь ойлгомжтой. Агааржуулах систем нь ч онцгой хамгаалалттай байдаг. Гэхдээ би тэр талаар сайн мэдэхгүй. Ямартаа ч цонхыг агаар солих зориулалтаар энд хийгээгүй нь л тодорхой.
Цонх бүр гурван давхар шилтэй, металл хүрээтэй. Металл хийцүүдийн завсраар тусгаарлагч зөөлөвчүүд бий. Агаарыг чичиргээ дамжуулалтыг багасгах гэж ингэж хийсэн юм. Гадна болон дотор талаас нь харахад жирийн л цонх мэт боловч хүрээний хоорондохыг сайн харвал шилнүүд нь өөр өөр өнцгөөр байрласныг харж болно. Гурван давхар шил бүр бусдаасаа арай өөр өөр өнцгөөр гадагш харж бага зэрэг хазгай байрласан юм. Шил бүрийн хазайх өнцөг өөр. Өнцгийн хазайлтыг нь бас л электрон машинаар тооцсон юм. Цонхны шилийг ашиглан гаднаас чагнах төхөөрөмжөөр сонсох боломжгүй болгох гэж тэр. Хананууд бүр ч илүү хамгаалалттай. Ялангуяа газар доорх бидний мөргөцгийн хананууд.
Цонхны цаана харанхуй хэвээрээ л байна. Би ч үүнийг мэдэж байгаа. Би зөвхөн коридор, шатаар явж нойроо сэргээхийн тулд л энд, цонхны дэргэд ирсэн юм. Би жижүүрийн офицер, унтаж огт болохгүй.
Шөнийн ээлжийнхэн бараг миний оролцоогүйгээр ажлаа хийж байна. «ТС» бүлгийнхэн байнга, хорин дөрвөн цагаар цэргийн болон засгийн газрын радио мэдээллийг замаас нь хүлээн авч, тайлж унших ажлыг хийдэг юм. Радио хяналтын бүлэг ч мөн радио мэдээллийг амдах ажлыг эрхэлдэг. Гэхдээ тэд огт өөр төрлийн ажил хариуцдаг юм.
«ТС» бүлэг ГРУ-гийн мэдээллийн албаны ашиг сонирхлын дагуу ажилладаг бөгөөд мэдээллийн албаныхан цуглуулсан жижиг мэдээллүүдээ төвийн том компьютерт нэгтгэн боловсруулж ертөнцийн дүр төрхийг байнга шинэчлэн гаргаж байдаг юм. Харин радио хяналтын хэсэг түүнээс багагүй чухал хирнээ өөр ажил эрхэлдэг. Радио хяналтын бүлэг зөвхөн манай төлөөлөгчдийн газрын ашиг сонирхлын дагуу ажиллана. Энэ бүлгийнхэн цагдаагийн газрын үйл ажиллагааны идэвхийг ажиглана. Венийн цагдаагийн газар юу хийж байна, хүчээ хаагуур тараан байрлуулсан байна вэ, энгийн хувцас өмссөн цагдаа нар хэнийг мөрдөж байна вэ гэдгийг тэд үргэлж мэдэж байдаг юм. Радио хяналтын бүлэг цагдаа нар өнөөдөр вокзалын тэнд сэжигтэй арабыг мөрдсөн, харин өчигдөр хар тамхины наймаачдын эсрэг бүх хүчээ хаясан гэх зэргээр үргэлж бүхнийг бидэнд хэлж байдаг юм.
Радио амдалтын бүлгээс гадна холбоочид, нууц түлхүүрт мэдээнийхэн шөнөөр ажилладаг бөгөөд би тэдний ажилд оролцох эрхгүй. Тэгээд би яагаад шөнөөр энд сууж байгаа билээ? Бие биедээ захирагдахгүй олон хэсгүүд ажиллаж байна. Гэхдээ хэн нэг нь ахлах ёстой. Тийм учраас л бид шөнө ээлжээр жижүүрлэдэг юм.
Би ямар ч онцгой гавьяа байгуулаагүй, мэдээлэл олборлох ажлын офицер, харин тэдний хувьд бол би эрх мэдлийн биелэл. Тэдний хувьд би варяг эсвэл тайга нохой байх нь чухал биш. Би дээд ангийн хүн. Би мэдээлэл олборлогч офицер. Тэгэхлээр гадаадын хүмүүстэй харьцдаггүй тэдний хэнээс нь ч дээгүүр. Тэд хэний ч хувьд цэргийн цол хэргэмээс үл хамааран олборлогч офицер болно гэдэг сайхан боловч бүтэшгүй мөрөөдөл юм.
— Виктор Андреевич, кофе уух уу?
Энэ бол Боря, гуравдугаар нууц түлхүүрч. Түүнд хийх юм алга. Гол хүлээн авах станц нь чимээгүй, гүний тагнуулын радио дохиоллын хүлээн авах станц ч мөн чимээгүй байна.
— Тэгье, Боря. ууя.
Би гвардийн 6-р танкийн Армийн Спецназынхан десантаар буух өөрийн сонгосон талбайг тодорхойлон бичих ажлаа түр хойш тавив. ГРУ-гийн тушаал ёсоор би тийм гурван талбай сонгосон юм. Хэрэв дайн болбол ашиглах юм. Гэвч Боря нэгэнт өөрийн өрөөнөөс гараад ирсэн бол тэртэй тэргүй энэ ажлаа дуусгаж чадахгүй.
— Ёотон хийх үү?
— Үгүй, Боря. Би үргэлж чихэргүй уудаг.
Боря Венера дагиныг шүтнэ. Бүх дэлхийн ГРУ болон КГБ-гийн нууц түлхүүрчид энэ хатагтайг шүтдэг юм. Боря миний их ажилтай байгааг мэдэж буй боловч намайг тойрон тал талд гаран холхиж миний анхаарлыг ирээдүйн дайнаас хэрхэн хөндийрүүлж түүний өөрийн шашин шүтлэг уруу хандуулахаа эргэцүүлж байна.
— Виктор Андреевич!
— Юу гээв? — би дэвтрээсээ хөндийрсөнгүй хариу асуув.
— Дипломат элч нар шинэ шүлэг авчирсан байна билээ.
— Мэдээж, шалиг шүлэг л байгаа биз?
— Дипломат элч нар үргэлж л тийм шүлэг авч ирдэг юм.
— Чөтгөр чамайг аваг, Боря. Тэр шүлгээ унш л даа.
Боря үл ялиг ханиан хоолойгоо засав. Боря агуу их найрагчийн дүрээр ийн уншиж эхлэв:

Өвсний шүүдэрт хөлөө норгон байж
Өөрийг чинь би тэврэхээр ирлээ
Өвөрт чинь орохыг тэсгэлгүй хүсэхдээ
Өрөөл бусдаас өрсөн өрсөн ирлээ!

— Боря, энийг би чамаас өмнө мэднэ.
Боря урам нь хугарсан байртай хэсэгхэн сууснаа:
— Ленинградад нэг зовлонтой хүн байсан юм. Сайхан шүлэг бичнэ:

Өө, Ленинград!
Өө, миний хот оо!
Хүн бүхэн үүнийг хүснэ
Харин би гэгээн ламтан...

Түүнээс салах хэцүү. Борятай харьцаагаа муутгаж болохгүй. Нууц түлхүүрийн мэргэжилтэн хэдий доод тушаалынх боловч үргэлж Удирдагчийн дэргэд үнэнч нохой шиг л байж байдаг юм. Түүний яруу найргийн сэдвийг гүнзгийрүүлэхийг би үл хүсэвч бас яриаг нь таслах утгагүй хэрэг. Ярианыхаа сэдвийг өөр тийш нь эргүүлсэн нь дээр:
— Чи Ленинградын цэргийн тойргийн штабт алба хааж байсан юм уу?
— Үгүй, 7-р Армийн штабын наймдугаар хэлтэст.
— Харин дараа нь?
— Дараа нь шууд Ватутинки.
— Хөөх!
Ватутинки бол Москвагийн дэргэд орших маш нууц хот. ГРУ-гийн нэвтрүүлэг хүлээн авах гол радио төв тэнд байдаг юм. Тэндхийн бүх юм нууц. Оршуулгын газар нь хүртэл нууц. Ватутинки бол диваажин. Гэхдээ бусад бүх диваажингийн нэгэн адил дутагдал түүнд бий. Юу гэвэл тэндээс гарах гарц байхгүй. Ватутинкид нэгэнт очсон хүн өөрийг нь өөр хаана ч биш зөвхөн тэндхийн оршуулгын газар оршуулна гэдэгт эргэлзэхгүй байж болно.
Энэхүү диваажинд очигсдын зарим нь хилийн чанадад ажиллахаар явдаг юм. Гэхдээ үүнээс болоод түүний амьдрал өөрчлөгдөхгүй. Бүх нууц түлхүүрчдийн хувьд элчин сайдын яамны дотор ажиллаж, амьдрах хатуу тогтоосон бүс бий. Хүн бүр янз бүр. Борягийн хувьд өөрийнх нь амьдардаг өрөө, нийтийн ажлын танхим, Удирдагчийн болон Бага эзний өрөө орсон арван зургаан өрөөнд л байж болно. Тэр энэ бүсээс гарах эрхгүй. Хэрэв тэгвэл эрүүгийн гэмт хэрэг болно. Элчин сайдын яамнаас гадагш гарвал бүр тэр байтугай юм болно. Боря энэ бүсдээ хоёр жил амьдрах бөгөөд дараа нь түүнийг буцаагаад Ватутинкид аваачина. Боря өөрөө ч явахгүй. Түүнийг харгалзан хүргэнэ.
Боря жаргалтай байна. Ватутинкид очигсдын ихэнхийг хаа нэг тийш нь аваачдаггүй юм. Гэхдээ тэд тойргийн болон арми, флот, флотилийн штабт ажиллаж буй мянга мянган нууц түлхүүрчдийн дэргэд азтайд тооцогдоно. Тэдний хувьд Ватутинки бол сайхан боловч биелэгдэшгүй мөрөөдөл.
— Виктор Андреевич, биеэ үнэлэгчдийн талаар ярьж өгөөч. Намайг удахгүй Ватутинки уруу буцаана. Венад байсан мөртөө хүнд ярьчих нэг ч түүхгүй ирлээ гэж манай залуус намайг шоолох болно.
— Боря, би биеэ үнэлэгчдийн тухай юу ч мэдэхгүй. Боря дээрээс зааварласны дагуу намайг хатгаагүй, харин миний энэ тухай ярихыг сонсохыг үнэхээр хүсэж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ватутинкид эргэж очсон ямар ч нууц түлхүүрч хормойн явдлынхаа түүхийг хэр зэрэг ярьж байна вэ гэдгээр л үнэлэгддэг юм.
Түүнийг элчин сайдын яамны хэдхэн өрөөнөөс гаралгүй хязгаарлагдмал бүсэд, заримдаа тавхан өрөөний хооронд амьдарч байгаад ирснийг бүгд мэднэ. Нэг ч мэдээлэл олборлогч офицер нууц түлхүүрчинд өөрийн үзсэн харснаа ярьж зүрхлэхгүй бөгөөд ярьж байгаа зүйлсээ тэр өөрөө л бодож олсон гэдгийг ч бүгд ойлгож байгаа. Гэхдээ л чадварлаг яригч бичиг үсэггүй ард түмний дунд үлгэрч хүн ямар хүндтэй байдаг шиг л Ватутинкид үнэлэгдэнэ. Гэхдээ соёлжиж иргэншсэн ард түмний дунд ч мөн ийм үзэгдэл байдаг шүү дээ. Вена хотын номын дэлгүүрүүд огт байхгүй гариг дээр болсон явдлын тухай өгүүлсэн зөгнөлт романаар дүүрэн байна. Соёлт хүмүүс бүгд энэ романууд зохиомол гэдгийг мэддэг ч Ватутинкид хормойн явдлын түүхийг шимтэн сонсдог шиг л тэд эдгээр романуудыг шохоорхон уншдаг юм.
— Виктор Андреевич, биеэ үнэлэгчдийн тухай ярьж өгөөч дээ. Тэд шууд л гудамжинд зогсож байдаг юм уу? Тэд ямар хувцастай байдаг вэ? Виктор Андреевич, та тэд нарт ойртдоггүй гэдгийг би мэднэ л дээ, гэхдээ тэд нар холоос ямар харагддаг вэ?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.18.11 2:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
5

…Аливааг төсөөлөн бодоход ч үнэхээр хэцүү байна. Харин тэгэхгүй бол юу ч бүтэхгүй. Өөрийн нүүдлийг өөрөө төлөвлөдөг хүмүүс хангалтад явж байгаа хүмүүсийг цагдаагийн гар чийдэнгийн гэрэлд тавьж өгөөд өөрсдөө сүүдэрт үлдэхийг аль байдгаараа хичээдэг юм. Австрийн цагдаа нар шууд л хөөчихдөг Британийн цагдаа нарыг бодвол арай өршөөнгүй ханддаг ч заримдаа бас сэмээрхэн хөөж л орхидог юм. Чимээгүй бөгөөд элдэв хэл амгүй. Харин чи Австрид ажиллаж чадахгүй байгаа бол цагдаа нар нь илүү чанга ажилладаг Голландад, эсвэл хэтийн төлөв, нөхцөл байдал нь маш муу Канадад чамайг ажиллуулж болно гэж үү?
Варяг бүр сүүдэрт байдаг. Харин тайга нохой бүрийг бүх дэлхий мэднэ. За яах вэ, ойр дотныхноо хуурахгүй бол хөндлөнгийн хүн ойртож ирээд чамайг хуурна. Бидний чадваргүй болхи байдлаар бамбай хийн өөрсдөө мултраад биднийг галын дор орхидог варягуудын зөв. Гэхдээ би ч бас варяг болохоор хатуу шийдсэн. Нууцад хэрхэн хүрэхээ бодоод нойр ч хүрэхгүй нь!
Жинхэнэ нууц бичиг баримтгүйгээр элсүүлсэн гэж тооцохгүй. Харин элсүүлэхгүй бол ГРУ-д амьдрал байхгүй. Нулимж л орхино. Академид бидэнд заасан бүхнийг хэдийн хорин жилийн турш хаа сайгүй амьдралд хэрэглэж байна. Шинэ зам хэрэгтэй.
Гэмт хэргийн ертөнцийг дүрслэн бодох бидний төсөөллийг хөгжүүлэхийн тулд детектив романууд уншихыг биднээс шаарддаг байсан юм. Гэхдээ гол нь бусдын үйлдэл, шийдвэрийг эргэцүүлэх ухаанд сургахыг л зорьдог байсан байх. Детектив зохиолчид бол мэргэжлийн олон нийтийг хөгжөөгчид болохоос мэргэжлийн мэдээлэл олборлогчид биш. Тэд өмнө нь огт мэдэгдээгүй байгаа шинэ зэвсгийг гартаа оруулах зорилтыг тавьж буй захирагч ямар даалгавар өгч болох тухай гэх мэт гол асуудлыг хялбархан тойрч чадна. Тэр тухай огт юу ч байхгүй. Хэрэв тиймэрхүү төрлийн зэвсэг байж болно гэдгийг хорвоо ертөнц огт таамаглаагүй байвал яах вэ? Харин ГРУ дэлхийд хэн ч тийм зэвсэг бүтээх боломжтой гэдгийг мэдээгүй байхад, АНУ-гийн ерөнхийлөгч ч зохих ёсоор нь үнэлж чадаагүй байхад АНУ-гийн атомын бөмбөгийн хойноос хөөцөлдөж эхэлсэн юм.
Мэдээлэл олборлоход гэмт хэргийн ертөнцийн аливаад хандах хандлагыг хэрхэн ашиглах боломжийг таниулахын тулд биднийг Петровкад байдаг гэмт хэргийн музейн нууц тасагт аваачсан юм.
Мэдээж, Москвагийн эрүүгийн эрэн сурвалжлахынхан бидний хэн болохыг мэдэхгүй. Музейн танхимд МВД, КГБ, ардын хянан шалгах, коммунист залуучуудын байгууллага, бас тэгээд өөр хаанаас ч юм бэ ирсэн тун олон нууц төлөөлөгчид байлаа. Бүгдийнх нь гэмт хэргийн сэтгэхүйг хөгжүүлэх хэрэгтэй юм байлгүй.
Тун сонирхолтой музей юм хэлэх үг алга. Мөнгө хийдэг машин надад хамгийн их таалагдав. Москвагийн цэргийн техникийн сургуулийн оюутнууд тэр машиныг хийж гүржүүдэд 10 000 рублиэр заржээ. Бидэнд мөнгө хэрэгтэй, харин хуурамч машиныг бид дахиад нэгийг хийчихнэ гэж бодоо биз. Оюутнууд будгаа хааш нь хийх, цаасыг нь хаана хийх, хааш нь спирт хийх ёстойг гүржүүдэд зааж өгчээ. Нэг ч мэргэжилтэн жинхэнээс нь огт ялгахгүй тийм сайн хийсэн шажигнасан аравтын дэвсгэртүүд машинаас цувран гарч байжээ. Шунал ихэдвэл шулам болно шүү гэдгийг ч бас оюутнууд гүржүүдэд анхааруулсан гэнэ! Машиныг хэт халтал нь ажиллуулж болохгүй, эс тэгвээс зураг нь балархай гарна гэдгийг ч мөн хэлжээ. Гүржүүд нутаг буцав. Тэгээд оройн цагаар мөнгө үйлдвэрлэж эхэлжээ. Гэвч машин нь гацав. Механикчийг бүлэгтээ элсүүлэхээс өөр аргагүй болжээ. Харин механикч машиныг задалж үзээд исгэрчээ. Та нарыг хуурчээ гэж тэр хэлж. Энэ машин мөнгө хийж чадахгүй. Дотор нь зуун ширхэг жинхэнэ аравт хийсэн байжээ. Бариулыг эргүүлмэгц л шинэхэн аравтын дэвсгэрт цувран гарч ирнэ. Зуун ширхэг байж. Харин одоо бүгд гараад ирчихсэн. Одоо өөр гарч ирэх юу ч байхгүй. Тэгээд Гүржүүд сэргийлэхэд ханджээ. Сэргийлэх оюутнуудыг барьж аваад залилангийн хэргээр гурван жил шоронд суулгажээ. Харин гүржүүдэд өөрсдөд нь арван жилийн ял өгчээ. Хуурамч мөнгө хийхээр шийдсэн, бас завдсан хэрэгт нь. Тэр нь ч зөв. Оюутнууд зөвхөн гүржүүдийг л хуурсан, харин гүржүүд ажилчин тариачны төрийг хуурахыг хүссэн байна.
Ай хөөрхий, ийм сайхан мөрөөдөлтэй хүмүүс ч азтай юм аа. Харин би юу бодож олдог юм билээ?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.18.11 3:51 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
* XII БҮЛЭГ *

1

Элсүүлэх бол нарийн ажил. Яг л булга агнадаг шиг. Арьсыг нь гэмтээхгүйн тулд нүд рүү нь цохих хэрэгтэй. Гэхдээ жинхэнэ анчин хүн бол булганы нүд рүү цохихыг хэзээ ч хэцүү гэж үздэггүй юм. Харин хөвч тайгаас булга олно гэдэг л хэцүү.
Нууцыг мэддэг хүмүүсийг ГРУ хайдаг юм. Тийм хүмүүс ч цөөн биш. Гэвч ерөнхийлөгчийн зөвлөх, пуужин зохион бүтээгч, штабын генералууд харуул хамгаалалт, хашаа, харуулын ноход нууц эрх ямба, асар их орлогоороо биднээс зааглагджээ. ГРУ-гийн хувьд нууцыг мэддэг хэрнээ ганц бие, бие хамгаалагчгүй, сайхан ирээдүй, их орлогогүй тийм хүмүүс хэрэгтэй. Нууцыг мэддэг ч мөнгөөр үргэлж гачигддаг тийм хүмүүс бидэнд хэрэгтэй. Харин тийм хүмүүсийг хэрхэн олох вэ? Нууцад хүрэх эрхгүй хэдэн зуун сая хүний дундаас тийм хүмүүсийг хэрхэн ялгах вэ? Та мэдэхгүй байна уу? Би харин үүнийг мэднэ. Одоо бол мэднэ. Надад нэг сайхан санаа байна.
Харин Удирдагчтай уулзахаар орж болдоггүй нь хяслантай хэрэг ээ. Тэрээр хоригдол мэт тасалгаанаасаа гарахгүй суугаад олон хонож байгаа бөгөөд хэнийг ч хүлээж авахгүй байгаа юм. Бага эзэн ярдаг нохойноос дор байна. Түүнд ойртох ч аюултай, урж мэднэ. Бага Эзэн ч мөн бүхий л цагаа захирагчийн өрөөнд өнгөрөөнө. Тэнд тэднээс гадна Петр Егорович Дунаец бас хамт сууна. Албан ёсоор бол тэр дэд консул. Албан бусаар бол ГРУ-гийн хурандаа, Удирдагчийн орлогч. Одоо мөн ГРУ-гийн Нэгдүгээр газрын даргын орлогч, контр адмирал Бондарь ч тэдэнтэй нийллээ. Тэр Венад ямар нэг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд, мэдээж цэргийн биш иргэний, багтан нисэж ирсэн юм. Харин түүнийг тэр төлөөлөгчдийнхөө хамт байхыг нь хэзээ ч хараагүй. Тэрэнд түүнээс ч чухал ажил байна.
Генерал, адмирал болон хоёр хурандаа нар захирагчийн өрөөнөөс маш ховорхон гарч ирцгээх ба яг л хөдөлмөрийн баатар уурхайчид шиг тэрхүү мөргөцөгтөө сууцгаана. Олборлолтын дэлхийн дээд амжилт тогтоохоор шийдэцгээсэн юм болов уу?
Тавдугаар нууц түлхүүрч Женя тэдний цай хоолыг оруулж өгнө. Харин дараа нь орж хоол зөөдөг тавиураа авна. Хоол нь бүр хөрчихсөн, огт гар хүрээгүй байх аж. Мөн Женя тэндээс тэвэр дүүрэн кофены хоосон аяга, үнсний сав дүүрэн тамхины иштэй гарч ирнэ. Мэдээж, тэнд юу болоод байгааг Женя мэдэхгүй. Захирагчийн бүх нууц түлхүүрт мэдээнүүдийг зөвхөн нэгдүгээр нууц түлхүүрч Александр Иванович тайлж уншдаг юм. Харин тэр үргэлж чулуун хөшөө шиг царайтай байдаг юм. Ямар ч сэтгэлийн хөдлөл байхгүй.
Тэр дөрвийн тэнд хийгээд байгаа зүйлийг шинжлэх ухааны нэр томьёогоор бол «сүйрлийн хүрээг хумих» гэж нэрлэдэг байх. Нэлээн гүн сүйрэл болсон бололтой. Одоо харин мөрдөн байцаагчид тэдний мөрөөр орж болох бүх шижмийг тас цавчих хэрэгтэй. Тэгээд л захирагчийн өрөөн хамгийн туршлагатай варягуудыг нэг нэгээр нь дуудаж, тэд ч богинохон зааварчилгаа авсны дараа хэд хоногоор алга болох ажээ. Тэд юунд явж байгааг би мэдэхгүй.
Би үүнийг мэдэж болохгүй. Харин шижмүүдийг цавчих хэрэгтэй гэдэг нь л тодорхой байна. Харин хэрхэн цавчиж байгаа юм бол? Үүнийг зөвхөн таамаглаж л болно. Туршуулуудад паспорт болон бүх амьдралд нь ч хүрэлцэх мөнгө өгөөд Чили эсвэл Уругвай уруу илгээнэ. Гэхдээ ингээд л болчихгүй. ГРУ-гийн аюулгүй байдлын асуудал яригдаж байна. Асар хүчирхэг байгууллага урьдах шигээ сүүдэрт үлдэх үү эсвэл түүний тухай бүх л гудамжны сонинууд КГБ болон CIA-гийн тухай ярьдаг шигээ чалчиж эхлэх үү гэдэг асуудал яригдаж байна. ГРУ-гийн хувьд сүүдэрт нуугдан үлдэх нь маш чухал. Энэхүү тоглоомын бооцоо нь урьд хожид үзэгдээгүй их. Ийм учраас л ГРУ тэр шижмүүдийг ямар аргаар ч болов тас цавчиж байгаа юм. Хэн нэг нь олон жил үнэнч зүтгэснийхээ төлөө галт тэргэн дор аймшигтай хашгиран унаж байгаа. Хүн бүр өөр өөрөөр. Хэн нэг нь усанд орж байгаад живнэ. Юу ч тохиолдож болно. Гэхдээ голдуу автын осол болдог юм. ГРУ яг л аварга могой шиг, алах дуртайдаа алдаггүй юм. ГРУ зөвхөн гарцаагүй үед л алдаг. Гэхдээ эргэлт буцалтгүй бөгөөд цэвэрхэн алдаг юм. Хэцүү ажил. Ийм учраас одоо Бага Эзнээс хол байсан нь дээр. Хазаж ч мэднэ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.18.11 4:28 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
2

— Витя, чи сайхан сэтгэлтэй болохоороо л алдаад байна. Ийм сайхан сэтгэлтэй байж болохгүй. Хүн тодорхой хязгаарын дотор л сайхан сэтгэлтэй байх эрхтэй. Харин тэрнээс цааш бол нэг бол бүгдийг нь хэмлэ, эсвэл шавхай дотроо хэвтэж бай. Дарвин энэ дүрмийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан юм. Хэн хүчтэй нь амьд үлдэнэ. Түүний онол зөвхөн амьтны ертөнцөд л хамаатай гэж ярьцгаадаг л юм. Зөв л ярьж байна. Бид чинь бүгдээрээ амьтан шүү дээ. Бид амьтнаас юугаараа ялгаатай юм бэ? Маш бага ялгаатай. Бусад амьтдад арьс өнгөний өвчин байдаггүй, харин хүн гэдэг амьтанд бол бий. Өөр ямар ялгаа байна вэ? Зөвхөн инээмсэглэл. Хүн инээмсэглэж чаддаг юм. Харин та нар инээмсэглэлээ гээд хорвоо ертөнц илүү сайн сайхан болохгүй. Амьдрал бол амьд үлдэхийн төлөө тэмцэл. Харин амьд үлдэхийн төлөө тэмцэл бол нарны доорх амьдрах орон зайныхаа төлөө тэмцэх тэмцэл. Бүү алмайр, Витя, битгий сайхан сэтгэлтэй бай, дэвсүүлнэ шүү…

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.18.11 5:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Аль хэдийн шөнө дунд болжээ. Дунай мөрний эргээр үдшийн сэрүүн оржээ. Тэртээ алсад онгоц бууж харагдана. Бороо хэдийн зогссон боловч туулайн бөөр моддын навчсаас бүлээхэн, том том дуслууд унасаар байна. Бага Эзэн миний өмнөөс харан гаслантайгаар шанаагаа тулан сууна. Ер нь бол тэр одоо Бага Эзэн биш болсон. Бид зүгээр л сурснаараа түүнийг ингэж дуудаад байгаа юм. Тэр одоо зүгээр л ГРУ-гийн хурандаа Николай Тарасович Мороз. Дипломат халхын дор ажиллаж буй олборлогч офицер. Энэ бол тийм ч их биш. ГРУ-гийн хурандаа ч тийм өндөр цол биш. ГРУ-д зөндөө л хурандаа нар байдаг. Цол биш харин амжилт, эзэлж буй байр суурь нь л чухал. Олборлогч хурандаа хүн ар араасаа нүүлгэн шилжүүлэгдсэн нөгөө хоёр цэргийн атташе шиг тайга нохой ч байж болно. Эсвэл бардам бөгөөд амжилттай варяг ч байж болно. Хурандаа хүн захирагчийн орлогч эсвэл Бага Эзэн ч байж болно. Заримдаа том биш дипломат болон нууц төлөөлөгчдийн газарт Удирдагч ч байж болно.
Харин хурандаа Николай Тарасович Мороз дээрээсээ хоёрдох шатнаас хамгийн доод шатанд буулаа. Сүйрлийн хүрээг хумих ажиллагаа дуусжээ. Бага Эзнийг албан тушаалаас нь буулгав. Үргэлж Түүний ажиллагааны арыг халхалдаг байсан гурван тайга нохойг Москва уруу нүүлгэн шилжүүлэв. Тэгээд л бүх зүйл чимээгүй болжээ. Дэргэдээс харахад юу ч өөрчлөгдөөгүй мэт.
Хурандаа Морозын эрх мэдэл энэ хүрээд өндөрлөв. Түүний оронд одоогоор хэнийг ч тавиагүй байна. Тийм учраас Удирдагч өөрийн биеэр болон орлогчдоороо дамжуулан биднийг удирдана. Нэгдүгээр орлогч нь байхгүй түүнд хэцүү байгаа бөгөөд шууд хэлэхэд тэр одоо нэг их хичээхгүй байх шиг. Бүх ажил ямар нэг байдлаар өөрөө аяндаа л урагшилж байна.
Бага Эзний сүйрлийг хүн бүр өөрийнхөөрөө л хүлээн авлаа. «ТС», радио хяналтын офицерууд, харуулууд, хамгаалалтын системийн операторууд, холбоочид, нууц түлхүүрчид хийгээд мэдээлэл олборлоход оролцдоггүй бусад бүх офицеруудын хувьд тэрээр хагас бурхан хэвээрээ л байгаа. Тэр чинь олборлогч офицер хэвээрээ байгаа шүү дээ! Харин олборлогчид бидний дунд түүнд янз бүрээр л хандаж байна. Мэдээж, ахмад, хошууч, дэд хурандаа нар түүнд зохисгүй ааш гаргахгүй. Тэр албан тушаалын хувьд бидэнтэй адил боловч ямартаа ч хурандаа хүн. Гэхдээ хурандаа нарыг, тэр тусмаа амжилт муутай яваа нэгнийг нь зарим нэг нь гоочилж зүрхлэх нь ч бий. Бид ч сонин бүтэцтэй хүмүүс юм аа. Түүнтэй ойрхон нөхөрлөдөг байсан хүмүүс одоо түүнээс аль болох зайтай байхыг хичээх ажээ. Зовох цагт нөхрийн чанар танигддаг. Николай Тарасович тоглоом тохуу хийхийг тоосонгүй. Николай Тарасович уугаад л байж байна. Сайн ч ууна. Удирдагч түүнийг нь эс мэдсэн царай гаргана. Ууж л байг. Тэр зовлонд унажээ. Би түүний зовлонг ойлгож байна, Удирдагч өөрөө ч түүний зовлонг хуваалцаж байна.
Удирдагч албан тасалгаандаа түгжиж аваад тольтой тулган ууж байгаа гэж гуравдугаар нууц түлхүүрч Боря ярьж байна. Тольгүй бол уухыг хүсэхгүй, учир нь ганцаараа ууна гэдэг архисах өвчний хүнд хэлбэр. Боря тоглоом хийгээд байна уу эсвэл үнэн ярьж байна уу гэдгийг мэдэхгүй ч гурван сарын өмнө бол тэр өөрийн захирагчийн хувийн нууцыг ингэж дэлгэж зүрхлэхгүй л байсан даа. Манай Удирдагч, манай эцэг, манай захирагчийн хатуу чанга гар нь суларчээ. Удирдагч хуучин Бага Эзэнтэй хааяа хамт ууж байж ч магадгүй. Гэхдээ Удирдагч үүнийгээ нуухаа мэдэх бөгөөд харин Николай Тарасович хэнээс ч үл нууна.
Өнөө орой ажил тараад усан бороон дундуур намайг өөрийн машин уруугаа гүйж очиход тэр бүр шалба норчихсон, өөрийн урт «ситроены» хаалгыг онгойлгох гэж түлхүүрийнхээ нүхийг ч олж чадахгүй зогсож байсан юм.
— Николай Тарасович, миний машинд суучих, би таныг гэрт чинь хүргээд өгье!
— Витя, би тэгээд өглөө элчин сайдын яаманд яаж буцаж ирэх юм бэ?
— Өглөө би таныг очоод авчихъя.
Явцгаалаа.
— Витя, алив ууцгаая тэгэх үү?
Яаж уухгүй байх вэ дээ? Би түүнийг Дунайн хөвөөнд аваачив. Тэнд би нэг газар мэднэ. Үнийн хувьд ч дажгүй. Ууцгаалаа.
— Витя, чи их сайхан сэтгэлтэй байна. Ийм байж болохгүй. Чи хүнийг зовлонгоос аварч байхад тэр хүн чамайг залгиж орхино. Хүмүүс бол араатнууд гэж ярьдаг. Харин би бол үүнтэй санал нийлж хэрхэвч чадахгүй. Хүн бол араатнаас ч дор. Хүмүүс яг л тагтаа шиг харгис хатуу.
— Николай Тарасович, битгий сэтгэлээр уна, бүгд эргээд хэвдээ орно. Удирдагч таныг дүү шигээ үзэж, дэмждэг. Аквариумд танд хүчирхэг холбоо, хэлхээ бий, бас манай удирдах газарт, командын төвд, мэдээллийн...
— Витя, энэ бүгд үнэн... Гэхдээ… чш-ш-ш, энэ нууц шүү… Миний асуудал бол… Маш хэцүү… Төв Хороо шийдсэн юм… Энд Аквариум дахь холбоо сүлбээ тус болохгүй. Намайг яагаад Зөвлөлт рүү буцаахгүй байна гэж чи бодож байна вэ? Нэг оронд тагнуулын будлиан үүсэж байхад хөрш орноос нь зөвлөлтийн дипломат алга болбол сэтгүүлчид дор нь шиншлээд мэдэж орхино. Бөөн шуугиан үүснэ. Харин улс төрчдийн хувьд энэ бол хоолой дээр нь хадуур тавилаа л гэсэн үг. Энэ бол манайхан гэмээ хүлээж, өөрсдийгөө бариад өгнө гэсэн үг. Би Венад л түр зуур л тогтож байгаа юм. Бага зэрэг мартагдаад, хурцадмал байдал намдаад ирмэгц намайг зайлуулна. Нүүлгэн шилжүүлнэ...
— Хэрэв та маш чухал хүнийг амжиж элсүүлбэл яах бол?
Тэр намайг уйтгарт харцаар ширтэв. Би ч өөрийн хэлсэн үгнээс бага зэрэг санаа зовлоо. Гайхамшиг гэж байдаггүй гэдгийг бид хоёулаа мэднэ. Гэхдээ миний хэлсэн үг яагаад ч юм бэ түүнд таалагдаж тэр гунигтай инээмсэглэв.
— Суворов, надад тэгэх эрх байхгүй ч би өнөөдөр хэтэрхий ихийг чалчиж байна. Би согтсон болохоороо биш харин чамайг миний таньдаг хүмүүс дотроос муугийн халдвар хамгийн бага хүрсэн хүн гэж бодоод энэ бүхнийг ярьж байна. Сонс, Суворов, тэгээд санаж яв. Одоо манай сүргийнхэн яг л бэлгийн харьцааны дараах шиг суларсан хагас зүүрмэглэлийн байдалд байна. Бүхнийг надад даалгаж байсан Удирдагч одоо тэр бүхэнд амжиж хүрч дөнгөхгүй байна, нууц тагнуулууд Австриар дамжихаа түр больсон, олборлосон мэдээллийн урсгал одоо өөр сувгаар Аквариумд хүрэх болсон. Тэгээд ихэнх нь хийх ажил огт алга гэж бодож байх шиг байна. Эцгийн хатуу гар үгүйлэгдэж бүгд дуртай юмаа хийж байна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. Манай бүлэг мэдээллийн маш үнэтэй эх сурвалжаа алдлаа, Төв Хороо удахгүй үүнийг санах болно. Удирдагч бүгдийг нь өрөөндөө дуудаж бүгдийг нь байцаах болно. Удирдагч хэнийг ч золиосонд гаргаж мэднэ. Тэр заавал хэн нэгнээр зөвлөлтийн тагнуулын байгууллагад тахил өргөх болно. Сургамж болгож хашраахын тулд тэгнэ. Виктор минь, болгоомжтой бай. Удахгүй Удирдагчид Кирээс нууц түлхүүрт мэдээ ирнэ. Удирдагч маш хилэгнэж байгаа. Олон хүний ажил алба хэцүүдэж болзошгүй. Тэр нь ч зөв. Сүрэг хонь шиг юугаа хүлээгээд зогсоод байна вэ? Виктор, одоо л ажилла. Маргааш нэгэнт оройтно. Миний үгэнд ор…
— Николай Тарасович, надад нэг муугүй санаа бий боловч аль хэдийнээс Удирдагчтай уулзах гээд ер болж өгөхгүй байна. Маргааш дахиад нэг уулзах гээд оролдоод үздэг юм билүү?
— Хэрэггүй, Витя. Хэрэггүй. Хүлээж бай. Тэр удахгүй бүгдийг нь өөрийн өрөөнд, их шүүхийн өмнө нэг нэгээр нь дуудаж уулзах болно, тэр үеэр өөрийн санааг түүнд илтгэ. Харин надад тэр санаагаа битгий хэл. Би одоо хэн ч биш. Тэгэхлээр чи надад өөрт орж ирсэн санааг ярих эрхгүй. Бас би чиний санааг хулгайлчих ч юм билүү. Надад одоо сайхан шинэ санаа маш их хэрэгтэй байгаа. Чи хулгайлчихна гэж айхгүй байна уу?
— Айхгүй байна.
— Тэр чинь буруу даа, Суворов. Би ч мөн бусадтай адилхан л мал. Бүр дор ч байж мэднэ. Явж хүүх..., хүүхэн сонирхох уу?
— Орой болжээ, Николай Тарасович.
— Харин ч яг цаг нь болж байна. Би чамд үнэхээр сайхан хүүхнүүд үзүүлье! Битгий ай, явцгаая.
Ер нь бол би тэр хүүхнүүдийг нь үзэхээс буцахгүй. Би үүнээс айхгүй байна. Тэрээр хэдий өөрийгөө араатан гэж тооцдог, түүний гар нь хүн алж сурсан ч ба ямартаа ч тэр хүн шүү дээ. Миний замд тохиолдсон бусад мянга мянган хоёр хөлт араатны дунд ховорхон тохиолддог тийм араатан. Би бол түүнээс ч илүү араатан. Бас миний үр удмаа үлдээх зөн билэг ч амиа хоохойлох зөн билгээс минь дутуугүй. Гэхдээ тэр согтуу байна, тэрэнтэй хамт явбал юунд ч орооцолдож мэднэ. Харин элдэв юм болбол намайг ч мөн нүүлгэн шилжүүлэх болно.
— Аль хэдийн орой болжээ.
Тэр хүүхнүүд үзэхээр цуг явж, хамтдаа хөгжилдөхөөс татгалзахгүй ч өнөөдөр хамт явахгүй гэж байгааг минь ойлгов. Тэр ч эсэргүүцсэнгүй.



_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.18.11 10:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
3

Хүмүүс капиталист хийгээд социалист гэж хуваагддаг. Аль алинд нь мөнгө хэрэгтэй. Үүгээрээ л тэд адилхан. Харин тэд мөнгө олж байгаа аргаараа ялгагдана. Хэрэв капиталистад мөнгө хэрэгтэй болбол тэр улам шаргуу ажиллана. Харин социалистад мөнгө хэрэгтэй болбол тэр ажлаа хаяад бусдыг ч мөн тэгүүлэхээр турхирна.
Капиталистууд хийгээд социалистуудын тухай бол бүгд ойлгомжтой байна. Харин би энэ хоёрын алинд нь хамаарахыг чөтгөр л мэдэх байх. Манай нийгэмд бол бүх юм эсрэгээрээ байдаг юм. Бас л бүгдэд нь мөнгө хэрэгтэй. Гэвч мөнгөний тухай ярихыг зохимжгүй зүйл гэж үзэх бөгөөд мөнгө хийх бол гэмт хэрэг. Нийгэм ч биш, юу гэдэг нь ч тодорхойгүй. Хэрэв манайд хэвийн нийгэм байсан бол би ямар ч эргэлзээгүй социалист болох байсан. Би байнга ажил хаяж ттүгээрээ асар их баялаг хуримтлуулах байсан даа.
Би одоо капиталист болон социалистуудын тухай, бүр орон социалист болсон тэр цагт бүгд үүргээ мартаж эрхээ хэрэгжүүлдэг болох манай гаригийн тэр гэрэлт ирээдүйн тухай юу ч хамаагүй бодмоор байна. Энэхүү хуягласан хаалганы цаана хэдхэн минутын дараа намайг юу хүлээж байгаа бол гэдгээс бусад өөр юу ч хамаагүй бодмоор байна.
Удирдагч уур хилэндээ шатаж байлаа. Ялангуяа Кирээс ирсэн нууц түлхүүрт мэдээг авахдаа. Төв Хорооноос ирсэн нууц түлхүүрт мэдээг Удирдагчийн тушаалаар нэгдүгээр нууц түлхүүрч Александр Иванович бүх сүрэгт уншиж өгсөн юм. Тун хатуу ширүүн үгтэй цахилгаан мэдээ байлаа.
Түүний дараа тэр бүгдийг нь өрөөндөө нэг нэгээр нь дуудаж эхлэв. Хурандаа нар, тэдний дараа дэд хурандаа нар. Удирдагч яг л эцэг Махно ял оноодог байсан шиг л маш хурдан хурдан шийдвэр гаргасаар. Тун удахгүй миний ээлж... Аймшигтай байна.
— Илтгээд бай.
— Альпийн жуулчид.
— Альпийн жуулчид аа? — Удирдагч түшлэгтэй сандлаасаа аажим босож ирэв. — Чи Альпийн жуулчид гэж хэлэв үү?
Тэр буцаад суусангүй. Тэр өрөөн дотуур нааш цааш алхаж яагаад ч юм бэ инээмсэглэн над уруу харангаа Аль-пийн жуул-чид гэж үглэх ажээ. Тэрээр баруун гарын долоовор хуруугаа халзан духандаа хүргээд гэнэт над уруу чиглүүлэн гар буу шиг тулгаад: — Би чиний алт шиг толгойтой гэдгийг үргэлж мэдэж байсан юм гэж хэлэв.
Тэр түшлэгтэй сандал дээрээ тухлан суугаад шанаагаа тулав. Чийдэнгийн гэрлийн улбар шар туяа түүний нүдэнд гялалзаж, би түүний асар хүчтэй оюун ухаан надад нөлөөлж хүнд оргиод явчхыг гэнэт мэдэрлээ:
— Альпийн жуулчдынхаа тухай яриач.
— Нөхөр генерал, АНУ-гийн 6-р флот газар дундын тэнгисийг хянадаг. ГРУ тэрхүү 6-р флотыг Итали, Вашингтон, Грек, Турк, Сири, Ливан, Египет, Ливи, Тунис, Алжир, Марокко, Испани, Франц, Мальт, Кипр болон сансрын хиймэл дагуулууд, 5-р эскадрын хөлөг онгоцуудаас ажиглаж байдаг. 6-р флотыг бид гаднаас нь биш харин дотроос нь харж болно. Австрийн Альпийн нуруунд хяналтын цэгээ байгуулна. Мэдээж, манай туршлагыг Швейцар болон бусад орнуудад нэвтрүүлэх байх, гэхдээ бид анхдагч нь болно, 6-р флот бол шавхагдашгүй ундарга.
Атомын нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд, шинэ үеийн байлдааны нисэх онгоцууд, бүх л ангиллын пуужингууд, шумбагч завиуд, десантын хөлөг онгоцууд, тэдний дээр танк, их буу, хуурай замын цэргийн бүх төрлийн зэвсэг. 6-р флотоос бид бүгдийг олно. Тэнд цөмийн цэнэгт хошуу, атомын реактор, электроник, электроник, электроник…
Тэр миний үгийг таслахгүй сонсож байна.
— …6-р флотод алба хаана гэдэг Европыг үзэх боломж, хэрэв амралтаа Австри, Швейцар, Францад өнгөрөөх боломжтой байхад яагаад заавал Америк уруу нисэх ёстой гэж. Шатаам халуун нарны доор өнгөрүүлсэн олон сарын албанаасаа түр хөндийрсөн флотын офицер цаст ууланд …
Түүний нүд гялалзана:
— Хэрэв чи капиталистуудын чонын сүрэгт төрсөн бол тун сайн бизнесмен болох байсан даа. Үргэлжлүүл…
— Би арга барилаа өөрчлөхийг санал болгож байна. Хулгануудыг нүхнээс нь биш харин тэндээсээ гарч ирээд явж байхад нь барихыг санал болгож байна. Би онцгой чухал объектууд уруу оролгүйгээр, ямар нэг тодорхой хулганатай хөөцөлдөлгүйгээр хулганын хавх тавихыг санал болгож байгаа юм. Уулан дахь жижиг зочид буудал. Үүнд бидний зүгээс нэг их зардал гарахгүй. 500 мянган доллар, түүнээс ихгүй. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд надад нэг л зүйл хэрэгтэй. Мэдээлэл олборлох албанд удаан жил ажилласан, гэхдээ одоо ажиллагаанд оролцох боломжоо алдсан тийм тагнуулч. Та бүхний итгэлийг хүлээсэн, манай ажилд бүр мөсөн татан оруулж болох өвгөдийн нэг. Танд нөөц бэлтгэл бүлэгт шилжсэн өвгөцүүл байгаа байх гэж би бодож байна. Бид ууланд оршдог, дампуурлын ирмэгт ирсэн зочид буудал олцгооно. Тийм буудлууд зөндөө байгаа. Бид өөрийн тагнуулыг хамтран хувь нийлүүлэгчийн дүрээр оруулж тийм нэгэн буудлыг шинээр амьдруулах болно. Ингэснээрээ бид зочид буудлыг аварч эзнийг нь гартаа оруулж авна. Буудлуудын тухай мэдээллийг цуглуулж тэр дотроосоо 6-р флотын офицерууд байнга буудаг тийм буудлыг сонгож авна. Зочид буудал бол элсүүлэлт явуулах газар биш. Харин судлах газар. Дараа нь өөр газар нүд ирмэх зуур элсүүлж авна.
— Зочид буудал бол тун идэвхгүй арга зам. Хэн нэг нь ирж ч болно. Ирэхгүй ч байж мэднэ. Удаан хүлээх болно…
— Загасчин дэгээгээ хааш нь шидэхийг мэддэг шиг л хааш нь, ямар өгөөш шидэхээ мэдэж байхад болно.
— Сайн байна. Янз бүрийн шалтгаанаар худалдах болсон, ууланд байрладаг зочид буудлуудын талаар мэдээлэл цуглуулахыг би чамд тушааж байна… Санхүүгийн хүндрэлээс болж зарах болсон буудлуудын тухай.
— Нөхөр генерал, би аль хэдийн тийм мэдээллүүдийг цуглуулсан, энэ байна...


_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.19.11 2:01 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
4

Би дахиад хангалтад ажиллахгүй. Үүнийг манайхан бүгд харж байна. Бүгд л миний хувь заяаг урьдчилан таахыг оролдоно. Миний эрх дарх хэр удаан үргэлжлэх бол? Хувь заяаг урьдчилан хэлэх хэцүү биш. Нэгдүгээр нууц түлхүүрчийг л харахад болно. Тэр бүгдийг мэднэ. Бүх нууцыг. Тэр бол захирагчийн өршөөл энэрэл, өшөө хилэн хааш чиглэж буйг заагч луужин.
Харин нэгдүгээр нууц түлхүүрч намайг эцгийн нэрээр минь авгайлж Виктор Андреевич хэмээн дуудах болов. Танд мэдээ ирсэн байна, Виктор Андреевич. Өглөөний мэнд, Виктор Андреевич. Энд гарын үсгээ зурна уу, Виктор Андреевич.
Энэ бол гэнэтийн эргэлт. Нэгдүгээр нууц түлхүүрч хэзээ ч өмнө ингэж байгаагүй юм. Тэр хэдий олборлогч офицер биш ч Удирдагчтай маш ойрын харилцаатай. Цолоороо бол дэд хурандаа. Тэр эцгийн нэрээр нь зөвхөн олборлогч хурандаа нарыг авгайлан дууддаг бөгөөд дэд хурандаа, хошууч, ахмадуудад бол зүгээр л танд мэдээ иржээ гэж хэлдэг юм! Түүгээр ч зогсохгүй бүгдийн дэргэд намайг ингэж дуудлаа. Ажлын том танхим нам гүм болон бүгд над уруу гайхан харцгаав. Хорин Долоо буюу Сережагийн эрүү нь золтой л мултарчихсангүй.
Хамгийн анх энэ явдал болоход нэгдүгээр нууц түлхүүрч, намайг Удирдагч дуудаж байна гэдгийг хэлэхээр ирсэн юм.
— Захирагч таныг хүлээж байна, Виктор Андреевич.
Одоо үүнд хэзээний дасжээ. Хүн бүр л намайг хаана ингэтлээ товойж тодорчихсоныг таацгаана. Хятадын атташег тэр элсүүлчихсэн юм гэж хоорондоо ярилцахын зах зухыг би чихнийхээ булангаар сонсож л байв. Миний тухай янз бүрээр л ярьцгаана. Гэхдээ миний хийж буй ажлыг надаас гадна зөвхөн Удирдагч, нэгдүгээр нууц түлхүүрч болон хуучин Бага Эзэн Николай Тарасович Мороз нар л мэднэ. Тэр хэдийн уухаа больсон. Түүгээр тоглоом тохуу хийхээ ч больсон. Урд нь тэр Бага Эзэн байхдаа «Тушааж байна!» гэж хэлдэг байсан юм. Дараа нь тэр юу ч хэлэхээ байсан. Харин тэр одоо жирийн олборлогч офицер болсон ч «Удирдагчийн нэрийн өмнөөс тушааж байна!» гэх болжээ. Түүний дуу хоолойн өнгөнд дахиад л захиран тушаасан хатуу чанд байдал мэдрэгдэх болов. Тушааж л байгаа юм чинь тийм эрх мэдэл түүнд байна гэсэн үг. Тийм өнгөөр ярьж байгаа юм чинь өөрийнхөө хүчийг мэдэрч буй хэрэг.
Бага Эзэн гэдэг гуншингаа алдсан нь мэдээж чухал. Гэхдээ үүнээс илүү чухал хүчин зүйлс ч бас бий. Удирдагч хурандаад урдынхаараа итгэж түүнийг түшиглэнэ. Өмнө нь Бага Эзэн өөрийн төмөр мэт гараараа бүх сүргийг барьдаг байсан, одоо ч тэр л зүйлээ хийх бөгөөд зөвхөн захирагчийн өмнөөс тушаах ажээ.
— Нөхөр генерал, надад маргааш хангалтын ажилд явах гурван хүн, хагас сайнаас бүтэн сайнд шилжих шөнө хангалтад ажиллах таван хүн хэрэгтэй байна.
— Ав, ав.
— Хэнийг?
— Николай Тарасовичтай зөвшилц. Хэн сул байгааг нь аваад яв.
— Хэрэв хурандаа, дэд хурандаа нар байвал яах вэ??
— Тэднийг ч ав.
— Би тэдэнд тушаах гэж үү?
— Тушаа. Ажиллагаа явуулах өдөр «Удирдагчийн нэрийн өмнөөс» гэдэг үгийг ашиглахыг зөвшөөрч байна.
— Баярлалаа, нөхөр генерал.
Николай Тарасович бид хоёр хамтдаа ажиллана. Яг л бүхэл бүтэн эскадрилийн хамгаалалт дор нисэж яваа хоёр шилдэг нисгэгч шиг.
Бид ууланд хулганын хавх зохион байгуулж байгаа юм. Бас том бизнес эргэлдүүлж байна. Миний санааг биелүүлэхэд түүнийг татан оролцуулсныг би огт эсэргүүцэхгүй. Тэр туршлагатай, бас тагнуулын сүлжээг захирдаг хүн.
Удирдагч Аквариумын зөвшөөрлийн дагуу бэлтгэлд байсан өвгөдөөс сонгон «Альпийн жуулчлал» ажиллагаанд оролцуулахаар болжээ. Харин нэг биш гурван ч зочид буудал худалдан авчээ. ГРУ-гийн хувьд энэ нь үнэтэйд тооцогдохгүй.
Бэлтгэлд байсан хуучны тагнуулуудыг олон янзаар ашиглаж байгаа юм. Тэдний ихэнх нь өөрсдийн холбооны шууд шугамтай тул биднийг эрсдэлд оруулахгүйгээр шууд Ватутинки уруу мэдээгээ дамжуулж болно. Зарим өвгөцүүл нь Николай Тарасовичийн мэдэлд ажиллана. Миний шууд удирдлагад нэг нь бий.
Түүнийг өмнө нь 173-В-106-299 гэж нэрлэдэг байжээ. Одоо түүнийг 173-В-41-299 гэнэ. Түүнийг 1957 онд Ирландад анх элсүүлжээ. Мэдээлэл олборлож ажилд таван жил зүтгэжээ. Тэр ямар мэдээлэл гартаа оруулж байсан нь хувийн хэрэг дээр нь алга. Тэнд зөвхөн тэрний маш идэвхтэй, багагүй амжилттай ажиллаж байсан тухай л дурджээ. Үүний дараа түүний намтрын бүрхэг үе эхэлж байна. Хувийн хэрэгт нь ердөө л Вена хот дахь Удирдагчаас тусдаа өөрөө шууд Аквариумтай холбоотой ажиллаж байсан тухай л тэмдэглэгдэн үлджээ. Эн үед тэрээр Лениний одонгоор шагнуулж, өндөр шан харамж хүртэж манай төлөөлөгчдийн газрын мэдэлд удаан хугацааны бэлтгэл нөөцөд шилжсэн байна.
Бэлтгэлд байсан хугацаанд нь түүнтэй уулзалт зохион байгуулж байгаагүй ажээ. Ийм залуусыг Миша, Зүүрмэглэгч, Муур гэх мэтээр нэрлэдэг юм. Одоо тэд ичээнээсээ гарч идэвхтэй ажиллагаанд буцаж оров. Одоо тэдэнд шалгах даалгаврууд өгөгдсөн байгаа. Тэд өөрсдөө жинхэнэ даалгавар биелүүлж байгаа хэмээн бодох болов ч тэднийг зүгээр л шалгаж байгаа юм. Ажиллах сонирхол нь буурч уу үгүй юү? Зөвлөлтийн талд хэвээрээ юү үгүй юү? Эрх танхи болчхож уу үгүй юү?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.19.11 3:53 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
5

Удирдагч чиглэлээ өөрчилж байна. Бид бүгдээрээ үүнийг мэдэрч байна. Тэр залуурыг огцом эргүүлж манай хөлөг ширүүн давлагаа зүсэн урагшилна. Тэр азаа үзэж байна. Тэр хөлгийг хазайлган огцом эргүүлж байна. Хөлгийн хитгээр ус халин орж ирж ч болно. Гэвч түүний гар маш чанга.
Ямар нэг зүйл өөрчлөгдсөөр байна. Хангалтын ажлын эрч нэмэгдсээр байна. Бүгдийг хангалтад! Өөр төрлийн ажиллагаанууд явуулах цаг иржээ. Сурталчилгааны товчоотой холбоо барь! Зочид буудлын хөтөч, үйлчилгээний ажилтнуудын тухай материал цуглуул! Нууц. Алдаа гаргавал шорон! Газар дундын тэнгисийн хөвөө орчмын сурталчилгааны товчоодтой шууд холбоо тогтоо. Чөтгөр ав, бид чинь аялал жуулчлалын бизнес эрхлээд байгаа юм уу хаашаа юм бэ?
Олборлогчид Удирдагчийн орлогчдын өрөөгөөр байсхийгээд орцгооно. Хэд хоногоор алга болно. Нэвтрүүлэгч станц ууланд аваачиж нуу! Нууц газар мөнгө аваачиж тавь. Бүр их мөнгө! Удирдагчийн орлогчид даалгаврын гүйцэтгэлийг шалгацгаана. Чөтгөр ав, юу болоод байна вэ?хэрэг гарах бүрд Удирдагчаас асуух гээд гүйж болохгүй нь. Удирдагч завгүй байна. Хэнийг ч бүү оруул! Орлогчид зөв буруугаа хэнээс асуух вэ? Морозод хандах юм уу, тэгээд? Тэр одоо Бага Эзэн биш, гэхдээ чөтгөр ав бүхнийг мэдсэн хэвээр л байна. Орлогч нар Николай Тарасовичийн өрөөнд шавцгаана. Уг нь тэр өрөөтэй байх ёсгүй. Тэр одоо хэн ч биш. Тэр зүгээр л олборлогч офицер. Гэвч одоохондоо шинэ Бага Эзэн хараахан ирээгүй байна…
Николай Тарасович хэн ч биш. Гэвч Удирдагчийн орлогч нарын хувьд Удирдагчтай зөвлөлдөх гэж гүйгээд дэмий болсон тул алдаа гаргаж байснаас Николай Тарасовичид загнуулж байсан нь дээр байлаа. Алдаа гаргах юм бол эх болсон Сибирь рүү марш.
Хангалтын ажил дахиад л дийлдэхээ болив. Өдөр шөнөгүй. Амралтын өдрөөр ч тэр. Баярын өдрөөр ч тэр.
— Николай Тарасович, хангалтад тавих хүн огт алга!
— Харин л дээ, Александр Александрович, та сайн бод л доо.
Александр Александрович хоромхон зуур бодолхийлснээ:
— Витя Суворовыг авч болох уу?
— Үгүй. Түүнийг явуулж болохгүй.
— Тэгээд хэнийг гэж? 
Удирдагчийн орлогч Александр Александровичид зөвхөн ганц олборлогч офицер нөөцөд үлдсэн бөгөөд тэр нь Николай Тарасович Мороз байжээ. Александр Александрович асуусан маягтай Николай Тарасович уруу харна. Магадгүй, өөрөө ойлгоод хангалтад явъя ч гэх юм билүү? Өөр явуулах хүн байхгүй. Бүгдийг нь явуулчихсан. Гэвч Николай Тарасович дуугарсангүй.
— Тэгээд би өөрөө хангалтад явах гэж үү? Би ямар ч байсан орлогч шүү дээ.
— Александр Александрович, та яагаад ганц удаа яваад ирж болдоггүй юм бэ? Өөр явуулах хэн ч байхгүй л юм бол?
Александр Александрович бодсоор байна. Эцэст нь нэг шийдвэр гаргажээ:
— Би Аэрофлотын Виталийг шөнө хоёр удаа явуулчихъя.
— За тэр, харав уу, явуулах хүн алга гээд байсан.
Чи биднийг хааш нь туугаад байна вэ Удирдагч аа? Тогоо нь хэтэрхий халахгүй юу? Дэлбэрчихгүй биз? Үгүй, дэлбэрэхгүй! Бэлтгэл сургууль хийчихсэн. Спецназаас ирсэн. Хангалтад явцгаа! Бүгд! Александр Александрович, хангалтад яв! Харин чиний хангалтад цэргийн шинэ атташе ногоон «мерседесээрээ» явна.
Улам бүр ээдрээтэй болж байна. Алдаа гаргах л юм бол шорон. Ажиллагаа бүрдээ төлөвлөгөө бичнэ. Ажиллагаа бүрийн тайлан гаргана. Хожим ГРУ-гийн 9-р газрын мөрдөн байцаагчдад буруутныг тогтооход амар байлгахын тулд тэр.
Ажлын том танхимын гэрэл үл унтарна. Мөргөцөгт ахлах жижүүр гэж томилогдохоо больсон бөгөөд тэртэй тэргүй олборлогч офицерууд хоногийн аль ч цагт дүүрэн байна.
Ажлын ширээний ард миний зүүн талд худалдааны байгууллагууд хариуцсан Слава сууж байна. Залуухан ахмад. Тайлан бичиж байна. Бичиж байгаа зүйлээ надаас гараараа халхлан нууна. Зөв, хэн ч бусдын нууцыг мэдэх ёсгүй. Энэ бүх ажиллагааг би бодож олсон гэдгийг тэр яаж мэдэх вэ. Ажиллагааны бүх нарийн ширийнийг Удирдагч, Николай Тарасович бид гурав долоо хоногийн өмнө шөнөжин хэлэлцсэн гэдгийг ч чи мэдэхгүй. Чи миний сүүлийг халхалсан гэдгээ ч мөн мэдэхгүй. Чамайг ойн чөлөө рүү орж явахыг би харсан. Сайн харсан. Харин чи намайг хараагүй. Харж ч чадахгүй байсан. Харах эрх ч чамд байхгүй! За, бич, бич.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.19.11 4:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
6

Виктор Андреевичийн толгой өвдөж байна. Нүд ч өвдөж байна. Виктор Андреевич нь Николай Тарасовичийн хамт бүртгэлийн дэвтрүүдийг шалган түүний өрөөнд сууж байна. Янз бүрийн зочид буудлуудын олон дэвтэр. Манайд хамаардаггүй буудлуудын дэвтэр ч байна. Бидэнд хэдэн арван зочид буудлуудын бүртгэлийн дэвтрийн хуулбар бий бөгөөд тэнд хэдэн арван мянган нэр бичээстэй байгаа. Энэ бол хэдийн түүх болон хувирсан зүйл. Гэхдээ өнгөрсөн түүхийг сайн мэдэж байж ирээдүйг урьдчилан хэлж болно. Хир зэрэг дөхүүлэх нь харин дараагийн асуудал. Гэвч өнгөрсөн ба одоогоо мэдэхгүйгээр ирээдүйг таах аргагүй юм.
Австрид сая сая жуулчин хүлээн авдаг мянга мянган зочид буудал байдаг. Хэрэв олборлогч офицерууд маш олон бүртгэлийн дэвтэр олж чадвал хэтийн төлөвийг электрон машинаар тооцоолж болно. Харин одоохондоо үүнийг гараараа хийгээд сууж байна.
Японы жуулчдын бүлэг. Арван зургаан хүн. Хэр сонирхолтой хүмүүс бол? Магадгүй л юм. Гэвч тэдэнд таарах ямар ч түлхүүр бидэнд байхгүй. Тэд сонирхолтой үгүйг нь ч бид мэдэхгүй. Харамсалтай хэрэг. Гэхдээ бид тэднийг шууд л сонирхолгүй хүмүүсийн жагсаалтад оруулчихдаг юм. Бид тэднийг зүгээр л өнгөрөөчихдөг. Бас нэмж хэлэхэд японы жуулчид Спецназын хорлон сүйтгэгчид шиг нэг очсон газраа хэзээ ч эргэж очдоггүй юм. Япон жуулчид бүхий л гариг дэлхийг хурдан үзэх гэж яарцгааж байна. Харин бид тэднийг өнгөрөөгөөд л байна.
Лондонгоос ирсэн Англи хос байна. Сонирхолтой болов уу? Мэдэхгүй. Өнгөрөөчихье.
— Николай Тарасович, миний юу олсныг хар даа!
Тэр үзээд толгойгоо сэгсрэн шогшров. Италийн жижигхэн усан зогсоол Гаетагаас ирсэн ганцаараа яваа америк жуулчин. Энэ нэр танд юу хэлж байна вэ? Энэ нэрийг харсан хүний толгойд юу бууж болох вэ? КГБ-гийн офицерт энэ нэр юу хэлэх бол? Огт юуг ч илэрхийлэхгүй. Загасчны жижигхэн тосгон. Харин яагаад тэнд америк хүн байж байдаг билээ? Яагаад? Энэ тэгээд хэнд сонирхолтой байх юм бэ? Гаетагаас ирсэн америк хүн Австрийн уулын бяцхан буудалд ирж буулаа гэдэгт хэн ч анхаарлаа хандуулахгүй.
Гэхдээ бид бол цэргийн тагнуулчид. Бид бүгдээрээ мэдээллийн бүлэг, хэлтэст албаа эхэлсэн. Бид бүгд хэдэн мянган тоо, нэрсийг цээжээрээ мэднэ. Бидний хувьд Пирмазенс, Пенмарш, Обен, Холи-Лох, Вудбридж, Цвайбрюккен гэдэг үгс диваажингийн хөгжим шиг л сонсогддог юм. Гаета гэдэг нэрийг сонсох хэчнээн сайхан байна гээч! Энэ тосгонд ердөө ганцхан цэргийн хөлөг байрладаг юм. Түүний бөөрөнд асар томоор «10» гэж бичсэн байгаа. Одоо санав уу? Үгүй юү? Энэ бол америкийн хэрэх хөлөг «Олбани»! Энэ бол 6-р флотын манлай хөлөг. Бүх нууцын зангилаа, флотын удирдлага энд төвлөрсөн байгаа. Тэнэг толгой би жилийн өмнө уулын зочид буудлын тухай бодох нь яав аа?
Италийн жижигхэн тосгоноос ирсэн америк хүн тун саяхан уулан дахь зочид буудалд ирж амраад буцжээ. Тэр «Олбани» хөлөгтэй холбоотой нь гарцаагүй юм. Түүний хэн болохыг бид мэдэхгүй. Гэхдээ энэ бяцхан тосгонд байгаа америк хүн хөлөг дээрх бусад америкчуудыг танихгүй байна гэж байхгүй. Тэр хөлгийн ахмад ч биш, офицер ч биш, тэр бүү хэл усан цэрэг ч биш байж болно. Цэргийн биш энгийн хүн ч байж болно. Тэр номлогч ламтан, эсвэл садар самуун зүйлсийн худалдаачин ч байж болно. Гэвч тэр хөлгийн далайчидтай заавал холбоотой байгаа. Хэрэв манай хулганын хавх жилийн өмнөөс ажиллаж байсан бол бид энэ хөөрхий америк хүн дээр бүх хүчээ төвлөрүүлэх байсан.
Бөөнөөрөө элдэнэ! Хэдэн арван тагнуулч нэг хүний араас хөөцөлдөнө. Хохирогч аварга загаснуудад элдүүлэн гарах гарцгүй шахагдсанаа мэдэрнэ. Заримдаа бүх сүргээрээ тал талаас нь гарах гарцгүй болтол нь бөөнөөр элдэх үед хохирогч тэсэлгүй амиа хорлох нь ч байдаг. Гэвч ихэнхдээ бидэнтэй ажиллахыг зөвшөөрдөг юм. Хэрэв түүнийг Австрид ирснийг мэдсэн бол ГРУ-гийн дийлдэшгүй их хүч ганцхан түүн дээр төвлөрөх байсан. Хэрэв Удирдагч Аквариумаас тусламж эрвэл нэг хүн элсүүлэхийн тулд хэд хэдэн төлөөлөгчийн газрын хүчийг тэнд төвлөрүүлж болно. Ийм тохиолдолд хохирогч хэчнээн орилон тэлчиллээ ч хаа сайгүй манай варягууд, тайга ноходтой таарах болно. Тэр цагдаа уруу утасдлаа ч бид өөрийн залуустаа цагдаа хувцас өмсгөөд явуулж болно. Тэр цагдаа нар түүнийг хэсэгхэн зуур авраад нэг бол амиа хорлохыг эсвэл ГРУ-гийн саналыг хүлээж авахыг түүнд зөвлөх болно. Бүх сүргээрээ нэг хүнийг ангуучлах үед тэр азгүй амьтан аль санаандаа орсон дугаар уруу залгах болно. Гэтэл хаашаа ч залгасан нэг л хариу сонсоно. Түүнийг буланд шах! Гарцаагүй байдалд оруул! Булан янз бүр байдаг. Бодит болон, сэтгэл зүйн, санхүүгийн гэх мэт. Бас түүнийг зүгээр л буланд шахаж болно. Нүцгэн хүнийг усны өрөөний буланд. Нүцгэн хүн хувцастай хүмүүсийн дунд байхдаа ичмээр арчаагүй байдалд орсноо үргэлж тун хурц мэдэрдэг юм. Бид харин хэнийг ч буланд шахаж чаддаг юм! Бид хүмүүсийг доромжлон гутааж, өргөмжлөн мандуулж ч чадна. Бид хүмүүсийг балрахын даваан дээр аваачаад түүнд цагаа олсон тусламжийн гараа сунгаж ч бас чадна.
— Мөрөөдөж сууна уу?
— Мөрөөдөлдөө автчихлаа, Николай Тарасович.
— Миний юу олсныг хар даа.
Би тэмдэглэлийг уншив. Британийн шумбагч завины бааз байрладаг Фаслейн хотоос ирсэн нэг гэр бүл байна. Хэрэв тэр хоёр Фаслейнд амьдардаг бол тэд шумбагч завьтай холбоотой байх магадлал маш өндөр. Шумбагч завины ахмад, эсвэл зүгээр л баазын харуул ч байж болно. Цэргийн баазын хог цэвэрлэгч, сүү нийлүүлэгч, шар айргийн газрын эзэн ч байж мэднэ. Эсвэл тэндхийн номын сан, хоолны газар, эмнэлэгт ажилладаг ч байж магадгүй. Эдгээрийн аль ч байсан тун сайхан хэрэг. Тэр хөлгийн багынхан, засварчид, штабын офицеруудтай холбоотой л гэсэн үг.
Хэрэв Фаслейн биеэ үнэлэгчид байдаг бол тэд цэргийн баазтай холбоотой гэж эргэлзээгүй хэлж болно. Өөр яана гэж! Тэгээд тэднээр дамжуулан шумбагч завины ахмад өөрөө ч мэддэггүй тийм нууцуудыг гартаа оруулах болно.
Фаслейн маш жижигхэн. Тийм учраас тэндхийн хэн ч болов баазтай ямар нэг холбоотой нь эргэлзээгүй юм.
Францад ч мөн атомын шумбагч завины бааз бий. Гэхдээ энэ бол Брест. Том хот. Хүн бүр шумбагч завьтай холбоотой байх албагүй. Тийм учраас л бид маш чухал цэргийн бааз байрладаг жижигхэн хотуудыг хайгаад байгаа юм. Жишээ нь энэ Фаслейн шиг. ГРУ-гийн Лондон дахь дипломат төлөөлөгчдийн газар өөрийн залуусыг Фаслейн уруу явуулахад тун тохиромжгүй. Их Британид тагнуулчид үргэлж баригдан, өршөөлгүй хөөгддөг юм. Тэгээд ч гаднын хүн жижиг хотод очих нь бусдын анхаарлыг хялбархан татна. Ийм учраас л бид энд Австриас, нэр нь цэргийн тагнуулчдын чихэнд хөгжим мэт сонсогддог жижиг хотуудаас ирсэн хүмүүсийг ангуучлаад байгаа юм.
Бид шөнөжин сууж бүртгэлийн дэвтрүүдийг шалгаж байна. Энэ хүмүүсийн хэн нэг нь тэр газартаа эргэж ирэхийг хэн байг гэх вэ? Хэрэв ирэхгүй бол бид өөрийг олно.
Бүртгэлийн дэвтэр бол өнгөрсөн түүх. Түүхийг буцааж болохгүй нь харамсалтай. Гэхдээ бид бүртгэлийн дэвтрийг судалснаар ирээдүйн ажиллагааныхаа дүр зургийг тодхон харж болно.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.19.11 9:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
7

Захирагч хатуу чанд бөгөөд буурьтай байна.
— Жанжин Штабын даргын тушаалаар миний нэгдүгээр орлогч томилогдсон байна.
Бид бүгд чимээгүй хүлээнэ.
— Александр Иванович, нууц түлхүүрт мэдээг уншаарай.
Нэгдүгээр нууц түлхүүрч Александр Иванович юу ч үл илэрхийлэх нүдээр биднийг харснаа гартаа барьсан тод шар өнгөтэй бяцхан хуудсанд харцаа төвлөрүүлэв:
«Маш нууц. ГРУ-гийн 173-В дипломат төлөөлөгчдийн газрын захирагчийн нэгдүгээр орлогч даргаар хурандаа Николай Тарасович Морозыг томилсугай. Жанжин Штабын дарга, Зөвлөлт Холбоот Улсын маршал Огарков. ГРУ-гийн дарга армийн генерал Ивашутин».
Захирагч инээмсэглэж байна. Нэгдүгээр нууц түлхүүрч ч мөн инээмсэглэж байна. Николай Тарасович ч инээмсэглэнэ. Одоо тэр дахиад Бага Эзэн. Би ч инээмсэглэнэ. Миний нөхдүүд ч мөн инээмсэглэнэ. Гэхдээ бүгдээрээ биш.
Манай ГРУ болон бүх Зөвлөлтийн Арми, КГБ, ер нь нийт Зөвлөлт Холбоот Улс даяар албан тушаалаасаа буусны дараа эргэж дэвших тун ховор үзэгдэл юм. Энэ бол яг авснаас дахин амилахтай адил бөгөөд тун цөөхөн тохиолддог зүйл. Албан тушаалаасаа авахуулна гэдэг эргэлт буцалтгүй унана гэсэн үг. Харин тэр уналт нь бүр хамгийн ёроол хүртэл үргэлжилдэг юм.
Бид ээлж дараалан очиж Бага Эзэнтэй гар барин түүнд баяр хүргэцгээв. Тэр одоо «Удирдагчийн нэрийн өмнөөс» гэдэг үгийг дахин хэрэглэх шаардлагагүй болжээ. Одоо тэр хууль зүйн үүднээс ч албан ёсны эрх дархтай нэгэн болов. Тэр бид бүгдтэй гар барина. Гэхдээ тэр түүнийг унаж эхэлмэгц элэглэн шоолж байсан хүмүүсийг огт мартаагүй байх шиг надад санагдлаа. Мартсангүй. Тэр шоолж байсан хүмүүс нь ч бас мартаагүй гэдгийг нь мэдэж байгаа. Дурсах л болно. Гэхдээ одоо биш, хүлээж л байг. Өшөө авахыг хүлээж сууна гэдэг өшөө авалтаас ч дор гэдгийг бүгд мэднэ. Бага Эзэн яарахгүй.
— Танд баяр хүргэе, Николай Тарасович. Тэр миний гарыг атгаж нүд рүү харав. Тэр надад чимээгүйхэн «баярлалаа» гэж хэлж байна.
Биднээс гадна зөвхөн Удирдагч болон нэгдүгээр нууц түлхүүрч хоёр л энэ «баярлалаа» гэдэг үгийн цаад жинхэнэ учрыг мэдэж байгаа. Надад захирагддаг, одоо жижиг зочид буудлын эзэн болсон нууц туршуул 173-В-41-299 нэг сарын өмнө надтай яаралтай уулзахаар намайг дуудаж, нэр нь ГРУ-гийн ямар ч офицерын зүүдэнд байдаг бельгийн нэгэн бяцхан хотоос ирсэн жуулчин тэднийд буулаа гэж хэлсэн юм. Би түүнийг элсүүлэхээр яаралтай явах ёстой байлаа. Би Удирдагчтай холбоо барьж явахаас татгалзав. Миний туршлага хангалтгүй, би чадахгүй. Энэ элсүүлэлтийн төлөө би энгэртээ улаан таван хошуу, эсвэл мөрөндөө мөнгөн таван хошуу авах байлаа. Туршлага ч надад хангалттай байсан юм. Гэвч… би татгалзав. Удирдагч Николай Тарасовичийг явуулсан юм. Тэгээд тэр өнөөдөр энд баяртай зогсож байна.
— Баярлалаа, Витя. — Захирагч миний гарыг атгав.
Бүгд намайг харна. Хэн ч юу ч ойлгохгүй байна. Удирдагч яагаад миний гарыг атгах болов? Яасан гэж талархаад байна вэ? Өнөөдрийн гол баатар нь би биш шүү дээ. Харин Удирдагч манай гудамжинд миний баяр дээр ирсэн мэт миний мөрөн дээр гараа тавин дал мөр алгадах ажээ. Яагаад ч юм би харцаа буулган доош харав. Тэр элсүүлэлт надад хайран биш, би огт харамсахгүй байна. Аз хийморьтой яв даа, Николай Тарасович.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.19.11 11:23 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
8

Зөвхөн залхуу хүмүүс л өвддөг юм. Сард нэг удаа ойд очиж цэвэр агаар амьсгалан болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлж, бүх өвчнөөсөө салах тийм хэцүү гэж үү? Би ийм цаг зав үргэлж гаргадаг бөгөөд хангалтын ажилд цаг наргүй явж байхдаа ч сард нэг удаа салхинд гардаг байсан. Харин одоо бол бүр ч чөлөөтэй боллоо.
Би ууланд нэлээд алс гарлаа. Тэнд хэн ч байхгүй гэдгийг би мэднэ. Би үүнийг шалгаж чадна. Гэхдээ одоо би нууц газар уруу ч яваагүй, уулзалтад ч яараагүй. Шоргоолж. Ойн том улаан шоргоолж. Тэдний хаант гүрэн, хот улс энэ байна. Нар туссан ойн чөлөөнд нарс моддын дунд. Би хувцсаа тайлаад хүйтэн усанд орох мэт мяраасаар шоргоолжны үүрүүд дунд орж суулаа. Шоргоолжнууд түм бумаараа, сүргээрээ байна. Гар, хөл дээгүүр гүйлдэнэ. Нэг нь намайг өвдтөл хазмагц сүрэг шоргоолж тэр чигээрээ надаас зүүгдэцгээлээ. Хэрэв удаан суувал намайг тэр чигээр нь идэж орхино. Харин нэг минут хэртэй тэсэж тэдэнд хазуулах аваас эмчилгээ болно. Энэ яг л могойн хортой адил. Хэтэрвэл үхэл, хэмжээ нь таарвал эм. Могойг эмнэлгийн билэг тэмдэг болгосон нь дэмий нэг хэрэг биш. Гэхдээ би могойн хороор эмчилдэггүй. Яагаад тэгснээ би мэдэхгүй. Зүгээр л цаг зав байхгүй болоод л тэр байх. Харин шоргоолжоор өөрийгөө эмчлэхэд тийм их цаг орохгүй. Асар том шоргоолжны үүр олоод дунд нь үсэрч ороод л болох нь тэр!
Шоргоолжны булчирхайгаас ялгардаг тэр шингэн ямар ч зүйлийг муутгахгүй хадгалж чаддаг. Шоргоолж жаран хөлтийг хазаад өөрийн үүрэнд зоориндоо аваачина. Шоргоолжинд ганц хазуулсан үхсэн хорхой нэг хоёр жил ялзарч муудахгүй байж чадна. Яг л хөргөгчид байгаа юм шиг.
Харин амьд бие махбодод бүр ч илүү гайхамшигт өөрчлөлт орно. Нүүрэнд үрчлээ хийгээд шар нөсөөт толбо хэзээ ч үүсэхгүй. Шүд ч унахгүй. Миний өвөг эцэг ерэн гурван насандаа нүүрэндээ ганц ч үрчлээгүй, бараг бүх шүдтэйгээ өөд болсон юм. Зөвхөн гурван шүд дутуу байсан бөгөөд түүнийг нь улаантнууд цөм цохичихсон ажээ. Тэр улаантнуудаас зугтаж орхисон бөгөөд тэгээгүй бол үлдсэн бүх шүдээ толгойтойгоо алдах байсан гэдэг. Тэр махночуудтай холбогдсон түүхээ бүх амьдралынхаа турш нууж чадсан юм. Хэрэв тэгээгүй бол намайг улаан армид авахгүй байсан биз. Би бүр төрөх ч үгүй байсан байх. Шоргоолж эмчилгээний нууцыг миний өвөө ганцаараа ч мэддэг байсан юм биш. Бүх Орос тэр чигээрээ мэднэ. Түүнээс өмнө Византид, бүр өмнө нь эртний Египетчүүд мэддэг байжээ. Шоргоолжийг Египетэд хамгийн сайн эмч гэж үздэг байж. Египетчүүд шоргоолж өөрийн хүнсээ хэрхэн хадгалж байгааг үзээд өөрсдийн хөл, гараа шоргоолжны үүрэнд дүрдэг байжээ. Харин хожим нь фараон хаанаа үхэхээр шоргоолжны үүрэн дунд хоёр хоног тавьдаг байжээ. Үүний дараа тэдний бие мянган жил ч хэвээрээ байж чадах болдог гэлцэнэ.
Ойн улаан шоргоолж бол шидтэн гэдгийг бүгд мэднэ. Даанч хүн төрөлхтөн залхуу юм даа! Хүмүүс эмийн сангаас шоргоолжны хүчил худалдаж аваад түүгээр хөл гараа арчдаг. Жинхэнэ биш харин үйлдвэрт хийснийг нь. Хөл, гараа арчина гэнэ шүү. Тэнэгүүд. Шоргоолж хаана хазахаа мэддэг юм. Харин яг хаана хазах ёстойгоо мэднэ гэдэг бол маш чухал. Энэ бол яг л хятад эмнэлгийн зүү тавьж эмчилдэгтэй адилхан. Хаа таарсан газраа биш харин яг суваг хэрдэсийн дагуу тухайн өвчинд тохирох сүв дээр нь зүү тавих хэрэгтэй байдаг шиг.
Би яг л үргэсэн хандгай шиг нааш цааш гүйлээ. Шоргоолжнуудыг биеэсээ сэгсрэн унагаав. Баярлалаа, ах дүү нараа, өнөөдөртөө хангалттай.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.20.11 1:20 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Нүүлгэн шилжүүлэлт бол эргэлт буцалтгүй, хатуу ширүүн зүйл. Нууц түлхүүрт мэдээ хүлээж аваад танай эцэг бүр байж ядсан гэнэ. Үхэхийнхээ өмнө салах ёс хийхийг хүссэн байх л даа. Онгоцоор ниссэн ч дэргэдээ харгалзагчтай. Зугтаалгачихгүйн тулд. Баатар хот Москвад очоод шууд мөрдөн байцаалтад. Харин бидний дунд ямар ч буруугүй хэн байх билээ? Бүгд буруутай. Байлаа гэхэд яаж ч буруутгаж болно. Одоо гучин долоон он шиг буудчихгүй нь үнэн. Үнэндээ бол бууддаг хэвээрээ, гэхдээ тийм олноор нь биш.
Ард түмний нөхөр юунд буруутсан юм бол? Бид үүнийг хаанаас мэдэх билээ. Зүгээр л цуу яриа сонсож л болно. Харин цуу яриаг үнэнийг нуух гэж тусгай албаныхан тараадаг юм шүү дээ…
…Иймэрхүү явдал үргэлж тохиолддог юм. Шинэ бизнес эхлээд түр хугацаанд толгой эргэм амжилт олдог. Манай бизнесийн байгууллагад яг тийм зүйл тохиолдоод байна. Дөнгөж ажиллаж эхлэнгүүтээ үзэгдээгүй амжилт гаргаж нөгөө Бага эзнийг аварсан элсүүлэлтийг хийсэн. Хариуд нь ГРУ-гийн мэдээллийн албаны дарга хурандаа генерал Зотов бахдан баярласан нууц түлхүүрт мэдээ илгээгээд байгаа тэр нууцуудыг Бага эзэн болон түүний хангах бүлгийнхэн гартаа оруулсаар байгаа.
Гэхдээ «хангалттай» гэдэг нэр томьёог мэдээллийн албаныхан олж авсан мэдээлэл нь маш өндөр чанартай байх үед л хэрэглэдэг. Бусад бүх тохиолдолд тэд «хангалтгүй» гэдэг нэр томьёо хэрэглэдэг юм. Энэ бол тэрбумтанд өөрийнх нь мөнгө хангалтгүй санагддаг шиг, бас хэзээ ч хангалттай байхгүй шиг зүйл. Эмэгтэйчүүдэд гоёлын даашинз үргэлж дутагдаж байдаг шиг, цуглуулагчдад хэзээд нэг зэвтэй зоос дутагдаж байдаг шиг л тийм зүйл. Хэзээд л дутагдаж байх болно. Харин Жанжин Штаб өөрсдийнх нь мэдэж байгаа дайсны нууцууд үргэлж хангалтгүй санагдана. Бид хэчнээн ч их нууцыг олзолсон тэр хэвээрээ л байна. Дайсны зэвсэглэл, төлөвлөгөөний ямар нэг зүйл нь үргэлж эцэстээ хүртэл ойлгогдоогүй хэвээрээ л үлдэнэ.
Гэхдээ манай уулын зочид буудлууд одоогоор бидний хүссэн үр дүнг өгөөгүй л байна. Гэхдээ энэ тийм ч хялбар биш. Майнот эсвэл Оффут гэх мэт жижиг хотын хүмүүс өдөр бүр уулын жижиг буудалд ирээд байхгүй шүү дээ. Жуулчны бизнес эрхэлж байгаа манай төлөөлөгчдийн газар бараг бүх оршин суугч нь маш чухал объекттой холбоотой байж болох хотуудын маш товчхон жагсаалт хүлээн авсан. Гэвч одоогоор үрдүн алга. Торонд загас орсон, тэгээд л гүйцээ. Ганцхан загас орсон боловч би түүнийг Бага Эзэнд сайн дураараа өгсөн. Одоо амжилттай ажиллах нь түүнд маш чухал. Харин надад юу ч ногдохгүй.
Аквариумаас бага зэрэг эгдүүцсэн нууц түлхүүрт мэдээ ирэх бөгөөд Дөчин Нэгийг яагаад хангалтын ажилд тавихгүй байна вэ? Тэр чинь өөрөө бие даан ажиллахад бэлэн биш байна гэдгээ хүлээсэн биз дээ гэх ажээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.20.11 8:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
10

Манай хөрш «ард түмний нөхдүүд» том баяр тэмдэглэж байна. Хэдэн жилийн өмнө зөвлөлтийн байлдааны хөлөг онгоцноос нэг офицер зугтжээ. Түүний араас КГБ-гийн олон ч төлөөлөгчдийн газрууд ангуучилж байснаас ганцхан Вена дахь төлөөлөгчдийн газрынханд л аз дайрчээ.
Тэд тун толгой эргэм өдөөн хатгалга зохион байгуулсан байна. КГБ-гийн төлөөлөгчдийн газрын орлогч дарга нь өөрийн биеэр америкийн тагнуулын байгууллагатай холбогдож, бүрэн үнэмшиж болохуйц нууц материалуудыг тэдэнд өгчээ. Харин дараа нь өөрөө АНУ уруу зугтаахыг хүссэн байна. Тэгээд зугтахын өмнө нэг болзол тавьсан ажээ. Нөгөө зөвлөлтийн зугтсан офицертой ярилцаж тэр үнэхээр сайхан амьдарч байгаа эсэхийг мэдмээр байна гэж. Тэгээд Америкийн тагнуулын байгууллага нөгөө азгүй оргодлыг КГБ-гийн орлогчтой уулзуулахаар явуулжээ. Тэгээд л тэд одоо баярлаж байгаа нь энэ.
За яах вэ, «ард түмний нөхдүүдэд» амжилт хүсье. Хүмүүсийг хэрхэн хулгайлахыг та нар гаргууд сурчээ. Харин та нар яагаад америкийн атомын бөмбөгийн нууцыг хулгайлж чадаагүй юм бэ? Яагаад францын танк эсэргүүцэх пуужин, британийн торпед, германы танкийн хөдөлгүүрийн зураг төслүүдийг та нар хэзээ ч зөвлөлтийн цэргийн үйлдвэрийнхэнд олж өгч байгаагүй юм бэ? Аан?
— Виктор Андреевич, танд дохио иржээ.
Аягатай кофегоо хажуу тийш нь тавиад бичиг баримтуудаа цүнхэнд хийлээ. Бичгийн цүнхээ сейфэнд хийж харин сейфний түлхүүрийг жижиг сейфэнд хийв. Хаалганы тоон код нь өнөөдөр өөрчлөгдсөн. Үүнийг тогтоох хэрэгтэй.
— Явцгаая!
Би дөрөвдүгээр нууц түлхүүрчийн араас даган явлаа. Бетон шатаар доош уруудан хонгил рүү оров. Тэр хонхны товчлуурыг дарав. Хаалга тор хийн дуугарав, одоо нээж болно. Бид багавтар бетон тасалгаанд орж ирлээ. Хана нь баржгар цагаан юм. Хаалганууд нь хаалттай байна. Хэрэгт дуртай телекамерууд биднийг ширтэнэ. Дөрөвдүгээр нууц түлхүүрч орж ирсэн хаалгаа сайтар хаалаа. Хаалганы дотор тал нь шумбагч завины ус нэвтрэхгүй бин битүү нээлхийтэй төстэй юм. Нууц түлхүүрч хаалтны цаагуур гараа оруулан тоон кодыг оруулав. Энэ үед нь түүний гарыг би харж чадахгүй бөгөөд харах ч эрхгүй. Хаалтны цаана тэр гараараа юу хийж байгааг би мэдэхгүй. Хэрэв буруу код оруулбал гараа хавханд тас хавчуулдаг гэж ярьцгаадаг юм. Энэ нь үнэн үү эсвэл нууц түлхүүрчид тоглоом болгож тэгж ярьдаг уу бүү мэд. Олборлогч офицер тэдний нууцыг мэдэх ёсгүй.
Хонгилын дотоод харуул бид өөрийн хүмүүс гэдэгт эцэст нь нэг юм итгэж гол хаалга элдэв чимээ гаргалгүй хажуу тийш аажим гүйн нээгдэв. Хаалганы ард Спецназын Петя зогсож байна. КГБ өөрийн дотоод харуул хамгаалалтаа хийлийн цэргийн бие бүрэлдэхүүнээс сонгож бүрдүүлдэг. Харин ГРУ хорлон сүйтгэх батальон, бригадуудын офицеруудаас бүрдүүлдэг юм. ГРУ нэг сумаар хоёр туулай буудаж буй нь тэр. Ингэснээр харуулууд нь найдвартай байхын сацуу тэднийг хэрэв шаардлага гарвал ажиллагааны хангалтад ч ашиглаж болно.
Вена дахь ГРУ-гийн дипломат төлөөлөгчдийн газрыг гвардийн танкийн 6-р Армийн хорлон сүйтгэгчид хамгаалдаг юм. Энэ бол онцгой уламжлал бүхий уулын арми. Танкийн 6-р арми Их Хянганы нурууг даван Номхон далайн хөвөө хүрч байсан юм. Тэд онолчдын танкийн хувьд огт боломжгүй гэж үзэж байсан 800 километрийн зогсолтгүй марш хийсэн ажээ. Харин одоо гвардийн танкийн 6-р арми Австрийн нутгаар Рейн мөрний хамгаалалтгүй эргээр Хойд Мөсөн Далай хүрэх цахилгаан мэт хурдан довтолгоонд бэлтгэж байна. Хянганы нуруутай харьцуулахад Австрийн Альп нь зүгээр л дов толгод гэсэн үг. Ийм учраас л Венад зөвхөн энэ Армийн хорлон сүйтгэгчид байнга тааралддаг юм. Тэд бидний өмнө явна. Тэд өөрсдийн хурц хутгаараа бидний өмнөх замыг цэвэрлэх болно.
— Сайн байна уу, Виктор Андреевич, — Петя надтай мэндлэв.
— Сайн, сайн уу, хоолой огтлогч минь. Хонгилд залхуурч гүйцэж байна уу?
— Үгйүээ, харин зэрлэгшиж гүйцэж байна, — гээд Петя инээв. — Зургаан сар эмэгтэй хүний банзлын бараа харсангүй. Бүр холоос ч хараагүй.
— Тэсэж үз, шумбагч завиныхан үүнээс ч дор байдаг юм.
Коридорын дагуу ган хаалганууд харагдана. Олон зузаан хөшиг өлгөсөн тул коридор хир зэрэг урт вэ гэдэг нь үл мэдэгдэнэ. Дараагийн хөшигний араас коридор хоёр салаалж эсвэл аль нэг тийш эргэсэн байж ч магадгүй. Бид үүнийг мэдэж болохгүй. Дохиочдын өрөө баруун талын эхний хаалга.
Тасалгааны намхан адраас мөн л саарал хөшгүүд өлгөжээ. Энэ нь гал гарвал хамгаалах учиртай гэж ярьцгаадаг. Тийм ч байж магад. Би энэ өрөөнд олон удаа орж ирсэн ч энд хэчнээн төрлийн дохиолол байгааг ойлгохгүй л байгаа юм.
Намайг орж ирэхийг хүлээн нэг хөшиг нь сөхөөтэй байлаа. Тэр хөшигний ард «299 дамжуулав. 41 хүлээж авав» гэж нямбай бичсэн саарал хайрцаг байна. Нууц түлхүүрч өөрийн түлхүүрийг нүхэнд нь хийн эргүүлээд тасалгаанаас гарлаа. Би ч мөн өөрийн түлхүүрийг нүхэнд нь хийн эргүүлж ган хаалгыг онгойлгов. Түүний ард олон эгнээ бяцхан ногоон чийдэнгүүд байх бөгөөд 28 дугаартай гэрэл нь асаж байлаа. Би товчийг дармагц дохиоллын гэрэл унтрав. Миний дохиоллын багаж дээрх гэрэл ч мөн нэгэн зэрэг унтарлаа. Энэ нь би дохиог хүлээн авсан гэдгийг нууц түлхүүрчид хэлж буй хэрэг юм. Гэхдээ тэр миний чухам ямар дохио авсныг мэдэхгүй. Үүнийг ганцхан би л мэднэ. «28» гэсэн дохио. Хэрэв нууц түлхүүрч миний 173-В-41-299-өөс «28» гэсэн дохио авсныг мэдлээ гэхэд энэ дохио ямар учиртай болохыг ч тэр мэдэхгүй.
«28» гэсэн дохио нь туршуул 173-В-41-299 намайг биечлэн бус уулзахаар дуудаж байна гэсэн үг. Дохио хүлээж авснаас хойших эхний бямба гаригт уулзалт болох бөгөөд өглөөний 4.30-аас 4.45-ын хооронд Зальцбургийн орчим Аттерзеед биечлэн бус уулзана.
299 дохиоллын бүхэл бүтэн системтэй тул биднийг хувийн болон албаны шугамаар хүссэн үедээ дуудаж болно.
Холбоо барих хувилбар нэг бүрийг маш сайн бодож боловсруулсан бөгөөд хувилбар бүр өөрийн дугаартай. «28» гэсэн тооны ард олон янзын нөөц хувилбартай бүхэл бүтэн төлөвлөгөө бий.
Үнэтэй туршуулуудтайгаа аль болох цөөн уулзах, болж өгвөл огт уулзахгүй байх нь ГРУ-гийн баригдашгүй байдлыг хангаж өгдөг юм. Би туршуул 229-тэй арван сар ажиллахдаа түүнийг хэзээ ч хараагүй, цаашид ч харахгүй. Түүнтэй сардаа 2-3 удаа биечлэн бус уулздаг бөгөөд тэрээр ГРУ-д хорин нэгэн жил ажиллахдаа зөвхөн зургаан удаа биечлэн уулзаж, ердөө хоёрхон ГРУ-гийн офицерын царайг харжээ. Энэ бол маш зөв арга барил. Биечлэн уулзахгүй байх нь манай туршуулуудыг бидний алдаанаас хамгаалж, харин манай офицеруудыг хэрүүлийн бай болохоос сэргийлж, сонины эхний нүүрэнд гарах дуулиан шуугиантай зураг авахуулчихгүй байх нөхцөлийг хангадаг юм.
Биечлэн бус уулзалтын үед ГРУ-гийн офицер ба түүний туршуул хоёр бие биенээсээ арваадхан километрийн зайд байдаг. Ярилцаж байгаа хүн нь хаана байгааг аль аль нь мэдэхгүй. Мэдээлэл дамжуулах, солилцохдоо бид утас болон радио хэрэглэдэггүй. Бид ус дамжуулах болон бохирын хоолойг хэрэглэдэг юм. Заримдаа хоёр телефон аппарат төмөр хашаа болон, өргөст торны хоёр талд зоогоод хэрэглэх нь ч бий. Хангалтын офицерууд энэ холбоо барих хэсгийг урдаас сонгож, шалгадаг юм.
Гэхдээ чухал туршуулуудтайгаа харьцахдаа ихэвчлэн усаар дамжуулан харьцдаг. Цагдаа нар эфирийг самнаж л байг. Ус бол дохиог маш сайн дамжуулах бөгөөд хянахад ч хэцүү. Цагдаагийн газар бүх усан сан, гол мөрөн, тэнгис далайг хянадаг болсон тэр цагт бид туршуулуудтайгаа харьцах өөр аргад шилжих биз ээ. Тэр үед ГРУ-гийн холбооны хүрээлэн ямар нэг өөр арга олох нь дамжиггүй юм

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.20.11 11:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
11

Шүүдрийн дуслууд гутал норгоно. Би өтгөн нойтон өвсөн дундуур нуур уруу явж байна. Эргэн тойрон хус, гацуур модод сүглийх аж. Гацуур моддын шовх үзүүр нуурыг тойрсон хана мэт шивээлэн харагдана. Эргэн тойрон өчүүхэн ч аниргүй, амгалан байна. Хатсан мөчир дээр гишгэчихгүй юмсан. Чимээ шуугиан үүсгэх хэрэг юу байна вэ? Энэ цэнгэг ус, болор мэт тунгалаг тэнгэр, уулсын ягаахан оройг чимээ шуугиан гундаах болно. Энд үргэлж нам гүм байдаг.
Спецназынхан ирсэн ч цэрэг гутлын чимээ эндхийн амгаланг бусниулж чадахгүй, учир нь хорлон сүйтгэгчдийн гутлын зөөлөн ул нь хүнд цэрэг гутал шиг тачигнах чимээ гаргадаггүй юм. Дараа нь тэдний араас гвардийн 6-р танкийн арми орж ирнэ. Тэр үед л харин нүргэлж өгнө дөө. Гэхдээ тийм удаан үргэлжлэхгүй. Анир чимээгүй нам гүм байдал дахин хаанчилж, нуурын эрэг дээрх бяцхан хорих лагерийн чимээ ч түүнийг эвдэж чадахгүй. Би хорих лагерийн дарга болсон ч байж магадгүй, эсвэл эндхийн социалистууд болон энхийн төлөө тэмцэгчидтэй хамт жирийн нэг хоригдол болсон байж ч мэднэ. Үргэлж ийм зүйл тохиолддог юм. Улаан Армид бусдаас түрүүлж баяр хүргэсэн, эсвэл түүнтэй найрамдахыг хүссэн бүхэн түүний эхний цохилтод өвдөг сөхрөн унадаг юм.
Үүр манхайн цайлаа. Газар дэлхий алтан нарны туяаг баясан угтаж байна. Амьдрал тэр чигээрээ хөөр баяраар умбаж байна. Уулсын оройгоос ус ихт хүрхрээ мэт асгаран буух алтан нарны цацрагийг угтан амьдрал бахдан баярлаж байна. Тун удахгүй шувуудын жиргээн амьдралын дуулал болон эгшиглэж гэрэл гэгээг угтан дуурсах болно. Харин одоо нам гүм байна. Шүүдрийн дуслууд эрдэнэс мэт гялтганаж уулсын орой шижир алтан өнгөөр туяаран хөнгөн салхины сэвшээ хээрийн цэцэгсийн анхилам үнэрийг авчрах хараахан болоогүй байна. Байгал дэлхий амьдрал буцалж, бахдал цэнгэл, баяр хөөр бялхаж эхлэх торгон хормыг амьсгаа даран хүлээнэ.
Хэн үүнийг шохоорхон харж байгаа бол? Би ганцаараа. Тагнуул Витя. Бас миний туршуул 299 харж байгаа. Тэр байгаль дэлхийн яруу сайхныг ойлгодог болов уу гэдэг нь сонирхолтой л юм. Тэр байгалийн сайхныг бахдан хэдэн цагаар чагнаархан сууж чадна гэж үү? Бид хоёр хамтдаа нуурын нөгөө эрэг дээр баригдах жижигхэн хорих лагерийн барилгын ажлын бэлтгэл хийж байна гэдгийг тэр ер нь ойлгож байгаа болов уу? Тэр бид хоёр хоёулаа энэ төгс үзэмжит байгалийн дунд баригдах лагерийн хоригдол болж болно гэдгийг тэр хөгшин тэнэг ойлгодог гэж үү? Мах татах машины амсарт ойрхон ажилладаг хүмүүс өөрсдөө жирийн үхэх үйлтнээс илүүтэйгээр тэр машин уруугаа ордог гэдгийг тэр төсөөлж байгаа гэж үү? Түүнд хорих лагерьт оноох дугаар нь түүний нууц туршуулын дугаартай нь маш төстэй гэдгийг тэрний модон толгой ойлгоно гэж үү? Тэр үүнийг огт бодохгүй байна. Надад бол хаашаа ч зугтах газар алга, би энэ системд төрж өссөн. Харин тэр сайн дураараа бидэнд тусалж байдаг, муу нохой. Хэрэв коммунистууд намайг хананы дэргэд зогсоож байгаад буудчихгүй, хүүр шатаах газар амьдаар минь шатаачихгүй, ус дүүргэсэн чиргүүл онгоцонд живүүлчихгүй хорих лагерийн дарга болговол ийм сайн дурын туслагчдыг тусад нь хоол ч өгөлгүй хорих байсан. Бие биенээ бариад л иднэ биз. Төмөр торхонд хийсэн хархнууд хамгийн доройгоо эхлээд барьж идээд дараа нь түүнээс арай гайгүйг нь гэх мэтээр ээлж дараалан идэцгээдэг шиг… Хамгийн дорой нь хэн бэ гэдгийг тэд өдөр бүр тодруулж байг. Хүн бүр гүрээний судсаа тас багалзуурдуулж бусдын хоол болохоосоо айн унтаж ч чадахгүй байг. Тэр үед л тэд хорвоо ертөнц дээр төгс зохицол байхгүй, байх ч үндэсгүй гэдгийг ойлгоно. Хүн бүр өөрөө өөрийгөө хамгаалах ёстой. Ээ, чөтгөр гэж. Намайг хорих лагерийн дарга болгоод өгөөсэй!
Цаг болжээ.
Би нууранд дэгээгээ хаялаа. Миний уурга жирийн уургатай маш адилхан. Ялгаа нь гэвэл түүний ишнээс нь дамжуулагч утас татаад цагтайгаа холбож болно. Харин цаг нь цаашаа жижиг саарал хайрцагтай холбогдсон байгаа. Цагнаас гарсан дамжуулагч утас ханцуй дотуур явж халаасанд буй төхөөрөмжтэй холбогдоно. Жирийн цагнаас үл ялиг өөр миний цагны нүүр нэг минут хэр гэрэлтээд унтрав. Энэ нь мэдээллийг хүлээн авч миний хураагуурын нарийн хальсанд бичсэн гэсэн үг. Мэдээллийг дамжуулж байгаа долгион эфирт цацагдахгүй. Бидний хэрэглэж буй дохио зөвхөн нуурын усанд түгэх бөгөөд эргээс цааш гарахгүй. Мэдээлэл эгшин зуур нэвтэрч маш хурдан бичигдэнэ. Мэдээлэл дамжуулах цаг, газар, давтамжийг өмнөөс мэдэж байсан ч энэхүү мэдээллийг замаас нь барих маш хэцүү. Харин мэдэхгүй бол мэдээллийг барих огт боломжгүй юм.
Би цагаа түлхэж буй дүр үзүүлнэ. Цагны нүүр дахин хэсэг зуур гэрэлтээд унтрав. Хариу мэдээлэл нэвтрүүлж дууслаа. Уурга дэгээгээ хураах цаг болжээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.21.11 2:52 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.21.11 12:26 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
* XIII БҮЛЭГ *

1

— Нөхөр генерал, би дугаар 229-тэй усаар холбоо барилаа. Түүний буудалд ойрын саруудад бидний сонирхож буй газруудаас ирсэн үйлчлүүлэгч бууна гэдэгт тэр эргэлзэж байна.
— Муу байна.
— Гэхдээ дугаар 299 дэмий суугаагүй байна. Тэр хөрш буудлуудынхаа эзэдтэй нөхөрсөг харьцаа тогтоож, янз бүрийн шалтгаар тэдний урьдчилсан захиалгын бүртгэлийн дэвтрийг үзэх боломжтой болжээ.
— Энэ аюултай биш үү? — Энэ аюулгүй гэдгийг мэдэж байгаа хэдий ч захирагч үүнийг асуух ёстой.
— Үгүй, нөхөр генерал, аюулгүй, дугаар 299 зальтай бас туршлагатай. Түүний хөрш буудалд... — Би хуудас цаас аван тэр буудлын нэрийг бичив. Би ямар нэг тодорхой он сар, хаяг, нэр дурсах эрхгүй. Хамгаалалттай байранд ч бид үүнийг цаасан дээр бичих ёстой бөгөөд ажиллагаанд огт хамаагүй сар өдөр, нэрийг ч мөн бичих хэрэгтэй болдог юм.  — Хөрш буудалд нь нэг хүн өрөө захиалжээ.  — Би түүний нэрийг цаасан дээр бичив.  — Тэр Испанид ажилладаг юм. … хотод.
Би хуудас цаас аваад РОТА гэдэг нэрийг бахдалтайгаар маш томоор хичээнгүйлэн бичлээ.
Тэр над уруу үл итгэх мэт харна. Тэгэхээр нь бидний чихэнд болор жингэнэх мэт сонсогддог, тагнуулч бүрийн зүүдэнд байдаг тэрхүү богинохон нэрийг дахин бичив, РОТА.
Тэр инээж байна, би ч инээв. Дэлхийд бидэнд маш их сонирхогдох зуу зуун газар байдаг бөгөөд тэдгээрийн аль нь ч бидний хувьд том олз, тагнуулчдад хандсан хувь заяаны инээмсэглэл билээ. Надад жинхэнэ аз тохиожээ, РОТА!
— Чамайг шалгаадах уу? гээд тэр инээв. Мэдээж, энэ бол тоглож байгаа хэрэг. Учир нь энэ баазын тухай мэдэхгүй ГРУ-гийн офицер гэж байж болшгүй. РОТА гэдэг үгийг сонсмогц ГРУ-гийн офицерын тархинд, яг л электрон машины дэлгэцэнд гардаг шиг тоо, мэдээллүүд дурайн буудаг юм. Усан буудлын талбай нь 25 хавтгай дөрвөлжин километр, зогсоол нь 1500 метр зурвасаар хамгаалагдсан, 350 метр урттай гурван дотоод зогсоолтой, 8000 тонн сум хэрэгсэл, 300000 тонн шатах тослох материал бүхий агуулахтай, нисэх буудлын хөөрөх зурвас нь 4000 метр. Тэнд америкийн атомын шумбагч завины бааз байдаг гэдгийг бүгд мэднэ.
Удирдагч тасалгаагаар нааш цааш яван хоёр гараа үрчих ажээ.
— Хүсэлт гарга.
— Гүйцэтгэе!

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.21.11 1:39 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
2

Испанийн жижигхэн Рота хотын хүн. Энэ хүний тухай би юу ч мэдэхгүй. Тэр америк эсвэл испани хүн үү гэдэг нь ч тодорхой бус. Гэхдээ би хүсэлт гаргаж хуудас бөглөж байна. Маргааш энэ хүсэлтийг ГРУ-гийн том компьютерт оруулна. Том компьютер чиний тухай мэдэх бүхнээ хэлэх болно.
Том компьютерыг америкийн инженерүүдийн суу ухаан бүтээсэн бөгөөд тэдний харалган улс төрчид Зөвлөлт Холбоот Улсад зарж орхижээ. Том компьютерын төлөө америкчууд сая саяыг авсан ч тэр бум тэрбумыг алджээ. Том компьютер бүхнийг мэднэ. Тэр маш ухаантай. Тэр дэлхийн хүн амын тухай асар их мэдээллийг өөртөө агуулна. Тэр маш ховдог. Тэрээр утасны номууд, их сургууль төгсөгчдийн жагсаалт, үй түмэн фирмүүдийн ажилтны нэрсийг ч залгичихна. Тэр үргэлж өлсөж байдаг юм. Тэр сонины хуудсанд гарсан төрөлт хийгээд үхлийн тухай сая сая мэдээллийг ч залгина. Гэхдээ тэр зөвхөн бичиг цаасаар хооллодоггүй. Түүнд нууц баримтууд асар ихээрээ хэрэгтэй. Бид бүгдээрээ тэр ховдог америк жаалыг өлсгөчих вий хэмээн санаа зовж байдаг юм.
Рота хотын тэр хүний тухай мэдээлэл хэсэг бусаг бөгөөд хангалтгүй ч байж болно. Түүний төрсөн он, сар, өдөр эсвэл тэрний нэр утасны нууц лавлахт бичигдсэн өдөр, мөнгөө хадгалдаг банкны нь нэр, өөр юу ч байж болно. Гэхдээ энэ тасархай мэдээллүүд нь ГРУ-гийн удирдлагын төвөөс түүнтэй холбоотой байж болзошгүй, илүү их мэдээлэл олж болох газрууд уруу хэд хэдэн нууц түлхүүрт мэдээ явуулахад хангалттай юм. Хэн нэг тайга ноход чиний эцэг эх, төрөл төрөгсөд, сургуулийн найзууд, төрөлх хот, гэрэл зургийг чинь олох байх. Уулын нуурын эрэг дээрх жижигхэн буудалд чамтай уулзах үедээ чиний бодож буйгаас ихийг би мэдэж байх болно. Хүндэт нөхөр минь удахгүй уулзъя. Дашрамд хэлэхэд харьцахад амар байхын тулд чамд 713 гэдэг дугаар хэдийн бодож олсон шүү. Дэлгэрэнгүйгээрээ бол 173-В-41-713. ГРУ-гийн Вена дахь дипломат төлөөлөгчдийн газрын нууц мэдээлэл олборлогч Дөчин Нэгдүгээр офицер чамтай ажиллаж буйг бүгдээрээ мэдээсэй гэж тэр.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.22.11 10:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
3


Цаг хугацаа түржигнэн одох буухиа галт тэрэг шиг чих дөжиртөл уухилсаар жирэлзэн өнгөрнө. Ливанаас дамжин өнгөрөгч, Өмнөд Африкт элсүүлсэн хүмүүстэй холбоо тогтоох, хэн элсүүлснийг нь үл мэдэх хий үзэгдэл мэт найзад зориулж нууц газарт ачаа хүргэх, нууц тагнуулуудын хангалтад явах, бас Ирландаас дамжин өнгөрөгч гэж явсаар дахиад л өдөр шөнөө ч ялгахаа болив. Захирагч ч тэр, Бага Эзэн ч тэр намайг аар саар ажилд анхаарлаа хөндийрүүлэхийг хориглосон хэвээрээ. Гэвч маш чухал хангалтын ажил байнга ундрах бөгөөд нууц тагнуулуудыг халхлах, бөөнөөрөө хангалтад явах зэрэгт Удирдагчийн орлогч нар хүртэл явах хэрэг гарна. Хэн ч үлдэхгүй. Бүгд хангалтад! Хүн хүрэлцэхгүй байна, яах вэ? Нэг шөнөдөө хоёр явцгаа! Францаас ирэх дамжин өнгөрөгч. Гондурасаас яваа дамжин өнгөрөгч. Ойлгох хэрэгтэй!
Би өөрийн ажлын дэвтрийн ар өвөргүй дүүрэн бичсэн хуудсуудыг эргүүлж байтал гэнэт огт хоосон цулгуй цагаан хуудас гарч ирэв. Тэр хуудсан дээр «713-тай ажиллах» гэж гарчиг тавиад орхижээ. Харин тэр хуудсан дээр тавьсан он сар өдөр нь өнөөдөр болж байна. Төлөвлөсөн өдөр хэдийн болчхоод байхад би өрөөндөө түшлэгтэй сандал дээрээ сууж, толгойд нөгөө л элдэв хангалтын ажил эргэлдсээр байх гэж.
Би богинохон гарчгийг харж хэсэг суугаад утасны цагаан харилцуурыг авч ямар ч дугаар залгалгүй шууд асуув:
— Нөхөр генерал, танд намайг хүлээж авах боломж байна уу?
— Маргааш хүртэл хүлээж болохгүй юу?
— Би тан дээр орох гэж нэлээд хэд хоног оролдлоо. Гэвч өнөөдөр сүүлчийн өдөр. — Түүнд үүнийг шалгах зав байхгүй гэдгийг мэдэх тул би бяцхан худал ярихад гэмгүй гэж үзсэн юм.
— Юу сүүлчийн гэж?
— Сүүлчийн ч биш, бүр эхний өдөр, нөхөр генерал.
— Өө, чөтгөр чамайг, би яг одоо бол чадахгүй. Гучин минутын дараа ороод ир. Хэрэв хэн нэг нь хүлээх өрөөнд орох гээд хүлээж байвал чөтгөр рүүгээ тонил гээд миний өмнөөс хэлчхээрэй. Ойлгов уу?
— Ойлголоо.
Би мөрдөх ажиллагааны чиглэл, баримтлах арга барил, цагдаа нараас мөрөө буруулахад хэрэглэхээр төлөвлөсөн ов мэх зэргээ түүнд илтгэв. Мөн Рота хотоос ирэх хүний тухай мэдэж байгаа бүхнээ илтгэлээ.
— За яах вэ, муугүй л бэлдэж. Амжилт хүсье.
Тэр босоод над уруу инээмсэглэн гар барив. Дөрвөн жилд гурав дахь удаагаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.22.11 10:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
4

Замууд жуулчдаар дүүрчээ. Би яарч явна. Энэ үдшийг төлөвлөгөөгөө биелүүлэхэд ашиглахын тулд би орой гэхэд зочид буудалд очсон байх хэрэгтэй. Би хурдны замаар таван цагийн турш явж байна. Зам дээр асар том түгжрэл үүсэх үед заримдаа удаан хүлээхэд хүрэх бөгөөд зам дөнгөж чөлөөтэй болмогц би машинаа байдгаар нь хурдлуулан хөдөлгүүр, дугуйгаа үл хайрлан, урдаа байгаа машинуудыг бүгдийг нь гүйцэж түрүүлэн давхина. Нар баруунаа гудайх үед би их замаас салж нарийн зам уруу орон хурдаа хасалгүй эрчээрээ ортол эргэлтийн цаанаас цагаан «мерседес» гарч ирэв. Тоормосны гишгүүрийг тултал нь гишгэлээ. Нөгөө машиныг бөөн тоос булж тэр замын хажуу уруу огцом даран зогслоо. Жолооч нь эгдүүцсэндээ гэрлээ анивчуулан, дохиогоо байдгаар нь орилуулав. «Мерседесийн» арын суудлаас нэг эмэгтэй дунд хуруугаа чамархайдаа хүргэн дохиж миний тэнэгийг гайхаж байна. Дэмий л хичээж байна даа хатагтай, би тэнэг гэдгээ өөрөө ч мэднэ. Би замын эргэлт дээр тоормосоо үл мэдэг гишгэн эсрэг урсгалд орох шахан эргэж цааш хар хурдаараа давхин одлоо. Тэд миний машины дугаарыг тогтоож чадаагүй, цагаа ч харж амжаагүй гэдэгт толгойгоороо мөрийцсөн ч бэлэн байна. Замын эргэлт тэртээ хол хоцорлоо. Би замаас гараад ниссэн ч жолоогоо тавихгүй гэсэн мэт жолооны хүрднээс зуурна. Харин миний байгаа байдал машинд минь таалагдахгүй байгаа бололтой. Одоо эхний уулзвараар нарийн зам уруу эргэж харанхуй ой уруу орно. Тэр замаар би дээш удаан өгсөж дараа нь уруудан уулсын хоорондох хөндийгөөр чигээрээ явсаар байгаад зочид буудалд очно. Газрын зургийн ч хэрэг алга. Шингэж буй түнэр улаан нараар би энэ газрыг тун сайн баримжаалж байна. Харин нар хэдийн уулсын цаад уруу шингэж эхэлжээ.
Бүр бүрэнхий болж байхад би буудалд очлоо. Тэрхүү зочид буудал уулын бэлдэх ойн нуурын эрэг дээр оршдог ажээ. Өвөл тэнд тод өнгийн цанын хувцастай хүмүүс хаа сайгүй алаглан харагддаг байх. Харин одоо эндхийн зуны үдэш нам гүм байна. Ууланд үдшийн сэрүүн орж нуга, хөндийгөөр хөвөн зулсан мэт өтгөн цагаан манан буужээ. Харин надад байгалийн үзэмжийг шохоорхох зав байсангүй. Шууд хоёрдугаар давхарт гарч өрөө рүүгээ яарав. Хаалганы цоожинд түлхүүрээ зоож чадахгүй будлисны эцэст арай гэж өөрийгөө тайвшруулан үүдийг онгойлгов. Чемоданаа булан уруу шидээд даруй шүршүүрт орлоо. Бүтэн өдөр жолооны ард байсан тул халуун шүршүүрээс өөр хүсэх зүйл байсангүй билээ.
Усанд орж биеэ алчуураар улайтал нь үрэн арчаад индүүдлэгтэй шинэхэн хослолоо гаргаж өмсөв. Тод өнгөтэй алчуур хүзүүндээ зүүгээд толинд харлаа. Үгүй ээ, ийм царайтай явж таарахгүй. Юунд ч сэтгэл зовсон шинжгүй, нүүрэнд аз жаргал гэрэлтэж байх ёстой. За одоо арай дээрдлээ. Харин одоо яаралгүй доош бууя. Хүмүүс намайг хараад өнөөдөр миний баяр, амралтын өдрөөр ч амрах завгүй хүнд амьдралын хамгийн хэцүү өдрүүдийн нэг байсныг бүү мэдэг. Гэхдээ миний ажлын өдөр аль хэдийн дууссан гэж бүү бодогтун, одоо ч үргэлжилсээр байна.
Харин танхимд хөгжим хангинан өөрийн цэнгэлийн төлөө өчнөөн эрч хүчээ үрэн таран хийж буй жаргалтай хүмүүсийн нүүрэн дээгүүр өнгө өнгийн хурц гэрлүүд сүлжилдэнэ.
Нүргэлэх хөгжмийн аялгуун дунд гэнэт нарийн бүрээ гоцлон дуугарч танхимд бүжиглэх олныг дагуулан эгшиглэх бөгөөд болор хундага сав чанга дууны аясаар жингэнэн нийтийн цэнгээнд хөг нэмэх ажээ.
Чийг даасан хүйтэн болор гар чимчгэнүүлж, саа мэт гялталзах сархдын хундагыг барихуйд хуйлран эрчлэх өнгө эгшгийн хослол хоромхон зуур дотор нь багтаж харагдлаа. Би өөрийн догдолж буйг мэдэгдэхгүйг хичээн танхимыг алгуурхан тойруулж харвал нөгөө 713 гэж нэрлэгдсэн хүн нүдний буланд зэрвэсхэн туслаа. Би түүний жижигхэн гэрэл зургийг ердөө ганцхан удаа үзсэн. Гэхдээ би түүнийг таньж байна. Тэр энд байна. Би хундагатай архиа аажим өргөн уруулдаа хүргэхийн далимд түүн рүү харлаа. Тэр ч над руу харцаа аажим шилжүүлэв. Бидний харц мөргөлдөх нь тэр. Би гайхан баярласан дүр үзүүлж нөхөрсгөөр мэндчилэн гараа даллав. Тэр гайхшран эргэж харав, гэвч ард нь хэн ч байсангүй. Тэр дахин над уруу эргэж хэнтэй мэндчилээд байна вэ гэж асуусан янзтай харлаа. Чамтай! — гэж би дотроо хариулав. Өөр хэнтэй гэж? Бүжиглэж буй хүмүүсийн дундуур гартаа хундагатайгаа барин түлхэлцсээр би түүнд дөхлөө.
— Сайн уу! Энд чамтай уулзана гэж би ер бодсонгүй шүү! Ванкуверт нэг үдшийг хамтдаа сайхан өнгөрүүлснээ санаж байна уу?
— Би хэзээ ч Канадад очиж байгаагүй.
— Өршөөгөөрэй, — гэж би түүний нүүр рүү харан санаа зовсон янзтай хэлэв. — Энд их бүүдгэр гэрэлтэй байна, харин та миний нэг таньдаг хүнтэй тун адилхан юм… Та намайг өршөөгөөрэй…
Би баарны лангуу уруу буцаж ороод дахиад хориод минут хэртэй бүжиглэж буй хүмүүсийг ажиглан зогслоо. Би бүжгийн нийтлэг хөдөлгөөнүүдийг харж тогтоож авахыг хичээнэ. Учир нь миний амьдралд бүжигт зориулах цаг зав огт гараагүй юм. Бүх бие тааламжтай халуу оргиж эхлэхэд тойрон бүжиглэж буй хүмүүсийн дунд орж, тэд ч цэнгэл жаргалын хаант улсын хаалгыг нээн хоёр тийш ярагдан намайг багтаалаа.
Би удаан бөгөөд шуналтайгаар бүжиглэж, миний хөдөлгөөн аажмаар улам бүр уян хатан, чөлөөтэй болж байна. Гэхдээ зөвхөн надад л ингэж санагдсан байж ч магадгүй. Ямартаа ч миний хэрхэн бүжиглэж буйг хэн ч анзаарсангүй. Хөгжилдөж буй хүмүүс хэн бүхнийг эгнээндээ уриалгахан хүлээн авч, эв хавгүй бүжиглэхийг ч өршөөх ажээ.
Тэр хэзээ яваад өгснийг би мэдсэнгүй. Би бүр шөнө дөл болж байхад хамгийн сүүлийн хүмүүстэй хамт танхимаас гарлаа…

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.23.11 11:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
5

Би сэрүүлгийн дуунаар өглөө эрт сэрээд дэрэн доогуураа нүүрээ шургуулан удаан хэвтлээ. Миний нойр хүрэхээ байгаад удаж байна. Олон сар нойр дутуу явсныг таван цаг унтаад нөхөж үл чадна.
Дараа нь би өөрийгөө албадан огцом хөдөлгөөнт гимнастик хийж арван таван минут хэр биеэ зовоогоод эхлээд янгинам хүйтэн, тэгээд шалзлам халуун, дахиад хүйтэн, тэгснээ тэвчмээргүй халуун ус гоожуулан шүршүүрт орлоо. Үүнийг тогтмол хийвэл арван таван насаар залуу харагддаг юм. Гэхдээ энэ нь надад чухал биш. Би амарч цэнгэж яваа хүн шиг хөгжилтэй, цовоо харагдах ёстой.
Би бусдаас түрүүлэн доош бууж тоомжиргүй царай гарган, өглөөний сонинуудыг шимтэн уншиж эхлэв.
Нэг хижээлдүү насны эмэгтэй өглөөнийхөө цайг уухаар бууж ирж байна. Мөн харахад нас, үндэс угсаа нь тодорхой биш нэг эмэгтэй бяцхан хав дагуулсаар орж ирлээ. Хүзүүндээ зургийн аппарат санжгануулж, үргэлж инээмсэглэх япончууд ч байна. За, нөгөөдөх чинь гараад ирлээ. Би инээмсэглэн толгой дохивол тэр ч намайг таньж хариу дохиж байна…
Өглөөний цайны дараа би өрөө рүүгээ явлаа. Цэвэрлэгээ хараахан эхлээгүй байна. Хаалганы гадна «Бүү саад бол» гэсэн бичигтэй жижиг самбар өлгөөд хаалгаа дотроос нь түгжиж хөшгөө буулгаад орон дээр таатайяа тэрийн хэвтлээ.
Хаашаа ч яарах хэрэггүй ийм өдрийг би эртнээс мөрөөдсөн юм. Өчигдөр болсон бүхнийг ширхэгчлэн санахыг оролдсон боловч болж өгсөнгүй, яагаад ч юм бэ тэр тухай бодох бүр миний царайд инээмсэглэл тодрох ажээ. Тэгээд инээмсэглэсэн чигээрээ унтаад өгөв.
Үдэш нь би дахиад л бөөн хүмүүстэй нийлэн шуналтайгаар бүжиглэж байлаа. Тэр өчигдрийн нөгөө л газраа ганцаараа зогсож байна. Түүнийг хараад би инээмсэглэн нүд ирмэж, хамт бүжиглэж буй хүмүүстэйгээ нэгдэхийг дохин урилаа. Тэр инээмсэглэн толгой сэгсэрч татгалзав.
Маргааш нь би доод танхим уруу түрүүлэн буулаа. Тэр миний араас орж ирэв.
— Өглөөний мэнд, — шинэхэн сонинууд уруу гараа явуулангаа би түүнтэй мэндчилэв.
— Өглөөний мэнд, — гээд тэр инээж байна.
Бүх сонины эхний нүүрэнд Угандын ерөнхийлөгч Амин Дада гарчээ. Бид, хэд гурван үг солиод өглөөнийхөө цайг уухаар явцгаалаа.
Хамгийн гол нь одоо түүнийг айлгаж болохгүй. Мэдээж, шууд гол асуудалдаа орох хэрэгтэй ч надад дахиад хэд хоног байгаа тул би аажим дөхөх тактик хэрэглэж байна. Энэ хүний тухай олон зүйлийг бид мэдэхгүй байгаа.
Гэхдээ цөөн хоногийн ажиглалтаар маш чухал мэдээллүүдийг олж авч байна. Тэр ганц бие, эмэгтэйчүүдийн араас гүйгээд байдаггүй, мөнгө үрэх дургүй ч хорголоо тоолсон нэгэн биш, бас хөгжилтэй. Хөгжилтэй гэдэг нь маш чухал, учир нь дүнсгэр хүмүүсийг элсүүлэх туйлын хэцүү байдаг. Хэт хөлчүүрхдэггүй ч байнга уудаг. Ном их уншдаг. Сүүлийн үеийн мэдээнээс хоцрохгүй. Хошин шогийг ойлгож, үнэлж чаддаг, нямбай боловч хээнцэр бус хувцасладаг. Ямар нэг үнэт гоёл чимэглэл зүүдэггүй. Үсээ үргэлж нямбайлан самнадаг гэж хэлж болохгүй. Тухайн хүний дотоод ертөнцийн талаар юухан хээхнийг мэдэхэд эдгээр шинжүүд хангалттай юм.
Үргэлж эрүүгээ чанга зуусан байх нь гарцаагүй эмх цэгцтэй, чанга хатуу зарчимтайн шинж мөн. Ийм хүмүүсийг элсүүлэхэд хэцүү ч дараа нь хамтран ажиллахад хялбар байдаг юм. Би түүний нүүрний хувирлыг маш удаан сэм ажиглаж байна. Түүний нүд ямар байх нь надад маш чухал. Нүд нь хоорондоо зайтай бөгөөд зовхи нь унжаагүй, бага зэрэг сэлхэрчээ. Хүүхэн харааны нь хөдөлгөөн аажим, хараа нь нэг чиглэсэн зүгтээ удаан тогтох ажээ. Зовхио буулгах, өргөх нь ч мөн удаан юм. Харц нь нэг газраа удаан тогтох боловч тийм ч их анхааралтай бус. Түүний харцанд аливааг сонирхсон байдал тодрох нь ховор бөгөөд харц нь ихэнхдээ юуг ч үл илэрхийлнэ.
Хүнийг шинжихдээ инээх, уурлах, цухалдах хийгээд тайвшрах зэрэг янз бүрийн нөхцөл байдалд түүний амны эргэн тойрон дохь булчингууд ямар байгаад онцгой анхаарах хэрэгтэй. Инээмсэглэл гэхэд өршөөнгүй зөөлөн, жигшсэн, ой нь гутсан, аз жаргалтай, егөөдсөн, дооглосон гэх мэт дотроо олон янз байхаас гадна ялан дийлэгчийн инээмсэглэл, ялагдагчийн инээмсэглэл, эвгүй байдалд орсон хүний инээмсэглэл, ярзайх нь холгүй заналхийлсэн инээмсэглэл гэж ч бас байна. Энэ бүхэнд нүүрний булчингууд оролцдог. Эдгээр булчингууд бол хүний сэтгэлийн толь юм. Хэн нэгний санхүүгийн тал дээрх болон ажил албанд тохиолдсон хүндрэл бэрхшээлийг мэдэж авах нь илүүдэхгүй боловч дээрх шинж тэмдгүүд бүр илүү чухал билээ.
Шөнө үүргэвч, урт түрийтэй усны гутал, загасны уурга, дэгээ, идэх зүйлсээ машиндаа чихэж аваад загас барихаар тэртээд харагдах нуурыг зорилоо. Үүр цайх үеэр Бага Эзэн зэгсэн дундаас гарч ирэв. Тэр миний дэргэд суугаад дэгээгээ ус уруу шидэв. Эргэн тойронд хэн ч алга. Өглөөний сэрүүнд нуурын бүлээхэн уснаас бага зэрэг уур савсана. Тэнгэрийн хаяа ягаарсан ч нар хараахан мандаагүй л байна.
Захирагчийн орлогч загасчлахыг үзэж чаддаггүй юм. Сайн дураараа чийгийн хорхой гараараа барьдаг хүмүүс энэ ертөнц дээр байдаг нь түүнийг бүр их эгдүүцүүлнэ. Тэр чийгийн хорхойд хүрэхээсээ ч айх бөгөөд харин тушаавал өөр хэрэг л дээ. Харин энд захирах хүн нь тэр өөрөө учраас тэр амьтдыг гараараа барих шаардлага гарсангүй тул хоосон дэгээтэй уурга барин сууна. Тэр маш их ядарчээ. Надтай түрхэн зуур уулзах гэж бүтэн шөнийг жолооны ард өнгөрүүлсэн нь илт байлаа. Харин түүнд өөрийн нь хариуцсан чухал ажил өчнөөн бий. Тэр миний яриаг сонсож суухдаа тэсэлгүй байн байн эвшээх бөгөөд харин ярианы төгсгөл рүү эвшээхээ больж бүр бага зэрэг инээмсэглэв.
— Бүгд сайн болж, Виктор.
— Түүнийг элсүүлж болно гэж та бодож байна уу?
Залхаж гүйцсэн багш нь юу ч сурдаггүй сурагчаа хардаг тэр харцыг би амьдралдаа гурав дахь удаагаа мэдрэв. Багш маань нойргүй хоносноос болж улайсан нүдээ нухлан байж:
— Сонс, Суворов, чи нэг л сайн ойлгохгүй байна. Ийм хэрэгт зөвшөөрөл хүсэх эрх чамд ерөөс байхгүй. Хэрэв чи зөвшөөрөл гуйх юм бол би чамд татгалзсан хариу өгнө. Хэзээ нэгэн цагт чи Бага Эзэн, бүр Удирдагч болно, гэхдээ чи хэнээс ч асуух ёсгүй гэдгээ санаж яв. Чи Аквариумд хүсэлт гаргавал хариу нь техникийн шалтгаанаар заавал хоцорч ирнэ. Би чиний хүний талаар маш ихийг мэдэж чадах боловч түүнийг мэдэрч чадахгүй. Чи түүнтэй биечлэн ярилцаж байгаа болохоор чиний зөн мэдрэхүй л үүнийг шийднэ. Ийм нөхцөл байдалд би ч тэр, Удирдагч ч тэр, бүр Аквариум ч бай өөртөө хариуцлага үүрэхийг хүсэхгүй. Хэрэв чи тэр хүнийг элсүүлэхгүй бол тийм ч амар уучлахгүй алдаа болно. Харин элсүүлэхдээ алдаа гаргаж чамайг цагдаа нар баривчилбал огт уучилшгүй алдаа болно. Бүх зүйл чамаас л хамаарна. Элсүүлбэл чи одон хүртэж, бүгд л чамайг магтах болно, энэ бол чиний амжилт, албан тушаал ч ахина. Бид бүгдээрээ чамайг дэмжинэ. Үргэлж Аквариумын зөв байдгийг, бас Аквариум үргэлж амжилттай ажиллаж буй хүмүүсийн тал байдгийг санаж ав.
Хэрэв чи дүрэм зөрчөөд баларвал ГРУ-гийн мөрдөн байцаах газарт очих болно. Дүрэм журмыг ягштал мөрдөөд ч баларвал бас л буруутна. Дүрэм журмыг мухар сохроор дагасан болно. Харин чи амжилт гаргавал хамгийн гол дүрмийг зөрчсөн ч бай бүгд чамайг уучилж, дэмжих болно. «Дүрмийн амьдралд нийцэхээ больсон хуучин заалтуудыг үл хайхран дүрмийг уян хатан бөгөөд бүтээлчээр ашигласан байна» л гэх болно. Амжилт олно гэдэгтээ итгэлтэй байгаа бол яваад элсүүл. Итгэлгүй байгаа бол одоо татгалзах хэрэгтэй. Би өөр тагнуулч явуулна, ямар ч тагнуулч ийм боломжийг мөрөөдөж явдаг юм. Чиний л мэдэх хэрэг.
— Би элсүүлнэ ээ.
— Ингэвэл өөр хэрэг. Гэхдээ санаж ав. Би ч тэр, Удирдагч ч тэр, Аквариум ч тэр чиний санааг дэмжээгүй шүү. Бид ердөө л энэ тухай мэдэхгүй. Хэрэв алдаа гаргавал тэр тэнэг жаал эрхээ хэтрүүлсэн байна, түүнийг Плесецкийн сансрын буудал уруу хөөх хэрэгтэй л гэж бид ярих болно.
— Би ойлгож байна.
— Тэгвэл чамд амжилт хүсье.
Тэрээр загасчинтай адилхан харагдахын тулд миний барьсан хэдэн загасыг аваад зэгсэн дунд шингэн алга боллоо.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.23.11 5:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
6

Орой нь би 713-тай хамт уулаа. Тэр өөрийн гэсэн дугаартай болоод удаж байгаа гэдгээ, том компьютер түүнд онцгой анхаарал тавьсан гэдгийг, энэхүү уулын зочид буудлын зүгт ГРУ-гийн багагүй хүч төвлөрсөн гэдгийг гадарлах ч үгүй. Аквариумаас ГРУ-гийн хамгийн сайн сэтгэл зүйчдийн нэг, магадгүй нууц тагнуулын ертөнцийн хамгийн мундаг сэтгэл судлаач хурандаа Стрелнев кино хальсанд миний буулгасан богинохон бичлэгийг үзэж түүний нүүрний булчингуудыг үйл ажиллагаанд задлан шинжилгээ хийхээр ирсэн гэдгийг ч 713 мэдэхгүй. Бид хамтдаа ууж, инээлдэн санаандаа орсон бүхний тухай ярьцгаалаа. . Би цаг уур, мөнгө, эмэгтэйчүүд, амжилт, эрх мэдлийн тухай, энх тайвныг хамгаалах, цөмийн сүйрлээс хэрхэн сэргийлэх тухай эхлээд ярилаа. Тэр өлгөн авч, өөрөө ярьж эхлэх ямар нэг сэдэв байх ёстой. Гол нь тэр надаас их ярих учиртай бөгөөд үүний тулд түүний сонирхдог сэдэв, түлхүүрийг нь олох хэрэгтэй. Бид уусаар, ярилцсаар л сууна. Түлхүүр нь ч олдлоо. Тэр аварга загас сонирхдог ажээ. Би «Эрүү» гэдэг киног үзсэн үү гэж үү? Үгүй ээ, хараахан үзэж амжаагүй. Пөөх, ямар гоё кино гээч! Дэлгэцэн дээр аварга загасны асар том ам гэнэт тэр чигээрээ ангайн харагдана. Үзэгчид бүгд дуу алдацгаадаг юм! Бид дахиад л инээлдлээ. Тэр аварга загасны ааш араншингийн талаар зөндөө ярилаа. Гайхалтай амьтан шүү... гэнэ. Бид дахин инээлдэнэ. Тэр миний ямар үндэстэн болохыг таахыг оролдлоо. Грек үү? Югослав уу?Чех италийн эрлийз юм уу? Эсвэл турк германы эрлийз үү? Үгүй ээ, би орос. Бид хоёулаа хөхрөлдөв. Орос оо? Чи энд юу хийж байгаа юм бэ?Би тагнуул! Чи намайг элсүүлж авахыг хүсээ юү?! Тийм! Бид татаж унатлаа хөхрөлдөв.
Дараа нь тэр гэнэт инээхээ болив.
— Чи үнэхээр орос юм уу?
— Үнэн.
— Чи тагнуул уу?
— Тагнуул.
— Чи намайг элсүүлэхээр ирээ юү?
— Тийм. Чамайг.
— Чи миний тухай бүгдийг мэдэх үү?
— Бүгдийг нь биш ч бага зэрэг гадарлана.
Тэр удаан дуугүй суув.
— Бидний уулзалт хальсан дээр бичигдсэн байгаа юу? Тэгээд чи тэрийгээ ашиглаж намайг сүрдүүлэхээр завдаж байна уу?
— Бидний уулзалт хальсан дээр бичигдсэн байгаа. Гэхдээ би тэрийг ашиглахгүй. Тагнуулын романуудад л ийм юм гардаг байх, сүрдүүлэг хэзээ ч сайн үр дүнд хүргэдэггүй учраас бид сүрдүүлэг хэрэглэдэггүй. Ямартаа ч манай албанд.
— Чиний алба КГБ юү?
— Үгүй. ГРУ.
— Хэзээ ч сонсоогүй юм байна.
— Тэр тусмаа сайн.
— Орос оо, чи аан гэж бай, би аливаа нууцыг гадаадын гүрнүүдэд задруулахгүй гэж тангараг өргөсөн хүн.
— Ямар ч нууц задруулах хэрэггүй.
— Тэгээд чи надаас юу хүсээд байна вэ? — Харваас тэр урд нь амьд тагнуултай учирч яваагүй болохоор надтай ярилцах түүнд маш сонирхолтой байгаа нь илт байлаа.
— Чи ном бичнэ.
— Юуны тухай?
— Рота дахь шумбагч завины баазын тухай.
— Чи намайг тэр баазаас ирсэн гэдгийг мэддэг байх нь ээ?
— Тийм учраас л би хажуугийн ширээнд сууж байгаа хүмүүсийг биш чамайг элсүүлж байгаа юм.
Бид дахиад л хөхрөлдөв.
— Надад энэ бүхэн яг л кино шиг санагдаад байна.
— Ер нь үргэлж л тэгдэг юм. Би ч бас тагнуулч болно гэж хэзээ ч бодож яваагүй. За сайхан амраарай. Хөөе, охин, тооцоогоо хийе.
— Хүүе, орос оо, би ном бичнэ, тэгээд цаашаа яах юм бэ?
— Би тэр номыг чинь Зөвлөлт Холбоот Улсад хэвлүүлнэ.
— Сая хувийг уу?
— Үгүй. Ердөө дөчин гурван хувийг.
— Цөөхөн л юм байна.
— Бид хувь бүрийн төлөө арван долоон мянган доллар төлнө. Гэрээнд бид гарын үсэг зурахгүй. 10%-ийг нь шууд өгнө. Үлдсэнийг нь гар бичмэлийг чинь авч үзээд манай уншигчдад үнэхээр сонирхогдохоор бол дор нь төлнө. Дараа нь англи хэлээр ч хэвлэж болно. Хэрэв барууны уншигчид сонирхохооргүй болбол америкт хэвлүүлэх боломжоо алдана гэсэн үг. Тэгэхлээр ямар ч нууц задруулсан зүйл байхгүй. Зөвхөн хэвлэлийн эрх чөлөө, тэгээд л гүйцээ. Хүмүүс зөвхөн шумбагч завиар ч тогтохгүй бүр аймшигтай зүйлсийн тухай ч бичдэг шүү дээ, тэглээ гэж тэднийг шүүдэггүй.
— Та нар бүгдэд нь ингэж төлдөг үү?
— Заримд нь л.
Би тооцоогоо хийгээд унтахаар өрөө рүүгээ явлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Feb.23.11 9:17 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.24.11 11:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
* XIV БҮЛЭГ*

1

Бие даан гүйцэтгэсэн элсүүлэлтийн дараа төрөлх бетон хонгилдоо ирэх үнэхээр сайхан.
Бүтэн долоо хоногоор алга болсныг минь манай сүргийнхэн бүгд мэджээ. Хэрэв олборлогч офицер гурав хоног алга болсон бол хангалтын ажилд явсан нь ойлгомжтой. Харин долоо хоногоос дээш хугацаагаар алга болсон бол хаана байсан байх вэ? Элсүүлэх ажилд явсан гэдэг нь бүгдэд тодорхой.
Би коридороор явж байна. Манай бүх тагнуулч ах дүү нар миний ирж явааг хараад үг дуугаралгүй зам тавьж өглөө. Харин би инээмсэглэхгүйг хичээн уруулаа хазална. Захирагч өөрөө баяр хүргэхээс өмнө инээмсэглэх нь зохимжгүй.
Тэд ч мөн уламжлалаа хүндэтгэн надаас хэн ч, юу ч асуусангүй. Хэн ч инээмсэглэж, баяр хүргэсэнгүй. Захирагч өөрөө баяр хүргэхээс өмнө хэн ч баяр хүргэж болохгүй. Мэдээж, надад чухам яагаад баяр хүргэх учиртай болсныг хэн ч мэдэхгүй ч тэгэх ямар нэг шалтгаан байгаа гэдгийг бүгд мэдэж байв. Өнөөдрийн ялгуусан баатар нь би гэдгийг хүн бүр ямар нэг дотоод мэдрэхүйгээрээ ойлгож байлаа. Миний үнгэгдсэн саарал хослол ёслолын улаан нөмрөг болон хувирч, хүн бүр намайг толгойдоо алмаз эрдэнийн титэм өмссөнөөр харж байгаа.
Энэ мөчид хэн ч атаархал өвөрлөөгүй бөгөөд зөвхөн ойлгож, хүндэлж, баярлаж байгааг бодоход таатай байна. Бүгд надаар болон өөрсдөөрөө бахархаж байлаа. Витька чи улаан хивсэн дээгүүр генералын өрөө рүү явж байгаад бид баярлаж байна, бид ч энэ хивсэн дээгүүр явж байсан, яваагүй нэг нь удахгүй яг л чам шиг бахдалтайгаар бага зэрэг биеэ барин генералын өрөө рүү ингээд алхах болно.
Тагнуулч ах дүү нар маань надад зам тавьж өгч байна. Би шархадсан чоно шиг нохдод хөөгдөөгүй, ичээндээ байгаа баавгай шиг боорлуулаагүй, гав зүүж, гараа хүлүүлээгүй, баригдалгүй эргэж ирсэнд бүгд баярлан инээж байлаа.
Миний өмнө захирагчийн өрөөний хаалга нээгдлээ. Удирдагч өөрөө үүдэн дээрээ угтаж байна. Тэр хажуу тийш болон зам тавьж, орооч Виктор Андреевич гэж урих ажээ. Юу ч болоогүй мэт байх боловч ингэж хандаж буй нь ер бишийн байлаа. Нам гүмд хэн нэг нь гүнзгий санаа алдах сонсогдож захирагч хаалга уруу эргэх зуураа инээв. Бүгд тэрхүү цайлган шүүрс алдалтыг сонсож захирагчийг даган инээлдлээ.
ГРУ-гийн дүрэм ёсоор аль нэг офицерын хийж буй ажлыг, тэр дотроо амжилт, уналтын алиныг нь ч бусад офицеруудад нь мэдэгдэхийг хатуу хориглодог. Удирдагчид ч дүрэм журмаа хатуу сахин мөрддөг юм. Хэн ч өөрийн ажил үүргээ биелүүлэхэд гарцаагүй шаардагдахаас илүү зүйлийг мэдэх ёсгүй. Гэвч ийм үед нууц байгууллагын доторх хатуу ширүүн өрсөлдөөний уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх вэ? Ийм учраас л захирагчид дүрмийг зөрчихгүйгээр хэн нэгэнд нь хандаж буй хувийн хандлагаа үзүүлж, бусдад нь сэтгэл дундуур байгаагаа харуулах янз бүрийн арга сэдэж олдог юм. Захирагч нар үүнийг хэрхэн хийхээ сайн мэднэ.
Зургадугаар нууц түлхүүрч лонх оргилуун дарс мөстэй мөнгөн хувинд хийж цагаан бээлийтэй гартаа барин миний араас дагалаа.
Мөстэй хувин, цардмал цагаан алчууруудыг хараад, Эцэг дүрэм журмыг аятайхан аргалчхаж хэмээн ах дүү нар маань сайшаан дуу алдаж угтлаа. Витька Суворов ч гараад өгчээ. Залуу тайга ноход миний хэрхэн дээшилж буйг нүдээ гялалзуулан ярьцгаана. Харин хуучин, хашир варягууд толгойгоо сэгсэрцгээх аж. Тэд амжилтад хүрэх нь олборлогч офицерын амьдралын хамгийн хэцүү үе гэдгийг мэднэ. Амжилт нь бүх хүчээ дайчлахыг шаардах бөгөөд үг нэг бүрээ, алхам нэг бүрээ, амьсгал нэг бүрээ сайтар цэнэж байхад хүргэдэг юм. Хэн нэгнийг элсүүлж буй тагнуулч өөрийн бүх хүсэл зориг, мэдлэг чадвараа нэг нударга болгон зангидаж цаад хүндээ гэнэтийн цохилт өгөхийн сацуу эргэн тойронд болж буй үйл явдлаас хараагаа салгах ёсгүй билээ.
Амжилт бол тайвшралт. Гэнэт бүхнийг умартах нь сүйрэл, гүнзгий гутрал, солиорол, гэмт хэрэг, амиа хорлолтоор ч дуусах нь бий. Ухаалаг варягууд үүнийг ч мөн мэддэг юм.
Удирдагч ч мөн үүнийг мэддэг учраас баяртай боловч хатуу чанд байгаа хэрэг. Намайг баярласнаасаа болоод битгий хагарчхаасай гэсэндээ Удирдагч битгий хэтрүүлээрэй хэмээн сануулна. Харин хэрхэн баярлахгүй байж болох билээ? Тэр зөвшөөрсөн. Мөнгийг авсан. Номд тусгаж оруулах ёстой сэдвийн жагсаалтыг ч мөн авсан. Урьдчилгаа 10% аваад тэр бидний гарт орсон. 73 мянгаа тэрээр дор нь үрээд үлдсэн мөнгөө авахыг хүсэх болно. ГРУ-гийн туршлагаар бол юу ч хийхийг хүсээгүй мөртөө 10% авахыг дурлагчид олон байжээ. Гэвч тэд хялбархан олдсон мөнгөнд амтшиж амласан ажлаа үнэнчээр хийгээд үлдсэн мөнгөө авдаг байна. Энэ бол бичигдээгүй хууль.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 220 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited