Клаус Деттерик ухаанаа алдахад бараг дөхөөд байсан атлаа мөрөөр явах хэрэг байгаа эсэхэд эргэлзсэн байгаа юм. Охиныг нь хулгайлсан хүмүүсээс мань эр айгаагүй ч харин хулгайчийг мөрөөр нь мөшгих юм бол секунд болгон үнэ цэнэтэй байгаа үед эсрэг зүгт яваад цаг алдах вий гэхээс айсан байлаа.
Гэтэл довжоог залгаад байдаг газар ургасан бутан дээрээс Хови хүү шар өнгөтэй даавууны тасархай олсноор эргэлзээг нь арилгажээ. Клаусыг гэрчүүдийн ширээний ард сууж байхад энэ тасархай даавууг харуулахад мань хүн уйлаад Кэйт охиныхоо унтахдаа өмсдөг богино өмдний хэсэг гэдгийг танисан гэж хэлж байсан юм. Ахиад хорин алхмын цаанаас тэр хоёр Кора унтахаасаа өмнө өмсөөд аав ээж хоёроо үнсэж байсантай адил цайвар ногоон өнгийн давууны уранхайг шилмүүст модны мөчир дээрээс оллоо.
Аав хүү хоёр Деттерик дайсны ширүүн галын дор давшилтанд орж байгаа цэргүүд шиг винтов буунуудаа хөндлөн бариад хар эрчээрээ шахуу харайлгаж эхэлжээ. Аавынхаа араас тэнхээ мэдэн гүйж явсан жаал яаж унаад Клаус Деттерикийн нуруунд сум зоочихоогүйд би их гайхсаны дээр хүү бүр хоцроод бас төөрчихөж ч мэдэх л байсан.
Ферм утасны станцид холбогдсон байсан нь Деттерикийнх тэр хүнд хэцүү үед даруухан ч гэлээ хөөрхөн хангалуун амьдардаг байсныг харуулах бас нэг зүйл юм. Маржори ч утсаа ашиглаж байгаад гэртээ утастай бүх хөршүүд рүүгээ залган, үүлгүй тэнгэрээс аянга цахилах шиг гэв гэнэт таарсан гай зовлонгийнхоо тухай дуулгаж байхдаа утсаар ярьсан айл болгоноос ус долоолгон шидсэн чулуунаас үүсдэг цагираг долгион мэт яриа ам дамжин яригдаж эхэлнэ гэдгийг мэдэж байлаа. Тэгээд хамгийн сүүлийн нэг газар руу устаар ярих болоход ямар ч байсан л Өмнөдийн хөдөө газрын утасны анхны системийн үед бараг л шившлэг болоод байсан “Байна уу, станц уу? Намайг сонсож байна уу?” гэсэн үгийг хэллээ.
Станц сонсож байсан ч ахимаг насны холбогч хүүхний сониуч зан нь хэт их хөдлөөд ангайж орхисон болохоор эхний хэдэн минут ямар ч хариу хэлсэнгүй. Тэгэж тэгэж ахимаг насны хүүхэн амь орлоо:
-Тийм ээ авхай, хатагтай Деттерик би итгэлтэй байна... ээ бурхан минь гэж би таны хоёр охиныг чинь эсэн мэнд байгаасай гэж бурхнаас залбиран гуйж байна...
-Баярлалаа гэж Маржори ч хэлэв.
-Гэхдээ намайг Тефтон дахь ерөнхий шерифийн газартай холбох хүртэл чинь Бурхан түр зуур хүлээж байг, тэгэх үү?
Трапингус гүнлэгийн ерөнхий шериф бол найгүй архичны хамартай, тэвш шиг том гэдэстэй, толгой нь шил угаадаг сарзайсан сойз гэж харагдахаар үстэй, залуу биш хүн байлаа. Энэ хүн “манай хөвгүүд” гэж өөрийнх нь нэрлэдэг байсан хүмүүсийг нөгөө ертөнц рүү хэрхэн явуулж байгааг харахаар Хүйтэн ууланд олон удаа ирдэг байсан болохоор би сайн мэднэ. Цаазаар авах ялыг гүйцэтгэхийг харж байгаа гэрч нар нь гол төлөв эвхдэг сандал дээр суух бөгөөд та ч магадгүй оршуулга, сахил хүртэх ёслолд оролцохдоо, эсвэл фермерүүдийн клубээр орж байсан бол ийм сандал дээр ганц хоёр удаа сууж байсан байлгүй, (мартсанаас бид тэр сандлуудыг “Нууцлаг зангилаа” нэртэй №44 клубээс бас авдаг байсан) тэгээд Хомер Крибус шерифийг суух болгонд л би хүн унасныг илтгэх тас няс хийсэн чимээ гарахыг хүлээдэг. Тийм өдөр ирнэ гэхээс айж, бас найддаг байлаа. Гэвч тийм юм болоогүй. Удалгүй, Деттерик овогтой охидыг хулгайлсан хэргээс жил орчмын дараа мань хүнийг ажил дээрээ байтал зүрх нь зогсчихсон бөгөөд Дафна Шэртлефф нэртэй хар арьстай 17 настай бүсгүйтэй зугаацаж байхад нь тийм юм болсон гэж байсан. Энэ тухай их яригдсан. Мань эр эхнэртэй, зургаан хүүхэдтэй атлаа урдуураа улаан хөлтэй амьтан өнгөрөөдөггүй байсан ч сонгуулийн үеэр бол ялагдашгүй байлаа. Тийм л цаг үе байсан юм. Сонгуулийн уриа нь “Чи эсвэл баптист*бол, эсвэл зайл” гэчихсэн атал өмдөө шувталчихсан, байлдааны бэлэн байдалтайгаар чамайг биш харин өөр хэн нэгнийг гардана гэдэг тун ч таатай болохоор хүмүүст хоёр нүүртэй амьтад таалагддаг, тэд хоёр нүүртнүүдийг хараад өөрсдийгөө олж хардаг юм шүү, нээрээ.
Шериф эр хоёр нүүртэн төдийгүй ажлаа сайн мэддэггүй, хаанахын ч юм баян авхайн муурыг өөрөө биш жишээлэхэд, Роб Макжи гэдэг туслах нь унавал бяц үсрэх өндөр модонд авирч аварсан байтал нөгөөхийг өөрөө барьж байгаад зургаа авахуулах дуртай хүмүүсийн нэг байсан юм.
Макжи хоёр минут хэртэй Маржори Деттерикийн ойлгомжгүй яриаг сонсож байснаа товчхон бөгөөд агшин зуурын асуултаар, цохиулсны дараа өвдөж амжаагүй байхад нь цус гардаг, туршлагатай боксчид нүүрэнд хийдэг гялсхийсэн хүчтэй цохилт шиг хэдхэн асуултаар яриаг нь таслав. Тэгээд хариулт сонссоны дараа тэрээр “Би Боб Марчант руу утасдаадахъя. Цаадах чинь нохойтой. Харин Деттерик авхай та гэртээ сууж байгаарай. Тэгээд нөхөр, хүү хоёр чинь эргэж ирвэл бас л гэртээ сууж байг. Суумааргүй байсан ч оролдоод үзэг” гэж хэлэв.
Энэ зуур түүний нөхөр хүү хоёр нь хулгайч нарын мөрөөр баруун хойд зүгт гурван бээр орчим газар яваад талбай дуусч шилмүүст ой залгахад мөрийг алдаж орхижээ. Миний хэлж байсанчлан тэд анчид биш фермерүүд байсан ч мөрийг алдах үед бол жинхэнэ араатныг мөшгиж яваагаа ойлгочихсон байв. Зам зуураа тэр хоёр Кэйтийн унтлагын шар цамцыг бас Корагийн унтлагын цамцны уранхайг олжээ. Олсон хоёр зүйл нь цусанд нэвччихсэн байсан болохоор Клаус ч тэр, Хови ч тэр анхных шигээ яарахгүй болсон байв. Илүү хүнд болохоороо гүн рүү тэмүүлдэг хүйтэн ус шиг хүйтэн цэвдэг ч гэлээ илэрхий зүйл тэр хоёрыг уугиж байсан итгэлийн цогийг хөргөжээ.
Тэд ой руу ороод мөр хайсан ч олоогүй болохоор өөр газраар ойд орж мөн л үр дүнд хүрсэнгүй, бас нэг өөр газар хайж эхэлжээ. Тэндээсээ саглагар нарс модны шилмүүсэн дээрээс цусны мөр олов. Тэгээд тэд жижигхэн жим байна гэж харсан зүгт эргэн явжээ. Тэндээс ахиад л мөр хайж эхлэв. Цаг өглөөний ес дөхөөд ард нь нохойн хуцах чимээ, эрэгтэй хүмүүсийн ярих дуу дуулдаад эхэлж. Роб Макжигийн жижигхэн баг цуглуулж амжсан тэр хугацаанд Крибус шериф бол брэнди хийсэн чихэртэй кофе л ууж амжих байсан биз. Ингээд цугласан хүмүүс цаг арван таван минутын дараагаар ойн захад арга мухардан ийш тийш гүйлдэх Клаус ба Хови Деттерикүүдийг гүйцэж ирлээ. Удалгүй жижигхэн багийнхан цааш хөдлөхөд Бобын нохдууд урд нь гүйж байв. Тушаасан ч буцаад явахгүй байсан болохоор Клаус Хови хоёрыг хамт явахыг Макжи зөвшөөрчээ. Бүгд л олж харж магадгүй гэсэн юмнаас айж байсан ч гэлээ Макжи хүмүүсийн байдлыг ойлгосон болоод ч тэрүү бүгдийнх нь бууны сумыг хураан авчээ. “Миний оронд өөр хүн байсан бол тэгэх л байсан. Илүү аюулгүй шүү дээ” гэж мань эр дараа нь тайлбарлсан байсан. Гэвч зөвхөн Деттерикуудаас л шерифын туслахад сумаа өгөхийг хүссэн гэдгээ тэрээр нөгөөдүүлд ч өөр хэнд ч хэлээгүй юм. Учраа олохоо байчихсан, энэ бүх аймшиг дусаад өгөөсэй гэхээс өөр зүйл бодож чадахаа байсан нөгөө хоёр нь түүний хүссэнийг хийсэн байсан. Деттерикүүдийг винтов буугаа цэнэггүй болгоод, бүх сумаа хураалгахыг ятаж чадсан Роб Макжи магадгүй Жон Коффигийн амьдралын төгсгөлийн өрөвдмөөр хэсгийг аварч үлдсэн биз.
Ноход хуцаж, ульсаар тэднийг өмнөхийн адил баруун хойд зүгт, залуухан нарснууд дундуур хоёр бээр хэртэй чирэн явжээ. Дараа нь тэд Трапингус голыг өргөн эрэг, урсгал ундаантай болоод Крей, Робинетт ба Дюплисгийн гэр бүлүүд одоо хүртэл мандолин урлан сууж, үжирсэн шүднүүдээрээ үе үе нулиман газар хагалж явдаг модот толгодыг чиглэн зүүн өмнө зүг урсдаг хэсгээр гараад иржээ. Энэ бол эрчүүд нь бүтэн сайны өглөө могой барьчихаад, мөн тэр өдрийнхөө орой охидтойгоо хэлэхээс ч имээр байдлаар зугаацаж чадах бөглүү, бүдүүлэг нутаг. Би сая хэлсэн гэр бүлүүдийг мэднэ л дээ. Байсхийгээд л дундаасаа Спаркид хоол явуулдаг байсан болохоор. Голын нөгөө эрэг дээр Өмнөдийн их төмөр замын ган төмрөнд зургадугаар сарын нар хэрхэн ойж байгааг багийн гишүүд олж харлаа. Урсгал дагаад бээр хэртэй газар, баруун гар талд гүүрний нумарсан дүрс харагдах бөгөөд зам түүгээр гарч Вест Гриний нүүрсний орд газрын зүг одож байлаа.
Тэд эндээс намхан бутнууд тойрсон, хүний хөлийн ортой өргөн нуга олсон байна. Тэнд дэндүү их цус байсан болохоор цөөнгүй эрчүүд мод руу гүйж ороод өглөөнийхөө хоолыг буцаан гаргаж орхиж. Энэ цуст нугаас тэд Корагийн шөнийн цамцны үлдэгдлийг олоход тэр үед овоо сэргэчихээд байсан Хови хүү золтой л ухаан алдчихсангүй, аавыгаа тэврэн авчээ.
Яг энэ газар Боб Марчантын нохдын дунд анхны бөгөөд цорын ганц удаа зөрчил болох нь тэр. Ноход гэвэл хоёр благдаунд, хоёр хөх мөрч бас өмнөд нутгийнхан “зальтай мөрч” гэж нэрлэдэг терьертэй төстэй эрлийзүүд хоёр гээд нийт зургаа байлаа. Зальтай хоёр нь Трапингусын урсгалыг өгсөн, баруун хойд зүгт явах гээд, үлдсэн хэд нь зүүн урагшаа явах гээд. Сонинуудад энэ тухай юу ч дурдаагүй ч гэлээ ноход оосортоо орооцолдоод эзэн Боб нь өөрийнхөө хамгийн “боловсролтой” хэсэг болох хоёр гараараа орооцолдоог гаргах гээд ноходдоо ямар гээчийн аймшигтай тушаал орилон хэлж байсныг нь би төсөөлж л байна. Цагийн сайханд би мөрч ноход тэжээдэг хэд хэдэн хүмүүстэй танил явсан болохоор эдгээр ноход яг л дунд сургуулийн ангиуд шиг л хоорондоо адил байдгийг мэднэ.
Боб нохдынхоо уяаг сойж эгнүүлэн зогсоож байгаад үд дундын нүд эрээлжилсэн дөчин хэм орчим халуунд ой дотор юугаа хийж явааг нь тэдэнд сануулах гэсэн мэт хоншоорынх урдуур Кора Деттерикийн уранхай цамцыг явуулж үнэрлүүлэв. “Зальтай” хоёр ахин нэг үнэрлэчихээд бусадтайгаа санал нийлэхээр шийдээд, хуцсаар урсгал даган ухасхийлээ.
Арван минут өнгөрөв үү үгүй нохдын хуцах чимээнээс өөр бас нэг дуу сонсож байгаагаа эрчүүд ойлгоод зогсоцгоолоо. Тэр нь хуцах чимээ биш, улиад байна уу гэлтэй байсны дээр ноход бол тийм дууг үхэлтэй тулгарсан ч гаргаж чадахааргүй байлаа. Тэдгээр хүмүүсийн урд сонсож байсан юутай ч төсгүй дуу байсан ч хүн дуугарч байгааг бүгд ойлгох нь тэр. Өөрсдөө тэгж хэлсэн болохоор би үгэнд нь итгэсэн. Би байсан бол ч бас л тэгж ойлгох байсан байх. Хүмүүс цахилгаан сандал хүрэх замдаа яг тэгж орилж байхыг би сонсож байсан л даа. Бүгд биш ихэнх нь дөмбийгээд дуугаа хурааж, эсвэл сургуулийн нийллэг дээр байгаа аятай хошигнодог ч зарим нь орилдог. Орилдог юмнууд бол гол төлөв там байдаг гэдэгт итгэдэг тиймдээ ч Ногоон замын төгсгөлд юу хүлээж байгааг мэддэг юмнууд байдаг юм.
Боб ахиад л нохдынхаа уяаг сойн атгав. Ноход нь чамлахааргүй үнэтэй тул хаа нэгтээ хажууханд нь юу ч юм бувтнан ульж байгаа солиотой юмнаас болж ганцыг нь ч болов алдахыг мань хүн ер хүссэнгүй. Бусад нь буугаа сумлан замгаа татлаа. Нөгөө улих чимээ бүгдийг балмагдуулан хар хөлсийг нь цувуулахад нурууг нь даган урсах хөлсний дуслууд мөс шиг хүйтэн мэт санагдана. Ингэтлээ дагжин чичирсэн эрчүүд араасаа дагуулж явах удирдагчтай байж л урагшилдаг болохоор Макжи туслах тэднийг дагуулан урагшлав. Мань эр урагш алхан гараад ойн ойролцоо, баруун гар талд нигурс мод шигүү ургасан хэсгийг зоригтой чиглэсэнд бусад нь таван алхам хэртэй хоцорч байгаад ойр ойрхон түгшүүртэй алхан дагалаа. Ингэж байхдаа тэдний дундах хамгийн том биетэй Сэм Холлис гэгч эрийг Клаус Деттерикийн хажууд яв гэж дохих гэж л мань эр ганцхан удаа түр зогсов.
Нигурс мод шигүү ургасан газрын нөгөө талаас ой руу, баруун тийш явж орсон нуга харагдана. Зүүн талаас голын эрэгт тулсан нэг их огцом биш энгэр. Тэгтэл бүг л хөшчив үү гэлтэй гэнэт нэгэн зэрэг зогсож орхих нь тэр. Тэдний өмнө гэнэт гарч ирсэн тэр зүйлийг ой ухаанаасаа нэг мөсөн арчин хаяад, хэзээ ч харахгүй байхын төлөө тэд нэлээд юмнаас татгалзах байсан гэж бид боддог ч сүмийн адилслал, нуга талбайгаар хийдэг аялал, шударга ажил, халуун хөнжил доторх тэврэлт гээд таатай, дасал болсон хэвийн амьдралын цаана нуугдсан айдас, наран доор уугин утаа савсуулах далдлагдаагүй хар дарсан зүйл мэт тэр зүйлийг тэдний хэн нь ч хэзээ ч мартаж чадахгүй. Эр хүн болгонд ноён нуруу гэж байх, ер нь хүн болгоны амьдралд тийм зүйл байдаг юм шүү, надад итгээрэй. Тэр өдөр энэ залуус, амьдралын нөгөө талыг, өнгөн талын инээмсэглэлийн цаана заримдаа нуугдаж байдаг тийм зүйлийг тэд олж харсан юм.
------------------------
баптист - баптизм буюу усаар сахил хүртээгчид гэгддэг христийн шашны протестант урсгалын нэгэн чиглэлийг дагагчид. Ухамсар нь төлөвшөөгүй жаахан хүүхдэд сахил хүртээн христийн шашинд оруулахыг үгүйсгэдэг. Зөвхөн насанд хүрсэн хүн ухамсартайгаар христийн шашны зан үйлийг дагадаг, амьдралдаа нүгэл үйлдэхээс татгалзсан үед л усаар угаалга хийн сахил хүртээж христийн шашинтны эгнээнд элсүүлж болно гэж үздэг. Тэгэхээр баптистуудын хувьд эхнэрээсээ өөр хүнтэй энгэр зөрүүлнэ гэдэг байж боломгүй том нүглүүдийн нэг юм.
Last edited by saxal on May.23.11 10:16 am, edited 2 times in total.
|