#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:09 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 122 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Sep.16.09 12:57 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Сайн байцгаана уу? Би эндээс зөндөө гоё гоё зохиолууд уншдаг боловч өөрөө нэг ч юм оруулж үзээгүй байгаа. Тэгээд анх удаагаа нэг зохиол оруулах гэж байна. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна.
За ингээд зохиолоо эхлэе.



Хельсинк хотоос 2 зуугаад бээрийн зайд Оросын хилийн ойролцоох өтгөн ойд орших анчдын тохилог дулаан байшинд нэгэн уулзалт болов. Хорооны баруун жигүүрийн гишүүд нууц байдлаар өөр өөр цагт хүрэлцэн ирсэн ажээ. Эдгээр гишүүд нь 8 өөр улсаас ирсэн ч тус улсын хилийг нэвтрэн орсон тухай тэмдэглэл хийхгүй байхыг Финляндын нэгэн байгууллагын өндөр зиндааны түшмэл хариуцан гүйцэтгэсэн байна.
Нүсэр том дөрвөлжин ширээний ард суусан эдгээр хүмүүс нь өөрсдийн орны засгийн газарт өндөр тушаалын алба хашдаг нөлөө бүхий улс юм. Тэд нар урьд болгоомжлон сэтгэл зовох юмгүйгээр уулздаг байсан бөгөөд өөр хоорондоо ихэд итгэдэг байжээ. Нууц байдлыг хангах зорилгоор хүн болгон нууц нэртэй аж.
Бараг 5 орчим цаг үргэлжилсэн зөвлөгөөн дээр халуун маргаан дэгджээ.
Төгсгөлд нь даргын саналын дагуу уг асуудлын талаар санал хураах боллоо. Тэрбээр баруун хажууд суугаа хзүнд хандаж,
- Сигурд ямар саналтай байна? гэв.
- Зөвшөөрч байна.
- НЭГ?
- Зөвшөөрч байна.
- Бальдр?
- Бид хэтэрхий яарч байна. үүний нууц задарвал бидний амь нас...
- Зөвшөөрөх эсэхээ шууд хэлээрэй.
- Зөвшөөрөхгүй.
- Фрейр?
- Зөвшөөрч байна.
- Сигмунд?
- Зөвшөөрөхгүй. Нүүрлэж буй аюул бол...
- Тор?
- Зөвшөөрч байна.
- Би ч гэсэн бас зөвшөөрсөн санал өгөх байна. тогтоолыг баталлаа. Би энэ тухайн хянан шалгагчид мэдээлнэ. Энэ зорилтыг биелүүлэхэд ямар хүн таарах талаар та бүхэнд уламжилна. Сэрэмжлэх арга хэмжээг чандлан сахиж, хорь хорин минутын зайтайгаар тарахыг хүсье. Баярлалаа, ноёд оо.
Хоёр цаг дөчин таван минутын дараа дашмагтай юм барьсан хэдэн хүн ирж нөгөө байшинд шал тавин шатаажээ.
Салхинд дэвэрсэн галын дөлд байшин тэр чигээрээ автжээ.
Ойролцоох хотын гал сөнөөгчид хүрэлцэн ирэхэд хэдхэн цучил цасан дээр шажигнан шатаад дуусч байжээ.
Гал сөнөөгчдийн багийн даргын туслах үнсэн дээр очиж тонгойн үнэрлэж үзээд
- Керосин үнэртэж байна. Үүнийг зориуд шатаасан байна гэхэд дарга нь шатсан үлдэгдлийг гайхан харж байснаа,
- Хачин юм даа хэмээн бувтнав.
- Юу хачин байна?
- Би түрүү долоо хоногт энэ хавиар ан хийж явахад ямар ч байшин байгаагүй юм даа.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:02 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.16.09 2:11 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Тэргүүн дэвтэр

_________________
:3q:


Top
   
PostPosted: Sep.16.09 2:12 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бүлэг 1

Колумбия тойрог, Вашингтон

Уг нь эрхэм Стэнтон Рожерс бол Америкийн нэгдэн улсын ерөнхийлөгч байх тавилантай төрсөн хүн. Тэрбээр олны хайрыг татаж, нөлөө бүхий найзуудынхаа дэмжлэгийг хүлээсэн сэтгэл булаам сайхан төрхтэй улс төрч юм. Гэвч гай таарч түүний улс төрөөр ахих замналыг хаасан буюу Вашингтоны хорон үгтэй хүмүүсийн хэлдгээр “Бужигнуулсаар яваад ерөнхийлөгчийн суудлаас мулт үсэрсэн” билээ.
Стэнтон өөрийгөө хэт дөвийлгөж явсан удаагүй. Харин тэр нэг хачин явдлыг болтол үлгэр жишээ эр нөхөр явсан юм. Стэнтон бэл бэнчинтэй, албан тушаалын өгсүүр шатаар мятрашгүй ахисан, хамгийн өндөр албан тушаалыг эзэмдэж болох сэтгэл татсан эр билээ. Түүнд авааль эхнэрэ хууран мэхлэх цөөнгүй боломж байсан боловч хөндлөнгийн хүүхнүүдийг огт сонирхохгүй явж ирсэн юм.
Стэнтон Рожерсын эхнэр Элизабет нь түүний бараг бүх ашиг сонирхлыг хуваалцдаг, ухаалаг бөгөөд сэтгэл алдам сайхан бүсгүй байсан бол Рожерс сэтгэлийн жолоо алдаж, бөөн шуугиан болж гэрлэлтээ цуцлуулсны эцэст эхнэр болгон авсан Барбара бол түүнээс таван насаар эгч, ердийн царай зүстэй, түүнтэй нийцэх юмгүй мэт хүүхэн байсныг хувь тавилангийн егөөдөл гэлтэй. Стэнтон бол тамирчин хүн, гэтэл Барбара нь биеийн тамирын дасгалыг үзэн яддаг, Стэнтон нь нийтэч хүн байхад Барбара нь хоёулхнаа юм уу цөөхүүлээ байхыг эрхэмлэж үзнэ. Тэр хоёрын улс төрийн зөрчил нь Рожерсын найзуудад ихээхэн гайхал төрүүлнэ. Стэнтон либерал үзэлтэй байхад харин Барбара хэт хуучны уламжлалаараа нэрд гарсан гэр бүлээс гаралтай хүн.
Стэнтоны хамгийн дотны найз Пол Эллисон
- Найз минь чи солиорсон шиг байна! Лиза та хоёр бие биедээ таарсан зүйрлэшгүй сайхан хосын хувьд “Гиннесийн ном”-д бичигдмээр хоёрсон. Чи хоромхон зуурын цэнгэлд хууртаж хамаг юмаа хаяж болохгүй гэхэд Стэнтон Рожерс тун дургүй байдлаар,
- Пол минь больж үз. Би Барбарад хайртай учраас гэрлэлтээ цуцлуулангуутаа түүнтэй гэрлэнэ гэжээ.
- Наанадаж хэлэхэд энэ чинь чиний нэр алдрын замналд яаж нөлөөлөхийг төсөөлж байна уу?
- Манай оронд бүх гэрлэлтийн тэн хагас нь гэрлэлтээ цуцлуулаад төгсдөг юм. Тэгэхлээр бүх юм номын ёсоор болно гэж Стэнтон хэлж байсан билээ.
- Гэвч түүний зөн билэг эндүүрсэн байжээ. Стэнтон гэрлэлтээ цуцлуулах болсон тухай мэдээлэл нь хэвлэлийнхний амттай зууш болж, гудамжны шар сонинууд үүнээс бололцоотой бүхнийг шахан сорохыг хичээж байлаа. Тэдний уулзалтын тухай паянг хайр дурлалаа явуулдаг үүрнийх нь зурагтай хамт нийтэлдэг болов. Ийм байдал нэлээн удаан үргэлжилж шар сонин уншигчдын сонирхол намжих үеэр Стэнтон Рожерсыг дэмждэг нөлөө бүхий найзууд нь түүнээс нүүр буруулж, ялалт байгуулж чадах шинээр нэр дэвшигч Пол Эллисоны талд орох нь тэр ээ.

Энэ бол зөв сонголт байсан юм. Эллисон нь Стэнтон Рожерс шиг сэтгэл булаамаар эр биш ч гэсэн нэр нь сэвтээгүй, маш ухаалаг аятайхан эр билээ. Намхавтар нуруутай, чин сэтгэлийн гэрэл цацруулсан цэнхэр нүдтэй, жирийн нэгэн царай зүстэй энэ эр бол ган хайлуулах үйлдвэрийн толгой баяны охинтой гэрлээд арван жил болсон хэдий ч хоёр биеэ хайрлаж явдаг сайхан хос ажээ.
Стэнтон Рожерсын нэгэн адил Харвардын их сургуулийн хууль зүйн ангийг дүүргэсэн. Эд нар хамтдаа тоглож өссөн хоёр. Тэр хоёрын эцэг эх нь зуны цагаар Саутгемптонд очиж дундаа нэг байсан хөлслөн суудаг байсан учир хоёр жаал хамтдаа усанд сэлж, бейсбол тоглодог байснаа хожим нь болзоонд хамт явдаг болжээ. Дараа нь Харвардын их сургуульд элсэж нэг ангид хамт сурдаг болсон. Пол Эллисон бүх хичээлдээ амжилттай сурдаг байсан хэдий ч Стэнтон Рожерс нь гарамгай сурлагатай оюутан байлаа. Стэнтоны аав нь Уолл-стритэд байдаг нэрд гарсан хууль цаазын пүүсийн гол хамтран зүтгэгч байсан бөгөөд Стэнтон нэг зуныхаа амралтаар тэнд дадлага хийж байхдаа хожим Полтой хамт ажиллахаар ярьж тохирсон байна. Стэнтон Рожерс маань хуулт цаазын ангийг дүүргэсний дараа улс төрийн од болон торойж, толгой эргэм хурдаар өсч эхэлсэн. Энэ хүн сүүлт од байсан бол Пол Эллисон түүний мөр нь байсан биз. Ингэж байтал гэрлэлтээ цуцлуулж бүх юм орвонгоороо эргэжээ. Одоо Стэнтон Рожерс маань Пол Эллисоны хавсарга төдий болжээ. Бараг арван таван жил зүтгэж алдрын оргилд хүрсэн хүн шүү дээ. Пол Эллисон сенатын сонгуульд ялагдсан боловч дараагийн сонгуулиар сенаточын суудалд сууж улмаар хэдэн жил өнгөрөхөд олны танил, нэрд гарсан хууль тогтоогч болж чадлаа. Тэрээр засгийн газрын илүү зардлын эсрэг тэмцэж, Вашингтоны хүнд сурталтай тулалддаг популист үзэлтэн байсан болохоор олон улсын намжмал байдал бий болгож болно гэдэгт итгэдэг байв. Хоёрдох удаагаа улиран сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн ерөнхийлөгчийг дэмжиж үг хэлэхийг түүнээс хүссэн юм. Хүний сэтгэлийг оргилуулсан гойд сайхан үг хэлснээс хойш түүний тухай нухацтайхан ярьцгаадаг болсон. Дөрвөн жилийн дараа Пол Эллисон Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэгээд давын өмнө гадаад хэргийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр Стэнтон Рожерсыг томилсон байна.
Телевиз нь энэ дэлхийг нэг том тосгон болгон хувиргана гэсэн Маршалл Маклуганы онол бодит зүйл болон хувирлаа. Америкийн Нэгдсэн улсын дөчин хоёр дахь ерөнхийлөгч албан тушаалдаа орох ёслолын үгийг хиймэл дагуулын телевизээр дэлхийн 190 гаруй оронд үзжээ.
Вашингтоны сэтгүүлчдийн уулзах дуртай газар болоод буй “Хар тахиа” хэмээх зоогийн газарт “Вашингтон пост” сонины ихээхэн туршлагатай сурвалжлагч Бен Кон мэргэжил нэгтэй дөрвөн нөхдийн хамт ширээ тойрон суугаад ерөнхийлөгч албан тушаалдаа орж байгаа тухай нэвтрүүлгийг зурагтаар харж суухад нэг сурвалжлагч,
- Би энэ муу нохойн гөлгөөс болж тавин доллар алдсан шүү хэмээн гоморхоход,
- Эллисоны эсрэг битгий тавиарай гэж би чамд сануулж байсан даа. Энэ чинь хүмүүсийг бишрүүлж чадах эр шүү гэж Бен Кон хариулав.
Нэгдүгээр сарын тэр нэгэн хүйтэн өдөр эргэн тойронд нь байрлуулсан чанга яригчийн ачаар шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хэрхэн явагдаж байгааг хуран цугларагсад сонсож байлаа. АНУ-ын шүүхийн ерөнхий шүүгч Жесон Мерлин ёслолын ажиллагааг дуусгаж ерөнхийлөгчтэй гар барилаа. Ингээд ерөнхийлөгч микрофоны өмнө ирлээ.
- Чи тэр бөгсөө хөлдөөсөн олон маанаг амьтныг хараач. Тэднүүс яагаад бусад эрүүл саруул хүмүүсийн нэгэн адил гэртээ суугаад зурагтаар үзэхгүй байгааг мэдэх үү? гэж Бен Кон ам нээв.
- За яагаад тэр вэ?
- Яагаад гэвэл, Эллисон бол одоо түүхийг бүтээж байгаа хүн. Энэ хүмүүс Пол Эллисон тангараг өргөж байхад би түүний дэргэд зогсож байсан гэж хэзээ нэгэн цагт үр ач нартаа ярина. “Би түүнд гар хүргэж болохоор ойрхон зогсож байсан” гэж цөмөөрөө гайхуулах гэж байгаа юм.
- Бен Кон чи увайгүй амьтан юм аа.
- Би үүндээ бахархаж явдаг. Бүх улс төрчид адилхан байдаг юм. Тэд нар ямар нэгэн юмыг өөрчлөх гэж хичээж явдаг. Манай шинэ ерөнхийлөгч маань либерал үзэлтэй, идеалист хүн гэдгийг та нар мэднэ. Залуус минь, үүнийг дуулсан эрүүл саруул ухаантай хэн боловч хар даран зүүдлэх болно. Би бол либерал үзэлтэй хүнд ийм тодорхойлолт өгөх байна. Зөлөн суудалд хатуу суусан хүн бол либерал үзэлтэн мөн.
Үнэнийг хэлэхэд Бен Кон бол хүмүүсийн боддог шиг тийм увайгүй хүн биш юм. Тэрбээр Пол Эллисон тушаал дэвшиж явааг бүүр эхнээс нь эхлэн ажиглаж байсан бөгөөд улс төрийн замналаар дээшилж эхлэхэд нь түүний тухай бодлоо өөрчилсөн юм. Хэний ч амыг дагадаггүй энэ улс төрч бол унжгар уд модон төгөл дунд ургасан ганц царс мод ажээ.
Хүйтэн бороо асгаж байсан учир Бен Кон дотроо “Энэ нь түүний засаглалын дөрвөн жилийн хугацааны зөн билэг битгий болоосой” хэмээн бодоод зурагтын дэлгэцийг анхааралтай харж суулаа.
- Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч гэдэг бол америкийн ард түмэн дөрвөн жил тутамд нэг гараас нөгөө гарт шилжүүлж байдаг бамбар юм. Энэ бамбар бол манай дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэг мөн. Энэ зэвсэг нь бүх л хүн төрөлхтнийг үнсэн товрог болгох чадалтай ч гэсэн бидний болон бүхэлдээ энэ хорвоогийн ирээдүйд хүрэн замыг гийгүүлэх цамхаг болж бас чадсан билээ. Би өнөөдөр зөвхөн манай холбоотнуудад хандаад зогсоогүй бас Зөвлөлтийн эвслийн орнуудад хандаж байна. бид хорин нэгдүгээр зуунд дэвшин орж байгаа эн үед сөргөлдөн зогсдог цаг үеэ өнгөрөөж “Нэгдмэл ертөнц” гэсэн үг бодит байдал болох ёстой гэдгийг хэлмээр байна. бидний болон “Төмөр хөшиг”-ний цаана байгаа улсуудын хооронд ямар сүрхий ангал байгааг би бүрэн ойлгож байна. Иймээс одоогийн засаг захиргааны хамгийн гол зорилго бол энэ ангал дээгүүр гүүр тавих явдал мөн.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд чин сэтгэлээсээ итгэсэн байдал тодорхой байсан тул Бен Кон “Энэ хүн үнэхээр ингэж бодож байга юм байна. Энэ эрийг хэн ч буудаж хороохгүй биз хэмээн найдая” гэж дотроо бодлоо.

Канзас муж улсын Жанкшн-Сити хотод чийг даасан өдөр болж их цас орж байсан учир 6 дугаар зам дээр бараг юу ч харагдахгүй болжээ. Мэри Эшли хүүхэн пикап машинаа жолоодон цас арилгах машинууд ирээд ажиллаж байгаа замын тэхий голыг барин зөөлөн явж байлаа. Цасан шуурганд саатсан учир хичээлийн цагаас хожимдож яваа нь тэр. Багшийн ажил хийдэг энэ бүсгүй нь машин шарвахаас болгоомжлон зугуухан явсаар.
Машины радио хүлээн авагчаар ерөнхийлөгчийн дуу хоолойг сонсоход “...гүүр барихын оронд цайзын шуудуу ухахыг санал болгодог хүмүүс зөндөө байсаар байна. би тэдэнд яваандаа цөмийн дайнаар шувтрах бүх нийтийн сөргөлдөөнөөр өөрсдийгөө болон үр хүүхдээ сүйдлээд байж болохгүй гэж хариулмаар байна.” хэмээн ярьж байв.
“Би түүний төлөө саналаа өгсөндөө баяртай байна. Пол Эллисон агуу их ерөнхийлөгч болно доо” гэж Мэри дотроо бодон жолоогоо улам чанга атгаж цагаан цасан хөшгийг нэвтлэн гэлдрүүлж явлаа.
Сен Кура хотын үүлгүй номин хөх тэнгэр нар гийсэн байх боловч Гарри Ланц гадаа гарахыг огтхон ч зорьсонгүй, харин эгч дүү хоёр Долли нарт тэврүүлчихээд орон дээр шармай нүцгэн хэвтэж байлаа. Аннета Долли нь жинхэнэ хар үстэй, харин Салли Долли нь цайвар шар үстэй болохоор Ланц тэр хоёрыг эгч дүүс биш болов уу гэж дотроо сэжиглэнэ. Ер нь зарчмын хувьд үзэхэд тэр хоёр нь цусан холбоотой эгч дүүс мөн байх эсэх нь Ланцад падгүй байлаа. Тэр хоёр бүсгүй үүлэн борооны ажилд гарамгай байгаа нь хамгийн чухал байсан тул Ланц халаглан баярлаж хэвтэнэ.
Тасалгааны нэг буланд тавьсан зурагтын дэлгэцэн дээр ерөнхийлөгчийн дүр тодрон гарч ирээд ярьж эхэллээ.
“Яагаад гэвэл, хоёр талаас сайн санаа гаргаж чадсан цагт шийдвэрлэж үл болох асуудал байхгүй гэдэгт би итгэж байна. Берлин хотыг заагласан бетон хэрэм, зөвлөлтийн талыг баримтлагч улс орныг хүрээлэн байгаа “төмөр хөшиг” нурж уна учиртай”.
Салли хүүхэн янаглахаа түр больж
- Энэ муу чөтгөр авсан зурагтыг унтраах уу? гэв.
- Боль, би түүний яриаг сонсмоор байна.
Тэгтэл Аннета хүүхэн өндийж
- Чи түүний төлөө саналаа өгсөн юм уу? гэж асуусанд Ланцын дуу чангарч,
- Алив та хоёр битгий үймүүлээд байгаач хэмээн зандрав.
“Гурван жилийн тэртээ Румыний ерөнхийлөгч Николае Чаушеску нас барсны дараа Румын улс Америкийн Нэгдсэн улсаас дипломат харилцаагаа тасалсныг та бүхэн мэднэ. Румыний засгийн газартай хэлэлцээр хийснээр манай улстай дипломат харилцаагаа сэргээх талаар Румыний ерөнхийлөгч Александру Ионеску зөвшөөрснийг та бүхэнд сонордуулмаар байна”.
Пенсильвани-аненюд хуран цугларсан олон хүн сайшаан шуугилдах сонсогдож байлаа.
Гарри Ланц гэнэт өндийн суухад Аннета хүүхний шүдэнд бэлэг эрхтэн нь өртсөнд мань хүн орь дуу тавин,
- Бурхан минь, би чинь аль хэзээний агтлуулчихсан хүн! Чи солиороод байгаа юм уу, хаашаа юм? гэжээ.
- Харин яах гэж дэвхцээд байгаа юм бэ, хонгор минь?
Ланц түүний үгийг сонсохын оронд хамаг анхаарлаа дайчлан зурагтын дэлгэцийг ширтжээ.
“Румын улсад суух манай элчин сайдыг томилох явдал бол бид нар нэн тэргүүнээ хийх албан ёсны ажиллагааны нэг юм. Энэ бол зөвхөн эхлэлт байгаа юм...” хэмээн ерөнхийлөгч ярьж байлаа.

Бухарест хотод үдэш болжээ. Гэнэт цаг агаар дулаарсан учир хүмүүс гудамжаар дүүрчээ.
Румыний ерөнхийлөгч Александру Ионеску зургаан туслагчийнхаа хамт Калеа Викторейд байдаг Пеле хэмээх хуучин цагийн ордныхоо албан тасалгаанд суугаад богино долгионы радио хүлээн авагчаар АНУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонсож суулаа.
“… Би үүгээр зогсохгүй. Албани улс 1946 онд Америкийн Нэгдсэн улсаас дипломат харилцаагаа тасалсан. Би энэ хэлхээ холбоог сэргээхээр зорьж байгаа. Бас Болгар, Чехословак, Зүүн Герман улсуудтай дипломат харилцаагаа бэхжүүлэхийг хүсэж байна” гэх мэтээр Америкийн ерөнхийлөгч ярьж байхад хуран цугларагсдын сэтгэл хөөрөн хашгиралдаж байгаа нь радиогоор сонсогдож байлаа.
“Румын улсад суух манай элчин сайдыг томилох асуудал нь “Ардын дипломат” хэмээх дэлхий дахины хөтөлбөрийн эхлэл болох юм. бүх хүн төрөлхтөн нэг ундраа, нэг асудал, нэг хувь тавилантай байдгийг бүгдээрээ мартахгүй байя. Биднийг нэгтгэж байгаа асуудал нь зааглаж байгаа асуудлаас олон байдгийг санаж яваарай. Гэвч эдгээр зааглах асуудлыг бид өөрсдөө бий болгоод байгаа юм шүү”.

Румыний хувьсгалт хөдөлгөөний удирдагч Марин Гроза, Парижийн Ней гэх хаяа хотод байх өндөржүүлсэн хамгаалалттай байшиндаа Францын телевизийн хоёрдугаар сувгаар АНУ-ын ерөнхийлөгчийн үгийг сонсож суулаа.
“Би бүх хүчээ шавхан хичээх бөгөөд бас бусдаасаа үүнийг шаардаж байхаа амлая”.
Таван минутын турш үргэлжлүүлэн алга ташиж байгаа сонсогдож байв.
Бодолд автан суусан Марин Гроза
- Бидний хөдлөх цаг ирсэн шиг байна, Лев ээ. Тэр хүн үнэхээр үүнимйг хүсч байна гэхэд түүний аюулгүй байдлын албаны дарга Лев Пастернак
- Энэ чинь ганц Ионескуд тус болох юм биш биз? гэвэл Марин Гроза толгой сэгсэрч,
- Ионеску бол дарангуйлагч учраас түүнд юу ч тус болохгүй. Харин цаг хугацааг л нарийн тооцох хэрэгтэй. Би Чаушескуг түлхэн унагаах гэж оролдоод ялагдал хүлээсэн. Ийм юм дахин давтагдах ёсгүй гэжээ.

Пит Коннерс согтуу биш, тодруулж хэлбэл санасандаа хүртэл согтож чадаагүй байжээ. Таван хундага виски уусны дараа түүнтэй хамт амьдардаг нарийн бичгийн дарга Нэнси хүүхэн,
- Одоо болсон юм биш үү, Пит ээ? гэж асуухад сайхь эр инээмсэглэж,
- Манай ерөнхийлөгч үг хэлж байна. чи түүнийг хүндлэх ёстой шүү гэснээ зурагтын дэлгэц рүү эргэн харж
- Хараал идсэн муу комунист. Энэ чинь миний улс орон, тэгэхлээр Тагнуулын төв газрыг чамаар бузарлуулахгүй дээ. Чамайг зогсоон барина. Энэ талаар итгэж болно шүү! хэмээн хашгичив.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:03 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.16.09 11:55 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн

Joined: Jul.20.09 4:33 pm
Posts: 198
hey энэ бас гоё зохиол шүү :wd: хамгийн анх Сидни Шелдоны зохиолуудаас энийг уншиж байсийн за дуустал нь оруулаарай би одоо Их гэрийн эзэгтэйг эндээс уншчаад дуусгахгүй болохоор нь хүлээгээл байгаан :crysad: . Надаа энэ ном байгаа /одоохондоо хөдөө гэрт байгаа хүнд захиад авчруулчихъя/ хамтарч оруулж болно шүү :wink: . хэлээрэй :angel: :angel: :angel:


Top
   
PostPosted: Sep.16.09 6:07 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Oh thanks a lot :hi:

Би ер нь орой л оруулна, гэрийнхээ компьютераас. Ажил дээр ийм юм хийх зав гарахгүй болохоор. Бүүр хэцүүдээд байвал хэлнээ :wd:

_________________
:3q:


Top
   
PostPosted: Sep.17.09 12:59 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бүлэг 2

- Чи миний хуучны анд болохоор надад чиний туслалцаа хэрэгтэй шүү гэж Пол Эллисоныг хэлсэнд,
- Тэгэлгүй яахав гэж Стэнтон Рожерс тайван хариулжээ.

Тэр хоёр зууван танхимд сууж байлаа. Дээр нь Америкийн төрийн далбаа мандуулсан ширээний ард ерөнхийлөгч суужээ. Энэ хоёр анх удаа Цагаан ордонд уулзаж байгаа тул Эллисонд жаахан эвгүй байв.
“Стэнтон минь тэгэхэд алдаа гаргаагүй бол энэ ширээний ард сууж байх байсан юм шүү дээ” хэмээн ерөнхийлөгч бодож суухад Стэнтон Рожерс түүний бодлыг мэдсэн юм шиг
- Би чамд зарим үнэнээ хэлэх хэрэгтэй байна. Чамайг ерөнхийлөгчөөр сонгогдоход би аймшигтай их атаархсан. Энэ чинь миний мөрөөдөл байсаар байтал чи бодит зүйл болгочихсон. Гэвч хэн мэдэх билээ? Нэгэнт би энэ суудлыг эзэмдэж чадаагүйгээс хойш түүнийг чамаас өөр хэн ч эзлэх ёсгүй гэдэг бодол төрсөн. Яагаад гэвэл чи үүний төлөө төрсөн хүн гэсэнд Эллисон инээмсэглэн,
- Стэн минь, үнэнийг хэлэхэд би энд байхад аймшиг төрөх юм. Энд Вашингтон, Линкольн, Жефферсон нарын сүнс хөвөлзөөд байх шиг санагдах юм гэв.
- Гэтэл манай ерөнхийлөгч нарын дотор...
- Би мэднэ ээ. Агуу их хүмүүстэй эн зэрэгцэх хэрэгтэй юм.
Ерөнхийлөгч нэг товчлуур дараад хэдэн секунд өнгөрөхөд цагаан китель өмссөн хоол зөөгч орж ирээд,
- Ноён ерөнхийлөгч, би таныг сонсож байна гэв. Пол Эллисон нааш эргэж Рожерсын
өөдөөс харан,
- Кофе уух уу? гэж асуув.
- Юу нь болохгүй байхав?
- Өөр юу авмаар байна?
- Үгүй дээ, баярлалаа. Биеийнхээ жинг бодож байгаарай гэж Барбара хэлсэн юм.
Ерөнхийлөгч хоол зөөгчийн зүг толгой дохиход цаадахь нь чимээгүйхэн гарч одов.
Барбара хүүхэн. Тэр бол бүхний гайхлыг төрүүлсэн хүн. Тэдний гэрлэлт хоёр жилийн нас ч байхгүй гэсэн цуу яриа Вашингтонд тарж байсан цаг бий. Тэр цагаас хойш бараг арван таван жил өнгөрсөн хэдий ч тэр хоёр бат бөх гэр бүл болжээ. Стэнтон Рожерс, Вашингтон хотноо хууль цаазын пүүс байгуулсан нь нэрд гарч харин эхнэр Барбара нь гарамгай сайн эзэгтэйгээр алдаршжээ.
Пол Эллисон босч тасалгаан дотуур холхиж байснаа,
- “Ардын дипломат”-ын талаар миний хэлсэн үг баахан амьтны дургүйцлийг төрүүллээ. Чи энэ тухай олон сониноос уншсан байлгүй гээд мөрөө хавчив.
- Чи тэднийг мэднэ шүү дээ. Тэд чинь нэг баатрыг бий болгоод дараа нь устгахыг таашаадаг амьтад.
- Үнэнийг хэлэхэд, сонинд юу бичиж байгааг би огт тоохгүй байна. Харин ард түмэн ямар амтай байгаа нь сонин байна.
- Пол, ний нуугүй ярихад чи олон хүнийг айлгасан шүү. Чиний төлөвлөгөөг зэвсэгт хүчин эсэргүүцэж байгаа. Тэр төлөвлөгөөг нураасай гэсэн амьтад олон байгаа.
- Тэр төлөвлөгөө нурахгүй гол асуудал юу болоод байгааг мэдэх үү? Одоо төрийн зүтгэлтнүүд байхгүй болж, улс орнуудыг улстөрчид жолооддог болсон. Тэдний зарим нь сайн үйлс, зарим нь муу үйлс бүтээдэг ч гэсэн тэд цөмөөрөө агуу том хүмүүс юм. Рузвельт, Черчиль, Гитлер, Муссолин, Шарль Де Голь, Иосиф Сталин гээд л. Яагаад тэд нар нэгэн цагт амьдарч байв аа? Яахлаараа өнөөдөр жинхэнэ төрийн зүтгэлтэн байхгүй болчихсон юм бэ?
- Зурагтын дэлгэцнээс агуу хүн шиг харагдахад хэцүү л дээ.
Мөнгөн тавиур дээр савтай кофе, хоёр аяга тавьсан хоол зөөгч ирж сурамгай маягаар кофе аягалж өгөөд,
- Ноён ерөнхийлөгч, өөр юм хэрэгтэй юу? хэмээн асуухад,
- Баярлалаа, Гарри. Өөр юм хэрэггүй гэж ерөнхийлөгч хариулаад түр азнан хоол зөөгчийг гарсны дараа
- Чи надад Румынд суух элчин сайдын албан тушаалд таарч тохирох хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргаж ирмээр байна гэлээ.
- Тэгье.
- Энэ нь хичнээн чухал байгааг чамд тайлбарлаад яахав. Харин даруйхан амжуулахыг хичээгээрэй.
Стэнтон кофеноос жаахан уусны дараа босч,
- Энэ асуудлаар төрийн департамент нэн даруй ажиллах болно гэжээ.

Нейм хэмээх Парижийн хаяа хотод шөнийн хоёр цаг болж, саран авхай өтгөн үүлний цаагуур шургасан тул Марин Грозагийн суудаг байшин түнэр харанхуйд умбажээ. Энэ үед гудамжаар амьтан хүнгүй, хаяа ганц нэг хүний хөлийн чимээ гарч нам гүм байдлыг эвдэнэ. Нэг хүний хар бараан дүрс ургаа модноос үсрэн байшинг тойруулан босгосон тоосгон хэрэм тийш буув. Тэр хүн эвхсэн дээс болон зузаан бүдээлгийг мөрөн дээгүүрээ тохож, “узм” хэмээх автомат буу, харвадаг сумаар цэнэглэсэн гар буу барьжээ. Сайхь эр хэрэмний ёроолд очиж зогсон анир чимээ чагнаж таван минут орчим хөдөлгөөнгүй зогсов. Ингээд хэн ч анзаараагүй болохыг лавтай мэдэж авсны дараа үзүүртээ дэгээтэй мяндсан дээсийг задлаж дээшээ шидэн хэрмийн ирмэгт тээглүүлээд түүнийгээ даган сурмагаар авирч хэрмийн дээр гараад бүх хэрмийг бүрхсэн хорт зангуунаас хамгаалах зорилгоор бүтээлгээ задлав. Дахин хөдөлгөөнгүй болж анир чимээ чагнаж байснаа дээсийг нөгөө тал руу нь газар буулгаж түүнийгээ даган буусны дараа бүсэндээ бэхэлсэн ширэн цүнх, ганц хөдөлгөөнөөр эвхэж нээгддэг филиппин хийцийн тонгоргийг шалгаж үзлээ.
Одоо ноход гарч ирэх ёстой байсан тул сайх уригдаагүй зочны үнэр авсан ноход гарч ирэхийг хүлээж тонгойн зогсов. Энэ бол алах сургуулийг туулан гарсан доберман үүлдрийн гурван нохой байжээ. Гэвч ноход бол зөвхөн эхний саад байсан юмсанж. Байшингийн эргэн тойрны бүх дэвсгэрийг электрон төхөөрөмжөөр дүүргэж зурагтын камераар байнга хянаж байдаг ажээ. Захидал харилцааны бүх зүйлийг гулдан хаалганы тэнд үүдний өрөөнд шалгана. Байшингийн хаалгууд нь бөмбөгний тэсрэлтийг дааж чадахын гадна өөрийн гэсэн усан хангамжтай, Марин Грозагийн бүх хоол ундыг амсаж шалгадаг тусгай хүнтэй. Энэ байшинд яагаад ч нэвтрэх аргагүй гэж үздэг юм. Гэвч энэ нь тийм биш гэдгийг бараан хувцастай сайхь эр энэ шөнө нотлохыг зорьсон байжээ.
Ноход довтлон ирж явааг харахаасаа өмнө сонсжээ. Багалзуурдан авахаар шулуудсан ноход харанхуйн дундаас дүүлэн гарч ирлээ. Мань хүн харвадаг сумаар цэнэглэсэн гар буугаар хамгийн түрүүнд ирсэн нохойг, дараа нь нөгөө нохойг будаад гуравдахь нохойг хүлээн огцом эргэж гарч ирүүт нь буудав. Эргэн тойрон нам чимээгүй болов.
Авианы зангуунд хаана байрладагийг энэ хүн сайн мэдэх тул тэднийг тойрон гарчээ. Зурагтын камерийн хяналтанд байдаг газраар мөлхөн өнгөрлөө. Хэрмийг давснаас хойш хоёр минут ч өнгөрөөгүй байхад байшингийн арын хаалган дээр очиж амжсан байв.
Хаалганы бариулд гар хүрэхийн сацуу их чадлын ойлтуурын хурц гэрэл тусч, харанхуйд дундаас,
- Зогс! Буугаа хаяад гараа өргө! хэмээн зандрав.
Бараан хувцастай эр автомат буугаа газар хаяж өөдөө харвал янз бүрийн буу онилсон тав зургаан хүн дээвэр дээр зогсож байлаа. Бараан хувцаст эгдүүцсэн дуугаар,
- Ямар чөтгөрөө хийгээд ингэж уддаг байнаа? Би ийм гүнзгий нэвтрэх ёсгүй байсан гэхэд харуулын дарга,
- Та нэвтэрч чадаагүй шүү дээ хэмээн хариулав.
- Бид таныг хэрмэн дээгүүр давахаас чинь эхлээд хяналтандаа авсан.
Гэвч энэ нь Лев Пастернакийг тайвшруулж чадсангүй ээ.
- Тэгвэл та нар намайг аль эрт зогсоох байсан юм. би тэсрэх бодис үүрсэн амиа золиослогч байсан бол яана? Маргааш яг найман цагт бүх бие бүрэлдэхүүнийг хамарсан хурал хийлгэнэ. Цаана чинь нохдыг унтуулсан байгаа. Нэг нь явж тэдний учрыг олоорой.
Би бол энэ дэлхий дээр аюулгүй байдлыг хангаж чадах хамгийн шилдэг мэргэжилтэн мөн гэж Пастернак бахархаж явдаг хүн. Тэрбээр Израильд болсон зургаан хоногийн дайны үеэр нисэгч байсан бөгөөд харин дараа нь Израиль улсын таван нууц албадын нэг Моссадын туршуул болжээ.
Хурандаа түүнийг албан тасалгаандаа дуудан ирүүлсэн тэр нэгэн өглөөг хэзээ ч мартдаггүй ажээ.
- Лев, чамайг хоёр долоо хоногийн хугацаагаар түр өгөөч гэж ганц нэг хүн гуйж байгаа шүү.
- Цайвар шар үстэй бүсгүй болов уу гэж найдая гэж Лев хошигнон хариулжээ.
- Марин Гроза гуйсан юм.
Румыний тэрс үзэлтэн энэ хүний тухай бүрэн мэдээлэл Моссанид байдаг юмсанжээ. Гроза бол Александру Ионескуг түлхэн унагах зорилтыг өмнөө тавьсан Румыний ардын хөдөлгөөний лидер хүн. Төрийн эргэлт хийдгийн даваан дээр тэдний туслахуудын нэг нь урвасан учир түүний хамтран зүтгэгч хорин хүн цаазлуулж, Гроза өөрөө арай гэж амь зулбан гарч хил даван зугтжээ. Франц улс түүнд улс төрийн оргонол олгосон юм. Ионеску нь Марин Грозаг эх орноосоо урвагч гэж нэрлээд түүний толгойг авчирсан хүнд олгох шагналын хэмжээг тогтоосон юм. Тэр цагаас хойш түүнийг алах гэж хэдэн удаа бүтэлгүй оролдлого хийсэн бөгөөд харин сүүлчийн халдлагын үеэр Марин Гроза шархадсан байна.
- Түүнд юу хэрэгтэй юм бэ? Францын засгийн газар түүний аюулгүй байдлыг хангаж байгаа шүү дээ гэж Пастернак асуужээ.
- Энэ нь түүнд хүрэлцээтй биш юм. Аюулгүй байдлыг зуун хувь хангаж чадах хүн түүнд хэрэгтэй байгаа учраас манайд хандсан юм. Тэгээд би чамайг санал болгосон.
- Тэгвэл би Франц орох ёстой болж байна уу?
- Энэ чинь ердөө л хэдхэн долоо хоногийн ажил юм шүү.
- Харин би...
- Лев их чухал хүний тухай яригдаж байгаа юм шүү. Эх нутагтаа бузгай дэмжлэг хүлээж байгаа учир Ионескуг түлхэн унагааж чадах хүн гэсэн мэдээлэл манайд бий. Цаг нь болохоор хөдлөхөөр зэхэж байгаа хүн. Бид нар тэр болтол энэ хүнийг хамгаалах ёстой байгаа юм.
Пастернак жаахан бодож байснаа,
- Ердөө л хоёрхон долоо хоног юм шив дээ? хэмээн асуужээ.
- Тэгэлгүй яахав.

Тэр хурандаа цаг хугацааны талаар эндүүрч хэлсэн боловч Марин Грозагийн тухай ярьсан бусад бүх зүйл нь чин үнэн юм байжээ. Марин Гроза бол танхилхан туранхайвтар биетэй, цаг үргэлж гунигтай байх зоримог царай, монхор хамартай, шийдмэг маягийн хурц эрүүтэй, өргөн духтай яах аргагүй буурал толгойтой эр. Хар нүднээсээ оч маналзуулан ярьдаг энэ хүн левтэй анх уулзахдаа,
- Би амьд явах, үхэх нь надад хамаагүй. Бид бүгдээрээ үхэх юм чинь. Харин хэзээ үхэх бол гэдэг л миний сэтгэлийг зовоох юм. Би дахиад хоёр жил амьд баймаар байна. Энэ бол Ионескуг түлхэн унагаахад хүрэлцээтэй хугацаа. Өөрийн ард түмнийг боол болгох эрх хэнд ч байхгүй. Бид Румын орныг чөлөөлөөд өгвөл ард түмэн сонголтоо хийнэ биз гэж яриад хацрынхаа шархыг илж байсансан.
Лев Пастернак шуурхайлан хөдөлж Нейи дахь байшинд аюулаас хамгаалах системийг байгуулж эхэлсэн. Өөрийнх нь хэдэн хүн түүнтэй хамт ажиллаж байсан бөгөөд хөндлөнгийн хүмүүсийг ажилд авахдаа чандлан шалгаж авдаг байлаа. Аюулгүй байдлыг хангах төхөөрөмж нэг бүр нь урлагийн бүтээл мэт болж байсан юм. Тэрбээр румыний хувьсгалчтай өдөр бүр уулзаж, түүнтэй хамт цагийг өнгөрөөхийн хирээр энэ эрийг гайхан шагшдаг болсон учир, миний аюулгүй байдлын албыг толгойлоод эндээ үлдээч гэж Марин Гроза хүсэхэд огт тээнэгэлзсэнгүй зөвшөөрч,
- Дургүйцэх юм алга, харин чамайг цохиолтоо хийх хүртэл ажиллаад л болоо. Дараа нь би Израильдаа эргэж очно гэснээр тэр хоёр гар барилцжээ.
Байшингийн харуул хамгаалалт хир зэрэг найдвартай байгааг шалгаж, нууцаар нэвтрэн орох оролдлого хийсний дараа “Хамгаалалтын зарим хүмүүс сонор сэрэмжээ алдсан байна. Тэднийг солихоос яахав” гэж дотроо боджээ.
Пастернак, дулааны үйлчилгээгээр ажилладаг багажууд, урьдчилан сэргийлэх электрон систем, өрөө бүрийн үүдэнд тавьсан хэт ягаан туяаг шалган хонгилоор явсаар Марин Грозагийн үүдээр өнгөрөхөд пид гэх чимээ гарч улмаар өвдөн шаналсан хүн орилох дуулджээ. Лев Пастернак тэр чигээрээ хонгил даган цааш одов.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:04 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.18.09 12:47 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бүлэг 3

Тагнуулын Төв газрын штаб нь Вашингтоноос баруун хойш долоон бээрийн зайтай газарт Виржини муж улсын Лэнгли нутгаар урсах Потомак мөрний ойролцоо байдаг. Дотогшоо орох гулдан хаалган дээр улаан гэрэл анивалзана. Үүдний танхимд хорин дөрвөн цагаар ажилладаг харуултай, орох зөвшөөрөлтэй хүмүүст өөр өөр өнгийн нэвтрэх тэмдэг олгох бөгөөд энэ нь зөвхөн зорьж ирсэн өрөөндөө очих эрхийг өгнө. Тохуурхсан юм шиг “Тоглоомын фабрик” гэсэн нэртэй штабын долоон давхар саарал байшингийн дэргэд Натан Хейлийн хөшөө бий. Нэгдүгээр давхарт дотогшоо орж харвал замбага ургасан цэцэрлэг байгааг харж болно.
Орох хаалганы тэнд боржин чулуун дээр “Тэгээд чи үнэнийг орж мэднэ. Энэ үнэн нь чамайг эрх чөлөөтэй болгоно” гэж сийлсэн байгаа.
Энд экскурсээр ирдэггүй олон түмний өмнө хаалттай байдаг газар. Бусдын нүдэнд өртөлгүйгээр штабт орохыг хүссэн хүмүүст зориулсан газар лоорхи хонгил нь амралтын танхимын тэндэх улаан зандан хаалганаас эхэлнэ. Тэр хаалган дээр саарал тэрмэн костюм өмссөн харуулууд өдөр шөнөгүй жижүүрлэж байна.

Богинохон амтай гучин хоёр калибрийн гар буугаар зэвсэглэсэн аюулаас хамгаалахын туршуулууд хамгаалж байдаг долоо дугаар давхарт байх хэвлэлийн хурлын танхим дотор өндөр албан тушаалтнуудын өглөөний хуралдаан болж байна. Нүсэр том царсан ширээний ард Тагнуулын төв газрын захирал Нед Тиллингаст, Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга генерал Оливер Брукс, Төрийн нарийн бичгийн дарга Флойд Бейкер, Сөрөг тагнуулын газрын хэлтсийн дарга Пит Коннорс бас Стэнтон Рожерс нар суужээ.
Тагнуулын Төв газрын захирал Нед Тиллингаст бол олон нууцыг биедэ тээж явдаг, төлөв даруу, үг дуу цөөнтэй, жар эргэм насны эр. ТТГ-т гэрэтлтэй, харанхуй гэсэн хоёр жигүүр байдаг. Харанхуй жигүүр нь нууц ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд сүүлийн долоон жилийн турш Тиллингастын удирдлагын дор энэ хэлтэст дөрвөн мянга таван зуугаад албан хаагч ажиллаж байжээ.
Вест-Пойнтын их сургуулийг дүүргэсэн генерал Оливер Бруксын хувийн ба мэргэжлийн ажил амьдрал нь дүрмийн зүйл ангиудад яг таг захирагдаж байдаг. Тэр бол чин үнэнч цэрэг эр билээ.
Төрийн нарийн бичгийн дарга Флойд Бейкерийг өнгөрсөн зуунаас хүрээд ирсэн хүн үү гэлтэй. Өмнөдийн муж улсуудаас гаралтай, сүрлэг намбатай эелдэг зантай энэ буурал эр бол ер бусын сонин ухаантай хүн юм. Нөлөө бүхий олон сониныг гартаа авсан, бузгай бэл бэнчинтэй хүн. Улс төрийн мэдрэмжээр Вашингтон хотдоо толгой цохидог учир конгресст гарах өчүүхэн өөрчлөлтийг тэр дор нь ухаараад авдаг юмсанж.
Ирланд гаралтай Пит Коннорс нь зөрүүд зантай бульдог үүлдрийн нохойг санагдуулна. Тэр бол хэнээс ч айдаггүй согтуу толгой. Энэ жил ТТГ-т ажиллах сүүлчийн он бөгөөд зургадугаар сард тэтгэвэртээ гарах хүн юм. Үүний урьд Тагнуулын Төв газрын янз бүрийн хэлтэст ажиллаж байсан бөгөөд ТТГ-ын туршуулууд “Сайн эрүүд” байсан тэр цагийг дурсаж явдаг нэгэн. Пит Коннорс өөрөө бас тийм сайн эр явжээ. Тэрбээр, төрийн эргэлт хийж Ираны хаанд дахин засгийн эрхийг атгуулахад оролцож явснаас гадна 1961 онд Кастрогийн дэглэмийг түлхэн унагаах зорилт тавьсан Мангустын ажиллагаанд оролцож явжээ. Түүний нэг хэмийн яриа хэр зэрэг удаан үргэлжлэх нь тэр хүний уусан согтууруулах ундааны хэмжээнээс шалтгаална.
- Гахайн буланд явуулсан ажиллагаанаас хойш бүх юм өөрчлөгдсөн. Тэр муусайн үлбэгэр амьтад энэ ертөнцийн бүх сонины хуудаснаас бид бүхнийг дайран байсан. Тэр муусайн хогнууд бидэнд арга зальтай хуурамч алиалагч гэсэн хоч зүүгээд, биднийг хол таягдан хаяхыг уриалж байлаа шүү дээ. нэг новшийн амьтан, манай бүх туршуулын нэрсийг сонинд нийтлүүлсний гайгаар Афинд ажиллаж байсан манай нууц тагнуул Дик Уэлш алагдсан байгаа юм гэх мэтээр үе үе гомдоллон ярьдаг юм.
Пит Коннорс энэ насандаа гурван удаа гэрлэж үзсэн боловч хүнд хэцүү нууцлаг ажлын байдлаас шалтгаалан бүтэлгүйтэж өнгөрсөн хэдий ч эх орныхоо төлөө бүх юмыг золиосолж болно гэж үздэг хүн юм.
Мань хүн энэ зөвлөгөөн дээр минчийж улайтлаа уурласан сууж байлаа.
- Бид нар ерөнхийлөгчид тэр муу чөтгөр авсан “Ардын дипломат” хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олговол мань хүн улс орныг сүйрүүлнэ. Түүнийг зогсоох хэрэгтэй. Бид тийм боломжийг яагаад ч...
Флойд Бейкер түүний яриан дундуур орж,
- Ерөнхийлөгч маань ажилдаа ороод ганц долоо хоног болж байна. Бид түүний улс төрийн бодлогыг явуулах үүрэгтэй бас тэгээд... гэтэл Коннорс,
- Би хараал идсэн коммунистуудад улс орноо өгөх гэж энд сууж байгаа юм биш. Ерөнхийлөгч сонгогдохоосоо өмнө өөрийнхөө төлөвлөгөөний тухай юу ч ярихгүй байсан. Биднийг санаандгүй байдлаар гэнэдүүлсэн учир юу ч өөрчилж болоогүй юм гэв.
- Чухам үүнийг хүссэн ч юм бил үү гэж Бейкер саналаа хэлэв.
Пит Коннорс түүний өөдөөс ширтэн харж,
- Тэнгэр минь, чи бас түүний талд байна гээч! гэхэд Флойд Бейкер,
- Тэр бол миний ерөнхийлөгч. Бас чиний ерөнхийлөгч шүү гэж шуудхан хэлэв.
Нед Тиллингаст эргэж Стэнтон Рожерсийн өөдөөс харан,
- Коннорсын хэлдэг зөв. Өөрсдийнхөө тагнуулыг соёлын атташе, нарийн бичгийн дарга, үйлчлэгч гэсэн нэрийн дор манайд шургалуулахыг Румын, Албани, Болгар гээд ер нь коммунист орнуудад ерөнхийлөгч маань санал болгож байгаа юм. Бид нар арын хаалгаа цоожтой байлгах гэж олон тэрбум доллар зарцуулж байхад ерөнхийлөгч тэд нарт гол хаалгаа нээж өгөхийг хүсч байна гэхэд генерал Брукс санал нийлсний тэмдэг болгон толгой дохиод,
- Тэр бүү хэл, надтай зөвлөлдөөгүй байгаа юм даа. Ерөнхийлөгчийн төлөвлөгөө нь улс орныг сүйрүүлж болно гэж үзэж байна гэлээ.
Стэнтон Рожерс тэнд байсан бүх хүмүүсийг толгой дараалан хараад ярьж эхлэхэд бүгд дуугүй болов.
- Ноёд оо, та бүхний зарим нь ерөнхийлөгчийн төлөвлөгөөтэй санал нийлэхгүй байгаа юм байна. Гэлээ ч гэсэн Пол Эллисоныг ард түмэн сонгосон гэдгийг битгий мартаарай. Бид бол ерөнхийлөгчийн багийн гишүүд учрас түүний заалтыг дагаж, бүх талын дэмжлэг үзүүлэх ёстой. Одоо ерөнхийлөгчид Румын улсын байдлын тухай мэдээлэл хэрэгтэй болоод байгаа. Та нарт байгаа бүх мэдээлэл хэрэг болно.
- Нууц мэдээллүүд орох уу? гэж Пит Коннорс асуув.
- Бүгд орно. Яг байгаагаар нь хэлээрэй. Александру Ионеску ямаршуу байна?
- Ионескугийн суудал бөх байгаа. Чаушескугийн гэр бүлийг цааш харуулчихаад түүний талын бүх хүмүүсийг цаазалж, гянданд хорихыг нь хорьж, хилийн чанадад хөөж гаргасан. Ионеску төрийн эрхийг гартаа авсны дараа ард түмний цусыг шавхаж уусан. Хүмүүс түүнийг үзэн ядаж байгаа гэж Нед Тиллингаст хариулав.
- Хувьсгал гарах урьдчилсан нөхцөл байна уу?
- За даа. Энэ чинь маш нарийн асуулт байна. Хэдэн жилийн өмнө Ионескугйн засгийн газрыг Марин Гроза түлхэн унагаахаар завдсаныг санаж байна уу?
- Санаж байна. Гроза тэгэхэд ид шидийн хүчээр амьд гарч хил давсан юмдаг.
- Бид тусалсан л даа. Бидэнд байгаа мэдээллээс үзвэл, түүнийг эх оронд нь эргүүлж авчрах таатай нөхцөл бий болоод байгаа. Бид нөхцөл байдлыг тасралтгүй хянаж байгаа.
Стэнтон Рожерс төрийн нарийн бичгийн даргад хандаж,
- Румынд суух элчин сайдаар нэр дэвшүүлэх хүмүүсийн жагсаалтыг гаргасан уу? гэж асуув.
Флойд Бейкер хар өнгийн дипломат цүнх онгойлгож хуудас цаас гарган Рожерст барихдаа,
- Энд хамгийн туршлагатай ажилтнуудын нэрс байгаа. Цөмөөрөө мэргэшсэн дипломатууд шүү. Хүн нэг бүрийг нарийвчлан шалгасан. Бидэнд тэднийг аюулгүй байдал, санхүүгийн болон бусад талаар өөлөх юм байхгүй хэмээн гардуулав.
Стэнтон Рожерс бичгийг автал төрийн нарийн бичгийн дарга хажуунаас нь,
- Хэн нэгэн шинэ хүнийн томилсноос мэргэжлийн дипломатуудыг ашиглах нь зүйд нийцнэ гэж төрийн департамент үзэх нь мэдээж хэрэг. Энэ ажилд сургасан хүмүүс хэрэгтэй шүү дээ. Одоо Румын улс тайван биш байдалд байгаа болохоор тун болгоомжтой байх хэрэгтэй гэхэд Стэнтон Рожерс босч,
- Санал нэг байна. Би эдгээр нэр дэвшигчдийн талаар ерөнхийлөгчтэй ярилцсаны дараа энэ жагсаалтыг таньд эргүүлж өгье. Румынд суух элчин сайдыг аль болохоор даруй томилох гэж ерөнхийлөгч яараад байгаа юм гэжээ.
Бүх хүмүүс гарахаар завдаж байтал Нед Тиллингаст
- Пит, түр саатаарай. Чамтай ярих юм байна гэснээр тэр хоёр хоёулхнаа үлдэхэд,
- Пит, чи арай дэндүү авирлаж байна шүү гэвэл Пит Коннорс мугуйдлан,
- Миний хэлдэг зөв юм чинь. Манай ерөнхийлөгч улс орныг сүйрүүлэх гэж байна. Бид өөр яах ёстой юм бэ? гэв.
- Амаа цоожилж байх хэрэгтэй.
- Нед ээ, дайсныг илрүүлэн устгаж байхыг бидэнд сургасан. Гэтэл дайсан бидний ар талд гарчихаад зууван танхимд сууж байвал яах болж байна?
- Болгоомжтой байгаарай. Тун болгоомжтой шүү.
Тиллингаст бол Пит Коннорсоос олон жил ажилласан хүн. ТТГ гэдэг нэртэй болоогүй байхад Билл Донованы нууц албанд ажиллаж байсан бөгөөд уяхан сэтгэлтэй конгрессийн гишүүд, түүний төрөлх байгууллагыг юу болгож хувиргасны төлөө тэднийг үзэн ядаж явдаг хүн билээ. Тэр байтугай, ТТГ-т ажилладаг хүмүүс нь дотроо хатуу шугамын талынхан, оросын баавгайг гэрийн тэжээмэл бяцхан гөрөөс болгож болно гэж үздэг талынхан гэсэн хоёр лагерьт хуваагдсан ажээ.
“Бид нар энд доллар нэг бүрийн төлөө тулаан хийж байхад Москвад улсыг аюулаас хамгаалах хороо нь олон мянган туршуулыг бэлтгэн гаргаж байх юм” гэж Тиллингаст дотроо бодно.
Дөнгөж коллеж төгсөөд ирсэн Пит Коннорсыг Тиллингаст элсүүлэн авч байсан сан. Тэр нь яваандаа шилдэг туршуулын нэг болж чадсан. Харин сүүлийн хэдэн жилийн дотор Коннорс нь хээр талын адуучин шиг авирлаж, дэндүү догширдог аюултай болоод байлаа.
- Пит чи “Эрх чөлөөний эх орончид” гэдэг нэртэй байгууллагын тухай сонссон юм байна уу? хэмээн Тиллингаст асуухад Коннорс хөмсгөө зангидан,
- Үгүй, сонсоогүй юм байна. Ингэхэд тэр чинь юун хүмүүс вэ? гэв.
- Бидэнд цуу ярианаас өөр юм алга. Харин чи тэдний мөрийг гаргаж юун магад.
- Тэгье.

Нэг цагийн дараа Пит Коннорс гуай Хейнс-Пойнтод байх утасны бүхээгт орж,
- Би НЭГ-д мэдээлэл дамжуулах хэрэгтэй байна гэсэнд генерал Оливер Брукс,
- НЭГ сонсож байна хэмээн хариулжээ.

Стэнтон Рожерс лимузин хөлөглөн ажил дээрээ ирээд нэр дэвшигчдийн жагсаалтыг гарган анхааралтай уншиж үзэв. Чухам ийм л юм хэрэгтэй байсан тул төрийн нарийн бичгийн дарга даалгасан зүйлийг сайн хийсэн байжээ. Эдгээр дипломатууд Өрнөд болон Дорнод Европ бүр зарим нь Ази, Африкт алба хашиж байсан тул “Ерөнхийлөгч маань сэтгэл хангалуун байх биз” хэмээн бодов.

Ерөнхийлөгч Пол Эллисон нөгөө жагсаалтыг ширээн дээр шидэж, урам нь хугарсан өнгөөр,
- Энэ чинь зүсэн бүрийн динозаврууд байна. бүр цөмөөрөө шүү гэхэд Стэнтон Рожерс зөрж,
- Пол минь. Энэ хүмүүс чинь мэргэжлийн дипломатчид шүү дээ гэв.
- Мэдлэгийн цар хүрээ нь хомсдсон амьтад. Тэд чинь зөвхөн төрийн департаментийн тушаалыг биелүүлэх төдий байдаг улс байгаа юм. бид гурван жилийн өмнө Румынийг яаж алдсанаа санаж байна уу чи? Тэнд байсан манай туршлагатай дипломатч маань бүх завшааныг алдсанаас болж бид гар хоосон хоцорсон. Тэд чинь бөгсөө хамгаалахаас өөр юм хийдэггүй амьтад. Би “Ардын дипломат” гэж ярихдаа тодорхой утга санааг шингээж байгаа юм. Бидэнд төдийлөн дуртай биш байгаа улс оронд таатай сэтгэгдэл төрүүлэх ёстой болоод байна.
- Гэлээ ч гэсэн бэлтгэгдээгүй хүнийг тийшээ явуулах нь дэндүү аз сорьсон хэрэг болно.
- Бидэнд өөр туршлагатай хүн хэрэгтэй байж болох юм. Румын орон бидний сорилтын чулуу болох юм, Стэн. Бүх л хөтөлбөрийн тулгын чулуу болох юм. бид хий үзэгдлээр сэтгэлээ хуурч байгаа юм биш. Би чамд итгэл үзүүлж аз туршиж байгаа хүн. Миний төлөвлөгөө олон хүний сэтгэлд нийцэхгүй байгааг би гойд сайн мэдэж байгаа. Энэ төлөвлөгөө маань сүйрвэл би гишгэх газаргүй болно. Тэгээд би Болгар, Албани, Чехословак болон “Төмөр хөшиг”-ний цаана байгаа бусад улсуудын тухай мартахаас өөр аргагүй болно. Ийм юм болоосой гэж би хүсэхгүй байна.
- Би манай зарим улс төрчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж ирье.
Ерөнхийлөгч Пол Эллсион толгой сэгсэрч,
- Үгүй дээ. Надад шинэ маягийн сэтгэлгээтэй хэн нэгэн хүн хэрэгтэй байна. Үл итгэлцлийн мөсийг хайлуулж чадах тийм л хүн. Хөшүүн тархитай америкчуудыг санагдуулаад байхааргүй тийм хүн хэрэгтэй байна гэхэд Стэнтон Рожерс мл гайхан ерөнхийлөгчийг харж сууснаа,
- Чамд хараандаа авсан хүн байх шиг санагдах юм гэвэл ерөнхийлөгч ширээн дээр байсан гоё хайрцаг дотроос янжуур авч асаагаад аажуу тайвнаар,
- Тийм ээ байгаа гэв.
- Хэн гэгч эр вэ?
- Эмэгтэй хүн л дээ. Чи санамсаргүй тохиолдлоор “Өнөөдөр намжмал байдал бий болох уу?” гэсэн гарчигтай нийтлэлийг уншсан уу?
- Уншсан.
- За тэгээд энэ талаар ямар бодолтой байна?
- Бузгай сонин нийтлэл юм билээ. Коммунист орнуудад эдийн засгийн тусламж үзүүлэхээр амлаж абйгаад манай лагерьт татан оруулж болно гэж зохиогч үзсэн байна лээ. Харин ерөнхийлөгчийн албан тушаалд орохдоо чиний хэлсэн үгийг сүрхий санагдуулсан шүү.
- Энэ бүхнийг зургаан сарын өмнө бичсэн юм билээ. Тэр бүсгүй “Комментари”, “Паблик афферс” сэтгүүлүүдэд гялалзсан сайхан нийтлэл бичсэн байгаа юм. Дорнод Европын улс орнуудын улс төрийн бодлогын тухай түүний бичсэн номыг уншиж үзсэн. Бас тэгээд зарим нэг санааг би чухамдаа очиход тэр номоос авснаа зөвшөөрөн хүлээх ёстой л доо.
- За зүйтэй. Тэр бүсгүй чиний онолтой санаа нийлдэг юм байж. Гэвч энэ чинь түүнийг томилоход хүрэлцээтэй биш шүү дээ. Стэн, тэр бүсгүй надаас даваад гарсан гялалзсан сайхан төлөвлөгөөг санал болгосон байдаг шүү. Тэр чинь дэлхийн эдийн засгийн дөрвөн гол эвслийг нийлүүлэхийг хүсч байгаа хүн дээ.
- Нээрэн үү?
- Үүнд цаг хугацаа шаардагдах нь мэдээж хэрэг, гэвч хэрэгжүүлж болох зүйл шүү. 1949 онд Дорнод эвслийн орнууд ЭЗХТЗ гэдэг эдийн засгийн холбоо, харин 1958 онд өрнөд Европын орнууд “Нийтийн зах зээл” нэртэй эдийн засгийн зөвлөл байгуулсныг чи мэдэж байгаа.
- Зүйтэй.
- Манайд болохоор, АНУ, өрнөдийн зарим орнууд, Югослав улс оролцсон эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага бий. Биднийг оруулахгүй хөл хориод байгаагас биш, “Гурав дахь ертөнц”-ийн орнууд чинь эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд оролцоод байгаа. Бид энэ бүхнийг нийлүүлээд дэлхийн нэгдсэн зах зээл байгуулбал ямар сайхан боломж нээгдэж байгааг бодоод үз. Тэнгэр минь, санаанд багтахын аргагүй зүйл болохсон. Энэ бол жинхэнэ ёсоор дэлхий дахины худалдаа болно гэсэн үг. Тэгээд бид бүхнийг энх тайвны зүг хөтлөнө.
Стэнтон Рожерс баахан болгоомжилсон байдлаар,
- Сэтгэл татмаар санаа байна. харин түүнийг амьдралд хэрэгжүүлэхэд амаргүй дээ гэв.
- Хятадын “Мянган ли-ийн аяллыг анхны алхмаас эхэлдэг” гэсэн эртний зүйр үг байдгийг чи мэднэ шүү дээ.
- Пол минь, тэр хүүхэн чинь мэргэжлийн биш хүн.
- Манай нэрд гарсан олон дипломатууд бас л мэргэжлийн биш хүмүүс байсан. Английн Нэгдсэн Вант улсад сууж байсан манай элчин сайд Анна Армстронг хатагтайбол улс төрийн ямар ч туршлалагүй хүн байсан. Люксенбургт Перл Места, Италид Клэр Бут Люс нар элчин сайдаар ажиллаж байсан. Жүжигчин Жон Гэвин Мексикт элчин сайдаар сууж байсан. Манай бүх элчин сайдуудын гуравны нэг нь чиний хэлдгээр мэргэжлийн бус хүмүүс байсан юм шүү.
- Гэвч тэр эмэгтэйн тухай юу ч мэдэхгүй байгаа шүү дээ.
- Үүнээс гадна түүний яриад байгаа юм зөв, бас тэгээд яг над шиг сэтгэдэг хүн юм билээ. Чи л тэр хүний тухай бүхнийг мэдэж өгөх хэрэгтэй байна гээд ширээн дээр байсан “Форин афферс” сэтгүүлийн дугаарыг авч үзээд,
- Түүний нэрийг Мэри Эшли гэдэг юм гэжээ.

Хоёр хоногийн дараа ерөнхийлөгч Эллисон, Стэнтон Рожерс нар Цагаан ордонд өглөөний цай ууж суух зуур Стэнтон Рожерс,
- Чиний хүссэн мэдээллийг цуглуулж ирлээ гээд халааснаасаа хуудас цаас гаргаж,
- Мэри Элизабет Эшли, Канзас муж улсын Жанкшн-Сити хотод Олд Милфорд-роуд 27 гэсэн хаягаар суудаг, бараг гучин таван настай, доктор Эдвард Эшлитэй гэр бүл болсон. Хоёр хүүхэдтэй, охин Бет арван хоёртой, хүү Тим нь арван настай. Жанкшн-Ситид байдаг эмэгтэйчүүдийн клубын дарга, ахлах багшаар ажилладаг. Канзасын их сургуульд “Дорнод Европын улс төрийн шинжлэх ухаан” заадаг. Өвөг эцэг нь румын гаралтай. Ер нь бузгай найдвартай санагдсанаа хэлье.
- Би бас тэгж бодож байна. Түүнийг бүрэн шалгаж үз.
- Би үүнийг хяналтандаа авъя.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:04 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.20.09 1:43 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн

Joined: Jul.20.09 4:33 pm
Posts: 198
хөөх хурдтай оруулж байна шүү :wd: амжилт :angel: :angel: :angel:


Top
   
PostPosted: Sep.20.09 3:59 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
:-) :-) :-)

Бүлэг 4

Мэри Эшлийн ангид сурдаг хамгийн залуу бөгөөд авьяас төгөлдөр шавь Барри Дилан багшийнхаа өөдөөс өдсөн юм шиг харж,
- Эшли профессор оо, би тантай санал нийлэхгүй байна. Александру Ионескуд Чаушескугаас хамаагүй хэцүү байгаа гэхэд нь,
- Чи үүнийгээ юугаар нотолж чадах вэ? гэж асуув.
Улс төр судлалаар явуулдаг энэ удаагийн семинарийн хичээлд Канзасын их сургуулийн төгсөх ангийн арван хоёр оюутан оролцож байлаа. Оюутнууд хагас тойрог хэлбэрээр тойрон Мэрийн өөдөөс харан суужээ. Тэдний бүлэгт бүртгүүлэхийг хүссэн оюутнуудын дараалал нь бусад ямар ч багшийнхаас олон байдаг ажээ. Мэри нь уран хошин үгтэй, сэтгэл булаах увидастай гайхмаар сайн мэргэжилтэн байсан учир түүний дэргэд суух нь цэнгэл эдэлнэ гэсэн үг байжээ. Түүний зуувандуу нүүр нь тэр өдрийн өнгө аясаас шалтгаалан таатай сайхнаас гойд сайхан харагдтал өөрчлөгддөг. Бүйлсний жимс шиг хонин бор нүдтэй, өтгөн хар үстэй түүний биеийн галбирыг харсан эмэгтэй оюутнууд атаархаж, эрэгтэй уран зөгнөлд умбаж явдаг гоё хүүхэн гэдгийг өөрөө анзаардаггүй ажээ.
“Эр нөхөртэйгөө аз жаргалтай байдаг бол уу?” гэж бодож суусан Барри багшийн тавьсан асуултанд дуртай дургүй анхаарлаа хандуулав.
- Ионеску чинь Румынд засгийн эрхийг булааж авахын хамт Грозагийн талын бүх хүнийг устгаж, өнөөх л Зөвлөлтийн талыг баримталсан хэрцгий улс төрийн бодлогод эргэж орсон. Чаушескутай зүйрлээд үзвэл Ионескуд тийм их хэцүү байгаагүй.
- Тэгвэд ерөнхийлөгч Эллисон яагаад түүнтэй дипломат харилцаа тогтоох гээд эрмэлзээд байгаа юм бэ? гэж нэг оюутан асуужээ.
- Яагаад гэвэл бид түүнийг Өрнөдийн лагерьт татахыг хүсч байгаа юм.
- Николае Чаушеску бол зөвхөн Дорнодыг биш бас Өрнөдийг хардаг хүн байсныг битгий мартаарай. Энэ чинь хэдэн онд эхэлсэн билээ? гэж Мэри асуухад Барри,
- Орос, Хятад хоёрын хооронд зөрөлдөөн гарсан 1963 онд Румын улс олон улсын хэрэгт бие даасан байдалтай байдгаа харуулах гэж байр сууриа огцом өөрчилсөн юм гэж хариултал Мэри,
- Румын улс Варшавын гэрээний бусад улс орнууд ялангуяа Зөвлөлт Холбоот улстай харилцах барьцаа одоо ямар байгаа талаар юу хэлмээр байна? хэмээн асуулаа.
- Эдгээр харилцаа нь бэхжсэн гэж би хэлмээр байна.
- Харин би санал нийлэхгүй байна гэж өөр нэг оюутан хэлэв.
- Зөвлөлт Холбоот улсыг Афганистанд халдаж орлоо, ЕЭЗЗ-тэй гэрээ байгуулж гарын үсэг зурлаа гэж Румын улс хурцаар шүүмжилсэн. Бас тэгээд...
Тэгтэл хонх дуугарч хичээл завсарлах болов.
Мэри хэлсэн нь:
- Бид нар даваа гаригт, Зөвлөлт Холбоот улсаас Дорнод Европын орнуудтай харьцах харилцаанд нөлөө үзүүлж байдаг гол хүчин зүйлүүдийн талаар ярилцах болно. Бас “Төмөр хөшиг”-ийг устгах талаар ерөнхийлөгч Эллисоны дэвшүүлсэн төлөвлөгөөний байж болох үр дагаваруудын талаар ярилцана. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлэхийг хүсье.
- Профессор таньд ч бас хүсье.
Мэри үүд чиглэн яваа оюутнуудыг харж суулаа. Семинарын хичээл дээр чөлөөтэй уур амьсгал нөлөөлж байсан нь түүнд таатай байжээ. Оюутнуудын халуун маргаан дунд түүх, газар зүй сэргэн амилдаг ажээ. Харийн хүмүүсийн нэр, хотууд бодит зүйл шиг болж, түүхэн үйл явдлууд яг энд өрнөж байгаа мэт санагдана. Мэри, Канзасын их сургуульд өнөөдрийг хүртэл таван жил багшлахдаа сэтгэл хангалуун явдаг юм. Нэг жилд улс төрийн шинжлэх ухааныг судлах таван бүлэг удирдахаас гадна төгсөх ангийн оюутнуудын дунд семинарын хичээл явуулж, Зөвлөлт Холбоот улс, бусад социалист орнуудын тухай яриа өрнүүлдэг юм. Заримдаа өөрийгөө мэхлэгч хэмээн санаж “Би өөрийн биеэр хэзээ ч очиж үзээгүй улс орнудын тухай яриад л байдаг. Ер нь Америкийн Нэгдсэн улсын хилийг алхаж үзээгүй хүн шүү дээ.” хэмээн бодох өдөр байдаг юм санж.
Мэри Эшли, түүний эцэг эх нь Жанкшн-Ситид төрсөн улс. Тэдний өрх гэрийн дотроос Европыг нүдээр үзсэн ганц хүн бол Румыний Воронет гэдэг бяцхан тосгонд төрсөн өвөг эцэг нь билээ.
Мэри эрдмийн зэрэг хамгаалсныхаа дараа хил алхан аялахаар төлөвлөж байсан боловч тэр зундаа Эдвардтай танилцсан учир Европыг зорих аялал нь Жанкшн-Ситигээс тавин бээрийн зайд орших Уотервиллд өнгөрүүлсэн гурав хоногийн бал сар болон хувирсан ажээ. Учир юу вэ гэвэл, Эдвард нь тэнд дээсэн дөрөөн дээр амь тээсэн өвчтнүүдийг эмчлэх ажилтай байсан юм.
Хурим хийсний дараахан Эдвард,
- Дараа жил заавал явнаа. Би Париж, Римийг үзэж, Румын орноор орохыг хачин их хүсдэг гэж Мэрид хэлэхэд Мэри,
- Би ч ялгаагүй. Хоёулаа заавал явна. Ирэх зун л явцгаая гэжээ.
Гэвч дараа жилийн зун болоход Бет охин төрж, Эдвард нь Жери гүнлэгийн эмнэлэгт зав чөлөөгүй их ажилтай байжээ. Хоёр жилийн дараа Тим хүү төржээ. Мэри гүн ухааны докторын зэрэг хамгаалж, дахин Канзасын их сургуульд багшилж байх хооронд он жилүүд нисэн одсоор байжээ. Чикаго, Денвер, Атланта хотуудад түр хугацаагаар очиж байсныг эс тооцвол Мэри хүүхэн Канзас муж улсаас гарч үзээгүй хүн юмсанжээ.
“Дараа л нэг явна даа” гэж Мэри өөртөө амлаад л явдаг.
Мэри бүх бичсэн зүйлээ хумиж аваад цонхоор харвал дахин цас орж эхэлсэн нь цасан хээтэй шилний цаана илхэн байх ажээ. Пальто өмсөж, улаан өнгийн ноосон ороолтоо ороож аваад машинаа тавьсан Ваттиер-стрит орохоор гарлаа.
Их сургуулийн хотхон бол асар том газар, тэр нь таримал мод, цэцгийн мандлын дунд умбах олон лаборатори, театр, сүм зэргийг багтааж 315 акр газрыг эзэлсэн нийт долоон байшин юм. Холоос харахад дээрээ цамхагтай, хүрэн өнгийн шохойн чулуугаар хийсэн их сургуулийн барилгууд нь дайсны довтлогчдын дайралтыг сөрөн зогсоход бэлэн байгаа хуучин цагийн цайзыг санагдуулна. Мэри явсаар Дентсон-холлын хажуугаар өнгөрч явтал гэрэл зургийн “Никон” аппарат барьсан эр өөдөөс нь ирж явснаа аппаратын дуранг байшин тийш чиглүүлэн зураг дарав. Аппаратын дуранд Мэри бас багтжээ. “Би хажуу тийшээ зайлах хэрэгтэй байж дээ. Тэр хүний зургийг сэвтээчих шиг боллоо” гэж Мэри бодоод өнгөрчээ.
Нэг цагийн дараа гэхэд нөгөө гэрэл зураг онгоц хөлөглөн Вашингтон хотыг зорьжээ.
Ямар ч хот нь орон нутгийн байдал, оршин суугчдын өвөрмөц заншлаас шалтгаалан өөрийн гэсэн давтагдашгүй хэмнэл, амьдралын лугшилттай байдаг. Жери гүнлэгт, Канзас-Ситигээс 130 бээрийн зайтай байх 20381 хүн амтай Жанкшн-Сити нь Америкийн Нэгдсэн улсын газар зүйн төв болсноороо бахархаж байдаг билээ. Энд “Дейли Юнион” сонин хэвлэгдэхээс гадна радио станц, зурагтын төв бий. Тус хотын ажил хэрэгч хэсэгт хэд хэдэн дэлгүүр, хоёр шатахуун түгээх газар байдгын нэг нь 6 дугаар гудамжинд, нөгөө нь Вашингтон-стритэд байрлана. Энд супермаркет дэлгүүр, үндэсний ууган банк, “Домино пицца”, цайны газрууд, ундааны төрлийн газар зэрэг байх нь АНУ-ын бусад олон хотуудад байдгаас огт ялгарах юмгүй. Харин Жанкшн-Ситийн оршин суугчид нь тосгон адил нам гүм, амар тайван байдаг хотоо хайрлаж явдаг улс. Ямартай ч ажлын өдөр тийм л байдаг. Харин хагас бүтэн сайн өдөр болоод ирэхлээр Жанкшн-Сити хот нь тэрүүхэн хавьд байдаг Форт-Райлигаас ирсэн цэргүүдийн амралтын газар болон хувирдаг ажээ.
Мэри Эшли харих замдаа “Диллонз Маркет”-аар орж хооллоод нуурын хөвөөнд байдаг Олд Милфорд-роуд хэмээх орон сууцны хорооллыг чиглэн умрыг зорив. Замын зүүн талаар царс, хайлаас мод суулгасан байх агаад баруун талаар нь чулуу, тоосгоор барьсан аятайхан байшингууд үргэлжлэх ажээ.
Эшлийн гэр бүлийнхэн бяцхан довон дээр барьсан хоёр давхар чулуун байшинд аж төрдөг юм. Арван гурван жилийн тэртээ Эшли покторын худалдаж авсан энэ байшинд зочны том өрөө, хооллох газар, номын сан, өглөөний цай уудаг өрөө, гал тогоо байх агаад дээд давхарт нь унтлагын нэг том өрөө, хоёр жижиг өрөө бий.
Тэгэхэд Мэри Эшли,
- Энэ байшин дэндүү том юмаа. Хоёрхон хүнд хэтэрхий зайтай юм гэж хэлэхэд Эдвард түүнийг тэврэн авч өөртөө наалдуулан,
- Биднийг хоёулхнаа байх юм гэж хэн хэлээд байгаа билээ? гэж байсан сан.

Мэрийг гэртээ эргэж ирэхэд Бет, Тим хоёр хүлээж байлаа.
- Ээжээ, бидний гэрэл зураг сонин дээр гарна гэсэн гэж Тим хэлсэнд Мэри,
- Чи идэж уух юм цуглуулахад туслахгүй юм уу? Ингэхэд ямар сонин дээр гарах юм бэ? гэжээ.
- Тэр хүн энэ тухай хэлээгүй, зүгээр л бидний зургийг татаж аваад дараа нь бидэнд хэлнэ гэсэн.
- Өөр юу ч хэлээгүй юу?
- Хэлээгүй, харин ёстой гоё “Никон” аппараттай юм билээ гэж Тим хариулав.

Ням гаригт Мэри гучин таван насныхаа баярыг хийжээ. Баяр гэдэг нь Эшлийн толгойд орж ирсэн олигтой оноогүй нэр төдий билээ. Эдвард эхнэртээ санаандгүй бэлэг барих гэж хотын захын нэг клубт үдэшлэг зохион байгуулжээ. Тэдний айлын Дуглас Шайфер эхнэр Флоренс Шайферийн хамт цаана нь бас нэг дөрвөн хос Эшлиг хүлээж байжээ. Мэри орж ирээд баярын ширээ, том цаасан дээр баяр хүргэн бичсэн байхыг үзээд царай нь ямаршуу болохыг ажсан Эдвард жаахан хүүхэд шиг баярлажээ. Ийм үдэшлэг хийхээр бэлдэж байгааг хоёр долоо хоногийн урьдаас Мэри мэдэж байснаа хэлж зүрхэлсэнгүй. Яагаад болохгүй билээ? Ийм сайхан эрийг хайрлахгүй байж болно гэж үү? Эдвард бол ухаалаг, анхаарал халамжтай сайн хүн. Түүний өвөг эцэг, аав нь эмч байсан болохоор өөр мэргэжлийн хүн болох тухай бодол Эдвардын толгойд хэзээ ч орж байгаагүй юмсанж. Тэр бол Жанкшн-Ситийн хамгийн шилдэг мэс засалч, сайн эцэг, хосгүй сайхан хань билээ.
Мэри баярын ширээн дээр тавьсан бялууны олон лааг үлээж унтраагаад эр нөхрөө сэм харж “Бүсгүй хүний аз жаргалд өөр юу хэрэгтэй юм бэ?” хэмээн бодов.

Мэри даваа гаригийн өглөө сэрэхэд толгой нь өвдсөн байжээ. Өчигдөр орой нь өчнөөн олон хундага өргөсөн, гэтэл Мэри архи ууж огт сураагүй хүн юм. Мэри арай орноосоо сугарч босоод “Энэ чинь оргилуун дарсны балаг. Дахиад хэзээ ч уухгүй юм шүү” гэж өөртөө андгайлжээ.
Ингээд доод давхарт бууж ирээд толгой нь лугшин өвдөж байгааг үл анзааран хүүхдүүдийнхээ өглөөний цайг бэлдэж байхдаа
- Оргилуун дарс гээд байгаа. Францчууд ийм аргаар иөшөө авч байгаа юм хэмээн халаглаж байлаа.
Баахан ном барьсан Бет орж ирээд,
- Ээж та хэнтэй яриад байгаа юм бэ? гэхэд нь,
- Өөртэйгөө ярьж байна гэв.
- Бузгай хачин юм байна!
Мэри агшаасан овьёостой хайрцаг ширээн дээр тавих зуураа,
- Үнэхээр тийм шүү. Би чамд зориулж шинэ торт авсан юм, чамд таалагдана гэж найдаж байна гэлээ.
Бет охин гал тогооны ширээнд суугаад хайрцаг дээрхи бичгийг уншиж байснаа,
- Би ийм юм идэхгүй ээ. Та намайг сүйдлэх гэж байна шүү гэсэн Мэри,
- Битгий маяглаад бай. Чи өглөөний цайн дээр юу идэх гээд байгаа хүн бэ? гэж сануулав.
Арван настай Тим хүү хар хурдаараа орж ирээд сандал дээр лагхийн унаж,
- Би гахайн давсалсан махтай шарсан өндөг иднэ гэхэд,
- “Өглөөний мэнд” яасан билээ? гэж асуув.
- Өглөөний мэнд. Би гахайн давсалсан махтай шарсан өндөг иднэ.
- Тэг ээ тэг.
- За за ер нь болъё, ээж ээ. би тэртэй тэргүй хичээлээсээ хожимдлоо.
- Ашгүй чи санууллаа. Рейнольдс хатагтай надтай утсаар ярьсан. Чи тооны хичээлээр базаахгүй дүнтэй яваа гэнэ. Юу болж байгаа нь энэ вэ?
- Тэр чинь хэтрүүлж байгаа юм.
- Тим, битгий тоглоод бай.
- Миний бодохолд инээдэмтэй биш байна гэж Бет хэлэв.
Тим түүний өөдөөс харан нүүрээ үрчийлгэж,
- Инээдэмтэй юм хармаар санагдаад байвал толины урд очиж өөрийгөө хараарай гэхэд Мэри,
- Больцгоо. Аятайхан байгаарай гэж хэллээ.
Мэрийн толгой улам хүчтэй өвдөж байлаа.
- Ээж ээ, би хичээл тараад мөсөн гулгуур дээр очиж болох уу? гэж Тим асуув.
- Чи тэртэй тэргүй нимгэн мөсөн дээгүүр гулсаж яваа хүн болохоор гэртээ ирж хичээлээ хийгээрэй. Профессор хүний хүүхэд тооны хичээлд муу сурах нь тийм сайхан байна уу?
- Юу нь болохгүй билээ? Та тооны хичээл заадаггүй шүү дээ.
“Хоёр хүүхэдтэй байх хуцүү гэлцдэг юм, харин тав зургаан хүүхэдтэй байсан бол яах билээ?” гэж Мэри бодож байтал Бет охин,
- Тим цээж бичиг дээр хоёр авснаа таньд хэлсэн үү? гэж асуусанд дүү нь эгчийгэ гөлрөн ширтэж,
- Чи хэзээ нэгэн цагт Марк Твений тухай дуулсан уу? гэхэд ээж нь,
- Ингэхэд Марк Твен үүнд ямар хамаатай юм бэ? гэв.
- Нэг үгийг олон янзаар бичиж чаддаггүй хүнийг би хүндэлдэггүй гэж Марк Твен хэлсэн байдаг юм.
“Бид хоёр эднийг дийлэхгүй юм байна. Эд нар чинь биднээс ухаантай юм гээч” гэж Мэри бодов.
Бетийн тухай, тэр нь дахин хөнгөн хоолны дон туссан талаар тасралтгүй бодох зуур хүүхдүүддээ өдөр идэх хачиртай талх бэлтгэв.
- Бет, миний өгсөн бүх юмыг идээрэй.
- Химийн бодисын хольцгүй юм бол иднэ. Хүнсний зүйл үйлдвэрлэдэг компаниудын шунахай сэтгэлийн золиос болгож эрүүл мэндээрээ дэнчин тавьмааргүй байна.
“Дээр үед байсан жирийн хүнс тэжээл хаашаа алга болчихсон байнаа?” гэж Мэри боджээ.
Бетийн дэвтэр завсар байсан нэг зурвасыг Тим суга татан гаргаж ирээд,
- Хараач хөөе! “Бет минь хоёулаа нэг ширээнд сууя. Би өчигдөр чиний тухай өдөржин бодсон, бас тэгээд...” гэж хашгичин уншихад Бет зурвасыг булааж авах гэсэн боловч дүү нь бултан зайлж зурвасны төгсгөлд бичсэн нэрийг уншиж үзээд,
- Хүүш “Виржил” гэж байна. Чамайг Арнольд Шварцнеггерт дурлачихсан гэж бодож байсан юм гэхэд Мэри хүүхний арван хоёр настай охин зурвасыг булааж аваад,
- Чи хайр дурлалын талаар юу мэдэх юм бэ? Чи чинь хүүхэд байхгүй юу гэдэг байна.
Минут өнгөрөх тутам Мэрийн толгой өвдөж байсан тул
- Хүүхдүүд минь намайг тайван байлгаад өгөөч гэв.
Сургуулийн автобусны бүрээн дуу дуулдахад Тим, Бет хоёр үүд чиглэн яарав.
- Хүлээгээч ээ, та нар цайгаа уугаагүй шүү дэ гэж Мэри хашгирав.
- Зав алгаа ээж минь, бидний явах цаг болчихлоо.
- Баяртай ээж ээ.
- Гадаа бүрхий хүйтэн байна. Пальто өмсөж ороолтоо зүүгээрэй.
- Би ороолтоо гээчихсэн гэж Тим хэллээ.
Хүүхдүүд гарсны дараа эл хуль юм шиг болж “Ээж байна гэдэг маань цаг үргэлж салхины голд эргэлдэж байх юм шив дээ” гэж Мэри дотроо боджээ.
Эдвард шатаар уруудан бууж ирэхэд хүүхний хамаг бие халуу дүүгэж “Өчнөөн олон жил өнгөрлөө ч гэсэн энэ минь наддаа хамгийн сайхан эр юм даа” гэж бодов. Түүнтэй анх уулзахдаа ялдам сайхан занг нь ихэд таалсан юмсанж. Тунгалаг бор нүдэнд нь хурц ухаан туяарч ямар нэгэн юмыг гойд сонирхсон үедээ галын дөл гялалзах шиг санагддаг сан.
- Өглөөний мэнд, хайрт минь гэж Эдвард хэлээд эхнэрээ үнсэж, хоёулаа гал тогооны өрөөнд орохоор явлаа.
- Хонгор минь надад нэг тус болооч.
- Тэгэлгүй яахав, хайрт минь. Чиний хүссэн бүхнийг хийнэ.
- Би хүүхдүүдээсээ холдмоор байна.
- Хоёулангаас нь уу?
- Хоёулангаас нь.
- Хэзээ тэр вэ?
- Өнөөдөр.
- Харин тэднийгээ хэнд өгөх билээ?
- Хэнд ч хамаагүй. Тэд маань надад дийлддэггүй насандаа хүрсэн юм байна. Бет минь элдэв янзын хөнгөн хоолонд донтон солиорч, хүү чинь хоёрын тооны эзэн болжээ.
- Бидний хүүхэд биш юм байлгүй гэж Эдвард гүн утга агуулсан үгээр хариулав.
- Тийм байх гэж найдаж байна. Би чамд овьёос агшаагаад өгье.
- Чи минь уучлаарай, зав алга. Би хагас цагийн дараа мэс засал хийх учиртай. Хэнк Кейтс маань ямар нэгэн машинд гараа авахуулчихаж. Хуруугүй хоцорч мэдэхээр болоод байгаа юм.
- Ийм настай болчихоод фермерийн ажлаа хийсээр байгаа юм уу?
- Үүнийг чинь Кейтс сонсвол сүйд болно шүү.
Хэнк Кейтс сүүлийн гурван жилийн дотор нөхөрт нь сохор зоос ч төлөөгүй гэдгийг Мэри мэдэх юм. тэр бол тойргийн бусад фермерүүдийн нэгэн адил тарчиг амьдралтай хүн. Энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртөг хямд, бас фермерийн банкны захиргаа анхаарал тавихгүй байгаагаас болж байгаа юм. Эдвард өвчтөнүүддээ мөнгөний тухай огт дурсдаггүй болохоор олон өвчтөн бүтээгдэхүүнээр төлбөр хийдэг тул тэдний гэрийн зоорь олон шуудай төмс, эрдэнэ шиш, үр тариагаар пиг дүүрчээ. Нэг фермийн эзэн мөнгөний оронд үхэр өгөх гэж байсныг Мэри сонсоод,
- Чи бурхныг бодож түүнийг төлбөргүй эмчилье гэж хэлээрэй гэж байсан удаатай.
Мэри авааль нөхрөө хараад “Би ч аз жаргалтай хүн юм даа” хэмээн бодох зуур,
- За яахав, би хүүхдүүдээ хүнд өгөхөө больж магадгүй. Тэдний минь аав надад дэндүү таалагдаад байх юм гэхэд Эдвард эхнэрээ тэврэн биедээ нааж,
- Үнэнийг хэлэхэд би тэднийхээ ээжийг шагшин магтаж явдаг юм. Чамдаа төрсөн өдрийн баярыг дахин хүргэе гэв.
- Чи намайг хөгшин гэлгүй хайрласаар л байгаа юм уу?
- Би хөгшин эмэгтэйчүүдэд хайртай.
Мэри гэнэт нэгийг санаж,
- Баярлалаа... би эртхэн ирэх учиртай юм байна. Өнөөдөр Шайферийнхныг урих манай ээлж юм байна шүү дээ гэжээ. Даваа гариг бүрийн орой айлынхаа улсуудтай хөзөр тоглодог уламжлал тогтсон байжээ. Дуглас Шайфер нь Эдвардтай хамт нэг эмнэлэгт ажилладаг байсан нь тэдний хоёр өрх гэрийг улам ойртуулсан байжээ.
Мэри, Эдвард хоёр мөс адил хүйтэн салхинаас нүүрээ хамгаалан гадагш гарч, Эдвард “Форд Гранада” машиндаа суух зуур Мэри нь пикап машшины жолооны ард суухыг хараад,
- Зам хальтиргаатай байх шүү, болгоомжтой яваарай хэмээн хашгирав.
- Чи ч гэсэн болгоомжтой яваарай, хайрт минь.
Ингээд хоёр машин хөдөлж Эдвард нь эмнэлгийн зүг, Мэри нь зургаан бээрийн зайтай байх Манхэттэн тийш их сургуулийг зорин хөдөлжээ.
Эшлийнхээс цаана байх хоёр байшингийн тэнд зогсож байсан машинд хоёр хүн сууж холдон одох машинуудын араас харж далд ортол нь хүлээж байгаа,
- Явцгаая гэж нэгэндээ хэлжээ.
Тэр машин хөдөлж зэргэлдээ байшингийн үүдэнд очиж зогсоход жолооны ард суусан Ракс Олдс машиндаа үлдэж, нөгөө хүн нь байшингийн үүдэнд очиж хонхны товчийг дарахад гучин тав эргэм насны аятайхан бүсгүй үүд онгойлгож,
- За? Танд юугаар туслахсан бол? гэлээ.
- Та Флоренс Шайфер хатагтай мөн үү?
- За тэгээд?
Нөгөө эр халааснаасаа үнэмлэх гаргаж харуулан,
- Намайг Дональд Землок гэдэг. Би төрийн департаментийн аюулгүй байдлын албанаас явж байна гэв.
- Е-э, үнэн алдарт бурхан минь! Эр нөхрийг минь банк дээрэмдсэн гэж битгий хэлж үзээрэй.
Нөгөө туршуул найр тавин инээмсэглэж,
- Үгүй дээ, хатагтай минь, энэ талаар мэдсэн юм бидэнд алга. Би танай айлын Эшли хатагтайн тухай хэдэн юм асуух гэсэн юм гэхэд хүүхэн айдас хүйдэс тодорсон харцаар өөдөөс нь ширтэж,
- Мэрийн талаар уу? Ямар нэгэн юм болоо юу? гэв.
- Орж болох уу?
- Бололгүй яахав гэж Флоренс хатагтай хариулж зочны өрөөнд оруулж,
- Та суугаач. Кофе уухсан болов уу? гэв.
- Уухгүй, баярлалаа. Би таныг удаан саатуулахгүй.
- Харин та яах гэж Мэрийн тухай асуугаад байгаа юм бэ?
Нөгөө эр зоригжуулан инээмсэглэж,
- Ердийн шалгалтаас цаашгүй юм даа. Түүнийг юунд ч буруутгасан юм биш гэжээ.
Флоренс Шайфер баахан ундууцаж,
- За тэгж найдая. Мэри Эшли бол гайхалтай сайн хүн. Та түүнтэй уулзсан уу? гэв.
- Би уулзаагүй, хатагтай минь. Би танайхаар ирсэн нь нууц зүйл учраас энэ бүхэн та бидний дунд үлдээсэй гэж хүсэх байна. Та Эшли хатагтайг таньдаг болоод удаж байна уу?
- Арван гурван жил орчим болж байна. Тэднийх манайтай айлсаж бууснаас хойш танина.
- Тэгвэл та түүнийг сайн мэдэх ёстой юм байна.
- Тэгэлгүй яахав. Мэри бол миний дотны найз хүүхэн. Ингэхэд яагаад...
- Тэр хүн нөхөртэйгөө ямаршуу харьцаатай байдаг вэ?
- Энэ дэлхий дээр Дуглас бид хоёрын дараа орох хамгийн аз жаргалтай хос. Ер нь биднээс ч илүү жаргалтай байдаг юм гэж хэсэг бодсоны дараа нэмж хэлэв.
- Эшли хатагтай хоёр хүүхэдтэй гэж ойлгосон юм байна. Охин нь арван хоёртой, хүү нь аравтай гэсэн.
- Зөв дөө. Бет, Тим гэж хоёр хүүхэд бий.
- Таны бодлоор тэр хүн сайн ээж мөн үү?
- Гойд сайн ээж. Харин яагаад...
- Шайфер хатагтай, таны бодлоор Эшли хатагтайг сэтгэл хөдлөлийн хувьд тууштай хүн гэж үзэж болох уу?
- Эргэлзээгүй болно.
- Тэр хүн сэтгэлийн хөөрлөө дэвэргэж байсан удаа бий юу?
- Огт байхгүй.
- Архи уудаг уу?
- Үгүй. Архины төрлийн юм амсаж чадахгүй.
- Харин мансууруулах бодисын талаар?
- Та буруу хаягаар ирсэн байна. Манай Жанкшн-Ситид мансууруулах бодис хэрэглэдэг хүн байдаггүй юм.
- Эшли хатагтай чинь эмч хүний гэргий байх аа?
- Тийм ээ.
- Хэрэв түүнд мансууруулах бодис олох хэрэгцээ гарвал...
- Та солиорсон байх. Тэр чинь мансууруулах бодис хэрэглэдэг хүн биш. Үнэрлэх, тарихын альныг ч хийхгүй.
Мань эр Флоренс Шайферийг нягтлан харж байснаа,
- Та энэ талын нэр томьёог сайн мэддэг юм шиг байна.
Флоренс жаахан эгдүүцэж,
- Би бусад хүмүүсийн нэгэн адил мансууруулах бодисын наймаачидтай тэмцдэг нөгөө телевизийн олон ангит кино “Маяами Вайс”-ыг үздэг юм чинь мэдэлгүй яахав. Танд надаас асуух өөр юм байна уу? гэлээ.
- Мэри Эшлийн өвөг эцэг нь Румынд төрсөн хүн гэсэн. Эшли хатагтай Румын орны тухай ярьж байхыг сонссон уу?
- Түүнийг жаахан байхад нь өвөөгийнхөө ярьж өгдөг байсан элдэв паянг заримдаа дурсдаг юм аа. Тэр хүн Румынд төрсөн ч гэсэн бага байхдаа Америкт ирсэн юм билээ.
- Эшли хатагтай Румыний засгийн газрын тухай үл сайшаасан өнгөөр ярьж байсныг сонссон удаа байна уу?
- Тийм юм санаанд орохгүй байна.
- Сүүлчийн асуулт. Ноён Эшли, хатагтай Эшли нарын хэн нэг нь Америкийн Нэгдсэн улсын засгийн газрыг муугаар хэлж байхыг сонссон уу?
- Огт сонсоогүй юм байна.
- Тэгэхлээр тэд нар төвийн сахьсан Америк хүмүүс юм шив дээ?
- Хэлээд яахав. Та яагаад үүнийг асууж байгаа юм бэ?
Нөгөө эр суудлаасаа босч,
- Шайфер хатагтай, надад зав гаргасан танд баярлалаа. Бидний ярилцлага нууц шүү гэдгийг дахин сануулах гэсэн юм. Та энэ тухай хэнд ч битгий яриарай. Нөхөртөө ч дурсахгүй байхыг хүсмээр байна гэж хэлээд гарч одоход хойноос нь харж зогссон Шайфер хатагтай,
- Үнэмшихийн аргагүй юм... гэж гайхаж хоцорчээ.

Туршуулууд умардыг чиглэн Вашингтон-стрит гудамжаар явсаар “Манай сайхан хязгаар нутагт тавтай морилогтун” гэсэн том самбарын хажуугаар өнгөрөхөд Рекс Олдс,
- Хараач хө хэмээн жуумалзав.
Тэд нар бааруудын хажуугаар өнгөрсөөр “Фэт Ченс” хэмээх цайны газрын тэнд очих үеэр хотын худалдааны хэсэг гэнэт шувтрахад Дональд Землок,
- Тэнгэр минь, эдний гол гудамж нь хоёрхон хороолол яваад дуусдан гэнээ. Энэ чинь хот биш автобусны буудал байна гэхэд Рекс Олдс,
- Чи бид хоёрт тэгж санагдаж байгаа юм. Харин эндхийн хүмүүстээ бол хот юм чинь гэхэд Землок толгой сэгсэрч,
- Энд амьдрахад сайхан байж болох юм. Харин би бол хэзээ ч энд нүүж ирэхгүй гэжээ.
Седан маркийн машин явсаар банкны гадаа ирж зогсоход буугаад явсан Рекс Олдс хорин минутын дараа эргэж ирээд машинд суухдаа,
- Бүх юм цэвэрхэн байна. Бүх төлбөрийг цаг алдалгүй хийдэг гэнэ. Тэдний өрхийн дансанд долоон мянган доллар, байшингаар барьцаалсан зээлийн эрхийн бичиг байна. Доктор Эшли бол бизнесмен байж чадахааргүй зөөлөн сэтгэлтэй хүн боловч сэвтээгүй нэр хүндтэй хүн гэж банкны захирал ярьж байна.
Землок тэмдэглэлийн дэвтрээ хараад,
- Одоохон хоёр газраар ороод, солиорохоосоо өмнө соёл иргэншилтэй ертөнцөө бараадах минь гэв.

Угаас үргэлж инээмсэглэж явдаг сэтгэлд нийцтэй Дуглас Шайфер өнөөдөр орой жаахан ууртай байлаа. Эдний хоёр гэр хөзөр тоглож, Шайферийнх бүр арван мянган оноогоор хожигдож явсан юмсанж. Энэ орой Флоренс хүүхэн дөрөвдэх удаагаа том алдаа гаргахад мань хүн хөзрөө ширээн дээр чулуудан уурлаж,
- Флоренс! Чи хэний талд тоглоод байна? Чи бид хоёр ямаршуу хожигдож явааг мэдэж байна уу, үгүй юу? гэхэд эхнэр нь жаахан балмагдаж,
- Намайг уучил. Би анхаарлаа төвлөрүүлж огт чадахгүй байна гэхэд нөхөр нь,
- Харин тийм л байна л даа хэмээн үглэв.
- Ямар нэгэн юм чиний сэтгэлийг зовоогоод байгаа юм биш биз? гэж Эдвард Эшли сонирхон асуужээ.
- Би энэ тухай ярьж болохгүй юм л даа.
Бүгд гайхан түүнийг ширтжээ.
- Энэ чинь юу гэсэн үг вэ? гэж нөхөр нь асуухад Флоренс уртаар санаа алдаж,
- Мэри, чиний тухай юмаа гэжээ.
- Миний тухай юу юм бэ?
- Чамд муу юм тохиолдоогүй биз?
- Муу юм уу? Үгүй. Чи яагаад тэгж бодоов? Гэж өөдөөс нь гөлрөн асуув.
- Би ярьж болохгүй. Би ам өгсөн байхгүй юу?
- Хэнд ам өгсөн болж байна? гэж Эдвард асуув.
- Вашингтоноос ирсэн холбооны туршуулд ам өгсөн юм. Тэр хүн өнөөдөр манайхаар ирээд, Мэрийн талаар элдэв юм шалгаагаад байсан юм. Ямар нэгэн олон улсын тагнуул хүүхний тухай асуугаад байгаа шиг сэтгэгдэл төрсөн шүү.
- Юу гэж асуугаад байха юм? гэж Эдвард шаардангүй лавлав.
- Яахав дээ, бахь байдаг л юмнууд асуусан. Төвийн сахьсан америк бүсгүй мөн үү? Сайн ээж, сайн эхнэр мөн үү? Мансууруулах бодис хэрэглэдэг үү? гээд л.
- Ямар чөтгөр хэрэгтэй болохоороо ийм юм асуудаг байнаа?
- Өө, би мэдлээ. Миний профессорын албан тушаалтай холбоотой юм байна гэж Мэри дэвэрсэн сэтгэлээр хэлсэнд Флоренс,
- Юу гэнээ? Хэмээн лавлав.
- Миний энэ албан тушаалд байх хугацаа дуусч байгаа юм. Гэтэл манай их сургууль засгийн газарт зориулж олон зүйл боловсруулдаг болохоор бүх хүмүүсийн тэгж нягтлан шалгадаг юм.
Флоренс уртаар санаа алдаж,
- Е-э бурхны аврал! Чамайг торны цаана хийх нь гэж айсан шүү гэхэд Мэри инээмсэглэж,
- Нарийндаа очиход тийм л юм даа. Би Канзасаас хаашаа ч явахгүй юм чинь гэхэд Дуглас Шайфер эхнэр рүүгээ эргэж харж,
- За ингээд энэ асуудал дууссан бол тоглолтооо үргэлжлүүлбэл ямар вэ? Чи дахиад алдаа гаргавал өвөр дээрээ суулгана шүү гэлээ.
- Амлаад л байдаг. Амлаад л байдаг.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:05 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.21.09 4:01 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
:hi: :hi: :hi: :hi: :hi:


Бүлэг 5

Англи, Эббивуд

Хурлын дарга,
- Урьдчилан сэргэмжлэх талаар тогтоосон арга хэмжээг сайн сахиарай гэж хүсэх байна. Тэмдэглэл битгий хийгээрэй. Бидний уулзалтын тухай хэнд ч хэлж болохгүй, бие биедээ хандахад зөвхөн нууц нэрийг хэрэглэнэ шүү гэв.
Арван тавдугаар зууны үед барьсан Клеймор хэмээх харшийн номын сан дотор найман хүн суужээ. Пиджакны ханцуйнаас цухуйх гар буугаар зэвсэглэсэн энгийн хувцастай хоёр харуул гадаа нь зогсож, гурав дахь харуул номын сангийн үүдэнд зогссон байв. Дээрхи найман хүн өөр өөр цагаар ирсэн байжээ.
- Манай хянан шалгагч маш чухал мэдээлэл авсан байна. Марин Гроза Румынд цэргийн эргэлт хийхээр завдаж байгаа гэнэ. Румыний армийн зарим дээгүүр тушаалтай дарга нар түүнийг дэмжихэд бэлэн байгаа гэнэ. Энэ удаад цэргийн эргэлт амжилттай болж магадгүй байна гэж хурлын дарга үргэлжлүүлэн ярихад НЭГ гэсэн нууц нэртэй хүн,
- Энэ нь манай төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлөх вэ? хэмээн лавлав.
- Энэ нь манай төлөвлөгөөг устгана. Ингэх дээр тулбал Өрнөдөд нэвтрэх дэндүү олон зам нээгдэх болно.
- Тэгвэл бид арга хэмжээ авах ёстой юм байна гэж Фрейд хэлэхэд Бальдр,
- Ямар арга хэмжээ авах билээ? хэмээн асуутал хурлын дарга,
- Бид Грозаг ална гэв.
- Энэ чинь бүтэшгүй зүйл. Ионескугийн хүмүүс түүнийг цааш нь харуулах гэж хэдэн удаа оролдоод бараагүй өнгөрсөн. Бас тэгээд энд ирээд байгаа бидний хэн ч гэсэн хүн амины хэрэгт орооцолдож болохгүй.
- Бид орооцолдохгүй юм чинь гэж дарга хэлэв.
- Тэгээд яах болж байна?
- Олон улсын хэмжээний хөлсний алуурчны нэр дээр ирсэн нууц мэдээлэл Хянан Шалгагчийн гарт орсон гэнэ.
- Өнөөх “Ахилле Лауро”-г булааж авсан Абул Аббас уу?
- Биш. Ноёд оо, энэ бол шинээр гарч ирсэн алуурчин. Түүнээс хамаагүй давуу хүн. Өөрийгөө сахиус гэж нэрлэдэг гэсэн.
- Түүний тухай огт сонсоогүй юм байна гэж Сигмунд хэлэв.
- Чухам аа чухам. Гойд сайхан тодорхойлолттой юм байна. Нууц мэдээллээс үзвэл, тэр Сахиус чинь Энэтхэгт дэгдсэн сикхүүдийн бослогод оролцож, Пуэрто-Рикогийн “Мачетерос” гэдэг алан хядагчид бас Камбожийн улаан кхемеруудад тусалж явсан. Израилийн армийн дээгүүр тушаалын дарга нарыг хорооход гар бие оролцсон учир Израильчууд түүний толгойг авчирч өгсөн хүнд хагас сая долларын шагнал өгөхөөр тогтоосон юм байна.
- Бузгай л юм байна. бид түүнийг хөлсөлж болох уу? гэж Тор асуув.
- Их шан харамж авдаг гэсэн. Хэрэв зөвшөөрвөл хоёр сая доллараар бүтнэ байх.
Фрейр исгэрэх авиа гаргаснаа болиод мөрөө хавчиж,
- Үүнийг аргалж болно. Ерөнхий сангаас мөнгө авъя л даа гэхэд,
- Тэр Сахиустай чиньяаж холбоо барих болж байна? гэж Сигмунд асуулаа.
- Бүх контрактыг түний нууц амраг Неуса Муньес гэгчээр дамжуулж хийдэг гэнэ.
- Түүнийг яаж олох билээ?
- Тэр хүүхэн Аргентинд аж төрдөг гэсэн. Сахиус түүнд Буэнос-Айресын нэг байшинг худалдаж авч өгсөн гэнэ лээ.
- Бид цаашид яаж ажиллах болж байна? хэн түүнтэй холбоо барих билээ? гэж Тор асуулаа.
- Гарри Ланц гэдэг хүнийг Хянан Шалгагч санал болгосон.
- Дуулсан нэр байх чинь.
Хурлын дарга хөндий дуугаар,
- Тиймээ, түүний тухай сонинууд бичиж байсан л даа. Гарри Ланц бол шаарлагдсан хүн. Мансууруулах бодис борлуулах хувийн сүлжээ байгуулсны төлөө түүнийг ТТГ-аас хөөсөн юм. тэр хүн тэнд ажиллаж байхдаа Латин Америкаар очиж байсан. Их сайн холбоочин болж чадна байх. Одоо саналаа хураая. Сахиусыг хөлслөн авахын төлөө байгаа хүмүүс гараа өргөнө үү гэв.
Засч янзалсан хумстай найман гар агаарт цойлон босоход хурлын дарга,
- Энэ санал батлагдлаа. Хурал хаасныг мэдэгдэе. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар битгий мартаарай, таминь гэжээ.

Даваа гаригт Лэсли Хэнсон гэдэг цагдаа харшийн хүлэмжинд очжээ. Тэр бол түүгээр очих эрхтэй хүн аж. Тэр цагдаа хожим нь дарга нартаа тайлбарласныг үзвэл, ганцаараа явааагүй юмсанж. Хүлэмжийн дотор дулаахан байсан бөгөөд түүний найз хөдөө нутгийн сайхан биетэй бүсгүй Эмми хээрийн цайллаганд хэрэглэх юм хийх сагс авч явах талаар цагдааг ятган инээн байж,
- Чи идэж уух юм авч ирээрэй. Амтат зуушийг би хангана гэсэн байжээ.
“Амтат зууш” гэдэг нь зуун ерэн таван сантиметр өндөр нуруу, сайхан хөх, зөвхөн мөрөөдөж баймаар сайхан гуятай бүсгүй ажээ.
Гай болоход “Амтат зууш”-аар тансаглан жаргах үеэр харшийхн гулдан хаалгаар гарч ирсэн лимузин машин цагдаагийн анхаарлыг сарниулжээ.
- Чөтгөр ав даа. Даваа гаригт энэ харш хаалттай байдаг юм шүү дээ гэж цагдаа үглэхэд,
- Битгий болиорой гээд л хүүхэн халаглаж байв.
- Хаанаас даа, жаахан хонгор минь.
Хорин минутын дараа нөгөө харшаас бас нэг лимузин гарч ирэхийг сайхь цагдаа сонсчээ. Энэ удаад түүний сониуч зан нь давамгайлж, цонхны тэнд очоод харвал зорчигчид нь үл харагдах өнгө бууруулсан шилтэй, засгийн газрын лимузин харагджээ.
- Хайрт минь, чи хаачив аа? гээд л Эмми дуудаад байдаг.
- Одоохон очлоо. Харшид ямар хүн ирснийг огт ойлгохгүй юм. Энэ харш өнөөдөр хаалттай байх учиртай шүү дээ.
- Чи бушуулахгүй бол миний хамаг юм хаагдлаа шүү.
Дахиад хорин минут өнгөрч байтал гурав дахь машин гулдан хаалгаар гарч ирэхэд цагдаа хүний зөн совин нь янаг дурлалын тачаалыг давамгайлжээ. Харсаар байтал хоорондоо хорь хорин минутын зайтайгаар засгийн газрын таван лимузин гарч явахыг тоолжээ. Урдуураа хөндлөн явсан бугыг гаргах гэж нэг машин түр тооромсоглоход дугаарыг нь тэмдэглэн авч байгааг хараад гомдсон Эмми хүүхэн,
- Өнөөдөр чинь амралтын өдөр шүү дээ хэмээн гомдоллоход сайхь цагдаа,
- Энд нэг ноцтой юм болоод байна гэжээ.
Харин энэ талаар дарга нартаа илтгэх эсэх талаар эргэлзэж байжээ.
- Ингэхэд та Клеймор харшид юу хийж байсан билээ? гэж түрүүч Твилл ширүүхэн асуужээ.
- Харшийн төгөлдөр сайхан үзэмжийг сонирхох гэж явсан юм.
- Тэр чинь хаалттай байгаа шүү дээ.
- Тиймээ, эрхэм минь. Харин хүлэм онгорхой байсан.
- Тэгэхлээр та хүлэмжийг сонирхох гэсэн юм биз дээ?
- Тийм.
- Мэдээж ганцаар явсан биз дээ?
- Харин үнэнийг хэлэхэд...
- Бурхныг бодож дэлгэрэнгүй ярьсны хэрэггүй, цагдаа минь. Тэр машинууд яагаад танд сэжигтэй санагдсан юм бэ?
- Тэд нар нэг л хачин байсан.
- Бодол машин нь биш жолооч нар нь хачин байсан биздээ?
- Тэгэлгүй дээ, эрхэм ээ. Жолооч нар нь хачин болгоомжтой байсан. Хоорондоо хорь хорин минутын зайтай явцгаасан.
- Хэд хэдэн мянгаар тоологдох элдэв шалтгаан байж болохыг та мэдэж байгаа даа. Харин тэнд байх шалтгаан ганц танд л байгаагүй байх.
- Тийм ээ, эрхэм ээ. Харин би энэ тухай танд илтгэх хэрэгтэй гэж үзсэн юм.
- Та тэр дугаарыг тэмдэглэж авсан уу?
- Авсан.
Мань түрүүч онч мэргэн үгээр яриагаа төгсгөхөөр шийдэж,
- За яахав. Та шилэн харшийн дотор байгаа бол бусад хүмүүс рүү чулуугаар шидсэний хэрэггүй гэдгийг санаж яваарай гэж хэлсэндээ сүрхий урамшжээ.

“Интеллиженс сервис”-ийн төв байранд английн нууц албаны нэгэ хэлтсийн дарга, гурил шиг царайтай Алекс Хайдуайттай байцаагч Пакула уулзжээ.
Эрхэм Алекс инээмсэглэн,
- Та надад хандсан чинь зөв байна. Хэвлэлийнхнээс далдуур хатан хааны гэр бүлийнхнийг харшид зочлуулах шиг хэцүү юм байхгүй гэж бодож байна гэхэд байцаагч,
- Танд явдал удсанд өршөөгөөрэй гэж хэлээд суудлаасаа босов.
- Яалаа гэж дээ, байцаагч минь. Энэ чинь та маш сайн ажилласныг нотолж байгаа юм. Тэр цагдааг хэн гэсэн билээ?
- Хэнсон. Лэсли Хэнсон гэдэг юм, эрхэм ээ.

Пакула гарч үүд хаахын хамт эрхэм Алекс Хайдуайт улаан өнгийн утасны харилцуурыг авч,
- Би Бальдрт зориулсан мэдээ өгөх гэсэн юм. Бидэнд яльгүй асуудал гараад байна. Дараагийн уулзалтаар дэлгэрэнгүй тайлбарлая. Одоохондоо гурван хүний ажлын байрны сэлгээ хиймээр байна. Цагдаагийн газрын түрүүч Твилл, байцаагч Пакула, цагдаа Лэсли Хэнсон гурав дээр. Энэ хэдийг Лондонгоос аль болох зайдуу газарт өөр өөр хугацаанд өөр өөр газар руу шилжүүлээрэй. Би Хянан Шалгагчид мэдээлнэ, цаашид яах талаар түүнээс заалт ирж магадгүй гэв.

Гүн шөнийн харанхуйгаар утасны хонх дуугарч Нью-Йоркийн нэг зочид буудлын өрөөнд унтаж байсан Гарри Ланцыг сэрээжээ.
“Ямар чөтгөр нь байх билээ” гэж бодоод сэрүүлэгтэй цагаа хальт харан харилцуурыг авч,
- Ямар маанаг нь өглөөний дөрвөн цагт утасддаг байнаа, хэн бэ? хэмээн зандрав.
Утасны харилцуураар бүдэгхэн дуу гарахыг сонссон Ланц гэнэт өндийн сууж, зүрх нь хүчтэй цохилон,
- Тийм байна, эрхэм ээ. Тийм ээ... Би хувийн ажлаа хойш тавьж болно гээд харилцуурыг чагнаж удтал сууснаа,
- Тийм ээ, би ойлгож байна. Эхний онгоцоор Буэнос-Айрес руу нисье. Танд баярлалаа, эрхэм ээ гээд харилцуурыг өлгөж янжуур асаан татахад хоёр гар нь чичирч байв.
Дөнгөж сая утсаар ярьсан хүн бол энэ дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг бөгөөд Гарригаар хийлгэх юм нь ердөө л... “Энэ ямар учиртай юм бэ, чөтгөр авмар? Ямар нэг томоохон юм байж таарлаа” гэж Гарри Ланц бодов. Нэг хүнд бяцхан зүйлийг дамжуулсныхаа төлөө тавин мянган доллар төлөхийг амлажээ. Дахиад Аргентин оронд очих нь юутай сайхан бэ. Гарри Ланц Өмнөд Америкийн бүсгүйчүүдийг таалдаг болохоор арав гаруй Аргентин таних билээ. Тэднийг талхаар тэжээхийн оронд загас наадуулаад өгвөл болох нь тэр.
Өнөөдөр их сайхан өдөр болжээ.
Өглөөний есөн цаг болоход Ланц утасны харилцуурыг авч “Аэролинеас Аргентинас” компанийн утсанд холбогдон,
- Өнөөдөр танайхаас Буэнос-Айрес орох эхний онгоц хэдэн цагт нисэх вэ? хэмээн лавлав.

Маргааш нь оройн таван цаг болж байхад “Боинг-747” онгоц Буэнос-Айресын нисэх онгоцны буудалд газардлаа. Нислэг удаан үргэлжилсэн боловч аман илгээлт дамжуулаад тавин мянган доллар авахаар яваа Гарри Ланц огт анзаарсангүй өнгөрөөжээ. Онгоцны дугуй бетон замыг шүргэхэд түүний сэтгэл бага зэрэг дэврэн хөөрсөн байв. Аргентинд ирээгүй бараг таван жил болсон Ланцад хуучны андуудтайгаа уулзах нь их сайхан байжээ.
Онгоцноос буухын хамт бүгчим халуунд бүтэж үхэх шахсан сайхь эр “Энд зун байгаа юм чинь арга байж уу” хэмээн бодов.
Хөлсний тэргэнд суугаад хот орох замдаа олон байшингийн хана туурганы чимэг болсон “Plebiscito las pelotaa” (Бүх нийтийн санал асуулгыг чөтгөр автугай), “Mititares asesinos” (Цэргийнхэн бол алуурчид), “Tenemos hambre” (Бид хооллохыг хүсч байна), “Marihuana libre, droca sexo y mucho rock” (Мансууруулах бодис, секс, рокн-н-ролл), “Juicio y castigo a los culpables” (Гэм буруутныг яллан цээрлүүлье) гэх мэтийн бичгүүд өөрчлөгдөөгүй хэвээрээ байхыг үзээд ихэд гайхжээ.
Тийм ээ, энд эргэж ирэхэд сайхан байна.
Өдөр дундын амралт дууссан цаг байсан болохоор гудамж дүүрэн хүнтэй байх ажээ. Хөлсний тэрэг явсаар баррис Норте хэмээх тансаг дүүргийн төвд байх “Эль Конкистадор” буудлын гадаа ирж зогсоход Ланц нэг сая писогийн дэвсгэрт гаргаж жолоочид өгөөд,
- Хариултыг өөрөө аваарай гэсэн нь түүнийг юман чинээнд бодоогүйн илрэл байжээ.
Зочид буудлын нүсэр том танхимд орж очоод “Буэнос-Айрес геральд”, “Ла пренса” сонин худалдаж авсны дараа эрхлэгчийн туслах нь өөрийн биеэр өрөөнд нь хүргэж өглөө. Унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо, агаар солигч, зурагттай байр нь өдөрт жаран долларын хөлстэй юм байна. “Вашингтонд ийм байранд орвол тав дахин их мөнгө саана даа. Маргааш Неуса Муньестэй уулзаж авсны дараа хэдэн өдөр сайхан наргина даа” гэж Ланц бодож байлаа.
Гэтэл хоёр долоо хоногийн турш хайсны эцэст арай чүү гэж Неуса Муньесийг олжээ.
Эрлийн ажлаа утасны лавлахаас эхэлж, давын өмнө Ареа Конститусьон, Пласа Сан-Мартин, Баррио Норте, Кателинас Норте зэрэг төвинй дүүргүүдэд шалгасан боловч Неуса Муньес олдсонгүй. Баия Бланка,Мар дель Плата зэрэг дүүргүүдэд бас байсангүй.
“Чөтгөр авмар чиньхаана суудаг байж болох вэ?” гэж бодсон ланц гудамжаар тэнэж, танил хүмүүстэй уулзсаар байлаа.
“Ла Бьела” зоогийн газарт орж очиход эзэн нь дуу алдан,
- Хүүе Ланц гуай! Таныг алагдсан гэж бодсон юмсан хэмээн угтахад Ланц жуумалзан инээмсэглэж,
- Тэр үнэн шүү. Гэлээ ч гэсэн Антонио чамайг маш их санасан учир эргэж ирэхээр шийдлээ гэжээ.
- Ямар хэргээр Буэнос-Айрест хүрээд ирэв?
- Бм нэг танил хүүхнээ олох санаатай ирсэн. Бид хоёр гэрлэх гэсэн юм, гэтэл тэднийх нүүчихээд би хаяггүй хоцорсон юм. Түүний нэр нь Нуеса Муньес.
Зоогийн газрын эзэн шилэн хүзүүгээ маажиж,
- Тийм хүний тухай огт сонсоогүй юм байна. Уучлаарай гэв.
- Сураг тавьж байгаарай. Мэдэх хүн таарч юун магад.
- Тэгье л дээ.

Дараа нь цагдаагийн газарт ажилладаг нэг танилтайгаа уулзжээ.
- Ланц! Гарри Ланц! Чи чинь хаанаас гараад ирэв?
- Сайн уу, Хорхе. Чамтай уулзахад сайхан байна.
- Чамайг ТТГ-аас хөөгдсөн гэж сонссон юм байна.
- Юу ярина вэ? намайг үлдээч гэж гуйгаад байхад нь гарахаар шийдсэн байхгүй юу гэж Ланц инээд алдан хариулав.
- Тийм үү? Одоо юу хийж байна даа?
- Би хувиараа мөрдөх агентлаг нээсэн. Тэгээд л Буэнос-Айрест ирлээ хө. Нэг хүн охиндоо баахан мөнгө үлдээгээд өчигдөр нас барчихсан юм. Тэгээд тэр охиныг олох гэж яваа нь энэ. Тэр хүүхэн Буэнос-Айресын хаа нэгтээ аж төрдөг гэхээс илүү мэдэх юм алга.
- Хэн гэдэг хүн бэ?
- Неуса Муньес.
- Түр хүлээгээрэй.
“Түр хүлээгээрэй” нь хагас цаг үргэлжилсний эцэст
- Би юугаарч тусалж чадахгүй юм байна. Уучлаарай. Архив, компьютерийн алинд ч алга.
- Одоо яая гэхэв. Сураг чимээ гарвал би “Эль Конкистадор”-т буусан шүү.
- Зүйтэй.

Одоо бааруудаар явах ээлж болжээ. Хуучны сайн мэдэх “Пепе Гонсалес”, “Кафе Табак” мэтийн газраар оржээ.
“Оройн мэнд. Би Америкаас ирсэн хүн абйна. Неуса Муньес гэдэг эмэгтэйг эрж явна”
“Та өршөөгөөрэй. Тийм хүн танихгүй юм байна”
Тийм бүсгүйн тухай сонссон амьтан үгүй тул газар болгоноос ижижл хариулт дуулж явлаа.
Тэгэхээр нь Гарри Ланц зангуугаа буулган зогссон олон хөлөг онгоц бүхий Ла Бока хэмээх усан замын буудлын газрыг зорьжээ. Тэнд ч гэсэн Неуса Муньесийн тухай сураг дуулсан хүн байсангүй. Шал дэмий цаг барж байна даа гэж Гарри Ланц анх удаа боджээ.

Флоресты гэдэг дүүргийн “Пилар” хэмээх жижиг баараар ороход азын тэнгэр ивээжээ. Баасан гариг байсан тул ажилчдаар пиг дүүрсэн байлаа. Ланц, бармен завтай болохыг хүлээж арваад минут болохдоо яриа эхлэх үгээ олж амжаагүй байтал бармен түүний яриаг тасалж,
-Неуса Муньес гэв үү? Би таних юм байна. Түнтэй ярилцмаар байгаа бол маргааш шөнийн арван хоёр цагийн алдад энд хүрээд ирээрэй гэжээ.
Гарри Ланц дараа өдөр нь арван нэгэн цагийн орчим “Пилар” бааранд ирж, тэнд хүмүүс нэмэгдсээр байхыг ажиглаж суухдаа цагийн зүү арван хоёрт дөхөхийн хирээр улам бачимдсаар байжээ. Тэр ирэхгүй бол яана? Өөр Неуса Муньес байвал яах билээ?
Хэдэн хүүхэн орж ирээд эрчүүд суусан ширээнд суухыг харж байхдаа “Ирэх ёстой доо. Тэр хүүхэн ирэхгүй бол мний тавин мянган доллар өнгөрнө гэсэн үг” хэмээн бодож байлаа.
Ямаршуу янзын хүүхэн байх нь түүнд сонин байжээ. Бодвол хосгүй гос амьтан байгаа биз. Нэг залуугийн бодийг хөтөлсний төлөө түүнд хоёр сая долларын шагналыг санал болгох учиртай. Тэгэхлээр Сахиус нь сая сая долларт умбаж явдаг хүн байж таарна. Тийм хүн чинь хамгийн ганган нууц амрагтай байлгүй яахав. Хичнээн ч нууц амрагтай байж болох юм чинь. Чөтгөр ав гэж! Тэр Неуса нь загвар өмсөгч юм уу фотомодель байх шүү. Би энэ хотыг орхиод явахын өмнө түнтэй жаахан цэнгэх аз тохиох ч юм бил үү. Ашигтай таатай хоёр юмыг хослуулах хэрэгтэй” гэж Гарри Ланц бодож байлаа.
Баарын үүд онгойход Ланц өнгийж харвал муухай царайтай, алхах тоолонгоор хоёр хөх нь цэлхэлзсэн дөч эргэм насны хүүхэн орж ирлээ. Цагаан бурхны сорвиор дүүрсэн нүүртэй. Үсээ цагаан өнгөөр будсан хэдий ч боровтор өнгийн арьстай байгаа үзвэл эрлийз хүн бөгөөд өвөг дээдсийн хэн нэгэн хүн нь индиан хүн байсан бололтой. Насандаа огт таараагүй оготор банзал, битүү захтай цамц өмссөнийг хараад “Хөгшин янхан байна. Түүнтэй унтахыг хүсэх хүн олдох юм уу?” гэж Ланц боджээ.
Тэр хүүхэн амьгүй юм шиг гөлрөн, таньдаг хүмүүстээ толгой дохин явсаар баарны лангууны тэнд очиж бузгай Испани аялгатайгаар,
- Намайг ромоор дайлаач гэдэг байна.
Ойроос харахад ой гутмаар муухай амьтан байх тул “Дутуу саасан үнээ царайлсан, архины донтой завхай эм байна” гэж Ланц боджээ.
- Наанаасаа холд.
- Чи намайг сураглаад байна гэсэн. Надад Эстебан хэлсэн юмсан.
Ланц түүнийг гөлрөн ширтэж,
- Хэн хэлж байгаа юм? гэлээ.
- Эстебан. Яагаав бармен.
Гарри Ланц нүдэндээ итгэж чадсангүй.
- Андуурсан байлгүй. Би чинь Неуса Муньесийг хайж яваа хүн.
- Si. Yo soy Neusa Munez.
“Чөтгөр аваасай билээ. Энэ чинь биш байна.” гээд л Ланц өөрийгөө харааж гарлаа.
- Чи Сахиусын найз мөн үү?
- Тийм гэж согтуу царайлан мушилзах аядав.
Гарри Ланц аажуухан сэхээ авч инээх аядаад,
- Мөн мөн. Хоёулаа ширээнд суугаад ярилцах уу? гэвэл тоосон шинжгүй,
- Тэгье гээд толгой дохисон болов.
Тэр хоёр утаа манарсан танхим дундуур явж ширээнд суусны дараа Гарри Ланц,
- Миний ярих гэсэн юм бол... гэтэл
- Би ром уумаар байна гэхэд нь Ланц толгой дохиж,
- Уулгүй яахав гэв.
Тос болсон хормогчтой хоол зөөгч хүрч ирэхэд Ланц,
- Нэг ром, содоор найруулсан виски авъя гэтэл Неуса хажуунаас нь,
- Хоёр хувь ром гэж нэмж хэлэв.
Хоол зөөгч явсны дараа Ланц,
- Би Сахиустай уулзах хэрэгтэй байна гэвэл өнөөх хүүхэн ус гүйлгэсэн нүдээр гөлрөн,
- Яах гээв? гэхэд нь Ланц дуугаа намган,
- Би түүнд бэлэг авчирсан юм гэлээ.
- Тийм үү? Ямар бэлэг вэ?
Хоол зөөгч уух юм авчирсан тул Гарри Ланц хундагаа өргөж,
- Хоёр сая доллар. Чиний эрүүл мэндийн төлөө гэтэл өнөөх хүүхэн нэг амьсгаагаар аягаа хоослоод,
- А-ан. Чи яагаад Сахиуст хоёр сая доллар өгөх гээд байгаа юм бэ? гэлээ.
- Би энэ талаар түүнтэй биеэр уулзаж байгаад ярина.
- Тэр бүтэхгүй. Сахиус хэнтэй ч ярьдаггүй юм.
- Аан гэж бай. Хоёр сая долларын төлөө...
- Бас нэг ром захиалаарай. Хоёр хувиар шүү.
“Тэнгэр минь, энэ хог одоо тасрана даа” хэмээн бодсон Ланц хоол зөөгчийг дуудаж захиалга өгөөд,
- Захиалалгүй яахав. Чи Сахиусыг таньдаг болоод удаж байна уу? гэж үл хайхарсан дүр үзүүлэн асуухад өнөөх нь мөрөө хавчиж,
- А-ан гэх төдий болов.
- Тэр чинь сонин эр байх даа?
Ширээний тавцан гөлрөн суух Неусаг Ланц хараад “Байшингийн туургатай ярьснаас ялгах юм алга” гэж бодож суутал хоол зөөгч ром авч ирэхэд шүүрч аваад ганц хөнтөрч орхилоо.
“Үхэр шиг биетэй, гахай шиг авиртай новш”.
- За тэгээд би Сахиустай хэзээ уулзаж болох вэ?
Неуса ширээний араас арай чамай босохдоо,
- Тэр хэнтэй ч ярьдаггүй хүн гэдгийг чи сонссон. Гүйцээ гэхэд нь Ланц тэвдэж,
- Хөөе! Түр хүлээгээч! Битгий яваач! Гэвэл,
- Чамд юу хэрэгтэй юм бэ гэхлээр,
- Суугаач. Би юу хэрэгтэй байгаагаа хэлье гэж зугуухан хэлбэл мань бүсгүй сандалд лагхийн унаж,
- Ром авчруул гэх нь тэр.
Гарри Ланц мэл гайхаж, Сахиус гэдэг чинь ямаршуу эр вэ? Найз бүсгүй нь гэхэл өмнөд америк даяар хамгийн завхай эмээр барахгүй бас улаан архичин байх юм гэж дотроо бодлоо. Ланц бол архитай хольж ажил төрөл ярих дургүй хүн. Гэтэл тавин мянган доллараа алдах гээд байдаг. Неуса ром шимж суухыг хараад, надтай уулзахаасаа өмнө хичнээн уусан бол? гэж бодоод инээмсэглэн,
- Неуса, би Сахиустай ярилцаж чадахгүй юм бол түүнтэй ажил төрлийн талаар яаж тохиролцох болж байна? гэж асуулаа.
- Энэ амархаан. Чи хэрэгтэй юмаа надад хэл. Би Сахиуст хэлнэ. “За” гэвэл би чамд “За” гэж хэлнэ. “Үгүй” гэж хэлбэл би чамд “Үгүй” гэж хэлнэ.
Гарри Ланц түүнийг холбоочны үүрэг гүйцэтгэж чадна гэж бодоогүй боловч өөр арга даанч байсангүй.
- Марин Гроза гэж ямар хүн байдгийг мэдэх үү?
- Мэдэхгүй.
Ром архины марк биш юм чинь энэ маанаг яаж мэдэх билээ. Энэ муу согтуу толгой хамаг юмыг хольж хутгаад ажил нурааж таарна.
- Дахиад ром авчруул.
Ланц түний бэлцгэр зөөлөн гарыг аяархан цохиж,
- Тэгэлгүй яахав гээд хоёр хувь ром захиалаад,
- Марин Гроза гэж ямар хүн байдгийг Сахиус мэдэх учиртай. Түүнд Марин Гроза гээд л хэлж орхи. Тэр чинь ойлгоно гэлээ.
- За тэгээд яах болж байна?
“Энэ муу чинь миний бодсоноос тэнэг амьтан юм. Хоёр сая доллар авсны төлөө түүнийг үнсэх ёстой биш гэдгийг ухаарах янз алга”.
- Намайг илгээсэн хүмүүс түүнийг алга болоосой гэж хүсч байгаа юм.
- Алга болно гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж хоёр нүдээ анивчин асууж байлаа.
“Тэнгэр минь!”.
- Алуулах гэсэн юм.
- А-ан гээд юу ч болоогүй юм шиг толгой дохиод хэл нь орооцолдон,
- Би Сахиусаас асууя. Хэн гэсэн билээ? гэхэд нь Ланц түүнийг боож алмаар санагдсан боловч,
- Гроза. Марин Гроза гэж хариулав.
- А-ан. Миний залуу эзгүй байгаа. Би түүнтэй утсаар яриад маргааш чамд бүгдийг хэлье. Би дахиад уумаар байна.
Ийнхүү хар дарсан зүүд шиг юм болж өнгөрөв.

Маргааш нь Гарри Ланц нөгөө ширээндээ сууж өглөөний дөрвөн цаг болж баар хаагдах хүртэл хүлэээн хэдий ч Неуса ирсэнгүй.
- Тэр хаана суудаг юм бэ? барменээс асууж үзэв.
- Хэн мэдлээ.
Тэр муу новш бүх юмыг будлиулжээ. Сахиус мэтийн мундаг гар яагаад энэ муу архичинтай орооцолддог байнаа? Би бол жинхэнэ мэргэжлийн хүн гэж өөрөөрөө бахархаж явдаг Ланц “болох”, “болохгүйг” цэгнэж үзэхгүйгээр үүрэг гүйцэтгэж яваагүй нэгэн юм. Тэрбээр лавлан сураглаж үзээд Израильчууд Сахиусын толгойг нэг сая доллараар үнэлсэн байхыг үзээд ихэд гайхжээ. Нэг сая доллар гэдэг бол насан туршдаа архидаж, залуухан шалиг хүүхнүүдтэй завхайрч явахад хангалттай мөнгө. Яалтай билээ, тавин мянган доллараа алдсаны нэгэн адил сая долларын тухай мөрөөдлөө орхих болж дээ. Сахиустай холбоо барих асуудал буруу тийшээгээ эргэв бололтой.
“Гэвч яарч болохгүй шүү. Бусад бааранд ром алга байвал хүрээд ирж магадгүй. Энэ даалгаврыг гүйцэтгэхээр зөвшөөрсөн нь дэмий юм болж дээ” гэж Ланц бодож байлаа.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:06 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.21.09 11:08 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бүлэг 6

Гарри Ланц маргааш оройн арван нэгэн цагт “Пилар” бааранд очиж хуучин ширээндээ суугаад арахис самар цөмж, хумсаа мэрэг суусаар байтал шөнийн хоёр цагт Неуса Муньес үүдээр орж ирэхийг хараад зүрх нь булгилж эхэлжээ. Хүүхэн түүний ширээг чиглэн салгалж явааг харж суутал,
- Мэнд үү гэж аман дотроо бувтнан сандал дээр палхийтэл суухад биеэ барьж ядан сандарсан Гарри,
- Яасан бэ? гэж асуухад цаадахь нь дэмий л нүдээ анивчин,
- Юу тэр вэ? гэжээ.
- Бтд нар өчигдөр энд уулзахаар болзсон шүү дээ.
- Тэгээд?
- Чамтай уулзахаар ярьж тохирсон.
- А-а. Би нэг найз хүүхэнтэйгээ кино үзсэн. Сайхан кино. Хандмаа хүүхэнд сэтгэлтэй болсон нэг амьтны тухай юм билээ.
Ланц харамсаж ядан арай л уйлсангүй. Энэ муу маанаг согтуу адгуус Сахиуст ямар хэрэгтэй юм бэ? салтаанд байдаг өнөөх юм нь цул алт юм бол уу?
- За тэгээд Сахиус юу гэж байна?
- Сахиус уу? “За” гэсэн.
Гарри Ланц дотор нь уужирч уртаар санаа алдаад,
- Гойд сайн байна гэв.
Ланц одоо энэ даалгаварыг улан доороо гишгэхэд бэлэн байлаа. Яагаад гэвэл түүнд нэг шинэ санаа төржээ. Энэ муу новш намайг Сахиусын мөрөөр оруулаад өгнө. Тэгээд би сая долларын шан хүртэнэ хэмээн санаархжээ.
- Сахиус өөр юм хэлсэн үү? хэмээн асуухад цаадахь нь анхаарлаа төвлөрүүлэх гэж оролдон хөмсөг зангидан байснаа,
- Чи хэний төлөө ажиллаж байгааг мэдмээр байна гэж Сахиус хэлсэн гэхэд нь Ланц ялан дийлэгч байдлаар,
- Энэ бол нууц гэж түүнд хэлээрэй. Би түүнийг хэлж чадахгүй гэвэл Неуса эс мэдсэн байдлаар толгой дохиод,
- Тэгвэл чамайг чөтгөр шулам руугаа тонилоорой гэж Сахиус хэлсэн гэв.
Гарри Ланц бухимдан сандарч, энэ хүүхэн одоо яваад өгвөл дахиад ирэхгүй хэмээн бодлоо.
- За ийм байна, Неуса. Би даалгавар өгсөн хүмүүстэйгээ утсаар ярих ёстой боллоо. Тэд нар зөвшөөрвөл чамд нэр хэлье. За юу?
- Энэ чинь надад падгүй.
- Чамд хамаагүй байж болох юм. Сахиуст бол тийм биш. Маргааш хариу дуулгая гэж хэлээрэй. Харин чамайг хаанаас олох билээ?
- Эндээс л олохгүй юу.
Хоол зөөгчийн авчирсан ромыг ховдоглон хөнтрөв. Ланц түүнийг боож алмаар санагджээ.
Ланц яриаг илрүүлэхээс болгоомжлох зорилгоор Калово гудамжинд байх утасны бүхээг дотроос босстой утсаар ярихад холбоо тогтоох гэж бараг бүтэн цаг хүлээжээ.
- Үгүй ээ, нэг ч нэр гаргаж болохгүй гэж чамд хэлсэн шүү гэж Хянан Шалгагч хариулжээ.
Хянан Шалгагчтай муур хулгана болж тоглох хэрэггүй байсан юм.
- Хэлсэн л дээ, эрхэм ээ. Гэтэл нэг асуудал гараад байна. Би хэний төлөө явж байгаагаа хэлэхгүй бол Сахиус зөвшөөрөхгүй гэж түүний най хүүхэн Неуса Муньес яриад байна. Би эхлээд тантай зөвлөе гэж хэлсэн нь зүйн хэрэг.
- Ямар янзын хүүхэн байна?
- Үзээрийн муухай царайтай, бөөн зовлого болсон тэнэг амьтан байна.
- Миний нэрийг гаргах нь маш аюултай.
Нөгөө мөнгө гараас нь мултарч байгааг Гарри Ланц ойлгосон учир байдгаараа махран,
- Тийм л дээ, эрхэм ээ. Ойлгож байна. Гэтэл нөгөө талаас нь аваад үзэхээр тэр Сахиус чинь амаа хавчиж чаддагаараа нэр нь сэвтээгүй хүн юм байна. Тэр хүн амаа хавчиж чаддаггүй байсан бол энэ бизнесийг эрхлээд таван минут ч амьд явж барахгүй байсан биз гэвэл шугамын нөгөө үзүүрт хэсэг зуур чимээгүй болж байснаа,
- Чиний хэлдэг зөв юм аа. Сахиуст миний нэрийг хэлж болно. Харин миний нэрийг дурсах юм уу надтай холбоо барих ёсгүй шүү. Зөвхөн чамтай ажиллах хэрэгтэй гэхэд нь баярласан Ланц бүжиг хийсэн ч бэлэн болж,
- Тийм ээ, би үүнийг түүнд дамжуулъя гэж хэлээд малийтал инээн харилцуурыг өлгөж орхиод тавин мянган доллар миний гарт орлоо, дараа нь нэг сая долларын шан хүртэнэ хэмээн боджээ.

Гарри Ланц маргааш нь Неуса Муньестэй уулзахдаа шууд хоёр хувь ром захиалж, их л хөгжилтэйгөөр,
- Бүх юм номын ёсоор болсон. Би зөвшөөрөл авсан гэлээ.
Неуса огт тоосон шинжгүй,
- Тэгээд? гэв.
Дэлхий даяар танил болсон эзнийхээ нэрийг хэлэхэд Неуса сүрхий сэтгэгдэл төрнө гэж Ланц бодсон боловч мань хүүхэн,
- Түүний тухай сонсоогүй юм байна гээд мөрөө хавчжээ.
- Неуса, энэ ажлыг аль болохоор түргэн амжуулахыг манай эзэд хүсч байгаа юм. Марин Гроза чинь Нейи хотхоны нэг байшинд...
- Хаана гэнээ?
Энэрэн нигүүлсэгч тэнгэр минь! Согтуу толгойлсон гуалингийн тайрдастай ямар нэгэн юмны тухай ярих гэж махаа идээж байна хэмээн Ланц халагласан боловч тэвчээр гарган тайлбарлахаас өөр арга байсангүй.
- Энэ чинь Парижийн хаяа хот юм л даа.
- Хоёр хувь ром авчруул.
Дахиад нэг цаг өнгөрсөн боловч Неуса уусаар л байлаа. Харин Гарри Ланц түүнийг болиулах гэж чармайсангүй. “Энэ золиг тасраад ирэхлээрээ намайг найзынхаа мөрөөр оруулаад өгнө. Бусад бүх ажил нь зөвхөн техникийн ажил төдий болно” гэж бодоод түүнийг харахад шилэн аяга руу гөлрөн суусан байв.

Сахиусыг бариад авахад ядах юмгүй. Тэр маань халуухан эр байж болох хэдий ч ухааны хувьд шалихгүй амьтан шүү.
-Сахиус хэзээ хотод орж ирэх вэ?
Неуса шил адил гөлийсөн нүдээр өөдөөс нь харж,
- Ирэх долоо хоногт гэхэд нь Ланц хүүхний гарыг зөөлөн цохьж,
- Хоёулаа танайд очвол яасан юм бэ? хэмээн аядуу зөөлөн хэлжээ.
- Тэгсэн ч яахав.
Ингээд бүх юм төлөвлөсөн ёсоор болох нь тэр. Неуса Муньес хүүхэн, Буэнос-Айресын Бельграно дүүрэгт новш нь хөглөрсөн хоёр өрөө байранд суудаг ажээ. Өрөө тасалгаагаа цэвэрлээгүй, эзэнтэйгээ таарсан байр юм байна. Сайхь бүсгүй үүдээ онгойлгохын хамт тогтож ядан гуйваж явсаар эргэнэг тийш очиж,
- Балгах уу? эж асуухад нь,
- Би уухгүй, харин чи уу л даа гэж хариулаад, шилэн аяга дүүрэн ром хөнтрөхийг хараад “Ийм жигшүүртэй завхай эмтэй энэ насандаа учирч үзээгүй юм байна. Гэвч нэг сая доллар үүнийг ганган хүүхэн болгож байгаа юм чинь” хэмээн боджээ.
Ланц эргэн тойрныг ажиглан харлаа. Сахиустай учрах түлхүүрийг олох санаатай сэтгүүлийн ширээн дээр хэвтэх хэдэн номыг авч, нэрийг нь үзээд гайхжээ. Тэнд Жоржи Амадугийн “Уулнаас буусан гал”, Габриель Гарсий Маркесийн “Зуун жилийн ганцаардал”, Антонио Сиснросын “Шөнийн муурнууд” зэрэг ном байхыг үзвэл Сахиус нь оюуны өндөр хэрэглээтэй хүн бололтой байв. Энэ хүүхэнд ийм ном байх нь юу л бол.
Ланц хүүхний хажууд очиж ямар ч галбиргүй бэлхүүсээр нь тэврэн, том хөхтэй хүүхнүүдийг огт таалдаггүй ч гэсэн тарвас шиг том хөхийг нь илэн таалж,
- Чи нүд булаам сайхан хүүхэн гэдгээ мэдэх үү? Чиний бие үнэхээр гоё юм аа гэсэнд хий гөлөрсөн бүсгүй,
- А-ан гэх аядав.
Тэгээд хүүхний бүдүүн гуяыг илж,
- Хоёулаа юу яавал ямар вэ? хэмээн шивнэх маягаар хэлжээ.
- Юу?
Нэг л болж өгөхгүй байлаа. Түүнийг яаж оронд нь оруулах талаар бодлоо. Тэр хүүхнийг гомдоовол Сахиустаа алтан хошуу хүргэж, бүх юм сүйрэх байлаа. Түүнтэй их л энхрийлсэн нялуун үгээр ярилцах гэсэн боловч өнөөх согтуу толгой нь үүнийг ухаарах сэхээгүй байжээ. Ланц яах аргаа олохгүй будилж байтал Неуса дуугарч ядан,
- Цохилцмоор байна уу? гэсэнд мань эрийн дотор уужран санаа алдан,
- Хөөрхөн хонгор минь, гойд сайхан санаа байна гэлээ.
- Унтлагын өрөөнд очъё.
Хоёр хөлөө чирэн гэлдрэх хүүхнийг даган унтлагын жижигхэн өрөөнд орлоо. Ор дэрээ хураагаагүй байх бөгөөд хаалгыг орхисон шүүгээ, хоёр сандал, дээр нь хагархай толь тавьсан эргэнэг байна. Дотор нь эрэгэтй хүний хэдэн костюм өлгөсөн шүүгээ Гарри Ланцын анхаарлыг татжээ. Неуса орон дээр очиж цамцныхаа товчийг тайлах гэж будилж сууна. Гарри өөр нөхцөлд байсан бол хүүхний дэргэд очиж хувцсыг тайлан, биеийг илж таалан, яанаг дурлалын үг чихэнд нь шивнэж байхсан. Харин Неусаг харахад дотор нь балартаж байжээ. Хүүхэн банзлаа шувталж хаяхад дотуур хувцас байсангүй. Шармай нүцгэн байгаа нь хувцастайгаасаа долоон дор муухай ажээ. Булай муухай хөх нь хөдлөх тоолонгоор савчиж, тарган гэдэс нь хөөж минчийн шалхалзах агаад хоёр бүдүүн гуя нь бөөн цэлцэгнүүр шиг харагдана.
“Ийм үзэшгүй муухай эмийг хараагүй юмсан. Гэвч энэ ажил таван минут үргэлжилнэ, харин нэг сая доллар бол мөнхөд минийх” гэж Гарри Ланц бодоод арга буюу хувцсаа тайлах болоход түүнийг хүлээсэн хүүхэн орон дээр хэвтэх нь гуалингийн тайрдсыг санагдуулжээ.
- Чамд юу хамгийн их таалагддаг вэ?
- А-ан. Шоколад. Шоколаданд дуртай.
“Ашгүй дээ. Энэ чинь бүх зүйлийг хялбарчилж өгнө”.
Тэрбээр Ланцын бодсоноос хамаагүй их согтуу байжээ. Ланц гурилын өнгөтэй бамбагар биеийг илж,
- Чи минь ёстой гоё юм аа: чи үүнийгээ мэддэг үү? гэж асуулаа.
- -А-ан.
Мань хүн гараа доошлуулан бүдүүн гуяны уулзварт байх гурвалжин хэлбэрийн үсэнд хүргэн илэх зуур,
- Неуса чи надад маш их таалагдаж байна. Чиний амьдрал хачин сонирхолтой байх даа? гэлээ.
- Юу?
- Ч Сахиусын найз хүүхэн гэдгийг л хэлж байгаа юм. Энэ чинь их сонин байж таарна. Надад Сахиусын тухай яриач.
Хүүхэн чимээгүй байх тул унтсан шиг байн гэж бодоод гараа доош ахиулан хуруугаа шургуулахад Неуса үл мэдэг хөдлөв.
- Хонгор минь битгий унтаач. Сахиусын тухай яриач. Сайхан эр биз?
- Баян. Сахиус баян хүн.
Ланцын гар зай завсаргүй хөдөлсөөр байлаа.
- Чамд сайн байдаг биз дээ?
- Тийм. Сахиус сайн хүн.
- Би ч гэсэн чамд сайн байх болно гэж зөөлөн хэлэв.
Ланцын дуу хоолой төдийгүй, хамаг юм нь зөөлхөн байжээ. Сая долларын төлөө өнөөхөө босгох хэрэгтэй байдаг. Эгч дүү Долли хүүхнүүд, тэдний тачаангуй ур чадварын талаар бодож үзлээ. Тэр хоёр хүүхэн түүний нүцгэн биеийг гар хуруу, хэл, мээмээрээ илэн таалж байсныг төсөөлөн бодоход бэлэг эрхтэн нь өндийж эхлэхийн хамт Неусаг бушуухан зайдалж хийгээд авахдаа “Тэнгэр минь, бэлэг эрхтнээ цэлцэгнүүрт шургуулснаас ялгах юм алга” хэмээн бодов.
- Чамд аятайхан байна уу? гэж Ланц асуув.
- Тийм ч юм шиг.
Түүнийг багалзуурдан алахад бэлэн байлаа. Энэ энэ дэлхийн хэдэн арван хамгийн ганган хүүхнүүд нада тэврүүлээд цэнгэл эдэлж явсан билээ. Гэтэл энэ муу тарган хог “ Тийм ч юм шиг” гэж байдаг.
Гэвч Ланц бөгсөө хөдөлгөсөөр байв.
- Сахиусын тухай цааш нь яриач. Найзууд нь ямар улсууд байдаг юм?
- Сахиуст найз байхгүй. Би л түүний ганц найз гэсэн унтаахай дуу гарав.
- Тэгэлгүй яахав, хонгор минь. Сахиус сахиус чамтай хамт суудаг юм уу, тусдаа орон байртай юм уу?
Неуса хоёр нүдээ аньж,
- Хөөе би унтмаар байна. Чи хэзээ дуусах юм бэ? гэж асуулаа.
- Би дуусчихсан гэж залж орхилоо.
- Алив тэгвэл унтая.
Ланцын уур нь дүрэлзэн бууж, хүүхний хажуугаар хэвтээд, “Сахиус яагаад зүгээр хүн шиг нууц амраг олж чадаагүй байх билээ? Насаар залуу, халуухан хүүхэн олоод авахгүй яасан юм бэ?”. Тэгсэн бол ямар ч асуудалгүйгээр мэдээлэл олоод авахсан. Энэ муу тэнэг талхийг яалтай билээ? Ингэхэд өөр арга байна гээч.
Ингээд хөдлөхгүй хэвтсээр Неусаг унтуулж орхиод сэмхэн босч, хурхиран байх усны үхрийг сэрээхгүйн тулд өлмий дээрээ гэтэн шүүгээ тийш очлоо. Тэр дотор арав гаруй костюм, биеийн тамирын хүрэм өлгөөстэй байхын гадна ёроолд нь эрэгтэй хүний зургаан хос шаахай байжээ. Нэг пиджакны товчийг тайлж шошгыг үзвэл цөмөөрөө Авенида де Платад байдаг “Эррере” гэдэг оёдлын газарт захиалж хийлгэсэн байлаа. Шаахайнуудыг бас захиалгаар хийлгэжээ. Ланц баярлан “Би одоо түүнийг олно. Оёдлын газарт Сахиусын хаяг байх учиртай. Маргааш тийшээ очиж асууж лавлая. Байз, байз асууж лавлаж болохгүй юм байна”. Дэлхийд цуутай алуурчинтай учраад байгаа болохоор ухаантай хөдлөх хэрэгтэй. Неуса намайг Сахиусын мөрөөр оруулаад өгвөл хавьгүй дээр байхсан. Тэгвэл би Моссадад ажилладаг найз нартаа түүний хаягийг шивнэж орхиод нэг сая доллараа авдаг хэрэг. Хөгшин Ланцын хуучны мятрашгүй зориг самбаа хэвээрээ байгааг Нед Тиллингаст болон түүний хамтран зүтгэгч ТТГ-ын хүмүүст үзүүлээд өгнө. Тэд нар Сахиусын олох гэж хөл хөөрцөг болж байгаа бол би түүнийг барьж чадах ганц хүн болоод байна”.
Неуса хөдлөх шиг болоход нь харвал унтаж байв. Орны дэргэд очиж харвал нүд нь аниастай байлаа. Ланц чимээгүй явж эргэнэг тийш очин Сахиусын гэрэл зургийг олох санаатай онгичиж эхэллээ. Олдсон бол ихээхэн нэмэр болох байсан хэдий ч бүтсэнгүй. Дахин орондоо орж хэвтэхэд Неуса тасралтгүй хурхирсаар байв.
Гарри Ланц арай ядан нойрсохдоо уян жижигхэн мээмтэй олон сайхан нүцгэн хүүхэн тойруулаад завиар сэлж яваагаар зүүдэлжээ.

Өглөө сэрэхэд Неуса хажууд нь алга байхыг үзээд балмагдан сандарчээ. Сахиустай уулзахаар явсан бол уу? Гал тогооны өрөөнд чимээ гарч байсан тул орноосоо бушуухан босч, хувцсаа өмсөөд очвол Неуса цахилгаан зуухны дэргэд зогсож байв.
- Өглөөний мэнд.
- Кофе уух уу? Надад өглөөний цай бэлдэх зав алга. Би болзоонд явлаа.
“Сахиустай уулзахаар явах нь гээч” хэмээн баярласнаа нуухыг хичээж хүүхнийг тэврэн,
- Тэгэлгүй яахав. Би өлсөөгүй. Орой хамтдаа хоолоё. Чи хаана очмоор байна? Би жаахан хүүхнээсээ юу ч харамлахгүй гэж хэлэхдээ “Би жүжигчнээр ажиллавал болох юм байна” гэж бодлоо.
- Хаана ч очсон яахав.
- Авенида Канголод байдаг “Чикин” гэдэг зоогийн газрыг мэдэх үү?
- Мэдэхгүй.
- Чамд таалагдана байх. Би найман цагт ирж чамайг аваад явъя. Би тэр болтол хамаг ажлаа нэг тийш болгохыг хичээе.
Уг нь Гарри Ланцад ямар ч ажил байгаагүй билээ.
- Тэгье л дээ.
Мань хүн зоригоо чангалан Неусаг үнсэхэд памбагар нойтон уруулаас нь сэжиглэн золтой л бөөлжсөнгүй.
- За тэгвэл найман цагт уулзая.
Ланц гадаа гарч хөлсний тэргэнд суухдаа Неуса намайг цонхоор харж байгаа хэмээн найдж байжээ.
- Дараагийн эргэлтэн дээр очоод баруун тийшээ эргээрэй.
Машин булан тойрохын хамт,
- Би энд бууна гэхэд нь жолооч гайхан өөдөөс нь харж,
- Та ганц байшин өнгөрөөд буух байсан юм уу? гэхлээр нь
- Тийм ээ. Би доголон хүн л дээ. Дайнаас авсан шархны гай гэж хариуллаа.
Гарри Ланц цолоочид хөлсийг төлөөд буцаж явсаар Неусагийн байшингийн ойролцоо байх тамхины мухлагт ороод тамхи татан хүлээлээ.
Неуса хорин минутын дараа гарч ирээд гудамжаар явахад Гарри Ланц зай барин сэм дагаж, далайн хөлөг мэт хөвөх хүүхнээс нүд салгалгүй харж байлаа.
Неуса Муньес огт ярсан шинжгүй явж Авенида Бельграно дэлгүүрт орж очоод худалдагчтай ярьж байхыг хараад “Сахиустай уулзах талаар ярьж байна уу?” гэж бодох зуур уг дэлгүүрийн байгаа газрыг тогтоож авлаа.
Хэдхэн минутын дараа жижигхэн боодолтой юм барьсан Неуса гарч ирээд цайны газраар орж мөхөөлдөс худалдаж аваад ямар ч зорилгогүй сэлгүүцэж яваа хүн мэт Сан-Мартин гудамжаар гэлдрэх ажээ.
“Чөтгөр ав гэж. өнөөх уулзалт яасан бэ? бас өнөөх Сахиус хаана байх билээ?”. Сахиус энүүхэн хавьд байгаа гэсэн совин татаад байсан тул түүний эзгүй байгаа гэдэгт итгэхгүй байжээ.
Нэг мэдсэн чинь Неуса алга болсон байв. Булан тойроод л алга болсон. Ланц бушуухан явж булан тойроход бараа харагдсангүй. Гудамжны хоёр талаар байх олон дэлгүүрийг ажиглаж байхдаа Неусад харагдахаас айж байлаа.
Тэгж байтал, Неуса махны мухлагт зогсож байх харагджээ. Хэнд хоол хүнс авдаг билээ? Өөртөө авдаг юм уу? өдрийн хоолон дээр хүн ирэх юм бол уу? Сахиус гэдэг нэг хүн ирэх юм биш биз? Неуса явсаар ногооны мухлагт орохыг аюулгүй зайнаас харжээ. Дараа нь түүнийг гэртээ ортол нь ажиглав. Уулзаж учирсан сэжигтэй юм гараагүй өнгөрөх шиг санагджээ.

Үүнээс хойш дөрвөн цагийн турш Неусагийн гэрийг отож байгаад Сахиус ирэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлт хийжээ. “Өнөөдөр түүнтэй цохилцохгүйгээр ам алдуулж юун магад” хэмээн бодох зуур өнгөрсөн шөнийн явдлыг эргэн бодоход дотор нь муухай болж байлаа.

Вашингтон хотод үдэш болсон байлаа. Пол Эллисон зууван танхимд сууж байлаа. өнөөдөр тун урт өдөр болж олон зөвлөлгөөн, зөвлөлийн комиссудын хуралдаан үргэлжилж ганцаар байх чөлөө огт гарсангүй. Ганцаар байх ч бас яамай. Одоо өөдөөс нь харан суусан Стэнтон Рожерс баахан ядарсан царайтай байхыг хараад ерөнхийлөгч,
- Стэн, би чамайг гэр бүлээс чинь хөндийрүүлээд байх юм даа гэлээ.
- Сүйд болоод байх юмгүй шүү, Пол.
- Гэлээ ч гэсэн Мэри Эшлийн талаар чамаас асуух гэсэн юм. Шалгах ажиллагаа ямаршуу болж байна?
- Бараг дуусч байгаа. Маргааш юм уу нөгөөдөр бүх тодорхойлолт бидний гарт орно. Одоогоор тун сайн болж байна. Тэр хүн тохирно гэж бодож байна.
- Бид түүнийг тохируулах талаар бүхнийг хийнэ. Дахиад уух уу?
- Уухгүй, баярлалаа. Одоо миний хэрэг байхгүй бол би явъя даа. өнөөдөр Барбара бид хоёр Кеннедийн Төвийн нээлтэнд очих юм.
- За за. Харин өи өнөөдөр Алисагийн аав ээжтэй уулзах гэж байгаа.
- Алисад миний мэндийг дамжуулаарай гэж Стэнтон Рожерс хэлээд босов.
- Харин чи Барбарад мэнд дамжуулаарай.
Стэнтон Рожерс гарч одоход ерөнхийлөгч, Мэри Эшлийн тухай бодоод хоцорлоо.

Орой болоход Гарри Ланц ханиндаа оройн хоолонд явахаар ирж, үүд тогшиход хариу чимээгүй байсан тул Геуса яваад өгсөн юм болбуу хэмээн цочирджээ. Хаалгыг түлхэж үзэхэд онгорхой байжээ. Сахиус намайг хүлээж байгаа юм уу? Контрактын болзлын талаар надтай биечлэн ярилцахаар ирээд байна уу? Гарри Ланц ажил хэрэгч хүний дүр эсгэн орлоо.
Тасалгаан дотор амьд амьтан байх янзгүй. Цуурайнаас өөр ямар ч хариу чмээгүй байсан тул унтлагын өрөөнд ловол шал согтуу Неуса орон дээр хөндөлдөн унтаж байлаа.
- Өөдгүй муу адгуус... гээд амаа барин чимээгүй болов. Энэ муу согтуу толгойлсон тэнэг новш чинь намайг баяжуулах эх үүсэл гэдгийг мартаж болохгүй хэмээн бодоод хүүхний мөрөн дээрээс барьж өндийлгөхөөр оролдоход мань хүн нүдээ нээж,
- Юу болоов? Гэхэд Ланц аль болох чин сэтгэлийн өнгөөр ярихыг бичээж,
- Би чиний талаар санаа зовох юм. Хэн нэгэн хүн чамайг зовоож байгаа учраас чи архи ууж байна. Би бол чиний найз. Чи надад хамаг юмаа ярьж болно. Энэ бүхэн Сахиусаас болж байгаа тийм биз дээ? гэхэд хүүхэн,
- Сахиусаас болж байгаа юм хэмээн бувтнахад Ланц тайвшруулах өнгөөр,
- Тэр бол гойд сайн залуу гэдгийг би мэднэ. Та нар ялимгүй юмнаас болж муудсан байх л даа гэв.
Хүүхнийг өндийлгөн суулгар гэж оролдсон боловч энэ нь халим загас эргүүлэхээс наанагүй байсан тул зэрэгцэн суулаа.
- Сахиусын тухай яриач. Тэр чамайг яасан бэ?
Неуса булингартсан нүдээр Ланцыг харж байснаа,
- Алив цохилцъё гэдэг байгаа.
Э-э тэнгэр минь бас нэг эцэс төгсгөлгүй шөнө өнгөрүүлэх боллоо гээч хэмээн бодсон Ланц,
- Тэгэлгүй яахав. Ёстой гоё санаа байна гэж хэлээд арга буюу тайчиж эхлэв.
Гарри Ланц өглөө сэрэхдээ шөнийн явдлыг санаж ой гутан бөөлжих шахжээ.
Неуса түүнийг гүн шөнөөр сэрээж,
- Би чамаар нэг юм хийлгэе гэж хэлээд чухам юу хүсээд байгаагаа тайлбарлажээ.
Ланц чихэндээ итгэж чадаагүй боловч түүний хэлснийг гүйцэтгэхээс өөр арга даанч байсангүй. Яагаад гэвэл хүүхнийг уурлуулж болохгүй байсан юм. Түүний хүссэн зүйл нь дэндүү шившгийн юм байсан тул “Сахиус бас ингэдэг байсан гэж үү?” хэмээн бодсон билээ. Тийм булай юм хийснээ санахад огидос хүрч байжээ.
Неуса угаалгын өрөөнд дуу аялж байгааг сонсоод түүний нүүрийг яаж харахаа мэдэхгүй байлаа. “Одоо боллоо. Сахиус хаана байгааг Неуса өнөөдөр хэлэхгүй бол оёдолчинтой очиж уулзахаас биш”.
Ланц босоод угаалгын өрөөнд орохд сайхь бүсгүй үсэндээ бигүүж ороогоод зогсож байгаа нь хэзээ хэзээнээс илүү ой гутмаар муухай харагджээ.
- Хоёулаа ярилцах хэрэгтэй байна гэж Ланц шуудхан хэлсэнд Неуса онгоцтой ус руу зааж,
- Болох л доо. Чамд ус тосчихсон байгаа. Чамайг усанд орж байх хооронд өглөөний цайны юм бэлдье гэлээ. Ланц түүнтэй ярилцахыг хичнээн хүсэх боловч хэтэрхий шавдуулж болохгүй гэдгийг ойлгож байлаа.
- Чи өндөгтэй бинд дуртай юу?
Ланцад юм идэх хүсэл огт байсангүй.
- Дуртайгаар барах уу даа.
- Би өндөгтэй бин хийхдээ их сайн. Сахиус зааж өгсөн юм. Хүүхэн үснийхээ бигүүжийг авч эхлэхэд Ланц усанд орлоо. Ланц халуун усан дотор байхдаа эргэцүүлэн бодлоо: “Гар буу олж аваад Сахиусыг өөрийн биеэр цааш харуулбал дээр юм уу. Яагаад гэхээр, үүнийг Израильчууд амжуулбал шагнал авахад бэрхшээл гарч болох юм. Би хийвэл ямар ч асуудал гарахгүй. Түүний хүүрийг хаанаас олохыг хэлж өгөөд л болоо.”
- Неуса нэг юм хэлсэн нь үсний цахилгаан хатаагуурын шуугианд дарагдан Гарри сонсож чадаагүй учир,
- Чи юу гэсэн бэ? гэж лавлан асуув.
Неуса онгоцны дэргэд очиж,
- Сахиусын өгсөн бэлгийг чамд авчирлаа гэж хэлээд хатаагуурыг усанд хаяж, Ланц эхэр татан эвхрэлдэхийг ажиглан зогслоо.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:07 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.24.09 11:16 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6324
Location: Энд
хөөх аймар хурдан хурдан нэмж байнаа :wd: . Амжилт амжилт :angel: :angel: :angel:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.25.09 2:53 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бүлэг 7

Ерөнхийлөгч Пол Эллисон Аюулгүй байдлын албанаас ирүүлсэн Мэри Эшлийн холбогдолтой мэдээллүүдийг ширээн дээрээ тавьж,
- Стэн, цөмөөрөө цэвэрхэн байна гэлээ.
- Би мэднээ. Тэр бол хамгийн бүтэлтэй нэр дэвшигч мөн гэж бодож байна. Харин төрийн департамент баяртай угтах нь юу л бол.
- Жаахан уйлж байгаад болилгүй дээ. Хамгийн гол нь биднийг сенат дэмжсэн шүү.

Их сургууль дээр байдаг Мэри Эшлийн өрөө нь жижгэвтэр бөгөөд тохилог аятайхан ажээ. Дорнод Европын орнуудын талаар хэвлэгдсэн лавламжийн номнуудыг дааж ядан тогтооно. Тавилгын зүйл гэвэл, бичгийн хуучин ширээ, хоёр ширхэг буйдан сандал, ширээний гэрэл, цонхны дэргэд тавьж дээр нь шалгалтын материалууд овоолсон жижиг ширэ мэтийн хэдхэн юм бий. Бичгийн ширээний дээд талын хананд Баолканы хойгийн гэзрын зураг, хажууд нь Мэрийн өвөг эцгийн хуучирсан гэрэл зураг өлгөжээ. өвөө нь ердийн бус байдлаар татуулсан тэр гэрэл зургийг энэ зууны эхэн үед авсан ажээ. Мэри тэр зургийг дээдлэн хайрладаг юм. Учир нь, чухамдаа өвөг эцэг нь Румын орныг сонирхох сонирхлыг Мэрид бий болгож өгсөн юм. Тэрбээр хатан хаан Мария, гүнж болон бусад ахайтан, английн хунтайж Альберт, Оросын хаан хоёрдугаар Александр, бусад түүхт хүмүүсийн тухай романтик түүхийг Мэрид ярьж өгдөг байжээ.
“Бидний судсан дотор бага боловч хатан хааны цус бий. Хувьсгал гараагүй бол чи гүнж болох байсан юм” гэж өвөө нь ярьдагсан.
Мэри ч энэ тухай байн байн мөрөөддөг байжээ.
\мэри шалгалтын аижл хянаж суутал үүд онгойж Хантер декан орж ирээд,
- Эшли хатагтай, өглөөний мэнд. Би тантай нэг юм ярих гэсэн юмсэн гэжээ.
Декан тэдний өрөөгөөр анх удаа орж ирсэнд Мэрийн сэтгэл хөөрөн баярлаж, намайг дараагийн ээлжит хугацаанд багшийн ажилд хэвээр үлдээхээр шийдсэнээ биечлэн дуулгахаар ирсэн ганц шалтгаан байж таарна хэмээн боджээ.
- Та орж суугтун.
Хантер буйдан сандалд суулаа.
- Хичээл ямаршуу байна?
- Сайн байгаа. Энэ сайхан юмыг Эдвардад дуулгахсан хэмээн Мэри яарч байлаа. Тэр минь надаар бахархах болно. Мэри мэтийн залуу багш нарт ийм хүндэтгэл үзүүлэхгүй байх үе заримдаа гардаг ажээ.
Хантер декан тав муутай байх шиг санагджээ.
- Эшли хатагтай, танд ямар нэг базаахгүй юм тохиолдоогүй биз?
Санаанд оромгүй асуулт сонссон Мэри тулгамдан алмайрчээ.
- Вашингтоноос ирсэн хүмүүс надтай уулзаад энэ тухай асууж байсан юм аа.
Флоренс Шайферийн хэлж байсан зүйл Мэрийн толгойд цуурай болон орж ирлээ. “Мэрийн тухай элдвийн юм асуугаад байсан... Вашингтоноос ирсэн холбооны туршуул... Олон улсын тагнуул хүүхний туха йасуугаад байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн... Төвийн сахьсан америк бүсгүй мөн үү? Сайн ээж, сайн эхнэр мөн үү?...”
Тэгэхлээр профессорын албан тушаалын тухай яригдсан биш байх нь. Мэрийн хоолой дээр бөөн юм зангирлаа.
- Тэд нар миний тухай юу мэдэхийг хүссэн юм бэ?
- Таны мэргэжлийн бэлтгэлийг сонирхож байсан. Бас таны хувийн амдьралд холбогдох асуулт тавьж байсан.
- Би ойлгохгүй юм. Юу болоод байгааг үнэхээр мэдэхгүй юм. Миний мэдэж байгаагаар надад базаахгүй явдал тохиолдоогүй.
Хантерийн харц огт итгээгүй янзтай байлаа.
- Тэд нар яагаад танаас ийм юм асууж байгаагаа хэлээгүй юу?
- Хэлээгүй. Ингэхэд танд ч хэлж болохгүй гэж сануулж байсан. Гэвч би ажилтан нартаа итгэж явдаг болохоор та энэ тухай мэдэж байх ёстой гэж бодсон юм. Хэрэв танд ямар нэгэн юм тохиолдсон бол энэ тухай танаас сонсох гэсэн юм. Манай багш нар оролцсон будлиан гарвал их сургуулийн нэр хүндийг гутааж болох шүү дээ.
Аргаа барсан Мэри толгой сэгсэрч,
- Ямар учиртайг би... би үнэхэр мэдэхгүй байна гэхэд Хантер түүний өөдөөс харж нэг юм хэлмээр болсноо больж толгой дохин,
- Ийм л байна даа, Эшли хатагтай.
Мэри өрөөнөөс гарч яваа түүнийг харж байхдаа “Тэнгэр минь, би юу хийсэн байж болох билээ?” хэмээн боджээ.
Орой хоолон дээр бараг юм ярихгүй суусан Эшли маань Эрвардыг хоолоож дууссаны дараа эл сэтгэлд таагүй мэдээг ярьж өгөхөөр хүлээж байжээ. Хоёулаа элбэж байгаад ямар нэгэн юм бодож олно. Хоёр хүүхэд бас л тэсвэрлэхийн аргагүй хачин авирлаж байлаа. Бет оройн хоол идэхээс дахиад татгалзсан.
- Одоо мах иддэг хүнгүй болсон. Энэ бол агуйн хүмүүсийн зэрлэг авир. Соёл иргэншилтэй хүмүүс амьд адгуус идэхээ больсон гэж тэр хэлжээ.
- Яагаад амьд гэж байгаа юм? Энэ чинь үхсэн адгуус учраас тайван идэж үз гэж Тим үг сөргөөв.
Мэри дуу алдаж,
- Хүүхдүүд ээ, хэрүүл боль. Бет чи идэх салаатаа хийгээрэй гэхэд Тим,
- Нуга дээр очиж бэлчээрлэвэл таарах амьтан гэсэн санал дэвшүүлжээ.
Мэри хүүхний шанааны судас лугшиж,
- Тим, наад тавагтай хоолоо хараач! Эдвард аа... гэтэл утасны хонх дуугарахад Бет “Надтай ярих гэж байгаа юм” гэж хэлээд ухасхийн босч харилцуурыг аваад гунигтай дуугаар,
- Байна уу гэснээ харилцуурыг сонсохын хирээр царай нь төв болж: - Виржил үү? гээд хэдэн секунд сонссоны дараа царай нь хачин болж, - Гайгүй байлгүй гэж ундууцан хэлээд харилцуурыг шидэж, эргэж ирэн ширээний ард суув.
- Юу болоов? гэж Эдвард асуув.
- Нэг марзан эр ярьж байна. Цагаан ордноос ээжтэй ярих юм гэнээ.
- Цагаан ордноос уу? гэж Эдвард давтан асуутал утасны хонх дахин дуугарав.
Мэри босч “Би авъя” гэж хэлээд утасны дэргэд очиж,
- Байна уу гээд харилцуурыг сонсохын хирээр царай нь төв болж: -Бид нар оройн цайгаа ууж байгаа нь инээдэмтэй зүйл биш гэж бодож байна. Тэгэхлээр та... Юу гэнээ? Ерөнхийлөгч үү? гэхэд тасалгаан дотор нам чимээгүй болов. – Түр хүлээгээрэй, би... Ноён ерөнхийлөгч танд оройн мэнд хүргэе гэсэнд өрхийн бүх хүмүүс мэл гайхаж, нүд нь орой дээрээ гаран Мэрийг ширтжээ.
- За тэгэлгүй яахав, эрхэм ээ. Би таны дууг танилаа. Би... түрүүнд харилцуураа тавьсанд өршөөгээрэй. Виржил ярьж байна гэж Бет бодсон юм л даа. Тийм ээ, эрхэм ээ... Баярлалаа. Намайг юугаар томилох гэсэн гэнээ? Гээд хүүхний нүүр улайв.
Эдвард хүүхдүүдийн хамт босч утасны хажууд чоив.
- Ноён ерөнхийлөгч, эндүүрэл болсон шиг байна. Намайг Мэри Эшли гэдэг. Би Канзасын их сургуульд багшилдаг юм... Та уншсан юм уу?... Баярлалаа, эрхэм ээ. Та их найрсаг сайхан сэтгэл гаргалаа. Тиймээ, би танд итгэж явдаг. Гэлээ ч гэсэн энэ бол би тийм ажлыг... тийм шүү, эрхэм ээ. Мэдээж хэрэг, надад знэхээр таатай байна. Энэ бол үнэхээр сайхан боломж, гэтэл... Мэдлээ. Би нөхөртэйгөө ярилцаж байгаад танд утасдая. Ноён ерөнхийлөгч танд баярлалаа. За баяртай гэж хэлээд хуудас цаасан дээр утасны дугаар тэмдэглэж авав.
Мэри харилцуурыг тавиад тэндээ хөдөлж чадахгүй зогссоор байв.
- Бурхныг бодож юу болоод байгааг хэлээд өгөөч гэж Эдвард шаардахад,
- Үнэхээр ерөнхийлөгч ярьсан юм уу? гэж Тим асуув.
- Үнэхээр ерөнхийлөгч ярьсан гэхэд нь Эдвард гараас нь барьж,
- Мэри, тэр чамд юу хэлэв? Юу хүсээд байгаа юм бэ? хэмээн шалгаав.
Мэри “Ийм учиртай болоод намайг асууж сурагласан байж таарлаа” хэмээн бодож суув. Тэгээд Эдвардын өөдөөс харж,
- Ерөнхийлөгч миний бичсэн ном, бас сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийг_ уншсан гэнэ. Түүнд маш их таалагдсан гэж байна. Миний “Ардын дипломат” хөтөлбөрт бүрэн нийцэж байна гэсэн. Намайг Румын улсад суух элчин сайдаар томилох гэсэн юм гэнээ гэтэл Эдвард үл итгэсэн байдлаар,
- Чамайг уу? Яагаад? гэх нь тэр.
Мэри ч гэсэн энэ асуултыг өөртөө тавьж байсан боловч Эдвард энэ тухай бузгай намбалаг асуугаасай хэмээн хүсч байжээ. Ухаандаа очиход “ Ямар сайхан юм бэ! Чи минь гайхалтай сайхан элчин сайд болно доо!” гэж болох шүү дээ. Гэвч Эдвард бол реалист хүн. Ингэхэд яагаад намайг сонгож авах болдог билээ?
- Чамд туршлага байхгүй шүү дээ.
- Би ч мэдэж байна л даа гэж Мэри хариулав.
Энэ бүхэн үнэхээр инээдэмтэй байлаа.
- Та элчин сайд болох юм уу? Бид тэгээд Ром явах уу? гэж Тим асуув.
- Румынп очих юм.
- Румын хаана байдаг юм бэ?
Эдвард хүүхдүүдийн зүг эргэж,
- Оройн хоолоо бушуухан идэж дуусга. Аав ээж хоёрт нь ярилцах юм байна гэв.
- Бид нар санал асуултанд оролцохгүй юм уу?
- Та нар зөвлөх эрхтэй байх болно.
Эдвард Мэрийн гараас хөтлөн номын санд орж очоод өөдөөс нь харж,
- Би илжиг шиг муухай авир гаргасанд уучлаарай. Энэ бүхэн чинь гэнэт л...
- Дажгүй дээ. Эдвард, чиний хэлдэг зөв. Харин яагаад намайг сонгож авдаг билээ?
Мри авааль нөхрөө Эдвард гэж дуудсан нь түүний эгдүүцсэн шинж байлаа.
- Хайрт минь, чи агуу их элчин сайд болж чадна. Харин энэ бүхэн гэнэт пал хийтэл ороод ирдэг гээч.
Мэри аядуу зөөлөн дуугаар, - Би ерөөсөө итгэж чадахгүй юм. Үүнийг Флоренст дуулгахаар баярлаад үхэх шахуу юм болно доо гэхэд Эдвард их л анхааралтайгаар эхнэрээ харж,
- Чи үүнд үнэхээр баярлаж байна уу? гэж асуув.
- Тэгэлгүй яахав. Харин чи бол баярлахгүй байсан гэж үү?
Эдвард хэлэх үг болгоноо нягтлан сонгож ийн ярив:
- Энэ бол том хүндэтгэл. Чамайг ийм том албанд томилох ноцтой шалтгаан тэдэнд байгаа гэж бодох юм. Цаашид яах талаар хоёулаа сайтар нягтлан бодох хэрэгтэй байна.
Түүний юу хэлэх гэж байгааг мэдсэн Мэри “Эдвардын зөв юм аа. Зөв байлгүй яахав” гэж бодлоо.
- Би эмчийн ажил, өвчтөнүүдээ хаяад явж болохгүй. Би эндээ үлдэхээс өөр аргагүй. Чи минь ямар хугацаагаар явах болж байгааг мэдэхгүй юм. Гэвч энэ нь чамд их чухал байгаа бол хүхдүүд чамтай хамт явж болох юм. Би заримдаа нисээд очиж байна биз.
- Чи сиорсон шиг байна. Намайг чамгүйгээр амьдарч чадна гэж бодоо юу?
- Гэтэл тийшээ явна гэдэг чинь том хүндэтгэл шүү дээ.
- Чиний эхнэр байна гэдэг чинь бас том хүндэтгэл. Надад байгаа хамгийн үнэтэй зүйл гэвэл чи, хоёр хүүхэд минь байна. Би чамайг орхиод хаашаа ч явахгүй. Энд чам шиг сайн эмч дахиад гарахгүй, харин засгийн газар бол надаас хавьгүй давуу элчин сайдыг ядах юмгүй олоод авах юм чинь.
Нөхөр нь эхнэрээ тэврэв.
- Чи лавтай ингэж бодож байна уу?
- Би бүрэн итгэж байна. Надад ийм хүсэлт тавьсан нь бахархууштай юм. Энэ нь надад бишгүй л...
Үүд онгойж хоёр хүүхэд орж ирэхэд Бет охин,
- Дөнгөж сая Виржилд утасдаад таныг элчин сайд болно гэж хэллээ гэв.
- Дахиж утасдаад больсон гэж хэлээрэй.
- Яагаад?
- Ээж чинь эндээ үлдэхээр шийдсэн.
- Яагаад? Би Румын оронд огт очиж үзээгүй. Би ер нь хаашаа ч явж үзээгүй гэж Бет охин гоморхоход Тим өлгөн авч,
- Би ч ялгаагүй гээд Бетэд хандаж: - Бид нар энэ хотоос гарч чадахгүй гэж чамд эс хэлдэг бил үү гэтэл Мэри,
- Асуудлыг нэгэнт шийдсэн шүү гэлээ.
Мэри маргааш нь ерөнхийлөгчийн өгсөн утсаар ярилаа. Цаад улс утсаа авахын хамт,
- Мэри Эшли ярьж байна. Би ерөнхийлөгчийн туслах ... Грин гуайтай ярих гэсэн юм гэлээ.
- Одоохон, за яриарай.
Харилцуурт эрэгтэй хүний дуу гарлаа.
- Эшли хатагтай, таныг сонсож байна.
- Та миний хэлсэн үгийг ерөнхийлөгчид уламжилж өгөх үү?
- Тэгэлгүй яахав.
- Би түүний гаргасан саналд маш их баярласныг минь хэлээрэй. Харин манай нөхөр мэргэжлээр хүлээсэн үүргээсээ шалтгаалаад надтай хамт явж чадахгүй нь. Би татгалзахаас өөр аргагүй болсондоо зовж байна. Ноён ерөнхийлөгч намайг ойлгох болбуу гэж найдах юм.
- Таны хэлсэн зүйлийг уламжилъя. Эшли хатагтай танд баярлалаа гэсний дараа харилцуурт тасалдсан бүрээ дуугарав. Мэри харилцуурыг яаралгүй буцааж тавиад, нэг ажил амжууллаа, түр боловч сайхан мөрөөдлийн бэлэг хүртлээ, тиймээ, энэ бол мөрөөдлөөс цаашгүй зүйл юм “Харин энэ бол миний бодит ертөнц. Маргааш орох улстөр судлалын хичээлдээ бэлдэх нь ээлтэй юм байна” хэмээн боджээ.

Бахрейн улс, Манама

Цагаан чулуугаар барьсан энэ байшин нь хүнсний захын ойролцоо байх бусад хэдэн арван байшингаас ялгагдах юмгүй ажээ. Энэ нь “Эрх чөлөөний эх орончид” гэдэг нэрээр нийтийн танил болсон байгууллагын ажил үйлсийг дэмжиж явдаг нэг худалдаачных юм байна.
- Тэр чинь бидэнд ганц өдөр хэрэгтэй байгаа юм гэж утсаар хэлсэн байжээ.
Ингэж бүх зүйлийг зохицуулсан юмсанж. Одоо хурлын дарга ширээ тойрон суусан хүмүүст хандэж,
- Юу болсон бэ? гэж Больдр асуулаа.
- Холбоочин Гарри Ланц үхсэн байна.
- Үхсэн гэнээ? Яасан юм бол?
- Түүнийг алсан юм байна. Түүний хүүрийг Буэнос-Айресын усан тохойгоос олсон гэнэ.
- Ямар хүн ийм юм хийснийг цагдаагийн газар мэдсэн үү? цагдаагийнхан Бидний мөрөөр орж чадах эсэхийг асууж байгаа нь энэ л дээ.
- Чадахгүй. Бид бүрэн аюулгүй байдалд байгаа.
- Харин манай төлөвлөгөө яах билээ? Түүнийг хэрэгжүүлж болох уу? гэж Тор асуув.
- Одоогоор тодорхойгүй байна. Сахиустай яаж холбоо барихыг бид мэдэж авсан, харин өөрийн нэрийг түүнд хэлж болно гэж манай Хянан Шалгагч Гарри Ланцад хэлсэн юм билээ. Бидний тавьсан саналыг Сахиус сонирхож байгаа болохоор аяндаа бид нартай холбоо барьж таарна. Бид хүлээхээс өөр аргагүй боллоо.

Жанкшн-Ситийн “Дейли юнион” сонин “Мэри Эшли элчин сайдын албан тушаалаас татгалзав” гэсэн алд дэлэм том гарчигтай гарчээ.
Цашдаа Мэрийн тухай өгүүлэл болон түүний гэрэл зургуудыг хоёр баганан зурвас эзлүүлэн нийтэлжээ. Мэри Эшли ийм саналаас татгалзсан нь уг шинэ мэдээг улам сонин болгожээ. Канзас мж улсын Жанкшн-Сити хот нь тэндхийн омог бардам суугчдын бодлоор Румын улсын хувьд Бухарест ямаршуу хот байдгаас хамаагүй чухал газар гэлцэнэ.
Мэри хоршоо дэлгүүрээр орж явахдаа өөрийн нэрийг радиогоор тасралтгүй сонсож байлаа.
“...АНУ-аас Румын улсад суух элчин сайдыг томилох явдал бол “Ардын дипломат” хэмээх хөтөлбөрийн эхлэл, түүний гадаад бодлогын чиг баримжааны тулгын чулуу болох юм гэж ерөнхийлөгч Эллисон зарлан тунхагласан билээ. Мэри Эшли ийнхүү татгалзсан нь хэрхэн нөлөөлөхийг...”.
Мэри радиогоо өөр станц дээр шилжүүлэн тавьлаа.
“...доктор Эшлитэй гэр бүл болсон хүн. Хүмүүсийн ярьж байгаагаар...”.
Радиогоо унтраалаа. Өнөөдөр өглөөгүүр анд найзуд, айл хөршийн улсууд, оюутнууд, жирийн сонирхогчид гээд дөчөөд хүн утсаар ярьсан. Бас тэгээд зогсоогүй бүр Токио, Лондон хотуудаас сурвалжлагч нар утасдсан гэж байгаа. “Тэд нар үүнийг бүхэл бүтэн түүх болгон дэвэргэж байна. Түүний дэвшүүлсэн хөтөлбөрийн амжилт нь Румынээс шалтгаална гэж ерөнхийлөгч үзсэн нь миний буруу биш. Хоёр гурав хоногоос энэ шуугиан намжих биз” гэж Мэри бодож байлаа.
Шатахуун түгээх станц дээр очиж, өөрөө үйлчилдэг шахуургын хажууд очиж зогсоод машинаас бууж амжаагүй байтал түгээх станцын эзэн Блонг гуай гүйж ирээд,
- Өглөөний мэнд, Эшли хатагтай. Элчин сайд хүн өөрийн биеэр шатахуун шахах ёсгүй. Алив би хийе гэв.
- Баярлалаа. Би шахаад сурчихсан юм чинь гэж Мэри инээмсэглэн хариулжээ.
- Үгүй, үгүй. Завал би хийнэ.
Машиндаа шатахуун хийж аваад Вашингтон-стрит орж гутлын дэлгүүрийн үүдэнд зогсов.
- Өглөөний мэнд, хатагтай элчин сайд хэмээн худалдагч нь мэндлэхэд “Энэ чинь намайг залхааж эхэллээ шү” гэж дотроо бодсон Мэри,
- Өглөөний мэнд. Харин би элчин сайд биш шүү. Тимийн гутал дээр шинээр зан тавихаар болжээ гээд хос шаахай барив.
Худалдагч түүнийг авахдаа,
- Энэ чинь түрүү долоо хоногт бидний зассан шаахай мөн үү? гэхэд Мэри санаа алдан,
- Тэрний түрүү долоо хоногт бас сэлбүүлсэн шүү дээ гэж хариулав.
Дараа нь супермаркет дэлгүүрээр ороход бэлэн хувцасны тасгийн эрхлэгч Хэкер ахайтан,
- Радиогоор ганц таны тухай л ярьдаг боллоо. Хатагтай элчин сайд та манай Жхкшн-Сити хотыг алдаршууллаа гэхэд нь Мэри тэвчээр гарган учирлаж,
- Би элчин сайд биш шүү дээ. Татгалзсан юм чинь гэж үзлээ.
- Харин би хэлээд байна шүү дээ.
Цааш нь маргаад хэрэггүй байлаа.
- Бет өмсмөөр жийнсэн өмд хэрэгтэй юмсан. Бөххөн юм байвал зүгээр байх юм.
- Охин чинь хэдэн настай билээ? Арав бил үү?
- Арван хоёртой.
- Бурхан минь, одоо чинь хүүхдүүд хурдан өсдөг болжээ. Нүд ирмэхийн хооронд том хүн болчих юм.
- Бет чинь том биетэй төрсөн хүүхэд.
- Тим яаж байна даа?
- Бетээс ялгах юмгүй.
Мэри хоршоо дэлгүүрээр явахдаа хоёр дахин их цаг зарцуулдаг болжээ. Хүн болгон ярьж хөөрөх гээд л байх юм. Ойр байх хөнгөн хүнсний мухлагт орж, барааны шошго үзээд зогсож байтал тэндхийн эзэн Дилон ахайтан хүрч ирээд,
- Өглөөний мэнд хэмээн мэндлэв.
- Өглөөний мэнд, Дилон ахайтан. Өглөөний цайн дээр хэрэглэмээр юу ч үгүй юм байна уу?
- Яалаа гэнээ?
Мэри барааны жагсаалт үзлээ.
- Хиймэл будаг, натрий, өөх тос, амтлагчгүй юм л хэрэгтэй байна.
Дилон ахайтан бас жагсаалтыг үзэж,
- Анагаах ухааны ямар нэгэн туршилтанд хэрэглэх юм уу? гэв.
- За даа, тйимэрхүү л юм даа. Бетэд авч байгаа юм. Тэр минь заавал натураль хүнс хэрэглэх гэнээ.
- Түүнийг ногоон дээр аваачиж бэлчээвэл яасан юм бэ?
Мэри лаазалсан юм авч шошгыг үзээд,
- Миний хүү бас тэгж хэлсэн. Миний буруугаас л болж байгаа юм. Ном уншиж сургадаггүй байж гэжээ.
Мэри гэртээ харихаар машинаа жолоодон болгоомжтой явлаа. Хүйтэн нь гайгүй ч гэсэн хуйхардсан салхи үлээж, бүх юм цасанд дараастай байх тул ноднин жил өндөр хүчдэлийн шугамын утас мөстөн хөлдөж бараг бүтэн долоо хоногийн турш гэрэлгүй байсныг саналаа. Эдвард тэр хоёр шөнө болгон загас наадуулж байснаа санаж “Энэ өвөл бас л аз тохиох биз” хэмээн бодоод инээмсэглэв.
Мэрийг гэртээ ирэхэд Эдвард эмнэлгээс эргэж ирээгүй, Тим зурагт үзээд сууж байжээ. Мэри идэх уух юмаа цааш тавьж орхиод цонхны дэргэд очиж,
- Чи гэрийн даалгавар хийх хэрэггүй юм уу, хаашаа юм гэлээ.
- Хийж чадахгүй юм.
- Яагаад тэр билээ?
- Ойлгохгүй юм чинь.
- Зурагтын өмнө суугаад байвал ву ч ойлгохгүй дээ. алив, номоо аваад ир.
Тим хүү тавдугаар ангийн тооны ном авч өгөхдөө,
- Ёстой тэнэг бодлогууд юм билээ гэв.
- Тэнэг бодлого байдаггүй юм, тэнэг сурагч байдаг юм. алив хоёулаа үзье.
Мэри өгүүлбэртэй бодлогыг уншлаа:
- Зуун дөчин есөн зорчигч суулгасан галт тэрэг Миннеаполисоос гарчээ. Атланта хотоос корчигчид нэмж суухад нийт хоёр зуун хорин гурван зорчигч болжээ. Атланта хотоос хэдэн зорчигч нэмж суусан бэ? Энэ чинь ядаад байх юм биш байна, Тим ээ. Хоёр зуун гучин гурваас нэг зуун дөчин есийг хасаад л болоо гээд хүүгээ харахад Тим ундууцан,
- Тийм биш ээ, тэгж бодохгүй. Тэгшитгэл зохиох хэрэгтэй. Зуун дөчин ес дээр нэмэх нь икс, тэнцэх нь хоёр зуун хорин гурав. Икс тэнцүү хоёр зуун хорин гурваас хасах нь зуун дөчин ес. Икс тэнцэх нь далан дөрөв гэхэд Мэри,
- Тэнэг бодлого байна гэж хариулжээ.
Мэри Бетийн өрөөний үүдээр өнгөрч явтал дуу шуугиан гарч байхаар нь орлоо. Охин нь шалан дээр завилж суугаад зурагт үзэж, пянз тоглуулагчаар хөгжим сонсоод гэрийн даалгавар хийж байжээ.
- Чи ийм байдалтайгаар яаж ухаан санаагаа төвлөрүүлэх юм бэ? гэж Мэри зандраад зурагтыг пянз тоглуулагчтай хамт унтраажээ.
Гайхсан Бет ээжийгээ харж,
- Та яаж байгаа юм бэ? Энэ чинь Жорж Майкл байхгүй юу гэлээ. Бетийн өрөөний хана туурга рок хөгжимчдийн зургаар дүүрчээ. Тэнд “Кисс”, Ван Хален, Мотли Крю”, Альдо Нева, Дэвид Ли Кут гэх мэтийн олон зураг өлгөжээ. Орон дээр нь залуучуудад зориулсан хөгжмийн сэтгүүл байх агад хувцас нь шалан дээр хөглөрч харагдана. Мэри энэ бүх замбараагүй юмыг дэмий л харж байснаа,
- Чи яахлаараа ингэж суудаг юм бэ? гэж асуув.
- Яаж?
- За тийм байж гээд Мэри ширээн дээр байсан дугтуйг харж
- Чи Рик Спрингфильдэд захиа бичиж байгаа юм уу? гэж асуув.
- Би түүнд дурласан юм.
- Би чамайг Жорж Майклд дурласан гэж бодож байсан юм.
- Би Жорж Майклын төлөө амь тавьж явдаг ч гэсэн Рик Спрингфильдэд дурлачихсан юм. Ээж ээ, та залуу насандаа хэн нэгний төлөө амиа тавьж явсан уу?
- Миний залууд энэ тухай боддоггүй байж дээ.
Бет санаа алдав.
- Рик Спрингфильд хүүхэд байхдаа их зовж явсныг мэдэх үү?
- Үнэнийг хэлэхэд энэ тухай огт мэдэхгүй юм байна, Бет минь.
- Ёстой аймаар шүү. Эцэг нь цэргийн хүн байсан болоод дандаа нүж явдаг байсан гэнэ лээ. Тэр чинь над шиг мах иддэггүй хүн. Гайхмаар сайн хүн дээ.
“Хоолны дэглэм гэдэг чинь ийм учиртай юм байжээ” гэж Мэри бодлоо.
- Ээж ээ, би хагас сайнд Виржилтэй хамт кино үзэж болох уу?
- Виржилтэй юу? Нөгөө Арнольд яалаа?
Бет түр зуур чимээгүй болсноо,
- Арнольд балайрах гэсэн юм билээ. Янзын донтой мьтан.
Мэри нэг хэмийн дуугаар ярихыг хичээж,
- “Балайрах” гэдэг чинь...
- Миний мээм ургаж байгаа болохоор яасан ч болно гэж хөвгүүд боддог юм билээ. Ээж та хэзээ нэгэн цагт биенээсээ ичиж явсан уу?
Мэри охиныхоо хажууд очиж тэврэн,
- Тийм шүү, охин минь. Чиний насан дээр биенээсээ их ичиж зовдог байсан гэв.
- Миний сарын тэмдэг ирж, хөх томорч, биеэр үс ургаад байгаа нь таалагдахгүй юм. Яагаад тэгдэг юм бэ?
- Энэ бол бүх охидуудад тохиолддог зүйл. Тэгэхээр чи дасах хэрэгтэй шүү.
Бет гэнэт бултан зайлж,
- Тэгэхгүй. Би хүсэхгүй байна. Би хайр дурлалын эсрэг биш ч гэсэн хэзээ ч секс хийхгүй. Арнольд, Виржил, Кевиний хэнтэй нь ч секс хийхгүй хэмээн хашгирахад Мэри,
- За яахав, чи нэгэнт тэгж шийдсэн бол яалтай билээ гэж ёслол төгөлдөр хэлжээ.
- Яг тийм шүү! Ээж ээ, таныг элчин сайд болохоосоо татгалзсан тухай хэлэхэд ерөнхийлөгч Эллисон юу гэж байна?
- Сэтгэлийн тэнхээ гаргаж хүлээж авсан. За даа, оройныхоо хоолыг бэлдэнэ байгаа.
Мэри хоол хийдээ муу, хоол хийнэ гэхээс үстэй толгой нь арзайдаг хүн. Харин бүх юм байх ёсоороо байхыг таалдаг болохоороо гал тогооны өрөөг бүр ч үзэж чаддаггүй юмсанж. Гал тогооны ажил бол битүү тойрог шиг давтагдаж байдаг ажил юм. Люсианда хүүхэн долоо хоногт гурван удаа ирж орон гэр цэвэрлэн, оройн хоол бэлдэж өгдөг нь яамай байдаг. Өнөөдөр Люсианда амардаг өдөр нь байжээ.
Эдвардыг ирэхэд гал тогооны өрөөнд хярвас болсон шоштой ноцолдож байсан Мэри цахилгаан зуухаа унтрааж Эдвардыг үнсээд,
- Сайн уу, хонгор минь. Өнөөдөр яаж шүү өнгөрөв? гэлээ.
- Ингэхэд байнаа, өнөөдөр над дээр үтрээний үрэвсэл туссан арван гуравтай охин авчрах юм.
- Бурхан минь гэж Мэри халаглан шошийг асгаад лаазтай улаан лооль задлав.
- Би Бетийн талаар санаа зовдог боллоо.
- Хэрэггүй дээ. Тэр чинь онгон чигээрээ үхнэ гэж байгаа.
Оройн хоол идэж байхад Тим,
- Аав аа, та миний төрсөн өдрөөр завины араас хөтлөгдөж гулгадаг самбар бэлэглэж чадах уу? хэмээн асуув.
- Би чиний урмыг хугалмааргүй байна, гэлээ ч гэсэн. Чи Канзаст аж төрж байгаа хүн шүү.
- Мэднэ ээ, харин Жонни намайг сургуулийн амралтаар Хавайн арал дээр хамт очъё гэж урьсан юм. Мауи гэдэг арал дээр тэдний өвөг дээдсийн жижигхэн байшин байдаг гэсэн.
- За тийм байж. Жонни наран шарлагын газарт байшинтай юм бол гулсуурын самбар байж л таараа.
Тим ээжийнхээ өөдөөс хараад,
- Би түүнтэй хамт явж болох уу? гэлээ.
- Харан байж болъё. Битгий ингэж хурдан идээч. Бет чи юу ч идсэнгүй.
Бет охин аав ээжийнхээ өөдөөсө харж,
- Энд хүн иддэг юм алга. Би та нарт нэг юм хэлье. Би нэрээ солих гэж байгаа.
- Яах нь тэр билээ? гэж Эдвард болгоомжлон асуужээ.
- Би шоу бизнес эрхлэхээр шийдсэн.
Аав ээж хоёр нь өөд өөдөөсөө харж Эдвард,
- Бурхан минь гэлээ.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:08 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.25.09 6:12 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.04.08 1:09 am
Posts: 69
goy zohiol oruulj bgaan bna amjilt husey :wd: nuhur ni l aimaar hetsuu tiime,arai ch bas huniig...

_________________
when nothing goes right,go left!


Top
   
PostPosted: Sep.25.09 9:42 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Баярлалаа :hi:

Эдвардын хувьд харин тийм ээ.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Sep.29.09 1:26 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.29.09 1:24 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
:hi: :hi: :hi:


Бүлэг 8

1965 онд томоохон будлиан дэгдэж, энэ дэлхийн нууц албуудыг сандаргасан билээ. Марокко улсын хоёрдугаар Хасан хааныг эсэргүүцэн тэмцэж байгаад Женев хотод бүгж байсан Мехди Бен Баркуг Париж хотод мэхлэн авчирч Францын нууц албаны тусламжтайгаар хөнөөсөн байна. Ийм будлиан гарсны дараа ерөнхийлөгч Шарль Де Голь тус улсын тусгай албыг ерөнхий сайдын захиргаанаас гаргаж Батлан хамгаалах яамны хяналтанд шилжүүлжээ. Чухам ийм учраас Францад улс төрийн орогнол олгосон Марин Грозагийн аюулгүй байдлыг Батлан хамгаалах яамны сайд Роллан Пасси хариуцдаг болсон юм. Нейи дахь байшинг францын цагдаа нар өдөр шөнийн хорин дөрвөн цагаар хамгаалж байсан хэдий ч гагцхүү Лев Пастернак тэр дүрвэгчийн аюулгүй байдлын талаар ажиллаж байсан нь сайдын сэтгэлийг тайвшруулдаг байжээ. Ролан Пасси тэр байшингийн дотоод аюулгүй байдалтай биечлэн танилцаад тэнд гаднаас нэвтрэн орох боломжгүй гэж бат итгэж байлаа.
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш цэргийн эргэлт гарах гэж байгаа, Марин Гроза Румынд буцаж очих бөгөөд Александру Ионескуг түлхэн унагаах, цэргийнхэн түүнийг дэмжих гэнэ гэсэн цуурхал гардаг болсон. Лев Пастернак номын сангийн хаалгыг тогшин орлоо. Номын санг ажлын өрөө болгон хэрэглэдэг Гроза толгой дээш татан Пастернакийг харахад сайхь эр,
- Хэзээ хувьсгал хийхийг амьтан болгон мэдэхийг хүсдэг боллоо гэв.
- Энэ бол манай дэлхий дээр хамгийн илэрхий болсон нууц юм. Тэвчиж байгаач гэж тэр улсдаа хэлээрэй. Лев чи надтай хамт Бухарест явах уу?
Пастернак бол Израильд буцаж очихыг хамгаас их хүсдэг нэгэн. “би бол түр ажиллаж байгаа хүн. Чамайг хөдлөх болтол ажиллана” гэж Марин Грозад хэлээд удаж байгаа билээ. “Түр” ажил нь долоо хоног, сараар сунжирсаар гурван жилийн нүүрийг үзжээ. Гэтэл одоо бас нэг шийдвэр гаргах хэрэгтэй болжээ.
“Би үхээнц дорой амьтдын ертөнц дотор байгаа агуу их, аварга хүний төлөө зүтгэх хүндэтгэл хүлээсэн хүн” гэж Лев Пастернак бодож явдаг ажээ. Лев, Марин Гроза шиг шуналыг огоорсон, мятрашгүй зоригтонтой уулзаж явсан нь үгүй билээ. Марин Грозатай ажиллаж эхэлсэн цагаас хойш түүний гэр бүл хаана байдгийг сонирхож ирсэн юм. Гроза ойр дотныхоо хүмүүсийн тухай огт ярьдагүй, харин нэг цэргийн дарга дараах зүйлийг хуучилсан билээ:
- Урвагчийн гайгаар Гроза баригдсан юм. Секуритате түүнийг барьж аваад хэд хоног эрүүдэн шүүж, нууц байдалд ажилладаг нөхдөө нэрлэвэл суллан тавина гэж амласан юм. Гроза юу ч хэлээгүй. Тэгэхлээр цаадуул нь түүний эхнэрийг арван дөрвөн настай охинтой нь хамт баривчилж, эрүү шүүлтийн өрөөнд авчирсан. Тэгээд Грозад нэг бол үгээ хэл, эсвэл эднийхээ яаж үхэхийг хараад байж бай гэсэн. Хүнд үүнээс аймшигтай юм тохиолдохыг төсөөлөх аргагүй юм. Өөрийг нь дэмждэг олон зуун хүний амийг эхнэр хүүхдийнхээ амь насаар хамгаална гэдэг чинь даанч хэцүү зүйл. Түүний гэр бүлийнхнийг тэртэй тэргүй алах болно гэсэн дүгнэлтэнд Марин Гроза хүрсэн биз гэж би боддог. Ингээд хамтран зүтгэгчдээ барьж өгөхөөс татгалзсан. Түүнийг сандалд нь барьж хүлээд, эхнэр хүүхдийг нь угсруулан хүчиндсээр байгаад үхэхийг нь харуулсан байгаа юм. Бас түүний зовлон ингээд дуусаагүй гэж байгаа. Дээр нь нэмж Грозаг агталсан юм.
- - Тэнгэр минь!
Тэр цэргийн дарга Лев Пастернакийг харж хэлсэн нь:
- Та хамгийн гол зүйлийг ойлгоосой гэж бодож байна. Марин Гроза өс хонзон авахаар Румынд очих гэж байгаа юм биш. Тэр бол ард түмэндээ эрх чөлөө олгохыг зорьж яваа хүн. Тийм явдал дахин бүү давтагдаасай гэж яваа хүн юм шүү.
Лев Пастернак тэр цагаас эхлэн Марин Грозад ажиллаж эхлэн, өдөр өнгөрөх тусам энэ хувьсгалчид хайртай болсоор байжээ. Одоо болоход Изриальд эргэж очих уу, Марин Грозаг дагаад Румын улсад очих уу гэдэг асуудлын аль нэгийг сонгох хэрэгтэй болоод байлаа.

Тэр орой Пастернак хонгилоор явж байгаад Марин Грозагийн унтлагын өрөөний үүдээр өнгөрөхөд Гроза орилж байгааг сонсоод “Өнөөдөр баасан гариг байх нь” хэмээн боджээ. Энэ өдөр янхан хүүхнүүд ирдэг байжээ. Англи, АНУ, Бразил, Япон, Тайланд болон бусад орноос аль тааралдсан хүүхнүүдийг авчирдаг байв. Тэд нар хаашаа явж, хэн дээр очихоо үл мэднэ. Тэднийг Шарль де Голийн нэрэмжит нисэх онгоцны буудал дээр угтаж аваад хэдэн цаг өнгөрсний дараа нисэх дээр аваачиж онгоцонд суулган буцаадаг байсан юм. Баасан гариг бүрийн шөнө Марин Грозагийн орилох чимээ дуулддаг байсан тул Мариныг цадиггүй завхай амьтан гэж хамаг амьтан үздэг байсан юм. Унтлагын өрөөний хаалганы цаана чухам юу болдгийг мэдэх ганц хүн бол Лев Пастернак. Янхан хүүхнүүд ирдэг нь секст огт хамаагүй зүйл байсан юм. Тэднийг нүглээ наминчлах хэрэглүүр болгон ашигладаг байлаа. Долоо хоногт нэг удаа шармай нүцгэн болтлоо тайчсан Марин Грозаг нэг янхан хүүхэн сандалд барьж хүлээд цусыг нь гоожтол ташуурдан тарчилгадаг уламжлал тогтсон байлаа. Ташуурдах тоолонгоор эхнэрийг нь охинтой нь хамт хэрхэн хүчиндэж байсныг дүрслэн бодно. Тэгээд л “Намайгаа өршөө! Би бүгдийг хэлье! Бурхан дээдэс минь намайг тэдэнд ам алдуулаач!” гээд л хашгирч гарна.

Гарри Ланцын хүүрийг олоод арав хонож арав хонож байсан тэр нэг өдөр утасны хонх дуугарчээ. Өөрийнхөө захиргаанд байдаг хүмүүстэй зөвлөлгөөн хийж байсан Хянан Шалгагчид энэ тухай дотуур холбоогоор мэдэгдэж,
- Танд саад болохгүй байхыг хүссэн талаар би мэдэж байна. Гэтэл хилийн цаанаас утасдаад байна. Тантай яаралтай ярих хэрэгтэй гэнэ. Буэнос-Айрес хотоос Неуса Муньес гэдэг бүсгүй ярьж байна. уг нь би түүнд... гэхэд сэтгэлийн хөдлөлийг эзэмдэж чаддаг Хянан Шалгагч,
- Бүх юм ёсоор болж байна. Би өрөөндөө очоод яръя гээд уучлал гуйсны дараа өрөөндөө очиж хаалгаа цоожлоод харилцуурыг авч,
- Байна уу? Муньес ахайтан мөн үү? гэвэл латин америк аялгатай ярьдаг, боловсролгүй хүүхний болхи дуу гарч,
- А-ан. Би танд Сахиусын илгээмж үгийг хэлье. Таны явуулсан зуучлагчийг Сахиус таалаагүй гэхэд Хянан Шалгагч үг болгоноо цэгнэн сонгож,
- Та уучлаарай. Гэлээ ч гэсэн бид нар Сахиусаар бас нэг даалгавар гүйцэтгүүлэхийг хүсч байна. Ийм боломж байх уу? гэжээ.
- За. Тэр зөвшөөрч байгаа.
Хянан Шалгагчийн дотор уужран уртаар санаа алдав.
- Гойд сайн байна. Урьдчилгааг яаж дамжуулах вэ?
Нөгөө бүсгүй инээж байгаа дуулдав.
- Сахиуст урьдчилгаа хэрэггүй. Сахиусыг хэн ч мэхэлж чадахгүй. Тэр “Ажил амжуулсны дараа та тэр мөнгийг, за байзаарай би нэг юман дээр тэмдэглэж авсан юмсан, а-а энэ байна, Цюрих хотын улсын банкинд хийгээрэй” гэсэн. Энэ чинь Швейцарьт байдаг байх гэхэд нь хомс ухаантай хүн байна гэсэн сэтгэгдэл төржээ.
- Надад дансны дугаар хэрэгтэй болох нь.
- Тийм л дээ. Дугаар хэрэгтэй болно. Бурхан минь, би мартсан байна. За байз нэг газар бичсэн баймаар юмсан гээд цаас шажигнуулж байснаа: - Ашгүй энд байна шүү. Д-гурав-дөрөв-ес-тэг-долоо-долоо.
Хянан Шалгагч дугаарыг давтан хэлж шалгав.
- Үүнийг хэзээ амажуулж чадах вэ?
- Тэр бэлэн болохоороо амжуулна. Сониноос олж үзээрэй гэж Сахиус хэлсэн шүү.
- Зүйтэй. Надтай холбоо барих хэрэг Сахиуст гарч магадгүй. Би хувийнхаа утасны дугаарыг өгье
Ингээд утасныхаа дугаарыг аажуухан хэлж өгөв.

Зөвлөлт Холбоот Улс, Тбилиси хот

Нэлээд алс газарт, Куры мөрний хөвөөнд байх зуслангийн нэг байшинд уулзалт болж байна.
- Хоёр шинэ асуулт гарч ирээд байна. Эхлээд сайн мэдээг дуулгая. Хянан Шалгагч маань Сахиусаас илгээлт хүлээн авчээ. Ажил урагшилж байна.
- Сайхан мэдээ байна. Муу мэдээ нь юу байна? гэж Фрейр дуу алдахад,
- Энэ нь Румынд суур элчин сайдын тушаалд ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн хүнд хамааралтай юм. Гэвч би байдлыг хянаж байгаа.

Мэри хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болжээ. Нэг л өөр болчихсон байлаа. Оюутнууд түүнийг алдартан болгож өргөмжилжээ. Ингэж бодоход толгой нь манарч байв. Тэд нар Мэрийн хэлсэн үгийг шунахайран сонсож байгааг анзаарчээ.
- 1956 он бол Дорнод Европын олон орны хувьд огцом өөрчлөлтийн жил байсныг та бүхэн мэдэж байгаа. Польш улсад засгийн эрхийг Гомулка авснаар үндэсний коммунизс дахин сэргэсэн. Чехословакад Антонин Маворони коммунист намыг толгойлох болсон. Тэр онд Румын улсад томоохон өөрчлөлт гараагүй өнгөрсөн...
Румын... Бухарест... Мэри олон гэрэл зураг үзэж байхдаа Бухарест нь Европын хамгийн гоёмсог хотуудын нэг болохыг олж харжээ. Румын улсын тухай өвөө нь ярьж өгдөг байсан намтруудыг санаж явдаг ажээ. Трансильвани нутгийн Влад гэдэг тайжийн тухай үлгэр сонсохдоо айдаг байсныг Мэри эргэн дурслаа. Тэр тайж Брашовын өндөр ууланд барьсан харшдаа амьдран сууж, гэмгүй хүмүүсийн цусыг сордог байсан гэнэ лээ.
Анги нам чимээгүй болсон байхыг гэнэт мэдэрч “Би хэр зэрэг удаан мөрөөдсөн бол?” гэж бодон бушуухан цааш үргэлжлүүлэн бичүүлж эхэллээ.
- Румын улсад Георге-Георгиу-Деж өөрийн байр суурийг ажилчны намд бэхжүүлж чадлаа.
Энэ хичээл хэзээ ч дуусахгүй юм шиг санагдаж байтал хонх дуугарч аминд нь оржээ.
- Гэрийн даалгаварт, ЗСБНХУ-ын эдийн засгийн тухай бичиж, тэдний төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тодруулан дурьдахдаа намын аппаратын талаар түлхүү анхаараарай. Зөвлөлтийн гадаад улс төрийн бодлогод дүн шинжилгээ хийж, тэр нь Польш, Чехословак, Румын улсуудад хэрхэн нөлөөлж байдгийг бичээрэй.
Румын орон... Хатагтай элчин сайд та Румын оронд тавтай морилогтун. Таны унах лимузин машинаар таныг хүргэж өгнө. Танай Элчин сайдын яам гэж байгаа шүү. Европын хамгийн гоёмсог орнуудын нэгэнд очиж аж төрөх боломж олгон, бүх зүйлийн талаар ерөнхийлөгчид биечлэн илтгэж, “Ардын дипломат”хэмээх хөтөлбөрийн төвд байх саналыг Мэрид тавьжээ.”Би түүхэнд үлдэж болох байсан даа” гэхчилэн боджээ.
Хонх дуугарч түүний мөрөөдлийг таслав. Хувцсаа сольж өмсөөд харих хэрэгтэй байлаа. Учир нь, өнөөдөр Эдвард эртхэн ирэх ёстой. Тэрбээр хотын захын нэгэн клубт оройн хоол идэхээр Мэрийг урьсан байжээ.

Доктор Эдвард Эшли, согтуугаар зодоон хийж бэртсэн цэргийн толгойд оёо тавьж байлаа. Эдвард энэ эмнэлэгт арван гурван жил ажиллаж байгаа бөгөөд урьд нь агаарын цэргийн хүчинд ахмад цолтой цэргийн эмчээр ажиллаж байжээ. Түүнийг томоохон хотын нэртэй эмнэлгүүд ажиллуулах санал тавьж байсан боловч эндээ үлдэхийг илүүтэйд үзжээ.
Оёо тавьж дуусаад эргэн тойрныг харвал наад зах нь арав гаруй цэрэг оёо тавиулахаар дугаарлан хүлээж байв. Айсуй яваа “Яаралтай тусламж”-ийн машины бүрээн дуу сонсоод,
- Танил аялгуу гарч байна гэхэд сумны шарх эмчилдэг доктор Дуглас Шайфер толгой дохин,
- Бид дайн хийж байгаа шиг санагдах юм гэжээ.
- Амралтын өдрөөр энд ирж тасартлаа уух нь эдний хийдэг цорыг ганц дайн юм. эдэндээ хэцүү л юм даа. За хүү минь ингээд боллоо. Чи ч шинэ юм шиг болсон шүү гээд цэрэг эрийн мөрөн дээр алгадаж, цааш эргэн Дуглас Шайферт хандаж,
- Ямар хүнийг аваад ирсэн байна. Очиж үзэцгээе гэлээ.
Гаднаас нь харахад арван наймаас хэтрээгүй болов уу гэмээр цэргийн дүрэмт хувцастай залуу эр шархадсан байлаа. Тэр цэрэг шоконд орж, амьсгаа нь давчдан духан дээгүүр нь хөлс бурзайжээ. Доктор Эшли судсыг барьж үзэхэд цохилт нь сулран, үе үе тасалдана. Кителийг нэвтэлсэн цусны толбо улам тэлсээр байлаа. Доктор Эшли шархтаныг хүргэж ирсэн сувилагч нарын нэгэнд хандаж,
- Энэ яасан юм бэ? гэж асуув.
- Цээжиндээ хутгалуулсан юм билээ.
Доктор Эшли цааш эргэж сувилагчид,
- Уушгинд хүрсэн эсэхийг үзэх хэрэгтэй байна. Даруйхан цуужний зураг авах хэрэгтэй боллоо гэв.
Доктор Дуглас Шайфер шархтай цэргийн гүрээний судсыг дарж үзээд, Эдвард руу хальт хараад,
- Судас нь тэлсэн байна. Үнхэлцгэнд хүрсэн шиг байна гэв.
Энэ бол зүрхийг хамгаалж байдаг нимгэн уут цусаар дүүрч, зүрхэнд дарамт учруулж хэвийн байдлаар цохилох боломжийг хааж байна гэсэн үг байлаа. Шархтны цусны даралтыг хянаж байсан сувилагч,
- Даралт нь хурдан унаад байна гэжээ.
Дэлгэц дээр гарч байгаа зүрхний бичлэгийн муруй шугам могой мэт тахиралдахыг үзвэл зүрх нь дийлэхгүй болсон харагдана.
Өвчтөнийг алдах аюул нүүрлэжээ.
Өөр нэг сувилагчийн авчирч өгсөн цээжний зургийг Эдвард яаран үзээд,
- Үнхэлцэгний тампун аваад ир гэлээ.
Зүрх гэмтсэнээс гадна өрөөсөн уушиг ажиллахгүй байлаа.
Эдвард аядуу зөөлөн боловч сэтгэл түгшсэн дуугаар,
- Гуурс тавиад уушгийг тэлээрэй. Наркозын эмчийг дууд. Цээжний хөндийг нээхээс өөр аргагүй боллоо гэв.
Сувилагч хүүхэн мөгөөрсөн хоолойны гуурсыг Дугласт өгөхөд Эдвард толгой дохиж,
- Алив хийгээрэй гэлээ.
Дуглас нөгөө гуурсыг авч, цэрэг эрийн мөгөөрсөн хоолойд оруулан аяархан түлхэн ахиулж эхлэв. Гуурсны нөгөө үзүүрт байх бөөрөнхий хаймар савыг нэгэн хэмээр шахаж уушгийг агааржуулав. Дэлгэц дээрх шугам бараг шулуухан болжээ. Энэ бол үхлийн харанга гэсэн үг.
- Энэ залуу болохоо байлаа.
Түүнийг мэс заслын өрөөнд хүргэх цаг байсангүй тул доктор Эшли яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй болоод байлаа.
- Хэвлийн хөндийг онгойлгоё. Хутга!
Энэхэн агшинд мэс заслын хутгыг түүнд атгуулав. Эдвард итгэл төгс байдлаар цээжний тус газар зүсэхэд, зүрх нэгэнт ажиллахаа зогссон тул цус бараг байсангүй.
- Цээжний тэлүүр!
Тэр дор нь атгуулсаэн багажийг цээжний хөндийд оруулан хавиргыг тэлэв.
- Хайч!
Доктор Эшли үнхэлцэгний хальсыг зүсэхэд цус сад тавин доктор Эшли болон түүний хажууд зогсож байсан хэдэн сувилагчийг шүршив. Ингээд зүрхэнд нь иллэг хийж эхлэхэд дэлгэц дээр амьдралын шинж тодорч, судасны цохилт нь мэдрэгдэж эхлэв. Зүрхний ховдлын дээд талд жижигхэн цоорхой байжээ.
- Мэс заслын өрөөнд оруул.
Гурван минут өнгөрөхөд өвчтнийг мэс заслын ширээн дээр хэвтүүлсэн байв.
- Мянган шоо цус сэлбээрэй.
Цусны бүлгийг тогтоох цаг байсангүй тул донорын хасах резустай О бүлгийн универсал цус хэрэглэв. Цус сэлбэж эхлэхэд доктор Эшли,
- Гучин хоёрдугаар гуурс бэлдээрэй гэсний дагуу сувилагч бүсгүй гуурсыг гардуулав.
- Би гүйцэтгэе. Харин Эд чи явж усанд ороод хувцас хунараа сольж үз гэж доктор Дуглас хэлэв.
Эдвардын халаад цусанд холилдсон байлаа.
Зурагтын дэлгэцийг харахад өвчтний зүрх хүчтэй бөгөөд жигд цохилж байв.
- Баярлалаа.
Доктор Эшли шүршүүрт орсны дараа хувцсаа сольж өмсөөд өвчтний түүх бичиж эхлэв.тэрбээр, анагаах ухааны баахан ном, биеийн тамирын цом өрсөн олон тавиур бүхий тохилог аятайхан өрөөнд суудаг аж. Тэнд нь ширээ, нэг буйдан сандал, хоёр жирийн сандал бий. Өөрийнхөө дипломуудыг нямбайлан хийсэн жаазанд суулган ханандаа өлгөжээ.
Түүний хамаг бие шархиран өвдөж байсан хэдий ч хүнд мэс засал хийсний дараа заншил болсон юм шиг байдгаараа сексийн сэрэл төржээ. “Үхэлтэй халз тулан учрах нь амьдралын эрч хүчийг нэмэгдүүлэх ба харин хайр дурлалын ажил хийх нь амьдрал тасралтгүй үргэлжилж байдгийн нотолгоо болдог юм” гэж нэг сэтгэл зүйч Эдвардад тайлбарлаж байсан сан. “Ямар ч байсан Мэрийг энд ирүүлмээр байна” хэмээн бодов.
Тавиур дээр тавьсан хэдэн гаанснаас нэгийг авч тамхи нэрээд, буйдан сандалд хөл жийн суулаа. Мэрийн тухай болдож суухдаа би л буруутан боллоо хэмээн ухаарч, би хэдийгээр зүйд нийцэх шалтгаан тоочсон боловч тэр минь надаас болж ерөнхийлөгчийн тавьсан саналаас татгалзсан хэмээн гэмшихдээ “Гэлээ ч гэсэн хэргийн учир ганц үүнд байгаа юм биш. Би зүгээр л хардаж, эрх хүүхэд шиг авирлажээ. Ерөнхийлөгч надад ийм санал тавьсан бол би яах байсан бэ? Тэгвэл би байшингийн адарт хүртэл дэвхрэх байсан. Тэнгэр минь! Мэрийг гэртээ байлгаж, өөрийгөө болон хоёр хүүхдээ халамжлуулах гэснээс цаашгүй. Би ч гахай шиг амьтан юмаа!” хэмээн боджээ.

Хэдэн толгод дунд шохойн чулуугаар барьсан гурван давхар байшин бол Жанкшн-Сити дахь хотын захын клуб юм. Тэнд гольфын талбай, одон бөмбөгийн хоёр талбай, усан сан, баар, зоогийн газар, хөзөр тоглоход зориулсан танхим бий.
Эдвард, Мэри хоёрын эцэг эх нь энэ клубын гишүүн байсан болохоор тэднийг хүүхэд ахуй цагт нь уул клубын гишүүн болгожээ. Хотын захын клуб бол бяцхан хотын сайн сайхан амьдралын бэлэг тэмдэг болдог билээ.
Эдвард Мэри хоёрыг очиход орой болсон байсан учир бараг бүх хүмүүс тарсан байжээ. Үлдсэн улсууд нь Мэрийгээс нүд салгалгүй ширтэн, өөр хоорондоо шивэр авир ярилцах ажээ. Мэри үүнд нэгэнт дассан байлаа.
Эдвард эхнэрийнхээ өөдөөс харж,
- Чи харамсахгүй байна уу? хэмээн асуув.
Харамсалгүй яахав. Харин энэ нь хүн болгонд байдаг үл биелэх мөрөөдөл байсан юм. Би гүнж байсан бол... Хэрэв би саятан байсан бол... Хэрэв би... Хэрэв би...
Мэри инээмсэглэж,
- Хайрт минь, би огт харамсаагүй. Харин надад тийм санал тавьсан нь аятайхан байсан. Би тэртэй тэргүй чамайг хоёр хүүхэдтэйгээ орхиод явж чадахгүй юм чинь. Би харамсаагүй, татгалзсандаа баяртай байгаа гээд нөхрийнхөө гарыг атгав.
Эдвард тонгойж Мэрийн чихэнд,
- Би чамд нэг санал хэлмээр байна. Чи татгалзаж чадахгүй дээ гэхэд эхнэр нь,
- Тэгвэл явъя гээд инээмсэглэжээ.
Тэр хоёр дөнгөж гэрлээд байхдаа эр эмийн ажлыг мятрашгүй шаардлагад нийцүүлэн халуухан хийж, хоёр биендээ өөрийн эрхгүй татагдан тамираа бартал үзэлцээд сэтгэл нь амардаг байжээ.
Цагийн эрхээр янаг дурлалын догшин шуурга жаахан намжсан боловч баяр хөөрөөр бялхан сэтгэл дэврэх нь хэвээр үлджээ.
Тэр хоёр гэртээ ирээд айван тайван тайчиж аваад орондоо ороход Эдвард эхнэрээ чанга тэвэрч хацар нүүр, хоёр хөхийг нь илэн таалсаар гараа зугуухан зөөлөн доошлуулахад Мэри,
- Яасан сайхан юм бэ хэмээн халаглаж байлаа.
Тэгээд авааль нөхрийнхөө биеийг үнсэн таалахад Эдвардын сэрэл дэврэн хөөрч байгаа нь илэрхий байлаа. Эр эмийн ажлыг тамираа тасартал хийсний эцэст нөхөр нь Мэрийг өөртөө наалдуулан тэвэрч,
- Мэри, би чамд дэндүү их хайртай юмаа гэжээ.
- Би чамайг хоёр дахин илүү хүчтэй хайрладаг шүү. Сайхан нойрсоорой хайрт минь.
Шөнийн гурван цагт утасны хонх дуугарч нам гүм байдлыг эвдэхэд Эдвард харилцуурыг авлаа.
- Байна уу...
Тэвдэн сандарсан эмэгтэй хүний дуу гарч,
- Доктор Эшли мөн үү? гэлээ.
- Мөн байна...
- Пит Граймсын зүрх болохоо байлаа. Хачин их өвдөж байна. ер нь үхэл дээр тулаад байна. Би яахаа мэдэхгүй юм.
Эдвард нойрноосоо сэрж ядан орон дээр өндийж суугаад,
- Юу ч битгий хийгээрэй. Хөдөлгөж болохгүй шүү. Би хагас цагийн дараа очно гээд харилцуурыг тавьж орноосоо босоод хувцсаа өмсөэ байтал Мэри,
- Эдвард... хэмээн дуудлаа.
Мэрийг харахад нүдээ хагас аньсан байлаа.
- Юу болсон бэ?
- Юу ч болоогүй ээ. Унт унт.
- Эргэж ирээд намайг сэрээгээрэй. Хоёулаа дахимаар байна хэмээн амандаа бувтнахад,
- Бушуухан ирэхийг бодноо гээд Эдвард инээмсэглэжээ.
Таван минут өнгөрсний дараа Граймсын фермийг зорин давхиж явлаа.
Чийг даасан хүйтэн шөнө Олд Милфорд-роудаар явж байхдаа пийшингээ асаажээ. Машин жолоодож явахдаа, гарахаасаа өмнө “Яаралтай тусламж” дуудаагүй нь дэмий юм болжээ хэмээн бодов. Сүүлчийн хоёр удаад Пит Граймсын зүрх муудсан нь үрэвслээс улбаалсан ажээ.
Жанкшн-Сити хотоор дайран гардаг 18 дугаар замаар ороход хот дуг нойрондоо байх бөгөөд хуйхардсан хүйтэн салхи үлээж байлаа.
Цааш явсаар 6 дугаар гудамжинд тулж очоод 57 дугаар зам руу эргэлээ. Зуны цагт тал нутгийн анхилам үнэр ханхалж, замын хоёр хажуугаар өвсөн бухал ярайж, өвлийн цагт хамаг юм цасан бүрхүүлээр хучигдаж, хүйтэн агаарт яндангийн утаа манарч байдаг энэ газраар Эдвард мөн ч олон удаа явсан даа. Хажуугаар нь тариан талбай, ургаа моднууд жирэлзэн хоцрох гүн шөнийн харанхуйгаар явахад тэсгэлгүй ганцаардах сэтгэл арга буюу төрөх ажээ.
Замаас нүд салгалгүй хурдалж явахдаа түүнийг хүлээж байгаа Мэрийн тухай бодож “Эргэж ирээд намайг сэрээгээрэй. Хоёулаа дахимаар байна” гэж байсныг эргэн саналаа.
Үнэхээрийн аз жаргалтай, эхнэрийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байсан Эдвард “Би бэлдэж байгаад чиний огтхон ч мөрөөдөөгүй байсан тийм сайхан бал сар хийнэ дээ” гэж өөртөө андгайлж явлаа. Энд 57, 77 дугаар замын уулзвар дээр улаан гэрэл ассан байжээ. Эдвард 77 дугаар зам руу эргэтэл хаанаас ч юм нэг ачааны машин гараад иржээ. Тэр машины моторын дуу сонсогдож, өөдөөс нь халз чиглэсэн гэрэл ойртож ирлээ. Цэргийн газрын таван тоннын ачааны машиг байжээ.
Эдвард өөрийнхөө хашгирах чимээг эцсийн удаа сонсчээ.

Нейи хотхоны сүмийн хонхны чимээ агаарт замхран одов. Марин Грозагийн байшинг хамгаалдаг цагдаа нар, хажуухнаар нь өнгөрөн гарсан тоос шороонд дарагдсан “рено” машиныг огт анзаарсангүй. Цахилгаанд холбосон болбуу гэмээр өндөр хэрмэн хашаатай, гулдан хаалган дээр нь хоёр хамгаалагч зогссон байлаа. Хэт ягаан туяа мэтийн элдэв зүйлээр тоноглосон ийм байшинг дайран эзлэе гэвэл бүхэл бүтэн арми хэрэгтэй болох биз ээ.
“Надад бол арми хэрэггүй. Миний суут ухаан л үүнийг хийж чадна. Марин Гроза энэ хорвоод амьд явах хоногийн тоо нь дуусчээ. Би ямар их мөнгөтэй болсныг ээж минь харсан болоосой” гэж Сахиус боджээ.
Аргентин орны ядуу зүдүү айлууд бол үнэхээр ядуу амьтад. Харин Сахиусын ээж нь үйлээ үзсэн ганц бие эмэгтэй байжээ. Сахиусын эцгийг хэн ч мэдэхгүй. Анд найзууд, садан төрлийн хүмүүс нь өвчинд нэрвэгдэн, өлсгөлөнгөөр үхэж абйхыг Сахиус нүдээрээ үзсэн хүн. Сахиус гүн ухаанч маягаар ийн боджээ: “Энэ явдал тэртэй тэргүй тохиох учиртай юм бол би үүгээр мөнгө олоход юу нь болохгүй билээ?”. Анхандаа түүнийг хүн алж чадна гэдэгт олон хүн эргэлзэж байсан боловч түүний замд тээглэсэн хэн боловч ор сураггүй алга болдог байлаа. Ингээд алуурчин Сахиусын нэр алдар өөдлөн дэгжиж эхэлсэн ажээ. “Би хэзээ ч эндүүрч хөдлөхгүй. Би бол Сахиус. Үхлийн Сахиус байхгүй юу” гэж Сахиус боддог болсон юм.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:08 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.29.09 7:24 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Баярлалаа :wd: Үргэлжлүүлээд байгаарай


Top
   
PostPosted: Sep.30.09 11:42 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бүлэг 9

Цасан бүрхүүлтэй замаар анивалзсан улаан гэрэлтэй олон машин цугларч, хүйтэн агаарыг цусан өнгөтэй болгох ажээ. Гал сөнөөх газрын, “Яаралтай тусламж”-ийн машин, хүчирхэг зүтгүүр, эргүүлийн дөрвөн машин дээр даамлын машин ирсэн байх бөгөөд голд нь зогссон цэргийн газрын таван тонн даацтай М-871 дээр олон машины гэрэл тусгажээ. Түүний дор Эдвард Эшлийн ямбий болсон машин байх агаад гал сөнөөгч, цагдаа нар нийлсэн арав гаруй хүн өвлийн хүйтэн жаварт осгохоос болгоомжилж дороо дэвхцэн зогсоно. Замын голд бэржийхээр бүтээсэн цогцоси хэвтэнэ. Даамлын машин ирээд зогсож амжаагүй байхад Мэри Эшли үсрэн буухдаа хөл дээрээ тогтож ядан чичирч байв. Мэри бэржийх харангуутаа тийшээ ухасхийхэд Манстер даамал гараас нь зууран авч,
- би таны оронд байсан бол түүнийг харахгүй байхсан гэхэд,
- Намайг тавиач! гэж Мэри хашгираад зүтгэн суларч цааш явлаа.
- Хатагтай Эшли, та болгоо. Түүнийг харсны хэрэггүй.
Мэри ухаан балартан унахад даамал түүнийг барьж авлаа.

Мэри ухаан орохдоо даамлын машины арын суудалд суусан байх агаад, даамал урд талын суудалд сууж түүнийг ажиглан харах ажээ. Машины паарыг асаасан тул халуун байв.
- Юу болсон бэ? гэж Мэри сулхан асуув.
- Таны ухаан балартаж унасан.
“Та түүнийг харж хэрэггүй” хэмээн хэлж байсныг гэнэт санаж, анивалзсан улаан гэрэлтэй олон машиныг цонхоор харахдаа “Би тамыг хүдээрээ үзлээ” хэмээн боджээ. Машин дотор халуун байсан боловч Мэри шүдээ тачигнуулан чичирч байлаа.
Ярихад хэцүү байсан ч ам нээж,
- Энэ чинь яаж... Ер нь яасан юм бэ? гэж асуусан болов.
- Танай нөхөр улаан гэрлээр орчихсон юм билээ. Тэнд 77 дугаар замаар явж байсан цэргийн газрын хүнд зүтгүүр эргэх гэж оролдож байтал нөхөр чинь хар эрчээрээ яваад орчихсон гэнэ.
Мэри хоёр нүдээ аньж энэ аймшигт явдлыг төсөөлөн бодоход, Эдвардын машиныг ачааны тэрэг мөргөж байгаа нь нүдэнд илхэн харагдаж, авааль нөхөр нь айн сандарч байгааг биеэрээ амсах шиг болжээ.
- Эдвард их хянамгай явдаг хүн юмсан. Яагаад ч улаан гэрлээр орохгүй хүн дээ гэж арай ядан хэлэхэд даамал түүний сэтгэлийн зовлонг хуваалцсан өнгөөр,
- Эшли хатагтай минь, бидэнд гэрчүүд байгаа. Санваартан лам, хоёр хандмаа, Форт-Айлигаас ирсэн хурандаа зэрэг хүмүүс энэ бүхнийг нүдээрээ харсан юм билээ. Тэдний яриа яг ижилхэн байгаа. Танай нөхөр улаан гэрлийн өмнө зогсоогүй юм билээ гэжээ.

Эдвардын цогцсыг машинд оруулж байхад цаг хугацаа удаашрах шиг болжээ. Цагдаагийн газрынхан хоёр хандмаагаас мэдүүлэг авч байхыг хараад “Тэд нар их даарах нь дээ” гэж Мэри боджээ.
- Цогцсыг шарил хадгалах газарт аваачина гэж Манстер даамал хэлжээ.
“Цогцос гэнэ шүү” гэж бодсон мэри найрсагаар,
- Баярлалаа гэв.
Сэтгэл түгшин түүнийг харж байсан даамал,
- Би таныг гэрт чинь хүргэж өгвөл ээлтэй шиг байна. танай өрхийн эмч хэн билээ? гэж асуув.
- Эдвард Эшли. Манай өрхийн эмч Эдвард Эшли шүү дээ.
Даамал гэрт нь хүргэж өгснийг Мэри бүдэг бадаг санаж байжээ. Хүүхдүүд нь унтаж байв, харин Флоренс Шайфер, Дуглас Шайфер нар зочны өрөөнд хүлээж байлаа. Флоренс түүнийг тэврэн авч,
- Хайрт минь! Ямар их гай вэ! Ямар аймшигтай гай зовлон тохиодлох нь энэ вэ! гэхэд Мэри,
- Бүх юм зүгээр. Эдвард минь осолд орсон байна гэж хариулаад хи-хи инээв.
Түүнийг ихэд анхааран харж байсан Дуглас,
- Би чамайг дээшээ оруулж өгье гэв.
- Би зүгээр байна. Баярлала. Цай ууцгаах уу?
- Явцгаая. Би чамайг хэвтүүлж өгье.
- Би унтмааргүй байна. Та нар хоол хийлгэхгүй юм уу?
Дуглас түүнийг дагуулан дээд давхарт гарч унтлагын өрөөнд оруулахад,
- Осол гарсан юм билээ. Эдвард маань осолд оржээ гэв.
Дуглас түүнй нүдийг харахад хоёр нүд нь гөлийжюу ч харахгүй болсон байх тул ар нуруугаар нь хүйтэн оргиод иржээ.
Тэгээд доошоо бууж эмчийн цүнхээ аваад ирэхэд Мэри огт хөдөлгөөнгүй хэвтэж байв.
- Би чамд нойрсуулах э өгье.
Нэг эм уулгаад орон дээр зэрэгцэн суув. Бүтэн цаг өнгөрсөн боловч Мэри унтаж чадахгүй байсан тул дахиад нэгийг уулгасны дараа бас нэгийг нэмж уулгалаа.
Ингэсээр байгаад нэг юм унтжээ.
Осол гарч хүний амь эрсдсэн тухай 1048 тоот хэргийг мөрдөн шалгах ажил хатуу чанд байдалтай хийгдсэн ажээ. Энэ хэрэгт цэргийн албан хаагчид оролцсон учир мөрдөн шалгах ажиллагаанд Зэвсэгт хүчний газрын эрүүгийн хэрэг мөрдөх хэлтэс ЭХМХ оролцсон юм.
Форт-Райлийн ЭХМХ-ээс ирсэн Шэл Плэнчард, даамал болон түүний орлогч нар 9 дүгээр гудамжинд байх даамлын албан тасалгаанд суугаад болсон явдлын тухай мэдээллүүдийг шалгаж байв.
- Хачин юм даа гэж Манстер даамал хэлсэнд Плэнчард,
- Яалаа гэнээ, даамал аа? гэж асуув.
- Та хар л даа, золгүй явдал хэрхэн гарсныг таван хүн харсан байна, тийм биз? Санваартан хувраг, хоёр хандмаа, хурандаа Женкинс, ачааны машины жолоч түрүүч Уэллинс нар харсан. Доктор Эшли улаан гэрэлд зогсоогүй, өөр зам руу эргэж цэргийн газрын ачааны машиныг мөргөсөн байх нь.
- Яг тэгсэн байгаа юм. Танд юу нь хачин санагдаад байна?
Манстер даамал шилэн хүзүүгээ маажиж,
- Ядаж хоёр гэрч ч гэсэн яг ижил юм яриад байхтай та учирч үзсэн үү? Энэ таван хүн нэг бүр нь бусадтайгаа яг ижил мэдүүлэг өгөөд байгааг гайхаж байна гээд ширээн дээр нударга буулгав.
ЭХМХ-ийн төлөөлөгс мөрөө хавчиж,
- Энэ чинь чухам юу блдж өнгөрснийг дахин нотолж байгаа юм гэв.
- Надад ямар нэгэн юм таалагдахгүй юм.
- Юу тэр вэ?
- Санваартан, хоёр хандмаа, хурандаа нар өглөөний дөрвөн цагт 77 дугаар зам дээр юу хийж явдаг билээ?
- Энд гайхаад байх юмгүй. Санваартан, хоёр хандмаа нар Леонардвиль орохоор явж байсан, харин хурандаа бол Форт-Райлидаа очихоор буцаж явсан хүн.
- Би архив шалгаж үзлээ. Доктор Эшли одоогоос зургаан жилийн өмнө машинаа буруу газар тавьсны учир ганц удаа торгуулсан байгаа юм. Осолд огт орж яваагүй юм билээ.
ЭХМХ-ийн төлөөлөгч даамлын өөдөөс ширтэж,
- Даамал та юу хэлэх гээд байна? гэхэд Манстер мөрөө хавчиж,
- Би юу ч хэлэх гээгүй байна. Зүгээр л энэ бүхэн хачин юм шиг санагдаад байгаа юм гэжээ.
- Таван гэрч нүдээрээ харсан золгүй явдлын тухай яригдаж байгаа шүү дээ. Ямар нэгэн хуйвалдаан байна гэж үзэж байгаа бол таны онол бузгай хэврэг байж таарна. Хэрэв...
- Би мэдэж байнаа. Үүнийг зориудаар үйлдсэн бол ачааны машин зугтах байсан. Тэгвэл ямар ч гэрч хэрэггүй шүү дээ гэсэнд ЭХМХ-ийн төлөөлөгч суудлаасаа босч суниагаад,
- Яг үнэн. Би бааздаа буцаж очих цаг болчихлоо. Ачааны тэрэгний жолооч түрүүч Уэллинс гэм буруугүй гэж би ойлгож байгаатай та санал нийлнэ биз дээ? гээд даамлын өөдөөс харахад,
- Санал нийлнээ. Золгүй явдал тохиолдсон юм байна гэх аядав.

Мэри, хүүхдүүд уйлах чимээнээр сэрэн, нүдээ нээхээс айгаад хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. “Энэ бол хар дарсан зүүд. Би одоо унтаж байна. Намайг сэрэхэд Эдвард минь амьд байж байх болно” гэж бодов. Хоёр хүүхэд нь уйлсаар байсанд тэсвэрлэх аргагүй болж, нүдээ нээгээд байшингийн адар ширтэв. Тэгээд арга буюу босоход хачин их ядарсан байжээ. Тимийн унтлагын өрөөнд орж очиход Флоренс, Бет хоёр бас тэнд уйлаад сууж байв.
“Би уйлж болдог ч болоосой. Яасан их уйлмаар санагдана вэ!” хэмээн Мэри бодов.
Бет ээжийгээ харж,
- Аав үнэхээр үхсэн юм уу? гэхэд дуугарах тэнхээгүй болсон Мэри толгой дохиод орны ирмэг дээр суухад Флоренс гэмшингүй өнгөөр,
- Эд нар зугаалахаар гарах гэж байхад нь бүх үнэнийг хэлж өгөхөөс өөр арга байсангүй гэхэд Мэри хүүгийнхээ тодгойг илж,
- Бүх юм зүгээр болно. Миний хүү битгий уйл. Бүх юм сайхан болно гэжээ.
Юу ч сайхан болохгүй шүү дээ.
Хэзээ ч сайхан болохгүй.

АНУ-ын Зэвсэгт хүчний эрүүгийн хэрэг мөрдөн шалгах хэлтэс нь эргэн тойрон ургаа модоор хүрээлэгдсэн 196 дугаар корпуст байрладаг аж. ЭХМХ-ийн офицер Шэл Пленчард нэгдүгээр давхарт байх албан тасалгаандаа суугаад хурандаа Женкинстэй ярилцав.
- Эрхэм ээ, бидэнд бас нэг таагүй явдал тохиолоо. Нөгөө нэг докторыг дайрсан ачааны машины жолооч, түрүүч Уэллинс.. гэхэд нь,
- Юу болсон бэ? хэмээн асуужээ.
- Өнөөдөр зүрхний өвчнөөр үхсэн.
- Тоогүй юм болж дээ.
- Тийм шүү, эрхэм ээ. Түүний цогцсыг чандарласан. Энэ бүхэн гэнэт болоод өнгөрлөө.
Хурандаа суудлааса босч инээмсэглэн хэлсэн нь,
- Хөөрхий амьтан гэснээ – Намайг гадаадад ажиллуулахаар дэвшүүлж байгаа. Тушаал дэвшээд шүү гэлээ.
- Эрхэм ээ, танд баяр хүргэе. Та ингэх гавьяатай хүн шүү.
Шоконд орсны ачаар галзуураагүй өнгөрснөө Мэри хожуу ухаарчээ. Энэ бүх гай зовлон өөр хүнд тохиож, Мэри зайдуу газар зогсоод хөвөнгөөр амаа дарсан мэт алсаас ярих хүмүүсийн дууг сонсох шиг болж байжээ.

Жефферсон-Стритэд байх жижиг сүмд талийгаачийн буяны үйлийг хийжээ. Энэ бол үүдэндээ цагаан хоолойвчтой, хаалган дээрээ цагтай, хөх өнгийн байшин юм. Эдвардын анд найз, хамт ажилладаг нөхөд нь сүм дүүрэн цугласан байхын гадна өчнөөн олон цэцэг, цэцгийн баглаа тавьжээ. Нэг баглаа цэцгэн дээр “Би гүнээ эмгэнэж байгааг хүлээн авна уу. Пол Эллисон” гэсэн бичиг тавьжээ. Мэри, Бет, Тим гурав эгнэн суужээ. Эдвардын цогцостой авсыг хаасан байлаа. Мэри энэ тухай бодохгүй байхыг хичээж суулаа.
- Бидний ачлалт дээдэс та, бурхны нэгэ боолын сүнсийг хаанчлалдаа багтаан соёрх, эх газартаа төрсөн хүмүүсн бид эх газартаа эргэн очдог жамтай... хэмээн санваартан уншиж байна.
Мэри Эдвардтай хамт Милфорд нуурт жижиг завиар зугаалж явснаа эргэн санажээ.
- Чамд таалагдав уу? гэж анх танилцсан өдрөө Эдвард асууж байсан.
- Би завиар зугаалж огт үзээгүй юм байна.
- Тэгвэл хоёулаа хагас сайнд уулзъя.
Тэгээд долоо хоногийн дараа гэрлэж билээ.
- Яагаад би чамтай гэрлэсний учрыг мэдэх үү? чи цаг үргэлж инээж, завинаас нэг ч удаа унаагүйгээр бүх сорилтыг давж чадсан хэмээн Эдвард хошигнож байсан сан.
Буяны үйл дуусч, Мэри хоёр хүүхэдтэйгээ хамт урт лимузинд суугаад оршуулгын газрыг зорьжээ. Жанкшн-Ситийн хамгийн хуучин цагийн оршуулгын газар нь олон замаар хүрээлэгдсэн цэцэрлэгт хүрээлэнг санагдуулах ажээ. Олон булшны чулуу цагийн эрхээр эвдрэн сүйдсан харагдана. Гадаа хүйтэн байсан учир оршуулгын зан үйлийг яаруухан дуусгажээ. Санваартан лам библи судраа хамхив.
“Үүрд хагацъя, хайрт минь”.
Үхсэнээр бүх юм дуусдаг гэж үздэг бол Мэрийн хувьд эцэс төгсгөлгүй үргэлжлэх зовлон зүдгүүрийн эхлэл болсон билээ. Эдвард хоёулаа үхэх тухай ярьдаг л байсан, харин тэр нь бодит зүйл болон нүүрлээд ирэхээр үнэхээр аймшигтай ажээ. Энэ бол хэзээ нэгэн ирээдүй цагт болох ёстой зүйл огт биш юм байна. эдвард байхгүй болсонтой эвлэрч эс чадан, түүнийгээ үгүйлсээр байлаа. Түүнийг үхэхэд энэ дэлхийн сайн сайхан бүгд хамт үхжээ. Бодит үнэнээс айхдаа ганцаар байхыг санагалзана. Томчуудад хаягдан хоцорсондоо айсан жаахан хүүхэд шиг болоод байлаа. Нэг мэдэхнээ бурханд уурласан байжээ. Яагаад намайг эхэлж аваагүй юм бэ? бас орхиод явсан Эдвард, амьд сэрүүн байгаа хүүхдүүд, өөртөө уурлаж байлаа.
“Хоёр хүүхэдтэйгээ хоцорсон гучин таван настай бүсгүй би хэн болсноо мэдэхгүй юм. Мэри Эшли гэж явахдаа жинхэнэ бие хүн байж, минийх болсон хүндээ харьяалагдаж явсан билээ”.
Цаг хугацаа өнгөрөх нь удааширч, түүний дотоод хоосон орчныг дэвэргэж байв. Мэрийн амьдрал нь машинчгүй яваа галт тэрэгтэй адил болжээ.
Эдвардын анд найз Флоренс, Дуглас хоёр Мэрийд хань болон зовлонг нь нимгэлэхээр орж ирдэг болов. Харин Мэри нь намайг зүгээр орхиод өгөөсэй гэж хүсдэг байжээ. Флоренсийг нэг орж ирэхэд Мэри зурагтын өмнө хөл бөмбөгийн тоглолт үзээд сууж байжээ.
Тэр орой нь Флоренс нөхөртөө,
- Бүр намайг анзаарахгүй байсан гээч. Дэлгэцнээс нүд салгахгүй байна лээ. Ёстой хачин юм гээд давхийн цочих шиг болжээ.
- Яагаад хачин гэж?
- Мэри чинь хөл бөмбөгийг үзэн яддаг юм. Харин Эдвард л тоглолт алгасахгүй үздэг байсан юм чинь.

Мэри хамаг хүч чадал, зүрх сэтгэлээ дайчлан Эдвард нас барсны дараа үлдсэн ажил төрлөө янзлах болжээ. Гэрээслэл, даатгал, банкны тооцоо, татвар, өр зээл, бусад бичиг цаасны учрыг олох хэрэгтэй байлаа. Энд ирээд байгаа бүхар өмгөөлөгч, банкны эздийг хөөж явуулаад амар тайван байхыг хүсч “Би үүнтэй эвлэрмээргүй байна” гэж нулимс мэлмэрүүлэн боджээ. Эдвард үхсэн байхад эд нар мөнгө сонирхоод явж байдаг.
Эцсийн бүлэгт зориг гарган тэдэнтэй ярилцахаар шийджээ.
Банкны төлөөлөгч Фрэнк Данфи,
- Эшли хатагтай, татвар, өр зээлээ төлөөд ирэхлээр таны даатгалаас бараг юм үлдэхгүй болж байна. таны нөхөр мөнгөнд сүрхий хайнга хүн байсан даа. Олон хүн түүнд өртэй үлдсэн. Өртэй улсаа мөнгө цуглуулж авах талаар шүүхийн гүйцэтгэгчтэй ярилцъя гэхэд Мэри огцом дуугаар,
- Тэгэхгүй ээ, Эдвард үүнийг таашаахгүй байсан гэвэл Данфи аргаа барж ядан,
- Тэгвэл танд дөнгөж гучин мянган доллар үлдэх болж байна. танай байшингийн зээлийн баталгааны бичиг байгаа. Та үүнийгээ борлуулбал... гэхэд нь,
- Эдвард минь үүнийг зарцуулахгүй байсан даа гэв.
Мэри гунигтай бодолдоо автан сууж байхад Данфи “Бурхан ивээж, намайг үхсний дараа миний эхнэр энэ хүн шиг халамжилж байхаар болгож өгөөсэй” хэмээн бодож байлаа.

Харин одоо хамгийн гол юм үлдээд байжээ. Эдвардын хувийн бүх юмыг янзлах хэрэгтэй байлаа. Флоренс туслахыг хүссэн боловч Мэри татгалзан,
- Үгүй дээ, Эдвард минь ингэхийг таалахгүй байсан даа гэжээ.
Мөн ч олон янзын юм үлдэж дээ. Арав гаруй гаанс, ууттай тамхи, хоёр ширхэг нүдний шил, тэр хүн хэзээ ч уншихаа өнгөрсөн лекцийн конспектууд гээд л. Эдвардын хувцасны шүүгээг онгойлгож хэзээ ч өмсөхгүй болсон хэдэн костюмийг илж үзэв. Сүүлийн удаа гангарч явсан зангиа, өвлийн хүйтэнд Эдвардыг дулаацуулж байсан бээлий, хүзүүний ороолт зэрэг нь хүйтэн булшинд хэрэггүй зүйл болон үлджээ. Мэри автомат ажиллагаатай юм шиг хөдлөх зуур, түүний сахлын хутга, шүдний сойз зэргийг тусгайлан тавьлаа.
Хоёр биендээ бичиж байсан дурлалын зурвасуудыг олж үзээд, Эдвард хувиараа эмчийн ажил эхэлж, зул сарын оройг цацагтр хяруулын махгүй тэмдэглэж, зуны цагаар хээрийн салхинд гарч, өвлийн цагаар гулгаж, Мэри анх удаа хөл хүнд болж, төрөөгүй байгаа Бетэд зориулан сонгодог хөгжим тавьж, Тим хүү нь төрөхөд Эдвардын бичсэн захиа, Мэри их сургуульд багшилж эхлэхэд Эдвард бэлэглэсэн алт шармал алим мэтийг эргэн санажээ. Нөхрийнхөө олон зуун сайхан эд юмсыг үзэхэд хоёр нүд нь нулимсаар дүүрч, Эдвардын үхэл нь хэн нэгэн илбэчний муу ёрын тоглоом мэт санагдах ажээ. Саяхан энх тунх, ярьж хөөрөн инээж, хайрлаж дурлаж явсан хүн минь одоо хөлдүү нойтон хөрсөн дор хэвтэж байх юм даа.
“Би чинь нас бие гүйцсэн хүн болохоор бодит байдалтай эвлэрэх ёстой. Үгүй ээ, би нас биед хүрээгүй хүн. Би юутай ч эвлэрэхийг хүсэхгүй. Амьд явах хүсэл ч алга”.
Шөнийн цагаар нүд цавчилгүй хэвтэж байхдаа, Эдвардын хойноос очиж, сэтгэлийн их шаналалыг зүйл дуусгаж амар жимэр болоход ядах юм алга хэмээн боджээ.
“Бид бүхэн аз жаргал эдлэх гэж төрсөн. Гэтэл гагцхүү гай зовлонгоор төгсдөг. Биднийг зөвхөн үхэл хүлээж байдаг. Бид нар хайрлаж дурлаж аз жаргалтай явж байгаад эцэст нь ямар ч шалтгаангүйгээр устаж үгүй болно. Бид чинь од гаригийн уудамд сүлжилдэж яваа сансрын хөлөгт суусан мэт байх юм. Энэ дэлхий бүхэлдээ Дахау, бид бүгдээрээ еврей юм байна” гэж бодсоор унтсан боловч шөнө дөлөөр түүний хашгирах чимээнээр хүүхдүүд унтлагын өрөөнд гүйлдэн ирэхэд хоёр үрээ тэврэн авчээ.
- Ээж ээ, та үхэхгүй тийм ээ? гэж Тим шивнэн асуув. “Би өөрийгөө хөнөөж болохгүй. Би энэ хоёртоо хэрэгтэй хүн. Эдвард минь намайг хэзэ ч өршөөхгүй байсан биз” гэж бодлоо.
Мэри хоёр хүүхдийнхэ төлөө цаашид амьдрах хэрэгтэй байлаа. Тэрбээр Эдвардын. өгч чадаагүй хайрыг хүүхдүүддээ өгөх ёстой байлаа. “Эдвард минь, чи бид бүхэнд их хэрэгтэй байна. Бид нар бие биедээ их хэрэгтэй улс юмсан. Бид үнэхээр аз жаргалтай амьдарч байсан болохоор Эдвардын үхлийг гэтлэн давна гэдэг улам хүнд байгаа нь хачин юм. Тэргүйгээр тарчлан амьдарч, хэзээ ч бүтэх нь өнгөрсөн олон сайхан дурсамжийг эргэн санах өчнөөн олон шалтгаан байх юм. Чи хаана байна? Дээд тэнгэр минь! Миний үгийг сонсож байна уу? Надад туслаач дээ. Тусалж үзээч дээ. Бид цөмөөрөө үхэх юм чинь үүнд дасах хэрэгтэй юм. Би чинь хар амиа бодсон үзээрийн муухай амьтан байна. Энэ хорвоо дээр зовж яваа цорын ганц хүн шиг авирлаж байна. Бурхан намайг цээрлүүлэх гээгүй байгаа. Амьдрал бол сансар адил уудам дэлгэр билээ. Нэгэн агшинд гулган бууж, эр эмийн ажил хийж, үс гэзгээ самнаж, өвчиндөө шаналан эвхрэлдэж, тайзан дээрээс дуулан, зарим нь гэрлэж, зарим нь өлбөрөн үхэж байгаа шүү дээ. Эцсийн эцэст бид бүгдээрээ нэг хүн биш гэж үү? Мөнх оршихуй бол мянга мянган сая жилийн настай эд, мөнх оршихуйг ухаарахад бидний биеийн атом нэг бүр нь ямар нэгэн одны өчүүхэн хэсэг байсан билээ. Дээд тэнгэр минь намайг хараач. Бид бүхэн таны уудам огторгуйн нэгээхэн хэсэг учраас биднийг үхэхэд уудам огторгуйн нэг хэсэг нь бидэнтэй хамт үхдэг юм”.

Хаана бол хаана Эдвард байх юм. Урьд хоёулаа хамт явдаг байсан замаар давхиж явахад радиогоор нэвтрүүлж байгаа олон дуунд Эдвард байж л байгаа. Үүрийн гэгээгээр нойрноос сэрэхэд Эдвард хажууд минь байж л байгаа. “Би өнөөдөр эртхэн босох хэрэгтэй байгаа. Нэг өвчтөнд савны гуурс авах хагалгаа хийх хэрэгтэй юмсан” гэж байж билээ.
Мэри түүнийхээ дууг сонссон учир ярилцаж эхэллээ:
- Эдвард минь, би хүүхдүүдийнхээ төлөө санаа зовдог болчихлоо. Тэр хоёр сургуульдаа явмааргүй байна гэнэ. Гэртээ ирэхэд намайг үхсэн байна гэж Бет ярих юм.
Мэри өдөр болгон оршуулгын газраар очиж эргэж олдохоо больсон юмны тухай эмгэнэн даарч зогсоно. Гэвч энэ нь оюун санаагаа амар тайван байлгахад тусыг эс өгнө. “Чи минь энд алга байна. Хаана байгаагаа хэлээд өгөөч дээ” хэмээн бодно.
Маргарет Юрсенарын бичсэн “Ванг-Фо амиа аварсан нь” гэдэг өгүүллэг санаанд нь оржээ. Энэ бол хуурамч юм бүтээсэн зэмд унаж эзэн хаанас цаазын ял сонссон хятадын нэг зураачийн тухай паян билээ. Бодит байдлаас хол давах үлэмжийн гоё зураг бүтээсэн гэж тэр зураач нотлоод байсан шүү дээ. Гэвч тэр зураач нарийн ухаан сийлж эзэн хааныг давсан ажээ. Тэрбээр өөрийн зурсан завинд суугаад сэлэн оджээ гэж гардаг. “Би ч гэсэн сэлэн одмоор байна. Би чамгүйгээр энд байж чадахгүй” гэж Мэри бодно.
Флоренс, Дуглас нар хүүхнийг тайтгаруулахыг хичээж,
- Одоо тэр сайхан байгаа юм чинь хэмээн тайвшруулдаг байжээ.
Гэвч энэ бол тайвшруулах гэсэн жирийн үг бөгөөд түүнийг тайтгаруулж огт чадахгүй байжээ. Одоо ч, хойшид ч тайвшруулж чадахгүй юм чинь.
Мэри гүн шөнөөр байн байн сэрж, хоёр хүүхдийнхээ өрөөнд яаран очиж, тэд нар амьд байгаа эсэхийг лавлана. “Миний хүүхдүүд үхэх болно. Бид бүгдээрээ үхнэ. Гэтэл хүмүүс гудамжаар явж л байдаг. Тэнэг новшнууд! Тэд нар инээлдэж яваа ч гэсэн цөмөөрөө үхнэ. Тэдний үхэх цаг нь болчихоод байхад хөзөр тоглон, үлдсэн цагаа нөхцөөж байх юм. Дэмий юм. Энэ дэлхий бол бурхан тэнгэрийн нядалгааны газар, бид бүгдээрээ золиосны амьтад юм шүү. Тэд нарт болон хайртай хүнд нь юу тохиохыг мэдэхгүй явна гэж үү?” гэхчилэн бодно.
Энэ асуултын хариулт нь уй гашууны зузаан мананг нэвтлэн зугуухан явсаар Мэрид хүрэх ажээ. Тэд нар мэдэлгүй яахав. Тэдний эрхэлдэг бүх ажил төрөл бол өдөх хэлбэр төдий бөгөөд харин тэдний инээд бол амьдрал мөнх биш, бүгдийг нэг ижил хувь тавилан хүлээж байгаа гэдгийг мэддэгээс улбаалан гарсан зохиомол эр зориг юм. Төдий л удаагүй байтал хүмүүн заяатны эр зоригийг шагшин магтах нь давамгайлж, айж балмагдан уурлах явдал нь бага багаар замхран арилж эхэлнэ. “Би үнэхээр ичиж байна. Би өөрт заяасан замыг туулах ёстой. Эцсийн эцэст бид бүгдээрээ ганцаардан хоцрох боловч одоохондоо нэг нэгэндээ илч дулаан, хайр сэтгэлээ өгч байх учиртай”.
Үхэл бол зөвхөн өөр ертөнцөд шилжихийн нэр юм гэж библид өгүүлсэн байдаг. Эдвард минь намайгаа хэзээ ч орхиод явахгүй. Тэнд нэг газар байж л байгаа.
Мэри цааш үргэлжлүүлэн түүнтэй ярилаа: “Би өнөөдөр Тимийн ангийн багштай уулзлаа. Хичээлийн дүн нь бузгай ахисан байна. Бет ханиад хүрээд орондоо хэвтэж байгаа. Би өчигдөр Шайферийнд очиж оройн хоол идсэн. Хачин сайхан улс шүү. Өчигдөр манай декан ирээд явсан. Намайг их сургуульдаа багшлах эсэхийг мэдэх гэсэн юм гэнээ. Одоохондоо багшлахгүй гэж би хэлсэн. Би хоёр хүүхдээ ганц минут болов орхимооргүй байх юм. Тэдэнд минь миний хэрэг их байгаа. Намайг их сургуульдаа эргэж ажиллах нь зүйтэй гэж бодож байна уу? Ингэхэд Дугласыг тушаал дэвшүүлсэн. Одоо мань хүн ерөнхий эмчээр ажиллаж байгаа”.
Эдвард миний яриаг сонссон уу? Мэри үүнийг мэдэхгүй байлаа. Бурхан чи хаана байна, ер нь үнэхээр бурхан байдаг юм уу? Байдаггүй юм уу? Ямар нэг бурханд итгэдэггүй хүн бол ядахдаа сонирхоогүй байдаг” гэж Т.С.Элиисон хэлсэн байдаг сан.

Ерөнхийлөгч Пол Эллисон, Стэнтон Рожерс, Флойд Бейкер нар зууван танхимд зөвлөлгөөн хийж байна. Төрийн нарийн бичгийн дарга,
- Ноён ерөнхийлөгч, танд их дарамт үзүүлж байна. Румынд сух элчин сайд томилох ажлыг цааш сунжруулах болохгүй юм шиг байна. Та миний гаргаж өгсөн жагсаалтыг дахин үзээд сонголт хийж... гэтэл ерөнхийлөгч,
- Баярлалаа, Флойд. Би чиний хичээл зүтгэлийг үнэлж байна. Гэлээ ч гэсэн Мэри Эшли хамгийн тохиромжтой нэр дэвшигч мөн гэж үзэж байна. Түүний гэр бүлийн байдал өөрчлөгдсөн. Түүнд учирсан гай зовлон бидэнд ашигтайгаар эргэж болох талтай. Би түүнийг дахин гуймаар байна гээд Стэнтон Рожерст хандаж,
- Чи онгоцоор нисч Канзаст очоод түүнийг зөвшөөрүүлэх талаар ятгаад ирмээр байна гэлээ.
- Тэгье, ноён ерөнхийлөгч.

Мэри оройн хоолоо хийж байтал утасны хонх дуугарчээ. Мэри харилцуурыг авахад залгагч бүсгүй,
- Цагаан ордноос ярьж байна. Манай ерөнхийлөгч Мэри Эшли хатагтайтай ярих гэсэн юм гэжээ.
“Одоо ярихгүй. Ер нь ерөнхийлөгч ч бай, өөр хэн ч бай ярьмааргүй байна” гэж Мэри бодохдоо ерөнхийлөгч анх утасдахад сэтгэл нь ихэд хөөрч байснаа саналаа.
- Би Эшли хатагтай байна, харин би...
- Та түр хүлээгээрэй.
Утасны харилцуурт танил дуу гарлаа.
- Эшли хатагтай, би ерөнхийлөгч Пол Эллисон байна. Таны нөхөр нас барсанд чин сэтгэлээсээ хамгийн гүн эмгэнэж байгааг минь хүлээн авна уу. Танай нөхөр их сайхан хүн байсан юмсан.
- Ноён ерөнхийлөгч танд баярлалаа. Та цэцэг илгээсэн нь их сайхан байсан шүү.
- Эшли хатагтай, би таны амар амгалан байдлыг алдуулах гээгүй юмсан. Маш бага хугацаа өнгөрөөд байгааг би ойлгож байна. Гэвч таны гэр бүлийн байдалд өөрчлөлт орлоо. Румынд суух элчин сайд болох талаар миний тавьсан саналыг дахин бодож үзээч гэж хүсэх гэсэн юм.
- Баярлалаа. Гэвч үүнийг бүтэх зүйл гэж бодохгүй байна.
- Та хичээж миний хэлэх үгийг сонсооч. Би тантай уулзуулахаар нэг хүн явуулъя. Стэнтон Рожерс гэдэг хүн. Ядахдаа түүнтэй уулзаж ярилцвал би талархах болно.
Мэри юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Миний хувьд энэ хорвоо орвонгоороо эргэж, амьдрал минь сүйрснийг хэрхэн тайлбарлах билээ? Одоо надад Тим, Бет хоёрын ашиг сонирхол чухал болоод байна. За яахав, ерөнхийлөгчийн элч төлөөлөгчтэй уулзаж бль болохоор зүйд нийцүүлэн элчин сайдын албан тушаалаас татгалзъя гэж шийдээд,
- Ноён ерөнхийлөгч, би тэр хүнтэй уулзаж ярилцъя. Харин би шийдвэрээ өөрчлөх нь юу л бол гэжээ.

Бино хэмээх цэцэрлэгт гудамжинд байх бааранд Марин Грозагийн бие хамгаалагчид чөлөө цагаараа байн байн ирж алжаал тайлдаг байжээ. Тэр бүү хэл, Лев Пастернак хүртэл хааяа очдог юм. Сахиус эргэн тойрны яриа хөөрөөг сайн сонсож болохоор нэг ширээнд суужээ. Жижүүр хийж туйлдаж ядарсан хамгаалагчид энд ирээд биеэ зөнд нь тавьж, баахан архи ууна. Харин архи уухаар ам нь задгайраад ирдэг ажээ. Сахиус Грозагийн байшингийн эмзэг газар хаана байдгийг тодруулахыг хичээж тэдний яриаг чагнана. Тийм эмэг газар зааюал байдаг жамтай. Ухаантай хүн түүнийг заавал олж чадна.
Сахиус гурав хоногийн дараа яриа сэм сонсож суугаад асуудал шийдэх түлхүүрийг олжээ.
Нэг хамгаалагч ингэж ярив гэнэ:
- Гроза тэр муусайн завхай хүүхнүүдтэй юу хийж байдгийг мэдэхгүй юм. Харин тэд нар түүнийг хайр найргүй ташуурддаг нь лавтай. Чи түүний орилж байхыг сонссон ч болоосой. Би өнгөрөх долоо хоногт өнөөх олон ташуураа хадгалдаг өрөөнд орж үзсэн...

Маргааш орой нь Сахиус ийм зүйлийг сонсчээ:
- Манай аймшиггүй удирдагч дээр ирдэг завхай хүүхнүүд чинь шилээд авсан гос амьтад даа. Тэд нар энэ дэлхийн газар бүрээс ирдэг гэсэн. Үүнийг Лев өөрөө гардан гүйцэтгэдэг юм. Тэр бол алдаж үхэх хүн биш. Нэг хүүхнийг хоёр дахин авчирна гэж огт байхгүй. Тэгэхлээр тэднээр дамжуулаад Марин Грозад хүрнэ гэсэн гом байхгүй.
Сахиуст өөр юу ч хэрэггүй болжээ.

Сахиус маргааш нь төлбөрт үйлчилгээний газраар орж, машинаа солин “фиат” машин хөлөглөж аваад Приж орохоор хөдөлжээ. Пигаль талбайн дэргэд янхан хүүхнүүд, бас биеэ үнэлэгчдийг нууц амраг болгож аваад тэдний мөнгөөр нь амь зогоодог харчуудын суудаг газрын хавьцаа орших Монмартрт нэг сексийн дэлгүүр байдаг аж. Сахиус тэнд орж очоод эгнүүлэн тавьсан тавиуруудын хоорондуур явж тэдний барааг анхааралтай сонирхон үзлээ. Тэнд гав гинж, салтаандаа хагалбартай савхин дотоож, доргилуур, чадавхи сайжруулах түрхэц, бодит хэмжээгээр хийсэн хүүхэлдэй, порно хуурцаг зардаг юм байна. бас тэнд үзүүртээ өргөстэй, нэг метр наян сантиметр урт ташуур зарж байжээ.
Сахиус нэг ташуур худалдаж аваад гарчээ.
Маргааш өглөө нь нөгөө ташуураа бариад дэлгүүрт ирэхэд худалдагч нь хөмсөг зангидан,
- Манайх бараагаа буцааж авахгүй гэхэд Сахиус,
- Би буцаах гэсэн юм биш. Авч явахад эвгүй юм. та үнийг надад шуудангаар илгээмээр байна. Мөнгө төлөлгүй яахав гэжээ.
Сахиус тэр оройдоо Буэнос-Айрес орохоор нисчээ.
Маргааш нь нямбайлан боосон өнөөх ташуурыг Нейи дахь байшинд хүргэжээ. Бие хамгаалагч түүнийг анхааралтай шалгаж, дэлгүүрийн нэрийг уншиж үзээд боодлыг задлан ташуурыг нягтлан шалгажээ.
“Ташуур нь цөөдөөд байгаа юм уу, хаашаа юм?” гэж бодоо сүүлд нь Марин Грозагийн өрөөнд аваачиж, бусад ташууруудтай зэрэгцүүлэн шүүгээ дотор тавив.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:09 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.01.09 12:08 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Aug.11.08 5:24 pm
Posts: 712
Location: Толгойгоо ажиллуул
bayarlalaa. :-P

_________________
Тэвчээрийн дор алт тунарна


Top
   
PostPosted: Oct.01.09 2:11 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Mar.17.09 6:05 pm
Posts: 378
Location: Sanchir garig deer....
urgeljleliig n oruulahgui yumuu :hi:

_________________
Aash muutai eej...


Top
   
PostPosted: Oct.01.09 11:39 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бүлэг 10

Форт-Райли бол АНУ-д эдүгээ болтол ашиглагдаж байгаа хамгийн хуучин цагийн бэхэлгээт хэрмийн нэг бөгөөд түүнийг Канзас нь индианчуудын дэвсгэр нутаг байсан үе, 1853 онд байгуулсан юм. Тэр нь аянчин жинчдийг индианчуудаас хамгаалах зориулалттай байсан бол одоо нисдэг тэрэг, цэргийн зориулалттай бага оврын онгоцны бааз болгон ашиглаж байгаа билээ.
Стэнтон Рожерсын суусан ДС-7 онгоц газардахад тус баазын дарга өөрийн биеэр угтан авчээ. Түүнийг Мэрийнд хүргэж өгөх лимузин машин хажууд нь зогсож байлаа. Ерөнхийлөгчийг ярьсны дараахан Стэнтон Рожерс Мэрийтэй утсаар ярьсан юм байж.
- Эшли хатагтай, би танайхаар очоод удахгүй гэдгийг амлаж байна. Хэрэв танд тохиромжтой бол би даваа гаригийн орой онгоцоор очъё.
“Их найрсаг сайхан хүн байна. Бас тэгээд нэрд гарсан алдартай хүн. Ерөнхийлөгч яагаад түүнийг надтай уулзуулахаар илгээв?” хэмээн бодсон Мэри,
- Тохиромжтой байлгүй яахав. Та бидэнтэй хамт оройн зоог идвэл яасан юм бэ? гэж нэмж хэлсэнд,
Стэнтон түр зуур тээнэгэлзэж байснаа,
- Баярлалаа гэж хэлээд “Уйтгартай урт үдшийг өнгөрөөх болж дээ” хэмээн боджээ.
Флоренс Шайфер энэ тухай сонсоод учиргүй их баярлаж,
- Ерөнхийлөгч маань гадаад хэргийн асуудал хариуцсан зөвлөхөө илгээсэн хэрэг үү? Тэгэхлээр чи түүний саналыг хүлээж авах юм биз дээ? гэжээ.
- Тэгж ярихгүй, Флоренс минь. Би зүгээр л тэр хүнтэй уулзаж ярилцъя гэснээс цаашгүй. Тэгээд л болоо.
Флоренс, Мэрийг тэврэн авч,
- Дураараа л бол. Чамд л сайхан байвал болоо гэв.
- Би мэдэж байнаа.
“Хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалт” гэдэг зурагтын нэвтрүүлэг, “Тайм” сэтгүүлд хэвлэгдсэн гэрэл зургаар нь таних Стэнтон Рожерсийг алдар цуутай гарамгай хүн гэж Мэри үзээд “Уулзаад харахаар хамаагүй том биетэй эр юм” гэж дотроо боджээ. Алс холоос ярьж байгаа юм шиг дуутай хэдий ч их эелдэг яриатай хүн ажээ.
- Эшли хатагтай, танд ийм аймшигтай эмгэнэлт явдал тохиолдсонд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь болгоон авна уу.
- Баярлалаа.
Мэри түүнд хоёр хүүхдээ танилцууллаа. Люсианда хүүхэн оройн хоол хийж байх хооронд тэд нар ерөнхий сэдвээр хөөрөлджээ.
- Ямар ч гэсэн тэр чинь ийм хоолыг голно доо гэж Люсианда хэлж байсан билээ.
- Өнөөдөр манайд Стэнтон Рожерс зочлон ирнэ. Тэгэхлээр жигнэсэн махтай хоол хийх болж байна гэж Мэри хэлэхэд Люсианда,
- Стэнтон Рожерс шиг улсууд жигнэсэн мах иддэггүй юм гэжээ.
- Тийм гэж үү? Тэгээд юу иддэг болж байна?
- Тэд чинь франц хоолыг илүүд үздэг юм.
- Харин бид нар жигнэсэн махтай хоол хийе л дээ.
- Дураараа л бол. Харин энэ чинь буруу шүү.
Люсианда жигнэсэн махаа чанасан төмс, шинэ ногоо, салатны хамт өгч, амтат зууш болгон хулуутай бялуу барилаа.
Стэнтон Рожерс тавагтай хоолыг цэвэрлэн иджээ.
Оройн хоолны үеэр мал аж ахуй эрхэлдэг фермэрүүдэд тулгарч байгаа асуудлын талаар ярилцаж суухад Мэри чин сэтгэлээсээ,
- Дундад Өрнөдийн фермэрүүд хэтрүүлэн үйлдвэрлсэн зүйлээ хямт үнээр борлуулж байгаадаа хавчигдаад байгаа юм. Харин гараа тосоод явах улс биш гэж ярив.
Тэгээд Жанкшн-Ситийн тухай яриа дэлгэж байснаа Стэнтон Рожерс, Румын улсын тухай ярьж эхэлжээ.
- Та ерөнхийлөгч Ионескугийн засгийн газрыг хэрхэн үздэг вэ?
- Румын улсад засгийн газар гээд байх юм байхгүй. Ионеску л засгийн газар болоод байгаа юм. Тэр бол бүх юмыг хяналтандаа атгасан хүн.
- Тэнд хувьсгал гарах боломж байна уу?
- Одоогоор тийм боломж байхгүй. Ионескуг түлхэн унагааж чадах цорын ганц хүн бол одоо Францад амьдарч байгаа Марин Гроза.
Стэнтон Рожерс үргэлжлүүлэн шалгаасаар байлаа. Мэри үнэхээр Дорнод Европын орнуудын талаар сайн шинжээч болох нь тодорхой байснаас гадна түүний асар их мэдлэгийг шагшин гайхаж байлаа. Микроскопоор харж байгаа юм шиг нягтлан шалгаах нь Мэрид жаахан эвгүй байжээ.
“Полын хэлдэг зөв юмаа. Энэ бол Румыний талаар үнэхээр том мэргэжилтэн юм байна. Тэгээд зогсохгүй, хүүхдүүдтэйгээ нийлээд Америк орныг төлөөлөөд суухад гойд таарах хүн байна” гэж Стэнтон Рожерс боджээ.
Мэри бол хамгийн тохиромжтой нэр дэвшигч гарцаагүй мөн байсан тул Стэнтон Рожерст улам их таалагджээ.

- Эшли хатагтай, надад танаас нуух юм байхгүй. Би анхнаасаа Румын шиг ээдрээтэй улсад суух элчин сайдаар таны нэрийг дэвшүүлэх боломжийн тухай яриа гарахад би таны эсрэг байсан. Үүнийгээ ч ерөнхийлөгчид хэлж байсан. Харин одоо миний санал эсрэгээр эргэсэн учир үүнийг танд хэлж байгаа юм. та гарамгай сайн элчин сайд болж чадна гэж би лавтай бодож байна гэж Рожерс хэлсэнд Мэри толгой сэгсэрч,
- Рожерс гуай, намайг уучлаарай. Би бол улс төрөөс хөндий байгаа мэргэжлийн биш хүн гэж хариулав.
- Манай хамгийн шилдэг, тэргүүний дипломатчдын дотор мэргэжлийн биш олон хүн байсан гэж ерөнхийлөгч надад нэг өдөр ярьж байсан юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд дипломат ажлын туршлага байгаагүй. Манайхаас Англи улсад сууж байсан элчин сайд Уолтер Аннеберг чинь хэвлэлийн газрын эзэн байсан хүн.
- Гэвч би...
- Энэтхэгт сууж байгаа элчин сайд Жон Кеннет Гэлбрэйт чинь багш байсан хүн. Майк Мэнсфилд бол сэтгүүлчийн мэргэжлээр ажлын гараагаа эхэлж дараагаар нь сенатын гишүүн болж байснаа Японд суух элчин сайдаар томилогдсон. Би танд хэдэн арван ийм жишээ хэлж чадна. Тэд бол цөмөөрөө таны мэргэжлийн биш гэж хэлээд байгаа хүмүүс. Эшли хатагтай минь, тэд бол эх орондоо хайртай, очсон орныхоо ард түмэнд сайхан сэтгэлээр ханддаг улс байгаа юм.
- Таны бодлоор энэ чинь тийм хялбар...
- Та хамгийн хатуу шалгалтыг давж гарснаа таамаглаж байгаа болбуу. Бүр гялалзсан амжилтаар давсан. Хантер деканы хэлснээр та тэргүүн зэргийн багш юм байна. Бас тэгээд Румыний талаар гаргуун мэргэжилтэн гэдэг нь илэрхий байна. Та хосгүй сайхан эхэлж байна. “Төмөр хөшиг”-ний цаана байгаа орнуудад ерөнхийлөгч харуулахыг хичээгээд байгаа тэр дүрд яг таараад байна. Тэд нар суртал ухуулгаараа биднийг хорон санаатан болгоод байгаа юм шүү дээ.
Мэри бодлогшрон түүний яриаг сонсож байлаа.
- Та бүхэн их анхаарал тавьж байгааг би үнэлж байна. Та болон ерөнхийлөгчийн аль аль нь үүнийг мэдэж аваасай гэж хүсэх байна. Гэвч би чадахгүй. Би Тим, Бет хоёрыгоо халамжлах ёстой хүн болохоор тэдний хүмүүжлийг гаргуунд нь хаяж чадахгүй...
- Бухарест хотод дипломатчдын хүүхдүүдэд зориулсан гойд сайн сургууль бий. Тим, Бет хоёр тэнд очоод их сайн боловсрол олж авна. Энд хэзээ ч сурч чадахгүй зүйлийг тэндээс сурч авна.
Рожерстэй иймэрхүү маягаар ярилцана гэж төсөөлөөгүй байсан Мэри,
- Мэдэхгүй юм даа... Би бодох хэрэгтэй байна гэлээ.
- Би өглөө болтол эндээ байна. Тээвэрчдийн “Ол Сизонс” буудалд байгаа. Үүнийг шийдэхэд танд үнэхээр амаргүй байгааг ойлгож байна, Эшли хатагтай минь. Харин энэ хөтөлбөр бол зөвхөн ерөнхийлөгчид чухал байгаа төдийгүй бүх л улс оронд чухал юм шүү. Та хичээж бодоорой.
Стэнтон Рожерсийг явсны дараа Мэри дээшээ гарч ирэхэд хүүхдүүд унтаагүй хүлээж байлаа.
- За яав, та зөвшөөрсөн үү? гэж Бет асуужээ.
- Та нартай зөвлөлдөж ярилцах хэрэгтэй болоод байна. хэрэв би зөвшөөрвөл та нар минь сургууль, хамаг найз нөхдөөсөө хагацах болох нь. Та нар хэлийг нь мэдэхгүй харийн оронд очиж, харь газрын сургуульд суралцах болно.
- Тим бил хоёр энэ тухай ярилцсан. Тэгээд юу гэж шийдсэн гээч? Гэж Бет хэлэхэд нь,
- Юу гэж шийдэв? гэсэнд,
- Ээж ээ, тань шиг элчин сайдтай болсон ямар ч улс орон баярлах болно гэж шийдсэн гэжээ.
Мэри тэр шөнөдөө дахиад л Эдвардтай ярилцжээ. “Хайрт минь чи сонссон ч болоосой. Би ерөнхийлөгчид үнэхээр их хэрэг болоод байгаа шиг сэтгэгдэл төрөх юм. Хэдийгээр энэ ажлыг надаас илүү хийж чадах саяар тоологдох хүмүүс байгаа ч гэсэн надад таатай л байх юм. Энэ чинь ёстой гоё юм гэж чи бид хоёр бодож байсныг санаж байгаа байлгүй. За, тэгтэл дахиад нэг боломж гараад ирлээ. Би яахаа мэдэхгүй болчихоод байна. Үнэнийг хэлэхэд бидний орон гэр энд байгаа гэж бодохоос айх шиг болох юм. Гэр орноо яаж орхих билээ? Энэ гэрийн бүх юм чамайг санагдуулах юм. Энэ чинь бүгдээрээ чамаас үлдсэн юмс. Надад туслаач дээ”. Мэри уйлж байгаагаа дөнгөж сая мэдэрчээ.
Цонхны тэнд унтлагын хувцастай суугаад хүйтэн салхинд найгах моднуудыг ажиглан байснаа үүр хаяарах үеэр нэг мөр шийджээ.
Өглөөний есөн цагт “Ол Сизонс” буудал руу утасдаж, Стэнтон Рожерсийг дуудаж өгнө үү хэмээн хүсчээ.
Түүний дууг сонсоод,
- Рожерс гуай, түүний тавьсан саналыг хүлээж авах нь нэр төрийн хэрэг гэж үзэж байгааг минь ерөнхийлөгчид уламжилж өгнө үү гэжээ.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:10 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.02.09 12:30 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бүлэг 11

“Бусдаасаа гоё хүүхэн байна” гэж бие хамгаалагч боджээ. Тэр хүүхэн биеэ үнэлэгчдээс тэс өөр, жүжигчин юм уу гэрэл зургийн модель гэмээр байжээ. Урт үстэй, өнгөлөг хөрстэй, улаан даашинз өмссөн хорь эргэм насны бүсгүй байв.
Лев Пастернак биечлэн ирж түүнийг байшинд оруулж өгөв. Югослав улсаас ирсэн Бисера гэдэг тэр бүсгүй өчнөөн олон харуул байхыг хараад айх шиг болжээ. Түүний мөнгөөр амь зуудаг хархүү нь ирэх, очихын тийз гардуулж өгөхдөө, чи ганц цаг ажиллаад хоёр мянган долларын шан харамж авах болно гэж хэлснээс өөх юу ч мэдэхгүй байжээ.
Лев Пастернак унтлагын өрөөний үүдийг тогшиход Марин Гроза,
- Орцгоо гэжээ.
Лев Пастернак үүд онгойлгож хүүхнийг урдаа оруулахад нүцгэн биен дээрээ нөмрөг хэдэрсэн Марин Гроза орныхоо хажууд зогсож байхыг хүүхэн олж харжээ.
- Үүнийг Бисера гэдэг юм гэж Пастернак хэлэхдээ Грозагийн нэрийг дурссангүй.
- Оройн мэнд. Бүсгүй минь наашаа орооч.
Пастернак гарч үүдээ хичээнгүйлэн хаахад Марин Гроза нөгөө хүүхэнтэй хоёулхнаа үлджээ.
- Чи тохилог суудаг юм байна. алив би тайчъя. Тэгвэл бүр сайн болох биз гээд даашинзаа тайлж эхэллээ.
- Хэрэггүй. Битгий тайчаарай.
Гайхсан хүүхэн түүний өөдөөс харж,
- Чи чинь загас наадуулах... гэсэн юм биш үү? гэв.
Гроза хувцасны шүүгээ тийш очиж нэг ташуур гаргаж ирээд,
- Миний хүсч байгаа юм энэ байна гэжээ.
Хүүхэн “Энэ чинь боол шиг байхыг хүссэн эр байна. Хачин юм даа. Тийм эрчүүдтэй огт адилгүй юм” хэмээн боджээ.
Тэгээд “Энэ эрчүүд учир нь олддоггүй улс шүү” гэж бодсон хүүхэн,
- Тэгэлгүй яахав, хонгор минь. Чи тэгж сэрэл авдаг юм бол... гэв.
Марин Гроза нөмрөгөө тайлж хаяад буруу харан зогсов.
Түүний хамаг бие шархалж, ар нуруу нь тэр чигээрээ хуниралдсан сорви болсон байхыг үзээд сайхь бүсгүй айх шиг болжээ. Тэр эрийн харцанд тодорсон үл ойлгогдох зүйлийг хараад хүүхэн гайхсан боловч чухам юу байсныг ухаарсны дараа бүр их гайхжээ. Харцанд тогтсон зүйл нь уй гашуу байжээ. Тэсвэрлэшгүй их өвчинд шаналан зовсон энэ хүн яагаад ташуурдуулахыг хүсдэг байна? Ингээд хүүхнийг харсаар байтал сандал дээр очиж суун,
- Намайг чанга цохиорой. Их чанга цохиорой хэмээн тушаал буулгав.
- За тэгье гэж хэлээд Бисера хүүхэн урт ташуурыг авав. Бисера хүүхэн урьд мазохизм хэмээх гаж донгийн илрэлтэй учирч явсан боловч энэ удаад үл ойлгогдох нэгэн зүйлтэй учирсан юмсанж. Гэвч “Энэ бол надад хамаагүй зүйл. Хамгийн гол нь мөнгөө аваал гэртээ харивал болоо” хэмээн бодоод ташуурыг далайн нуруун дундуур нь цохисонд нөгөөх эр,
- Хүчтэй цохь. Улам хүчтэй цохь хэмээн ёолж байв.
Ар нуруун дээр ташуур буух тоолонгоор өвчиндөө тарчилсан сайхь эр атиралдан халаглах ажээ. Дахиад... Бас дахиад... Дахиад л байлаа... Улам хүчтэй буулгахын хирээр сайхь эрийн нүдэнд хий үзэгдэл харагдаж эхэлжээ. Эхнэр, охин хоёрыг нь хүчирхийлж байгаа харагдлаа. Өмдөө тайлан унагаж хөөр баяр болсон цэргүүд эхнэрээс нь буугаад охин дээр нь очиж дараалан зогсоод хүлээж байлаа. Ташуурын хүчинд хамаг бие нь шаналан өвдөхөд улам сульдан туйлдсан эхнэр, охин хоёр нь амь тавин хашгирч гуйх ду чихэнд нь хадаж байлаа. Төдий л удалгүй цус холилдсон тэр хоёр шалан дээр тэрий хадан унаад амьсгаа хураажээ.
- Бүр чанга цохь хэмээн халаглах Гроза, цохих тоолонгоор хурц хутгаар хөнгөлүүлж байгааг салтаандаа мэдэрч байлаа. Тэгж байтал Гроза,
- Хүн дуудаарай гэж хашгираад чимээгүй болов. Гэтэл түүний уушиг мэдээгүй болсон байжээ.
Хүүхэн ч ташуурдахаа больж,
- Хүүе, чи зүгээр үү? гэж асуусан боловч шалан дээр хэвтэх нөгөө эрийн хоёр нүд гөлийсөн байхыг хараад,
- Туслаарай, туслаарай хэмээн хашгирчээ.
Гар буу барин гүйж ирсэн Лев Пастернак шалан дээр хөсөр хэвтэх эрийг хараад,
- Юу болсон бэ? гэж асуухад галзууртлаа балмагдсан хүүхэн,
- Тэр үхчихлээ! Үхчихсэн! Би яагаа ч гүй. Би түүний хүссэний дагуу ташуурдаж байсан. Би андгайлъя хэмээн сандрав.
Хэдхэн секундын дараа мөн тэр байшинд суудаг эмч орж ирээд Марин Грозагийн цогцост үзлэг хийхээр тонгойход бүх булчин нь зангирч, хамаг бие нь цэлдэн хөх болсон байжээ.
Эмч нөгөө ташуурыг авч үнэрлэв.
- За яасан байна?
- Чөтгөр аваасай билээ! Кураре байна. Өмнөд Америкт ургадаг нэгэн зүйл ургамлын хандыг ингэж нэрлэдэг юм. Индианчууд үүнийг түрхсэн сумаар дайснаа алдаг байсан юм. Гурван минутын дотор бүх мэдрэлийн эрхтнийг ажилгүй болгодог эд дээ.
Аргаа барсан хоёр эр амь тавьсан удирдагчаа харан зогслоо.
Хиймэл дагуулын ачаар, Марин Гроза үхсэн тухай дэлхий даяар мэдэж авчээ. Лев Пастернак амины хэрэг гарсан тухай дэлгэрэнгүй мэдээллий хэвлэлийнхнээс нуугаад өнгөрч чадлаа. Вашингтон хотод ерөнхийлөгч, Стэнтон Рожерстой уулзаж,
- Стэн, энэ аллагын ард хэн байгаа гэж бодож байна? хэмээн асуужээ.
- Оросууд юм уу Ионеску байж таарах биз. Ингэхэд энэ хоёр чинь ялгаагүй шүү дээ. Тэд нар оршин тогтож байгаа одоогийн байдлаа өөрчлөхийг хүсээгүй юм байна.
- Тэгвэл бид нар Ионускутэй учраа ололцох болж дээ. Тэр тийм байж. Мэрийг элчин сайдын албан тушаалын ажилд томилох ажлыг түргэлэх хэрэгтэй боллоо.
- Эшли ирж яваа. Ямар ч асуудал байхгүй болсон.
- Сайн байна.
Гроза үхсэн тухай мэдээ сонссон Сахиус инээмсэглэн “Миний төлөвлөснөөс эрт амжуулжээ” хэмээн бодов.
Оройн арван цагт Хянан Шалгагчийн хувийн утас дуугарахад харилцуурыг авч,
- Байна уу! гэж хариулахад Неуса Муньес шахмал хоолойгоор,
- Сахиус өнөөдрийн сонинг уншиж үзсэн. Миний дансанд мөнгө хийгээрэй гэж байна лээ гэлээ.
- Би үүнийг одоохон амжуулна гэж дамжуулаарай. Муньес ахайтан, би таны хийсэн ажилд сэтгэл хангалуун байна гэж түүнд хэлээрэй. Ойрын үед түүний туслалцаа бидэнд хэрэг болж магадгүй. Тантай ярьж болох утасныхаа дугаарыг өгөөч.
Бүсгүй баахан чимээгүй болсноо,
- Тэгье гэж хэлээд утасны дугаар хэлж бичүүлэв.
- Их сайн байна. Хэрэв Сахиус...
Харилцуурт тасалдсан дохио дуулдав.
- Хараал идсэн муу маанаг новш хэмээн Хянан Шалгагч ундууцав.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Nov.12.09 12:11 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.03.09 7:22 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Маш их баярлалаа. :wd:


Top
   
PostPosted: Oct.06.09 5:44 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Dec.14.03 5:05 pm
Posts: 291
Location: Алс хязгаарт
Хэзээ үргэлжлүүлэх гэж байна аа.... Сайхан зүйл хийж байгаад баярлалаа.


Top
   
PostPosted: Oct.08.09 7:42 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Oct.08.09 7:29 pm
Posts: 272
urgejleliig huleej baigaa shu


Top
   
PostPosted: Oct.09.09 5:40 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Dears,

Sorry. Нэг хэсэгтээ ажил ихтэй байгаад ерөөсөө оруулж чадсангүй. Ирэх 7 хоногт бас өөр тийшээ явах гэж байгаа болохоор бас оруулж чадахгүй болох нь. 7 хоног амарчихаад ирий :angel: Ирээд цөм оруулна аа за?

Уншиж байгаад баярлаж байгаа шүү :wd:

BR,
:hi:

_________________
:3q:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 122 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited