#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.19.18 1:55 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 179 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7
Author Message
PostPosted: Sep.30.11 10:04 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Яг энэ үед Боорчи Алтайн өвөр дэх хүрээнээсээ Чингис хааны хүрээнд ирсэн нь Тэнгэрийн таалснаар болов гэж Чингис хаан баярлажээ.

Хэрэг явдал Чингис хааны санаснаар болж тэр өөрийн улсыг бутрах аюулаас сэргийлж Хасарыг хэл амгүй үхүүлж чадав.
Гэвч тусгаар улс байгуулах хүсэл ганц Хасарт байгаагүй нь лавтайг тэр таамаглажээ. Иймээс салж тусгаарлах гэсэн хэнийг ч болов эзэнт улсын эв нэгдэл, их зорилгынхоо дайсан гэж үзэж өршөөхгүй байхаар Чингис хаан эргэлт буцалтгүйгээр шийдэж хожим хойшид зарлиг болгон хэрэгжүүлэхээр тогтжээ. Энэ бол зөвхөн ганц түүний бодол биш шадрууд нь ч дэмждэг Их Монгол улсын төрийн бодлого болсон байлаа. Гэтэл ийм нууц чухал хэргийн амьд гэрч үлдсэнийг үзээд өнгөрсөн тэр эмзэг явдал эрхгүй санагдан Чингис хаан цочиж хирдхийсэн нь энэ юм.

Бас Зүчи түүний зарлигийг биелүүлэхгүй байсан нь ганц Хорезмд болсон хэрэг биш гэдэг нь тодорхой болсон бөгөөд энэ явдал түүнийг гунигт бодолд автуулжээ. Түүний үг, зарлигийг Тэнгэрийн зарлиг адил олон бүгдээр үг дуугүй биелүүлэн дагадаг гэж итгэж явсан нь худал болохыг үзээд цочирдон хилэгнэж Боорчийг дуудсан билээ. Зүчийн буруу үйлдлийг Боорчи үүрэх ёстой гэж Чингис хаан үзжээ. Чингис хааны ааш авир, аливаа мэдрэмж нэн хурц болсныг ажигласан Боорчи түүний хилэгнэхийг үг дуугүй хүлцэн сонсож байв. Тавин жил тохой салалгүй зүтгэсэн энэ хугацаанд Чингис хаан анх удаагаа Боорчид ийнхүү хилэгнэсэн учрыг ч Боорчи таамаглажээ. Бас Чингис хааны хартай, болгоомжтой занг шүүмжлэн гайхаж суув.
-Чи тэр боолыг дарай үхүүл. Харин Бат, Хасарын үхлийн талаар сэжиг авч мэдэх тул болгоомжтой байгтун гэж Чингис хаан жаахан тайвшраад хэлжээ.

Ерөөс Чингис хаан өөрийгөө буруутгахыг үл хүсэх тул аливаа явдлыг нууцлах зантай байсан нь насны эцэс ойртож өвгөрөх тусам гүнзгийрээд бүр сүүлдээ хардаж сэрдэх, хааж нууцлахын дон болон хувирчээ. Үүнийг Боорчи мэдэх тул түүний зарлигийг үг дуугүй хүлээн авав.

Боорчи тэр даруй Баттай уулзжээ. Бат Боорчийг эцгийнхээ адил нэн их хүндэтгэх тул асарт нь өөрийн биеэр морилон ирсэнд нь хөөрч баярласан билээ. Боорчийг очиход асрын үүдэнд өнөө үйлт Тату чөтгөр царайлан зогсож байв.

-Энэ Тату чамд тийм их үнэтэй хүн үү гэж Боорчи үгийн далимд асуув. Учир нь Татуг Батад өгсөн учрыг, бас Тату эцэг хүү хоёрт хэрхэн зүтгэж байсныг Боорчи мэдэх тул болгоомжилж байв.

Харин Бат, Боорчийн ийн сонирхсоныг огт өөрөөр тааварлаж эхлээд Мухулайн адил Татуг худалдан авахыг хүсч байна гэж ойлгожээ.
-Энэ Тату бол Зүчи эцгийн минь зүрх юм гэж хэлсэн Батын сүржин үгийг сонсоод Боорчи туйлын их гайхжээ.

Гэвч Чингис хааны зарлигийг зөрчих эрх байсангүй. Бас Татуг заавал үхүүлэх учиртайг ч Батад тайлбарлаж ойлгуулах арга олдсонгүй.
-Бат. Чи энэ боолоо нутаг руугаа даруй буцаа гэсэнд Бат их гайхжээ.

-Чингис хаан энэ боолын аймшигт царайг үзээд нүднээс нь далд оруулахыг надад тушаав. Чи одоо түүнийг явуул. Би Чингис хаанд нүднээс далд болгов гэж айлтгая гэж Боорчи шууд тулгав. Татуг үхүүлэх гэвэл түүн шиг хялбар зүйл үгүй ч ингэх хүсэл Боорчид огт төрсөнгүй нь гайхалтай. Тату шиг үнэнч боолыг олоход бэрх, бас түүнийг үхүүлэхийг Бат хэзээ ч үл зөвшөөрөхийг сая анзаарч мэдсэн тул түүнд үүнээс өөр арга олдсонгүй билээ. Харин Бат хэргийн учир зөвхөн Татугийн түлэнхий нүүрэнд ч биш, цаана нь огт өөр эмзэг шалтгаан байгааг ойлгожээ. Тийм биш бол Боорчи сайд ингэж өөрийн биеэр заларч ирэхгүй билээ. Боорчи яаж ч дүйвүүлээд түүний ийнхүү хүрч ирсний гол учир нь Тату болохыг Бат мэдэрч байсан ч асууж төвдсөнгүй.

Боорчийн хэлсэн ёсоор тэр даруй Татуг буцаав. Харин Боорчи Чингис хаанд
-Татуг нүднээс далд болгов гэж айлтгажээ. Харин Чингис хаан огт хариу хэлсэнгүй нь түүний хилэн дарагдаагүйг гэрчилнэ.

Загасан нүдэт Тату Тэнгэрийн авралд багтсан хүн болохоо дахин баталж гуравдах удаагаа ингэж үхлээс аврагдав.
Ургенчид галд шатан үхдэгийн даваан дээр Батын тушаалаар эвдсэн далангийн ус оволзон ирээд галыг унтраасан ч Тату сувгаар урсан холд хаягдсан билээ. Тал бие нь шатсан Татуг нутгийн гэмгүй түрэг иргэн олж асарч аварчээ. Тэр түрэг хүний оромжинд нэрээ бас хаанахын хэн гэгч болохоо санатлаа Тату жил гаран элий балай хэвтсэн билээ.


Top
   
PostPosted: Oct.03.11 12:46 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Татуг буцсаны дараа Бат, Сүбээдэй хоёр явах хүсэлтэй байгаагаа Чингис хаанд айлтгасан нь түүнийг бодолд оруулжээ.

Үнэхээр ч Бат, Сүбээдэй хоёр буцах хэрэгтэй нь тодорхой байв. Зүчийн улс эзгүй үлдээд даруй хэдэн сар болсон тул ингэхээс өөр аргагүй юм. Харин буцах тухай үгийг Сүбээдэй биш Бат хэлжээ. Чингис хаан Сүбээдэйг дуудан зөвлөлдөв.

Зүчийн улсыг хөвүүн Батад нь өвлүүлэн үлдээхийг Сүбээдэй зөвлөөд Батын тухай сайхан үг хэлж түүнийг улсаа авч явж чадахыг баталжээ. Бат тэгэхэд дөнгөж арван найман нас өнгөрч байсан билээ.

Сүбээдэйтэй ийнхүү зөвлөлдсөний хойно Чингис хаан эргэлзэх зүйлгүй болжээ. Бат ч үнэхээр яарч байв. Учир нь Чингис хааны зарлигийг дагаж Алтан ордноос мордох үед хайртай Герта хатан нь бие тулгар байсан бөгөөд одоо төрөх нь хэзээ мөдгүй болсон тул хөвүүн төрүүлээд байгаасай гэж ихэд хүсч байлаа. Чингис хаан Батыг буцахаар шийдсэнийг сайшаасан агаад харин энэ тохиолдолыг ашиглан сүүлийн сард бодож тогтсон нэгэн хэргийг гүйцэлдүүлэхээр шийдэв. Энэ бол өнөө хэр эзлэн нэгтгэсэн их улсаа хөвүүддээ хуваан эзэмшүүлэх явдал байв.

Тэдний эзэмшин суух нутаг орныг өөрийн зарлигаар шийдэн бататгаж хуваан өгөх нь хожим хойшид өөр хоорондоо хомголзон хэрүүл зарга үүсгэх, эвдрэн булаалдах муу үйлийн үндсийг нэг мөр үгүй болгоно гэж тэр итгэх болжээ. Нэгэнт болох үйлээс тойрч гарах аргагүй гэдгийг ч ойлгожээ. Биеийн байдлаа бодвол ерөөс хөвүүдтэйгээ, тэр дундаа Баттай дахин уулзаж учиртай үгийг хэлэлцэх боломжгүй болохыг гэрчилж байсан нь бас ингэж шийдэхэд нөлөөлжээ. Чингис хаан ийн шийдэхийн өмнө олон талаас нь шигшин бодож шинжин үзээд өөрийн шийдвэрийн зөв бурууг нягталсан билээ. Шадар нөхөд нь бүгд нэгэн дуугаар сайшаав. Өөрөө мэрэглэн үзвэл таатай сайхан төлөг буужээ .Бас урьд шөнө зүүдээ манаж хоновол Өүлэн эх нь залуу үзэсгэлэнтэй дүрээрээ Есүхэй эцгийг нь их аянаас ирэхэд уяан дээрээ угтан тосож байна гэж зүүдлээд бүр ч баясан итгэжээ.Тэр эцэг эх хоёроо хамт байгаагаар огт зүүдлэж байгаагүй бөгөөд ингэж зүүдэлснээ түүний шийдвэрийг Өүлэн эх, Есүхэй эцэг нь талархан дэмжиж байгаа хэрэг гэж боджээ.

Өглөө нь Люньаньшань ууланд үүл хуралдаж солонго татсан байлаа.
Энэ бол Тэнгэр түүний шийдвэрийг сайшааж буйгийн дохио байсан тул нэгэнт эргэлзэх зүйлгүй болоод Цагадай, Өгөдэй,Тулуй хөвүүдээ Зүчийн хөвүүн Батын хамт дуудан ирүүлжээ. Өргөөнд тэд хүлээж байтал Чингис хаан орж ирэв.
Түүний хамт Боорчи Мухулай, Сүбээдэй, Шихихутуг бас нас балчир гэлгүй Тулуйн бага хөвүүн таван настай Аригбөх хүртэл алтан ургийн бүх ач хөвүүд орж ирсэнд тэд их гайхжээ. Тэдний араас өөр хэн ч орж ирсэнгүй.

-Сууцгаа гэж Чингис хаан тушаав. Гэвч хөвүүд нь хэрхэн суух учраа олж цөхжээ.
-Бат чи эцгийнхээ сууринд суу гэж Чингис хааны хэлсэн нь хэргийн учрыг тайлах шиг болжээ.
Батыг зүүн талд Өгөдэй авгынхаа дор суу хэмээн Шихихутаг урихад өнөөдөр ямар нэгэн чухал яриа болохыг энэ содон явдал батлав. Учир нь Батаас ахмад Цагадайн Есөнмөнх, Өгөдэйн Гүюг нас чацуу Тулуйн Мөнх, Өгөдэйн Годун гээд бусад ач хөвүүд зогсож хоцорчээ. Чингис хаан хоймрын сэнтийд залрахад түүний баруун талд Цагадай, Тулуй, зүүн талд Өгөдэй Бат хоёрыг суулгасан байлаа. Бүгдийг суусны хойно Чингис хаан үгээ хэлэв. Тэр олон үг нуршсангүй шууд л гол зүйлээ хэлнэ гэж шийджээ.

-Бөртэ эх чинь байсан бол ингээд бид халуун бүлээрээ цуглав. Миний одоо хэлэх үгийн гэрч болгон та нарыг хожим хойно мартаж цалгардах аваас сануулж яваг гэж би энд Боорчи, Мухулай, Сүбээдэй, Шихихутаг нарыг зориуд байлгаж байна.
Энэ дөрөв бол миний хэлснийг хэзээ ч мартаж, бас осолдож зөрчихгүй итгэлтэй нөхөд минь юм. Би эдгээр нөхдийнхөө өмнө та нарт зарлигаа буулгая. Бат хөвүүн нас бие гүйцэж,эр зориг, эрдэм чадал жигдрэн их цэргийг засаж, улсыг удирдах чадлаа харуулсан тул өнөөдрөөс эхлэн би түүнийг Зүчи эцгийнхээ сууринд сууж байхыг зарлиг болгож байна.

Энэ өдрөөс эхлэн Бат, Зүчийн эзэлсэн нутгийг үрийн үрд захиран суух болно. Үүнийг та нар сайтар мэдтүгэй.
Хаан миний нэр сүр ,цэргийн хүч их ч хүмүүний бие мөнх бус. Би энэ ертөнцийн таван өнгө, дөрвөн хэлийн дөчин улсыг нэгтгэн хураав. Зүүн зүгт Гуулин улс,баруун зүгт Энэтхэг, Инд мөрөн,Багдад,Кавказын уул,Каспийн тэнгис өнгөртөл умард зүгт Байгаль далай, Саяны уулыг өнгөртөл өмнө зүг Шар мөрнийг өнгөрч Хималайн уулсыг хүртэл өргөн их газар нутаг, үй олон улс иргэнийг нэгтгэх гэж халуун цусаа хөртөл хатан биеэ харьтал зүтгэсний учир юу вэ. Та нар юу гэж санана гэж Чингис хаан бахтай сайхан хэлээд дуугүй болов.

Хөвүүд, ач нарын хэн ч дуугарсангүй. Бүгд жижиг томгүй даруу төлөв сууж Чингис хааны үгийг шимтэн сонсч байлаа. Чингис хаан ч ямар нэгэн хариу хүлээгээгүй тул үгээ цааш үргэлжлүүлэв. Харин ганц Шихихутаг л Чингис хааны үг бүрийг хөх дэвтэртээ бичиж авах ажээ.

-Тиймээ. Та нар өөр өөрийнхөөрөө бодох биз. Гэвч та нар нарийн учрыг олохгүй.Энэ бол алтан ургийн хөвүүд та нарын төлөө юм.Миний хөвүүд, ач нар цаашид Чингис хааны алтан ургийн үр сад хэмээгдэн бүхэнд хүндлэгдэж нэртэй төртэй баян цатгалан амьдрахын тулд юм. Тэнгэрийн ивээлд орших газар орныг миний их нэрийн дор нэгтгэн амирлуулахын тулд юм.
Үүнийг та нар мартаж үл болно. Үр ачдаа захиж нэгэнт миний зарлиг сургаалаар хураасан улсын хил хязгаарыг өргөтгөн тэнгэрийн хаяа хүртэл дайлан явцгааж эзлэн нэгтгэгттүн. Үүний тулд би та нарыг цуглуулав. Миний хойно Өгөдэй хаан сууринд сууж бусад нь түүнд нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэлээ өгөгтүн. Цагадай, Алтайгаас Аму дарья мөрөн хүртэлх нутгийг авагтун. Өгөдэй Уйгар газар Ил мөрөн, Тарвагатайн уулсын хавийн нутгийг эзлэн суу.

Тулуй чи отгон хөвүүний ёсоор гурван голын Монгол нутгаа мэд. Харин Бат чи эцгийн оронд Саяны уулсаас Кавказын уулс хүртэлх газрыг авч тус тусдаа өргөтгөн явсугай. Та нарын эзлэн суусан нутгийг та нарын үр хүүхэд Есөнмөнх, Гүюг, Мөнх гээд ууган ач хөвүүд ахлан ач нар маань уламжлан эзэмшиж суух биз. Миний эзэлсэн нутаг өргөжин тэлж байвал миний сүнс сүлд бахархан баясах болно гэдгийг бүү март. Миний энэ гэрээсийг миний алтан ургийн үр удам үүрд даган мөрдөж байхыг би зарлиг болгож байна. Алтан ургийн хөвүүд дотроос эрх биш ухаантай гавшгай эрдэм төгс нэгийгээ шилж хаан сууринд өргөмжлөгтүн. Өргөмжилсөн бол түүнийхээ үг зарлигийг Тэнгэрийн зарлиг гэж даган биелүүлэгтүн. Ингэж чадвал Чингис хаан миний алтан ураг энэ газрыг мөнхөд захиран суух нь гарцаагүй. Миний энэ зарлигийг хөх дэвтэрт бичиглэн үрийн үрд, үеийн үед хүртэл дагаж мөрдөгтүн. Бас энэ зарлигийг чихээр сонссон бүгдийн нэрийг бичиж батлагтүн. Хожим үгээ мартаж миний зарлигийг зөрчсөн хүн гарваас энэ дэвтрийг үзүүлж үгийг нь мэдүүлж шударгаар яллагтүн. Энэ зарлигийг хэн хэрхэн дагаж мөрдөж буйг Боорчи болоод Шихихутагийн үр удам хянан явагтүн. Одоо их цэргээ засаж Алтан улс руу хөдөлгөхөд бэлдэгтүн.

Их цэргийг Өгөдэй захир. Цагадай баруун замын цэргийг, би Тулуйн хамт зүүн замын цэргийг удирдъя. Хөвүүдээ тус тусын цэрэгт хамт авч явцгаа гэж Чингис хаан зарлиг болов.

Чингис хаан Өүлэн эхийнхээ ярьсан Буянтай өвгөний домгийг үнэн болгож энэ газрыг өөрийн хөвүүддээ хуваан өгөв.
Өүлэн эх нь хичнээн холыг харж тэр домгийг ярьсныг Чингис хаан гайхан бишрээд барахгүй байлаа. Одоо түүний хөвүүд энэ газрыг өөрсдийн нэрээр нэрлүүлэн мөнхлөөсэй гэж хүсэж байв.

Дэмий яарч Зүчи хөвүүнээ хардан үйлийг нь барсандаа ихэд харамсжээ.


Last edited by saiba_ryo on Oct.03.11 1:06 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.03.11 12:51 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Хөвүүд нь эцгийнхээ адил их хаан суухыг хүсэх эрхтэйг бас ингэх ёстойг тэр даанч хожуу ухаарчээ.

Гэвч Чингис хааны нүүрэн дээр Монголчууд зөвхөн Орхон, Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ таван голын энгээр биш энэ хавтгай газрыг бүхлээр нь эзлэн суух болгосондоо бахархаж хожим хойно түүний тухай яг өнөө Буянтай өвгөний домог мэт үе дамжуулан хүүрнэнэ гэж итгэж байв. Ийнхүү бүх зүйл тодорхой болов.

Бат алтан ургийн дотор лавтай Тулуйн дараа зиндаалах эрхтэй болж их хааны ач хөвүүдийн манлайд суух нь гарцаагүй болжээ. Ингэж санаагүй байсан Батын сэтгэл ихэд хөдөлсөн ч ахмад хөвүүд биеэ барин дуугүй сууцгаав.

Өгөдэй, Цагадай хоёр хэн маань үг хэлэх вэ гэж түргэн зуур харц солилцоод нэгэнт ахмад хөвүүн тул Цагадай хариу хэлэхээр хоолой засч амжаагүй байтал энд байсан ач хөвүүдийн хамгийн балчир Аригбөх гэнэт
-Өвөг эцэг тэгээд хэзээ үхэх вэ гэж цангинуулан хашгирч бүгдийг цочоожээ. Дэргэд нь зогсож байсан Хубилай ах нь учрыг мэдэх болсны хувьд бушуухан амыг нь дараад авчээ. Гэсэн ч дураараа эрх танхи өссөн Аригбөх тийм амар бууж өгсөнгүй

-Үхэх гэж байгаа хүн чинь л ингэж ярьдаг биздээ гэж Хубилайн гарыг зайлуулан хашгирч амжжээ. Сандарсан Тулуй гараар дохисонд Хубилай, Хүлэгү хоёр эрх дэггүй дүүгээ суганаас нь өргөн гарчээ. Гэсэн ч Аригбөх

-Та нар өвөг эцгийн үхэх гэж байгааг мэдэхгүй байгаа юм уу. Тэгвэл өвөг эцэг үхэх гэж байгаа юм байна. Түүнийгээ та нараас нуугаад байна шүү дээ. Өвөг эцгийг битгий үхүүлээч дээ. Аав аа, та өвөг эцгийг битгий үхүүлээрэй. Би танд хэллээ шүү гэж хашгирсаар гарчээ. Аригбөхийн энэ санаадгүй ааш яг тэнгэр ниргэж аянга буусан мэт бүгдийг цочоож гэрт түгшүүртэй нам гүм боллоо. Аригбөх хүүхдийн зөн совингоор болох гэж буй аймшигт хэргийг мэдсэнээ нуулгүй хэлсэн нь энэ байв. Хэн нь ч юу гэж хэлэх арга учраа тэр дороо олсонгүй. Цагадай хэлэх гэж байсан үгээ мартжээ. Хөвүүд нь яаж сандран барьц алдахыг Чингис хаан харлаа.

Тэдний хэн нь ч түүний үхлийг төсөөлөхгүй, ямар ч бэлтгэлгүй байгааг ингэж санаандгүй мэдсэн нь Чингис хааныг хирдхийлгэжээ. Тэднийг хараад надаас хойш энэ хэд маань яана даа гэж бодох бүр зүрх нь шимширч тэдний энэ аргаа барсан байдлыг харсаар суух тэвчээр барагдан
–Хүүхдийн үгээр үг хийгээд яах вэ. Надад санаа зовох явдалгүй. Би үхэх болоод энэ үгийг хэлсэнгүй. Та нарын зорилгыг тод болгохын тулд хэллээ. Одоо явцгаа. Харин Бат чи үлд гэжээ. Бүгд дув дуугүй гарцгаав.

Өөрийнхөө үхлийн тухай ингэж гэнэт илэн далангүй сонсоод Чингис хаан ч тайвширч чадахгүй болжээ. Бат үлдээд өвөг эцгийнхээ буурал үст тэргүүн, үрчлээт нүүрийг өрөвдөж харамссан харцаар сэм ширтэн дуугүй хүлээн сууж байв.
Чингис хаан өвөг нь үхнэ гэж санахад Батад аймшигтай, ямар ч хамгаалалтгүй өнчрөн хоцрох мэт сэтгэгдэж байжээ. Чингис хаан эцэст нь хүчлэн биеэ барив. Түүний өмнө харих гэж яарсан залуу хөвүүн сууж байгааг тэр харж байлаа. Чингис хаан ч бас яарах хэрэгтэй болжээ. Нялх балчир Аригбөхийн хэлсэн үгс Тэнгэр түүнийг яаруулж байгаагийн дохио болжээ.

-Хөвүүн чи улаан бар өдрийн морин цагт Монгол нутгаа зорь. Нутагтаа бүү уд. Даруй өөрийн хүрээ рүү морд. Одоо чамайг хүн бүхэн Батхаан гэж нэрлэх болно. Чи энэ нэрийг батлан авч авах биз. Чамд эцгээс өвлөсөн ухаан чадал бий. Би чамд эргэлзэхгүй байна. Чамд хэлэх, хүсэх зүйл байвал эрээлэлгүй хэлэгтүн гэж Чингис хаан Батыг эгц ширтэж байгаад хэлэв.

Бат бол угаас хийморьтой, хар багын нүдэнд унаж бусдаасаа тодорсон хөвүүн билээ. Чингис хаан одоо түүнийг бахархан ширтэж байв. Бат баруун хөлөө өвдөглөн сууж
-Хаан эцгийн зарлигт баясан талархаж байна. Би таны их нэр сүрийг хэзээ ч хугалж унагахгүй авч явна гэдгээ тангараглая. Эцгийн хураасан улсын хилийг баруун зүгт тэлж гадаад их далайд хүргэхээ би Танд амлаж байна. Би хэнээс ч тус дэм авахыг үл хүснэ. Би өөрийн чадал ухаанд л итгэнэ гэж нүдээ гялалзуулан хэлэхдээ гэнэт Зүчи эцэгтэйгээ хачин адил харагдсанд Чингис хааны зүрх хөндүүрлэж дуу алдан ёолоод нам суужээ. Гэвч ухаан нь саруул байлаа.

Бат сандран дэргэд нь ойртов.
-Хөвүүн чи бүү сандар. Би зүгээр. Харин чиний үг намайг баярлуулж сэтгэл минь ханав. Хүн хамгийн түрүүнд өөртөө л итгэж найдах хэрэгтэй юм. Чамд өөрөөс чинь илүү үнэнч нөхөр, итгэлтэй туслагч хаанаас ч үл олдоно.
Чиний эцэг, миний ууган хөвүүн Зүчи арван хоёрхон настайдаа миний зарлигаар дайсны цэргийн хүрээнд амиараа дэнчин тавиад аймшиггүй очиж байлаа. Тэгэхэд эцэг чинь тэнд хэд хонохдоо ганц ч удаа дугхийж сэрэмж алдалгүй оргох мөчийг хүлээж байгаад дайсны хүрээнээс балчир дүүгээ аваад зайлан гарч чадсан юм.
Миний хөвүүн Зүчи үнэхээр гайхалтай гарамгай баатар байлаа.
Хөвүүн чи эцгээсээ илүү баатар болоорой гэж шивнэв.


Top
   
PostPosted: Oct.04.11 11:08 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Энэ үгэнд Бат урамшин
-Та надад итгэж болно. Би эцэг шигээ баатар болно. Харин эцэг шигээ эрт үхэхийг үл хүснэ гэж хэлжээ. Уг нь Бат ингэж хэлнэ гэж огт санаагүй тул санамсаргүй унагасан энэ үгэндээ өөрөө ч цочиж харамсжээ. Гэвч хэлсэн үгээ буцаан залгиж болдоггүйгээс хойш эцгийнхээ үхлийн нууцыг тээж цээжээ өвтгөн явснаа бүгдийг хэлье гэж гэнэт шийджээ.

Чингис хаан Батын үгэнд айхтар сүрхий эмзэглэж цочоогүй ч хар багадаа эцгээс өнчирсөн түүнийг ихэд өрөвджээ.
-Эцэг чинь идэр сайхан насандаа хүнд өвчинд нэрвэгдсэн дээ. Өвчинг юу ч үл дийлнэ гэж тэрээр аргадангүй хэлэв.

- Би эцгийгээ өвчнөөр үхсэнд хэзээ ч үл итгэнэ гэж Бат биеэ барьж дийлсэнгүй хоолой зангируулан шивнэв. Тэр дахин үг дуугарвал асгартал уйлахад бэлэн байлаа.
-Чи юуны учир ингэж хэлнэ вэ. Чи яаж ингэж хэлж зүрхэлнэ вэ гэж хэлэх зуураа Чингис хаан, Батын энэ үгэнд цочин зүүгээр хатгуулсан мэт болжээ. Бас эцгийнхээ үхэлд Бат түүнийг шууд буруутгаж байх шиг санагдаад гэнэт хилэн бадарчээ. Гэвч Батыг загнаж зандарч зүрхэлсэнгүй. Эцгээс хагацахын зовлонг өөрөө бас үзсэн тул Батыг ийм үед загнах нь арай хатуудна гэж бодоод тэвчин биеэ барив. Гэвч зүрх сэтгэл нь түгшин дотор нь түлэгдэх мэт хорсон өвдсөөр байлаа.

-Та надад бүү хилэгнэ. Би төрсөн хөвүүний хувьд эцгийнхээ үхлийн шалтгааныг олох гэж бодож болохгүй гэж үү.
Та Есүхэй өвгийг татаарт хорлогдоход над шиг ингэж гуниж шаналаагүй гэж үү. Та яг над шиг эцгээсээ цаг бусаар амь хагацсан бус уу. Та ахмад хөвүүн Зүчээ юунд өөрийн оронд хаан сууринд суулгахаар зарласангүй вэ. Тэгсэн мөрт та түүнийг гайхамшигтай баатар гэж бахдах нь юу вэ. Хаан сууринд суулгахгүйн тулд хорлосон бус уу. Танд тэгэж санагдахгүй байна гэж үү хэмээн Бат нэг л мэдэхэд аймшиггүйгээр хэлж орхижээ. Эцгийгээ гэнэт үхсэнээс хойш дотроо эргэлзэн шаналж зүрхээ шархлуулан бодож, дотроо хадгалж явсан үгээ ийнхүү нэгмөсөн хэлж санаа амрав. Одоо юу ч болбол болог. Үхвэл ч үхье гэж омогшин бодсон ч сэтгэл түгшжээ.

Гэвч хэлсэн үгэндээ харамсах мөч нэгэнт оройтжээ. Батын амь нас хутганы ирэн дээр байлаа. Одоо Чингис хаан юу гэж хэлэхээс л бүх зүйл шалтгаалах боллоо. Бат үүнийг гэнэт ухаарч даруй сэхээрээд дэмий үгнийхээ төлөө уучлал эрэхэд ч бэлэн байв. Тэр дэндүү түргэджээ. Чингис хааны зан аашийг сайн мэддэг эцэг нь ганц үүнээс л болгоомжлон ирж уулзахгүй байсныг мэдсээр байж ингэж хэлдэг ёроолгүй тэнэг амьтан гэж өөрийгөө хараавч оройтжээ. Хайртай Зүчи эцгийнхээ амиараа дэнчин тавин байж авч өгсөн улсыг алдаж ч мэдэх байдалд орсноо Бат ухаарав. Эцэг нь ямар нууц хадгалж, ямархан учир шалтгааны улмаас гэртээ хэвтсээр эцэс болсныг мэдэх ганц хүн бол Бат юм. Эцэг нь чухамдаа түүний төлөө амиа үрсэн байхад хүү нь хэрэг учрыг чанад ухааран өөртөө хадгалж, хазгай гишгэж илүүг хэлэх ёсгүй атал Бат өчүүхэн зүйлд сэтгэлээ тэвчин барьж чадсангүй алдав. Хэрэв эцгийнхээ өндийн босох ч чадалгүй мэт болж өвдсөн дүр эсгэн баашилсны цаад нууцыг Бат мэдэж байсныг Чингис хаан гэнэт ойлговол түүнийг урвагчийн адил үзнэ гэдгийг тэр гэнэт ухаарчээ.

Гэвч энэ нь залуу хөвүүний хожимдсон гэмшлээс өөр юу ч биш байлаа. Батын амьдралдаа үзсэн хамгийн аймшигт мөч эхлээд байгааг тэр зөнгөөрөө мэдэрч байв

Иймээс тэр Чингис хааны царайг харан хэлэх үгээ бодож зогсов. Харин Чингис хаан гэнэт дүрсхийн уурласангүй нь завшаан болж Бат жаахан ч гэсэн тайвширчээ.
-Бат чи юу ярина. Хаан ширээнд сууна гэдэг санаснаар болдог хэрэг биш. Баатар зориг, бардам зангаар хаан болдоггүй юм. Өгөдэй авга чинь өрөөлд элэгтэй, цэрэгтээ элбэрэлтэй, эрдэм чадал бусдаасаа илүү тул Тэнгэрт тоогджээ. Ганцхан Тэнгэрийн зарлигаар л хаан болдог жамтай. Бат чи мөн ийм байх аваас хожим их хаан болно. Чи зөвхөн өш гомдол өвөрлөсөн балчир сэтгэлийн улмаас л ингэж бодсон байна. Чамд хэцүү байгааг би сайн мэдэж байна. Эцгээс хагацах шиг эмгэнэл хаа ч үгүй. Та Есүхэй өвгийн өшөөг аваагүй гэж үү гэж чи надаас асуух байх.

Тиймээ. Есүхэй эцгийг минь заналтайгаар хорлосон татаар аймаг үгүй болсон. Үүнийг би эцгийгээ алуулсны өш хонзонгоор хийсэн юм биш. Татаарууд Тэнгэрт тэрсэлж бидний өвөг дээдсийг Алтан улсад барьж өгсний учир гэсгээгджээ.
Одоо Алтан улс ч үгүй болно. Бат хаан чи сонс. Чи одоо нэгэнт хаан болов. Хаан хүнд хэлэх хэлэхгүй үг, хийх хийхгүй үйл гэж бий. Чи одооноос эхлээд хар толгойгоо бус хамаг улсаа бодох ёстой. Хувийн өчүүхэн хүсэл бодлоо хазаарлаж хамаг олны хүсэл жаргалыг эрхэм болговол хаан алдар чамд өөрөө ирэх болно.
Хөвүүн чи үүнийг бүү март.
Бат хаан чамайг би энэ өдрөөс эхлэн эцгийнхээ үхлийн тухай элдвийг бодож эрээгүй ярихыг цаазалж байна.
Эцгийнхээ үхлийг март. Бүү харамс. Өс бүү сана. Эцэг чинь өвчнөөр үхсэн. Чи миний зарлигийг дага. Үгүй бол…гэж Чингис хаан зүрхшиж сүрдэм хатуу хэлээд үгээ таслан хүндээр амьсгаадаж Батыг заамдан авч сэгсчив.

-Сонсож байна уу чи. Миний зарлигийг дага. Чи нэгэнт өнгөрсөн үеийг бүү эргэж дурс.
Зөвхөн урагшаа, ирээдүй рүү хар. Мэдэв үү. Март. Мартах ёстойг мартаж эс чадвал чи хэзээ ч их хаан болж чадахгүй.
Бат хаан чи миний зарлигийг ойлгов уу гэж Чингис хааны бахардан хашгирсан нь нэн аймшигтай болсонд Бат айсандаа өөрийн эрхгүй өвдөг сөхрөн суужээ.

-Хаантан таны зарлигийг би хичээн дагая.
-Бат хаан. Би хэлсэндээ хүрдэг хүнд дуртай. Чи нэгэнт Тэнгэрт ивээгдсэн тул хаан алдрыг олов.
Үүнээс өөр чамд юу хэрэгтэй юм бэ. Сайн эцгийнхээ ясыг бүү өндөлзүүл хэмээн Чингис хааны хашгирах дэндүү заналтай байсан тул Бат

-Өршөө.Хаантан. Таныг ингэж их хилэгнүүлсэнд өршөө. Би эцэгтээ хайртай тул тэсэлгүй ийн хэллээ гэж үнэнээсээ асгаруулан уйлжээ. Өмнө нь сөхрөн суугаад эхэр татан тонгойсон Батын нулимсыг хараад Чингис хаан сая л ухаан оржээ. Тэгээд Батыг гэнэт өрөвдөн гол нь харлаж тэврэн авав. Бат айсандаа, бас эцгийгээ санаж өнчирснөөс сэтгэлийн тэнхээ нь тасарч явсан тул түүнийг өрөвдөн энхрийлэхэд сэтгэл нь дэнсэлж бүр гомдолтойгоор улам их мэгшин уйлсаар байсанд Чингис хаан түүнийг ер хориглосонгүй толгойг нь элгэндээ тэврээд тайвширтал нь суув.


Top
   
PostPosted: Oct.05.11 12:11 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Батын хэлсэн үг, сэтгэлийн гүн дэх далд бодол нь Чингис хааныг ихэд түгшээжээ. Эцгийнхээ үхэлд хэн нэгнийг, тэр дундаа өөрийг нь буруутган бодож явааг олж мэдсэн нь ингэж цочирдоход хүргэв. Батын энэ өс хонзон эцэстээ юунд хүргэж болохыг ч тэр ойлгожээ.

Эцгийнхээ өвчнөөр үхсэнийг нууц аллага байсан гэж бодсоор байгаа Батыг хатуу чангаар буруутгаж чадаагүй ч бас ингэх шалтгаан байсныг, бүр энэ шалтгаан нөхцлийг нь тэр өөрөө үүсгэсэн мэт санагдаад тайвширч чадсангүй тул шөнө дунд өнгөрснийг ч үл тоон Боорчийг дуудуулжээ. Боорчийг яах гэж дуудаж байгаагаа өөрөө сайн мэдээгүй ч сэтгэлд нь хурсан айдсаас тэр л нэг холдуулж хамгаалах юм шиг санажээ. Сэтгэлд нь цэвдэг хүйтэн айдас хүйдэс хэсэг бусгаар хурсаар байгаа нь ойртон буй үхлийн сүүдэр гэдгийг Чингис хаан сайн мэдэрч байв.

Үнэнч боол Зэлмийн нь үлдээж өгсөн амьдралын цөөн хоногууд өнгөрч байгааг тэр мэдэхгүй байв. Хэрэв Өүлэн эх нь амь насаа таслан түүнд үлдээгээгүй бол , Хулан хатны нь сүнс ирж авраагүй бол, бас Зэлмэ өөрийнхөө амьдралын үлдсэн цөөн хоногийг түүнд өгөөд хорвоогоос сайн дураараа яваагүй бол Чингис хаан аль эрт үхэх байв.

Түүний амьд байсаар буй нь хайртай Өүлэн эх, үнэнч нөхдийн нь сэтгэлийн хүч, бас Тэнгэрийн хүсэл байлаа.
Чингис хаан өөрийн үхлийн энэ мэт нарийн нууцыг мэдэрч ойлгох аргагүй ч үхнэ гэдгээ бат мэдэж байсан тул өчүүхэн төдий зүйлийг ч орхигдуулахгүйгээр өөрийн санаснаар хийж шийдэх гэж яарч байлаа. Тийм ч учраас өглөө болтол хүлээх цаг түүнд байсангүй. Чингис хаан гадаа гарч хэсэг зогсов.

Ийм амгалан нам гүм, агуу гайхамшигт газар дэлхийгээс хагацна гэхэд даанч харамсалтай санагджээ.
Тэнгэрт саргүй тул нүхэн харанхуй орчлонг нөмөрчээ. Гагцхүү түг түмэн одод тэртээ дээр анивчин гялалзах нь алс холоос түүнийг дуудах мэт санагдана. Гэтэл газрын гүнээс бөөгийн дуудлага, хэнгэргийн чимээ урсан гарах шиг болсноо бүр тов тод сонсдож эхлэв. Энэ бол Тэв Тэнгэр бөө болохыг Чингис хаан дор нь танижээ. Чингис хаан энэ мөчид зүрх нь оволзон булгилж цээжээ дэлбэлэх гэж буй мэт дэлсэж байхыг мэдэрсэн ч энэ нь баярлах, айхын алинаас үүдэлтэй болохыг таасангүй.

Ашгүй яг энэ үед үнэнч нөхөр Боорчи нь яарсаар хүрч иржээ.
Тэрээр Чингис хааныг харанхуй шөнө ганцаар гадаа зогсож байхыг үзээд ихэд гайхаж
-Хаантан. Юу болов. Шөнө дунд гэнэт дуудахаар тань бүр сэтгэл түгшиж муу совин татаад. Сүүлийн үед би ер ингэж цочин сандарч үзсэнгүй. Бүр айх ч шиг хэмээн дуу алджээ. Нээрээ ч Боорчийг энэ удаагийнх шиг ингэж түрүүлэн дуу алдаж олон үг хэлэхийг Чингис хаан үзээгүй тул бас гайхжээ. Харин хачирхалтай нь өнөө Тэв Тэнгэрийн бөөлөх дуу Боорчийг ирмэгц огт сонсогдохгүй болов.

-Боорчи чи ер нь айдаг юм уу гэж Чингис хаан инээмсэглэн асуугаад өргөөндөө оржээ.
Боорчи ч хойноос нь орж тэд сууцгаав. Чингис хаан дахин дуугарахгүй байхаар Боорчи
-Та миний зүрх зоригийг асуух гэж энэ шөнө дунд дуудав уу. Би таны ямар ч зарлигийг гүйцэлдүүлэхдээ айж сандарч явсангүйг Та мэднэ. Юуны учир ингэж шөнө дунд дуудсанаа хэлээч хэмээн болгоомжтойхон асуужээ. Учир нь Боорчид нэг л ёозгүй муу совин татаад байлаа. Огт санаандгүй байтал Чингис хаан эцсийн гэрээс мэт үгийг хөвүүд, ач нартаа хэлсэний дээр балчир Аригбөхийн хашгирсан нь бүгдийг сандралд оруулжээ. Чингис хааны өргөөнөөс гараад тэд бүгд цуглан хэрхэхээ ярилцсан ч олигтой шийдвэр гаргаж чадсангүй. Юутай ч Чингис хаан өөрийн үхлийг нэгэнт мэдэж буйг бүгдээр хүлээн зөвшөөрсөн билээ.

Тэгээд Чингис хаан Тэнгэрт халих аваас яах, юу хийх ёстойг урьдчилан бэлтгэхийг Өгөдэй, Шихихутаг хоёрт даалгажээ.
Ингэж хөвүүд, шадрууд нь түүний үхэлд бэлдэж эхлэснийг Чингис хаан гадарласангүй.
-Боорчи.Би чамайг нутагтаа буцахыг тушааж байна. Бүр Бурхан халдун ууланд оч гэж Чингис хаан ямар ч оршил тайлбаргүй шууд хэлсэнд Боорчи эхлээд буруу сонсов гэж бодсоноо сүүлд нь Чингис хааны ухаан самуурав гэж санажээ. Гэтэл Чингис хаан өмнөхөө дахин давтаад элдэв тайлбар хэлсэнгүй тул

-Нутагтаа буц гэв үү Та. Яах гэж тэр билээ. Их цэрэг хэдхэн хоногийн дараа Алтан улсын Түрэмгий балгасыг дайлна.
Ийм хэргээс намайг зайлуулж гэрт минь буцаах ямар хэрэг болов. Би ямар гэм ялд унав. Хаан та намайг хөгшин гэж, хоёр гар минь илдээ өргөж даахгүй боллоо гэж бодон голов уу. Эсвэл Зэлмийн адил санаснаараа үхэж чадахгүй гэж сонжив уу.

Би хаан таны хишигтэн цэргийн ноён. Шадар сайд. Их эзэн Чингис хааны амь насыг даасан хүн. Гэтэл ийм үед таныг орхиж одно гэдэг юу гэсэн үг вэ. Арван хэдтэй, ангир зүстэй алтан үеэсээ хаан таныг дагав. Таны биеийг орхиж цалгардсан нэг ч хоног надад үгүй. Гагцхүү таны зарлигаар Киевийн дэргэд байсан Сүбээдэй, Хивчагийн тал дахь Зүчийн өргөөг зорихдоо л хэдэн сар хол байжээ. Би таныг ийн зарлиг буулгасанд гайхаад учраа ч олохгүй байна. Ар гэр, Аураг ордонд муу үйл болов уу. Бөртэ хатнаас муу хэл ирэв үү гэж Боорчи нэг л мэдэхэд өөрийн эрхгүй олон үг урсгав.


Top
   
PostPosted: Oct.05.11 12:20 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Боорчийг гэнэт ийнхүү догдлон хөөрч залуу хөвүүн шиг оволзон омогтой шартай үг хэлсэнд Чингис хаан гайхаад
-Тайвшир Боорчи. Чи чинь юу болоод үгийн зөрөөгүй хашгичаад эхлэв. Би чамайг ийм ёс журамгүй мэт байхыг ер үзсэнгүй. Эсвэл би зүүдлэж байна уу гэсэнд Боорчи сая л Чингис хааны өмнө бүр босоод зогсчихсоноо анзаарч ихэд гайхан өвдөг сөхрөн буцаж суужээ.

-Та нар чинь юу болов. Намайг үг хэлэхээр л эвэртэй туулай үзсэн мэт байцгаах болж. Эсвэл миний улаан нүүрэн дээр үхэл нь ирэв гэж бичээстэй байна уу. Эргэн тойрны юмс өөр болоод ч байх шиг. Хажуугаар нь Боорчи чи юу ч вэ дээ. Залуу хөвүүн шиг дүрсхийх чинь хэмээн Чингис хаан түүнийг зэмлэжээ. Боорчи ч өөрөө чухам яагаад ингэж битүү хатуу үг хэлснийхээ учрыг олохгүй гайхжээ.

-Боорчи чи аан гэж бай. Ер чиний хэлсэн шиг зүйлийг би бодсон нь үгүй. Чи надад нүүр алдаж гэм ялд унах нь бүү хэл, миний амь нас, алдар нэрийг минь сахиж хар нүдээ анивхийлгүй хатан биеэ амсхийлгүй явааг чинь би яаж мартана. Хэрлэнгийн хөдөө арлын ордон хийгээд Туулын хөвөөн дэх Бөртийн ордонд муу юм огт болсонгүй. Харин… гээд Чингис хаан үгээ тасалсанд Боорчи дахиад л тэссэнгүй өндөлзөж

-Хаан та шууд хэлэгтүн. Миний зүрх хатуу үгэнд хад чулуу шиг дассан. Бүү түвдэгтүн гэжээ.

-Боорчи. Чи битгий хашгичаад байгаач. Тайван сууж сонс. Би Хэрлэнгийн хөдөө арал, Дэлүүн болдогтоо буцсугай гэж шийдлээ гээд Чингис хаан тооно өөд харжээ. Тоононоос цааш харанхуйн дунд тас хар, урт гонзгой дүрс харлан байсан нь түүний үхэл болохыг одоо Чингис хаан мэдэж байв. Гэвч тэр үхэл түүнээс бас ч хэдэн алхам зайтай байлаа. Чингис хаан үхлээс ер айхгүй болжээ. Учир нь одоо түүний дэргэд үнэнч нөхөр Боорчи нь сууж байлаа.

-Хаан та их цэргээ орхиод уу. Би ойлгож ядаж байна. Таныг нутагтаа буцвал их цэргийн… гэтэл Чингис хаан түүний үгийг таслав.

-Монголын их цэргийг хэн ч зогсоож үл чадна. Чингис хаан би ч зогсоохоос өнгөрсөн. Чи бидний өсгөж хүмүүжүүлсэн залуу идэр жанжид, тэдний эрэлхэг цэргүүд яг л уулын голын хүчит урсгал шиг түрхэрч байна. Тэр их хүчит урсгалын өмнө тэсч үлдэх нэгээхэн ч боомт, бэхлэлт цайз, улс орон үгүй болжээ. Харин би л тэр их эрчит урсгалд саад тушаа болох болов.
Миний бие Тэнгэрээр тэтгүүлж нөхдөөр дэмжүүлж Их Монгол улсыг байгуулав. Одоо би өөр юуг хүснэ гэжээ.

Боорчи Чингис хааны энэ үгийн цаад санааг сайтар ухан ойлгосонгүй.
-Хаан таныг их цэргээ орхиод нутаг буцахад хүрвэл Алтан улс юу гэж үзэхэв. Айж хулчийн дайлах зориг мохов гэх бус уу. Эсвэл бие чилээрхэж… гээд Боорчи хоолойдоо тулж ирсэн дараагийн үгийг зориглон хэлэлгүй буцаан залгисан мэт дуугүй болов. Гэвч Чингис хаан түүний хэлж чадаагүй үгийг зөнгөөрөө тааж мэдээд
-Үхэв гэнэ гэж үү. Чиний хэлэх гэсэн үг чинь үнэн. Гэвч миний буцсаныг хээрийн салхи, хэлгий шаазгай ч мэдэх учиргүй.
Би ийм зарлиг буулгая. Тэгвэл чи яахав.

-Нэгэнт Та ингэж зарлиг буулгавал би юу хэлэхсэн билээ. Тэгвэл бид хэзээ хөдлөх вэ. Ядаж Түрэмгий балгасыг эвдэхийг үзэхсэн.
-Боорчи чи юун өчүүхэн зүйл хүснэ. Чи улаан гал дүрэлзэж утаа униар манаран, манай цэргийн өмнө шавар хэрэм нурж унахыг үзээгүй гэж үү.
-Би дахиад чингэхийг үзэхгүй мэт санагдсан тул хэлэв. Та хэзээ мордохыг зарлиг болгоно. Би бэлдье.

-Чи морь өдрийн морин цагт хөдлөгтүн. Харин би чамайг Бурхан халдунд хүрч намайг угтан авахад бэлэн болмогц эндээс довтолгоё.
-Урьд нь хэзээ ч ингэж байсангүй тул нэн хачирхалтай байна. Бөртэ хатан, Отчигон авга чинь биднийг их аянаас угтсаар нэгэнт ёс дэглэм хатуу тогтсон бус уу. Та намайг юунд ийнхүү өөрийн дэргэдээс холдуулах мэт түрүүлж одохыг тушаана гэж Боорчи сэтгэл дундуур байгаагаа нууж үл чадан өгүүлэв. Морь өдөр гэдэг нь ердөө гурав хоногийн дараа болох тул Боорчи ийнхүү гомдолтой байжээ. Уг нь тэр их цэргийн хамт Алтан улсыг дайлан сөнөөнө гэж балчир хүүхэд шиг баярлан догдолж байсан билээ.
-Боорчи.Чи байлдаж дайтахаас өөрийг бодохгүй байсаар наад тархи толгой чинь тараг айргийн сав мэт болов уу.
Чингис хаан би хамгийн сүүлчийнхээ аян дайнаас нутагтаа харьж явна. Энэ Тангуд улсад ирсээр жил хагас болов. Одоо би Дэлүүн болдогоосоо дахиж явахгүй. Тиймийн учир би чамайг урьдчилан илгээж байна. Хаана буух, хаана угтах хийгээд хаана, хэрхэн суух энэ бүгдийг Наху баяны ганц хүү хөлөг баатар Боорчи чи шийдтүгэй. Үүнийг би хүсч байна. Чиний засч заасан бууринд би мөнх суухаар шийдэв. Үүнийг чамаас өөр хэн хийнэ. Би ч чамаас өөр хэнээр хийлгэнэ. Миний өсгөсөн, өргөсөн нөхөд чамаас бусад нь бараг бүгд үгүй болов. Тэдэнгүйгээр би одоо юу хийж чадна. Бат хөвүүний хэлсэн үгнээс хойш би ихийг бодох болов. Тэр хөвүүн хорин настай Тэмүжинг, бас Зүчийг санагдуулав. Миний удамд энэ зовлон юунд үл тасарна. Надаас хойш миний үр удам өс хонзон санахгүй амьдраасай гэж би хүснэ. Хорвоог би нэгэнт элээв. Харин одоо энэ хорвоо намайг идэж, эвдэж дуусгахыг харж байна. Би чадах бүхнээ хийв.

Хожим намайг үр сад минь лав хараахгүй биз. Харааж нулимах тэнэгүүд гарлаа ч тэд цөөн байх биз гэж найдна. Би хамаг Монголын хөх гүрнийг хан хорвоогоос хэзээ ч арилахгүйгээр бат байгуулав. Үүнээс өөр би юу хийж чадна. Ганц биеийн чадлаар биш гавшгай нөхдийн хүчээр үүнийг гүйцэлдүүлэв. Одоо хөвүүдийн минь цаг болжээ. Морины явдал даахгүй өтөл би хүүхэд нохойн доог, хөнгөн тэрэгний ачаа болохоосоо өмнө нутагтаа харьж үүрд суусугай. Тэнгэрийн зарлигийг зөрчин байж Тангудад ирсэн минь миний алдаа болов. Гэвч хийвэл бүү ай. Айвал бүү хий гэдэг биз. Иймийн тулд би чамайг түргэвчлэн мордохыг тушаав. Би их яарч байна. Намайг хэн нэгэн элдэн хөөж би түүнээс зугатааж байх шиг санагдах болов. Одоо надад Тэнгэрт гарч энэ ертөнцийг бүтнээр нь харахсан гэсэн хар багынхаа тэр орь хүслийг биелүүлэх л үлдлээ…


Top
   
PostPosted: Oct.05.11 12:29 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Чингис хаан чухам юуны тухай ярьж байгааг Боорчи ойлгох тул түүнийг өрөвдөн тэсгэлгүй бэрхээр шаналжээ. Гэвч түүнд яах ч арга байсангүй. Зөвхөн дэмий тайтгаруулах л үлджээ.

-Хаантан Та юунд ингэтлээ яарнав. Нутагтаа буцах даанч сайхан. Гэтэл зорьсон хэргийн эцэст хүрэлгүй замаас буцах гэж яарах чинь юув. Үүнийг чинь л би гайхаж байна. Боорчийн энэ дэмий хоосон, аргаа барсан үгийг Чингис хаан тоож хариу хэлсэнгүй нь түүнийг улам ч арчаагүй дорой байдалд хүргэж тэр өөрийгөө үзэн яджээ.

-Тэгвэл нутагт хүрээд миний юу хийхийг хэлэгтүн гэж Боорчи өөрөө ч мэдэлгүй омогтой хэлэв.
-Чиний юу хийхийг би яаж мэднэ. Би өөртөө биш зөвхөн олны сэтгэлд л хаан байхыг хүснэ. Би ингэж чадсан бол арван дөрвөн наснаас цэрэг засаж төрийн төлөө биеэ золиосолсны хэрэг тэр. Чи яг ингэж үйлдэгтүн. Өөр би юу хэлнэ. Боорчи чи бид хэд Бөртийг буцааж аваад Бурхан халдун ууланд нэг сайхан ойн цоорхойд сууж юу хэлэлцэж байснаа санана уу. Өнөө Зэлмийн буга алдаг өдөр

-Би санаж байна. Яаж мартах билээ. Тэмүжин чиний юу хэлснийг ч санаж байна. Миний бие хэзээ ч үгүй болж мэднэ.
Тэр үед энэ ойн цоорхойд бунхлагтун. Сүнс амармаар сайхан хангай гэснийг чинь ч санаж байна.
-Тэгвэл сэтгэл минь ханав. Одоо надад үхлээс айж, нүглээс ичих юм үгүй боллоо. Харин Бөртэд өгсөн тангаргаа эвдсэн нэг явдал бий. Гэвч тэрийг Бөртэ ойлгох биз. Дэргэд байсан бол хэдэн дулаан үг хэлэхсэн. Би түүнийгээ хаяж явсаар энэ насыг дуусгах учиртай байжээ. Би өөрийнхөө буулгасан зарлигийн төлөө харамсаж явсангүй. Харин Зүчи хөвүүнээ хөнөөх зарлиг буулгасандаа л их харамсаж байна. Би ухаан суухгүй, хүнд итгэхгүй хэвээрээ үлдэж. Хүнд өвчинд нэрвэгдээд ирж чадахгүй болов гэсээр байхад нь үл итгэж чамайг илгээсэндээ одоо харамсаж байна. Гэтэл хөөрхий тэр хөвүүн өвчинд шаналсаар үхэв. Харин Бат хөвүүн нь надаас эцгийнхээ амийг нэхэж байдаг. Би ийм болчимгүй хэрэг үйлджээ. Зүчийг өвчнөөр үхсэнийг мэдсээр атал Батын өмнө би буруутан мэт хэлэх үг ч олдсонгүй. Надаас хойш Бат бас хэнийг эцгийнхээ үхэлд буруутгаж юу хийх бол гэхээс сэтгэл шимширч зүрх өвдөөд үхэхэд ч хэцүү боллоо гэхийг сонсмогц Боорчийн үс нь босч үхээр үзсэн мэт царай нь зэвхийрчээ.

-Юу гэнэ ээ. Тэр хөвүүн үүний учрыг яаж мэдээ вэ. Мэдэх учиргүй биш үү гэж Боорчи дуу алдахдаа зүрх сэтгэлд нь хүйт дааж айдас дүүрэхийг мэдэрчээ.

-Алдсан хүн арван тамтай гэдэг бил үү. Бат одоо ухаан суужээ. Эцэг Зүчийгээ, миний оронд хаан ширээ залгамжлах ёстой эцгийнхээ дараа тэр өөрөө бас хаан ор суух ёстой гэж үзэж байна. Уг нь ингэх ёстой ч байсан юм. Гэтэл би Зүчийг өөрийн оронд хаан ширээнд суулгаж яаж чадна. Миний хөвүүд бүгдээрээ л надад хэрэгтэй. Би бүгдэд нь хайртай юм.

Зүч хөвүүн мэргэдийн цусанд төрсөн нь түүний буруу гэж үү. Зүчийг би буруутгаж яаж чадна. Тэр энэ хорвоод амьдрах гэж ирээд өөрийгээ үхлээс булааж төрсөн баатар байв. Би Зүчид өөрийн хөвүүд шиг дастлаа удсан. Гэвч тэр намайг өөрийнхөө хүчээр итгүүлсэн юм.

Хорьхон настай залуу Зүчи миний өөдөөс огт цавчихгүй ширтэж байгаад "Эцэг минь би ойн иргэдээс алс явж аймаг улсыг хурааж ирье. Одоо би хорин нас хүрэв. Таны хөвүүн болохоо нэг бол баталсугай, эсвэл амь өрсөн тулаанд үхье" гэж тов тод хоолойгоор өөртөө итгэлтэй бөгөөд хатуу чанд хэлэхэд нь Зүчийн миний хөвүүн болох хүсэл нь халуу шатах мэт мэдрэгдэж сэтгэл зүрх минь урагдаж байв. Би түүний хүсэлтийг аргагүйдэн зөвшөөрсөн. Зөвшөөрөхгүй байх ч аргагүй байсан юм даг.

”Зүчи чамайг амьд ирвэл өөрийн хөвүүнээ гэж үүрд нэг санаагаар тооцох болно” гэж би тэгэхэд дотроо тангаргаласан юм. Зүчи ч ямаршуу баатар эр болохоо харуулсан. Би бүр заримдаа Зүчид атаархдаг байв. Тэр бол ухаан чадал тэгш төрсөн баатар, Тэнгэрээс надад илгээсэн элч шиг санагддаг. Би Зүчид хайртай, магадгүй бусдаас ч илүү хайртай байв.
Гэвч хураасан улсынхаа нэгдмэл байдлын төлөө, алтан ургийнхаа төлөө түүнийг алахаас өөр зам надад байгаагүй юм.
Ийм зовлонг надаас өөр хэн гэтэлж чадна. Аз болоход тэр зовлонт хөвүүн өвчнөөр үхэх ёстой байж. Гэтэл Бат намайг эцгийгээ алсан гэж сэжиглэж байгаа нь аймшигтай. Хожим хойно алтан ургийн хөвүүд, ач нар алалцаж ясыг минь өндөлзүүлэх бий гэж би ихэд зовно.

Хожим юу болохыг Зүчи ухаан, совин хоёроороо мэдээд газрын холыг зорьж Хивчаг руу одсон. Энэ нь ч зөв гэж би бодсон билээ. Зүчийн судсаар хэний цус булгилж буйг мэдэх болсон цагаасаа Цагадай түүнийг огт үзэж чаддаггүй, арай гэж тэвчдэг байсан юм. Цагадайн ааш зан хэзээнээсээ бэрх. Намайг үгүй бол тэд галзуу ноход шиг хэмлэлдэн хоолой гүрээгээ тас таталцахад ч бэлэн байсан. Хөөрхий Зүчи хөвүүн өөрийн хувь заяаг дагаж эзэндээ зодуулсан нохой шиг гомдолтой гасалсаар салж одсонсон. Түүнээс хойш бид уулзалдаагүй. Хамгийн сүүлд уулзсан хүн нь чи.

Зүчи лав өөрийн улсыг байгуулахыг хүссэн биз. Одоо Бат хөвүүн нь эцгийнхээ хүслийг гүйцээг.
Батын өмнө өргөн уудам нутаг газар бий. Гэвч түүний улс Их Монгол улсын баруун хязгаар л байхаас биш хэзээ ч тусгаар улс болох ёсгүй. Миний их улсыг тасчин хувааж булаалдан салгахыг би тэвчихгүй.

Тийм хүсэлтэн буй аваас хэн ч бай Тэнгэрийн цаазанд унах болно. Хасар ч, Зүчи ч ялгаагүй гэж Чингис хаан гэнэт бухимдан хилэгнэж бахардах шахан өгүүлжээ.


Last edited by saiba_ryo on Oct.05.11 12:52 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.05.11 12:39 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Чингис хааныг тайтгаруулах хэрэгтэй байлаа.
-Тиймээ. Зүчийг яахин мартаж болох билээ
Мартахын аргагүй хүмүүн гэж байх. Тэр бол Зүчи юм. Би бол түүнийг бүр ч мартах учиргүй хүн. Анх морины явдал дунд хөнгөрөхдөө Бөртэ тэнхэл нь барагдаж аргаа бараад мориноос унахад нь би Зүчийг үхээ биз гэж бодож билээ. Морьдын тоосон дунд унаад хүй тасраагүй хэвтэж байсан тэр улаан нялзрай амьтныг замаас зайлуулах санаатай алган дээрээ авахад учиргүй бархирч байсансан. Тэгэхэд л Тэмүжин чиний зарлигийг би амьдралдаа цорын ганц удаа зөрчиж хүйг нь тас хазаад өвөртөлсөн билээ. Би тэр үед чиний хэлснээр түүнийг эзгүй хээр газар хөсөр шидэж орхисон бол хорвоо дээр Зүчи гэх хүн байхгүй, хожим нь Хаан та ингэж шаналахгүй байв гэж би гэмшин бодно. Гэвч энэ хорвоогийн элдэв учрыг хэн урьдчилан тааж мэдэх билээ. Алганд минь арвалзан бархирах тэр нялх амьтныг хажуу тийш нь шидчих зүрх хүрээгүй юм. Уургийг нь дөнгөж амлуулаад бүтэн өдөр давхин Хэрлэнгийн эрэгт буухад огт дажгүй тарвалзан уйлж байсан билээ. Тэгэхэд би “Энэ хөвүүнийг хүн болдог л юм бол хамгаалж явсугай” гэж өөртөө тангарагласан юм.

Хаан та тэгэхэд Зүчийг голж хаясан бол би авах байв. Тийм ч учраас Ойн иргэдийг дайлахад би гуйж цуг явсан.
Ухаандаа түүнийг хамгаалсан санаатай юм. Яагаад ч юм бэ чи түүнийг юу юугүй хорлох гээд байх шиг санагддагсан.
Зүчи ч үүнийг мэддэг байсан даа.
-Чамд тэр өөрөө тэгэж хэлэв гэж үү.
-Зүчи тэгэж хэлэх хүн биш.

-Боорчи. Байз, байз. Ингэхэд чи ер нь Зүчийг үхсэн гэж надад худал хэлсэн хүн биш биз. Гэнэтхэн тэгэж бодогдоод явчих чинь. Түүнийг өвчнөөр үхэв гэж чи надад худал хэлсэн мэт санагдана. Чингис хааны энэ санаандгүй үгийг сонсоод Боорчи эргэлзэж орхив. Батын тухай түүний хэлсэн болон одоо энэ хэлж байгаагаас үзэхэд Чингис хаан түүнийг ингэж шөнө дөлөөр дуудсаны бас нэг учир тодрох шиг болжээ. Тэдний хамт байх хугацаа нэгэнт дуусч байгаа нь нуух аргагүй үнэн болж байхад сэтгэлдээ зовлон тээж явахын хэрэг юу билээ гэж Боорчи бодов. Бас тэр нууцыг Чингис хаан хэдийн мэдчихээд түүнийг сорьж сонжиж суугааг ч хэн мэдлээ. Ер нь тэрээр хэзээний тэгэж хүнийг сорьж туршиж байдаг, хэнд ч үл итгэгч, сэжигч зантай билээ. Тэгээд ч одоо Боорчид айж ичих хэрэг нэгэнт үгүй болсон нь илт байв.

-Зүчийн үхсэн нь гарцаагүй үнэн. Харин өвчнөөр үхсэн нь худал. Үүнийг би ганцаараа л мэдэх юм гэж Боорчи хэдэн жил өөрөөсөө ч бараг далдлан хадгалж явсан нууцаа шуудхан түс тас хэлэв. Чингис хаан харин Боорчийн төсөөлөн хүлээсэн шиг тэгтлээ цочиж хилэгнэх байдал гаргасангүй, санаснаас ихэд тайван сууж,сонсоод

-Үхсэн. Гэхдээ өвчнөөр үхсэн нь худал гэж чи юу ярина. Энийг чинь би юу гэж ойлговол зохихыг хэлээч гэжээ.

-Хаан та Зүчийг буруу санаа агуулсан ахул өөрийн үзэмжээр хороох ёстой бол хороохыг надад тушаасан бус уу.

-Чи юу ярина. Хивчагаас буцаж ирээд чи надад Зүчи өвчнөөр нас барав гэсэн тул бүхэл улсаараа их гашуудал зарласан бус уу.

-Хаантан Та юу айлдана. Миний зарлигаар Зүчийг хороов гэж Та зарлах байсан гэж үү. Хөвүүнийг чинь хороов гэж хэлэх үг миний аманд яахин багтах билээ гэж Боорчи гашуудалтай шивнэв. Хэсэг зуур нам гүм болжээ. Чингис хааны гар салганан нүд нь аяганаасаа бүлтрэн гарах нь үү гэмээр бүлтийж нэг юм хэлэх гэсэн бололтой ам нь хэд ангалзсанаа юу ч дуугарч чадалгүй ширээ тулан босоод ирэв. Боорчи ч үсрэн босчээ. Чингис хаан чив чимээгүй ойртон ирээд түүнийг заамдан авав. Нүд нь галзуурсан мэт дүрлийж ам нь ангалзах нь аймшигт үгс хашгирч байх мэт. Гэвч түүний дуу гарахгүй бөглөрчээ. Чингис хааныг ингээд үхэх нь үү дээ гэж Боорчи сүнсээ зайлтал айх мөртөө дэмий юм хэлэв гэж харамсах ч сөхөө байсангүй. Чингис хааны царай хөхрөн амьсгаа нь тасалдахад Боорчи аргаа барж өөрийн мэдэлгүй алгадаад авчээ.

Чингис хаан сая л нэг цочин цээжний нь бөглөө онгойж арай ядан амьсгаа аваад
-Чи намайг хуурчээ хэмээн байдаг хоолойгоороо хилэнтэйгээр хашгирчээ. Түүний дууг сонсоод Боорчи тайвшрав.
Сая түүнийг алгадаагүй бол Чингис хаан амьсгал нь бөглөрөн хормын дотор үхэх байв.Харин Боорчи учрыг тэр дор нь ухааран хэрхэхийг зөв сэтгэж түүнийг үхлээс зайлуулжээ. Үхлийн хар сүүдэр алгуур холдон одов.
-Чи миний зарлигийг зөрчиж аймшиггүйгээр хуурсан байна. Би чиний аль үгэнд итгэнэ. Хэлээч гэж Чингис хаан бухимдан өгүүлээд түүнийг дахин заамдан авав.
-Би чамайг өөрийн гараар багалзуурдан ална. Миний хөвүүнийг алсны чинь төлөө алах болно. Би чамайг Зүчийг авчир гэсэн биш үү. Чи ч түүнийг даруй дагуулан авчирна гэж амласан биш үү гэсээр үгээ ч дуусгалгүй Боорчитой зууралдсан чигээрээ ухаан балартан суужээ. Гэвч тэр дороо сэргэж өндийн суув. Чингис хаан тэрхэн хооронд тайвширсан нь гайхалтай ч Боорчи тайвширч чадахгүй байлаа.

-Намайг алах ч багадна. Гэвч би Хаан таны зарлигийг дагахгүй байж яахин чадна. Энэ муу мойног гар яасан их нүгэл үйлдэв. Нүгэл нүглийн дотроос орчлонд ирэхэд нь тосч авсан гараараа түүнийг хөнөөх гэдэг юутай аймшиг. Тэр өдрөөс хойш би огт өөр хүн болчих шиг л санагдсан даа. Би Хаан таны сэтгэлийг шархлуулахгүй л гэсэндээ “Өвчнөөр үхэв” хэмээсэн билээ. Бас үнэхээр өвчнөөр үхсэн мэт л хороосон. Үүнээс өөрөөр би яах билээ. Би үйлээ л дагасан. Одоо ч дагахад бэлэн. Наху баян эцгийнхээ адууг эзгүй хээр орхиод чамайг дагахдаа л би ингэж шийдсэн буй. Намайг албал алтугай. Одоо надад үхэхэд хайран бус.

-Чи Зүчийн тухай чин үнэнийг хэлэгтүн. Миний сэтгэлийг бүү дурс.

-Таны сэжиглэн бодсон бүгд үнэн байв. Зүчи “Бие өвчлөв” гэж зар тараагаад гэртээ бүгэж, Хаан таныг нутаг буцахыг хүлээхээр шийдсэн байв. Есөнтэй Танд чухам үнэнийг хэлжээ. Зүчи ч надад тэгэхэд бүх үнэнээ хэлж бас намайг дэргэдээ үлдэхийг ч ятгасан. Тэр бүгдийг сайтар төлөвлөсөн байлаа. ”Бие муудав” гэсэн нь хаан эцэгтэйгээ олны нүдэн дээр эвдрэлцэхээс зайлсхийхийн тулд байжээ.

Бас намайг хараад л яах гэж ирснийг минь дор нь мэдсэн дээ. ”Хаан эцэг чинь хилэгнэж даруй ирэхийг тушаав” гэхийг минь сонсоод сууж сууж "Боорчи ахай.Би энэ улсыг байгуулах гэж цусаа урсгаж, цулбуураа хумилгүй явлаа. Би өөрийн байгуулсан улсдаа ясаа тавья даа" гэсэн юм. Би юу ч хэлж чадаагүй. Ер нь юу ч хэлэх билээ.

Бид хоёр Каспийн тэнгисийн зэгст хөвөөгөөр морьтой зэрэгцэн галигуулж явлаа. Зүчи их цэргээ тал дүүртэл жагсаагаад "За Боорчи ахай. Таны өмнө миний их цэрэг байна. Энэ цэрэг надтай цуг Каспийн тэнгисийн зүүн эрэг, Хивчагийн талын гурван их голын хот балгасыг дайлан авч нэгтгэсэн юм. Надад одоо ямар ч улс аюултай биш. Миний цэрэг зоригтой, хурдан гавшгай, надад үхтлээ үнэнч тэмцэнэ. Би ийм цэргүүдээс хагацах даанч хайран. Би Бөртэ эхийнхээ үгийг л дагая. Би эхийнхээ сэтгэлийг зовоож үл чадна.

Ээж минь надад “Зүчи хүү минь. Чи бол Тэмүжин эцэг, Бөртэ ээждээ зовлонгоос олдсон үр нь юм. Тэмүжин эцэг чинь чамайг хүн болог гэж эгэмнээс чинь татаж энгэртээ нааж, хөлийг чинь дөрөөнд гарыг чинь ганзганд хүргэж өгсөн юм. Энэ хүний гарт чиний амь нас байгаа гэдгийг бүү март. Чи бол эцгийнхээ дайны сахиус болох ёстой. Тийм болохоор хөвүүн чи эцгийгээ дуудахад ирж, дохиход зогсож бай. Чи үх гэвэл дуугүй л үхэх ёстой” гэж үргэлж сургасан юм. Би Боорчи таныг алах шиг амархан юм алга. Бас цэргээ хөдөлгөж Туулын хөндийг дайлах ч амархан байна.

Гэвч тэгэж түмний шившиг болж хаан эцгийн хайран нэрийг үрж, хамаг Монголын хана туургыг эвдээд яана. Би хаан эцгийн өршөөлөөр хүн болсон. Одоо түүний хүслээр үхсүгэй. Хаан эцэг минь намайг сайн хөвүүн байсан даа гэж хайрлаж яваасай гэж хүснэ. Өөр хэлэх зүйл надад үгүй. Би одоо дөнгөж дөч хэвийж байна. Хамаг Монголын их үйлсэд миний амь нас хэрэгтэй бол автугай. Хамаг Монголын төлөө ганцхан Зүчи би ч биш, хэрэгтэй болвол түм түмэн Зүчи харамсах юмгүй амиа өгөх биз гээд инээж байсан даа.

Би одоо Бөртэ хатны ухааныг эрхгүй бишрэн гайхна. Халуун амь, бүлээн цусаа таслан байж өгөөд хорвоод төрүүлсэн хонгор үрээ эх хүн яаж ийнхүү хатуу бэрхээр засан хүмүүжүүлж чадав хэмээн Боорчи шивнэн өгүүлжээ. Энэ үед Чингис хааны эмгэнэл хязгааргүй болоод бүр эхэр татан уйлж байв.
-Миний байгуулсан улсыг Бат хөвүүн минь засна биз. Харин хаан эцэгт хэлэгтүн. Бат бол Зүчи биш тул түүнийг бүү гадуурхагтун. Миний байгуулсан улсыг өөрийн чадлаар өргөтгөн их улсын баруун хаяаг батлан сахиж сууг. Түүнийг бүү хорло гэж гуйгаарай. Намайг төрөхөд үгүй хийж орхиогүй тул би хаан эцэгтээ их өртэй хүн. Тэр намайг соёрхож амьдрал өгсөн. Би эхийн захиснаар түүнд үнэнч зүтгэв. Одоо үх хэмээсэн тул би үхье. Харин би өөрийн амийг егүүтгэж үл чадна гэж тод хэлээд давхиад явсан.

-Дуустал ярь. Би тэвчиж сонсоно.
-Зүчи намайг дэргэдээ үлдэж их улс хамтран байгуулахаар зүтгээч гэсэн. Түүнд үхэх хүсэл огтхон ч байхгүйг би харж байлаа. Зүчээс өөр овилогогүй хүн байсан бол аль эрт хаан танаас туурга тусгаарлан улсаа зарлах байв. Гэтэл тэр хаан таныг хүндэтгэн аядуу зөөлөн хүмүүжилтэй зандаа хөтлөгдөн бүгдийг хаан танд зовлон учруулалгүй бага багаар хийхийг зорьжээ. Тэр надтай хамт нааш ирэхгүй нь тодорхой болсон тул надад өөр арга үлдсэнгүй. Би Зүчийн үгийг сайшааж үлдэхээр болоод түүнийг хуурч алсан билээ. Би түүнийг шөнө унтаж байхад нурууг нь хугалж орхисон гэж Боорчи үгээ зөөн байж арайхийн хэлж дуусгав.

Энэ үед харамсаж гашуудсандаа түүний ухаан балартаж байжээ. Чингис хаан ч чимээгүй уйлсаар байлаа.
Хүчирхэг түрэмгий агаад омог бардам зантай, хэн нэгэнд нулимсаа үзүүлэх нь байтугай сандарч тэвдэж, айж балмагдаж байгаагаа ч хүнд харуулахгүй байхыг хар багаасаа сурч, үргэлж сүрдэж бишрэм байж чаддаг Чингис хаан бяцхан хүүхэд мэт енгэнэтэл уйлж халуун нулимсаа хүнээс нуухгүй асгаруулан байхыг харсан хүн гайхаж алмайрахаасаа сэтгэл эмтэрч уяран өрөвдмөөр харагдах ажээ.

-Боорчи чи миний нулимсыг үз. Ус байна уу гэхэд мөлхөн очиж арчин үзэв.
Чингис хааны нүднээс үнэхээр ус биш цус урсан гарч байх ажээ. Тэр зүрхээрээ мэлмэрэн цусаар уйлж байлаа. Түүний хийсэн аян дайны хөлд дайрагдаж Монголын эсрэг мөчөөрхөн Мөнх Тэнгэрийн зарлигийг аймшиггүй сөрж хар толгойдоо лай хураагаад Чингис хаанд бууж өгөөгүйн учир түүнийг хилэгнүүлж овог удмаараа хүйс тэмтрүүлсэн түмэн хэлийн хэчнээн хүний зүрхнээс гуниг гаслан, өшөө хорсол нэвт шингэсэн ийм нулимс цусан зам татуулан урсаа бол гэсэн аймшигт бодол толгойд нь өөрийн эрхгүй зурсхийн орж ирсэнд зэвүүцэн хирдхийсэн Боорчи

-Цус байна. Одоо дахин уйлахгүй биз. Сайн уйл.
Таны хөвүүдээс хамгийн гайхамшигтай нь Зүчи байсан юм даа. Гэтэл би тэр хөвүүнийг чинь алж амьдын хар нүгэлд унав. Харин одоо үнэн учрыг Танд хэлж миний санаа амарлаа. Энэ аймшигт нууцыг Та бид хоёроос өөр хэн ч үл мэднэ. Намайг хэрхэхээ Та мэд хэмээн мөргөжээ.

-Миний нүднээс гашуун нулимс биш зүрхний минь сүүлчийн цус дусал дуслаар асгарч байна. Надад үлдсэн балга цус ингээд дуусч байна. Өүлэн эхийн минь надад хайрласан амьдралыг тэтгэгч халуун урсгал ийнхүү тасарч байна Боорчи. Би их нүгэлтэй, үйлийн үртэй хүн юм. Юуны учир би хөвүүнээ алав.

Яах гэж. Хураан авсан нутаг орон багадсан мэт Зүчээс юугаа харамлав. Би сая улсаа хөвүүддээ хуваан өгөв. Тэр үед би Зүчээс яагаад харамлав. Би юуны учир ингэж өөрчлөгдөнө вэ. Зүчийн амьдад ийн сэтгэхгүй яав. Над шиг мунхаг хүн үгүй биз.

Өүлэн ижий минь хичнээн жилийн өмнө миний өнөө хийхийг урьдчилан сануулжээ. Тэр Буянтай өвгөний тухай домогт миний хийхийг заажээ. Гэтэл би ухаарсангүй. Чингис хаан шархдаж улангассан араатан мэт гаслан бархирна.


Last edited by saiba_ryo on Oct.06.11 3:37 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Oct.05.11 12:46 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Түүний эмгэнэл, харуусал, үзэн ядалтыг харах бүү хэл, уйлж гаслах дууг нь сонсоход бэрх ажээ.
-Би хэзээ, хэнд, ямар нүгэл хийсний лайгаар ийм хүнд ялд унав. Хайртай Бөртийнхөө амин ганц үрийг нь юунд би хөнөөв.
Би юуны тулд гүрний хаан болж энэ их улсыг хураав. Гэмгүй хөвүүнээ туурга тусгаарлахыг санаархсаны нь төлөө хөнөөхийн тулд уу. Боорчи, чи хэлээч. Би яах ёстой байв. Боорчид хариу хэлэх чадал нэгэнт үгүй болсон тул чимээгүй болжээ.

Чингис хаан гэнэт дахин догширч
-Чи юунд хөвүүнийг минь хөнөөв. Цэргийг нь хөдөлгөж Монгол нутагтаа дагуулан ирэхгүй яав, чи. Би түүнтэй тулалдаж хэн нь амьд үлдэхээ үзсэн бол дээр байж. Тэгсэн бол би Зүчийн гарт үхэхэд харамсах зүйл үгүй байв. Би Зүчи хөвүүнийхээ амиар юу олов. Их улсаа хураахад минь нөхөр болооч гэснийг нь ашиглан мэхэлж, санаандгүй байсан хөвүүнийг минь чи хороожээ. Би энэ үгийг чинь сонссон хойноо хатан Бөртийнхээ царайг яаж харна. Эх хүн зөн совингоороо мэддэг байж. Гэтэл би гэдэг тэнэг толгой иймхэн юмны учир олохгүй өдий олон жил хууртаж явжээ. Боорчи чи намайг гутаан доромжлов. Итгэлт нөхөр Боорчи чи, намайг илжигнээс дор үзэв. Би чамайг нүдэндээ үзэхийг ч үл хүснэ. Чи үтэр түргэн далд ор. Зайл. Тонил. Боорчи чимээгүй босч явав.

-Амьд дээрээ зайл. Боорчийг гарахын алдад Чингис хаан
-Боорчи хүлээ. Би үгээ дуусгаагүй байна гэсэн тул тэр эргэж суужээ. Хоюул учраа олохоо байж элий балай болон солиорсон мэт болжээ. Боорчи бушуухан тэндээс холдохын түүс болж байв. Угаас гансарч гашуудан хилэгнэж галзуурсан Чингис хааныг тэсч харах, тэвчиж сонсохын аргагүй болж байв.

-Би сонсож байна. Хаантаан. Чингис хаан гэнэт хаанаас ч юм урд нь Боорчийн огт үзэж хараагүй шүр мэт туяарсан жижиг улаан чулуу гаргаж ирээд духандаа хүргэж, зүрхэн тус газраа хэсэг зуур барьж байснаа зүүн гартаа тас атган нүдээ аньж чимээгүй болов. Боорчи ч дахин үг дуугаралгүй Чингис хаан нүдээ нээж түүнийг харах хүртэл тэвчээртэй хүлээж байлаа.Чингис хааны тас атгаастай зүүн гар гэнэт нэвт гэрэлтэн байхыг Боорчи олж үзжээ.Тэрхэн зуур гэнэт дотор нь онгойсон мэт болж бяцхан тайвшраад саяхан л үхдэл адил өгөр зэвхий болчихсон байсан царай зүс нь хүртэл гийж уужирсан Чингис хаан

-Зүчийн үхлийг чи үүрд март. Чи түүнд огт буруугүй. Сэтгэлээ тайван байлга. Харин нутгийн зүг явахаа бүү март.Х элсэн цагт явж үз. Одоо явж амар гэжээ. Чингис хааны энэ гэнэтийн гэмээр тайвшруулах үгэнд сэтгэл багахан уужирсан ч дөнгөж саяхан итгэлт нөхөр нь бүү хэл элэг буруутан ч хараад өрөвдөж харуусмаар гаслан гашуудаж, хилэгнэн догширч байсан багын андаасаа нэг л холдомгүй санагдахад

- Үүр цайтал бас ч зай байна. Танд бараа болж хэсэг зуур хүлээзнэе. Хаан таны цухал жаахан ч гэсэн дарагдаг гэв.
- Би одоо чамд Чингис хаан биш болсон. Хоёулаа анх Хэрлэнгийн эрэг дээр уулзсан Тэмүжин, Боорчи хоёроороо л үлдье. Тэмүжиний энэ элэг дэвтээм ээнэг дотно үгийг сонсоод
-Тийм бол сайнсан гэж Боорчи тайтгаран инээжээ. Хэдий инээж сэтгэл санаа тайвширсан мэт боловч дахин хэзээ ч уулзахгүйгээр салж хагацах гэж байгаагаа хэн хэн нь зөн совин, зүрх сэтгэлээрээ тод мэдрээд үгээр хэлэхэд хэцүү их гунигт автжээ. Энэхүү хагацлын өгүүлшгүй гунигийн дэргэд амьд яваа насандаа тэдний үзэж эдлэсэн зовлон шаналал харин жаргал шиг санагдана.

Тэд нэг их юм яримаар байсан ч нэг насаар салахгүй хамт явсан тул ярих хэлцэх юм нэгэнт үгүй болж дууссан мэт байх ажээ. Зөвхөн хагацахын тулд ингэж олон жил тохой залган зүтгэсэн мэт санагдах нь даан ч харамсалтай. Гэвч тэд цуглуулж хураасан алт эрдэнэс, цуурайтаж мандсан алдар нэрийн алийг ч үл тоон гуйлгахгүй ирж ялгахгүй аваад явдаг аймшигт үхлийн өмнө хүчгүйдэн бууж өгч байгаагаа зөвшөөрч ойлгож чадахгүй байв. Хараалт тэр үхэл ердөө хэдхэн алхамын зайнд ирчихээд аль хэдийн халуун сэтгэл, хатан зүрхэнд нь хар сүүдрээ тусгаад байгааг учир мэдэхгүй балчир хүүхэд ч гуниг хургаагүй нүдээрээ хирдхийн харахаар тод байлаа. Одоо үхлийг буцаах хүч нэгэнт үгүй болсон байв. Үүнийг Чингис хаан мэдэж байсан тул бүх аргаа хэрэглэн үхлээс зугатаахыг хичээж байв.
-Боорчи. Миний сэтгэл тайвширч цэвэршив. Их улсынхаа төлөө хийсэн үйл тул би Хасарын төлөө ч, Зүчийн төлөө ч харамсахгүй байх нь зөв юм. Чи ч өөрийгөө бүү буруутга гэж Чингис хаан тайвшраад хэлэв. Гэвч тэд хоюул Зүчийн үхэлд буруугүй гэдгээ даанч мэдэхгүй байлаа. Чилэгэр бөхийн удам Бичэлдэй хөвүүнийг цавчин алахдаа үхлийн аймшигт дуу хөдлөгөөнийг мэдэрснээс болж Зүчи хачин ихээр айж цочсон бөгөөд сүүлд нь Бичэлдэйн үхэлд харамсан шаналсаар байсан нь Зүчийн сүнс зайлснаас болсон байв.

Хийх ёсгүй үйлийг хийсэн нь Зүчийн үйлийн үр болж тэр мөчид түүний сүнс дахин эргэж ирэхгүйгээр зайлсан байжээ.Үүнийг хэн ч мэдэх аргагүй юм. Бат хөвүүнийхээ ирээдүйн сайн сайхан, тусгаар их улсын төлөө Бичэлдэйг үхүүлэв хэмээн итгэж явсан нь Зүчийн үхлийг дахин хоёр жил саатуулжээ. Боорчи яаралгүй дахин нэг хоног тэвчсэн бол Зүчи өөрөө үхэх байв.Гэвч энэ нууцыг зөвхөн Тэнгэр л мэдэх тул Боорчид юуны буруу байх билээ.
-Тэмүжин анд минь. Би чамайг яаж орхиж явна гэж чи санав гэж Боорчи арга барагдан шивнэжээ.

”Тэмүжин анд” гэсэн үг сэтгэлд хичнээн ойр, уяралтай сайхан сонсдохыг Чингис хаан сэтгэл дэнслэн анзаарчээ.
-Удахгүй уулзах тул сэтгэлээ бүү зов доо, Боорчи минь.
-Тиймээ. Чи бид хоёр удахгүй уулзах нь гарцаагүй. Би үүнд итгэж байна…
Хаа нэгтэй холоос бөөгийн хэнгэрэг дуугарах сонсодсонд тэд чимээгүй болжээ. Боорчи ч үүнийг тов тодхон сонсов.

-Ойрноос нэг хэрмэл тэнүүлч ингэж хүссэн газраа, хүссэн цагтаа бөөлж явдаг болсон гэнэ гэж Боорчи хэлжээ. Харин Тэмүжин түүний хэлснийг сонсоогүй мэт
-Чи явахдаа хишигтэн цэргийнхээ хагасыг дагуул. Одоо дахиад уулзахгүйгээр яв. Хоюул Бурхан халдун ууландаа дахин уулзъя гэв.Боорчи удалгүй Чингис хааны өргөөнөөс гарч явахад нэгэнт үүр цайж бас нэгэн өдөр эхэлж байв. Тэд ингэж өнөө салаад маргааш уулзах мэт хагацжээ. Энэ бүхэн Тэнгэрийн зарлиг байсан тул хэн нь ч зөрчсөнгүй билээ. Тавин жил хамт зүтгэсэн тэднийг хагацуулах нь ганцхан үхэл боловч бас дахин уулзуулах нь үхэл юм. Тийм учраас Боорчи нутагруугаа яаран морджээ. Боорчийн ийн гэнэт явсны нарийн нууцыг Өгөдэйгөөс өөр хүн мэдсэнгүй.


Last edited by saiba_ryo on Oct.05.11 4:33 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.06.11 1:05 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Тэв Тэнгэрийн сүнс эргэн ирснийг Чингис хаан мэдэрчээ. Гэвч Тэв Тэнгэр яагаад ч юм бэ, түүнийг тойрон хүрээний гадуур эргэлдэж зөвхөн ирснээ мэдэгдэх төдий байлаа. Тэв Тэнгэр түүнд туслах гэж ирсэн гэдэгт Чингис хаан эргэлзэж тээнэгэлзэхгүй итгэж байв. Үнэхээр үхлийн сүүдэр ойртон ирэхэд хаа холд хэнгэрэгийн дуу сонсогддог бөгөөд үхэл ч даруй холдон оддог ажээ.

Сүүлийн хэдэн өдөр Чингис хаан Өүлэн эхийнхээ өгсөн Тэнгэрийн тэмдгийг гараасаа нэг мөч ч салгахгүй болсон бөгөөд Хулан хатныхаа хутгыг бүсэндээ байнга зүүдэг болжээ.

Хулангийн ав хомрогын үеэр түүн рүү дайрсан өнөөх аймшигт хар азарганы зүрхэнд зоолттой байсан хутга бол Хулан хатны нь хутга болохыг Чингис хаан андууралгүй таньсан билээ.

Учир нь Хорезмын хаан Мухамедийн эх Туракина хатны зүүж явсан энэ хутгыг Хулан хатан гуйсаар байж авсан юм.
Ингэхэд нь Чингис хаан маш их дургүйцэж яг адилхан хутга хийлгэж өгье гэсэн ч зөвшөөрөөгүй тул аргаа барж билээ.
Тэгээд эрх дураараа хатан нь чухам юунд нь болоод ингэтлээ шохоорхсоныг мэдэх гэж тэр хутгыг ихэд анхааран үзсэн тул тэр хожим хойно ч андуурахгүй болжээ. Гэтэл Хулан хатан нь ганцхан түүнийг аврах гэж л энэ хутгыг зүтгэн зүтгэн байж авсныг сая л нэг мэджээ. Энэ явдал бол Тэв Тэнгэр бөөгийн хэлснээр Тэмүжин, Тэнгэрт ивээгдсэний баталгаа гэж итгэжээ.

Харин үхэл гарцаагүй ирэхийн дохио бол Тэв Тэнгэрийн түүнд өгсөн Тэнгэрийн сахиус алга болсон явдал байлаа.
Тэр сахиусны нууцыг ганц Тэмүжин өөрөө л мэдэх тул алга болсныг нь хэнд ч хэлсэнгүй. Хулангийн авын үеэр догшин хулангийн хөлд өртөн тасарч алга болсон байх гэж таахаас өөр арга үгүй байлаа. Чингис хааны бие болоод сэтгэл санаа хямарч эхэлсний үндэс нь Тэнгэрийн сахиусаа гээснээс болсон гэдэгт тэрээр итгэж байлаа. ”Нутагтаа суу” гэж Өүлэн эх нь Тэнгэрийн нэрээр Барыгжан уулын оройд гарахад захисан нь чухам энэ явдлыг зөгнөсөн хэрэг байжээ. Одоо тэрээр харамсавч нэгэнт оройтжээ. Түүнийг Мөнх Тэнгэр ч үхлээс хамгаалахгүй болжээ. Тэнгэрийн сахиусны хүчээр Чингис хаан хичнээн удаа үхлээс аврагдсаныг тооцоолж хэлэхийн аргагүй байлаа. Тангудыг зорилгүй Тэнгэрийн зарлигийг дагаж нутагтаа суусан бол хэзээ үхэх байсныг бас тодорхойлон хэлэх аргагүй ч нэгэнт буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй болжээ.

Үхэл хаяанд нь ирчихсэн байгаа нь тодорхой болмогц хүссэнээрээ үхэх хүсэл тэсгэлгүй оргилдог ажээ.
Яг ийн санагдахад Чингис хаан өөрийн эрхгүй Жамухыг дурсан санадаг бөгөөд түүнийг хүссэнээр нь үхүүлээгүйдээ харамсан дэмий зүйл хийжээ хэмээн үе үе гэмших болжээ. Ер нь энэ хэд хоногт Чингис хаан өөрийгөө таних, ойлгохоо нэгэнт больсон байлаа. Эргэн тойрныхон нь ч үүнийг мэдээд түүнтэй маш болгоомжтой харьцаж, бараг зугатаах болжээ. Хаан эцгийгээ эмчлэн сувилахын тулд Өгөдэй хөвүүн нь тэргүүлэн бүгдээрээ бололцоотой бүхнийг хийж байлаа.

Харин Боорчийг Гэрэгийн хамт Монгол нутаг руугаа явсны хойно Алтан улсаас нэгэн өвгөн лам ирж Чингис хаанд бараалхах хүслээ илэрхийлжээ. Есөнтэйн тагнуул туршуулуудын хэлснээр энэ өвгөн лам үхсэнийг ч босгодог шидтэй домч гэж алдаршсан хүн байжээ. Үүнийг шалгаж тогтоомогц Өгөдэй Чингис хаанд айлтгав. Чингис хаан бие тавгүйрхсэнээс хойш энэ тэр отчийн өгсөн эмнээс өөрөө сэжиглэн уухгүй болжээ. Тэрээр хүн бүр өөрийг нь хорлон үхүүлэх бий гэж муу санаж байсан нь эдгэрч тэнхрэхэд нь илэрхий саад болж байлаа. Энэ бол түүний үхлийн эрхэнд орж эхэлсний цаад шалтгаан болохыг Чингис хаан ойлгосонгүй. Халуун ханиад туссан нь ужгирсаар байгааг ч тэр ойшоож үзсэнгүй билээ.

-Өгөдэй чи түрүүлэн уулзаж бай.Би дараа нь оръё гэж Чингис хаан хэлсэн нь ер өмнө нь тохиолдож байгаагүй явдал бөгөөд Өгөдэй ч огт юм бодоогүй ажээ. Хаан эцгийн хэлсэн ёсоор Өгөдэй тэр ламтай уулзав. Олон жил даяанч хийж Буддаг шүтэн гэгээрсэн гэх тэр нанхиад өвгөн нээрээ л хүний сэтгэлийг татмаар ариун дүртэй нь өөрийн эрхгүй шүтэн бишрэх сэтгэл төрүүлэх ажээ. Өгөдэй ёс алдахгүй гэж ламтай ойр зуурыг туршин ярилцжээ.

Өнөө ламыг Учан арш гэх агаад тэр арш Өгөдэйн үгийг сонсож суугаад
-Та залуу хүн гэхэд ухаантай хүн юм. Би таныг их хаан эцгийнхээ нэр сүрийн доор бүх юмыг хялбархнаар бүтээсээр өтөлсөн болов уу гэж бодсон юм. Тань шиг хувь зохиолтой хүмүүс ихэвчлэн ухаан санаа нь хөгжөөгүй, бодол сэтгэл нь түгжигдмэл, голдуу өөрийгөө ихэд бодож биеэ тоосон мулгуу амьтад болсон байдаг юм гэвэл Өгөдэй

-Та намайг бодоод арай зөөлрүүлж хэлж байгаа юм биш биз. Би танд яг тийм хүн шиг санагдаж байна уу. Та үнэнээ шууд хэлбэл сайнсан. Би ил үнэн үгэнд дуртай. Чингис хаан эцэг маань биднийг ингэж хүмүүжүүлсэн юм. Та айх явдалгүй. Үнэн санаагаа хэлэгтүн гэжээ.

-Би үхлээс айдаг наснаасаа өнгөрсөн хүн тул ямар ч их хаанаас үл айна. Бас үнэн үг хэлэхээс ч үл айна. Та миний хэлсэнд итгэж болно. Би дөрвөн улсын хэл нэвтэрхий мэднэ. Монголчууд та нарын хэл заншлыг би хамгийн эрт сурсан.
Учир нь танай өвөг дээдэс цаг үргэлж л миний удмынхны гэр оронг уулгалан дайрч хүнс, үр тариаг дээрэмддэг байв.
Одоо цөлмөн дээрэмдэхээс хэдийн хэтрээд бүр нутаг орныг минь эзлэн суухаар ирж байна. Харин таны эцэг Чингис хаан эрдэм номтой, ухаантай хүмүүсийг үнэлж түшдэг, үг сургаалийг нь хүндлэн дагадаг гэж сонссон тул би өөрийн нүдээр үзэж, биеэр уулзахаар ирлээ. Би дорно дахины бүх газар орноор зорчиж бумбын болоод Буддагийн ном сургаалыг үзсэн хүн хэмээн ярьж байтал Чингис хаан гэнэт орж иржээ. Нанхиад арш босч мэхийв.

Чингис хаан огтхон ч ёс төр гүйцэлдүүлэлгүй гайхмаар хүйтэн царай гарган суужээ. Өгөдэй хаан эцгийгээ бүр ойлгохоо больжээ.
-Эрхэм нанхиад хүн таны алдрыг дуулсан тул би уулзахыг зөвшөөрсөн билээ. Би танаас хэдэн зүйл асууя.

-Хаан та намайг шалгаж сорих гэв үү гэсэнд Чингис хаан
-Үгүй. Би нанхиад хүн чиний үнэн үгийг сонсох гэж хүснэ. Би сая чиний ярихыг зах зухаас сонсов. Миний өвөг дээдэс чиний удмыг дээрэмдсээр иржээ гэв үү. Тэгвэл танай нанхиад иргэд малчин монголчууд бидний бэлчээр газрыг сэм сэмээр эзлэн түрж элсний нүүдэл шиг чив чимээгүй өдөр хоногоор ахих тул хэчнээн таслаж зулгаавч үндэс яргаж үрээ цацсаар байдаг хогийн ургамал мэт тэднийг бид үтэр хөөн зайлуулах нь зөв буй заа гэж хилэнтэй асуужээ. Чингис хааны хүйтэн царайлсны учир энэ байжээ. Уг нь Чингис хаан аливаа элч хийгээд өргөө ордныг нь өөрөө зорьж ирэгсдэд дандаа сайнаар ханддаг заншилтай мөртөө нанхиад аршийг үзээд ийнхүү хилэгнэсэн нь түүний хэлсэн их үгнээс болжээ.

Гэтэл хөгшин арш их хаанаас огт айж сүрдсэнгүйгээр барахгүй
-Нүүдэлчин омгийн байнгын довтолгооноос хамгаалах гэж манай хаад их Цагаан хэрмийг барьсан нь одоо ч таны өмнө давшгүй даваа, дарагдашгүй хүч болон хөндөлдөж буй. Та үүнийг яах гэж барьсан гэх бол. рай Монголчууд үүнийг барьсан гэхгүй байлгүй дээ гэж ихэд даажигнан асуужээ. Чингис хааны өмнөөс ийн аймшиггүй дуугарах зоригтон байна гэж огт санаагүй Өгөдэй энэ хөгцөн шүдэт хөгшин аршийн хэгжүүн үгнээс болж хаан эцэг нь хилэгнэн догширч биеэ муутгахаас их эмээж байв.

-Та үнэн үгэнд тун ойрхон байна. Үнэндээ бол энэ их Цагаан хэрмийг биднээс айсан нанхиадын хаад барьсан юм биш. Нанхиадуудыг хойд зүг хорхой адил мөлхөж хорт могой шиг гулсаж ирэхээс болгоомжлон та нар өөрсдөө давж ирэхээргүй тэр шавар хэрмийг нүүдэлчин омгийнхон бид та нараар бариулсан юм . Энэ цагаан хэрэм та нарыг биднээс биш харин биднийг та нараас хамгаалж байгаа биш үү.

-Таны хэлж буй бол зоосны нэг тал. Зоосыг газар хаяхад аль ч талаараа унаж мэднэ.
-Одоо бидэнд тэр шавар хэрэм хэрэггүй. Ертөнцийн бүх улс хоорондоо эв найрыг сахиж нэгэн дээвэр доор Чингис хааны Их Монгол улсад нэгдэн дайн дажингүй энх амар амьдрах цаг ирж байна.

-Таны зориг, зорилго хоёр их гэдгийг би гадарлана. Та мөнх бус. Таны энэ их хүч ч мөнх байхгүй.
Ертөнцөд мөнх юм гэж үгүй тул Хаан таны сүр хүч, хураасан их улс нэг л өдөр үгүй болно.
-Гэвч газар дэлхий байсаар, хүн зон амьдарсаар, тэмцсээр, улс гүрнээ байгуулсаар байх биз. Тийм болохоор ямар юм мөнхрөх, юу нь ул мөргүй үгүй болох тухай та бид маргаад яах вэ. Мөнхрөхийг хүсэхгүй хэн байна. Та ч мөнхрөхийг хүсч буй.

-Тиймээ. Хүн угаасаа үхэхийг үл хүснэ. Тэгэхдээ үхлийн хажуугаар өнгөрөх хүн нэг ч үгүй. Харин хүний сайн үйл мөнх биш юм гэхэд олон зуун жилээр үлдэж болно. Та одоо цагаан хэрмийг хар. Дахин хэдэн зуун жил болоход байж л байна.
Түүний адил Хаан та ч сайн үйл бүтээе гэвэл болох биз. Хэрэв та одоохон их цэргээ гэдрэг татан бидний нанхиад улсыг амар тайван орхивол тэр таны бүтээх хамгийн их ариун үйлс болохсон. Би үүнийг л таниас хүсэх гэж өдөр шөнийг ялгалгүй зүтгэж өвгөн биеэ чилээн зовоосоор хүрч ирэв. Бид цагаан хэрэмнийхээ хойно урд талд аль аль нь амар жимэр амьдран сууцгааж болно шүү дээ.

-Ийм хэргийг би тантай хэлцэх ёсгүй. Алтан улс бол монголчуудыг хэдэн үеэрээ түйвээн бусниулж түрэмгийлэн хорлосоор ирсний ялыг тантай хэлэлцэх билүү би. Ухаантай зоригтой эрчүүдийг маань алан хядаж, уяхан туяхан бүсгүйчүүдийг нь булаан эмлэж,удам сайт мал сүргийг нь уулгалан дээрэмдсээр ирсэн биш үү, та нар. Би үүнийг тэвчин суухын аргагүй. Ертөнцийг нэгтгэн нэгэн жолоогоор залж хүн зоныг нь амирлуултал миний санаа үл амарна. Энэ хэргийг би эс гэхэд миний хөвүүд гүйцэлдүүлэх биз. Та энэ хэрэгт ухаан зарах хэрэггүй.

-Өвгөн арш би Хаан таны саруул ухаанд найдан энэ үгийг хэлсэн билээ. Нэгэнт тохиосон үйлийг дагахаас өөр замгүй.
Магадгүй таны асаасан талын их түймэр их далайн ус хүрч байж унтрах буй. Бас салхи эргэвэл таны өргөөг ч агшин зуур өршөөлгүй түймэрдэж мэднэ.

-Та их мэргэн ухаантай үг хэлэв. Би таныг их тоож байна. Таны сурсан үзсэн их биз.
-Тийм ээ. Би хатангир хүнийг таргалуулж халзан хүнд үс ургуулахаас эхлээд аливаа муу муухайгаас ангижруулах, түүний дотор өвдөх өвчин, өршөөлгүй зовлонгоос гэтэлгэх хүртэл олон эрдэм үзлээ. Сансар огторгуйн явдал, сар нарны хөдөлгөөн гээд надад үзээгүй, судлаагүй зүйлгүй.

-Яах гэж энэ их юмыг сурах гэж бие сэтгэлийг чилээн зүтгэнэ, Та. Хэнд хэрэг болно гэж ийнхүү нэгэн биенд хэтийдэм ихийг хураана, Та. Өвгөн арш танд үр хүүхэд гэж бий юу
-Эрдмийг энэ биендээ хэрэглэх гэж сурах бага хэрэг. Би бусдад хүртээх гэж, эртний заяатай нанхиад улсаа баян хүчирхэг, бялхам тансаг байгаасай. Алтан улсын савраас мултарч амар тусгаар болоосой гэсэндээ үсээ цайж үеэ мойнийтол суув. Би хүсвэл таны дэргэд шадарлан суухад ч татгалзах зүйлгүй.

-Миний санахад та нанхиад улсынхаа төлөө зүтгэвэл зүйтэй буй заа. Харин та хүнийг өвдөх зовлонгоос хэрхэн салгана вэ. -Энэ амархан. Би нэгэн шидэт үрэл бүтээсэн юм. Бумбын сургаалийн ид шид шингэсэн энэ үрлийг хүртсэн хүн хормын дотор Тэнгэрийн оронд очдог. Ямар ч зовлон шаналал үгүй. Энэ бол зовж шаналсан, амьдрах итгэлгүй болсон хөөрхий ядуусыг аврах буян болох сайн үйл юм гэсэнд түүний яриа Чингис хаанд таалагдав бололтой магнай нь тэнийгээд -Би таныг хүндэтгэн зоог барья.Та татгалзахгүй буй заа гэж Өгөдэйг зангахад тэр гарч тэд хоёул үлдэв
-Ухаантай хүнтэй үг солиход үүлтэй тэнгэр цэлмэх мэт оюун санаа онгойно. Та тэр шидэт үрлийнхээ хүч чадлыг надад үзүүлж болох уу гэж Чингис хаан Өгөдэйг гарсан даруй яаран асуужээ.

-Энэ бол би танд л итгэж хэлсэн нууц шүү. Хаан төрийг барина гэдэг хүчир ажил. Магадгүй ийм үрэл танд хэрэг болж мэдэх юм.Би танд тусалж болно.Та шан харамж гэх зүйлгүй. Энэ байна гээд арш уутнаас үрэл гаргаж өгчээ.

-Та хэрэглэмэгц ухаан санаа цэлмэн гэгээрээд даруй ариун хутгийг олж аливаа бүх өвчин зовлон мартагдан илаарших болно. Би таныг бие чилээрхэн тавгүй байгааг дуулаад ингэж сайхан сэтгэл өвөрлөн ирлээ. Та наад үрлээ хүртмэгц ямар шидтэйг тэр дороо үзэх болно.

-Тийм үү. Та тэгвэл надад хоёрыг өгнө үү.
-Хоёрыг турших хэрэггүй. Нэг л байхад хангалттай. Та итгэлтэй байж болно.
-Хаан би ч ганцыг хүртэхэд болно гэж үү.
-Та их наргианч хүн юм. Та адилхан л мах цусанд төрсөн хүн. Нэг л болно.
-Би эргэлзэж байна.Би үзээгүй тул итгэмгүй байна.
-Та наад үрлээ амандаа хийгээд үзэгтүн.Тэгвэл та миний хэлсэнд итгэх болно. Гаднаас идээ будаа оруулж ирсэн тул тэдний яриа тасарчээ. Өгөдэйг гар гэсэн тул тэр ч гайхсаар гарчээ. Эцэг нь энэ нанхиад арштай юуг ингэтлээ нууцлан ярьсаар байгааг тэр ойлгож яджээ.

-Нанхиад хүн чи мөнхрөх хүн нэг ч үгүй гэж хэлэв үү.
-Тиймээ энэ ертөнцөд мөнх зүйл үгүй.
-Нанхиад хүн чи буруу л ярьж байна. Их хэргийн төлөө өөрийн аз жаргал эд хөрөнгө нэр төрөөсөө татгалзан үхэж чадвал тэр бас мөнх нас болно.

-Ингэж итгэж үхсэн хүн хичнээн олныг тоолж яаж барна. Тэдний хэд нь эдүгээ мөнхөрснийг хэн яаж мэднэ. Хаантан та ийм аргаар мөнхрөх гэвэл алдаа болно. Гэхдээ танд ийм зориг зүрх байгаа гэдгийг би харж байна.
-Хүн хэрэгтэй цагт л үхэж сурах хэрэгтэй. Би ч, та ч, бүгд тэгэх ёстой.

-Санаснаар үхнэ гэдэг өчүүхэн төдий зоригийн хэрэг шүү дээ.Г эхдээ би хаан тантай маргах хүсэл үгүй байна. Би тантай санаа бүрэн нэг байна. Амтат идээ будаагаар дайлсанд талархаж байна.
-Та аль нутгийн хүн бэ.
-Би өмнө зүгийн Шэнлүшаан уулын хүн. Тэнд миний төрсөн нутаг буй.Шэньлюля гэж тосгон буй. Аав минь тэнд илжгэнд хөллөсөн анжсаар газар хагалдаг байлаа. Би аавдаа тусалж, илжгийг нь тууж өгдөгсөн.

-Аав тань тэнгэрт хальсан буй заа.
-Тиймээ. Аав минь олон жилийн өмнө нас элж, шарилыг нь Шэнлүшаан уулын энгэрт оршуулсан. Би ч гэсэн хэзээ нэгэн цагт тэр ууланд эцгийнхээ дэргэд нутаглахсан гэж хүсдэг юм.

-Би таныг хүссэн ёсоор тань Шэнлүшаан ууланд эцгийн тань хажууд оршуулахыг зарлиг болгомц.
-Шэнлүшаан уул хүртэл газар хол, зам зуур олон боомт бэхлэлт нанхиадын шилдэг цэргүүд тосч буй тул таны зарлигийг биелүүлэх боломжгүй л болов уу

-Та битгий санаа зов. Бүтэхгүй зүйлийг би юу гэж зарлиг болгох вэ.Харин та надаас хүсэх зүйлээ хүссэн тул би танд нэгэн хүсэлт тавья гэж Чингис хаан хэлсэнд арш жаахан гайхсан ч их л дарууханаар
-Би биелүүлж дөнгөх болов уу гэжээ.
-Тэр амархан гээд Чингис хаан хундаганд дарс дүүргээд дотор нь үрлээ хийв.
-Та энэ дарсыг тогтооно уу. Энэ дарс бол хүний хүслийг хангагч Монгол газрын идээ юм. Дотор нь таны шидэт үрлийг хийсэн. Идээ эзнээ таньдаггүй гэдэг юм гээд барьжээ.

-Хаантан та юу хүснэ вэ. Миний өгсөн үрэл хор шүү дээ гэж нанхиад арш балмагдан хашгирч босон харайжээ.

-Би нанхиад хүн чамайг зовлонгоос гэтэлгэхээр шийдлээ. Би ухаантай хүнийг хүндэтгэнэ. Тийм учраас өөр үхлийг бус, таны өөрийн зохион бүтээсэн энэ үхлийг танд зориулж байна. Би таны хүсэл ёсоор Шэнлүшаан ууланд эцгийн тань дэргэд оршуул гэж тушаамц.
- Та намайг ингэж алах хэрэггүй. Би таны дайсан биш. Би үхэх болоогүй.
-Та нанхиад улсын төлөө зүтгэнэ гэв. Тэгвэл удахгүй тэр нанхиад улс тань Алтан улстай хамт үүрд үгүй болно. Бас та манай цэргүүдэд тас цавчуулж үхэхгүйгээр эндээ хүндтэйгээр үхэх нь дээр буй. Уугтун. Та нанхиад улсынхаа төлөө тогтоогтун гэж Чингис хаан туйлын таашаалтайгаар хэлээд хундагатайгаа барин аршын дэргэд очив.

-Хаан та үнэн хэлж буй биз. Би үхэхээс үл айна. Нанхиад улсынхаа төлөө би тогтооё. Чи хэзээ ч миний улсыг дийлэхгүй биз гээд өвгөн арш хорыг даруй уужээ. Хормын төдий чимээгүй байснаа дотор нь бачууран цээж хүзүү хоолойгоо урж

-Чи талын зэрлэг махчин. Гэмгүй улс орныг сөнөөн устгагч араатан. Чиний өмнө ганцхан үхэл сүйрэл л бий. Чи ертөнцийн хамаг сайхныг сүйрүүлэн хөнөөгч. Чамайг хараал идэг гэж өөрийн хэлээр галзуурсан мэт орилсон тул Өгөдэй орж иржээ. Чингис хаан инээж гар өргөн Өгөдэйг хүлээ гэж дохижээ.

-Чи үхлийн муугаар үхнэ. Чамайг миний үр удам, чиний сүйтгэсэн улс иргэдийн үр удам үргэлж хараах болно. Чи бол хүн биш, алуурчин гэж хашгираад ширдгэн дээр унаж тэр дороо амьсгал нь тасарчээ. Өгөдэй гайхсан ч юм асууж амжсангүй.
-Би энэ нанхиад хүний үнэн дүрийг үзэв. Чи ч үзэв. Нанхиад хүний үнэн дүр энэ ажээ. Намайг хорлох гэж ирээд өөрөө тэр хорондоо үхэв. Энэ нанхиадын хүүрийг Шэнлүшаан ууланд эцгийн нь дэргэд нутаглуул. Би амласан юм.
Би Алтан хааны илгээсэн хорыг түүний элчид уулгаж хөнөөв. Тэр намайг хорлон алах гэж энэ аршийг илгээжээ. Одоо тэр аюул өнгөрөв. Сэтгэл минь ханав хэмээн Чингис хаан ихэд сэтгэл бахтай хэлсэнд Өгөдэй

–Та яаж мэдэв гэж ихэд гэмшин асуужээ.
-Хөвүүн чи бүү сэтгэлээ зовоо. Та нар үүнийг мэдэх аргагүй. Харин надад Тэнгэр хэлжээ гээд Чингис хаан гар сунган Тэнгэрт залбирчээ. Өгөдэй гайхах үл итгэх хослон зогсов.

-Одоо би тэдэнд үнэн дүрээ үзүүлсүгэй. Түрэмгий балгасыг эвдэн сүйтгэ. Хэнийг ч байсан амьд бүү үлдээ. Хэн нь махчин араатан болохыг үзсүгэй. Бушуул. Цэргээ хөдөлгө гэж хашгираад Чингис хаан ухаан алдан унажээ.


Last edited by saiba_ryo on Oct.06.11 3:34 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Oct.06.11 1:12 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
...Цэв цэнхэр тэгсэн мөртөө гайхалтай тунгалаг манан дунд Тэмүжин хаашаа ч юм бэ давхиж оржээ. Бөртэ өлгийтэй нялх хүүгээ тэврэн зам тосон зогсож байлаа. Энэ замаар Тэмүжин нөхдийн хамт эргэн ирэх ёстой ажээ. Нээрээ ч удалгүй алсад морин төвөргөөн сонсдов. Бөртэ чимээ чагнан сэтгэл догдлоод

-Хөвүүн минь чи сонсож байна уу. Аав чинь чамайг төрлөө гэж мэдээд ийм хурдан эргээд иржээ. Чи хар даа тэр.
Аав чинь тайчуудын Таргудайг дараад иржээ. Тэр ачаа хөсөг морь малыг нь хар. Лавтай аав чинь их олзтой, ирмүүн баяртай ирж явна. Чи их азтай хүү юм даа. Чи аавынхаа дайснаа дарсан өдөр мэндэлжээ. Аавдаа бас ялалт авчирчээ. Аав чинь яасан их баярлах бол гэж өлгийтэй хүүхэдтэйгээ ярьж зогсохыг Тэмүжин харж байв.

Тэмүжин Хасарын хамт түүний дэргэд давхин очив.
-Чи яагаад энд ганцаараа зогсоно вэ.
-Би чамайг бусдаад түрүүлж тосоё гэж санаад ...
-Яасан болгоомжгүй юм бэ. Тайчууд бидний араар явж байвал яана. Үүнээс хойш бүү ингэж хүрээнээс хол яв гэж Хасар түрүүлэн хашгирчээ..

-Тэмүжин чи хар даа. Чи дахиад хүүтэй боллоо.
-Хүү юу гэж Тэмүжин баяртай хэлээд үнсэв.
-Надад баатар эр хэрэгтэй. Миний хүсэл лав биелнэ.

-Тэмүжин хүүдээ нэр өгөөч
-Аав нь чамайг Өгөдэй гэж нэрлэе. Өгөдэй, Өгөдэй гэж хөвүүнийхээ чихэнд хашгирна.
-Тэмүжин би чамайг үхэв гэж зүүдэллээ. Үүнээс хойш гэртээ суу. Би чамайг гуйя гэж Бөртэ уйлсанд
-Тэгвэл би мөнхрөх нь л дээ гэж Тэмүжин хөхөрч байв. Энэ үед Боорчи, Зэлмэ нар ирэв.

-Харцгаа та нар. Энэ Тэмүжин ахын хөвүүн Өгөдэй. Бид Тайчуудтай тулалдаж байх зуур хөвүүн мэндэлжээ.
Тэмүжин ах гурван хөвүүнтэй болов. Өгөдэй, Өгөдэй, Өгөдэй гэж Хасар хашгирсаар байтал өнөөх цэнхэр манан хийсэн одоод оронд нь гэрийн унь тооно тодорчээ.

”Хасар чи юунд ингэж түрүүлэн дуугарч түрэмгий загнана вэ. Өгөдэй чинь миний хөвүүн биш үү” гэж бодоод Чингис хаан сэргэжээ. Газар доргин хөдөлж байх нь гэр тэрэг явж буйг гэрчилнэ. Ухаан алдаад сэргэж буйгаа Чингис хаан мэдэв.
Бас хойд насандаа түр очоод эргэж ирснээ гадарлав. Тэнд Хасар түүнийг хүлээж байгааг сая харжээ.
Одоо үхэл яг тоононы ирмэг дээр суугаад далбилзан хөдөлж, бас их доогтойгоор инээж байгаа нь тов тод танигдаж байв.
Хасар дүү нь болоод Бөртэ зүүдэнд орсон нь үхлийн эцсийн дохио болохыг Чингис хаан ойлгов. Чингис хаан насан эцэслэж байгааг Бөртэ зөнгөөрөө мэдээд яг энэ мөчид ухаан балартан унасанд Туулын хөндийн хүрээ даяараа түүнийг сэхээх гэж сандарч байцгаажээ. Үхлийн дохио Бөртэд адилхан үзэгджээ. Бөртийн яаж тарчилж байгааг Чингис хаан мэдэрч байв.

Түүнийг үхэхэд хамгийн ихээр гашуудан шаналах ганц хүн бол Бөртэ юм. Үхэл алгуур холдоход Өгөдэй дэргэд нь ганцаар сууж байхыг харжээ. Амжих хэрэгтэй гэж Чингис хаан шаналан бодов.
-Өгөдэй. Би чамайг дуудав. Би сая чамайг бас ижийг чинь зүүдлэв. Би Бөртэ хатан эхийг чинь санав. Үхэл одоо намайг нэхэн энд иржээ. Тэр миний сүнсийг авч явахаар хүлээж ядан байна. Хөвүүн чи сайн сонс. Хөвүүн минь надаас хойш эхийгээ сайтар асар. Би их хаан суусан ч эхийг чинь ер жаргаасангүй. Бүтэн биеийг нь дөрөв хувааж зовоов. Тийм бус уу. Би эхтэй чинь уулзаж чадахгүй тул миний ингэж хэлснийг эхдээ дамжуулаарай. Арван настай Бөртэ охиныг би одоо тод харж байна. Тэр намайг лав өршөөх биз.


Last edited by saiba_ryo on Oct.07.11 4:12 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.06.11 1:40 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
-Хаан аав та санаа бүү зов. Та нутагтаа очно. Ээж таныг тосч авна… гэхдээ Өгөдэйн нүднээс нулимс асгарсаар ажээ.
-Тийм бол сайнсан. Би ээжийн чинь өвдгийг нь дэрлэж хэвтээд үсээ самнуулах дуртай юм. Ингэж үсээ самнуулж хэвтсэнгүй хичнээн удав. Би ээжид чинь залуу үедээ нэг тангараг тавьсан юм. Тэр тангаргаа няцсан тул би их нүгэлтэй хүн шүү. Хүү чи мэдэж ав.

-Та юу ярина...
-Би Бөртэд боолынхоо охинтой самуурахгүй гэж тангаргаласан юм. Тэр тангаргаа би эвдсэн. Гэвч тэр хүүхэн үхсэн.
Бөртэ ээж чинь ямар их тэвчээртэй, ухаантайг чи мэдэхгүй. Ээж чинь миний бие сэтгэлийн тал нь юм. Бөртэ энд байвал би лав ингэж хэвтэхгүй. Хүнд авааль эхнэр шиг хүн хаана олдоно. Ядарсан ч, задарсан ч үрийн минь эх л дэргэд байж баяр гунигийг цуг хуваалцана. Тийм тул би Бөртийг яаж мартана. Хөвүүн чи Тулуй дүүгээрээ ээжийгээ асруул. Отгон хөвүүн голомтоо сахиг. Тэр голомтыг эх чинь нэг насаараа манаж суув. Одоо бүү осолд. Бүү цалгард. Зөвд зөөлөн, бурууд хатуу бай. Цэргээ асар. Цэргийг эс асарвал чи яаж жанжин болно. Ухаантныг түш, уруудсаныг эргүүл. Ард олон идэх хоолтой, элбэг баян бол чиний улс бат бэх байх болно.

Цагадай ах чинь түргэн зантай, түрэмгий ааштай ч буулт нь зөөлөн. Түүнийг аяар нь байлга.

Тулуй лав чиний үгнээс үл зөрнө.

Батыг чи Зүчи ахынхаа адил хүндэтгэж өөрийн хүү Гүюгийн адил захирч яв. Батын сэтгэл тогтворгүй болж мэднэ. Сүбээдэйг Батын дэргэдээс бүү холдуул.

Боорчийг аливаад бүү албад. Тэр үхтлээ юу хүссэнээ хийж яваг. Залуу халуун насны итгэлт олон нөхдөөс минь одоо тэр л ганцаар үлдэв. Би түүний хамаг аз жаргал, хайран сайхан залуу насыг булаан авчээ. Тэр ийм үйлтэй байж.

Боорчийг эцгийн адил асар. Чи Гэрэгийг бас сайн асар. Гэрэг бол Боорчид тэнгэрээс заяасан ганц үр нь юм шүү. Түүнийг бүү үхүүл. Чи өөрийн охидоос нас бие гүйцмэгц Гэрэгт өг. Боорчи лав баярлана.

Билгүтэй авгынхаа үр удмыг сайтар асар. Билгүтэй надад өргөсөн тангаргаа эвдэлгүй үхтлээ үнэнч зүтгэснийг бүү умарт.

Хасар авгын чинь үр сад өрсөлдөн тэмцэлдэж магад. Тэднийг Хөлөн буйрын талаас бүү нааш өнгөрөө. Тэнд нь суулгагтүн.


-За.Таны хэлснээр би бүгдийг хийе ...

-Чи өнөөдрөөс хаан мэт явагтун. Хүний тусыг бага гэлгүй амь тавьж хариул. Цэргийн дотор баатар бодлогыг сахь. Төрийн үйлд төв чигийг эрхэмлэ. Энэ дөрвийн нэгийг ядаж эрхэмлэн явбаас эр хүнд нэг насны үйлс болно. Би арван дөрвөн наснаас цэргийг засч, төрийг хүчирхэг түвшин байлгахыг хичээв. Би таван өнгө, дөрвөн хэлийн их бага дөчин улсыг хураан нэгтгэв. Гэвч одоо бодвоос тун бага зүйлийг амжуулжээ. Амарч цэнгэсэн минь хэтэрч алт шиг өдрүүдээ дэмий үрсэн байна. Харин юуны учир хүн болж хүзүү сээр холбосныхоо учрыг ойлгосон минь гавьяа болно. Би хөвүүд та нарт энэ ертөнцийг эзлэн нэгтгэх их замыг нээж өгөв.

Одоо Цагадайн өмнө лалын мөргөлтний бүх улсыг нэгтгэх зам нээлттэй боллоо. Түүнийг баруун урагш давшуулж юуны түрүүн тэр Багдадын их үгт халифыг дайлан дарж түүнээс султан цол олгодог дархан эрхийг нь даруй хураан ав. Тэгээд цааш Улаан тэнгисийг өнгөрч Мисир орныг эзлэн ав гэж даалга.

Батын өмнө загалмайн мөргөлтний улсууд бүгд сүйрэн унах үүд нээлттэй бий. Тэр хөвүүнийг Сүбээдэйн хамт явж загалмайн мөргөлтний бүх улсыг нэгтгэн их улсад захируулахыг захь. Хамгийн эхлээд дотроо эв түнжингүй байгаа Орос улсын талыг эзлэн авч дараа нь оросыг оросоор нь даруулагтүн.

Харин хөвүүн чи өөрөө энэ дорно зүгийн улс орон, Буддад шүтэгч улсуудыг хураан авагтүн. Алтан улсын бүх шилдэг цэрэг Дунгуан боомтод бий. Дунгуан бол өмнөө их уултай умартаа их мөрнөөр хашигдсан эзлэхүйеэ бэрх боомт. Харин Сүн улстай найрамдлаа батлаад нутгаар нь дайран гарч Алтан улсын өмнөөс довтолбол тэд Дунгуан боомтоос цэргээ санд мэнд гарган өмнө зүг татна. Тэр үед нь амжиж довтлон дарвал зохино. Тулуй дүүгээ чи өөртөө хавсруул. Харин Тулуй дүү чинь эх Монгол нутагтаа эцэг өвгөдийнхөө шарилыг сахин сууг. Энэ Монгол нутаг чинь ядрахад хоол, явгарахад морь, унтахад гэр чинь болох юм. Тэгээд хөвүүн чи миний хэлснээр хийж тэр Христос, Будда, Мухамед гурвыг Мөнх Тэнгэрийн хүчин дор нэгтгэн үнэн сүсэгтнүүдийг нь хураан захирч суу. Ер хүмүүний сэтгэл санааг дагуулвал үйл нь аяндаа дагана гэдэг юм. Миний алтан ургийн хөвүүд та нарт бурханы, загалмайн, лалын мөргөлтөн иргэдийг тус тусын нутагт нь нэгтгэн Мөнх Тэнгэрийн хүчин дор захиран суухыг Тэнгэр зарлиг болгожээ. Үүнийг бүү март. Хэзээ ч бүү цалгардаж осолд. Чамд хаана ч, хэнд ч байхгүй хүчирхэг их цэрэг, сэтгэл санаа нэгдсэн албат иргэдтэй, дэлхийд жишиггүй Их улсыг өөрийн биеээр хүлээлгэн өгөв.

Одоо хөвүүн чамайг юуны учир хаан сууринд шилэн өргөмжилсний учрыг хэлье. Энэ учрыг ганц би л мэдэх юм.
Чамд бусад ах дүү нараасаа онцгойрч Тэнгэрт тоогдсон хоёр үйл бий.

Нэгд, чи намайг Алтан улсад дайтаж явахад “Одоо энэ Алтан улстай дайтах нь цаг болоод цэргийн гарз болно. Харин баруун зүгийн улсууд дотроо эв нэгдэлгүй, хэрүүл тэмцэл ихтэй тул эзлэхэд хялбар “гэж үнэн санааг хэлж үйлс ялалтын үүдийг нээж туслав.

Хоёрт, “Хаан эцэг та өөрөө зорин очиж байлдан эзлэх цагаа эцэслэж харин энэ газрын хүмүүс өөрсдөө Таныг зорин хуйлран ирж нэгдэх тийм улсыг байгуулж Орхоны хөндийд Хархорум гэдэг их хотыг цогцлоон ертөнцийн төв болгоё” хэмээн алс ирээдүйн замыг заасан мэргэн үг хэлэв.Ү үний тулд би чамайг эргэлзэх зүйлгүйгээр хаан сууринд сонгосон билээ. Би чиний хэлснийг бүрэн гүйцэлдүүлж чадсангүй. Харин чи өөрийн хэлснийг марталгүй энэ мэт мэргэн санаагаа хэрэгжүүлэн Хархорум төвтэй нэгэн их улсыг газар дээр байгуул. Хархорумыг цогцлоох Орхоны мөндий бол газар дэлхийн их хүч гайхамшигтайгаар хурсан урам зориг сэргээж, ухаан бодол саруулсгах увьдис шидтэй, өөдөлж мандахын хишиг буян төгс нутаг шүү.
Чухам тэр л газар алтан ургийн аз хийморь төгс бадарч Их улсын нийслэлийг зорьсон газар газрын олон хэл, шүтлэг мөргөлтний хөл тасрахгүй байхыг би одоо тодоос тод харж байна. Тэндээс нийслэлээ бүү хөдөлгөөрэй. Осолдож хөдөлгөх аваас алс хэтдээ Монголын заяа хазайж Их улсын минь сүр хүчин, алдар суу сарних вий. Түрэг болоод Хүннүгийн үеэс тэнд их улсын нийслэл байжээ. Үүнийг үүрд санаж үрийн үрд уламжлан захиж үлдээ. Чингис хаан миний нэрийг хэзээ ч муугаар бүү дуудуул.

Миний бие үгүй боловч Чингис хааны их суу алдар Тэнгэр мэт олон монголчуудыг үүрд ивээж мөнхрөх болно…
Би Алтан улсын ганц нэг боомтыг өөрийн биеээр авч эс чадсандаа харамсаж байна. Гэвч нэгэн бие дуусавч надаас дутахгүй хөвүүд, ач үрс минь их хэргийг гүйцээн миний хүрээгүйд хүрч, амжаагүйг гүйцэлдүүлнэ биз. Их хаан ор суух хөвүүн чи туйлаас хичээ…


Last edited by saiba_ryo on Oct.06.11 1:57 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.06.11 1:45 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
-Хаан эцэг минь. Би хичээнгүйлэн сонсч байна гэж Чингис хааны амьсгаа дарахын хооронд Өгөдэй бишрэн шивнэжээ.

-Бүх цэргийг дээд доод гэлгүй их цаазад захируул. Сайдыг санааны туйлд бүү хүргэ. Түшмэдийг манлайн суудалд бүү суулга. Сайд, түшмэд чинь санааны туйлд хүрч, суудлын дээдэд сууваас санаа нь цадаж чармайн зүтгэх нь багасаад улс төрд хохиролтой, хүмүүжил сурталд муу нөлөөтэй болно. Хөвүүн чи одоо Их хаан болов. Үүнийг бүү март.

Өглөө бүр нойрноосоо сэрүүт Их хаанд дүйх агуу үйлсийн тухай бодож бай. Боорчи, Мухулай хоёр зөв явдлыг минь зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг буцаан зогсоож энэ их сууринд хүргэв. Хөвүүн чамд чухам ийм үнэнч нөхөр амь мэт чухал. Төр, цэргийг хэрхэн засахыг Боорчийн амьд ахуйд түүнээс асуугтун. Би хийдгээ хийв. Одоо цаг минь болов. Үүнээс илүү удвал би та нарт гай болно. Намайг босго…

Өгөдэй эцгийгээ өргөн босгов.
-Үгээ хэлж сэтгэл минь амрав. Намайг үхсэн хойно бунхлахдаа энийг зүүн гарт минь атгуулаарай. Энэ бол миний төрөхдөө атгаж төрсөн Тэнгэрийн тэмдэг юм. Үүний ачаар би чадал хүчин мөхөсдөхийн цагт баатрын тэнхэл авч, бодол санаа ахардан мухардваас саруул ухааны авшиг хүртэж, амин насны гал бөхөх цаг ирсэн энэ өдрүүдэд ч үүнээс ухаан, тэнхээ сэлбэн аймшигт үхлийн өөдөөс дальдрахгүй харж, оюун сэтгэл хиргүй цэлмэг байсаар хорвоогоос явах мөч тулав. Одоо би Тэнгэрийн их хүчийг үүнээс авах хүсэлгүй болов. Иймээс би үүнийг биенээсээ салгаж байж л энэ хорвоог орхих учиртай. Харин миний захиж хэлсэнчилэн үүрдийн амгаланг олсныхоо дараа би үүнийг орчлонд анх ирсэн шигээ зүүн гартаа атган мөнхрөх ёстой юм шүү. Өүлэн эхийнхээ аминчлан захиж хэлснээр энэ Тэнгэрийн тэмдгийг нүд үзэж, хөл хүрэхгүй газарт би өөрийн хамт авч явъя. Намайг бунхлахдаа Тэнгэрийн тэмдгийг зүүн гарт минь атгуулаарай. Би Өүлэн эхийнхээ ухааныг дөнгөж сая л нэг гүйцэв гэж Чингис хаан хэлээд шүр мэт улаан өнгөтэй Тэнгэрийн тэмдгийг их л нандигнан Өгөдэйд өгчээ.

-Атга. Хүнд бүү үзүүл. Улайдсан мэт халуун тэр чулуу Чингис хааны гараас шилжингүүтээ өнгө нь бүдгэрч байхыг Өгөдэй ажиж амжив. Гарын алга нь аймшигтайгаар түлэгдэн хорсохыг Өгөдэй тэвчжээ.
-Хаан эцэг минь би бүгдийг таны айлдсанаар гүйцэлдүүлье.

-Одоо чи миний морийг авчруул.
-Хаан эцэг минь
Та ийм байж яаж морь унана. Тэргэнд явбал амар бус уу.

-Хөвүүн чи миний хэлснийг хийгтүн. Сүүлчийн хүслийг минь сөрж бүү цааргал. -Их цэргийг зогсоож таны морийг авч ирье. -Байз хүлээ. Их цэргийг бүү зогсоо. Миний бие самуурах юу ч биш. Их цэргийг надаас болж бүү зогсоо. Их цэрэг зогсоно гэдэг Монголын их улсад үхэлтэй адил. Хөвүүн чи үүнийг хэзээ ч бүү март. Би толбот бор морьтойгоо их цэргийн манлайд явсугай. Хөвүүн чи хаан сууриндаа суу. Намайг Тэнгэрийн орон хүлээж байна. Би морьтойгоо, цэрэгтэйгээ хамт явсугай. Их цэргийг бүү зогсоо. Намайг Тэнгэрт одоход үдэх хүндэтгэлийн цуваа болог. Надаас хойш ч их цэргийг бүү зогсоо гэсэн нь Чингис хааны хүчээ шавхан хэлсэн эцсийн үг болов.

Түүний зүрх хаяа нэгхэн тасалдангуй цохилж байсан ч тэр өөрт шингэн үлдсэн Тэнгэрийн их хүчээр үхэлтэй тэмцэж байв. Чингис хаан энэ орчлонг орхин одохынхоо өмнө ийнхүү санасан бүгдээ хийж санаа нь амрав. Одоо ганцхан хүсэл л үлдэв.
Энэ бол түүний олон хоногийн турш бодсон хэрэг байлаа. Чингис хаан Жамуха шиг хүний зааснаар биш, өөрийн хүссэнээр үхэхээр хатуу шийдсэн билээ. Тэр цаг одоо ирэв. Тэр үхлээс хүчтэй гэдгээ харуулахыг туйлын ихээр хүсч байв. Бие махбоди нь аль эрт түүний ухаанд захирагдахгүй болж бүх хөдөлгөөн нь зогсжээ. Гэвч түүний уураг тархи асар их хүч гарган ажилласаар байлаа. Гадаа морь хангинатал янцгаах нь сонсдов. Чингис хааныг түүний Их цэрэг, эрмэг хөлөг нь дуудаж байгаа нь энэ юм. Оюун ухаан нь эцсийн хүчээ дайчлан өөрийн биенд хуримтлагдан байсан Тэнгэрийн их хүчийг нэгмөр шавхан гаргажээ. Чингис хааны биенээс ялгаран гарсан энэ их хүчинд хуй салхи хормын дотор дэгдэн өргөөний дээвэр туургыг хийсгэн одох мэт болов.

Одоо түүний нүдний нь өмнө бүх зүйл ил тод харагдана. Холгүй их цэрэг хөврөн урагшлах нь үзэгдэв. Чингис хаан огт эрүүл хүн шиг цэгц шулуун алхан очоод мориндоо мордов. Өгөдэйн зарлигаар хэн ч түүнд ойртсонгүй. Чингис хаан одоо юу ч олж харахгүй болжээ. Түүнд ганцхан нүд сохлом цагаан гэрэл үзэгджээ.

” Би хүслээрээ үхэв.Үхэл цагаан өнгөтэй байдаг аж” гэж бодсон нь түүний эцсийн бодол байв.
Олон агт, түм түмэн цэргийн жагсаалын манлайд явж сурсан толбот бор морь нь харахын зуургүй цахилан давхиж цэргийн цувааны түрүүнд гармагцаа тайвширч их цэргийн цувааг манлайлан товор товор алхлав. Яг энэ үес Чингис хааны сүнс биеэс салж Тэнгэрт хөөрчээ. Цэргийн цувааны эхэнд явж байсан Тулуйн хөвүүн Хубилай гэнэт жагсаалын эхнээс бөөн гал тэнгэрт хөөрөхийг хараад
-Хараач. Тэр галыг. Тэнгэрт гал хөөрч байна гэж цангинуулан хашгирчээ. Гэвч энэ гал түүнээс бусад хүмүүсийн нүдэнд харагдаагүйд урамгүй болов. Өнөө гал ч төдөлгүй үзэгдэхээ больжээ. Чингис хааны сүнс биенээс тасран ийнхүү Тэнгэрийн орныг зорин одсон билээ. Тэр сүнс дахин газарт эргэж буухгүйгээр одсон бөгөөд сая өндрөөс харахад энэ газар хавтгай биш бөөрөнхий, бас хүрд мэт эргэлдэж байхыг олж үзээд их гайхжээ.

Чингис хааны сүнс Тэнгэрт үүрд одсоноор олон монголчууд Мөнх Тэнгэрт тэтгэгдэх ариун хутагийг газрын дээр эгнэгт олжээ... хэмээн хичээнгүйлэн бичээд олон хоног цомцойн суусаар ядарч, гар, нүд нь ихэд чилсэн өвгөн буурал бичээч тэрбээр хөшсөн биеэ хөдөлгөн суниажээ.


Last edited by saiba_ryo on Oct.07.11 4:11 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.06.11 1:53 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Гэвч ингэснээр түүний олон жилийн хүчир хөдөлмөр дуусаагүй тул дэнгээ сэргээж дахин нэг шинэ хуудас цаас авч бийрээ бэхэнд нийлээд “ЧИНГИС ХААНЫ НУУЦ ТҮҮХ” гэж томоор дурайлган бичиж гарчиг болгоод бас нэгэн цаасан дээр

“Энэхүү түүхийг зөвхөн Танд зориулан бичиглэв. Та үүнийг уншин болгоогоод магтан сайшаах буюу хилэгнэн хараахаа түр тэвчин азнаж саруул мэргэн ухаандаа сайтар тунгаан бодогтүн. Хүмүүний амьдралын чанад нууцыг хэн ч үл мэднэ. Гагцхүү Мөнх Тэнгэрийн эрхшээлд орших тул Та ухаан сэтгэлийнхээ хязгааргүй орчлонг оюуны зулаар гэгээрүүлэн байж тэрхүү чанад нууцыг няцаж цуцалгүй эрж хайгтүн.Нууцыг тайлмагц Та Мөнх Тэнгэрийн ивээлд багтах буйзаа”

гэж хэн нэгэнд зориулсан зурвас бичээд сая л санаа амран нэг насны хэргээ бүтээсэн хүний өөдрөг хангалуун сэтгэлтэйгээр нам унтжээ.

Маргааш нь олны анхаарлыг татахгүй газраар Хааны ордонд нэвтрэн орох, эсвэл Мөнх хаанд уг түүхийг өөр итгэлтэй хүнээр дамжуулан олны нүдэнд үзүүлэлгүйгээр хүргэх аргыг эрэлхийлэхээр Хархорум хотын их зээл, хааны ордныг зорьжээ.
Франц дархан Бушьегийн урласан далавчит охин тэнгэр бүрээ татаж буй дүрстэй, луун толгойт мөнгөн модны дэргэдүүр өнгөрч явтал олон торгон цэрэг дагуулсан үзэсгэлэнт хөвүүн давхин ирэхэд тэнд байсан түмэн хэлийн улс бүгд сөхрөн мөргөжээ. Шүд нь гэрэлтэж, нүд нь гялалзсан тэгш өндөр биетэй хар арьстан цэргүүд хөвүүнийг дагалдсан нь өвгөн бичээчийг алмайруулжээ. Учир нь тэр гэртээ шигдэн суусаар хэдэн жил тойрсон тул Хархорум хотод энэ мэт шинэ зүйл бий болсныг мэдсэнгүй байжээ. Энэ бол Мөнх хааны бага хөвүүн Сэрихин ажгуу.

Хан хөвүүн Хархорум хотын их зээлийг чиглэн оджээ. Мөнх хааны бага хөвүүн, сэргэлэн цовоо Сэрихинийг эрээн мяраан бараа таваар сонирхон, хамгаалагч торгон цэргүүдээс сатааран холдсон үеэр нь сэм дуудаж уулзаад түүнд нэгэн алтан зоос үзүүлж
-Үүнийг би Мөнх хаанд заавал өгөх учиртай юм. Сайн хөвүүн чи Хаан эцэгтээ осолдолгүй хүргэж өг. Харин энэ зоосыг чи өөрөө шанд нь аваарай хэмээн бас нэг мөнгөн зоос өгөөд “Энэ баринтигтай судрыг хэнд ч мэдэгдэж үзэгдэлгүй хаан эцэгтээ аваачиж өгөөрэй. Хөвүүн чи үзтэл сэргэлэн, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, баатар хүн болох эр байна. Чи үүнийг эцэгтээ хүргэж өгөөд хэнд ч хэлэлгүй эргэж ирэгтүн. Ирэхээр чинь би чамд үүнийг өгнө” хэмээн нэгэн гялалзсан гоё алтан шагай үзүүлжээ.

“Баатар эр болно” хэмээн зөгнөж хэлсэн тэрхүү нүдэнд дулаахан өвгөний үгэнд урамшин баясч алтан шагай шанд нь авахыг бодсон балчир хөвүүн Сэрихин тэрхүү алтан зоос хийгээд баринтигтай судрыг тансаг бөгөөд элбэг хувцсандаа сайтар нуугаад -Та надад итгэж болно. Би баатар хүний ёсоор осолдолгүй эргэж ирнэ. Үүнийг би хаан эцэгтээ дор нь хүргээд өгчихнө хэмээн цовоо дуугаар итгэлтэй хэлээд хэвлүүхэн нь аргагүй ордон руугаа давхижээ. Хар арьст цэргүүд ч дагалджээ.

Харин өнгөрсөн хойно өвгөн бичээч осолтой зүйл хийснээ гэнэт ухаарч өөрийгөө зэмлээд барсангүй. “Өөрийн биеэр хүргэж өгвөл чанд нууцыг нэгд нэгэнгүй мэдэхийн учир амь насанд осол болох вий гэсэндээ балчир нялх хөвүүнд их нууцыг даатган өгч хар толгойдоо уучлашгүй ял хураав, би. Тэртэй тэргүй хөгшин хонины насгүй болсон би юундаа ингэтэл хоргодоо вэ. Ээ халаг хохой минь” хэмээн гэмшин гасласаар суув.

Сэрихин хөвүүн эргэж ирэхгүйд өвгөн бичээчийн тэвчээр барагдан бүхий энэ үес түүний итгэж илгээсэн балчир элч аль хэдийн хаан эцгийнхээ гарт мөнөөх алтан зоос, баринтигтай судар, болон жич зурвас сэлтийг хүний нүд хариулан байж оруулж өгөөд сайшаал магтаал сонсохын зэрэгцээ бяцхан байцаагдаж зогсов. Сэрихиний авчирсан тэрхүү алтан зоосны нэг талд “Аугаа их эзэн хаан Чингис” хэмээн араб үсгээр бичсэн байх ажээ. Харин Сэрихинд өгсөн мөнгөн зоосон дээр нь “Эрхэм дээд эзэн Чингис хаан” гэсэн үг дурайн байсныг хэн ч мэдсэнгүй өнгөрсөн билээ.

“ Энэхүү түүхийг зөвхөн Танд зориулан бичиглэв…” хэмээн эхлэсэн зурвасыг уншиж суусан Мөнх хаан хөвүүн рүүгээ гайхаж сонжсон байдлаар хараад
-Энэ зоос, зурвас, баринтигтай судрыг чамд хэн, хаана өгөв хэмээн асуужээ.
- Нэг өвгөн их зээл дээр явахад намайг сэмхэн дуудаж өгөөд хэнд ч үзүүлэлгүй нууж Хаан эцэгтээ осолдолгүй хүргээрэй гэсэн юм. Алтан зоос өгөхдөө тэр танд өртэй л гэсэн шүү дээ. Бас намайг баатар хүн болно гэсэн ..

-Тийм ээ.Тэр надад өртэй байж магадгүй юм. Тэр одоо хаа байна.
-Мэдэхгүй ээ. Надад үүнийг өгчихөөд л яваад өгсөндөг хэмээн Сэрихин хөвүүн анх удаа Хаан эцэгтээ худлаа залж орхиод сандарсандаа нүүр нь улайхыг ажсан Мөнх хаан

-За яахав. Харин энэ явдал чи бид хоёрын нууц болж үлдэг. Хэнд ч бүү хэлээрэй. Ээж, ах нартаа ч гэсэн…
Чи одоо ордноос хамаагүй бүү гарч яв хэмээжээ.

“Нууцыг нь хадгална, удахгүй эргээд ирнэ” гэж өнөөх өвгөнд амалчихсан Сэрихин хөвүүн “За” хэмээн доройхон дуугарчээ. Үүнээс хойш хэд хоногийн дараа нэр үл мэдэх тэрхүү хичээнгүй даруу бичээчийн ирүүлсэн дээрх “Чингис хааны нууц түүх-“ийг энэ үес Их Монгол улсын хаан сууринд залран байсан Мөнх хаан шөнөжин сууж, бие лагшин хийгээд саруул мэлмийгээ чилээн байж ихэд шимтэн уншиж дуусаад босч бие тэнийлгэн “Түмэн амгалант” ордныхоо цонхоор харвал Хархорум хотод аль хэдийнээ өглөөний нар мандан гийгээд баруун этгээдэд байх их хатдын ордны алтан ганжирт дээвэр нүд гялбааж бас харийн иргэдийн суудаг тансаг хүрээний зүгээс загалмайт сүмийн хонхон дуу дүнгэнэх, лалын мөргөлтнийг залбиралд дуудан уянгалах тод содон дуу, худалдаачдын эд бараагаа магтаж ам өрсөлдөн хашгирах далан хэлийн шаагиан шуугиантай холилдон сонсдох авай.

Төдөлгүй ордны шадар сайд орж ирээд харийн элч, худалдаачид зэрэг хүмүүс их хаанд бараалхах цагийг хүлээн чилж байгааг сануулахад Мөнх хаан
-Тэд жаахан хүлээг. Их хаанд бараалхах гэдэг санасан зоргоор болдоггүйг ухаарна биз хэмээхдээ Хархорум нийслэл рүү нь харийнхан өөрсдөө тал талаасаа цувж байх цагийг урьдчилан харж асан их Чингис хааны зөн совин, ухаан билгийг биширч түүний гэрээсийг чанд биелүүлэх цаг өөрт нь ирснийг сүслэн бодож зогслоо. Мөнх хаан ордны хишигтнээс хамгийн итгэлтэй хоёр хүнийг сонгож ирүүлэхийг тушаажээ. Удалгүй хамгийн нууц үйлд голдуу зарагддаг найдвартай хоёр цэрэг ирсэнд Мөнх хаан хөвүүн Сэрихинийг эвтэйхэн шалгааж байгаад хэлүүлсэн өнөөх өвгөний төрх байдал, царай зүсийг дурдан хэлж хаана суудаг, хэн болохыг олж тогтоохыг чандлан тушаагаад үүнийгээ хэнд ч мэдэгдэхгүй байхыг хатуу сануулжээ. Мөнх хаан баринтигтай судрыг уншиж дууссан даруйдаа мөнөөх бичээчийг олж шан хишиг харамгүй хүртээх, нөгөөтэйгүүр Чингис хааны алтан ургаас хаан ор суусан хүн л ганцаар нягтлан унших учиртай тэр нууц түүхийн нарийн ширийнийг чандлан хадгалах учрыг бодолцон хэрхэхийг шийдэхээр хамгийн итгэлтэй хүнээ илгээн ийнхүү эрэл хайгуул болсонд өнөөх үл танигдах өвгөн бичээч нэн зожиг ганцаар хүн байсан агаад харийнхны хүрээнд амьдардаг байсан нь тодорхой болж хэн ч түүний тухай мэдэхгүй байжээ. Гагцхүү мөнөөх өвгөнийг “Үхээд гурав хоножээ” гэсэн баттай боловч бүтэлгүй хэл мэдээг хоёр хишигтэн нь Мөнх хаанд дуулгасан тул тэрээр эрлээ мухарлан санаа амраад бүрлээчийг Орхон мөрний уужим хөндийд хүндтэй нутаглуулж дээр нь ямар ч бичиг тэмдэггүй чулуун хөшөө босгохоор зарлигласныг ёсоор болгосон билээ

”Чингис хааны нууц түүх” нэртэй уг бичмэлд өгүүлснийг уншихад үүнийг бичиглэсэн тэр өвгөн бичээч Чингис хаантай ихэд дотно ойр явсан нэгэн болох нь илт байв. Гэвч Мөнх хаан хичнээн ч тунгаан бодоод тэр бичээчийн хэн болохыг таасангүй.
Бас тэрээр Хархорум хотын харийн иргэд оршин суудаг тансаг хүрээнд даяанч мэт гав ганцаар суудаг байсан хийгээд их эзэн Чингис хааны амьд сэрүүн ахуйд цутгасан араб бичигтэй алтан зоосыг Мөнх хаанд өгүүлсний нарийн учрыг ч тайлах арга байсангүй.

Ийнхүү нэгэнт Тэнгэрийн оронд одсон тэрхүү бичээчийн хэн болохыг мэдэх хүн огт гарсангүй.

Тэрээр ганц биеэр амар тайван амьдардаг, Хар хорумыг байгуулахаас эхлээд л энд суурин суусан хүмүүн байжээ гэхээс өөрийг олж мэдэж чадсангүй өнгөрөв.”Чингис хааны нууц түүх”-ийн бүх нууцыг үл таних тэр бичээч ийнхүү өөртөйгөө хамт энэ хорвоогоос авч оджээ. Ийнхүү үл таних бичээчийн илгээсэн товчхон зурваст өгүүлснээр Мөнх хаанд ганцхан өөрийнхөө ухаан сэтгэл хийгээд Мөнх Тэнгэрийн эрхшээлд итгэх л үлджээ.

Мөнх хаан тэр даруйдаа ордны шадар нэгэн бичээчийг дуудан ирүүлж өөрөө хажуугаас нь огт холдолгүй сахин байж уг нууц түүхийг нягт нямбай сийрүүлэн бичүүлж дуусгаад түүний ар гэр, эхнэр хүүхдэд нь элбэг дэлбэг бэлэг сэлт, алт мөнгийг хангалттай хүргүүлээд мөнөөх бичээийг хол газар хугацаагүй нууц албанд явсан хэмээн хэлүүлснээс хойш түүнийг үзсэн харсан хүн нэгээхэн ч үгүй бүлгээ.

Харин түүний нямбайлан сийрүүлсэн “ Чингис хааны нууц түүх”-ийг “Алтан ургийн бичээс”тэй хамт тусгайлан хадгалж зөвхөн Их Монгол улсын хаан сууринд залрагсад л нээн уншиж болохыг Мөнх хаан хатуу чанд зарлиг болгосон нь Чингис хааны тавьдугаар он буюу христийн тооллын нэг мянга хоёр зуун тавин зургаан он байв.

Энэ үед Хархорум хот “Чингис хааны нууц түүх”-д дурдсанчлан бурхны, загалмайн, лалын шашинтны цорын ганц нэгдсэн мөргөлийн газар, албан харилцаа, арилжаа худалдааны нэгэн чухал зангилаа гэгдэж Чингис хааны захиж гэрээслэн үлдээснээр ертөнцийн төв болоод байлаа. Энэхүү нэгдсэн нэг ертөнц бол Чингис хааны туйлын хүслэн байв.

Өөрийнх нь хүслийг түүний үр удам алгасран цалгардуулалгүй биелүүлж нэр алдрыг нь дуурсган явааг Чингис хааны сүнс Дээд Тэнгэрээс бахдан харж байгааг Мөнх хаан зөнгөөрөө мэдэж байв.


Last edited by saiba_ryo on Oct.06.11 1:56 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.13.11 3:42 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2430
Location: founder of mongolbitcoin.com
Номыг бичсэн хүн. сахалтай буурал үстэй Бавуугийн Лхагвасүрэн шиг хүн л дотроо төсөөлж байлаа. :hihi: :hihi:

Bilguun Sorogdog Jargalsaikhan

Image

Image

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Nov.21.11 8:05 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Dec.09.08 11:49 am
Posts: 377
Location: ULaanbaatar
sailor -ийн оруулсныг pdf болгочлоо. Доорх линкээс татаж аваарай : http://www.4shared.com/document/PIqtFjOj/Chinggis_khaanii_nuuts_tuuh.htmlтатаж

_________________
http:\\www.dropbox.com


Top
   
PostPosted: Apr.12.12 10:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Dec.01.10 12:15 pm
Posts: 4659
Тэмдэглэв. Тухтайхан уншинаа.

_________________
.: : :.: :


Top
   
PostPosted: Aug.17.13 7:48 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
,,

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Dec.14.14 2:06 am 
Offline
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 3262
энэ чинь одоо порно юм уу

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Dec.16.14 4:13 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Мөнгөний төлөө гадныханд зориулж бичсэн хогийн ном. "Зохиогчид" нь гадаадын "бэстсэллэр" уран зохиол ихээр уншсан бололтой, тэдгээрийн хэв маягийг чадварлаг хуулбарлан дуурайсан учир зарим уншигчдад таалагдаж болохыг үгүйсгэхгүй. Хүн хүний таашаал өөр шүү дээ. Гэвч уран зохиол юм даа гэж нүдээ аниад хүлээцтэй хандаж болох хэдий ч мунхаг миний хувьд хамаагүй оролдож болохгүй зүйлээр оролдох хэрэггүй гэж үздэг тул хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа юм.
Аль ч үндэстэнд хир хүргэлгүй хадгалах нандин өв гэж байдаг. Чингис хаан харгис алуурчин байсан ч бай монголчууд их хааныхаа алдарт сэв суулгах учиргүй билээ. Монголчуудыг дэлхий дахинд ганц Чингис хаанаар л мэддэг байсан цаг саяхан шүү дээ. Одоо ч хэвээрээ гэхэд их буруудахгүй л байх. Ганцхан нэрээрээ л Монгол орныг өчнөөн тэжээж байгаа Их хааныг зарж идлээ идлээ гэхэд энэ ном бол арай хэтэрнээ. Бидний үед л алдагдчихсан болохоос эртний монгол ахуй, ёс заншил, хүмүүний ёсон маш ухаалаг, гэгээлэг байсан билээ. Магадгүй монгол хүн энэ номноос бидний өвөг дээдсийг биш зохиогчдын "будаа идсэн" зэрлэг баруун, харгис японы садист соёлыг олж харах бол гадаадын уншигчид энэ номонд багагүй дүрслэсэн эрээ цээргүй, ёс бус үйлийг "Монголчуудын өв соёл" хэмээн тусгаж, бидний өвөг дээдсийг төсөөлөх бус уу. Ном бол цаг хугацааг туулан эрт эдүгээг холбогч, соёлын үнэт өв болдог билээ. Үүгээрээ түүхийг өгүүлсэн ном судар нь асар ач холбогдолтой хийгээд нэн хор уршигтай байдаг. Уншигчид, ялангуяа гадаад уншигчид ургуулан бодсон "уран зохиол"-ыг түүхэн эх сурвалжаас ялгаж салгахгүй орхих нь элбэг. Өнөө цагийн "даяаршсан" нийгмийн нээлттэй хаалгаар бялхан орж ирсэн гадаад "соёлын" нөлөөгөөр эх түүх, унаган соёлоо огоорсон шинэ цагийн монголчууд, "өрөнд баригдсан" хойч үе маань даян дэлхийн хагасыг нэгэн туган дор нэгтгэсэн өвөг дээдсийнхээ түүхийг ийм номноос унших уу? В.Ян бол яах вэ, эзлэгдэж гишгэгдэж явсан тивийн хүн, улс төрийн шалтгаан ч байсан биз, ойлгож болох юм гэхэд монгол хүн өвөг дээдсээ ингэж дүрслэн бичсэнийг уншаад тогооч нь тогоотой хоол руугаа нулимж, аягатай хоолоо цэрээрээ амтлахыг харсан мэт ой гутсанаа нуух юун. Дахин хэлэхэд хүн хүний бодол адилгүй тул бусад хүмүүст өөр байж болох ч өчүүхэн миний хувьд энэхүү "нууц түүх" нь зохиогчдынхоо дотоод ертөнц, нууц хүслийг илэрхийлснээс өөр юу ч үгүй хоосон хөөс мэт санагдсан билээ.


Top
   
PostPosted: Dec.16.14 5:00 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Ноён Ном Хивэгчтэй санал нэг байна. Энэ ном бол МН Товчоог Зигмунд Фрейдын онолоор хачирлан нуршсан төдий л эд

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Dec.16.14 11:04 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
:hihi:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Dec.17.14 4:21 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 761
Оруулсан хүний хөдөлмөрт гялайлоо.
Энэ гэхдээ үнэхээр арай ч дээ гэмээр юмаа :| Ядаж байтал энийгээ суут бүтээл гээд зарлаад олон хэл дээр хөрвүүлж гадны уншигчдын хүртээл болгоно гэсэн яриа явж байх юм :aa:

_________________
Төв


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 179 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited