#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.17 12:40 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 206 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next
Author Message
PostPosted: Aug.18.16 2:17 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
XVIII хэсэг

Шики хонгилын амны цаахна зогсов...
-Миний мөн чанар бол амар амгалан. Мөн чанараа таньсан хүн эргүүлэг рүү түргэн буцдаг.


Last edited by zolushka_717 on Aug.18.16 2:17 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Aug.18.16 3:47 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
XIX хэсэг

Хуурамч ногоон зүлэгнээс болоод амьтай голтой ганц зүйл нь дээрээс гэрэлтэх саран авхай мэт үзэгдэнэ...
Тамхины утаа байж боломгүй хийсвэр зэрэглээ адил нааш цааш угалзран бүжих ажээ.



Last edited by zolushka_717 on Aug.18.16 3:47 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.18.16 4:33 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
XX хэсэг.

Яагаад, яаж гэдгээ санахгүй байгаа ч би хотод алхаж явав...
Өвөл болжээ. 4 жил өнгөрсний дараа анх удаа хачин цас хотыг тэр чигт нь хучлаа.
Риоги Шики, Кокуто Микияа хоёрын анх уулзсан шөнийнх шиг нэвсийсэн энэ цасан дээр час улаан будаг нэвчих нь гарцаагүй юм.

Тавдугаар бүлэг төгсөв.

ХОЁРДУГААР ДЭВТЭР ТӨГСӨВ.


Last edited by zolushka_717 on Aug.18.16 4:33 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.18.16 12:27 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
III дэвтэр

Зургаадугаар бүлэг

Нохойн хошуун өргөст бутны цаана мананд хучигдсан өтгөн ой байсан юм.
Тэндээс зүлэг ногооны анхилуун үнэр хамар цоргиж, хорхой шавьж час часхийнэ.
Би ойн гүн рүү орж, улам цаашилсаар нарны гэрэл үл тусах гүвээн дээр гарч ирэв. Тэнд би бяцхан хүүхдүүдтэй тааралдав.
Эцэст нь би гэнэт сэхээ ороод, цаг орой болсныг анзаарч, гэртээ харихаар шийдэв.
Гэтэл ойн хүүхдүүд дуулж эхлэв. “Гэхдээ харьж яах юм бэ. Энд мөнхийн оршихуй чамайг хүлээж байна шүү дээ”
Би мөнхийн оршихуй гэж юу байдгийг гайхлаа.
“Энд чи үргэлжлэн тогтноно. Энд чи хэзээ ч өөрчлөгдөхгүй”
Бүүвэйн дуу гунигтай эгшиглэнэ. Оддын гэрэл гүвээг чимээгүйхэн гэрэлтүүлнэ.
Хойно минь өтгөн манан хиргүй тунгалаг сүү аятай тунарна.
Ард минь орших гэртээ харих зам үгүй болжээ.
Би мөнхийн оршихуйн талаар юу ч мэдэхгүй.
Би гэртээ харихаар яарна.
Эндээс хаа хол байх гэр рүүгээ.
Хүүхдүүдээс, ойгоос хаа хол орших гэр рүүгээ.
Зүлэг ногооны анхилуун үнэр хамар цоргисон, хорхой шавьж часхийсэн, нохойн хошууны өргөст бут бүхий манан татсан ойн гүн дэх мөнхийн ертөнцөд тэд намайг үлдээн, гэр рүү минь явуулсангүй.


Last edited by zolushka_717 on Aug.18.16 12:27 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Oct.01.16 6:42 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Баярлалаа. Би уул нь дээр уншчихсан тэхдээ баярлалаагаа бичээгүйг бодоход интернэттэй газраас холдож явангаа уншсан бололтой ккк

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.15.17 8:38 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
2-р дэвтэр epub аар бэлэн болсон. Авах нь хэлээд аваарай


Top
   
PostPosted: Jun.17.17 12:54 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
Хоосролын тэмдэглэл I

Энэ жилийн 12-р сар миний тааварласан шиг хүйтэн байгаагүй хэрнэ амьсгалах бүр цагаан уур савсаж байлаа. Өчигдөр жилийн сүүлийн өдөр болж өнгөрсөн ба өнөөдөр миний 16 дахь шинэ он эхлээд байв. Бөмбөрцгийн ихэнх хүмүүс өнөөдөр нэг нэгэндээ шинэ оны мэнд хүргэн дулаанаар мэндчилж, дотно сэтгэлээ илэрхийлэх шинэ боломж авчирсан жилд ганц олдох завшааныг нандигнан байгаа нь гарцаагүй.
Гэвч миний хувьд өөр. Үүгээр ч зогсохгүй шинэ жилээр би өөрийнхөө тэнэгийг хараан зүхэж, хамаг уур бухимдлаа дэрэндээ гаргаж, ийм өдөр болдоггүй байгаасай гэж хүсдэг юм. Харамсалтай нь хүний сэтгэл зүрх, бодол дурсамж гэдэг тийм ч таатай эд биш. Тиймдээ ч би урам муутайхан шиг яаран сандчиж, Токо-сангийн ажил руу явахаар бэлдэж байлаа.
Манай гэрийнхэн эгэл борог хүмүүс боловч шинэ оноор сүмд очихдоо заавал кимоно өмсөхийг шаарддаг байв. Тэд хэдийн орон дээр минь кимоно бэлдээд тавьчихсан байсан ч би үндэсний хувцсанд хэзээнээсээ л дурладаггүй тул өрөөнөөсөө гарч, доош буулаа. Намайг шатаар уруудах зуур ээж:
-Азака хонгор минь, гарах гэж байгаа юм уу? гэж асуув.
-Тийм ээ. Тус хүргэх ёстой нэг хүнтэй уулзах гэсэн юм. Харанхуй болохоос өмнө ирчихнэ ээ гэж би гэрээсээ гарахдаа аль чадахаараа сайхан инээмсэглэл тодруулан хариуллаа.
Бага үдийн тэнгэр дайсагнасан янзтай, нэлээд үүлэрхэг байв. Гэсэн ч миний сэтгэл санааны байдалтай яг сайхан тохирч, дэлхий ертөнц хүртэл гунигийг минь хуваалцаж байх шиг санагдсан тул би цовхчин харайлгахаа больж, хурдаа саарууллаа.

Би жилийн энэ үеийг үргэлж үзэн яддаг байгаагүй юм. Бусад шиг сэтгэл догдлон хүлээдэг үе надад байлаа. Гэвч 1996 онд, яг гурван жилийн өмнөх энэ өдөр 13 дахь шинэ жилээрээ өвлийн амралтыг тохиолдуулан төрсөн гэртээ ирэх үеэр тэр маань өөрчлөгдсөн юм.
Энэ түүх Кокуто Азака миний бие өвчтэй сул байснаас эхэлнэ. Би биеийн тамирын хичээл дээрээ хэзээ ч олигтой дүн авч үзээгүй ба Токиогийн цаг уур надад муугаар нөлөөлж байгааг хэн хүнгүй мэддэг байлаа. Ийм шалтгаанаас болоод манай гэрийнхэн намайг 10 настай байхад минь хөдөө амьдардаг авга ахынд маань байлгахаар явуулсан юм. Түүнээс хойш би зөвхөн өвөл, зуны амралтаараа гэртээ ирдэг болов. Гэсэн ч би харих дургүй байдаг байлаа. Ах маань надад охин шигээ сайн хандаж, гэр бүлийнхнээс минь хол өсгөсөн бөгөөд миний бие дээрдэж, тэднийд амьдрах шаардлагагүй болсон ч, тодорхой нэг шалтгааны улмаас надад тэнд байх нь дээр байсан юм. Юу гэвэл надад Кокуто Микияа гэдэг нэг ах байдаг. Бас би түүнд хайртай билээ.
Тодруулж хэлбэл хүмүүсийн боддог шиг ах дүүсийн, гэр бүлийн хайр биш харин эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд бий болдог хайр юм. Мэдээж бага сургуулийн дөнгөж 10 настай охиныг андуурч гэж бодож болно. Тэгж бодохоос ч яах вэ. Гэхдээ би тэнэг байгаагүй юм. Миний зүрхийг яг ямар төрлийн сэтгэл мэдрэмж эзэмдсэнийг би тэр үед ч гэсэн хэнээс ч илүү мэддэг байлаа. Би эл мэдрэмжээ тайлбарлах худал шалтгаан олж өөрийгөө хуурч чадах ч гэлээ, Микияаг гэсэн сэтгэлээ үгүйсгэж хэрхэвч чадахгүй байсан юм. Бүр түүнийг ямар нэг аргаар хүмүүсээс холдуулж, хэзээ ч, хэнтэй ч уулзуулахгүй байх гэнэн бодол тээж явсан ч удаа бий. Гэхдээ тэр цагаас хойш би хамаагүй ухаажсан байлаа. Гэсэн ч Микияаг гэх сэтгэл минь нэг ч удаа дайвалзаж хувирсангүй. Би бүр анхнаасаа энэ тухай хэнд ч хэлж ярьж болохгүй гэдгийг мэдэж байсан тул өсөж томрохынхоо хэрээр тохиромжтой цаг ирэхийг тэвчээртэй хүлээх болсон юм.
Хөдөө бүгэх болсон минь ч Микияагаас холдох сайтар боловсруулсан төлөвлөгөөний нэг хэсэг байлаа. Түүнийг намайг ондоо нүдээр хараасай гэж би хүссэн юм. Гэр бүлийн бүртгэлд юу гэж тэмдэглэсэн нь надад огт хамаа байсангүй. Би аль эрт тэр тухай анхаарахаа больсон ба Микияа намайг ах дүүгийн нүдээр харахаа больсон цагт л жинхэнэ утгаараа буцаж ирэх байлаа. Харин тэр цаг иртэл би хатагтай шиг биеэ авч явах ёстой юм. Би Микияагийн сонирхлыг яг таг мэддэг байсан тул огтхон ч түүртсэнгүй. Бахдан шагшихгүй байхын аргагүй гайхалтай төгс төлөвлөгөө байгаа биз.
Гэтэл гай газар доороос гэгчээр хутган үймүүлэгч гараад ирэх нь тэр. Бүдүүлэг үг хэрэглэснийг минь өршөөгөөрэй. Гурван жилийн өмнө, дунд ангид ороод хайр гэж юу байдгийг дөнгөж мэддэг болчихоод байх үедээ би өвлийн амралтаараа гэртээ харьж иртэл Микияа тэнэглэх газраа олж ядсан аятай ангийнхаа хүүхдийг гэрт аваад ирсэн байсан юм. Тэрний тэр Риоги Шики гэгчтэй үерхэж байгаа нь хэн ч харсан ойлгомжтой байлаа. Тэр хоёрыг хараад би үлэмж гайхаж, амттайхан бялуу хийчихээд яг өлсөөд ирэхийн цагт эргээд харахын хооронд булаалгачихсан юм шиг мэдрэмж төрсөн юм. Бүрэг ичимхий миний ах охинтой үерхэнэ гэсэн бодол миний зүүдэнд ч орж байсангүй. Бодоод үз л дээ. Тэр хүнтэй үерхэх нь байтугай нэг ч удаа эмэгтэй хүнийг тиймэрхүү нүдээр харж байгаагүй юм чинь.
Би хөдөө буцан буцталаа дараагийн хэдэн өдрийг сэрүүн зүүдэлж байгаа аятай дүйнгэтэн өнгөрөөсөн санагдаж байна. Гэтэл үүнээс хойш удалгүй, дайснаа яах талаар шийдэлд хараахан хүрч амжаагүй байтал Риоги Шики авто осолд орж, комд орсныг би олж дуулсан юм. Ингээд Микияа дахин ганцаараа болов. Гэхдээ би авга ахынхаа гэрийн тагтан дээр цай уугаад сууж байхдаа Микияагийн бичсэн захидлаас тэр тухай мэдээд хөөрхий охиныг өрөвдсөн гэдгээ хэлэх нь зүйтэй. Би түүнтэй ердөө ганцхан удаа уулзсан ч Микияагийн ярианд чин сэтгэлээсээ инээд алдсан, эрч хүч дүүрэн охин байсныг санаж байв. Гэвч бас цээжнээс минь хүнд чулуу аваад хаячихсан аятай сэтгэл минь хөнгөрөөгүй гэвэл худлаа ярьсан болох биз. Шики шиг хэрэггүй охин Микияагийн харцыг дахин булаахааргүй болж, надад ердөө л ахлах сургуулиа амжилттай төгсөж, нэр хүндтэй их сургуульд элсэн орох үлдээд байлаа. Микияа бид хоёрын ах дүүгийн холбоо алга болох хүртэл дахиад хэдхэн алхам, дахиад наймхан жил.
Гэвч дайсан маань ердийн нэгэн биш гэдгээ нотлон өнгөрсөн хавар ухаан орох нь тэр. Микияа энэ тухай надад утастаж хэлэхдээ баяр хөөрөө барьж дийлэхгүй байсан бол би шийдвэртээ улам ч бат зогсох болов. Би амаа тас үдээтэй байлгаж байгаад ахлах сургуулиа төгсмөгцөө сэтгэлээ илчлэх болно. Би өмнөхөөсөө илүүтэйгээр өөртөө шударга хандах хэрэгтэй болов. Ингээд би дараагийн алхамдаа шилжлээ. Ахлах сургуулийн минь сонголт нүдээ олсон шийдвэр байсан юм. Элсэн ороход сурлага, дүнгээс илүү гэр бүлийн орлогын хэмжээ хамаатай байдаг, дотуур байртай Рейн охидын сургууль. Сургууль надад ч, авга ахад минь ч бүх талаараа тохиров. Авга ах маань зураач бөгөөд би Рейнд орсноор түүнд нэр нөлөөтэй ивээн тэтгэгч нарт ая тал засах боломж нээгдэх байлаа. Ингээд би тэдний шаардлагад нийцсэн хүмүүжилтэй хатагтай нарын нэг болохоор сургуулийн дотуур байранд амьдрах болсон билээ.
Үүнээс хойш хагас жил өнгөрч, Шикигийн оршин байдгийг сануулсан дахин нэг хараал идсэн шинэ жил болж байгаа нь энэ. Би өнөөдөр Микияатай хамт сүмд очихоор бодчихоод байсан ч, Шики хүрч ирснээр төлөвлөгөө минь төвөггүй нурж, тэд хамт явсан байлаа. Миний амьдрал урьдчилан төлөвлөх аргагүй байдаг нь, бас үүний шалтгаан нь үргэлж Шики байдаг нь хачин хэрэг шүү.

Би тэнгисийн буланг чиглэн явлаа. Хуучин үйлдвэрүүд нүдний өмнө жирийн намайг хөтөлнө. Эргийн ойролцоох энэхүү аж үйлдвэрийн дүүрэгт одоо болтол ган хийц ажилладаг боловч ихэнх хэсгийг нь зэвэрч муудсан яндан, үйрч бутарсан тоосгон хана, таазанд нь шөрмөсөн чулуу шигдсэн хаягдсан агуулах эзэлдэг билээ. Харин эдгээрийн голд баригдаж дуусаагүй үлдсэн нэг байшин байдаг юм. Байшин дүүргийг сэргээн засах ажлын сүүлчийн найдвар байсан нь эргэлзээгүй боловч харамсалтай нь бүтэлгүйтжээ. Миний Шидийн багш Аозаки Токо яаж ийгээд эл байшинг өөрийн болгож (хуулийн дагуу гэдэгт нь би бүрэн итгэдэггүй юм), “ажил хэрэг”-тээ зориулан албан газар маягийн юм болгосон байв.
Би байшин руу орж, шатаар өгслөө. Гишгүүр бүр дээр миний гутлын өсгий товшин цуурайтна. Байшингийн 1-р давхарт гараж байдаг бол 2,3-р давхарт чухам юу байдгийг Токо-сангаас өөр хэн ч үл мэднэ. Харин 4-р давхарт албан тасалгаа нь байдаг тул миний ах Микияа ажилтных нь хувиар, харин би шавийнх нь хувиар үргэлж энд ирдэг байлаа. Би 4-р давхрын өрөөний хаалгыг нээж, ирснээ мэдэгдэн, залхуутайгаар мэндлэв.
-Шинэ жилийн мэнд.
-Мхмм, шинэ жилийн мэнд гэж Токо-сан надаас дутахгүй сунжруулан мэндэллээ. Яагаад ч юм Токо-сангийн хатуу ширүүн байдал царай төрхийг нь гутааж үл чадна. Үнэндээ энэ байдал нь цагаан цамц, хар өмдтэй нь хослон тэр хүчирхэг харагддаг. Бүр одоогийнх шигээ нүдний шилээ зүүгээгүй байхад нь түүнийг эмэгтэй хүн мөн эсэхэд эргэлзэхэд хүрч ч мэдэх юм шүү.
-Чи өнөөдөр хүндэт хайрт ахтайгаа гадуур зугаалахаар төлөвлөсөн байгаагүй билүү? гэж Токо-сан ширээнийхээ цаанаас ердийнхөөрөө эрээ цээргүй асуув.
-Тэгсэн л дээ. Даанч Шики ирээд аваад явчихсан. Гэхдээ та өнөөдөр шиг өдөр намайг Микияатай гадуур зугаалахын оронд энд байгаад баярлахгүй байна гэж үү?
-Баярлаж байна аа. Үнэнийг хэлэхэд надад чамтай ярих ажил байсан юм.
Хачин хэрэг байх чинь. Токо-сан намайг ажил хэрэгтээ оролцуулах нь өдрийн од шиг ховор шүү дээ. Би түүнд кофе, өөртөө цай хийж аваад суулаа.
-Та надтай юу ярих гэсэн юм?
Тэр хоёр гараа дагзандаа авч, сандлынхаа түшлэгийг наллаа.
-Зүгээр л чамайг Кокутод сэтгэлээ илчилсэн эсэхийг чинь гайхаж байлаа л даа.
Бурхан минь гэж, үгүй байлгүй дээ. Тэр үнэндээ энэ асуудалд нухацтай хандаагүй нь хоолойноос нь тодхон мэдэгдэж байв.
-Үгүй, хэлээгүй. Багаар бодоход ахлах сургуулиа төгстөл хэлэхгүй. За тэгэхээр, миний хариултнаас тэгж их мэдэхийг хүсээд байсан зүйлээ олж авч чадав уу?
-Үгүй ээ. Кокутог байхад ингэж асуусан бол чамайг ийм тайвнаар хариулж чадах байсан эсэхийг чинь л бодож байна. Гэхдээ би одоо болтол та хоёрыг тийм ондоо хэрнээ яагаад Микияад татагддагийг чинь гайхсаар л байгаа. Магадгүй чамайг үрчилж авсан байх. Тэгж бодож байсан уу?
Түүний завьжин дээр хэзээний танил болсон зальжин инээмсэглэл үзэгдлээ.
-Таны тоглож байгаа үгүйг бүр мэдэхээ байчихлаа гэж би хариулав. Гэхдээ хөмсөг зангидах ёстой байснаа тэвчлээ. Гэтэл Токо-сан үүнийг минь мэдсэн мэт тэрүүхэн тэндээ инээд алдав.
-Азака минь дээ. Чи үргэлж хичээнгүй боловсон дүртэй байдаг ч чин шударга хариулт чинь заримдаа зугаатай санагдах юм. Намайг уучлаарай. Тэнэг асуултуудыг минь ч бас. Би чинь ядаж жилдээ ганц удаа ч болов улиг болсон тогтолцооноосоо ангижирч байх хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ?
-Та ч тэгвэл энэ жилийг сайхан эхэлж байгаа бололтой. За тэр ч яах вэ, таны жинхэнээсээ ярих гэсэн зүйл чинь юу юм бэ?
-Сургуулийн чинь талаар байгаа юм. Чи Рейн охидын сургуулийн 10-р ангид сурдаг байх аа? Миний сонссоноор бол 10г ангид нэг сонирхолтой юм тохиолдсон гэнэ. Чи тэр талаар мэдэх юм биш биз?
10г гэнэ ээ? Би Токо-сангийн юун тухай ярьсныг ойлгох шиг болов.
-Тачибана Каоригийн сурдаг анги мөн биз? Харамсалтай нь би 10а-д сурдаг болохоор 10г ангийн асуудлыг сайн мэдэхгүй л дээ.
-Тачибана Каори гэсэн үү? Мэддэг нэр биш шиг л байх юм. Ядаад л надад байгаа жагсаалтанд алга гээд Токо-сан тархиныхаа үрчлээс бүрээс орхигдож гээгдсэн зүйл байгаа эсэхийг самнах мэт хөмсөг зангидав. Би толгойгоо гилжийлгэн, юу ойлгоогүй үлдчихснээ гайхан:
-Юу болоод байна аа гэж бувтнав.
-Чи мэдэхгүй юм бий вий гэж тэр санаа алдаад:
-Рейн сургууль ангиудыг нэг нэгээс нь аль болох тусгаар байлгахыг илүүд үздэг болохоор би таамаглах ёстой байж л дээ. 10г-ийнхэн л арай илүү юм мэдэж байгаа байх гэж дүгнэв.
-Би чамд мэдсэн бүхнээ хэлж өгье гээд Токо-сан дөнгөж хагас сарын өмнө тохиосон жигтэй явдлын талаар хүүрнэж эхэллээ. Өвлийн амралтын өмнөхөн 10г ангийн хоёр охин маргалдаж, тэр нь даамжирснаар нэг нэгнийгээ цаасны хутгаар гэмтээхийг оролджээ. Гадаад ертөнцөөс бүрэн таслагдсан мэт, хөдөлгөөнгүй зогсонги оршдог, аймшигтай анир чимээгүй Рейн сургуульд ийм зүйл тохиолдсон нь надад тун жигтэй санагдав. Гэхдээ би энэ талаар огт мэдээгүй нь бүр ч дор байлаа. Үүнд ангиудыг тусгаарлаж, байгууллагын нэр сүрд муугаар нөлөөлөх бүхнийг нуун далдлахыг хичээдэг сургуулийн бодлого буруутай биз ээ. Токо-санг ярьж дуусахад нь би:
-Аймшигтай юм гэж дуугараад:
-Тэд хүнд гэмтсэн үү? гэж асуув.
-Ноцтой юм байхгүй ээ. Үнэндээ бол тэдний нэг нэгэн рүүгээ дайрсан нь л надад хамаагүй сонин байна.
-Тийм шүү, таны хэлж байгааг ойлгож байна. Рейн сургууль хутга шөвөг шүүрдэг хүний байх газар огт биш. Шалтгаан нь юу ч бай маш ноцтой зүйл байх ёстой. Үгүй бол эртний явдалтай холбоотой байх. Эсвэл хоёулаа байж таараа.
-Яг тийм. Гэхдээ юунаас болж маргалдсаныг нь дараа ярья. Бүр ч хачин зүйл бий. Энэ талаар өмнө нь яагаад мэдээгүйгээ чи гайхаж байгаа нь ойлгомжтой. Нэг талаараа Рейн сургуулийн зарчим нөлөөлсөн нь үнэн ч, саяын тохиолдолд бүхэлдээ тэдний буруу биш. Ослыг тэр дор нь мэдэгдээгүй байгаа юм. Сургуулийн захирал эмнэлгийн тайланг шалгахдаа л охидын нэрийг, бас яаж гэмтсэнийг нь олж үзэж. Тэгээд 10г-н ангийн багшийг ослыг санаатайгаар нуун дарагдуулсан гэж сэжиглэсэн байна.
10г-н анги удирдсан багш нь Рейний түүхэн дэх хоёрхон эрэгтэй багшийн нэг, цагтаа сургуулийн цорын ганц эрэгтэй багш байсан Хаяама Хидэо юм. Гэвч тэр 11-р сард сургууль дээр гал гарсан явдалд хариуцлага хүлээн халагдсан билээ. Түүнээс тэр дор нь ажил үүргийг нь хураан авч, оронд нь гэлэнмаа биш хүнийг...
-Курогири-сан уу? Байж боломгүй юм. Тэр яагаад ч тэгэх ёсгүй би дуу алдлаа. Токо-сан толгой дохиод:
-Захирал ч бас тэгж хэлсэн. Курогири Сацүки гэгч тэр залуу ажилдаа тун сайн, бараг л ажилд орсон даруйдаа олны итгэлийг хүлээж чадсан бололтой юм. Тэрнээс ослын талаар асуухад тийм зүйл болсныг огт санахгүй байна гэж хариулсан байна лээ. Түүнд сануулахын тулд бүр мөнөөх явдлын талаар нарийн ширийн зүйлсийг хүртэл тоочсон гэсэн. Гэхдээ л захирал Сацүкигээс юу ч олж дуулж чадаагүй. Болсон явдлыг үнэхээр мартаж орхисон бололтой байсан гэнэ. Тэгээд ч тэр хамтран ажиллагсад болон сурагчдад итгэл хүлээхүйц хүн гэдгээ нэгэнт нотолчихсон тул захирал түүнийг явуулахаас өөр аргагүй болсон байна билээ хэмээн тайлбарлав.
Гэхдээ хүн яаж тийм чухал зүйлийг хагасхан сарын дотор мартаж чаддаг байна аа? Байж болмооргүй юм. Гэвч үүний хажуугаар Курогири-санд сургуулийн зүгээс хүлээлгэсэн итгэлийг эвдэх шалтгаан байхгүй шиг надад санагдаж байлаа.
-Сурагчдын нэг нэг рүүгээ хутга барьж дайрсан шалтгааны тухайд гэвэл хэмээн Токо-сан яриагаа үргэлжлүүлэн:
-Хичээл дөнгөж завсарлаад хүүхдүүд хонгилд гарч ирсэн байх үед охид анги дотор хэрэлдэж эхэлсэн тул бүгд сонссон байсан. Тэд ямар нэг улирсан баларсан нууцыг нэг нэгэндээ хэлэлгүй нууж байснаа мэдэцгээсэн бололтой. Гэхдээ хамгийн гол нь ослын талаар байцаах үед хоёр охин мөнөөх нууцаа хэдийн мартчихсан байсан гэв.
-Айн? Ямар...
-Мэдэж байна аа, утгагүй байгаа биз? Охид багын найзууд байж. Захирал тэднийг цавуудчихсан аятай гэж тодорхойлж байна лээ. Гэтэл яагаад ч юм нууц нь илэрч бүгдийг баллаж орхисон байна. Байцаах үеэр тэд сар шахамын өмнө шуудангаар захидал хүлээж авснаа хэлсэн. Анхандаа юун захиа болохыг нь мэдээгүй байж л дээ. Гэхдээ дараа нь мэдээж ойлгосон байна. Захианд тэдний нэг нэгэндээ мэдэгдэхийг хүсээгүй эртний нууцыг нь дэлгэсэн байж. Тэгээд л нэг нэгэнтэйгээ нүүрэлдэж, ижил захиа авснаа мэдээд цаасны хутга барин давшилж гарцгааж дээ.
Би юу гэхээ ч мэдсэнгүй. Мартагдсан дурсамж болон нууцыг дэлгэсэн захиа хаа нэгтээгээс үл таних хүнээс ирсэн хэрэг үү?
-Та энэ хэргийг мөрдөх гэж байгаа юм уу, Токо-сан?
-Магадгүй л юм. Захианд өөр юу ч бичээгүй байсан. Сүрдүүлэг, шаардлага юу ч байхгүй. Ямар ч хичээнгүй гаж донтон охидын өөрсдөө ч мартсан өнгөрсөн амьдралын нууцыг тайлтал мөрдөж мөшгиж хүчрэхгүй. Тийм болохоор энэ хэрэгт шидтэн оролцсон гэвэл би лав гайхахгүй. Харин ямар зорилго өвөрлөснийг нь л гайхаад байгаа юм.
Энэ явдал бүр л өөдгүй санагдаад явчихав. Хорон агуулгыг нь эс тооцвол өөрийнхөө тухай захиаг хаа нэгтээгээс хүлээж авах нь анхандаа сонирхолтой бүр хөгжилтэй ч юм шиг санагдаж болох юм. Гэвч нэг сарын дараа энэ сэтгэгдэл хэвээрээ байх нь юу л бол. Өдөр шөнөгүй чамайг харуулдах хэн нэгэн үл таних хүн чиний талаар өөрийн чинь ч анзаараагүй зүйлсийг захиа болгон бичсэн гээд бод л доо. Охид галзуурахад ганц хуруу дуту болж, амьдаараа үхэж байсан байж таараа. Тэгтлээ яахаас ч буцахгүй болтлоо хардлага сэжигт автсан нь гайхах зүйл биш ажээ.
-Захиа явуулсан хүнийг олсон уу? гэж би асуув.
-Олсон. Шидэт дагина гэсэн хэмээн Токо-сан товчхон хариулав.
-Юу гэсэн бэ? Давтаад хэлэхгүй юу?
Түүний хариултыг сонсоод би мэл гайхсан ч, хоолойнд минь мэдрэгдсэн үгүйг би мэдсэнгүй.
-Шидэт дагина гэсэн юм аа. Байзаарай, чи мэддэггүй юм уу? Рейний өд төчнөөн сурагч тэднийг харсан гээд байхад хүртэл үү? Чамд Шидэт Мэлмий байхгүй нь үнэн ч, Рейний сурагчид дунд шидэт дагинын тухай яриа тун их дэлгэрээд байгаа шүү дээ. Ам дамжсан яриагаар бол шидэт дагина шөнөөр дэрэн дээгүүр гүйлдэн тоглодог. Харин өглөө сэрэхэд сүүлийн хэдэн өдрийн дурсамж хэзээ ч тохиолдоогүй мэт ул мөргүй алга болно. Хэрэв энэ жирийн нэг солиотой цуу яриа биш үнэхээр үнэн бол шидэт дагинууд ямар нэг шалтгаанаар хүний ой дурсамжийг хулгайлаад байна гэсэн үг. Миний зөн совин 10г ангид болсон явдал энэ яриатай холбоотой гэж хэлээд байгаа юм даа гэж Токо-сан тэвчээртэй нь аргагүй тайлбарлалаа.
Би түүний заавар дор Шидийн эрдэмд суралцаж, нүд орой дээр гарам гайхамшгуудыг харсан боловч шидэт дагины тухай яриа нэг л үнэмшилгүй санагдаад болж өгөхгүй байв.
-Та шидэт дагины талаар тэр хэтрүүлэгтэй үлгэрийг үнэн гэж бодож байгаа юм аа даа, Токо-сан?
-Би нүдээр үзээгүй болохоор юу ч хэлж чадахгүй нь. Гэхдээ шидэт дагина байдаг гэж бодвол тэд Рейн сургуульд л байх ёстой. Бод л доо. Яг тохирсон газар. Машин тэрэгний хөдөлгүүрийн чимээ ч хүрэхгүй, залуусын дунд түгэн дэлгэрсэн соёлыг байгууламж руугаа үл нэвтрүүлэх хатуу ширүүн дүрэм журам, үг дуугүй гэлэнмаа нар дүүрэн, буйдхан орчинд лав шигдсэн, гадна орчноос бүрэн тусгаарлагдсан газар шүү дээ. Сургуулийн нутаг дэвсгэрийн ихэнхийг эзэлсэн ой шугуй нь өтгөн шигүү, болгоомжтой байхгүй бол төөрч, хагас өдрийн ажлаа алдаж мэдэхээр. Ойн чийглэг, анхилам агаараас нь салж хагацмааргүй үлдчихмээр, цаг хугацааг өөрөө ч мэдэлгүй хажуугаараа урсгаад алдчихмаар аажуу тайван. Шидэт дагины хувьд ийм л газар жинхэнэ гэр орон нь баймаар санагдаад байгаа юм даа.
-Хөөх, Рейн сургуулийг ийм сайн мэддэг байх гэж. Би бүр гайхчихлаа байна, Токо-сан.
-Мэдээж шүү дээ. Би тэндхийг төгссөн юм чинь.
Энэ удаад би гайхаж мэгдсэнээ хоолойндоо тодхон илэрхийлэхийг чандлан хичээв.
-ЮУ?
-Тэгж харахаа боль гэж Токо-сан хөмсөг өргөн хэлээд:
-Чи арай Ризбайф захирлыг сургууль дээр нь дэгдээд байгаа хов живийн талаар гадны хүнд ам алдана гэж бодсон юм биш биз? Тэр л надтай урд шөнө холбогдож тэнд болоод байгаа явдлын учир начрыг ухаж төнхөж чадах эсэхийг асуусан юм. Би яг ч мөрдөх товчоо ажиллуулдаггүй боловч захирал хатагтайн хүсэлтэнд татгалзах арга байсангүй. Гэхдээ би хэтэрхий содон харагдах учраас өөрийн биеэр тийшээ очих аргагүй. Хэнээс ч юу ч олж дуулж чадахгүй шүү дээ. Тэгээд байна шүү, Азака. Би хэн надад туслаж чадахыг... хэмээснээ инээмсэглэл тодруулан:
-...удаан, нухацтай гэгч нь бодож үзсэн юм л даа гэлээ.
Үгүй шүү. Би буруу харав. Тэрний хэлэх гэж буй үгийг сонсохыг би хүссэнгүй. Токо-сан нүдээ онийлгон над руу цоргитол ширтсэнээ:
-Алив л дээ Азака. Хөгжилтэй байх болно доо. Юу гэвэл, намайг шидэт дагина гэж хэлэхэд чи юу бодсон бэ ай? гэж асуув. Би ингэлээ гээд энэ яриаг дуусгачих юм шиг хамаг хурдаараа:
-Ямх охин гэж хэллээ. Токо-сан инээд алдав.
-Тун сэтгэлд ойр төсөөлөл байна. Шидтэнгүүдийн шидэт дагинын дагуул бүтээхдээ элбэг ашигладаг дүр зураг. Гэвч домгийн амьтад дагуултай адилгүй. Тэд шидтэний хүслээр бий болдог юм биш, харин бодитоор оршдог янз бүрийн амьд биетүүд байдаг юм. Гэрийн буг, улаан малгайт /англи, шотландад байдаг гэж үздэг одой биетэй нүүдэлчин, алуурчид. Тэд бусдын гэрт шургалан ороод эздийг нь хөнөөж, цусаар нь малгайгаа буддаг/, манайхныхаар бол они гэх мэт. Тун овжин, самбаатай амьтад. Шотландад үлгэрийн амьтад хүмүүсээр даажигнан шоглодог тухай яриа одоо хүртэл бий. Тэдний заримд нь хүмүүсийн ой дурсамжийг мартуулдаг тухай, бас хүүхдүүдийг ой руу урхидан оруулаад оронд нь яг адилхан дуураймал орхиод хэд хоногоор дагуулан алга болдог тухай өгүүлдэг. Тэдний заль мэх олон янз боловч нийтлэг нэг шинжтэй. Тэд арга залинд нь унасан хохирогчдоо огтхон ч өрөвддөггүй. Ерөөсөө тийм чадваргүй хэрэг л дээ. Тэд хөгжилдөж зугаацахын тулд л хүмүүсээр даажигнадаг, харин ямар нэг хорон санаа агуулдаггүй юм гээд Токо-сан үргэлжлүүлэн:
-Рейнд болоод байгаа явдлын ард тэд байж магадгүй. Гэвч захиа бичих нь тэдний хэв маяг огт биш. Захидал ямар нэг хорон санаа, далд төлөвлөгөө шиг сонсогдож байгаа биз дээ? Азака би хэрэгтэнг чиний хэлсэнтэй адил төрлийн шидэт дагина байж магадгүй гэж эмээж байна гэлээ.
Токо-сан огтхон ч сэтгэлээ чилээлгүйгээр үзэж туулсан үл үзэгдэх ертөнцийнхөө талаар хичээл заах боломжийг хэзээ ч үл алдана. Би ч үүнийх нь хариуд сайн сурагчийн жишээгээр түүний ертөнцийг бүр ч ихээр сонирхон, шунан дурладаг байлаа.
-Та тэднийг шидтэний дагуул гэж бодож байгаа юм уу? хэмээн намайг асуухад Токо-сан сэтгэл хангалуун толгой дохив.
-Тийм. Бүр тодруулбал хүний гарт баригдсан амьтнаас үүссэн төрөл. Шидтэн Рейний сурагчдын ой санамжаар ямар нэг зүйл хийх зорилгоор Шидээ алсаас биежүүлэх хэрэгсэл болгон тэднийг ашиглаж байгаа болов уу. Ийм ойлгомжтой, хялбар аргаар ажиллаж байгаа хүнийг шидтэн гэхэд хэцүү л байна. Эсвэл дагуулуудаа эрхэндээ бүрэн оруулж чадаагүй ч байж болох юм. Учир нь үлгэрийн амьтад хэтэрхий тогтворгүй болохоор ихэнхи шидтэн өөр дагуулыг илүүд үздэг. Гэхдээ ийм сонирхогчийн төвшний хүн болохоор л чамд яг тохирсон шалгуур болно гэж би бодож байна Азака. Тиймээс багшийн чинь хувьд би өвлийн амралт дуусахаас өмнө энэ явдлыг мөрдөж, хэргийн эзнийг олохыг чамд тушааж байна. Эх үүсвэрийг нь ол, тэгээд учрыг нь олохын тулд чадах бүхнээ хий.
За тэр шүү. Токо-сан энэ бүх хугацаанд миний хэлнэ гэж таамаглаж байсан зүйлийг эцэст нь хэлж орхилоо. Би айж байв. Даалгаврын санаа нь би ганцаараа явж очоод, Шидээр бодит ертөнцийг удирдаж чаддаг Токо-сан бид хоёр шиг хүнтэй үзэлцэнэ гэсэн үг шүү дээ. Үүгээр ч зогсохгүй шидтэнийг үүрнээс нь хөөж гаргах хэрэгтэй болжээ. Би айж сандарч буйгаа нуухыг хамаг чадлаараа хичээн, итгэлтэй гэгч нь толгой дохиод:
-Ер бусын нууцын мэдлэгийг минь нэмэгдүүлэх юм бол надад өөр сонголт үгүй бололтой гэж санаа алдан хариулав. Токо-сан үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой бичиг цаасыг надад өгөхөөр сандлаасаа бослоо. Гэвч хавтсаа гардуулахаас нь өмнө би түүний надаар юу хийлгэх гэж буйг нь таамаглаж эхэлсэн цагаас хойш сэтгэлийг минь зовоогоод байсан зүйлээ амжин асуув.
-Гэхдээ Токо-сан, би шидэт дагинуудыг харж чадахгүй. Надад тан шиг нууцыг тольддог Шидэт Мэлмий байхгүй шүү дээ.
Гэтэл Токо-сан зальт санааг нь илэрхийлэгч алдарт инээмсэглэлээ цацруулах нь тэр.
-Ийм шалдар булдар юманд санаагаа зовоож, жижигхэн хөөрхөн толгойгоо гашилгах хэрэггүй дээ, Азака минь. Би чамд нүднээс хамаагүй дээр юм өгч чадна гайгүй.
Тэр инээдээ барьж ядан дороо хавчиганасан ч надад тодорхой юм огт хэлсэнгүй.


Last edited by zolushka_717 on Jun.17.17 12:54 am, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Jun.17.17 3:00 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
:hi: 8O Баярлалаа. Ккк бүр таньдаг хүмүүстэйгээ дахин уулзаж бгаам шиг. За дүүгийнх нь тухай нилээн мэдэж авах нь дээ. Нилээн зөрүүд, хөөрхий муу Микияаг дандаа оролдож уурлуулж бдаг шиг нөхөр бсан ийм бсийн бий вий вий

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.05.17 1:36 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
Хоосролын тэмдэглэл II

Би Рейн охидын ахлах сургуулийн багш нарын өрөөнөөс гарлаа. Харамсалтай нь миний хажууд нэг хүн явж байв.
-Юу гээч, би бодлоо л доо. Токо үнэн хэрэгтээ усан тэнэг амьтан байгаад бид харин мэдээгүй явсан байх.
1-р сарын 4. Даваа гариг. Үд өнгөрчээ. Гадаа үүлэрхэг байлаа.
Миний хажууд Токо-сангийн “нүднээс хамаагүй илүү зүйл” гэсэн хөгийн санааны биелэл биеэрээ явж байв. Өөрөөр хэлбэл миний эвлэршгүй дайсан.
-Очиж очиж чамайг надтай хамт ийшээ ирүүлснийг нь хэлж байна уу? Ганц удаа ч болов би чамтай санал нийлж байна.
-Хөгийн юм аа. 3-р улирал эхлэх гэж байхад энд шилжиж ирж байгаа хүний дүрд тоглох шаардлагатай болсноос харахад энэ удаад үнэхээр миний аз дутаж.
Бид сургуулийн хонгилоор алхаж явлаа. Нэг нэгэн рүүгээ харахгүйг хичээнэ. Тэрнийг Риоги Шики гэдэг юм. Эндхийн сурагчидтай адилаар Шики Рейний дүрэмт хувцас болох Япон хүнд зохимжгүй харагддаг гэлэнмаагийн өмсгөлтэй төстэй хар даашинз өмссөн байв. Гэтэл хувцас түүнд бээлий шиг л сайхан таарчээ. Тас хар даашинзан дээр хүртэл ялгарч харагдах түүний гил хар үс болон цагаан хүзүү, гоолиг туранхай мөрийг хараад надад хувцас түүнд зохиж байгааг зөвшөөрөхөөс өөр арга олдохгүй байв. Тэр даруухан, католик шашинт сайн охин шиг үзэгдэвч мэдээж бодит байдал эсрэгээрээ билээ. Харин үүнээс болоод миний дотор үл ялиг дургүйцэх сэтгэл төрж байлаа.
-Азака, тэр хоёр охин биднийг хараад байна.
Бас мэдээж Шики усан толгойтой болохоор дээд ангийн охидод ижилхэн хариу барьж, цоо ширтсээр хажуугаар нь зөрөлгүй яах вэ. Ийм зүйл тохиолдсон нь анхны удаагийнх биш байлаа. Өнөөдөр хэд хэдэн удаа эл явдал давтагдсаны дараа би охид чухам юуг тэгтлээ сонирхоод байгааг ойлгох шиг болов. Манайх шиг хатуу шаардлага тавьдаг дан охидын сургуульд Шикигийн саармаг төрх ер бусын харагдаж байгаа нь гарцаагүй. Шики шиг хүн энд байдаггүй учраас түүний гадаад байдал бусдын анхаарлыг татагч соронз адил нөлөө үзүүлж байгаа нь тэр. Бидний хажуугаар сая зөрж өнгөрсөн охид ердөө л Шикиг хүүхэд шиг шохоорхон, үг сольж үзэхийг хүссэн биз ээ.
-Тоох хэрэггүй. Тэд чамайг урьд нь харж байгаагүй шүү дээ. Жилийн энэ үеэр шилжиж ирсэн сурагч өдрийн од шиг ховор байдаг болохоор ингэж байгаа юм гэж би Шикид хэлээд:
-Энэ бүхэн бидний мөрдлөгтэй огтхон ч хамаагүй гэж нэмж анхааруулав.
-Өвлийн амралт болчихоод байхад сургууль дээр хэтэрхий олон хүн байгаа юм шиг санагдахгүй байна уу?
-Мэдээж шүү дээ. Рейн дотуур байртай сургууль юм чинь. Ихэнх сурагчдын гэр хол байдаг болохоор амралтаараа эндээ үлдэхийг илүүд үздэг юм. Бас 1,4-р давхрын номын сан ажиллаж байгаа ч дотуур байранд хэрэгцээтэй бүх юм бий болохоор дүрэм зөрчсөн хүнийг гэлэнмаа нарт ховлох гээгүй л бол төв байр руу хэн ч зүглэхгүй.
Дүрэм гэснээс эндхийн дүрэм журам маш хатуу. Хангалттай хэмжээний хэрэг зөрчил гаргасан гэж үзэх юм бол сургуулиас хөөж ч чадна. Хамгийн түрүүнд "гарч болохгүй" гэсэн дүрмийг чандлан сахих ёстой. Зөрчсөн тохиолдолд эцэг эхээ уулзуулаад ч нэмэр болохгүй. Гэсэн ч мөнгө үүнийг хялбархан өөрчилж чадах хүчтэй бөгөөд найз Фүжиногийн маань жишээн дээр энэ нь нотлогдсон юм. Сургуульд багагүй хэмжээний мөнгө хандивласан хөрөнгө чинээтэй хүний хувьд Фүжиногийн аав охиноо хүссэн үед нь гадагш гаргаж чаддаг билээ. Миний хувьд гэвэл... онц сайн сурдаг минь түлхэц болсон ч гэлээ авга ах маань Рейн сургуульд зураг будгийн ажилтан болсноос (түүний намайг энд сургах алсын хараатай шийдвэрт нь яг нийцсэн) хойш миний гадагш гарах асуудал хамаагүй уян хатан болсон юм.
Рейний шашны суртлыг эс тооцвол бусад сургуулиас ялгарах юмгүй. Сурагчид их сургуулийн элсэлтийн шалгалтыг давахын тулд толгой өөд татахгүй хичээлээ давтдагийн дээр удирдлагын зүгээс тавих шаардлагын дагуу хоёр дахин их хичээх хэрэгтэй болдог байлаа. Онц сурдаг болохоор минь Рейнийг төлөөлөн Токиогийн их сургуульд бахархалтайгаар элсэж чадна гэж үзсэний үндсэн дээр (тэртэй тэргүй миний төлөвлөгөө) тэд намайг сургуульдаа авсан байх гэж би таамагладаг юм. Сургуулийн удирдлага нүүрийг нь тахлах тоо баримтанд дэндүү гэмээр ач холбогдол өгдөг байж магадгүй ч, энэ нь надад тэгтлээ төвөг болоод байдаггүй байв. Үүний ачаар л би гадагшаа чөлөөтэй гардаг болсон шүү дээ.
Би бодлоосоо ангижирч, хэдийн гадаа гарч ирснээ, Шики нэлээд хугацааны турш төв байр өөд дэмий гөлөрч явсныг мэдэв. Удалгүй хажууд минь яваа охин залхсан янзтай болж, хүзүүндээ зүүсэн загалмайг үрчин миний зүг харцаа хандууллаа.
-Хачин газар юм. Багш нар нь багш юм уу, гэлэнмаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Аа нээрэн, хоёулаа сая сүмийн хажуугаар өнгөрсөнөө дөө? Нөгөө бөөнөөрөө цуглаж, гэгээн эцэг, диваажин, шид энэ тэр гэсэн юмаа хийдэг газар нь мөн үү?
Бүдүүлэг амьтан. Бурхан шид хоёр ямар хамаа байна аа?
-Өглөө, оройн залбирал бий гэж би хариулаад:
-Харин ням гаригт нэгдсэн цуглаан болдог. Гэхдээ сурагчид заавал оролцох албагүй. Рейнд бага сургуулиасаа эсвэл дунд ангиасаа ч юм уу шилжиж ирсэн над шиг сурагчид христийн шашинтан биш болохоор очдоггүй юм. Гэлэнмаа нар байлцуулахыг хүсдэг л дээ. Гэхдээ нөгөө... яах вэ дээ, сүүлийн арваад жилийн хугацаанд баян боловч христийн шашин шүтдэггүй айлууд охидоо нааш нь явуулах нь ихэссэн, дээрээс нь католик боловсрол хүчээр тулгадаг сургуульд хүүхдээ явуулахыг хүсдэггүй эцэг эхчүүд нэмэгдсэн болохоор дасан зохицохоос өөр аргагүй болсон юм гэж тайлбарлав.
-Тамын юм гэж Шики сүүрс алдан дуугараад:
-Бурханд алин байсан ч ялгаагүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна гэлээ.
Ийм хувцас өмсчихсөн хүн бүдүүлэг үг яриагаар бөмбөгдөж байгаад би жаахан эвгүйцэж, хурдхан сэдвийг өөрчлөв.
-Хэсэг зууртаа бурхныг мартъя. Шидэт дагинууд юу болж байна? Үзэгдэж харагдана уу? Шидийн давалгаа байна уу? хэмээн би явуут дундаа асуув. Шики толгой сэгсрээд:
-Бараа сураг ч алга. Орой болтол хүлээхээс өөр арга байхгүй бололтой гэж дуниартсан харцаараа барилга байшингууд, овоорсон навчис, сургуулийн чимэг болсон чулуун зам руу ээлжлэн харах зуураа хариулав.
Шики ихэнх шидтэний адилаар жирийн хүний нүдэнд үл үзэгдэх зүйлийг хардаг. Түүний Шидэт Мэлмийн нууц хараа нь сүнс, хий үзэгдэл... бас илүү аймшигтай зүйлсийг ч харах чадалтай. Шикигийн нүд үхэл болон энтропиг эзлэн ноёрхож, цаадуул нь шугам хэлбэрээр өөрийгөө түүнд илчлэн харуулахаас өөр замгүй болно. Харж чаддаг учраас Шики энтропиг давалгаалуулж, аливааг устгаж чаддаг болов уу. Үүнээс гадна тэдний гэр бүл хүчирхэг тулааны урлагийг үе дамжуулан өвлүүлсээр ирсэн ба бусад нь байг гэхэд алалцах зодолдох тал дээр бол Шики хэний ч урмыг хугалахгүй нь баталгаатай юм. Тиймдээ ч түүний хөдөлгөөн оновчтой, хэрцгийтэйгээ дүйцэхүйц хурдан билээ.
Өөрөөр хэлбэл тэр миний ахаас тэс ондоо хүн. Микияад огтхон ч тохирохгүй. Хорвоо ертөнц дээр Шикигээс илүү уур бухимдлыг минь бардаг хүн гэж үгүй ч байж мэднэ. Үнэнийг хэлэхэд Токо-сангийн удирдлаган доор Шид сурах болсон минь бүхэлдээ Шикигээс л болсон юм. Учир нь Микияагийн найз охин жирийн нэгэн байсан бол над шиг хүнийг аль ч талаараа давж гарахгүй байсан. Гэвч Шики хамаагүй төвөгтэй нэгэн гэдэг нь ойлгомжтой. Тиймээс л би өөрийн бодлыг хойш тавин Токо-санг ятган зөвшөөрүүлсэн билээ.
Би хэдийгээр Шидийн эрдэмд шамдан суралцаж байгаа ч одоохондоо Шикитэй тэнцэх болоогүй гэж бодох тул хичээл номынхоо хажуугаар Шидээ давтсаар шар нар бор хоногийг сургууль дээрээ өнгөрөөнө. Гэхдээ би Шикиг эвлэршгүй дайсан гэж тооцдог хэдий ч хоолой давуулан хэлэхээс цээрлэсээр ирсэн нэг үнэн байдаг билээ.
-Би чиний өрөөнд л хоног төөрүүлэхээс өөр аргагүй бололтой. Ер нь бол би өөрийн гараар бэлдэж, шалгаагүй орон дээр унтах дургүй боловч энэ удаад шаардлагаа жаахан бууруулахаас даа хэмээн Шики эвлэрэнгүй хэлэх нь дуулдав.
Харав уу, Шики надад дургүй биш гэдэг нь баталгаатай бөгөөд би ч гэсэн тэрнийг үнэн голоосоо үзэн яддаггүй нь үнэн байлаа. Бидний хооронд Микияа байгаагүй бол бид хоёр сайн найз болох байсан гэж би үргэлж боддог юм. Шики над руу харж:
-Азака, одоо хаачих вэ? гэж асуугаад:
-Дотуур байр руу явах юм уу? хэмээн лавлав.
-Байгаа жаахан хугацаагаа өрөөндөө дэмий сууж өнгөрөөснөөс мөрдлөгөө үргэлжлүүлсэн нь дээр гэж би бодож байна. Явж 10г-н багштай уулзъя. Чи зүгээр намайг дагаад явахад л болно. Хэрэг явдал дуустал чи миний мөрч нохой болохоор тааралдсан бүхнээ наад Мэлмийгээрээ нэвт шувт шинжих хэрэгтэй.
-Тэр багшийг чинь Хаяама гэдэг билүү?
-Чи мэдээллээс хоцорч яваа юм байна. Хаяама-сан 11-р сард ажлаасаа гарсан. Одоо сургуулийн ганц эрэгтэй багш болох Курогири Сацүки 10г ангийг хариуцаж байгаа.
Би англи хэлний тэнхимийг чиглэн буцаад алхлаа. Шики дуулгавартай нь аргагүй надаас алхам ч хоцролгүй зэрэгцэв.
-Охидын сургуулийн эрэгтэй багш юм бий вий. Зарим охидод ямар нэг хориотой бодол хүсэл төрдөг л байх даа?
Би хариу хэлэхээсээ өмнө хэсэг азнав. Гэвч зарим талаараа Шикигийн зөв байлаа. Рейн сургуулийн зарчим ёсоор охид төгс төгөлдөр залуу авхай болж хүмүүжих ёстой бөгөөд эрэгтэй хүнийг саад тотгороос өөрцгүйд үзнэ. Сурагчдыг сургуулийн нутаг дэвсгэрээс гарахыг чандлан хорьдог гол шалтгаан нь өдий насны охид хөвгүүд уулзаж учирвал цээртэй бэлгийн харилцаа руу амархан хальтирч орно гэж үздэгт оршдог юм. Гэхдээ надад эрэгтэй багш ажилд авах нь энэ баримтлалаа зөрчиж байгаа хэрэг шиг санагддаг байлаа.
Би түр азнасны эцэст:
-Тиймэрхүү юм ч бий л дээ гэж хариулаад:
-Гэхдээ наад сэдэв чинь энд бол тэсрэх бөмбөг дүүрэн талбай дээр явж байгаагаас ялгаагүй аюултай болохоор аядсан нь дээр. Хаяама Хидэо дан ганц багшлах эрхтэй үгүй нь эргэлзээтэй байснаас ч биш, нэг удаа сурагчид бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн цуурхлаас болоод нэр хүнд муутай байсан юм хэмээн тайлбарлав.
-Юу? Тэгвэл тэр нөхөр чинь яагаад аль эрт эндээс зайлчихаагүй билээ? гэж Шики хөмсөг өргөн асуув.
-Гэлэнмаа нар болон захиралд нүдээ аниад өнгөрөөхөөс өөр арга байгаагүй юм. Учир нь... За байз, арай өөрөөр тайлбарлая л даа. Сургуулийн удирдах зөвлөлийн дарга Ожи овогтой юм. Гэхдээ тэр эхнэртэйгээ гэрлэхээс өмнө Хаяама гэдэг овогтой байсан байхгүй юу.
-Өө чааваас гэж Шики шивнээд:
-Даргын дүү байсан юм бий. Тэгвэл миний асуулт Хаяама яагаад халагдчихдаг билээ? гэж хувирах ёстой юм байна гэлээ. Би ойр орчимд хүн байхгүйг нягтлахын тулд хурдхан эргэн тойрноо шалган харсны эцэст санаа амарч, Шики рүү эргэв.
-Өнгөрсөн 11-р сард Токо-сангийн ажил дээр байснаа санаж байна уу? Би тэгэхэд сургууль дээр гал гарсан гэж хэлж байсан даа. Тэр үед зөвхөн 10в-ийн дотуур байр болон чанх доор нь байдаг өрөөнүүд л шатсан. Гэхдээ гал 10г-ийн хэсэгт эхэлж гарсан, бас Хаяама Хидэог түймэр тавьсан гэлцдэг юм. Мэдээж дарга дүүгээ өмгөөлсөн боловч Хаяама-сан тэр үед хэдийн алга болчихсон байсан. Зугтчихсан байх л даа.
Гал түймрийн тухай мэдээ сургуулийн хананаас цааш огт гараагүй юм. Сурагчдын эцэг эх, асран хамгаалагч гээд л олон хүн байдаг болохоор гал сөнөөгчдийг хахуульдаж амыг нь тагласан гэж би боддог байв. Нүдний цөцгий мэт хайрладаг охиныхоо сурдаг сургуулийн өндөр нэр сүрийг хэн ч гутаахыг хүсэхгүй шүү дээ. Тэдний хувьд энэ бүхэн арай ондоо төрлийн хандив төдийхөн байсан биз ээ.
Гэхдээ тэр галд... нэг хүн нас барсан билээ.
-Курогири гэгч чинь тэгвэл ямархуу хүн бэ? гэж Шики асуув.
-Хаяама-сангаас тэс өмнөө гэдгээс өөр түүний талаар хэлэх зүйл бараг алга даа. Сургууль дээр түүнд дургүй хүн гэж байдаггүй байх. Курогири-сан өнгөрсөн зун л ажилд орсон юм. Бас Хаяама-сан шиг татаас түлхээс ашиглаагүй. Гэхдээ захирал түүнийг авсандаа их баяртай байсан гэж би дуулсан юм байна. Миний сонссоноор бол захирал манайхаас аль эрт гарсан гэлэнмаа шиг унаган англи хэлтэй хэрнээ Японоор ярьдаг багштай болохыг хүсч байсан гэнэ лээ. Мэдээж тийм хүн ховор л доо. Харин Курогири-сан түүний шаардлагад нийцсэн хүн байгаа юм.
-Тэр чинь тэгвэл англи хэлний багш юм биз дээ?
Хачирхалтай нь Шики ярвайжээ. Магадгүй Японы гэсэн бүхнийг дээдэлдэг, Англитай хамаатай юм бүртэй харшилддаг байж болох юм.
-Тийм. Бас Франц, Герман хэлний багшийн гэрчилгээтэй. Одоо бүр Мандарин, өмнөд Америкийн хэлнүүдээс сурч байгаа. Курогири-санг хэлний цагаан солиот гэж хочилдог шалтгааныг ойлгож ядах юмгүй. Гэхдээ заримдаа энэнээс болоод түүнтэй хэл амаа ололцоход хэцүү байдгаа би хүлээх нь зүйтэй.
Бид явсаар англи хэлний тэнхимийн үүдэнд ирсэн тул би амаа хамхилаа. Рейний багш нар бичиг цаасны ажлаа багш нарын өрөөнд амжуулдаг боловч өөрсдийн тэнхимд хуваагдан суудаг билээ. Бидний ирчихээд байгаа өрөө англи хэлний багшид харъяалагддагийн зэрэгцээ Хаяама Хидэо нэгэн цагт энд суудаг байсан юм.
Би Шикид анзаарагдахгүйг хичээн болгоомжтойхон шиг уртаар амьсгаа аваад хаалгыг хоёр удаа зөөлөн тогшоод онгойлголоо.

Бид хоёрыг ороход өрөөний цаад үзүүрт англи хэлний багш ширээн дээрхи ажилдаа төвлөрөн цааш харан сууж байлаа. Курогири Сацүки бүрхэг тэнгэрийн цаанаас ёлтойх нарны үнсэн саарал гэрлийг гаднаас нэвтрүүлэн буй цонх руу харж суудаг ажээ. Сайн багш бүрийн адилаар тэр сандал, шүүгээ гээд л хаа сайгүй бичиг цаас овоолсон байв. Шургуулганаас нь хүртэл булталзах энэ их цаасныхаа учрыг зөвхөн өөрөө л олж чаддаг биз ээ.
-Курогири-сан, намайг Кокуто Азака гэдэг. Би 10а-д сурдаг юм. Захирал миний ямар хэргээр явж байгааг танд хэлсэн үү?
-Тийм ээ, хэлсэн гэж багш мөрөн дээгүүрээ харж толгой дохин хариулаад, сандлаа эргүүлэн бидний өөдөөс харж суулаа. Курогири Сацүкиг бидэн рүү эргэх үед Шикигийн уртаар амьсгаа авахыг би анан байж анзаарав. Би гайхсангүйгээр барахгүй үнэндээ бүр ингэхийг нь мэдэж байсан билээ. Би өөрөө ч багшийг анх харахдаа балмагдаж, Шики шиг үйлдэл гаргаж байсан юм.
-Аан Кокуто-сан. Тийм тийм, надад хэлсэн. Та хоёр суу л даа. Миний ойлгосноор би зарим нэг зүйлд тайлбар өгөх ёстой.
Түүний хоолой инээмсэглэлтэйгээ адил зөөлөн дулаан ажээ. Курогири хорин тав зургаатай гэмээр харагдана. Хэрэв үнэхээр тийм бол Рейний хамгийн залуу багш болох юм. Түүний даруухан төрх, хар хүрээтэй нүдний шилтэй нь хоршин мөн л бусдаас ялгарах юмгүй, энгийн төлөв харагддаг ажээ.
-10г ангийн талаар бичсэн тайлангийн маань талаар явна уу?
-Тийм ээ, багш аа. Бүр тодруулбал танай ангийн хоёр сурагч цаасны хутгаар нэг нэгнээ гэмтээх гэж оролдсон явдлын талаар таны бичсэн тайлан.
Миний хариултыг сонсоод Курогири-сан нүдээ онийлголоо. Харц нь надаас хаа хол орших ямар нэг зүйлийг хараачлах шиг болж, хормын төдийд гуниг, гашуудлаар дүүрээд ирэв.
-Тэр тал дээр илүү тус хүргэж чадахгүй нь харамсалтай. Би юу болсныг сайн санахгүй байгаа юм. Гэхдээ дурсамж минь хэдий бүдэг бадаг байгаа ч охид нэгнийгээ гэмтээхээс өмнө амжиж зогсоож чадаагүйгээ баттай мэдэж байна. Би тэр үед гарцаагүй тэдэнтэй хамт байсан. Гэвч үүнээс цаашхийг итгэлтэй хэлэх аргагүй гэж айж байна хэмээн өгүүлээд Курогири Сацүки нүдээ анив.
Яахаараа ийм адилхан байдаг байна аа? Өчүүхэн төдий ч шаардлага үгүй байхад өрөөлийн төлөө өөрийгөө зориулахад үргэлж бэлэн байх юм. Тэд хоёул хорхойд ч хор хүргэж чадахгүйтэйгээ адилаар хоёр сурагчийн үүсгэсэн аюултай нөхцөл байдалд гараа хумхиад суух хүмүүс яагаад ч биш байлаа.
Би ердөө л баттай болгох үүднээс:
-Та тэдний юунаас болж маргалдсаныг мэдэх үү? гэж асуувал Курогири Сацүки чимээгүйхэн толгой сэгсэрлээ.
-Сурагчдын яриагаар бол би тэднийг зогсоосон юм гэсэн. Гэвч би тийм зүйл болсныг ер санахгүй байна. Хүмүүс намайг мартамхай гэдэг боловч би анх удаагаа л ийм чухал зүйлийг мартаж байна. Охидын маргалдсан шалтгааных нь тухайд гэвэл надад мэдэх юм бас л юу ч алга. Надаас болсон байхыг ч болохгүй гэх газаргүй. Би чинь тэдэнтэй нэг өрөөнд байсан шүү дээ. Би өөрөө ч гэсэн намайг мөрдөж мөшгихөд энэ хангалттай шалтгаан болно гэж бодож байна.
Ийн хүүрнэх зуур Курогиригийн бодлогошронгуй төрх барайн хүрэнтэв. Би түүний оронд байсан бол бас л өөртөө эргэлзэх байсан биз ээ. Хэрэг болох үеэр яг дэргэд нь байсан атлаа ямар ч арга хэмжээ аваагүй, дээрээс нь юу ч санахгүй байгаа болохоор хэнд ч гэсэн сэжигтэй санагдах нь ойлгомжтой. Ийм байхад өөртөө эргэлзэж эхлэх нь аргагүй шүү дээ. Курогири Сацүки юу хийснээ мэдэхгүй. Ямар нэг аргагүй байдалд орсон байсан эсэхээ, хэр их хугацаа, хэр их дурсамжаа алдсанаа ч мэдэхгүй. Гэвч байдал өөрөөр байсныг юугаар ч нотолж чадахгүй үед өөрийгөө сэжиглэх нь зөв байж мэдэх ч, юу болсон талаар сэтгэлээ чилээх тусам гарах гарцгүй болж, амьдаараа хэмлүүлж дуусна гэсэн үг.
-Гэхдээ танай ангийн аль нэг сурагч тэр үеэр ангид байсан байж болох биш үү? Та бүгдээс нь асууж үзсэн үү?
-Үзэлгүй яах вэ. Гэвч охид тэр явдлыг ор тас мартахыг хүссэн мэт ус балгачихсан юм шиг л дуугүй байна. Дурсамж бол барьцгүй эд. Тийм болохоор тэдний дурсамжинд найдах аргагүй. Тэгээд ч би тэр хэрэгт чухам ямар холбоотой вэ гэдэг асуултын хариу одоо болтол олдоогүй байгаа шүү дээ. Ямартай ч, тэр талаар надаас яаж ч шалгаалаа гээд илүү юм олж мэдэж чадахгүй болов уу гэж би айж байна. Гэхдээ одоогийн байдлаар надад итгэх аргагүйг ойлгож байгаа ч, дахиад асуух зүйл байвал би хариулахдаа дуртай байх болно гээд багш түрүүчийнхээсээ хүч муутай инээмсэглэв. Би толгой дохилоо.
-За тэгвэл үргэлжлүүлье. Тэд юу болсон талаар ярилцахыг хүсэхгүй байна гэж та хэллээ. Шалтгаан нь юу байж болох вэ?
-Сайн мэдэхгүй юм. Тэд үргэлж нэг тийм түгшсэн гэмээр ч юм шиг байдаг. Бүр тэдний ангийг дааж авсан анхны өдөр хүртэл тийм байсан. Би 10г ангийг хариуцаад удаагүй болохоор ингэж хэлэх хүн нь биш байж мэдэх л юм. Гэхдээ тэд хэтэрхий гэмээр дуу чимээгүй байдаг.
-Тэд ямар нэг юмнаас айсан юм болов уу?
Ингэж асуух зуур миний толгойд охид нэг нэгнийхээ цусыг урсгаж байхад бусад нь яагаад болиулаагүй юм бол гэх бодол төрөв. Захидлыг зөвхөн тэр хоёрт биш бүгдэд нь илгээсэн юм болов уу? Ингэж тайлбарлаж болох л юм. Захидлыг ангийнхны хэн нь ч илгээсэн байж мэдэх учраас тэдний сэжиг хоёр охин дээр тогтсон байж магадгүй. Тэгээд л охид хоёр биенээ захидал илгээсэн хэмээн буруутгаж байхыг бусад нь ажиглаад сууж байсан байж болох юм. Гэвч Курогири-сангийн хариулт миний онолтой таарсангүй.
-Үгүй байх гэж тэр ихэд дэнслэн цэгнэхийнхээ хажуугаар сунжруулан хэлээд:
-Айдас биш байх гэлээ.
-Тэгвэл яасан байж таарах вэ?
-Тэднийг хаширласан... эсвэл болгоомжилсон гэвэл илүү дөхөх болов уу. Харин юунаас гэдгийг нь үнэхээр хэлж мэдэхгүй юм.
Би түүний хоолойн өнгө өөрчлөгдөхийг тогтоон авав. Багшийн санаагаар бол асуудал үргэлж анги дотор оршсоор ирсэн ба гаднаас нэвтрээ ч үгүй, гадагшаа задраа ч үгүй бололтой.
-Багш аа, танай ангийн сурагчидтай яаж холбогдох вэ?
Надад сурагчдыг шууд байцаахаас өөр арга үлдээгүй юм шиг санагдав. Дурсамж ор сураггүй мартагдсан явдал Токо-сангийн шидэт дагины хэтрүүлэгтэй онолыг санагдуулах тул би тэр талаар цуурч буй хүмүүстэй ярилцах хэрэгтэй байлаа.
-Холбоо барих шаардлагагүй ээ. Бүгдээрээ сургууль дээр байгаа болохоор хүсвэл одоо ч уулзсан болно.
Би багшийн хэлэхийг сонсоод үнэн сэтгэлээсээ гайхав. Бүгдээрээ сургууль дээр байгаа юм гэж үү? Тохиолдол уу, эсвэл өөр ямар нэг шалтгаан байна уу?
-Дараа болъё доо. Одоо надад өөр ажил байгаа юм. Таныг татгалзахгүй бол дараа дахин ирье. Шики явъя.
Шики сүүлийн хэдэн хувийн турш тэс өөр хүн шиг аяглан, таг дуугаа хураачихаад байсан юм. Би суудлаасаа өндийх зуураа түүний анхаарлыг өөр дээрээ татан, даган явахыг дохилоо. Курогири-сан Шики бид хоёрыг хоосон нүдээр ээлжлэн ширтэж байснаа эцэст нь харцаа түүн дээр тогтоов.
-Нөгөө, багш аа, би нэг зүйл... хэмээн намайг ярьж эхэлтэл Шики миний үгийг дуусгалгүй тасалж, Курогири-санг хариу хэлэхээс урьтан анх удаагаа ам нээлээ.
-Азака сая надтай ярьж байсан юм, багш аа. Намайг Шики гэдэг. Танилцахад тун таатай байна.
Гайхамшиг гэж энийг л хэлэх байх. Шики саяынх шиг ингэж эелдэг, хүндэтгэлтэйгээр ярихын тулд хүний хэрээс давсан хүчин чармайлт гаргаа биз ээ. Би түүний егөөдсөн үгүйг нь ялгаж ч чадсангүй. Шикигийн тухайд юуг ч тааварлан хэлэх аргагүй шүү дээ.
-Дуугүй байдал чинь анхаарал татаад. Намайг уучлаарай гэж багш хэлээд:
-Би чамайг урьд нь харж байгаагүй санагдах юм. 10-р анги уу? гэж асуув.
-Болж магадгүй л юм. Цаг хугацаа харуулах байх. Би сургуультай танилцах аялал хийж яваа юм л даа. Сэтгэлд нийцвэл шилжиж ирэх юм.
-Дүрэмт хувцас таалагдсан нь ойлгомжтой байна. Хурдан шийдвэрээ гаргаарай гэж Курогири-сан дахин толгой дохин өгүүлэв. Багш нүүрэндээ гэгээ цацруулан Шикиг уран баримал шинжиж буй урлаг судлаач аятай шимтэн ажиглах аж.
Гэтэл хаалга зөөлөн тогших нь дуулдаж, тэдний ярианд саад учрав. Төдөлгүй үүдний цаанаас хэн нэгний бүгтхэн хоолой сонстлоо.
-Орж болох уу?
Хаалга үл мэдэг чахран нээгдэж, дээд ангийн охин орж ирэв. Тэр хүрэн нүдээрээ өрөөг хүйтнээр тойруулан харж, Курогири-сангийн арын цонхоор сэвэлзэх зөөлөн салхи нурууг нь даган унжсан хар үсийг илбэн хийсгэв. Рейнд хэзээний л хөөрхөн охид сурдаг боловч энд хүртэл энэ охин гоцгойрдог юм. Би түүнийг мэддэг байлаа. Сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн даргыг би яаж мартах билээ. Тэр үргэлж өндрөөс харж буй мэт санагдахын зэрэгцээ урт нарийхан хөмсөг нь түүнд захирангуй төрхийг бий болгодог байв.
-Аа Ожи-сан ирээ юу? Цаг болчихоо юу? гэж Курогири-сан Ожи Мисаяад хандан хэлэв.
-Тийм. Товлосон цаг аль хэдийн өнгөрчихөөд байна гэж цаадах нь итгэлтэй хариулаад:
-Та 1 цагт сурагчдын зөвлөлийн өрөөнд очих ёстой байсан. Цаг хугацаа мөнх бус. Тийм болохоор бид цагийг чадах чинээгээрээ үр бүтээлтэй өнгөрүүлэх ёстой. Үгүй гэж үү? хэмээн нүдээ ч цавчилгүйгээр багшид зэм хүртээв. Охин өөр хэний ч дуурайж үл чадах онцгой эрхэмсэг байдлаар биеэ авч явах ба үүгээрээ сурагчдын зөвлөлийг зангидсан гар шиг атгадаг байлаа. Намайг шилжиж ирэх үед Ожи Мисаяа хэдийн сурагчдын зөвлөлийн дарга болсон байсны дээр Фүжиногийн хэлснээр гэлэнмаа нар хүртэл түүнд халдаж чаддаггүй байжээ. Бас цуу яриа үнэн бол түүнтэй нэг овог хуваалцдаг сургуулийн удирдах зөвлөлийн дарга ч түүнд ойртдоггүй аж.
Гэхдээ тэдний гэр бүлийн нөхцөл байдлыг авч үзвэл ийм байхаас аргагүй юм. Удирдах зөвлөлийн дарга Ожи овогтныд хүргэн орсон тул хүндэт гэр бүлийн хоёр дахь охин Ожи Мисаяагаас нэр нөлөөгөөрөө тэнгэр газар шиг ялгаатай байх нь ойлгомжтой. Ожи бол маш баян, эртний удамтай гэр бүл бөгөөд тэдний нэр овог ганц нэгээр тогтохгүй гудамж талбай, байшин барилгын дээр заларч байдаг. Энэ айлынхан эмэгтэй хүүхэд өргөж авдаг хачин зуршилтайн дээр охидынхоо гэрлэлтийг урьдчилан төлөвлөж, хамгийн шилдэг гэсэн хүргэдийг сонгон гэрийнхээ босгыг давуулдаг байв. Ожигийн охидтой гэрлэсэн эр эхнэрийнхээ овгийг авах ёстой. Харин охид мөнгөний хаант улсыг залгамжлах няцашгүй хүсэл зорилготой нэгэн болж хүмүүжсэн байдаг юм. Үүнээс болоод Ожи Мисаяагийн зүрх төмөр болсон байлаа. Гэвч тэр бурангуй дарлагч байсангүй. Үнэндээ шударга ёсыг машид баримтлан сахьдаг ба сургуулийн дүрэм зөрчсөн хүмүүст өршөөл үзүүлдэггүй боловч бусдынх нь хувьд үлгэр дуурайл нь болж, эгч шиг нь халамжилдаг байв. Бүр христийн үнэнч шүтлэгтэн тул ням гариг бүрийн сүмийн цуглааныг алгасч үзээгүй билээ.
-Ожи-сан ердийнхөөрөө хатуу байх шив. Цаг хугацаа, мөнх мөнх бусыг арай уян хатнаар харах нь ухаалаг хэрэг байж мэдэх юм шүү хэмээгээд багш инээмсэглэн босч, сандлаасаа холдлоо. Ожи Мисаяа багшийн хөдөлгөөн бүрийг илтэд тэсгэл алдан харах аж. Дэг журмыг ягштал баримталдаг Ожи шиг хүний хувьд Курогири-сангийн тайван хөдөлгөөн зэвүүцлийг нь барж байгаа нь гарцаагүй юм.
Гэтэл Ожи Мисаяа миний зүг харц чулуудсанаа дараа нь Шикиг хараад хэн гэдгийг нь таньж чадаагүйгээс, дээрээс нь биднийг байна гэж санаагүй тул эргэлзсэн төрхтэй болж, хөмсгөө өргөв. Бидний энд байгаа нь түүнд саад болж буйг ухаармагцаа би азаа үзэх хэрэггүй, явсан нь дээр гэсний дохио болгож Шикигийн гарнаас чангаалаа. Би үүд рүү хандах зуураа:
-Явъя гэж шивнэв. Курогири-сан бидэнд хаалга нээж өгөхөд би хурдхан толгой бөхийн өршөөл хүслээ.
-Үгүй дээ гэж багш яаран хэлээд:
-Үүнээс илүү тус болж чадаагүйд харин намайг уучлаарай. Та хоёр өвлийн амралтаа сайхан өнгөрүүлээрэй гээд салах ёс болгон сүүлийн удаа инээмсэглэв.
-Эрхэм ээ, та үргэлж ингэж гунигтай инээмсэглэдэг үү?
Би яаран эргэж, Шики Курогири-сангаас ийн асуухыг нь харав. Тэр хариуд нь гайхсан гэхээс илүү ингэж хэлэхийг нь урьдаас мэдэж байсан аятай болж, толгой дохилоо.
-Би ер инээмсэглээгүй шүү дээ.
Гэвч багшийн царайн дээр цахилгаан цахих шиг хурдан үзэгдээд өнгөрсөн нүүрний хувирал эсрэгээр хэлж байвай.

Англи хэлний тэнхимээс гараад Шики бид хоёр дотуур байр руу буцах замдаа оров. Бид талбай дундуур өнгөрлөө. Рейн охидын сургуулийн цогцолбор их сургууль шиг нүсэр, байшингууд нь дэндүү гэмээр хол зайтай. Сурагчдын хөлийн тэнхээг шалгах гэсэн мэт дунд сургууль, ахлах сургууль, биеийн тамирын заал, дотуур байр бүгд тусдаа байрлана. Ялангуяа хичээлийн байрнаас дотуур байр хүрэх зам бүр ч хол бөгөөд ой дундуур явах хэрэг гардаг байв. Азаар ойд зам тавьсан тул төөрөхгүйн зэрэгцээ сургуулийнхаа гуталтай явж болдог байлаа.
Талбай өнгөрөөд бид дотуур байранд аваачих эл замаар орж алхлаа. Бидний алхаа дуулдахтай үгүйтэй. Би Шики рүү нүднийхээ булангаар хяламхийвэл тэр нэг л... хачин харагдав. Ердийнхөөсөө илүү гэсэн үг л дээ. Ямар нэг зүйл сэтгэлийг нь зовоогоод байгаа ч юм шиг. Учрыг нь би мэдэх юм шиг санагдав.
-Курогири-сан Микияа хоёр адилхан харагдаж байгаад гайхав уу? гэж би шуудхан асуугаад тавьчихав.
-Тэглээ гэж Шики хүлцэнгүй гэгч нь толгой дохин хэлээд:
-Гэхдээ Микияагаас арай царайлаг юм гэлээ.
-Магадгүй л юм. Багшаас ямар нэг сэжигтэй юм олж харсангүй шүү.
Яахын аргагүй бид адилхан бодож гээч. Курогири Сацүки анх харахад ахтай минь гадна төрхөөрөө ч, бусдад төрүүлэх сэтгэгдлээрээ ч адилхан байсан болохоор нь би Шики шиг л мэл гайхаж байсан юм. Гэхдээ насны зөрүүнээс болоод багш бүгдийг байгаагаар нь хүлээж авах чадвараараа Микияагаас илүү байлаа. Эргэн тойрныхоо хүмүүстэй ямар ч холбоогүй мэт мэдэрдэг Шики бид хоёр шиг хүн тийм хүмүүстэй уулзахаараа үргэлж нэг төрлийн цочролд ордог билээ.
Курогири Сацүкиг харах бүрт би хэзээ ч Микияа шиг жирийн нэгэн байж чадахгүй гэх тэвчмээргүй үнэн санаанд орно. Би хэзээ үүнийг ойлгосноо санадаггүй ч, тэр тухай олж мэдэх үедээ уйлж байснаа мартдаггүй юм. Бага насны улирч бүдгэрсэн дурсамжинд минь би ахтайгаа нэг дээвэр доор амьдрах тусам улам ч ихээр хайрлан дурлахаа, өөрийн оршихуйн гажуудлыг ойлгосон нэг хэсэг хадаатай бий. Ах дүүс хэзээ ч иймэрхүү юм бодох ёсгүй. Мэдээж би үүнийг мэдэж байсан. Гэхдээ огтхон ч харамсахгүй байв. Харамсах ёстой зүйл байдаг бол тэр чухал мөчийг санахгүй байгаа минь л байлаа.
-Гэхдээ л хичнээн адилхан харагдаж байлаа ч тэр Кокуто Микияа биш, Курогири Сацүки гэдэг хүн. Хольж хутгах хэрэггүй шүү гэж би Шикид анхааруулав. Би түүний царайг харж чадахгүй ч надтай ижилхэн зүйл бодож байгааг нь мэдэж байв. Гэтэл Шики зөвшөөрөхийн оронд хөмсөг зангидан:
-Тэд ижилхэн харагддаг биш, харин... гэж бувтналаа. Гэвч тэрний үг дундаасаа замхран алга болов. Шики зогтусаж, биднийг хүрээлсэн ойн гүн рүү ширтжээ.
-Азака, ойд нэг юм байна. Модон байшин юм уу даа. Юу юм бэ?
-Аа, тэр үү? Дунд ангийн хичээлийн байр байсан юм. Ашиглаагүй их удаж байгаа. Энэ өвлийн амралтаар нураана гэсэн. Яагаад асуух болов?
-Шалгах хэрэгтэй байна. Би нэг юм харах шиг боллоо. Надгүйгээр явж бай гэчихээд Шики дүрэмт хувцсаа сэржигнүүлэн нүд ирмэх зуур ой руу гүйгээд орчихов.
-Шики, хүлээгээч. Чи ганцаараа явахгүй гэж амласан шүү дээ гэж би түүний хойноос хашхирсан ч нэмэр болохгүйг ойлголоо. Тэр дэндүү зоргоороо болохоор араас нь дуудаад зогсоож чадвал гайхамшиг болох биз ээ. Чингээд би Шикигийн араас нэг ч алхаж амжаагүй байтал ард нэг хүн:
-Кокуто Азака хэмээн дуудах нь сонстож, намайг саатууллаа.


Last edited by zolushka_717 on Jul.05.17 1:36 am, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Jul.05.17 9:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.05.17 10:56 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
mmiracle wrote:
Баярлалаа :wd: :wd:

Гүй мөн урамтай уншигч шүү. Оруулаа л бол хэдэн цагийн дараа заавал гоё урмын үг бичдэг, бас санаа бодлоо хуваалцдаг. Баярлажаагаад баярлаж явдаг шүү хэхэ


Top
   
PostPosted: Jul.06.17 2:05 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 13969
Location: Düsseldorf, Germany
1 r dewter ni bnu? ehnii page dr bga linker orohor bolku een!

goi yumnas hotsorzon bhin say l harloo!

nom oruulj bgad bayarlalaa!

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.06.17 2:57 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
I дэвтэр
https://www.dropbox.com/s/gwqwahovhcem4 ... .epub?dl=0


Top
   
PostPosted: Jul.06.17 9:45 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 13969
Location: Düsseldorf, Germany
bayarlalaa :)

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.07.17 12:37 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
1.

1-р сарын 2-ны орой Токо утастаад:
-Чамд өгөх шинэ ажил байна, Шики гэж хэлсэн юм. Энэ удаагийнх түүний өмнө даалгаж байсан ажлуудаас тэс өөр байлаа. Азакагийн сурдаг Рейн охидын сургуульд хачирхалтай явдал тохиолдоод байгаа аж. Гэвч хэргийн эзнийг олж илрүүлэх даалгавар миний сэтгэлийг ер догдлуулсангүй.
Риоги Шики би хэдэн сарын өмнө хүний амь хороох боломж гарч магадгүй гэсэн амлалтанд нь найдан Аозаки Токотой нэгдсэн. Гэтэл энэ ажлын байж байгааг. Зорилгод минь дөхөж очих нь бүү хэл бүр холдоод явчихлаа. Сонирхол ч татахгүй байхад сэтгэл ханах талаар яриад ч яах вэ. Гэвч ингэж хүсэхийн хажуугаар Токогийн амлалт өгсөн өгөөгүйгээс үл хамааран би хараахан хүний амь тасалж амжаагүй байгаагаа сайн мэдэж байв.
Өө нээрэн, харах төдийгөөрөө эд юмсыг сүйтгэж чаддаг охинтой таарсан тохиолдол бий шүү. Гэхдээ төгсгөл нь миний санасан шиг болоогүй. Цус үзэх гэсэн шунал хүсэл минь урьд өмнөхөөс илүүтэйгээр буцлан оргилсон ч би эцсийн мөчид түүнийг алж чадаагүй. Тухайн мөч дэх түүний онцгой нөхцөл байдлаас болсон юм биш л дээ. Бидний тулаан гайхалтай байснаас тэр. Хамгийн шилдэг нь. Хүссэн ч хүсээгүй ч үүнийг бол хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
Гэвч сүүлийн үед түүнтэй төстэй зүйл үзэж туулах боломж ер тохиогоогүй болохоор миний урам зориг бөхөж, өлсгөлөн минь намайг хатуу савартаа тас базчихаад байсан юм. Тэгээд л би энэ гунигийн ажлыг хүлээн авсан хэрэг. Дээрээс нь надад хийчихмээр зүйл байсангүй. Миний харснаар гэртээ илжиртлээ унтах, Рейн охидын сургууль дээрх Азакагийн өрөөнд илжиртлээ унтах хоёр ялгаагүй байлаа. Ядаж л Рейн сургууль дээр гарч орж, нааш цааш хөдлөх боломж нь арай илүү юм даа. Ингээд л би дотуур байртай дотор давчдам охидын сургууль дээр 3-р улирлаас шилжин ирэхээр танилцах аялал хийж яваа сурагчийн дүр эсгэн, Азакагийн харж үл чадах шидэт дагинуудыг хайж олохоор яваа минь энэ билээ.

Би ойн захыг өнгөрөөд хурдаа сааруулж, Азакаг хойноос дагаагүйг ойлгомогцоо тайвнаар алхаж эхлэв. Хаашаа л харна зүү орох зайгүй битүү шигсэн ногоон навч сүүдэрлэн бараантаж, миний очих гэж яваа сургуулийн модон байшин ойн гүнд өтгөн моддын цаана далдлагдан, дөнгөж үзэгдэх төдий байлаа. Тэнгэр бүрхэг байгаагаас болсон ч юм уу, эсвэл өөр үл мэдэгдэх шалтгааны улмаас модны завсраар шагайх нарны туяа манан шиг сааралтана.
Рейн охидын сургуулийн барилгууд хоорондоо дэндүү зайтай тул хүн явдаггүй газрынх нь модны навч арчилгаа тордолгоогүйгээс болоод цаг хугацааны эрхэнд зүг чиггүй далбайн ургажээ. Сургуулийн нутаг дэвсгэрийн ихэнхийг хоосон талбай, эцэс төгсгөлгүй үргэлжлэх ой мод эзэлнэ. Сургуулийн хажууд ой байдаг биш ойн хаа нэгтээ сургууль бий гэсэн ч буруудахааргүй.
Газар хөглөрөх навчны шүүсэнд чийгтсэн шороо гутланд наалдаж, болсон жимсний танил, таатай нялуун үнэр хамар цоргино. Энэ бүхэн модон дээрхи шавьжны дуутай хоршин, миний ухаан санаа мансууран төөрч байлаа.
Энд бүх юм танил дотно, ая тухтай. Цаг хугацаа удаанаар урагшилж, бодит ертөнцөөс тасарсан мэт санагдана. Би бүхэл байшинг өөрийн ертөнц болгон хувиргасан шидтэнг, бас нийгмээс тусгаарлагдсан гэрээ нэхэн саналаа. Тэд хоёул жирийн ертөнцөөс бат бөх хана хэрмээр зааглагдсан байж билээ. Рейн сургууль тэднээс ялгаагүй ажээ.
Удалгүй би хичээлийн байранд тулж ирлээ. Ойролцоох өндөр моддыг тайрч, гадна орчныг нь чөлөөлжээ. Модоор хийснийг нь тооцохгүй байлаа ч барилга хуучны хийц маягтай аж. Байшин гүн нойронд автсан араатан шиг, эсвэл үхлээ хүлээн хэвтэрт буй хүн шиг ойн цоорхойн тэг дунд амьсгаагүй дүнхийнэ. Эргэн тойрныг нь битүү хучсан зүлгэнд хөлийн чимээ намсан дарагдаж, би өвсөн дээгүүр яаран туучсаар нам гүмийг сандаалгүйгээр байшин руу оров.
Хичээлийн байр гаднах шигээ яадгаа алдчихаагүй байлаа. Гэхдээ Азака дунд сургуулийн сурагчдын байр гэж тайлбарласнаас болсон ч юм уу, харагдсанаасаа жижигхэн ч юм шиг санагдав. Модон шалан дээр гишгэх бүр хяхнах чимээ гарч, эзгүй хонгил руу цуурайтсанаа намсаж, үхсэн мэт нам гүмд гаднаас тодхон сонстох шавжны дуутай холилдон замхарна.
Цааш явах зуур миний бодол санаа түрүүн Азакагийн танилцуулсан Курогири Сацүки гэгч багш руу шилжив. Азака түүнийг Микияатай адилхан харагддаг гэж хэлсэн, тэр нь ч зөв. Гэхдээ үүнд тийм онц гойд зүйл үгүй. Адилхан хүмүүс алийг тэр гэх вэ. Гэвч бусдад төрүүлэх сэтгэгдэл нь хүртэл адилхан байгаа нь эвгүй байлаа. Гэвч тэдний хооронд ямар нэг илэрхий, маш том нэгэн ялгаа байгааг би мэдэрсэн ч, одоохондоо хэлэх цаг нь болоогүй байв. Сүүлийн үед надад ийм мэдрэмж төрөх болсон байлаа. Мэдэх биш харин мэдрэнэ. Гэхдээ хүн болгон л ингэдэг.
Хагас жилийн өмнө ухаан орохдоо би мэдэх мэдэхгүйн хооронд, миний дотор аливаа бүхнийг урьд нь туулж өнгөрсөн ч юм шиг, эсвэл бүр цоо шинэ зүйл үзэж байгаа ч юм шиг мэдрэмж зэрэгцэн оршиж байлаа. Гэвч би сүүлийн хэдэн сард Шикигийн ч мэддэггүй байсан цоо шинэ зүйлсийг үзэж туулсан. Хэдийгээр биднийг зааглах хязгаар бүдэгхэн зураас төдийхөн боловч ослын өмнөх Шики, комоос сэргэсэн Шики хоёр хичнээн их ялгаатайг би хэзээ хэзээнээс илүүтэйгээр мэдэрч байлаа. Токогийн хэлж байсан сэтгэл дэх хоосон зай минь шинэ дурсамж, үйл явдал, бага сага сэтгэлийн хөдөлгөөнөөр зугуухан нөхөгдөх болжээ. Амьдралыг бүрэн гүйцэд мэдэрдэггүй минь хэвээр боловч анх сэрэх үеийн минь ганцаардал хоосрол бүрмөсөн үгүй болсон. Тиймээс магадгүй, ердөө л магадгүй, хэзээ нэгэн өдөр сэтгэлийн минь хоосрол бүтэн болж дүүрэх цагт би жирийн байх гэсэн биелэшгүй мөрөөдөлдөө хүрэх боломжтой болж мэдэх юм.
-Бид хоёрын бяцхан мөрөөдөл. Тийм биз дээ ШИКИ? гэж би шивнэн асуув. Гэсэн ч сэтгэлийнхээ гүнд би хариулах хүн үгүйг мэдэж байлаа. Гэтэл үл үзэгдэх хаа нэгэн газраас хэн нэгэн хариу хэлэх нь тэр.
-Тэнэг хүн л ийм юм мөрөөднө дөө.
Шивнээ төдий аяархан хоолой хонгилоор дамжин цуурайтаж, шавьжны дуутай уусан одлоо. Гэтэл шилэн хүзүү рүү минь нэг юм часхийтэл хатгачихав.
-Хараал ид гэж.
Би бодлоосоо ангижирч, сэхээ оров. Хүзүү рүүгээ яаран гар сунгавал гарцаагүй ...ямар нэг зүйл баригдах нь тэр. Гарнаас минь үл ялиг том хэмжээтэй хүн дүрстэй юм мэдрэгдэж, би олон юм бодолгүй шуудхан бяцалж орхив. Энэ мөчид утас шиг нарийхан хоолойгоор чарлах дуу гарч, би гараа суга татан харлаа.
Гар дээр минь цагаан өнгөтэй хачин шингэн л үлджээ. Шингэн өтгөн, наалдамхай бөгөөд хуруун завсраар урсан, шалан дээр дусагнана. Ийм л юм үлдлээ гэж үү? Гэнэт миний толгойд Токо, Азака хоёрын шидэт дагины тухай яриа харван орж ирэв. Би энд байх хугацаандаа шидэт дагинатай төстэй юм огт хараагүйн зэрэгцээ гарт минь наалдсан зүйл түүнийх мөн эсэхийг хэлж мэдэхгүй байв. Би шингэнийг арилгахын тулд гараа сэгсэрч:
-Заваан юм гэж дуу алдлаа. Түрүүхэн наалдамхай байсан зүйл арьсан дээрээс минь төвөггүй гулсан арилах нь хачирхалтай. Хэдэн хормын дараа би шингэнтэй зууралдаад завгүй байх хойгуур эргэн тойрон үхсэн мэт аниргүй болсныг анзаарав. Шавьжнууд ч чимээгүй болжээ. Гэхдээ яг шавьж мөн үү? Миний устгасан юм үнэхээр шидэт дагина байсан бол ганцаараа явахгүй нь лав. Ийм амархан үгүй болчихдог зүйл шидтэнд олигтой тус болохгүй шүү дээ. Тиймээс сүргээрээ явах ёстой. Миний шавьж гэж бодсон зүйл үнэндээ шидэт дагина байсан байж болох юм. Харин хамсаатныг нь огтхон ч эргэлзэлгүй устгаж орхихыг хараад эзэн нь бушуухан ухрахаар шийдсэн байх.
Юутай ч байшингаас ямар нэг юм олох хөг нь өнгөрөө биз ээ. Би Азакаг үлдээсэн газар руугаа буцахаар ирсэн замаараа орж алхав. Удсан ч үгүй түүнийг олж харлаа.
Азака надаас үл ялиг намхан нуруутай, бүсэлхийгээ шүргэсэн үстэй. Түрүүний уулзсан Ожи гэгч охин хатан хаан шиг биеэ авч явдаг бол Азакаг гүнжтэй зүйрлэж болох юм. Гэхдээ илжиг шиг зөрүүд гүнж шүү. Би модноос гарч Азакагийн дэргэд очлоо. Охин энэ мөчид л намайг олж үзжээ.
-Зөрүүдлэх гээ юм биз дээ, Шики? гэж тэр яагаад ч юм алмайрсан шинжтэй асуув.
-Юун зөрөх?
-Тэнэг ээ, тийшээ явахыг чинь хэлж байна хэмээгээд Азака миний дөнгөж оччихоод ирсэн ойн хуучин байшин руу толгойгоороо зангав. Бид хоёул нэг нэгнээ мэгдэн ширтэж, хэдэн хором өнгөрсний эцэст би юу болсныг ойлголоо.
-Азака, чи цаг хэд болж байгааг мэдэж байна уу? гэж би асуув.
-Өдрийн хоё... гэснээ тэр үгээ дуусгалгүй чимээгүй болов. Би учрыг нь мэдэж байлаа. Хэдийн гурван цаг болчихсон байсан юм.
-Би чамайг бүтэн цагийн турш намайг хүлээгээд тэвчээртэй нь аргагүй зогсож байх юм гэж санасангүй. Саяын нэг цагийн хугацаанд юу болсныг чи санаж байгаа бол ч асуудал алга л даа. Гэхдээ... гээд би үгээ таслав. Азака хариу хэлэхийн оронд урууландаа гараа наан зогсож байснаа юу болсныг сая л ойлгосон мэт чичирч гарлаа. Тэр дэмий гөлийж орхиод, гайхаж цочирдсоноо нуух гэж огтхон ч оролдсонгүй. Харин би Азакаг миний араас дуудсанаасаа авахуулаад намайг эргэж ирэх хүртэл юу ч санахгүй байгааг нь ойлгосон байлаа.
-Шики, би арай...
Азака толгойноосоо хөлийн хуруу хүртлээ салганан чичрэх ажээ. Гэвч айсандаа биш уурлаж хилэгнэсэндээ байж ядаж байгааг нь би ойлгож эхлээд байв. Хэн нэгэн зөвшөөрөл авалгүйгээр өөрт нь ямар нэг зүйл хийсэн гэж бодохоос Азака тэвчээр алдан, дэлбэрэх шахаж байгаа бололтой.
-Надад заавал хэлэх шаардлага байхгүй ч байж магадгүй л дээ гээд би:
-Гэхдээ шидэт дагина чамайг чадчихаж. Дурсамжийг чинь ч авчихаа байлгүй хэмээн Азакагийн хэлж чадахгүй байгаа зүйлийг өмнөөс нь хэлээд тавьчихав.
Намайг үгээ хэлж дуусаагүй шахам байхад Азака минчийтлээ улайв. Тэр туршлагагүй шидтэний зан гаргаж, болгоомжгүй аашилснаа ойлгосон тул ичингүйрсэндээ болоод ичих ёстой юу уурлах ёстой юу гэдгээ ч мэдэхээ байсан бололтой. Азака ихэнхи үед хянуур, тайван байдаг. Тиймдээ ч ихэд хичээл зүтгэл гарган байж бий болгосон дүр төрхнөөсөө ондоо авирлаж, бусадтай адил тэсэрч дэлбэрдэг гэдгээ хүмүүст мэдэгдэхийг үзэн яддаг билээ. Азака хоолойгоо засаад:
-Дотуур байр руу явцгаая. Өөрсдийн гэсэн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй юм шиг байна гэлээ. Түүний хоолой цухалдуу, алхаа нь шалмаг, шийдмэг байлаа. Би Азакагийн араас ширтэх зуураа өөрийг нь биширч байгаагаа хэлбэл яадаг бол хэмээн гайхширч байтал:
-Шики явах юм уу, үгүй юм уу? гэж Азака хашхирах нь халаг хэлэв. Надад бодох цаг үгүй бололтой. Би бушуухан түүнийг гүйцэж очоод, алхаа нийлүүллээ.


Last edited by zolushka_717 on Jul.07.17 12:37 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.07.17 4:36 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
2.

Дотуур байранд ирээд Азака бид хоёр 10г ангийн ганц нэг сурагчтай уулзлаа. Энэ зуур гадаа харанхуй болж, хэдийгээр өвлийн амралтын цаг боловч дүрэм журам үйлчилсээр байгаа нь илэрхий байсан тул бид өрөө рүүгээ буцах хэрэгтэй болов.
Оройн зургаан цагаас хойш сурагчид сурдаг ангид нь хуваарилсан дотуур байр, угаалгын өрөө, 1-р давхрын давтлагын танхим руу ирж очихоос өөр хаашаа ч явж болдоггүй аж. Ахлах ангидаа шилжиж ирсэн дүрэм журамд бүрэн дасан зохицож амжаагүй зарим сурагч найз нартайгаа уулзахаар өөр ангийн хэсэг рүү нууцаар шургалах оролдлого хийдэг тул гэлэнмаа нар шөнийн цагаар хонгилыг харгалзана. Харин дунд ангиасаа Рейнд сурсан сурагчид учраа мэддэг болсон байдаг тул нэг бол гадагш гардаггүй, эсвэл гарсан байлаа ч гэлэнмаа нарын харуулдаж байгаа газрыг сайн мэдэхийн учир хүний нүдэнд өртдөггүй ажээ.
Ямар ч байсан Азака надад албархуу гэгч нь ингэж тайлбарлав. Гэвч надад энэ бүхэн огт падгүй тул би түүний яриаг нэг чихээрээ оруулан нөгөө чихээрээ гаргаж суув. Азака сандал дээрээ цомцойно. Бидний байгаа өрөө хавчиг боловч урт бөгөөд 10-р ангийнхан хоёулаа суудаг ажээ. Харин миний аз болоход Азакагийн өрөөний охин өвлийн амралт гээд гэртээ харьсан байв. Тасалгаанд хананд тулгаж тавьсан хоёр бичгийн ширээ, давхар ор байна. Ханан дахь номын тавиур болон шүүгээнд сурагчид хувийн эд зүйлсээ хадгална. Өрөө барилгатайгаа адил илтэд хуучин боловч амар тайван он цагийг элээсэн түүхийн нэгээхэн хэсэг, таатай, тухтай ажээ.
Өрөөндөө буцаж ирсэн даруйдаа Азака дүрэмт хувцсаа тайлж унтлагын хувцсаа өмссөн байв. Би ч гэсэн гэлэнмаагийн бариу өмсгөлөөс хурдхан ангижирмаар байвч солих хувцас авчраагүй байлаа. Хийчихмээр юм олдсонгүй тул би арга буюу орон дээр суугаад Азакагийн яриаг чагнаж байв.
-Оройн цагаар өрөөнөөсөө гарч болохгүй юм чинь өнөөдөртөө ингээд дуусгая. Ер нь бол бид өглөөний залбиралд оролцохын тулд таван цагт босдог боловч одоо өвлийн амралт болж байгаа болохоор зургаа хүртэл унтаж болно. Шики, сурагчид болон гэлэнмаа нарын хэн нь ч бидний 10г-н хэргийг мөрдөж байгааг мэдэхгүйг мартуузай. Тийм болохоор хэтэрхий хачин аяглахаас зайлсхийж, хоёр биендээ анхаарал татахгүйг тун их хичээж үзээрэй. Чамаас ялгаатай нь би энд үлдэх болохоор нэр хүндэд минь халтай элдэв төвөг үүсгэхгүй байхыг чамаас хичээнгүйлэн хүсэх байна гэж Азака хэлэв. Эдгээр үгсийг би өчигдөр орой бараг л үсгийн зөрөөгүй яг энэ чигээр нь олж дуулсан байлаа. Ямар ч шаардлага үгүй байхад түүний яагаад ингэтэл санаа зовоод байгааг би ер ойлгохгүй байв. Байдал Азакагийн хэлснээс яг эсрэг байлаа. Би энд ирснээсээ хойш уйдаж үхэх шахан, хуруугаа хөдөлгөхөөс ч дургүй хүрч байсан юм.
-Тайвширч үз. Би энд ердөө л чиний нүд болох гэж ирсэн болохоор хутгаа ч авч гараагүй. Бас дагинат шидтэнд ямар нэг өс өвөрлөөгүй болохоор учрыг нь олох гэж яарч барьсан юм алга. Харин чиний түргэн зан хөдөлж, тэрний хойноос улаан галзуу юм шиг элдэх вий гэхээс л санаа зовж байна.
-Чи ч гэсэн дэмий зовж дээ. Бид хэргийн эзнийг олох ёстойгоос биш устгах даалгавар аваагүйг би мэдэж байна. Мөрдөж илрүүлээд Токо-санд шилжүүлнэ. Үлдсэнийг нь Токо-сан хийнэ.
Азака ердийн тайван хоолойгоор хүүрнэж байвч түүний нүдэн дэх галын дөл өдрөөс хойш огт бөхсөнгүй. Шидэт дагинатай тохиолдсон явдлыг тэр хэтэрхий хүндээр тусган авсан болохоор цаг нь ирэх үед шанг нь хүртээхээс өөр бодол толгойд нь орж ирэхгүйг би сайн мэдэж байв.
-За за, ярьж байгаа шигээ байж чадах үгүйг чинь харж л байхаас даа гэж би арга мухардан өгүүллээ. Азака намайг цоо ширтэв.
-Шики, чи надаар тохуурхаад байгаа юм биш биз?
-Чиний хэлсэн шиг чи ч бас дэмий зовж дээ.
Түүний над руу ширтэх зэмлэнгүй харц Микияагийн сэрдсэн харцтай дэндүү адилхан байсан тул би өөрийн эрхгүй инээд алдаж орхив. Үүнээс болоод Азакагийн ааш бүр дордлоо.
-Хнн, за яах вэ, чамд намайг шүүх завшаан өгөхгүйн тулд би уурлахгүй гэдгээ амлачихъя. Одоо илүү чухал хэрэгтээ оръё хэмээх зуураа тэр хоолойгоо өөрчлөв.
-Өнөөдөр уулзсан хүмүүс дотор ямар нэг байдлаар хачин санагдсан хүн байна уу?
-Хачин гэнэ ээ? Үнэнийг хэлэхэд бүгд хачин байсан. Бидний уулзсан 10г-н сурагчдын бүгдийнх нь хүзүүнд юм наалдсан байсан.
-Чиний хэлснээс авч үзвэл тэр юм нь шидэт дагины цус байх нь.
Азака намайг тун их хэрэг болох (түүний хувьд бол судалгаа) дагуулыг үгүй хийж орхидог тэнэг гэж бодсон янзтай хөмсгөө байдгаар нь атирууллаа. Даанч түүний зөв учраас би энэ тал дээр маргаан өдүүлж чадсангүй.
-Цус гэхэд хэцүү. Эрвээхийн далавчны хайрс гэвэл арай дөхөж очно. Ердийн шингэн чанарын зүйл байсан бол хүмүүс анзаарчихалгүй яах вэ дээ. Өдрийн уулздаг нөгөө багш Курогирид ч бас тийм юм байсан. Тухайн үед би юу гэдгийг нь мэдээгүй ч одоо бодохнээ ижилхэн зүйл байж.
-Тийм юм бий. Гэхдээ байна аа, Шики, хэргийн эзэн яагаад бусдын дурсамжийг хулгайлаад байгаа юм бол оо?
-Надад ямар тэгэх шалтгаан байх биш, би яаж мэдэх юм.
-Чамаас асууж амаа гарзаддаг би тэнэг юм гэж Азака эгдүүцээд намайг тоохоо больж, цуглуулсан баримтуудаа нам дуугаар тоочиж эхлэв.
-12-р сард 10г ангийнхан өөрсдөө хүртэл мартсан нууцыг нь илчилсэн захиа хүлээн авсан. Тэр үеэс сургууль дээр хүнийг унтаж байх хойгуур дурсамжийг нь нууцаар хулгайлдаг шидэт дагины тухай цуурхал тарж эхэлсэн. Өвлийн амралт эхлэхийн өмнөхөн тэдний ангийн хоёр сурагч захидлаас болж маргалдан, цаасны хутгаар бие биенээ гэмтээсэн. Сурагчид тэднийг зогсоох гэж оролдоо ч үгүй. 1-р сар гарчихаад байхад хүртэл хэн ч тэр талаар ам нээхгүй байсаар, ангийн уур амьсгал тун түгшүүртэй, хувиршгүй байна.
Азака нүднийхээ булангаар над руу хутгаар чичих мэт хяламхийснээ яриагаа үргэлжлүүлэв.
-ТЭР нэг шидэт дагинатай тулгарсан. Харин би бүтэн цагийн ой санамжаа алдсан. Би юу хийж байсан юм бол оо? Юу ч хийсэн байж болно.
Тэгэхээр тайван, итгэлтэй Кокуто Азакад хүртэл мартах зовлон болдог байх нь.
Харин надад?
Гурван жилийн өмнө 10-р ангид байхад болсон явдлын дурсамж одоо болтол алаг цоог байсаар. Түмэн утга илэрхийлэх тэр цоорхойнуудаас болж би айж түгшин, янз бүрийн эргэлзээ, элдэв бусын таамаг төсөөлөлд автдаг ч тэдний аль нь ч эцсийн хариулт болж чаддаггүй билээ. Тухайн жил үл мэдэгдэх цуврал алуурчны үйлдсэн зэрлэг аллагуудаас болж хот тэр чигтээ айдас хүйдэст автаад байсан. Харин дурсамжинд минь үүссэн цоорхойнуудаас үзэхэд би тэр аллагуудыг... аллагуудад ямар нэг байдлаар холбоотой ч юм шиг. Гэвч үүнийг мэдэх хүн байдаг бол тэр нь ШИКИ буюу миний нөгөө хагас байх учиртай. Даанч ШИКИ үгүй болсон тул хэрэг явдлыг тодорхой болгох мэдээлэл түүнд байсан байлаа ч өөртэй нь цуг үүрд алга болсон билээ.
Хүлээгээрэй... Би яагаад өмнө нь бодсонгүй вэ?
ШИКИ үхсэнээс болж миний ой санамж арчигдсан юм бол... ослын өмнөх дурсамж яагаад алга болсон байдаг билээ? Тэр үед ШИКИ биш Шики хяналтыг гартаа авсан байсан шүү дээ. Дагинат шидтэн дурсамж хулгайлж чаддаг юм чинь мартагдсан ой санамжийг сэргээж чаддаг байж магадгүй биш үү? Гэвч Азака үүнийг яагаад ч дэмжихгүй. Тэгээд ч Азака тэдний жинхэнэ эсэхэд итгэдэг үгүй нь гол байсангүй, шидэт дагина оршин байгааг би өөрөө хүлцэж чадахгүй байлаа.
Байдал хаашаа ч хэлбийсэн бид хэргийн эзнийг олох л ёстой. Тэгээд ч Азака бид хоёрын орхигдуулчихаад байгаа бүхний учрыг тайлах ганц гогцоо нь юу ч байлаа гэсэн эл битүүмжлэгдсэн галзуугийн эмнэлгийн хана туурга бүрийн завсраар биднийг дуудан хашхирч байх шиг санагдаж, үнэнд дэндүү ойртож очсоноо би мэдэрч байлаа.
-Азака, хоёулаа ер нь яаж мартагдчихсан дурсамжийг мөрдөх болж байна аа? Энэ талаар чи бодож үзсэн үү?
-Хэлээд юүхэв. Чи бид хоёр ямар хүмүүсийг ховсдож, ухамсрыг нь нээн онгичиж чадах биш. Ингэхэд чи дурсамжийн дөрвөн алхмыг мэдэх үү?
-Тайлах, нөөцлөх, сэргээх, таних. Зөв биз? Дүрс хураагуур шиг. Бичигдсэн дүрсийг хальсанд буулгаж, тайлж, нөөцөлнө. Дахиад үзэхдээ дүрсийг эргэн дуудаж сэргээнэ. Хамгийн сүүлд сэргээгдсэн дүрсийг өмнөх дүрс мөн эсэхийг таньж баталгаажуулдаг. Аль нэг алхам буруутвал ой санамж гажуудна.
-Зөв. Хүн ямар нэг зүйл мартсан байлаа ч дурсамж тархинд нөөцлөөстэй байдаг. Тархины тайлсан бүхэн тархинд үлддэг юм. Сурагчид бүгдээрээ ой санамж алдах өвчин тусчихаагүй нь мэдээж. Тэгэхээр тэр шидэт дагина гээд байгаа зүйл ямар нэг зорилгоор хүүхдүүдийн дурсамжийг булааж аваад байна гэсэн үг.
Намайг Рейн рүү ирэхээс өмнө Токо хэргийн ард ямар нэг аймшигтай зорилго бий гэж сэжиглэж буйгаа надад аминчлан шивнэсэн боловч хулгайлагдсан дурсамжууд хэдийн мартагдсан байсны зэрэгцээ алга болсныг нь эзэд нь өөрсдөө ч анзаараагүй тул би Токотой санал нийлэхгүй байлаа. Үнэндээ бүр захидал илгээж байгаа нь хүмүүст мартагдсан дурсамжийг нь сануулж өгөөд дахин хэзээ ч бүү март гэж анхааруулж буй сайн санааны үйл ч юм шиг санагдана.
-Хэрэгтэн бусдын дурсамжнаас ямар нэг юм хайж байж болох юм. Мэдээлэл ч юм уу, өөрт нь хэрэгтэй ямар нэг нотолгоо ч юм уу гэсэн санал би гаргав. Азака үл мэдэг толгой дохиод сандлаа налж:
-Эсвэл зүгээр л хүний хэнд ч хэлэхийг хүсдэггүй дурсамжийг сануулж, бүгдэд зарлах дуртай хүн ч байж магад гэлээ.
-Юутай ч гэм хоргүй үйл лав биш. Багаар бодоход л санаатай халдлага. Тэр хүүхэд шиг юм гэж би хэлэв.
Шидэт дагина тэртэй тэргүй загас шиг гулгамтгай чанараараа хүүхэдтэй төстэй байхад надад толгойгоо гашилгаж суух хэрэг ер нь байна уу? Би энэ талаар дахин бодохгүйг хичээв. Би чинь ердөө л Азакагийн нүд. Нууцын мэдлэгээ ашиглан хариултыг олох ёстой хүн нь Азака болохоос би биш. Ингээд би орон дээр сууж байснаа больж, хэвтлээ. Азака тоомжиргүйхэн сууж байснаа гэнэт ичингүйрсэн өнгөөр:
-Шики, чи надад нэг юм хэлж өгөөч гэв.
-Чи шидэт дагиныг яаж харсан юм бэ?
Одоо болтол мартаагүй л байгаа юм байх даа?
-Яаж хардгаа би мэддэггүй. Би өөрөө ч нууц хараа чухам яаж ажилладгийг мэдэхгүй. Чамд ийм нүд байхгүй гэдгийг л мэдэж байна. Тийм болохоор чи мэдэрье гэвэл мэддэг шившлэгээ, хийж чаддаг Шидээ биежүүлэн агаарын урсгалаас дулаан ялгарч байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй. Зөв мэдэрч чадвал шидэт дагиныг барьж чадна.
-Дулаан юм бий вий? гээд Азака толгой дохиж, эрүүгээ тулан бодлогошров. Утгагүй сонсогдсон байж мэдэх ч би худлаа хэлээгүй байлаа. Шидэт дагина амьд амьтан мөн л бол гарцаагүй дулаан ялгаруулж таараа. Харин энэ нь Азакагийн ялалтын түлхүүр болох юм. Тэр ойр орчимд нь шидэт дагина байгааг мэдсэн даруйдаа хаана арай дулаан байгааг олж тогтоох хэрэгтэй. Тэр дулаан газар нь шидэт дагина нисч байна гэсэн үг.
Үүгээр бидний яриа өндөрлөж, Азака гэнэтийн өгөөмөр зан гарган унтлагын хувцаснаасаа зээлдүүлсэн нь надад жаахан томдов. Би давхар орны дээд талд нь гарч, унтахаар хажууллаа.


Last edited by zolushka_717 on Jul.07.17 4:36 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.08.17 3:54 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Ккк Шики хөөрхөн шд. Нээх гоё өөрийнхөөрөө. Ямар миний ажил биш миш гээл.

Баярлалаа :wd: :wd: (урмын үг маань нөлөөлдөг бол ашгүй дээ хаха би заримдаа өөрийгөө нээх ядаргаатай бдаг болов уу гэж боддог шд. Дандаа илүү дутуу олон юм бичдэг. Тэгж бодохоор зөвхөн баярлалаа гэж бичдийн хаха. ФБ-д Харри Поттерийн групп дээр нэг хүний постон доор энэ их зэвүүн гар аа гэж бичээд тэр группээс блоклуулсан хаха. Уул нь бол сэтгэл санаагаа хуваалцаж бгаа царай :oops: )

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.08.17 10:40 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
mmiracle wrote:
Ккк Шики хөөрхөн шд. Нээх гоё өөрийнхөөрөө. Ямар миний ажил биш миш гээл.

Баярлалаа :wd: :wd: (урмын үг маань нөлөөлдөг бол ашгүй дээ хаха би заримдаа өөрийгөө нээх ядаргаатай бдаг болов уу гэж боддог шд. Дандаа илүү дутуу олон юм бичдэг. Тэгж бодохоор зөвхөн баярлалаа гэж бичдийн хаха. ФБ-д Харри Поттерийн групп дээр нэг хүний постон доор энэ их зэвүүн гар аа гэж бичээд тэр группээс блоклуулсан хаха. Уул нь бол сэтгэл санаагаа хуваалцаж бгаа царай :oops: )

Санал бодлоо хуваалцаж байгаа уншигчийг би үнэн сэтгэлээсээ уншиж байна л гэж боддийшдээ. Би өөрөө ном уншихаараа аль болох бусадтай санал бодлоо солилцож, ярьж хөөрмөөр санагдаад хэл ам загатнаад байдаг болохоор. Тэр фэйс групп харин том алдаа хийж дээ


Top
   
PostPosted: Jul.08.17 10:33 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
Хоосролын тэмдэглэл III

1-р сарын 5. Мягмар гариг.
Би гучин хувийн турш хоолойгоо сөөтөл дуудсан боловч миний хүчин чармайлт талаар болж, Шики сэрсэнгүй. Шики нэг бол дуу чимээг ажралгүй унтаж чаддаг гайхалтай авьяастай, эс бол зүгээр л залхуурч байгаа хэрэг. Аль нь ч байсан би бууж өгөөд, долоо жаахан өнгөрөөгөөд 1-р давхрын давтлагын танхим руу ганцаараа буулаа.
Ихэнх үед давтлагын танхимд байнгын хэдэн сурагч (мэдээж би тэдний нэг) тогтмол байраа эзлэн хариуцлагатай нь аргагүй шалгалт шүүлгэндээ бэлдэж байдаг боловч амралт эхэлсэн тул өрөөний оршин суугчид гэртээ харьсан байлаа. Заримдаа танхимыг сурагчид зориулалтаас нь өөрөөр ашиглана. Хичээнгүйлэн ном шагайх мэриймтгий сурагчдын хөл мэдээж тасардаггүй боловч биеэ зөв авч яваагүй нэгэнд хатуухан зэм хүртээдэг Айнбах гэлэнмаагийн нүдэнд өртөхгүй гэж сэрэмжлэхийн хажуугаар номын тавиурын ардуур сэм шивнэлдэх хүүхдүүд байдаг юм. Тэдний номын тавиурыг халхавч болгон ашигладаг оновчтой арга миний хараанаас мултраагүйн дээр өглөөгүүр угийн хөл хөдөлгөөн багатай байдаг давтлагын танхим амралтын үеэр бүр ч хүнгүй болохыг тооцож үзээд би нууц уулзалтыг чухам энд хийх нь хамгийн тохиромжтой гэдгийг ойлгосон байлаа.
Тиймдээ ч би эл таатай завшааныг ашиглахаар шийдэж, 10г-н ангийн даргатай энд уулзахаар болсон юм. Шики бид хоёр өчигдөр тэдний ангийн хүүхдүүдээс ганц хоёр юм асууж шалгаасан боловч хэн нь ч тус болох хүсэлгүй байсны зэрэгцээ нэгэн хэвэнд цутгачихсан аятай ижилхэн зүйл ярьсан нь сэжигтэй байлаа. Нэг үгээр хэлбэл бид сурагчдын амнаас өлгөөд авчихмаар ганц ч үг унагаж чадаагүй гэсэн үг. Гэхдээ тэртэй тэргүй тэдний хувьд бид гадны хүмүүст тооцогдох тул нээлттэй хандана гэж би анхнаасаа хүлээгээгүй билээ. Тиймээс ч надад шууд дайрахаас өөр сонголт үлдээгүй байлаа. Харин үүний тулд өөрсдийн байр суурийг тодорхой болгож, 10г-н ангийн дарга Конно Фүмиотой уулзах нь хамгийн зөв байв.
Давтлагын танхимд миний бодсон ёсоор үзэгдэж харагдах хүн байсангүй. Танхим дэндүү том учраас халаах зуух байдаггүй юм. Тиймээс ч сургуулийн хамгийн хүйтэн цэлгэр танхимд орж ирмэгцээ би өвлийн жихүүн жаварт цохиулан тэрхэн зуур тулгамдан зогслоо. Гэтэл тасалгааны гүнээс:
-Кокуто, наашаа гэх тайван хоолой дуулдав. Тэр шивнэж хэлсэн боловч эль хуль, саруул танхим чанга яригчийн үүрэг гүйцэтгэх ажээ. Би мөр даран эгнэсэн номын тавиуруудыг нэг бүрчлэн харцаараа нэгжсэний эцэст хоёр тавиурын голоос Конно Фүмио толгойгоо цухуйлган намайг хүлээн зогсож байхыг харав. Би хурдхан хаалга хаагаад дотогш орлоо.
Конно Фүмио бид хоёр Рейн охидын ахлах сургуульд нэгэн зэрэг шилжиж ирснээрээ л ижил. Өөр нийтлэг зүйл бидэнд нэг ширхэг ч байсангүй. Жишээ нь тэр 165 см өндөртэй тул сургуулийн нуруулаг сурагчдын тоонд багтана. Харин миний өндөр дунджаас хэтрэхгүй. Тэр дайчин, цовоо сэргэлэн байхад би тайван. Тэр богино үстэй, харин минийх урт гэх мэт. Конно Фүмио насанд хүрсэн хүн шиг харагддагийн зэрэгцээ их сургуулийн оюутан аятай аяглана. Түүнээс гадна сургуулийн удирдлагын хүсэл шаардлагад нийцсэн охидоос ондоо байдлаар биеэ авч явдгаа өөрөө мэддэг бөгөөд үүнийгээ хэнээс ч нуудаггүй байлаа. Би түүний араар нь нуугдсан тавиуранд ойртох зуураа:
-Ийм эрт уулзъя гэсэнд уучлаарай гэж хэлээд анх уулзаж буйн илэрхийлэл болгон бөхийв. Намайг бөхийх хэдхэн хоромд тэр миний ёс гүйцээж буй явдалд ихэд гайхах нь мэдэгдэж, гараа элгэндээ эвхэх зуураа мэгдсэн янзтай хүндээр амьсгаадаж, харц бурууллаа.
-Аа, юу... мартаж үз дээ. Тэртэй тэргүй би ангийнхаа охидоос болоод олигтой унтаж чадахгүй байгаа юм. Тийм болохоор өөр зүйлд сатаарах нь зөв юм шиг санагдаж байна. Тэгээд надтай ямар чухал зүйлийн талаар ярих гэсэн юм дээ? Хаяамагийн тухай юу?
Би түүнийг ингэтэл шулуухан загнах юм гэж бодоогүй тул тэрүүхэн зуур самгардаж орхив.
-Айн? Юу гэсэн бэ?
-Аан, нээрэн гээд охин инээд алдан хэлээд:
-Чамайг өчигдөр хэний ч танихгүй нүд булаам хүний хамтаар ангийнхны маань хэл амыг сугалчих шахам явсныг сонссон гэх үү дээ. Тэгээд ч 10а-н ангийн дарга өөр юуны талаар надаас ганцаарчлан асуух вэ дээ гээд миний зүг сэрдэнгүй харц чулуудлаа. Миний эмээж байсан ёсоор бидний тухай яриа бодсоноос хурдан тарж орхижээ. Би түүний бяцхан айдсыг үргээхийн тулд Конно өөд эгц харж:
-Би Хаяама-сангийн талаар анхандаа нэг их юм бодоогүй ч миний алдаа болсон бололтой. Конно-сан би шууд ярья. Захирал надад 10г ангид болсон явдлыг мөрдөх даалгавар өгсөн юм. Тийм болохоор тэр талаар мэдэх зүйлээ надад хэлж өгвөл их сайн байна гэж хүсэв. Гэтэл гайхмаар нь миний хэлэхийг сонсоод өндөр охин барайгаад явчихлаа.
-Захирал өөрөө юу? Хөөх, нэр хүндтэй сурагч ч үнэхээр ондоо юм аа. Гэтэл надад тэр явдлыг мартсан чигээрээ хичээлдээ л анхаар гэж хэлсэн байдаг.
-Мартсан чигээрээ гэнэ ээ? Тэгвэл...
-Яг тийм. Курогири-сан бид хоёр ижилхэн гэсэн үг. Би хэргийн үеэр тэнд байсан ч, яаж ч чадаагүй. Тэгээд л тэр. Юу болсныг огт санахгүй байгаа. Харин дараа нь Кашима, Рүридо хоёрыг яагаад ч юм эмнэлэгт хүргэснийг санаж байна. Би тэднийг эргэх гэсэн боловч захирал тэднээс хэрэг явдлыг тодруулж дуусах хүртэл хүн оруулахыг хориглосон байсан юм.
Гэтэл энэ талаар ам нээсэндээ ичсэн мэт түүний духан дээгүүр хөлс дааварлаж эхэллээ. Үүнийг хараад надад бүр гүнзгий малтах хүсэл төрөв.
-Надад нэг таамаг байгаа юм л даа. Чамд ч гэсэн захидал ирсэн юм биш биз?
-Аа тэр үү? Минийхэд нөгөө хоёрынх шиг айхтар юм бичээгүй байсан. Харьцангуй гэм хоргүй гэсэн ч болох юм. Кашима, Рүридо нарыг оролцуулаад нэлээн хэдэн хүүхэд тийм захиа өдөр бүр авч байсан. Тэвчээр барагдмаар байгаа биз? Миний захианд зүгээр л дунд сургуульд байхдаа шохоорхдог байсан хүүхэдтэйгээ гэрийн зүг явдаг байсан тухай, эсвэл аль эрт үхсэн муурны минь талаар ч юм уу, тиймэрхүү л юм бичсэн байсан. Анхандаа захианууд надад цагийн гарз юм шиг санагдаж байсан ч, яваандаа бараг дуртай болж эхэлсэн гэж болно. Захиа миний ор тас мартах шахсан зүйлсийн талаар надад сануулж байсан болохоор тэр л дээ. Захидал илгээсэн хүн тэр талаар мэдэж байгаа нь жаахан айдас хүрэм байсан ч, үнэнийг хэлэхэд надад тийм ч их нөлөө үзүүлээгүй.
-Захианд бичсэн зүйлээс болж чамд гэмших сэтгэл төрж байсан уу?
-Бүү мэд. Тэгсэн ч байж магадгүй. Гэхдээ тийм ч их ач холбогдол өгөөгүй байх.
-Юмыг яаж мэдэх вэ, захидлыг хэн илгээснийг, эсвэл хэн илгээсэн байж болохыг чи мэдэх юм биш биз?
-Миний таних хүн лав биш. Гэхдээ энэ бүхэн яагаад ч жирийн явдал биш. Сүнс, шидэт дагина мэтийн зүйл байдаг юм бол бүхнийг мэддэг ...ямар нэг зүйл байдаг байж болно шүү дээ.
Конно Фүмио өөрийн бодлыг утга төгс илэрхийлж чадсангүй тул би арай өөрөөр асуухаар шийдэв.
-Чиний бодлоор юу болсон байж таарах вэ?
-Би юу бодохоо ч мэдэхгүй байна. Тун хачин явдал. Гэхдээ манай анги анхнаасаа л хачин байсан. Ямар нэг үйлийн үр ч юм билүү? Кокуто, чи манай ангийн талаар сайн мэдэхгүй байж магадгүй. Ангийнхан маань бүгд ахлах ангидаа энд шилжиж ирсэн юм. Тэд ямар нэгэн байдлаар эцэг эхдээ төвөг чирэгдэл үүсгэсэн учраас энд хаягдаж орхигдсон. Мэдээж би ч гэсэн тэдний тоонд багтана.
Би хүртэл Конно Фүмиогийн энд байгаагийн учрыг мэддэг байв. Тэр сагсан бөмбөгийн шилдэг тоглогч байсан ч, аав нь ганц охиндоо гэр бүлийн бизнесээ өвлүүлэхийг хүсчээ. Харин Конно эсэргүүцсэн байна. Чингээд аав нь охиноо сахилга баттай болгохын тулд Рейн сургуульд хүчээр оруулсан аж. Гэхдээ тэдний ангийн бусад хүүхдүүд ч бас иймэрхүү хувь тохиолтой гэдгийг би мэдээгүй байсан юм.
-Хаяама-сан дотуур байранд гал тавьсан талаар чи юу мэдэх вэ? гэж би асуулаа. Энэ миний хамгийн чухал асуулт байв. Гэлэнмаа нар тэр талаар хэл амаа билүүдсэн хүнийг сургуулиас хөөнө гэсэн тул охидын ам бөх гэгч үдээтэй байдаг юм. Харин Конно Фүмиогийн надад үзүүлж буй итгэл ямар нэгэн шинэ зүйлд хүргэж мэднэ гэсэн горьдлого миний дотор төрөөд байлаа. Гэвч миний асуултыг сонсоод тэр зовуурилан, надаас нүүр буруулав.
-Юу бодож дотуур байранд гал тавьсныг нь би мэдэхгүй юм. Хаяама Хидэо тун тогтворгүй хүн. Ангийн хаалттай хаалганы цаана тэр зогсоо зайгүй гомдоллодог байсан. Ах нь түүнд яагаад зөвшөөрдөггүй... гэснээ Конно Фүмио гацаж, шүлсээ залгиад:
-Захирлыг хараал идэг. Би мэдэхгүй. Чи надад итгэхгүй ч байж магад. Гэхдээ миний мэдэхийн Хаяама багш байж хэрхэвч таарахгүй хүн гээд хоолой нь сааралтаж:
-Каори хүртэл тэрнээс л болж амиа алдсан. Бүх юм Хаяамагийн ах завхуул тэнэгийг өрөвдөж хариуцлагатай ажил даалгаснаас болсон. Манай анги... бид хамаагүй. Бидний буруу биш гэж чангаар хэлэхэд давтлагын танхим тэр аяараа цуурайтаж, хоосон байгааг нь санахаасаа өмнө би хэсэг зуур сандрахад хүрэв. Би хүн байхгүй гэдэгт итгэлтэй болохын тулд номын тавиурын хажуугаар толгойгоо цухуйлгаж ойр орчмоо шалгаад Конно Фүмио руу бушуухан буцаж эргэлээ. Хэдхэн хувийн өмнө цовоо цолгин, итгэл дүүрэн байсан Конно Фүмио нулимсаа барьж ядан, надаас нүүрээ нуун буруулах ажээ. Би түүний сүүлд хэлсэн аймшигтай үгийг гүйцээж сонсохын тулд цааш нь шалгаамаар байсан ч ийм байдалтай байхад нь юу ч олж дуулж чадахгүйгээ ойлгож байлаа. Ядаж л одоо биш.
-Намайг уучлаарай Конно-сан гэж би эв хавгүйхэн дуугараад:
-Үнэхээр уучлаарай. Ингэж хэллээ гээд чамайг тайвшруулж чадах бол чи надад маш том тус хүргэлээ. Одоохондоо ингээд орхиё, за юу. Чамайг би хүргээд өгөх үү? гэж асуувал Конно:
-Хэрэггүй гэж яаран хариулав. Тэр гараараа амаа дарсан тул хоолой нь бүдэг сонсогдож байв.
-Би энд жаахан баймаар байна.
Би эргэлзэнгүйгээр эргэж, номын тавиур дундуур сэтгэл зовнин алхлаа. Гэвч булан тойрохоосоо өмнө би дахин нэг асуулт тавив.
-Чи шидэт дагина байдагт итгэдэг үү?
Би дээрхийг юу ч болоогүй юм шиг асууж орхисондоо өөрийгөө зүхэж байтал Конно над руу гайхан харав.
-Итгэдэггүй. Гэхдээ тэглээ гээд байдаггүй гэсэн үг биш биз дээ? Манай ангийнхны дурсамж мартагдаад байгааг өөрөөр яаж тайлбарлах вэ дээ.
Би зөвшөөрөн санаа алдаад түүнийг орхиж, чигээрээ алхалсаар давтлагын танхимаас гарлаа.

Конно Фүмиогоос салаад би 10г-н хэдэн сурагчтай хонгилд таарч хэдэн юм дуулж авахыг хичээсэн боловч, миний бодсон ёсоор хариулт өмнөхтэйгээ яг ижил байлаа. Дээрээс нь гадаад ертөнцөөс аль болох нуугдах гэсэн мэт өрөөнөөсөө хамраа цухуйлгах 10г-н сурагчдын тоо эрс цөөрчээ. Мэдэхгүй хүн бол тэднийг ямар нэг зүйл хүлээж байна гэж бодохоор байв. Надтай тааралдсан тэдний ангийн хэдэн сурагч бүгд гэртээ харих ганц хүсэлтэй байсны зэрэгцээ урамгүйхэн шивнэлдэж, яагаад харихгүй байгаа талаар нь асуухад будилсан харцаар намайг алмайран ширтэж байлаа.
Ангийн дарга болохынхоо хувьд үүрэг хариуцлагандаа дарагдаж гүйцээд, цээжин дэх хүнд ачаанаасаа хөнгөлөхийг хүссэн Конно Фүмиогоос өөр хэнтэй ч таван үг тухтай сольж чадахгүйгээ би мэдэж байлаа. Гэхдээ тэдний байр байдлаас миний баттай ойлгож авсан ганц зүйл гэвэл тэд бүгд шидэт дагина ой дурсамж хулгайлдаг гэсэн ярианд итгэж байгаа явдал байв. Бас бүгдээрээ мөнөөх нууцлаг захиаг хүлээн авсан ба бүгдийнх нь дурсамж Курогири-сантай адил арчигджээ.
Энэ бүхнээс би 10г-н охид ямар нэг зүйл нууж байна гэсэн дүгнэлт гаргав. Юу гэдгийг нь хараахан хэлж мэдэхгүй байгаа ч, Хаяама Хидэод гол учиг байгаа гэдэгт би бараг л бат итгэж байлаа.

Би өөр сонголтгүй болж багш нарын өрөөг зүглэв. Хаяама Хидэо түймрийн дараахан буюу аль 11-р сард сургуулийг орхисон байж болох ч бичиг цаасан дунд ямар нэг хэрэгтэй юм байж магадгүй гэж би горьдож байлаа.
-Орж болох уу? гэж би тухайлж хандсан хүнгүй бувтнаад багш нарын өрөөний үүдийг нээвэл хоосон байв. Багш нар өглөөний хурал хийхээс бусдаар өрөөг бараг ашигладаггүй, дээрээс нь жижүүр ч бас амарсан тул хоосон байгааг нь би мэдэж байсан юм.
-Бурхандаа талархъя гэж би өөрийнхөө азанд бас үнэхээр бурханд талархсандаа инээмсэглэн шивнэв.
Түрүү жилийн 11-р сарын баримт бүртгэл бүхий хавтас хэргийг би ядаж төдөлгүй олж, бичиг цаас руу шумбан орж, тааваараа шалгаж эхэллээ. Гэрэл асаагаагүй тул цонхоор шагайх нарны туяан дор бичиг цаас онгичин суух хооронд нэг л мэдэхэд бүтэн цаг өнгөрчээ. Гэвч ихээхэн найдлага тээж байснаас үл хамааран мөрдлөгөнд минь нэмэр болчих юм олдсонгүй.
-Новш гэж. Сэжүүр олохын тулд Шикигээр сургуулийн булан тохой бүрийг нэгжүүлэх хэрэг заавал гарах нь ээ дээ.
Шикиг сургуультай мөрч нохой адил намайг сүүл шиг дагаж явахыг би үнэндээ хүсэхгүй байгаа ч, өөр арга байхгүй бололтой. Чингээд хийх юм үлдсэнгүй тул би түрүүчийнхээсээ үл ялиг замбараагүй болсон хавтсыг хаалаа. Гэтэл нэг цаас миний анхаарлыг татав. Цаасан дээр “Хаяама Хидэо 1998 оны 12-р сар хүртэл Рейн охидын сургуульд багшилсан” гэж бичжээ. Эхлээд харахад жир бус юм үгүй мэт байлаа. Гэвч гүйлгэж унших үед зарим тохиолдолд тун хачин зүйл олж үздэг ажээ. 1998 оны 12-р сар ий? Гэхдээ ийм байх боломжгүй. Түймэр 11-р сарын эхээр гарсан ба түүнээс хойш Хаяама Хидэо үзэгдэх нь бүү хэл түүний талаар сураг чимээ ч дуулдаагүй шүү дээ. Гэвч үүнээс харахад тэр 12-р сар хүртэл энд ажиллаж байжээ. Бас цаасны доод хэсэгт ажлаас гарсан шалтгаан гэдэг дээр “хаяг тодорхойгүй” гэж бичсэн байв. Хаяама Хидэо алга болсон гэсэн үг үү?
Миний толгойд янз бүрийн бодол ар араасаа орж ирж, би хавтсыг байранд нь буцааж тавиад багш нарын өрөөнөөс хурдхан гарч, хонгил руу харайлгатал таарна гэж огт санаагүй, бас тааралдахыг огт хүсээгүй хүнтэйгээ тулгарчихав.
-Кокуто-сан, ийм эрт багш нарын өрөөнд ямар хэргээр ирээ вэ?
-Өг... Өглөөний мэнд, Курогири-сан гэж би түргэхэн бөхийгөөд:
-Үнэндээ бол үд болчихсон байна л даа хэмээн асуултаас бултах гэж оролдохынхоо хажуугаар яарснаа мэдэгдэлгүйгээр түүнээс холдон явахыг хичээх зуураа хэлэв. Би Курогири Сацүкигийн дэргэд үргэлж эвгүйрхдэг боловч өчигдөр Шикитэй хамт явсан учраас хавьгүй дээр байсан юм. Гэвч энэ удаад бид хоёроос өөр хүн байсангүй тул би аанай л тавгүйцэж эхэллээ. Миний цээж бачуурч, зүрх түг түг цохилно. Багшийн Микияатай дэндүү адилхан харагддагаас уу, эсвэл бачимдмаар тайван дөлгөөн янз байдлаас нь болж эвгүйцдэг юм уу гэдгээ би хэлж мэдэхгүй болжээ.
-Та багш нарын өрөөнөөс ямар нэг зүйл авах гээ юу? хэмээн би хайнгадуухан асуулт тавибал Курогири Сацүки:
-Тийм. Захирал ажил даалгасан юм. Франц хэлний шалгалтанд тэнцэгсдийн нэрсийг авах гээд. Захирал Франц дахь гэлэнмаа нарын сургалтын төвд илгээх гэж байгаа юм гэж хариулав.
-Аан, зөв зөв гэж би болхидуухан түгдчээд үүгээр яриагаа дуусгавар болгон багшийн хажуугаар эвтэйхэн зөрөхийг оролдов.
-Чамд хамаагүй асуудал ч бас биш шүү. Францын гэлэнмаа нарын сургууль руу явуулах солилцооны сурагчид Ожи-сан та хоёрыг нэр дэвшүүлээд байгаа юм.
Би багшийг тойрч амжилгүй зогтусав. Солилцоогоор явж магадгүй талаараа анх удаагаа олж дуулсан тул би баярласандаа болоод хэдэн хором эрхгүй азнасан ч, цаашлан алхлаа. Гэхдээ багшийн хажуугаар өнгөрснийхөө дараа дахин зогсож, сурагчдаас асуусан ч, түүнээс асууж амжаагүй зүйлээ асуув.
-Курогири-сан, та сүүлийн үед сурагчдын дунд тараад байгаа яриаг сонссон уу?
-Шидэт дагинын талаар уу? Тийм ээ, дуулсан юм байна.
-Та итгэж байна уу? гэчихээд би бушуухан шиг:
-Гэхдээ мэдээж би итгэдэггүй л дээ гэж нэмлээ. Гэтэл багш инээвхийлэв. Би түүнийг ингэнэ гэж ер бодоогүй байсан юм.
-Эргэлзэж байгааг чинь ойлгож байна. Шидэт амьтдын тухай үлгэр домог Японд манай улсад байдаг шиг элбэг биш байх л даа. Үнэндээ би эртний Шотландын кайт сит, ку сит мэтийн зөгнөлт амьтдын үлгэрт тун дуртай юм.
Түүний хариултыг сонсоод хэсэг зуур би гайхан будилсан ч, нэлээд хэдэн хормын дараа Курогири-санг гадаад хүн болохыг саналаа. Тэр оюутан байхдаа домог, хууч яриа мэтийг сонирхон судалдаг байсан бол асуулт минь түүнд миний бодсон шиг тийм ч хүүхдийн гэнэн санагдаагүй байж болох юм.
-Би зөв санаж байгаа бол кайт сит гэдэг чинь гуталт муур байх аа?
-Аан, чи мэддэг юм бий. Гэхдээ Японы нэлээд олон хууч ярианд ярьдаг муурын тухай өгүүлдэг болохоор яг хаанаас гаралтайг нь тодорхойлоход амаргүй л дээ.
Тэр мэдлэг боловролыг хаанаас олж авахаа мэддэг юм байна.
-Танай оронд ийм үлгэр домгийн амьтдыг жинхэнэ гэж итгэдэг юм уу? Эсвэл ердөө л үлгэр, гаж үзэгдэл төдийхнөөр тооцдог уу?
-Ойрын үед тэр талаар юм олж дуулаагүй юм байна. Гэхдээ хүүхдүүдийн сүнсийг сольдог талаар хачин домог яригдсаар байдаг. Харин тариачдад сайн санаат үлгэрийн амьтад тусласан тухай түүх яриа сонсогдох нь өдөр ирэх тусам цөөрч байгаа шүү гээд тэр хоолойгоо засч:
-Жишээ нь гэрийн буг, тогшигчид мэтийн талаар өгүүлэх хуучны домгуудыг ямар нэг шалтгааны улмаас нийгмээс тусгаарлагдсан хүмүүс өөрсдийнхөө бяцхан тусыг дөвийлгөх үүднээс зохион бий болгосон юм. Хэрмэл бадарчин шиг амьдрахаас өөр аргагүй болсон тэд хүмүүстэй ойр байхын тулд ургац хураалт мэтийн ажилд тусладаг юм л даа гэлээ.
-Сонирхолтой амьдрал юм гэж би хэлэв.
-Тийм ээ. Гэхдээ бас хүүхэд хулгайлдаг тухай хууч ярианууд бий. Зарим хууч ярианд язгууртан сурвалжтангууд бурхны ивээлийг хүртсэн гэж бодсон хүүхдүүдийг хулгайлж авдаг талаар өгүүлдэг. Тэд тийм хүүхдийг хэтэрхий их хүссэнээсээ болоод өөр хүүхдээр сольж орхидог юм.
-Хулгайлагдсан хүүхэд яадаг юм бэ? гэж намайг асуухад Курогири-сан нүүр дүүрэн инээмсэглэв.
-Тэгтлээ зовох хэрэггүй дээ. Тэднийг буцаагаад гэрт нь аваачдаг. Юу гээч, хүүхдүүдийг сурвалжит айлууд хулгайлдаг учраас сүмийн адис хүртээсэн жагсаалтыг үзээд л хүүхдийг төвөггүй олж болно. Язгууртан ч бай үгүй ч бай бүгд л нийгмийн тогтсон шаардлагыг биелүүлэхийн тулд хүүхэддээ адис хүртээлгэдэг. Тиймээс хэрүүл маргааныг зохицуулахын тулд сүмд очиход л хангалттай байдаг юм даа.
Би уужран санаа алдаж, инээмсэглэв. Тэр үргэлжлүүлэн:
-Гэвч бас үүнээс өөр, ямар ч тайлбар олддоггүй тохиолдлууд бий. Үнэхээр домгийн амьтдад олзлогдсон хүүхдүүд байдаг. Үүнийг солио гэдэг юм гэлээ.
-Тэгвэл та тэднийг байдаг гэдэгт үнэхээр итгэдэг байх нь ээ?
-Тийм ээ, итгэдэг гэж Курогири Сацүки огтхон ч эргэлзэлгүй хариулаад:
-Би тэднийг байдаг гэж боддог. Гэхдээ дуртай гэсэн үг биш шүү. Тэдний тоглоом шоглоом заримдаа хэрээс хэтэрч орхидог. Солио бол үүний тод жишээ. Тэд заримдаа хүүхэд хулгайлж авчихаад өчнөөн олон жил өнгөрсний дараа юу ч болоогүй мэт гэрийнх нь үүдэнд үлдээгээд явчихдаг. Эцэг эх нь хүүхдээ эргэн ирсэнд хичнээн ч их баярласан, хүүхэд нь өвчин тусч, үл мэдэгдэх шалтгаанаар зугуухан үхэхээс өөр замгүй болсныг мэдээд баяр хөөр нь унтран алга болдог юм. Эцэст нь хүүхдүүд эцэг эхдээ гологдон, орь ганцаар нөгөө ертөнц рүү оддог юм даа хэмээн хүүрнэлээ.
Би мэгдэн цочирдов. Миний хүүхэд байхдаа сонсож байсан шидэт үлгэр яагаад ч биш юм гээч. Гэтэл багш миний байдлыг анзаарч:
-Өө, уучлаарай гэж сандран хэлээд:
-Би дахиад л хэтэрхий олон юм ярьчихсан бололтой гэв.
-Үгүй дээ гэж би сулхан бувтнаад:
-Надад тун сонирхолтой байлаа. Гэхдээ уучлаарай, би одоо явалгүй... хэмээн өгүүлбэрээ дуусгалгүй орхиж, хурдхан бөхийсөн болоод Курогири-сангаас аль болох холдохыг хичээн, яаран сандчин харайлгалаа.

Үд өнгөрчээ. Курогири-сангаас холдох гэсэнтэйгээ адилаар Шикитэй уулзахгүй байхыг юу юунаас илүүтэйгээр хүсч байсан тул би сургуулийн зүүн хэсэгт орших галд өртсөн дотуур байр руу очихоор шийдэв. Би тэндээс ямар нэг хэрэгтэй зүйл олно гэж тэгтлээ найдаагүй ч мөрдлөгийн явц тийш нь улам бүр чангаах болсон тул Хаяама Хидэогийн галдан шатаахыг хүссэн газарт ганц ч болов очиж нүдээр үзэх нь зүйтэй мэт санагдаж байв.
Дотуур байранд тулж ирээд би урилгагүй зочдыг буцаахын тулд эргэн тойронд нь олс татаж, “Орж болохгүй” гэсэн тэмдэг тавьсныг олж харав. Мэдээж иймхэн саад миний санааг өөрчилж хүчрэхгүй тул би олсыг давж, нүсэр том барилгыг чиглэн алхлаа. Байшингийн ихэнхи хэсэг шатаж, зүүн жигүүрийнх нь өрөөнүүд аварга том амьтанд дээврээсээ суурь хүртлээ самардуулчихсан аятай сарзайлдана. Тасалгаануудынх нь хана, шал нурж, цөмрөн, түлэгдэж харласан мод, цемент болон овоорчээ. Гэтэл эсрэг зүгт бүх юм тэс ондоо байлаа. Миний алхаж яваа өрөөнүүдийн үүдний хонгилоос эхлээд барилгын баруун жигүүр тэр чигээрээ галд өртөөгүй, огт хөндөгдөөгүй байв.
Хонгилоор яваа хэн ч баруун жигүүрийн хаалттай хаалганы цаадхи зүүн тал тэр чигтээ шатаж, үнс нурам болсныг сэжиглэхээргүй ажээ. Харин хаалгыг нээмэгц дутуу угсарсан эвлүүлдэг тоглоом шиг нүднээ шууд сургуулийн задгай талбай, ой мод тусна. Магадгүй барилгын хэвийн байдлыг хадгалж үлдсэн энэ хэсгийг хүндэтгэж эл хаалгыг нээхгүй байсан нь дээр ч байж мэдэх юм.
Хаяама Хидэогийн нэр сүүлийн үед миний толгойд харанга адил нүргэлэх нь нэмэгдсэн ч, би түүнийг ганц л удаа харж байсан билээ. Тэр 10в-ээс 10д ангид хичээл заадаг байсан тул манай ангид ирэх шалтгаан үгүй байлаа. Харин нэгэн өглөө мөргөлийн үеэр тэр Библийн хуудсыг бодсон санасан юмгүй тоомжиргүй эргүүлж суусан юм. Хаяама Хидэог би дор хаяж гучин настай гэж багцаалдсан ба тэр миний нүдэнд гоц гойд юмгүй, даруухан төрхтэй хүн шиг харагдсан билээ.
-Би тэрний талаар юу ч мэдэхгүй байж яаж мөрдөх болж байна аа?
Миний өөртэйгээ ярьж эхэлсэн нь надад энд хийх зүйл байхгүй, явах хэрэгтэй гэсний дохио байж мэдэх юм. Чингээд би гэрэл тусахгүй шахам, эзэнгүй хаягдсан шатаар 2-р давхраас буун, бүрэн бүтэн хэвээр үлдсэн гарах хаалга руу явлаа.
Гэвч нэг хүн өдрийн наранд сүүдэр татуулан, үүд хөндөлсөн зогсож байх нь тэр. Хэдийгээр царай төрх нь ялгарч харагдаагүй боловч би түүнийг ядаж цөхөлгүй танив. Учир нь Рейнд ийм намирсан хар үс, эрхэмсэг төрхтэй хүн хөшигний цаанаас сургуулийг удирддаг Ожи Мисаягаас өөр үгүй шүү дээ.
Тэр үг дуугүйхэн намайг чиглэн алхлаа. Яагаад ч юм надад Ожиг эхэлж дуугартал ам нээх хэрэггүй юм шиг санагдаад явчихав. Охин саадгүй явсаар надаас ердөө хоёр алдын зайд ирээд зогсож, нүүр рүү минь эгцлэн ширтэж, эелдэгээр инээмсэглэлээ.
-Хэлээч, Кокуто-сан. Хүчин чармайлт чинь үр дүнгээ өгч байх юм уу?
Түүнийг ийн өгүүлмэгц хүйтэн салхи жиндүүлэх шиг болов. Би яагаад тэгж санагдсаны учрыг ч ойлгосонгүй, бас үнэхээр салхи дэгдсэн үгүйг ч ялгасангүй. Гэвч өөрийн эрхгүй сэрэмжлэх сэтгэл төрөв. Ожи Мисаяагийн хоолой тун танил сонсогдож байлаа. Сүүлийн хэдэн сард дуулж байснаас ондоо, тун саяхан сонссон ч юм шиг. Үүнтэй зэрэгцэн яагаад ч юм ялаа дүнгэнэх чимээ санаанд оров. Удсан ч үгүй дурсамж минь бодит байдал болон хувирч, би одоо сонстож байгаа шавьжны дуу, ой тойнд минь байгаа дүнгэнэх чимээ хоорондоо төстэй байгаад бүрэн итгэлээ.
Бүх юмны учир тайлагдаж, өчигдрийн тохиолдол давтагдах нь гэдгийг би хожуу ч гэлээ ухаарав. Миний дурсамж дахин хулгайлагдаж, би алмайрч, дүйнгэтэн энд зогссоор үлдэнэ. Энэ удаад хичнээн удаан зогсохыг хэн мэдэх билээ? Би түргэн шившлэг хийхийг хүссэн ч, бээлийгээ орхичихжээ. Гэвч надад өөр сонголт байхгүй. Миний дотор халуу шатаж эхлэв. Тэгтлээ оройтоогүй ч байж мэднэ шүү дээ.
Би өмнөө зогсох Ожи Мисаяад анхаарлаа төвлөрүүлээд Шидээ давалгаалуулж, Шикигийн хэлсэн ёсоор эргэн тойрноосоо агаарын халуун урсгалыг мэдрэх гэж оролдлоо. Шид биежиж буй нь надад мэдрэгдэж, агаар дахь ер бусын халуун орон зайг олж чадна гэдэгтээ би бүрэн итгэн өөрийн эрхгүй нүдээ анив. Гэтэл...
-...Барьчихлаа.
Үл мэдэгдэх бүлээхэн зүйл миний цээжийг чиглэн ойртож явсан ч, би надад хүрэхээс нь өмнө барьж авч чадав. Ямар нэг зүйл миний гарт орсон нь баталгаатай бөгөөд нарийхан дуугаар байж ядан чарлах аж. Би түүний хашхирахыг үл тоон нүдээ нээж, Ожи Мисаяаг цоо ширтлээ.
-Хараач хөөе гэж тэр ийм зүйл болохыг мэдэж байсан аясаар хэлээд:
-Нэг ч удаа шидэт амьтан харж байгаагүй гэж хэлсэн мөртлөө бариад авчихдаг байна шүү гэлээ. Түүний хоолойн өнгө миний эргэлзээг бүрмөсөн арилгаж, би хайж байсан дайснаа олсон гэдэгтээ эргэлт буцалтгүй итгэв.
-Ойлгомжтой. Ой санамж алга болсон нэг цагийн хугацаандаа би чамтай уулзсан байж.
-Тийм ээ, тэгсэн. Чи надад их тус болсон шүү. Харин чиний жинхэнэ дүрийг таних үйл явцыг миний хүүхдүүд хамаагүй хялбарчилж өгсөн юм, Кокуто-сан гээд тэр гараа өргөж, мөрөн дээрээ байгаа үл үзэгдэх зүйлийг илбэх мэт хөдөлгөөн хийхэд хариуд нь түрүүний нарийхан хоолой сонсогдлоо.
Дахиад нэг шидэт дагина уу?
Үгүй ээ, байж боломгүй юм. Би шившлэгээ зөв шившсэн бол Ожи Мисаяагийн ойр орчмоос мэдрэгдэж байгаа тавь орчим тооны ондоо эх үүсвэр бүхий ер бусын халуун бүгд шидэт дагина байх нь. Дагуулуудыг харж чадахгүй ч гэлээ би Ожи Мисаяагийн хүч ийм их байсанд эрхгүй сүрдлээ.
-Чи биеэ барихдаа тун сайн юм Кокуто-сан. Огтхон ч цочирдоогүй юм шиг харагдаж байна. Даанч худал гэдгийг нь би мэднэ. Бас би чиний талаар мэдээд их гайхсан шүү. Сургууль дээр Шидээр хичээллэдэг хүн надаас өөр байж шүү дээ.
-Чи намайг огтхон ч гайхуулаагүй, Ожи-сан. Би энд шидэт дагина удирддаг шидтэн байгааг анхнаас нь мэдэж байсан. Харин чи... Чи намайг ганцаар үлдэхийг хүлээж байгаад биеэ хамгаалах чадваргүй болохыг минь далимдуулан замаасаа зайлуулах гэж байсан биз дээ? Магтууштай л төлөвлөгөө юм. Гэхдээ өөрийгөө илчилдэг чинь алдаа боллоо доо.
Би зөвхөн тагнах үүрэгтэйгээс биш тулалдах ёсгүй гэдгээ өөртөө дахин сануулж, цаг хожихыг хичээх зуураа эргэн тойрноо нэгжин, гарц хайв. Хэдийгээр би зодолдохоос хэзээ ч буцахгүй боловч бидэн шиг шидтэнгүүдийн үхлийн халз тулаанд оролцохыг хүсэхгүй байв.
-Наад бодлоо авч хаясан нь дээр. Би чамайг үгүй хийе гэж огт бодоогүй Кокуто-сан. Чи надтай төрөл нэг хэдхэн хүний нэг атал би яалаа гэж тийм санаа өвөрлөх билээ. Харин одоогийн энэ нөхцөлд нэгнийхээ хоолойд хутга тулгахын оронд ойлголцсон нь дээр юм шиг санагдах юм. Үгүй гэж үү?
-Над руу халдан довтолсон хүний амнаас гарах үг биш л байна даа.
-Хонгор минь, би ердөө л чиний талаар илүү ихийг мэдэх гэсэн юм шүү дээ. Уг нь хоёулаа утга учиргүй үхлээс зайлсхийж, утга учиртай яриа өрнүүлбэл тун ч хэрэгтэй юмсан даа гэж Ожи Мисаяа тайвнаар хэллээ. Тэр үнэнээсээ яриад байна уу?
Би зугтах боломжтой цорын ганц газар болох ардаа байгаа хонгилын зүг хяламхийгээд аюулгүй мултрах эвтэйхэн завшаан олдох хүртэл түүнийг саатуулахаар шийдэв.
-Ярилцах аа? Надтай юу?
-Тэгэлгүй яах вэ. Чиний энэ эзэнгүй газар хүрч ирсэн явдал чамайг дотночлох хангалттай шалтгаан болж байгаа юм. Энэ газар бол...
-Тачибана Каоригийн амиа алдсан газар биз дээ?
Ожи сэтгэл хангалуун толгой дохив. Гэвч харц нь өршөөлгүй, хорон, мөс шиг хүйтэн байлаа.
-11-р сарын түймрээс яагаад ч юм амьд гарч чадаагүй цорын ганц сурагч. Чи тэрнийг таньдаг байсан уу?
Ожи Мисаяа миний асуултын хариу болгож дахин нэг удаа өршөөнгүйгээр толгой дохив.
-Би Каориг дүү шигээ хайрладаг байсан. Түүний амьдрал зовлон зүдгүүрээр дүүрэн байсан ч, бүхнийг чадагч бурханд итгэх итгэл нь хэлбэршгүй байсан юм. Тэр энд амиа алдаж, нүглээс чөлөөлөгдсөн. Гэхдээ түүний амьдрал үзэсгэлэн төгс хэвээрээ. Тэр хэцүү зам сонгон авсан юм.
Түүний хоолой гунигтай болж цааш орсон ч, хэлж буй үгэнд нь өршөөл байсангүй.
-Ийм эмгэнэлтэй явдал тохиолдчихоод байхад охид ухаарахгүй байна. Тэд Каоригийн амь нас өргөл болж золиослогдсон гэдгийг мэдсээр байж нүглээ таягдахгүй байна. Энэ бол хүнээс гарах авир биш. 10г-н сурагчид бүгд нүгэлтэн. Нүгэлтнүүд миний сургуулийг гутаах эрхгүй. Тэдэн шиг хог новшийг шатааж цэвэрлэх хэрэгтэй.
-Байзаарай, чи Тачибана Каориг 10г ангийнхан алсан гэх гээд байна уу?
-Үгүй шүү. Тэгвэл тэднийг дэндүү өндрөөр үнэлсэн болно. Кокуто-сан, Каори амиа егүүтгэсэн юм. Гэхдээ түүний амиа хорлосон явдал ямар утга учир илэрхийлж байгааг чи ойлгохгүй л дээ.
Ожи Мисаяагийн хэлсэн үгийн утгыг ухаж байх хооронд түүний дээрэнгүй харц надаас хором ч холдсонгүй. Юутай ч 10г ангийнхан Тачибана Каоригийн галд амиа алдсантай ямар нэг байдлаар холбоотой гэдгийг би ойлгож авав. Харин намайг ойлгохгүй гэсэн нь ямар учиртай юм бол?
-Тэгвэл энэ бүх явдал Тачибана Каоригийн үхлийн төлөөс болж таарч байна уу?
-Яг тийм. Би охидыг тамын галд тарчилгасаар байх болно. Тэд намайг байгаа цагт Рейнд амар заяагаа үзнэ гэж байхгүй гэж мэд.
-Чи тэднийг алах нь уу? гэж би хариулт нь ойлгомжтой болсон асуултыг цөхрөн асуулаа. Ожи Мисаяа дайснаа хүн гэж үзэхгүй байгаа болохоор ердийн үхлийг хангалттай гэж тооцохгүй. Тэр тэднийг газрын хөрснөөс арчин хаях болно. Гэтэл гайхалтай нь охин толгой сэгсэрлээ.
-Яалаа гэж. Тэднийг аллаа гээд тэд байх ёстой газар руугаа, там руугаа тонилно гэх баталгаа байхгүй шүү дээ. Тийм учраас л би чамайг ойлгохгүй гэж байгаа юм. Гэхдээ буруутгаагүй шүү. Биеэ суллаж, тайвшир, Кокуто-сан. Би чамтай өнөөдөр тулалдмааргүй байна гээд Ожи Мисаяа мөрөн дээрхи үл үзэгдэх дагуулаа удаан, тайвнаар илбэж:
-Чи эднийг бодитоор харж чадахгүй ч, эдгээр жижигхэн амьтдад хүний дурсамж дүүрэн бий. Чинийх ч бас байгаа. Гайхаж байна уу? Чиний дурсамж хүйтэн, үзэсгэлэн төгс гантиг чулуу боловч дотроос нь халуун гал дүрэлзэж байдаг. Чиний шидэт дагина хардаггүйтэй адилаар би дурсамжуудыг харж чаддаггүй ч чиний дурсамж ямар цэвэр ариун болохыг мэдэрсэн. Чи үнэхээр гайхалтай, Кокуто-сан гэлээ. Түүний эелдэг инээмсэглэлтэйгээ хоршсон найрсаг яриаг сонсоод миний уур хилэн буцлав.
Би Ожи Мисаяа өөд харлаа. Гэтэл Микияа, Шики хоёрын хамт байгааг анх харах үед төрж байсан, гурван жилийн турш ингэтэл хүчтэй мэдрээгүй нэгэн мэдрэмж бүх биеийг минь бүчин авах нь тэр. Би өмнөө байгаа охиныг хамаг хүчээрээ цохиод авахыг хүслээ.
Ожи Мисаяа миний хэлэх үгийг хүлээвч би түүний битүү сүрдүүлгэнд хариу өгч санаснаар нь хөдлөхгүйн тулд ам нээсэнгүй. Тэр буй бүхнийг минь тонон дээрэмдэж орхисонтой адилаар надад халдан довтолсон ба үүнийх нь хариуд би бүх хүчээ шавхан шанг нь хүртээхийг хүсч байв. Би зугтах бодлоо толгойноосоо авч хаяад, эцсийг нь үзэхээр шийдэв. Мисаяа хөнгөхөн сүүрс алдлаа.
-Сонголтоо хийчих шив. Чиний талаар илүү ихийг мэдэх гэж догдлон хүлээж байсан юмсан. Үнэхээр хэлэлцээр хийхийг хүсэхгүй байна гэж үү, Ко...
-Огтхон ч үгүй гэж би түүний үгийг бушуухан таслав. Мисаяа инээд алдлаа.
-Тийм үү? Харамсалтай юм. Би чамайг садан төрлийн адилаар бодож байсан юмсан. Бидэнд төстэй зүйл ч их бий. Жишээ нь ахыгаа хүсэмжлэх сэтгэл ч юм уу.
-Юу гэ...
Би үгээ гүйцээх гэж чадлаараа тэмцсэн ч, чадсангүй. Миний хоолой тэр даруй аргаж, нүүр минь улайхыг би мэдрэв. Харин Ожи Мисаяа үнэн сэтгэлээсээ таашаасан байртай нүдээ анилаа.
-Өчигдөр чи өөрийнхөө амаар үүнийгээ хэлсэн. Гэхдээ санахгүй байгаа байх л даа. Би ахын чинь талаар, бас шидтэн болох гэж байгааг чинь ч мэднэ. Харав уу? Бидний явах зүг ижил. Гэхдээ чи Шидээр хичээллээд хагас жил болж байгаа бол би тун саяхан эхэлсэн л дээ.
Шид. Энэ хүчирхэг үг миний тархин дундуур татаад авах шиг болж, үүсээд буй нөхцөл байдлыг бодитоор дүгнэж цэгнэхэд тус болов. Миний урд өөр нэг шидтэн зогсож байна. Харин шидтэнгүүдийн ердийн биш халз тулаан нүд ирмэхийн зуур үхэл амьдралыг шийддэг билээ. Мисаяа яриагаа үргэлжлүүлэв.
-Каориг өнгөрсний дараа би шидтэнгүүд шиг гэгээрэлд хүрэхийн тулд биш хувийн санаагаа гүйцэлдүүлэхийн төлөө дагуул бүтээхийг, бас дурсамж хулгайлдаг Шидийг сурсан юм. Би Каоригийн төлөө, түүний ичгүүр гутамшгийг ул мөргүй алга болгохын тулд түүнтэй хамаатай дурсамжуудыг бусдаас булааж эхэлсэн. Өөр бусдын талаар би огт бодоогүй. Гэхдээ би юу ч устгаагүй, хэний ч аминд хүрээгүй. Тэгсэн ч гэсэн үүнийг амиа хичээсэн явдал гэж бодож байна уу, Кокуто-сан?
-Миний шүүх хэрэг биш гэж би бодож байна. Гэхдээ чи 10г-н сурагчдад халдан довтолж, багшид гай удсан нь үнэн. Харин яагаад Курогири-санг оролцуулсан нь тун ойлгомжгүй юм.
Намайг багшийн нэрийг хэлмэгц Мисаяагийн хөмсөг жирвэсхийхийг би анзаарав. Ожи Курогири-сан Тачибана Каориг өнгөрч, Хаяама Хидэо алга болсны дараа тэдний ангийн багш болсныг мэдэж байх учиртай. Курогири-сан тэр явдалтай хамаагүй. Гэтэл яагаад түүний дурсамжийг ч бас хулгайлах ёстой байсан юм бол?
-Багшийн дурсамжийг авсан нь хэтэрч орхисон юм шиг санагдаж байна гэж би хэлээд тавьчихав. Би Ожигийн төлөвлөгөөгөөнд алдаа гарч гэж бодсон боловч миний хүлээж байснаас эсрэгээр охин хөмсгөө буулган, нэг талаараа баясаж, нөгөө талаараа төвөгшөөсөн янзтай шуухитнав.
-Үгүй, хэтрээгүй. Гэхдээ энэ бүхэн түүнд хамаагүй боловч бас үнэнийг мэдэх ёсгүй юм.
-Яагаад?
Ожи Мисаяа жишүү харав. Түүний үс зөөлнөөр намирлаа.
-Яагаад гэвэл бидний судсаар ижилхэн цус гүйж байгаа. Тэр миний төрсөн ах.
-Төрсөн ах гэнэ ээ? Курогири-сан уу? гэж би итгэж ядан дуу алдлаа. Гэхдээ боломжгүй зүйл биш гэдгийг би ойлгож байв. Ожигийн гэр бүл охидоо өргөж авдаг тул Мисаяагийн хуучин нэрийг үнэхээр Курогири Мисаяа гэдэг байсан байж болох юм. Мисаяа миний гайхан цочирдсоныг юман чинээ тоолгүйгээр тайлбарлаж эхлэв.
-Би анхандаа мэдээгүй л дээ. Каориг өнгөрсний дараа би болсон явдалд 10г ангийг сэжиглэж, аргаа барсандаа шинэ багшид нь хандсан юм. Би ганцаараа гар мухардчихаад байсан учраас түүнд сэтгэлээ уудалж, хэргийн учрыг олоход туслахыг гуйсан. Харин Курогири-сан үнэхээр сайхан сэтгэл гаргасан. Тиймээс тэр энэрэнгүй хүнийг илүү их таньж мэдэхийн тулд би дурсамжийг нь хулгайлчихсан юм. Ингэсэн нь ч зөвдөж, ой санамжнаас нь би өөрийгөө дүү нь болохоо олж мэдсэн. Гэтэл тэр яагаад ч юм Каоригийн үхлийн цаадах зарим нэг зүйлийг мэдэж байсан учраас харамсалтай хэдий ч би түүнийг дуугүй болгох шаардлагатай болсон юм даа.
Ожи Мисаяа харцаа доошлуулав.
-Намайг учраа мэдэхгүй жаахан хүүхэд байхад ах маань надад өөд болоочдоос илүү амьд хүмүүсийг энэрч хайрлах хэрэгтэй гэж сургаж байсан юм. Гэвч Каориг үхэл рүү түлхсэн хүмүүс эрүүл саруул, амар тайван амьдарч байхад би яаж тэгэх болж байна аа? Би ахынхаа хэлж байсан үгийг санасан учраас л мэдсэн зүйлээсээ болж түүнийг шаналаасай гэж хүсээгүй. Тиймээс би тэр ослын тухай ой санамжийг нь, бас түүний дүү гэдгийг минь нотлох дурсамжийг нь авчихсан юм. Нэгийг ч үлдээгээгүй. Сацүки санаа зовох зүйлгүй амьдарч, намайг харамсах зүйлгүйгээр хайрлана. Харин ийм зүйл хийсэн надад буцах зам гэж нэгэнт үгүй болсон.
Би Ожигийн хийсэн бүхэн өөрт нь хичнээн чухал байсныг мэдээд хэлэх үггүй болов. Тэр надтай төстэй гэж хэлсэн нь үнэн ч байж мэднэ. Гэвч Ожи Мисаяаг харахад, хэлж ярьж байгааг нь сонсоход бид ердөө өнгөн талдаа л адил байгааг би ойлгож байв. Бидний хүсэл төстэй байж болох ч утга учир нь тэнгэр газар шиг зөрүүтэй байлаа.
-Гэхдээ чамд ч гэсэн ашигтай л байсан биз дээ? гэж би хэлээд:
-Чи багшийн дурсамжийг 10г ангийнхны нууцыг хадгалахын тулд авсан. Харин намайг яах гэж байна даа? гэж асуув.
-Шийдвэрийг тун удахгүй чи өөрөө гаргах болно. Хоёр биенийхээ ижил төсөөтэй талыг чи ойлгож авсан, Кокуто-сан. Надтай санал нийлэхгүй байгааг чинь ч би мэдэж байна. Гэхдээ цаг нь ирэх үед би чиний хамгийн их хүсдэг зүйлийг биелүүлж өгч чадна хэмээн өгүүлээд Мисаяа үнэн сэтгэлээсээ эвлэрэхийг санал болгон гараа сунгав. Би үйлдсэн муу муухайгаа над руу сунгаж буй дайсныхаа гар руу хяламхийлээ.
-Бодож үзье. Гэхдээ нэг нөхцөл байна. Миний аль эрт... хэмээн би худал хэлж эхлэв. Гэтэл ам нээх үед минь миний толгойд Ожигийн юу хийж чадах нь бодогдож, нэг санаа харван орж ирэх нь тэр. Хэрэв тэр үнэхээр хэлсэн шигээ зүйлийг хийж чаддаг юм бол...
-...мартагдсан дурсамжийг сануулж өгөх юм бол шүү дээ.
...түүний Шид минийх болж болох юм.
-Мартагдсан дурсамж гэнэ ээ? хэмээн Ожи Мисаяа баясгалантайгаар лавлав.
-Чиний нэгэн адилаар надад хайрлаж явдаг ах бий. Гэвч би анх яаж түүнд дурласнаа мартчихсан юм. Тэр дурсамжийг надад эргэн сануулбал...
-Болохгүй гэж айж байна. Мартсан бол дурсамж байхаа больж, тэмдэглэл төдий зүйл болсон гэсэн үг. Харин дагуулууд маань зөвхөн дурсамж л сэргээдэг юм.
Миний урам хугарч, санаа алдлаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар сэтгэл хөнгөрөөд явчих нь мэдэгдэв.
-Тэгвэл хоёулаа тохиролцоо хийх аргагүй бололтой гэж би хэлээд дараа нь юу болохыг мэдэж байсан тул биеэ чангалав. Бидний хооронд хоёрхон том алхмын зай байлаа. Хэрэв хүсвэл би түүний нүүр рүү өшиглөж болохоор зайнд очиж чадах байв. Мисаяа ч бас урагшилж хүндийн төвөө өөрчлөв.
-Кокуто-сан, дагуулыг ямар нэг зүйлээс дээж авч хийдэг гэдгийг мэднэ биз дээ?
Би тэр зэргийг мэдэлгүй яах вэ. Намайг тэнэг гэж бодоо юм байх даа?
-Тэгвэл гартаа барьж байгааг чинь ч бас ямар нэг юмаар хийсэн гэдгийг ойлгож байгаа байлгүй дээ гээд Ожи Мисаяа шийдэмгий инээмсэглэл тодруулав.
Би энэ бүх хугацааны турш гартаа тас атгаж байсан зүйл рүү харцаа шилжүүллээ. Гэтэл түрүүн үзэгдэхгүй байсан зүйл одоо тов тод харагдаж байв. Шидэт дагина миний бодсоноос тэс өөр байлаа. Миний гарт өмнө нь ганц л удаа харж байсан хүн буюу бяцхан Хаяама Хидэо байж байх нь тэр. Би цочин дуу алдаад, өөрийн мэдэлгүй гараа тавьж орхив.
Миний сэрэмж алдсан энэхэн агшныг Ожи Мисаяа алдсангүй, самбаачлан урагш хөдөллөө. Охин гараа сунган духанд минь хүрэхийг би дөнгөж харж амжаад, бүх цусаа юүлчихсэн аятай ухаангүй болов.


Last edited by zolushka_717 on Jul.08.17 10:33 pm, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Jul.08.17 11:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Аа муухай юм бээ дурсамжийг нь хэн нэгэн хүн мэдээд эргэн сануулаад бна гэхээр. Хүнд чинь эвгүй, хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй дурсамж бдаг шд.

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.09.17 12:35 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
Ямар ч байсан япон охид намхан байдаг юм байна


Top
   
PostPosted: Jul.09.17 11:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Хаха харин тийм. Би бас энэ хэсгийг уншиж бхдаа хөөе би чинь дундаж өндөртэйд орох юм бна гэж бодов.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.18.17 2:55 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Золушка наадмын зугаалганаасаа ирсэн үү ккк

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.25.17 1:58 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
3.

-Дурсамж хүний толгойд зураг шиг тодхон бууж үлддэг юм бол хүмүүс яагаад мартдаг юм бэ? гэж тэр асуулаа.
-Мартана гэдэг байгалийн жам гэж би хариулав.
-Мартана гэдэг санаж байгаа боловч санаж чадахгүй байхыг хэлнэ. Дурсамж могойн арьс шиг гуужиж байдаг. Харин би ондоо. Би юу ч мартдаггүй гэж түүнийг хэлэхэд би:
-Гэхдээ санаж чадахгүй байна гэдэг чинь мартсан гэсэн үг хэмээн эсэргүүцэв.
-Дурсамж бүдгэрдэг болохоос алга болдоггүй. Аль нэг нь бүдгэрч, аль нэг нь тодорч байдаг. Хайран биш гэж үү? Дурсамж хагдарч, гандан мөнх оршдог. Ийм мөнхийн оршихуйг хүн өөрөө л үгүй хийж чадна гэж тэр хэлэв. Би хариулсангүй.
-Мөнхийн оршихуй хайр найргүй. Тиймээс гашуудал харамсал бүхэн дахин сэргэж эзэндээ буцаж очих учиртай юм. Дурсамжийг хоосрол руу замхран алга болж, эргэн ирэхгүй болсон гэж бодож болно. Гэвч дурсамж бичлэг адил давтагдаж байдаг.
-Аль нь мөнх аль нь биш гэдгийг хэн шийддэг юм бэ? гэж би асуув.
-Хэн ч үүнийг мэдэхгүй. Тийм учраас л бид хайж байгаа юм гэж тэр хариулав.
Тэр бол зөвхөн өнгөрснийг цуурайтуулдаг, бусдын гашуун дурсамж цуглуулагч, ойлгож таних аргагүй хүн билээ.

Хаалга тогших чимээнээр би сэрэв. Нүдээ нээмэгцээ цонх өөд харсан ч, нарны туяа нэгэн янзаар бүүдийн сааралтах тул өдөр, өглөөний алин болж байгааг ялгах арга байсангүй. Чингээд ширээн дээрхи цаг руу хяламхийвэл таамаглал минь батлагдаж, хэдийн үд өнгөрчээ. Гэтэл хаалганы цаанаас:
-Кокуто-сан, наанаа байна уу? гэх хоолой дуулдав. Үүнтэй зэрэгцэн толгой минь ангалзаж, би өвдсөндөө болоод чамархайн дээрээ эрхгүй дарлаа. Хэтэрхий их унтахаар ингэдэг юм. Гэсэн ч би өвдөлтөө тоохгүйг хичээн орноос бууж, хаалга нээв. Үүдэнд гэлэнмаа нарын нэг зогсож байв. Намайг дээрээс доош гүйлгэн харснаа гайхсан төрх царайн дээр нь тодорлоо.
-Би бол Риоги Шики гэж би үгээ зөөж ядан дуугараад гэнэт байр байдалдаа анхаарал хандуулах ёстойгоо санаж:
-Би дараагийн улирлаас шилжиж ирэх юм гэлээ.
-Аан, зөв зөв гэж гэлэнмаа хэлэв. Түүний сэжиглэнгүй төрх яльгүй зөөлөрсөн ч бүр алга болсонгүй.
-Кокуто-сангийн гэрээс залгасан юм.
Гэрээс нь ганц удаа залгаж байхад Азака ойр байдаггүй байна шүү. Яалтай билээ.
-Азака байхгүй юм чинь би өмнөөс нь ярьчихаж болох уу? гэж би асуугаад:
-Би тэднийхэнтэй дотно байдаг юм л даа гэж нэмэв. Оргож боссон хүүгээ Кокутогийнх гэр бүлийн гишүүнээ гэж тооцдог хэвээрээ бол шүү дээ.
-Тийм бол болохгүй юм алга. Би дуудлагыг хүлээлгийн танхимын утас руу шилжүүлчихье. Түргэлсэн нь дээр дээ гэж хэлээд гэлэнмаа бөхийгөөд яаран явж одов. Би өрөөнөөс гарах гэснээ Азакагийн хэлхэгнэсэн унтлагын хувцсыг угласан байгаагаа санаад, явдал дундаа хувцсаа тайлж, түүний дүрэмт хувцасны нэгийг өмсөөд дотуур байрны үүдэн дэх хүлээлгийн танхим тийш харайлгалаа.
Өчигдөр би хүлээлгийн танхимд гадагш залгах боломжгүй, нэг ч товчлуургүй утас харсан юм. Тэд гэмээ цайруулах гэсэн мэт утсыг гоёмсог гэгчийн буйдангийн дэргэд тавьсан байлаа. Азакагийн хэлснээр бол гаднаас ирэх дуудлага бүгд гэлэнмаа нарын өрөө рүү холбогдоно. Тэд дуудлагыг шалгаж, сурагчдын гэрийнхэн биш бол салгадаг бөгөөд шаардлагад нийцсэн дуудлагыг охид тусдаа ярьж болох хүлээлгийн танхим руу шилжүүлдэг аж.
Би үүдний өрөөнд ирэхээсээ өмнө хэн залгасныг гадарлаж амжсан ба харилцуурыг авах үед бодол минь зөв болж батлагдав.
-Байна уу?
-Байна уу? Азака юу?
Утасны цаанаас эчнээ танил болсон Микияагийн хоолой дуулдлаа. Би хариулахаасаа өмнө танхимд хэн ч байхгүйг батлахын тулд нэг тойруулж хараад:
-Энэ удаад Азака биш байна. Цаадах чинь алга. Он гараад ердөө тав хонож байхад дүүгээ санаад үхэх нь үү? гэж би өөрт минь хүртэл хүйтэн санагдсан өнгөөр хэлэв.
-Шики юу? Азака хаачаа вэ?
-Бүү мэд. Алга байна гэж би хэлээ биз дээ? Хийх юм байсан юм байлгүй. Өнөө өглөө намайг сэрээх гэж хамаг чадлаа барснаас авахуулаад чөтгөрт хөөгдсөн юм шиг л яараад байсан. Азака асуудлыг аль болох түргэн цэгцэлчихээд бушуухан харих гэж яарч байгаа байх.
-Тийм үү? Гэхдээ дүү маань гэртээ байх тийм ч дуртай биш дээ. Тийм болохоор наана чинь байсан нь дээр гэж би байнга хэлдэг юм.
-Энд байх нь дээр гэлээ гээд Азакагийн харих хүслийг хориглож дийлэх нь юу л бол. Ойлгож байна уу?
Мэдээж Микияа ойлгохгүй л дээ.
-Тэгээд ямар хэрэг гараа вэ дээ, Микияа?
-Онцын юм биш ээ. Би Азакаг гэнэт гайхуулъя гэж бодсон юм. Гэхдээ гол нь та хоёрын ямархуу байгааг мэдэх гээд л.
-Сайн хэлж мэдэхгүй л байна. Чи маргааш дахиж залгаад Азакагаас өөрөөс нь асуувал яасан юм? За баяртай.
Намайг харилцуурыг чихнээсээ холдуулах үед цаад үзүүрээс:
-Байзаарай, хүлээгээрэй Шики гэх дуу сонстов. Би өрөөний нөгөө талд байх толинд харилцуур атган, хөмсөг зангидсан өөрийгөө олж харлаа. Яагаад хөмсөг зангидсанаа өөрөө ч ойлгосонгүй.
-Чи Азакатай ярих гэж залгасан. Надтай ярих юм байхгүй гэсэн үг биз дээ?
-Байлгүй яах вэ. Би чамд санаа зовж байлаа. Хоёулаа хэдэн үг сольё л доо. Тэгээд ч гэлэнмаа нар зөвхөн сурагчдын ар гэрийнхнийг яриулдаг болохоор би чамтай ярих байсан ч, Азакаг л дуудуулах байсан шүү дээ. Ингэхэд мөрдлөг чинь ахицтай юу?
-Жаахан л. Их биш ээ. За тэр ч яах вэ, би утсаар яримааргүй байна. Тэгэхээр дараа чамд саад учруулаагүй үедээ ярилцаж болох юм.
-За яах вэ. Өнөөдөр чамтай ярьж болохгүй юм бол би маргааш ч юм уу, дахиад залгахаас даа.
Микияагийн үгнээс үл ялиг егөөдсөн байдал мэдрэгдэх аж. Дээрээс нь дахиад бодоод үзсэн чинь Микияатай хэд гурван үг солилоо гээд тэгтлээ муудах юм байхгүй ч юм шиг санагдаад явчихав.
-За яах вэ. Чи завтай бол надад нэг тус хүргэж болох юм. Надад эндээс юу ч олдохгүй байна. Гадаа байгаа болохоор чамд илүү аз тохиож магадгүй. Энд багшилж байсан Хаяама Хидэо, бас Курогири Сацүки нарын Рейнээс өмнө ажиллаж байсан газруудыг мэдээд өгөх боломж байна уу?
Микияа санаа алдаад:
-Оролдож үзэхээс нааш мэдэхгүй л дээ гэлээ.
-Тийм ч чухал биш болохоор чадахгүй байсан ч яах вэ гэж би Микияаг тайвшруулаад:
-Би чамайг осолтой юм хийгээсэй гэж хүсэхгүй байна. Мэдээлэл цуглуулж байгаа нь гээд хууль зөрчив дөө. Ямартай ч би одоо сургуулийн хаа нэгтээгээс Азакаг эрж ололгүй болохгүй нь гэлээ.
-Хүлээгээрэй, чи надаас тусламж гуйсан юм чинь би ч гэсэн нэг юм гуйя. Наана чинь Тачибана Каори гэдэг сурагч бий. Түүний талаар жаахан судлаад өгөөч. Биеийн тамирын хичээлийн бүртгэл, ямар нэг шийтгэл авч байсан эсэх гээд л. Рейн сургууль бичиг цаасаа хав дарж чаддаг болохоор би гаднаас юу ч олж чадахгүй байна.
Би Микияаг яах гэж буй талаар хэсэг зуур бодлогоширсон ч, Рейн сургуулийн сурагчийг мөрдөж байгаагаас хойш бидэнд хэрэгтэй зүйл гэдэг нь гарцаагүй гэсэн дүгнэлтэнд хүрэв.
-За за, чадвал олоод өгье. Түр баяртай Микияа гэж хэлээд би харилцуураа тавилаа.


Last edited by zolushka_717 on Jul.25.17 1:58 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jul.25.17 3:57 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Өө өмнөхийг нь эдит хийгээд зөндөөг нэмсэн юм бна шд. Сая л уншлаа. Азакагийн хамгийн нууц дурсамж нь анх Микияад яаж дурласан нь юм бна л даа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.27.17 12:48 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1023
Хоосролын тэмдэглэл IV

"Унт даа, Кокуто-сан. Хоосон зүүдэнд орших миний дахин сануулах уй гашуу дотроо нойрс."
Хоосрол руу шингэн уусахын өмнө би хамгийн сүүлд Ожи Мисаяагийн ийн өгүүлэхийг сонсов.
Нүдээ анимагц түнэр харанхуй намайг эзэмдэн авч, хоромхон зуур зүүд ч үгүй, нойр ч үгүй юу ч үгүй хоосон болж хувирав. Дараа нь зүүд нойр намайг цаламдан авч, би мөнхийн ертөнцөд үүрд гацлаа.

Дургүй хүрмээр юм. Би онцгой баймаар байна.
Би нэг удаа ингэж хэлж байсан юм. Гэхдээ хэзээ билээ? Хэнтэй ярьж байснаа, тэр үед ямар дүр төрхтэй байснаа ч би санасангүй. Маш эрт болсон явдал. Ухаан орсон цагаасаа би энэ л үгний сүүдэрт баригдан, араас нь хөөцөлдсөөр ирсэн. Тэр хараал аятай надаас салахгүй зүүгдэж, надад ойртох тусам нь би баяр баясгалан гээчийг мэдрэхээ больсон. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ бусадтай адил байхыг хүсэхгүй байгаагаа л мэднэ. Энгийнээр сэрж мэдэрч, ялгарах зүйлгүй амьдарч, нэгэн хэвийнээр мөнх нойрсох бусдын мөн чанарыг би жигшинэ.
Би бол би. Ганцаараа. Би өөр байх ёстой. Ийм тодорхойгүй, хийсвэр ойлголтонд хүзүүгээрээ оосорлуулсан би яваандаа “өөр” гэдэг үгийг бүгдээс илүү байх ёстой гэдэгтэй дүйцүүлэх болсон юм. Гэвч томорсон хойноо би тэрхүү гэм хоргүй боловч явцуу гэнэн бодлоосоо чөлөөлөгдөв. Жил ирэх тусам бие цогцос минь өсөн бойжиж, жил ирэх тусам би нууцаа чандын чанд хадгалан, бусдад жирийн мэт сэтгэгдэл төрүүлэн хуурч байлаа. Гэвч үеийнхэнд минь байдаггүй тэр ялгаа дотор минь улам л томорсоор, бэхэжсээр байсан юм.
Хичээл номдоо толгой цохих нь онцгой болох миний замнал биш байлаа. Би үүнээс илүү, тэс ондоо байхыг хүсч байв. Бүх зүйлд шилдэг нь байна гэсэн үг биш боловч дорой дутуу байна гэсэн үг ч бас биш. Нэг л өөр байх ёстой. Энэ өдөөлтөөс болж би олон харилцаагаа эцэслэв. Үүнээс болж би хүмүүсийг гомдоож, өөрийгөө тусгаарлаж, заримдаа бүр бусдыг айлгадаг байлаа. Гэвч хэрэггүй хүмүүсээс салсандаа би баярлана. Найзууд, багш нар, эцэг эх маань хүртэл намайг далдуур магтан, дэмжинэ. Үүнээс нь болж түгшсэн сэтгэлийг минь амар амгалан эзлэх шахаж, тэвчээр минь барагдана.
Би намайг төрөхөөс өмнө тодорхой болчихсон байсан, мөн чанартаа буцахаар тэмүүлсэн ямар нэгэн зүйлд эзэмдүүлсэн мэт санагддаг байлаа. Хүүхэд байхаасаа энэ мэдрэмжиндээ дөрлүүлчихсэн би зөв бурууг нь тунгаан шүүх чадалгүй байсан ч, үүнийгээ зоргоор нь тавих юм бол бусдаас ондоо байх гэсэн хүсэл минь биелэнэ гэдгийг л мэдэж байв.
Тусгаарлагдмал, бусадтай нийцэн амьдарч чаддаггүй, зовлон түгээгч би. Би ч ийм байсан нь дээр гэсэн бодлоор өөрийгөө хуурахыг оролдоно. Гэвч энэ бүхнээс намайг гэтэлгэсэн зүйл ямар нэгэн гайхамшиг байгаагүй юм. Бүх зүйл энгийнээр, надад анзаарагдалгүй шахам болж өрнөсөн билээ.
-Азака, чи ганцаараа юу хийж байгаа юм бэ? Ганцаараа тоглох уйтгартай шүү дээ. Алив гэртээ харья, орой болж байна.
Тэр гайхамшиг биш ердийн л нэг хүү байлаа.
Би үргэлж ганцаараа байсан билээ. Ийм байх нь дээр гэж өөртөө итгүүлсний улмаас би үүнийх нь төлөө хүүг өршөөлгүйгээр үзэн ядаж байв. Гэвч тэр үргэлж намайг олж ирээд тоглоомондоо татан оруулна. Эцэг эх маань хүртэл надаас алслагдмал байхад тэр л үргэлж хажууд минь байж инээмсэглэн гар сунгадаг байв. Тэр надаас юу ч үл шаардана. Би түүнийг мулгуу амьтан гэж боддог байсан ч тэр үүнийг огтхон ч тоолгүй гараас минь атгаж, үргэлж гэрт минь аваачдаг байв. Тэрнээс өөр ингэж чадах хүн нэг ч үгүй. Учир нь тэр миний ах шүү дээ.
Тэр үеэс би миний бусдаас өөр байхын тулд бий болгосон хөндий тусгаар байдал минь ахын маань толгойд биднийг цусан төрлийн холбоогүй гэсэн бодол төрүүлж магадгүй гэж бодох болов. Гэвч энэ санааг баттай болгохын тулд би ахаасаа хол байх хэрэгтэй байлаа. Холдоно гэсэн бодол зүрх рүү минь зүү шиг хатгаж байсан ч би өдөр хоногийг гарынхаа салаагаар үр ашиггүй урсган алдаж байгаагаа ухаарч байв.
Би ахыгаа хааш нь ч явсан нүд салгалгүй ажна. Тэр миний төлөө над руу дайрсан золбин нохойг хөөн зайлуулж байсангүй, ээж аав хоёрт загнуулж байхад миний урдуур орж байсангүй, усанд живэхэд минь ч аварч байсангүй. Гэсэн ч нэг л өдөр түүнийг гэсэн миний сэтгэл хайр болон хувирсныг би зөвшөөрөхөөс аргагүй болсон юм. Үүнээс болж би түүнийг бүр ч ихээр үзэн ядах болов. Яагаад заавал тэр гэж? Гэвч яаж ч үгүйсгэсэн бүх юм нэгэнт оройтсон байлаа. Нэг л мэдсэн би түүний дуудахыг хүлээдэг болчихсон байв. Би ямар хүүхэд байлаа даа, миний ганцаарал үзэн ядалтаар илэрдэг байсан байж мэдэх юм.
Би хичнээн олон удаа ахаасаа өршөөл эрэх гэж оролдсон гэж бодно. Би удтал түүнийг дорд үзэж ирсэн атлаа уучлал гуйж яагаад ч чаддаггүй байв. Тэр надад сайн сайхан бүхнийг мэдрүүлсэн атал би итгэж үнэмшиж ирсэн бүхнээ хөсөр хаясан, талархал ч илэрхийлж чаддаггүй амьтан байсан юм.
Заримдаа би ахыгаа намайг яаж орхисныг гайхна. Тэр намайг ухуулан сэнхрүүлэхийг хэзээ ч оролдож байсангүй. (Гэхдээ оролдлоо ч би түүнийг нь тас цохих байсан л даа.) Миний сэтгэл зүрх шалтгаангүйгээр гэнэт орвонгоороо эргэж орхисон мэт, миний хайранд эхлэл гэж байгаагүй ч юм шиг. Гэвч үгүй ээ. Заавал шалтгаан байх ёстой. Би хамгийн чухал зүйлээ мартаж, гээж орхисон төдий. Тиймээс би эргэн санах ёстой. Тэгж байж би өөртөө дахин итгэж чадна. Тэгж байж би хайраа бодит, жинхэнэ гэдэгт итгэнэ. Харин тэр цаг ирэхэд би анх удаагаа өршөөл эрж чадах ч юм билүү. Сайн ч бай муу ч бай болхи бүдүүлэг ч бай хамаагүй, би үнэн сэтгэлээсээ уучлал эрж чадах ч юм билүү.

-Азака сэрээч. Ханиад хүрчихнэ шүү гэж нэг хүн хэлэв. Би энэ хоолойг мэдэх юм байна. Эмэгтэй гэхээс илүү эрэгтэй хүний гэмээр хоолойг сонсоод би аажмаар нүдээ нээв. Хэн нэгэн намайг унагахгүйн тулд хойноос минь тулан, миний царайг шагайн ширтэх аж. Нуруунаас минь түшсэн гар хатуу бөгөөд хүйтэн байв. Миний нүд бүрэлзэж байсан ч хонгилд унтаж орхисноо эцэст нь ялган харж, хэн нэгэн намайг сэрээхээр оролдож байгааг ойлголоо.
-Мики... гэж би шивнэсэн ч өөдөөс минь ширтэх хүний тас хар үсийг тодхон олж үзмэгцээ бушуухан амаа хамхив. Риоги Шики бид хоёул миний хэлэх гэж байсан үгийг ойлгосон тул бие биенээ эвгүйрхэн ширтлээ. Гэтэл Шики нуруун дээрээс минь гараа угз татан авч, би модон шалан дээр дуу чимээтэйгээр тэрий хадан унав. Хамаг бие шархиран өвдөж би:
-Яаж байгаа чинь энэ вэ, тэнэг ээ? гэж зүхээд заналтай нь аргагүй дээшээ өндийлөө. Шики миний зүг ердөө л залхсан харц чулуудаад:
-Ингэж нэг юм сэрэх шив гэв.
-Тэглээ. Чухам ямар гээч чухал зүүд зүүдэлж байснаа марттал сэрлээ, бүдүүлэг зэрлэг ээ гэж би хашхирав. Би тэрний улаан нүүрэн дундуур буулгаад авах хүслээ тэвчин, хамаг хүчээ шавхан биеэ барилаа.
-Чи дахиад л тэдний дайрлагад өртөө юм шив.
Шикигийн хэлэхийг сонсмогцоо би болсон бүгдийг санахаар ой санамжаа нэгжин шүүрдэв. Би Ожи Мисаяатай таарсан, бас шидэт дагинуудын нэгийг барьж авсан. Ожи Мисаяа шидэт дагинадаа ямар нэг юм шившсэн байсан. Үүнээс нь болж намайг барьц алдах үед тэр гүйж ирээд намайг унтуулсан. Харин дараа нь Шики гараад ирсэн.
-Хачин л юм даа. Над руу гарцаа байхгүй довтолсон. Гэтэл дурсамжийг минь авсангүй. Би болсон бүгдийг санаж байна.
-Тэгвэл чи дагинат шидтэний хэн болохыг харсан байх нь ээ? Нэр ус, нүүр царайг нь тогтоож авсан уу? гэж Шики асуув. Би толгой дохилоо. Харамсалтай нь хэрэгтэн маань огтхон ч санаанд оромгүй хүн байсны дээр болгоомжгүйгээр халдан буруутгаж болохооргүй нэгэн байв. Би бугуйн цагаа хараад ердөө хэдхэн хувь унтсанаа ойлголоо. Магадгүй Ожи надад ямар нэг зүйл хийх гэж байсан ч, Шикиг ирэхийг хараад яаж ч чадалгүй яваад өгсөн байх. Энэ удаад Шики үнэхээр намайг аварсан бололтой дог шүү.
-Баярлалаа Шики гэж би түүний чихийг баясгахгүйн тулд аяархан шивнээд:
-Тийм ээ, хэн гэдгийг нь би мэдсэн. Ожи Мисаяа байсан гэж хэлэв.
-Өчигдрийн нөгөө өндөр охин уу?
-Тийм ээ, мөн. Би түүнтэй ердөө хэдхэн хувийн өмнө яриад зогсож байсан. Чамаас нуугдаад зугтаачихсан байх.
Шики ойлгосны тэмдэг болгон толгой дохиод эрүүгээ тулан бодлогошров. Зангирсан хөмсгийг нь хараад би түүнд ямар нэг зүйл таалагдахгүй байгааг ойлголоо.
-Яасан? Гэдэс чинь өвдөө юу?
-Тэр охин ч гэсэн бусдын адил ой санамжаа алдсан биш билүү?
Шикигийн зөв боловч одоохондоо тэр явдал хоёрдугаарт тавигдах болоод байв. Шики ч миний бодсонтой төстэй дүгнэлт гаргав бололтой:
-За за, дахиад уулзахдаа л юу болсныг асуучихъя. Микияа чамтай ярих гэж залгасан. Тачибана Каори гэлүү дээ, нэг сурагчийн талаар олж мэдээдэхээрэй гэсэн хэмээв.
-Юу уу? гэж би Тачибанагийн нэрийг Шикигээс ч, Микияагаас ч олж дуулна гэж бодоогүй тул үнэн сэтгэлээсээ гайхан дуу алдлаа. Би Микияаг энэ хэрэгт оролцуулахыг ер хүсээгүй юм. Өнгөрсөн зун тэр нэг сүнстэй холбоотой явдалд орооцолдож гурван 7 хоногийн турш унтсан удаатай. Аз болж Микияа ганцаараа амьдардаг болохоор ээж аав хоёр мэдээгүй ба Токо-сан богино хугацааны комд орсон хойгуур нь түүнд санаа тавьж байсан юм. Токо-сан байсанд бурхандаа талархъя. Үгүй бол Микияа гурав хоногийн дотор л амьгүй болох байсан билээ. Тэр явдлаас хойш би ахыгаа Шики, Токо-сан хоёрын ажилд бүү оролцоосой гэж хүсэх болсон юм. Гэтэл Микияа яаж яваад түймэртэй холбоотой явдлыг мэдсэн байдаг билээ? Түүгээр ч зогсохгүй хэнийг мөшгих ёстойгоо олоод мэдчихсэн байдаг. 11-р сард би түүнд түймрийн талаар тов тодорхой ойлгуулсан шүү дээ. Миний тайлбар түүний сониуч занг дарж хүчрээгүй нь ойлгомжтой юм байг. Гэвч Токо-сан энэ талаар нууцална гэж амласан байтал Микияа яаж ингэж цагаа олж залгав? Бас тэр тухай мэдээллийг яаж олж авсан хэрэг вэ? Ах чухам хэнтэй ярь...
-Аа, би яагаад өмнө нь санасангүй вэ? Дандаа л чи байдаг тийм үү, Шики? Чи наашаа ирэхээсээ өмнө хаачих гэж байгаагаа хэлснээс болоод Микияа үүгээр түүгээр чих тавьж эхэлсэн байна. Одоо улайран зүтгэсээр байгаад Токо-сангаас бүгдийг олоод мэдчихсэн байгаа нь гарцаагүй гэж би уурандаа багтран хашхирав.
-Юу? гэж Шики эсэргүүцэн дуугаа өндөрсгөөд:
-Би хаачих гэж байгаагаа хэлэхгүй болохоор тэрний санаа зовоод байсан юм. Бас тэр мэдэхийг хүссэн. Тэгээд ч өнөөдөр байх ёстой газраа байгаад утсанд хариулж, ахынхаа санааг эргүүлээгүй чи ч гэсэн буруутай хэмээлээ.
Би санаа алдав. Зөвшөөрөхийг хүсэхгүй байсан ч, дуудлагын тухайд Шикигийн зөв. Би Микияаг тас загнаж байгаад бүхнийг дуусгаж болох л байсан. Гэтэл Шики миний уурлан дургүйцэхийг үл тоон сэдвээ өөрчилж:
-Яалтай ч билээ. Өнгөрснийг буцааж болох биш. Микияа тэр охины биеийн тамирын хичээлийн бүртгэл мэтийн юмыг хараарай гэсэн. Чи юу гэж бодож байна? Ямар нэг юм олж мэдэх болов уу? гэж асуулаа.
-Биеийн тамирын хичээлийн бүртгэл ий?
Тэндээс юу мэдэгдэх юм бол? Ямар нэг далд утгатай юм болов уу, эсвэл...
Гэнэт миний толгойд Ожи Мисаяагийн Тачибана Каори галаас зугтаж чадаагүй болохоор амиа алдсан юм биш гэж хэлсэн нь зурсхийв. Тэр амиа хорлосон шүү дээ. Надад Ожи Мисаяагаас асууж амжаагүй нэг чухал зүйл байсан нь Тачибана Каоригийн...
-...амиа хорлох болсон шалтгаан хэмээн би бувтналаа. Шики хөмсгөө өргөв. Тэр, тэрний асуулт яах вэ, хүлээж л байг. Би хамаг хурдаараа гүйлээ. Шики намайг дагах санаагүй бололтой гайхан хоцров. Түүний хамт явах үгүй нь хамаа байсангүй, надад шалавхан дуусгах ёстой ажил байлаа. Би балгас болсон дотуур байрнаас шурдхийн гарч, төв байранд аваачих ойн замыг чиглэн гүйв.
Би хаашаа очих хэрэгтэйг сайн мэдэж байв. Сургуулийн эмнэлэгт сурагчдын эрүүл мэндийн бүртгэлийг хадгалдаг юм. Би ангийн дарга, дээрээс нь захирлын зөвшөөрөлтэй тул бүртгэлийг ядах юмгүй гартаа оруулж чадах билээ.

Хэрэгтэй зүйлээ олж авахын тулд би сувилагч, хянагч хоёрыг жаахан зулгуйдах хэрэг гарсан ч, хэдхэн хувийн дараа тэд надад Тачибана Каоригийн биеийн тамирын хичээлийн бүртгэл болон эмнэлгийн дэвтрийг үзэхийг зөвшөөрөв.
9-р сараас өвлийн амралт хүртэл 2-р улирлын туршид 10г ангийн биеийн тамирын хичээл ангийн багшийн удирдлаган дор аялал болон өөр бусад сургуулиас гадуурхи үйл ажиллагаа маягаар ордог байжээ. Тачибана Каори 10-р сард биеийн тамирын хичээлээс олон удаа чөлөө авсны зэрэгцээ дотуур байранд түймэр гарахаас өмнөх 7 хоногт биеийн тамирын хичээлд огт суугаагүй байв. Итгэлтэй болохын тулд би сувилагчаас тодруулж лавлатал бодсон ёсоор Тачибана энэ үеүдээр биеэ үзүүлж байжээ.
Хөзөр нэг нэгээрээ өмнө минь дэлгэгдэж эхэлсэн нь сайшаалтай ч, энд байх хугацаандаа муур шиг чимээгүй гэтэх дайснаасаа хаашаа ч зайлах аргагүйг би ойлгож байлаа.



Last edited by zolushka_717 on Jul.27.17 12:48 am, edited 2 times in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 206 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited