Монголын Олимпийн алтан медалийн гарцыг нээж өгсөн хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн тухай мэдээллүүд дан ганц Монголд ч биш дэлхий дахинд цацагдаж, Олимпийн рекордыг найман удаа давтсан Монголын мэргэн бууч бүсгүйн тухай яригдсаар байна. Дэлхийн аварга болж, Олимпийн рекордыг найман удаа давтсан мэргэн буучийн буу нь гацаагүй бол дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож алтан медаль авах байсан гэсэн харуусал дан ганц бидэнд байгаа биш брлолтой. Олимпоос мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, хүрэл медаль хүртсэн Д.Мөнхбаяр хоёрт зориулан Германы “Вальтер” пүүс спорт гар бууг нь үйлдвэрлэж өгсөн гэнэ. Гэвч энэ буу хамгийн эгзэгтэй мөчид буюу финалын тоглолтон дээр гацаж, өрсөлдөгчдөөсөө хол давуу оноотой авсан Монголын мэргэн буудагч алтан медалийн үзүүрээс атгаад алдсанд дэлхийд алдартай “Вальтер” пүүсийнхан ч харамсаж байгаа аж. Мэдээж энэ том пүүс Монголын Тамирчин алтан медаль авсангүй гэж харамслаа гэвэл хэн ч итгэхгүй. Харин үйлдвэрийн бүтээгдэхүүн эгзэгтэй мөчид гацаж, найдвар муутай гэдэг ойлголтыг хэрэглэгчдийнх нь дунд тарчих вий хэмээн тун их болгоомжилж байна. Тиймээс О.Гүндэгмаад захидал илгээн өөрсдийн зардлаар Германд аваачих, шинэ буу, сумаар хангах, нөхөн олговор олгох хүсэлтээ ирүүлсэн гэнэ. Хэрвээ О.Гүндэгмаа Германы “Вальтер” пүүсийг шүүхэд өгч нөхөн олговор нэхвэл энэ компанийн нэр хүнд навсайтал унаж, манай тамирчны нэхсэн мөнгийг өгөхөөс өөр аргагүй болно гэдэгтэй олон хүн санал нэг байна. Гэвч О.Гүндэгмаа “Вальтер” пүүстэй элдэв зарга хийхээс түвэгшээж байгаа бололтой. Энэ пүүстэй холбоо тогтоож, буу сум авах асуудлыг Монгол улсын гавьяат тамирчин, Германы иргэн Д.Мөнхбаяр зохицуулж өгсөн учраас хүний нутагт амьдарч байгаа найзыгаа элдэв хэл аманд оролцуулахыг тэрээр хүсэхгүй байгаа гэнэ. О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр хоёр хоёулаа Гавьяат дасгалжуулагч Ундралбатын шавь нар. Герман хүнтэй гэр бүл болж, харийнханаар ивээн тэтгүүлсээр амжилтаа ахиулж байгаа Д.Мөнхбаяр гавьяат О.Гундэгмаад буу, сум, буудлагын техник хэрэгслээсээ илүүчилдэг учраас О.Гүндэгмаа амаа хамхиад, Германы “Вальтер” пүүсийнхнээс шинэ буу, нөхөн олговрын мөнгө аваад хоцорхоор шийдсэн аж.
www.sonin.mn