Салхин цэцэг өвчний шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Хүн төрөлхтний дунд өргөн тархсан агаар дуслын халдварын нэг бол салхин цэцэг өвчин мөн. Энэ өвчний үүсгэгч нь вирус (хүний херпесвирусын бүлэгт хамаарагдах varicella-zoster virus/ юм. Эх уурхай нь салхин цэцэг буюу бүсэлхий яр өвчтэй хүн. Агаар дуслын замаар дамжигддаг. Өвчлөл нь өвөл хаврын улиралд ихэсдэг. Ихэвчлэн бага насны хүүхдүүд өвдөх
хандлагатай. Салхин цэцэгтэй өвчтөн халдвартай байх хугацаа нь анхны тууралт гарснаас хойш 9 хоног байдаг. Дархлалын дутмагшилтай хүмүүст халдварлах хугацаа уртасч болно, Өвчилсний дараа удаан хугацааны тогтвортой дархлаа тогтоно. Энэ нь бага насандаа салхин цэцгээр өвчилсөн бол дахин
өвдөхгүй гэсэн үг. Томоохон улс орны хүн амын 90% нь 15 нас хүртлээ буюу өсвөр насны 95% нь салхин цэцгээр өвчилсөн байдаг.
Эмнэл зүй
Салхин цэцэг өвчний нууц хугацаа буюу халдвар авснаас хойш ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байх үе нь 11-21 хоног үргэлжилнэ. Өвчин цочмогоор эхэлнэ. Үндсэн шинж тэмдэг нь халууралт ба бүх биеэр гарах тууралт юм. Өвчин цочмогоор 38 -39 хэм хүртэл халуурна. Толгой өвдөх, бие ядарч сульдах, хоол унданд дургүй болох, цочромтгой, уур уцаартай эсвэл ноомой улбагар болох шинжүүд илэрч эхэлнэ. Бага насны хүүхдэд ходоод гэдэсний замын хямрал илэрч шингэнээр суулгах, бөөлжих, хоолондоо дургүй болох шинжүүд ажиглагдана. Эдгээр шинжүүд нь өвчний явцаас хамаарч янз бүрийн хэмжээгээр илрэх ба хөнгөн явцтай үед бүдэг, эсвэл илэрдэггүй байна. Энэ үеийг өвчний урьдал үе гэх ба өвчний эхний хоногуудад арьсан дээр толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт гарч тууралтын үе эхлэхэд дээрх шинж тэмдгүүд зэрэгцэн илэрдэг. Эхлээд тодорхой дэс дараалалгүй, үе шатлалгүй толбон тууралт биеийн аль ч хэсэгт хамаагүй гарснаа гүвдрүү, дараад нь цэврүү болон хувирч, цэврүү нь 2-3 хоногийн дараа тавшиж, зарим нэгэн толбо гүвдрүү, гүвдрүү бүхэн цэврүү болон хувирахгүй байж болно. Цэврүүт тууралт нь дотроо тунгалаг шингэн агуулсан, эргэн тойрон улаан хүрээтэй, арьсанд нэвчис үүсгээгүй, 1-6 мм хэмжээтэй байх бөгөөд хагалж үзэхэд цэврүү нь бүхэлдээ хагарч шалчийдаг учраас нэг хөндийтэй гэдэг. Цэврүү нь 2-3 хоногийн дараа тавшиж тав нь 6-10 хоногийн дараа унаж алга болно. Тавших үед загатнаж, маажисны улмаас цэврүүт тууралтууд нянгийн халдвар авснаар идээлж болно. Толбо, гүвдрүү, цэврүү, тав гэсэн тууралтын анхдагч болон хоёрдогч төрлүүд нь нэгэн зэрэг нэгэн цаг хугацаанд зэрэщэн оршиж буй шинжийг холимог тууралт гэж нэрлэдэг. Салхин цэцгийн тууралт гарахгүй газар гэж байдаггүй. Тууралт биеийн бүх арьс болон толгойн үстэй хэсэг, салст бүрхүүлд гардаг бол хир баргийн алга улаар гарахгүй. Амны хөндийд гарсан цэврүүт тууралт амархан хагарч, шархлаа, үүссэнээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр гарах, шүлс ялгаралт ихсэж, ам хорсох зэрэг зовиурууд өвчтөнг зовоодог. Амьсгалын замд цэврүүт тууралт гарснаас залгиур, цагаан мөгөөрсөн болон гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгаа үүсдэг.
Салхин цэцгийн үед илрэх халууралт нь:
-шинээр тууралт нэмэгдэж гарах тусам халууралт нь ихсэнэ.
-халууралт нь байнгын өндөр төвшинд байдаггүй, ихэвчлэн 37,5-38-39 хэм байдаг. Салхин цэцгийн халдварын эмнэл зүйн хөнгөн явцын үед биеийн халуун хэвийн ба бага зэрэг ихсэх, хордлогын шинж тэмдгүүд бүдэг илрэхээс гадна цөөн тооны гүвдрүүт тууралт давамгайлан гарна. Дунд явцын үед халууралтын хэмжээ дунд зэрэг, хордлого тод, цэврүүт тууралт давамгайлна. Хүнд явцтай салхин цэцгийн үед өндөр халуурч, хордлого хүчтэй илэрч, олон тооны цэврүүнүүд гарахаас гадна идээт цусархаг тууралт гарч мэдрэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, нүдний эмгэг, нянгийн халдвар хавсран явагдаж болно.
Эмчилгээ
Салхин цэцэгтэй өвчтөнг өвчин нь хөнгөн , дунд явцтай бол халдвартын эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй. Хэрвээ өвчин хүнд явцтай, хүндэрсэн, гэр орондоо олуулаа буюу нийтийн байранд амьдардаг бол эмнэлэгт хэвтүүлэн тусгаарлана. Өвчтөнд илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол өгнө. Үүсгэгчийн эсрэг дараах эмүүдийг хэрэглэж болно. Үүнд:
-Видарабин: хоногт биеийн жингийн кг тутамд 15 мг-аар тооцож 12 цагийн турш судсанд дуслаар хийнэ.
-Лейкинферон: хөнгөн, дунд явцтай үед 1 тун шилийг 1 удаа, хүнд явцтай бол 2 тун шилийг 2 хоног булчинд тарина.
-Ацикловир / Зовиракс/: 2 - 6 насны хүүхдэд хоногт биеийн жингийн кг тутамд 20 мг -аар тооцож 5 хоног хэрэглэнэ. Мөн амны хөндийн салст бүрхүүлд өдөрт 3 удаа 2 хоног цацна.
Эмгэг жамын эмчилгээнд хордлого тайлах ( шингэн юм сайн уулгах), харшлыг намдаах, биеийн эсэргүүцлийг сайжруулах “С” аминдэмийг өндөр тунгаар өгнө. Арьсан дээр гарсан тууралтанд дараах эмчилгээг хийнэ: цэврүүт тууралтанд 1-2%-ийн бриллиантын ногоон буюу метилийн хөх спиртэн уусмалыг түрхэнэ. Хэрэв тууралт загатнавал арьсыг 1 %-ийн ланолинтэй новокаины уусмал, эсвэл 1%-ийн метилийн спирт болон 3%- ийн амидопирины уусмалаар арчина. Нүдэнд тууралт гарсан бол 2% -ийн борын хүчлийн уусмалаар нүдийг угаах, 20% -ийн альбуцидын уусмалыг нүдэнд дусаана. Хэрэв бэлэг эрхтэн, амны хөндийн салст бүрхүүлд тууралт гарсан бол бэлэг эрхтэнг цэвэр усаар угааж, амыг шингэн фурациллины уусмалаар өдөрт 3 удаа зайлуулна. Цагаан мөгөөрсөн хоолой, төвөнх, гуурсан хоолой, уушгины үрэвсэл, менингитын үед тухайн өвчнүүдийн үед хийгдэх сонгомол эмчилгээг хэрэглэнэ.
Урьдчилан сэргийлэлт
Салхин цэцгээс өвөрмөц урьдчилан сэргийлэх зорилгоор сүүлийн үед амьд вакциныг ихэнх улс оронд хэрэглэж эхлээд байна. Энэ вакцин тариулснаас хойш 3-6 жилийн туршид салхин цэцгээс 70 -90% хамгаалах чадвартай юм байна. Салхин цэцгийн вирусийн эсрэг иммуноглобулиныг халдварт өртсөнөөс 96 цагийн дотор хэрэглэхэд сэргийлэх эмчилгээний үр дүн үзүүлдэг. Манай улсад сайн дурын дархлаажуулалтаар хэрэглэж байна.
iim sedev baigaagui bolhoor n sedev bolgood uldeechi tegehu? manaihaan..
end file data sain hiigerei
_________________ Ministry of Health
|