"SOCCER.MN" сайтын зүгээс нийт хэрэглэгчидтэйгээ хамтран, ойр ажиллаж, санал сэтгэгдэл, мэдээ мэдээллээ солилцохдоо хэзээд таатай байдаг билээ. Та бүхэнд өнөөдөр манай сайтын нэгэн хэрэглэгчийн хүсэлтээр ирсэн "Монголын телевизүүдийн Спортын нэвтрүүлгийн шүүмж" нийтлэлийг толилуулж байна.
2002 оны ДАШТ-ыг Монголын телевизүүдээс тэгэхэд МҮОНТ, МN25, UBS телевизүүд дамжуулж байсан хэдий ч тэдэнд албан ёсны дамжуулах эрх нь байгаагүй. Харин хөлбөмбөгийн хорхойтнууд Оросын 1-р сувагнаас өөр сонголт байсангүй. 2004-онд ТВ5 телевиз орон даяар Олимпийн наадмыг анх удаа дамжуулав.
2006-онд хөлбөмбөгийн ДАШТ-ыг шинэхэн байгуулагдсан С1 телевиз албан ёсоор, ТВ-5 телевиз Спорт буурай хөгжсөн орнуудын нийгэмлэгийнхээ шугамаар монголд тус тус анх удаа шууд дамжуулав. Албан ёсоор дамжуулах гэдгийг ихэнх нь ойлгодоггүй. Үндэсний баяр наадмаар манай бүх телевизүүд камераа бариад яваад орчихдог. Цөмөөрөө шууд дамжуулна. Угтаа бол наадмын комиссоос үндэсний бөхийн барилдаан шууд дамжуулах эрхийг аль нэг телевизэд худалдаад тэр телевиз нь цаашаагаа өөрийн телевизүүддээ ориг дурсээ зарж, бас бус реклам сурталчилгаанаас зарлагаа нөхөх учиртай. Бусад арай өндөр хөгжсөн оронд тэгдэг номтой. Албан ёсны ориг дүрс гэдэг нь ямар ч титер, элдэв тамга лого, тайлбаргүй цэвэр дүрс гэсэн үг. Шууд дамжуулах эрхийг тодорхой техникийн давуу талуудаа гаргаж тависан, боломжийн мөнгө амласан телевизийн компанид тухайн тэмцээнийг зохион байгуулагчид нээлттэй тендрээр зардаг. Манайд бол барилдаж буй бөхчүүдээсээ олон камер байх нь холгүй байдаг. Морины уралдааныг үй түмэн машин дагадаг нь мөнөөх л замбараагүй телевизүүдтэй холбоотой. Ингээд манайд үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн спортын хөтөлбөрүүдийн тухай саналаа хуваалцъя.
МҮОНТ: Олон жилийн түүхтэй анхдагч телевиз. Үндэсний гэдэг тодотголоо хадгалахыг оролдож БТСГ, Олимпийн хорооноос мэдээгээ бэлтгэх нь цөөнгүй.
Гэхдээ спортын болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг ил гарган тавих, үндэсний гэдэг утгаараа олон нийтийг хамарсан спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах талдаа тун ядмаг. Гадаад мэдээ нь бол үнэхээр муу. Тамирчдын нэрийг буруу хэлэх, мэдээллээ ташааруулах, хөтлөгчдийн зарим нь мэдлэг муу, эфирийн төрхгүй зэрэг олон алдаа бий. Татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж бусад телевизүүдийг бодвол зовлонгүй хоолоо олдог байж олон улсын уралдаан тэмцээнийг албан ёсоор шууд дамжуулсан түүх бараг байхгүй. Ядаж л нэвтрүүлгүүдийнхээ дүрсийг хулгайгаар авдаг. Хулгайгаар гэдэг нь гадаадын телевизүүдийн мэдээг зөвшөөрөлгүйгээр шууд орчуулаад дээгүүр, доогуур нь лентлээд /эх сурвалжийнхаа логог нууж байгаа нь тэр/ гаргахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл будаа иднэ гэсэн үг. Тэгсэн хэрнээ дандаа мэдээнүүдээ хумсалж, хоцорч гаргана.
Тухайлбал: Английн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний мэдээ явлаа гэхэд ганц хоёрхон тоглолтын хулгайн тоймыг гаргаад бусад тоглолтын дүн, лигийн байдал зэргийг огтхон ч хэлдэггүй. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн тэмцээнийг яг дээрхтэй адил тарамдаж мэдээллэнэ. Цаашдаа Үндэсний телевиз бидний карманаас мөнгө авч санхүүждагийн хувьд дэлхийн хэмжээний аливаа уралдаан тэмцээнийг ард түмнээс судалгаа авсны үндсэн дээр заавал шууд дамжуулж байх ёстой гэж үзэж байна.
UBS: Энэ телевиз бас л анхдагчуудын нэг. Спортын уралдаан тэмцээн дамжуулахаасаа илүү Дэлхийн мисс, рок поп гэх мэтийн зүйлд анхаарлаа илүү хандуулна. Спортын нэвтрүүлэг нь гадаад мэдээтэйгээ холилдоод хачин ойлгомжгүйгээр явна. Бас л хулгайн дүрс, орчуулгын бэлэн будаа. Дотоодын мэдээ бараг байхгүй. Гэхдээ мэр сэр Азийн наадам зэрэг зарим тэмцээн уралдааныг шууд дамжуулдаг нь сайшаалтай.
ТВ-5: Анх удаа Монголд Олимп, Токиогийн сагсан бөмбөгийн ДАШТ, Азийн наадмууд, Хөлбөмбөгийн Клубуудын ДАШТ гэх мэт олон уралдаан тэмцээнүүдийг шууд дамжуулсан анхадагч телевиз. Шууд дамжуулсан уралдаан тэмцээнийхээ тоогоор Монголдоо номер нэг. Гэхдээ спортын нэвтрүүлгийн тойм, бие даасан спортын албагүй. Аливаа уралдаан тэмцээнийг дамжуулахдаа спортын мэдлэг муутай, мэдээний хэдэн охидоо явуулна. Хайран санагдаад байдаг юм. Тэр гоё тэмцээнүүдийг шууд дамжуулах эрх авчихаад сайхан тайлбарлах, үзэгчдийн сэтгэлд нийцтэл нь хүргэх мэргэжлийн спортын сэтгүүлч байхгүй. Маш гоё машиныг маш муу жолоочид бариулж байна гэсэн санаа. Энэ талдаа анхаараад, час хийсэн өдөр тутмын спортын тоймтой болчихвол хүчтэй өрсөлдөгч.
ТВ-9: Үндэсний телевизээс илүү үндэсний хэв маягтай бөх, хурдан морь, наадмын нэвтрүүлгүүд нь хөдөөний үзэгчдэд үнэхээр сайн хүрдэг юм байна лээ. Ялангуяа үндэсний бөх шууд дамжуулахдаа манайдаа л шилдэг нь. Бөхтэй өдөр үзэгчид ТВ-9 дээр сувгаа тааруулдаг нь хэвшил болжээ. Бие даасан Спортын албатай.
Дэлхийн хэмжээний тэмцээн уралдааныг хулгайгаар, мэргэжлийн түвшинд, дээд хурдаар үе үе дамжуулдаг. Спортын мэдээгээ бусадтайгаа адил Оросын сувгуудаас голчлон “Copy”-ддогч арай чанартай дэлгэрэнгүй байдаг. Өнгөрсөн жил 2-р сувгаараа NBA тайлбарлаад, одоо тойм хөтлөөд байгаа залуу аятайхан хоолой, яриатай юм байна лээ. Сэтгүүлчид нь чиглэл чиглэлээрээ ажилладаг. Жишээ нь морь тайбарладаг залуу бол өөлөх юмгүй сайн.
Боловсрол телевиз SCORE студи, С1телевиз спортын Алба: Энэ хоёр телевиз спортын нэвтрүүлэг, гадаад мэдээгээрээ Монголдоо хамгийн сайн нь. Сайн гэдгийг нь юугаар нотлох вэ гэвэл 1-рт дүрснүүд нь хулгайнх биш, 2-рт бие даасан мэргэшсэн сэтгүүлч бүхий спортын албатай, 3-рт тогтмол нэвтрүүлгүүдтэй, 4-рт хамгийн чухал буюу дэлхийн шилдэг лигүүдийг шууд дамжуулж байна.
Хуучин EAGLE-д байсан залуус одоо Боловсрол телевизийн SCORE студийг авч явж байна. Эдгээр залуус энэ жил Монголын телевизүүдийн спортын нэвтрүүлгүүдийн түүхэнд огцом үсрэлтийг яах аргагүй хийлээ. Английн Премиэр лиг, Үндэсний сагсан бөмбөгийн лиг зэргийг албан ёсоор нэг улиралд шууд дамжуулсан цорын ганц студи. Дээрээс нь спортын гадаад мэдээнүүд нь албан ёсны дүрстэйгээр өдөрт хоёр удаа явна. Хоккей, NBA-гийн тухайн өдрийн тоймыг мөн л албан ёсны дүрстэйгээр цаг алдалгүй гаргадаг. Шууд дамжуулж буй хөлбөмбөг, сагсанбөмбөгийн бие даасан анализ, тойм нэвтрүүлгүүд нь ч үзэгчдийн талархалыг ихэд хүлээж байгаа. Гэхдээ ганц нэг асуудал байна. Сагсан бөмбөгийн тайлбарлагчид нэг талыг барих, болж буй тоглолтыг уран гоё тайлбарлахаасаа илүүтэйгээр, дүн шинжилгээ, анализаар хэт хөөцөлдөж туйлшрах, заримдаа далдыг хардаг хүн шиг яаран дүгнэлт хийх гэм мэт зүйлс ажиглагддаг. Сайн тал нь гэвэл чөлөөтэй, эмоцтой. Цаашдаа тоглолтыг уран гоё, мэдрэмжтэй, ритмтэй тайбарлах хэрэгтэй. Ярианы өнгө зууранга удаан биш хурдтай байх ёстой. Сагс маань өөрөө өндөр хурдтай спорт шүүдээ. Нэвтрүүлгийг хөтлөх, тайлбарлах хоёрын заагийг сайн гаргаж өгмөөр байна. Хөлбөмбөг нь бол болж байгаа гэж боддог. Гэхдээ хөтлөгч эмэгтэйгээ залуус нь захдаа суулгаад байдаг нь зохимжгүй. Хөтлөгчдийн ярианууд сул үг ихтэй, гол санаагаа хурдан хэлдэггүй бас л жаахан уйтгартай байх тохиолдол бий. Boxing day-ийн нэмэлт тоглолтуудыг гаргаагүй, тоймыг нь үзүүлээгүйг бодохоор бас л учир дутагдалтай. Өнгөрсөн жил С1 телевиз яаж ийгээд л зохицуулаад, гаргаад байсан.
Хөлбөмбөгийн тайлбарлагч Заяагийн тайлбар олонхид нь таалагддаг. Нэг хэсэг хэтэрхий мэдэмхийрдэг байснаа засчихсан. Хоолойны өнгө аятайхан, мэдлэг сайтай, мэдрэмжтэй, эмоцтой. Тайлбарлагч хүнд байх ёстой бүхэн Заяад бий. Монголдоо Заяа хөлбөмбөг талбарлалтаараа шилдэг нь шүү дээ.
С1-ийн Амраа бол Монголын телевизүүдийн түүхэнд дэлхийн чанартай спортын /хөлбөмбөгийг/ нэвтрүүлгүүдийг мэргэжлийн түвшинд яаж дамжуулдагийг анх бидэнд сонгодог байдлаар хүргэсэн хүн. Түүний ачаар Монголчууд хөлбөмбөгийн нарийн ширийнийг мэддэг болж, хөлбөмбөг сонирхогчдын тоо өсөн нэмэгдсэн нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл Монголд хөлбөмбөг хөгжихөд хувь нэмрээ оруулж байгаа залуусын нэг. Амраагаас урд хөтлөөд, байгаа нь ч мэдэгдэхгүй, тайлбарлаад байгаа нь ч мэдэгдэхгүй юм болдог байсан. Одоо ч бусад нь тэгсээр л байна. Хөтлөгч, тайлбарлагч нарын үүрэг, ялгааг эмх цэгцтэйгээр өнөөдөр Амраа л хамгийн сайн гаргадаг. Хөлбөмбөгийн ДАШТ-ууд, Аваргуудын лийг, Английн Премиер лийг зэрэг манай гаригийн хамгийн олон үзэгчтэй тэмцээнийг гайхалтай сайхан дамжуулсан нь олны талархал хүлээдэг. Одоо ч мөн дамжуулж байгаа. Хөлбөмбөгийн эргэн тойрон дахь мэдээ, тоймууд нь Монголдоо хамгийн сайн нь. Амраагийн үг яриа нь оновчтой, цэгцтэйн дээр илүү дутуу сул үг хэрэглэдэггүй. Тайлбарлагчид нь бол хүлээн зөвшөөрөгдсөн, өөр өөрийн онцлогтой сайн хүмүүс байгаа. Спортын тойм нь албан ёсны дүрстэйгээр хүрдэг. Сул тал нь гэвэл хөлбөмбөг, талбайн теннис, хоккэй, хааяа нэг NBA –гийн мэдээнээс өөр зүйл тоймоор нь ер гардаггүй. Дотоодын уралдаан тэмцээн бусад спортын төрлүүдээр нэвтрүүлгээ баяжуулах хэрэгтэй.
Бусад: Манай улсад бараг 20-иод телевиз үйл ажиллагаа явуулж байгаа. Спортын гэх тодотголтой кабелаар гардаг ТВ-9-н хоёрдугаар суваг, Одод хоёроос өөр телевиз байхгүй. Гэхдээ эдгээр телевизүүд гадаадын сувгуудаас авсан бичлэгүүдийг тавьдаг. NTV телевиз Германы Бундес лийгийг дамжуулж байгаа нь бас магтууштай. Гэхдээ дамжуулах арга барил, үзэгчдэд хүргэх менежментээ сайн хийх хэрэгтэй. EAGLE телевизийн хувьд спортын гадаад мэдээ нь албан ёсны дүрстэйгээр үзэгчдэд хүрдэг гуравхан Телевизийн /Боловсрол, С1 / нэг. Мэдээнүүд нь сайн дүн тавихаар үнэлгээтэй. Бусад нэр дурдагдаагүй телевизүүд бол спорт талдаа улаан нооль гэж ойлгож болно. Ялангуяа арилжааны анхны MN-25 телевиз спортыг бараг мартчихсан нь учир дутагдалтай. Ерөнхийд нь дурдахад иймэрхүү.
Дэлхийн хэмжээнд хамгийн олон үзэгчтэй зүйл бол яах аргагүй спортын тэмцээн уралдаан. Дуучдын, киночдын, шоучдын мэргэжлийн лийг, ДАШТ, Олимп гэж энэ ертөнцөд байхгүй бөгөөд харин спортод бол бүгд бий. Европчууд, Америкчүүд тухайн улсынхаа мэргэжлийн, үндэсний спортын уралдаан тэмцээнүүдээ үзэж баясах нь амьдралынх нь хэв маяг байдаг. Эцэст нь хэлэхэд орой гэртээ хариад Солонгос сериалаас илүү спорт үзэгчдийн тоо өсөх болтугай. Сериалаас илүү спорт гаргах телевизүүдийн тоо улам бүр нэмэгдэх болтугай. Тэгээд Монгол хүн бүр спортоор хичээллэх болтугай.
А.Бямбасүрэн
|