6
Байрныхаа хаалгыг дотроос нь түгжиж, цонхоо бага зэрэг нээлттэй үлдээв. Хэрэв надад тэдэнтэй нүүр тулах зориг дутвал би цонхоор үсрэх болно. Долоон давхраас үсрэхэд үхэх нь эргэлзээгүй. Цонхоор үсрэх гэдэг хялбархан зам боловч би энэ тухай ч бодож л сууна. Дамжлагаас айдаг хулчгаруудын зам. Хэрэв сүүлчийн мөчид хулчийх юм бол би энэ замыг ашиглах болно. Саяхан ГРУ-гийн нэгэн бардам варяг Парис хотын яг төвд цонхоор үсрэн чулуун зам дээр унаж дамжлагаас мултарсан юм. Мөн Швейцарт маш чухал хангалтын ажилд алдаа гаргасан Лондонгийн өөр нэг варяг дамжлагаар орохыг хүсээгүй тул судсаа огтолсон. Харин тайга нохой, хошууч Анатолий Филатов дамжлагаас айгаагүй. Би ч мөн айхгүй. Харин мөрдөн байцаалтын дамжлагаар орж, эрүүдүүлэх ямар байдгийг чөтгөр л мэдэх байх. Гэхдээ л би цонхоор үсрэхгүй. Би босоод цонхоо шийдвэртэйгээр хаалаа. Энэ надад тохирохгүй. Би дамжлагаар ч орохгүй, цонхоор ч үсрэхгүй. Хаалга тогшмогц онгойлгоод хэн түрүүлж орж ирснийх нь хоолойг тас хазаж орхиё. Би цагаа харлаа. Жавар бууж хэдийн шөнө дунд болжээ! Аквариумын арга барилыг би сайн мэднэ. Нүүлгэн шилжүүлэлтийг ихэнхдээ үүрийн дөрвөн цагт эхэлдэг юм. Бүх хүмүүс гүн нойронд автах шүлэг нойрын цагаар, үүр цүүрээр Аквариум цохилтоо хийдэг юм. Мэдээж, түүнээс эрт ч эхэлсэн байж болно. Хэрэв тийм бол бүр эрт хүмүүсээ тараан байрлуулсан байх ёстой. Би хэдийн хоцорсон байж ч магадгүй. Манай гэрээс нэг давхрын дээр хоёр тагнуулч товлосон цагаа хүлээн хэзээний зогсож байж тун магадгүй. Бас нэг хоёр нь орцны дэргэд, мэдээж, гараашт ч бас хэн нэг нь хүлээж байгаа байх. Харин үндсэн бүлгийнхэн хаа нэгтээ ойрхон байгаа. Одоо надад хаалгаар сэмээрхэн гараад хоёр гурван давхар уруудаж цахилгаан шатанд суун гарааш уруу ороод тэндээсээ гарах биш, орох хаалгаар гадагш гарах ганцхан л зам байна. Мэдээж, хэрэв орох хаалгыг дотроос нь онгойлгож чадвал шүү дээ… Хаалганы цоожийг би чимээгүй онгойлгов. Бариулыг аяархан эргүүлж, гүнзгий амьсгаа аваад өөр лүүгээ татан хаалгаа нээж эхлэв. Шатны хонгилоос миний өрөөний шалан дээр тусах гэрэл улам бүр өргөссөөр... Амьсгаагаа түгжин хаалгаа хүчтэй татан онгойлгож гараад аажимхан хаалаа. Машинаа байшингаас нэлээд зайтай, том зогсоолд олон машины дунд тавьсан юм. Эндээс манай байр тун сайн харагдаж байлаа. Одоохондоо сэжигтэй зүйл анзаарагдахгүй байна. Бүгд унтаж байна. Гурван цаг дөчин минутын орчимд миний байрны бүх өрөөний гэрэл гэнэт аслаа. За яах вэ, яг л миний урьдчилан бодсоноор болж байна. Би ойг чиглэн алхлаа. Үүрийн жихүүн жавар жиндүүлэн, манан буужээ. Одоогоор хаашаа ч гүйх хүсэл алга. Би зүгээр л тунгаан бодохын тулд алхаж байна. Миний бодлыг ямар нэгэн гэнэтийн зүйл, хаалганы хонх тасалдуулахад би дургүй. Юуны өмнө, буцаж очоод бууж өгөн сайн дураараа дамжлагаар орох уу, эсвэл өөр яах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй байлаа… Надтай адил хүнд байдалд орсон, манай системтэй улаан халз тулсан сая сая хүмүүсийн өмнө сүүлийн хоромд ийм асуулт үргэлж тавигдсаар ирсэн юм. Одоо болон хойшид бусад хүмүүс миний тухай юу гэж бодох нь надад огтхон ч сонин биш. Миний өмнөх сая сая хүмүүсийг шүүсэн шигээ хөндлөнгийн хүмүүс намайг ч бас шүүх л болно. Үнэндээ бол хэрэв хүмүүс эсэргүүцэлгүйгээр коммунист дарангуйллын цаазын сүхний дор өөрсдөө очвол эсэргүүцэх чадваргүй, боол заяатнууд, тэгвэл л таарна гэж ярьцгаана. Харин сайн дураараа очихыг хүсэлгүй тэмцэж, зугтаах аваас урвагч, дайсны гар хөл бологч гэж ярьцгаана! Хэрэв би сайн дураараа бууж өгвөл тэнэг мал, бялдууч амьтан болно. Харин бууж өгөхгүй бол урвагч нэр зүүнэ. Ах дүү нар минь намайг гэмт хэрэгтэн гэж тооцогтун, харин бялдууч дольдгонуур амьтан байсан гэж л битгий бодоцгоогоорой. Гэхдээ би тийм ч том гэмт хэрэгтэн биш. Троцкий, Зиновьев, Каменев, Рыков, Бухаринаас авахуулаад Ленинийг тойрон хүрээлж байсан бүхэн эцэстээ урван тэрслэгч, гадаадын тагнуулын гар хөл болж дууссан юм. Тэгэхлээр Ленин өөрөө хэн байх вэ? Ленин бол урвагчид, тагнуулууд, террористуудын бүлгийн толгойлогч болж таарах нь. Ленинд чин сэтгэлээрээ үнэнчээр зүтгэж байсан тэр хүмүүс юу болж таарах вэ? Тэднийг одоо хэн хүндэлдэг билээ? Сталинд ч бас ийм л зүйл тохиолдсон. Тэрээр урвагчид, ардын дайснууд, тагнуулуудаар хүрээлэгдсэн байсан хэрэг. Тэгэхлээр тэр өөрөө бүлэг дээрэмчдийн тэргүүн байсан байх нь. Түүний тушаалыг биелүүлж байсан хүмүүс тэгэхлээр юу болох вэ? Эрт орой хэзээ нэгэн цагт манай бүх удирдагчид урвагч, ардын дайсан, садар амьтан, зальхай этгээд, хоосон чалчигч гэж тооцогдох болно. Тэднээс зугтаах бол мэдээж гэмт хэрэг. Харин үлдээд тэдний тушаалыг биелүүлбэл юу болох вэ? Ойд жихүүн хүйтэн байна. Би аливааг удаан бодож дадаагүй хүн. Гүн ухаан ч миний хийх ажил биш. Гэхдээ манай тогтолцоог үзэн яддаг учраас би зугтааж байна уу эсвэл тогтолцоо надаар оролдсон болохоор зугтааж байна уу гэдэг асуултын хариуг заавал олох ёстой юм. Энэхүү асуултад би тэрхүү тогтолцоог хэдийнээс үзэн ядаж, үргэлж түүний эсрэг байсан бөгөөд өөр ямар нэг тогтолцоогоор, бүр цэргийн дэглэмээр ч хамаагүй солихын тулд амь насаараа дэнчин тавихад ч бэлэн байсан юм гэсэн цорын ганц, тодорхой хариултыг өөртөө өглөө. Гэхдээ. Хэрэв энэ тогтолцоо надаар оролдоогүй байсан бол би зугтаахгүй байсан. Би үнэнч шударгаар үргэлжлүүлэн зүтгэж, их амжилтад хүрэх байсан байх. Хэзээ нэгэн цагт би эсэргүүцэн тэмцэгч болох байсан эсэхийг мэдэхгүй ч, яг энэ мөчид бол би зүгээр л хар толгойгоо аврахын тулд зугтааж байна. Энэхүү гол асуултын хариу нь тов тодорхой хэдий ч миний сэтгэлийг тайтгаруулах зүйл энд алга. Витя минь, эртхэн эхлэх байж дээ! Эхний аятайхан тохиолдол гармагц л зугтаах байж. Пеньковский, Константинов, Филатов нар шиг Аквариумын тухай нууц материалуудыг барууны тагнуулынханд өгсөн бол бүр ч дээр байх байжээ. Жаахан тааруухан л юм болчихлоо, Витя. Одоо нөхцөл байдлыг өөрчилж болох болов уу? Үгүй ээ. Оройтож. Гэхдээ бүр ч оройтоогүй байж ч болох юм. Хэрэв би Аквариумаас мултарч чадвал чимээ аниргүй, ажин түжин амьдрах болно, эсвэл би… Би өөр юу хийж чадна гэж? Хэдэн минут хэртээ чимээгүй суугаад би өөрийгөө эх орноосоо урвагч болчихжээ гэж дүгнэлээ. Би энэхүү тогтолцоог нэгэнт сайн дураараа орхин явж байгаа учраас хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлэх болно. Түүний эсрэг тэмцээгүйнхээ төлөө ч хуулийн дээд хэмжээ авна. Одоо би хар толгойгоо аварч гарахыг хичээж байна, энэ байдлаас гарах л юм бол би тогтолцооны эсрэг бүхнээ золиослон тэмцэх болно. Хэрэв би зугтааж чадвал хэзээ ч дуугүй суухгүй. Би өдөр бүр олон цагаар, шаргуу хөдөлмөрлөх болно. Хэрэв би овойж товойх сүйдтэй зүйл хийж чадахгүй байлаа ч, ядаж л хэдэн ном бичнэ. Өдөрт 15 цаг сууж бичнэ. Жилд нэг ном. Гэхдээ энэ гол нь биш. Үүнээс гадна би тэр тогтолцоонд жинхэнэ ноцтой хохирол учруулахыг хичээх болно. Харин яаж гэдгийг би мэднэ. Яаж гэдгийг надад сургасан. Би зоригтой байж азаа үзэх болно. Би өөрийн амьдралдаа тийм ч их харамсаад байхгүй. Хаашаа зугтах вэ гэдэг сүүлийн асуулт үлдэж байна. Хариу нь ч тодорхой, Британи уруу л зугтах хэрэгтэй. Англичууд нэг удаа зөвлөлтийн 105 дипломат ажилтныг хөөж байсан юм. КГБ болон ГРУ-гийн төлөөлөгчдийн газрынхныг тэр чигээр нь бүрэн бүрэлдэхүүнээр нь хөөсөн. Британиас өөр хаана ч тэгж зүрхлээгүй юм. Тэд өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг юм чинь миний ашиг сонирхлыг ч бас хамгаалж чадна. Харин одоо Британийн засгийн газартай хэрхэн холбогдохоо шийдэх хэрэгтэй байна. Энэ засгийн газрын төлөөлөгчдөөр дамжуулан харьцах нэг л зам байна. Хүнд суртлын шат дамжлага байгаа байх тусмаа л шийдвэр хурдан гарна. Гэхдээ намайг элчин сайдтай уулзуулахгүй. Тэгэхлээр би английн аль нэг өндөр алба хашдаг дипломатч дээр очих хэрэгтэй. Британи, Франц, Америкийн элчин сайдын яамдын үүдэнд Аквариумын залуус аль хэдийн намайг хүлээгээд сууж байгаа нь тодорхой. Тэгэхлээр элчингийн албан хаагчдын гэрээр нь очиж уулзах болох нь. Удирдагч мэдээж, энэ хувилбарыг ч мөн бодолцож үзсэн нь тодорхой ч барууны өндөр албаны бүх дипломатчдын гэрийг хараандаа байлгаж чадахгүй нь тодорхой юм. Түүнээс гадна би машинаа ойд нуугаад, явган явах болно.
7
Английн дипломат ажилтны гэр нь олон баганатай, том цагаан байшин байна. Жижиг чулуугаар хулдсан замтай, тансаг цэцэрлэгтэй юм. Би машин ч үгүй, сахлаа ч хусаагүй, савхин хүрэм өмсөж яваа. Би дипломат ажилтантай огт төсгүй, угаасаа ч одоо дипломатч байхаа больсон. Би үүнээс хойш өөрийн эх орноо төлөөлөхгүй. Харин ч манай эх орныхон эрж хайж болох газар бүрд намайг хайж байгаа. Энэ байшингийн бүх л зүйлс нь бусад жирийн байшингуудынхаас нэг л өөр юм. Хаалганы хонх ч алга. Хонх дарахын оронд энд унжиж буй хүрлээр цутгаж хийсэн гялалзсан үнэгний хоншоороор хаалгыг тогших ёстой юм байна. Зарц нарынх нь нэг биш харин эзэн нь өөрөө гарч ирэх нь надад тун чухал. Би азтай байх шиг байна. Өнөөдөр бямба гариг тул тэр ажил дээрээ биш гэртээ байгаа, харин зарц нар нь энд байхгүй байх ёстой. — Сайн байна уу. — Сайн. Сайн байна уу. Би түүн рүү дипломат паспортаа сарвайхад тэр нээж үзээд надад буцааж өглөө. — Орогтун. — Надад Хатан Хааны засгийн газарт яаралтай дамжуулж өгөх ёстой илгээмж байна. — Элчин сайдын яаман дээр очихыг хүсье. — Би элчин сайдын яам орж чадахгүй. Би энэ захидлыг танаар дамжуулан өгмөөр байна. — Би наадахыг чинь авахгүй. — Тэр босоод хаалга онгойлгов. — Би тагнуул биш. Энэ тагнуул туршуулынхаа юманд намайг бүү хутга. — Энэ бол тагнуул туршуулын өдөөн хатгалга биш. Энэ бол Хатан хааны засгийн газарт очих ёстой захиа. Хэрэв та захидлыг авахгүй бол би одоо танай элчин сайдын яам уруу утасдаж засгийн газарт очих ёстой захидал танд байгаа гэж хэлэх болно… Би захидлыг энд орхих болно, харин та хүссэнээрээ л бол. Тэр надад огт сайныг хүссэн янзгүй харцаар намайг ширтэнэ. — Тэр захидлаа өгнө үү. — Надад дугтуй өгөөч. — Танд дугтуй ч байхгүй хэрэг үү, — гэж тэр мушилзав. — Харамсалтай нь тийм… Тэр бөөн цаас, дугтуй, үзэг авчран миний өмнө тавилаа. Би цааснуудыг цааш нь түлхэж хармаанаасаа кафе, ресторануудын багц нэрийн хуудас гаргаж ирлээ. Тагнуулч бүр ийм хорь гучин хуудас нөөц болгон үргэлж биедээ авч явдаг юм. Шинэ найздаа уулзах газраа тайлбарлаж цаг үрэхгүйн тулд зүгээр л хуудсыг өгч би таныг энд урьж байна гэж хэлэх гэж тэр. Би түргэхэн зуур бүгдийг нь гүйлгэж үзээд нэгийг нь сонголоо. Тэгээд чухам юу бичихээ хэдэн хором эргэцүүлэв. Тэгээд үзэг авч GRU гэсэн гуравхан үсэг тавилаа. Нэрийн хуудсыг дугтуйнд хийн наалаа. «Эрхэмсэг Хатан Хааны засгийн газарт» гэж хаяглаад «173-В-41» гэсэн өөрийн хувийн лацаар тамгалав. — Ингээд л болоо юу? — Гүйцлээ. Баяртай. Би ойд тавьсан машин дээрээ буцаж ирлээ. Би эндээс аль болох хол явах болно. Одоо орон нутгийн цагдаа нартай таарах ч осолтой болсон байж магадгүй. Зөвлөлтийн нэгэн дипломатч солиороод танай улсаар хаа сайгүй тэнэж явна гэж Зөвлөлтийн элчин сайдын яам цагдаагийн газарт мэдэгдсэн байж ч болзошгүй. Намайг сая доллар хулгайлаад зугтлаа гэж Интерполд мэдэгдсэн байж ч магад. Намайг Австрийн засгийн газар хүчээр булааж авсан тул нэн даруй буцааж өгөхийг шаардаж байна, хэрэв тэгэхгүй бол... гэж мэдэгдэж ч тэд чадна. Тэд сүртэй мэдэгдэл хийж чаддаг улс. Харин одоо би Британийн элчин сайдын яамтай утсаар шууд холбогдох хэрэгтэй. Ямар нэг тосгоны цагдаа нар намайг барьж аваад зөвлөлтийн элчинг дуудахаас өмнө би тэдэнд нөхцөл байдлыг тайлбарлах ёстой. Хэрэв оройтвол юу ч гэж тайлбарлаад нэмэргүй болно. Тэгвэл зөвлөлтийн консултай уулзсаны дараа би шүлсээ савируулан, инээж, уйлж эхлэх бөгөөд тэд намайг тусгай онгоцоор зөвлөлт рүү буцаана. Шүлсээ савируулахгүйн тулд би байдгаараа хичээх ёстой… Утсаар ярьчихаж болох нэгэн буйдхан газрыг би мэднэ. — Байна уу, британийн элчин сайдын яам уу, би нэг илгээмж явуулсан юм… Намайг элчин сайдтай яриулахгүй гэдгийг би мэдэж байна, гэхдээ ямар нэг хариуцлагатай хүнтэй холбож өгнө үү… Хэнтэй ярих нь хамаагүй, тэрийг та өөрөө тэрүүгээрээ шийд… Би нэг илгээмж явуулсан юм… Тэд хэн нэг хариуцлагатай хүнийг арай гэж нэг юм олжээ. — Сонсож байна… хэн ярьж байна вэ? — Би нэг илгээмж явуулсан юм. Тэр илгээмжийг авсан хүн миний нэрийг мэднэ… — Нээрэн үү? — Тийм ээ. Түүнээс асуу л даа. Харилцуур хэсэг чимээгүй байснаа гэнэт амь оров. — Та өөрийн эх орныг төлөөлж байна уу? — Үгүй. Би зөвхөн өөрийнхөө өмнөөс ярьж байна. Харилцуур дахиад л чимээгүй болов. — Та юу хүсээ вэ? — Та тэр дугтуйг нээгээд миний илгээмжийг британийн засгийн газар явуулаасай гэж би хүсэж байна. Харилцуур дуугарсангүй. Ямар нэг шуухинаан л сонсогдоно. — Би энэ дугтуйг нээж чадахгүй. Энэ чинь надад биш британийн засгийн газарт хаяглагдсан байна… — Таныг гуйя, наад дугтуйгаа нээ. Тэр захидлыг би бичсэн юм. Утгыг нь олон хүн бүү мэдээсэй гэсэндээ тэгж хаягласан юм. Харин би танд нээх эрхийг нь өгч байна… Харилцуурт тэртээ цаана хүмүүс шивгэнэлдэх нь сонсогдоно. — Энэ чинь маш сонин илгээмж байна. Энд ямар нэг рестораны… — Тэр нь биш ээ… Ар талыг нь үз… — Гэвч тэнд чинь бас л нэг ойлгомжгүй үсгүүд байна. — Яг наадахаа л дамжуулаад өгч үз… — Та солиороо юу. Гуравхан үсэгтэй илгээлт тийм чухал байж таарахгүй. — Чухал уу, үгүй юү гэдгийг Эрхэм Дээдсийн Засгийн газар шийдэх болно… Харилцуур чимээгүй болчихов. Аяархан ярилцаж шивгэнэлдэх сонсогдож байснаа гэнэт утасны харилцуур дахин амилав: — Би нэг арга оллоо. Би таны илгээлтийг радио шуудангаар биш харин дипломат шуудангаар явуулчихъя! — түүний хоолойд хүнд гэрийн даалгавраа амжилттай бодож чадсан сургуулийн хүүхдийн баяр хөөр мэдрэгдэв. — Таныг, тэр британийн сайхан аргатай чинь хамт чөтгөр аваг. Наад илгээлт чинь чухал эсэхийг би шийдэхгүй ч маш яаралтай юм. Цагийн дараа гэхэд, бүр түүнээс наана ч байж магадгүй, хэдийн оройтсон байж магадгүй. Гэхдээ би нэг эхэлсэн ажлаа дуусгаж байж л салдаг шаргуу хүн гэдгийг мэдэж ав. Би арван таван минутын дараа дахиад утасдана. Миний илгээлтийг элчин сайдад үзүүлэхийг гуйя. — Элчин сайд өнөөдөр энд байхгүй. — Тэгвэл хэнд ч хамаагүй үзүүл. Жишээ нь өөрийнхөө нарийн бичгийн даргадаа ч юм уу. Тэр сонин уншдаг ч байж магадгүй. Тэр чинь танд ямар нэг шийд хэлж ч магад… Би харилцуурыг тавьлаа. Би байрлалаа сольж, моддын дундуур, бөөн бөөн хүмүүсийн дундуур явлаа. Миний чихэнд «Чонын ав» дууны галзуу ая хангинана. Дөнгөж саяхан би өөрийгөө шархадсан араатан шиг төсөөлж байсан, харин одоо хүч чадал минь бүрэн сэргэжээ. Дайсны цувааг онгоцоороо мөргөн амиа золихоор шумбаж буй сөнөөгч онгоцны нисгэгч шиг шийдмэгээр жолооноосоо зуурлаа. Тэд намайг амьдаар минь гартаа оруулж хэрхэвч чадахгүй. Миний зам дээр хөндөлдсөн хэнийг болов би тасар татан хаях болно. Би амь амьдралаа худалдаж байна! Хүрч ирээд над уруу довтлоод үз л дээ! Та нарт их л үнэтэй тусна даа! Британийн элчин сайдын яам уруу залгалаа. Энэ бол хоёр дахь буюу сүүлийн оролдлого. Би хоёр дахиа гуйх нь маш ховор. Харин гурав дахиа бол хэзээ ч үгүй. Тэгэхлээр одоо ганцхан оролдлого үлдлээ… Би арван таван минутын дараа залгана гэж амласан. Гэтэл дөчин гурван минут өнгөрчээ. Миний ярих утасны бүхээгийн ойролцоо хүн ихтэй байлаа. — Британийн элчин сайдын яам уу? — Тийм байна. — Бүх зүйл маш хурдан болж, өнгөрөв. Яг л цэргийн команд шиг товч бөгөөд тодорхой богино үгс сонсогдож байлаа. Тэр даруй харилцуурт эрэгтэй хүний дуу гарч: — Та зүгээр үү? Бид санаа зовж байлаа. Та ийм удаан утасдалгүй алга болчихлоо… — Миний илгээмж… — Бид таны илгээмжийг Лондон уруу явуулсан. Энэ маш чухал мэдээлэл. Бид хэдийн Лондонгоос хариу хүлээж авсан. Таныг хүлээж байна. Та бэлэн үү? — Тийм. — Нэрийн хуудсан дээрх хаяг таны бидэнтэй уулзахыг хүсэж буй газрын хаяг уу? — Тийм. — Нэрийн хуудас дээр цаг заагаагүй байсан. Энэ чинь та бидэнтэй аль болох хурдан уулзахыг хүсэж байна гэсэн үг үү? — Тийм. — Бид ч мөн тэгж бодсон юм. Манай албан ёсны төлөөлөгчид хэзээний тэнд байгаа. — Спасибо. — Баярлалаа гэсэн энэ үгийг би яагаад ч юм бэ оросоор хэлэв. Тэр намайг ойлгосон эсэхийг бүү мэд.
Виктор Суворов, 1993 оны дөрөвдүгээр сарын 13. Оксфорд
FIN
_________________ ▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
|