#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.20.18 5:38 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 179 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next
Author Message
PostPosted: Aug.26.11 11:13 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ


ӨҮЛЭН


Хабул хааны ач,Бартан баатрын хөвүүн Есүхэй баатрын гэнэтийн үхэл Боржигон аймгийн задралаас авахуулаад албат иргэдийн зовлон гуниг дүүрэн амьдрал хүртэл олон олон явдлын эх шалтаг болов.

Тэдгээрийн дотроос таван балчир хүүхдийнхээ хамт өнчирч, удалгүй унаган албат иргэддээ хаягдан хоцорсон Өүлэн хатан хамгийн их гамшгийн амссан юм.

Боржигон аймгийн хүчинд автан олон жил тэдний дор захирагдан суусан тайчууд,жүрхэн гээд олон овог аймаг толгой даан салж одсон нь зөвхөн ганц Есүхэйн үхэлтэй холбоотой биш ч гэлээ үнэнхүү Тэнгэрийн гэсгээл гэмээр амьдрал Өүлэнг тоссон билээ.

Эрт багын амьдрал нь Өүлэний хувьд хамгийн аз жаргалтай байжээ.Эргэх цагийн эрхээр хүүхэд хонгор нас нь нэг л мэдэхэд элэн одоод эхийн өвөр эцгийн гэрээс холдож эрийн энгэр түшихдээ ч Өүлэн гуниж харамсаагүй юм.Хайртай дуртай сэтгэлд дотно хүн нь түүнийг авааль эмээ болгон авах ховор аз түүнд тохиосон бөгөөд тэр нь мэргэд аймгийн их Чилэдү хэмээх булиа сайхан биетэй, зөөлөн хонгор ааштай, уяхан сэтгэлт эр байв.Хоёр хүүхдээ нийлүүлж удам угсаагаа үргэлжлүүлэхийг эцэг эхүүд нь дэмжин сайшаажээ.Хайртай эрдээ очих ховор аз тохиосон Өүлэнгийн тухай хавийн эмс охид ам хуурайгүй шагширч атаархан магтсаар түүнд олны цагаан хэл ам хүрчээ.Уг нь учрыг мэдээд гэр бүл болохоо сайтар нууцалсан бол тэд аз жаргалтай амьдрах байв.Тэднийг Тэнгэр ивээсэнгүй.Дэндүү санаан зоргоор хүн бүрийн атаархалыг төрүүлсэн хувь заяа нь Өүлэнд ямар аймшигт бэлэг бэлдсэнийг тэр үед хэн нь ч таасангүй.

Бүсгүй заяагаа даган Өүлэн хүний нутагт очих өдөр иржээ.

Гэтэл Мэргэд аймгийн нутаг Сэлэнгэ мөрний адагт их Чилэдүгийн гэрт хүрч амжаагүй явтал Боржигон аймгийн Есүхэй гэгч зэрлэг догшин эр болжмор шүүрэх бүргэд адил довтлон ирээд авааль эр Чилэдүг нь айлган хөөж,Өүлэнг булаан аваачаад хүчээр эзэмдэн эхнэрээ болгожээ.

Хайртай Чилэдүгээс хагацсандаа гансран шаналж олон ч хоног сэвлэгээ хийсгэн уйлсан боловч аврал ирсэнгүй билээ. Эм хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг болж Тэмүжин хөвүүнээ төрмөгц Өүлэн энэ амьдралдаа үнэнч зүтгэхээр хоёргүй сэтгэлээр шулуудсан юм.

Өүлэн жирийн нэг сул эрд булаагдсангүй.

Монгол аймгуудын дунд зартай баатар эр Боржигон аймгийн Есүхэйд тоогдсондоо бас ч үгүй бахархаж, олны хүндлэлд тайтгаран харин ч Хасар хөвүүнээ төрсний хойно мэргэдүүд өөрөөс нь болж дайн самуун үүсгээгүйд баярлах болжээ.Тийм учраас их Чилэдүг эргэн ирээгүйд дотроо сэм талархах болсон билээ. Гэвч хэргийн учир их Чилэдүд биш харин Есүхэй баатарт байлаа. Их Чилэдү бол Мэргэд аймгийн дотроо нэр хүнд, эд хөрөнгө их биш тул хэн ч түүний төлөө цэрэг хөдөлгөн зориг хүч төгс Есүхэйтэй дайсагнахыг хүсээгүй байжээ.Их Чилэдү угийн номхон томоотой хүн учир өөрөө ч зориглон хөдөлж чадсангүй нь Өүлэнг Есүхэйн гэрт тайван амьдрах болгожээ.Боржигон аймагт ирснээр Өүлэн аз жаргалтай байлаа.

Тэмүжин, Хасар, Хачиун,Тэмүгэ дөрвөн хөвүүн төрүүлж Есүхэйн удамд дархлагдав.

Тэмүлэн охинтой болсон нь бүр ч баясгалан болов. Гэвч гэнэ гэнэ их Чилэдүгийн зөөлөн бор нүдийг санах бөгөөд тэр бүрийд өөрийн эрхгүй салаа гэзэгнийхээ зүүнийг эгэмрүүгээ унжуулж санаа алддаг билээ. Мэргэдийн тэр уян ааштай залуутай жаргалтай амьдрана гэж санасан юм.

Хэн нэгэн ингэж аз жаргалыг нь булаан авна чинээ санаагүй залуу эр эм хоёр хэдий зуны найртай цэцгийн улирал гадаа хээр хоюулхнаа боловч эгмээ нийлүүлж эрхтэнээ золгуулж ч чадалгүй дэмий л инээмсэглэн ширтэлцэж явсаар хүрэл царайт Есүхэйтэй учирсан билээ.

Есүхэй олзны гоо эмээ гэртээ авчирмагц тэр дор нь нүцгэлээд эдэлж үзвэл Өүлэн охин зүстэй онгон биетэй байсанд ихэд бэлэгшээн чухам Тэнгэрийн хишиг гэж тоожээ.

Хэрэв булаан авсан эм нь онгон биегүй байсан бол Есүхэй түүнийг дүү нарынхаа нэгэнд нь өгч орхих байжээ.Өүлэн Есүхэйд ирээд дараалан дөрвөн хөвүүн төрүүлсэн нь чухам Тэнгэрийн хишиг гэдэг нь үнэн болохыг баталсан юм. Хөвүүн төрүүлнэ гэдэг эм хүнд олдохгүй хувь заяа бөгөөд энэ явдал Өүлэний нэр нөлөөг Боржигон аймгийн дунд бэхжүүлжээ. Гэтэл үүлгүй тэнгэрээс үер асгарч үзүүртэй мод булгаран унах шиг Есүхэй гэнэт татаарт хорлогдон үхэв.

Тал нутгийн нүүдэлчин омгийн амьдралд адууны эрэлд яваад алагдах нь энүүхэнд хэрэг боловч бүтэн нэртэй Боржигон аймгийн хан баатар Есүхэйн гэнэтийн үхэл арай ч хэрээс хэтэрсэн явдал байв.Гэвч Есүхэйн гэнэтийн үхэл Хиад Боржигон аймгийн хуурамч нэгдэл, ёс төдий эвлэрэлийг эвдэн хаяжээ.

Угаас аймгийн эрхийг барихын төлөө далдуур өрсөлдөгч олон байсан нь Боржигон аймгийг бутраав.Энэ нь Есүхэйн залгамжлагч тодроогүйгээс биш, харин хүч тэнцүү олон өрсөлдөгч байснаас болсон билээ. Хамгийн эхлээд Боржигон аймагт хүчээр нэгдсэн Тайчууд өнийн хүслээ гүйцээж салан одов. Дараа нь Есүхэйн өнчин нялх хөвүүдийг дагаж явах нь хүчтэй нэгний олз болох аюултай тул үлдсэн албатууд нь өөрийн садан төрлийн Жадаран аймагт очив.

Одоо Өүлэний дэргэд үнэнч зарц Чирха өвгөн,түүний хөвүүн Мэнлиг гээд харц хамаатан цөөн айл хоцров.

Тэдний дотроос Чирха өвгөний хөвүүн Мэнлиг бол үлдэх ёстой хүн юм.Учир нь Есүхэй үхэхдээ өөрийн ургийн унаган харц Мэнлигт Өүлэн болон хөвүүдээ асрахыг даатган гэрээслэсэн билээ.

Их бага хоёр хатнаа Мэнлигт асрахыг гэрээсэлсэн нь тэднийг эм болгон өөрөө авахыг зөвшөөрсөн хэрэг ч Есүхэй ингэж хүсээгүй юм. Гэвч үхэл түүнд өөр сонголт үлдээсэнгүй.

Нүд бүрэлзэн амьсгал хураах үедээ бачимдан хашгирах цагт Есүхэйн дэргэд агтач Мэнлиг хэмээх залуу эрээс өөр хэн ч байсангүй. Ард үлдэх Өүлэн, Сочигал хатдаа нялх хөвүүдээ хэн нэгэнд захиж хэлэхгүйгээр яаж үхэж болох билээ.


Last edited by saiba_ryo on Aug.26.11 11:20 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.26.11 11:18 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
-Дэргэд минь хэн байна.
-Би Чирха өвгөний хөвүүн Мэнлиг байна. Бүрэлзсэн нүдэнд Мэнлигийн царай цаана наана болж манарч үзэгдэнэ. Гэвч түүнийг тоохоос өөр арга цаг үлдсэнгүй нь харамсалтай.
-Хүү минь Мэнлиг чи сонс. Хөвүүн минь балчир байна. Тэмүжин хөвүүнийг урагт хүргээд буцах зуур татаарт хорлогдов. Дотор муу байна. Өнчин хоцорсон дүү нараа, бэлбэсэн бэргэдээ асрахыг чи мэд. Тэмүжин хөвүүнийг даруй явж авчир. Хайрт Мэнлиг минь. Энэ бол Есүхэйн сүүлчийн үг байв.

Ид хүчтэй идэр насандаа татаарын өгсөн хорт идээнд хорлогдон үхсэн нь даанч харамсалтай бөгөөд Есүхэйн нулимст нүд уур хилэн гэхээсээ илүү уй гашуу дүүрэн байв. Есүхэйн сүүлчийн гэрээс үгийг Өүлэн,Сочигал нар сонссон билээ. Гэвч тэр үед тэд уйлахаас өөрийг хийж эс чадав. Харин Мэнлигт Есүхэйн үг Тэнгэрийн цааз юм.

Мэнлиг эзнийхээ гэрээслэлийг бат санан Өүлэний хаяанаас холдохгүй байсаар ганц гэрээр үлджээ. Мэнлиг бол Өүлэнээс насаар хэд дүү бас олон нялх хөвүүдтэй хүн билээ. Эцэг Чирха нь Өүлэнийг хаяж нүүж буй албат зарц нарыг буцаах гэж ятгаж очоод тайчуудын Таргудайд жадлагдан шархаа даахгүй үхсэн нь тэднийг улам ч дотносон ойртуулжээ.

Есүхэйн үхлийн дараа Өүлэний бүх амьдрал санаанд оромгүйгээр хувиран өөрчлөгдөв.

Мэнлигийнх Өүлэний хамт нүүж суусаар хэдэн сар болов.Хот айлын дундах ганц эрийн ёсоор хэдий харц ч гэлээ хамаг эрх мэдэл аажмаар Мэнлигийн гарт шилжсэн нь Өүлэний сэтгэлд нийцсэнгүй.

Гэвч яаж ийгээд л эр хүн тул давуу байдалтай болсон билээ. Өүлэний хуучин цагийн нэр сүрээс юу ч үлдсэнгүйгээр барахгүй Мэнлиг түүнийг асран авсан эрийн ёсоор шөнө ирж өвөр түрийг нь маажих болжээ.

Хэдэн шөнө дараалан дур хүсэлдээ тачъяадаж шатсан Мэнлигийг өврөөсөө хөөн гаргаж дийлсэн боловч харц зарцдаа хаяж одсон Есүхэйг хараан зүхэж гашуунаар уйлж нойргүй хонодог байжээ.

Зарцдаа эдлэгдэнэ гэж санахаас ой гутаж үхмээр.Харин Мэнлиг шөнө ирэхээ гэнэт больжээ. Бүр сар ирсэнгүй. Өдөр айраг тараг гэж орж гарах боловч Өүлэнг ер эм хүн гэж тоож үзэхгүй болсон нь хачирхалтай байлаа.

Гэтэл хөвүүд загасанд явсан намрын өдөр Өүлэн нэгэн явдлыг үзэж сэтгэл санаа нь дэнслэв.

Эзэнгүй хот айлын хойдох Есүхэйн нөгөө хатан Сочигалын гэрээс гэнэт янаглан яраглах эмийн дуу ихээр гарахыг дэргэдүүр нь өнгөрч яваад сонсож тэсэлгүй гайхан тотгоор нь очиж шагайжээ. Дүрэлзэх галын цаана хоймрын ширдэг дээр мөнөөх Мэнлиг залуу биеийн эр чадлыг гайхуулах шиг Сочигалыг дуу алдуулан эдэлж байхыг үзжээ. Мэнлигийн таг чиг болсны учир энэ ажээ. Өүлэн даруй зайлан явж гэртээ оров.

Саяын үзсэн дээрх явдал түүнийг ингэж олон зүйлийн эрээн бодолд унагаж нойргүй хонуулна чинээ санаагүй билээ.

Есүхэй үгүй болоод жил өнгөрсөн тул эм бие нь эрийг хүсэмжлэн хагсарч гундсаныг хамгийн түрүүн мэдэв. Энэ үед Өүлэн дөнгөж гучин нас өнгөрч байлаа.

Нүдээ аних бүр Сочигалын тэсч ядан тачъяадан гиншиж байсан нь үзэгдээд Мэнлигийн залуу идэр,булчин шөрмөс зангирсан бие өөрийн эрхгүй хүсэгдээд бүр хамаг сэрлийг өдөөн тарчлаах ажээ. Өөрийгөө эрийг ингэж ихээр хүсэмжлэнэ чинээ санасангүй билээ.


Top
   
PostPosted: Aug.29.11 8:55 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Нөгөөтэйгүүр зарцтайгаа шалигласан Сочигалд уур зэвүү зэрэг хүрэх боловч санааны мухарт атаархалын бяцхан гал сүүмэлзэн цаг өнгөрөх бүр тодрон зүрхэн тушаа газар нь халуу оргиулсаар байлаа.

Тэр шөнө тэлээ бодолд урхилагдан тэлчилж хонохдоо юу ч шийдэж чадаагүй бөгөөд хүсэл тачаалаа хангах хамгийн ойрын бодол дийлэх ажээ.Эм хүн амьдралын хүндэд шаналж ганцаардахдаа эр хүйстний хатуу зориг, халуун энхрийллийг юунаас ч илүү эрхэмлэн хүсэмжилдэг болохыг өөрийн эрхгүй ойлгожээ.

Хоосон цэвэр нэр нүүрээ бодох нь Мэнлигийн сэтгэл биеийг түрүүлж эзэмдсэн Сочигал, Есүхэйн өнчирч хоцорсон эзгүй хүрээнд ч гэлээ илүү эрх мэдэлтэй болох илэрхий аюулд хүргэж байгааг сүрхий тод чухал биш ч гэлээ мэдэрсэн нь Өүлэний бодлын үр байсан юм. Эр нь үхсэний дараа үлдсэн эмс нь гэрийн дотрох эрх мэдлийн төлөө тэмцдэг тэр жамыг Өүлэн ойлгож авчээ.

Сочигал Хасар, Тэмүжин хоёртой нас чацуу Бэгтэр, Билгүтэй хөвүүдтэй. Ахмад хөвүүн Бэгтэр нь зан ааш түрэмгий биеэр өсгөлүүн тул Тэмүжинийг илэрхий дарлан дээрэлхэхийг үзсэн болохоор хөвүүдийнхээ төлөө өөрийн дур тачаалыг хангахаас илүүтэй санаа тавьж бодох ёстойгоо мэдлээ. Өүлэнд үүнээс өөр зөв зам үгүй мэт санагджээ. Мэнлигт түрүүлж биеэ эдлүүлснээр Сочигал ямар давуу тал олж болохыг хожимдсон ч ойлгожээ. Есүхэйн үхэхдээ хэлсэн гэрээс үг ядуу эр Мэнлигийг ингэж үнэд оруулна чинээ Өүлэн санаагүй билээ. Гэвч хэдхэн хоногийн дараагаас Есүхэйн гэрээсийг дагаж Мэнлигийн хүслээр болоогүйдээ ямар их алдаа хийснээ Өүлэн үзэж эхлэв.

Сочигалын номхон төлөв зан эрс хувирч бүгдийг ээрч омогдох нь илт болжээ. Бас Мэнлигийн дэмжлэг, эхийнхээ ивээлийг олсон Бэгтэр өөрийгөө энэ гэрийн эзэн болох хүн гэж илэрхий үзэж,Тэмүжинг өчүүхэн зүйл дээр ч болов дарлан дээрэлхэх нь зовлон дээр зовлон болж эхэллээ.Тэмүжин хөвүүн нь бяр хүчээр Бэгтэрээс хол дорой учир эрс хатуу эсэргүүцэн зодолдож үл чадна.Хөвүүнийхээ гомдол, хяслын нулимс гялалзах хонзонт шар нүдийг харах бүр Өүлэний сэтгэл сэмрэн урагдана.Хөвүүдийнхээ хувь заяаны төлөө Өүлэн амьдралтай эвлэрэн бууж өгөх ёстойгоо ойлгов.

Гэвч том болж эр эмийн элдэв учрыг аль эрт гадарлах болсон хөвүүдийнхээ дэргэд зарц харцтайгаа шалиглахыг тэр тэвчихгүй тул хөвүүддээ тусад нь гэр засч төвхнүүлсэн нь Тэмүжин, Хасар хоёрыг тэгэж их баярлуулна гэж бодоогүй билээ. Энэ нь хүүхдийн гэнэн сониуч зан төдий биш болохыг Өүлэн үзэж мэдэв.Тэмүжин хөвүүн нь бие дааж, толгой мэдэн амьдрахыг хүсч байгаагийн илрэл байлаа.Бага балчир Тэмүгэ хүртэл ах нарын хамт шинэ гэрт унтах болов.Одоо Өүлэний хамт хоёр настай Тэмүлэн охин нь л үлджээ. Мэнлиг, Сочигал хоёрын холбоог зүгээр нэг эрийн галиг эмийн шалиг гэж үзэж болохгүй болсон тул ингэхээс өөр зам Өүлэнд үлдсэнгүй.

Тэмүжинг ирээдүйн худ Дайцэцэнийд хүргэж өгөөд буцаж ирсэн Мэнлигийг Өүлэн идээ будаа бэлдэж гэртээ урив.
Угаас Тэмүжинг худындаа буцааж хүргэж өгнө гэж амалсан байсан ч Есүхэйн үхлээс болоод жил тойрон амжил болоогүй билээ. Бас балчир хөвүүнээ хүний гэрт тэвчин илгээж чадахгүй хайрласаар байжээ. Гэвч гэр оронд бий болсон явдал хөвүүнээ Бэгтэрийн гарын шүүс болгож, доромжлогдон явахаас зайлуулж худындаа түр боловч илгээхийг Өүлэн зөв гэж үзэв. Худындаа очно гэдэг Тэмүжиний хувьд Бэгтэрээс дээрд үзэгдэх ганц боломж байсныг ч Өүлэн бодсон билээ. Учир нь Есүхэй нас чацуу Бэгтэр, Тэмүжин хоёр хөвүүнээсээ сараар ах Тэмүжинг сонгон бэр буулгаж сүй тавьсан нь өөрийн орыг Тэмүжинд гэрээслэсэн хэрэг гэдгийг Өүлэн тэдэнд мэдүүлэхийг хүссэн юм. Өрх гэрийн дотор эрх мэдэл булаалдсан энэ үед Тэмүжинг хэн болохыг Сочигал Бэгтэр хоёрт сануулахын тулд хэцүү, хайрлалтай ч гэлээ хөвүүнээ хүний гэрт илгээхээс өөр арга Өүлэнд байсангүй. Мэнлиг, Тэмүжин хоёрыг бүгд цуглан хүндтэйгээр үдэн мордуулав.

Ингэж Тэмүжин хэдий арван нас дөнгөж өнгөрч буй ч том хүний орыг эзэлж, гэрийн дотрох ахмад хөвүүнд тооцогдохын тулд нулимсаа тэвчин Өүлэн эхийнхээ хатуу чанд сэтгэлийг үг дуугүй дагасан билээ. Өүлэний гэрийн дотор гал дүрэлзэж халуу дүүгээд архинд халамцсан Мэнлиг Дайцэцэн Тэмүжинг яаж баясан угтсаныг ярьж суув.

Үдэш болж тэнгэрт сар гийжээ.
Өүлэн Тэмүлэн охиноо Хасар ахынх нь өвөрт унтуулаад орж ирэв.Өүлэн өөрийн хувцсыг нимгэлж уран гоо гуя хасаа нэвт гэрэлтүүлэн явж суух нь Мэнлигийн угийн хүслэнт сэтгэлийг гал дээр тос асгасан мэт дүрэлзүүлж тэвчин ядан суулаа.
Мэнлиг өнөө шөнө Өүлэнг хүчээр эзэмдэхээр эргэлтгүй шийджээ.

Ингэхийг л Өүлэн хүссэн тул улам ч уян наалинхай аашилж байлаа. Гэвч үүний өмнө Өүлэнд хэлж ярих үг олон байв. Тийм учраас бас Мэнлигийн дур тачаалыг тэслэн дэлбэлэхийг, хормын дотор асгаран тайвшруулахыг хүссэнгүй.Илэрхий ойртон дотносож гуя хасаа илбүүлж байвч Мэнлигийн эцсийн хүслийг гүйцэлдүүлэхээр оролдох агшинд шалтаг олж могой мэт гулсан холдоно.Өүлэн Мэнлигийг өөрийн үг, харцаар нэг мөсөн дагуулахыг боджээ. Тэр цаг болов.

Мэнлиг хүсэл тачаалаа тэвчиж эс чадаад Өүлэний өмнө сөгдөн уйлав. Түүний амнаас хайр уяралын уран үгс урсаж гарчээ. -Өүлэн. Чи намайг сонс. Би зөвхөн Есүхэй баатрын гэрээслэснээр гул барьж чамайг эзэмдэхийг үл хүснэ. Би өөрийн сэтгэлийн чанад байгаа хайр сэтгэлээр чамайг эзэмдэхийг хүснэ.Есүхэй баатар чамайг авч ирэхэд би арван гуравтай хөвүүн чиний тэргийг даган гүйж явлаа. Тэгэхэд л би чиний гэрэлт царай, гэгээн биенд чинь үхэн дурласан юм.Би чамайг надад өгөөч гэж дээд Тэнгэрээс хичнээн ч гуйв. Одоо Тэнгэр миний үгийг сонсч чамайг надад өглөө. Чи бүү харамс. Өүлэн. Эр чинь нэгэнт үгүй болов. Би чиний хөвүүдийг яавч өөрийнхөөс гадуур үзэхгүй. Хүсвэл би чамайг хөвүүдийн чинь хамт авч алс хол одъе.Ганцхан чи л намайг хайрла. Би чамайг хүчээр эзэмдэхийг үл хүснэ гэж уйлжээ. Өүлэн Мэнлигийн сэтгэлийн үгийг ойлгон сонсов.

Мэнлигийн харц хэрхэн өөрт нь тусч яаж сэм харцаа нуудгийг олон жил мэдэрсээр ирсэн билээ. Өүлэнд шунан дурласан сэтгэл нь Мэнлигийг одоо болтол энд аргамжсан юм.
-Мэнлиг минь сонс. -За би чиний хэлснээр хийе. Өөрийн хүсэл биелэгдэхэд ойртсоныг гадарласан Мэнлиг Өүлэний бэлхүүсээр тэврэн авав.
-Байз. Чи хүлээ. Эхлээд миний хэлэх үгийг сайтар сонс. Биднийг Есүхэй баатар эзний сүнс харж байгаа. Энэ үг Мэнлигийг түр зуур цочроож, төлөв царайг олж өөрийн суудалд суулаа.
-Мэнлиг. Чи бол Есүхэй баатар эзнийхээ толгойг түшиж, тоотой үгний нь эцсийг сонссон хүн. Эзэн чинь чамд эм намайг, өнчин хөвүүдээ даатгасан. Энэ бол ганц намайг чиний гэрт суухыг хэлсэнгүй. Өөрийн амь өрсөн явж сүй тавьсан Тэмүжин хөвүүнээ хэлсэн хэрэг юм. Чи эзнийхээ алтан гэрээсийг бүү март.Тэмүжин Есүхэй эцгийнхээ ард эзэн суух ёстой юм. Чухам ингэхийг л Есүхэй баатар эзэн чинь хүссэн билээ.

Гэтэл чи Сочигалд унаж, түүний хөвүүн Бэгтэрийг ивээх болжээ. Тэгээд юу болов.Нэг эцгийн хөвүүд эвдрэлцэж салхи хөдлөх шиг шалтгаангүйгээр үг сөрөх боллоо.Дор сууж, доор мэхийх ёстой Сочигал чиний точигонд халуурч чихгүй мэт аашлаж дөргүй мэт зүтгэх боллоо.Чи юунд Есүхэй баатар эзнийхээ сүнсийг уурлуулж сайн ясыг нь өндөлзүүлэв.Урд шөнө Есүхэйн баатрын сүнс ирж надтай олон зүйлийг хүүрнэн суув. Одоо ч тэр бидний үгийг сонсож сууна. Өүлэн ийн хэлээд тооно өөд харлаа.

Мэнлиг хэдий тооно өөд харж юу ч олж үзээгүй ч архи нь гарч аймшиг дүүрэн чичрэв. Үнэхээр тэр ёсгүй боол мөртлөө хан эзнийхээ хатдын халуун биенд хүрч юу хийснээ гэнэт ойлгов.
-Эзэн минь өршөө. Боол би осолджээ. Намайг үхүүлбэл таарна. Би ганцхан таны захиснаар л хатад хөвүүдийг тань асрая гэж чин сэтгэлээр санасан билээ гэж айн балмагдсан Мэнлиг ихээр уйлан газар мөргөв. Нээрээ л Есүхэйн сүнс тоонон дээрээ сууж байсныг Мэнлиг харсан мэт айлаа.Тэр сүнс яг Есүхэйн адил цоо ширтэх догшин харцтайг үзэх шиг болжээ.Харин Өүлэн Есүхэйн сүнстэй ярилцаж зовж шаналсан сэтгэлээ сэргээж, зориг итгэл олдог байв. Тэр ёсоор одоо ч гэсэн Өүлэн дээрхи хэдэн үгний хойно сэтгэл нь амран тайвширчээ.

Эзнийхээ сүнснээс айж сүрдсэн Мэнлиг ширдгэн дээр хэвтсэн чигээр таг чиг болжээ.
-Мэнлиг босогтүн. Одоо Өүлэний үг хатуу чанга сонсдоно.
-Есүхэй эзний чинь сүнс нэгэнт тайвшраад явж одлоо. Чи өндий. Чи нэгэнт Тэмүжин хөвүүний төлөө амь тавин зүтгэе гэв үү. Чи сая эзнийхээ сүнсэнд тэгэж хэлэв үү.
-Тийм ээ. Би амлав. Би Тэмүжин хөвүүнд чин үнэнч зүтгэнэ. Өүлэн хатан та юу гэж хэлнэ. Би таны хэлснийг хийе. Би сая тэгэж амалсан билээ.
-Чи амалснаа эс биелүүлбэл эзний чинь сүнс лав чамайг зүгээр орхихгүй биз.
-Би хэзээ ч үгнээсээ үл няцна.
-Чи энэ өдрөөс хойш миний үгийг Есүхэй эзнийхээ үг гэж сонсогтүн. Сая тэр сүнс надад ингэж хэллээ гээд Өүлэн тооно өөд харлаа.Мэнлиг ч харав.Харин Есүхэйн сүнс Өүлэнд үзэгдсэнгүй.

Энэ нь Есүхэйн сүнс Өүлэний сэтгэлдээ шийдсэнийг зөвшөөрсөн хэрэг байв.
-Жа би хэлснээр тань хийх болно гэж Мэнлиг сэтгэл түр боловч амсхийн шивнэв. Чингэхдээ тэр үнэн сэтгэлээс хэлсэн билээ. Одоо түүнд Өүлэний биенд шунан тачаадах сэтгэл үгүй болжээ. Хэдэн өдөр моринд агсагдсан бие нь буларч ядраад гэртээ орж авааль эмийнхээ өвөрт шурган нам унтах хүсэл л төрнө. Есүхэйн аймшигт сүнс Өүлэнийг сахин суух юм гэж санаагүй тул эндээс бушуухан зайлан одсугай гэж шийджээ.

Тэр явах гэж бослоо.
-Чи хаачна.
-Би харъя даа.
-Сочигалынд очих нь уу гэж Өүлэн даажинтай бас тачааж өдсөн өнгөөр хэлсэнд Мэнлиг гайхаж бас сэмхэн тооно өөд хяламхийв. -Сочигал лав чамайг шөнө ирнэ гэж хүлээж буй биз.

-Би түүнд дахиж ойртохгүй.
-Чи үнэн хэлж байна уу.
-Тиймээ үнэн хэлж байна. Энэ үгийг Мэнлиг Есүхэйн сүнсэд дуулгах гэж тооно руу хашгиран хэлэв.

Харин Өүлэн инээд алдав.Жаахан халамцаж хацар нь ягаарсан Өүлэн дэнгийн гэрэлд адын үзэсгэлэнтэй үзэгдэнэ.
-Нааш ир.Мэнлиг минь. Өүлэний энэ үгсийг Мэнлиг тэр дороо ухаж ойлгосонгүй, таг гөлрөн үүдний тэнд зогссоор байв.
-Яав. Би Сочигалаас дор үзэгдэнэ гэж үү гэж Өүлэн дөхөн ирж гарыг нь атган хөхөн дээрээ тавив.Тэгмэгц Мэнлигийн сэтгэлээс Есүхэйн аймшигт сүнс хийсэн одоод зөвхөн Өүлэний зөөлөн булбарай бие, зүрхний цохилтыг л мэдэрч байв.Өүлэн ингэж Мэнлигийг бүрэн эзэмдэн авав. Өүлэний дур хүсэл тэсэлгүй бэрхээр оргилон буцлах тул дуу алдан гиншиж бүх биеэр Мэнлигт наалдан, түүнийг татан зөөлөн дэвсгэр дээр хамт унажээ.

Мэнлиг нэгэнт ухаан алдав. Одоо түүний бие сэтгэл зөвхөн байгалаас заяасан адгуусанд ч байх дадал, сэрэмжиндээ хөтлөгджээ. Өүлэн ч түүний адил ганцхан тачаал, хүсэлдээ захирагдав. Мэнлиг үнэхээр эр биений чалх гайхалтай эр байжээ. Жил сараар эрийн бараа үзээгүй Өүлэн түүнээс дутахгүй ханаж цадахыг мэдэхгүй мэт аашилна.

Тэд дахин учрахгүй хагацах амраг шиг шөнөжингөө бие салгалгүй янаглаж тачаалын хурыг хэдэнтээ асгаруулжээ.

Үүр цайсны хойно Мэнлиг хамаг тэнхээ шүүсээ барсан мөртөө соёолон азарга шиг хүч түрэмгийлэн эдлэсээр байсныг Өүлэн тэсэлгүй хөөж явуулжээ.Мэнлигийнх ойр саахалтын зайтай зусаж байлаа.Өүлэн нэгэнт санасандаа хүрсэн тул өдөржингөө нам унтсан билээ

Өлссөн Тэмүлэн охин нь уйлж татсан ч сэрсэнгүй.


Top
   
PostPosted: Aug.29.11 9:05 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Мэнлиг хэд хоног үзэгдсэнгүй. Харин хэд хоногийн дараа нэг үдэш ирэхдээ Өүлэний дургүйцлийн үгийг сонссонгүй шууд л өөрийн эм мэт үзэн хүчээр хувцсыг нь тайчин хүчирхэн эдэлж дур ханаад гэрийн эзэн мэт унтаад өгчээ.

Өүлэн түүний сэрэхийг хүлээж хоол хийж шөнө дунд хүргэв. Мэнлиг босч бэлдсэн хоолыг идчихээд
-Маргааш би Улз голын Өлөн тагт одно. Жаал хүнс бэлд. Би Жамухын тэнд очиж өөрийн аймгийн ах дүүстэй уулзана. Бид энд ганц гэрээр сууж болохгүй. Нэгэнт Сочигал та хоёр миний асарч авсан эм болсон тул хаашаа нүүж, хаана гэрээ барихыг чинь би мэдье.Өүлэн чи маргааш намайг явахад талийгч эрийнхээ алтан бүсийг надад гаргаж өгөгтүн.

Би хамаатан садандаа Есүхэй баатрын эмс хүүхдийг өөрийн болгож авснаа зарлаж мэдүүлье.Бас Жамухатай уулзаж нутаг заалган ивээлд нь багтан амар айван сууя гээд хариу хэлүүлэлгүй гарч Сочигалынд очиж хоножээ.

Өүлэн эхлээд эм хүний өчүүхэн атаархалдаа хөтлөгдөн Сочигалын гэрлүү очив.

Гэрээс Сочигалын тачаалдаа шатан орилох сонсдоно.Есүхэйн амьд сэрүүн үед Сочигал ингэж тачаадан орь дуу тавьж байхыг Өүлэн ер үзэж сонссонгүй билээ.Харц Мэнлиг эмийг эдлэн жаргаахдаа гаргууд ажээ.Тэр шөнө Өүлэн бодоогүйгээ бодож, нөгөө эхнэрийндээ хоносон эрээ хүлээх мэт нойргүй хөлбөрч өнгөрөөв.

Алдуул малд эзэн мундахгүй гэдэг шиг эзэнгүй газар өнчин хөвүүдийнхээ хамт суух үхлийн аюултайг Өүлэн сайн ойлгож байлаа.Тийм болохоор Мэнлигийн хэлсэн үгийг дагамаар. Мэнлигийн ингэж хэлсэн нь ер буруугүй юм. Учир нь тэр өөрийн эзэн Есүхэйн гэрээсийг биелүүлж байгаа хүн.Одоо тэр Есүхэйн ард үлдсэн эмсийг нь эзэмдэн авснаар энэ өрх зөвхөн түүний нэрээр дуудагдах болов. Хаашаа нүүж, хаана гэрээ барихыг тэр заах болов. Есүхэйн нэгэнт Мэнлигт тэгэж гэрээслэсэн болохоор түүнийг дагахаас өөр үггүй болжээ. Эрээ үхүүлж иргэд албаттаа хаягдан хоцорсон бэлбэсэн эм үүнээс өөр яах билээ. Бүх эмс эрээс өнчирвөл амьддаа захисан тэр хүнд нь очдог нь тал нутгийн амьдралын хатуу хууль юм.

Эс тэгвэл хэн нэг хүний хүслийг дагана. Үгүй бол ядуурч өлбөрөхийн туйлд хүрэх билээ.Есүхэйг дагаж байсан түүний унаган иргэд албатын тэн хагас нь Жамухын дэргэд очсон тул тэдний дунд Өүлэнг харж хамгаалах хүн бий л биз. Гэвч Есүхэй их зэрлэг догшин зан авиртай,үнэн сэтгэлийн анд үгүй, туйлын ганцаардмал хүн байсан нь Өүлэн ингэж хөвүүдийнхээ хамт олонд хаягдахын шалтаг болсныг тэр ойлгож байв. Есүхэйн юунаас ч үл айх хатуу зориг, харгис зангаас айх сэтгэл л олныг түүний дор барьж байсан билээ. Иргэд албатынхаа сэтгэлд шингэж хайр хүндэтгэлийг татаж чадаагүйг нь батлан цуглуулсан улс нь тарж оджээ.

Есүхэйг үхмэгц ихсийн тайлгын идээг Өүлэнд хүртээлгүй загнаж байсан Амбагай хааны хөгшин хатад Орбай, Сохатай хоёрын их үгийг яаж мартана. Тэд Есүхэйн нэр алдрыг огт хүлээлгүйгээр
-Урьж чамд өгөх ёсгүй
Учирвал чи ирэх ёстой
Хүргэж чамд өгөх ёсгүй
Хүртвэл чи идэх ёстой гэж загнасан нь Есүхэй үхсэн тул чи хэн ч биш гэж хэлсэн үг билээ.

Бас Өүлэний сонсоогүй нэг зүйлийг тэд цугларсан олонд хэлжээ.Олон жилийн өмнө Есүхэй баатар Өүлэнийг мэргэдийн Чилэдүгээс булаан авсан учрыг хашир хөгшин хатад олонд сануулж
-Одоо нэгэнт Есүхэй үхээд эмс хөвүүдийг нь хамгаалах хүнгүй болжээ.Мэргэдүүд энэ цагийг ашиглан Өүлэнийг булаалгасныхаа өшөөг авах нь гарцаагүй.Тийм болохоор одоо Өүлэнийг өмөөрч түүний дэргэд байх нь мэргэдийн өш хонзонгийн золиос болж үгүйрч сүйрэхийн үндэс болно гэж ятгажээ.

Тэднийг ийн хэлснийг сонсож, үзсэн бүгд нэгэн дуугаар Өүлэнийг хаяж нүүсэн билээ. Бусдын үгийг үл тоож, бүхнийг ганц өөрийн хар зориг, хатуу итгэлээр шийдэж байсан Есүхэйн зан авир олны сэтгэлд хүрээгүйн илрэл болж бүгд Өүлэнг орхин одов.

Гэтэл одоо Мэнлиг түүнийг Жамухын дэргэд дагаж очихыг шаарджээ. Шөнөжин бодовч Мэнлигийн үгийг дагахаас өөр арга олдсонгүй. Өглөө нь Мэнлиг эргэж ирэв.
-Та нар нүүхэд бэлдэж бай. Би Жамухын тэнд очиж нутаг сонгоод мөд эргэж ирнэ. Даруй нүүхгүй бол тайчуудын Таргудай “Есүхэйн хөвүүд өссөн гэнэ. Очиж үзье” гэж тавлаж байна гэж хүн хэллээ.

Тэр Таргудай угийн хорон санаатай бас чамд шунан тачааддаг тул Тэмүжин, Бэгтэр хоёрт муу юм хийж мэднэ. Би мордъё.Чи Есүхэйн бүсийг гаргаж өг гэж Мэнлиг тулган хэлжээ. Өүлэн таг чиг гөлрөн суухад Мэнлиг гайхаж
-Яав чи гэж зандрав.
-Урьд шөнө Есүхэйн сүнс тооноор сарны гэрэл хөлөглөн бууж өвөрт минь орж ирээд
–Алтан бүсийг минь Тэмүжин хөвүүнээс өөр хэнд ч бүү өг гэж хэллээ.Тэр бүс гоёл биш.Тэмүжиний сүр сүлд нь болох ёстой гэнэ гэж Өүлэн хэлэв. Хэн ингэж хэл гэсэн юм бол гэж Өүлэн өөрийн үгийг сонсоод гайхан бодов. Лав Есүхэйн сүнс түүнд ингэж шивнэжээ.Мэнлиг эргэлзэв.

Уг нь татаарын Дарбай бөхийг үхүүлж олзлон авсан арслантай цул алтан бүсийг зүүж, Есүхэй баатрын хатад, хөвүүдийг асарч яваагаа олонд гайхуулах хүсэл Мэнлигт туйлын их байлаа. Гэвч Өүлэний хэлсэн үг түүнийг айлгажээ.
-Би Тэмүжинг өөрийн хөвүүн шиг санана. Бид эцэг хөвүүд болно биз гэж Мэнлиг итгэлтэй хэлэв.
-Тэр чинь Есүхэйн хөвүүн шүү. Чи Есүхэй эзнийхээ гэрээсийг яаж хөсөрдүүлж болох билээ гэж Өүлэн түүний үгийг няцаав.Тэмүжин хөвүүн нь Мэнлигийн хөвүүн болно гэхээс Өүлэний дотор давчдаад ирлээ.Тэр яагаад үүнийг өмнө нь бодсонгүй вэ. Мэнлигийн дээр хэлсэн үг Тэмүжин хөвүүнээ хэн нэгэнд алдах мэт сэтгэл төрүүлж бүр айж орхив.

Одоо ч гэсэн харьд одсон хөвүүн нь нэгэнт харьж ирэх нь өнгөрсөн мэт совин татаад нулимс сул асгарав.
-Мэнлиг чи даруй явагтүн. Тэмүжин хөвүүнийг минь авчир
-Чи юу ярина вэ. Худынд хүргэж өгөөд хоёр гурван сараас хэтэрсэнгүй. Биднийг хэлсэн үгээ эргээд мартдаг, гуйвамтгай хүмүүс гэж санаад сүйгээ цуцлавал яана. Хонгирад баян аймаг. Бидэн шиг ядуу улсад олдохгүй худ шүү. Бас охин Бөртэ нь царайлаг…

-Үгүй ээ Мэнлиг. Чи Тэмүжинг даруй авчир. Би үүнийг хэлсэнгүй. Есүхэйн сүнс хэлэв.Тэмүжинд хэлэхгүй яаж нүүж болно. Өүлэний амнаас гарсан “Нүүнэ” гэсэн үг Мэнлигийг зөвшөөрөхөд хүргэв.

Юутай ч Есүхэйн алтан бүсний тухай одоохондоо дахин дурдахгүй өнгөрөхөөр шийдэв:
-Би Жамухын тэндээс цааш явж Тэмүжинг авчиръя.Харин Дайцэцэнд юу гэж хэлнэ. Бас хөвүүнийг ирүүлэхгүй гэвэл яана. Өүлэнд тэр даруй хэлэх үг олдсонгүй.

-Эцэг Есүхэйн сүнсийг тахих өдөр болов гэж хэл. Үүнийг өнгөрмөгц буцаан хүргэж өгье гэж хэл.
-За би Өүлэн чиний хэлснээр хийе.
-Чи хурдалж үз.Тэмүжин хөвүүнийг минь бушуу авчирч өг. Өүлэний сэтгэлд төрсөн хар сэжиг, муу совин түүнийг тайван суулгаж тухтай унтуулахгүй болжээ. Тэмүжин хөвүүнээ дахин үзтэл чилийсэн гурван сар өнгөрөхийг тэр даанч мэдэхгүй байлаа. Мэнлиг Жамухын тэнд очих, бас цааш явж Хонгирад аймаг орохоор яваад сураг тасрав.

Өүлэний хамгийн зовлонт өдрүүд эхэллээ.Өрөвлөг нь хатаагүй ангаахай шиг нялх хөвүүнээ зүс үзэж, үг солиогүй аймагт өгч явуулсандаа өөрийгөө харааж зүхээд барахгүй байлаа. Одоо түүнд хань болж буй ганц хүн бол арван настай Хасар юм. Хасар хөвүүн нь өсгөлүүн том биетэй, үг хэл хурц, эцэг шигээ омголон догшин төрхтэй болон өсч байлаа.Хасар гэрийн дотрох хамаг хэргийн учрыг ухаарч эхийн шаналалыг ойлгон дэргэдээс нь холдохгүй бүртэлзэх ажээ.

-Ээж ээ би яах вэ гэх Хасар хөвүүнийхээ аргадсан зөөлөн дууг сонсох бүр уяран баярлаж, бас түүнийг өрөвдөн шаналсандаа нулимс нь тэсэлгүй асгарна.
-Ээжээ та бүү уйл. Тэмүжин ах зориг тэвчээр ихтэй. Юу ч болсон тэсээд хүрээд ирнэ гэж Хасар эхийн сэтгэлийг засах ажээ.Хасар бол эхдээ хачин дотно, сэтгэл дотрохоо нууна гэж үгүй тул Өүлэн энэ хөвүүндээ онцгой халуун хайртай бүлгээ.

Хасар бол хэлсэн үгэндээ хүрдэг хатуу хүмүүжилтэй хөвүүн юм. Харин Тэмүжин үгний хариуг шууд ил цагаанаар хэлэх нь ховор . Хэдий хойно өнгөрснийг санан давах гашуун үг хэлж байдаг давхар муу санаатай хүүхэд ажээ.

Тийм болохоор Тэмүжин барагтай бол хүнтэй тулж зодолдохгүй ч бас шууд бууж өгөх дургүй. Бэгтэрт доромжлогдон зогсохдоо харц нь гүн хорсол заналаар дүүрч, уур хилэнгээ асар их хүчтэвчээрээр барьж өнгөрөхийг нь үзэх бүрдээ сүүлд нь энэ хөвүүн юу хийх бол гэж өөрийн эрхгүй түгшин боддог билээ. Ер нь Тэмүжин бол юу ч хийж чадах зориг цөс ихтэй гэдэг нь ил юм. Гэвч харин хэзээ юу хийх гэж буйгаа хэнд ч үл хэлж, ямарч сэжиг авахуулахгүй байж чадна. Энэ нь Тэмүжинг бусдаас давуу болгодог зан байв. Хасар бол Тэмүжинээс түрүүлэн хэлэх гэснээ хэлэх тул бүхний нүдэнд өртөж дэггүй сахилгагүйгээрээ дуудуулж, муу үг сонсож, мухар алганы амт үзэх билээ. Гэтэл хэргийн эзэн, хэнгэргийн цохиур болох Тэмүжин аанай л таг дуугүй ард нь сугаран хоцорсон байна. Өүлэн хөвүүдийнхээ хэн нь хэн бэ гэдгийг сайн мэднэ.

Тэмүжинээс өөр хүн байсан бол эцгийнхээ үхлийн хойно Дайцэцэний гэрт яавч очихгүй байсныг Өүлэн бас ойлгоно. Хасар хэрэв чингэсэн бол нэг дуу газарт нөгөө дуу тэнгэрт хадаан орилж уйлж бөөн явдал болох нь мэдээж. Бүр явах ч үгүй биз. Харин Тэмүжин хорон харцтай шар нүдэндээ нулимс мэлтрүүлсэн ч үг дуугүй мордон Мэнлигийг даган торойсоор одсон нь үзэгдээд одоо амьд ирвэл хөвүүнээ хэзээ ч хааш нь ч явуулахгүй гэж Өүлэн сэтгэлдээ тангараглав.

Есүхэйн нас барж тайчууд салж одсоны дараахан өөрийн иргэд нь хаяж нүүгээд Чирха өвгөн үхлийн шарх олж амьсгал хураасан шөнө Өүлэн амьдралдаа анх удаа сэтгэлийн тэнцвэр алдан нуурын усанд үйж үхэхээр гүйсэн нэг явдал болсон юм. Чирха өвгөн үхмэгц түүнд энэ амьдралд өмөг түшиг болох юм юу ч үгүй мэт болоод хүүхдүүдээ унтсан хойно нуурын эрэгт хүрчээ. Үзсэн зовлон доромжлолоос даруй хагацах ганц хүсэл л түүнд үлджээ. Нуурын эргийн бяцхан хадан цохионы хөлд хэдэн алд хөлгүй гүн ус сүүдэртэнэ. Тэгэхэд үхэл түүнээс ердөө л алд хагасын зайтай байлаа. Алд хагасын цаана түүний үзээгүй, одоо нэгэнт Есүхэйн очсон тэр амьдрал хүлээж байв.

Урагш хэд алхахад л Өүлэн амар тайван нөгөө ертөнцөд очиж Тэнгэрийн ивээлд багтах байв.Энэ зовлонт амьдралд тэр нэгэнт ялагдан бууж өгчээ. Сар дув дуугүй мэлтийж, өвс ногоо суга суга ургасан цагаан шөнө байлаа. Бурхан халдун уулын суганд шигдсэн эл бяцхан нуурын эрэгт очиж усны нь мандлыг ширтээгүй хүн лав энэ гайхамшигт нам гүмийн үзэсгэлэнг хэзээ ч мэдрэхгүй бизээ.

Бүр Өүлэн сая эргэн тойрныг хараад ийм үзэсгэлэнг анх удаа үзээд гайхжээ.Өүлэн энэ нам гүм үзэсгэлэнг дахин үзэхгүйгээ ойлгов. Сарны цагаан гэрэл тэнгэрээс сул асгарч, нуурын мандал дээр үсрэн буцалж байлаа. Эргэн тойрны өвс ургамал цөм ургаж бас хорхой шавьж нам унтжээ. Одоо Өүлэнд хагас алхам үлдэв.Тэр эцсийн энэ зайг туулахаар хөлөө өргөн биеэ чангаллаа. Гэвч тэр амжсангүй. Учир нь агаар хөдөлж чимээ гараагүй ч ард нь хэн нэгэн хүрч ирсэн нь мэдрэгдлээ. Өүлэний сэтгэлд айдас түгшүүр дүүрч хамгийн түрүүн чоно санаанд орлоо.Түрүүхэн ойрмог чоно улих сонсодсон билээ.

Чононоос айхыг бодоход Өүлэнд амьдрал, амь нь бас хэрэгтэй л байгаа ажээ. Өүлэн аажуухан эргэн хараад гайхсандаа дуу алдлаа. Түүнээс ганцхан алхамын цаана цээж нүцгэн Тэмүжин гараа сунган зогсож байлаа.

-Хүү минь Тэмүжин ээжийнхээ энгэрт толгойгоо наан халуунаар амьсгална. Толгой, үснээс нь сүү, адууны хөлс үнэртэнэ. Өүлэний нулимс хэлхээ нь алдарсан сувд шиг асгарчээ: Тэр энэ хөвүүний төлөө амьд явах учиртай үхэж болохгүйгээ сая л ухаарав. Бас ганц аврагч нь Тэмүжин хөвүүн нь болохыг ч ойлгов. Үнэхээр тэр шөнө Тэмүжин таг унтсан бол юу болохыг хэн мэдлээ. Тэнгэр Тэмүжинг түүнд илгээсэн гэдэгт Өүлэн ингэж итгэсэн юм. Тэмүжин тэр шөнөжингөө нуурын эрэгт эхийнхээ дэргэд таг дуугүй суусан билээ.

Хөвүүн нь нэг ч үг дуугараагүй мөрт харцанд нь үхэх гэсэнд нь хилэгнэж уурласан, бас хэрсүүжиж өршөөсөн өнгө зэрэгцэн байсан бөгөөд яагаад ч юм бэ Тэмүжин хөвүүнд нь юунд ч үл дийлдэх хүч сарны гэрэлтэй хамт шингэж байх шиг, хөвүүн нь сарны гэрлийг бүгдийг дотроо сорон шингээж байх шиг харагдаж байжээ.

-Хөвүүн минь. Тэмүжин минь. Чи ижийгээ хамгаалаарай гэж сэтгэлдээ гуйж мөргөжээ. Энэ шөнөөс хойш Өүлэн үхэх тухай бодлоо сэтгэлээсээ үүрд авч хаясан билээ. Өөртөө итгэж амьдралынхаа төлөө тэмцэх ёстойгоо тэгэхэд баттай ойлгож эрс хатуугаар сэтгэлээ чангалсан юм. Маргаашнаас нь Өүлэн төрөл арилжиж, өөрийн сул дорой зангаа ялж гарчээ. Энэ бол Есүхэйн үхлийн дараа Өүлэний амьдралд гарсан хамгийн том өөрчлөлт юм.

Тэмүжинээр дамжиж ирсэн Тэнгэрийн хүч сэтгэл зөөлөн, зүрх дорой эм түүнийг итгэл их,зорилго чанга болгон хувиргасныг Өүлэн мэдэхгүй байлаа. Харин түүний хатуу чандаар ойлгож авсан зүйл нь Тэмүжин хөвүүнээ хэний ч дор оруулахгүй хүн болгон өсгөхийн тулд амиа золиослохоос бусдыг хийх ёстой гэсэн зорилго юм. Тийм ч учраас Тэмүжин хөвүүнээ хүний гэрт очуулсандаа ингэж ихээр харамссан билээ. Гэтэл Бэгтэрийн дарлалыг үзэхгүй байх нь дээр гэж бодсоны учир чингэсэн болохоор бас бодол санаа нь хоёрдох бүлгээ. Одоо ирж гэмээ нь яах ёстой билээ.

Мэнлигийг дагаж түүний асрамжинд багтан Жамухын дэргэд очих нь зөв ч байж мэдэх юм. Энэ нь нэг хэсэг аюулаас зайлуулж болох авч бас тэнд түүнээс ч олон дайсантай болохыг яаж мэднэ. Есүхэйн үр удмыг үзэх, түүнтэй цуг амьдрах хүсэлтэй нь хэд бол. Өдрөөс өдөрт өсч томрох хөвүүдийг нь нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт үзэх бий гэж зовно. Идэр зоримог хөвүүд элдэв маргаанд өртөж ирт мэс зөрүүлэх болно. Тэр цагт хэнд ч үхэхгүй, шархдахгүй гэх баталгаа үгүй. Тэмүжин хөвүүнээ алдвал Есүхэйн удам сүйрч боолын боол босгоны шороо болно.

Тиймийн тул тэр хөвүүнийг болдог бол амандаа үмхэж өсгөх ёстой билээ.Гэтэл өнчин ганц гэрээр өлөн хоосон, өвсөнд нуугдаж амьдрах нь чоно нохойнд идүүлэхээс өгсүүлээд цочсон хүн хүртэл харваад алчих аюул элбэг. Өөрсдийгөө хамгаалах чадал мөхөс тул арван хүн ирвэл айж зугатаахаас өөр нөхөргүй явах нь Жамухын дэргэд дагаж очихоос дор мэт.

Бас ингэж чихнээс өөр дэргүй, гуянаас өөр хучлагагүй мэт амьдрал хөвүүдийнх нь зан хүмүүжилд яаж нөлөөлөхийг ч бас мэдэхгүй. Гуйлгачин, тэнүүлч амьдралд өссөн хүнд гавъяат эцгийн гэрээсийг биелүүлж эзэн суух хүсэл хүмүүжил хүчтэй төрөх эсэх нь эргэлзээтэй.Ийн мянган салаа бодолд унаж шөнө төөрсөн мэт байтал ашгүй Тэмүжин хөвүүн нь эсэн мэнд инээд алдсаар давхин ирэв.

Хэдхэн сарын дотор Тэмүжиний өөрчлөгдсөн нь гайхалтай. Хөдлөх хэлэх нь яг л том хүн шиг товч тодорхой болжээ.
-Хөвүүн минь. Би чамайг дахиж хааш нь ч явуулахгүй. Энэ үгийг Өүлэн нулимс урсган хэлэв.

Өүлэний сэтгэл бүтэн болж гэрийн хоймор дүүрчээ.

Одоо энэ янхигар том гэрт Тэмүжинээс өөр эзэн байхгүй.

Хайран бие нь элж хатан амь нь эрсдэвч Есүхэйн өрх гэр Тэмүжинээр овоглох ёстойг Өүлэн ойлгов.


Top
   
PostPosted: Aug.29.11 9:09 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Тийм ч учраас энэ удаа Мэнлигийг баруун хаяанаас дээш гаргалгүй дөрвөн хөвүүнийхээ дор суулгасанд Мэнлиг үг дуугүй гарч явжээ. Мэнлиг сая Өүлэний сэтгэлийн чин үнэн санааг мэдсэн тул уурсан бухимджээ.

Өүлэнг хүүгээ үзээд түр зуурын сэтгэл хөөрсөн биз гэж санасан ч маргаашнаас Мэнлигийг хүн гэж тоохгүй болжээ. Энэ явдалд уурсаж хилэгнэсэн бас шаралхаж гомдсон Мэнлиг хэд хоногийн дараа Өүлэнийг хаяж Жамухын тийш нүүж оджээ.Өүлэн нүүхэд нь тоож очсон ч үгүй.Харин хөвүүдээ очихыг хориглосонгүй. Учир нь хөвүүдээ дайсан нөхрийг ялгаж ойлгож сурцгааг гэж бодсон билээ.

Ингээд Есүхэйн хоёр хатан долоон хүүхдийнхээ хамт талд хоцров.
Одоо тэд зөвхөн өөрсдийн хүчинд итгэж амьдрах ёстой болжээ.Энэ бол Өүлэний Тэмүжин хөвүүнийхээ төлөө сонгон авсан таахад бэрх хүнд хүчир амьдрал байлаа.Тэр өөрийн өчүүхэн сэтгэл өмсөж эдлэхийг бодсонгүй.Өүлэн өөрийн шийдвэрт туйлбартай бас баяртай итгэл төгс байлаа.Энэ бол Тэнгэрээс түүнд зааж өгсөн амьдрал гэж Өүлэн итгэжээ.Гэвч гаднаас халдан ирэх аюул холдсон мэт боловч дараагийн зовлон гэрийн дотроос урган гарчээ.Есүхэйн цусаар нэгдсэн хөвүүдийн өрхийн дотор эзэгнэх эрхийн төлөө зөрчил бага зэргийн ангийн олз, айраг цагааны хуваарь зэрэг дээрээс гэнэ гэнэ үүсэх хэрүүл зодооноор илрэх боловч амьдрах хүсэл, нэг орчин тэднийг хүссэн хүсээгүй салахын аргагүй нэгтгэн барьж байв.

Тэмүжин Бэгтэр хоёрын далд тэмцэл ил тод болж тэд өдөр өнгөрөх бүр өст дайснууд болон хувирч байгааг Өүлэн түгшин харж байлаа.Гэвч Өүлэн яах ч учраа олохгүй дэмий л эвлэрүүлэхийг оролдох ажээ.Үүнээс өөрийг хийх чадал түүнд байсангүй. Гэтэл энэ зөрчил тэмцлийг Тэмүжин гэнэт огцом хурцаар шийдсэн нь тааж ойлгоход бэрх явдал болжээ.

Өүлэн Тэмүжин хөвүүнээ хэн болсныг ойлгож мэдээгүй явснаа сая л ойлгов. Нэг муу өчүүхэн загас болжмор булаацалдсанаас болж, эцэг нэгтэй дүү Бэгтэрийгээ эргэлзэхгүйгээр харваж алсныг Өүлэн мэдмэгц ухаан балартах шиг болжээ. Тэмүжин ганц өөрөө биш дүү Хасарыгаа ч энэ хэрэгт оролцуулж Бэгтэрийг хойно урдаас нь харваж алжээ. Нуруу, элгэнд нь сум зоолттой Бэгтэрийн хүүр суугаа чигээр байхыг үзээд Өүлэн сая л болсон явдалд итгэв.

Хөвүүдийн хоорондох хэрүүл маргааныг Өүлэн үргэлж эвээр зохицуулахыг хичээж Тэмүжин, Хасар хоёрыг ойлгуулж, ухааруулахыг зорьсон юм.”Үргэлж ингэж дарлагдаж, олзоо булаалгаж яаж амьдарна” гэж Тэмүжин эрс эсэргүүцэн хэрэлдээд үүд шидэн гарснаас хойш эхийнхээ үгийг сонсохоо больж тэгээд удалгүй энэ аймшигт хэрэг болжээ.

Үүнээс хэд хоногийн өмнө Өүлэн нэг эцгийн хөвүүд эвтэй байхгүй бол хэн та нарт туслана гэж учирлахдаа Алангуа эхийн таван хөвүүний тухай домгийг ярьж өгчээ.

Эрт цагт Тэмүжиний дээд өвөг Добу мэргэн Хорь түмдийн Хорилдай мэргэний охин, Ариг уснаа төрсөн Алангуа хэмээх үзэсгэлэнт эмийг гэргий болгож Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг хоёр хөвүүнтэй болжээ. Тэр домогт өгүүлснээр удалгүй Добу мэргэн үхэж, Алангуа хатан бэлбэсэн бөгөөтөл дахиж Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг гурван хөвүүн төрүүлжээ. Тэр үед Добу мэргэнийг амьд ахуйд төрсөн Бүгүнүтэй, Бэлгүнүтэй хоёр Алангуа эхээсээ ангид ингэж хэлэлцжээ. Бидний эх ойр төрлийн эрэгтэй хүнгүй гэрт, эргүй бөгөөтөл энэ гурван хөвүүнийг төрүүлэв. Гэрт ганцхан Малиг баяуд овгийн ганц зарц эр байна. Энэ гурван хөвүүн лав түүний хүүхэд биз гэж ярихыг Алангуа сонсчээ.

Хаврын нэг өдөр хонины борц чанаж Бүгүнүтэй, Бэлгүнүтэй,Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хөвүүнээ зэрэгцүүлэн суулгаад хүн бүрд нэг нэг сум өгч “Хугал” гэвэл тэд хялбархнаа хугалжээ. Бас таван сумыг баглаж “Хугал” гэж өгвөл хэн нь ч эс чаджээ.

Алангуа үүнийг үзээд
–Бүгүнүтэй, Бэлгүнүтэй та хоёр юу хэлцсэнийг би сонсов. Та хоёр намайг энэ гурван хөвүүнийг яаж төрүүлэв гэж сэжиглэж байна.Ингэх чинь зөв биз.Гэвч та нар учрыг мэдэхгүй. Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвлийд шингэх бүлгээ.

Тэр хүн сар жаргамагц гарч одно.Түүнийг үзвэл эд лав Тэнгэрийн хөвүүд биз. Харц хүнтэй адилтгаж яаж болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ. Та нар тавуул миний хөвүүд. Миний хэвлээс цуварч төрсөн биш үү. Та нар ганц нэгээр салбал нэг сум мэт хэн хүнд хялбар дийлдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл багласан сум шиг бат бэх болж хэнд ч хялбар дийлдэхгүй болно гэсэн домгийг Өүлэн өөрийн дөрвөн хөвүүндээ сайтар ухуулан ярьж өгчээ.

Хөвүүд нь бодолд автан дув дуугүй сууцгаав. Ам түргэн Хасар ч дуугарсангүйд Өүлэн хөвүүд ухаарч мэдэв гэж баясжээ. Гэтэл тэр дэлэм эндүүрснээ хожим ойлгосон билээ. Энэ домгийг Тэмүжин тэгэхэд анх удаа сонсжээ. Бодончар богдоос хөөн бодож үзвэл Тэмүжиний уг гарвал Алангуа эхэд олдсон Тэнгэрийн үр сад болох ажээ. Энэ л Тэмүжинд туйлгүй дотно үнэмшилтэй санагдав. Үнэхээр тэдний удам Тэнгэрээс төрсөн бол тэр өөрөө хэн болох билээ. “Хожим хойно хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ ” гэж Алангуа эх хэлжээ.

Хожим хойно гэдэг нь хэзээ вэ. Хамгийн хаад гэж хэнийг хэлнэ. Есүхэй эцгээс өмнө тийм хамгийн хаад байсныг тэр бас тодорхойлж мэдэхгүй байлаа. Эцгийн ярианаас сонссоноо бодвол татаарт баригдаж Алтан улсад хороогдсон Амбагай хааныг эс тооцвол ер их хаан үгүй мэт. Гэтэл энэ домогт яах аргагүй түүний удам “Хамгийн хаан сууна” гэж хэлжээ. Эцэг нь лавтай их хаан болсонгүй. Бүр Боржигон аймгаа ч алджээ. Одоо Тэмүжин бол яах аргагүй эхийн өгүүлсэн домгийн ёсоор Тэнгэрээс гаралт хүмүүн Бодончар богдын үр удам, залгамж болох ажээ.

Түүнийг муу явах аваас хожим энэ мэт өгүүлж ярих ёстойг тэр үнэн тодоор мэдэв. Тэр яавал хожим хойно сайн сайхнаар дурсагдах билээ гэж голын эргийн зөөлөн ногоон дээр хэвтээд тэнгэрт эргэлдэх бүргэдийг харан бодож хэвтэв. Одоо түүний амьдрал огт өөр зорилго учиртай мэт санагджээ. Түүний өмнө огт хүртээлгүй анзаардаггүй зарим нэг зүйлсийн утга учир тодрох шиг санагдана. Мэнлигийн дунд хөвүүн балчир Хөхөчү ч бас түүнийг”Хаан болно” гэж хэлсэн билээ.

Гэтэл тэр Хөхөчүгийн үгийг Алангуа эхийн домогт хэлсэнтэй холбон бодож үзвэл нэн бахархалтай учрыг тодруулах мэт. Ер нь Хөхөчүгийн гайхалтай этгээд чадвар нь хэлэх үгийг нь үнэмшилтэй болгодог билээ. Хөхөчүгийн хэлснийг сонсоод Тэмүжин өөрийгөө нэг ихэд тоож бодоогүй ч мартахгүйгээр санаж авсан билээ. Харин сая эхийн өгүүлсэн домогт гарах тэр Бодончар мунхаг бол яах аргагүй түүний өвөг, бас Тэнгэр заяат хүн болох ажээ. Бас хожим хойно гэдэг нь лав Тэмүжин өөрийг нь хэлсэн мэт санагдаад их зүйлийг боджээ. Магадгүй Тэнгэр Хөхөчүд хэлсэн нь үнэн байж мэднэ. Тийн бодвол Алангуа эхийн домогт лав Тэмүжиний тухай өгүүлсэн байвал яана гэж бодогдоод болсонгүй.

Гэрээс гармагц Тэмүжин хөвүүн нь голын зүг дув дуугүй явж одохыг Өүлэн эх хойноос нь харж зогсов. Алангуа эхийн өгүүлсэн эв нэгдлийн тухай домгийг ухааран ойлгож, гэмшлийн бодолд автжээ гэж таахдаа Тэмүжин хөвүүнийхээ ухаан сийрэгт бахдав. Харин үдэш хэдэн агтаа идээшлүүлж ирээд хотны захад Тэмүжин Хасар хоёр удаан сууж нэгэн зүйлийг чухалчлан ярилцахыг үзвэл бүр том хүн болсон гэмээр.Өүлэн аз жаргалтай болов. Хөвүүд нь хоорондоо хэрэлдэж зодолдохгүй нь лавтай болов гэж баярлажээ. Гэтэл Өүлэн хичнээн хол андуурснаа маргааш нь мэдсэн билээ.

Тэмүжин тэр үдэш Бэгтэрийг алахгүйгээр Есүхэйн өрх нэг ч өдөр оршиж чадахгүй болсныг Хасарт хэлж түүнийг харвахыг шаардаж тэд ийн удтал сууцгаасан ажээ. Хасар насаар дүү бас ээжийнхээ сэтгэлийг ихэд хүндэтгэн айх тул Тэмүжиний шаардлагад тийм амар хялбар автсангүй ч аргагүйдэн зөвшөөрөв. Гэхдээ Тэмүжин Тэнгэрийн удам болоод “Хамгийн хаан” болох тухай бодлоо Хасарт дурдсангүй.

Бас Бэгтэрийг алах хэрэгтэй гэж Хөхөчүгийн хэлснийг ч цухуйлгасангүй.Хасар угаас Хөхөчүг үл тоодог билээ. Ганцхан гэрийн дотрох эрхийг авмагц Хасарыг өөрийн хамгийн үнэнч нөхрөө гэж үзэн удаах эрхийг олгох тухай л амлажээ. Хасар үүнийг зөвшөөрч тэд маргааш нь Бэгтэрийг харван алсан билээ. Хөвүүдийн хоорондох зөрчил ийн шийдэгдсэн нь цочир эмэгнэлтэй байсан ч яваандаа энэ нь гарцаагүй зөв байсныг Өүлэн ойлгож нялх бага гэлтгүй Тэмүжиний зориг, ухаанд бишрэв.

Үнэхээр Тэмүжинд Алангуа эхийн домгийг хэрэгжүүлэхэд нь саад болсон анхны дайсан нь Бэгтэр байв.Бэгтэрт өөрийн хувь зохиолыг алдаж болохгүйг Тэмүжин ухаарч ийм эрс зоригтой, бүр аймшигтай зэрлэг гэмээр үйл хийснийг Өүлэн ойлгоогүй юм. Тэр хөвүүнээ уурын цочирд хийв гэж гэж санасан билээ.

Сочигалын уй гашууг тайтгаруулах хэцүү байсан ч өнчин ганц үлдсэн Билгүтэй хөвүүнээ дахин алдахгүйн тулд Тэмүжинд бууж өгөхөөс өөр зам тэр эмд үлдсэнгүй.
-Чи үргэлж надад үнэнч зүтгэнэ гэж андгайлбал бид чамайг амьд үлдээе. Үгүй бол чамайг Бэгтэрийн адил үхүүлье гэж Тэмүжин Билгүтэйд хэлжээ.Энэ үгийг Өүлэн, Сочигал хоёр хоюул сонссон билээ. Ингэж арван гурван настайдаа Тэмүжиний анх удаа хийсэн аллагын хүчээр Есүхэйн өрх гэрт хэрүүл зөрчил үгүй болов.

Бас энэ хэрэг домогт өгүүлсэн шиг түүнийг Тэнгэрээс заяатай болохыг нь нотолсон мэт Тэмүжинд санагджээ. Өрх гэрийн дотор түүнийг эсэргүүцэн тэмцэх хүнгүй болсон нь сайн хэрэг ч нэр төр, хүч чадалтай болно гэдэг өөрөө олон олон дайсныг хөлийн дорхи ногоо шиг ургуулан төлжүүлдгийг Тэмүжин мэдэх болоогүй байлаа.

Өүлэн Мэнлигээс салснаар хамаг зовлон бэрхшээлийг өөрийн ядруу биед үүрсэн ч юугаар ч сольж үнэлж болохгүй Есүхэйн нэр төрийг Тэмүжин хөвүүндээ өвлүүлэн үлдээж чадсандаа бахархалтай байлаа. Одоо ганцхан амьд үлдэх, хөвүүнээ өөрийгөө хамгаалах чадалтай болгох л үлджээ.Мэнлиг гэнэт нүүж одсонд өөр бас нэг учир байсныг Мэнлиг уурссандаа хэлэлгүй одсон билээ.

Энэ бол тайчуудын тухай юм.Дайцэцэний гэрээс Тэмүжинг дагуулан буцах замд тэдэнтэй хуучин Есүхэйн агтач байсан Турхай өвгөн таарч гэртээ харина гэхээс байж ядан түрүүлэн давхиж одсон Тэмүжиний хойноос харж зогсоод
-Есүхэйн хөвүүн хурга шиг бойжиж төлөг шиг төлжжээ. Удахгүй Таргудай барьж аваачиж зарцлана даа чамайг гэж хэлсэн билээ. -Мэнлиг минь. Би чиний эцгийн хамт Есүхэйн агтны догшныг сургаж, тарсныг хурааж явсан тул чамайг хөвүүн шигээ санаж юу ч үл нууна. Би сая чамд Таргудай Тайчуудын ихсийн найран дээр хэлснийг сонссоноо хэлэв. Тэр Таргудай Есүхэйн эрхэнд явснаа өс санаж одоо хөвүүдийг нь амны алчуур, адсаганы шороо болгохыг хүсч байна.

Чамайг тэдэнтэй хамт байхыг үзвэл лав амьд үлдээхгүй биз. Хүү минь чи сайн бодогтүн гэсэн билээ. Өвгөн Турхайн үг туйлбаргүй үнэн тул Мэнлиг хэнд ч хэлэлгүй амиа бодон оджээ.Хэн түүнийг ингэв гэж шүүмжлэх билээ.Үнэхээр Турхай өвгөний хэлснээр Таргудай тайчуудаа дагуулан ирж Тэмүжинг барьж одов.

Тэмүжинийг нэн их гайхуулсан зүйл нь бүх хэрэг хэдэн жилийн өмнө Хөхөчү салж одохдоо хэлсэн ёсоор болсон явдал юм. Хөхөчүгийн хэлснээр тэр Бэгтэрийг алж, дараа нь Таргудай довтлон иржээ. Хэрэв Хөхөчү үнэн хэлсэн бол Таргудай түүнийг алахгүй ажээ.

Хөвүүнээ алдсан хойно Өүлэн дахиад л өөрийн шийдвэр зөв эсэхэд эргэлзэж өөрийгөө харааж зүхэх болов. Юунд Тэмүжинг Дайцэцэний гэрээс дуудан ирэв. Тэгээгүй бол хөвүүн нь зүв зүгээр эсэн мэнд байх байв. Өүлэн хэргийн бүх буруу булхайг өөртөө авчээ. Бүр Хасар хүртэл эхийгээ зэмлэх болов.

Одоо түүнд Таргудай хэдий харгис хахирч гэлээ хөвүүнийг нь арай алахгүй биз гэсэн хагас дутуу итгэл горьдлого үлджээ. Одоо тэр хаана очиж хэнд хэлэх билээ.


Top
   
PostPosted: Aug.30.11 9:58 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
xxxxx xxxxx xxxxx

Аяншиж туйлдсан морьтой, ангаж ундаассан царайтай нэгэн эр гөрөөсний жим даган балар ойн дундуур гэлдрүүлж явлаа.

Тэр эр толгой унжуулан энэ орчлонгийн эрээн бараан амьдрал өөрт нь огт хамаагүй мэт, бас морины явдалд таг унтсан мэт явснаа гэнэт цочин өндийж, морины амыг татан зогслоо. Эцсэн морины буусан чих солбин хайчилж эзний адил чимээрхэн чагнана.Үнэхээр модон дотор хүн хашгирах сонсодсон ажээ. Гэвч энэ их балар их хөвчийн яг хаана нь хашгирч байгааг ялган мэдэх аргагүй.Юутай ч хүний дуу сонссондоо тэр баясан сэргэжээ.

Морь нь ч урамтай болж хүч бяр нэмсэн мэт ухасхийн шогшлоо. Үүнийг үзэхэд хүн морь хоёр ямар ч болов үхэх гээгүй, амьдрах гэж зорьж тэмцэж яваа нь илт ажээ. Удалгүй утаа үнэртэж, нохой хуцах сонсодлоо. Голын намаг руу түрж орсон хушуу модыг нэвтлэн гарахад холгүй ойн цоорхойд хүний нүднээс нуугдуулан барьсан хэдэн гэр үзэгдлээ.

Энэ бол Тэмүжинг Тайчууд барьж явснаас хойш тэднийг дахин довтлон ирэхээс сэргийлэн нүүж ирээд байсан Өүлэнийх байв. Хөвүүд ан хийхээр яваад гэрт ганцхан Өүлэн, Тэмүлэн охины хамт үлджээ.

Харин Сочигал гогод түүхээр оджээ.Ойн захаас гэнэт гарч ирсэн үл таних хүнийг үзмэгц ноход хуцан давхиж одоход Өүлэн гарч ирэв. Энэ эзгүй буйд газарт гэнэт хүн ирсэн нь Өүлэнг айлгаж цочоов.

Ядаж Хасар Билгүтэй хоёр байхгүй нь бүр ч түгшээлээ. Тэмүжин хөвүүнийг нь Тайчууд довтлон барьж одсоноос хойш өнчин хөвүүд нь амь алдах аюул нүүр тулсныг гүнзгий ойлгосон Өүлэн ингэж сэжиглэн айлаа. Морь, хүн хоёр өвдгийг нь үнхэх шахам үсчин боргох нохдоос ер цочсон янзгүй гэлдрэх нь туйлдаж ядарсных гэдгийг Өүлэн мэдээд ашгүй бага боловч тайвшрав. Гэвч ханцуйд нуусан хутгаа авсангүй уяаны дэргэд хүлээлээ. Уяаны шон түшүүлэн тавьсан муна ч ойрхон үзэгдэв. Өнөөх морьтон гэлдрүүлэн дөхөж ирээд толгой өргөн түүнийг харснаа гэнэт шүд гэрэлтүүлэн инээмсэглэхэд нь Өүлэний нуруу хотосхийн цочиж өөрийн эрхгүй дуу алдлаа.Тэр андуурсангүй.

Энэ аяншиж харласан царайтай, өгөршиж гандсан дээлтэй хүн бол өөр хэн ч биш, арван хэдэн жилийн өмнө Есүхэйгээс айн зугатааж одсон авааль эр Чилэдү нь дүрээр мөн байв.
-Чилэдү… Чи мөн үү гэж Өүлэн өөрийн эрхгүй шивнээд айсан мэт хойш ухрав.
-Тийм ээ. Өүлэн. Би Чилэдү байна. Би чамайг олох гэж энэ их уулын суга, жалга болгоныг нэгжиж эрлээ.

Чилэдү мориноос буух гээд зүгээр л ууттай унгас шиг газар хөлбөрөн унав. Түүнд хөл дээрээ зогсох тэнхээ үлдсэнгүй. Өүлэн түүнийг гөлрөн ширтсээр дэргэд нь сөхрөн суув. Тэр яах гэж ирэв гэж хамгийн түрүүн боджээ.Харин Чилэдү өтлөх янз орж улам ч сүрлэг ханхар болжээ. Ганцхан зөөлөн урин харц нь л өөрчлөгдсөнгүй. Үдэш болж ангаас ирсэн Хасар Билгүтэй хоёр танихгүй хүнийг хялалзан сэжигтэйгээр орж гарах нь тэднийг тухтай яриулахгүй байлаа.

Чилэдү ярих юм их л байгаа бололтой түг яг хийж хүүхдүүдийг харж сууна.Үүнийг ч Өүлэн ойлгож хөвүүдийг “Хойд гэрт ор” гэж гаргасны дараа тэд галын хоёр талд бие биеийг ширтэн хоцров.
-Чи яах гэж ирэв. Чилэдүг анх танимагц түгшин бодсон зүйлээ сая л асууж Өүлэний санаа амарчээ. Чилэдү ч ийм асуулт хүлээж байсан тул хариулах гэж яарсангүй.Шар тос самран халааж өгсөн архинд толгой нь эргэж нойр нь хүрч суужээ. Гэвч Өүлэний цочмог асуулт Чилэдүг сэрээв. Амраг залуу насны өдрүүд өөрийн эрхгүй дурсагдан нүднээ үзэгдэх ажээ. Ангир хонгор зүстэй Өүлэнг гэргий болгон аваад хэнийг ч үл дагуулан гэр хүрээгээ зорьсон зуны найртай өдөр санагдана. Юу нь ч гэнэн томоогүй явдал байв. Ядаж ах дүүгээ дуудан дагуулсан бол Есүхэйд тийм ч амар булаалгдахгүй байсандаа гэж Чилэдү одоог хүртэл голоо тасартал харамсан боддог бүлгээ.

Өүлэн нас бие гүйцэж намба төрх нэмээд улам ч хүслэнтэй үзэсгэлэнтэй үзэгдэхэд энэ харуусал улам гүнзгийрнэ.
-Би чамайг үзэхээр ирэв. Чилэдүг ийн зөөлөн хэлэхэд Өүлэн түүнийг сэтгэлийн угт мартаагүй өнөөг хүртэл үгүйлэн санасаар явснаа мэдэрлээ. Чилэдүгийн энэ үгэнд сэтгэл нь учиргүй догдлон чичирч нулимс асгарчээ. Чилэдү түүний нулимсыг үзмэгц даруй босон ирж дэргэд нь сууж тэврэн авав.

Өүлэн хөдөлж босож чадсангүй.
Өүлэн хормын зуур ухаан мэдрэлээ алдаж нэг мэдэхэд л Чилэдүгийн чийрэг гарын аяыг дагасан байлаа. Эсэргүүцэн өндийх гэвч оройтжээ.Чилэдү дээлийн товч бүсийг хурднаа тайлан нүцгэлж, даран унахад Өүлэн өөрийн дур хүсэлд дуулгавартайгаар буун өгч, бие биеийг хүссэн шунаг тачаалын галд автав.Бүх юм аянга цахилгаан гялбахын адил гайхалтай хурдан болж өнгөрөв.

Гадаа Хасарын хашгирах сонсдоход ийн хэвтэх нь зохисгүй тул тэд өндийж хуучин янзаар галын хоёр талд сууцгаав.
-Чи яах гэж ирэв. Өүлэний ийн дахин асуухад Чилэдү энэ удаа сурсан зангаар зөөлөн сайхан инээмсэглэж
-Би чамайг авахаар ирлээ гэжээ. Түүний дууны өнгө огт тоглож наргисан янзгүй байлаа. Өүлэн тэр даруй хариу хэлсэнгүй.
-Би Тэмүжин хөвүүн чинь Тайчуудад булаагдсаныг сонсоод чамайг авахаар ирлээ. Есүхэй нэгэнт тэнгэрт хальж, аймаг улс нь тарж одлоо. Одоо чи өнчин нялх хөвүүдтэйгээ үнсэнд хаягдсан шалз шиг хоцорлоо. Чи нас залуу, зүс гундаагүй байна. Чи манай аймагт очиж суу. Би чамайг, чиний хөвүүдийг хэнд ч муу үзүүлэхгүй. Би чамайг золгүй амьдарч, сураггүй үхээсэй гэж үл хүсэх тул энэ хол газар биеэ зовоож,морио эцээж ирэв. Чи бид нэгэн цагт ёсолж сүй тавьсан эр эм явлаа. Би чамайг өөрийн эмсээс, хөвүүдийг чинь өөрийн хүүхдээс ер дутуу үзэхгүй. Би морь мал багагүй. Лавтай чамайг, хөвүүдийн чинь хамт тэжээж чадна. Би тэр цагт хүчтэй байсан бол юунд чамайг Есүхэйд алдах билээ. Даанч ядруу намайг Мэргэд аймгийн ихэс дэмжсэнгүй. Есүхэйн өөдөөс зориглон довтлох хүн олдсонгүй тул чи бид Тэнгэрийн багтсангүй. Одоо чи бид хоёрыг хэн буруушаана.

Би одоо ч чамд сэтгэл татагдсан хэвээр. Чи ч мөн адил болохыг би сая үзэж мэдлээ. Чи бид хоёрт дахиад үр хүүхэдтэй болох нас цаг байна. Би чамайг өөрийн авсан эмсийнхээ дээр суулгаж их эхнэрээ болгоно гэж Чилэдү эрс шийдмэг хэлснийг Өүлэн, гэрийн гадна сэм чагнаж зогссон Хасар ч сонсов.

Сэтгэлийн дотроос хайртай эх нь ямархан нууц агуулж явсныг сонссон Хасар мунаар дэлсүүлсэн мэт цочиж, үл таних тэр бүргэд хамарт, хар царайтай эрийг учир зүггүй үзэн ядаж, үеэ мултартал, шүдээ эмтэртэл уурсжээ. Харин Өүлэн ийм үгийг сонсоно гэж хүлээж байсан мэт огтхон ч гайхаж цочирдсонгүй.

Үзэж өнгөрүүлсэн зовлон зүдүүр нь түүнийг ухаантай, уужуу тайван сэтгэхийг шаардсаар тул аливаад хөнгөдөж түргэдэх нь ховор болжээ. Чилэдү бол яах аргагүй түүний сэтгэлтэй, анхны эр нөхөр нь мөн. Гэвч тэд одоо нэгэнт хувь зохиол төөрчээ.
-Чилэдү минь. Би одоо нэгэнт Боржигон аймгийн хүн болжээ. Есүхэй баатрын ууган хөвүүн нэгэнт арван дөрөв хүрчээ. Одоо Тэмүжин хөвүүн минь эцгийнхээ орыг авсан тул би юу ч мэдэж шийдэж үл болно. Харин энд ингэж зүрх зориг гаргаж ирсэн чинь амиа алдаж ч болох явдал шүү. Чи намайг одоо ор тас мартагтүн. Миний хувьд Чилэдү чи, чиний хувьд Өүлэн би нэгэнт үгүй болжээ. Залуу цагийн сүй тавьсан явдлыг зүүд байсан гэж сана. Зүүд мартагддаг биз. Түүн шиг сана. Чи энд бүү уд. Маргааш хөвүүдийг сэрж босохоос өмнө шөнө явж үз. Морь чинь амарсан биз гэж Өүлэн эрс хэлжээ.

Хөвүүдийг нь булаан авахыг хүссэн хэнтэй ч болов Өүлэн өшөрхөн тэмцэхэд бэлэн байлаа.
-Чи үхэхийг хүсчээ. Өүлэн би чамд хайртай сайн учраас туслая гэж л ирсэн. Би чамайг ингэж ганцаар чинь хаяхгүй. Би чамайг дургүйцлаа ч хүчээр аваачна. Чи эцэст нь надад баярлах болно. Надад одоо чамайг авахад олон цэрэг хэрэггүй. Би цөөн нөхдийн хамт эргэж ирнэ. Би чамайг өвсний налсанаар явж хаа ч очсон олно. Би чамайг өнгө үзэмж төгс хэвээрийг чинь үзэж, эдэлж мэдлээ. Өнөө шөнө хоюул ёсолсон эр эмийн адил янаглаж цэнгэж хоноё. Харин би үүрээр мордоно. Тэгээд эргэн ирж чамайг хөвүүдийн чинь хамт дэргэдээ аваачина. Хүчээр аваачина. Би Есүхэйд чамайг нэг алдсан. Одоо бол алдахгүй. Би хоёр эхнэртэй. Тэд чам шиг ийм урин тачаангуй биш. Би хэзээ ч чам шиг ийм тачаангуй дуу ихтэй эм эдэлж үзээгүй юм. Тийм болохоор чи минийх. Чи бид хоёр хагацсаны дараа учирч ингэж жаргах байсан биз.

Өүлэн би чиний сэтгэлийг ойлгоно.Тэмүжин хөвүүндээ бүү санаа зов. Би түүнийг ад үзэхгүй. Хүсвэл би түүнийг өөрийн ууган хөвүүн гэж тооцъё.Чи юу гэнэ.Чиний хөвүүн Тэмүжин намайг залгамжлахад би ер татгалзахгүй.Чамайг буцааж авахыг манай аймгийн ах дүүс минь ч шаардах боллоо.Чамайг аваачих нь нэгэн цагт алдсан нэр төрөө сэргээж буй хэрэг болно гэж Чилэдү халамцуухан хашгирчээ.

Өүлэн дуугарсангүй удаан бодол болов. Эхийн юу гэж хэлэхийг Хасар гэрийн гадаа зүрх түгшин хүлээж суув. Учир нь үл олдох түгшүүр авчирсан тэр хар царайтыг үзэн ядах нь улам нэмэгдэж биеэ барьж дийлэхгүйд хүрчээ. Гэвч Хасар боссонгүй гэрээ налсан чигээр суусаар байв.
-Чилэдү. Эхийнхээ дууг сонсоод Хасар ухаан орлоо.
-Чилэдү. Чи миний хэлэхийг сонс. Хэн ч байсан надаас хөвүүдийг минь булаан авч чадахгүй. Миний нүд харж, зүрх цохилж байгаа цагтаа тэднийгээ хэнд ч өгөхгүй. Чилэдү. Мэргэд аймгийн чамд хөвүүнээ өгнө гэж яаж санав. Чи эндээс даруй далд ор. Хөвүүд чиний үгийг сонсвол чамайг амьд үлдээхгүй нь лав. Би чамайг үхүүлэхийг хүсэхгүй байна. Явж үз. Эхийн ухаант, зориг төгс үгийг сонсоод Хасарын халуун нулимс асгаран гарлаа.

Энэ үгсийг эх нь Хасар өөрт нь хэлсэн мэт хүлээн авч тэр мэргэдийн Чилэдү гэгчийг алахаар хатуу шийдэв...
-Өүлэн би чиний үгийг тоож сонсохгүй. Чиний үгийг одоо хэн ч нохой хуцсаны дайтай тоож сонсохгүй.
Би чамайг авахдаа л авна.Эргүй эм эзэнгүй гэр хоёр адил биш үү.Тэнд хэн дуртай нь орж унтдаг биз.Чи тийм амьдралыг хүсэв үү гэж Чилэдү хөхөрч архи гуд гуд залгилах сонсдов.
-Чилэдү чи согтжээ. -Тиймээ. Би эрт багын янаг чамайг үзээд согтжээ. Чамайг шөнөжин эцэж цуцталаа эдлэх хүсэл минь шатаж байна. Чи миний хөвүүнийг төрүүлэх ёстой.

Чи эмийнхээ жамыг дагаж эрийн дор янцаглах болно гэж Чилэдү агсамнаж хашгирав.


Top
   
PostPosted: Aug.30.11 10:03 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Нээрээ их биет Чилэдү архи даадаггүй бас их агсам ажээ.
-Би морь харж ирнэ.Чи хувцсаа тайлж намайг хүлээ. Би чамайг хичнээн шөнө эдэлсэн ч үл ханана. Чилэдү гэж ямар азарга болохыг би чамд үзүүлнэ. Чамайг би байдсан гүү шиг чарлуулах болно гэж үглээд гарч яваа бололтой үүд самардах сонсдов.

-Чилэдү чи шалиг юм бүү ярь. Тэнгэр сонсож байна. Есүхэйн сүнс чамайг харж байна.
-Хэ. Би үхсэн Есүхэйн сүнснээс айна уу. Ёстой нохойн чал. Чи намайг хүсэж байгаа биз. Түрүүхэн чи өөрөө л дурлаж гиншээд байсан одоо юу болоод олон үг хэлэв. Эмс та нарын ааш яг адилхан юм. Дараа бол гэж түлхэх мөрт дараад авахаар тэврээд л угтдаг шүү та нар гэж Чилэдү инээж гэрээс гарав.

Хасар сэм гүйж угсраатай тэргэн дээр тавьсан Тэмүжиний бага алдын нумыг авч эргэв. Чилэдү аргамжаатай агтны зүг морь харах санаатай тэнтэр тунтар алхах нь харанхуйд бүртэлзэнэ. Хасарт олон юм бодох цаг байсангүй. Гол нь алдаж харвахгүй л юмсан гэж шаналан тархи нь лугшина.Чилэдү морь харчихаад босож эргэхэд нь ердөө таван алхамын цаана зогссон Хасар сумаа тавьж орхив. Хасар юу ч сонссонгүй. Их биет Чилэдү түүний өөдөөс гуйван алхах нь оноогүй бололтой. Дахин сум онилох гэтэл гарт нь юу ч үл баригдав. Одоо энэ Чилэдү багалзуурдан алах байх гэж бодсон ч хөдөлж зугатаж чадсангүй. Чилэдү түүнд яг тулж ирээд гараа сунган нүүрэнд хуруу нь хүрснээ гэнэт тас гэдэргээ саван писхийн унав. Хасарын сум Чилэдүгийн зүрхэнд гүн зоогдож тэр ийнхүү хормын дотор үхжээ.

Чилэдүгийн шаардлага, согтуу хөлчүү үгэнд автан учраа олохгүй хоцорсон Өүлэн битүү хачин чимээ гаргахыг сонсоод гүйн гарав. Холгүй нэг хүн зогсоно. Түүнийг төрхөөр нь Хасарыг гэж хармагц таниад
-Хасар… гэж дуудвал огт хөдлөхгүйд хөвүүндээ гэнэт санаа зовнин гүйн очжээ. Зүрхэндээ зэв зоолгосон Чилэдү дөрвөн мөчөө алдлан үхжээ. Харин Хасар нулимс нь урсан халуурсан мэт чичирч зогсжээ.
-Хөвүүн минь. Хасар минь Хасар нэгэнт эхээсээ өндөр болжээ.
-Нааш ир. Битгий ай. -Ижээ гэж Хасар шивнээд сөхрөн сууж энгэрт нь нүүрээ наан гашуунаар уйлав. Энэ бол нялх хөвүүнд нь дэндүү ахадсан хэрэг болохыг Өүлэн ойлгож Хасарыг тайвшруулан хөлстэй духыг нь олонтоо үнсэн аргадав.

Хасар ч удалгүй тайвширч эх хүү хоёр Чилэдүгийн хүүрийг жалганд аваачиж хаяад, маргааш өглөө нь буурь сэлгэн нүүв. Анх хайр сэтгэлээ өгсөн хүнээ Өүлэн ийнхүү үхүүлж эзгүй жалганд хүүрийг нь булах ёстой байжээ. Энэ бол хэний ч зүүдэнд орж зүрхэнд таагдахгүй хэрэг билээ. Ганц Өүлэн бэрх хатуу сэтгэлтэй бардам чанад зорилготойдоо ийм зовлонг дааж өнгөрөөсөн биз ээ.Эх хүү хоёр болж өнгөрсөн явдлын тухай хэн нь ч ам нээсэнгүй.

Хөвүүнээ зөв зүйл хийсэн гэж сайшаасан ч үгүй бас зэмлэсэн ч үгүй. Хасар ингэж анх удаа хүн алж, Тэмүжин ахынхаа эзгүйд эхийгээ хамгаалах чадалтайгаа үзүүлсэндээ туйлын баяртай итгэл зоригтой болжээ. Түрүүлж харваж, өрсөж алах нь амиа хамгаалах ганц арга гэдгийг ч ойлгов. Чилэдүг Хасар харваж алсан нь нууц үлдсэн ч Өүлэний сэтгэл тайвширсангүй. Чилэдүг үхсэнд харамсмаар ч дахиад хэн нэгэн өөрт нь тачаадан шунаж болохыг, ингэвэл хөвүүд нь золиос болон үрэгдэж болох аюул бийг тод мэдэв. Эм хүн болж төрнө гэдэг яасан их гачлант хувь зохиол болохыг Өүлэн бүрэн амсч байлаа.

Түүний амь амьдрал нь өнчин балчир хөвүүд нь бөгөөд тэд эхийгээ хэний ч доромжлолд өртүүлэхгүй хамгаалж чадахыг сая үзэж Хасар хөвүүнийхээ чанга хатуу зориг цөсийг биширчээ. Хасар гэрийн гадна чагнаж суусныг ч гадарлав. Хасарын харцыг ажихад эхийгээ өрөвдөж дэмжсэн сэтгэл их байх нь Өүлэнд сайхан санагдана. Чилэдүг алсны хойно Хасар тун их өөрчлөгджээ.

Эхийгээ үүрд хайрлан хамгаалах тангараг өөртөө тавьсныг харин Өүлэн мэдсэнгүй билээ.
Гэвч Хасар эхдээ онцгой дотно хандах болсныг үзэхэд урьдын омогтой, уур уцаартай хөвүүн мөн үү гэмээр. Хэдий булаан аваачих гэсэн дайсныг хөнөөсөн санагдавч эхийгээ үг дуугарахгүй, тэр явдлыг мартсан мэт байхад нь тайтгаравч алсыг ширтэн санаа алдах, үдэш гал ширтэн бодолд дарагдан суухыг нь үзээд Хасар харамсан, дэмий юм хийв гэж халаглан бодох боловч Мэргэд аймагт хүчээр аваачна гэснийг санаад тайвшрана.

Бас эх нь таг дуугүй боловч цаанаа дэмжин сайшааж байгааг мэдрэх бүлгээ.

Энэ явдлаас хойш Хасар Өүлэн хоёр бүр ч онцгой дотно болсон юм.

Болсон хэрэг хийсэн үйлээ Хасар Тэмүжинг тайчуудын олзноос зугатаж ирсэн хойно ч нээж хэлсэнгүй. Үүнд нь эх нь ихэд талархалтай байгааг мэдээд Хасар хэлэхээ нэгэнт больжээ. Уг нь тэр мэргэдийн их Чилэдүг хэрхэн оночтой харваж үхүүлснээ Тэмүжин болоод Билгүтэйд хэлмээр бүр тэсэлгүй хэл нь загатнаж байсан ч эхийнхээ нууцыг үүрд чанд хадгалахаар шийджээ. Өүлэнг дэмий л уйлж суухаас цаашгүй хэдэн сар өнгөрөөж байтал турж эцсэндээ өндөр ч болсон юм шиг Тэмүжин эцсэн морио хөтөлсөөр мөлхөх шахам ирсэн нь тэднийг Онон мөрний эх Химурга горхины дэргэд Бэдэр хошууны Хорчихуй булагт байхад болжээ. Тэмүжиний хоёр хөмсөгний хооронд босоо гүнзгий үрчлээ нэмэгджээ. Энэ бол Таргудайн хүрээнд Тэмүжиний үзсэн зовлонгийн хэзээ ч үл арилах гүн тамга юм. Таргудай Хөхөчүгийн хэлсэнчлэн Тэмүжинг алсангүй.Тайчуудын нэртэй зүстэй толгойлогч хүн нас гүйцэж яс бэхжээгүй хөвүүнийг өс санаж хороох нь зөөлөн сэтгэлтэй олны сэтгэлд сэв суулгахаас цаашгүй гэж Таргудай боджээ. Энэ балчир хөвүүн өсөж өндийж өөрт нь дайсагнатал хаа ч юм бэ.Таргудайн гол хүссэн нь Тэмүжинг засаж хүмүүжүүлэн өөрийн гарын дор итгэлтэй хүн болгох явдал байв.

Ингэж гэмээ нь одоо Жамухын дэргэд очсон Есүхэйн хуучин албат иргэдийг өөртөө нэгтгэхэд алсдаа хэрэг болно.Алс хожим Тайчууд, Боржигон хоёрыг нэгтгэн аймгийн хан болох хүсэл Таргудайд байлаа.Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд Тэмүжинээр дамжуулан Есүхэйн нэр хүндийг өөртөө ашиглах бодолтой тул Тэмүжинг өөрийн дэргэд хүчээр авчирсан билээ. Тэмүжин хөвүүнийг дөнгөлөн өөрийн хүрээний айл болгонд нэг нэг хонуулж залхаасан нь түүний зүрхийг үхүүлэх, бас Есүхэйн хуучин өндөр нэр хүндийг мартуулах тайчуудыг боржигон аймгийнхнаас дээрд үзүүлэх гэсэн санаа байв.

Гэтэл Тэмүжин Таргудайн бодсон шиг хялбар дорой хүн биш ажээ. Түүний санасан шиг уйлж унжин, аврал өршөөл эрсэнгүй, бүр чармай нүцгэлж тэргэн дээр тэлж залхаасан ч дор үг хэлсэнгүй нь Таргудайн уур цухлыг баржээ. Гэтэл өдөр бүр балчир хөвүүнтэй зууралдах нь зохисгүй тул түүнийг айл айлд хонуулж тэдэнд харгалзахыг даалгасан нь Тэмүжинд зугатаах боломж олгожээ. Олны найр задгайрахын цагт манаж байсан хялбар хөвүүнийг цохиж унагаад Ононы усанд хэвтэн нуугдсан Тэмүжинг үзсэн Сорхоншар гэгч хэлсэнгүй, харин ч дараа нь унаа, хүнс өгч явуулжээ. Тэр Сорхоншар гэгч нь Тайчуудыг дагаж явсан Сүлдүсэн овгийн боол хүн тул дотроо Тэмүжинг тэгэж дарлагдахад дургүй байжээ. Ийн Тэмүжиний гавшгай, зоримогийн ачаар амиа авран ирсэн нь тэдний гэр бүлд дэвжин дээшлэхийн дохио болсон мэт Өүлэнд санагджээ.

Хөвүүн нь ирмэгц өрх гэрийн амьдрал тэгшрэн дүүрэх шиг болж ярилцаж зөвлөөд Тэмүжиний хэлснээр даруй нүүж тайчуудын дахин олохгүй газар нуугдах нь зөв гэж шийджээ. Энэ бол Өүлэний хувьд анх удаа Тэмүжиндээ өрхийн дотрох эрхийг бүрэн шилжүүлэн өгснөө илэрхийлсэн явдал болжээ. Үүнээс хойш Өүлэн зөвхөн Тэмүжинд зөвлөх л эрхтэй хоцорчээ. Тэмүжиний гаргасан шийдвэр ёсоор нүүж, Хасар Билгүтэй бүр Хачиун Тэмүгэ ч балчир гэлгүй харвах цавчих сургуулийг өдөр бүр хийх болжээ. Тэмүжиний удирдлагын дор ингэж хэдэн жил амар суув. Тайван амгалан, нууцгай амьдралдаа дасаж одоо түүнээс хэн ч хөвүүдийг нь булаан авахгүй юм шиг, бас өсөж, булчин шөрмөс чангарч харваж цавчих нь мэргэн шаламгай болсон хөвүүд нь хэнд ч дийлдэхгүй юм шиг Өүлэнд санагдах болжээ.

Энэ бол зөвхөн эх хүний үрээрээ бахархах сэтгэлээс өөр юу ч биш байлаа. Харин Өүлэн Тэмүжин хөвүүнээ үүрд алдана гэж санасангүй. Дайцэцэний охин Бөртэ Тэмүжинд ирснээр амьдрал нь тийм их өөрчлөгдөнө гэж Өүлэн таасангүй.


Top
   
PostPosted: Aug.30.11 10:06 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Тэмүжин хөвүүнийг нь Хэрэйд аймгийн Тоорил хан өөрийн гэрт жил гаран суулгахад ч Өүлэний сэтгэл санаа ингэж хувираагүй билээ. Одоо Тэмүжин Өүлэний хүү биш, Бөртэ гэгч харь цусны бүсгүйн эр нөхөр болов. Эхтэйгээ ярьж уулзах нь цөөрч Өүлэн Тэмүжиний хувьд Бөртийн дараагийн зиндааны хүн болон хувирсан нь гомдолтой ч энэ нь ганц Тэмүжинээс болсонгүй. Хөвүүд нь бүгд хүний хүн болон эхийгээ мартана гэдгийг мэдэж байлаа. Дагахаас өөр аргагүй амьдралын жам боловч өрсөлдөн тэмцмээр, өмчирхөн булаацалдмаар гомдол, харуусал гэнэ гэнэ төрдөг байв.

Хүний хүүхэнд эр бэлдэж өгөх гэж шөнөжин нойргүй, өдөржин завгүй амьдарсан мэт санагдсан нь нэг биш. Гэвч аз жаргалтай яваа Тэмүжинг харахад юу ч хэлж эс чадна. Тийм эрх эх хүнд үгүй юм. Төрүүлсэн үртэйгээ аз жаргал, амьдрал булаацалдан мөчөөрхөх эх гэж хаана байдаг билээ. Хүүгээ гэрлүүлсэн эх хүн бүрт баяр бахдалтай хамт ийм нэгэн гуниг нууцхан төрдгийн учрыг Өүлэн ч үзэж мэдэрчээ. Тэмүжин өдөр өдрөөр эхээсээ холдсоор байлаа.

Бөртийг мэргэдээс буцааж булаан авч, Боорчи дагуулан ирэхийг үзээд Өүлэн Тэмүжин хөвүүндээ гомдох сэтгэлээ хүчээр мартахад хүрэв. Нааш ирэх замд төрсөн улаан нялзрай хүүгээ тэвэрсэн Бөртийг цурхиран уйлж сөхрөн суухад нь чухам энэ хөөрхий эх, хүү хоёрыг одоо мэргэдээс биш Тэмүжинээс хамгаалах хүн нь ганцхан өөрийгөө гэдгийг Өүлэн ойлгов. Залуу хүний хар хор, гуниг шаналалаар өвчилсөн Тэмүжинээс Зүчи, Бөртэ хоёрыг хамгаалан эрс тэмцсэн хүн нь Өүлэн байв.

Өүлэний энэ гайхалтай хатуу чанд эсэргүүцлийн үрээр Бөртийг бас мэргэдийн цустай Зүчи хөвүүнээ Тэмүжин уучилсан юм.

Өүлэн Зүчийг яг л өөрийн төрүүлсэн үр шиг өсгөсөн билээ.

Тэмүжинг уярааж зөөллөхийн тулд Өүлэн түүнээс юугаа ч нуусангүй. Бүр бүх хөвүүдээ суулгаж байгаад өнөөг хүртэл нууц явсан өөрийн түүхийг өгүүлэв. Бүр мэргэдийн их Чилэдү ирснийг түүнийг Хасар харван алсныг ч нуулгүй хэлэв.
-Бөртийн үзсэн зовлон шаналалд ганц би л буруутай. Есүхэй эцэг чинь намайг булаан авснаас бүх хэрэг үүсэв. Тийм болохоор Тэмүжин чи ганц намайг зэмлэ гэж эхийнхээ хатуу хэлсэнд Тэмүжин туйлгүй цочиж гэмшсэн билээ.

Бөртэ Зүчи хоёрыг хамгаалахын тулд Өүлэн өөрийн болоод Есүхэйн нэр төрийг хайрласангүй. Энэ явдал Бөртэ Зүчи хоёрын хувьд аврал болжээ

-Эцэг эх биеийг төрүүлэхээс сэтгэлийг үл төрүүлнэ. Чи л энэ Зүчи хөвүүнд ямар сэтгэгдэл төрүүлж чадна, тэр яг тийм хүн болно гэж Өүлэн бүгдийн өмнө Зүчийг тэвэрч суугаад хэлэхэд хэн нь ч хариу үг хэлж чадсангүй. Зөвхөн Бөртэ л уярч баярлахдаа мэгшин уйлж суув.

-Та нарт одоо өөрийн үнэнч нөхөд хэрэгтэй. Ганц хүн ч ганцдахгүй. Тэмүжин чи удахгүй өөрийн үртэй болно. Тэр цагт Зүчи чиний ууган хөвүүн болно. Үүнийг бүү март гэсэн Өүлэний үгийг хэн ч буруутгаж эсэргүүцэхийн арга байсангүй.

Тэр тусмаа Тэмүжинд бүр ч хэлэх үг олдсонгүй билээ. Тэмүжин эхийнхээ хэлснийг хүлээн зөвшөөрөв. Ингэж Өүлэн өрх бүлийнхээ дотор алдсан эрхээ бага боловч эргүүлэн олов. Хамгийн гол нь Есүхэйн удамд Бөртэ үүрд үлдэж, Тэмүжин түүнийг нэг үзүүрт сэтгэлээр хайрлах болсонд Өүлэн их баяртай болжээ.

Бөртийг нэгэнт Тэнгэрийн зараалаар Есүхэйнд ирсэн хүн гэдгийг ойлгуулж чадсан нь Өүлэний гавъяа юм. Бөртэ ирснээр Тэмүжиний өрх гэр үүсэж, Зүчи төрснөөр өсөж үржих үүд нээгдэв.

Харин Бөртэ Өүлэний бодсоноос хавьгүй ухаантай, гайхалтай тэвчээртэй бүсгүй байжээ.

Өүлэнг төрсөн эхийн адил хүндэтгэж асардаг хүн нь эцэст нь ганц Бөртэ болсон билээ.


Top
   
PostPosted: Aug.30.11 11:33 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
xxx xxx xxx

Амьдрал гайхалтай хурднаар өөрчлөгдөж зарим нэг тохиол учралын цаад наад нарийн учир явдал, шалтгаан үр дагаврыг Өүлэн тэр бүр ухаж, мэдэж урьдаас тааж чадахгүйгээ нэгэнт ойлгов. Өдөр өнгөрөх бүр түүний мэддэг юмс хялбархнаа хувиран өөрчлөгдөж одоо тэр тээж төрүүлсэн хөвүүдээ, туулж өнгөрүүлсэн амьдралаа ойлгож танихад бэрх болсоор байв. Хөвүүд нь өрвөлгөө хийсгэсэн өрөвдөлт ангаахай биш, өд сөд, жигүүр даль нь ургаж гүйцсэн хүчирхэг бүргэд шувууд болжээ.

Тарж бутарсан Боржигон аймгийн хагас нь Тэмүжиний дэргэд цугларч түүнийг хан өргөмжилсөний хойно Өүлэн анх удаа болж буй явдлыг, бас ирэх өдрийн төөрөг тавиланг өөрийн эрхгүй тунгаан бодоход хүрчээ. Түүний гэр бүлийг тойрон Боржигон аймгийн арван түмэн иргэд бөөгнөрчээ. Энэ бол бага юм биш. Гэхдээ мах зуусан гөлөг хэзээд л том нохдын аманд хоолоо булаалгах тавилантайн адил Тэмүжинг одоо зэргэлдээ Хэрэйд, Мэргэд, Тайчууд аймаг довтлон ирэх нь гарцаагүй болжээ. Үхэж болохгүй бас бууж өгч болохгүй тийм цаг үе ирснийг Өүлэн ойлгов. Баян хүчирхэг болох тусам олз булаалдах дайсан олон болж, бас үүнтэй зэрэгцэн бусдаас булаан авах хүсэл шунал ч цуг нэмэгдэх ажээ. Тэмүжин болоод Хасар бусад хөвүүд тэдний нөхдийн нүднээс айдас, түгшүүрээс илүү авах булаах шуналын гал хүчтэй дүрэлзэхийг Өүлэн тод үзсэн нь түүнийг ингэж бодолд унагасан билээ. Өүлэний цорын ганц гэгээн хүсэл нь үр хүүхдээ амар мэнд харж элэг бүтэн тайван амьдрах явдал юм. Тэр Есүхэйд булаагдан ирснээс хойш ер нэг өдрийг ч болов сэтгэл амар өнгөрүүлсэнгүй мэт.

Тэмүжин хөвүүнийг нь Хабул хаан,Хотула хаан, Нэгүүн тайшийн үр сад нийлэн Боржигон аймгийн ханд өргөмжилж “Чингис хаан” хэмээх сүр хүч дуурссан цол соёрхон наадам цэнгэл хийхүйд найрын хойморт хөвүүнийхээ зүүн гарт сууж ахуйдаа Өүлэн нэн их жарган уярч өөрийн эрхгүй нулимс унагав.

Түүнд анх Тэмүжин хөвүүнээ төрүүлсэн үеийнх шиг бахархалтай байлаа. Энэ бол үхлийн дунд амьд үлдсэний их баяр байв. Бас өнгөрүүлсэн зовлонт амьдралын төгсгөл, шинэ оньсого шиг таахад бэрх амьдралын эхлэл байв. Есүхэйн амьд сэрүүн ахуйд энэ дайны найр наадам бишгүй үзсэн мөртөө юу ч үзээгүй залуу охин шиг догдлон чичирчээ. Тэмүжинг Боржигон аймгийн ханд өргөмжилж

-Олон дайнд
Оройлон явж
Онц гуа Охидыг олзолж
Ордон сайхан
Гэрийг авч
Олны хаан Тэмүжинд өгье

Харийн иргэнийг
Халдан довтолж
Хацар гуа Хатдыг олзолж
Хатир сайт Агтыг хөөж
Авчирч өгье

Ороо гөрөөсийг Авлах цагт
Отож ойртуулж Өгье бид
Хээрийн гөрөөсийг Агнах цагт
Олж гаргаж өгье бид
Хатгалдах дайн Болох цагт
Хан Тэмүжин чиний Хатуу зарлигийг
Хайхрахгүй явбал
Хатан эмээс Хагацуулан салгаж
Хамаг юмыг Хаман авч
Хар толгойг минь Хаяж одогтүн
Энх цагт Эзэн Тэмүжин чиний
Эе зарлигийг Эс дагах аваас
Эзэлсэн ардыг авч Эм хөвүүдийг булааж
Энэ биеийг минь Эзгүй газар Хөөж орхи гэж Алтан, Хучир, Сачабэх гурав угсаат хүмүүний ёсоор олныг төлөөлөн бүсээ хүзүүнд тохож, өвдөг сөхрөн суугаад дээрх хатуу тангаргийг өндөр дуугаар өчжээ.

Тайчуудын олзонд жил тойрон байгаад ирэхэд нь хоёр хөмсөгний нь хооронд тогтсон гүн үрчлээ Тэмүжиний царайг огт өөр хүн шиг харагдуулах бөгөөд тэдний сүржин тангаргийн үгийг сонсохгүй мэт хэнэггүй царайлан зогсохыг үзээд Өүлэн их гайхав.

Харин Тэмүжинээс сөөм өндөр нуруутай Хасар бахдалтайгаар инээмсэглэн эдгээр хүмүүс чухам түүнд тангараг өргөж байгаа юм шиг үг бүгдийг шуналтайгаар залгиж зогсов. Хоёр хөвүүний эл ялгаатай байдлыг үзвэл Тэмүжинг биш Хасарыг ханд өргөмжилж байгаа мэт ойлгогдохоор ажээ.

Тэмүжиний наснаасаа оворжуу харагдах царайнаас түүний сэтгэлийн дотрох баяр бахдалын шинж өчүүхэн ч үл илрэнэ. Тэр багын дотуур тамиртай хүнд сайн муу боловч өөрийн нууцыг дэлгэх дургүй хачин гөжүүд хүүхэд байсан юм.

Харин Хасар яг түүний эсрэг сэтгэлийн хөдлөл нь харц, хөдөлгөөн, царайд нь агшин төдий зуур илэрдэг, ил шулуун үгтэй, баярлаж гомдох, тайтгарах тайвшрах нь хурдан, хоргүй цагаахан сэтгэлтэй билээ. Хэдий ийм үзэгдэх царай, үг хэл өөрч хоёр хөвүүнээ яг адил хүсэл тэмүүлэлтэйг мэдээд Өүлэн цочсон билээ. Хасарын царайд илэрсэн хан болох оргилсон хүслийг Өүлэн харжээ. Тэмүжинд атаархсан сэтгэлээ Хасар тэвчин нууж байсан ч эхийн нүдэнд ил өртөв. Чухам энэ явдал Өүлэнг түмэн бодол мянган эргэлзээнд унагав. Өүлэний түгшүүр, совин үнэн болохыг, бас хөвүүдийн нь хооронд гүн гүнзгий далд зөрчил үүсэхийг мэдэрчээ. Үүнийг удаан хүлээх хэрэг байсангүй.

Тангараг өргөж, их найр задгайрахын цагт өглөөнөөс хойш олны гайхашралыг төрүүлэн хүрэл царайлан таг дуугүй суусан Тэмүжин босож гараа өргөв. Энэ бол хан болоод анх удаа үг хэлэх гэж буй хэрэг тул олон бүгдээр анхааран таг дуугүй болцгоов. Тэмүжин нэгэн хэсэг дуугүй зогсов. Түүний юу гэж хэлэхийг хэн ч,түүний дотор Өүлэн ч таасангүй. Угаас Тэмүжин ийм тайлагдашгүй оньсого шиг хүн билээ.
-Өнөөдөр та нар Есүхэйн ууган хөвүүн Тэмүжин намайг сонгож Боржигон аймгийн ханд өргөмжилсөн нь дээд Тэнгэрийн зарлигийг дагасан хэрэг биз. Бидний дотор Тэнгэрийн зарлигийг дагахгүй хэн байх билээ. Би ч Тэнгэрийн зарлигийг дагаж та нарын андгай тангаргийг хүлээн авлаа. Хэлснээ хийж, хэлцсэнээ сахигтүн. Тэгвэл бид цөөхүүл, өчүүхэн буурай ч ихийг хийж, олныг дагуулах болно. Ангайсан ам, андгайлсан үгээ буцсан хэн боловч Тэнгэрийн гэсгээл амсаж, толгой биенээс хагацах болно. Нэгэнт та бүгдээр дээд Тэнгэрийн таалал ёсоор намайг ханд өргөмжилсөн тул миний үг зарлигийг Тэнгэрийн зарлиг гэж хүлээн авч дагагтүн. Тэмүжиний энэ үгийг бүгд нам гүм сууж сонслоо.

Энэ бол Тэмүжиний сүүлийн хэд хоног хэлэх гэж бодоод олоогүй үгс юм.Ү нэхээр Тэмүжин ханд өргөмжлөгдөөд юу гэж хэлэхээ мэдэхгүй тулгамдсаар байлаа. Түүний дэргэд тэг гээд зөвлөчих хүн байсангүй. Эцсийн мөчид Алтан, Хучир, Сачабэх гурав тангараг өргөж байхад гэнэт Хөхөчү санаанд нь орсон билээ. Хөхөчү санаанд нь ормогц түүнтэй хамт дээд Тэнгэрийн зарлиг гэсэн үг сэтгэлд нь тодрон буужээ. Мэнлигийн хөвүүн ид шидэт Хөхөчү хол байгаа ч одоо яг дэргэд нь суугаад хэлэх үгийг нь зааж байх шиг Тэмүжинд санагджээ. Тийм ч учраас Тэмүжин дээрх үгсээ хэлэхдээ өөрийн эрхгүй хоёр гараа өргөн Тэнгэрт сунгав. Тэнгэрт ингэж хандахыг тэр Хөхөчүгээс сурсан билээ. Хичнээн удаа Хөхөчүг дууриаж Тэнгэрийн үгийг сонсохыг хүссэн боловч чадаагүй юм.Г этэл одоо хэн нэгэн түүнд хэлэх үгийг нь шивнэж байлаа. Энэ бол Тэмүжин Тэнгэрийн үгийг сонсов уу гэлтэй, сонссондоо итгэмгүй тийм явдал болжээ. Тэнгэрийн хүслийг сонсож болно гэж Хөхөчү худлаа хэлээгүй ажээ.

Үг дуу цөөнтэй түг таг яриатай Тэмүжин хөвүүнээ гэнэт ийм гайхалтай уран гүнзгий үг хэлж хурсан олныг хормын төдийд бишрүүлэн эзэмдэхийг Өүлэн гайхан харж, Тэмүжин хөвүүнээ даган өөрийн эрхгүй хоёр гараа дээш сунгав. Хурсан олон бүгдээр Тэнгэрийн далд хүчинд автан нэгэн зэргээр сөхрөн сууж Тэмүжинд мөргөжээ. Анх нуурын эрэгт амиа үйн үхэхээр ирэхдээ Тэмүжин хөвүүнээсээ мэдэрсэн тэр далд ид шидийн хүчийг Өүлэн дахин мэдэрчээ. Тэмүжин хөвүүн нь Тэнгэрийн зараалаар мэндэлсэн болохыг Өүлэн дахин үзэж итгэв. Тэгэхэд сарны гэрэлтэй хамт Тэмүжиний биед шингэж байсан хүч одоо Тэмүжинээс түгэн эргэн тойрондоо гэрэлтэн цацарч байхыг Өүлэн харав.Бас энд суусан бүх хүмүүс үзэж буй гэдэгт ч итгэжээ.

Тэмүжиний биенээс цацарсан гэрэл тэнгэрт гарч солонго болон тогтсон нь Тэмүжиний үгийг Тэнгэрийн зарлиг гэж итгэн, бишрэн дагах сэтгэлийг хүчтэй болгох ажээ. Ингэж Тэмүжин хөвүүн нь ганц хормын дотор Тэнгэрийн ивээлд багтсан түмний эзэн болон тодрохыг Өүлэн үзэв. Тэмүжиний биенээс цацарсан гэрлийг Өүлэнээс өөр хүн олж харсангүй. Харин тэнгэрт татсан солонго бүгдэд үзэгджээ.

Гэвч сэтгэл хөдөлгөсөн энэ баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Учир нь Хасар хөвүүн нь өөрийн атаархал хүслийг эхийнхээ нүднээс нууж эс чадаад найрын талбайгаас холдон явахад Өүлэн ихэд айжээ. Хасар хөвүүнээ тайвшруулан сэрэмжлүүлэхгүй бол хөвүүдийн нь атаархал хүсэл эцэстээ юунд хүргэж болохыг Өүлэн бүрэн таамаглаагүй ч ирэх аюулыг мэдрэн түгшжээ. Гэвч Тэмүжиний юу гэж шийдсэнийг даанч таах аргагүй билээ

.Хасарыг ямар цохилт хүлээж байсныг Өүлэн ч Хасар ч мэдсэнгүй. Үдэш болж найр өндөрлөхийн өмнө өдөржин Зүчи хөвүүнээ тэврэн таг дуугүй суусан Тэмүжин дахин босч гараа өргөсөнд халамцсан согтсон олон тэр даруй нам гүм болжээ. Тэд шинэ эзнийхээ үгийг ийм амархан сонсож сурсан гэхэд хараад ч итгэх аргагүй ажээ.

-Боржигон аймгаа эргүүлэн нэгтгэсэн нь Тэнгэрийн зарлигаар болжээ. Би аймгаа хоёр хуваан баруун зүүн гарын түмэн болгохоор шийдэв. Миний төлөө хамаг ихийг хийж зүтгэсэн багын үнэнч нөхөд Боорчи Зэлмэ хоёроор баруун зүүн түмнийг захируулж аймгийн дотрох бүх хэргийг миний хоёр нөхөр надтай зөвшин шийдвэрлэх болно. Миний энэ үгийг Тэнгэрийн зарлиг гэж дагагтүн гэжээ.

Энэ бол ганц Хасарыг биш сонссон бүгдийг гайхан алмайруулсан гэнэтийн явдал болов. Бэгтэрийг алахад оролцвол гэрийн дотрох удаах эрхийг өгөхөөр амалсан нь эрт багын хэрэг боловч тавьсан тангараг элэгдэж хуучрах ёс монголчуудын хувьд үгүй тул Хасар яг ингэж итгэн нэгэнт Тэмүжин аймгийн хан болсон болохоор түүнд аймгийн дотрох удаах эрх ногдоно гэж догдлон хүлээж байсан нь талаар болов. Гэтэл Тэмүжин Хасарыг хүн гэж тоосонгүйгээр барахгүй түүнийг өргөмжилсөн Сачабэх Алтан Хучир нар болоод ахмадууд юу гэхийг ч бодсонгүй. Энэ шийдвэр Тэмүжиний хувьд санамсаргүй буюу гэнэтийнх биш байв.Ингэж шийдэхийг тэр ганц энэ найрын дундуур бодож олсонгүй. Бас Тэнгэр ч түүнд хэлсэнгүй. Аймгийн олон албат ойр дотно нөхөд ахмад хүмүүсээс Тэмүжинд эргэлзэхгүй үнэнч зүтгэх хэлснийг нь шүүмжлэхгүйгээр хэрэгжүүлэх хүмүүс нь чухам Боорчи Зэлмэ хоёр гэж тэр сонгожээ.

Тэмүжин өөртөө үнэнч шударга нөхдөөрөө өөрийгөө хүрээлүүлж санасан хэргээ биелүүлэхээр шийдсэн билээ. Энэ гэнэтийн цочмоор шийдвэр нь хожим хойшдийн их үйлийн гарцаагүй зөв эхлэл болохыг ч мэдэж байв. Ийм ч учраас Өүлэн эх болоод Хасарын гомдлоос айсангүй. Амбагай хаан,Хотула хаан,Нэгүүн тайшийн үр удмын зүгээс гаргаж болох эсэргүүцэл эгдүүцлээс, бүр тэд салж явахаас ч айсангүй билээ. Шинэ бөгөөд зөв шийдвэр ямагт эсэргүүцэлтэй тулдгийг Тэмүжин мэддэг болжээ.

Өүлэн эх нь учирлаж сануулан дуугүй ширтэхийг, Хасар найрын дундуур явж одохыг харсаар боловч анзаараагүй мэт суужээ.Өүлэн эх нь хамгаас ихээр шаналан зовохыг ч мэдэж байв. Гэвч Тэмүжинд өөр зам байсангүй. Тэмүжин Боржигон аймгийн ханаар өргөмжлөгдсөн нь Есүхэйн удам албат иргэдийн баяр бахдалыг бадраасан хэрэг боловч Өүлэний сэтгэлийн зовлонгийн эх болжээ.

Нэг мах цуснаас урган төлжиж унаж төрсөн хоёр хөвүүн нь зан ааш эрс тэс өөр тэр бүү хэл өрсөлдөн тэмцэлдэх нь илэрхий болсон нь ингэж зовоход хүргэв. Тэмүжиний хорон нууцлаг зан төрх Хасарын ил цагаан түргэн ааштай яг өдөр шөнө шиг яг л гал ус шиг харшлах ажээ. Тэмүжин Боржигон аймгийн хан болсон нь Тэнгэрийн зарлиг болохыг Өүлэн нэгэнт мэдэрч ойлгов. Гэтэл Хасар үүнийг үл ойлгох бөгөөд юухан дээр ч болов ахтайгаа өрсөлдөн мөчөөрхөх болсон нь чухам Тэнгэрийн гэсгээл гэмээр байв.


Аймгийн дотрох хамаг хэргийг Тэмүжин өөрийн үнэнч шадрууд болох Боорчи Зэлмэ хоёрт даалгасан нь Хасарын гомдол хорслыг бадраасныг Өүлэн тодорхой мэдэж байв.

Тэмүжиний энэ шийдвэр үнэхээр ноцтой осол гаргаж мэдэх тул аймгийн бүх ихэс ахмадууд бүү хэл жирийн ардын тэр дундаа Боорчи Зэлмэ хоёрыг ч гайхашруулсан билээ. Харц боол Зэлмийг, хөндлөнгийн ардын хөвүүн Боорчийг ингэж өргөмжилсөн нь Боржигон аймгийнхны хувьд урьд өмнө үзэж сонсоогүй хэрэг байв. Алтан Хучир Сачабэх гээд удам судартай угсаа гарвалтай ахмад настай баян чинээлэг хүмүүс олноор байтал туу гэх нохойгүй чүү гэх морьгүй шахам тэднийг өргөмжилсөн нь дөнгөж нэгдээд байсан Хиад Боржигон аймгийнханд эргээд задрах аюулыг илэрхий бий болгожээ.

Олон хүн муу ёрлон бодсон нь ёсоор болж аймгийн дотор их эрх эдлэнэ гэж бодсон Сачабэх Алтан Хучир нар салж явжээ.

Гэтэл Тэмүжиний хариу санамсаргүй бөгөөд аймшигтай байлаа.Сачабэх Алтан Хучир нарыг барин авчирч Ханд өргөмжлөхдөө өргөсөн тангаргийг нь сануулж байгаад олны өмнө цаазалжээ. Хэн ч тэднийг өмөөрөн боссонгүй. Тэмүжин ингэж өөрийн байр суурь нэр төрийг бэхжүүлэн авчээ. Энэ цаазнаас хойш ахмадуудын зүгээс Тэмүжинг үл тоомсорлох байдал тасарчээ. Хиад Боржигон аймгийн хуучин ихэс дээдсийн дунд хамгийн их нэртэй гурван толгойлогчийг цаазалснаар Тэмүжин Боржигон аймгийн хэмжээгүй эрхэт эзэн болсноо батлав. Залуу Тэмүжиний гараар бутарсан аймгаа нэгтгээд эцэст нь өөрийн болгоно гэж тохиролцоод байсан тэдний далд санаа талаар болж амиа алдацгаав.

Тэд үнэхээр өөрсдийн ирээдүйн эрх мэдлийн төлөө Тэмүжинээр хүндийг үүрүүлж хүчрийг туулуулахаар үгсэн тохироод Есүхэйн хөвүүнийг ингэж уриалгаханаар өргөмжилсөн билээ. Харин Хасарыг ядаж боол Зэлмийн оронд өргөмжлөхийг хүссэн хүлээсэн хүн цөөнгүй байлаа. Гэтэл Тэмүжин ингэхийг хүссэнгүй. Тэмүжин хөвүүнийхээ далд нарийн санааг Өүлэн сайн ойлгож байлаа. Тэмүжин аймгийг дотрох эрхийг хэнтэй ч хуваахыг хүссэнгүй ажээ. Тэмүжиний нууцгай дуугүй төрхийг цаана ямар гүнзгий бодол санаа нуугдаж байгааг Өүлэн бүрэн тааж мэдэхгүй ч яг ингэж ойлгожээ.

Тэмүжин урьд өмнө хэний ч явж байгаагүй замаар явж бүгдийг цоо шинээр хийхийг хүсч байгаа нь илт байв. Өөртөө хамгийн үнэнч, амиа ч өргөхөд бэлэн Боорчи Зэлмэ хоёрыг өргөмжилсөн нь үүнийг батална. Тэмүжинг ханд өргөмжилсөн найр өндөрлөж бүгд чив чимээгүй тарж одсон билээ. Өөрийгөө Боржигон аймгийн дотор нэр нөлөөтэй гэж бодсон бүхэн урамгүй буцахыг Өүлэн харж хоцорчээ.Тэмүжин хөвүүн минь энэ гэнэтийн шийдвэрийнхээ золиосонд яах бол гэж шаналан бодож байлаа.Учирсан зовлон бүгдийг эв нэгдлийнхээ хүчээр хамтран туулж ирсэн гэр бүлийг нь Тэмүжиний энэ шийдвэр эвдэн бусниулж хаясан шиг Өүлэн гашуудал түгшүүр дүүрэн болжээ.

Найрын дараа Хасар өөрийн албат хүрээгээ нүүлгэн тусдаа суухаар одсон нь Өүлэнг амьдаар нь тамлан үхүүлсэн мэт санагджээ.Хасарын нүүсэн нь аймгийн дотор онцлох эрх олгоогүйд эгдүүцэж хорссон сэтгэлийн илрэл байв.Гэвч Хасар ингэж ил тодоор хэлээгүй ч Тэмүжин болон бүгдээр тэгэж ойлгожээ.Өүлэн яах учраа олохгүй болов.Хоёр хөвүүн нь салж нүүсэн нь жирийн нэг билчээр газрын хуваарь төдий хэрэг биш байв.Одоо хоёр хөвүүн нь уулзвал үг биш илд зөрүүлэхэхэд бэлэн болжээ.Хасарын ингэж салан нүүж тусгаар суух болсныг Тэмүжин огт эсэргүүцэн шүүмжилсэнгүйгээр барахгүй дэмжин сайшаасан ч дотроо юу гэж бодож буйг таахын арга байсангүй.

Өүлэн Хасар хөвүүнээ Тэмүжиний далд аюултай санаанаас хамгаалах уу эсвэл Тэмүжинг Хасарын эсэргүүцэл дайралтаас хамгаалах уу гэдгээ шийдэж эс чаджээ.


Top
   
PostPosted: Aug.30.11 11:36 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Тэмүжин Хасар хоёрын хэн нь түрүүлэн дайрахыг мэдэх арга даанч алга байв. Хасар тэвчээргүй түргэн омголон зантай тул гэнэдэн Тэмүжиний хорон санааны золиос болох нь хялбар санагджээ.

Зовж зүдэрч туулж ирсэн хүнд хүчир амьдрал нь төгсөж үрийнхээ ачыг үзсэн мэт жаргасан эхнийхээ жилд ийм аймшигт тамлалд унана гэж Өүлэн санасангүй. Ийн аргаа барагдахад тэрээр сэм явж Есүхэйн онгонд очиж мөргөжээ.
-Есүхэй чи сонсооч. Тэмүжин Хасар хоёр минь салж одлоо. Би тэднийг адилхан хайрлаж өсгөсөн юм. Одоо хөвүүд минь алалдан хөнөөлдөхөд бэлэн болжээ. Тэмүжин Хасар дүүгээ гэнэдүүлэн алах бий гэхээс элэг зүрх минь урагдаж энэ бие минь үйрэх шиг болно.Чи хэнийг, ямар амьтдыг надад үлдээгээд ганцаар минь хаяж одох чинь энэ вэ гэж аргаа баран уйлжээ.

Есүхэйн сүнс түүнд огт хариу хэлсэнгүй зөвхөн гунигт харцаар ширтсээр байжээ. Есүхэйн сүнсийг ийм гунигтай байхыг Өүлэн ер үзсэнгүй билээ.
-Хасар хөвүүн минь хиргүй цагаан бодолтой, халуун уян сэтгэлтэй юм. Тэр Тэмүжин ахдаа гомджээ. Гэтэл Тэмүжин аймгийн дотор удаах эрхийг амалсан ёсоор Хасар дүүдээ өгсөнгүй. Уг нь Тэмүжин дүүгээ өргөмжлөнө гэж тангаргаласан боловч тангаргаа няцжээ. Тэр хөвүүн юуны төлөө ингэнэ вэ. Есүхэй.
Би Тэмүжин хөвүүнийг чинь ойлгохгүйд хүрлээ. Түүний юу хийх гэж буйг надад хэлж өгч туслаач. Тэр арай Хасар дүүгээ хөнөөхөөр шийдсэн биш байгаа. Тэмүжиний харц сэтгэлд юу нуугдана вэ. Тэр дуугүй гөлгөр хөвүүн чухам юуг хүснэ вэ. Би тээж төрүүлж тэвэрч хөтөлж өсгөсөн хөвүүнээ танихгүй болжээ.
Надад хөвүүд минь бүгдээрээ хэрэгтэй юм. Хачиун хөвүүн чинь хүнд өвчтэй .Тэмүгэ хөвүүн чинь нялхдаад би ганцаардаж шаналж байна.

Өүлэний энэ үгийг Есүхэйн сүнс сонсоод хариу хэлсэнгүй нь тэр ч бас Өүлэний адил аргаа барсных байв. Ингээд Өүлэнд туслаж зааж зөвлөх хүнгүй болжээ.

Тэр бүх хэргийг өөрийн ойлгож мэдэрснээр шийдэхээс өөр аргагүй болжээ.


Top
   
PostPosted: Aug.30.11 11:41 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Есүхэйн онгонд мөргөж ирээд Өүлэн нүүж Хасар хөвүүнийхээ хүрээнд очиж суухаар шийдсэнээ Тэмүжинд хэлжээ.

Тэмүжин эхийнхээ үгийг сонсоод удаан дуугүй суув. Өүлэн ч дуугүй тэвчээртэй хүлээжээ. Өүлэн эх нь яагаад гэнэт ингэж нүүхээр болсныг Тэмүжин гадарлаж байв.

Энэ бол Хасарыг өмөөрсөн эхийн сэтгэл гэж ойлгов.

Ийм үед эхийнхээ үгэнд хариу олж хэлэх Тэмүжинд их хэцүү байлаа. Гэвч дуугүй суугаад байж болсонгүй:
-Ижээ Тэмүжин аль болохоор эелдэг зөөлөн дуугарахыг хичээж байв.
-Ижээ. Таны ингэж хэлсний учрыг би сайн ойлгож байна. Гэвч та төв хүрээнээс нүүж Хасарын хүрээнд очиж сууж яахан болох билээ. Та эвтэй бол хүчтэй гэж сургасаар ирсэн биш үү. Гэтэл хэлсэн үг сургаалаа няцаж юунд ингэнэ вэ. Таныг Хасарын дэргэд очвол харсан үзсэн бүхэн юу гэх вэ. Та бид хоёрыг эвдрэлцэв гэх бус уу. Эхдээ хаягдсан намайг хэн тоох билээ. Би хан сууж Есүхэй эцгийнхээ гэрээсийг биелүүлэхээс өөр хүсэлгүй. Хасарын гомдох нь цаг зуурынх биз. Ижий та аятай хэлж аашилж сургавал Хасар та бид хоёрын үгнээс гарахгүй. Өүлэн ижий та л миний үгийг сонсож үйлийг дэмжихгүй бол өөр хэн намайг дагах билээ. Таныг явчихвал миний улыг шагайж үхлийг хүссэн бүгдийн баяр болох биш үү. Та Хасар дүүд санаа бүү зов. Хасарын тусдаа сууж хүрээгээ засах чинь ер хүний ёс биз. Есүхэй баатрын үр сад өсөж хүчирхэгжиж буйн баталгаа болно. Та бол Есүхэй баатрын их хатан. Боржигон аймгийн хатан ижий юм. Та байх ёстой газраа сууж хэлэх ёстой үгээ хэлж байгтүн гэсэн нь Өүлэнийг хэлэх үггүй болгожээ.

Тэмүжин яагаад ийм ухаан сийрэг уран цэцэн болсоор байсныг Өүлэн ухаарсангүй явжээ. Үнэхээр сүүлийн жилд Тэмүжин огт танигдахын аргагүйгээр өөрчлөгдөн хувирчээ.
-Ижээ.Та бэлд. Хоюул өнөөдөр Хасар дүүгийнд айлчлан очъё. Надад түүнтэй уулзаж зөвлөх хэрэг байна гэсэн билээ.Тэмүжин ямар нэгийг бодож шийдсэн нь илт байв.Өүлэн ч Тэмүжиний үгийг дагажээ.

Тэднийг ингэж гэнэт ирнэ чинээ санаагүй тул Хасар Борогчин хоёр сандран хөл болжээ.
Хасарын хүрээ өргөжиж тэлээд одоо Тэмүжинийхээс ер дутах юмгүй хөндий дүүрчээ.Хасарын тусгаар суух болсноос хойш эх ах хоёр нь анх удаа цуг ирсэн нь энэ тул Хасар найр хийв.Тэмүжин ч яарч сандаргасангүй айвуу тайвуу суув.Найрын дараа их түүдгийн дэргэд гурвуул хоцорч удаан хууч хөөрчээ.Ингэж суухыг Тэмүжин хүсчээ.

Хэзээ ч ингэж олон үг хэлдэггүй Тэмүжинг бага нас, өнгөрсөн амьдрал,Есүхэй эцгийгээ дурсан бүр хоолой зангируулахыг үзээд Өүлэн Хасар хоёр уяран нулимс унагажээ. Үнэхээр хөвүүдийнх нь дотроос Тэмүжин шиг зовсон нь үгүй тул хөвүүнээ ихэд өрөвдөн хайрлажээ.Гашуун идээнээс нэг их хойш суугаад байдаггүй Хасар энэ үдэш огт уусангүй нь Өүлэнийг түгшээж хөвүүд нь яах гээд байгааг бүр мэдэхээ больжээ.

Түүдгийн оч тэнгэрт цацарч найртай сайхан дулаан шөнө эхлэжээ. Тэмүжин зүгээр нэг түүдгийн дэргэд сууж хууч хөөрөх гэж ирээгүй нь лавтай. Үнэхээр ч тийм байв.
-Хасар аа.Би чамтай нэгэн хэргийг зөвлөх гэж ирлээ гэж Тэмүжин гэнэт хэлэв. Хэн ч дуугарсангүй.
-Надад Бэрлүүд, Онгуд, Бэсүд гээд хэдэн овгоос дагаж ирэгсэд нийлээд хоёр тум хол илүү хүн болжээ. Тэдний цэрэг эрсийн тоо даруй хагас түм хүрнэ. Би энэ иргэдийг чамд өгье. Чи цэрэг татаж засч сурга. Одоо Есүхэйн хөвүүд бид өөрийгөө хамгаалах биш өстнөө довтлон дарах их цэрэг засах цаг иржээ. Байлдах тулалдахдаа чамаас илүү хэн билээ. Боржигон аймгийн их цэргийг Хасар дүү чи засч удирдагтүн. Ийм эрхийг би чамд олгоё. Ижий ч ингэж бодож буйгаа надад хэлэв.

Тэмүжиний энэ санмсаргүй үг Хасарыг суусан газраас үсрэн бостол баярлуулж Өүлэнг цочоов.
Гэвч Тэмүжиний үгийг сонсоод дуугүй толгой дохижээ.Үүнээс өөрөө ч яах билээ.Тэмүжиний үгэнд баярлахгүй байхын аргагүй байв.

Хөөрч догдолсон Хасар хэлэх үгээ олохгүй болжээ.
-Хасар чи яваандаа миний их цэргийн жанжин болно. Би дүү чамаас өөр хэнд итгэж энэ хэргийг даалгах билээ. Есүхэйн хөвүүд эвтэй явбал хэнд ч дийлдэхгүй гэж ижий та сургадаг биш үү гэж Тэмүжин инээжээ .Өүлэн чимээгүй уйлж суув. Хасар гайхаж -Ижээ.Тэмүжин ах ийм баяртай үг хэлсэнд та юунд уйлав гэж хөхөрнө.
-Ижий нь та хоёрыг ингэж найртай суухыг хараад баярласандаа уйлав гэж үнэнээ хэлжээ.

-Ижээ.Та өнгөрсөн явдлыг март.Би Тэмүжин ахад ер гомдож санасан зүйлгүй гэж Хасар үнэн сэтгэлээс хэлсэн билээ.”Хасар хөвүүн минь даанч итгэмтгий гэнэн хүндээ” гэж бодсон ч дуугарсангүй. Хасарын хэлсэн үг нь чухам Тэмүжиний сонсох гэж хүссэн үг юм. Тэмүжиний гэнэт ингэж шийдсэн нь Өүлэнг гайхашруулжээ. Гэвч тэр Тэмүжиний ухаанд итгэж байв.

Өөрийнхөө ганц өрсөлдөгчид гэнэт их цэргээ засах эрхийг өгч дэмжсэн нь ойлгоход бэрх хэрэг байсан ч бас Тэмүжинд үүнээс өөр зам байсангүй билээ. Хасарын гомдсон сэтгэлээс ямар ч үйл гарч болохыг Тэмүжин мэдэж байлаа. Үүний хажуугаар Өүлэн эх нь Хасар хөвүүнээ илэрхий өмөөрөн дэмжиж байгаа нь ингэхээс өөр аргагүйд хүргэжээ. Бас шинэ хан Тэмүжинд гомдсон ахас ихэс түүнийг зайлуулахыг хүсэхдээ Хасарыг ашиглах нь илт тул ингэж шийдэхэд хүргэв. Хасарын өргөөнд хэн очиж юу гэж ярьсаныг ч Тэмүжин мэдэж байв. Хасарын албатын дотор итгэлтэй тагнуулаа суулгахаа Тэмүжин мартаагүй билээ.

Өрсөлдөгчид болон хорон санаатнууд Хасар тэдний хооронд үүссэн зөрчлийг ашиглан дөнгөж нэгдээд байгаа Боржигон аймгийг бутрааж түүнээс хан суудлыг нь булаан авахыг санаархаж байгаа нь илт байв.

Ийм үед тэдний энэ санааг таслан зогсоох ганц арга нь буулт хийж Хасарыг өөртөө татах явдал байсан билээ.Хасарыг Боржигон аймгийн цэргийн жанжинаар томилохоос өөр сайн аргыг Тэмүжин олсонгүй.

Энэ бүгдийг Өүлэн эхийнхээ нүүрэн дээр хэлсэн нь ч учиртай юм.

Хасарт Өүлэн эхийн үг ямар нөлөөтэйг бодолцсон хэрэг байв.Өүлэн түр боловч сэтгэл амарч Хасар Тэмүжиний даалгасан ажилд итгэл төгс урам зориг дүүрэн оржээ.

Хасартай буулт хийх замаар тэмцэж өөрийн хэрэгт ашиглах ёстойг Тэмүжин хан суусан эхний жилүүддээ сайтар ойлгож авчээ.

Хасарыг алдвал аймгийнхаа хагасыг алдсантай адил хэрэг болж давж дийлэшгүй дайсантай болохыг тэр сайн мэдэж байв. Ийм учраас цаг алдалгүй ингэж зоримог шийд гаргажээ.

Хасар эргээд дуулгавартай үнэнч сэтгэлтэй дүү болон хувирч цэрэг засах ажилдаа шуударчээ.

Цэрэг засах байлдаж тулах нь Хасарын төрмөл ухаан авъяас бөгөөд түүний чадварыг бүгдээр хүлээн зөвшөөрч удалгүй Хасар шилдэг хоёр түмэн цэргийг засжээ. Тэмүжин өөрийн шийдвэрийн зөв гэдэгт итгээд цэргийн бүх хэргийг голчлон Хасартай зөвлөх болжээ .Боржигон аймгийн дотор Есүхэйн хөвүүдийн дунд үүссэн аюулт зөрчил намдсан нь олон овог аймгийг айлгаж эхлэв.

”Есүхэйн хөвүүд та нар эвтэй байвал хэнд ч үл дийлдэнэ” гэж Өүлэн эхийн хэлдэг үнэн болоход одоо бүгд итгэв.

Өүлэн жаргалтай болжээ. Тэрээр Тэмүжин хөвүүнийхээ гайхалтай мэргэн ухаанд ихэд биширч түүнийг тоож хүндлэх нь нэмэгджээ. Тэмүжин одоо нэгэнт түүний хөвүүн биш болсныг ойлгов. Тэмүжин хөвүүн нь түүний нүдэн дээр эрх мэдэл дүүрэн шинэ эзэн болон хувирч байхыг Өүлэн бахархан харж байлаа.

Гэвч Өүлэн эхийнхээ үг сэтгэлд урьдын адил хүндэтгэлтэй ханддаг нь өөрчлөгдсөнгүйд тэр их баярладаг байв. Тэмүжин хөвүүнээ Тэнгэрийн зарлигаар мэндэлсэнд одоо Өүлэн бүр бат итгэх болжээ.

Анх төрөхөд нь ингэж бодсон боловч хатуу итгээгүй билээ.


Top
   
PostPosted: Aug.31.11 7:08 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
…Тэмүжинг төрөхөд Есүхэй баатар эзгүй,татаартай тулалдахаар одсон байжээ.Тэмүжин эхийнхээ гэдсэнд олдсон цагаасаа л гайхшралыг нь барсан хүүхэд байв.

Энэ үед Есүхэйн бага хатан Сочигал бас бие давхар байсан нь эмсийн хооронд далд бяцхан өрсөлдөөнийг үүсгэжээ.Есүхэй зэрэг шахам бие давхар болсон хатдынхаа дундуур хэвтээд цодгор гэдсийг нь илбэн баяр хөөр дүүрэн байх үедээ хүүхдүүдээ дуудан эрхлүүлдэг байжээ.Тэгэхэд Сочигалын гэдсэн дэх хүүхэд эцгийнхээ дууг сонсоод хөдөлж байхад харин Өүлэний хүүхэд үхсэн мэт таг чиг байдаг нь даанч атаархалтай санагддаг байв.
-Сочигал.Чиний хүүхэд лав түрүүлж гарах байх.Эцгийгээ таниж хөдөлж байхыг нь үзвэл сүрхий баатар эр төрөх биз гэж Есүхэй өгүүлж бага хатнаа энхрийлж халамжлах нь улам нэмэгджээ.Тэгэхэд нь Өүлэний атаархал хорсол бадарч нээрээ гэдсэн дэх хүүхэд нь амьгүй мэт санагдаад шөнө бүр уйлж хонодог байв.Өүлэний байдлыг гадарласан асрагч эм Хуагчин нь
-Өүлэн санаа бүү зов.Чиний хүүхэд зүгээр.Харин ч ингэж дуугүй тэвчээртэй байгаа нь баатар эр төрөхийн шинж гэж тайвшруулдаг байжээ.

Өүлэн их хатны хувьд түрүүлж төрөхийг, түүний хөвүүн Есүхэйн ууган залгамжлагч болохыг туйлаас хүсч байв.Гэтэл хүсэхэд хясна гэгчээр хүүхэд нь хөдлөх ч үгүй байх нь гачлантай.Есүхэйг татаартай байлдахаар явсны дараа Сочигал байн байн өвдөх болсон нь Өүлэний хүсэл биелэх хувьгүйг батлаж хүрээ даяараа ганц Сочигалыг тойлж Хуагчин асрагч нь хүртэл Сочигалыг сахин хонох болжээ.Өүлэн хээр гадаа ганцаар хаягдсан мэт гунигт автав.Тэр одоо бага хатан Сочигалаас сүүлдэж хүүхэд төрүүлэх нь тодорхой болжээ.

Тэр шөнө Хуагчин урьдын адил Сочигалыг сахихаар явсан тул Өүлэн гэртээ ганцаар хэвтэж байв.Гэтэл гэнэт гадаа сар гарах шиг тооноор гэрэл тусах шиг болжээ.Өүлэн зүүдэлж байх шиг сананагджээ.Өнөөх хичнээн сар үхсэн мэт байсан хүүхэд нь хөдөлж бүр гарах гэж бачимдан дотроос түг түг балбаж байжээ.Баярлаж хөөрөхийн завгүй гэнэт бие нь эвгүйрч хашгирч хүн дуудах сэхээ ч байсангүй.

Хормын дотор түүний хэзээ ч үзэж мэдээгүй явдал болжээ.
Өүлэнг өнөө хүүхэд нь хөтөлж удирдаж байх шиг санагдав.Өүлэн нэгэнт өөрийн биеийг мэдэхээ болиод хүүхдийнхээ аяыг дуулгавартайгаар дагажээ.Гэнэт хоёр хөлийн хооронд аравгар улаан амьтан унаад учиргүй чангаар бархиран уйлж эхлэхэд л сая сэхээрч ухаан оржээ.Хүүхэд нь гарахад өчүүхэнч өвдсөнгүй нь хачирхалтай.Өүлэн ч хүүхдээ даган уйлжээ.Ингэж Тэмүжин төрөхөөсөө л эхийнхээ гайхшралыг барж эхэлсэн билээ.

Эхийнхээ яарсан сэтгэлийг ойлгоод Тэмүжин Сочигалын Бэгтэрээс даруй сарын өмнө төрсөнд Өүлэн хөвүүнээ Тэнгэрийн зарлигаар төрөв гэж бодоход хүрчээ.Үхсэн мэт таг чиг байснаа яг хүссэн үед нь төрсөн Тэмүжин хөвүүн нь өнөө ч оньсого мэт зантай хэвээр өсжээ.

Эх хүү хоёрын уйлах их чимээнээр сандран гүйж ирсэн Хуагчин үнэхээр үзсэнээсээ болоод ухаан алдах дөхжээ.Ус цусанд холилдсон эх хүү хоёр хүйгээ ч таслалгүй тэврэлдэж сууж байв.
-Би чамд хэлээгүй юу гэж Хуагчин уйлан шивнээд хүйг нь тас хазаад гэзэгээ сугалан боож өгсөн билээ.Төрмөгцөө нүдээ нээж энэ тэрийг оноож хардаг тийм хүүхдийг урьд өмнө үзээгүй Хуагчин бяцхан хөвүүнийг ихэд биширчээ.Хөвүүнийг угааж өлгийдөөд Хуагчин гарч бүгдийг сэрээн Есүхэй баатар залгамжлагчтай болсныг зарлаж хүрээ даяар бөөн баяр хөөр болж байхад л Өүлэн сая нэг сэтгэл нь тайтгарч тэгшрээд хөвүүн төрүүлсэндээ итгэж Тэнгэрт талархан мөргөжээ.

Тэнгэр Өүлэний хүслийг тааж тэр Сочигалаас түрүүлэн хөвүүн төрүүлжээ.Харин шинэ төрсөн хөвүүний нь өлгийний энгэр заамаар гэрэл цацарч байхыг хараад ихэд гайхан яаран задалж үзэв.Хөвүүний нь тас атгаастай зүүн гараас тэр гэрэл цацарч байжээ.Нарийхан эмзэг хуруунуудыг нь салгаж тэнийлгэн үзвэл алганд нь галт улаан чулуу гэрэлтэж байлаа.Тэр чулуу хүн хармагц гэрэл нь унтраад тэр дороо бяцхан нөж болон хувирсанд Өүлэн ихэд айж дэмий юм хийв гэж харамссан ч хожимджээ.Энэ бол Тэнгэрийн тэмдэг болох нь гарцаагүй байв.

Хуагчин орж ирээд хөвүүний атгаж төрсөн нөжийг хараад баясан догдолж
-Хөвүүн хүүхэд нөж атгаж төрөх нь эр зоригтойн шинж гэдэг юм гэж тайвшруулсан билээ.

Тэмүжин ингэж төржээ.Харин Хасар бол тэс өөр бүр гэдсэнд байхын хачин их хөдөлгөөнтэй нойрон дунд өшиглөж тийчигнээд сэрээж орхидог бяртай хүүхэд байжээ.Хасарыг төрүүлэх гэж Өүлэн бэрх ихээр өвдөж шаналсан билээ.Олон хоног нойр хоол алдуулан өвдөж зовоосондоо тэр юм уу Хасар эхдээ учиргүй дотно хайртай болж өсжээ.

Хасар шиг зовж төрүүлсэн нь Өүлэнд үгүй байв.Хасарыгаа харах бүр “Энэ хөвүүн миний зовлонгийн үр байх” гэж өрөвдөн боддог билээ.Хамгийн ихээр зовж төрүүлсэн үрдээ Өүлэн хамгаас илүүгээр хайртай болжээ.Хасарын багад
-Миний хөвүүн ижийгээ их зовоож төрсөн шүү гэхэд нь тэрээр омогтой цоглог нүдээрээ ширтэж эхийгээ зовоосондоо хачин ихээр харамсаж байгаа нь илт мэдрэгддэг байжээ.

Харин Тэмүжин гэдсэнд байхын л эхийнхээ хүслийг чив чимээгүй ойлгож мэддэг билээ.Тэмүжин хөвүүнийхээ атгаж төрсөн Тэнгэрийн тэмдгийг осолдож нөж болгон хувиргасандаа Өүлэн ихэд харамссан тул бодсоор хэрхэн хадгалах арга сэдэж олжээ.Харин хөвүүнээ Тэнгэрийн галт тэмдэг атгаж төрснийг Есүхэйг дайнаас буцан ирэхэд хэлсэнд тэр огт үнэмшсэнгүй. -Чиний ухаан балартаад буруу зөрүү хараа биз гэж хөхөрч өнгөрөөсөн нь гомдолтой ч Өүлэнд үзүүлэн батлах баримт нэгэнт үгүй тул дуугүй болжээ.Гэвч Өүлэн одоо хүртэл Тэмүжин хөвүүнээ Тэнгэрийн зарлигаар төрсөнд итгэсээр билээ.Түүний нь баталгаа болж өнөө ч Тэмүжин эхийнхээ сэтгэлийн шаналанг ойлгож мэдээд Хасар дүүдээ цэргээ захируулжээ.

Үүн шиг ухаантай мэргэн шийдвэрийг Өүлэн урд нь мэдэхгүй мэт байлаа.Өүлэн хязгааргүй аз жаргалтай болжээ.Олширч нэмэгдээд зах нь харагдахгүй болсон хүрээндээ өөрийн гэрт таатай сайхан амьдарч байв.Тэнгэр тэтгэж Тэмүжинг хүчээ нэгтгэн бэхжүүл гэх шиг халдан ирэх аюулгүй хэдэн жил өнгөрөв.

Хасар Тэмүжин хоёрын хэрүүл тэмцэл бүр мартагдаад байтал санаандгүй нэгэн хэрэг мандав. Нэг өглөө агтны тооллогоор явсан Тэмүгэ давхин иржээ.
-Ижээ.Тэмүжин ахаа.Хэрлэн өгсөөд Мэнлиг ах олон албатынхаа хамт ирж явна.Би уулзлаа.Тэднийх их баяжиж бүр нүүдлийнх нь төгсгөл харагдахгүй хөвөрч байна гэж Тэмүгэг хэлэхэд Өүлэний сэтгэлийн мухарт нэг утас доргин дуугарах шиг болоод гар нь зүрхтэйгээ адил чичирч аягатай цайгаа цалигуулжээ.Тэр өглөө Тэмүжин Хасар хоёр эхийнхээ гэрт цайлж суув.Өүлэн түрүүлэн дуугарсангүй.Учир нь тэр одоо Тэмүжиний амыг харж сурчээ.Тэмүжин дуугарсангүй.

Ер Тэмүжин түрүүлэн дуугарах зангүй тул Өүлэн хүлээжээ.Харин Хасар дуугүй суух эх ах хоёроо хэсэг хараад тэссэнгүй.
-Тэр боол Мэнлиг.Хаяж явчихаад одоо ямар нүүрээрээ эргэн ирэв.Би цэрэглэн очиж ял асууя.Дагаж ирэгсдийг нь хураан авъя.Эзнээ хаясан боолыг гэсгээх нь зөв биз.Бусдад нь үлгэр болог гэж чанга хэлжээ.Тэмүжин тэр дороо дуугарсангүй ч харц нь гэрэлтэн Хасарын үгэнд уур хилэн нь дүрэлзсэнээ алгуур унтрахыг Өүлэн түгшин харжээ.Тэмүжиний хаанаас нь энэ их тэвчээр гардгийг Өүлэн бодоод олсонгүй.
-Хасар аа.Чи нэгэн зүйлийг мартжээ.Есүхэй эцгийн үхлээс хойш биднийг хамгийн сүүлд орхиж одсон хүн бол Мэнлиг юм.Түүнийг урвасан гэж үзэх үндэс үгүй биз.Мэнлигийг хүндэт зочны ёсоор угтаж авна гэж хэлээд Тэмүжин эхийгээ харжээ.

Тэмүжин эхийнхээ хүслийг энэ удаад ч алдалгүй таав.Өүлэн догдолж баярласандаа доош тонгойв.Тэр Мэнлигийг ирнэ гэж хичнээн их хүлээж хүсэж байснаа сая л мэджээ.Үүнийг ч Тэмүжин мэдэж буйг ойлгов.
-Би тэр боолыг хүндэт зочин мэт угтаж эс тэвчинэ гэж Хасар зөрүүдэлсэнд Тэмүжин чимээгүй инээмсэглэжээ. -Хасар хөвүүн минь.Мэнлиг бол Есүхэй эцгийн чинь унаган боол.Эцсийн гэрээсийг нь сонсож толгойг нь түшиж ясыг нь барьсан ганц хүн шүү.Бүү тэгэж хэл.Одоо түүнийг боол гэж бүү дуудагтүн.Боол мэт бүү үзэгтүн.Мэнлигийг боолоос чөлөөлж дураар явуул.Есүхэй эцгийн чинь сүнс чингэхийг хүсч буй гэж Өүлэний хэлсэнд Хасар үг хэлэлгүй уурлан гарч оджээ.

-Тэмүжин хөвүүн минь.Хасар дүүгээ бүү буруутга.Бага насандаа өнчин хаягдсан гомдол нь арилахгүй байгаа биз.Дүү чинь түргэн зантай ч хорон муу санаагүй,цагаан цайлган хүн шүү.Хасар ер худал засдаг зан гаргадаггүй хүүхэд.Бодсоноо л хэлэв.Мэнлиг биднийг хаяж явсан юм биш.Би түүнийг хөөж явуулсан билээ.

Харин Мэнлиг надад гомдолгүй биднийг гэж эргэн ирсэнд ээж нь баяртай боллоо гэж Өүлэн үнэнээ хэлжээ.
-Ижээ.Мэнлиг ахыг би дүү нарын хамт хүрээнээс гарч замд нь угтан авъя.Харин та өргөөндөө хүлээгтүн.Тэд танд ирж мөргөг гэж Тэмүжин хэлжээ.Хасар эх ах хоёрынхоо үгийг дагахаас өөр аргагүй болов.Хүрээний захаас хол Учиртайн давааны овоон дээр Тэмүжин дүү нар шадар нөхдийнхөө хамт Мэнлигийг угтан хүлээж байсан нь Мэнлигийг цочоож бас гэмшүүлсэн нь туйлгүй болжээ.Мэнлиг хуучин эзнийхээ үр сад, Өүлэн хатны нүүрийг яаж харна гэхээс гол харлан эмээж явжээ.Харин Сочигал нэгэнт үхжээ.Гэвч түүнд бас үүнээс өөр арга байсангүй.Тэмүжиний дэргэд очихыг Хөхөчү хөвүүний нь шаардах байх суух аргагүй болгожээ.Эндээсээ удвал эзнээ хаяж одсон түүнд үхлээс өөр юу ч олдохгүй болохыг Хөхөчү сануулсан нь нүүхэд хүргэсэн билээ.

Харин Тэмүжинг ингэж хөл болон замд угтана гэж бодсонгүй.Эцэс төгсгөлгүй үргэлжилсэн их нүүдлийн тэргүүнд бөөгийн хар сүлдтэй хөнгөн сүйх ирсэн нь Хөхөчүгийнх ажээ.Мэнлиг долоон хөвүүнээ дагуулан ирж Тэмүжинд түрүүлэн мөргөжээ.Тэмүжин түүнийг сугадан босгоод
-Мэнлиг эцэг минь гэж хэлсэнд бүгд гайхжээ.Тэмүжиний энэ хэтэрхий их хүндэтгэл боол Мэнлигт зохихгүй гэж Хасар бухимдан хялалзаж зогсов.

Ийнхүү “Эцэг” гэж хүндлэн дуудсанд Мэнлиг ч цочирдон алмайрчээ.
-Мэнлиг эцэг минь.Та бол өнчин хоцорсон биднийг авран хамгаалж ирсэн ачтан юм.Энэ өдрөөс хойш та миний аймагт хамгийн хүндтэй суудалд сууж надад шадарлаж байх болно гэж өвдөг сөхрөн мөргөв.Хасар золтой л хашгирсангүй ажээ.
-Дүү нар.Миний нөхөд та нар Мэнлиг эцэгт мөргөгтүн гэсэн Тэмүжиний үгнээс зөрөх зүрхтэн гарсангүй цувран мөргөжээ.Хасар хамгийн сүүлд мөргөв.Мэнлигийг дагаж ирэгсэд нь Хөхөчүгийн ид шидийг шүтэж түүний аврал ивээлд багтагсад ажээ.Тэмүжин түүнийг мэдэж байсан тул Мэнлигт ингэж их хүндлэл үзүүлснийг гадарласан хүн байсангүй.

Учир нь Тэмүжин болоод Хөхөчүгийн хооронд болсон явдлыг хэн ч мэдэхгүй байв.Тэмүжин Мэнлигт бүх хүндлэлийг үзүүлж Хөхөчүг анзаарахгүй мэт байжээ.Мэнлигийг ирсэнд Тэмүжин их найр хийв.

Найрын эхэнд Мэнлиг хөвүүдээ дагуулан Өүлэнд мөргөжээ.Найрын турш Өүлэн Мэнлиг хоёр үг сольсонгүй.Тэмүжин Мэнлигийг эхийнхээ дэргэд суулгажээ.Хаяж одоод сая эргэн ирсэн боол Мэнлигийг ингэж ихээр хүндэтгэснийг олон хүн гайхжээ.Энэ бол Тэмүжиний далд санааны илрэл гэдгийг Өүлэн мэдэж болгоомжилж байв.Учир нь Мэнлигийг ингэж ихээр хүндэтгэж бүр “Эцэг” хэмээн дуудаж буй нь Өүлэний сэтгэлийн чанад нууцыг Тэмүжин мэдэж байгаагаар зогсохгүй бүр түүнийг зэмлэж баалж байх шиг санагдаад балмагдсандаа Мэнлигтэй дуугарахгүй биеэ барихад хүрчээ.Тэмүжин дотроо юу гэж бодож буйг таах аргагүй тул айж байв.Мэнлигийг өвөртөө оруулж шалигласныг Тэмүжин огт мэдэхгүй гэж бодож явсан нь их л гэнэн хэрэг байсныг мэдэж их ичжээ.

Ингэж бодохоор Тэмүжиний өмнө буруутсан мэт санагдаад дотор нь муухайравч бас гэнэ гэнэ тулгарах Мэнлигийн харц түүнийг төөнөх мэт болж бүр дур хүсэл нь оргилж эхлэжээ.

Энэ бол Өүлэний хэзээ ч үзэж мэдрээгүй явдал болов.

Дэргэд суусан Мэнлигээс дур тачаал оргилуулах хачин содон үнэр ханхалж байхыг Өүлэн анх удаа мэдэрчээ.Тэр үнэрт Өүлэн согтсон мэт болоод ганцхан Мэнлигтэй цэнгэж байсан өнөөх шөнийн дурсамж хачин тодорхой сэргээд аль эрт мэдрэлгүй мэт болсон хөх нь чинэрэн чим чим өвдөж байжээ.

Өнчин хоцорсон хөвүүдийнхээ төлөө тэр дундаа Тэмүжиний төлөө зарц боол Мэнлигт биеэ эдлүүлсэн гэж өөрийгөө цагаатган өмөөрч явсан бөгөөд харин одоо эм бие нь хагсарч Мэнлигийг хүсэмжилэн тачьяадаж явсанаа гэнэт ойлгожээ.

Сэтгэлийн дотор ийм их дур хүсэл хадгалагдан явжээ.
Өүлэн өөрийн дур хүслийг тэвчин барьж эс дийлээд толгой өвдсөн нэрээр гэртээ шурган ганцаар асгартал уйлж арайхийн тайвширчээ.Тэр өөрийн сэтгэлийг ойлгохоо болив. Мэнлигийг дагаж ирсэн иргэдийг түүнд өгч тэдэнд нутаг заан суулгахаар Тэмүжин зарлиг буулгасан нь Боржигон аймагт Мэнлигийн удам хамгийн их хүндлэл хүлээн дархлагдсан хэрэг байв.Мэнлиг албатаа дагуулан заасан нутагруу нүүж оджээ.Мэнлиг Өүлэний гэрт тусгайлан орж бараалхсангүй.Харин Хөхөчү хөвүүнийхээ хамт Тэмүжинтэй удаан сууж ярилцаад нүүдлийнхээ араас морджээ.Өүлэн түүнийг ороод ирнэ гэж бодсон тул гэрийхээ гадна далд ортол харж зогсов.Гэтэл зарц Мэнлиг эргэж ч харсангүй явсанд гомдол нь хорслоор солигдох шиг болжээ.

Энэ зун Өүлэн дөчин гурван нас хүрсэн ч эрийн нүд сэтгэлийг татах үзэмж нь буураагүй байлаа.Өүлэн хэзээ ч өнөөдрийнх шиг эрийг хүсэн тачаадаж байсангүй.Хаана нь нуугдаж явсан их тачаал юм бүү мэд.Түүнээс хойш шөнө бүр ганцхан Мэнлигийг хүсэмжлэн тарчилж дур тачаалдаа шатан нойргүй хонох болжээ.Хөвүүдийнхээ нэр нүүр, Есүхэйн алдар хүндийг бодон эр хүнтэй ойртож хавьтахыг цээрлэн олон жил дур хүслээ хүчээр хориглон тэвчиж ирсэн нь түүний сэтгэлд ийм өвчин үүсгэснийг Өүлэн гадарласангүй.

Түүний урт амьдралд биеэ өгсөн гуравхан эр байлаа.Эр нөхөр Есүхэй.Хуучин нөхөр Чилэдү.Тэгээд энэ зарц Мэнлиг ажээ.Тэр одоо азгүйгээр үхсэн Сочигалд атаархаж байв.
Сочигал Есүхэйн үхсэнээс хойш Есүхэйн нэр хүндийг бодолгүйгээр ганц өөрийн биеийн жаргалыг хөөж таарсан эрчүүлтэй дур чөлөөтэй шалиглаж байсныг Өүлэн ихэд үзэн ядаж загнаж хориглосон нь олон ч “Чамайг эр тоохгүй бол дуугүй байгтүн” гэж загнаснаас хойш үг хэлэхээ болисон билээ.Сочигал Бөртийн хамт Мэргэдэд булаагдаж очоод мэргэдийн олон эрчүүлд эдлэгдэж байсандаа ичин модонд боомилон үхсэнийг дуулаад муу завхай үйлийнхээ горыг амсав гэж бодсон билээ.

Гэтэл одоо санахад харин Өүлэн л жаргал цэнгэл үзсэнгүй насыг үрсэн нь хохирч цээрлэл амссан мэт ажээ.

Ийн сэтгэл бие нь хямарснаа ганцхан Мэнлигийн эр биеийн чалх сайтайг, эрт дээр тэр шөнө учрахдаа хэрхэн эдлэн жаргаасныг дурсан санаснаас болов гэж бодоод ингэсгээд өнгөрч мартагдана биз гэж өөрийгөө тайвшруулахыг хичээжээ.Гэтэл өвчин нь түүний санасан шиг амар хялбар эдгэрч илааршсангүй улам хүндэрч бүр эрийг хүсэмжлэн солиорох дөхжээ.

Өүлэн шөнө унтахгүй шахам болсоор удав.Нүд нь гархилж эцэж турж эхлэсэн нь хүүхдүүдийг нь сандаргав.Хэдийгээр өөрийн энэ өвчнөө яаж эмчлэн эдгээхийг Өүлэн сайн мэдэж байсан ч олны хэл ам хов живнээс айж цааргалсаар байв.

Гэвч энэ маягаар өдөр хоногийг өнгөрөөж тэвчихэд улах бүр хүнд болсоор ажээ.


Top
   
PostPosted: Aug.31.11 7:11 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Тэмүжин Хасар нар Тайчуудын захын иргэдийг сэм довтлон хурааж өвөлжих билчээр нутгаа чөлөөлөн авахаар цэрэглэн мордсон тэр өдөр Өүлэн яг ухаан солиорсон мэт болж зөвхөн өөрийнхөө мэдрэмжинд хөтлөгдөн явжээ.

Мэнлигийн хүрээ намаржиж байсан Цэнхэр мандалын хөндийд хүрч ирсэн хойноо л морины амыг татжээ.Өмнө нь олон гэртэй баян хүрээ үзэгдэнэ.Ухаарсан ч түүнд ухарч буцах хүсэл төрсөнгүй.Тэр явсаар Мэнлигийн гэрийн гаднах уяан дээр очиж буужээ.Ингэнэ гэж олон хоног төлөвлөн бодсон тул эргэлзэн тээнэгэлзэх зүйл түүнд байсангүй.

Гэнэт чив чимээгүй орж ирсэн Өүлэнг үзээд Мэнлиг цочин босож харайжээ.
Дэргэд нь байсан бага эхнэр нь Өүлэнг үзмэгц сүрдэн год үсрэн гарав.Мэнлигийн хөвгүүд түүний албат эрчүүд бүгд Тэмүжиний цэрэгт явсан тул хүрээ даяар эль хуль эмс голдуу үлдээд байжээ.Харин Мэнлиг ахмадын ёсоор хүрээгээ захиран хоцоржээ.Өүлэн яг ийм үеийг тааруулах гэж тэвчин хүлээсэн билээ.

Тэр юу ч ярьж хэлж чадсангүй.
Амьдралыг оюун ухаан биш хүсэл мэдрэмж хөтөлдөг тийм цаг иржээ.

Тэднийг хэмжээлшгүй их хуял тачаал хөтөлж байв.Мэнлиг ч учрыг олж ухаан зарж чадахгүй болжээ.

Ганцхан эр хүний ёсоор бүгдийг өөрийн хүслээр эхлэн хийхийг Өүлэний харц шаардаж байхыг л мэджээ.Мэнлиг ухаан алдав.

Тэр яг л зэрлэг адгуус мэт аашилж Өүлэний хамаг хувцсыг урж тасчин тайлж хаяв.Одоо Өүлэн тэд эхээс төрсөн нүцгэн биеэр хоцорчээ.

Мэнлиг Өүлэнийг яг л азарга шиг хүчээр нухчин эзэмдэв.

Хичнээн олон жил ганцхан энэ л мөчийг хүлээж байсан мэт Өүлэн Мэнлигийн гар, хөдлөгөөн, хүслийг тааламжтайгаар дагаж байв.Энэ бол Тэнгэр ичмээр галзуу дур тачаал байв.Тэд гурван өдөр шөнө бие салгалгүй цэнгэн жаргаад сая л нэг ханаж цадаад бүтэн өдөр шөнө нам унтжээ.

Харин маргааш өглөө нь Өүлэн эв эрүүл сав саруул болон эдгээд сэржээ. Тэрээр бүч товч нь тасарч урагдсан дээл хувцсаа эгэлдэрэглээд гарав.Мэнлиг сүхээр цохиулсан мэт нам хэвтсээр хоцорчээ.

Өүлэний галзуурсан тачаалыг хангах гэж Мэнлиг хамаг тамир тэнхээгээ шавхжээ.Мэнлигээс өөр чалх муутай эр байсан бол лав тэсэхгүй ичгүүртэйгээр хөөгдөн зугатаах байсан биз.

Өүлэнг гарахад гадаа дөнгөж үүр хаяараад харин уяан дээр эмээлтэй морь нь үзэгджээ.Өүлэн юу ч бодсонгүй мордон явав.Түүний тархи толгой бие хаа нь хоосорч эзгүйрчээ.Бага гэрийн үүдэнд Мэнлигийн хоёр эхнэр түүнийг гуниг дүүрэн нүдээр ширтэн зогсож байхыг анзаарч харсангүй.Мэнлигтэй дахин уулзахгүй гэж Өүлэн хатуу шийджээ.Тэр дэндүү их зориг гаргаж яг л галзуу хүн мэт аашилжээ.

Гэвч Өүлэн хийсэн хэрэгтээ ер харамсаж шаналсангүй.Харин өөрийг нь шаналгасан өвчин нь оргүй арилаад урьдын ухаалаг итгэлтэй төрх нь эргэн иржээ.Өүлэн тавьсан тангаргаа бат сахин Мэнлигийг өөртөө дахин ойртуулсангүй.Өүлэний энэ үл ойлгогдох хачин занд Мэнлиг ихэд цочирдож түүнийг маш ихээр хүсэмжлэн шаналах болсныг Өүлэн гадарлавч царай өгөөгүй билээ.

Өүлэний Мэнлигийн гэрт очиж гурав хоносныг Бөртэ мэдсэн ч Тэмүжинд хэлсэнгүй өнгөрөв.Үүнд нь Өүлэн бэрдээ ихэд талархжээ.

Ингэж Өүлэний өвчин илааршиж Мэнлиг тэр хоёрын хачин харицаа эгнэгт тасарчээ.


Top
   
PostPosted: Aug.31.11 7:17 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
ххххххх хххххххх ххххххххх




Боржигон аймаг Тэмүжиний дор нэгдэн улмаар хүчирхэгжээд Тэмүжиний алдар нэр түгэж амьдрал ахуй нь дээшлэн жаргал дүүрэн мэт болсон ч Өүлэний сэтгэл амар тайван байх өдөр ховор болжээ.

Түүний эргэн тойрны амьдрал хүмүүс таньж мэдэхийн эрхгүй түргэнээр хувиран өөрчлөгджээ.

Эрх мэдэл сүр хүч нь нэмэгдэх тусам Тэмүжиний зан авир таахын эрхгүй өөр болж байлаа. Дуугүй зөрүүд хөвүүн нь зоргоороо дураараа эзэн болон хувирч байв. Тэмүжиний хийж буй зүйл тэр бүрий Өүлэнд таашаагдахгүй ч эхийнхээ үг саналыг сонсох нь ховор болжээ. Өүлэний хуучин эрх мэдлээс өчүүхэн ч үлдсэнгүй бүгдийг Тэмүжин Бөртэ хоёр алгуур булаан авчээ.

Өүлэн хүмүүсийн дунд мөртөө ганцаардаж эзэд нь хаяж нүүсэн хүрээ, хоосон ханхай гэр мэт болоод гансрах болжээ.

Мэнлигийн хөвүүн Хөхөчүг Тэмүжин ихэд тоон нөхөрлөх болсон нь Хасарын уур эгдүүцлийг юу юунаас илүү хүргэж түүний тэвчээр барагдаж байгааг Өүлэн мэдэрч түгшүүр муу совин татах болов.Гэвч Тэмүжин зальтай тул Хасарын сэтгэлийг элдэв зөөлөн аргаар сатааруулан хуурч сурсан байв.Хасар улам бүр ахаасаа хөндийрч тусдаа суусаар нэг л өдөр түүнээс эгнэгт салж одох мэт Өүлэнд санагдах болжээ.Бас Тэмүжин төрсөн дүү нартаа их эрх өгөхгүй товойлгон өргөмжлөхгүй жирийн шадар албатын зиндаанд үздэг болсон нь түгшүүр төрүүлэхээс өөр аргагүй байлаа.

Яг ийм үед нэгэн хэрэг манджээ. Тэмүлэн охин нь арван найман нас хүрч эрд очих болоод байтал Буйр нуурын хавиар нутаглагч Ихэрэс аймгийн Буту гэгч эр нөхдийн хамт ирж олон агтаар инж болгон Тэмүлэн охиныг нь бэр буулгахаар гуйжээ. Гэхдээ тэр Буту гэгч Өүлэнээс биш Тэмүжинээс дүү охиныг нь гуйсан нь хэрүүл уруулын эх болов. Буту бол Ихэрэс аймгийн нөлөө бүхий толгойлогчдын нэг тул Тэмүжин тэднийг найртай угтан дайлж саналыг нь сонсжээ. Баян чинээлэг Ихэрэс аймагтай худ ураг болох нь зүүн талдаа дайсагнах аюулгүй амар байхын үндэс болно гэж бодоод Тэмүжин дотроо дуртай байжээ. Ихэрэс аймаг санаа нэгдэн холбоотон болох аваас дүү охиноо өгөхийг Тэмүжин хүсжээ. Ихэрэс аймгийнхан нэр нь түгэж буй залуу Тэмүжинтэй найртай байхыг хүсэх тул Тэмүжиний үгийг зөвшөөрчээ.

Гэтэл Тэмүлэн Бутуд очихоос эрс татгалзав. Өүлэн хайртай ганц охиноо аз жаргалтай өөрийн хүссэнээр амьдрахыг хүсэх тул хөөрхий түүнээ уйлж унжихыг харах үнэхээр хэцүү байлаа.
-Ээж минь. Та намайг танихгүй холын аймагт бүү өгөөч. Би сэтгэлтэй хүнтэй. Түүнийг минь Тату гэдэг. Хасар ахын Борогчин хатны төрсөн дүү юм. Тэмүжин ахын амь хамгаалагч шадар цэрэг. Та Тэмүжин ахаас гуйгаач гэж Тэмүлэн шөнөжин уйлжээ.

Уйлж уйлж цөхрөөд унтсан хөөрхий охиноо орхиод Өүлэн гарвал харанхуйд Тэмүжиний ямбаны өргөөний тооноор гэрэл гарч байсанд тэр уулзахаар очжээ. Гэтэл хэвтүүл цэргүүд ойртуулсангүй. Гэрт Тэмүжин Тэв тэнгэрийн хамт байгаа гэжээ. Өүлэн хүлээхээр шийдэж гэрийнхээ гадаа намрын шөнийн сэрүүнд дагжин суусаар байв.
Гэрт орж Тэмүлэн охиныхоо шаналант царайг харж чадахгүй байв. Ингэж шөнө дөл болтол Тэв тэнгэрийн хамт юу ярьдаг бол гэж гайхан боджээ. Лавтай чухал хэрэг хэлцэж байгаа биз гэж таажээ. Тэмүжин Тэв тэнгэрийн хамт үнэхээр чухал хэрэг хэлцэж байжээ. Хийх үйл, хэлэх үгээ Тэв тэнгэртэй зөвлөж түүгээр мэрэг төлөг тавиулах нь Тэмүжиний зан болоод байжээ. Энэ удаад Жүрхэн овгийнхныг хэрхэхийг тэд ярилцаж суужээ. Жүрхэнүүд татаартай байлдахад цэргээ гаргаагүйгээр барахгүй эзгүй хойгуур хүрээ рүү нь довтолж хүн алж дээрэм хийсэн байв.
Одоо Жүрхэнийг залхаах нь хойшлуулшгүй болжээ. Тэд яг хоолойд яс мэт тээглэжээ.

Гэвч Жүрхэнүүд угсаа гарвал нэгтэйгээс гадна зориг зүрх омог овор ихтэй нь эрхгүй болгоомжлоход хүргэжээ.Тэмүжин тэднийг номхотгох хялбар мэргэн арга хайж байв. Тийм учраас ингэж Тэв тэнгэрийг залж нойроо хугаслан суужээ. Тэв тэнгэртэй ярих бүр ухаан санаа нь цэлмэн гийх шиг болдог билээ. Тэв тэнгэр нэг нүдээр Тэмүжинг нөгөө нүдээр тооно өөд ширтэн суугаад ингэж хэлэв.
-Тэмүжин. Аливаа улс аймгийг эзлэх, ухаан зориг ихтэй дайснаа дарахад эрх биш нэг нарийн учрыг ухаарвал зохино гэж Тэнгэр хэлжээ. Аливаа аймаг улсад тэдний сүр сүлд сүнс хийморь болсон хэн нэгэн хүн юм уу дээдлэн бишрэх шүтээн буй. Хамгийн түрүүнд энэ сүр сүлд сүнс, хийморийг нь үхүүлэх юм уу булаан авахыг хичээх хэрэгтэй. Чингэж гэмээ нь үлдсэн үйл болоод иргэд нь аандаа чамайг дагах болно. Энэ бол дайснаа дарах Тэнгэрийн арга болно гэхэд нь Тэв тэнгэрийн энэ үг туйлын зөв санагдсан тул зөвшөөрөн толгой дохиж суужээ.
-Ийм сүлд хийморь баатар хүн бүрд бий.Т эмүжин чиний сүр сүлд миний чамд өгсөн Тэнгэрийн сахиусанд оршино. Харин Тэв тэнгэр минийх энэ малгайн оройдох сахиусанд буй гэж Хөхөчү өгүүлээд түүнийг анхааруулан хоёр нүдээр эгц ширтжээ.
-Одоо Тэмүжин чи сайн сонс. Жүрхэн овгийн сүр сүлд нь тэдний хүчит баатар Бүрибөхийн биенд оршжээ. Чи түүнийг хуурч урин авчирч барилдуулан гэнэгүй байхад нь алагтүн. Тэгсэн цагт үлдсэн Жүрхэнийхний омог хүч нь дарагдаад аандаа чамд дагаж ирнэ. Харин хэрхэн хийхийг чи сайтар бодогтүн. Тэнгэрийн итгэлийг бүү алдагтүн гээд Хөхөчү суусан чигээр хурхирч эхлэжээ.

Тэв тэнгэрийн энэ мэт гайхалтай ааш,ид шид, урьдчилан тааж мэдэх чадварт Тэмүжин нэгэнт автаад байлаа. Тэв тэнгэр унтсанд түүнд саад хийхгүйн тулд Тэмүжин биеэ тэнийлгэхээр гадаа гарчээ.Холгүй шөнийн харуулууд үзэгдээд үүр цайж гэгээ оржээ. Харин түүний гарсан даруйд Өүлэн эх нь хүрч ирсэнд их гайхаж айжээ.
-Ижээ. Та яав гэж Тэмүжин сандран асуув. Өүлэн эхийгээ ингэж үүр цүүрээр явахыг ойрын хэдэн жилд үзээгүй тул ингэж гайхжээ.
-Хүү минь. Дотогш оръё
-Ижээ. Энд Тэв тэнгэр бөө унтаж буй. Түүнийг сэрээж яах вэ гэсэн нь Өүлэнг их гайхуулжээ.

Хөхөчү Тэмүжинтэй ингэж шадарлаж байгаа нь ер сайны ёр мэт санагдсангүй ажээ. Гэвч одоо Өүлэнд энэ тухай шүүмжлэн бодох зав байсангүй.Тэгээд
-Хөвүүн минь.Тэгвэл манайд оч гэжээ.Тэмүжин эхийгээ дуугүй дагав.

Гэвч гэртээ орж болохгүйгээ Өүлэн замын дунд ухаарав.Тэгээд зог тусаж
-Хөвүүн минь. Тэмүлэн дүү чинь өөр хүнд сэтгэлтэй гэнэ. Би ганц охиноо аз жаргалтай амьдраасай гэж хүснэ. Тэмүлэнг Ихирэс аймгийн Бутуд бүү өг.Охин минь хүслээрээ болог гэж Өүлэн шууд хэлжээ.

Тэмүжин өнөөх сурсан зангаар тэнгэрийн хаяа ширтэн дуугүй зогсов.
-Ижээ. Та бид Боржигон аймгийн төлөө амиа үрэн зүтгэсээр ирсэн биш үү. Ихэрэс аймаг бол баян хүчирхэг аймаг. Ихэрэс аймагтай хүчээ нэгтгэх нь Тэнгэрийн ивээлээр болсон хэрэг юм.Нэг бүсгүй хүн ийм үнэ хүрнэ гэдэг гавьяатай явдал болно. Миний дүү охин Ихэрэс аймгийн нэг толгойлогчийн эхнэр болно гэдэг бахдалтай хэрэг юм. Одоо бид бүгдээр хар биений жаргалыг биш улс аймгийнхаа ирээдүйг бодох ёстой. Ийм учраас би Тэмүлэнг Ихэрэс аймгийн Бутуд өгнө. Би амласнаасаа хэрхэн буцах билээ. Та намайг юун хялбар бодов. Үүнээс хойш ижий та энэ мэт хэрэгт оролцож өөрийгөө бүү чилээ гээд Тэмүжин түүнийг гэрийн гадна орхиод яваад өгчээ.

Тэгснээ эргэн ирж
-Тэмүлэний тэр хүн хэн гэнэ гэж тулган асуув. Тэмүжиний дууны өнгө заналтай болжээ. Өүлэн дэмий юм хийснээ гэнэт ойлгон түгшив. Тэмүжин чухам яах гэж ингэж асууж байгааг Өүлэн төвөггүй мэдэв. Тэгээд Тэмүжиний асуусанд хариулсангүй уурлан гэртээ оржээ. Өүлэн болсон бүх явдлыг Тэмүлэн охиндоо хэлж ахынхаа хэлснээр хийхээс өөр аргагүйг учирлажээ. Гэвч Тэмүлэн эрх охины омголон зангаар бууж өгөхийг хүссэнгүй.Тэр үдэш Тэмүлэн Бөртэд бүх үнэнээ хэлж аврал тусламж гуйжээ. Одоо Тэмүлэнг аврах ганц хүн бол Бөртэ байв. Өүлэн хэдийгээр Бөртэд юу ч хэлж болохгүйг хатуу хориглосон боловч Тэмүлэн эхийнхээ үгэнд орсонгүй. Тэр шөнө Өүлэн унтаж чадсангүй.

Харин Бөртэд итгэсэн Тэмүлэн аз жаргал дүүрэн тайван нойрсож байлаа. Шөнө дөлөөр Хасар өөрийн хүрээнээс давхин ирж Тэмүжиний өргөөнд орохыг Өүлэн сонсож хэвтлээ. Түүний сэжиглэн бодсон тэр аймшигт хэрэг нэгэнт биелэж эхлэхийг тэр мэдэрчээ. Гэвч тайвшран итгээд нам унтаж буй хөөрхий охиноо сэрээхээс айжээ. ”Ядаж ганц шөнө ч болов эхийнхээ өвөрт сайхан унтаж, амттай зүүд зүүдлэгдээ” гэж Өүлэн бодов. Тэмүлэн охин нь зүүдэндээ инээмсэглэж байхыг үзээд Өүлэний халуун нулимс асгарчээ. Одоо түүнд болж буй хэргийг хориглон зогсоох арга даанч байсангүй.

Бүх хэрэг Өүлэний сэжиглэн бодсоноор болжээ. Ихэрэс аймагтай эвсэх нь гарцаагүй чухал болохыг Хасар хэлүүлэлтгүй мэдэж байсан тул Тэмүлэний хайртай хүн шадар цэрэг Татугийн хувь заяа үүр цайхад нэгэнт шийдэгдсэн билээ.

Харин Тэмүжинд Татуг алах санаа угаас төрөхгүй байсаар тул Тэнгэр ивээж энэ хэргийг Зүчи хөвүүн нь гүйцэлдүүлэн Татуг аварч авсан юм.


Энэ хэргээс хойш Тэмүжин Зүчи хөвүүндээ их л сайнаар хандахыг хичээх болсонд Бөртэ их баяртай болжээ.
Бүх хэрэг Зүчийн ачаар Тэмүжиний хүссэнээр болж Тэмүлэн Бутуг даган Ихэрэс аймагт уйлсаар одоход Тэмүжин Татуг Зүчи хөвүүндээ боол болгон өгчээ. Харин Өүлэн Тэмүлэн охиноо харьд одсоноос хойш туйлын ихээр ганцаардаж өөрийгөө Тэмүжиний хүрээнд хэнд ч тоогдохгүй хүн болсон мэт санах болжээ. Үнэхээр хөвүүд нь эзэн сууж хүчирхэгжихийн хирээр Өүлэн авч болохгүй хаяж болдоггүй хуучин хувцас шиг болжээ. Бас Тэмүжинд түүний үг санал ямарч үнэ цэнгүй мэт болсонд тэрээр туйлын ихээр гутран гомджээ. Гэвч энэ сэтгэлээ ер илрүүлэн мэдэгдсэнгүй.

Ухаантай, айхтар алс санаатай Бөртэ эвгүй хэргээс, элдэв хэрүүлээс сэргийлэн Өүлэнг хүндэтгэн асрахаа хэзээ ч мартсангүй билээ.

Тэмүлэн болоод Татугийн хувь заяа Бөртийн хэлснээр шийдэгдсэнийг Өүлэн сэжиглэн таамаглаж байв.

Харин Өүлэний хайрлан тэвэрч өсгөсөн ач хөвүүн Зүчи угийн сэрэглэн зангаараа хөөрхий тэр загасан нүдэт Татуг аварч гарчээ. Бөртийн мэргэд цустай энэ хөвүүнд Өүлэн үнэн сэтгэлээс хайртай бөгөөд энэ явдлаас хойш бүр ч ихээр тоох болжээ.

Харин болсон хэрэгт Тэмүжин хөвүүнээ буруутгасангүй. Ихэрэс аймагтай холбоотон болж ураг барилдах нь Тэмүжинд хичнээн чухал болохыг ойлгож байв.Тэмүжин хөвүүн нь хүн хүнээс онцгой илүү хүсэлтэй болохыг нэгэнт мэдэх болсон нь Өүлэнийг алгуур өөрчлөн хувиргажээ.Т эмүжин хөвүүнээ чухам юу хүсэж юунд зорьж байгааг Өүлэн өдөр хоног сар жил өнгөрөх бүр улам гүнзгий тодоор ойлгох болжээ.Тэр үнэхээр хүмүүн биш хөвүүн төрүүлжээ.Өүлэний бүх туулж ирсэн зовлон бэрхшээл ганцхан Тэмүжиний хүслийг биелүүлэхийн төлөө байсанд одоо эргэлзэхгүй болжээ.Ингэж бодоод Өүлэн өнгөрсөн амьдрал үзээгүй жаргалдаа харамсахгүй байхаар шийджээ.

Тэр одоо өөрийн үлдсэн насыг Тэмүжин хөвүүнээ их хаан суухад зориулахаар шиидэв.Яг ийм сэтгэлээр Хасарт хандах болов.Хасарыг өмөөрөв хэмээн Тэмүжин эхдээ гомддог биз гэж Өүлэн боддог байжээ.

Гэтэл Өүлэн Хасарыг биш Тэмүжинийг л хамгаалан өмгөөлж ирснээ мэдэв.

Харин хоёр хөвүүнээ алалдахыг тэр хэзээ ч хүссэнгүй.Ингэхийг ер ямар эх хүсэх билээ.Тэр нэгэн аймшигт шөнө Тэнгэрийн авралаар Зүчи хөвүүн нь хашгиран гүйж ирж хэлээгүй бол Өүлэний хүсээгүй тэр хэрэг гарах нь гарцаагүй байв.

Тэв тэнгэр бөөгийын муу ёрын ид шидэнд автагдсан Тэмүжин Хасар дүүгээ яг алах гэж байсан билээ.Гэвч Өүлэний үрээ гэсэн эхийн хайр сэтгэл нь Тэв тэнгэр бөөгийн муу ёрын сахиуснаас хүчтэй болохыг тэр үзжээ.Тэмүжин эхийгээ үзмэгц муу сэтгэлийн үрээ дарж чадаад Хасарыг орхин явсан билээ.Өүлэн ингэж хоёр хөвүүнээ үхлээс аварчээ.Гэвч Хасарын үхлийг зайлуулж дараа нь Тэмүжин Тэв тэнгэр бөөг үхүүлсэн ч энэ муу ёрын сахиусны хорлол дуусахгүйг Өүлэн мэдэж байв. Ийм учраас тэр Тэмүгэ Хасар Тэмүжин гурвыг гэртээ дуудан ирүүлжээ.Хачиун хөвүүн нь өвчнөөр өөд болоод хэдэн жил өнгөрчээ.Тэмүжин Хасар хоёрын зөрчил нэгэнт эхийнхээ сэтгэл ухаанд захирагдан дийлдэхгүй болсоор байгааг Өүлэн сайн ойлгож байв.Улс байгуулж хаан суусан Тэмүжин, дүү нартайгаа улсаа хуваалцахыг хүсэхгүй байхад бас Хасар өөрийн зүтгэж, олсны хирээр хувь хүртэхийг хүсэх нь зүйн хэрэг юм.Хөвүүдийн энэ хүсэл хяслын зөрчил тэмцлийг нууж хаах арилган цайруулах хүч хүн нэгэнт үгүй байлаа.Өүлэн аргаа баржээ.

Тэр өдөр Есүхэйнхэн Өүлэний гэрт халуун бүлээр цуглаж энгүүн сайхан найрлаж ганц биш хундага тогтоожээ. Өүлэнд хөвүүддээ ярья гэж санасан нэг домог байв.Хөвүүдээ ухааруулж гэгээрүүлэхийг тэр хүсчээ.Ингэх нь цус урсган алалдахаас сэргийлж болох ганц арга гэж Өүлэн итгэнэ.Тэр хөвүүдээ өөрөөсөө илүү ухаантай гэж бодно.


Last edited by saiba_ryo on Sep.30.11 3:14 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.31.11 7:22 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Тэр домогт ийн өгүүлдэг ажээ.

…..Энэ газар дээр анх ерөөс Хархорум нэртэй ганц уул л байжээ.Хархорум уулын суганаас нэгэн их уст мөрөн ундран гардгийг Мөнх гол хэмээнэ.Хархорум уулын энгэр бэл Мөнх голын эрэг дэнжээр билэг эрдэм төгс Буянтай хэмээх өвгөн амьдран иржээ.Буянтай өвгөн Хорхун, Хонун, Хэрлүн, Тугулун, Сэлэнгүн хэмээх таван хөвүүнтэй ажээ.Тэдний үр сад өсөж үржсээр ганц Мөнх голынхоо хөндийд багтаж цөхжээ.Тэднийг Мөнх голынхон гэх бөгөөд яваандаа зүгээр л Монголынхон Монголчууд гэх болжээ.Үр ач нарт нь нутаг билчээр хэрэгтэй болсныг мэдсэн Буянтай өвгөн Тэнгэрийн хүчийг агуулсан Хархорум уулаа таван их уулсад хувааж бас Мөнх голоо таван их гол болгоод таван хөвүүндээ өмчлүүлэн өгчээ.Хонун хөвүүний нутаглах ус Онон гол болов.Хорхун хөвүүний нутгийг Орхон гол гэнэ.Хэрлүн хөвүүний нутаг Хэрлэн мөрөн болжээ.Тугулун хөвүүний голыг Туул хэмээжээ.Сэлэнгүн хөвүүн өөрийн усыг Сэлэнгэ гэж нэрлэжээ.Ингэж Монголчууд энэ их таван голын савд тархан нутаглэж иржээ.Харин хувааж өгсөн Хархорум уулын оронд үлдсэн жаахан уулыг хөвүүд нь эцгээ дурсан Их монгол уул гэж нэрлэхээр тогтжээ…

Энэ домгийг яриад Өүлэн араас нь ямар нэгэн тайлбар сануулга хэлсэнгүй.

Өүлэний далд санаа дэндүү тод байв.Энэ их таван голын улс аймаг нэг язгууртай болохыг хэлснээс гадна Тэмүжин Хасар нарын багтах шингэх газар нь хичнээн ихийг ухааруулан хэлжээ.Бас юуг булаалдаж өвөр хоорондоо өстөн болоод байгааг ч ойлгуулав.Энэ газар дээр Есүхэйн цөөн хөвүүд бүү хэл хамаг Монголчууд багтаж ирснийг хэлжээ.Хөвүүд нь эхийнхээ ярисан домгийг сонсоод удтал бодолд дарагдан суужээ.

Анх Бэгтэртэй муудалцаж ахуйд Алангуа эхийн домгийг хөвүүддээ ярьж өгснөө санав.Хөвүүдээ эвтэй байлгахын тулд ярьсан тэр домгийг хөвүүд нь яаж ойлгож хүлээн авсныг тодорхой мэдэхгүй ч Тэмүжин Бэгтэрийг алсан билээ.Харин одоо энэ домог тэднийг ямар үйлд хөтлөхийг сайн мэдэхгүй ч хөвүүд нь яг Буянтай өвгөний хөвүүдийн адил энэ газрыг хуваан эзэлж суугаасай гэж Өүлэн хүсч байв.Тэдэнд хоорондоо алалдахын хэрэг огт үгүй юм.Хөвүүд нь тэр үдэш эвгүй сөөлжүү үг ер хэлээгүй бөгөөд Өүлэн ч сэтгэл тэнэгэр болжээ.Хэрвээ Өүлэн энэ газрыг эзэгнэн сууж байсан бол яг л Буянтай өвгөний адил хийх байв.Тэгээд Монгол газрын хамгийн их ус, уулс хөвүүд болоод Есүхэйн нэрээр үүрд нэрлэгдээсэй гэж хүсч байв.

Эхийнхээ юу хүсэж энэ домгийг хүүрнэснийг хөвүүд нь ойлгожээ.
Тэд эхийнхээ ухааныг бахдан сайшааж байгаа нь харцнаас нь илт байлаа.Тэр дундаа эхийнхээ ярьсан тэр домгийг Тэмүжин ихэд тоож олон хоног боджээ.Буянтай гэгч тэр өвгөн тал нутгийн гол усыг хөвүүддээ хуваан өгсөн нь дуурайлтай санагдсан ч энэ домогт гарсан тэр Их Монгол уулын нэр ихэд таалагдаж түүний байгуулах улсын нэр болохыг мэдэрчээ.Ингэж Өүлэн эх нь Тэмүжин хөвүүнийхээ байгуулах их улсын нэрийг хэлсэн нь Тэнгэрийн хүсэл байжээ.

Хөвүүдээ эвлэрүүлэх гэж ярьсан домог Тэмүжинг бүр алс холын их зорилгод дуудаж бас эргэлтгүй зөв замаар урагшилж байгааг нь батлах шиг санагдсан билээ.Үнэхээр Хархорум уулын тухай домогт гардаг шиг Хархорум эхтэй Их Монгол улс байгуулахыг энэ домогт зөгнөн зааж өгүүлжээ.Өүлэн эх нь чухам ингэж ухаараасай гэж хүссэндээ энэхүү домгийг ярьсан гэдэгт тэр итгэв.

Тэмүжин ингэж бодоод эргэлтгүй зоригжин шулуудаж Хасарыг дуудан цэргээ засаж Найман улсыг дайлахад бэлдэхийг тушаажээ.Хасарын сэтгэл ч цэвэршин урьд олзлогдсон татаар иргэдийг цаазлахаас болж үүссэн гомдлоо мартаж их цэргээ засаж эхлэжээ.Өүлэний ярьсан домог ингэж огт санаандгүй үр дүнд хүргэснийг тэр таамагласангүй.Ямарч болов Тэмүжин Хасар хоёрын дунд үүссэн аймшигт хэрүүл аятай намдсанд баярлажээ.Өүлэний аз жаргалын үндэс хөвүүдийн нь эв нэгдэл байв.

Их монгол улсыг байгуулж хэл нэгтэй нүүдэлчин аймгууд Тэмүжиний дор нэгдсэн нь Өүлэний болоод Есүхэйн эцсийн хүсэл байлаа.

Гэтэл Тэмүжин болоод Хасарт үүнээс холын их хүсэл байгааг үзээд Өүлэн бахардан цочжээ.Монголын их цэрэг Тангуд улсыг дайлаад зогссонгүй бүр хүчирхэг Алтан улсад довтолж Цагаан хэрмийг давахаар бэлтгэж эхлэсэн нь Өүлэнг асар ихээр цочирдуулж хөвүүдийнхээ ирээдүйд санаа зовиноход хүргэв.

Алтан улсад довтлох нь Мэргэд, Найман аймагтай байлдахаас огт өөр амиа үрж мэдэх аюултай хэрэг гэж бодогджээ.
Алтан улс бол тэдний дэргэд арслан барс мэт хүчирхэг,үй түмэн цэрэгтэй, өндөр их хэрэмтэй, дийлнэ гэж санахад даанч итгэмгүй санагджээ.Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролддогийн үлгэр болно гэж эмээж байв.Монгол аймгуудаа нэгтгэн өөрийн их улсыг байгуулав.Одоо үүнээс илүү яана.Дайсан этгээдээ хилэгнүүлэлгүй амар тайван амьдрахыг Өүлэн хүсч Тэмүжин хөвүүнээ ятгаж нэг үзэв.Хөгшин настай болсноороо далайлган, үхэхээрээ айлгаж нэг үзээд тусыг эс олжээ.Тэмүжин болоод түүний нөхдийг эргээн тогтоох хүч нэгэнт үгүй болжээ.Эцэст нь Тэмүжинг их дайн хийхээс ятган ухраах биш харин ялалт байгуулахад нь дэмжин зоригжуулах хэрэгтэйг ойлгожээ.

Гэвч өндөр настай болсон Өүлэн юухан хийж чадах билээ.Яг энэ үед л өнөөх энгэрийн мухарт оёсон Тэнгэрийн тэмдэг санаанд нь оржээ.Зүрчидийн Алтан улсыг дайлан сөнөөнө гэдэг даанч алс хол хүршгүй зорилго мэт санагдсан ч нэгэнт Тэнгэрийн тэмдгийг атган төрсөн баатар эр тул Тэмүжин хөвүүн нь зориглосон л болно чадна гэж итгэжээ.Ганц эргэлзээ төрүүлсэн зүйл нь нас нь хүрэхгүй байх бий гэсэн бодол байв.Тэмүжин хөвүүнээ өст Алтан улсыг мөхөөж алдраа мөнхлөөсэй хэмээн Өүлэн туйлын ихээр хүсдэг болжээ.Тэгээд хөвүүнийхээ энэ их үйлд өөрийн үлдсэн богино насаа зориулахаар шийдэв

.Тэмүжин хөвүүн нь Тэнгэрийн хүсэл зарлигаар төрснөө мэддэггүй юм биш биз гэсэн бодол сүүлийн үед төрөх болжээ.Өүлэн Тэмүжиний атгаж мөрсөн Тэнгэрийн тэмдгийн тухай Есүхэйгээс өөр хэнд ч хэлээгүй өдий хүрсэн билээ.Харин одоо энэ тухай Тэмүжинд хэлэх эсэхээ шийдэж чадахгүй тээнэгэлзэж байв.Тэмүжинг төрсний дараа өнөө нөж болон хувирсан Тэнгэрийн тэмдгийг өөрийн бодож олсон аргаар хадгалан хямгадаж иржээ.Харин одоо Тэнгэрийн тэмдгийг хэрхэх тухай шийдэж эс чаджээ.Тэмүжин хөвүүний нь их үйлсэд ямар ч болов хэрэг болно гэж итгэж байв.Бас буруу зөрүү хэрэг хийж Тэнгэрийг хилэгнүүлэхээс эмээх тул яах ч учраа олохгүй болжээ.Уг нь ид шид ихтэй тэгээд Тэмүжиний ихэд хүндэтгэн шүтдэг Тэв тэнгэр бөөгөөс асуумаар санагддаг байсан ч цааргалсаар байтал Тэмүжин Тэв тэнгэр бөөг үхүүлсэн билээ.

Тэв тэнгэр бөө улсын дотрох эрх булаалдаад алагдсанаас хойш Өүлэн энэ тэр бөө зайранд итгэл алдарсан юм.Гэтэл хөвүүнийхээ атгаж төрсөн Тэнгэрийн тэмдгийг нууж ирснээрээ Тэмүжиндээ тус болов уу, ус болов уу гэдгээ мэдмээр санагдаад болсонгүй.Яагаад ч юм бэ энэ Тэнгэрийн тэмдэг цаашид Тэмүжинд хэрэг тус болох мэт санагддаг байлаа.

Юутай ч энэ Тэнгэрийн тэмдэгийг Тэмүжинээс өөр хүн эзэмшиж эдлэж болохгүйг ойлгож байв.Тэгээд бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг болж атгаж төрсөн Тэнгэрийн тэмдгээ хэрхэхээ Тэмүжин өөрөө мэдэг гэж шийджээ.Ингэж шийдсэн нь Тэмүжин бүх цэргээ нэгтгэн засаад Алтан улсад довтлохоор хөдлөхийн урд болжээ.Тэнгэрийн тэмдгийг хадгалж ирсэн нь зөв гэдэгтээ Өүлэн эргэлзэхгүй байв.Үүнээс хойш ч түүнийг Тэмүжинээс өөр хүн үзэх ёсгүй гэж боджээ.Өүлэн тэр тэмдгийг дахин хадгалж чадахгүй болжээ.Учир нь Алтан улсад одох гэж буй Тэмүжин хөвүүнтэйгээ тэрээр дахин уулзахгүй гэж шийдээд байв.

Өүлэн Тэмүжин хөвүүндээ илүү ачаа болохыг хүссэнгүй.Холын их аянд гарч буй хөвүүнийхээ ачааг хөнгөлөхөөс илүү тусыг Өүлэн үзүүлж чадахгүй гэдгээ мэдэж байв.

Одоо Алтан улстай хийх их тулаанд хөвүүдээ үхэхийг үзэх хүсэл түүнд даанч байсангүй.Хөвүүдээ тулаанд үхэхийг бас дийлдэж ялагдахыг үзсэн дорвол үхсэн нь шулуун билээ.Хөвүүдээ Тэнгэрт даатган үлдээх ганц зам түүнийг хүлээж байв.Өүлэн Тэнгэрт гарч Есүхэйн дэргэд суухаар шийджээ.

Тэр өөрийгөө дэндүү их зовов.Бас дэндүү их жаргав гэж тооцжээ.
Гэвч Өүлэний үхэл ирэх болоогүй ажээ.
Өүлэнд дахиад чилийсэн хоёр жилийн амьдрал үлдээд байгааг тэр даанч мэдэхгүй байлаа.

Цаг нь болоогүй байхад үхлийг хэн ч дуудан ирүүлж чадахгүй бизээ.


Top
   
PostPosted: Aug.31.11 8:05 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
ТАВДУГААР БҮЛЭГ



ХАСАР



Өүлэн эх тэнгэрт халив гэсэн хэл мэдээ гэв гэнэтхэн ирэх бий гэхээс Хасарын сэтгэл зүрх өдөр шөнөгүй түгшин төв улсаас хүн хар ирэх тоолонд хамгийн түрүүнд муу юм л бодогдох болов.

Монголын их цэрэг Алтан улсыг байлдан дагуулахаар мордсон тэр үдэш сүүлийн үед бие лагшин ихэд доройтож хэвтэрт голдуу байх болсон Өүлэн эх нь бяцхан өндийж хамгаас хайртай Хасар хөвгүүнээ эмгэнэлтэй, өрөвдөлтэйгөөр ширтээд
– Хүү минь. Би чамтай дахиж уулзахгүй байх. Ийм л их муу үйлтэй хүн байж хэмээгээд чимээгүйхэн уйлахад нь өтөл болсон эхээ хайрлахдаа өөрийн эрхгүй зүрх өмрөн нулимс унагасан билээ.

Эхийгээ орхин гарсан тэр өдрөөс хойш хоёр жил өнгөрөв.

Монголын их цэрэг Алтан улсын нутаг болох Шар мөрнөөс хойшхи газрын ерэн зургаан хот балгасыг дайлан эзэлж арвин их олз омог хураажээ.. Чингис хааны удирдсан төв замын цэргийн дунд Хасар өөрийн хоёр түмэн цэргийг удирдан явж байлаа. Эртний өст Алтан улстай дайтаж Амбагай цэцэн хаан өвгийнхөө өшөөг авах хүсэл Тэмүжин болоод Хасарын сэтгэлд өсөх цагаас хойш өнөөг хүртэл хадаатай явсан билээ. Амбагай цэцэн хааныг татаарууд барьж аваад Алтан улсад зулгуйдан өгсөн бөгөөд талын монгол аймгийн хаан Амбагайг зүрчидүүд модон илжгэнд тэлүүрдэн хадаж тамлан алсан ажээ.Тэдний багад Есүхэй эцэг нь архинд халамцах бүртээ энэ эмэгнэлт,хорсолт түүхийг нулимс унаган ярьж өшөө авахыг хөвүүддээ нялх гэлгүй захиж байсныг мартах аргагүй билээ.

Өст Татаар аймаг аль эрт Тэмүжин, Хасар нарт дарагдан сөнөөд одоо Алтан улсын үйл нэгэнт ирж Есүхэй эцэг нь олонтаа ярьдаг байсан өнөөх алдарт түмэн газрын Цагаан хэрэм тэртээ ард хоцорчээ.Хэзээ ч дийлдэшгүй их хүчний билэгдэл болж асан Цавчаал боомтыг Зэвийн цэрэг эзлэн авсан нь Алтан улсын мөхлийн эхлэл болжээ.Цагаан хэрмийг Монголын цэрэг давснаас хойш өвөл, хавар өнгөрч зуны халуун шатаад энэ хятад газарт амьд амьтан тэсэхийн аргагүй болж байв. Удахгүй Хасарын дөчин есний жил орох гэж байлаа.

Энэ үес Алтан улсад түүнтэй хамт Егү, Есөнхэй хоёр хөвүүн нь цуг дайтаж явав.

Харин отгон хөвүүн Туху нь Тангуд улсад анх довтлох үед алуулжээ.

Гэнэн томоогүй хөвүүн нь Тангудын олзны цэргүүдийн зэр зэвсгийг хураалцаж явтал өс санасан дайсан түүнийг амин газраар нь хутгалж орхижээ.Монголын цэрэг Тангуд улсад анх удаа довтолсонд тэд дийлдээд гүнжээ бэлэглэн найрамдахыг хүссэн элч илгээсэн билээ.Тангудыг эсэргүүцэл,гарз багатайгаар дагуулан авав гэж Хөх нуурын эрэгт их найр хийж суутал энэ аймшигт мэдээг Зэлмэ Хасарт дуулгажээ.

Арван гуравхан настай нялх балчир хөвүүний нь ам ангалзсаар амьсгал тасарч байхад гашуудан хилэгнэсэндээ ухаан мэдрэлээ нэгэнт алдсан Хасар хөвүүнийг нь алсан Тангудын цэргээс даруй тавин хүнийг цавчин алаад сэлэм нь хугарч унахад бас хорин хүнийг багалзуурдан алж уй гашуугаа тайлсан билээ.

Гэвч өнөөг хүртэл Туху хөвүүн нь
-Аав аа.Амнаас урссан цусыг минь арчиж орхиорой.Нойр минь их хүрч байна.Намайг сэрэхээр та шархыг минь боож өгөөрэй.Одоо унтлаа.Та намайг бүү сэрээгээрэй гэж гэнэн агаад итгэлтэйгээр инээмсэглэн шивнэсэн нь үзэгдэж сонсогдоод зүрх нь урагдах шиг болдог ажгуу. Хайртай хөвүүнээ дайсанд алуулснаас хойш Хасар огт өөр хүн болчих шиг санагджээ.Туху хөвүүн нь хүн хүний хайр татсан хачин гавшгай хүү байв.

Түүнийг үхсэнд харамсаагүй хүн байхгүй бөгөөд Тэмүжин хүртэл харамсан гашуудсандаа эхэр татан уйлжээ.Учир нь Хасарын шинэ хөвүүнд Туху нэрийг хайрласан хүн нь Тэмүжин билээ.”Туху хөвүүн минь Цагаан хэрмийг үзэх хувьгүй байжээ” гэж Хасар гашуудан бодож зогсов.

Цавчим хадан хясаан дээр зогсоход өлмий дор нь Алтан улсын шавар балгас утаа, майнд дарагдан үзэгдээд,тэндээс хиншүү, өмхий үнэртэнэ.Хасар тэрхүү шавар балгасын өмхий бүгчим үнэрт тэсэж чадалгүй энэ хясаан дээр давхин гарч ирсэн нь энэ билээ.Зуухан дотор байх мэт халуун агаартай ч энэ өндөрлөг дээр эрхбиш сэвс сэвс салхи үлээх нь сэтгэл гэгэлзүүлж ард хоцорсон эхээ,амь үрэгдсэн хөвүүнээ эрхгүй дурсан санахад хүргэв. Бөртэ, Тэмүгэ нарын захиран сууж үлдсэн Тэмүжиний төв ордноос хэл ирсэнгүй даруй хоёр сар болоод байлаа. Шар мөрнөөс хойшхи хятад газрыг эзэлсэн монгол цэрэгт одоо өмнөд далай хүрэхэд Зүрчидийн Алтан улсын хаан саад болох нь бүү хэл яаж ийгээд өчүүхэн амиа аврах л үлджээ. Гэвч хятад газрын бүгчим халуун цэрэг, морь хоёрыг туйлдуулж байлаа. Алт эрдэнэ, хоргой торго, амуу тариа ачсан олзны их цуваа хойт зүг, өндөрлөг хясаан дээр орчноо харж зогсоо Хасарын өлмий доогуур хөвөрнө. Энэ бол дайны олз юм.Өдөр шөнө,өглөө үдэш нэг хором ч үл тасрах энэ их ачаа хөсгийг хараад Хасарын гунигт автсан сэтгэл бага боловч сэргэж бахдалтай болжээ. Гэвч энэ бүгд түүний юм биш. Бүх олз Чингис хааных. Дайны бүх олзыг улсын санд тушаах журмыг бүр анх татаартай байлдахад тогтоосноос хойш алгасалгүй мөрдсөөр иржээ. Өнөө ч тэр ёсоор олзыг Чингис хааны санд хүргүүлж буй нь энэ.

Нэгэнтээ авга ах Даридай олзонд шунан зам зуур сатаарч байлдаанаас хождоод арай л амиа алдалгүй мэнд өнгөрсөн билээ. Эрхгүй Есүхэй эцгийн нь отгон дүү, ургийн гэрээслэл мэт үлдсэн авга тул Тэмүжин түүнийг алсангүй. Харин Даридай авгыг зарлиг журам эвдэв хэмээн өчиггүй цавчин алсангүй гэж Хасар их уурссан билээ. Гэвч уур цухлаа тэвчин барьж Тэмүжиний үгийг эрхгүй дагажээ. Нэгэнт байлдааны цагт олзонд шунаж цалгардваас цаазаар аваачна гэж хатуу чанд тогтсон атал үүнийгээ зөрчин Даридайг авга ахаа гэж амийг нь өршөөхийг Хасар эсэргүүцсэн юм. Зөрчих аваас журам тогтоож яана.

Даридай олз цуглуулж цэргээ тулаанд оруулаагүйгээс болж Хасарын цэрэг олноор үрэгдсэн билээ. Гэвч Даридай авгыг өршөөсөн Тэмүжиний үгийг дагахаас өөр аргагүй болсондоо Хасар туйлын их бухимджээ.Бас энэ үеэр Боорчи,Мухулай хоёр Даридайг өмөөрч Тэмүжиний талд орон олон үг хэлсэн нь Хасарыг юу юунаас илүү уурлуулжээ.Тэмүжин түүний үгнээс илүүтэйгээр Боорчи,Мухулай нарын үгийг зөвшөөрөн дагасан мэт санагдаад Хасар байж яджээ.

Зүй нь бол Тэмүжин харц боол тэднийг биш, Хасарын үгийг хүндэтгэн сонсох ёстой билээ.

Ерөөс Тэмүжиний буруу үгийг дагах нь Хасарт тун бэрх зовлон болдог байв.Ингэх гарцаагүй учир ч байлаа.

Өөрийн хүсэл, үзлийн эсрэг Тэмүжиний үгийг өөрийн эрхгүй зөвшөөрөн дагах хэрэг гарах бүрт уур хилэн нь байж ядтал оволзож баруун гарын эрхийний өндөг часхийн өвддөг ажээ.

Хасарыг арван настай байхад Тэмүжин тэр хоёр анхны тангараг тавьжээ. Тэр үед эх өөртэй дүү Бэгтэр, Билгүтэй хоёрын эсрэг юу ч хийсэн хамтрахыг Тэмүжин шаардаж, үнэнч зүтгэх аваас гэрийн дотор удаах эрхийг Хасарт өгнө гэж тохирсны баталгаа болгон баруун гарын эрхийний өндгийг зүсч цусаа нийлүүлэн ёслосон билээ. Энэ бүгдийг Тэмүжин санаачилж бүр өөрөө түрүүлэн өндгөө эсгэж цусаа үзүүлжээ.Цусаа нийлүүлэн үгээ батлах нь эртний ёс юм.

Энэ нь Хасарт хэдий аймшигтай байсан ч үнэнч байхын тангараг тавих энэ цуст ёслол жинхэнэ зоригт эрсийн шинж шиг санагдаад өөрийн эрхгүй өндгөө зүсч орхижээ. Гэвч тэр дэндүү гүнзгий зүссэн учир шарх нь эдгэхгүй өчнөөн хоног зовоосон бөгөөд хожим уурлаж бухимдах бүр час часхийн өвддөг болжээ. Цусаараа баталсан гэнэн бага насны тангарагтаа тэр өнөө хүртэл үнэнч яваа бөгөөд Хасар бол за гэвэл ёогүй хүн юм. Харин Хасарын үзэхэд Тэмүжин арай л тийм биш ажээ.

Зарим зүйлийг хэлсэн дороо мартах мэт зөрчдөг, бас огт хэрэггүй үгийг мартахгүй хонзон санадаг Тэмүжиний ааш Хасарыг гайхашруулна. Хүүхэд ахуйдаа Хасар Тэмүжинтэй барилдахдаа насыг нь тоолон хаядаг байлаа. Үүнд Тэмүжин ихэд шаралхан барилдаж, бас хаяж чадахгүй болохоороо үхтлээ уурлан чичирч байхыг үзээд түүнтэй барилддаггүй болжээ.Тэмүжиний энэ хор шар эцэст нь өш хонзон болон хувирах мэт санагдаж айжээ.

Харин Бэгтэрийг харван алснаас хойш тэдний хооронд хачин сонин эвлэрэл, ойлголцол ,итгэл тогтож тэр нь Хасарт өнөө хүртэл мэдрэгдсээр байдаг билээ. Бэгтэрийг алъя гэж хэлээд эргэлзэх юмгүйгээр түрүүлэн харваж орхисон Тэмүжинг Хасар үнэн сэтгэлээсээ тоож биширсэн юм.Харин Хасар тэгэхэд тавьсан тангарагаа санан харвахаас өөр үггүй байв. Ядаж байхад зүссэн эрхий нь өвдөөд нумаа олигтой татаж чадахгүй байхад Тэмүжиний суманд оногдсон Бэгтэр тэлчлэн орилж, бас Тэмүжиний
–Хасар аа.Харваач чи гэж аймшигтайгаар хашгирах сонсдоод, Тэмүжин сумаа дахин онилохыг үзмэгц түүнд харвуулахаас айж ёстой л нэг харвасан шиг болж билээ. Ашгүй түүний салгалсан сум Бэгтэрийн даланд пүдхийн зоогдож, тэр хөдлөхгүй болжээ.

Харин хөлс нь урссан Тэмүжин алдлан татсан сумаа яг Хасар луу чиглүүлсэн мэт үзэгдсэн билээ. Хасар тэгэхэд анх удаа үхэл тийм ойрхон байхыг, Тэмүжин түүнийг цаг нь ирвэл огт эргэлзэхгүйгээр харван алж чадахыг хэзээ ч мартахын аргагүй гүн бат ойлгосон юм. Тэгэхэд Тэмүжиний солиорсон мэт дүрлийсэн шар нүднээс гялсхийсэн оч түүнийг уурлахад өнөө ч заримдаа үсчих шиг болдгийг Хасар харж, нуруу руу нь түмэн шоргоолж гүйх шиг болно. Гэвч энэ нь зөвхөн тэр эртний дурсамжийг санагдуулахаас бус айдас биш байв.

Тэмүжин хэдий хүч бяр, бие хаа дутуу ч хэзээд түүний ах байлаа.

Дүүгийн хувьд, бас тангараг тавьсан нөхрийн ёсоор Тэмүжиний үг, зарлигийг дагаж хүндэтгэн хандах авч Хасар хэлье гэснээ хэлдэг, ингэхдээ ер айж ичих зүйлгүй байдаг нь олны өмнө Тэмүжинг эсэргүүцэн тэмцдэг ганц хүн нь тэр мэт сэтгэгдлийг бусдад төрүүлдэг байв.Бас Тэмүжин Хасар хоёрыг өрсөлдүүлж тэмцэлдүүлэхийг далдуур хүсэгчид ч тийм цөөхөн биш байлаа. Есүхэйн гэрт ана мана хэрэлдэж зодолдож өссөн ах дүү хоёр эр бие гүйцэж ид хаваа гайхуулсан баатар эрс болсон ч хоорондоо өрсөлдөн мөчөөрхөх зан нь хэвээр үлджээ Хасарын хувьд Тэмүжинээс ялгарах бас нэг юм нь үг, сэтгэлийн хөдлөлөө нууж чаддаггүй түргэн зан байлаа.

Хасар хөвүүнийхээ энэ хурц түргэн зангаас Өүлэн ихэд болгоомжлон ая эвээр хүмүүжүүлж сургасаар ирсэн боловч төрөхөөс цусанд шингэсэн чанарыг юу ч өөрчилж үл чадах ажээ.Хөвүүдийн хооронд үл ялих маргаанаас үүдсэн зодоон болох нь энүүхэнд.

Тэр үед Хасар нулимс урсган хамаг үнэнээ хэлж орилж, хашгирч байхад Тэмүжин хорсол занал шингэсэн харцаар нэвт шувт ширтсээр таг дуугүй зайлан оддог байлаа. Хэсэгхэн хугацаа өнгөрмөгц нулимсны нь халтар арилаагүй Хасар нэг дуу газарт нөгөө дуу тэнгэрт хадан өнгөрсөн зодооныг мартчихсан дэгдэж явахад Тэмүжин догшин шар нүдээ гялалзуулан хөмхий зуусаар байдаг ажгуу.

Тэмүжиний гомдол мартагдах нь удаан тул заавал хорслоо тайлж, ороо авч байж тайтгардаг зантай. Зулай зулайгаа гишгэн төрсөн нэг эцгийн хөвүүд ингэж эрс өөр зан авиртай болж өссөний учрыг Өүлэн олсонгүй. Гагцхүү Тэмүжин бол Бодончар богдын сүнс, харин Хасар нь Бартанбаатар өвгийнхөө сүнс болохыг тэр яахин тааж мэдэх билээ.


Last edited by saiba_ryo on Aug.31.11 8:23 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.31.11 8:09 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Ер нь удам угсаа, төрөх үхэхийн нарийн учир зүйг Тэнгэрээс өөр хэн мэдэхсэн билээ.

Харин Хасар, Тэмүжин хоёрын бас нэг ялгаа нь Тэмүжин өөрийгөө Бодончар өвгийнхөө сүнс гэдэгт итгэдэг, Алангуа эхийн ярьсан тэр домогт гардаг шиг Тэнгэрийн язгуурт төрөлтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг явдал байв. Тийм учраас Хасар болоод Тэмүжиний зан ааш, үйл хөдлөл эрс ялгаатай болсон юм. Хасар хэдий хурдан догшин зантай, хурц мэргэн үгтэй ч гэнэ гэнэ юу болов гэмээр бодолд автан зогсдог зантай . Ийнхүү бодолд автсан үедээ л ахтайгаа ялгаж танихын аргагүй адилхан үзэгдэх бүлгээ. Хасар энэ удаа Жүндү хотоос өртөө зайтай байх Дайду балгасын хойт хясаан дээр зогсоод алт эрдэнэс ачсан их хөсөг монголын тал нутаг, Чингис хааны хээрийн хүрээ рүү хөврөхийг харан яг ингэж бодолд дарагдан зогсож байв.

Энэ Дайду балгас хэдий жижиг ч Алтан хааны зуны өргөө байдаг тул баян, чухал боомт бүлгээ.

… Өүлэн эх минь амьд сэрүүн л байгаасай гэж Хасар сэтгэл зүрхээ өмөлзүүлэн бодож зогсов. Өүлэн эх нь Хасарын хувьд энэ ертөнцийн ганц эрхэм хайртай хүн нь бөгөөд эхийгээ үхвэл чухам яахаа тэр бодож олохгүй байлаа. Гэвч Өүлэн эх нь удаан тэсэхээргүй болсон нь даан ч тодорхой байсан билээ .Харин ч эхийг нь Тэнгэр тэтгэж өдий насалжээ. Эхийнх нь үхэл Хасарт одоо өмнө үзэгдэгч Дайду балгас шиг, хойт зүг хөврөгч тэрэг хөсөг шиг гэнэтхэн тов тод төсөөлөгдөв.Өүлэн эхийнх нь үхэл ганцхан Хасарт л хамаатай мэт түүнд санагдана. Хачиун дүү нь өвчний учир эрт үхэж, Тэмүгэ, Тэмүлэн хоёр нялх балчир, дээр нь Тэмүжин ах нь эсвэл олзлогдож, үгүй бол Дайцэцэнийд юм уу Тоорилынд очиж суусаар гэртээ байсан нь ховор тул чухамдаа Хасар л Өүлэн эхийнхээ ганц итгэл, зовлонт амьдралд нь түшиг тулгуур болж явсны учир хамгийн ихээр дотносон хайрласан хүү нь билээ.

Бусад хэнтэй ч болов хэрэлдэн уралцахад бэлэн байдаг Хасар эхийгээ үзэж, үгийг нь сонсмогц хайлсан тугалга шиг болж, эхийнхээ үгнээс зөрж гажихыг мэддэггүй байлаа. Хасар шиг ийм түргэн догшин ааштай хүнээс гармааргүй уяхан зөөлөн занг эхдээ гаргадагт нь харсан үзсэн хүн бүү хэл Өүлэн ч өөрөө гайхшран уярах нь олон. Тэртээ зун гэнэт тэнгэрээс унах шиг хүрч ирсэн мэргэдийн их Чилэдүгээс Өүлэн эхийгээ авран авч чадсан нь чухам Тэнгэрийн зарлиг байсан бөгөөд түүнээс хойш эхийгээ хайрлах, хамгаалах хүн нь ганцхан өөрөө гэдэгт Хасар бат итгэсэн юм. Энэ итгэл Хасарын амьдралынх нь үзэл,үг үйлдлийнх нь гол суурь болжээ. Юухан дээр ч болов тэр юуны өмнө “Ээж юу гэх бол, ээж яах бол” гэж бодож сурчээ. Дайнаас ирэхдээ тэр гэртээ биш эхийндээ л түрүүлж очно. Өүлэн ч Хасар хөвгүүнээ ирнэ гэж хүлээж суух бүлгээ. Ээжтэйгээ хамгийн олон жил хамт амьдарсан, бас ээжийнхээ сэтгэлийн нандин нууцыг бусдаас илүү мэддэг түүний хувьд ээжийгээ өмгөөлөн хайрлахаас өөр эрхэм зорилго үгүй юм.

Өүлэн эхийгээ өст мэргэдийн их Чилэдү гэгчид дахин автах аюулаас хамгаалан авч чадсаныгаа Хасар хамгийн ихээр бахархана. Бяр чадалтай, байлдах эрдмийг бусдаас илүү төгс эзэмшсэн нь Хасарыг өдрөөс өдөрт бардам дээрэнгүй, омогтой хурц болгож байсныг тэр анзаарсангүй. Бүхнийг эр чадал,омог зоригоор дийлэх юм шиг санаж, дийлэхгүй хүчтэн үгүй мэт сэтгэнэ. Бөртийг буцааж булаан авах үед мэргэдийн Чилэгэр бөхийн сэлмэнд үхэх аюулаас Тэмүжинг аварсан нь түүнийг бүр ч гааруулсан билээ. Энэ хэрэг явдлаас хойш хэсэг хугацаанд Тэмүжин Хасарт их урин зөөлөн, аясаар нь дуулгавартай ханддаг байв.Энэ явдлаас үүдэн Хасар гэрийн дотор Тэмүжиний удаах эрхтэй, зарим үед түүнээс ч илүү эрх мэдэлтэй юм шиг болжээ. Боорчи, Зэлмэ хоёр ч Хасартай маргалдаж сөргөлдөхөөс илт зайлсхийнэ. Эргэн тойрны энэ хүндлэл Хасарт туйлын амттай байв.Гэвч Хасарын аз жаргал тун ч богино настай байлаа. Хасар бяр чадал, байлдах эрдмээр өөрөөс нь илт давуу гэдгийг Тэмүжин аргагүй хүлээн зөвшөөрсөн, түр зуур буулт хийсэн үе байсныг Хасар тэгэхэд тодорхой ойлгож мэдээгүй билээ. Цагийн эрхээр, Хасарын хүчийг бүрэн ашиглах, бас түүнийг бага боловч урамшуулах гэсэн бодлын үүднээс Тэмүжин зулай даран төрсөн өрсөлдөгчдөө бяцхан зай тавьж өгсөн хэрэг байв. Харин яваандаа ямар цохилт хүлээж байсныг Хасар мэдсэнгүй.

Тэмүжинг хорин настайд Боржигон аймгийн ханд өргөмжлөв. Алтан ургийн үе залгамжлах эрхтэйн хувьд Тэмүжин Хасар хоёулхнаа энэ тухай ярилцсан билээ. Харц боол гаралтай Зэлмэ болоод Боорчи нар тэдний юу ярьсныг мэдсэнгүй. Есүхэйн цусанд төрсөн ахмад хөвүүний ёсоор Тэмүжин Боржигон аймгийн хан болох ёстой гэж Хасар хатуу шаардав. Харин үүнийг нь Тэмүжин эрс эсэргүүцсэнд Хасар гайхаад бүр ухааныг нь олсонгүй. Нэгүүн тайшийн хөвүүн Хучир, Хотула ханы хөвүүн Алтан, эсвэл Бартанбаатарын хөвүүд Сача бэх, Тайчу хоёрын хэн нэгийг хан болгоё гэж Тэмүжин хэлжээ. Хасар тэгэхэд амьдралдаа анх удаа Тэмүжинг үзэн ядаж билээ. Хэрэв Тэмүжиний оронд байсан бол Хасар эргэлзэх зүйлгүйгээр Боржигон аймгийн хан болох байлаа.

Өөрөөс нь ахмад настай,нэр хүнд хөрөнгө зоорь ихтэй, угсаа залгамжилсан эдгээр хүмүүс чухам ямар шалтгааны улмаас Боржигон аймгийн хан болохоос цааргалсаар байгаагийн учрыг Тэмүжин нарийн тодорхой мэдсэнгүй. Харин Мэнлигийн хөвүүн Хөхөчүгийн хэлсэн үгийг, бас Тэнгэрийн сахиусыг хүргэж ирснийг Тэмүжин мартсангүй. Хөхөчүгийн үг хан болоход нэмэртэй цорын ганц шалтаг байсан тул Тэмүжин айж байлаа.

Энэ үед Хасар анх удаа Есүхэйн ууган хөвүүн болж төрөөгүйдээ харамсчээ.
Тэмүжиний ганц давуу тал нь түүнээс урьтаж төрсөн явдал л юм биз гэж тэр жөтөөрхөн бодсон билээ.Гэвч Хасарт Тэмүжиний үгийг дагахаас өөр арга үлдсэнгүй. Харин бүх юм Хасарын хүссэнээр болж өнөөх Алтан, Хучир, Сачабэх, Тайчу нарын хэн нь ч хан болохыг хүссэнгүй нь бүр хачирхалтай явдал болов. Тарж бутарсан, нэгдсэн хүчгүй, эн тэнцүү олон овог,эзэнтэй Боржигон аймгийг нэгтгэн хан суух гэдэг үнэндээ хүсэх юм биш, хүзүү толгой салгах хэрэг гэдгийг Хасар ойлгож чадахгүй байв.

Харин эрх мэдлийн төлөө олон жил ил далд өрсөлдөж долоо шархадсан чоно шиг хаширсан тэд Есүхэйн залуу хөвүүнийг цуст тэмцлийн золиос болгон хаяж өгөхөөр шийдсэнийг Хасар ч , Тэмүжин ч мэдсэнгүй.Боржигон аймгийн хан болгоё гэсэн тэдний саналыг Тэмүжин эцэстээ зөвшөөрсөн нь Хасарыг гайхуулсангүй, харин ч баярлуулсан нь тоймгүй.

Хасар ганцхан үүнийг л хүсч байсан билээ.

Хагас дутуу ч гэлээ цугларсан Боржигон аймгийн ханд Тэмүжин өргөмжлөгдсөнд Хасар өөрөө л хан болсон мэт үнэн сэтгэлээсээ хөөрөн догдолсон билээ.

Бүр нүдний нь нулимс цийлэгнэж зүрх нь бэрх чангаар цохилж зогсжээ.Тэмүжин ингэж Боржигон аймгийн ханд өргөмжлөгдсөн нь Хасарын тээж явсан холын их мөрөөдлийн биелэх эхлэл мэт түүнд санагджээ.Гэвч түүний энэ хүслийг одоохондоо хэн ч мэдэхгүй байлаа.

…Хасар угаас хачин мөрөөдөмтгий хөөрүү дэврүүн хүүхэд байлаа. Хөөрүү дэврүүн зантайнхаа хирээр гуньж гутрах нь ч амархан юм.Боржигон аймгийн шинэ ханыг өргөмжлөх ёслолын үед Тэмүжиний хэлсэн үгийг сонсоод Хасарт цэлмэг тэнгэрт аянга ниргэх мэт болж нэг хэсэг нүд нь бүрэлзэн юм харахгүй болжээ.
“Аймгийн дотрох хамаг хэргийг бүхнээс урд ирж надтай нөхөрлөсөн тул Боорчи, Зэлмэ хоёр ахална“ хэмээн Тэмүжин цугларсан ихэс, ахмадууд, бүр Өүлэн эхийн нь нүүрэн дээр ил тодоор зарлан тунхагласан нь ерөөс Хасарыг чухал хүн гэж үздэггүйг нь нотлох мэт санагджээ. Боржигон аймгийн ханд өргөмжлөгдөөд Тэмүжиний буулгасан анхны энэ зарлиг ганц Хасарыг ч биш, Тэмүжинийг ханд өргөмжилснийхөө шанд эрх ямба горилж суусан бүх хүнийг цочоожээ.

Бас энэ зарлиг үнэнч нөхдөө харц ядуу гаралтай байсан ч бүхнээс илүүд үзнэ гэсэн Тэмүжиний тунхаг байв.Тэмүжин ханд өргөмжлөгдвөл би хэн болох билээ гэж Хасар тодорхой зүйл төлөвлөж бодоогүй ч, гэрийн доторх зарцын хэмжээнд байвал зохих Зэлмэ, Боорчи хоёроор бүх хэргийг ахлуулахаар шийдсэн нь яав ч байж болшгүй хэрэг гэж тэр үзжээ. Өүлэн эх нь ч ийм бодолтой байхыг тэр олж харав. Эх нь Тэмүжиний үгэнд гайхаж цочсон, бас Хасарыг аргадаж тайтгаруулсан харцаар ширтсээр байсанд Хасар хөдөлж, дуугарч чадсангүй. Угаас хөдлөх гээд хаачих, дуугарах гээд юу хэлэхээ тэр үнэндээ мэдэхгүй байлаа. Хэдий нь тэр арван найман нас хүрсэн тул Хасар өөрийгөө нялх балчир хүүхэд гэж үзэхгүй байсан билээ. Энэ явдлын хойно гэрийн доторх Хасарын эрх мэдэл өөрчлөгдөж буурсан зүйлгүй боловч Тэмүжинд гомдох сэтгэл нь эдгэсэнгүй. Харин Тэмүжинтэй ямагт өрсөлдөх, түүнээс даван гарах зовлонт хүсэл нь улам оргилохыг тэр мэджээ.
-Боржигон аймгийнхаа дотор Хасар чи Тэмүжиний л адил Есүхэйн хөвүүн тул хэнээс айж юугаараа дутна.Чамайг хүсвэл би туслах болно гэж Тэмүжинийг хан болсны хойтон жилийн зун Жамуха нэгэнтээ хэлж билээ. Уг нь яг ийм үгийг Жамуха үүнээс гурван жилийн өмнө бас Хасарт хэлжээ.

”Мэргэдийг дайлж Тэмүжинд туслая.Жамуха чи өөрийн албатаас хоёр түмэн цэрэг авч Ботгон боорчид ирэгтүн” гэсэн Тоорил ханы үгийг уламжлахаар Хасар Жамухын хүрээнд очоод байхдаа сонссон дээрх үгийг ухаарч үзсэнгүй билээ. Гэтэл түүнээс хойш гурван жил өнгөрч олон зүйл өөрчлөгдөв.Одоо Хасар эхнэр авч жижиг боловч өөрийн хүрээгээ үүсгэж, цөөн боловч цэргээ захиран толгой даан суух болсон байлаа.Тийм учраас Жамухын үгэнд арай өөрөөр хандах болжээ.Үнэхээр Жамуха хүсвэл хоёр байтугай хэдэн түмэн цэрэг гаргаж чадахыг мэргэдийг дайрах үед Хасар өөрийн нүдээр үзсэн тул Жамухын энэ үгэнд эргэлзэн гуйвж байтал Өүлэн эх бүхнийг нэвт харах шиг мэдээд сэрэмжлэн ятгасан юм.

Бас Тэмүжин тангараг тавьсан нөхрөө гэдгийг сануулж, “Есүхэйн хөвгүүд эвтэй явбал хэнд ч үл дийлдэнэ” гэж сайхан үг хэлээд ах дүү хэдүүл халуун амиар эхийнхээ хамт найрлан сууснаас хойш Хасар Жамухын хорт үгийг сэтгэлээсээ авч хаясан билээ. Хуучин аймаг овгийн ахмад хүмүүс болох Алтан, Хучир, Сачабэх, Тайчу гээд бүгд л бага боловч эрх мэдлийн төлөө хүүгээ алж, ханиа худалдахад ч бэлэн байгааг Хасар сайтар ухаарч мэджээ. Тэр бүү хэл Тэмүжиний эсрэг түүнийг турхиран цэрэглэж хөдлөхийг улайм цайм шаардахыг ч үзэв.Хасарын өмнө Тэмүжинтэй хамт үлдэх үү, эсвэл Тэмүжиний эсрэг тэмцэх үү гэдгийн аль нэгийг сонгохыг хатуу амьдрал, авилгач хүмүүс цаг ямагт тулган шаардах болжээ. Үнэхээр Боржигон аймгийн дотор Тэмүжинтэй эн тэнцүү өрсөлдөж чадах хүн бол ганц Хасар юм.

Тэр өөрөө ч үүнийгээ сайн ойлгож байв. Гэвч зовсон эхийн сэтгэл, өнчин ядуу амьдралын дунд бие биенээ түшин халуун итгэл, хатуу тангаргаар гагнагдсан Тэмүжин, Хасар хоёрын ах дүүгийн сэтгэл ийнхүү өрсөлдөж өрвөлзөх санаанд нь саад болж эцэст нь Хасар хоёр замын тэг дунд тэлээ хурга шиг эргэж буцаж байлаа. Нэр төр олох, Тэмүжиний адил эрх мэдэлтэй болж эзэн суух хүсэл нь заримдаа дийлдэмгүй ихээр оргилно. Хасар ийнхүү эргэлзэн тээнэгэлзэж, цаг хугацаа өнгөрсөөр байх зуур Тэмүжин улам хүчирхэгжиж байлаа.


Top
   
PostPosted: Aug.31.11 8:15 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
…Гэнэт хүн хашгирч Хасарын бодлыг тасалдуулав. Тэр нүд хараатай боловч юу ч үзэхгүй зогсож байжээ. Ухаан санаа нь тэгширч нүдний өмнө дахиад л утаат Дайду балгас тодров. Олзоо ачсан тэрэг хөсөг хөвөрсөөр,түүний хажуугаар эмс, боолууд толгой гудайлган цуварна. Цэрэг бүр Алтан улсын залуу эмс,гарын уртай эрсийг олзолсныхоо хэрээр гэр орондоо илгээж буй нь энэ билээ.

Саяын хашгирсан хүн бол Егү хөвүүн нь байжээ. Хөвүүн нь одоо гуч дөхсөн гунхсан сайхан эр болж бас ч болоогүй өтлөх янзтай. Егү дагуул шадруудаа орхин мориноос бууж дэргэд нь гүйн ирэв. Хөвүүний сандарсан хөдөлгөөн Хасарын дотрыг түгшүүлж дахиад л эхийн үхлийг санагдуулахад өөрийн эрхгүй айсан мэт ухрав…
-Юу болов гэж Егүг гүйн ирэхэд түрүүлэн асуув.Егү нүд эргэлдүүлэн инээмсэглэж байх нь яав ч үхлийн тухай мэдээ биш бололтой.Тэр ер нь эцгийгээ дуурайсан сэтгэлийн хөдлөл ихтэй хөвүүн юм.
-Мухулай жанжин таныг түргэн ирнэ үү гэж байна. Алтан улсын Юнжи хаан элч ирүүлжээ.Бүгд цуглараад хэрхэхээ хэлэлцэхээр таныг хүлээж байна гэж Егү инээмсэглэв.

Их улсыг дийлсэн, ялсан цэргийн бахархал, сүр жавхаа хөвүүнд нь дүүрэн тул Хасар таатай инээмсэглэв. Монголын их цэрэг Алтан хааны суугаа Жүндү балгасыг дайран эзлэхээр бэлтгэж байсан билээ.Алтан улсын хааны толгой хоргодон суугаа Жүндү балгас хүртэл ердөө ганцхан өртөө зай үлдсэн нь Хасарын хувьд шүлс хаях газар байлаа.
-За одоохон очъё… Тэд мордон давхицгаав. Хот хүртэлх зам дагуу толгодын жалга сувгаар Алтан улсын хядуулсан цэргийн хүүр дүүрэн чихээстэй, цэвэрлэх зөөх хүмүүс хотоос туугдан ирж яваа нь зөрнө. Алтан улсын хаан өөрийн зуны өргөө гэгдэх энэ Дайду балгасыг орхин өмнө зүг зугатсан тул монголын зүүн замын цэргийн удирдагчид зүрчидийн Алтан улсын хаан Юнжийн зуны сэрүүн ордонд цугларчээ. Хасар тэдний дунд хамгийн нэр хүндтэй ахмад нь юм.

Мухулай, Зэв, Сүбээдэй, Зүчи, Цагадай, Өгөдэй гээд ордон дүүрэн хүн Хасарыг баяр хөөртөйгөөр хүлээж байв.Монголчуудын дунд хөөрч догдлоогүй хүн нэг ч үгүй байв.Ихийг үзсэн Мухулай хүртэл сахлаа байн байн илбэж цааш нааш холхих ажээ.Эртний хүчирхэг зүрчидийн Алтан улсын хаан буун өгч найрамдахыг хүсчээ.Алтан улсаас өшөө авах нь монголчуудын олон үеийн хүсэл билээ.Алтан хаан хүчин мөхөсдөж найрамдахыг гуйж шалдаа буухыг тэд ийнхүү үзжээ.

Ийм чухал хэргийг Чингис хааны төрсөн дүү Хасарт дуулгахгүй байх эрхтэй, зүрхтэй хүн энд үгүй байлаа.Түүнийг ахмадын ёсоор хүндэтгэж хэлэх үг, хэрхэх бодлыг нь сонсох гэж хүлээсэн нь Хасарт таалагдсан тул тэр их баяр бахдалтай байв. Зүчи түүнийг угтсаар яаран хүрч ирэв. Тэр залуу бас л хөөрч бүр холоос гүйх шахам яваа харагдана.

Чингис хааны ууган хөвүүн учир ийм чухал хэргийг Хасартай зөвшин хэлэлцэх ганц хүн гэдгээ олонд үзүүлэхийг Зүчи бас хүсчээ.
-Хасар авга аа. Догдолсондоо Зүчийн дуу чичрэв.
-Алтан улсын хаан найрамдахыг хүсч элч илгээжээ. Бид хэрхэх билээ гэж асуух Зүчийн дуунаас ялалт, бахдалын омгорхол илт сонсдох ажээ.
-Элч нь хэн юм бэ гэж Хасар шууд асуув. Хэнийг элчээр зарснаас хэргийн учир бэлхэнээ тодорно гэж Хасар түргэн зуур бодов. -Вангин Чансан гэнэ хэмээх Сүбээдэйн дуу хүнгэнэн сонсдов. Алтан улсын хаан Юнжи Жүндү хотод орогноод байснаа цааш өмнө зүгт зугатаасан нь өөрийн хар толгойг цусдах өдөр холгүй болж утсан чинээ улаан амиа аргагүй бодох цаг ирснийг тэр ойлгосон нь гарцаагүй бололтой. Вангин Чансанг Хасар болоод монголчууд сайн таньж байв. Энэ бол Алтан улсын өмнөх хаан болоод одоогийн хаан Юнжид их нэртэй, ордны том шадар сайд юм. Вангин Чансан бол Татаар аймгийн Мэгүжин сүүлтийг хавсран дарав гэж Тоорил ханд ван,Тэмүжинд Чаутхари цол шагнаж байсан тэр ихэмсэг этгээд билээ. Монголчуудын сайн мэдэх,тэр дундаа Тэмүжинтэй хавсран татаарыг даралцсан Вангин Чансанг илгээсэн нь Алтан хаан үнэхээр мухардаж амиа бодон эцсийн аргаа хэрэглэснийх гэж Хасар үзэв. Гэвч түүнд цэргээ буцаах хүсэл байсангүй.Учир нь Алтан хааныг дарж дархан цолоо мандуулан алдарших сайхан боломж яг одоо түүнд нэгэнт бий болоод байгаа билээ. Алтан хааны их цэрэг монголын гурван замын цэрэгт цохигдон бутарсан тул нэгдэн байлдах чадалгүй болсноор Алтан улсын нутгийн ихэнх хэсэг эзлэгдээд өмнө зүгийн хэдхэн хот үлджээ.Ийм үед найрамдан цэргээ татна гэдэг хожмын дайснаа зүгээр тавьж явуулсантай адил хэрэг болох байлаа. Тэгээд ч эртний өст дайснаа яавч өршөөж болохгүйг Хасар бат мэдэж байв.Алтан улс бол монголчуудын хувьд мартахын аргагүй гай учруулсан дайсан юм.

Жил өнжөөд л их цэрэг ирүүлж монгол аймгуудыг довтлон эрчүүдийг нь хөнөөн,хүчийг нь цөөлөх хорт бодлого явуулж ирснийг нь яагаад ч мартаж болохгүй.Ийм өст дайснаа өршөөн найрамдана гэвэл Чингис хаан хэзээ ч зөвшөөрөхгүй биз.Алтан улсын хаан Юнжи заль зохиож цаг хожин цэргээ цуглуулахын тулд ийм арга сэдсэн нь тэр бөгөөд үнэндээ үүнээс өөрийг сэтгэсэнгүй билээ.Тийм ч учраас монголчуудтай эрхбиш эртнээс аятай харилцаатай гэгддэг Вангин Чансанг сонгон илгээсэн нь илт ажээ.

Бүгд Хасарын үгийг хүлээж байв.Вангин Чансан хуучин хааныхаа өргөөнд хөл тавьж эхлээд энэ олон монголчуудын хэнд нь эхэлж ёслохоо мэдэхгүй алмайрсан ч хашир хүн тул дорхоноо сэхээрч Хасарт ойртон дор мэхийв.Вангин Чансан урт үг нуршсаныг Кидан хэлмэрч уламжилж дуустал хэн ч дуугарсангүй.Бүгд одоо Хасарын үгийг хүлээх ажээ.Вангин Чансан найрсгаар инээмсэглэж баг өмссөн мэт хуурамч мишээл нүүрэндээ тодруулан ихэмсэг зогсоно.
-Түүний үгийг бүү сонс. Маргааш олзны хөсөг явж дуусмагц Дайдү балгасыг гурав хоног цэргүүдээрээ талуулагтун.Тэд дайны олз хишгээ өөрийн чадал самбаагаар олж авцгааг.Тэгээд Жүндү хотыг дайрч тэр Алтан хааны ичээг эвдэн дуусгая.Тэр одоо Жүндүг бидэнд өгөхгүй хаашаа зайлна гэж Хасар өөрийн санааг товч бөгөөд эргэлт буцалтгүй хэлэв. Хасарын сэтгэлд ялах дийлэхийн их хүч оргилж байлаа.Алтан хааныг нэг мөсөн даран сөнөөхийг Хасар хүсч байв.
-Алтан хааны элч би зөвхөн Чингис хаанд бараалхах хүсэлтэй. Бас Чингис хаанд бэлэглэхээр Алтан хааны гүнжийг авчирсан билээ. Чингис хаан тусгаар улсын элчид онцгой хүндлэл үзүүлдгийг Вангин Чансан би сайн санаж байна.Татаарын Мэгүжин сүүлтийг хавсран дарж явахдаа Чингис хаан бидэнд хоёрхон биеэр ярилцаж зөвлөсөн зүйл ч бий юм гэж Вангин Чансан хэлжээ. Сүбээдэй хоолой засав.

Энэ бол Сүбээдэйн болгоомжлуулж буй дохио байлаа.Учир нь Сүбээдэй аливаа бүх хэргийг ганц Чингис хааны таалалд нийцүүлэн гүйцэлдүүлж сурсан тул ингэжээ. Сая л хэргийн учрыг бүрэн ойлгосон Хасар түргэдсэнээ мэдлээ.Чингис хааны зарлиг саналыг сонсоогүй байж их үг хэлж болчимгүй зан гаргаснаа ойлгов.Гэвч оройтжээ.Омголон зан нь бууж өгөхийг хүссэнгүй.Хасар хэлсэн үгнээсээ буцалгүйгээр Алтан хааны элчийг гаргав.Харин Чингис хаанд илгээсэн Алтан хааны гүнжийг хэрхэх тухай Вангин Чансан асуусан нь бүгдийг бодолд оруулав.

Энд байгсадын дотор Чингис хааныг төлөөлөн бэлгийг хүлээн авах зүрхтэн үгүй байв.Вангии Чансан ч үүнийг сайтар мэдэж байсан тул сахал дороо мушилзаж зогсов.
-Вангин Чансан чи Алтан хааны бэлэг гэж юу ярина.Газар нутаг,хатад,гүнж нь удахгүй бүгд Чингис хааных болох тул чи Чингис хааны гүнжийг өөрт нь бэлэглэж байгаа хэрэг бус уу.Би удахгүй танай тэр Алтан хааныг өөрийн гараар сөнөөнө.Тэр цагт Чингис хаан өөрөө дуртай гүнжээ таалах биз.Вангин Чансан чи монголчууд бидний хэрэгт бүү оролц.Бид чамтай чамгүй хот улсыг чинь эзэлж их хаандаа хацар гоо эмсийг авч өгч дөнгөнө гэж Хасарын хэлсэн нь бүхэнд таашаагдаж харин Вангин Чансан хэлэх үггүй болжээ.

Хасар үнэхээр ингэнэ гэж бодоод итгэл төгс хэлсэн билээ.
Түүний зориг дүүрэн хэлсэн эдгээр үгс эндээс гурван зуун бээрийн цаана байсан Чингис хааны өргөөнд тэр шөнөдөө хүрч маргааш өдрийн морин цагт “Алтан хааны элчийг нааш илгээн бараалхуулагтүн.Хасарыг даруй ирүүлсугэй” хэмээсэн зарлиг иржээ. Хасарын үгийг шувуу зөөсөн мэт түргэнээ хүргэсэн элч одоо Чингис хааны зарлигийг уламжлахаар өмнө нь зогсож байв.

Сүбээдэй нууцаар элч илгээснийг Хасар гадарласан ч түүнд ер гомдож уурласангүй.
Сүбээдэй эс тэгвэл өөр хэн Чингис хаанд үнэнч зүтгэх билээ.
Хасар угаас өөрийн бодлыг зөв гэж итгэх тул тайван байжээ.Тэртэй тэргүй Чингис хаан Алтан хааныг нэг мөсөн сөнөөх зарлиг буулгана гэдэгт эргэлзсэнгүй.Чингис хааны элч ирснийг уламжлахад Хасар Дайду балгасын төвд Алтан хааны зуны сэрүүн өргөөний гадна морь харж байв. Элчийн өгчилгөсөн шар дугтуйт бичгийг Хасар огт гайхсангүй авлаа. Дугтуйн гадна Чингис хааны тамгыг даржээ.

Дугтуйг задлавал Чингис хааны бичгийн түшмэл Тататунга өөрийн гараар “Зарлигийг авмагц даруй хээрийн өргөөнд ирэгтүн“ гэж бичээд мөн л Чингис хааны тамгыг даржээ. Хасар бичгийг төвдөлгүй уншаад инээмсэглэв.
-Чингис хааны зарлиг шувуу мэт нисдэг болжээ гэж Хасар энгүүн тайван хэлээд инээмсэглэв.Ойр ойрхон зайтай буухиалуулан байгуулсан өртөөг дамжин морь сэлгэн давхих монгол элч шиг түргэн шуурхай холбоо хаана ч байхгүй болжээ.
-Егү… Есөнхэй… гэж хашгирахад нь шадар нь гүйн ирэв.
-Хөвүүд арай дээшлээгүй байна гэж шадар хулмалзана.
-Өчигдөр хятад бүсгүйчүүл эдлэж хоносон биз гэж Хасар ивээнгүйгээр хэлээд
–Морь бэлд.Би Чингис хааны өргөөнд хүрэх боллоо. Егү, Есөнхэй бүгдийг босго. Цэргээ жагсаа гэж тушаав.Эцгээсээ сүүлдэж боссон хөвүүдийн төлөө санаа зовсон шадар гүйж одов.

Алтан хааны элч Вангин Чансанд хэлсэн үгний нь төлөө Чингис хаан хилэгнэн дуудсан биз гэж Хасар таамаглаагүй ч сэтгэл нь гэнэт цухалдуу болжээ.Гэвч нэгэнт үнэн зөв үг хэлсэн тул ухрах няцах зүйлгүйгээр тэр өдрөө шадар торгон цэргээ дагуулан яаравчлан довтолгов. Тэр үед Чингис хаан Тулуй хөвүүний хамт Цагаан хэрмийн өмнө этгээдийн Шар тээгийн хөндийд буудаллаад байжээ. Хасарын баг цэрэг давхиан дунд ундалж хооллон хөтөлгөө морио сэлгэн унасаар зогсолтгүй довтолгон үдэш сар хөөрч од түгэж байхад Чингис хааны өргөөнд дөхөж эхний хэвтүүлд ирснээ мэдүүлж байв. Тэд үнэхээр нисэх мэт явсан билээ. Чингис хааны их өргөөг хэвтүүл, хишигтэн цэргүүд эргэн тойрон гурван давхар бүслэн хамгаалжээ. Шар тээгийн хөндийг дүүртэл цэргийн майхан эгнэж морь мал багширна. Саахалт яваад л харуул таарч үзэж байцаана.Энэхүү олон давхар харуул хамгаалалтыг Хасар тулдаа түргэн нэвтэрсэн ч Дайдугийн захаас Шар тээг хүртэл явснаас удах шиг санагдсан нь түүний яарсан сэтгэлийнх юм.Чингис хааны их өргөөний ойр түүнийг Боорчи өөрийн биеэр тосон авчээ. Тэд мэндийн цөөн хэдэн үг солилцоод гэрт орцгоов.

Их өргөөнд Тэмүжин, Тэмүгэ хоёр сууж байлаа. Тэмүгэ Хасар ахыгаа үзмэгц золгохоор босон харайв. Тэд уулзалгүй хоёр жил өнгөрчээ. Дүүгээ үзмэгц Хасар уяран догдолж бас эхийн тухай түгшин бодов.
-Ээж яаж байна гэж Хасар Тэмүжинд ёсолсны дараа шууд залган асуугаад суув.Тэмүгэ үг дуугүй Тэмүжин ахаа харжээ.Тэмүжин, Тэмүгэ хоёр ийнхүү сэжигтэйгээр огт дуугарсангүйд Хасарын дотор харанхуйлан нулимс нь асгараад ирэв. Хахир ёхир зантай хад чулуу шиг Хасарыг уйлна гэж санаагүй тул ах дүү хоёр нь сандрав.

Тэднийг ингэж балмагдан хэлэх үггүй байхыг үзсэн Хасар бүр эхэр татан мэгшин уйлжээ. Энэ нь үнэхээр гайхмаар явдал болсон тул Тэмүжин, Тэмүгэ хоёр ч Хасарыг аргадаж тайтгаруулах учраа олсонгүй. Тэд ер нь уйлж байгаа хүн аргадаж үзээгүй байжээ.Хасарын уйлах нь чоно архирах шиг ,чулуу хад нурах шиг сүртэй агаад элэг эмтрэм ажээ.
-Хасар ах аа гэж сандарсан Тэмүгэ дэргэд нь очиж түүний тохой дээрээс үгтээн байж сая нэг юм үг сонсохтой болгов.
-Та сонс. Ижий гайгүй. Гэхдээ бие нь их дор орсон гэж Тэмүгэ хэлэхийг сонсоод Хасар сая л юу болов гэх шиг эргэн тойрныг харжээ.Эхийнхээ үхлийн тухай цаг үргэлж бодсоор явсан мөртөө ингэж цочирдоно гэж тэр ер санасангүй билээ.

Хасар дүүгийнхээ энэ арчаагүй эмэгнэлтэй төрхийг үзээд Тэмүжин тэсэлгүй инээд алдав.
- Бидэнд хэл бол гэж Тэмүгэг Бөртэ явуулжээ хэмээн Тэмүжин хэлээд Боорчийг харав. Ах дүү гурвын ярианд саад бүү бол гэсэн Тэмүжиний дохиог тэр дор нь ойлгосон Боорчи лагс нүсэр биетэй гэмээргүй хөнгөнөөр хөдөлж шаламгайлан гарсны хойно тэд хэсэг дуугүй сууцгаав.Тэд гурвуул адилхан эхийнхээ тухай бодож байлаа.

Алтан улсын тухай бодол алс одоод ганцхан хайртай эхийг нь ээрсээр байх болсон үхэл бүх сэтгэлийг нь эзэмджээ.
-Ижий маань насныхаа тоог гүйцэв гэж мэджээ. Тэгэвч хүүхдүүдийг бүү дууд гэсэн гэнэ.Бүр Тэмүлэнд ч бүү хэл гэжээ. Харин хэрхэхийг намайг мэд гэж Бөртэ Тэмүгэг ирүүлж… хэмээн Тэмүжин бодол болон үгээ зөөж хэлэв.
-Ижий хэзээ үхэхээ мэддэг болоо юу гэж Хасар шазруун маягтай асуув.
- Тийм ээ. Ижий үхэх өдрөө хэлсэн гэнэ.Өүлэн эх минь яавч ийм үгийг зүгээр хэлэх хүн биш гэж Тэмүжин итгэлтэй хэлэв.
-Тэгээд тэр нь хэзээ гэнэ гэж Хасарын асуухад
-Энэ намрын адаг сарын сүүлээр гэж Тэмүгэ аяархан дуугарав. Өүлэн эх нь худал хэлээгүй гэдгийг Хасар ойлгов.
-Би чамайг гэртээ буцаахаар шийдлээ. Ижий минь бид гурвыг дэргэдээ байгаасай гэж хичнээн их хүсч байгааг би мэдэж байна. Гэвч би Алтан улсын элчийн бараалхахыг хүлээлгүй орхиод яаж гэдрэг буцна. Тэгвэл тэдний цэрэг Чингис хаан айв, өвчлөв ер юу гэхийг хэн ч үл таана. Бүр их зоригжин тэмцэж ч мэднэ. Харин Хасар чи даруй яв. Ижий чамайг хүлээж байгаа. Нэг ч өдрийг бүү алд.Алтан улс ер нүүчихгүй.Чамайг буцаж иртэл хүлээх биз.Харин ээж минь чамайг хүлээж чадахгүй байж мэднэ.Чи даруй явж үз.Бүү алгуурла.Үүнээс яаруу чухал хэрэг гэж ертөнцөд үгүй.

Тэмүжиний энэ үг үнэн агаад,чин сэтгэлийнх байсан тул Хасарт эсэргүүцэх сэтгэл огт төрсөнгүй. Тэр даруй босон харайж Хэрлэн мөрний зүг давхихад бэлэн байв.Өүлэн эхдээ очно гэж санахад яарах нь хэмжээгүй болжээ. Бүр Хэрлэн голын намуун урсгал,хээрийн салхинд найгах өвс нүдэнд үзэгдэх шиг болоод гэрийнхээ үүдэнд саравчлан зогсох эхийгээ харсан мэт өндөлзөж
- За.Би явъя.Тэмүгэ чи …гэтэл Тэмүгэ нүдээ анивчин зөөлөн дуугарч
- Тэмүжин ахаа, намайг энд хэд хоног үлдэхийг зөвшөөрөөч. Би ер нь Алтан улсад ирж үзсэнгүй Би хятадын шавар балгаст орж ганц ч болов хятад цавчин алж сэлэмнийхээ ирийг шалгамаар байна.Би эмс хүүхдийн дунд Монголдоо суусаар уйдаж гүйцлээ гэхэд Тэмүжин, Хасар хоёул зугаатай хөхрөлдөв.
Ах дүү гурвын хооронд тийм гэхийн аргагүй дотно дулаан амьсгал бий болжээ. Энэ бол тэднийг төрүүлж өсгөсөн Өүлэн эхийн гайхамшигт сайхан сэтгэл болохыг тэд цөм гүнзгий мэдэрч байлаа. Хятад газрын амтат идээ ундаагаар хоёр дүүгээ дайлж хундага өргөж суухдаа Тэмүжин ах хүний ёсоор сэтгэл дүүрэн баяртай байв.Өүлэн эх нь одоо энд, Алтан улсад ирээд хөвүүдийнхээ хамт суугаад цайлж байх шиг, үг сургаалаа хайрлаж байх шиг санагджээ.

Алтан улсын хааны элч Вангин Чансаны үгийг сонсоод хэлсэн үгний нь төлөө Хасарыг ихээр зэмлэн буруушаая гэж уг нь түүнийг дуудсан байв. Гэтэл Дайду балгасыг зорьсон элчийн тоос арилаагүй байхад Хэрлэнээс Тэмүгэ ирсэн билээ. Чингис хааны дуудсан зарлигийн учир ингэж өөрчлөгдсөнийг Хасар мэдсэнгүй. Вангин Чансаны талаар Тэмүжин ам ангайсангүй.

Маргааш өдөр нь Тэмүгэ үлдэж Хасар нутгийн зүг мордов. Тэр ийн мордохдоо эхдээ, эмс хүүхдүүддээ өгөх бэлэг сэлтийг сайтар базаахаа мартсангүй. Хасарыг мордоход Тэмүжин саахалтын газар үдэж
-Чи намайг Алтан улсыг дагуулан авав гэж Өүлэн эхэд хэлэгтүн.Сэтгэл нь амраг.Харин миний очиж чадаагүй учрыг сайтар ойлгуулж хэлээрэй.Би Алтан улсын хааны элчийг бараалхуулж түүний найрамдъя гэснийг хүлээн авахаар шийдлээ гэж хэлжээ.Нэгэнт Чингис хаан ингэж шийдсэн тул яаж ч чадсангүй.Хор шар дүүрэн үгсээ буцаан залгиж бас эхийнхээ сэтгэлийг өвтгөхгүй гэсэндээ Тэмүжинтэй сөргөлдөн хэрэлдсэнгүй тэвчин морджээ.

Хасарыг ийн төв улс руу буцсаныг тэднээс гадна ганц Боорчи л мэдэж байв. Тэсэхийн аргагүй өмхий үнэртэй хятад газраас зугатаах мэт Хасар морио гуядан довтолгож явлаа. Тэр удалгүй торгон цэргээ манлайлан давхисаар Цагаан хэрмийн дээр гарч ирэхэд нүдний өмнө монголын хүслэнт тал нутаг цэнхэртэн үзэгдэв. Цагаан хэрмээс хойш Чингис хааны уугуул нутаг эхлэх бүлгээ.Өүлэн эхийн суугаа Хэрлэний хөдөө арал хүртэл эндээс даруй зуу хол илүү өртөө газар буй. Ийм газрыг туулж байж монголын уугуул нутгийн төвд хүрэх юм. Тэд хоёр жилийн өмнө монголын цэрэгт эзлэгдсэн Цавчаал боомтыг орхин хойт зүг давхилаа.Хасарын чихэнд газар дэлдэх морьдын туурайн чимээ яг дуу хуур шиг сонсдоно.


Last edited by saiba_ryo on Sep.02.11 12:04 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.31.11 8:22 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
ххх ххх ххх

Хэрлэний хөдөө аралд амьдрал хувирч өөрчлөгдсөөр ажээ. Их цэрэг Алтан улс руу мордсоноос хойхно Чингис хааны их суурин ордыг энд барьж эхэлсэн билээ. Энэ ажлыг Кидан гарлын мужаан Бүхүдэй удирдан хийлгэж байтал төдөлгүй хятад газраас олзны мужаан урчууд болоод ажлын боол хүмүүсийг олноор авчирсан тул энэ хэрэг даруй түргэнээ бүтэж эхлэв.Чингис хааны их ордон,ёслолын болоод хатдын өргөө,бас эд агуурс, хааны санг хадгалж хураах зоорь агуулах,агтны жүчээ,торгон цэргийн байр,зэвсгийн агуулах,харуулын цамхаг,гадна их хашаа аль эрт сүндэрлэж холын зочдын харааг булаах болжээ. Мөн олзны эд агуурс, охид эмсийг хүргэсэн хөсөг ирэх нь өдөр бүр тасрахгүй тул хөл хөдөлгөөн дүүрэн.

Их цэрэг Алтан улсад явсан тэр цагаас хойш монголын айл бүр торго, дурдангаар гэрээ бүрж,ороо бүтээж эмс охид нь шүр сувд гялалзуулан явах болжээ. Амуу тариа, чихэр жимс нэн арвин ирэх тул хүүхдүүд бялуурч ноход хүртэл тоож шиншлэхгүй болсоор удав. Алтан улсын олон хот, балгасыг эзэлсэн монголын цэрэг, жанжнууд олз омог ихтэй болж ар гэрийнхэн нь ч бүгд л аян дайны ид хав,амт шимтийг үзжээ.

Үнэт эдлэл, боол, эмс хүргэж ирсэн аяны цуваа болгон үхэл хагацлын мэдээг хамт хүргэн ирэх тул уйлж унжиж, алагдаж үрэгдсэн эрийнхээ, эцгийнхээ, хүүгийнхээ хойноос харуусан гашуудагсад ч тоогоо алдав. Ийм л баяр хөөр, харуусал гашуудал зэрэгцсэн дуу, нулимстай амьдралын дунд Өүлэн эх ажин түжин суусаар хоёр жил болжээ.

Тэр хүүхдүүдтэйгээ Тэмүжин, Хасар хоёртойгоо уулзна гэж хатуу чанга санаагүй ч хүрээд ирнэ дээ гэж дотроо битүүхэн горьдсоор, чимээгүй харуулдсаар байлаа. Их цэрэг хятад газрыг зорьсны дараа ард үлдсэн цэрэг цөөн тул тэд аль болох нэгдэн суух нь аюул багатайг бодож Өүлэн эхийг Бөртэ өөрийнхөө дэргэд хүрээндээ авчирч асарчээ. Харин Хасарын ар гэрийнхэн, эмс охид, албат иргэд нь хуучин ёсоор өөрийн хүрээнд тусгаар амьдарсаар ажээ.Төв улсыг Тэмүгэ ноён захирч байв. Чингис хааны алдар суу нэгэнт холд түгсэн тул халдан ирэх дайсан ховор атал бас ч тийм тайван байх үндэс үгүй байлаа. Хөвүүдээ дайнд мордсоноос хойш Өүлэний үг яриа цөөрч ихэвчлэн хэвтэх юм уу, дулаан өдөр гэрийн хаяанд алс тэртээ дорно зүгийг ширтэн ганцаар суух болжээ.

Өүлэн эхийн биеийн байдал урьдын адил сайнгүйн дээр хятад газраас ирсэн домч ч нааштай үг хэлээгүйд сэтгэл түгшсэн Бөртэ Тэмүжинд даруй хэл өгөхийг хэдэнтээ шаардсан боловч Өүлэн халгаасангүй. Харин ч бүр гайхмаар үг хэлж ихэд цочоожээ. -Бөртэ. Би үхэх болоогүй байна. Үхсэн ч энэ намрын адаг сарын сүүлч хүргэнэ. Харин чи гадна дотны энэ олон хүмүүсийн дэргэд хөл хөнгөн, гар ганган, эрд очоогүй эм шиг дээл хувцастай явах чинь яавч зохихгүй. Чи Чингис хааны их хатан болохоос биш Есүй,Есүгэн,Хулан хатадын шивэгчин бус.Намайг үхээд өгвөл чамд ийм үг хэн хэлнэ. Насны эцэст над шиг ингэж бүү хаягдаж хоцор. Би л үүгээрээ дуусая. Харин чи… ингэж явж яаж болно.Чиний эр нөхөр амьд бий.Чи эр нөхрийнхөө их нэрийг бодож,Чингис хааны их хатан мэт явагтүн… Бөртэ эхлээд түүний эл үгийг сайн ухсангүй.

Гэвч бодож бодож яавч Өүлэн эхийн үгийн аяар байж болохгүйг ухаарч Тэмүгэг Алтан улсад сэм илгээсэн билээ.
-Намайг үхэхэд хэнд ч бүү хэл. Бүр Ихэрэс аймагт суугаа Тэмүлэн охинд ч бүү хэл гэснийг нь Тэмүжинд уламжлуулжээ. Тэмүгэ хэдий эр зоригтой ноён хүн ч гэлээ эхийгээ хайрлахын хажуугаар бас ах нарын их үйлийг цалгардуулах бий гээд Тэмүжин ахдаа хэл хүргэх учраа эс олжээ. Ийм үед Бөртэ л Чингис хааны их хатны ёсоор хатуу зоримог шийд гаргахгүй бол болохгүй гэдгийг Өүлэн эхийн үгнээс ухаарав.
-Тэмүгэ чи өөрийн биеэр Чингис хаанд оч.Бөртэ хатан намайг явуулав гэж хэл. Намайг илгээв гэхэд Чингис хаан лав зэмлэхгүй. Эс тэгвэл чи бид хоёр бүхний эцэст зэм ял сонсох бий гэсэн нь Тэмүгэг Алтан улсад явахад хүргэжээ. Бөртийг Есүхэйн гэрт ирсэн өдрөөс хойш Тэмүгэ үнэн сэтгэлээр хүндэтгэн хайрлах болсон тул ямагт Бөртийн үгийг дагах билээ

Энэ удаад ч Бөртийн үгийг дагажээ.Тэмүжин ах нь их хатан Бөртэдээ ихэд хүндэтгэлтэй ханддаг учир түүнд айж эргэлзэх сэтгэл төрсөнгүй. Харин Тэмүгэг Алтан улсад одсоныг Өүлэн эхэд хэлэлгүй өнгөрөв.

Тэмүгэгийн хувьд Алтан улс бол чухам хүслийг татсан, үзэхийг мөрөөдсөн газар нь юм. Өмнө газраас элч ирэх бүр дайн тулааны тухай мэдээг Бөртэ тэр бүрийд Өүлэн эхэд дуулгаж алаг торго, амтат бурам зөөх бүлгээ. Бөртийн орж ирэх тоолонд Өүлэний зүрх чичирч Хасар хөвүүн нь үхэв гэх бий гэж түгшин угтана. Гэтэл Хасар хөвүүн нь эсэн мэнд байсаар ажээ. Намрын дунд сарын налгар шар өдрүүд үргэлжилж, жимс ногоо, идээ будаа дэлгэрээд Хэрлэний хөндий хахаж бялхаж байх шиг. Энэ өдөр Өүлэн гэрийн гадна зассан тавцан дээр сурсан зангаар дорно зүг ширтэн суув.Хэрлэн мөрний эрэг дагасан их замаар алсад бараан дүрс тодрон төдөлгүй бүлэг морьтон улс довтолгон айсуйг ус гүйж хавагнасан нүдээ чилээн чилээн хараад сэтгэл нь нэг л хачин болохыг тэр анзаарав.

Нүдний нь хараа муудсан ч холоос яаран давхисаар айсуй морьтой улсыг их холоос харжээ. Өүлэний сэтгэлийн угт хаа нэгтээ өвдөх шиг болж, зүрх нь түгшүүр баяр хоёроор зэрэгцэн дэлдэв. Дал шахам жил амьдарсан түүнд ганц үзээгүй юм нь үхэл биз. Хөгширч муудсан зүрх нь ингэж баярлаж догдлох юм гэж санаагүй явсандаа Өүлэн бүр гайхжээ. Үнэхээр тэр баярлан догдолж анх Есүхэйг дайнд алс яваад амьд мэнд ирэхийг харсан шигээ зүрх нь омголоноор булгилахыг үзэв. Ерөөс хүний зүрх хэзээ ч хөгширдөггүй ганц эрхтэн биз ээ. Бүлэг морьтон ойртсоор бүр хүрээний харуулын дэргэд хүрч бяцхан зогссоноо шууд их өргөөг зүглэн ойртохыг үзвэл эрх мэдэл ихтэй хүн яваа ажээ.

Тэр цувааны голд нэг сүрлэг сайхан баатар эр ирсэн нь танил ч төрх шиг, бүр үзсэн ч хүн шиг. Өүлэн өндийх гээд чадсангүй. Өнөөх эрийн сүрлэг хүрэн царай дуулган дороос үзэгдэхэд
–Есүхэй, Есүхэй гэж Өүлэн дуудав. Үнэхээр Есүхэй инээмсэглэн мориноос үсрэн бууж гэр тэрэгний шатаар хөнгөхөн өгссөөр дэргэд нь ирээд сөхрөв.
-Есүхэй. Чи амьд байжээ.Намайг ганц биеэр орхиод юунд ингэж удав гэж Өүлэн шивнээд нүдээ анив.Эргэн тойрноос Есүхэйн танил дотно үнэр ханхлах шиг болжээ.
-Ижий минь, би ирлээ… гэж Хасар эхийнхээ бууралтсан сэгсгэр үс, нулимст нүд, үрчлээт нүүрийг ширтэн шивнэв. Хасарын нүднээс нулимс асгарч шороо тоосонд дарагдсан нүүрэн дээгүүр нь зам татуулан урсах ажээ. Өүлэний нүдэнд үнэхээр Есүхэй үзэгдсэн юм. Татаарт хорлогдож үхсэн Есүхэйн сүнс Хасар хөвүүнээ даган Өүлэний дэргэд ирээд буцжээ. Харин одоо өтөлж харласан царайтай, өвгөрч эхэлсэн Хасар өмнө нь сөхрөн мэлмэрүүлж суухыг Өүлэн үзэв. Эхлээд өөрийгөө зүүдэлж байна уу даа гэж санажээ. Хасарын танил хоолой сонсдож нумын хөвч, сэлэмний бариулд эвэршсэн хуруугаараа мойнийсон гарт нь зөөлөн хүрэхэд Өүлэн сэрүүн зүүднээсээ сэрэв.

Есүхэйн сүнс хөвүүн Хасарыг нь хол газраас түүнд дагуулан авчирч орхиод тэртээ тэнгэрийн оронд одохыг тэр тов тод харах шиг болжээ Хөвүүн Хасар нь үнэхээр иржээ. Эх хүн холд одсон үрээ эргэн ирэхийг үзээд яаж баярладгийн адил Өүлэн яг л тэгэж баярлав.Халуун нулимс нь сул асгарч эцэж ядраад мах мариа нь шуугдсан Хасар хөвүүнээ үзэнгүүт зүрхээ шимшрүүлэн өрөвджээ.Юуны төлөө хүү минь ингэж эцэж цуцталаа зүтгэнэ вэ гэж бодов. Баярласандаа байдаг хүчээ шавхан байж өндийн босох гээд шургачихад Хасар шаламгайлан тосч түшин аваад хөөрхий эхийгээ хүүхэд шиг тэврэн гэрт оржээ.

Чингис хааны их хүрээний өдөр тутмын эх адаггүй нүсэр ажлын нүргээн дунд эх хүү хоёрын энэ уулзалт огт анзаарагдаагүй билээ.Мужаан дархчуулын ажил ундарч алх сүхний дуу хадна. Тэдэнд хэн ч саад болсонгүй. Тэр бүү хэл Өүлэн эхийн гэрт үргэлж орж гарч явдаг Зүчийн том хөвүүн Бат, Цагадайн том хөвүүн Бүри хоёр ч орж ирсэнгүй.

Өүлэний гэрт хятад газрын өмхий агаар, ялзарсан ногоо нэлхийн үнэртэв. Энэ бол Хасарын алс газраас тээж ирсэн үнэр билээ.Халуун бүгчим хятад газрын үнэр Хасарт бүр нэвт шингэжээ.
-Ээж нь чамтай уулзаж чадахгүй биз гэж санасан юм. Гэтэл хүү минь чи их дайн, ижил цэргээ орхиод иржээ. Эзэнгүй цэрэг чинь эндэж осолдох бий. Егү,Есөнхэй хөвүүд чинь нялх шүү. Одоо эхийн чинь санаа амрав. Буцаж үз гэж Өүлэн Хасарыг хул айраг ууж дуусаагүй байхад хөөх шахам хэлэв. Хасар эхийн гэрт ийн суухдаа аз жаргалтай байлаа.
-Би таныг Тэнгэрт хальчихаагүй байгаа даа гэж түгшин сандарч явлаа хэмээн Хасар хэлээд муухан инээв.Тэр үнэхээр ингэж бодож явсан билээ.
- Ээж нь удахгүй үхнэ. Хөвүүн чамайг амьд мэнд эрүүл саруул явааг үзэж сэтгэл ханалаа. Одоо би юундаа хоргодох вэ. Энэ амьдралд хоргодох юм надад нэгэнт алга болжээ. Над шиг хоолны сав, дээлийн гол ингэж хорвоогийн зай эзлэж, хоол цай хороож суухын хэрэг үгүй биз гэж Өүлэн эх гунигтай өгүүлнэ. Өнгөрсөн хоёр жилийн дотор Өүлэн эх нь танигдахын аргагүй өтөлж, өөвийсөн, жижигхэн эмгэн болон хувирчээ. Эхийгээ ингэж түргэн өтлөнө чинээ санасангүй.
-Чи ер нь яагаад хүрээд ирэв гэж Өүлэн гэнэт мартсанаа санах мэт асуув. Хасар хариулахынхаа өмнө бодолхийлэв.Өүлэн эхийн энэ үгэнд Тэмүжин, Хасар хоёрыг муудалцсан бий вий гэх битүү хардлага, бас Хасар хөвүүн минь зугатааж ирээгүй байгаа даа гэсэн түгшүүр илт. Хасар хариу хэлэхийн өмнө эхийгээ удаан ажиглав

.Өүлэн эх нь угийн чийрэг хатуужилтай хүнсэн . Цаг хугацаа гэдэг даанч харгис хатуу ажээ.
-Чингис хаан намайг төв улсаа эргэж тойрохыг зарлиг болголоо гэж Хасарын хэлэхэд Өүлэн эх нь огт итгэсэн янзгүй ус гүйсэн цийлгэр нүдээрээ удтал ширтэв. Гэвч юм дуугарсангүй ч нүүрнээс нь үл итгэх байдал арилжээ.
-Чи тэгвэл хэзээ буцна гэж туршсан янзтай асуув.
-Хэд хонох биз дээ.Тэгээд таны бие гайгүй бол буцалгүй болохгүй гэсэнд -Тэгвэл би яарахгүй бол болохгүй нь ээ гээд Өүлэн бодолхийлэв.
-Ижий та юунд яарах гэж
-Би чамайг явахаас өмнө үхэх минь. Эхийнхээ энэ хүүхдийн мэт үгийг сонсоод Хасар үнэн сэтгэлээс хөхрөв.Хасарын ийн хөгжилтэй инээх нь гадаа яваа хүн зог тусан чагнахаар чанга сонсдох ажээ.
-Хөвүүн чи гэртээ харьж гурав хоноод ир.Би тэгээд үхнэ. Хасар гайхсан атал огт санаандгүй “За тэгье” гэж эхийнхээ амыг дагуулав.

Эх нь уймарч, бас түүнийг үзээд уярч тунирхаж л байна гэж Хасар санажээ. Эхийн бие барагтай ч сэтгэл санаа нь амарсныг үзэж тайвширсан Хасар үнэхээр гэр лүүгээ яарч байлаа. Түүний хүрээ эндээс зүүн хойш гурван өртөө газарт Саарь хээрийн талын Хүрэн нугад намаржиж байлаа. Тэнд түүнийг хатад, эмс, албат, иргэд нь хүлээж буй. Түүий хүрээг Боржигон аймгийн энгийн сул ардын охин,Хасарын их хатан Борогчин ахлан сууж байгаа билээ.

Бөртэ хатан Хасарыг Чингис хааны их өргөөнд залж нутаг орны байдал, алс газар дайнд яваа эр нөхөр, хөвүүдийнхээ тухай шалгаасаар шөнө дөл болгосон тул тэр үүр хагаслан гэрийн зүг довтолгов. Хасарыг Алтан улсаас гэнэт ирсэн тухай хэл мэдээ нэгэнт түүний хүрээнд хүрсэн тул хатад, албатууд нь эзнээ угтах гээд хөл хөөрцөг болцгоож мөн л нойргүй хоносон билээ.Алтан улсад яваад удсан эзэн нь ирсэнд бүгд баяр хөөр болцгоожээ.

Хасар ёсолж авсан гурван хатантай юм.


Top
   
PostPosted: Sep.01.11 12:53 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Эзгүй билчээр газарт нүд хөмсөг дүүрэн Борогчин охинтой санаандгүй учирсан нь Хасарын бие даан амьдрахын эхлэл болжээ.

Тэмүжинг Боржигон аймгийн ханд өргөмжилснөөс хойш удалгүй Хасар өөрийн хүрээг үүсгэн тусдаа сууснаас хойш өдий болтол бие даан амьдарсаар билээ. Энэ нь хүн болоод малд ч амар юм. Монголчууд малынхаа аяыг харж амьдрах тул олноор нэг дор суурьших боломжгүй, газрын энгээр нэг тархан билчээр ус хөөн нүүцгээдэг нь тэднийг тархай бутархай байлгахад хүргэдэг билээ.

Тэмүжин, Хасар хоёр хэдий нэг аймаг, төрсөн ах дүүс боловч мөн л дөрвөн цагийн эргэлтэд цагийн аясаар нүүж сууж холдож ойртож явлаа. Хоёр жил ирээгүй Саарь хээрийн тал энэ жил өвс ногоо халиурч, болжмор шувуу жиргээд нозоорсон биеийг сэргээж нойр алжаалыг үлдэн хөөх шидтэй. Энэ талын элгэнд бяцхан толгой байхыг Өндөрхан гэх бөгөөд энэ Өндөрханы өвөрт Хасар олон жилийн өмнө татаар бүсгүй Хуаржинг авч хуримласан билээ.Хасар энэ үед Борогчиноос гадна Түмүхэй хатнаа авчраад байв.

Тэмүжин тэд Хэрэйд аймгийн Тоорил хантай хавсран Алтан улсын Вангин Чансаны цэргээс дайжиж явсан татаарын Мэгүжин сүүлтийг дайран сөнөөх үеэр Хасар Хуаржинг булаан авсан юм. Хуаржины эцэг нь Мэгүжин сүүлтийн анд татаарын зартай баатар Цахиа- Үгэ байв. Харвалдах дайсны өмнө халирч үзээгүй баатар эр Цахиа-Үгэтэй тулсан нь Хасарын хийсэн хамгийн аймшигт гардан тулаан байлаа.

Гэвч Хасар залуу биеийн чадал, гавшгай зоригийн хүчээр Цахиа-Үгэг алж түүний эмс охид, албат иргэд,мал хөрөнгийг өөртөө авах эрхийг олжээ. Цахиа-Үгэг үхүүлсэн нь Хасарын эр биеийн хүч, зоригоо гайхуулан баталсан бас нэг том ялалт байсан бөгөөд түүний ид хав, хүч чадал, зориг жавхааг бүгд хүлээн зөвшөөрсөн билээ. Цахиа-Үгэ бол зүгээр нэг алуулчих эр биш тул Хасарын гарын булчин, нурууны шөрмөсийг шархдуулж тэр хэд хоног ялалт хөөрөө мэдрэх сөхөөгүй шархандаа халуурч хэвтсэн ажээ. Гэвч түүний дайны олз, ялалтын баяр бахдал Хасарыг түргэнээ тэнхрүүлж хөл дээрээ босжээ.

Цахиа-Үгэ бол эр зоригтойнхоо хирээр баян нэгэн байжээ.Хасарыг тэнхэрч бостол Цахиа-Үгэгийн өмч хөрөнгө, албат иргэдэд бүү хүр гэж Тэмүжин тушаасан нь Хасарыг ихэд баярлуулав. Ингэж баярлах нь аргагүй юм. Энэ нь Хасарын ялалт, хүч зоригийг Тэмүжин хүлээн зөвшөөрсөн явдал байв. Асгаруулсан цусныхаа үнэнд Цахиа-Үгэгийн бүх эзэмшлийг бусадтай хуваалгүй ганцаараа авахыг Хасарт Тэмүжин зөвшөөрөв.

Ингэж Хасар анх удаа өөрийн цус, эр зоригийн шагналд баян татаарын хөрөнгийг эзэмшсэн билээ. Түүнийг ийнхүү шагнасан нь Хасарыг бусдаас онцгойлон үзсэний илрэл байснаас гадна баатарлан тулалдаж гавьяа байгуулсан л бол ямар ч хүн хамгийн үнэтэй олзыг авах ёстой гэсэн Тэмүжиний хатуу шийдвэрийн биелэл байв. Энэ хатуу журам өөрийнхөө эр зоригтой, эрэмгий чадалтайг харуулах хүсэл сэтгэлийг бүгдэд оргилуулж баяжих шуналд хөтөлдөг билээ.

Агт морьд, амбан шар, өсөхийн буянтай хонь, өргөө цагаан гэрээс гадна Хасар анх удаа өмнө газрын тансаг эд хөрөнгөтэй болж хагартлаа баяжжээ. Цахиа-Үгэгийн зарц, боол, эд хөрөнгийг бүгдийг Хасарт өгсний дотор хамгийн ихээр догдлуулан баярлуулсан олз нь Цахиа-Үгэгийн залуу хатан болон түүний арван зургаатай гоо охин Хуаржин хоёр байв.

Хуаржины эх охиноосоо дутахгүй үзэсгэлэнтэй, Хасараас хэдхэн эгчмэд эм байлаа. Тэдний гоо үзэсгэлэнг хараад Хасар яах ч учраа олохгүй баярлан тэвдэж бараг барьж үзэх нь холгүй хөөрөн догдлов. Гэвч эмсийн гоо үзэсгэлэнгээс гадна Хасарын сэтгэлийг хөөргөсөн нэг нууц бодол байв. Энэ нь Есүхэй эцгийг нь хорлосон татаараас эм авах нь эцгийн өшөөг авч буй хэрэг гэж санагдсан явдал юм. Харин эх охин хоёрыг хэрхэхээ сайтар шийдэж чадсангүй.

Уг нь Хасар эх охин хоёрыг хоюуланг нь эзэгнэн авахыг хүсч байв. Эх охин хоёрыг эм болгон авах нь чухам хиймортой эрийн хэрэг билээ. Гэвч бодож бодож Тэмүжинээс асуухаар шийдэв. Хасарын хэлэхийг сонсоод Тэмүжин тэр дороо дуугарсангүй. Учир нь татаарын Мэгүжин сүүлтийг сөнөөсөн нь бахдалтай ч Хасарын олсон олз түүний атаархлыг хөдөлгөсөн билээ. Мөн Хасарын өмчид зүй ёсоор очсон эх , охин хоёр дэндүү үзэсгэлэнтэй байсан нь Тэмүжинг бүү хэл бусад нөхдийн нь хор, дур хоёрыг зэрэг гозгонуулж байсныг Хасар ойлгосонгүй. Гэвч Тэмүжиний дуугарч цөхөх байдал Хасарт сэжиг төрүүлж, ийм их олз олсонд нь дургүй байгааг мэджээ. Гэнэт ийм их олз олсон нь бусад нөхдийн атаархал дургүйг хүргэж байгааг нэгэнт мэдэрсэн тул
-Ахаа. Би Цахиа-Үгэг ганц биеийн хүчээр үхүүлсэнгүй. Надаас энэ чинээхэн цус урсах бага хэрэг. Би өөрийн олзыг нийтийн олзонд тушаая. Та хэрхэхийг шийдэгтүн. Би өөрийн олноос Цахиа-Үгэгийн хатныг ах танд өгье. Харин Хуаржин охиныг нь би өөрөө авна гэж чин сэтгэлээс хэлэхэд Боорчи, Зэлмэ бүгд баясаж, энэ үгийг сонссон Тоорил хан бүр ихэд сайшаан Хасарын ухааныг шагшин магтсан үг хэлсэнд Тэмүжин дотроо дургүй байсан ч түүнээ мэдэгдсэнгүй.

Төдөлгүй Цахиа-Үгэгийн эмс, албат, мал хөрөнгийг хуваан авав. Харин том гэр, торго чимэг болсон хувцас хунар, чамин хийцийн зэр зэвсгийг нь гоо үзэсгэлэн төгөлдөр Хуаржины хамт Хасарт өгсөн тэр шөнө Хасар Хуаржинтай дэр нэгтгэн түүний охин биеийг эдэлсэн билээ. Хасар үзэсгэлэнт татаар бүсгүйд үнэн сэтгэлээс татагдан дурласан байлаа. Харин Хасарын найр тавин өгсөн Хуаржины эх хатанг Тэмүжин нэг шөнө эдлээд маргааш нь олны нүдэн дээр цавчин алж орхисон нь Хуаржинг бүү хэл Хасарыг цочирдуулжээ. Хасарын өгсөн бэлгийг авах нь өөрийгөө дорд үзсэн хэрэг гэж Тэмүжин бодсон учир тэр эмийг албаар алав. Тэмүжин угаас ийм алсуур бодол, явуур нарийн санаатай тул хэн ч түүнийг шүүмжилсэнгүй. Ингээд алчихыг нь мэдсэн бол өөрөө авдаг байж гэж Хасар харамсан бодсон ч ам нээсэнгүй. Тэмүжинг хэн хорих билээ.Хөөрхий бүсгүйг орилуулан чирч хүрээнээс холдуулаад цавчиж орхижээ.

Тэмүжиний энэ харгис аллагад дургүйцсэн, айсан Цахиа-Үгэгийн албатууд удалгүй удам угсаа нэгтэй цагаан Татаар аймгийнхан нутаглах Буйр нуураас цааш зугатан оджээ. Харин хөөрхий Хуаржин хойтон жил нь төрсөн охиноо орхиод явж эс чадав. Ингэж Хуаржин ,Хасар хоёрын зовлонт амьдрал эхэлсэн билээ. Хуаржин Хасарт сэтгэлгүй байв. Үүний өмнө Хасар хоёр эхнэр ёсолж авсан атлаа хэнийг нь ч Хуаржин шиг хайрладаггүй билээ. Эхийгээ, эцгийгээ алсан хүний гэрт үр хүүхдийг нь төрүүлэн амьдрахдаа Хуаржин бүсгүй гомдол саналын үг ганц удаа ч болов унагасангүйд Хасар одоо болтол гайхсаар ажээ. Эхний үед, өссөн төрсөн Татаар аймагтаа бусдын адил зугатан очих хүсэл лав байсан биз ээ.

Гэвч 1202 оны намар Тэмүжин нар цэрэглэн цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алахуй татаартай Далан Нөмөргөд байлдаж сөнөөснөөр Хуаржины эх нутаг, элгэн садны тухай хүсэл мөрөөдөл үнс чандруу болон хийсчээ.

Өст татаар аймгийг даран сөнөөсний дараа Тэмүжин, Хасар хоёрын хооронд анхны том ил тод хэрүүл үүсэв.

Учир нь татаарын амьд үлдсэн, олзлогдсон иргэдийг хэрхэх тухай зөвхөн алтан ураг, журамт нөхдөө цуглуулан зөвлөлдөөд Тэмүжиний саналаар бүгдийг хядан хүйс тэмтрэхээр болов. Харин Тэмүжиний хадам болох татаарын Их-Чэрэнгийн удам угсаа, албат иргэдийг өршөөхөөр тогтжээ. Гэтэл Хуаржины хамт олзлогдоод сүүлд зугатааж одсон Цахиа-Үгэгийн удам, үр сад, албат иргэд нийлсэн мянган хүн бас олзлогдон ирснийг хэрхэх тухай асуудал нэхэгдэв.
-Нэгэнт биднээс зугатааж одсон тэднийг дурдах хэрэггүй.
Тэднийг Хасар чи өөрийн гараар хүйс тэмтэрвэл зохино.
Эр, эм гэлгүй тэрэгний булнаас өндрийг нь ал.
Бидний эцэг өвгөдийг хорлосон, тэр дундаа эцэг Есүхэйг хорлон хөнөөсөн энэ татааруудыг тэнгэрт мартуулж, газарт булж үгүй хийгтүн. Үлдсэн эхнэр хүүхдийг үүдтэй болгонд тараан хувааж нэргүй, гэргүй болгогтүн. Амьд үлдсэн татаар эрсийг хорт өвс адил үзэж нэг нэгээр түүж устгагтүн гэж бухимдан хашгирав.

Энэ үгийг хэлэхдээ Тэмүжин учир зүггүй хилэгнэсэн нь татаарт өсөрхсөндөө бус харин өөдөөс нь эсэргүүцсэн Хасарт уурласаных, бас татаарын нэртэй баатрыг үхүүлж үзэсгэлэнт охиныг нь авсанд одоо болтол атаархсаар явсных байв. Хасар тэсч сууж чадсангүй.
- Их-Чэрэнг хэн гэж амьд үлдээж, Хуаржины удам төрлийг хэн гэж үхүүлнэ. Тэд татаар бол татаар, албал бүгдийг алъя. Үгүй бол тэднийг адил үзэж амьд үлдээе гэж биеэ барьж тэвчилгүй бас дүрсхийн босов.

Татаарыг үхүүлэхгүй гэж өмөөрч бухимдсангүй, зөвхөн Тэмүжин түүнийг өөрөөсөө дорд үзэж, дорой бодсонд Хасарын уур дүрэлзжээ. Ах дүү хоёрын хэрүүл ингэж татааруудаас болон асч, тэдний хооронд байсан зөрчлийг ил гаргав.Тэмүжин Хасар хоёр хэрэлдээд зогсохгүй барилцаж авахад ч бэлэн болжээ. Гэвч нөхөд нь тал талаас хоригложээ. Тэмүжиний үг олонд нөлөөтэй, оночтой байв.
- Хасар чи. Хаана, юу гэж ярихаа мэдэж ав. Энэ Их-Чэрэн өөрөө надад сайн дураар даган орж охиноо өгөв. Харин чи Хуаржиныг булааж авсан биш үү. Цахиа-Үгэг үхүүлээгүй бол Хуаржин чамд өөрөө ирнэ үү.Тэдний албат иргэд сүүлд нь надаас зугатааж одсон. Одоо тэднийг хэн өршөөнө гэхэд бусад нь Тэмүжинг дэмжиж Хасарыг буруушаав. Бүгд түүнийг хаяж гарцгаав. Тэмүжиний онож хэлсэн үнэн үгэнд Хасар аргагүй гүйцэгдээд хараал тавьсаар хоцров. Харин ганц Билгүтэй үлдээд:
-Татаарыг бүгдийг хядах нь буруу юм даа гэж шивэгнэсэн билээ. Гэвч Билгүтэй ийн бодоод татааруудыг хядах болсон тухай Их-Чэрэнд үг алдсанаас болж хаашдаа үхэхээ урьтаж мэдсэн татаар эрс улайрч амийг амиар солин олон монгол цэргийг алжээ.

Үүнээс болж сул амтай Билгүтэй ургийн зөвлөлгөөнд орох эрхээ хасуулж Хасар хэдий дургүйцсэн ч Хуаржинг бараадан Хасарын дэргэд ирсэн мянган татаар иргэний таван наснаас дээшхи бүх эр хүйстэн алуулжээ.

Татаарыг алснаас хойш ч Хасарын уур хилэн дарагдсангүй.

Тэмүжинд гаргасан уураа түүний худ болох Хонгирад аймгийн иргэдэд гаргах болсон нь ах дүү хоёрын зөрчил тэмцлийг бүр ч хурцатгав. Хэсэг Хонгирад иргэд Бөртэ хатныг бараадан Онон Хэрлэний хооронд суусаар удсаныг Хасар талж, охид эмсийг булаан авч Хуаржин болоод өөрийн эмсийн үүдийг сөхүүлж, үсийг самнуулах болгов. Хонгирадууд Тэмүжинд гомдол гарган Хасарын хийсэн гэмийг мэдүүлж ял зэмд унагахыг хүсчээ.

Ингэнэ гэдгийг Хасар мэдэж байсан ч тоосонгүй, юу л болбол болог гэж боджээ.Хэрэв Тэмүжин худаа өмөөрч зарга цааз үүсгэвэл эрэгчин эмэгчинээ үзнэ гэж бат шийдсэн байжээ. Харин Тэмүжиний шийдвэр Хасарын сэтгэлийг ихэд гайхуулжээ. Хонгирадуудын гомдлын хов үгийг Тэмүжин нохой хуцсаны дайтай тоосонгүй.

Харин ах дүүсийн хооронд хов хутган хэрүүл өдөв гэж тэднийг хөөн гаргасан байв. Үүнд нь гомдсон Хонгирад иргэд удалгүй Тэмүжинээс салан Буйр нуурын зүг нүүжээ. Тэглээ гээд Тэмүжин Хасарыг ганц үгээр боловч зэмлэсэнгүй. Тэмүжин санаандгүй ийм зан гаргасанд Хасар төдөлгүй уяран ахтайгаа дэмий хэрэлдэв гэж өөрийгөө зэмлэх болжээ.

Тэмүжин, Хасар хоёрын хооронд үүссэн зөрчил ашгүй намдаж Найман аймгийн Таян хааныг дайлах их цэргийг Хасараар удирдуулахаар Тэмүжин шийдсэн нь хэргийг бүр ч цайруулав.

Ялих ялихгүй атаархлаас болж Хасарын уур, омгийг дэврээхгүй байхыг Тэмүжин хичээж, түүнийг тайвшруулах, ах дүүсийн эв нэгдлийг үзүүлэх зорилгоор Найман аймагтай хийх дайныг Хасарт даалгасан билээ.Энэ бол Тэмүжиний алсын хараатай,гүнзгий ухаантай шийдвэр байлаа. Зориг цөс ихтэй, ил шулуун үгтэй, дураараа Хасар уярч баярлах нь их амарханыг Тэмүжин мэдэх тул ингэж шийдэв. Бүх зүйл Тэмүжиний санаснаар болж Хасар дахиад л урьдын дуулгавартай, итгэлтэй дүү болон хувирав.

Татааруудыг, тэр дундаа Хасарын худ ургийнхныг бүгдийг хядсаныг Өүлэн эх огт таашаасангүйгээр барахгүй “Ханиа хазагсад,харцаа барагсад” гэж зэмлэсэн нь Тэмүжинг өөрийн алдааг ойлгож засахад хүргэжээ.
Бэгтэрийг алснаас хойш Өүлэн эх нь ингэж уурлаж хилэгнээгүйд Тэмүжин их самгардаж билээ. Эхийнхээ энэ үгнээс Хасарыг одоо цааш нь түлхэж болохгүй гэдгийг тэр хатуу ойлгов.

Хасар бол Тэмүжин чиний бүтэн биеийн тал, бүрэн улсын хагас шүү” гэж Өүлэн эх хатуу хэлснийг тоохгүй өнгөрөөх учиргүй байлаа. Хасар бол байгуулсан улсын хагасыг авах эрхтэй хүн гэж үздэгээ Өүлэн эх ингэж ил тод ойлгуулсан нь Тэмүжинд ихийг бодуулжээ. Олонд хүндтэй Өүлэн эх Хасарын талд байгаа нь Тэмүжинд ашиггүйгээр барахгүй, аюултай хэрэг юм.

Ийм ч учраас буулт хийж Найман аймгийг дайлах хэргийг Хасарт найр тавин өгөхөөс өөр аргагүйд хүрчээ. Найман бол Монгол аймгуудын дотроос хамгийн баян хүчирхэгт орно. Алтайн их уулсын өмнө биеэр нутаглах найманууд баруун зүгийн өөр хэл шашинтай Хорезм, Хивчаг, Уйгар, Тангуд, Хар кидан, Харлаг улсуудтай хил залган олон жилээр худалдаа арилжаа хийсэн тул ихэд баяжжээ. Тийм болохоор Хасар сэтгэл дүүрэн баяртайгаар цэргээ засах ажилд орсон билээ.

Түүний хамгийн анх хийсэн нь морьдын зүс ижилсүүлэх шийд байв.
Гурван замд хуваагдсан Хасарын цэрэг цагаан, шарга, бараан зүсмийн өнгө ижилссэн морьдтой болсон нь анх удаагийнх бөгөөд Тэмүжин үүнийг ихэд сайшааж, үүнээс хойш монголын цэрэгт бат мөрдөх болжээ.


Top
   
PostPosted: Sep.04.11 9:59 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Тэмүжинд дийлдсэн Жамуха болоод бусад овог аймгийн үлдэгдлийг Найман аймаг ивээлдээ авсан нь ингэж цэрэглэн хөдлөх шалтгийг үүсгэв.

Найманы хөгшин хаан Буйраг хэдийгээр эрх мэдлээ хүү Таяндаа алдаад байсан ч Тэмүжинг дарахаар цэргээ бэлтгэж эхлэснийг тагнуулууд илтгэжээ... …

Гэрийнхээ барааг харан хартлаа морины явдал дунд энэ мэт хуучны бодолд ээрэгдэн явсан Хасар нохдын чимээнээр толгой өргөв. Түүний хүрээ Өндөрханы өвөрт анх Хуаржинтай хуримласан тэр газарт намаржиж байгаа нь нүднээ ил тусахад сэтгэл хөдлөн морио давирав. Эзнийхээ аяар ергүүлж явсан морь цочин ухасхийж, түүнийг даган баг цэрэг нь тоос манаруулан давхилаа. Хүрээний дотроос мөн арваад морьтон эрс угтан давхих нь үзэгдэв. Их өргөөний нь үүдэнд ургийн цагаан сүлд залаастай хэвээр. Харин бүх гэрүүд цагаан бүрээстэй улаан торгон хажилгатай болсон нь нүд булаана.Хүрээний гадуур их хашаа босгосон нь хятад газрын жижиг балгасыг санагдуулна.

Хүрээн дотор их л цэвэр цэмцгэр бөгөөд харин хашааны гадуур мал билчжээ. Хасар гэрээс гарснаас хойш хоёр жил болоод эргэн ирж буй нь энэ. Хүрээний гадна их хатан Борогчин бусад эмс хатдын хамт авааль эрээ угтан авлаа. Харин угтагсдын дунд сэтгэлийн хүслэн болсон Хуаржин нь үзэгдсэнгүй. Алтан улсад дайтсан хоёр жилд тэр Хуаржин хатнаа хичнээн их үгүйлэн санаснаа сая мэдэв. Хасар олон үггүй бууж ёсыг даган Борогчины гэрт оров. Дөч нэлээн гарч таргалсан Борогчин бол анхны нь авааль эм, Егү, Есүнхэй, Туху гурван хөвүүний нь эх тул яах аргагүй хүндтэй хатан нь юм. Удаах эхнэр Түмүхэй ч түүнээс юугаараа дутахав гэх шиг нас залуу зүс тунгалагаа гайхуулан хөнгөн нимгэн хувцастай орж гарч угийн урин янаг төрхөөрөө даллана.

Харин хамгийн үзэсгэлэнтэй, хайрлаж байгаа, үзэн ядаж байгааг нь Хасар одоо болтол тааж мэдэж чадаагүй Хуаржин л угтаж авсангүй, орж ч ирсэнгүй. Эхнэрүүд нь ч түүний тухай үг цухуйлгасангүйд Хасар гайхаж сууснаа тэссэнгүй
-Хуаржин юунд эс үзэгдэнэ гэж асуужээ.
-Таныг Алтан улсаас арван шивэгчин эм ирүүлснээс хойш Хуаржины сэтгэл хямарч одоо гэртээ хэвтэж буй. Юу болсныг та очоод үзэх биз гэж Борогчин битүү хатуу үг хэлээд дахин дуугарсангүй, Хасарын хир тоосыг угаах гэж том модон суулганд халаасан ус хийж хөшиг татах бүлгээ. Хасар босов.
-Та Хуаржинд очих гэж байгаа бол маргааш болно уу. Би их эхнэр тань байна. Хуаржины бие чилээрхүү болохоор таны хүссэнээр болохгүй биз. Би ч бас эм хүн гэдгийг та мартав уу. Аль эсвэл хөгшин гэж голно уу гэж Борогчин аалигүйтэв.

Нээрээ ч Борогчин нүцгэн биен дээрээ нимгэн торгон дээл хөдөрснийг Хасар сая л нэг анзаарч түүний сэргэр хөх,бүдүүн гуяыг хармагц дур хүсэл нь бадарчээ. Хасарт их гэрээс зугатах хүсэл төрсөнгүй. Аян дайнд явах, ирэх бүртээ их гэртээ хонож дассан ёсоо одоо ч дагахаар шийдэв. Маргааш нь Түмүхэй эхнэрийндээ хононо. Тэгэж байж Хуаржинтай уулзах ажээ. Анхилуун үнэртэй усанд булхаж угааж аваад Хасар хятад газрын зөөлөн торгон дэвсгэр дээр Борогчины халуун янаг тачаалд автан хөлбөрөв.

Удаан яваад ирэх бүр Борогчин ингэж янаглан тачааддаг билээ. Тэр ер хөгширч, бие сэтгэл хөрөөгүйгээ батлах гэсэн мэт аашилна. Харин Түмүхэй бүсгүй эр нь өнөөдөр түүнд олдохгүйг нэгэнт мэдээд гэртээ харив. Түүнд бас дахин нэг урт шөнийг өнгөрөөх үлджээ. Түмүхэй бол Хэрэйдийн Тоорил ханы дүү Жуур-Цагааны охин билээ.Тоорил,Хэрэйд аймгийны хан болоод Жуур-Цагаан дүүгээ хөнөөж эмс охидыг нь авчээ.
Харин Түмүхэйг хол далд санааны үүднээс Хасарт зулгуйдан өгсөн бөгөөд Хасар ч нэртэй аймгийн хантай ураг барилдах нь сайн хэрэг гэж үзээд Тоорилд талархсан билээ. Харин Түмүхэй их эрх танхи өссөн, бас сэтгэл хөнгөн,тачаал ихтэй тул эр нөхрийн эзгүйд царай зүс цэвэр торгон цэрэг,худалдаачидтай хормой хот орооцолдох энүүхэнд тул Борогчин түүнийг хааш нь ч хөдөлгөхгүй цагддаг байлаа Хасарын бусад хоёр эхнэрийг . Борогчин яг л өөрийн охид шиг удирддаг нь Хасарт тааламжтай байв

. Түүнд дайн тулаанаас олзноос шилэгдсэн, бэлгэнд ирсэн гуч гаруй татвар эмс байдгийг бас л Борогчин ягштал удирдан өөр өөр хэл устай тэдний хийх ажил, идэх хоолыг хуваарилж гэрийн элдэв үйлэнд сургаж хүмүүжүүлэх ажээ. Алтан улсаас Хасарын шилж ирүүлсэн арван сайхан охидыг тэр үнээ саах, гэр орон цэвэрлэх ажилд сургаад зугаатай сайхан байгаа билээ.Хэдий Борогчин шиг эрх мэдэл бүхий эм Хасарын хүрээнд үгүй ч татвар эмсээс хэзээ хэнийг нь эдлэх нь Хасарын дур юм.Хасарын сонгосон татвар эмийг угааж ариутган биеийг нь бэлдүүлж их гэрт оронд оруулж өгөөд өөрөө бага өргөөндөө унтах нь Борогчингийн хувьд жирийн л үүрэг байв.

Ингэв гээд уурлаж гомдсон удаа түүнд үгүй. Гэвч татвар эмс хэзээ ч ёсолж авсан эхнэр шиг хөрөнгө мэдэж хүүхэд төрүүлдэггүй билээ. Хүүхэд гарвал хүнд өгч орхино. Бас тэднээс цэрэг, албатдаа шан болгон өгөх юм уу, гадагш зарж худалдана. Ийм таван бүсгүйгээр Хасарыг ирэхээс өмнө Борогчин нэгэн хөнгөн сүйх тэрэг арилжиж авсан билээ. Тэр таван бүсгүй нь бүгд Зүрчид цусных байлаа. Энэ мэт гэр орны явдлыг Борогчин тачаал ханасан хойно эрдээ хөврүүлэн хүүрнэж хэвтэв.

Эр нь дайнд явж олз омог их олох нь ард үлдсэн эмсийн хүсэл жаргал агаад Алтан улсаас ирэх олз арвин , үзэмж тансаг тул бүгд л сэтгэл хангалуун байх болжээ. Монгол цэрэг Алтан улсыг дайлаар явснаас хойш Хасарын хүрээний охид хүүхэд шүр сувдаар тоглож, орон гэрээ хивс торгоор бүрж, ачаа бараагаа хүртэл бөхийг нь бодон торгоор татаж, хоргой торгыг үүдэндээ дэвсэх нь холгүй болжээ. Хэл ам нь ойлгогдохгүй зарц шивэгчинтэй болж, бас оргож зугатсан хэдэн Зүрчид, Нанхиад боол алуулжээ. Харин гарын уртай хэдэн боолоор гэр тэрэг хийлгэж байгаа аж. Борогчины хувьд гэр орны ажлыг муу эрээс дутахгүй зохион байгуулах нь аль эртнийх тул Хасар яахав ийхэв гэж огт санаа зовдоггүй байв.

Харахад эрэмгий гүжирмэг энэ бүсгүй эрийнхээ өвөрт бол хэн хүнээс ч илүү эевэр янаг, энхрий ялдам аашилдаг нь гайхалтай билээ. Хаанаас нь ийм урин тачаангуй ааш гардгийг Хасар гайхаж цөхнө. Тийм ч учраас өдий болтол Борогчиноос уйдаж хөрдөггүй, учрах бүр улам их таашаал бахдал хүртдэг аж. Энэ шөнө ч тийм л байлаа.Сэтгэл, дур ханасан хойно бие тавирч хэвтэхдээ тэр анх Борогчинг харснаа дурсан санав.

Борог бойтог хувцасласан ч идэр гоолиг биетэй,хүн хүнээс онцгой том хөхтэй, бүдүүн гуятай бор охин Хэрлэний эргээр ишиг хургаа хариулж явсан нь Борогчин байсан билээ.Харц ядуу ч чийрэг золбоотой, шим шүүс нь нэвт гэрэлтсэн Борогчинг Хасар харуутаа таалж эрээлж цээрлэх юмгүй барьж авчээ. Гэтэл Борогчин бусад эмс охид шиг уйлж орилж урж маажсангүй.Харин ч хүслэнт амрагаа хүлээсэн мэт угтан тэвэрч уруул, биеэ найр тавин өгөөд урьд үзээгүй ихээр тачаадан хөдөлсөн нь Хасарыг нэг мөсөн алмайруулсан төдийгүй тэр дороо л урхидан татсан билээ.

Хасар үүнээс өмнө ийм ил шулуун зантай, их тачаалтай эмийг үзээгүй явжээ. Салж явахад нь
-Хасар чи хэзээ дахин ирэх вэ гэж асуухад
-Маргааш гэж Хасар итгэлтэй хэлсэн юм. Хасар үнэхээр худлаа хэлсэнгүй.Харин маргааш нь ирэхдээ “Ээждээ чамайг аваачиж үзүүлнэ” гэсэнд Борогчин ч дуугүй толгой дохижээ. Харц гаралтай ч нэр бүтэн, ажилсаг хичээнгүй, олон ааш зангүй Борогчин охин Өүлэнд их таалагджээ. Энэ охин Хасар хөвүүний нь заяаны хань гэдгийг Өүлэн, эх хүний зөн совингоороо мэдсэн билээ.Хэрэйдийн Тоорил ханд олзлогдон суухад энэ Борогчин эхнэрийн нь хатуу бэрх зориг Хасарыг аварсан юм. Тэр явдлыг Хасар яахин мартаж болох вэ.
Тэгэхэд ганц Хасарын ч биш, Тэмүжиний ч амь нас хутганы ирэн дээр байлаа.


Top
   
PostPosted: Sep.04.11 10:09 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
…Жамуха, Сэмгүм нар Тоорил ханыг ятган мунхруулж, тэд Тэмүжинг сэм довтлон барихаар шийдээд бэлтгэж байгаа тухай Тоорилын агтач Бадай, Хишилэг хоёр шөнө дөл хэл мэдээ хүргэж ирэхэд Тэмүжин тэр шөнөдөө гэр бараагаа орхин зугатсанаар гарцаагүй үхлээс аврагдаж, харин гэнэгүй байсан Хасарын хүрээг хэрэйдийн цэрэг маргааш нь эзлэн авчээ. Энэ үед Хасар Тэмүжинийхээс өртөө илүү хол зусч байлаа.

Хасар өөрийн дэргэд зуу ч хүрэхгүй цэрэгтэй, тэгээд ч Тоорилыг дайрна гэж санаагүй байсан тул гараа ч хөдөлгөж чадсангүй баригдав. Тоорил хан Тэмүжинтэй эцэг хүү бололцсон тул ийн дайрна гэж хэн ч санасангүй билээ. Тоорил Хасарт болоод эм хөвүүдэд нь гар хүрээгүй ч түүний эд хөрөнгө, цэрэг агтыг хураан авав.
Хасарын эхнэр Түмүхэй Тоорилын ургийн хүн тул тэр эрхбиш нэр нүүрээ бодсон хэрэг биз.
- Хасар, Би чамд муу юм хийхгүй. Чи бол миний хүргэн шүү. Чи надад зүтгэ гэж тулгажээ. Эсэргүүцэх юм уу, эгдүүцвэл амиа алдах тул Хасар Тоорил ханы үгийг өнгөн дээрээ зөвшөөрч, түүнийг дагаж ивээлд нь багтан амьдрахаа батлав. Үүнээс өөр зам ч түүнд үлдсэнгүй. Харин Жамуха, Сэнгүм нар Тэмүжинтэй байлдаж дийлэн алдсан ч Сэнгүм шархдаж тулаан зогссоныг далимдуулан Тэмүжин цөөн нөхдийн хамт зугатаан алга болсныг мэдээд Хасар их баярлажээ. Ашгүй Жамуха, Тэмүжинг хөөсөнгүй.Даруй нэхсэн бол Тоорил, Жамуха, Сэнгүм нарын нийлсэн цэрэгт унаа мориноос өөр сэлгэх агтгүй Тэмүжин шонхорт хөөгдсөн болжмор шиг л сүйтгүүлэх байв. Чухам Тэнгэрийн аврал болж тэд Тэмүжинг хөөлгүй Сэнгүмийн шархыг илааршуулахаар болж цэргээ татжээ.

Энэ үед Тэмүжиний үхэл яг ар шилэн дээр нь сууж байсан билээ. Хэрэв тэд Тэмүжинг нэхэхээр хөдлөх гэвэл Хасар өөрийг нь харгалзагч цэргийн зэвсгийг булаан авч ойр байх Тоорил, Жамуха, Сэнгүм нарыг шууд ална гэж шийдсэн байв. Гэвч азаар тэгсэнгүй. Тоорил сураг эрэл тавивч Тэмүжин чухам газрын гаваар орсон мэт, галуу болж ниссэн мэт алга болжээ. Тоорил, Хасарыг эмс, хөвүүдийн нь хамт өөрийн хүрээнд харгалзан хааш нь ч хөдөлгөхгүй байсан боловч хуучин албат, зарц, шивэгчдийг нь үлдээжээ. Харин бүгдийнх нь зэвсэг, агтыг хураан авснаа буцааж өгсөнгүй. Энэ нь Тэмүжиний дүү Хасарыг олзлон авснаа бүгдэд мэдэгдэх, бас Хасарыг дэргэдээ байлгаснаар Боржигон аймгийн Тэмүжинээс бусад нь Хэрэйд аймагт автав гэж олонд харуулах гэсэн санаа байв.Тэмүжин цөөн нөхдийн хамт сураггүй алга болсон нь Боржигон аймгийн салж сарнисан иргэд өөрийн эрхгүй Тоорил, болоод Жамухыг дагахад хүргэв. Энэ бол Тэмүжинд тохиосон хамгийн хэцүү үе байсан юм. Нэг өдөр Сэнгүм Хасарыг хүрээндээ урив. Олзны хүн үгүй гээд хаана очно. Элчийг даган Сэнгүмийнд очжээ. Сэнгүм тогтсон тодорхой үзэлгүй,оргож бултсан олон ааштай,тавьтаргүй хүн гэдгийг Хасар сайн мэдэх тул юуны учир ингэж урьж залсныг тааж ядаж явлаа.

Харин очсон хойно хэргийн учир тайлагдсан агаад тэнд Жамуха Хасарыг хүлээж байжээ. Жамуха хундага өргөж, хоолоор дайлсны хойно
–За Хасар аа. Би чамд эрт хэлсэн нэг үгээ сануулах гэж дуудлаа. Бөртийг булаан авахад цэрэг гаргаач гэж Тоорил ханы хэлсэн үгийг надад дамжуулж очиход чинь Ханхайрханы өвөрт миний хэлснийг чи сана. Чи бол Тэмүжиний адил Есүхэйн хөвүүн. Би чамайг хүсвэл туслана гэсэн биз. Одоо чамд тийм цаг ирлээ. Тэмүжин ах чинь хаяагаа хадарч, харснаа хаздаг хүн. Монгол ах дүүс биднийг мухируулж, муудалцуулж байна. Чиний аймгийг чамд мэдүүлэхгүй өдий хүрэв. Одоо Тэмүжин хаана байна. Сүүдрээсээ сүрдэж, сүүлнээсээ үргэж одлоо. Эцгийн чинь зовж зүдэрч цуглуулсан аймаг эзэнгүй тарж, эрэггүй урсаж байна. Чи олсон, долсон түмнээ мэдэж авагтүн. Би чамд цэрэг өгье. Тэмүжинг долоон уулын цаанаас ч, дов шороон доороос ч бай олж тонилгож үз. Тэгээд аймгаа захиран суу. Хэн чамайг хорино. Чи чинь Есүхэйн хөвүүн хавт Хасар биш үү. Харвах шигээ сэтгэж үз. Тэмүжинг алах аваас чи хаана ч хүрэх биз. Би чамд хавсрана. Сэнгүм ч хавсрана.Чоно баавгай хоёр нэг ичээнд багтахгүйн үлгэр Тэмүжин та хоёрт иржээ.Бүү алмайрч ахдаа автагтүн гэжээ.

Жамуха ухаантай хүн тул палхийтэл хэлсэн ийм гэнэтийн үгэнд ямар ч хүн цочирдоно гэдгийг сайн мэдэх учир тэр даруй хариу нэхэж сандаргасангүй. Учир нь тэр Хасарын санааны мухарт яргаж байсан нууц бодлыг яв цав тааж хэлснээ мэдэж байжээ. Хасараас хэлсэн даруйдаа хариу нэхвэл халуун цочмог зантай тэрээр гэнэт дүрэлзэн босоод сэлэм жадандаа хүрч санасан хэрэг хаашаа ч эргэж мэдэх тул Жамуха маш их айж болгоомжилж байв. Үүнийгээ ч Хасар бас сайн мэдэж байх тул дахин энэ мэт үг ярьсангүй байсаар буцжээ.

Үнэхээр Жамухын амнаас анх гарсан дээрх үгийг сонсоод Хасарын царай хэрхэн хувирч нударгаа зангидсаныг тэд харж байлаа. Энэ үед Жамуха тэр дор нь яриагаа өөрчилж чадсан нь аврал болжээ. Харин замдаа Хасар эргэлзэж эхлэв. Жамухын бодол зөв юм. Боржигон аймгийн хан болох бүрэн боломж Хасарт анх удаа нээгдэв. Тэмүжинг ялна гэвэл Хасарыг л түүний эсрэг хөдөлгөх хэрэгтэй гэдгийг Жамуха олон жилийн өмнөөс мэдэж аажмаар баттай итгэх болсон билээ. Хасар ингэж өөрийн хүсэл, Жамухын занга хоёрт давхар унав. Одоо Тэмүжинг хороож хан суухад хэн ч түүнийг зэмлэхгүй нь лавтай. Хэн эсэргүүцнэв, тэр үхнэ биз.Ер нь их хэргийг гүйцэлдүүлэхэд үхэхгүй амь,үрэгдэхгүй хань гэж үгүйг Хасар ойлгоно.

Анх арван настайд Бэгтэр ахыгаа алснаа санав. Тэр үед Тэмүжин зориглон Бэгтэрийг алаагүй бол одоо Боржигон аймгийн хан Бэгтэр болчихсон байхыг хэн ч үгүйсгэж үл чадах биз. Гэтэл Хасар яагаад Тэмүжинээс дорой байж, доогуур сэтгэх ёстой билээ. Тэмүжинээс дутах юм түүнд үгүй. Харин ч илүү биз. Сэнгүмийн хүрээнээс Тоорилын хүрээ орох замдаа үерийн ус шиг оволзсон бодолд ийнхүү автжээ. Харгалзагч цэргүүд түүний ойр дагалдан аяар явцгаана. Хасар амьдралынхаа хамгийн эрс хатуу шийдвэрийн өмнө зогсож байгаагаа мэдэрч байлаа. Энэ хэрэг бол арван настайдаа Бэгтэрийг алахаар Тэмүжиний зориглон шийдсэнтэй яг утга адил явдал байв.

Гэтэл Хасар яаж ч бодоод эцсийн хатуу шийдвэрт хүрч чадахгүй байжээ. Тэмүжинг алж Боржигон аймгийн хан суухад чухам юу ингэж саад болж шаналган зовоогоод байгааг тэр сайн ойлгосонгүй. Тэмүжиний эсрэг хөдлөхөд одоо бүх юм бүрэлдэн цогцолсон мэт. Тэмүжинд хөөгдсөн,цохигдон бутарсан бүх овог аймаг түүнийг даган дэмжих нь гарцаагүй. Бас Тоорилын хүчирхэг Хэрэйд аймаг туслах болно. Ийм тохиолыг алдвал хожим хойно миний үр сад намайг лав өршөөхгүй биз гэж Хасарт бодогдоно. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг үг санагдана. Эцгийн улсыг элэг бүтэн, энх амар суулгах хүсэл түүнд байгаагүй гэж үү. Хэрэв Тэмүжин аймаг улсаа хамгаалан явж нэгэнт чадахгүй болсон бол Есүхэйн хөвүүн Хасар би эс чадвал өөр хэн чадна.

Тэмүжин хар амиа бодон зугатааснаас болж би Тоорилд олзлогдсон биш үү. Одоо Би Тэмүжинд сайн санаж юу хийнэ. Аягүйдвэл Тэмүжин бид хоюулаа амиа алдах болно. Тэгвэл Боржигон аймаг хэзээ ч сэргэхгүйгээр мөхөж, Жамухын, эсвэл Тоорилын идэш болно.Ийм үед Хасар би юунд эргэлзэж тээнэгэлзэнэ. Хэн хүчтэй нь эзэн суудаг Тэнгэрийн зарлигийг дагасугай гэж хатуу шийдээд морио гуядан давхилаа. Хурдлан давхих бүр зориг шулуудан, өмнөөс үлээх салхитай хамт урам итгэл сэтгэлд дүүрэх ажээ. Гэрийн гадна буухдаа Жамухын цэргийг удирдан Тэмүжинг нэхэхээр Хасар хатуу шийдсэн байв. Харин Боржигон аймгаа эргүүлэн авмагц Жамуха нарыг гэнэт довтлон дарна гэж дотроо товлов. Гэтэл огт санаандгүй зүйл болжээ.

Учир нь Тоорилын цэрэг дайрсан шөнө Тэмүжиний хүрээнд байсан Хасарын албат Чилгутай түүнийг гэртээ ороход сууж байв. Чилгутай бол Тэмүжин хан болмогцоо Хасарт хувааж өгсөн гурван илдэчийн нэг юм. Чилгутайн эмс, хүүхэд бас энд Тоорилд олзлогдон байгаа билээ. Тэмүжин Чилгутайг Хасарт элч болгон илгээсэн байв. Тэмүжиний:
Есүхэй эцгээс нэр заагдаж
Өүлэн эхээс бие заагдаж
Дээрээс минь унаж төрсөн
Дээлээ хуваалцаж өссөн
Хавт Хасар дүү минь чи
Хартанд автаж зовно уу
Харьд сууж чилнэ үү
Хайран бие чинь зүдэрнэ үү
Энд харин бид чинь
Энэрэлт Өүлэн ижий чинь
Элгээ эмтэлж Элээ халаг гэлцэн сууна
Ахыгаа үгүй болвол
Аавын нэрийг дуурсгах
Ачит дүү чамайгаа
Алмайрч дайсанд алдаад
Асралт эхийнхээ өмнө
Арвин нүгэлд унав би
Мэгдэж чамайгаа орхиод
Мэхтэн дайсанд автаад
Мэргэн эхийнхээ өмнө
Мянган алдаанд унав би
Цус нэгтэй дүү минь чи
Цалгардаж, хортны үгэнд унавзай
Хавтай төрсөн дүү минь чи
Хартай дайсны мэхэнд автавзай
Ухаант дүү чамтай
Ургийн минь нэр
Аймгийн минь хагас
Амины минь тал бийг
Амьсгаагаа тасартал
Аргаа барагдтал
Бүү март гэж хэлүүлснийг Чилгутай давтан хэлэв.

Эхийнхээ тухай дуртган хэлсэн Тэмүжиний дээрх үгэнд Хасар уяран догдолж, бас ичиж удаан дуугүй суув. Тэмүжин түүний бодсоныг үзэж, сонссон мэт таагаад Чилгутайг илгээжээ. Тэмүжиний хэлүүлсэн шүлгийг сонсоод Хасар тэр дороо муу бодлоосоо буцаж юу ч болов Өүлэн эх ,Тэмүжин ахыгаа олж уулзахаар хатуу шийдэв. Үхсэн ч, сэхсэн ч ахтайгаа, бас Өүлэн эхтэйгээ хамт байхаар шийджээ.Хасар эх, ах хоёртоо үнэн сэтгэлээс хайртайгаа дахин нэг ухаарав.

Гэвч яг юу хийхээ мэдсэнгүй. Тэмүжинээс салаад даруй сар гаран болсон тул одоо хаана байхыг Чилгутай хэлж мэдэхгүй байв. Тэмүжиний зүг сэм одох нь туйлын осолтой байв. Харин Чилгутайн хэлснийг Хасар Борогчинд хэлсэн ч явна гэхэд Тоорилын хүрээнд үлдэх эмс болоод хөвүүддээ санаа зовох ажээ. Хасарыг оргосныг мэдвэл Тоорил тэднийг амьд үлдээхгүй нь лавтай. Хасарын арга мухардав. Харин энэ үед Борогчины сийрэг ухаан тус болсон билээ.
- Чи Тоорил ханд “Би Тэмүжин ахыгаа эрж олоод хаана байгааг нь танд хэл өгье. Би таны дэргэд эм, хөвүүдээ үлдээх тул та надад итгэх биз” гэж хэл хэмээн Борогчин шууд Хасарын хэлэх үгийг зааж өгсөн нь зөв болжээ.

Тоорил хан Хасарын үгийг сонсоод их л өгөөмөр зан гаргаж дуртай зөвшөөрсөн нь Жамуха болоод Сэнгүм нар Хасарт юу гэж хэлснийг тэр мэдээгүйнх ажээ. Тоорилд Хасарыг алах бодол огт байсангүй тул түүнийг явахад цааргалсангүй. Тэгээд ч эм, хөвүүдээ үлдээсэн Хасар хаа холдох вэ гэж бодов. Ингээд Хасар цаг алдалгүй тэр шөнөө итгэлт хэдэн шадраа дагуулан сэм мордож Тоорилын хүрээнээс хойт зүг гарсан ч удалгүй зам буруулан дорно зүг явсан билээ. Цааш юу болохыг, эхнэр, хөвүүд нь хэрхэхийг ч бодсонгүй ганцхан Борогчины цэцэн ухаанд даатган орхив. Тэр үхэвч сэхэвч Тэмүжиний хамт байхаар шийдээд сэтгэл нь цэлмэн уужирчээ. Тэмүжинээс яавч урваж болохгүй, бүр чадахгүйгээ ингэж Хасар анх удаа гүнзгий мэдэрсэн билээ.Түүнийг очвол Өүлэн эх нь хамгаас ихээр баярлана гэж санахад үнэхээр сэтгэл дүүрэн болжээ.

Эхийгээ яаж шаналж зовж байгааг Хасар тод харж, мэдэрч явлаа. Харин Чилгутайг яаравчлан зарсан нь Тэмүжиний болгоомж хардлага ихтэй, холын бодолтойнх төдийгүй, бас хэрэг явдлын болзошгүйг зөнгөөр тааж мэдсэнийх байлаа. Хэрэв Тэмүжин элч зараагүй бол Жамухын арга заль, атгаг хорт үгэнд автсан Хасар дийлдэшгүй дайсан болон хувирах байв. Хасарын хүрээг Тоорил хан эзлэн авсныг мэдмэгц л Тэмүжин цаашид юу болохыг ойлгож ихэд түгшсэн билээ. Тэрээр удахгүй довтлон ирэх дайсныг хэрхэхээ бодохоос илүү дайсны мэхэнд хууртаж мэдэх дүү Хасарынхаа юу хийж чадахыг эргэцүүлэн бодсоор гүнзгий түгшүүрт автжээ.

Үнэхээр Хасар дайсан этгээдтэй сүлбэлдвэл чонотой нийлсэн гэрийн нохой шиг хамгийн аюултай дайсан болох билээ. Олзлон авсан ч Хасарыг Тоорил хан лав алахгүй. Алчихвал тэдэнд ашиггүй, бүр хор болно. Харин Хасарыг Тэмүжиний эсрэг турхирч чадвал хамгийн том олз гэдэг нь нь хэнд ч ойлгомжтой байв. Сэтгэл санаа тогтворгүй атлаа өөртөө дэндүү итгэлтэй, бардам зантай Хасарын Боржигон аймгийн эзэн суух хүслийг дэвэргэн хатгахад туйлын хялбар бөгөөд Жамуха ч энэ зэргийг санаж сэдэхтэйгээ хүн тул Тэмүжин яаравчлахгүй бол болсонгүй.

Юуны өмнө Хасар үгийг нь итгэн хүлээж авахуйц элч олох хэрэгтэй болов. Ашгүй түүнтэй хамт Хасарын шадар Чилгутай явсан нь аз болов. Тоорил,Жамуха нарт цохигдсон Тэмүжин цэргээ ухрааж зайлан одох зуураа Чилгутайд үг дайж Тоорилын хүрээнд илгээсэн нь энэ болжээ. Тэмүжин хэргийн учрыг сийрэг тайлж, Чилгутайг цаг алдалгүй илгээж ухаантай, оночтой үг хэлүүлсэн нь Хасарыг урван тэрслэхээс сэргийлж ингэснээрээ өөрийгөө аврав. Чухмыг хэлбэл Тэмүжин, Хасар хоёрын ухаан биш харин Өүлэн эхийн хөвүүдээ хайрлан өсгөж чадсан агуу сэтгэл тус болсон билээ.

Тийм ч учраас Хасарын олзлогдсонд өөрийгөө буруутгасан ухаарлын үгийг эхийнхээ сэтгэлийг санах учрын хамт нэн тод өгүүлэн хэлж явуулсан нь онов. Тэмүжин хоол ундгүй, ядарч эцсэн цөөн нөхдөө дагуулан Халх гол уруудан явж байхдаа Чилгутай очиж чадалгүй алуулсан, аль эсвэл Хасар түүний үгийг тоохгүй Тоорилын талд орсон байвал яана гэж түгшин бодсоор явав. Амь наана, там цаана зугатааж олон хоног морины явдалд агсагдаж ядарсан ч гомдлын ганц үг үл унагах Өүлэн эхийгээ харах бүр яг өөртэй нь адил Хасарын тухай бодолд автан шаналж яваа нь илт ажээ.

Хасар хөвүүнийхээ занг Өүлэн гаргууд мэдэх тул Тэмүжин хөвүүнийхээ юунаас ингэтлээ айж түгшиж явааг сайн мэдэж байв. Гэвч хамаг хэрэг муугаар эргэж Хасар хөвүүн нь ахыгаа довтлон ирвэл Өүлэн Тэмүжингээ үхтлээ хамгаална гэж хатуу шийджээ. Эхийгээ нүдээ бүлтийтэл харж байхад Хасар арай ч ахдаа муу юм хийж зүрхлэхгүй биз гэж бодсондоо Тэмүжинээс өдөр , шөнө ялгалгүй алхам ч холдсонгүй. Тэмүжин хөвүүнд нь одоо хамгийн бэрх хэцүү цаг мөч ирснийг, түүнийг үхэл ялагдлаас авран хамгаалах хэрэгтэй болсныг Өүлэн, эх хүний зөн совингоороо мэдэрчээ. Тоорилын дэргэд очсон Хасар довтлон ирвэл Тэмүжинг гарцаагүй үхлээс аврах ганц хүн бол үнэхээр Өүлэн юм.

Тэмүжин ч гэсэн Тоорил, Жамуха хоёроос айсангүй, харин тэдэнтэй нийлсэн Хасараас айж харанхуй шөнө ч хар нүдээ хамхихгүй явжээ.Хасар дайран ирвэл түүнтэй зориглон тулах хүн гарах эсэх нь эргэлзээтэй. Зоригт Жорчидай ч айн зайлах биз. Эцэст нь Тэмүжин л үлдэж таарна. Ингээд Есүхэйн хоёр хүү эрэгчин эмэгчнээ үзэлцэж хэн амьд үлдсэн нь эзэн суух болно. Тэмүжин Хасарыг дийлэхгүй гэж бодовч үүнд хүргэхийг огт хүссэнгүй. Хасарыг түүнд эргүүлэн явуулахыг Тэнгэрээс олонтаа гуйв. Үнэхээр энэ удаа Тэнгэр дахиад л түүний үгийг сонсчээ.

Балжун нуурын дэргэд буудаллаад байтал хойт талаас гурван морьтон гуйван гэлдрүүлсээр айсуй.
Удаан хүлээсний эцэст эцэж ганхсан морьтой арайхийн ирсэн тэр хүн бол Хасар болохыг Тэмүжин танив. Турж эцээд гуринхалсан нохой шиг болсон Хасар ах болоод эхийгээ үзмэгц хаанаас нь гарав гэмээр дүүрэн нулимс цувруулахад Тэмүжин Хасар дүүгээ уяран хайрлаж тэврэн авсан билээ.
- Би Чилгутайн үгийг сонсомогцоо
Өчүүхэн хөвүүдээ эхтэй нь орхиод
Өүлэн ижийгээ тэмцэн зорьж
Өршөөлт ах таныгаа эрж
Өчүүхэн амиа золин зүтгэж
Одтыг нөмөрч
Орвонг дэрлэж
Хэц түшиж
Хээр хонож
Шир зажилж
Шөрмөс идэж
Унтах нойроо хасч
Унах морио эцээж явсаар арайхийн ирэв гэхийг сонсоод Хасар дүү нь түүнд юугаар ч сольж болшгүй үнэтэйг Тэмүжин сэтгэл дотроо өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрсөн билээ.

Өүлэн эх нь Хасар хөвүүнээ үзээд өрөвдөн хайрлахдаа хатуу ширүүнийг давж, халуун хүйтнийг туулж, өнчин ядуу явж, ядарч зүдэрч байснаасаа ч илүү шаналан зовсон мэт гашуунаар уйлахыг үзсэн бүгдийн элэг эмтэрч сэтгэл шимшрэн дагаж уйлав. Тэр үед Тэмүжинд ердөө явган нүцгэн хоёр мянга зургаан зуун хүн үлдсэн байв. Тоорилын гэнэтийн дайралтад өртсөн бусад цэргүүд нь хоцорч тараад тус тусын нутгаас ирж амжаагүй тул Тэмүжин одоо ямар ч дайсантай тулгарсан ялахад бэрх болжээ.

Унд хоолгүй, унаа морьгүй цэргүүд юун түрүүнд сэтгэлээр үхэж байгаа нь бүхнээс хэцүү байлаа. Тоорил болоод Жамухын
довтолгоог тэсэж амьд мэнд мултрах сайн арга Тэмүжинд бодогдохгүй олон хонож байв.

Хасарыг ирэв гэж тарган хулан алан махыг нь чанаж идээд
Балжин нуурын усыг архины оронд өргөж
Атаат дайснаас зугатаж
Амь зулбан явахын цагт
Хаяж орхиж явалгүй
Халуун амиа дэнчигнэн
Халх нөмөр бололцож
Хамаг зовлонг хуваалцсан
Үнэнч нөхөд та нарын
Өгүүлж баршгүй тусыг би
Газарт мөнхрөвч мартахгүй
Тэнгэрт гаравч умартахгүй гэж Тэмүжин хоолой зангируулан байж тангараг тавихыг үзээд уйлахгүй хөшүүн дотортон энд нэг ч үгүй болжээ.


Top
   
PostPosted: Sep.04.11 10:17 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Үдэш нь Хасар, Тэмүжин хоёр цаашид хэрхэхээ ярилцав. Хасарын ирсэнд Өүлэний сэтгэл цэлмэж санаа уужраад залуу болсон шиг үзэгдэнэ.Омголон зантай Хасар хөвүүн нь ер санаа сэтгэл хувирсангүй, амьд мэнд эргэн ирээд одоо Тэмүжин ахынхаа хамт инээлдэн зогсохыг үзэх шиг аз жаргалыг Өүлэн үүнээс өмнө амсаж мэдрээгүй мэт болж хөвүүдээрээ бахархах хайр нь оволзож байв.

Хасар ч энд ирсээр ах,эх хоёртоо хичнээн үнэтэй хүн болохоо мэдэрч өөрийн эрхгүй уяраад үнэнч зүтгэх хүсэл нь буцалжээ. Цаашид хэрхэхээ Хасарын хэлснээр хийхийг Тэмүжин эхлээд зөвшөөрөөгүй бөгөөд хэрэг явдал тэгж санасан зоргоор бүтнэ гэхэд дэндүү итгэлгүй санагдаад болсонгүй. Хасарын тавьсан гэнэтийн зоримог саналыг Тэмүжин удаан бодов. Сарны гэрэлд Балжун нуурын ус долгиолж хөлийн өлмийг долооно. Тэмүжин элдвийг эргэцүүлэн бодож хариу хэлэхгүй зогссоор ажээ.Тэр Хасарт итгээгүйдээ ингэж удаан шүүн бодсонгүй. Хасарын сэдсэн санаа дэндүү зоримог, аюул осол ихтэй байлаа. Бас Тоорил хан Хасарын үгэнд итгэх эсэх нь ч эргэлзээтэй. Хасарын хэлсэн санал бол угтаа эхнэр Борогчины нь санаа юм. Бүх юм муугаар эргэвэл Борогчин болоод Хасарын бусад эмс, хөвүүдийг Тоорил өс санан алах нь гарцаагүй тул Тэмүжин эргэлзэж байлаа. Гэвч Хасар огт айсангүй. Бүр эмс хөвүүдээ алдахад ч айж харамсах зүйлгүй гэж амлав.

Үнэхээр Хасар нэг л ингэж хэлсэн бол юунаас ч айж буцахгүй хүн билээ .Бас Хасарын хэлснийг эс зөвшөөрвөл байдал ямраар ч эргэж цаашдаа юунд ч хүргэж мэднэ гэж Тэмүжин болгоомжлов. Гэтэл Тэмүжиний төлөө ингэж тэмцэх хүн тийм ч олонгүй болоод байсан үед айж эргэлзэж цаг алдах нь үхэхтэй адил байлаа. Олон санаат оргож чадахгүй гэдэг болох биз гэж эцэст нь ухаараад бүгдийг Хасарын хэлснээр хийхээр шийдэж Боорчи, Зэлмэ хоёрыг дууджээ.Тэмүжиний хэлснээр Тоорилд Хасарын үг гэж элч илгээхээр тогтов. Тоорил ханд итгэлтэйг нь бодолцон сая Хасарыг дагаж ирсэн Халиудар,Чаурхан хоёрт товчхон шүлэг цээжлүүлэн мордуулжээ.

Хан эцгээс салаад
Хайртай ахаа хайж
Халамжит ижийгээ санаж
Харанхуй шөнө ч унтахгүй
Хүн боловч цуцах биз
Хүлэг боловч эцэх биз гээд
Уул давааг өгсөж
Ус голыг уруудаж
Хад асгыг хажиж
Хайн эрсээр боловч
Хайран ах минь
Харагдах бараагүй
Хайлан уйлавч
Хариу чимээгүй тул
Хасар би Хаачихаа мэдэхгүй
Гэргүй хонож
Дэргүй унтаж явна
Харин миний эм хөвүүд
Хан эцгийн дэргэд тул
Хасар би одоо Хаашаа одох билээ.
Эцэг минь та ивээж
Итгэмжит элчээр
Энэрлийн үгээ илгээвэл
Эрэл мухардсан би
Эргэж очих билээ
Эвсэн зүтгэх билээ

Хан эцэг та
Халамжит үгээ хэлж
Хатамжлах сургаалаа айлдаж
Хариу элчээ ирүүлбэл
Хайж эрэхээ болиод
Харьж би буцсугай гэж Тоорил ханд хэлүүлжээ.

Хэрвээ Хасар ингэж орох оронгүй, оочих аягагүй ядарч зүдрээд нэгэнт Тэмүжинтэй уулзах итгэлгүй болжээ гэдэгт үнэмшүүлж чадвал Тоорил Борогчин болоод хөвүүдэд нь заналхийлэхгүй болно. Түүнийг ингэж сэрэмж алдуулах нь л Хасарт чухам хэрэгтэй байв.

Үүний өмнө Хасарыг ирэхийн урьд Тоорил, Жамуха, Сэнгүм нарт Тэмүжин тус тусад нь элч зарж тэдэнд эртний хийсэн тус, эвлэж тавьсан тангаргаа сануулж ер дайтах санаагүй гэдгээ мэдүүлснээс болж Тоорил, Сэнгүм, Жамуха гурав дотроо хагараад байсан билээ. Элчийг явмагц Тэмүжин цөөн цэргээ аван нууцаар нүүж тохиролцсон ёсоор Хэрлэний Аргал хохид очиж буув. Элчийн үгэнд Тоорил хан итгэж Хасарыг дагаж ирэхийг зөвшөөрч Итүргэн гэгчийг баталгаа болгон илгээжээ. Ингэж бүх юм Хасарын хэлснээр болов. Итүргэнийг Аргал-хохид ирмэгц Хасар үг сонсолгүй цавчин алав. Элчийн хэлснээр одоо Тоорил хан, хүү Сэнгүмийн хамт Жижээр өндрийн Жэр хавцалд алтан тэрэм босгон ямар ч сэжиггүй найрлаж байгаа ажээ.

Тэмүжин Хасар нар зөвхөн хөтөлгөө морьтой хөдөлж шөнөжин давхиад тэднийг гэнэгүй байхад үүрээр довтлон оржээ. Энэ бол Хасарын санаа байв. Гурван шөнө, гурван өдөр Хэрэйд аймгийн цэрэгтэй цөөн хүчээр тулалдаж тэднийг буулган авсан ч Тоорил, Сэнгүм хоёрыг зугатаалган алдсандаа Хасар учиргүй харамсч байв. Гэвч Жамухыг биш Тоорил ханыг түрүүлэн цохихоор бодож олсноо өөрөө удирдан зоримгоор хэрэгжүүлсэн нь Хасарын байгуулсан нэг том гавьяа төдийгүй энэ ялалт үнэндээ Хэрэйд аймгийн мөхөл болохыг Тэмүжин шударгаар үнэлжээ.

Харин Борогчин хөвүүдтэйгээ бусад эмсийн хамт амьд үлдсэнийг сонсоод бүгд түүний сэргэлэн ухаанд бахдав. Борогчин гэрт байсан идээ цагааны хоосон модон торхонд хөвүүд болон бусад эмийг хийж харанхуйгаар газрын уруу өнхрүүлэн холдуулсаар тэднийгээ Тоорилын цэргийн хүрээнээс гаргаж чадсан байв.

Үнэхээр эм хүн боловч Борогчин бол олныг гайхуулсан эрэмгий гавшгай бүсгүй ажээ. Хөвүүдийнхээ хамт Тоорилынд барьцаанд үлдэж, Хасарыг явуулснаар Тоорил ханыг цохих бололцоо олгосон Борогчинг Тэмүжин ихэд сайшааж, Хэрэйд иргэнээс маш олныг шагнан өгчээ.Бас Тоорил ханы бүх татвар эмс, гэрийн шивэгчдийг ч мөн Борогчинд өгөв. Борогчины саруул ухаан, сэтгэл зоригийн ачаар Тэмүжин бас Хасарт ч их итгэлтэй болжээ. Хасар ч Борогчингоо урьдынхаасаа илүү сайнаар үзэж хүндэтгэн хайрлах болсон юм. Тэмүжин энэ явдлаас хойш Борогчины хөвүүн Егү, Есөнхэй, Туху гуравт ч онцгой дотно хандах болжээ.

Ингэснээрээ Тэмүжин эм хүний гавьяа зүтгэлийг боловч эрийнхтэй нь тэнцүү зөв шудрага үнэлж чаддагаа харуулсан явдал олонд их үнэлэгдэж түүнийг улам хүндлэн хайрлахад бас хэрэг нэмэр болсон юм. Хэрэйдийг ялсны гавьяаг тэрээр ганц Хасартай шууд холбон үзээгүй ч дараа нь Найманы Таян хааныг дарах дайныг Хасараар удирдуулах болсон нь нэг ёсондоо Хасар дүүгийнхээ онцгой их гавьяаг үнэлсэн хэрэг байлаа. Тэртээ залуу омголон үедээ Тоорил хан Жамухын дагуулан ирсэн Агажур бөөгөөс “Миний үхэл хэзээ бол” гэж тохуутайгаар асуусан билээ.

Тэгэхэд Агажур бөө Тоорилын энэ илт басамжилсан үгийг тоолгүй дал шатааж үлээгээд
-Хан та үхэл рүүгээ өөрөө гүйж очих юм байна даа гэвэл
-Хэзээ тэр вэ гэж Тоорил хан их хөхөрчээ.
-Тэр өдрийг Тэнгэрт ивээгдсэн нэг баатар эр заах ажээ гэж Агажур бөө огт наргиан болголгүй өгүүлэхэд угийн ийм мэргэ төлгөнд сүжиг багатай, бас Христийн номлол сургаалийн нөлөөнд сүрхий автсан Тоорил Агажур бөөгийн үгийг төдийлөн тоож үзэлгүй орхисон ч хэзээ хойно болтол “Агажурын хэлсэн тэр баатар эр хэн бэ” гэдгийг мэдэх гэж өөрөө дал шатааж, бас чулуу таслаж бишгүй л мэргэлсэн байжээ.

Харин Агажур бөөгийн хэлсэн тэр хүн нь Тэмүжинг байх гэж Тоорил дараа нь сэжиглэн бодох болжээ. Тоорилын мэргэ тэр энэ гэж оноож мэдээгүй ч Тэмүжинтэй тэрсэлдэж болохгүй гэж шийжээ. Тийм ч учраас хэдий хэцүү ч залуу Тэмүжинтэй аль болох эвтэй найртай явахыг хичээсээр авч олон ааштай, хүний үгэнд автамтгай, хөнгөн хуумгай зантай ганц хөвүүн Сэнгүм нь үргэлж Тэмүжинтэй арсалдан үйлийг нь барсаар байгаад эцэст нь өвгөн Тоорил өөрийн эрхгүй Сэнгүмийнхээ үгийг дагаж Тэнгэрийн гэсгээлд унав.

Тоорил хан, хүү Сэнгүмийн хамт Тэмүжинээс дутаан гараад Найман аймгаас аврал хайж зорин тэмцсээр олон хоног явсны эцэст ам ангаж ус эржээ. Гэтэл Дидиг сахлын Эхийн ус гэдэг газар таарч Сэнгүмийн хориглосоор атал Тоорил хан тэр ус руу очоод
– Би Тоорил хан гэж хэлсээр атал тэнд таарсан найманы хилийн харуул тоолгүй алжээ. Ингэж Тоорил хан Агажур бөөгийн үгийг үл тоомсорлосныхоо горыг амсаж Есүхэйн хөвүүн Хасарын заасан өдөр өөрийнхөө үхэл рүү гүйж очжээ. Монголын хамгийн том хүчирхэг Хэрэйд аймаг мөхөж хан Тоорил нь нэртэй газар, нэргүй үхэв.

Хэрэв Хасар зориглон өөрийн эмс,хайртай хөвүүдээ үхэлд хаяж өгөн байж Тоорил ханыг уран аргаар ялаагүй бол Боржигон аймгийн мөхөх сэхэхийг Тэмүжин ч, Хасар ч батлан хэлж чадахгүй билээ.Энэ тулаан Тэмүжин болоод Хасарын хувь заяанд эргэлт болсон юм. Үнэхээр Хасарын гавьяаг олон бүгдээр шагшран магтжээ. Тоорилын үхлийн өдрийг зааж өгөх учиртай тэр Тэнгэрт тэтгэгдсэн баатар эр нь Хасар байх юм гэж Агажураас өөр хэн ч таамаглаагүй хэрэг. Энэ учрыг бас Тэмүжин ч, Хасар ч мэдэхгүй. Хувь заяа үйлийн үрийн ийм нарийн учрыг мэдэхгүйн улмаас Жамуха, Сэнгүм хоёр Хасартай буруу өдөр үг эвссэнээс болж Тоорил хан үхжээ.Уг нь Тоорил ханыг ийм хялбархан үхнэ гэж хэн ч санаагүй бөгөөд тэр дундаа эцэг, хүү бололцсон Есүхэйн хөвүүдийн гарт үхнэ гэдгээ тэр өөрөө зүүдлээ ч үгүй билээ.Тал нутгийн хамгийн хүчирхэг аймаг хэрэйдийн Тоорил ханы үхэл монголын тал нутагт Есүхэйн хөвүүдийн алдраа дуурсгахын бат нотолгоо болон түгжээ.

Ийм эмгэнэлтэй гэнэтийн үхлийг тал нутагт тийм ч олныг үзсэнгүй. Угаас Тоорилын хувь зохиол тийм байжээ. Тэмүжинг эсэргүүцэн тэмцэгчдийн ганц өмөг түшиг,сүнс сүлд нь Тоорил хан байв. Нэгэнт сүр сүлд нь үгүй болсноор тэдний тэмцэл дарагдан сөнөх цаг нь иржээ. Тоорил үхсэнээр Жамуха өнчин ганц хайлаас шиг, өчүүхэн муу хулгайч шиг хоцорчээ.

Тоорил хан Найман улсын хилийн харуулд алагдсан яг тэр өдөр Тэмүжин нар Туулын шугуйд Тоорилын их өргөөний буйран дээр найрлаж ялалтаа тэмдэглэн олзоо хуваав. Найраас түр гадаалсан Тэмүжин Туулын мөнгөн урсгалыг сарны гэрэлд ширтэн зогсоход Хасар дэргэд нь очив. Тэмүжиний ийм гунигтай байхыг үзээд Хасар ихэд гайхаж учрыг асуужээ. Тэмүжин дув дуугүй удаан зогсов.
-Энэ нутагт Хэрэйдүүд нутаглаж, Тоорил хан эзлэн сууж байв. Тэр өвгөн одоо нэгэнт үхжээ… гэж Тэмүжин шивнэв.
-Тоорилыг үхэв гэж танд хэн хэлэв.Тэр зугатаж одсон биш үү. Одоо аягүй бол Тангуд улс, эсвэл Таян ханд очоод тэндээс цэрэг авч биднийг дарна гэж их санаалж суугаа. Сэнгүмийг амьд байгаа цагт би юунд ч үл итгэнэ. Би Тоорил ханыг Сэнгүмийн хамт олж өөрийн гараар алахгүй бол сэтгэл яаж амрана гэж Хасар хэлэв.
-Тоорил хан үхжээ гэж Тэмүжин шүдний завсраар сийгүүлэн хөндий хүйтэн аясаар хэлэв.
-Та яаж мэдэв Тэмүжин дахиад л үл ойлгогдох зангаа гаргаж таг дуугүй тэнгэр өөд дээш ширтэв. Хасар дээшээ харвал дээр нь од түгсэн тас хар тэнгэрээс өөр зүйл олж үзсэнгүй.

- Хасар чи нэг зүйлийг санаж ав. Би мартах юм уу, амжихгүй үхэж мэднэ. Тэгвэл чи хийнэ биз…
-Юу тэр вэ. -Хэрэйдийн Тоорил ханд зориулж гэрэлт хөшөөг энд, сууж байсан газарт нь заавал босгож мөнхлөх гэсэн юм. -Дайснаа мөнхлөх гэж үү… гэж Хасар эсэргүүцэв.
-Тоорил хан миний дайсан байсангүй. Би ч түүнийг алсангүй. Тэр Тэнгэртэй тэрсэлсэн тул гэсгээлд нь унажээ.Тоорил хан хэнтэй дайсан болоод, хэрхэн юуны учир үхсэнийг хожим хойно бидний үр сад мэдэж санаж яваг гээд Тэмүжин яваад өгөв.

Хасар Тэмүжиний эл үгийг үнэн гэж дэмжсэнгүй ч бас худлаа гэж эсэргүүцсэнгүй. Ийм битүү далд үг хэлдэг нь Тэмүжиний гэм биш зан тул Хасар бас гайхсангүй. Харин Тэмүжиний үл ойлгогдох энэ занд түүний дийлдэшгүй хүч нуугдаж байх шиг анх удаа сэтгэгдэхэд хойноос нь удаан ширтэн зогсож билээ. Сарны гэрэлд Тэмүжиний бөгтийсхийн алхаж яваа нь үзэгдэнэ. Түүний урт хар сүүдэр Хасарын хөлд хүрч байсанд гэнэт сэжиглэн хөлөө хойш татжээ. Яагаад ч юм, тэр сүүдэр хөлд нь хүрэхдээ хүйтэн жавар шиг, бүр мөс шиг хайрчээ. Ийм хачирхалтай явдлыг Хасар өмнө нь ер үзсэнгүй.Хүний сүүдэр тийм хүйтэн байх юм гэж санасан ч үгүй. Гайхаж эргэлзсэндээ дахиж туршин үзье гэж бодсон ч Тэмүжин нэгэнт асарт орж үзэгдэхгүй болжээ.

Тоорилын хүрээнд хоригдон суух үед Борогчины гавшгай, сийрэг хөдөлсний ачаар Хасарын өрх гэр элэг бүтэн үлдэж, одоо Егү,Есөнхэй хөвүүд нь Алтан улсад эцгийн хамт дайтаж яваа билээ.

Энэ явдлыг дурсан санахгүй байхын аргагүй, дурсан санах бүр Борогчинг хүндэтгэн хайрлахгүй байхын аргагүй болдог юм. Тооноор тусах сарны гэрэл ширтэн нойроо хулжаасан Хасар ийн бодож хэвтэв.

Эрийнхээ өвөрт эм биеэ жаргааж гүн нойронд автсан Борогчиныг харвал их л аз жаргалтай үзэгдэх агаад тэр бүсгүй харц дорд гаралтай ч ер Тэнгэрийн ивээлд багтсан гэмээр жаргах гавьяатай эм авай.


Top
   
PostPosted: Sep.04.11 10:32 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
ххх ххх ххх

Хуаржин Хасарыг ирэхэд гэрээс ч үл цухуйн хачин загнасан хийгээд Борогчин ямар нэг зүйл хэлж ядан нуугаад бөйсны учир маргааш нь тайлагдав. Тэр эм Хасарын эзгүйд хөндлөнгийн эрээс бие давхар болсон байв. Үүнийг мэдмэгц Борогчин түүнийг хөл хорьж бусдын нүднээс далдалсан нь Хасарын нэр нүүрийг бодсон хэрэг юм. Гэвч Хасар Хуаржинд гүнзгий хайраар ханддагийг мэдэх тул чухам юу гэж хэлэх учраа ололгүй өнжсөн билээ. Харин Борогчин адилхан эм заяанд төрсний хувьд Хуаржиныг өрөвдөн ойлгож байв.

Хуаржин Хасарт ирэхдээ ямар их зовлон амссаныг Борогчин мэдэх тул түүнийг туйлаас хайрлан өрөвддөг ажээ.Бие давхар Хуаржин хар цагаан дуугүй гөлрөн хэвтэхээс цаашгүй, сайн муу нэг ч үг эс хэлнэ. Харин хэнээс хүүхэд олсныг таах гэж,олох гэж Борогчин ойр хавийн орж гардаг агтчин, тэрэгчин,торгон цэрэг,худалдаачин наймаачин гээд эр сүвтэй бүгдийг сэм байцааж үзэв. Хасарын өндөр нэр хүнд, өргөн их алдраас айлгүй, хайртай хатны нь сэтгэлийг урвуулах тийм зүрхтэн хүрээ хотонд нь байсан гэхэд үнэмшимгүй. Хуаржин авааль эрийнхээ дайнд мордсон эзгүй хойгуур завхайран бие шалтагтай болсон нь Борогчинтой ч холбоотой бөгөөд, их эхнэрийн хувиар түүнийг хатуу чангаар харгалзаж чадаагүйдээ тэр их л гэмшжээ.

Уг нь Борогчин Хасарыг ийм гэнэтхэн ирнэ чинээ санаагүй билээ. Уг нь Хуаржинг амаржсан даруйд хүүхдийг нь төөрүүлж орхихоор шийдсэн байжээ. Гэтэл түүнд ийм боломж олдсонгүй. Алтан улсад одоод хоёр жил болсон эр нөхөр нь гэв гэнэтхэн хүрээд ирсэн нь хөөрхий Хуаржинг Хасарын гарт сул орхихоос өөр аргагүйд хүргэв.

Хасарыг Хуаржины гэр лүү орохоор явахад Борогчин яаж ч чадахгүй дэмий л сандран хоцров. Лав сайн юм болохгүй нь тодорхой. “Хасар Хуаржинг багалзуурдан алах биз. Одоо яая гэх вэ. Хормойгоо бэхлэж чадаагүй завхай эм хохь нь” гэж бодсон ч түүнийг өрөвдөн түгшсээр аварч өршөөхийг гуйн Тэнгэрт мөргөжээ.

Гэтэл Хасарыг орсноос хойш Хуаржины гэрээс орилж хашгирах нь бүү хэл, ор дэр хөдлөх чимээ ч сонсодсонгүй хэсэг зуур таг чиг болов. Тэгснээ унь хана шажигнах шиг болсноо чимээ тасарсан тул Борогчин сэтгэл жаахан онгойв. Хасар нэгэнт л Хуаржинг үзүүт дүрсхийн хилэгнээгүй бол гайгүй гэсэн үг юм. Борогчин олон жил ханилсан эрийнхээ занг мэдэх билээ.

Бодвол их гэдэстэй эмээ хараад хэлэх үгээ олоогүй биз хэмээн таамаглажээ. Хайртай эхнэр нь өөр эртэй нууцаар садарлан бүр бие давхар болсныг үзсэн эр хүн тэвчин тэсэхгүй нь лавтай. Хасар урьд нь ийм явдал болно гэж санаж байсангүйдээ үнэхээр цочин мэлэрчээ. Аварга биетэй Хасар унинаас зуурч, гэрийн хоймор нөмгөн зогсох хэтэрхий гоо үзэсгэлэнт Хуаржин хатнаа үзээд гөлрөв. Гэхдээ Хуаржины үзэсгэлэн гоог бахадсандаа биш, харин бүсгүйн хариугүй төрөх дөхсөн тулгар биетэйг үзээд ийн цочирджээ. Хэлэх үг тэр дороо олдсонгүй дэмий л ам нь ангалзана.

Голыг нь халуун галаар зурах шиг гомдол, гуниг өгсөж, яагаад ч юм бэ өвдөг нь шархиран өвджээ. Өөрийн эрхгүй хөл нь нугаран сөхөрч суумаар болсонд Хасар гэрийн унинаас зуурч зогсов. Гэрийн унь хана шажигнан доод бүслүүр нь тас үсрээд нурж унах нь уу гэмээр болсон ч ашгүй тогтов. Харин Хуаржин сэтгэл тайван зориг төгс байв. Учир нь хэвлийд нь олдож бие сэтгэлтэй нь хамт бүрэлдээд одоо нэгэнт хөдөлж эхэлсэн энэ амьтанг түүнээс өөр хамгаалах хүн үгүй, бас хамгаалах ч ёстой гэдгээ хатуу ухамсарлан мэдэрсэн тул Хасарын эсрэг үхтэл тэмцэхээр шийдсэн байв. Хасарыг гэнэт ирснийг сонсоод эхлээд айж цочсон боловч хаашдаа зугатаах газаргүй тул хэлэх үгээ бэлдэж тайвширчээ.

Эцгийг нь хөнөөж, хайртай эхийг нь Тэмүжинд өгч алуулсан, хоёр охины нь эцэг энэ уул мэт биет догшин эр одоо нэгэнт түүний эр нөхөр биш, өст дайсан нь болжээ. Эцэг эхийгээ хөнөөсөн өст дайсны өвөрт хэвтэж түүний дур тачаалыг ханган бас үр хүүхдийг нь төрүүлж өсгөх хатуу хувь зохиол Хуаржинаас өөр хичнээн эм хүйстэнд заяасныг хэн ч мэдэхгүй билээ. Хасарт булаагдан ирж гэрт нь авааль эмийн ёсоор суухдаа түүнд дутаж гацсан зүйл үгүй ч төрөлх Татаар аймаг, цус нэгт удмынхан нь толгой дараалан хядуулан дуусахад сэтгэлийн гүнд бий болсон өшрөлөө тас нуухаас өөр аргагүйд хүрсэн билээ. Хуаржин Хасарт булаагдан ирсээр арван таван жил болж түүнд хоёр охин төрүүлэн өгчээ.

Хасар түүнийг бусдаас илүү хайрладгийг ч тэр сайн мэднэ. Хамаг биеийг нь эзэмдэн эдлэж дур ханаад бие алдарч бөх нойрсох Хасарын хоолойг нь хэрчин алах хүсэл шөнө дундын үед гэнэ гэнэ тэсэшгүй ихээр оргилдог ч өөрийн болоод түүний мах цусны тасархай болсон охидоо бодоод тэнэг хүслээ хүчээр хөөн зайлуулдаг байв.Ууган охиноо төрөөгүй байхад нэг бол Хасарыг хөнөөнө, эсвэл амиа егүүтгэнэ гэж боддог байжээ.

Гэвч үрээ үзээд Хуаржины өс хонзон дарагдан хувь заяагаа дагажээ. Алтан улстай мөчөөрхөн тэмцэлдсээр тэднийг айлгаж, хүчирхэг баянаараа гайхагдаж байсан Татаар аймаг Тэмүжин, Хасар нарын гарт хүйс тэмтрэгдэн мөхөхийг нүдээрээ үзсэн Хуаржин өөрийгөө татаар гэдгийг мартах шахаж байтал энэ явдал болсон билээ.

Монголын их цэрэг Алтан улсыг зориод жил шахаж байсан өнгөрсөн намрын найртай сайхан нэг өдөр Хуаржин охидын хамт Хэрлэний усанд умбаж, халуун торгон элсэн дээр хөлбөрөн зугаацаж байв. Намрын налгар халуунд ийн зугаацах нь ерийн хэрэг билээ. Хэрлэний эргийн бургас тэднийг түмний нүднээс хаах ажээ. Тэдэнд айх аюул, түгших зовлон байсангүй тул охид нь бургасанд мойл түүж бараагүй болсон ч тэдний хашгирах инээлдэх сонсдоод Хуаржин халуун торгон элсэн дээр нойтон биеэр хөлбөрч сэтгэл тайван зүүрмэглэжээ.

Тэр гэнэт зүүдлэх шиг болов. Өмнө нь элсэн дээр урт үс нь мөрөө давж, өгөршсөн хувцаснаас нь өвдөг тохой нь цухуйсан залуу эр сөхрөн сууж байв. Бас тэр танихгүй эр
– Хуаржин гэж дуудаж байх ажээ. Хэдий хувирч өөрчлөгдсөн ч Хуаржин түүнийг танив. Энэ бол эхийн нь холын хамаатан Хорису нагацын ганц хөвүүн Эгэлдүр байлаа. Түүнийг яаж танихгүй байх билээ. Тэмүжиний толгойлсон аймшигт монголчууд довтлон ирэх хүртэл тэд нэгэн довонд тоглож нэгэн хөнжилд унтаж өссөн байв. Нас чацуу ч үеийнхэн дотроо өсгөлүүн биетэй нүд хөмсөг дүүрэн Эгэлдүр бол охид болгон дагаж, олон бүгд шохоорхсон хөвүүн юм.Хуаржин ч үеийн охидын элдэв ярианд автагдан Эгэлдүрт эр хүнийх нь хувьд сэтгэл алдарч байжээ.

Эгэлдүр Цахиа-Үгэ эцгийн нь бусад албатуудын адил Хасарт олзлогдон ирсэн билээ. Гэвч Тэмүжиний зарлигаар хийсэн их хядлагын үеэр хүүрэн дунд цусанд хутгалдан амьгүй мэт хэвтсээр амьд үлдсэн Эгэлдүр Цахиа-Үгэгийн мянган албат балчир хүүхдээс бусад нь хэрхэн амь эрсдэн үхэхийг үзэж өнгөрөөжээ.Түүний эх эцэг, ах дүү нараас хэн ч амьд үлдсэнгүй.

Архинд халамцсан цэрэг цээжий нь нэвт хутгалав хэмээн андуурч орхиогүй бол Эгэлдүр өдийд бас л өвс ургамалд хувиран элс шороонд шингэх байсан биз. Гэвч тэр амьд үлдэв. Уул хадаар хэрэн тэнэж, жимс ургамал түүж хооллон зэрлэг араатан шиг хэдэн жилийг үзэв. Гэвч ганцаар амьдрах хэцүү тул дайн дажин намжиж татаарыг мартагнах үеэр уулнаасаа бууж нутгийн сайн санаат айлд зарагдан суусаар өдий хүрчээ.

Гэвч тэр Цахиа -Үгэ эзний нь охин Хуаржинг Тэмүжиний дүү Хасар гэгч баатар эр авсныг мэдэх тул эрсээр амь алдахаас ч айлгүй хүрч ирсэн нь энэ байв. Тэдний уулзалт баяртай гэхээс илүү түгшүүр аймшгаар дүүрэн байлаа. Гэвч Хуаржин ч, Эгэлдүр ч хагацаж салахыг хүссэнгүй. Тэр шөнө Хуаржин, Эгэлдүрийг хүний нүд хариулан гэртээ оруулж угааж цэвэрлэж,хувцаслаж хооллон хууч хөөрч хоножээ.

Хасарын хүрээнд ингэж зүрх зоригтой загнах нь яг үхэлтэй адил хэрэг байсан боловч тэд айсангүй. Тэд зуны энэ шөнө төрөл арилжиж хоёр дахиа төрөв.Татааруудыг хүйс тэмтэрсэн аллагаас азаар амьд үлдээд дахин ийнхүү учирсан нь тэдний үйлийн үр байв.Хуаржин Эгэлдүр хоёр үйлийн үрээ дагаж дахин сэтгэл цэвэршин төрөл арилжиж шинээр төрөхдөө хуучин дүрээр татаар хүн болон хувирсан билээ. Сөнөсөн татаарын үр удмыг сэргээх, орчлонд татаар хүн дахин төрүүлэх далдын их хүслэн тэр хоёрыг учруулсан гэдэгт тэд итгэжээ. Домогт гардаг шиг Хуаржин, Эгэлдүр хоёроос татаар аймаг дахин төрнө гэж бодоход солиормоор бахархалтай санагдах бүлгээ. Тэдний хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл,шунал тачаалд хязгаар байсангүй.

Хасартай арван хэдэн жил хамт амьдарч хоёр охин төрүүлэхдээ Хуаржин хэзээ ч ийм их дур тачаалтай,цадаж ханахгүйгээр өдөржин шөнөжин янаглаж үзсэнгүй билээ. Тэр Эгүлдүртэй учирснаар эм хүний хувьд анх удаа дур хүсэл ханан жаргахдаа учиргүй ихээр эхэр татан уйлжээ. Гэвч энэ нулимс гомдол баярын алин болохыг Хуаржин мэдсэнгүй. Харин аз жаргалтай мэт өдрүүд удаан үргэлжилсэнгүй. Хуаржины гэрт хэн орж хэн гарах нь түмний нүдэнд ил, бас Хасарын хүрээний харуул, хамгаалалт чанга бөгөөд хэдий хичээсэн ч нэг шөнө Эгэлдүр буцаж ирсэнгүй.

Харин түүнийг харуулын цэрэг харваж алаад огт танихгүй хүн тул жалганд хаяж орхисныг Хуаржин мэдсэнгүй.Эгэлдүр Хуаржинг эрж олж уулзсан нь өөрөө үхэл рүүгээ зорьж очсон хэрэг байжээ.Ингээд татаар залуу Эгэлдүр үгүй болж оронд нь Хуаржины хэвлийд цэвэр татаар цусны шинэ хүн бойжиж байв. Хуаржин хүн болсоор анх удаа тэр шинэ олсон үрээ амь шигээ хайрлах сэтгэлтэй болжээ. Хасарын охидыг хэзээ ч ингэж хайрлаж байсангүй. Шинэ үр нь хөвүүн байх ёстой гэж тэр бат итгэж байв.Тийм ч учраас хөвүүн нь Татаар аймгийн сэргэн мандах эх үндэс болно гэж бодохоос нэн бахархалтай байв.

Хуаржин энэ бодолдоо хөтлөгдөн өдөр тутмын жирийн амьдралаас тасран өнгө өнгийн мөрөөдлийн ертөнцөд очих ажээ. Одоо Хуаржин өөрийгөө шинээр үүсэх Татаар аймгийн эх боллоо гэж бат итгэв. Хэрэв Борогчин учрыг эрт гадарлаж Хуаржинг гэрт хориогүй бол тэр Эгэлдүрийг эрж хаашаа ч хамаагүй одоход бэлэн байсан билээ. Сэтгэлийн дотор ийм гүн өөрчлөлт орсон тул Хуаржин Хасараас огтхон ч айж эмээсэнгүй, харин ч үрээ харамлан эсэргүүцэн тэмцэх зориг дүүрэн хүлээж байжээ. Хойморт, ташаа тулан гэдсээ цондойлгон гайхуулах мэт дүрлийн зогсох Хуаржиныг үзээд Хасар түүний гал мэт дүрэлзэх гэрэл нэвт цацарсан харцнаас цочив. Хуаржины харц өөрчлөгдөж нэг л эрүүл бус болжээ.

Хийсэн хэргээсээ эмээж айхдаа Хуаржины сэтгэл үймрэн солиорчээ гэж Хасар тэрхэн зуур бодов. Тийм учраас Хуаржинг цочоож бухимдуулахгүй тайван байлгах нь зөв байсан тул Хасар таг дуугүй хэсэг болов.Бас даруй хэлчих үг санаанд орохгүй мухарджээ.Хэсэг хугацаа өнгөрч Хасарыг үзээд цочирдсон Хуаржины түгшүүр алгуур дарагдаж хоймор сөхрөн суув.Хасарыг орсны хойно сэтгэл түгшин гэрийн ойр чагнаж зогссон Борогчинг гайхшируулсан нам гүм ингэж үүсчээ.

Хасар хэдийгээр омголон цочмог зантай ч гэсэн нэг өрөвдөн хайрлах юм бол хэнд ч баймгүй уяхан зөөлөн сэтгэлтэй тул одоо Хуаржинг өршөөв гэж Борогчин итгэхийг хүсч байлаа. Гэтэл гэрийн дотор сэжигтэй нам гүм хэвээр.
- Хуаржин. Хасарын ийн аяархан дуудахад Хуаржин хүүхдээ булаагдахаас айсан мэт хоёр гараар гэдсээ тэврэн үсрэн босов.Харц нь нэг газарт тогтохгүй гүйж амьсгаа нь давхцан халуурсан мэт чичрэв.Тэр үнэхээр эрүүл биш болжээ…

-Хуаржин. Чи надаас бүү ай. Би чамайг яах ч үгүй гэж Хасар түүнийг тайвшруулан аргадангүй шивнээд гараа сунган урагш алхав.
- Би чамаас айхгүй ээ. Айхгүй… Айгаа ч үгүй… гэж Хуаржин Хасараас харц дальдчин шивнэв. Айснаасаа болж тэр солиорох шиг болов. Хасар түүний дууг таньсангүй. Урьдын ялдам энхрий хоолой сонсогдсонгүй.
-Хуаржин. Чи надад юу хэлнэ… Чи намайг яажшуухан хүлээж суув даа гэж Хасар өнөөх л аргадангуй аясаар шивнээд алгуур ойртон яг л омголон догшин агт чөдөрлөх гэж байгаа хүн шиг Хуаржины дэргэд мяраасаар очив. Хасарын энэ үгэнд Хуаржин дахин цочсонгүй. Харин ямар нэгэн нууц зүйл хэлэх гэсэн мэт хуруугаа уруулдаа хүргэв.
-Хасар чи… Тэмүжин ахтайгаа хамт манай Татаар аймгийг сөнөөсөн. Харин би татааруудыг дахин төрүүлэх гэж байна гэж Хуаржин хэн нэгнээс нуух шиг шивнэв.Ингэж хэлээд Хуаржин Хасарын өөдөөс гэнэт эгц ширтжээ. Хуаржины тэр солиотой харцыг үзмэгц Хасарын нуруу хотосхийн цочиж бие нь арзайгаад өөрийн эрхгүй
-Юу гэнэ ээ. Чи татаарыг төрүүлнэ гэнэ ээ… гэж дуу алдав. Энэ удаад Хасар биеэ барьж эс чадаад уур нь дүрсхийн асч үсрэн холдов.
-Чи татаарыг төрүүлнэ ээ… Наад зулбасгын чинь эцэг татаар юм уу гэж уурсан хашгирах Хасарын дуунаас Хуаржин огтхон ч айж цочсонгүй.
-Тийм ээ. Би татаар хөвүүн төрүүлнэ. Тэгээд Татаар аймаг дахин сэргэнэ. Чи татаарыг хядсан. Харин би дахин төрүүлнэ. Би чамд энэ хүүхдийг өгөхгүй. Энэ бол чиний хүүхэд биш. Чи хоёр охиноо ав. Би энэ татаар хөвүүнээ авна.Тэгээд би алс хол газар очно.Намайг хаана очсоныг чи ч, чиний ах Тэмүжин ч мэдэхгүй.Миний төрүүлсэн татаарууд удахгүй өсөж үржиж олон болно.Тэр цагт би хүүхдүүдээ дагуулан ирж татаар аймгийнхаа, эх эцгийнхээ өшөөг би чамаас, Тэмүжинээс ч авна гэж Хуаржин Хасарын нүүрэнд нүүрээ тулгаж байгаад гэнэт зэрлэг догшноор хашгирчээ.

Хасар нэг мэдэхэд Хуаржинг алгадан унагасан байв.Гэтэл Хуаржин цус нь урсавч дуугүй болсонгүй улам чангаар бархирсаар байв.
-Чи миний татаар хүүг авч чадахгүй. Чадахгүй. Энэ бол минийх. Татаар хүүхэд гэж нэгэнт ухаан солиорсон Хуаржин хүрээ даяар бүх хүнд сонсогдтол хашгирсаар байхад нь Хасар түүнийг багалзуурдан авлаа. Сая л нэг Хуаржины дуу гарахгүй болов. Хасарын хүчирхэг гарт зовлонт татаар бүсгүйн амь тасарч байв. Хасар Хуаржинд хэдий их хайртай ч ийм доромжлолыг яахин тэвчих билээ. Өрөвдөж хайрлах сэтгэлээр Хуаржинг амьд үлдээн авсан нь эцэст ийм тамлалд унагана гэж санасангүй. Хуаржины гэрэлт бор царай өнгөгүй цагаан болж, харц нь гөлийсөн ч тавласан, бахархсан мэт үзэгдэнэ. Гэнэт Хасар цочин айж бүр хашгиран босч харайлаа. Хуаржины алцайсан хөлний хооронд нэг юм хөдлөв.

Хасар амьдралдаа анх удаа үсээ босч, үнхэлцгээ хагартал айв. Эхийнхээ бачимдан амь тасрах үед хүүхэд нь төржээ. Ус цусанд хутгалдсан тэр нялзрай амьтан уйлах ч үгүй арвалзаж байсан нь яг л чөтгөр шулам шиг үзэгдсэнд Хасар ухаангүй гарч гүйлээ. Түгшсэн Борогчин ойр хүлээж байв. Хасар юу ч хэлж чадсангүй амаа ангалзуулан гэр лүү заана. Юу болсныг Борогчин ойлгомогц гүйн оров. Удсан бол хүүхэд нь бүтэж үхэх байжээ. Борогчин шалавлан ам чихрүү нь үлээсэнд хүүхэд уйлж эхлэв. Хасар хүүхдийн уйлах дууг сонсмогц мориндоо мордоод Хэрлэний зүг зугатаан давхихад амь хамгаалагч үнэнч цэргүүд нь түүнийг дагажээ. Хэдхэн хормын дотор болж өнгөрсөн бүхэн яг л зүүд шиг ажээ. Хасар сэтгэлээ тайтгаруулах гэж Хэрлэний долгионыг ширтэн өдөржин суув. Хэн ч зориглон түүний дэргэд ирж саад болсонгүй.

Хасар юу ч шийдэж, бас ойлгож чадахгүй байв. Ингэх ч хэрэг байсангүй. Ганцхан тод зүйл нь тэр хүн алчихаад анх удаа харамссан явдал юм. .” Чи юунд Хуаржинг алав” гэж гашуудан бодсоор ажээ. Хайртай Хуаржингаа өөрийн гараар багалзуурдан ална гэж яаж санах билээ. Гэвч бүх юм болдог жамаараа болж өнгөрсөн хойно яав ч харамсаж гашуудсан дүр үзүүлэх ёсгүйг Хасар ойлгож байв.Тийм болохоор хатуужин гэртээ буцах хэрэгтэй. Нэгэнт самуурч өөр хүний хүүхэд тээсэн эм үхэхээс өөр яах билээ. Хасар эцэст нь өөрийгөө зөвтгөж чадав. Хуаржинг шударга ёсоор үхүүлжээ. Харин шинэ төрсөн тэр хүүхдийг ч алах нь зөв гэж шийдэв. Ер нь Хуаржинг бүгд жигшин зэвүүцэж,бас энэ татаар бүсгүй Хасарын амьдралд байгаагүй мэт мартагдах ёстой болжээ. Харин охидыг нь Борогчин өсгөнө биз. Би ер нь сэтгэлээ тайтгаруулж дахин зүс гоо эхнэр буулгах нь зөв гэж бодсоор харив. Хасарыг бүх хүрээ даяар ер юу ч болоогүй мэт угтав. Харин Хуаржины гэрийг, шарилын хамт хүрээний гадна гаргажээ. Энэ нь Борогчины хийсэн ажил тул Хасар огтхон ч шүүмжилсэнгүй.
-Гэртэй нь шатааж орхи гэснээс өөр үг Хасар хэлсэнгүй Түмүхэйн гэрт очжээ. Ингэхдээ бас “Хүүхдийг нь цуг шатаа” гэхээ ч мартсангүй.

Хасар Хуаржинг алсандаа ялаа алсны дайтай сэтгэл өвдөөгүй мэт дүр эсгэж байсан ч залуу хатан Түмүхэй нь хэрхэн дур тачаалдаа автаж бие сэтгэл нь тавирсныг ч анзаарах сөхөөгүй дотроо шаналж байжээ. Харин Борогчин бүгдийг Хасарын хэлсний дагуу хийж Хуаржины гэрийг шатаалгасан нь тэр шөнөжингөө,бас маргааш өдөржингөө, Хасарыг Өүлэн эх рүүгээ яван явтал хар утаа баагиж, хярвас хиншүү үнэртээд хавь ойр хүн тогтохын аргагүй болж, Хасар зугатаах мэт мордон явжээ. Түүний ард Хуаржин утаа, хиншүү болон хувирч байв. Харин Борогчин Хуаржины татаар хөвгүүнийг хэнд ч хэлэлгүй авч үлджээ.

Энэ тухай Хасар хэзээ ч мэдэхгүй биз.Өүлэн эх татаарын нутгаас олсон Шихихутагийг хэрхэн сайтар засаж хүмүүжүүлэн өсгөсний адил Борогчин Хуаржины үрийг өөрийн хөвүүн болгон өсгөхийг хүсчээ. Түүнийгээ хэнд ч хэлсэнгүй.Хуаржин үрээ хөвүүн гэдгийг мэдэж байжээ. Сэтгэлд нь гэнэт хүчтэй төрөх харуусал гунигийг Хасар хүчээр хөөн зайлуулсаар эхдээ очив. Энэ өдөр Өүлэн эхийн царай зүс гэрэлтэй, тэнхлүүн ер үхэх хүний янзгүйд Хасар баясаж даруй Алтан улс руу буцахаар шийдэв.

Ер нь энд нэг ч хоног тэсч суухад хэцүү байжээ. Өүлэн эх нь бүр босч суух бөгөөд үг яриа тод, инээж хөхрөөд зугаатай байх нь сэтгэл сэргээнэ. Хасарын зангирсан хөмсөг, бодолд дарагдсан царайнаас ямар нэг юм болсныг Өүлэн эх түвэггүй таажээ. Сэтгэлийн гүн дэх гуниг шаналалаа Хасар яаж эхээсээ нууж чадах билээ.
- Юу болов. Гэр хүрээнд чинь золгүй явдал болов уу гэж Өүлэн эх яг тааварлан асуусан нь Хасарыг шаналгав.Гашуудал зовлон, харуусал гэмшил нь нүүр царайд нь нуух аргагүй тодорхой байгаа ажээ.Өүлэн эх нь юу болсныг дуулахаас нааш санаа сэтгэл нь амрахгүй нь мэдээж. Уг нь тэр эхийнхээ сэтгэлийг зовоогоод яах вэ гэж бодож иржээ. Одоо гэтэл нуух аргагүй болов.
- Би өчигдөр Хуаржинг өөрийн гараар хороолоо. Тэр миний эзгүйд бие давхар болжээ гэж Хасар сэтгэлээ хөндүүрлүүлэн байж шивнэхдээ гол нь тасрах мэт харуусан шархирахыг мэдрэв. Харин Өүлэн ийм юманд гайхаж цочих нь нэгэнт үгүй болжээ.
-Чи юунд Хуаржинг орхиж явав. Алтан улсад авч явсангүй нь чиний буруу биш үү.Тэр бүсгүйг дэмий алжээ. Хуаржин гэмтэй ч охидын чинь эх биш үү гэж Өүлэн санаандгүйгээр Хасарыг зэмлэв. Хасар таг дуугүй доош гөлрөн суув.
-Эр нь хэн юм бэ…
-Нуугдаж үлдсэн татаар гэнэ. Манай цэргүүд түүнийг алчихаж.
- Дэмий юм хийж, охидоо өнчрүүлээд яана чи…
-Охид яах вэ.Би тэднийг хүнд өгч орхино. Эм хүн нутаггүй гэдэг биз…

Хасар ингэж эхийнхээ зэмлэлд хайш яйш үл тоомсорлосон үг хэлэвч сэтгэл нь өвдсөөр байв.
-Хүүхэд нь яав. Хөвүүн үү, охин уу.
-Хэн мэдлээ. Эхтэй нь цуг шатааж орхисон…
-Хөвүүн бол өсгөж авахгүй яав даа. Чи юун гэнэн хөдлөнө. Надад хэлсэн бол би Борогчинд өгч өсгүүлэхгүй юу.

Чамд биш гэхэд Егү, Есөнхэй хөвүүдэд чинь хэрэг болно. Миний өсгөсөн хөвүүдийг хар. Шихихутаг, Хүчү, Хөхөчү, Борохул дөрөв Тэмүжин та нарт ямар их тус өгөв. Та нарт үнэнч нөхөд л хэрэгтэй болохоос уйгар уу татаар уу юуны ялгаа. Ухаангүй гэдэг нь.Хүнд хүн хэрэгтэй.

-Тэд Тэмүжинд л тустай юу гэхээс би тэднээр ямар хоолоо зөөлгөж, хөлөө хучуулах уу гэж Хасар Өүлэн эхийн өргөмөл хөвүүдийн тухай ярихаас илт цааргалан унтууцав.

Угаас Тэмүжин Өүлэн эхийн өсгөсөн хуурай хөвүүдийг өөрөөс нь илт илүү үздэгт Хасар дургүй билээ.


Last edited by saiba_ryo on Sep.05.11 11:42 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.04.11 10:43 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Гэвч Тэмүжиний ингэж үздэг нь ганц түүний хүсэл зориг биш юм.Өөрийн өргөмөл хөвүүдээ Өүлэн эх үнэхээр гарамгай хүмүүжүүлсэн нь тэднийг ингэж хүндэтгэхэд хүргэдэг билээ.

Татаарын Шихихутаг, жүрхэний Борохул,тайчуудын Хөхөчү,мэргэдийн Хүчү дөрвөн хөвүүнийг Өүлэн нялх балчираас нь олж өвөртөө хийж өвдгөө түшүүлж өсгөн хүмүүжүүлсэн нь Чингис хааны дөрвөн их баатар сайд болсон билээ.

-Би даруй буцна. Ээж таныг үзэж тайтгарлаа. Би ч таныг эргэх биш, Хуаржинг алах гэж иржээ. Ирсэн нь сайн боллоо. Сүүлчийн татаарыг би хороох ёстой байсан бололтой гэж Хасар хүчээр инээв.
-Хөвүүн минь. Чиний явах зөв. Уг нь би та нарын нүднээс далд үхье гэж бодсон юм. Гэтэл Бөртэ дэмий юм хийж, чиний албыг алдуулав. Эхийгээ үхмэгц явж үз. Нэгэнт ирснийх чи намайг газарт авслаад булж орхиод яв. Аягүй бол эд бунхан овоо босгож бултыг бужигнуулах биз. Би олон хүн үймж, үнэн худал уйлж дуулахыг үзэж сүнсээ зовоохгүйг хүснэ. Чи намайг үхмэгц хүнд хэлэлгүй, хэнд ч үзүүлэлгүй мориндоо дүүрч яваад Бурхан Халдуны баруун суганд нэг тэмдэгт газар бий, тэнд булж орхиорой. Дэлгэр булгийн тархинд очмогц үзнэ биз…

Тэр газрыг ах дүү хоёроосоо өөр хүнд бүү хэл. Эхийнхээ энэ үгийг сонсоод Хасарын инээд хүрэв. Эсэргүүцэж, бас элэглэж болохгүй энэ үгсийг Хасар бараг л чихний хажуугаар өнгөрүүлж суув.
-Миний үхсэнийг хүн мэдэхгүй бол бүгд л амьд мэт санах биш үү. Их ёслол болж олон амьтан цугларвал үлдэж байгаа та нарт сайхан болохоос тармагц мартах тул надад хэрэг юун. Чи эхийгээ олон хүн сайнаар дурсаасай гэж хүсч байгаа бол миний үхсэнийг өрхийн доторх цөөн хүнээс бусдад бүү мэдэгд. -За… гэхээс өөр үг Хасарт олдсонгүй.

Үхэх гэдэг мордоод явах адил амархан мэт үгсийг эх нь хэлэх ажээ.
-Надаас хойш Тэмүжин ахынхаа үгийг миний үг гэж сонсож мөрдөж яв. Ах чинь одоо алдар нь түгсэн хаан боллоо. Чингис хааны үг бол Тэнгэрийн зарлиг .Ах чинь хийж хэлэх нь хэцүү бэрх ч гэлээ сэтгэлийн мухарт дүү нартаа хайртай юм шүү. Энэ үгийг Алтан улсад морилохдоо надад яг одоо чиний сууж буй шиг сууж байгаад аминчилж хэлсэн юм. Хасар хөвүүн минь чи хичээ. Ахынхаа зарлигийг бүү зөрч. Ёсчлон дагагтүн. Хөвүүддээ ч захь. Есүхэйн хөвүүдээс хаан болох нь болж хавсарч хүчээ өргөх нь өргөх ёстой юм.

Чингис хааны их хүч,эзэнт улсын талыг Хасар дүү биеэрээ бүтээж, сэтгэлээрээ дүүргэв гэсэн нь Чингис хаан хэлсэн үг шүү.

Ийм үгнээс илүү гавьяа шагнал, алдар хүнд гэж хаана байна.Чингис хаан Хасар чамаас өөр хэнийг ингэж үнэлэн магтах билээ. Би Чингис хааны чамд хэл гэснийг дамжуулав. Амь чинь ахын чинь гарт бий шүү. Хөвүүн минь. Хасар минь. Бүү осолд. Олон үг хэлсэндээ Өүлэн ядарч орондоо буцаж хэвтэв. Өүлэн эхийн сая хэлсэн үг үнэн тул Хасар хүндэтгэн сонсчээ.

Гэвч тэр энэ үгсийг Тэмүжин хэлээгүй, эх нь хөвүүдээ эвтэй байлгах гэсэндээ зориуд зохион хэлснийг мэдсэнгүй билээ. Өүлэнд үүнээс өөр арга үгүй байлаа.Тэр эцсийн аргаа хэрэглэв. Эцсийн үгээ ч хэлэв. Хайртай Хасар хөвүүнийхээ амийг өөрт нь, бас Тэмүжинд даатган орхихоос өөр арга Өүлэнд үлдсэнгүй. Үхэл одоо яг гэрийн тоононы цамхаг дээр ирээд цагаа хүлээн сууж байв. Цагаа тулахаар үхэх гэдэг аятай таатай жаргал биш ч гэлээ айж сүрдэж аргаа бараад байхаар зовлон ч бас биш ажээ.
-Алив ээж нь үнсье. Чамайг ах, дүү хоёрын чинь өмнөөс ч үнсье. Бас Тэмүлэн охиныхоо өмнөөс үнсье гээд мойнийж тохийсон гараа эх нь сунгав.Хасар одоо ч эхийгээ тоглож байх шиг санасаар байлаа.

Сүүний танил үнэртэй эх нь духан дээр нь хүүхдийнхээ тоогоор таван удаа үнэрлэн үнсэхэд Хасарын дотор цээж урагдан халуун нулимс нь урсав.
-Бүү уйл. Хасар чи хүүхэд байхын нулимс хурдантайсан. Одоо тавь шахаж эр болсон ч хэвээр шив дээ гэж эх нь ихэд голжээ. -Одоо явж үз. Одоо Тулуйн хөвүүн Хубилайг дууд. Тэр золигт хэлэх үг байна. Намайг үхмэгц хэнд ч бүү мэдэгд гэж Бөртэд хэл. Тэгээд миний хэлснээр хийнэ шүү. Би чамайг Тэнгэрээс харж байна. Миний хэлснээр эс хийвэл би уурлаж дахин эргэж төрөхгүй одно шүү. Чи яг ёсоор хийвэл би гуч хөвүүн Хубилайд хүү болж төрөх юм шүү. Чи хичээгээрэй… -За… Эхийгээ үхнэ чинээ санаагүй Хасар эргэж ч харсангүй гарч явахад Өүлэн
-Нялх юм даа гэж өрөвдөн бодож хэвтэв. Тэр гэр дотрохоо тойруулан харав.

Далан жил хэрэглэж эдэлсэн гэр бараа хувцас тавилга нь одоо Өүлэнд огт танигдахгүй, хүнийх мэт харагдав.Өүлэний сүнс удахгүй биеэс ангижирч эхлэхийн дохио энэ юм. Одоо түүнд хоргодох юмгүй болжээ. Хүсч байснаар Хасар дүүгээ явуулсан Тэмүжин хөвүүндээ бас дахиад баярлах ёстой юм. Үнэхээр тэнгэр шиг ухаантай хөвүүн төрүүлсэндээ Өүлэн бахархаж байлаа.

Тэмүжин хөвүүн нь хаадын хаан болжээ.
Одоо Өүлэнд үхэх л үлдэв. Хасарт ч санаа нь зовсонгүй “Чингис хаан юу гэж соёрхоно түүгээр л болох биз. Өүлэн би ч Чингис хааны зарлигийг дагах ёстой билээ” гэж бодоход сэтгэл цэлмэн гийжээ. Үлдэж буй хүмүүс хагацаж буй ертөнц бүгдээр Чингис хааны зарлигийн дор орших ёстойг үхэхийн өмнөх их гэгээрэл Өүлэнд мэдрүүлжээ.

Удалгүй гэрэл цацарсан харцтай Хубилай гүйн орж ирэв. Хубилай бол Өүлэний хамгийн хайртай гуч хөвүүн юм. Дөрвөн настай Хубилай хүү хожим Чингис хаан өвгөөсөө илүү алдар цуутай их хаан болно гэдгийг Өүлэн совингоороо мэдэрдэг байв. Тийм ч учраас хожим Хубилайд хөвүүн болон төрж хойд насандаа их хаан суух хүсэл Өүлэнд байсан билээ.
-Нааш ир миний хүү… Өндөр эмгийн дэрэн доогуураасаа гаргаж үзүүлсэн тоглоом их сонин ажээ.
- Өндөр эмэг нь өөх идмээр болоод залгиж чаддаггүй. Эмгийнхээ хоолойд энэ өөхийг сайн чихээд өг гэж Өүлэн үе сүүл, мөлжсөн шагайт шаант гаргаж ирэв. Эмэг эхдээ өөх идүүлэх шиг сайхан үйл байхгүй гэдгийг балчир Хубилай сайн ойлгов. Тийм учраас өндөр эмгийнхээ хоолой руу үе сүүлийг чихэж араас нь шаант чөмгөөр гудчин бүр сайтар оруулж өгчээ. Эмэг нь эхлээд түүнийг дэмжин хамжиж байснаа өөхөө далд ормогц удалгүй унтаад өгөхөд хичнээн татаж дуудавч сэрсэнгүйд сая гарч гүйжээ.
- Би өндөр эмэгт өөх идүүлээд унтуулчихлаа гэж балчир Хубилай баясан хашгирсанд сая л Хасар учрыг олж гэрт орвол нэгэнт оройтжээ. Үе сүүлэнд хахаж үхсэн эх нь хүссэнээ хийсэн дүртэй амгалан нойрсчээ. Хасар уйлсан ч үгүй. Хашгирч хүн дуудсан ч үгүй. Ширдгэн дээр унасан шаантны ясыг авч өвөрт нь хийв. Тэгээд эхийнхээ хоёр гарыг засч элгэн дээр нь байрлуулаад дэргэд нь суугаад гашуунаар мэгшин уйлжээ.

Өүлэн эх нь ямар их тэвчээр зоригтой хүн байсныг Хасар сая л нэг үзэж мэдэх шиг болов.

Хамгийн хайртай ачийнхаа гарт хахаж үхдэг нь монголчуудад бүр Хүннү гүрний үеэс уламжилж ирсэн ёс юм. Хамгийн их буянтай хүнд л ингэж үхэх хувь тохиодог билээ. Өүлэн эх нь Хубилай хөвүүндээ хүү болон эргэж төрөхийн тулд амиа Хубилайн гарт өгчээ.Хасар ч гэсэн Өүлэн эхийгээ эргэн төрөөсэй гэж чин үнэнээсээ хүсч байв. Өүлэн эхийн үхсэнийг Бөртөөс өөр хэн ч мэдсэнгүй. Өүлэн эхийнхээ сүүлчийн их хүслийг биелүүлэхээр сүнс зайлж, цогцос нь хөрсөн хойно Хасар эхийн шарилыг дүүрч Бурхан Халдуныг зорьжээ. Тэр эхийнхээ хөрсөн цогцосыг элгэндээ тэврээд ингэж цор ганцаар нутаглуулна чинээ санаагүй билээ. Халуун цусаа хөртөл, хатан биеэ элтэл зүтгэсэн эхийнхээ сүүлчийн захиас зарлигийг зөрчиж, өөрийн дураар аашлах зориг хүсэл Хасарт байсангүй. Бөртэ ч үг хэлсэнгүй. Хүн төрлийг дахин олж Хубилайд хүү болон төрөх эхийн хүслийг хүндэтгэж байв. Бас эргэн төрөөсэй гэж хүсч байсан тул эхийнхээ сүүлчийн хүслийг яг өөрийнх нь хэлснээр гүйцэлдүүлэв.

Эхийн хэлсэн өнөөх газар хүртэл тэр маргааш нь өдөржин шөнөжин явж өглөө нар туссан хойно арайхийн барааг нь харжээ.Үнэхээр Бурхан Халдуны баруун суганы хойшоо харсан аманд дэлгэр устай булгийн тархинд тэмдэгт газар байх ажээ. Хэн нэгэн хүн булгийн усанд хаалт хийж ёроолыг хэсэг газар ил гаргасны тэнд нүх ухжээ. Мөнхийн нар тусдаггүй энэ амны булгийн усан доорх газар зуны цагт ч мөс адил хөлдүү ажээ.Турь муутай гараар арай ядан хонхойлсныг үзвэл эх нь ухсан биз ээ. Эхийнхээ санааг тэр ойлгов. Эх булгийн усан доорх мөнх хөлдүү нүхэнд үүрд хэвтэхээр шийдэж энэ газрыг сонгожээ. Эхийн шарилыг нүхэнд хийж булаад усны хаалтыг зайлуулахад булгийн ус газрыг бүрхэн хуучин голдиролоор дүүрэн урсаж, мөнхөд жирвэлзэх усны дор хэн ч үзэхгүй газарт Өүлэн эх нь шингэн алга болжээ. Булгийн усны дэргэд суугаад сая л нэг ичиж нэрэлхэх юмгүй хавийн уул модыг цуурайттал хэнгэнүүлэн уйлав.

Хасарын уйлах нь хад нурж хайлаас булгарахтай адил болоод хавийн амьтан гөрөөс бүгд үргэн зайлжээ.Хасар эхийгээ орхин явж чадахгүй шөнө болгов. Харин өглөө нь гал түлж цай буцалган дээжийг нь модон аягандаа хийж эхдээ өргөөд мордов. Өүлэн эхтэйгээ цайгаа хувааж уусан сүүлчийн тохиол энэ болов. Хасар сэтгэлийн дотрох хагацлын гунигаа дарж эргэж харахгүйгээр морио гуядан давхижээ. Эхийнхээ сүнсийг дагахаас тэр ингэж болгоомжилсон юм. Эс тэгвэл Өүлэн эхийн сүнс Хасарыг даган түүний очсон газар бүрт тэнүүчлэн зовох билээ. Эхийнхээ сүнсийг Тэнгэртээ түргэхэн шиг залраасай гэж Хасар хүсэх тул Бурхан халдун уулын бараа тасартал морины ам татахгүй давхив.

Өүлэний сүнс Хасарыг даган хэсэг ниссэнээ хүүгээ эргэж ч харсангүйд тайвшраад буцсаныг харин Хасар мэдсэнгүй.
Хасар ганц удаа эргэн харсан бол Өүлэний сүнс хүүгээ өрөвдөн үүрд газар дээр үлдэх байв. Ингэвэл хэн хэн нь амар тайван амьдралыг үзэхгүй билээ. Энэ учрыг монголчууд мэдэх тул үхэгсдийг нутаглуулаад буцахдаа үхээрийн газар руу эргэн хардаггүй бөгөөд ирсэн замаа буруулан явж хариад тэр өдөртөө буурь сэлгэн нүүх бөлгөө.

Ингэж дагасан сүнсийг төөрүүлж орхих тул харин төөрч будилсан сүнс аргаа бараад Тэнгэртээ эгнэгт одох ажээ. Тэнгэрт одсон үй түмэн сүнснүүд дундаас тун цөөхөнд нь аз тохиож эргэж хүмүүн заяанд төрдөг билээ.Харин эргэж төрөх нь хүний хүсэл зоригийн хэрэг биш ганцхан Мөнх Тэнгэрийн соёрхол болохыг хэн ч үл мэднэ. Маргааш нь Хасар юу ч болоогүй мэт гэртээ буцаж очоод тэр шөнөдөө үүр хагаслан Алтан улсыг зорив

.Борогчин сурсан зангаар юу ч асуусангүй дуугүйхэн цацлаа өргөсөөр үдэв. Хасарыг явснаас хойш Бөртэ, Өүлэний гэрт яг хуучин тогтсон цагтаа хоол ундыг нь зөөж оруулж явахыг бүгд харсан билээ. Ингэж Өүлэн эх өөрийн хүслээр байгаа ч юм шиг, бас байхгүй ч юм шиг болжээ. Өүлэн эхийн үхсэн нь Хасарын сэтгэлийг дэмий хүлээснээс чөлөөлж тэр омголон зориг бадрангуй болсноо замд гармагцаа мэдэрлээ. Одоо түүнд Алтан улсын хот балгасыг эзлэн авах эцэсгүй их хүсэл оргилж шувуу мэт нисч явлаа. Тэр одоо арван хэд хоногийн өмнө энэ их замаар Хэрлэнг зорьсон Хасар биш болсон байв. Сүүлийн арав хоногийн дотор түүний үзсэн хоёр үхэл Хасарын сэтгэл, ухааныг бүрнээ өөрчлөн хувиргав. Морины давхил дунд бодол нь ундарч шинэ шинэ санаа, ухаарал хойно хойноосоо төрсөөр ажээ. Үүнээс өмнө Хасар зөвхөн өөрийн нэр төр, сайн сайхныг бодож явжээ. Гэтэл хүн юуны төлөө зүтгэж амьдарч үхдэгийг тэр үзэж мэдэв.

Өүлэн эх нь зөвхөн үр хүүхэд тэднийхээ төлөө эцсээ хүртэл бодсоор зүтгэсээр үхэв. Голоос хайртай Хуаржин хатан нь өөрийн хүслээр олсон татаар үрийнхээ төлөө түүний гарт амиа алдав. Ингэж Хасар өөрийнхөө хар биений нэр төр,өмсөх зүүх,өмчлөх эдлэхийн төлөө амьдрах биш, ард үлдэх Егү, Есөнхэй хөвүүдийнхээ төлөө амьсгаа хураатал, амиа тасартал зүтгэх учиртайг сая л нэг голдоо ортол ухаарч авчээ.

Ингэж бодоход түүнд Тэмүжиний их нэр сүр юу ч биш мэт санагдана.
Хэрэв Хасар дорой ядуу, дор суудалтай явбал хэн түүний хөвүүдийг хүн гэж үзнэ. Хэн тэдний үгийг тоож сонсож,тонгойж дээш суулгах вэ.Хасарыг үгүй болвол Тэмүжин болоод түүний үр сад Егү, Есөнхэй хоёр хөвүүнийг нь боол зарц мэт, босгоны шороо мэт үзэх нь ойлгогдов.

Тэр жил хэрэв Өүлэн эх нь амжиж ирээд уурлаж хилэгнэн ухаант үг хэлээгүй бол Хасар Тэмүжиний гарт үхэх байсан юм. Тэгэхэд Тэмүжиний харц ямар аймшигтай байсныг Хасар олон хоног мартаж чадаагүй билээ. Тэмүжин Бэгтэрийг алахдаа яг тэгэж хорсол дүүрэн ширтэж байжээ. Хасар тэр шөнө Түмүхэй хатныхаа өргөөнд хонож байхад энэ явдал болжээ. Тэмүжинг арай ч ингэж хартан дайсан шиг харанхуй шөнөөр гэтэн ирнэ чинээ санаагүйсэн. Энэ санаандгүй явдал Хасарт ухааран бодох, уужуу сэтгэх зав өгсөнгүй.Тэмүжин түүнийг хашраан залхаахаар биш алахаар ирсэн нь илт байв. Хасар учрыг олж хужрыг тунгаая гэж бодсон ч үгүй амиа амиар солих галзуу хүсэлд хормын дотор автжээ.
-Тэмүжин чи.Гар хоосон хүнийг алдаггүй билүү.Боорчи чи сэлмээ өг. Би үзэлцээд үхье. Та нар бүгдээрээ надтай тулалдаггтүн. Тэгвэл би өөрийгөө тулалдаанд үхэв гэж тооцъё гэж Хасар газар доргитол бархирч арван хүнд дийлдэхгүй тал тал тийш авч шидэлж байжээ.Хасарын ингэж гомдол хорсол дүүрэн хашгирахыг сонсоод Тэмүжин арайхийн биеэ барьж зугатаачихалгүй шиг тэсч зогсжээ.

Хасарын ингэж галзууран хашгирч олон хүнтэй орилолдон ноцолдохыг сонирхож зогсоо мэт алмайрчээ. Хасарыг хүрээнээс нь сэм авч гарч чадсангүй төдөлгүй Хасарын албат цэргүүд бүчин иржээ. Тэд эзнээ хамгаалан дайран ороход бэлэн сэлмээ сугалан ирсэн ч Тэмүжинг үзээд гайхан зог тусжээ .Яг энэ үед байдал Тэмүжинд аюултайгаар эргэлээ. Тэмүжинг Боорчи аравхан цэргийн хамт дагаж иржээ. Одоо Хасар ганц үг хэлэхэд л Тэмүжин амь алдах байв. Хасарын албат цэргүүд бүслэн ирсэн тул Боорчийн цэргүүд ч учраа олохоо байж алмайрчээ.

Ийм нам гүм удаан үргэлжлэх шиг болсон ч үнэндээ бол тэдний хөлөөр боссон тоос суунагласаар байжээ. Гэнэт алсаас хэн нэгэн “Тэмүжин”,”Тэмүжин” гэж хашгирах сонсдон агаарт үзэгдэж байсан үхлийн аюулыг саринууллаа. Энэ бол Өүлэн эх байв.

Өүлэн эхэд бүгд хүндлэл үзүүлэн зам тавьж, цагаан тэмээ хөллөсөн хөнгөн сүйх олны дунд давхин орж ирэв. Өүлэн эх энгэр задгай хөл нүцгэн үхээрээс айсан мэт хувхай цагаан царайтай амьтан сүйхнээс ухаангүй унажээ. Гэвч тэр ухаантай байжээ. Унасан дороо өндийж Тэмүжиний зүг мөлхөн очиход Тэмүжин сандран эхийгээ өргөн босгожээ.

Өүлэн эх юу ч хэлсэнгүй гөлрөн зогссоноо Тэмүжинг алгадаад авав. Настай хүнээс гарамгүй их хүчээр алгадсан тул Тэмүжин арай л уналгүй хөл дээрээ тогтов.
-Тэмүжин чи сонс.Урьд чи эцэг нэгтэй ах Бэгтэрийгээ алсан.Одоо чи эцэг нэгтэй эх цугтай дүүгээ хөнөөх чинь дутав уу гэж Өүлэн хашгираад энгэрээ ярж
-Хар чи.Та нарын хөхөж өссөн хөх энэ байна. Би чамд дутуу хөхүүлэв үү. Дундуур хооллов уу. Хасарыг би ихэд үзэж илүү хөхүүлэв үү. Та нарт алалдах дайсан дутав уу. Агаар тэнгэр багадав уу. Амьтны шившиг, амны зугаа биш үү. Халуун бүл дотроо хамт амьдарч чадахгүй чамайг хэн хаан гэнэ гэж нүүрийг нь улалзтал, нүдийг нь гөлөлзтөл хэлсэнд Тэмүжин таг дуугүй эргэн явжээ.

Харин Хасар тэр шөнөжингөө тайвширч чадсангүй тарчилжээ.
”Ах чинь чамайг яасан гэж алах билээ.Тэв тэнгэрийн хорт үгэнд автан ингэж түр зуур хилэгнэсэн биз.Хасар хөвүүн минь ахдаа муу юм бүү сана” гэж ухуулсаар байсанд Хасар өөрийн эрхгүй эхийн сайхан сэтгэлийг бодоод Тэмүжинд гомдож өс санахаа хүчээр больсон билээ.

Бас Тэв тэнгэрийг үхүүлсэн нь Тэмүжин үнэхээр түүнийг хөнөөх бодолгүй байсанд итгэхэд хүргэжээ.
Тэр үед эх нь аргаа барж ятган сэнхрүүлээгүй бол, Тэмүжин Тэв тэнгэрийг үхүүлээгүй бол Хасар амиа хамгаалан эсэргүүцэн босож цэрэглэн тулахаар шийдсэн байв.Тэмүжиний хүрээг довтлон сөнөөхөөр шийдэж үнэнч нөхдөө цуглуулан сэм бэлтгэж байтал бас л өнөөх Өүлэн эх нь зөнгөөрөө мэдээд хүрээд иржээ.

Эхийгээ яаж ч ятгасан одоо зорьсон санаснаас ухрахгүй гэж боджээ.Тэмүжинд өс санах шалтаг Хасарт мундахгүй олон байлаа.
Их монгол улсад мөхлийн аюул, үүрд үл тасрах цуст дайны хөнөөл ирснийг Өүлэн мэджээ.
Түүний төрүүлсэн хөвүүд нэгэнт алалдах нь тодорхой болж хэзээ ч үл тасрах өш хонзонгийн үр боловсорчээ. Өүлэн уйлж ятгасан ч Хасар түүний үгийг сонссонгүй.Харин Тэнгэрийн аврал болж Тэв тэнгэрийг үхүүлэв гэж Тэмүгэ ирж хэлсэн нь ашгүй Хасарыг тайвшруулжээ. Эхийгээ уйлахыг үзээд Хасар Тэмүжинг довтлохоо болихоор шийдээд байтал Тэмүгэ иржээ.

Ухаант Өүлэн эх нь Их монгол улсыг сүйрлээс аварсныг Хасар дотроо зөвшөөрч байсан ч харин одоо санахад эх нь ганцхан Тэмүжинг аварсан мэт санагдаад болсонгүй.Гэтэл Хасар хэн билээ. Адилхан л Есүхэйн хөвүүн биш үү. Хасарын ухаан санаа өөрчлөгдөж чөлөөлөгдөхийн хирээр улам л тодорсоор байгаа зоримог хортой бодлууд чухам түүнд юу авчирахыг тэр тааж мэдсэнгүй билээ. Эхийн сэтгэл, эцгийн их нэрийг бодож Тэмүжинд зөвхөн хавсарга болж явснаа тэр ойлгов. Одоо нэгэнт эх нь үгүй болсон тул тэр юунаас эмээж, хэнээс айх билээ.

Тэмүжиний итгэл өгч, их цэргийг удирдуулсан Боорчи, Сүбээдэй, Мухулай бүр Тэмүжиний идэр залуу хөвүүд Зүчи, Цагадай, Өгөдэй,Тулуй нараас Хасар юугаар дутаж, юунд гацах билээ. Энэ мэт зөрүүд бодол Цагаан хэрмийг давж, Чингис хааны хээрийн өргөөнд очих хүртэл салсангүй. Ер нь Хасар нэг юм санавал хэлж байж, хийж байж сая санаа нь амарч унтдаг зантай тул Тэмүжинд хэлэх үг хоолойд торж, хэлний үзүүрт булталзаж явлаа.Санаснаа дуустал хэлж, чаддагаа бүрдтэл хийе гэж хатуу шийдсэн байв.

Гэвч бүх зүйл дахиад л Хасарын санаснаар болсонгүй.

Эхийнээ үхлийн тухай сонсоод Тэмүжин тэгэж ихээр эмэгнэн гашуудна чинээ санаагүй тул Хасар хэрүүл уруулын үг хэлэхтэй манатай болжээ.


Top
   
PostPosted: Sep.04.11 10:48 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Хасарыг уяан дээр буугаад эргэхэд л Тэмүжин яг дутуу сүхдүүлсэн үхэр шиг болж үдшийн турш үг хэлж өндийж зогсож чадсангүй.Шөнө болж од түгтэл Тэмүжиний өргөөнд нам гүм байлаа.Гал ширтэн гөлөрч суух Тэмүжинг хараад Хасар ч юу ч хэлж чадсангүй.

Гэнэт Тэмүжин ухасхийн гарахад Хасар дагав. Тэмүжин, Хасар хоёрыг чив чимээгүй мордон Дайду балгасын өмнөх Дэрэд уулын оройд гарахад торгон цэрэг уулыг хоёр давхар бүслэн хамгаалж зогсчээ. Холгүй уулын бэлд Алтан хааны суугаа Жүндү балгас сүүдэртэн үзэгдэнэ. Одоо тэр Жүндү балгасын арын замыг Архай Хасарын тэргүүлсэн таван мянган шилдэг морьт цэрэг бүслэн хаажээ.

Харин Жүндү балгасанд хамгийн ойр очоод байсан Хасарын цэргийг Тэмүжиний зарлигаар хойш татсаныг Хасар мэдээгүй байлаа.

-Хэд хоногийн өмнө ижий минь зүүдэнд орсон юм. Би ижийгээ ер зүүдэлдэггүй байлаа гэж Тэмүжин гүн харуусалтай шивнэв.

Энэ бол Хасарын ирснээс хойш бүтэн үдшийн турш Тэмүжиний анхлан хэлсэн үг байв. Чухам юу гэж зүүдэлснийг Хасар асуусангүй. Тэмүжин ч дэлгэрүүлж ярьсангүй. Хэл нь татсан мэт таг чимээгүй суусан Тэмүжин ам ангайж хэдэн үг хэлсэнд Хасарын сэтгэл жаахан онгойж
-Би ижийг хэлсэн ёсоор усны ёроолд оршуулав.Ижий тэр газрыг өөрөө олж бас өөрөө нүхээ ухжээ. Би бүгдийг ижийн хэлснээр хийв. Ижийн үхлийг хэн ч харсангүй,хэн ч сонссонгүй.Ижий тэгэж хүссэн билээ гэж шивэгнэв.
-Ижий минь энэ бүгдийг яаж бодож олов. Хасар чи зөв хийжээ. Би ч байсан бол яг ингэж хийх байлаа. Ижий минь чи бидний сэтгэлд үлджээ. Одоо лав Есүхэй эцэгтэй уулзаа биз. Эцэг эх хоёр минь бидний сайн явааг лав харж байгаа гээд Тэмүжин сөхрөн сууж тэнгэрт гараа сунган мөргөхөд Хасар хачин их уярав.

Бүр нулимс цийлэгнүүлжээ. Тиймээ, тэд эцэг эхээ баярлуулж яваа нь гарцаагүй.
Тэдний их цэргийн өмнө Алтан улсын Жүндүгээс бусад бараг бүх хот балгас эзлэгдэв. Алтан улсын хаан Юнжи бууж өгье гэхдээ хөвүүнээ зуун нөхдийн хамт бэлэг болгон илгээсэн байв. Үүнээс илүү их ялалт гэж хаана байна. Бас Уйгар, Тангуд, Харлагийн улсууд дагаар оржээ.

Тэмүжин босож Хасарын өөдөөс харж зогсоод
-Хасар чи ижийн хэлсэн үгийг нэгийг ч орхилгүй хэлэгтүн. Би ижийнхээ сэтгэлийг мэдэхийг хүснэ. Энд ижийн үгийг салхинаас өөр юу ч үл сонсоно.Би Өүлэн ижийнхээ эцсийн үгийг Тэнгэрийн зарлиг гэж дагана гэж шивнэв.

Тэмүжин юуны учир энэ уулын оройд гарч ирснийг Хасар сая л ойлгов. Тэр эхийнхээ сүүлчийн үгийг сонсох гэж хүсчээ. Тэгэхдээ гэрчтэй сонсохыг хүссэнгүй. Магадгүй эх нь сүүлийн мөчид зөвхөн Хасар тэр хоёрт хамаатай үг хэлснийг Тэмүжин таасан биз.

Нэгэнт ийм тул Хасар эхийнхээ хэлснээс нэг ч үгийг засах буюу орхисонгүй. Бүр “Амь чинь ахын чинь гарт буй” гэдгийг ч дуустал хэлжээ. Тэмүжин үг дуугүй удаан зогсов.Тас аньсан нүдний нь зовхин дороос өнчин ганц сувд шиг ширхэг нулимс бөмбөрөн их сахалд хүрч тогтохыг Хасар сарны гэрэлд харж байлаа.

Уйлахгүй гэхдээ Тэмүжин асар их тэвчээр гарган биеэ барьж байгаа нь илт мэдрэгдэнэ.
Бусдын өмнө нулимс урсган сул дорой байдал үзүүлэхгүйн тулд энэ эзгүй ууланд ирсэн ажээ.Харвал Тэмүжин сэтгэлийн дотор асгаруулан уйлж байх шиг Хасарт санагдахад “Ижийтэйгээ уулзаж чадаагүй шүү дээ” гэж өрөвдөн боджээ.

Удалгүй Тэмүжин тайвшрав.
-Хасар. Чи миний нулимсыг дахиж үзэхгүй биз гэж Тэмүжин дотно сайхнаар инээмсэглэв. Хүний нутгийн хүйтэн тэнгэр дор ах дүү хоёр гунигт автан явлаа.Үнэхээр гүн хар тэнгэрийн өрхнөөс Өүлэний сүнс хөвүүдийнхээ ярилцахыг харж байлаа. Буцах замдаа Тэмүжин гэнэт морины амыг татан зогсоод
–Хасар чи чин үнэнээр хэлээч. Би ижийгээ их зовоосон уу гэж гэнэт тулган асуув. Хасар энэ асуултад яг юу гэж хариулахаа олсонгүй хэсэг дуугүй болжээ.
- Ижий маань зовсон гэж нэг ч үг дуугарсангүй гэвэл Тэмүжин дуугүй хэсэг явснаа
-Ижий минь зовсон ч зовов гэж хэлэхгүй хатуу бэрх сэтгэлтэй хүн л дээ гэж бодол болон шивнэхийг үзвэл өтөл эхээ өрөвдөхдөө харуусан гашуудаж, өөрийгөө зэмлэж байгаа нь илт байв.

Замын бяцхан толгойн оройд тэд хэсэг саатав. Хөндий дүүрэн их цэрэг хуарагнан бууж их гэрэл дүрэлзэнэ. Энд даруй олзны цэрэгтэй нийлээд гучин түмэн цэрэг лав буй ажээ.
-Хасар аа. Би их цэргээ татаж Алтан улсын хааны найрамдахаар гуйсныг зөвшөөрөхөөр шийдлээ. Гэвч би чамайг ямар үг хэлснийг санаж байна гэж Тэмүжин гэнэт огт өөр зүйл хэлэхийг үзвэл эхийн төлөө шаналсан нь худал мэт тэр дороо дүр нь хувиран өөрчлөгджээ.

- Одоо бид энэ эрчээр Жүндү балгасыг эзэлбэл зохино. Алтан хааны зугатаж очсон Бянжинг ч эзлэн авъя. Алтан улсад амсхийх зай өгч одоо найрамдвал өвөг дээдсийн сүнс биднийг лав таашаахгүй. Алтан улсыг дагуулан авах цэргийг надад өг гэж Хасар эрс хатуу хэлжээ..

-Хасар чи түр хүлээ.Би өөрийг бодож байна.Алтан хааны орогнон суугаа Бянжин боомтыг эзлэхэд тийм хялбар биш. Миний цэрэг ялсаар ядарч байна. Цэргүүдэд олзондоо сэтгэл ханан бахархах цаг хэрэгтэй байна.Энэ хүртэл тэмцэж эрүүл биеэ зовоосон тэдэнд ялалтаа амтархан хүлхэх боломж олгоё. Дараагийн дайнд тэд улам ч эрч хүчтэй, шунаглан орох болно.Алтан хаан үлдсэн цөөн балгасаа сахин хамгаалж тэндээ түгжигдэн сууж байг. Үүний муу гэж үгүй. Алтан хаан хүссэн хүсээгүй энэ Жүндүг надад өгөх болно. Гуйлгаж авбал амттай бусуу. Харин би чамд зүүн гарын цэргийг өгье. Чи далайн эргийг хижин явж Алтан улсын Бухуна их боомтыг дайлан авагтүн.

Түүний өмнө Алтан улсын хойт нийслэл Бэйгин балгасыг дайлагтүн.Тэгээд цааш байлдан эзлэмээр байвал хүссэнээр явагтүн. Дагаж элссэнийг бүү түйвээ. Хэдий татвар авахыг чи мэд. Би эндээс буцна. Чи өөрийн хүслээр явж хятад газрын зүүн хойно үлдсэн бүх нутаг, хот балгасыг эзлэн аваад их ордондоо буцаж ир.Бид чамайг хүлээж сууя.

Хасарын царай гийж,Тэмүжиний энэ үгийг сэтгэл догдлон талархан хүлээн аваад тэсэлгүй ихээмсэглэв. Тэмүжинд хэлнэ гэж замдаа цээжилж ирсэн бүх үгс хормын дотор хийсэн мартагдав. Энэ бол Тэмүжин Алтан улсын зүүн хойт нутгийг Хасарт найр тавин өгсөн хэрэг байв.

Хасарын эхийнхээ толгойг түшсэний шан, бас Тэмүжин Өүлэн эхийнхээ эцсийн үгийг ухаарч ойлгосны баталгаа энэ юм.
Ийм зарлиг буулгаснаар юутай ч Тэмүжин дүү Хасарын өмнө буруутайгаа хүлээж мөн энэ буруугаа цайруулах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэмүжинд үүнээс өөрөөр буруугаа гэмших арга олдсонгүй. Тэмүжиний энэ цаад далд санааг Хасар шууд ойлгон баярлав.
Тэмүжин Хасарт хэзээ ч ингэж өгөөмөр загнаж байсангүй.
Зүүн хойт Хятадыг өөрийн дураар эзлэхийг зөвшөөрсөн нь Хасар болоод түүний хөвүүдийн гавьяа зүтгэлийг үнэлсэн хэрэг байлаа. Алтан улсын эзлэгдсэн нутгийг хөвүүдийн хамт эзэмшин суухыг Тэмүжинээс шаардахаар Хасар сая ирэх замдаа хатуу шийдсэн байв. Гэтэл түүний энэ санааг Тэмүжин гайхалтай таажээ.

Хасар туйлын баяртай болж бүр тэсэлгүй тэр шөнөө ойр байсан өөрийн хүрээ рүү давхижээ.Ийм баярт мэдээг Егү,Есөнхэй хоёртоо дуулгах гэхээс тэр байж яджээ.

Харин Тэмүжин өөрийгөө Хасарт өртэй гэж үнэн сэтгэлээс бодсон билээ. Тэгэж бодсон учраас гурван хөвүүнээ цэрэг захируулан мордуулахаар шийдсэнээс ухарч зүүн хойт Хятадыг Хасарт найр тавин өгчээ. Хасарын амь насыг Тэмүжинд даатгаж түүнийг хэзээ үхүүлэхийг Чингис хааны хүсэл зориг мэдэх хэрэг гэсэн нь Өүлэн эхийн сүүлчийн гэрээс юм. Энэ бол одоо Хасарыг үхүүлэв гээд Өүлэн эх нь хэзээч Тэмүжинг зэмлэхгүй гэсэн үг байв. Ингэж үзсэнээс Тэмүжин Хасарт ийн өгөөмөр загнасан билээ. Үүнээс өөр зөв зам Тэмүжинд байсангүй.

Өүлэн эхийн үхэл Тэмүжин болоод Хасарын сэтгэлийн дотор гүн өөрчлөлт гаргажээ. Эхийн бие сэтгэлийн хүчээр гагнагдаж байсан ах дүүгийн холбоо харилцаа тасрах аюул илэрхий болохыг Тэмүжин ойлгож байв. Сэтгэл нь хямарсан Хасар яаж ч аашилж мэдэх тул бууж өгөх нь ганц зөв зам юм. Мөн Хэрлэний эрэгт байх Хасарын хүрээнд болсон Хуаржины үхлийн тухай мэдээг Бөртэ тэр дор нь Тэмүжинд илгээсэн билээ. Эхийн болоод Хуаржины үхэлд Хасар их цочирдож хямарсан нь түүний хэлэх үг, хөдлөх байдлаас илт харагдаж байлаа.

Яг ийи үед Тэмүжин Хасарын аяыг дагаж, түүнд найр тавин бусдаас дээгүүрт үзсэн нь үнэндээ Хасарын хэлье гэснийг хааж, хийе гэснийг зогсоосон цагаа олсон гарцаагүй зөв шийдвэр юм. Хятадын зүүн хойт нутгийн хотууд тэртэй тэргүй эсэргүүцэн тэмцэх хүчгүй, Алтан хааны их ялагдлын дуулианд дагаж орох нь гарцаагүй. Хасарыг ингэж өргөмжлөн явуулж гэмээ нь Өүлэн эхийн сэтгэл амирлан баясна гэж Тэмүжин итгэжээ.


Last edited by saiba_ryo on Sep.04.11 10:55 pm, edited 1 time in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 179 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited