#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.18 11:45 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 35 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Aug.12.10 11:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Нью-Йорк хүрэх онгоцны зөөлөн сандалд сууж явахдаа Майкл Корлеоне биеэ сул тавин тайвширч унтаад, авах гэсэн чинь ер болсонгүй. Түүний амьдралын хамгийн аймшигтай, үйлээр ирсэн золгүй ч байж болох үе ойртон ойртсоор, үүнийг саатуулан хойшлуулах ямар ч арга алга. Бэлтгэл бүх ажил дуусч, юм болгоныг урьдаас тооцоолоод, сэрэмжлэн сэргийлэх бүхий л арга хэмжээ авч энэ бүгдэд хоёр жил зарцуулсан бөгөөд одоо дахиад хойш тавьж яасан ч болохгүй боллоо. Өнгөрсөн долоо хоногт Их эцэг итгэмжлэгдсэн бие хамгаалагч, омгийн бусад гишүүдийг байлцуулан ажил хэргээс хөндийрөн холдох бодлоо албан ёсоор мэдэгдэхэд аавынхаа юу хэлэх гээд байгааг мэдээд өөрийнх нь цаг ирснийг Майкл сайн ойлгож билээ.
Тэрээр төрсөн гэртээ эргэж ирснээс хойш гурван жил өнгөрч, Кейтэй суугаад хоёр жил болжээ. Энэ гурван жилд омог, гэр бүлийн ажил хэрэгтэй танилцан бэлтгэл ажлаа базаж, Том Хейген болон Их эцэгтэй олон цагаар ярилцаж суудаг байхдаа Корлеонегийн гэр бүлийн эд баялаг хүч чадал, эрх мэдэл ямар ихийг мэдээд үлэмж гайхсан аж. Тэднийх Нью-Йоркийн төвд хэмжээлшгүй үнэтэй үл хөдлөх хөрөнгө болох бараг хагас хорооллыг эзэлсэн захиргаа, конторын тэнгэр баганадсан байшингууд, Лонг-Айленд дахь банкны корпорацын болон оёдлын пүүсүүдийн акцыг эзэмшиж, өөр хүний нэрээр Уолл-стрит дахь брокерийн хоёр пүүст хувь оролцдогоос гадна нууц мөрийтэй тоглоомын газрын өргөн сүлжээтэй байлаа.
Майкл Корлеоне нам, овгийнхоо ажил хэрэгтэй танилцаж байх зуур нэгэн сонирхолтой нээлт хийв. Дайны дараахан тэд хуурамч пянз борлуулдаг бүлэг овжин залуусыг ивээн хамгаалж дориухан мөнгө олж байжээ. Тэр зальжин луйварчид нэрт хөгжимчид дуучдын пянзыг хуулбарлан жинхэнэ үйлдвэрийнх нь дугтуйд хийж худалдаад маш овсгоо гаргасан тул нэг ч удаа баригдаагүй юмсанж. Ийм пянз борлуулсан орлогоноос жүжигчдэд өөрсдөд нь юу ч оногдоогүй нь мэдээж хэрэг. Яг энэ үеэр, хоолой сөөхөөсөө өмнөхөн Жонни Фонтейны пянз маш их гүйлгээтэй байсан учир тэрээр юуны өмнө эл ов мэхтэй ажилбараас үлэмж хохирол амссаныг Майкл яахан анзаарахгүй өнгөрөх билээ.
Их эцэг яагаад загалмай зүүлгэж өгсөн хүнээ монжих бололцоо тэр муусайн луйварчдад олгосныг Майкл Том Хейгенээс асуусанд тэрээр мөрөө хавчлаа. Нэгдүгээрт, бизнес бол бизнес. Хоёрт гэвэл, Жонни тэр үед унаган багын найз хүүхнээсээ салаад Марго Эштонтой гэрлэсний улмаас ивгээлээ алдаад байсан аж.
— Энэ ажиллагаа хожим нь яагаад зогссон юм бэ? Гэнэн хонгорууд баригдчихсан хэрэг үү?
Хейген толгой сэгсэрлээ. 
— Зүгээр л Их эцэг, Коннигийн хуримын дараахан тэднийг ивээн тэтгэхээ больчихсон юм.
Түүнээс хойш Их эцэг зарим талаар өөрөө гар оролцсон гай гамшгаас хүмүүсийг аварч хонжоо олдог иймэрхүү зан үйлийг Майкл хожим нэг бус удаа харж билээ.
Кей түүнийг ажлаар яваад буцаж ирэхэд нь бөөн баяр хөөр болдог юм чинь нисэх онгоцны буудал дээр лав угтаж ирнэ дээ. Майкл өөрөө ч гэсэн авгайгаа их санадаг бөгөөд харин энэ удаад түүнтэйгээ шууд гэртээ харьж чадахгүйн учир гэвэл Майклыг онгоцноос дөнгөж буумагц гурван жил түүнийг хичээнгүйлэн бэлтгэсэн их үйл явдал эхэлнэ. Майклыг Их эцэг өөрөө, бас итгэмжлэгдсэн төлөөлөгч бие хамгаалагч нар хүлээж байгаа. Ингээд л Майкл Корлеоне тушаал заавар өгч өөрийн болон нам омгийнхоо хувь заяаг тодорхойлох шийдвэр гаргаж эхлэх болно доо...
Нэгэн үе Кей Адамс-Корлеоне өглөө эртлэн босч хүүхдээ хөхүүлэх тоолондоо Их эцгийн эхнэр Корлеоне ээж нэг бие хамгаалагчийн хамт цэцэрлэгт хүрээлэнгийн төв байрнаас хаашаа ч юм машинаар яваад цагийн дараа эргэж ирэхийг хардаг байснаа удалгүй учрыг мэджээ. Хадам ээж нь ийнхүү сүмд очиж мөргөл үйлдээд буцаах замдаа байн байн тэднийхээр орж аяга цай уун бага ачаа эрхлүүлдэг байв. Нэг удаа Кей эгзгийг нь тааруулж байгаад католик шашинтан болгон заавал өглөө бүр сүмд очих ёстой эсэхийг асуужээ.
—           Үгүй ээ, яах юм бэ? Зарим католик шашинтан Улаан өндөгний баяр, Христосын мэндэлсний өдрөөс бусад цагт сүмд шагайдаг ч үгүй. Ер нь хүн хүний л дурны асуудал шүү дээ.
—           Тэгвэл та чинь яахлаараа өдөр өнжилгүй очдог юм бэ? гээд Кейг инээвхийлэхэд Корлеоне ээж бүр нэг ердийн юм ярьж буй мэт хайхрамжгүй дуугаар:
—           Би нөхрөөсөө л болоод, түүнийг тийшээ бүү унаасай гэсэндээ очдог гээд шал руу зааж: — Тэгээд, тийш нь очуулах гэж өдөр болгон мөргөдөг хэмээн адар чичлэв.
Ингэхдээ тэрээр ямар нэгэн байдлаар эр нөхрийнхөө дур зоригийг сөрөн эсэргүүцэж байгаа мэт зальжин инээмсэглэж урьдын л янзаар Их эцгийн эзгүйд түүнийг үл тоосон байдлаар ярилаа.
Дараахан нь бараг л ээжтэйгээ зөрөөд сууцны хорооллын цаад захаас Конни Корлеоне хүүхдүүдээ дагуулсаар ирж дэмий баахан ярина. Кей бэргэн дүүгээ хөгжилтэй зан арвитайд нь, ахдаа амиа тавьдагт нь хайртай байдаг бөгөөд өнөөдөр ч гэсэн бэргэн дүү нь Майклыг эр нөхөр Карлод хэрхэн ханддаг талаар шалгааж гарав.
Корлеонегийн гэр бүл, омгийнхон Карлод яаж ханддаг талаар яриа үүсэх болгонд л Конни байж ядан сандарч, магтаалын үгийг тэсч ядан хүлээдгийг Кей аль хэдийн ажигласан байна. Карло-Майклд таалагддаг эсэхийг мэдэх гэж Конни хэрхэн сэтгэл түгшин хөөцөлдөөд байгааг Кей битгий хэл, сохор хүн ч олж харахаар байлаа. Кей нэг удаа энэ талаар нөхөртэйгөө яриа өдөж, яагаад тэдний гэр бүлийнхэн Соннигийн нэрийг одоо хүртэл огт дурсдаггүйг ойлгохгүй байгаагаа нэмж хэлжээ.
Соннигийн алуулдаг тэр шөнө Карло эхнэрээ зодож, тэрээр гэр рүүгээ утасдсан чинь гай болоход Сонни харилцуур аваад ухаан балартлаа уурлан дүүгээ хамгаалж өмөөрөхөөр харайлгасан тухай Майкл дуртай дургүй ярьж өгсөн байна, Чухам энэ хэрэг явдлаас л болоод гэр бүлийнхэн нь тэднийг Соннигийн мөхөлд шууд бусаар ч гэсэн гэм буруутайд тооцдог юм биш байгаа гэсэн асуулт Конни, Карло хоёрыг байнга зовоох болжээ. Гэвч тэр хоёрыг хэн ч буруутгаагүй гэж Майкл авгайдаа тайлбарлаж өгөв. Тэднийг Их эцгийн эдлэн газар нүүлгэн авчирч, үйлдвэрчний эвлэлийн тамгын газарт Карлог чухал ажилд итгэн томилсон нь үүнийг гэрчилнэ. Нам омгийнхон сүүлийн хоёр жилд түүний хийсэн ажил, зан аашийн талаар сэтгэл хангалуун байгаа гэнэ.
— Тийм л юм бол хэзээ ч, юм, нэг орой тэр хоёрыг урьж, энэ бүхнийг тайлбарлаад дүүг чинь тайвшруулбал яасан юм бэ? Хөөрхий дүү чинь шаналж тарчилж гүйцлээ. Эсвэл чиний ярьсныг би өөрөө түүнд хэлэх үү?
Яг ингэх нь зүйн хэрэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой атал Майкл хариугаа маш удаан бодсон нь тун гайхалтай.
—           Минийхээр бол хэрэггүй байх аа, Кей. Ямар ч тус болохгүй, юу ч ярьж, юу ч хийлээ гэсэн Конни санаа зовсон хэвээр л байх болно.  
—           Гэхдээ Соннигийн үхэлд үнэхээр түүнийг буруутгахгүй байгаа биз дээ?
Майкл гүнзгий шүүрс алдлаа.
—           Үгүй байлгүй яах вэ? Тэр чинь миний хамгийн хайртай ганц эмэгтэй дүү. Карло хэдийгээр засарсан ч гэсэн түүнд таарч тэнцэхээр эр нөхөр нь яав ч биш, гээд одоо яая гэх вэ. За за энэ тухай ярихаа больё.
Майклыг Лас-Вегасаас ирэх өдөр Рокко Лампоне урт хар лимузинээр Кейг нисэх онгоцны буудалд авчирчээ.
Түүнийг Том Хейген, шинэ бие хамгаалагч Альберт Нери хоёрын хамт онгоцны шатаар бууж явахыг нь Кей харж байтал тэр Альберт юугаараа ч юм Люка Бразитай адилхан санагдаад гэнэт дургүй нь хүрсэнд их гайхсан аж. Гэтэл чухам тэр Альберт л хурсан олны дотор түүнийг түрүүлэн олж хараад Майклд зааж өгөв.
Кей нөхрийнхөө өөдөөс гүйхээрээ очиж тэврэн авахуй тэрээр авгайгаа бушуухан үнсчихээд жаахан зайлуулж, оройжингоо эцгийндээ байж ажлаа тайлагнах ёстойгоо хэлсэнд Кей өөрийн эрхгүй хөмсөг зангидлаа.
—           Кей чи минь уучилж үзээрэй. Харин маргааш хоёулаа зад наргиж, орой нь театрт очиж, зоогийн газраар орно гэснээ Майкл жирэмслээд долоон сар болж буй гэргийнхээ гэдсийг аяархан алгадав. — Аягүй бол чи хүүхдээ гаргаад гэрээсээ гарч чадахаа байчихна биз дээ. Жил бүр хүүхэд цувуулаад яг л итали эхнэр шүү. Бас тэгээд өөрийгөө америк хүүхэн гээд байгаа, болоогүй.
Кей мөчөөгөө өгсөнгүй хариу ёжилж:
—           Чи тэгвэл жинхэнэ америк нөхөр юмаа. Орон гэртээ орж ч амжаагүй байж ажил яриад унах юм. Бас тэгээд болоогүй, өөрийгөө итали хүн гээд байгаа! Ядахдаа хэт оройтохгүй юм байгаа биз дээ? гээд доогтой жуумалзав.
—           Арван хоёроос өмнө харих 6айх аа. Нойр чинь хүрвэл намайг хүлээсний хэрэггүй биз дээ.
—           Би хүлээнэ ээ.
Орой нь эрхэм Корлеонегийн байшингийн булангийн өрөөнд Их эцэг, Майкл, Том Хейген, Карло Рицци, хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч Клеменца, Тессио нар зөвлөгөөн хийхээр цугларав. Урьд нь бараг л төрөл төрөгсөд шиг бие биедээ найр тавьдаг байсан бол энэ удаад тэд сэтгэл түгшин биеэ барьж сэрэмжилсэн байртай байх бөгөөд ийм байдал эрхэм Корлеоне нам омгийн тэргүүний үүрэгт ажлаас хэсэгчлэн татгалзаж, түүнийгээ Майклд шилжүүлж байгаагаа зарласан өдрөөс хойш үргэлжилсээр ажээ. Гэр бүлийн синдикатад дандаа л хүү нь эцгээ орлодог гэвэл худлаа болно. Эднийхээс өөр омог бол Клеменца, Тессио хоёрын зиндааны итгэмжлэгдсэн төлөөлөгч их эцгийг залгамжлахаар оролдож болохсон билээ. Үгүй ядахдаа өрх тусгаарлан салж өөрийн намаа байгуулахаар зүтгэж болох л байсан.
Түүнээс гадна эрхэм Корлеонегийн өөрийнх нь санаачилгаар Таван том намтай энхийн гэрээ байгуулснаас хойш эдний омгийн хүч чадал буурсан нь мэдрэгдэж байв. Барзини одоо Таттальяатай холбоо байгуулан Нью-Йоркийн хамгийн хүчирхэг нам болж, урьд өмнө Корлеонегийн эзэлж байсан байр суурийг эзлэх болжээ. Түүгээр ч үл барам тэд Корлеонегийн омгийн хүчийг далдуур элээн сулруулж, мөрийтэй тоглоомын бизнесээс аажим аажмаар шахан зайлуулахдаа тийш нь өөрийн бооцоологчоо оруулж, жаахан хүлээж байгаад ямар ч хариу арга хэмжээ авахгүй болохоор нь дараагийнхыг суулгадаг боллоо. Эрхэм Корлеоне ийнхүү ажил хэргээсээ хөндийрсөнд Барзини, Татталья хоёр ёстой л алдсан морио айлын хашаанд олж харсан хүн шиг баярлажээ. Майкл ажил хэрэгтээ дадаж юу чаддагаа харуултал хэзээ ч билээ, лав л арван жилээс нааш алсын хараа, нэр нөлөөгөөрөө эцэгтэйгээ эн зэрэгцэхгүй нь лавтай. Корлеонегийн намын уналт доройтлын өдрүүд ирсэн нь хэнд ч эргэлзээгүй.
Эдний нам хэд хэдэн ноцтой цохилт хүлээж, урагшгүй явдалд өртжээ. Фредди хичээгээд хичээгээд зочид буудлын эрхлэгчээс өөдөө гарахгүй нь илэрхий болсны хажуугаар Соннигийн үхэл тус омгийн хувьд жинхэнэ гамшиг байв. Сонни бол тоомсорлохгүй байхын аргагүй аймшигт хүч байжээ. Ер нь Загалмайлсан эцэг шиг ухаантан хүн ирланд эрийг гарын зөвлөх болгодог нь л уучилж болшгүй том алдаа болсон юм. Нарийн арга заль, хорон санаагаараа ирланд хүн жинхэнэ сицили эрийн хаана нь хүрэх юм бэ?... Бусад нам омгийнхон иймэрхүү янзаар сэтгэн бодоод Корлеонег биш, харин Барзини-Таттальягийн холбоог илүү хүндэтгэх болжээ. Майклын хувьд гэвэл, тэрээр сэтгэлийн хатан зоригийн хувьд Соннид хүрэхгүй, гэхдээ оюун ухаанаар түүнийг давах боловч эцгээсээ төө дутуу, нэг үгээр хэлэхэд дунд зэргийн хэр тааруу эр тул ийм залгамжлагчаас онц айж эмээх зүйлгүй гэж бүгд үзсэн аж.
Түүнээс гадна Их эцгийн энх тайвныг тогтоож чадсан дипломат аргын урныг бүгд шагшин сайшаах боловч Соннигийн өшөө аваагүйг нь үл ойшоон, хүч дутсандаа л цус урсгахын оронд манж зан гаргалаа гэж бүгд бодсон байна.
Энэ бүхнийг эрхэм Корлеонегийн мухрын өрөөнд сууж буй хүмүүс бүгд мэдэхээс гадна зарим нь ч бүр ийм үзэл бодлыг хуваалцдаг ч байв. Карло Рицци Майклыг ихэд таалах боловч тухайн үедээ Соннигоос айж эмээдэг байсан шигээ түүний өмнө сүрдэн чичрэх нь үгүй. Клеменца ч гэсэн Түрэг, цагдаагийн ахмад хоёрыг устгах ажиллагааг овжин хийснийх нь хувьд Майклыг зүй ёсоор үнэлэх хэдий ч сэтгэлийнхээ мухарт түүнийг Их эцэг болж чадахгүй гэж үзнэ. Корлеонегийн омгоос салан тусгаарлаж өөрийн эзэнт улс байгуулах бололцоо олгоно гэж Клеменца найдсан авч Их эцэг ингэж найдаад нэмэргүйг ойлгуулсан тул тэрээр түүнийг хүндэтгээд үгэнд нь оржээ. Гэхдээ цаг нь ирэх хүртэл хүлээхээр хатуу шийдсэнийг хэн ч мэдсэнгүй.
Харин Тессио бол Майклыг илүү үнэлж, энэ залуу эрийн чадамгай нуун халхалсан сэтгэлийн хүч тэнхээ, жинхэнэ хэрэг дээрээ юу хийж чадахаа бусдын нүднээс далд байлгах гэсэн атгаг хүслийг нь таан мэдсэн байна. Анд найз бол сайн талыг чинь дутуу үнэлж, атаат дайсан бол сул талыг чинь хэт үнэлж байвал хэзээ ч ашигтай гэсэн Загалмайлсан эцгийн сургаалын үр аргагүй л шимт хөрсөнд унасан гэлтэй.
Харин Их эцэг, Том Хейген хоёр л Майклын жинхэнэ, үнэ цэнийг мэдэж байлаа. Хэрэв Загалмайлсан эцэг хүүгээ Корлеонегийн намын урьдын хүчирхэг байр суурийг сэргээж мандуулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагүй бол намын тэргүүний үүргээсээ өөрөө татгалзах бодол толгойд нь орох ч үгүй байсан юм. Хейген хоёр жил Майклын сургагч багш байсан нь талаар өнгөрсөнгүй, тэр залуу эр гэр бүлийн бизнесийн ур ухааныг явуут шүүрэн ухаарч авахыг шагшин харж, нээрээ л эцгээ өвчсөн хүү юм даа гэж гайхан магтана.
Майкл Клеменца болон Тессиогийн журам сахиулагчдын тоог хорогдуулж, Соннигийн дайчин эрсийн ээлж халааг сэргээх арга хэмжээ аваагүйд тэр хоёр үлэмж дургүйлхжээ. Эдүгээ Корлеонегийн нам үнэн хэрэгтээ хоёрхон, тэгэхдээ бас хүч нь суларсан зэвсэгт бүлэгтэй болсон байна. Итгэмжлэгдсэн хоёр төлөөлөгч ялангуяа Барзини, Татталья хоёр тэдний эзэмшил газар, эрх мэдлийн бизнес рүү халдан довтолж буй нөхцөлд ийм алмай байдлыг амиа хорлож үхсэнтэй адил хэрэг гэж үзжээ. Их эцэг чухам л энэ алдааг засахаар онц чуулганыг зарласан хэмээн тэр хоёр найдаж ирсэн юмсанж.      
Майкл ярианыхаа эхэнд Вегаст явсан тухай, мөн Моу Грин мөрийтэй тоглоомын газрын хувьцаагаа худалдахаас татгалзсан тухай мэдээлээд:
— Гэхдээ түүний татгалзаж чадахааргүй тийм зүйлийг бид санал болгоно. Корлеонегийн нам ажил хэргийн үйлдлээ Өрнөд рүү шилжүүлэх бодолтой байгааг та бүхэн мэдэж байгаа. Манай гэр бүлийн бизнесийн үндэс нь Полос дахь мөрийтэй тоглоомын газартай дөрвөн зочид буудал болно. Гэхдээ энэ бүхэн гэнэт хийгдэхгүй, үүнд цаг хугацаа хэрэгтэй гээд Клеменцагийн нүүр рүү эгцлэн ширгэв. — Пит ээ, Тессио чи ч гэсэн сонс. Энэ нэг жилийн турш та хоёр хэзээ ямагт надтай хамт байж, үг дуугүй захирагдах ёстой. Энэ хугацаанд бид эв найртай хамтран ажиллах нь мэдээж. Харин түүнээс хойш тусгаарлаж өөрсдийн намаа байгуулж болно. Юуны талаар ч санаа зовсны хэрэггүй. Та нарт болж бүтэшгүй мэт санагдах асуудлыг шийдэхээр хэлэлцээ хийж байгаа. Одоохондоо тэвчээртэй хүлээж л байх хэрэгтэй.
Тэр хоёроос Тессио түрүүлэн ам нээж:
—           Моу Грин эцэгтэй чинь уулзъя гэж байхад чи яагаад дургүйцсэн юм бэ? Их эцэг хэнийг ч ятган ухамсарлуулж чадна шүү дээ гэвэл энэ удаад Их эцэг өөрөө хариу өчив.
—           Би ийм асуудлыг шийдэхээ больсон. Хэрэв би хөндлөнгөөс оролцсон бол Майклын нэрийг бусдын дунд муудуулах байсан. Тэгээд ч би тэр хүнтэй уулзаж учирлаж тайлбарлахыг үл хүснэ. .
Тессио дотроо Их эцгийн энэ үгийг нэгэн удаа Моу Грин Лас-Вегасын зочид буудалд олны нүдэн дээ Фредди Корлеонег нүүр нүдгүй зодсон гэх дам яриатай харьцуулж үзээд бүгдийг ойлгов... Ингэхлээр нэгэнт Корлеонегийн нам ятгаж сэнхрүүлэхийг үл хүсэх учир Моу Грин хорвоо дээр тоос хөдөлгөх хоногийн тоо гүйцэж байгаа юм байна.
Энэ үеэр Карло Рицци ярианд оролцон:
—           Тэгэхлээр Корлеонегийн гэр бүл Нью-Йорк дахь ажил хэргийн бүх үйлдлээ зогсоож байгаа юм уу? гэхэд Майкл толгой дохилоо.
—           Чидун жимсний тос гадаадаас оруулж борлуулах компанийг худалдана. Харин бусад бололцоотой бүгдийг Тессио, Клеменца хоёрын мэдэлд өгнө. Карло чи ч гэсэн ажилгүй үлдэнэ гэж бүү санаа зов. Чи Невадад төрж өссөн нутаг ус хүн зоноо сайн мэдэх учир биднийг тийшээ нүүж очихлоор баруун гар минь болно гэж найднам.
Карло сэтгэл хөөрч баярласандаа бүр чавга шиг улайж орхив. Түүний ч гэсэн од хийморийн цаг ирж эрх мэдэл гартаа атгасан шилмэл хүмүүсийн хүрээнд багтах нь энэ дээ!
Майкл үргэлжлүүлэн:
—           Энэ өдрөөс эхлэн Том Хейген гарын зөвлөх биш, Вегас дахь манай хуулийн зөвлөх болно. Хоёр сар хэртэй болоод тэрээр эхнэр хүүхдийн хамт тийшээ нүүж суурьших болно. Одоо хэн ч хууль зүйгээс бусад асуудлаар түүнд хандах хэрэггүй. Гэхдээ энэ нь түүнийг ажил төрөлдөө таарч тэнцэхгүй боллоо хэмээн нэр хүндийг нь хөөдөж байгаа юм биш шүү, би зүгээр л ааваас минь илүү гарын зөвлөх хаанаас олох вэ? гэсэнд бүгд инээлдэв.
Хэдийгээр Майкл ингэж наргиан болгосон ч гэсэн юу ч өөрчлөгдсөнгүй, нэгэнт л Томын эрх мэдлийг хумьж л байгаа хойно яах бол хэмээн бүгд хулгай харц шидэлтэл Хейген ер тоосон шинжгүй хэнэггүй царайлах ажээ.
Тессио хэсэг бодолхийлснээ тайван үгүүлрүүн:
—           Журам сахиулагч нар нэмж авахыг чи бидэнд зөвшөөрсөн нь дээр байх аа. Өдрөөс өдөрт миний мэдлийн дэвсгэр нутгаас өмөлж аваад байгаа тэр Барзинигийн малуудыг нэг сайн хашраагаад өгмөөр байна, Майкл аа.
—           Үгүй, тэгж хэрхэвч болохгүй. Өрвөгнөж овогнохын оронд зүгээр л чимээгүй сууж бай. Тэр бүхнийг чинь бид Невада руу нүүхээсээ өмнөхөн учрыг нь олчихно.
Тессиод энэ хариулт хангалтгүй санагдсан бололтой Майклын уурыг хүргэхээсээ ч айлгүйгээр толгой дээгүүр нь даван эрхэм Корлеонед хандан:
—           Уучилж үзээрэй, Загалмайлсан эцэг минь, олон жил үерхэж, эвтэй найртай явсандаа л болоод хэлж байгаа юм шүү. Миний бодоход, Майкл та хоёр алд дэлмээр алдаж байх шиг. Ар талдаа, энд олигтой хүч дээр түшиглээгүй байж Невадад яаж амжилт олох юм бэ? Тэгээд бас та нарыг нүүгээд явчихлаар Пит Барзини-Таттальягийн холбоог сөрөн тэмцээд яасан ч дийлэхгүй, Тэр их хүчтэй. Корлеонегийн нам хүчээ зузаатгаж байж л ийм алхам хийх ёстой гэж би хэлмээр байна. Бид юуны өмнө зэвсэглэсэн бүлгээ бэхжүүлж, булаалгасан газар нутгаа дор хаяхад Статен-Айленд дахь дэвсгэр нутгаа буцааж авах хэрэгтэй байна гэхэд Их эцэг толгой сэгсрэв.
—           Миний эвлэрэн найрамдсаныг чи мартаад байна. Би хэлсэн үгэндээ эзэн болох ёстой.
Ингээд зөвлөгөөн өндөрлөлөө. Тохиролцсон гол зүйл гэвэл, ойрын ирээдүйд Клеменца, Тессио хоёр журам сахиулагч нар дээрээ үндэслэн өөр өөрсдийн гэр бүлийн синдикат байгуулж болохоос гадна Тессио Бруклин дахь мөрийтэй тоглоомын болон хөлөг онгоцны засварын газруудыг авч харин Манхэттены мөрийтэй тоглоомын бизнес, Лонг-Айлендын морин тойруулгын бооцоон дахь Корлеонегийн намын хувь хэсгийг Клеменца эзэмших болов.
Хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч далдуур төрсөн эргэлзээгээ тас нуусаар сэтгэл дундуур гарч одоход Карло Рицци эхнэрийнхээ төрөл төрөгсдийн дунд одоо л өөрийн хүнд тооцогдох болов уу хэмээн горьдож үлдсэн боловч Майкл ер тэгэх янзгүй байгааг даруй ойлголоо. Альберт Нери түүнийг хаалга хүртэл үдэж, тольдуурын хурц гэрэл туссан сууцны хорооллын цаад зах руу алхахдаа Нери шатан дээр зогсоод араас нь нүд салгалгүй ажиглаж буйг мэджээ.
Их эцэг, Том Хейген, Майкл гурав дэндүү олон жил нэг дээвэр дор амьдарч, нэг тогооноос хоол идсэн тул амихнаараа үлдсэн даруйд л мухрын өрөөний уур амьсгал илт дотно нөхөрсөг боллоо.
Том Хейген эхэлж анир чимээгүйг эвдэн:
—           Майкл чи яагаад намайг гол ажил хэргээс холдуулж байгаа юм бэ? гэвэл цаадах нь үнэхээр гайхсан мэт:
—           Вегас очоод чи миний хамгийн чухал хүн болно шүү дээ. Бид одоо бүрмөсөн хууль ёсны үйл ажиллагаа явуулахад чи гол хуульч нь болно. Үүнээс дээгүүр албан тушаал хаана байгаа юм бэ? гэхэд Хейген гунигтай инээмсэглэв.
—           Би тэр тухай биш, харин Рокко Лампонег надад мэдэгдэлгүйгээр зэвсэглэсэн бүлэг байгуулж байгаа тухай, чи Неритэй харилцахдаа намайг ч алгасч шууд ярилцдаг тухай л хэлээд байна. Далимд нь дурдахад чи Лампонег сонгож авснаараа оносон байна билээ, ямар ч өө сэвгүй ажиллаж байгаа шүү.
Майкл өөрийгөө ч юм уу, хэнийг ч юм, голсон байртай ярвайлаа.
—           Нохой долоо гэж, чи олоод л мэдчихсэн болохлоор тийм ч олигтой ажиллаж чадаагүй л байна даа. Ямар ч гэсэн түүнийг би биш, Их эцэг сонгож авсан.
—           Энэ тийм чухал бус. Тэгээд чи яагаад намайг зайлуулж байгаа юм бэ?
Майкл түүний нүд рүү эгцлэн ширтлээ.
—           Том минь ээ, дайн зарласан цагт чи гарын зөвлөхийн рольд тэнцэхгүй. Гэтэл нөхцөл байдал хурцдаж бид алалдан тулалдахад хүрэхийг үгүй гэх газаргүй болоод байна. Юмыг яаж мэдэх вий гэсэндээ л би чамайг халуун цэгээс холдуулж байгаа юм.
Хейген час улайчхав.
—           За, тэр тийм гэж бодъё. Одоо өөр нэг юм хэлэхэд чамайг хүч чадалдаа аархсан биш, сул доройдоо айсан хүний ажил үйлдэл хийлээ гэсэн Тессиотой би санал нэг байна. Энэ чинь муу. шүү. Өлөгчин чоно Барзини чамайг тасар татаж хэмлээд ирэхийн цагт бусад нам овгоос хэн нь ч тусламжийн гар сунгахгүй гэж мэдээрэй.
Одоо Их эцгийн ам нээх ээлж болжээ.
—           Том, үүнийг Майкл бор зүрхээрээ шийдсэн бус, би зөвлөсөн юм; Аль ч талаараа миний сэдсэн байж үл болох арга хэмжээ бид авахаас өөр аргагүйд хүрч ч болзошгүй тул би ингэж шийдсэн билээ. Би чамайг зөвлөгч гэж хэзээ ч бодож яваагүй учир надад бүү гомдоорой. Би Майклд зуун хувь итгэдэг шиг чамд ч бүрэн итгэдэг. Энд удахгүй эхэлж болзошгүй цус асгаруулсан хэрэг явдалд одоогоор хэлж үл болох шалтгаанаар чи яасан ч оролцож болохгүй. Энүүхэндээ гэхэд, Лампонегийн нууц бүлэг чиний хараанаас зайлахгүй гэж би Майклд хэлээд л байсан юм. Миний чамд итгэдгийн баталгаа энэ биш гэж үү?
Өөрийг нь аргадан ая засч буйг Хейген ойлгож байв.
—           Би энд хэрэг болох юм биш үү?
—           Үгүй, чи явсан нь дээр, Том оо.
—           Чамайг зэмлэж байгаа юм биш шүү, Майк, зөв ойлгоорой. Чи бараг юугаараа ч ааваасаа дутах юм алга. Гэхдээ ганцхан зүйлийг л сурах хэрэгтэй дээ.
—           Юу тэр вэ?
—           Хүмүүст яаж «үгүй» гэж хэлэхийг сур.
—           Чиний зөв. Би хойшид анхааръя гээд Майкл Том Хейгенийг гарсны хойт дээр тоглоом шоглоомын хооронд аясаар эцэгтээ хандан:
—           За ингээд та надад бүхнийг зааж өглөө. Одоо хүмүүсийн сэтгэлд юм хийчихгүйгээр яаж татгалзахыг л хэлж өгөх үлдээ шив дээ гэсэнд Их эцэг нэгэн нүсэр том ширээний ард очиж суув. Ер нь өөрийн таалдаг, хайртай байдаг хүмүүстээ "үгүй" гэж хэлж болохгүй, ядахдаа л олон дахин хэлэх хэрэггүй. Үүнд л хамар нууц нь байгаа юм. Тун аргагүйдвэл чиний "үгүй" гэсэн үг чинь "за" гэж байгаа юм шиг сонсогдох ёстой. Эсвэл тэднээр өөрсдөөр нь "үгүй" гэж хэлүүлэх хэрэгтэй. За яамай, би хуучнаараа сэтгэж байж магадгүй. Чам шиг орчин үеийн залууст юугаа ч сургах билээ болъё цаашаа.
Майкл ходоодны мухраас тас тас хөхөрч:
—           Гэхдээ Том энэ хэрэгт оролцоод дэмий гэдгийг та зөвшөөрч байгаа биз дээ? гэхэд Их эцэг толгой дохив.
—           Тийм ээ, холхон байсан нь өлзийтэй.
—           Би зөвхөн Аполлония, Сонни хоёрын өшөө авах гэсэндээ ч ийм хэрэг сэдсэн биш гэдгээ танд хэлэх цаг болсон байх аа. Барзинигийн талаар Тессио, Том хоёр үнэнийг хэлсэн болохоор ингэхээс өөр аргагүй байлаа.
Эрхэм Корлеоне дахиад л бодлогошрон толгой дохив.
—           Өс Хонзон гэдэг чинь хөргөн байж идвэл адууны мах шиг илүү амттай хоол шүү. Чамайг эсэн мэнд эргүүлж авчрах өөр арга байсан бол би яасан ч найрамдал байгуулахгүй сэн. Гэтэл Барзини юуг ч үл тоомсорлон чамайг хороох оролдлого дахин хийсэн нь хачирхалтай.
—           Түүнийгээ бас эрхэм Томмазиногийи амь насанд халдсан болгох гэж нүд хуурсныг нь яана? Бараг таны ч тааж мэдэхээргүй тун овжин ажилласан шүү. Гагцхүү тэдний аз дутахад би амьд үлдчихсэн юм.
—           Тэр хоньчин залууг олсон уу?
—           Жилийн өмнө би өөрөө эрж явж олсон. Өөр хүний нэр дээр хуурамч паспорт хийлгэж өвөртлөөд өгөр толгой Фабрицио чинь Буффалод пиццаны газар нээчихсэн тун додигор байдаг шүү.     
Их эцэг харц доошлуулан тэргүүнээ, гудайлгав.
—           Тэгэхлээр одоо хойшлуулах шаардлагагүй болоо шив дээ. Хэзээ эхлэх гэж байна даа?
—           Юмыг яаж мэдэх вэ, ямар ч гэсэн Кейгийн амаржихыг харзная. Бас Том маань эндээсээ бүрэн хөндийрч Вегаст суурьшиг даа. Жилийн дараа л эхэлье гэж бодож байна.
—           Чи бүгдийг тооцоолж сайн тунгаасан биз дээ?
Майклын сэтгэл үлэмж уярчээ.
—           Үүнд та ямар ч хамаагүй, би л толгойгоороо хариуцна. Их эцэг нилээд удаан дуугүй сууснаа гүн шүүрс алдав.
—           За тийм байдаг байж. Ингэнэ ч байх гэж бодоод би ажил хэргээс хөндийрч, бүх эрх мэдлээ чамд шилжүүлсэн юм. Би энэ амьдралдаа хийх юмаа хийчихсэн хүн, үүнээс илүү яах ч билээ дээ. Ер нь зарим тохиолдолд хүлээсэн журамт үүрэг ямар ч бат хүчийг нугалдаг юм байна. Эхэлбэл эхэл дээ.
Гэвч Кей Адамс Корлеоне он гарахаас өмнө нярайлж, дахин хүү төрүүлэв. Түүнийг эмнэлгээс гараад цэцэрлэгт хүрээлэнгийн төв байранд ирэхэд яг л гүнж шиг хүндэтгэн угтав.
Бас л тэр он дуусахаас өмнө Нино Валентигийн тархинд цус харваж нас барав. Үүнээс хэдхэн долоо хоногийн өмнө Ниногийн гол дүрд нь тоглож урьд үзэгдээгүй их амжилт олсноор түүнийг дэлхийн киноны тэргүүн оддын эгнээнд оруулсан киног Жонни Фонтейн дэлгэцнээ гаргасан учир сонин сэтгүүлийнхэн сүйд майд болж эхний хуудасны нүүрэнд мэдээлжээ. Нэг удаа Жонни Фонтейн ярилцлага өгөхдөө найзыгаа хүчээр ч хамаагүй эмнэлэгт хэвтүүлэх байсан, тэгсэнгүй байсаар байгаад алдлаа хэмээн өөрийгөө хараан зүхсэн боловч хүмүүс түүнийг нь тоосонгүй. Нино Валентиг чухамдаа Жонни Фонтейн л киноны од болгоогүй гэж үү? Үнэнч нөхөрлөлийн өөр ямар гэрчилгээ хэрэгтэй юм бэ?
Их эцэг өөрөө Калифорни ормоор байсан чинь гэнэт зүрхээр нь хатгуулаад сар гаруй хэвтэж байгаа тул Ниног оршуулахад Альберт Нери Корлеонегийн намын албан ёсны төлөөлөгчөөр иржээ.
Ниног оршуулснаас хойш хоёрхон хоногийн дараа Моу Гринийг голливудын нэрт жүжигчин хүүхний байшинд үүлэн борооны ажлынх нь үед буудаж алжээ. Альберт Нери Голливудаас шууд Карибын тэнгис рүү явснаа пад хар болтлоо наранд шарж сайхан амарсан тэр залуу гурван долоо хоногийн дараа Нью-Йоркод эргэж ирээд үүрэгт ажилдаа оров. Майкл Корлеоне түүнийг угтахдаа нүүр дүүрэн инээмсэглэх атлаа магтаалын үг ховорхон унагах зуур Нери энэ өдрөөс эхлэн тэдний намын мэдлийн Ист-Сайд дахь мөрийтэй тоглоомын газрын орлогыг цалин дээрээ нэмж авах болсныг мэдэгдэж амжсан байна. Нери оногдсон ажлаа шударга сайн биелүүлсэн хүнийг зүй ёсоор үнэлж, гавьяа зүтгэлээр нь шагнаж урамшуулдаг ертөнцөд амьдарч байгаагаа ухамсарлан сэтгэлээ сүлээд тун додигор амьтан Майклын өрөөнөөс гарч оджээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.12.10 11:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
ХОРИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Майкл Корлеоне өчүүхэн зүйлийг хүртэл харгалзан үзэж бүгдийг урьдаас тооцоолоод урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсны дараа бэлтгэлээ бүр мөсөн дуусгахаар бүтэн жил тэвчээртэй хүлээжээ. Гэвч хувь заяа нь түүнд хүсэн мөрөөдсөн жилийн хугацааг нь олгож гялайлгасангүй. Хэний ч санаанд ороогүй байтал Загалмайлсан эцэг, бүхнээс хүчирхэг Их эцэг өөрөө Майкл Корлеонег хөөдсөн байна.
Тэр нэгэн нарлаг өглөө, эмэгтэйчүүд сүм рүү явсан хойно Вито Корлеоне ногооны газар ажиллахдаа өмс дөг өвдөг гарсан хуучин муу саарал өмд, гандуу цэнхэр цамц, үрчийж халтартсан бүрхээ углав. Их эцэг сүүлийн жилүүдэд жин их нэмэн, эрүүл мэндээ бодоод л улаан лооль суулгаж байгаа гэж ярих боловч шал худлаа гэдгийг нь бүгд мэдэх бөлгөө.
Үнэн хэрэгтээ бол тэрээр ногооныхоо үелээ даланг засч янзлан айдас жихүүдэс уй гашуу эцгийн нь үхлээр гутааж харлуулаагүй бага нас, Сицили нутгийг нь санагдуулах тул өглөө эртлэн босч түүнийгээ харах дуртай аж. Түрэг шош дээгүүрээ жижгэвтэр цагаан цэцгээр чимэг зүүж, .ногоон сонгинын болцгор түрүү газрын хөрснөөс шивээлэн цухуйжээ. Талбайн захад идэшний ногооны хамгийн сайн бордоо болдог үхрийн шингэн баастай торхнууд хүндэт харуулд ярайж, хажууханд нь их эцгийн өөрөө хийсэн сараалжин мод дагаад улаан лоолийн хэлхээ өөдөө авирсан харагдана.
Нар дээшилж, усны дусал болгонд гал болон цацраад шанцайн навчийг цоо түлэхээс нь өмнө усалгаагаа дуусгах гэж Их эцэг их яарсны хэрээр яг л хугацаандаа амжив. Нар хэдийн зулайг нь төөнөж эхлээд эрхэм Корлеоне өөрөө өөртөө «Боллоо, больж үз» хэмээн дотроо сануулан одоо энэ сүүлийн даланд л хэдэн гадас шаагаад харья гэж бодтол гэнэт нар доошлон чанх толгой дээр нь буух шиг болсноо өвдөг сөхөрсөн өвөө рүүгээ харайлган хүрсэн Майклын том хүүг нүд сохлом шар дөл халхлаад авав. Гэвч хөлөө хэмлэж байж хавхнаас мултарсан чоно шиг хашир Их эцэг үүнд хууртсангүй, шар дөлтэй хөшигний цаана тамын хар үхэл яг харайн үсрэхээр зэхсэнийг мэдмэгц жаал хүүг түлхэн холдуулж амжив. Дахиад эгшин л өнгөрсөн бол дээрээс нь дарж унах байжээ. Цээж рүү нь хүнд лантуугаар цөм цохих шиг санагдан амьсгаа нь давчидсанаа Их эцэг улаан нүүрээрээ газар харуулдан ойчлоо.
Майкл Корлеоне харуулын хэдэн хүнтэй гүйхээрээ хүрч очоод уруугаа харж, гараараа газар самардан хэвтээ Их эцгийг өргөн чулуун хавтан дэвссэн хашааны сүүдэрт хэвтүүлэв. Майкл аавынхаа гараас атган өвдөг сөхөрч бусад нь эмч «Түргэн тусламж» дуудахаар харайлгасан хойгуур Их эцэг хүүгээ эцсийн удаа харахаар хүний хэрээс хэтэрсэн хүч гарган нүдээ нээхэд наранд борлож улаа бутарсан царай нь бүтэн цус харвалтын улмаас цэлдэн хөхрөөд сүүлчийн мөч ирсэн нь илэрхий ажээ. Тэрээр далангийн хар шорооны анхилуун эхүүн үнэрийг эцсийн удаа амьсгалтал нүдэнд нь шар дөлөн хөшиг дахин маналзаад зөвхөн:
— Амьдрал мөн ч сайхан аа? хэмээн шивнэж л амжлаа.
Хувь тавилан эмэгтэйчүүдийн нулимс харж шаналах зовлонгоос түүнийг ангижруулж, Их эцэг тэднийг сүмээс ирэхийн өмнө, эмч болон «түргэн тусламж»-ийг ч ирэхээс урьд, хайртай хүүгийнхээ гарыг атган атгасаар насан өөд боллоо.
Загалмайлсан эцгийг, яг л эзэн хаан лугаа адил хүндэтгэлтэйгээр оршуулж Тессио, Клеменцагийн битгий хэл, том Таван нам өөрсдийн их эцэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараа ирүүлснээс гадна Жонни Фонтейн хүртэл Майклыг хориглосоор байтал оролцож энэ тухай сонин хэвлэл нэн даруй улс орон даяар тараажээ. Өнө эртний заншил ёсоор салах ёслолыг талийгаачийн гэрт хийсэн бөгөөд авсанд ойртож очсон хүн болгон агуу их Загалмайлсан эцгийн нүүрнээс үхэл ч гэсэн нэр төрөө эрхэмлэх ихэмсэг сүрлэг байдлыг нь арилгаж чадсангүйг тэмдэглэн хэлэхэд Америго Бонасера Их эцгийн царай ямар аймшигтай байсныг нь ганцаараа мэдэх тул өөрөө өөртөө баярлан бахархаж цээжээ улам түхийлгэв.
Хуучин найз нөхөд, ойр дотнын хүмүүс цөм цугласны дотор Назорини эхнэртэйгээ, охин нь нөхөр хүүхдийн хамт, мөн Сан-Франциско, Лос-Анжелес, Бостон, Кливлендийн их эцэг нар байснаас гадна Люси Манчини, Фредди, Том Хейген гэр бүлийн хамт Лас-Вегасаас нисэх онгоцоор иржээ. Орон сууцны байшин болгонд гадна дотногүй амьд цэцгийн гөрмөл титэм дүүрэн овоолсон байв.
Хашааны хаалганы гадна сонин сурвалжлагч гэрэл зурагчид хөлхөлдөн, жаахан цаана, пикап машины тэнд Холбооны Мөрдөх товчооны туршуулууд кинокамер бариад энэ түүхэн үйл явдлыг хальснаа буулгаж авахыг яаран овооролдоно.
Майкл Корлеоне нь Кей, Том Хейген, Фредди гурвын хамт ихэнх цагаа мухрын өрөөнд өнгөрүүлж, эмгэнэл илэрхийлэхээр ээлж дараагаар орж ирсэн хүн болгоныг хүндэтгэн хүлэн авах бөгөөд харин хэн нэг нь «Загалмайлсан эцэг юм уу, «Их эцэг Майкл» хэмээн үгээ эхлэх тоолонгоор дургүйлхэн уруулаа тас жимийж байхыг ганц Кей л ажиглажээ.
Жаахан байзнаад тэр өрөөнд Клеменца, Тессио хоёр орж ирсэнд Майкл өөрөө тэдэнд архи аягалан аваачиж өгөөд цэцэрлэгт хүрээлэнгийн бүс дэх эдлэн газрыг бүх байшингийн хамт санаанд оромгүй өндөр үнээр барилгын пүүс худалдан авч байгаа тухай ярьж эхлэв. Үүнээс үүдэн Их эцгийн нас барснаар Корлеонегийн эзэнт улс Өрнө зүг шилжин нүүх явц улам түргэсэхийг бүгд ойлгожээ.
Агуу их Загалмайлсан эцгийн шарилыг оршуулах цаг нэгэнт болсон тул Майкл эхнэрээ сугадан, амьд сэрүүндээ Их эцгийн ивээлдээ багтааж байсан тоо томшгүй хүмүүс пиг чихсэн цэцэрлэгт хүрээлэн рүү гарахад дайсан байсан хүмүүс ч хүртэл түүнийг сүүлчийн замд нь үдэхээр ирсэн харагдав.
Майкл энэ бүхнийг үл тоомсорлон эелдэг атлаа царцанги хөндий инээмсэглэн харж, эцэстээ хатан зориг гарган «Амьдрал мөн ч сайхан аа!» гээд нүд аньж чадвал бусад нь ямар хамаатай вэ? Тэрээр эцгийнхээ мөрөөр замнан үр хүүхэд, гэр бүлдээ тавих анхаарал халамжийг мөрөн дээрээ үүрч, харин хүүхдүүдээ өөрийнхөөсөө илүү хүмүүнлэг энэрэнгүй нийгэмлэгт амьдрах бүх нөхцөлийг хангахаар хатуу шийдсэн байна.
Загалмайлсан эцгийг хөдөөлүүлсний маргааш өглөө нь Корлеонегийн намын хамаг толгойлогчид цэцэрлэгт хүрээлэнгийн төв байранд цугларч үд дундаас өмнөхөн тэднийг Их эцгийн эзгүйрч хоосорсон харшид оруулахад Майкл Корлеоне хүлээн авав.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Клеменца, Тессио хоёр, сэтгэлийн тэнцвэр сайтай, сүйхээтэй овжин Рокко Лампоне, байх ёстой байраа мэдээд нам болсон Карло Рицци, эмгэнэлт явдлын улмаас хууль эрхийн асуудлаасаа арга буюу хөндийрсөн Том Хейген-эд бүгд мухрын өрөөнд шил шилээ даран орж ирлээ. Шинэхэн Их эцгийг сүүдэр мэт салахгүй дагах Альберт Нери байсхийгээд л Майклд тамхийг нь асааж өгөх юм уу дарс аягалах зэргээр тасралтгүй үйлчилнэ.
Эрүүл ухаанаар дүгнэн цэгнэж үзэхэд Их эцэг нас барснаар Корлеонегийн нам хүч чадлынхаа ихэнх хэсгийг алдан, сүйрлийн ирмэгт тулж Барзини-Таттальягийн холбоотой хийх хэлэлцээрийн үеэр тун хүнд байдалд орох болсныг хүн бүр сайн мэдэх тул Майклын юу хэлэхийг чих тавин сонсжээ. Тэдний хувьд Майкл хараахан шинэ Их эцэг болоогүй, энэ байр суурийг ч ийм цол хэргэмийг ч хүртэх болоогүй байлаа. Эрхэм Корлеоне дахиад жаахан амьд байсан бол хүүдээ бүх эрх мэдлээ залгамжлуулах нь мэдээж байсан ч одоо энэ асуудал тун ч маргаантай болчихоод байв.
Нериг хүн болгонд аягатай дарс бариулж дуусгахыг хүлээж байснаа Майкл намуун дуугаар үгүүлсэн нь:
— Та бүгдийн сэтгэл санаа хямарсныг сайн ойлгож байгаагаа юуны өмнө хэлмээр байна. Та нар эцгийг минь яаж хүндэтгэн харилцдаг байсныг би мэднэ. Гэвч одоо хүн болгон өөрийгөө, ойр дотнын хүмүүсээ ямар ирээдүй хүлээж байгаа, урьд өгсөн амлалтад энэ эмгэнэлт явдал яаж нөлөөлөх талаар санаа зовж буй нь мэдээж. Үүнд би юу ч өөрчлөгдөхгүй, бүх юм хэвээрээ үлдэнэ гэж хариулах байна.
Клеменца сэгсгэр үстэй том толгойгоо эргэлдүүлэн:
—           Барзини, Татталья хоёр одоо л бидэнд жинхэнээр халдаж довтолно шүү, Майкл аа. Нэг бол сайн хамгаалах хэрэгтэй, үгүй бол ялагдсанаа хүлээх хэрэгтэй гэхдээ тэрээр Майклыг их эцэг гэж дуудаагүйгээр үл барам бүтэн овог нэрийг нь ч хэлээгүйг өрөөнд байсан бүх хүн анзааралгүй өнгөрч яахан чадах вэ?
—           Хүлээн байж, юу болохыг харъя. Эхлээд тэд л энхийн гэрээг зөрчиг.
Тэртээ булангаас Тессиогийн зулгуй гэтүүр дуу гаран:
-Тэд хэдийн зөрчиж, өнөө өглөө Бруклинд морин тойруулгын бооцооны хоёр цэг нээчихсэн, Майк аа. Үүнийг би халдаж үл болох газруудын жагсаалт гаргаж өгдөг цагдаагийн ахмадаас дөнгөж сая олж мэдлээ. Энэ янзаараа бол сарын дараа гэхэд л надад Бруклинд хөл тавих газаргүй болох нь.
Майкл түүн рүү гүн бодол шингэсэн харц өргөв.
—           Хариуд нь чи арга хэмжээ авсан уу?
—           Үгүй, чамд төвөг удахыг хүссэнгүй.
—           Тун зөв, тэгэх л хэрэгтэй. Та нар ч гэсэн нүдэн балай, чихэн дүлий суугаад бай. Ямар ч өдөөн хангалтад бүү хариул. Юм болгоны учрыг олж зохицуулан, аль зүг рүү хөдөлбөл бид бүгдэд ашигтайг тодорхойлох хүртэл хэдэн долоо хоног надад хэрэгтэй байна. Тэр цагт бид дахин цугларч бүх асуудлыг бүрмөсөн шийдвэрлэнэ.
Тэдний гайхаж балмагдсан царайг тэрээр ер хараагүй дүр эсгэн дохио өгсөнд Альберт Нери бүгдийг өрөөнөөс эелдэг атлаа шаргуугаар гаргаж эхлэв.
—           Том оо, түр азнаач хэмээн Майклын огцом дуугарахад Хейген үлдээд цонх руу очиход Нери харуул хамгаалалтынхны дэргэдүүр итгэмжлэгдсэн хоёр төлөөлөгч, Рокко Лампоне нарыг гарган өгч харагдлаа. Тэрээр нааш эргэн:
—           Бидний улс төрийн бүх холбоо сүлбээг чи гартаа атгаж чадсан уу? гэхэд Майкл харамсан толгой сэгсрэв.
—           Заримыг нь амжсангүй. Надад дахиад гурав дөрвөн сар байдаг ч болоосой... Яг энэ асуудлаар Их эцэг бид хоёр хөөцөлдөж байсан юм л даа. Бид хоёр шүүгч нараас эхэлсэн болохоор бүгд миний гарт орсон. Бас хамгийн их нөлөө бүхий конгрессын зарын гишүүд, Нью-Йорк дахь улс төрийн намын тэргүүн нар манайх болсон. Корлеонегийн нам бусдын боддогоос хавьгүй илүү хүчтэй хэдий эмзэг газаргүй, бат бэх болгож амжина гэж би найдаж байсан юмсан. Чи бүгдийг бодож тооцоолоод цөмийг ойлгочихсон л биз дээ?
Хейген толгой дохив.
—           Энэ тийм ч хэцүү биш байлаа. Ганцхан энэ ширүүн тулааны талбараас яагаад намайг зайлуулсныг чинь л эхэндээ ойлгосонгүй. Гэвч дүрсэлж хэлбэл сицилийн шовгор малгай асааж, тархиа сайтар ажиллуулсан хойноо л бодож олсон шүү.
Майкл сэтгэл хангалуун инээмсэглэв.
— Өвгөн яг ингэнэ гэж хэлээд байсан юм, хөөрхий. Гэвч чи одоо надад чухам энд хэрэг болоод байна. Ядахдаа ойрын хэдэн долоо хоног энд үлд, Вегас руу эхнэртээ утасдаад учрыг нь, гаргаж хэлнэ биз дээ.
Хейген хэсэг зуур бодолд дарагдан дуугаа хураав.
—           Тэд чамайг аль талаас нь оролдож эхэлнэ гэж чи бодож байна?
—           Тун ойр дотно байдаг хүмүүсийн хэн нэгийг ашиглана гэж талийгаач маань тодорхой хэлсэн. Барзини бусад хүмүүсийн ямар ч сэжиггүй, бүрэн итгэлтэй гэж боддог хүнээр л намайг хөнөөлгөх оролдлого хийх нь лав.
—           Яг над шиг үү? гээд Хейгений жуумалзахад Майкл мөн л тийм янзаар хариу жуумалзлаа. Майк:
—           Чи ирланд хүн, чамд тэд итгэхгүй.
—           Тэгж яривал эцэг минь герман хүн шүү. Ер нь бол би америк хүн.
—           Тэдний хувьд энэ чинь ирланд л гэсэн үг. Чам дээр тэд яасан ч ирэхгүй. Нери цагдаагийн газарт алба хашиж байсан болохоор түүн рүү бас очихгүй. Ер нь та хоёр хэт ойрын, Рокко Лампоне тийм ч ойрын бус хүрээллийнх болохоор тэд ингэж аз туршихгүй. Үгүй ээ, тэд ухаантай л улс бол Клеменца, Тессио, Карло Рицци гурвын аль нэгтэй л уулзах ёстой.
—           Карло л болов уу даа.
—           Харан байж л болъё. Удахгүй учир нь мэдэгдэх биз.
Энэ асуудал маргааш өглөө нь тодорхой болов. Хейген, Майкл хоёр өглөөний хоол идэж суутал утсан дээр дуудсан тул Майкл ажлын өрөөндөө орсноо удалгүй буцаад ирэв.
—           За ингээд гүйцээ Яг долоо хоногийн дараа би Их эцгийн нас барснаас үүдэн шинээр байгуулбал зохих энхийн гэрээний нөхцөлийг тохиролцохоор Барзинитай уулзахаар боллоо.
—           Хэн зуучилж утасдсан бэ?
Эсрэг талын холбоо барьж зуучилсан хүн л урвагч гэдгийг тэр хоёр сайн мэдэж байв.
Майкл зөвлөх рүүгээ гунигтай инээмсэглэн харлаа.
—           Тессио.
Дахин юм ярилцсангүй хоолоо идэж дуусаад кофе ууж сууснаа Хейген гэнэт толгой сэгсрэв.
—           Карло, за бүр үгүй юм аа гэхэд Клеменца л байх гэж тангараглахад ч би бэлэн байлаа. Очиж очиж Тессио гэж ер бодсонгүй. Тэдний дотроос хамгийн овоо нь шүү...
—           Тэрээр хамгийн ухаантай нь болохоор өөрөө хамгийн ухаалаг гэж бодсоноо л хийсэн хэрэг. Тессио намайг Барзинид барьж өгөөд Корлеонегийн намыг залгамжлан толгойлно. Харин намайг яасан ч ялж чадахгүй гэж тооцоолсон болохоор надтай үлдвэл хамтдаа үрэгдэнэ шүү дээ.
Хэсэг чимээгүй байснаа Хейген дургүй ч гэсэн илт хүчлэн байж:
—           Түүний тооцоолсон нь тэгээд хэр үнэний хувьтай юм бэ дээ? гэж асуухад Майкл мөрөө хавчлаа.
—           Гаднаас нь харсан хэн ч гэсэн хэрэг базаахгүй л гэж хэлнэ. Харин улс төрийн ертөнц дэх холбоо, нөлөө хэдэн арван итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ч илүү хүчтэйг тэр болгон ухаарахгүй ганц эцэг минь л ойлгож байсан юм. Үндсэндээ одоо энэ хүч миний гарт байгаа, харин үүнийг надаас өөр хэн ч мэдэхгүй. Зүгээр зүгээр, Том минь, тэд намайг Их эцэг гэж дуудахдаа л дуудна.. Гэхдээ л Тессиог бодохоор сэтгэл сэнсрээд нэг л эвгүй байна.
—           Чи Барзинитай уулзахаа зөвшөөрөв үү?
—           Тэгэлгүй яахав. Тессиогийн харьяа нутаг Бруклинд, над дээр ялаа ч сууж чадахгүй тийм амар амгалан газарт долоо хоногийн дараа уулзана гээд Майкл дахин инээд алдлаа.
—           Тэр болтол болгоомжтой байж үзээрэй.
Анх удаа Майкл Хейгений тийш хүйтэн харцаар ширвээд авав.
—           Ийм зөвлөгөө сонсъё гэсэн бол надад гарын зөвлөхөөс өөр хүн олдолгүй дээ!
Барзинигийн намтай энхийн хэлэлцээр хийх өдөр хүртэлх долоо хоногийн дотор Майкл яаж сонор соргог, анхаарал болгоомжтой байх ёстойг Хейгенд харуулж чаджээ. Тэрээр эдлэн газрынхаа хаалганаас цааш ганц ч алхсангүй, өөрийн бие хамгаалагчгүйгээр нэг ч удаа хэнийг ч хүлээж авсангүй. Харин нэг харамсалтай бэрхшээл учирч төвөг удаагүйсэн бол бүх юм сайн сайхан байхсан. Конни, Карло хоёрын том хүү эрийн цээнд хүрч католик шашны дэг жаягаар ёслол үйлдэх болоход Майклыг загалмай зүүлгэсэн эцэг нь болооч гэж Кей гуйсан боловч тэрээр татгалзсан аж.
Гэвч Кейгийн найдвар тасарсангүй.
—           Би тийм ч олон юм чамаас гуйдаггүй шүү, Майкл. Намайг бодоод зөвшөөрчих л дөө. Конни, Карло хоёр үүнийг маш их хүсэн мөрөөдөж байгаа юм. Тэдний хувьд амин чухал юм гэнэ. Би чамайг гуйя.
Түүний ийнхүү шалаад салахгүйд Майкл ихэд уурлаж байгаа нь илт дахиад л татгалзах байх даа гэж бодсон чинь толгой дохин зөвшөөрсөнд эхнэр нь их гайхжээ.
—           За яахав, тэгье. Харин би гэрээсээ гарч болохгүй. Тэгэхлээр насанд хүрсний ёслолыг энд хийг, бүх зардлыг би хариуцна. Сүм хийдийн толгойлогчид зөрүүдлэн дургүйцэх юм бол Хейген зохицуулчихна биз.
Ингээд Барзинитай уулзахын өмнөх өдөр Майкл Корлеоне, Карло болон Конни Риццигийн ууган хүүгийн насанд хүрсний ёслол дээр загалмай зүүлгэх эцгийн хувьд оролцож алтан оосортой цаг хөвгүүнд бэлэглэжээ. Дараа нь эл баярт үйл явдлыг Карлогийн гэрт тэмдэглэн Их эцгийн бэлэвсэн гэргий болон цэцэрлэгт хүрээлэнгийн бүсийн бүх оршин суугчдыг урьж оролцуулав. Конни магнай хагартал баярласандаа болоод тэр оройжингоо ах, бэр эгч хоёроо тэвэрч үнсэв. Карло, Рицци ч гэсэн сэтгэл уярч, Майклын гарыг сэгсчин, аятайхан тохиолдол болгоныг ашиглан түүнийг загалмайлсан эцэг гэж дуудах нь тун ядаргаатай.
Конни сэтгэл догдлон амьсгаадаж:
—           Одоо Карло минь Майклтай жинхэнэ ёсоор үерхэж нөхөрлөх байх аа. Ийм үйл явдал хэзээ ямагт хүмүүсийг ойр дотно болгодог шүү дээ! гээд Кейд шивнэсэнд тэрээр түүнийг сугадан тэврэв.
—           Тэгвэл мөн ч сайхан аа!

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.12.10 11:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
ХОРИН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Альберт Нери Бронкс дахь байшиндаа, цагдаагийн хуучин дүрэмт хувцсаа хичээнгүйлэн сойздож суув. Бууны гэртэй суран бүсээ сандлын түшлэг дээр тоож,зүлгэхэд эвтэйхэн гээд таних тэмдгээ мултлан авч ширээн дээр тавьжээ. Хэзээ язааны хэвшил болсон эл чимхлүүр ажиллагааны улмаас эхнэрээсээ салснаас хойших сүүлийн хоёр жилд ховорхон үзсэн жаргалаа амсаж байлаа.
Суусныхаа дараахан Рита Нери эр нөхрөө хайрын харцаар ширтэж, түүний зөвхөн хэмжээлшгүй бяр тэнхээнээс төдийгүй юуг сайнд, юуг мууд тооцох өөрийн гэсэн онцгой ойлголтдоо бат үнэнч байдгаас нь хүмүүс , айдгийг нүдээрээ үзэж дотроо сэмхэн бахархдаг байв. Альберт аливаа асуудлын эв зүйг олж зохицуулах нь ховор, эелдэг боловсон зан гаргаж хүний хэлснийг зөвшөөрөөд өнгөрнө гэж хол, дээр нь бас жинхэнэ сицили хүний огцом халуун зан авиртай тул уур хилэн нь бадарсан үедээ хавь ойрынхныхоо айдсыг хүргэдэг нэгэн.
Нью-Йоркийн цагдаагийн газар таван жил алба хаахдаа хотын дэг журам сахиулагчдын дотроос хамгийн аюултай нь, тэгэхдээ бас бараг л хамгийн үнэнч нь болж алдаршжээ. Гэхдээ тэрээр тун өвөрмөц маягаар ажиллаж, хэв журам зөрчигсдийг хувийн өстөн дайсан мэт үзэн , орой үдшийн цагаар танхай залуус хаа нэгтэй булан тохойд хүн амьтныг боорлон хоргоохыг харсан даруйдаа л баавгайнх шиг бяр чадлаа хэрэглэн хоромхон зуур эрс шийдэмгий арга хэмжээ авдаг байсан юмсанж.
Тэрээр иймэрхүү мөргөлдөөний үеэр тун шалмаг хөдлөн нүд ирмэхийн зуур хийх ажлаа дуусгаад хүн зоны хуран цугларч хүүе хаая гэхийн завдалгүй эргүүлийн машины хаалга тасхийтэл хааж, хоршоо нөхөр нь хаазаа нэмэн алга болдог байв. Мэдээжээр хангал ширүүн зантай ойворгон залуус хааяа тааралдаж эсэргүүцэл үзүүлэх буюу хутга мэс шүүрэх нь байдаг бөгөөд тийм хүнийг зөвхөн өрөвдөж хөөрхийлөхөөс өөр аргагүй. Нери түүнийг хоромхон зуур зэрлэг догшноор зодож цус нөжтэй нь холиод машиндаа шидчихдэгээс гадна бас баривчлан хорьж төрийн төлөөлөгчийн эрх чөлөөнд халдсан хэрэгт яллана. Гэхдээ хэв журам зөрчигч эмнэлгээс гарахыг хүлээх нь олонтой л байдаг юм даа.
Ийнхүү цаг улирал ээлжлэн өнгөрсөөр нэг өдөр Нериг Нэгдсэн Үндэстний Байгууллагын байшин оршдог хэсэгт шилжүүлжээ. НҮБ-ын ажилтан нар дипломатын халдашгүй дархан эрхээ далимдуулан цагдаагийн газраас тогтоосон журмыг зөрчин ойр хавийнхаа бүх гудамжийг лимузинуудаар бөглөж орхино. Нери дарга нартаа гомдол мэдүүлсэн боловч чимээ шуугиан бүү дэгдээ, хараагүй юм шиг өнгөрч бай гэдэг байв. Гэтэл нэг орой ундуй сундуй тавьсан машинуудаас болоод бүхэл бүтэн гудамжны хөдөлгөөн тэр чигээрээ хаагдсанд Нери эргүүлийн машинаас авсан нилээд жинтэй гар чийдэнгээр зэвсэглэн шөнө дунд өнгөрсөн хойно тэр гудамж руу орж машинуудын урд шилийг баруун солгойгүй бут, дэлбэ, бяц балбан будаа болгожээ. Хэдий өндөр тушаалын дипломат байсан ч гадаад маркийн машины салхины шил сольж хийх гэж лав л хэд хоног хөөцөлдөх нь гарцаагүй. Автомашины эзэд энэ зэрлэг балмад явдалд гомдол мэдүүлэн, өмгөөлж хамгаалахыг шаардсан бичиг цаасаар цагдаагийн хэсгийг булж, үнэн мөнийг олох гэсээр байтал дахин нэг долоо хоногийн турш салхины шил бут үсэрсээр байлаа. Ингээд эцсийн эцэст юмны эзэн сумны занги Альберт Нериг Гарлем руу шилжүүлэв.
Үүнээс хоёр сарын дараа Аль Нериг шөнийн ээлжээс буугаад ирсэн чинь эхнэр нь түүнийг хаяж, хувцас хунараа жаал зугаа юмтайгаа хамт боож аваад эцэг эх дээрээ оччихсон байлаа. Хадам эцгээсээ асуусанд ийм жолоо хазааргүй догшин хүнтэй хамт амьдрахаас Рита айгаад салсан гэхийг сонсоод Аль духан дундуураа сүхдүүлсэн мэт мэл гайхаж, цэл хөхөрчээ. Тэрээр авгайдаа гар хүрэх нь бүү хэл хараан зандарч муухай ч харж үзээгүй ёстой л өөхөнд ороосон бөөр шиг эрхлүүлж хайрлан энхрийлж байсан тул гэнэт цочирдож балмагдсандаа хэд хоног хүлээж өөрөө сэхээ ороод дараа нь очиж учраа олохоор шийдсэн байна.
Гэвч маргааш нь, гай газар дороос гэгчээр яг түүний ээлжин дээр хэрэг мандлаа. Хэсгийнхээ харьяа нутаг дэвсгэрийг эргэж явтал гарлемын нэг гудамжинд хэн нэгнийг хутгалж байна гэсэн дуудлага ирж, Нери хэвшиж дадсанаараа бараг л машины явуут дунд жинтэйхэн гар чийдэнгээ барьсаар үсрэн буув Орон сууцны байшингийн нэг орцны үүдэнд хүмүүс шавчихсан байх тул хэргийн газрыг олох гэж зүдэрсэнгүй. Нэгэн негр эмэгтэй түүнд:
— Тэнд хүүхэд хутгалах гээд байна гэжээ.
Нериг орцны хаалгаар ороход хонгилын цаад мухрын онгорхой хаалганаас урц гэрэл тусч ёолон гаслах дуу сонсогдсонд тэрээр гар чийдэнгээ чанга атгасаар босго алхмагц шалан дээр тэрийсэн хоёр хүнд тээглэн золтой л бүдэрч унасангүй. Хорин тав орчим насны хар арьст хүүхэн, хажууд нь хэвтээ арван хоёр наснаас хэтрээгүй охин хоёр сахлын хутганд хэрчүүлж цус нөжиндөө хутгалджээ. Зочдын өрөөнд орвол эл хэргийн гэм буруутан, негр Вэкс Бейнз дүрээрээ зогсож байв. Хутга мэс хэрэглэхдээ гарамгай мэргэшсэн засаршгүй танхай тэр этгээд мансуурч гөлийсөн нүдээ цагаанаар эргэлдүүлэн, эвхдэг сахлын хутгаа чанга атгасан гар нь үе үе татганах аж.
Нийгмийн хэв журам ингэж бүдүүлгээр зөрчсөнийг хармагц Неригийн уур хилэн бадраад явчхын хажуугаар зай завсаргүй шахуу сийчүүлсэн жаал охиныг үзээд дотор нь муухай болсон хэдий ч Бейнзийг баривчилж хэсэг дээр аваачихын оронд газар дээр нь учрыг олохоор шийдлээ.
Энэ үеэр тэр байшингийн оршин суугчид араас нь шахалдан түрж эргүүлд хамт гарсан нөхөр нь ч хүрээд ирэв.
Нери негр эрд хандан:
—           Хутгаа хая, чи баривчлагдсан гэж тушаасан чинь Бейнз өөдөөс нь доогтой хөхөрч:
—           Би л чамд ингээд баригдаж гэнэ, гайгүй байлгүй. Ингээд чи баривчил гээд хутгаа далайлаа.
Нери эргүүлийн нөгөө цагдаадаа буу гаргах зав зай өгөхгүйн тулд маш хурдан хөдөлж, зүүн гараараа негр эрийн хутгатай гарыг хөдөлгөөн дунд дунд нь шүүрэн бариад, гар чийдэн атгасан баруун гар нь огцом дугуйран Бейнзийн чамархайн тус газар буув. Мань эр согтуу хүн шиг тахимаараа суун туссанаа хутгаа алдаж ямар ч арчаагүй байдалд орлоо. Тийм учраас хөрш гэрчийн этгээдүүд, эргүүлийн хоршоо цагдаагийн шүүх хурал дээр мэдүүлсэнчлэн дахин цохих шаардлагагүй байсан бөгөөд хоёр дахь удаагаа Нери Бейнзийн гавлын ясыг цөм цохиж, тэр негр хоёр цагийн дараа Гарлемын эмнэлэгт нас баржээ.
Нери санамсаргүй хүний амь бүрэлгэсэн хэрэгт холбогдон, шүүх түүнд нэг жилээс арван жил хүртэл хорих ял оноохыг сонсохдоо эргэлзэн гайхсан, галзууртлаа уурласан холимог сэтгэл нүүрэн дээр нь бичээстэй байв. Тэрээр энэ торгон мөчид, амьдарч буй энэ нийгмээ яс махнаасаа үзэн ядаж, ер нь яасан ч хамаагүй болоод явчихжээ. Түүнийг гэмт хэрэгтэнд тооцсоноор үл барам тэр муу танхай зандалчин өөдгүй шаарыг устгалаа гэж шоронд хорих гэнэ! Насан туршдаа эрэмдэг зэрэмдэг болсон охин, хүүхэн хоёр одоо хүртэл эмнэлэгт шаналж байгаа нь хэнд ч хамаагүй хэрэг үү?
Тэрээр шоронгоос айсангүй, нэгд цагдаа байсан, хоёрт ямар хэргээр орсныг нь мэдээд тэнд нааштай сайнаар харьцана гэсэн итгэл дүүрэн байлаа. Хамт ажиллаж байсан зарим нөхөд нь түүний тухай зохих эрх мэдэл бүхий хүмүүстэй ярилцах ам өгчээ. Гагцхүү Бронкс дахь загасны мухлагийн эзэн хадам эцэг нь жинхэнэ итали хүний сэргэлэн ухаантай тул Альберт Нери шиг хүнд жилийн дараа шоронгоос амьд гарч ирэх боломж тун бага гэдгийг ойлгож байв. Нэг бол үүнийг хамт хоригдогсдоос хэн нэг нь зүйл дуусгана, эсвэл тэр өөрөө тэдний нэгийг цааш харуулж таарна. Хуучин ёс горимыг чандлан сахидаг Неригийн хадам эмэгтэй хүний тунирхуу зангаар сайн нөхрөө хаясан охиныхоо гэм бурууг ухамсарлан Корлеонегийн намынхныг сайн таньдгийн хувьд тэднээс тусламж гуйсан байна.
Тэд ч тэсэн Альберт Нериг андахгүй сайн мэднэ. Ер нь хэв журмыг улангасан сахиулагч тэрээр нэг ёсондоо домогт хүн болсон бөгөөд зөвхөн цагдаагийн дүрэмт хувцас өмсөж, буу шийдэм зүүсэндээ ч биш, өөрөө тун сүртэй аймшигтай тул тоглоом хийх битгий хэл тойроод өнгөрөхөд ч аминд халтай, аюултай хүн гэж алдаршсан байлаа. Корлеонегийн нам иймэрхүү хүмүүсийг хэзээ ямагт сонирхон холоос ажиглахаас гадна цагдаагийн газарт ажиллаж байсныг онц ач холбогдолгүй гэж үздэг байв. Залуу зандан насандаа гэнэдэж, эндэж, зураг төөргөөр оногдсон хувь тавиландаа хүрэх замдаа алдаж онож, будлиж явсаар цаг хугацаа, элдэв тохиолдлын эрхээр зөв замдаа орох хүн алийг тэр гэх вэ?!
Товчхон хэлэхэд, Альберт Нериг Нью-Йоркийн шоронгоос засан хүмүүжүүлэх ангид шилжүүлж амжаагүй байтал эд мөрийн шинэ баримт, түүнчлэн цагдаагийн газрын томоохон албан тушаалтан нарын мэдүүлгийг үндэслэн шүүгч түүний хэргийг дахин хянан үзээд түрүүчийн ялыг тэнсэх ялаар сольсон тул Нери харсан зүгтээ тонилж болно гэдгийг мэдэгджээ.
Альберт Нери тэнэг хүн биш, хадам нь ч гэсэн арван наймт шиг ичиж зоволгүйгээр хэргийн учрыг шууд хэлсэн тул мань эр хадам эцгийнхээ ачийг бодож Ритад гэрлэлтээ цуцлуулах зөвшөөрөл өгөөд авран ивээгчиддээ талархал илэрхийлэхээр Лонг-Бич рүү явсан байна. Энэ уулзалтыг мэдээжээр, урьдчилан товлож, Майкл түүнийг мухрын өрөөндөө хүлээн авлаа.
Гайхалтай нь Нери баярласан гялайснаа ёсорхог байдлаар хэлж эхэлтэл Майкл гүндүүгүй зан гаргаж халуун дотноор үгүүлэн:
— Чөтгөр алгадмар, нутгийн хүн, сицили эрд минь ингэж хүний үнэргүйгээр хандахыг би яаж тэвчих билээ?! Таныг шийтгэх байтугай, харин ч шагнаж урамшуулах ёстой юм шүү дээ, уг нь. Та аан гээч, би таны тухай тодорхой магадлан, ямар шударга бус хэрэгт өртсөнийг чинь баттай мэдэж аваагүй бол яасан ч хөндлөнгөөс оролдохгүй байсан даг. Таныг хадам чинь тэнгэрт гартал магтаад л байна билээ. Тийм хүн ч ховор доо ховор гэхдээ Нериг эхнэртээ хаягдсаныг энд дурдах нь эвгүй хэмээн үзээд хэлсэнгүй.
Тэр хоёр чин сэтгэлийн яриа хөөрөө дэлгэж, Нери ухаан орсон цагаасаа л хойш ам задгай, үг олонтой гэгдэж яваагүй атлаа энэ удаад бүхий л амьдрал, үүх түүхээ Майклд уудалж гарчээ. Ярианы төгсгөлөөр Майкл түүний өвдөг дээр гараа тавьж:
—           Зөвхөн гудамжинд гаргаад гаргуунд нь хаячхын тулд л таныг хоригдох ялаас чөлөөлөх хэрэггүй байсан нь хэн хэнд маань ойлгомжтой биз. Би танд ажил олж өгч чадна. Лас-Вегасын мөрийтэй тоглоомын бизнесийн нилээд хувь миний мэдлийнх болохоор таных шиг туршлагатай хүнд аюулаас хамгаалах албанд хэзээд ажил олдоно. Хэрэв та өөрөө биеэ даан ямар нэг ажил хэрэг эрхлэхээр товлосон бол зээл хөрөнгөний талаар банкныхны чихэнд хэдэн үг шивнэчхэж чадна шүү, би.
Баярлаж талархахын зэрэгцээгээр санаа зовж орхисон Нери хангал бардам зангаар татгалзаад тэнсэн ч гэсэн ялын тогтоол хүчинтэй байгаа цагт хуулийн байгууллагын хараа хяналтад байсаар байх учраа нэмж үгүүлсэнд Майкл ажил хэрэгч байдлаар үгүйсгэн тайлбарласан нь:
—           Өө, энэ чинь ядах юмгүй. Банкныхан таны намтар түүхээс өө эрэх гэвэл тэр дор нь аргалчхаж бололгүй яах вэ.
Нери цагдаагийн газарт дэндүү удаан ажиллаж, хэтэрхий их юм үзсэн болохоор түүний үгэнд ер эргэлзсэнгүй, гагцхүү өөр шиг нь өчүүхэн амьтны төлөө Майкл ингэж төвөг удаж хөөцөлдөхөд бэлэн байгаад л баахан гайхжээ.
—           Тусламж хэрэгтэй болбол би танд хэл хүргэнэ ээ.
—           За тийм байж гээд Майкл цагаа харсанд Нери битүүхэн дохио өгч байна гэж ойлгоод явахаар өндийтөл Майкл дахиад л гайхахад хүргэв.
—           Үдшийн зоог барих цаг болж. Манай гэрийнхэнтэй жинхэнэ, сицили хоол идэхгүй юу? Талийгаач эцэг минь тантай танилцахсан гэж дандаа ярьдаг сан, хөөрхий. За яах вэ, явах уу?
Альберт Нери гурав хоног ч бололгүй хувь заяагаа эцэслэн шийдлээ. Түүнтэй эелдгээр харьцан тал засч байгааг тэрээр ухаж мэдсэний зэрэгцээ бас өөр олон зүйл, тухайлбал Неригийн хийсэн үйлдлийг нийгэм, олон нийт зэмлэн буруушааж, өөрт нь ял шийтгэл оноосон байхад Корлеонегийн нам сайшаан дэмжиж, зүй ёсоор үнэлж байгааг ойлгож авав. Бас Корлеонегийнхан өөрсдийн бүтээн байгуулсан ертөнцийн хүрээнд Неригийн одоо хүртэл амьдарч ирсэн нийгмээс илүү хүчтэй, тийм учир Корлеонегийн намтай хувь заяагаа холбоход хэзээ ч алзахгүйг сайн ойлгожээ.
Нери Майклтай дахин уулзаад санасан бодсон бүхнээ нууж хаалгүй шууд хэлж, Вегас дахь албан тушаал нэг ч их сайхан санагдахгүй, харин Нью-Йоркод бол Корлеонегийн намд хүчин зүтгэхэд бэлэн байгаагаа ойлгуулсанд тэр хоёр хэл амаа дорхноо ололцсон байна. Гэхдээ Майкл түүнийг эхлээд Майами дахь намын мэдлийн зочид буудалд үнэ төлбөргүй амарч, зугаа цэнгэлийн зардалд гар татахгүйн тулд нэг сарынхаа цалинг урьдчилж аваад явахыг зөвлөж, бараг шаардсан аж.
Майамид очоод Альберт Нери амьдралдаа анх удаа баян тансаг байдал цэнгэлийн дээдийн захаас амсав. Зочид буудалд очиход нь түүнийг Майкл Корлеонегийн андын хувьд онцлон халамжилж захын нэг заваан өрөөнд чихэж орхисонгүй, хамгийн тохилог сайхан өрөөнд оруулж шөнийн цэнгээний газрын эрхлэгч хөөрхөн хүүхнүүдтэй танилцуулжээ. Ингээд Нери Нью Йоркод буцаж ирэхдээ амьдралыг шал өөр нүдээр хардаг болчихсон байсанд гайхах юун.
Түүнийг Клеменцагийн зэвсэглэсэн бүлэгт элсүүлж, шинэ цэрэг сонгон авч сургуулилахдаа хосгүй мэргэшсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нериг дээд зэргээр хичээнгүйлэн хатуу шалгав. Ямар ч гэсэн тэрээр цагдаа байсан болохоор сэрэмжлэн болгоомжлоход илүүдэх юмгүй, тэгэх ч шаардлагатай байсан бөгөөд жил ч болоогүй байхад түүний «хөдөлмөрийн дэвтэрт» хүн амины хэрэг бичигдсэн нь эргэж буцах бүх замыг нь бүрмөсөн хаасан бөлгөө..
Нери жинхэнэ рид хувилгаан, ёстой гайхамшиг, Люка Брази гэж ирээд л Клеменца магтах үгээ олж ядахаас гадна зэвсэглэсэн бүлгийн захирагч нь Клеменца өөрөө байлаа ч гэсэн жирийн хөлсний цэргээр байгаад байх хүн яав ч бишийг ойлгосон учир Майкл Корлеонегийн шууд харьяанд өгч, Том Хейген тэр хоёрын хоорондын байнгын дамжлага, хэл зөөгч болгосон байна. Тэрээр Майкл Корлеонег үлэмж таалан сүсэглэж, мөргөх нь холгүй байдаг тул нэг удаа Том Хейген хошигнон
—           За ингээд чи хувьдаа бас нэг Люкатай боллоо доо гэсэнд Майкл хариуд нь толгой дохив.
Тийм ээ, тэрээр Альберт Нериг бүрмөсөн гартаа оруулж үхэн үхтлээ үнэнч зүтгэхээр болгож чадсан. Мэдээжээр энэ аргыг ч гэсэн Майкл эцгээсээ сурсан бөгөөд олон сарын турш эцэг нь гэр бүлийн бизнесийн нууцыг нээн таниулж байх үеэр нэг удаа:
—           Люка Брази шиг залуур жолоодлогогүй араатанг та яаж ашиглаж чадаад байсан юм бэ? гэсэнд аав нь тайлбарлаж өгсөн аж.
—           Хаана ч байсан намайг алаад өгөөч хэмээн гуйж, гуйх нь битгий хэл бүр шаардаад явдаг хүмүүс хорвоо дээр цөөнгүй байдгийг чи ч өөрөө анзаарсан биз. Тэд цэнгэлдэх хүрээлэнд хэрүүл зодоон өдөж, машинд нь жаахан зураас, сэв суулгачхаар нударга зангидан давшилж, анх таарсан хүнийхээ талаар юу ч мэдэхгүй, халаасанд нь юу байгааг үзээ ч үгүй байж түүнийг доромжлон дайрдаг. Тэд газар дэвслэн дөвчигнөж: «За би энд байна. Алаад аль, намайг!» хэмээн хашгирч гуугалаад, мэдээжээр алаад өгөх хүн мундахгүй олддогийг бид өдөр болгон сонин хэвлэлээс залхтлаа уншдаг. Иймэрхүү маягийн хүмүүс бусдад ч гэсэн хор хүргэдэгт гайхах юу бах вэ. Люка Брази яг ийм хүн байсан, гэхдээ тэднээс ялгагдах нэг юм нь гэвэл чухам түүнийг хэн ч хороож чадалгүй их удсан юм. Аминаасаа тэр хүмүүсийн ихэнхтэй нь орооцолдох ер хэрэггүй боловч Люка Брази шиг хүнийг олигтойхон залж удирдвал аюултай зэвсэг болж чадна шүү. Чи ойлгож байна уу, нэгэнт тэрээр үхлээс айхгүй, тэр ч бүү хэл өөрөө эрээд яваа бол, түүний хувьд хорвоо дээр гарт нь өртөж үхэхийг үл хүсэх цорын ганц хүн нь болоход л хэргийн гол учир байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэрээр үхлээс айдаггүй, гагцхүү чамд алуулахаас л айдаг байх ёстой. Тэгж чадвал тэр чинийх.
Энэ бол Их эцгээс түүнд хайрласан хамгийн үнэтэй сургаалийн нэг байсан бөгөөд Майкл сайхь Альберт Неригээр хувийн Люка Брази хийж авахын тулд тэр сургаалийг ашиглажээ.
Ингээд л Альберт Нери Бронкс дахь байшиндаа тухлан суугаад цагдаагийн дүрэмт хувцсаа дахин өмсөхөөр зэхэж хичээнгүйлэн цэвэрлэж байв. Дараа нь бууныхаа гэрийг гялалзтал арчин, бас малгайгаа сайн янзалж саравчийг нь олигтойхон зүлгэхгүй бол өнгөө алдчихжээ. Зузаан хар түрийтэй шаахайгаа ч тослох хэрэгтэй юм байна. Нери иймэрхүү юм бодон ажилдаа үнэхээр улайрчээ. Нэгэнт л тэрээр амьдралд эзлэх байр сууриа олж, Майкл түүнд итгэл найдвараа хайрласан тул өнөөдөр юу чадахаа харуулна даа, харуулна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.12.10 11:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
ХОРИН НАИМДУГААР БҮЛЭГ
Мөн тэр өдөр Лонг-Бич хотын дүүрэг дэх цэцэрлэгт хүрээлэнгийн төв байрны хашааны гол хаалгаар хоёр машин орж ирсний нэг нь Конни Корлеонег ээж, нөхөр хоёр хүүхдийнх нь хамт нисэх онгоцны буудал хүргэж өгөх байлаа. Лас-Вегаст бүрмөсөн суурьшихаасаа өмнө одоохондоо газар байдалтай нь танилцаж, бас амрахаар Карло Риццигийн гэр бүлийг тийш нь түр явуулах захирамж өгөхдөө Майкл, Барзинигийн намтай хэлцэл хийх хүртэл хамаатан садангийн бүх хүмүүсээ эдлэн газраас хол байлгах нь зүйтэй гэж үзсэнээ тайлбарлаж хэлсэнгүй. Тэр тусмаа энэ уулзалт хэлэлцээрийн тухай хоёр шадар туслахаас өөр хэнд ч үл хэлэн чандлан нууцалсан юмсанж.
Суудлын вагон шиг нүсэр нөгөө машин нь хүүхдүүдийнхээ хамт эцэг, эхийндээ зочлохоор Нью-Гемпшир орох Кейг хүлээж байв.
Урьд орой нь Карло Рицциг арга буюу эндээ хэд хонуулаад долоо хоногийн эцсээр эхнэр хүүхэд рүү нь явуулна гэж Майкл нөхөрт нь хэлснийг сонсоод Конни уурлан бухимдаж, Майкл руу утсаа халтал залгасан боловч түүнийг хот орохоор явсан гээд яриулсангүй Конни одоо ч гэсэн түүнийг нүдээрээ эрж хайтал алга Майкл мухрын өрөөндөө Том Хейгентэй ажил хэрэг зөвлөлдөөд бүү саад бол гэсэн гэнэ. Конни замд гарахаасаа өмнө нөхрөө тэвэрч үнсээд лимузинд суухдаа
—           Хоёр хоног хүлээгээд гурав дахь дээр нь өөрөө ирж авна гэж мэдээрэй хэмээн сүрдүүлээд гэнэт зовнин духаа үрчийлгэж, дорхноо л хөгширч царай алдлаа. — Майкл чамаар яах гэсэн юм бол, мэдээгүй биз?
Карло дал мөрөө хавчисхийн:
—           Албан тушаал ахиулахаар амлаад удаж байгаа юмсан, тэр талаар ярих гэсэн юм болов уу? хэмээхэд Коннигийн царай гэрэлтээд явчихлаа.
—           Нээрээ юү Карло?
Мань эр эхнэрийнхээ сэтгэлийг сүлэн толгой дохих зуур машин ч зуугуухан хөдөлж хаалгаар гарч, хэдийнээ бараа тасарсан хойно л Майкл хүүхдүүд Кейтэйгээ салах ёс гүйцэтгэхээр ирж, Карло ч гэсэн тэдэнд аян зам нь өлзийтэй байхыг ерөөв.
Хоёр дахь машин хашаанаас гарч далд орсон хойно Майкл ам нээн:
—           Ийм юм болсонд уучлаарай, Карло. Ердөө хоёр л хононо, илүү удахгуй -гэхэд Карло яаран:
—           Зүгээр зүгээр, санаа бүү зов хэмээн хариу өчлөө.
—           Тун сайн. Утасныхаа дэргэд байгаарай, би ярина. Харин одоо зарим нэг юм зохицуулмаар байна, за юу?
—           За за, тэгье. Майк аа.
Нилээд удаан хүлээж байтал нэг цагийн алдад хашааны хаалгаар машин үзэгдэж, Клеменцагийн араас шахуу Тессио ирсэнд бие хамгаалагч тэр хоёрыг Майкл руу оруулсны дараа хоёр цаг болоод Клеменца явж, харин Тессио дахин үзэгдсэнгүй.
Карло хэдэн минут цэвэр агаар амьсгалахаар түр гадаалахдаа цэцэрлэгт хүрээлэнгийн харуулд гарсан хүмүүсийг бүгдийг таньдаг, заримтай нь ч бүр дотносож андалсны хувьд хэн нэгтэй нь хэд гурван үг солиод авах гэсэн чинь өнөөдөр дандаа шинэ хүмүүс манаанд зогсож байсанд их гайхсанаас гадна хамгийн хачирхалтай нь хаалгыг Рокко Лампоне өөрөө сэргийлэн хамгаалах бөлгөө. Гэтэл Рокко зөвхөн онцгой тохиолдлоос бусад үед ийм хар ажил хийхээргүй өндөр тушаалын хүн гэдгийг Карло юу андах билээ.
Карлогийн сэрэмжилж түгшсэн харцыг ажаад Рокко найрсгаар инээмсэглэн гар барьж мэндлээд:
—           Хөөе, чи чинь амрахаар явах гээгүй билүү? гэхэд Карло гараа огцом дэлгэв.
—           Майк хоёр гурван хоног азна гэсэн. Ямар нэг ажил гарсан бололтой.
—           Тийм байхаа. Би ч гэсэн чухал хэрэг гарлаа гэж бодсон чинь харин хаалга манадаг юм байна. За тэр ч яахав, хар гэртээ хаан, бор гэртээ богд юм биз дээ, нохой долоо.
Карло түүний энэ хошин аясыг дэмжсэнгүй.
—           Майк юу хийхээ мэдэж байгаа нь лав гэсэнд Рокко энэ битүү зэмлэлийг дув дуугүй хүлээхээс өөр аргагүйд хүрчээ.
—           За би явлаа гэчхээд Рокког байшин тийш эргэж алхахад Карло нэг л юм болж, харин Роккод хэлээгүй юм байна гэж бодлоо.
Карло Рицциг ийнхүү хэрэн хөлхөж явааг Майкл зочдын өрөөний цонхоор харж зогстол Хейген хундага дүүрэн шарз мөрөн дээгүүр нь сарвайв. Майклыг амтат шарз таатай нь аргагүй шимэх зуур Хейген тун зөөлөн дуугаар:
—           Майкл, эхлэх цаг болжээ гэв.
Майкл гүн санаа алдлаа.
—           Цаг даанч давчуу байна даа. Өвгөн маань нүд анихаа жаахан хүлээсэн ч болоосой.
—           Зүгээр, бүх юм ёсоороо болно.
Майкл цонхноос эргэн нааш харав.
—           Маш их зүйлийг тэрээр өөрөө бодож боловсруулсан юм шүү. Түүнээс өмнө би аавыгаа тийм толгойтой гэж төсөөлөө ч үгүй явсан сан. Юу ч ярих вэ дээ, чи өөрөө сайн мэдэх хойно!
—           Дахиад тийм хүн байхгүй, төрөх ч үгүй. Гэхдээ чи ч гэсэн тийм ч арчаагаа алдсан хүн биш шүү.
—           Амьдрал харуулах биз дээ! Клеменца, Тессио хоёр ирсэн үү?
Хейгенийг толгой дохиход Майкл ганцхан балгаад хундагаа ёроолдлоо.
—           Клеменцад би өөрөө заавар өгнө, нааш нь оруулчих. Харин Тессиотой уулзахыг ч хүсэхгүй байна, зүгээр л хагас цагийн дараа бид Барзинитай хэлэлцээр хийхээр түүнтэй хамт явна гээд хэлчих. Бусдыг нь Клеменцагийн залуус учрыг нь олно.
Хейген хөндий хоолойгоор сааралтуулан асуусан нь:
—           Тессиог аврах алга алга уу?
—           Байхгүй.
*************************
Буффало хотын нэгэн нарийхан гудамж дахь пиццаны газар үдийн цайны үеэр хөл гишгэх зайгүй байснаа аажмаар хүн цөөрч, худалдагч нь зарагдаагүй пиццатай дүгрэг төмөр тавиураа лангуунаас авч асар том туйпуун пийшинд дээр тавьснаа гадагш нь боож наймаалдаг жижиг цонх руу эргэв. Танхайдуу байрын залуу цонхоор шагайн:
—           Надад нэг хувь пицца гэсэнд худалдагч модон хүрзэнцрээр хөрсөн хэрчим утгаж аваад халаахаар пийшинд шургуулах зуур нөгөө залуу ширээнд сууж идэх гэсэн бололтой, хоосон танхимд орлоо. Худалдагч пийшин рүү толгой шургуулан, хучлага бяслаг нь хөөсрөөд ирсэнд халуун зүсэм гаргаж цаасан таваг дээр тавихад сайхь залуу эр мөнгөө гаргаж сарвайхын оронд яагаад ч юм өөдөөс нь цоо ширтжээ.
—           Ах аа, таны цээжин дээр дэгжин шивээс байдаг гэлцэх юм. Тэр цухуйгаад байгаагаа харуулчихгүй юу?
Худалдагч байсан байрандаа ****** гадас лугаа адил хөшиж орхив.
—           Хөөе, чи цамцныхаа товчийг тайлаадхаач.
—           Надад биш ээ, орой ажилладаг ээлжийн минь хүнд шивээс бий хэмээн худалдагч англи үгсийг хугачиж нугачин бувтнах аядахад үйлчлүүлэгч эр чихэнд чийртэй эвгүй хөхрөв.
—           Тайл гэж байна шүү, чамайг. Хараад орхиё.
Худалдагч пийшингийн ар руу гэтэн ухарч, агуулах ордог хаалга руу дөхсөн боловч залуу эр аль хэдийнээ буутай гараа лангуун дээгүүр давуулж гох дарсанд цээжиндээ сум зоолгосон худалдагч пийшин мөргөтлөө үсэрснээ шал руу аажуухан гулслаа. Үйлчлүүлэгч лангууны араар орж дээрээс нь тонгойн цамцных нь товч тас үсэртэл угз татсанд цус нөж болсон хэнхдэг дээр нь дөрвөн мөчөөрөө орооцолдон тэврэлдсэн нууц амрагууд, эхнэрээ хутгалж буй эр нөхрийг дүрсэлсэн шивээс тод харагдаж худалдагч эгцлэн ширтэх харцнаас халхлах мэт сульдсан гараа өргөв.
—           Фабрицио чамд Майкл Корлеоне мэнд дамжуулж байна гээд алуурчин маань худалдагчийн тархинд бараг тулган буудчихаад гүйхээрээ гарч хаалга онгойлгон хүлээж байсан машинд суугаад талийж өгөх нь тэр ээ.
Рокко Лампоне ган хаалганы тулгуур баганаас өлгөсөн утас руу очиж авсан чинь:
— Барааг чинь баглачихсан гэх хэн нэгний дуу сонсогдоод чимээ тасарлаа.
Рокко машиндаа сууж, Сонни Корлеонег алсан далангийн замаар Жоуз-Бич руу нилээд явснаа цэцэрлэгт хүрээлэнгийн засмалаар эргэн төмөр замын Уонт өртөө хүрэхэд өөр машинтай хоёр хүн хүлээж байв. Арван минутын дараа тэд Үүрийн туяаны гол засмалын дэргэд орших нэг жижиг байшинд хүрч, Рокко хамт яваа хоёроо орхиод машинаас гарсан даруйдаа л хаалгыг нь дэлбэ өшиглөн дайрч орлоо.
Далан нас шүргэж яваа Филипп Татталья нялхаараа шахуу бүсгүйн хэвтэх орны дэргэд чармай нүцгэн зогсож байхлаар нь Рокко дөрөв буудаж, бүх сумаа гэдсэнд нь зоогоод цааш эргэмэгц өөрийнхөн дээрээ гүйж очив. Рокко, Уонт өртөөн дээр буунгуут өөрийнхөө машинд сууж ирсэн замаараа буцаж, Майкл Корлеонетой түр уулзсаны дараа дахиад л хашааны хаалганы дэргэд манаандаа гарчээ.
************
Бронкс дахь сууцандаа Альберт Нери цагдаагийнхаа дүрэмт хувцсыг цэвэрлэн янзалж дуусаад яаралгүй өмссөнөө гар бууны гэр зүүсэн суран бүсээ сандал дээрээс авав. Халагдахад нь хэн нэгний ажлын хариуцлагагүйгээс цагдаагийн таних тэмдгийг нь буцааж аваагүй атлаа гар бууг нь хураасан тул Клеменца түүнд буу өгсөн юмсанж.
Нери цагдаа малгайгаа цаасан уутанд хийж бариад дүрэмт хувцас дээрээ энгийн цув эгэлдрэглэн цагаа харвал машин ирэхэд арван таван минут дутуу байсанд толинд өөрийгөө тухтай нь аргагүй сонжин харсан чинь жинхэнэ цагдаагаас ялгагдах юм ер алга.
Машины урд суудалд Рокко Лампонегийн хоёр цэрэг хүлээж байсан тул Нери арын хаалгаар орж, дүүргээсээ гарахын даваан дээр дөнгөж мөрөө хөдөлгөх төдийхнөөр энгийн цуваа доош унагаж цаасан уутаа угз татан ураад дадсан хөдөлгөөнөөр малгайгаа өмслөө.
Тавин тавдугаар гудамж Тавдугаар өргөн чөлөөний уулзвар дээр машин явган хүний зам шахан зогсоход Нери гарч, цээжин дотроо нэг л хачин сэтгэл оволзуулсаар өргөн чөлөө уруудан алхав. Энэ хувцсаа өмсөөд ээлжийн жижүүрт гарахдаа хичнээн ч удаа гудамж хэрэн хэсэв дээ... Эргэн тойрон хүн зон зай завсаргүй хөлхөлдөнө. Тэрээр гурван хороолол өнгөрч Гэгээн Патрикийн сүмийн эсрэг орших Рокфеллерын төвийн өмнө очиход түүнд хэрэгтэй лимузин «Зогсохыг хориглоно, «Машин тавихыг хориглоно» гэх мэтийн бичигтэй ярайсан тэмдэгний дор тэгэхээс тэгэх гэсэн юм шиг гав ганцаараа гонжийн харагдана. Жаахан эрт байсан тул Нери алхаагаа удаашруулан түр саатаад тэмдэглэлийн дэвтэртээ юм бичиж байгаа дүр үзүүлснээ лимузинтэй зэрэгцмэгц бороохойгоороо тогшсонд жолооч нь гайхан харц өргөв. Нери «Зогсохыг хориглоно» гэсэн бичигтэй самбар руу зааж яв хэмээн дохисон чинь жолооч ер тоосон шинжгүй амаа цууртал эвшээлгээд цааш харахаар нь Нери нөгөө талаар нь тойрч жолоочийн суугаа онгорхой цонхонд очингоо илтэд доромжилсон дуугаар:
—           Хөөе, суут ухаантан гуай, цаашаа яваад зохих газарт нь зогсох уу, эсвэл зарлан дуудах хуудас бөгсөн дээрээ наалгамаар байна уу? гэсэнд жолооч хайхрамжгүй хариулсан нь:
—           Хэсэг дээрээ очоод асуу л даа, тайлбарлаад өгөх байлгүй. За за, тэгж их дур чинь гозгоноод байгаа юм бол торгож л байхгүй юу.
— Одоохон эндээс зайл. Тэгэхгүй бол наанаас чинь татаж гаргаад хүзүүг чинь хуга мушгина гэж мэдээрэй.
Жолоочийн гарт илбээр гэлтэй арван долларын дэвсгэрт бий болж мөн тэр гараараа дөрвөлжилж нугалаад Неригийн халаасанд хийхийг оролдвоос тэрээр дахин явган хүний зам дээр гарч жолоочийг хуруугаараа занган дуудаад:
—           Жолооны үнэмлэх, техникийн гэрчилгээгээ гарга гэв.
Яг эл торгон эгшинд «Плаза»-гийн шадар лагс загзгар биетэй гурван хүн бууж, Тавдугаар чөлөө уруудахыг Нери нүдний булангаар дөнгөж харж амжтал Майкл Корлеонетой уулзахаар гарсан Барзиниг дагалдан яваа бие хамгаалагчдын нэг нь бусдаасаа түрүүлэн хүрч ирээд:
—           Юу болоод байна? гэсэнд жолооч цухалдангуй хариу өчлөө.
—           Юу ч болоогүй ээ. Шинэ цагдаа бололтой, торгож орхилоо, харалмар,
Барзини нөгөө бие хамгаалагчийн хамт хүрч ирээд:
—           За бас яачихаа вэ? хэмээн уцаарлав.  
Нери албаны дэвтэртээ машины дугаарыг тэмдэглэж аваад эрхийн үнэмлэх, техникийн гэрчилгээг жолоочид буцааж өгсний хойт дээр тэмдэглэлийн дэвтрээ халаасанд хийж, харин гараа эгүүлж авах зуур гар буугаа гэрээс нь суга татмагц Барзинигийн торх шиг цүндгэр цээжинд гурван сум дараалан зоочхоод ам ангайн хөшсөн жолооч, бие хамгаалагчдын сэхээ орохоос өмнө олны дунд орж булан тойрсон даруйдаа түүнийг хүлээж байсан машинд үсрэн орлоо. Тэд Есдүгээр өргөн чөлөө рүү нисэн гарч зүүн тийшээ эргэн Челси-парк арай хүрээгүй явах зуур Нери хувцсаа сольж гар бууныхаа хамт суудал дээр орхиж өөр машинд шилжин суув. Нэг цагийн дараа гэхэд Альберт Нери хотын дүүргийн төв байранд эсэн мэнд ирж Майкл Корлеонед тайлангаа тавьж байлаа.
Талийгаач Их эцгийн гал зуухны өрөөнд Тессио аягатай кофеноос хааяа балган цаг нөхцөөж суутал:
—           Майк явахад бэлэн боллоо. Барзинид утасдаад одоо гар гэж хэл.
Тессио хананд өлгөсөн утас руу очиж Барзинигийн Нью-Йорк дахь ажлын байрны дугаар эрэгдэн:
—           Бид Бруклин руу явлаа гэсэн даруйдаа харилцуураа өлгөчхөөд Хейген тийш инээвхийлэн харав.
— Майкл маань өнөөдөр бидэнд аз хийморь амжилт ололт хайрлана гэж найдах л үлдээ шив дээ.
—           Би үүнд итгэлтэй байна хэмээн Хейген нухацтай үгүүлээд Тессиог дагуулан Майкл Корлеонегийн байшинд очиход нэг бие хамгаалагч тэднийг зогсоов.
—           Эзэн өөр машинаар явна гэсэн. Та хоёр түрүүлээд явж бай.
Тессио, Хейген тийш хөмсөг зангидан харж:
—           Хөөе, ингэж яаж болох вэ дээ. Тэрээр хэлэлцэж тохирсон хамаг юмыг баллаад хаячихлаа байна.
Энэ эгшинд өөр гурван бие хамгаалагч газар дороос гэлтэй гараад ирэхэд Хейген намуухан үгүүлсэн нь:
—           Би ч гэсэн тантай явж чадахгүй, Тессио.
Шөвгөр царайтай шадар туслах нүд ирмэхийн зуур бүгдийг ойлгож, ойлгосон даруйдаа зүй ёсоор хүлээн авчээ. Тессио зөвхөн хормын төдий л сэтгэлийн тэнцвэр алдсанаа тэрхэн дороо биеэ барьж чадлаа.
—           Энэ бол ажил хэрэгч арга хэмжээ байсныг Майклд дамжуулаарай. Тэр надад хэзээнээс таалагддаг байсан юм шүү.
Хейген толгой дохин:
—           Тэрээр үүнийг ойлгож байгаа гэхэд Тессио хэсэгхэн зуур түгдэрснээ аяархан дуугаар:
—           Том оо, чи хуучин нөхөрлөлөө бодоод энэ удаа намайг аргалчхаж чадахгүй биз? гэвээс цаадах нь толгой сэгсэрчээ.
—           Чадахгүй.
Бие хамгаалагч нар Тессиог тойрон бүчиж машин руу аваачихыг харж зогсохдоо Хейгений дотор харамсан гашуудах сэтгэл төрөв. Тессио уг нь Корлеонегийн намынхны шилдэг цэрэг байсан бөгөөд Их эцэг, Люка Брази тэр хоёроос өөр хэнд ч тэгж их итгэдэггүй байсан даа. Тийм ухаан сүйхээтэй хүн өдий хүртэл насалчхаад ингэж золгүй эндсэн нь тун ч харамсалтай, гэвч одоо яая гэх вэ?, алдаж онодог алаг эрээн хорвоо хойно.
Карло Рицци, Майклтай уулзах цагаа хүлээсэн хэвээр, ирж очих энэ олон машиныг харж зогссоноо гэнэт сэтгэлд нь түгшүүрийн харанга дэлдэж эхэллээ. Магад нэг л чухал юм болоод түүнийг бас л гадуурхаад орхичхов бололтой. Тэвчээр нь барагдаад Майкл руу залгасан чинь дотоод хамгаалалтынхнаас хэн нэг нь утас авч Майклыг дуудахаар явснаа эргэж ирээд тэрээр удахгүй завтай болно, жаахан хүлээж бай гэлээ.
Карло нууц амрагтаа утасдаж оройн зоогны дараа хамт хонохоор тохиролцов. Майкл удахгүй гэсэн хэдий ч ажил хэргийн уулзалт лав л хоёр цагаас нааш өндөрлөхгүй тул хожим цаг алдахгүйн тулд хувцсаа өмсөхөөр шийдэн дөнгөж цамцаа сольтол хаалга онгойлгосон даруйдаа л толгойтой үс нь өрвийх шиг болон өвдгөөрөө нугарчих шахсаны учир гэвэл босгон дээр Майкл Корлеоне яг л Карлогийн сүүлийн хэдэн өдөр дараалан зүүдэлсэн шиг үхэл мөхөл нүүрлээд зогсож байлаа.
Мөрөн дээгүүр нь цухуйх Хейген Рокко Лампоне хоёр дотроо дургүй хэрнээ арга буюу анд найздаа аюултай мэдээ дуулгах болсон хүмүүсийн дүр эсгэн духайн харж зогсоно. Карло Рицци тэднийг дагуулан зочдын өрөөнд орохдоо жаахан тайвширч мэдрэл ер нь муудаж байгаа юм байна даа гэж бодтол Майклын хэлсэн хэдэн үг яг ар дагз руу нь лантуудах шиг цочирдуулжээ.
—           Сантиногийн амийг чи амиараа хариуцах болж дээ!
Карло ойлгоогүй хүн болоод хариу дуугарсангүй. Хейген, Лампоне хоёр салж баруун, зүүн хананы дэргэд очоод, Майкл өөдөөс нь харж зогсмогц сааралтсан яхир хоолойгоор:
—           Чи л охин дүүг минь шоглож, баахан жүжиглэж... Барзинигийн залуусын аманд Сонниг түлхэж хийсэн. Корлеонег иймхэн юмаар хуурчхаж дөнгөнө гэж Барзинид чи итгэсэн хэрэг үү?
Үнхэлцгээ хагартал айсандаа тэрээр бардам доодгор зан, нэр хүндээ ч хүртэл бүгдийг умартан:
—           Би ямар ч буруугүй, нээрээ шүү. Хүүхдүүдийнхээ амь насаар андгайлъя, надад ямар ч гэм зэм байхгүй. Майк аа хэрэггүй, чамаас гуйя өршөөж хайрлаач дээ хэмээн хэл амаа орооцолдуулан бувтнах аядсанд цаадах нь юу ч болоогүй юм шиг тайван дуугаар:
—           Барзини алуулсан. Филипп Татталья ч мөн адил сөнөсөн. Өнөөдөр би гэр бүлийнхээ бүх тооцоог нэгмөсөн дугуйлна. Тийм учраас гэм буруугүй, энээ тэрээ гэж донгосоод ямар ч нэмэргүй, үнэнээ хэлсэн чинь л дээр гэснээ Карлог дув дуугүй байхаар нь цааш үгүүлрүүн: — Чи юунаас ингэтлээ айгаа вэ? Бодоод үз, яалаа гэж би төрсөн дүүгээ бэлэвсрүүлж, дүү нараа өнчрүүлэхийг хүсэх юм бэ? Эцсийн эцэст би нэг хүүд чинь загалмай зүүлгэсэн эцэг нь шүү дээ. Үгүй дээ, чамайг өөрөөр залхаана. Чи манайд ажиллах хоногийн тоо гүйцсэн. Одоо онгоцоор Вегас орж эхнэр хүүхэд дээрээ очоод чимээгүй сууж бай. Амь зуулгын мөнгө би Коннид илгээж байна, тэгээд л гүйцээ. Харин намайг усан тэнэгт тооцон гэм зэмгүй хүн болох гэж битгий уур хүргээд байгаарай. Татталья, Барзини хоёрын хэн нь чамтай уулзсан бэ?
Амьд үлдэх найдварын гэгээ дөнгөж сүүмэлзээд ирэхээр алах ялаас арайхийж хэлтэрсэндээ сэтгэлийн гүнд нар ургасан Карло Рицци нэг л мэдэхнээ:
— Барзини гээд хэлчихсэн байлаа.
— Аа тийм бий хэмээн Майкл аяархан дуугараад Карлог занган дуудав. — За одоо чи яв. Чамайг нисэх онгоцны буудал хүргэж өгнө.
Карло түрүүлэн, бусад нь дагалдан гарахад харанхуй болсон хэдий ч цэцэрлэгт хүрээлэн хэзээний янзаар өдөр шиг гэрэлтэй аж. Тэрхэн даруй машин ирж өөрийнх нь гэдгийг Карло таньсан авч жолооч нь ер зүс үзээгүй эр байз. Арын мухарт бас нэг хүн суужээ. Лампоне хаалга нээж өгсөнд Карло жолоочийн хажууд суухдаа торгон цамцаа нэвт хөлөрснийг сая л мэдлээ.
Машин хаалга тийш хөдлөн хурдаа нэмж, Карло Рицци ард нь хэн байгааг харах санаатай толгой эргүүлэх агшинд Клеменца чамин шалмаг хөдөлгөөнөөр хүзүүнд нь шидмэс угласанд Карло ухасхийсэн чинь гөлгөр уяа арьс зүсэн маханд нь шигдээд улам бүр хөвчрөн чангарав. Клеменца баттай, найдвартайг нь бодоод торгон шидмэсээ дахиад хэдэн минут лавшруулан чангааж байснаа тавьтал Карло Риццигийн лагс бие хаалга налан нугдайхад Клеменца шидмэсээ буцааж хийгээд суудал засан тухлав.
Корлеонегийн нам ялалтаа ёслон тэмдэглэж болохоор боллоо. Мөн л тэр хэдхэн өдрийн дотор Клеменца, Лампоне хоёр хамаг цэргүүдийнхээ уяаг сунган Корлеонегийн эзэмшил газарт халдан довтолсон хүн болгоныг ёстой хүйс тэмтэрчээ. Аль Нери хуучин Тессиогийн зэвсэгт бүлгийг толгойлон Барзинигийн морин тойруулгын бооцооны «цэгүүдийг» үнсэн товрог болгож, өндөр өртөг хөлс авдаг хоёр яргачинг нь Малбери гудамжны итали зоогийн газар гүнцэг бариад бод идсэн боохой шиг додигор амьтад шүдээ чигчийлэн суухад нь нам бууджээ. Биеийн тамирын бооцоог ивээн тэтгэж, төрийн эрх баригчид болон Барзинигийн намын хооронд зохицуулан зуучилдгаараа нэрд гарсан нэг эрийг морин тойруулгаас овоо юм монжоод буцаж явахад нь цааш харуулснаас гадна усан боомтын хорооллын хоёр томоохон мөнгө хүүлэгч ор сураггүй алга болж, олон сарын дараа Нью-Жерсийн намаг дотроос цогцос нь олджээ.
Ийнхүү Майкл ганц далайлтын харгис хатуу цохилтоор Нью-Йоркийн гэмт бүлэг синдикатуудын дотор Корлеонегийн намын толгойлох байр суурийг нөхөн сэргээж чадсан байна.
Майкл Корлеоне энэ ялалтаараа бахархан баярлах бүрэн бололцоотой байсан авч дүү Конни нь шуугиан тарьж тун эвгүй байдалд оруулав...
Конни хоёр хүүхдээ Вегаст орхиод ээжтэйгээ онгоцоор ирж лимузин цэцэрлэгт хүрээлэнгийн бүс хүртэл биеэ барьж явснаа тэнд ормогц ээжийнхээ саад хориг хийж амжихаас өмнө үсрэн бууж, Майкл Корлеонегийн харш руу хөлийн хурд мэдэж харайлгав. Кей нөхрийнхөө хамт зочдын өрөөнд сууж байснаа Конниг дайран орж ирэхэд эгчийгээ тэвэрч тайтгаруулахаар боссон боловч ахынхаа толгой дээр мөндөр мэт буулгасан хараал зүхэл, гомдол зэмлэлийн үгийг сонсоод зогтусчээ.
—           Өөдгүй новш, адгийн шаар! Чи миний нөхрийн толгойг залгисан! Аав нас барж, хорих саад хийх хүнгүй болохыг хүлээж байгаад алсан! Соннигийн хариуд л тэр. Та нар бүгдээрээ түүнийг үзэн ядаж, өс хонзон өвөрлөж явсан! Харин миний тухай бодсон уу? Гонж байлгүй! Одоо би яах юм бэ?
Араас нь хоёр бие хамгаалагч асуусан харцаар Майклыг ширтсээр хүүхэнд дөхөөд ирсэн авч Майкл дүүгийнхээ үгийг хэлж дуусахыг хүлээн дув дуугүй зогсох бөлгөө.
Кей гайхан балмагдсандаа:
—           Конни, тайвширч үз, чи чинь яаж байна аа? гэхэд Конни нэгэнт орилж чарлаж, уйлж унжихаа болиод хонзогносон хилэгнэсэн хоолойгоор шүд зуун:
—           Нөхөр чинь яагаад надтай дандаа хүйтэн хөндий ханддаг, яагаад Карлог байнга дэргэдээ байлгадаг гэж бодож байна, Кей? Майкл бүр анхнаасаа Карлог ална гэдгээ мэдэж байсан юм. Зөвхөн аав түүнд тийм зөвшөөрөл олгохгүйг мэдээд аятай цагийг хүлээж байсан. Дараа нь биднийг айлгаж үргээчихгүйн тулд хүүд маань загалмай зүүлгэж өгсөн. Ёстой өрөвдөх сэтгэлгүй мал! Чи нөхрөө сайн мэддэг гэж бодно уу? Миний Карлогийн хамт энэ чинь хичнээн хүн хороосныг чи мэдэх үү? Сонин уншаач. Барзини, Татталья гээд л бас бус олон хүний аминд хүрсэн дээ, наадах чинь!.. гээд Майклын нүүр рүү нулимах гэсэн боловч ам нь хатаад шүлс гарсангүй.
—           Үүнийг гэрт нь аваачаад эмч дууд! хэмээн Майклыг тушаамагц ард нь байсан хоёр залуу Конниг дор нь сугадаж аваад чирэхээс наахнуур гаргалаа.
Кей түрүүчийнх шигээ бантаж балмагдаад хоолой шахаж:
—           Конни сая юу ярив аа, Майкл минь? гэхэд Майкл мөрөө хавчив.
—           Зүгээр л хийрхэж байгаа юм.
—           Майкл аа, энэ бүхэн худлаа биз дээ? Ийм юм болоогүй гээд хэлээд өгөөч, чамаас гуйя.
—           Худлаа байлгүй яах вэ. Чи надад итгэ. Анхны бөгөөд сүүлчийн удаа ажил хэргийн минь тухай асуухыг зөвшөөрч хариу хэлье. Энэ бүгд худлаа.
Тэрээр гэргийнхээ нүд рүү эгцлэн ширтэж урьд хэзээ ч ярьж байгаагүй итгэлтэйгээр хэлж, олон жил ханилан суухдаа хоорондоо тогтоосон итгэл, хүндэтгэл хайр сэтгэл бүгдийг ашиглан байж сая л Кейд итгүүлж чадлаа. Эхнэр нь гэмшингүй инээмсэглээд үнсүүлэхээр хацраа өгөв.
—           Яг л одоо жаахан дарс балгадаг цаг даа! хэмээн мөс авахаар гал зууханд ороод байтал хаалга дуугарах шиг болохоор нь шагайж харвал Клеменца, Нери, Рокко Лампоне гурав бие хамгаалагч нараа дагуулан зочдын өрөөнд орж явлаа. Клеменца тэдэн рүү буруу харж зогссон Майклд хандан:
—           Эрхэм Майкл, Их эцэг ээ! хэмээн үлэмж ёслол төгөлдөр үгээ эхлэв.
Тэд ийнхүү ёслон хүндэтгэхийг зүй ёсоор хүлээн авч буй Майкл баруун гараараа ташаа тулан зүүн хөлөө жаахан урагшлуулж, нүүрэнд нь бүгдийг захирах хатан зориг, нугарч мятаршгүй их хүч бичээстэй юм шиг тодорч харин шадар туслахууд нь тэргүүнээ гудайлган хүлцэнгүйгээр номхон зогсоно. Чухам энэ эгшинд л Майклыг зэмлэн буруушааж Коннигийн хэлсэн үгс цөм үнэн гэдгийг Кей ойлгож, галын өрөөндөө буцаж ормогц цорхирон уйлж гарлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.12.10 11:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Майкл Корлеоне бүтэн жилийн турш уран нарийн дипломат арга мэх хэрэглэж байж л сая нэг юм Америкийн хамгийн хүчирхэг гэр бүлийн синдикатуудын нэгний байр сууриа батжуулан бэхжүүлж, ингэснээрээ өөрийн гэр бүлийн цус асгаруулж байж олсон ялалтыг эцэст нь хүргэн мухарлаж чадсан аж. Бүтэн арван хоёр сарын турш тэрээр бүхий л цаг заваа Лонг-Бич хотын дүүрэг дэх төв байр, Лас-Вегас дахь шинэ байшин хоёрынхоо хооронд тэлээ хурга шиг тэлчигнэсээр өнгөрөөгөөд жилийн эцсээр л Нью-Йорк дахь бүх ажиллагаагаа бүрмөсөн зогсоож, эдлэн газраа худалдахаар шийдсэн байна. Орон гэрээрээ шилжин нүүхтэй холбогдон хийх аар саар зүйл толгойтой үснээс олон үлдсэн тул Майклыг ажил хэргээ дуусган мухарлах хооронд Кей эд хогшлоо баглан савлаж явуулаг гэсэндээ тэрээр гэрийнхнийгээ Лонг-Бичд сүүлчийн удаа авчирчээ.
Одоо Корлеонегийн гэр бүлийн толгойлон манлайлах эрх нь хөдөлшгүй бат болсон тул Клеменца өөрийн намыг байгуулан түүнээс өрх тусгаарлаж, шадар туслахын албан тушаалд Рокко Лампоне ганцаараа үлдэв. Альберт Нери намын хяналтад байдаг бүх мөрийтэй тоглоомын гаар, зочид буудалд аюулаас хамгаалах албыг толгойлон, Хейген ч гэсэн Майклын удирдсан өрнөдийн синдикатад ажиллаж байлаа.
Цаг хугацаа хуучин шархыг эдгээн анагааж, Конни Корлеоне хэрүүл шуугиан дэгдээсэн тэр өдрөөс хойш дөнгөж долоо хоноод л буруугаа гэмшин ирж, уй гашууд зүрхээ зүсүүлсэндээ л дэмий юм донгоссон гэдгээ Кейд хэлээд ахтайгаа эвлэрсэн төдийгүй жил ч болоогүй байхад дахин эрд гарчээ.
Кей Адамс-Корлеоне католик шашныг шүтэх болж нөхрийнхөө төрөл төрөгсдийг ихэд баярлуулсан төдийгүй, ингэж энэ Невадад идээшин дасах юм гэж өөрөө ч бодоогүй аж. Эл нутгийн час улаан чулуурхаг энгэр бэл, гүн нарийн хавцал, уужим хөндий зуух шиг төөнөх элсэн цөл, гэнэт цээж сэрүүцүүлэх нуур цөөрөм бүгд түүнд таалагдаж, хоёр хүү нь өөр өөрийн одой морь унан, гэрт нь бие хамгаалагчид биш, энгийн зарц нар үйлчлэх болсон нь бүр ч их таатай байлаа. Майкл ч гэсэн энд ирээд жирийн хүн шиг аж төрж, барилгын компанийн эзний хувьд ажил хэрэгч хүмүүсийн клуб, олон нийтийн хороодын гишүүн болоод зогссонгүй, орон нутгийн улс төрийн бодлогод илээр оролцдоггүй ч сонирхох болов. Үүнээс илүү яаж жаргалтай амьдрах вэ? Кей Нью-Йоркийг бүрмөсөн орхиж, одооноос эхлэн Лас-Вегаст байнга суурьшина гэхээс хөл нь газар хүрэхгүй баярлан, эмнэлэгт удаан хэвтээд гарах өдрөө тэсэн ядан хүлээх лугаа адил эндээс бушуухан явахсан гэж яарна.
Сүүлчийн энэ өглөө Кей Адамс-Корлеонег үүрийн таван жингээр сэрэхэд гэрийн тавилга, эд хогшлыг нь зөөхөөр ирсэн хүнд ачааны чиргүүлтэй машины хөдөлгүүр хүржгэнэж байв. Орой гэхэд л тэд гэр бүлээрээ Корлеоне ээжийгээ аваад Лас-Вегас руу ниснэ дээ!
Кейг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд Майкл дэр тохойлдон хэвтээд янжуур баагиулж байснаа:
—           Ингэж сүм дуганаас салахаа болино гэж бас байдаг аа, нохой долоо! Ням гаригт бол ч бас яая гэхсэн, гэтэл бүр өдөр болгон шүү! Хадам ээжээсээ хоцрохыг хүсэхгүй байна уу? гэсэнд Кей оймсоо өмсөхөөр орон дээр суулаа.
—           Католик шашинд дагаар орсон хүн шиг хичээл зүтгэлтэй хүн үгүй гэдгийг чи мэднэ шүү дээ.
Майкл түүн рүү харснаа ёжтой инээмсэглэв.
—           Католик шашинд ийм сүсэгтэй байж, хүүхдүүдээ сүм хийдээс байсхийгээд л зугтаахад нь дуугүй байх юм, хачин аа?!
—           Амжина аа, гайгүй. Гэртээ харимагц гараас нь чирээд ч болсон аваачиж байна даа гээд Кейг гадаа гарваас зун цагийн дүгрэг улаавтар наран дорно зүгээс мандаж агаар хэдийн бүлээсжээ. Кей хаалга зүглэн машин руугаа очиход бэлэвсэн эхнэрийн журам сахин тас хар хувцас өмссөн Корлеоне ээж хүлээж байлаа. Ийнхүү өглөө болгон хамгийн түрүүчийн мөргөлд хамт явах нь тэдний хувьд заншил болсон аж.
Эл бяцхан сүм үүрийн туяанд сэтгэл эмтрэм ганцаардмал, эл хуль харагдах боловч халуун агаар цонхны хаалтанд саатах тул сүм дотор сэрүү татан сэтгэл тайвшрах бөлгөө. Кей цав цагаан чулуун шатаар өгсөхөд нь тусалж өөрөө араас нь ороход загалмайлан дүүжлүүлсэн Христос бурхны өмнөх лааны дөл сүүмэгнэн чичигнэнэ...
Зөвхөн энд бүүдгэр, сүмийн хүнхгэр тааз дор тэрээр эр нөхрийнхөө нууц амьдралын тухай тунгаан бясалгахыг өөртөө зөвшөөрдөг байлаа. Майкл тэдний харилцан итгэх, хайрлан хүндэтгэх нандин сэтгэлийг ашиглан түүнийг хуурч, төрсөн дүүгийнхээ хар хүнийг алаагүй гэж итгүүлсэн тэр бузар булай өдрийн маргааш нь Кей хэнд ч юу ч хэлэлгүй, цаашид яахаа ч бодож шийдсэн юмгүй, зүгээр л хүүхдүүдээ аваад Нью-Гемпшир рүү, эцэг эх хоёр луугаа явчхаж билээ.
Майкл дор нь бүгдийг ойлгоод эхний өдөр түүнд утастсанаа дараа нь тайван байлгаж, зөнд нь орхижээ. Зөвхөн долоо хоногийн дараа л Адамсынхны байшингийн өмнө Ныо Йоркийн дугаартай лимузин хурдаа аажим саан зогссон нь Том Хейген ирсэн аж.
Үдэш орой болоход Кей амьдралдаа хамгийн шаналгаатай цагаа Том Хейгений хамт өнгөрүүлж, тэр хоёр төрсөн хотхоных нь захын ойгоор хэсүүчлэх зуур Хейген түүнийг өрөвдөж хайрлалгүй, бүх үнэнийг ярилаа.
Кей хөнгөн хийсвэр, хайхрамжгүй зан гаргах санаатай тааруухан жүжиглэнэ.
—           Майкл намайг сүрдүүлэхээр чамайг явуулсан хэрэг үү? Би ч хувьдаа автомат мөрлөсөн «залуус» л машинаас үсрэн гарч ирэх ухааны юм бодлоо шүү гэхэд Хейген түүний л мэдэхээс анх удаа жинхэнээр уурлав.
—           Балчир хүүхэд шиг балай юм донгосоод, яасан ичдэггүй юм бэ, Кей?
—           За за, уучилж үз.
Анир чимээгүй дүнсийх ой дундуур үл мэдэг зурайсан хөдөөний зам дээр гарсан хойноо Хейген тайван дуугаар?
—           Чи яагаад зугтаасан юм бэ? гэж асуулаа.
—           Майкл надад худлаа хэлж, Коннигийн хүүд загалмай зүүлгэж өгөхдөө намайг хууран мэхэлсэн учраас л тэр. Би тийм хүнийг хайрлаж чадахгүй, ингэж амьдрахыг хүсэх ч үгүй. Хүүхдүүдэд минь тийм эцэг хэрэггүй.
—           Юу яриад байгааг чинь ер ойлгохгүй юм гээч
Хейгенийг хэнэггүй царайлан цааш харахад Кейгийн дэлбэртлээ цухалдах ээлж нь болжээ.
—           Тэр чинь төрсөн дүүгийнхээ нөхрийг алсан гээд байна шүү, чамд! Чи үүнийг ойлгож байна уу? Гэтэл надад худал хэлсэн!
Нэг хэсэгтээ чив чимээгүй гэлдэрч явснаа Хейген түрүүлж ам нээлээ.
—           Үнэхээр ийм юм болсон эсэхийг чи мэдэхгүй, мэдэх ч аргагүй. Гэхдээ нээрээ тэгсэн гэж түрхэн зуур бодоод үзье. Зөвхөн ингэж төсөөлье гэснийг бүү мартаарай би нотлоогүй байна шүү. Хэрэв би ийм үйлдлийг цагаатгах, өөрөөр хэлбэл зөвтгөж болох учир шалтгааныг чамд хэлээд өгвөл чи яах вэ?
Кей түүнийг жигшин зэвүүцсэн харцаар тас шилбүүрдэв.
—           Чамайг өмгөөлөгчийн дүрд тоглохыг анх удаа харж байна. Тийм ч сайхан харагдахгүй байна шүү, Том гэсэнд Хейген уруулаа үл мэдэг мушилзууллаа.
—           Тэр ч бага хэрэг, ямар ч гэсэн сонс. Карло тэр удаад Конниг чухам санаандгүй биш, чухам Сонниг нуувчаас нь хуурч гаргахын тулд урьдаас бодож боловсруулсан төлөвлөгөө ёсоор зодож нүдсэн, Сонни заавал Жоуз-Бичээр дайрч өнгөрнө гэдгийг алуурчид андахгүй мэдэж байсан бол яах вэ? Сонниг хорлоход туслалцуулахаар Карлог худалдаад авчихсан байвал чи юу гэх вэ?
Кей дуугарсангүй тул Хейген цааш үгүүлрүүн:
—           Талийгаач Их эцэг энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй хүн болохоороо төрсөн охиныхоо нөхрийг алж, хүүгийнхээ өшөөг авах чадал байгаагүй бол яах вэ? Тэгээд л туйлдаа хүртэл шаналж зовохдоо Майкл энэ хүнд дарамтаас өөрийг нь чөлөөлж хамаг гэм бурууг мөрөндөө үүрэхийг сайн мэдэхийн эрхээр өөрийн залгамжлагчаар түүнийг томилсон бол яах вэ?
Кей хоёр нүдээрээ дүүрэн нулимс мэлтэлзүүлж:
—           Тэр бүхэн аль хэдийн ард хоцорч, түүнээс хойш хичнээн ч удав даа! Карлог уучлан хамаг юмыг мартаад хуучныг сөхөлгүй цааш амьдарч яагаад болдоггүй юм бэ? гээд нугын зөргөөр өнгөрч бургасны мөчир доогуур шурган шоржигнох горхины эрэг дээр очиход Хейген өтгөн өвс дотор шигдэн суугаад санаа алдав.
—           Бидний энэ ертөнцөд яавч боломжгүй зүйл чинь тэр дээ, Кей минь.
—           Майкл миний анх суусан хүн биш болчихжээ.
Хейген гунигтай ч гэх үү, доогтой ч гэх үу, хачин жуумагнаж:
—           Тийм хэвээрээ байсан бол тэрээр одоо газарт булаастай хэвтэж, чи бэлэвсэн эхнэрийн хар гоёл өмсчихсөн, санаа зовох юмгүй сууж байх билээ л гэхэд Кей дүрсхийгээд явчихлаа.
—           Энэ чинь юу гэсэн үг болохыг олигтойхон тайлбарлаад өгөөч, чөтгөр алгадмар! Амьд яваа насандаа ганц удаа ч болов ойлгомжтой ярьж чадах хүн үү, үгүй юу, чи? Майкл чадахгүй гэдгийг мэдэж байна. Харин чи сицили эр биш, Том оо, эмэгтэй хүнтэй илэн далангүй ярьж, өөрийнхөө зиндаанд тавин харьцаж чадахгүй гэж үү?
Дахиад л чив чимээгүй болж удтал сууснаа Хейген толгой сэгсрэн:
—           Чи Майклыг буруу ойлгоод байх юм даа. За чи намайг хуурлаа гэж түүнд гомдоод л байна. Гэтэл тэрээр түүний ажил хэргийн талаар хэзээ ч бүү асууж шалгааж бай гэж чамд анхааруулаа биз дээ? Коннигийн хүүгийн эрийн цээнд хүрсний ёслол дээр загалмай зүүлгэсэн эцэг нь байлаа гэж чи түүнд уурлаад байх юм. Чухамдаа чи л түүнийг албадан шахалт шаардаагүй гэж үү? Гэтэл хэрэг явдлын учир шалтгаант холбоог үндэслэвэл чухам Майкл л хохирогчийнхоо хардлага, сэрдлэгийг замхруулж, сонор сэрэмжийг алдагдуулах зорилгоор ийм сонгодог арга мэхийг өөрөө хийх ёстой байсан бус уу? За сэтгэл ханав уу? Би ойлгогдохоор ярьж байна уу? гэхэд Кей толгойгоо улам тонгойн дув дуугүй суух тул цааш үгүүлрүүн: — За яахав, бүр тодорхой ярья. Их эцгийн өөд болсноос хойш сөрөг хүчнийхэн Майклыг цааш харуулахаар санаархсан. Хэн түүнийг худалдаалж урван тэрсэлсэн гэж чи бодож байна? Тессио. Тэгэхлээр Тессиог тонилгох хэрэгтэй болсон. Нэгэнт л урван биеэ худалдсан хүнийг яасан ч өршөөж болохгүй учир Карлог ч гэсэн цааш харуулах нь зүйн хэрэг байсан. Майкл тэднийг уучилж болох л байсан байх. Майкл, Тессиод үнэн голоосоо сайн байсан, охин дүүдээ ч хайртай нь үнэн. Харин Тессио, Карло хоёрыг амь хэлтрүүлсэн бол Майкл чиний, болон үр хүүхдүүдийнхээ өмнө, гэр бүлийнхээ өмнө, миний болон миний гэр бүлийн өмнө хүлээсэн журамт үүргээсээ няцсан хэрэг болохсон. Тэр хоёр новш хэзээ ямагт, өдөр болгон бидэнд аюул заналхийлж, гай тарьж болох байсан юм.
Кей нулимс дуслуулсан хэвээр:
—           Тэгээд энэ бүхнийг надад хэл гэж Майкл чамайг явуулсан юм уу? гэхэд Хейген үнэн голоосоо гайхсан нүдээр түүнийг харлаа.
—           Яалаа гэж дээ?! Чамайг хүүхдүүдээ олигтойхон харж халамжлах л юм бол хүссэн болгоноо авч, юу дуртайгаа хийж болно гэж хэлээрэй гэсэн.
Кей хоёр гараа Хейгений мөрөн дээр тавив.
—           Тэгэхлээр тэрээр ингэж хэл гэж тушаагаагүй болж таарах нь ээ?
Хейген бүх үнэнийг уудлан ярих хэрэг байна уу, үгүй юу гэж өөрөөсөө асуух мэт түр тээнэгэлзэв.
—           Чи чинь, ингэхэд юу ч ойлгосонгүй шив дээ? Хэрэв намайг энд ирээд юу ярьсныг Майкл мэдвэл би өнгөрлөө гэсэн үг. Тэрээр энэ хорвоо дээр зөвхөн гурван хүнд, тухайлан хэлэхэд чамд, гурван хүүхдэдээ л гай тарьж чадахгүй.
Эцэс төгсгөлгүй мэт санагдах таван минут арайхийн өнгөрч, Кей босоод зугуухан алхсаар буцах замдаа ороод бараг гэртээ тулж ирсэн хойноо зогтусан Хейген тийш эргэлээ.
—           Чи оройн хоолны дараа намайг хоёр хүүтэй минь хамт машинаараа Нью-Йорк хүргэж чадах уу?
—           Үүний тулд л би ирсэн юм шүү дээ.
Долоо хоногийн дараа Кей ламтай очиж уулзаад католик шашинтан болох хүсэлтэйгээ хэлжээ.
Ариун сүмийн бөмбөгөр орой дээрээс хонхны дуу тасалдан түгж гэмшил нарийвчлалд урин дуудлаа. Кей өөрийн тухай, үр хүүхдийнхээ тухай бүх бодол, бүхий л уур хилэн, дургүйцэл бухимдал, эргэлзэн тээнэгэлзсэн нийт асуудлаа таягдан хаяж цэвэршин ариусаад өчигдрийн шигээ, өдөр болгоных шигээ Майкл Корлеонегийн сүнсийг бурхандаа даатган аврал эрж сүсэглэн мөргөж билээ.
Орчуулсан Ц.Барадий


FIN

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.12.10 11:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Татаж авах бол эндээс татаарай

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Dec.04.13 12:27 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Aug.14.10 12:21 am
Posts: 43
mash goy zohiol :)). 2r devter gej baidgiin boluuu? bdg bol unshih umsan.

_________________
Everything has a END.


Top
   
PostPosted: Dec.04.13 4:54 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:59 pm
Posts: 838
Location: Элдэв-Очирын ойролцоо 5н давхарт
goy shu :wd:

_________________
Засагт ханы хөх хар


Top
   
PostPosted: Dec.10.14 12:50 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 503
энэний 2-р дэвтэрийг нь оруулаад өгөөч


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 35 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited