#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.21.17 1:24 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 45 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Oct.25.14 11:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Image

Жорж Мартины "Гал мөсний дуун" зохиолын ертөнц дэх "Данк, Эгг хоёрын адал явдал" цувралаас.

The Hedge Knight (1998)
The Sworn Sword (2003)
The Mystery Knight (2010)

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.26.14 2:45 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
ХЭРМЭЛ ХҮЛЭГ БААТАР

Долоон ханлигийн түүх


Энэ түүхэнд “Хаан ширээний тоглоом” номд гарснаас зуун жилийн өмнөх үйл явдлыг дүрсэлжээ.

Хаврын бороонд газрын хөрс дэвтэж зөөлөрсөн учир Данкад ухахад төвөг учирсангүй. Тэр хөгшин өвгөний үргэлж нар жаргахыг харах дуртай байсан зүг болох намхан толгодын баруун энгэрт газар сонгон авчээ.

– Ахин нэг өдөр өнгөрлөө. Маргаашийн өдөр бидэнд юу авчирахыг хэн мэдэх билээ, Данк? гэж тэр санаа алджээ.

Гэвч маргааш нь зэврүүн бороо орж тэднийг чөмгөнд хүртэл нэвт норгоход, тэрний маргааш нойтон салхи салхилж араас нь хүйтэн өдөр болов. Дөрөв дэх өдөр нь хөгшин эр мордоход дэндүү сульдаж доройтжээ. Харин одоо тэр үгүй болсон байлаа. Ердөө хоёрхон өдрийн өмнө тэр аян замд явахдаа «Цахлай хот руу үзэсгэлэнт бүсгүйтэй уулзахаар явлаа даа» гэдэг дээр үеийн дууг Цахлай хотын оронд Ашфорд болгон аялж байжээ. Ашфорд руу үзэсгэлэнт бүсгүйтэй уулзахаар явлаа даа хэй-хо, хэй-хо гэж Данк газар ухах зуураа дүнсгэрдүүхэн бодлоо.

Нүх хангалттай гүнзгийрэх үед тэр хөгшин эрийн биеийг гар дээрээ өргөн нутаглуулав. Өвгөн судалтай гархин хуяг, дуулга, илдний бүстэй туранхай жижигхэн хүн байсан ч одоо хүүдийтэй навчнаас илүү хөнгөнгүй болжээ. Данк харин насандаа ахадсан өндөр том, болхидуу биетэй, сэгсгэр үстэй, зургаа долоо орчим фут өндөр боловч бие нь дөнгөж гүйцэж эхэлж байгаа хөвгүүн бөгөөд арван зургаа, долоогийн алин настай болохыг хэн ч үл хэлж мэднэ. Өвгөн голцуу түүний чадлыг магтдаг байсан бөгөөд энэ нь түүний өгч чадах ганц зүйл байсан тул хүүд магтаал хайрлахдаа үргэлж өгөөмөр ханддаг байв.

Данк өвгөнийг булшны ёроолд тавиад дээрээс нь ширтэн хэсэг зогслоо. Тэр борооны үнэр агаарт чийг татан ханхлахад бороо орохоос өмнө нүхийг дүүргэх ёстойгоо мэдэж байсан боловч настай хүний зүдэрсэн царай луу шороо хийж зүрхэлсэнгүй. Хэрвээ энд септон байсан бол өвгөнд зориулан мөргөлийн үг унших байсан хэдий ч зөвхөн тэр түүнтэй байна. Өвгөн Данкад бүх илд, бамбай, жадны эрдмээ сургасан ч хэзээ ч үгээр сайн ярихыг сургасангүй.

– Би таны илдийг үлдээмээр байгаа ч газрын хөрсөнд зэврэх болно. Бурхад таньд шинийг өгөх бизээ. Би таныг үхэхийг хүсээгүй, сэр гэж Данк эцэст нь уучлал гуйсан өнгөөр хэлээд өөр юу хэлэхээ мэдэхгүй завсарлав. Тэр ямар ч мөргөлийн үг мэдэхгүйн зэрэгцээ өвгөн хэзээ ч төдийлөн зальбирдаг хүн байсангүй.

– Та жинхэнэ хүлэг баатар байж, Охины цөөрөмд болсон ганц явдлаас бусдад намайг хүртэх ёстой үед минь хэзээ ч зодож байсангүй. Тэр бол дэн буудлын хүү бэлэвсэн эхнэрийн бялууг идсэн болохоос биш би биш байсан гэж таньд хэлсэн биз дээ. Гэвч одоо энэ хамаагүй. Бурхад таныг ивээг, сэр гэж Данк эцэст нь хэлээд хөлөөрөө нүхний шороог дүүргэж эхэлсэн авч ёроол руу нь ганц ч доош харсангүй. Тэр урт насыг насалсан. Ойролцоогоор жаран настай байх. Хичнээн хүн ингэж хэлж чадах билээ? Эцсийн эцэст тэр ахин нэг хаврыг үзсэн гэж хөвгүүн бодлогоширов.

Нар баруун зүг гудайх үед Данк морьдоо тэжээв. Морьд нь түүний бөгтөр нуруутай уналганы морь, өвгөний аяны морь болон аян дайн, тэмцээнд унадаг дайны хүлэг болох «Аянга»-тай гурвуул байлаа. Том хүрэн азарга урьд нь байсан үеийнх шигээ хурдан хүчтэй байхаа больсон авч нүд нь хурц, агсам зантай хэвээр учир Данкад байгаа бүх зүйлээс хамгийн үнэтэй нь байв. Хэрвээ би Аянга, хөгшин зээрд хоёрыг эмээл хазаартай нь худалдвал цааш явах хангалттай мөнгөтэй болно гэж Данк хөмсөг зангидан бодов. Түүний мэдэх ганцхан зүйл гэвэл хэрмэл хүлэг баатрын амьдрал бөгөөд нэг зүгээс нөгөө зүг рүү явж лорд ноёдод зүтгэн, дайн тулаанд нь тулалдаж, тайван цаг болтол өргөө гэрт нь ундалж хооллон, дууссан цагт цааш мордон явах бүлгээ. Түүний зэрэгцээ тэмцээн уралдаанд орох бөгөөд зарим хэрмэл хүлэг баатрууд хахир хүйтэн өвлийн цагт дээрэмчин болдог атал хөгшин өвгөн хэзээ ч тэгж байсангүй.

Би ахин нэг хэрмэл хүлэг баатар олж дагуул нь болон морийг нь арчилж, хуяг дуулгыг нь цэвэрлэх юм уу эсвэл Жанниспорт, Хааны газар зэрэг хотод очиж Хотын харуулд орж болох юм. Аль эсвэл... гэж тэр тунгаав.

Данк өвгөний эд зүйлсийг царсны дор овоолжээ. Даавуун хэтэвчинд гурван мөнгөн буга, арван есөн зэс зоос, анарын хэлтэрхий болон хэрмэл хүлэг баатрын эрдэнэс баялгийн гол хэсэг болох морь, зэр зэвсэг нь байлаа. Данк одоо өөрийн хичнээн удаа гараа гарган зэвийг нь зүлгэж байсан гархин хуягны эзэн болжээ. Үүний зэрэгцээ хамрын өргөн халхавчтай зүүн шанаандаа хонхойсон төмөр богино дуулга, хагарсан ширэн бүстэй ширээр өнгөлсөн модон хуйтай илд байлаа. Дээрээс нь нэмээд чинжаал, сахлын хутга, билүү, шилбэвч, эгэмний хамгаалалт, хурц төмөр зэв бүхий яшил модон бариултай найман фут урт дайны жад болон Пенитригийн сэр Арланы сүлд болох хүрэн дэвсгэр дээр мөнгөн далавчтай цомтой хөвөөгөөрөө зурагдсан төмөр хүрээтэй царсан бамбайг нэмвэл бүх зүйлс гүйцэх аж.

Данк бамбай руу хараад илдний бүсийг авснаа бамбай руу ахин харлаа. Бүсийг өвгөний нарийхан ташаанд зориулан хийсэн учир үүний зэрэгцээ гархин хуяг ч гэсэн түүнд таарсангүй. Иймээс тэр илдний хуйг бүсэлхийндээ шидмэсээр зангидан бүслээд урт илдийг унжууллаа.

Илд шулуун, хүнд жинтэй цайзад давтаж хийсэн сайн чанарын ган бөгөөд модон дээгүүр зөөлөн ширэн бариул өнгөлж толгойнд нь толигор зүлгэсэн хар чулуу суулгажээ. Хэдийгээр илд харахад энгийн ч гэсэн гарт барихад эвтэй бөгөөд Данк олон шөнө унтахын өмнө сайтар билүүдэж, тостой даавуугаар зүлгэсэн учир хичнээн хурц болохыг нь мэдэж байв. Энэ Ашфордын Нугад болох тэмцээнд өвгөний гарт байснаас дутуугүй миний гарт таарах бизээ гэж тэр бодлоо.

«Хөнгөн хөлт» морь нь хөгшин зээрдээс илүү явдал хөнгөнтэй боловч Данк өмнө талд нь голын дэргэд орших шавардсан гуалин дэн буудал гарч ирэх хүртэл бие нь чилж ядарчээ. Дэн буудлын цонхоор тусах шаргал дулаан гэрэл түүнийг дэргэдүүр нь өнгөрөхгүй дотогш орохыг урина. Надад гурван мөнгөн зоос байгаа болохоор сайн хоол авч, шар айраг уухад хүрэлцээтэй гэж тэр дотроо шийдэв. Түүнийг мориноос буухтай зэрэгцэн нүцгэн хөвгүүн голоос годхийн ус дуслуулан гарч ирээд биеэ хүрэн даавуун нөмрөгөөр арчлаа.

– Чи агтчин хүү юу? гэж Данк түүнээс асуув. Хөвгүүн найм, ес орчим насны цонхигор царайтай туранхай бөгөөд нүцгэн хөлөөрөө шагай хүрсэн шаварт зогсож байв. Хачирхалтай нь гэвэл хөвгүүнд ямар ч үс байсангүй бөгөөд гялаан толгойтой ажээ.

– Би миний унаж буй морийг арчиж цэвэрлэн, гурвууланд нь овъёос тавьж өгөхийг хүсч байна. Чи тэднийг арчилж чадна биз дээ? гэхэд хөвгүүн урдаас нь тоомсоргүй ширтсэнээ,

– Хэрвээ хүсвэл тэгэх байх даа гэв.

– Надтай ингэж харьцах хэрэггүй шүү. Намайг хүлэг баатар болохыг минь харж байгаа биз дээ гээд Данк хөмсөг зангидлаа.

– Чи хүлэг баатартай адилхан харагдахгүй байна.

– Тэгвэл бүх хүлэг баатрууд адилхан байдаг хэрэг үү?

– Үгүй л дээ, гэхдээ тэд чам шиг харагддаггүй. Чиний илдний бүсийг олсоор хийсэн юм байна.

– Миний хуйг дааж байгаа цагт энэ хамаагүй. Харин одоо морьдыг минь арчил. Хэрвээ үүнийг сайн гүйцэтгэвэл шанд нь чамд зэс зоос өгч үгүй бол чихийг чинь алгадна шүү гээд Данк хүүгээс хариу хүлээлгүй цааш эргэн хаалга мөрлөн гарч явлаа.

Тэр ийм үдэш орой болсон цагаар дэн буудлыг дүүрэн хүнтэй байх гэж бодсон ч нийтийн өрөө бараг хоосон шахам ажээ. Ширээн дээр үнэтэй гоёмсог дамаскийн хувцастай залуу лорд согтуу унтаж, асгасан дарсанд нүүрээ наан зөөлөн хурхирна. Өөрөөр тэнд хэн ч байсангүй. Данк эргэн тойрноо ажин харвал намхан биетэй бадируун, шарангуй царайтай эмэгтэй гал зуухнаас гарч ирээд,

– Хүссэн газраа сууж болно. Шар айраг, хоол хоёрын алийг авах вэ? гэв.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.26.14 2:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
– Хоёуланг нь гээд Данк унтаж буй залуугаас аль болох хол цонхны дэргэдэх сандал дээр суулаа.

– Манайд ногоотой шарсан хурганы мах, миний хүүгийн агнасан нугасны мах байна. Алийг нь авах вэ? гэхэд Данк хагас жилийн турш дэн буудалд хоол идээгүй учир,

– Хоёуланг нь авъя гэв. Тэгтэл эмэгтэй хөхөрснөө,

– Тэгээд ч чи үүнд дүйцэхүйц том биетэй юм байна гээд шар айраг аягалан ширээн дээр нь авчран тавьснаа,

– Чамд өнөө шөнө хонох өрөө бас хэрэгтэй юу? гэв.

– Хэрэггүй гээд Данкад дулаахан өрөөнд зөөлөн сүрлэн гудсан дээр унтахаас илүү зүйл байгаагүй авч зоосондоо хямгатай байх хэрэгтэй байлаа. Түүнд ердөө газар байхад хангалттай.

– Зөвхөн хоол, шар айраг байхад болно. Тэгээд би Ашфорд руу явлаа. Тэр эндээс хэр хол вэ?

– Өдрийн газар бий. Зам шатсан тээрмийн дэргэд салаалах үеэр хойд зүг рүү эргээрэй. Ингэхэд миний хүү морьдыг чинь харж байна уу эсвэл тэр ахин алга болчихсон уу?

– Үгүй, тэр тэнд байсан. Харин танайд үйлчлүүлэгч байхгүй бололтой.

– Суурины хагас тэмцээн үзэхээр явсан. Хэрвээ минийхээр болдог бол би ч гэсэн явах байлаа. Гэсэн ч намайг явах үед хүүхдүүд минь үлдэж хүү төдөлгүй цэргүүдтэй мөчөөрхөн, охин хүлэг баатар өнгөрөх болгонд хөхрөн, санаа алдах болно. Чамд яагаад гэдгийг нь хэлж чадахгүй нь. Миний хувьд хүлэг баатрууд бусдаас огт ялгаагүй, жадны тэмцээн өндөгний үнийг өөрчилнө гэж лав мэдэхгүй юм байна гээд авгай Данкийн агссан илд бамбайтайгаа нийцэхгүй олсон бүс, бүдүүн даавуун цамц руу сониучирхан харлаа.

– Чи бас тэмцээн рүү явж байгаа юм уу? гэхэд Данк хариулахын өмнө шар айраг тамшаалав. Шар айраг түүний дуртай элгэн хүрэн, өтгөн сайхан айраг байлаа.

– Тиймээ. Би тэмцээнд оролцох гэсэн юм.

– Чи одоо юу даа? гэж буудлын эзэгтэй чадах чинээгээрээ эелдэгээр асуув.

Тэгтэл өрөөний цаад талд залуу лорд дарсны шалбааг дундаас толгойгоо өндийлгөв. Түүний нүүр сэгсгэр хүрэн үсэн дор эрүүл бус цонхигор өнгөтэй, эрүүндээ өрөвгөр сахлын ёзоортой аж. Залуу амаа арчсанаа Данк руу ирмэж,

– Би чамайг зүүдэлсэн гээд чичигнэсэн хуруугаараа урдаас нь зааснаа,

– Чи надаас хол байгаарай. Чи сонсов уу үгүй юу? Чи эндээс хол бай гэв.

Данк түүнийг ойлголгүй гайхан ширтлээ.

– Эрхэм лорд? гэхэд буудлын эзэгтэй ойртон бөхийж,

– Түүнийг тоох хэрэггүй, сэр. Түүний чадах ганц зүйл гэвэл ердөө ууж, зүүднийхээ тухай ярих явдал. Би явж хоол авчиръя гээд явж одов.

– Хоол гэнэ ээ? гэж залуу лорд дуу алдаад хөл дээрээ гуйвлан босож унахгүйн тулд ширээ өрөөсөн гараараа түшихэд цамцны урд талын энгэр нь улаан хүрэн дарсанд битүү будагджээ.

– Би бүр залхаж гүйцлээ. Надад биеэ үнэлэгч эм хэрэгтэй байгаа ч энд ганц ч алга. Бүгд Ашфордын Нуга руу явсан. Бурхад минь гэж дарс ч бас хэрэгтэй байна гээд нийтийн өрөөнөөс гуйвлан гарахад Данк түүний аман дороо дуу гүнгэнэн шатаар өгсөх чимээг сонслоо.

Өрөвдөлтэй амьтан байна. Гэхдээ тэр яагаад намайг мэднэ гэж бодсон юм бол? хэмээн Данк тунгаах зуураа шар айраг уув.

Хурганы мах урьд нь идэж байсан махнаас хамаагүй амттай бөгөөд интоор, зүржээр хачирласан нугасны мах ч гэсэн төдийлөн тослог бус сайхан амттай ажээ. Буудлын эзэгтэй үүний зэрэгцээ нухсан вандуй, зуухнаас дөнгөж гаргасан шинэхэн халуун овъёосны талх бас авчирлаа. Үүнийг л хүлэг баатар гэдэг юм байна. Сайхан хоол идэж, хүссэнээрээ шар айраг уун хэн ч миний толгой руу цохихгүй гэж Данк сүүлчийн махыг яснаас мөлжих зуураа бодов. Тэр хоолоо хоёр дахь аяга шар айргаар даруулаад, хорих хүнгүй учир гурав дахь, дахин дөрөв дахь аягыг ууж явах үедээ эзэгтэйд мөнгөн буга төлөн бас ч гэж атга зэс зоосны хариулт авчээ.

Түүнийг гарч ирэхэд тас харанхуй болсон байв. Гэдэс нь цадаж түрийвч нь яльгүй нимгэрсэн ч гэлээ дотор нь сайхан байсан тул жүчээ рүү алхав. Гэтэл урд нь морины янцгаах дуу гарахад,

– Тайван зогс, залуу минь гэж хүүгийн хэлэх дуу сонсогдов. Данк хөмсөг зангидан алхаагаа түргэсгэлээ.

Түүнийг очих үед хүү өвгөний хуягийг өмсөөд, «Аянга» дээр сууж байв. Гархин хуяг түүнд уртдаж, дуулгаа нүдээ халхлуулахгүйн тулд халзан толгой дээрээ хойш гэдийлгэжээ. Хүү үнэхээр шийдэмгий хөгийн харагдаж байсан учир Данк тэсгэлгүй жүчээний хаалган дээр зогсоод хөхөрлөө.

Хүү цочин улайн харснаа доош буув.

– Эрхэм лорд би огтхон ч ерөөсөө...

– Хулгайч. Наад хуягаа тайлаад «Аянга»-д тэнэг толгойг чинь өшиглөөгүйд талархаж яв. Тэр дайны хүлэг болохоос биш хөвгүүний одой морь биш гэж Данк аль болох ширүүн зандрахыг хичээлээ.

Хүү дуулгыг авч сүрэл рүү чулуудаад,

– Би чамаас дутахгүй үүнийг унаж чадна гэж зоригтой хэлэв.

– Амаа хамхиж үз. Тэгээд ч би чиний цадиггүй авирын алиныг ч хүсэхгүй байна. Хуягаа бас тайл гэсэн шүү. Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоо вэ?

– Би амаа хамхих юм бол үүнийг чамд яаж хэлэх болж байна? гээд хүү гархин хуягийг тайлж газар унагав.

– Чи амаа хариулах үедээ нээж болно. Харин одоо наад хуягаа авч шороог нь сэгсрээд авсан газраа буцааж тавь. Дуулгыг ч гэсэн. Чи миний хэлсэн ёсоор морьдыг тэжээсэн үү? «Хөнгөн хөлт»-ийг зүлгэсэн үү?

– Тийм. Ингэхэд чи Ашфорд руу явж байгаа юм уу? Намайг хамт авч яваач, сэр гээд хүү хуяганд наалдсан сүрлийг сэгсэрхэд Данк буудлын эзэгтэй түүнд энэ тухай анхааруулсныг санав.

– Ээж чинь энэ тухай юу гэж хэлэх бол?

– Ээж гэнэ ээ? Миний ээж нас барсан болохоор ямар ч зүйл хэлэхгүй гээд хүү царайгаа үрчийлгэв.

Данкийн гайхширал төржээ. Буудлын эзэгтэй түүний ээж биш юм байх даа? Эсвэл хүү түүний туслах байсан байх. Түүний толгой уусан шар айрагандаа яльгүй эргэж байв.

– Чи өнчин юм уу? гэж итгэлгүйхэн асуув.

– Харин чи? гэж хүү урдаас нь хариу өчлөө.

– Тиймээ би урьд нь хөгшин эр намайг авах хүртэл тийм байсан гэж Данк хэллээ.

– Хэрвээ чи намайг авч явбал би дагуул чинь болъё.

– Надад дагуул хэрэггүй.

– Хүлэг баатар бүрт дагуул хэрэгтэй. Харин чамд бол хамгийн их хэрэгтэй харагдаж байна гэж хүү мэтгэв.

Данк гараа сүрдүүлэн өргөлөө.

– Харин чи чих рүүгээ алгадуулах хэрэгтэй юм шиг харагдаж байна. Надад шуудай овъёос хийгээдэх. Би Ашфорд руу ганцаараа явна.

Хүүгийн царайд эмээх сэтгэл төрсөн ч үүнийгээ нууж байлаа. Тэр хормын турш гараа зөрүүлэн эсэргүүцэн зогссон ч, Данкийг өгчилгөөд өгөхтэй зэрэг овъёос авахаар эргэв.

Данкийн санаа эрхгүй амарлаа. Би чадахгүй нь харамсалтай. Гэвч тэр дэн буудалд хэрмэл хүлэг баатарт дагуул хийхээс илүү хамаагүй дээр байна. Түүнийг авч явах нь сайн хэрэг биш болохсон.

Гэсэн ч түүнд хүүгийн урам хугарал мэдэгдсэн хэвээр байлаа. Данк өөрийнхөө моринд мордож, «Аянга»-ыг хөтлөв. Тэгээд хүүг баярлуулахын тулд зэс зоос өгөхөөр шийджээ.

– Алив ээ залуу минь тусалсанд чинь шан болгоё гээд зоосыг инээмсэглэн шидсэн ч хүү барих гэж оролдсонгүйд нүцгэн хөлийнх нь дунд газар шороон дээр уналаа.

Тэр намайг явсан даруй авна гэж Данк бодоод морио эргүүлж нөгөө хоёрыгоо хөтлөн дэн буудлаас гарч явлаа. Сарны гэрэлд мод тод үзэгдэж, тэнгэр үүлгүй цэлмэг одод түгжээ. Тэр замаар цааш явахдаа агтчин хүү араас дуугүй дүнсгэр ширтэхийг мэдэрсэн хэвээр байв.

Маргааш нь үдээс хойш сүүдэр уртсах үед Данк Ашфордын Нугын өргөн захад жолоогоо татав. Өвстэй талбайд гучаад асар хэдийн сүндэрлэжээ. Асрын зарим нь жижиг, зарим нь том бөгөөд зарим нь дөрвөлжин, дугуйгийн зэрэгцээ дарвуул, бөс даавуу, торгоор хийсэн нь хурцаар нүд эрээлжлэн голд нь өндөр зоосон өндөр шурганд далбаа улаан, шаргал, ногоон, цэнхэр, гүн хар, саарал, ягаан гээд олон янзын өнгөөр намирна.

Өвгөн эдгээр хүлэг баатруудын заримтай нь явж байсан болохыг Данк дэн буудлын нийтийн өрөө, түүдэг галын дэргэд сонсож байсан ярианаас мэдэж байв. Тэр түүнд хэзээ ч уншиж бичих эрдмийг сургаагүй атал сүлдийг хатуу чанд зааж замд явах үедээ давтуулдаг байжээ. Маршийн лорд Кароны сүлд алтан гургалдай бөгөөд тэр өндөр ятга тоглож, жадны эрдэмд авъяастай байв. Титэмт буга Инээмсэглэгч Аянга сэр Линоел Баратеоных ажээ. Данк Тарлигийн анчин, Дондаррионы овгийн хөх ягаан аянга, Фоссовэйн улаан алимыг ялган танилаа. Үүний зэрэгцээ тэнд Ланнистерын улаан хүрэн дэвсгэр дээр хүрхэрч буй арслан, Эстермонтын цайвар ногоон дэвсгэр дээр сэлж буй бараан ногоон өнгийн тэнгисийн яст мэлхийний сүлд байв. Хүрэн асрын дор зоосон улаан азарга гурван жилийн өмнө Хааны газар болсон тэмцээний үеэр лорд Квентин Блаквүүдийг алсан Хэрцгий Бракен гэсэн алдартай сэр Ото Баракеных ажээ. Данкийн сонссоноор бол сэр Ото мохоо урт иштэй сүхээр лорд Блаквүүдийн дуулганы халхавчийг хэрцгий цөм цавчиж, нүүр лүү нь буулгажээ. Харин Блаквүүдийн далбаа нугын баруун захад намиран сэр Отогоос аль болох хол байрласан үзэгдэв. Марбранд, Маллистер, Каргилл, Вестерлинг, Свон, Маллендор, Хайтауэр, Флорент, Фрей, Пенроуз, Стөүкворт, Даффи, Паррен, Вилди гээд өрнөдийн зэрэгцээ өмнөдийн бүх лордын овгууд хүлэг баатраа Ашфорд руу үзэсгэлэнт бүсгүйн нэр хүндийг хамгаалан эр зоригоо батлахаар илгээжээ.

Данк сүрлэг сайхан асруудыг хараад түүний дэргэд зай нь байхгүй болохыг нь мэдлээ. Түүний шөнө хоноглох хэвтэр гэвэл нөхөөстэй ноосон нөмрөг байв. Лорд ноёд, агуу хүлэг баатрууд шарсан шувууны мах, хөхүүл тоорой идэж байхад, Данкийн хоол хатуу шөрмөстэй давсалсан үхрийн мах байх болно. Хэрвээ тэр гял цал талбайд буудлаа босговол чимээгүй дургүйцсэн харц, ёжтой шоололтонд өртөх болно. Зарим хүмүүс түүнтэй эелдэг харьцаж магадгүй боловч энэ байдлыг улам дордуулах билээ.

Хэрмэл хүлэг баатар бахархлаа өндөрт авч явах ёстой. Үүнгүй бол хөлсний цэргээс ялгаагүй болно. Би байр сууриа эдгээр хүмүүс дунд олох ёстой. Хэрвээ сайн тулалдвал лордуудын зарим нь намайг албандаа авч болох юм. Би тэдэнтэй мөр зэрэгцэн явж, шөнө бүр цайзад нь шинэ мах идэж, тэмцээнд өөрийн асрыг босгох болно. Гэвч үүний тулд эхлээд сайн байх ёстой. Данк тэмцээний талбайгаас дургүйхэн эргээд морио залж мод руу явлаа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.27.14 4:20 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Хот болон цайзаас элбэг хагас бээрийн зайтай газар том нугын захад тэр гол тохойрон урсаж гүнзгий цөөрөм үүсгэсэн хэсэг оллоо. Эргийн хөвөө дагуу зэгс шигүү ургаж, өндөр навчирхаг хайлаас дээрээс нь тонгойжээ. Хаврын өвс хүлэг баатрын далбаа шиг ногооноороо агаад хүрэхэд зөөлхөн ажээ. Энэ нь сайхан газар байсан бөгөөд одоохондоо хэн ч аваагүй байв. Энд л миний асар байх ёстой гэж Данк шийдээд Тайрелл, Эстермонтын далбаанаас илүү номин ногоон навчин дээвэртэй асар байх болно гэж бодлоо.

Тэр эхэлж морьддоо санаа тавив. Морьдоо арчилсны дараа цөөрөм рүү орж аян замын тоосоо угаав.

– Жинхэнэ хүлэг баатар бурхад шиг цэвэрхэн байх ёстой гэж хөгшин хүлэг баатар үргэлж хэлдэг байсан бөгөөд сарын хугацаа өнгөрөх бүр муухай үнэртэй байсан байгаагүй хамаагүй хөлөөс толгой хүртэл усанд орохыг шаарддаг байжээ. Харин одоо тэр хүлэг баатар болсон болохоор ижилхэн зүйл хийхийг дотроо андгайлжээ.

Данк хайлаасны дор хаврын дулаан агаарт нүцгэн биеэ хатаан ээн сууж байтал зэгсэн дунд тэмээлзгэнэ залхуутай эргэлдэв. Яагаад түүнийг луутай адилхан гэж хэлсэн юм бол оо? Тэмээлзгэнэ луутай огт адилгүй бөгөөд Данк хэзээ ч луу харж байсангүй. Харин өвгөн харж байжээ. Данк сэр Арлан хэрхэн жаахан хүүхэд байхдаа өвөө нь Хааны газар луу авч явж хамгийн сүүлчийн лууг үхэхээс нь өмнө харуулсан тухай олон удаа ярьж өгөхийг сонсчээ. Луу ногоон өнгийн эмэгчин агаад бие багатай, майга хөл, гундсан далавчтай байлаа. Түүний нэг ч өндөг нь хагараагүй ажээ.

– Хүмүүсийн зарим нь Эйгон хаан түүнийг хордуулсан гэцгээдэг. Гэхдээ энэ нь гуравдугаар Эйгон болохоос биш Дэйрон хааны эцэг биш. Түүний нэрийг Лууны гай буюу Азгүй Эйгон гэдэг байсан юм. Тэр авга ахынх нь луу ээжийг нь идэхийг харсан цагаас хойш луунаас айдаг болсон гэлцдэг. Гэвч хамгийн сүүлчийн луу үхсэн цагаас хойш зуны өдөр богиносож, өвлийн өдөр уртсан хэрцгий болсон гэж өвгөн хүүрнэжээ.

Нар модны цаагуур далд ороход агаар сэрүүн болов. Данкийн гарны арьс чичрүүдэс хүрэн биржийхэд өмд, цамцаа хайлаасны их биед гүвэн шороо тоосноос нь салгаад ахин өмсөв. Маргааш тэр тэмцээний даамалтай уулзаж нэрээ бүртгүүлэх ёстой ч тэмцээнд оролцохын тулд өнөө шөнө оролдож үзэх нэг хэрэг байлаа.

Тэр нэгэнт хүлэг баатартай адилхан харагдахгүйгээ мэдэж байсан учир усанд дүрсээ харан тольдох шаардлага байсангүйд, сэр Арланы бамбайг сүлдийг нь гадагш харуулан нуруундаа үүрлээ. Ингээд морьдоо чөдөрлөн хайлаасны доод талын өтгөн ногоон зүлэг дээр бэлчээгээд тэмцээний газрын зүг явлаа.

Энгийн үед нуга голын дагуу Ашфордын хотын жирийн ардуудад харъяалагддаг ч одоо өөрчлөгджээ. Ганц шөнийн дотор чулууны оронд торгон хоёр дахь том хот босож, том эгчээсээ илүү хамаагүй царайлаг болон сүндэрлэжээ. Арваад худалдаачид талбайн захад мухлаг тэргээ босгон жимс ногоо, эсгий, бүс, гутал, арьс шир, жижиглэн эдлэл, шавар сав суулга, эрдэнийн чулуу, тугалган эдлэл, халуун ногоо, өд гээд бүх төрлийн бараа арилжиж үзэгдэнэ. Жонглёрчид, хүүхэлдэй тоглуулагч, шидтэнгүүд хүмүүсийн дунд хөлхөн үзүүлбэр үзүүлж дунд нь биеэ үнэлэгч, халаасны хулгайчид гялсхийн ажлаа амжуулах аж. Данк цөөхөн хэдэн зоосон дээрээ болгоомжлон гараа тавив.

Гэвч утаатай галд шажигнах зайдасны үнэр аваад арааных нь хамаг шүлс асгарав. Тэр хэтэвчнээсээ нэг зэс зоосоор зайдас авч, эвэртэй шар айргаар дарууллаа. Идэх зуураа будагтай модон хүлэг баатар, модон луутай тулалдахыг харлаа. Хүүхэлдэй наадуулагч болох Дорнийн хар үс, хүрэл арьстай өндөр охин лууг маш сайн удирдаж байв. Тэр жад шиг туранхай, жижигхэн хөхтэй ч гэсэн Данкад түүний царай болон хуруугаараа лууг архируулж олсны үзүүрээр мөлхүүлж буй нь их таалагдлаа. Хэрвээ түүнд илүү зоос байсан бол охинд өгөх байсан боловч одоо зоос бүрд хямгатай хандах хэрэгтэй байв.

Түүний найдсанаар тэмцээнд бас худалдаачдын зэрэгцээ төмрийн дархангууд цугларчээ. Цэнхэр ацан сахалтай Тайроши шувуу, араатан амьтдын хачин чамин дүрс гарган хийсэн алт мөнгөн хээ угалзтай сийлбэртэй дуулга зарж байв. Түүнчлэн бас хямдхан төмөр илд болон сайн илд бас зарж байсан ч илдийн хэрэг байсангүй тул тоосонгүй.

Данк эгнээний эцэс рүү явж үзэхэд хос ган бээлий бүхий сайн чанарын гархин хуяг тавьсан ширээ өмнө нь тааралдсанд өнгийн харлаа.

– Та сайхан урлажээ.

– Үүнээс дээр гэж байхгүй хэмээн таван футаас хэтрэхгүй намхан ч гар цээж нь Данкийнхаас дутуугүй өргөн пагдгар зэвсгийн дархан өчив. Тэрбээр хар сахал, бадируун гартай даруу зангийн ул мөргүй ажээ.

– Надад тэмцээнд орох хуяг дуулга хэрэгтэй байна. Сайн чанарын гархин хуяг, эгэмний хамгаалалт, шилбэвч болон том дуулга гээд түүнд өвгөний богино дуулга толгойд нь таарч байсан хэдий ч царайгаа хамрын ганц хамгаалалтаас илүү хамгаалалтанд даатгахыг хүслээ.

Дархан түүнийг дээрээс доош шинжин харав.

– Чи том биетэй ч би том хуяг дархалдаг гээд ширээний араас гарч ирэн,

– Өвдөг сөгд би чиний мөрний хэмжээг авмаар байна. Бас хүзүүний чинь өргөнийг ч гэсэн гэхэд Данк өвдөг сөгдөв. Дархан түүний мөрөн дээр зангидсан шир тавьж үзсэнээ шуухитнан хүзүүг нь ороож ахин дуу алдав.

– Гараа өргө. Үгүй ээ, баруун гараа гээд гурав дахь удаагаа дуу алдан шуухитнаж,

– Одоо босч зогс гээд хөлийн дотор тал болон шилбэний өргөн, бүсэлхийний хэмжээ авах тусам цаашид шуухитнасан хэвээр байв.

– Надад чамд зориулж хуяг хийх төмөр тэргэнд бий. Ямар ч алт мөнгө орохгүй ердийн хүчтэй энгийн сайн ган байх болно. Би дуулга шиг дуулга хийдэг хүн болохоос биш далавчтай гахай юм уу гадаадын хачин янзын жимс хийдэггүй. Гэвч чиний нүүрэнд жад оногдох цагт миний дуулга сайн хамгаалах болно гэж тэр ажлаа дуусмагц хэллээ.

– Үүнийг чинь л би хүсч байгаа юм. Ямар үнэтэй вэ? гэж Данк асуув.

– Сайхан сэтгэлийн үүднээс найман зуун мөнгөн буга гээд хэлчихье.

– Найман зуу гэнэ ээ? гээд энэ санаснаас хамаагүй их байсан тул тэр,

– Би таньд арай бага хүнд зориулан хийсэн хуучин хуягаа худалдъя... богино дуулга, гархин хуягны хамтаар... гэв.

– Ган Пэйт зөвхөн өөрийн урласан зүйлээ зардаг юм даа. Гэвч би чиний хуягны ганг ашиглаж болох юм. Хэрвээ тэр тийм ч их зэврээгүй бол би чамаас хуягны үнэнд зургаан зууг авна.

Данк дархныг түүнд хуягаа итгэн зээлдүүлэхийг гуйж болох байсан ч ямар хариу авахаа мэдэж байлаа. Тэр хөгшин хүлэг баатартай удтал аялсан болохоор худалдаачид дээрэмчдээс яльгүй дээр харагдах хэрмэл хүлэг баатруудад итгэдэггүй болохыг хангалттай сурчээ.

– Би таньд одоо хоёр мөнгөн зоос өгөөд үлдсэнийг нь хуяг, дуулгатай маргааш өгье гэхэд дархан түүнийг хормын турш шинжин харснаа,

– Хоёр мөнгөн зоосоор чи ганц өдөр хожлоо. Үүнээс хэтэрвэл би хийсэн урлалаа өөр хүнд зарна шүү гэв.

Данк хэтэвчнээсээ хоёр мөнгөн зоос гаргаж дархны эвэршсэн алган дээр тавилаа.

– Чи бүх мөнгөө авах болно. Би энд аварга болохоор ирсэн.

– Чи юу? Тэгвэл энэ бусад хүмүүс чамд баяр хүргэхээр ирсэн болж байна уу? гээд Пэйт зоосны нэгийг хазаж үзэв.

Түүнийг хайлаасны зүг буцан ирэх үед сар өндөрт мандсан байв. Ард нь Ашфордын Нуга бамбарын гэрэлд умбан үлджээ. Талбай дээрээс инээд хөөр, дуу хуур цуурайтахад түүний сэтгэл дүнсгэр байлаа. Данк хуягныхаа үнийг олж болох зөвхөн ганц аргын тухай бодож байв. Хэрвээ тэр ялагдвал...

– Надад ганцхан ялалт хэрэгтэй. Үүнд найдах их зүйл байхгүй хэмээн амандаа чанга шивнэлээ.

Гэсэн ч өвгөн үүнд хэзээ ч найдаж байсангүй. Сэр Арлан олон жилийн тэртээ Шуурганы адагийн тэмцээнд Лууны цохионы ханхүүг мориноос унагасан цагаас хойш жадны тэмцээнд оролцож байсангүй.

– Хүн бүр долоон ханлигийн хамгийн сайн хүлэг баатрын эсрэг долоон жад хугалснаараа сайрхаад байж чадахгүй. Би үүнд хэзээ ч найдаж байгаагүй боловч яагаад туршиж үзэж болохгүй гэж? хэмээн тэр хүүрнэжээ.

Гэвч Данк Лууны цохионы ханхүүг сэр Арланаас илүүтэй нас сүүдэр нь дийлсэн гэж бодсон ч үүнийгээ хэлж зүрхэлсэнгүй. Өвгөн үргэлж бахархлаа хадгалдаг байв. Би түргэн, хүчтэй гэж тэрбээр үргэлж хэлдэг байсан ч түүний хувьд үнэн байсан зүйл миний хувьд үнэн байх албагүй гэж хүү өөртөө зөрүүдлэн боджээ.

Түүнийг өвсөн дундуур толгойдоо боломжийн тухай санаашран явтал бутан завсар улалзах галын гэрэл үзэгдэв. Энэ юу вэ? Данк энэ тухай бодох чөлөө ч байсангүй илдээ огцом сугалан бариад өвсөн дундуур зүтгэн явлаа.

Гэвч уурсаж, хараал ширээл тавин гарч ирээд буудлын дэргэд сууж буй хүүг хармагц гэнэт зог тусав.

– Чи юу! Энд юугаа хийж байгаа юм бэ? гээд илдээ буулгав.

– Загас шарж байна. Чи идмээр байна уу? гэж халзан толгойтой хүү хэлэв.

– Би чамайг энд яаж ирсэн бэ гэж асууж байна? Чи морь хулгайлаа юу?

– Би Ашфордын лордын ширээнд хурганы мах тавихаар шилтгээний зүг хурга авч явж байсан хүний тэрэгний ард суугаад ирсэн юм.

– Тэгвэл түүнийгээ буцаж явахаас нь өмнө олсон чинь дээр байх. Эсвэл өөр тэрэг олдог ч юм уу. Би чамайг энд байлгахгүй.

– Чи намайг явуулж болохгүй. Би тэр буудалд чинь хангалттай байсан гэж хүү бүдүүлгээр эсэргүүцсэнд,

– Би ахин чиний цадиггүй авирыг тэвчихгүй шүү. Би чамайг одоохон мориныхоо нуруун дээр чулуудаад гэрт чинь хүргэж өгнө гэж Данк анхааруулав.

– Тэгвэл чи Хааны газар хүртэл бүх замыг туулах хэрэгтэй болох нь дээ. Чи тэмцээнд орох боломжийг алдана гэж хүү хэллээ.

Хааны газар. Данк агшин зуур хүүг шоолж байна гэж бодсон ч өөрөө Хааны газар төрсөн болохоор тэгээгүйг нь мэдэж байлаа. Дуртай ч дургүй ч байсан Нохой бөөсний мухрын ахин нэг олиггүй амьтдын нэг бол түүнийг тийм газраас холдохыг хүссэнд хэн буруутгах юм бэ?

Тэр найман настай өнчин хүүгийн эсрэг илдээ гартаа бариад яахаа мэдэхгүй алмайран зогсов. Тэгснээ илдээ хуйлж хүү рүү муухай харахад огтхон ч ашиг болсонгүй. Би түүнийг арга ядахдаа сайтар гүвшиж болох юм гэж Данк дотроо бодсон ч хүү маш өрөвдөлтэй харагдсан тул цохиж чадсангүй. Иймээс буудлын эргэн тойрныг харлаа. Нямбай тойруулан тавьсан чулуун тулган дотор гал хөгжилтэй улалзана. Морьдыг сойздож, хайлааснаас галын дөлөн дээр хувцас хатаахаар өлгөжээ.

– Чи тэднийг яагаа вэ?

– Би угаасан юм. Бас морьдоо арчлан, гал түлж, энэ загасыг барьсан. Тэгээд асрыг чинь босгох гэсэн ч ганцыг ч олоогүй гэхэд,

– Энэ миний асар байна гээд Данк толгой дээгүүрээ гараа өргөн дээрээс нь унжсан хайлаасны өндөр мөчир лүү заалаа.

– Энэ чинь мод байна шүү дээ гэж хүү тоосон шинжгүй хэлэв.

– Энэ чинь л жинхэнэ хүлэг баатарт хэрэгтэй асар байгаа юм. Би утаатай майханд унтахаас илүү од ширтэн унтах дуртай.

– Бороо орвол яах болж байна?

– Мод намайг халхлана.

– Мөчрийн завсар цоорхой шүү дээ гэхэд Данк инээд алдлаа.

– Тийм л дээ цоорхой. Гэхдээ үнэнийг хэлэхэд надад асар авах мөнгө байхгүй. Харин чи загасаа эргүүлэхгүй бол ёроол нь түлэгдэж дээд хэсэг нь шүүрхий хоцрох нь байна. Чи ер нь огт хоол хийж байгаагүй юм уу гэхэд,

– Хэрвээ би хүссэн тохиолдолд хийнэ гээд хүү загасаа эргүүлэв.

– Чиний үс яагаа вэ? гэж Данк түүнээс асуулаа.

– Мэйстерүүд хусчихсан юм гэснээ хүү гэнэтхэн ичингүйрч бараан хүрэн нөмрөгнийхөө юүдэнг толгойгоо халхавчилан өмсөв.

Данк мэйстерүүд заримдаа хүн бөөстөх юм уу ямар нэг өвчний учир ингэдэг гэж сонсож байжээ.

– Чи өвчтэй юм уу?

– Үгүй. Харин чиний нэрийг хэн гэдэг вэ?

– Данк гэхэд өөдгүй хүү урьд нь хэзээ ч ийм хөгжилтэй зүйл огт сонсож байгаагүй мэт тачигнатал хөхрөв.

– Данк гэнэ ээ? Сэр Данк юм уу? Хүлэг баатрын нэр биш л байна даа. Данкены товч нэр юм уу?

Тийм байсан гэж үү? Хөгшин хүлэг баатар түүнийг ухаан орсон мөчөөс нь хойш «Данк» гэж дуудаж байсан болохоор урд нь ямар байснаа санасангүй.

– Тиймээ, Данкен. Сэр Данкен... гээд түүнд ямар ч ондоо нэр ус болон овог байсангүй. Сэр Арлан түүнийг Нохой бөөсний мухар гудамжинд халуун тогооны газар зольбин амьдарч байхад олж авчээ. Тэр ээж аавынхаа тухай огт мэддэггүй байлаа. Ингэхэд тэр юу гэж хэлэх байсан гэж? «Нохой бөөсний мухар гудамжны сэр Данкен» гэвэл хүлэг баатартай огтхон ч төсгүй сонсогдож байв. Үгүй дээ «Пенитри» гэсэн нэрийг авч болох ч хэрвээ хүмүүс хаанаас авсныг нь асуувал яах болж байна? Тэр Пенитрид хэзээ ч байсангүйн зэрэгцээ өвгөн үүний тухай нэг их ярьж байсангүй. Иймээс хормын турш хөмсөг зангидан бодлогоширсноо,

– Өндөр сэр Данкен гэхэд түүний өндөр болохыг хэн ч үгүйсгэхгүй тул энэ нь аятайхан сонсогдож байлаа.

Гэвч жижигхэн тэнэмэл хүү үүнийг тэгж бодсонгүй бололтой,

– Би Өндөр сэр Данкен гэж урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй юм байна гэв.

– Чи тэгвэл долоон ханлигийн бүх хүлэг баатруудыг мэддэг хэрэг үү? гэхэд хүү түүн рүү зоримог харснаа,

– Сайнуудыг нь бол бүгдийг мэднэ гэв.

– Би ямар ч хүлэг баатраас дутуугүй сайн. Тэмцээний дараа бүгд үүнийг мэдэх болно. Харин чамд нэр бий юу, хулгайч минь? гэхэд хүү тээнэгэлзсэнээ,

– Эгг гэдэг гэв.

Данк хөхөрсөнгүй. Хүүгийн толгой үнэхээр өндөгтэй адилхан харагдаж байлаа. Жижигхэн хөвгүүд хэрцгий байхад нас биед хүрсэн хүмүүс ч гэсэн ижил аашилж болно.

– Эгг, би чамайг үхтэл чинь нүдэж ирсэн замаар буцааж болох авч гэвч үнэнийг хэлэхэд надад асрын зэрэгцээ ямар ч дагуул хиа байхгүй. Хэрвээ чи хэлсэн зүйлээ хийнэ гэж андгайлвал би чамайг тэмцээнд үйлчлүүлэхээр үлдээе. Харин үүний дараа бол харж байж болно. Хэрвээ би чамайг үлдэх үнэ цэнэтэй гэж үзвэл нуруунд чинь хувцас, гэдсэнд чинь хоол байх болно. Хувцас ширүүн даавуу, хоол хүнс давсалсан үхрийн мах, давсалсан загасны зэрэгцээ заримдаа ойн сахиул байхгүй үед бугын мах байж болох ч гэсэн чи өлсөхгүй. Мөн би чамайг хүртэх ёстой үед чинь зодохгүй гэж амлаж байна гэхэд Эгг инээмсэглэснээ,

– Ойлголоо, эзэнтээн гэв.

– Сэр гэж Данк засаад, – Би ердөө хэрмэл хүлэг баатар шүү дээ гээд хэрвээ өвгөн хүүг харсан бол яах байсныг гайхлаа. Би хүүд түүний надад заасны адил байлдааны урлаг сургана, сэр. Тэр дажгүй залуу санагдаж байгаа болохоор нэг л өдөр хүлэг баатар болж болох юм.

Загасны махыг идэх үед дотроо яльгүй шүүрхий, хүү ясыг нь цэвэрлээгүй байсан ч давсалсан хатуу үхрийн махнаас илүү амттай байв.

Эгг төдөлгүй унтарч буй түүдгийн дэргэд унтаад өгөв. Данк ойролцоо нь нуруугаараа дээш харан хэвтээд толгойныхоо ард том гараа салаавчилан шөнийн тэнгэр лүү ширтэв. Хагас бээрийн зайд орших тэмцээний талбайгаас алсад дуу хуурын эгшиг сонсогдоно. Одод хаа сайгүй түгж мянга мянгаараа анивчин мяралзана. Нэг од түүнийг харсаар байтал хурц ногоон гэрэл цахилан харван алга боллоо.

Од харвахыг харсан хүнд аз ирдэг. Гэвч бусад хүмүүс одоо асарт байгаа болохоор одоо тэнгэрийн оронд торго харж байгаа. Иймээс аз зөвхөн минийх болсон гэж Данк бодов.

Өглөө нь тэр азарган тахиа донгодох дуугаар сэрлээ. Эгг тэнд байсан хэвээр өвгөний хоёр дахь хамгийн сайн нөмрөг дор атиралдан унтана. Тэгэхээр хүү шөнө зугтаагүй байх нь. Энэ ч эхлэл шүү. Данк түүн рүү очоод хөлөөрөө ёврон сэрээлээ.

– Босоорой. Ажилдаа орох цаг болж гэхэд хүү годхийн босоод нүдээ нухав.

– Надад «Хөнгөн хөлт»-ийг эмээллэхэд тусал гэж Данк түүнд хэлэв.

– Өглөөний цай яах болж байна?

– Биднийг морьдоо янзалж дууссаны дараа давсалсан үхрийн мах байгаа.

– Тэгсэн дор морь идсэн нь дээр, сэр.

– Хэрвээ чи хэлсэн зүйлийг минь хийхгүй бол миний нударгыг амсах болно доо. Сойзнуудаа аваад ир. Эмээлийн ганзаганд байгаа. Тиймээ наадахь чинь.

Тэд хамтдаа хээр морины үсийг сойздож сэр Арланы хамгийн сайн хүнд эмээлийг нуруунд нь тавиад олмыг нь татан чангаллаа. Эгг урьд нь түүний анхаарлыг татсан шигээ сайн ажилчин болохыг Данк анзаарчээ.

– Би өдөржингөө яваад ирэх байх. Чи энд үлдэж буудлаа сахиарай. Хулгайчийг ойртуулахгүйн тулд санаа тавиарай.

– Тэгвэл би тэднийг илдээр хөөж болох уу? гэж Эгг асуухад Данк түүнийг бараан өнгийн хөх ягаан гэмээр цэнхэрдүү нүдтэй болохыг олж харлаа. Халзан толгой нүдийг нь улам том харагдуулах аж.

– Үгүй, хутга байхад хангалттай. Харин чи намайг эргэж ирэх үед энд байсан чинь дээр шүү. Чи намайг сонсов уу? Намайг дээрэмдээд зугтаах юм бол араас чинь ноход тавин хөөж агнах болно гэдгийг тангараглаж байна.

– Чамд ямар ч нохой байхгүй шүү дээ гэж Эгг онцлон хэллээ.

– Би чамд зориулж хэдийг авна гээд Данк морио эргүүлж нугын зүг шогшуулах зуураа хүүг үнэнч байлгахын тулд сайтар айлгасан гэж найдлаа. Түүний мөрөндөө угласан хувцас, шуудайд хийсэн хуяг, унасан мориноос бусад бүх зүйлс нь буудалд үлджээ. Би хүүд ингэж итгэдэг тэнэг хэрэг боллоо. Гэвч хөгшин өвгөний надад итгэснээс илүүгүй. Ээж түүнийг над руу илгээсэн учир би өрөө төлж байгаа юм гэж тэр ухаарав.

Түүнийг талбайг гатлах үед голын хөвөөнд алхны дуу хангинаж мужаанууд жадны тэмцээнд зориулсан өндөр сүрлэг хаалт босгож байв. Үүний зэрэгцээ шинэ асрууд нэмэгдэж өнгөрсөн шөнө эрт унтсан хүлэг баатрууд майхнаасаа гарч ирцгээн, өглөөний цайгаа уухаар тухлахад түүдэг галын утаа, гахайн утсан махны үнэр ханхлана.

Нугын хойд захад хүчирхэг Мандерт цутгадаг Коклвентийн гол урсана. Гүехэн гармын цаана хот, шилтгээн байв. Данк хөгшин хүлэг баатартай аянд явж байхдаа олон ч хотын зээл үзжээ. Гэвч энэ хотын зээл хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд цагаан өнгийн шохойгоор будсан сүрлэн дээвэртэй байшингууд гадна тал нь урих мэт ажээ. Тэр жаахан хүүхэд байхдаа ийм газар амьдран, шөнө бүр байшинд унтаж өглөө болгон эргэн тойрон хүрээлсэн ижил ханан дунд сэрэх ямар болох тухай гайхдаг байв. Үүнийг магадгүй удахгүй мэдэх буй за. Эгг ч гэсэн мэдэх болно. Ийм зүйл болно. Өдөр болгон хачин сонин зүйлс тохиолдож байдаг.

Ашфордын цайз гурвалжин хэлбэртэй чулуун барилга бөгөөд зузаан шүдтэй ханан хэрмээр холбогдсон тус бүр гучин фут өндөр дугуй цамхагтай аж. Хэрмийн оройд лордын нар, шувуу нуруу бүхий шаргал далбаа дэрвэнэ. Хаалганы гадна талд алман сүх барьсан шар цагаан өнгийн хувцастай цэргүүд зогсож хүмүүсийн орж гарахыг харахаас илүүтэй хөөрхөн охидтой тоглоом хийж байлаа. Данк сахалтай намхан эрийн урд жолоогоо татахад тэмцээний даамлыг асуулгахаар ахлагч руугаа аваачив.

– Чиний уулзах хүн Пламмер байх нь. Тэр энд даамал хийдэг юм. Би чамайг түүнтэй уулзуулъя.

Хашааны дотор талд агтчин хүү түүнээс морийг нь авлаа. Данк сэр Арланы ноорхой бамбайг мөрөндөө эгэлдэрэглээд харуулын ахлагчийг даган жүчээний ар талын хэрмийн ханын булан дахь дугуй цамхаг руу явлаа. Эгц чулуун шат хэрмийн зам руу хөтөлжээ.

– Тэмцээний даамалд эзнийхээ нэрийг тэмцээнд бүртгүүлэхээр ирээ юу? гэж ахлагч өгсөх зуураа асуув.

– Би өөрийнхөө нэрийг бүртгүүлнэ.

– Тийм гэж үү? хэмээн тэр инээвхийлэх шиг болсон ч Данк түүнийг нь сайн мэдсэнгүй.

– Хаалга тэнд байна. Би чамайг энд орхиж харуулын байр луугаа буцлаа.

Данк хаалгыг түлхэн онгойлгоход даамал гурвалжин хөлтэй модон ширээнд суугаад цаасан дээр үзгээр юм сараачиж байв. Тэр шингэн буурал сахал, хавчиг хөнхөр царайтай хүн ажээ.

– За? Чи хүсээ вэ, залуу минь? гэж түүнийг харан асуухад Данк хаалгыг хаалаа.

– Та даамал Пламмер мөн үү? Би тэмцээнд орохоор ирлээ. Жадны тулаанд оролцох гэсэн юм гэхэд даамал уруулаа жимийв.

– Манай эзний тэмцээнд хүлэг баатрууд оролцоно. Харин чи хүлэг баатар уу? гэхэд Данк чихээ улайлган толгой дохив.

– Хүлэг баатар юм бол нэртэй биз дээ? гэхэд,

– Данк гэж өөрийн мэдэлгүй дуу алдсанаа, – Сэр Данкен. Өндөр гэв.

– Тэгвэл Өндөр сэр Данкен та хаанаас ирээ вэ?

– Хаа сайгүй байсан. Би зургаан настай байхаасаа Пенитригийн сэр Арланыг бараа болон дагасан. Энэ түүний бамбай байна гээд даамалд үзүүлэв.

– Тэр тэмцээнд ирж байсан ч ханиад тусч нас барсан учир би оронд нь ирсэн юм. Тэр өөд болохын өмнөхөн намайг илдээрээ адислан хүлэг баатар болгосон гээд Данк урт илдийг сугалан тэдний дунд байсан зурагдсан модон ширээн дээр тавилаа.

Даамал илд рүү хяламхийн харлаа.

– Илд болох нь гарцаагүй байна. Гэвч би хэзээ ч Пенитригийн Арлан гэж сонсож байсангүй. Чи түүний дагуул байсан гэж хэлсэн үү?

– Тэр намайг үргэлж хүлэг баатар болгоно гэж хэлдэг байсан. Тэр өөд болохын өмнө урт илдээ аван намайг өвдөг сөгдөхийг даалгасан. Ингээд баруун зүүн мөрөнд минь ээлжлэн хүрч үг хэлээд намайг босохын цагт хүлэг баатар болсон гэсэн.

– Хмм гээд Пламмер хамраа арчлаа.

– Ямар ч хүлэг баатар хүнийг хүлэг баатар болгож чадна гэдэг нь үнэн. Гэвч чи андгайн үгээ өргөхөөс өмнө шөнийг нойргүй өнгөрүүлж септоноор тослуулдаг заншилтай. Чамайг тосолсныг гэрчлэх ямар нэг хүн байгаа юу?

– Зөвхөн өргөстэй модон дээр ганц шувуу байсан. Би өвгөнийг үгээ хэлэхийг сонссон. Тэр намайг сайн хүлэг баатар болж, долоо бурхныг шүтэн, гэмгүй сул доройг хамгаалж, эзэн лорддоо үнэнч зүтгэн, хаант улсыг хамгаалахыг андгайлахыг даалгахад би андгайлсан болохоор биелүүлэх болно.

– Тэгэх нь эргэлзээгүй гэхдээ Пламмер түүнийг сэр гэж дуудсангүйг Данк өөрийн эрхгүй анзаарлаа. – Би лорд Ашфордтой зөвлөлдөх хэрэгтэй байна. Танай талийгаач эзнийг энд цугларсан эрхэм хүлэг баатруудын аль нэг нь мэдэх үү? гэхэд Данк хормын турш бодлогоширсноо,

– Тэнд Дондаррионы овгийн хар дэвсгэр дээр хөх ягаан цахилгаантай далбаа байсан байх аа? гэж асуув.

– Тэр чинь сэр Манфредийнх.

– Сэр Арлан гурван жилийн өмнө түүний лорд эцэгт Дорнд зүтгэж байсан. Сэр Манфред намайг санаж магадгүй.

– Тэгвэл би чамайг түүнтэй ярихыг зөвлөх байна. Хэрвээ тэр чамайг батлан даах юм бол энд маргааш өглөө яг энэ цагтаа авчираарай.

– Таны хэлснээр болъё, эрхэм лорд гээд Данк хаалга руу дөхөхөд,

– Сэр Данкен гэж даамал араас нь дуудсанд буцаж эргэлээ.

– Чи тэмцээнд ялагдсан хүмүүс хуяг дуулга, морио ялагчид алдаж золиос төлөн буцааж авдгийг мэднэ биз дээ?

– Тиймээ, мэднэ.

– Тэгвэл чамд тийм золиос төлөх мөнгө байгаа юу? гэхэд түүний чих улайгаад,

– Надад мөнгө хэрэггүй гэж хэлэхдээ дотроо үнэн байгаасай гэж зальбирлаа. Надад хэрэгтэй зүйл гэвэл ганц ялалт. Хэрвээ би эхний жадны тулаанд ялвал ялагдагчийн хуяг дуулга, морь юм уу алтыг нь авах болохоор өөрийнхийгөө нөхөж чадна.

Данк дараа нь хийх гэж буй зүйлдээ дургүйхэн шатны уруу удаан буулаа. Хашаанд гараад агтчин хөвгүүдийн нэг рүү очив.

– Би лорд Ашфордын агтны даамалтай уулзах хэрэгтэй байна.

– Би түүнийг таньд олж өгье.

Жүчээнд сэрүүн бүүдгэр байлаа. Ааш муутай саарал азрага түүнийг дэргэдүүр нь өнгөрөхөд хазахыг оролдсон ч, Хөнгөн хөлт зөөлөн янцгаагаад хоншоорт нь хүрэхэд гарыг нь шөргөөлөө.

– Чи сайн охин биз дээ? гэж Данк амандаа гүвтнэв. Хөгшин хүлэг баатар хэдэн ч морио үхүүлсний дараа үргэлж хүлэг баатар хүн морио хайрлаж болохгүй гэдэг байсан ч өөрөө тэр зөвлөгөөгөө дагадаггүй байлаа. Хүү түүнийг сүүлчийн хэдэн зоосоороо хөгшин зээрдэд алим юм уу, Хөнгөн хөлт, Аянга хоёрт овъёос авч өгөхийг харжээ. Зээрд сэр Арланы аяны хүлэг болохоор түүнийг долоон ханлигийг өөд уруу сүлжин олон мянган бээрийн турш ядралгүй авч явсан тул Данк хуучин нөхрөөсөө урваж буйгаа мэдэж байсан ч өөр сонголт байсангүй. Зээрд морь хэрэг болоход дэндүү хөгширсөн байхад, харин Аянга түүнийг жадны тэмцээнд авч орно.

Агтны даамал хүрэлцэн ирэх хүртэл хэсэг хугацаа өнгөрөв. Данк хүлээх зуураа хэрмийн оройд бүрээ татаж, хашаанд хүмүүсийн хоолой гарахыг сонсов. Тэр сонирхон морио жүчээний хаалгаар хөтөлж дагуулан юу болсныг харахаар харлаа. Хашааны хаалгаар зуугаас багагүй хүнтэй, морьтой харваачид бүхий хүлэг баатруудын томоохон цуваа орж ирэхэд зарим нь түүний урьд хожид үзээгүй сайхан морь унажээ. Ямар нэг том лорд ирсэн бололтой. Тэр дэргэдүүрээ өнгөрсөн агтчин хүүгийн гаран дээрээс шүүрч авлаа.

– Тэд хэн юм бэ? гэхэд хүү түүн рүү хачирхан харснаа,

– Чи далбааг нь харахгүй байгаа юм уу? гээд ухасхийн мултарч гүйн одлоо.

Далбаа гэнэ ээ. Данк толгойгоо эргүүлэхэд өндөр тугны оройд салхинд дэрвэх хар торгон дарцаг дээр Таргарианы овгийн далавчаа дэлгэн улаан галаар тургиж буй гурван толгойтой догшин лууны сүлд үзэгдэв. Далбааг авч явж буй хүн алтан чимэгтэй цагаан ялтсан хуягтай, цагаан өнгийн нөмрөг мөрөн дээрээ намируулсан өндөр хүлэг баатар байлаа. Түүний хамт хөлөөс толгой хүртэл цагаанаар хувцасласан хааны далбааг авч яваа хоёр Хааны хамгаалалтын хүлэг баатар байв. Үүнийг хараад лорд Ашфорд хөвгүүдээ дагуулан шаргал үс, дугуй ягаан царайтай намхан охиноо дагуулан шилтгээний хаалгаар яаран гарч ирсэнд огтхон ч гайхах явдалгүй ажээ. Охины хувьд төдийлөн царайлаг биш юм. Хүүхэлдэй наадуулагч охин илүү хөөрхөн гэж Данк бодлоо.

– Хүү минь наад хөгшин морио хаяад миний морийг авч үз гээд жүчээний урд нэг морьтон буухад түүнийг өөртэйгээ ярьсан болохыг Данк ойлгов.

– Би агтчин хүү биш ээ, эрхэм лорд.

– Тэгвэл тийм ч ухаантай юм биш биз дээ? гээд энэ үгийг хэлэгч хүн галын дөл адил час улаан, шаргал, алтан өнгийн хувцсан дээр атласан эмжээртэй хар нөмрөг нөмөрчээ. Тэрбээр хутга шиг шулуун, Данкийн ойролцоо үеийн насны ч дундаж өндөртэй ажээ. Мөнгөн алтлаг буржгар үс сийлбэр лугаа адил царайг нь эмжиж өндөр хөмсөг, шовх шанаа, шулуун хамар, өө сэвгүй цайвар толигор арьс бүхий түрэмгий өнгийг нь тодруулна. Нүд нь гүн хөх ягаан өнгийн байв.

– Хэрвээ чи миний морийг маллаж чадахгүй бол надад дарс, хөөрхөн хүүхэн хоёр аваад ир.

– Би... эрхэм лорд өршөөгөөрэй. Би үүний зэрэгцээ зарц хүн бас биш. Би хүлэг баатар байгаа юм.

– Хүлэг баатрууд гутамшиг болсон гунигтай өдрүүд иржээ гэж ханхүү хэлэхэд нэг агтчин хөвгүүн гүйн ирсэнд гарт нь сайхан хээр мориныхоо цулбуурыг атгуулаад түүнийг агшин зуур мартлаа. Данк санаа амран жүчээний дотогш буцан орж агтны даамлыг хүлээлээ. Гадаа эргэн тойрон асарт байгаа лордуудын дунд бие нь эвгүйцэхийн зэрэгцээ ханхүүтэй ярих түүний хэрэг байсангүй.

Тэр царайлаг залуу ханхүү байсан гэдэг нь эргэлзээгүй. Таргарианыхан тэнгисийн тэртээ эртний Валириагийн цустай бөгөөд мөнгөлөг алтан үс, хөх ягаан өнгийн нүдээрээ ердийн хүмүүсээс ялгагдана. Данк ханхүү Бэйлор хөгширсөн ч залуу хөвгүүд нь байгаа бөгөөд эцгээс нь ялгахын тулд «Залуу ханхүү» гэж дууддаг Валлар болон лорд Своны тэнэгийн өгсөн «Улам залуу ханхүү» хочтой Матарисыг мэдэж байлаа. Түүний зэрэгцээ Валарр, Матарисын үеэл бусад хан хөвгүүд байв. Сайн хаан Дэйрон дөрвөн хөвгүүнтэй байснаас гурав нь өөрсдийн хүүтэй байлаа. Луун хаадын удам эцгийнх нь үед мөхөх шахсан ч жирийн ардууд Хоёдугаар Дэйрон хаан хөвгүүдтэйгээ үүнийг аюулгүй баталгаажуулсан гэлцэнэ.

– Хөөе залуу чи намайг асуусан уу гэж Ашфордын лордын агтны даамал болох царайд нь шаргал хувцасны улаан өнгийн туяа татсан ширүүн яриатай хүн хэлэв. – Энэ чинь юу юм? Надад үүнд чинь зориулж байх цаг алга... гэхэд,

– Би энэ морийг худалдах гэсэн юм. Тэр итгэлтэй хөл сайтай морь... гэж Данк даамлыг түүнийг орхихоос өмнө хурдхан хэллээ.

– Надад цаг алга гэж хэлсэн биз дээ гээд даамал морь руу хальт харснаа,

– Миний эзэн Ашфордын лордод ийм морь хэрэггүй. Түүнийг хот руу аваачвал Хенли чамд гурван зоос өгч болох юм гээд ирсэн шигээ түргэхэн явахаар эргэсэнд,

– Баярлалаа, эрхэм лорд. Эрхэм ээ, хаан ирэх үү? гэж Данк асуулаа. Агтны даамал түүн рүү инээд алдав.

– Үгүй дээ бурхдад баярлалаа. Эдгээр хан хөвгүүд бидэнд одоохондоо хангалттай төвөг удаж байна. Энэ бүх морьдыг багтаах жүчээг би хаанаас олох болж байна? Бас тэжээлийг нь ч гэсэн? гээд агтчин хөвгүүд рүү юм хашгиран алхав.

Энэ зуур Данк жүчээнээс гарлаа. Лорд Ашфорд ханхүүг өөрийн биеэр бараа болон дагуулан явахад хааны хамгаалалтын цасан цагаан хуяг, нөмрөгтэй хоёр хүлэг баатар хашаанд саатан зогсож харуулын ахлагчтай ярилцав. Данк тэдний өмнө зогслоо.

– Эрхэм лордууд аа. Намайг Өндөр сэр Данкен гэдэг.

– Танилцахад таатай байна, сэр Данкен. Намайг сэр Роланд Крэйкхол гэдэг. Харин энэ бол миний тангарагт ахан дүү Даскендэйлийн сэр Доннел байгаа юм гэж цагаан хүлэг баатруудын биерхүү нь хэлэв.

Хааны хамгаалалтын долоон хүлэг баатар зөвхөн Жад хугалагч Бэйлороос гадна долоон ханлигийн хамгийн чадварлаг дайчид байжээ.

– Та нар жадны тэмцээнд орохоор ирээ юу? гэж Данк сэтгэл зовнин асуулаа.

– Бид хамгаалахаар андгайлсан хүмүүсийнхээ өөдөөс давхих нь зохихгүй гэж улаан үс сахалтай сэр Доннел хэлэв.

– Ханхүү Валарр хатагтай Ашфордын аваргуудын хүндэтгэлийн нэгийг хүлээн авсан. Түүний хоёр үеэл тэмцээнд орох гэж байгаа. Бид зөвхөн үзэхээр явна гэж сэр Роланд тайлбарлав.

Данк өөрийн эрхгүй санаа амран цагаан хүлэг баатруудад элэгсэг сэтгэлд нь талархаад мордон ахин нэг ханхүү түүнийг ээрэн саатуулахаас өмнө шилтгээний хаалгаар гарч явлаа. Гурван ханхүү гэж морио Ашфордын хотын гудамжны зүг эргүүлэх зуураа бодов. Валарр ханхүү Бэйлорын ууган хөвгүүн бөгөөд төмөр хаан ширээний хоёр дахь залгамжлагч хэдий ч эцгийнхээ домогт жад, илдний авъяасыг хэр зэрэг өвлөж авсан эсэх нь тодорхойгүй байв. Таргарианы бусад хан хөвгүүдийн тухайд гэвэл тэр бага мэдэж байв. Хэрвээ би ханхүүгийн эсрэг мордох болвол юу хийх хэрэг вэ? Надад язгууртан өндөр дээдсийн эсрэг мордохыг зөвшөөрнө гэж үү? Тэр үүнийг мэдсэнгүй ч өвгөн түүнийг шилтгээний хана шиг мулгуу гэж үргэлж хэлдгийн учрыг сая л мэдэрчээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.01.14 8:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Хенлид морь зарна гэж хэлж амжихаас урьд таалагджээ. Агтны даамлын гүүний тухайд хэлсэн үг буруу байлаа. Хэнли гурван зуун мөнгөн зоос санал болгоход Данк гурван мянга хүрнэ гэж эсэргүүцлээ. Тэд хоёул хэсэг маргалдсаны эцэст долоон зуун тавин мөнгөн буга дээр тогтов. Энэ нь тэдний наймаа түүнийхээс илүү Хэнлид хожоотой болсонд Данкийн сэтгэл гонсойсон ч наймаачин үнээ өсгөхгүй тул эцэст нь бууж өгөхөөс өөр арга байсангүй. Гэвч түүнийг энэхүү үнэнд эмээл багтахгүй гэж хэлэх үед Хэнли эсэргүүцсэнээр хоёр дахь маргаан эхлэв.

Эцэст нь тэд тохиролцлоо. Хэнли мөнгөө авчирахаар явахад Данк гүүнийхээ дэлийг сөргүүлэн илээд зоригтой байхыг ятгав.

– Хэрвээ би ялвал эргэж ирээд чамайг худалдаж авна гэдгээ амлая гээд тэр энэ хооронд гүүний хамаг өө сэв алга болох болохоор өнөөдрийнхөөс хоёр дахин үнэ нь нэмэгдэнэ гэдэгт эргэлзсэнгүй.

Наймаачин түүнд гурван алтан зоос өгч үлдсэнийг нь мөнгөн зоосоор төлөв. Данк алтан зоосны нэгийг хазаж үзээд инээмсэглэв. Тэр хэзээ ч алтан зоос хазаж байсангүйн зэрэгцээ гартаа барьж байсангүй.

– Алтан луу гэж хүмүүс зоосны нэг талд Таргарианы овгийн гурван толгойтой луу дүрсэлсэн цагаас хойш ярилцдаг болсон билээ. Харин нөгөө талд нь хааны дүрс байлаа. Хэнли түүнд Дэйрон хааны зурагтай хоёр зоос өгөөд гурав дахийг нь өөр хүний дүрстэй элэгдсэн зоосоор төллөө. Тэрхүү зоосон дээр толгойных нь дор нэр бичээстэй байсан ч Данк бичиг мэддэггүй тул уншиж чадсангүй. Алтан зоосны ирмэг эмтэрснийг харангуут зоосыг Хэнлид буцаан өгөхөд наймаачин дургүйцэн гүвтнэснээ оронд нь хоёр мөнгөн зоос атга хүрэл зоосны хамт өгөв. Данк хүрэл зоосноос хоёрыг буцаан морь луугаа дохиж,

– Үүнийг түүнд зориулж байгаа юм. Өнөө шөнө овъёос авч өгөөрэй. Бас алим гэж хэлэв.

Тэр цааш бамбайгаа гартаа барин шуудайтай хуучин хуягаа мөрөн дээгүүрээ тохон явж, Ашфордын нарлаг гудамж руу оров. Өвөрт нь байгаа хүнд зоосны жин толгой эргэх мэт санагдаж нөгөө талаар сэтгэл зовно. Хөгшин хүлэг баатар хэзээ ч түүнд итгэн ганц хоёр зоосноос илүүг өгч байсангүй. Данк ийм их мөнгөөр жил хиртэй амь зууж болно. Гэвч мөнгө нь дуусахын цагт «Аянга»-ыг зарах болж байна уу? Тэгвэл гуйлгачин дээрэмчин болох зам руугаа орлоо гэсэн үг. Ийм боломж ахин тохиолдохгүй. Би үүний төлөө эрсдэл туулах ёстой.

Тэр гармыг ус үсчүүлэн гаталж голын урд эрэг рүү гарах үед өглөө шувтрах тийшээ хандаж тэмцээний газар урьдынхаас хөл хөдөлгөөн ихэсчээ. Дарсны худалдаачин, зайдас шарагчид түргэн арилжаа хийн, дуучин «Баавгай ба үзэсгэлэнт охин»-ыг дуулахад бүжиглэдэг баавгай эзнийхээ дэргэд хөлөө товшиж, жонглёрчид жонглёрдон, хүүхэлдэй наадуулагч ахин нэг тулаан дуусгаж байв.

Данк модон луу үхэхийг харахаар зогслоо. Хүүхэлдэй хүлэг баатар лууны толгойг тас цавчихад улаан үртэс өвсөн дээр цацагдсанд Данк чанга инээд алдан охинд хоёр зэс зоос шидэж,

– Нэг нь өнгөрсөн шөнийх гэж хэлэв. Охин зоосыг газарт унагалгүй барьж аваад түүн рүү амьдралд нь урд хожид үзэгдээгүй сайхан инээмсэглэв.

Ингэхэд охин түүн рүү инээмсэглэсэн юм болов уу эсвэл өгсөн зоосонд нь баярласан юм болов уу? Данк урьд нь хэзээ ч эмэгтэй хүнтэй байж үзээгүй болохоор сэтгэл нь түгшлээ. Гурван жилийн өмнө хөгшин хүлэг баатар сохор лорд Флорентод хагас жил зүтгэсний дараа хэтэвч дүүрэн мөнгөтэй болоход түүнийг янхны газар руу авч явж эр хүн болгоно гэж хэлжээ. Гэвч тэр согтуу байсан учир эрүүл болсон хойноо энэ тухай санасангүй. Хүү ч түүнд сануулахаас ичжээ. Тэгээд ч биеэ үнэлэгч хүсч байгаадаа итгэлгүй байв. Хэрвээ түүнд хүлэг баатар адил удам угсаа сайтай охин олддоггүй юмаа гэхэд мөнгөнөөс илүү сэтгэлийг эрхэмлэх байв.

– Чи аяга шар айраг уух уу? Надтай хамт гэх гэсэн юм. Эсвэл зайдас идэх ч юм уу? Би өнгөрсөн шөнө зайдас авсан сайхан амттай байсан. Гахайн махаар хийсэн гэж бодож байна хэмээн хүүхэлдэй тоглуулдаг охиныг улаан үртсийг буцааж луунд хаман хийхэд асуулаа.

– Таньд баярлалаа, эрхэм лорд. Гэвч бид ахин нэг тоглолт хийх ёстой гээд охин босч хүлэг баатар тоглуулж байсан маш тарган Дорнийн эмэгтэй рүү гүйхэд Данк байрандаа мэлрэн хоцлорлоо. Гэсэн ч түүний зугтсан явдал таалагдлаа. Өндөр хөөрхөн охин байна. Би түүнийг үнсэхийн тулд доошоо өвдөг нугалан бөхийх шаардлагагүй гээд тэр яаж үнсэхийг мэдэж байв. Жилийн өмнө Ланниспортод байхад нь буудлын охин түүнд заан өгчээ. Гэхдээ тэр дэндүү намхан байсан учир уруулд нь хүрэхийн тулд юман дээр гарчээ. Энэ тухай бодохоос өөрийн эрхгүй чих нь улайлаа. Тэр ямар тэнэг юм бэ. Одоо жадны тэмцээний тухай бодохоос бус үнсэлтийн тухай бодох ёсгүй.

Лорд Ашфордын мужаанууд тэмцээн явагдах газрын дундуур оролцогчдыг тусгаарласан бүсэлхий хүрсэн өндөр модон хаалтыг цагаан шохойгоор будаж байв. Данк тэдний ажлыг хэсэг зуур ажиглалаа. Үүнд урдаас хойш чиглэсэн таван эгнээ байснаас өрсөлдөгчдийн хэн нь ч нүд нь наранд гялбахгүй байхаар зохион байгуулжээ. Гурван давхар үзэгчдийн суудал эгнээний зүүн талд байрлаж, лорд хатагтай нарын суудал дээр нар борооноос халхлан улбар хөшиг татжээ. Суудлын ихэнхи вандан сандал байсан бөгөөд тавцангийн голд лорд Ашфорд, охинд нь болон зочилж буй хан хөвгүүдэд зориулсан дөрвөн өндөр түшлэгтэй сандал тавьжээ.

Нугын зүүн талын захад босгосон сургуулилтын хүн дээр арваад хүлэг баатар сургууль хийж модон гар нь эргэлдэн ирэхэд бамбайгаараа хааж байв. Данк Хэрцгий Бракен болон Маршийн лорд Карон мордохыг харлаа. Би тэдний хэн ч шиг сайн бат сууж чадахгүй.

Өөр газар хүмүүс модон сэлмээр байлдан сургуулилж хиа нар бүдүүлэг зөвлөгөө дэмжин хашгиралдана. Данк нэг бадируун хүү уулын муур адил уян шаламгай булчинлаг хүлэг баатрыг тогтоохыг харлаа. Тэд хоёул бамбай дээрээ Фоссовэйн улаан алим зурсан ч залуу хөвгүүнийх удалгүй үйртэл цавчигдав.

– Энд алим боловсорч гүйцээгүй байна гээд ахмад нь дуулган дээр нь дэлсэх зуураа хэллээ. Залуу Фоссовэй хөх няц болтлоо цохиулан бууж өгөхөд дайсан нь барагтай амьсгаадаагүй байв. Тэр дуулганы халхавчаа сөхөн Данкийг харснаа,

– Хөөе чи. Тиймээ чи том биет минь. Далавчтай цомтой хүлэг баатар. Чиний зүүсэн урт илд мөн үү? гэв.

– Энэ хууль ёсоор минийх. Намайг Өндөр сэр Данкен гэдэг хэмээн Данк өөрийгөө өмгөөлөн хэллээ.

– Харин намайг сэр Стеффон Фоссовэй гэдэг. Чи надтай оролдоод үзэхгүй юу. Өндөр сэр Данкен гэсэн үү? Шинэ хүнтэй илд зөрүүлвэл сайхан л байна. Миний үеэл хараахан боловсорч гүйцээгүй болохыг чи харж байгаа биз дээ.

– Тэгээч, сэр Данкен. Би боловсорч гүйцээгүй байж болох ч миний хүндэт үеэл голдоо хүртэл ялзарсан. Түүний үрийг суга цохь гээд дийлдсэн Фоссовэй дуулгаа тайллаа.

Данк толгой сэгсэрлээ. Яагаад эдгээр лордууд түүнийг маргаандаа оролцуулах гэсэн юм бол? Тэр үүнд оролцохыг хүссэнгүй.

– Баярлалаа, эрхэм сэрүүдээ. Гэвч надад хийх өөр ажил байна гээд Данк ийм их мөнгө авч яваадаа эвгүйцэж байсан тул Ган Пэйтэд хэдийчинээ түргэн өгч салах тусам баярлах байлаа.

Сэр Стеффон түүнийг зэвүүцэнгүй харав.

– Хэрмэл хүлэг баатарт хийх ажил байгаа гэнэ ээ гээд эргэн тойрноо харснаа өөр өрсөлдөгч олсон бололтой,

– Сэр Гранс уулзахад таатай байна. Надтай үзэлцээч. Би үеэл Рэймуныхаа сулхан тааруу бүх аргыг мэддэгийн зэрэгцээ, сэр Данкен хэрмэл бут руугаа буцах хэрэгтэй бололтой. Хүрээд ир гэв.

Данк тэндээс царайгаа улайлган явлаа. Тэр илдээр тулалдах сулхан тааруу байтугай өөр олон арга мэддэггүй болохоор тэмцээн хүртэл хэнтэй ч тулалдахыг хүссэнгүй. Хөгшин хүлэг баатар үргэлж дайснаа таньж мэдэх хэрэгтэй гэдэг байсан ч түүний хувьд амархан хэрэг байв. Сэр Стеффон шиг хүлэг баатрын хурц нүд хүний сул талыг дор нь олно. Данк хүчтэй, хурдан бүх биеийн жингээ ашиглан тулалддаг боловч энэ агшинд чадвар нь бусадтай тэнцэнэ гэдэгт итгэсэнгүй. Сэр Арлан түүнийг чадах чинээгэээрээ сургасан ч хөгшин өвгөн залуу байхдаа хүртэл дээгүүр хүлэг баатар явсангүй. Агуу хүлэг баатрууд амьдралаа хэсүүчилж өнгөрүүлэн шавартай замын хажууд нас бардаггүй юм. Ийм зүйл надад болохгүй. Би тэдэнд хэрмэл хүлэг баатраас илүү гэдгээ үзүүлж өгнө гэж Данк өөртөө амлалаа.

– Сэр Данкен гээд залуу Фоссовэй араас нь гүйцэн ирэв.

– Би таныг үеэлтэйгээ тулалдахыг ятгадаггүй л байж дээ. Би түүний их занд уур хүрсэн болохоор тэгээд ч чи том биетэй санагдсан юм. Би бодохдоо... миний хувьд буруу зүйл боллоо. Чи хуяг өмсөөгүй байна. Тэр гар юм уу өвдгийг чинь хугалах байсан. Тэр хүнийг сургуулилтын хашаанд нүдэх дуртай болохоор тэд нь хөхөрч дараа нь түүнтэй тэмцээнд уулзахдаа эмзэг болдог юм.

– Гэхдээ тэр чинийхийг хугалаагүй байна.

– Үгүй л дээ, би түүний цусны хүн боловч тэр алимны модны дээд мөчрөөс гаралтай болохоо надад үргэлж сануулахыг огтхон ч мартдаггүй юм. Ингэхэд намайг Рэймун Фоссовэй гэдэг.

– Танилцахад таатай байна. Чи үеэлтэйгээ тэмцээнд ирээ юу?

– Үнэн хэрэгтээ тэр ирсэн. Миний хувьд гэвэл хэрвээ чадвал оролцоно. Би одоохондоо дагуул байгаа. Үеэл минь намайг хүлэг баатар болгохоор амласан ч боловсорч гүйцээгүй байгаа гэдэг юм гээд Рэймун дөрвөлжин царай, навтгар хамартай, богино үс, сэтгэл татам инээмсэглэлтэй байлаа.

– Чи харин тэмцээнд оролцох гэж байгаа бололтой. Хэний бамбай руу дайрах гэж байна?

– Надад ялгаа байхгүй. Чиний хэлсэн зүйл өөр хүмүүсийнх. Би тэмцээнд гурав дахь өдөр хүртэл орохгүй..

– Харин тэр хооронд аваргуудын зарим нь унана. Магадгүй Дайчин чамд инээмсэглэх буй за, сэр.

– Чамд ч гэсэн гээд Данк тэр ердөө дагуул мөртлөө намайг хүлэг баатар байхад юуны хэрэг байгаа юм бол? Бидний нэг аль эсвэл тэнэг байх гэж бодлоо. Түүний хэтэвчин дэх мөнгө алхам тутамд жингэнэж байсан болохоор зүрхний цохилт нь сонсогдохгүй байлаа. Тэмцээний дүрэм түүний эсрэг байлаа ч гэсэн сул дорой юм уу ногооноороо дайсантай тулгарах боломж туйлын бага.

Үүнд ямар лорд зохион байгуулж байгаагаас авахуулаад арваад янзын тэмцээн зохиогддог байлаа. Хүлэг баатруудын багуудын хооронд тулалдаан болон хамгийн сүүлд босоогоороо үлдэх алдар нэр горилсон халз тулаан гээд л. Дүрмийн дагуу ганцаарчилсан тулаан явагдах бөгөөд заримдаа олон хүн байгаа үед хоёр хүн оролцоно.

Лорд Ашфорд энэхүү тэмцээнийг охиныхоо арван гурван насны төрсөн өдөрт зориулан зохиожээ. Үзэсгэлэнт охин эцгийнхээ дэргэд Үзэсгэлэн гоогийн хатны суудлыг эзлэн суух ёстой байв. Таван аварга түүний ивээлийг хүртэж хамгаалах болно. Бусад нь өрсөлдөгчид болж аваргуудын аль нэгийг ялсан хүн өөр өрсөлдөгч түүний байрыг эзлэх хүртэл аварга болох юм. Гурван өдрийн дараа жадны тэмцээн дуусахад үлдсэн таван хүн охинд үзэсгэлэн гоогийн титмийг өгөх юм уу эсвэл түүний байрыг эзэлсэн өөр хүнд өгнө.

Данк өвсөрхөг зурвас, хоосон сандлыг харж боломжоо цэгнэн зогслоо. Түүнд ганцхан ялалт хэрэгтэй бөгөөд тэгвэл ганц цаг ч болтугай Ашфорд Мэдоугийн аваргуудын нэг болох юм. Хөгшин хүлэг баатар жаран насыг насалсан хэдий ч хэзээ ч аварга болж байсангүй. Энэ нь түүний хувьд хэт найдлага байв. Түүний бодол дуунд сонссон Одон нүдэт сохор Симеон, Толин бамбайт уужим Сервин, Луун хүлэг баатар ханхүү Эймон, сэр Риам Рэдвайн, Тэнэг Флорианы тухай бодол руу буцлаа. Тэд бүгд түүнийхээс илүү аймшигт дайсантай тулгарч ялалтыг авч байсан. Гэвч Флорианаас бусад нь агуу баатар, язгууртан гаралтай зоригт эрчүүд байв. Харин миний хувьд юу гэж? Нохой бөөсний мухрын Данк уу? Эсвэл Өндөр сэр Данкен уу?

Тэр удахгүй үнэнийг мэдэх болно. Данк хүнд шуудайтай хуягтайгаа худалдаачдын мухлагын зүг эргэн Ган Пэйтийг эргэхээр явлаа.

Эгг буудалд гар хумхилгүй ажиллажээ. Данк дагуулаа зугтаж алга болж магадгүй гэж айж байсан тул сэтгэл нь амарчээ.

– Чи морио үнэд хүргэж чадав уу? гэж хүү асуув.

– Чи намайг түүнийг зарсан гэж яаж мэдсэн юм бэ?

– Чи морьтой явсан мөртлөө явган буцаж ирсэн болохоор хэрвээ дээрэмчид хулгайлсан бол ууртай байх байсан.

– Би түүгээр үүнийг авсан гээд Данк шинэ хуяг дуулгаа хүүд үзүүлэв.

– Хэрвээ чи хэзээ нэг цагт хүлэг баатар болвол сайн ган ямар байдгийг мэдэх хэрэгтэй. Үүнийг хараач сайн урлал байгаа биз дээ. Гархин хуяг нь тус бүрдээ хос хосоороо холбогдсон давхар гархитай болохыг харж байна уу? Би ганц гархинаас илүү хамгаалалтанд байна гэсэн үг. Харин дуулганы хувьд бол Пэйт оройг нь дугуй хийсэн болохоор ямар гөлгөр болсныг харж байна уу? Илд, сүх хавтгай оройтой дуулга руу цөмөрч болох ч минийх дээр хальтирна гээд Данк толгой дээрээ их дуулгаа тавилаа.

– Ямар харагдаж байна?

– Наадах чинь халхавчгүй юм байна шүү дээ гэж Эгг хэлэв.

– Энэ бол агаар ордог нүх. Халхавч бол сул тал гэж Данк Ган Пэйтийн үгийг хэлэв. – Хэрвээ чи хичнээн их хүлэг баатрууд сэрүүн агаар амьсгалахын тулд халхавчаа сөхөөд нүдэндээ сум зоолгосныг мэддэг бол хэзээ ч түүнийг хүсэхгүй байсан даа.

– Дээр нь залаа ч алга шүү дээ. Ердөө энгийн юм байна гэж хүү шүүмжлэв.

– Харин ч энгийн байх нь надад таалагдаж байна. Ямар хурц өнгөтэй болохыг нь харж байна уу? Ийм хэвээр хадгалах нь чиний үүрэг шүү. Чи гархин хуяг яаж зүлгэхийг мэднэ биз дээ? гээд Данк дуулгаа авлаа.

– Элстэй торхоор. Гэхдээ чамд торх байхгүй шүү дээ. Чи бас асар худалдан авсан уу, сэр?

– Би тийм өндөр үнэ хүргээгүй гээд Данк хүү санаснаа дэндүү зоримог хэлдэг болохоор түүнийг зодох ёстой гэж бодсон ч тэгэхгүйгээ мэдэж байлаа. Тэр зоримог занд дуртай байв. Түүнд өөрт нь ч гэсэн зоримог зан хэрэгтэй. Миний дагуул надаас илүү зоригтой ухаалаг юм.

– Чи энд сайн ажилласан байна, Эгг. Маргааш надтай хамт яваарай. Тэмцээний газрыг үзнэ биз. Бид морьддоо арвай, өөрсөндөө шинэхэн талх худалдаж авна. Магадгүй зүсэм бяслаг ч байж болох юм. Мухлагуудын нэгт сайхан бяслаг зарж байна лээ.

– Тэгвэл надад цайз руу орох хэрэг байхгүй биз дээ?

– Яагаад болохгүй гэж. Би нэг л өдөр цайзад амьдарна. Би тэмцээн дуусахаас өмнө арай дээгүүр газар олдоно гэж бодож байгаа юм.

Хүү юу ч хэлсэнгүй. Магадгүй тэр лордын өргөөнд орохоос айсан бизээ гэж Данк тунгаав. Өөр юу хүлээх билээ. Тэр өсч том болох хэрэгтэй. Данк хуягаа ахин бишрэх зуураа хэр удаан хугацаанд өмсөхөө гайхлаа.

Сэр Манфред туранхай яхир төрхтэй хүн байв. Тэр Дондаррионы овгийн хөх ягаан цахилгаантай хар хувцас өмссөн ч Данк түүнийг сэгсгэр улаан алтлаг үстэй нь санаж байлаа.

– Сэр Арлан таны эцэгт Тас хааныг Улаан уулнаас хөөх үед лорд Кароныг оршуулахад хүчин зүтгэж байсан. Би тэгэхэд ердөө хүү байсан ч түүнийг хиа болон дагалдаж байсан юм. Пенитригийн сэр Арлан гэж өрөөсөн өвдгөө сөхрөн хэллээ.

– Үгүй ээ, би түүнийг мэдэхгүй. Чамайг ч гэсэн хүү минь гээд сэр Манфред хөмсөг зангидахад Данк түүнд хөгшин хүлэг баатрын бамбайг үзүүлэв.

– Энэ бол түүний сүлд далавчтай цом байгаа юм.

– Миний лорд эцэг ууланд найман зуун хүлэг баатар, дөрвөн мянган явган цэрэгтэй байсан. Би тэднийг хүн тус бүр болон ямар бамбайтай байсныг нь санах албагүй. Чи тэнд байсан байж болох ч.. гээд сэр Манфред мөрөө хавчлаа.

Данк агшин зуур тэвдсэндээ болоод үг хэлж чадсангүй. Хөгшин хүлэг баатар түүний эцэгт зүтгэж байсан атал яаж мартаж чадаж байна аа?

– Тэд намайг ямар нэг хүлэг баатар юм уу лорд батлан даахаас нааш тэмцээнд оролцохыг зөвшөөрөхгүй гэсэн.

– Энэ чинь тэгээд надад ямар хамаатай юм. Тэгээд ч чи миний цагийг хангалттай үрлээ, сэр.

Хэрвээ Данк шилтгээн рүү сэр Манфредгүй очвол дууслаа гэсэн үг учир сэр Манфредийн хар хүрэм дээрх хатгамласан хөх ягаан цахилгааныг хараад,

– Би таны эцэг буудалд овгийнхоо сүлдийг яаж авсныг ярьж байсныг санаж байна. Нэг шуургатай шөнө таны эцэг Дорнийн Маршад зурвас хүргэхээр ирэхэд нум сум морийг нь алж газар унагажээ. Харанхуйгаас гархин хуяг, залаатай дуулгатай хоёр Дорнийн хүн гарч ирсэн байна. Түүний илд унах үед хугарсан болохоор үүнийг хараад дүүрлээ гэж боджээ. Гэвч Дорнчууд түүнийг цавчихаар ойртон ирэхэд тэнгэрт аянга цахижээ. Хурц тод хөх ягаан өнгийн цахилгаан Дорнийн хоёр хүний илдэнд бууж тэднийг зогссон газар нь нам алжээ. Шуурганы хаан өгсөн зурвасын дагуу Дорнд ялж тэр элчийг талархан лордын зэрэгт дэвшүүлжээ. Тэр Дондаррионы овгийн эхний лорд болж, сүлд нь одот хар дэвсгэр дээр хоёр салаа цахилсан хөх ягаан аянгыг авсан байна.

Хэрвээ Данк энэ түүх сэр Манфредэд сэтгэгдэл төрүүлнэ гэж бодсон бол энэ нь бүтсэнгүй.

– Миний эцэгт үйлчилж байсан зарц, үйлчлэгч бүх хүн энэ түүхийг сонссон. Үүнийг мэдлээ гээд чи хүлэг баатар болохгүй. Явж үз, сэр.

Данк Ашфордын шилтгээн рүү хөндүүр зүрхтэй эргэн ирээд Пламмерт тэмцээнд орох эрхийнхээ төлөө юу гэж хэлэх эсэхээ тунгаалаа. Даамал цамхгийн өрөөндөө байсангүй. Харуул түүнийг Их танхимд байгаа гэж хэллээ.

– Би энд хүлээж болох уу? Тэр хэр удах бол? гэж Данк асуув.

– Би хаанаас мэдэх юм. Хүссэнээ хийж үз.

Их танхим гэдэг нь төдийлөн их бус агаад Ашфорд багахан танхимтай жижигхэн шилтгээн байв. Данк хажуугийн хаалгаар орж даамлыг даруй анзаарав. Тэр лорд Ашфордын хамт арваад хүнтэй танхимын хойморт зогсож байлаа. Данк ханан дээр өлгөсөн цэцэг жимстэй носон хивсэн доогуур түүний зүг явлаа.

– ...хэрвээ тэд чиний хөвгүүд байсан бол илүү сэтгэл зовох байсан даа гэж түүнийг ойртоход нэг ууртай хүн хэлэв. Тэрбээр шулуун үс, дөрвөлжин зассан сахалтай маш цагаан учир бүүдгэр танхимд гэрэлтэх мэт санагдсан ч Данк ойртох үедээ цайвар мөнгөлөг үс нь алтаар туяарахыг харлаа.

– Дэйрон өмнө нь бас ингэж байсан. Чи түүнийг тэмцээнд орохыг тушаах ёсгүй байсан юм. Тэр Эйрис, Рэйгэлээс илүүгүй тэмцээний талбарт байх тавилангүй гэж өөр хүн хэлэхэд Пламмер үг хэлсэн хүнийг түүнээс халхлан зогсчээ.

– Чи тэгвэл түүнийг морь унахаас илүү янхан руу очих ёстой гэж байгаа юм уу хэмээн эхний хүн дургүйцэв. Хоолой нь бүдүүн хүчирхэг агаад ханхүүгийн хоолой байлаа. Тэр үнэхээр ханхүү байсан бөгөөд мөнгөн товчтой ширэн хантааз өмсч, цагаан үенгийн арьсан эмжээртэй хүнд хар нөмрөг нөмөрчээ. Хацар дээр нь цэцэг өвчний сорви мөнгөлөг сахалд нь хагас халхлагдан харагдана.

– Надад хүүгийн минь бүтэлгүйтлийг сануулах хэрэггүй. Тэр ердөө арван найман настай. Тэр өөрчлөгдөж чадна. Тэр өөрчлөгдөнө эсвэл үгүй бол хараал идмэр гэж би түүнийг үхэх болно гэдгийг тангараглаж байна.

– Битгий тэнэг юм яриад бай. Дэйрон ямар хүн ч байсан гэсэн чи бид хоёрын мах цусны хүн. Би сэр Роланд түүнийг Эйгонтой авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.

– Тэмцээн дууссан хойно уу?

– Эйрон энд байгаа. Хэрвээ тэмцээн чиний сэтгэлийг зовоогоод байгаа юм бол тэр Дэйроноос жаданд хамаагүй илүү гэхэд Данк үг хэлсэн хүнийг одоо л харлаа. Тэр өндөр суудалд өрөөсөн гартаа хуудас цаас барин суугаад лорд Ашфорд мөрөн дээгүүр нь бөхийжээ. Нөгөө эр сууж байсан ч гэсэн урдаа жийсэн урт шулуун хөлнөөс нь үзвэл бусад хүмүүсээс толгой өндөр бололтой. Богинохон зассан хар үс нь буурал сор сууж, хүчирхэг эрүүгээ цэвэрхэн хусчээ. Түүний хамар харваас урьд нь хугарч байсан бололтой. Хэдийгээр ногоон хантааз, хүрэн нөмрөг, элэгдсэн гутал гээд энгийн хувцасласан ч гэсэн хүч чадал, эрх мэдэл мэдэгдэж байв.

Данк ямар нэг сонсох ёсгүй зүйл рүүгээ иржээ. Би эндээс яваад тэднийг дууссан хойно нь ирсэн нь дээр байх. Гэвч хэдийн хожимджээ. Мөнгөн сахалтай ханхүү түүнийг гэнэтхэн хараад,

– Чи хэн болоод бидэн рүү ирээ вэ? гэж ширүүн зандрав.

– Тэр манай даамалтай уулзах гэж байгаа хүлэг баатар байна гэж сууж байсан хүн хэлээд Данкийг ирсэн цагаас нь хойш анзаарсны тэмдэг болгон инээмсэглэв. – Чи бид хоёул энд гадны хүмүүс, дүү минь. Ойртоод ир, сэр.

Данк түүнийг урд нь юу хүлээж буйг мэдэхгүй урагшиллаа. Тэр Пламмер луу аврал эрэн харсан ч тус болсонгүй. Хавчиг нүүртэй даамал өчигдөрхөн маш ширүүн байсан бол харин одоо чимээгүй зогсоод чулуун шал ширтэж байв.

– Эрхэм лордуудаа. Би сэр Манфред Дондаррионыг намайг тэмцээнд орохыг батлан даахыг хүссэн ч татгалзлаа. Тэр намайг танихгүй гэж хэлсэн. Гэвч сэр Арлан түүнд зүтгэж байсныг би тангараглах байна. Надад түүний илд, бамбай байгаа... гэхэд,

– Зөвхөн илд, бамбай хүнийг хүлэг баатар болохгүй гэж дугуй улаан царай, том халзан толгойтой лорд Ашфорд зарлав.

– Пламмер надад чиний тухай ярьсан. Бид энэ сүлд Пенитригийн сэр Арланых болохыг баталсан ч гэлээ чи түүнийг үхсэн байхад олсон юм уу эсвэл хулгайлсан байж болно. Эсвэл чамд бичгээр юм уу өөр ямар нэгэн баталгаа байхгүй бол...

– Би Пенитригийн сэр Арланыг санаж байна. Тэр тэмцээнд хэзээ ч түрүүлж байгаагүй ч өөрийгөө гутааж байсан түүхгүй. Арван зургаан жилийн өмнө Хааны газар болсон тэмцээнд лорд Стөүквортыг унагаж, Харренхалын Бутчийг халз тулаанд дийлэн үүнээс ч олон жилийн өмнө Ланниспортод Буурал арсланыг мориноос унагаж байсан юм. Арслан тэгэхэд одоогийнх шигээ буурал биш байсан гэж өндөр сандалд суусан хүн хэлэв.

– Тэр надад энэ тухай олон удаа ярьсан гэж Данк батлахад,

– Тэгвэл чамайг Буурал Арсланы жинхэнэ нэрийг санаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна гээд өндөр хүн түүнийг ширтэв.

Хормын турш Данкийн толгойд юу ч орж ирсэнгүй. Хөгшин хүлэг баатар түүнд энэ тухай мянган удаа ярьж өгсөн атал арслангийн нэр... Тэр бараг цөхрөхийн даваан дээр гэнэтхэн,

– Сэр Деймон Ланнистер! Буурал Арслан! Тэр одоо Кастерли Рокийн лорд гэж хашгирлаа.

– Тиймээ тэр мөн. Тэгээд ч маргааш тэмцээнд орно гэж өндөр хүн эелдэгээр хариулаад гартаа барьсан хуудас цаасаа шаржигнуулав.

– Чи яаж үл таних хэрмэл хүлэг баатар Деймон Ланнистерыг арван зургаан жилийн өмнө мориноос унагаж байсныг санаж байгаа юм бэ? гэж мөнгөн сахалтай ханхүү хөмсөг зангидан дургүйцлээ.

– Би дайсан байж болох бүх хүн дээрээ туршиж үздэг юм.

– Тэгвэл чи хэрмэл хүлэг баатартай үзэлцсэн гэсэн үг үү?

– Энэ бол есөн жилийн өмнө Шуурганы адагт болсон тэмцээн. Лорд Баратеон ач хүүгийнхээ төрсөн өдөрт зориулан зохион байгуулсан юм. Миний өрсөлдөгч олон хүн байсны нэг нь сэр Арлан эхний үед байсан. Би түүнийг мориноос унагах хүртэл бид дөрвөн жад хугалсан юм даа.

– Долоо тэр бол Лууны цохионы ханхүүгийн эсрэг байсан! гэж Данк санаандгүй дуу алдлаа. Гэвч үг нэгэнт гарсан хойно буцаах аргагүй болжээ. Данк бол ланк шилтгээний хана шиг мулгуу амьтан гэж хөгшин хүлэг баатрын хэлдэг үг чихэнд нь сонсогдов.

– Үгүй ээ тийм байсан. Энэ яриаг давсалсан бололтой. Чи хөгшин эзнийхээ тухай муугаар бодох хэрэггүй ч энэ бол дөрвөн жад байсан гэж хугарсан хамартай ханхүү хэлээд эелдэгээр инээмсэглэв.

Данкийн чих улайхад танхим бүүдгэр байсан явдалд талархлаа.

– Эрхэм лорд... үгүй ээ энэ бол буруу. Эрхэм дээдсээ гээд тэр өвдөг сөхрөн толгойгоо гудайлгав.

– Таны хэлснээр дөрөв болог. Би хэзээ ч... тэгэх гээгүй. Хөгшин хүлэг баатар сэр Арлан намайг шилтгээний хана шиг мулгуу бух гөрөөс шиг удаан гэдэг байсан юм.

– Бас харваас бух гөрөөс шиг хүчирхэг бололтой. Муу юм болох хэрэггүй дээ, сэр. Бос гэж Жад хугалагч Бэйлор хэлэв.

Данк хөл дээрээ босоод толгойгоо гудайлгах юм уу хан хүүгийн царай луу харах эсэхээ бодлоо. Би Эйгон байлдан дагуулагчийн төмөр хаан ширээний залгамжлагч, Хааны гар, Лууны цохионы ханхүү Бэйлор Таргариантай ярьж байна. Хэрмэл хүлэг баатар ийм хүнтэй харилцаж зүрхэлдэг бил үү?

– Та түүнд морь хуягийг нь золиос авалгүй өгснийг санаж байна. Хөгшин... сэр Арлан таныг эр зоригтой учир нэг л өдөр Долоон ханлиг гарт чинь энх тунх орших болно доо гэж хэлдэг байсан гэж ээрлээ.

– Тийм ч олон жил биш байх гэж ханхүү Бэйлор хэлэв.

– Үгүй л дээ гээд Данк айдаст автлаа. Тэр бараг л би хааныг үхэх ёстой гэж хэлэх гээгүй гэж хэлэхийн даваан дээр биеэ барьжээ.

– Намайг өршөөгөөрэй, эрхэм лорд. Эрхэм дээдсээ гэх гэсэн юм.

Данк мөнгөн сахалтай бадируун эр ханхүү Бэйлорт ах гэж хандаж байсныг хожуу саналаа. Тэр бас лууны цустай тэнэг минь. Гэвч тэр ердөө Дэйрон хааны дөрвөн хөвгүүний хамгийн бага ханхүү Мэйкар шүү дээ. Ханхүү Эйрис номонд дуртай, ханхүү Рэйгэл галзуу, хүлцэнгүй номхон бие муутай. Тэдний хэн нь ч тэмцээнд оролцохоор хаант улсын хагасыг туулахгүй ч Мэйкар ууган ахынхаа сүүдэр дор дайчин гэж хэлсэн.

– Чи тэмцээнд орохыг хүсч байгаа юм уу? Энэ шийдвэрийг тэмцээний даамал гаргах боловч би чамайг үгүйсгэх шалтгаан олж харахгүй байна гэж ханхүү Бэйлор хэлэв.

– Таны хэлсэн ёсоор болъё, эрхэм лорд гээд даамал толгойгоо бөхийлгөлөө.

Данк ээрэн хариу талархал илэрхийлэх гэсэн ч ханхүү Мэйкар үгийг нь тасаллаа.

– Маш сайн байна та талархлаа, сэр. Харин одоо явж үз.

– Чи миний хүндэт дүүг уучилж үз, сэр. Түүний хоёр хүү ийшээ ирэх замдаа төөрсөн болохоор тэр хүүхдүүдийнхээ төлөө айж байгаа юм гэж ханхүү Бэйлор хэлэв.

– Хаврын бороонд олон гол горхи үерлэсэн. Хан хөвгүүд ердөө саатсан байх гэж Данк хариуллаа.

– Би хэрмэл хүлэг баатраас зөвлөгөө сонсохоор ирээгүй гэж ханхүү Мэйкар ахдаа дургүйцэв.

– Та явж болно, сэр гэж тэр Данкад эелдэг хэллээ.

– Ойлголоо, эрхэм лорд гээд тэр бөхийгөөд эргэлээ.

Гэвч түүнийг холдож амжихаас өмнө ханхүү араас нь дуулав.

– Сэр ганцхан зүйл байна. Та сэр Арланы удмынх биш биз дээ?

– Тиймээ, эрхэм лорд. Би үгүй гэх гэсэн юм л даа. Үгүй.

Ханхүү толгой дохиод Данкийн үүрсэн нүүрэн талдаа далавчтай цомтой ноорхой бамбайг зангалаа.

– Хууль ёсоор зөвхөн төрсөн хүү хүлэг баатрын сүлдийг залгамжлах ёстой.Та шинэ сүлд олсон чинь дээр байх, сэр. Өөрийнхөө сүлдийг гэв.

– Тэгнэ ээ. Таньд ахин талархлаа, эрхэм дээдсээ. Би баатарлагаар тулалдана гээд хөгшин хүлэг баатрын үргэлж хэлдгийн адил Бэй шиг буюу Хугарсан жад шиг зоригтой тулалдана гэж дотроо бодлоо.

Дарсны худалдаачин, зайдас шарагчид худалдаагаа хийж, биеэ үнэлэгчид мухлаг асрын хооронд ичгүүргүй хөлхөлдөнө. Эмэгтэйчүүдийн зарим нь хөөрхөн агаад ялангуяа нэг улаан үстэй охин гоц хөөрхөн байлаа. Данк өөрийн мэдэлгүй сул тавьсан цамцны цаана явах тоолон хөдлөх түүний хөх рүү ширтээд хэтэвчиндээ байгаа зоосныхоо тухай бодов. Хэрвээ хүсвэл би түүнийг авч болно. Тэр миний зоосны жингэнээнд дуртай байна. Би түүнийг буудалдаа авчираад бүхий л шөнөжингөө хамт байж болно. Данк хэзээ ч эмэгтэй хүнтэй байгаагүйгийн зэрэгцээ эхний тулгаралтанд үхэж болохоо мэдэж байлаа. Тэмцээн бол аюултай зүйл. Гэвч биеэ үнэлэгчид бас аюултай гэж хөгшин хүлэг баатар түүнд анхааруулдаг байжээ. Тэр намайг унтсан хойно дээрэмдвэл яах болж байна? Улаан үстэй охин түүн рүү мөрөн дээгүүрээ эргэж харахад Данк толгой сэгсрээд цааш явлаа.

Түүнийг очиход Эгг халзан толгойгоо нуун нөмрөгнийхөө юүдэнг толгой дээгүүрээ нөмрөөд хүүхэлдэйн тоглолт үзэж байв. Хүү шилтгээнд ороход айсны адил Данк бас ичимхий байлаа. Тэр өөрийгөө ноёд хатагтай нартай хутгалдаж агуу ханхүүгийн дэргэд байх хувьгүй гэж үзэж байв. Энэ нь түүнийг жаахан байхад нь ч гэсэн ижил байсан. Нохой бөөсний мухрын тэртээх ертөнц аймшигтай, сэтгэл хөдлөм санагддаг байж. Эггэд бас хугацаа хэрэгтэй байгаа нь гарцаагүй. Харин одоохондоо бол шилтгээн рүү нь чирэхийн оронд хэдэн зэс зоос өгөөд мухлаг хооронд өөрийгөө зугаацуулахыг зөвшөөрөх хэрэгтэй.

Өнөө өглөө хүүхэлдэй наадуулагчид Флориан, Жонкүйл хоёрын тухай үлгэр тоглож байв. Тарган Дорнийн хүүхэн эрээн мяраан өнгийн хуягтай Флорианыг тоглуулж, өндөр охин Жонкүйлийн уяанаас барьжээ.

– Чи хүлэг баатар биш. Би чамайг мэднэ. Чи бол Тэнэг Флориан гэж тэр хүүхэлдэйнийхээ амыг дээш доош хөдөлгөн хэлэв.

– Тиймээ, хатагтай. Ертөнц дээрх урьд хожид байгаагүй хамгийн тэнэгийн зэрэгцээ хамгийн агуу хүлэг баатар гэж нөгөө хүлэг баатар өвдөг сөгдөн хэлэв.

– Тэнэг хүлэг баатар гэнэ ээ? Би хэзээ ч тийм юм сонсож байсангүй гэж Жонкүйл хариуллаа.

– Хонгор хатагтай минь бүх эрчүүд тэнэгийн зэрэгцээ бүх эрчүүд эмэгтэйчүүдийн сэтгэлийг татах хүлэг баатар.

Энэ нь гунигтай боловч хөгжилтэй сайхан үзүүлбэр байсан бөгөөд эцэст нь сайхан будсан илдний тулаан боллоо. Тоглолт дуусахад тарган эмэгтэй хүмүүсийн дундуур явж зоос цуглуулахад охин хүүхэлдэйнүүдээ эмхлэв.

Данк Эггийг аваад түүн рүү очлоо.

– Эрхэм лорд хэмээн охин хажуу тийш харан инээвхийлэв. Тэр Данкаас толгой намхан ч бусад охидоос хавьгүй өндөр байлаа.

– Сайхан тоглолт боллоо. Надад та нарын хүүхэлдэй яаж хөдөлгөж байсан таалагдлаа. Жонкүйл, луу хоёр гээд бүгд. Би өнгөрсөн жил хүүхэлдэйн тоглолт үзсэн ч онцгүй байсан. Харин та нарынх хамаагүй гоё юм байна гэж Эгг бахдан хэлэв.

– Баярлалаа гэж охин хүүд эелдэгээр хэллээ.

– Танай хүүхэлдэй бас сайхан сийлбэрлэжээ. Ялангуяа тэр луу. Аймшигтай араатан болсон байна. Та нар тэднийг өөрөө хийсэн үү? гэж Данк асуулаа.

– Миний нагац ах сийлж би будсан юм гээд тэр толгой дохив.

– Тэгвэл чи надад нэг юм будаад өгч чадахгүй биз? Надад төлөх мөнгө байгаа гээд Данк бамбайгаа мөрнөөсөө авч түүнд үзүүлэхээр эргэв.

– Надад энэ цомыг дээгүүр нь будах хэрэгтэй байна гэхэд охин бамбай руу харснаа түүн рүү харлаа.

– Чи юугаар будах гэж байгаа юм бэ?

Данк үүнийг бодож үзсэнгүй. Хэрвээ хөгшин хүлэг баатрынх далавчтай цом байсан бол түүнийх юу байна гэж? Толгой нь хоосорч гүйцжээ. Данк бол ланк шилтгээний хана шиг мулгуу амьтан.

– Би... би сайн мэдэхгүй байна гэхэд чих нь улайхад эвгүйцсэнээ ойлгов.

– Чи намайг тэнэг гэж бодож байгаа байх даа.

– Бүх эрчүүд тэнэг, бүх эрчүүд хүлэг баатар гээд охин инээмсэглэв.

– Чамд ямар будаг байгаа вэ? гэж Данк санаа авахын тулд асуулаа.

– Би будаг хольж хүссэн өнгийг чинь гаргаж чадна.

Хөгшин хүлэг баатрын хүрэн өнгө Данкад үргэлж уйтгартай санагддаг байв.

– Нар жаргах өнгийн дэвсгэр байх ёстой. Хөгшин хүлэг баатар нар жаргахад дуртай байсан юм. Харин сүлд нь... гэж тэр хэллээ.

– Хайлаасны мод. Цөөрмийн дэргэд байгаа хүрэн их бие, ногоон навчтай том хайлаасны мод шиг гэж Эгг оролцов.

– Тиймээ. Наадах чинь болно. Хайлаасны мод... гэхдээ дээр нь харваж буй од байх ёстой. Чи үүнийг хийж чадах уу? гэхэд охин толгой дохилоо.

– Надад бамбайгаа өгчих. Би өнөө шөнө будаад чамд маргааш буцааж өгье гэхэд,

– Намайг Өндөр сэр Данкен гэдэг гээд Данк бамбайгаа сарвайлаа.

– Намайг Танселла гэдэг. Дэндүү өндөр Тансселла гэж хөвгүүд намайг нэрлэдэг юм гээд охин инээв.

– Чи дэндүү өндөр биш байна. Чи ердөө... гээд тэр юу хэлж буйгаа ойлгосон даруй улайлаа.

– Ердөө юу гэж? хэмээн Танселла толгойгоо гилжийлгэв.

– Хүүхэлдэй тоглуулагч хэмээн тэр үгээ эв хавгүй дуусгажээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.02.14 3:35 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Тэмцээний эхний өдрийн өглөө цэлмэг гэгээтэй байлаа. Данк шуудай дүүрэн идэх юм худалдан авсан учир тэд өглөөний цайндаа галууны өндөг, шарсан талх, гахайн утсан мах идсэн ч хоол болох үед түүнд идэх дур байсангүй. Хэдийгээр өнөөдөр тэмцээнд орохгүйгээ мэдэж байсан ч гэлээ гэдсэнд нь чулуу залгисан юм шиг санагдана. Эхний тэмцээнд язгууртан гаралтай, алдар нэртэй хүлэг баатрууд болон лорд ноёд, тэдний хөвгүүд өөр тэмцээнээс ирсэн аваргууд зэрэг хүмүүс оролцох байв.

Эгг өглөөний цайн дээр юм идэх зуураа амжилтанд хүрч болох хүмүүсийн тухай ам хуурайгүй ярьж байлаа. Тэр долоон ханлигийн сайн хүлэг баатар бүрийг мэднэ гэснээрээ намайг тохуурхсангүй хэмээн Данк гунигтай бодов. Нэг л мэдэхэд тэр ноорхой өнчин хүүгийн үг бүрийг анхааралтай сонсож буйгаа анзаарсан ч Эггийн мэдлэг түүнийг бусад хүмүүстэй жадны тэмцээнд тулгарахад туслах нь лавтай бизээ.

Нугад битүү хүн цугларан бужигнаж бүгд тохойгоороо түлхэлцэн урагш ойроос харахыг хичээнэ. Данк бүх хүнээс тохой өндрийн зэрэгцээ хамгийн том биетэй нь байлаа. Тэр урагш ахисаар хашаанаас зургаан ярдын зайд ирэв. Эгг урд нь хүмүүсийн өгзөг тээглэн юу ч харагдахгүй байна гэж гомдоллоход хүүг мөрөн дээрээ суулгалаа. Талбай дээрх үзэгчдийн суудалд язгууртан гаралтай лорд ноёд хатагтай нар дүүрч, хотын хэдэн баян иргэн, өнөөдөр тэмцээнд оролцохгүй байхаар шийдсэн хориод хүлэг баатар байлаа. Ханхүү Мэйкарын бараа харагдсангүй ч ханхүү Бэйлор лорд Ашфордын хажууд байв. Нарны туяа түүний нөмрөгний алтан товч, толгойдоо зүүсэн титмийг гийгүүлэхэд бусдаар бол бусад лордуудаас илүү энгийн хувцаслажээ. Тэр хар үстэй учир үнэндээ Таргариан шиг харагдахгүй ажээ. Данк Эггэд үүнийгээ хэлэхэд,

– Түүнийг Дорнийн гүнж ээжтэйгээ адилхан гэдэг хэмээн хүү түүнд сануулав.

Таван аварга асраа эгнээний хойд эцэст урсах голын захад босгожээ. Хоёр нь жижигхэн шаргал бөгөөд гадаа үүдэндээ шувуу нуруу, цагаан нарны сүлдтэй бамбай өлгөжээ. Эдгээр нь үзэсгэлэнт охины ах нар болох лорд Ашфордын хөвгүүд Эндроу, Роберт нар ажээ. Данк бусад хүлэг баатрууд тэдний эрэмгий чадлын тухай ярьж байхыг сонсоогүй тул тэднийг түрүүлж унана гэж бодлоо.

Шаргал асрын дэргэд хавьгүй том гүн ногоон өнгийн асар байв. Асрын оройд Хайгардены алтан сарнай дэрвэж үүдэн дээр нь газрын охины сүлдтэй том ногоон бамбай байв.

– Энэ Хайгардены лорд Лео Тайреллынх байна гэж Эгг хэлэв.

– Би мэдэж байна. Чамайг төрөхөөс хамаагүй өмнө хөгшин хүлэг баатартай Хайгарденд зүтгэж байсан юм гэж Данк уурсан хэллээ. Тэр энэ тухай барагтай санадаггүй ч сэр Арлан аймшиггүй жадчин, бүх үс нь мөнгөлөг Лео Лонгторны тухай ярьж байхыг олонтоо сонсчээ. – Харин тэр асрын дэргэд байгаа намирсан буурал сахал, ногоон алтан өнгийн хувцастай хүн бол лорд Лео байх.

– Тиймээ. Би урьд нь нэг удаа түүнийг Хааны газар харж байсан. Тэр таны өрсөлдөгч биш шүү, сэр.

– Хүү минь би тэмцээнд хэнийг дуудах талаар чиний зөвлөгөөг авах гээгүй байна.

Дөрөв дэх асар улаан цагаан өнгийн эрээлжилсэн жишүү дөрвөлжин өнцөгт дүрстэй байсан ч Данк энэ нь хэнийх болохыг мэдсэнгүй. Эгг Аррины Хөндийн сэр Хамфри Хардинг гэдэг хүлэг баатрынх гэж хэллээ.

– Тэр өнгөрсөн жил Охины цөөрмийн том тэмцээнд ялж Даскендэйлийн сэр Доннелийг ховх татан, лорд Аррин, Ройс хоёрыг жадны тулаанд дийлсэн.

Сүүлчийн асар ханхүү Валаррынх байв. Дээвэр дээрээс нь урт улаан дөл адил гал улаан дарцаг унжсан шовх оройтой хар торгон асрын гадна Таргарианы овгийн гурван толгойтой луутай тас хар бамбай байв. Бамбайн дэргэд Хааны хамгаалалтын нэг хүлэг баатар зогсох бөгөөд тас хар асрын хажууд цасан цагаан өнгийн хуяг нь оч цацруулна. Түүнийг зогсож байхыг хараад Данк өрсөлдөгчдийн хэн ч лууны бамбайд хүрч зүрхлэх болов уу гэж бодлоо. Валарр хааны ач хүүгийн зэрэгцээ Жад хугалагч Бэйлорын төрсөн хүү байв.

Түүнд санаа зовох хэрэг байсангүй. Бүрээн дуу тасхийж оролцогчдыг дуудахад охиныг хамгаалах таван аварга урагш гарч ирлээ. Данк оролцогчид эгнээний зүүн үзүүрээс нэг нэгээрээ гарч ирэхэд хүмүүсийн сэтгэл хөөрөн шивнэлдэхийг сонсов. Зарч хүлэг баатар тус бүрийн нэрийг зарлахад тэд үзэгчдийн суудлын урд жадаа тулан зогсож лорд Ашфорд, ханхүү Бэйлор болон үзэсгэлэнт охинд ёслоод талбайн хойд захаар тойрон өрсөлдөгчөө сонгон авахаар явлаа. Кастерли Рокийн Буурал арслан лорд Тайреллын бамбайг цохиход, түүний залгамжлагч алтан үстэй сэр Тайболт Ланнистер лорд Ашфордын ууган хүүг тулаанд дуудлаа. Риверраны Лорд Талли сэр Хамфри Хардингийн дөрвөлжин өнцөгт дүрстэй бамбай дээр цохиж, сэр Абеляр Хайтауэр Валаррынхыг дэлсэн, залуу Ашфордыг Инээмтгий Шуурга гэдэг сэр Лионел Баратеон өрсөлдөөнд дуудлаа.

Оролцогчид шугамын дагуу эгнээний хойд үзүүрт очиж зогсон дайснаа хүлээхэд сэр Абеляр мөнгөлөг саарал хувцас өмсч бамбай дээрээ галаар титэмлэн эмжсэн чулуун цамхагтай байсан бол, Кастерли Рокийн хоёр Ланнистер алтан арслангийн сүлдтэй хүрэн улаан өнгийн хувцас өмсч, Инээмтгий Шуурга цээж, бамбай дээрээ хар бугын сүлдтэй алтан даавуун хувцас бүхий эвэртэй дуулгатай, лорд Талли хоёр талын мөрөндөө тус бүр мөнгөн хулд загасаар товчилсон улаан цэнхэр өнгийн судалтай нөмрөг намируулжээ. Тэд арван хоёр фут өндөр жадаа тэнгэр өөд харуулахад салхинд үзүүрийнх нь цацаг тас няс хийн намирав.

Талбайн хойд захын эцэст дагуул хиа нар аваргуудыг мордоход зориулан гял цал хуягтай азаргануудыг авчирлаа. Аваргууд дуулгаа углаж, жад бамбайгаа авахад дайсантайгаа эн тэнцэхүйц сүртэй байж Ашфордынх шаргал торго, сэр Хамфригийнх цагаан алтан дөрвөн өнцөгт, лорд Леогийн цагаан хүлэг алтан сарнай чимэглэсэн ногоон атласан нөмрөгтэй ажээ. Дээрээс нь нэмээд Залуу ханхүү Валарр Таргариан өмссөн хуяг, жад, бамбайтайгаа ижилсүүлэн шөнийн тас харанхуй шиг хар морь унажээ. Дуулганых нь оройд баян сайхан улаан өнгөөр цайрдсан далавчаа дэлгэсэн гурван толгойтой луу гялалзаж, бамбайных нь илгэн хар гадаргуу дээр хоёр ихрийг зуржээ. Хамгаалагч тус бүр үзэсгэлэнт бүсгүйн ивээлийг хүртсэний тэмдэг болгон гартаа шар торгон алчуур зангидсан байв.

Аваргууд байрлалаа эзлэхээр хатируулахад Ашфордын нуга нам гүм боллоо. Тэгтэл бүрээ үлээж нам гүмийг агшин зуур эвдэв. Арван хос гялалзсан давируул арван том дайны хүлгийн хажуу руу давирч, мянган хоолой дэмжин хашгирахад, дөчин ган төмөр тахтай туурай газрын хөрсийг онгилж, арван жад эгц урагш гудайн, талбай чичирэх мэт болоход аваргууд өрсөлдөгчид хамтдаа мөргөлдөн мод төмөр хавирав. Агшин зуур морьтонгууд эрчиндээ бие биенээсээ холдож ахин давхихаар морио эргүүлцгээв. Лорд Талли эмээл дээрээ гуйвсан ч суудал дээрээ тогтож чаджээ. Жирийн ардууд бүгдийнх нь жад хугарсныг ойлгоод нижигнэтэл хашгиран баяр хүргэв. Энэ нь тэмцээн амжилттай болохын тэмдэг болсон сайны ёр бөгөөд өрсөлдөж буй хүмүүсийн ур чадварын нотолгоо байв.

Оролцогчдыг хуучин жадаа хажуу тийш хаяхад дагуул хианууд гүйлдэн шинэхэн жад өгч давируул ахин хүчтэй давирлаа. Данк газрын хөрс хөлийнх нь дор чичрэхийг мэдрэв. Түүний мөрөн дээр Эгг баяртай хашгирч туранхай гараараа даллана. Залуу ханхүү тэдний дэргэдүүр давхин өнгөрөхөд, Данк хар жадных нь үзүүр дайсны бамбайны харуулын цамхаг дээр хальт үсрэн цээжинд нь тусахыг харлаа. Сэр Абелярын жад ч гэсэн Валаррын цээж хуягт хуга үсрэв. Мөнгөлөг саарал өнгийн тохомтой том азарга хүчтэй мөргөлдөөнд арагш цоройход сэр Абеляр Хайтауэр дөрөөнөөсөө мулт үсрэн газар хүчтэй унав.

Лорд Талли бас сэр Хамфри Хардингэд мориноос унасан ч даруйхан үсрэн босч урт илдээ сугалахад, сэр Хамфри хугараагүй жадаа хажуу тийш хаяад мориноос бууж тулаанаа явган үргэлжлүүлэв. Сэр Абеляр тийм сэхээ байсангүй. Хиа нь гүйн очиж дуулгыг нь сугалаад тусламж дуудахад хоёр зарц гүйн ирж дүйрсэн хүлэг баатрыг гар дээрээ өргөн асар руу ороход туслав. Талбайн нөгөө талд зургаан хүлэг баатар морьтойгоо үлдэж гурав дахь удаагаа давхицгаалаа. Жаднууд тас нясхийн хугарахад энэ удаад лорд Лео Тайрелл жадныхаа үзүүрийг Буурал Арслангийн дуулганд маш мэргэн чиглүүлж мулт цохив. Нүцгэн толгойтой Кастерли Рокийн лорд гараа өргөн мэндчилээд бууж өгсний тэмдэг болгон мориноос буулаа. Тэр зуур сэр Хамфри лорд Таллиг дийлэн бууж өгүүлж жаднаас дутуугүй илдэнд авъяастай болохоо үзүүлэв.

Тайболт Ланнистер, Эндроу Ашфорд хоёр нэг нэгнийхээ эсрэг гурван удаа мордоход сэр Эндроу эцэст нь бамбайгаа алдаж тэмцээнээс даруй гарлаа. Залуу Ашфорд илүү удаан тэсч Инээмтгий Шуурга сэр Лионел Баратеоны эсрэг есөн жад хугалав. Арав дахь удаагийнхад аварга өрсөлдөгч хоёул эмээлээ алдан илд, бороохойгоор тулалдав. Эцэст нь хэмхэртлээ балбуулсан сэр Роберт Ашфорд бууж өгснөө хүлээхэд үзэгчдийн суудалд байсан аав нь гунигтай харав. Лорд Ашфордын хөвгүүд хоёул аваргын эгнээнээс арчигдсан ч долоон ханлигийн хамгийн шилдэг хоёр хүлэг баатрын эсрэг өөрсдийгөө нотолсон билээ.

Би үүнээс хамаагүй дээр байна. Надад сайн тулалдах, ялагдах хангалтгүй. Би эхний тэмцээнд ялахгүй бол бүгдийг алдана гэж Данк ялагчид болон ялагдагчид хамтдаа талбайгаас гарахад бодлоо.

Сэр Тайболт Ланнистер, Инээмтгий Шуурга хоёр одоо ялагдсан хүмүүстэй солигдон аваргуудын дунд байраа эзэлжээ. Шаргал асруудыг хэдийн буулгажээ. Үүнээс хэдхэн алхмын зайд Залуу ханхүү хар асрынхаа өмнө сандал дээр сууж байв. Тэр дуулгаа авчээ. Эцэгтэйгээ адилхан хар үстэй бөгөөд илүү гялалзсан аж. Зарц түүнд мөнгөн хундагатай дарс авчирч өгөхөд шимэн уулаа. Хэрвээ тэр ухаалаг бол дарс биш ус биз гэж Данк бодлоо. Тэр Валарр үнэхээр эцгийнхээ эрэмгий чадварыг залгамжлан авсан юм уу эсвэл сул өрсөлдөгч тааралдсан болохыг эрэгцүүлэв.

Бүрээн дуу тас хийхэд гурван шинэ оролцогч шугамд орж ирэв. Зарч тэдний алдрыг зарлалаа.

– Маршийн лорд Кароны овгийн сэр Пирс гэхэд тэр бамбай дээрээ мөнгөн ятгын сүлд агсаж хувцас дээрээ алтан гургалдай хатгамлажээ.

– Сигардаас ирсэн Маллистерын овгийн сэр Жозеф гэхэд сэр Жозеф далавчтай дуулгатай агаад бамбай дээрээ хөх тэнгэрт элин халин нисч буй мөнгөн бүргэдтэй байв.

– Кэйп Вратын Стоунхелмын лорд, Свон овгийн Гавен гэхэд түүний сүлдэн дээр хар цагаан өнгийн эрэмгий тулалдаж буй хоёр хун байлаа. Лорд Гавены хуяг, нөмрөг, морины хуяг бас хар цагаан өнгө холилдсон агаад илдний хуй, жад нь алаг өнгийн судалтай байв.

Дуучин ятгачин хүлэг баатар гэдгээрээ алдартай лорд Карон жадныхаа үзүүрийг сэр лорд Тайреллын сарнай дээр дэлсэж, сэр Жозеф сэр Хамфри Хардингийн сүлдийг цохилоо. Хар цагаан хүлэг баатар лорд Гавен Свон цагаан бие хамгаалагчтай хар ханхүүг сонгов. Данк эрүүгээ үрчлээ. Лорд Гавен хөгшин хүлэг баатраас илүү настай бөгөөд хөгшин хүлэг баатар хэдийн нас барсан билээ.

– Эгг эдгээр өрсөлдөгчдийн хэн нь илүү аюул багатай вэ? гэж мөрөн дээрээ суулгасан эдгээр хүлэг баатруудыг хэнээс ч илүү сайн мэдэх мэт санагдах хүүгээс асуув.

– Валаррын дайсан лорд Гавен гэж хүү даруйхан хэллээ.

– Ханхүү Валларр. Дагуул хүн амаа мэдэж байх ёстой шүү, хүү минь гэж Данк залрууллаа.

Гурван оролцогч байраа эзлэхэд гурван аварга мориндоо мордов. Хүмүүс тэдний тухай мөрийцөж, сонгосон сонголтыг нь хөхүүлэн хашгиралдах боловч Данкийн нүд зөвхөн ханхүү дээр тусч байлаа. Эхний давхилтанд тэр лорд Гавены бамбай дээр хальт цохиход жадны мохоо үзүүр сэр Абеляр Хайтауэрын зүг хажуу гулгахад тэр өөр тийшээ болсон тул хоосон агаар онолоо. Лорд Гавен жадаа ханхүүгийн цээжинд оновчтой хугалж, Валарр эмээлээсээ унах шахсан ч суудал дээрээ тогтлоо.

Хоёр дахь удаагийн давхилтанд Валарр жадаа зүүн тийш болгож дайсны цээж рүү онилсон ч оронд нь мөр лүү нь онолоо. Тэгсэн ч гэсэн цохилт хөгшин хүлэг баатрыг жадаа алдахуйц хүчтэй байв. Лорд Гавен өрөөсөн гараараа тэнцвэр олох гэж сарвалзан унав. Залуу ханхүү эмээлээсээ бууж илдээ сугалсан ч унасан настай эр гараа савчин дуулганы халхавчаа сөхлөө.

– Бууж өглөө, эрхэм дээдсээ. Сайн тулалдлаа гэхэд үзэгчдийн суудалд байсан лордууд түүнийг дэмжин хашгирч,

– Сайн тулалдлаа! Сайн тулалдлаа! гэж хашгирцгаав. Валарр өвдөг сөхрөн буурал үстэй лордыг хөл дээрээ босоход тусаллаа.

– Тэгэх ёсгүй шүү дээ гэж Эгг гомдоллов.

– Чимээгүй байхгүй бол чамайг буудал руу чинь буцаана шүү.

Түүний цаана сэр Жозеф Маллистер талбайгаас ухаангүй чирэгдэн гарч, ятгатай лорд сарнайн лорд хоёр үзэгчдийн шуугиан дунд хоорондоо мохоо иртэй урт сүхээр тулалдана. Гэвч Данк тэднийг харахаас илүү Валарр Таргарианд хамаг анхаарлаа чиглүүлжээ. Тэр царайлаг хүлэг баатар хэдий ч үүнээс илүүгүй. Би түүний эсрэг дийлнэ. Хэрвээ бурхад ивээвэл би түүнийг мориноос унагаж, явган болохын цагт биеийн жин болон хүчээрээ дийлнэ гэж бодлоо.

– Түүнд үзүүлээд өг! Түүнд үзүүлээд өг! Түүнийг цохь! Тиймээ! Тэр яг тэнд байна, тэнд байна! гэж Эгг Данкийн хүзүүн дээр хөлөө савчин хөгжилтэйгээр хашгирч байв. Тэр харваас лорд Кароныг дэмиж байгаа бололтой. Ятгачин энэ үед өөр төрлийн хөг тоглож лорд Леог арагш ган сүхний аялгуугаар ухрааж байв. Хүмүүс тэднийг дэмжин тэнцүү хоёр хуваагдаж хөөр баяр, хараал агаарт холилдон хашгирна. Лорд Леогийн бамбайны будаг модны өөдөстэй цуу цавчигдаж, лорд Пирсийн сүх алтан сарнайн дэлбээг нэг нэгээр нь хэмх цохиход эцэст нь бамбай дундуураа хуваагдлаа. Гэвч үүнтэй зэрэгцэн сүхний толгой модонд шигдэхэд лорд Леогийн сүх дайсныхаа сүхний иш рүү буун гараас нь футын зайд цавчлаа. Тэр хугарсан бамбайгаа хажуу тийш чулуудан гэнэтхэн огцом дайралтанд ороход хормын дараа ятгачин хүлэг баатар өрөөсөн өвдөг сөхрөөд өршөөл гуйлаа.

Тэмцээн өглөөний үлдсэн хэсгийн турш болон үдээс хойшийн турш үргэлжлэв. Энэ нь ижилхэн нэгэн хэвийн байсан бөгөөд оролцогчид талбайд хоёр гурваараа гарч байр эзлэх юм уу заримдаа таваараа гарч байлаа. Бүрээн дуу тасхийхэд зарч нэрийг нь дуудан дайны морь урагш ухасхийж, үзэгчид шуугилдан, жад мөчир шиг тас няс хугарч, илд хуяг дуулганд харшин хангинана. Жадны тэмцээн сайхан болсныг жирийн ардууд төдийгүй язгууртан лордууд хүлээн зөвшөөрчээ. Сэр Хамфри Хардинг, бамбай дээрээ гурван зөгийн үүртэй хар шаргал судалтай зоригт залуу хүлэг баатар сэр Хамфри Бисбури хоёр тус бүр арван жад хугалахад жирийн ардууд төдөлгүй үүнийг дэмжин “Хамфригийн тулалдаан” гэж хашгирч эхэллээ. Сэр Тайболт Ланнистер сэр Жон Пенроузыг морьгүй болгож илдээ унахдаа хугалсан ч гэлээ бамбайныхаа араар хамгаалан тулалдаж ялан аварга хэвээр үлдлээ. Буурал сахалтай хөгшин хүлэг баатар өрөөсөн нүдтэй сэр Робин Райзлинг эхний давхилтанд лорд Леогийн жаданд дуулгаа алдсан ч бууж өгөхөөс татгалзлаа. Тэд тус бүр гурван удаа давхиж сэр Робины үс салхинд намиран хугарсан жадны хэлтэрхий нүүрийг нь тойрон модон хутга шиг үсчихэд Данк гайхамшигтай гэж бодтол Эгг сэр Робин таван жилийн өмнө хугарсан жаданд өрөөсөн нүдээ алдсаныг хэллээ. Лео Тайрелл маш эр зоригтой байж ахин нэг жад сэр Робины хамгаалалтгүй нүүр лүү онилсон ч Райзлингийн зөрүүд эр зоригийг хугалж чадсангүйд Данк алмайрч хоцорлоо. Эцэст нь Хайгардены лорд сэр Робины цээж хуягийг онож зүрх түгшим битүү пүнхийх чимээ гарахад газрын хөрсөн дээр сарвайтал нисэн унав.

Сэр Лионел Баратеон бас хэдэн тулалдаанд гайхамшигтай тулалдлаа. Арай доогуур дайсан бамбайд нь хүрэх юм бол тэр тачигнатал инээх агаад мориндоо мордохдоо ч, дайрахдаа ч, дайснаа дөрөөнөөс цохин унагахдаа хүртэл инээж байв. Хэрвээ түүний өрсөлдөгч дуулган дээрээ ямар нэг залаатай бол сэр Лионел түүнийг нь ховх цохин хүмүүс рүү нисгэнэ. Дуулганы залаа үнэт эрдэнийн, сийлбэртэй мод юм уу, сагсалзсан өд байх агаад заримдаа алтадсан цайрсан цэвэр мөнгөөр урласны алин ч бай мулт цохьсон тул жирийн ардуудын талархлыг ихээхэн хүлээжээ. Үүнээс хойш түүнийг зөвхөн дуулганы залаагүй хүмүүс сонгох болов. Сэр Лионел өрсөлдөгчөө унагах тоолон нижигнэтэл хөхөрч байсан ч Данк өдрийн алдар тус бүр нь сүрдмээр арван дөрвөн хүлэг баатрыг дийлсэн сэр Хамфри Хардингэд оногдох ёстой гэж бодлоо.

Энэ зуур Залуу ханхүү хар асрынхаа гадна суун мөнгөн цомтой дарс ууж үе үе мориндоо мордон бусдаас төдийлөн ялгагдах юмгүй дайснаа дийлж байв. Тэр есөн ялалт байгуулсан ч гэлээ Данк алийг нь ч үнэлж үзсэнгүй. Валарр нас дээр гарсан хөгшин өвгөн, дээшээ дэвшсэн хиа болон язгууртан гаралтай ч чадвар муутай хэдэн лордыг дийлжээ. Үнэн хэрэгтээ аюултай хүмүүс түүний бамбайг харахгүй байгаа мэт дэргэдүүр нь өнгөрч байв.

Үдээс хойш бүрээ тасхийн эгнээнд шинэ оролцогч орж ирснийг зарлалаа. Тэрбээр хар хуягны ташуу завсар шар, улаан, шаргал өнгө цухас гялсхийх улаан хүлэг унажээ. Түүнийг үзэгчдийн суудал руу ойртон ирэн ёслоход Данк өргөсөн дуулганы халхавчны доод талын царайг нь хараад лорд Ашфордын жүчээнд уулзсан ханхүүг танилаа.

Эггийн хөл түүний хүзүүнд чангарлаа.

– Больж үз. Чи намайг боож алах гээ юу? гээд Данк хөлийг хоёр тийш нь болгов.

– Андал, Ройнар болоод Анхны хүмүүсийн хаан, Долоон ханлигийн лорд, Сайн Дэйроны ач хүү, Таргарианы овгийн Зуны өргөөний ханхүү Мэйкарын хүү, Хааны газрын Улаан шилтгээний ханхүү, Нэрийнхээ хоёрдугаар Бадарсан дөл Эйрон гэж зарч зарлав.

Эйрон бамбай дээрээ Валаррынхаас ч хурц тод өнгийн нэг нь шаргал, нөгөө нь шар, гурав дахь нь улаан өнгөтэй гурван толгой бүхий алтан навчаар амьсгалж буй луу дүрсэлжээ. Түүний хүрэм дүрэлзсэн галын дөл хуйларсан утаа дүрсэлсэн, хар дуулга нь улаан дөл хэлбэртэй цайрдсан залаатай байлаа.

Жадаа ханхүү Бэйлорын зүг хайхрамжгүй бөхийлгөсний дараа хэсэг хугацааны эцэст талбайн хойд зүг рүү давхиж лорд Инээмтгий Шуурга лорд Леогийн асрыг өнгөрөөд ханхүү Валаррын асрын дэргэд хурдаа саав. Залуу ханхүү босч бамбайнхаа дэргэд хөшүүн зогсох мөчид Данк Эйрон бамбайг нь цохих гэж байна гэж бодсон ч тэр инээд алдан хөхөрснөө цааш давхиулж жадныхаа үзүүрээр сэр Хамфри Хардингийн дөрвөлжин дүрстэй бамбайг цохилоо.

– Гараад ир, гараад ир бяцхан хүлэг баатар минь. Чиний луутай тулгарах цаг чинь болж гэж тэр цээлхэн чанга хоолойгоор дуудав.

Сэр Хамфри дайсныхаа зүг толгойгоо хөшүүн бөхийлгөөд азаргыг нь авчирч өгөхөд мордох зуураа түүнийг үл тоомсорлон дуулгаа углаж, жад бамбайгаа авлаа. Үзэгчид хоёр хүлэг баатар байраа эзлэхэд нам гүм болжээ. Данк ханхүү Эйрон дуулганыхаа халхавчийг хангинатал буулгахыг сонслоо. Бүрээн дуу үлээв.

Сэр Хамфри удаанаар давхиулснаа хурдаа авахад дайсан нь харин улаан хүлгээ хоёр талын давируулаараа хүчтэй гуядан давхилаа. Эггийн хөл ахин чангарснаа

– Түүнийг ал! Түүнийг ал. Тэр тэнд байна. Түүнийг ал, түүнийг ал, түүнийг ал! гэж гэнэтхэн хашгирахад Данк аль хүлэг баатрыг хэлээд байгааг нь ойлгосонгүй.

Ханхүү Эйроны алтан зэвтэй улаан, шар, шаргал өнгийн судалтай жад хаалтны дагуу урагш тонгойв. Доогуур дэндүү доогуур байна. Тэр морьтонг алдаад сэр Хамфригийн морийг онох болохоор үүнийгээ өргөх хэрэгтэй гэж Данк үүнийг харан бодлоо. Тэгтэл гэнэтхэн айдаст автахад Эйрон ийм зүйл санаатай хийх гээгүй байлгүй, тэр ингэх гээгүй гэж бодлоо.

Эцсийн агшинд сэр Хамфригийн азарга урдаас нь ирж буй жадны үзүүрээс цоройн нүдээ эргэлдүүлэн айдаст автсан ч хожимджээ. Эйроны жад адууны хуягны дээгүүр хамгаалалтгүй эгэмний яс руу оноход цус хүзүүнээс нь хурц улаанаар олгойдов. Морь унагалдан хажуугаараа унаж модон хаалтыг мөргөн хэдэн хэсэг болголоо. Сэр Хамфри үсрэн босохыг хичээсэн ч хөл нь дөрөөнд орооцолдоод хугарсан жад, унасан морь хоёрын дунд орж орь дуу тавин хашгирав.

Ашфордын Нуга даяар шагшаан шуугиан болов. Хүмүүс талбай руу гарч сэр Хамфриг суллаж авах гэсэн ч зовж шаналсан үхэлдээ тарчилж буй азарга ойртохын аргагүй тийчлэн өшиглөлөө. Эйрон баяртайгаар эгнээний эцэс хүрээд морио эргүүлэн буцаж давхилаа. Тэр үг хашгирсан ч адууны янцгаах, хүний хашгирах дуунд дарагдаад ямар үг хэлсэн нь сонсогдсонгүй. Тэгтэл Эйрон эмээлээсээ буун унасан дайсан руугаа илд барин довтлоход түүний хиа болон сэр Хамфригийн хиа хажуунаас барьж торгоов. Эгг Данкийн мөрөн дээр тийчлэн,

– Намайг буулгаад өг. Хөөрхий морь, намайг буулга гэж байна шүү гэж дуу алдлаа.

Данкийн дотор муухайрлаа. Түүний «Аянга»-ыг ийм хувь заяа хүлээж байгаа юм биш биз дээ? Урт саран сүхтэй цэрэг сэр Хамфригийн азаргыг цавчиж зүрх зүсэм янцгаалтыг нь чимээгүй болгов. Данк хажуу тийш харцаа буруулан харлаа. Тэр задгай газар очиж Эггийг мөрнөөсөө буулгав. Хүүгийн юүдэн арагш унаж нүд нь улаан болжээ.

– Аймшигтай зүйл хэдий ч гэхдээ дагуул хүн хүчтэй байх ёстой. Чи бусад тэмцээнд үүнээс дор эндэгдэл харна гэж айж байна.

– Энэ бол эндэгдэл биш. Эйрон үүнийг санаатай хийсэн. Чи харсан биз дээ гээд Эггийн ам чичирлээ.

Данк хөмсөг зангидлаа. Энэ нь хэдийгээр түүнд ижилхэн харагдсан ч хүлэг баатар ялангуяа лууны цустай хүн ийм зүйл үйлдэнэ гэж итгэхэд бэрх байлаа.

– Би жадныхаа хяналтыг алдсан зуны ногоо шиг нялх ногооноороо хүлэг баатрыг харсан. Тэгээд ч ахиж энэ тухай сонсохыг хүсэхгүй байна. Өнөөдрийн жадны тэмцээн дууссан байх. Явъя, хүү минь.

Өнөөдрийн тэмцээн дууссаны тухайд түүний зөв байж. Үймээн самуун намдахад нар өрнө зүг дор гудайсан учир лорд Ашфорд зогссоныг зарлалаа.

Үдшийн сүүдэр нугад уртсахад худалдаачдын мухлагийн эгнээ дагуу зуун бамбар асав. Данк өөртөө эвэр дүүрэн шар айраг, хүүгийн сэтгэлийг хөгжөөхийн тулд хагас аягыг авч өгчээ. Тэд хэсэг хугацаанд тэнүүчилж цоор, бөмбөрийн аялгуу сонсон арван мянган хөлөг онгоцтой дайчин хатан Нимериагийн тухай хүүхэлдэйн жүжиг харлаа. Хүүхэлдэй тоглуулагчид ердөө хоёр онгоц байсан хэдий ч тэнгисийн байлдааныг ижилхэн үзүүлэв. Данк Танселлагаас бамбайгаа будаж дууссан эсэхийг асуух гэсэн ч тэр завгүй байв. Би түүнийг шөнө дуусах хүртэл хүлээж байя. Тэр хүртэл цангах биз гэж бодлоо. Тэгтэл гэнэтхэн,

– Сэр Данкен гэх хоолой ард нь гарав. Тэгснээ ахин дуудлаа.

– Сэр Данкен гэхэд Данк гэнэтхэн сэхээ орж түүнийг санав.

– Би чамайг өнөөдөр хүмүүсийн дунд мөрөн дээрээ хүү суулган зогсож байхыг харсан. Та хоёрыг эндүүрэхийн аргагүй байна лээ гэж Рэймун дөхөж ирэхдээ инээмсэглэв.

– Тэр хүү бол миний дагуул байгаа юм. Эгг энэ бол Рэймун Фоссовэй гээд хүүг урагш гаргасан ч Эгг толгойгоо гудайлган Рэймуны гутал руу ширтээд мэндэлсэн үг бувтналаа.

– Танилцахад таатай байна, залуу минь. Сэр Данкен та яагаад үзэгчдийн суудлаас үзсэнгүй вэ? Бүх хүлэг баатрууд тэнд байж болно шүү дээ гэж Рэймун элэгсгээр хэлэв.

Данкийн хувьд ноёд, хатагтай, газар нутагтай хүлэг баатруудын дунд байснаас жирийн ард, зарц нарын дунд байсан нь хамаагүй дээр байлаа.

– Би эцсийн тулааныг ойроос үзэхийг хүсээгүй юм гэхэд Рэймун ярвайлаа.

– Би ч гэсэн. Лорд Ашфорд сэр Хамфрид ялалтыг зарлан ханхүү Эйроны хүлгийг шагнахаар болсон ч тэр тэмцээнийг үргэлжлүүлэх чадваргүй болсон. Хөл нь хоёр газраараа хугарсан гэсэн. Ханхүү Бэйлор түүн рүү өөрийн мэйстерээ явуулсан.

– Сэр Хамфригийн оронд өөр аварга гарах уу?

– Лорд Ашфорд энэ суудлыг лорд Карон юм уу эсвэл Хардингтэй сайхан тулалдсан сэр Хамфрид өгөх гэсэн ч ханхүү Бэйлор сэр Хамфригийн бамбай асрыг ийм нөхцөлд хураах зохисгүй гэсэн. Би тэднийг тавын оронд дөрвөн аваргатай үргэлжлүүлнэ гэж бодож байна.

Дөрвөн аварга гэж Данк бодлоо. Лео Тайрелл, Лионелл Баратеон, Тайболт Ланнистер, ханхүү Валарр. Тэр эхний өдөр хамгийн түрүүний гурвынх нь эсрэг зогсоход хичнээн бэрх болохыг мэдсэн билээ. Зөвхөн... үлдсэн.

Хэрмэл хүлэг баатар ханхүүг тулаанд дуудаж болохгүй. Валарр бол төмөр хаан ширээний хоёр дахь залгамжлагч байв. Тэр Жад хугалагч Бэйлорын хүү, Эйгон байлдан дагуулагч Залуу луу, Луун хүлэг баатар ханхүү Эймоны удам байхад харин би бол хөгшин хүлэг баатар Нохой бөөсний мухрын халуун тогооны газраас олсон өнчин хүү. Энэ тухай бодохоос зүрх нь шимшрэн өвдлөө.

– Танай үеэл хэнийг дуудах гэж байгаа юм? гэж Рэймунаас асуулаа.

– Сэр Тайболтыг. Тэд хоёул сайн тэнцэнэ. Миний үеэл жадны тулгаралт бүрийг нүд алдалгүй харсан. Маргааш тэдний нэг шархдах юм уу ядарч зүдэрсэн дүр үзэгдвэл Стеффон бамбай дээр нь түргэн цохино гэж мэд. Хэн ч түүнийг хэт баатарлаг үйл хийлээ гэж зэмлэхгүй гээд үгийнхээ гашууныг зөөллөн инээгээд,

– Сэр Данкен та надтай хамт аяга дарс уухгүй юу? гэв.

– Надад өөр хийх зүйл байна гээд Данк зочломтгой занг нь эргэж төлж чадахгүй болохоор эвгүйцлээ. Тэгтэл,

– Би энд хүлээж байгаад хүүхэлдэйн тоглолт дуусахаар бамбайг чинь аваад очъё. Тэд Одон нүдэт Симеоны дараа лууны тулааныг ахин тоглоно гэж Эгг хэлэв.

– Харж байна уу чиний хэрэг чинь шийдэгдчихлээ харин дарс хүлээж байгаа. Арборын сайн дарс шүү. Чи надад яаж татгалзаж чадаж байна? гэж Рэймун ятгав.

Иймээс Данкад өршөөл гуйгаад араас нь дагалдахаас өөр сонголтгүй болоход Эггийг хүүхэлдэйний тоглолтонд орхиод явлаа. Фоссовэйн овгийн алим Рэймун үеэлдээ үйлчилж буй алтан асрын оройд дэрвэнэ. Ард нь хоёр зарц жижигхэн түүдэг дээр ямааны мах балаар амтлан, ногоотой шарж байв.

– Хэрвээ чи өлсөж байгаа бол энд хоол ч гэсэн байгаа гэж Рэймун хайнга хэлснээ Данкад хаяа сөхөж өглөө. Дотор зууханд нүүрс улалзаж сайхан дулаахан байлаа. Рэймун хоёр аяганд дарс дүүргэв.

– Хүмүүс Эйроныг морийг нь сэр Хамфрид өгсөн явдалд лорд Ашфордод уурласан гэсэн. Гэхдээ би түүний авга ах нь ингэж зөвлөсөн гэж бодож байна гэж дүүргэх зуураа хэлээд Данкад дарстай аягаа өглөө.

– Ханхүү Бэйлор бол нэр хүндтэй хүн.

– Тэгвэл Бадарсан дөл үгүй юу? гээд Рэймун инээд алдсанаа,

– Тэгтлээ их санаа зовох хэрэггүй дээр, сэр Данкен. Бидний дундаас ямар ч үг гарахгүй. Эйрон тааруу юм хийдэг нь нууц биш. Бурхдын авралаар тэр удам залгамжлахаас доогуур юм даа гэлээ.

– Чи түүнийг үнэхээр морийг алах гэсэн гэдэгт итгэж байна уу?

– Үүнд эргэлзэх хэрэг байгаа гэж үү? Хэрвээ ханхүү Мэйкар байсан бол байдал өөр байх байсан гэдгийг би чамд хэлэх байна. Эйрон эцгийнхээ харж байхад үргэлж инээмсэглэн эр баатрын дүр үзүүлдэг ч хэрвээ цуу яриа үнэн бол тэр...

– Би ханхүү Мэйкарын суудал хоосон байхыг харсан.

– Тэр Хааны хамгаалалтын хүлэг баатар Роланд Крэйкхолтой хамт Ашфордыг орхин хөвгүүдээ эрэхээр явсан. Ингэхэд дээрэмчин хүлэг баатрын тухай цуу яриа дэгдээд байгаа ч би ханхүүг ахиад уусан гэдэгт мөрийцөх байна.

Дарс жимсний амттай сайн агаад урьд нь хэзээ ч амсаж үзэж байгаагүй сайхан ажээ. Данк амандаа хүлхэж үзсэнээ залгин,

– Ямар ханхүү нь вэ? гэв.

– Мэйкарын залгамжлагч. Түүнийг хааны адил Дэйрон гэдэг. Хүмүүс түүнийг эцгийг нь байхгүй үед Согтуу Дэйрон гэдэг юм. Бага хүү нь бас түүнтэй цуг байгаа. Тэд Зуны өргөөг хамтдаа орхисон цагаас хойш Ашфордод хүрээгүй байна гээд Рэймун аягаа хоослон хажуу тийш тавилаа,

– Хөөрхий Мэйкар.

– Хөөрхий гэнэ ээ? Хааны хүү юу? гэж Данк гайхлаа.

– Хааны дөрөв дэх хүү хэдий ч ханхүү Бэйлор шиг зоригтой, Эйрис шиг ухаантай, Рэйгэл шиг эелдэг биш. Тэгээд ч тэр одоо хөвгүүд нь ахынх нь сүрд дарагдаж буйд зовж байгаа. Дэйрон архичин, Эйрон өөдгүй хэрцгий, гурав дахь хүү нь Цайз руу мэйстер болохоор явж харин хамгийн бага хүү нь... гэхэд,

– Сэр! Сэр Данкен! гээд Эгг амьсгаадан орж ирэв. Түүний юүдэн арагш унаж зуухны гэрэлд том хар нүдтэй царай нь гялалзана.

– Чи яарах хэрэгтэй. Тэр түүнийг гэмтээх нь байна!

– Гэмтээх гэнэ ээ? Хэн? гээд Данк учрыг нь ололгүй хөл дээрээ үсрэн бослоо.

– Эйрон! Тэр түүнийг гэмтээх гэж байна. Хүүхэлдэй тоглуулдаг охиныг. Түргэлээрэй гээд тэр гадагш гаран харанхуй шөнө рүү гүйлээ.

Данк араас нь дагах гэсэн ч Рэймун гараас нь атгалаа.

– Сэр Данкен. Тэр Эйрон гэж хэлсэн. Ханхүүгийн удмын цус. Болгоомжтой гэв.

Энэ нь сайн зөвлөгөө болохыг Данк мэдэж байв. Хөгшин хүлэг баатар бас ижилхэн зүйл хэлдэг байсан билээ. Гэвч тэр сонссонгүй. Рэймуны гараас ухасхийн мултраад асраас мөрлөн гарч одов. Худалдаачдын мухлагийн эгнээний зүгээс хашгирах дуу сонсогдоно. Эггийг хариугүй хараанаас далд орохын даваан дээр тэр араас нь гүйв. Хөл нь хүүгийнхээс урт болохоор түргэн ойртжээ.

Хүүхэлдэй тоглуулагчийн эргэн тойрон битүү хүмүүс цугларчээ. Данк хараахыг нь үл тоомсорлон тэдний дундуур мөрлөн ороход ордны хувцастай цэрэг замыг нь хаасанд том гараараа цээж рүү нь түлхэж өгзгөөр нь шороон дээр унагав.

Хүүхэлдэй тоглуулагчийн мухлаг хажуу тийш хазайжээ. Тарган Дорнийн эмэгтэй газар унан цурхирна. Цэргүүдийн нэг Флориан, Жонкүйл хоёрыг өрөөсөн гартаа барьж өөр нэг нь бамбарын дөл өгч байв. Гурван хүн авдар онгойлгон хүүхэлдэй газар асгаж дээрээс нь дэвслэнэ. Лууны хүүхэлдэй тэдний дунд толгой далавч нь хэмхрэн хэвтэж сүүл хэсгээрээ гурав хуваагджээ. Энэ бүхний дунд ханхүү Эйрон урт ухлаадастай ханцуйтай гоёмсог улаан хилэн хантаазтай зогсоод Танселлагийн гарыг хоёр гараараа мушгиж байв. Охин өвдөг сөгдөн унаад өршөөхийг гуйж байлаа. Эйрон түүнийг үл тоомсорлон хүчээр гарыг нь дэлгэж нэг хурууг нь барилаа. Данк харсан зүйлдээ итгэлгүй тэнд гөлрөн зогслоо. Тэгтэл хуруу тасхийх чимээ гарч Танселла хашгирав.

Эйроны хүмүүсийн нэг түүнийг барихаар ухасхийсэн ч тэрий хадтал түлхүүлэв. Данк уртаар гурав алхаад ханхүүгийн мөрнөөс барьж хүчтэй угзарлаа. Түүний хутга, илд болон хөгшин хүлэг баатрын зааж өгсөн зүйл бүгд мартагджээ. Нударгаараа Эйроныг цохин унагаагаад гутлаараа гэдэс рүү нь өшиглөв. Эйрон хутга руугаа гараа явуулахад Данк бугуй дээр нь гишгээд ахин өшиглөхөд ам нь таарлаа. Тэр түүнийг цааш үхтэл нь өшиглөж магадгүй байсан ч ханхүүгийн хүмүүс дээрээс нь шавааралдав. Хоёр гараас нь хүн зүүгдэж гурав дахь нь нуруу руу цохилоо. Нэгнээс нь мултраад удаагүй байхад нөгөө хоёр нь хүрээд араас нь давшилна.

Эцэст нь тэд түүнийг унагаад хөл гарыг нь дарав. Эйрон хөл дээрээ ахин босчээ. Ханхүүгийн амнаас цус гарахад тэр хуруугаа дотогш хийн үзсэнээ,

– Чи миний нэг шүдийг ганхуулсан байна гэж гомдоллож,

– Бид чиний бүх шүдийг хугалахаас эхлэнэ дээ гэв. Тэгснээ үсээ нүднээсээ хойшлуулан,

– Чи нэг л танил санагдаад байх чинь гэв.

– Чи намайг агтчин хүү гэж бодсон гэхэд Эйрон улаанаар инээмсэглэв.

– Би санаж байна. Харин чи миний морийг авахаас татгалзсан. Яагаад өөрийн амиа гаргуунд гаргана вэ? Энэ янхны төлөө юу? гэхэд Танселла газар гэмтсэн гараа барин эвхрэлдэн хэвтэж байв. Эйрон түүнийг гутлынхаа хоншоороор түлхээд,

– Тэр үүний үнэд хүрэхгүй. Урвагч. Луу хэзээ ч ялагддаггүй юм гэв.

Тэр галзуу юм байна гэж Данк бодсон ч ханхүүгийн хүүгийн зэрэгцээ түүнийг алах гэж байлаа. Данк мэддэг бүх зальбирлаа унших гэсэн ч цаг байсангүй. Ер нь айх ч цаг байсангүй.

– Хэлэх зүйл алга уу? Чи намайг уйдааж байна, сэр гээд Эйрон цустай ам руугаа ахин чичиж,

– Алх дөш аваад түүний бүх шүдийг хэмх цохь, Ват. Тэгээд түүнд гэдэс дотрынх нь өнгө ямар болохыг үзүүлэхийн тулд хэвлийг нь яр гэж тушаав.

– Үгүй! Түүнд бүү муу зүйл хий! гэх хүүхдийн хоолой хадав.

Бурхад минь гэж зоригтой тэнэг хүү гэж Данк бодлоо. Тэр ахин босохоор сарвалзсан ч сайн юм болсонгүй.

– Амаа тат, тэнэг хүү минь. Эндээс зугт. Тэд чамд муу зүйл хийх болно!

– Үгүй ээ тэд чадахгүй. Хэрвээ тэд тэгвэл миний эцгийн өмнө хариулах болно. Авга ахын минь өмнө ч гэсэн. Түүнийг сулла гэж би хэлсэн шүү. Ват, Йоркел та хоёр намайг мэдэж байгаа. Миний хэлснийг хий гээд Эгг ойртон ирлээ.

Түүний зүүн талаас зуурсан гар алга болоход бусад нь ч гэсэн алга боллоо. Данк юу болж буйг ойлгосонгүй. Гурван цэрэг арагш ухрахад нэг нь өвдөг сөхөрлөө. Тэгтэл цугласан хүмүүс хоёр хуваагдаж Рэймун Фоссовэй орж ирэв. Тэр хуяг дуулгаа өмсөөд гартаа илд барьжээ. Түүний үеэл сэр Стеффон ард нь илдээ сугалсан агаад тэдэнтэй хамт цээжин дээрээ улаан алимны сүлдтэй зургаан цэрэг байлаа. Ханхүү Эйрон тэднийг өчүүхэн төдий авч хэлэлцсэнгүй.

– Шазруун бяцхан новш гэж Эггийн хөл рүү ам дүүрэн цус нулимаад,

– Чиний үс чинь яагаа вэ? гэлээ.

– Би хусчихсан юм, ахаа. Би таньтай адилхан харагдахыг хүсээгүй юм гэж Эгг хэллээ.

***

Тэмцээний хоёр дахь өдөр бүрхэг үүлтэй өрнө зүгээс салхитай байлаа. Цугласан хүмүүст өдөр таалагдах байсан даа. Тэд хашааны ойролцоо зогсож жадны тулааныг ойроос харахад амар болно. Эгг хашлага дээр сууж харин би ард нь зогсох байсан гэж Данк бодов.

Гэвч Эгг оронд нь торго дурдан, ангийн үсээр хувцаслан үзэгчдийн суудалд суухад Данк лорд Ашфордын хүмүүс түүнийг хорьсон цамхгийн өрөөнд дөрвөн хананы дунд тусгаарлагдсан ажээ. Өрөө цонхтой ч буруу тийшээ харсан байв. Гэсэн ч Данк цонхны тавцан руу зүтгэн суугаад нар мандаж бүүдгэр хот, талбай, ойг гийгүүлэхийг харлаа. Цэргүүд түүний илдний олсон бүс, илд, хутгыг хурааж мөнгийг нь бас авчээ. Данк Эгг юм уу Рэймуны нэг нь морьдыг нь санах байх гэж найдлаа.

– Эгг гэж амандаа бувтнав. Түүний дагуул Хааны газрын гудамжнаас сугалсан хөөрхий хүү. Ямар хүлэг баатар ингэтлээ дүүрчихсэн тэнэг байсан бол доо? Данк ланк байж шилтгээний хана шиг дүйнгэ бух гөрөөс шиг удаан.

Түүнийг хүүхэлдэйний үзүүлбэр дээрээс лорд Ашфордын цэргүүд баривчлан ирсэн цагаас хойш Эггтэй ярилцахыг зөвшөөрсөнгүй. Рэймун, Танселла ер нь хэн ч гэсэн лорд Ашфорд хүртэл үзэгдсэнгүй. Данк тэдний барааг ахин харах эсэхдээ тээнэгэлзлээ. Түүний мэдэж байгаа ганц зүйл гэвэл тэд түүнийг үхэх хүртэл нь бяцхан өрөөнд хорих болно. Ер нь би юу болно гэж бодсон юм бол? хэмээн өөрөөсөө гашуунаар асуулаа. Би ханхүүгийн хүүг цохин унагаж нүүр лүү нь өшиглөсөн биз дээ.

Бүрхэг тэнгэр дор язгууртан лорд, агуу аваргууд өмнөх өдрийнх шиг сүр жавхлантай байхгүй байгаа. Нар үүлний цаагуур далд орж тэдний илд, дуулга, алт, мөнгө, гялалзаж гялтганасан чимгийг гийгүүлэхгүй ч Данк үзэгчдийн дунд байж тэмцээнийг үзэхийг хүслээ. Энэ нь тэгвэл энгийн хуяг, хуяглаагүй морьтой хэрмэл хүлэг баатрын хувьд сайхан өдөр болохсон.

Гэвч тэр ядахдаа тэднийг сонсож болно. Зарч бүрээ үлээхэд хэн нэгэн унах юм уу босч эсвэл эрэлхэг үйлдэл хийснийг илтгэн үе үе олны нижигнэх дуу сонсогдоно. Түүнчлэн бас морины туурайн сулхан төвөргөөн болон нэг удаа илд харшин, жад хугарах дуулдах шиг боллоо. Данк сүүлчийн сонссон зүйл нь Эйрон Танселлагийн хурууг хугалахыг сануулсан учир ярвайлаа. Үүний зэрэгцээ ойрхон бас өөр чимээ гарах бөгөөд танхимын гадаа хаалга дуугарах, дор хашаанд морины туурайн чимээ гарч, шилтгээний хэрэм дээр хүн хашгирна. Заримдаа энэ нь тэмцээний чимээг дарах хэдий ч Данк тоосонгүй.

– Хэрмэл хүлэг баатар бол хамгийн жинхэнэ хүлэг баатар, Данк гэж хөгшин хүлэг баатар түүнд удаан хугацааны өмнө хэлжээ.

– Бусад хүлэг баатрууд тэднийг өмгөөлөлдөө багтаадаг лордуудад зүтгэж байхад бид хүссэн газраа итгэдэг үйл хэргийнхээ төлөө зүтгэдэг. Хүлэг баатар бүр сул доройг өмгөөлнө гэж андгайлдаг ч бид хамгийн их амлалтаа биелүүлдэг юм гээд хачирхалтай нь энэ дурсамж тод байлаа. Данк эдгээр үгийг бараг мартжээ. Хөгшин хүлэг баатар ч гэсэн эцэстээ мартсан буй за.

Өглөө өнгөрч үдээс хойш болов. Алсад тэмцээний чимээ намдаж эхэлснээ бөхлөө. Үдшийн бүрий өрөөнд нь айлчилан ирэхэд Данк цонхны тавцан дээр суусан чигээр харанхуй руу харж хоосон хүржигнэх гэдсээ үл тоомсорлов.

Тэгтэл хөлийн чимээ дуулдсанаа төмөр түлхүүр шаржигналаа. Тэр хөл дээрээ босоход хаалга онгойв. Хоёр харуул орж ирсний нэг нь тосон дэнлүү барьжээ. Араас нь тавиуртай хоол барьсан зарц орж ирэхэд Эгг дагалдан орж ирэв.

– Дэнлүү хоолыг орхиод явцгаа гэж хүү тэдэнд хэлэв.

Тэд түүний тушаалыг биелүүлэхэд Данк харуулууд хүнд модон хаалгыг хагас онгорхой үлдээснийг анзаарлаа. Хоолны үнэр хичнээн өлссөн болохыг нь сануулав. Шинэхэн барьсан халуун талх, бал, тавагтай вандуйн агшаамал, сонгинотой шорлосон сайхан шарсан мах байв. Данк тавиурын дэргэд суугаад талхыг гараараа хувааж амандаа хийлээ.

– Хутга байхгүй юм уу. Тэд намайг чамайг дүрнэ гэж бодоо юу, хүү минь?

– Тэд надад юу бодож байгаагаа хэлээгүй гээд Эгг бүсэлхий рүүгээ чихсэн улаан атласан эмжээртэй урт ханцуйтай биеэ барьсан хар ноосон хантааз өмсчээ. Түүний цээжин дээр Таргарианы овгийн гурван толгойтой лууг хатгамласан байв.

– Миний авга ах намайг чамаас өршөөл гуйх ёстой гэж хэлсэн.

– Чиний авга ах гэнэ ээ. Ханхүү Бэйлор байх нь тэгвэл гэж Данк хэллээ.

– Би хэзээ ч худал хэлэх гээгүй гээд хүү золгүй харав.

– Гэхдээ чи хэлсэн. Юм бүхний тухай. Тэгэхээр чиний нэрнээс хэлэе. Би хэзээ ч ханхүү Эгг гэж сонсож байгаагүй юм байна.

– Энэ бол Эйгоны товч нэр. Миний ах Эймон намайг Эгг гэж нэрлэсэн юм. Тэр одоо Цайзад мэйстер болохоор суралцаж байгаа. Харин Дэйрон заримдаа намайг бас Эгг гэж дууддаг бөгөөд эгч дүүс маань ч гэсэн.

Данк шорноос мах мултлан авлаа. Эзний ширээнд зориулсан халуун ногоогоор амталсан урьд өмнө амсаж үзээгүй сайхан амттай ямааны мах байв. Түүний эрүүг даган тос урслаа.

– Эйгон. Мэдээж чи Эйгон байх нь. Эйгон луутай адилхан. Хичнээн Эйгон хаан байсан бэ?

– Дөрөв. Дөрвөн Эйгон гэж хүү хэллээ.

Данк махыг зажилснаа залгиж талх томоор хэлтлэн авлаа.

– Чи яагаад ингэсэн юм бэ? Тэнэг хэрмэл хүлэг баатрыг мангууруулахын тулд ямар нэг наргиа юу?

– Үгүй гээд хүүгийн нүдэнд нулимс дүүрсэн ч эр хүн шиг зогслоо.

– Би Дэйроны дагуул болох ёстой байсан. Тэр бол миний ууган ах. Би сайн дагуул байх ёстой бүх зүйлийг суралцсан ч Дэйрон сайн хүлэг баатар биш. Тэр тэмцээний зүг явахыг хүсээгүй. Биднийг Зуны өргөөнөөс гарсны дараа тэр дагуулуудаасаа мөр буруулж Ашфорд руу шулуун явахын оронд араас нь ийм замаар эрэхгүй гэж бодсон тул хойшоо эргэж буцсан. Тэр л миний үсийг хуссан. Тэр эцэг маань биднийг эрэхээр хүн илгээнэ гэдгийг мэдэж байсан. Дэйрон бусдаас содон юмгүй цайвар хүрэн үстэй байхад харин минийх Эйрон болон эцэгтэйгээ адилхан.

– Лууны цус. Мөнгөлөг алтан үс, хөх ягаан нүдийг хүн бүр мэднэ гэж Данк хэллээ. Шилтгээний хана шиг мулгуу, Данк.

– Тиймээ. Тийм учраас Дэйрон хуссан юм. Тэр тэмцээн дуусах хүртэл нуугдах гэсэн. Тэгтэл чи намайг агтчин хүү гэсэн гээд... Эгг харцаа буруулснаа,

– Надад Дэйроны тулалдана уу байна уу хамаагүй би хэн нэгний дагуул болохыг хүссэн юм. Намайг өршөөгөөрэй, сэр. Би үнэхээр тэгсэн гэв.

Данк түүн рүү бодлогоширон харлаа. Тэр ямар нэг зүйлийг үнэхээр хүссэн үед худал хэлдэгийг мэдэж байв.

– Би чамайг надад таалагдсан гэж бодож байна. Магадгүй чи тийм байж болох юм. Зөвхөн миний бодсон шиг биш гэхэд,

– Бид хоёул Хааны газраас ирсэн гэж хүү найдангуй хэлэв.

– Тиймээ гэхдээ чи Эйгоны толгодын оройд төрсөн байхад харин би ёроолд нь төрсөн гээд Данк инээд алдлаа.

– Тэр тийм хол биш, сэр гэхэд Данк сонгино хазав.

– Би чамайг тэгвэл эрхэм лорд гэх үү эсвэл эрхэм дээдсээ гэх ёстой юу?

– Ордонд бол тэгнэ. Гэхдээ бусад цагт бол чи намайг Эгг гэж дуудаж болно, сэр.

– Тэд намайг яах бол, Эгг?

– Миний авга ах чамтай уулзахыг хүсч байгаа. Хоолоо идэж дууссаны чинь дараа, сэр гэхэд Данк тавиурыг түлхээд босч зогслоо.

– Би тэгвэл одоо дууссан. Би аль хэдийн нэг ханхүүгийн ам руу өшиглөсөн болохоор, өөр нэгийг хүлээлгэмээргүй байна.

Лорд Ашфорд ханхүү Бэйлорыг байх үед өөрийн өрөөгөө зээлдүүлсэн ч Эгг... үгүй ээ Эйгон түүнийг дагуулан лордын танхим руу явлаа. Бэйлор тосон дэнлүүний гэрэлд юм уншин сууж байв. Данк өмнө нь өвдөг сөхрөв.

– Бос. Чи дарс уух уу? гэж ханхүү асуулаа.

– Таны таалал ёсоор болъё, эрхэм дээдсээ.

– Сэр Данкенд Дорнийн амтат улаан дарс аягал, Эйгон. Түүн рүү асгачихгүй байхыг хичээгээрэй дээ. Чи түүнд хэдийн хангалттай муу зүйл хийсэн гэж ханхүү айлдав.

– Хүү асгахгүй, эрхэм дээдсээ. Тэр бол сайн хүүгийн зэрэгцээ сайн дагуул байгаа юм. Түүнийг надад муу зүйл хийхгүй гэдгийг мэдэж байна гэж Данк өчив.

– Үүнийг хийхэд заавал хор учруулах албагүй. Эйгон ах нь хүүхэлдэй тоглуулагчид хийсэн зүйлийг хараад над руу ирэх ёстой байсан. Оронд нь тэр чам руу гүйсэн. Энэ бол сайн хэрэг биш. Чиний хийсэн зүйл гэвэл... зөв байж би чиний оронд байсан бол ижил зүйл хийх байсан ч би хаант улсын ханхүү болохоос хэрмэл хүлэг баатар биш. Ер нь ямар ч шалтгаантай байсан хамаагүй хааны ач хүү рүү дайрах ухаалаг хэрэг биш.

Данк толгойгоо гэмшингүй дохив. Эгг түүнд мөнгөн хундаганы амсар дүүрэн дарс барив. Тэр үүнийг авч уртаар балгалаа.

– Би Эйроныг үзэн ядаж байна. Тэгээд ч би шилтгээн дэндүү хол байсан учир сэр Данкен руу гүйсэн юм гэж Эгг омголон хэлэв.

– Эйрон бол чиний ах септонууд биднийг ах дүүстээ хайртай байх ёстой гэж сургадаг. Эйгон чи одоо биднийг орхи би сэр Данкентай тусдаа ярих хэрэг байна.

Хүү домботой дарсыг орхиход хөшүүнээр мэхийлээ.

– Таны хэлсэн ёсоор болъё, эрхэм дээдсээ гээд өрөөнөөс гарч хаалга аяархан хаав.

Бэйлор Данкийг удтал шинжин харав.

– Сэр Данкен танаас асуухад... чи үнэн хэрэгтээ хэр сайн хүлэг баатар вэ? Зэвсэг хэр зэрэг эзэмшсэн бэ? гэхэд Данк юу хэлэхээ мэдсэнгүй.

– Сэр Арлан намайг илд бамбайд сургаж жадны тулаанд хэрхэн давхих болон сургуулилт хийхийг зааж өгсөн гэхэд ханхүү Бэйлор хариултанд түгшив бололтой,

– Миний дүү Мэйкар шилтгээнд хэдхэн цагийн өмнө эргэж ирсэн. Тэр удам залгамжлагчээ өмнө зүг өдрийн зайд согтуу байхыг олсон байна. Мэйкар үүнийгээ шуудхан хүлээгээгүй ч би түүнийг хөвгүүд нь минийхээс илүү гялалзахыг хүссэн далдхан нууц найдлагатай байдаг гэж бодож байна. Гэвч тэд оронд нь хоёул түүнийг шившиглэсэн байхад яах болж байна? Тэд түүний мах цусных. Мэйкар уурласан учир уураа гаргах бай хэрэгтэй байгаа юм. Тэр чамайг сонгосон.

– Намайг гэнэ ээ? хэмээн Данк балмагдан хэллээ.

– Эйрон хэдийн эцгийнхээ чихийг үгээрээ дүүргэсэн. Дэйрон ч гэсэн чамд туслахгүй. Тэр хулчгар зангаа хүлээн миний дүүд замд нь тааралдсан том биетэй дээрэмчин хүлэг баатар Эйгоныг авч явсан гэж хэлсэн байна. Би тэр дээрэмчин хүлэг баатар гэдэг нь чамайг хэлж байгаа байх гэж эмээж байна, сэр. Дэйроны үгээр бол тэр энэ бүх өдрүүдийн турш чиний араас дүүгээ салгаж авахаар хөөсөн юм байх.

– Гэхдээ Эгг түүнд үнэнийг хэлнэ шүү дээ. Эйгон гэх гэсэн юм л даа.

– Эгг түүнд хэлнэ гэдэгт эргэлзэх юмгүй. Гэвч хүү бас худал хэлэхийг мэддэг болохыг чи сайн мэдэж байгаа. Миний дүү аль хүүгийнхээ үгэнд итгэх вэ? Хүүхэлдэй тоглуулагчдын хувьд бол Эйронд энэ түүхийг мушгих өндөр шалтгаан бий. Лууны сүлд бол хааны овгийнх. Түүнийг алагдан хүзүүнээс нь үртсэн цус урсахыг дүрслэнэ гэдэг бол эргэлзээгүй гэмгүй байсан ч ухаалаг бус хэрэг. Эйрон үүнийг бослого турхирсан Таргарианы овог руу хавхавчилсан дайралт гэж нэрлэж байгаа. Мэйкар түүнийг нь зөвшөөрнө. Миний хүү дүрэлзсэн авиртай болохын зэрэгцээ Дэйроныг түүнийг гутаасан цагаас хойш Эйронд хамаг найдлагаа тавьсан гээд ханхүү дарсаа шимснээ цомоо хажуу тийш тавилаа.

– Миний дүү юунд итгэж байсан ч гэсэн ганц үнэн бол маргаан хамаагүй. Чи лууны цустай хүнд гар хүрсэн. Энэ хэргийн чинь төлөө чамайг шүүж шийтгэх ёстой.

– Шийтгэх гэнэ ээ? гээд Данкад энэ үг нь огтхон ч таалагдсангүй.

– Эйрон чиний шүдийг сугалан толгойг чинь авах санаатай байгаа. Түүнийг ийм зүйл хийлгэхгүй гэдгийг би чамд амлан хэлэх ч шүүх хурал дуудах эрхийг нь үгүйсгэхгүй. Хаан эцгийн минь хувьд эндээс хэдэн зуун бээрийн хол зайд байгаа учир, миний дүү бид хоёр чамайг шүүх шүүлтийн ширээнд эндхийн эзэн лорд Ашфорд болон түүний эзэн лорд Хайгардены лорд Тайреллтай сууна. Хамгийн сүүлд хааны удмын хүн рүү дайрсан буруутай хүнийг гарыг нь цавчихыг тушаасан шийдвэр гарсан юм даа.

– Миний гар уу? гэж Данк агзасхийлээ.

– Бас хөлийг чинь ч гэсэн. Чи түүнийг бас өшиглөсөн биз дээ?

Данк үг дуугарч чадсангүй.

– Гэсэн ч би бусад шүүгч нарт өршөөнгүй хандахыг уриална. Би Хааны гарын зэрэгцээ хаан ширээний залгамжлагч болохоор миний үг жинтэй. Гэвч дүүгийн минь хувьд яах хэрэг вэ. Энд л эрсдэл байгаа юм.

– Би... би... эрхэм дээдсээ би... гээд Данк энэ гэмт хэрэг биш ердөө модон луу, хааны ханхүүг гутаахыг хүсээгүй гэж хэлэхийг хүссэн ч үг нь гарч өгсөнгүй. Тэр ер нь хэзээ ч үг хэлэхдээ сайн байсангүй.

– Чамд өөр сонголт байгаа гэж бодож байна. Сайн муугийн алин болохыг мэдэхгүй ч хэрэг хийсний төлөө буруутгагдсан ямар ч хүлэг баатар халз тулааны шүүх хурал шаардах эрхтэй. Иймээс би чамаас ахин нэг удаа асууя. Өндөр сэр Данкен та хэр зэрэг сайн хүлэг баатар вэ? Жинхэнээсээ асууж байна? гэж ханхүү Бэйлор аяархан дуугаар хэлэв.


– Долоогийн шүүх. Энэ миний эрх гэж итгэж байна хэмээн ханхүү Эйрон инээмсэглэв.

Ханхүү Бэйлор хуруугаараа ширээ бөмбөрдөн хөмсөг зангидлаа. Түүний зүүн талд лорд Ашфорд толгойгоо удаанаар дохилов.

– Яагаад тэр вэ? Чи бурхад гэм зэмийг чинь батлана гэж айсан учир энэ хэрмэл хүлэг баатартай ганцаар тулалдахаас айгаа юу? хэмээн ханхүү Мэйкар хүүгийнхээ зүг бөхийн шаардав.

– Айсан гэнэ ээ? Ийм амьтнаас уу? Дэмий үг байна, аав аа. Миний бодол бол хайрт айхынхаа төлөө гэсэн юм. Дэйрон бас сэр Данкенд хохирсон болохоор ууган хүүгийн хувьд түрүүний эрхтэй. Долоогийн шүүх бол биднийг хоёул түүнтэй нүүр тулгарах боломж олгох юм.

– Надад сайн санах хэрэггүй дээ, дүү минь гэж Дэйрон Таргариан бувтналаа. Ханхүү Мэйкарын ууган хүү Данкийн түүнтэй сүүлд дэн буудалд дайралдсан цагаас хойш илүү дордсон байв. Тэр энэ удаад эрүүл, дарсны толбогүй улаан хар хантаазтай байсан ч нүдэнд нь цус хурж духанд нь хөлс чийхарчээ. – Би чамайг тэр дээрэмчнийг алвал баярлах байна.

– Чи дэндүү өгөөмөр юм, хонгор ах минь. Гэвч миний зүгээс чиний биеэ аюулд орсон үгийг батлах эрхийг чинь хорих дэндүү амиа бодсон хэрэг. Би долоогийн шүүх шаардаж байна гээд ханхүү Эйрон байдгаараа мишээлээ.

Данк учрыг нь ойлгосонгүй.

– Эрхэм дээдэс болон лордуудаа. Би ойлгосонгүй. Долоогийн шүүх гэж юу юм бэ? гэж тавцангийн зүг хэлэв.

Ханхүү Бэйлор эвгүйцэн суудал сэлгээлээ.

– Ахин нэг төрлийн халз тулааны шүүх хурал. Эртний ховорхон ашигладаг юм. Энэ нь уйтан тэнгисийг Андалууд долоон бурхантайгаа гатлан ирэхэд нэвтэрсэн. Ямар ч халз тулааны шүүх хуралд буруутагч, буруутгагч хоёрыг бурхад тэдний хэн зөв болохыг шийддэг. Андалынхан долоон аварга нэг талд тулалдвал бурхад зөвхөн үр дүнгээс илүү гар бие оролцдог гэж итгэдэг байсан юм.

– Эсвэл тэдэнд зүгээр илдний амт амсуулах юм уу. Тэгсэн ч сэр Эйроны зөв. Долоогийн шүүх болох юм гэж лорд Лео Тайрелл уруулдаа увайгүй инээмсэглэл тодруулан хэллээ.

– Би тэгвэл долоон хүнтэй тулалдах хэрэг болж байна уу? хэмээн Данк цөхрөнгөө баран асуулаа.

– Ганцаараа биш, сэр гэж ханхүү Мэйкар тэвчээр алдан зандрав. – Битгий тэнэг юм шиг дүр эсгээд бай. Энэ чинь бүтэхгүй. Үүнд долоогийн эсрэг долоон хүн байна. Чи дэргэдээ тулалдах бусад зургаан хүлэг баатрыг олох хэрэгтэй.

Зургаан хүлэг баатар гэж Данк бодлоо. Энэ нь түүнд зургаан зууг ол гэж хэлж байснаас ялгаагүй байв. Түнд ах дүү, үеэл дэргэд нь тулалдаж байсан хуучин анд нөхөд байхгүй. Яагаад үл таних зургаан хүн өөрсдийнхөө амийг хоёр хааны ханхүүгийн эсрэг хэрмэл хүлэг баатрыг хамгаалахын төлөө тавих ёстой юм бэ?

– Эрхэм дээдсээ, эрхэм лордуудаа. Хэн ч миний талд орохгүй бол яах вэ? гэхэд Мэйкар Таргариан түүнийг дээрээс хүйтнээр ширтсэнээ,

– Хэрвээ чиний хэрэг шударга бол үүнд тулалдах сайн хүн олдоно. Харин чамд хүн олдохгүй бол буруутай гэсэн үг, сэр. Үүнээс илэрхий зүйл байхгүй биз дээ? гэлээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.02.14 6:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Данк Ашфордын шилтгээний хаалгаар алхан гарч ард нь сараалж харжигнатал хаагдах хүртэл хэзээ ч ийм ганцаар гэдгээ мэдэрч байсангүй. Зөөлөн бороо шивэрч арьсан дээр нь шүүдрийн дусал адил хөнгөн дуслахад хүрэхэд нь чичирлээ. Голын цаана түүдэг гал дүрэлзэж байгаа цөөн хэдэн асрыг эмжсэн бүдэг гэрэл улалзана. Шөнийн хагас өнгөрчээ. Үүр хэдэн цагийн дараа цайна. Харин үүр бол үхэл гэсэн үг.

Цэргүүд түүний илд, мөнгийг нь буцааж өгсөн тул гармыг зэврүүн бодолтойгоо тууллаа. Түүнийг морио эмээллэн зугтахыг хүлээж байгаа байх даа. Данк тэгдэг ч болоосой гэж хүслээ. Тэгвэл хүлэг баатрын амьдрал нь эцэс болох бөгөөд үүнээс хойш ямар нэг лорд толгойг нь авах хүртэл оргон зайлагч болох болно. Тэгж амьдарснаас хүлэг баатраар үхсэн нь дээр гэж тэр өөртөө зөрүүдлэн хэллээ. Тэр нойтон өвдөгтэй хоосон тэмцээний газар луу гарлаа. Асруудын ихэнхи харанхуй эзэд нь унтаж байсан бөгөөд цөөн хэдэн лаа ассан хэвээр байв. Данк таашаалын зөөлөн ёолох чимээ майхны нэгээс гарахыг сонслоо. Энэ нь түүнийг хэзээ ч эмэгтэй хүнтэй байж үзэлгүй үхэх болов уу гэсэн гунигт бодолд хүргэв.

Тэгтэл морь тургилах чимээ гарахад яагаад ч юм дуугаар нь «Аянга»-ыг гэж танилаа. Данк эргээд чимээ гарсан газар руу гүйхэд бүдэг алтан гэрэл улалзсан дугуй асрын гадаа хөгшин зээрдийн хамт уясан байв. Асрын орой дээрх далбаа норж унжсан ч Данк Фоссовэйн алимны бараан дүрсийг танилаа. Энэ нь түүнд найдлага шиг санагдав.

– Халз тулааны шүүх хурал. Бурхад минь гэж Данкен. Энэ бол жад, гинжтэй бороохой, байлдааны сүхний дайн гэсэн үг. Мохоо илд биш гэдгийг ойлгож байгаа биз дээ? гэж Рэймун дуу алдахад үеэл сэр Стеффон нь,

– Дурамжхан Рэймун гэж шоолов. Тэр шаргал ноосон нөмрөгөө алтан алим хэлбэртэй анараар товчилжээ.

– Чи айх хэрэггүй дээ үеэл минь. Энэ бол хүлэг баатруудын тулалдаан. Харин чи хүлэг баатар биш болохоор арьсанд чинь өчүүхэн төдий гэм учрахгүй. Сэр Данкен таньд ядахдаа нэг Фоссовэй байна. Боловсорч гүйцсэн нь шүү. Би Эйроны хүүхэлдэй тоглуулагчид хийсэн зүйлийг харсан болохоор чиний талд орж байна.

– Би ч гэсэн. Би ердөө... гэж Рэймун уурсан дуу алдахад үеэл нь таслан,

– Өөр хэн бидэнтэй байлдах вэ, сэр Данкен? гэв.

Тэгэхэд нь Данк гараа найдлагагүй дэлгэлээ.

– Би өөр хэнийг ч танихгүй. Үнэн хэрэгтээ сэр Манфред Дондарионоос бусдыг нь. Гэвч тэр намайг хүлэг баатар гэж батлан даагаагүй болохоор хэзээ ч миний төлөө амиа гаргуунд нь гаргахгүй гэлээ.

Сэр Стеффон үүнд өчүүхэн төдий түгшсэн бололтой,

– Тэгвэл бидэнд таван сайн хүн хэрэгтэй. Аз болоход надад таваас илүү анд нөхөд бий. Леон Лонгторн, Инээмтгий Шуурга, лорд Карон болон Ланнистерынхан гээд л. Сэр Ото Бракен... бас Блаквүүдийнхэн ч гэсэн. Гэхдээ чи хэзээ ч халз тулаанд Блаквүүд, Бракен хоёрыг зэрэг авч болохгүй. Би явж тэдний заримтай ярилцъя гэв.

– Тэднийг сэрээвэл баяртай байхгүй л байх даа гэж үеэл нь үг хавчуулав.

– Маш сайн байна. Хэрвээ тэд ууртай байвал эрэмгий зоригтой тулалдах болно. Та надад найдаж болно, сэр Данкен. Үеэл минь хэрвээ би үүр цайх хүртэл эргэж ирэхгүй бол миний хуягийг авч, «Хилэн»-г эмээллээд хуягийг нь тохоорой. Би та хоёртой тэмцээний морины хашаанд уулзъя гээд инээд алдсанаа,

– Энэ урт удаан санагдах өдөр болно оо гээд асраас бараг л баяртай шахам гарч явлаа.

Гэвч Рэймун тэгсэнгүй.

– Таван хүлэг баатар. Данкен би таныг найдлагыг гутаахыг хүсэхгүй байгаа ч... гэж үеэлийнхээ явсны хойно хэлэв.

– Хэрэв үеэл чинь хүмүүстэй ярилцан авчирвал...

– Лео Лонгторн? Хэрцгий Бракен? Инээмтгий Шуургыг уу? гээд Рэймун босч зогслоо.

– Тэр тэднийг бүгдийг мэднэ гэдэгт эргэлзэхгүй байгаа ч харин тэд түүний тухай мэдэх билүү. Стеффон энэ боломжийг алдар гавъяа гэж харж байхад харин чиний хувьд үхэл амьдралын хэрэг болж байна. Чи өөрийнхөө хүмүүсийг олох ёстой. Би туслъя. Хэдхэн цөөхөн байснаас дэндүү олон аваргатай байсан нь дээр гэтэл гадаа чимээ гарсанд Рэймун толгойгоо эргүүлэн,

– Тэнд хэн байна? гэхэд хүү асрын хаяагаар годхийн бороонд норсон хар нөмрөгтэй туранхай хүн дагуулан орж ирэв.

– Эгг үү? Чи энд юу хийж байгаа юм бэ? гээд Данк дээш бослоо.

– Би чиний дагуул шүү дээ. Чамд хэн нэгний туслалцаа хэрэгтэй, сэр гэж хүү хэллээ.

– Лорд эцэг чинь чамайг шилтгээнийг орхисныг мэдэх үү?

– Бурхдын авралаар үгүй гэж найдаж байна гээд Дэйрон Таргариан нөмрөгнийхөө товчийг тайлж туранхай мөрнөөсөө авлаа.

– Энэ чинь чи юу? Чи энд ирдэг галзуурсан хэрэг үү? Би энэ хутгыг гэдсэнд чинь дүрлээ гээд Данк хутгаа хуйнаасаа сугалав.

– Тэгэх л байх даа. Гэхдээ би чамайг надад хундага дарс аягалж өгнө гэж бодож байна. Миний гарыг хараач гээд Дэйрон гараа дэлгэн хэрхэн чичирч байгааг нь үзүүлэв.

Данк урагш алхан муухай харлаа.

– Надад чиний гар хамаагүй. Чи миний тухай худал хэлсэн.

– Миний эцэг бяцхан дүү маань хаашаа алга болсныг шаардах үеэр би ямар юм зохиож хэлэх ёстой байсан юм гээд ханхүү Данкийн хутгыг үл тоомсорлон суув.

– Үнэнийг хэлэхэд би Эггийг алга болсныг мэдээ ч үгүй. Тэр нэгэнт миний дарсны аяганы ёроолд байгаагүй хойно би хаашаа ч эрээгүй... гээд санаа алдлаа.

– Сэр манай эцэг долоон буруутгагчийн талд орсон. Би түүнийг ингэхгүй байхыг гуйсан ч сонсоогүй. Тэр үүнийг Эйрон, Дэйроны нэр хүндийг олж авах цорын ганц арга гэсэн хэмээн Эгг хэлэв.

– Намайг нэр хүндээ сэргээж өгөхийг гуйгаагүй байхад шүү гэж ханхүү Дэйрон гашуунаар дэмжлээ. – Хэн үүнийгээ хадгална уу байна уу миний сэтгэл зовох асуудал биш. Гэсэн ч бид энд байна. Энэ ямар ч үнэтэй байсан гэсэн сэр Данкен та надаас айх хэрэггүй. Би морь илдэнд дуртай хүн биш. Хүнд, хурц зүйлс байгаа юм. Би эхний давхилтанд хамгийн шилдэг сайнаараа цогиулах бөгөөд харин үүний дараа... та над руу дайран дуулганы минь хажуу руу сайтар дэлсэнэ. Дүнгэнэтэл хэдий ч хэт чанга биш гэдгийг ойлгож байгаа биз дээ. Миний ах дүүс тулалдаж, бүжиглэж, бодож, ном уншиж чадах ч тэдний хэн ч миний хагастай эн тэнцэх шаварт ухаангүй хэвтэж чадахгүй.

Данк ханхүү түүнийг мунхруулахыг оролдож байгаа юм болов уу хэмээн гайхан ширтлээ.

– Чи ямар учраас ирсэн юм бэ?

– Чамд юу тулгарч байгааг анхааруулах гэсэн юм. Миний эцэг Хааны хамгаалалтын хүлэг баатрыг түүнтэй цуг тулалдахыг тушаасан.

– Хааны хамгаалалт гэнэ ээ? хэмээн Данк цочирдон хэлэв.

– Тиймээ тэдний гурав нь энд байгаа. Бурхдын авралаар авга ах Бэйлор бусад дөрвийг нь хаан өвөөтэй минь Хааны газар үлдээсэн гэхэд гэхэд Эгг нэрсийг нь тоочлоо.

– Сэр Роланд Крэйкхол, Даскендэйлийн сэр Доннел, сэр Виллем Вайлд.

– Тэдэнд өчүүхэн ч сонголт байгаагүй. Тэд хааны болон гэр бүлийг нь хамгаалахаар андгайлсан болохоор миний ах дүүс болон би луугийн цустай болохыг тэнгэр өршөөх бизээ гэж Дэйрон хэлэхэд Данк хуруугаа даран тоолов.

– Энэ зургаа болж байна. Долоо дахь нь хэн юм бэ? гэхэд ханхүү Дэйрон мөрөө хавчлаа.

– Эйрон хэн нэгийг олох биз. Хэрвээ хэрэгтэй бол тэр аварга худалдаж авна. Тэр ямар мөнгөөр дутах биш гэв.

– Харин чамд хэн байгаа юм бэ? гэж Эгг асуулаа.

– Рэймуны үеэл сэр Стеффон.

– Зөвхөн ганц уу? гээд Дэйрон үрчийлээ.

– Сэр Стеффон нөхдийнхөө заримтай уулзахаар явсан.

– Би хүн авчирч чадна. Хүлэг баатруудыг гэж Эгг хэлэв.

– Эгг. Би чиний ах дүүстэй тулалдах гэж байна шүү дээ гэж Данк санууллаа.

– Чи Дэйроныг гэмтээхгүй. Тэр чамд унаад өгнө гэж хэлсэн. Харин Эйроны хувьд бол... би жаахан байхдаа түүнийг унтлагын өрөөнд минь шөнө орж ирэн хутгаа хөлийн завсар тулгадаг байсныг санаж байна. Тэр дэндүү олон ах дүүтэй болохоор нэг л шөнө намайг охин дүүгээ болгон надтай гэрлэнэ гэж хэлдэг байсан юм. Тэр бас миний муурыг алсан. Үгүй гэж хэлсэн ч гэсэн үргэлж худал хэлдэг.

Ханхүү Дэйрон мөрөө ядрангуй хавчлаа.

– Эгг үнэнийг хэлж байна. Эйрон бол мангас гэсэн үг. Тэр өөрийгөө хүний дүртэй луу гэж боддогийг чи юу эс андах вэ. Ийм учраас тэр хүүхэлдэйний үзүүлбэрт хилэгнэсэн юм. Харамасалтай нь тэр Фоссовэйд төрсөнгүй дээ. Тэгсэн бол өөрийгөө алим гэж бодоод бид хамаагүй аюулгүй байхгүй юу гээд унасан нөмрөгөө авч усыг нь сэгсэрснээ,

– Би эцэг минь намайг яагаад илдээ ийм удаан хурцалж байгааг шалгахаас урьд цайз руу сэмхэн буцах ёстой. Гэвч явахын урьд таньтай хэдэн үг сольмоор байна, сэр Данкен. Та надтай хамт алхах уу? гэв.

Данк ханхүү рүү сэжиглэнгүй харлаа.

– Таны таалал ёсоор болъё, эрхэм дээдсээ. Надад бас бамбайгаа авах хэрэгтэй байна гээд хутгаа хуйллаа. Тэгэхэд нь,

– Эгг бид хоёр хүлэг баатрууд олно гэж Рэймун амлалаа.

Ханхүү Дэйрон нөмрөгөө хүзүүндээ зүүгээд юүдэнгээ нөмөрлөө. Данк түүнийг даган зөөлөн шиврээ бороонд гарав. Тэд худалдаачдын хөсөгний зүг явлаа.

– Би чамайг зүүдэлсэн гэж ханхүү хэлэв.

– Чи үүнийг дэн буудалд хэлсэн биз дээ.

– Тийм гэж үү? За тэгсэн байж. Гэхдээ миний зүүд чинийхтэй адил биш, сэр Данкен. Миний зүүд үнэн байдаг юм. Тэд намайг айлгадаг. Чи намайг айлгасан. Би чамайг болон үхсэн луу зүүдэлсэн. Далавч нь нугыг бүхэлд нь халхалж хүрэлцэхүйц аварга том луу байсан. Энэ чиний дээрээс унасан байтал чи амьд байхад луу үхсэн байсан.

– Би түүнийг алсан хэрэг үү?

– Үүнийг сайн хэлж мэдэхгүй ч гэхдээ чи тэнд байсан байсны зэрэгцээ луу ч гэсэн байсан. Таргарианыхан бид урьд нь лууны эзэн байсан. Харин одоо луу үгүй болсон ч бид үлдсэн. Надад өнөөдөр үхнэ үү байна уу хамаагүй. Бурхад зөвхөн үүнийг мэдэж байгаа ч би үгүй гэдгийг нь мэдэж байна. Гэхдээ надад сайхан сэтгэлийн үүднээс миний дүү Эйрон чамайг ална гэдэгт итгэлтэй болгож өгөөч.

– Надад ч гэсэн үхэх хамаагүй гэж Данк хэллээ.

– Гэвч би таныг алах гээгүй байна, сэр. Би буруутгагчдын талд оролцож байгаа ч Эйрон татан оролцуулаагүй бол оролцохгүй байсан гээд Дэйрон санаа алдсанаа,

– Би чамайг худал үгийнхээ төлөө алж болох юм. Хэрвээ тэгвэл өршөөгөөрэй. Би аль нэг тамд очино биз. Ганц ч дарсгүй гээд тэднийг хүйтэн бороонд салах үед агзасхийлээ.

Худалдаачид хөсөг тэргээ нугын баруун захад хус, яшил модны доор байрлуулжээ. Данк модон доор зогсоод хүүхэлдэй тоглуулагчийн тэрэг байсан хоосон газар луу аргагүйдэн харлаа. Явчихаж. Тэр дотроо тэднийг ингэж магадгүй гэж айж байсан билээ. Хэрвээ би шилтгээний хана шиг дүйнгэ байгаагүй бол бас зугтах байсан. Одоо бамбайгаа яах билээ. Хэрвээ зарж байгаа газар олох юм бол ганцыг худалдаад авах мөнгө байгаа байх.

– Сэр Данкен гэх хоолой харанхуйгаас гарлаа. Данкийг эргэж харахад Ган Пэйт ард нь төмөр дэнлүү барин зогсож байв. Дархан богинохон ширэн нөмрөг дор бүсэлхий хүртэл нүцгэн байсан бөгөөд өргөн цээж, ширүүн хар үстэй бүдүүн гар нь харагдав.

– Хэрвээ чи бамбайныхаа араас ирсэн бол тэр түүнийг надад орхисон гээд Данкийг дээрээс доош харж,

– Хоёр гар, хоёр хөл гэж би тооллоо. Тэгэхээр чи тулааны шүүх хуралд орох гэж байгаа хэрэг үү? гэв.

– Долоогийн тулаан. Та яаж мэдээ вэ?

– Тэд нэгэнт чамайг үнсэж лорд болгоогүйгээс хойш өөр хэрэг болсон байж таарна. Харин одоо миний араас дага.

Дархны тэрэг хажуу бөөрөндөө зурсан илд дөшний зургаар ялгагдаж байв. Данк Пэйтийг даган дотогш орлоо. Зэвсгийн дархан дэнлүүгээ дэгээнээс өлгөөд нойтон нөмрөгөө сэгсэрч, бүдүүн даавуун цамц толгой дээгүүрээ өмсөв. Нэг талын хананд нугастай самбар ширээ болгон тавьжээ.

– Суу гээд дархан намхан сандал түлхэв.

– Тэр хаашаа яваа вэ? гээд Данк суулаа.

– Тэд Дорн руу явсан. Охины нагац ухаалаг хүн байгаа юм. Явбал мартагдана. Харин үлдвэл харагдах болохоор луу мартахгүй. Тэгээд ч тэр охинд чиний үхлийг харуулахыг хүсээгүй гээд Пэйт тэрэгний мухар луу явж сүүдэрт юм онгичсоноо бамбайтай эргэн ирлээ.

– Чиний бамбайны ирмэг нь хуучирсан хямдхан зэвэрсэн хэврэг төмөр байсан. Би чамд хоёр дахин зузаан шинэ төмөр хийж өгсөн болохоор ард нь тууз татсан. Энэ одоо хүнд болсон ч гэсэн хүчтэй болсон. Охин зургийг нь зурсан гэж хэллээ.

Охин Данкийн найдсанаас хамаагүй илүү зуржээ. Дэнлүүний гэрэлд жаргаж буй нарны гэрэл хурцаар улалзан өндөр мод хүчтэй уужим харагдана. Унаж буй од царсан тэнгэрт хурцаар зурайна. Гэсэн ч Данк бамбайгаа гартаа авах үед нэг л буруу болсон мэт санагдав. Унаж буй од ямар гээчийн сүлд вэ? Тэр бас түргэн унаж үхэх ёстой юм болов уу? Нар жаргах шөнийг дууддаг.

– Би цомыг үлдээдэг байж дээ. Тэр далавчтай болохоор ядахдаа нисэн холдож чадна. Сэр Арлан аяга итгэлээр дүүрэн болохоор анд нөхөд сайн зүйлс уудаг гэсэн байсан юм. Энэ бамбай бүхэлдээ үхлийг дүрсэлжээ гэж гутарсандаа хэллээ.

– Хайлаас амьд шүү дээ. Навч нь ямар ногоон болохыг харж байна уу? Зуны навч гэдэгт итгэлтэй байна. Харин би гавал, чоно, хэрээ, дүүжлүүлсэн хүн, тас цавчуулсан толгойн сүлдтэй бамбай харж байсан ч энэ тэднээс огтхон ч дутуугүй. Чи хуучны бамбайны дуудлагыг мэдэх үү? Царс төмөр намайг сайн хамгаалахгүй бол... гэхэд,

– Би там руу орсон үхдэл болно гэж Данк дуусгалаа. Тэр энэ урианы талаар олон жил бодсонгүй. Хөгшин хүлэг баатар түүнд удаан хугацааны өмнө зааж өгчээ.

– Чи шинэ ирмэгнийхээ төлөө ямар хөлс авмаар байна даа? гэж дархнаас асуулаа.

– Чамаас уу? Зэс зоос гээд Пэйт сахлаа маажив.

Бороо зогссон ч дорно зүг тэнгэрийн хаяанд эхний цонхигор гэрэл гийгүүлж үүргээ сайн гүйцэтгэлээ. Лорд Ашфордын хүмүүс хаалтыг хурааж тэмцээний талбар үнгэгдсэн өвс бүхий саарал хүрэн шавартай балчиг болсон байв. Манан Данкийг тэмцээний газрын зүг явахад газар цайвар могой шиг суунаглана. Ган Пэйт түүнтэй явлаа.

Үзэгчдийн суудал хэдийн дүүрч эхэлсэн бөгөөд лорд хатагтай нар өглөөний жихүүн чийгэнд нөмрөгөө чанга хулджээ. Жирийн ардууд талбайн зүг бас цувцгааж аль хэдийн хашааны дагуу хэдэн зуугаараа зогсчээ. Намайг үхэхийг харахаар ямар олон хүн ирээ вэ гэж Данк гашуунаар бодлоо. Гэхдээ тэр буруугаар боджээ. Хэдэн алхмын зайд нэг эмэгтэй,

– Чамд амжилт хүсье гэж хашгирахад хөгшин өвгөн гарыг нь атган,

– Бурхад таньд хүч хайрлах буй за, сэр гээд өөр нэг нөхөөстэй хүрэн нөмрөгтэй гуйлгачин илдийг нь адислахад, нэг охин хацар дээр нь үнслээ. Тэд миний төлөө ирж.

– Яагаад тэр вэ? Би тэдний хувьд юу юм бэ? гэж Пэйтээс асуулаа.

– Өгсөн андгайгаа санадаг хүлэг баатар гэж дархан хэлэв.

Тэд Рэймуныг эгнээний урд талын үзүүр дэх тэмцээнд оролцогчдын морины хашааны гаднаас олоход үеэлийнхээ морь болон Данкийнхыг дагуулан зогсож байв. «Аянга» толгойны хамгаалалт, хүнд хуягны жинд дарагдан туурайгаараа газар амралтгүй цавчилна. Пэйт хуягийг шалган үзээд хийсэн хүнийх нь сайн хийц байна гэж магтахад дархныг дагуулан ирсэндээ Данк баяртай байлаа.

Тэгтэл тэр буурал сахалтай өрөөсөн нүдтэй хүн, бамбай хувцас дээрээ шаргал хар зөгийн үүрний сүлдтэй залуу хүлэг баатрыг харав. Робин Райзлинг болон Хамфри Бисбури гэж Данк гайхширан бодлоо. Түүний зэрэгцээ сэр Хамфри Хардинг ч гэсэн байв. Хардинг улаан цагаан дөрвөлжин хуягаар хуягласан Эйроны аргамаг хүлэг дээр суужээ.

Данк тэдний зүг очлоо.

– Эрхэм сэрүүдээ би та бүхэнд өртэй боллоо.

– Энэ өр бол Эйроных. Бид цуглуулж авах гэж байгаа юм хэмээн сэр Хамфри Хардинг хариулав.

– Би таны хөл хугарсан гэж сонссон.

– Чи үнэнийг сонсчээ. Би явж чадахгүй. Гэхдээ морин дээр сууж байгаа цагт тулалдаж чадна гэж Хардинг хэлэв.

Рэймон Данкийг хажуу тийш аваачлаа.

– Би Хардинг Эйронтой тулгарах өөр боломжийг хүсч байгаа байх гэхэд тэгсэн. Үүний зэрэгцээ түүний дүү өөр гэрлэх гэж байгаа Хамфри байна. Эгг бусад тэмцээнээс мэддэгийн хувьд сэр Робиныг авчирсан. Тэгэхээр чамтай тавуул боллоо гэв.

– Зургаа гэж Данк гайхширан зааж хэлэв. Хашаанд хүлэг баатар орж ирэхэд араас нь дагуул морийг нь хөтөлжээ.

Инээмтгий шуурга сэр Рэймунаас толгой өндөр агаад Данктай бараг чацуу байв. Сэр Лионел Баратеон овгийн титэмт бугын сүлдтэй алтан утастай даавуун хувцас өмсч гартаа эвэртэй дуулга барьжээ. Данк түүний гараас атган,

– Сэр Лионел сэр Стеффон таныг авчраагүй бол би талархаж чадахгүй байлаа гэв.

– Сэр Стеффон гэнэ ээ? гээд сэр Лионел түүн рүү гайхан харлаа.

– Энэ бол чиний дагуул над руу ирсэн юм. Эйгон гэдэг хүү. Миний дагуул түүнийг хөөхийг оролдсон ч тэр хөлийнх нь доогуур шургаад домботой дарс толгой руу минь асгасан юм даа гээд хөхөрснөө,

– Зуун жилийн турш долоогийн шүүх хурал зохиогдоогүйг чи мэдэх үү? Би Хааны хамгаалалтын хүлэг баатруудтай тулалдаж, ханхүү Мэйкарын хамрыг муруйлгах боломжийг алдаж болохгүй гэв.

– Зургаа гээд сэр Лионелийг бусадтайгаа нэгдэхэд Данк Рэймун Фоссовэй руу эргэлээ.

– Чиний үеэл сүүлчийн хүнийг авчирах байх.

Хүмүүсийн дунд түрхэрсэн шуугиан дэгдэв. Нугын хойд захаас хүлэг баатруудын цуваа голын мананд галигуулан давхиж ирлээ. Хааны гурван хамгаалалтын хүлэг баатар түрүүнд явж цагаан хуяг нь сүнс адил цайвалзах агаад урт цагаан нөмрөг ард нь намирна. Тэдний бамбай нь хүртэл цагаан бөгөөд шинэхэн орсон цас шиг нүд гялбам ажээ. Араас нь ханхүү Мэйкар хөвгүүдтэйгээ дагалджээ. Эйрон саарал алаг аргамаг хүлэг унаж морины алхаа тутамд нэмнээний завсар шаргал, улаан өнгө гялсхийнэ. Түүний ахынх нь азарга жижигхэн хээр морь бөгөөд хар улаан гархин хуягаар хуяглажээ. Ногоон торго Дэйроны дуулгаас цацаглан унжина. Гэвч тэдний эцэг л хамгийн сүрдэм догшин харагдаж байв. Дуулганых нь залаагаас буусан лууны шүд мөрөн дээгүүр нь тахиралдан нуруу руу бууж, Данкийн урьд хожид үзээгүй үхлийн зэвсэг болох том хадаастай бороохой эмээлдээ дүүжилжээ.

– Зургаа. Тэд ердөө зургуул юм байна гэж Рэймун гэнэтхэн дуу алдав.

Энэ үнэн болохыг Данк харлаа. Гурван хар хүлэг баатар, гурван цагаан хүлэг баатар байв. Тэд ч гэсэн хүнээр дутуу байна. Эйрон долоо дахь хүнийг олж чадаагүй юм болов уу? Энэ нь ямар учиртай юм бол? Тэд долоогийн оронд зургаагийн эсрэг зургаан хүнээр байлдах юм болов уу?

Эгг түүнийг тааварлахыг оролдох зуур дэргэд нь ирээд,

– Сэр таны хуягаа өмсөх цаг болж гэв.

– Баярлалаа, дагуул минь. Хэрвээ та надад туслалвал гэхэд Ган Пэйт гархин хуяг, эгэмний хамгаалалт, шилбэвч, ган бээлий, дуулганы зөөлөвч, бүсэлхийний хамгаалалт өмсөхөд нь тусалж товч бүч бүрийг гурвантаа шалгалаа. Сэр Лионел илдээ билүүнд хурцалж байх зуур Хамфригийнхэн нам дуугаар ярилцаж, сэр Робин зальбирал уншин, Рэймун Фоссвэй үеэл нь хааш алга болсныг гайхан урагш хойш холхино.

Данкийг бүрэн хуяглаж гүйцэхтэй зэрэгцэн сэр Стеффон эцэст нь ирэв.

– Рэймун миний хуягийг өмсүүлээч гээд тэр хуяган дор зөөлөвчтэй хантааз сольж өмслөө.

– Сэр Стеффон таны нөхөд яагаа вэ? Бидэнд долоо болоход ахин нэг хүлэг баатар хэрэгтэй байна гэж Данк хэлэв.

– Та нарт хоёр хэрэгтэй гэж айж байна хэмээн Рэймоныг нурууных нь хуягийг үдэхэд сэр Стеффон хэлэв.

– Эрхэм лорд? Хоёр гэнэ ээ? гээд Данк ойлгосонгүй.

Сэр Стеффон ган хуягтай бээлийгээ авч зүүн гартаа шургуулаад хуруугаа хөдөлгөн тааруулав.

– Би энд таван хүн харж байна. Бисбури, Райзлинг, Хардин, Баратеон дээрээс нь чи байгаа биз дээ гэхэд Рэймун илднийх нь бүсийг товчлов.

– Бас дээрээс нь чи. Чи зургаа дахь хүлэг баатар гэж Данк хэллээ.

– Би долоо дахь хүлэг баатар гэхдээ нөгөө талд шүү. Би буруутгагч талд ханхүү Эйронтой байлдаж байгаа юм гээд сэр Стеффон инээмсэглэв.

Тэгтэл Рэймоны үеэлийнхээ дуулгыг тавих гэж байсан гар хөшихөд,

– Үгүй ээ гэж дуу алдав.

– Тийм. Сэр Данкен та ойлгож байгаа биз дээ. Би ханхүүд зүтгэх хэрэгтэй гээд сэр Стеффон мөрөө хавчив.

– Чи түүнд найдаж болно гэж хэлээ биз дээ гээд Рэймуны царай зэвхийрлээ.

– Би тэгж хэлсэн гэж үү? хэмээн Стеффон үеэлийнхээ гараас дуулгаа авлаа.

– Би тэр үед үнэн сэтгэлээсээ хэлсэн гэдэгт эргэлзээгүй. Миний морийг аваад ир гэв.

– Өөрөө явж авчир. Хэрвээ чи намайг үүнд оролцоно гэж байгаа бол дүүрчихсэн ой гутам амьтан юм байна гэж Рэймун уурсан дуу алдав.

– Ой гутам гэнэ ээ? Наад амаа мэдээрэй, Рэймун. Бид хоёул ижил модны алимнаас гаралтай. Харин чи бол миний дагуул. Эсвэл чи өргөсөн андгайгаа мартаа юу? гээд сэр Стеффон тагнайгаа тагшив.

– Үгүй. Харин чи өөрийнхийгөө мартаа юу? Чи хүлэг баатарт андгайлсан биз дээ.

– Би энэ өдөр дуусахаас өмнө хүлэг баатраас хамаагүй илүүг хүртэнэ. Лорд Фоссовэй. Надад энэ яаж сонсогдож байгаа нь таалагдаж байна гээд Стеффон инээмсэглэн гартаа нөгөө бээлийгээ шургуулж цааш эргээд мориныхоо зүг явлаа. Бусад хамгаалагчид түүн рүү жигшсэн нүдээр харсан ч хэн ч зогсоохоор хөдөлсөнгүй.

Данк сэр Стеффон азаргаа хөтлөн талбай руу гарахыг харлаа. Тэр нударгаа базаж хоолой нь ээдэрлээ. Ямар ч үг түүнд ингэтэл тусахгүй билээ.

– Намайг хүлэг баатар болго. Би үеэлийнхээ байрыг эзлэе. Сэр Данкен та намайг хүлэг баатар болгооч гээд Рэймун Данкийн мөрнөөс гараараа атган эргүүлээд өрөөсөн өвдөг сөхөрлөө.

Данк хөмсөг зангидан гараа урт илднийхээ бариул руу явуулсан ч тээнэгэлзлээ.

– Рэймун би... би чадахгүй нь...

– Чи чадах ёстой. Надгүй бол та нар тавуул болно.

– Залуу үнэнийг хэлж байна. Үүнийг хий, сэр Данкен. Ямар ч хүлэг баатар хүн хүнийг хүлэг баатар болгон өргөмжлөх эрхтэй гэж сэр Лионел Баратеон хэлэв.

– Чи миний эр зоригт эргэлзээд байгаа юм уу? гэж Рэймун асуулаа.

– Үгүй л дээ. Гэхдээ... гээд Данк эргэлзлээ.

Бүрээн дуу манан суунагласан өглөөний агаарт хадав. Эгг тэдэн рүү гүйж ирлээ.

– Сэр лорд Ашфорд таныг дуудаж байна.

Инээмтгий шуурга толгойгоо тэвчээргүйхэн сэгсрэв.

– Түүн рүү оч, сэр Данкен. Би дагуул Рэймуныг хүлэг баатар болгоё гээд илдээ хуйнаас сугалан Данкийг хажуу тийш түлхлээ.

– Фоссовэй овгийн Рэймун гэж тэр ёслол төгөлдөр хэлээд илдээрээ хиагийн баруун зүүн мөрөнд ээлжлэн хүрч,

– Дайчны нэрийн өмнөөс би чамайг эр зоригтой байж, Эцгийн нэрийн өмнөөс би чамайг шударга байхыг даалгая гээд буцаж ахин сэлгэн,

– Ээжийн нэрийн өмнөөс би чамайг бага залуу гэмгүй сул доройг хамгаалж, Охины нэрийн өмнөөс би чамайг бүх эмэгтэйчүүдийг хамгаалахыг даалгаж байна гэв.

Данк тэднийг орхин явахад гэмшил төрсөн сэтгэл нь амарлаа. Бид нэгээр дутуу байна. Би хаанаас өөр хүн олох вэ? гэж Эгг араас нь морийг нь хөтлөн даган явахад бодов. Тэр морио эргүүлээд лорд Ашфорд зогсон хүлээж буй үзэгчдийн суудлын зүг удаанаар явлаа. Шугамын хойд үзүүрийн эцсээс ханхүү Эйрон түүний зүг довтолгон ирэв.

– Сэр Данкен таньд ердөө таван аварга байгаа бололтой гэж хөгжилтэй хэлэв.

– Зургаа. Сэр Лионел Рэймун Фоссовэйг хүлэг баатар болгосон. Бид долоогийн эсрэг зургаан хүн тулалдах болно гээд хүмүүс үүнээс хачирхалтай тохиолдолд ялдагийг мэдэж байлаа. Гэвч лорд Ашфорд толгой сэгсрэв.

– Үүнийг зөвшөөрөхгүй, сэр. Хэрвээ чи ахин нэг хүлэг баатар өөрийнхөө талд олж чадахгүй бол гэм буруугаа зарлаж хийсэн хэргээ хүлээх ёстой гэв.

Гэм буруу. Шүдээ сугалуулж амь насаа алдах гэм буруу гэж Данк бодлоо.

– Эрхэм лорд би хормын хугацаа гуйж байна гэхэд,

– Тэгж болно гэв.

Данк хашааны дагуу удаанаар явлаа. Үзэгчдийн суудалд хүлэг баатар битүү цуглажээ.

– Эрхэм лордуудаа та нарын хэн ч Пенитригийн сэр Арланыг санахгүй байна гэж үү? Би бол түүний дагуул байна. Бид та нарын олонхид хүчин зүтгэж байсан. Ширээнд чинь идэж өргөөнд чинь унтаж байлаа гээд давхрын дээд талд суусан Манфред Дондаррионыг харав.

– Сэр Арлан таны лорд эцэгт зүтгэж байгаад шархадсан билээ гэхэд хүлэг баатар дэргэдэх хатагтайдаа юм хэлэн хэлсэн үгийг нь тоосонгүй. Данк цаашаа хөдлөв.

– Лорд Ланнистер сэр Арлан таныг урьд нь тэмцээнд мориноос унагаж байсан биз дээ гэхэд Буурал арслан бээлийтэй гар луугаа тас ширтэн харцаа дээш өргөхөөс татгалзав.

– Тэр сайн хүн байж надад хэрхэн хүлэг баатар байхыг зааж өгсөн. Зөвхөн ид, жад төдий биш нэр хүндтэй байхыг. Хүлэг баатар хүн гэмгүй доройг хамгаалж байх ёстой гэж хэлсэн. Үүнийг би хийсэн. Надад дэргэд минь тулалдах өөр хүлэг баатар хэрэгтэй байна. Ганцхан тэгээд болоо. Лорд Карон? Лорд Свон? гэхэд лорд Свон аяархан инээд алдан лорд Кароны чихэнд юм шивнэв.

Данк сэр Ото Бракены өмнө жолоогоо татан дуугаа намсгалаа,

– Сэр Ото таныг агуу аварга гэдгийг мэдэж байна. Бидэнтэй нэгдээч гэж би танаас хуучин болон шинэ бурхдын нэрийн өмнөөс гуйж байна. Миний үйл хэрэг бол шударга гэв.

– Тийм байж болох л юм гэхдээ чиний үйл хэрэг бол минийх биш. Би чамайг мэдэхгүй хүү минь гэж Хэрцгий Бракен хэллээ.

Данкийн зүрх палхийхэд морио эргүүлж зэвхий царайтай хүмүүсийн өмнүүр урагш хойш давхилаа. Цөхрөл түүнийг хашгирахад хүргэжээ.

– ТА НАРЫН ДУНД ЖИНХЭНЭ ХҮЛЭГ БААТАР АЛГА ГЭЖ ҮҮ ДЭЭ?

Хариуд нь зөвхөн нам гүм ноёрхов.

Талбайн тэртээ ханхүү Эйрон тачигнатал инээд алдав.

– Лууг шоолж болдоггүй юм гэж тэр аялгуулан хэллээ. Гэтэл,

– Би сэр Данкены талд орж байна гэх нүргэлсэн хоолой гарлаа.

Голын манан дундаас хар азарга гарч ирэхэд нуруун дээр нь хар хүлэг баатар унажээ. Данк лууны бамбай болон дуулганы орой дээрх хүрхэрч буй луугийн гурван толгойтой улаан залааг харлаа. Залуу Ханхүү. Бурхад минь гэж тэр үнэхээр гэж үү?

Лорд Ашфорд бас ижилхэн боджээ.

– Ханхүү Валарр уу?

– Үгүй ээ гээд хар хүлэг баатар дуулганыхаа халхавчийг сөхөв.

– Би Ашфордын тэмцээнд орох гэж бодоогүй болохоор хуяг дуулгаа авчраагүй, эрхэм лорд. Миний хүү надад үүнийг зээлүүлсэн юм гээд ханхүү Бэйлор гунигтай инээд алдав.

Буруутгагчдын дунд үймээн дэгджээ. Данк үүнийг харж байлаа. Ханхүү Мэйкар морио гуядан урагш давхив.

– Ах минь та чинь ухаанаа алдаа юу? гээд Данкийн зүг хуруугаа чичилж,

– Энэ хүн миний хүү рүү дайрсан гэлээ.

– Энэ хүн хүлэг баатар бүрийн хийх ёстой үүрэг болох сул доройг хамгаалсан гэж ханхүү Бэйлор хэлээд,

– Бурхад түүний зөв бурууг шийднэ гээд жолоогоо дугтран Валаррын том хар агсам хүлгийг эргүүлж талбайн урд хэсэг рүү давхилаа.

Данк «Аянга»-ыг дэргэдээ барихад бусад хамгаалагчид түүнийг тойрон цугларав. Робин Райзлинг, сэр Лионел болон Хамфричүүд гээд л. Сайн хүмүүс хэдий ч хангалттай гэж үү?

– Рэймун хаана байна?

– Таны таалал соёрхвол сэр Рэймун гээд тэр цацагтай дуулганыхаа дор баргар инээмсэглэл тодруулан хатируулан ирлээ.

– Өршөөгөөрэй, эрхэм сэрүүдээ. Би сүлдээ бага зэрэг өөрчлөх хэрэгтэй боллоо. Би нэр хүндгүй үеэлхийнхээ сүлдийг авахгүй гээд бамбайгаа үзүүлэхэд толигор алтан гадаргуу дээр ижилхэн сүлд болох Фоссовэйн алим байсан ч улааны оронд ногоон байв.

– Би боловсорч гүйцээгүй гэж айж байгаа ч өтсөн байснаас ногоон нь дээр биз дээ?

Сэр Лионел инээд алдахад Данк дүнсгэр инээлээ. Ханхүү Бэйлор хүртэл дэмжив.

Лорд Ашфордын септон үзэгчдийн суудлын өмнө гарч болор өргөн мөргөл уншлаа.

– Бүгдээрээ анхаар. Буруутгагчид эхний тулгаралтанд дайны хүнд жадаар зэвсэглэжээ. Яшил модоор хийсэн найман фут урт, хугарахын эсрэг туузан хамгаалалттай дайны морьтой байхад жингээрээ хуягийг цоо хатгахаар хийсэн хурц ган зэв бүхий жад.

– Бид ижилхэнийг ашиглана гэж сэр Хамфри Бисбури хэлэв. Түүний ард септон Долоог дуудан шударга шүүж үнэн хэрэг байгаа хүний талд ялалтыг өгөхийг гуйлаа.

– Үгүй. Бид өөрсдийгөө оронд нь тэмцээний жадаар зэвсэглэнэ гэж Бэйлор хэллээ.

– Тэмцээний жад хугарна шүү дээ гэж Рэймун эсэргүүцлээ.

– Гэсэн ч тэд арван хоёр фут урт. Бид яг зөв газар луу чиглүүлвэл тэд бидэнд хүрч чадахгүй. Дуулга юм уу цээж рүү нь онилох хэрэгтэй. Хэрвээ тэмцээн дайсныхаа бамбайд жадаа хугалах зоригтой үзүүлбэр байдаг бол энд хүний үхэл амьдрал яригдаж байна. Бид тэднийг мориноос унагаж өөрсдөө эмээл дээрээ тогтож чадвал давуу талтай болно гээд ханхүү Бэйлор Данк руу харснаа,

– Хэрвээ сэр Данкен алгадвал бурхад түүнийг буруутай гэж үзэх болохоор тулаан дуусна. Харин нөгөө талын хоёр буруутгагч алагдвал бас тэдний гэм бурууг нотлох юм. Өөрөөр бол нэг талын долоон хүн үрэгдэх юм уу бууж өгснөөр шүүх хурал дуусна гэв.

– Ханхүү Дэйрон тулалдахгүй гэсэн гэж Данк хэлэв.

– Тэгсэн ч гэсэн дээрдэхгүй. Бид Цагаан илдний гурвын эсрэг байна гэж сэр Лионел инээд алдахад Бэйлор тайвнаар хүлээн авч,

– Миний дүү Хааны хамгаалалтанд хүүгийнхээ төлөө байлдахыг тушаасан. Тэдний өгсөн андгай ханхүүгийн цусанд хор хүргэхгүй. Аз болоход би тийм цустай гээд сулхан инээмсэглэж,

– Бусдыг нь надаас холхон байлгаж чадвал би Хааны хамгаалалтын учрыг олъё гэв.

– Ханхүү минь энэ хүлэг баатрын эр зориг гэж үү? хэмээн сэр Лионел Баратеон септоныг зальбирлаа дуусгахад хэллээ.

– Бурхад биднийг мэдэх буй за гэж Жад хугалагч Бэйлор хариулав.

Ашфордын нугад гүн нам гүм ноёрхжээ.

Наян ярдын зайд Эйроны саарал азарга унагалдан тэвчээргүйхэн туурайгаараа шавартай хөрс онгилно. «Аянга» өрсөлдөгчтэйгээ зэрэгцэхгүй хэдий ч хагас зуун тулалдаанд оролцсон хөгшин морь учир урд нь юу хүлээж байгааг мэдэж байлаа. Эгг Данкийн бамбайг дээш нь авч өгөөд,

– Бурхад таныг ивээх болтугай, сэр гэж хэлэв.

Хайлаас мод, харваж буй одны сүлд зүрхийг нь өргөлөө. Данк зүүн гараа оосорт шургуулж хуруугаараа бариулыг чанга атгалаа. Царс, төмөр намайг хамгаалахгүй юм бол би там руу үхдэл болно. Ган Пэйт түүний жадыг авчирч өгсөн ч Эгг Данкийн гарт бариулах гэж зүтгэв.

Хажуу талд нөхөд нь жадаа авч урт эгнээ болон таран зогслоо. Ханхүү Бэйлор баруун талд нь зогсож, сэр Лионел зүүн талыг эзлээд Данкийн их дуулганы хавчиг нүдний халхавчинд халхлагдан урд нь байгаа зүйлээс өөр юу ч харагдсангүй. Үзэгчдийн суудал жирийн ардууд зогсож байгаа хашаатай харагдахаа больж зөвхөн шавартай талбар, цайвар дэгдсэн манан, гол, хот, хойд зүгт байгаа шилтгээн болон саарал азарга унаж дуулган дээрээ дөл, бамбай дээрээ луутай ханхүү харагдана. Данк Эйроны дагуул түүний гарт дайны жад болох шөнийн харанхуй шиг тас хар найман фут урт жад гардуулахыг харлаа. Тэр үүнийгээ аль болох миний зүрхэнд зоохыг оролдох болно.

Бүрээн дуу үлээв.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.07.14 3:25 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
...

_________________
:f01:


Last edited by croft on Nov.16.14 6:23 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.07.14 3:28 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
...

_________________
:f01:


Last edited by croft on Nov.16.14 6:22 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.09.14 12:54 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Image


ТАНГАРАГТ ИЛД

Замын уулзвар дээрх төмөр торонд наранд ялзарч буй үхсэн хоёр хүн байв.

Эгг тэднийг харахын тулд дор нь зогсов.

– Чи тэднийг хэн гэж бодож байна, сэр? гэхэд нуруундаа хоёр том торхтой дарс ачсан Мэйстер гэдэг луус нь амсхийсэнд талархсан бололтой замын хажуугийн хатсан хүрэн чөтгөрийн өвс зулгааж эхлэв.

– Дээрэмчид, хүчиндэгч, алуурчин нар гэж Данк хэлээд мориныхоо нуруун дээр мордон үхсэн хүнийг сайн харахын тулд ойртов. Түүний элэгдсэн ногоон цамцны суган дор хөлсөнд бараан толбо болжээ. Тэнгэр цэлмэг нар халуунаар шарах тул өнөө өглөө амарснаас хойш бараг хувин шахам хөлс цутгажээ.

Эгг өргөн хүрээтэй нэвсгэр сүрлэн малгай өмсчээ. Үүний дор халзан толгой гялалзана. Тэр малгайгаараа дэвэн ялаа хөөдөг байлаа. Үхсэн хүмүүс дээр ялаа битүү шаван халуун агаарт залхуутай хөдлөнө.

– Эд нар ямар нэг муу хэрэг хийсэн болоод л хэрээний торон дотор үхэхээр орхисон байх гэж тэр хэлэв.

Заримдаа Эгг мэйстерээс цэцэн байх атал заримдаа арван настай хүү хэвээр байдаг байлаа.

– Энд олон лорд бий. Тэдний заримд хүнийг үхүүлэхэд заавал шалтгаан хэрэггүй гэж Данк хэлэв.

Төмөр тор ганц хүн багтахад хүрэлцээтэй боловч дотор нь хоёрыг чихэж хийжээ. Тэд урд урдаасаа харан зогсоод, гар хөл нь орооцолдон нуруугаараа сараалжны халуун хар төмөр налжээ. Нэг нь нөгөөгөө идэх гэж оролдсон бололтой хүзүү мөрийг нь мэрсэн байв. Хэрээ хоёуланг нь тоншжээ. Данк, Эгг хоёр толгод тойрон явах үед шувууд хар үүл шиг үргэж луусыг нь цочоодог байлаа.

– Тэд хэн ч байсан гэсэн өлсөж үхсэн юм шиг харагдаж байна. Илжирсэн ногоон арьстай араг яснууд. Магадгүй тэд талх хулгайлах юм уу, лордын ойд буга агнасан байх гэж Данк хэлээд ган гачиг хоёр дахь жилдээ үргэлжилж буй учир ихэнх лордууд хулгайн анд тэвчээргүй болж хатуу шийтгэдэг болсон тухай бодов.

– Эсвэл тэд дээрэмчний бүлэг байсан гээд байх гэж Эгг хэлэв. Тэр тэднийг Доскд байх үед ятгачин «Хар Робиныг дүүжилсэн өдөр» гэдэг дуу дуулахыг сонссон цагаас хойш зоригт дээрэмчдийг бутны ар бүрээс олж харах болсон байна.

Данк хөгшин хүлэг баатарт зүтгэж байхдаа цөөн хэдэн дээрэмчидтэй учирч байжээ. Иймээс тэдэнтэй учрахыг яарсангүй ч тэдний хэн ч зоригтой биш болохыг мэдэж байв. Тэр нэг удаа сэр Арланд бөгж хулгайлах дуртай нэг дээрэмчинг дүүжлэхэд тусалжээ. Дээрэмчин хүний бөгжтэй хурууг огтлон авч эмэгтэйчүүдийнхийг бол тас хаздаг байв. Гэсэн ч түүний тухай дуу байхгүйг Данк мэдэж байлаа. Дээрэмчид, хулгайн анчин байна уу ялгаагүй. Үхсэн хүн бол хөөрхийлөлтэй амьтан. Тэр «Аянга»-ыг торны дэргэдүүр алгуурхан шогшуулахад хоосон нүдний ухархай араас нь дагуулан харах мэт санагдав. Үхсэн хүний нэг толгойгоо доош унжуулан амаа ангайжээ. Түүний хэл байхгүй байна. Хэлийг нь хэрээ идсэн байж болох юм. Хэрээ үргэлж цогцосны нүдийг эхэлж тоншдог гэж сонссон ч магадгүй хэлийг нь хоёрт иддэг байж болно. Эсвэл лорд хэлсэн үгийнх нь төлөө хэлийг нь суга татсан байх.

Данк нарны туяа туссан үсээ хуруугаараа илбэв. Үхсэн хүнд түүний хэрэг байхгүйн зэрэгцээ тэд Стандфаст руу торхтой дарс хүргэх хэрэгтэй байв.

– Аль зүгээс бид ирсэн бэ? Би толгой эргэж гүйцэж гээд хоёр замыг ээлжлэн харав.

– Стандфаст тэр зүгт байгаа, сэр гээд Эгг заалаа.

– Тэгвэл тийшээ явцгаая. Хэрвээ энд өдөржингөө энд ялаа тоолж суугаад байх юм бол үдэш буцах байх гээд морио өсгийгөөрөө давирахад том азарга зүүн талын салаа зам руу явлаа. Эгг нэвсгэр малгайгаа арагш болгож луусныхаа жолооноос огцом дугтрахад луус өвс зулгаахаа орхиж зөрүүдлэлгүй явлаа. Тэр бас халууцаж торхтой дарс хүнд байгаа байх гэж Данк бодлоо.

Аагим зуны нар замыг тоосго шиг жингэнэнэ. Замын энхэл донхол морины хөл хугалахуйц гүн тул Данк морио болгоомжтой авч явлаа. Тэд Доскийг орхидог өдөр Данк шөнийн сэрүүнд газар дөхөх гээд шагайгаа булгалжээ. Хүлэг баатар хүн өвчин тэсч сурах ёстой гэж хөгшин хүлэг баатар хэлдэг байв. Тиймээ залуу минь хугарсан яс, сорви. Тэд илд, бамбайны чинь адил хүлэг баатрын амьдралын чинь нэг хэсэг. Гэсэн хэдий ч «Аянга» хөлөө хугалвал морьгүй болох бөгөөд морьгүй баатар хүлэг баатар биш билээ.

Эгг араас нь таван ярдын зайд торхтой дарс ачсан луустайгаа явав. Хүү нүцгэн хөлөөрөө дугуйн мөр хооронд алхаж алхам тутамд энхэл донхолд тонголзоно. Өрөөсөндөө ташаандаа хутга хуйлж, гутлаа нуруундаа үүрээд, ноорхой хүрэн цамц бүсэлхийндээ зангиджээ. Өргөн эмжээртэй сүрлэн малгайны дор царай нь наранд борлож том хар нүд гялалзана. Хүү арван настай таван футаас хэтрэхгүй өндөртэй байв. Сүүлийн үед түргэн өсч байгаа ч Данкийг гүйцэх хүртэл хол хугацаа өнгөрөх байлаа. Эгг агтчин хүү байтугай ханхүүтэй ч адилгүй болжээ.

Төдөлгүй тэдний ард үхсэн хүмүүсийн цогцос далд ороход Данк энэ тухай бодож буйгаа анзаарав. Хаант улс эдгээр өдрүүдэд хуульгүй хүн дүүрэн болжээ. Ган гачиг дуусах яагаа ч үгүй байсан тул энгийн ардууд бороо хур орж байгаа газар эрэн хэдэн мянгаараа аян замд явна. Лорд Цусан хэрээ тэднийг газар нутаг, эзэн лорд рүүгээ буцахыг зарлигдсан ч цөөхөн хэд нь дагалджээ. Хүмүүсийн ихэнх Цусан хэрээ болон Эйрис хааныг ган гачигт буруутгаж байлаа. Төрлөө алсан учир бурхад үүнийг шийтгэж байгаа гэлцэнэ. Хэрвээ тэд ухаалаг бол үүнийгээ чанга хэлэхгүй байсан биз. Лорд Цусан хэрээ хичнээн нүдтэй вэ. Мянган нүд болон ганц нүдтэй гэсэн таавар Эгг Хуучин хотод сонсчээ.

Зургаан жилийн өмнө Хааны газар Данк өөрийн биеэр түүнийг цайвар морь унаж, Хэрээний шүдний тавин цэрэг дагуулан Гангийн гудамжаар явахыг харжээ. Энэ нь Эйрис хаан төмөр хаан ширээнд сууж түүнийг Хааны Гараар өргөмжилсөн үе байлаа. Цусан хэрээ саарал утаан болон гал улаан хувцас өмсч ташаандаа «Хар эгч дүүс»-ийг зүүсэн байв. Түүний цонхигор арьс, ясан цагаан үс нь амьд үхдэл мэт харагдуулна. Хацар дээр нь эрүүгээ хүртэл дарсны өнгөт улаан хэрээг санагдуулсан мэнгэтэй гэдэг ч Данк зөвхөн өнгөгүй арьсан дээр хачин хэлбэрийн толбо харжээ. Түүний харцыг Цусан хэрээ мэдэрсэн бололтой хааны шидтэн дэргэдүүр нь өнгөрөх үедээ эргэн харахад улаан өнгийн өрөөсөн нүдтэй байлаа. Нөгөө нүд нь хоосон нүдний ухархай бөгөөд Улаан өвст талбар дээр Гашуун илдний түүнд өгсөн бэлэг байв. Гэсэн ч Данкад хоёр нүд түүнийг цоо ширтэн сүнсийг нь хүртэл нэвт харах шиг санагджээ.

Гадаа халуун байсан хэдий ч энэ тухай бодол түүнийг чичрэхэд хүргэлээ.

– Сэр? Та зүгээр үү? гэж Эгг асуулаа.

– Зүгээр дээ. Би яг тэдэн шиг цангаж халууцаж байна гээд замын цаад талбайн хатаж хорчийсон тарвасны эгнээ руу заав. Замын хөвөөн дагуу ямаан толгой, чөтгөрийн өвс амьдралаас зууралдсан хэвээр агаад ургац хэдийн хатжээ. Данк тарвасанд ямар байгааг сайн мэдэж байв. Сэр Арлан хэрмэл хүлэг баатар хэзээ ч цангахгүй гэж өгүүлдэг байжээ.

– Тэр дуулгатайгаа явж байхын цагт борооны ус тосно. Борооны ус уухад хамгийн сайн гэж хэлжээ. Гэсэн ч хөгшин хүлэг баатар хэзээ ч ийм зуныг үзэж байсангүй. Данк Стандфастад дуулгаа орхижээ. Энд өмсөхөд дэндүү халуун хүндийн зэрэгцээ өчүүхэн төдий ч тосох бороо алга байв. Бут бургас хүртэл хатаж хорчийн үхэж байхад хэрмэл хүлэг баатар юу хийх билээ?

Магадгүй тэднийг голд хүрэх цагт норох биз. Данк ус руу харайн орж нэвт норон инээд алдахад, хацар, ширэлдсэн үсийг нь даган урсаж нойтон цамц биед наалдах ямар сайхан болохыг санахаас инээмсэглэв. Эгг ч гэсэн норохыг хүсч байгаа нь лавтай. Гэвч хүү халууцсанаас илүү сэрүүн төрхтэй, хөлрөхийн оронд тоосонд будагдсан байв. Тэр хэзээ ч хөлс нь урсдаггүй бөгөөд халуунд дуртай ажээ. Дорнд нүцгэн цээжтэй явж, Дорнийн хүн шиг хүрэнтэн борложээ. Энэ бол түүний лууны цус. Хөлстэй луу гэж хэзээ байсан юм бэ? гэж Данк өөртөө хэллээ. Тэр бас цамцаа дуртайяа тайлах байсан ч зохилдохгүй байв. Хэрмэл хүлэг баатар хүсвэл нүцгэн явж болох ч тэр өөрийгөө гутаах хүн биш. Илдээ өргөхөөр андгайлсан цагт бол энэ нь өөр хэрэг. Чи лордын мах, балыг хүлээн авч түүнийг бүрэн дагалдах хэрэгтэй. Үргэлж түүний хүлээж байгаагаас дутуугүй илүү зүйл хийж бай. Ямар ч даалгавараас хулчийх юм уу няцаж болохгүй. Үүний дээр хамгийн гол нь зүтгэдэг лордоо гутааж болохгүй гэж сэр Арлан хэлдэг байжээ. Стандфастад “мах, бал” гэдэг нь тахиа, шар айраг байсны зэрэгцээ сэр Юстас ижилхэн энгийн хүн байв.

Иймээс Данк өмссөн цамцтайгаа хөлсөө урсган явлаа.



_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.09.14 1:21 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 874
Баярлалаа Крофт минь

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Nov.09.14 1:44 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
.


Top
   
PostPosted: Nov.09.14 8:15 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Баярлалаа Крофтоо :wd: :wd:

Лууны цустай хүн тийм л онцгой юм байх даа. Халууцахгүй, галд шатахгүй гээл

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.09.14 3:06 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jul.18.14 5:51 pm
Posts: 82
Орчуулсан ном нь хэвлэгдсэнд нь баяр хүргье Крофтдоо :angel:
Өглөө интерномоор ороод гарлаа Хаан ширээний тоглоом дууссан байгаа удахгүй 2 дэвтэртэйгээ цуг ирнэ гэж байна даа.Номын сандаа заавал байлгах ном гэж боджийгаа шүү.
Дараачийн тууж эхэлсэн юм байна шд хүлээжийгаа шүү :wd:

_________________
Тэнгэр өөд...


Top
   
PostPosted: Nov.09.14 3:14 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jul.18.14 5:51 pm
Posts: 82
faceless woman wrote:
олигтойхон хэлний мэдлэгтэйсэн бол намын даргадаа жаахан ч гэсэн туслах юмсан.
цөөнхүүд зүгээр өө эрээд байх юм. намын даргаа нүүргүй нүүрээрээ хамгаална гэдгээ заралчи зүгэр

Би андуураагүй бол Экскаалибур намд элсий гэсэн пост чин байсандаа.Тэгээд ч манай Могиканыг түгжилдэж орхичоод одоо Крофт руу орох нь уу Крофтоос хол байгаарай :whip:
Бидний унших дуртай номонд "North remember" гээд хэлц байдаг даа.Бид мартаагүй байгаа :m2:

_________________
Тэнгэр өөд...


Top
   
PostPosted: Nov.09.14 4:19 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Крофтдоо талархлаа.
Таминь, faceless woman-г буруугаар ойлгоцгоогоод байгаан бишүү?

faceless woman wrote:
bi Excalibur namd orhoor shiidlee. last_mogican haana bi tend bh bolno. :)


Ингэж бичсэн байнашд. Уул шугамандаа Крофтын намын нэр excalibur гэж буруу ойлгосон байх. гэхдээ last mogican хаана би тэнд гэдэг нь учир явдлыг хангалттай тайлбарлаж байна гэж бодогдмой. Буруу ойлгосон бол faceless woman минь залруулна биз :mrgreen:

_________________
Төв


Top
   
PostPosted: Nov.09.14 7:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Манай Могикан ч алдартай хүн дээ :hihi:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.09.14 8:13 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 874
croft wrote:
Манай Могикан ч алдартай хүн дээ :hihi:.

Аргагүй шд алтан луу мөнгөн бугаар наадаж явдаг хүн чинь алдаршихгүй яах юм.Самуун зальхай зан гаргах ч энүүхэнд :haha:

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Nov.11.14 1:02 am 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: Apr.29.10 10:00 am
Posts: 401
Hooh yanztai, Hermel baatraas nelen heden jilin Dara bolj urgeljilj bnuu te


Top
   
PostPosted: Nov.12.14 1:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Би нэг зүйл ойлгодоггүй ээ.

Эцэст нь Хоёрдугаар Дэйрон хаан эцгийнх нь хүсэлт ёсоор тайван оршуулжээ.
Hedge knight дээр Бэйлор 7vs7 тулаанд үхэх үед Дэйрон хаан байсан биз дээ. Бэйлор том хүү тул хааны гар, хаан ширээ загамжлагч ханхүү байсан.

Хүмүүсийн ихэнх Цусан хэрээ болон Эйрис хааныг ган гачигт буруутгаж байлаа... ган гачиг хоёр дахь жилдээ үргэлжилж буй учир
Эндээс харахад Hedge Knight-ийн үйл явдлаас хойш удалгүй Дэйрон хаан үхэж 2-р хүү Эйрис хаан болж, 2 жил өнгрөөд Sworn sword-ийн үйл явдал эхэлж байгаа мэт.

Зургаан жилийн өмнө Хааны газар Данк өөрийн биеэр түүнийг цайвар морь унаж, Хэрээний шүдний тавин цэрэг дагуулан Гангийн гудамжаар явахыг харжээ. Энэ нь Эйрис хаан төмөр хаан ширээнд сууж түүнийг Хааны Гараар өргөмжилсөн үе байлаа.
Гэтэл 6 жилийн өмнө Эйрис хаан болж, Bloodraven хааны гар болсон байдаг.

Hedge knight-ийн үйл явлаас хойш 6 жил өнгөрсөн байлаа гэж үзэхэд Эгг тэр үед дөнгөж 4 настай байсан мэт
Заримдаа Эгг мэйстерээс цэцэн байх атал заримдаа арван настай хүү хэвээр байдаг байлаа.


Top
   
PostPosted: Nov.12.14 1:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Эрдэмтэн гүүш Бүүк хариулна :wink:. Би ухаж үзэх жаахан зав муутай байна. Хожим засна гээд жаахан хайнга явчихсан тал бий л байх.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.12.14 2:53 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Masgu wrote:
Би нэг зүйл ойлгодоггүй ээ.

Эцэст нь Хоёрдугаар Дэйрон хаан эцгийнх нь хүсэлт ёсоор тайван оршуулжээ.
Hedge knight дээр Бэйлор 7vs7 тулаанд үхэх үед Дэйрон хаан байсан биз дээ. Бэйлор том хүү тул хааны гар, хаан ширээ загамжлагч ханхүү байсан.

Хүмүүсийн ихэнх Цусан хэрээ болон Эйрис хааныг ган гачигт буруутгаж байлаа... ган гачиг хоёр дахь жилдээ үргэлжилж буй учир
Эндээс харахад Hedge Knight-ийн үйл явдлаас хойш удалгүй Дэйрон хаан үхэж 2-р хүү Эйрис хаан болж, 2 жил өнгрөөд Sworn sword-ийн үйл явдал эхэлж байгаа мэт.

Зургаан жилийн өмнө Хааны газар Данк өөрийн биеэр түүнийг цайвар морь унаж, Хэрээний шүдний тавин цэрэг дагуулан Гангийн гудамжаар явахыг харжээ. Энэ нь Эйрис хаан төмөр хаан ширээнд сууж түүнийг Хааны Гараар өргөмжилсөн үе байлаа.
Гэтэл 6 жилийн өмнө Эйрис хаан болж, Bloodraven хааны гар болсон байдаг.

Hedge knight-ийн үйл явлаас хойш 6 жил өнгөрсөн байлаа гэж үзэхэд Эгг тэр үед дөнгөж 4 настай байсан мэт
Заримдаа Эгг мэйстерээс цэцэн байх атал заримдаа арван настай хүү хэвээр байдаг байлаа.

Нэгдүгээрт Бэйлорын амь үрэгдэх үед II Дэйрон эцэг нь хаан байсан нь үнэн. Энд "Хаан эцэг II Дэйроны хүсэлт ёсоор тайван оршуулжээ" гэсэн утгаар ойлгох хэрэгтэй юм. Номынхоо үгээр бол Бэйлорыг ингэж оршуулахад "эцгийнх нь хүсэл голлосон бөгөөд II Дэйрон номхон хүн байсан" гэх маягаар бичсэн байдаг.

Хоёрдугаарт "Номч" Эйрис хаан болсноос хойш биш "Hedge Knight"-ийн үйл явдлаас хойш 2 жил өнгөрөөд "Sworn sword"-ийн үйл явдал эхэлж байгаа . Бэйлор 208 онд нас барснаас жилийн дараа 209 онд II Дэйрон хаан, Бэйлорын угсаа залгамжлах хөвгүүд Валарр, Матарис нар нас барж Эйрис сэнтийд суусан. Түүнээс жилийн дараа "Sworn sword" эхэлж байгаа шүү дээ.

Гуравдугаарт Их гүүш ганц үг орхисоноос ийм төөрөгдөл үүсч :wink: . Уг нь "...Энэ нь Эйрис хаан төмөр хаан ширээнд сууж түүнийг Хааны Гараар өргөмжилөхөөс өмнө ..." гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 6 жилийн өмнө Дункийн харсан нь Цусан хэрээ II Дэйроны Бага зөвлөлийн "Шивнээчдийн тэргүүн" байсан үе гэсэн үг. "Лорд Цусан хэрээ хичнээн нүдтэй вэ. Мянган нүд болон ганц нүдтэй..."
"Hedge Knight"-с 4 жилийн өмнө гэхээр Эгг үнэхээр л 4 настай байж дээ :hihi:


Top
   
PostPosted: Nov.12.14 4:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
1-рт, Нэг, хоёрдугаархыг би зөв ойлгожээ.
2-рт, Хамаг төрөөгдөл үнэхээр тэр орхигдсон ганц үгээс болжээ.
3-рт, "Hedge knight-ийн үйл явлаас хойш 6 жил өнгөрсөн байлаа гэж үзэхэд Эгг тэр үед дөнгөж 4 настай байсан мэт" гэсэн нь Hedge knight-ийн үе буюу Данктай танилцах үедээ Эгг 4 настай байсан болж таарч, зөрчил үүсч байна гэсэн утгаар хэлжээ. :hihi:


Top
   
PostPosted: Nov.12.14 4:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6393
Masgu wrote:
2-рт, Хамаг төрөөгдөл үнэхээр тэр орхигдсон ганц үгээс болжээ.

Яаж зүрхэлж байна аа :hihi:.

Таныг төрөөгдүүлсэндээ үнэхээр гэмшээд барахгүй нь :mrgreen:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.12.14 5:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Таныг гэмшихэд хүргэсэндээ үнэхээр харамсаад барахгүй нь :frog:


Top
   
PostPosted: Nov.12.14 8:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Соёлтой хүмүүс гэмээ аймар соёлтой хүлээхиймаа тээ :hihi:

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 45 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited