#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.17 5:01 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 509 posts ]  Go to page Previous 115 16 17 18 19 20 Next
Author Message
PostPosted: Oct.11.17 10:02 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Бүлэг 27

Нью-Иоркод ирснээс хойшхи гурав дахь өдөр Райли, Эприл хоёр Үндэсний Түүхийн Музейн ресторанд дээр нь олон төрлийн амтлагч овоолсон хотдог идээд сууж байтал Райлигийн утсанд зурвас ирлээ. Чичирхийлсээр буй гар утсанд Люсигээс зурвас ирснийг хараад Райли жаахан цочирдов.
- Амралтыг чинь үймүүлсэнд өршөөгөөрэй. Чадвал над руу утасдаач.
Райлигийн сонирхол төрлөө.
- Ээж, юу болсон бэ? гэж Эприлийг асуухад Райли
- Энэ Люси байна..,, үгүй ээ, мөрдөгч Варгас гэх гэсэн юм. Гэрт хүн ордог орой чи түүнтэй уулзаж байсан, гэж хэлэв.
Эприлийн нүд очтон гэрэлтээд ирлээ. Нью-Иоркод ирснийхээ дараа ч гэсэн охиных нь царай дээр ингэж сонирхсон байртай болохыг Райли хараагүй ажээ. Тэр хоёр Эрх чөлөөний хөшөө рүү очиж, Эзэнт Улсын Барилгын орой руу гарсан, бас Бродвэйд өдрийн тоглолт үзэх зэргээр жуулчдын үзэж сонирхдог бүх газраар явжээ. Гэвч зовлон зүдгүүр амссанаасаа хойш Эприлийн сэтгэл сэргээгүй, тэрбээр дахиж сэргэлэн цовоо байхаа больчихсон.
Түүний ийм байдалтай байгаад Райли гомдоогүй, харин аяллаар явахаар шийдсэн нь буруу алхам байжээ гэдгийг тэр өдөр өнгөрөх тусам ойлгожээ.
- Тэр юу хүссэн юм бол? гэж Эприлийг асуухад Райли
- Надтай утсаар яримаар байна гэнэ. Дараа нь ярьж болно, гэлээ. Эприл
- Яагаад дараа нь гэж? хэмээн хэлээд мөрөө хавчив.
Эприл зөв асуулт тавьжээ. Люси бүгдийг баллах гээгүй байлгүй. Райли утсандаа дугаар орууллаа. Люси тэр дороо утсаа авангуутаа
- Райли! хэмээн чихэн дээр нь бараг хашгирав.
- Чамайг ярьсанд би ямар их баярлаж байна гээч!
- Юу болсон юм бэ? гэж Райлиг асуухад Люси
- Бидэнд дахиад нэг хохирогч байгаа, гэж хэллээ.
Райлигийн мэдрэл хурц сэргэг болов. Тэрбээр алуурчинг удахгүй дахиад хэрэг үйлдэнэ гэдгийг мэдэж байсан. Тэр заримдаа өөрийгөө алдсан байгаасай гэж их хүсдэг ажээ.
- Би Албанид байна. Энд нэг эмэгтэй машинаасаа алга болчихсон. Тэр эмэгтэй сүүлийн хохирогчтой адил сувилагч байсан. Тэр алга болохдоо хувцастай байсан юм байна.
Райлигийн сонирхол улам нэмэгдлээ. Эхлээд шоронгийн хянагч, дараа нь хоёр сувилагч, бүгд ажлын дүрэмт хувцастай байсан нь нэг зүйлийг баталж байв.
- Бидний хайж байгаа нөхөр тэр мөн гэдэгт чи итгэлтэй байна уу?
- Тийм ээ, манай эрлийн мөрдөгчид ч гэсэн тэгж бодож байгаа. Цагдаа нар зам дээрээс хэдэн гинжний гархи олсон. Тэд гинжтэй алуурчны талаар мэдэж байсан болохоор ХМТ-ны эрлийн багийнхны контор луу шууд мэдэгджээ. Намайг Рийдспортод байхад мөрдөгчид надтай холбоо барьсан. Олдсон гинж тохиолдол байж болох ч...
- Гэхдээ тэр бидний хайж байгаа гаж донтон гэдгийг гинж шууд нотолж байна, гэж Райли хэлээд амьсгалаа гүнзгий авлаа. Эприл урдаас нь санаа зовсон байртай хараад яриаг нь сонсож суугааг тэр анзаарав.
- Чи яагаад надтай ярихыг хүссэн юм бэ? гэж тэр асуулаа.
Утасны цаанаас хариу сонсогдсонгүй. Люси өөрт нь санал тавих гэж байгааг Райли гадарлажээ.
- Райли, Би Квантикотой холбоо барьсан. Мөрдөгч Мередит над руу хамтран ажиллах өөр хүн явуулна гэж хэлсэн. Хэн ирэхийг нь би одоогоор мэдэхгүй. Би энд ерөнхийдөө конторт ажиллаж байна, гэхдээ...
Люсигийн дуу сөөнгөтжээ.
- Үгүй, би ингэж болохгүй. Чи амралтаа авчихсан байгаа. Би чамайг үймүүлэх хэрэггүй байжээ. Чамайг тайван орхиё.
- Цааш нь ярь.
- Сонсооч. Тэд хэнийг ч илгээсэн бай, би энэ хэргийг мөрдөж байсан болохоор надад хариуцуулж магадгүй. Гэхдээ би энэ мөрдлөгийг удирдаж явуулахад бэлэн гэдэгтээ өөртөө сайн итгэж өгөхгүй байна. Энэ дэндүү ахадсан ажил гэж надад бодогдоод болдоггүй. Тэгээд чамайг наашаа ирж чадах болов уу гэж би бодоод...
Люси яриагаа тасалсан ч Райли гүйцэд зонсох шаардлагагүй байлаа. Энэ хэргийн мөрдөлтийг дахиад хариуцаж ажиллахыг Люси хүсэж байгаа юм байна гэдгийг тэр ойлгожээ.
- Би мэдэхгүй байна. Люси. Мередит намайг амралтаа ав гэж надад хатуу тушаасан.
- Ойлгож байна. Ингэх нь буруу гэдгийг би мэдэж байсан. Саад болсныг минь өршөөгөөрэй.
- Үгүй, хүлээ. Утсаа битгий тасла.
Райли одоо хэлэх үгэндээ жаахан эргэлзсэн ч эцэст нь
- Би буцаж очно, гэж хэллээ. Люси ч уухайн тас
- Окей, хэмээн хариулав.
Райлиг яриагаа дуусгахад
- Та хоёр юуны талаар ярилцсан юм бэ? гэж Эприл сонирхон асуулаа.
- Нью-Иоркийн хойд хэсэгт дахиад нэг хүнийг хулгайлчихсан байна. Люси намайг буцаж очоод хамт ажиллаач гэж гуйж байна.
Эприл нүдээ дүрлийлгэн
- Та тэгээд юу хийе гэж бодож байна? гэж асуув.
- Би тийшээ очих хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр би дараагийн галт тэргээр Албани руу явна.
Эприл их л сандарсан харагдана.
- Өө үгүй ээ, ээж. Та ингэж болохгүй. Намайг аав руу битгий явуул. Би тийшээ яасан ч очихгүй.
Эприлийн зөв, гэхдээ надад өөр ямар сонголт байгаа билээ, хэмээн Райли бодсоноо санаа алдлаа. Тэгтэл Эприл инээмсэглэж
- Ингэхэд би яагаад тантай хамт явж болохгүй гэж? хэмээн асуув.
Райлид охиныхоо инээмсэглэхийг харах сайхан байлаа.
- Би танд тус болж ч мэдэх юм, гэж Эприлийг нэмж хэлэхэд
- Яасан ч үгүй, гэж Райли татгалзаад
- Чи хэрвээ зөвхөн буудлын өрөөнд л үлдэнэ гэвэл надтай хамт явж болох юм. Бас би чиний гомдоллохыг сонсмооргүй байна, гэж хэллээ.
Эприл хошуугаа унжуулснаа
- Болж байна. Гэхдээ зочид буудал нь усан бассейнтэй байх хэрэгтэй. Бас би усны хувцас худалдаж авна. Хэдийгээр та амраагүй байгаа ч би чинь амарч яваа хүн. Таны ажилд саад болохгүй гэдгээ би амлаж байна. Бас би хаашаа ч явахгүй, гэж хэлэв.
- Тохирлоо, хэмээн хэлээд Райли замд гарах болсноо хэлэхээр Люси руу утасдлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.12.17 6:59 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Сэтгэцийн өвчтэй хүний тоо нормаль тархалтын хуулиар нийт хүн амын 2.5% бдаг гэж сонсч бсан юм бна. Америк мэтийн олон хүн амтай улсад ийм өвчтөний тоо ч их, гэмт хэрэг хийх тоо нь ч их бдаг бх даа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.12.17 10:50 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1169
Location: In the end
mmiracle wrote:
Сэтгэцийн өвчтэй хүний тоо нормаль тархалтын хуулиар нийт хүн амын 2.5% бдаг гэж сонсч бсан юм бна. Америк мэтийн олон хүн амтай улсад ийм өвчтөний тоо ч их, гэмт хэрэг хийх тоо нь ч их бдаг бх даа.

Баярлалаа :wd: :wd:


Би бас ийм судалгаа уншиж байсан. Аль улс орон, хэдэн он, ямар нийгэм байх нь хамаа байхгүй, оюун ухааны хоёр туйл болох сод ухаантнууд болон усан тэнэг дебилүүд, сэтгэцийн гажигтай онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн эзлэх хувь тогтмол байдаг гэсэн.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.13.17 7:19 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
* * *
Цаг орчмын дараа Райли жо;ооны ард сууж буй Люситай хамт сууж байлаа. Тэд Эприлийг Люсигийн захиалж өгсөн сайхан тохижуулсан өрөөнд орхижээ. Өрөө яг Люсигийн байрласан өрөөний хажууд байрладаг ажээ. Райли Эприлд зориулж зочид буудлаас усны хувцас авч өгсөн бөгөөд баярлаж хөөрсөн охин усан санд орохоор дуртай нь аргагүй үлдсэн. Охин нь одоо аюулгүй газар байгаа болохоор Райли ч мөн баяртай байлаа.
Люси цэцэрлэг хүртэл жолоо барьж, нөгөө хоосон орхисон машин зогссоор байгаа замын дэргэд ирэн машинаа замаас зайдуухан тавив. Тэнд Албани хотын хэдэн цагдаа нар зогсож харагдана. Цэцэрлэгийн энэ хэсэгт хэргийн газрыг тусгаарлах тууз татжээ.
- Бид хүрээд ирлээ. Би тэдэнд чамайг иртэл нэг ч юм хөндөж болохгүй гэж даалгасан, гэж Люси хэллээ.
Тэд машинаас бууж хэрэг гарсан газрын ажиглалт хийж эхлэв. Орхисон машины урт тал бага зэрэг хонхойсныг Райли олж харлаа. Машин нэг их хурдтай явж байгаагүй гэдэг нь харваас илт ажээ, Жолоочийн талын хаалга онгорхой харагдана.
- Эмэгтэйг Карла Листон гэдэг, хэмээн Люси хэлснээ үргэлжлүүлэн
- Тэр ажлын дараа гэртээ харих замдаа найз бүсгүйтэйгээ дэлгүүр орж хүнс цуглуулсан гэнэ. Найзыг нь Майра Кортез гэдэг, бас сувилагч юм байна. Листон энд ирэхийн өмнө Кортезийг гэрт нь буулгажээ, гэж хэлснээ машины урд талын зам руу зааж
- Энд машин тоормослосон мөр байна. Зам дээр бас машины урд талын хагарсан гэрэлний шилний хагархайнууд байна, гэлээ.
Райли тонгойж машины хонхойж орсон хэсгийг хараад
- Энэ цагаан зурааснуудыг шалгаж үзсэн үү? гэж асууснаа
- Энэ алуурчны барьж явсан тэрэгнийх байна. Тэр машины ар тал бас гэмтэж хонхойсон байгаа. Үүнийг шалгаж үзээд ямар маркийн машин болохыг тодорхойлно биз, гэж хэлэв.
- Гэмт этгээд машинаа гэрлэн дохионы урд гэнэт тоормосложээ. Миний таамаглаж байгаагаар тэр эмэгтэйг зориуд мөргөхөд хүргэсэн. Хохирогч эмэгтэй гэмтлийг шалгаж үзэхээр машинаасаа буух үед гэмт этгээд түүн рүү довтолсон, гэж Люсиг хэлэхэд Райли санал нэгтэй байгаагаа мэдэгдэн толгой дохилоо.
- Тэр этгээд харваас тийм ч аюултай харагддаггүй, жижигхэн биетэй гэдэг нь тодорхой. Тийм учраас хохирогч эмэгтэй түүнээс айж цэрвээгүй. гэж нэмж хэлснээ
- Гэмт хэрэгтний талаар чамд өөр олж мэдсэн зүйл байна уу? гэж асуув.
- Байгаа. Тэр ээрч ярьдаг гэсэн. Миний ярилцсан цэцгийн дэлгүүрийн худалдагч эмэгтэй оршуулганд зориулж цэцэг худалдаж авахаар ирсэн нэг танихгүй эр юу худалдаж авахаа хэлж чадахгүй байсан гэж надад хэлсэн.
- Чи сайн ажилласан байна. Энэ бол маш чухал мэдээлэл.
Райли хохирогчийн машины гэмтлийг дахиад сайн харлаа.
- Энэ гэмтэл суудлын тэрэгний өндрөөс арай дээр гарсан байна. Тэгэхээр гэмт этгээд автобус юм уу, эсвэл ачааны тэрэгтэй явж байжээ. Бид түүнийг бага оврын автобустай гэж сэжиглэж байна. Цагдаа нарын олсон гинжнээс юу олсон бэ?
Люси хавтсан дотроос нэг өнгөт зураг гаргаж Райлид өглөө. Зам дээр хэвтэж буй энэ богинохон зэс гинжийг хүмүүс хаалгаа түгжихэд элбэг ашигладаг ажээ.
- Энэ хохирогчдыг ороосон гинжтэй адилгүй байна. Тэр үүнийг таних тэмдэг болгож үлдээсэн гэж та бодож байна уу?
- Би тэгж бодохгүй байна. Тэр өөрийгөө бидэнд мэдэгдэхийн тулд хохирогчоо дүүжилдэг. Харин энэ гинжийг тэр тэрэгнээсээ санаандгүй унагасан гэж би бодож байна. Тэр автобусандаа олон төрлийн гинж авч явдаг бололтой.
- Яагаад? Тэр яагаад хохирогчид руугаа халдах үедээ гинж авч явдаг юм бол?
Райли хариу өгсөнгүй. Энэ үнэхээр чухал асуулт. Алуурчин яагаад ингэж явдаг нь ойлгомжгүй байгаа тул тэр өөрөө ч үүнийг мэдэхийг хүсэж байлаа.
- Би утсаар ярих хэрэгтэй байна, хэмээн хэлээд Райли бандан сандал дээр сууж Майк Невинсийн утас руу залгав. Түүний найз Майк бол шүүх эмнэлгийн туршлагатай сэтгэл судлаач бөгөөд тэрбээр олон төрлийн аллага үйлдсэн гэмт хэрэгтнүүдийн талаар судалдаг билээ. Заримдаа ХМТ-ноос учрыг нь олоход төвөгтэй асуудал гарах үед түүнийг урьж зөвлөлгөө авдаг.
- Майк, надад чиний тусламж хэрэгтэй байна. Би Албани хотод гинжтэй алуурчны хэргийг мөрдөж байгаа. Тэр дахиад нэг эмэгтэйг хулгайлчихсан.
- Би чамайг амарч байгаа гэж бодож байсан юм сан, гэж Майкыг хэлэхэд Райли санаа алдав. Энэ талаар тэр уул нь ярихыг хүсээгүй билээ. Тэрбээр Мередитийн тушаалыг зөрчсөн гэж мэдвэл Майк лав баярлахгүй.
- Би амралтаа авсан. Гэвч би одоо ажиллах хэрэгтэй байна. Яагаад гэдгийг битгий асуугаарай, за юу? Харин энэ хэргийн талаар чамайг дуулсан гэж би бодож байна.
- Тийм ээ, би энэ талаар дуулсан. Гэмт хэрэгтэн хоёр удаа хүн амины хэрэг үйлдсэн. Тэр хохирогч нартаа номхруулагч цамц өмсгөж, биеийг нь гинжинд ороосон байсан гэсэн.
- Яг тийм. Тэр хохирогчдыг гинжлээд зогсохгүй, бүр амыг нь хүртэл гинжээр дарж ороосон. Тэгэхээр тэр олон төрлийн гинж их хэмжээгээр цуглуулдаг юм шиг байна. Тэр одоо гэртээ хичнээн гинж цуглуулсныг бурхан л мэдэх байх. Өөрөөр хэлбэл түүний ашигладаг гол зэвсэг бол гинж.
Райли сандлаасаа босож дороо холхиж эхэллээ.
- Би нэг зүйлийг сайн ойлгохгүй байна. Тэр яагаад өөр юм биш, харин ганцxан гинж ашигладаг юм бол? Тэгээд бас гинжийг яагаад номхруулагч цамцан дээр ороосон юм бол? Энэ талаар би чиний бодлыг сонсмоор байна.
Утасны цаанаас нэг хэсэг чимээ гарсангүй. Эцэст нь Майк
- Олон шалтгаан нэрлэж чадах ч энэ зөвхөн таамаг төдий. Би харин чамтай ярилцаж чадах нэг хүнийг мэднэ. Харин чи түүнийг Синг-Сингээс олох хэрэгтэй, гэж хэлэв.

* Sing Sing - Нью-Иорк мужид Хадсон голын эрэг дээр байдаг хүч нэмэгдүүлсэн хамгаалаттай шорон

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.15.17 2:09 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Бүлэг 28

Шоронгийн хамгаалагч Райлийг дагуулан цайвар өнгийн хана туургатай, цонхондоо төмрөн тортой жижиг өрөөнд орууллаа. Нэг талын хананд нөгөө талаас нь өрөөг ажиглаж болдог том толь харагдана. Өөрийг нь хамгаалагч ажиглаж байгааг анзаарсан Райли
- Бүгд зүгээр, гэж хэлэхэд тэр гарч хаалга хаалаа. Ширээнд сууж байсан шоронгийн тод ногоон хувцас өмссөн хоригдол Райлиг хараад инээмсэглэв. Насаараа хоригдох ял авсан өрөвдөх сэтгэлгүй энэ алуурчны инээмсэглэл чухам юу илэрхийлснийг Райли ойлгосонгүй. Тэрбээр хоригдлын эгц урдаас харж суулаа.
Шоон Хатчер хэмээх энэ том биетэй хоригдол Афро- Америк гаралтай ажээ. Майк Невинс энэ эрийг тавин тавтай гэж хэлсэн боловч харваас тэр өөртөө их анхаарал тавьдаг нь илт, бас Шинг-Шингийн бие бялдаржуулах аппарат дээр их хичээллэдэг бололтой, наснаасаа хамаагүй залуухан харагдаж байв.
- Тэгэхээр чи мөрдөгч Райли Пэйж байх нь ээ. Майк Невинс чиний талаар надад ярьж байсан юм, гэж Хатчерийг хэлэхэд Райли
- Сайн юмны талаар ярьсан гэдэгт найдаж байна, гэж хэллээ.
Хатчер инээмсэглэсэн хэвээрээ хариу хэлэлгүй хэсэг дуугүй суув. Бараг хамрынхаа үзүүр дээр тохсон жижигхэн ойрын харааны шил нь түүнийг нилээд сэтгэгдэл төрүүлэхээр харагдуулах ажээ. Өчигдөр Майкийн зөвлөснөөр Райли Хатчертай уулзаж ярилцахаар энд ирээд байгаа билээ.Тэрбээр ганцаараа Албани хотоос Синг-Синг хэмээх засан хүмүүжүүлэх хорих газар хүртэл хоёр цаг машинаар давхиж иржээ. Харин Люси шинээр ирэх хамтрагчаа хүлээж авахаар Албани хот дахь ХМТ-ны харьяа конторт үлдсэн билээ.
- Миний хуучин танил Майк надад их талаагддаг юм. Тэр миний бичсэн нийтлэлийг уншсаныхаа дараа надтай холбоотой байх болсон. Би нилээд хэдэн сэтгүүлд юм бичсэн гэдгийг чи мэдсэн байлгүй. Шоронд би их зүйлд суралцсан, ялангуяа гэмт хэрэг судлалын тал дээр би бараг судалгааны ажилтан болсон гэхэд болно. Энэ ертөнцийн өчүүхэн нэг биет болсон би энэ шинжлэх ухааныг ойлгож мэддэг болсоноор хийсэн хэрэгтээ гэмших болсон.
Хатчер урагшаа тонгойн их л үнэмшилтэйгээр
- Би маш их өөрчлөгдсөн. Би одоо анх энд ирж байсан залуутай огт адилгүй болсон, хэмээн хэлээд түр чимээгүй сууснаа
- Яг үнэндээ энд хэн ч хуучинтайгаа адил байдаггүй юм, гэж нэмж хэллээ.
Энэ эр үнэнээ хэлж байна гэдгийг Райли мэдсэн боловч толгойд нь харин яагаад өөр бодол орж ирээд байгааг сайн ойлгосонгүй. Синг Синг шоронд олон жил суусан энэ этгээд үнэхээр засарч одоо нийгмийн амьдралд ороход бэлэн болсон гэж үү? Тэгвэл хэдэн арван жил өнгөрчихөөд байхад яагаад түүнд тэнсэн харгалзах ял өгч шоронгоос суллаагүй юм бэ? Үгүй, түүнийг энэ тортой хашаанд байлгах өөр шалтгаан байгаа гэсэн үг. Тэр энд одоо хүртэл амьд үлдэж чадсан нь бас хачирхалтай. Түүнээс гадна тэр анх орж үеэсээ сайн тал руугаа өөрчлөгдсөн мэт харагдаж байгаа ч магадгүй улам их зальжин болсон, эсвэл байнга асуудалд орооцолддог байж мэдэх юм. Тэгэхээр энэ эр улам аюултай болсон гэсэн үг.
Хоригдол эр Райлиг толгойноос нь хөл хүртэл ажиглаж харлаа.
- Ингэхэд би яагаад чамтай ярилцах ёстой юм бэ? Үгүй яахав, надад эндээс ямар ашиг унах юм бэ, гэж би асуух гэсэн юм.
Энэ харин Райлигийн огт хүлээж байгаагүй асуулт байлаа. Хоригдлууд өөр дээр нь ирсэн хүний гарыг байнга хардаг, Хатчер ч гэсэн тэр хоригдлуудын нэг гэж бодсон тэрбээр наашаа ирэхийн өмнө түүнд зориулж хайрцаг тамхи, эсвэл жижиг шилтэй виски авах уу яахав, хэмээн өөрөөсөө асууж байжээ.
- Чи өөрөө юу гэж бодож байна? гэж Райлиг болгоомжтой асуухад хуруугаараа ширээ товшиж суусан Хатчер
- За яахав, би чиний мэдэхийг хүссэн зүйлийг хэлж өгье. Хариуд нь чи бидний яриаг дууссаны дараа надад нэг юм хэлж өг. Энэ харин чиний хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй нууц зүйл байх ёстой, гэж хэлэв.
Райлигийн дотор түгшиж, тэрбээр үүнийгээ нуухыг оролдлоо. Хоригдол эр Райлиг өөрт нь ашигтай ямар нэг юм хэлж өгнө гэж итгэсэн, эсвэл тэр өөрийг нь дарамтлая гэж бодсон бололтой. Хачирхалтай нь энэ эр яриа эхлэхээс өмнө хүссэн зүйлээ асууна гэж хэлээгүйд Райли их гайхжээ. Тэрбээр хэлсэн амандаа хүрэхгүй байж болно шүү дээ.
Би ингэж чадах уу? Тэр намайг амлалтаа биелүүлнэ гэж итгэх болов уу?
- Тохирлоо, гэж түүнийг хэлэхэд Хатчер
- Тэгвэл яриагаа эхлэе, гэлээ.
Райли үгээ тойруулалгүй шууд эхлэхээр шийдэж
- Чамайг гинжний талаар сайн мэддэг гэж Майк надад хэлсэн.
Хатчерын уруул дээр учир битүүлэг инээмсэглэл тодорлоо.
- Тийм ээ, би урьд нь дээрэмчдийн бүлэгт байхдаа хүнтэй зодолдох үедээ гинж ашигладаг байсан учраас намайг "Гинжит Шоон" гэж хочилдог байлаа. Гинж миний гол зэвсэг байсан болохоор хүмүүс надаас их айдаг байсан. Тийм учраас би их хурдан бүлгийн удирдагчдын нэг болж чадсан юм. Би бас гинжээрээ хэдэн хүний аминд хүрчихсэн. Энд хэдэн хүн алсан маань чухал биш, хамгийн гол нь би гудамжны овгор болж чадсан явдал юм.
Тэр бодолдоо автаж харц нь гөлийсөн харагдана.
- Тэр үед намайг устгана гэж занасан нэг цагдаа байлаа. Хэрвээ тэр намайг устгахыг оролдвол түүнийг заавал ална гэж би тангарагласан юм. Тэр өдөр ч ирж би түүнийг дугуйны гинжээр балбаад алчихсан. Түүнийг цохиж дуусаад хартал хүн гэж танигдахаар юм юу ч үлдээгүй байсан. Түүнийг битүү авсанд хийж оршуулсан.
Хатчер аньсгаа нарийсгалаа.
- Өө тийм, би бас эхнэр хүүхэд нь олоход амар гэж бодоод түүний цогцсыг гэрийнх нь урд аваачиж тавьсан гэдгээ хэлэх хэрэгтэй юм байна. Тэр үед намайг баривчилж, нааш нь авчирснаас хойш би одоо хүртэл энд сууж байна.
Хоригдол өөр хэн нэгний тухай ярих мэт ямар ч сэтгэл хөдлөлгүй тайван ярихыг хараад Райли их цочирджээ. Тэрбээр энэ эр хийсэн хэрэгтэй гэмшдэг эсэхийг мэдэхээр нүүрийг нь ажигласан боловч юу ч мэдэж чадсангүй. Тэр яагаад одоо болтол шоронгоос суллагдаагүйг гайхаад байх юмгүй ажээ.
Хатчер яриагаа үргэлжлүүллээ.
- Майк надад чиний мөрдөж байгаа цуврал алуурчны тухай ярьсан. Тэр эмэгтэйчүүдийг гинжинд битүү ороож, тарчилган зовоож, гинжээр дүүжилдэг, бас номхруулагч цамц өмсгөдөг гэсэн.
- Тэр үнэн. Алуурчин гинж ашигладаг. Тэр олон төрлийн гинж цуглуулж хураадаг юм шиг санагдсан, гэж Райлиг хэлэхэд
- Яагаад гэдгийг нь би мэдэж байна гэж Хатчер хэлснээ
- Гинж чамд хүч чадлыг мэдрүүлдэг юм. Анх би бусдыг сүрдүүлж дарамтлах зорилгоор гинж ашигладаг байсан, харин хүн ална гэж хэзээ ч бодож байгаагүй юм шүү. Гэтэл гинж хүнийг донтуулчихдаг юм. Би гинжинд үнэхээр дуртай болж эхэлсэн. Гинжээр хүн алах... юу л даа, энэ чамд нэг л таатай мэдрэмж өгдөг. Тэгээд л би өөрийгөө барьж дийлэхээ больсон. Гинжнүүд учраа олохгүй жаал хүү байсан намайг эрхэндээ оруулж, цусанд шунасан араатан болгож хувиргасан юм даа, гэж ярилаа.
Хатчер бодол болон эрүүгээ маажиж сууснаа
- Чамд гинж, номхруулагч цамцнаас гадна өөр олдсон эд мөрийн баримтууд бий юү? гэж асуухад Райли түр бодолхийлэв. Тэрбээр
- Миний хамтрагч түүний гарын бичиг байж магадгүй нэг нэрийн хуудас олсон, гэж хэлээд картны томруулсан гэрэл зургийг хавтаснаас гаргаж ширээн дээр хоригдолд ойртуулж тавилаа. Хатчер хамран дээрх шилээ нүдэндээ ойртуулж засаад гэрэл зургийг авч харав.
- Картан дээр хурууны хээ шалгах тест хийсэн гэдэг нь тодорхой харагдаж байна, гэж тэр хэллээ.
- Тийм ээ, бид хурууны хээний жижиг хэсгийг олсон, Гэвч үүнийг ашиглах боломжгүй.
Хатчер шилээ засаж зургийг дахиж сайн хараад
- ЗША-ны гар бичгийн шинжээч юу гэж байна? гэж асуув.
- Бид одоогоор тэднээс хариу сонсоогүй байна.
Хатчерын сонирхлыг карт их татаж байгаа бололтой, тэрбээр үгээ цэнэсэн байртай аажуухан ярьж эхэллээ.
- Бичгийн хэлбэрт нэг юм байна. Юу гэдгийг би хэлж мэдэхгүй байгаа ч... гэснээ тэр хуруугаа инчдэн дуугаргаад
- Тийм ээ, одоо мэдлээ. Энэ Дэвид Берковичийн бичигтэй адилтай юм байна. Чи "Сэм ахын хүү"-гийн талаар сонсож байсан биз дээ? гэхэд
- Өө тэгэлгүй яахав, гэж Райл хариулав.
Тэрбээр академид сурч байхдаа Дэвид Берковичийн тухай судалж байжээ. Беркович бол далаад оны дундуур зургаан хүн алж, бас долоо хүнийг хүндээр гэмтээсэн сэтгэл мэдрэл гаж донтой цуврал алуурчин ажээ. Тэр баригдахаасаа өмнө "Сэм ахын хүү" гэсэн гарын үсэг үлдээдэг байсан бөгөөд энэ нэр түүнээс үүдэлтэй билээ. Беркович Синг Сингт бас хоригдож байсан. Хатчер түүнийг таньдаг байсан болов уу хэмээн Райли өөрөөсөө асууж байлаа. Хэрвээ тийм бол энэ их хачирхалтай учрал байж таарна.
Хатчер зурган дээрх бичиг рүү хуруугаараа зааж
- Үсэгнүүд нь Берковичийнхтэй адилхан босоо хэлбэртэй, бас их чармайж бичсэн гэдэг нь харагдаж байна. Танай алуурчинд Берковичтэй адилхан шинж чанар олон байгаа гэдэгт би итгэлтэй байна, гэж хэлсэнд Райли
- Жишээлбэл? гэж асуулаа.
Хатчер сандлынхаа түшлэгийг налж суугаад
- Беркович нялх балчир хүүхэд байхдаа хүнд өргүүлсэн. Тэр өсөж том болох тусмаа өөрийгөө ээждээ гологдож хаягдсан хүүхэд гэж бодох болсон. Тэр ээжийгээ үнэхээр үзэн яддаг байсан, гэж хэлэв.
Хатчер дахин бодол болсноо
- Беркович гинж ашигладаггүй байсан, гэхдээ би гинж ашигладаг байсан хэд хэдэн хүн мэднэ. Би тэд нартай гинжний талаар ярилцаж байсан. Гинжинд дурлагсад бүгд хүүхэд насандаа зодуулж байсан эсвэл зөнд нь хаясан хүмүүс байсан Тэдний ихэнх нь гинжээр ороолгуулж, зодуулсан, эсвэл гинжинд хүлүүлдэг байсан. Тэд эсэргүүцэх хүч чадалгүй, зориггүй болдог учраас гинжийг хүч чадал болгож ашигладаг, гэж ярив.
Хатчер хүнтэй ярьж, өөрийнхөө мэдлэгийг бусдад хэлж өгч байгаадаа баяртай байгаа бололтой үг нь олширчээ.
- Мэдээжийн хэрэг, тэд гинжийг харангуутаа айж түгшиж эхэлдэг учраас гинж тэднийг хүч чадалтай болгоно гэж хэзээ ч боддоггүй. Гэхдээ би чамайг Эйнштейний галзуурлын талаархи тодорхойлолтыг мэднэ гэдэгт итгэлтэй байна.
Райли толгой дохиод
- Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд хүн нэг юмаа олон дахин давтаж хийдэг гэж тэр хэлсэн, гэхэд
- Ингэхэд би гаж донтон биш учраас энэ тодорхойлолт надад хамаарахгүй. Харин жинхэнэ цуврал алуурчны талаар яригдаж байгаа бол... гэж Хатчер хэлснээ Райлигийн нүд рүү эгцэлж хараад
- Чамайг хүүхэд асрах газар ч юм уу, нэг тиймэрхүү газраар яваад үзсэн нь дээр гэж би бодож байна. Чи тэндээс эцэг эхдээ хаягдсан, зодуулж тамлуулж байсан, эсвэл гинжинд хүлэгдэж байсан хүнийг эрж ол, гэлээ.
Тэр хурууныхаа үеэр ширээ тогшоод
- Чамд өөр асуух юм байна уу? гэж асуув.
Райли сэтгэл хангалуун байлаа. Тэрбээр
- Үгүй, энэ хангалттай, гэж хэлэхэд Хатчер
- За тэгвэл чиний бусдад мэдэгдэхийг хүсдэггүй зүйл чинь юу юм бэ? гэж асуулаа.
Райли эхлээд нэг ч үг хэлсэнгүй. Тэр өгсөн амлалтандаа хүрэлгүй шууд босоод явчихдаг ч юм бил үү хэмээн дотроо эргэлзжээ. Тэгээд ч энэ эр хэзээ ч сул чөлөөтэй болж шоронгоос гарч чадахгүй юм чинь өөрийг нь айлгаж сүрдүүлнэ гэж байхгүй.
Хатчерын харц Райли дээр тогтжээ. Энэ харцанд Райлигийн бодол санааг уншаад байгаа юм шиг нэг тийм дотоод хүч чадал илэрч байлаа. Тэр бас Райлиг хэлсэн амнаасаа буцаж чадахгүй гэдгийг мэдээд байх шиг.
Энэ эрийн далдын гэмээр энэ хүч нөлөөнд автчихалгүйгээр юуны талаар яривал болох юм бол? Тэрбээр
- Би бол их муу ээж, гэж хэлэв.
Тэгтэл Хатчер чанга хөхөрч байснаа толгой сэгсрээд
- Чи үүнээс арай дээр юм бодож олох хэрэгтэй байсан юм. Чиний талаар хүн бүрийн мэддэг зүйлийг надад хэлээд хэрэггүй. Би өөрөө ч ийм хүн байсан, гэлээ.
Энэ хоригдол эр өөрийнх нь талаар илүү их юм мэдэхийг үнэхээр хүслээ гэж үү, хэмээн бодсон Райлигийн чичрүүдэс хүрэв. Тэр хэсэг дуугүй сууж байснаа эцэст нь
- Гинжээр хүн алахад тааламжтай мэдрэмж төрдөг гэж чи надад ярьсан. Би энэ мэдрэмжийг бас мэднэ, гэж хэлэв.
Энэ харин Хатчерын сонирхлыг татсан бололтой
- Нээрэн үү? гэж асуулаа.
- Саяхан би нэг нөхрийг хурц ирмэгтэй чулуугаар цохиж алсан. Би түүний толгойг чулуугаар цохиод л байсан. Хамгийн гол нь би түүнийг алсандаа огт харамсаагүй. Үнэнийг хэлэхэд би дахиад ингэсэн ч чадна.
Райлигийн хариултанд сэтгэл ханасан Хатчер одоо нүүр дүүрэн инээмсэглэж харагдана.
- Одоо чамайг зөвшөөрвөл би явмаар байна гэж хэлснээ Райли өөрөөсөө ийнхүү асуулаа.
Ингэхэд би яагаад түүний зөвшөөрлийг асуудаг билээ?
Хатчер үнэхээр хүчтэй ажээ.
- Бас нэг зүйл. Чамайг энэ энгийн асуултанд үнэнээр нь хариулаасай гэж би хүсэж байна. Над шиг хүн амьд явах эрхтэй гэж чи боддог уу? гэж тэр асуув.
Райли нүүрэн дээр нь инээмсэглэл тодруулаад
- Үгүй, гэж хариулахад Хатчер уруулаа нэг хачин мушийлгаснаа суудлаасаа өндийж
- Хүссэн үедээ над дээр эргэж ирээрэй гэж хэллээ. Тэрбээр мөрөө хавчаад нүд ирмэснээ
- Би энд байж л байна, гэж нэмж хэлэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.15.17 3:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6403
Danke :wink:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.15.17 3:11 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1169
Location: In the end
Ялангуяа танхайрал, зодоон нүдээн, хүчин, хүч ашиглаж хүн хороох гэх мэт хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг хийдэг нөхдүүдийн боловсролын түвшин их доогуур байдаг судалгаа байдаг даа. Тэгээд хэцүү нэртэд орсон хойноо бичиг үсэгт суралцаж тодорхой хэмжээний боловсрол олж авсан тохиолдол бол мэдээж нилээн их байдаг. Харин энэ хүнийх шиг тохиолдлоор нарсанд орсон хэрнээ тухайн чиглэлээр бүр эрдмийн зэрэг хамгаалах хэмжээний мэдлэг олж авсан тохиолдол хэр их байдаг юм бол гэдэг нь сонирхол татлаа. Зохиогчийн уран төсөөлөл үү, эсвэл бодит баримтан дээр тулгуурласан болов уу?

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.15.17 8:10 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
* * *
Райли Албани хот руу буцахаар ХМТ-ноос авсан машин руугаа очлоо. Тэрбээр машиндаа суугаад Люси руу залгаж Хатчертай хийсэн ярилцлаганы тухай яриад, хүүхэд асрах газрууд, асрагч эцэг эхчүүд болон хүүхэд үрчлэх товчоогоор явж шалгалт хийх, бас хэл ярианы бэрхшээлтэй, ялангуяа ээрч ярьдаг хүүхдүүдийг эрэн сурвалжлах баг илгээх хүсэлт ЗША-нд тавихыг түүнд даалгав.
- Тэнд хууль дүрэм зөрчигдөж байсан эсэхийг шалга гэж та хэлэх гэсэн юм уу? гэж Люси асуулаа.
- Тийм ээ, тэд нар бас хүүхдүүдийг хүлж, гинжилдэг байсан эсэхийг бид шалгах хэрэгтэй. Олдсон баримтууд дотроос гинжтэй алуурчинтай насаар ойролцоо, бие бялдарын хөгжил сул дорой хүмүүсийг олж өөр хооронд нь харьцуулж үзнэ. Одоохондоо хаанаас эрж хайхаа мэдэхгүй байгаа бидэнд энэ эхлэл болж чадна.
Люси даалгаврыг ойлгосноо хэлээд утсаа таслав. ЗША-ны эрлийн баг хохирогч эмэгтэйн гэр бүл, найз нөхөдтэй ярилцсанаас илүү туслана гэдэгт Райли найдаж байлаа. Хохирогчийн гэр бүл эмэгтэйг хулгайлагдсан гэдэгт итгэхийг огт хүсэхгүй байгаа. Тэд эмэгтэйг машины осолд орсны дараа ухаан санаа нь самуурч, одоо энд тэнд тэнэж яваа гэж бодсон учраас түүнийг олж гэрт нь хүргэж ирнэ гэж найдан эрлийн ажилд цагдаагийнхан болон ХМТ оролцохыг зөвшөөрчээ.
Хохирогчоор гэртээ хүргүүлсэн сувилагч эмэгтэй тэдэнд туслахыг чадах чинээгээрээ хичээсэн. Тэд ажил тарсны дараа худалдааны төв дээр очсоноо ярьсан боловч үйл явдлынхаа дарааллыг байн байн өөрчилж байжээ.
- Намайг уучлаарай, хэмээн хэлээд тэрбээр уйлж
- Би бүгдийг санах хэрэгтэй гэдгийг мэдэж байна. Ажлаа тарсны дараа бид худалдааны төв орж дэлгүүр хэсэхийг л хүссэн. Бүх юм хэвийн юм шиг л байсан, гэжээ.
Райли сэтгэл санаа нь тогтворгүй болсон тэр эмэгтэйд ямар нэг юм санавал утасдаж мэдэгдээрэй, хэмээн хэлсэн билээ.
Тэрбээр Албани хот руу буцаж явах замдаа өөрийг нь тэнд хүрч очихоос өмнө ЗША-ныхан ямар нэг мэдээлэл олж чадна гэдэгт найдаж байлаа.

* * *
Хоёр цаг ч өнгөрөөгүй байхад Райли ХМТ-ны харья контор луу алхаж явлаа. Люсигийн дэргэд зогсож буй эрийг хараад түүний хамаг бие хөшчихөв. Шинээр ирсэн хүн Билл Жеффрис байжээ. Тэр Райлиг хараад
- Чи энд юу хийж байгаа юм бэ? гэж асуулаа.
- Чи харин энд юу хийж байгаа юм бэ? гэж Райлиг хариу асуухад Билл
- Мередит намайг мөрдөгч Варгаст туслуулахаар явуулсан. Чамайг наашаа явуулаагүй гэдгийг би мэдэж байна. Тэр чамд амралтаа авахыг тушаасан гэж надад хэлсэн юмсан, гэж хэлэв.
Люси биеэ хурааж зогсоод
- Өө үгүй, энэ бүгд миний буруу, гэж хэлэхэд Райли
- Үгүй, Люсигийн буруу биш, би өөрөө наашаа ирэхээр шийдсэн юм, гэж цөхөрсөн байртай хэллээ.
Билл харсан зүйлдээ итгэж чадахгүй байгаа бололтой.
- Райли, ингэхэд чи одоо юугаа хийгээд байгаа юм бэ? Чи ажлаасаа халагдаж байсан. Дахиад халагдахыг чи хүсээд байгаа юм уу? Охинд чинь тохиолдсон явдлын дараа чи ажлаа хийхээр энд ирж чадлаа гэж үү?
- Одоо бүх юм зүгээр, хэмээн Райлиг хэлэхэд Билл толгой сэгсэрч
- Эприл яаж байна? Тэр одоо хаана байна? гэж асуув.
- Тэр энд, Албанид байгаа. Билл, тэр энд аюулгүй байх болно.
Люси тэр хоёрын дундуур орж
- Мөрдөгч Жеффрис, бүх хариуцлагыг би үүрнэ. Би түүнийг наашаа ирээч гэж гуйсан юм, гэв.
Биллийг хариу үг хэлэхээр амаа нээхээс өмнө тэдний дэргэд өөр хүний дуу гарах нь сонсогдлоо. Тэрбээр
- Мөрдөгч Пэйж... хэмээн эргэлзсэн байртай дуудахад бүгд эргэж харав. Өрөөнд ичимхий байрын залуухан лаборант ороод ирчихсэн зогсож байв.
- Бид хэдэн юм илрүүлсэн гэж би бодож байна.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.15.17 11:31 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Бүлэг 29

Конторын хурлын өрөөнд уур амьсгал нэг л хүйтэн хөндий байлаа. Райли Албанид байгаа нь Биллд огт таалагдсангүй. Тэр сэжигтнүүдийн нэрсийн жагсаалтыг харахаар Люситэй хамт ширээний нэг талд сууж харагдана. Тэдний эсрэг талд суусан Райли нэг ч зүйл орхигдуулалгүй мэдэж авахыг хичээж байлаа. Райлигийн дэргэд суусан Пол Нүни хэмээх нөгөө аймхай байрын залуу лаборант сэжигтэн байж болзошгүй хүмүүсийг олохоор урдаа тавьсан хавтасны хуудсыг эргүүлж байв. Тэр бас үе үе зөөврийн компьютер луугаа харна.
Билл Люсид нэг хуудас харуулаад
- Үүнийг юу гэж бодож байна? гэж асуусанд тэр
- Энэ биш гэж би бодож байна. Залууг баривчлах үед тэр эсэргүүцэл үзүүлсэн учраас бүр гурван цагдаа нийлж байж дийлсэн гэсэн. Бид ийм хүч чадал ихтэй хүн хайгаагүй гэж хариулав.
Райли урагшаа тонгойж цаасыг хараад толгой дохилоо. Тэгтэл Нүни
- Хөөе, энд нэг хүн байна, түүнийг Вэйн Турнер гэдэг. Тэр хорин найман настай, нэг метр жаран долоон сантиметр өндөр, тавин хоёр килограмм жинтэй, Валкоттод амьдардаг юм байна. Энд бичсэнээр тэр бага зэрэг ээрч ярьдаг гэнэ. Тэр өнчин хүүхэд байсан, хүнд үрчлүүлэхээс өмнө өнчин хүүхэд асрах газар амьдарч байжээ. Тэр долоон сарын өмнө кино театрын гадаа нэг эмэгтэйг зодсон учраас баригдаж байсан. Гэхдээ энэ түүний анхны үйлдсэн хэрэг юм байна, гэж хэлэв.
Энэ Райлигийн сонирхлыг татсан тул
- Чи түүний талаар өөр мэдээлэл олж чадах уу? гэж асуулаа.
Нүни компьютертоо шалгаж үзээд
- Тэр саяхан төмөр эдлэлийн бөөний худалдааны газар ажилд орсон юм байна, гэснээ
- Тэгэхээр тэр их хэмжээний гинж олж авах боломжтой гэсэн үг. Бас тэр голоор байнга өгсөж уруудаж аялж явах боломжтой. Магадгүй тэр одоо тэнд байгаа биз, гэж нэмж хэлэв.
Билл Люси руу харж
- Энэ бидний эрж олох хүн мөн юм шиг байна гэж хэллээ.
Люси толгой дохиж Билл тэр хоёр суудлаасаа өндийв. Райли ч мөн адил суудлаасаа босоход Билл
- Чи хэрэггүй, гэж хэлээд
- Чамайг энэ ажилд томилоогүй. Зочид буудал руу очиж Эприлтэй хамт цагийг өнгөрөө. Охинд чинь чиний анхаарал халамж хэрэгтэй, гэв.
Райлид тэр "бид хамт байх хэрэггүй" гэж хэлэх шиг санагдлаа. Биллд нэг юм саад болоод байгааг Райли мэджээ. Эприл одоо сайн байгаа ч тэр хэн нэг хүнтэй хамт байвал илүү дээр гэж Билл бодсон бололтой. Гэнэт Люси
- Би буудал руу явлаа. Тэнд надад хийх юм байгаа, бас Эприл ямар байгааг харъя, гэж хэллээ.
Райли, Билл хоёр Люси руу гайхан хартал тэрбээр мөрөө хавчаад
- Сонс, Та хоёрын хооронд ямар асуудал байгааг би мэдэхгүй. Гэхдээ та нар энэ асуудлаа шийдсэн нь дээр. Тэгээд ч би та хоёрт саад болоод байгаа юм шиг надад санагдаад байна. Явж ажлаа хийцгээ, гэж нэмж хэлэв.
Билл харцаа Райли дээр тусгаад
- За яахав, хамт явцгаая, гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.16.17 11:10 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
хүн амины онцгой хэргийн мөрдөгчид нь эмэгтэйчүүд байх гэж...ном юм даа, ер нь хүн амины хэргийн мөрдөгчид бараг бүгд эрчүүд байдаг, төмөр зүрхтэй л хүний ажил байх, эмэгтэй хүн байгалаасаа өр нимгэн төрдөг болохоор нүд халтирмаар аллага, цус нөжийг харж хэвийн ажиллахад хүнд байдаг, гэмтэл мэс заслын эмч нар ч ихэнх нь эрчүүд бдагтай л адил. Нэг эмэгтэй цагдаагийн тухай уншиж байсийн, уг нь их эршүүд, зоригтой дайчин хүүхэн бж, гэвч анхны хүн амины хэргийн газар очоод л зүрх нь үхсэн гэсэн


Top
   
PostPosted: Oct.16.17 8:18 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1169
Location: In the end
panther wrote:
хүн амины онцгой хэргийн мөрдөгчид нь эмэгтэйчүүд байх гэж...ном юм даа, ер нь хүн амины хэргийн мөрдөгчид бараг бүгд эрчүүд байдаг, төмөр зүрхтэй л хүний ажил байх, эмэгтэй хүн байгалаасаа өр нимгэн төрдөг болохоор нүд халтирмаар аллага, цус нөжийг харж хэвийн ажиллахад хүнд байдаг, гэмтэл мэс заслын эмч нар ч ихэнх нь эрчүүд бдагтай л адил. Нэг эмэгтэй цагдаагийн тухай уншиж байсийн, уг нь их эршүүд, зоригтой дайчин хүүхэн бж, гэвч анхны хүн амины хэргийн газар очоод л зүрх нь үхсэн гэсэн


Panther-н санааг батлах гээд жоол нет ухлаа. Хүн амины хэргийн салбарт нээрээ л эмэгтэйчүүд их бага байдаг юм байна шүү. АНУ-д л гэхэд нийт хүн амины хэргийн мөрдөгчдийн 15% нь л эмэгтэй байдаг юм байна. STEM салбарынх бас нэг иймэрхүү байдаг. Гэхдээ ХМТ-н нийт мөрдөгчдийн (нарийн мэргэшил харгалзахгүй) 32% нь эмэгтэй гэнээ.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.16.17 9:53 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
* * *
Албанигаас Валкотт руу хүртэл хагас цагийн турш машинаар давхиж явах үед Райли Биллтэй ярилцахаар хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлтэй юм болсонгүй. Тэрбээр Мередитийн тушаалыг зөрчиж Албани руу ирсэндээ харамсаж байгаагаа хоёр ч удаа хэлээд үзэв. Бас утсаар согтуу ярьж нөхөрлөлөө сэвтүүлсэндээ ч хүлцэл өчжээ.
Гэвч Билл өөртэй нь ярилцахыг хүссэнгүй, тэрбээр дуугаа хураасан нь Райлигийн санааг маш их зовоож байлаа.
Билл ХМТ-ноос унаж ирсэн машинаа жирийн нэг хотын энгийн харагдах нэг жижигхэн цагаан байшингийн урд зогсоолоо. Гаднаасаа гэм зэмгүй харагдах энэ байшин гинжтэй алуурчны амьдардаг газар байж болох л юм гэж Райли дотроо бодов.
Тэд opox хаалга руу очиж тогшлоо. Тэгтэл хүүхэд шиг царайтай нэг эрхэм хаалгаа онгойлгов. Тэр намхан бас их туранхай ажээ. Райли эгээтэй л "Аав чинь гэртээ байгаа юу? гээд асуучихсангүй биеэ барьж
- Чи Вэйн Турнер мөн үү? гэж асуусанд сандарч тэвдсэн эр
- Ти.. тийм, юу... уу гэ... гэж? хэмээн ээрэн арайхийж хэлэв.
Билл тэмдгээ гаргаж харуулаад
- Бид хоёр ХМТ-ны мөрдөгч Жеффрис, Пэйж нар байна. Гэрт чинь орж чамтай ярилцаж болох уу? гэж асуулаа.
- Би.. би ой... ойлгохгүй байна.
- Бид чамд бүгдийг тайлбарлаж өгнө. Биднийг оруулаач.
Вэйн Турнер тэднийг гэртээ оруулж энгийн засалтай боловч цэвэрхэн, эмх цэгцтэй зочдын өрөөндөө оруулав. Дараа нь тэр удаанаар
- Ээрч ярьдагт минь уучлаарай. Би сандрахаараа ээрээд байдаг юм. Би олон удаа эмчилгээ хийлгэсэн. Жирийн үед би харин ээрдэггүй, гэж хэллээ.
- Өнгөрдөг лхагва гаригийн орой бүрий болохоос авахуулаад шөнө дунд хүртэл чи хаана байснаа бидэнд хэлж чадах уу? гэж Билл асуув.
Турнер тавгүйрхсэн харагдах ч хэл яриагаа хянаж чадаж байлаа.
- Би эндээс Дадли руу явсан. Би тэнд амьдардаг эцэг эх дээрээ очсон.
- Чиний хэлснийг батлах хүн байгаа юу?
- Таны хэлсэн цагт бол үгүй. Би... би найман цагийн үед эцэг эхийнхээ гэрээс явсан. Би... би шөнө дунд болж байхад гэртээ ирсэн. Энэ их урт зам байгаа юм.
Биллийн сэжиглэл улам ихэсжээ.
- Ням гаригийн орой наймаас арвын хооронд чи юу хийсэн бэ?
Турнер нүдээ эргэлдүүлэн
- Ням гаригт гэнэ ээ? Би... би гэр... гэртээ байсан, гэлээ.
- Ганцаараа юу?
- Ти... тийм.
Турнер маш их айж цочирдсоныг Райли харлаа. Гэвч энэ бол тэр жинхэнэ гэмт хэрэгтэн гэсэн үг биш. Жирийн гэм зэмгүй хүмүүс ч гэсэн ийм асуулт тавихад айж сандардаг. Тэр хоёр энэ эрийг ар араас нь асуулт тавьж шалгаахгүй байсан нь дээр гэж Райли бодоод асуултаа өөрөөр тавихаар шийдлээ.
- Чамайг ажилд орсон гэж бид дуулсан. Баяр хүргэе, гэж тэр эелдгээр хэлээд
- Ажлынхаа талаар бидэнд ярьж өгч чадах уу? гэж асуулаа.
Турнер асуултыг нь сайн ойлгоогүй ч бага зэрэг тайвширсан бололтой.
- Би саяхан бөөний худалдаа эрхэлдэг Декатур Бродерс Метал барааны компанид ажилд орсон. Би борлуулагчаар ажилладаг болохоор ажлаар хол явах хэрэг олон гардаг. Надад олон газраар явах нь таалагддаг болохоор би энэ ажилдаа их дуртай.
- Энэ ажил орохын өмнө чи юу хийж байсан бэ?
Энэ талаар ярих түүнд амаргүй байгаа бололтой. тэрбээр толгойгоо унжуулаад
- Над...надад нэг хэсэг ажил олоход их хүнд байсан. Хэрвээ чи хэл ярианы бэрхшээлтэй бол чамд ажил олох тийм ч амар биш, гэж хэлсэнд Райли
- Шинэ ажил чинь чамд таалагдана гэдэгт би итгэж байна, гэлээ.
- Баярлалаа.
Тэгтэл Билл
- Чамайг хэдэн сарын өмнө баривчлагдсан гэж сонссон. Энэ тухай бидэнд яриач. гэж хэлэв. Турнерын дурсахыг ч хүсдэггүй сэдвийг Билл хөндсөн гэдэг нь царайн дээр нь илт байлаа. Тэрбээр их ичсэн байртай харагдана.
- Өө, нэг эмэгтэй кино үзэхээр дугаарлан зогсож байсан хүмүүсийн урдуур дайрсан юм. На... на... намайг эсэргүүцэж үг хэлтэл харин тэр эмэгтэй намайг ээрүү гэж доромжилсон.
Турнер толгой сэгсрээд
- Тэгэхэд намайг юу хатгасныг би ёстой мэдэхгүй. Би... би тэр эмэгтэйг цохьчихсон. Би урьд нь хэзээ ч ийм явдал гаргаж бай... байгаагүй, хэмээн нэмж хэлэв.
Тэр үнэн хэлсэн эсэхийг нь мэдэхээр Райли нүүрийг нь ажигласан боловч сайн мэдэж чадсангүй.
- Ноён Турнер, одоо миний тавих асуултанд таныг нэг их эмзэглэхгүй байх гэж би найдаж байна. Та үрчлүүлсэн бил үү? гэж Райлиг асуухад тэр толгой дохилоо.
- Дадли амьдардаг эцэг эхийндээ айлчилж очсон гэж чи бидэнд хэлсэн.
- Би долоо хоног болгон тийшээ очдог. гэж Турнер хэллээ.
- Тэгвэл чи эцэг эхтэйгээ сайн харилцаатай юм байна, тийм ээ?
Турнер дахиад толгой дохилоо. Райли аль болох эелдэг дуугарахыг хичээж
- Эцэг эх чинь чамайг зоддог байсан уу? гэж асуусанд Турнер урдаас нь эгцэлж хараад
- Тэнд байх надад тийм ч таатай байгаагүй. Гэхдээ би энэ талаар яримааргүй байна, гэж огт түгдрэлгүй хариулав.
Тэр гэнэт өөртөө итгэлтэй болсныг хараад Райли бага зэрэг гайхлаа. Тэгтэл Турнер
- Намайг ямар нэг гэмт хэрэгт сэжиглэж байгаа юм уу? гэж асуув.
- Бид хоёр хүн амины хэрэг, бас нэг хүн хулгайлсан хэрэг мөрдөж байгаа, гэж Билл хэллээ. Биллийн шулуухан ингэж хэлсэн нь нэг талаар тактикийн зорилготой байсан боловч Турнерт ямар ч нөлөө үзүүлсэнгүй.
- Би хэнийг ч алаагүй, хулгайлаагүй, бас хэнийг ч гомдоогоогүй. Хэрвээ та нарт дахиад тавих асуулт байгаа бол би өмгөөлөгчтэйгөө хамт ярилцана.
Билл үг хэлэхийг хүссэн ч Райли дохио өгч түүнийг хориглов. Турнер суудлаасаа босож бичгийн ширээ рүү очлоо. Тэрбээр эргэж ирэн Райлид нэг нэрийн хуудас өгөөд
- Энэ миний өмгөөлөгчийн нэрийн хуудас. Та нарт асуух зүйл байгаа бол түүнтэй холбогдоно биз, гэж хэлэв.
Райли эелдгээр инээмсэглээд
- Бид таныг ойлгож байна, ноён Турнер. Бидэнд цаг гаргасанд чинь баярлалаа, гэж хэллээ.
Билл Райли хоёр байшингаас гарч машиндаа сууцгаав.
Билл жолоо барьж явснаа
- Түүний хэл яриа яаж өөрчлөгдөхийг чи анзаарсан уу? Ярианы төгсгөлд тэр бараг ээрч түгдэрсэнгүй. Чи энэ талаар юу гэж бодож байна? гэж асуулаа.
Райли юу хэлэхээ мэдэхгүй байсан тул хариу хэлсэнгүй. Нэг талаас Турнерын гаргасан ааш араншин өрөвдөх сэтгэлгүй алуурчны зан авиртай тохирч байлаа. Гэвч нөгөө талаас нь харвал Турнер мэтийн хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс амьдрал ахуйгаа өөд татахын тулд улам их хичээх хэрэгтэй болдог. Тийм учраас тэд нар өөрсдийгөө бусдад харуулж таниулахын тулд дотроо улам их эрч хүч агуулсан байдаг.
Райли Турнерын өгсөн нэрийн хуудсыг гартаа эргүүлэн ийнхүү бодож суулаа. Гэнэт түүнд нэг зүйл тодорхой болов.
- Билл, тэр бидний хайж байгаа хүн биш.
- Яагаад?
- Цэцгийн дэлгүүрийн худалдагчийн өгсөн картны талаар Люси юу ярьж байсныг чи санаж байна уу?
Билл толгой дохиод
- Тийм ээ, санаж байна. Картан дээрх бичиг алуурчных байж магадгүй гэж байсан.
- Тэр цэцэг худалдаж авахдаа гараараа бичсэн. Турнер өөрт нь хичнээн хэцүү байсан ч ингэж бичихгүй, харин Харин ч тэр цэцэг худалдагчтай ярилцахыг эрхэмлэх байсан. Бидний эрж байгаа хүн түүнээс өөр. Худалдагчийн хэлснээр тэр бараг ярьж чаддаггүй гэсэн. Тэр ч бүү хэл зарим хүн түүнийг тэнэг, ухаан муутай гэж боддог байж таарна.
Билл дахиад толгой дохисноо
- Тэр бас бараа борлуулагчаар ажиллаж чадахгүй, гэж нэмж хэлэв.
Райлигийн утас дуугарлаа. Тэрбээр утсаа харвал энэ Люси байлаа.
- Райли. чи тэндээс юм олж чадав уу?
- Үгүй, тэр бидний хүн биш. Бид одоо буцаж явна.
- Өө, ашгүй. хэмээн Люси догдолcон байртай хэлээд
- Та нар аль болох хурдан Албанид ирэх хэрэгтэй байна, гэлээ.
Райлиг айдас нөмрөөд авах мэт болж, тэрбээр
- Эприлд ямар нэг юм тохиолдсон юм биш биз? гэж асуув.
- Өө үгүй дээ, Эприл зөв зүгээр. Би одоо конторт байна. Зочид буудлын цэвэрлэгч эмэгтэйд Эприлийг сайн харж байгаарай гэж захиад би түүнд нилээд их халаасны мөнгө өгчихсөн. Эприл тэр эмэгтэйтэй хамт байгаа.
Райли тайвширч санаа алдлаа. Люси Эприлд бараг Габриэлаг санагдуулахаар нэг Испани эмэгтэй олж өгсөн биз.
- Тэгээд наана чинь юу болсон юм бэ? гэж Райли асуулаа.
- Хулгайлагдсан эмэгтэйн найз, Майра Кортез контор луу ирж яваа. Тэр нэг чухал юм санасан гэж хэлсэн.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.17.17 11:13 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 253
Номоо улам л хорхой хүрэм төгсгөдөг болгоод байх юмаа. Орчуулгын хурдыг нэмэх арга чарга юу байнаа? Хурдхан л уншмаар байх юм.

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Oct.17.17 12:00 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
iShoogii wrote:
Номоо улам л хорхой хүрэм төгсгөдөг болгоод байх юмаа. Орчуулгын хурдыг нэмэх арга чарга юу байнаа? Хурдхан л уншмаар байх юм.

харин тиймээ, тасалж оруулж бгаа ном угаасаа хамгийн чухал гоё дээрээ тасардаг нь
хорвоогийн жам мам гээд л балайрвал яана...зүгээр бэлэн ном оруулах биш орчуулж найруулж оруулж бгаа болохоор хурд нэмэх арга байхгүй бизээ, тэгээд ч ганц ном орчуулаад суудаггүй , ажлын зав чөлөөгөөрөө бид мэтэд буян үйлдэж байгаа Нарандаа дахин талархийи


Top
   
PostPosted: Oct.17.17 12:09 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
Tseko wrote:
panther wrote:
хүн амины онцгой хэргийн мөрдөгчид нь эмэгтэйчүүд байх гэж...ном юм даа, ер нь хүн амины хэргийн мөрдөгчид бараг бүгд эрчүүд байдаг, төмөр зүрхтэй л хүний ажил байх, эмэгтэй хүн байгалаасаа өр нимгэн төрдөг болохоор нүд халтирмаар аллага, цус нөжийг харж хэвийн ажиллахад хүнд байдаг, гэмтэл мэс заслын эмч нар ч ихэнх нь эрчүүд бдагтай л адил. Нэг эмэгтэй цагдаагийн тухай уншиж байсийн, уг нь их эршүүд, зоригтой дайчин хүүхэн бж, гэвч анхны хүн амины хэргийн газар очоод л зүрх нь үхсэн гэсэн


Panther-н санааг батлах гээд жоол нет ухлаа. Хүн амины хэргийн салбарт нээрээ л эмэгтэйчүүд их бага байдаг юм байна шүү. АНУ-д л гэхэд нийт хүн амины хэргийн мөрдөгчдийн 15% нь л эмэгтэй байдаг юм байна. STEM салбарынх бас нэг иймэрхүү байдаг. Гэхдээ ХМТ-н нийт мөрдөгчдийн (нарийн мэргэшил харгалзахгүй) 32% нь эмэгтэй гэнээ.

нэг хэсэг завтай байхдаа хүн амины хэргийн тухай ном (true crime ) уншдаг, тийви-гээр шүүх хурал мэтийг хардаг бсийн , мөрдөгчид нь дандаа эрчүүд, хамгийн гол нь гэмт хэрэг хийх бсон шалтгааныг мэдэх байв...одоо завгүй больсоон, ХМТ маш өргөн хүрээнд мөрдлөгө хийдэг л дээ, улс орны аюулгүй байдал, тагнуул, террор гм, тэнд эмэгтэйчүүд наад зах нь орчуулагчаар ажилладаг юм билээ


Top
   
PostPosted: Oct.17.17 8:09 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Бүлэг 30

Магадгүй тэр сувилагч эмэгтэй Карла Листоныг хайх эрлийн сэжүүрийг гаргаж өгч мэдэх юм. Биднийг жаахан ч гэсэн аз ивээж байх шиг байна, гэж Райли бодлоо. Тэд хохирогчийг хороохоос өмнө алуурчныг олж ч магадгүй.
Билл тэр хоёрыг конторт эргэж ирэхэд Люси тэднийг сувилагчийн хамт хурлын өрөөнд хүлээж байв. Бараан үстэй туранхай биетэй энэ эмэгтэй сувилагчийн дүрэмт хувцсаа тайлсан байх бөгөөд найзыгаа алга болсноос хойш олигтой унтаагүй бололтой их ядарсан царайтай харагдах ажээ. Хэдий тийм ч тэр туслахыг хүсэж байгаа нь илт байв. Билл Райли хоёрыг суусны дараа
- Уучлаарай, өнгөрсөн удаа та нартай ярилцах үед олигтой юм хэлж өгч чадаагүй, хэмээн эмэгтэй хэлээд
- Тэр үед би их сандарч тэвдээд ухаан санаагаа бараг алдчихсан байсан. Харин одоо би зарим нэг юмыг санаж эхэлсэн, гэлээ.
- Бид таны тусламжинд талархаж байна, хатагтай Кортез. Таны санаж байгаа бүх зүйл бидэнд их тус болно, гэж хэлээд Билл асуулт тавьж эхлэх гэтэл Райли толгойгоо сэгсрээд Люси руу дохилоо. Энэ удаагийн ярилцлаганд Райли Люсигийн мэдрэмж, ажиллах чадварт илүү их найджээ. Билл Райлигийн санааг ойлгоод зөвшөөрч толгой дохив.
- Би зарим нэг зүйлийг санасан ч аль нь чухал гэдгийг, бас хаанаас нь эхлэхээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ би наашаа ирж, дахиад оролдоод үзье гэж бодлоо.
- Сайн байна. Таны яриаг бид таслахгүй. Та худалдааны төвд очсоноос эхлээд яриач. Карла та хоёр ажлаа тараад дэлгүүр хэсэхээр явсан гэсэн, тэгээд... гэж Люсиг хэлтэл
- Үнэндээ энэ яг ч тийм биш, гэж Майра тайлбарлаад
- Бид дэлгүүр хэсэх гэж яваагүй, худалдааны төв дээр байдаг кофены газар очсон. Эмнэлэг хаасны дараа бид тэнд байнга очдог. Бид хоёр хэдэн аяга каппучино ууж, ажлынхаа талаар ярилцсан, гэж хэлэв.
Анхны ярилцлагын үеийг бодвол Майрагийн хоолой илүү итгэлтэй болсныг сонсоод Райлид найдвар төрлөө.
- Маш сайн байна, хатагтай Кортез. Бид урьд нь тавьсан асуултаа дахиад асуувал танд эвгүй санагдахгүй гэж би найдаж байна.
- Огтхон ч үгүй.
Люси эмэгтэйг эелдэг зөөлөн харцаар ширтлээ.
- Кофены газар байхдаа та анхаарлыг чинь татсан зүйл анзаарсан уу? Магадгүй тэндэхийн ажилчин эсвэл үйлчлүүлж байсан хүн ч юм уу.
Майра түр зуур бодолхийлснээ
- Үгүй, Женни урьдын адил бидэнд үйлчилсэн. Кофены газар олон хүн байгаагүй. Бидний ойролцоо нэг гэр бүлийн хоёр хөгшин сууж байсан. Өөр нэг ширээн дээр Карла бид хоёрын танил нэг танил эмэгтэй байсан. Бас залуухан хос, хэдэн охид... Өөр хүн байгаагүй гэж надад санагдаж байна.
- Та хоёр тэндээс хэдэн цагт явсан бэ?
- Ес дөхөж байхад. Бид худалдааны төвөөс шууд машины зогсоол руу явсан. Зогсоол тэндээс нэг их холгүй байдаг.
Люси гараа эмэгтэйн гаран дээр тавиад
- Зогсоол руу явах замдаа та нар луу харж ажигласан хүн байсан уу?
Майра нүдээ анилаа.
- Нэг эрэгтэй. Тэр өндөр нуруутай, улаан үстэй, бас хууз сахалтай байсан. Тэр надтай харц тулгарсан. Тэр намайг сонирхоод байх шиг надад санагдсан.
Майрагийн дүрсэлсэн хүн сэжигтний дүр төрхтэй тохирохгүй байгаа ч энэ Райлигийн сонирхлыг их татлаа. Майра хэрвээ алуурчныг харсан бол тэр түүнийг зөв дүрсэлж чадах нь тодорхой болов.
-Сайн байна. Тэгээд гадаа гарсны дараа? гэж Люсиг асуухад Майра
- Олон хүн байсан, ихэнх нь бидэнтэй адил машин руугаа явцгааж байсан. Тэнд бас өсвөр насны хэдэн хүүхдүүд байсан, хэмээн Майра нүдээ аньсан хэвээрээ хариулав. Люси эмэгтэйд саад болохгүйн тулд асуулт тавилгүй хэдэн хором хүлээлээ. Ингэсэн нь эмэгтэйд дурсамжаа эргэж санахад туслана гэдгийг Райли сайн ойлгож байв.
Эцэст нь Люси
- Зогсоол дээр ямар машинууд байсан бэ? гэж асуугаад
- Та зүгээр санаж байгаагаа нэрлэхэд л болно, гэлээ.
- Бид нэг спорт машины дэргэд машинаа тавьсан. Карлагийн машины урд нэг жижигхэн аяны ачааны тэрэг зогсож байсан. Бидний эсрэг тал бас нэг жийп байсан.
Райли тэмдэглэл хийх зуураа алуурчин жийп эсвэл аяны тэрэгтэй явж яасан ч таарахгүй хэмээн бодож суув.
Тэгтэл Майра
- Өө тийм, нэг бага оврын цагаан автобус зогсож байсан. Биднийг арагшаа ухарч гарахад тэр бас ухарч харагдсан. Хажуу талдаа цонхгүй битүү, бараа ачдаг авробус байсан юм байна.
Люсигийн нүүр улайж, тэрбээр гараа огцом татаж аваад
- Өө бурхан минь, гэж хэлснээ уйлж эхлэв.
Гэнэт биеэ барьж чадахгүй болсон Люсиг хараад Райли маш их гайхлаа. Нүдээ нээсэн Майра ч мөн их гайхжээ.
- Энэ их чухал уу? Карла намайг гэрт маань буулгах үед ч гэсэн би бас нэг цагаан өнгийн автобус харсан. Гэхдээ нэг автобус байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна.
Люси гар утсаа гаргаж Майрад нэг зураг харуулаад
- Ийм автобус байсан уу? гэж асуусанд Майра
- Яг тийм. Худалдааны төвийн дэргэд харсан автобустай яг адилхан юм байна, гэж хариуллаа.
Люсигийн царай цонхийн цайж, тэрбээр бие нь бага зэрэг салганаж харагдана.
- Майра, чи бидэнд маш их тус боллоо, гэж тэрбээр чичирхийлсэн хоолойгоор хэлээд
- Намайг хамтрагч нартайгаа ярилцах хооронд та энд тур хүлээж чадах уу? гэж асуув.
- Тэгэлгүй яахав.
Люси суудлаасаа босож Райли, Билл хоёрыг дагуулан өрөөнөөс гарлаа.
- Өө бурхан минь. би бүгдийг баллачихсан юм шиг байна, гэж түүнийг хэлэхэд
- Юу болоод байгаа юм бэ? гэж Райли асуув.
Люси хэсэг нааш цааш холхиж байснаа
- Рийдспортод, Розмари Пиккенсийн оршуулгын дараа зам дээр нэг цагаан өнгийн автобус миний дэргэдүүр давхиж өнгөрсөн. Ямар ойрхон өнгөрч байна аа, гэж би тэр үед бодож байсан юм, гэж хэлээд гар утсан дээрх зургаа Райли, Билл хоёрт харууллаа.
- Тэгтэл тэр гэнэт хурдалж цаашаа явсан. Тэр үед би энэ зургийг санаандгүй дарчихсан юм. Энд автобусны дугаар харагдахгүй байгааг та нар ч гэсэн харж байгаа. Дараа нь би энэ талаар таг мартчихсан байна. Энэ тэр байжээ. Би түүнийг алдчихсан байна. Би түүнийг явуулчихжээ.
Люсиг алдаа гаргана гэж огт бодож байгаагүй болохоор Райлид их гомдолтой санагджээ. Харин Билл үүнийг өөрөөр хараад байх шиг. Тэрбээр Люсид хандаж
- Тайвширч үз. Чиний харсан автобус Майрагийн харсантай ижил гэдгийг бид одоохондоо мэдэхгүй байгаа. Ийм цагаан өнгийн автобус хаа сайгүй давхиж явдаг. Энэ зүгээр нэг тохиолдол байж болох юм, гэж хэллээ.
Харин Люсигийн байдлыг сайн ажигласан Райли үүнд маш их эргэлзэж байв.
- Би алдаагаа засах ёстой. Би лаборант Полтой ярилцах хэрэгтэй байна. Тэр худалдааны төвтэй холбоо барьж хамгаалалтын камерны бичлэгүүдийг шалгаж чадна, гэж Люси хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.18.17 1:25 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
* * *
Майра Кортезэд тусалсанд нь талархаад гэр лүү нь явуулсны дараа тэр гурав лаборатор луу явцгаажээ. Пол Нүни Люсигийн гар утсан дээрх зургийг хараад арваад жилийн өмнөх Форд маркийн бага оврын автобус гэдгийг шууд таньжээ. Автобусны хажуу бөөрөн дээр будаг нь халцарснаас өөр ямар нэг үсэг, эсвэл таних тэмдэг харагдсангүй. Компьютерын мэргэжилтэн худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг шалгаж суулаа.
Тэгтэл Пол
- Олчихлоо, үүнийг хар даа, гэж хэлэв.
Райли Билл, Люси хоёрын хамт Полын ард очиж зогслоо. Люси гар утсан дээрх зургаа компьютерын дэлгэцэн дээрх зурагтай харьцуулж харснаа
- Энд будаг нь яг адилхан халцарсан харагдаж байна. Энэ нэг автобус байжээ. Би том алдаа гаргачихжээ. Одоо харин бидэнд машины дугаар байна. Энэ Пенсильваны дугаар гэж хэлээд
- Пол, чи энэ машины эзнийг хурдан олж чадах уу? гэж асуув.
- Надад ганц минут өгчих, гэж хэлээд Пол ажлаа үргэлжлүүлэв.
Райли Биллийн тохойноос татаж Люсигээс холдуулаад
- Билл, Би Люсиг ажилдаа сайн гэж бодож байсанв Гэтэл тэр миний итгэлийг хөсөрдүүллээ, гэж аяархан хэллээ.
- Больж үз, Райли. Чи арай өөрийгөө анх ажилд орсны дараа алдаа гаргаж байгаагүй гэж хэлэх гэсэн юм биш биз. Би лав алдаа гаргадаг байсан. Люси тэр үед алдсан ч гэлээ, бүгдийг марчихаагүй, харин ч эргэж санаж чадлаа.
Райли Биллийн хэлсэн зөв гэдгийг ойлгоод эргэж харвал Люси үнэхээр аймшигтай харагдаж байв. Райли түүнийг тайвшруулахаар дөхөж очоод
- Зүгээр дээ, гэж хэлсэнд
- Үгүй, энэ зүгээр биш, гэж Люси хариу хэлэв. Тэгтэл Пол
- Энд байна, Наашаа ирцгээ, би үүнийг та нарт харуулъя, хэмээн ориллоо.
Тэд Полын ард зогслоо. Компьютерын дэлгэцэн дээр хэдэн видео бичлэгийн дэргэд нэг хяналтын камерын зураг харагдана.
- Машин аль хэдэн жилийн өмнө улсын бүртгэлээс хасагдчихсан юм байна. Зурган дээр харагдаж байгаа бүртгэлийн дугаар хэвийн мэт харагдаж байгаа ч хуурамч гэж би бодож байна. Жолооны үнэмлэхний дугаараар бүртгэл дээрх нэр хаягийг олсон. Түүнийг Волтер Саттлер гэдэг, тэр Пенсильваний Хоксивиллд амьдардаг. Энэ мужийн хилээс дөнгөж гараад байдаг. Эндээс машинаар хэдэн цаг явна.
Жолооны үнэмлэхний зурган дээрх эр өсвөр насны хүү гэлтэй залуухан, туранхай харагдана. Энэ залуу гучин гуравтай, нэг метр далан сантиметрийн өндөртэй ажээ.
- Энэ тэр мөн байж таарна, гэж Билл хэлээд
- Хэдүүлээ баривчлах зөвшөөрөл аваад тийшээ явцгаая, гэсэнд Райли толгой дохив.
- Бид Карлаг аварч амжина.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Oct.18.17 5:12 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.18.17 5:11 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Өмнөх постонд эдит хийсэн шүү.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.18.17 9:01 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Бүлэг 31

Өнөөдөр Райлигийн хувьд урт өдөр байсан ч магадгүй төгсгөл нь амжилттай байж мэдэх юм гэж тэрбээр боджээ. Эхлээд тэр Шинг Шинг рүү бяцxан аялал хийсэн, харин одоо Пенсильваний Хoксивилл. Райли, Билл хоёр байшин руу болгоомжтой ойртлоо.
Санасныг бодвол байшинг нэгжих зөвшөөрөл авахад нилээн удаан хугацаа шаардагдсан, бас урт зам туулсан учраас тэднийг энд ирэхэд бүр орой, харанхай болсон байжээ. Дотор нь харанхуй гэрэлгүй байгаа ч гудамжны тод гэрэлд хөршийн хоёр байшингийн дунд харагдах энэ байшин гаднаасаа их цэмцгэр харагдах ажээ. Байшинд зоорины цонх хийснийг хараад Райли тэнд хүн хорих боломжтой юм байна гэж бодов. Хаалттай гараажны дэргэд нэг суудлын автомашин тавьсан харагдана. Автобус магадгүй гарааж дотор байж мэдэх юм.
Райли Глокоо гэрнээс нь сугалж гаргахаар зэхээд
- Зэвсгээ гаргах уу? гэж аяархан асуулаа. Тэд SWAT-багийнхныг дуудахын оронд хоёулхнаа очвол сэжигтнийг амьдаар нь барих боломж гарна гэж шийдэцгээжээ.
- Одоохондоо хэрэггүй. Аз таарвал бид зэвсэг хэрэглэх шаардлага гарахгүй. Тэр мэргэн буудагч биш, бас хүч чадалтай биш, гэж Билл хэлэв.
Райли ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй зүгээр буугаад өгчихдөг өрөвдөх сэтгэлгүй алуурчинтай нэг их таарч байгаагүй. Тэдний ихэнх нь зэвсэгтэй байдгийг мэддэг тэрбээр тавцан дээр гарах үедээ Биллийн зөв байгаасай гэж дотроо бодож байжээ.
Билл хонх дарснаа, хаалгыг нь чанга тогшлоо. Байшин дотроос хариу өгсөнгүй нилээд удав. Билл дахиж тогшоод
- ХМТ. Энэ Болтер Саттлерын гэр мөн үү? Бидэнд гэр нэгжих зөвшөөрөл байгаа, гэж чанга хэлэв.
Дотроос дахиж хариу өгөөгүй ч Райлид хаалганы цаана юм хөдлөх чимээ гарах шиг санагдсанд тэрбээр Биллийн эсэргүүцсэнийг ч үл тоон буугаа гаргалаа.
Хаалга гэнэт савж, цэлийтэл онгойв. Унтлагын хувцастай жижигхэн эр тэд нар луу урт буу чиглүүлээд барьчихсан зогсож харагдана. Райли гар буугаа тэр эрийн нүүр лүү чиглүүлэв.
- Зэвсгээ буулга, гэж Билл хэлээд өөрийнхөө бууг гаргаж ирлээ.
- Тайвшир, тайван байгаарай гэж тэр эр хэлснээ бууныхаа овоо харааг Райлигаас холдуулж Билл рүү чиглүүлээд
- Асуудал үүсгэмээргүй байна. Би зөвхөн та нарын таних тэмдгийг үзмээр байна, гэв.
Райли, Билл хоёр сул гараараа тэмдэгнүүдээ гаргаж нөгөө эрд харуулсанд тэр буугаа буулгалаа.
- Зэвсгээ газар тавь, гэж Биллийг хэлэхэд
- За за, бурхан минь, гэж тэр эр хэлээд бөхийж буугаа газар тавив. Райли бууг шүүрч авлаа.
- Гараа толгой дээрээ ав, гэж Биллийг хэлэхэд тэр эр тушаалыг үг дуугүй дагаж биелүүлэх зуур
- Би эсэргүүцэл үзүүлэхгүй. Юу болоод байгаа юм бэ? гэж асуув.
Энэ залуу сайн ярьж чаддаг юм байна. Хүнд байдалд орж сандарч мэгдсэн хэдий ч энэ эр ээрч түгдэрсэнгүй. Гэхдээ энэ хүн жолооны үнэмлэхний зурган дээрх эр, Волтер Саттлер мөн байлаа. Тэгэхээр тэднийг энд ирэхэд хүргэсэн ямар нэг шалтгаан байж л таарна.
Арай хамтарч ажилладаг хоёр гэмт хэрэгтэн байгаа юм биш биз? Үгүй ээ, ийм байж таарахгүй.
Райли буугаа гэрэнд нь хийх гэтэл байшин дотроос эмэгтэй хүний дуу гарлаа.
- Волтер, наана чинь юу болоод байна? Би 112 луу залгах хэрэгтэй юү?
Унтлагын хувцастай, толгойдоо үс буржийлгагч зүүсэн эмэгтэй шатан дээр зогсож байлаа.
- Үгүй, тэгэх хэрэггүй, Пэг. ХМТ-ныхон байна. Тэд нар надаас юу хүсээд байгааг би мэдэхгүй. Хүүхдүүд айсан байх вий, очиж харчихаад орондоо ор. Би энэ асуудлыг зохицуулчихъя.
Эмэгтэй буцаад дээшээ өгслөө. Саттлер гараа өргөсөн хэвээрээ зогсох бөгөөд Билл түүнд дахиад өөр зэвсэг байгаа эсэхийг хурдан шалгаж дуусав. Билл буугаа далд хийсэн боловч харин Райли гар буугаа бэлэн барьсаар байлаа.
- Бидэнд гэрийг чинь нэгжих зөвшөөрөл байгаа, гэж хэлээд Билл баримт бичсэн цаас гаргаж ирсэнд Саттлер
- Хэрвээ намайг хүсэхгүй байна гэвэл та нар яах вэ? гэж асуув.
- Та энэ талаар сүүлд өмгөөлөгчтэйгөө ярилцаж болно гэж Райли хэлээд Биллд хандаж
- Зоорийг шалгаж үзсэн нь дээр гэж би бодож байна, гэлээ.
Билл байшинг шалгаж үзэхээр явлаа.
- Энэ бүгд ямар учиртай юм бэ? Та нар юу хайгаад байгаа юм бэ? гэж Саттлер асуулаа.
- Чамд цагаан өнгөтэй Форд маркийн жижиг автобус байгаа юу?
Саттлер маш их сандарч тэвдсэн харагдав.
- Юу гэнэ ээ? Үгүй ээ! Бидэнд Ниссан маркийн суудлын автомашин бий. Машин гараажид байгаа. Надад хамгийн сүүлд нэг Форд маркийн...
Саттлер ямар нэг юм санасан бололтой дуу нь гарахаа больчихов. Билл буцаж ирээд
- Зооринд сэжигтэй юм алга. Би зоорийг сайн шалгаж үзэх үү? гэж асуусанд
- Хэрэггүй. Жаахан хүлээ гэж Райли хэллээ.
Эхнэр хүүхэд нь гэртээ байхад алга болсон эмэгтэйг энд нуух нь бараг боломжгүй. Ямартай ч Саттлер энэ байшинд хүн хориогүй гэдэг нь тодорхой байлаа.
Саттлер одоо жаахан айж хулчийсан харагдана.
- Сонсооч, та нар буруу ойлгосон юм шиг байна. Сууцгаа. Бид учрыг нь олно гэж би бодож байна, гэж тэрбээр хэллээ.
Райли, Билл хоёр Саттлертай хамт зочдын өрөө рүү орж сууцгаав.
- Сая хэлсэн Форд маркийн автобусны талаар надад яриад өгөөч, гэж Саттлер гуйлаа. Райли
- Би чамд үзүүлье, гэж хэлээд Люсигээс авсан зургийг хяналтын камер дээр байсан зурагтай хамт гар утсан дээрээ гаргаж түүнд харууллаа. Тэгтэл Саттлер
- Чөтгөр ав. Би энэ автобусыг дахиж харахгүй гэж бодож байсан юмсан, гэж бухимдсан байртай хэлэв.
- Бидэнд тодорхой яриад өгөөч, гэж Райлиг хэлэхэд Саттлер амьсгалаа гүнзгий авлаа.
- Та нар миний үеэл Эжин Фискийг хайж байгаа юм байна. Би түүнийг хараагүй олон жил болсон. Тэр юу хийчихсэн юм бэ?
- Тэр хоёр аллага, бас хүн хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байгаа, гэж Билл хэлэв.
Цочиж мэгдсэн Саттлер амаа хамхихаа мартсан бололтой.
- Автобус яагаад түүнд байгаа юм бэ? гэк Райли асуулаа.
- Есөн жилийн өмнө би түүнийг эндээс явуулах гээд автобусыг түүнд зүгээр өгчихсөн юм. Тэр үед би эзэмшигчийн баримт бичгийг солих талаар огт бодоогүй. Би түүний гарт түлхүүр атгуулаад "Эндээс явж үз. Би чамайг дахиж хармааргүй байна, бас сонсохыг ч хүсэхгүй байна" гэж хэлсэн. Тэр ч сураг чимээгүй алга болсон.
Саттлер өөрийгөө буруутгаж буй бололтой толгойгоо ганзгалсан харагдана
- Ингэж хийсэн нь буруу гэдгийг би мэдээд тэр цагаас хойш байнга санаа зовдог байсан. Гэхдээ та нар Эжинийг мэддэг байсан бол... Би түүнийг зүгээр л миний амьдралаас алга болоод өгөөсэй гэж хүссэн.
Тэр одоо нүд нь гөлөрчихсөн, бас хийсэн хэрэгтээ харамсаж буй бололтой ичсэн байртай харагдана.
- Түүний талаар бидэнд харьж өгөөч? гэж Райли асуулаа.
- Эжин бол ээжийн маань эгчийн хүүхэд. Нагац эгчийг Шерри Фиск гэдэг байсан, гэхдээ би түүнийг огт харж байгаагүй. Гэр бүлийнхэн, хамаатан садангууд бүгд түүнийг биднээс ангид хүн гэдэг байсан. Бас хүмүүс түүнийг галзуу солиотой гэж ярьцгаадаг байсан.
Саттлер түр завсарласнаа яриагаа үргэлжлүүллээ.
- Эжиний аав хэн байсныг хэн ч мэддэггүй. Би хүүхэд байхдаа Эжинийг сайн мэддэггүй байсан. Намайг аравтай байхад Эжинигийн ээж алагдсан. Эжини ч гэсэн аравтай байсан гэж би бодож байна. Тэр үед яг юу болсныг би сайн мэдэхгүй. Энэ талаар хэн ч ярихыг хүсээгүй учраас одоо гэр бүлийнхний нууц болж үлдсэн. Цагдаагийнхан алуурчныг барьж чадаагүй гэсэн.
Райли тэмдэглэл хийж сууснаа
- Эх нь алагдсаны дараа Эжинд юу тохиолдсон юм бэ? гэж асуув.
- Тэр нэг хүүхэд асардаг айлд очсон гэж би бодож байна. Дараа нь тэр хүнд байдлаасаа гарч чадалгүй сэтгэцийн өөрчлөлттэй болж эмнэлэгт хэвтсэн гэсэн. Эжинийг арван наймтай байхад тэд түүнийг эмнэлгээс гаргасан. Би хорь хүрээд хүнтэй сууж, амьдрал маань ч сайхан байлаа. Миний хэлсэнчлэн би Эжинийг хүүхэд байхыб сайн мэддэггүй байсан. Гэтэл тэр бид их сайхан харилцаатай байсан юм шиг загнах болсон. Тэр бас...
Саттлер толгой сэгсэрлээ.
- Тэр их хачин. Эжин бараг ярьж чаддаггүй учраас тэр заримдаа ярихын оронд хэлэх юмаа бичиж харуулдаг байсан. Тэр бас их ядуу. Тэр биднээс дандаа мөнгө гуйж, хоолны цагаар байнга эргэлддэг байсан. Ер нь тэр их төвөгтэй, тэр яг биднийг мөрдөөд байгаа юм шиг санагддаг байлаа. Тэр хэрвээ энд үлдвэл...
Саттлерын дуу бараг гарахаа больжээ.
- Ямартай ч би түүнд бага оврын автобусаа өгөөд энд дахиж хэзээ ч битгий ир гэж хэлсэн.
Райли сонссон зүйлээ эргэцүүлж бодохоор хэсэг дуугүй суулаа. Хоксивиллд Эжин Фискийн талаар ярьж өгөх өөр хүн байж мэдэх юм.
- Эцэг эх чинь одоо амьд уу? гэж тэр Саттлерээс асуулаа.
- Үгүй, би бол манай гэрийнхнээс үлдсэн хамгийн сүүлчийн хүн. Эжинийг тооцохгүй бол шүү дээ.
- Эжин ямар эмнэлэгт хэвтэж байсан юм бэ?
- Энд, Хоксивиллийн Сэтгэцийн эмгэг судлалын Төвд.
Тэндээс илүү олон мэдээлэл олж магадгүй гэж бодсон Райли дараа нь эмнэлэг рүү шууд очихоор шийдэв.
- Танд үеэлийн чинь зураг бий юү?
- Одоогийн зураг гэвэл нэг ч байхгүй. Гэхдээ надад нэг хуучин зураг байгаа.
Саттлер босож нэг шургуулга онгойлгон онгичиж байснаа нэг зураг гарган Райлд өгөв.
- Энэ биднийг жаахан байхад дарсан зураг. Бид хамт байсан маань надад сонин санагдсан учраас би энэ зургийг хадгалдаг юм.
Биллийг хэдэн асуулт тавьж байх хооронд Райли зураг руу харсаар байлаа. Зурган дээр хоёр хүү гарчээ. Өндөр нь эргэлзээгүй Саттлер байв. Дэргэд нь зогсож буй гадна төрх нь нэг л хэвийн бус харагдах жижигхэн биетэй хүү инээмсэглэж харагдана. Хүүгийн инээмсэглэлийг харсан Райлид...
Тэр ямар хөөрхөн инээмсэглэдэг юм бэ!
Тэрбээр ийм хөөрхөн өхөөрдөм инээмсэглэдэг хүү цуврал алуурчин болж хувирсан гэдэгт итгэж чадсангүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.19.17 10:50 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
за бараг л мөрөөр нь орчив уу даа, гэмт хэрэгтэн мөн бишийг нь тогтоогоогүй, мэдээгүй бж л шууд нь нэгжих баривчлах зөвшөөрөл авчдгийн бнаа , арай л шуурхай юмаа


Top
   
PostPosted: Oct.21.17 12:26 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Бүлэг 32

Карла зооринд орон дээр хэр удаан хэвтэж байгаагаа мэдэхгүй байлаа. Зооринд гудамжны гэрэл оруулахгүйн тулд бетон ханан дээрх цонхыг картон цаасаар таглаж, гэрлийг унтраасан учраас энд одоо таг харанхуй ажээ. Карла бохир заваан болсноо мэдэж байв. Тэр бас өлсөж ундаассанаас гадна бие нь маш их өвдөж байлаа.Тэр энд ирснээс хойш юу ч идээгүй. Заримдаа нөгөө араатан аятай бяцxан эр амыг нь дарж ороосон гинжийг суллаж балга ус өгдөг ажээ.
Тэр одоо өөрөөс нь үнэртэх өмхий самхайд бүр дасжээ. Үүнээс долоон дор юм болж мэднэ гэж бодсон тэрбээр амьд гарахыг л хүсэж байлаа. Гэвч түүнд одоо хүртэл зугтах боломж гарсангүй.
Карла энэ аймшигтай байдлаас гарахын тулд ухаантай байх ёстой гэдгээ мэдэж байв. Тэр харанхуйд орон дээрээ нааш цааш өнхрөхийг оролдлоо. Залууг байхгүй үед тэр олон удаа ингэж оролдож үзсэн билээ. Залуу түүнийг ортой хамт гинжээр ороосон боловч энэ удаа харин арай сулхан ороосон бололтой, Карлаг хөдлөх тусам гинжний ороолт бага багаар сулрах нь мэдрэгдэв. Одоо харин түүнд гинжнээс сугарч болмоор санагдсан бөгөөд номхруулагч цамцаа дараа нь тайлж болно биз гэж бодоод нааш цааш займчиж хөдөлсөөр хоёр мөрөө бараг чөлөөлж чадлаа.
Карла гэнэт хөлийн чимээ гарахыг сонсов. Залуу өөр лүү нь ирж яваа бололтой. Тэр биеэ суллан хөдөлгөөнгүй хэвтлээ. Байшингаас зоорь луу ордог шатны хаалга онгойх сонсогдож, таазанд өлгөөтэй чийдэн гэнэт асахад Карлагийн нүд гялбав. Тэр нүдээ аньж, унтсан дүр үзүүлэн чимээгүй хэвтэх үед шатаар уруудан бууж буй залуугийн хөлийн чимээ гарлаа.
Дараагийн мөчид Карла дээр нь тонгойсон залуугийн амьсгалыг мэдрэв. Залуу урьдын адил маш аяархан амандаа ойлгомжгүй бувтнаж, гинжинд хүрлээ. Зооринд Карла огт байхгүй юм шиг, тэр ганцxан гинжээрээ оролдон шивнэж ярих ажээ.
Карла сувилагчийн ажилтай болохоор урьд нь галзуу солиотой олон өвчтөнг харж байсан. Харин энэ залуу сэтгэцийн маш хүнд өвчтэй гэдэгт нь түүнд тодорхой байлаа. Залуу ажлын ширээн дээрээ овоолж тавьсан гинжээрээ оролдож, гинжтэйгээ зөвлөлдөж, бас тэднийгээ тайвшруулан хүссэн зүйлийг нь хийж өгнө хэмээн амлаж, удаан ярилцдаг. Залуу Карлатай ярилцахыг оролдох бүрт тэр аймшигтай ээрч түгдэрч яриа нь амжилтгүй болдог ажээ. Тэр харин гинжнүүдтэйгээ огт түгдрэлгүй ярьдаг.
Карла унтаж буй мэт удаан амьсгалж байлаа. Хэдэн хормын дараа хөлийн чимээ гарч залуу шатаар өгсөн байшинд орох нь сонсогдов. Дараа нь гадагшаа гарах хаалга дуугарлаа. Карла нүдээ нээв. Зооринд тас харанхуй байлаа.
Карла чимээ анирлавал залуу гадагшаа явсан бололтой, толгой дээр нь хөлийн чимээ сонсогдсонгүй. Залуу заримдаа хэдэн цагийн турш гэрээсээ хол явдаг тул энэ удаа ч гэсэн тэгсэн байгаасай хэмээн Карла дотроо залбирч байлаа.
Бүх бие нь шархиран өвдөж байсан боловч Карла дороо займчин хөдөлсөөр тэрбээр хүр хорхойн авгалдай үүрнээсээ гарах мэт бүсэлхийгээ хүртэл гинжний ороолтноос сугарч гарав. Залуу түүнд номхруулагч цамц өмсүүлсэн тул Карла арайхийн суулаа. Толгой нь эргэж, дотор нь муухайрч байсан боловч тэр хөдлөхөө зогссонгүй эцэст нь хөлөө сугалж гаргав. Тэр орны ирмэг дээр суугаад номхруулагч цамцаа тайлахаар ноцолдож эхэллээ. Карлаг энд авчрах үед тэр ухаан алдсан байсан учраас залуу цамцыг өмсгөх үедээ хэтэрхий яарч чанга хүлж чадаагүй байж мэдэх юм.
Телевизийн шоу нэвтрүүлгээр нэг жүжигчин номхруулагч цамцаа хэрхэн тайлж байгааг Карла харснаа гэнэт санаад дарааллыг нь санахыг оролдлоо.
Би үүнийг чадна, хэмээн тэр дотроо бодоод, тайвшрахаар амьсгалаа урт гаргаж, биеэ хурааж суув. Номхруулах цамцыг сул ороосныг мэдрээд тэр нэг гараа мөрөн дээгүүрээ давуулж биеийг ороосон суран бүснээс барьж дээш нь татсаар толгой дээгүүрээ гаргаж чадлаа. Дараа нь тэр ханцуйны бүсний тэлээг амандаа ойртуулж шүдээрээ онгойлгов. Карла энэ хөдөлгөөнийг нөгөө гараараа мөн адил давтаж хийлээ. Одоо гар нь суларсан тул тэр үлдсэн тэлээнүүдийг тайлахад амархан болжээ. Карла номхруулагч цамцыг тайлахдаа их хичээсэн тул хэдэн өдрийн турш хөдөлгөөнгүй байсаар цусны эргэлт нь удааширч хөшсөн булчингууд нь янгинан өвдөж тэрбээр орон дээрээ гэдэргээ харж хэвтэв.
Карла бүх биеэ суллан сэгсчиж байснаа бүх хүчээ хуримтлуулан босож зогслоо. Тэр урьд нь зооринд нэг нь шууд гадагшаа гардаг, нөгөө нь шатаар байшин руу ордог хоёр хаалга байдгийг анзаарсан ажээ. Өөрийг нь энд хорьж байгаа эр энэ хоёр хаалгаар байнга орж гарч байдаг. Карла харанхуйд хөл гараараа тэмтчин явсаар арын хаалган дээр очиж хаалганы бариулыг олтлоо тэмтэрч үзэв. Тэр бариулаас барьж эргүүлтэл хаалга онгойсонгүй. Бариулны дээрх цоожны нүхийг Карла хуруугаараа тэмтэрч олоод хаалгыг зөвхөн түлхүүрээр онгойлгож чадна гэдгийг ойлголоо.
Зоориноос гарахын тулд байшин руу орох хэрэгтэй гэдгийг ойлгоод Карла бууж өгдөг ч юм уу хэмээн боджээ. Эцэст нь өөр сонголт байхгүй гэдгийг мэдсэн тэрбээр зоригоо чангалав. Карла гараа сунган шатны хашилтыг олтлоо харанхуйд тэмтчин алхлаа. Дараа нь тэр чимээ гаргахгүйг хичээн шатаар аажуухан өгсөж хаалганд хүрэв. Хаалга цоожгүй байлаа.
Карла хаалгыг түлхэж онгойлгон алуурчны байшинд хөл тавилаа. Бүгчим агаартай, бохир заваан энэ байшинд чимээ аниргүй нам гүм байв. Алуурчин гэртээ байсангүй.
Карла олон өдрийн турш юу ч идээгүй, өлсөж ядарсан тул хүч тамир нь шавхагдан толгой нь эргэж шургаж унах шахав. Гэвч тэр биеэ барьж зочдын жижиг өрөөгөөр дайрч, гарах хаалганд тулж очлоо.
Карла хаалга онгойлгож харвал гадаа бүрэнхий байсан тул тэр өглөө эрт болж байгаа юу, эсвэл орой болж байгаа эсэхийг мэдсэнгүй. Хаалганы харалдаа зам дээр түүнийг барих үед харсан нөгөө цагаан өнгийн жижиг автобус зогсож байв. Автобусны цаахантай замын эсрэг талд нэг байшин харагдана.
Би тэр байшин руу очих хэрэгтэй, гэж тэр өөртөө хэллээ.
Гэвч Карлаг урагшаа алхахыг завдтал артобусны араас нөгөө зүүдэнд ором аймшгийн жижигхэн залуу гарч ирэв. Тэр тэнд юм хийж байсан бололтой, Карлаг яг цагийг нь олж харжээ. Гартаа хүнд гинж барьсан эрийн харц хохирогч эмэгтэйн харцтай тулгарав. Карла орилохоор амаа нээсэн боловч дуу нь гарсангүй.
Карла байшин руу буцаж орон хаалгыг залуугийн хамарны өмнө хаахыг хүссэн боловч тэр их хурдан ажээ. Залуу хаалгыг хүчтэй саван орон ирлээ. Карла толгой нь эргэж, бүх бие нь хөндүүрлэж өвдөхийг ч тоолгүй гартаа тааралдсан зүйлийг залуу руу шидэллээ. Тэрбээр залуугийн замыг хаахаар нэг жижигхэн ширээг урд нь хөндөлсүүлж тавьсан боловч, залуу ширээг түлхэж холдуулав.
Карла арагшаа ухран гал тогооны өрөөнд орж, гарт нь таарсан хайруулын тавгийг шүүрч аван шанаа руу нь хүчтэй цохитол залуу өвдгөн дээрээ сөхөрч уналаа. Тэрбээр тэр эрийг сайн харвал жижигхэн туранхай, хүч тамир сул дорой нэгэн байхыг мэдээд маш их гайхав. Карла урьд өмнө нь хэнийг ч өвтгөж гомдоож байгаагүй боловч энэ удаа түүний өөрийгөө хамгаалах зөн билэг нь сэржээ. Тэр гэнэт галзуурсан мэт өөрийг нь алах гэж байсан залуугийн биен дээр үсчиж, шүүрч аван шалан дээр чулуудав. Дараа нь тэр залуугийн дээр мордож суугаад нударгаа зангидан нүүрэн дундуур нь буулгаж эхэллээ.
Алуурчин тэмцэлдэхийг оролдсон боловч чадал нь хүрсэнгүй. Тэр харин жаахан хүүхэд шиг гиншиж, амандаа бувтнаж байв. Эцэст нь залуугийн нүүр улаан нялга болж, тэр хөдлөхөө болилоо.
Карла залуугийн царайг хараад маш их айж балмагдав. Тэрбээр өдийх гэтэл толгой нь эргэж, бас ямар ч хүч тамиргүй болсноо мэдэрлээ. Карла залуугийн дэргэд байхыг, бас түүнд дахин хүрэхийг хүссэнгүй, ухасxийн босож нүүр лүү нь нулимчихаад онгорхой харагдах хаалга руу алхав.
Карла гэнэт амьсгал авч чадсангүй. Ард нь хүн ирж хүзүүгээр нь гинж ороож авах хүртэл тэр юу болоод байгааг ойлгосонгүй. Тэрбээр залуутай ноцолдож өшигчсөн боловч залуу энэ удаа түүнээс хүчтэй байлаа. Хэдхэн хормын дараа Карлаг харанхуй бүчин авав.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.21.17 12:29 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Ойрд ажил ихтэй байгаа тул орчуулгаа удаан оруулж байна. Уучлаарай.
Одоо уул нь 7 бүлэг үлдсэн.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.22.17 10:59 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
* * *
Эжин эмэгтэйн хүзүүгээр оосорлосон гинжнээс татаж чирэн зоорины хаалганы дэргэд аваачлаа. Ухаан алдсан эмэгтэй шатны уруу өнхөрч унав. Эжин доор унасан эмэгтэй дээр очиж харвал тэр үхчихсэн байжээ. Хүзүүгээр нь оосорлож татах үед эмэгтэйн хүзүү хугарсан бололтой.
- Өө үгүй ээ.
Айж балмагдсан залуу уй гашууд автаж, тэрбээр нүдэнд нь нулимс цийлэгнэв. Ийм юм болох ёсгүй байсан. Тэр уул нь эмэгтэйг багадаа гэхэд долоо хоног амьд байлгах ёстой байсан ажээ. Эжин зоорины гэрлийг асааж эмэгтэйн цогцсыг шатнаас холдуулав. Тэр орны дэргэд сул хэвтэх гинжнүүд рүү харвал тэд маш их уурласан байлаа. Эжин тэдний урмыг хугалсан гэдгээ сайн мэдэж байв. Тэрбээр тэдний гомдлыг жаахан ч гэсэн тайлахаар бусад эмэгтэйчүүдэд хийсний адил зүйлийг цогцсонд хийхээр шийдэн сахлын хутга авч амьгүй болсон эмэгтэйн хоолойг хөндлөн хэрчлээ. Гэвч энэ тус болсонгүй. Тэр гинжнүүдийн хүслийг биелүүлэхэд нэгэнт оройтжээ.
Одоо тэр эмэгтэйн цогцсыг бусдад харуулахын тулд дүүжилж орхих ажил үлджээ. Дараа нь харин дахиад нэг шинэ хохирогч маш хурдан олох хэрэгтэй. Хэрвээ тэр үүнийг хийхгүй бол гинжнүүд амьдралыг нь там болгож хувиргана.


Бүлэг 33

Буурчийн газар өрөө авах үед тэр хоёрт байдал тийм ч таатай байсангүй.
- Та хоёр тус тусдаа орох юм уу? гэж лангууны ард зогсож буй эмэгтэйг асуухад Билл хэрхэн хариулахыг нь сонсохыг хүссэн мэт Райли руу харжээ. Гэвч Райли дуугараагүй тул Билл эмэгтэйд
- Тийм ээ, гэж хариулсан ажээ.
Аль хэдийн өглөө болж, тэд замд явж байлаа. Өчигдөр орой лангууны дэргэд байхдаа хамт орохыг зөвшөөрсөн бол өнгөрсө шөнө бид хоёрын хооронд юу болох байсан бол, хэмээн өөрөөсөө асуужээ.
Өнөө өглөө тэд энэ талаар хөндөж яриагүй бөгөөд буудлын цайны газар өглөөний унд уух үедээ ч хоорондоо бараг ярилцсангүй.
Одоо тэр хоёр сэжигтэн Эжин Фискийн амьдралынхаа нилээд урт хугацааг өнгөрөөсөн Хоксивиллийн Сэтгэц гэм судлалын төв рүү явж байгаа билээ. Райли өглөө эрт эмнэлэг рүү утасдахад Эжинийг эмчилдэг сэтгэл судлаач тэд нартай уулзахад татгалзах зүйлгүй гэж шууд хэлсэн тул тэрбээр нилээд гайхжээ. Эмч өвчтөний хоорондохи итгэлцэлтэй холбоотой сэтгэл судлаач нар мөрдөгчидтэй ярилцахаас ихэвчлэн татгалздаг учир яагаад доктор Жосеф Ломбард тэд нартай ярилцахыг хүссэнийг Райли мэдэхийг хүсэж байлаа.
Тэр хоёр эмнэлгийн гадаа хүрч ирэх үед "одоо өчигдөр оройны талаар бодох цаг биш, тайвшир" хэмээн Райли дотроо бодов. ...........
......
Тэд эмнэлэг рүү орж, ирснээ хэлбэл тэднийг доктор Ломбардын өрөө рүү шууд явуулжээ. Жар орчим насны өндөр эр суудлаасаа босож тэд нартай мэндэллээ.
- Мөрдөгч Пэйж, Жеффрис, та хоёртой танилцсандаа баяртай байна. Тухлан сууцгаа.
Билл, Райли хоёр докторын бичгийн ширээний урд сууцгаав. Доктор тэднийг бага зэрэг түгшсэн харцаар ажиглаж хэсэг зогсож байснаа
- Та нар надтай Эжин Фискийн талаар ярилцмаар байна гэж хэлсэн. Бид түүнийг арваад жилийн өмнө эмчилж байсан гэж тэр хэлээд сандал дээрээ сууж яриагаа үргэлжлүүллээ.
- Та утсаар ярих үед Нью-Иоркт гарсан хүн амины хэргийн мөрдлөгтэй холбоотой мэдээлэл хайж байгаа гэж хэлсэн. Түүнчлэн гинж, номхруулагч цамц, хоолой огтолсон талаар ярьснаас гадна бас нэг хохирогч хоригдож байгаа гэсэн. Аймшигтай юм.
Доктор яриагаа түр завсарласнаа
- Энэ хэрэгт ноён Фискийг сэжиглэж байгаа гэж би зөв ойлгосон уу? гэж асуухад
- Тэр бидний гол сэжигтэн гэж Билл хариулав.
Доктор Ломбард хариу үг хэлсэнгүй, тэр улам их түгшсэн харагдана.
- Доктор Ломбард, миний тайлбарлаж хэлснээр бидэнд таны мэдээлэл маш их хэрэгтэй. Таныг ноён Фрискийн талаар тушаал зааврыг дагаж мөрдөлгүй ярьж өгвөл бид маш их талархах болно, гэж Райли хэллээ.
- Тийм ээ, энэ амаргүй хэрэг гэдгийг би мэдэж байна. Гэхдээ талаар Пенсильваний хуулинд тусгай заалт байдаг. Би өвчтөнийхөө зан төлвийн талаар буруу ойлголт өгөхгүйн тулд зөвхөн эмчилгээтэй холбоогүй мэдээллийг өгөх боломжтой.
Доктор Райлиг их л учиртай харснаа харцаа Билл рүү шилжүүлж
- Би хил хязгаараас давахгүйг хичээх болно гэж хэлэв.
Доктор тэд нарт туслахыг хүсч байгааг Райли ойлгожээ. Гэвч ярилцлага амаргүй болох төлөвтэй. Тэд эндээс мэдэхийг хүссэн зүйлээ тодорхой мэдэж авч чадахгүй байж мэдэх тул Райли анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй байлаа.
Доктор өвчний түүхээ нээгээд
- Энэ дотор түүний мэдээлэл байгаа. Түүнийг арван зургаан жилийн өмнө арван нэгтэй байхад энэ эмнэлэгт хэвтүүлсэн. Хүү өнчин байсан бөгөөд нэг хүүхэд асрах байранд амьдардаг байсан. Тэр байр шатчихсан учраас хүү ... дараа нь түүний сэтгэцэнд өөрчлөлт орсон, гэж хэлэв.
Доктор яриагаа таслахад тэр зарим нэг зүйлийн талаар ярилгүй өнгөрсөн гэдгийг Райли мэдэж байлаа. Тэрбээр
-Тэр арван найм хүртлээ танаар эмчлүүлж байсан гэж бид ойлгосон, гэж хэлэв.
-Тэр үнэн. Тэр анх энд ирэх үед бусадтай бараг харьцаж чаддаггүй, хүнтэй ярилцахаас татгалзаж биеэ хураагаад суучихдаг байсан. Гэхдээ тэр бага багаар дээрдэж, хуягнаасаа цухуйж эхэлсэн.
Доктор дурсамжаа эргэн санахыг хичээж буй нь илт хөмсгөө зангидсан харагдана.
- Тэр хүнд хэлбэрийн хэл ярианы бэрхшээлтэй байсан. Тэр эдгэрсэн боловч харамсалтай нь энэ хэл ярианы бэрхшээлд ямар ч ахиц гараагүй. Тэр бүр хар багаасаа л ийм байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэр надтай заримдаа жаахан ярилцдаг байсан боловч ихэвчлэн ярихын оронд хэлэх зүйлээ цаасан дээр бичиж харуулдаг байсан.
Доктор сандлынхаа түшлэгийг налж суулаа.
- Эмчилгээ удаан үргэлжилсэн боловч миний бодлоор тэр бүрэн эдгэрсэн. Тэр энд цэцэрлэг арчлах болон компьютерийг хэрхэн ашиглах сургалтанд хамрагдах үедээ маш их хичээл зүтгэл гаргаж олон зүйлд суралцсан. Тэр харгис догшин зан авиртай хүн биш. Эмнэлгийн ажилчид, өвчтөнгүүд бүгд түүнд сайн байдаг байсан. Тэр надад ч гэсэн таалагддаг байсан.
Доктор өвчний түүх дотроос нэг гэрэл зураг гаргаж ирэн тэд нарт өглөө. Өсвөр насны хүү инээмсэглэсэн харагдах хэдий ч түүний харц юу ч илэрхийлэхгүй, хоосон хөндий байгааг Райли анзаарав.
Доктор тасалсан яриагаа үргэлжлүүлэх үед дууных нь өнгө харамссан шинжтэй сонсогдлоо.
- Тэр гадна орчинд, олны дунд бие дааж амьдрахад бэлэн болсон учраас бид түүнийг эмнэлгээс гаргасан. Дараа нь бид түүнтэй байнгын холбоотой байхыг хичээсэн боловч тэр ор сураггүй алга болчихсон. Энэ есөн жилийн өмнө болсон хэрэг.
Доктор Ломбард яриагаа цааш нь үргэлжлүүлж чадсангүй. Гэвч Райли түүнээс илүү олон мэдээлэл авч чадна гэдгээ мэдэж байв.
- Доктор Ломбард, бид танд хэдэн асуулт тавих болно. Хэрвээ та хуулийн хүрээнд хариулж болно гэж үзвэл асуултанд хариулаарай. Чадахгүй гэж үзвэл хариулахгүй байж болно. Ингэж тохирох уу?
- Би зөвшөөрч байна.
Райли нүднийхээ булангаар Билл рүү харвал тэрбээр түүнтэй санал нэг байгаа бололтой толгой дохиж харагдав.
- Доктор Ломбард, Эжиний амьдарч байсан хүүхэд асрах газар шатах үед зориуд гал тавьсан гэх сэжиглэл байсан уу?
Доктор нүүрнийхээ булчинг хөдөлгөсөнгүй, бас нэг ч үг хэлсэнгүй.
- Ослын үед хүний амьнас үрэгдсэн үү? гэж Билл асуулаа.
Доктор дахиад л хариу өгсөнгүйд
- Хүн алагдсан юм биш биз? гэж Райли асуув.
Тэр дахиад л үг хэлсэнгүй Райлиг ширтлээ. Эцэст нь тэр
- Миний хэлж чадах зүйлс дууссан юм шиг байна, гэж хэлсэнд Билл
- Магадгүй та бидний нэг асуултанд хариулж чадах байх. Хүүхэд асрах газрыг дахиж сэргээж барьсан уу? Тэр одоо ажиллаж байгаа юу? гэж асуув.
- Тийм ээ, би танд хаягийг нь өгье, хэмээн хэлээд Ломбард цаасан дээр хаягийг бичээд Биллд өглөө.
Райли Эжиний гэрэл зургийг дахиж харснаа
- Та бидэнд энэ зургийг хувилаж өгч чадна биз дээ? гэж асуув.
- Би өвчний түүхэнд өөр зураг хийчих болохоор та наад зургаа авч болно.
Билл, Райли хоёр сэтгэл судлаачид талархсанаа хэлээд өрөөнөөс гарч явлаа. Машин руугаа алхаж явах үед Билл
- Энд ирсэн маань болжээ. Одоо хоёулаа шууд хүүхэд асрах газар луу явцгаая, гэж хэлэхэд Райли
- Чамайг жолоо барих хооронд би Квантико руу, Сэм Флористой утсаар ярина. Би түүнээс хүүхэд асрах газарт болсон хэргийн талаархи мэдээллийг олж өгөөч гэж гуйя, гэлээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.25.17 5:50 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
* * *
Синт Женесиес Хүүхдийн Aсрах Байр Хоксивиллээс хагас цаг явах зайтай газар, Пенсильваний Бовербанк хотод байрладаг ажээ. Биллийг жолоо барьж явах хооронд Райли Сэм Флоресоос хүлээж авсан сонины нийтлэлийг дээрээс нь доош нэг бүрчлэн уншив.
Арван зургаан жилийн өмнө хүүхэд асрах байр нурам болтлоо шатсан бөгөөд галыг зориуд тавьсан гэж сэжиглэж байжээ. Тэр үед арван хоёр настай хүү, Этан Холбрүкийн шатсан цогцос олдсон байна. Сонины нийтлэлд хүүгийн жинхэнэ үхлийн шалтгааныг дурьдаагүй байв. Райли нийтлэлийг Биллд уншиж өгсний дараа
- Тэр хөөрхий жаал магадгүй Эжиний анхны хохирогч байж мэднэ гэж хэллээ.
- Бурхан минь, хэмээн Билл амандаа бувтнаснаа
- Тэр бүр арваад настай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үү? Бид ямар гээчийн араатантай учирчихав даа? гэж хэлэв.
Хүний амь хохирсон эсэх талаар асуухад доктор Ломбард амаа хамхисныг Райли саналаа. Анх Валтер Саттлерын гэрт харсан зурган дээрх инээмсэглэж буй хүүгийн дүр төрхийг Райли дотроо бодоод "тэр яагаад ийм өршөөлгүй алуурчин болж хувирдаг билээ?" хэмээн өөрөөсөө асуув.
Билл машинаа тавих үед Райли орчин үеийн цэмцгэр барилга бүхий асрамжийн байрыг ажиглан харав. Барилгын урд талд олон өнгөөр алаглаж будсан тоглоомын талбай дээр олон хүүхэд тоглож харагдана. Саарал өнгийн хувцастай хоёр гэлэнмаа хүүхдүүд рүү инээмсэглэн харж зогсоно. Райли, Билл хоёр гэлэнмаа нарын нэг рүү ойртож очлоо.
- Эгч минь өршөөгөөрэй. Та биднийг асрах байрны захирал руу хүргэж өгч туслаач, гэж Райлиг хэлэхэд гэлэнмаа
- Захирал нь би байна, гэж эелдгээр хариулаад
- Гэлэнмаа Сесилла Берри. Та нарт би юугаар туслаж чадахсан бол? гэлээ.
Гэлэнмаа их залуухан харагдсан тул Райли бага зэрэг гайхжээ. Тэрбээр захирлын ажлыг аваад удаагүй бололтой. Райли Билл хоёр мөрдөгчийн тэмдгээ гаргаж харуулав.
- Бид ХМТ-ны мөрдөгч Жеффрис, Пэйж нар байна. Танаас бид хэдэн зүйл лавблаж асуух хэрэгтэй байна, гэж Билл хэллээ.
Гэлэнмаа Сесиллагийн нүүрэн дээрх инээмсэглэл тэр дороо арилж, тэрбээр цонхийж цайсан харагдав. Тэр эргэн тойрноо хянамгай гэгч нь ажиглаж харснаа
- Намайг дагаад явцгаа, хэмээн хэлээд нөгөө гэлэнмаагаа дуудаж тоглоомын талбайг сайн ажиглах даалгавар өгөв.
Райли, Билл хоёр гэлэнмааг дагаж барилга руу орцгоолоо. Контор луу явах замдаа Райли барилгын дотор талыг унтлагын заал болгон хуваасныг олж харав. Хонгилд хаалга нь онгорхой олон өрөөнүүд харагдана. Энд бас эелдэгхэн царайтай хэдэн гэлэнмаа хүүхдүүдтэй ярилцан зогсож байх бөгөөд энд тэнд хөгжим хангинаж хүүхдүүдийн хөгжилтэй инээлдэх дуу сонсогдож байлаа. Райлигийн ажиглаж мэдсэнээр Синт Женесиес Хүүхдийн Асрах байр халуун дулаан уур амьсгалтай, хүүхдэд ээлтэй газар ажээ.
Гэлэнмаа яагаад ингэж их сандардаг билээ?
Тэд гэлэнмаа Сесиллагийн конторт орж сууцгаалаа. Харин гэлэнмаа суусангүй, нааш цааш холхисоор.
- Та нар яагаад наашаа ирснийг би мэдэхгүй байна. Асрах байр шинээр баригдсанаас хойш бид ямар нэг гомдол хүлээж авч байгаагүй юмсан. Хуучин асуудлаар ярилцах гэж байгаа бол бидэнд энэ асуудлыг хариуцсан өмгөөлөгч бий. Хэрвээ та нар Нэгдсэн Улсын Дотоодын аюулгүй байдлын газар-аас асуусан бол бид бүх хяналтанд амжилттай үр дүн үзүүлсэн гэж тэд хэлэх байсан. Би та нар сүүлчийн дүгнэлтийг үзүүлж болох юм, гэж хэлээд гэлэнмаа бичиг баримт гаргахаар шургуулга нээв.
- Сесилла эгч минь, бидний ирсэн шалтгааныг та буруу ойлгосон юм шиг байна, гэж Биллийг хэлэхэд Раули
- Бид арван зургаан жилийн өмнө энд амьдарч байсан Эжин Фиск гэдэг хүүгийн талаархи мэдээллийг олохоор ирсэн. Бид түүнийг хүн амины хэргийн мөрдөлттэй холбогдуулан шалгаж байгаа, гэж нэмж хэллээ.
- Өө, хэмээн гайхаж мэгдсэн гэлэнмаа дуу алдсанаа ширээнийхээ ард очиж суугаад
- Та бүхнийг буруугаар ойлгосонд өршөөгөөрэй. Бид өнгөрсөн түүхээ мартахыг хичээцгээдэг. Та бүхэн үүнийг ойлгоно гэдэгт би итгэлтэй байна, гэж хэлэв.
Үнэнийг хэлэхэд Райли гэлэнмаагийн хэлснийг огт ойлгосонгүй, Билл ч гэсэн ойлгоогүй гэдгийг тэр сайн мэдэх байлаа.
- Эжин Фискийн талаар та бидэнд ярьж өгч чадах уу? гэж Райли асуусанд Билл
- Xуучин барилга шатсаны дараа тэр сэтгэцийн эмнэлэгт хэвтсэнийг бид мэдэж байгаа. Бас ослын үеэр Этан Холбрүк гэдэг хүү нас барсан. Тэр үед болсон хэргийн талаар илүү мэдээлэл авахаар бид энд ирсэн, гэж Билл нэмж хэлэв.
- Энэ мэдээж миний өмнө болсон явдал, гэж хэлээд гэлэнмаа суудлаасаа босож архивын шүүгээ рүүгээ очих зуур
- Гэхдээ би Эжин Фискийн тухай сайн мэднэ, гэлээ. Тэр шургуулга онгойлгож нэг хавтас гаргаж аваад суудалдаа буцаж суув.
- Энэ ярихад ч аймшигтай хэрэг, хэмээн хэлээд гэлэнмаа хавтсаа онгойлгож харснаа
- Эжинийг гал тавьсан, бас Этаныг алсан гэж ихэнх гэлэнмаа нар боддог байсан. Гэхдээ үүнийг батлах эд мөрийн баримт олдоогүй., гэж хэллээ.
- Тэр яагаад хүүхэд алдаг билээ? хэмээн Райли асуув.
Гэлэнмаа Сесилла хурдаа тавьсан хавтас руу заагаад
- Этан Холбрүк бусдадаа их дээрэлхүү ханддаг байжээ. Ялангуяа гаж хөгжилтэй, жижигхэн биетэй Эжинийг онцолж дээрэлхдэг байсан. Эжин бас хэл ярианы бэрхшээлтэй байсан. Этан тэр хүүг доромжилж, тамладаг байсан, гэж хэллээ.
- Гэлэнмаа нар яагаад энэ асуудлыг зогсоох арга хэмжээ аваагүй юм бол? гэж Райлиг асуухад гэлэнмаа Сесилла хариу хэлсэнгүй.
- Та биднээс нэг юм нуугаад байна, гэж Райлиг хэлэхэд гэлэнмаа дуртай дургүй ярьж эхэллээ.
- Энд та нарт мэдэгдэхийг хүсэхгүй байгаа олон зүйл болдог байсан. Энэ бол үнэндээ нууцлаад байх зүйл биш. Шүүхийн тогтоол, дүгнэлт зэргийг та нар хуучин сонины нийтлэлээс уншиж чадна. Өнгөрсөн үеийг сөхнө гэдэг надад үнэндээ аймшигтай байна. Хэрвээ энэ талаар дахиад олон нийтэд мэдэгдвэл би лав тэсэж өнгөрч чадахгүй. Бурхны ивээлээр бид тэр бүхнийг ардаа орхихыг оролдож байна. Одоо бид энд зөвхөн сайн сайхан зүйлийг л хийцгээдэг.
- Хичээж байгаа тань нүдэнд ил харагдаж байна. Гэхдээ та тэр өнгөрсөн хэргийн талаар ярьж өгвөл бидний ажилд их тус болохсон, гэж Райл хэлэв.
Гэлэнмаа түр дуугүй сууж байснаа
- Галын ослын дараа, шинээр барилга барих үед хуучин асрамжийн газрын бүх үнэн олон нийтэд ил болсон. Тэр үед гэлэнмаа Вероника Орландо захирлаар ажилладаг байсан. Захирал болон гэлэнмаа нар өрөвдөх сэтгэлгүй, харгис, хүүхдүүдийг хооронд нь эвдрэлцүүлдэг байжээ. Тэд бас хүүхдүүдэд чанга найтаасан, оронд шээсэн гэх мэт өчүүхэн шалтгаанаар хатуу шийтгэл оногдуулдаг байсан, гэлээ.
Асрамжийн газрын өнгөрсөн үеийн аймшигтай түүхийг ярихыг хичээж буй гэлэнмаагийн харцанд дүүрэн гуниг хурсныг хараад Райли түүнийг өрөвдөв. Тэр үед болсон явдалд хөөрхий гэлэнмаа буруугүй боловч түүхийг сөхөх хариуцлагаас мултарч чадсангүй.
- Сесилла эгч, тэд нар хүүхдүүдэд шийтгэл оногдуулахдаа гинж ашигладаг байсан болов уу?
- Хүүхдүүдийг хүлдэг байсан уу гэж асууж байгаа бол үгүй. Гэхдээ гэлэнмаа нар хүүхдүүдийг заримдаа өрөөнд нь хорих үедээ хаалгыг нь гинжээр бэхэлдэг байсан.
Райлигийн асуулт гэлэнмаа Сесиллагийн сонирхлыг татсан нь илт, тэрбээр толгойгоо гэлжийлгээд
- Гинжний талаар асуусан тань миний сонирхлыг татлаа, гэж хэлснээ хавтастай баримт руугаа харлаа.
- Эжин энд ирэх үед арван настай байсан. Хүүг гэртээ хөлийнх нь шагайгаар гавлаж төмөр хоолойноос уядаг байсан бололтой ул мөр олдсон. Хүү бас тэжээлийн доройтолтой, огт яр;ж чаддаггүй байсан.
- Хүүгийн ээж хаана байсан юм бэ? гэж Билл асуув.
- Тэр гэртээ хүүгийн нүдэн дээр алагдсан. Цогцсыг гэрт нь, хүүгийн дэргэдээс олсон. Алуурчин олдоогүй.
- Түүнийг яаж алсан юм бол? гэж Райли асуулаа.
- Эмэгтэйн хоолойг хөндлөн огтолсон байсан. Эмэгтэйг алсан сахлын хутгыг цогцосны дэргэдээс олсон боловч тэд ямар ч хурууны хээ олоогүй.
Биеэ хурааж суусан гэлэнмаа цонхоор гадагшаа харснаа
- Сонинд энэ талаар өгүүлээгүй. Үнэндээ Этан Холбрүкийг бас яг ингэж алсан байсан, гэж хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Oct.25.17 5:53 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
УУчлаарай. хэд хоног гадуур ажил ихтэй байлаа. Одоо орчуулгаа өдөр бүр оруулж дуусгана аа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Oct.25.17 9:58 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.25.17 9:58 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 570
Location: Holland
Бүлэг 34

Өрөөнийх нь чанх эсрэг талд байрласан Люси ухасxийн орж ирэхэд Райли цочиж сэрлээ.
- Зурагтаа асаа!
- Юу гэнэ ээ?
Өглөө болчихжээ. Өчигдөр Билл тэр хоёр Албанигаас буцаж ирсэн. Нөгөө орон дээр хэвтэж буй Эприл ч мөн адил сэрчихсэн
- Яасан бэ? хэмээн нойрмог дуугаар асуулаа. Люси
- Би өөрөө асаачихъя, хэмээн хэлээд удирдлагыг авч зурагт асаав.
- Бидний одоо үзүүлэх дүр зурагнууд үзэгчдийг маань цочирдуулж мэдэх юм, хэмээн нэвтрүүлэгчийн хэлэхийг сонссон Райли тэр үнэн хэлсэн болохыг олж харлаа. Эхний зурган дээр модны мөчирт гинжээр ороож дүүжилсэн цогцос харагдав. Цогцсыг нуруу талаас нь харуулж байлаа. Нэвтрүүлэгч мэдээгээ үргэлжлүүлэв.
- Өчигдөр орой нэг эмэгтэйг зэрлэгээр хороожээ. Хохирогчийн цогцсыг Албани хотын Куртис Паркад орхисон байна. Энэ сүүлийн таван жилд Хадсон голын дагуу аллага үйлдэж байгаа гинжтэй алуурчны ээлжит хэрэг бололтой. Хохирогчийн нэр усыг гэр бүлийнхэнд нь мэдэгдэх хүртэл нууцлах болно...
- Өө үгүй ээ. Энэ худлаа байлгүй дээ. Арай ч дээ, хэмээн Райли амандаа бувтнаж байлаа.
Модны мөчир зам дээр тонгойж унжсан харагдах бөгөөд энэ газар Карла Листоны хулгайлагдсан цэцэрлэгтэй адилхан харагдаж байв. Тэгэхээр мөчирт дүүжлээстэй байгаа цогцос Карла Листоных байж таарна. Гэхдээ алуурчин түүнийг хулгайлаад хэдхэн хоносон шүү дээ.
Нэвтрүүлэгчийг яриагаа үргэлжлүүлэх хооронд камерын дуран дүрсийг холдуулж харуулахад тусгаарласан хэргийн газрын дэргэд хэсэг бүлэг хүмүүс цугласныг Райли олж харлаа. Одоо тэнд ажиллаж байгаа шинжээчийн багийнханд хар дарсан зүүд шиг санагдаж байгаа.
Сурвалжлагч залуу цогцсыг хэдэн цагийн өмнө анх олж харсан эртэй ярилцаж байлаа.
- Би ажил руугаа явахаар энэ цэцэрлэгийг дайрч өнгөрөх үедээ машинаараа үүнийг золтой мөргөчихөөгүй. Эхлээд би солиотой амьтад хүүхэлдэй дүүжилчихсэн юм байна гэж бодсон. Гэхдээ сайн харвал, та өөрөө харж байгаа...
Өрөөний хаалгыг чанга тогших нь сонсогдож, Люси хаалга руу очив. Билл өрөөнд орж ирлээ.
- Дөнгөж сая над руу Албани хотын мөрдөх товчооны албаны дарга Харвэй Дьюхурст утсаар ярилаа. Тэр бараг галзуурах шахаж байна. Одоо та нарын энэ зурагтаар харч байгаа нөхөр эхлээд цагдаад мэдэгдэхийн оронд сурвалжлагч нартай холбоо барьжээ.
Райли толгой сэгсрээд
- Эцсийн эцэст тэр арван таван минутын турш телевизийн од болж чадлаа, гэж хэлсэнд Билл яриагаа үргэлжлүүлэв.
- Цагдаагийнхан хэргийн талаар дуулангуутаа бидний мөрдөж байгаа хэрэг хэргийг санаад контор луу утасдсан байна. Гэхдээ Дьюхурстыг нөхдөө дагуулан тэнд очиход сурвалжлагч нар аль хэдийн цуглачихсан байжээ. Бас тийшээ жуулчид олноороо очицгоож байна.
- Бид тийшээ явах хэрэгтэй, гэж Люси хэллээ.
Райли аль хэдийн орноосоо үсэрч босоод хувцсаа бөөгнүүлж барин угаалгын өрөөнд орж хурдан хувцаслав. Одоо өглөөний цай уух цаг байхгүй гэдгийг мэдсэн тэрбээр цайны газрын хажуугаар өнгөрөхдөө аяга кофе авч амжих болов уу хэмээн бодож байлаа.
Райлиг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд Билл, Люси хоёр түүнийг аль хэдийн хаалганы дэргэд хүлээгээд зогсож байв.
- Эприл, бид бүгд хамтдаа явах хэрэгтэй. Чи энд ганцаараа үлдэнэ, гэж Райлиг хэлэхэд охин нь
- Энэ таны ажил., яв даа. Надад санаа зовох хэрэггүй, гэж хэллээ.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 509 posts ]  Go to page Previous 115 16 17 18 19 20 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Bing [Bot] and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited