#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.27.17 11:55 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 15 posts ] 
Author Message
PostPosted: Jul.13.10 11:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16352
Манай Монголын нэрд гарсан орчуулагчдын нэг Д.Чойжил гуайн "Орчуулагчийн жаргал, зовлон" хэмээх номыг орчуулга сонирхдог залуустаа хэрэг болуужин хэмээн орууллаа.

Д.Чойжил
ОРЧУУЛАГЧИЙН ЖАРГАЛ, ЗОВЛОН

1. ҮГИЙН ЭРЭЛД ХАТАХУЙ
Тийнхүү гэнэт нэгэн хуучин монгол үгс гарч ирээд түүний утга санааг мэдэхгүйд хүрвээс одоо хороо хүрээний хөгшин зэмдэг өвгөд эмгэдийг эрж, энэ нэг хар үг хуучин монгол үгсийг асууж айл тойруулахад хүргэнэ.
Инжаннаши (Хөх судар)
Монгол Улсын Төрийн шагналт, эрдэмтэн зохиолч, орчуулагч Ш.Гаадамба нэгэнтээ муу орчуулгыг уншихад баруун аймгийн дөрвөн мөөртэй үхэр тэргээр явж байгаа юм шиг эв хавгүй байдаг гэж өгүүлжээ. Энэ зүйрлэлээс уламжлан сайн орчуулгыг уншихад суудлын машинаар шунгинуулж яваа юм шиг байдаг болов уу гэж бодмоор. Уншигч авгайд тийнхүү "суудлын машинаар шунгинуулж яваа юм шиг" сэтгэгдэл төрүүлэхийн тулд орчуулагч хичнээн их хүч хөдөлмөр зарцуулдагийг тэр бүр анзаарахгүй өнгөрдөгбайна.
Орчуулга хэмээгч амаргүй ажил гэдтийг хэн болгон тэр бүр сайн мэдэхгүй. Түүгээр үл барам орчуулга бол гадаад хэл мэдддэг хэн ч гэсэн барьж аваад rap хурууны үзүүрээр хийчихэж болох ажил гэж эндүүрэх нь буй.
Орчуулга юунаас эхлэх вэ? Миний бодоход үгээс буюу нарийн хэлбэл үг оноохоос эхэлнэ. Үг болгоныг зөв оноогоод байвал сайн орчуулга болчихдог хэрэг биш л дээ. Гэсэн ч үгийн оноолтоос орчуулгын чанар үлэмжхэн шалтгаална. Бид орос хэлнээс монгол хэлэнд орчуулахад үгийг хэрхэн оноох тугай зарим жишээгээр үзүүлэхийг хичээе.
Ж.Бямбадорж бид хоёр оросын тагнуулч Виктор Суворовын "Аквариум" гэдэг зохиолыг хамтран орчуулсан юм. Энэ бол Зөвлөлт Холбоот Улсад тагнуулчдыг хэрхэн бэлтгэдэг нууцыг дэлгэсэн сонин сайхан ном байж билээ. Энэ номыг Титм компани орчуулуулсан гэсэн. Албан хэрэгцээнд зориулсан юм уу, хаашаа юм бэ, хэвлэгдэн гарсныг нь санахгүй байна. Ямар ч гэсэн би барааг нь олж хараагүй яваа.
Энэ номд (орос эхийн 61 -р хуудас) нэн бага өндрөөс шүхрээр бууж буй диверсантуудын тухай өгүүлсэн нь:
Каждый из них пригает, прижимая контейнер к груди, и бросает его вниз после раскрытия парашюта гэж буй.
Эндээс бид контейнер гэдэг үгийг авч үзье. ЦДамдинсүрэн гуайн Орос монгол тольд (цаашид ОМТ гэе) чингэлэг гэж тайлжээ. Чингэлэг гэдэг үгийг Я.Цэвэл авгайн Монгол хэлний тайлбар тольд (цаашид ЯЦТ гэе) Гэрийн гадаа тавьж юм хум агуулахаар хийсэн томоохон авдар гэж тайлсан байв. Дээр иш татсан хэсгийг цааш үргэлжлүүлэн үзвэл:
...Контейнер летит вместе с парашютистом, но на пятънадцатъ метров ниже его. Контейнер ударяется о кемлю первым, после чего парашютист становится как бы легче, и впоследние доли секунды падения его скорость несколько падает гэжээ.
Дээрхийг шүхэрчин чингэлэг (эсвэл хүнд том авдар) тэврээд үсэрдэг гэж орчуулахад хаашаа вэ. Нэгэнт толийн оноолт тохирохгүй байгаагаас хойш тохирох үгийн эрэлд морддог хэрэг ээ. Годил гэдэг үг санаанд ороод ЯЦТ-д үзвэл дөрвөн өөр утгатай юм байна. Үунээс II 2. Жин дэнсний туухай гэсэн нь контейнер гэдэг үгийг энд хэрэглэсэн утгатай дүйж байна гэж үзээд туухай гэж орчуулсан болно. Яах вэ, нэг их хол явалгүй хэрэгтэй үгээн оллоо.
Тэгсэн чинь уг номын өөр нэг газар энэ үг маань дахиад гарч байна:
О, одна группа много может сделать против узла связи, пригревшегося в теплых контейнерах, против очкастых ожиревших связистов...
Үүнийг бол чингэлэг гэхэд болмоор санагдсан. Ер нь контейнер гэдэг үг зохиогчийн дуртай, хайртай үг юм уу даа, энэ номд хэд хэдзн утгаар олон удаа гарч байна. Жишээ нь мөн номын 117-р хуудсанд:
Маневровые тепловозы формируют составы. На Дальный Восток с пушками. Вот какие-то контейнеры... гэж байгаа.
Энэ бол ёстой ямар ч эргэлзээгүй чингэлэг мөн бизээ. За ингээд энэ нэг үгийн учир тодорхой болов уу? Үгүй шүү, энэ үг ямар ч гэсэн энэ номд орчуулагчийн үйлийг үзэж дуусах болоогүй бололтой. Номын 126-р хуудсанд:
Тут стоит огромный МАЗ с оранжевым контейнером. Наше место внутри. А там – как в хорошем самолете: ковры нa кресло удобные. Только окон нет... гэж байх юм.
Энэ нь тагнуулын сургуулийн сонсогчдыг нааш цааш зөөдөг ачааны машиныг хэлж буй. Хүнийг чингэлгээр зөөдөг гэхэд эвгүй мэт. Мухлаг гэмээр санагдана. Гэтэл цонхгүй юм. Үүнээс гадна зохиогч нь бин битүү сав гэдгийг онцлон харуулах гэсэн бололтой тул чингэлэг гэж орчуулсан.
Бас тагнуулын нууц мэдээ, гэрэл зургийн хальс тэргүүтнийг дотор нь хийж, урьдаас болзож тохирсон газар тавьдаг савыг мөн контейнер гэнэ. Үүнийг чингэлэг гэхэд даанч тохиромжгүй жижиг төмөр бортого, хуванцар хайрцаг мэт юм байдаг. В.Суворовын номд энэ үгийг нилээд хэдэн газар ийм утгаар нь хэрэглэсэн байгаа. Тухайн байдалд тохируулан хуурцаг гэх мэтээр орчуулсан.
Жеймс Х.Чейзийн "Үхсэн хүн үг хэлдэггүй" номыг орчуулж байхад зубило гэж үг дайралдав. ОМТ-д цавчуур гэжээ. Энэ нь хам эхэд арай таарахгүй, цүүцэрхүү юм байгаа бололтой. Цүүц гэдэг үгийг А.Лувсандэндэвийн Монгол-орос тольд (цаашид MOT гэе) долото, стамеска гэжээ. Стамеска-г ОМТ-д хасуур гэсэн байлаа. Энэ нь нэр томьёоны толийн (цаашид НТТ гэе) 1 -р ботид зубило-г тайлсантай тохирч байгаа учир үүгээр орчуулсан.
Жоан Коллинзийн "Дурлал, тачаал, жигшил" номыг орчуулж байхад осьминог гэдэг үг дайралдав. Надад байгаа А. П.Евгеньевийн ерөнхийлөн редакторласан Словарь русского языка-д (цаашид СРЯ гэе) толгой хөлт нялцгай биетний багийн амьтан гэж тайлбарлажээ. ОМТ-д нядмар, НТТ-ийн 2-р ботид нюмар гэсэн байв. Энэ хоёр үг ЯЦТ-д алга. Би нядмар гэдгээр нь авсан.
Р.С.Пратерын "Алга болсон бүсгүин хэрэг" номд:
-Вы немогли не слышать о моих филантропиях гэж байсан.
Филантропия-r ОМТ-д нигүүлсэл, ивээл, энэрэл, тэтгэл, өршөөл тусламж гэсэн байна. Энэ үгсийн аль нь ч тухайн хам эхэд дүйх нь тааруухан байсан учир би:
-Та нар миний өглөг буяны уйлсийн тухай эрхбиш сонссон баймаар
гэж орчуулсан.
Энэ өглөг буян гэсэн үг хам эхдээ тун аятайхан зохиж буй. Түүнээс гадна не могли не слышать гэсэн давхар үгүйсгэлийг эрхбиш сонссон баймаар гэж баталснаар буюу эсрэгээр орчуулсан юм. Би энэ аргыг нилээд хэрэглэдэг.
Орчуулах ажлын явцад энэ мэтээр үгийн эрэлд хатахын алийг тэр гэх билээ. Би заримдаа тохирох үг олох гэж цөхрөөд хааяа нэг буудах арга хэрэглэдэг. Энд ганц хоёр жишээ хэлье.
Мөнөөхөн Р.С.Пратерын "Дээрэмчдийн холион" номд:
Три ударных, один язычковый, один медныи духовой
гэсэн өгүүлбэр тааралдав.
Энд хөгжмийн зэмсгийн тухай өгүүлж буй. Намайг Москвагийн радиод ажиллаж байхад хөгжмийн нэвтруүлгийн эх бичгийг дандаа надад өгч орчуулуулдаг байж билээ. Хажууд орос, монгол тав, зургаан орчуулагч байсаар атал таг дүлий надад хөгжмийн нэвтрүүлгийн эхийг өгдөг байсан нь хачирхмаар. Би нэгэн удаа ийнхүү гайхаж байгаагаа хөгжмийн нэвтрүүлгийн эрхлэгчид хэлсэнд таны орчуулга хамгийн аятайхан болдог энэ тэр гэх шиг тоглоомын үгээр дүйвүүлээд өнгөрсөн. Тийнхүү би дээр нэрлэсэн хэдэн хөгжмөөс гадна струнный. смычковый, щипковый гэх мэтийн хөгжмийн зэмсэг байдгийг мэдэх болсон юм. Харин язычковый инструмент гэж дайралдаж байсныг санахгүй юм. Өөрт байгаа хэдэн толийг шүүрдэж үзэхэд энэ үг алга. Хөгжмийн мэргэжлийн зарим хүнээс асуугаад мэдэхгүй байв. Язычковый гэдэг нь язык буюу хэл гэсэн үгнээс үүссэнийг бодоод гармоонь, баян хуур. аккордеон зэрэг хөгжмийн дотор өргөс гэх үү, нэг тийм нимгэхэн хавтгай төмөр байдаг, тэр нь хөөрөгдөн үлээхэд хэлбэлзэж дуугардаг, түүний нь хөг алдагдах юм уу дуугарахгүй болбол хөгжим хэлгүй болох гэж ярьдаг шиг санаж байна. Тэгээд энэ төрлийн хөгжмийг язычковый гэдэг юм болов уу гэж таамаглаад Словарь современного русского литературного языка-гийн 17-р ботиос язычковый гэдэг үгийг үзвэл утгыг тайлбарлаад язычковые музыкальные инструменты гэсэн жишээ авчээ. Даанч энэ нь ямар хөгжим байдгийг хэлсэнгүй. Арга ядаад "Малая советская энциклопедия" (МСЭ)-гаас гармонь гэдэг үгийг үзвэл тайлбарт нь язычок гэдэг үг байж байна. Овоо шүү. Гэхдээ яг таарах үг олж чадаагүй учир баян хуур гээд явуулсан даа.
Росс Манкдональдын "Уичерлийн хэрэг" романд мамонтове дерево гэдэг үг дайралдав. Энэ модны нэр надад байгаа хэдэн тольд бас байдаггүй. Ном зохиол уншиж байхад заан мод гэдэг үг дайралдаж байсныг санаад ЯЦТ-иос заан гэдэг үгийг сөхөж үзвэл тайлбарт нь заан мод гэдэг үг байж байна. Үүгээр явуул сан. Харин энэ бол шулуухан "буудаж" байгаа хэрэг. Байг нь оноогүй ч банзанд нь туссан болов уу гэж найдаж суухаас өөр юмгүй. Гагцхүү ингэж буудах их осолтой. Тиймээс бүр арга тасарсан цагт хааяахан ингэж болох юм биз дээ.
Жованни Боккаччогийн "Декамерон"-ыг орчуулж байхад некромания гэдэг үгдайраддав. ОМТ, НТТ, СРЯ-д энэ үг байхгүй. МСЭ-д буй товч тайлбарыг үзэхэд утга нь миний багцаалж байсантай таарч байна. Уг нь монголоор яг утга дүйсэн үг байх ёстойдоо. Бас л нилээд хүнээс асуугаад мэдэх хүн олдсонгүй. Хар дом гэдэг үг санаанд орж байна. Арай таарахгүй юм шиг. Бодож бодож нууц тарнийн ухаан гэсэн. Нилээд ойртож очсон болов уу гэж найдна.
Мөн Декамерон-ны аравдахь өдрийн есдэх туурьд:
Потом он (Саладин) надел мессеру Торрелу на палец перстень, в который был вделан карбункул...
гэсэн байлаа.
Карбункул гэж хатиг гэсэн үг гэдгийг мэдэх юм. Бөгжинд арай хатиг шигтгэсэн баймааргүйяа? Юмыг яаж мэдэх вэ гэж эргэлзээ төрөөд ОМТ, нэр томьёоны хэдэн тольд үзэхэд хатиг, мундас гэж тайлжээ. Өөр утга алга. Мундас гэдэг нь ЯЦТ-д тайлснаар бөгс орчинд хэд хэдэн хатиг нэгэн хэсэг газар бөөгнөрөн гарах өвчин аж. Одоо болохоо байлаа. Ингээд эрэл мухардах нь энэ. Эх авсан газраа эргэж очихоос.
СРЯ-д үзвэл карбункул гэж адил бичлэгтэй, адил дуудлагатай, өөр өөр утгатай хоёр үг байдгийн нэг нь красный гранат гэдэг эрдэнийн чулууны нэр юм байна. НТТ-ийн 2-р ботид нилээд олон янзын гранат байгаагийн нэг нь сайхь красный гранат буюу улаан анар аж. Ашгүй дээ. Ингээд дээрх өгүүлбэрийг:
Дараа нь мессер Торрелын хуруунд улаан анар шигшгээтэй бөгж зууж өгсөн...
гэж орчуулсан юм.
Ер нь орчуулагч нар үг эрж үйлээ үздэгийн хувьд зарим талаар зохиолчтой төсөөтэй юм уу гэмээр. Миний энэ бичсэнийг эрхэм зохиолч нар маань үзээд: "Энэ муу орчуулагч дээд тэнгэрээс заяат бидэнтэй зиндаархах гэдэг нь юу ч вэ" хэмээн зэвүүцэхгүй болов уу гэж найдна.
Өнгөрсөн зууны наяад оны сүүл хирд юмсан. Зөвлөлтийн "Прогресс" хэвлэлийн газрын захиалгаар академич Д.Лихачевын "Залуучуудад бичсэн захвдал"-ыг орчуулж байтал Умард нутгийн оросууд өөрсдийн суух байшинг барихдаа ургаа модыг үндсээр нь булгалж дам нуруу хийдэг байсан тухай өгүүлсэн хэсэг байв. Модны үндсийг морины цээжин бие болгож сийлдэг гэнэ. Тиймэрхүү үндэсний булцуу нь образует могучую грудь коня гэсэн байсан шиг санана. Үүнийг: Үндэсний булцуу нь морины хүчирхэг цээж болдог гээд орчуулахад болохгүй нь юу байх вэ. Гагцхүү энэ маань арай бүдүүн бараг юм шиг, орос эхийн дүрслэлийг гүйцэд буулгаж чадахгүй байх шиг санагдаад сэтгэл нэг л дундуур. Морины цээжний урд хэсгийг хэлдэг нэг үг байдгийг саналаа. Чухам юу гэдэгсэн билээ гэхээр санаанд орж өгдөггүй. Хүнээр бол хэнхдэг юм даа. Морины хэнхдэгийг юу гэдэгсэн билээ? Энүүхэн ойр, аман дээр эргэлдээд байх шиг мөртлөө санаанд орж ирдэггүй. Бүтэн өдөржин бодсон гэвэл худал болно. Ер нь хирэндээ нилээд удаан бодож, "энэ муу мангуу толгой" хэмээн тархиа шаагаад нэмэр болсонгүй. Маргааш нь хамт ажилладаг эрдэмтэн Лонжид дээр орж, Монгол хэл ний зүйл хуваасан толийн адуу малын биеийн зүйл хэсгээс омруу гэдэг үгийг олж, өөрийн эрхгүй инээд алдаж билээ. Тийнхүү:
Үндэсний булцуу нь морины хучирхэг омруу болдог
гэхэд дүрслэл нь орос эхтэйгээ их сайхан тохирч байх шиг санагдсан.
Энэ бас гайгүй. Заримдаа бүр шальгүй жаахан юман дээр будилж хөглөнө гээч. Өтлөж буйн, бүр зөнөж буйн шинж юм уудаа. Пол Бреггийн "Хоолоо татахын гайхамшиг" номыг орчуулж байтал грецкий орех гэдэг үг гараад ирлээ. Хушга гэж санаж байна. Тэгсэн хир нь бас жаахан эргэлзээд өөрт буй хэдэн толиос грецкий, орех хоёроор толгой хийж эрээд олсонгүй. Эцэст нь А.Лувсандэндэвийн Монгол-орос тольд (цаашид МОТ гэе) хушга гэдэг үгийг грецкий орех гэж тайлсныг үзэж сая нэг санаа амрав.
Үүнийг ийнхүү нуршин өгүүлсэн минь өөрийн будилж мунгинадгийг нэг их ид хав болгож гайхуулах гэсэн хэрэг биш, гагцхүү орчуулагч хүн эх зохиолд буй үгийн хам утгад дүйх үг олж оноохыг хичээж, уйгагүй оролдох хэрэгтэй юм шүү гэсэн санаа билээ.
Эцэст нь үгийн эрэлтэй уялдуулан Энэтхэгийн эртний их яруу найрагч Галидасын "Үүлэн зардас" найраглалын хэдэн монгол орчуулгаас би өөрийн сонирхож буй хэдэн мөрийг авч үзье. Б.Ринчен гуайн бичсэнээр:
Чухам монгол бичигт "Үулэн зардасыг "орчуулсан нь гэвэл бидний мэдэхэд XVIII зууны эхний хагасын суүл хавьд төвдөөс орчуулсан нэгэн орчуулгыг Жанжаа Хутагт Ролбийдорж, Бээжинд хэвлэсэн монгол улаан шунхан Данжуурын хоёр зуун хорин тавдугаар ботид оруулжээ. Тэр Данжуурт оруулсан орчуулгаас бас өөр эртний орчуулга ч байсан байж болзошгүи...
гэжээ.
Данжуурт орсон орчуулгыг үзвэл:
Манай эзэн зааны нойтон арьсыг дурласнаар хө, өмсч бужгийн туурвиныг больсон мэт. Чамайг ирэхийн урьд... ургамал нарны улаан гэрлээр улаан уснаас ургасныг барин үйлдээд...
гэсэн байх юм.
Эрдэнэпэл гавжтаны түвдээс хийсэн орчуулгыг үзвэл:
Малын эзэн зааны нойтон арьсыг дурласнаар өмсч бүжгийн зохиосныг булаасанчилан, чамаиг ирэхээс урьдын хэсэг үед ургамал нарны улаан гэрлээр уснаас ургасныг бариад...
гэжээ.
(Энд манай эзэн гэснийг малын эзэн гэж ташаарсан байж болзошгүй.) Сагараажавын хятадаас орчуулсныг үзвэл:
Бүжиглэн эхлэхэд Шива гараа өргөхөд ой шугуй мэт болно. Чингэхэд чи наран жаргах үеийн улбар шар туяагаа цагариг мэт болгоход их бурхан шинэхэн хуулсан зааны арьсыг авах гэж хэзэд хүсэхгүй... гэжээ.
Ринчен гуайн орчуулгыг үзвэл:
Шингэх нарны гэрэлд жава цэцэг мэт час улаан болоод
Шива тэнгэрийн ойн том мод мэт мутрыг ороогоод
Зааны нойтон шир барин бүжих хүслий нь хангахад
Завсраас хатан нь хөдлөхгүй нүдээр бишрэн харам за ............... гэжээ.
Би энэ дөрвөн орчуулгаас өөрийн явцуу сонирхолд хөтлөгдөн зөвхөн зааны арьс гэдэг үгийг авч үзэх гэсэн юм. Үүнд эхний хоёр орчуулгад зааны нойтон арьс, гуравдахь орчуулгад шинэхэн хуулсан зааны арьс гэсэн бол Ринчен гуай зааны нойтон шир гэжээ. Заан хэмээгч аварга биет амьтны арьс лав их зузаан байж таарах учир зааны арьсыг зааны шир гэсэн нь илүү зөв байна. Үүнээс уламжлан орчуулагч нар зааны шир гэдэг үгийг гурван зуу гаруй жил эрж байж олжээ гэж хэлж болмоор мэт санагдана. Иш татсан хэсгийн гар - мутар гэдэг үгийн тухайд мөн ингэж хэлж болох байх. Үүний дэргэд омруу-r нэг өдөр эрсэн минь юу ч биш байж. Миний энэ үг зарим хүнд шалихгүй жижиг зүйлийг хэтэрхий дэвэргэсэн мэт санагдаж болох боловч орчуулга хэмээгч чухамдаа дан ийм шалихгүй зүйлээс бүрддэг юм шиг санагдаад байдаг.
Ринчен гуай "Үүлэн зардас"-ыг орчуулахын тулд уг зохиолыг маш нарийн судалж, нэгэн биеийн зуун алжаалаар хийсэн нь мэдэгдэж байгаа бөгөөд уг орчуулга нь бусад орчуулгаас илүү дөхөм ойлгомжтой, уран яруу болсон байна. Энэ орчуулга судлах эзнээ хүлээж байгааг цухас ч атугай дурьдалтай.
Орчуулгад үг оноох нь маш чухлыг хэн ч үгүйсгэхгүй бизээ. Гэхдээ үг бүрийг зөв оноогоод байхаар сайхан орчуулга болчихдогсон бол орчуулга хэмээгч тийм чиг ядаж цөхөөд байхаар ажил биш байх байсан сан. Даанч тийм биш. Харин ч хэтэрхий үг үсэг хөөцөлдөөд байвал үгчилсэн буюу махчилсан орчуулга болж, Марк Твений минь махыг идэж дээ гэж Ринчен гуайн хэлсэнчилэн тухайн зохиолчийн махыг идэхэд хүрч болзошгүй. Түүгээр ул барам уран зохиолын, ялангуяа "яруу найргийг үгчлэн орчуулбал ядуу найраг болно" (Г.Амар. Орчуулах эрдэм. 1988 он, 192 дахьталд.) Тэр байтугай яруу найргийн орчуулгын үг хэллэг уг эхээсээ хичнээн холдох тусам төдий чинээн үнэн зөв, төдий чинээн яруу сайхан болдог нэг ийм жигтэй хачин мөртлөө бараг зүй тогтол гэмээр үзэгдлийг К.И .Чуковский "Эрхэм дээд эрдэм" (Высокое искусство) номдоо ажиглан тэмдэглэсэн байна. Саяын хэлснийг нотлох жишээ Б.Ринчен гуайн орчуулгад элбэг арвин бий.

Үргэлжлэл бий

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Jul.20.10 11:17 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.14.10 12:14 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16352
2. ШИНЭ ҮГ ЗОХИОХЫН ГАЙХАМШИГ
Эхлээд үг байсан. Үг Ертөнцийн Эзэнд байсан бөгөөд Үг өөрөө Ертөнцийн Эзэн байв... Түүнгүйгээр бүтсэн юм нэгээхэн бээр үгүй. Библи
Орчуулгын практикт шинэ үг зохиох хэрэгцээ цөөнгүй гарна. Ялангуяа хэвлэл мэдээллийн газар ажиллаж буй орчуулагч нарт ийм шаардлага их тохиолддог юм билээ. Нэр томьёо зохиох бол тэр аяараа шинэ үг зохиох ажил байдаг гэж болох билээ. Энэ бол эрдэм шинжилгээний их нарийн ажил байдаг учир үүнийг орхиод бид зөвхөн ойр зуурын "тулга тойрсон" үгийг авч ярья. Шинэ үг зохиоход үгсийн санд бэлэн байгаа үгийн урд, хойно угтвар, дагавар залгах, хоёр үгийг нийлүүлэх зэрэг хэд хэдэн янзын арга байдаг боловч цоо шинэ үг зохиох нь нэн ховор байдаг бололтой. Ер нь орос, англи, герман мэтийн хэлтэй жишихэд монгол хэл маань шинэ үг зохиох боломжийн хувьд нилээд хөшүүн юм шиг санагддаг нь миний мэтийн хүний уран сэтгэмж дутсаных болов уу даа.
Өнгөрсөн зууны наяад оны сүүл хирд өөрчлөлт шинэчлэлтийг дагалдан монгол хэлэнд олон шинэ гадаад үг орж ирсний сацуу шинэ үг цөөнгүй үүссэнийг тэмдэглэлтэй. Жишээ нь анекдот (францаар anecdote) гэдгийг онигоо гэсэн нь цоо шинэ үг гэж болмоор. Энэ үг оньсого гэдэгтэй ойролцоо дуудлагатай болсных юм уу, хэлний эргэлтэд амархан орж, одоо нэгэнт хэвшжээ. Тест (test) гэдгийг сонин хэвлэлд сонжоо гэж оноон орчуулах болжээ. Гагцхүү үүний оносон эсэх нь эргэлзээтэй байна. Энэ үгийн эх авсан сонжих гэдэг үгийг ЯЦТ-д голох, тэнсэж шүүмжлэх гэж тайлсан байна. Сонжих гэдэг үгийг хүний янзыг үзэх, өөлөх шоолох гэсэн утгаар хэрэглэсэн ч байдаг. Тэгэхлээр сонжоо гэдэг доогуур өнгө аястай үг болж таарлаа. Тест-ийг би тэнсэх-ээс үүсгэн тэнсээ гэж оноовол зүгээр юм уу гэж боддог. Тэнсэх гэдгийг ЯЦТ-д үзвэл: 1. Юмны үнэн ташаа, сайн муу зэргийг сорьж сунган үзэх 2. Үйл хэргийг хянан турших гэж тайлсан байна.
Ийм болохоор тэнсээ гэвэл тест-ийн уг утгад илүү дүйх мэт. Иймэрхүүхянаж үзүүштэй юм сонин хэвлэлд ихбайдгийн алийг тэр гэх билээ.
Би өөрөө шинэ үг зохиох гэж өчүүхэн чадлын хирээр оролдож байдгийн заримыг энд өгүүлье. Барагцаалбал мөн тэр үед сонин хэвлэлд стриптиз (striptease) гэдэг үг олон гарах болсон юм даг. Жеймс Х.Чейзийн "Эм хүн яахаас ч буцахгүй" романыг орчуулж байхдаа би энэ үгтэй анх тулгарсан шиг санана. Энэ үг ер нь Чейзийн зохиолд олон гардаг. Нэгэнт манай хэвлэлд хэвээр нь хуулбарлан хэрэглэж байсан учир би мөн дагалдаж болох байсан. Гэвч орчуулмаар санагдаад хувцас тайчих үзүүлбэр гэж оноосон нь баахан нуршуу боловч утгыг зөв гаргасан шиг. Түүнээс хойш сонин хэвлэлд тайчих үзүүлбэр гэж бичих болсныг зүйтэй гэж бодно. Тайчих гэхлээр юу тайчих нь аяндаа тодорхой учир хувцас гэдэг нь илүүц байж. Тайчих үзүүлбэр гэдэг шинэ үг биш боловч олны өмнө хамаг хувцсаа тайчин чармай нүцэглэж тоглодог, Монголд урьд өмнө байгаагүй үзэгдлийг оноож нэрлэсний нь хувьд шинэ үг гэж болох мэт. Харин сүүлийн үед тайчих урлаг гэх болсон нь хаашаа байдаг юм бэ? Энэ янзаараа бол тайчих урлагийн гавьяат зүтгэлтэн төрөх цаг асар холгүй болсон шиг.
Жеймс Х.Чейзийн зохиолд бас кастет гэдэг үг олон гардаг. Францаар casse-tete гэдэг нь үгчилбэл тархийг хага цохих гэсэн үг аж. Энэ нь танхай балмад этгээдийн хэрэглэдэг зодооны хэрэгсэл бөгөөд гартаа бээлий мэт угладаг, гадуураа төмөр өргөс, булцруу бүхий нэгэн зүйл хүйтэн зэвсэг юм. Үүнийг хэвээр нь хуулж аваад тайлбар зүүж болох байсан боловч бас л оноож орчуулах дур хүрээд нудруул гэсэн нь нудрах, нудрага гэдэгтэй үндэс нэг болохоор юу хэлж байгаа нь ойлгомжтой болсон гэж бодож байна.
Дэвид Зелыдерийн "Муу ёр" романыг орчуулж байхад уг романы нэг гол баатар, гэрэл зурагчин Жениферийн үйл ажилтай уялдан вспышка гэдэг үг олон гарсан юм. Энэ нь зургийн аппаратын замагтай зэрэг цагжин гялсхийдэг чийдэнг хэлж буй. НТТ-д байхгүй. Би зориуд хэрэг болгон Сүхбаатарын талбайд байдаг гэрэл зурагчид дээр очиж асуухад олонхи нь гэрэл гэдэг гэж хариулсан. Тэд өөр хоорондоо ингэж хэлээд юу хэлж байгааг ойлголцдог бололтой юм билээ. Энэ нь арай ерөнхий үг шиг, утгыг нарийвчилмаар санагдаад хусуур, утгуур гэх мэтийн үгийн үлгэрээр гялсгуур гэдэг үг өөрөө зохиож хэрэглэсэн. Энэ нь чухамдаа буруу үүсгэсэн үг л дээ. Дээрх үгсийн үлгэрээр зөв үүсгэх юм бол гялсхийгүүр 6aiix ёстой. Гэвч гялсгуур гэдэг нь нэгд хэлэхэд амар, богино, хоёрт гялсхийдэг юм гэж хүн ойлгохоор болсон гэж мунхаглана.
Дей Кийний "Хачин гэрч" романд чревовещание, чревовешатель гэдэг үт уг зохиолын эхнээс эцсийг хүртэл тууш гарсан байгаа. Энэ хоёр үгийг ОМТ-д уруулаа хөдөлгөлгүй дуугарах, уруулаа хөдөлгөлгүй яригч гэж тайлсан нь чухамдаа яг оноосон нэр биш, тайлбар орчуулга юм. Чревовешание гэдэг нь чрево, вещание гэдэг хоёр үгээс бүтсэн нийлмэл үт бөгөөд ОМТ-д тайлснаар үүний чрево нь хэвэл, вещание нь нэвтрүүлэг, дамжуулга гэсэн үг юм. Ер нь уруул амаа хөдөлгөлгүй ярьж чаддаг, тийм болохоор дуу авиа нь хэвлийн хөндийгөөс гарч байгаа юм шиг санагддаг онцгой авьяастай хүнийг чревовещатель, тийм авьяас чадварыг нь чревовещание гэдэг байна. Ийм онцгой авьяастай хүн байдаг нь эрт дээр үеэс мэдэгдсэн хэрэг. Дурьдсан зохиолын баатар нь ийм авьяастайн дээр жүжигчний их авьяастай хүн юм. Энэ үгтэй яг утга дүйх монгол үг байдаггүй бололтой. Би ОМТ-д байгаа орчуулгыг их төлөв хэвээр нь авч хэрэглэсэн. Гэтэл зарим газар яг оноож орчуулах шаардлага гарч байв. Жишээ нь:
-Я же за тобой наблюдал. Ты даже не шевельнул губами. -А разве чревовещатель обязан шевелънутъ губами?
гэж байгаа.
Энэ хоёрдахь өгүүлбэрийг ОМТ-ийн дагуу орчуулах гэвэл:
-Уруулаа хөдөлгөлгүй яригч уруулаа хөдөлгөх ёстой юм уу? гэсэн хачин юм болох байв. Тэгээд би далдын хэлтэй хүн гэдэг шинэ үг зохиож:
- Далдын хэлтэй хүн уруул амаа хөдөлгөх албатай юм уу?
гэж орчуулаад цаашид энэ үгээ болох зохихын хирээр хэрэглэсэн. Өөрийн санаа өөртөө зөв гэж болж л байх шиг санагдсан даа.
Эрдэмтэн орчуулагч Ч.Догсүрэнд чоно, нохой хоёрын дундаас гарсан амьтны нэр олох хэрэг гарсан аж. Ийм амьтны монгол нэр байдаггүй бололтой. Тэгээд Догсүрэн өөрөө чонохой гэдэг нэр зохиосон байна. Эрдэмтэн Догсүрэнгийн өөрөө надад тайлбарласнаар үүнийг галлология буюу авиа давхцуулах арга гэдэг юм байна. Өөрөөр хэлбэл чоно гэдэг үгийн төгсгөлийн но, нохой гэдэг үгайн эхний но-г давхцуулан чонохой гэдэг шинэ үг зохиосон нь чоно, нохой хоёрын эрлийз амьтны нэр болсноор үл барам чоно, нохой гэдэг хоёр үгийн эрлийз болсноороо маш сонин байна. Үүнийг шинэ үг зохиохын гайхамшиг гэхээс өөр юу гэх билээ. Ёстой гайхамшиг!
Ч.Догсүрэнгийн орчуулсан Казан, чонохойн тухай туужийн орчуулгын (редакгор Г.Аким) хэл найруулга нь тансаг гэхээр эвлэг аятайхан болсон учир уншихад суудлын машинаар шунгинуулж яваа юм шиг таатай сайхан байдгийг энэ ялдар дурьдан тэмдэглэлтэй.
(Энэ өгүүллийг нэгэнт бичиж дууссан хойно эрдэмтэн орчуулагч Х.Лхамдоржийн "Хүнгүй голын чимээ" номыг үзэж байхад чоно, нохойн эрлийзийг улингар гэдэг тухай өгүүлсэн байв. Энэ нь монгол орны бусад нутагт дэлгэрээгүй, тухайн нутгийнхны явцуу хүрээнд хэрэглэдэг үг байж болох юм. Улингар гэдэг үгийг ЯЦТ-д зөөлөн хөрстэй, өвс ногоо сахлаг ургах газар гэж огт өөр утгаар тайлбарласан байна. Нэгэнт ийм болохоор Ч.Догсүрэнгийн зохиосон чонохой гэдэг үгийн тухай миний дүгнэлт хүчинтэй хэвээр гэж бодно.)

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.14.10 12:40 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16352
3. СМЕРТЬ ГЭЖ АМЬ ГЭСЭН ҮГ

Сартай шөнө
Эрхэм зохиолч нойргүи,
Эмнэг үтсийг санаагаараа номхотгоно.
Ч. Чимэд

Хамт ажиллаж байсан нэгэн эрдэмт мэргэн дүү маань сайн орчуулгыг эхтэй нь тулгаж үзвэл мэргэжлээ дээшлүүлэхэд их тустай гэж зөвлөснийг дагаж, би дээхэн үед Б.Ринчен гуайн орчуулсан А.К.Толстойн "Мөнгөн ноён" романыг орос эхтэй нь тулган үзэж, зарим зүйлийг тэмдэглэж авсан юм. Түүнээсээ эрхэм уншигч танд сонирхуулъя. Тэнд:
Немало было тут рубцов, морщин, всколокоченных голов и бород нечесанных
гэж буй.
Орос хүн үүнийг уншихад нүдэнд нь зөвхөн сорви, үрчлээ, сэгсгэр үс, сахал үзэгдэх бус, цаад хүний нь дүр сэтгэлд нь буух болов уу. Үүнийг Ринчен гуайн орчуулсан нь:
Үрчгэр хүн ч олон, сорвитой хүн ч олон, сагсайсан үстэй, огт самнаагуй сахалтай хүн ч олон үзэгдэж... гэжээ.
Бас өөр нэг газар:
Каждый взгляд, каждое движеиие казалось ему подозрителъным...
гэснийг
Хүн бүхний харцаас нь эхлэн хөдлөх аашлах бүхэн нъ учиртай сэжигтэй мэт санагдаж суув
Гэж орчуулсан байв.
Ийнхүү орос эхэд байхгүй хүн гэдэг үгийг орчуулгад нэмсэнээр дээрх хоёр өгүүлбэрээс орос хүний сэтгэлд буух дүрийг монгол хүний сэтгэлд тэр хэвээрээ буух болгосон шиг байх юм. Өөрөөр хэлбэл орос сэтгэлгээг монгол сэтгэлгээ болгожээ гэж болох мэт. Орчуулагчийн сэтгэлгээний тухай бид хойно алдааны тухай өгүүлэхдээ эргэж нэг ярья.
Ер ажиглаваас орчуулагч хүн толийн оноолтоор хязгаарлан үгэнд хавчигдаад байвал орчуулга нь бядуухан болдог байна. Өөрөөр хэлбэл уран зочиолыг орчуулахад урлах гэж нэг айхавтар юм байдаг аж. Урлаж чаддаг нь Ринчен гуай билээ. Жишээ нь:
Голоса то сходилисъ, то расходились, то текли ровным тоном, как река широкая, то бурными волнами вздымались и опускались, и наконец, взлетев бысоко, высоко, парили в небесах, как орлы с распростертыми крылъями...
гэснийг
Ринчен гуай:
Хоёр дуучийн хоолой нь нэг нийлж, нэг салж, өргөн мөрөн тэнуун сайхнаар урсаж байгаа юм шиг жигдрэнхэн нийлж, заримдаа их усны долгион дэгдсэн юм шиг өндөр нам болж, өндөрлүүлэн татахад ая нь далавчаа дэлгэн халих бүргэд мэт огторгуйд халин хөгжих ажээ
гэж орчуулсан байв.
Та эх, орчуулга хоёрыг дуудан уншаад үзээрэй. Тэгвэл утга санаа нь яг тохирохын сацуу аялгуу нь нийлж байгааг анхааран ажиглах болно. Дуун хөрвүүлэх гэж үүнийг хэлдэг болов уу.
Орчуулгын үг хэллэг нь эх зохиолоосоо хичнээн холдох тусам төдийчинээ үнэн зөв, яруу сайхан болдог ийм нэг жигтэй хачин мөртлөө бараг зүй тогтол гэмээр үзэгдлийг К.Чуковский ажиглан тэмдэглэсэн байдаг гэж Үгийн эрэлд хатахуй хэсгийн эцэст дурьдсаныг эрхэм уншигч авгай санаж байгаа буйзаа. Үүнийг нотлох жишээ Ринчен гуайн орчуулгад элбэг байдаг. Энд хоёр нэгэн жишээ иш татъя:
И в праздник пей, да не допивай, пой, да поглядывйся!
Гэснийг би юм бол сайндаа: Баяр ёслолын үед ч гэсэн санасны зоргоор идэж ууж чадахгүй, дуулж хуурдсан ч эргэж харах хэрэгтэй болдог байв гэж орчууулах байсан даа. Тэгвэл Ринчен гуай:
Баяр цэнгэлийн өдөр ч гэсэн... чимхэж идэж, шивэгнэж хэлэлцэх цаг болчихож шуу!
гэж орчуулсан байв.
Энд үгийн оноолт нь эхээс огт өөр атал утга санааг хичнээн зөв гаргаж, хичнээн уран яруу орчуулаа вэ! Өөр нэгэн жишээ авч үзье.
Белая лебедушка! гэснийг би бол Цагаахан хун минь гэхээс хэтрэхгуй байсан биз. Надаас муухан орчуулагч бол Цагаан хунхан минь гэх магадгүй. Ринчен гуай үүнийг:
Цэнгэл болсон цэн шувуу минъ!
гэсэн байгаа юм.
Энд цагаан хун алга болсон ч гэсэн уг эхийн санааг уран яруу гаргасан нь гоц байна. Та үүнийг жижиг гэж битгий чамлаарай. Орчуулгын ажлыг үргэлжилсэн нээлтийн шинжтэй байдаг (перевод имеет эвристический характер) гэж Оросын орчуулгын онолч К.Латышевын хэлснийг үндэс болгон сайхь жишээг нэгэн бяцхан нээлт гэж үзэж болох бөгөөд ерөөсөө орчуулга хэмээгч дандаа ийм жижигхэн нээлтээс бүтдэг болж таарна. Бас:
У них уж таков обычай, не посмотря на святцы, да бух в колокол!
гэснийг
Учир нажир мэдэхгуй уухайн тac хийчихдэг нэг тийм гэмтэй улс юм даа!
гэсний үг үсэг нь уг эхээсээ хол зөрж байгаа боловч хам эх дотроо утга нь маш сайхан дүйж буй.
Ер нь Ринчен гуай орчуулгын арвин их өв үлдээсэн билээ. Гагцхүү М.Шолоховын "Хүний хувь заяа" өгүүллэгийн тухай С.Галсангийн, М.Горькийн "Салхич шувууны дуун" найраглалын тухай Д.Дашдаваагийн бичсэн өгүүлэл зэрэг жижиг сажиг зүйлээс өөр тэр их өвийг судалсан буурьтай бүтээл байдгийг санахгуй юм. Уг нь дан Ринчен гуайн орчуулгад тулгуурлан орчуулгын онолын бүхэл бүтэн ном бичиж бүрнээ болно. Энэ ажил эзнээ хүлээж байна.
Энд монголчилж болох хэмжээ хязгаарын тухай ганц нэгэн зүй хэлмээр санагдав.
Н.В.Гоголийн "Тарас Бульба" туужид:
...как молодой барашек, почуявший под сердцем смертелъное железо...
гэж буй.
Зохиолч үүний молодой барашек гэдэг үтийг уран зүйрлэл, яруу хэрэглүүрийн үүрэгтэй ашигласан гэж Г.Аким үзжээ (Орчуулах эрдэм. №6. 1989. 16 дахь талд). Тийм болохоор уг өгүүлбэрийг:... Зүрхэнд нь үхэлд хүргэх төмөр туссан хурга шиг гэж орчуулбал монгол хүн хурга төлгөө нум сумаар харваж алдаггүй учир их эвгүй сэтгэгдэл төрүүлэх байсан бололтой. Б.Ринчен гуай үүнийг харгалзсан бололтой, дээрх хэсгийг:
Зурхэнд амь таслах зэв орсон янзага мэт...
гэж орчуулсан нь зөв болсон гэж бодож байна гэсэн юм. Энэ талаар зарим нэг маргаан байдаг боловч би Г.Акимтай санал нийлж байна.
Жеймс Х.Чейзийн "Жонид тавьсан занга" романыг орчуулж байхад:
Мне в первый раз довелось видеть такой удар. Слона можно было убитъ...
гэсэн өгүүлбэр дайралдсан. Үүний слон-ыг би үхэр болгож.
Тиим хучтэй цохихыг би анх удаа узлээ. Үхэр алж чадахаар чанга цохиж байна билээ
Гэж орчуулсан.
Заан-ыг үхэр болгож нилээд жижигрүүлсэн ч гэсэн дүрслэл нь монгол хүний сэтгэлд буухын хувьд илүү зохимжтой болсон гэж санана.
Ингээд нэгэнт хургыг янзага, зааныг үхэр гэж орчуулж болж байгаа болохоор монголчлоход ерөөс хязгаар байхгүй юм уу даа гэж бодож болмоор. Гэтэл тийм биш бололтой. Англиас орчуулсан нэгэн уран зохиолд Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэсэн зүйр үг орсныг утга зохиол судлалч, орчуулагч Ц.Хасбаатар үзээд англи хэлэнд Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг үг байж болохыг үгүйсгэх аргагуй боловч үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг үг бий гэхэд тун эргэлзээтэй гэж үгүүлсэн юм. Энд зөвхөн Монголд байж болох өвөрмөц үзэгдлийг Английн ахуй байдалд тулгах гэсэн нь зохимжгүй болсон шиг байна.
Сидни Шелдоны "Шөнө дундын ар хударгаар" романыг орчуулж байхад:
В комнате царил полнейший развал
гэсэн өгүүлбэр дайралдав.
Үүнийг: Өрөөнд нь тэмээ туйлсан юм шиг байв гэж орчуулбал утга нь сайхан гарахын сацуу овоо уран гоё болох байв. Гагцхүү энд Парис хотноо болж буй үйл явдлыг өгүүлсэн учир тэнд тэмээ туйлуулах нь арай зохимжгүй юм уу даа гэж бодоод Өрөөний нь хамаг юм ундуй сундуй болжээ гэж дөмсөн. Товчдоо зөвхөн Монголд байдаг өвөрмөц бодит байдлыг харийн амьдралд албын хүчээр тулгаж болохгүй юм шиг билээ.
Манай нэрт дуун хөрвүүлэгч Г.Амар нэгэнтээ: "...Энэ байтугай аль нэг үгийг эсрэг үгээр нь орчуулах ёс бий. Үүнд здесь гэдгийг тэнд, это гэдгийг тэр, нет гэдгийг тийм, хороший гэдгийг муу гэдэг үгээр орчуулах нь эвтэй байх явдал дайралдана" гэж бичжээ (Орчуулах эрдэм. 1988 он. 183 дахьталд). Гагцхүү энэ туйлын зөв зүйтэй санаагаа нотлох баримт дурьдалгүй орхисон нь хайран. Бид энэ дутууг нь нөхөхийн тулд мөн л Ринчен гуайнхаа орчуулгаас жишээ татъя. "Мөнгөн ноён"-оос миний тэмдэглэж авсныг сөхөж үзвэл:
У меня имя не одно (би нэг биш нэртэй) гэснийг Би олон нэртэй хүн гэж, He одного доброго коня заморил (нэг биш сайн морио зовоосон) гэснийг Хэдэн сайн морио түгштэл давхиад... гэсэн байв.
Үүнийг эсрэг утгаар орчуулах (антонимическнй перевод) гэдэг юм билээ. Ринчен гуайн жишээгээр би орчуулгадаа энэ аргыг нилээд хэрэглэдэг. Ялдамд өгүүлэхэд миний ажигласнаар орос зэрэг өрнөдийн хэлэнд үгүйсгэх хэлбэр элбэг байдгийг дээрх хэдэн жишээ харуулж байна. Гурван давхар үгүйсгэл ч цөөнгүй тохиолддог. Монгол хэлэнд батлах хэлбэр түлхүү байх бололтой юм. Энэ бол манай орчуулагч нарын эрхбиш анхаарууштай зүйл гэж бодно. Англиас орос хэлнээ орчуулсан улс төрийн нэг номд:
Обсуждение этих антагонизмов не может не оказаться бесполезным
гэсэн өгүүлбэр дайралдаж байв. Энэ нь орос орчуулагчийн хэтэрхий үгчилсний харгаа байж болох боловч орос хэлэнд ийм гурван давхар үгүйсгэл цөөнгүй байх юм билээ. Дээрх өгүүлбэрийг үгчлэн орчуулбал:
Эдгээр антагонизмыг шуун хэлэлцэх нь ашиггүй үлдэхгуй байх учиргуй
гэсэн шүү юм уу даа. Үүний гурван үгүйсгэлийг баталснаар солиод:
Эдгээр антагонизмыг шүүн хэлэлцэх нь эрхбиш тус болох учиртай
гэвэл арай дээр болох мэт.
Одоо Г.Амарын дээрх санааг өөрийн орчуулгаас зарим нэг жишээ иш татаж давхар батлахыг хичээе.
Смерть гэдэг үгийг ОМТ-д үхэл, үхэх, нас нөгцөх гэж тайлсныг хэн буруу гэх билээ. Гэвч энэ үгийг заримдаа амь гэж орчуулах нь эвтэй байх тохиолдол бий.
Ерээд оны эхээр байна уу даа, М. Горбачевын үед, Оросын Дотоод явдлын яамны сайд байхдаа засгийн газрын эсрэг хуйвалдаанд оролцоод хуйвалдаан нь бүтэлгүй болох тийшээ хандахад амиа хорлож үхсэн хүний тухай Оросын "Совершенно секретно" сониноос "Смерть Пуго" гэдэг өгүүллийг "'Бодлын солбицол" сонинд орчуулж өгөхдөө гарчигийг нь Пуго сайдын амь гэж орчуулснаа санажбайна. Энд смерть-ийг амь гэж орчуулснаа зөв болсон гэж бодож байдаг.
Эстонийн эрдэмтэн Гуннар Аармын "Би Гитлерээс ярилцлага авсан" өгүүлэлд Я спас от смерти Хемингуэя (Би Хемингуэйг үхлээс аварсан) гэж буй. Үүнийг Би Хемингуэйн амийг аварсан гэж, өөрөөр хэлбэл бас л смерть-ийг амь гэж орчуулсан нь зүйтэй биз дээ.
"Тарас Бульбаас" дээр иш татсан жишээнд смертельно опасное железо-г Б.Ринчен гуай амь таслах зэв гэж орчуулсан байгааг та анзаарсан буйзаа.
Энэ мэтээр смертельно опасное положение гэдгийг амь насанд аюултай байдал, смертелный грех гэдгийг амьдын хар нүгэл гэж орчуулах нь зохимжтой. Ийнхүү бид энэ өгүүллийн гарчигт дурьдсанаар смерть гэдгийг дандаа эс ч гэсэн нилээд тохиолдолд амь гэж орчуулах нь зүйд нийлэмжтэй байдгийг баталж чадсан гэж найдаж байна.

Үргэлжлэл бий

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.14.10 10:14 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3692
Location: Over the Earth
баярлалаа. би санахдаа Чойжил гуайн овгийг Д биш П гэдэг шиг санаж байна. би нэг орчуулгын номыг нь оруулж байгаа ухаантай юм л даа. орчуулга нь үнэхээр сайхан шүү, уншихад ёстой л "суудлын машинаар шунгинуулж яваа юм шиг" байдаг юм.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jul.15.10 11:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16352
4. АЛДААНААС СЭРЭМЖИЛЬЕ
Зарим хүн алдаа хийсэндээ ичдэг. Миний хувьд бол өөрийн алдааг ухамсарлах нь бахархлын уг сурвалж болдог юм... Алдаж онох нь ичгэвтэр биш, алдаагаа засаж залруулж чадахгүй байх нь ичгэвтэр.
Жорж Сорос
Хүн алдаж онож байж юм сурдаг бололтой. Энэ зүйл орчуулгын ажилд нэгэн адил хамаарах болов уу. Би хувьд алд дэлмээр алдаж эндэж байж энэ ажлыг өчүүхэн төсөөлөх болсон юм.
Мэргэн хүн бусдын алдаанаас сурдаг, тэнэг хүн өөрийн алдаанаас сурдаг гэх юм билээ. Гэвч энэ өгүүлэлд сэдэл болгож иш татсан үгийг үзэхэд ухаантан мэргэд ч алдаж онох нь аль овоо байдаг шиг. Ямар ч атугай мэргэн дүү нар минь миний мэтийн тэнэг хүний алдаанаас юм сураасай гэсэн санаагаар энэ бяцхан өгүүллийг тэрлэх аядав.
Орчуулгад нэг үгийн оноолт буруу болсон байвал тэр өгүүлбэр буруу болно. Уул үг ньтухайн зохиолд олон давтагдаж тууш гарсаy үг байвал мөнөөхөн зохиолын утга санаа бүрэн алдагдах аюул буй. Энэ тухай: Тухайн орчуулгын хувь заяа төдийгүй, орчуулагчийн өөрийн нь уран бүтээлийн хувь заяа ганц үгээс шалтгаалах нь бий гэж Оросын орчуулгын онолч Лев Гинзбур өгүүлжээ. Оросын зохиолч, орчуулагч, орчуулгын онолч К.Чуковский "Эрхэм дээд эрдэм" (Высокое искусство) номдоо дээр өгүүлснийг нотлох нэгэн сонин жишээ иш татсан байдгийг сийрүүлбэл:




Оросын гарамгай сайн орчуулагч Валентин Сметаныч (Стенич) Францын зохиолч Шарль-Луи Филиппийн нэгэн романыг герман хэлнээс дам орчуулахдаа эхний хэсэгт нэгэн залуу бүсгүй Парисаас бөглүү зэлүүд хөдөө нутагт суудаг өвөг эцэгтээ мөнгө явуулаад: Та эмээгийн үйлийг үзэхээ больж, энэ мөнгөөр бүсгүйчүүл дээр очиж бай гэж хүн үнэмшмээргүй жигтэй хачин зөвлөлгөө өгснөөр орчуулан буулгасан байжээ. Орчуулагч дээрх өгүүлбэрээс уламжлан бүсгүйг Парисын амьдралд зан нь эвдэрсэн юм байх гэж бодоод цаашид бүсгүйн бүх зан байдлыг эрээгээ алдсан ичгүүр сонжуургүй өнгө аястай болгож үзүүлсэн байна. Хэдэн жилийн дараа орчуулагч уг зохиолыг эх хэлээр нь уншиж үзээд тэр бүсгүйн өвөөдөө мөнгө явуулахдаа залуу бүсгүйчүүлтэй завхайр гээгүй, гагцхүү эмээгээ гэр ахуйн ажлаар ядраахгүйн тулд зарц хүүхэн хөлсөлж ав гэсэн байсныг мэдэж их гайхсан гэнэ. (К.Чуковский. Высокое искусство.Москва 1968. 13-14дэх талд үз.)
Орчуулагч яагаад ийм алдаа гаргахад хүрснийг Корней Иванович тайлбарласангүй. Үүнийг хожим оросын орчуулын онолч Л.К.Латышев ''Курс перевода" (Орчуулгын хичээл) номдоо (Л.К.Латышев. Курс перевода. Москва, "Международные отношения", 1981) тайлбарлажээ. Юу вэ гэвэл das Madchen гэдэг герман үг бүсгүй гэдэг гол утгатайгаас гадна зарц, шивэгчин гэсэн дам утгатай байдаг аж. Ядахдаа сүүлийн үед энэ das Madchen гэдэг үгийн шивэгчин гэдэг утга нь баахан хуучирч, ийм утгаар хэрэглэгдэх нь ихэд цөөрсөн байжээ. Тэгээд орчуулагч нь шивэгчин гэснийг бүсгүй гэж өчүүхэн ташаа ойлгосноос хамаг хэрэг мандсан юм байна.
Шинэ залуу орчуулагч нар адил буюу ойролцоо бичлэг, дуудлагатай үгдээр алдах нь элбэг байдаг бололтой. Энд миний өөрийн практикт тохиолдож байсан зарим жишээг иш татъя.
Нэгэн улс төрийн номын орчуулгыг хянаж байхад переговоры гэдгийг хэлэлцээ гэж зөв орчуулсан мөртлөө хэдхэн мөрийн дараа приговор буюу таслан шийтгэх тогтоол гэсэн үгийг мөн хэлэлцээ гэж орчуулсан байв. Мөн тэр залуугийн орчуулсан эмнэлгийн талын нэг номд санаторий буюу сувиллын газар гэдэг үгийг санитария гэдэг үгтэй андуурсан бололтой, ариун цэврийн газар гэж орчуулсан байлаа.
Иймэрхүү зуйл дээр залуу орчуулагч байтугай хашир туршлагатай орчуулагч хүртэл алдах явдал байдаг. Манай нэгэн нэртэй сайн орчуулагч кобель буюу эр нохой-г кобыла-тай андууран гүү гэж –орчуулсныг эрдэмтэн Ү.Нямдорж ажиглаж тэмдэглэсэн юм.
Нэгэн залуу орчуулагч:
Маленькие крепкие груди
гэснийг
Бяцхан бадриун цээж
гэж орчуулсан байв. Энэ гурван үгэнд найруулгын нэг, утгын нэг, ийм хоёр алдаа байна. Нэгд бяцхан гэж жижигхэн гэсэн үг биздээ? Бадриун гэдэг нь тольд тайлснаар бүдүүн, том гэсэн үг юм байна. Ингэхлээр бяцхан бадриун цээж гэсэн нь жижигхэн том цээж гэсэн огт утгагүй үг болжээ. Хоёрт груди гэсэн нь энд хэрэглэсэн утгаараа цээж бус, хөх, мээм гэсэн утгатай нь маленькие крепкие груди гэж олон тоон дээр хэрэглэснээс ч тодорхой байна. Үүнийг чийрэг бяцхан хөх (эсвэл мээм) гэх ёстой байж.
Эмнэлгийн нэг номын орчуулгыг хянаж байхад:
В присутствии инсулина глюкоза способна проникатъ сквозь
клеточную мембрану гэснийг
Цус харвах уед глюкоз нь эсийн хальсанд нэвтрэн орох чадалтай
гэж орчуулсан байв. Энд эхдээ инсулин гэж байхад инсульт гэж ташаа харжээ. Дээрх өгүүлбэрийг зүй нь:
Инсулин байж байвал глюкоз эсийн хальсаар нэвтрэх чадвартай
гэж орчуулах ёстой байж.
Иймэрхүү тохиолдол нэн элбэг байдаг тул жишээг үүгээр хязгаарлаад хэрэв орчуулагч анхаарлаа дайчлан төвлөрүүлбэл иймэрхүү алдаанаас зайлсхийж бүрэн болно гэдгийг сануулъя.
Хэлний мэдлэг, ерөнхий боловсрол дутсанаас болж алдах явдал бас л багагүй байдаг даа. Орчуулагч хүн зөвхөн гадаад хэл, эх хэлээ сайн мэдэхээр үл барам ерөнхий боловсрол сайтай байх ёстой гэж Б.Ринчен гуай үргэлж сануулан дурьддагсан.
"Прогресс" хэвлэлийн газрын захиалгаар "Хүмүүжлийн тухай харилцан яриа" номын орчуулгыг хянан найруулж байтал:
Ребенок кричал что есть мочи
гэснийг
Хүүхэд шээс хүрээд байна гэж хашгирав
хэмээн орчуулсан байж билээ. Хөх инээд хүрмээр. Энд мочь гэдэг үгийт моча буюу шээс гэдэг үгтэй андуурчээ. Уг нь орчуулагч залхууралгүй толь сөхөж үзсэн бол ОМТ-д МОЧЬ-II- ыг чадал, тэнхээ гэж тайлаад кричать что есть мочи - хар тэнхээгээрээ хашгирах гэсэн жишээ авсныг үзэж болох байв.
EAGLE TV-д ажиллаж байхад нэгэн орчуулагчийн навтрагат:
Абрахам Линкольн боолчуудыг устгасан
гэсэн өгүүлбэр дайралдав.
Оросоор Авраам Линкольн гэж бичдэгийг эс өгүүлэн орхиё. Харин боолчуудыг устгасан гэдэг нь тун гайхалтай санагдлаа. Миний мэдэхээр Линкольн боолчуудыг устгаагүй, боолчлолыг устгаж, боолчуудыг чөлөөлсөн байж таарна. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод редакгор Итгэлээс лавлахад мэдээжээр эхдээ боолчлолыг устгасан гэсэн байжээ. Энд орчуулагч Америкийн ТВ-д ажиллаж байгаа хүн мөртлеө америкийн түүхийн ийм наад захын юм мэдэхгүй байгаагаа харуулжээ.
Ер нь гадаад хэлийг ялангуяа насанд хүрсэн хойноо сурсан хүн нилээд сайн мэддэг болсон ч мэднэ чадна гэж бардах аргагүй байдаг учир өчүүхэн төдий эргэлзээ төрвөл залхууралгүй толь бичиг үзэх юм уу хүнээс асууж байх нь зүйтэйг сануулан дурьдалтай.
Эрүүл мэндийн холбогдолтой нэг номд:
При изометрических упражнениях мышцы сокрашаются, не сообщая движения суставам и конечностям
гэснийг
Тууштай дасгалын үед булчингууд үе ба үзүүр төгсгөлийн хэсэгт хөдөлгөөнийг мэдэгдэлгүйгээр агшдаг
гэж орчуулсан байв.
Энд конечности гэдгийг үзүүр төгсгөл гэж орчуулсан нь сонин байна. Энэ бол илт хэлний мэдлэг дутсаных. ОМТ-д тайлснаар энэ нь мөч гэсэн үг юм. Тэгэхдээ цаг хугацааны мөч бус, хүн амьтны мөч буюу хүний гар, хөлийг хэлж байгаа юм.
Жич дээрх өгүүлбэрийн изометрические упражнения гэдэг нь угтаа биеэ хөдөлгөхгүй булчингаа хүчлэх дасгалыг хэлж буй. Жишээ нь та хоёр гараараа гулууз юм уу төмөр хоолой атгаад түүнийгээ сунгах гэж байгаа юм шиг хоёр тийш нь хүчлэн татах юм уу богиносгох гэж байгаа юм шиг дотогш нь хүчлэн шахвал тийм дасгал болно. Иймд изометрические гэдэг үгийг орчуулалгүй орхиод тайлбар зүүсэн бол дээр гэж бодно. Ингээд уг өгүүлбэрийг зүй нь:
Изометрик дасгал хийхэд үе мөчөө хөдөлгөлгүй булчингаа хүчлэн агшаана гэвэл утга нь ойртох байж.
Уг номоос бас нэгэн жишээ иш татъя:
Производным белка в наших клетках являются также гормоны и генетико-направляющие соединения. Наши произволные и непроизволные движения совершаются мышицами, которые также состоит из белка гэснийг
Бидний эсүүд дэх уураг, бас гормонууд, генийн чиглүүлэгч нэгдлүүдийг үүсмэл гэдэг. Бидний үүсмэл ба үүсмэл бус хөдөлгөөнийг бас л уургаас тогтдог булчингууд хийж гуйцэтгэдэг
гэж орчуулсан байв. Энд эхний өгүүлбэрийг ерөөсөө буруу ойлгосныг түр үл өгүүлэн производные гэснийг үүсмэл гэж зөв орчуулсныг анхааръя. Гэтэл ганцхан мөрийн дор байгаа произвольные и непроизвольные движения гэснийг үүсмэл ба үүсмэл бус хөдөлгөөн гэж орчуулсан нь сонин байна. Энэ алдааг орчуулагчийн сэтгэл зүйтэй холбон тайлбарлаж болох мэт. Производный гэдгийг үүсмэл гэж орчуулчихаад байтал тэр дорхноо произвольные и непроизвольные гэж үг гараад ирэхлээр түрүүчийн үг орчуулагчийн толгойноос гарч амжаагүй байсан учир дараачийн ойролцоо бичлэг, дуудлагатай үгийг мөн дээрх үг маань гэж андуурчээ. Дээрх хэсгийг зүй нь:
Бидний эсүүд дэх даавар, бас генийн чиглүүлэгч нэгдэл нь уургаас уусмэл юм. Биднии санаатай буюу санамсаргүй хөдөлгөөнийг бас л уургаас бүрдсэн булчин хийж гуйцэтгэдэг
гэх ёстой байж.
Орос болон Өрнөдийн орнуудад орчуулагчийн хөдөлмөрийг сэтгэлгээтэй нь холбон судалсан зүйл багагүй байдаг бололтой. Манайд ийм юм ихээхэн үгүйлэгдэж байна гэснээр энэ бяцхан тэмдэглэлээ дуусгая.
2005 он

Үргэлжлэл бий

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Jul.20.10 10:43 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.15.10 11:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16352
ss7 wrote:
баярлалаа. би санахдаа Чойжил гуайн овгийг Д биш П гэдэг шиг санаж байна. би нэг орчуулгын номыг нь оруулж байгаа ухаантай юм л даа. орчуулга нь үнэхээр сайхан шүү, уншихад ёстой л "суудлын машинаар шунгинуулж яваа юм шиг" байдаг юм.

Image
Харин би бас тэгэж бодоод байсын. Гэтэл номон дээрээ Доржпаламын Чойжил гэсэн байх юм

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.16.10 10:07 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3692
Location: Over the Earth
сонирхолтой юм. Доржпаламын Чойжил гэсэн мөртлөө П.Чойжил гэж байна ш дээ. Өөр нэг номон дээр нь

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jul.16.10 11:26 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16352
Намтарын хэсгийг нь уншихаар нэг л хүн шиг бган. Палам байснаа Доржпалам болгосийн бол уу? хэ хэ

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.16.10 11:53 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.14.09 10:52 am
Posts: 1737
Location: євєл хавар зун намар
Unshinaa

_________________
za tebya


Top
   
PostPosted: Jul.16.10 12:12 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.02.10 9:32 pm
Posts: 1428
Location: Утга учиргүйн дунд ганцаардаж алхахад Уйдахын шаналан, хоосон зүрхэнд сүүмэлзэхэд
Сонирхолтой юм байна.

_________________
алхаад л баймаар, алхаад л ...


Top
   
PostPosted: Jul.20.10 11:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16352
ДАВХАР ОРЧУУЛАХ НЬ ЛУЙВАР БИШ
 
"Өнөөдөр" сонины1992 оны № 5/5-д А. Оюунгэрэлийн бичсэн "Өрсөлдөөн үү, луйвар уу?" гэсэн тэмдэглэл, "Улаанбаатар" сонины ойрмог үеийн нэг дугаарт "Наймалжийг луйварджээ" гэсэн зохиогчийн нэргүй жижиг тэмдэглэл нийтлэгджээ. Эдгээр нь Дя. Алтанхуягийт Марко Незегийн "Наймалж" роман орчуулчхаад хэвлүүлж амжаагүй байтал "Илд, бамбай" хэвлэлийн газар П. Чойжил гэгчийн орчуулгаар өрсөн хэвлүүлсэн тухай гомдол юм. Энэ тухай Дя. Алтанхуяг зурагтаар бас ярьж байсан сурагтай.
Дуугүй байвал зөвшөөрсөнтэй адил гэдэг юм билээ. Молхи өвгөн намайг түмний өмнө луйварчин гэж байхад эрхбиш хариу дуугарах ёстой болов уу.
Урьдаар "Наймалжийг" орчуулах болсон учраа өгүүлье. "Спрут" (Наймалж) кино зурагтаар гараад өнгөрсний дараахан уг киноны зохиол нэгэн жижиг дэвтэр киноныхоо зураг хөрөгтэй гарсан байхыг олж үзээд орчуулан уншигч нарт хүргэвэл юутай билээ гэсэн санаа төрж, ганц нэгэн хүнээс асуухад уг номыг Алтанхуяг гэдэг хүн орчуулаад гаргачихсан гэж, үүнийг дагалдан бөөн хэрэг явдал болсон гэж, үүнд номыг уншигчид маш их сонирхож, орчуулагчийн орон байшингийн цонх, хаалгыг хагалж эвдсэн гэж дуулдаж байлаа. Үнэн худлыг бүү мэд.
1991 оны орчуулагчдын баяр болох үеэр би Дя. Алтанхуягийг зориуд сураглан уулзаж танилцаад тийнхүү хэлмэгдсэнд нь харамсаж байгаагаа илэрхийлэхийн хамт муугийн дотор сайны үр байдаг гэгчээр энэ нь таны орчуулга олны сонирхлыг татаж чадсаны тэмдэг гээд цаашдын нь уран бүтээлд амжилт хүсэж байсан юм.
Тэгтэл Марко Незегийн "Спрут" роман орос хэлээр гарсан байлаа. Үүнийг орчуулахад Дя. Алтанхуягийн орчуулсан кино зохиолтой давхардахгүй гэж бодоод "Илд, бамбай" хэвлэлийн газрын нөхөд дээр би өөрийн биеэр очиж ярилцан тэднийхээс эрхлэн хэвлүүлэх гэж байгаа детектив зохиолын 30 боть цувралын эхний хоёр боть болгохоор ярилцаж тохирсон хэрэг. Үнэн байдал ийм. Үүнд учрыг сайтар лавлаж мэдэлгүйгээр "Наймалж" романыг давхар орчуулсан минь өчүүхэн алдас болжээ. Бас цаас ховор байгаа үед давхар хэвлүүлсэн нь гарзтай гэдгийг зөвшөөрөхөд бэлэн байна.
Ингээд би өөрөө мэдэлгүй зах зээлийн өрсөлдөөнд хамрагдан оржээ. Үүндээ гэмших юм алга. "Илд, бамбай" хэвлэлийн газрын нөхөд бас миний адил учрыг мэдээгүй байж магад. Мэдсээр байж өрсөлдөхөөр шийдсэн байлаа ч тэднийг буруушаах үндэсгүй биз ээ Зах зээлийн үед энэ зэргийн юм байж болох бус уу? Энд луйвардсан юм юу байна? Д. Алтанхуяг, түүнийг хамгаалагч А. Оюунгэрэл нар чухамхүү өрсөлдөөнөөс айхдаа нөгөө этгээдийг луйварчин энэ тэр гэж гүтгэх замаар оноо авах гэсэн юм биш биз?
Дя. Алтанхуяг мөхөс хүнийг луйварчин гэснээ зөвтгөх тайлбар болгож зохиогчийн эрхийн тухай өгүүлжээ. Миний бодоход энд зохиогчийн эрх, орчуулагчийн эрх хоёрыг хутгасан байна. Нэгэн зохиогчийн урьд бичсэн зохиолын сэдэв, үйл явдлыг давтах юм уу, бараг хэвээр хуулан бичээд өөрийн нэрийг тавьж хэвлүүлбэл энэ үнэхээр зохиогчийн эрхэнд халдсан хэрэг болох биз. Орчуулга арай тийм биш, нэг зохиолын хэд хэдэн орчуулга байж болно. Урьд орчуулагдан гарсан зохиолыг шинээр орчуулахад орчуулагчийн эрхийг хөсөрдүүлж буй хэрэг бус. Үүнийг нотлох ганц нэгэн жишээ дурдъя. В. Шекспирийн "Гамлет", "Отелло" жүжгийн хэд хэдэн өөр орос орчуулга байдаг. Шота Руставлийн "Барсан хэвнэгт баатар"-ын орос орчуулга хэд хэд бий. Эртний оросын утга зохиолын гайхамшигт дурсгал "Игорийн цэрэглэсэн тууж"-ийн орчин үеийн орос хэлэнд буулгасан нилээд хэдэн орчуулга бий. Францын зохиолч Проспер Меримегийн "Арсена Гийо"-гийн хоёр ондоо орос орчуулга миний гар дээр байж байна.
Манай Монголд А.С.Пушкиний "Салтан хааны үлгэр"-ийг Г. Дэлэг анх орчуулж, хэдэн жилийн дараа Хөдөөгийн Пэрэнлэй гуай дахин орчуулсан. Мөн А.С.Пушкиний "Хөшөө дурсгалаа босгов, би" -гийн лав хоёр орчуулга бий юм даг. Иймэрхүү жишээ мундахгүй. Нэг зохиолыг дахин орчуулсан хүн луйварчин болдог юм бол орчуулгын түүхэнд олон луйварчин байж дээ, ээ хайрхан!
"Өнөөдөр" сонинд тэмдэглэлээ нийтлүүлсэн А. Оюунтэрэл орчуулагч Дя. Алтанхуягтай хэрэг болгон уулзаж ярилцсан юм байна. Очиж уулзаад "Наймалжийг" давхар орчуулсан тухай Та үүнийг өрсөлдөөн гэх үү, луйвар гэх үү? гэж өдөөн хатгасан асуулт тавьж, үүндээ ...луйвар л гэж үзнэ гэсэн хариулт авчээ. Ийнхүү нэгэн номыг давхардуулан орчуулснаас өөр гэм зэмгүй молхи өвгөн намайг даанч муухай дайран гүтгэсэн байх юм. Нэг нь асууж, нөгөө нь хариулж, хоёул хамжин хүнийг ингэж муучлахдаа энэ маань ёс зүйн үүднээс таарч байна уу, үгүй юу гэдгийг эргэцүүлж бодоогүй юм болов уу? А. Оюунгэрэл, хэрэв зөвхөн Дя. Алтанхуягийг хамгаалах өрөөсгөл сэтгэлээр хандаагүй юм бол өчүүхэн хүнийг эрж сураглан ирж уулзахад юу нь эс болсон юм бол? Би нууц байдалд ороогүй, намайг олъё гэвэл орчуулгын товчооноос асуухад болох байв.
Да. Алтанхуяг номын орчуулга давхардсаны улмаас "Монгол ном" компанитай байгуулсан гэрээгээ биелүүлэхэд хүндрэл учрах болов уу гэж эмээж байгаа юм байна. Эмээх явдалгүй болов уу даа. Хэрэв орчуулгаа хийгээд хүлээлгэн өгсөн бол компани хэвлүүлэхийг татгалзах ёсгүй биз ээ Хэвлүүлчихсэн байхад олны нэлээд эрж сураглаж буй зохиол юм болохоор хоёр орчуулга хоёулаа гүйж дуусах болов уу гэж найдна.
Дээрх хоёр тэмдэглэлд өрсөлдөөний санаа оржээ. Үүнийг буруутгах газаргүй. Дя. Алтанхуягийн орчуулга хавтсан дээрээ комиссар Каттанийн зурагтай гарсан бол П. Чойжилынх хавтсан дээрээ хоёр rap бууны зурагтай гарсан гэжээ. Би одоо хүртэл Дя. Алтанхуягийн орчуулгын барааг олж хараагүй яваа боловч номын гадаад үзэмжийн талаар цэвэр ялагджээ гэдгийг шууд хүлээж орхих минь.
Дя. Алтанхуягийн орчуулга 33 төгрөгийн үнэтэй байхад П. Чойжилынх 65 төгрөгийн үнэтэй гэж уншигч нарыг үнээр айлгах гэжээ. Үүнд бяцхан тайлбар бий. Алтанхуягийн орчуулгын нэг дэвтэр нь уг романы дөрөвний нэг орчим байхад миний орчуулгын нэг дэвтэр нь тэн хагас хиртэйг багтаасан юм шүү.
Тэгэхээр үнэ нь ерөнхийдөө ойролцоо байна (65:2=32,5). Иймд үнийн хувьд хайнцсан гэж тооцоход болох байх.
Дээрх хоёр тэмдэглэлд орчуулгын чанар буюу хэл найруулгын талаар хоёрхон ч үг хэлээгүй дуугүй өнгөрсөн нь ямар жиг вэ? Орчуулгын хэл найруулгын ур чадвар нь уг хоёр номын сайн, мууг ялгах гол шалгуур болох бус уу? Хоёр орчуулгыг эхтэй нь тулган харьцуулж үзээд цөөн ч атугай жишээ татсан бол хэн хэндээ гомдолгүй болох байсан даа. Ярилцагч, бичигч нарын зав нь болоогүй юм болов уу? Эсвэл цаас хэмнэх гэв үү?
За ер нь Дээрх хоёр номын алийг сонгохоо уншигч өөрөө шийдэх хэрэг гэж А. Оюунгэрэлийн бичсэнийг үг дуугүй зөвшөөрч гарынхаа үсгийг зуръя.
1992 он

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Dec.16.10 8:54 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Jul.17.10 10:06 pm
Posts: 172
ene yostoi goe surgamjtai uguulel bn thanks


Top
   
PostPosted: Oct.08.11 12:55 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Dec.24.04 1:35 pm
Posts: 38
Location: ...........
mark


Top
   
PostPosted: Dec.28.11 3:42 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18667
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Сэдэвтээ цэвэрлэгээ хийлгүүлэх үү?
Тийм бол viewtopic.php?f=84&t=137243&start=312 хариугаа энд үлдээнэ үү!
Баярлалаа
pcd

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: May.25.16 4:03 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Jan.10.14 10:19 pm
Posts: 40
mark


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 15 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Yahoo [Bot] and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited