“Монгол”
1
Аргын тооллын 1945 оны 1-р сар. Шанхайн зунгааралдсан нойтон агаар өвлийн өглөөний хүйтэнд хөлдөж үй түмэн мөсөн зүү болон хувирсан агаад эдгээр зүүнүүд агуулахын зузаан шавар ханыг нэвтэлж чадахгүй ч хаалга цонхны завсраар чамгүй олноороо чихцэлдэн орж ирээд нимгэн хучлаг хөнжлийг нь нэвэт хатгахыг оролдон басхүү ам хамраар амьсгалтай зэрэгцэн орж ирэх лугаа халаалтгүй энэ өрөөнд жиндүү хүйтэн байлаа. Өдөржин шөнөжин үргэлжилсэн амсхийх чөлөөгүй ажлын дараагаар бага үд хүртэл олдох энэ үе бол сүүж тэнийлгэн нойроо авах тэдний ганц боломж билээ. Энэ хавар арван нас хүрэх Жаман хөвүүн хүнд ажилд бяцарсан биеэ амрааж хучлаган доогуур шургамагц биеэ хураан атийгаад тачигнатал хурхиран нам унтах нь атаархмаар бөгөөд Дэжид охин дулаацахыг оролдон түүний нуруунд нуруугаа наан хамаг биеэ хураан хучлагаараа биеэ битүү ороогоод зоо тэнийлгэх зун цаг, жаргалтай бага насаа дурсан мөрөөдөж тэлчилсээр ядарсны эрхэнд аргагүй харанхуй хар үүл шиг пад хар нойронд дарагддаг байлаа. Заримдаа тэр зүүд амьдралаа ялгаж чадахаа болин урт хар шилбүүр барьсан өндөр хар хүнд нүүр нүдгүй шавхуурдуудан тээрмийн бул эргүүлэх илжиг болсон байна гэж хар дарах бөгөөд заримдаа бол урд насных нь амьрал л тийм байсан боловуу гэмээр балчир насныхаа жаргалтай үедээ эргэн очно. Шаргал толгойтой өндөр өвс битүү халиурсан сайхан хөндийд цэлэлзсэн цэнгэг сэрүүн агаар түгээсэн том хар нуурын эргээр энд тэндгүй монгол гэрүүд ярайж, шингэх нарны туяан дотроос хувинтай сүүгээ дамжилсэн хүүхнүүд гунхалзан алхалсаар гэнэтхэн гарч ирэхэд наран туяа тойрон ялгарч гялбасан нүдэнд нь тэдний дээлийнх нь өнгө үл танигдах боловч хамгийн өндөр нь ээж нь байх ёстой гэж сонгоод тосон гүйж байна гэж, Гүүн зэлэн дээр олон хүн бужигнан унага татаж, гүү саан гүйлдээд эмээгийнхээ гараас зууран зүүгдэж зэлний хажууд зогсож байтал гозгор малгайтай ширүүн гартай эцэг нь том хар морины гүйн алхаагаар шурхийн гэнэт ирээд дээлийнх нь захаас шүүрч эмээл дээрээ дүүрээд нүднээс нь нулимс гартал салхи сөрөн давхихад хөөрөн баясаж бүх хүчээрээ хашгиран гуугалж байна гэж, эгцлэн харахаас ч эмээдэг догшин дүртэй бурхад өрсөн эрээн авдар дээр тавьсан олон зулын гэрэл анивчин ахуйд хоймор суусан эмээ нь уртын урт үлгэр түүх хүүрнэж гэр дүүрэн суусан хүүхэд томчууд амаа ангайн сонсох нь зулын гэрэлд хачин сониноор харагдаад, тулганд аргалын гал цогшин цагаан үнсэн доороос үе үе улалзан байна гэж зүүдэлдэг байлаа. Яг ингэж зүүдэндээ жаргаж байхад хаалга түчигнэн онгойж гал тогооны ажилчин орж ирэн сэрээх нь гачлантай. Ажлын цаг эхлэх нь энэ. Хамгийн түрүүнд орж ирсэн хэн ч бай тэр хоёрыг өшиглөн сэрээгээд барьж орж ирсэн сагс, сав суулгандаа ногоо, загас мах зэрэг тогоочийн захисан зүйлсийг хийж эхлэх бөгөөд Жаман хөвүүн ухасхийн босч гараараа нүдээ нухлан байж нэг сайн сунайж аваад сав суулгатай хүнснүүдийг зөөж гарна. Дэжид охин харин шууд хашаа руу гарч гал тогооны ахлах ажилчдын гар нүүрээ угаагаад үлдээсэн бүлээн устай түмпэнд гар нүүрээ угаагаад гал тогоо руу орно. Энэ хооронд Жаманы зөөж авчирсан төрөл бүрийн ногоо загастай сагснууд шалан дээгүүр дарааллын дагуу эгнэн хүлээж байх ба эхнээс нь шүүрэн авч арилгаж цэвэрлээд мөн л энэ хооронд Жаманы авчиран бэлдсэн түмпэнтэй усанд угааж урьд орой нь бэлдэж тавьсан зориулалтын сав суулгануудад хийж тавина. Энэ бүхнийг дуусгаад өглөө унтахын өмнө Жаман хөвүүний мод өрж бэлдсэн 5 том шавар зууханд гал асаан халааж эхлэх ба энэ хооронд хөвүүн угаадастай хувингуудийг асгаж цэвэрлээд шинэ ус хийж тавина. Яг энэ мөчид гал тогооны гол хаалга онгойн гол тогооч эрхэм Такаши сан 5 туслахаа дагуулан эрхэмсэгээр морилон орж ирж ажлаа эхлэх бөгөөд иань хоёр зөрөн хоолны танхимд орж өөрсдөдөө үлдээсэн хоолыг идэх бөлгөө. Япончууд аяганыхаа ёроолд хоол үлдээхийг цээрлэдэг тул манай хоёрын хоолыг тусад нь хийж тавьсан байх тул энд ирснээс хойш хэзээ ч шавхруу идэж үзээгүй нь Дэжид охины цээжний мухарт үлдэн хоцорсон өчүүхэн бардам занд бүрнээ нийцэн байх авай. Хоолоо идэж дуусгаад аяга тавагнуудыг хураан авч гал тогоонд ороод эцэс төгсгөлгүй аяга таваг угаах ногоо арилгах ажил үргэлжлэх ба Жаман хөвүүн угаадас асгаж ус оруулж, түлээ хагалан, гаднаас шинээр ирсэн хүнсний зүйлсийг агуулахад оруулах, мөн агуулахаас хүнсний зүйлийг зөөхөд туслахуудад туслах зэрэг ажлыг амжуулна. Өдөржин шөнөжин үргэлжлэн бөгтөлзсөөр нуруу нь шархиран өвдөх атал өсөх наснаас иймэрхүү ажил хийж ирсэн Жаман хөвүүн огтхон чүл ажирна. Гэхдээ ба заримдаа зочин цөөхөн байх үед хөлөө жийн амарч суух хугацаа ч бас олдох тул нэг их туйлдах нь үгүйэ. Шөнө дундаас хойш ажил багасах тул мичид гудайхын хэрд тогооч эрхэмүүд амрахаар явж гал тогоо тэр хоёрын мэдэлд үлдэх агаад бүх сав суулгаа, вандан тавиур, шал ширээгээ угааж дуусгана энэ хооронд Жаман хөвүүн тогооч эрхмүүдэд офүро хэмээх том торхтой ус халааж өгөн усанд ороход нь үйлчилж, дараа нь маргаашийн бэлтгэл болгож зууханд мод өрөн бэлдэж орхиод хоёул үүр хаяархын өмнөхөн ажлаа дуусгаж эрхмүүдийн усанд ороод үлдээсэн торхтой усанд шурхийн орж өдөржин зунгааралдсан битүү хар хөлснөөсөө салаад усыг асган торхыг цэвэрлэж өөрсдийн хоног төөрүүлэх ёстой агуулахын үүдний пинд орж тус тусын чийрсэн дэвсгэр дээрээ навсгар хучлагаа нөмрөн тэрий хадах бөлгөө. Хүрдэн дотор эргэлдэх хэрэм мэт ийм нэгэн хэмнэлийн амьдрал үргэлжилсээр 4 сар өнгөрчээ. Хааяа нэг болох том баяр ёслол хийгээд өөр бас бус онцлог үйл явдлыг эс тооцвол тэр шүү дээ. Энэ ажлийн хуваарийг тэр хоёрыг гал тогоонд орж ажилласнаас хойш 2 долоо хоногийн дотор авхаалжтай туслахууд бодож олсон бөгөөд үүний хүчинд тэд ч хоногт 2 цаг илүү унтаж амрах цаг бас хэний ч хийх дургүй бохир ажлаас салж эрхэм тогоочийн туслах гэсэн нэр төртэй албан тушаалаа бүрэн эрхээр хэрэгжүүлэх боломжтой болж, өөрөөр хэлбэл зиндаа ахисан бөгөөд ийм эрх эдлэх боломжийг олгосон манай хоёр хүүхдэд ч өршөөнгүй хандаж, зөөгчдийн өглөө бүр хувь хуваадаг цайны мөнгөнөөс ганц хоёр иений хувь хүртээж басхүү хоолны үлдэгдэлээ харамгүй өгөх бөлгөө. Хятад хүнийг үл ойртуулах хуультай япон цэргийн зочид буудалд энэхүү хоёр “манж” жаалыг манжуурын төв цэргийн штабын офицер өндөр нэр хүндтэй Сато сан өөрийн биеэр батлан дааж оруулсан хийгээд ер нь ч манж нь хэдий тоглоомын улс ч гэлээ гэсэн их наран улсын ивээлд орших колони, эх газрын шинэ япон болох тул хууль дүрэм зөрчсөн зүйл үл болох ажээ. Мэдээ орсон цагаасаа хар бор ажилтай зууралдаж ус түлээ ойртуулж, хог шороо цэвэрлэж дадсан Жаман хөвүүний хувьд энэ бол жирийн л нэг амьдрал боловч энэ хавар 13 нас хүрэх, жижиг ч гэсэн нэгэн монгол овгийн угсаа залгамжлах ноёгтой, тэнгэр язгуурт цагаан яст Дэжид авхайн хувьд эхэндээ хүндээр тусч байсан юм. Гэлээ гэхдээ энэ амьдрал нь хэзээ хэнд алуулахаа үл мэдэн шанхайн хүйтэн чулуун гудамжинд чичирч, гол зогоох юм хайн хог онгичин явахаас түмэн хувь илүү бөгөөд зүсэн зүйлийн хятад дээрэмчдээс найдвартай хамгаалагдсан, идэх хоол, хонох газартай, завгүй их ажил нь хайрт эх, эмээ болоод овог аймгаа алдсан аймшигт дурсамжийг нь мартагнуулан сатааруулж, япон хэл бичиг сайн мэддэг тул туслахуудын туслах болон ажиллаж байгаа нь багахан ч гэлээ өөрийн нэр төрөө хамгаалах боломж олгож байгаад сэтгэл нь цайрах ажгуу. Түүнээс гадна агуулахын буланд булсан төмөр лаазанд цуглуулж буй шудрага хөдөлмөрөөр олсон цөөн зоос нь өдөр ирэх бүр хүндэрсээр мянга дөхөж буй нь алсын америкийг зорих мөрөөдлийг нь улам бүр бодитой болгон биежүүлж байх тул энэ газраас хөөгдөхгүйн тулд бяцхан биенийхээ бүх хүчийг дайчлан ажиллахад бүрнээ хүрэлцэх шалтгаан ажгуу. Ийнхүү хятад хэмээх их далайн дунд гээгдсэн элсний ширхэг шиг хоёр монгол хүүхэд, бүх дэлхийг түймэрдэн буй их дайны галаас хоргодон хясаан доторх дун мэт чимээгүй торнисоор байх бөлгөө.
2
Мотохиро багшийг үдэж явуулдаг тэр өдөр Шанхайд ховорхон тохиолдох тунгалаг нартай сайхан өдөр байсныг Дэжид охин хожим нь ойлгож мэдсэн билээ. Өглөөжин шуудан холбоо бас бус албан газраар орж, бага үдийн хэрд онгоцондоо суусан боловч гурван давхар байшингийн хэртэй аврага том бөгөөд басхүү орчин цагийн дизель хөдөлгүүртэй гэж тайлбарлуулсан тэр хөлөг онгоц нь Дэжидийн ном зурагнаас үзэж өнгөрсөн тавцан дээрээ аварга том гурван яндан гозойлгосон юм уу, эсвэл өргөн цагаан далбаанууд хөөргөсөн өндөр шурагнууд байхгүй байх тул нэг л сонин сэтгэгдэл төрж юуны хүчээр яаж хөдөлдөг юм болдоо хэмээн өөрийн эрхгүй бодогдоод хайрт багштайгаа дахин уулзахгүй ч байж мэдэх, салах ёсны халуун сэтгэлийг нь сатааруулан байж билээ. Тэгсээр өдрийн 2 цагт хөлөг онгоцны их бие бөглүү дуугаар хүнгэнэн амилаад их усыг шуугиулан хөөсрүүлж боомтын чулуун тавцангаас аажмаар хөндийрөн хөдлөөд төд удалгүй алсран одоход хөлөг онгоцны ард хөөсрөн оволзох их усыг шохоорхон харж зогссон охин гэнэт сэхээ орж онгоцны тавцан дээр шавааралдан зогссон олон хүний дундаас хайрт багшийгаа олж харахыг хичээн гараа даллан дэвхцэн ахуйд олон цэргийн хувцастай хүний дунд бэлэвсрэлийн цагаан кимонотой багш нь өрөөсөн гар дээрээ хүүгээ суулган тэврээд нөгөө гартаа барьсан цагаан алчуураар далласаар байгаа нь нэгэн үе их л тод харагдаад удалгүй бүр аврага хөлөг онгоц нь боомтын усанд арсайлдан орших олон онгоцны дундуур орон харагдахгүй болох тэр үед ижилдэн дассан зөөлөн сэтгэлт багш нь, төрсөн дүү шигээ санаж өхөөрдөн тоглодог асан бяцхан хүүтэйгээ нэгэнт алсад одсоныг хурцаар мэдрээд нулимсаа арчин эргэж билээ. Боомтын энэ хэсгийг хамгаалалтанд аван бүслэн жагссан цэргүүд хоёр эгнээ жагсаалаар хуаран руугаа буцаад, Мотохиро багшийг эрдэнэсийн хамт эсэн мэнд явуулж чадсандаа нэгэн амьсгал аван санаа амарсан эх нь хамт гарсан хамгаалагч арван эрсийн хамт боомтын нөгөө захад болзсон газар руугаа яаран очиход өглөө салсан эмэг эх тэргүүтэй нөгөө хэсэг маргааш өглөө гонконг явах нэгэн ачааны онгоц олж ахмадтай нь тохиролцсон тухай баярт мэдээтэй тосч байлаа. Гагцхүү нэгэн бэрхшээл байсан нь өнөөдөр онгоцонд ачиж дуусгах ёстой барааг маргааш өглөө хөдлөхийн өмнө дахин бүртгэж лацдах хүртэл онгоцонд сууж болохгүй байсан нь шанхайд дахин нэг хонох шаардлагатай болжээ. Бас энэ хооронд өчигдөр орой дээрэмчидыг төөрүүлэн тулалдсан арван эрс гурав нь хөнгөн шархдсан боловч гучаад дээрэмчдийг бүгдийг хүйс тэмтэрсэн ба нийт 33 хүн байсан тухай ялалтын мэдээтэйгээр мөн боомт дээр ирэн нэгдсэн байсан тул ганц шөнийг шанхайд эсэн мэнд өнгөрөөж болох найдварыг хүн бүгдэд төрүүлж байлаа. Гэлээ гэсэн ч хашир болгоомжит эмэг эх нь шанхай дах япон цэргийн зочид буудал руу Лхам бүсгүйг Дэжид охины хамтаар гурван эрээр хамгаалуулан явууллаа. Манжуурын цэргийн штабт өндөр үнэтэй хахууль төлж байж хийлгэсэн зам нэвтрэх үнэмлэх бичгийнхээ хэргийг гаргах гэж оролдож үзсэн нь зүйн хэрэг юм. Шанхайд байрлах байнгын цэргийн гарнизон болон хотын комендант, хорих лагерь ба хөдөлгөөнт цэргийн үндсэн хуарангуудаас гадна шанхайгаар дайран өнгөрч буй японы албан хаагчид хийгээд цэргийн ахлах тушаалтнуудын зочид буудал нь мөн өндөр хамгаалалтанд оршдог болохыг урд нь судалж мэдсэн хэрэг билээ. Бусад газруудад нь мэдээж орж болохгүй боловч зочид буудалд орж хонож чадвал энэ шөнийг санаа амар өнгөрүүлж болох ажээ. Эмэг эх тэднийг ийнхүү олон улсын чанартай хэлэлцээр хийх хариуцлагатай даалгаварт явуулаад үлдсэн хүмүүсээ бусдын анхаарал таталгүй цувран явж буусан байрандаа очин хариу хүлээхийг тушаалаа. Харин тэр зочид буудал гэдэг нь хотын захад, боомтоос нэлээн хол орших өргөн чулуун гудам руу харсан, уран хээ гарган урласан төмөр ширмэн хаалган дээр нь харуулын 2 цэрэг сүр бадруулан зогссон, өндөр цементэн хашаатай 6 давхар европ хийцийн байшин байх бөгөөд цаашаагаа бас европ хийцийн гурваас дөрвөн давхар зургаан том харшийг гол байшингийн хашаанаас дамжин орохоор өндөр цементэн хэрмээр хүрээлэн битүү хашиж харуулын цэргийн өндөр шовгорууд гаргасан тусгай хотхон байсныг Дэжид хожим нь л олж мэдэж билээ. Харуулын цэргүүд тэднийг оруулсангүй тул Лхам бүсгүй үнэмлэх бичгээ гаргаж учирлан үзүүлэхэд харуулын даргадаа утсаар илтгэж Лхам Дэжид хоёрыг буудал руу орж даргатайгаа уулзахыг зөвшөөрөв. Дашрамд дурдахад монголын энэ бяцхан баг шанхайд ирмэгцээ бүгд хятад хувцас өмссөн боловч усан боомт болон бусад газар хэлэлцээр хийх зорилгоор урьдчилан бэлдсэн энэ өдөр манай элчин багийнхан өвч бүрэн европ хувцас тусгайлан өмссөн тул ганган саарал хослол углан, хар зангиа зүүж бүрх малгай духдуулсан чилгэр өндөр 3 дагуул бүхий өргөн хормойтой ганган даашинзин дээр чамин шүхэр барьсан ээж охин хоёр зохих ёсны өндөр сэтгэгдэл төрүүлж байлаа. Харуулын дарга тэднийг үүдний танхимын нэгэн буланд байх өөрийн албан өрөөндөө хүлээн авч хайхрамжгүй ёслон угтаад юун түрүүн бичиг баримттай нь танилцав. Манж улсын удам дамжсан өндөр язгууртан, жүн ван цолт Цэ лун гэгч нь их Япон улсын эзэн хаан Тэннод үнэнч зүтгэж асан бөгөөд өдгөө түүний гэр бүлийн 5 хүн, гэрийн зарц үйлчлэгч нийт 37 хүн, эзэнт гүрний ивээлд орших Харбинаас Шанхайгаар дамжин Солонгос руу зорчин яваа тул замд шалган өнгөрүүлэх эрх бүхий япон цэргийн тушаалтнууд саадгүй нэвтрүүлж, зүйл бүрээр өршөөн тэтгэхийг уламжлан, бүх хүний нэрийг жагсаан сүүдэр зургийг наасан 10 хуудас урт бичгийг нухацтай уншиж дуусгаад тэдний хүсэлтийг соносоход бэлэн байгаагаа илтгэв. Хэлэлцээр гучин минут үргэлжилсэн боловч ямарч үр дүнд хүрсэнгүй. Харуулын даргын байр суурь хатуу бөгөөд тодорхой байлаа. Энэхүү тусгай хамгаалалт бүхий зочид буудалд зөвхөн япон улсын иргэн, тэр тусмаа улсын албан хаагч болон цэргийн ахлах тушаалын офицерүүд хонох ёстой байлаа. Лхам бүсгүй Дэжид охиноор дамжуулан зүйл бүрээр учирлаж, шанхайдах аюулгүй байдалдаа санаа ихээр зовниж буй тул ядахдаа гэр бүлийн 5 хүнийг буудалд бусдыг хашаан дотор, бүр аргагүй юм гэхэд бүгдийг хашаан дотор эсвэл гол хаалганы гадна гудамжинд, гагцхүү хамгаалалттай газар хонуулахыг гуйлаа. Хариуд нь хэрэв тэдгээр манжууд дүрэм зөрчин хаалганы гадна бөөнөөр хонохыг оролдох аваас гал нээн буудаж тараах болохыг тайлбарлуулж авав. Буудлын хөлсийг хэд дахин нугалж төлөх, өндөр ханштай хээл хахууль өгөхийг санал болгож үзсэн боловч ахлагч хууль дүрэмийг хатуу баримтлагч нэгэн ажээ. Ингээд буцаж гарах тушаал аван үүдэн дээр очих үед Лхам бүсгүй эргэж япон улсын төрийн албан хаагч хүн бол үндэс угсаа хамааралгүй хонуулж болох эсэхийг асуув. Болно... Дэжид охин бол манжуур дахи их японы эзэн хааны шууд ивээлд орших охидын сургуулийн ахлах сурагч бөгөөд гуравхан жилийн дараа сургуулиа төгсгөөд эзэнт гүрний албанд хүчин зүтгэх учиртай боловсон хүчин болохыг тайлбарлан холбогдох үнэмлэх бичгийг гаргаж үзүүллээ. Ахлагч хэдэн хором бодолхийлснээ утасны харилцуураа авч хэн нэгэнд байдлыг илтгээд харилцуураа тавьж охиныг өөрийн биеэр буудалд бүртгэн оруулахаа мэдэгдэв. Лхам бүсгүй харуулын ахлагчид зүй ёсны талархал илэрхийлээд охиндоо цүнхээ өгч хацар дээр нь үнсээд гарлаа. Цүнхэнд тэдний бүх бичиг баримт бас хорин мянган иен бэлэн мөнгөөр байгааг Дэжид охин мэдэж байв. Энэ бол ямар ч үнээр хамаагүй энэ буудлаас өглөө болтол гарахгүй байх баталгаа байлаа.
3
Дэжид охин тэр шөнө унтаж чадаагүй билээ. Эх, эмээ, отог омгийнхон нь амьд мэнд өглөө болгох болтугай гэж эмээгийнхээ зааж өгсөн хэдэн тарнийг амандаа уншиж, мэдээ орсон цагаас шүтэн мөргөж дадсан догшин сахиус жамсран бурхандаа үүр цайтал залбирсаан. Гэгээ орж хөл хөдөлгөөн эхэлмэгц гарч, хашааны хаалганы багана налан зогсоод уран хийцэт төмөр сараалжны завсраар хөдөлгөөн орж эхэлсэн гудамжийг ширтэн эхийгээ хүлээсэн. Эхэндээ ойртсон хүн болгоныг, хүн тэрэг болгоныг сэрхийн хардаг байсан бол, үд өнгөрч нар гудайх үеэс бүгдийг ойлгож түм түжигнэж бум бужигнасан гудамыг зүгээр л гөлийн ширтсээр зогссон. Ар гэрийнхэн нь бүгд үрэгджээ гэсэн бодол цээжинд нь тов бууж байвч үүнтэй эвлэрэхийг хүссэнгүй, түмэн зүйлийн шалтаг бодож олохыг хичээнэ. Түүн дотроос хамгийн үнэмшилтэй нь хөлөг онгоц өнөөдөр явахаа больж хойшлуулсан байх гэсэн таамаг... Охин энэ бодолдоо итгэж байв. Тэгээд л тэд ирээгүй хэрэг. Хашир болгоомжит хөгшин эх нь хүний анхаарал татахгүйн тулд бүгдийг гадагш гарахыг хориглоод “Дэжид тэртэй тэргүй найдвартай газар, хангалттай мөнгөтэй байгаа юм чинь тэндээ байж л байг, цаг нь болохоор очоод авчихна... “ гэхчилэн ярьж буй нь нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдохоор тодхон төсөөлөгдөх аж. Энэ бодолдоо бага зэрэг тайвширч харанхуй болоход тэд маргааш өглөө ирнэ дээ гэсэн бодол тээсээр буудалдаа буцаж орлоо. Буудлын зочин хүлээн авах дарга өчигдөр орой харуулын ахлагчаас түүнийг хүлээн авсан намхан бүдүүн ах мөн л инээмсэглэсээр тосон мэндлэхэд, өнөөдөр гэрийнхэн нь ирээгүй тул дахин нэг хонохыг хүсэв. Хариуд нь нялуун инээмсэглэл тодруулсан нүүрээ ойртуулж эрхэм авхайн аргагүй байдлыг бодож өчигдөр ганц л хонохыг зөвшөөрсөн тухай мэдэгдэхэд охин ганц ч үг хэлэлгүй цүнхэндээ гараа хийн 200 иен гаргаж ширээн дээр тавилаа. Уг нь бол түүний өчигдөр хоносон өрөөний үнэ 50 иен байсан. Гэвч одоо бол буудлаас гарч яасанч болохгүй байлаа. Гэрийнхэн нь энд л түүнийг хайж ирэх ёстой. 50 иен ч их мөнгө, аргагүй тусгай хамгаалалт бүхий албаны улс буудаг буудал болохоор тэр биз. Харин энэ удаад мөнгө хамаагүй байлаа. Эх нь түүнд ямарч үнээр хамаагүй хахуульдаад энд үлдэж хүлээ гэж ойлгуулсан. Ширээн дээрх мөнгө өрөөний түлхүүрээр солигдох нь тээр холоос дурангаар харж байгаа мэт сонин харагдах ажээ. Дэжид охин ийм байдалтай арав хонов. Өглөө болгон горьдож, өдөр болгон үхэж, үдэш болгон найдаж, шөнө болгон залбирч байлаа. Амьдралын гашууныг амсаж үзээгүй бяцхан зүрх нь өглөө болгон шархирч, өдөр болгон зогсож, үдэш болгон эмтэрч, шөнө болгон амилж байлаа. Тэр юу хийх яах ёстойгоо ч мэдэхгүй, зөвхөн хүлээх ёстой хүлээх ёстой, хүлээх ёстой, хүлээх ёстой... хэмээн амьсгалж, зүүдэлж, амьдарч, зөвхөн тэр үгэн дээр тээглэн тогтож байсан билээ. Бүтэн арав хоногийн турш Дэжидтэй хамт уйлагнан өнжсөн тэнгэрийн зузаан бараан үүл нимгэрэн нарны туяа хөшигний цаанаас тусах мэт сүүмийн гэгээрсэн тэр өдрийн өглөө энэрэлт эхийн нөөлгөд хоргодон асан балчир нас нь түүний амьдралаас тасар татагдан эгнэгт одоод, хадат уулын хайргат энгэр мэт хорвоогийн хатуу нудрагатай улаан нүүрээрээ халз тулсан билээ. Тэр өдрийн өглөө гудамжаар холхих хүн хогийн урсгал ширүүсч эхлэх үес хаалганы сараалжнаас зууран зогсож асан охины чихэнд “Дэжид авхай, Дэжид авхай...” хэмээн хашгирах танил дуу гэнэт сонсогдоход агчисхийн цочиж олны дундуур нүдээ гүйлгэн харцаараа хайтал, өрвийж халтартан царай дарж, ноорхой хувцасны оронцог эгэлдрээд агшиж жижгэрэн танихын аргагүй болсон Жаман... мэдээ орсон цагаас хамтдаа наадаж өссөн Жаман хөвүүн хоёр гараараа даллан дэвхцэж түүнийг чиглэн гүйж явах нь нүдэнд туслаа. “Амьд байна... Амьд байна манайхан “ гэсэн бодол харанхуй цээжинд нь цахилгаан цахих мэт зурсхийн гялбахуй охин ухасхийн гүйж гарлаа. Хүүгийн өөдөөс гүйж явах зуурт “манайхан хэцүү байдалд орж нуугдсан байх... Тэгээд энэ Жаманыг зүс хувилган нууцаар илгээсэн байх” гэсэн бас нэгэн бодол сэргэлэн ухаанд нь гялсхийн буумагц дороо зогтусан эргээд дааман хаалганы бүдүүн баганы буланд олны нүднээс нуугдасхийн зогсоод энэ хооронд хар гүйхээрээ ээрэн бархирсаар тулж ирсэн хөвүүний хоёр гараас угз татан доош нь суулгалаа. “Юу болов? Яриач...” хэмээн шивнэх мэт чимээгүйгээр хашгиран дахин дахин асуухад, гагцхүү Дэжид авхай... Дэжид авхай... хэмээн ээрэн уйлах сөөнгө хоолой л хариуд нь дуулдах ажээ. Хөвүүний цөхөрч туйлдсан харц, үхмэл өнгөөр цонхийж харласан царай, өмхий ханхалж ноорсон хувцас нүдэнд нь ээлж ээлжээр тодрон тусахад тэр өдрийн тэнгэр шиг нимгэрэн онгойж ирсэн цээжинд нь цөхрөл гашуудлын хар үүл хором хормоор хуралдан зангирсаар “Үхсээн... Бүгд алагдсан” гэсэн үг хатаж сөөсөн хоолойноос сонсогдохтой үгүйтэй дөнгөж дуулдахад харах нүдийг нь харанхуйлан бүрхлээ. Нойтон хүнд агаар турьхан мөрөн дээр нь дааж давшгүй хүндээр дарж, эцсийн мөч хүртэл цэх тэнэгэр байхыг хичээсэн туяхан нуруу нь бөхийгөөд, туранхай өвдөг нь чулуун шалан дээр нидрэн сөхөрч, төрөлх тунгалаг харц нь цөхрөлийн сүүдэрт балартан, энэрэлгүй тавилангийн шорвог нулимсанд алдрай охин живлээ. Эх нутаг элгэн саднаасаа хагацсан, элээний ангаахай шиг хоёр жаалхан хүүхэд мөр мөрөө түшилцэн чимээгүйхнээр эгшин хайлан байх нь тэдний хажуугаар урсан өнгөрөгч ширхэг будааны төлөө тэмцэн шоргоолж шиг бужигнан хөлхөх харь элгийн хүмүүс хийгээд тэр бүхний дээрээс омог бардам сүүдрээ тусган өнгийх өндөр барилгын оройд залагдсан эзэнт гүрний сүрт далбаанд огтоос падгүй хэрэг байлаа. Тэр хоёрт одоо түшиж тулах хэн ч байхгүй, цаашид хэрхэн яаж амьд үлдэхээ ч мэдэхгүй, басхүү амьдрал гэж юу байдгийг ч мэдэхгүй. Хоёр хүүхэд тэр үед ганц л зүйлийг сайн ойлгож байсан нь энэ газар монгол гэдэг нэр үхэл гэдэг үгтэй агаар нэгэн ажээ. Юу чухал, юу буруу, юу зөвийг ялгаж салгаж мэдэхгүй ч үхлээс айж, үхлээс зугтах нь амьд амьтны төрөлх зөн совин ажгуу. Нэгэн цагт ертөнцийг чичрүүлж явсан хүчирхэг монгол, би монгол гэж хэлэхэд дэлхий өмнө нь сөхөрдөг байсан эрин цаг хэдэн зууны тэртээд алсран өнгөрөөд, эцсийн голомтоо аварч үлдээхийн төлөө эх нутгаасаа ойн гарсан нэгэн монгол омог сүйрэн мөхөв. Нэгэн үе африк, европ, азийн хагасыг эзэрхэж асан хүчирхэг Мухамедийн хөвгүүнийг өлмийдөө сөгтгөсөн, идэрхэг монгол баатар Хархулангийн цусны сүүлчийн тасархай шанхайн чулуун гудамжинд чийгийн өт мэт арчаагүйгээр атиран унахыг хараад, мандах буурах олныг үзсэн буурал түүхийн мэлмий дальдран мэгшиж авай.
4
Хоёр хүүхэд бохир чулуун гудамжинд тэр чигээрээ үлдсэн юм. Юу гэвэл нэгэнтээ тэднийг сэхээ ороход хэдийн бүрий болж байсан ба бүх бичиг баримт болон тэдний сүүлчийн хөрөнгө болох арван долоон мянга есөн зуун тавин иен бүхий цүнхийг нь хэн нэг нь хэдийн хулуун одсон байжээ. Арав хоногийн турш хог дээрээс олсон ногооны хальс, ялзарсан сонгиныг эс тооцвол бараг борооны уснаас өөр юм амсаагүй харангадаж өлбөрсөн Жаман, идэх юм өгөхийг авхайгаас хүсэх үед л тэд үүнийг анзаарсан байна. Сүүлчийн хүч тамираа барсан хоёр хүүхэд цүнхинйхээ хойноос харамсах ч сэхээгүй болсон байсан ба аз болоход Дэжид охины даашинзны халаасанд үлдсэн гучин долоон иенээс нэгийг нь задалж гудамны эсрэг талд эгнэсэн явган наймаачдаас ганц мантуу аяга буцалсан ус авч өл залгаснаар тэдний харанхуй амьдрал эхэлсэн билээ. Нэгэнт буудалдаа орж чадахгүй болсон хийгээд алсын америк байтугай усан боомт ч хүрэх аргагүй болсон манай хоёр хаалганы хажуудах тэрхэн булангаасаа ч холдохоос айн хоргодож байсан нь аргагүй юм. Шанхайн гудамжаар бугшсан гуйлгачин дээрэмчний тоо аливаа хязгаараас хэтэрсэн бөгөөд шөнө болоход хот тэдний бүрэн эрхшээлд орох тул бяцхан хоёр жаалыг амьдаар нь тасдаж идэхээс ч буцахгүй болохыг алд биеэрээ туулж ирсэн хөвүүн сайн мэдэж байв. Дэжидийн хувьд бол хэд хоногийн турш ямарч юм бодох сэтгэх тэнхээгүй, гудамжны бохир чулуун шалыг л гөлрөн суух ажээ. Хятад хүн болоод нохойг үл ойртуулах хуультай тусгай буудлын үүдний харуулууд өчигдөрхөн язгууртан авхай байгаад өнөөдөр гудамжны гуйланчин болсон охиныг сайн таних тул харуулын ахлагчийн зөвшөөрсний дагуу тэднийг эс хөөх учир нэгэн төрлийн хамгаалалтын бүсэд орсон манай хоёр хүүхэд ямарч гэсэн амьд үлдэж чадаад сүүлчийн мөнгөө дуусах хүртэл бүтэн сар амь зогоолоо. Энэ хооронд өмнө зүгийн халуун зун эхэлж, монгол хүний хувьд бол буузний жигнүүр доторхи шиг халуун ууран дунд тарчилахын зэрэгцээ гол зогоож өл залгах юм олох гэж элдэв арга сэдэх хэрэгтэй болсноор уй гашуунаасаа бага багаар салж амьдралын гашуун үнэнтэй эвлэрэв. Дэжидийн хувьд энэхүү доромж амьдралаар амьдрах ямарч хүсэлгүй бөгөөд утга учиргүй байсан боловч амьд амьтны төрөлх совингийнхоо шаардлагаас гадна өдөр өдрөөр, дусал дуслаар нэмэгдэх нэгэн хүч түүнийг хөдөлгөж байсан нь элгэн садныхаа цусан өшөөг авна гэж бяцхан зүрхнийхээ угт бат тангарагалсан явдал байлаа. Хэрхэн, яаж, хэнээс гэдэг нь одоогоор үл мэдэгдэх авч юун түрүүн амьд үлдэж, өсч том болж, хүч чадалтай болох ёстой гэдгийг хэрсүү ухаан нь түүнд шивнэн шивнэн сануулж байсан юм. Жаманы хувьд бол бүх юм тодорхойгүй байсан ч эзэн авхай нь хажууд нь байгаа явдал хамгаас чухал байлаа. Юун түрүүн авхайг тэтгэн хамгаалах нь түүний үүрэг бөгөөд нэгэн цагт авхай ухаан сэхээ орж түүнд тушаал өгөхөд өштөн дайсныг олж улаан хоолойг нь хурц шүдээрээ ч болов тас татах болно. Үүний тулд бас л амьд үлдэж, хүч чадалтай болох хэрэгтэй ажгуу. Энэ хооронд мань эр байнга мантуу авдаг байсан өвгөн хятадтай дажгүй харьцаатай болсны зэрэгцээ өөрийн авхайг нэгэн цагт манжаас баян хамаатан нь ирж авах учиртайг танилцуулсан тул ямарч гэсэн буцалсан ус өдөрт нэг удаа үнэгүй авч уух эрхтэй болоод байв. Өвгөн хужаа ч хэдийгээр хөвүүний гэнэн үгэнд үл итгэх боловч хоёр хүүхдийг сэтгэлийнхээ гүнд өрөвдөн үзэх учир үнэт нүүрсээр халаасан уснаасаа л өгөхөөс өөр илүүчлэх юм даанч алга байлаа. Хөвүүн бас харуулын хараа хүрэх газарт түүнд айх зүйл байхгүйг олж мэдсэн тул өөрийн гэсэн эзэмшлийн бүс тогтоогоод түүн дотроо бол гудамжны хүүхдүүдээс айхгүй маадгархан алхаж олсон хог зүйлсээ бүрэн эзэмшихийн сацуу шөнө голдуу ирдэг согтуу япон дарга нарын нүдэнд өртөж болохгүй болохыг сурч авав. Харин үе үе ирдэг манжуурын цэргийн штабын ногоон дүрэмт хувцастай нүдэнд дулаахан даргыг нүдлэн аваад Дэжидийг дагуулан очиж манжаас ирсэн хүүхдүүд болохоо хэлж ивээлд нь багтсан бөгөөд тэр дарга буудлаас гарахдаа хатаасан далайн ногоонд боож базсан будаа заавал өгдөг болоод байв. Мөн түүнчилэн өдөржин гудмаар хөлхөх олныг шинжин харж аятайхан гуйлга гуйх аргад мэргэшиж байгаагийн хүчинд өдөртөө биш юмаа гэхэд хоёр хоногтоо ганц мантуу, аяга будааны задгай мөнгө олохоос гадна шанхайн гудамжинд энд тэндгүй байдаг гутал тосолдог жаалуудын адил сойз тавиур гэх мэтийн хэрэгсэлтэй болохыг мөрөөдөн дэл сул мод банзны хугархай, хадаас төмөр утас хайн ганц хоёрыг олж өөрийн буландаа нуун цуглуулж эхэлсэн төдийгүй харбинд байдаг шиг морин тэрэг үзэгдэхгүй байгаад гайхаж хэрвээ ганц морь үзэгдвэл дэл сүүлнээс нь гайгүй сайн хялгас зулгааж авах юмсан гэж бодолхийлэх бөлгөө. Нэг өдөр эзэмшлийн бүс дотроо зугаалж яваад нөгөө манжуурын дарга ахаа ирж явахыг золтой л алдчилгүй олж хараад Дэжидийг дуудахаар ухасхийн гүйлээ. “Дэжид авхай... авхай.... нөгөө ах ирж явна. Хурдлаарай” хэмээн тэнхээгээрээ бахиран өмнө нь очиход “Ах” хөмсгөө зангидан Дэжидээс “та хоёр сая ямар хэлээр ярив?” гэж асуулаа. Дэжидийн царай цонхийн айж чичигнэсэн хоолойгоор “манж хэлээр эрхмээ, бид манж хүмүүс шүү дээ” хэмээн арайхийн хариулаад хөвүүний гараас чанга атган хөтлөөд холдлоо. Монгол гэж мэдэгдвэл үхнэ гэж айсан Дэжидийн зүрх чичрэн байж Жаманд энэ дахиж монголоор ган хийж ч болохгүй болохыг хатуу тушааж билээ. Дэжидийн хувьд ч басхүү уруу царайлан унжийж суусангүй бөгөөд гагц түүний зиндаа өөр ажээ. Олон хоногийн турш гол хаалган дээр хөдөлгөөнгүй зогсон хэн нэгнийг хүлээдэг байсан тэнгэр язгуурт охин гудамын харалдаах явган наймаачид болон гуйлгачдын нүдэнд дассан байтал гэнэт нэг өдөр харанхуй нийгмийн ёроолд хаягдан гудамжинд гарсан нь хэний ч тааварлаж чадамгүй сонин хэрэг байсны дээр харуулын ахлагч янгүйза өдөр бүр өөрийн биеэр гарч ирэн мэнд амрыг нь мэдэн хүндлэл үзүүлэх тул тэдний хувьд басч хамаагүй халдаж боломгүй эмээн болгоомжлох сэтгэлийг төрүүлэх ажээ. Үүний дээр өөрийн мантуу ба халуун усаа анхнаасаа авч дадсан ганц жигнүүртэй өвгөн луухааны явган ширээн дээр зарц хөвүүнийхээ хаанаас ч юм олж ирсэн хар бэхний өөдсийг найруулан эртний нанхиад ерөөлийн хоёр үсгийг урнаар бичиж өгсөн нь анзаарч харсан хэн хүний харааг булаан орлогыг нь нэмэгдүүлэх тул бичиг үсэг үл мэдэх явган наймаачдын хувьд шидэт тарни мэт үзэгдэн бишрүүлэх аж. Мөн яг харалдаа нь байх тансаг зоогийн газрын хажууд наалдсан өчүүхэн мухлагын эзэн, өдөржин үүдэн дээрээ хөлсөө арчин хоолой мэдэн хашгирч үйлчлүүлэгч зочдыг урин чангаах ажилдаа охиныг элсүүлэн авсан бөгөөд Дэжид охин өдөржин оройжин мухлагийн эзний зогсох эрхгүй буудлын үүдэнд зогсоод өнгөрөн урсагч хүмүүсийг мухлагтаа урин элдвийг тайлбарласаар өдөр болгон биш юмаа гэхэд ганц хоёр эрхмийг оруулж дөнгөдөг юм. Мөнгөтэй эрхэм үнэтэй хоол авч идсэн үед мухлагын эзэн шаазан заваан хоолонд амтат сүмсийг савхны үзүүрээр хутган хийж өгөх буюу орлого их орсон бол жижиг зоос өгөх нь ч бий. Дэжид харин тэр хишгийг Жаманыг дуудан идүүлэх ба өөрөө бол хөвүүний олж ирсэн болон өөрийн олсон зооснуудаа ариглан байж, зөвхөн өвгөн луухаанаас хаяа нэг мантуу, өдөртөө хэдэн аяга ус авах бөлгөө. Энэ бол тэдний гудамжны доод зиндааны амьдрал. Түүнээс доош өлбөрч үхэж буй ядарсан гуйлгачид хийгээд өт хорхой, харин түүнээс дээш доншуур наймаачид болон хүн тэрэгчид. Тэгээд бүр дээшээгээ орших баян эрхмүүдийн ертөнц бол тэдний хувьд үүлэн дээрх шамбалын орны амьдрал шиг төсөөлөгдөнө. Арван хоёр насандаа Тэнгэрийн орноос доош унаж, хэзээ ч гарч чадахгүй тамын ёроолын энэ эргүүлэгт орсон Дэжид охин, амьд явбал алтан аяганаас ус ууна гэсэн монгол үгийг санаж, амьд л үлдэж чадвал нэгэн цагт эндээс мултарч гарна гэж, дээд тэнгэр дээдсийнх нь ариун сүнс түүнийг орхиогүй гэж итгэн залбирч байлаа. Цөхөрч мохсон сэтгэл оюуныг нь тэтгэгч цорын ганц гал нь өшөөгөө авах хүсэл, зөвхөн өш хонзонгоо авах чин хүсэл байлаа.
5
Хоёр хүүхдийн гудамжны амьдрал, үмх хоолны төлөөх тэмцэл эхлээд хоёр дахь сардаа орж, хэдийгээр энэ амьдралдаа аргагүй дасаад байсан ч наймдугаар сарын гаслам халуун өдрүүд үргэлжлэн халуунаас шантарсан гудмаар холхигч хүн зоны хөл хөдөлгөөн ч сийрэг болж, үүнийг дагаад гол зогоох юм олж амиа аргалахад хэцүү болж ирсэн тэр өдрүүдэд мөнөөх манжуурын штабын дарга шанхайд ирж тааран хэд хонохдоо өдөр бүр идэх юм өгч байсан нь манай хоёрт жинхэнэ аврал болж байлаа. Нэг өглөө харуулын ахлагч өөрийн биеэр гарч ирж тэр хоёрыг буудлын хашаа руу дагуулан оров. Айх гайхах зэрэгцэн бүлтэгнэсэн Дэжидийн толгойд муу юм л юун түрүүн орж ирэх бөгөөд ингээд өнгөрч байгаа юм биш биз хэмээн бодогдох авч нэгэнт өөр зугтах газар үгүй тул өлсгөлөн ходоод нь хоол горьдон хоржигнож ямар нэг юм өгчих юм биш байгаа гэсэн бас нэгэн горьдлого төрүүлэн даган алхаж билээ. Үнэхээр ч буудлын төв барилгын ардуур тойрон нарийн хоолны тансаг үнэр ханхалсан гал тогооны хэсэг рүү орж явчихад өөрийн эрхгүй сэтгэл сэргэн догдолж бяцхан тархинд нь өөр элдэв бодол үлдэлгүй алга болоод зөвхөн хоолноос өөр юм бодохоо больж билээ. Үнэхээр харуулын ахлагч тэднийг гал тогооны арын хашаанд оруулж өгөөд буцахад тэндхийн нэг туслах тосон авч том хувин бэлдсэн бүлээн усаар биеэ угаахыг зааварлаад гарч ирмэгц нь бэлдэж тавьсан хуучин боловч цэвэрхэн өөрийнхтэйгээ адилхан дүрэмт хувцас авчирж өгөв. Зууралдсан хур хирнээсээ салж томдсон ч гэлээ цэвэр хувцас өмссөн хоёр хүүхэд төрөл арилжсан юм шиг болоод мөнөөхөн туслахыг даган гал тогоогоор дайран буудлын хоолны танхим руу ороход өглөөний хоолны дараа хоосорсон том танхимын голд олон тавагтай хоол өрсөн тансаг ширээний цаана суух манжуурын штабын офицер Сато сан тэдний нүдэнд тэнгэрийн элч шиг л харагдаж байлаа. Хоёр хүүхдийн айх эмээх сэтгэл хором хоромоор дарагдаж дураараа идэх зөвшөөрөл өгсөн тул удтал амсаагүй амтат сайхан зоогийг тааллаараа хүртэн байх зуур ингэж нэг сайхан хооллоод дараа нь үхсэн ч гомдолгүй мэт санагдах ажээ. Хүүхдүүдийн гэдэс дүүрч жаал сэхээ орох үед Сато сан тэднийг өөрийн биеэр батлан дааж гал тогоонд ажиллуулах болсон учрыг тайлбарлаад тэндээс хэрхэвч оргож зугатаж болохгүй болохыг хэлж, хэдэн сарын дараа өөрийн биеэр ирж тэднийг авах болно. Хэрвээ ирж чадахгүй алга болбол гал тогооны дарга ахлах тогооч тэднийг эндээс явахыг тушаах хүртэл энд ажиллах болохыг зааж өгөв. Энд байх нь гудамжинд байснаас илүү болохыг та хоёр удахгүй ойлгох болно, тиймээс тэвчээртэй байж хичээн ажиллахыг захиж билээ. Ингээд хооллож дуусахад тэднийг ахлах тогоочид хүлээлгэн өгөөд гарч одсоноос хойш яг дөрвөн сар арван хоёр хоног болжээ. Идэх хоол, хийх ажилтай болсноор барахгүй айх аюулгүй тэр ч байтугай өөрсдийн гэсэн мөнгө зоос цуглуулж эхэлсэн нь Дэжид охины сэтгэлд шинэ эрч хүч өгч амьд үлдэх, өшөөгөө авах хүсэл нь биелэшгүй хоосон мөрөөдөл мэт санагддаг байсан бол одоо тэмээний ноосоор утас ээрэн бөөрөнхийлэх шиг өдөр өдрөөр томрон амилж байлаа. Харанхуй гудамжинд чичрэн хонодог байхдаа бараг шөнө бүр эх, эмээ болон омог отгийхон нь хэрхэн үрэгдсэнийг Жаманаар дахин дахин яриулсаар, ярих бүрд нь жижиг сажиг юм бүхнийг тодруулан лавлаж улмаар өөрийн биеэр тэнд байсан юм шиг тэр аймшигт шөнийн явдлыг тархи зүрхэндээ баттай дүрслэн хадгалсан юм. Тэр шөнө тэд шанхайн дээрэмчид тэдний байрыг довтлох вий хэмээн ихэд болгоомжлон бэлджээ. Хэдийгээр урд шөнийн бүх дээрэмчдийг устгасан гэх боловч харанхуй гудамжинд хэн нэг нь нуугдаж үлдсэн байж магадгүйн дээр хэрвээ том бүлгийн нэг хэсэг байсан бол өнөөдөр үлдсэн хэсэг нь үрэгдсэн хэсгээ олоод үйлдсэн эзнийг нь хайж байгаа нь гарцаагүй билээ. Тэд бүгд нийлээд 17-45 насны арван найман эр, арван хоёр эм хүн, дээр нь 60 настай эмгэн нэг, 9 настай хүү нэг байлаа. Тэдэнд байгаа зэвсэг арван таван кольт гар буу, нэг сэлэм, арван нэгэн чинжаал байв. Арван цонхтой хоёр давхар байшингийн бүх гэрлийг унтрааж, нэгдүгээр давхрыг эрчүүд, хоёрдугаар давхарыг эмэгтэйчүүд эзлэн, цонх бүр дээр хоёр хоёроороо хувиарлагдан ээлжээр харуул хийж ээлжээр амрах болоод хоёр хүн байшингийн урд талын задгай төмөр хашаандах бутан дунд нуугдаж, гурван хүн жаалхүүгийн хамт арын хашаанд нууц харуулд гарав. Байшингийн эзэн 5 хүнд хангалттай мөнгө нэмж өгөөд зооринд хийн түгжиж өглөө гаргана хэмээн амласан байлаа. Шөнө дунд өнгөртөл тайван байсан боловч олон жил дайн тулааны хөлд туршлагажсан монголчууд үүрээр дайрна гэж таамаглан хүлээж байлаа. Хэрвээ үүрээр дайрах юм бол ганц хоёр цаг тэсэхэд л өглөө болж хот цэргийнхний мэдэлд шилжих тул аврагдах боломжтой гэж тооцоолж байв. Шөнийн гурван цаг өнгөрч бүгд санаа амрах тийшээ хандаж байтал арын хэрмэн хашаан дээгүүр таван хүн сүүдэр мэт сэмхэн даван орж ирэхэд отолтод байсан гурав араас нь гэнэдүүлэн довтолж хоромхон зуур анир чимээгүйхэн хоолойг нь хэрчээд хашааны ёроолд нуулаа. Бүгд сэтгэл түгшин хүлээнэ. Ингээд дууссан байгаасай гэж залбиравч тийм биш гэдгийг бүх хүн мэдэрч байлаа. Цаг хэртэй болоод байтал арын хашаан дээгүүр сарны гэрэлд арваад бөөрөнхий хар бөмбөг сарьсан багваахай шиг чимээгүй нисэлдэн орж ирээд пис пасхийн дэлбэрэлдэж тулалдаан эхлэв. Эхний тэсрэлтэнд хүнд шархадсан Гочоо хашаан доторх чулуун хорготой задгай жорлонд хүүгээ түлхэн оруулаад юу ч болж байсан өглөө болж чимээ намдахаас нааш бүү гар гэж сүүлчийн хүчээ шавхан хашгирав. Хөвүүн хоолойгоороо татсан өмхий балчигт чичрэн зогсож үнэр танарыг мэдрэх ч сөхөөгүй пулёмёт бууны тачигнаан, гар бөмбөг тэсрэх, гар буу, винтовын буудалцаан, хятад монголоор хараал тавин ёолон хашгиралдах дуу, шил хагаран хаалга цонх эвдрэх чимээ, хутга сэлэм харшилдан амьсгаадан ноцолдох чимээг хүртэл сонсон амьсгал давчдан ухаан балартан байв. Төд удалгүй буудалцаан зогсож олон хүний гүйлдэх чимээгээр солигдоод хятадаар хараал тавин бүгдийг нэгжиж бүгдийг авахыг тушаан хашгирах, хөөрөн гуаглах, тавилга хогшил авдар сав онхолдон түр нярхийх, үе үе гар бууны бөглүү дуу сонсогдож байлаа. Нэг хэсэг хөвүүний ухаан балартсануу яасан нэг мэдэхэд анир чимээгүй болж жорлонгийн дээд хэсэгт гэгээ орон өглөө болсон байлаа. Хөвүүн гарахаар шийдэж жорлонгийн чулуун хананы хонхор ховилд хуруугаа шигтгэн хөлөөр дөрөөлж мацан цовхчсоор суултуурын банзнаас шүүрч зууран мацсаар бүх хүчээ шавхан гарч ирээд улаан цусаар будагдан талхлагдсан тулааны талбар эмх замбараагүй олон хүүрийг хараад өвдөг нь нугаран ойчлоо. Гэсэн өндийн зүтгэсээр эцгээ хайлаа. Эцэг байшингийн хана налаад суугаагаараа нөгчжээ. Бөмбөгөнд сэглүүлснээс гадна хүзүү толгойгүй шутганы оромноос цус урсан бөөгнөрчээ. Монгол хятад холилдсон олон хүүрнүүдээс таних хүний царайг хайн амьд монгол үлдсэн байх гэж горьдон бүгдийг үзэв. Хүн бүрт сум хутганы тав арваас доошгүй үхлийн шарх ангайлдан , амьд хүн нэгч үгүй ажээ. Уйлсаар сүүлдээ нулимс гарахгүй болон сэхээ ороод дахин бүгдийг үзэв, тэр ч бүү хэл зоорины үүдийг нээж дотор нь байшингийн эзэд ч бас бүгд алагдсан байлаа. Үхсэн хятадууд ч бас дор хаяж тавиас доошгүй байхыг баримжаалаад байтал олон машины чимээ гарч япон цэргийнхэн орж ирлээ. Өмхий ханхлуулан орилох хөвүүнийг золтой л сүлбээд алчихсангүй бууны бөгсөөр дэлсэж өшиглөн хөөж гаргаад хаанаас ч юм баахан хятадуудыг тууж ирэн бүх хүүрийг ачааны машинд овоолон ачуулаад хаашаа ч юм явуулж, байшингийн хаалга цонхыг банзаар битүүлэн хадаж үүдэн дээр нь бичиг наагаад оройхон тийшээ алга болцгоолоо. Манарч дүйрсэн хөвүүн энэ бүхнийг арга тасран харсаар хоцоржээ. Харанхуй болохын алдад баахан ноорхой хүүхдүүд хаанаас ч юм гарч ирээд мань эрийг мод чулуугаар нүдэн золтой л алчихсангүй, даанч түүнээс авах юм үгүйгээс гадна ойртох аргаүй өмхий самхай тул тэгсгээд зөнд нь орхижээ. Шөнөжин бүлээн бороонд угаагдан гудманд уйлж хонохдоо Дэжидийн тухай санаж маргаашнаас түүнийг хайж япончуудын очдог буудлыг сураглан өчнөөн олон газраар олон хоног явсан бөгөөд таарсан бүхэндээ зодуулж чичилүүлсээр амь тасардгийн даваан дээр Дэжид авхайн барааг харж аврагдсан ажгуу. Дэжид охин энэ бүгдийг өөрийн биеэр туулсан мэт ой тойндоо бат санаж явахын сацуу хэнийг ч үл итгэн амьд гарахын тулд бүхнийг хийхэд бэлэн байлаа. Эх эмээ хоёрыгоо даган хүн амьиантай хэрхэн харьцаж хэрхэн ажлаа амжуулдгийн харан суралцаж юмны учрыг гадарладаг болсны хувьд сайхан сэтгэлт Сато сан тэднийг гал тогоонд оруулахын тулд буудлын нялуун нүүрт дарга хийгээд гал тогооны даргад багагүй хахууль өгснийг ч гадарлаж байлаа. Энэ харь элгийн хүн тэднийг ямар зорилгоор тэтгэж буйг сайн мэдэхгүй ч ямарч гэсэн түүнд бүрэн итгэж болохгүйг мэдэж байв. Түүний ирж авахыг хүлээнэ гэдэг утгагүй хэрэг бөгөөд цуглуулж буй мөнгө нь таван мянга хүрч гадаа урин дулаан болмогц эндээс оргон зугтахаар шийдээд байсан тул хэрхэн хятадуудад дээрэмдүүлж алуулчилгүй усан боомт хүрч, хэрхэн ямар нэг онгоцонд суух тухай түмэн янзын төлөвлөгөө боловсруулж, тэр нэгэн өдөр боомтоос ямар замаар ирсэн, тэндхийн байр байдал ямар байсан, онгоцны ажилчидтай хэрхэн харьцах тухай цээжиндээ харан төсөөлж төлөвлөж байлаа.
6
Америк, Нью иоркоос холгүй орших Лонг айландад энх цагийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа. Энд амьдардаг хуучин цагийн гэж одоо хэлэгдэх болсон оршин суугчид дайны дараа мянга мянгаараа баригдах болсон шинэ цагийн модон байшингуудад бүслэгдэн, мянга мянгаараа ирэн суурьших идэр залуучуудын эрч хүчтэй амьдралын хэмнэлд бага багаар дасч байв. Энд хуучин юм цөөхөн үлдсэний нэг нь болох хуучин хотын төвд орших, зууны эхээр баригдсан шохойн чулуун барилгад нийтийн дунд сургууль байрласаар он удсан бөгөөд өдгөө гуравдах жилдээ сурч байгаа Дэжид энэ жил төгсөх ангид оржээ. Туранхай боловч өндөр нуруутай хийгээд монголд бол шар царайтай, шингэн шар үстэй гэгдэх байсан төрх нь энд бол хамгийн өөнтөгч арьсны үзэлтэн ч гэсэн цагаан арьстны ангилалд оруулахаас өөр аргагүй бөгөөд онигор нүдтэй хятад гэвч бас аргагүй тохиолдолд өршөөн үзэж болох “манай талын” хятад гэж тооцогдох аж. Хичээлээ тараад номын санд сууж, орой нь гэртээ буюу өвгөн багшийнхаа гэр болох хуучны модон байшиндаа харьж гэр орны ажил хоол ундаа ягштал нугалаад үдэш нь радио сонсох буюу өвгөн багшийнхаа сургааль яриаг сонсон эртний судрын шарласан хуудсыг эргүүлж монгол түүхийн тоосонд умбахаас өөр юм үл сонирхогч түүнийг гоочилж оролдох хүн байхгүй, харин ч хутагтын лүндэнг даган олны анхаарлыг үл татахыг хичээх ажээ. Эсрэгээр энэ жил дунд ангид орсон Жаман, энд ирээд бас Жэймэн гэдэг шинэ нэртэй болсон хөвгүүн арван дөрвөн нас хүрсэн боловч намхан нуруу, боровтор царайнаасаа болж хүртсэн “атигар шар арьст” гэсэн гутамшигт хочтойгоо уйгагүй тэмцэлдсээр саяхнаас бяр хүч сууж эхлэв үү, эсвэл нэгэнт айх аюулгүй газар ирсэндээ итгэж эхлэн зориг нэмэгдэж эв суусан уу, өөрөөсөө толгой өндөр, өөрийнх нь хэлдгээр жинхэнэ шар царайтай дээрэлхүү цагаан хөвгүүдийн хоёрыг үсэрч байгаад ганц ганцхан цохилтоор дараалан нам унагасан тул нэр сүр нь дээшилж, шудрага ёсыг гагцхүү нудрагын хүчээр тогтоож болохыг нотлон харуулаад байгаа бөлгөө. Дэлхийн дайны төгсгөл сая сая хүний амьдралыг өөрчилсөнтэй адил манай хоёр хүүхэд ч аврагдсан бөгөөд монгол гэдэг нэр үхэл гэсэн үг биш харин амьдрал гэдэг үгтэй утга дүйх болохыг яс махандаа шингэтэл ухаарсан юм. Өчигдөр л болсон явдал мэт тодхон санаанд нь тодхон харагдах дөрвөн жилийн өмнөх тэр нэг өдөр, буудлын гал тогоонд 5 дахь сардаа ажиллаад байхад Сато сан гэнэт ирж тэднийг хагас өдөр гадуур дагуулж явах чөлөө авсанд хоёр хүүхэд төдийгүй бүгд гайхсан ч хэн нь ч татгалзаж чадаагүй билээ. Гадаа гараад нэгэн хар машинд тэр хоёрыг суулган өөрөө жолоо барин хөдлөхдөө огт санамсаргүй сонин яриа үүсгэв. “та хоёр битгий гайхаарай би бас монгол хүн” хэмээн японоор өгүүлээд манай хоёрыг ган ч хийж амжаагүй байхад эмээгийнх л ярьдаг байсан цэвэр халх аялгуугаар яриагаа үргэлжлүүллээ. “Жаманг тэр өдөр монголоор хашгиран чамайг дуудахыг сонсоод манжуурт очихдоо та нарын тухай судалсан юм. Тэгэхээр чи бол дайчин вангийн хошууны Төгс тайжийн зээ охин Дэжид, харин Жаман чи Төгс тайжтай дарьгангын тулаанаас хойш нийлсэн өөлдийн хошууны Шагдар баатарын ач мөн биздээ, Харин би бол монгол цэргийн хүн, яг л та нарын өвөө шиг, ойлгож байна уу” гэлээ. Сочин хэлмэгдсэн царайгаа эвлүүлж амжаагүй хөвүүнээс түрүүлж сэхээ орсон Дэжид, “би таныг ойлгохгүй байна. Та ямар хэлээр яриад байна?“гэж японоор зөрүүлэн асуухад “Охин минь чи хаширлах хэрэггүйэ, та хоёрын талаар судалж мэдсэн учраас би хөөцөлдөж байж гал тогоонд оруулж цагийн байдал хэрхэн эргэхийг хүлээн түр аргалсан ухаантай. Гэвч одоо дайны байдал хурдан өөрчлөгдөж байна. Японы цэрэг гурав хоногийн дараа шанхайг орхино, би арай гэж амжиж ирлээ. Одоо би та хоёрыг найдвартай газар аваачна. Бас монгол хүн байгаа, тэр та хоёрыг америк авч явах болно” хэмээн нэг амьсгаагаар ярив. Америк гэсэн үгийг дуулаад гэнэн охины нүд сэргэн царай нь гэрэлтэж “Тэгээд та яагаад япон болчив, энд бас монгол хүн байдаг гэжүү?” гэхэд “би цэргийн нууц ажил хийж яваа юм, цэргийн хүний хүүхдүүд байна ойлгох байлгүй, манай монгол хүн энд бий, тэнд та хоёр хэд хоног нуугд, тэгээд америк руу хамт явна, тэнд бас манайхан тосч авна ойлговуу, уг нь би та хоёрыг монгол руу буцаах бодолтой байсан боловч тэр боломжгүй юм байна. Нэгэнт танай гэрийнхэн америк явж байсан болохоор нэгэн бодол байсан биз, тэхээр та хоёр ч гэсэн эргэлзэх хэрэггүй явснаараа явсан нь зөв” хэмээн намуун хоолойгоор сэхээрүүллээ. Хоёр хүүхэд гэнэтийн энэ явдалд цочирдон толгойгоо эргүүлж байх завсар машин хэдийн хотын хаана ч юм хэмжээгүй үргэлжилсэн зах, дэлгүүр эгнэсэн хавчиг гудманд орж ирсэн байлаа. Нэгэн эвтэйхэн мухарт машинаа зогсоогоод, одоо бол манай хоёрын хувьд манжуурын япон офицер байхаа больсон монголын цэрэг ах хажуугийн суудал доороос өргөн хар цув авч гадуураа өмсөөд, цэрэг малгайгаа бүрхээр сольж танихын аргагүй өөрчлөгдөөд, хүүхдүүдэд бэлдэж ирсэн хятад урт хүрэм нөмрүүлээд гарцгаалаа. Зээлийн гудамжаар өөд уруугүй нэлээн явж, дэлгүүр хэсэн нааш цааш хэрсээр нэгэн мухлаг руу орон арын өрөөнд ороход хоосон байсан ба удалгүй хаа сайгүй л байж байдаг жирийн нэг өвгөжөөр луухаан орж ирэв. Гэвч тэр бас монголоор ярьж эхлэхэд бүх зүйл хэвэндээ орлоо. Тэгээд ч сууж байхад нь нүд тогтоон ажвал туранхай боловч хятадуудыг бодвол эрүү түүшин том, янхигар биетэй аргагүй монгол хүн болох нь анзаарагдах ажээ. Түүнийг багш гэж дуудна. Товчхондоо бол багш цэргийн ах хоёр, харь газарт орхигдсон хүүхдүүдийн талаар эртнээс бодож төлөвлөж ирсэн бөгөөд харин дайны байдал огцом эргэж америкийн цэрэг хятадад орж ирсэн явдлаас болж багш америк явах албатай болсон тул завшааныг ашиглан хоёр хүүхдийг авч явахаар шийдсэн нь манай хоёрын хувьд ёстой л мөнх тэнгэрт тэтгэгдсэн өндөр заяа нь түшсэн хэрэг байлаа. Ингээд хоёр хүүхэд багштай үлдэж цэрэг ах явлаа. Таныг хэн гэдэг юм бэ гэж Дэжид түүнийг гарахаас өмнө амжиж асуухад намхан хаалгаар гарахын өмнөхөн эргэн хараад инээмсэглэж “би монгол цэрэг” хэмээн намуун дуугаар хэлж билээ. Үлдсэн гурав мухлагийн өрөөнд хэсэг азнаад гарч толгой эргэм гудмаар мушгиран явсаар нэгэн шавар тагзанд шургаад тэндээ долоо хоног бүгэв. Тэр хооронд багш хоёр хүүхдэд англи үсгийн цагаан толгой зааж байсан тул цаг нөхцөөж уйдах завгүй нэг л мэдэхэд нисэн өнгөрчээ. Долоо дахь өдрийн өглөө багш сахлаа хусан европ хувцас өмсөж төрөл арилжаад гарсан ба мөн түүнчлэн өдөр болгон тэгж гардаг болж харанхуй болохын алдад эргэж ирнэ. Ийм байдлаар дахин арав хоноод бүрхэг үүлтэй нэгэн өглөө гурвуулаа багашиг ачаагаа аваад гарлаа. Хотын гудамж урьдын хэвээр түмэн хүн бужигнаж арилжаа наймаа үргэлжилсээр огт өөрчлөгдөөгүй байвч боомт хүртэл явахад харин ямар өөрчлөлт гарсныг анзаарсан нь намхан бор япон цэргүүд алга болоод өндөр шар америк цэргүүд оронд нь бий болжээ. Дэжид охин гал тогооны агуулахын буланд нууж үлдээсэн төмөр хайрцагт буй нандигнан цуглуулсан мянга гурван зуун арван хоёр иендээ их л харуусч байсан боловч одоо бол япон иен хэнд ч хэрэггүй хог болсон гэдгийг ойлгоод тайвширав. Зөвхөн иенээр ч тогтохгүй бүхнээс хүчтэй бүгдийг дийлэгч японы эзэнт гүрний ялгуусан их цэрэг хүртэл шанхайн түүхэнд огт байгаагүй мэт оргүй алга болсныг хараад “цагийн өнгө хувирах” гэдэг үгийн учрыг сая л ухаарчээ.
7
Номхон далайн дээрх америк японы дайн үргэлжилсээр байсан боловч америк английн холбоотнууд атлантын далайг германаас чөлөөлсөн тул тэдний суусан хөлөг онгоц энэтхэгээр дайран алсын америкийг зорьж явлаа. Америкийн цэргийн хөлөг онгоц хятадын нутаг дэвсгэр дээр японы олзонд байсан англи европын чөлөөлөгдсөн иргэдийг энэтхэгийн Бомбейд буулгаад цааш замаа хөөн яваа нь энэ ажээ. Энэтхэгийн усан боомтод ч мөн шанхайгаас ялгаагүй ядарч зовсон шоргоолж шиг олныг хараад хорвоогийн хатуу амьдралд нухлагдсан хаа газрын энэ олны хувь заяа, саяхан үзэж өнгөрөөсөн харанхуй амьдралыг нь дахин санагдуулан дотрыг нь харлуулсныг эс тооцвол манай хоёр хүүхдийн хувьд энэ насандаа үзээгүй хязгаар хярхаггүй энэ далайгаар аялсан нэг сарын аялал тэдний сэтгэлээс хэзээ ч үл арилах гайхамшигт дурсамжийг үлдээсэн юм. Хорвоо ертөнц гэдэг өлсгөлөн гуйланчлалд нухлагдсан шанхайн хавчиг чулуун гудамж, түмэн хэлийн зон амьдрал хайн хөлхөлдсөн шавар шалбаагт харбин, балчир насаа өнгөрөөсөн өвөрмонголын уудам ногоон хөндийгөөс хавьгүй уужим том бөгөөд амьдрал гэдэг агуу ажээ. Шинэ цагийн хамгийн хүчирхэг их гүрэн, хуучин ертөнцөөс тасран өндийсөн шинэ ирээдүйг амлагч америкт очиж хэнд ч үл ялагдах хүч чадлыг эзэмшээд омог удмынхаа ариун сүнсийг амрааж өшөөг нь авах их хүсэлд хөтлөгдсөн хоёр хүүхэд хийгээд монгол эх орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэгч багш гурав энэ хөлгийн тавцан дээр улаан хятадуудад түрэгдсэн, номхон далай дахь японы эсрэг дайнд америкийн холбоотон болсон гоминдааны засгийн газрыг дэмжигч хятадын дүрвэгчдийн тоонд орон зорчих бөгөөд америкийн цэргийн удирдлагад үнэт мэдээлэл өгсөн тул тодорхой хүрээнд нэр хүнд олоод тэр холбоогоо ашиглан онгоцны дээд тавцанд тусгай өрөө олж аван тухлаж, дээд зиндааныхантай аялан явах бүлгээ. Аялалын явцад багш хоёр хүүхдэд англи хэлний хичээлээ үргэлжлүүлэн заахын хажуугаар өөрөө ч мөн англиар сайн ярьж сурах басхүү америк дахь шинэ амьдралдаа хэрэг болох мэдээлэл цуглуулахын тулд олзноос суллагдан харьж яваа өндөр зиндааны хэдэн америк найзуудтай болж аваад буддын шашны гүн ухааны талаар дуусашгүй сэдвээр яриа өрнүүлэн сонирхлыг нь татаад хариуд нь пуритан шашны ёс жаяг америк хүний сэтгэлийг таних, тэр газрын хууль дүрэм болон аж төрөх заншлын талаар мөн л дундрашгүй яриа сонсон уйдах завгүй явлаа. Сэргэлэн оюунт Дэжид охин англи хэлийг идэвхтэй суралцангаа багшийн хажуугаас үл холдон тэдний яриаг чих тавин чагнан явахдаа өөрийн үл мэдэх бөгөөд ирээдүйд өнгөрүүлэх тэр нэгэн шинэ ертөнцийг өдөр тутам өөртөө нээн явсан бол Жаман хөвүүн орчин цагийн техникийн хөгжлийн гайхамшгийг нэг мөр шүтэн бишрээд хичээлээс бусад цагт хаа нэг тийшээ алга болох бөгөөд хэрвээ түүнийг олох хэрэг болбол ахмадын өрөөнөөс зарлуулахад хөлгийн хаа нэгтэйгээс механик техникчдийн аль нэгийг даган гарч ирэх ажээ. Ийм маягаар тэдний ирээдүй өөд хийсэн гайхамшигт аялал өнгөрсөн юм. Хүн болгоны ярианаас дуулсаар цээжинд хоногшсон домогт эрх чөлөөний хөшөө тэдний сэтгэлд санаснаас өндөр төрүүлсэнгүй боловч нью иорк хот хүүхдүүдэд хүчтэй сэтгэдэл төрүүлэв. Гудмаар холхигч үй олон машин, элбэг хангалуун хүнс хоол тансаг бараа өрсөн баян дэлгүүрүүд ганган дэгжин хүмүүс, газар доогуур явагч сабвэй хэмээгч галт тэрэг, сайхан хөгжим эгшиглэгч радио, хамгийн чухал нь энд хэнээс ч нуугдаж айж явах хэрэг байхгүй явдал байлаа. Шинэ ертөнцөд бүх юм шинэ байлаа. Тэд нэгэн буудалд байрлаж өдөр бүр шахам гадуур явж хоттой танилцах бөгөөд нэг удаа мүүви хэмээгч сүүдэр ший үзсэн нь үлгэрийн орны ид шидийн гайхамшиг байлаа. Багш үе үе тэднийг орхин ганцаар явах ажилтай болдог бөгөөд санамсаргүй байтал арваад хоногийн дараа хутагтад бараалхуулна хэмээн хүүхдүүдийг дагуулан явлаа. Дэжидийн хувьд мэдээ орсон цагаас хойш дуулсан алсын америкийн тухай яриа бүгд хутагтын нэртэй холбоотой бөгөөд тэдний гэр бүлийнхэн америк явахаар шийдсэн нь чухамдаа америкийн сайныг мэдсэндээ биш эгэл хүмүүний хувь тавиланг тольдогч зөнч мэргэн бошгоороо алдар нэр нь дуурссан гэгээн хутагтыг бараадвал амар тайван амьдралтай золгоно гэж гүнээ итгэдгээс үүдсэн хэрэг тул хутагтад бараалхах энэ үйл явдал түүний зам мөрийг зааж өгөх болно гэдгийг юу юунаас ч илүү ухамсарлаж, түм түжигнэсэн хөл толгой нь олдохгүй энэ их газраас хутагтыг олж өчүүхэн тэднийг золгуулж чадсан багшдаа халуун зүрхнийхээ угаас бишрэн талархаж байлаа. Галт тэргээр явж очсон тэр газар мөнх ногоон мод төгөл бүхий өндөр хашаагаар хүрээлэгдсэн тансаг харшууд эгнэн ярайсан өргөн гудамж цэлийх нь яах аргагүй ихэс дээдсийн амьдардаг хүрээ дүүрэг мөн ажгуу. Гурван давхар сүрлэг чулуун харшид залрах хутагт тэднийг номын өрөөндөө монгол ихсийн ёслолын хувцастай хүлээн авч ертөнцийн нөгөө өнцгөөс холхи газрыг бядан тэмцсээр ирсэн хоёр хүүхдийг хүндэтгэн угтвай. Байдлыг ажваас багш нь тэдний талаар хутагтад урьдчилан айлтгасан бололтой. Хутагт, ар монголыг манж хятадаас тусгаарлан богд хаант олноо өргөгдсөн улсыг байгуулахад дорнод хязгаарыг тохинуулан гавьяа байгуулсан халхын Төгс тайж болон өөлдийн Шагдар баатар нарын алдрыг сайн мэднэ хэмээн айлдаад Төгс тайжийн хүргэн Дэжид охины эцэг цахрын Чулуудай өөрийн таван нөхрийн хамтаар арван жилийн өмнө эрхэм язгуурт вангийн гэр бүлийг хамгаалан хятадын нутгийг өнгөрүүлж америк руу эсэн мэнд явуулж өгсөн тухай сонссоноо ярив. Хоёр хүүхэд өвдөг сөхрөн унаад хар нулимсаа асгаруулан байж өчив. Чулуудай тавнан эцэг нь тэр аянаас амьд мэнд буцаж ирээгүй хийгээд манжуурт мал сүргээ дээрэмдүүлж их дайны хөлөөс зугтан шамбалын орон америкийг тэмцэн зүтгэсээр замдаа шанхайн дээрэмчдэд отог омгоороо хүйс тэмтрүүлсэн тухайгаа урд хойно нь оруулан амь тэмцэн эхэр татан байж айлтгав. Чингээд хэрхэн яаж өс хонзонгоо авах аргыг зааж өгөхийг гуйлаа. Хутагт хоёр хүүхдийг тайвшрахыг хүлээн хэсэг суугаад айлдав. Ийм бэрх гашууныг туулсан хэний боловч элэг зүрх эмтрэнэ, элгэн саднаа харийн дээрэмчдэд хядуулсан хэн боловч цусан өшөөг нь авахыг хүсэх нь зүйн хэрэг буй. Хэдий тийм боловч та хоёр одоогоор нялх балчир байна. Хорвоогийн үйл хэрхэн эргэдэг хийгээд юу зөв юу бурууг ялгаж ухаарахын тулд цаг хугацааг ашиглан эрдэм ном шамдах нь одоогоор юу юунаас ч илүү чухал байна. Сурах чигийг эрхэм болговоос явах зам аяндаа тодроно. Хэзээнээс нааш биеийн бөхөөр нэгийг ялна, ухааны бөхөөр мянгыг ялна гэж үг бий, хурдан буу хурц сэлэмнээс илүү мэргэн оюун, онч мэдлэгээр зэвсэглэн тулалдах цаг айсуй. Иймийн тул ганц өс авах тухай бодон суусаар алгуурлан цаг алдваас хожмын өдөр их үйлийг бүтээх цаг ирэхэд амаа барин гасалж гэмшивч хожимдох болно. Юуны урд та хоёр эндхийн жирийн сургуульд суралцаж хожмын явдлын суурийг тавь. Бидний мэддэг дэлхий дахин өрнийн зохиосон хуулиар өөрчлөгдөж байна иймд алсдаа энэ өрнө дахины их ухааныг ойлгон эзэмшихийн тулд эдний замаар сурч эхрлэх хэрэгтэй юм. Энэ ухааныг эзэмшихгүйгээр өс хонзонгоо авах бүү хэл өөрийн биеийг ч авч үлдэхэд бэрхтэй болно... Бас багшид зааж өгөв. Та нэгэнт энэ элээний өнчин ангаахай шиг хоёр хүүхэдтэй учирч эцэг эхийг нь орлох төөрөг тавилантай ажээ. Хэдий их хэргийн төлөө өчүүхэн надтай хамт зүтгэн амсхийх чөлөө ховорхон олдох болуузай хэмээвч үрээ морьдийг сургах адил энэ хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үүрэг танд ноогдов. Хэрвээ та эднийг сайн сургаж чадваас хожим бидний дуусгаагүй төгсгөх эрдэм чадалтай эрхэм сайд болох нь магад... Миний үзэж байгаагаар та гурав энэ нью иоркийн хажууханд орших лонг айланд хэмээх арал дээр төвхнөвөл одоогоор хөл үймээн багатай тайван газар тул зүгээр, ойрын ирээдүйд олон залуу хүмүүс суурьших төлөвтэй ч нэгэнт түрүүлээд очсон та гурвыг ад шоо үзэх арга байхгүйн дээр хуучин иргэд нь ч тэр олны хөл үймээнд дарагдаад та гуравханыг илүү үзэх тэнхэлгүй болох зүгээр газар санагдана. Ийнхүү тэр гурав лонг айландад суурьшив. Бүх зүйл хутагтын хэлснээр болж багш монголоос авч ирсэн жаал хатуу эдлэлээсээ худалдаад хуучны модон байшин авч монгол ламын гэрийн дэглэм л ийм байдаг болов уу гэмээр амьдралыг зохиов. Хоёр хүүхэд сургуульдаа явж, өдөр өдрөөр хуваарилан тогтоосон хоол идэх, шинэ гэр орноо арчлах, уншиж суралцах ажлаа дагнах ба гагцхүү эхний жилүүдэд багшийн явах суух ажил их байж зарим үед хэдэн долоо хоногоор ч үзэгддэггүй байв. Ийм үед тэр фон утсаар ярин хэл дуулгаж заавар өгөх бөлгөө. Жаман англи хэлэнд шамдан суралцаж хичээлээ бүрэн ойлгодог болохын төлөө зүтгэх нь ганц л зорилготой бөгөөд техникийн дэвшлийг шүтэн биширч түүнийг ухаарч эзэмшихин тулд физик ба математик гэсэн байгалийн шинжлэх ухааныг суралцах хүслээр жигүүрлэнэ. Дэжидийн хувьд хичээл нь амархан байсан тул сул цагаараа төлбөргүй нийтийн номын санд сууж америк европын уран зохиолыг шимтэн уншиж өнгөрсөн өрнийн их түүхээр аялж өөрийн ертөнцдөө өнгө ялган амилуулах бөлгөө. Тэр үед дэлхийн хоёрдугаар дайн холбоотнуудын ялалтаар төгсч байсан бөгөөд дэлхийн газрын зургийг дахин шинээр зурах түүхэн алхам хийгдэж байсныг хоёр хүүхэд мэдээгүй өнгөрсөн юм. Харин Дэжид охин олон жилийн хойно юмны учрыг мэддэг болсныхоо дараа өвгөн багш нь гадаад монгол улсын тусгаар тогтнолыг АНУ-ын засгийн газраар зөвшөөрүүлэх их үйлсэд гар бие оролцон зүтгэж байсныг ойлгосон билээ.
_________________ forever young
|