#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jan.17.19 6:30 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 154 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Nov.18.09 4:46 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Шинэ Орлеон Пүрэв гариг
2-р сарын 20, 23:00 цаг

Тэр эмэгтэй нэг хэсэг бодолхийлэн зогссоноо алгуурхан хувцсаа тайлаад цусны мөр үлдээхээс болгоомжлон хурц улаан мөрөвч нөмөрлөө.Тэгээд Дорис Уитней сүүлийн гучин жилд нэг таалах болсон өөрийнхөө унтлагын өрөөг цэвэрлэж цэгцэлснийг магадлахын тулд эргэн тойрноо эцсийн удаа тойруулан харлаа.Тэрээр гоёлын ширээний шургуулга татан,гар хүндрүүлэн жиндүүлэх,хар өнгөөр гялалзах гар бууг тун болгоомжтой гаргаж,утасны хажууд тавиад Филадельфид байгаа охин руугаа залгалаа.Тэртээ алсад дуудлага нилээд хэд дуугарсны эцэст зөөлөн дуу сонсогдов.
-Байна уу?
-Трейси юу................ Хонгорхон минь би зүгээр л чиний дууг сонсох гэсэн юм.
-Ямар таатай гэнэтийн бэлэг вэ,ээжээ.
-Би чамайг сэрээчихээгүй биз ?
-Яалаа гэж дээ.Би ном уншиж байсан юм.Одоо л унтах гэж байна.Чарльз бид 2 гадагшаа гарч хоол идэх гэсэн чинь цас ороод явсангүй. Наана чинь тэнгэр ямаршуу байна даа, ээжээ?
-"Бурхан минь ийм үед цаг агаарын тухай ярьж байх ч гэж дээ.Түүнд хэлэх зүйл цээж дүүрэн байх атал би хэлж чадахгүй нь..."хэмээн Дорис Уитней бодлоо.
-Ээж ээ, та сонсож байна уу ?
Дорис Уитней цонх руу ширтэн
-Бороо орж байна гэх зууртаа:"Яг л Альфред Хичкокын кинонд гардаг эмгэнэлт уянгын нийцэл шиг"гэж бодтол охин нь
-Наана чинь юу нижигнээд байна вэ? гэлээ
Тэнгэр дуугарч байсан боловч бодолдоо дарагдсан Дорис түүнийг сонсоогүй аж.Шинэ Орлеоныг аянгатай бороо нөмөрчээ."Усархаг бороо удаан үргэлжилж, орой тийшээгээ аянгатай аадар бороо орно.Шүхрээ авахаа мартуузай.Шинэ Орлеонд одоо 19 хэм байна"хэмээн нэвтрүүлэгчийг хэлэхэд:"Надад шүхэр хэзээ ч хэрэг болохгүй" гэж тэрээр бодов.
-Цахилгаан цахиж байна, Трейси гээд тэрээр жаахан ч болов цовоо дуугарахыг хичээж
-За тэгээд Филадельфид сонин сайхан юу байна даа гэлээ.
-Ээж ээ, би үлгэрт гардаг гүнж шиг л байна. Хэн нэгэн ийм их жаргалтай байх юм гэж би урьд нь бодсон ч үгүй явсан шүү.Маргааш орой Чарльзын эцэг эхтэй уулзана гээд Трейси албан ёсны мэдэгдэл хийх мэт дуугаа төлөв болгов.Честиад Хиллд суудаг ноён хатагтай Стэнхоуп. Дээдсийн хүрээлэнгийн тэд ёс заншил дэг журмыг тогтоодог улс. Хараацайн биетэй атлаа хан гарьдын зиндааны тэднийг би төсөөлж байна л даа. Ёстой ухаан алдмаар юм.

_________________
эрхэм таталбар


Last edited by darkhan_tsaazat on May.09.10 6:56 pm, edited 3 times in total.
нэрийг өөрчлөв.


Top
   
PostPosted: Nov.18.09 4:47 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
-Санаа бүү зовдоо тэдэнд чи таалагдахдаа л нэг таалагдана.
-Чарльз надад сэтгэлтэй, би ч түүнд хайртай болохоор энэ ямар ч хамаагүй гэж тэрээр хэлдэг.Би түүнийг тантай танилцуулах гэж ямар их яарч байна вэ. Тун гайхалтай залуу шүү.
-Яг тийм хүн гэдэгт би итгэлтэй байна.
"Би хэзээ ч Чарльзтай уулзахгүй.Зээгээ өвөр дээрээ эрхлүүлэх заяа надад байхгүй. Үгүй ээ би энэ тухай бодох учиргүй"
-Бялзуухай минь,цаадах чинь чамтай учирсан их аз завшаанаа ойлгодог биз дээ?
- Би энэ тухай үргэлж л сануулдаг гээд Трейси тас тас хөхрөв.
Миний тухай ярихаа болих юм бишүү? Харин та яаж байна бие тань зүгээр биз дээ ?
"Таны бие зүв зүгээр, цоо эрүүл байна. Та зуу насалж зургаадаа таяг тулна даа" хэмээн Раш эмч хэлсэн нь амьдралын бас нэгэн бяцхан доог тохуу байжээ.
-Чамтай ярихаар бие улам хөнгөрөөд явчих юм. Ажил чинь сайн биз дээ ? Залхаагүй л байна уу?
- Маш их таалагдаж байна. Гэрлэсний дараа ч гэсэн энэ ажлыг хийхийг минь Чарльз зөвшөөрсөн.
Тун ухаалаг залуу юм байна, охин минь
- Тиймээ та удахгүй өөрөө мэднэ дээ.
Тэнгэр хагарах шахан , цахилгаан хүчтэй цахих нь театрын хөшигний ард анхааруулсан дохио шиг сонсогдлоо.Цаг болжээ. Салах ёс гүйцэтгэхээс өөр хэлэх юм юу ч алга.
-За баяртай хонгорхон минь гэхдээ тэрээр хоолойгоо чичрүүлэхгүйг чадлаараа хичээлээ.
- Хурим дээр уулзья даа ээжээ. Чарльз бид 2 өдрөө товломогц л бид танд утасдана аа.
-Тэгээрэй .
Хамгийн эцсийн хэдэн үг үлджээ.
-Трейси, би чамд маш их хайртай шүү гээд Дорис харилцуураа тун болгоомжтой тавиад гар буу авлаа. Бодож шийдсэнээ нэн даруй гүйцэтгэх цорын ганц зам түүнд үлджээ. Тэрээр бууны амыг чамархаандаа тулгаад гохоо дарлаа.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.19.09 1:29 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Филадельфи Баасан гараг
2-р сарын 21 08:00 цаг

Трейси Уитней олон сууцтай байшингийнхаа хаалга татан ,шавар шавхайд хутгалдсан бүрхэг гудамжинд гарлаа. Цас бороо холилдсон хур Маркет стритээр уруудах гялгар машинууд,Филадельфийн умард хэсгийн борчуулын хороололд шавааралдсан,хаалга цонхыг нь банзаар даруулан хадаж орхисон байшингууд дээр зай завсаргүй унаж,овоолсон хогтой хутгалдан нил шавхай болгожээ. Трейси Уитней ажилдаа явж байлаа. Тэрээр Честнат стрит руу эргэхдээ алхаагаа түргэсгэн, гудамжинд чангаар дуулчих хүслээ арай ядан дарж явав. Тэрбээр тод шар цув , богино түрүүтэй усны гутал, өтгөн элгэн хүрэн үсийг нь чүү чамай дарсан шар малгай өмсчээ. Дөнгөж хорин таван нас хүрсэн тэрээр цоглог, ухаалаг царайтай, тачаангуй байрын зузаавтар уруултай тамирчны бие галбиртай, цог бадарсан нүднийх нь өнгө сэтгэл санааны байдлаас хамааран цайвар цэнхэрээс хар ногоон болтлоо хувирдаг нэгэн бөлгөө.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.19.09 2:21 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Өдгөө хөл нь газар хүрэхгүй шахуу хурдлаж яваа Трейсийн хажуугаар өнгөрсөн хүмүүс эргэн харж, царайг нь гэрэлтүүлэн гийгүүлсэн аз жаргалд нь атаархан инээмсэглэх авай.
"Ийм аз жаргалтай байх эвгүй юмаа. Гэвч хайрын сэтгэлтэй, хүүхдийг нь төрүүлэх хүнтэй гэрлэх миний аз жаргалд өөр юу хэрэгтэй юм бэ?" гэх ухааны юм бодсоор Трейси банкинд дөхөж ирээд цагаа харвал найм хорь болж байв. Филадельфи Траст ээнд Файделт банк -ний хаалга нээгдтэл ахиад арван таван минут болох аж. Гэвч олон улсын тасгийг удирддаг,банкны дэд ерөнхийлөгч Кларенс Дезмонд хэдийнээ дохиоллын системийг салган ,хаалга онгойлгож эхэлжээ.Трейси банкны дэд ерөнхийлөгчийг дотогш орж, хаалга хаах энэ өглөөний ёслолыг бороонд шавшуулах хэдий ч нэн тааламжтай харж зогсов. Даян дэлхийн бүх банк аюулгүй байдлаа хангах нууц төхөөрөмжтэй болоод Филадельфи Траст ээнд Файделт банк ч үүнээс гажсангүй.
Тийм учраас энэ талаар нэгэнт тогтосон дүрэм журамд ер өөрчлөлт орсонгүй. Банкны албан хаагчдыг гудамжинд хүлээхийг заасан энэ долоо хоногийн дохио нь хагас буулгасан цонхны хөшиг бөгөөд энэ завсар хорон санаатнууд байшинд нуугдаад албан хаагчдыг барьцаалах гэж байгаа эсэхийг магадлах эрэл явагддаг байжээ.Кларенс Дезмонд бие засах газар. агуулах,холын хонгил, хадгаламжийн байр шалгаж,гагцхүү хэн ч байхгүйг бүрэн магадласны дараа бүх юм хэвийн байгааг дохиолон цонхны хөшиг гүйцэд өргөлөө. Түрүүлж орох тусгай зөвшөөрөлтэй ерөнхий эдийн засагч гол төлөв дохиоллын системийн самбарын дэргэд суудалдаа сандайлан, бусад албан хаагчид бүгд орохыг хүлээж байгаад хаалга хаадаг байв. Яг найм хагаст Трейси Уитней бусад албан хаагчдын хамт хөлийн тансаг чамин танхимд орж, цув усны гутлаа тайлах зуураа усан нүдэлсэн тэнгэрт гомдоллох яриа сонсоод ихэд гайхлаа

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.19.09 2:14 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
- Энэ золигийн салхинд шүхэр хийсчихээд, би бүүр усан хулгана болтлоо норчихлоо.
-Би Маркет стритээр уруудахдаа борооны усанд хөвсөн хос нугасны хажуугаар өнгөрсөн гэж ерөнхий кассчин хошигнох дуулдав.
- Ус цаг уурынхны мэдээлснээр бол, дараагийн долоо хоногт ч гэсэн тэнгэр ийм байх юм байна лээ. Одоо Флоридод байхыг ямар их хүсч байна вэ? гэж ярилцахыг дуулсан,
Трейси өөрийн эрхгүй инээмсэгэлэн ширээ рүүгээ очов. Тэрээр цахилгаан шуудангийн гуйвуулгын хэсгийг толгойлдог.Саяхан хүртэл нэг банкнаас өөр банкинд,нэг улсаас нөгөөд мөнгө гуйвуулах нь бузгай удаан үргэлжилдэг, хөдөлмөр их шаардсан бөгөөд асар олон баримт бүрдүүлдэг, төрийн болон олон улсын шуудангийн албанаас бүрэн хамааралтай ажил байж билээ. Харин компьютер гарч ирснээс хойш байдал эрс өөрчлөгдөж ,үлэмжийн их мөнгийг нүд ирмэхийн зуур зуур гуйвуулах бололцоотой болсон юм. Трейси -гийн ажлын гол нь сая ирсэн гуйвуулгын тухай мэдээллийг компьютерээс авч,өөр банкинд гуйвуулга явуулахад оршиж байв. Бүх ажилгааг нууцлан кодолж,мэдээлэл бусдын гарт орохоос сэрэмжлэн кодыг тогтмол сольдог аж.Өдөр болгон сая сая цахим доллар гараар нь дамждаг, дэлхийн бизнесийн гол судсыг хангадаг эрчим хүчний эх үүсгүүрийг барьсан энэ ажил түүнд их таалагддаг бөгөөд амьдралд нь Чарльз Стэнхоуп харван орж ирэхээс өмнө банкны ажил хэрэг түүний хувьд хамгийн дуртай ,сонирхолтой нь байж билээ. Филадельфи Траст ээнд Файделт банк олон улсын нилээд тасагтай болохоор Трейси болон түүний хамтран ажиллагсад үдийн хоолноор өглөө хийсэн бүх ажлаа ярилцдаг байлаа .
Ерөнхий эдийн засагч Дебера
- Түрэг улсад Синдикатын зуун саяын зээлийг бид дөнгөж сая хаалаа хэмээн яриа өдөхөд банкны дэд захирлын нарийн бичгийн дарга Мей Трентон их л дотносох дуугаар
-Өнөө өглөө зөвлөлийн хуралдаан дээр Перуд мөнгөн хөрөнгө нэмж илгээх шийдвэр гаргасан. Урьдчилгаа ньтав илүү сая доллар юм............
Банкны албан хаагчдаас арьс өнгөөр ялгаварлах үзлээрээ онцгойрдог Жон Крейтон
-Миний ойлгосноор бид мексикчүүдэд 50 сая долларын тусламж үзүүлэх гэж байна. Гэтэл" тэр хөлстэй нуруунууд" ганц ч цент хүртэх учиргүй улс гэхэд гүн бодолд дарагдан суусан Трейси үгийг нь тосон авч ,
-Хамгийн сонирхолтой нь ,банкны ажил хэрэгт баримжаатайд нь атаархан Америк руу дайрч, давшилдаг улс орон хэзээ ямагт бусдаас түрүүлэн зээл тусламж гуйж байх юм.
Энэ нь Чарльз тэр хоёрын анх удаа маргалдсан чухам тэр сэдэв байлаа.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.20.09 1:19 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Трейси анх Чарльз Стэнхоупыг санхүүгийн асуудлаарх бага хурал дээр урилгаар илтгэл тавих үед танилцжээ. Тэр эр үнэт цаас борлуулах ажил эрхэлдэг байсан эрхэм өвөг эцгийнхээ үүсгэн байгуулсан пүүсийг удирддаг байлаа. Энэ компани Трейсигийн ажилладаг банктай үй олон хэлцэл хийдэг юмсанж.Чарльзын лекцны дараа
Трейси индэр дээр гарч , өөрийн үзэл бодлыг илтгэхдээ "гурав дахь ертөнцийн орнууд " арилжааны банкнаас болон барууны орнуудын засгын газраас зээлсэн асар их мөнгийг буцаан төлөх боломжийн талаарх мань эрийн задлан шинжилгээтэй санал зөржээ. Эхэндээ Чарльз бага зэрэг цочирдон алмайрсан хэдий ч , дараа нь энэ царайлаг бүсгүйн буурьтай баримт шалтгааныг сонирхон сонсов. Тэд энэ асуудлаа Букбиндерийн зоогийн газар үргэлжлүүлэн хэлэлцжээ. Чарльз Стэнхоуп Филадельфидээ л хамгийн атаархам сүйт залуу гэдгийг Трейси мэдэж байсан боловч тэр эр анхандаа бүсгүйд нэг ч их сэтгэгдэл төрүүлсэнгүй. Гучин таван настай , баян чинээлэг, ажил нь өөдрөг яваа, хотын хамгийн эртний удмын гэр бүлд төрсөн , таван тохой, арван ямх өндөр , элсэн шаргал үстэй , хонин бор нүдтэй буурь заасан ёсорхог байрын тэр эрийг Трейси өөрөө үл таалдаг нөгөө л баян үглээ гоншигнууруудын нэг гэж бодож байлаа.
Гэтэл мань эр түүний бодлыг мэдсэн юм шиг ширээн дээгүүр тонгойн ойртож ,
-Төрөх газар өөр хүний хүүхэд тэврүүлсэн гэдэгт аав минь итгэж явдаг юм гэлээ.
- Юу гэнэ ээ?
-Эцэг эх хоёрыгоо бодвол би мөнгийг хорвоогийн хамаг юмны эхлэл, төгсгөл хоёр гэж үздэггүй . Танаас гуйя , энэ тухай аавд битгий хэлээрэй.
Түүний төрх байдалд их зангүй, даруу төлөв зан цухалзах тул тэр эр Трейсид таалагдаж эхлэв.
"Дээдсийн хүрээлэнд багтдаг хүмүүсийн нэгтэй гэрлэчихвэл гаднаас харахад ямар байдаг нь их сонин юм шүү"
Трейсигийн эцэг одоо Стэнхоупынхны хумсны гялааны төдийхөнд тооцон шоолж элэглэх байсан өөрийн ажил хэргийг хөл дээр нь босгоход бараг л бүх насаа зориулсан нэгэн . Стэнхоупынхан Уитнейхэнтэй хэзээ ч ураг барилдахгүй. Тос ус хоёр л гэсэн үг . Тэнэг толгой бие чинь юу бодож байна вэ? Нас гүйцсэн эр намайг гээд зоог барьж байхад би гэдэг хүн түүнтэй гэрлэе, юу байх уу гэх ухааны юм бодож суух ч гэж дээ . "Бид дахиад уулзахгүй нь үнэн талдаа биз дээ" хэмээн бодож суутал Чарльз нэгэн санал гаргав.
-Маргааш та завтай бол надтай оройн хоол хамт идэхийг зөвшөөрнө гэж найдаж байна ............

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.20.09 2:47 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Гял цал далай баян нутаг Филадельфийд очих газар , үзэх юм мундахгүй. Бямба гарагийн орой болгон Трейси Чарльз хоёр балет үзэх ч юм уу, эсхүл Рикардо Мути удирдаачтай Филадельфийн найрал хөгжим сонсох жишээтэй.Түрүүчийн долоо хоногт л гэхэд Нью Маркетаар хөндлөн гулд хэсч , Сосаети Хилл дэх хосгүй чамин бүх дэлгүүрээр орсон аж.Тэд Геногийн гудамжиний кафед бяслаган котлет идэж Филадельфийн хамгийн үнэтэй зоогийн газар болох "Кофе Рояль"- д оройг өнгөрөөжээ. Тэд бас Хед Хаусын цэцэрлэгт байдаг дэлгүүрүүдээр дайраад урлагын музей болон Родений хувийн музейгаар орж амжжээ. Нэгэн удаа тэд "Гүн сэтгэгч" баримлын өмнө очоод бүсгүй Чарльз руу харснаа ,
-Энэ чи байна! гээд уулга алдаад инээмсэглэж билээ.
Чарльз Трейсигийн мэдэх бүх хүний дотроос ёстой л цагаа яс барьдагаараа хосгүй нэгэн байлаа. Нэгэн удаа тэрээр арван таван минут хоцорч ирээд үүнийг лавтай ухаарсны дээр мань эрийн гомдол гоморхол тэр оройжин гоо бүсгүйн баяр хөөрийг эвдлэн дарж , Трейси яг болзсон цагтаа ирж байхаа дотроо андгайлж билээ.
Трейси энгэр зөрүүлэх туршлагаар маруухан боловч Чарльз үүлэн борооны ажилд яг л амьдардаг шигээ үлэмж ёсорхуу , төлөв томоотой байдаг юм шиг санагдсан байна. Нэг удаа Трейси хөнжилдөө ороод маш зоримог , чөлөөтэй хөдөлсөн чинь Чарльзын уур уцаар ,эгдүүцэл зэвүүцэл ихэд хүрчээ.Трейси бие давхар болсноо санамсаргүй гэнэт мэдээд яахаа ч мэдэхгүй мэгдэн сандарчээ. Чарльз гэрлэх талаар юу ч яриагүй, тэгээд ч зөвхөн хүүхдээс болж суусан гэх сэтгэгдэл түүнд төрүүлэхийг хүссэнгүй. Тэрээр үр хөндүүлж чадах эсэхээ сайн мэдэхгүй, гэхдээ өөр сонголт санааг нь багагүй зовоож байв. Тэр ганцаараа хүүхдээ өсгөн бойжуулж чадах уу? Түүнд эцэггүй байх нь сайхан байх уу? гээд л.
Нэгэн оройн хоолон дээр Трейси энэ тухайгаа мань эрд хэлэхээр санаа шулуудан,түрэг шоштой мах шарсан боловч сэтгэл санаа нь үймэрсэндээ болоод жаахан түлчихлээ. Тэрээр бага зэрэг түлэгдсэн мах Чарльзын өмнө тавихдаа нягтлан сургуулилсан үгээ мартчихаад,нэг амьсгаагаар
-Уучлаарай , Чарльз. Би жирэмсэн болжээ гээд тавьж орхив.
Тэсэхийн аргагүй удаан нам гүм болж, Трейси нэг юм хэлье үү гэтэл Чарльз ам нээн
- Бид гэрлэх нь мэдээж тийм биз дээ? гэхээр нь бүсгүйн санаа сая нэг амарчээ.
-Намайг ..юу.. далимдуулсан гэж бодохыг чинь би хүсэхгүй байна. Чи надтай заавал гэрлэх албагүй шүү дээ.Чарльз гараа өргөн түүний үгийг тасалж
Би чамтай гэрлэхийг хүсч байна,Трейси. Чи гайхамшигтай эхнэр болж чадна гэснээ үгээ зөөн байж нэмж :
-Мэдээжээр, аав ээж хоёр жаахан гайхна л даа гээд инээмсэглэж бүсгүйг тэвэрч үнслээ.Трейси тун тайван дуугаар,
- Тэд яагаад гайхах учиртай юм бэ? гэхэд Чарльз гүнзгий санаа алдав
-Хонгор минь, чи ямар хэрэгт орооцолдсоноо ойлгоогүй юм шиг байна. Стэнхоупынхан бүр дээр үеэс дандаа л " өөрсөдтэйгээ адилхан хүмүүстэй " гэрлэдэг байсан. Сүүлийн үгсийг би хаалтанд хийж байгаа юм шүү. Филадельфийн тэргүүн эгнээнийхэн гэсэн үг.
-Тэгээд тэд чамд сүйт хүүхнийг чинь хэдийнээ олчихсон байх нь.......
Чарльз түүнийг чанга тэврээд
- Энэ огтхон ч хамаа байхгүй. Би өөрөө сонгосон бүсгүйтэйгээ л сууна.Дараагийн баасан гарагт хоёулаа аав ээж хоёртой хамт оройн зоог барина. Чи тэдэнтэй танилцах цаг нь болсон.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.21.09 2:42 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Есөн цагт таван минут дутуу болоход банканд чимээ шуугиан нэмэгдэн хэдхэн, хормын дараа банк онгойход бүх юм бэлэн байх ёстой тул албан хаагчдын яриа түргэсч, хөдөлгөөн хурдсаад явчихлаа.
Жижүүр үйлчилгээний төв танхимд эгнүүлэн тавьсан зургаан ширээний төмөр хайрцагт орлого зарлагын хуудас тараан хийж дуусахыг Трейси харж суув. Байнгын үйлчлүүлэгч нар соронцодсон кодтой цагаан хуудастай,түүгээрээ гүйлгээ хийхэд компьютер зохих данстай шууд харьцдаг юм. Гэвч олон үйлчлэгч нар байсхийгээд л цагаан хуудсаа авч ирэхээ мартчихаад, тэр төмөр хайрцагнуудаас хуудас авч өөрсдөө бөглөдөг билээ.
Жижүүр ханын цаг тийш хяламхийвээс урт зүү ёсын тоонд хүрч явсан тул хаалга руу очиж, ихээхэн ёсорхуу онгойлгов. Банкны ажлын өдөр эхэллээ.
Үүнээс хойшхи хэдэн цагт Трейси ажилдаа дарагдаад компьютерээс өөр юм бодохтой мантай байв. Цахилгаан шуудангийн зөв эсэхийг тун нарийн шалгах хэрэгтэй бөгөөд бүх дансны үлдэгдлийг бичиж, мөнгө гуйвуулж буй банк , дансны дугаар , мөнгөний хэмжээг бүртгэх учиртай.Банк болгон дэлхийн бүх томоохон банкнуудын кодыг агуулсан нууц лавлахад заасан тусгай кодтойг хэлэх юун.
Нэг мэдэхэд бага үд хэдийнээ өнгөрчээ. Трейси завсарлагаар үсчинд очиж, Ларри Стелла Ботод дугаар бичүүлэх гэж байлаа.Тэрээр үнэ их авдаг ч гэсэн Чарльзийн эцэг эхэд сайхан харагдах нь илүү чухал байв. Би тэдний тааллыг татахдаа л нэг татна даа. Тэд түүнд минь ямар бүсгүй сонгосон нь надад ер падгүй. Надаас өөр хэн ч "Чарльзад аз жаргал авчрахгүй " гэж Трейси бодоод яг өдрийн нэг цагт цуваа өмсөж байтал Кларенс Дезмонд түүнийг өрөөндөө дуудав.Үлгэр жишээ удирдагчдийн амьд биелэл болсон тэр хүн зар сурталчилгааны нэвтрүүлэгт оролцох юм бол бузгай уран илтгэгч байхсан.Хэнд ч итгэл үнэмшил төрүүлхүйц тэр эрийн уламжлалт хувцаснаас буурь суурьтай хуучинсаг үзлийн үнэр ханхалдаг авай.
-Трейси , суугаач гэхдээ тэр эр бүх ажилтны нэрийг цээжээрээ мэддэгээрээ бахархав.
-Тэнгэр мөн муухай аашилж байна , тийм үү?
Тийм ээ
- Гэтэл зарим хүмүүст банкны ажил хэргээр хөөцөлдөх шаардлага гараад байдаг гээд Дезмонд боловсон яриагаа өндөрлөж ширээн дээгүүр бүсгүйн зүг тонгойлоо.
- Миний ойлгож байгаагаар, Чарльз Стэнхоуп та хоёр гэрлэх гэж байгаа юм байна.
Трейсигийн нүд нь бүлтийхээрээ нэг бүлтийн,
- Бид энэ тухай зарлаа ч үгүй шүү дээ. Та яаж ?............. гэхэд Дезмондын нүүрэнд инээмсэглэл тодрлоо.
Стэнхоупынханд хамаатай юм болгон шинэ сонин мэдээ болдог.Танд баяр хүргэмээр байна.Та манайд, мэдээжээр бал сарынхаа дараа, эргэн ирж ажиллана байх гэж би бодох юм. Та манай хамгийн сайн ажилтны нэг болохоор таныг алдмааргүй байна.
Чарльз бид хоёр энэ тухай ярилцаад, ажлаа үргэлжлүүлж хийвэл надад дээр гэж шийдсэн.
Дезмонд ихэд маадгар инээвхийлэв. " Стэнхоуп ба хүүхдүүд " санхүүгийн орчиндоо хамгийн их нөлөө бүхий том компаниудын нэг болохоор түүний үндсэн дансыг авч чадвал түүний тасгийн хувьд тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг.
- Бал сарынхаа дараа эргэж ирэхэд тань таны албан тушаалыг ахиулж цалин нэмэх талаар бид бодолцоно оо
-Еэ, ямар сайн юм бэ ? Танд их баярлалаа.
Энэ бүхэн зүй ёсных гэдгийг Трейси мэдэж байсан учир бахархах бахдах сэтгэл цээж дүүрэн гарлаа. Энэ мэдээг Чарльзад дуулгахсан гэхээс тэрээр байж ядсаар арай гэж орой болгов. Түүнд хэмжээ хязгааргүй аз жаргал хайрлахаар тэнгэр , бурхад бүгд үгсэн хэлцсэн мэт санагдаж байлаа.
Эцэг Чарльз Стэнхоуп нь Ритгенхаус -сквер дахь хуучны сүрлэг харшид суудаг бөгөөд түүний өмнөх талбай нь хотын дурсгалт зүйлд тооцогдоно. Энэ харшийн дэргэдүүр Трейси мөн ч олон явсан даа "Харин өдгөө энэ байшин миний амьдралын нэгэн хэсэг болох гэж байна " хэмээн бодлоо.
Бүсгүйн санаа их зовж байлаа. Их үнэ төлж янзлуулсан үс нь бороо чийгний аясыг даасангүй. Даруухан хувцаслах албан ёсны хувцасны алиныг сонгохоо мэдэхгүй , дөрвөн удаа даашинзаа өмсжээ. Хуруу хумсаа хэмлэн байж удаан хураасан мөнгөөрөө Ив Сен-Лоранснаас авсан нэг даашинз бий нь ч бий л дээ. Хэрэв би түүнийг өмсөөд очвол намайг гар султай , үрэлгэн гэж тэд бодно. Нөгөө талаар , дэлгүүрээс худалдаж авсан хувцаснаасаа өмсвөл энэ хүүхэн бидний хүүд таарч тэнцэхгүй юм байна гэж бодно
"Аа золиг гэж яалаа ч гэсэн тэгж бодох нь лавтай" гэж Трейси бодоод саарал өнгөтэй , энгийн ноосон банзал , цагаан торгон цамц өмсөхөөр шийдэн шинэ жилээр ээжийнх нь бэлгэнд ирүүлсэн нарийхан алтан гинж зүүлээ.
Хаалгачийн хувцастай бойдаа харшийн хаалга онгойлгож өгөөд,
-Оройн мэнд хатагтай Уитней гэхэд Трейси : Бойдаа миний овгыг мэдэж байна. Энэ сайны тэмдэг үү? ,муугийн ёр уу гэх ухааны юм бодож зогстол
- Та гадуур хувцсаа тайлна уу гэх дуулдав.
Түүний пальтоноос усны дусал үнэ ихтэй перс хивс дээр унаж байлаа.
Бойдаа түүнийг дагуулан банкны үүдний танхимаас хоёр дахин том мэт санагдах гантиг шалтай хөлийн уужим өрөөгөөр явж өнгөрөх үед :
Тэнгэр минь ! Би хувцсаа тохируулсангүй! Ив Сен-Лоранаас авсан даашинзаа өмсдөг байж гэсэн сандруу бодол Трейсигийн тархинд зурсхийв.
Номын сан тийш эргэх мөчид оймс нь шагай хавьд урагдахыг мэдэх тэр агшинд тэрээр Чарльзын эцэг эхтэй халз тулгарчээ.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.23.09 10:51 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Жаран тав орчим насны ширүүн байрын дүр царайтай эцэг Стэнхоуп яах аргагүй тэнгэрээс од шүүрсэн хүний төрхтэй ,нэг ёсондоо хүүгийнхээ гучин таван жилийн дараах хөрөг болсон эр байв. Тэрээр дөрвөлжиндүү эрүүтэй Чарльзынх шиг хонин бор нүдтэй , судаг цагаан үстэй нэгэн. Ер нь тэдний хүүхдийн хувьд түүнээс илүү сайн өвөөг төсөөлөхөд ч бэрх тул Трейсид тун их таалагдав. Чарльзын ээж нь эргэн тойрны тансаг чамин тавилга , эд юмстай үл авцалдах намхавтар тарган биетэй , царайлагдуу авгай байлаа."Энэ авгай буурь суурьтай , итгэл найдвар даамаар харагдаж байна. Тун сайхан эмээ болно доо"гэж Трейси бодож зогстол Стэнхоуп авхай гараа сунгав.
- Хонгор минь , манайд хүрээд ирдэг чинь ямар таатай хэрэг вэ?. Бид хоёр тантай эхлээд хэдэн хором уулзья гэж Чарльзаас гуйсан юм. Та татгалзахгүй биз дээ?
-Мэдээжээр тэрээр татгалзахгүй байна .Та асуугаач ............ Трейси тийм байх аа? гэж эцэг Стэнхоуп удаав.
- Тийм ээ эрхэм ээ.
Тэд дэртэй буйдан дээр өөд өөдөөсөө харан сууцгаав. " Надад эрүү шүүлт тулгах гэж байгаа юм шиг санагдаад явчихдаг нь ямар учиртай юм бол?". Бас "Охин минь , чамайг хүнд байдлаас гарч чадахгүй байхыг бурхан багш хүлцэхгүй" ." Зөвхөн дараагийн алхмаа цагт нь хийх хэрэгтэй" гэсэн ээжийнхээ үгийг Трейси дахин сонсох шиг болов. Юуны түрүүнд сулавтархан инээмхийлэв. Гэтэл гай газар доороос гэгчээр оймсных нь уранхай өвдөг хүртэл дээшлэхийг мэдэрч түүнийг гараараа халхалахийг оролдож суутал ноён Стэнхоуп ихэд найрсагаар,
- За тэгэхээр , Чарльз та хоёр гэрлэхийг хүсч байгаа юм биз дээ ? гэхэд "хүсч байгаа " гэсэн үгс Трейсид түгшүүрийн дохио мэт сонсогдлоо. Чарльз гэрлэхээр шийдсэн гэж хэлсэн нь лавтай.
- Тийм ээ.
Стэнхоуп авхай түүнийг цоо ширтэн ,
- Та Чарльзтай танилцаад удаагүй байгаа , тийм биз ? гэхээр нь Трейси зэвүүцлээ хүчлэн дарлаа."Миний зөв байжээ. Зовлон зүдгүүр дуусах яагаа ч үгүй юм байна."
-Хоёр биендээ хайртаагаа ойлгоход хангалттай хугацаа өнгөрсөн . Хатагтай Стэнхоуп.
-Хайртай гэнэ ээ ? Шулуухан хэлэхэд , хатагтай Уитней Чарльзын дуулгасан мэдээ биднийг үлэмж цочирдуулсан шүү хэмээн Стэнхоуп авхай бувтнаснаа нигүүлсэнгүй инээмсэглэн ,
- Мэдээж Чарльз танд Шарлоттагийн тухай ярьсан биз дээ ? гэснээ Трейсигийн царайг харлаа . Би ойлголоо. Ийм юм л даа. Шарлотта тэр хоёр хамт өссөн , дандаа л дотно байдаг болохоор үнэнийг хэлэхэд , энэ жил тэр хоёр сүй тавьснаа зарлана гэж бид бүгд бодож байсан юм шүү.
Трейси тэр бүсгүйг харсан мэт төсөөлж чадах тул түүнд Шарлоттагийн тухай ярих хэрэг юун. Лав эдний хөрш , баян чинээлэг , нийгмийн байдлаараа Чарльзтай адил , моринд хорхойтой , уралдаанд оролцож цом авдаг биз.
- Та гэр бүлийнхээ тухай яриач ? хэмээн ноён Стэнхоуп хүсэлт гаргахад Трейсигийн дотор пал хийгээд явчихлаа.
" Тэнгэр минь энэ саяхан үзсэн киног санагдуулаад явчихлаа. Би Рита Хейвортын дүрээр Кэри Грантын эцэг эхтэй анх уулзаж байгаа юм шиг. Ганц хундага юм татчихмаар байна. Кинонууд дандаа л архи дарстай зөөгүүр бариад ирдэг сэн дээ.Стэнхоуп авхай асуултыг бүүр тодруулав.
- Хонгор минь та хаана төрсөн бэ?
- Луизанд. Эцэг минь механикч байсан юм. Үүнийг нэмж хэлэх шаардлага байгаагүй ч Трейси тэдэнтэй шөргөөцөлдөх хүч чадал үлдсэнгүй. Тэрээр ааваараа бахархдаг юм хойно. Юу л болбол болог! гэж бодов.
- Механикч аа?
- Тийм ээ. Эхлээд тэрээр Шинэ Орлеонд багавтар завод барьж , дараа нь том компани байгуулсан. Таван жилийн аав минь өөд болж , ээж бүх л ажил хэргийг эрхлэх болсон юм.
- Аа тэр компани юу хийдэг юм бэ?
- Утааны яндан болон автомашины бусад эд анги үйлдвэрлэдэг.
Ноён Стэнхоуп гэргийтэйгээ харц солилцсоод нэгэн зэрэг,
-Ойлгож байна гэлээ. Тэдний дууны өнгөнөөс болоод Трейсигийн зүрхэнд шар ус хурж эхлэв. " Би хэдий хүртэл тэвчиж чадах юм бол " хэмээн бодоод дорхноо л дургуйг нь хүргэх болсон хоёр хөгшний царайг харж сууснаа гэнэт дэмий юм чалчиж хэлсэндээ өөрөө айгаад явчихлаа.
- Та ээжтэй минь тун төстэй юм. Тэр минь өмнөд хязгаарт төрсөн , царайлаг ,ухаантай , нүдэнд дулаахан, намхан биетэй, өндөр намаараа барагцаалбал таны л хэртэй болов уу хатагтай Стэнхоуп............
Хоёр хөгшний амаа хамхин , уруулаа жимийн чив чимээгүй суугаад байхад нь арга буюу ялагдаж дийлдсэн Трейси үгийнхээ дунд дуугаа хураав. Түүний цээжний угаас гарсан бөглүүхэн инээд Стэнхоуп авхайн цоо ширтсэн харцан дор замхарлаа.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.26.09 2:57 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Ноён Стэнхоуп,
Таныг жирэмсэн гэж Чарльз бидэнд хэлсэн хэмээн ихэд хөндий дуугарав.
Өө Чарльз үүнийг хэлээгүй байгаасай гэж Трейси яасан их хүссэн билээ?!Ганц хүү нь энэ эмгэнэлт явдлын хохирогч болсон юм шиг тэр хоёр бүсгүйг илэрхий зэмлэн буруушаасан байдлаар харилцаж, түүний мөрөн дээр гэмт хэрэгтний тамга дарсныг мэдрүүлэхийг хичээж байлаа.
"Юу өмсөх ёстой байснаа одоо л би ойлголоо" гэж Трейси дотроо ундууцав.
Гаж хурцлын донтны гэмдэг бүхий ягаан өнгийн А үсэгтэй цамц өмсдөг байж.
- Миний ойлгохгүй нэг зүйл гэвэл, яаж ийм өдөр .........гээд Стэнхоуп авхай дуржигнуулж эхэлсэн боловч Чарльз орж ирсэн тул өгүүлбэрээ дуусгаж чадсангүй. Трейси бүхий л амьдралнхаа туршид хэн нэгнийг харсандаа ингэтлээ их баярлаж байсан удаагүй билээ.
Чарльз нүүр дүүрэн мишээж,
-За та нар үг хэлээ яаж шүү ололцов доо? гэхэд Трейси ухасхийн босч түүнийг тэврэн авав.
- Тун догь хайрт минь.
Тэрээр түүний цээжинд улам наалдангаа: " Бурхны авралаар Чарльз эцэг эх хоёртойгоо адилгүй, адил болох ч үгүй. Тэд харалган бодолтой, ихэрхэг зантай , хүйтэн сэтгэлтэй улс юм гэж бодов.
Тэдний ард янз янзын архи дарстай хундага өрсөн зөөгүүр барьсан бойдаа эвийг хичээн эелдэгээр ханиалаа.
Бүх юм зүгээр болно гэж Трейси өөртөө хэлэв."Энэ бол сайхан төгсгөлтэй кино байна".
Оройн хоол амттай элбэг дэлбэг гэдэг нь хэлэхийн аргагүй сайхан байсан ч Трейси үлэмж цухалдаж бухимдаад юм идэж чадсангүй.Хоолон дээр банкны ажил хэрэг , улс төр дэлхий дээрх халуун цэгүүдийг хэлэлцэхдээ цаанаа нэг хоосон хөндий дэндүү болгоомжтой ярилцах ажээ.
Харин тэдний хэн нь ч: "Чи бидний хүүг өөртэйгээ хүчээр гэрлүүлсэн" гэж чангаар хэлсэнгүй . "Эдний зөв ч байхдаа. Хүү нь ямар хүнтэй сууж байгааг эд нар сонирхох бүрэн эрхтэй. Хэзээ нэгэн цагт Чарльз өөрийн пүүстэй болох нь гарцаагүй болохоор эхнэр нь түүнд зохицсон , эн тэнцүү байх нь чухал хэмээн Трейси бодоод: Тэрээр тийм эхнэртэй болно гэж андгайллаа.
Трейси яах учраа олохоо байчихаад дэмий л ширээн доор ам арчих цаас үнгэж суутал Чарльз түүний гарыг энхрийлэн атгаж , инээвхийлээд сэмхэн нүд ирмэхэд бүсгүйн сэтгэл сэргээд явчихлаа.

_________________
эрхэм таталбар


Last edited by ksinya on Nov.26.09 3:00 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.27.09 6:03 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
- Тун даруухан хурим хийхийг Трейси бид хоёр хүсч байгаа юм л даа гээд ............ Чарльз цааш ярих гэтэл Стэнхоуп авхай түүний үгийг таслан ,
- Тэр дэмий. Даруухан хурим хийх гэдэг чинь манай гэр бүлийн уламжлалд нийцэхгүй, Чарльз. Чиний эхнэр авахийг харахийг хүсэн хорь ,гучин найз нөхөд заавал олдоно гээд Трейсигийн бие галбирыг цэгнэн хөлөөс нь толгой хүртэл гүйлгэн харлаа.
Ноён Стэнхоуп залуу хосод хандан
- Хуримын аялалаар хаашаа явах вэ та хоёр шийдсэн үү? гэвэл Чарльз зөөлөн инээмсэглэж
- Аав энэ тухай өөр хүнд хэлдэггүй юм гээд Трейсигийн гарыг чанга атгалаа .
Стэнхоуп авхай тун сониучирхан ,
- Бал сар чинь хэр удаан үргэлжлэх вэ? гэхэд Чарльз ээж тийшээгээ эргэн ,
- Барагцаалбал таван жил гэхэд нь Трейси дотроо түүнд их талархаж суув.
Зоог барьсны дараа ганц ганц хундага бренди уухаар тэд номын санд орвол царсан хавтанцараар хана, туурга шалыг өвч бүрсэн хачин сайхан эртний өрөө Трейсигийн нүдэнд туслаа. Тэр өрөөний тавиурууд дээр ширэн хавтастай ном ярайлган өрсөн , хананд нь Корогийн хоёр бүтээл , Коплейны нэг зурсан зураг , Рейнолдын тосон будгын нэг зураг өлгөөстэй байлаа. Чарльзын баян ядуу нь түүний хувьд огт хамаагүй хэдий ч , ийм тансаг байдалд амьдрахад бас л таатай байдаг юм байна гэдгийг Трейси дотроо хүлээн зөвшөөрчээ.
Бараг шөнө дунд Чарльз түүнийг гэрт нь хүргэхэээр гарч Фаэрмаунтын хүрээлэнтэй зэрэгцээ гудамж дахь багавтар сууцанд нь авчирлаа.
-Өнөө орой ядраагүй биз дээ Трейси ?Аав ээж хоёр ер нь хэт ёсорхуу талдаа улс л даа.
Бүтэн оройн турш биеэ хөвчилж туйлдсан хэдий ч Трейси худлаа хэлж ,
- Үгүй дээ , тэр хоёр сайн улс байна лээ гээд үүдэн дээрээ очсон хойноо түүн тийш эргэв.
- Чарльз чи орох уу?
" Бүсгүй түүнд чанга тэврүүлэн , " Би чамд сэтгэлтэй хайрт минь . Энэ хорвоо дээр хэн ч биднийг хагацуулж чадахгүй гэж хэлүүлэхийг хүсч байлаа".
- Өнөөдөр чадахгүй л болов уу. Би их ядарчээ.
Трейси урам хугарснаа нууж байлаа .
- Мэдээж хэрэг. Би ойлгож байна. хонгор минь.
- Би маргааж утасданаа гээд мань эр Трейсиг бушуухан үнсчихээд хонгилын булан тойрон далд оров.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.28.09 12:15 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Сууцны өрөө болгонд гал дүрэлцэж, түймрийн дохионы хонхны шургуу дуу шөнийн нам гүмийг зүсэн хангинав. Саяын энэ зүүднээсээ бүрэн ангижарч чадаагүй Трейси орноосоо огло харайн босч , нүдээ нухалсаар утаа үнэрлэв. Хонхны дуу тасарсангүй. Эцсийн эцэст энэ нь хонх биш утас дуугарч байгааг Трейси арай ядан ойлголоо. Цагаа харвал шөнийн хоёр цаг хагас болж байхаар нь бүсгүй Чарльзад л ямар нэгэн гай тохиолдож дээ хэмээн айж сандран харилцуураа шүүрэн авлаа.
- Байна уу?
Нэгэн эрэгтэй хүн намуухан хоолойгоор ,
- Та Трейси Уитней мөн үү? гэхэд нь энэ дууг урьд мнө нь сонсоогүй , ер мэдэхгүй тул Трейси хариулах уу , болих уу гэж жаахан эргэлзлээ.
- Та хэн бэ?
- Шинэ Орлеоны цагдаагийн газрын дэслэгч Миллер ярьж байна. Та Трейси Уитней юу ?
- Тийм ээ, гэж хэлэхдээ хүүхний зүрх цээжиндээ багтаж ядан дэлсэж байлаа.
- Танд муу мэдээ дуулгах болсондоо би тун их харамсаж байна.
Хүүхэн алгаа хөлөртөл харилцуурыг тас атгав.
- Таны ээжийн талаар юм л даа
- Ээж осолд ороо юу?
- Тэрээр нас барсаан , хатагтай Уитней.
Үгүй ээ!!!! Ингэж утсаар ярьсан нь болхи бүдүүлэг наргиан. Ээжид юу ч тохиолдохгүй. Ээж , ээж амьд байгаа!
"Трейси би чамдаа маш их хайртай шүү гэсэн шүү дээ".
- Энэ тухай танд ийм байдлаар дуулгахыг би огтхон ч хүсээгүй юм шүү гэх дэслэгч Миллерийн дуу харилцуурт сонсогдлоо.
Энэ бол жинхэнэ хар дарсан , тэгэхдээ сэрүүн байгаад хар дарсан явдал байв. Хүүхний тархи , хэл хоёр нь хөлдчихсөн мэт мэт хөшиж орхиод , ганц ч үг дуугарч чадсангүй.
- Байна уу ? .......... Хатагтай Уитней ? Байна уу?
- Эхний онгоцоор би нислээ гээд Трейси харилцуураа тавилаа.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.29.09 5:54 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Шинэ Орлеоны нисэх онгоцны буудалд пиг чихэлдэж өөд уруугаа хөлхөлдөх зорчигчдын эргүүлэгт Трейси амьсгаа давчдаж байгаагаа мэдэрлээ. Тэр эргэн тээшний цэг рүү ойртох гэсэн боловч хэн ч зам тавьж өгсөнгүй. Одоо удахгүй юу гээчийг үзэх бол гэхээс л Трейси улам бүр мэгдэн сандрах авай. Энэ ямар нэг эндүүрэл, ийм байх учиргүй гэж өөрийгөө ятгахын дээдээр ятгаад нэмэр болсонгүй , харин: "Танд муу мэдээ дуулгах болсондоо харамсаж байна........... Тэрээр нас барсан хатагтай Уитней....... Энэ тухай танд ийм байдлаар дуулгахыг би огтхон ч хүсээгүй юм шүү.." гэсэн цагдаагийн дэслэгчийн үг чихэнд нь хангинсаар байлаа.
Эцсийн эцэст Трейси чемоданаа шүүрч аваад такси хөлөглөн дэслэгчийн өгсөн хаягийг хэлэв.
-Саут Брод- стрит ,75-д хүргээд өгөөч.
Жолоож урд толиндоо нүүр дүүрэн инээмсэглэв.
Трейсигийн толгойд эмх замбраагүй олон бодол дэг журамгүй эргэлдэж байгаа болохоор ямар ч л гэсэн одоо ганц ч үг дуугарахгүй юм шүү.
Такси дорно зүг Лейк Пончарттейн Козвейгээр хурдлах зуур жолооч чалчиж гарав.
- Чухал хэргээр ирээ юу, хатагтай?
Хүүхэн тэр жолоочийн юу донгосоод байгааг таамаглаж," Үгүй дээ би үхлийн хойноос ирсэн "хэмээн бодлоо.
Тэрээр жолоочийн бувтнах дууг сонсох хэдий ч чухам юу яриад байгааг нь ойлгохтой мантай,алмайран мэлмэрсэн амьтан арын суудалд нугдайн хажуугаар жирэлзэн өнгөрөх танил нутаг орноо ажих ч сөхөөгүй явлаа. Харин Френч Квортерт дөхөж ирсэн хойноо улам бүр чангарах нүсэр дуу чимээнээс болж , сая нэг юм сэхээ оров. Тэдний өөдөөс галзуурч солиороход ганц хуруу дутуу бөөн хүмүүс эртний тарин , шившлэг уншиж улангасан хашгирсаар айсуй.
- Би цаашаа явж чадахгүй гэж жолоочийг хэлэхэд Трейси толгойгоо өргөөд хачин гайхалтай юм олж харлаа. Үлэмж биетэй матар луу тэрс үзлийн бурхадын баг өмсөөд тэнхээ мэдэн орилж чарлалдан төрөл бүрээр бүжиглэсэн хэдэн зуун мянган хүн гудамж , явган зорчигчийн зам шахцалдан чих дөжрөм нижгэнэх янз бүрийн хөгжмийн эгшгээр урагшлан ирж явав.
-Та гарсан нь дээр байхаа Аягүй бол тэд нар такси хөмрүүлж мэднэ шүү гэж жолооч гөвнөв.
- Хараал идсэн" Марди гри"
Нээрээ тийм л дээ. Хоёрдугаар сарын энэ өдөр хот бүхэлдээ шашны баярыг тэмдэглэж байгаа юм байна. Трейси машинаас гарч , чемоданаа дааж ядсаар явган зорчигчийн зам дээр дөнгөж гартал орилж чарласан , үсэрч харайсан үй олон хүний эргүүлэг түүнийг хаман авав. Энэ нь хар шулмасуудын ой гутам цэнгээн байсан бөгөөд тоо тоймгүй эм ягчис түүний ээжийн үхлийг баяр ёслолоор тэмдэглэж байх юм. Хэн нэгэн Трейсигийн чемоданийг угз татаж аваад алга болов. Чөтгөрийн багтай бүдүүн эр түүнийг тэвэрч аваад үнсчихсэн чинь Буга хоёр хөхийг нь базлаж , асар том баавгай буганаас булааж аваад бужигнасан олны дээр өргөв. Тэрээр хамаг чадлаараа эсэргүүцэж , зугатахыг оролдсон боловч энэ нь боломжгүй зүйл байлаа.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Dec.07.09 5:20 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Түүнийг тойрон хүрээлж , занганд оруулах дуу дуулсан ,бүжиг хийсэн баяр ёслолд шууд оролцуулав. Трейси шашны дуу дуулсан жагсаал дунд урагшилж явахад хоёр нүднээс нь шорвог нулимс хацар даган урсана.Ямарч арга алга байлаа. Эцсын дүнд тэрээр арай ядан мултарч , зугтан гүйсээр нам гүм мухар гудамжинд орох үед хариугүй хийрхэх гэж байв. Трейси гудамжний чийдэнгийн шон налж хүндээр амьсгаадан удаан зогсож байж жаахан сэхээ аваад цагдаагийн газар руу сажлах аядлаа. Царайд нь түгшүүр хурсан ,гучин тав орчим насны дэслэгч Миллер өөрт нь ноогдсон даалгавар биелүүлэхээс үнэн сэтгээлээсээ эвгүйрхэж байх шиг.
- Өршөөгөөрэй , би таныг нисэх онгоцны буудалд тосч чадсангүй. Хот бүхэлдээ галзуурсан мэт болчихоод байна. Бид ээжийн тань эд юмсыг үзсэн чинь утасдаж болох цорын ганц хүн нь та болж таарлаа.
-Танаас гуйя , дэслэгчээ ээж минь ...... юу яачихсан....... юу болсон юм бэ ?
-Тэрээр амиа егүүтгэсэн. Трейсигийн нуруугаар хүйт оргиод явчихлаа.
- Тийм байж ... Тийм байх ёсгүй!Тэр амиа хорлож яах юм бэ? Амар тайван амьдрахад хэрэгтэй бүхэн түүнд байсан шүү дээ!
Цогцосны байгаа байшингийн ханыг цагаанаар будсан боловч толгойны үс өрвийм аймар хонгилоор Трейсиг дагуулан явсаар асар уужим , Цэв цэвэрхэн , хов хоосон тасалгаанд оруулахад гэнэт тэрээр энэ том өрөө бүүр ч хоосон гэдгийг ухаарлаа. Энд талийгаач нар мөн түүний талийгаач ээж байж таараа. Цагаан халаадтай жижүүр дуртай дургүй гэлдэрсээр хананд очиж , бариул руу гар сунгаснаа дэндүү гэмээр том хайрцаг татаж гаргав.
- Та харах уу ?
" Үгүй ээ , энэ хайрцагт хэвтэж байгаа амьгүй ,хүйтэн биеийг харах хүсэл надад алга . Эндээс аль болох түргэн гарах хэрэгтэй. Түймрын дохионы хонх дуугарсан тэр мөчид эргэж очих хэрэгтэй. Тэр нь амьсгаа хураасан ээж минь биш , телефон утас ч биш , жинхэнэ түймрын дохио байсан ч болоосой". Трейси арай ядан хөлөө зөөж , алхам тутамд хамаг биеийнх нь яс янгинана . Тэрээр түүнийг төрүүлж , энхрийлэн өсгөж , хайрлаж баяр хөөр , инээд баяслаа хуваалцаж явсан, одоо амьсгал хураасан ээжийнхээ цогцсыг удаан харж байснаа тонгойн үнсэхэд хацрыг нь үхээрийн хүйтэн хайраад авав.
- Ээ ээж минь дээ , ээж минь Яагаад ? Яах гэж ингэв ээ? хэмээн Трейси шивнэх зуур жижүүр өгүүлрүүн
- Бид задлан хийсэн. Амиа хорлогчдийн тухай муж улсын хуулийн дагуу юм л даа.
- Талийгаач танд зурвас үлдээсэн.
Гэвч Дорис Уитнейгийн зурваснаас ямар ч тайлбар олдсонгүй гэв.
Трейси зурвасийг аван уншлаа.
" Миний хайрт Трейси !
Намайг өршөөж хайрла. Би үгүйрч ядуурсан болохоор чамдаа дараа болохыг хүсэхгүй байна. Энэ бол хамгийн зөв шийдэл . Би чамдаа маш их хайртай шүү.Ээж нь"
Энэ зурвас хайрцаг дотор хэвтэж буй цогцос шиг ямарч утга учиргүй байлаа. Бага үдээс эхлэн Трейси оршуулгын ажил явдлаар хөөцөлдөж байгаад төрсөн гэр рүүгээ таксигаар явлаа. Тэртээ алсаас сонсогдох " Марди гра " баяр тэмдгэлэгчдийн нүргэлсэн хүрхрээ түүнд огтхон ч хамаагүй , элэг буруу эмгэнэлтэй юм шиг санагдах боллоо.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Dec.12.09 5:31 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Уитнейн гэр бүл Гардан Диотрикт хэмээх орон сууцны тансаг хороолол дахь викторианы мягаар барьсан байшинд байнга амьдардаг байсан юмсанжээ. Трейси чухам л энд өсөж өндийсөн , бага насных нь тухай гэгээн дурсамж одоо хүртэл сэтгэлд хадаастай. Тэрээр бүтэн жил гэртээ ирээгүй болоод ч тэр үү , такси зугуухан тоормослож зогсоход байшингынх нь өмнөх таримал нугад " Худалдана Шинэ Орлеоны үл хөдлөх хөрөнгийн компани " гэж томоор бичсэн самбар олж хараад цочирдон самгардав. Ийм юм байж таарахгүй. " Би бид бүгдийн аз жаргалтай амьдарч ирсэн энэ хуучин байшингаа хэзээ ч зарахгүй" гэж ээж дандаа ярьдаг байсан шүү дээ.
Гол хаалга зүглэн , үлэмжийн том замбага цэцгийн дэргэдүүр явж байх үед сэтгэл тэсч ядан догдлох хачин сэтгэгдэл Трейсиг эзэмдэн авлаа. Долдугаар ангид байх үед нь түүнд гэрийн түлхүүр тусд нь өгчээ , тэрээр одоо хүртэл тэр түлхүүрийг сахиус шигээ байнга авч явдаг болсон ажээ.
Трейси хаалга онгойлгон , дотогш оронгуутаа хэрдхийн цочирдон зогтусав. Бүх тавилгыг гаргаж , бүх өрөө бараг хов хоосон. Бас эртний ховор эдлэлийг нэгийг ч үлдээлгүй хамж авсан болохоор байшин хоосон дун шиг , эзэддээ орхигдсон гэр мэт болжээ. Трейси өрөө дамжин гүйхын хэрээр алмайран балмагдах нь нь улам бүр нэмэгдэнэ. Энэ бүхэн гэнэтийн гай гамшгийг санагдуулах авай. " Еэ тэнгэр минь Юу гээч нь болох нь энэ вэ? " Хөлийн өрөөнд хонх жингэнэх нь сонсогдоход Трейси зүүдэн дундаа мэт маш удаан гишгэлсээр шат уруудав.
Босгон дээр Уитнейн гэр бүлд харъяалагдах " Ауттмо тайв Патс компани"ийн эрхлэгч Отто Шмидт зогсч байлаа. Нүүрэндээ сорвитой , зомгол шиг туранхай , хөгширч яваа энэ эр шар айрагт хэт дурласны үр дүнд цүндийсэн том гэдэстэй болсон байна.
- Трейси би дөнгөж сая энэ тухай сонслоо. Таныг хэрхэн өрөвдөн хайрлаж байгаагаа би үгээр илэрхийлж чадахгүй байна гэж герман аялгатай үгүүлэхэд хүүхэн түүнийг зочдын хоосон өрөөнд дагуулж оров.
- Отто тантай уулзсандаа маш их баяртай байна . Уучлаарай энд сандайлах юм алга. Шалан дээр суучихвал та татгалзахгүй биз дээ ?
- Үгүй үгүй.
Тэд шалан дээр өөд өөдөөсөө харан суугаад , цөхөрсөн харцаар хоёр биеэ ширтэв. Отто Шмидт Трейсигийн ухаан орсон цагаас л тэдний компанид алба хашсан бөгөөд аав нь олон талаар Шмидтээс хамааралтай байсныг бүсгүй мэдэх ажгуу. Тэгээд ээж нь компанийг өвлөн авахад Шмидт ажил хэрэг эрхлэхээр тэнд үлсэн байна.
- Отто , юу болсныг би мэдэхгүй байна. Ээж амиа егүүтгэсэн гэж цагдаагийнхан ярих юм. Гэтэл түүнд амиа хорлох ямар ч шалтгаан байхгүйг та мэдэж байгаа шүү дээ гэтэл нэгэн бодол хүүхний толгойд харвав.
Тэрээр өвдөөгүй биз дээ? Түүнд ямар нэгэн аймар өвчин..................
- Тийм юм болоогүй л дээ. Өвчин үүнд хамаагүй гээд Отто зарим зүйл нуусан , дутуу хэлсэндээ зовнин буруу харав.
Трейси үгээ зөөн байж
Хэргийн учрыг та мэдэх үү? гэхэд тэр эр бээрлэж эхэлсэн цэнхэр нүдээрээ түүнийг өрөвдөх мэт цоо ширтлээ.
Таны ээж сэтгэлийг тань зовоохгүй гэсэндээ саявтархан ........ юу болсныг танд хэлээгүй юм.
- Миний сэтгэлийг зовоох гэнэ ээ? Яаж тэр вэ? Та ......... цааш нь яриач гуйя.
Отто арьс нь үрчийсэн гараа нэг атган нэг тэнийлгэн сууна.
- Та урьд нь Жо Романо гэдэг хүний тухай сонсож байсан уу?
- Жо Романо гэнэ ээ ? Үгүй. Юу гэж ?
- Зургаан сарын өмнө Романо таны ээжтэй танилцаад компанийг худалдаж авъя гэсэн юм. Ээж тань компаниа худалдах сонирхолгүй байгаагаа тайлбарласан боловч мань эр суурь өртгөөс арав дахин их мөнгө санал болгосонд таны ээж татгалзаж чадаагүй юм. Түүний сэтгэл үлэмж хөдөлж , бүх мөнгөөрөө та хоёрын амьдралд бүрэн хүрэлцэх орлого авчрах акц худалдаж авах гэж байсан юм. Тэрээр танд гэнэтийн бэлэг барих санаатай байлаа л даа. Би ч их баяртай байсан. Трейси , би тэтгэвэрт гарахаар завдаад гурван жил болж байгаа боловч хатагтай Дорисийг орхиод явж яахан чадах билээ. Тэр Романо гэснээ золтой л ам дүүрэн хараал урсгачихсангүй.
-Тэр Романо багахан урьдчилгаа барьцаалан өгсөн. Харин төлбөрөө хойшлуулсан , ихэнх мөнгийг түрүүчийн сард өгөх ёстой байсан юм.
Трейси байж ядан өндөлзлөө.
- Үргэлжлүүл Отто. Тэгээд яасан юм бэ?
- Романо пүүсийн удирдлагыг гартаа авмагцаа тэнд ажиллаж байсан бүх албан хаагчдыг халаад өөрийн хүмүүсийг авсан юм. Дараа нь тэрээр компанийн акцийн ханшийг зохиомлоор унагаж, бүх эд хогшлыг худалдаад , төрөл бүрийн тоног төхөөрөмж худалдаж авсан боловч үнийг нь төлөөгүй юм. Ханган нийлүүлэгчид урьдын адил ээжтэй тань харьцаж байна гэж бодсон учир ер санаа зовоогүй юм.Тэгээд эцсын эцэст мөнгө нэхэхээр нь ээж тань Романо дээр очин тайлбарлаж шаардсан чинь мань эр хэлцэл байгуулахаа больсон ээжид тань компанийг буцааж өгөх болсноо хэлсэн юм. Тэр үед компани ямар ч үнэ цэнэгүй болсон төдийгүй, хагас сая долларын өрөнд орсон байсан юм. Ээж тань түүнийг яаж төлөх билээ дээ? Ээж тань компаниа аврахын тулд бүх хүчээ шавхан зүтгэхийг хараад эхнэр бид 2 ын зүрх эмтэрч байсан юм. Тэд ээжийг тань хүчээр дампууруулсан. Тэд пүүс , энэ байшин , түүний машинийг хүртэл бүгдийг залилж авсан.
-Ээ бурхан минь!
- Өөр нэг юм байна. Шүүхийн тойргийн прокуроор түүнийг шоронд хорих хуулийн заалттай залилангийн хэрэгт яллах болсон мэдэгдэх хуудас ирүүлсэн. Тэр л түүний ............. нас барсан өдөр болсон байх гэж би бодож байна.
Трейсигийн цээжинд арга ядсан уур буцлах аж.
- Түүнд шаардлагатай ганц зүйл гэвэл тэдэнд бүх үнэнийг хэлж , тэр новшийн эр өөрт нь яаж хандсныг тайлбарлах явдал байсан юм.
Хөгшин эрхлэгч толгой сэгсрэв.
- Жо Романо бол Шинэ Орлеоны эзэн Энтони Орзианттид хүчин зүтгэдэг нэгэн.Тэр Романо гэгч этгээд иймэрхүү юм өөр компаниудтай ч хийж байсныг би дэндүү хожуу олж мэдсэн. Таны ээж түүнийг шүүхэд өглөө ч гэсэн хэргийн бүх учир начрыг олж шийдтэл хэдэн жил өнгөрч, түүнээс мөнгөө хэзээ ч салгаж авч чадахгүй байсан.
- Ээж надад яагаад хэлээгүй юм бэ? гэх нь Трейсигийн сэтгэл зүрхний гансрал , эхийнхээ эдэлсэн зовлонгийн төлөө харамссан хашгираан байлаа.
- Таны ээж тун бардам эмэгтэй байсан. Тэгээд ч та яах юм бэ? Хэн ч түүнд тусалж чадахгүй байсан.
" Та эндүүрч байна" хэмээн Трейси хилэгнэн бодоод,
- Би Жо Романотой уулзмаар байна. Түүнийг хаанаас олж болох вэ ? гэхэд Шмидт эрс шийдэмгий татгалзав.
- Энэ тухай санахын ч хэрэггүй. Тэр хэр зэрэг хүчирхэг гэдгийг та төсөөлөх ч үгүй байна.
- Гэр нь хаана юм бэ ? Отто?
- Түүний эдлэн газар Жексоны цэцэрлэгт гудамжны зэргэлдээ байдаг юм. Гэвч тийшээ яваад ямарч нэмэргүй надад итгээрэй.
Трейси хариу хэлсэнгүй. Түүнийг үл мэдэх хачин сэтгэл цээж дүүрэн оргих бөгөөд тэр нь үзэн ядах сэтгэл байлаа. " ЭЭжийг минь егүүтгэснийхээ төлөө Жо Романо шангаа хүртэх болно" гэж Трейси өөртөө тангараглав.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Dec.14.09 5:43 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Түүнд бүгдийг тунгаан бодож , цаашдын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах хугацаа хэрэгтэй байлаа. Үгүйрүүлж хоосруулсан гэртээ буцаж очиход Трейсид нэн хэцүү байсан учир одоо хүртэл баярын замбраагүй наргиа үргэлжилсээр байгаа тул холхон Мэгэзин-Стрит дэхь багавтар зочид буудлыг сонгож авав. Тэр чемодан савгүй очсон болохоор сэрдэмтгий жижүүр их сүрхий харлаа.
- Та мөнгөө урьдчилж төлөх болж дээ , нэг шөнө дөчин доллар.
Трейси буудлын өрөөнөөс Кларенс Дезмондод утасдаж хоёр гурав хоногийн чөлөө гуйсанд тэр эр хэдийгээр эвгүй байсан боловч бухимдлаа нууж чадав.
- Энэ талаар санаа бүү зов , таныг эргэж иртэл орлох хүн би олно.
Тэр ямар анхааралтай халамжтай байсныг нь Чарльз Стэнхоупод хэлэхээ мартахгүй гэж найджээ.
Дараа нь Чарльз руу утасдав.
- Чарльз хайрт минь
- Трейси чи хаашаа алга болчихвоо? Ээж өглөөжингөө чамтай ярих гээд чадсангүй тэд өнөөдөр чамтай өглөөний хоол идэх гэсэн юм л даа , та хоёр хуримын бэлтгэлийг даах ёстой шүү.
- Хайрт минь уучлаарай. Би Шинэ Орлеонд байна.
- Хаана гэнээ , чи Шинэ Орлеонд юу хийж байгаа юм бэ?
- Миний ээж... Нас барсан гэх хэдэн үг хүүхний хоолойд тээглээд арай ядан дуугарлаа.
- Еэ , харлай гэхэд мань эрийн дууны өнгө эрс өөрчлөгдсөн байна. Трейси огт санаандгүй юм болж дээ ээж чинь цэл залуугаараа тийм биз дээ?
Тэр цэл залуугаараа байсан гэж Трейси бодоод чангаар өгүүлрүүн:
- Тиймээ тийм.
- Юу болсон юм бэ? Чи өөрөө зүгээр үү?
Ямар ч л гэлээ Трейси өөрийгөө хичнээн ч хүчлээд ээж амиа хорлосон гэж Чарльзд хэлж чадсангүй , мөн түүний ээжийг яаж луйвардсан тухай , тэр аймар түүхийг уйлан дуулан байж ярихыг туйлын их хүссэн авч биеэ барьлаа. Энэ бол миний эдлэх зовлон би өөрийн гаслант ачааг Чарльзд үүрүүлэхгүй гэж бодлоо .
- Санаа бүү зов. Би зүв зүгээр байна.
- Трейси намайг очоосой гэж чи хүсэж байна уу?
- Үгүй дээ баярлалаа , би өөрөө дөнгөнө өө. Маргааш ээжийг хөдөөлүүлэх ажлыг зохион байгуулаад даваа гарагт Филадельфи руугаа буцна.
Тэрээр харилцуураа тавьж орон дээрээ хэвтэхэд бодол санаа нь сарниад ер төвлөрч өгөхгүй байв. Таазан дахь цагаанаар будсан биржгэр хавтанцарыг тоолж нэг үзлээ. 1 ... 2 ... 3 ... Романо ... 4 ... 5 ... 6 ... Жо Романо ... 6 ... 7 ... тэрээр шангаа хүртэх болно!
Түүнд тодорхой төлөвлөгөө байсангүй гагцхүү Романог заавал цээрлэл хүлээх ёстой гэдгийг л тэрээр мэдэж байлаа . Ээжийнхээ өшөөг авах ямар нэг арга олох доо л нэг олно

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Dec.15.09 11:12 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Нар жаргах үеэр Трейси зочид буудлаасаа гарч Кэнэл- стритээр зугаалж явсаар ломбардад тулж очлоо. Сараалжтай лангууны ард үхээнц цонхигор царайтай хуучин моодны ногоон саравчтай малгай духдуулсан нэгэн эр сууж байв.
- Юугаар туслахсан бол ?
- Би... би буу худалдаж авах гэсэн юм.
- Ямар загварын ?
- Юу л даа... Гар буу.
- Та гучин хоёрын уу , дөчин таван калибрынх уу?
- Аль нь тохиромжтой вэ?
Трейси гар буу гартаа ч барьж үзээгүй билээ.
- Гучин таван калибрынх болно оо.
- Надад байгаа нь хоёр зуун хорин есөн долларын үнэ бүхий “Смит ба Вессон” системийн гучин хоёр калибрын сайхан буу, бас зуун тавин есөн долларын гучин хоёр “ Чартер Армс”...
Тэрээр их мөнгө авч гарсангүй.
-Арай хямд юм байхгүй юу?
Сайхь эр мөрөө хавчив.
-Хүүхдийн тоглоомон буу л үүнээс хямд байх.Би танд л гэж зуун тавиар нэг хайрцаг сумтай өгье.
- За тэгье.
Худалдагч буу ярайтал өлгөсөн самбар тийш очиж, нэг гар буу аваад ширээний өнцөг дээр тавив.
- Та яаж ашиглахаа мэдэх үү?
- Гохийг нь дарна.
Худалдагч эр доогтой жуумалзав.
-Яаж цэнэглэдгийг нь би харуулаад өгөх үү?
Тэрээр буудах гээгүй зүгээр л нэг хүнийг айлгах гэсэн юм гэж хэлэх гэснээ ямар тэнэг сонсогдохыг ойлголоо.
- За тэг л дээ.
Ногоон саравчит малгайтай эр гар бууны хөндий хүрдэнд сум хэрхэн хийхийг Трейси сайтар ажиглан зогссоноо,
- Танд их баярлалаа гээд түрийвчээ гарган мөнгө тоолж өгөв.
- Цагдаагийн газарт мэдэгдэхгүйн тулд би таны овог нэр , хаягийг бичиж авах ёстой.
Ийм бодол түүний толгойд орсонгүй.Жо Романод буу тулган заналхийлснийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож болох байв.”Гэхдээ би биш , тэр эр гэмт хэрэгтэн шүү дээ!”
Худалдагч толгой өргөхөд ногоон саравчны сүүдэрт нүд нь цайвар шаргал болж харагдах авай.
- Овог нэр
- Смит. Жоан Смит.
Сайхь эр дэвтэрт тэмдэглэв.
- Хаяг?
- Доуман Роуд гучийн хорь.
Худалдагч хүүхнээс нүүр буруулан өөр тийшээ харж,
- Доуман Роуд гудамжинд гучин хорь дугаар байшин байхгүй. Байсан бол яг голын дунд таарах байсан юм.Би тавийн хорь гээд биччихье гээд хүүхний өмнө тасалбар тавьсанд тэрээр гарын үсгээ Жоан Смит гэж зурав.
- Ингээд болоо юу?
- Гүйцлээ гээд худалдагч гар бууг сараалжин доогуур түлхэв.Трейси түүнийг анхааралтай ширтсэнээ бууг авч цүнхэндээ хийгээд бушуухан гарлаа.
- Хөөе хатагтай! Наад буу чинь цэнэгтэй шүү.Бүү мартаарай хэмээн “ногоон саравчит” араас нь хашгирсаар хоцорлоо.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Dec.23.09 9:21 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Френч Квортерийн төвд орших Жексоны цэцэрлэгт талбарт буян ерөөлийн бэлэг тэмдэг болсон гэгээн Лиусын гайхамшигт сайхан сүм сүндэрлэнэ.Талбар дээр уран барилгын хувьд гайхалтай гоё хуучны байшингууд, тэдгээрийн чамин нүүрэн талыг өндөр хашаа , хайс хачин том замбага цэцэгс гудамжны чимээ шуугиан, үймээн будлианаас хамгаална.Жо Романо тийм байшингийн нэгт суудаг ажээ.Трейси харанхуй болохыг хүлээн навчсын сүүдэрт зогсох зуураа байшинг анхааралтай ажиглан судлахад цүнхэн дэх бууны хүндийг мэдэрч байв.Түүний боловсруулсан маш энгийн төлөвлөгөөний дагуу бол тэрээр ээжийнхээ цэвэр ариун нэр хүндийг сэргээхийг Жо Романогоос хүсэн ятгаад, хэрэв татгалзвал буу тулгаж буруугаа хүлээсэн зурвас бичүүлж авах байв.Тэгээд тэр бичгийг дэслэгч Миллерт аваачиж өгөхөд тэр Романог баривчилснаар ээж нь цагаатгагдах байлаа.Чарльзийг хажуудаа байлгахыг тэсэхийн аргагүй их хүсэх авч энэ бүхнийг ганцаараа гүйцэлдүүлсэн нь дээр гэдгийг ойлгож байв.Ийм хэрэгт Чарльзыг хутгалдуулах хэрэг юун.Бүх зүйл дууссан хойно Чарльзад бүгдийг ярьж, Жо Романо зам мөрөөрөө торны заана суух л болно. Нэг хүн өөдөөс нь айсуй тул түүнийг өнгөрч гудамж эл хуль болохыг хүлээж байгаад, байшинд ойртон очиж, хонхыг нь дарсан чинь таг чиг.Мань эр "Марди гра" баяр тэмдэглээд хулгайч дээрэмчидтэйгээ наргиж байгаа биз гэж Трейси бодлоо.Гэвч би түүнийг гэртээ иртэл нь хүлээнэ.Гэнэт унтраалга торхийн сэрүүн лаврангийн гэрэл асаад,гол хаалга онгойж,нэгэн эр босгон дээр үзэгдэв.Түүний гадаад төрхийг хараад Трейси гайхахын ихээр гайхсаны учир гэвэл тэрээр дээрэмчны муу ёрлосон муухай харцтай хүн хэмээн төсөөлж байсан чинь их сургуулийн профессор гэж амархан андуурмаар дур булаам царайлаг, дулаан харцтай нэгэн өмнө нь зогсож байх нь тэр.
Сайхь эр намуухан найрсаг дуугаар,
- Сайн уу? Яаж танд тус хүргэхсэн бол? гэсэнд хүүхэн чичгэнэсэн хоолойгоор хариу өчив.
- Та Жозеф Романо мөн үү?
- Мөөн мөн. Та ямар хэргээр явна вэ?
Тэр эр чөлөөтэй, хэнд ч таалагдахаар биеэ авч байх тул: " Хөөрхий ээж минь энэ хүнд молигдуулсанд гайхах юм алга." гэж Трейси бодоод,
- Би...би тантай ярилцах гэсэн юм, Ноён Романо гэхэд сайхь эр агшин зуур түүний бие галбирыг анхааралтай ажиглаад авав.
- Бологүй яахав. Та морилж орооч.
Трейси гялалзтал үрж арчсан эртний ховор тавилгатай зочны өрөөнд орлоо."Романо муугүй амьдардаг юм байна.Ээжийн мөнгөөр шүү." гэж Трейси гашуудан гаслан бодлоо.
-Би сая ганц, хоёр хундага юм балгахаар зэхэж байсан юм. Та юу уух вэ?
- Юу ч уухгүй. Сайхь эр хүүхнийг гайхсан нүдээр ширтэв.
- Тэгвэл та надтай уулзаж яах гэсэн юм бэ? Хатагтай...
- Трейси Уитней. Би Дорис Уитнейгийн охин байна.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.04.10 6:34 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Сайхь эр хором хэртээ балай мохой харцаар хүүхнийг ширтэж байснаа удалгүй эртний танилаа сая л таньсан мэт царай нь эрс өөрчлөгдөөд явчихлаа.
- Нээрээ тийм л дээ...Би эхийн тань тухай сонссон.Тун харамсалтай байна.
"Тун харамсалтай байна" гэнэ шүү! Өөрөө ээжийн үхлийн шалтгаан байж, цорын ганц хэлэх юм нь:"Тун харамсалтай байна" гэдэг байна шүү!
- Ноён Романо ,Миний ээжийг залилангийн хэрэгт гэм буруутай гэж тойргийн прокурор үзэж байна. Энэ нь худал гэдгийг та мэдэж байгаа болохоор ээжийн үнэнч шударга сайн нэр төрийг нөхөн сэргээхэд туслахыг би танаас хүсэх байна.
Мань эр мөрөө хавчаад,
- Би баярын үеэр хэзээ ч ажил хэргийн талаар ярьдаггүй.Энэ нь миний шашинд харш гээд баар руу очлоо.
- Жаахан юм уучихвал танд сайхан болно доо
Трейсид сонголт үлдээгүйн эрхэнд буугаа гаргаж түүнийг онилоод,
- Яавал надад сайхан болохыг би танд хэлээд өгье, Ноён Романо.
Ээжийг минь яасныг үнэн зөвөөр хүлээвэл миний сэтгэл тэнийнэ гэхэд Жозеф Романо эргэн хараад буу олж үзэв.
- Хатагтай Уитней наадахаа далд хий. Буу алдаж магад.
- Миний хүссэнийг та хийхгүй бол буу алдаж ч магад.
Чухам яаж компанийн сэтэрхий зүүг хүртэл залилан авч, ээжийг минь амиа хорлоход хүргэсэн тухайгаа та бичих ёстой.
Үүнийг сонсоод тэр хүүхнийг эмээсэн байдалтай харах болж, хар бараан нүдээ сэжигтэй нь аргагүй онийлгоно.
- Би ойлгож байна аа. Харин би татгалзвал яах вэ?
Трейси барьсан буугаа чичигнүүлэн байж,
- Тэгвэл би танийг ална гэвэл Романо вискитэй шилэн аягаа барьсаар дөхөж ирээд чин сэтгэлийн зөөлөн дуугаар
- Та алуурчинтай адилгүй байна, Хатагтай Уитней. Би таны ээжийн үхэлд ямар ч хамаагүй. Надад итгээч, би...гэсэнээ хүүхний нүүр рүү виски цацаж орхилоо. Архи Трейсигийн нүдийг сохлох шахам хайрч, Романо бууг мулт цохисон тул баруун гар нь ясаараа янгинаад явчихав.
- Таны хөгширсөн ээж надаас нэг юм нуужээ. Ийм хүсэл тачаал хөдөлгөм охинтой гэж яриагүй юм байна гээд Романо хүүхний хоёр гараас шүүрэн чанга барихад Трейси үнхэлцэг хагартлаа айж , нүд нь харахаа болиод хөшиж орхижээ. Зөвхөн тэрээр арагшаа сунаж сайхь эрийн нүсэр бие дээрээс нь дараж авахыг л мэдэрсэн бөгөөд мултарч гарахыг оролдсон боловч зууртал барьсан эрийн гараас мултарч чадсангүй.
- Чи жаахан зугаацхаар энд ирсэн биз дээ, аан? Тэгвэл одоо Жо чамд үзүүлээд өгнө өө!
Мань эр хүүхний цамцыг хүү татаад,
- Пөөх! Энэ хөхийг нь хараач ээ! хэмээн шивнээд хөхнийх нь товчийг чимхэж эхлэв.
- Шувуухай минь, эсэргүүцээч би дуртай байдаг юм.
- Холд надаас!
Мань эр хүүхний ясыг янгинатал чанга тэвэрсэнд шалан дээр хэвтэж байгаагаа Трейси сая л ойлголоо.
Романо арслан бар мэт хүрхрэн,
- Жинхэнэ эр хүн чамтай унтаагүй гэж тангараглая гээд бүх биеэрээ хүүхнийг хүчлэн дарж банзлыг нь сөхөв.
Трейси юу ч харахгүй хэрнээ хамаг хүчээ шавхан хажуу тийшээ зүтгэтэл гар буу хуруунд нь тэмтрэгдлээ. Хүүхэн түүнийг шүүрэн авсан даруйд чих дөжрөм буун дуу тасхийж,
- Ээ бурхан минь! гэж РОмано бархираад бахим барьцаа сулруулав.
Тэр эр түүний дээрээс гулсан хавиргаа дарсаар шалан дээр өнхрөн унахыг Трейси нүдэнд буусан манангийн улаан бүрхүүл нэвт хараад айдас жихүүдэс аяндаа төрлөө.
- Чи намайг буудчихлаа... Ёстой гичий юм даа чи! Чи намайг шардуулчихлаа...
Түүнд хөл гараа хөдөлгөх ямар ч хүч чадал үлдсэнгүй, хөшиж орхиод, бөөлжис хүрэхийн хажуугаар нүд нь одоо хүртэл хорсож өвдөөд байгааг л мэдэрч хэсэг сууснаа гэнэт огло харайн босч, өрөөний алсын ханан дахь хаалга зүглэн бүдчин гуйвсаар явлаа. Хаалга нээвэл угаалгын өрөө байхаар нь тэрээр найгаж ганхсаар тосгуур хүрч ус дүүргээд өвчин намдаж , хараа зүгширтэл нүдээ угаав. Толинд харсан чинь хавдаж улайсан , солиотой хоёр нүд өөдөөс нь ширтэх авай.
" Тэнгэр минь би сая хүн алчихлаа" гэж бодмогцоо зочны өрөөнд гүйхээгээрээ орвол шалан дээр хэвтэж буй Жо Романогийн цус цагаан хивсэн дээр нүүн урсаж байсанд хүүхний царай хувхай цайж, сайхь эрийн дээрээс тонгойв.
- Уучлаарай би үүнийг хүсээгүй юм...
Романо амьсгаа тасалдуулан байж,
- Түргэн тусламж гэхээр нь Трейси утас руу харайн хүрч, диспетчерт залгаад сөөнгөтсөн хоолойгоор,
- Жижүүр ээ," түргэн тусламж" одоохон явуулаач. Хаяг нь Жексоны цэцэрлэгт талбар, дөрвөн зуун хорин нэг. Эрэгтэй хүн буудуулсан гээд харилцуураа тавьснаа Жо Романог эргэн харлаа.
" Ээ тэнгэр бурхан минь" хэмээн Трейси мөргөв. " Чамаас гуйя түүний амийг авраач"
Хүүхэн мань эрийн дэргэд сөхрөн үхсэн эсэхийг нь үзсэн чинь нүд нь аниатай амьсгалж байлаа.
- Одоохон түргэн тусламж ирнэ гэчихээд Трейси гудамжинд ухасхийн гүйн гарлаа.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.05.10 5:38 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Тэрээр хүмүүсийн анхаарал татахаас болгоомжлон хар хурдаараа гүйчихгүйг хичээж явлаа. Хуу татсан цамцаа нуухын тулд ноосон цамцныхаа захыг битүүлэн товчлов.Гэрээсээ дөрвөн хорооллын зайд очоод Трейси такси барих гэж оролдсон боловч бүтсэнгүй. Аз жаргалдаа умбасан , инээлдэж хөхөрсөн зорчигчидтой дөрөв таван такси өнгөрөөд байтал алсаас дуун дохио хангинуулсан түргэн тусламж хэдэн агшны дараа хажуугаар нь өнгөрөөд, Жо Романогийн гэр рүү давхин одох тэр мөчид " Би мултарч чадлаа" гэж Трейси бодов. Түүнээс жаахан цаана нэг такси ирж зогсоод, зорчигчид нь буухад хүүхэн алдчихаасай айн түүн дээр гүйхээгээрээ очлоо.
- Та хүнгүй байна уу?
- Юу гэмээр юм дээ. Та хаашаа явах юм?
- Нисэх онгоцны буудал.
- Суу , суу.
Нисэх онгоцны буудал орох замдаа Трейси түргэн тусламжийн тухай бодсоор явлаа. Тэд хожимдож очоод, Жо Романо үхчихвэл яана аа? Тэгвэл Трейси тэр байшинд орхисон буун дээр хурууных нь хээ үлдсэн болохоор түүнийг алуурчинд тооцох болно. Мэдээжээр , Романо түүнийг хүчиндэх гээд ноцолдож байтал санамсаргүй буу алдсан хэмээн тэрээр цагдаагийн газарт мэдүүлж болох авч тэд хэзээ ч итгэхгүй. Одоо Жо Романогийн дэргэд хэвтэж байг гэж Трейси буу худалдаж авсан хэрэг үү? Хэдий хугацаа өнгөрсөн бол? Хагас цаг уу? Цаг уу?
Тэрээр Шинэ Орлеоноос аль болох түргэн нисэх хэрэгтэй байна.
- Танд багт наадам ямар санагдав?
- Юу ч гэлтэй юм бэ дээ?
Трейси жижиг толь гарган нүүр царайгаа засаж , гайгүй болгохын тулд чадах бүхнээ хийлээ.Жо Романог гэм бурууг нь хүлээлгэх гэдэг ямар тэнэг санаа байж вэ?! Бүх юм шал өөрөөр эргэсэн.Би энэ болсон хэрэг явдлын тухай Чарльзад яаж хэлнэ ээ? Түүнийг цочирдож балмагдана гэдгийг Трейси мэдэж байсан боловч бүгдийг тайлбарлаад өгөхөөр ухаарна гэж найджээ.Чарльз хэзээ ямагт юу хийхээ мэддэг хүн.
Такси Шинэ Орлеоны олон улсын нисэх онгоцны буудалд ирэх үед:" Би дөнгөж өнөө өглөө нисэж ирсэн гэж үү ? Энэ бүхэн ердөө л ганц өдрийн дотор болсон хэрэг үү?
Ээж нь амиа егүүтгэсэн... солиотой юм шиг багт наадам...Хорсон өшсөн царайтай эрийн: Чи намайг буудчихлаа, гичий минь" гэсэн үг...
Трейсиг онгоцны зогсоол тийш гүйж явах хооронд хэн нэгэн түүнийг зэмлэн буруушаасан харцаар хараад байх шиг санагджээ." Айсан хүнд аргал хөдлөнө" гэдэг ч үнэн үг юм даа гэж тэрээр бодлоо. Ямар нэгэн аргаар Жо Романогийн биеийн байдлын тухай олж мэдэхийг Трейси хичнээн их хүсэвч хэнд утасдахаа ч мэдэхгүй, сайхь эрийг ямар эмнэлэгт аваачихыг ч мэдэхгүй байлаа. " Түүний хувьд бүх юм зүгээр болно. Чарльз бид хоёрыг ээжийн оршуулга дээр ирэхэд Жо Романо эв эрүүл болчих байх." Трейси цус нэвчин нүүсэн цагаан хивсэн дээр хэвтэж буй хүний царайг ой ухаанаасаа таягдан хаяхийг хүчлэн оролдов. Тэрээр гэртээ Чарльз руугаа яарах хэрэгтэй байлаа.
Трейси " Делта Аэрлайнс" нисэх компанийн кассан дээр очлоо.
- Би Филадельфи хүрэх дараагийн онгоцны нэг тийз авмаар байна... Жуулчнаар...
Нисэх компанийн төлөөлөгч компьютер дээрх бичгийг анхааралтай харав.
- Аялал-гурав-тэг-дөрөв. Та азтай юмаа. Зүүн гар талд нэг суудал сул байна.
- Онгоц хэдийд хөөрөх вэ?
- Хорин минутын дараа. Таныг тийз авч онгоцонд суух хүртэл хангалттай хугацаа байна.
Хоёр талаас нь ойртож ирсэн цагдаагийн хоёр офицер олж харахаас өмнө Трейси нэгэнт хожимдсоноо мэдэрчээ.
Нэг офицер нь,
- Та Трейси Уитней юу? гэхэд хүүхний зүрх зогсчих шиг болов. " Овог нэрнээсээ татгалзах нь тэнэг хэрэг" гэж тэрээр бодлоо.
- Тийм ээ би байна.
- Таныг баривчиллаа.
Тэгээд л гавны хүйтэн төмөр гарт нь шахтнан тасхийхийг мэдрэв.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.18.10 2:42 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Бүх юм удаашруулсан кинонд гарч байгаа юм шиг тэгэхдээ түүнд биш, өөр хүнд тохиолдсон мэт санагдана. Трейсиг нэг цагдаагийн гартаа холбож гавлаад нисэх онгоцны танхимуудаар дагуулан гарахад зорчигчид эргэн эргэн араас нь харж байлаа. Түүнийг жолоочийн суудлыг ган сараалжаар тусгаарласан цагдаагийн эргүүлэн хар цагаан машинд түлхэн оруулж, машин дуут дохио хангинуулан, улаан чийдэн анивчуулсаар хурдлан давхив. Хүүхэн хүнд харагдахгүй байхыг хичээн арын суудалд нугдайна. Тэрээр алуурчин Жозеф Романо үхсэн. Гэвч энэ чинь золгүй тохиолдол шүү дээ! Чухам юу болсныг тайлбарлаад өгнө. Тэд түүнд итгэх ёстой! Тэд итгэх ёстой!
Трейсиг Шинэ Орлеоны баруун эрэг дээрх Элжирс дистриктэд байдаг цагдаагийн газарт авчирчээ. Эл хэсэг зөвхөн гаднах байдлаараа цөхөрч гутарсан найдвар тасарсан сэтгэгдэл төрүүлж үнэмшүүлэх муу ёрлосон баргар байшинд байрлах авай. Бүртгэлийн өрөөнд биеэ үнэлэгчид , гудамжны дээрэмчид янхны зуучлагчид зэрэг үл бүтэх этгээдүүд болон тэдний гарт хохирсон хүмүүсээр пиг дүүрэн. Трейсиг хэсгийн жижүүрийн ширээнд аваачиж , харгалзагчдын нэг нь өгүүлрүүн,
- Түрүүч ээ, нөгөөх Уитней чинь энэ. Бид энийг зугтаан нуугдах гэж байхад нь нисэх онгоцны буудлаас барьж авчирлаа.
- Гавыг нь ав.
Гавыг нь авлаа. Трейси хүнийх юм шиг хоолойгоор,
- Тэр чинь золгүй тохиолдол байсан. Би түүнийг алах гээгүй. Тэр эр намайг хүчиндэх гээд...гэхдээ Трейси багтраж байснаа барьж чадалгүй хийрхэж эхлэхэд хэсгийн жижүүр огцом дуугарав.
- Та Трейси Уитней мөн үү?
- Мөөн, гэхдээ би...
- Түүнийг хорих өрөөнд хий.
- Үгүй ээ түр азнаач хэмээн хүүхэн гуйлаа.
- Би утсаар яримаар байна. Би би нэг утасдах эрхтэй...
- Үгүй ер өө, бас хууль дүрэм мэддэг байх нь гэж түрүүвч ууртай бувтналаа.
- Хэдэн удаа шоронд орж байсан бэ?
- Ер орж байгаагүй.
- Таныг нэг удаа утсаар яриулна. Гурван минут. Ямар дугаарт залгах вэ?
Трейси дэндүү сандарч мэгдсэндээ болоод Чарльзын утасны дугаарыг мартчихжээ. Тэр ч бүү хэл Филадельфийн кодыг хүртэл санахгүй байлаа. Хоёр- тав- нэг билүү? Үгүй ээ үгүй тийм биш. Хүүхний хамаг бие салагнаж эхлэв.
- За хэлээд байгаарай. Би өглөө хүртэл завтай.
" Нээрээ хоёр-нэг-тав"шүү дээ.
- Хоёр, нэг, тав, тав, тав, тав, нэг, ес, гурав, тэг, тэг...
Жижүүр энэ дугаарт залгаад харилцуурыг Трейсид өглөө. Харилцуурт дохио сонсогдохоос биш хариу алга. Чарльз гэртээ байх л ёстой доо.
- Жижүүр түүнд хандан,
- Цаг дууссан гээд харилцуураас зууралдав.
- Жаахан хүлээгээч гуйя! гэж хүүхэн хашгирснаа Чарльз тайван нойрсохын тулд шөнө утсаа салгачихдагийг гэнэт саналаа. Тэрээр утасны бөглүү дохиог сонссон зогсохдоо түүнтэй холбоо барих ямар ч бололцоогүйг ойлгов.
Хэсгийн жижүүр хөмсөг зангидан,
- Та дуусав уу? гэхэд Трейси түүн рүү хяламхийснээ урам хугарсан дуугаар,
- Би дууслаа гэв.
Цагдаа Трейсиг нэг өрөөнд оруулж намтрын мэдээ сэлтийг нь бичүүлж, хурууны хээг нь буулгаж аваад, хонгилоор уруудан ганцаар хорих өрөөнд оруулах зуураа,
- Маргааш таны хэргийг шүүн хэлэлцэнэ гэж мэдэгдээд, хаалга түгжин явж одлоо.
" Юу ч болоогүй. Энэ бүхэн аймаар хар дарсан зүүд" гэж Трейси бодох хэдий ч өмхий ханхалсан ор жинхэнэ тавиур, модгүй суултуур, цонхны сараалж ч яах ч аргагүй үнэн байв. Шөнө цаг өнгөрч өгөхгүй зовооно. " Чарльзтай утсаар ярьж чаддаг ч болоосой." Энэ мөчид тэр эр түүнд хэзээ хэзээнээс илүү хэнээс ч чухал байлаа. "Юуны өмнө би түүнд итгэх ёстой. Тэгж чадах л юм бол энэ аймшигт явдлуудаас юу ч дахин давтагдахгүй" Өглөөний зургаан цагт нойрмог харгалзагч Трейсид өглөөний хоолонд жаахан бүлээн кофе, хүйтэн агшаамал овьёос авчирч өгөв. Харин есөн цагт эмэгтэй харгалзагч түүнийг авахаар ирж,
- Бялзуухай минь, явах цаг боллоо.
- Би утсаар ярих ёстой. Энэ маш ...
- Дараа бол... Шүүгчийг хүлээлэгхийг чи хүсээгүй биз дээ. Хорвоод хосгүй хогийн шүүгч байгаа юм даа.
Харгалзагч эмэгтэй Трейсиг хонгилоор туун хижээл дуу насны шүүгч сэнтийд заларсан танхимд орууллаа. Тэр шүүгчийн толгой гар нь байнга, түргэн түргэн татганан салганах ажээ.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.21.10 2:06 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Түүний өмнө тойргийн поркурор Эд Топплер гэгч хүйтэн хар нүдтэй , чинжүүг давстай хольсон өнгөтэй буржгар үстэй дөч эргэм насны туранхай хүн зогсож харагдана. Трейсиг шүүгдэгчийн сандалд аваачаад , ердөө л хоромынн дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
- Трейси Уитнейг яллана гэж зарлав.
Шүүгч толгойгоо дээш доош татгануулсаар өмнөө байгаа хуудаас цаасыг анхааралтай нягтлан уншина.
Яг одоо л чухам юу болсоныг орон нутгийн эрх баригчдад тайлбарлах мөч ирлээ. Трейси гараа чичирж байгааг мэдэгдэхгүйн тулд алгаа хавсран тас атгаад ,
- эрхэм шүүгч ээ энэ бол аллага биш ,би түүнийг буудсан гэхдээ тэр нь золгүй тохиолдол байсан юм. Миний хувьд бол зүгээр л түүнийг айлгах санаатай байсан. Гэтэл тэр эр намайг хүчиндэх гээд тэгээд...гэтэл тойргийн поркурор түүний үгийг таслав.
- Эрхэм шүүгчээ шүүхийн үнэт цагийг дэмий үрэх нь ямар ч утгагүй зүйл гэж би хувьдаа үзэж байна. Энэ эмэгтэй 32 калибрийн гар буу барин ноён Романогийн гэрт дайран орж хагас сая долларын үнэтэй Ренуарын зурсан зургийг хулгайлах гээд ноён Романод гэмт хэргийн газар дээрээ баригдах болохдоо түүнийг ажигч үгүй буудаж үхлүүт шархтсан тэр эрийг орхиод алга болсон байна.
Трейсигийн царай нь хувхай цайж
- Юу та юу яриад байна аа гэх зуур сая сонссон бүхэн ямар ч утгагүй дэмийрэол мэт санагдсан боловч тойргийн поркурор эгдүүцсэндээ хашгирч гарлаа.
- Энэ эмэгтэй ноён Романог шархдуулсан буу нь бидэнд бий , Буун дээр энэ эмэгтэй хурууны хээ байгаа
"Шархаджээ." тэгэхээр Жозеф Романо амьд байх нь. Тийм болохоор би хэнийг ч хороогоогүй юм байна.
- Энэ эмэгтэй зураг аваад зугтаж нуугдсан , эрхэм шүүгч ээ , Тэр үнэтэ зураг одоо хулгайн зүйл худалдан авагчдад байгаа байж болзошгүй. Энэ шалтгаанаар муж улс Трейси Уитнейг хүн амьны хэрэг үйлдэхээр завдсан ба зэвсэгт булаалт хийсний төлөө шүүхээр таслан шийтгэх эсвэл хагас сая долларын барьцаа авч байж суллах хүсэл гаргаж байна. Шүүгч мэгдэж балмагдсан Трейсирүү эргэн
- Таныг өмгөөлөгч төлөөлж байгаа юу гэх гэсэн боловч хүүхэн шүүгчийн үгийг сонссон ч үгүй гөлрөн зогсоход шүүгч дуугаа өндөрсгөж
- Таньд өмгөөлөгч бий юу? гэсэн хойно хүүхэн сая л нэг юм ухаж ойлгоод толгой сэгсэрлээ.
- Байхгүй. Би...юу л даа...Энэ хүн худлаа хэлсэн би хэзээ ч...
- Өмгөөлөгч хөлслөх мөнгө бий юу?
Түүний цалингаас хураасан бүх мөнгө банкинд байгаа. Бас Чарльз байна.
- Би...юу...байхгүй эрхэм шүүгч ээ. Гэхдээ би ойлгохгүй байна...
- Шүүгч танд өмгөөлөгч томилж өгнө. 500мянган долларын барьцааны оронд хорионд байх болно. Дараагийн хэргийг хэлэлцье.
- Хүлээгээч энд эндүүрэл гарсан байна. Би...түүнийг шүүх хурлын танхимаас хэрхэн авч гарсаныг санахгүй байлаа.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.23.10 12:14 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Трейсигийн өмгөөлөгчөөр томилсон дөч эргэм насны Перри Поупигийн болхидуу боловч ухаалаг царай цэнхэр нүд хүүхэнд их таалагджээ.Тэрээр хорих өрөөнд орж ирэнгүүтээ шууд орон дээр суугаад,
- Үгүй ер өө! Хотод хорин дөрөвхөн цаг болж байгаа хатагтайн хувьд арай дэндэж байгаа юм биш үү? Та ч ёстой шуугиан дэгдээсэн дээ. Гэвч танд аз таарсан. Та өөдгүй гэхэд багадахаар муу буудагч юм. Романо хөнгөн шархадсан амьд явах болно гээд нүүр дүүрэн инээмсгэлснээ гаансаа гаргав.
- Татгалзахгүй биз дээ?
- Үгүй дээ
Өмгөөлөгч гаансаа нэрж Трейсиг анхааралтай ажиглав.
- Хатагтай Уитней, та жирийн засаршгүй гэмт хэрэгтэнтэй огт адилгүй юм.
- Би гэмт хэрэгтэн биш ээ, андгайлая.
- Чин үнэнээ хэлж байгаагаа надад итгүүлээч. Юу болсныг бүүр эхнээс нь яриарай. Харин яарч тэвдсний хэрэггүй.
Трейси түүнд бүгдийг ярьж дуусан дуустал Перри Поуп ганц ч үг дуугаралгүй, чив чимээгүй сонсож сууснаа хана налахад царай нь барайж, хөмсөг зангидан харагдана.
- Ёстой ягир туучий юм даа!
- Прокурор, шүүгч хоёр юу яриад байсныг би ер ойлгоогүй гээд Трейси ичсэн, уучлал гуйсан харц өргөв.
- Би тэр зургийн талаар юу ч мэдэхгүй юм.
- Үнэн хэрэг дээрээ энэ бүгд тун энгийн зүйл. Романо ээжийг тань хуурсан шигээ танд ч бас молиг өмхүүлсэн. Та тун ч базаахгүй хэрэгт хутгалдаж дээ.
- Би гүйцээн ухаж чадахгүй байна.
- Тэгвэл хэргийн гол утга учрыг тайлбарлаж өгөхийг зөвшөөрнө үү!
Романо өөрөө аль хэдийнээ өөр газар нүүж амжсан Ренуарын зургийн үнэ хагас сая долларын тохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, тэр мөнгөө авах л болно. Харин даатгалын компани түүний биш, таны талд эргэлзээгүй. Чимээ шуугиан намдсан хойно тэрээр тэр зургийг хувь хүнд худалдаж, таны дур зоргоороо аашилсны ачаар саяын нөгөө хагасыг олж авах болно доо. Зэвсгийн тусламжтайгаар гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэх гэдэг ямар утгатайг та ухаарахгүй гэж үү?
- Би...би нээрээ тийм ч байх гэж бодож л байна л даа. Зүгээр л би түүнээс үнэнийг гаргуулж чадах л юм бол хэн нэгэн мөрдөн байцаалт эхэлж юуны магад гэж л бодсон юм.
Өмгөөлөгч унтарсан гаансаа асаалаа.
- Та яаж түүний байшинд орсон юм бэ?
- Би хаалганы хонхыг нь дарж , Романо намайг гэртээ оруулсан.
- Тэр өөр мэдүүлэг өгсөн. Таныг байшингийн ар хэсгийн бяц хагалсан цонхоор дайрч орсон, таныг Ренуарын зураг сугавчлаад гэтэж явахад, бариад авсан чинь та буудчихаад зугатаасан гэж цагдаагийн газарт мэдүүлсэн байна билээ.
- Энэ шал худлаа. Би...
- Гэхдээ энэ бол түүний хуудуу, түүний байшин , бас таны галт зэвсэг. Ядахдаа та хэнтэй арцалдсанаа төсөөлж байна уу?
Трейси дув дуугүй толгой сэгсрэв.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Jan.23.10 12:58 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
- Тэгвэл би үнэн байдлыг ний нуугүй ярьж өгье, хатагтай Уитней. Энэ хотыг Орзаттигийн гэр бүл гартаа чанга атгасан. Энд Энтони Орзаттигийн зөвшөөрөлгүйгээр юу ч хийдэггүй. Хэрэв та барилга барих, зам тавих, эмсийн хүрээлэнгийн эзэн болох, мансууруулагч наймаалах зөвшөөрөл авахыг хүсвэл юуны өмнө Орзаттитай тохиролцох ёстой юм. Жо Романо анхандаа хөлсний алуурчин байгаад, өдгөө Орзаттигийн байгууллагад өндөр албан тушаалтай болоод байгаа. Гэтэл та Романогийнд орж буу тулгаж байдаг, таарч дээ гээд Поуп хүүхэн рүү гайхан харлаа.
Балмагдаж цочирдоод, зовж шаналсан Трейси чимээгүй хэсэг сууснаа,
- Та миний ярианд итгэсэн үү? гэхэд сайхь эр өөрийн эрхгүй инээмсэглэв.
- Яах аргагүй таны зөв. Энэ бүхэн тэнэгийн цаадах тэнэг явдал болохоор үнэн байхаас өөр яах вэ?
- Та надад тусалж чадах уу?
Өмгөөлөгч хэсэгхэн зуур бодолхийллээ.
- Би чадлаараа хичээх болно. Тэдний толгойг дарааллан барьж торны цаана суулгахын төлөө би юугаа ч хайрлах гүйсэн. Тэр новшнууд энэ хот , ихэнх шүүгч нарыг худалдаад авчихсан. Хэрэв та шүүхэд хандан өргөдөл гаргах юм бол таныг дахин хорвоог харахгүй болтол далд нууж орхино.
- Хэрэв би шүүхэд хандвал гэнэ ээ?
Поуп босч өрөөн дотуур өөдөө сөргөө холхиж гарав.
- Шүүх тэдний мэдэлд байгаа учраас таныг, би тийшээ хандахгүй байгаасай гэж хүснэ. Орзаттигийн худалдан авч чадаагүй Генри Лоуренс гэдэг цорын ганцхан шүүгч үлдсэн. Хэрэв би энэ хэргийг тэр шүүхээр зохион байгуулж чадах юм бол би танд тусалж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Хэдийгээр ёс суртахуунд бага зэрэг харшлах ч гэсэн би түүнтэй нүүр тулан ярилцах санаатай байна. Тэр шүүгч надтай нэгэн адил Орзатти, Романо нарыг ихээр үзэн яддаг юм. Одоо бидний хийх юм гэвэл аль болох түргэн шүүгч Лоуренстэй уулзах явдал.
Перри Поуп хүүхнийг ноён Стэнхоуптой яриулхаар болжээ. Трейси ноён Стэнхоупын нарийн бичгийн даргын танил дууг харилцуурт сонсов.
- Ноён Стэнхоупын ажлын өрөө байна.
- Гарриет , би Трейси Уитней байна.
- Өө! Тэрээр тантай холбоо барихыг их хүссэн , хатагтай Трейси. Гэвч таны дугаар бидэнд байдаггүй. Стэнхоуп авхайн санаа их зовж байгаа. Тантай хуримын бэлтгэлийн талаар ярилцах гэсэн юм билээ. Хэрэв та одоохон түүнд утасдаж чадах аваас...
- Гарриет аа, би ноён Стэнхоуптай ярьж болох уу?
- Надад тун харамсалтай байна, хатагтай Уитней. Тэр зөвлөгөөнд оролцохоор Хьюссон явсан. Хэрэв та утасныхаа дугаарыг надад өгөх юм бол тэрээр завтай болмогцоо заавал танд утасдана гэдэгт би итгэлтэй байна.
- Би...
Болсон хэрэг явдлын тухай түүнд тайлбарлаж ярих хүртэл Трейси түүнийг шорон руу утасдуулж яагаад ч чадахгүй байв.
- Би...би өөрөө ноён Стэнхоупт утасдахаас даа гээд харилцуураа аяархан тавив.
"Маргааш би энэ бүхнийг Чарльзад тайлбарлаж өгнө".

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Feb.25.10 12:50 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.25.09 8:09 pm
Posts: 3476
Location: Түүнийхээ хажууд
Тэр өдөртөө Трейсиг том өрөөнд шилжүүлж , Галатоерсын зоогийн газраас тун амттай халуун хоол авчирч , хэсэг хугацааны дараа дөнгөж тайрсан цэцэг , зурвасны хамт гардуулжээ. Трейси дугтуйнаас зурвас гаргавал:
'' Битгий гутраарай! Өөдгү новшнуудыг бид ялахдаа л нэг ялна. Перри Поун '' гэсэн байлаа.
Сахь эр маргааш өнглөө нь Трейсиг эргэж ирэв. Түүний нүүрэнд тодрох инэмсэглэлийн харсан даруйдаа л Трейси сайн мэдээтэй ирснийг ойлголоо.
- Бид азтай байна. Би дөнгөж сая шүүгч Лоуренс , тойргийн поркурор Топплер хоёртой уулзлаа. Топплер зүрх зусэм орилж хашгирсан боловч бид хэлцэл хийж чадсан.
- Хэлцэл ээ?
- Би шүүгчид танд тохиолсон түүхийг ярьж өгсөн. Тэр танаас гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг хүлээн авахыг зөвшөөрсөн.
Хэрдхийн цочирдсон Трейси түүнийг нүд бүлтийлгэн хараад ,
- Би гэм буруугаа хүлээх гэж үү? Гэхдээ би ... гэсэн боловч Поул гар өргөн үгийг нь таслав.
- Намайг анхааралтай сонс. Гэм буруугаа хүлээснээр шүүхийн хураамжааас чөлөөлөгдөнө. Та зураг хулгайлаагүй гэдгийг би шүүгчид итгүүлж чадсан. Тэр шүүгч Жо Романог мэддэгээс гадна надад итгэдэг юм.
- Гэхдээ хэрэв би гэм буруугаа хүлээвэл хэмээн Трейси зугуухан үгүүлэв.
- Тэд намайг яах бол?
- Шүүгч Лоруренс танд гурван сар хорих ял ноогдуулна.
- Шоронд хоригдох хэрэг үү.
- Түр азнаач. Тэр таслан шийдварлэх тогтоолын гүйцэтгэлиыг хойшлуулж , та явах юмгүй тэнсэнгээр суллаж чадах болно.
- Тэгвэл би хэрэгтэн болж , би ял шийтгэлтэйд тооцогдоно шүү днн.
Перри Поул хүндээр санаа алдан ,
- Хэрэв тэд зэвсэгт дээрэм болон эрүүгийн гэмт хэрэгийн явцад хүн алах оролдлогог хийсний төлөө таныг шүүхэд өгах юм бол арван жил хорих ял ч өгч магадгүй.
- Арван жил суух аа?!
Перри Поул тэвчээр заан түүнийг ажигласар байв.
- Таны л шийдэх асуудал. Би танд зөвхөн сайн зөвөлгөө л өгч чадна. Тэдэнд яг одоо хариу хэрэгтэй байгаа юм. Хэрэв та хэлэлцэл хийх дургүй байгаа бол өөр өмөөгөлч аваад....
Поул шударга хүн гэдэгт Трейси этгэж байлаа. Иймд эгзэгтэй нөхцөл байдалд түүний ухаан орон гаран байгааг харгалзан тэр эр бололоотой бүхнийг хийсэн. Чарльзтай утсаар ярьж чаддаг ч болоосой. Гэвч тэдэнд одоо л хариу хэрэгтэй байдэг. Гурван сарын тэнсэн хорих ял төдийхнөөр өнгөрнө гэдэг түүнд аз таарсан ч байж юу магад.
- Би ... Би хэлцэл хийхийг зөвшөөрч байна гэсэн хэдэн үгийг Трейси хүчлэн байж амнаас унагав.
- Ухаантай охин юм.
Шүүх хурал болтол утсаар ярихыг түүнд зөвшөөрсөнгүй Шүүх хурлын танхимд түүний нэг талд Эд Топпдер , Нөгөө талд Перри Поул зогсох ажээ. Шүүгчийн суудалд заларсан тавь орчим насны эр сурвалжит хүнийхтэй адил гөлчгөр , ган ц үрчлээгүй нүүртэй , сүүлчийн загвараар засуулсан өтгө үстэй нэгэн байв. Шүүгч Генри Лоуренс Трейсид хандан ,
- Шүүгдэгч гэм буруугаа хүлээхгүй гэсэн мэдүүлгээ өөрчилж хүлээхээр болсон гэж шүүхэд мэдэгдсэн. Энэ үнэн үү?
- Тийм ээ эрхэм шүүгч ээ гэж Перри Поулыг толгой дохиход тойргийн поркурор ч гэсэн
- Муж улс зөвшөөрч байна гэлээ.
Хэсэг хугацааны дараа Лоуренс хөмсөг зангидан чи чимээгүй сууснаа , ширээ тэгнэн тонгойх зуур Трейсигийн нүд рүү эгцлэн ширтэв.
- Ийм дорой , өрөвдөлтэй байдалд ороод байгаа манай агуу их эх орны хамаг гай барцад зовлон , гачигдлын гол шалтгаан нь ямар ч ял шийтгээл хүлээлгүйгээр юу дуртайгаа хийж болно гэж боддог цус сорогч хувалзнууд гудамж талыайд дүүрэн язганаж байгаад оршиж байна.

_________________
Bittersweet, don`t forget me...


Top
   
PostPosted: Apr.05.10 2:52 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Энэ шаарнууд хуулийг тохуурхаж даапаалж, манай шүүхийн тогтолцоо тэднийг эрхлүүлсээр байх юм. Харин бид Луизандаа тэдний толгойг илэхээр завдаагүй байна. Хэн нэгэн гэмт хэрэг үйлдэх үедээ хүн алахыг оролдох юм бол тийм хүнийг зохих ёсоор шийтгэвэл зохино гэж бид үзэж байна. Балмагдан цочирдсондоо Трейсигийн хамаг бие дагжин чичирч Перри Поуп руу эргэн харсан чинь тэр шүүгчийг нүд салгалгүй ширтэх ажээ.
- Шүүгдэгч манай хотын хамгийн хүндтэй хүмүүсийн нэг, буяны болон сайн үйл ажил хэргээрээ нэрд гарсан хүнийг алахыг оролдсноо хүлээсэн. Шүүгдэгч хагас сая доллараар үнэлэгдсэн урлагийн бүтээл хулгайлах үедээ түүнийг буудсан гэх шүүгчийн дуу улам хахир ширүүн болоод ирлээ.
- Манай шүүх тэр их мөнгийг ойрын арван таван жилд ашиглах бололцоо танд олгохгүй байх арга хэмжээ авна. Учир нь гэвэл та өмнөд Луизаны эмэгтэйчүүдийн шоронд арван таван жил ял эдлэх болно.
Трейсигийн нүд нь эрээлжлэн хурлын танхим орвонгоороо эргэлдэхийг мэдэрлээ. Энэ аймаар тоглоом наадамд шүүгчийн оронд жүжигчин тоглуулсан боловч тэр огт өөр бичиг уншлаа. Трейси энэ бүхнийг өмгөөлөгчдөө тайлбарлах гэсэн боловч цаадах нь харц бууруулан, бичиг цаасаа нэн шаламгай бичгийн цүнхэндээ чулуудан хийх үед хүүхэн анх удаагаа сайхь эр улаан махыг нь гартал хумсаа химлэснийг олж харав. Шүүгч Лоуренс босч, тэмдэглэсэн бичиг цаасаа цуглуулж эхлэхэд Трейси чухам юу болсныг ухан ойлгох чадал, чадвараа алдаад, алмайран гөлөрч зогсов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ирж, Трейсигийн гараас атган авлаа.
- Явья.
- Үгүй! үгүй! үгүй! гээд шүүгч рүү харав.
- Энэ аймаар эндүүрэл эрхэм шүүгчээ. Би...
Шийдвэр гүйцэтгэгч гарыг нь улам чанга атгахад л тэрээр энэ бүхэн эндүүрэл биш, яагаад ч биш гэдгийг ухаарлаа. Ганцхан түүнийг л мухардуулан хөнөөхийн тулд энэ бүхнийг зориудаар зохион байгуулжээ.
Яг л ээжийг нь хөнөөсөн шиг!

_________________
эрхэм таталбар


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 154 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited