#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.19 12:20 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 3 posts ] 
Author Message
PostPosted: Jan.02.08 1:59 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
АС-ын эрхэм уншигч та бүхэндээ өмнө нь Ц.Ууганбаярын "Шулмын Инээд" хэмээх аймшгийн зохиолыг essey гишүүний туслалцаатай оруулж байсан билээ.
Энэ удаад мөнхүү зохиолчийн богино өгүүллэгүүдээс бүрдсэн "Өвөл үхээгүй цэцэг" хэмээх номыг хүргэхээр шийдлээ. Мөн зав болоод боломж гарвал "Намар шарлаагүй навч" хэмээх дараачийн номыг хүргэх болно.
Тогтон уншсанд баярлалаа.

Image

Гарчиг
1. Хатуу тоглоом
2. Хүлээлт
3. Нулимс
4. Дэлбээлж амжаагүй хайр
5. Хүлээхийг хүсэхгүй байна
6. Хувь тавилан
7. Захидлын хариу
8. Ахиад жаахан амьд явахсан
9. Охин минь надад хайртай
10. Нулимсан шиврээ
11. Хүслээ дагаж болохгүй
12. Өвөл үхээгүй цэцэг
13. Солонго
14. Захидал
15. Булш ухагч
16. Харуусал дагуулсан орой
17. Ахын хайр
18. Аав минь намайг орхихгүй


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jan.03.08 12:54 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4714
1. Хатуу тоглоом

Өглөөний цэнгэг агаар нээлттэй салхивчаар нэвтрэн тэнүүчилж, болжморын жиргээн хүмүүсийн чихийг мялаахтай зэрэгцэн Сүхээ сая орноосоо өндийлөө. Шөнөжин эл хуль бодолд автан нойр нь хулжсан авч тийм ч их ядарсан шинжгүй хувцаслах түүний нүдэнд ямар нэгэн гүн гомдол хурсан мэт харагдана. Тэрээр угаалгын өрөөнд орж нүүр гараа угаахдаа бодолд автсан царай нь огтхон ч хувирсангүй, бодол нь тэртээ хаа нэгтээ тэнүүчилж хэн нэгнийг хүлээж бас түүндээ дэндүү их гомдсон нь илхэн харагдах аж. Эдүгээгээс дөрвөн жилийн өмнө оюутан ахуй насандаа нүдэнд дулаахан нэгэн бүсгүйд харц унаган дурлаж, хүмүүний амьдралын баяр баясгалан тунирхлын бяцхан гунигийг зүрхэндээ хослуулан тээж хайр гээчийн амтыг анх мэдэрч эхэлжээ. Зүгээр л гэмгүйхэн суралцаж явсан оюутан ахуй насныхаа ид үед өөрийн эрхгүй зөвхөн тэр л бүсгүйг бодох болсондоо Сүхээ эхэндээ өөрийгөө гайхдаг байсан боловч эцэст нь сэтгэл зүрхээ эрхгүй дагах болсон аж. Өглөө бүр сургууль руугаа яаран хүн ихтэй автобусанд чихцэлдэн явахдаа удахгүй ангидаа очоод түүнийгээ харна гэж бодохоос урьд өмнө нь өөр хүнийг тээж байгаагүй цайлган сэтгэл нь баяр догдлолоор дүүрээд ирэх шиг болно. үеийн залуучуудын шохоорхлын харцнаас хүртэл түүнийгээ битүүхэндээ өмөөрч яагаад ч юм өөр хэн нэгэн залуутай энгийн нэгэн яриа өрнүүлэхэд нь ч тэр бяцхан гомдол зүрхэндээ тээхдээ өөр хэн нэгэн хүн тэрхүү бодлыг нь мэдчихвий гэхээс маш их эмээдэг байлаа.
Алимаа хэмээх үе тэнгийн тэрхүү бүсгүйг өөр хүнийх болчихвий гэхээс л Сүхээ байж суух газраа олж чадахаа байна. Хичээлдээ суух ихэнх цагаа самбар луу биш харин Алимаа руу ширтэж өнгөрөөхдөө тэрээр хэмжээлшгүй их аз жаргалыг мэдэрч эрхгүй догдлох болсондоо өөрөөсөө ичдэг авч яаж ч чадахгүй зүрх сэтгэлдээ захирагдан нэг л мэдэхэд Алимаагийн тухай бодож мөрөөдөлд автчихсан байх аж. Хичээл тарсны дараа ямар нэгэн шалтаг олж ядан байж Алимаатай ганц нэг үг сольж автобусны буудал руу хамт дөхөх авч сандарч түгдэрээд олигтойхон яриа ч үүсгэчихэж чадахгүй өнгөрнө. Энэ мэт өдөр хоногуудыг нууцхан хайрын баяр гунигаар дүүрэн үдэж өнгөрөөсөөр Сүхээ нэг өдөр өөрөөсөө асар их зориг гарган байж Алимаад сэтгэлээ илчлэхээр шийджээ. Гэсэн хэдий ч түүнд бас л зориг дутаж, сэтгэлээ илчлэх хэд хэдэн аятай боломжийг алджээ. Хэрвээ хайртай гэдгээ хэлчихвэл түүнийгээ бүр өөрөөсөө хөндийрүүлчихвий гэсэн бодолд сэтгэл нь эрхгүй баригдаж хичнээн хичээгээд ч ам нь нэг л эвлэж өгсөнгүй. Аргаа барахдаа амаар биш ч гэсэн бичгээр хайраа илчлье гэж шийдэн нэгэн шөнийн нойроо хагаслан байж чин сэтгэлийн үгсээ хөвүүлэн захидал сийрүүлэн бичжээ. Ийнхүү Сүхээ анхныхаа захидлыг анхны хайрын эзэндээ зориулан илгээсэн аж.
“Өдрийн бодол шөнийн зүүд болон зөвхөн чамайг л бодож, өөрийн эрхгүй миний харц зөвхөн чамруу л тэмүүлэх юм. үдшийн намуухан салхинд хайрын тухай бодлоо тээн чамдаа илгээж, үнсэхэд ч хиртэм хөөрхөн царайг чинь эрхгүй би үгүйлсээр удаж байна” хэмээн уянгалуулан эхэлсэн энэхүү захиа эзэндээ хүрсэн тэр шөнө Сүхээгийн сэтгэл догдлолоор дүүрэн оволзсоор өглөөг угтжээ. Надад хариу захиа илгээх болов уу, миний хайр гуйсан сэтгэлд юу гэсэн хариу ирүүлэх бол. Ангидаа очиход тэр минь ямар байдлаар угтах бол, бусад найзуудтайгаа нийлж намайг баахан шоолох болов уу, эсвэл… гэх мэтчилэнгийн бодлууд түүний толгойд эргэлдэж, сэтгэл дотроо хичнээн хулчийсан байсан ч гаднаа юу ч болоогүй юм шиг дүр эсгэн сургуулийнхаа хаалгыг зориглон татлаа. Зүрх нь хурдан хурдан цохилж сэтгэл нь нууцхан догдлолоор дүүрсэн түүнд Алимаа руу эгцэлж харах зориг дутлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нүднийхээ булангаар харвал Алимаа урьдын адил байдгаараа л байгаа юм шиг Сүхээд санагджээ. Харин хичээл тарахын агшинд Сүхээд ялдам инээмсэглэл бэлэглээд Алимаа үг дуугүй яваад өгчээ. Юу ч болоогүй юм шиг хэдэн өдөр өнгөрөхөд Сүхээ яагаад ч юм Алимаад захидал өгсөндөө харамсаж эхлэв. Үнэхээр захидал өгсөнөөс болоод л намайг бүр ч тоохоо байж, хүний урманд харахаа ч болилоо. Би гэдэг хүн дурлалд ийм л азгүй юм байлгүй гэсэн шүү юм бодож гунигтайхан алхаж явахад нь нэг өдөр Алимаа түүнтэй зэрэгцэн алхах нь тэр. Эхэндээ хоёулаа юу ч дуугарсангүй хэсэг алхахад Алимаа түрүүлж
-Чи надад хайртай гэж захидал өгчихөөд таг дуугүй л яваад байх юм. Ядаж захидлынхаа хариуг авъя гээд хэлчихгүй. Намайг яаж догдолж байгааг мэдэж байна уу. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн чамаас ямар нэгэн хайрын үг сонсохыг хүсч байсан.
-Тийм үү, би… тийм ээ би чамд сайн. Чамаас ийм үг сонсоно гэж ёстой бодож байсангүй. Би их баяртай байна, өмнө нь ямар ч эмэгтэй хүнд сайн болж үзээгүй болохоор анх чамд сайн гэдгээ хэлчихээд дараа нь яахаа мэдэхгүй байсан байх л даа.
-Тэгвэл дараачийн удаа өөр хүнд сайн болохоороо туршлагажаад яахаа мэддэг болох нь ээ, тийм үү?
-Үгүй ээ, би тэгж хэлээгүй. Би чамайг үргэлж л боддог, өөр хэнийг ч хэзээ ч бодохгүй амлая.
-Тоглосон юмаа. Чамайг сандраад байхаар чинь би ч бас бүр сандарчих юм. За за би автобусанд суугаад харилаа, баяртай.
-Баяртай.
Ингэж хэлчихээд Сүхээ өөрийгөө баахан зүхэв. “Хоёр үг холбоод хэлчихэж чадахгүй, буруу зөрүү яриад л. Би ер нь хэзээ нэг засарч хүнтэй үг соличих чадвартай болох юм бол оо”. Энэ мэтчилэнгийн бодлууд ар араасаа хөвөрч өөрийгөө хэдийгээр асар их буруутгаж байсан ч тэрхүү харамслын бодолтой нь зэрэгцэн Алимаа надад сайн юм байна гэсэн бодол түүний дотор төрж хоромхон зуур баяр баяслаар сэтгэл нь бялхаад ирэв. Сүхээ өөрийгөө ертөнцийн хамгийн аз жаргалтай хүнээр тооцон асар догдлолоосоо болоод тэр шөнө огт нойргүй хонож байжээ. Маргаашаас нь эхлээд Алимаатай дотно байх гэж бодсон боловч нэг л эв нь олдохгүй сандраад байх аж. Өөрийнхөө амаар хайртай гэж хэлье ч гэсэн боловч болж өгөхгүй байсаар нэг л мэдэхэд сургуулиа төгсчээ.
Харин одоо Сүхээ анх дөрвөн жилийн өмнө дурлаж байсан Алимаадаа өөрийгөө хаягдсанд тооцож байв. Учир нь түүний гарт нямбайлан дугтуйлсан хуримын урилга атгаастай байлаа. Тэрхүү урилгын эзэн Сүхээгийн өнөөг хүртэл хайрласаар байгаа Алимаа нөгөө нь бас тэдний ангийн Лхагваа байв.
Сүхээ хэдийгээр Алимаатай хайрын тухай ярилцаж, гараас нь хөтөлж гудамжаар зугаалдаггүй байсан ч үргэлж тийм байхыг хүсч Алимаатай хамт амьдрахыг мөрөөддөг байлаа. Анх захидал өгсөнийхөө дараа хэдий хайртай гэдэг үг биш ч гэлээ Алимаагийн амнаас сонссон тэр хэдхэн үгнээс үүдэн түүнийг өөртөө хайртай гэж өнөөг хүртэл бат итгэсээр иржээ. Гэсэн ч юм бүхэн түүний санаж байснаас шал өөрөөр эргэн түүний мөрөөдөл тэр аяараа замхран унах нь тэр ээ. үнэхээр ч Алимаа Лхагваа хоёр хэзээнээсээ л их дотно байсан юм шиг санагдаж, өөрийнхөө азгүйг зүхэж суув. Уг нь Лхагваа өмнө нь хэд хэдэн удаа түүнд “Алимаад хайртай гэж хэлээд бусад хүмүүс шиг дотно үерхэж, хайртай хосуудын хийдгийг хий” хэмээн зөвлөж байсан нь одоо эргээд Сүхээд тавлаж байсан мэт бодогдох аж.
Сүхээд ирсэн тэр урилган дээр хурим болох өдөр нь өнөөдөр байсан бөгөөд тэрээр сэтгэлдээ уйлан байж хуримын бэлэг бэлдээд заасан газар нь товлосон цагт нь яваад очлоо. Гэтэл тэрхүү ресторанд нь хурим болж байгаа ямар ч шинж тэмдэг байсангүй, цөөн хэдэн хүмүүс л ширээний ард суусан харагдана. Харин цонхтой ойр захдуу нэгэн ширээнд ангийнх нь хэдэн залуу суучихсан түүнийг гараараа даллаж байв. Сүхээ тэдэн дээр очоод “Хурим юу болсон бэ, би хоцорчихоо юу” гэж асуув. Ингэж хэлэхдээ тэрээр золтой л хашгирчихсангүй, маш их бухимдсан нь нүүрэн дээр нь илхэн харагдах аж. Найзууд нь түүнийг ширээнд суулгаад шилэн аяганд бага зэрэг архи хийж өгөхөд тэрээр хүүе гэхийн завдалгүй хөнтөрч орхилоо.
Хэсэг чимээгүй сууцгаасны дараа хэн нэг нь Сүхээд хандаж “Чи одоо болтол Алимаад хайртай хэвээрээ байгаа юу” гэж асуув. Сүхээ хариуд нь юу ч дуугаралгүй хэсэг дуугүй сууснаа “Одоо хайртай гээд ч яахав дээ” хэмээн их л сулхан дуугарлаа.
-Чи өмнө нь Алимаад яагаад хайртай гэдгээ хэлдэггүй байсан юм бэ?
-Би та нараас юугаа ч нуухав дээ. Хэлье гэж хичнээн боддог байсан нь түүндээ хайртай гэдгээ хэлэх зориг дутдаг байсан юм.
-Зориг дутдаг байсан гэнэ шүү. Тэр үгээ одоо ч хамаагүй очоод хэл. Хамаг хүсэл мөрөөдлөө зориг дутлаа гээд салхинд хийсгэх гээ юу. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж чадахгүй чам шиг хүн гэж бас байхаа. Бид нар чамд хайртэй гэдгээ хэл гэж хичнээн их зөвлөдөг байлаа даа. Гэтэл чи айгаад байна, ичээд байна гэсээр өнөөдрийг хүрлээ. Яг одоо Алимаад очоод сэтгэлийнхээ үгийг хэлээд хамт амьдрая гэж хэл.
-Одоо хэтэрхий хожимдчихсон юм биш үү?
-Хамаагүй ээ, энэ бол чиний сүүлчийн боломж. Зүгээр л түүнд хамт амьдрахыг хүсдэг, хэмжээлшгүй их хайртай гэдгээ л эр хүн шиг хэлчих. Ингэхгүй бол үгээ хэлж чадаагүй түүнийгээ алдчихсан шүү дээ гэж харамсах болно шүү дээ. Тэгээд ч арай ч гэрлэчихээгүй байна.
-Тэгсэн ч гэсэн. Тэгээд ч Алимаа одоо хаана байгаа юм бэ, би хуримнаас хоцроогүй юм уу, хуримын хүмүүс ирээгүй хэрэг үү?
-Алимаа хажуугийн өрөөнд чамайг хүлээж байгаа ор.
-Гэхдээ…
-Энэ бол чиний сүүлчийн боломж, ядаж зүгээр л хамаг сэтгэлээ уудалчихаад амьдралд нь аз жаргал хүсчихээч.
Энэ үг Сүхээд хүч өгч ядаж сүүлчийн удаа л түүндээ хайртай гэдгээ хэлчихээд сайн сайхныг хүсчихье хэмээн шийдлээ. Ингэж шийдээд тэрээр хундагатай архийг тэр чигээр нь хөнтөрч орхиод хажуугийн өрөөний хаалгыг түлхэн орлоо. Тэнд Алимаа ганцаараа ширээний ард суусан харагдана. Тэрээр Сүхээрүү эгцэлж харахгүй доошоо хараад л суугаад байх аж. Сүхээд энэ үед Алимаа хамгийн үзэсгэлэнтэй үлгэрийн дагина мэт харагдаж, бас их гайхаж байлаа. Гэсэн ч зорилгоо мартсангүй Алимаагийн хажууд зэрэгцэн суугаад “Би чамд дэндүү их хайртай. Тийм болохоороо л өмнө нь чамд хайртай гэдгээ хэлж чаддаггүй байсан юм, чамайг бодоогүй нэг хором, зүүдлээгүй шөнө гэж надад цөөхөн байсан шүү. Гэхдээ одоо нэгэнт чи өөр хүнтэй гэрлэх гэж байгаа юм чинь яая гэхэв. Чамдаа аз жаргал хүсье”.
-Хэрвээ өөр хүнтэй гэрлэх гээгүй байсан бол юу гэх байсан юм бэ?
-Би, би надтай гэрлээч гэх байсан юм. Би чамд хайртай, чамтайгаа амьдралаа холбохыг үргэлж хүсдэг байсан. Гэхдээ зүгээр ээ, одоо гэрлэх гэж байгаа хүнийг санааг нь зовоогоод ч яах билээ.
-Наад үг чинь үнэн үү?
-Үнэн, үнэхээр үнэн.
Энэ үед тэдний ярихыг чагнан үүдэн дээр нь зогсож байсан найзууд нь өрөөнд орж ирлээ. “Аль хэдийн л энэ үгээ хэлчихгүй” гэж хэн нэгэн нь хэлэв. “Чиний наад хэл нь татчихсан амыг чинь хөдөлгөх гэж хуурамч хурим зохиосон юм мэдэв үү” гэсээр Лхагваа орж ирлээ. Тэд цөм элгээ хөштөл инээлдэн өрөөнөөс гарч одлоо. Сүхээгийн хөлс дааварласан нүүрнээ яах ч учраа олохгүй байгаа төрх илхнээ харагдаж, сэтгэлд нь гайхах баярлах хоёр зэрэгцэн байлаа. Алимаа доош харсан чигтээ үл мэдэг инээмсэглэн зогсох аж. Гэнэт Сүхээ Алимааг тас тэврэв. Тэгснээ “Чамайгаа алдах нь гэж ямар их айваа, би чамдаа хайртай, надтай амьдраач” хэмээн зөөлхөн шивнэлээ. Чамайгаа хэзээ ч алдахгүй юм шүү гэх шиг Сүхээ Алимааг тас тэвэрсээр байлаа.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Feb.22.08 4:57 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.18.06 6:54 am
Posts: 898
найз нь Нулимсыг орууллаа шүү.

Нулимс


Орчлонд намар цаг иржээ. Зэллэн одох шувуудын цуваа сэтгэлд хургасанчиний минь дүр төрхийг хэзээ ч надад эргэж ирэхгүйгээр холдон явааг санагдуулах мэт. Далавчаа дэвээд л өндрөөс өндөрт нисэн одох юм. Гэхдээ яасан ч эргэж харалгүйгээр чигээр тэмүүлсээр замхран одно.
Тиймээ, чи над руу нэг ч удаа эргэж харалгүйгээр омог бардам чигээрээ алхаж одсон. Эмэгтэй хүн бүрт бэлэн байдаг ёувдан дуслууд тэр үед хичнээн хүсээд ч миний нүднээс гараагүйсэн.
Миний сэтгэл өвдөөгүй, харин ч бүр баярлаж байсан юм гэж үү?
Үгүй ээ, тэгвэл яагаад би одоо уйлаад байгаа юм болоо. Сэтгэл зүрхээ хорьж дийлэхгүй нь ээ, би чамайгаа санаад байна. Ингэж бодох тусам чанга цурхиран уйлмаар бодогдох юм.
...Гэхдээ хичнээн чанга уйллаа гээд одоо чи намайг сонсож чадахгүй шүү дээ. Тэгэхээр би зөвхөн өөрөө өөрийгөө тайвшруулах гэж уйлж байгаа байх нь. Харин тайвширч чаддаг болов уу, яадаг бол.
Сэтгэлийн чандад нэгэн асар том үгээр хэлж боломгүй зүйл хөвчрөн зангирч, цаашид тэвчиж чадахаа байгаад тас үсрэх шиг болох юм. Үүнтэй зэрэгцэж миний хоёр нүдийг тунгалаг дуслууд хоромхон зуурт бүрхэж, удалгүй эргээ халин халуун зам татуулан, хацар исгэн доошлоно. Энэ бол миний нулимс. Сэтгэлээс урссан ариухан мөнгөн дуслууд энэхэн бяцхан зүрхэнд чиний тухай харамслын бодлууд багтаж ядаад хальж байгааг илэрхийлж байгаа хэрэг.
...Гадаа бороо шивэрч байна. Энэ магадгүй сүүлчийн бороо биз. Модноос унаж, хатаж шарласан навчис “нэгэнт өнгөрсөн хойно яах нь вэ дээ” гэх шиг газар сайгүй гунигтайхан хөглөрнө.
Гадаа хэн ч алга аа. Уг нь өдийд цонхоороо ширтэж чамайгаа ирэхийг тэсэн ядан хүлээдэгсэн. Хаа сайгүй багачууд тоглож, хөгшид нялхас салхилж байдагсан биш билүү. Гэтэл одоо бороо орж байгаа болоод ч тэр үү хүн амьтан үзэгдэх нь битгий хэл газар шаагин асгарах усан дуслуудаас өөр чимээ анир алга.
...Байз тэр жижигхэн саравчин доор хоёр хүн бие биенээ налаад сууж байна. Бодвол хоёр биендээ хайртай, аз жаргалаар бялхаж яваа хосууд биз ээ. Энэ хоёрын сэтгэлд аз жаргал, хайр бялхаж байх шиг.
Харин миний...
Би чамайгаа гомдоосон. Үнэнч хайрыг чинь ойлгоогүй, өөр залууд сээтэн хаяж байгаад чамдаа хөсөр хаягдсан өчүүхэн амьтан, би. Чамайг яваад өгөхөөр л өөрт чинь хайртай болсноо өр зүрх минь надад хэлэх юм.
...Би яагаад уйлахаа болихгүй байна аа. Бас энэ бороо ч зогсох янз алга. Цонхны тавцан дээр өвдөгөө цээжиндээ наагаад уйлж суугаа намайг анзаарч харах хүн ч гадаа алга. Харин нөгөө хоёр чинь их л дотго ярилцсаар л сууна. Зарим нэгэнд нь энэ бороо яршигтай санагдаж байхад, тэр хоёрт аз жаргал нэмж харин намайг шоолж тохуурхан эцэс төгсгөлгүй мэт асгасаар л...
...Чамайг эргээд ирвэл би зөндөө их зүйл чамд хэлнэ, их олон зүйл чамдаа ярина, уучлал гуйна. Гэхдээ яалаа гэж чи ирэх вэ дээ, би өөрөө эргэж ирэхгүйгээр гомдоочихсон юм чинь. Хэзээ ч эргэж ирэхгүй байх. Гэхдээ л...
...Ер нь энэ бороо битгий зогсоосой хэрвээ зогсчихвол миний сэтгэлд цорын ганц хань болж байгаа аз жаргалтай хос маань яваад өгч магадгүй. Энэ хоёр ер нь анх яаж танилцсан бол. Аягүй бол бороо орж байхад танилцсан даа, харин би түүнтэйгээ анх танилцахдаа бороонд шалба норчихоод гэр лүүгээ гүйж байсан. Тэгэхэд чи надад шүхэр өгч, гэрт минь хүргэж өгсөн шүү дээ. Тийм болохоор бороо та хоёртоо би хайртай. Дараа өдрөөс нь эхлээд л чи минь манай цонхон доор ирээд намайг шүгэлдэж дууддаг болсон. Тэр шүглийн дууг би өөрийн мэдэлгүй хүлээдэг болчихсоноо яагаад эрт ухаарсангүй вэ. Даанч чи минь яваад өгчихсөн, эргэж ирэхгүй байх. Энэ бороо ч гэсэн сүүлчийн бороо. Дахиж орохгүй байсаар байгаад л өвөл болчихно биз. Харин энэ доор байгаа хоёр ирээдүйгээ сайхнаар төсөөлөн ярилцаж бороонд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа.
...Залуу нь бүсгүйгээ үнсэж байна. Ямар жаргалтай юм бэ, харин бүсгүй нь ичээд залуугийнхаа нүд рүү эгцэлж харж чадахгүй доошоо хараад л суугаад байх юм. Энэхэн жоохон хугацаанд би энэ хоёрт бас их хайртай болчихож.
...Бороо зогсох нь ээ, би ч уйлж ханалаа. Байз, нөгөө хоёр чинь муудалцаад эхлэх чинь. Бүр бүсгүй нь гэнэт босоод гүйчихлээ. Залуу нь яагаад араас нь явахгүй байна аа. Залуу нь бас уурлаад явчихлаа.
...За за, одоо би ч гэсэн энэ цонхны тавцан дээрээс буух болсон шиг байна. Номын хуудас эргүүлж өөр зүйл бодохыг хичээе.
...Энэ ном бас л хайр сэтгэлийн тухай өгүүлж эхэлж байх шив. Үгүй би ядаж хий юм сонсоод байх юм. Тээр бас дахиад л. Үгүй ээ, нээрээ хэн нэгэн цонхон доор ирчихээд шүгэлдээд байна. Арай тэр минь ирчихсэн юм биш биз дээ. Бушуухан очиж харъя.
...Тийм ээ, тэр минь мөн байна. Энэ бороон дунд зогсож байгааг нь, бүр даарчихсан байх даа. Би одоохон чам руугаа буугаад очлоо.
...Үнэхээр чи мниь намайг тэвэрч байна гэж үү, тийм ээ чи минь намайг тэвэрч байна шүү дээ. Харин би чамдаа тэврүүлээд үгээр хэлэхийн аргагүй жаргалтай байгаа хэрнээ яагаад бас уйлаад байгаа юм бол оо. Өөрийн эрхгүй л уйлаад байна. Гэхдээ дэндүү гоё байна. Бас их олон зүйл хэлье гэж бодож байсан ч одоо ву ч амнаас гарахгүй, зүгээр л чамдаа тэврүүлээд удаан гэгч уйлаад зогсмоор байна.
...Хараач түрүүн уурлаад салсан хоёр маань дахиад зэрэгцээд сууж байна. Эмэгтэй нь инээж байгаа хэрнээ нүднээс нь нулимс гараад л байх юм. Залуу түүнийг нь зөөлхөн арчиж тайвшруулж байна.

...Нулимс, нулимс аа гэж баяр гомдлын туйл дээр илэрдэг хүний сэтгэлийн рашаан юм уу даа.


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 3 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited