Баярлалаа
1992 оны 9-р сарын 1-ний өглөө 7-н цаг 30-н минут орчимд ээжийнхээ баруун гараас атгасан нэгэн мяраалаг хүү ОХУ-ын ЭСЯ-ыг заагаад:
-Энэ миний сургууль уу? хэмээн том эндүүрч билээ. Тэр жаал хүү бол би байсан юм. Хөгтэй ч бас сайхан дурсамж. Тэр өдөр л би эрдэм хэмээх миний хувьд таг харанхуй хонгилд учраа ч олохгүй тэмтчин явахад нэгэн бүлээхэн гар намайг хөтлөн авсан нь надад энэ харанхуй хонгилд гэрлийг бүтээх эрдэмд сургах анхны багш минь байлаа. Багш минь намайг дагуулан нэгэн саруул танхимд оруулаад мөн л над шиг таг харанхуй хүүхдүүдтэй нийлүүлсэн нь манай ангийнхан байсан юм. Тэр л мөчийг эргэн санахад:
Бие биерүүгээ бишүүрхэлийн харц чулуудан
Битүүхэндээ ээж аавыгаа нүдээрээ хайж
Муухан бичдэгээ харуулахгүйн тулд
Мутар юугаараа дэвтрээ даран хаасан
гэсэн мөр өөрийн эрхгүй толгойд бууна.
Анхны өдрийн хичээл дуусахад надад эрдэм сурах гэдэг амтархан иддэг мөхөөлдөс, тоглож дассан тоглоом, ширтэн үздэг хүүхэлдэйнээс минь ч аятайхан юм шиг санагдаж билээ. Тэр цагаас хойш наран жаргах зүгт он цаг харавсан сум шиг улиран улирсаар нэг л мэдэхнээ 8-н хаврын цэцэгс хагдарч, 8-н намрын шувууд буцаж бяцхан 1-ийн А-гынхан томрон томорсоор 9-ийн А-гынхан болжээ.
Би өөрийнхөө хөгтэй хөөртэй, баяртай гунигтай хүүхэд насны гэнэн томоогүй дурдатгал, аз жаргал бялхсан мөчүүдээ бүгдийг нь та нартайгаа өнгөрүүлжээ. Намайг өдий хүртэл найзаа хэмээн хайрлаж, надад итгэж зовлон жаргалаа хамтдаа хуваалцаж халуун дулаанаар харьцаж байсан та нартаа баярлалаа. Мөн хэтэрхий богинохон ч гэсэн дуусашгүй урт юм шиг санагддаг олон дөчин хормд ухааныг минь тэлэхэд оюунаа зориулсан Энхтуяа, Дулмаа, Цэцээгмаа, Лхамжав, Рагчаа, Эрдэнэбаатар, Гансүх, Батцэцэг, Бзаргочоо Онон, Наранмөнх багш нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Бас надад дурлаж, дурлуулж миний онгодыг дуудан сэрээсэн олон сайхан охидууддаа бүтээгүй ч гэсэн миний гэнэн шохоорхол мөнх шүү гээд үргэлж инээмсэглэж явахыг хүсэхийн ялдамд:
Бидэрч туулах амьдралд
Сургууль биднийг нийлүүлсэн.
Бэтгэрч үлдэх хорвоод
Үерхэл биднийг холбосон
Бид харин өөрсдөө
Амьдралд залгаастай болохоор
Бидний нандин нөхөрлөл
Насан туршдаа салахгүй шүү
хэмээн амламаар байна.
[font=Tahoma]Ингээд та бүхэндээ энэ бяцхан товхимолыг бэлэг болгон барья.[/font]
Гүнээс гүн мэхийн ёсолсон Наранбат
_________________ Make a second world
|