#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 9:16 pm

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 15 posts ] 
Author Message
PostPosted: Jul.04.10 11:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Хариу

Хэрхэн бизнест амжилт олж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч аз жаргалтай амьдрах вэ?


АСУУЛТ

Түрхэн зуур нүдээ аниад өөрийнхөө хамгийн их хүсэж явдаг мөрөөдлийг биелсэн байна гээд төсөөл дөө. Тансаг амьдрал, үнэтэй хувийн байшин, эдийн засгийн эрх чөлөө, хүний сайн сайхны төлөө хийх энэрэнгүй үйлс гэх мэт таны үргэлж хүсэн мөрөөддөг зүйлс бодит байдал боллоо гээд төсөөлөөд үз. Таныг гэр бүлийнхээ хамт аялалд явахаар хөлгийн бүхээгтээ тухлан суухыг тэвчээртэй хүлээн зогсох хувийн онгоцныхоо нисгэгчтэй толгой дохин мэндэлж; нар гийсэн уудам саруул хоолны өрөөнийхөө үнэт улаан модон тавилгыг гараараа илбэж; их бага ямар ч хэмжээний тооцооны хуудсанд мөнгөөр гачигдахын зовлонг мэдрэхгүйгээр гарын үсгээ зурж; саяхан урд өмнө хэзээ ч байгаагүй их хандив өргөсөнд тань талархсан олон улсын буяны байгууллагуудын захидлуудыг уншаад л.
Тийм ээ, бидний энэ мөрөөдлүүд! Тэд бодит байдлаас юутай их өөр вэ! Одоо нүдээ нээгээд таны өдөр тутмын амьдрал бодит байдал дээрээ ямар харагдаж байгааг бодоод үз. Хэрэв таныг стресс, сэтгэл зовниулсан түгшүүр эзэмдэж байгаа бол эсвэл та зүгээр л өөрийн амьдралдаа сэтгэл дундуур явдаг бол энэ ном танд зориулагдсан юм.
Та хэдэн жилийн өмнө их итгэл найдвар өвөрлөж байгуулсан жижиг байгууллагыг эзэмшдэг байж ч болох юм. Та хэдийгээр уйгагүй шаргуу ажилладаг ч үр дүн нь хол хэвээрээ л байна уу? Хэрвээ тийм бол та ганцаараа ийм байдалд ороогүй. Зөвхөн Хойд Америкт л гэхэд тантай адил хорин таван сая гаруй хүмүүс байдаг бөгөөд тэдний ихэнх нь таныхтай төстэй хүндрэл бэрхшээлийг амсаж байна.
Эсвэл та одоогийн бизнесийн хүрээгээ тэлж, дотоод өрсөлдөөнөөс салж, орлогоо мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдүүлэхийг хүссэн, том компанийн ажилтан, менежер, хэлтсийн дарга ч байж болох юм. Мөн та компанийнхаа ирээдүйг үндсээр нь өөрчлөхийг хүссэн гүйцэтгэх захирал эсвэл санхүү хариуцсан захирал ч байж болно.
Эсвэл та өөрийн бизнестэй болохыг хүсдэг ч хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа америкчуудын тэр 73%-д нь хамаарагддаг уу? Та шинээр эхэлсэн бизнесийн 95% нь таван жилийнхээ ойг тэмдэглэж амжилгүй дампуурдаг гэдгийг сонсоод энэ статистик тоог нэмэхийг хүсэхгүй байна уу? Та өөрийгөө өрсөлдөөн ихтэй, маш өндөр эрсдэлтэй бизнесийг эрхлэх чадваргүй, хэрэв эхлэх юм бол тун ч амархан модоо барина гэж айж байна уу?
Гэлээ ч гэсэн ажил төрлийнхөө талаарх өөрийн ийм мөрөөдлийг орхих нь харамсалтай хэрэг юм. Та өөрөө өөртөө эзэн болж, таны амьдрал дэвжин дээшилж, орлого тань байнга тасралтгүй өсөж, доллар сая саяараа урсан орж ирээд л... Таны хөрөг «Форчун» сэтгүүлийн хавтсыг чимж, харьцагчид таныг лимузин машин, тийрэлтэт онгоцоор ирж аваад л... Дэлхийн хэмжээний асуудлыг шийдэхэд зориулан хөрөнгө оруулдаг таны нэрэмжит сан өөрийн тань үйл хэргийг үргэлжлүүлээд л...
Сая сая хүмүүсийн хувьд тэдний мөрөөдөл хэзээ ч бодит байдал болохгүй юм шиг санагддаг. Гэхдээ мөрөөдөл биелж болох ба биелэх ч ёстой юм. Ийм л учраас бид энэхүү номыг бичсэн юм.

2006 онд «The Secret»/«Нууц» кино анх дэлгэцэнд гарч, хэрэв хүн оюун санаагаа өөрийн хүсэж байгаа, тэр ч байтугай өөрт хэзээ ч бүтэхгүй зөгнөл мэт санагдаж байгаа зүйлд төвлөрүүлж чадвал хүссэнээ бодит зүйл болгон хувиргаж болдог таталцлын хууль байдгийг сая сая хүмүүс мэдэж авсан байна. Энэ номыг зохиогчдын нэг Жон Ассарафт уг кинонд орж, багшлах хувь тохиосон юм. Энэ кино, ном гарсны дараа олон хүн бидэнд хандаж: «бизнест болон ер нь бүх амьдралдаа амжилтад хүрэхийн тулд энэ санааг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?» гэж асуусан.
Бид хоёр өнгөрсөн арван жилд бизнес эрхэлдэг мянга мянган хүмүүстэй уулзаж ярилцаж байсан учраас энэ асуултын цаана байгаа горьдлого найдвар, айдас, түгшүүрийг мэдэж, ойлгож байгаа юм. Бидний хувьд жил бүр сая саяараа бүртгэгддэг дампуурч хаагдсан, ажлаас халагдсан тохиолдол бүр нь жирийн нэг статистик мэдээ биш харин өөр өөрийн нэр, нүүр царай, дуу хоолойтой амьд хүмүүсийн түүх юм. Мөн бидэнд хандан байнга тавьдаг өөр нэг асуултыг ч сонсдог:

Би элбэг хангалуун амьдралд яаж хүрэх вэ?

Их сургуулийн зэрэг цолтой (бид хоёрын хэнд нь ч байхгүй) эсвэл бизнесийн их сургуулийн дипломтой (тэр ч бас бидэнд байхгүй) экспертүүд ч танд энэ асуултын хариуг өгч дөнгөхгүй. Тэр ч байтугай бид коллежид ч сурч байгаагүй. Бидэнд баян эцэг эх, аврах цагираг шидэж өгөх, амжилтад хүрсэн ажил хэргийн түнш байсангүй. Үнэндээ бол бид амьдралын хүнд нөхцөлд өссөн.
Ойрх Дорнодоос дүрвэж ирээд Канадын ядуу хороололд амьдарч байсан Жон Ассараф өсвөр насандаа хүмүүжилгүй, танхай хүүхдүүдтэй нийлдэг байлаа. Сургуулийн ахлах ангид ороод тэрээр энэ байдлаасаа салж чадсан бөгөөд мэргэжлийн тамирчин болъё гэж шийдсэн ч сагсан бөмбөгийн спортын оргилд хүрэх мөрөөдөлд нь автын осол цэг тавьсан юм.
Мюррей Смитийг бага ангид сурч байхад нь «жирийн хүүхдүүдтэй хамт сурах чадваргүй» гэсэн тодорхойлолттойгоор тусгай сургуульд шилжүүлсэн байна. Сургуулиа дүүргээд тэр газар дор хэдэн зуун футийн гүнд бохирын хоолой цэвэрлэх ажил хийдэг байсан.
Тэглээ ч гэсэн бид хоёр амжилтад хүрч чадсан юм. Яаж? Бид энхэл донхолтой замаар амжилтад хүрэх хүсэл өвөрлөн явахдаа бизнесийн амжилтыг хэрхэн хуваарилахыг зохицуулдаг оршин тогтнохуйн суурь хуулиуд байдгийг таньж мэдсэн бөгөөд энэ хуулиудыг мөрдлөг болгон ашиг тустай гэдэг нь ахин дахин батлагдсан цогц аргыг боловсруулсан билээ. Гучин жилийн турш энэ аргыг хэрэглэн одоог хүртэл амжилттай ажиллаж байгаа нийтдээ арван найман компанийг бараг тэгээс нь эхлэн үндэслэн байгуулсан юм. Энэ хугацаанд бидний эргэн тойронд хүмүүс олонтаа бүтэлгүйтэхийг харсан. Мөн түүнчлэн өөрсдийн амжилтаа аль болох олон хүмүүстэй хуваалцах тусам улам амттай болно гэдгийг ойлгосон юм. Тэгээд бид өөрсдийн мэдлэг, туршлага, чадварыг биднийг сонсохыг хүссэн хүн бүрд хүргэхийг зорилоо.
Бид хоёр олон жил нөхөрлөсөн бөгөөд дээр өгүүлсэн амжилттай ажиллаж байгаа компаниудын заримыг хамтран байгуулсан. 2005 онд бид идэвхтэй үйл ажиллагаанд эргэн орж, эхэлж байгаа бизнесмэнүүдэд туслахаар шийдсэн юм. Жижиг бизнесийн салбарт зөвлөгөө болон коучингийн үйлчилгээ үзүүлдэг, одоо маш өндөр үр дүнтэй ажиллаж байгаа «ВанКоуч» гэдэг нэртэй байгууллагыг бид үүсгэн байгуулсан юм. «ВанКоуч»-д хуримтлуулсан туршлага нь бидэнд энэ номыг бичих боломжийг олгосон билээ. Асуултын хариуг маш олон төрлийн эх үүсвэрүүдээс авч болдог. Энэ номыг уншиж байхдаа та сэтгэл санаагаа төвлөрүүлэх, оршин тогтнохуйн суурь хуулиудыг бизнест ашиглахаас эхлээд таны компанийн эрхэм зорилго дээр тулгуурласан маркетингийн «слэм-данк мессэж» бүтээх, олон сая доллартай хүн шиг сэтгэж сурах хүртэлх олон зүйлийн талаар мэдэх болно. Аливаа амжилттай бизнесийн гол түлхүүр нь чухам юунд байдаг вэ? Өөрийн хамгийн сайн үйлчлүүлэгчээ хэрхэн таних вэ? Хайхрахгүй өнгөрч, алдаж болохгүй өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлээ яаж олох вэ? Энэ гурван асуултын хариултыг та эндээс мэдэж авах болно.
Бид зуу зуун эрдэмтэд, худалдааны мэргэжилтнүүд, бизнесийн лидерүүд, саятнуудтай уулзаж ярилцсан бөгөөд амжилт гаргасан, азгүйтсэн, алдсан, оносон, шинэлэг, хуучинсаг мянга мянган үйлчлүүлэгчтэй ажилласан манай ажлын туршлага дээр тулгуурлан олон асуултын хариултуудыг үндсэн нэг Хариу болгон нэгтгэсэн юм. Та энэ бүхнийг бидний номоос олж унших болно.
Физикт Гейзенбергийн тодорхойгүйн зарчим гэх үзэл баримтлал байдаг бөгөөд үүнийг энгийн үгээр тайлбарлавал: Хэрэв аливаа юмыг өөр талаас нь харвал тэр юм ч бас өөрчлөгдөнө гэсэн санааг агуулдаг. Хэдийгээр Гейзенберг энэ зарчмаа атомын жижиг хэсгүүдэд зориулан бодож олсон боловч үүнийг амьдрал ба бизнест хэрэглэж болно. Таны ямар нэг компанийн ажилтан эсвэл эзэн гэдгээс хамаарахгүйгээр өөрийн бизнесийг өөр талаас нь харж, хэрхэн бизнесээ мөрөөдөлтэйгөө уялдуулахыг бидний ном танд хэлж өгөх болно. Харин таны бизнестэй хамт таны амьдрал ч өөрчлөгдөнө.
Энэхүү ном нь хэрхэн өөрийн бизнес, өөрийн амьдралдаа эзэн болохыг танд хэлж өгөхөд чиглэсэн юм. Шалтгаан ба үр дагавар нь бизнесийн хуулиудад хэрхэн нөлөөлдөг вэ? Шалтгаанаас үүдсэн үр дагавар болохгүйн тулд яах ёстой вэ? Хэрхэн өөрийн мөрөөдлийн бизнесээ бүх талаас нь тов тодорхой, дэлгэрэнгүй төсөөлөн бодож цогцлон бүтээхийг бид танд хэлж өгнө. Энэ мөрөөдлөө амьдралаар шалгагдсан амжилтад хүрэх стратеги дээр тулгуурлан хэрхэн биелүүлж болох тухай энд өгүүлэх болно.
Та хувиараа бизнес эрхлэгч, компанийн эзэн, хувийн компанийн ажилтан эсвэл «Форчун 500» жагсаалтад орсон корпорацийн менежер ч байж болно. Өөрийн ажил үйлсийг шинээр эхлэхээр зориг шулуудсан эсвэл одоогийн ажил дээрээ хэнээр ч сольшгүй нэгэн болохыг хүсэж байж ч болно. Хамгийн гол нь санхүүгийн эрх чөлөөнд хүрч аз жаргалтай амьдрахыг хүсэж л байгаа бол бид энэхүү номыг танд зориулж бичлээ. Бид таныг урамшуулан зоригжуулж, таны мөрөөдлийн бизнесийг цогцлон бүтээхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл хийгээд алхам тутамдаа дагаж мөрдөх тодорхой заавар зөвлөгөөг танд өгөхийн тулд бичсэн юм.
Бид өөрсдийн амьдралын түүхээ танд дэлгэж, Хариуг олсон ухааралд хэрхэн хүрсэн тухайгаа танд ярьж, энэхүү зарчмуудыг баримтлан өөрийн мөрөөдлийг биелүүлсэн амжилттай бизнесменүүдийн түүхийг өгүүлэх болно. Энэ ном нь зөвхөн Асуултын хариуг олоход тань туслаад зогсохгүй таны амьдрал хэзээ ч өмнөх шигээ болохгүй бөгөөд таны мөрөөдлийн бизнес зөгнөл ч биш, боломж, магадлал ч биш харин хэн ч хэзээ ч өөрчилж үл чадах бодит байдал болсон гэдгийг тов тодорхой бөгөөд итгэлтэйгээр ертөнц дахинд хэлэх зорилготой билээ.

Би элбэг хангалуун амьдралд яаж хүрэх вэ?

Хариуг нь та энэ номоос олж авах болно.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Jul.11.10 2:01 pm, edited 7 times in total.

Top
   
 
PostPosted: Jul.06.10 4:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Нэгдүгээр бүлэг

ХАЙРЦАГ ДОТОР ЮУ БАЙВ?:
ЖОНЫ ТҮҮХ
2000 оны тавдугаар сарын нэгэн өглөө хүү Кинаны хамт таван жилийн турш наалттай байсан хатуу цаасан хайрцгийг нээж үзсэнээр энэ түүх эхэлсэн бөгөөд хайрцаг дотроос бидний олсон зүйл миний амьдралыг эгнэгт өөрчилсөн юм. Ямар үйл явдал өрнөхийг би огтхон ч төсөөлөөгүй байсан ба хайрцаг дотор юу байгааг мэдэхгүй байлаа. Бид тэр хайрцагт таван жилийн турш огт гар хүрээгүй бөгөөд энэ хугацаанд бид хэд хэдэн удаа нүүсэн билээ.
Миний бие энэ явдлаас хорин жилийн өмнө сургуулиа дүүргээд шууд үл хөдлөх хөрөнгийн худалдааны төлөөлөгчийн ажилд орсноор өөрийн бизнесийн гараагаа эхэлсэн юм. Мэргэжлийн сагсан бөмбөгчин болох тухай мөрөөдлөө аль эрт орхисон бөгөөд амьдралаа яаж зохиохоо ч мэдэхгүй байлаа. Миний хувьд хүнсний мухлагт худалдагч хийхээс зайлсхийх цорын ганц зам нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа байсан тул 1980 оны зургаан сарын 20-нд арван есхөн настай хөвгүүн байхдаа шалгалт өгч үл хөдлөх хөрөнгийн худалдааны төлөөлөгчийн лиценз авсан юм.
Тавьсан зорилгодоо хүрэх тухай семинар, дадлагын ачаар «дүрслэн харах» ба «батлан хэлэх» гэдэг нэртэй хувь хүнийг хөгжүүлэх арга байдгийг үүнээс хэдэн сарын дараа олж мэдсэн юм. Энэ төрлийн аргууд нийтэд тоогдож эхлэхээс өмнө тэдгээр нь үр дүнтэй гэдгийг би гадарлаж байсан. Сагсан бөмбөгийн од болохыг өсвөр насандаа хамгаас их хүсэн мөрөөддөг байлаа. Од болохыг тэсгэлгүй их хүсэхдээ сагсны тэмцээнд хожиж байна гэж дотроо ургуулан бодож, тэмцээний сүүлчийн хоромд шийдвэрлэх бөмбөгийг цагирагт оруулж байгаагаар төсөөлж сургуулийнхаа сагсны талбайд гарах бүрдээ энэхүү бодлын киногоо сэтгэл дотроо хөврүүлдэг байлаа. Тэр ч байтугай сагсны бөмбөг тэврээд унтдаг байсан.
Осолд орохоосоо өмнө муугүй тоглодог байсан гэдгээ зоригтой хэлж чадна.
Гэвч осолд орсноос хойш сагсан бөмбөгийн талбайд амжилт гаргана гэсэн бодлоо мартахаас аргагүй болсон юм. Бизнест амжил гаргах цаг болсон байлаа.
Би илүү амжилттай ажиллаж байгаа мэргэжил нэгтнүүдээ ажиглахаас эхэлсэн бөгөөд олз руугаа тэмүүлж байгаа харцага мэт тэднийг дагаж, тэдний хэрхэн утсаар ярихыг нь сонсож, тэд аливаа зүйлийг хэрхэн хийж байгааг нь тодорхой мэдэхийн тулд хурал зөвлөлгөөн дээр аль болохоор тэдний хажууд суухыг эрмэлздэг байсан юм. Түүнээс гадна би их уншдаг болсон бөгөөд тавьсан зорилгодоо хэрхэн хүрэх талаарх өөрт олдож болох бүх номуудыг бараг л залгиж орхидог байлаа. Би аудио бичлэгүүд сонсож, төрөл бүрийн семинарт суудаг байсан бөгөөд нэг удаагийн семинарыг хожим нь миний найз, багш, ажил хэргийн түнш болсон Боб Проктор хөтлөн явуулж байхтай таарсан юм.
Хувь хүнийг хэрхэн хөгжүүлэх талаарх ажлыг арваад жилийн өмнөөс хэрэг дээрээ ганцаараа үндэслэсэн Эрл Найтингейлтэй хамтран ажиллахаар Боб 1960-аад оны эхээр төрөлх Торонто хотоосоо Чикагод шилжсэн байна. Найтингейлийн «Хамгийн жигтэй нууц» хэмээх нэртэй алдартай аудио бичлэг нь хөгжмийн бус бичлэгүүд дотроос анх удаагаа саяас илүү хувиар борлогдсон хуурцаг болсон юм. Найтингейлийн багш нь амжилтад хэрхэн хүрэх талаар өгүүлдэг ном зохиол дотроос илүү нэрд гарсан «Бод, баяж» хэмээх номыг бичсэн Наполеон Хилл байжээ. Наполеон Хилл, Эрл Найтингейл ба Боб Проктор тэд бүгд өөр өөрийнхөөрөө нэг л зүйлийн тухай сургадаг нь амжилтад хүрэх түлхүүр бол бодол санаагаа хянаж сурах явдал юм. Бид өөрсдийн хязгаарлагдмал хүсэл бодлоороо үүсгэсэн тэр хүрээнээсээ хэтэрдэггүй гэдгийг эдгээр багш нар надад ойлгуулж өгсөн билээ. Тэдний үзэл бодлыг би бүрэн дүүрэн хуваалцаж байсан бөгөөд хэдийнээс тийм болсныг мэдэхгүй ч үнэхээр л тэдний зөв юм шиг санагдаж байлаа.
Удалгүй би өмнөө тавьсан зорилтуудаа цаасан дээр бичих болсон юм (1982 оны зун бичсэн ийм тэмдэглэл надад одоо ч хадгалагдаж байгаа). Би «батлан хэлсэн» өгүүлбэр болон мөрөөдөж байсан амжилтынхаа үгэн зураглалыг цаасан дээр бичиж, өөрийн дотоод ухамсраа шинэлэг мөрөөдлөөр тэтгэж, өөрийгөө худалдаа үйлдвэрлэлийн алдрын оргилд гарч байгаа тухай бодлын шинэ «кинонуудаа» дотроо үздэг байлаа. Үл хөдлөх хөрөнгийн худалдааны төлөөлөгчөөр ажилласан эхний жилдээ би 30000 долларын цалин авсан бөгөөд хорин настай залуугийн хувьд энэ нь тийм ч муугүй байлаа. Дараа жил нь би 150000 долларын орлоготой ажилласан билээ. Зорилт тавьж, «харагдахуйц болгох» ба «батлан хэлэх» арга нь үр дүнгээ өгсөн юм.
Ингэж хоёр жил ажилласны дараа би түр амарч юм үзэж нүд тайлахаар шийдлээ. Хэрэгцээт хөрөнгө мөнгө цуглуулаад дэлхийг тойрон аялах аялалд гарсан билээ. Харь орнуудын соёл, тэдний ертөнцийг үзэх үзлийг судалж, боломжит зүйлийн хязгаарын тухай өөрийн төсөөллөө өргөжүүлж явсан миний дэлхийг тойрсон аялал жил гаруй үргэлжилсэн юм. 1984 оны сүүлээр би Торонтод эргэж ирээд үл хөдлөх хөрөнгийн пүүстээ хуучин ажилдаа орсон бөгөөд гэхдээ би тэнд удаан баригдахгүй, улам ихийг мэдэж улам ихийг хийж илүү чухал хүн болохыг хүсэж байгаа минь тодорхой байсан юм.
Хоёр жилийн дараа 1986 оны сүүлээр умард Канадын үл хөдлөх хөрөнгийн асар том сүлжээ болох «RE/MAX» компанийн төлөөлөгч Уолтер Шнейдер ба Френк Полцлер нар Индиана муж улс дахь орон нутгийн өөрийн төлөөлөгчөө «RE/MAX» солихоор шийдсэн тухай надад мэдэгдсэн юм. (Өнөөдөр Уолтер Френк хоёр дэлхийн хамгийн амжилттай франчайзингуудын нэг билээ). Тэд намайг өсөн дэвшихийг хүсэж байгааг мэддэг байсан тул хэрэв намайг Индиана явахыг хүсвэл ажил хэргийн түнш болох санал дэвшүүлсэн юм.
— Жон, та Индиана явахад бэлэн үү? гэж тэд надаас асуусан юм.
— Тэгэлгүй яах вэ! гэж би хариулаад — Хэзээ явах вэ? Харин дараа нь тодруулж : — Ингэхэд яг хаашаа явна гэнэ ээ? гэж асуулаа.
Үнэнийг хэлэхэд «Индиана» гэдэг үгийг би сонсоогүй бөгөөд өөр газар шилжих тухай сонсмогц татгалзаж болшгүй боломж миний өмнө нээгдэж байгааг шууд л ухаарсан билээ.
Индианад очсон эхний долоо хоногт «Индианаполис бизнес жорнэл» сонины сурвалжлагч надаас ярилцлага авлаа.
— Таван жилийн дараа бид Индиана муж улсын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компани болж, бидний жилийн худалдаа эргэлт миллиард доллараас давах болно гэж би хэлсэн.
Тэр миний хэлсэн үгийг нямбай гэгч нь тэмдэглэж аваад дараа нь надаас — та тэдэнтэй ярилцсан уу гэж ёжлонгуй асуугаад тэр үедээ л орон нутагтаа томд тооцогддог байсан үл хөдлөх хөрөнгийн худалдааны компанийн эздийн нэрсийг тоочив.
— А... та юу гэнээ? гэж намайг асуухад сурвалжлагч жуумалзаад
— Тэд бараг найман жил энэ чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд одоогийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн дал гаруй хувь нь тэдэнд харъяалагддаг гэдгийг та ойлгох хэрэгтэй болов уу гэж би бодож байна гэсэн юм.
Ийм ч юм сонсох гэж! Түүний тоочсон компанийн эздийг би огт танихгүй бөгөөд нэрсийг нь анх удаа сонсож байгаа нь тэр байлаа. Индиана муж улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар надад ямар ч ойлголт байгаагүй бөгөөд ажлаа хаанаас нь эхлэхээ ч мэдэхгүй байсан юм. Зөвхөн компанийнхаа жилийн худалдаа эргэлтийг нэг миллиард долларт хүргэнэ гэсэн зорилго л надад байсан юм. Гэтэл хэлхээ холбоо сайтай, туршлагатай, орон нутгийн өрсөлдөгчид бас гараад ирдэг!
Сурвалжлагч тачигнатал хөхрөв. Санаа чинь байв ч сачий чинь хүрэхгүй дээ гэж тэр бодсон байлгүй. Хэд хоногийн хойно «Таван жилийн дараа миллиард долларын худалдаа хийдэг болно» гэсэн гарчгийн дор миний зургийн хамт дээрх ярилцлага хэвлэгдсэн юм. Сониныг уншаад хот тэр чигээрээ элэглэн шоолж байлаа.
Харин дээрх явдлаас хойш таван жилийн дараа миний компанийн худалдаа эргэлт 1,2 миллиард долларт хүрсэн бөгөөд тэд ч шоолж зүрхлэхээ больсон юм.
«Харагдахуйц болгох» ба «батлан хэлэх» арга үнэхээр ач тусаа өглөө. Хэрхэн яаж гэдэг нь одоо хүртэл миний хувьд оньсого хэвээрээ байгаа ч үр дүнгээ өгсөн нь л гол юм.
1985 оноос миний багш нар «харагдах санамж» гэж нэрлэсэн «мөрөөдлийн самбаруудыг» би хийж эхэлсэн билээ. Сонин сэтгүүлүүд дээр гарсан миний өмнөө тавьсан зорилгыг илэрхийлж чадах зургуудыг хайчилж аваад хуудас цаасан дээр найдаг болсон юм. Тэр үед би энэ аргын үр өгөөжийг бүрэн дүүрэн үнэлж чадахгүй байсан ч удалгүй үнэхээр нөлөөлдөг гэдэгт нь итгэх болсон юм.
«RE/MAX» сүлжээний орон нутгийн салбарыг удирдан ажилласан энэ арван жилийн дотор манай салбар далан таван төлөөлөгчийн газар, 1000 гаруй худалдааны төлөөлөгчтэй болсон билээ. Миний хувьд ажил маань сонирхолтой байхаа больж би өөр ямар нэг том ажил үйлс эхлэхийг хүсэх боллоо. Би тохирох хүнийг олж, ажлаа шилжүүлэн өгөөд эд хогшлоо цуглуулж Индианатай салах ёс гүйцэтгээд эргээд Канадад ирсэн юм.
Дараагийн хэдэн жилд шинээр эрхлэх ажлаа хайж гэр бүлийн хамт нэг газраас нөгөө рүү шилжсээр байсан юм. Би хэд хэдэн компанид хөрөнгө оруулсан бөгөөд бас өөр хэд хэдэн компанид зөвлөгөө өгч ажиллах зуураа шинэ ажил хайсаар байлаа. 1998 оны сүүлээр миний танил Лен Маккерди намайг Сан-Францискод ирэхийг урилаа. Лены хүү Кевин болон түүний найз Ховард хоёр ямар нэг онцгой зүйл бодож олсон гэнэ.
— Энэ бол гайхалтай программ гэж Лен намайг ятгаад, —ямар нэг зүйл ачаалж, нэмэлт өргөтгөл суулгахгүйгээр виртуаль орчинд автомашин тэр ч байтугай бүхэл бүтэн зочид буудлыг Интернетээс шууд үнэлж цэгнэх боломж өгдөг юм. Чи энэ программыг үзэх хэрэгтэй гэв.
Лен намайг гайхуулж чадсан бөгөөд түүнтэй хамтран ажиллахад их зүйлийг сурна гэдгийг би ойлгож байлаа. Түүний сүүлд «Ай-Би-Эм»-д зарсан компани нь л гэхэд бүхэл бүтэн хөрөнгө байсан юм. Би Сан-Францискод нисэж ирсний дараа үл хөдлөх хөрөнгө болон автомашины худалдаа, зочид буудлын бизнес зэрэг салбаруудад Кевин ба Ховард нарын бүтээсэн энэхүү программын хэрэгцээ үнэхээр их байгааг ойлгоход нэг их хугацаа шаардагдаагүй юм. Лен надад борлуулалт, маркетинг хариуцсан ахлах дэд захирлын албан тушаал санал болгосон бөгөөд би ч огт эргэлзэлгүй зөвшөөрлөө. Харин дараа нь намайг үнэхээр цочроосон нэгэн зүйлийг асуусан юм :
— Хөөе, бид яагаад ирэх намраас хөрөнгийн бирж дээр гарч болохгүй гэж?
Тэр үүсгэн байгуулаад есхөн сар болж байгаа компанийн хувьцааг зах зээлд гаргахыг хүсэж байлаа! Дот комууд (.com буюу вэб сайтууд) асар олноор төрж байсан тэр халуухан өдрүүдэд ч энэ санаа хэт өөдрөг үзэл шиг санагдах байлаа. Гэхдээ Лен хэрхэн биелшгүй зорилгоо ажил хэрэг болгохыг мэдэж байсан бөгөөд тэр миний уншсан тэр л номуудыг уншиж, надад багшилсан тэр л хүмүүсээс суралцсан тул бид зөвхөн өөрсдөө бий болгосон тэр л хүрээндээ хязгаарлагддаг гэдгийг ойлгодог байсан юм.
Би гүнзгий санаа алдаад: — «Яах вэ. Үзээд алдъя» гэж хариулсан юм.
Бид Ванкуверээс Лос-Анжелест шилжиж ирснээс хойшхи бүтэн жилийн турш Сахиулсан тэнгэрүүдийн хот ба Сан-Францискогийн хооронд байн байн нисдэг байлаа. Шинэ компаниа 1999 оны эхээр бүртгүүлсэн бөгөөд 9 сарын дараа NASDAQ-ын IPO шалгуурыг амжилттай давж хувьцаагаа гаргасан юм. Дараа нь бусад компаниудтай нийлсэн ба манай компанийн нийт хувьцааны үнэ 2.5 миллиард долларт хүрсэн юм.
Энэхүү үйл явдлын шуурга надад дараах гурван үр дүнг үлдээсэн юм. Нэгдүгээрт хүний оюун санаа асар хүчтэй болохыг харуулсан маш тодорхой нотолгоог би олж авсан. Хоёрдугаарт би сэтгэл түвдэхгүйгээр ажлаа орхиж болохуйц их хэмжээний орлоготой ажилласан. Гуравдугаарт өөрийн үйл ажиллагааны хүрээг тэлж, шинэ газар нүүх хүсэл тэмүүлэл намайг дахин эзэмдэх болсон юм. Ямар чиглэлээр ажиллахаа тэр үед ойлгоогүй байсан боловч Сан-Диего хот руу нүүхийг хүсэж байгаагаа сайн мэдэж байсан юм. Бараг хорин жилийн турш Сан-Диегод амьдрахыг би мөрөөдсөн билээ.
1982 онд дэлхийг тойрон аялж явахдаа би энэ хотод саатаж, «Хэрэв боломж олдвол би энд амьдарна» гэж өөртөө хэлсэн юм. Ингээд 2000 оны эхээр би гэр бүлийн хамт Сан-Диего хотын захын дүүрэгт байшин хөлслөн сууж байнга амьдрах газраа хайж эхэлсэн юм. Дөрвөн сард эрсэн газраа олж, энэ бүх хугацаанд Индианад агуулахад хадгалагдаж байсан эд хогшлоо авчруулах захиалга өглөө.
Хэдэн долоо хоногийн дараа гэрийн тавилгууд болон хэдэн арван хатуу цаасан хайрцагтай зүйлс ирлээ.
Ингээд л тавдугаар сарын нэгэн мягмар гаригт цонхоор нь нар гийсэн, цавуутай туузаар наасан хатуу цаасан хайрцгууд энд тэнд хураасан шинэхэн ажлын өрөөндөө и-мэйлээ шалгаад сууж байгаа минь энэ билээ.
Миний зургаан настай бяцхан хүү Кинан хаалганы дэргэд байсан хайрцаг дээр сууж хөлөө савлан хайрцгийг балбаж байлаа.
— Миний хүү, чи энийг заавал хийх хэрэгтэй гэж үү? Надад саад болоод байна гэж хэлж байснаа санаж байна.
— Аав аа, хайрцаг дотор юу байгаа юм бэ? гэж тэр асуухдаа хөлөө савчсаар л байлаа.
Хайрцаг дээрх халцарсан бичээсийг арай гэж уншлаа.
— Тэнд Индианад байхдаа цуглуулсан миний зургууд байгаа. Индианаг санаж байна уу? Биднийг Индианад амьдарч байх үед тэр дөнгөж хөлд орж байсан билээ.
— Ямар зургууд?
Би түүнд ойлгогдохоор тайлбарлахыг хичээж, энэ бол миний ажил дээрээ болон амьдралдаа хүрэхийг хүссэн зүйлсийн зураг гэж би хэлэв.
— Та түүгээр яадаг юм бэ?
Надад хэрэгтэй болоод л тэр ээ гэж хариулаад энэ яриаг дуусгаж ажлаа үргэлжлүүлэхийг хүсэж байсан ч уудам саруул шинэ гэртээ үүгээр түүгээр гүйх жаргалтай бяцхан хүүгээ хараад энэ бодлоосоо татгалзлаа.
Хүүхэд байхдаа би том болоод (мэдээж илүү ухаантай болоод) хүүхэдтэй болохоороо түүнд хэзээ ч «Тэгэх хэрэгтэй» эсвэл «Тийм учраас л тэр» гэж хариулахгүй гэж өөртөө амалсан юм.
Тэгээд цавуутай туузыг салгаж хайрцгийг нээгээд «харах санамж» наасан эхний хуудсыг гаргаж ирлээ. Түүн дээр би тэр үед мөрөөддөг байсан, хожим нь худалдан авч унаж байгаад эргээгээд муугүй үнэ хүргэж зарсан «мерседес», матрын арьсан гутал, бугуйн тансаг цаг зэрэг эд зүйлсийн зураг байлаа. Энэ бүхнийг эргэн дурсаад дараагийн хуудсыг үзлээ. Түүн дээр маш том, тансаг, сайхан байшингийн зураг байв.
«Энэ зураг яагаад энд байдаг билээ?» гэж бодлоо. Биднийг нүүхээр зэхэж байх үед хэн нэг нь үл хөдлөх хөрөнгийн газрын рекламыг ийш нь санамсаргүй хийснээс зайлахгүй... Үгүй ээ. Ийм байх боломжгүй. Хайрцаг таван жилийн турш наалттай байсан шүү дээ! Би зургийг анхааралтай харвал ямар нэг рекламны товхимол биш болох нь тодорхой боллоо. Зураг хуудсанд наалттай байлаа. Наалттай!
Тэгээд би өөрийн эрхгүй мэгшин уйллаа.
Уг хуудсан дээр таван жилийн өмнө «Дрим хоумз» сэтгүүлээс хайчилж авсан байшингийн гэрэл зураг байлаа. 188 цонхтой, 6 акр газартай, амтат жүржийн 320 модтой, бүх талаараа тансаг сайхан байшин байлаа. Харин яг энэ мөчид хүү Кинан бид хоёр энэ байшингийн дотор нь сууж байлаа! Түүнтэй төстэй ч биш харин яг энэ зураг дээр байгаа байшин дотор!
Энэ зургийг хайчилж авч байх үедээ энэ байшин хаана байдаг, ямар үнэтэй гэдгийг би огт мэдэхгүй байсан юм. Сэтгүүл дээр гарсан жирийн л нэг зураг.
Миний тархин дотор янз бүрийн бодлууд эргэлдэж байлаа. Эцсийн эцэст энэ байшинг худалдаж авна гэсэн ямар магадлал байна вэ? Ер нь тэр магадлалыг тооцоолж болдог юм болов уу?
Ингээд миний цаашдын амьдрал хэрхэн өрнөхийг би гэнэт ойлгосон юм.

Хэрэв та «The Secret»/«Нууц» киног үзсэн бол уг кинонд би энэ түүхийг хэрхэн өгүүлснийг сонссон байх. Энүүхэндээ гэж хэлэхэд энэ бүхнийг ухаарсан тэр мөчөөс хойш чухам юу болж өнгөрснийг кинонд дурдах боломжгүй байлаа. Энэ ухаарал бол тэнгэр бурхнаас хэлж өгсөн нэгэн төрлийн нээлт байсан бөгөөд ийм ч учраас үүнийг таны одоо гартаа барьж байгаа ном болгон нийтийн хүртээл болгох үүрэг надад ногдсон юм. Хорин жилийн турш бясалгал болон өмнөө зорилго тавих аргачлал, батлан өгүүлэх, харагдахуйц болгох аргуудаар тэвчээртэй бөгөөд уйгагүй дадлага хийсэн бөгөөд тэд үнэхээр үр дүнтэй гэдгийг батлах хангалттай нотолгоо цуглуулсан билээ. Гэхдээ энэ аргууд хэрхэн яаж нөлөөлдгийг хэзээ ч ойлгоогүй бөгөөд үнэнийг хэлэхэд тэр нь миний хувьд хамаагүй байлаа. Тэгээд би учрыг нь олохоор шийдсэн юм. 2000 онд би сайн дураараа тэтгэвэрт гарсан бөгөөд надад ямар нэг бизнес төлөвлөгөө байсангүй, ямар нэг ажил хэрэг эрхлэх шаардлага ч байхгүй байлаа. Өөрөөр хэлбэл би юугаар ч дутагдахгүй дүүрэн жаргалтай амьдарч байсан бөгөөд бидний бодлоор бол энэ номыг уншиж буй хүн бүрийн хүсэн мөрөөддөг тэрхүү санхүүгийн бүрэн дүүрэн эрх чөлөөг эдэлж байлаа. Ажил хийх өчүүхэн ч шаардлага байсангүй.
Гэвч надад ухаарал хайрласан тэр мөчөөс эхлэн бүх зүйл өөрчлөгдсөн билээ. Зураг хэрхэн бодит байдал болж хувирсныг мэдэх гэсэн хүсэл тэмүүлэл намайг огт тайван байлгасангүй.
Дээрх явдалтай холбоотой байж болох шинжлэх ухааны салбаруудын тэргүүлэгч эрдэмтдийн нэрсийн жагсаалтыг гаргахаас ажлаа эхэлсэн бөгөөд улмаар тэдний хэвлүүлсэн шинжлэх ухааны өгүүлэл, бүтээлүүдийг уншиж эхэлсэн юм. Дараа нь би тэдний олон нийтэд тавьж буй илтгэлд сууж, түүгээр ч зогсохгүй зарим нэгтэй нь утсаар ярьдаг боллоо. Сүүлийн жилүүдэд би квантын физик, нейропсихологи, философи болон шинжлэх ухааны бусад салбаруудын тэргүүлэгч эрдэмтэд, анхдагчидтай танилцаж, тэдэнтэй холбоотой байдаг болсон билээ. Тэдний надад хэлж мэдүүлсэн зүйлс намайг үнэхээр гайхуулсан юм. Би хэрхэн амжилттай ажиллаж байгаа компаниудыг ар араас нь үүсгэн байгуулж, хатуу цаасан хайрцаг доторх зураг дээр байсан мөрөөдлийн байшиндаа хэрхэн гэр бүлийн хамт амьдрах болсныг тэд тайлбарлаж өгсөн юм.
Дараагийн бүлгүүдэд таныг хайрцаг доторхийг толилон соёрхож, эрдэмтдийн хэлж өгсөн гайхалтай сонин баримт мэдээллийг таалан болгоохыг бид урьж байна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Jul.06.10 4:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Хоёрдугаар бүлэг

ЕРТӨНЦИЙГ ТАНИН МЭДЭХ
ГЭСЭН ОРОЛДЛОГУУД
1633 онд одон орон судлаач Галилео Галилей гэгч хижээл насны итали эрийг тэрс үзэлтэн хэмээн буруутгаж шашны эрүүдэн шүүх газраас түүнд бүх насаар нь шоронд хорих ял оноожээ.
Галилей ямар гэмт хэрэг хийсэн юм бол? Өөрөөсөө зуун жилийн өмнө амьдарч байсан агуу одон оронч Николай Коперникийн дэвшүүлсэн Дэлхий гариг бол Нарны аймгийн төв биш юм гэсэн санааг тэр баталсан юм. Галилейн хэлснээр: Нарны аймгийн төвд Нар оршдог бөгөөд Дэлхий бол түүнийг тойрон эргэдэг хэдхэн гаригийн нэг юм. Энэ санаа нь шашны Ариун Сударт бичсэнтэй огт нийцэхгүй байлаа. Галилейг олон нийтийн өмнө энэхүү тэрс үзлээсээ татгалзахыг шаардаж, түүний бичсэн «Птолемейн болон Коперникийн сургаалиудын тухай бодрол» хэмээх бүтээлийг нь хориотой номын жагсаалтад оруулсан юм. Хожим шоронд эдлэх ялыг нь гэрийн хориогоор сольсон бөгөөд хараа нь улам муудсаар байсан Галилей үлдсэн амьдралаа Флоренцын дэргэд байдаг тосгонд өнгөрөөжээ.
Хэдийгээр шашны зүгээс хориотой байсан ч Нарны аймгийн талаарх нар төвт онол эцсийн эцэст ялж, Галилейн хийсэн нөр их туршлагын ажлууд, түүний бүтээсэн математик загварууд нь орчин үеийн шинжлэх ухааны үндэс суурийг тавихад их хувь нэмэр болсон юм. Гурван зуун жилийн дараа германы физикч Альберт Эйнштейн түүнийг «орчин үеийн шинжлэх ухааны эцэг» хэмээн нэрлэсэн билээ.
Шинжлэх ухаан Галилейн үеэс өмнөх мянга гаруй жилийн турш ертөнцийг онолын талаас нь тайлбарлахыг л чухалчилдаг байсан бөгөөд онол нь бодит байдалд нийцэж байгаа эсэхэд бага анхаардаг байжээ. Гэвч Коперник болон Галилейн үеэс эхлэн европын эрдэмтэд шинжлэх ухааны янз бүрийн туршилтууд хийхийг эрмэлзэх болж тэдгээрийн үр дүн нь хуримтлагдаж эхэлсэн байна. Бодол санаан дотроо хийдэг байсан туршилтууд нь бодит байдал дээр хийдэг туршилтын ажлуудад байраа тавьж өгсөн байна. Хүнд зүйл нь хөнгөнөөсөө түргэн өнхөрдөг хэмээн Аристотелийн батлан хэлснийг (хэрэг дээрээ огт тийм биш бөгөөд хазайлтын өнцгөөс хамаардаг) шалгахын тулд налуу ховилоор модон болон металл бөмбөрцөг өнхрүүлэн туршиж байсан Галилейг энд дурдаж болно. Галилейн үеэс эхлэн хуримтлагдсан мэдээ, баримтууд нь эрдэмтдэд ертөнц бол аварга том цагны механизм шиг бүтэцтэй бөгөөд энэ механик бүтцэд «оюун санаа», «сүнс» эсвэл «ухамсар» гэх мэт ойлголт огт байхгүй гэсэн санаа төрөхөд хүргэжээ. Галилейтай нэгэн үед амьдарч байсан, өнөө үед «орчин үеийн гүн ухааны эцэг» хэмээгддэг Францын гүн ухаантан, математикч Рене Декарт: ертөнц хэрхэн бүтсэнийг ойлгох хамгийн шилдэг арга бол орчлон ертөнцийг бодит ертөнц ба оюун санааны ертөнц хэмээх хоёр хэсэгт хуваахад оршино гэжээ.
Сэтгэх гэж юу болохыг Декарт болон түүний үзлийг залгамжлагчид мэдэхгүй байсан ч тэрээр «Сэтгэж л байгаа бол оршиж байна» гэсэн үгээрээ их алдаршсан юм (COGITO, ERGO SUM лат. [когито, эрго сум] — «би сэтгэж байна, тийм болохоор оршиж байна»). Бид яаж сэтгэдэг вэ? Бодол санаа хаанаас үүсдэг вэ? Хэрхэн бидний тархийг бүрдүүлдэг матери ухамсрыг төрүүлдэг вэ? Орчин үеийн физикч Жон Хагелин «Ухамсар нь бие махбодийн хэлтэрхийгээс үүсдэгт л гүн ухааны асар том асуудал оршиж байгаа юм» гэж дуртай дургүй хэлсэн байдаг. Декартын дэвшүүлсэн орчлон ертөнцийг хувааж үзэх зүй тогтлыг сөрж бидний бодол санаа ямар нэг байдлаар материтай холбоотой болж таарч байна. Гэхдээ яг яаж? Эдгээр асуултуудад хариулах гэсэн оролдлогууд нь таны өмнө бодит бололцоо, боломжуудын асар том ертөнцийг нээж өгч байгаа бөгөөд энэ нь Хариуны үндсэн хэсгийг бүрдүүлж буй юм.

АТОМЫН ДОТОРХ ЕРТӨНЦ
Декарт ба Галилейн дараа сэр Исаак Ньютон байгалийг механизм мэт үзэх үзлийг улам гүнзгийрүүлж энэ механизмыг удирддаг хуулиудыг томьёолсон байна. Бүх сонгодог физик, орчин үеийн бүх шинжлэх ухаан нь орчлон ертөнц хэмээх гурван хэмжээст хоосон орон зай дотор биетүүд маргаангүй үнэн, өөрчилж үл болох хуулиудад захирагдан хөдөлдөг гэсэн Ньютоны онол дээр тулгуурладаг. Энэхүү хөдөлгөөний хуулиуд нь уурын бүдүүлэг хөдөлгүүрээс авахуулаад Ангараг гаригаас хөрсний дээж авчирсан сансрын аппарат хүртэл орчин үеийн маш олон технологийг бүтээх боломжийг олгосон юм. Хүмүүс Ньютоны хуулиудыг хэрэглэн амьдрал дээр бий болгож чадсан бүхэн үнэхээр гайхамшигтай юм. Гэхдээ цаг өнгөрөх тусам ньютоны механикийн бүх боломжууд шавхагдаж байна. Судалгааны багаж төхөөрөмж улам боловсронгуй, илүү нарийн төвөгтэй болохын хэрээр ертөнцийг улам гүнзгий танин мэдэж, атомаас доод түвшинд орчлон ертөнц нь Декарт болон Ньютон нарын хамгийн зоригтой зөгнөлөөс ч үндсээрээ өөр болох нь тодорхой болж байна.
ХХ зууны эхээр дадал болсон, «объектив» шинжтэй ертөнцийг үзэх механик үзлийг эргэж харахад хүрсэн юм. 1890-ээд оны сүүлээр бодисын цацраг идэвхт чанарыг нээснээр эрдэмтэд атомын цөмийг судлах болсон бөгөөд атомаас доод түвшинд физикийн хуулиуд нь ньютоны хуулиудаас огт өөр байдгийг мэдээд туйлын их гайхацгаасан юм. Хэрэг дээрээ атом өөрөө хоосон зүйл болон хувирч, сайтар судлах тусам бүхэл бүтэн байдал нь алдагдаж байлаа.
«Атом» буюу ατομος гэдэг грек үг нь [α-, үгүй; + τομος-, хуваах] «хуваагдашгүй» гэсэн утгатай бөгөөд XIX зууны турш эрдэмтэд байшин барилга тоосгоноос бүтдэг шиг орчлон ертөнц атомаас тогтдог гэдэгт итгэж байлаа. Гэвч цацраг идэвхт үзэгдэл нь атом хуваагдашгүй биш бөгөөд атомын дотор судалж шинжлэх шаардлагатай бүхэл бүтэн онцгой нэгэн ертөнц байгааг ойлгуулжээ. Атом хуваагдашгүй гэсэн төсөөлөл таягдан хаягдахын хамт сонгодог физикийн үндсүүд нуран унасан билээ. Ертөнцийн бүтцийн тухай бидний үзэл бүхлээрээ өөрчлөгдсөн юм.

БҮХ ЗҮЙЛ ЭНЕРГИ

Альберт Эйнштейний нэрийг хэлэхэд таны тархинд хамгийн түрүүнд юу төсөөлөгддөг вэ? Хэн нэгнийх нь дотор сэгсийсэн буурал үстэй, хэлээ гаргасан хүний тэрхүү алдарт зураг бодогддог байж ч болох юм. Зарим нь зүгээр л агуу их хүн гэж хэлээд E=mc2 томьёог санадаг байх. Хэдийнээс түүний ухаалаг онолын математик илэрхийлэл нь ийм алдартай болсныг хэлж мэдэхгүй ч шинжлэх ухаанаас хол байдаг хүмүүс хүртэл бүгд энэ томьёог мэддэг. Эйнштейний «энерги нь массыг гэрлийн хурдны квадратаар үржүүлсэнтэй тэнцүү» гэсэн энэ томьёо нь орчлон ертөнцийн тухай өмнө нь байсан бүх онолыг хүчингүй болгож ертөнцийн дүр төрхийг бүрэн өөрчилсөнд л гол учир нь оршиж байгаа юм.
Гэрлийн нууцлаг шинж чанарыг тайлбарлах гэж оролдож байхдаа цаг хугацаагаар шалгагдсан юм шиг санагдаж байсан ньютоны физикийн хуулиудаас ангижирснаар л тухайн асуудлын хариуг олж болохыг Эйнштейн ойлгосон байна. Ньютоны үзэл баримтлалын оронд орчлон ертөнцийн бүтцийн талаарх өөрийн онолыг тэр дэвшүүлсэн бөгөөд энэ нь түүний алдарт Харьцангуйн онол билээ. Энштейны санаа ийм чухал нөлөөтэй болж чадсаны нэг гол шалтгаан нь түүний онол түүхэнд анх удаа энерги болон матери нь хоорондоо холбоотойгоор барахгүй байнга харилцан бие биедээ шилжиж байдгийг баталсанд байгаа юм. Урд өмнө нь матери болон энергийг зааглаж байсан хананд ан цав байхыг Эйнштейн олсон бөгөөд сонгодог ньютоны физикийн хээнцэр номлол шахагдах болж догшин омголон, адармаатай, өмнө нь төсөөлж байгаагүй квантын физик түүнийг шийдвэртэйгээр түлхэн холдуулсан юм.
Квантын физик нь атомаас олон дахин жижиг хамгийн бага түвшинд ертөнц хэрхэн бүтээгдсэн болохыг судалдаг шинжлэх ухаан юм. Эрдэмтэд энэ түвшинд бодит байдлын мөн чанарыг судалж үзээд хачирхалтай зүйлийг олж мэдсэн бөгөөд бодит байдлыг хичнээн гүнзгийрүүлж судлах тусам мэдэгдэх зүйл улам бага болж байжээ. Материйн туйлын жижиг хэсгүүдийг эрж хайн судалсны дүнд хэдийгээр оршин байдаг боловч бараг илрүүлэх бололцоогүй энергийн бөөмс байдаг гэсэн онол үүсэхэд хүргэсэн бөгөөд эдгээр энергийн бөөмсийг квант хэмээн нэрлэжээ.
Эйнштейний онолыг товчоор дүгнэж хэлбэл бүх зүйл энерги гэж томьёолж болох юм. Хадан цохио, гариг эрхэс, шилэн аягатай ус, гар, бидний барьж, харж, үнэрлэж үзэж болдог бүх зүйлс молекулаас тогтох ба молекул нь атомаас, атом нь протон, нейтрон ба электронуудаас тогтоно. Харин протон, нейтрон ба электрон нь барьж үл болох энергийн бөөмсөөс бүрдэнэ.
Чухам энд л квантын физик нь миний гэртээ хайрцаг доторхийг үзэж байхдаа хийсэн нээлттэй огтлолцож байгаа юм. Квантын физикийн үзэл баримтлалууд нь аз жаргалтай амьдарч өөрийн мөрөөдлийн бизнесээ бүтээн цогцлоох боломжийг олгож байна. Бүх зүйл энерги бөгөөд энерги болон материйн хооронд үл нэвтрэх хаалт саад байхгүй гэж ойлгомогц бодит ертөнц болоод бидний оюун санааны ертөнцийн дундах хил хязгаар байхгүй болж байгаа билээ.
БУРХАНЫ БОДЛЫГ ТОЛЬДОХУЙ

Эйнштейний харьцангуйн онолыг судалсан эхний арван жилд квантын физик нь бидэнд нилээд хэдэн гэнэтийн бэлгийг барьсан юм. Энэхүү нууцлаг квантууд нь тун ч ер бусын шинж чанартай ба өөр хоорондоо таагдашгүй байдлаар харилцан нөлөөлөх чадвартай болох нь тодорхой болсон юм (физикчид энэ үзэгдлийг квант төлвийн ээдрээтэй байдал хэмээн нэрлэдэг).
Физикч Эрвин Ласло өөрийн бичсэн «Шинжлэх ухаан ба Акашийн талбай» номдоо өөрийн хийсэн сонирхолтой олон туршилтуудыг дурджээ. Эрвин Ласло, полиграфын (polygraph, polygraph detector, lie-detector буюу үнэн худлын детектор) салбарын мэргэжилтэн Клив Бакстер нар туршилт хийсэн байна. Бакстер өөрийн туршилтад оролцож байгаа хүний цусны цагаан бөөмийн дээжийг хуруу шилэнд авч туршилтын төвөөс 7.5 милийн зайтай өөр газар байрлуулаад дээжтэй хуруу шилэнд үнэн худлын детектор залгажээ.
Нэг удаагийн туршилтын явцад 1941 онд япончууд америкийн цэргийн бааз Перл-Харборыг довтолж байгааг харуулсан телевизийн нэвтрүүлгийг уг туршилтад орж буй хүнд үзүүлсэн байна. Туршилтад оролцогч нь дайны үед тэнгисийн флотод зенитийн их бууны буудагчаар алба хааж байсан бөгөөд довтолгооны өдрүүдэд Перл-Харборт тулалдаж явжээ. Дэлгэц дээр туршилтад оролцогчийг томоор харуулах үед түүний нүүрэн дээр сэтгэлийн огцом хөдөлгөөн илэрсэн ба яг тэр хоромд туршилт хийж буй газраас 7.5 милийн цаана байгаа үнэн худлын детекторт сэтгэл хөдлөлийн цалгиа бүртгэгджээ. Яг л детекторыг хуруу шилэнд байгаа цусны цагаан бөөмийн дээжинд биш харин туршилтад оролцож буй хүнд шууд залгасан юм шиг.
Дараа дараагийн туршилтууд нь гадаад нөхцөл байдал ба туршилтад оролцогч болон түүний цусны дээж хоёрын хоорондын зайгаараа (хэдэн арав, хэдэн зуун миль) өөр байсан ч үр дүн нь гайхалтай адилхан байжээ.
Ийм байж болно гэж үү? Квантын физикийн хэлээр бол зенитчний цусны дээж ба түүний бие хоёр хоорондын орон зайнаас үл хамаарч хоорондоо холбоотой хэвээрээ л байх болно. Энэ харилцан үйлчлэл нь гэрлийн хурднаас давсан маш өндөр хурдтай явагддаг ба үүгээрээ Эйнштений онолын үндсэн постулатуудын нэгтэй зөрчилддөг.
Эрдэмтэд энэхүү тэдний санааг зовоосон эгшин зуур харилцан үйлчлэх чадварыг байрлалаас үл хамаарах үзэгдэл гэж нэрлэжээ. Эйнштейн өөрөө ч физикийн нэр томьёоноос зайлсхийж орон зайн нууцлаг харилцан үйлчлэлийн талаар дурдсан байдаг.
Үүний цаана ямар хүч нуугдаж байна вэ? Энергиэс илүү доод түвшний ямар нэг хүч оршдог байж болно гэж үү? Ингээд бидэнд мэдэгдэж буй энергийн бүх хэлбэрийг нэгтгэх чадвартай энэ хүчийг хайж эхэлсэн юм. Орчлон ертөнцийн бүх хүчний үйлчлэлийг илэрхийлж чадах математик тэгшитгэлийг хайж буй энэ эрэл хайгуулыг одоо үед «оргүй хоосны онол» эсвэл «бүхний тухай онол» гэж нэрлэх болжээ. Орчин үеийн шинжлэх ухааны хувьд энэ нь яг л мөнхийн усыг хайхтай адил чухал зүйл болсон байна. Шилдэг астрофизикчид, тэр дундаа Стивен Хокинг энэхүү «бүхний тухай онолыг» бүтээж чадвал бид Бурханы бодлыг уншиж чадна гэж ярьцгааж байна.

САНААНД ОРОМГҮЙ НЭЭЛТ: БОДОЛ САНАА МАТЕРИТ НӨЛӨӨЛДӨГ БАЙХ НЬ

Эйнштейний гол бүтээл хэвлэгдэн гарснаас хорин жилийн дараа түүний хийсэн нээлтээс дутахгүй ач холбогдолтой өөр нэгэн нээлт хийгджээ. Энэ бүхэн квантын физикийн анхдагчид болох Данийн физикч Нильс Бор ба түүний шавь Вернер Гейзенберг нарын хийсэн туршилтуудаас эхэлсэн байна.
Бор, Гейзенберг нар атомын доторх жижиг хэсгүүдийг судлаад атом нь бид бүхний бодож байсан шиг нарны аймгийн жижигрүүлсэн загвартай адил бүтэцтэй биш болохыг тогтоожээ. Үнэн хэрэгтээ атомын дотоод бүтэц нь хэтэрхий ээдрээтэй бөгөөд ямар нэг магадлалуудын бөөнцөр байлаа.
Атомын жижиг хэсэг бүр нь биетэй тогтмол зүйл биш бөгөөд ямар нэг төлөв байдалд байнга шилжиж байдаг байна. Гейзенбергийн тодорхойгүйн зарчмаар бол тухайн жижиг хэсгийн бүх шинж чанарыг нэг дор тодорхойлох боломжгүй юм. Жишээлбэл, протоны байрлалыг тогтоож байх үедээ нэгэн зэрэг түүний хөдөлгөөний хурд, чиглэлийг тогтоож болохгүй бөгөөд хурдыг нь хэмжих үедээ байрлалыг нь тогтоох боломжгүй байдаг байна.
Бор, Гейзенберг нарын хийсэн нээлтээр бол хамгийн доод түвшинд матери нь тодорхой бус ямар нэгэн зүйл төдий юм. Энэ онолоор бол атомаас доод түвшинд орчлон ертөнц нь ямар нэг материаллаг тоосгонуудаас биш харин магадлалын талбайнуудаас тогтдог. Жижиг хэсгүүд нь ажиглаж, хэмжиж болох төлөвт орсон үедээ л материаллаг байдалтай болдог байна.
Мөн үнэхээр хачирхалтай өөр нэг шинж ажиглагдсан нь: тэднийг судлах гэсэн оролдлого нь жижиг хэсгүүдийн байдалд нөлөөлдөг байна.
Эрдэмтэд электроныг ажиглах бүрд тэр нь тэдний үзэхийг хүссэн тэр газарт л байдаг байна. Энд хэн ажиглалт хийж байгаа нь хамаагүй бөгөөд физикч эрдэмтэн, автобусны жолооч эсвэл өөр хэн нэгэн байхаас шалтгаалахгүй. Жижиг хэсгүүдийг ажиглах гэсэн санаа хүртэл түүнийгээ хэрэгжүүлж эхлээгүй байхад ч эдгээр хэсгүүдийн байдалд нөлөөлдөг нь тодорхой болжээ!
Материйн жижиг хэсгүүд нь субъектив байдал буюу ухамсрыг тусган авдаг энэ шинж нь бодит байдлын мөн чанарыг танин мэдэх түлхүүр болж байна.

ТЭГ ЦЭГИЙН ТАЛБАЙ
Материйг атомаас доод түвшинд үргэлжлүүлэн судлах явцад ямар нэг тайлбарлах аргагүй сонин баримт олджээ. Хамгийн доод түвшинд, бидний мэдэх бүх төрлийн энерги үгүй болсон огт хоосон нөхцөлд ч ямар нэг хүч материт нөлөөлдөг нь илэрсэн бөгөөд эрдэмтэд энэ зүйлийг тэг цэгийн талбай хэмээн нэрлэсэн байна.
Ингэснээр Эйнштейн «нууцлаг» хэмээн нэрлэсэн эгшин зуур харилцан үйлчлэх талбай буюу квантын ээдрээтэй төлөв байдал нь ямар нэг утга учиртай болж эхэлж байгаа юм. Энергийн түвшингээс бүр доод төвшинд түүний суурь болдог өөр төвшин байдаг болж таарч байна. Энэ төвшний талбай нь ямар нэг энерги агуулаагүй хоосон орон зай бөгөөд тодруулж хэлбэл мэдээллийн талбай юм.
Өөрөөр хэлбэл энерги үүсдэг анхдагч далай нь цэвэр оюун санааны далай бөгөөд тэндээс матери үүсдэг байна. Орчлон ертөнц чухамхүү оюун санаанаас тогтдог бөгөөд матери болон энерги нь ухамсарт тусгагдаж байгаа хэлбэр л юм.
Эрвин Ласло бүх орчлон ертөнцийг нэгтгэсэн, түүнийг өөртөө багтаасан талбайг «А-талбай» хэмээн нэрлэсэн байна. Энэ нь орчлон ертөнцийн бүх эрдэм мэдлэг түүн дотроо хүний мэдэж байгаа бүхнийг агуулж байдаг материаллаг бус орон зай буюу Акашийн хүчний тухай өгүүлдэг эртний энэтхэгийн хөлгөн судруудаас үүдэлтэй нэр юм. Сэтгэлзүйч Карл Густав Юнг нийтийн ухамсаргүйдлийн тухай; гүн ухаантан Пьер Тейяр де Шарлей ноосфер буюу оюун ухаант давхаргат мандлын тухай; биологич Руперт Шелдрейк морфоген талбай буюу бүтцээс үүдэлтэй талбайн тухай тус тус ярьж бичиж байлаа. Хүн төрөлхтөн бүхий л түүхийнхээ туршид энэ төвшин, энэ талбай байдгийг мэдэрч түүнийг мянга түмэн янзаар тодорхойлон бичиж байжээ. Гэвч зөвхөн сүүлийн хэдэн арван жилд л байдаг гэдгийг нь үргэлж мэдэрч байсан зүйлдээ хүрч чадсан ч ойлгогдохоор тайлбарлаж чадаагүй л байна.
Ласло өөрийн бүтээлдээ: «Эртний хүмүүс энэ орон зай хоосон биш бөгөөд бүх зүйл тэндээс үүсэж; оршиж байсан, оршин байгаа бүх зүйлийн тухай мэдээлэл тэнд хадгалагддаг болохыг мэддэг байжээ... Одоо энэ ойлголт шинжлэх ухаанаар хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд аажмаар XXI зууны шинжлэх ухааны амин чухал тулгуур болон хувирч байна. Бидний өөрсдийнхөө болон ертөнцийн тухай төсөөлж байсан бүхэн бүрэн өөрчлөгдөх болно» гэжээ.
Хэрэг дээрээ бидний өөрсдийн болон ертөнцийн тухай төсөөлөл аль хэдийн өөрчлөгдсөн бөгөөд бизнесийг удирдах бидний үзэл ч өөрчлөгдөж байна.

ОЮУН САНАА БҮХНИЙГ ТӨРҮҮЛДЭГ

Тэгэхлээр бид ертөнцийн бүх зүйл ухамсраас тогтдог гэж батлаад байна уу? Ухамсар бодит ертөнцийг төрүүлдэг гэж үү? Тийм ээ. Яг тийм. Орчлон хорвоо юунаас тогтдогийг олон зууны турш судалсны үндсэн дээр гаргасан хэд хэдэн постулатыг танилцуулъя:
Бодит ертөнц дээр байгаа бүх зүйл атомаас тогтдог.
Атомууд нь энергээс тогтдог.
Энерги нь ухамсраас тогтдог.
Таны бодол санаа материаллаг бөгөөд материйг бас үүсгэдэг. Хорвоо дээр байгаа бүх зүйл бодол санаанаас үүсдэг. Тэр дундаа таны бодол санаанаас таны бизнес төрдөг.
Хэрэв энэ баталгаануудыг хүлээн авахад түвэгтэй байгаа бол Галилейн үеийнхэнд Дэлхий Нарыг тойрон хөдөлдөг гэдгийг сонсох ямар байсныг төсөөлөөд үз. XVI-XVII зууны жирийн нэг хүний хувьд Дэлхий хөдөлгөөнгүй гэдэг нь тов тодорхой бөгөөд үүнээс өөр тайлбар таамаглалыг огт хэрэгсэхгүй байх асан буй заа. Эцсийн эцэст манай гариг сансраар аялан явдаг юм бол яагаад биднийг сансрын шуурга газрын гадаргаас арчин хаяхгүй байгаа юм бэ? Ямар ч тэнэг хүн Дэлхий хаашаа ч хөдлөлгүй байран дээрээ хатуу зогсож байгааг мэднэ гэх байсан болов уу?
Хэдэн мянган жилийн өмнөх балар эртний цагт дэлхий хавтгай гэж бүгд боддог байжээ. Тэр үеийн хүмүүс «Мэдээж ертөнц хавтгай. Чи өөрийнхөө нүдэнд итгэхгүй байна уу?!» гэж асуух байсан. Орчин үеийн физикийн шинжлэх ухааны нээлтүүд мөн л ийм байдалтай байгаа юм. Ертөнцийг үзэх үзэл үндсээрээ өөрчлөгдөхийн цагт энэ өөрчлөлтүүд нь хачин, хүлээн зөвшөөрч болмооргүй, ойлгох аргагүй, бодит бус юм шиг санагдах нь бий. Тэр ч байтугай байж болмооргүй юм шиг санагдана.
Дэлхий бөөрөнхий гэнэ ээ? Тэгэхлээр та Дэлхий Нарыг тойрон эргэдэг, харин Нар Дэлхийг тойрч эргэдэггүй гэх гээд байна уу? Матери болон энерги нь нэг л зүйл үү? Харин одоо та матери, энерги болон ертөнц тэр чигээрээ ухамсраас үүссэн гэж хэлээд байна уу? Бидний бодол санаа материйг төрүүлдэг гэж үү?
Тийм ээ. Бодит бус юм шиг санагдаж байгаа биз? Сократаас өмнөх үеийнхний хувьд бөөрөнхий Дэлхийн тухай санаа үүнээс ч илүү бодит бус юм шиг санагдах байлаа. Бид үнэнийг олж харахгүй байна. Бид зөвхөн харж сурсан зүйлээ л харахад бэлэн байдаг. 1520 онд Магелланы экспедиц Терра дель Фуэго-д (Галт газар) дөхөж очиход хавчаахай завьтай уугуул нутгийнхан европчуудын флот ойртон ирж явааг хэрэг дээрээ үл тоосон бөгөөд тэдний хувьд дарвуулт том хөлөг онгоц нь байх ёсгүй үзэгдэл байсан учраас тэд зүгээр л олж хараагүй байна.
Та «Үзэж байж л итгэнэ» гэж үг байдгийг мэдэх байх. Харамсалтай нь энэ үг утгаа алдсан бөгөөд «Итгэж байж л үзнэ» гэвэл зөв болно. Таны итгэл үнэмшил нь зөвхөн бодит байдлын тусгал төдий зүйл биш бодит байдлыг өөрийг нь үүсгэдэг бөгөөд үүнийг бизнест ч бас хэрэглэвэл зохистой. Дараагийн бүлгүүдэд ертөнцийн хамгийн хүчирхэг зэвсэг болох оюун санаагаа ашиглан хэрхэн мөрөөдлийн бизнесээ цогцлоон бүтээхийг бид алхам алхмаар нь тодорхой өгүүлэх болно.


ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН АГУУ ХҮЧ

Хэрэв ухамсар ертөнцийг бүтээсэн гэдэг санаа танд ойлгоход хэцүү байгаа бол бидний хэлэх гээд байгаа тэр хүч хүний төсөөлж болох бүхнийг олон дахин давсан гэдгийг мэдвэл та цочирдон гайхах буй заа. Орчлон ертөнц нь яг л сонгино эсвэл орос матрёшка мэт олон давхар үе, түвшингээс тогтдог бөгөөд амьд организм дотор эсүүд, эс дотор молекулууд, молекул дотор өнөөх «хуваагдашгүй» атомууд, тэгээд электронууд, поротонууд, цаашлаад кваркууд, бозонууд, мезонууд, фотонууд, лептонууд ...
Хэмжээ нь багасаж түвшин нь доошлох тутам агуулагдаж буй хүч нь улам агуу их болдог. Байгалийн гүн рүү нэвтрэх тусам тэрээр улам илүү эрч хөдөлгөөнтэй болдог. Өөрөөр хэлбэл үндсэн, суурь түвшинд дөхөх тусам улам агуу их хүч агуулагддаг. Жишээ нь химийн урвал нь атом, молекулын түвшинд явагдах боломжтой. Харин атомын цөмийн түвшинд химийн урвалаас хэдэн сая дахин хүчтэй цөмийн энерги нуугдаж байдаг. Гэвч өнөө үед квантын физикийн судалж байгаа тэр хүчний дэргэд цөмийн энерги ч яльгүй зүйл шиг санагдах болно. Эрвин Ласлогын үзэж байгаагаар тэг цэгийн талбайн нэг шоо дөрвөлжин сантиметрт энергийн нягтрал нь 1091 эрг байдаг бөгөөд өөрөөр хэлбэл нэг шоо дөрвөлжин сантиметр «хоосон орон зайд» мэдэгдэж буй бүх ертөнцийн материд байгаагаас арван мянган миллиард миллиард миллиард миллиард дахин их энерги агуулагдаж байдаг байна!
Энэ чинь ердөө л ганцхан миллилитр ус шүү дээ!

МӨРӨӨДЛИЙН БИЗНЕСЭЭ ЦОГЦЛООН БҮТЭЭХЭД ТАНЬ КВАНТЫН ФИЗИК ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Макс Планк гэрлийн цацрагийн үндсэн элементийг «квант» хэмээн нэрлэх санал дэвшүүлснээс хоёр жилийн дараа 1902 онд английн залуу зохиолч Жеймс Аллен «Түүний сэтгэл зүрхэн дэх бодлууд» номоо хэвлүүлжээ. Энэ номын нэр нь библийн «Учир нь түүний сэтгэл зүрхэнд ямар бодол байна тэр тийм л байна» (Притч 23:7) гэсэн сургаалт үгсээс үүдэлтэй юм. Тухайн үедээ энэ хоёр хүнийг холбох нийтлэг зүйл бага байсан ч өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад нийтлэг талууд нь улам тодорхой болж байна. Эрдэмтэд Планк, Эйнштейн, Бор, Гейзенберг нарын дэвшүүлсэн онолыг өнгөрсөн зууны турш батжуулан өргөжүүлж (үр дүнд нь квантын вакуумын үзэл баримтлал үүссэн), харин Напалеон Хилл, Эрл Найтингейль, Боб Проктор зэрэг сэтгэгчид энэхүү онолыг хүн төрөлхтний тусын тулд амьдрал дээр хэрхэн хэрэглэх арга замыг хайж байлаа.
Ганцхан шоо дөрвөлжин сантиметр «хоосон орон зайд» ой ухаанд багтамгүй их энерги агуулагддагийг санаж байна уу? «Цагаа олж дэвшүүлсэн санаанаас илүү хүчтэй зүйл байдаггүй» гэж Виктор Гюго нэгэнтээ хэлсэн бөгөөд энэ нь зүгээр л нэг сайхан зүйрлэл биш гэдгийг одоо бид мэднэ. Гюго өөрийн хэлсэн үгийн жинхэнэ утгыг гүйцэд ойлгоогүй байж болох ч тэрээр бодит байдлыг туйлын оновчтой зураглан хэлсэн юм.
Бодол санаа бол орчлон ертөнцийн хамгийн хүчирхэг зүйл юм. Бид өөрсдийн амьдралаа цогцлоон бүтээж, удирдан жолоодоход хэрэглэдэг багаж зэвсэг бол бидний бодол санаа билээ.
Аливаа санаа нь бодит байдлын урьдал болдог.
Чухам ийм байдлаар л миний бодит амьдралд гэрэл зураг байшин болон хувирч, миний компаниуд үүсэн бий болсон бөгөөд тавьсан зорилгоо харж, дээр дурдсан аргуудыг хэрэглэснээр аливаа бизнест ийм үр дүнд хүрч болно. Энэ бүх зүйл миний бодол дотор зураг мэт дүрслэгдсэн санаанаас эхэлсэн бөгөөд үүнийг ойлгож ч амжаагүй байхдаа би өөрийн мөрөөдлийн байшин дотроо аль хэдийн амьдарч эхэлсэн билээ.
Биет ертөнцийн үндэс нь хэмжиж болох бүх энергиэс миллиард миллиард дахин хүчтэй цэвэр ухамсрын талбай бөгөөд энэхүү талбай нь орчлон ертөнцийн хаана нь ямар үйл явдал болж байгааг маш тодорхой мэдэж, бодитой болгож байдаг гэдгийг шинжлэх ухаан бидэнд хэлж байна. Энэ нь бидний оршхуйн нийтлэг, жинхэнэ мөн чанарыг ойлгохыг оролдож, мянга мянган жилийн турш хүн төрөлхтний тодорхойлон бичсэнээс хэт хол зөрөхгүй бололтой. Зарим хүмүүс түүнийг Бурхан ч гэж нэрлэдэг. Юу ч гэж нэрлэдэг бай, бодит ертөнцөд буй бүх л юмс үзэгдлийн үндсэнд оршиж, бүхний эх үндэс болж, бүхнийг бүтээгч, бүхнийг чадагч, бүхнийг хөтлөгч тэрхүү хэмжээлшгүй их оюун ухааны эрхшээлд оршдог ертөнцийн дүр төрх бидний өмнө дурайж байна. Бид ийм л ертөнцөд амьдардаг бөгөөд чухамхүү энд л та өөрийн мөрөөдлийн бизнесээ цогцлоон босгох юм.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Jul.06.10 4:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Гуравдугаар бүлэг

ТАТАЛЦЛЫН ХУУЛЬ

Орчлон ертөнцийн салаа мөчир бүрт, үйл хөдлөл бүрт хүрч ягштал зохицуулж байдаг хатуу чанд хуулиуд үйлчилдэг хорвоод бид амьдарч буй билээ. Квантын ертөнцөд тогтмол бус байдал байж болох ч санамсаргүй тохиолдол, давхцал гэж үгүй бөгөөд жижиг хэсэг бүр, тэдгээрийн хөдөлгөөн бүр урдаас тооцоологдсон байдаг. Хорвоо ертөнцийг захирч буй хуулиуд нь сансрын нисгэгчдийг Саран дээр буугаад эргэж ирэх замыг тооцоолсон тооцоолол мэт нарийн бөгөөд тодорхой байдаг.
Бодол санааны ертөнц, ухаарал, гэгээрэл, бүтээлч үйл ажиллагааны ертөнц нь хувилахуй ухаан, газрын татах хүч, ой, хээр талын ертөнцөөс ангид биш бөгөөд Декарт энд алджээ. Тус тусад нь зориулж гаргасан онцгой дүрэм журам энд үгүй бөгөөд бүгдэд нь хамаарах нэг л нийтлэг дүрэм журам бүх л юмс үзэгдлийг зохицуулдаг билээ. Атомын доторх жижиг хэсгүүд болон нарны аймгийн гаригуудыг удирддаг тэр л хууль бидний бодол санаа, мэдрэмж, гэр бүлийн харьцаа, албан тушаалын байдлыг ч мөн зохицуулдаг.
Энэхүү суурь үнэнийг өдөр тутмын нэгэн хэвийн амьдрал дунд мартахад тун ч хялбар бөгөөд хүрч, мэдэрч, харж болдог бодит ертөнц, бидний мэдрэх эрхтэнд өртдөггүй үл үзэгдэх ертөнц гэсэн хоёр тусдаа ертөнц оршдог мэт бидэнд санагддаг ба бизнестэй холбоотой бүх үйл явдал бодит ертөнцөд өрнөдөг гэж бид бодоцгоодог. Гэвч та аливаа бизнес нь үргэлж өөр ертөнцөөс хамааралтай байдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг ухаарснаар та бизнесийн амжилт, ялалт, уналт, бүтэлгүйтлийн шалтгааныг мөн ойлгох болно.
Квантын физикт сургадгаар үл үзэгдэх ертөнц нь бодит ертөнцөөс хавьгүй илүү хүчийг агуулж байдаг. Орчлон ертөнц хэмээх асар том мөсөн уулын 99% нь бидэнд үл үзэгдэх бөгөөд бодит ертөнц хэмээн нэрлэгддэг нүдэнд үзэгдэж, гарт баригддаг тэр өчүүхэн хэлтэрхий нь бидний оюун ухааны гадаргуу дээр хөвж байдаг ажээ. Ойртон айсуйг нь хэн ч анзаараагүй мөсөн уулын усан доорхи тэр хэсэг л «Титаник« хөлгийг сүйрүүлсэн юм. Үүнтэй яг адилаар орчлон ертөнц хэмээх асар том мөсөн уулын усан доорхи тэр хэсэг нь бизнес өрсөлдөөнд ялагдал хүлээсэн тэдгээр компаниудыг живүүлдэг байна.
«The Secret«/»Нууц» кино гарснаар үл үзэгдэх ертөнцийн зүгээс бидний амьдрал, ажил хэрэгт хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарладаг таталцлын хууль байдгийг олон сая хүмүүс мэдэж авсан юм.
Түүнээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган хүмүүс захидлаар болон утсаар бидэнд «ВанКоуч»-д хандаж таталцлын хуулийг ойлгосноор тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг ярьсан юм. Бидэнд ярьсан эдгээр түүхүүдийн зарим нь тун гайхалтай сонин, ихэнх нь үнэхээр сэтгэл уярмаар байсан бөгөөд хүмүүний амьдрал маш олон талтай гэдгийг тодорхой харуулж байлаа.
Таталцлын хууль нь дотроо хэд хэдэн жижиг хууль буюу зарчмуудыг агуулдаг гэдгийг хэлэх нь зүйтэй юм. Бид энэ бүлэгт тэдгээрийг дэс дараалан авч үзэж, үл үзэгдэх ертөнцөөс танд бэлэглэж буй тэр хэмжээлшгүй их хүчийг хэрхэн ашиглаж болохыг тодорхой өгүүлэх болно.

Бүх зүйл бодол санаанаас эхтэй

Эйнштейний хийсэн «харьцангуйн их хувьсгал» нь бүх зүйл энергээс тогтдог гэдгийг харуулсан билээ. Эс, молекул, атом, протон ба нейтрон, кварк, глюон, мезон, бозон эд бүгд энерги юм. Энергийн илрэх гол шинж төлөв нь бид бүхний мэддэг тогтвортой байдалд ортол удааширсан тэр л мөн чанар гэж бид ойлгодог.
«Энергийн илрэх шинж төлөв, тогтвортой байдалд ортол удааширсан...» гэж чухам юуг хэлээд байна вэ?
Шоо дөрвөлжин мөсийг авч үзье. Бид түүнд энерги нэмж өгснөөр мөс хэрхэн үүссэнийг мэдэж болно. Хэрэв мөсийг халаавал шингэн байдалд орно. Үргэлжлүүлэн халаах юм бол шингэн ууршиж улмаар уур болон хувирна. Цаашид үргэлжлүүлэн халаавал мөсийг бүрдүүлж байсан элементүүд задарч цэвэр энергийн төлөвт орох ба улмаар картезианы хориг буюу Декартын бодож олсон хоёр ертөнцийг заагласан саадыг давж ухамсар буюу мэдээлэл болон хувирах болно. Чухам эндээс л бидний шоо дөрвөлжин мөс үүссэн байх нь. Эхэндээ тэр зөвхөн бодол санаа л байсан байна.
Бид өдөр тутмын амьдралдаа энергийн нүдэнд үл үзэгдэх дээд төлөв байдлыг оюун санааны ертөнц., удааширсан, материаллаг төлөв байдлыг бодит ертөнц хэмээн тодорхойлдог. Гэтэл шинжлэх ухааны зүгээс үүнийг зүгээр л хялбарчилж ойлгосон төдий зүйл гэж үзэж байна. Ус ямар ч үед ус хэвээрээ байх боловч тэрээр уур, шингэн, хатуу төлвийг дамжин оюун санааны квантын чадамжаас үүссэн байна. Тэрээр эцсийн дүндээ ус болон хувирсан боловч эхэндээ оюун санаа байсан ажээ. Орчлонгийн бүтцийг танин мэдэх гэсэн хүн төрөлхтний оролдлогууд ямар дүгнэлтэд хүрснийг санаж байна уу?

Бодит ертөнцийн бүх зүйл атомуудаас тогтоно.
Атомууд нь энергээс тогтдог.
Энерги нь ухамсраас тогтоно.

Өөрөөр хэлбэл байгаль дээр байдаг орчлон ертөнцийн үзэгдэл бүр оюун санаанаас эхтэй юм.
Энэ бүхэн таны мөрөөдлийн бизнестэй ямар холбоотой билээ? Хамгийн шууд хамааралтай. Бидний амьдралд тохиолддог бүхэн эхлээд оюун санаа хэлбэртэй бүрэлдэн бий болж дараа нь бодит зүйл болон биеждэг байна. Бид аливаа ажил хэргийг «бодит биет» төвшнөөс нь эхлээд нүдэнд харагдаж гарт баригдахуйц болгон хэрэгжүүлдэг билээ.

Шалтгаан ба Үр дагавар

Хүндтэй үйлчлүүлэгч «тийм» эсвэл «үгүй» гэж хариулна. Та амин чухал хөрөнгө оруулалт олж авна эсвэл сүүлчийн хөрөнгөө шавхана. Үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт тултал хадаж эсвэл навс унана. Зах зээл ганхаж, болгоомжгүй хүмүүсийг хуй салхи арчин хаяж, шинэ шинэ төслүүд бүхнийг алмайруулна. Энэ бүх үйл явдал нь үл үзэгдэх мөсөн уулын харагдаж буй өчүүхэн хэсэг бөгөөд материаллаг бус бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүн гэдгийг ухааралгүйгээр бид тэдгээрийн хэрхэн өрнөхийг ажиглаж, хариу үйлдэл хийж байдаг. Бид эдгээр үйл явдал хэрэгжихэд өөрсдөө ямар үүрэг гүйцэтгэснээ мэдэлгүйгээр хариу үйлдэл хийдэг.
Бид материаллаг үзэгдлийн ертөнцийг л ажигладаг бөгөөд материйг төрүүлж түүний эх үүсвэр нь болдог илүү чухал ач холбогдолтой ертөнцийг олж хардаггүй. Энэхүү өргөн уудам, нүд алдам хязгааргүй ертөнц нь учир шалтгааны ертөнц юм.
Биет механик ертөнцөд үйлчилдэг термодинамикийн хуулиудыг томьёолохдоо шалтгаан ба үр дагаврын зарчмыг Ньютон хэрэглэсэн юм. Ямар нэг хүчний үйлчлэл бүр өөртэйгөө тэнцүү эсрэг үйлчлэлийг агуулдаг. Матери, энерги ба ухамсар нь нэгдмэл бөгөөд тэдгээр нь үргэлжилсэн асар том ертөнцийн өөр өөр давтамж юм гэдгийг Ньютоны үеийн шинжлэх ухаан мэддэггүй байсан юм. Шалтгаан ба үр дагаврын зарчмыг зөвхөн биет механикт төдийгүй бүх орчлон ертөнцийн механикт, тэр дотроо оюун санааны орон зайд ч хэрэглэж болохыг өнөөгийн шинжлэх ухаан маш тодорхой баталсан билээ.
Хүний сэтгэлд буй болсон бодол бүр өөрийн гэсэн онцлогтой тодорхой давтамжийг үүсгэх ба тэрхүү давтамж нь квантын ертөнцөд хүчтэй цуурай үүсгэдэг. Таны амьдралд тохиолдож буй бүхэн санамсаргүй зүйл огт биш юм. Үйл явдлууд нь таны бодол, үйлдлийн цуурай, таны бодлын тусгалын мөн чанар юм. Дорно дахинд энэхүү үзэл баримтлалыг үйлийн үрийн тухай сургаал хэмээн нэрлэж, өрнөдөд «алтан дүрэм» хэмээн нэрийддэг бөгөөд товчхон хэлбэл өөрийн амьдрал ба бизнест учирч буй элдэв үйл явдлуудын учир шалтгаан нь та өөрөө юм.
Бие даан шийдвэр гаргаж сурсан олон хүний хувьд энэхүү үзэл баримтлал нь хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Шалтгаан ба үр дагаврын дүрмийн урвуу тал нь ийм юм. Гэхдээ танд өөрөө өөрийнхөө амьдралыг цогцлоон босгох илүү өргөн боломж нээгдэж байгаа юм.
Энэхүү үзэл баримтлалыг хайхралгүй орхиж, энэ зарчим бидний амьдралыг удирддаг гэдгээс татгалзвал бид өөрсдөө болон бидний эргэн тойронд болж буй бүхэн ямар нэг үйл явдлын үр дүн мэтээр ойлгогдоно. Өөрсдийн амьдралд бүтээлчээр хандахын оронд урсгал даган хөвөх болно. Иймэрхүү итгэл үнэмшилтэй байвал та нөхцөл байдлын золиос болох нь тун энүүхэнд юм.
Хэрэв та өөдлөн дэвжиж буй компани байгуулахыг зорьж байгаа бол иймэрхүү бодолтой хол явахгүй. Өөртөө итгэлгүй байдал болон авхаалжтай чанар нь харилцан бие биенээ үгүйсгэдэг. Entrepreneur буюу худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч гэдэг үг нь санаачлагатай, зоримог, ямар нэг зүйлд тэмүүлэлтэй гэсэн утгатай франц үйл үгнээс үүсэлтэй юм. Амжилттай компани байгуулахын тулд та өөрөө ямар нэг үйл явдлын үр дагавар биш харин шалтгаан нь байх ёстой.
«Бизнес» хэмээх тоглоомд амжилттай оролцохын тулд та их зүйлийг мэддэг байх шаардлагатай. Энэхүү мэдлэгийн ихэнх хэсгийг явцын дунд олж авах ба үлдсэн хэсгийг бизнесийн хамтрагчдыг өөртөө татах, туршлагатай ажилтнуудыг хөлслөх замаар олж авдаг. Гэвч та бизнесийн амжилтын баталгаа болдог нэг чухал чадварыг эхнээсээ эзэмшсэн байх ёстой бөгөөд түүнгүйгээр ялах боломжгүй юм. Та өөрийн бодол санаагаар өөрийн бизнесээ цогцлоож бүтээж сурах ёстой.

Резонанс

Шоо дөрвөлжин мөсөө эргээд нэг харъя. Мөс хэрхэн өөрчлөгдөж хатуу төлвөөс шингэн ба уурын төлөвт хувирахыг бид үзсэн. Энэ бүх хувирах явцын туршид яг ямар чанар нь өөрчлөгдөлгүй хадгалагдан үлдсэн бэ? Энергийн үйлчлэлээр хэлбэр төрх нь өөрчлөгдсөн ч төрөлх усархаг шинж нь өөрчлөгдсөнгүй. Физик шинжийг дагаж өөрчлөгддөггүй энэ чанарыг юу гэж нэрлэдэг юм бол?
Нэг үгээр хариулбал энэ нь бодол санаа буюу эх загвар юм. Энэ нь физик шинж төрх, орчны өөрчлөлтөд автдаггүй, бүрэн бүтэн байдлаа хадгалж байдаг анхдагч цөм юм. Дууны жишээн дээр энэ үзэгдлийг хялбархан тайлбарлаж болно. Таныг гудамжаар явж байх үед ойролцоох байшингаас дуучин бүсгүйн дуулсан дуу сонсогдож байна гэж бодъё. Ямар дуу болохыг нь мэдэхгүй ч аялгуу нь таныг эзэмдэж та өөрийн эрхгүй түр зогсон чагнана.
Таны сонсож буй дуу дуучин бүсгүйн дууны хөвчнөөс гарч байгаа ч хэрэв агаар байхгүй бол түүний дууг хэн ч сонсохгүй байх байсан. Дууны хөвчийн чичиргээ нь дуучны хоолой доторх болон өрөөн доторх агаартай харилцан нөлөөлж дуу авиаг үүсгэдэг. Гэхдээ дуучин бүсгүйн дуулсан дуу таны чихэнд хэрхэн хүрч сонсогдож байгаа нь сонирхолтой юм. Учир нь байшингийн цонх хаалттай бөгөөд дуучин бүсгүйн дуулж байгаа өрөөний агаар танд хүрч таныг хүрээлээгүй билээ.
Байшингаас агаар биш харин дууны эх загвар гарч байгаа юм. Агаарын чичирхийлэл өрөөний цонхны шилэнд хүрч дууны долгионыг дамжуулах ба цонхны шилнээс дууны долгион танд хүрч сонсогдож байгаа юм. Дууны долгион таны чихэнд ороод чихний хэнгэргээр дамжин дунд чихэнд орж кохлеар шингэн доторх алх, дөш, дөрөө хэмээх сонсголын бяцхан гурван ясаар дамжиж цаашид чихний эргүүлгэнд орших маш жижиг үсэнцрүүдээр цахилгаан импульс болон хувирч сонсголын мэдрэмжээр дамжин тархинд хүрч танд сонсогдож байгаа юм.
Дууны хөвчнөөс гарч агаараар дамжин шилэнд хүрч дараа нь чихний хэнгэрэг, сонсголын яс, шингэн, үсэнцрүүд, мэдрэлийн судал, тархи гэсэн ийм олон биет зөөгчөөр дамжиж бидний ухамсарт хүрч ирэхдээ дууны эх загвар алдагдсангүй.
Дууны долгион болон шоо дөрвөлжин мөсөнд тохиосон шиг хувирал таны биед ч байнга явагддаг. Секунд бүр таны биед 10 сая орчим эс шинээр бий болж бас үхэж байдаг ба хэдэн сарын дараа бол өнөөдрийн таныг бүрдүүлж буй эд эсээс юу ч үлдэхгүй. Гэвч та хаашаа ч алга болохгүй тийм үү? Тэгэхлээр та хэн бэ?
Таны бие махбодийг бүрдүүлж буй тэр зүйл бол та биш. Та бол бодит биеийн дотор оршиж буй эх загвар юм.
Дуучин бүсгүйгээ дахин авч үзье. Та бүсгүйн байшингийн хажуугаар явж байгаад түүнийг нарийн цээл хоолойгоор дуулах үед хажуугийн байшингаас аяга таваг хангир жингэр хийн хагарах чимээ сонсож ч магад. Мэдээж тэр үүнийг хүсээгүй нь тодорхой ч өөрийн дуу хоолойгоор хөршийнхөө аяга тавгийг хагалчихжээ. Яаж? Резонанс буюу цуурайтах үзэгдлийн үр дүнд ийм байдалд оржээ.
Латин хэлээр резонанс гэдэг нь үгчилбэл дахин сонсогдох гэсэн утгатай ба чичирхийлэл нэг биеэс нөгөөд шилжихийг резонансын үзэгдэл гэж нэрлэдэг. Дуучин бүсгүйн хоолойноос гарсан нарийн цээл аялгуу хөршийнхөө тавгийг хэрхэн хагалсан байж таарах вэ? Хэрэв тавгийг алхаар аяархан тогшвол таваг жингэнэн дуугарах ба дууны өнгө нь дуучин бүсгүйн хоолойноос гарч буй дууны өнгөтэй нэгэн адил байх болно.
Камертон буюу хөглүүрийн зарчим гэж байдаг. Камертон гэдэг нь хөгжмийн зэмсэг хөглөхөд хэрэглэдэг болд сэрээ юм. А440 дууны өнгө дээр тохируулсан камертоныг ямар нэг хөгжмийн зэмсэгт ойртуулаад тэр өнгийг нь дуугаргахад камертон чичирхийлдэг. Өөр өнгөөр дуугарвал камертон огт чичирхийлэхгүй. Шалтгаан нь юунд байна вэ? Дуучин бүсгүйн хоолойноос гарсан дууны өнгө тавагтай харилцан резонансын үзэгдэл үүсгэсэн шиг төгөлдөр хуурын чавхдас камертон хоёр нэгэн дэвсгэр өнгөөр дуугарч буйд үүний шалтгаан оршиж байгаа юм.
Та болон таны эцэг эх хоорондоо яг адил биш ч гэсэн харилцан резонансд орохуйц ойролцоо эх загваруудыг агуулж байдаг. Таны хань ижил, сайн анд найзууд, үр хүүхдүүд, тэр ч байтугай таны нохой хүртэл тантай иймэрхүү харилцан хамааралтай юм. Энэ нь үнэхээр тийм бөгөөд таны мөрөөдлийн бизнесийг бүтээн босгоход ч хэрэглэж болохыг бид 6-р бүлэгт тодорхой тайлбарлах болно. Та өөрийн ойр дотны хүмүүстэйгээ харилцан резонанст ордог.
Цэвэр чанга хөг аялгуу нь камертоныг чичирхийлүүлж, шил шаазанг хагалж чаддагтай адилаар ойлгож, хүлээж авсан зөв бодол санаа нь бодит материаллаг байдал болон хувирах чадалтай юм. Ухаарч ойлгосон цорын ганц бодол санаа бүхэл бүтэн эзэнт гүрнийг ч нурааж чадахыг Махатма Ганди харуулсан билээ. Тэр тусмаа зөв бодол санааг өөртөө агуулж чадвал та мөрөөдлийн бизнесээ бодитой болгож, цогцлоон бүтээж чадна.
Тодорхой давтамж дээр буй энерги нь тухайн эх загвар дотор агуулагдаж буй өөр төрлийн энергитэй харилцан үйлчилж болохыг резонансын зарчим харуулдаг. Таталцлын хууль нь мөн чанарын хувьд шалтгаан ба үр дагаврын зарчимтай хавсарсан нэгэн төрлийн резонанс юм. Бодол санаа нь эргээд өөртэйгөө харилцан резонанст орохуйц үйл явдал ба нөхцөл байдлыг төрүүлдэг. Соломоны сургаалт үлгэрүүдийн номд гардаг шиг (Жеймс Аллен давтан хэлсэн шиг) «Түүний сэтгэл зүрхэнд ямар бодол байна, тэр тийм л байдаг».

Үр жимс доторх мөрөөдөл

Дахиад л дуучин бүсгүйгээрээ жишээ авъя. Түүний дуулж буй дуу бидний сонсож байгаа тэр мөчид л ертөнцөд шинээр мэндэлсэн гэж үү? Үгүй л болов уу. Энэ дууг өөр газар, өөр цаг үед зохиосон байж таарна. Таны сонорыг мялааж, танд таашаал төрүүлэхээсээ өмнө олон удаа хэлбэр төрхөө өөрчилж олон дуучин дамжиж, хэдэн зууныг өртөөлсөн байж ч болох юм. Дуучин бүсгүйн яруу хоолой, таны нүүрэн дээрх инээмсэглэл нь үр дүн, боловсорсон жимс нь бөгөөд дууг зохиож байх үедээ яруу найрагч, хөгжмийн зохиолчдын сэтгэлдээ дүрслэн бодсон санаа нь тухайн цаг үедээ суулгасан үр нь юм.
Царсны боргоцойг алган дээрээ тавиад: Царс нь хаанаа байна вэ? боргоцой дотор уу? гээд өөрөөсөө асуугаад үз. Хэрэв боргоцойг зүсвэл дотроос нь царс олдоно гэж үү? Үгүй ээ. Боргоцой дотор зөвхөн царс бий болох боломж өөрөөр хэлбэл түүний санаа л бий. Гэвч энэхүү царсны боргоцойг үржил шимтэй хөрсөнд суулгавал байгалийн шим тэжээлт бодисууд резонансын зарчмын дагуу түүнд татагдах болно. Материаллаг бус ухамсар мод болон ургахын тулд өөрт зайлшгүй хэрэгтэй тэжээллэг бодис, ус, нарны гэрлийг өөртөө татна.
Таныг царсны боргоцой газарт суулгаж байх үед царс хаана оршиж байсан юм бол? Боргоцой дотор биш харин түүний хүрээлж буй царс мод ургах чадамжийг агуулсан орчинд оршин байсан байж таарна. Амжилттай ажиллаж буй компаниуд ч мөн ийм маягаар өсөж өндийдөг. Боргоцой дотор царс байгаагүйтэй адилаар өөрийн тань бизнес таны сэтгэлд ургаж байх тэр үед бодит компани таны дотор байгаагүй нь тодорхой юм. Гэвч хэдхэн жилийн дараа танай компани хэдэн зуун, хэдэн мянган үйлчлүүлэгчтэй, хэдэн арван ажилтантай болно. Танай компани хэдэн зуун мянган, сая сая доллар эргэлдүүлж, түүнээс гадна их хөрөнгө мөнгийг хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, нөөц хөрөнгө, оюуны өмч (худалдааны тэмдэг, патент, зохиогчийн эрх) хэлбэрээр эзэмших болно.
Бид эдгээр үгнүүдийг бичиж байх энэ үед манай «ВанКоуч» компани Сан-Диегод 11.000 шоо дөрвөлжин фут талбайтай, 60 гаруй ажилтантай оффис, бүх Хойд Америк даяар өөрийн оффис бүхий франчайзингийн бүлгүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид нийт 33 орны 1000 орчим үйлчлүүлэгчидтэй бөгөөд үйлчлүүлэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Манай компанийн зорилго нь доод тал нь сая хүнд мөрөөдлийн бизнесээ бүтээхэд нь туслах явдал бөгөөд энэ зорилго биелэх цаг холгүй байна. Гэхдээ ердөө хэдхэн жилийн өмнө 2005 оны нэгдүгээр сард манай компани нь хэрэг дээрээ утасны ярианд цухас дурдагдсан санаа төдий л байсан билээ.
Бизнесийн аль ч салбарт гараагаа амжилттай эхэлсэн компани нь нэг, хоёр жилийн дараа хөдлөх болон үл хөдлөх гэх мэт боломжит бүх төрлийн хөрөнгөтэй болж боловсон хүчний талаар бэхэждэг. Үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсад, хэрэглэх материал, мөнгө төгрөг эд бүгд хаанаас гарч ирдэг вэ? Мод ургахад шим тэжээлт хөрс,ус, нарны гэрэл зайлшгүй хэрэгтэй байдаг шиг эдгээр зүйлс ч мөн таны эргэн тойронд байж л байдаг. Таны бизнесийг цогцлоон байгуулахад шаардагдах бүх багаж, тоног төхөөрөмж, хөрөнгө баялаг, хүмүүс мэргэжилтнүүд бүгд одоо ч гэсэн хэн нэг нь самбаачлан бүгдийг цуглуулж нэгтгэн зангидахыг хүлээгээд эргэн тойронд тань байж л байгаа.
Ямархан хүч энэхүү салангад хэсэг бусаг зүйлсийг байгаа газраас нь гаргаж нэгтгэж чадах вэ? Өөдрөг, амжилттай бизнесийг бүтээхийн тулд зөвхөн та өөрөө харж чадах мөсөн уулын усан доорх тэр хэсгээс нь эхлэх хэрэгтэй. Хийж эхлэх гэж буй бизнесээ сэтгэлдээ дүрслэн маш тодорхой харах нь таны бизнесийн үр болох бөгөөд энэ нь аливаа өөдрөг, урагштай бизнесийн суурь, тулгуур байдаг. Эхлээд оюун санааныхаа хүчээр бизнесийнхээ талаарх төсөөллийг сэтгэлдээ ургуулж, улмаар аль болох тодорхой бөгөөд бодитойгоор зураглан дүрслэхийг хичээ. Тодорхой бус, балархай, бүүр түүр зураглал хэзээ ч биет бодитой болохгүй бөгөөд бүдэгхэн зураглал амьдрах чадваргүй байдаг.
Гэхдээ үүнийг яаж хийх вэ? гэж та асуух байх.
Харамсалтай нь хүмүүс ихэвчлэн хамаг учир нь тэнд л байгаа юм шигээр «яаж» гэдэгт нь анхаарлаа төвлөрүүлдэг. Танд маш олон «яаж» гэдэг асуулт тулгарах бөгөөд энэ номын хоёрдугаарт хэсэгт бизнест амжилт гаргахад ямар асуудлууд чухал ач холбогдолтой вэ гэдгийг өгүүлэх болно. Гэхдээ амжилтын гол нь маш хурц тод, тодорхой бодол санаа буюу үр юм. Бизнесээ сэтгэлдээ ургуулан, биелүүлэхээр шийдсэний дараа л яаж гэдгийг шийдэж болно.
Анх эхэлж буй компаниудад их мөнгөтэй л бол бусад нь аяндаа болно гэдэг зарчим тэр болгон нийцдэггүйн учир нь ийм юм. Шинэ компани байгуулахад тохиолддог хамгийн том бэрхшээл бол хөрөнгө мөнгөний асуудал гэж хүмүүс бодоцгоодог. Гэтэл огтхон ч тийм биш юм. Хөрс, ус, нарны гэрэл ургамалд түвэггүй олддог шиг хэрэв танд гүнзгий бөгөөд тодорхой санаа, стратеги төлөвлөгөө байвал мөнгө санхүү ч хялбар олдоно. Биднийг хүрээлэн буй орчлон ертөнц эд баялагт умбаж байдаг бөгөөд хөрөнгө мөнгө тань руу урсаж, таны бизнесийг тэтгэхэд бэлэн байдаг. Бизнесийнхээ үрийг хэрхэн бодож олохыг 6-р бүлэгт, бодож олсон үрээ хэрхэн суулган арчилж тордон үндэслүүлэхийг 7-р бүлэгт тус тус өгүүлэх болно.

Боловсорч гүйцэх хууль

Өөртөө хэт итгэлтэй бизнесмэнүүд голдуу тэвчээр муутай байдаг. Бид үргэлж ялалт, амжилт өөд тэмүүлж ихийг хүсэж, ихийг мөрөөддөг. Бидний бүх мөрөөдөл шууд биелээсэй гэж хүсдэг.
Иймэрхүү хүсэлтэй байх нь муу биш юм. Ялалтад тэмүүлэх тэмүүлэл нь бизнесийн амжилтын зайлшгүй нэг нөхцөл бөгөөд их амжилтад хүрэх тусам улам ихийг мөрөөддөг. Гэхдээ үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. «Суулгах ч цаг бий, хураах ч цаг бий... тэврэх ч цаг бий, холдох ч цаг бий» (Пит Сигер өөрийн дуундаа Екклезиастын номын 3:1-8-ийг иш татаж оруулсан) гэсэн Екклезиаст, Пит Сигер ба «Бирдз» хамтлагийнханы зөв юм. Таны мөрөөдлийн бизнесийг цогцлоон бүтээхэд ч гэсэн тэвчээр зайлшгүй хэрэгтэй юм.
Боловсорч гүйцэх хуулиар бол үр бүр өөр өөр хугацаанд биелж бодитой болох бөгөөд энэхүү хууль нь таталцлын хуулийн нэмэлт хууль юм. Байгаль дээр ийм байдаг бөгөөд байгаль эхийн нэгэн хэсэг болсон бидний амьдрал ч мөн энэ хуульд захирагддаг. Жишээ нь: үрээс хүнсэнд хэрэглэж болохуйц лууван ургаж гүйцтэл 70 хоног шаардагддаг бол хурга эхийнхээ хэвлийд бойжих хугацаа 145 хоног, харин жирэмсэн эх хүүхдээ хэвлийдээ тээх хугацаа нь ойролцоогоор 280 хоног байдаг.
Таны өмнөө тавьж, маш тодорхой дүрслэн харж буй зорилт бүр амьдрал дээр бодитой болж биелэх хугацааны хувьд хоорондоо ялгаатай нэгэн төрлийн үр юм. Энэхүү боловсорч гүйцэх хугацаа нь хэр удаан үргэлжлэх бол? Үүнийг хэлэхэд хэцүү юм.
Үнэндээ бол бид мэдэхгүй. Энэ талаар ойлголт ч байхгүй. Гэвч шууд юу ч бүтдэггүй гэдгийг бид мэднэ. Түүнээс гадна үр суулгасны дараа түүнийг хэрхэн ургаж буйг үзэхээр малтаж гаргаад байвал тэр хэзээ ч ургахгүй.
Та өөрийгөө үнэтэй зоогийн газрын тансаг хоол захиалсан байнгын үйлчлүүлэгчдэд үйлчилж буй хоол зөөгч боллоо гээд төсөөлөөд үз. Та гал тогооны газарт тогоочид хоолны захиалгаа дамжуулаад түүнийг хоол бэлтгэх зуур ард нь зогсоод чихэнд нь «хоол болж байна уу? болж байна уу? болж байна уу?. . .» гээд бөвтнөөд байвал тэрээр ердийнхөөсөө хурдан хийх нь юу л бол? Хэрэв та энэ үйлдлээ үргэлжлүүлээд байвал нэг бол тогоочийн анхаарал сарниж хоол түлэгдэнэ, эсвэл тэр таныг гал тогооноос хөөж гаргана.
Та өөрийн мөрөөдлийн бизнесээ сэтгэлдээ төсөөлж байх үедээ нэгэн зэрэг үйлчлүүлэгч бас зөөгч болж байгаа юм. Таныг тансаг хоол захиалах үед гал зууханд захиалга очиж ажил өрнөх ба үр дүнд нь таны захиалсан хоолыг танд авч ирэх болно. Танд тогоочийг элдвээр шавдуулах шаардлага огт байхгүй бөгөөд угаасаа аль ч зоогийн газар тэгдэггүй шүү дээ. Гал зуухыг тайван орхиж хоол бэлтгэх ажлыг тэндхийн ажилтнуудад даатгасан нь дээр.
Цэцэрлэгчийн ажил ч мөн иймэрхүү бөгөөд хэрэв та суулгасан үрээ байн байн малтаж гаргаад ургаж буй эсэхийг нь үзээд байвал юуны тухай мөрөөдөж байгаагаа ч мартах болно. Таны суулгасан үр ч ургахгүй бөгөөд тавьсан зорилго тань хэрэгжихгүй үлдэнэ.
Хэрэв та тэвчээргүй байдал гаргавал таны санаа биелэхгүй. Ямар нэг хүч бүр өөрийн эсрэг хүчийг үүсгэдэг гэсэн байгалийн хууль байдаг. Үйлчлэл бүр эсрэг үйлчлэлийг үүсгэдэг. Өөрийн санаагаа урган боловсорч, үндэслэж, тэжээлийн бодис, бусад хэрэгцээт зүйлсийг хайж олтол хүлээх хэрэгтэй юм.
Тэвчээргүй байдлыг таягдан хаях нь зүйтэй. Таныг хүрээлж буй орчлон ертөнц болон өөрийн санаанд итгэ. Бүхнийг мэдэж, бүхнийг эзэмдэж, бүхнийг захирч байдаг тэг цэгийн талбай буюу квантын вакуумыг санагтун. Орчлон ертөнц танд хүссэн бүхнийг тань өгөхөд бэлэн бөгөөд та зөвхөн мөрөөдөл дэрээ төвлөрч түүний боловсорч гүйцэхийг л хүлээх хэрэгтэй.

Үйл ажиллагааны хууль

Бидний энд дүрслэн бичиж буй үйл явц нь хэд хэдэн зэрэгцээ үе шатнаас бүрддэг. Үр суулгаад ургаж гүйцэхийг хүлээн зүгээр суух нь хангалтгүй юм. Түүнийг үржил шимтэй хөрсөнд тухалж, хүчээ сэлбэж байх зуур танд ч бас хийх ажил бий шүү.
«Байзаарай! Юу гэнээ» хэмээн та дуу алдаж байна уу? Хэрэв бүгд ямар нэг санаанаас эхэлж, хүсэж буй зүйлээ сэтгэл дотроо нарийн тодорхой дүрсэлж чадвал таталцлын хууль үйлчилж эхэлдэг юм бол яагаад би ажиллах ёстой гэж? Хүсэж буй зүйлээ сэтгэлдээ дүрслэн харж биелэхийг нь хүлээж суух хангалтгүй гэж үү? Тийм ээ. Энэ багадна. Хэрэв та зөвхөн хувь заяандаа найдаад суугаад байвал бүх зүйл буруугаар эргэх болно.
«The Secret/Нууц» киног үзсэн сая сая хүмүүс таталцлын хуулийг мэддэг болсон билээ. Гэхдээ тэдний олонх нь үйл ажиллагааны хуулийг даган мөрдөхгүй бол таталцлын хууль үйлчилэхгүй гэдгийг мартчихдаг. Зөөлөн буйдангаасаа босож ямар нэг зүйл хийж эхлэхгүй бол таны мөрөөдөл биелэхгүй. Бурхнаас төмс гуйж залбирмаар байвал хүрзээ бэлд гэж үг байдаг.
Үр суулгасны дараа түүнийг усалж, зэрлэг өвсийг нь зулгааж, арчилж тордох хэрэгтэй. Тэр өөрөө ургах бөгөөд харин үүнийг та түүний өмнөөс хийж чадахгүй билээ. Гэвч түүний өсөж ургахад хэрэгтэй бүх нөхцөлийг та бүрдүүлж өгөх ёстой юм.
Та яг юу хийх хэрэгтэй вэ? Энэ асуултын хариуг номынхоо дараачийн бүлгүүдэд танд өгч, таны мөрөөдлийн бизнесийг хэрхэн арчлан тордох талаар өгүүлэх болно. Харин одоо бол таталцлын хууль, боловсорч гүйцэх хууль, үйл ажиллагааны хууль энэ бүгд хамтран үйлчилдэг юм гэдгийг хэлэхэд хангалттай. Эдгээрийн ажиллах зарчмыг зорилготой, тэвчээртэй, идэвхтэй байх гэж тодорхойлж болох юм. Энэ гурван хуулийн үйлчилэх зарчмыг ойлгосноор дэмий сэтгэлээ чилээх, самгардах, алдаж эндэхээс ангид байж чадна. Мөн өөрийн мөрөөдлөө биелүүлж, бодож байгаагаасаа хурдан хугацаанд өөрийн бизнесээ бүтээж чадна.

Тодрол ба төвлөрөл

Бид орчлон ертөнцийн адармаатай нарийн механизмыг тунгаан хэлэлцэж энэхүү бүлгийг эхэлсэн билээ. Таны мөрөөдлийн бизнесийг цогцлоон бүтээхэд ч танаас нягт нямбай байдлыг шаардах болно. Бизнесийнхээ талаарх таны төсөөлөл таны бодол санаандаа дүрсэлж буй зураглал нь дээд зэргийн нарийн тодорхой дэлгэрэнгүй байх ёстой бөгөөд ингэснээр таталцлын хуулийн үндсэн оньсны нэг болох төвлөрлийн нөхцөл бүрдэх юм.
Нарлаг сайхан өдөр салхилах зуураа томруулдаг шил гартаа бариад түүгээр туссан гэрлийг хатсан навч дээр тусгаад үзвэл яах бол? Навч шатаж эхлэхийг та ажиглах болно. Төвлөрлийн хүч ийм л байдаг.
Хэрэв энергийн багтаамж болон төвлөрлийн зэргийг нэмэгдүүлбэл лазерын цацраг үүсэх ба түүгээр ган төмрийг ч түвэггүй зүсэж болно. Өөрийн санаа, хүсэл, мөрөөдөл дээр төвлөрч сурвал та тийм л хүчийг эзэмдэх болно. Маш тод харах нь тун чухал юм. Нарны сарнисан гэрэл навчийг зөвхөн бүлээсгэдэг бол нэгэн цэгт төвлөрсөн гэрэл навчийг шатаадаг. Яг үүнтэй адилаар хэрэв таны ухамсарт зөвхөн бүрэг балархай зураглал байгаа бол таны мөрөөдөл биелэхгүй. Танд бодол санааны томруулдаг шил зайлшгүй хэрэгтэй юм.
Бид тодрол ба төвлөрлийн талаар дахин дахин ярих болно. Хамгийн чухлаас нь авахуулаад өдөр тутмын үйл ажиллагааны жижиг сажиг зүйлсийг хүртэлх өөрийн бизнесийг хичнээн нарийн тодорхой дүрсэлж чадна, тэр хэмжээгээр квантын талбайн гайхамшигт хүчийг эрхшээж, төдий чинээ хурднаар таны санаа хэрэгжиж биелэх болно.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Jul.06.10 5:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Дөрөвдүгээр бүлэг
Таны ухамсар дахь орчлон ертөнц
Физикчид атомын бүтцийг судалж байх зуур өөр хэсэг эрдэмтэд хүний гавлын хөндий дэх ертөнцөд түүнээс ч дутахгүй гайхалтай нээлтүүдийг хийсэн юм. Эдгээр нээлтүүд нь материаллаг ертөнцийн дүр зургийг квантын физик хэрхэн өөрчилснөөс ч дутахааргүйгээр тархины бүтэц, үйл ажиллагааны талаарх бидний төсөөллийг үндсээр нь өөрчилсөн билээ.
Саяхныг хүртэл бидний оюун санааны ертөнцийн бүтэц нь атомын доторх квантын ертөнцийн бүтэц мэт оньсого байлаа. Гэвч 1980, 90-ээд онуудад цөмийн соронзон резонансын (ЦСР) болон соронзон резонансын томографын (СРТ) аргууд бий болж улмаар тэдгээрт үндэслэсэн позитрон эмиссийн томограф (ПЭТ), нэгчилсэн протоны эмиссийн компьютер томограф (НФЭКТ) зэрэг тархины үйл ажиллагааг судлах илүү нарийн технологиуд гарснаар энэ байдал үндсээрээ өөрчлөгдсөн байна. Эдгээр арга, технологиуд нь тархины цахилгаан идэвхжилтийг туйлын нарийн тодорхой судлах боломжийг олгосон юм. Шинжлэх ухаан үүсэн бий болсон бүх түүхэнд анх удаа эрдэмтэд хүний тархины туйлын нарийн түвэгтэй үйл ажиллагааг дэргэдээс нь нүдээр харж буй мэт тодорхойлж судлах болсноор нейрологи болон нейрофизикийн шинжлэх ухааны үндсэн ойлголтууд тэр чигээрээ өөрчлөгдсөн юм. Нейрологч эрдэмтдийн үзэж байгаагаар тархины тухай бидний мэдлэгийн 98% нь сүүлийн хэдхэн арван жилд хуримтлагдсан байна. Мөн үүнээс хачирхалтай нь тархины талаарх бидний өмнө нь мэдэж байсан зүйлсийн 80% нь худлаа байжээ! Сүүлийн хэдхэн арван жилд тархины талаарх ньютоны механик төсөөллөөс квантын, хэрэв тэгж хэлж болдог бол акашийн төсөөлөлд шилжсэн юм.
Нейрологчид, нейрофизикчдын нээлтийн ачаар тархины бүтэц, үйл ажиллагааг бид өмнөхөөс илүү сайн ойлгох болсон бөгөөд ингэснээр бидний өдөр бүр гаргадаг байсан ноцтой алдаа улам бүр тодорхой болсон билээ. Энэхүү ноцтой алдаа нь биднийг мөрөөдлөө биелүүлэхэд саад болж үргэлжийн бүтэлгүй явдлын нүхэнд барьж байдаг ажээ. Бидний номын энэхүү бүлгийн гол зорилго нь энэ алдаа чухам юунд оршдог, бид яагаад энэ алдааг гаргадаг вэ гэдгийг танд ойлгуулах, хамгийн гол нь энэ алдааг хэрхэн хэзээ ч давтахгүй байх вэ гэдгийг танд хэлж өгөх явдал юм.
Тархины гайхамшигт Чадвар
Хүний тархи нь орчлон хорвоогийн хамгийн нарийн бүтэцтэй, хамгийн агуу төгс бүтээл юм. Бидний тархи ойролцоогоор 160.000 км цусны судас, 100.000.000.000 (зуун миллиард) мэдрэлийн эсээс тогтох ба секундэд ойролцоогоор 10 квадриллион үйлдэл хийх чадвартай юм.
Таныг энэ хуудсыг уншиж буй энэ агшинд таны биед юу болж байгааг төсөөлцгөөе. Хүний биед секунд бүрд 10 сая орчим эс шинээр бий болж бас үхэж байдаг. Хэдийгээр та өөрөө мэдэхгүй байгаа ч таныг энэ догол мөрийг унших зуур таны тархи өөрийн хэдэн зуун сая хуучин эсийг устгаж, оронд нь хэдэн зуун сая шинэ эсийг бий болгохын хажуугаар хэвийн үйл ажиллагаагаа хадгалсаар байгаа. Хэрэв та тархины бүх эс хоорондын боломжит нийт холболтын тоог бичихийг хүсвэл гарах хариуны зөвхөн тэр олон тэгийг бичихийн тулд танд 75 жил шаардагдах болно. Байнга таны мэдэлд байдаг энэхүү төгс бүтээлийн чадал, цар хүрээ нь ийм агуу их билээ. Өөрөөр хэлбэл зорьсондоо хүрэхийн төлөө тэмүүлэх таны чадамж хэрэг дээрээ хязгааргүй их юм. Хүний биеийн бүх эрхтэн тархинд захирагдах ба хамгийн сайн хамгаалагдсан, хангагдсан эрхтэн нь тархи юм. Тархи нь бат бөх ясан хайрцагт байрлах ба жингийн хувьд нийт биеийн жингийн нэг хувьтай тэнцэх боловч хүний амьсгалж буй агаарын 20%, цусны урсгалын 25%, бие организмд орж ирсэн усны 30%, тэжээлийн бодисын 40%-ийг тус тус шингээн зарцуулдаг байна.
Тархи нь дараалсан үе давхаргуудаас бүрдэх бөгөөд давхарга бүр хүний эволюци хөгжлийн янз бүрийн үе шатанд үүсэн бий болжээ. Эдгээр давхаргууд нь хамгийн энгийн амиа хамгаалах үйлдлээс эхлүүлээд сэтгэн бодох, юмс үзэгдлийг задлан шинжих гэх мэт янз бүрийн үүрэгтэй.
Бусад давхаргаасаа эрт бүрэлдэн бий болсон, тархины гүнд байрлах давхаргууд нь бусдыгаа бодвол илүү энгийн үйлдлийг хариуцдаг. Тархины өмнөд болон дээд хэсгүүд нь сэтгэн бодох үйл ажиллагааг хариуцдаг байна.
Уртавтар тархи нь бүтэц үйл ажиллагааны хувьд хэвлээр явагчдын тархитай төстэй бөгөөд зүрхний цохилт, амьсгал авах, хоол боловсруулах зэрэг амьдралын чухал үйл ажиллагаануудыг хариуцдаг. Уртавтар тархийг «могойн тархи» хэмээн нэрийдэх нь ч бий. Бүтэц, үйл ажиллагааны хувьд хүний тархи нь бусад сүүн тэжээлтэн амьтдын тархитай адилаар зарим хэсгүүд нь сэтгэл хөдлөл, үржлийн үйл ажиллагааг хариуцдаг ба ой санамжаа удирдахад чухал үүрэгтэй оролцдог. Хамгийн сүүлд бодол, сэтгэхүйг хариуцдаг духны хэсэг (неокортекс) бүрэлдэн бий болсон байна. Чухам энэ хэсэг л сэтгэн бодох, аль нэг зүйлийг бүтээн байгуулах, ямар нэг зүйлд гүнзгий анхаарлаа төвлөрүүлэх, сурах зэрэг бүтээлч үйл ажиллагааг хариуцдаг юм.
Энэ бүхнийг ширхэгчилэн тогтоох гэж өөртөө түвэг удах шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь бидний тархины энэ олон хэсгүүдийг ерөнхийд нь ухамсартай болон ухамсаргүй гэсэн хоёр хэсэгт хуваадаг гэдгийг л ойлгох хэрэгтэй.
Энэхүү хэсгүүд нь өөр хоорондоо болон гадаад ертөнцтэй хэрхэн харьцдаг нь таны мөрөөдлийн бизнесээ цогцлоон бүтээхтэй шууд холбоотой бөгөөд тэр тухай энэ бүлэгт өгүүлэх болно. Энэ хэсгүүдийн харилцан үйлчлэх зарчмыг ухаарснаар яагаад өдий олон хүмүүс өмнөө тавьсан зорилгодоо хүрэх гэж үр дүнгүй зүтгэдэг, яаж өөрийн хичээл чармайлтыг талаар болгохгүйгээр мөрөөдлөө биелүүлж болохыг ойлгох түлхүүр таны гарт орно.
Ухамсрын илрэл
Ухамсар гэдэг нь сэтгэн бодож, ухаарч ойлгохын үндсэн дээр өөрийн хүсэл зорилгоо илэрхийлэх үйл ажиллагааны нэгдмэл цогц юм. Ухамсрын боломжуудыг үнэлэн цэгнэж шийдвэр гаргадаг тархины духны хэсэг нь хүний эволюци хөгжлийн хамгийн өндөр ололт юм. Салангад эрхий хуруу, нүдний хос хараа гэх мэтээс гадна юуны өмнө тархины духны хэсгийн хэмжээгээрээ бид адгуус амьтдаас ялгардаг билээ. Духны хэсгийг анхаарлаа хандуулж, төвлөрөх, сурах, ажиглах үйл ажиллагааг хариуцсан тархины гүйцэтгэх захирал хэмээн нэрийдэж болох юм. Духны хэсэг гэдэг нь энэ мөчид эдгээр үгсийг уншиж буй тэр хэсэг бөгөөд уртавтар тархи гэх мэт бусад арай энгийн хэсгүүд нь амьсгал, зүрхний лугшилт зэрэг ухамсарт үйл ажиллагааны хүрээнээс гаднах бусад энгийн үйл ажиллагааг зохицуулдаг.
Хэрэв таны мөрөөдлийн бизнесийг хөлөг онгоц гэвэл тархины духны хэсэг нь хөлгийн ахмад юм. Тэрээр хаашаа хөвөхийг шийдэж, явах чиглэлийг тогтоож, хөлгийн бүрэлдэхүүнд тушаал өгдөг. Хөлөг онгоцны ахмад бүр өөр өөрийн хувийн зан чанартай байдаг бөгөөд бидний хувьд тархины духны өмнөд хэсэг нь удирдах үүрэг гүйцэтгэдэг.
Бид өөрсдийн оюун ухааныг дэндүү өрөөсгөл үнэлдэг ба бидний оюуны чадавх өнөөх л улиг болсон IQ коэффициентээр хязгаарлагддаг хэмээн бодоцгоодог. Хэрэв дээрээ бидний тархи маш өргөн боломж чадваруудыг агуулдаг. Бид эдгээр тал бүрийн чадвар, боломжуудын цогц нэгдлийн нэг захаас нь нөгөө захыг нь хүртэл явж үзэхийг танд санал болгож байна. Энэхүү боломж, чадваруудын аль нь ч бусдаасаа муу биш бөгөөд хэн нэг аз муутайд нь зөвхөн ганц, хоёрхон төрлийн чадвар боломж заяадаг ч юм биш. Хүн бүр анхнаасаа эдгээр чадвар боломжуудыг бүгдийг нь авч төрдөг. Эдгээр бүх чадварууд нь бидэнд байдаг бөгөөд бизнесээ бүтээн босгоход эд бүгдээрээ чухал хэрэгтэй юм.
Гэхдээ оюун ухааны эдгээр чадваруудын аль нэг нь хүн бүрд янз бүрийн хэмжээгээр бусдаасаа түлхүү хөгжсөн байдаг. Ийм ч учраас багаар ажиллах, олон төрлийн түнштэй хамтран ажиллах нь бизнесийн амжилтад хүрэхэд чухал нөлөөтэй юм.
Бидний Ухамсрын эдгээр илрэлүүдийг эхнээс нь жагсаавал : хүсэл зориг, ой тогтоолт, тусгахуй, сэтгэлгээ, зөн билэг, дүрслэн бодохуй эдгээр юм.
Хүсэл зориг
Бизнест амжилтад хүрэхийн тулд маш шаргуу байх хэрэгтэй. Энэхүү зайлшгүй байх ёстой чанарыг «Хэрэв үүнийг хүн хийж болдог л юм бол би хийнэ» гэсэн үгээр илэрхийлж болох юм. Худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч овжин бизнесмэнүүд ямар нэг үйл явдал болохыг хүлээдэггүй бөгөөд тэд энэхүү ямар нэг үйл явдлыг зориуд бий болгодог. Мөн түүнчлэн хүсэл зориг нь ухамсарт үйл ажиллагааны олон хэлбэр дотор голлох байр суурь эзлэх ёсгүй юм. Тэргүүлэгч байх, сүүхээтэй бизнесмэн байх олон арга зам бий. Хүсэл зориг гэдэг нь хүнийг ямар нэг үйл ажиллагаанд түлхэн оруулдаг дотоод хөдөлгөгч хүч юм. Хүсэл зориг ихтэй хүн өөрийн сэдсэн зүйлийг биелүүлэхийн тулд юуг ч хийхэд бэлэн байдаг.
Эр зориг, сахилга бат, тодорхой зорилготой байх, ёс зүйтэй байх, шаргуу нөр хичээнгүй байх энэ бүгд нь бидний хүсэл зориг хэмээн нэрлээд буй тэрхүү хөдөлгөгч хүчний илрэл юм.
Ой тогтоолт
Нейрологчдын баталж байгаагаар богино хугацааны ой тогтоолт нь цахилгаан үзэгдэл бөгөөд удаан хугацааны ой тогтоолт нь химийн үзэгдэл юм. Гэхдээ ой тогтоолт нь зүгээр л мэдээллийг тархинд хадгалж хэрэгтэй үед гаргаж ирдэг жирийн механик ажиллагаа биш юм. Хүний ой тогтоолт гэдэг нь энгийн мэдээллээс (хүний нэр, утасны дугаар гэх мэт) авахуулаад ярвигтай шийдвэр гаргахад дөхөм болох маш нарийн түвэгтэй хоорондоо холбоотой олон мэдээллийн хослолыг шаардагдах цаг хугацааны агшинд олж идэвхжүүлэх оюун ухааны чадвар юм.
Ой тогтоолт сайтай байна гэдэг нь ямар нэг мэдээллийг хайж олох тархины чадвар сайн хөгжсөн байна гэсэн үг юм. Ой тогтоолт нь хоорондоо холбоотой мэдээллүүдийн хослол маягаар зохион байгуулагдсан байдаг нь тодорхой болоод байгаа бөгөөд ой тогтоолт хөгжүүлэх хамгийн шилдэг аргачлалууд нь холбоотой мэдээллийг цуглуулж өрөх маягаар тогтооход үндэслэгдсэн байдаг ажээ.
Дурсамж нь тархинд хадгалагддаг гэж үздэг боловч өнөө үеийн зарим эрдэмтэд, судлаачдын ихэнх хэсэг нь квантын талбайд хадгалагддаг хэмээн үзэж байна. Шинжлэх ухааны уран зөгнөлтэй төстэй байгаа биз? Гэхдээ та дараачийн удаа зурагт үзэх үедээ энэ талаар бодоод үзээрэй. Зурагтаар гарч буй нэвтрүүлэг түүнийг асаахаас өмнө хаана байсан бэ? Зурагт дотор нуугдаж байсан гэж үү? Үгүй ээ. Бидний эргэн тойронд нүдэнд үзэгдэхгүйгээр хөвж байсан байна. Тийм ч учраас танд бий болсон ямар нэг бодол, дадлага, туршлага, зураглал нь квантын талбайд хэн бүхний хүрч болох долгион хэлбэрээр үлддэг хэмээн судлаачид батлаад байгаа юм. Таны ухамсар тэрхүү бодол, дадлага туршлагыг анх бий болгосон тул дээрх зураглалд хүрэхэд танд бусдаасаа илүү хялбар байх болно. Учир нь таны тархи тэрхүү зураглал хоёр анхнаасаа барилдлагатай юм.
Ойлгох, мэдэх, сэхээрэх, өргөн цар хүрээтэй сэтгэх эд бүгд нь ой тогтоолтын илрэх хэлбэрүүд юм.
Тусгахуй
Хэрэв би танаас «Та юугаараа хардаг вэ?» гэж асуувал мэдээж «нүдээрээ» гэж хариулах байх. Гэхдээ энэ хариулт зөв биш бөгөөд та нүдний шил, контакт линзийг нэвт үздэг шиг нүдээр үзэж тархиараа хардаг байна. Учир нь та нүдээр хүлээн авсан дүрээ яг тэр чигээр нь биш харин таны ухамсарт үүссэн нейроны хослолуудын үүсгэсэн дүрсийг хардаг.
Ийм ч учраас нэг зүйлийг хүн бүр янз бүрээр тусгадаг. Хэд хэдэн хүн нэг үйл явдлыг зэрэг харсны дараа болж өнгөрсөн үйл явдлын талаар тэднээс тус тусад нь асуувал бүгд өөр өөрийнхөөрөө хариулдаг. Гэхдээ тэдний хэн нь ч худал яриагүй. Тэд зүгээр л үйл явдлыг өөр өөрөөр тусган авсанд л хэргийн учир оршиж байгаа юм.
Иймээс бид өөрөөсөө өөрөөр юмсыг тусгаж авсан хүнийг буруутгахыг урьтал болгодог. Гэхдээ түүнийг буруутгахын оронд тэр юу харсан, яаж тусгаж авсан гэдгийг нь яриулахыг оролдоод үз. Ингэснээр нэг үйл явдлыг олон талаас нь харж харьцуулах боломжтой болно. Тэгээд энэ үед өөрөөсөө «Түүний тусгаж авсан зүйл миний зорилгоо биелүүлэхэд хэрэгтэй юу» гэж асуу. Бусдын тусгаж авсан зүйлсээр өөрийнхөө үзэл бодлыг баяжуулж чадвал таны туршлага улам нэмэгдэх болно.
Сэтгэхүй
Хүсэл зориг нь бодит үйл ажиллагааны үе шат байдаг бол тусгахуй нь мэдрэх эрхтнүүдийн үйл ажиллагааны хүрээнд хамаарах ба сэтгэхүй нь бид бүгдийн оюун ухаан хэмээн нэрийддэг тархины идэвхтэй үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Сэтгэхүй гэдэг нь тодорхой бодит баримтыг зуу зуун туршилтын үр дүнд үндэслэсэн, тэр бүү хэл орон зай цаг хугацааны хувьд маш их алслан холдсон ерөнхий зарчмуудтай харьцуулах чадвар юм. Дедукцийн ба индукцийн гэсэн сэтгэхүйн үндсэн хоёр арга байдаг. Дедукцийн сэтгэхүй нь мэдэгдэж буй бодит баримтыг учир шалтгааны үүднээс задлан шинжилж тогтсон зарчим дээр үндэслэж дүгнэлт хийх өөрөөр хэлбэл ерөнхийд нь тулгуурлан салангад үзэгдлийн мөн чанарыг тайлбарлах арга юм. Индукц сэтгэхүй нь дедукцийнхээсээ эсрэг бөгөөд салангад үзэгдэлд тулгуурлаж ерөнхий дүгнэлт хийх арга юм.
Орчин үеийн хөгжсөн нийгэмд сэтгэхүй нь хэт давамгайлах хандлага ажиглагдаж байна. Тийм ээ, мэдээж юмс үзэгдлийг задлан шинжлэх хүчтэй чадвартай байх нь эргэлзээгүй давуу тал юм. Мөн түүнчлэн өөрсдийгөө задлан шинжээч гэж хэлэхээргүй ч бизнесээ амжилттай эрхэлж яваа тун ч олон хүн манай гариг дээр бий. Бодит байдал ийм л байдаг.
Жишээ нь бид хоёрыг аваад үзвэл Мюррейн бүх зүйл учир шалтгааны хувьд дараалалтай байдаг бөгөөд тийм ч учраас тэрээр энэхүү номын хоёрдугаар хагасыг бичсэн юм. Миний хувьд учир шалтгаан, зүй тогтоолыг олохдоо Мюррейд хүрэхгүй ч зөн совин муугүй хөгжсөн бөгөөд миний ухамсрын гол мөн чанар нь зөн совин юм. Ийм ч учраас бидэнд хамтдаа ажиллахад илүү хялбар байдаг бөгөөд бид бие биенийхээ дутуу талыг харилцан нөхдөг билээ.
Зөн совин
Зөн совин гэдэг нь аливаа зүйлийг урьдчилан мэдрэх чадвар юм. Бизнесийн ертөнцөд энэхүү чадварыг илэрхийлэхийн тулд «Тэр бизнесийн мэдрэмж сайтай хүн», «Тэр ашигтай хөрөнгө оруулалт хийх төрөлхийн авьяастай» гэх зэрэг зүйрлэл үгээр илэрхийлдэг. Энэ бүх нэр томьёо нь зөн совин гэдгийг өөрөөр хэлж буй хэрэг юм.
Зөн совин буюу англи хэлний intuition хэмээх үг нь латин хэлний intueri ширтэн харах гэсэн утгатай бөгөөд аль нэг нөхцөл байдлыг мэдрэхүйн эрхтний ямар нэг дүн шинжилгээгүйгээр эгшин зуур, шууд тусган авах чадвар юм. Энэхүү чадвар нь Эйнштейний «нууцлаг» хэмээн нэрлэсэн орон зайн харилцан үйлчлэлтэй нягт холбоотой юм.
Танд хэзээ нэгэн цагт дүүрэн хүнтэй өрөөнд ороод хэн ч юу ч хэлээгүй байхад тэнд ямар нэг таагүй зүйл болоод байгааг шууд ойлгох явдал тохиолдож байсан уу? Та хаанаас, хэрхэн мэдсэнээ ойлгохгүй байгаа ч мэдсэн л байна. Үүнийг л зөн совин гээд байгаа юм.
Таныг ямар нэг үдэшлэгт ирэхэд танхимын буланд таньдаг хүн чинь баргар царайлан уйтгар гунигт автан зогсож байна гээд төсөөл дөө. Таныг тэр даруй түгшүүртэй мэдрэмж эзэмдэж, таагүй зүйл бүрхэн авах болно. «Тэр яасан юм бол?» гэж та өөрөөсөө асууна. Хэн нэг нь түүнийг гомдоож дээ гэж бодно. Дараа нь хэн нэг нь танд «өнөөдөр түүний нохойг машин дайрчихжээ» гэж хэлбэл өмнөх мэдрэмж өөрчлөгдөж танд шал өөр сэтгэгдэл төрнө. Яагаад? Таны зөн совин мэдээллийг туйлын зөв тусгаж авсан ч таны сэтгэхүй түүнийг буруу тийш эргүүлсэн хэрэг. Энд зөн совин биш харин тусган авсан мэдээллээ ямар нэг байдлаар тайлбарлахыг оролддог сэтгэхүй буруутай юм. Зөн совингоо хөгжүүлэхийн тулд түүнд бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй. Зөн совин гэдэг нь цэвэр энергийн тусгал бөгөөд энерги хэзээ ч худлаа байдаггүй. Гэхдээ зөн совин нь инстинкт буюу төрөлхийн чадвараас огт өөр юм. Инстикт нь ухамсарт биш үйлдлийн илрэл бөгөөд хүний тархины хөгжлийн эрт үетэй холбоотой юм. Зөн совин нь ухамсарт үйл ажиллагаа бөгөөд ертөнцийг тусган авах өндөр нарийвчлалтай, үр дүнтэй арга юм. Өөрөөр хэлбэл зөн совин нь бодит байдлыг тусгаж авах хамгийн нарийн багажуудын нэг бөгөөд хүнд өөрийн дотоод болон хүрээлэн буй ертөнцийн энергийг мэдрэх боломжийг өгдөг.
Хорвоо дээр зөн совин муутай, эсвэл огт зөн совингүй хүн гэж байдаггүй. Бид энэхүү чадварыг бүгдээрээ адилхан эзэмшдэг бөгөөд зөн совингоо ашиглаж чаддаг эсэхээрээ л хоорондоо ялгаатай юм. Бид ихэвчлэн мэдэрч буй бүхнээ дүгнэж, задлан шинжлэх ажлыг тархины бусад ухамсарт үйл ажиллагаанд даалгадаг. Зөн совин сайтай хүмүүс тархины бусад ухамсарт үйл ажиллагаанаасаа илүү өөрийн мэдрэмжээ сонсож чаддаг.
Дүрслэн бодохуй
Дүрслэн бодох чадвар нь таны Ухамсрын хамгийн гайхамшигтай агуу чанар юм. Бизнест хэрэглэхэд зохистой энэхүү чадварыг бид ихэнхдээ мөрөөдөл хэмээн нэрлэдэг. Дүрслэн бодохуй, сэтгэлдээ ургуулах, мөрөөдөх, энэ бүгд нь хүний ухамсрын олон талт үйл ажиллагааны оргилд орших нэгэн тод өнгөний олон хувилбар юм.
Дүрслэн бодохуй нь квантын талбайд орших аль нэг боломж бололцоог агуулсан хэв загварын үндсэн дээр өөрийн ухамсар, оюун ухаанд зураглал үүсгэх чадвар бөгөөд энэхүү зураглалууд нь бодит мэт хурц тод байдаг.
Энэ чадвар нь туйлын чухал бөгөөд чухам тэр дүрслэн бодсон зураглалаас л өөдрөг, амжилттай компаниуд төрдөг. VI, VII-р бүлгүүдэд дүрслэх бодохуйгаа чөлөөлж, түүний гайхамшигт бүтээлч хүчийг өөрийн мөрөөдлийн бизнесээ хэрэгжүүлэхэд хэрхэн ашиглах талаарх тун ч өвөрмөц аргуудыг бид дэлгэрэнгүй өгүүлэх болно.
Харамсалтай нь дүрслэн бодохуй нь бидний бага наснаас олж авсан хүмүүжлийн золиос болох нь элбэг байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд 35 нас гэхэд тархины энэ үзэгдлийг хариуцсан хэсгийг бараг ашиглаагүйн улмаас эсүүдийнх нь 95% нь үхдэг. Яагаад? Яагаад гэвэл биднийг хүүхэд байхаас авахуулаад л «Хоосон мөрөөдөхөө боль!», «Битгий сэрүүн зүүдлээд бай!» гэцгээдэг. Хэрэв та мөрөөдлийн бизнесээ хэрэгжүүлж аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа бол хүүхэд насныхаа гүйцээж амжаагүй мөрөөдлөө эргэн харж, дүрслэн бодох чадвараа дээд зэргээр хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
Таны хүрэх амжилт, хийж бүтээх үйл хэрэг юу ч бай, ажил албаны өндөр байр суурь, гайхамшигт орд харш, аз жаргалаар бялхсан гэр бүл, үлгэрт гардаг шиг сайхан амьдрал эд бүгд биелэхийн баталгаа нь дүрслэн бодохуй юм. «Дүрслэн бодож чаддаг байх нь мэдлэгтэй байхаас чухал» гэж Эйнштейн тун зүйтэй хэлжээ.
Бүх л том ололт амжилтууд нь туйлын чөлөөтэй, ямар ч хэмжээ хязгааргүй дүрслэн бодсон мөрөөдлөөс эхтэй байдаг. Ийм ч учраас бид бүгдээрээ хүүхэд насаа дурсаж, эргээд хүсэн мөрөөдөлдөө умбаж эхлэх хэрэгтэй юм. Хүсэл мөрөөдлөө сэтгэлдээ ургуулан бодож эхлэх тэр агшинд түүнийг бодитой болгож биелүүлэх бүх л зүйл танд аль хэдийн бий болсон байдаг бөгөөд таны дүрслэн бодсон тэрхүү мөрөөдөл нь өчүүхэн боргоцой аварга том царс мод болон ургадаг шиг биелэх болно.
«Байзаарай залуусаа! Би өөрийн бизнесээ үргэлж сэтгэлдээ ургуулан боддог шүү дээ! Өглөөнөөс орой хүртэл шүү! Харамсалтай нь миний гайхалтай сайхан мөрөөдлүүд тийм ч амар биелэхгүй юм даа» гэж та дуу алдах гэж байна уу? Тийм ээ. Бид таныг сонслоо. Таны зөв. Дүрслэн бодох төдийгөөр юунд ч хүрэхгүй.
Хүний оюун ухаан, ухамсрын дээр дурдсан зургаан шинж чанар бүгд нийлээд ч ямар нэг амжилтад хүрэхэд хангалтгүй юм. Хамгийн зоримог, гайхамшигтай тансаг мөрөөдөл байлаа ч та өчнөөн сайхан хүсэл мөрөөдлийг баллаж орхидог хамгийн том алдааны золиос болж хувирвал ямар хэрэг байх вэ дээ.
Хамгийн том алдаа
Удвал цэцгийн навчин дээр 6 мэлхий сууж байжээ. Нэг нь үсрэхээр шийдэж. Навчин дээр хэдэн мэлхий үлдсэн бэ? Хэрэв та «тав» гэж хариулж байгаа бол танд баяр хүргэе. Таны задлан шинжлэх чадвар тун ч муугүй юм байна. Гэвч хариулт нь буруу юм. Зөв хариулт нь «зургаа». Та өөрөө бодоод үз. Дээрх мэлхийнүүдийн нэг нь үсрэхээр шийдсэн. Гэхдээ тэр зүгээр үсрэхээр шийдсэн болохоос биш үсрээгүй билээ.
Бид ямар нэг зүйлийг тусган авч, ойлгож, бодож, төлөвлөж, шийдвэр гаргаад үр дүнг нь хүлээн суудаг. Гэвч ихэнх тохиолдолд ямар ч үр дүн гардаггүй. Энд л бидний хамгийн том алдаа оршиж байгаа юм. Бид өөрсдийн бодол санааг өөртэйгөө адилтган үзэж хэвшсэн байдаг бөгөөд бодол санаа ба бидний «би» хоёр нэг л зүйл юм шиг санагддаг. Оюун ухаан, ухамсар нь бидний бүх үйлдэл, үйл ажиллагааг удирдаж, хариуцдаг хэмээн бид ойлгодог. Гэвч энэ нь тийм биш юм! Үнэхээр хачирхалтай нь тийм биш гэдгийг батлах асар олон баримт байсаар байтал бид үүнд итгэсээр л байдаг! Хоёрдугаар сарын дундуур америкийн аль нэг чийрэгжүүлэх төвөөр ороод үзээрэй. Шинэ жилийн баяраар хэт их идсэнийхээ горыг амсаж буй хүмүүсээр дүүрэн байх вий. Түүнээс хойш зургаан долоо хоног өнгөрөв үү үгүй юу дээрх төвүүд орхигдсон мэт хоосрох болно. Дараа нь гэрийнхээ ойролцоох номын дэлгүүрт ороод үз. Түүнд зөв хооллохыг сурталчилсан гоё чамин хавтастай, тансаг сайхан номууд дүүрэн байгаа. Гэвч америк үндэстэн таргалж бүдүүрсээр л байна. Удвал цэцгийн хичнээн олон навч байгаад ч, хичнээн сайтар бодож боловсруулсан шийдэл байгаад ч ямар нэг үр дүн алга. Хүний ертөнцийг ойлгох онцлогийг тун сайтар илэрхийлсэн нэгэн үгийг хутагт Павел хэлсэн байдаг. «Хүсэж байгаа сайн үйлээ хийдэггүй. Харин хүсээгүй муу үйлээ хийдэг» (Ром 7:19). Бидний гаргадаг хамгийн том алдаа энэ юм. Тархины оюун ухааны гайхамшигт чадвар бидний үйл хөдөлгөөнийг удирддаг гэж бид боддог ч харамсалтай нь тийм биш юм. Бидний оюун ухаан хэдийгээр эргэлзээгүй олон давуу талтай ч мөн түүнээсээ дутахааргүй олон сул талтай. Хэлэх нэг өөр, хийх нэг өөр гэдэг шүү дээ.
Бидний оюун ухаан хэдийгээр манай хөлгийн ахмад боловч хөлгийн хөдөлгөөнийг залуурын хэсэгт ажилладаг тэр нэгэн залуу л зохицуулдаг билээ. Дашрамд дурдахад бидний үйл ажиллагааны хэдэн хувийг оюун ухаан хянадгийг та мэдэх үү? Ердөө 2-4 хөн хувь шүү дээ. Сонин байгаа биз!
Хязгаарлагдмал оюун ухаан
Бидний бодож байгаагаар бол хүмүүс дээрх алдааг гаргадаг үндсэн шалтгааны нэг нь тэд өөрийн оюун ухааныхаа шийдийг сонсож, дагах хандлагатай байдаг явдал юм. Хэдийгээр оюун ухаан нь бидний үйл ажиллагааны 2-4 хувийг хянадаг ч түүнийг дутуу үнэлэх хэрэггүй юм.
Оюун ухаан гэдэг нь бидний дүрслэн бодохуй болон бидний хүсэл мөрөөдөл төрдөг, амьдралынхаа шинэ замыг сонгог, эрсдэлтэй шийдвэр гаргаж шинэ боломжуудыг үнэлэн цэгнэдэг тэрхүү орон зай билээ. Чухамхүү оюун ухаан нь бидэнд үйл ажиллагаанд орох тушаалыг өгч, мөрөөдлөө биелүүлэх хүсэл тэмүүллийг олгодог. Гол бэрхшээл нь оюун ухаан бидний үйл хөдлөлийг богино хугацаанд удирддагт л байгаа юм. Тун богино хугацаанд. Оюун ухаан хэдийгээр маш олон гайхамшигт чадвартай ч мэдээлэл боловсруулах чадварын хувьд туйлын хязгаарлагдмал юм. Тийм ээ. Та буруу сонсоогүй. Туйлын хязгаарлагдмал юм. Хэдийгээр маш олон хүний хувьд энэ нь итгэмээргүй мэт санагдах боловч тэглээ гээд хүний оюун ухааны мэдээлэл боловсруулдаг чадвар сайжрахгүй. Та санамсаргүй байдлаар өгөгдсөн хэдэн цифрийг тогтоож чадах вэ? Та хэзээ хамгийн сүүлд санаж огт чадахгүй байсан утасны дугаараа утасны лавлахаас харсан билээ? Утасны харилцуураа тавьсны дараа тэр дугаараа хэр удаан санаж байсан бэ? Одоо тэр дугаараа санаж байна уу? (та ер нь утасны дугаар тогтоодог уу?). Зургаагаас долоо түүнээс дээш оронтой тоо болон нэгэн зэрэг болж буй хоёроос гурван үйл явдлыг бидний оюун ухаан тун ч зовж байж тогтоож авдаг. Жишээ нь: 492-625-35-11111-4. Алив оролдоод үз дээ! Гараараа нүдээ таглаад энэ тоог санах гээд үз. Харахгүйгээр энэ тоог давтан хэлж чадаж байна уу? Ядаж эхний зургаан тоог? Эхний гурвыг нь (Үгүй ээ үгүй. Заль гаргах хэрэггүй). За яах вэ. Яг ямар тоо байсныг нь санахгүй байгаа бол ядаж хэдэн оронтой байсныг нь санаж байна уу?
Хэрэв та эдгээр асуултуудын аль нэгд нь л хариулж чадаж байвал таны богино хугацааны ой тогтоолт ихэнх хүмүүсийнхээс илүү юм байна. Жирийн хүний анхаарал 6-10 секунд тутам сарниж байдаг. Номын бүлгийг яагаад байн байн шинэ догол мөрнөөс эхэлдгийн учрыг та мэдэх үү? Хэрэв номын бүлэг тэр чигээрээ нэг л догол мөрнөөс эхэлсэн байвал хэн түүнийг уншиж ойлгож чадах билээ?
Ийм ч учраас бидний бие махбодид явагддаг биохимийн процессыг тархины өөр хэсэг удирддагт талархахаас өөр яах билээ. Хүний биед секунд тутамд 10 квадриллион (1х1045) биохимийн урвал явагддаг. Хэрэв эдгээрийг бидний ухамсар удирддаг байсансан бол бид 5 секунд ч амьдарч чадахгүй билээ.
Тэглээ ч бид хамгийн чухал зорилгодоо хүрэх ажлыг өөрийн оюун ухаанд итгэн даатгадаг. Танд дуулгах сайн мэдээ ч бас бий. Оюун ухаан нь бүхнийг удирдаж чаддаггүй бол далд ухамсар нь огтхон ч амсхийлгүйгээр бидний бүх амьдралын турш энэ бүхнийг зохицуулж чаддаг байна. Оюун ухаан нь бидний төсөөлж байснаас хязгаарлагдмал боломжтой тэр байтугай ядмагхан чадвартай юм. Хэрэв оюун ухааныг хөлгийн ахмад гэвэл хөлгийг хөдөлгөхийн тулд бүхнийг үл ажиглагдам бөгөөд төгс төгөлдөр хийж гүйцэтгэн буй залуурын хэсгийн тэр нэгэн залуу хөвгүүн, хөлгийн багийн бүх гишүүд нийлээд далд ухамсар юм. Бидний оюун ухаан нь төвлөрөх чадвараа зургаагаас арван секунд бүрд алддагийг дээр өгүүлсэн билээ. Харин далд ухамсрын хувьд энэ байдал ямар байдаг бол? Далд ухамсар нь төвлөрөх чадвараа хэзээ ч алддаггүй байна.
Гайхамшигт далд ухамсар
Бидний тархины үйл ажиллагааны үндсэн цөм нь далд ухамсар юм. Чухам тэнд л бодит байдлыг тусган авах үйлдэл явагдаж бидний дадал зуршлууд тэнд хадгалагдаж, бидний ололт амжилтууд үүсэж үндэслэдэг. Оюун ухаанаа бид аливааг тодруулан томьёолж өмнөх зорилгоо тодорхойлоход ашигладаг бол эдгээр зорилгод хүрэхийн тулд далд ухамсар нь секундэд хэдэн зуун мянган, хэдэн арван сая үйлдлийг хийх хэрэгтэй болдог.

Ухамсар ба далд ухамсар
Ухамсар Далд ухамсар
Тархины жин 17% 83%
Мэдээлэл тархах хурд 120-140 миль/цаг 100.000 гаруй миль/цаг
Бит/секунд 2000 4000 миллиард
Тусгахуй ба үйл хөдлөлийг удирдах 2-4% 96-98%
Үйл ажиллагаа Ухамсартай Ухамсарт бус
Цаг Өнгөрсөн ба ирээдүй Одоо цаг
Ой тогтоолтын гүн 20 секунд хүртэл Хязгааргүй

Оюун ухаан нь тархины нийт жингийн 17-хон хувийг эзэлж, тусгахуй болон үйл хөдлөлийн ердөө 2-4%-ийг хянадаг бол далд ухамсар нь тархины нийт жингийн 83 хувийг эзэлж тусгахуй ба үйл хөдлөлийн 96-98%-ийг хянадаг байна. Оюун ухааны мэдээлэл тархах хурд цагт 120-140 миль байдаг бол далд ухамсрын мэдээлэл тархах хурд нь түүнээс 800 дахин их буюу цагт 100 000 миль байдаг.
Ухаан нь секундэд 2000 бит мэдээллийг боловсруулдаг бол далд ухамсар нь секундэд 400.000.000.000 бит мэдээллийг боловсруулдаг. Оюун ухаан нь ухамсарт үйлдлийг хариуцдаг бөгөөд ухамсартайгаар өмнөө зорилт тавьж, үр дүнг нь дүгнэж цэгнэдэг.
Далд ухамсар нь өмнөө зорилт тавьдаггүй боловч оюун ухааны зүгээс өмнө нь тавьсан зорилтыг биелүүлдэг ба тэрээр үр дүнг дүгнэн цэгнэж, ололт амжилтыг ялгаж салгадаггүй бөгөөд тэдгээрийг зөвхөн тавигдсан зорилттойгоо харьцуулдаг.
Оюун ухаан нь өнгөрсөн ба ирээдүйг ухаж ойлгодог бол далд ухамсар нь зөвхөн одоо цаг дээр болж буй үйл явдалд төвлөрдөг. Оюун ухаан нь 20 секундийн богино хугацааны ой санамжтай бол далд ухамсар нь бүхнийг үүрд санаж байдаг.
Далд ухамсар нь секунд бүрд хичнээн нөр их ажлыг оюун ухааны өчүүхэн ч оролцоогүйгээр амжуулдаг болохыг үгээр илэрхийлэхэд хэцүү, тэр ч байтугай илэрхийлэх боломжгүй юм. Гэхдээ энүүхэндээ гэж хэлэхэд далд ухамсрын хийж буй зүйлийг бид олж мэддэггүй гэж хэлж бас болохгүй бөгөөд биохимийн нийлмэл урвалуудын цогцыг удирдахад оюун ухаан ямар нэг байдлаар оролцдог.
Далд ухамсар нь бидний бие ба сэтгэлийн элдэв дадал зуршил, дадлага туршлагыг хадгалж байдаг. Өөрөөр хэлбэл далд ухамсар нь бидний үндсэн үйлдлийн систем бөгөөд түүнд таны суулгасан үй олон хэрэглээний программуудыг ч бие өөртөө агуулж ажиллуулдаг билээ.
Энэ бүхэнд ямархуу агуу их багтаамжтай шуурхай санах ой хэрэгтэй болохыг та төсөөлж байна уу?
Хэрэв та нялх хүүхдийн хөлд орох үйл явцыг сайн ажиглаад үзвэл алхаж явах гэдэг хичнээн нарийн түвэгтэй үйлдэл болохыг аяндаа ойлгоно. Тэнцвэрээ алдахгүйгээр алхаж явдаг чадвартай робот зохион бүтээхийн тулд эрдэмтдэд олон арван жил шаардагджээ. Харин хүмүүс хөлд орсон цагаасаа авахуулаад л үүнийг чухам яаж хийж байгаагаа мэдэхгүйгээр насан туршдаа алхаж явдаг. Бид алхаж, гутлын үдээсээ үдэж, нэг болон нилээд хэдэн хэлээр ярьж, компьютер дээр текст шивж, машин барих энэ бүрдээ чухам яаж хийхээ бодохгүйгээр шууд л автоматаар хийдэг. Далд ухамсарт хадгалагддаг дадал зуршил, дадлага туршлага нь өдөр тутмын үйл ажиллагаанд байнга хэрэглэгддэг бөгөөд дээр дурдсан хэдхэн жишээ нь түүний өчүүхэн хэсэг төдий юм.
Ямар нэг чухал зүйлийн талаар бодож байх үедээ та жолооныхоо ард суугаад нэг л мэдэхэд гэрийн гадна ирсэн байх тохиолдол танд байсан уу? Хэрэв та машинаа өөрийн зөнгөөрөө барьж явсан юм бол яагаад осол гарсангүй вэ? Яагаад өөр ямар нэг байшингийн гадна биш өөрийн гэрийн гадаа ирж зогссон юм бол? Дадал зуршил, дадлага туршлагын хүчээр л ийм үр дүнд хүрсэн хэрэг бөгөөд энэ нь гутал үдэхээс хамаагүй нарийн боловч ялгаагүй дадлага туршлага юм.
Дадал зуршил, туршлага гэж чухам юу вэ? Маш олон удаа хийсний улмаас дахин давтан хийхийн тулд чухам яаж хийхийг бодох шаардлагагүй болтлоо гүн бат тогтоож авсан үйлдлийг дадал туршлага хэмээдэг. Дадал зуршил, дадлага туршлага нь хэдийгээр бодит үйлдлийг хамаардаг ч оюун ухаант үйл ажиллагааны хүрээнд тархдаг. Хэрэв та ямар нэг зүйлийн тухай тогтмол бодоод байвал тэр зүйлийн талаар бодох зуршилтай болдог. Цаашлаад цаг нь ирэхээр энэ зуршил нь итгэл үнэмшил болон хувирах болно.
Дадал зуршил, итгэл үнэмшлийн хүч
Итгэл үнэмшил нь жирийн өдөр тутмын бодол санаанаас илүү үнэний хувьтай онцгой зүйл биш юм. Итгэл үнэмшил нь заавал үнэн зөв байх албагүй (нэгэн цагт дэлхий хавтгай гэдэгт бүгд итгэдэг байсныг санаж байна уу?). Итгэл үнэмшил нь бидний тархинд аяндаа сууж, гүн гүнзгий шингэн үлдсэн бодол санаа, тархи мэдрэлийн эсүүдийн өвөрмөц хослол төдий зүйл юм. Давтан хэлэхэд итгэл үнэмшил нь үнэн зөв учраас биш харин үеэс үед дамжин ирсэн учраас үнэн зөв мэт санагддаг. Түүнийг хэн нэг нь бидний тархинд суулгасан байдаг.
Бид шашин шүтлэгийг хөндөх, эсвэл эрхэм дээд итгэл үнэмшилтэй маргах гэсэнгүй. Бид дадал болсон үзэл бодол болон харьцааны нийлэмж болсон, тэр дотроо таны амьдралын ба таны санхүүгийн тааламжтай нөхцөлийг бүрдүүлэхэд хэрэглэж болох тийм итгэл үнэмшлийн талаар ярьж байгаа юм.
Насанд хүртлээ та «болохгүй» гэдэг үгийг сая удаа, харин «болно» гэдэг үгийг 5000 удаа л сонссон байх. «Болно» гэдэг үг бүрт 200 «болохгүй» ногдож байна. Ямар нэг зүйлийг хийж чадахгүй гэсэн итгэл үнэмшил ингэж л бүрэлдэн бий болдог ажээ. Ихэнх хүмүүс өөрийн зорилгыг итгэл найдвар хэлбэрээр тусган авдаг. «Би бизнесийн амжилтад хүрнэ гэж найдаж байна», «Би сая доллартай болмоор л байна» гэх мэт. Гэвч араас нь «миний юм бүтэхгүй л дээ» гэсэн бодол аяндаа орж ирдэг. Ихэнх тохиолдолд зорьсондоо хүрэхэд саад болж буй гол бэрхшээл нь гадаад нөхцөл байдал биш харин хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой гэдэгт итгэхгүй байх явдал юм. Хэрэв таны хүсэл биелнэ гэдэгт та итгэхгүй бол тэр биелэхгүй. Итгэхгүй байгаа зүйлдээ хүрэх боломжгүй бөгөөд итгэл үнэмшил нь бид байдаг гэдгийг нь ч төсөөлдөггүй, тархины гүнд орших «шоуг эхлүүлдэг» тэрхэн хэсэгт хамаардаг байна. Та өөрийн гэр бүлийг хайрлаж дээдэлдэг бөгөөд амьдралынхаа гол зарчмуудын нэг нь гэр бүлийн аз жаргал хэмээн үзэж амжилтад хүрэх цорын ганц зам нь эцэж цуцахыг мэдэхгүй шаргуу ажиллах явдал хэмээн итгэдэг байх.
Үр дүн нь ямар байдаг билээ? Та долоо хоногт наян цаг ажиллан хэрэг дээрээ гэр бүлийхэнтэйгээ уулзахаа ч болно. Таны гэр бүлээ гэх сэтгэл хөрсөндөө тэр гэж үү? Үгүй ээ. Та тэдэндээ маш их хайртай хэвээрээ ч таны итгэл үнэмшил долоо хоногт наян цаг ажиллахад хүргэж та эргэх цагирагт гүйж буй хулгана мэт тэр тойргоосоо гарч чадахгүй буйд л гол учир оршиж байгаа юм.
Итгэл үнэмшил нь хүсэл мөрөөдлийг мөхөөх нь элбэг байдаг. Хэрэв та өртэй, эсвэл эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон бол гол бэрхшээл нь мөнгөгүйд биш харин түүний шинж тэмдгийн илрэлд байгаа юм. Шалтгааныг нь хайвал тэр бүхний үндэс нь бидний нөгөө л дадал болсон бодол сэтгэлгээ байхыг та олж мэдэх болно. Итгэл үнэмшил нь биелэхэд маш ойрхон байдаг бөгөөд тэр нь бидний хамгийн ихээр хүсдэг мөрөөдлөөс мянга дахин илүү хүчтэй юм. Дахин давтан хэлэхэд хоёр эсвэл гурав дахин биш харин мянга дахин илүү хүчтэй юм. Та орлогоо арав дахин нэмэгдүүлэхийг хүсвэл таны итгэл үнэмшил энэ бол хэзээ ч бүтэхгүй, ийм юм огт байхгүй гэж танд шивнэх бөгөөд үр дүнд нь хүслээ гүйцээхийн тулд та хуруугаа ч хөдөлгөхгүй. Яагаад? Яагаад гэвэл таны үйлдлийг таны хүсэл тэмүүлэл, эсвэл жирийн нэг бодол санаа биш харин таны итгэл үнэмшил удирддагт байгаа юм.
Өнгөрсөн арван жилд нейрологичид тун гайхалтай нээлт хийсэн бөгөөд бидний өдөр тутам үйлдлийн 96-98% нь автоматчилагдсан байдаг ажээ. Ийм ч учраас бид тавьсан зорилгодоо ихэвчлэн хүрдэггүй байна. Зорилго тавих нь оюун ухааны хийдэг ажил бөгөөд зорьсондоо хүрэх нь далд ухамсрын үүрэг юм.

Квантын ертөнцийн үр шимийг хэрхэн хүртэх вэ?

Таны итгэл үнэмшил нь хүсэл мөрөөдөлтэй тань нийцэхгүй бол хэрхэн түүнийг өөрчлөх вэ гэдэг нь тун чухал асуудал юм. Итгэл үнэмшлээ хүсэл мөрөөдөлтэйгөө хэрхэн уялдуулах вэ? Та оюун ухаандаа найдаж одооноос эхлээд миний итгэл үнэмшил өөр болсон гэж өөрийгөө итгүүлэх гэж оролдож болох л юм. Гэхдээ энэ нь хэдхэн минут л хүчин төгөлдөр байх буй за. Яагаад гэвэл таны ухамсарт бий болсон бодол, шийдвэр нь маш богино хугацаанд хадгалагддаг. Хэрэв та өөрийн итгэл үнэмшлийг өөрчлөхийг хүсэж байгаа бол итгэл үнэмшлийн агуулагддаг газар болох далд ухамсартаа хандах хэрэгтэй.
Таны ухамсар нь нөхцөл байдлыг гайхалтай үнэлэн дүгнэж төлөвлөгөө гаргадаг. Та өөрийн оюун ухаандаа шинэ итгэл, үнэмшлийг бий болгож болох боловч таны итгэл үнэмшил нь оюун ухааны байрлах тэр газарт хадгалагддаггүй билээ.
Оюун ухаан нь тун сайн удирдаач бөгөөд тэрээр удирдаж буй хөгжмийн зэмсгүүд нь хэрхэн дуугарах ёстойг бүрэн дүүрэн мэдэж, хөгжмийг тун сайн ойлгодог ч аль ч хөгжмөөр нь өөрөө тоглодоггүй билээ. Тэрээр хөгжимчдийг тус тусын хөгжмөө гарт нь авахуулах хүртэл ямар ч авиа гарахгүй бөгөөд уг аялгуу нь түүний толгойд л байх болно. Ихэнх хүмүүсийн хувьд тэдний хүсэл, зорилго нь мөн ийм байдалтай байдаг.
Хувь хүний тархины далд ухамсрын хэсгийн дасгалжуулалт нь хоёр үе шатнаас тогтоно. Эхлээд өөрийн оюун ухаандаа түшиглэн итгэл үнэмшил болгон хувиргахыг хүсэж буй бодлоо сонгоно. Харин дараа нь тэдгээр бодлоо өөрийн далд ухамсарт хэвлэж суулгана.
Зоогийн газар хоол захиалсан жишээг санаж байна уу? Бүх зүйл тийм маягаар биелж хэрэгжих болно. Орчлон ертөнцийн олон боломжууд дотроос өөрийн бодлыг сонгох, зоогийн газрын ширээнд сууж, хоолны цэснээс таалагдсан хоолоо сонгох хоёр адилхан юм. Хоолны ширээний ард сайхан хоол сонгосондоо сэтгэл хангалуун сууж байна гээд бодоод үзье. Өөрийн эрхгүй ходоодны шүүс ялгарч нэн даруй идмээр санагдана. Гэтэл хэдийгээр тун аятайхан хоол сонгоод ирэхийг нь тэсгэлгүй их хүсэж байвч бидний таваг хоосон хэвээрээ л байна. Бид амны алчуур хүзүүндээ тулган зүүж, хоёр гартаа хутга, сэрээ барин хүлээвч хоол алга! Ямар нэг алдаа гарсан юм болов уу? Өө нээрээ бид хоолоо сонгосон ч захиалгаа өгөөгүй юм байна шүү дээ? Мэлхий удвал цэцгийн навчин дээрээс үсрэхийг шийдсэн боловч хэрэг дээрээ тэгсэнгүй. Бидний захиалгыг гал зууханд аваачиж өгөхөөс нааш бидний сонгосон хоолыг хэн ч хийж эхлэхгүй. Бид юу хүсэж буйгаа мэдэж байгаа ч түүнийг хэн ч бидэнд хийж өгөхгүй билээ.
Оюун ухааны нэгэн давуу тал нь хүсэл зориг ба дүрслэн бодохуйгаа ашиглан квантын боломжуудын талбайгаас тодорхой нэг санааг сонгож авах боломж юм. Бид хүссэн зүйлээ бодож чадна. Алив нэг зүйлийн талаар бодоод түүнийг хийгдэж биелсэн мэт орхидогт л бидний алдаа оршиж байгаа юм. Үгүй, үгүй, үгүй. Өөрийн бодолд төвлөрч бодсоноо далд ухамсарт шилжүүлэн оруулахгүй бол юу ч бүтэхгүй. Зорилго тавих ба зорилгодоо хүрэх хоёр нь ялгаатай. Зорилго тавих нь ухамсарт дасгал бөгөөд зорилгодоо хүрэх нь ухамсарт бус туршлагын ажил юм.
Зорьсондоо хүрч өөрийн мөрөөдлийн бизнесээ цогцлоохын тулд та тархиныхаа хоёр хэсгийн аль алийг нь удирдах урлагт боловсрох хэрэгтэй юм. Харамсалтай нь ихэнх хүмүүс үүнийг хэзээ ч сурдаггүй. Ийм учраас номынхоо дараачийн хэдэн бүлгийг энэ сэдэвт зориулж байна.
Таны мөрөөдлийн бизнесийн сайн чанарын үр болох болор мэт тунгалаг зураглал гаргаж авахын тулд дүрслэн бодох, зөн совин, сэтгэхүй зэрэг оюун ухааны чадваруудыг хэрхэн ашиглахаас бид эхлэх болно. Дараа нь ихэд тархсан дахин шинээр суулгах жирийн импрингийн аргаар одоогийн таны итгэл үнэмшлийг өөрчилж, далд ухамсрын үржил шимт хөрсөнд тэрхүү үрээ хэрхэн суулгахыг танд зааж өгөх болно.
«Хүссэн бүхнээ тэр болгон авч чадахгүй» гэж Роллинг стоунз дуулдаг шүү дээ. Тэр нь ч туйлын зөв юм. Яагаад гэвэл бидний олж авч буй бүхэн хүсэл мөрөөдөлтэй маань тохирох нь тун ч ховор.
Ямар нэг үр дүнд хүрэхийг зүгээр л хүсэх нь явцгүй юм. Та энэ хорвоогоос бүхнийг хүсэж болох боловч үр дүн нь хоосон байх болно. Харин далд ухамсрын цөмд нь өөрийн хүслүүдээ нэгэн төрлийн багажийг цуглуулга маягаар суулгаж өгвөл ердийн нэг хүслээ итгэл үнэмшил болгож чадна. Тэгсэн цагт таны итгэл үнэмшил бодитой болж биелэхэд ямар ч хүч саад болж чадахгүй билээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Jul.06.10 8:06 pm, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Jul.06.10 8:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Тавдугаар бүлэг

Ухамсраа хэрхэн өөрчлөх вэ?
Хэрэв түүнийг сургуулийнхаа нийтийн дууны гоцлол дуучин гэдгийг эс тооцвол тэр тайзан дээр бусад арван зургаан настнуудтайгаа л адилхан харагдаж байлаа. Концерт үргэлжилж, удирдаачийн дохио зангаа бүрийг Бет анхааралтайгаар хичээнгүйлэн дагана. Түүний чадалтай хоолой, сайтар хөгжсөн хөгжмийн сонсгол, чадварлаг удирдаачийн «дохио» эд бүгд нийлээд гайхамшгийг бүтээж байлаа. Энүүхэндээ гэж хэлэхэд Бет үеийнхнээсээ зөвхөн гайхалтай хоолой болон сонсголоороо тодорч байсангүй. Тэр бусадтайгаа адилхан л харагдаж байж болох ч нэгэн нөхцөл байдал түүнийг бусад жирийн дуучдаас нь зарчмын хувьд зааглаж байв. Тэр төрөлхийн хараагүй байлаа. Тэгээд тэр яаж удирдагчийн дохиог дагаж чадаж байна вэ гэж та асуух байх. Тэр үүнийг хэлнийхээ тусламжтайгаар гүйцэтгэж чадаж байна. Тэрээр Мичиганы их сургуулийн нейрологич Пол Бах-и-Рита агсны зохион бүтээсэн бяцхан төхөөрөмжийг зүүжээ. Энэхүү эрдэмтэн Пол Бах-и-Рита нь мэдрэлийн бүх эрхтнүүд адил үүрэг гүйцэтгэж чадахаас гадна харилцан холбоотой гэдгийг батлахын тулд өөрийн ухамсарт амьдралын ихэнхийг зориулжээ.
Пол Бах-и-Ритагийн тайлбарлаж буйгаар бол хэл нь уруулаас бусад биеийн бүх хэсгүүд дундаас хүрэлцэх мэдрэхүйн хувьд хамгийн мэдрэмтгий нь бөгөөд тийм ч учраас түүнийг «сониуч» эрхтэн хэмээн тэр нэрлэжээ. (Шүдний эмчид үзүүлсний дараа таны амны хөндийд гарсан аль нэг өөрчлөлт ямар тод мэдрэгддэг билээ дээ). Тэгэхлээр хэлийг үзэх, харахад ашиглаж яагаад болохгүй гэж?
Бах-и-Ритагийн төхөөрөмж нь тухайн хүний толгойд бэхлэгддэг бичил камер ба камераас ирж буй дүрсийг 1 хавтгай дөрвөлжин ямхад 144 цэгийн нягтралтай болтол нь багасгаад электродоор дамжуулан хэлэн дээрх мэдрэгчид брайлын цагаан толгойн зарчмаар бүтсэн дохиоллыг илгээдэг төхөөрөмж юм.
«Дискавер» сэтгүүлийн 2003 оны 06-р сарын 01-ний дугаарт хэвлэгдсэн «Хэлээрэээ харж болох уу?» гарчгийн дор Майкл Абрамын бичсэн өгүүллэгээс энэ талаар дэлгэрүүлж уншиж болно. Бах-и-Рита амьдралынхаа сүүлийн жилүүдэд «далайн муурууд» хэмээгддэг америкийн тэнгисийн явган цэргийн штабт зөвлөхөөр ажиллаж хэт улаан туяаг хэлээрэээ харах төхөөрөмжийг бүтээхэд голлох үүрэг гүйцэтгэж байгаад 2006 онд нас баржээ.
Скафандр буюу бин битүү тусгаарлах өмсгөл өмссөн сансрын нисгэгчдэд гадаад орчны талаарх хүрэлцэх мэдрэхүйг дамжуулах бичил мэдрэгч зохион бүтээх талаар ажиллахыг Америкийн Үндэсний Сансар Судлалын Төвөөс (NASA) түүнд санал болгож байжээ. Түүнээс гадна тэрээр өөрийн бүтээсэн видео системийн маш багасгасан хувилбарыг утасгүй дамжуулагч, нүдний шилний хүрээнд байрлах бичил камертайгаар гаргаж болно хэмээн найдаж байсан юм. «Хэмжиж болох бүхнийг тархинд дамжуулж болно» хэмээн Бах-и-Рита үздэг байсан бөгөөд «тархи мэдээллийг хүлээж авсан л бол түүнийг бүрэн дүүрэн хэрэглэж сурах чадвартай» гэж тэр үзэж байв.
Дээрх үгийн «тархи нь мэдээллийг ашиглаж сурах бүрэн чадвартай» гэсэн хэсэгт анхаарлаа хандуулна уу. Хэлээрэээ харж, хуруугаараа уншиж болдогийг бид мэднэ. Бидний тархи өөр ямар гайхамшгийг бүтээх чадвартай бол? Хариулт нь: Тэр бүгдийг чадна.





Нейропластик: Өнгөрсөн арван жилийн хамгийн дуулиант нээлт

Өмнөх бүлгүүдэд сүүлийн арван жилд хүний тархи судлалын шинжлэх ухаан нь чанарын хувьд том үсрэлт хийсэн гэдгийг дурдсан бөгөөд хамгийн гайхалтай үнэхээр эргэлт хийсэн нээлт нь нейропластик юм. Тархийг үйл ажиллагааных нь явцад амьдаар нь судлах аргууд гарахаас өмнө нейрогенез буюу эс хуваагдаж тархины шинэ эсүүд үүсэх үйл явц нь бүр хүүхэд насанд огцом буурч, өсвөр насанд бүрэн зогсдог хэмээн үздэг байжээ.
Хүний үр хөврөлийн хөгжлийн зургаа дахь сараас тархины эсүүд хуваагдаж эхэлдэг байна. Тархины торлог бий болох энэхүү процесс нь шинэ шинэ холбоосуудыг үүсгэн 2 нас хүртэл үргэлжилснээр тархины суурь бүтэц бүрэлдэх үйл явц дуусдаг ажээ. Энэхүү суурь бүтэц нь насанд хүрсэн хүний оюун ухааны 50%-ийг эзэлдэг бөгөөд үлдэх 50%-ийг амьдралын явцад ажиглах, туршлага хуримтлуулах замаар бүрдүүлдэг байна.
Хүүхдийн тархи нь нилээд их хэмжээний «толины нейроныг» агуулдаг байна. Тэдгээр нь нэрэндээ тохирсон үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тодруулан хэлбэл бидний гадаад ертөнцийг ажиглан тусгаж авсан үлгэр дууриаллыг давтахад хэрэглэгддэг байна. Хүүхэд насандаа бид орчин тойрноосоо зан авир, сэтгэл хөдлөл, үйл явдлын үлгэр дууриаллыг тусган авч тэдгээрийг хуулбарлан шинэчилснээр зан авир, мэдрэмж, юманд хандах хандлага, бодол санаа, итгэл үнэмшлийн хувьд өвөрмөц өөрийн гэсэн дүр төрхийг аажмаар бүрдүүлдэг байна.
Өөрөөр хэлбэл бид бие гүйцэх үедээ хүүхэд насанд биднийг хэрхэн сургасны дагуу биеэ авч явж, бодож сурсан байдаг. Тэр үед бидний гадаад ертөнцийг тусган авахдаа зөв буруу, сайн мууг цэгнэдэг шүүлтүүр бүрэн хэмжээгээр ажилладаг болсон байдаг билээ.
Бидний ухамсар үүргээ идэвхтэй гүйцэтгэж эрдэмтэд ч бид бол бид, бидний өөрийгөө болон ертөнцийг тусгаж авах арга нь шинэ зүйлд хандах харьцааг тодорхойлдог гэдэгт итгэж байлаа.
Гэвч нейропластик нь энэ төсөөллийг үндсээр нь өөрчилсөн юм. Энэхүү нээлт нь тархи судлалын шинжлэх ухаанд өмнө нь ноёрхон байсан үзлийг тэр чигээр нь үгүйсгэсэн бөгөөд тархины шинэ эсүүд болон тархины эсийн бүтцийн шинэ холбоосууд нь байнга шинээр үүсэж байдагт үндэслэгдсэн байна. Нейрогенез буюу тархины эс шинээр үүсэх үйл явц нь өсвөр насанд зогсдоггүйгээр үл барам насан туршид байнга явагддаг нь тодорхой болсон юм.
Таны наснаас үл хамааран тархи нь нейроны шинэ холбоосуудыг цаг үргэлж шинээр үүсгэх чадвартай юм. Арван жилийн өмнө гэхэд нейропластик нь боломжтой гэдгийг эрдэмтэд төсөөлөх ч үгүй байгаа. Өнөөдөр энэ бүгд өөрчлөгдөж, Пол Бах-и-Рита зэрэг эрдэмтэд үүнийг илүү нухацтайгаар хүлээн авч, дуучин бүсгүй, Бек зэрэг хүмүүс хэлээрээ харж сурч байна.
Ямар нэг чухал ач холбогдолтой дадлага туршлага хуримтлуулах, чухал зүйлийг тунгаан бодох бүрт таны тархинд нейроны буюу тархины эсийн шинэ холбоосууд үүсэж байдаг нь тодорхой болсон юм. Хэр зэрэг тусган мэдэрч буйгийнхаа хэрээр та үүнийг мэдрэх болно. Гэнэт ихээр урамших, ухаарч сэхээрэх, агшин зуур ямар нэг үнэнийг ойлгож авах зэрэг таны хэзээний танил хурц тод мэдрэмжүүд нь хичнээн хүчтэй бараг л бодитой юм шиг байдгийг санаж байна уу? Гэхдээ яагаад «бараг л» гэж. Тэдгээр нь үнэхээр бодитой бөгөөд тэр бүрд таны тархины нейроны холбоосуудыг шинээр үүсгэж байдаг шүү дээ.
Тийм ээ, бидний хувь хүний зан төрх нь удамшил ба хүмүүжлээр бүрэлдэн бий болдог бөгөөд хэрэв өөрийн нейроны шинжүүдийг зориудаар өөрчлөхгүй л бол бид удамшил, хүмүүжлээрээ олж авсан тэр л бодол санаа, итгэл үнэмшил, хэв загвартайгаа амьдарсаар байх болно. Гэхдээ нейрологийн шинжлэх ухааны шинэ нээлтүүд нь хэрэв бид энэ бүх бодол санаа, итгэл үнэмшил, эх загварууд хадгалагдан байдаг бидний ухамсрын цөмд нэвтрэн орж сурах юм бол урдаас бичигдсэн удам зүйн кодыг өөрчилж чадна хэмээн таамаглах боломжийг олгож байна.
Бага зэргийн өөрчлөлтийн тухай бид яриагүй билээ. Хүний бүх амьдралын туршид тархинд үүсэж болох нейроны холбоосын тоо нь ардаа зургаан сая тэг бүхий лут их тоогоор илэрхийлэгдэх юм. Өөрөөр илэрхийлбэл: бидний тархи нь «Нью - Йорк таймс» сонины зургаан сая жилийн бүх дугааруудаас их мэдээллийг тогтоож, тэр дундаасаа хүссэн үедээ хэрэгтэй мэдээллээ агшин зуур олох чадалтай билээ. Та өөрийн ухамсрыг бүрэн өөрчлөх боломжтойгоор барахгүй ухамсар нь анхнаасаа өөрчлөгдөж байхаар бүтээгдсэн юм. Бид бүхэн бүх л амьдралынхаа туршид өөрийн бүтээлч чанар, оюун ухаан, амжилтад хүрэх чадвараа дээшлүүлэн сайжруулж байхаар заяагдсан билээ.

Ухамсрын үүдэн дахь харуул

Ухамсраа өөрчилж сурахаасаа өмнө далд ухамсрын үндсэн суурь үйл ажиллагаануудтай танилцах шаардлагатай юм. Хэрэв хайхрахгүй орхивол тэдгээр нь таны зорьсон замыг хөндөлдөх бөгөөд тэд хэрхэн ажилладаг болохыг олж мэдсэн цагт таны хүссэн бүгдийг биелүүлдэг шидтэн болон хувирах ажээ. Эдгээр үйл ажиллагаануудын нэгийг таны ухамсрын босгон дээр хамгаалан зогсдог мэдрэлийн ширхгүүдийн нийлмэл цогц бүтэц гүйцэтгэдэг.
Та юугаараа хардаг билээ? Нүдээрээ биш (хэлээрээ ч биш) харин оюун ухаанаараа хардаг шүү дээ. Таны мэдрэхгүйн эрхтнүүд гадаад орчны мэдээллийг зөвхөн дамжуулдаг бөгөөд тэрхүү өгөгдлийг тархи хүлээн авч боловсруулдаг. Хамгийн сонирхолтой нь бидний оюун ухааны тусган авч буй зураглал нь далд ухамсарт туссан зураглалаас огт өөр байдаг. Тархи нь секунд бүт дөрвөн зуун миллиард бит мэдээллийг боловсруулдгаас бид зөвхөн 2000 бит мэдээллийг нь ухамсарлан ойлгодог. Өөрөөр хэлбэл ухаарч цэгнэсэн бит бүрт учир шалтгааны дүгнэлт хийгдээгүй боловсруулсан 200 сая бит мэдээлэлл ноогддог байна.
Бид чухам юуг нь харж, юуг нь харахгүй орхиж буйг хэн мэдэх билээ? Энэхүү тун чухал үүргийг торлог байгууламж хэмээн нэрлэгддэг тархины нэгээхэн хэсэг биднийг унтаж байхад ч, сэрүүн байсан ч нэг ч хором алдахгүйгээр гүйцэтгэж байдаг. «Торлог байгууламж» гэдэг нь шинжлэх ухааны нэр томьёо бөгөөд хүний нугасны дээд хэсэг ба тархины баганыг дагаж байрласан (уртавтар тархи, гүүр, дунд ба завсрын тархи) эсүүд болон эсийн бөөгнөрөл, мэдрэлийн ширхгүүдээс бүрдсэн цогц бүтцийг ийн нэрлэдэг. Торлог байгууламж нь гадаад орчноос ирж буй мэдэрхүйн мэдээллийн шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг (латин хэлээр ретикул буюу бяцхан тор гэсэн утгатай).
Таны үзэж, сонсож, тэмтэрч, амталж, үнэрлэж буй бүх мэдээлэлл торлог байгууламжаар дамжиж тархины зохих хэсэгт боловсруулагдахаар илгээгддэг. Торлог байгууламж нь таны оюун ухааны үүдийг сахиж, орж ирж буй мэдээллийн урсгалыг ангилан ялгаж таны ухамсарт хадгалагдан буй эх загваруудтай харьцуулдаг байна. Тэрээр гадаад орчноос ирсэн бүх мэдээллийг хүлээж авч хэрэв тэдгээр нь ямар нэг ач холбогдолтой гэж үзвэл тархины гадаргыг сэрээдэг ажээ. Энэхүү үйлдлээ оюун ухааны мэдээлэлл дамжуулах хурдаас 800 дахин илүү хурдтайгаар гүйцэтгэдэг. Жишээ нь: сургуулийн коридорт хүүгээ авахаар хүлээн зогсох эх тэр олон хүүхдүүдийн шуугилдаан дотроос өөрийн хүүхдийн дуу хоолойг тун андахгүй таньдаг бөгөөд бусад хүүхдийн дуу хоолойтой огтхон ч андуурдаггүй билээ. Энэ үед тэр эмэгтэйн бүх дотоод шүүлтүүр нь өөр хүүхдүүдийн дуу хоолойг нэвтрүүлэхгүйгээр зохицуулагдсан байна.
«Уэст сайдад болсон явдал» кинонд дурласан хосууд болох Тонн Мэри хоёр анх уулзаж буй нэгэн хэсэг байдаг. Тэд хүмүүс бүжиглэж буй танхимын хоёр эсрэг буланд зогсоод бие бие рүүгээ ширтэх тэр агшинд танхимд байсан бусад хосууд сүлэлдсэн хурц гэрэлд уусан алга болж цастай талд хоёулханаа үлдэх мэт санагддаг. Энэ нь уг киноны найруулагч ба зураглаачдын бодож олсон амжилттай шийдэл төдийгүй торлог байгууламжийн үйл ажиллагааны зарчмыг харуулсан тун сайн жишээ юм.
Тонигийн далд ухамсар нь мөрөөдлийн бүсгүйнхээ талаарх түүний төсөөлөлтэй тохирох мэдээллийг гадаад ертөнцөөс хайхаар програмчлагдсан байсан бөгөөд Мэригийн далд ухамсарт ч мөн адил мөрөөдлийн залуугийнх нь төрхийг хадгалсан нейроны холбоосууд ажилласан байна. Тэр хоёр бие биенийхээ хувьд дөрвөн зуун миллиард бит мэдээлэлл дотор цорын ганцхан байдаг оюун ухаанд нөлөөлж чадах тэрхүү өдөөгч нь болжээ.
Энэхүү тогтолцоог «Гүүгл» хайлтын системтэй адилтган үзэж болох юм. «Гүүглийн» хайлтын мөрөнд эрж буй зүйлийнхээ түлхүүр үгийг оруулмагц тэрээр нийт интернетийн сүлжээн доторх тохирох бүх л мэдээллийг хайж, ангилан ялгаж, жагсаалтыг нь хэдхэн хоромд гаргаж өгдөг.
Торлог байгууламж нь үүнтэй төстэй байдлаар ажиллах боловч энэхүү үйлдлийг хийхдээ секундийг хэдэн мянга хуваасантай тэнцэх маш богино хугацаа зарцуулдаг. Торлог байгууламж нь түүнтэй харьцуулахад «гүүгл» нь хэдэн мянган чулуун самбар дотроос гараараа хайж буй мэт санагдахаар тийм хурдан бөгөөд үр дүнтэй ажилладаг. Торлог байгууламж хэрхэн ажилладгийг ойлгохын тулд дараах зүйлсийг мэдэх хэрэгтэй. «Гүүгл»-ээс мэдээлэл олж авахын тулд түүний хайлтын мөрөнд дурын ямар ч асуултыг оруулж болдог. Харин торлог байгууламжийн хувьд бол түүнийг дурын ямар ч зорилгоор программчилж болох бөгөөд тэрээр таны унтаж буй эсвэл сэрүүн байгаа, энэ зорилтын тухай бодож байгаа эсэхээс үл хамааран үүргээ гүйцэтгэж хүрээлэн буй мэдээллийн далайгаас таны олохыг тушаасан мэдээллийг хайж тохирох нэг бит мэдээллийг ч алдалгүй хүлээн авч, үл тохирох 399999999999 бит мэдээллийг орхидог.
Та бяцхан хүүгээ өрөөнд нь унтуулчхаад өөрөө зэргэлдээх өрөөнд нь унтаж байна гээд төсөөл дөө. Гадаа гудамжинд автомашины дуут дохио хангинаж, нохой хуцаж, оройтож гэртээ ирсэн хөрш цонх доргитол хаалгаа савж, арван таван минут бүрт таны гэрийн ойролцоох цамхгийн хуучин цаг цохиж та тэдгээрийг цөмийг тоохгүй тайван унтана. Гэвч зэргэлдээ өрөөнд унтаж буй хүү тань өчүүхэн уйлагнахад л та эгшин зуур сэрнэ. Таны далд ухамсар энэ бүх дуу чимээг тун тодорхой хүлээж авч байсан ч зөвхөн хүүхдийн уйлах чимээ л таны ухамсарт хүрч таныг нойрноос сэрээжээ.
Торлог байгууламж нь энэ ертөнцийн хамгийн нарийн бүтэцтэй, хамгийн найдвартай дохиоллын систем юм. Таныг хүсэж буй зүйлийнхээ тод томруун эхийг сэтгэлдээ бий болгомогц тархины энэ хэсэг ажилдаа орж, эрсэн зүйлээ олтлоо зогсдоггүй.
Танд хэдхэн долоо хоногийн хугацаагаар агуулах түрээслэх шаардлага гарлаа гэж бодъё. Таныг нэгэн үдэшлэг дээр дүүрэн хүнтэй танхимын голд зогсож байтал тэртээ хол зогсож буй хоёр хүний богино хугацаагаар агуулах түрээслүүлэх тухай хоорондоо ярьсан ярианы сэжүүр танд сонсогджээ. Тухайн хоромд таны эргэн тойронд өч төчнөөн хүмүүс таны дэргэд чанга дуугаар өөр хоорондоо ярилцаж байсан ч таны сонирхлыг зайлшгүй татах тэр яриаг сонсож чадсан байна. Торлог байгууламж тань үүргээ гялалзтал биелүүлж байгаа нь тэр.
Хэдэн жилийн өмнө «мөрөөдлийн самбар» дээрээ гэрэл зургийг нь наасан яг тэр байшингаа би хэрхэн өөрийн болгосон бэ гэдэг асуултын хариуны нэгээхэн хэсэг нь торлог байгууламж юм. Би энэхүү байшингийн дүрсийг далд ухамсартаа хоногшуулж, түүнээс хойш хэдэн жилийн дараа намайг тэр нутаг орноор үл хөдлөх хөрөнгө хайж явах тэр үед миний торлог байгууламж өөрийн «тэмтрэх багажаа» ажиллуулж хоёр зуун сая байшин дотроос тохирох цорын ганц байшинг сонгосон байна.
Эзэн хичээвэл заяа хичээнэ
Мэдээллийг ангилан ялгаж, тэр дотроосоо шаардлагатай мэдээллээ агшин зуур олдог энэхүү гайхалтай чадвар нь та хайлтын мөрөнд ямар асуулт оруулснаас хамаарч нэг бол адис, ерөөл эсвэл хараал, зүхэл болон хувирдаг. Үүнд хоёр шалтгаан бий.
Нэгдүгээрт. Хэрэв торлог байгууламж нь таны үнэхээр хүсэж буй зүйлд тохируулагдан програмчлагдаагүй бол та зорьсондоо хүрэх гэж хичнээн чармайгаад ч танд ирж буй дохио сануулгыг та чихнийхээ хажуугаар өнгөрөөж улмаар нээгдэх байсан боломж, бололцоог ашиглаж чадахгүйд хүрнэ.
Та жилд 50.000 орчим доллар олж, энэ нь танд «хэвийн» мэт санагддаг байг. Өөрөөр хэлбэл «би жилд 50.000 доллар олдог. Энэ нь миний жилийн орлогын дээд хэмжээ юм» гэсэн итгэл үнэмшил танд суусан байна гэсэн үг. Таны далд ухамсар энэхүү итгэл үнэмшлийг чанд даган мөрдөн буй тул танд сая доллар олохуйц санаа төрсөн ч торлог байгууламж таныг тэрхүү санаагаа ойлгож ухаарч амжихаас тань өмнө түүнийг мартуулах болно. Тэрхүү санаа нь оюун ухаанд тань бус харин таны далд ухамсрын аль нэг буланд хадгалагдан үлдэнэ.
Иймэрхүү үзэгдлийг нэрлэхэд скотома хэмээх нэр томьёог нейрологийн шинжлэх ухаанд ашигладаг ба энэ нь грекээр сохор толбо гэсэн утгатай. Таны асуултын хариу нь шууд утгаараа таны хамар дор ч байж болох боловч та түүнийг үл анзаардаг.
Хоёрдугаарт: Хэрэв та торлог байгууламжаа хүсэхээргүй зүйлээр програмчилбал та тийм л үр дүнг хүлээн авах бөгөөд таагүй зүйл цаашид үргэлжилэх болно. Чухам тийм л учраас өчнөөн олон хүмүүс бизнест ч бай, хайр дурлал, хувийн эрүүл мэндийн асуудалд ч бай эсвэл бусад аль нэг салбарт ч бай нэг гаргасан алдаагаа ахин дахин гаргасаар байдаг юм.
Торлог байгууламжаа хүсэхээргүй зүйлсээр хэрхэн программчилдаг вэ? Энэ нь маш амархан бөгөөд таагүй зүйлс дээрээ төвлөрч тийм итгэл үнэмшил төрүүлснээр ийм үр дүнд хүрдэг. Хэрэв таны бодол санаа «миний ажил үйлс бүтэхгүй байна, би зовж зүдэрч байна» гэсэн бодол дээр байнга төвлөрөөд байвал та өөрийн зовлон шаналалаа торлог байгууламжид оруулж үр дүнд нь таагүй олон асуудал үүсч цаашид хөврөх болно.
Тархи өөрийн ажлаа яв цав гүйцэтгэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв та өөрөө мэдэлгүйгээр түүнээс таагүй явдал, зовлон бэрхшээлийг хайхыг шаардвал тэр зүйлс таны хүссэн ч хүсээгүй ч хүзүүгээр тань татах болно.
Эндээс дүгнэлт хийгээд үзвэл жишээ нь өөрийн хаяхыг хүсэж буй 10 фунт илүүдэл жин, төлөх ёстой 20.000 долларын өр, байгуулагдаад жил болоогүй байгаа танай компанийг утган буй хүндрэл бэрхшээл энэ бүгд дээрээ төвлөрөх тусам таны тархи улам ч идэвхтэйгээр ажилдаа орж, хүмүүсийн гаргасан санаа, тэдний бодол сэтгэгдэл, хальт сонсогдсон яриа, өөр бусад мэдээ баримтууд гэх мэт мэдрэхүйн олон төрлийн өгөгдөл, мэдээлэл дундаас чухам дээрх таагүй зүйлсийг яв цав биелүүлэн бодитой болгож чадахуйц мэдээллийг туйлын ажил хэрэгч байдлаар алдалгүй сонгон авдаг байна.
Яагаад? Яагаад гэвэл та өөрөө түүнийг ингэхээс аргагүй байдалд оруулсан шүү дээ. Түүнээс гадна, таны торлог байгууламж нь хэрэггүй мэдээллийг тун дуулгавартайгаар үл хэрэгсдэг билээ. Энэ нь чухам юу гэсэн үг вэ гэвэл хэрэг дээрээ таны илүүдсэн жингээ хаях, өрөө төлөх, компаниа амжилттай хөгжүүлэх энэ бүгдэд тус болох байсан санаа, санал сэтгэгдэл, төсөл, төлөвлөгөө эд бүгдийг торлог байгууламж таны оюун ухаанд нэвтрүүлэлгүй орхино.
Жишээ нь: Та шинэ найз бүсгүйтэй боллоо гэж бодъё. Бүх л дурлалын түүхүүд аз жаргалтай эхлэн, гунигтайгаар төгсдөг гэдэгт та хүүхэд байхаасаа эхлээд л үзсэн, сонссон бүхнээсээ үндэслэн итгэж үнэмшсэн. Тэгээд одоо яах билээ? Тэр бүсгүйтэй хамт байхдаа та аз жаргалыг мэдэрч, түүнд үнэхээр хайртай гэдгээ ойлгодог ч энэхүү жаргал удаан үргэлжлэхгүй л байхдаа гэсэн далдхан бодол таныг шаналгана. Нууцлаг түгшүүр зовнилоо та хэнд ч хэлэхгүй байж, өөрөөсөө ч нуухыг оролдовч тэр нь таны далд ухамсрын хувьд огтхон ч нууц биш юм.
Тайван бус байдал нь таныг зөвхөн хэмлээд зогсохгүй таны торлог байгууламжийн хайлтын мөрөнд түгшүүр зовнилыг тань оруулах болно.Үүний үр дүн нь ямар байх бол? Хэдийгээр бүгд л та хоёрыг тун сайхан хосууд гэцгээж, та хоёрын дурлалын түүх бүх ертөнцийн хамгийн сайхан, хамгийн аз жаргалтай нь бөгөөд хамтдаа жаргалтай удаан амьдрах сайхан гэр бүл болно гэдгийг бүх л нөхцөл байдал нотолж байвч эдгээр нь таны торлог байгууламжийн хувьд өчүүхэн ч ач холбогдолгүй юм.
Та хоёрын аз жаргалд атаархсан таньдаг хүн нэг л хорон үг хэлэхэд бүх зүйл өөрчлөгдөж таны сайтар дадлагажсан торлог байгууламж өөр бусад хоёр зуун сая гэрчилгээ нотолгоог ч үл тоон таны оюун ухааныг тэрхүү цорын ганц таагүй бодол санаа руу чиглүүлэх болно. Тэрээр таны аль эрт бүрэлдсэн итгэл үнэмшил дээр суурилж, салж магадгүй гэсэн таны түгшүүр тийм ч үндэсгүй зүйл биш юм шиг танд санагдана.
Итгэл үнэмшил ба сэтгэлийн дадалд зуршил нь хүсэл мөрөөдлөөс мянга дахин хүчтэй бөгөөд иймээс ч түгшүүр зовнил нь урдаас зөгнөн хэлсэн заавал биелэх хараал болон хувирч, хэрэв та өөрөө бидний харьцаа бүтэхгүй гэдэгт анхнаасаа итгэж байсан бол бүх зүйл тийм л болно.
Санхүү ба бизнесийн хүрээнд ч мөн үүнтэй адил зүйл тохиолддог. Торлог байгууламж нь таны өгсөн программд тусгагдсан тэр л санаа оноо боломж бололцоог цаг үргэлж отон хайгуулдаж байдаг. Харин тааламжгүй зүйлсийг улам таагүй болгож морийг нь эмээллэдэг. Түгшүүр зовнил нь таны хүсэхгүй байгаа зүйлээс шалтгаалдаг учир болоосой гэж хүсмээргүй зүйлээ мөргөн гуйж буй хэрэг юм.
Ийм ч учраас торлог байгууламжийг санаснаараа удирдаж сурах нь маш чухал бөгөөд нейропластик ч түүнээс дутахгүй ач холбогдолтой юм. Нейроны төгөлдөржүүлэлт хэмээн бидний нэрлэсэн тэрхүү үйл явц нь далд ухамсрын хайлтын мөрөнд шинэ асуудал оруулахад чиглэсэн юм (энэ номын 7-р бүлэгт дэлгэрүүлэн бичсэн). Нейроны төгөлдөржүүлэлтийн ачаар та хүсмээргүй таагүй зүйлийг биш харин хүссэн зүйлээ, хүндрэлтэй асуудлыг биш харин түүнийг шийдэх шийдлийг хайхад чиглүүлж сурах болно. Тэгсэн цагт торлог байгууламж нь айдас, түгшүүр эргэлзээ тээнэгэлзээг биш харин зорьсондоо хүрсний баяр бахдал, сэтгэл ханамжийг хайх болно.
«Миний цуутай грек хурим» киноны гол баатар Туна бүсгүй аавынхаа эзэрхүү зан авирт дургүйцэж -«Ээж ээ, аав яасан гөжүүд юм бэ? Бүх юм түүний хэлснээр л байх ёстой гэх юм! Эр хүн бол өрхийн тэргүүн л гэх юм!» хэмээн ээждээ гомдол мэдүүлдэг. Ээж нь түүнийг хэсэг харж, ойлгосон маягтай толгой дохиод «Би чамд нэг юм тайлбарлаж өгье охин минь. Мэдээж аав чинь толгой, би бол хүзүү гэдэг нь үнэн. Гэхдээ хүзүү өөрийн хүссэн зүг рүүгээ толгойг эргүүлдэг юм шүү дээ» гэж хариулдаг. Нейроны төгөлдөржүүлэлтийн аргыг хэрэглэснээр та өөрийн далд ухамсрыг хүссэн зүг рүүгээ эргүүлдэг тэрхүү хүзүү болж чадах юм.

ГОРДОНЫ ТҮҮХ

Гадаад орчноос шинэ мэдээлэлл хайлгахаар торлог байгууламжаа шинээр чиглүүлэхийн зэрэгцээгээр тэрхүү шинэ мэдээллийг чухал бус мэдээлэл байна гэж үзээд үл хэрэгсэн орхих биш харин хүлээн авдаг болгож өөрийн ухамсраа өөрчлөхийг та хүснэ. Үүний тулд «өгөгдсөн чиглэл» хэмээх далд ухамсрын хоёр дахь чухал үүрэг, үйл ажиллагааг судлах шаардлагатай юм. Энэхүү үйл ажиллагаа нь хэрхэн нөлөөлдөг болохыг Гордон гэдэг хүний жишээн дээр авч үзье.
Нэг удаа Гордон өөрийн шинээр худалдан авсан завиараа хамт загасчлахаар нөхдөө урьжээ. Тэд баруун зүг хөвж эргээс миль хэртэй холдоод загасчилж эхэлжээ. Хэдэн цаг өнгөрсөн боловч нэг ч загас дэгээнд орсонгүй. Тэгээд найзууд нь өмнө зүгт байдаг боомтын далангийн тийшээ явцгаая, тэнд загас их баригддаг гэж сонссон гэцгээжээ. Найзууд нь хамт загасчилсандаа сэтгэл хангалуун үлдээсэй гэж хүсэж байсан тул Гордон завины хошуу хэсэгт очоод залуурын хүрдийг эргүүлж завийг өмнө зүгт чиглүүлээд нөхөд дээрээ эргэж иржээ. Дахиад нэг цаг өнгөрсөн ч загас аанай л баригдсангүй. Гэтэл нэг найз нь толгойгоо өндийлгөн нар луу хараад «Хөөе, Гордон. Бид хуучнаараа баруун зүгт хөвсөн хэвээрээ л байна шүү дээ» гэж дуу алдав. Ичиж сандарсан Гордон баруун зүг хөвснөө засахын тулд залуурыг эргүүлж энэ удаа зүүн өмнө зүг рүү завийг чиглүүлэв. Гэвч цагийн дараа завь хуучин хэвээрээ баруун зүгт хөвсөөр байгаа нь тодорхой боллоо. Сандарсандаа час улайсан Гордон залуур хүрд рүү ухасхийн хүрч завийг зүүн тийш эрэг рүү чиглүүлэн залав. Гэвч 15 минутын дараа гэхэд завь мөн л баруун зүгийг чиглэн хөвж байлаа. Гордон хамаг үсээ зулгааж хаяхад бэлэн байсан тэр мөчид түүний нөхдийн нэг нь «Хөөе, Гордон! Чи автомат жолоодлого дээр нь тавьчихсан юм биш биз» гэж асуух нь тэр. Мэгдэж сандарсан Гордон «автомат юу гэнээ? Энэ завинд бас тийм юм байдаг хэрэг үү?» гэж асуужээ.
Гордоны энэ түүх танд нэг танил юм шиг санагдахгүй байна уу? Та бидний ихэнх нь иймэрхүү нөхцөлд байдалд орж үзсэн байдаг. Гурван ч удаа бүтэлгүй дурлаж, дөрвөн удаа хувийн бизнестэй болохоор амжилтгүй оролдож, долоон удаа ухаанаа алдтал авирлаж, эсвэл найм дах (арван найм ч байж мэдээ) удаагаа илүүдэл жингээ хасахаар хоолны дэглэм барьж буйгаа мартан том хэрчим бялуу идчихээд «Би гэж яачихсан хүн бэ?» хэмээн дуу алдаж үзээгүй хүн байх билээ? Гордоных шиг өөртөө байдаг гэдгийг нь мэдэхгүй тэр автомат жолоодлого танд бас байдаг юм болов уу? Автомат жолоодлого нь зөвхөн завинд л байдаг юм биш. Хүнд ч бас байдаг бөгөөд түүнийг нь сэтгэц кибернетикийн комплекс гэж нэрлэдэг билээ.
Тархин дахь дулаан тохируулагч

«Кибернетик» хэмээх нэр томьёо нь амьд организм ба зарим төрлийн төхөөрөмжийн хариу үйлдэлд түлхэц өгөх системийг илэрхийлдэг. Ноберт Винер 1940-өөд оны дундуур хэвлэгдэн гарсан «Кибернетик буюу амьтны ба машины удирдлагын холбоо» номдоо энэ нэр томьёог санал болгосон. Уг үг нь грек хэлний Kybernetes буюу жолоо баригч, залуурч гэсэн утгатай. Иймэрхүү төхөөрөмжийн хамгийн энгийн жишээ нь термостат буюу дулаан тохируулагч юм. Та дулаан тохируулагчийг тодорхой нэг дулааны хэм дээр тохируулаад орхимогц тэрээр цаашид халаалтын системийг удирдаж, гадаад орчны халуун хүйтнээс үл хамааран байшин доторх дулааныг таны тохируулсан хэмд барих болно. Хэрэв байшинд хүйтэн агаар нэвтрэн орж дулаан буурвал тэрээр халаалтыг нэмэгдүүлнэ. Харин зуны аагим халуунд хөргөх системийг ажиллуулж байшин доторх дулааныг өгөгдсөн хэмд хүртэл хөргөх болно.
Биеийн халуун, жин гэх мэт бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй ийм төрлийн тохируулагч механизмын төв мэдрэлийн үйл ажиллагааны зарим хэсгийг «өгөгдсөн координат» гэсэн нэр томьёогоор илэрхийлдэг
1950-иад оны дундуур гоо сайхны мэс засалч Максвелл Мальтц нэгэн сонирхолтой нээлт хийсэн байна. Түүний үйлчлүүлэгчид нүүрэндээ мэс заслын аргаар ихээхэн өөрчлөлт хийлгэсний дараа ч толинд хараад өөрийн гадаад төрхийн өөрчлөлтийг олж хардаггүй аж. Гайхалтай байгаа биз? Яахаараа ийм байдаг билээ? Доктор Мальтц өвчтөнүүд шинэ дүр төрхөө хэрхэн хүлээж авах явцыг судлаад мэдээллийг хянах дотоод процессыг илрүүлсэн бөгөөд түүнийг сэтгэц кибернетикийн комплекс хэмээн нэрлэжээ.
Мальтцын дүгнэснээр тухайн хүнийг дасал болсон тав тухтай байдлаас нь салгах гэсэн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, шашин шүтлэг, хайр сэтгэлийн харьцаа, ажил төрлийн байдал гэх мэт хүний амьдралтай холбоотой ямар нэг өөрчлөлт нь төв мэдрэлийн тогтолцоо руу химийн дохио илгээдэг байна. Тархи нь энэхүү дохиог эргэлзээ болгоомжлол түгшүүр хэмээн тусган улмаар аюулын дохио гэж ойлгоод яг л термостат мэтээр өмнөх тааламжтай нөхцөл байдлыг буцаан бий болгохын тулд бүхнийг хийхийг хүнээс шаардаг байна.
Гэхдээ та өөрөө дасал болсон тааламжтай нөхцөл байдлаасаа татгалзахыг хүсэж байвал яах вэ?
Сэтгэц кибернетикийн комплексоос ангижрах нь тун хэцүү юм. Тархинаас ирсэн дохионы дагуу цусанд ялгарсан энинифрин хэмээх бодис нь таны оюун ухаан амь насанд аюултай нөхцөл байдал үүсэж буй талаар ухамсарлан бодож амжихаас өмнө хар хурдаараа довтлон ирэх автомашинаас амжиж таныг замын зорчих хэсгийн захаас эргээд хашлагыг даван явган зам руу харайхад хүргэдэг билээ. Хэдийгээр энэ хорвоод амьд насныхаа төлөө санаа зовох шаардлагагүй болсон ч (ямартаа ч цаг үргэлж биш) амь насаа аврах тэр л механизм бидний амьдрал болон бизнест өсөн дэвших гэсэн тэмүүллийг үгүй хийж болох билээ.
Гол асуудал нь тэр механизмдаа биш харин дээр дурдсан химийн дохиог тархи аюулын дохио хэмээн ойлгодогт л байгаа юм. Энэхүү сэтгэцийн кибернетикийн дохио нь аюулын дохио огт биш бөгөөд зүгээр л «Хөөе найз аа, чи өөрийн хашаанаас гараад үл таних газарт явж байна. Чи үүнийгээ мэдэж байна уу? Чи үнэхээр үүнийг хүсэж байна уу» гэсэн утгатай сануулга төдий гэдгийг ойлгох зайлшгүй шаардлагатай юм.
Сэтгэц кибернетикийн комплекс нь таны завийг урдаас тогтоосон чиглэлд цаг үргэлж чиглүүлж байдаг автомат жолоодлого юм. Гордон өөрийн завиа өмнө зүг эргүүлэх гэж олон удаа бүтэлгүй оролдсон шиг таны хүсэл зориг, оюун ухаан нь чиглэлийг түр зуур л өөрчилж чадахаас нэг мөсөн өөрчилж үл чадна. Зан байдлыг засварлах программ болоод бусад олон зүйлсийн томоохон сул тал нь энд оршиж байсан юм. Тэдгээр нь ухамсарт хүчин чармайлт дээр тулгуурладаг бөгөөд харин оюун ухаан нь бидний дадал зуршлыг засварлаж хүчрэхгүй юм. Тэдэнд нөлөөлөхийн тулд бид бүүр энгийн суурь төвшинд бууж далд ухамсартаа хандах хэрэгтэй билээ.
Санхүүгийнхээ чиглэлийг өөрчлөх нь та өөрийн орлогыг арав дахин нэмэгдүүлэхийг хичнээн хүслээ ч энэ санаа таны далд ухамсарт хоногших хүртэл хүсэл тань санаа төдий зүйл байсаар байх болно гэдгийг бид өмнөх бүлгүүдэд дурдсан билээ. Гордонд тохиолдсон явдал нь чухам ямар учраас ингэдгийг тайлбарласан хэрэг бөгөөд таны мөнгөн санхүүгийн хувьд ч бас цаанаасаа тогтоогдсон чиглэл бий билээ. Орлогоо бодитойгоор нэмэгдүүлэхийн тулд энэхүү чиглэлийг өөрчлөх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс энэ хүслээ хэрэгжүүлэх боломж гарах бүрд сэтгэц кибернетикийн комплекс ажиллаж тархины судсанд энинифрин ба кортизол хэмээх бодисууд ялгарч таныг эргээд явган зам руу харайхад хүргэх болно.
Тэгэхлээр энэ чиглэлийг хэрхэн өөрчилж, термостатын тохиргоог яаж өөрчлөх вэ? Тодорхой жишээ авч үзье. Жон өөрийн хүү Кинаныг хүүхдийн цэцэрлэгт явж эхлэхээс нь хоёр долоо хоногийн өмнө цэцэрлэг дээр нь дагуулж очоод хамтдаа цонхоор нь шагайж, багадаа цэцэрлэгт хэрхэн явдаг байснаа ярьж өгчээ. Цэцэрлэгийн тоглоомын өрөөнд гайхалтай гоё тоглоомууд байдаг, бусад хүүхдүүдтэй хэрхэн тоглодог байсан, цэцэрлэгт явах хичнээн сайхан байсан тухайгаа хүүдээ ярьж түүнд ч бас сайхан байх болно гэдгийг ойлгуулжээ. Цэцэрлэгт явах өдөр болоход Кинан үнэхээр тэсэн ядаж байлаа. Тэд хамтдаа цэцэрлэгийн хаалгаар орж явахад эцгээ мартаж бусад хүүхдүүдтэй танилцахаар гүйн одоход бэлэн буй бяцхан хүүгээ Жон арай л гэж гараас нь хөтөлж явлаа. Кинаны хувьд энэ нь цоо шинэ мэдрэмж байсан боловч өөрийн сэтгэц кибернетикийн комплексыг өөрчлөн тохируулж чадсан учир хүү цэцэрлэгт явахаас огт айхгүй байлаа.
Жон тэнд өөр нэгэн эцэг хүү хоёрыг харсан бөгөөд тэдний хувьд бүх зүйл өөр байжээ. Кинан цэцэрлэг рүү тэмүүлж байсан бол тэр жаал аавынхаа гараас зуурч, уруул нь чичрэн өмөлзөж уйлчих шахаж байлаа. Түүнийг дассан орчноос нь суга татан гаргахыг тэрээр байдгаараа эсэргүүцэж буй нь түүний нүүр царайг харахад л тодорхой бөгөөд ойлгомжтой байлаа. Түүний хувьд сэтгэц кибернетикийн комплекс нь яг л галын түгшүүрийн дохио мэт ажиллаж, «Зогс! Аюул! Буцаад гүйгээч!» гэсэн дохио болдог бодисуудыг түүний цусанд ихээр ялгаруулжээ. Тэрхүү жаалын аав нь эрт орой хэзээ нэгэн цагт цэцэрлэгт явах л болно гэдгийг хүүдээ ойлгуулахыг хичээж аль байдгаараа хүүгээ ятгахыг оролдож байв. Тэрээр хүүгээ тайтгаруулж, инээлгэхийг оролдож, тайлбарлаж, ямар нэг зүйл ойлгуулахыг оролдох боловч хүүд огт нөлөөлж чадсангүй.
Яагаад? Яагаад гэвэл одоо ямар нэг зүйл хийхэд нэгэнт оройтжээ. Эцэг нь хүүтэйгээ ухамсар, оюун ухааны төвшинд харьцахыг оролдоод байгаа болохоор тэр шүү дээ. Оюун ухаан ба далд ухамсар хоёр хоорондоо тэмцэлдэхийн цагт далд ухамсар ялах нь дамжиггүй юм.
Таны сэтгэц кибернетикийн механизм нь таны аюулгүй байдлыг хангахын тулд бүхнийг хийдэг. Хэрэв та үүнийг ухаарч ойлгохгүй бол ихэнх хүмүүсийн нэгэн адил гэдрэг ухарч, алтан боломжоо алдаж өнгөрөөх болно. Тэгсэн цагт амжилтад хүрэх бүх л итгэл найдвараа алдах нь тодорхой юм. Энүүхэндээ гэж хэлэхэд тэнцвэртэй байдал сэтгэлийн тав тух нь аз жаргал огтхон ч биш юм. Амьдрал ба бизнест хүндрэл бэрхшээл байгаа ч тэрхүү хэцүү нөхцөл байдал нь таны далд ухамсарт хэвийн зүйл мэтээр хоногшсон бол сэтгэц кибернетикийн комплекс нь таны бүх дадал зуршил, бодол санаа, үйл хөдлөлийг удирдаж, бүхий л талаар тэрхүү нөхцөл байдлыг хэвээр хадгалахын тулд дуулгавартайгаар бүхнийг хийх болно.
Жоны хүүгийн түүхийг арай тодорхой авч үзье. Шинэ орчинг түүнд тааламжтай байлгахын тулд нейроны шинэ холбоосууд үүсгэхэд аав нь түүнд тусалжээ. Хүү цэцэрлэгийг эртнээс сайхнаар төсөөлөн бодож дотоод сэтгэлдээ дасал болсон байна.
Далд ухамсар нь мэдрэхүйн эрхтнүүдээс тархинд очиж буй бодит амьдралын гадаад мэдрэмж ба дүрслэн бодож өөртөө бий болгосон дотоод мэдрэмж хоёрын ялгааг мэдрэх чадваргүй юм. Далд ухамсар нь өөртөө хэмжээлшгүй их боломжуудыг агуулдаг ч энэхүү шүүмжлэлтэй хязгаарлагдмал тал нь түүний үнэхээр гайхалтайгаар ашиглаж болхуйц «цоорхой» юм.
Харин чухам энд л оюун ухааны давуу тал нь гарч ирдэг. Оюун ухаан нь хүчин чадлын хувьд далд ухамсрын хаана ч хүрэхгүй боловч шууд сэтгэлдээ дүрслэн бодож зураглах хосгүй чухал чадвартай бөгөөд тэрхүү зураглалыг агуу хүчирхэг далд ухамсар ч бодит байдлаас ялгаж эс чадна.
Жоны бяцхан хүү шинэ найз нөхөд, гайхамшигтай тоглоомуудаар хүрээлүүлсэн цэцэрлэгийн баяр баясгаланг дотроо төсөөлж байсан тэр үед бодит амьдрал дээр энэ бүхэн нь байгаагүй. Гэлээ ч түүний далд ухамсар үүнийг мэдэлгүй хууртсан билээ. Кинаны далд ухамсрын хувьд энэ бүхэн нь хүүг цэцэрлэгт явахаас 2 долоо хоногийн өмнөөс бодит зүйл болон хувирсан байна. Жон хүүгээ хэрхсэн шигээр та өөрийн мөрөөдлийн бизнесээ дотроо төсөөлөн тов тодорхой дүрсэлснээр ийм үр дүнд хүрч болох билээ.
Энэхүү дүрслэл нь тархинд гүн шингэж, таныг өөрийн мөрөөдлийн бизнесээ цогцлоон бүтээхээр ханцуй шамлан орох тэр цагт далд ухамсар тань шинээр үүсэх нөхцөл байдлыг хүний дархлалын тогтолцоо өвчний вирусийг таягдан хаядаг шиг биш, харин байх ёстой зүйл мэт хэвийн хүлээж авах билээ.
Хамгийн гол нь айдас түгшүүр, эргэлзээгээ даван туулж хийе гэснээ ямар ч байсан хийх хэрэгтэй.
Амжилтад хүрсэн бизнесмэнүүд нь айдас, эргэлзээ, түгшүүрийг бусдаас бага мэдэрдэг биш харин тэдгээрийг бусдаас өөрөөр хүлээж авдаг. Тэд энэхүү мэдрэмжийг таньж сураад ердийн хүмүүс шиг аюулын дохио мэтээр биш харин урагшлах дохио хэмээн үздэг байна.
Уулын цанын өргүүрт суугаад өндөр сүрлэг уулын цаст хяр дээр гарах, усанд үсрэлтийн тавцангаас зориг шулуудан харайх, хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавих, болзоонд явах, өөрийн анхны байшингаа худалдан авахаар асар их мөнгөний чекэнд гарын үсэг зурах гэх мэт амьдралынхаа аль нэг онцлох үйл явдлыг эргээд нэг санагтун. Ямар нэг чухал зүйл хийж буйгаа мэдэрч, догдлон байснаа санаж байна уу? Чухамхүү тэр л мэдрэмжийг цаг үргэлж сэтгэлдээ амилуулагтун. Сэтгэл хөдлөл өндөр байсан үеийн тэр мэдрэмжийг мэдэрч сурна гэдэг нь үнэхээр өндөр амжилтад хүрсэнтэй адил юм. Энэхүү чадвар нь яг л биеийн булчинтай адил бөгөөд дасгал хийх тусам улам бэхждэг. Эргэлзээ тээнэгэлзээнд автаж эхэлмэгц эсвэл гэнэт өөртөө итгэх итгэлээ алдвал сэтгэл хөдлөлөө хазаарлан барьж «Энэ аюул хэр зэрэг бодитой вэ?» Надад үнэхээр ямар нэг аюул учрах гэж байна уу? Эсвэл ердийн нэг бие махбодийн хариу урвал уу? гэж өөрөөсөө асуу.
Унадаг дугуй унаж сурах, зүүдэндээ ч үзээгүй их орлоготой болох, амьдралынхаа хань болох бүсгүйтэй уулзах эсвэл хүүхдийн цэцэрлэгт анх явах гэх мэт ямар нэг шинэ зүйлийг мэдэж, урд нь байгаагүй чадварыг эзэмших үедээ та зайлшгүй эсэргүүцэлтэй тулгарч, таагүй байдал, эргэлзээ түгшүүрийг мэдрэх болно. Энэ нь таны улам өсөж, өндийн буйг хэлж буй хэрэг бөгөөд тэдгээрийг даван туулах хэрэгтэй юм.

Ухамсраа өөрчлөх гайхалтай үйл явц

Торлог байгууламжаа шинээр тохируулж, сэтгэц кибернетикийн механизмын нарийн хэмжүүрийг өөрчлөхөөр шийдэх үедээ чухам юу хийх гэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Та удамшиж ирсэн дадал зуршил болон олон жилийн итгэл үнэмшил, хүмүүжлийнхээ эсэргүүцлийг даван туулна гэсэн үг юм. Энэ нь шинэ жилийн баярын үеэр орж ирдэг фитнесээр хичээллэх тухай тэгсхийгээд л мартагддаг бодол ч биш, зүгээр л нэг хоосон хайрцгуудыг гаргаж хаях тухай энгийн нэг бодол ч биш юм. Үгүй ээ.
Та өөрийн тархины үйл ажиллагааг үндсээр нь өөрчилж нейроны шинэ бүтцүүд үүсгэж буй хэрэг юм. Үүнээс илүү үндэс сууриар нь өөрчлөх өөрчлөлт гэж таны амьдралд үгүй билээ. Та өөрөө өөрийгөө өөрчлөх гэж байна шүү дээ.
Олон арван жилийн турш хэн ч яваагүй замаар аялалд явах гэж байна гээд төсөөлөөд үз. Та балархай жимийг олж ядан байнга төөрч будилан, өтгөн ширэнгэ өндөр өвст бут, навч мөчир дундуур шургачин урагшлах болно. Буцах замаа өөрийн хэдхэн цагийн өмнө явж байсан жимээ хугарсан мөчир, налсан өвсөөр баримжаалан олох байх. Харин маргааш нь өмнөх замаараа явахад арай хялбар байна. Ийнхүү өдөр бүр явсаар мэдэгдэх төдий байсан балархай жим нь аяндаа өргөн дардан зам болон хувирах болно.
Нейроны шинэ бүтцүүдийг үүсгэх үед яг л ийм үйл явц явагддаг. Тархиндаа шинэ бодол санаа, шинэ бүтцийг хэвшүүлэхэд таны бүхий л дүрслэн бодох чадвар, бүхий л хүсэл зориг, сэтгэлийн хат шаардагдах юм. Чин зоригтой, зоримог байж сая сая долларын орлоготой мөрөөдлийн бизнесээ дотроо төсөөлөн бодохын тулд оюун бодлоороо элин хальж, дүрслэн бодох чадвартай байх ёстой юм.
Та өөрийн замд хөндөлдөх дадал болсон хуучин бодол, үзэл санааны өтгөн ширэнгэн дундуур шантралгүй урагшилсаар эцсийн эцэст шинэ, өргөн дардан замд хүрэх болно.
Энэ үед нейрологчдын үздэгээр дараах үйл явц өрнөнө. Таны бодол санаа нь цахилгаан түлхэц хэлбэрээр нейроноос нейрон руу тэдний хоорондын холбоос болох синапсуудыг дамжин тархдаг. Синапсуудаар дамжин цааш тархахын тулд бодол санаа нь тэдгээрийг даван туулахад хүрэлцэхүйц цахилгаан цэнэгтэй байх ёстой. Харин синапсыг даван цахилгаан түлхэц дамжсаны дараа нэгэн сонирхолтой үзэгдэл ажиглагддаг. Цаашлах тусам синапсыг даван туулахад шаардагдах цахилгаан цэнэгийн хэмжээ аажмаар буурдаг байна. Та өмнөх бодлоо дахин давтан бодох бүрд урьдынхаас арай бага цэнэг шаардагдана. Энэчлэн нэг л бодлыг дахин дахин бодох тусам цаг хугацаа өнгөрөхийн хэрээр синапсын эсэргүүцлийн босго улам намссаар цахилгаан түлхэц улам бүр чөлөөтэй тархах болно.
Өөрөө хэлбэл тэрхүү байнгын бодол нь таны тархинд өргөн дардан зам гаргана гэсэн үг юм. Таны бодолдоо үүсгэсэн зураглал дахин дахин тодрох тусам тархины нейроны шинэ бүтцүүд нь цоо шинэ нейронуудын торлог бүтцийг үүсгэх болно. Цаг нь болохоор тэрхүү нарийхан жим нь таны шинэ итгэл үнэмшил, бодол санааны урсгалыг ямар ч саадгүй дамжуулдаг засмал зам болон хувирна. Өөрийгөө дотроосоо өөрчилснөөр та мөрөөдлийн бизнестээ хүрэх замыг засаж буй хэрэг юм.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Jul.07.10 4:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Зургаадугаар бүлэг
Таны мөрөөдлийн бизнес.
Тун саяхан бизнес эрхлэгч 5000 гаруй хүнийг хамарсан, тэдгээр хүмүүсийн нийтлэг хүсэл эрмэлзэл, үзэл бодлыг тодруулах зорилготой социологийн судалгаа хийгджээ. Бизнесийн төрөл бүрийн салбарт ажиллаж буй хүмүүс зан чанар, авьяас чадварын хувд туйлын олон талтай бөгөөд хүмүүжил боловсролын онцлогоос авахуулаад тодорхой нэг ур чадвар, дадлыг эзэмшсэн байдлын хувьд ч бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой байдгийг дээрх судалгааны үр дүн харуулсан нь тийм ч гайхмаар зүйл биш юм.
Бизнесмэн хүний сэтгэлгээний нэгдсэн нэг хэв загвар гэж огт байхгүй юм. Бизнесийн орчинг бүрдүүлж буй хүмүүс маш олон талын өөр өөрийн гэсэн онцлог чанартай. Ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг шүү дээ.
Гэхдээ судлаачид нэг нийтлэг шинжийг олж тогтоосон бөгөөд тэдгээр хүмүүс эрхэлж буй ажил үйлсдээ чин сэтгэлээсээ дуртай болох нь анзаарагджээ. Ямар нэг ажил үйлсийг ашиг харж сонирхох болон чин сэтгэлээсээ сүслэж хийх хоёр нь зарчмын хувд маш том ялгаатай байдаг. Ямар нэг ажлыг ашиг сонирхлын үүднээс хийж буй хүн зөвхөн өөрт ашигтайг л хийдэг бол чин сэтгэлээсээ сүслэн хийж буй хүн боломжтой бүхнийг, тэр ч байтугай боломжгүй зүйлийг ч хийдэг.
Энэхүү чанар нь тухайн хүн аль оронд амьдардаг, хэн байхаас нь үл хамааран аливаа бизнесийн амжилтын түлхүүр нь болдог юм. Өнөө цагт (урд өмнө нь ч мөн тийм л байсан) аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийхгүй л бол амжилтад хүрч чадахгүй. «Тэр ч тийм л байх, гэхдээ бид чинь энэ ертөнцийг өөрчлөх гээгүй биз дээ» гэж та асуух байх. Харин ч өөрчлөхийг хүсэцгээж байгаа юм. Амжилтад хүрсэн бизнесмэнүүд өөрийн оршиж буй ертөнцийг өөрчилж түүхэнд нэрээ үлдээхийг хүсдэг. Зарим талаараа тэдний анхаарал эрмэлзлэлийн төвд санхүүгийн амжилт оршиж байдаг бөгөөд бизнес эрхэлж буй үед мөнгөн дээр төвлөрөх нь зүй ёсны хэрэг юм. Эцсийн эцэст мөнгө нь бизнесийн хэмжүүр болдог ба үйл ажиллагааны амжилтыг тодорхойлдог. Гэхдээ харамсалтай нь ихэнх бизнесмэнүүд мөнгөнд ямар нэг «дотоод агуулга» байдаггүй, түүнд үнэнээсээ татагдах нь тун хэцүү гэдэг эгэл жирийн мэт үнэнийг ойлгодоггүй.
Хоёр төрлийн ашиг байдаг. Эхнийх нь тав тух, тохилог, тансаг байдлыг бий болгодог мөнгөний ашиг юм. Гэвч жинхэнэ ёсоор аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахын тулд сэтгэлийн ашиг зайлшгүй чухал юм. Сэтгэлийн ашиг гэдэг нь та ямар нэг чухал зүйлийг хийж, хорвоо ертөнцийг сайн тийш нь өөрчлөхөд хувь нэмрээ оруулж байна гэдгийг ухамсарлан буй тэр мэдрэмж юм. Бидний үйл амьдрал утга учиртай гэдгийг ойлгохоос илүү тааламжтай зүйл гэж үгүй билээ. Амжилттай бизнесийн эцсийн зорилго нь чухам энэ л оршдог.
Өөрсдийн Ван Коуч компанийн жишээг энд дурдъя. Бид доод тал нь нэг сая хүнд өөрсдийн мөрөөдлийн бизнесээ хэрэгжүүлэхэд нь тусалснаар цаашид биднээр дамжуулан бүх дэлхий даяарх хэдэн зуун сая хүний амьдралыг үндсээр нь өөрчлөхийг зорьсон юм. Бид чухамхүү ийм л бодол өвөртлөн өглөө сэрдэг билээ!
Энэ шатанд хэмжээ, далайц нь гол биш бөгөөд үр дүн нь л хамгийн чухал юм. Хувь тавилан нь хазайсан мянга мянган хүмүүст өмсөх хувцас, толгой хорогдох орон, хоол хүнсийг нь залгуулдаг ашгийн бус буяны байгууллага, товхимол хэвлэдэг жижиг хэвлэлийн газар, ойр тойрны хэдэн байрны машиныг угаадаг угаалгын газар аль нь ч бай ялгаагүй юм. Бид гутлын үдээсний үзүүрт хуванцар хошуу бэхлэх ажил хийдэг хүмүүстэй ч уулзаж байсан. Тэд ажилдаа үнэхээр чин сэтгэлээсээ хандаж, хүүхдүүд, тамирчид, оюутнууд, гал сөнөөгчид, аврагчид, хөгшид өвгөдөд гутлын алдуурдаггүй бөх үдээс хийж өгснөөр хорвоо ертөнцөд сайн зүйлийг хийж байна гэдэгт итгэлтэй байсан юм.
Багахан цайны газраас авахуулаад программ хангамжийн аварга том корпораци хүртэл аль ч бизнесийн байгууллага бусад хүмүүсийн амьдралд хувь нэмрээ оруулж чадах юм. Бидний хувьд бид бүхний хэн нэг нь шинээр бизнес эхэлж компани байгуулах нь эдгэшгүй өвчнийг анагаах эм бүтээж буйтай адил баярт явдал юм.
Амжилтад хүрсэн бизнесмэнүүд үнэн хэрэг дээрээ ертөнцийг өөрчлөхийг хүсдэг гэдгийг санаж явагтун.
Өнөөдөр Америкийн Нэгдсэн Улс хэдэн триллион долларын асар их өрийн дарамтанд хүнд байдалд байна. Манай улс орон хэзээ нэгэн цагт энэ дарамтыг таягдан хаяж чадах болов уу? Энд ганц л зам бий. Өөрсдийн мөрөөдлийн бизнесээ цогцлоон бүтээж буй хүсэл тэмүүллээр дүүрэн, бүтээлч иргэдийнхээ хүчин чармайлтын үр дүнд л энэ байдлаас гарч чадна.
Манай гаригийн байгаль орчинд багагүй аюул заналхийлэл нүүрлээд байна. Бидний амьдарч буй орчинг сүйтгэж байгаа хүн төрөлхтний энергийн хэрэгцээг бид бүхэн тогтоон барьж чадах болов уу? Цаг үргэлж шинийг эрэлхийлэн бүтээж, авхаалжтай, тэмүүлэлтэй байж л энэ бэрхшээлийг гэтэлж чадна.
Хүмүүс хорвоо ертөнцийг өөрчлөхийг хүсээд зогсохгүй өөрчилж байна. Тэд ирээдүйг ч урьдчилан бичицгээж байна. XXI-р зуунд засгийн газрууд, үндэстэн дамнасан корпорациуд, олон нийтийн байгууллагууд цөм мартагдаж, өөрийн ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг, тэр ч чанараараа амьдарч буй орчноо төгс төгөлдөр болгож чадсан хувь хүмүүс л энэ ертөнцийг авч явах болно.
Хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, ажилдаа чин сэтгэлээсээ хандахыг улайрч донтсон байдалтай эндүүрч ойлгож болохгүй юм. Амьдралынхаа бусад талуудыг тэр чигээр нь огоорон орхиод та зөвхөн өөрийн бизнесээрээ цаг хором бүр амьсгалах ёстой гэж бид хэлээгүй билээ. Ажил ба амралт, бизнес ба гэр бүл, албан тушаал ба эрүүл мэнд, оюуны ба биеийн хөдөлмөр, нөр их ажил ба хувь хүний хөгжил энэ бүхнийг зохистой бөгөөд тэнцвэртэй байдлыг хадгалж сурах нь таны хувьд амин чухал юм.
Хэрэв та ямар нэг амжилтад хүрэхийг хичээж, мөрөөдлийн бизнесээ бүтээн босгохыг хүсэж байгаа бол тэрхүү бизнес нь таны хүсэл тэмүүллийн илрэл байх ёстой юм. Хүмүүс өөрийн хүсэж тэмүүлээгүй ажлыг хийхээр оролдож буй нь биднийг үргэлж гайхшируулдаг билээ. Та ч гэсэн иймэрхүү зүйлийг нэг бус удаа анзаарсан байх. Хүмүүс хүсэл тэмүүллээ дагаж түүгээрээ мөнгө олж болно гэдэгт итгэдэггүй. Өөрөөр хэлбэл хийж буй ажил үйлсдээ дуртайдаа биш, харин түүнээс өөр сонголт бий гэдэгт итгээгүйдээ тухайн ажлаа хийдэг байна. Гэвч тэдэнд ч танд ч сонголт бий.
Номынхоо энэ бүлгийг хэрхэн ухамсартайгаар эргэлт буцалтгүйгээр тэрхүү сонголтыг хийх вэ? гэдэг асуудалд зориуллаа. Ямар нэг бизнес санаанд тулгуурлан, эсвэл өөрийн хүсэж тэмүүлээгүй бизнес амжилтад хүрч болох уу? Тийм ээ. Болно. Гэхдээ удаан үргэлжлэхгүй л болов уу. Бизнесийн амжилтад хүрэх нь тийм ч амар зүйл биш бөгөөд сахилга баттай, шургуу ажиллаж, олон саад бэрхшээлийг давах шаардлага гарна.
Хэзээ нэгэн цагт хувь тавилан тань таны хаалгыг тогшихыг хүлээн дэмий суух хэрэггүй. Олон шалгуурыг туулж, өөрийн тарьсан үрээ сайтар арчилж додомдон, боловсорч гүйцээд үр жимсээ өгдөг саглагар том мод болон ургах хүртэл нь тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Боломжтойгоос нь авахуулаад боломжгүй зүйлийг ч хийхэд бэлэн байгтун.
Ингэхийн тулд хийж буй болон хийхээр төлөвлөж байгаа ажил үйлсдээ үнэн сэтгэлээсээ дурлах ёстой юм. Тэгээд ч та чин сэтгэлээсээ тэмүүлээгүй л юм бол ямар нэг ажлыг эхлэх хэрэг юу билээ? Хийсэн ч, эс хийсэн ч танд огт ялгаагүй тийм бизнесийг эрхлэх хэрэг юун? Таны элбэг хангалуун амьдралд тэмүүлдгийн шалтгаан нь энэхүү эрмэлзэл нь хүн төрөлхтний уг мөн чанарт оршдог бөгөөд амьдралын үнэ цэнийг бүх л талаар нь мэдрэхийн тулд, өөрийн чадал боломжийг бодитой болгож хэрэгжүүлэхийн тулд ямар нэг зүйлийг хийхгүй л бол дээрх хүсэл эрмэлзэл нь утга учраа алдах болно.
«Би өөрийн зорилгодоо тэнцэж тохирох болов уу?» гэхийн оронд «Миний өмнөө тавьсан зорилго надад тэнцэж тохирч байна уу?» гэж өөрөөсөө асуу. Харин та өөрийн бизнесээ сэтгэл дотроо тов тодорхой ургуулан бүтээснийхээ дараа дээрх асуултад «Яг тийм» гэж шийдвэртэй хариулагтун.

Та яагаад бизнест ордог вэ?

«Яагаад?», «Та яагаад бизнест орсон бэ?», «Одоо хийж байгаа зүйлээ ямар учраас хийж байна вэ?» гэдэг хамгийн чухал асуултаас эхэлье.
Ихэвчлэн учир шалтгааных нь талаар шүүн хэлэлцдэг. Гэвч шалтгаан гэдэг ойлголт нь ямар ч байсан бидний ойлгодог яг тэр утгаараа бол тийм ч их үр нөлөөтэй байж чадахгүй юм.
Хэн нэг нь танд урам нэмснээс эсвэл урам зоригийг тань бадрааснаас үүдэн эхэлсэн ажил үйлс удаан үргэлжилэх нь ховор бөгөөд хэдхэн хоногийн дараагаас гал дөл нь бөхөж эхэлдэг.
Харин хэдэн сар, жилээр бүр цаашлаад бүх л амьдралынхаа туршид хийх ажил үйлсийг эхлэхэд маш гүн гүнзгий зорилготой шалтгаан хэрэгтэй билээ. Том зорилго тавьсан төдийгөөр том амжилтад хүрнэ гэж байхгүй юм. Том зорилгын үндсэнд оршдог, таныг хөдөлгөгч хүч болсон тэрхүү гүн гүнзгий зорилгот учир шалтгаан л том амжилтыг бүрдүүлэн бий болгодог.
Энэхүү хүчийг та нэг бол гаднаас тухайлбал үр хүүхэд, хань ижил, ажил хэргийн хамтрагчаасаа, эсвэл өөрөө өөрөөсөө олж авдаг байж магад. Аль нь ч бай, чухамхүү гүн гүнзгий зорилгот шалтгаан л дээрх бүх «яагаад?» гэдэг асуултын хариу болох юм.
Та яагаад тавьсан зорилгодоо хүрэхийг хүсэж байна гэдгээ ойлгох нь мөрөөдөлдөө хүрэх чухал нэг алхам билээ. Өсөж ургахад шаардлагатай бүх л шим тэжээлийн бодисыг орчин тойрноосоо шингээж авах чадвартай царсны боргоцойг жишээ болгон авч байсныг санаж байна уу? Таны мөрөөдлийн бизнес нь нэг төрлийн ийм боргоцой бөгөөд гүн гүнзгий зорилгот шалтгаан нь түүний цөм юм.
Та боломжтойгоос нь эхлээд боломжгүйг хүртэл хийхийг хүсэхгүй байгаа тэр өдрүүдэд, саад бэрхшээл нь асар их, харин боломж нь туйлын бага юм шиг санагдах тэр өдрүүдэд ч чухамхүү гүн гүнзгий зорилгот учир шалтгаан л таныг урагш хөтлөх дийлдэшгүй хүч болдог.
Мөрөөдлийн бизнесээ бүтээн босгох эхний алхам нь зөвхөн эрүүл, чийрэг төдийгүй төгс төгөлдөр үрийг зөв сонгох явдал юм. Өөрөөр хэлбэл эцсийн үр дүнг нь аль болох тодорхой бөгөөд эерэгээр таамаглах шаардлагатай.



Харин одоо дараах асуултуудыг тунгаан бодоод үз.

Би өөрийн амжилтыг хэрхэн төсөөлж байна вэ?
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_________________________________________________


Хийх дуртай зүйл маань миний мөрөөдлийн бизнестэй хэрхэн уялдаж байна вэ?
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________

Өөрийн мөрөөдлийн бизнесээ бүтээснээр би ямар мэдрэмж авахыг хүсэж байна вэ?
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
____________________
_____________________________________________________________________________

Мөрөөдлийн бизнесээ цогцлоон бүтээсэн тэр цагт орой бүр унтахдаа би доорхи зүйлсийг мэдрэх болно:

_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________

Бидэнд бүгдээрэнд нь хүсэж тэмүүлж явдаг зорилго бий. Зорилготой байх нь бидний амьдралыг бүх л талаар утга учиртай болгодог. Бид зорилгоо бүрэн ухамсарласан тэр цагт аз жаргалтай байгаад зогсохгүй илүү үр дүнтэй ажилладаг. Таны мөрөөдлийн бизнес (эсвэл мэргэжил) нь таны зорилгын илрэл бөгөөд дээрх асуултуудын хариуг хариуг ухаарахад тань тусална.
Зорилгын агуу хүч

Ажил төрлийн болон бизнесийн зорилго нь амьдралын зорилгоос дутуугүй чухал юм. Эдгээр зорилгууд нь юугаараа ялгаатай вэ? Товчхон хэлбэл: Ажил төрлийн болон бизнесийн зорилгод та хүрч болдог. Харин амьдралын зорилго бол таны нэг насны амьдрал юм. Өөрөөр хэлбэл амьдралын зорилго нь эцэс төгсгөлгүй үргэлжилэх, дуусгаж болохгүй тийм зүйл билээ. Амьдралын зорилго нь туйлын сайхан амьдралын тухай таны бодлын зураглал юм.
Бизнесийн зорилго нь үлэмж бодитой болоод эцэс төгсгөлтэй бөгөөд түүнийг эцэст нь хүргэж биелүүлэх боломжтой, тэгэх ч ёстой юм. Ийм зорилгоо биелүүлсний дараа та өмнөө дахин шинэ зорилго тавьж, түүндээ хүрээд мөн л дахин шинэ зорилго тавих гэх мэтээр цааш хөвөрнө. Эдгээр зорилтууд нь таны амьдралын замд тохиох үе шатууд бөгөөд харин амьдралын зорилго нь тэрхүү замаар урсах хөдөлгөөний чиглэл билээ.
Бизнес зорилгыг тоогоор илэрхийлэх боломжтой бөгөөд илэрхийлэх ч зайлшгүй шаардлагатай юм. Мөрөөдлийн бизнесээ тов тодорхой тоонд тулгуурлахгүйгээр бүтээх гэж оролдох нь найзтайгаар уулзах газар, цагаа тохиролцоогүй мөртлөө уулзана гэж бодохтой адил юм. Хэрэв тэгж болзвол хэзээ, хаана уулзахаа хэрхэн мэдэх билээ?
Тодорхой «тоон» зорилго нь таны бизнес санааг хийсвэр ертөнцөөс бодит орон зайд буулгаж хэрэгжүүлэхэд шаардагдах зайлшгүй нөхцөл юм. Тодорхой тоон үзүүлэлтэд тулгуурлахгүй бол та гайхамшгийн оронд төөрсөн Алиса охин шиг төөрч будилах болно. Алиса охин гайхамшгийн орны мууртай ярилцдаг хэсгийг санаж байна уу?
— Би эндээс хаашаа явах вэ? гэж Алисаг асуухад
— Энэ ч чиний хаашаа явахыг хүсэж байгаагаас л ихээхэн шалтгаална даа гэж муур хариулдаг.
— Надад ч хаашаа явах нь бараг ялгаагүй л дээ. гэж охиныг хэлэхэд
— Тэгвэл хаашаа ч явсан хамаагүй юм билүү гэж муур эргүүлэн асуухад
— Хаа нэг тийшээ очих л юмсан гэж Алисаг санаа алдахад
— Санаа зоволтгүй ээ. Замынхаа талд нь ороод зогсчихгүй л бол хаа нэгтээ очих л болно хэмээн муур хариулдаг билээ.
Тодорхой тоон үзүүлэлт байхгүй бол та хаашаа ч хамаагүй нисэн одох болно. Тэгвэл яг хаашаа нисэх ёстой вэ? гэдгийг хэрхэн мэдэх билээ? Хэрэв та мөрөөдлийн бизнесээ бүтээж босгохыг үнэхээр хүсэж байгаа бол чиглэл координатаа тодорхой болгох хэрэгтэй. Үүнд ямар тоон үзүүлэлт илүү чухал ач холбогдолтой вэ?
Таны бизнест, эсвэл компани доторх таны байр суурийг тодорхойлоход тоон үзүүлэлтүүд маш чухал ач холбогдолтой юм. Жишээ нь бизнес зорилгоо дараах тоон үзүүлэлтүүдээр томьёолж болно.

Зах зээлийн багтаамж
Хамрах нутаг дэвсгэрийн хүрээ
Зарагдсан барааны тоо хэмжээ
Үйлчлүүлэгчдийн тоо («Макдональдс»-аар багцаалж үз!)
Өөрийн салбарт эзлэх байр суурь («Женерал Моторс» биш харин «Тоёота»-гаар багцаал).
Жилийн худалдааны хэмжээ
Худалдааны өсөлт
Цэвэр ашиг
Боломжит орлого (доллараар)
Цэвэр орлого
Үнэт цаасны ханш
Хөрөнгө оруулалт
Бусад
Тодорхой ач холбогдолтой тоон үзүүлэлт маш олон билээ. Товчлох үүднээс зөвхөн таны бизнест төдийгүй танд өөрт чинь илүү чухал хамааралтай доорхи гурван тоон үзүүлэлтийг авч үзье.

Таны нийт хөрөнгө
Таны жилийн бүх орлого
Таны жилийн хуримтлал

Санхүүгийн ач холбогдолтой зорилт тавих нь

Яагаад чухам эдгээр үзүүлэлтүүдийг сонгох хэрэгтэй гэж? Яагаад гэвэл дээрх гурван үзүүлэлт нь таны санхүүгийн байдлыг тодорхойлдог гол хэмжүүрүүд юм. Таны нийт хөрөнгө нь таны одоогийн санхүүгийн байдлыг, жилийн бүх орлого нь та бизнес хэмээх тоглоомыг хэр зэрэг тоглож сурсныг, жилийн хуримтлал нь таны хэр зэрэг туйлбартай хүн болохыг тус тус илтгэдэг бөгөөд эдгээр үзүүлэлтүүд нийлээд энэ хорвоод таны санхүүгийн жин нөлөө ямар байгааг харуулдаг.
Мөнгө бол яг ус мэт хаа ч нэвтэрч, юуг ч ундаалдаг, хамгийн хатуу чулууг ч элээх чадалтай нийтлэг уусмал юм. Хэрэв урсгалыг нь ямар нэг зүйл саатуулах юм бол зогсонгишиж, тэр ч байтугай хортой ч болж мэдэх билээ.
Эхний хоёр үзүүлэлт нь таны мөнгөн урсгалын хүч ба багтаамжийг илэрхийлдэг бол гурав дахь үзүүлэлт нь түүний урсах чадварыг харуулдаг. Өмнөө санхүүгийн зорилго тавихдаа хүмүүс ихэвчлэн өөрийн олж чадна хэмээн багцаалж буй хэмжээний мөнгийг дотроо бодож дээр нь арван хувийг нэмж олно гэж найддаг. Гэхдээ итгэл найдвар бол бизнесийг удирдах чадвар хараахын биш билээ.
Та өөрийн хүссэнийхээ хэрээр олж чадна. Ашиг орлого гэдэг нь яг л царсны боргоцойг ургахад шаардагдах нарны гэрэл, агаар, ус, эрдэс бодис мэт юм. Тэдгээр шим тэжээлт бодис нь таны эргэн тойронд хэн ч хүрч болохоор чөлөөтэй байж л байдаг бөгөөд хичнээнийг өөрийн болгох нь таны ямар үр суулгаснаас л шалтгаална.
Өөрийн зорилгуудаа бичиж тэмдэглэхдээ хүрч болно гэж санаандаа багтаж буй зорилтуудыг бүү бич. Зөвхөн хүрэхийг хүсэж буй зорилгуудаа л бич. Таны хүсэж буй зүйл нь бүх л энерги, бүх л материйн эх үндэс болсон орчлон ертөнцийн хязгааргүй оюун ухааны цацрагийг хүлээн авах чадвартай таны сэтгэлийн гүнээс урган гардаг билээ.
Таны хүсэл мөрөөдөл бол цорын ганц, хосгүй нэгэн болох танаар дамжуулан бодитой болж хэрэгжихийг зорьж буй танд зориулсан орчлон ертөнцийн тунхаглал билээ. Хэрэв таны олж авсан хүмүүжил тань иймэрхүү хүсэл мөрөөдөлтэй байх нь буруу гэж танд хэлээд байвал өөрийн үнэн хүсэлдээ үл итгэх байдлаар бүү ханд! Бүү зүрхшээ. Харин ч хүсэл мөрөөдлөөрөө бахархах хэрэгтэй.
Утга учир

Бидэнд тоон үзүүлэлтүүдийн чухал нэгэн чанар болох тэдгээрийн утга учрын талаар шүүн хэлэлцэх явдал л үлдээд байна. Мөнгөнд ямар нэг дотоод агуулга байхгүй бөгөөд өөрөөр хэлбэл эдгээр тоонууд нь дангаараа ямар утгыг илэрхийлж чадахгүй юм. Тэгээд ч хүмүүс ихэвчлэн энд алдаа гаргаж, агуу их хүчийг цаасан дээрх утга учиргүй тэмдэглэгээ болгон хувиргадаг.
Та өөрийн цэвэр орлогыг 500000 доллар, жилийн орлогоо 200000 долларт хүргэх зорилго тавилаа гэж бодъё. Энэ тоонууд ямар утга агуулж байна вэ? Харамсалтай нь та энд ямар нэг утга учир өгтөл эдгээр тоо нь юуг ч илэрхийлж чадахгүй юм.
Харин «Яах гэж?» гэдэг энгийн нэг асуулт эдгээр тоог амилуулан утга учиртай болгож чадна. Та өөрийн хүссэн 50.000, 500.000, 5.000.000 долларын орлоготой болбол яах вэ? Шинэ байшин, хүүхдүүдийн боловсролд зарцуулах ахиухан мөнгө, насан өндөр болсон ч амьдралын баталгаатай байх, та өөрөө эсвэл таны хань улиг болсон, дургүй ажлаа хийхгүй амьдрах боломж гээд л ...
Хэрэв та Бруклины керамик хавтанцрын бөөний худалдаачин бол Италид амрах мөрөөдлөө гүйцээхэд энэ мөнгөө зарцуулж болох л юм.

Бодит түүх: «Мерола Таил»

Бруклин хотод төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг «Мерола Таил» компани нь «Хоум дипо» сүлжээний 2000 гаруй дэлгүүрээс гадна бусад 2000 гаруй жижиглэнгийн цэгүүдэд керамик хавтанцар бөөнөөр нийлүүлдэг юм. Кевин Морала өөрийн компанийг 1988 онд үндэслэсэн бөгөөд анхандаа тэр өөрөө компанийнхаа цорын ганц ажилтан нь байжээ.
2005 онд Жон Ассараф түүний компанийн борлуулалтын хэлтсийн ажилтнуудад нэг өдрийн семинар зохион явуулж байх тэр үед Кевины компанийн жилийн орлого 13 сая орчим доллар байжээ. «Мерола Таил»-ын зорилго нь уг компанийн вэб хуудасны эхний нүүрт тодорхой бичигджээ.
Эрхэм зорилго: Бид керамик хавтанцар нийлүүлэлтийн тэргүүлэгч нь байж бүх Америкийн орон сууцны байруудыг өөрчилнө.
Зорилт: Бидний хувьд хамгийн хүндтэй хүмүүс болох манай үйлчлүүлэгчид энэ ертөнцийн хамгийн эрхэмсэг хүмүүс гэдгээ байнга мэдэрч байгаасай гэж бид хүсэж байна. Ийм ч учраас бид бүх л төрлийн үйлчилгээг санал болгож, үйлчлүүлэгчдээ илүү сэтгэл хангалуун байлгахын тулд газрын холыг ч туулахад бэлэн гэжээ.
Гэвч зүгээр л зорилго тавих нь хангалтгүй юм. Бүгд бие биенээсээ дутахааргүй дэврүүн зорилт тавивал юу болох бол? «Жон Ассараф биднийг яг үнэндээ хүсэж буй тэр зүйл дээрээ төвлөрөхийг сургасан» гэж Кевин хэлээд зөвхөн борлуулалт хариуцсан захирал Коно Таволаро бид хоёрыг ч биш, бид бүгдийг тэр үүнд сургасан юм хэмээн өгүүлж байна. Кевин том зорилт тавьж, түүндээ хүрэхийн тулд азаа үзэхэд ямагт бэлэн байдаг байв. Компанийн ажилтнууд нь удирдагчийнхаа жишээгээр энэхүү зорилтуудад итгэж, тэднийг мөрөөдлийг хуваалцдаг болгохын тулд бид бага зэргийн нарийн тохиргоо л хийх хэрэгтэй байлаа.
«Мэдээж, бид өмнө нь ч үргэлж зорилт тавьдаг байсан» гэж Коно Таволаро хэлээд одоо манай ажилтан бүр өөр өөрсдийн зорилтыг тоогоор илэрхийлэн бичих болсон бөгөөд бид бүгдийн мөрөөдөл, найдлага, тэмүүлэл цаасан дээр буусан даруйдаа л илүү бодитой болдог юм. Компанийн бүх ажилтнууд хувийн болон албан ажлынхаа талаарх бүх л хүсэл мөрөөдлөө бичихийг Жон тэднээс хүсжээ. Тэгэхдээ тэр нь та нарын хамгийн нандин мөрөөдөл байх ёстой бөгөөд хувийн тийрэлтэт онгоцтой болох гэх мэт хамгийн зоримог хүсэл ч байж болно гэж тэр хэлжээ. Манай ажилтнуудын бичсэн тэдгээр хүсэл мөрөөдлүүд нь үнэхээр дэврүүн санаануудыг илэрхийлсэн байлаа. Жишээ нь ээлжийн амралтаа Италид өнгөрүүлнэ гэх мэтээр бичсэн байсан бөгөөд керамик хавтанцрын худалдагчийн хувьд энэн нь үнэхээр дэврүүн хүсэл мөрөөдөл билээ. Гэхдээ энэ юу гэсэн үг болохыг та мэдэж байна уу? Хэрэв та үнэхээр хүсэх л юм бол мөрөөдөл тань биелэх болно.
Бид «Мерола Таил»-ыг зөвхөн Кевины мөрөөдлийн компани байсныг тэдний бүх ажилтнуудын мөрөөдлийн компани болгон хувиргасан юм. Семинараас хойш нэг жил өнгөрөхөд компанийн жилийн худалдаа эргэлт 13 саяас 20 сая доллар болж өссөн юм. «Дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй. Бид дөнгөж эхэлж байна» гэж Кевин сануулж байна.

ТАНЫ МӨРӨӨДЛИЙН БИЗНЕС НЭГ ЖИЛИЙН ДАРАА

Одоо таны ээлж. Тэмдэглэлийн дэвтрээ нээгээд өөрийн зорилтуудаа жагсаан бич. Нэг жилийн дараа өөрийн бизнес, бизнест эзлэх байр суурь болон санхүүгийн үзүүлэлтүүдээ тодорхойлон бичиж байна гээд төсөөл.
Бүгдийг нэг бүрчлэн харах гэж хичээлгүйгээр, тоймлон төсөөлөхөд л болох бөгөөд зорилт тавих гэдэг нь тасралтгүй үргэлжлэх процесс юм. Энэхүү дасгалыг жилд ганц удаа биш, ядаж улиралд нэг удаа, цаашлаад сар бүр, долоо хоног бүр тогтмол хийж байхыг бид хичээнгүйлэн зөвлөж байна. Таны байр суурь зузааран бэхжихийн хэрээр таны өмнөө тавих зорилтууд ч түүнийг даган нэмэгдэх болно.

МИНИЙ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД
БИЕЛҮҮЛЭХЭЭР ТАВЬСАН ЗОРИЛТУУД

Өнөөдөр (өнөөдрөөс жилийн дараа)__________, би зориуд зав гаргаж өнгөрсөн жил надад тохиосон бүх л гайхамшгуудыг тунгаан бодож, өөрийн хүрсэн гайхалтай ололт амжилтын талаар бичихээр шийдлээ
1. АМЬДРАЛЫН ЗОРИЛГУУД
Миний бизнес (миний ажил үйлс) эргэн тойрон дахь ертөнцийг үлэмжхэн өөрчилж, үүний үр дүнд доорхи зүйлсийг хийж бүтээлээ:
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________

2. БИЗНЕС ЗОРИЛГУУД
Миний нийт хөрөнгө _________________ доллар
Миний жилийн орлого ________________ доллар
Буяны үйлсэд _______ долларыг хандивлаж байна.

3. УТГА УЧИР
Энэхүү санхүүгийн элбэг хангалуун байдлын үрээр би дараах зүйлсийг хийж чадах бөгөөд хийхийг ч хүсэж байна:
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
__________________________________________________


ЗӨВХӨН ТАНД Л ЗАЯАСАН ХОСГҮЙ НАНДИН ХҮЧ

Та бизнес-зорилгодоо хэрхэн хүрч болох вэ гэдэг дээр түр тогтож энэ сэдвийг илүү дэлгэрэнгүй авч үзэцгээн, таны бизнесийг дотроос нь тодорхойлон бичихийг оролдъё.
Амжилттай бизнес нь үргэлж амжилттай хувь хүний гадаад илэрхийлэл байдаг. Таны мөрөөдлийн бизнес гэдэг нь таны мөрөөдөж явдаг амьдралын олон өнгө төрхийн нэг нь л юм. Өөрөөр хэлбэл таны бизнес бол та өөрөө юм. Бизнесийнхээ талаар тодорхой төсөөлөлтэй болохын тулд өөрийгөө анхааралтай харах хэрэгтэй.
Нас бие гүйцэх хүртлээ бидний олонх нь өөрсдийн жинхэнэ авьяас чадварын талаар хуурамч төсөөлөл үүсгэхүйц янз бүрийн дохио санамж, тодорхойлолтыг гаднаас хүлээж авдаг. Жишээ нь: Таны оюуны чадавх хэр вэ? гэх мэт. Хариулах гэж яарахаасаа урдаар оюуны чадавх гэж чухам юуг хэлээд байна вэ гэдгийг тодруулах хэрэгтэй юм.
Жон Ассарафыг хүүхэд байхад нь түүнийг сургуульд ч олигтой сурч чадахгүй, том болоод ч гэр бүлээ авч явах чадваргүй, ер нь юунд ч хүрч чадахгүй гэцгээдэг байжээ. Мюррейн хувьд байдал үүнээс ч дор байсан бөгөөд түүнийг багад нь оюуны хоцрогдолтой хүүхдүүдэд зориулсан тусгай сургуульд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл бид хоёрт: Та хоёр бол хэнд ч хэрэггүй, насанд хүрсэн ч амьдралаа аваад явах чадваргүй гэдэг дохио санамжийг өгсөөр байсан билээ. Жон танхай хүүхдүүдтэй нийлж, түүний амьдрал эрээнтэй бараантай байсан бол Мюррей хоосон хонохгүйн тулд бохирын хоолой цэвэрлэдэг байлаа.
Гэвч ердөө хэдхэн жилийн дотор бид ажил үйлсээ өөдрөгөөр эрхэлж, бизнест хөлөө олсон саятангууд болсон нь гайхаад ч барахгүй зүйл билээ. Ийм боломж хэрхэн бүрдэв?
Нэг талаас хүмүүсийн бидэнд зүүсэн тааламжгүй шошгууд бидний жинхэнэ чадавх илрэхэд огт нөлөөлсөнгүй. Шинжлэх ухааны шинэ нээлтүүд нь бидний оюун ухаан явцуу хүрээтэй биш харин ч маш өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг болохыг тогтоосон юм.
Жишээ нь хүний тархи нь хоорондоо эвэрлэг бие гэж нэрлэгдэх ширхэглэг эдээр холбогдсон хоёр тал бөмбөрцгөөс тогтож, тэрхүү ширхэглэг эд нь дээрх хоёр тал бөмбөрцгийн уялдаа холбоог хангаж өгдөг. Тал бөмбөрцөг бүр өөр өөрийн гэсэн тодорхой шинжүүдийг түлхүү агуулдаг бөгөөд зүүн тал бөмбөрцөг нь илүү хөгжсөн хүн юмыг задлан шинжлэх чадвар сайтай, сэтгэхүй нь илүү цэгцтэй, дараалалтай байдаг бол баруун тал бөмбөрцөг нь сайн хөгжсөн хүмүүс урлаг, уран бүтээлд илүү татагдаж, үг амархан холбож, мөрөөдөлдөө автах хандлагатай байдаг гэдгийг та сонссон ч байж магад. Үнэлгээний IQ шатлал ба сургалтын уламжлалт хандлагууд нь баруун тал бөмбөрцгийн үзүүлэлтүүдээс илүүтэйгээр зүүн тал бөмбөлгийн үзүүлэлтүүдийг цэгнэхэд түлхүү чиглэгдсэн байдаг.

ТАРХИНЫ ТАЛ БӨМБӨРЦГҮҮД

Зүүн Баруун

Үг яриа Толгой холбох
Дэс дараалал Хэмнэл
Тоо Зураг
Математик Хөгжим
Учир шалтгаан Дүрсэлхүй

Эдгээр бүх авьяас чадвар нь бид бүгдэд адилхан заяадаг боловч хүний тархины аль нэг тал бөмбөрцөг нь арай илүү хөгжсөн байдаг. Та зохион байгуулалт сайтай, юмны аргыг олохдоо сайн, аливаа зүйлийг задлан дүгнэж сэтгэн бодох дуртай юу? Эсвэл та бүтээлч сэтгэлгээтэй, мөрөөдөлдөө умбах дуртай юу? Аль нэг тал бөмбөрцөг нь нөгөөгөөсөө илүү гэж хэлж болохгүй бөгөөд бизнест амжилт гаргахад аль аль нь чухал үүрэгтэй юм. Бид бүгд давтагдашгүй гэдгээ санаж, биднийг давтагдашгүй болгож буй тэдгээр шинж чанаруудаа ухамсарлаж, бид бусдаас чухам юугаараа ялгардаг гэдгээ ойлгох хэрэгтэй. Яагаад ч юм бэ оюун ухааныг цэгнэх хэмжүүр, нийтлэг шалгуур хэмээн тооцогддог болсон уламжлалт IQ шалгуураас гадна оюун ухааныг дүгнэх олон аргууд байдаг. Хэрэг дээрээ бол уламжлалт IQ шалгуур нь тархины өвөрмөц боломжуудыг дүгнэн цэгнэхэд тийм ч тохиромжтой биш юм. Жишээ нь, философийн ухааны доктор Дэниел Гоүлмэн «Сэтгэл хөдлөлийн интеллект» хэмээх гайхамшигт бүтээлдээ Сэтгэл хөдлөлийн интеллект (EQ) хэмээн өөрийн нэрлэсэн нэгэн шинж чанарын талаар тодорхойлон бичсэн бол өөр нэгэн бүтээлдээ нийгмийн интеллектийн талаар дурджээ. Харин физикч Дана Зогар «SQ» номдоо (Нэп Маршаллтай хамтран бичсэн) оюун санааны интеллектийн талаар өгүүлжээ.
Хүний оюун ухаан нь маш олон талтай бөгөөд бидний тархины нарийн түвэгтэй шинж чанаруудыг ганцхан илрэлээр нь тусган ойлгох боломжгүй билээ. Зарим талууд нь одоо ид судлагдаж байгаа бөгөөд илэрч мэдэгдээгүй өөр олон шинж чанар бий гэдэг нь эргэлзээгүй юм. Ямар нэг байдлаар мэдэгдэж буй оюун ухааны зарим «хэлбэрүүдийг» дор тоочин бичлээ. Эдгээрээс аль нь танд илүү ойр байна вэ?

ОЮУН УХААНЫ ХЭЛБЭРҮҮД

ВЕРБАЛЬ-ЛИНГВИСТИК

Үгийн өнгө, утга ба дарааллыг мэдрэмтгий. Унших, ярих, сонсох, бичих дуртай. Зохиолчид, уран илтгэгчид, хэл судлаачид энэ хэлбэрт багтдаг.

ЛОГИК-МАТЕМАТИКИЙН

Тооны ухаан болон бусад учир шалтгааны тогтолцоонд дуртай. Бодлогын хариуг олох, юмыг тунгаан бодож дүн шинжилгээ хийх, дэс дараатай, цэгцтэй сэтгэх дуртай. Компьютерийн дизайнерууд, инженерүүд, эрдэмтэд энэ хэлбэрт хамаардаг.
ХӨГЖИМ-ХЭМНЭЛИЙН

Хөгжмийг ойлгож мэдэрдэг. Дуулах, хөгжмийн аянд толгойгоо хөдөлгөх, хуруугаараа тогших, бүх биеэрээ хөдлөх дуртай. Хөгжимчид, хөгжмийн зохиолчид, бүжигчид, дууны үг зохиогчид энэ төрөлд хамаардаг.

ОРОН ЗАЙН БОЛОН ХАРААНЫ МЭДРЭМЖИЙН

Харж буй зүйлээ тусган авч хожим яг тэр чигээр сэргээн санах чадвартай. Дизайнерууд, уран барилгачид, зураачид энэ төрөлд багтдаг.

БИЕИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ

Өөрийгөө илэрхийлэх, зорилгодоо хүрэх, зугаацаж цэнгэхдээ өөрийн биеийг чадварлаг ашигладаг хүмүүс. Тамирчид, бүжигчид, жүжигчид энэ төрөлд хамаардаг.

ИНТЕРПЕРСОНАЛЬ (НЭЭЛТТЭЙ)

Бусад хүмүүсийн сэтгэл санааны байдал, мэдрэмж, хүсэл тэмүүллийг ойлгодог. Хүмүүстэй харьцах, бусдыг сонсох, ятган үнэмшүүлэх, хэлэлцээр хийх дуртай. Байгал эхээс энэхүү чанарыг харамгүй заяасан хүмүүс голдуу бизнесийн манлайлагчид, улс төрчид, худалдаачид, зуучлагчид, эмч нар байдаг.

ИНТРАПЕРСОНАЛЬ (ДОТОГШОО)

Өөрийн хувийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, үзэл бодлоо ойлгодог. Ганцаараа байж, бүгдийг сайтар эргэцүүлэн бодож, дотоод сэтгэлээ хөгжүүлэхэд их анхаардаг. Зөвлөгчид, зохион бүтээгчид, шашны мяндагтнууд, өөрийн дотоод ертөнцийг дүрслэн бичдэг зохиолчид энэ төрөлд хамаарна.
НАТУРАЛИСТ (БАЙГАЛЬЧ)

Амьтны болон ургамлын аймгийг сайн мэддэг, байгальд гарсан бяцхан өөрчлөлтийг ч сайтар мэдрэх чадвартай, энэ чадвараа үр өгөөжтэй ашигладаг, чухам байгаль дэлхийтэйгээ амь нэгтэй төрсөн гэмээр хүмүүс. Хүрээлэн буй орчноос тэр дундаа амьтны болон ургамлын аймгаас хэрэгтэй зүйлсээ олж чаддаг хүмүүс. Биологичид, ургамал судлаачид, фермерүүд, байгаль судлаачид энэхүү ангилалд багтана.

Таны оюун ухааны шинж чанаруудын өөрийн гэсэн иж бүрдлийг ойлгож ухаарснаар танд өөрийгөө өөрийнхөөрөө илэрхийлэх зам нээгдэх болно. Бид бүгдээрээ өөрсдөдөө заяасан авьяас чадвар, шинж чанарыг таньснаар зорилгодоо хүрч, мөрөөдлөө биелүүлэхэд улам бүр дөхөм болох учиртай билээ.

ОЛОЛТ АМЖИЛТАА БҮРТГЭХҮЙ

Өөрийн тал талын боломж чадваруудаа ухаарч ойлгох аргуудын нэг нь урд өмнө нь бизнест олсон амжилтуудаа нэг бүрчлэн жагсаан бичих арга юм.
Энэ дасгалыг хийхдээ зөвхөн том том амжилтууд дээрээ эсвэл танд алдар гавьяа, цол шагнал зэргийг авчирсан гадна талаас таныг үнэлсэн зүйлс дээр төвлөрөх хэрэггүй. Тэдгээрийг нэг хэсэгтээ мартсан нь дээр. Асар ихээр баярлаж догдолсон тэр мэдрэмжийг, та, чухамхүү та өөрөө л мэдэрсэн өнгөрсөн тэр хормуудын талаар бодогтун. Энэ нь хэдэн зуун хүн гэрчилсэн, олны нүдэн дээр болсон үйл явдал ч байж болно, эсвэл танаас өөр хэн ч мэдэхгүй тийм нэгэн зүйл ч байж болно. Анх удаа уналгүйгээр дугуй унасан; анх зүрхшээх сэтгэлээ даван байж найз бүсгүйгээ оройн бүжгэнд урьсан; олон өдөр чармайн байж бэлтгээд сургууль дээрээ илтгэл тавьсан; спортын тэмцээнд ялсан ялалт, ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглож сурсан, хоолны үнэтэй чамин иж бүрэн хэрэгсэл худалдаж авсан, таны анхны хүүхэд төрсөн, үзэн яддаг ажлаасаа салсан гэх мэтээр баярлаж хөөрсөн тэрхүү мэдрэмж нь ямар ч шалтгаантай байж болно.

ОЛОЛТ АМЖИЛТЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ

Ахлах сургуулиа төгссөн
Коллеж төгссөн
Коллеж төгссөнөөс хойш гурван жилийн дотор өрөө төлж дууссан
Марафон гүйлтэд оролцсон
Ихэр хөөрхөн хүүхэдтэй болсон
Хайртай хүнтэйгээ гэрлэж таван жилийн турш хамтдаа аз жаргалтай амьдарч буй
Жилийн дотор орлогоо 30000-аас 50000-д хүргэсэн
Сургуулийнхаа хөл бөмбөгийн багийн дасгалжуулагч болсон
Жолооны эрхтэй болсон
Хүндээр өвчилсөн нагац эгчдээ тусалдаг
Гитар тоглож сурсан (энэ ч муугүй сонсогдож байгаа биз?!)
Бизнесийн зөвлөхөөр сонгогдсон гэх мэт

Харин одоо таны ээлж. Таны үзэж байгаагаар бизнестэй ямар нэг байдлаар хамаатай, эсвэл таны бизнест хэрэглэхийг хүссэн ямар нэг дадлага туршлагад хамаатай бүхий л ололт амжилтаа өөрийн санаж буй хамгийн эртнийхээс нь эхлээд нэг бүрчлэн жагсаан бич.

ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ МИНИЙ ОЛСОН АМЖИЛТЫН ЖАГСААЛТ
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________

Байдлыг бага зэрэг чимэглэх гээд үзэцгээе. Дээр өгүүлсэн оюун ухааны хэлбэрүүдийн талаар санаж байна уу? Өөрийнхөө авьяас чадваруудыг тунгаан дүгнэж, тэдгээрийн дотроос жишээ нь: ерөнхийд тулгуурлаж тасархайг нотлох хандлагатай, зөн билэгтэй, үргэлж сайн үйлсийн төлөө явдаг, байнга үнэнийг ярьдаг гэх мэт түлхүүр болохуйц чанаруудыг үр дүнгээс нь хамаарахгүйгээр түүвэрлэн бич.

ХУВЬ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫН
ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ
Өөдрөг
Найзархаг
Бусдыг ойлгодог
Зорилгодоо үнэнч
Шийдэмгий
Үнэнч
Сурах дуртай
Уян хатан
Бүтээлч сэтгэхүйтэй
Нөхцөл байдлаас үл хамааран аливааг сайн талаас нь хардаг
Сайн оюутан
Хүмүүсийг инээлгэж чаддаг
Компанийнхаа амин сүнс нь
Тэвчээртэй
Хэлэлцээ хийхдээ гаргуун
Юмыг ойлгож танихдаа сайн
Бусдад урам өгөх дуртай, тэгж ч чаддаг

За ингээд ажилдаа орж өөрийнхөө авьяас чадваруудын жагсаалтыг гаргагтун.

МИНИЙ АВЬЯАС ЧАДВАР

_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
________________________

СУЛ ТАЛУУДАА МЭДЭЖ БАЙХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ГЭЖ?

Хүүхэд наснаас эхлээд л бидэнд сургахдаа: «Эхлээд чамд чухам ямар сул тал байгааг ойлгохыг хичээ. Дараа нь сул талаасаа ангижрахын тулд түүн дээрээ ажиллах хэрэгтэй» гэцгээдэг.
Бидний бодлоор бол энэ нь цаг дэмий үрсэн асуудал бөгөөд сул талгүй, өв тэгш хүний тухай домог бол өнөө үеийн боловсролын тогтолцооны нэгэн их гажуудал билээ. Амьдралынхаа үнэт цагаас нэг хормыг ч сул талаа даван туулахад зориулж бүү үрэгтүн гэж бид та бүхнээсээ хичээнгүйлэн гуйж байна.
Харин өөрийн сул болон хүчтэй талуудыг сэтгэл дотроо дүгнэж цэгнэх явцдаа бизнесийн аль тал дээр та жинхэнэ хүчтэй вэ, аль тал дээр нь бусдын тусламж авах шаардлагатай вэ гэдгээ мэдэж авах нь маш чухал. Ихэнх бизнесмэнүүд болон компанийн захирлууд энэ талаар огт бодолгүйгээр, өөрийн сул талаа мартан шууд л ажилдаа ханцуй шамлан ордог бөгөөд энэ бүхний үр дүнд хохирол амсах нь элбэг байдаг.
Жишээ нь: Та гоо сайхны салонд нүүр хувиргагчаар ажилладаг бөгөөд та маш олон үйлчлүүлэгчтэй, таны хийсэн ажил тэдэнд их таалагддаг тул өөрийн гэсэн салон шинээр нээгээд цаг нь болохоор хэд хэдэн мэргэжилтэн нэмж аваад өөрийн салоныг үндэсний хэмжээний том компани болгохоор шийдлээ гэж бодъё.
Уг нь бол сайхан сонсогдож байгаа биз? Гэвч хэрэв та ажлаа эхлэхээсээ өмнө өөрийн хүчтэй ба сул талуудыг сайтар цэгнээд үзвэл таны эрхлэх гэж буй бизнес танд байхгүй нилээд хэдэн чадваруудыг танаас шаардаж байна гэдгийг та ухаарч болох юм. Та үйлчлүүлэгчээ зөнгөөрөө мэдэрдэг жинхэнэ урлагийн хүн бөгөөд ийм ч учраас таны хийсэн будалт болон үс засалт үргэлж амжилттай болдог, бас дээрээс нь та хүмүүст сайнаар ханддаг болохоор үйлчлүүлэгчид танд татагддаг байж болох л юм. Гэвч, хэрэв танд математик сэтгэлгээ байхгүй бол тооцоо хийнэ гэдэг таны хувьд толгойн өвчин болж хувирах бөгөөд тохиолдох саад бэрхшээлийн учир шалтгааныг олж, шинэ тулгар компанийг удирдана гэдэг нь танд урд нь хэзээ ч судалж байгаагүй хятад ханз уншихтай адил санагдах болно.
Нүүр хувиргагчийн хувьд амжилтад хүрнэ гэдэг нэг хэрэг, харин орлоготой гоо сайхны салоныг удирдана гэдэг бүр өөр хэрэг юм. Үр өгөөжтэй талаа өөр сул тал руугаа шилжүүлнэ хэмээн бодох нь мэс заслын эмчийг гайхамшгийг бүтээдэг байсан хагалгааны өрөөнөөс нь шууд авчраад эмнэлгийн ерөнхий эмчийн сэнтийд залахтай адил бөгөөд үйл ажиллагааны хүрээ бүр өөр өөр дадлага туршлага, авьяас чадвар шаарддаг байна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө сул талыг мэдэж авснаар ажил хэрэгтээ өөр чухам хэнийг татан оролцуулах хэрэгтэй вэ гэдгийг ойлгох болно.
ТОХИРОХ ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ?

Сул тал бол гажиг биш, ердөө л чухам ямар тал дээр та бусдын тусламжийг авах шаардлагатай вэ гэдгийг зааж буй хэрэг юм гэдгийг санаж авагтун. Таны авьяас чадвар болон хүчтэй талууд нь таны гол хөзөр болох бөгөөд дутагдалтай талыг нөхөж өгдөг бусад хүмүүстэй тогтоосон хэлхээ холбоо, ажил хэргийн харьцаа нь ач холбогдлын хувьд түүний дараа орно. Бид бүгдээрээ л шинэ ажил үйлст бие даан ордог ч ганцаараа бол дөнгөхгүй билээ. Бид цөмөөрөө хэн хэндээ хэрэгтэй юм. Өөрт байхгүй чадварыг эзэмшсэн хүмүүсээс тусламж гуйж чаддаг байх нь амжилтын нууцуудын нэг билээ. Хариуд нь та тэднийг зорилгодоо хүрэхэд нь зайлшгүй хэрэгтэй өөрийн авьяас чадвараараа туслах болно. Бие биенийхээ дутууг нөхсөн иймэрхүү харьцаа бүгдэд нь ашигтай юм.
Та тоо, тооцоонд дуртай юу? Багана баганаар нь өрсөн тоог хэдэн цагаар судалж, тэгснээрээ өөрийн бизнесийн санхүүгийн байдлыг үнэлж цэгнэж чадах уу? Чадахгүй гэж үү? Тэгвэл та тооцоо хийх дуртай хүнийг олж өөрийн бизнестээ татан оролцуулах шаардлагатай болох нь.
Олны өмнө гарч илтгэл тавих дуртай хүмүүс ч байдаг, мөн олны өмнө гарсны оронд шүднийхээ мэдрэлийн судсыг мэдээ алдуулалтгүйгээр таслуулсан нь дээр гэж боддог хүмүүс ч бас бий. Худалдаа хийхийг огт үзэж чаддаггүй хүмүүс ч байдаг, мөн анхнаасаа ямар нэг зүйл худалдаж авахаар зорьж ирээгүй үйлчлүүлэгчид хүртэл юуг ч хамаагүй зарж чаддаг хүмүүс ч бас байдаг. Үгээр тоглож чаддаг ч тоонд дургүй хүмүүс байхад яг үүний эсрэг хүн ч бас байдаг. Танихгүй хүнтэй ч түвэггүйхэн найзархдаг хүмүүс байхад ганцаараа байхыг илүүд үзэж, өдөр бүр хэдэн цагаар худалдан авагчидтай харьцсанаас олны нүдэн дээр жанчуулсан нь дээр гэж бодох хүмүүс ч байдаг.
Таны их хүч зарж хийдэг зүйлийг тун амархан хийж чаддаг хүнийг л хайж олох хэрэгтэй гэдгийг санаж явах нь (үүнийг ихэвчлэн мартаж орхидог нь тоогүй) бизнест амжилтад хүрэхэд зарчмын хувьд тун чухал юм.
Амжилттай хамтын ажиллагааны сайхан жишээний нэг нь бид хоёр билээ. Бид хоёр хамтран ажилладгийн нэг шалтгаан нь бид бие биеэсээ огт өөр хүмүүс гэдэгт оршдог юм. Жон сурах дуртай, номыг ихэд шимтэн уншдаг, таталцлын хууль болон харагдахуйц болгох арга, зорьсондоо хүрэх ухааныг олон жил судалж байгаа юм. Мюррей бол яг үүний эсрэг тал нь бөгөөд хувь хүнийг хөгжүүлэх янз бүрийн аргуудад эхнээсээ л итгэл муутай хандаж өөрийн гэсэн дүгнэн шинжлэх аргаа хурцлан билүүдэхийг илүүд үзсэн билээ. Бид огт өөр хүмүүс учраас л хүний баруун зүүн хоёр гар мэт бие биенээ нөхөж байдаг юм.
«Сул талаа даван туулагтун» хэмээх зөвлөмж нь бидний хувьд ямар ч утгагүй юм. Бид «Өөрийнхөө хүчтэй талуудыг тодорхойлж түүн дээрээ төвлөр. Зөвхөн танд л заяасан хосгүй авьяас чадвараа тодруулж амьдрал болон бизнесээ бүтээн босгохдоо түүнийгээ дээд зэргээр ашигла. Ингэж чадвал та зорьсондоо хүрч таны амьдрал ч сайхан болно» гэсэн өөр дүрэм баримталдаг.
Таны авьяас чадвар нь таны гол тулгуур болох ёстой юм. Ингэсэн цагт өөр төрөл бүрийн авьяас чадвартай хүмүүсийг хайж тэдэнтэй холбоо тогтоо. Өөрийн авьяас чадварыг энэ ертөнц дээрх бүхэнтэй хуваалцахыг зорь. Хэрэв та зөвхөн танд заяасан авьяас чадвар болон хийх дуртай зүйл дээрээ төвлөрч чадвал таны амьдрал хэмээх их далайгаар хийх аялал дөнгөн данган хийдэг зүйлээ хийснээс илүү хөнгөн бөгөөд тааламжтай байх болно.
Зорилгодоо хүрэхэд шаардагдах бүх зүйл таны дотор аль хэдийн бий гэдгийг сана. Энэхүү нөөц баялгийг ашиглахын тулд танд өөрийн итгэл үнэмшлийг өөрчлөх шаардлага тулгарч, таны хүч хүрэхгүй мэт санагдаж буй зүйлийг тоглоом мэт амархан хийдэг хүмүүсийг хамтын ажиллагаанд татан оролцуулах хэрэгтэй болж ч магадгүй. Царсны боргоцой өөрт шаардлагатай нарны гэрэл, ус, агаар ба эрдэс бодисыг хүрээлэн буй орчноосоо хэрхэн татдаг мэт, та өөрийн мөрөөдлийн бизнесээ цогцлоон босгож улмаар аз жаргалтай бүрэн дүүрэн амьдрахын тулд зайлшгүй шаардлагатай бусад хүмүүс болон тэдний бодол санаа, нөөц боломжийг өөртөө татаж болно.

ЯАГААД ДАВТАГДАШГҮЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Таны бизнес ердөө л нэг «ягаан үнээ» шиг санагдаж болох уу? Маркетингийн их багш хэмээгддэг Сет Годин өөрийн алдарт «Ягаан үнээ» хэмээх номдоо:
Хэрвээ үнээнүүдийг хангалттай удаан хугацаагаар ажиглаад үзвэл тэд маш уйтгартай амьтад юм. Хэдийгээр тэд нүдэнд дулаахан, их сүүтэй, тарган, гэм хоргүй, тэднийг нар туссан нугад бэлчиж буйг нь харахад сайхан байдаг ч ялгаагүй л уйтгартай амьтад билээ. Харин үхэр сүргийн дунд гэнэт хаанаас ч юм бэ ягаан үнээ гараад ирвэл тун ч соньхон харагдах болно
хэмээн бичжээ. Жинхэнэ амжилттай бизнес бол зүгээр л нэг бат бэх байхаас гадна ер бусын, онцгой байх ёстой хэмээн Годин цааш үргэлжлүүлэн тайлбарлаж байна. Бат бэх бизнес гэдэг нь байдаг л нэг уйтгартай зүйл юм. Жим Коллинз өөрийн «Сайнаас шилдэгт» гэдэг номдоо «Сайн нь шилдгийнхээ дайсан юм» хэмээжээ.
Хэрэв та саятан болж нэр хүндтэй бөгөөд амжилттай компанид чухал байр суурь эзлэхийг хүсэж байвал өөрийн үйл ажиллагаагаа төгс төгөлдөр болгохын төлөө хичээн чармайх хэрэгтэй. Өнөөдөр, дэлхий ертөнцөд үйл ажиллагааны өчнөөн олон цар хүрээ бий болж, тэдгээрийн талаарх мэдээллийг хүссэн хүн бүр Интернэтээс чөлөөтэй үзэх боломжтой болсон энэ үед төгс төгөлдөр байх нь ч хангалтгүй юм. Өнөөдөр өргөн амжилтад хүрэхийн тулд ер бусын бөгөөд онцгой байх хэрэгтэй билээ. Энэ бол нэмэлт нөхцөл биш, харин гарцаагүй шаардлага юм.
Хожим 12 дугаар бүлэгт таны жирийн бизнесийг ер бусын бизнес болгон хувиргах чадвартай шинэ санаа хайх аргачлалыг бид танд танилцуулах болно. Харин одоо таны мөрөөдлийн бизнесийг зүгээр л гаднаас нь үйлчлүүлэгчдийн нүдээр харцгаая. Бизнес гэдэг чинь зөвхөн таны ч бус бас таны үйлчлүүлэгчдийн ч тусгал шүү дээ.
Таны мөрөөдлийн бизнес өөрийн үйлчлүүлэгчдэд чухам юу санал болгож байна вэ? Таны өөртөө татна хэмээн тооцож буй хэрэглэгчид ямар шинж чанарыг агуулсан байх ёстой вэ? Тэд ямар нэг байдлаар тантай харьцах үед, эсвэл танай бараа болон үйлчилгээг авах үед тэдэнд ямар мэдрэмж төрдөг бол?
Танай бараа/үйлчилгээ тэдний амьдралыг хэрхэн өөрчилдөг вэ?
11,12 ба 13 дугаар бүлгүүдэд бид хамгийн сайн үйлчлүүлэгч гэж хэн болохыг тодорхойлж үйлчлүүлэгчдийн бодлоор бол бизнес нь ямар үйлчилгээг санал болгох ёстой байдгийг харуулах болно. Харин одоогоор бол та мөрөөдлийн бизнесээ бүтээн босгож байхдаа өөрийн ба бусдын үзэл бодлыг аль алиныг нь сонсож байх ёстойг л хэлэх гэсэн юм. «Мерола таил» компанийн жишээнээс харахад бусад гэдэгт зөвхөн үйлчлүүлэгчид ч биш бас дээр нь таны хамтран ажиллагсад, ажил хэргийн түншүүд гэх мэт тантай бизнесээрээ холбогдсон бүгд хамаардаг байна.
Таны өөрийн бизнесээрээ бүхий л ертөнцөд хэзээ ч мартагдахгүй, өөрийн гэсэн ул мөрөө дурайтал үлдээхийн төлөө тэмүүлэгтүн.

БОДИТ ТҮҮХ: «ЙОР ЭНТИТИ»

2005 оны эхээр Венди Байфорд ба түүний нөхөр Гэри Бауэр нар жижиг бизнест зөвлөгөө өгч, тэдэнд туслах зорилгоор «Йор Энтити» компанийг байгуулжээ. Нэг жил өнгөрөхөд уг компани нь цөөхөн ажилтантай, зах зээл дээрээ бат бэх байр суурьтай болсон ч олох ашиг орлого гэхээр юм байсангүй.
«Бид өдөр тутмын зардлыг хариуцаж бүрэн дүүрэн чадаж байсан ч их бага ямар нэг хэмжээний ноцтой хөрөнгө оруулалт хийх болбол өөрсдийн халааснаасаа төлөх шаардлагатай болдог байлаа. Бид бизнесээ өргөжүүлж чадаагүй бөгөөд өөрсдөө цалин ч авдаггүй байлаа. Бид энэ байдлынхаа учир шалтгааныг мэдэж байх шиг санагдаж байсан бөгөөд биднийхээр бол илүү олон үйлчлүүлэгчдийг өөртөө татсанаар орлого ч өснө хэмээн бодож байв» хэмээн тэд ярьж байна.
Венди болон Гэри нар үйлчлүүлэгчдийг өөртөө татахад туслуулахаар биднийг урьсан юм. Бид харин үүнийх нь оронд тэдэнд өөрсдийн бизнесээ үнэлж цэгнэхэд нь туслаад дараа нь «Танай компанид онцлох зүйл юу байна вэ? Зөвхөн танай компани л үзүүлж чадах онцгой, ер бусын ямар нэг үйлчилгээ байна уу?» гэж асуусан юм.
«Бид эдгээр асуултуудад юу гэж хариулахаа ч мэдэхгүй байлаа гэж Венди хүлээн зөвшөөрөөд ийм ч учраас бид өөрсдийн бизнесээ судалж эхэлсэн юм» хэмээн өгүүлж байна.
Тэд хуулийн этгээдийн статусыг бие даан өөрсдөө олж авахыг хүсээгүй, дипломтой нягтлан бодогчид болон хуульчдад үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Зарим ажиллагааг автоматжуулаад тэрхүү автоматжсан системийн худалдаа нь шинэ үйлчлүүлэгчдийг татаж улмаар орлого ч нэмэгдэнэ хэмээн тэд онолын хувьд урьдчилан төсөөлж байв. Гэвч дөнгөж тэд өөрсдийн хүчтэй талуудыг судлаад эхэлмэгц хэргийн учир нь үүнд байхгүй болох нь тодорхой болжээ.
«Сургаж чаддагт л бидний хүч чадал оршиж байгаа юм, — гэж Венди хэлээд — Бид өөрсдөө туулж өнгөрүүлсэн болохоор хувийн компани дөнгөж үүсгэн байгуулсан хүмүүсийг эзэмдэн буй айдас түгшүүрийг тун сайн ойлгодог. Зүйрлүүлж хэлбэл үйлчлүүлэгчээ тэврээд түүнд:»Гүнзгий амьсгаа аваад тайвшир даа. Чи чадна, бид ч чамд тусална» гэж буй мэт байсан»» хэмээн тэр өгүүлж байна.
Гэвч иймэрхүү маягаар үйлчлүүлэгч нэг бүртэйгээ ойр дотно харьцах тохиолдолд зөвхөн хязгаарлагдмал цөөн тооны үйлчлүүлэгчтэй л ажиллах боломжтой юм. Хэрэв «Йор Энтити» үйлчлүүлэгчдийн тооны хойноос хөөцөлдсөн бол өөрсдийн хамгийн сайн хийдэг зүйлээ тоомсорлохгүй орхиж цалгардуулахад хүрэх байв. Иймэрхүү маягийн тооны өсөлт нь тэдний өөрийн гэсэн онцгой байдлыг үгүй хийх аюулыг дагуулж байлаа.
«Бид энэ бүгдийг ойлгосны үндсэн дээр компанийнхаа үйлчилгээний үнэ тарифыг анхааралтай судлаад үйлчилгээний үнэ хэт бага байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Биднийг анх үйл ажиллагаагаа эхэлж байх тэр үед ажил хэргийн түнш маань бидний одоо мөрдөж байгаа энэ үнэ тарифыг бидэнд зөвлөсөн билээ. Гэвч түүнээс хойш Потомак голоор мөн ч их ус урссан бөгөөд үнэ тарифаа шинэчлэх цаг хэдийн болсон байлаа» гэж Венди өгүүлж байна.
Венди Гэри нар үйлчлүүлэгчид нь тэдний үйлчилгээний чанарт сэтгэл дүүрэн байдаг гэдгийг сайн мэдэж байсан тул үйлчилгээнийхээ үнийг 695 ба 795 доллараас (хэсэг бүр өөр) 983 ба 1350 долларт хүртэл өсгөхөөс эмээсэнгүй.
«Хэн нэг нь асаах товчийг дарсан мэт гэнэт л бид мөнгө хийж эхэлсэн бөгөөд хангалттай орлого олж, анх оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж, Гэригийн цалинг ч өгч, бүх тооцоогоо барагдуулаад орон тоогоо нэмэгдүүлж чадсан юм» гэж Венди ярьж байна..
«Йор Энтити» 2006 оны зургаан сард бидэнд хандсан юм. Тэд үнэ тарифын өөрчлөлтөө арван нэгэн сарын 15-наас хийж эхэлсэн бөгөөд оны эцэс гэхэд хэдийн ашигтай ажилладаг болсон байлаа.

МӨРӨӨДЛӨӨ ДҮРСЛЭХҮЙ

Амьдралын зорилго, бизнес зорилтууд ба тэдгээрийн утга учир, өвөрмөц авьяас чадвар болон таны мөрөөдлийн бизнес дэх тэдгээрийн материаллаг илрэл гэх зэрэг өмнө ярьсан бүхнийг нэгтгэн таны бизнесийн дүр төрхийг нэг үгээр илэрхийлэх гээд оролдъё.
Та хүсэж тэмүүлсэн бүхнээ авч, таны хосгүй авьяас чадвар дээр тулгуурласан таны бизнес мөрөөдсөн бүгдийг тань өгч, сэтгэлийн цангааг тань тайлж, орчлон ертөнцийг өөрчлөхөд өөрийн баттай хувь нэмрийг оруулсан тэр цагт ямархуу байх бол?
Дахин хэлэхэд төгс төгөлдөрт хүрнэ гэж байхгүй бөгөөд цаг үргэлж ямар нэг зүйлийг өөрчлөх, тодруулах шаардлага гарсаар байх болно. Гялсхийтэл орж ирэх эхний тэрхүү зураглалуудыг анхнаас нь сайтар тогтоож авагтун. Өмнө тань нээгдсэн тэрхүү зураглалууд нь таны урам зоригийг бадрааж, сэтгэлийг долгилуулан, дүрслэн бодох чадварыг тань хөгжөөн хөвсөлзүүлнэ гэдэгт итгэ.
Танд доорхи хэдхэн зөвлөгөөг өгөхийг зөвшөөрнө үү?
1. Одоо цаг дээр бич
Таны далд ухамсар нь аливаа үйл явдлыг яг одоо болж буй мэт хүлээж авдаг. Тэрээр ирээдүй цагт болохыг нь ч тэр, одоо болж буйг нь ч тэр бүхий л үйл явдлыг одоо цагт шилжүүлэн ойлгодог. Ийм ч учраас та өөрийн далд ухамсарт «Миний компани сая сая хүнд үйлчилдэг болох гэж байна...» гээд итгүүлэхийг оролдвол тэрээр болох гэж байгаа чигээрээ л үлдэх болно. Харин одоо цаг дээр «Миний компани сая сая хүмүүст үйлчилдэг... » гэж бичвэл зөв болно.
2. Аль болох гоё сайхан үгээр сэтгэл хөдлөлөө илэрхийл.
Аль болох гоё үгээр илэрхийлэх тусам илүү бодитой харагдах бөгөөд тэр хэрээр та өөрийн мөрөөдлийг биелүүлэхэд шаардагдах баялгийг өөртөө татах болно.
3. Хэмжээ хязгаарт бүү баригд. Хүсэл мөрөөдлөө хазаарлах хэрэггүй. «Бидний дээр зөвхөн хөх тэнгэр л бий» гэсэн зүйр үг байдаг ч хөх тэнгэр ч таны мөрөөдөлд саад болох учиргүй. Таны бодлын цар хүрээ бол энэ орчлон хорвоо тэр чигээрээ юм.
Юуны өмнө өөртөө доорхи асуултуудыг тавиад үз:
«Энэхүү жагсаалт нь миний хүчтэй талууд болон өвөрмөц чадваруудыг тусгаж чадаж байна уу?»
«Энд миний амьдралын зорилго илэрхийлэгдэж үү?»
«Миний дэвшүүлж буй зүйлс үнэхээр гайхалтай байж чадаж байна уу?»
«Энэ үнэхээр ягаан үнээ мөн үү? Хүмүүс манай компанийг үнэхээр онцгой, ер бусын гэж хэлэх болов уу?»

Өөрийн бодол, дүгнэлтүүдийг цаасан дээр буулгаад түүн дээрээ үргэлжлүүлэн ажиллаж сонсогдхуйц чангаар уншигтун. Бичсэн зүйл тань таны үнэн хүслийг илэрхийлж чадаж байна уу? Өөрийн бүх хариултыг таныг соронзон мэт татах нэг дэлгэрэнгүй өгүүлбэрт багтаагтун.

МИНИЙ БИЗНЕС МӨРӨӨДӨЛ

Доорхи мөрүүдэд (эсвэл тэмдэглэлийн дэвтрийн хуудсан дээр), өөрийн мөрөөдлийн бизнесээ хэрхэн харагдахыг тодорхойлон бич.
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
______________

Ямар нэг зүйлийг бодитойгоор хийж, өөрийн мөрөөдлийн бизнесийн аман зураглалыг цаасан дээр буулгахад үнэхээр гайхамшигтай мэдрэмж төрөхгүй байна гэж үү? Та нарны гэрлийг царсны навчин дээр төвлөрүүлэн тусгах мэт нэгэн төрлийн томруулдаг шил болох тархиныхаа духны хэсгийг ашиглаж буй хэрэг юм. Та квантын ухамсрын талбайгаас шинэ санаануудыг уудалж, өөрийн оюун ухаанаа тэдгээр санаанууд дээр лазерын цацраг мэт төвлөрүүлж буй хэрэг билээ. Өөрт хэрэгтэй тэдгээр санаануудыг эмхлэн ангилж, цаасан дээр цэгцтэй буулгахдаа та зөн совин, логик сэтгэлгээ, ой тогтоомж, ойлгож ухаарах, хүсэл зориг гэх мэт өөрийн оюун ухааны бүхий л талуудыг ашиглах болно.
Дээд зэргийн нарийн тодорхой аман зураглал үүсгээд түүнийгээ цаасанд дээр буулгаснаар та хорвоо ертөнцийн хамгийн агуу хуулиудын заримынх нь үйлчлэлийг өөрийн эрхгүй өдөөх болно. Та өөрийн хүслийг тэг цэгийн талбайд сонсгосноор чулуу шидэхэд цөөрмийн тогтмол мандалд долгион үүсдэг шиг энергийн долгионыг үүсгэх болно.
Түүнээс гадна зорилтуудаа ухаарч, түүнийгээ цаасан дээр буулгаж унших нь өөрөө өөртөө сонсгох нэг арга юм. Иймэрхүү арга хэлбэр нь таны далд ухамсарт хандсан тодорхой заавруудын иж бүрдлийг үүсгэж буй юм.

ХЭРХЭН?

Өөрийн зорилго, эрмэлзлэлийг анх цаасан дээр буулгаж буй ихэнх хүмүүс мөрөөдлөө хэрхэн яаж бодит зүйл болгохыг төсөөлдөг ч үгүй учраас үнэхээр хүсэж буй зүйлээ бичдэггүй. Тэднийг хүүхэд байхаас нь эхлээд л бүтэхгүй мөрөөдлөө мартахыг сургасан байдаг.
Бид бүгд хүүхэд ахуйдаа ямар нэг юм хүсвэл эцэг эх дээрээ очоод «Би энэ унадаг дугуйг авмаар байна!» эсвэл «Далай руу явахдаа намайг хамт аваад яв л даа!» гэх мэтээр шалж гуйдаг байсан билээ. Хариуд нь бидний эцэг, эх голдуу л «Энэ чинь юу гэсэн үг болохыг чи төсөөлж байна уу?» гэдэг сэн.
«Хэрхэн?», «Яаж?» гэдэг талаар санаа зовж тархиа элдэв бодлоор дүүргэх шаардлага огт байхгүй. Хожим бид энэ талаар ярилцах болно. Харин яг энэ мөчид бол боловсорч гүйцэх хуулийг санаж зөв үр суулгаад ургах боломжоор ханга. Хэрэв та бүгдийг зохих ёсоор нь хийсэн бол цаашдаа энэ нь улам бүр тодорхой болно.
4 дүгээр бүлэгт бид далд ухамсрын хоёр төрлийн үйл ажиллагааны талаар дурдсан бөгөөд тэрээр бие махбодийн амьдрах чадвараа хадгалах цогц үйл ажиллагаа (таны үйлдлийн систем) болон, нэг ёсондоо хэрэглээний программууд болох дадал зуршил, итгэл үнэмшлийг мөн удирддаг. Гэвч түүнд гурав дахь нэгэн чухал үйл ажиллагаа бий бөгөөд тэрээр квантын талбайн хязгааргүй их оюун ухаантай биднийг холбож өгдөг байна.

ДАЛД УХАМСРЫН ГУРВАН ҮҮРЭГ

Далд ухамсар нь:

•Таны бие махбодийн биохимийн үйлдлийн системийг удирддаг;

•Таны программууд болох дадал зуршил, эв дүй, юманд хандах хандлага, итгэл үнэмшил зэргийг удирддаг;

•Квантын талбайн хязгааргүй их оюун ухаантай биднийг холбодог;

Бид үзэгдэх болон үл үзэгдэх хоёр ертөнцөд нэгэн зэрэг амьдардгийг санагтун. Тархи нь бидний мэдэж буй хамгийн нарийн бүтэцтэй цахилгаан соронзон реле бөгөөд үзэгдэх болон үл үзэгдэх ертөнцийн аль алинтай нь харилцан үйлчлэх бололцоог бидэнд олгодог.
1860-аад онд германы химич Август Кекуле бензолын молекулын бүтцийн нууцыг тайлахаар оролдож байлаа. Нэг удаа тэрээр задгай ханан зуухнаа дүрэлзэн асах галыг ширтэн, тохиолдоод буй бэрхшээлийнхээ талаар бодолхийлэн сууж байгаад түр зүүрмэглэсэн бөгөөд энэхүү хагас сэрүүн байдалд байхдаа өөрийн сүүлийг залгиж буй могойг зүүдэлжээ. Нойрноосоо сэрээд тэрээр зүүдэндээ харсан дүрс нь тулгамдаад байсан бэрхшээлийнх нь тайлал болохыг гэнэт ойлгосон бөгөөд бензолын молекул нь цагираг хэлбэрийн бүтэцтэй байжээ. Олон жилийн дараа тэрээр энэ тухайгаа яриад, «Зүүдэлж сурцгаая ноёд оо. Тэгвэл бид үнэн мөнийг мэдэж магадгүй» хэмээн хэлсэн байдаг.
Кекуле бензолын молекулын бүтцийг тайлахаар оролдож байсан бараг л тэр жилүүдэд оросын химич Дмитрий Менделеев химийн элементүүд ба тэдгээрийн шинж чанарыг ангилан эрэмбэлэх оновчтой аргыг хайж байлаа. «Химийн бүх элементүүдийг байх ёстой газар нь байрлуулсан хүснэгтийг би зүүдэндээ үзсэн бөгөөд сэрмэгцээ түүнийг цаасан дээр тун яаралтай зурж авсан билээ. Би зүүдээ тун ч сайн санаж байсан тул зурахдаа нэг л алдсан байлаа» гэж тэр хожим нь дурссан байдаг.
Өнөө үед «Химийн элементүүдийн үелэх хүснэгт» хэмээн нэрлэдэг тэрхүү хүснэгт Менделеевийн зүүдэнд үзэгджээ гэдгийг та гадарлаж буй биз ээ.
Францын математикч Рене Декартыг санаж байна уу? 1619 оны арван нэгдүгээр сарын арванд тэрээр аналитик геометрийн үндсэн зарчмуудыг зүүдэндээ олж харжээ.
Энэ бол эхлээд судлаачдын далд ухамсарт нэвтрээд дараа нь оюун ухаанд нь орж ирсэн нээлтийн ердөө хэдхэн жишээ билээ. Томас Эдисон өөрийн ажиллаж буй техникийн ямар нэг шийдлийг олохын тулд зүүрмэглэх дуртай байсан гэдэг. Энэ арга нь зөвхөн алдарт эрдэмтэд ба зохион бүтээгчид л хэрэглэдэг, бусдад хаалттай тийм арга биш бөгөөд хэн ч чөлөөтэй хэрэглэж болох билээ. Хязгааргүй их боломжуудын квантын талбай хүн бүхэнд нээлттэй юм!
Таны далд ухамсар бүхий л төрлийн мэдлэгийг олж авах боломжтой. Чухам ямар хэрэгцээ, шаардлага, бэрхшээл тулгарсан нь чухал биш бөгөөд тэрээр хариуг нь хаанаас олохоо сайн мэддэг. Тэр юуг мэдэхгүй вэ гэвэл танд яг ямар хариу хэрэгтэйг л тэр мэдэхгүй. Үүнийг л түүнд зааж өгөх хэрэгтэй юм. Та хорвоогийн ямар ч хоолыг түвэггүйхэн хийдэг таван одтой зоогийн газрын гал тогоонд чөлөөтэй орох эрхтэй байлаа ч захиалгаа зөв өгөхгүй бол хүссэн хоолоо идэж чадахгүйтэй л адил юм. Харин энэхүү захиалга өгөх үүргийг таны ухамсарт оюун ухаан гүйцэтгэх учиртай билээ.

ЗААВАЛ БИЕЛҮҮЛЭХ ТАВАН НӨХЦӨЛ

Тов тодорхой дүрслэл болон бизнес мөрөөдлөө үүсгэх нь хэдийгээр маш чухал ч гэсэн энэ бол зөвхөн эхний алхам юм. Зураглал нь хэдий тод байлаа ч гүйцэд биш дутуу зурсан бол мөн л үр өгөөж муутай байх юм. Энэ бүх жилүүдэд бид хүмүүс хэрхэн зорилгоо тодорхойлж бичээд түүндээ хүрч чадахгүй байхыг нэг бус удаа харсан билээ.
Хэрэв та ямар ч төвшинд амжилтад хүрэхийг чин сэтгэлээсээ эрмэлзэж, ихийг олж санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсэж, улмаар аз жаргалтай бөгөөд элбэг дүүрэн амьдармаар байгаа бол доорхи таван нөхцөлийг зайлшгүй хангах хэрэгтэй юм. Бид үүнийг амжилтад хүрэх замд тохиох таван үүрэг гэж нэрлэдэг юм.

•Таны сэтгэл зүрхийг эзэмдэх ажил үйлсээ ологтун.
•Түүнийгээ төгс төгөлдөрт нь хүртэл хичээж хий.
•Амжилтад хүрнэ гэдэгтээ бүхий л сэтгэл оюунаараа итгэ.
•Өөрт заяасан авьяас чадвараараа хэрхэн мөнгө хийж болохыг сайтар ойлгож ав.
•Өдрөөс өдөрт улам шургуу ажилла

Бидний номын энэхүү бүлэг нь эхний хоёр үүргийг тодруулахад зориулагдсан бөгөөд таны сэтгэлийг эзэмдэх тэр ажил үйлсийг олж, тэрхүү эрхэлж буй эсвэл эрхлэхээр завдан буй ажлаа төгс төгөлдөрт хүргэхийн төлөө тэмүүлдэг болгоход чиглэсэн билээ. Харин дараах бүлэг нь бүхлээрээ гурав дахь үүрэг буюу таны далд ухамсрыг мөрөөдлийн бизнесийн тухай бодлын зураглалыг тань хүлээн авдаг болгон өөрчлөхөд чиглэж буй билээ.
Бид өчнөөн хүсэл мөрөөдөл, итгэл найдвар бутран замхарсан тэр л хананд, өчнөөн олон хүмүүс өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадаагүй тэр л шалтгааны өмнө тулж ирлээ. Өөрийн мөрөөдлийн бизнесээ сэтгэлдээ дүрсэлж, мөрөөдлөө тодорхой болгох шаардлага тулгарах тэр мөчид бидний оюун ухаан түүнийг үнэхээр гайхалтай гүйцэтгэдэг. Гэхдээ тэрхүү зураглал болон мөрөөдлөө биелүүлж бодитой болгоход далд ухамсраа өөр шинэ, иж бүрэн заавраар хангах шаардлагатай юм.
Та зөв үрээ сонгож эхний алхмаа хийлээ. Одоо түүнийг таарч тохирох хөрсөнд нь суулгах цаг нэгэнт болжээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Jul.09.10 5:00 pm, edited 3 times in total.

Top
   
 
PostPosted: Jul.08.10 11:48 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Долдугаар бүлэг
НЕЙРОНЫ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭЛТ
Хэдэн жилийн өмнө жингүйдлийн нөхцөлд удаан хугацаагаар байж, орон зайн баримжаа алдах нь сансрын нисгэгчдэд бие бялдрын болон сэтгэл зүйн ямар нэг үр дагавар үлдээдэг эсэхийг судлах нэгэн гайхалтай туршилтыг NASA зохион байгуулжээ. Судалгаанд хамрагдсан сансрын нисгэгчдэд дүрсийг 180° эргүүлж урвуу харагдуулдаг гүдгэр линзтэй нүдний шил тарааж өгөөд хоногт хорин дөрвөн цагаар, тэр ч бүү хэл унтахдаа ч зүүхийг хүсжээ. Туршилт дууссаны дараа эрдэмтэд туршлагаар олж авсан үр дүнг судалж эхэлсэн байна.
Эхэндээ туршлагад оролцож буй сансрын нисгэгчдийн цусны даралт болон бусад үзүүлэлтүүд нь гүнзгий стрессын шинж тэмдгийг зааж байлаа. Улмаар шинэ нөхцөл байдалд аажмаар дасаж эхэлсэн боловч стрессээс бүрэн ангижирч чадсангүй (хөл толгой нь мэдэгдэхгүй нөхцөлд дасах хэн байх билээ дээ?). Хорин зургаа хоногийн дараа сансрын нисгэгчдийн нэгэнд нь туйлын сонирхолтой үзэгдэл тохиосон бөгөөд тэрээр зүүж буй шилээрээ эргэн тойрон дахь зүйлсийг хэвийн харж эхэлсэн байна. Хэдийгээр туршилтад анх ороход тарааж өгсөн тэр л шилээ салгахгүй зүүсэн хэвээрээ байсан ч харж буй дүрс нь урвуу биш харин ердийн нүдээр харж буй мэт хэвэндээ орсон байжээ. Хэд хоногийн дараагаас бусад оролцогчдод ч мөн ийм үзэгдэл давтагджээ.
Юу болох нь энэ вэ? Шинэ туршилт эхэлснээс хорин зургаагаас гуч хоногийн дараагаас эдгээр хүмүүсийн тархинд харааны болон орон зайн мэдрэмжийг бид бүхний дадаж сурснаас огт эсрэгээр хүлээн авдаг цоо шинэ бүтцийг үүсгэхэд хангалттай хэмжээний нейроны холбоосууд шинээр үүссэн байна. Давтан туршилтын явцад яг ийм хугацаагаар гэхдээ дундаа бага ч гэсэн завсарлагатайгаар дээрх шилийг зүүх юм бол дээрх үзэгдэл явагддаггүй болох нь тодорхой болжээ.
Өөрөөр хэлбэл оюун ухаан нь далд ухамсар руу хорин таваас гуч хоногийн турш мэдрэхүйн шинэ мэдээллийг тасралтгүй дамжуулсны эцэст л далд ухамсар нь уг мэдээллийг «хэвийн» гэж хүлээж авдаг байна. Эндээс ямар дүгнэлт гарч байна вэ? Нейроны төгөлдөржүүлэлтийн аргуудыг доод тал нь гуч хоногийн турш тасралтгүй хэрэглэж байж л үр дүнгээ өгнө гэдэг нь эндээс харагдаж байна. Энэхүү баримтыг мянга мянган үйлчлүүлэгчидтэй хамтран ажилласан бидний хорин жилийн туршлага ч баталж буй билээ.
НЕЙРОНЫ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭЛТИЙН АРГЫН ТАЛААР ТОВЧХОН:
Та марафон гүйлтэд оролцохоор гэнэт шийдлээ гэж бодоод үз. Та өмнө нь иймэрхүү төрлийн тэмцээнд оролцож байсан эсэх, танд энэ гүйлт хэрхэн нөлөөлж болохыг хэр зэрэг мэдэж байгаа зэрэг нь ач холбогдол багатай юм. Маргааш өглөө шууд л гарааны шугаманд бэлэн зогсох учиртай бөгөөд ядаж амралтын өдрүүдэд бэлтгэл хийж ч амжихгүй нь. Ийм байдалд орвол та яах вэ? Хангалттай бэлтгэлтэй байхын тулд удаан хугацааны, шаргуу бөгөөд тасралтгүй хөдөлмөр шаардагдана. Өдөр бүр бэлтгэл сургуулилт хийж, бие махбодио чангалж, булчин шөрмөсөө хөгжүүлж, зүрх уушгаа чийрэгжүүлж, өөрийгөө аажим аажмаар ачаалалд дасгах хэрэгтэй.
Та өөрийн тархийг чухам ингэж л бэлтгэн дасгалжуулах шаардлагатай юм. Гаднын ямар нэгэн хүчин зүйлийн оролцоотойгоор биш харин дотроосоо жам ёсоороо амжилтад хүрэхийн тулд таны шинэ итгэл үнэмшилд тохирох шинэ хослол үүсгэн бэхжүүлэх замаар тархины нейроны холбоосуудыг хэрхэн шинэтгэн сайжруулахыг бид танд тайлбарлаж өгөх болно. Бид зүгээр л нэг тэрхэн үедээ ухаарч ойлгоод хожим бага багаар мартагддаг биш харин нейроныг шинэтгэн сайжруулж нейронуудаас тогтсон тогтвортой бүтэц үүсгэдэг аргачлалыг боловсруулсан бөгөөд энэ нь таныг зорилгодоо хүрч, мөрөөдлөө биелүүлэхэд туслах болно.
Марафонд гүйхэд бэлтгэхтэй нэгэн адилаар энэхүү аргачлал нь таны бие махбодийг, тодруулж хэлбэл таны нейроны тогтолцоог мөрөөдлийн бизнесийг тань хэрэгжүүлэхэд чиглүүлж өгөх юм. Нэмж хэлэхэд марафонд гүйхэд өдөр тутмын байнгын шаргуу бэлтгэл шаардлагатай байдгийн нэгэн адилаар энэхүү аргачлал нь өдөр тутам дагаж мөрдөхөөр зохиогдсон юм. Гэхдээ дээрх аргачлал нь хэрээс хэтэрсэн их хүч шаардахгүй, харин ч инээд хүрмээр хялбар боловч хүмүүс ихэнхдээ дагаж мөрдөж чаддаггүй нь харамсалтай. Харин та тэднээс өөр байж үүнийг хэрэгжүүлж чадна гэдэгт бид итгэж байна.

НЕЙРОНЫ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭЛТИЙН ЗУРГААН ҮЕ ШАТ

1-р шат. Таны бизнес болон санхүүгийн байдлын талаар шинэ дүрслэл үүсгэх. Түүндээ сэтгэл хөдлөлөө хангалттай илэрхийлэхээс гадна маш тодорхой байх.
2-р шат. Дээрх дүрслэлийг дэмжих эерэг баталгаанууд.
3-р шат. Нейроны коннектыг ашиглан сэтгэл хөдлөлийн «зангуу» үүсгэх.
4-р шат. Далд ухамсарт тодорхой мэдээллийг хоног-шуулахад зориулсан иж бүрэн материал бэлтгэх (хэвлэмэл, бичмэл, сонсох, үзэх болон бусад).
5-р шат. Өдөр тутмын дасгалыг өдөрт гурван удаа хийнэ (өглөө сэрмэгц, өдөр, орой унтахаар хэвтэхийнхээ өмнөхөн).
6-р шат. Тухайн хэв загварыг далд ухамсарт бэхжүүлэхэд зориулсан төрөл бүрийн нейротехнологи хэрэглэх.

Юуны өмнө та хүрэхийг хүсэж буй зорилгынхоо дүрслэлийг үүсгэх бөгөөд өмнөх бүлгүүдэд мөрөөдлөө дүрслэн тодорхойлж, тогтоож авах талаар ярилцаж үүний үндэс суурийг нь тавьсан билээ. Түүний дараа энэхүү дүрслэлээ таны далд ухамсарт шинэ итгэл үнэмшлийг бэхжүүлэх бичгэн «тунхаглалуудаар» баяжуулна. Түүнээс гадна тэрхүү дүрслэлээ өөрийн тархин доторх дэлгэцэн дээр хөврүүлэх хэрэгтэй бөгөөд өөрөөр хэлбэл тавьсан зорилтуудаа харагдахуйц болгоно. Бид таны урд өмнөх туршлага дээр тулгуурласан сэтгэл хөдлөлийн «зангуу» үүсгэдэг нейроны коннектын аргын талаар тодорхой өгүүлэх бөгөөд эдгээр «зангуунууд» нь таны шинэ итгэл үнэмшлийг улам хүчтэй болгох болно.
Дараа нь бид танд үзэгдсэн дүрслэлийг хэрэгжүүлж, хэвлэмэл материал, энэ номд Жоны нэг бус удаа дурдаад байгаа мөрөөдлийн самбарт наах гэрэл зургууд гэх мэт бодит ертөнцийн багаж хэрэгслэлээр «тунхаглалуудыг» бэхжүүлж сурна.
Эцэст нь та далд ухамсарт түлхэц өгөх эдгээр материалуудад өдөр тутам хэрхэн хандахыг сурч, өөрийн болгож авах болно. Бид бясалгалын энгийн хэлбэрүүдийн талаар тодорхой бичиж, түүгээр дамжуулан таны өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болохуйц нейротехникийн хялбар үйлдлүүдийг танд танилцуулна.
Энэхүү аргачлалыг тасралтгүй дагаж мөрдсөнөөр (НАСА-ын туршлагаас үзэхэд 3-4 долоо хоногийн дараагаас үр дүнгээ өгч эхэлдэг) таны далд ухамсрын шинэ хэв маяг нь тогтсон дадал зуршил болон хувирч, харин таны тархи нейрон холбоосуудын шинэ бүтцийг үүсгэх болно. Энэхүү хэв маягууд нь үл гүйцэлдэх мөрөөдөл, үргүй хоосон зөгнөл, хуурамч итгэл найдвар байхаа больж таны далд ухамсарт баттай суусан хөдлөшгүй баримт болон хувирч, таны торлог байгууламжийг хүрээлэн буй ертөнцөөсөө шинээр үүссэн бодит байдлыг тэжээн тэтгэх чадвартай өчүүхэн боломжийг ч болов алдахгүйгээр эрж хайхад хүргэж, таны сэтгэц кибернетикийн тогтолцооны хэмжүүрийг өөрчилж шинээр тавьсан зорилтуудыг ердийн л нэг хэм хэмжээ хэмээн үздэг болгох юм.

ЗААВАЛ ШИРХЭГЧЛЭН МӨРДӨХ АЛБАГҮЙ

Нейроны төгөлдөржүүлэлтийн гайхамшигт чанаруудын нэг нь энэхүү аргачлал нь хувь хүнээс хэт их зүйл шаарддаггүйд оршино. Үе шат бүрд нь төгс төгөлдөрт хүрэхийн төлөө тэмүүлэх өчүүхэн ч шаардлага байхгүй юм. (Түүнээс гадна ямар нэг үр дүн өгч байна уу үгүй юу гэж өчүүхэн ч түгших шаардлагагүй юм). Бид танд их олон зүйлийг санал болгох боловч та тэдгээрийг яг дагаж, заавал биелүүлэх албагүй билээ.
Энэ нь яг л биеийн тамирын дасгал хийхтэй адил юм. Сайтар боловсруулсан дасгалын хөтөлбөр нь үр дүнгээ заавал өгдөг. Тэр ч мэдээж. Харин та хүрсэн төвшиндөө үлдэхийн тулд түүнийг байнга дагаж мөрдөж байх ёстой юу? Энэ харин заавал тэгэх ямар ч шаардлагагүй юм. Бидний ихэнх нь туйлын бага ачаалал авдаг бөгөөд арван таван минутын хөнгөн зугаалга хүртэл тун зүдэргээтэй санагдах болтлоо сулбайсан байдаг. Ингэж зугааллаа гээд та олимпийн алтан медаль авахгүй нь тодорхой бөгөөд тэгээд ч тэр медаль санаанд нь багтаад тэмүүлээд байдаг хүн цөөхөн шүү дээ.
Товчхон хэлбэл их хийх тусам үр дүн нь их байдаг. Хэрэв та бидний зөвлөсөн бүх дасгалыг бүгдийг нь ширхэгчлэн хийвэл тун догь! Гэхдээ хамгийн гол нь бага багаар ч хамаагүй хийж эхлэх л хэрэгтэй.
Дээрх зургаан үе шат дунд хэтэрхий түвэгтэй, хэт их цаг зарах нэг ч үе шат байхгүй гэдгийг бид зориуд тэмдэглэн хэлж байна. Та анхан шатны бэлтгэлийн (мөрөөдлийн бизнесээ сэтгэлдээ харж дүрслэх, эерэг тунхаглалууд, батлах материалууд шилж сонгох) хөтөлбөрөөс цаашлан гүнзгий шатанд орох тусам нейроны шинэчлэн сайжруулалтад өдөрт ердөө хэдхэн минут шаардагдах болно.
Тов тодорхой бөгөөд тасралтгүй байх нь үр дүнтэй байдлын баталгаа болдог.
Сэтгэлдээ үүссэн дүрслэлийг маш тод, томруун болгож, тэр нь миний өмнөө тавьсан зорилтыг бүрэн дүүрэн тусгаж байна гэдэгт итгэлтэй болтлоо засаж зүлгэхэд цаг хугацаа бүү хайрлагтун.
Дараа нь бидний аргачлалыг өдөр бүр хэрэглэ.
Тов тодорхой бөгөөд тасралтгүй байж чадвал үр дүн нь заавал гарна. Энэ бүгд тун хялбархан. Тэгээд цаг нь болохоор гарах үр дүн нь таныг алмайруулах болно.

Нэгдүгээр шат: ШИНЭ ДҮРСЛЭЛ ҮҮСГЭХ НЬ

Та санхүүгийн байдлын талаарх шинэ дүрслэлээ бид бүгд зургадугаар бүлэгт авч үзэж байсан нийт хөрөнгийн хэмжээ, жилийн орлого, нийгэмд жилд оруулах хувь нэмэр гэсэн гурван үзүүлэлтэд тулгуурлан эхний ээлжинд үүсгэгтүн.
Та чухам юуг хүсэж буйгаа туйлын тодорхой ухаарч ойлгох ёстой. Квантын ертөнцөд эцэст нь хүртэл тодорхой хэлээгүй, зөрчилтэй зүйл байх газаргүй бөгөөд таны суулгаж буй үр дутуу дулимаг байж болохгүй. Торлог байгууламж болон сэтгэц-кибернетикийн тогтолцооны үйл ажиллагаа ч мөн ийм л зарчимтай байдаг. Дээрх бүтцүүд нь таны хүслийг биелүүлэхийн тулд чухам яг ямар боломж, бололцоог хайхаа сайтар мэдэж байхын тулд тэдгээрт өгөх таны заавар маш тодорхой, нягт нямбай байх ёстой юм.
Далд ухамсар нь таны хэзээ нэгэн цагт үзсэн, сонссон, хийсэн бүхнийг, мөн түүнээс гадна таны дотроо төсөөлөн бодсон бүхнийг ой санамжиндаа хадгалж байдаг. Далд ухамсар нь бодит болсон явдлыг сэтгэл дотроо төсөөлөн бодсон зүйлээс ялгаж чаддаггүй гэдгийг сана. Таныг ямар нэг зүйлийг дотроо тодорхой төсөөлөн бодох үед тэрхүү зүйл нь нейрологийн буюу мэдрэлийн эсүүдийн хувьд тэр даруйдаа үнэхээр бодитой мэт болох бөгөөд таны тархи үүнийг яг л таны гар, эсвэл таны дээр нь сууж буй сандал лугаа адил бодитой зүйл хэмээн хүлээн авах болно.
Жон эцсийн эцэст Сан-Диего дахь өөрийн байшиндаа суурьшсан нь зүйн хэрэг бөгөөд түүний далд ухамсрын хувьд тэрээр энэхүү байшингийн зургийг өч төчнөөн удаа харж мөрөөдөж байхдаа сэтгэлдээ уг байшинг аль хэдийн худалдаж аваад нүүгээд орчихсон хэрэг юм. Түүний тархинд энэ бол тэрний байшин гэдэг итгэл үнэмшил бэхжихийн хэрээр Жоны оюун ухаан нь жинхэнэ хэрэг дээрээ уг байшинд шилжин суухын тулд бүхнийг хийсэн байна.
Далд ухамсар нь бодит зүйл ба төсөөлөл хоёрын ялгааг мэдэрч чаддаггүй ч ямар нэг хэв загвар нь хэр зэрэг тод бөгөөд гүнзгий хоногшсоныг ялгаж чаддаг ажээ. Бусдаас илүү гүнзгий ул мөр үлдээсэн дурсамжууд нь бодит үйл явдлын дурсамж уу? эсвэл төсөөлөл байсан уу? гэдгээс хамаарахгүйгээр тийм ч тод биш дурсамжуудыг бодвол давуу байдалтай байдаг.
Дурсамж хэр зэрэг гүн хоногшин үлдэхийг ямар хүчин зүйл зохицуулдаг юм бол? Бүх л дурсамжуудыг зохицуулж байдаг давтамж ба гүн хэмээх тэр л хоёр хүчин зүйл өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлийн үйлдэл нь хэдэн удаа, хэр хүчтэй байснаар тодорхойлогддог бөгөөд энэ хоёр хүчин зүйлийн аль аль нь чухаг билээ.
ДАВТАЛТ
Аливааг ганц нэгхэн удаа хийлээ гээд дадал болохгүй бөгөөд дадал болгохын тулд тухайн үйлдлээ ахин дахин давтан хийх шаардлагатай юм. Яг л бид явж, ярьж, үржүүлэхийн хүрд цээжилж сурсан лугаа адил. Давталт нь дадал зуршлыг үүсгэдэг бөгөөд оюун санааны дадал зуршил ч мөн адил билээ.
Хүмүүс тавьсан зорилгодоо ихэнхдээ хүрч чаддаггүйн нэгэн үндсэн шалтгаан энд л оршиж байгаа юм. Зорилготой амьдрах талаар семинарт суусан төдийгөөр өөрийн зорилгуудаа ганц нэг удаа тунхаглаж, нэгдүгээр сарын нэгэнд шинэ жилийн эхний өдрийн өглөө үзэг цаас аваад ирж буй жилд гүйцээх зорилтуудаа бичиж болох ч нэг хоёрхон удаагийн үйлдэл нь юу ч хийгээгүйтэй адил юм. Мөрөөдөл хүслээ биелүүлэх өчүүхэн ч гэсэн боломж олж авахын тулд түүнийгээ дахин дахин, хэдэн арав, хэдэн зуун удаа давтах хэрэгтэй юм. Ийм ч учраас нейроны төгөлдөржүүлэлтийн аргын жинхэнэ бодит хүч нь та түүнийг хэрхэн хийж буйд биш харин өдөр, сар, жилээр хэр зэрэг байнга тогтмол хийж буйд л оршдог юм.
ГҮН
Давталт нь сэтгэл хөдлөлийн оролцоогүйгээр ч дадал үүсгэдэг боловч сэтгэл хөдлөлийн үйлдэлгүйгээр үүссэн дадал зуршил нь тийм ч гүн бөгөөд бат бөх байж чадахгүй юм. Үүний шалтгаан нь ой тогтоомж ба сэтгэл хөдлөл нь хоорондоо маш нягт холбоотой байдагт оршдог аж. Хүүхдээ төрөхөд үүссэн баяр бахдал, авто ослоос үүдсэн айдас гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөл дагуулсан үйл явдлууд нь зургаан сарын өмнө барьсан энгийн нэг үдийн зоогоос илүүтэйгээр сэтгэлд хоногшин үлддэг.
Та 2002 оны нэгдүгээр сарын найманд юу хийж байснаа санаж чадах уу? Хэрэв та тэр өдөр төрсөн өдрөө л тэмдэглэж байгаагүй бол санахгүй л болов уу даа. Уг өдөр нь мягмар гариг байсан гэдгийг мэдээд ч тэр өдөр юу хийж байснаа санахад нэмэр болох нь юу л бол. Түүнээс дөрвөн сараар урагшилж өөр нэгэн мягмар гаригт, тухайлбал 2001 оны есдүгээр сарын арван нэгэнд та юу хийж байсан бэ гэж асуувал яах вэ? Харин одоо бол та тэр өдөр юу хийж байснаа тодхон санаж байгаа буй за...
Яагаад? Хэрэв Нью-Йорк, Вашингтон хотуудыг довтолсон явдал танд ямар ч хамаагүй байсан бол тэрхүү IX сарын 11-ний жирийн л нэг өдөр нь 17 мягмар гаригийн дараах I сарын 8-ны өдрөөс нэг их ялгараад байхгүй байсан байж тун ч болзошгүй юм. Гэвч энэ өдөр таны сэтгэл хүчтэй хөдөлсөн учраас л та яг тэр мягмар гаригийг тодхон санаж буй нь тэр ээ.
Яг иймэрхүү гүн гүнзгий ул мөрийг эерэг, тааламжтай үйл явдлууд ч бас үлдээдэг. Анхны үнсэлт, анх сэтгэлээ илчилсэн, их сургууль төгссөн, нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн, анхны хүүхэд, худалдаж авсан байшиндаа барьсан анхны өглөөний зоог гэх зэрэг үйл явдлуудын бүх нарийн ширийн нь тухайн үед мэдрэгдэж байсан үнэр, тоглож байсан хөгжмийн аялгууныхаа хамт таны сэтгэлд хоногшин үлддэг билээ.

ДАВТАМЖ + СЭТГЭЛ ХӨДЛӨЛ = ШИНЭ БОДИТ БАЙДАЛ

Та Олимпийн тоглолтын алтан медаль авахыг хүслээ гэж бодъё. Та алтан медалийн тавцан дээр зогсож, хөгжимд эх орны тань төрийн дуулал эгшиглэн таны самсаа шархирч, хөгжөөн дэмжигчид халуунаар алга ташин баяр хүргэж, таны хүзүүнд олимпийн хорооны эрхэм гишүүн медаль зүүж өгөөд л... Та энэ бүх догдлолыг мэдэрч байна уу?
Тун саяхан болж өнгөрсөн дурсамжийг эргэн санах мэт бүгдийг хурц тодоор дотроо төсөөлж, та үнэхээр медалийн тавцан дээр зогсоод дэлхий ертөнц тэр чигээрээ таны цээжинд гялалзах олимпийн алтан медалийг сэтгэл бахдан, шохоорхон харж буй мэтээр тавьсан зохиомжийг өөрийн далд ухамсарт илгээ.
Энэхүү дүрслэлээ өдрөөс өдөрт улам илүү тод томруунаар сэтгэлдээ сэргээн санаад байвал та зөвхөн олимпийн аваргаар өөрийгөө төсөөлөөд зогсохгүй удалгүй өөрөө мөн тийм болж эхэлнэ. Тийм ч учраас олимпийн аваргын хийдгийг хийж, бүтээдгийг бүтээж, түүний амьдралаар амьдарч, түүний өөртөө татдаг тэр л боломж бололцоо, нөхцөл байдлыг өөртөө татагтун.
Хэрэв дээр дурдсан бүхэн танд хэтэрхий учир битүүлэг санагдаж байгаа бол олимпийн аваргуудын хэн нэгнээс нь хэзээ нэгэн цагт олимпийн алтан медаль хүзүүндээ зүүгээд медалийн тавцан дээр зогсож байна гэж төсөөлж байсан уу гээд асуугаад үз. Тэгвэл та тэд бүгдээрээ өдрөөс өдөрт, жилээс жилд зөвхөн энэ тухай л үргэлж боддог байсан гэдэгт итгэх болно. Спортын аварга тамирчин бүрийн, гарамгай хөгжимчин бүрийн, гайхамшигт бүжигчин, жүжигчин бүрийн, олны танил улс төрч бүрийн, амжилттай бизнесмэн бүрийн, саятан бүрийн шилдэг амжилтад хүрсэн жор нь энэ билээ.
Таныг ямар нэг мөрөөдлөө төсөөлөх бүр таны тархинд өмнөө тавьсан зорилтод тань тохирох нейроны шинэ бүтэц буюу эсгүүр үүсдэг. Ингэснээр та өөрийн хүсэл мөрөөдлийг бодитой болгон хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах сан хөмрөгийг өөртөө татах үрийг бүтээж байгаа хэрэг юм.
Энд дахиад л бүх зүйл тун хялбархан: үр байхгүй бол мод байхгүй билээ. Та саглагар сайхан мод ургуулахыг хүсэж байна уу? Тэгвэл дүрслэл үүсгэгтүн. Үр ингэж л үүсдэг.
ХАРАХГҮЙГЭЭР ДҮРСЛЭХ НЬ
Хүн бүр тэр болгон хялбархнаар бодлын зураглал үүсгээд байдаггүй билээ. Таны хувьд харагдах үзэгдэл биш харин тодорхой нэгэн дуу чимээ, хүрэлцэх мэдрэмж түүгээр ч зогсохгүй үнэр илүү их ач холбогдолтой байж ч болзошгүй. Эсвэл таны хувьд дүрслэх гэдэг нь дээр дурдсан бүхний нийлбэр байж ч болох юм.
Таныг өөрийнхөө мөрөөдлийн бизнесийг амьдлаг, бодитой бөгөөд дуу алдам сайхнаар мэдрээсэй гэж бид хүсэж байна. Харах, сонсох, хүрэлцэх мэдрэмжүүдээс аль танд илүү тааламжтай байдаг мэдрэмж дээрээ тулгуурлавал улам амжилттай байх болно.
ЖИШЭЭ: ОЙРЫН ЖИЛҮҮДЭД ХЭРЭГЖҮҮЛЭХ МИНИЙ ЗОРИЛТУУД БА МӨРӨӨДӨЛ
Би «ВанКоуч» -ыг жижиг бизнес ба дэлхийн бизнесийн хүрээнийхэнд зөвлөгөө өгдөг тэргүүлэгч компани болгон амжилттайгаар өөрчилж байна. Бидний хөтөлбөрийн оролцоотойгоор итгэмээргүй амжилтад хүрч, амьдралаа өөрчилж чадсан хүмүүсийн амжилтын түүхийг би бахдалтайгаар сонсдог. Өөрсдийн нааштай туршлагыг бидэнтэй хуваалцах нь хүмүүст таалагддаг бөгөөд тэд өдөр бүр олон захидал болон е-мэйл бидэнд явуулдаг. Бүх дэлхийн бөмбөрцөг даяар бидний найз нөхөд, биднийг дагагчид байдаг бөгөөд тэд өөрсдийн найз нөхөд болон түншүүддээ «Ван Коуч» -ыг санал болгодог.
Өнөөдөр миний нийт хөрөнгө __________ доллар болсон бөгөөд «RE/MAX» ба «ВанКоуч» компаниудад оруулсан хөрөнгө оруулалтынхаа ачаар би жилд __________ доллар олж, татвараа төлөөд миний гар дээр __________ доллар үлдэж байна. Мөнгө надад гол мэт урсан орж ирдэг. Орлогынхоо 10 хувийг би буяны үйлсэд баяртайгаар хандивлаж, өөр нэг 10 хувийг нь сүмд өргөлөө. Амьдрал үнэхээр сайхан бөгөөд гайхамшигтай байна.
Би өөрийн үргэлж мөрөөдөж байсан тэр л амьдралаараа амьдарч, миний амьдрал хайр, баяр баясгалан, хүсэл тэмүүллээр бялхаж, мөрөөдлөө биелүүлэх боломж дүүрэн байна. Би өөрийнхөө гайхалтай эрүүл чийрэг, эрч хүчтэй байдал болон эхнэр, хүүхдүүдийнхээ эрүүл саруул, аз жаргалтай байгаад талархаж байна. Миний гэр бүл өдрөөс өдөрт бие биедээ улам ойртон дотносож, хайр, баяр хөөрөө хуваалцаж байдагт талархаж байна. Нээгдэж буй боломжууд нь намайг улам жаргалтай болголоо. Би өөрийн амьдрал хийгээд болж өнгөрсөн бүхэнд баярлаж, талархаж байна.
БОДИТ ТҮҮХ: «RE/MAX»
Намайг 1986 оны арван нэгдүгээр сард Индиана муж улсад «RE/MAX» компанийг төлөөлж эхлэх үед уг компани нь өмнө нь хоёр ч удаа тус муж улсад бэхжиж авах гэсэн бүтэлгүй оролдлого хийгээд байлаа. Би Индианад ирээд тус мужид үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг хүмүүс бүгдээрээ «RE/MAX»-т энд хийгээд байх юм байхгүй гэдэгт итгэлтэй байгааг олж мэдсэн бөгөөд тэдэнтэй санал нийлж зайгаа тавьж өгөх нь зүйтэй мэт санагдахаар л байлаа. Гэвч би тэгээгүй юм. Тэр үед би хэрхэн дүрслэл үүсгэхийг мэддэг байсан бөгөөд амжилтад хүрч чадна гэж өөртөө итгүүлж байв. Тэгээд ч би Торонтод «RE/MAX»-ыг төлөөлж чамгүй амжилтад хүрсэн билээ. Тэгэхээр энд ч бас амжилтад хүрч яагаад болохгүй гэж?
Би жилийн худалдаа эргэлтийг нэг тэрбум долларт хүргэж «RE/MAX» компанийг Индиана муж улсын үл хөдлөх хөрөнгийн хамгийн том компаниудын нэг болгох зорилт өмнөө тавьсан бөгөөд зөвхөн зорилт тавиад ч зогсолгүй энэ тухайгаа бүгдэд дуулгасан юм. Тийм ээ, би муж улс даяар элэг доог болсон нэгэн болж билээ. Надад тухайн мужид ажилтнуудыг хөлслөх, бизнес удирдах талаар бараг ямар ч туршлага байгаагүй нь (тэд үүнд миний анхаарлыг хандуулахаа мартаагүй юм) миний амжилтандаа итгэх итгэлийг үгүй хийж чадаагүйн адилаар дээрх доог тохуу ч миний итгэлийг алдуулж чадаагүй билээ. Гэвч би дүрслэл, мөрөөдлөө сэтгэлдээ аль хэдийн үүсгэсэн байсан бөгөөд өөрийн үг яриа, үйл хөдлөл, төлөвлөгөө ба үйлдлээрээ түүнийгээ илэрхийлж байсан юм.
Би үл хөдлөх хөрөнгийн бусад компаниудын эзэдтэй ярилцаж үзсэн боловч тэд надаар тохуурхаж байлаа. Тэгэхээр нь би дээрх компаниудын дунд шатны менежерүүдтэй уулзаж өөрийн дүрслэлээ тэдэнтэй хуваалцсан юм. Тэдэнтэй ярилцах тусам миний болоод тэдний мөрөөдөл хэрхэн яв цав нийцэж буйг анзаарах боломжтой байсан ба компанийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байгаагаа ярихад тэд миний дүрслэл, мөрөөдөл дотор өөрсдийнх нь санхүүгийн эрх чөлөө болон аз жаргалтай амьдрал агуулагдаж буйг тодорхой олж харцгаажээ.
Тэд өмнөх ажлын байраа ар араасаа орхицгоож «RE/MAX-т» ирцгээсэн юм. Тун ч удалгүй бид хорин долуулаа болж, дараа нь жар, тэгээд зуу... Таван жилийн дотор бид Индиана муж улсын үл хөдлөх хөрөнгийн худалдааны хамгийн том компаниудын нэг болж жилийн худалдаа эргэлт нэг тэрбум долларт хүрсэн билээ. Өнөөдөр манайх 1700 гаруй худалдааны төлөөлөгчтэй, жилд зургаан тэрбум долларын худалдаа хийдэг том компани болсон бөгөөд улмаар өсөн дэвжиж байна.
Хоёрдугаар шат: ЭЕРЭГ НОТОЛГООНУУД
Болор лугаа адил тунгалаг, тод дүрслэл үүсгэснийхээ дараа таны өдөр тутмын амьдралыг хөтөлдөг итгэл үнэмшил тань түүнд таарч тохирч байгаа эсэхийг бодох хэрэгтэй юм. Энэхүү алхам нь зарчмын хувьд чухал. Яагаад? Учир нь дүрслэл болон мөрөөдөлтэйгөө нийцэхгүй хуучин итгэл үнэмшлээ тээсээр мөрөөдлөө биелүүлэхийг оролдох нь «мессежүүд мөргөлдөхийн» нэг түгээмэл жишээ юм.
Бидний үг яриа нь хүмүүсийн хоорондын харьцааны дөнгөж долоохон хувийг эзэлж үлдсэн ерэн гурван хувийг нүүр царайны хувирал, дуу хоолойны өнгө, биеийн хөдөлгөөн дамжуулдаг хэмээн ярихыг та сонссон ч байж магад. Хувь хүний хөгжлөөр дагнасан мэргэжилтнүүдийн дунд өргөн тархсан энэхүү домогт үнэний хувь өчүүхэн ч байхгүй юм. Энэхүү домог нь нийгмийн сэтгэлзүйч Альберт Мехрабианы бичсэн «Чимээгүй илгээмж» (1971) номд хэвлэгдсэн түүний судалгааны ажлын эргэлзээтэй үр дүнгүүдээс үүдэлтэй юм. Тэнд зарим нэг нь бидний ярилцан буй сэдэвтэй шууд биш хамаатай тун итгэмээргүй нээлт олон бий.
Ердийн нөхцөлд бидний солилцож буй мэдээллийн долоогоос хамаагүй илүү хувийг үг яриа эзэлдэг. (Эс тийм бөгөөс бид хоорондоо ярих ямар хэрэгтэй билээ?) Гэхдээ Мехрабиан огт хэвийн биш харьцааг судалсан бөгөөд таны танилуудын хэн нэг нь «хоёрдмол мэдээлэл» өгөх өөрөөр хэлбэл үг яриа нь дуу хоолойны өнгө, дохио зангаа зэрэгтэй хамтран утга илэрхийлэх тийм нөхцөл байдлыг авч үзжээ. Ийм нөхцөлд та үг яриа ба бусад илэрхийлэл хоёрын алинд нь илүү итгэх вэ?
Жишээ нь эх нь цээжиндээ гараа зөрүүлж зогсоод уур, цухрал нэвт шингэсэн өнгөөр «Ээж нь хүүдээ хайртай гэдгийг мэдэж байгаа биз дээ» гэж хэлбэл хүүхэд хэрхэн тусгаж ойлгох бол? (Үгэнд агуулагдсан шууд утгыг биш л болов уу). Үг яриа нь үйлдэл, мэдрэмж, сэтгэл санааны байдал, итгэл үнэмшилтэйгээ тохирохгүй байх үед үг дуугүй хэсэг (вербаль бус) нь ялдаг нь зүй ёсны хэрэг юм.
Оюун ухаан (вербаль төвшин) ба далд ухамсар (вербаль бус төвшин) нь харилцан үйлчлэх үед яг ийм үзэгдэл явагддаг. Таны оюун ухааны зүгээс илгээсэн ямар нэгэн илгээмж нь (цаасан дээр бичсэн зорилтууд г.м) таны далд ухамсрын үнэн зөв гэж үзсэн илгээмжтэй (итгэл үнэмшил) өрсөлддөг. Аль нь ялахыг таамаглаж байгаа биз дээ? Хариулт нь тодорхой байх гэж бодож байна.
Өөрөөр хэлбэл та «Би өөрийн бизнесийн жилийн эргэлтийг дөрөв дахин нэмэгдүүлж 250000 доллараас 1000000 доллар болгохыг хүсэж байна» гэж хэлж болох юм. Гэвч энэ үед таны далд ухамсар 250000 гэдэг тоон дээр төвлөрсөн хэвээр байвал гараа цээжиндээ зөрүүлж, хөмсгөө зангидаад «Би чамд хайртай» гэж хэлж буйтай агаар нэгэн билээ. Оюун ухаан ба далд ухамсар хоёр хоорондоо зөрчилдөх тэр үед далд ухамсар нь үргэлж ялдаг гэдгийг бүү март. Үргэлж.
Одоо тэгэхээр таны итгэл үнэмшлийг хамтдаа сөхөцгөөе.
ТАНЫ ОДООГИЙН ИТГЭЛ ҮНЭМШИЛ
Таны одоогийн итгэл үнэмшил ямар байна вэ гэдгийг та хаанаас олж мэдэх билээ? Итгэл үнэмшил гэдэг нь хувь хүний салшгүй бөгөөд ихээхэн далд битүүлэг, тэр ч бүү хэл өөрөөс нь ч нууцлагдсан тийм нэгэн хэсэг учраас түүнийг шууд ухаарч ойлгох боломжгүй юм. Хинду шашинтнуудын «Ертөнцийн гурван нууцуудын нэгэнд: Шувуунд агаар нэг нууц. Загасанд ус нэг нууц. Хүнд хүн өөрөө нэг нууц» хэмээсэн нэгэн гайхалтай зүйрлэл байдаг. Загаснууд ус гэж юу байдгийг огтхон ч анзаарахгүйгээр бүх л амьдралынхаа турш дотор нь сэлдэг бол шувууны хувьд агаар ч мөн тийм л байдаг бөгөөд тэд ус, агаарыг амьдрах хэвийн орчин хэмээн тусгаж авдаг. Бидний итгэл үнэмшил ч мөн үүн лугаа адил бөгөөд тэр нь бидэнд үл анзаарагдам, үл ялгагдам тул бид дунд нь хөвж л байдаг билээ.
Тэгэхээр таны итгэл үнэмшил ямар вэ гэдгийг бид яаж мэдэх билээ? Энэ асуултын хариулт нь туйлын амархан. Зүгээр л өөрийнхөө амьдралыг дүгнэж цэгнээд үз. Таны итгэл үнэмшил тэр чигээрээ байж байгаа нь тэр. Таны амьдралд буй бүхэн, бусадтай харьцах харьцаа, эрүүл мэнд, орлого, амьдралын хэв маяг, таны амьдарч, сурч, амарч, ажилладаг газар тэд бүгдээрээ таны далд ухамсарт суусан хэв загварын материаллаг биелэл нь билээ.
Хэрэв таны ажил үйлс амжилт муутай байгаа бол таны итгэл үнэмшил «Би ч азгүй амьтан даа. Юу ч хийгээд нэмэргүй» эсвэл «Би ч их мөнгөтэй байх хувьгүй хүн дээ» гэж хэлээд байгаа хэрэг юм.
Хэрэв та үргэлж завгүй байдагтаа бухимдаж явдаг бол таны итгэл үнэмшил мөн тийм л гэсэн үг юм.
Хэрэв та өөрийнхөө амьдралыг өөдрөг явааг мэдэрдэг ч хүссэн зүйлээ хийхэд цаг зав болон мөнгө хүрэлцдэггүй бол таны итгэл үнэмшил ямар байдаг вэ? Харваас «Надад үргэлж ямар нэг зүйл дутагддаг» гэсэн л байгаа байх. Харин та ямар нэг зүйлийг хийх гээд «Үгүй ээ, одоо биш. Гэхдээ тун удахгүй, маргааш эсвэл ирэх долоо хоногт» гэж боддог бол танд нэгэн муу мэдээ дуулгахад: таны хүсэл мөрөөдөл хэзээ ч бүтэхгүй. Далд ухамсрын хувьд өнгөрсөн ба ирээдүй цаг гэж байдаггүй бөгөөд тэр бүх зүйлийг одоо цаг дээр тусгаж авдаг. Иймээс «гэхдээ тун удахгүй» гэдэг хэзээ ч биелэхгүй зүйл дээр далд ухамсар тань таныг гацааж орхидог.
Таны амьдралыг өөр хэн ч биш зөвхөн та л бүтээсэн, бүтээх бүтээхдээ юуны өмнө өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан бүтээсэн бөгөөд таны амьдрал таны л гарт гэдгийг ухаарч ойлгох нь эхний алхам юм. Хэрэв та өөрийн амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа бол танд чухам ямар итгэл үнэмшил зайлшгүй хэрэгтэй вэ гэдгээ шийдэх хэрэгтэй.
БОДИТ ТҮҮХ: «МАЙ ТРЕЖЕРЗ ЭНД МИ»
Виржиниа Чан Кон бяцхан Маврикий арал дээр оршдог «Май трежерз энд ми» хэмээх экспорт-импортын компанийг удирддаг. Сүүлийн таван жилд түүний бизнес хэрэг дээрээ бараг өсөж нэмэгдээгүй байна. Тэрээр энэ хямралаасаа гарах арга зам эрж хайх явцдаа Интернет дэх «ВанКоуч»-ын сайтад санамсаргүй хандсан бөгөөд арван нэгэн цагийн бүсийн зөрөөг эс хайхран бидэнтэй хамтран ажиллаж, бидний сургалтын материалуудыг судалж, зайны семинарт сууж эхэлсэн билээ.
Түүний бизнесийн өсөлтийг өөрийнх нь итгэл үнэмшил барьж саатуулаад байгааг тэрээр бараг шууд ойлгосон юм.
«Хүн ам цөөтэй, ядуурал хэвшил болсон жижигхэн арал дээр амьдрахад чамд үүнээс цааш явах чадвар байхгүй гэсэн итгэл үнэмшил шингэхэд тун хялбар байдаг. Би хэдийгээр бизнесээ өргөжүүлэхийг хүсэж, компани маань ажилласаар байсан боловч түүнд ямар ч ирээдүй харагдахгүй байлаа» хэмээн Виржиниа Чан Кон ярьж байна.
Үүнийгээ тэрээр ойлгож ухаараад өөртөө шинэ итгэл үнэмшил төлөвлөж нейроны төгөлдөржүүлэлтийн аргаар түүнийгээ далд ухамсартаа хоногшуулж эхэлсэн байна. Үр дүн нь ч тун удалгүй гарч эхэлжээ.
«Сар ч болоогүй байхад хагас үнэт чулууны наймаа хийдэг, Африкийн нэгэн уул уурхайн компанитай би холбоо тогтоосон юм. Тэд Маврикийд нисэж ирцгээн гэрээ хийгээд намайг тус компанийн олон улсын төлөөлөгчөөр томилсон. Өнөөдөр бид бүтэн чингэлэг чингэлгээр нь чулуу хүлээн авч боловсруулах захиалга аван гүйцэтгэж байна.
Би олон жил маркетинг эрхэлж буйн хувьд хэлэлцээр байгуулах, тэр ч бүү хэл зүгээр л санал бодлоо нэгтгэхэд хэцүү байдгийг мэднэ. Гэтэл гэнэт л бүх зүйл хамаагүй хялбар болсон. Өдөр бүр хаанаас ч юм миний өмнө шинэ шинэ боломжууд нээгдэж эхэлсэн. Би энэ ертөнцийн өнцөг булан бүрийн хүмүүстэй уулзаж, жирийн тохиолдлын чанартай хэдэн үг солиод л хамтын ажиллагааныхаа талаар аль хэдийн тохиролцчихсон байдаг болсон» гэж Виржиниа үргэлжлүүлэн ярилаа.
«ВанКоуч»-тай хамтран ажиллаж эхэлснээс гуч хоногийн дараа гэхэд Виржиниа өөрийн компанийн орлогыг гурав дахин нэмэгдүүлж, дахин гуч хоног өнгөрөхөд тэрээр маш чухал хэлэлцээр байгуулж түүний компанийн сарын орлого нь өнгөрсөн бүтэн жилийнх нь орлоготой тэнцэх хэмжээнд хүрчээ!
ЭЕРЭГ ИТГЭЛ ҮНЭМШИЛ БУЙ БОЛГОХ НЬ
Эерэг итгэл үнэмшил нь зоримог, өөрөөр хэлбэл урт удаан хугацааны, тов тодорхой, одоо цаг дээр томьёолсон байх ёстой.
Хүмүүс өөрийн зорилтуудыг төлөвлөхдөө сөрөг нэр томьёо хэрэглэх нь их байдаг бөгөөд үүнээс гарах хүндрэл бэрхшээлүүдийн талаар бид нэгэнтээ ярилцсан билээ. Тэд өөрсдийн хүсэж буй зүйлс дээр төвлөрөхийн оронд хүсээгүй зүйлс дээрээ төвлөрөөд байдаг. «Би хамтдаа урт удаан бөгөөд аз жаргалтай амьдрах тийм хүнтэй учрахыг хүсэж байна» эсвэл «Би амьдралаа уйтгар гуниг, ганцаардал дунд өнгөрөөхийг хүсэхгүй байна» гэсэн өгүүлбэрүүд нь өөр өөр үгсээр нэг л утга санааг илэрхийлж буй мэт боловч далд ухамсрын хувьд тэдгээр нь хоорондоо зарчмын ялгаатай юм. Далд ухамсар нь «хүсэж байна» ба «хүсэхгүй байна» гэдгийн ялгааг мэдэхгүй бөгөөд тэр эндээс зөвхөн «урт удаан бөгөөд аз жаргалтай амьдрал» эсвэл «уйтгар гуниг, ганцаардал» гэсэн үгүүдийг л сонсдог.
Ухамсар нь нэгэн зэрэг хоёроос илүү бодол санаан дээр төвлөрөх чадваргүй учраас бүх л зүйлийг учир шалтгааны дарааллаар нь жагсаан авч үздэг. Харин далд ухамсар нь нэгэн зэрэг мянга мянган санаан дээр төвлөрч чадах бөгөөд түүний хувьд «эхлээд энийг, дараа нь тэрийг, сүүлд нь тэр ...» гэх шаардлага байдаггүй. Хэлбэр талаас нь харвал ухамсар нь номыг эхнээс нь дуустал нь уншдаг бол далд ухамсар нь түүнийг нэг л бүхэл зүйл хэмээн тусгаж авдаг. Өөрөөр хэлбэл далд ухамсрын хувьд нэг төрлийн мэдээлэл нь нэг ширхэг «Желло» цэлцэгнүүр л гэсэн үг билээ. Хүүхдэд, тэр дундаа бага насны хүүхдэд энэ нь тодорхой ажиглагддаг бөгөөд тэдэнд сэтгэл санааны хориг үүсэж амжаагүй байдаг учраас илүү чөлөөтэй сэтгэж, том хүүхдүүдийн хийхгүй зүйлийг хийдэг. Та хүүхдэдээ ямар нэг зүйлийг хийж огт болохгүй гэж хэлбэл ямар үр дүн гарах бол? Тэр таны хориглосон чухам тэр зүйлийг л хийх болно!
Та хүүхдээ хоол идэхдээ нямбай хандаж нэг дусал ч сүү битгий асгаасай гэж хүслээ гэж бодъё. Хэрэв та «Хөөе чи наашаа хар л даа, сүүгээ битгий асгаад бай» гэж хүүдээ хэлбэл сүү асгарах нь багасгах болов уу? Огтхон ч тэгэхгүй бөгөөд харин ч бүр эсрэгээрээ ихсэх болно.
Бид бүхний өөрөө өөртөө үнэндээ бол хэдэн зуу дахин хэлдэг тэр зүйлсийн хувьд ч мөн л тийм юм. Яагаад? Та хүүхдэдээ сүүгээ битгий асгаад бай гэж өдөрт хоёр удаа л хэлдэг байх тийм үү? За яах вэ гурав ч болог. Тэгээд сүү асгахаа больдог билүү? Тэгвэл та өдрийн турш: битгий уурла, битгий дүрэлз, битгий лонх хүзүүдчих гээд бай гэж өөрөө өөртөө хэдэн удаа хэлдэг вэ? Хэдэн зуугаа байг гэхэд хэдэн арван удаа хэлдэг байх тийм үү? Тийм ээ. Бид нэг л зүйлийг хэдэн арав, хэдэн зуу, хэдэн мянга, хэдэн арван мянган удаа дахин дахин давтан өөртөө хэлдэг. Танд хамгийн их нөлөөлдөг хүн нь та өөрөө бөгөөд таны өөрийн биеэр хийдэг шигээр хэн нэг нь таны чихэнд үргэлж улиг болтол шивнээд байдаггүй шүү дээ.
БОДИТ ТҮҮХ: ЖОН АССАРАФ
Нас бие гүйцэж том болох тусмаа би энэ амьдралдаа олигтой зүйлд хүрч чадахгүй юм байна гэж улам бүр итгэх болсон билээ. Энэ номын оршил хэсэгт дурдсанчлан би гудамжны бүлэг хүүхдүүдтэй нийлж, миний амьдралд ямар ч ирээдүй харагдахгүй байсан юм. Анх өмнөө зорилго тавьж, дүрслэл бүрдүүлж байх үедээ өөрийгөө бизнесмэн хүн гэж өөртөө итгүүлэх нь надад туйлын чухал байсан бөгөөд хэрэв эс тэгвээс миний хуучин итгэл үнэмшил нь аливаа шинэ эхлэлийг нуга дарах байлаа. Би өөрийн өсөж торних насны итгэл үнэмшлээс эрс тэс ялгархуйц нотолгоо бичсэн бөгөөд тэр нь өнөөдрийг хүртэл миний хувьд чухал ач холбогдолтой хэвээрээ л байгаа билээ:
«Би одтой, хийморьлог бизнесмэн»
Энэ өгүүлбэрийг бичиж байхдаа би үүндээ огт итгэхгүй байсан гэдэгт анхаарлаа хандуулна уу. Нэг ч үгэнд нь итгээгүй. Яагаад гэвэл энэ өгүүлбэрт үнэн үг ганц ч байхгүй нь ойлгомжтой байлаа. Ямар ч байсан тэр үедээ л. Гэвч би үүнийг үнэн болгохоор шийдсэн юм. Би амжилттай бизнесмэн болохыг хүсэж байлаа. Харин энэ мөрөөдлийг миний далд ухамсар хүлээн авсан зөвхөн тэр тохиолдолд л хүсэл минь биелэх байсан юм. Тэгээд ч яг үүнийг л би хийж эхэлсэн билээ.
Дараах жилүүдэд өөрийн зорилт, нотолгоонуудын жагсаалтыг нэмэн баяжуулсан юм (дашрамд дурдахад энэхүү жагсаалт нь өөрчлөгддөггүй мөнхийн зүйл биш бөгөөд харин ч байнга засварлан өөрчилж байх хэрэгтэй). Яг одоо миний хэрэглэж буй жагсаалт энэ байна:
Би өдөр бүр суут нээлтүүд хийдэг суут хүн.
Би өөрийгөө хүчтэй байхыг зөвшөөрч байна.
Би мөнгийг хүссэн хэмжээгээрээ олж чадна гэдэгтэй туйлын итгэлтэй байна.
Мөнгө хүссэн ч, эс хүссэн ч тал бүрээс надад урсан орж ирдэг.
Би бизнесээ дэвжүүлэхэд надад туслах хүмүүсийг байнга өөртөө татдаг.
Би хийморьлог сайн бизнесмэн.
«ВанКоуч» компанийг тэрбумын эргэлттэй болгоход шаардагдах бүхэн надад бий.
Би эрхэм дээдийг бүтээхэд шаардагдах авьяас чадвар, боломж бүхнийг өөртөө цогцлоосон
Би ярилцлага өгч, семинар хөтөлж байх үедээ үргэлж тайван, даруу төлөв, амьдралдаа сэтгэл хангалуун, сайхан сэтгэлтэй байдаг.
Би хүмүүсийг итгүүлж, сэнхрүүлж, ярьж чаддаг. Энэ үнэхээр гайхалтай!
Энэхүү жагсаалтыг уншаад өмнө нь надад байсан, миний өөрчлөхийг хүссэн зарим итгэл үнэмшлийг та олж харж болох юм. Жишээ нь, «Би үргэлж тайван, даруу төлөв, амьдралдаа сэтгэл хангалуун...» г.м. Би үргэлж одоогийнх шиг дөлгөөн, даруу төлөв, аятайхан биеэ авч явдаг хүн байсан гэж та бодоогүй биз дээ? Огтхон ч тийм биш! Олон жилийн өмнө бол «дөлгөөхөн» гэдэг үгээр би өөрийгөө тодорхойлж огтхон ч чадахгүй байсан билээ. Нэмж чимэлгүйгээр хэлэхэд урд өмнө нь надад байгаагүй миний бүх сайн чанарууд нь тархинд нейроны шинэ холбоос үүсгэдэг эерэг нотолгоо үүсгэх замаар бий болсон юм.
Эсвэл «Би бизнесээ дэвжүүлэхэд надад туслах хүмүүсийг байнга өөртөө татдаг» гэсэн нотолгоог аваад үзье. Хэрэв та надтай адил бол (бусад ихэнх хүмүүстэй ч мөн адил), «Ямар нэгэн зүйл хиймээр байгаа бол түүнийгээ өөрөө хий» гэдэг дүрмийг мэдэх байх. Гэвч харамсалтай нь энэ дүрэм зөв байж чадахгүй. Амжилттай ажилладаг, томоохон компанийг ганцаараа байгуулж болохгүй юм. Хэрэгтэй хүмүүсээ олж чадах болов уу гэж сэтгэл түгшиж, өөрөөр хэлбэл тийм хүмүүс олдохгүй гэдэгт итгэлтэй байсан цаг үе надад бий. Энэхүү итгэл үнэмшил нь надад тус болохоосоо илүү ус болсон бөгөөд шинэ итгэл үнэмшил л надад тус болсон юм. Энэ бүгд тун хялбархан.
БОДИТ ТҮҮХ: «ТЕЙЛОРМЕЙД МАРКЕТИНГ»
Скотт Тейлор анх бидэнд хандах үедээ цухалдаж байгаагаа нуусангүй. Эхнэр Лоригынхаа хамтаар түүний үндэслэсэн «Тейлормейд Маркетинг» дизайны студи нь арав гаруй жил ажилласны эцэст томоохон бэрхшээлтэй тулгарчээ. Тэд вэб дизайн, компаниудаас гаргадаг нийтэд зориулсан мэдээлэл бэлтгэх, сайтуудыг сайжруулах, рекламны талбай худалдах зэрэг ажил эрхэлдэг байна. Гэвч яаж ч мэрийгээд тавьсан зорилгодоо нэг алхам ч ойртож чадсангүй.
Түүний бизнес өөдлөн дэвжих замд буй гол саад бэрхшээл нь өөрийнх нь итгэл үнэмшил юм гэдгийг Скотт түргэн ойлгосон юм. Үйлчлүүлэгчдээ баяжихад нь тусалж, тэр өөрийн ажлаа амжилттай гүйцэтгэж дөнгөж байгаагаа мэддэг ч энэхүү үйлчилгээнийхээ төлөө тэднээс үүнд нь таарч тэнцэх шагнал авна гэдэгт итгэхгүй байлаа.
«Би үйлчлүүлэгчдээ саятан болоход нь тусалдаг ч өөрөө урсгал зардлаа л дөнгөн данган хүчирч байлаа» гэж тэрээр хэлж байна.
Скотт нейроны төгөлдөржүүлэлтийн аргыг хэрэглэн өөрийн далд ухамсрыг харагдахуйц дүрслэл ба эерэг нотолгоогоор бөмбөгдөж эхэлсэн юм. Тэдгээр нотолгоонуудын нэг нь Скоттыг түүний үйлчлүүлэгчдийн амжилтад илүү идэвхтэй оролцуулахад чиглэсэн байлаа:
«Би маш олон түншүүдтэй ажилладаг бөгөөд өөрийн урлан бүтээж буй олон төслийг эзэмшдэг».
Скотт эдгээр нотолгоонуудыг өглөө бүр давтдаг байсан юм. Гэтэл ийм явдал болжээ.
«Ердөө хоёрхон долоо хоногийн дараа миний үйлчлүүлэгчдийн нэг намайг урьж, өөрийн бизнесийн гуравны нэгийг надад санал болгосон юм!»
Уг үйлчлүүлэгчид Скотт, Лори хоёрын бэлтгэсэн төсөл маш их таалагдаж, ажил хэргийн холбоогоо бэхжүүлэхийн тулд «Тейлормейд маркетинг»-д өөрийн компанийн хувийг санал болгохоор шийджээ.
Гэхдээ үүгээр дууссангүй. Үүнээс хоёр хоногийн дараа санаанд оромгүй саналд баярласан хэвээр байсан Скоттой өөр нэг үйлчлүүлэгч нь утсаар ярьжээ. «Та намайг ёсгүй загналаа гэж бодохгүй байх гэж найдаж байна хэмээн тэр хэлээд гэхдээ тантай хамтран ажиллах нь надад таалагддаг... би таныг миний бизнест хувь эзэмшсэн ажил хэргийн түнш минь болоосой гэж хүсэж байна» гэжээ.
Дээрх хоёр үйлчлүүлэгчдийн хэлсэн үгс нь зөвхөн Скотт өөртөө зориулж бичсэн нотолгоотой тохирч байгаа юм. Энэ бүх үйл явдал арван дөрөвхөн хоногийн дараа болж эхэлжээ! Далд ухамсарт суулгасан тодорхой томьёолон найруулсан эерэг нотолгооны хүч ийм агуу ажээ.
ТАНЫ НОТОЛГООНУУД
Харин одоо таны ээлж. Энэхүү хуудсан дээр, эсвэл тэмдэглэлийн дэвтэр дээрээ таны үүсгэсэн дүрслэлтэй тохирох итгэл үнэмшлийг төлөөлж чадах эерэг нотолгоонуудыг бичихэд хэдхэн минут зарцуулахыг танаас хүсье.
НОТОЛГООНЫ ЖИШЭЭ
Миний амьдралын өдөр бүр хүсэл тэмүүллээр дүүрэн, утга учиртай.
Би аливаа бизнест амжилтад хүрч чадна.
Би өөрийн чадварыг үнэлж, чадамж бололцоогоо үргэлж дүүрэн ашигладаг.
Надад хэрэгтэй бүх мөнгө надад бий.
Миний бизнес цэцэглэн хөгжиж байна.
Би зорьсондоо амархан хүрч, хүслээ биелүүлдэг.
Би өөртөө бүрэн итгэлтэй байна.
Би маш сайн бизнесмэн.
Би өөрийн баялгийг ухаалгаар зарцуулдаг.
Би баян, би бүгдийг амжилттай хийж чадна.
Зорилго, хүсэл мөрөөдлөө гүйцээхэд шаардагдах бүх зүйл надад бий.
Мөнгө хийх нь надад сайхан байдаг.
Би баялаг сэтгэлгээтэй, бүтээлч хүн.
Надад хэд хэрэгтэй байна, түүнийг нь олж чадна гэдэгтээ өчүүхэн ч эргэлзэхгүй байна.
Олон саяыг эзэмшихэд шаардагдах бүхэн надад бий.
Би ямар ч тансаг байдлыг өөртөө бий болгож чадах бөгөөд миний бизнес санаснаас илүү их хөрөнгө мөнгийг цуглуулж татдаг.
Би зохион байгуулалттай, идэвхтэй, сахилга баттай, авьяастай, бүтээлч, хөдөлмөрч, мөнгийг шударгаар олдог.
Би авьяастай, бүтээлч, санхүүгийн эрх чөлөөтэй байдалд шаардлагатай бүхнийг өөртөө татдаг.
Би өөрийн мөрөөдлийн бизнесийг цогцлоон бүтээхэд шаардагдах бүх л дадлага, чадвар, хэлхээ холбоо, арга хэрэгслийг эзэмшдэг.
Би санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд мөнгийг их хэмжээгээр, хялбархнаар олох хувьтай хүн. Би бүх л тооцоог цагт нь төлдөг бөгөөд мөнгө тал бүрээс урсан орж ирдэг.
Би аз жаргал, элбэг хангалуун амьдрал, хөгжил цэцэглэлтийг амсах хувьтай.
Би санхүүгийн зорилгоо амархан биелүүлдэг.
Би эрх дураараа хүн.
Би өөрийн авьяас чадварыг байнга ашигладаг суут хүн.
Би өдрөөс өдөрт бүх талаараа сайжирч байгаа.
Би нэвтэрхий оюун ухаантай, бүтээлч, авхаалжтай, хөгжилтэй.
Би хүссэндээ хүрдэг онцгой чадвартай.
Би өмнөө тавьсан зорилготой, шийдэмгий, ажил үйлсдээ дуртай.
Би яг л агшсан пүрш мэт.
Би эрч хүч, зорилгодоо хүрэх тэмүүллээр дүүрэн.
Миний бизнес бол эрхмийн дээд.
Би өдөр бүр бясалгал хийж, элбэг хангалуун байдал, ололт амжилтын эх үндэстэй холбоотой байдаг.
Би хүссэн бүхнээ сэтгэлдээ дүрсэлж, хэрхэн хүсэл мөрөөдлөө бодитой болгохыг сайн мэднэ.
Би аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун хүн.
Би өөрийгөө хүчтэй байхыг зөвшөөрч байна.
Би өөрийн бизнесийг хөгжүүлэхэд туслах хүмүүсийг байнга өөртөө татдаг.
Би одтой, хийморьлог бизнесмэн.
Хэрэгтэй бүх л авьяас чадвар, мөнгө надад бий.
Би ажилдаа эзэн болсон хүн.
Дүрслэл, мөрөөдөлд хэрхэн ханддагтай нэгэн адилаар нотолгооны жагсаалтыг таны зорилго, хүсэл мөрөөдлийг яв цав тусгасан, болор мэт тунгалаг, тов тодорхой бүрдэл үүсэх хүртэл нь нэмж хасаж, засаж сайжруулж болно.
Жишээ болох жагсаалтанд таны бүтээлч үйл ажиллагаанд түлхэц өгөх хэд хэдэн эерэг нотолгоог оруулсан билээ. Хэрэв түүн дотроос таны анхаарлыг ихээр татсан ганц нэг нотолгоо таарвал өөрийн жагсаалтад нэмэгтүн. Гэхдээ та манай нотолгоонуудыг шууд хуулах хэрэггүй бөгөөд эдгээр нь зүгээр л жишээ юм. Хамгийн хүчтэй нотолгоо нь мэдээж таны өөрийн нотолгоо байх болно. Яагаад гэвэл таныг танаас илүү мэдэх хүн байхгүй шүү дээ.

МИНИЙ ЭЕРЭГ НОТОЛГООНУУД
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
____________________________________________________________________

Гуравдугаар шат: НЕЙРОНЫ КОННЕКТЫН ТУСЛАМЖТАЙГААР СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ЗАНГУУ ҮҮСГЭХ НЬ
Дээр дурдсан хоёр мягмар гаригийн талаарх жишээг санаж байна уу? Хэрэв та 2001 оны есдүгээр сарын 11 ба 2002 оны нэгдүгээр сарын 8-нд хаана юу хийж байснаа санах гээд үзвэл IX сарын 11-ний дурсамж тодорхой байхад I сарын 8-ны дурсамж ул мөр төдий болж бүдгэрсэн болохыг мэдэх болно. Энэ хоёр мягмар гаригийн ялгаа чухам юунд оршиж байна вэ? Одоо «9/11» гэж хэлж хэвшсэн, тухайн өдөрт үүссэн сэтгэл хөдлөлийн цалгианд л хамаг учир байгаа юм.
Сэтгэл хөдлөлийн зангилааг ашиглан ямар ч төрлийн нотолгоо хийгээд итгэл үнэмшлийг бэхжүүлэхэд хэрэглэдэг нейроны коннект хэмээн нэрлэгддэг нэгэн арга бий. Энэ нь тодорхой нэг итгэл үнэмшлийг ямар нэгэн дурсамжтай холбоотой сэтгэлийн хүчтэй хөдөлгөөнтэй холбож үр дүнд хүрэх арга юм.
Нейроны коннект нь бидний оюун ухаанд байнга явагдаж байдаг. Саяхан хадсан өвсний үнэр, хуучирсан навчны үнэр, дөнгөж шүүгээнээс гаргасан ноосон цамцны үнэр эсвэл олон жил хэрэглээгүй байснаа дэлгүүрт байхыг нь гэнэт олж харсан хүнсний бүтээгдэхүүний үнэр энэ бүгд улирч одсон тэртээх өдрүүдийн дурсамжийг танд гэнэ гэнэхэн санагдуулдаг уу? Ой санамжууд нь хоорондоо холбогдох чанартай байдгаас үүдэн энэ бүх хосолмол дурсамж үүсдэг. Бидний хүүхэд ахуй цагийн олон дурсамж тодорхой нэг үнэр (эцгийн гаанс тамхи), дуу чимээ (хөрш айлын нохой хуцах) эсвэл хүрэлцэх мэдрэмжтэй (арьсан дээр тогтсон далайн давстай ус, нойтон элс хийгээд нарны цацраг — далай руу аялсан дурсамж) хослон ухаан санаанд хоногшин үлддэг. .
Таны өөрийн коннектоор дамжуулан эдгээр нийлмэл дурсамжуудыг ашиглаж болох юм. Үүнийг дараах маягаар хийнэ.
Эхлээд ямар нэг ялалт, ялгуусан баяр бахдалын мэдрэмжтэй холбоотой үйл явдлыг олж санах хэрэгтэй. Энэ нь тодорхой хэмжээний наалдамхай чанартай, өөрөөр хэлбэл бодол санааг татах чадвартай нейронуудаас тогтсон хэв загварыг эрж буй хэрэг юм.
Ийм төрлийн дурсамжтай холбоотой үйл явдлуудыг хэдэн өгүүлбэрт багтаан сийрүүлэн бичнэ үү (энд эсвэл өөрийн тэмдэглэлийн дэвтэрт).
МИНИЙ АМЬДРАЛД ТОХИОСОН ЭЕРЭГ ҮЙЛ ЯВДЛУУД
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________


Одоо нүдээ аниад эдгээр үйл явдлыг сэтгэлдээ ахин нэг амилуулаад, харсан, сонссон, мэдэрсэн тэр бүхнээ тэмдэглэж авагтун.
Дараа нь тэдгээр үйл явдлын талаар төрсөн сэтгэгдлээ бич. Бичихдээ заавал бүтэн өгүүлбэрээр илэрхийлэх шаардлагагүй бөгөөд дараа нь энэхүү дурсамжтай холбоотой сэтгэл хөдлөлийг танд сануулах ганц хоёр үг байхад л хангалттай.
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
______________________________________________________

Одоо эерэг нотолгоонуудаасаа аль нэгийг нь сонго. Товч бөгөөд та өөрийн шинэ итгэл үнэмшил болгохыг үнэхээр хүсэж байгаа тийм нотолгоог сонгож ав. Миний хувьд «Би одтой, хийморьлог бизнесмэн» гэдгийг сонгосон. Өсөж том болтлоо би огт эсрэг итгэл үнэмшилтэй явсан бөгөөд амьдралаа өөрчлөхөд дээрх нотолгоо туйлын чухал байлаа.
Ахин нүдээ аниад дээрх эерэг үйл явдлаа тухайн үед үнэртэж байсан үнэр, сонсогдож байсан дуу чимээ гэх мэт тухайн үед мэдрэгдэж байсан бүх л нарийн ширийнтэй нь дурсан бодож дотроо амилаад ирэх үед нь нотолгоогоо өөртөө сонсогдохоор унш.
Тухайн үйл явдал нь (бодит эсвэл төсөөлөн бодсон) сэтгэлийн хүчтэй хөдөлгөөнийг үүсгэснээр протейн ба нейромедиаторууд ялгарч, нейронууд нь тэдгээр мэдээллийг синапсын завсар давуулан дамжуулах бөгөөд тухайн үйл явдлыг нейрон бүтэцтэй холбодог.Тэрхүү үйл явдал ба түүнтэй холбоотой мэдрэмжийг давтан санах үед улам их протеин ялгарч эерэг нотолгоог энэхүү үйл явдалтай улам бүр холбож өгөх ба та өмнө нь оршин байсан нейронуудаас бүрдсэн бүтэц рүү шинэ бодол санааг оруулж өгч буй хэрэг юм.
Хувийн туршлагаасаа жишээ авъя.
Намайг арван долоотой байхад Орегон муж улсын их сургуулийн сагсан бөмбөгийн багт авлаа. Одоо хүртэл сэтгэлд үлдсэн нэгэн тоглолтын явцад Дэн Бродер хэмээх хүчтэй тоглогчийн эсрэг хамгаалагчийн байрлалд тоглох болсон юм. Тэрбээр 6 фут 8 инч, би тэр үед 6 фут 3 инч өндөртэй байсан ч тэр 16 оноо авч, харин би 48 оноо авсан юм. Түүний эсрэг амжилттай тоглож, түүнд бүрэн дүүрэн омгорхож чадсанаа бодоход үнэхээр бахтай байсныг тодхон санаж байна. Энэ бол миний амьдралын үнэхээр сэтгэл хөдөлгөсөн, чухал мөчүүдийн нэг бөгөөд үл бүдгэрэх бахдалын мэдрэмж билээ.
Энэхүү мэдрэмж нь тун ч хялбархнаар сэргээн санаж болдог тийм хүчтэй, хурц мэдрэмж юм. Би тэрхүү тэмцээнийг дотроо санаж, баяр бахдалаа ахин мэдэрч, «Би одтой, хийморьлог бизнесмэн» хэмээн боддог юм.
Би сэтгэл хөдлөл ба өмнө нь байсан нейроны хэв загварыг ашиглан энэхүү гайхалтай мэдрэмжээ шинэ итгэл үнэмшилтэйгээ холбосон бөгөөд гучин жилийн өмнөөс үргэлж надтай хамт байсан баяр бахдалаа ертөнцийг үзэх шинэ үзэлтэйгээ нэгтгэсэн билээ.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ЗАНГУУНЫ ЖИШЭЭ

Нэг милийн зайд гүйж анх түрүүлээд бахархал, баяр хөөр, бахдал, төгс амжилтыг мэдэрч билээ. Миний хөл ядарсандаа лугшиж байсан ч хаврын ногооны үнэр анхилж, үзэгчид надад алга ташихыг харах сайхан байлаа.

Их сургуулийн диплом гардаж авах үед Эверестийн оргилыг эрхшээсэн мэт агуу мэдрэмж надад төрж, эцэг эхийн минь царай хэрхэн баяр бахдалаар гийж байсныг тодхон санаж байна.

Амьдралын ханьтайгаа анх учирсан тэр мөч. Тэрхэн үед энэ хорвоогийн жаргалын дээдийг мэдэрч билээ. Түүнийхээ бүлээхэн гар, үснийх нь танхилхан үнэрийг хэрхэн мартах билээ.
Дөрөв дүгээр шат: ХОНОГШУУЛАХ МАТЕРИАЛ БЭЛТГЭХ НЬ
Хоногшуулах материал гэдэг нь ердөө л таны дүрслэл, нотолгооны гарт баригдаж, нүдэнд үзэгдэх болгосон биет хувилбар бөгөөд мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан энэхүү хувилбарыг далд ухамсарт суулгахад зориулагдсан юм.
Ихэнхдээ доорхи материалууд байдаг:
Бичмэл болон хэвлэмэл нотолгоонууд (ламинатордсан байх нь элбэг);
Аудио бичлэгүүд, тэр дундаа хөгжмийн аян дээр өөрийн дуу хоолойгоор бичсэн бичлэгүүд;
«Далд ухамсарт зориулсан материалууд»;
Зурагнууд, мөрөөдлийн самбарууд (эсвэл «зөгнөл самбар»).
Бусад жишээнүүдийг http://www.johnassaraf.com хаягаар орж үзнэ үү.
Бичгээр үйлдсэн нотолгоо. Өөрийн үүсгэсэн дүрслэлийг илүү дэлгэрэнгүй бичээд хэвлэгтүн. Түүнээс гадна танд илүү чухал эерэг нотолгоонуудаа нэг хуудсанд багтааж хэвлэ. Хэрэв хүсвэл аль нэг компьютер үйлчилгээний газар ламинатордуулж болно. Болж өгвөл үдээсний нүх гаргуулаад тэмдэглэлийн дэвтэртээ үдвэл зүгээр.
Аудио бичлэгүүд. Нотолгоонуудаа өөрийн дуу хоолойгоор уншиж бичлэг хийгтүн. Дараа нь тэдгээр файлуудаа CD дээр бичээд эсвэл iPod буюу MP3 плеерт хуулж аваад зөвхөн нейроны төгөлдөржүүлэлтийн дасгал хийхдээ ч бус, боломжтой тохиолдол бүрт сонсож бай.
Мөн та эерэг нотолгоонуудаа өөрийн дуу хоолойгоор уншсан бичлэгээ хөгжмийн аялгуутай нэгтгэж болох бөгөөд тэрхүү аялгуу нь амирлуулж тайвшруулсан, намуун зөөлөн байх ёстой. Үүнийг хийх Audacity, Amadeus эсвэл GarageBand гэх мэт хэд хэдэн программ байдаг ч ерөнхийдөө дууны файлтай ажилладаг ямар ч программ ашиглаж болно.
«Далд ухамсарт зориулсан материалууд». Тусгайлан бэлтгэсэн материалыг ашиглан таны бодол санааг далд ухамсарт дамжуулах илүү найдвартай аргууд байдаг. Жишээ нь та хөгжмийн аялгуун дээр өөрийн дуу хоолойг таны сонсох хязгаараас арай дор төвшинд бичиж болно. Ингэвэл хөгжим болон таны дуу хоолой нь оюун ухааны шүүлтүүрээр оролгүйгээр таны далд ухамсарт шууд хүрэх болно. «Далд ухамсарт зориулсан материалууд» гэдэг нь аудио болон видео бичлэгүүд, мөн таны сонгосон хэв загваруудыг компьютерийн дэлгэц дээр үүсгэж, оюун ухаан өөр зүйлд төвлөрч байх үед харааны мэдрэмжээр дамжин далд ухамсарт нэвтэрдэг «сэтгэц өөрчлөх» программууд юм. Эдгээр материалуудын нэг давуу тал нь таны оюун ухааны анхаарлыг сарниулж, ажлаас нь хөндийрүүлэхгүйгээр шууд далд ухамсарт нөлөөлж чаддагт оршино.
Бид «Нууц» номын хавсралт болгон хөгжмийн намуухан аялгуунд миний өөрийн хоолойгоор уншсан нотолгоонууд болон тэрхүү бичлэгийг далд ухамсарт шууд үйлчлэхээр хувиргасан файлуудыг агуулсан CD (http://www.onecoach.com/theanswer/cd) гаргасан юм. Энэхүү CD танд хэрэг болж магадгүй ч ийм төрлийн материалыг өөрсдөө бэлтгэсэн нь илүү үр дүнтэй байдаг.
Зураг ба мөрөөдлийн самбар. Сэтгүүлийн хуудсанд гарсан, таны өөртөө буй болгохыг хүссэн зүйлс, таны дурладаг ажил үйлс, амьдрахыг хүссэн газар, хүсэж тэмүүлдэг амьдралын хэв маяг гэх мэт таны мөрөөдөж явдаг бүхний зургийг хайчилж авагтун. Мөрөөдлийн амьдралынхаа дэлгэмэл зургийг бий болгохын тулд тэдгээр хайчилбаруудаа хатуу цаасан хуудсан дээр наа. Би өөрийн мөрөөдлийн самбараа бичгийн ширээнийхээ дээр хананд шууд харагдаж байхаар өлгөдөг бөгөөд түүн дээр буй миний сонгосон зурагнууд болон эх загварууд нь өдрийн турш мэдрэхүйг минь бөмбөгдөж, мөрөөдсөн бүхнээрээ хүрээлүүлж байхын тулд ийн үйлддэг билээ.
Би мөн «амжилтын самбар» хэмээн нэрлэсэн хүрсэн ололт нэг бүрийнхээ зургийг байрлуулдаг харах самбарыг хийсэн юм. Жишээ нь тэрхүү самбар дээрээ 1995 онд нэгэн сэтгүүлийн хуудаснаас хайчилж авсан өөрийн байшингийн зургийг би наасан билээ. Хүрэхийг хүсэж буй зүйлсийнхээ дүрсийн хажуугаар хүрсэн зүйлийнхээ дүрсийг хамт агуулж байх нь маш чухал юм. Баярлаж талархсан мэдрэмж нь эцэс хязгааргүй их боломжийг агуулсан квантын талбайтай тогтоосон таны холбоог олон дахин батжуулдаг байна.
ДҮРСЛЭХҮЙН ХҮЧ
Харах самбар буюу «зөгнөл самбар» нь таны хүсэл тэмүүллийг далд ухамсарт хоногшуулах маш найдвартай хэрэгсэл бөгөөд тархины хүчин чадлын дөрөвний нэг нь нүдээр дамжин орж ирсэн мэдээллийг боловсруулахад зарцуулагддаг байна. Зарим хүмүүс дуу чимээ хийгээд хүрэлцэх мэдрэмжийг чухалд үздэг гэдгийг би мэдэх ч бүхэлдээ бол хүмүүс юуны өмнө харааны мэдрэхүйгээрээ ертөнцийг тусгаж авдаг гэдэг нь маргаангүй билээ. Тийм ч учраас ганцхан дүрс нь хэлээгүй мянга мянган үгийг орлож чаддаг ба харах мэдрэхүйгээр дамжуулан оруулсан хэв загвар нь далд ухамсарт нөлөөлж чадах хүчирхэг хэрэглүүр болдог юм.
Тэгээд ч энэ нь зөгнөл, мөрөөдлөө илэрхийлэх маш сайн арга юм. Таалан соёрхогтун! Та өөрийнхөө ирээдүйг урлан бүтээж байна шүү дээ. Өөрийн мөрөөдөж явдаг автомашинаа олоод дотор нь суугаад зургаа авахуул. Тэрхүү машинаа асаагаад хэрхэн барьж буйгаа видеокамераар бичлэг хийлгэ. Сэтгэлд нийцсэн байшин, аятайхан харагдсан хувцас гэх мэт хүсэж буй бүхнийхээ зургийг олоод нүдэнд харагдахаар байрлуулж болно.
Манай нэг үйлчлүүлэгч хуудас бүр дээр нь өөрийн мөрөөдлийн байшингаа дүрсэлсэн зураг бүхий чекийн дэвтэртэй байсан юм. Чек бичихээр дэвтрээ нээх бүрдээ тэрээр уг байшинг торлог байгууламждаа сануулдаг байна.
Манай өөр нэг үйлчлүүлэгч өөрийн мөрөөдлийн бизнесийг дүрсэлсэн бүхэл бүтэн кино хийсэн юм. Түүнийг офистоо орж ирэхэд нарийн бичгийн дарга хүүхэн нь угтан авч баяр хүргэн мэндчилээд хийсэн арилжаанаас нь сая сая доллар орж ирсэн тухай товчхон мэдээлж буйг харуулсан киног нөхдийн хамт хийжээ. Мэдээжийн хэрэг түрээсийн байранд зураг авч, танил бүсгүй нь нарийн бичгийн даргын дүрд тоглосон байна. Гэхдээ тун сайн кино болсон юм. Таван минут орчим үргэлжлэх уг кино нь Уоррен Баффит эсвэл сэр Ричард Бренсоны амьдралын нэг хэсгийг санагдуулам болж чадсанаараа үзэгчдийг гайхашруулдаг билээ. Үнэхээр гайхалтай!
Хэрэв танд энэ бүхэн дэмий зүйл шиг санагдвал бодит амьдрал нь бодол санаанаас эхтэйг сана. Тэрбумтан хэн ч бай цагтаа асар том мөрөөдөлтэй бяцхан хүү байсныг, амжилттай яваа аливаа бизнес цагтаа хэн нэгний оюун ухаанд буусан санаа төдий байсныг санагтун.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Jul.09.10 4:56 pm, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Jul.08.10 12:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Тав дугаар шат: НЕЙРОНЫ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭЛТИЙН ҮЙЛ ЯВЦ
Дүрслэл ба нотолгоо үүсгэх, тэдгээрийг бичиж буулгах, хянах, боловсронгуй болгох, хэвлэх, бүрэх гэх мэт энэ бүх үйл ажиллагаа нь оюун ухаанаа дайчлахыг шаарддаг. Гэвч гарын доорхи эдгээр хэрэгслүүд бэлэн болсны дараагаас л жинхэнэ ажил ундарч эхэлдэг. Үүсгэсэн хэв загвараа далд ухамсартаа суулгахын тулд та боломжтой бүхий л арга хэрэгслийг ашиглах ёстой.
Та үүнд өдөр бүр хагас цаг зарцуулах хэрэгтэй болно (энүүхэндээ гэж хэлэхэд та хэдий их цаг зарцуулах тусам таны дүрслэл ба нотолгоонууд далд ухамсарт төдий хурдан хоногшиж, тэгснээрээ таны зорилго төдий хурднаар бодит зүйл болон хэрэгжих болно). Та үүнийг хэрхэн хийх нь чухал биш харин бага ч гэсэн хийх нь л чухал гэдгийг сануулах хэрэг юун.
Хүний бие махбодь нь үечилсэн мөчлөг буюу биохэмнэлд зохицсон байдаг тул дасгалаа хоногийн тодорхой нэг тогтсон цагт хийвэл дээр байдаг. Үүнийг тамирчид, хөгжимчид, бүжигчид, зохиолчид бүгд сайн мэднэ. Нэг л цагт тав хоног дараалан дасгал хийх нь өөр өөр цагт тав хоног дараалан дасгал хийснээс илүү их нөлөөг далд ухамсарт үзүүлдэг.
Хамгийн тохиромжтой цаг нь бага зэрэг ядарсан, анхаарал сайн төвлөрөхөө больсон тэр үе юм. Энэхүү хагас сэрүүн байдалд таны оюун ухааны шүүлтүүрүүд бараг ажиллахаа больж, далд ухамсарт нэвтрэх зам нээлттэй байдаг. Өглөө дөнгөж сэрмэгц, орой унтахаар хэвтэхийнхээ өмнө дасгалаа хийхийг бид зөвлөж байгаа бөгөөд мөн түүнчлэн их үдийн үед ажлаа түр хойш тавиад нам гүм орчинд ганцаар байх боломж гарсан тухай бүрд дасгалаа хийж байхыг танаас хичээнгүйлэн хүсэж байна. Хэрэв танд өдөр түр зүүрмэглэх цаг олддог бол тэр цагаа өөрийгөө хөгжүүлэхэд эхлээд зориулж яагаад болохгүй гэж?
Түүнээс гадна өдөр тутмын дасгалыг зөвхөн нэг цагт хийгээд зогсохгүй нэг тогтсон газар хийж байвал маш зүгээр. Наад зах нь арван минутын турш танд хэн ч саад болохгүй аниргүйхэн газар олоод гар утас, пейжэр, электрон шуудангийн дохио зэргийг салгагтун.
БЯСАЛГАЛ
Бясалгал нь нейроны төгөлдөржүүлэлтийн аргын үндэс бөгөөд таны шинэ итгэл үнэмшил, зорилго, тэмүүллийн суурь нь юм. Бясалгал гэдэг үгийг хүмүүс ихэвчлэн «тайвшрах», «стресс тайлах» гэдэг утгаар ойлгодог бөгөөд ийм ч учраас хувь хүний хөгжлийн тухай шинжлэх ухааны эхний үе шатуудад түүнийг сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгсэл хэмээн үздэг байлаа. Гэхдээ бясалгалын гол ач холбогдол нь тайвшруулж амраадагтаа биш харин таны оюун ухааныг төвлөрүүлж сургадагтаа байдаг юм. Бясалгал нь оюун ухааныг тайвшрахад төвлөрүүлдэг тул мөн чанарынхаа хувьд стресс тайлах сайн арга юм.
«Оракл» компанийн гүйцэтгэх захирал Ларри Эллисон өдөрт гурван удаа бясалгал хийхийг тэргүүлэгч менежерүүдээсээ шаарддаг байна. НБА-ын «Лос-Анжелес лейкерс» сагсан бөмбөгийн багийн домогт дасгалжуулагч Фил Жексон тамирчидтай ажилласан бүхий л хугацааныхаа туршид тэднийг бясалгалд сургаж байжээ. Жоэл Стайны 2003 онд «Тайм» сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлээс үзэхэд 10 сая гаруй америкчууд тогтмол бясалгал хийдэг бөгөөд энэ нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн байна.
Сүүлийн 20-30 жилд бясалгал сайнаар нөлөөлдгийн учир шалтгааныг тогтоох судалгааны ажил чамгүй хийгджээ. Дэлхийн 33 орны 250 гаруй их сургууль, судалгааны хүрээлэнгүүд 1000 гаруй судалгаа, шинжилгээний ажил хийжээ. Эдгээр ажлын үр дүн шинжлэх ухааны томоохон сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бөгөөд бясалгал нь:
төвлөрөх чадварыг дээшлүүлдэг;
илүү гярхай болгодог;
дотоод эрч хүчийг нэмэгдүүлдэг;
бүтээлч чадварыг өндөрсгөдөг;
стресст орох магадлалыг бууруулдаг;
сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлдэг:
сэтгэл гутрал үүсэх магадлалыг бууруулдаг;
биеийн ерөнхий эрүүл мэндийг дээшлүүлдэг;
квантын талбайтай тогтоосон холбоог гүнзгийрүүлдэг болох нь тус тус тогтоогджээ.
Бид өдөр тутмынхаа ажил үйлсэд дарагдаж, үйл ажиллагаандаа хамаг анхаарлаа хандуулдгаас тавьсан зорилгодоо хүрэхэд тус болох дохио, санамжуудыг бидний тархи ихэнхдээ үл анзаардаг. Туухайтай дасгал нь мөр, цээжний булчинг хөгжүүлдэгтэй нэгэн адилаар бясалгал нь анхаарлаа төвлөрүүлэх «булчингуудыг» дасгалжуулдаг. Бясалгал нь бүх л оюун санааны эх үндэс болсон квантын талбайн хэмжээ хязгааргүй их оюун ухаантай холбогдох боломжийг бидэнд олгох өөрчлөлтийг тархинд хийдэг.
Бясалгал нь тархинаас гарах долгионыг удирдах боломжийг бидэнд өгдөг. Бясалгал нь төвлөрч, дүрслэл ба зорилтуудынхаа хэв загварыг далд ухамсарт дамжуулж, мөн түүнчлэн хүрээлэн буй ертөнцөөсөө зохих хариу, нөөц бололцоог илүү үр дүнтэй хайхад тархийг сургадаг.
Тархинаасаа гарах долгионыг удирдах чадвартай болсноор энэ бүхэн боломжтой болох юм.
ТАРХИНААС ГАРАХ ДОЛГИОНУУД
Бета-долгион (14-100 Гц). Тархины долгионууд дотроос хамгийн хурдан, хамгийн богино долгион нь бөгөөд дүрслэл, итгэл үнэмшлийг хоногшуулахад оролцдоггүй билээ. Эдгээр долгион нь бидний өдөр тутмын идэвхтэй, сэрүүн байдлыг илэрхийлдэг. Зарим эрдэмтэд гамма-долгионыг (24-70 169 Гц) мөн энэ хүрээнд хамруулж үздэг. Зарим нэг онолоор бол гамма-долгион нь нейроны шинэ холбоос үүсэх үед цацардаг байна. Түвдийн лам нарыг бясалгал хийж байх үед нь судалж үзэхэд тэд гамма-долгион цацруулж буй нь тогтоогджээ.
Альфа-долгион (8-14 Гц). Энэ долгион нь серотонины хэмжээ ихэссэн, тайвширсан, хөнгөн гипнозын байдалд орсон, хагас зүүрмэглэсэн, ухаарч гэгээрсэн, далд ухамсар болон квантын талбайд хандах зам нээгдсэн, бясалгал хийж буй тэр үетэй давхацдаг байна.
Тета-долгион (4-7 Гц). Энэ долгион нь өнгөц нойрсолт, мөн түүнчлэн кетахоламин үүсэх (сурах болон ой санамж бүрдэхэд зайлшгүй шаардлагатай бодис), сэтгэл хөдлөлийн суурин дээр бүтээлч чадвараа нэмэгдүүлэх, зан төрхөө шийдвэртэй өөрчлөх, заасан материалыг өөрийн болгох зэрэгтэй тохирдог. Тета-долгионы хүчээр квантын талбайтай холбоо үүсдэг байна.
Дельта-долгион (0,1-4 Гц). Энэхүү удаан бөгөөд урт долгионууд нь зүүдлэхгүйгээр гүн нойрсох, өсөлтийн даавар ялгарах үетэй тохирдог. Бясалгалд ордог туршлагатай лам нар сэрүүн байхдаа ч энэ долгионыг цацруулдаг байна.
Тархинаас гарах эдгээр дөрвөн төрлийн долгионыг автомашины хурдны хайрцгийн дөрвөн дамжуургатай зүйрлэж болох бөгөөд бета-долгион нь нэгдүгээр араа, альфа-долгион нь хоёрдугаар, тета-долгион нь гуравдугаар, дельта-долгион нь дөрөвдүгээр араа юм. Ихэнх хүмүүс бета-долгионы хүрээнд л ажилладаг. Спорт загварын автомашиныг цаг алдан нэгдүгээр араагаараа яваад байхыг зөвшөөрч болно гэж үү? Мэдээж болохгүй! Харин бидний ихэнх нь иймэрхүү байдалд буй нь харамсалтай хэрэг юм. Бид өөрсдийн хурдны хайрцгаа эвдсэнээс болж өч төчнөөн хүмүүс янз бүрийн стрессын золиос болж байгаа нь гайхаад байх зүйл биш юм. Харин байнгын бясалгал нь бидний бие махбодид тийм сайнаар нөлөөлж стрессын шалтгаануудыг арилгаж байгаа нь зүй ёсны хэрэг билээ.
Бета-долгион муу гэдэгт асуудлын учир оршиж байгаа хэрэг биш бөгөөд нэгдүгээр араа ашиг тустай гэдэг нь ойлгомжтой. Машин анх байрнаасаа хөдлөхдөө нэгдүгээр араагаараа хөдөлдөг бөгөөд өөрөөр хэлбэл хөдөлгөөнгүй байдлаас хөдөлгөөнд ордог билээ. Түүнээс гадна аюул осолтой, жишээ нь мөстэй халтиргаатай замаар зайлшгүй нэгдүгээр араагаар явдаг. Гэхдээ бүтэн өдөржин нэгдүгээр араагаар явбал яах бол? Та хурдны хайрцгаа эвдэх болно.
Яг үүнчлэн бета-долгион нь ашигтай олон чанарыг өөртөө агуулдаг. Шинэ мэдээллийг хүлээж авах, урд өмнө нь гүйцэтгэж байгаагүй даалгавар дээр төвлөрөх зэрэгт түүнээс илүү тохирох зүйл байхгүй бөгөөд чухамхүү бета-долгионы ачаар л та эдгээр мөрүүдийг уншиж суугаа юм. Гэвч нэгдүгээр араагаар газрын холыг туулахгүй билээ. Машин байрнаасаа хөдөлсөн л бол, та мэдээллийг хүлээн авсан л бол хоёрдугаар араандаа шилжих хэрэгтэй. Араагаа солимогц гайхалтай зүйл тохиож дугуй нь улам бүр хурдан эргэж, машин хурдаа аван моторын эргэлт ч хөнгөрөөд ирнэ. Хэрхэн? Бүх зүйл хурдны хайрцганд л байгаа хэрэг. Гуравдугаар араанд түүнээс илүү, дөрөвдүгээр араанд бүр ч ихээр энэ өөрчлөлт мэдрэгдэнэ. Моторын элэгдэл багасаж, түлшний зарцуулалт ч буурна. Стресс, зүрхний өвчлөл, цус харвалт, шигдээсийн аюул багасаж, бага уурлаж, бага түгшиж, илүү ихийг бүтээх болно! Бясалгал хийж тархиныхаа үйл ажиллагааг байнга сайжруулж байдаг хүний амьдралыг юутай ч зүйрлэшгүй билээ.
ТАРХИНЫХАА ХУРДЫГ ӨӨРЧЛӨХ НЬ
Бясалгал нь таныг нэгэн хэвийн, гарах гарцгүй мухардмал байдлаасаа гарахад тусалж, улмаар таны хүсэл бага багаар биелж эхлэх болно. Бидний ихэнх нь хэт шаргуу ажилладаг. Шаргуу хөдөлмөрлөхгүйгээр бизнест амжилтад хүрэх боломжгүй ч зузаан ханыг толгойгоороо мөргөөд нураах боломж бүр ч байхгүй бөгөөд хэт шаргуу байвал хажуугаар урсаад өнгөрөх амьдралын сайн сайхныг ч бас амсаж амжихгүй билээ. Хэрэв та ихэнх бизнесмэнүүдийн хэрэглэдэг тэр л аргаар бизнесээ босгож байгаа бол та хэт шаргуу ажиллаж байна гэсэн үг бөгөөд таны хүчин зүтгэл талаар өнгөрөх эрсдэл маш өндөр юм.
Бүр ч шаргуу ажилла гэдэг зөвлөмж нь тийм ч сайн зөвлөгөө биш. Байгаль дээр «илүү шаргуу» ажиллах гэдэг ойлголт байдаггүй бөгөөд тэд зүгээр л хийх ёстой ажлаа үр дүнтэй хийхээр зохицсон байдаг. Библид өгүүлэхдээ : «Талын Сараана цэцэг хэрхэн хээнцэр сайхан ургаж буйг хар. Гэтэл Соломон өөрийн бүх алдар нэрээрээ гоёод ч тэдэн шиг сайхан харагдаж чадахгүй» (Мф 6:28-29) гэжээ. Сараана цэцгэнд «би яаж ургах билээ, байгаль дэлхий яадаг бол» гэж стресст орох хэрэг огтхон ч байхгүй. Яагаад гэвэл тэдэнд «шаргуу ажиллах» шаардлага байхгүй. Тэд хэвийн амьдралаараа амьдарч, байгаль эхийн тэдэнд зориулж гаргасан «эх загварыг» л хэрэгжүүлж буй нь тэр. Талын Сараана цэцэгт маш тодорхой дүрслэл, төсөөлөл бий бөгөөд тэр нь анхнаасаа л цэцгийн үрэнд суугдсан байдаг билээ.
Таны бизнес ч мөн үүн лугаа адил юм.
ХЭРХЭН БЯСАЛГАХ ВЭ?
Гэртээ хэдхэн минут ганцаараа нам гүм байх боломжтой газраа сонго. Эхний шатанд 5-7 минут бүрэн хангалттай. Хоёр толгойт ба гурван толгойт булчинг хэрхэн дасгалжуулдаг шиг л тархиа дасгалжуулах хэрэгтэй.
Аниргүйхэн орчинд сандал дээр эсвэл шалан дээр суугаад гараа өөрт эвтэйхнээр байрлуул. Бясалгал хийхэд өөрт эвтэй байрлалаа сонгох нь маш чухал. Өөрөөр хэлбэл заавал бадамлянхуа суултаар завилан суугаад эрхий долоовор хуруугаа нийлүүл гэх мэт донжтой зүйл шаардахгүй. Зүгээр л өөрт аль болох эвтэй байдлаар суугаад нүдээ аниад амьсгаагаа чагна.
Хамраараа урт бөгөөд гүн амьсгал аваад амаараа аажуухан гарга. Ийм маягаар 2-3 удаа амьсгалаад хамраараа бүтэн амьсгалж хамрынхаа үзүүр дээр анхаарлаа төвлөрүүл.
Энэхүү дасгалыг 5-7 минут хийнэ. .
Таны оюун ухаан хэрхэн цааргалж, бодлоос бодолд үсчин байхыг та мэдрэх болно. Өөрийгөө зэмлэн буруутгалгүй зүгээр л энэ байдлыг ажиглаж, үргэлжлүүлэн хамрынхаа үзүүр дээр анхаарлаа төвлөрүүл. Амьсгаагаа алгуурхнаар авч аажимхан гарга.
Энэ байрлалдаа суугаад амьсгаагаа чагна.
Эхний хэд хэдэн удаагийн дасгалын турш таны тархи анхаарлаа сарниулахыг хичээж, бодол санаа эргэлдэж, амьсгал дээрээ төвлөрч огтхон ч чадахгүй байгаа мэт санагдаж магадгүй. Яг л та дүрсгүй хүүхдийг дэргэдээ томоотой суулгахыг хичээж байгаа мэт. Үүнд санаа зовох хэрэггүй бөгөөд тэгэх ч ёстой юм. Энэ ч бүтэхгүй нь дээ гэж ч бодох хэрэггүй. Бүх зүйл хэвийн явагдаж байна гэдэгт итгэ.
Энэхүү мэдрэмж таныг хэдэн өдөр эзэмдэж болох юм. Мөн л айх юм байхгүй. Таны оюун ухааны нарны туяаг тархины духны хэсгийн томруулдаг шилээр хэрхэн төвлөрүүлэх талаар өгүүлж байсныг санаж байна уу? Та анхаарлаа төвлөрүүлэх дасгалыг хийж сурч байгаа хэрэг юм. Хэр зэрэг амжилттай төвлөрч сурч буй нь чухал биш, гол нь хийх л хэрэгтэй. Цаг нь ирэхээр төвлөрөхөд улам хялбар болж буйг та мэдрэх болно.
Харах ба төвлөрөх гэдэг нь квантын ертөнцөд маш чухал үзүүлэлтүүд юм. Санаа зорилгоос илүү хүчирхэг зүйл үгүй билээ. Өөрийн тархины духны хэсгээ дасгалжуулж, амьсгаагаа чагнаснаар оюун ухаанаа номхотгох, санаа зорилгын хүчин чадлыг ашиглах чадвараа бэхжүүлж байгаа юм.
Дасгалаа өдөр алгасалгүй хийгтүн.
Ойролцоогоор хоёр долоо хоногийн дараагаас дасгалынхаа хугацааг арван таван минут, дахин хоёр долоо хоногийн дараагаас гучин минут болгох хэрэгтэй. Бясалгалыг тогтмол хийх нь ихээхэн чухал ач холбогдолтой. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар нэг өдөр дасгал тасалдвал санаа зовох зүйлгүй. Өөрийгөө зэмлэж нэг өдөр дэмий алдлаа гэж санаа зовох хэрэггүй. Зүгээр л тухайн хийж буй ажилдаа анхаарлаа төвлөрүүлээд, дасгалаа маргааш нь үргэлжлүүлээд л хий.
Байнга бясалгал үйлдсэнээр таны амьдрал өөрчлөгдөж, эргэн тойрны бүх зүйл удааширсан юм шиг санагдаж, ямар ч зүйлийг хийх цаг зав хангалттай гарч эхэлнэ. Өөрийгөө энэхэн ертөнцийн салшгүй нэг хэсэг гэдгийг гүнээ мэдрэх болно. Мөн түүнчлэн өөрийн тань хүсэл, мөрөөдөл, зорилтуудын салангад жижиг хэсгүүд хэрхэн таны нүдэн дээр нийлж нэгдмэл нэг зүйл болон цогцлохыг та харна.
Бясалгал нь таны эрүүл мэнд болон бүхий л амьдралд олон талын ашиг тустай бөгөөд тэр дундаа нейроны төгөлдөржүүлэлтэд онцгой сайнаар нөлөөлдөг. Тархинаас гарах долгионуудаа удирдаж сурснаар зорьсондоо хүрэхэд улам бүр хялбар байх болно.
Хүний оюун ухаан нь төвлөрөх чадвараа хэдий хугацаанд алддагыг санаж байна уу? 6-10 секунд тутамд. Бясалгалын тусламжтайгаар та өөрийн хүсэл мөрөөдөлд яг л лазерын цацраг лугаа адил нарийвчлалтайгаар төвлөрөхийг сурснаар таны хүсэл тэмүүллийн давлагаанд цалгин түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах бүхий л нөөц баялгийг танд өгөх квантын талбайг өөртөө нээх болно. Өөрөөр хэлбэл та таталцлын хуулийг өөрийн болгох болно.
Харин одоо тархины төгөлдөржүүлэлтийн үндсэнд нейроны төгөлдөржүүлэлтийн аргыг нэмцгээе.
НЕЙРОНЫ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭЛТИЙН АРГАЧЛАЛ
Хэдэн минутын бясалгалын дараа шууд залгуулаад дараагийн хэдэн минутыг өөрийн мөрөөдлийн бизнесээ дотроо дүрслэн харахад зориулж, тэрхүү дүрслэлээ бодлын кино мэтээр сэтгэлдээ хөврүүлэгтүн. Бясалгаж буй мэт тайвширч суларсан байрлалд, нүдээ аниад дүрслэлээ эхэлж дотроо харж буй үзэгдлүүдээ жинхэнэ болж буй мэтээр төсөөл.
Би банк руу орж явна. Банкны ажилтан бүсгүй надтай халуун дотноор мэндчилж, миний ажил үйлс маш сайн байгаад баяртай байна гэдгээ хэлж байх юм. Би үргэлж таалагддаг байсан тэр л хувцсаа өмсөж, үргэлж дурладаг байсан тэр л машинаа унаж, хүссэнээ идэж, миний бие цоо эрүүл гэдгийг мэдэрч, аз жаргалтай гэр бүл зохиож өөрөөр хэлбэл үргэлж хүсэж тэмүүлж байсан тэр л амьдралаараа амьдарч байна. Ийм л кино миний бодлын үзүүрт хөвөрч байна. Энэ амьдралаараа би мөнхөд амьдарна.
Эсвэл би өөрийгөө ямар нэг зөвлөгөөн дээр байгааг харж байна. Манай багийн гаргасан амжилтыг үнэлж намайг албан тушаал дэвшүүлж байна.
Эхэндээ энэхүү аргачлал нь болхи, үр дүн муутай юм шиг санагдаж магадгүй. Айх хэрэггүй. Дадлагажих тусам дүрслэл үүсэх нь хялбар бөгөөд илүү тод болно.
Энд тодрол маш чухал бөгөөд өдрөөс өдөрт нэг л зүйлийг төсөөлөгтүн. Та хэзээ «гэрийн даалгавраа» биелүүлж таны дүрслэл болор мэт тунгалаг болсон тэр цагт тэрхүү хэв загвараа яг л кино театрт суугаад өөрийн гол дүрд нь тоглосон киног үзэж буй мэтээр өдөр бүр сэтгэлдээ хөврүүлэхэд хэцүү биш юм. Ямар кино билээ? «Миний хүрсэн гайхамшигт амжилт» хэмээх номыг дэлгэцэнд тавьсан нь тэр билээ.
Дашрамд дурдахад бид хэдийгээр «дүрслэл» хэмээх нэр томьёог хэрэглэж байгаа ч дуу чимээг мартаж болохгүй. Таны дүрслэл нь дагалдах дуу чимээ, үнэр, амт болон хүрэлцэх мэдрэхүйн мэдрэмжүүд тэр ч бүү хэл дотоод сэтгэлийн нарийн мэдрэмжүүдийг ч чөлөөтэй агуулж болно. Хэлбэр, өнгө, хөдөлгөөн, дуу чимээ болон бусад энгийн дүрслэлийн хэрэгслүүд нь нэг л зорилгоор тухайлбал дотоод урвалыг өдөөх зорилгоор хэрэглэгддэг гэдгийг туршлагатай найруулагчид сайн мэддэг. Та өөрийн мөрөөдлийн бизнесийн хурц тод дүрслэлийг үүсгэж чадаж л байгаа бол зураг, дуу чимээ, үнэр, хүрэлцэх мэдрэмжийн чухам алийг нь ашиглах нь хамаагүй билээ. Эд бүгдийн аль нь ч эцэстээ нэг л үр дүнд хүргэдэг.
Дүрслэлээ сэтгэлдээ ургуулсны дараа эерэг нотолгоонуудаа уншихад хэдэн минут зориул. Өөрийн бүрмэл хуудсаа гартаа бариад сонсогдохоор уншиж, эсвэл дотроо чимээгүй уншаад тэрхүү нотолгооны аудио бичлэгийг давхар сонсож болно. Тэрхүү нотолгоонууд үнэн гэдэг мэдрэмж төрүүлэхийг хичээ. Энэ бүх нотолгоонууд биелсэн цагт таны амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг сэтгэлдээ зурагла (эсвэл ямар нэг өөр байдлаар төсөөл).
Энэ бүгд тун амархан: хэдэн минутын бясалгал, хэдэн минутын дүрслэл, хэдэн минутын нотолгоо.
Зургаа дугаар шат. НЕЙРОТЕХНОЛОГУУД
Техникийн хөгжил дэвшил нь далд ухамсрыг өөрсдийн үүсгэсэн хэв загвар, нотолгоонуудаар тасралтгүй бөмбөгдөх бүх л боломжит хэрэгслэлийг бидэнд олгож байна. Үүний заримыг дурдвал:
Аудио бичлэгүүд. Нотолгоонуудынхаа бичлэгийг дуртай үедээ, эсвэл өглөөний гүйлт болон гэрээ цэвэрлэх гэх мэт ердийн үед хөгжим сонсдог цагаараа сонсож болно.
Далд ухамсарт шууд чиглэсэн аудио болон видео. Дээрх маягаар далд ухамсарт чиглэсэн аудио болон видео бичлэгүүдийг сонсож, үзэж болох бөгөөд гол давуу тал нь оюун ухааны анхаарлыг сарниулалгүйгээр далд ухамсарт шууд ханддаг. Өөрөөр хэлбэл энэ төрлийн бичлэгүүдийг өөр зүйл хийж байхдаа ч үзэж, сонсож болно.
Далд ухамсарт зориулсан компьютерийн программууд. Эдгээр программууд нь хэв загвар болон нотолгоонуудыг танд «үзэгдэхгүйгээр» дэлгэцэн дээр гаргах ба оюун ухаан үүнийг барьж чадахгүй ч далд ухамсар түүнд хариулах бөгөөд компьютер дээр суугаад ажиллах явцдаа энэ төрлийн программыг ашиглах боломжтой юм.
Бясалгалд зориулсан аудио бичлэгүүд. Бясалгалын байдалд шилжих явцыг хөнгөвчилдөг аялгуу бүхий тун сайн CD нилээд хэд бий.
ДҮГНЭЛТ
А. Өглөө, өдөр, орой:
бясалгах;
дүрслэх:
нотолгоогоо хэлэх/унших.

Б. Өдрийн турш:
Төрөл бүрийн нейротехнологийг ашиглах (программууд, аудио, видео г.м).
ЭРГЭЛЗЭЖ БАЙСАН Ч ХИЙГЭЭД ҮЗ
Та дасгалаа анх хийж эхлэхдээ таагүй байдал, эргэлзээ, түгшүүрийн сэтгэл давчдуулсан мэдрэмжийг амсаж магад. «Би жилд таван зуун мянган долларын орлоготой» гэж хэлэх үедээ таны дотроос өөр нэг хоолой даажигнасан өнгөөр: «Бас юу гэнэ ээ! Худлаа хэлэхээ больж үз!» гэж хэлэхийг та сонсож болох юм.
Түүнийг бүү сонс. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Таны сэтгэц кибернетикийн тогтолцоо чиглэл өөрчлөгдөх гэж буйг урьдчилан сануулах өөрийн ажлаа л хийж байгаа нь тэр. Таны тархин дотор хаашаа хөвж буйг хянаж байдаг нэгэн байх бөгөөд тэрээр: «Ахмад аа, бидний өмнө шинэ зорилго тавигдлаа! Бидэнд таван зуун мянган долларын санаа орж ирлээ! Бид чиглэлээ өөрчлөх нь! Яах вэ?» гэж хашгирч байгаа нь тэр.
Эргэлзээ мэдрэх бүрдээ таны сэтгэц кибернетикийн тогтолцоо нь таны аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлж буйг ухаарлаа ч түүний дохиог ухрах тушаал мэт хүлээн авах хэрэггүй. Харин ч тэрхүү дохиог өмнө нь хөвж үзээгүй усанд давшин хөвөхөөр шийдсэнд бахархсан баярын уухай мэт хүлээж ав. «Тийм ээ, би хаашаа хөвж байгаагаа мэдэж байна. Бүх хурдаараа урагшаа!» гэж дотроо хариул. Таагүй байдал, зовиураа адал явдлын уухай болгож сур.
Эргэлт эндээс эхэлж буйг тогтоож ав. Урд өмнө нь газрын зурагт огт тэмдэглэгдээгүй бөгөөд 500 000 долларын зорилготойгоо боломжууд нь тохирч, таны зан төрх ч мөн өөрчлөгдөж эхлэх тийм газарт та нэгэнт хүрч очжээ. Таны амьдралд шинэ боломжууд, шинэ нөөц баялгууд, шинэ нөхцөл байдлууд нээгдэнэ. Таны бизнес, таны амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг та үзнэ. Та өөрөө өөрчлөгдсөн учраас л энэ бүхэн боломжтой болж буй хэрэг билээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Jul.11.10 12:51 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Наймдугаар бүлэг
НЕЙРОНЫ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭЛТИЙН ТАЛААР БАЙНГА ТАВИГДДАГ АСУУЛТУУД

Нейроны төгөлдөржүүлэлтийн аргачлалыг хэрэгжүүлж буй «ВанКоуч»-ын үйлчлүүлэгчид семинар дээр болон утсаар ба бичгээр хамгийн их асуудаг байсан асуултуудын хариултыг хэрэв танд ямар нэг асуух зүйл байвал тус болох болов уу гэсэн үүднээс энд орууллаа. Эндээс та өөрт төрсөн асуултынхаа хариуг олж болох юм. Түүнээс гадна интернэтэд байрлуулсан http://www.onecoach.com/theanswer вэб сайтаар дамжуулан асуултаа бидэнд хандан чөлөөтэй тавьж болно.
А.: Дасгалуудыг хийхдээ дарааллыг нь заавал баримтлах ёстой юу?
Бусад дасгалуудыг хийхээсээ өмнө хэдэн минут бясалгал үйлдэж оюун санаагаа цэвэршүүлж байвал илүү ухаалаг хэрэг болно. Харин дүрслэл, нотолгоо, аудио ба видео материалууд, «бодлын кино» болон нейроны коннект үүсгэх зэрэгт яг тогтоосон дараалал гэж үгүй юм. Бид дарааллыг нь өөрсдийнхөөрөө тогтоосон бөгөөд түүнийг хэрхэн өөрчлөх нь таны хэрэг.
Та булчингаа хөгжүүлэхдээ олон янзын хүчний дасгал хийдэг шиг нейроны төгөлдөржүүлэлтийн аргачлалд ч мөн олон төрлийн хэрэглүүр ашиглаж болох бөгөөд хамгийн гол нь чухам аль нь танд илүү үр дүн өгч байгааг нь л тогтоох хэрэгтэй. Бид заавал дагаж мөрдөх ёстой жор өгч чадахгүй бөгөөд тэгэх аваас юу ч бүтэхгүй. Хэрэв хичээвэл нийлүүлээд тун амттай сэндвич хийж болох тийм бүтээгдэхүүнүүдийн нэрсийг л бид танд тоочиж байгаа төдий юм. Харин сэндвич хийхэд ямар дүрэм байдаг билээ? Талх нь гаднаа, бусад нь дотроо — ингээд л болоо. Харин цааш нь хүн бүр өөр өөрийн үзэмжээр л хийдэг шүү дээ.
А.: Гучин минут аа? Өдөр бүр бүхэл бүтэн хагас цагийг үүнд зарцуулж чадах эсэхээ би мэдэхгүй л байна. Энэ чинь өчнөөн цаг үрнэ гэсэн үг шүү дээ!
За яах вэ. Хэрэв гучин минут их санагдаж байгаа бол та чухам хэдэн минут зарцуулж чадах вэ? Эсвэл өөрөөр томьёолоод үзье: Таныхаар бол амьдралаа өөрчилж, зорьсондоо хүрэхийн тулд та хэдий хэр хугацаа зарцуулж чадах вэ? Арван таван минут уу? Эсвэл долоо юу? Таны зав зай муутайг бид мэднэ. Бид бүгдээрээ завгүй хүмүүс. Гэвч дасгалд хэдэн минут зарцуулах нь тийм ч чухал биш, харин хийх нь, тэр тусмаа өдөр бүр хийх нь л хамгийн чухал гэдгийг та ойлгох хэрэгтэй.
Өдөрт гучин минут хийвэл хамгийн тохиромжтой ч та өдөрт ердөө долоон минут зарцуулахад л сарын дараа гэхэд мэдэгдхүйц үр дүн гарч эхлэх болно. Гэхдээ мэдээж та энэхүү долоон минутыг үргүй хоосон өнгөрөөгөөгүй, өдөр бүр тогтмол хичээллэж байсан бол тэр шүү дээ. Харин долоо биш бүр арван таван минут зарцуулбал үр дүн нь үнэхээр гайхалтай байх болно. Бясалгал үйлддэг болбол стресс бага багаар арилж, та амьдралын замаар нуруу цэх алхаж, хүрээлэн буй ертөнц удааширсан мэт санагдаж, чөлөөт цаг нэмэгдэж, бүхнийг айван тайван өлхөн амжуулдаг болно гэдгийг бүү мартагтун.
А.: Нотолгоонуудыг чангаар уншихад надад эвгүй санагдаад байх юм. Энэ зүгээр үү?
Энэ нь хэвийн үзэгдэл юм. Гэвч эвгүй байдлаа давах гээд оролдоод үз. Эцсийн эцэст дүрслэл үүсгэх гэдэг нь шүхрээр анх үсрэх эсвэл эсвэл усанд шумбагчийн хувцас өмсөөд далайн ёроол руу анх шумбахтай адил их эрсдэл юм. «Аюул! Аюул! Чи тааламжтай байдлын бүсээс гарлаа!» гэж урьдчилан сануулсан химийн дохионоос таны бие чичирч буй нь тэр билээ. Гэхдээ та харин дээрх дохиог «энэ чинь огт худлаа» гэж хүлээн авч болно шүү дээ. .
Та өөрийн итгэл үнэмшлийг давж шинэ дүрслэл үүсгэж хоногшуулах нь ихээхэн тэвчээр хатуужил шаардсан ажил юм. Ихэнх хүмүүс боломжтой гэж бодсон зүйл рүүгээ тэмүүлдэг бол та боломжгүй зүйл рүү хөдлөх ёстой болж байна шүү дээ. Роберт Браунингийн бичсэнчлэн: «Ямар ч байсан хүсэл тэмүүлэл нь давамгайлах ёстой. Боломжоо харвал бид тэнгэрт гарахгүй шүү дээ». Таны хүсэл тэмүүлэл нь бодит боломжоосоо олон дахин давж байх ёстой, эс тэгвээс амьд явж яах юм бэ? гэж бид хэлээд байгаа юм.
Хэрэв та өөрийн зорилгодоо хүрэхийг хүсэж л байгаа бол итгэл үнэмшлээ шинэчлэх хэрэгтэй. Та өөрөө итгэхгүй байгаа бол шинэ итгэл үнэмшил нь өөрөө бэхжихийг хүлээх хэрэггүй бөгөөд харин сэтгэлийн зарим дадал зуршлыг даван туулах гарцаагүй алхмуудыг хийхгүй бол түүнд итгэх боломжгүй юм. Эхлээд та дүрслэл үүсгэж, дараа нь түүнийг батжуулах эерэг нотолгоонуудыг гаргаж, түүний дараа энэхүү шинэ итгэл үнэмшлээ далд ухамсартаа дамжуулдаг. Харин энэ шатанд эвгүй байдал тань арилах болно.
А.:Би олон удаа семинарт сууж, туслах материал болон зөвлөлгөөнд олон мянган доллар зарцуулсан ч миний амьдрал өөрчлөгдсөнгүй. Би таны бичиж буйг ойлгож байгаа ч миний үйлдлүүд ямар ч үр дүнгүй байна. Ямар нэг зүйл хэлж өгөх боломж байна уу?
Юуны өмнө өөрийн нотолгоонууд болон итгэл үнэмшлээ хянаж үзэгтүн. «Миний амьдрал огтхон ч өөрчлөгдсөнгүй» гэх мэтээр яривал та өөрчлөхийг хүссэн ч өөрчилж чадахгүй байгаа одоогийн тэр л байдалдаа баригдсан хэвээр үлдэх болно! Таныг ертөнцийн хамгийн агуу хүч сонсож байна гэдгийг бодолцон хэлэх зүйлээ сайтар цэгнэж, үгээ хичээж сонго.
Тэгэхээр «огтхон ч өөрчлөгдсөнгүй» гэдгээсээ салах хэрэгтэй. Таны дотор ямар бодол байна, та тийм л байна. Яг одоо шуудхан: «Би өмнөх бодлуудаасаа ангижирч, өөрчлөгдөхөд бэлэн байна гэдгээ мэдэрч байна» гэж өөртөө хэл. Өөрийн хийгээгүй зүйл дээр биш харин хийх зүйл дээрээ төвлөр. Миний ажил үйлс бүтэхгүй байна гэж ярихын оронд амжилтад хэрхэн хүрч буйгаа дотроо төсөөл.
Семинар хийгээд материалд зарцуулсан мөнгөндөө харамсах хэрэггүй. Тэр мөнгийг та хоосон үрээгүй. Таны сурсан бүхэн дотоод ухамсарт тань хадгалагдан, зөвхөн амьдрал дээр хэрэгжүүлэх тэр дохиог л хүлээж байгаа юм. Мэдээлэлдээ гол нь биш, харин түүнийг хэрхэн хэрэглэхэд л гол учир нь байгаа юм. Энэ мөчөөс эхлэн хэрэгжүүлэгтүн.
А.: Миний гол бэрхшээл нь дасгал хийе гэсэн бодлоо үргэлж хойш нь тавьдагт байдаг. Та ямар зөвлөгөө өгөх вэ?
Эхлээд «Би дасгалаа үргэлж хойш нь тавьдаг» гэсэн итгэл үнэмшлээ «Би дасгалаа үр дүнтэй хийж байна» гэж өөрчлөх хэрэгтэй. Таны далд ухамсарт шинэ итгэл үнэмшил суумагц тэр нь үнэн болох болно.
А.: Би өдгөө далан настай, энэхүү аргачлалын талаар эрт мэдээгүй нь харамсалтай. Одоо ямар нэг өөрчлөлт хийхэд хэтэрхий оройтсон уу?
Өөрчлөлт хэзээ ч оройтохгүй. Нас сүүдэр болон бусад хүндэтгэх нөхцөл байдлаас шалтгаалахгүй жишишгүй өндөр үр дүнтэй аргачлал шүү дээ. Бид өөрсдийн туршлагаа хуваалцаж эхэлсэн сүүлийн арван жилд дэлхийн олон орноос хэдэн арван мянган захидал бидэнд ирсэн бөгөөд мөнгө олох, эрүүл мэндээ нөхөн сэргээх, гэр бүлийнхээ харьцааг бэхжүүлэх, бүхэлдээ бол дүүрэн жаргалтай амьдрахад энэхүү аргачлал хэрхэн тусалсан тухай тэрхүү захидлуудад өгүүлсэн байсан билээ. Энэхүү аргачлал нь альцгеймерийн өвчнөөр өвчлөх эрсдэлийг мэдэгдхүйц багасгадгийг саяхан хийгдсэн судалгаа харуулсан юм гэдгийг л бидний зүгээс настай хүмүүст хэлэх байна. Нейроны шинэ холбоос үүсгэснээр тархиныхаа эрүүл мэндийг дээшлүүлж буй хэрэг юм.
А.:Миний өсөлт амжилтад саад болоод байгаа тэр итгэл үнэмшлийг би хэрхэн олох вэ? Миний компани сард 500000 доллар олдог боловч би орлогоо хоёр дахин нэмэгдүүлж сард 1 000 000 доллар олдог болмоор байгаа юм. Өөрөөр хэлбэл хэдийгээр би муугүй амьдардаг ч миний хүссэнд хүрдэггүй бөгөөд юу намаг бариад байгааг мэддэггүй. Өдөр бүр чухам юун дээр төвлөрөх ёстойгоо би яаж мэдэх вэ?
Хэрэв та чухам ямар программ хангамж таны тархийг удирддаг болохыг мэдэхийг хүсвэл өөрийн үйл ажиллагааг цэгнэж үзэгтүн. Бид ихэвчлэн «санхүүгийн одоогийн чадамж» гэсэн нэр томьёог хэрэглэдэг.
Хэлсэн үгнээс тань үзвэл таны санхүүгийн одоогийн чадамж жилд 6 сая орчим доллар байдаг юм байна. Хэрэв та энэ тоог 10 эсвэл 15 сая болгохыг хүсэж байгаа бол тархиныхаа «программ хангамж» хийгээд таны болон танай компанийн жилийн орлогын талаарх хуучин төсөөллөө өөрчлөх хэрэгтэй. Бясалгал ба нейроны төгөлдөржүүлэлтийн бусад дасгалуудыг байнга хийснээр (дасгалуудыг иж бүрнээр хийх нь амжилтын баталгаа гэдгийг санаж байгаа буй заа!) та өөрийн сэтгэц кибернетикийн тогтолцооны хэмжээсийг өөрчилж, таныг бариад байх мэт танд санагдсан тэрхүү нейроны бүтцийн тохиргоог шинэчилж байгаа хэрэг юм.
Дүгнэж хэлэхэд: Бид өөрийн оюун ухаан болон далд ухамсраа хүрэх амжилтандаа хэрхэн зохицуулах талаар ярьж байх үед бидний торлог байгууламж нь одоогийн сарын 500 000 доллартайгаа зууралдахын оронд жилийн 10 эсвэл 15 сая долларын орлого олох боломжийг нэгэнт хайж эхэлдэг. Өдөр бүр нейроны төгөлдөржүүлэлтийн дасгалуудыг хийх замаар санхүүгийн чадамжаа шинэчлэх хэрэгтэй. Сансрын нисгэгчид дээр хийсэн туршлагаас харахад шилжилтийн үйл явц нь нэг сар орчим үргэлжилдэг гэдгийг битгий мартаарай.
А.: Далд ухамсар маань миний хүссэнчлэн өөрчлөгдсөн эсэхийг би яаж мэдэх вэ?
Та хийх гэж буй зүйлдээ эргэлзэж, тээнэгэлзэн түгшиж эхэлнэ. Далд ухамсарт суусан хөтөлбөр болоод таны оюун ухааны хийхээр шийдсэн зүйл хоёр таарахгүй бол зөрчилдөөн үүсэж, эргэлзээ, түгшүүр таныг эзэмдэх болно.
Үүнийг эхэндээ зүгээр л тогтоож аваад таны хүсээд буй шинэ итгэл үнэмшил дээр биш харин одоогийн хуучин итгэл үнэмшил дээр тулгуурлан далд ухамсар тань дээрх дохиог явуулж байна гэдгийг ойлгохыг хичээ. Шинэ итгэл үнэмшил хоногшиход 30 орчим хоног шаардагддаг гэдгийг сана. Нейроны төгөлдөржүүлэлтийн аргыг хэрэглээд ирэхээр өдрөөс өдөрт эргэлзээ, айдас түгшүүр анзаарагдахаа болино.
Өөртөө итгэлтэй байж, сонгосон зүг рүүгээ шийдэмгий бөгөөд, эргэлт буцалтгүй урагшлагтун.
А.: Би өөрийн далд ухамсраа эрчимтэй бөмбөгдсөн бөгөөд эргэн тойрны бүх зүйлс үнэхээр өөрчлөгдөж эхлэхийг анзаарсан. Миний амьдралдаа хандах хандлага хүртэл өөрчлөгдсөн. Яагаад энэ бүхэн ийм хурдтай явагдаж байна вэ? удаашруулах арга бий юу?
Та өөрийн тархины тохиргоог өөрчлөхөд тэрээр эргэн тойрны ертөнцөөс таны шинэ итгэл үнэмшилд тохирох бүхнийг эрж хайж эхлэх бөгөөд таны амьдрал ч түүнийг дагаад өөрчлөгдөх болно. Та урд өмнө нь анзаардаггүй байсан зүйлсийг мэдэрдэг болж таны тархи барьдаггүй байсан долгионоо барьдаг болно. Удаашруулах шаардлагагүй бөгөөд харин ч эсрэгээр нь дүрслэл ба нотолгоонуудаа улам эрчимжүүлж тэдгээр нь таны хүсэж тэмүүлж байсантай тань тохирч буй эсэхийг сайтар магадалж үз.
Жишээ нь таны бизнес хэт урагштай болж танд гэр бүлдээ болон өөртөө зарцуулах цаг зав гарахгүй байгаа бол зүгээр л өөрийн дүрслэлээ бага зэрэг засварлан дутуу зүйлийг нь нөхөж хийх хэрэгтэй юм.
Энэ бол таны үүсгэсэн дүрслэл бөгөөд түүнийг зөвхөн та л бүтээсэн гэдгийг ойлго.
А : Танай программ намайг урамшуулан зоригжуулж, би ч түүнийг хэрэгжүүлэн амжилтад хүрсэн. Гэхдээ миний хуучин итгэл үнэмшил эргэн ирж, би анх эхэлсэн тэр л газраа буцаад очих вий хэмээн айж байна. Хэрхэн төвлөрлөө хадгалах вэ?
Нэгдүгээр арга — та хийж буй зүйлдээ үнэхээр дуртай эсэхээ магадлан шалга. Долоо хоног бүрийн эхээр өөрийн бизнестээ хэрхэн хандаж буйгаа илэрхийлсэн зурвас захидлыг өөртөө бич. Хоёрдугаар арга — зөвлөх багш урих талаар бодох хэрэгтэй. Бид ийм л зорилгоор «ВанКоучийг» байгуулсан шүү дээ. Сайн мэргэжилтнүүд олон ч өөрийн ажил хэргийн түншүүдээсээ асуугаад үз. Тэдний хэн нэг нь энэ талаар зөвлөгөө авч л байсан байж таарна. Гуравдугаар арга — өөрийн нотолгооны жагсаалтад таны эргэлзээ түгшүүрийг сайн тийш нь хандуулах өгүүлбэр оруул, жишээ нь «Би өөрийн бизнесийн цаашдын хөгжлийн шинэ үндэс суурийг тавьж байна» гэх мэт.
А.:Дасгалыг хийж эхлэх үедээ би өөрийн авьяас чадвар, ойрын жилүүдэд тавих зорилтууд, дүрслэл ба нотолгоонууд гэх мэт бүгдийг нь бичсэн билээ. Бичсэн зүйлсээ байн байн харах шаардлагатай юу?
Энэхүү тоглоом нь хэзээ ч дуусахгүй гэдгийг мартаж болохгүй. Өмнөхөөс том зорилт тавих бүрдээ, шинэ хүсэл тэмүүлэлд эзэмдүүлэх бүрдээ, зорьсон төвшнөө шинэчлэх бүрдээ тэрхүү шинэ хэв загварыг далд ухамсартаа хоногшуулах шаардлагатай. Бид үүнийг зорилтоос зорилтод урагшлан хорь гаруй жилийн турш хийж ирсэн билээ. Манай компанийн санхүүгийн төлөвлөгөө өөрчлөгдөхөд бид тусгасан үзүүлэлтүүдийг нь шинэчлэн дасгалаа хийдэг бөгөөд манай бүх ажилтнуудын хувьд ч мөн адил билээ. Тэгэх ч ёстой юм.
А.: Далд ухамсраа аудио бичлэгээр бөмбөгдөж байх үедээ мөрөөдлийн самбараа харж түүн дээрээ давхар ажиллаж болох уу? Эсвэл бүгдийг нэг нэгээр нь хийх үү?
Та үнэхээр төсөөлж болшгүй их хүчин чадалтай супер компьютертай ажиллаж байна гэдгээ бүү март. Таны тархи таны төсөөлж чадахаас ч ихийг хийх чадвартай. Таны өгсөн даалгаврыг тэр биелүүлж чадах эсэхэд санаа зовох хэрэггүй. Та бүх амьдралынхаа турш оролдоод ч түүний хүчин чадлыг шавхаж чадахгүй билээ.
А.: Өөрийн дүрслэлдээ би «өрнөөс чөлөөтэй» гэсэн томьёоллыг ашигласан юм. Гэвч миний далд ухамсар «өр» гэдэг үгэн дээр төвлөрөөд үр дүнд нь би зайлсхийхийг оролдсон тэр зүйлээ улам нэмээд байх шиг байна. Миний зөв үү?
Тун сайхан асуулт байна! Өөрийн дүрслэл ба зорилтуудаа эерэг үгээр илэрхийлэх нь маш чухал. «Өрнөөс чөлөөтэй», «согтууруулах ундаанаас чөлөөтэй» эсвэл «мансууруулах бодисоос чөлөөтэй» гэх зэрэг өгүүлбэр энд тохирохгүй. Холбоотой төсөөлөмж нь тархинд нэг л утгаар буух бөгөөд өөрийн эрхгүй «чөлөөтэй» гэдэг үгэн дээр төвлөрч, харин эцсийн дүндээ «өр чөлөөтэй», «согтууруулах ундаа чөлөөтэй» эсвэл «мансууруулах бодис чөлөөтэй» гэсэн утгыг олох болно. «Өрнөөс чөлөөтэй» гэсэн үгүүд нь чухам ямар утга санааг илэрхийлдгийг бид бүгд сайн мэднэ. Биднийхээр бол арай өөрөөр, жишээ нь: «Зоргоороо байдал миний амьдралыг сүйтгэхийг би зөвшөөрөхгүй» гэж оруулбал тухайн хүний үнэхээр хүсэхгүй байгаа санааг илүү илэрхийлдэг. «Намайг үнэлдэг, хүндэлдэг, миний сайн талуудыг хурцалж ирэлдэг тийм хүмүүсийг би өөрөө татдаг» гэх мэтээр илэрхийлбэл бүр зүгээр.
А.:Би дасгал хийж эхлээд долоо хонож байна. Цухалдуу, уцаартай болж байх шиг байна. Энэ нь нейроны төгөлдөржүүлэлтийн аргыг дагалдах гаж нөлөө юү?
Таны түмэн зөв. Шинэ санаа, шинэ зорилтыг өөрийн далд ухамсарт оруулснаас тэр нь таны хуучин итгэл үнэмшилтэй зөрчилдөн хямарч буй нь тэр билээ. Та өөрийн шинэ итгэл үнэмшилд тохирсон нейроны шинэ бүтцүүдийг үүсгэснээр хуучин бүтцүүдийг нь хатангиршуулж буй хэрэг юм. Цаашид шаардлагагүй болсон өмнөх итгэл үнэмшилд тохирсон, таны тархинд олон жил болсон нейроны хуучин бүтцүүд нь эсэргүүцэх өндөр чадвартай бөгөөд тэсэж үлдэхийг хичээдэг. Таны тархи болон бие махбодид үүссэн зөрчилдөөнтэй дохиоллууд нь уур уцаар, стресс хэлбэрээр гадагш илэрч болно. Сэтгэц кибернетикийн тогтолцоо ингэж л ажилладаг юм.
Тийм учраас цухалдуу байдал нь нейроны төгөлдөржүүлэлтийн аргачлалын дагалдах гаж нөлөө гэж хэлж бүрэн болно. Та өөрийн тархийг илүү өндөр төвшинд шилжихийг шаардаж, бие махбодь түүнд тохирох химийн дохиоллыг үүсгэж байгаа хэрэг юм. Гэхдээ замбараагүй байдлын зааг дээр л хамгийн их дэвшил явагддагийг сана. Бодол санаа ба мэдрэмж тань хэрхэн үймж сүлэлдэхийг ажиглагтун. Энэ нь таны зөв зам дээр буйг илтгэж байгаа юм.
А.:Манай ертөнц хэрхэн бүтсэнийг би ойлгож байна. Дүрслэл болон нотолгоон дээрээ ажиллаж эхэлсэн боловч бүрэн гүйцэд томьёолж чадахгүй байна. Би өөрийгөө дасгал хий гэж шахаж чадахгүй. Яах ёстойг хэлж өгөөч.
Хэрэв та хийвэл зохих бэлтгэл ажлаа хийж чадахгүй байгаа бол «Би өөрийн дургүй байдлаа юугаар зөвтгөж болох вэ?» гэж өөрөөсөө асуу. Таны ажилд хандах дадсан арга нүүрэн дээр тань бичээстэй байна. Хэрэв та лазагнах дуртай бол яагаад тэгдгийгээ өөрөөсөө асуу. Дасгал хийх дургүй байх ямар шалтгаан байж болох вэ? Таны хуучин дадал зуршил үүнд буруутай байж ч болно. Мөн өөрөөсөө «Идэвхгүй байдал миний бизнес болон амьдралд хэрхэн нөлөөлж байгаа бол? Өөрчилсөн нь дээргүй юү?» гэж асуу. Өмнөх дадал зуршлаасаа өөр алдах юм танд байхгүй бөгөөд ирээдүй тань харин гэрэлтэж байна.
А.: Ямар төрлийн аудио бичлэгийг та санал болгох вэ? Ямар нэг онцгой кассет, CD байдаг уу?
Амьдралд бие даан амжилтад хүрсэн, одоо тэр туршлагаа нийтийн хүртээл болгож буй нилээд хэдэн хүний гаргасан материалууд бий. Гэхдээ давтан хэлэхэд: гол нь мэдээлэлдээ биш харин түүнийг хийж, хэрэгжүүлэхдээ л байгаа юм. Таталцлын хууль ингэж л үйлчилдэг. Хэрэв та ихэнх хүмүүстэй нэгэн адил бол таны гар дээр боловсруулж барахааргүй их мэдээлэл аль хэдийн хуримтлагдсан байх.
Бид бүгдээрээ л энүүхэн булангийн цаана шинэхэн гайхамшиг, шинэхэн тодорсон гэгээнтэн, гайхалтай шинэ бичлэг, шинэ ном, шинэ семинар биднийг хүлээж байгаа гэж бодох хандлагатай байдаг. Тийм ээ, энэ өгүүлбэр тодорхой егөөдөл агуулж байгаа бөгөөд та одоо ч «ээлжит» нэг номоо бариад сууж байна шүү дээ. Гэхдээ хэргийн гол нь хичнээн агуулга сайтай мэдээлэл байгаад ч оюун ухаандаа өөрийн болгож авахгүй л бол ямар ч тусгүй билээ. Та тэрхүү мэдээллийг ашиглаж хэрэгжүүлж байж л тэр нь таны далд ухамсарт нэвтрэн орно. Ямар ч мэдээлэл нь зөвхөн ийм тохиолдолд л ач тусаа өгч, амьдралаа өөрчлөхөд тань туслах болно.
А.:Би орлогоо нэмэгдүүлэх, шинэ ажилд орох гэх зэрэг хэд хэдэн хүслээ хэрэгжүүлж чадсан билээ. Гэхдээ би яг хэрэг дээрээ юу хүсээд байгаагаа сайн мэдэхгүй байна.
Хэрэв та юу хүсэж байгаагаа мэдэхгүй байна гэж бодоод байвал таны далд ухамсар танаас ямар зааварчилгаа авахыг мэдэж байна уу? «Юу хүсэж байгаагаа мэдэхгүй бай» гэсэн заавар л авна. Өөртэйгөө ажиллаж, өөрийнхөө торлог байгууламжийн хайлтын мөрөнд шинэ эрэлт хүсэлт оруулах хэрэгтэй. Жишээ нь: «Миний далд ухамсар хүрч болох шинэ шинэ боломжуудыг надад уудлан гаргаж өгөхийг би хүсэж байна» гэж оруулаад далд ухамсраа идэвхжүүл.
«Хэрэв би юу хүсэж буйгаа мэдэж байсан аваас тэр хүсэл биелэхэд гарах үр дүн нь ямар байх байсан бол? Надад ямар мэдрэмж төрөх байсан бол?» гэж өөрөөсөө асуу. Таны өөрөөсөө асуух асуулт маш чухал. Нөөц бололцооны шавхагдашгүй арвин эх үүсвэрт хандаж байгаагаа санах хэрэгтэй. Бид одоогийн хүрсэн амжилт, одоогийн итгэл үнэмшлээ давж сэтгэлгээний улам өндөр төвшинд гарах ёстой. Өөрийн хүслийг ухаарах явцдаа чухам юу өөрчлөгдөж, тэр өөрчлөлт нь хэрхэн явагдаж байгаад анхаарлаа хандуулна уу.
А.: Хэдийгээр бүх дасгалыг хийсэн боловч ямар ч үр дүн гарахгүй байна. Яах вэ?
Бидний хэлэлцэж байсан байгалийн хуулиудыг эргэн санацгаая. Байгалийн хуулиуд нь бидний харахад үйлчлэхгүй байгаа мэт санагдавч хэрэг дээрээ цаг үргэлж үйлчилсээр байдаг билээ. Гол асуудал нь тэд яаж үйлчилдэг вэ гэдэгт л байгаа юм. Таны дүрслэл маш тод байж чадсан гэдэгт итгэлтэй байна уу? Нейроны төгөлдөржүүлэлтийн дасгалуудыг байнга хийдэг үү? Боловсорч гүйцэх хуулийг санаж байна уу? Хэрэв та биеийн жингээ арван фунтээр хасахыг хүсэж байгаа бол үүнийг хийх хоёр зам байна. Илүүдэл жингээсээ мэс заслын аргаар хэдхэн минутын дотор салж болно. Мөн гимнастикаар хичээллэж, хоолны дэглэм барьж алхам алхмаар тохиромжтой жиндээ дөхөж очиж болно. Энэхүү үйл явц нь хэдэн долоо хоног, сараар үргэлжилж болох бөгөөд эргээд жингийн илүүдэл үүсэх магадлал нь өндөр биш юм. Тэгээд ч энэ арга үр дүнгээ заавал өгдөг.
Санхүүгийн асуудал ч гэсэн иймэрхүү л байдаг. Сугалаанд их мөнгө хожих эсвэл банк дээрэмдэх замаар хурдан баяжиж болох л юм. Гэвч эхнийх нь магадлал багатай, хоёрдох нь хууль бус. Эсвэл үрээ суулгаж — дүрслэл ба эерэг нотолгоонуудаа томьёолж санхүүгийн хүсэл эрмэлзлэлээ бэхжүүлж болно. Энэ тохиолдолд хэрэгжин биелэхэд илүү их хугацаа зарцуулагдах боловч бүгд хуулийн дагуу бөгөөд гарцаагүй биелэх юм. Суулгасан үрээ усалж, арчилж тордон, зэрлэг ургамлыг нь зулгаан ургахыг нь хүлээх аваас үр жимст мод ургах болно.
А.: Зарим хүмүүс нотолгоо нь товчхон, нэг өгүүлбэрт багтсан байвал зүгээр гэхийг би сонсож байсан. Харин бусад нь илүү дэлгэрэнгүй байх ёстой гэдэг. Та энэ талаар юу гэж бодож байна. Яагаад?
Аль нотолгоо нь үр дүнгээ өгч байна вэ гэдэгт л ганц утга учир нь байгаа юм. Бид өөрсдөө ч янз бүрээр томьёолсон нотолгоонууд хэрэглэдэг. Энэ нь зөв бүтэцтэй, тэр нь буруу гэж ярьдаггүй. Товчхон нотолгоог тогтооход хялбар бөгөөд тэдгээр нь маш их хүчтэй байж ч болох юм. Дэлгэрэнгүй нотолгоо нь их зай эзэлдэг. Аль аль нь үр дүнгээ өгдөг. Иймд хоёр хувилбарын аль алиныг нь туршаад үзэх хэрэгтэй.
А.:Та харах ямар самбарууд ашигладаг вэ?
Өмнө нь долдугаар бүлэгт дурдсанчлан Жон нилээд хэдэн төрлийн самбар ашигладаг. Тэдгээрийн нэг нь өөрийнх нь хүрсэн ололт амжилт бүхнийг сануулж байдаг «Ололт амжилтын самбар» юм. Хоёрдох нь өөрийн хүссэн биеийн галбир, эрүүл амьдралын хэв маяг болон эрүүл мэндтэй холбоотой нотолгоонуудаа байрлуулдаг «эрүүл мэндийн самбар» юм. Гурав дахь самбарт олж авахыг хүсэж буй зүйлүүд (цаг, машин г.м) болон хийж үзэхийг хүссэн ажил үйлсийн (тийрэлтэт онгоц жолоодох г.м) зургуудыг байрлуулдаг.
А.: Итгэл үнэмшил өөрчлөгдсөнөөс үүдэлтэй таагүй байдлыг чиглэлээ буруу сонгосны улмаас үүссэн тааламжгүй байдлаас хэрхэн ялгах вэ?
Тун сайхан асуулт байна! Өөрөөсөө «Би хүссэн чигтээ явж байна уу? Үнэхээр сэтгэл татаад байгаа тэр чиглэлдээ явж чадаж байна уу гэж асуу. Эсвэл бүр энэ зорилт миний амьдралд нийцэх үү гэж асуусан ч болно.
Бид чиглэлээ буруу сонгож түүнийгээ засварлах шаардлага гарах нь энүүхэнд. Чиглэлээ гарцаагүй солих боллоо гэдэг нь бүтэлгүй явдал тохиолоо гэсэн үг огт биш. Өөрийгөө давж туулах бүрдээ бид таагүй байдлыг мэдэрдэг. Мөн үүний хажуугаар бидний доторх ямар нэгэн хүч өсөлт амжилтад тэмүүлж, биелүүлэх боломжийг хайж байдаг. Энэ нь бид бүхний бүтээлч чанар юм. Гэвч бидний доторх «би» нь тухайн мөчид үүссэн нөхцөл байдлыг гаднаа эрхэмлэдэг.
Өөрчлөлт, шинэчлэлт нь бүхий л амжилтын баталгаа гэдгийг санах хэрэгтэй. Тухайн үед үүссэн нөхцөл байдал гэж хэрэг дээрээ огт байхгүй. Энэ бол хуурмаг үзэгдэл юм. Бид цаг үргэлж хөдөлгөөнийхөө чиглэлийг өөрчилж байдаг бөгөөд энэ утгаараа «тааламжтай байдлын бүсийг» байнга орхин оддог билээ. Чухам ямар чиглэлд бид хөдөлж байна вэ гэдэгт л учир нь байгаа юм. Өөрийн сонгосон чиглэлд үү? Эсвэл зүгээр л урсгал дагаад хөвж байна уу гэдэгт.
А.: Нейроны коннектыг тодорхой тайлбарлаж өгнө үү? Бүхнийг зөв хийж байгаа эсэхээ мэдмээр байна.
Та замын дэргэд хэн нэг нь таныг А цэгээс Б цэгт хүргэж өгөхийг хүлээн машинд гараа өргөн зогсож байна гээд төсөөлөөд үз. Нейроны коннект хийхдээ шинэ санаа бодлыг очих газарт нь хүргэхийн тулд таны тархинд буй нейроноос тогтсон бүтцийг, адилтгаж хэлбээс нейрон замыг ашиглаж буй хэрэг юм. Сэтгэл хөдлөлтэй холбон тайлбарлаж байсан зүйлийг санаж байна уу? Сэтгэлийн хөдөлгөөн үүсэх үед химийн бодисууд ялгарснаар шинэ санаа бодол нь зорчих хэрэгсэлтэй болж байгаа юм.
А.: Нотолгоонуудаа чангаар уншиж болох уу?
Нотолгоог чанга унших эсвэл дотроо унших нь таны л таалал мэдэх хэрэг бөгөөд өөрт аль болох эвтэй байхаар зохицуулах нь зөв. Хэрэв та олон нийтийн өмнө гарч дасаагүй бол толины өмнө зогсож өөрийн дүрсээ харж байгаад нотолгоонуудаа чангаар унш. Энэ үед та өөрөөсөө ичих мэт тун ч эвгүй байдлыг мэдрэх болно. Мөн ч тэнэг хүн ээ би гэж бодогдож ч магад! Энэхүү мэдрэмж багастал, өөрөөр хэлбэл тархины тохиргоо өөрчлөгдөж эхэлтэл энэ дасгалаа хийгээд үз.
А.:Өөрийн хэрээс хэтэрсэн санхүүгийн зорилт тавьж, түүнийгээ биелнэ гэдэгт би итгэлтэй байдаг. «Би хүчин чармайлт гаргалгүйгээр сард 10 000 доллар олно» гэсэн зорилт тавьсан юм. Гэвч, хэрэв хэдэн сарын дараа энэ зорилт биелэхгүй бол миний оюун санаанд зөрчил үүсэх болов уу?
Юу ч тохиолдож болох боловч «Би зорилгодоо хүрэхийн тулд нейроны төгөлдөржүүлэлтийн дасгалаас өөр юу хийж байгаа билээ?» гэж өөрөөсөө асуугаад үз. Хэрэв борлуулалтын менежер хүн сард арван мянган доллар олох зорилт тавьсан хэрнээ үйлчлүүлэгчидтэйгээ утсаар ч ярихгүй байвал түүний зорилт биелэхгүй. Нотолгоо нь дангаараа үр дүнд хүрэхгүй бөгөөд зорьсондоо хүрэхийн тулд бодлоготой байх ёстой. Нотолгоонуудаа батжуулахын тулд бодлогодоо тохирсон үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.
Ийм ч учраас үйл ажиллагааны хууль нь таталцлын хуулийн нэн чухал нэмэлт болдог бөгөөд таван үндсэн үүргийн нэг болох «Өдөр бүр ажиллах» нь ч түүнээс дутуугүй ач холбогдолтой юм.
Квантын ертөнцөд зүгээр л хуруугаараа дохиод болчихдог зүйл гэж үгүй. Тэр маш ухаалаг. Таныг «захиалгаа өгч», хүсэж байгаа зүйлийнхээ тод дүрслэлийг үүсгэн тэр хэв загвараа өөрийн далд ухамсраараа дамжуулан квантын талбайд илгээхэд тэрхүү ертөнц нь таны захиалгыг ихээхэн үр дүнтэй бөгөөд хэмнэлттэйгээр хувь тэнцүүлэн биелүүлдэг. Хэдийгээр үр дүн нь таны төсөөлж байснаас огт өөр байж болох ч таны зайлшгүй хийх ёстой үйл ажиллагаа хийгдэхгүй бол тэрхүү үр дүн нь гарахгүй.
Танд нотолгоогоо батжуулах үйл ажиллагааны бодлого бий юу? Хэрэв байгаа бол ажилдаа ханцуй шамлан ор. Цаг нь ирэхээр шинэ боломжууд таны өмнө нээгдэх болно.
А.: Дүрслэлээ сэтгэлдээ ургуулж байх үедээ «Энэ бүтэхгүй ээ!» гэсэн өөрийн дуу хоолойг сонсох юм. Үүнийг хэрхэн зогсоох вэ?
Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд ямар нэгэн сөрөг хүчин зүйл биш гэдгийг юуны өмнө тогтоож ав. Таны сэтгэц кибернетикийн тогтолцоо ингэж ажиллахаар бүтээгдсэн юм. «Чиний авхаалж чадвар дутна, чамд хангалттай туршлага байхгүй, чи бизнесийг бараг мэдэхгүй, чиний сэтгэлийн тэнхээ хүрэхгүй...» гэх мэтээр хэлэхийг та сонсож магадгүй бөгөөд энэ нь хэрэг дээрээ дээрх тогтолцоо: «Анхаар! Чиглэл өөрчлөгдөж байна! Хөөе, залуурчаа, чиглэл өөрчлөгдлөө!» гэж хэлээд байгаа хэрэг.
Миний толгойд ийм зүйлс орж ирэх үед би хэрхдэгийг та мэдэх үү? Миний инээд хүрч, өөртөө: «Хөөх, хэн гараад ирэв ээ? Миний сэтгэц кибернетикийн тогтолцоо юу! Хүний тархи ч үнэхээр гайхалтай эд юм аа!» гэж хэлээд л дүрслэлээ үргэлжлүүлдэг билээ.
А.: Хүсээгүй байхад толгойд орж ирээд байдаг сөрөг бодлуудыг хэрхэх вэ?
Сайхан асуулт байна. «Амен» эмнэлгийн ерөнхий эмч, «Оюун ухаанаа өөрчил, амьдралаа ч өөрчил» номыг бичсэн доктор Дениель Ж.Амен «аяндаа үүсэх сөрөг бодлууд» (АҮСБ) буюу «шоргоолжнууд» хэмээх гайхалтай нэр томьёог бодож олжээ. Automatic Negative Thoughts буюу аяндаа үүсэх сөрөг бодлууд гэсэн үгсийн товчлол болох ANT гэсэн үг нь англи хэлэнд шоргоолж гэсэн утгыг илэрхийлдэг байна. Эдгээр сөрөг бодлууд нь бидний тархинд яг л шоргоолж мэт язганаж байдгаас үүдэн ийн нэрийджээ.
Шоргоолжнууд эгнэн айсуй —
Уухай! Уухай!
Шоргоолжнууд эгнэн айсуй —
Уухай! Уухай!
Шоргоолжнууд эгнэн айсуй —
Уухай! Уухай!
Шавьжууд гэнэт таг зогслоо,
Ширүүн бороонд бүгд урсан
Шилээ даран өнхрөлдлөө.
Шал шал, шал шал...
Шоргоолжнууд эгнэн айсуй —
Уухай! Уухай!
Бидний тархинд цаг үргэлж эргэлдэж байдаг, залхмаар, «хар» бодлуудыг тун аятайхан илэрхийлсэн байгаа биз? Заримдаа бидний тархинд үүрлэсэн энэ айхтар бяцхан чөтгөрийн сүрэг биднээс огт хамаарахгүй бие даан оршиж байх шиг санагддаг билээ.
Гэхдээ танд юу ч гэж санагддаг бай таны тэдгээр бодлууд нь гаднын ямар нэг хүч биш бөгөөд танд л захирагддаг юм. Эдгээр чалчаа бодлууд нь таны тархинд үүсдэг бөгөөд байгаль цаанаасаа ингэж зохицуулсан байдаг. Тархи ямар нэгэн дохиог байнга илгээж байдаг. Таны тархинд үүсдэг дуу хоолой нь цахилгаан болон химийн дохиог эс хоорондын синапсын завсраар дамжуулж буй нейронуудын хуурамч биелэл төдий юм.
Тийм учраас та энэ дуу хоолойноос салахыг хүсэж буй аваас бясалгал үйлдэхээс өөр зам байхгүй. Таны дотоод дуу хоолой сайн муугийн алиныг өгүүлж байгаа болохыг тодорхойлогтун. Дотоод дуу хоолой тань сэрэх бүр мэдэгдэж байхыг өөрийн тархинд сануул. Бид тэднийг тоохоо больж сурах хүртэл «шоргоолжнууд» бидний оюун санаад удаан хугацаагаар хөлхсөөр байх болно. Тэдгээр бодлууд төрөх бүрд та түүнийг сонсдог болох хэрэгтэй. «Сөрөг бодлууд үүсэх бүрт нь нэн даруй миний оюун ухаанд мэдэгд» гэсэн захиалгыг өөрийн «нейроны гал тогоонд» өг.
Дараа нь тэднийг гарч ирэх бүрт нь цэнэгийг нь өөрчилж сөрөг бодлуудаа эерэг болго. Тэднийг : «Хэдий сайхан сонсогдож байгаа ч би хийж чадахгүй дээ» гэж хэлбэл «Сайхан сонсогдож байна. Надад ч яг тохирно!» гэж бод. «Энэ дэндүү хэцүү юм байна» гэвэл «Энэ чинь тун амархан. Би ядах юмгүй хийнэ» гэж өөртөө хариул. «Миний ухаан хүрэхгүй юм байна. Амжилттай болно гэж санасны ч хэрэггүй» гэж хэлээд байвал «Би бэлэн байна. Цагаа ч сайхан олж. Үүнийг надаас өөр хэн ч тийм амжилттай хийж чадахгүй!» гэж бодогтун.
«ШОРГООЛЖНУУДЫГ» ХУВИРГАХ НЬ:
ANT Шинэ бодлууд
Туршлага байхгүй учраас би үүнийг хэзээ ч хийж чадахгүй Би өөрт хэрэгтэй дадлага туршлагыг амархан олж эсвэл тэдгээр дадлага туршлагыг эзэмшсэн хүмүүсийг хялбархан татаж чаддаг
Би үүнийг хийхээс айж байна. Чадахгүй шившиг болбол яах билээ? Шинэ зүйлээс айх нь зүйн хэрэг. Би хэдийгээр эргэлзэж байгаа ч ямар ч гэсэн үүнийг хийж, ялалтад хүрнэ.
Энийг барьж авахад миний ухаан дутна. Би одтой, хийморьлог бизнесмэн.
Би яг юу хийхээ мэдэхгүй байна. Би үргэлж сайн төвлөрч чаддаг.
Миний ажил бүтдэггүй
Миний ажил үргэлж бүтдэг
Би үүнийг хэзээ ч чадахгүй Би хүссэндээ үргэлж хүрдэг
Би үүнийг сурч чадахгүй Шинэ зүйлийг сурах нь надад тун хялбархан
Би авхаалжгүй Би ухаантай, чадалтай

Надад үргэлж асуудал үүсдэг Би тухайн нөхцөл байдал бүрд гарах замыг нь олж чаддаг


Хэдийгээр үүнийг бид энгийн хялбар зүйл гэж хэлж байгаа ч танд тийм ч амар байхгүй л болов уу. Цаг хугацаа шаардагдаж, «шоргоолжнууд» танд чухам юу хэлээд байгааг мэдэхийн тулд үзэг цаасаа зэхээд бодлоо чагнан өдөр хоногоор хүлээх ч хэрэг гарч мэднэ. Хэрэв сөрөг бодлууд таны ухамсар хэдэн арван жил хөлхсөн бол тэдгээрийг бүгдийг нь ширхэгчлэн илрүүлэхэд бүтэн долоо хоног биш юм аа гэхэд лав хэд хоног зарж таарах вий. «Шоргоолжнууд» юу хэлэхийг сонсож аваад түүнээс нь огт эсрэг утгатай эерэг өгүүлбэрүүдийг хичээнгүйлэн зохио. Тэдгээр өгүүлбэрүүдээ бичиж аваад өөрийн нотолгоон дээрээ нэмэгтүн.
Хэрэв энэ нь илүүц, цаг дэмий үрсэн зүйл мэт санагдаж байгаа бол дахиад нэг бодоод үз. Таны оюун ухаан бүхнийг хянадаг гэдэгт та хичнээн итгэлтэй байвч хэрэг дээрээ тэрээр таны бодол санааны тун өчүүхэн хэсгийг хянадаг юм. Жижигхэн цөөрөмд амьдардаг асар том загас, бүхнийг таны далд ухамсарт илгээдэг бөгөөд хэрэв «загастай» үргэлжлүүлэн зүйрлэх юм бол халимтай адилтгаж болох юм.
Эерэг бодлуудыг бичихэд тийм их цаг хугацаа, хүч зарцуулагдаж буйн шалтгаан нь тэдгээрийг таны оюун санаа гаргаж ирж буйд л байгаа юм. Хүсэж буй эерэг бодлуудаа томьёолохдоо өөрийн тархины духны хэсгийн учир шалтгааныг олох чадварыг ашиглаж, дараа нь тэдгээрийг далд ухамсартаа дамжуул. Тэдгээр бодлуудыг тэр хэрэгжүүлэг.
Харин дамжуулалт хэрхэн явагддаг бол? Байн байн давтах замаар. Та яг л автомашин барьж сурч буй мэт, яг л чадварлаг хийлч хурууны эвгүй барилтуудыг ахин дахин сургуулилж, дараа нь үзэгчид түүнийг огтхон ч түвэггүй тоглож байна даа гэж боддог шиг.
Та өөрөө нөхцөл байдлыг гартаа авсан байгаа гэдгээ ойлго. Сөрөг бодол үүсгээд байдаг тэр нейрон бүтцүүд үүнийг хийхээ бага багаар больж, хэрэв дахин сэргээх гэж оролдвол тэдний өмнө бат бэх хана боссоныг мэдэх болно. Харин одоохондоо эерэг бодлуудаа байн байн давт. Тэгвэл тэдгээрийг үүсгэж буй нейрон бүтцүүд улам бүр бэхжинэ. Мөн түүнчлэн шинэ бүтцийн эерэг бодол үүсгэх босгыг улам намсгаж битүү хэлхээ үүсгэх болно.
Энэ бүх үйл явц хэдий хугацаа шаардах бол? Ерөнхийдөө бол эгшин зуур үүснэ. Сөрөг бодол үүсэх үед таны цусанд түүнд тохирох химийн бодис ялгардаг. Хэрэв та сөрөг бодлыг үүсэж эхлэх үед нь угтан барьж эерэг бодлоор сольж чадвал цахилгаан дохиоллын цэнэг ч мөн эгшин зуур солигддог. Ингэснээр химийн бодисын найрлага өөрчлөгдөх бөгөөд түүний үр дүнд таны тархи «Хөөе, тун ч сайхан байна шүү!» гэсэн дохио хүлээн авна.
Энэ үйл явц эгшин зуур явагддаг ч хүний дадал зуршил мөн тийм хурдан солигддог гэсэн үг хараахан биш билээ. Хэрэв бяцхан чөтгөрүүдийн бүхэл бүтэн арми таны тархинд хэдэн арван жил хөлхсөн юм бол аяндаа үүсэх сөрөг бодлууд ганцхан шөнийн дотор эсвэл хэдхэн өдрийн дотор алга болчихно гэж бодох нь гэнэн хэрэг юм. Тэвчээртэй байгтун. Эдгээр бодлууд шууд алга болчихгүй ч нэгэн цагт таныг орхих л болно. Яг л хуучин зүлгийг зулгааж хаяад шинэхэн үрнүүдэд ургах орон зай, боломж өгч байгаа мэт. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Боловсорч гүйцэх хуулийг санаж байна уу?
Мөн түүнчлэн шар хэвлэлд гарсан, сэтгэл судлалын шинжлэх ухааныг бие даан сонирхогчийн бичсэн хоосон нийтлэлийг бид авч хэлцэж буй хэрэг огт биш гэдгийг бүү март. Энэ хуудаснуудад бидний дурдаж буй бүхэн сүүлийн хэдэн арван жилд гарсан гол гол шинжлэх ухаануудын нээлт дээр үндэслэсэн, хүний тархины гүнд нэвтэрч, түүний үйл ажиллагааг тухайн бодит цаг хугацаанд нь судлах боломжийг олгодог шинэ технологийн дагуу хийгдсэн судалгаанд тулгуурласан юм. Урт хугацаагаар эргэлзээ, айдас түгшүүрт автсан, стресс ба гутралд орж зовж шаналсан олон хүнийг дээрх аргаар судалсан билээ.
Асуудалдаа эргэж оръё. Тийм ээ цаг хугацаа шаардагдана. Гэхдээ дасгалаа хийгээд эхэлмэгц бүх зүйл хэрхэн хурдан өөрчлөгдөж буйд та гайхах байх. Эхэндээ таны хүчин чармайлт талаар болж байх шиг санагдах боловч үйл явц нь хөдөлгүүр нь унтарсан машиныг түрээд асаах мэт өөрөө цаашид өрнөнө. Түүнийг байрнаас нь хөдөлгөж хөдөлгөөнд оруулахад ихээхэн хүч шаардагдах боловч машин нэгэнт асвал тэр өөрөө таныг тээгээд явах болно. Машин хэрхэн хурдаа авахыг анзаарч амжаагүй байтал хөдөлгүүр асна. Бүхээгтээ үсрэн ороод зөвхөн урагшаа! Машиныг түрэхэд шаардагдах булчингийн хүч нь таны тархины духны хэсэг бөгөөд харин хөдөлгүүр нь таны далд ухамсрын хүчин чадал билээ.
Таны мөрөөдлийн бизнесийг цогцлоож, сайхан амьдрал босгоход шаардагдах тэр бүх л ухаарал, бүх л чадвар, бүх л нөөц боломж танд нээгдлээ. Таны дотор өөрийгөө мэдүүлэх хүсэл нь бадран буй суут хүн нуугдаж байна. Далд ухамсрын тэрхүү чухаг эх үүсвэртэй хэрхэн холбогдохыг сурах л танд үлдлээ.

Үргэлжлэл бий

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Jul.11.10 2:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Есдүгээр бүлэг

АМЬДРАЛЫН ЧУХАЛ МӨЧҮҮД:
МЮРРЕЙН ТҮҮХ
Намайг жаахан хүүхэд байхад миний сурах чадвар ядмагхан бөгөөд цаашид амьдралдаа их зүйлд хүрч хэзээ ч чадахгүй гэж эцэг эхэд маань хэлцгээжээ. Энэхүү онош тавигдсанаас нэг жилийн дараа намайг Торонто хотын ерөнхий боловсролын сургуулиас гаргаж тусгай сургуульд шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл тэр нь ердийн сургуульд сурах чадваргүй хүүхдүүдэд зориулсан сургууль байлаа. Сургуулиа дүүргээд үйлдвэрт очиж ажиллана гэж бодож байсан юм. Миний ажилд орсон газраас надад даалгасан ажил нь газрын гадаргуугаас хэдэн зуун футын гүнд бохирын хоолой цэвэрлэх ажил байлаа. Би ч энэхүү ажил нь миний авьяас чадварын хэмжээнд таарсан л ажил юм байлгүй дээ гэж бодож байсан юм.
Гэвч би дундаас доош, тэр ч бүү хэл дундаж амьдралтай байхыг ч хүссэнгүй. Би хэрхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээ сайтар төсөөлж, ийм бага цалинтай ажил хийгээд хэзээ ч түүнд хүрэхгүй гэдгээ ойлгож байсан юм. Түүнээс гадна тэр компанийг удирдаж байгаа хоёр хүн надаас ухаанаараа огтхон ч илүү байж чадахгүй юм байна гэсэн бас нэг нөхцөл байдлыг ухаарч байлаа.
Цаг нь болохоор би бохирын хоолойг орхиж хөнгөн цагаан аяга тамгалдаг шахуургын машиныг надад итгэн даатгасан үйлдвэрт орж ажиллалаа. Дараа нь би хэд хэдэн ажил сольсон боловч аль нь ч сонирхол татахуйц байж чадаагүй бөгөөд эцэст нь миний дотор ямар нэг зүйл өөрчлөгдөж би амьдралаа үндсээр нь өөрчилсөн юм. .
Жилийн 50 миллиард долларын эргэлттэй, тухайн үедээ телефон утасны дэлхийн томоохон компанийн нэгэнд тооцогддог байсан «Белл Канада» компанид би тэр үед ажиллаж байсан юм. Би техникч хийж телефон утасны шугам татаж, үйлчлүүлэгчдийн захиалгаар телефоны залгуур тавьдаг байлаа. «Беллд» ажиллаж байх үедээ тус компани хэт өндөр монополи үнэ тариф тогтоосонд хэрэглэгчид үргэлж гомдоллодог болохыг мэдсэн юм. «Хэрэв бидэнд сонголт байсан бол ч» гэж тэд шүүрс алддаг байлаа. Энэхүү гомдлыг сонсоод «Хэрэв би телефон утасны компани байгуулбал та бүхэн надтай хамтран ажиллахыг зөвшөөрөх үү?» би хүмүүсээс асуух болсон юм. Ихэнх нь зөвшөөрсөн хариулт өгдөг байв.
1979 онд Канадын харилцаа холбоог хувьчилж эхлэхэд надад хувийн бизнесээ эрхлэх боломж нээгдэж буй болохыг би олж харсан юм. Компанийг хэрхэн удирдах, зохион байгуулахыг би огт мэддэггүй байлаа. Гэхдээ миний ихэнх хамтран ажиллагсдад байдаггүй ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг тэр чанар надад байсан юм. Найдвартай харилцаа холбоо нь амьдралд чухал хэрэгтэй гэдгийг би мэдэж байсан тул ажилдаа ханцуй шамлан орсон юм. Түүнээс гадна телефон утсан холбооны талаар чамгүй мэдлэгтэй болж, зах зээлд өрсөлдөөн хэрэгтэй байгааг ойлгож байлаа. Сонголт тун энгийн байлаа. Нэг бол би хөлсний ажилтан хэвээр үлдэж багахан цалингаа авсаар байна, эсвэл хувийн компани байгуулна. Ийнхүү би хорин дөрвөн насандаа «Белл» компанийг орхиж бие даасан чөлөөт сэлэлт хийж эхэлсэн билээ.
Түүнээс өмнөх хорин жилийн турш би их зүйлд хүрч чадахгүй гэсэн итгэл үнэмшил гүн хоногшсон байв. Түүнээс гадна би үргэлж их зүйлд тэмүүлдэг байсан бөгөөд тэрхүү тэмүүлэл нь хэзээ ч унтрахааргүй тийм хүчтэй байлаа. Шинэ итгэл үнэмшилтэй болох цаг ирснийг би сэтгэлийнхээ гүнд ойлгож байв. Одоо бодоод үзэхэд чухам юу хийж байгаагаа сайн ойлголгүйгээр нейроны төгөлдөржүүлэлтийн аргыг бие даан хэрэгжүүлсэн байна билээ.
Бохир зайлуулах сувгийн гүнээс компанийн эзний зөөлөн сандалд шилжсэн тэрхүү туршлага маань миний амьдралыг өөрчилж чадах зарим нэг зүйлд намайг сургаж, урагштай бизнес босгох нь онолын физик мэт толгой эргэмээр хэцүү зүйл огтхон ч биш гэдгийг ойлгуулсан билээ. Маш ухаантай, надаас өчнөөн илүү арвин мэдлэгтэй хүмүүстэй би тааралдаж л байсан. Гэхдээ тэд компани удирдаж, мөрөөдөж л болох тийм амьдралаар амьдарч байсан гэж сонсогдсон нь ховор.
Бизнесийн амжилт нь өөрийн төсөөлж буй тэр амьдралдаа хүрэхэд шаардагдах үнэмлэх нь бөгөөд амжилтад хүрэх зам нь академийн мэдлэгт биш харин аливаа бизнесийг удирдах оньсыг танихад, тэрхүү оньсуудын нэгдмэл ажиллагааг хангах чадварыг эзэмшихэд оршдог гэдгийг би мэдэж байлаа.
Миний «сурах чадваргүй байдал» нь хэрэг дээрээ бол зүгээр л ертөнцийг өөрөөр харж буй хэрэг гэсэн санаа миний толгойд орж ирсэн юм. Жон зөн совиндоо тулгуурлаж дадсан байдаг бол би ихэвчлэн түүний эсрэг байдлаар ханддаг. Миний тархи мэдээллийг жижиг жижиг хэсгээр нь дарааллын дагуу боловсруулдаг. Би их уншдаг эсвэл онолын сэтгэлгээнд их цаг зарцуулдаг гэж өөрийгөө хэлэхгүй. Би бол практик ажлын хүн бөгөөд аргачлал дарааллын дагуу ажиллаж, дүн шинжилгээ хийж, гүйцэтгэдэг. Амьдрал намайг зөвхөн үр дүнг нь харж ажиллахад сургасан бөгөөд би ямар нэг компанийг гүйлгэж хараад л учирсан хүндрэл, бэрхшээлийг ойлгож, түүнийг шийдэх аргуудыг санал болгож чадах билээ.
ХАЛ ҮЗСЭН МИНЬ
Миний «Альтернатив Коммьюникейшнл Инк» телефон утасны компани (худалдааны тэмдэг нь «Олл- Тел») нь «Белл Канада» компанийн анхны өрсөлдөгч нь болсон бөгөөд би телефон утасны бизнест амжилтын амт шимтийг мэдэртлээ нилээд хэдэн жилийг үдсэн билээ.
Амжилт хялбархан ирсэн гэж би хэлж чадахгүй бөгөөд ямартаа ч бид дэлхийн томоохон телефон утасны компанитай өрсөлдөж, АНУ, Европ, Азийн холбоо харилцааны аварга том компаниуд Канадын шинээр нээгдсэн зах зээлийн төлөө шаргуу тэмцэлдэж байсан юм. Миний компани өрсөлдөөнд тийм ч их бэлтгэлтэй, шийдэмгий байж чадсангүй. Бид цөөнгүй удаа хөх няц болж, булдруу хүртсэн юм. Би бизнест зарим нэг зүйлийг сурснаас үүдэн хэдхэн жилийн дараа миний гэр бүл бутарч билээ. Ой хагастай бяцхан охиноо гараас нь хөтөлсөн ганц бие эцэг болсон би ажлаасаа хөндийрсөн бөгөөд түүний дараагийн хэдэн жил хөлсний ажилтан байж ч үзлээ.
Канадын бүх мужуудыг хамарсан холбоо харилцааны анхны компани (тэр үеийг хүртэл муж нэг бүрд өөр өөрийн хууль, дүрэм үйлчилдэг байсан) болох зорилготойгоор байгуулагдсан «ТелекоммьюникейшнзТерминал Системс» (ТТС) компанид би орж ажилласан юм. Би тус компанийг зорьсондоо хүрэхэд нь тусалж, худалдааны хэлтсийг нь байгуулсан бөгөөд жилийн эргэлтийг 60 тэрбум долларт хүргэсэн юм. Дараа нь би түр завсарлаж, өөрийн амьдралыг хөндлөнгөөс харахаар оролдлоо. Би дахиад л хөндлөнгийн хэн нэгэнд мөнгө олоход нь туслаад байж байлаа. Тэгээд бизнест эргэж орох цаг болсныг би ойлгосон юм.
Шинэ технологийг эрж хайн дэмжихэд чиглэгдсэн «Нью Оппортьюнитиз Корпорэйшн» («НьюКо») хэмээх компанийг би үндэслэн байгууллаа. Бидэнтэй хамтран ажиллах гэрээ хийсэн анхны пүүсүүдийн нэг нь аудио мэдээллийг индексжүүлэх дэвшилтэт аргыг боловсруулж буй компани байлаа. Худалдах байшингийн дэргэд «Зарна» гэж бичсэн самбар дээр нэмэлт мэдээллийг орон нутгийн FM радиостанцаас авна уу гэсэн заалт байхыг та хэзээ нэгэн цагт харсан уу? Хэрэв тийм бол манай технологиудын нэг хэрхэн хэрэгжиж буйг харсан нь тэр. Яваандаа бид АНУ ба Канадад FM нэвтрүүлгийн хоёр ч лиценз эзэмших болж үл хөдлөх хөрөнгийн агентлагууд, нисэх буудал болон «Макдональдсын» сүлжээтэй хамтран ажиллах болсон юм.
«НьюКо» нь яваандаа «инкубатор» компани болон хувирсан бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, машины үйлдвэрлэл, импорт, эрчим хүчний үйлдвэрлэл ба түгээлт гэх зэрэг салбаруудад шинээр гарч ирж буй төслүүдэд тусалж байсан юм. Бид жирийн хөрөнгө оруулалт хийгээд зогсолгүй уг төслүүдийг хэрэгжүүлэхэд нь удирдлага болон маркетингийн тал дээр нь идэвхтэй оролцож байлаа.
Таван жил «НьюКо»-д ажилласны дараа жилд 350 сая долларын эргэлттэй, хорин зургаан радио станц, гуч гаруй сэтгүүл, тавин таван сонины газрыг эзэмшдэг олон нийтийн мэдээллийн компанийн захирлуудын нэгний албан тушаалд ажиллахыг би зөвшөөрсөн юм. Тэнд би хоёр жил ажиллаж, орон нутгийн төлөөлөгчдийн газрыг байгуулсан бөгөөд улмаар цааш ахиж хувийн телевизийн сүлжээ эзэмшигчдийн бүлгийн хамтрагч болсон юм. Онгоц нисэх, буухыг хүлээх зуураа нисэх буудлын хүлээх танхимд байрлуулсан дэлгэцээр гарч буй нэвтрүүлгийг үзэх тохиолдол танд гарч л байсан байх. Бид нисэх буудлуудад зориулсан энэ үйлчилгээг Америкт анх санал болгосон билээ.
Тэр үед нэг ажлын байранд гурваас дөрвөн жилээс илүү ажиллахгүй гэсэн дүрмийг би өөртөө гаргасан юм. Тухайн ямар нэг бизнест карьер хөөх сонирхол надад байсангүй (одоо ч тийм сонирхол надад байхгүй), мөн ямар нэг компанийг удаан хугацаагаар үргэлжлүүлэн удирдах сонирхол ч байгаагүй юм. Шинэ компанийг үүсгэн байгуулах эсвэл аль хэдийн оршин буй компанид амжилтад хүрэх замыг нь нээж өгөөд цааш өөрийн замаа хөөх нь надад сонирхолтой байдаг.
Мэдээлэл холбоо харилцаанаас авахуулаад сүлжээний маркетинг болон хувь хүний хөгжлийн салбар хүртэлх бизнесийн олон салаа мөчрийг дотор нь орж таньснаар би өөрийн прагматик хандлагыг сайтар хурцалж чадсан бөгөөд түүнийгээ илүү чухал, их хэргийг анхнаас нь үүсгэн байгуулахад зориулах нь зөв гэж шийдсэн юм.
«ИНДИАН МОТОРСАЙКЛ»
Би цаг үргэлж мотоциклын хорхойтон байсан. 1994 онд «Индиан» мотоциклын зурагтай богино цамц худалдан аваад харж байхдаа «Энэ ч цагтаа үнэхээр гайхалтай мотоцикл байж дээ!» гэж бодож билээ. Тухайн үедээ «Индиан» мотоцикл нь «Харли-Девидсон» -оос ч илүү алдартай байсан боловч уг компани нь 1953 онд хаалгаа барьсан юм. Тухайн компани нь дампуураад хагас зуун жил болж байгаа ч уг бренд нь түүхэнд гүн гүнзгий мөрөө үлдээж, урьдын адил чанар, найдвартай байдал, амьдралын хэв маягийн билэг тэмдэг болсоор л байгаа билээ.
Эдгээр бодлууд нь «Индиан» мотоциклын зурагтай цамц худалдан авч байх үед миний далд ухамсарт оршиж, харин миний бэлэн болсон тэр цагт таталцлын хууль оюун санаанд минь оруулж өгсөн билээ. Цамц худалдан авснаас гурван жилийн хойно, 1997 онд миний танил Рик Женовезе над руу утасдаж: «Индиан» мотоциклын таних тэмдэг бүхий хувцас хийх эрхтэй компанийн нэг хэсгийг худалдан авах санаатай байгаагаа дуулгасан юм. Миний бодлоор бол тухайн байгууллагыг амжилтад хүргэж чадах бодлогын чанартай зүйлсийг би түүнд хэлж өгсөн боловч миний яриаг сонсож, удаан бодсоны эцэст тэрээр өөрөө үүнийг эрхлэх бодолгүй байна гэдгээ надад хэллээ. Гэвч би энэ төслийн цаана бариад авууштай ямар нэг зүйл байгааг мэдэрсний үндсэн дээр хөрөнгө оруулагчдын бүлгийг хуралдуулж, «Индиан Моторсайкл» нэрийг худалдан авах саналыг оруулсан юм.
Энэ нэрийг худалдан авахаар арваад компани өрсөлдөж байсан бөгөөд, тэдний дунд биднээс илүү арга туршлага хуримтлуулсан, хөрөнгө чинээтэй компаниуд ч байлаа. Уг өрсөлдөөнд оролцож буй Канадын бүлэг ямар нэг горьдлого тээж болно гэдэгт хэн ч итгэхгүй байсан ч бид өөрөөр хандсан бөгөөд үүнд ялахад бидний итгэл сэтгэл тусалсан юм. Зөвхөн нэрийг нь 23 сая доллараар худалдаж авъя гэсэн манай саналыг тэд зөвшөөрч бид «Индиан Моторсайкл» -ын эзэд болцгоолоо.
Үйлдвэрлэлээ эхлэхээс өмнө бид хагас жил гаруйн турш төлөвлөлт, дүн шинжилгээ хийж, өөрөөр хэлбэл энэ номын хуудаснаа дэлгэрэнгүй өгүүлэх тэр зүйлсийг хийж өнгөрөөлөө. Бид манай хамгийн сайн үйлчлүүлэгч чухам хэн байх, бизнесийн ямар загвар нь бидэнд илүү тохиромжтой болох, мөн түүнчлэн тэрхүү бизнес загварт ямар стратеги, тактик илүү сайн тохирохыг яв цав тодорхойлохыг хичээсэн юм. Салбар хариуцсан таван ерөнхийлөгч надад тайлангаа тавьдаг болсон бөгөөд компанийн үйл ажиллагаа нь бүхэлдээ болон хэсэг нэг бүрээрээ бидний зорилго ба дүрслэлд нийцэж байхын тулд бид бүхнийг хийсэн юм.
Юуны өмнө бизнесийнхээ оньсыг олж, тэдгээрийн ажлын уялдаа холбоог сайтар хангаж чадсан эсэхээ мэдэх шаардлагатай байсан юм. Тухайн аль нэг салбарын ажлын нарийн ширийнтэй нь хутгалдалгүйгээр үргэлж ерөнхий дүр зургийг нь сэтгэлдээ төсөөлж, дүрслэлийн болор мэт тод байдал болон төвлөрлөө алдалгүйгээр тэдгээрийг «Индиан Моторсайкл»-ыг оргилд гаргах үйл ажиллагаанд чиглүүлэх хэрэгтэй байлаа.
Тэр бүхний эцэст үйлдвэрлэл эхэлсэн бөгөөд бид ч дээрх бренд нэрэнд агуулагдаж буй бүх нөөц боломжийг аль болох шавхахыг хичээсэн билээ. Бид 30 000 хавтгай дөрвөлжин фут талбайтай, таван одтой зоогийн газар, хувцасны дэлгүүр бүхий «Индиан Моторсайкл» нэртэй зугаа цэнгээний цогцолбор нээсэн юм. Дараа нь бид дахин хоёр цогцолбор нээж, өөрийн сүлжээний дэлгүүрийнхээ тоог 800-д хүргэж «Индиан» гэсэн шошготой нийтдээ 450 гаруй төрлийн бараа үйлдвэрлэх боллоо.
Мөн мэдээж мотоцикл үйлдвэрлэж байсан юм. Үнэхээр шүү! Бидний ажил хэргийн түнш Рэй Сотело «Калифорни Моторсайкл» компанийг эзэмшиж байсан бөгөөд бид өөрсдөө үйлдвэр байгуулахын оронд Рэйд 20 сая доллар төлөөд түүний үйлдвэрийг авч нэрийг нь өөрчилсөн юм. Калифорни муж улсын Гилрос хотод орших тус үйлдвэрийг шинэчлэн тоноглож мотоциклын бүрэн автоматжсан үйлдвэр нээлээ. Бид 250 гаруй худалдааны салонтой гэрээ байгуулж үйлчилгээний төвүүдээ нээсэн юм. Уламжлалт загварын «Индиан» мотоцикл үйлдвэрлэхээс гадна мянга орчим үйлчлүүлэгчийг өөртөө татсан хувийн захиалгын хэсгийг зохион байгуулж тэдний тусгай захиалгаар хэдэн мянган мотоцикл үйлдвэрлэсэн билээ.
Зөвхөн эхний жилд 75 сая долларын орлого олж, компанийн нийт хөрөнгө 300 сая долларт хүрсэн бөгөөд Гилростоо хамгийн том ажил олгогч нь болж, мотоциклын үйлдвэрлэлээр америктаа хоёрт жагсдаг болсон юм. «Индиан Моторсайкл»-ын амжилтын түүх олон нийтийн мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж, Си-Эн-Эн, Си-Би-Эс, Эн-Би-Си, «Форбс» сэтгүүл, бүх дэлхий даяар хэдэн зуун радио, сонин, сэтгүүл болон долоон орны хоёр мянга гаруй вэб-сайтад бидний тухай материал тавигдсан билээ.
РУБИКИЙН ШОО
Би «Индиан Моторсайкл»-ын түүхийг өгүүлэхдээ гайхуулах зорилго агуулаагүй бөгөөд сэдвээ тодотгохын тулд энд оруулсан юм. 1979 онд «Олл-Тел» компанийг үүсгэн байгуулснаас эхлэн тоолох юм бол нийт 13 бизнес төслийг амжилттай хэрэгжүүлэхэд оролцож, корпораци байгуулахад тусалж, буяны үйл ажиллагаа, жижиглэн худалдаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, шинэлэг технологи, сургалт, эрчим хүч, программ хангамж, зугаа цэнгэл зэрэг хоорондоо эрс ялгаатай олон салбаруудад шинэ эхлэлийг тавихад миний гар бие оролцсон билээ. Амжилттай бизнесийг удирдах нь хэцүү биш бөгөөд бизнесээ арай өөр өнцгөөр л харах хэрэгтэй юм гэдгийг дээрх болон бусад компаниудтай ажилласан миний ажлын туршлага харуулж байгаа юм.
Таны нүдийг боож, зөөлөн сандалд суулгаад гарт тань Рубикийн шоо бариулжээ гээд төсөөл дөө. Хэрэв та түүний талуудыг санамсаргүй маягаар нааш цааш нь эргүүлээд байвал хэзээ нэгэн цагт бүх өнгө нь нийлэх л байх. Гэхдээ ингэж шоог эвлүүлэхэд багагүй хуцаа шаардагдах болохоор завсар хоорондуур нь хооллох, бие засах хэрэгтэй болно. Хэдий хугацаа шаардагдахыг мэдэж байна уу? Эрдэмтдийн тооцоолсноор зургаан тэрбум жил.
Энэ ч дэндүү урт хугацаа байгаа биз?
Одоо харин туршилтынхаа нөхцөлийг бага зэрэг өөрчлөөд үзье. Дахиад л таны нүдийг боож, зөөлөн сандалд суулгаад гарт тань Рубикийн шоо бариулна. Гэхдээ энэ удаа шоо эвлүүлэх зарчмыг тун сайн мэддэг хүнийг туршлага явагдаж буй өрөөнд оруулна. Тэр таныг шооны талуудыг эргүүлэх бүрт зөвхөн «Тийм» эсвэл «Үгүй» гэсэн хоёрхон үг хэлнэ.
Энэ тусламж нь шоо эвлүүлэх хугацааг богиносгож чадах болов уу? Гарцаагүй багасгана. Энэ удаа шоог эвлүүлэхэд зургаан миллиард, бүр нэг миллиард жил ч шаардагдахгүй. Яг хэдий хугацаа орох вэ?
Хоёр минут хүрэхгүй хугацаа орно.
Таны бизнес нь төсөөлдгөөс тань илүү Рубикийн шоотой төстэй юм. Гэхдээ таны бизнес тийм хэцүү болохоор ингэж хэлж байгаа хэрэг огт биш юм (Рубикийн шоо ердөө зургаан талтай, зургаан өнгөтэй шүү дээ). Гол учир нь талуудыг эргүүлэх бүрдээ сонголт хийх болно шүү дээ. Аль талыг нь хааш эргүүлэхээ яаж мэдэх билээ? Рекламд зориулах хөрөнгийг вэб-сайтад шууд холбоос үүсгэхэд зориулах уу эсвэл радиогоор реклам цацахад зориулах уу? «Танай компани тэгээд юу эрхэлдэг юм бэ дээ?» гэж танаас асуувал яг юу гэж хариулах вэ? Рекламд юу тусгах вэ? Рекламны ажил хүссэн үр дүн өгөхгүй бол чухам юуг нь өөрчлөх ёстой байсныг хэрхэн ойлгох вэ? Энэ бүх толгой эргүүлсэн зүйлсийн учрыг олоход танд зургаан тэрбум жил эсвэл хоёр минут ч шаардагдаж болно.
Жишээ болгоход «Индиан Моторсайкл» -аас явснаас хоёр жилийн хойно 2002 оноос би зоогийн болон цэнгээний газрын нэрд гарсан цогцолбор сүлжээ «Дэйв ба Бастерс»-ын Канад дахь салбарыг удирдах болсон юм. Компанийн орлого эрчимтэй буурч (эргэлтийн 16 сая долларын 30 хувь хүртэл), нийт өртөг нь 9 саяас 1 сая долларт унаж, компани нь ойр зуурын тооцоогоо төлөхөд ч бэрхшээлтэй болсон байлаа. Энэ номд өгүүлсэн арга хэмжээг авсны үр дүнд орлого нь эргээд өсөж эхэлсэн юм.
Рубикийн шоо лугаа адилаар хэрэв аль талыг нь хааш нь эргүүлэхийг мэдэхгүй бол тохирох шийдвэрт хүрэхэд олон жил шаардагдах байсан бөгөөд харин Канадын «Дэйв ба Бастер»-т тийм хугацаа байсангүй. Гэвч бид хааш нь эргүүлэхийг мэдэж байсан бөгөөд ердөө наймхан сарын дараа түүний өртгийг найм дахин өсгөж тус компанийг 8 сая доллараар зарсан билээ.
Та жижиг компани эсвэл «Форчун 500» жагсаалтад багтдаг том компани эзэмшдэг эсэх, ус түгээгүүрийн ажилчин эсвэл шүдний эмч, фитнесс төвийн менежер эсвэл тус төвийн эзэн эсэхээс хамаарахгүйгээр бизнест амжилт олох зарчим нь нэг л билээ. Таны мөрөөдлийн бизнесийг цогцлоон бүтээх нь бизнесийн аль ч салбарт дараах маягаар хураангуйлан илэрхийлж болох байнгын үйл явц юм. Та өөрийн үйл ажиллагааны бүх боломжит чиглэлүүд дотроос хэд хэдэн чухал чиглэл, оньсыг шилж аваад зөвхөн тэдгээр дээрээ өдөр бүр байнга төвлөрч ажиллах ёстой юм.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Jul.16.10 1:51 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Аравдугаар бүлэг
ДҮРСЭЛ, ТӨВЛӨР, АЖИЛЛА
«Гэрэл, камер, мотор!» — киноны аль нэг үзэгдлийн зураг авалт эхэлж буйг зарласан алдарт уухай ийм билээ. Гурван үгээс бүтсэн энэхүү уухайд эгэл жирийн тодорхой нэгэн цэцэн ухаан нуугдаж байгаа юм.
Гэрэл эхэнд нь байгаа нь санамсаргүй хэрэг биш. Найруулагч зураг авалтын талбай дээр хамгийн түрүүнд гэрлээ зөв байрлуулах ёстой. Зураг авалтын бэлтгэл ажлын энэ хэсэг нь хамгийн их хүч хөрөнгө, цаг хугацаа зарсан ажил билээ. Хоёрхон минут минутын зураг авалтад зориулж гэрэлтүүлэг тавихад хэдэн цаг шаардагдаж ч болно.
Бизнест ч мөн адил юм. Мюррейн баг «Индиан моторсайкл» нэрийг худалдан аваад бэлтгэл ажил ба төлөвлөлт, өөрөөр хэлбэл зураг авалтын талбай бүрэн гүйцэд бэлэн болж, гэрэлтүүлэг зөв тавигдсан гэдэгт итгэлтэй байхын тулд хагас жил зарцуулсан байна. Тэрхүү хагас жилийн хугацаанд тэд нэг ч цент олоогүй бөгөөд хэрэв ахиад зураг авалттай зүйрлэх аваас камер нь сул зогсож байсан юм. Ганцхан кадр зураг авлаа ч тэд юуны өмнө зөв дүрслэл үүсгэж чадсан гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй байлаа.
Дүрслэлийн араас төвлөрөл залгана. Талбай бэлэн болж гэрэл тавигдсаны дараа найруулагч камерын байрлал, хазайлтын өнцгийг шалгаж, солих дурангууд нь бэлэн эсэхийг нягтална. Үзэгдлийн зураг авах үед хэдэн зуун үйлдэл явагддаг ч хүссэн үр дүндээ хүрэхийн тулд камерыг хааш нь чиглүүлэх ёстойг найруулагч сайн мэддэг. Биснест ч мөн нэгэн зэрэг олон үйл явдал болж хөндлөнгөөс харахад хөл толгой нь мэдэгдэхгүй байх мэт харагддаг ч хэрэв та чухам юунд төвлөрөх ёстойгоо мэдэж байвал тийм зүйл тохиолдохгүй.
Одоо л нэг зураг авч болох нь. Жүжигчид дүрээ сургуулилж дуусаад талбайд гарахад бэлэн болжээ. Гэхдээ жүжигчид талбай дээр үйлдлээ хийж эхлэхээс өмнө найруулагч тухайн үзэгдлийг сэтгэл дотроо олон дахин ургуулан төсөөлсөн байдаг учраас ямар нэг зүйл болохгүй байвал тэрээр дор нь мэдэрдэг. Бизнест ч мөн адил бөгөөд та амжилтад хүрэхэд чухам ямар үйл ажиллагаа нь илүү чухал болохыг мэдэх ёстой юм.
«Дүрсэл, Төвлөр, Ажилла» гэдэг нь алдарт «Гэрэл, Мотор, Камер!» хэмээх уухайны бизнес хувилбар нь бөгөөд таны мөрөөдлийн бизнесийг цогцлоон босгох эсвэл ямар нэг компанид байр сууриа бэхжүүлэхэд туслах шидэт тарни билээ.
Дүрслэл гэдэг нь өөрийн ялалт амжилтын зураглалыг байнга сэтгэл дотроо харж төсөөлөх чадвар юм. Хүмүүс ихэвчлэн өөрсдийн амьдралыг хэт түвэгтэй болгодог. Бизнес бүр олон зуун чухал чухал жижиг хэсгүүдээс бүрддэг боловч тэдгээр нь зөвхөн жижиг хэсэг л шүү дээ. Аливаа бизнесийн механизм нь ердөө хэдхэн чухал оньсыг агуулдаг. Рубикийн шоонд ердөө зургаан өнгө байдаг. Ийм ч учраас төвлөрөл нь тийм чухал ач холбогдолтой юм. Бүх зурган дээрээ төвлөрч, болж буй үйл явдлын оньсыг сайтар танихын тулд камерын дурангаа зөв сонгох хэрэгтэй.
Зураглалыг бүхлээр нь тусган авах чадалтай доорх гурван дуранг бид санал болгож байна. Үүнд:
1. Зайлшгүй өөрчлөлтүүдийн дүн шинжилгээ
2. Орлогын төлөвлөгөө
3. Арилжааны үйл ажиллагааны тойм зураг эдгээр билээ.

ЗАЙЛШГҮЙ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Зургаадугаар бүлэгт санхүүгийн зорилт хэрхэн тавихыг та сурсан билээ. Зайлшгүй өөрчлөлтүүдийн дүн шинжилгээ нь тэдгээр зорилтуудыг тавих, түүндээ хүрэхэд хэр зайтай байгааг тодорхойлох илүү нарийн арга бөгөөд та зүгээр л одоогийн төвшинг хүсэж буй төвшингөөс хасна. Жишээ нь таны бизнес жилд 100 000 долларын орлоготой бөгөөд та энэ орлогоо ирэх жилд 250 000 долларт хүргэхийг хүсэж байна гэж бодъё. Эндээс харахад таны «туулах зам» 150 000 доллар байх нь. Ингээд та орлогын төлөвлөгөө зохиох, арилжааны үйл ажиллагааны тойм зургийг гаргахад хэрэглэх баримжаатай боллоо.
Мөн түүнээс гадна энэ нь үйл явцыг хянаж, одоогийн үр дүнг төлөвлөж буй үр дүнтэй харьцуулах арга юм.
Зайлшгүй өөрчлөлтүүдийн дүн шинжилгээг нь зөвхөн санхүүгийн зорилгоор ч бус мөн бусад энгийн зүйлд ч хэрэглэж болно. Санхүүгийн зорилгод орлого, ашиг, актив, үлдэгдэл тооцоо, зардал, урсгал зардал, өр, авлага, кредит болон орлогын эх үүсвэрүүд гэх мэт ойлголтууд ордог. Гэхдээ аливаа бизнес нь санхүүгийн биш зорилтуудыг ч мөн өмнөө тавьдаг. Жишээ нь сэтгэл хангалуун үйлчлүүлэгчдийн тоо, бүтээгдэхүүний төрөл зүйл г.м. Мөн танд хувийн зорилтууд ч байх ёстой. Жишээ нь долоо хоногт ажилласан цаг, ажлын өдрийн тоо, стрессын төвшин, амралтын өдрийн тоо, ажилдаа ирээгүй хоногийн тоо г.м.
Зайлшгүй өөрчлөлтүүдийн хувийн дүн шинжилгээг хийхдээ таны бизнес болон карьерт илүү чухал ач холбогдолтой зорилгуудад нийцэх тоог сонгож авах хэрэгтэй. Тэдгээр зорилтууд танаас хичнээн хол байх тусам, ирээдүйн тодорхой нэг цагт таны байдлыг илтгэх тоон утгыг төрөл тус бүр дээр нь бич. Энэхүү дүн шинжилгээг ихэвчлэн нэг жилийн хугацаагаар эсвэл санхүүгийн дараа жилийн эцэс хүртэл гаргадаг. Одоо ба ирээдүйн хоёр тооны хоорондох ялгавар нь бидний туулах зай юм.
ОРЛОГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Орлогын төлөвлөгөө гэдэг нь таны хүслийг бодит байдал болгон хувиргах томьёо юм. Ийм төлөвлөгөө зохиох амархан. Өөрийн бүх бараа, үйлчилгээний нэрсийг жагсаан бичээд ард нь тэдгээрийн үнэ, тодорхой хэсэг хугацаанд зарж борлуулахыг хүссэн тоогоо бичээд л болох нь тэр.
Хэрэв энэ төлөвлөгөөнд тусгагдсан үр дүн нь таны хийсэн зайлшгүй өөрчлөлтүүдийн дүн шинжилгээтэй тохирч байвал тун гайхалтай! Хэрэв тохирохгүй байгаа бол төлөвлөгөөгөө засварлах хэрэгтэй. Жишээ нь хэрэв та ямар нэг компани эзэмшдэг бол өөрийн барааны үнийг нэмэх, худалдах барааны тоо хэмжээг өөрчлөх гэх мэт ямар нэгэн өөрчлөлтүүдийг нэгэн зэрэг хийх хэрэгтэй. Орлогын төлөвлөгөө нь таны хүссэн тэр хэмжээтэй тохирвол амжилтад хүрэх зам өмнө тань нээгдэж, үргэлж гартаа барьж тулган үзэж байх төлөвлөгөө зурагтай боллоо гэсэн үг юм.
Орлогын төлөвлөгөөний нэгэн чухал тал нь түүнийг өөрийн үйл ажиллагааны одоогийн үзүүлэлтүүдтэй дахин дахин тулган харьцуулж байх ёстойд байдаг юм. Хэрэв та ширээний шургуулгад хийгээд мартвал төлөвлөгөө гаргахын хэрэг юун? Цэргийн жанжны тулалдааны төлөвлөгөө лугаа адилаар та орлогын төлөвлөгөөгөө биелэгдэж буй эсэхийг тогтмол хянаж, үүссэн нөхцөл байдалд тохируулан байнга засвар оруулж байх хэрэгтэй.
АРИЛЖААНЫ ҮЙЛ ЯВЦЫН ТОЙМ ЗУРАГ
Таны орлогын төлөвлөгөөг хэрэгжүүлэх чухал хэрэглүүр нь арилжаа юм. Арилжааны үйл явц нь таны хамгийн сайн үйлчлүүлэгчид хүрэх мэдээллийн тохиромжтой сувгуудыг сонгох, маркетингийн зөв бодлого, тактик барих (14-р бүлэгт түр саатаж тэр талаар өгүүлэх болно) зэрэг асуудлуудыг өөртөө агуулдаг.
Эд бүгдийг арилжааны үйл явцын тойм зурагт тусгаж болно. Уг зургийг таны бизнесийн хэмжээ, цогц байдал болон таны хэр дэлгэрэнгүй дүрслэхээс шалтгаалан хэд хэдэн хуудас цаасан дээр эсвэл багасгаад ам арчих цаасан дээр буулгасан ч болно. Арилжааны төлөвлөсөн үр дүнд хүргэх үйл ажиллагааны дарааллыг зурагт нарийн тодорхой тусгасан байх ёстой.
Тэдгээр үйл ажиллагаанд доорхи зүйлс хамаарна. Үүнд: 1) хамгийн сайн үйлчлүүлэгчээ тодорхойлох, 2) холбоос үүсгэх, 3) хэтийн төлвийг тодорхойлох, 4) хэтийн төлөвтэй ажиллах, 5) боломжит хэрэглэгчдийг бодит хэрэглэгчид болгох, 6) хэрэглэгчдэдээ үйлчлэх, 7) илүү үнэтэй бараа худалдах.
Ихэнх бизнесмэнүүд энэ бүгдийг хамтад нь сайн анхаардаггүй бөгөөд иймэрхүү маягаар дэлгэрүүлж авч үзэхээс төвөгшөөдөг. Тэгэх хэрэггүй! Арилжааны үйл явцын тойм зургийг гаргах үед цаашид хийх алхам бүрээ бодох хэрэгтэй болдог. Орлогын төлөвлөгөөтэй нэгэн адилаар энэхүү зураг нь таны байнга дэлгэн үзэж, нягталж, туршлага хуримтлуулж бизнес өргөжихийн хэрээр засвар оруулж байх ёстой гүйцэтгэх ажлын зураг билээ.
ТАНЫ БИЗНЕСИЙН НОЁН НУРУУ
Эдгээр гурван төрлийн төлөвлөлт нь «дүрсэл — төвлөр — ажилла» хэмээх гурвалыг таны бизнест хэрэгжүүлэхэд туслах энгийн нэг дагалдах аргууд юм. Тэдгээр нь бүгдээрээ нэгдмэл зураглал, бодит үйлдэлд чиглэсэн бөгөөд тус бүрдээ тодорхой нэг асуултын хариу болж чадна. Зайлшгүй үйлдлүүдийн дүн шинжилгээ нь «Бид хаашаа явж байна вэ?», орлогын төлөвлөгөө нь «Тийшээ явахад юу хэрэгтэй вэ?», харин арилжааны үйл явцын зураг нь «Бид хэрхэн тэнд хүрэх вэ?» гэсэн асуултад тус тус хариулна.
Зайлшгүй үйлдлүүдийн дүн шинжилгээ – Хаана хүрэх.
Орлогын төлөвлөгөө - Юугаар явах.
Арилжааны үйл явцын зураг – Хэрхэн тэнд хүрэх.
Том корпорацуудтай ажилласан бидний хамтын ажиллагааны үр дүнд дээрх гурван аргыг боловсруулсан боловч тэдгээрийг их бага аливаа компанийн үйл ажиллагаанд хэрэглэж болно. Эдгээр аргуудыг тогтмол хэрэглэснээр таны бизнес мэдэгдхүйц урагшлах бөгөөд зөв замаар явж байгаа эсэхээ мэдэж чиглэлээ засаж байхын тулд улирал бүр шалган магадалж байх хэрэгтэй.
Бизнес төлөвлөгөөний үндсэнд «Бид хэрхэн орлого олох вэ?» гэсэн өөр нэг асуулт оршдог. Энэхүү асуулт нь дээр өгүүлсэн гурвалыг хэрэгжүүлэх, бизнесийг бүтээн босгох үнэхээр хүчирхэг хэрэглүүр мөн учраас бид түүнийг бизнесийн ноён нуруу хэмээн нэрлэдэг юм. Бидний номын үлдсэн хэсэг нь бараг бүхлээрээ дээрх асуултын хариуг өгөхөд зориулагдсан гэж хэлж болох юм. Гэхдээ эхлээд байгалийн бас нэгэн хуулийг судлах нь зайлшгүй чухал юм.

ХАРАМЖИЙН ХУУЛЬ
Өмнөх бүлгүүдэд таталцлын хууль, боловсорч гүйцэх хууль, үйл ажиллагааны хууль гэсэн хүний амьдралыг удирдаж байдаг агуу хуулиудыг үзсэн билээ. Таны мөрөөдлийн бизнесийг бүтээх зөв бодлого, тактикийг хэрхэн сонгохын нууцыг агуулсан, санаж явах ёстой бас нэгэн хууль байдаг билээ. Энэ нь харамжийн хууль юм.
Энэхүү хууль нь зах зээл дэх шалтгаан ба үр дагаврын харилцан үйлчлэлийг илэрхийлдэг юм. Мөнгөн хэлбэрийн харамж нь санамсаргүй үүсдэггүй бөгөөд тэрээр үргэлж тусгай нөхцөл байдлын (шалтгаан) гарцаагүй үр дүн (үр дагавар) байдаг. Хэрэв та шаардлагатай нөхцөл байдлыг бүрдүүлж чадвал үр дүн нь аяндаа гарна. Харамжийн хууль нь тусгай нөхцөл байдлыг шаарддаг бөгөөд уг хууль нь:
Таны саналыг хангалттай олон хүн хүлээн авсан тохиолдолд харамж үүснэ гэж өгүүлдэг юм.
Хялбархан байгаа биз? Тиймээ. Байгалийн бусад хуулиудын нэгэн адил тун энгийн боловч хатуу хууль юм. Энэ хуулийг гүнзгийрүүлэн судлах тусам энгийн аятайхан томьёоллынх нь цаана амжилтын түлхүүр нуугдаж буйг та улам бүр тодорхой олж харах болно.
Таны санал (бараа буюу үйлчилгээ) нь танаас гарсан санааны үр дүн, энэхүү харамжийн үр нь юм.
Та өөрт орж ирсэн тодорхой, төвлөрсөн, хурц санааг түүний төлөө мөнгө төлөхөд бэлэн хангалттай олон хүн сонирхохоор бараа буюу үйлчилгээ болгож чадвал та харамж үүсгэж байгаа нь тэр. Энгийнээр хэлбэл таны санаа шалтгаан нь болж, харамж нь түүний үр дагавар болж байгаа юм. Бүхий л орчлон ертөнцийн нэгэн адилаар таны бизнесийн амжилт ч бодол санаанаас эхтэй. Гэвч хичнээн тод, хурц, сэтгэл татсан байгаад ч зүгээр л нэг санаа хангалтгүй юм. Хүмүүс түүнийг худалдан авахыг хүсэх ёстой. Хүсэхийн тулд тэд түүнийг мэдэх ёстой.
Та гэдэг хувь хүн дээр бизнес санааг нэмлээ ч амьдрах чадвартай бизнестэй огт тэнцэхгүй юм. Тэр ч бүү хэл тань дээр бизнес санаа ба тэр санааны материаллаг биелэл болсон хөрөнгө оруулалт, судалгаа шинжилгээ, боловсруулалт, үйлдвэрлэл, ажилтнууд эд бүгдийг нэмээд ч нийлбэр нь бизнесийг бүрдүүлж чадахгүй юм. Эд бүгдийг нийлүүлэн нэгтгэдэг тэрхүү шидэт тогоо, боргоцойг саглагар том царс болгон ургуулдаг шидэт нунтаг нь аливаа бизнес тэгшитгэлийн салшгүй нэгэн хэсэг болсон үйлчлүүлэгчид билээ.
Тань дээр таны санал болгож байгаа зүйлийг худалдан авахыг хүсэж буй үйлчлүүлэгчдийг нэмбэл сая бизнес болно.
Таны санал болгож буй зүйлийг хангалттай олон хүн хэрэглээд эхэлбэл харамж үүснэ.
Та талхчин, эмч, корпорацийн гүйцэтгэх захирал, менежер, кафены эзэн, тамирчин, зохиолч, компьютерийн мэргэжилтэн хэн байх нь хамаагүй... Таны юу эрхэлдэг нь хамаагүй бөгөөд хэрэв та бизнес хийж мөнгө олохыг хүсэж л байгаа бол энэ хуулийг хэрэглэж болно.
ХАРАМЖИЙН ХУУЛЬ ДОТОР
Бид харамжийн хуулийг дотор нь гурав хувааж, гурван асуулт болгон хувааж үзэж болно. Эхнийх нь: зах зээл дээр танай бараа/үйлчилгээний хэрэгцээ хэр их вэ? Хоёрт: та ямар нэг онцгой зүйлийг санал болгож байна уу? Гуравт: танд болон танай багт тэрхүү бараа/үйлчилгээгээ эргэлтэд оруулж хүмүүст худалдах хангалттай туршлага бий юу?
ХАРАМЖИЙН ХУУЛИЙН ГУРВАН НӨХЦӨЛ
Та доорхи гурван нөхцөлийг хангавал таны бизнес харамж хүртэнэ:

Зах зээл дээр танай бараа/үйлчилгээ онцгой эрэлттэй байх.
Таны санал болгож буй зүйл онцгой байх
Та/танай баг өөрийн барааг борлуулж чаддаг байх ёстой.

Сүүлийн хүчин зүйл нь онцгой чухал юм. Бараагаа хичнээн өвөрмөц аргаар ч бай зүгээр л санал болгох нь хангалтгүй. Орчин үеийн бизнес домогт өгүүлэхдээ хэрэв хэрэгтэй бараа хэрэгтэй цагтаа байвал хүмүүс өөрсдөө ирээд худалдан авна гэж өгүүлдэг. Харамсалтай нь энэ огт тийм биш. Хэрэв хүмүүс таныг мэдэхгүй бол хэн ч ирэхгүй, ирэх ч аргагүй билээ. Харин хүмүүст өөрийн мессежийг хүргэх нь байнгын хатуу ширүүн өрсөлдөөнтэй манай цаг үед тийм ч амар хэрэг биш юм. Зах дээл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд худалдааны саналаар бялхаж буй учраас тэр дундаас ялгарч, өөрийн дуу хоолойг хүргэхэд шийдвэртэй бөгөөд төвлөрсөн хүчин чармайлт шаардлагатай. Харин ингэхгүй бол таны бизнес цэцэглэхгүй.
Бүгд тун энгийн. Танд санаа хэрэгтэй. Дараа нь та тэрхүү санаагаа ямар нэг онцгой бараа/үйлчилгээ болгон хувиргах ёстой. Мөн түүнээс гадна та маркетинг ба худалдааг туйлын сайн мэдэх ёстой.
МАРКЕТИНГ БА ХУДАЛДАА: ОРЛОГЫН ТҮЛХҮҮР
Олон жилийн өмнө манай компанийн агентуудын хэн нь үл хөдлөх хөрөнгө зарахдаа бусдаасаа илүү болохыг тодруулах гэж нэгэн судалгаа хийсэн юм. Жилд 500 000 доллар ба түүнээс дээш орлоготой агентууд боломжит худалдан авагчдад ажлын цагийнхаа 80 хувийг зарцуулсан байлаа. Харин жилд 25 000-аас 40 000 долларын орлоготой агентууд боломжит худалдан авагчдад ажлын цагийнхаа 20-оос ихгүй хувийг зарцуулжээ.
Ямар ч бизнес хийдэг байсан худалдаа ба маркетингийн асуудлыг тоомсорлохгүй байж хэзээ ч болохгүй. Тэдгээр нь аливаа бизнесийн хөдөлгүүр нь билээ. Өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу худалдан авалт хийх шийдвэр гаргах хүртэл нь мэдээллийг олон түмэнд хүргэхийн тулд хийж буй ажлаа орхиод босоход та цаг ямагт бэлэн байх ёстой.
«Мэдээлэл хүргэх» гэдэг нь тун ч ерөнхий нэр томьёо юм. Биечлэн уулзах, утсаар ярих, интернэтээр харьцах, радио, телевиз, ил захидал, сурталчилгааны товхимол, зурагт самбар гэх мэт нь мэдээлэл хүргэх хэлбэрүүд билээ. Гэхдээ ямар ч арга хэрэглэдэг бай та буюу танай борлуулалтын баг боломжит худалдан авагчдад нийт зарцуулах цагийнхаа 50-иас дээш хувийг зарцуулахгүй л бол та маш үнэт нөөц болох өөрийгөө дэмий үрж байна гэсэн үг юм.
«Хэрэв би үүнд тааруухан бол яах вэ? Би худалдаа ба маркетингийг муу мэддэг бол хэрхэх вэ? гэж та асууж болох юм. Тун сайхан асуулт байна! Хэрэв худалдаа ба маркетинг нь таны эмзэг газар юм бол түүнийг болгохыг оролдож нэг хормыг ч бүү үр. Худалдаа хийж чаддаг, маркетингт сайн хүнийг хөлсөлж ав. Хөлсний ажилтан ч бай, аутсорсын компани, худалдааны сүлжээ, бараа солилцооны үйлчилгээ, түншлэл эсвэл таны бизнест хувь эзэмшигч хэн ч байсан асуудлыг ингэж л шийдэх хэрэгтэй. Улмаар тэрээр таны бизнест чухал байр суурь эзлэх болно.
ЧУХАЛ ГУРВАН АСУУЛТ
Бидний эрхэлж байсан бүх л бизнест өдөр бүр доорхи гурван асуултад хариулах хэрэг гардаг байв. Үүнд: «Худалдаанаас олох ашгийг хэрхэн дээшлүүлэх вэ?», «Нэг худалдан авагчийн худалдааны багтаамжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? «Яаж улам олон худалдан авагчдыг татах вэ?»
Эдгээр асуултууд нь таны бизнесийн орлогыг тааламжтай болгох гурван аргатай тохирч байгаа юм. Нэгдүгээр асуулт нь худалдааг тааламжтай болгох, хоёрдох нь худалдан авагчдыг тааламжтай болгох, гурав дах нь бизнесийг бүхэлд нь тааламжтай болгох.
Худалдааг тааламжтай болгох: яаж их ашиг олох вэ?
Худалдан авагчдыг тааламжтай болгох: худалдааны багтаамжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Бизнесийг тааламжтай болгох: яаж улам олон худалдан авагчдыг татах вэ?
Нэгдүгээр асуултад янз бүрээр хариулж болно. Барааныхаа үнийг буулгах, өртгийг бууруулах, хэд хэдэн бүтээгдэхүүнийг нийлүүлж нэг багц болгоод арай илүү өндөр үнээр зарах эсвэл үүний эсрэгээр нь багц бүтээгдэхүүнийг задалж тус тусад нь үнэтэй зарах гэх мэт.
Хоёрдох асуулт ч мөн олон хариутай. Та худалдан авагчдыг татах гэж багагүй хүч хөрөнгө зарсан болохоор тэдэнд улам ихийг худалдах гээд оролдоод үзэж яагаад болохгүй гэж? Барааныхаа нэр төрлийг олшруулж, үйлчилгээнийхээ хүрээг өргөтгөж, шинэ бараа/үйлчилгээ санал болгож, байж болох бүх нэмэлт бараа болон илүү өндөр үнэтэй бараа зарах г.м
Дараачийн бүлэгт гурав дах асуулт дээр зогсосхийж бизнесийг хөгжүүлэх суурь арга болсон шинэ үйлчлүүлэгчдийг өөртөө татах аргыг үзэх болно.
Түүнээс гадна бизнесийг эрчимтэй хөгжүүлэх нэгэн аргыг танд хэлж өгөх санаатай байгаа юм. Юу гэвэл дээрх асуултад нэмээд нэг л үг оруулчих. Тэгвэл дээрх асуулт маань «Хэрхэн аль болох олон зохистой үйлчлүүлэгчдийг татах вэ?» гэж сонсогдоно.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Jul.17.10 2:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Арваннэгдүгээр бүлэг
ТАНЫ ЗОХИСТОЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
Зуу гаруй жилийн тэртээ швейцарын Лозаннын их сургуулийн профессор, эдийн засагч, эрдэмтэн Виль Фредо Парето хэмээх битүү сахалтай нэгэн эрхэм улс төр ба нийгэмд эдийн засаг хэрхэн нөлөөлдгийг ихэд сонирхон судалдаг байжээ. Тэрээр нэгэн сонирхолтой ажиглалт хийсэн байна. Итали дахь үл хөдлөх хөрөнгийн ихэнх хэсгийг нь хүн амын багахан хэсэг, тухайлбал үл хөдлөх хөрөнгийн 80 хувийг хүн амын 20 хувь нь эзэмшдэг болохыг анзаарчээ. Он жил улирах тусам профессор Паретогын ажиглалт нь амьдралын олон салбарт улам бүр нотлогдож Паретогын хууль буюу «80/20-ийн дүрэм» гэгдэх болжээ.
Энэхүү дүрмийн үйлчлэлийг хүний үйл ажиллагааны бүх салбарт харж болох юм. Өнгөрсөн долоо хоногт өөрт ирсэн и-мэйлүүдийг шалгаад үз. Таны хаягийн дэвтэрт бүртгэгдсэн хүмүүсийн 20 хувь нь танд ирсэн нийт и-мэйлийн 80 хувийг бичсэн байх. Хувцасны ба хоолны шүүгээгээ нээгээд үз. Та өөрийн нийт хувцасны 20 хувийг л өмсөж, оройн хоол бэлдэх цагийнхаа 80 хувийг гал зуухны нийт хэрэгслүүдийн 20 хувь дээр зарцуулдаг байж ч магад.
Мэдээж энэ харьцаа үргэлж яг 80/20 байдаггүй. Умарт Америкийн томоохон банкуудад хийсэн судалгаанаас үзэхэд үйлчлүүлэгчдийн 15-20 хувь нь орлогын 95 хувийг оруулдаг байна. Интернэтээр аялагчдын 85 хувь нь уг дэлхийг хэрсэн сүлжээнд байрлуулсан вэб сайтуудын 5 хувьд нь ханддаг байна. Ийм жишээ хаа сайгүй бий.
АРВАН ЗУРГААН ДАВХАР ХҮЧ
Паретогын хуулийг бизнест хэрэглэснээр орлогын ихэнх хэсгийг (80 хүртэлх хувийг) харьцангуй бага тооны үйлчлүүлэгчид (ойролцоогоор 20 хувь) оруулдаг болохыг тогтоож болно. Хэрэв бид энэ 20 хувийн цаана чухам хэн байгааг нарийн тогтоож чадвал Паретогийн хууль бидний бизнесийг эрчимжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр болохсон билээ. Жишээ нь тэрхүү хорин хувьд илүү их цаг зарцуулж, бусдыг нь бага анхаарах гэх мэт. Ингэвэл яах бол? Дүн шинжилгээ хийгээд үзэцгээе.
Үйлчлүүлэгчдийн хорин хувь нь орлогын ная орчим хувийг оруулдаг. Тэгэхлээр тэдний оруулдаг орлогын хэмжээ үлдсэн ная орчим хувийн оруулдгаас дөрөв дахин их байна. Гэхдээ дүгнэлт хийхээсээ өмнө тэд дөрөв дахин их орлого оруулдгаас гадна тэдний тоо бусдаасаа дөрөв дахин бага гэдэгт анхаарлаа хандуулна уу. Тэгэхлээр энэ 20 хувьд багтдаг нэг үйлчлүүлэгч үлдсэн 80 хувьд ордог нэг үйлчлүүлэгчээс арван зургаа дахин их орлого оруулсан болж таарч байна.
Харин бусад үйлчлүүлэгчид энэ хорин хувь шиг болчихвол юу болох вэ? Хэрэв та дуу цөөтэй олонхыг (80 хувь) дээрх 20 хувьд багтдаг шиг үйлчлүүлэгчдээр сольж чадвал хэрхэх бол? Тэгвэл таны олох орлого арван зургаа дахин нэмэгдэх болно.
Гэхдээ үүгээр ч зогсохгүй юм. Яагаад гэвэл дээрх 20 хувь нь тухайн цаг мөчид байгаа хэрэглэгчид дотроосоо арай дөнгүүр нь болохоос зохистой үйлчлүүлэгчид хараахан биш. Та өөрийн зохистой үйлчлүүлэгч хэн болохыг яв цав тогтоож, дараа нь тэдэнтэй яг адил үйлчлүүлэгчдийг өөртөө татах бодит аргуудыг олбол таны бизнес ямар хүчирхэг түлхэц авахыг төсөөлөөд үзэгтүн!
Дараах бүлгүүдэд үүнийг хэрхэн хийдэг болохыг бид тайлбарлах болно.
ЗОХИСТОЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХҮЧ
Олон нийтийн эрэлт сонирхол нь ямар гайхамшигтай их хүчийг өөртөө агуулдаг болохыг та дуулсан байх. Заримдаа тэр хүчийг «ертөнцийн найм дахь гайхамшиг» хэмээн нэрлэх нь ч бий. Бизнест түүнээс дутуугүй, олон талаараа бүр илүү чухал нэгэн хүч бий. Түүнийг худалдан авагчдын эрэлт сонирхлын хүч хэмээдэг бөгөөд өөрсдийнх нь төлөө таны хийж буй зүйл таалагдсан үйлчлүүлэгчид таны тухай өөр нэгэнд, тэр нь гурав дахь хүнд ярих гэх мэтээр цааш тараахыг хэлдэг юм. Маркетингийн үүднээс нь авч үзвэл сэтгэл ханамжтай үйлчлүүлэгчдийн ам дамжсан ярианаас илүү найдвартай мэдээлэл тараах арга үгүй билээ. Мэдээж энэ нь шинэ зүйл биш бөгөөд бүгд үүнийг мэддэг. Асуудлын гол нь энэхүү ам дамжсан яриаг хэрхэн өдөөх вэ гэдэгт л байгаа юм. Ихэнх бизнесмэнүүд өөрсдийн бараа, үйлчилгээний чанарыг сайжруулахыг эрмэлздэг бөгөөд энэ нь ч үйлчлүүлэгчдээ татах үнэхээр зохистой арга юм. Гэхдээ эхлээд та үнэхээр зөв үйлчлүүлэгчдээ татаж чадаж байна уу гэдгээ мэдэхэд илүүдэхгүй.
Таны зохистой үйлчлүүлэгч гэдэг нь таны бараа, үйлчилгээг зөвхөн авдаг төдий биш харин түүнийг бүр бишрэн шүтсэн үйлчлүүлэгч юм. Таны зохистой үйлчлүүлэгч нь таны бараа, үйлчилгээг үнэхээр хүсэж байгаа тэр үйлчлүүлэгч биш харин таны санал болгосон бүхэнд шунан дурласан тийм хэрэглэгч юм. Зохистой үйлчлүүлэгч нь таны барааг зөвхөн хэрэглэдэг биш түүнд бүр дуртай болсон, зөвхөн үйлчлүүлдэг биш харин түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдэгтээ итгэсэн байдаг.
Таны үйлчлүүлэгчид хичнээн зохистой байх тусам тэднээс танд ирэх санал гомдол багасаж, тэр хэмжээгээр тэд сэтгэл хангалуун байдаг. Зөв мессежийг зөв үйлчлүүлэгчид хүргэж эхлэв үү үгүй юү тэд танаас зөвхөн худалдан аваад зогсохгүй таныг бишрэн шүтэж эхэлдэг. Тэд жирийн дундаж худалдан авагчийн зардгаас илүү ихийг танай бараа, үйлчилгээнд зарцуулна. Тэд хамаатан садан, найз нөхдөдөө танай бүтээгдэхүүнийг худалдан авахыг зөвлөх болно. Өөрийн зохистой үйлчлүүлэгчийг тодорхойлж чадвал та удалгүй бага ажиллаж ихийг олж байгаагаа ойлгох болно. Хамаагүй ихийг.
Тэгээд яагаад бусад бүх компаниуд энэ аргыг хэрэглэж орлогоо нэмэгдүүлэхгүй байна вэ? Яагаад гэвэл тэд өөрсдийн зохистой үйлчлүүлэгч хэн болохыг төсөөлдөг ч үгүй юм.
ТАНЫ ЗОХИСТОЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ЧУХАМ ХЭН БЭ?
Зохистой үйлчлүүлэгчээ татах цорын ганц арга нь тийм үйлчлүүлэгчийн талаарх маш тод төсөөллийг үүсгэх явдал юм. Яг энэ мөчид таны зохистой үйлчлүүлэгч танай оффисын хажуугаар явж байж мэдэх боловч хэрэв та самбаачлан цагийг нь олж маш тод төсөөлөл үүсгэж авахгүй бол таны торлог байгууламж тэр үйлчлүүлэгчийг эс хэрэгсэх болно. Тархи ямар бүтэцтэйг санаж байна уу? Бид харахад бэлэн тэр зүйлээ л хардаг. Таны зохистой үйлчлүүлэгч чухам хэн бэ гэдгийг тодорхойлцгооё.
Зохистой үйлчлүүлэгчийнхээ дүр зургийг мэдэх нь бараа бүтээгдэхүүний боловсруулалт (та зохистой үйлчлүүлэгчийнхээ санал бодлыг харгалзан бүтээгдэхүүнээ боловсруулна) ба үйлчилгээ (та өөрийн зохистой үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцэх үйлчилгээ явуулах гэж хичээнэ), худалдаа маркетингт (та сурталчилгааны ажил ба худалдааны бодлогоо төлөвлөхдөө зохистой үйлчлүүлэгчийнхээ санал бодлыг харгалзан үзнэ) их ач холбогдолтой бөгөөд аливаа бизнест туйлын чухал юм. Зохистой үйлчлүүлэгчийн дүр төрх нь таны бизнесийн тулгуур багана болж, танай компанийн ажилтан бүр түүгээр чиг баримжаа хийх ёстой юм. Мөн түүнчлэн бүтэлгүй болсон бизнесийн шалтгаан нь уг компанийн ажилтнууд зохистой үйлчлүүлэгчийнхээ дүр зургийг тодорхойлоход хайхрамжгүй хандсанаас болсон байх нь ховор биш юм.
«Миний зохистой үйлчлүүлэгч чухам хэн бэ?» гэдэг энгийн асуултаас эхэлье. Энэхүү үйлчлүүлэгч ямар байх талаарх өөрийн төсөөллийг нэг хоёр өгүүлбэрээр товчхон бичигтүн. Энэхүү бүлгийн турш бид таны бичсэн тодорхойлолтыг засварлан тодруулах бөгөөд эцэстээ тэр нь бараг танигдахааргүй өөрчлөгдөх болно. Харин одоо үйлчлүүлэгчийнхээ тухай өөрийн төсөөллийг хэдэн мөрөнд багтаан бичнэ үү.
МИНИЙ ЗОХИСТОЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Жишээ болгох үүднээс хүүхдийн цэцэрлэг, зоогийн ба цэнгээний газрын цогцолбор болон барилгын зургийн жижиг студи үйлчлүүлэгчдийнхээ талаар бичсэн зураглалыг энд орууллаа. Шууд хэлэхэд энэ нь эцсийн зураглал биш бөгөөд зохистой үйлчлүүлэгчийнхээ талаарх төсөөллийг бичнэ үү гэсэн бидний хүслийн дагуу хүмүүсийн бичсэн эхний төсөөлөл юм. Хожим бидэнд эдгээр зураглалуудыг дүгнэн шинжилж, тодруулах боломж гарах болно.
МИНИЙ ЗОХИСТОЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ...
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ
Миний зохистой үйлчлүүлэгч нь сургуулийн өмнөх насны нэгээс хоёр хүүхэдтэй, өрхийн нийт орлого нь жилийн 70 000 доллараас дээш, ажил эрхэлдэг эмэгтэй.
ЗООГИЙН БА ЦЭНГЭЭНИЙ ГАЗРЫН ЦОГЦОЛБОРТ
Миний зохистой үйлчлүүлэгч нь цагийг таатай өнгөрөөхийн тулд найз нөхдөө урих хэмжээний орлоготой хорин таваас дөч орчим насны эрэгтэй.
БАРИЛГЫН ЗУРГИЙН ЖИЖИГ СТУДИ
Миний зохистой үйлчлүүлэгч нь хүүхэдтэй, эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөсөн, байшин бариулахыг хүсэж буй, жилд 100 000 ба түүнээс дээш долларын орлоготой 35 хүртэлх насны залуу гэр бүл.
ТАНЫ ОДООГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
Харин одоо таны ОДООГИЙН үйлчлүүлэгчийг тодорхойлон бичицгээе. Сүүлийн хэдэн сар тантай хамтран ажиллаж буй бүх үйлчлүүлэгчдээ нас, хүйс, орлогын төвшин гэх мэт үзүүлэлтүүдээр нь ангилан нэг ёсны хүн ам зүйн судалгаа бүрдүүлэх гээд үз.
•Таны одоогийн үйлчлүүлэгчид голдуу эрэгтэйчүүд үү? Эсвэл эмэгтэйчүүд үү? Эсвэл хүйсний харьцаа тэнцүү юу? Өөр харьцаатай юу?
•Танай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд тодорхой насны зааг байна уу? Жишээ нь гучин таваас тавин насны, эсвэл хүүхэд хөгшид гэх мэт.
•Таны ихэнх үйлчлүүлэгчид гэрлэсэн үү? Эсвэл ганц бие үү?
•Та одоогийн үйлчлүүлэгчдийнхээ орлогын төвшинг ойролцоогоор мэдэх үү? Хэрэв үгүй бол тэдний оршин суудаг газрын шуудангийн индексийг мэдэх үү? (Шуудангийн индекс өөрөөр хэлбэл оршин суугаа газраар нь орлогын төвшинг нь баримжаалж болдог)
Хожим бид өөрийн зохистой үйлчлүүлэгчдээ хэрхэн хүрэх, тэдэнд юу хэлэх талаар ярих үед эдгээр мэдээлэл нь их хэрэг болно. Хүн ам зүйн үзүүлэлтүүд нь тэдэнд хандсан маркетингийн зөв илгээлт явуулахад чухал үүрэгтэй юм. Учир нь тавин таван настай эрэгтэйтэй харьцуулахад хорин таван настай эмэгтэй нь ихээхэн өөр үйлчлүүлэгч бөгөөд ганц бие хүнд зарах бараа нь гэр бүлд зарах бараанаас өөр билээ. Эдгээр мэдээлэл нь ихээхэн үнэ цэнэтэй бөгөөд бидний бэлтгэсэн тусгай асуулгын хуудсыг ашиглан өөрийн үйлчлүүлэгчдээ судлахад ашиглаж болно. Тэрхүү асуулгын хуудас нь энэ номын 1-р хавсралтад бий. Мөн манай http://www.onecoach.com/theanswer/forms вэб сайтаас үнэгүй татаж авч болно.
Бид таныг одоогийн хэд хэдэн үйлчлүүлэгчээсээ (доод тал нь гурав, арав байвал бүр сайн) асуулга аваад үзэхийг санал болгож байна. Хэдий олон үйлчлүүлэгчийг хамруулна төдий хэмжээгээр бүрэн төсөөлөл авах болно. Дашрамд хэлэхэд, энэ ажлыг өөрийн ажилтанд эсвэл хамтрагчид даалгах хэрэггүй. Үйлчлүүлэгчдийн судалгаа нь бизнесийн бодлого боловсруулах ажлын чухал хэсэг учраас та өөрөө бие даан гүйцэтгэх хэрэгтэй юм.
Асуулгын хуудас нь «бизнес — үйлчлүүлэгч» (B2C) ба «бизнес — бизнес» (B2B) гэсэн хоёр хувилбараар хийгдсэн байгааг та анзаарч байгаа буй заа. Учир нь үйлчлүүлэгчдэд тавьж буй асуултууд нь үйлчлүүлэгч хувь хүнээс асууж байна уу эсвэл үйлчлүүлэгч компаниас асууж байна уу гэдгээсээ шалтгаалж бага зэрэг ялгаатай хийгдсэн юм. Жишээ нь нас, хүйс, гэр бүлийн байдал гэсэн үзүүлэлтүүд нь хэрэглэгч хувь хүний хувьд чухал болохоос компанид хамаагүй юм. Компанийн хувьд ажилтнуудын тоо, төв офис ба зохион байгуулалтын бүтцүүдийн байрлах газар зэрэг нь чухал үзүүлэлт юм.
Байрлах газар ба ажиллагсдын тоо нь уг компанийн байдал, удирдлагын маркетингийн санал нь хүлээн авах ёстой тэр хүндээ хүрэхдээ хэдэн шат дамжлага дамждаг зэргийг илтгэдэг. Төв байр нь Нью-Йоркод байдаг компани ба Калифорноос удирдуулдаг компани хоёр нь зарчмын ялгаатай юм. «Гүүгл»-ийн хэрэглэгчдэд «Ай-Би-Эм»-ийн хэрэглэгчдэд ханддагаас ялгаатай хандах нь зүйн хэрэг юм.
БОДИТ ТҮҮХ: АВТОМАШИНЫ ДААТГАЛЫН КОМПАНИ
«ВанКоуч»-ийн ажилтан Жек Рьюд «үйлчлүүлэгчдийн хүн ам зүйн» үзүүлэлтийн ач холбогдлыг амьдрал дээр мэдэрсэн хүн. Тэрээр 1980-аад оны дундуур АНУ-даа томоохонд ордог, автомашины даатгалын компанид орж ажиллажээ. Нэгэн зөвлөгөөн дээр тэдний зохистой үйлчлүүлэгч нь хэн болохыг компанийнхаа удирдлагаас Жек асуусан байна. Насны тодорхой бүлгийн, орлогын тодорхой төвшний эрэгтэй хүн гэж түүнд хариулжээ.
«Хананд өлгөсөн самбарт үйлчлүүлэгчдийн жагсаалтыг байрлуулсан байлаа. Би жагсаалтыг хананаас аваад компанийн удирдлагуудад өгч анхааралтай үзэхийг тэднээс хүссэн юм. Тэд миний хүсэлтийг биелүүлээд тус компанииар үйлчлүүлэгчдийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүд болохыг олж мэдэцгээсэн юм» гэж Жек дурсаж байна.
Удирдлага нь Жекийн асуултад хариулж чадаагүй бөгөөд тэр үйлчлүүлэгчээ дүрсэлж байхдаа зүгээр л тааж орхижээ. Өөрөөр хэлбэл тэр компанид өөрийн зах зээлийн хүн ам зүйн үзүүлэлтүүдийг судлах зав олдоогүй байна. Харин энэ алдаа нь компанийн удирдлагуудын анхааралд өртсөнөөс хойш дараах алхмуудыг хэрэгжүүлсэн байна.
«Бид сурталчилгааны товхимол бэлтгэн гаргасан юм. Түүний текстийг эмэгтэй хүн бичсэн бөгөөд эмэгтэй хүний зургаар чимэглэсэн тэр сурталчилгаа нь эмэгтэйчүүдэд чиглэсэн байлаа. Бид өмнө нь сурталчилгаа хүргэсэн хүмүүсийн жагсалтаа хүйсээр нь ангилж шинэ сурталчилгаагаа зөвхөн эмэгтэйчүүдэд илгээсэн юм. Тэр жил үйлчлүүлэгчдээ судалсны үр дүнд компани жилийн эргэлтээ хорин сая долларт хүргэж чадсан билээ» хэмээн тэр өгүүлж байна.
БОДИТ ТҮҮХ: «ХАЙЛАЙТС ФОР ЧИЛДРЕН»
Хожим нь мөн иймэрхүү туршлагыг илүү нарийн тодорхой дүн шинжилгээ шаардлагатай болсон «Хайлайтс фор чилдрен» сэтгүүлд ажиллаж байхдаа Жек олж авчээ. Энэхүү сэтгүүл нь өөрсдийн ач, зээ нарт зориулж тогтмол хэвлэл захиалдаг ахимаг насныханд зориулагдсан байжээ.
«2001 онд манай үйлчлүүлэгчдийн талаарх дүн шинжилгээг хийлгэх зорилгоор сэтгүүлийн газрынхаа мэдээллийн санг аваад гаднын компани дээр очсон юм. Ихэнх хүмүүс ахмад настнуудыг нийтэд нь нэг л ангилалд хамруулан авч үздэг. Гэвч манай санд буй үйлчлүүлэгчдийн мэдээллийг сайтар судлаад үзэхэд хүн ам зүйн багагүй ялгаа байдаг болохыг бид олж мэдсэн юм. Гэр бүлийн хосууд, бэлэвсэн эмээ нар, хүүхэд, ач зээ нартайгаа хамт амьдардаг хөгшид, тусдаа амьдардаг ахмад настнууд, орлогын янз бүрийн төвшний хүмүүс гэх мэт олон янзаар хувааж болохоор байлаа. Эцсийн дүнд бид үйлчлүүлэгчдээ найман бүлэг болгон ангилсан юм.
Энэхүү мэдээллийг боловсруулаад бид бүлэг бүрт бага зэргийн ялгаатай хандах болсон юм. Бид электрон шуудангаар бүгдэд нь нэг л бараа санал болгож байсан ч бүлэг бүрт тохирсон янз бүрийн өнгө аясаар сурталчилсан билээ» гэж тэр ярилаа.
Тэрхүү сурталчилгааны ажлын үр дүнд тус сэтгүүлийг захиалагчдын тоо гучин хувиар нэмэгдсэн байна.
ХҮН АМ ЗҮЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ ДАНГААРАА ЯАГААД ХАНГАЛТГҮЙ БАЙДАГ ВЭ?
Хүн ам зүйн мэдээлэл нь ач холбогдолтой боловч тийм ч үнэтэй биш юм. Тэдгээр мэдээлэл нь таны бизнес хэнд үйлчилдэг, шинэ үйлчлүүлэгчдээ хаанаас олж болохыг хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл хэтийн төлвийг тодорхойлдог. Гэвч дээрх мэдээллээс тухайн үйлчлүүлэгч чухам юу хүсэж буйг ойлгох боломжгүй учраас зохистой үйлчлүүлэгчээ тодорхойлоход хүн ам зүйн мэдээлэл нь хангалтгүй юм.
Та хүүхдийн цэцэрлэг ажиллуулдаг бөгөөд хүн ам зүйн үзүүлэлтээс харахад таны ОДООГИЙН үйлчлүүлэгчид хорин нэгээс дөчин таван насны, жилийн 70 000 доллараас дээш өрхийн орлоготой, нэгээс гурван хүүхэдтэй, ажил эрхэлдэг, гэрлэсэн эмэгтэй байна гэж бодъё. Шинэ үйлчлүүлэгчээ хайхдаа хүн ам зүйн зураглалд тулгуурлах нь зөв. (14-р бүлгийг үз).
ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ХҮН АМ ЗҮЙН ЗУРАГЛАЛ
Хүйс: Эмэгтэй.
Нас: Хорин нэгээс дөчин тав
Орлогын төвшин: 70 000 доллар ба түүнээс дээш
Гэр бүлийн байдал: Нөхөртэй.
Хүүхдийн тоо: Нэгээс гурав.
Боловсрол: Харгалзахгүй.
Ажил эрхэлдэг эсэх: Ажилладаг.
Оршин суугаа газар: Цэцэрлэгийн ойр орчим
Гол асуудал нь хүн ам зүйн мэдээлэл нь эдгээр эмэгтэйчүүдийн хэрэгцээ ямар байна вэ гэдгийг илэрхийлж байгаа боловч тэд юу хүсэж байна вэ гэдгийг огт харуулж чаддаггүйд байгаа юм. Харин чухам үүнд л таны бизнесийн амжилт ба бүтэлгүйтлийн нууц оршдог бөгөөд үйлчлүүлэгч бүр адилгүй шүү дээ. Таны бараа үйлчилгээг хэрэглэдэг тэдгээр хүмүүсийн дотор л таны зохистой үйлчлүүлэгч нуугдан буй.
Хүүхдийн цэцэрлэгээр үйлчлүүлдэг, ажил эрхэлдэг олон эмэгтэйчүүдийн зарим нь хямд үнээр хүүхдээ харуулах сонирхолтой байдаг бол бусад нь хүүхдээ зөвхөн харуулахаас гадна, цэцэрлэгт мэргэжлийн багш нараар хүүхдээ сургуулах сонирхолтой байдаг. Хоёрдох хэсэгт нь үнэ чухал биш байдаг бол эхний хэсэгт үнэ маш чухал. Гурав дахь хэсэг нь тэдний хүүхэд нэг багшид хэдхэн хүүхэд оногдох цэцэрлэгт байнгын анхаарал халамжаар хүрээлүүлэн байх тийм цэцэрлэгийг сонирхдог.
Үйлчлүүлэгчдийн ийм гурван хэсэг байх бөгөөд бүгдийнх нь хүсэлтийг та нэгэн зэрэг хангаж чадахгүй учраас аль нэгийг нь сонгох хэрэгтэй болж байна (Бүх үйлчлүүлэгчдэд нэгэн зэрэг чиглэсэн бизнес гэж байхгүй бөгөөд хэн ч ингэж чадахгүй билээ). Хэрэв та хүүхдийн цэцэрлэгээ таны мөрөөдлийн бизнес болгохыг хүсэж байгаа бол энэ цэцэрлэг чухам ямар байх, аль хэсгийн эмэгтэйчүүдийг үйлчлүүлэгчийн журмаар өөртөө татахаа шийдэх хэрэгтэй. Шийдвэрээ гаргасны дараа ажилдаа ханцуй шамлан орж, танай хотын бусад цэцэрлэгийн эрхлэгчдийн зүүдэнд ч байхгүй тийм цэцэрлэг байгуулж болно шүү дээ.
Дээрх гурван хэсгийн чухам аль хэсэгтэй нь та ажиллаж бана вэ гэдгийг хүн ам зүйн судалгаа харуулж чадахгүй. Ийм учраас л сэтгэл зүйн мэдээлэл буюу таны үйлчлүүлэгчид юу хүсэж буй талаарх мэдээллийг цуглуулах нь маш чухал юм. Үйлчлүүлэгчдийн судалгааны гол зорилго нь чухамхүү энэ билээ.
СЭТГЭЛ ЗҮЙН СУДАЛГАА
Хүн ам зүйн мэдээлэлд тулгуурлан гаргасан зураглалыг сэтгэл зүйн мэдээлэл ашиглан улам тодорхой болгож болно. Хүн ам зүйн дүн шинжилгээ нь танай бараа, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгчдийн чадавх, хэрэгцээ сонирхлыг тодорхойлдог бол сэтгэл зүйн судалгаа нь танай бараа, үйлчилгээг худалдан авч буй сэдэл, шалтгааныг тодруулахад тусалдаг. Хүн ам зүйн судалгаа нь танай бараа/үйлчилгээг хэн худалдан авч буйг, харин сэтгэл зүйн судалгаа нь яагаад худалдан авч буйг харуулдаг.
Таны үйлчлүүлэгчдэд ямар нэгэн өвөрмөц хүсэл байдаг учраас тэд таны зарж буйг худалдан авдаг юм. Таны үүрэг бол түүнийг таньж, ухааран улмаар тэрхүү хүслийг хангах аргуудыг тэдэнд санал болгоход оршино. Тэрхүү хүсэл нь олон талын бизнест задран сарнисан байдаг тул таны хувьд өөрийн үйлчлүүлэгчдийн хүслийг сайтар мэдэх нь тун чухал юм.
Үйлчлүүлэгчдээ уриад өөрийн салбартаа шилдэг нь болохыг эрмэлзэж буй учраас үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахыг хүсэж байна гэдгээ хэлээд туслах боломжтой эсэхийг нь тэднээс асуу. Танд хэдэн минут зориулахыг зөвшөөрвөл хямдрал, бонус гэх зэрэг жижиг бэлэг санал болго. Хэрэв тэд яг одоо завтай байгаа бол тун догь, харин үгүй бол боломжтой үед нь утсаар ярихаар тохиролцох хэрэгтэй.
Асуулгынхаа үеэр тэд таны компанийн талаар ямар бодолтой байдгийг мэдэх хэдэн асуулт тавь. Та түүний талаарх хүн ам зүйн мэдээллийг нь мэдэж байж ч болно. Асуулгын жинхэнэ зорилго нь сэтгэл зүйн судалгаа хийх, өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийн нас, хүйс, оршин суух газрын цаана нуугдаж буй жинхэнэ хүслийг мэдэх явдал юм. Доорхи энгийн асуултуудыг тавьж сэтгэл зүйн талын мэдээлэл цуглуулж болно:
Та яагаад манай компанийг сонгох болсон бэ? Юугаараа таныг татсан бэ?
Манай компанийн чухам юу нь бусдаас илүү таалагдаж байна вэ?
Биднээс хүсэн хүлээж буй ямар нэг бараа/үйлчилгээ бий юү?
Таны бодлоор манай компанид дутуу зүйл яг юу байна вэ?
Манай хамгийн тааруу зүйл юу байна вэ?
Сүүлийн асуултад хариулахдаа хүмүүс ихэвчлэн «Өө, бүх зүйл окей» гэж хэлцгээдэг, гэвч тэр залинд бүү авт!
Та тэднээс өөрт тулгарсан асуудлыг шийдэхэд туслахыг хүсээд, хялбар болгох үүднээс асуултаа илүү тодорхой болгож «Манай компани болон бусад ижил чиглэлийн компаниудын чухам юу таны ундууцлыг төрүүлж, таагүй байдалд оруулж байна вэ?» гэх мэтээр асуу. Яг юу таны үйлчлүүлэгчдийн сэтгэлийг тавгүйцүүлж байгааг олж мэд. Зүгээр л «тийм» эсвэл «үгүй» гэж хариулж болохооргүй чөлөөтэй асуулт тавих хэрэгтэйг сана. Жирийн санал нийлсэн эсвэл үгүйсгэсэн хариулт танд ихийг өгүүлж чадахгүй. Танд үүнээс илүү ашигтай мэдээлэл хэрэгтэй.
Дараагийн алхам: бусад компаниуд, бизнесийн бусад чиглэлийн талаар асуу. Хүнсний лангуу, хими цэвэрлэгээ, зоогийн газар, видеопрокат, эмчийн үүдний өрөө, хувцасны дэлгүүр гэх зэрэг газар юу тэдний эгдүүцлийг төрүүлдгийг асуу. Иймэрхүү маягийн асуултууд нь үйлчлүүлэгчийн зөвхөн дотроо л бодож явдаг хүслийг тодруулан гаргаж ирдэг талтай. Тэрхүү нуугдмал эгдүүцлийг илрүүлснээр танай компани түүнийг нь сэдрээхгүй байх арга хэмжээ авч болно шүү дээ. «Энэ бүгдийг заавал хийх ёстой юм уу? Зүгээр л утсаар яриад асуучихвал амар биш үү? Би тэртэй тэргүй үйлчлүүлэгчдээ сайн мэднэ. Ер нь би тэдэнтэйгээ байнга харьцаатай байдаг шүү дээ!» гэж та хэлэх байх.
Тийм ээ. Зайлшгүй шаардлагатай. Өрсөлдөгчдөөсөө илүү гарч, санасандаа хүрэхэд туслах арга хэмжээний нэгээхэн хэсэг нь энэ билээ. Яагаад? Яагаад гэвэл та үйлчлүүлэгчдээ мэднэ хэмээн боддог ч хэрэг дээрээ огт тийм биш байх нь элбэг байдаг.
Манай үйлчлүүлэгчдийн нэг, мэргэжлийн гэрэл зурагчин, үйлчлүүлэгчид түүний түргэн зураг, хямд үнэ, дадлага туршлагыг нь илүүтэй үнэлдэг гэдэгт итгэлтэй байлаа. Гэтэл нэг удаа үйлчлүүлэгчдээсээ бага зэргийн асуулга авч үзээд тэрээр ихэд гайхсан бөгөөд юу гэвэл үйлчлүүлэгчдийн хэн нь ч дээрх хүчин зүйлсийг огт дурдаагүй байжээ. Зураг авалтандаа ханддаг түүний бүтээлч хандлага нь үйлчлүүлэгчдийг илүү татдаг байж. Тэрээр зураг авахуулж буй хүнийхээ онцлог төрхийг гэрэлтүүлэг ашиглан тодруулахдаа гарамгай байсны зэрэгцээ хүүхдүүдийг гэрэл зургийн дурангийн өмнө инээлгэж чаддаг байжээ. Тэрхүү маркетингийн судалгааг хийснээр түүний үйлчлүүлэгчдийнхээ хүслийг биелүүлэх эрмэлзлэл улам их болж улмаар өрсөлдөгчдөөсөө илүү гарах боломжтой болжээ.
Сэтгэл зүйн судалгаа нь зайлшгүй хийгдэх ёстой бөгөөд түүнд зориулж цаг зав гаргах хэрэгтэй. Таны өрсөлдөгчдийн дотор ч сэтгэл зүйн дүн шинжилгээг бизнест хэрэглэдэг хүмүүс бий л байх...
ОДООГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭС ЗОХИСТОЙ РУУ
Сэтгэл зүйн судалгаа нь таны бизнесийн чухам ямар талууд нь үйлчлүүлэгчдийг илүүтэй татдагийг харуулдаг. Үйлчлүүлэгчдээс асуулга авч, хүн ам зүйн мэдээлэл цуглуулсны дараа асуулгын хуудасны сэтгэл зүйн хэсгийг нь анхааралтай судалж үзээд үйлчлүүлэгчдийг илүүтэй татдаг талуудаа тодорхойлох гээд үз (засах хэрэг гарч магад тул харандаагаар бөглөвөл зүгээр). Үйлчлүүлэгчийн зураглал нь бүхий л зайлшгүй мэдээллийг агуулж чадсан гэдэгт итгэлтэй болсны дараа өөрийн бизнесийн таван үндсэн давуу талыг үйлчлүүлэгчдийн нүдээр харж бичээд давуу талуудаа мөн л үйлчлэгчдийн нүдээр харахад ач холбогдол нь ихээсээ багасах дарааллаар байрлуул.
Асуулга дууссаны дараа асуулгын хуудсандаа зэрэгцүүлэн тавиад хариулт тус бүрээр нь ялга. Одоогийн үйлчлүүлэгчдийг таны бизнест татаж буй тэрхүү сэтгэл зүйн хэв шинжүүдийг ол. Дахин хэлэхэд яг одоо бол зохистой үйлчлүүлэгчийн тухай биш харин одоо үүсээд буй нөхцөл байдлын дээд зэргийн нарийн тодорхой төсөөлөл авах талаар ярьж буй хэрэг юм.
Дараа нь асуулгын хоосон хуудас авч «Үйлчлүүлэгчийн ерөнхий зураглал» гэж гарчиглаад нийтлэг дүр төрхийг илэрхийлж буй хариултуудыг түүнд байрлуул. Түүний дараа дахин нэг асуулгын хоосон хуудас авч «Зохистой үйлчлүүлэгч» гэж гарчиглаад таны бодлоор зохистой үйлчлүүлэгчид байх ёстой сэтгэл зүйн үндсэн таван үзүүлэлтийг оруулж хоёр асуулгын хуудсаа харьцуулаад тохирох эсэхийг нь үз. Хэрэв тохирохгүй байгаа бол таны одоогийн үйлчлүүлэгч зохистой үйлчлүүлэгч биш юм. Тэгэхээр та одоо хүсээд байгаа зүйлийнхээ илүү тодорхой зураглалтай болсон болохоор зохистой үйлчлүүлэгчээ татах таны боломж нэмэгдэж байгаа хэрэг юм.
ЖИШЭЭ: ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ
Хүүхдийн цэцэрлэгийн жишээг дахин нэг сөхье. Та энэ бизнесийг саяхнаас эрхлэх болсон бөгөөд үйлчлүүлэгчдээ өмнөх эзэмшигчээс нь өвлөн авсан гэж бодъё. Энэ номын 6-р бүлэгт өгүүлсэнчлэн та өөрийн авьяас, чадварыг таниад, хүүхдүүдийг сургуульд явахад нь бусдаас илүү бэлтгэх, тэдэнд боловсрол олгох үйлсэд өөрийгөө зориулахаар шийджээ. Гэвч одоогийн үйлчлүүлэгчидтэйгээ олон удаа уулзаж ярилцсаны эцэст танай цэцэрлэгээр үйлчлүүлдэг эмэгтэйчүүд хязгаарлагдмал орлоготой, нэмэлт зардал гаргаж чадахгүй болохыг мэджээ. Өөрөөр хэлбэл таны бизнес бусад өрсөлдөгчидтэйгөө зөвхөн үнийн төвшинд өрсөлдөж байгаа хэрэг (ихэнх цэцэрлэг иймэрхүү байдалтай байдаг).
Асуулгын дүнгээр зохистой үйлчлүүлэгчийн доорх таван үндсэн шинжийг гаргажээ.
үйлчилгээний тооцоог бүрэн төлдөг;
тооцоотой холбоотой үг яриа гаргадаггүй;
гэрээгээ жилээр хийхийг илүүд үздэг;
уриалагхан:
хэт өндөр шаардлагатай биш.
Хэрэв та өрсөлдөгчидтэйгөө гол нь үнээр өрсөлдөх цэцэрлэгүүдийн бүхэл бүтэн сүлжээ, бизнесийн эзэнт гүрнийг байгуулахыг хүсэж байсан бол дээр дурдсан шинжүүд таны зохистой үйлчлүүлэгчийг зураглан гаргахад бүрнээ хангалттай байх байлаа. Гэвч та үүнийг хүсээ гэж үү? Таны цэцэрлэг багачуудад боловсрол олгодог байхыг та хүсэж байгаа шүү дээ. Үүнд тохирох зохистой үйлчлүүлэгчийн үндсэн шинжүүдийн жагсаалт иймэрхүү байх учиртай. Үүнд:
хүүхдийн цэцэрлэгээ сонгохдоо няхуур ханддаг:
амжилт ололт, алдаа дутагдлын алиныг нь ч мэдэж байхыг хүсдэг;
боловсролын шинэ технологийг эрхэмлэдэг;
сайн ажлыг үнэлж чаддаг;
биднийг таашаан үзэж, өөрийн танилуудаа бидэн рүү явуулдаг.
Энэ хоёр жагсаалт хоорондоо тэс өөр бөгөөд нэг ч шинжээрээ тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэв энэ цэцэрлэг таных байсан бол бизнесээ бодох бүрд яагаад гэдгийг нь өөрөө ч мэдэлгүйгээр та цухалдах байсан буй заа. Маркетингт учир байна уу? Ажилтнуудаа буруу сонгосон юм болов уу? Цэцэрлэгийн байрлалаас шалтгаалав уу? Үгүй, үгүй бас дахин үгүй. Хамаг учир нь таны үйлчлүүлэгчид төсөөлж байсантай тань огт нийцэхгүй байгаад л байгаа юм.
Таны үйлчлүүлэгчид зохистой үйлчлүүлэгч хэрхэвч биш. Үүнийг ойлгосноор бүх зүйл үндсээрээ өөрчлөгддөг.
БОДИТ ТҮҮХ: «ФУНДАМЕНТАЛ ФИТНЕСС»

Сьюзен Томас 2006 оны наймдугаар сард өөрийн гэрийн ойролцоох гимнастикийн заалыг худалдан аваад бүхнийг бие даан амжуулж дөнгөхгүй нь гэдгээ даруй ойлгожээ. Өмнөх эзэн нь уг барилгыг их засвар хийхээс аргагүй болтол нь гамгүй эзэмшиж, тоног төхөөрөмж нь хуучирч эвдэрсэн бөгөөд мөн л өмнөх эзний балгаар уг заал нь тухайн дүүрэгтээ нэр хүнд муутай болсон байлаа. Сьюзен өмнө нь бусадтай хамтран нэг баг болон ажиллаж байсан ч хувийн бие даасан бизнест анх хөл тавьж буй тул бизнест маш яаралтай суралцах хэрэгтэй болсныг тэрээр ойлгож байлаа. Барилгын өнгөц засвар гэхэд л чамгүй хөрөнгө шаардаж байсан ч түүний санхүүгийн байдал тийм ч таатай байсангүй.
Сьюзен 2007 оны эхээр бидэнд хандсан бөгөөд түүнд тавьсан бидний эхний асуултуудын нэг нь зохистой үйлчлүүлэгчийн тухай асуулт байлаа.
«Би чухам ямар үйлчлүүлэгчдийг татахыг хүсэж байгаагаа огт бодож үзээгүй байсан юм. Би зүгээр л ирсэн бүхний сэтгэлд нийцүүлэхийг хичээж байсан юм. Хэрэв цаашдаа бүхний төлөө бүхнийг хийх гэж оролдсон хэвээр байх аваас энэ түүх харамсалтайгаар төгсөх болно гэж Мюррей надад хэлсэн. Тэгээд би чухам ямар үйлчлүүлэгчдийг өөртөө татахыг хүсэж байгаагаа өөрөөсөө асуусан юм » гэж тэр ярьж байна.
Фитнесийн ихэнх төвүүд захиалгаа хэн хүссэн бүхэнд тараадаг бөгөөд бүртгүүлсэн хүмүүсийн тун багахан хэсэг нь л үнэхээр ирж үйлчлүүлнэ гэдгийг тэд мэддэг. Сьюзен фитнесээр хичээллэхийг үнэхээр хүсэж буй хүмүүсийг хүмүүсийг л өөртөө татахаар шийджээ. «Өглөө эрт ирээд ганц хоёрхон дасгал хийдэг биш харин фитнесээр хичээллэхийг үнэн сэтгэлээсээ хүссэн, түүнд цаг, мөнгөө зарцуулахад бэлэн тийм хүмүүсийг л татахыг хүссэн юм» гэж тэр хэллээ. Өөрт нь чухам юу хэрэгтэй байгааг Сьюзен ойлгоод өөрийн фитнес төвийн вэб хуудсанд доорхи зарлалыг өлгөжээ. Үүнд:
БИД ЯМАР ХҮМҮҮСТЭЙ ХАМТРАН
АЖИЛЛАДАГ ВЭ?
Утга учиртай амьдрахыг хүссэн, тодорхой зорилготой хүмүүстэй.
Өөртөө анхаарал тавьдаг хүмүүстэй.
Мэргэжлийн үйлчилгээний үнэ цэнийг мэддэг хүмүүстэй.
Өөрийн эрүүл мэндээ бэхжүүлэхийг хүссэн хүмүүстэй.
Эмчилгээнд мөнгө үрэхийг хүсдэггүй хүмүүстэй.
Өөрийн эрүүл мэндэд хөрөнгө оруулахад бэлэн хүмүүстэй.
Харилцан бие биенээ хүндэтгэсэн харьцаа тогтооход бэлэн хүмүүстэй.
Өгсөн зөвлөлгөөг анхаарч үздэг хүмүүстэй.
Аливаа зүйлийн хямдыг харж сонголт хийдэггүй хүмүүстэй.
Ажлаа мэддэг, нөхөрсөг дасгалжуулагчтай учрахыг хүссэн хүмүүстэй.
Тэдний бэлтгэлийн төвшингөөс хамаарахгүйгээр хамт байхдаа бидэнд таатай байх тийм хүмүүстэй гэжээ.
«ВанКоуч»-д хандаж, манай боловсруулсан аргачлалаар хичээллэж эхэлснээс хойш зургаан сарын дараа Сьюзен үйлчлүүлэгчдийнхээ тоог хоёр дахин нэмэгдүүлж чадсан бөгөөд түүний фитнес төвийн орлого 240 хувиар нэмэгджээ.
Түүнээс гадна өөртөө таалагддаг зүйлийг хийж, эрүүл мэндээ хамгаалж, бэхжүүлэхэд нь үйлчлүүлэгчдэдээ тусалснаар тэрээр үнэн сэтгэлийн таашаал авчээ.
Үйлчлүүлэгчдийнх нь хүсэл, хэрэгцээ түүний өөрийн эрмэлзлэл тэмүүлэлтэй тохирсноор «Фундаментал Фитнесс» төв Сьюзений мөрөөдлийн бизнес болон хувирчээ. Дараагийн бүлэгт бид энэ төвийн талаар эргэн ярилцаж түүний зохистой үйлчлүүлэгчийн эрэл хайгуул нь бизнестээ олон шинэлэг санаа оруулахад Сьюзенд хэрхэн тусалсан талаар өгүүлэх болно.
БОДИТ ТҮҮХ: «МАУНТИН САН АРКИТЕКЧУР»
Дэвид Кларк өөрийн «Маунтин сан аркитекчур» компанийг 2000 онд Нью-Мексико муж улсад байгуулжээ. 2007 оны наймдугаар сард түүнийг бидэнд анх хандах үеэр өөрийн зохистой үйлчлүүлэгчээ дүрслэхийг бид Дэвидээс хүссэн юм. Энэ асуултын хариу Дэвидийн хувьд үнэхээр нээлт болсон юм.
«Нэр хүндтэй компаниудын хувьд тэдний бизнесийн 70 хувь үйлчлүүлэгчдээ дахин үйлчлэх замаар хийгддэг байна. Би өөрийн сүүлийн долоон жилийн үйлчлүүлэгчдийн бүртгэлийг судалж үзээд манайхаар дахин үйлчлүүлсэн тохиолдол нийт тохиолдлын 10 хувиас хэтрэхгүй болохыг олж мэдсэн юм » гэж Дэвид хэллээ.
Дэвидийн ихэнх захиалагчид нь орон нутгийн оршин суугчид юм. Байшингаа барьсан л бол цаашид түүний үйлчилгээг авах хэрэгцээ байхгүй. Үүнээс үүдэн тэрээр байнга шинэ үйлчлүүлэгч хайх хэрэгтэй болдог байв.
«Жон Мюррей хоёр намайг ямар үйлчлүүлэгчийг татахыг хүсэж байна вэ гэж өөрөөсөө асуухыг зөвлөсөн юм. Хэн надаар ахин дахин үйлчлүүлэх бол? Хэрэв нэг үгээр хариулах юм бол девелоперүүд буюу хөгжүүлэгчид. Тэдний толгойд үйлчилгээний болон сууцны барилгууд, худалдааны төв, кафе зэргийн шинэ шинэ төслүүд байнга эргэлдэж байдаг». Дэвид шинэ барилга байгууламжийн экологийн зохицлыг анхаардаг девелоперүүдтэй харьцаа холбоогоо бэхжүүлэхэд хамаг анхаарлаа төвлөрүүлсэн бөгөөд тэгснээрээ ч нөхцөл байдлыг эргүүлж чадсан юм.
Ийм нүдэнд ил зүйлийг ухаарахад түүнд яагаад бүхэл бүтэн долоон жил шаардагдсаныг өөрөөсөө асууж байхдаа тэр бас нэгэн гайхалтай нээлтийг өөртөө хийжээ. Хариулт нь: бүх зүйл итгэл үнэмшилд л байжээ.
«Цаг үргэлж санхүүгийн асуудалтайгаа зууралдсаар өөрийн зохистой үйлчлүүлэгч хэн бэ гэдгийг бодох ч сөхөөгүй байжээ. Зарим нэгэн өрнөөсөө салахад урт удаан хугацааны шаргуу хүчин чармайлт шаардлагатай гэж би бодож байлаа. Байнга мөнгөний хойноос хөөцөлдөх сэтгэл зовоосон гарцаагүй байдлын улмаас би ямар ч хамаагүй үйлчлүүлэгч олох гэж хэтэрхий хичээгээд зохистой үйлчлүүлэгчийн талаар бодож үзсэнгүй».
Девидэд, тэр бол цэцэглэж байгаа компанийг удирдаж яваа чадварлаг бизнесмэн, авьяаслаг уран барилгач гэсэн шинэ итгэл үнэмшил, нотолгоонуудыг бүрдүүлэх хэрэгтэй болсон юм.
«Энэхүү хэв загвар нь надаас тэс өөр байсан ч би өөртөө суулгаж чадсан юм» гэж тэрээ үргэлжлүүлэн өгүүлж байна. Тэр гэртээ энд тэндгүй мөрөөдлийн самбарууд өлгөсөн бөгөөд маш том цар хүрээтэй шинэ төслүүд дээр ажиллах болсноо тэрээр удалгүй анзаарчээ.
Дэвидийн энэхүү түүхийг төгсгөхөөс өмнө шийдвэр гаргадаг хүмүүсийг мартаж болохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.
ШИЙДВЭР ГАРГАГСАД
Үйлчлүүлэгчдээс асуулга авахдаа танай бараа, үйлчилгээг авах шийдвэр гаргахад хэн нь ямар үүрэгтэй оролцдогийг тодруулахаа мартаж болохгүй. Бизнесийн ихэнх үйл ажиллагаанд гурван этгээд оролцдог. Үүнд: шийдвэр гаргагч этгээд, шийдвэр гаргахад нөлөөлөгч этгээд, гарсан шийдвэрийн дагуу авсан бараа/үйлчилгээг хэрэглэгч этгээд.
Жишээлэхэд та өөрийн зохистой үйлчлүүлэгчийг дараах маягаар төсөөлж байна гэж бодъё. Гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй эмэгтэй. Энэхүү зураглалд тохирч буй ихэнх өрх бүлд эхнэр нь аж ахуйн талын зардалтай холбоотой шийдвэрүүдийг гаргаж, хивсээ хими цэвэрлэгээнд өгөх, байшингаа шинээр будах, машиндаа үйлчилгээ хийлгэх, гадна хашаандаа хайс барих гэх мэтийн асуудлуудыг шийддэг. Харин нөхөр нь шийдвэрт нөлөөлөгч этгээдийн үүрэг гүйцэтгэж, өөрөө юу ч хийхгүй ч гэсэн гарах зардлыг дэмжих, эс дэмжих байдлаар оролцдог. Гэхдээ тэр хоёрын хэн хэн нь тухайн бараа үйлчилгээг хэрэглэгч нь болдог.
Та пиццаны газрын сүлжээ эзэмшдэг бөгөөд таны ердийн үйлчлүүлэгч нь тодорхой хэмжээний орлоготой гэр бүл гэж бодъё. Та тэдэнд бараагаа хэрхэн борлуулах вэ? Хариулахын өмнө арай өөрөөр томьёолоод үзье. Энд хэн шийдвэр гаргаж, хэн шийдвэрт нөлөөлж, авсан пиццаг хэн үгүй хийх билээ?
Гурав дахь бүлэгт хэн байхыг тодорхойлох амархан. Мэдээж бүх гэр бүлээрээ. Захиалгыг эцэг эх нь өгдөг болохоор тэд шийдвэр гаргагчдын үүрэг гүйцэтгэнэ. Харин хүүхдүүд нь яах билээ? Тэд шийдвэр гаргахгүй ч шийдвэрт нөлөөлнө. Нөлөөлөх нөлөөлөхдөө нөлөөлөхийн цаагуур нөлөөлнө. Хэрэг дээрээ тэдгээр хүүхдүүд шийдвэр гаргахад нөлөөлөх ганц этгээд нь биш ч гэсэн хамгийн их нөлөөтэй нь тэд юм. Хэрэв аль болох олон пажгинацгаа зарахыг хүсэж байгаа бол захиалга бүрт урамшуулал болгож хүүхдүүдэд нь амттан өг. Тэгвэл хүүхдүүд нь зөвхөн танайд ирж пажгинацгаа худалдан авч байхыг эцэг эхээсээ хүсэх болно.
Бараа/үйлчилгээгээ үр дүнтэй борлуулахын тулд танай компани чухам ямар үйлчлүүлэгчдэд чиглэсэн гэдгээ тодорхой мэдэж байх хэрэгтэй. Таныг сонсох хүмүүсийн хүрээ зөвхөн таны хэрэглэгчдээр хязгаарлагдах ёсгүй бөгөөд бараа/бүтээгдэхүүнийг худалдан авах үйл явцад тэд үргэлж дангаар оролцдоггүй.
Жишээ нь та даатгалын бизнест голцуу эрчүүдэд хандсан бодлого явуулж болох ч үйлчлүүлэгчээ сайтар судлаад үзвэл даатгалын үйлчилгээ авах тэдний шийдвэрт эхнэр болон найз бүчгүйчүүдийнх нь зөвлөгөө цаг үргэлж нөлөөлдөг болохыг ойлгоно. Үүнийг ухаарснаар энэ тохиолдолд хэдийгээр эмэгтэйчүүд эцсийн хэрэглэгч болохгүй байгаа ч та тэдний нөлөөг харгалзан үзсэн маркетингийн бодлого явуулах болно.
Энэхүү хандлага нь «бизнес-бизнес» төрлийн харьцаанд онцгой тод илэрдэг. Энд та шийдвэр гаргахад нөлөөлдөг хүмүүстэй, эсвэл шийдвэр гаргадаг хүнтэй хэлэлцээр хийж байгаагаа түргэн ойлгох боловч тэдгээр хүмүүс нь эцсийн хэрэглэгчид биш юм. Бараа/үйлчилгээ худалдан авах зөвшөөрөл захирлаасаа авдаг, дунд шатны ажилтнуудтай ихэвчлэн хэлэлцээр хийх болдог.
Та ямар нэг үйлчилгээг том корпорацид санал болгож байгаа хэдий ч ердийн дунд шатны менежертэй хэлэлцээ хийх шаардлагатай тулгарна. Түүний хамгаас их, онцгойлон хүсдэг зүйл юу байж таарах вэ? Мэдээж, ажил дээрээ байр сууриа бэхжүүлэхийг л хүсэж таарна шүү дээ.
Үүнийг урдаас тооцож, түүнтэй зохих ёсоор, эвийг нь олж харьцвал тэрхүү менежерээр дамжуулан бараа/үйлчилгээгээ борлуулж чадах бөгөөд та ч санасандаа хүрнэ. Үүний үр дүнд бүгд сэтгэл хангалуун үлдэх бөгөөд менежер зөвхөн танай бараа/үйлчилгээг компанидаа аваад зогсохгүй захирлынхаа өмнө нэр хүндээ өсгөнө. Дахин хэлэхэд үүнийг л тэр бүхнээс илүү хүсээд байгаа шүү дээ.
БОДИТ ТҮҮХ: «ДЭЙВ ЭНД БАСТЕРС КАНАДА»
Мюррейг «Дэйв ба Бастерс»-ын Канад дахь төлөөлөгчийн газар ажиллахаар очих үед тус компани нь хэцүүхэн цаг үеийг туулж байлаа. Үйлчлүүлэгчээ буруу таньснаас үүдэн маркетингийн бодлого алдагдсан нь борлуулалт буурахын нэг шалтгаан болж байв. Тэдний зохистой үйлчлүүлэгч нь хорин таваас дөчин таван насны эрэгтэй гэж тэд үзэж байжээ. Мюррей болон түүний багийнхан тэрхүү эрэгтэйн зоог-цэнгээний цогцолборт ирэх шийдвэр гаргах үйл явцыг цэгнэж үзэхэд хэрэг дээрээ тэдний зохистой үйлчлүүлэгч нь шийдвэр огт гаргадаггүй нь тодорхой болжээ! Хаана болзох, гэр бүлээрээ амарч, хооллохоор хаашаа явах, төрсөн өдрөө хаана тэмдэглэх, компанийн үдэшлэгийг хаана хийх зэргийг голдуу хэн шийддэг билээ? Эмэгтэйчүүд л шийддэг шүү дээ.
Эмэгтэйчүүдэд анхаарлаа хандуулахыг Мюррейн баг компанийн удирдлагад зөвлөсөн байна. Хүн ам зүйн судалгаа, дүн шинжилгээ хийж маркетингийн бодлогын чиглэлийг өөрчилсөн нь «Дэйв ба Бастерс»-ын нийт өртөг наймхан сарын дотор 1 саяас 9 сая болтол өссөний нэгэн шалтгаан нь билээ.

БОДИТ ТҮҮХ: «МАУНТИН САН АРКИТЕКЧУР»
Шийдвэр гаргагч хүнийг тодорхой мэдэж байх нь маш чухал юм байна гэдгийг девелоперүүдийг өөрийн зохистой үйлчлүүлэгчээр сонгож авсныхаа дараахан, хувийн орон сууцны хорооллын төсөл хийлгэх захиалга авах үедээ Дэвид Кларк ойлгожээ. «Төслийг хөрөнгө оруулагчдын бүхэл бүтэн баг дэмжиж байсан ч би нэг л хүнтэй харьцаж байлаа. Би нилээд өндөр үнэ хэлсэн бөгөөд тэд үүнийг зөвшөөрч байгаа бололтой байв. Гэтэл миний холбоо тогтоосон хүн утасдаж түншүүд нь төслийг бага зэрэг танахын хамтаар үнийг нь буулгах санал тавьж байна гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд тэдэнтэй хийх гэрээгээ бэлтгэж эхлэв». Хэдэн долоо хоног өнгөрсөн ч тэд эргэж холбоо барьсангүй. Үнэ нь дэндүү өндөр байсан тул хөрөнгө оруулагчид өөр хувилбар хайж эхэлжээ.
«Миний ойлгосноор бол би шийдвэр гаргадаг хүмүүсийн нэгтэй нь л уулзаж байснаас бүгдтэй нь уулзаж байгаагүйд гол учир нь байсан юм. Тэгээд би энэ алдааг дараагийн төсөл дээр давтахгүй гэж өөртөө амласан юм» гэж тэрээр хэллээ.
Нэгэн девелопер хувийн арван долоон байшингийн зураг төслийн уралдаан зарлах үед Дэвид оролцох захиалгаа өгч бүх хөрөнгө оруулагчидтай ярьж тохирсон байна.
«Удалгүй би бүхний шижмийг атгаж байдаг нэгэн хүн байдгийг олж мэдсэн бөгөөд түүний таалалд нийцүүлэхийг хичээсэн билээ» гэж тэр эцэст нь хэлэв.
Харин энэ удаа «Маунтин Сан Аркитекчур» захиалга авч дөнгөжээ.
БҮГД НЭГ ДОР: ТАНЫ ӨВ ТЭГШ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ДҮР ТӨРХ
Ихэнх компаниуд шинэ үйлчлүүлэгчдийг татах гэж цаг хугацаа, хүч, мөнгө зардаг. Гэвч зүгээр л үйлчлүүлэгчдийг татах нь бага хэрэг бөгөөд гол нь зөв үйлчлүүлэгчдийг л татах хэрэгтэй. Таны бизнес зөв үйлчлүүлэгчдээ олсон цагт танай бараа/бүтээгдэхүүнийг зөвхөн худалдан аваад зогсохгүй тэд таны сайн санааны элч болж ертөнц даяар таныг магтаж шинэ худалдан авагчдыг авч ирэх болно. Ийм учраас маркетингийн судалгаа хийж, зохистой үйлчлүүлэгчээ аль болох нарийн тодорхойлох нь маш чухал юм.
Одоо дээр дурдсан бүхнийг нэгтгээд таны зохистой үйлчлүүлэгчийн дүр төрхийг гаргацгаая. Энэ бүлгийн эхэнд зохистой үйлчлүүлэгчийнхээ тухай дүрслэн бичсэнээ дахин нэг унш.
Худалдан авагчдаас авсан асуулгын үр дүнг дахин дүгнэн шинжилж, өөрийн зохистой үйлчлүүлэгчид байх ёстой гэж боддог худалдан авагчдын чухал шинжүүдийг эргэж нэг хар. Эдгээр мэдээллийг өөрийн ой ухаандаа сэргээж, өөрийн зохистой үйлчлүүлэгчээ аль болох бүрэн дүүрэн, нарийн тодорхой, нягт нямбай дүрслэгтүн.
МИНИЙ ЗОХИСТОЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________

Та юу хийж байгаагаа мэдэж байна уу? Та бас нэг мөрөөдлийн самбар хийж байгаа хэрэг юм. Гэхдээ энэ удаа таны мөрөөдлийн бизнесийн оронд та өөртөө татахыг хүсэж буй зохистой үйлчлүүлэгчийн зураг тэр самбарт байх юм. Дахиад л болор тунгалаг дүрслэл, дахиад л тархины духны хэсгийн «томруулдаг шил», дахиад л төвлөрөл, төсөөлөл ба дүн шинжилгээ. Та энэхүү дүрслэлээ үүсгэсний дараа далд ухамсартаа дамжуулах бөгөөд таталцлын хууль түүнийг хэрэгжүүлэх болно. Бусад дүрслэлийн л нэгэн адилаар уг зураглал дээр төвлөрч эхэлмэгц таны далд ухамсар нь тэрхүү зураглалыг хэрэгжүүлэхэд шаардагдах боломжит нөөц бололцоог таны дотроос болон таны эргэн тойрноос хайж эхлэх болно.
Танай компанийн ажлын үр дүн нь таны зохистой үйлчлүүлэгчийн өндөр шаардлагад нийцэж байхын тулд таны бизнесийн шаардан буй тэр зүйл дээр энэхүү өндөр нарийвчлалтай дуранг цаашид бид шилжүүлэх бодолтой байна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Jul.19.10 12:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Арванхоёрдугаар бүлэг.
БИЗНЕС БА ШИНЭЛЭГ САНАА
Энэ мөчийг хүртэл бид таны зохистой үйлчлүүлэгчийн хүслийг ерөнхийд нь зураглан гаргасан бөгөөд харин одоо нарийн ширийнийг нь гүйцээх цаг болжээ. Зохистой үйлчлүүлэгчээ олж, түүнд чиглэсэн маркетингийн зөв мессеж боловсруулж бизнестээ татахын тулд танд сэтгэл зүйн илүү нарийн мэдээлэл шаардлагатай юм. Та өөрийн үйлчлүүлэгчийнхээ хүсэл, хэрэгцээг тодорхойлж, сайтар судлах хэрэгтэй.
Хэрэгцээ ба хүсэл нь бараг адил зүйл мэт санагддаг ч хэрэг дээрээ өдөр шөнө мэт ялгаатай билээ. Жишээ нь өдөр бүр ажилдаа хувийн унаагаараа явж байхын тулд надад шинэ машин хэрэгтэй байлаа ч гэр бүлийн төсөв тийм зарлагыг дийлэхгүй. Тэгэхлээр би өөртөө зөвшөөрч чадахгүй учраас шинэ машин хүсэхгүй байна гэсэн үг юм. Нөгөө талаасаа, хэрэв би шинэ машин авахыг үнэхээр хүсэж байсан бол, надад хэрэгтэй эсэхээс нь хамаарахгүйгээр ямар нэг аргаар олж авах л байсан.
Хэрэгцээ хүсэл хоёрын аль нь хүчтэй вэ? Хэрэв олон хүүхэдтэй бол та энэ асуултад түвэггүй хариулах биз ээ. Таны хүүхдүүдэд сургуулийн шинэ дүрэмт хувцас хэрэгцээтэй байхад тэд шинэ видео тоглоом авахыг хүсэцгээдэг. Томчуудын хувьд бол тэд өөрийн хүслээ сайтар далдалж чаддаг ч түүнийгээ хэрэгжүүлэхдээ хүрэхээр хүүхдүүдээс дээрдэх юмгүй билээ. Хэдийгээр iPod хэнд ч хэрэгцээгүй байсан ч анх худалдаанд гарахад нь хичнээн олон хүн түүнийг хүсэж худалдан авсан билээ? Хөгшин залуу хэний ч бай хүсэл нь хэрэгцээнээсээ илүү дээгүүрт тавигддаг бөгөөд өөрийн маркетингийн бодлогоо чухам тэр хүсэлд нь тааруулах ёстой юм.
Бид сэтгэл зүйн үндсэн мэдээлэл цуглуулахаас эхэлж, таны үйлчлүүлэгчийн хэрэгцээ ба хүслийг тодорхойлсон бол одоо дараагийн шат буюу танай одоогийн үйлчлүүлэгчид таарах түлхүүрийг хэрхэн олох талаар ярилцъя.
«ГОЛ ТҮЛХҮҮРҮҮД»
Таны бизнестэй харьцдаг хүмүүсийн сэтгэлийг зовоодог элдэв асуудлууд, тэдэнд стресс үүсгэдэг шалтгаануудыг бид ингэж нэрлээд байгаа юм. Таны үйлчлүүлэгчид «Таарах түлхүүрүүд» гэдэг нь тэр үйлчлүүлэгч чухамхүү таны үйлчлүүлэгч болсон тэр үндсэн шалтгаанууд юм. Бид бүгдээрээ бие даасан хувь хүмүүс учраас үйлчлүүлэгч нэг бүрд таарах түлхүүр нь маш олон төрөл зүйл байдаг байх гэж бодож болох билээ. Гэтэл аливаа нэгэн бараа үйлчилгээг худалдан авахдаа бүх л хүмүүс маш тодорхой нэг янзын түлхүүрүүд хэрэглэдэг байна. Та тээврийн компани, нисэх онгоцны тийзийн касс эсвэл барилга засварын контор руу байшингийнхаа дээврийг засуулахаар утасдахдаа та тэднээс юу хүсэж утасддаг билээ? Хамгийн түрүүнд ямар үр дүн гарна гэж хүлээдэг вэ?
Юуг ч эвдэж хэмхлэлгүй, юуг ч хаяж гээлгүйгээр таны эд хогшлыг түргэхэн боож баглаад хүргэж өгөхийг, тийз захиалгыг хурдхан, яв цав хийхийг, таны байшингийн дээврийг боломжийн үнээр, нэг удаагийн засалтаар төгс засаж, ахин ус гоожихгүй байхыг л хүсдэг шүү дээ. Бүх л захиалагчид, үйлчлүүлэгчид иймэрхүү л зүйлийг хүсдэг.
Хялбархан юм шиг санагдаж байна, тийм үү? Тийм ээ. Үнэхээр тийм. Гэвч гайхмаар олон тооны компаниуд өөрийн зохистой хэрэглэгчийн таарах түлхүүрийг тодорхойлох нь бүү хэл тэдний үйлчлүүлэгчдэд ямар бизнест ямар «түлхүүрүүд» таарах, тэдний хүсэл, хэрэгцээг яаж аль болох хангах талаар боддоггүй. Бид дахиад л тодрол ба төвлөрлийн тухай ярих болох нь. Таны зорилго бол таны бизнесийн хувьд туйлын чухал гурваас таван түлхүүрийг, өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчдийг тань руу татаж буй тэр үндсэн хүсэл, хэрэгцээг тодорхойлох явдал юм.
Энэхүү жагсаалт нь бизнесийн салбар бүрийн хувьд янз бүр байдаг ч тухайн аль нэг салбар дотроо бараг адилхан байдаг тул эхлээд юуны өмнө та бизнесийн ямар салбарт ажилладаг болохыг тодруулъя.
Бид бизнесийн үйл ажиллагааны чиглэлүүдийг доорхи маягаар ангилж үзэхийг санал болгож байна. Үүнд: үйлчилгээ, мэргэжлийн үйл ажиллагаа, жижиглэн худалдаа, бөөний худалдаа, хөрөнгө оруулалт/худалдаа үйлдвэрлэл. Үйл ажиллагааны үндсэн чиглэл тус бүрийн товч жагсаалтыг дор орууллаа (Илүү дэлгэрэнгүй жагсаалтыг энэ номын эцэст буй Хавсралт 2-оос олж үзэж болно). Хэрэв таны эрхэлдэг ажил энд байхгүй бол өөрт аль болох ойр чиглэлийг сонгоно уу. (Дашрамд дурдахад АНУ-д бүртгэгдсэн нийт компаниудын 70 орчим хувь нь үйлчилгээний салбарт ажилладаг байна. Ийм ч учраас манай жагсаалтын эхэнд үйлчилгээний салбар бичигдсэн юм).

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР АНГИЛСАН НЬ
Үйлчилгээ: Авто засвар үйлчилгээ, банкны үйлчилгээ, боловсрол, үл хөдлөх хөрөнгө, нийтийн хоол, хүүхдийн цэцэрлэг болон тэдгээртэй адилтгах байгууллагууд.
Мэргэжлийн үйл ажиллагаа: Зар сурталчилгаа, хууль зүйн чиглэлийн үйлчилгээнүүд, нягтлан бодох ба аудитын газрууд, анагаах ухаан, уран барилга гэх мэт...
Жижиглэнгийн худалдаа: Автомашины худалдаа, хувцас, цэцэг, оффисын тоног төхөөрөмжийн худалдаа, талхны дэлгүүр, кафе, зоогийн газрууд г.м.
Хөрөнгө оруулалт/худалдаа үйлдвэрлэл: Зөвлөлгөө өгөх үйлчилгээнүүд, гэрийн бизнес, брокерын үйлчилгээ, шууд маркетинг, онлайн-үйлчилгээ г.м.
Бөөний худалдаа: Компьютерийн худалдаа, цаасан эдлэл, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, сав, баглаа боодлын үйлчилгээ г.м.
Хавсралт 2-т үйл ажиллагааны чиглэл тус бүрийн нийтлэг түлхүүрүүдийн жагсаалтыг ач холбогдол нь ихээсээ буурах дарааллаар харуулав. Та эдгээр жагсаалтыг өөрийн бизнесийн чухал гурван түлхүүрийг тодорхойлоход ашиглаж болох юм. Эдгээр түлхүүрүүдийг ач холбогдлоор нь жагсаасан бөгөөд өөрөөр хэлбэл үйл ажиллагааны чиглэл бүрийн гол түлхүүрүүдийн жагсаалтын эхэнд «Бүгдийг ёсоор нь хий» гэсэн түлхүүр үргэлж орсон байх болно. Цөөн тохиолдолд өөр түлхүүрт илүү ач холбогдол өгсөн нь бий. Түүнээс гадна хэрэв таны бизнесийн гол түлхүүрүүд жагсаалтад дурдсанаас өөр гэдэгт итгэлтэй байгаа бол өөрийн итгэл үнэмшилдээ захирагдагтун. Таны бизнесийг танаас илүү мэдэх хүн байхгүй шүү дээ.
Өмнөх бүлгүүдэд дурдсан аргачлалын дагуу цуглуулсан мэдээллүүд нь гол түлхүүрүүдийг тодорхойлоход чухал ач холбогдолтой болохыг та мэдэх болно. Хүүхдийн цэцэрлэгийн жишээн дээр та хамгийн бага үнэ төлдөг цэцэрлэг хайсан үйлчлүүлэгчдэд чиглэхийг хүсэж байгаа бол хамгийн чухал түлхүүр нь мэдээж үнэ байж таарна. Хэрэв та хүүхдийнхээ боловсролыг чухалд үздэг үйлчлүүлэгчдэд чиглэхийг хүсэж байгаа бол түлхүүр нь тэрхүү хүсэж буй үр дүн буюу тэдний хүүхдийн боловсрол юм. Харин та хүүхдэдээ дээд зэргийн анхаарал халамж тавихыг хүссэн үйлчлүүлэгчдэд чиглэхийг хүсэж байгаа бол гол түлхүүр нь үйлчилгээний чанар байх болно. Өөрийн үйл ажиллагааны чиглэлийн түлхүүрийн жагсаалтаас таны бизнест үнэхээр тохирох гурван түлхүүрийг сонго.

МИНИЙ БИЗНЕСИЙН ГОЛ ТҮЛХҮҮРҮҮД
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
_______________________________________________________


ҮНЭ ЯАХ БОЛЖ БАЙНА ВЭ?

Энэхүү дасгалыг семинар дээр хийж байх үед, эсвэл биднийг үйлчлүүлэгчидтэйгээ ажиллаж байх үед биднээс «Үнэ яах болж байна вэ? Үнэ яагаад бидний жагсаалтын эхний байруудад орохгүй байгаа юм бэ?» гэж байнга асуудаг юм. Үнэ нь хамгийн эхний биш юм аа гэхэд чухалд орох түлхүүрүүдийн нэг байх ёстой гэж ихэнх бизнесмэнүүд бодоцгоодог. Хэрэг дээрээ бол үнэ нь нилээн хойгуур жагсдаг. Ихэнх үйлчлүүлэгчид хэрэв та үнэ нэмснээ зөвтгөж чадахуйц зүйлийг тэдэнд санал болгож чадвал илүү ихийг төлөхөд бэлэн байдаг.
Үнэ нь үнэт чанар мэт чухал биш гэсэн нэг чухал дүгнэлтийг эндээс хийж болох юм. Үнэт чанар нь үнийг тогтоох бөгөөд харин үнэ нь үнэт чанарыг үүсгэж чадахгүй. Үнэт чанар гэж юу вэ? Энэ нь харьцангуй ойлголт юм. Үнэт чанар нь таны үйлчлүүлэгчийн хэлж буй үг, хүлээлт, сэтгэлийн хөдөлгөөнтэй хамаатай юм. Товчхон хэлбэл үнэт чанар гэдэг нь таны үйлчлүүлэгчид хэрэгтэй, түүний хүсээд байгаа тэр зүйл юм.
Энэ нь бизнест маш чухал бөгөөд түүнийг тодорхойлох гэж оролдох тусам үнэ цэнэ нь улам нэмэгдэх бөлгөө.
Таны маркетинг ба зар сурталчилгаа нь өрсөлдөгчдийнхөөсөө бараг ялгардаггүй бол таны үйлчлүүлэгчдэд танай бараа/үйлчилгээний үнэт чанарыг ухаарахад хэцүү байх болно.
Иймэрхүү зүйл нилээд олон төрлийн өргөн хэрэгцээний бараан дээр ажиглагддаг. Тухайн бүтээгдэхүүний үнэт чанарын тухай мэдээлэл дутмаг байх нь болзошгүй худалдан авагчдыг хамгийн хямд үнээр өөр бараа худалдан авахад хүргэдэг. Ийм зүйлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй бөгөөд хэрэв тэгвэл бүх зүйл дууслаа л гэсэн үг юм. Хэрэв та бусдаас ялгарах аргаа олохгүй, зөвхөн хямд үнээр өрсөлдөх байдалд орсон бол тухайн бизнестээ цэг тавьсан нь дээр юм. Ийм тохиолдолд ялж гарна гэж байхгүй бөгөөд яагаад гэвэл илүү хямд үнэ санал болгох хэн нэгэн хэзээд гарч ирдэг.
Азаар бид амьдрал дээр иймэрхүү нөхцөл байдалтай хэзээ ч тулгарч байсангүй. Хэрэв та өрсөлдөгчдөөсөө ялгарах үнэт чанарыг үүсгэж чадсан бол тэр тухайгаа болзошгүй худалдан авагчдын чихэнд хүргэснээр өөрийн бараа/үйлчилгээний үнийг нэмэх боломж ч гарч болох юм. Таны бараа/бүтээгдэхүүний үнэт чанарыг ойлговол илүү үнэ төлөхөд ихэнх үйлчлүүлэгчид бэлэн байдаг («BMW» концерны машинуудыг сана л даа).

ХУУЛЬЧДАД ТОХИОЛДСОН ЯВДАЛ

Нөхрөөсөө салахад нь Мэрид хуульч хэрэгтэй байлаа. Тэрээр хоёр хуульчтай ярилцсан бөгөөд тэдний үйлчилгээний үнийг аль алинаас нь асуужээ. Өөр юу асуухаа сайн мэдэхгүй байснаас гадна урд өмнө нь гэр бүлээ цуцлуулж яваагүй, энэ бүгд түүний хувьд цоо шинэ зүйл байсан тул ингэж асуужээ.
Тэд нэг нь нөгөөгөөсөө юугаараа ялгаатайг, өөрөө яагаад үнийг нь асуух болсноо тэр төсөөлөхгүй байлаа.
Эхний хуульч нь өөрийн үйлчилгээний хөлсөнд цагт хоёр зуун тавин доллар авдгаа хэлээд, Мэрид туслахдаа баяртай байх болно гэжээ. «Тантай хэзээ уулзвал боломжтой вэ?» гэж тэр тодруулан асуусан байна. Мэри одоогоор өдөр, цаг товлох боломжгүй байна гэж хариулав (тэрээр хоёрдох хуульчийн хариуг бас сонсохыг хүсэж байлаа).
Хоёрдох нь Мэрийг утсаар ярихад үнээ хэлэхийг яарсангүй. Эхлээд тэр Мэрид байдлыг тодруулах хэд хэдэн асуулт тавьж түүний хариулахыг сонссоны дараа «Мэри, Бид энэ нутагт байдаг өмгөөлөгчдийн бусад товчооноос гэр бүл цуцлах үйл ажиллагаанд ханддаг хандлагаараа бага зэрэг ялгардаг юм. Бид тухайн тохиолдол бүрт аль аль тал нь, тухайлбал манай үйлчлүүлэгч болон түүний хуучин гэр бүлийн хүн хоёр хоёул хүлээн авхуйц шийдийг олохыг хичээдэг юм.
Ингэж хандсанаар биднээр үйлчлүүлэгчдийн дал гаруй хувь нь салалтын дараа хуучин гэр бүлийн хүнтэйгээ нөхөрсөг харьцаагаа хэвээр хадгалж үлддэг бөгөөд шинэ амьдралдаа амархан идээшдэг юм» гэжээ.
Энэ нь хоосон саймшрал байсангүй. Тэрээр Мэрид хандан түүний нарийн бичгийн дарга нь өмнөх салалтын хэргүүдийн талаарх мэдээллийг түүнд явуулах болно гэдгийг хэлжээ. Мөн тэр мэдээлэл нь уг товчооны вэб хуудас болон сурталчилгааны товхимолд багтсан байсан бөгөөд олон нийтэд тавьсан илтгэлүүдэд ч дурдагдаж байлаа. Тэд яагаад энэ мэдээллийг нийтэд мэдүүлэх гэж ийм их хүч чармайлт гаргасан юм бол? Яагаад гэвэл тэрхүү мэдээлэл нь тэдний болзошгүй үйлчлүүлэгчдийн түлхүүр нь болж, товчооных нь хосгүй үнэт чанарыг илэрхийлж байгаа юм.
«Ийм хандлага нь салалтыг хөнгөвчилдөг бөгөөд, ялангуяа аливаа салалтын чухал нэг оролцогч гэж бидний тооцдог хүүхдүүдийн хувьд сайнаар нөлөөлдөг» гэж хуульч хэлсэн байна. Түүний товчоо салж буй хосуудын харьцааг зөөлрүүлэх ажлын хэд хэдэн хувилбарыг боловсруулсан гэж хэлээд эцэст нь гэр бүл цуцлах ажлыг бусдаас хорин таван хувь түргэн хугацаанд амжуулдаг гэдгээ дуулгажээ.
Тэгээд энэ бүхнийг хэлснийхээ дараа л цагт 300 доллараар ажилладаг гэж хэлжээ.
Таны бодлоор бол Мэри хэнийг нь сонгосон бол? Тэр хоёрдохыг нь сонгосон гэж бодохдоо та алдсангүй. Өөрийн товчооны хосгүй давуу тал, ямар үнэт чанараараа илүү болохыг Мэрид ярьж өгсөн тэр хуульч. Түүний хэлсэн үнэ нь өрсөлдөгчийнх нь хэлснээс хорин хувиар илүү байсан ч богино хугацаанд, илүү сайн үйлчилнэ гэсэн болохоор Мэри түүнийг сонгожээ. Харин хоёрдох хуульч Мэрид энэ бүхнийг тайлбарлах зав гаргалгүй «Миний үйлчилгээний хөлс цагийн гурван зуун доллар» гээд шууд хэлсэн бол тэрээр үйлчлүүлэгчээ алдаж Мэри эхний хуульчийг сонгох байлаа.

ХҮСЛЭЭ БОЛОМЖТОЙГОО НИЙЦҮҮЛЭХҮЙ

Таны ямар бизнес эрхэлдгээс хамаарахгүйгээр аливаа үйлчлүүлэгч бүр сэтгэл зовоодог элдэв асуудлууд, стресс үүсгэдэг шалтгаануудыг дотроо тээж явдаг. Хэрэв та тэдгээрийг тодорхойлж чадаад, таны хэрэглэгч хэрэг дээрээ юу хүсэж явдгийг мэдэж, түүний хүслийг биелүүлэх аргыг нь олбол үйлчлүүлэгчид зөвхөн танд л хандаж, танай компаниар л үйлчлүүлэх болно.
Зохистой үйлчлүүлэгчийнхээ жинхэнэ хүслийг тодруулахын тулд бидний өмнө нь цуглуулж авсан мэдээллийг ашиглан түүний бодол санаанд нэвтэрч, гол түлхүүрүүдийг нь тодорхойлох хэрэгтэй юм. Түлхүүр нэг бүр нь түүний хувьд ямар утга учиртай вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүний дараа үйлчлүүлэгчийн хүслийг өөрийн бараа/бүтээгдэхүүний үзүүлэлтүүдтэй жишин үзэж таны санал болгож байгаа зүйлс хэрэглэгчийн хүлээж буйтай тохирч байгаа эсэхийг нягтлан шалга. Энэхүү арга нь тун энгийн бөгөөд түлхүүр бүрийг нягталж, доорхи асуултуудыг өөртөө тавь.

Зохистой үйлчлүүлэгчийн хувьд энэхүү түлхүүр нь ямар ач холбогдолтой вэ?

Таны бизнес тэрхүү асуудлын зохистой шийдлийг санал болгож чадаж байна уу?

Хэрэв та хоёрдох асуултад торох юмгүй «Тийм ээ!» гэж хариулж байгаа бол бидний талархлыг хүлээн авна уу. Гэхдээ өөртөө шударга хандахыг хичээгээрэй.Бидний ихэнхийн хувьд энэхүү асуулт нь таагүй үнэнийг хөнддөг бөгөөд ядаж л бид хаашаа тэмүүлэх ёстойг хэлж өгдөг. Бизнес нь үйлчлүүлэгчийн хүсэлд нийцэж байх ёстой бөгөөд таны санал болгож буй бараа/үйлчилгээ нь асуудлыг зүгээр нэг шийддэг биш харин зохистой шийддэг байх ёстой юм.
Энүүхэндээ гэж хэлэхэд үйлчлүүлэгчийн хүсэлд зүгээр л нийцэж байх нь таны бизнесийг онцгой болгож чадахгүй учраас энд дээрх хоёр асуулт багадна. Та үйлчлүүлэгчдийнхээ хүсэж буйгаас давж гарахыг үргэлж хичээх ёстой. Ийм учраас дахин нэг асуулт өөртөө тавиад үз.
Үйлчлүүлэгчдээ тулгарсан асуудлыг шийдэх ямар онцгой шийдлийг та санал болгож чадах вэ?

Энэхүү асуулт нь таны бизнесийг өөрчлөх бодит боломжийг нээж өгдөг. Өөрийн бизнесээ давтагдашгүй, онцгой үйлс болгон, үйлчлүүлэгчдэд тулгарсан асуудлын зүгээр л нэг сайн биш харин шилдэг шийдлийг санал болгосноор үйлчлүүлэгчдээ аз жаргал бэлэглэдэг байхын тулд бид бүтээлч хандлага, шинэлэг санаа, бизнесээ урагшлуулах өөр арга зам эрж хайж байна.
Жишээ нь та ус суваг ашиглалтын компанитай бөгөөд таны зохистой хэрэглэгчийн гэрт усны хоолой цоорчээ гэж бодъё. Таны үйл ажиллагаа нь үйлчилгээний чиглэлийн бизнест хамаарна. Үйлчилгээний ажлын гол түлхүүрүүдийн жагсаалтыг Хавсралт 2-оос харвал танай салбарын үндсэн түлхүүр нь «Бүгдийг ёсоор нь хий» гэсэн байна.
Энэхүү ерөнхий томьёолол нь амьдрал дээр чухам юу гэсэн үг вэ? Ямар нэг тодорхой түлхүүрийг тодорхойлохдоо тэр түлхүүр нь таны үйлчлүүлэгчийн хувьд чухам ямар ач холбогдолтой вэ гэдгийг тогтоох нь маш чухал. Өөрөөр хэлбэл та эдгээр түлхүүрүүдийг үйлчлүүлэгч чухам юу хүсэн хүлээж буйг тодорхойлоход ашиглах учиртай юм. Бид үйлчлүүлэгчийн хүсэл дээр төвлөрөхийн тулд үүнийг «Би ...-г хүсэж байна» гэсэн маягаар илэрхийлдэг. Энэ тохиолдолд доорх гурван өгүүлбэрийг бүрдүүлж болох нь.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХҮСЭЛ
(«БИ ...-Г ХҮСЭЖ БАЙНА»)

Би манай гэрийн усны хоолойноос ус алдахаа болихыг хүсэж байна.
Би ус түгээгүүрийн газрын ажилтан чанартай материал ашиглан хоолойг засаж, хоолойноос дахин ус алдахгүй байхыг хүсэж байна.
Би ус түгээгүүрийн засварчин нь туршлагатай хүн байж, засварын дараа уг хоолойноос дахин ус алдахгүй байхыг хүсэж байна.
Дараачийн алхам нь үйлчлүүлэгчийн хүслийг биелүүлэх өөрийн саналуудыг тодорхойлох. Үйлчлүүлэгчийн нүдээр биш харин бизнесмэн хүний нүдээр харж бичих энэ өгүүлбэрийг «Бид...» гэж бичдэг.

САНАЛ/ШИЙДЭЛ («БИД...»)

Бид нөхөөс тавьж аргацаалгүй уг хоолойг бүхлээр нь солино.
Бид тэрхүү хоолойг солиход өнөөгийн зах зээл дээр байгаа хамгийн чанартай материалуудыг хэрэглэнэ.
Манайд зөвхөн таваас дээш жилийн ажлын дадлага туршлагатай мэргэжлийн засварчид ажилладаг.
Ингээд бид үйлчлүүлэгч таны зүгээс юу хүсэн хүлээж байгааг болон та үүнд нь хэр зэрэг тохирч байгааг тодрууллаа. Гэвч хэрэглэгчийн хүсэлд зөвхөн тохирч байх нь мөрөөдлийн бизнесээ цогцлооход хангалтгүй бөгөөд энэ нь зохистой хэрэглэгчийг татах арга болж чадахгүй юм. Зохистой хэрэглэгчээ татахын тулд бас нэгэн алхам хийх хэрэгтэй.

ДАВТАГДАШГҮЙ БАЙДАЛ

Гол түлхүүрүүдийн жинхэнэ хүч нь энд л илэрч гардаг. 6-р бүлгийг санаж байна уу? Давтагдашгүй байдал нь заавал байх ёстой чанар юм. Зохистой үйлчлүүлэгчийн амин чухал хүслийг гүйцээж, бараа/үйлчилгээний үнэт чанарын талаарх түүний төсөөллийг хэрэгжүүлэх замаар давтагдашгүй байдлыг олж авах аргачлалыг бид танд танилцуулахад бэлэн боллоо.
Ус түгээгүүрийн компанийн жишээг эргэн нэг сөхье. Эхний шийдвэр нь: «Бид нөхөөс тавьж аргацаалгүй уг хоолойг бүхлээр нь солино». Энэ нь хэдийгээр сайн шийдвэр ч гэсэн түүнд давтагдашгүй байдлын үнэр ч алга. Ус түгээгүүрийн ихэнх засварчид ингэж л ханддаг. Та өөрийн энэ саналыг хэрхэн шинэлэг байдалтай болгох вэ? бусдаас ялгарахын тулд ямар нэмэлт алхмуудыг зайлшгүй хийх шаардлагатай вэ?
Хоолойг сольсны дараа үлдсэн бусад хоолойнууд зэвэрч, цоорсон эсэхийг нь шалгаж болно. Зүгээр л усны хоолойг сольчхоод үйлчлүүлэгчээс хөлсөө аваад яваад өгөхийн оронд гэрийнх нь бүх усны хоолойг нягтлан үзэж, ойрын хугацаанд асуудал үүсгэж магадгүй өөр хоолой байгаа эсэхийг магадалж болно.
Иймэрхүү хандлагын үр дүнд таны үйлчлүүлэгчийн гэрт ойрын үед дахин ус алдахаас сэргийлж, засварт зарцуулах түүний зардлыг хэмнэх болно. Нэг хоолойноос ус гоожсон бол бусад хэд хэдэн хоолой цоороход ойртсон байх магадлал их юм. Ус түгээгүүрийн хоолойн бусад засварчид бүх л байшинг шалгаж цаг алдах нь ховор тул анхаарал тавьсанд таны үйлчлүүлэгч талархалтай хандаж үнэлэх болно.
Шинэлэг ганцхан санаа таны бизнесийг өрсөлдөөний дундаас товойлгон гаргаж чадна. Түүнээс гадна та маркетингийн хувьд ихээхэн давуу байдалтай болох бөгөөд учир нь үүнээс хойш гэрийн ус түгээгүүрийн шугамыг шалгах үйлчилгээг үйлчлүүлэгчдэдээ санал болгож болох нь. Ганцхан шинэлэг санаа таны бизнесийн үнэ цэнийг өргөж, үйлчилгээндээ та өмнөхөөс арай илүү үнэ тогтоож болно.
«Би ...-г хүсэж байна» бүлгийн хоёр ба гуравдугаар хэсэг болон «Бид...» бүлгийн харгалзах хэсгүүдийн дүн шинжилгээ нь өөр бусад шинэлэг санаа нэвтрүүлэх боломж өгч байна. Үйлчлүүлэгч чанартай материал хүсэж байгаа тул та зэс хоолойны оронд арван жилийн баталгаатай полипропилен хоолой ашиглаж болох юм. Мөн түүнчлэн үйлчлүүлэгч дадлага туршлагатай засварчин хүсэж байгаа тул та зөвхөн жил бүр мэргэжил дээшлүүлэх хичээлд суудаг, мэргэжлийн хүмүүсийг ажилд авч болох юм.
ШИНЭЛЭГ СЭТГЭЛГЭЭ
(«БИД ..... )

Бид гэрийн бүх л цэвэр, бохир усны шугамыг судалж, түүнд зэврэлт, цооролт үүссэн эсэхийг шалгана.
Бид зэс хоолойны оронд арван жилийн баталгаатай полипропилен хоолой хэрэглэнэ.
Бид ажилтнуудаасаа мэргэжил дээшлүүлэх дамжаанд суусан гэрчилгээ шаардана.
Дээр өгүүлсэн бүхнийг дүгнэж, эдгээр үйлдлүүд нь үйлчлүүлэгчдэд яаж тусахыг тодорхойлоод үзье.
Бид усны хоолойтой холбоотой бүх л асуудлыг шийдэж, засварт зарцуулах мөнгийг тань хэмнэнэ.
Хэрэв ширхэгчлэн биелүүлж чадах аваас энэхүү дасгал нь таны бизнест ямархуу хувьсал авчирч чадахыг харав уу?

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН «ГОЛ ТҮЛХҮҮРҮҮД»

Энэ удаа хүүхдийн цэцэрлэгийн жишээн дээр дасгалаа давтаад үзье.
Үйл ажиллагааны чиглэлээрээ үйлчилгээний салбарт хамаарах нь ойлгомжтой. Энэ салбарын үндсэн түлхүүрүүдийн нэг нь хүсэн хүлээж буй үр дүн юм. Үйлчилгээний салбарт бизнес эрхэлж буй хэн нэгнээс хүмүүс тодорхой төвшний үйлчилгээ хүлээж байдаг бөгөөд бид энэ төвшинг тодорхойлж, тэрхүү төвшин нь үйл ажиллагааны төрлөөс хамаарч цааш задарч байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй юм. Нүдэндээ лазерын мэс засал хийлгэхдээ миний хоёр нүдний хараа бүрэн хэвийн болсон байхыг, гар засал эмчилгээний өрөөнд орохдоо миний нуруу өвдөхөө болихыг л хүсэн хүлээдэг.
«Би ...-г хүсэж байна» хэмээх эхний шат. Хүүхдийн цэцэрлэгийн эзэн хүн өдөр бүр харьцдаг үйлчлүүлэгчдийнхээ гол түлхүүрүүдийг нарийн мэдэж байх ёстой. Тэдгээр үйлчлүүлэгчдийн оронд өөрийгөө тавиад «Би юу хүсэж байна вэ?» гэж асуугаад үз.
Энэ асуултыг өөртөө тавиад та дараах хариултуудыг авах болно.
Би, хүүхдийг минь зүгээр л нэг харах биш харин түүнд зааж сургадаг байхыг хүсэж байна.
Би, сайн хүмүүс хүүхдийг минь харж халамжилж байгаасай гэж хүсэж байна.
Би, өдрийн турш хүүхдүүдтэй ажиллаад уурлаж уцаарладаггүй хүмүүстэй миний хүүхэд хамт байгаасай гэж хүсэж байна.
Эдгээр нь хэзээ нэг цагт хүүхдээ цэцэрлэгт өгч байсан бүх эцэг эхчүүдэд танил болсон, зүй ёсны хүсэл билээ. Тэдний хүслийг биелүүлэхийн тулд үйлчлүүлэгчдэд бид юу санал болгож чадах вэ?
Бид хүүхэдтэй ажиллах дадлага туршлагатай ажилтнуудыг урьж ажиллуулна.
Бид манай цэцэрлэг дээр болсон хүүхдүүдтэй холбоотой бүхий л үйл явдлын талаар сар бүр мэдээлж байх болно.
Бид өөрсдийн ажилтнуудыг ажилдаа ядарч түүртэхгүй байхаар ажлыг нь зохицуулна.
Эдгээр саналууд нь хэдийгээр сэтгэлд нийцтэй сонсогдож байгаа боловч шилдэг санал хараахан биш. Зэргэлдээ бусад цэцэрлэгүүдтэй харьцуулшгүй өндөр төвшинд гарч давтагдашгүй үйлчилгээ үзүүлэхийн тулд бид юу хийж чадах вэ? Бяцхан үйлчлүүлэгчдээ халамжлан хүмүүжүүлэх өөр, шинэлэг арга замыг хайх хэрэгтэй болж байна.
Ажилтнуудын ажлын дадлага туршлагатай холбоотой эхний саналыг дараах маягаар өөрчилж болно. Үүнд:
1.Бид багшийн мэргэжлийн дипломтой, сургуулийн өмнөх насны хүүхдэд түргэвчилсэн сургалт явуулах чиглэлээр мэргэжсэн тийм л ажилтнуудыг ажиллуулах болно. Тэдний дипломыг хүссэн цагтаа шаардан үзэж болохоос гадна, манай цэцэрлэгийн вэб сайтаас хуулбарыг нь олж харах боломжтой.
Илүү итгэл төрүүлмээр, жинтэй сонсогдож байгаа биз? Ямар ч л байсан эхний хувилбараас дээр. Энэхүү шинэлэг санаанаас доорхи нааштай үр дүн гарна.
Миний хүүхэд танай цэцэрлэгт явж бага сургуульд сурахад бэлэн болоод гарах нь.
Эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэхтэй холбоотой Хоёрдох саналыг дүгнэж үзээд үнэхээр хувьсал хийхүйц дараах санааг дэвшүүлж болох юм. Үүнд:
2.Бид, эцэг эхчүүд өөрийн хүүхдээ дуртай үедээ манай вэб сайтаар дамжуулан харах боломж олгодог вэб камеруудыг цэцэрлэгтээ байрлуулна.
Энэ санал нь үйлчлүүлэгчдэд ямар их зүйл амлаж байгааг бодоод үз! Эцэг эхчүүд бүх зүйл тэдний хяналтад байгааг мэдрэх болно. Ингэснээр тэд амар тайван ажлаа хийж, хүүхдийнхээ аюулгүй байдал болон цэцэрлэгийн ажилтнуудын ажлын арга барилд сэтгэл зовохгүй байх нөхцөлөөр хангагдана.
Хэрэв та хүүхэдтэй бол цэцэрлэгийн вэб хуудсаар дамжуулан өөрийн нялх үрийг харж, түүнд хүмүүс хэрхэн хандаж буйг хянах боломжийн төлөө нэмэлт төлбөр төлөхөөс татгалзана гэж үү?

БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭНИЙ ХҮЧ

Үйлчлүүлэгчдийн хүсэл болон өөрийн санал бодлыг дүгнэн цэгнэхдээ ухаангүй, солиотой санаа гэж огт байдаггүй гэдгийг санаж байх хэрэгтэй. Чөлөөтэй дүрслэн бод. Анх харахад бүтэшгүй, солиотой мэт харагдах санаа орж ирсэн ч бүгдийг нь тэмдэглэж ав. Хамгийн чухал шинэлэг зүйлс нь хэрэг дээрээ анхандаа ухаангүй, солиорол мэт үзэгдэж байсан санаанаас эхтэй байх нь элбэг байдаг.
Жишээ дурдъя. Манай үйлчлүүлэгч, хүүхдийн шүдний эмч есөөс арван найман настай сургуулийн хүүхдүүдийг эмчилдэг байжээ. Хүүхдийн шүдний эмчийн хувьд зохистой үйлчлүүлэгчийн гол түлхүүр нь юу байж таарах вэ? Хүүхдүүд бүхий л долоо хоногийн турш хичээлдээ явдаг бөгөөд эцэг эхчүүд нь одоо цагийн ихэнх америк гэр бүлийн жишгээр хоёулаа гэрээс гадуур ажил эрхэлдэг гэдгээс эхэлье. Хүүхдээ шүдний эмчид үзүүлэхийн тулд эцэг эхийн нэг нь ажлаасаа чөлөө авч, сургуулиар дайрч мөн л хүүхдэдээ хичээлээс нь түр чөлөө авч эмч дээр очоод хүүхдийнхээ шүдийг эмчилж байх хооронд нь үүдний өрөөнд нэгээс хоёр цаг хүлээгээд дараа нь хүүхдээ буцааж хүргэж өгөөд ажилдаа очих болдог.
Ийм маягаар эмчид үзүүлэх нь үйлчлүүлэгчийн хувьд их хүндрэлтэй бөгөөд бас дээр нь цалингаасаа хасуулж, илүү шатахуун зарцуулах хэрэгтэй болдог. Манай шүдний эмчийн бараг бүх үйлчлүүлэгчид энэ бэрхшээл тохиолджээ. Энэ бүхний эцэст үйлчлүүлэгчдийн хувьд нөхцөл байдлыг сайжруулахын тулд ямар нэг зүйл хийж болох эсэхийг шүдний эмч бодож эхэлжээ.
Эхэндээ тэр микроавтобус худалдаж аваад хүүхдүүдийг сургуулиас нь авч ирээд эмчилгээний дараа буцаан хүргэж өгч байх жолооч хөлслөхөөр шийджээ. Гэвч энэ тохиолдолд тийм микроавтобусны ослын даатгалын төлбөр нь хэтэрхий өндөр байдгийг тэр мэджээ.
Харин такси яах бол? Тэд өөрийн даатгалтайгаас гадна эмчид шинээр автомашин худалдан авах шаардлага гарахгүй. Энэхүү боломжийг судалж байх үедээ тэрээр шинэ бэрхшээлтэй тулгарсан бөгөөд энэ удаа тэр нь үйлчилгээний үнэтэй биш харин итгэлцэлтэй холбоотой байлаа. Таксины тухай санаагаа үйлчлүүлэгчдэдээ ярьж байх үедээ таксины танихгүй жолооч хүүхдийг нь сургуулиас аваад бүх хотоор давхихыг тэдний олонх нь огт зөвшөөрөхгүй гэдгийг тэрээр олж мэдсэн байна. Дээр нь олон эцэг эхчүүд хүүхдээ таксигаар явахыг ямар ч тохиолдолд зөвшөөрч чадахгүй гэцгээжээ.
Эцэст нь түүний толгойд лимузин хөлслөх солиотой санаа орж ирсэн бөгөөд тэр өөрөө үүнийг утгагүй зүйл хэмээн үзжээ. Лимузин хөлслүүлдэг газруудын төлөөлөгчидтэй уулзаж ярилцаад тэд жолооч нараа архи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нь сайтар шалгадаг бөгөөд тэр ч байтугай анх ажилд авахдаа өнгөрсөн түүхийг нь судалж, хууль бус зүйлд холбогдож байсан эсэхийг нь нягталдаг гэдгийг мэджээ. Хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд сэтгэл зовсон эцэг эхчүүдийг тийм шалгалт тайвшруулах л байх. Нэг ангийнхныхаа нүдэн дээр лимузин хөлөглөн сургуульдаа ирээд жолооч нь хаалга онгойлгож өгвөл хүүхдүүдэд ямар байхыг төсөөлөхөд ч бэрх! Түүнээс гадна даатгалтай холбоотой асуудал ч шийдэгдэх бөгөөд лимузин хөлслүүлдэг газрууд нь хуулийн дагуу даатгалаа бүрэн төлсөн байх ёстой.
Гэвч дэндүү үнэтэй байх юм биш биз? Лимузин хөлслөх санаа нь утгагүй мэт санагдсан учраас манай шүдний эмч үнийг нь ч сонирхоогүй байна. Харин бид үүнийг огт хэвийн зүйл гэж хүлээж авсан юм. Ихэнх лимузин сул зогсож байдаг өдрийн цагаар эмч ажлаа хийдэг шүү дээ. Яагаад гэвэл хүмүүс тэднийг ихэвчлэн оройн цагаар хөлсөлдөг юм. Хөлслүүлдэг агентлагууд шүдний эмчтэй дуртайяа хамтран ажиллаж, сул зогсдог цагаараа бага зэрэг орлого олоход бэлэн гэдэг нь тодорхой болсон байна.
Тэд цагт 60 доллар авдаг ердийн хөлсөө цагт 25 доллар болгон 50 гаруй хувиар бууруулахыг зөвшөөрчээ. Лимузин хөлслөхөд шүдний эмч өдөрт дунджаар 200 доллар, долоо хоногт 1000 доллар төлнө гэсэн үг юм. Хэдий шинэлэг бөгөөд дажгүй санаа ч, үүний төлөө жилд 50000 доллар төлөх гэж үү?
Бид хамтдаа энэхүү тооцоог хийсэн бөгөөд тэрээр үзээд алдахаар шийдсэн юм. Тэгээд түүний бизнесийн жилийн эргэлт хоёр дахин нэмэгдсэн байна. Жилийн орлого нь 350 000 долларт хүрсэн ба орлогын татварт төлдгөөс бага мөнгө болох 50 000 долларт сэтгэл түвдэхээргүй болжээ. Түүнээс гадна энэхүү зардлаа нөхөхийн тулд тэрээр үйлчилгээний үнээ нэмсэн бөгөөд эцэг эхчүүдийн хэн нь ч дургүйцэж эсэргүүцээгүй байна. Түүний тавьсан саналын үнэ цэнэ нь эцэг эхчүүдийн хувьд үйлчилгээний үнэ нэмэгдэхээс илүү чухал байжээ. Тэгээд ч та ийм халамжтай, найрсаг шүдний эмч хэр олныг мэдэх билээ дээ? Энэхүү шүдний эмчийн бизнес олон жилийн турш муугүй орлоготой байх болно.
Энэ тохиолдолд хэн шийдвэр гаргасан бол? Үр хүүхдэдээ хамгийн сайн сайхныг хүсэж байдгаараа ээж нь гаргасан байж ч магадгүй. Найдвартай тээврийн хэрэгслийн хувьд лимузин нь түүний эргэлзээг арилгасан байж ч болох юм. Харин шийдвэр гаргахад нөлөөлсөн хүн нь түүний аав байж таарна. Тэр өөрийн үр удмаа тийм нөхцөлөөр хангах чадвартайдаа бахархаж л байсан байх. Хэрэглэгч (бас нэмэлт түлхээс өгөгч) нь сургуульдаа лимузин хөлөглөж очно гэхээс тэсэж ядан байсан тэдний хүүхэд болж таарч байна. Эмчилгээнд явсан тэдгээр өдрүүдэд тэрээр хөөрч догдолсон сэтгэлээ барьж ядан сургуулиасаа ирдэг байсан биз. Хоёрхон сарын дараа тэрээр «Ээж ээ, би шүдний эмчид дахиад хэзээ очих юм бэ?» гэж асууж ч магадгүй билээ.

БОДИТ ТҮҮХ: «ШЛИТЦ БИР»

Хорьдугаар зууны эхээр нэр хүндээрээ АНУ-д тавд жагсдаг шар айргийг үйлдвэрлэдэг «Шлитц Бир» компани зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэхэд туслуулах зорилгоор Клод Хопкинс хэмээх хүнийг хөлсөлжээ. Тэр цагт шар айраг үйлдвэрлэгч бүх компаниуд өөрийн бүтээгдэхүүний цэвэр байдалд түлхүү ач холбогдол өгч, «цэвэр» гэсэн үгийг бүгд сурталчилгаандаа ашиглаж, тэрхүү үгийг өрсөлдөгчөөсөө хоёр дахин томоор бичсэн зар сурталчилгааны бүхэл бүтэн гудамж, өргөн чөлөөг бий болгохын тулд хөрөнгө мөнгийг ус цас шиг урсган сүйтгэж байжээ.
Бүтээгдэхүүнтэйгээ илүү сайн танилцахын тулд Хопкинс үйлдвэр дотуур зугаалга хийжээ. Энэ зугаалга нь түүний хувьд бүхэл бүтэн нээлт болсон аж. Хөргөлтийн явцад шар айрагний туйлын цэвэр тунгалаг байдлыг алдагдуулахгүйн тулд хөргөх тасалгааны агаарыг сайтар шүүдэг болохыг тэрээр олж мэджээ. Уг шүүлтүүрт асар үнэтэй ч хамгийн сайн шүүх материал болж өгдөг цагаан модны зөөлөн голыг ашигладгийг Хопкинст бас дуулгажээ. Бохирдох өчүүхэн ч боломж гаргахгүйн тулд шахуургууд болон шар айраг урсах хоолойг өдөрт хоёр удаа цэвэрлэдэг хүнтэй ч тэр тааралдсан байна. Шар айргаар дүүргэхээсээ өмнө шилэн лонхнуудыг уурын машинаар нэг хоёр удаа биш харин бүр дөрвөн ч удаа угааж ариутгахыг үзжээ.
Хэдийгээр шар айргийн үйлдвэр нь тэр үедээ цэвэр тунгалаг устай байсан, хямд бөгөөд чухамдаа бол шавхагдашгүй их цэвэр усны эх үүсвэр болох Мичиган нуурын хөвөөнд байрлаж байсан ч туйлын цэвэр ус гаргаж авахын тулд дөрвөн мянган футийн гүн цооногийг «Шлитц Бир» гаргажээ.
Бүтээгдэхүүнийхээ цэвэр байдлыг хангахын тулд компанийн зүгээс гаргаж буй хүчин чармайлт Хопкинсыг үнэхээр гайхуулсан бөгөөд тэрээр үйлдвэрийн ажилтнуудаас яагаад энэ бүх хүчин чармайлтын талаар өргөн олон нийтэд мэдээлдэггүйн болон яагаад зар сурталчилгаагаа бусад өрсөлдөгчдийн нэгэн адилаар зөвхөн «цэвэр» гэдэг үгээр хязгаарлаад байдгийн учрыг асуужээ.
Хэргийн учир нь тэд яг л бусад шиг ханддагт байдаг бөгөөд тэгээд хэвшчихсэн юм гэж түүнд тайлбарласан байна. Хопкинс «Үнэхээр тэгээд хэвшчихсэн байж болох л юм» гэж өөртөө хэлээд «Гэхдээ би энэ талаар огт мэддэггүй байсан, бусад хүмүүс ч мэдэхгүй л байгаа» гэж боджээ.
Энэ гайхалтай шар айрагны цэвэр тунгалаг байдлыг хангахын тулд ямар их хүч чармайлт гаргадгийг олон нийтэд таниулах сурталчилгааны ажил зохиох хүсэлтэй байгаагаа Хопкинс «Шлитц Бир»-ийн удирдлагад хэлжээ.
Эхлээд түүнийг солиотой амьтан гэж үзсэн боловч дараа нь зөвшөөрч Хопкинс сурталчилгаагаа боловсруулж эхэлсэн байна. Тэрээр агаарыг нь сайтар шүүдэг хөргөх тасалгаа, лонх ариутгалын дараалсан олон дамжлага, бүтэн милийн гүнээс ус татдаг гүний артезын худгийн талаарх сурталчилгааг нийтэд хүргэжээ. Шар айраг хэрэглэгчид энэхүү сурталчилгаанд татагдаж «Шлитц Бир» хэдхэн сарын дотор тавдугаар байрнаас хоёрдугаар байранд шилжиж, улмаар тэргүүн байрын төлөө өрсөлдөж эхэлжээ.
Хопкинс шар айраг үйлдвэрлэх үйл явцын давтагдашгүй чанарыг олон нийтэд анх хүргэсэн юм. Аль ч шар айргийн үйлдвэр дээрх түүхийг өгүүлж чадах байсан ч урд өмнө нь хэн ч үүнийг хийсэнгүй. Хэрэв тэгвэл Хопкинсын сурталчилгааг шууд зээлдсэн хэрэг болохоор барахгүй «Шлитц» шар айрагны нэр хүндийг улам өсгөх байлаа.
Энэ түүхийн сургамж нь тун энгийн: Хэрэв таны бизнес бусдынхаас юугаар ч ялгардаггүй бол хосгүй чухаг чанарыг бий болгохыг хичээ. Харин шинэлэг санаа олж чадахгүй байгаа бол өөрийн хийж буй бизнесийг анхааралтай хар. Та өдөр тутмын нэгэн хэвийн ажлаасаа өмнө нь хэн ч бодож олоогүй зүйлийг олж ч болно.

БОДИТ ТҮҮХ: «ФУНДАМЕНТАЛ ФИТНЕСС»

«Фундаментал Фитнесс» төвийн эзэн Сьюзен Томас өөрийн зохистой үйлчлүүлэгчийн төрх байдлыг тодорхойлж байхдаа хүн ам зүйн зураглалыг анхааралтай судалж үзээд фитнес төвүүд тухайн дүүрэгт ахимаг насны үйлчлүүлэгчдэд чиглэсэн маркетингийн ямар нэг бодлого явуулдаггүй болохыг анзаарчээ.
«Энэ хүмүүс идэр залуу насандаа ямар байсан шигээ тийм эрүүл чийрэг биш. Тэдний хувьд ямар нэг өвчин тусах магадлал өндөр юм. Ахимаг насныханд тохирсон дасгалын хөтөлбөр чухал хэрэгтэй байсан ч хэн ч тийм хөтөлбөр санал болгосонгүй» гэж Сьюзен дурслаа. .
Энэхүү нөхцөл байдлыг ойлгосон Сьюзен боломж алдахыг хүсээгүй бөгөөд түүний фитнес төв ахимаг насны хүмүүст зориулсан өдрийн хөтөлбөр санал болгох болжээ. «Ээжүүд аль хэдийн сургуулиас нь хүүхдүүдээ аваад гэртээ харьчихсан, бусад үйлчлүүлэгчид ажил дээрээ байдаг учраас үдээс хойш манай заал сул байдаг байлаа. Тийм учраас ахимаг насны хүмүүст өдрийн арван нэгэн цагаас арван таван цаг хүртэл хөнгөлөлттэй үнээр үйлчлэх санал дэвшүүлсэн бөгөөд, тэдэнтэй ажиллаж, биеийн хүчний дасгал хийхээс болгоомжлох байдлаас нь гарахад туслуулах зорилгоор тусгай ажилтан сургаж авсан юм» хэмээн Сьюзен ярилаа.
Үйлчлүүлэгчдэдээ давтагдашгүй үйлчилгээ үзүүлэх шинэлэг санааг тэр хайсаар байлаа.
«Бид йогоор хичээллэх бүлэг зохион байгуулсан юм. Мөн түүнээс гадна зогсохыг үл мэдэгч залуустаа зориулж латин америк хөгжмийн хэмнэлд африкийн овог аймгуудын бүжиг хийдэг фитнесийн нэгэн урсгал болох зумба фитнесийн ангийг мөн нээсэн билээ. Бид зөв хооллох талаар зөвлөлгөө өгдөг бөгөөд бүлгийн сургалтууд явуулдаг. Мөн төвийнхөө дэргэд завгүй ээжүүдэд зориулсан өглөө, оройны хүүхдийн цэцэрлэг ажиллуулдаг. Энэ долоо хоногт цэнгээнт бүжгийн анги шинээр нээгдэнэ».

БОДИТ ТҮҮХ: «МАУНТИН САН АРКИТЕКЧУР»

Дэвид Кларк хувийн арван долоон байшингийн төслийн захиалга авахаар хөөцөлдөж байх үедээ өөрийн болзошгүй үйлчлүүлэгчдийн гол түлхүүрүүдийг хэдийн мэдсэн байлаа. «Би хангалттай хэмжээний мөнгөн шагнал хүсэж, харин тэдэнд энэ мөнгөнийхөө оронд авах үр дүн нь чухал байлаа» гэж Дэвид ярилаа.
Дэвид судалж үзээд барилгын ажлын ердийн практикт төсөлд зарцуулах хөрөнгийн төсвийг хийхдээ эрсдэлийн зардлыг (нийт дүнгийн 30 хүртэлх хувь) оруулан тооцдог болохыг олж мэджээ. Шинээр гарсан программ хангамж ашиглаж, дээр нь тэр программыг гарын арван хуруу шигээ мэддэг хүмүүсийг өөртөө татаж, бусад олон студитай хамтран ажилласны дүнд Дэвид эрсдэлийн зардлыг гуравны нэг хүртэл нь бууруулж чадсан бөгөөд ингэснээр захиалагчдаас гарах хөрөнгийг ихээхэн хэмнэх боломжтой болжээ.
Энэ аргаа төслийнхөө танилцуулгад тусгасан нь гол хөрөнгө оруулагчийг үнэхээр гайхуулж, тэрээр биечлэн Дэвид рүү залгаж энэхүү хэмнэлтийн талаар ярилцахаар урьсан байна (шийдвэр гаргагсад; 11-р бүлгийг үз). Дэвидийн өөрийнх нь хэлснээр цорын ганц шинэлэг санаа түүнд «огт байж боломгүй» гэрээ байгуулах боломжийг олгожээ.
БОДИТ ТҮҮХ: АХИМАГ НАСНЫХАНД ЗӨВЛӨЛГӨӨ ӨГӨГЧДИЙН КАНАДЫН ХҮРЭЭЛЭН

Уран барилгын бакалавр, удирдлагын ухааны магистр, албан ёсны зөвлөх Ронда Латрейль нь 2003 оны зун Жон Остаф, доктор Жон Кроуфорд нартай хамтран Ахимаг Насныханд Зөвлөлгөө Өгөгчдийн Канадын Хүрээлэнг (АНЗӨКХ) байгуулсан бөгөөд уг хүрээлэнгийнхээ ерөнхийлөгчийн албыг хашдаг нэгэн. Ронда ба түүний нөхөр Герб нь өнөөдөр АНЗӨКХ-ийн цорын ганц эзэмшигчид бөгөөд, ахимаг насны хүн амтай ажиллах мэргэжилтнүүдийг сургах хөтөлбөрийн хүрээнд 1997 онд АНУ-д үндэслэгдсэн Албан ёсны зөвлөхүүдийн холбоог (АЗХ) Канадад төлөөлөх онцгой эрх эдэлдэг байна. Энэхүү хөтөлбөр нь хөгшрөлтийн эрүүл мэнд, нийгэм, санхүүгийн асуудлуудыг судлахад чиглэгдсэн бөгөөд ахимаг насны хүмүүсийг өнөөгийн нийгэмд зохицож амьдрахад нь зөвлөхүүдээрээ дамжуулан туслах зорилготой юм. «Бид ахимаг насны хүмүүст хэрхэн зөвлөгөө өгөхөд мэргэжилтнүүдийг сургадаг юм» гэж Ронда өгүүлж байна.
Ронда АЗХ –оос өвлөгдөн ирсэн бизнес-загварчлалаар эхэлсэн бөгөөд хорин дөрвөн хэсгээс бүрдэх гурван өдөр хагасын семинар явуулах болжээ. «Бид бүх Умард Америкаас мэргэжилтнүүдийг урьсан юм. Нисэх онгоцны тийз, зочид буудал болон бусад зардлуудаа бид арай гэж дийлж байлаа».
Ронда Герб хоёр хүрээлэнгийн ажлыг хэвийн явуулахын тулд өөрсдийн хөрөнгийг зарж байсан ч хоёр жилийн дараа гэхэд арга үнэхээр мухарджээ. «Бид багагүй орлоготой байсан ч ашиг гэж байсангүй. Энэ бол санхүүгийн талаасаа ч тэр, учир шалтгааны үүднээс ч тэр, сэтгэл зовоосон, үнэхээр туйлдуулсан тэмцэл байлаа. Бид цааш нь ингэж үргэлжлүүлж болохгүй нь гэдгийг ойлгосон юм. Бидэнд боломж ч байсангүй, сэтгэлийн тэнхээ ч байсангүй» гэж тэр хэллээ.
2005 оны намар Ронда бидэнд хандсан бөгөөд бид түүнд хөтөлбөрийн хэмжээ ба сургалтын хугацааг багасгах талаас нь бодож үзэхийг санал болгосон юм.
«Жон, Мюррей хоёрын гаргасан санаа хэрхэн биелж болохыг эхэндээ би огт ойлгож чадахгүй байсан. Бид мөн зайны сургалт явуулдаг байсан ч хүмүүст амьд харьцаа илүү таалагддаг байв. Харин амьд харьцаа нь тус бүр нь нэг цаг үргэлжлэх хорин дөрвөн хэсгээс тогтох бөгөөд гурав хоног хагаст арай гэж багтдаг байлаа. Манай стандартыг алдагдуулахгүйгээр семинарын хугацааг хэрхэн багасгаж болохыг би төсөөлж огт чадахгүй байсан юм» хэмээн тэр ярилаа.
Хэдэн сар коучинг болон нейроны төгөлдөржүүлэлтийн аргаар хичээллэсний дараа семинарын богиносгосон хувилбарын талаар ахин нэг бодож үзэхийг бид Рондагаас хүссэн бөгөөд энэ удаа тэр үүнийг хийж дөнгөсөн билээ. «Бид амьд ба зайны сургалтуудыг нэгтгэж болохыг би гэнэт ойлгосон бөгөөд ингэснээрээ мөнгө зарж, ажлаасаа бүхэл бүтэн гурав хоног хөндийрөлгүйгээр шинэ мэдлэг, чадвар эзэмших боломжийг өөрийн үйлчлүүлэгчдэд санал болгох бололцоотой болох байлаа» хэмээн тэр ярьсан юм.
Тэгээд Ронда бодсон ёсоороо хийжээ.
Зориуд уригдсан мэргэжилтний (нөгөө амьд, шууд арга туршлага) ганцхан илтгэлтэй (өмнө нь есөөс арав байсан) нэг өдрийн программ болон бие даасан зайны сургалтанд зориулсан нэмэлт материалуудыг тус хүрээлэнгийн зүгээс санал болгосон нь үйлчлүүлэгчдэд таалагдсан байна.
Нэг хүнд шаардагдах зардал бараг 300 хувиар буурсан бөгөөд семинарт суухын тулд үндсэн ажлаасаа дөрөв хоног хөндийрөх шаардлагагүй болсон тул шинэ үйлчлүүлэгчид олноор ирэх болжээ.
Бидэнд хандсанаас жилийн дараа хүрээлэнгийн орлого 41 хувиар өсөж, хорин сарын дараа бараг гурав дахин нэмэгджээ.
ТАНЫ БИЗНЕСИЙН «ГОЛ ТҮЛХҮҮРҮҮД»
Одоо таны ээлж. Өөрийн бизнесийн гурван түлхүүрийг тодорхойлон бичсэн жагсаалтаа эргэн нэг сөхөж дүгнэлт хийгээд үз. Түлхүүр бүрийн үйлчлүүлэгчдийн хүслийг илэрхийлсэн «Би ..... –г хүсэж байна» хэсэгт нэгээс хоёр өгүүлбэрт багтаан тэдний хүслийг бичиж «Бид.......» хэсэгт нь хэрхэн шийдэхээ бич.
Хэрэв та зохистой үйлчлүүлэгчийнхээ хүслийг үнэхээр мэдэхгүй байгаа бол одоогийн үйлчлүүлэгчдээсээ хүслийг нь асуу.
Илүү идэвхтэй нэгэн рүү нь утасдаад тэд танай бизнесээс чухам юуг хамгийн их хүсэж хүлээдгийг нь асуу. Хэрэв та ажил төрлөө дөнгөж эхэлж байгаа бол хоёр гурван болзошгүй үйлчлүүлэгчээс танай чиглэлийн бизнесийн зах зээлээс тэд чухам юу хүсэж хүлээдгийг нь асуу. Өөрийн гэр бүлийн гишүүд, найзууд, хөршүүдээсээ асуу. Энд зөв буруу хариулт гэж байхгүй гэдгийг санаж зохистой үйлчлүүлэгчийнхээ нүдээр харж гол түлхүүр нь чухам юунд оршдогийг тогтоохыг оролд.
Хэрэв та «Бид......» хэсэгт нэг ч шийдэл бичиж чадахгүй байгаа бол таны бизнес үйлчлүүлэгчдийн хүсэж хүлээснээс илүү гарч чаддаггүй, тэрч байтугай тэдний хүсэлд тохирдоггүй гэдэг нэг ноцтой дутагдлыг гэнэт мэдэх нь тэр.
Хэрэв ямар нэг шалтгаанаар аль нэг «Би ..... –г хүсэж байна»-ын шийдэл олдохгүй байгаа бол нөхцөл байдлыг даруй засах хэрэгтэй.

ХАРИН ОДОО – ШИНЭЛЭГ САНАА!

Хэтрүүлэггүй хэлэхэд энэхүү аргачлалын сүүлийн шат нь бүтээлч сэтгэлгээнд тун чухал үүрэгтэй. Энэ шатанд таны гаргаж буй санаа, хийж буй үйлдэл нь таны бизнесийг үндсээр нь өөрчлөх чадвартай юм.
Өөрийн хийсэн ажлаа дүгнэж, дэвшүүлж буй шийдлүүдээ яаж улам сайжруулж болохыг бод. Дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй. Бүхий л санаа, боломжуудыг нээлттэй үлдээ. Үзэг, тэмдэглэлийн дэвтрээ ойртуулаад толгойдоо орж ирсэн бүх санааг хичнээн бүтэшгүй байсан ч бүгдийг нь, нэг ч санаа орхилгүйгээр тэмдэглэж ав. Тэдгээр санаануудын олонх нь биелшгүй эсвэл хэт үрэлгэн мэт санагдлаа ч та тэмдэглэж аваад нэг бүрчлэн судлахаас нааш үүнийг мэдэх аргагүй юм. Манай шүдний эмчийг санаж байна уу? Өрсөлдөгчдөөсөө хол тасрахад нь ганц санаа, ганц зөв санаа л шаардлагатай байсан шүү дээ. Хэрэв таны бизнес таны зохистой үйлчлүүлэгчийн хувьд үнэхээр салж боломгүй сэтгэл татсан зүйл болохыг та хүсэж байгаа бол тэгэх л хэрэгтэй юм.
Танд ямар нэг шинэлэг санаа орж ирэх бүр түүний үр ашгийг үйлчлүүлэгчийнхээ нүдээр харж тодорхойл. Бизнесийнхээ гол түлхүүрүүдийг хэр зэрэг нягт нямбай тодорхойлсноос их зүйл хамаарах бөгөөд таны жагсаалтад буй бусад түлхүүрүүдийг ч гэсэн тун чамбай тодорхойлох хэрэгтэй.
Түлхүүр нэг бүрийг дүгнэн шинжлэхэд цаг хугацаа орох бөгөөд гэхдээ таны хүрэх үр дүн нь цаг хугацаанаас илүү чухал байх болно. Энэ шатанд та ашиг орлогоо эрс нэмэгдүүлэх, бусдаас ялгарах тэрхүү давтагдашгүй чанараа олж авна. Таны өрсөлдөгчдөөс хэн нь бидний энэхүү дасгалуудыг хийдэг билээ гээд өөрөөсөө асуугаад үз дээ. Хэн нь ч хийдэггүй. Харин та одоо тэднээс асар их давуу талтай болсон бөгөөд дээд лигд орох цаг хэдийн болжээ.

ОНЦЛОХ СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ТОДОРХОЙЛ

Бид аргачлалынхаа сүүлчийн шатыг хүртэл «сэтгэл ханамжийг тодорхойлох» тухай дэлгэрүүлж ярьсангүй энэ хүрчээ. Энэ алдааг засах цаг болжээ.
Үйлчлүүлэгчийн нүдээр харахад ямар үндсэн сэтгэл ханамж өгч байна вэ гэдгийг тодорхойлохоос нааш гол түлхүүрүүдээ задлан шинжлэх, биснестээ шинэлэг санаа хэрэгжүүлэх үйл явцыг бүрэн төгс болсонд тооцож болохгүй юм. Яагаад? Яагаад гэвэл таны үйлчлүүлэгч өөр хэн нэгний биш харин зөвхөн таны бараа / үйлчилгээг худалдан авдгийн хамгийн гол шалтгаан нь бизнесийн хөгжлийн чандмань эрдэнэ болсон тэрхүү сэтгэл ханамж билээ.
Бүгдийг ёсоор нь хийхийн тулд үзүүлэлтийг давуу талаас, давуу талыг сэтгэл ханамжаас, сэтгэл ханамжийг үзүүлэлтээс ялгадаг байх ёстой юм.

Үзүүлэлтүүд: Бидний бараа / үйлчилгээний хувьсаж өөрчлөгддөг шинж чанар.
Давуу тал: Бараа / үйлчилгээг үйлдвэрлэх болон борлуулах замаар хүрсэн үр дүн.
Сэтгэл ханамж: Үзүүлэлт ба давуу талыг ашиглан хүрдэг сэтгэл хөдөлгөсөн үр дүн.


Хүмүүс автомашиныг, байшинг, зоогийн газрын хоолыг, үнэт эдлэлийг, фитнес төвд дасгал хийх эрхийг худалдаж авдаггүй билээ. Тэд автомашин, байшин, хоол, үнэт эдлэл болон фитнес дасгалын өгч буй тэр мэдрэмжийг л худалдан авдаг юм. Хүмүүс үзүүлэлтүүд болон давуу талыг худалдан авдаггүй. Тэд сэтгэл ханамжийг худалдаж авдаг юм.
Жишээ нь та 400 морины хүчтэй хөдөлгүүртэй автомашин авлаа гэж бодъё. Хүч ихтэй хөдөлгүүр нь машины бодит нэгэн хэсэг, түүний үзүүлэлт нь юм. Машин 5.5 секундэд цагт 100 км/цагийн хурд авдаг гэвэл богино хугацаанд өндөр хурд авах чадвар нь хөдөлгүүрийн чадлаар үүсэж буй давуу тал нь юм. Харин та нүд ирмэхийн төдийд асар өндөр хурданд хүрснээр таны цус хөөрч, үгээр хэлэхийн эцэсгүй баяр бахдал, төгс хүчийг мэдрэх болно. Энэ бол сэтгэл ханамж бөгөөд чухам үүнийг л худалдан авагчид хүсэн хүлээдэг юм.
Одоо гартаа барьж буй номоо бодоод үз. Мэдлэгийн олон салбарын (нейрологи, квантын физик, бизнес-коучинг, бодит дадлага туршлага) олон арван жилийн судалгаа шинжилгээний үр дүнг нэгтгэсэн нь түүний үзүүлэлт юм. Тэдгээр үзүүлэлтүүд нь энэ номын давуу талуудыг бий болгож байгаа бөгөөд уг номд хэрхэн бизнес эрхлэх талаар ойлгомжтой бөгөөд хоёрдмол утгагүй өгүүлсэн билээ. Бизнесийн амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүрт тулгардаг асуултуудын зайлшгүй чухал хариултуудыг өгч байгаа нь энэхүү номын сэтгэл ханамж нь юм.
Бид «Нейрологи, квантын физик, бизнес-коучинг, практик бизнесийн орчин үеийн чиг хандлагын салбар дундын дүн шинжилгээ» гэж нэр өгсөн бол танд энэ ном ямар сэтгэгдэл төрүүлэх байсан бол? Алив, санаа зоволтгүй хэл л дээ... Эсвэл «Бизнесийн хөгжлийн хосгүй чухаг хөтөч» гэсэн бол ямар вэ? Бидний номыг авахаасаа өмнө «Энэ ном надад хэрэгтэй юү? Үгүй юү? Үүнээс ямар ашиг гарах вэ?» гэж та удаан бодсон байх. Ийм учраас бид «Хариу» гэдэг нэрийг сонгосон билээ. Дээрх гурван нэр нь бүгдээрээ уг номын агуулгатай тохирч байгаа юм. Гэхдээ та бидний зохистой үйлчлүүлэгч бөгөөд угтаа таны хүсэж буй зүйл тань хариу учраас бид энэ нэрэн дээр тогтсон юм.
Зохистой үйлчлүүлэгчийнхээ үнэн хүслийг таньж түүнийг нь биелүүлж чадах аваас таны бизнес өөдлөн дэлгэрэх учиртай билээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
PostPosted: Jul.22.10 6:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Арван гуравдугаар бүлэг

ТАНЫ БИЗНЕСИЙН ДНХ
Хэрэв та хэзээ нэгэн цагт каратэчдийн үзүүлэх тоглолтыг үзэж байсан бол тэд хөлөөрөө эсвэл нудрагаараа модон самбар, тоосгыг хэрхэн хага цохиж байхыг харсан байх. Үнэхээр биширмээр байгаа биз? Зохих бэлтгэл хийвэл та ч бас тэгж чадна. Харин ийм үзэгдэл танд ямар санагдах бол? Америкийн тал хээр нутгаар хар шуурга яваад өнгөрсний хойно сүрэл мэт цуу татагдсан ган хавтанцрууд олддог байна. Ган хавтанг сүрэл шиг цуучих тэр их хүч салхи шуурганд хаанаас бий болсон юм бол?
Энэ бол төвлөрлийн хүч. Энэ бол бизнесийнхээ дүрслэлийг үүсгэж, батжуулах нотолгоонуудыг томьёолж байх тэр үед бидний дотор сэрж байдаг тэр хүч юм. Энэ бол зохистой үйлчлүүлэгчийн дүр зургийг бүтээх бололцоог өгдөг тэр хүч. Энэ хүчийг бид бизнесийн мөн чанарт нэвтрэхдээ хэрэглэх болно. Аливаа зохистой үйлчлүүлэгч хүлээн авсан тэр даруйдаа «Чөтгөр ав, энийг яаж хийдэг байна аа?» гэж асуухаар тийм хурц тод, хоёр утгагүй, тийм тодорхой чиглэсэн, зохистой үйлчлүүлэгчдээ явуулах илгээлтийг бид үүсгэх болно.
Маркетингийн жирийн нэг илгээлт хаанаас тийм хүчийг олох юм бол? Учир нь тэр илгээлт таны бизнесийн үзүүлэлтүүд болон давуу тал дээр биш харин үйлчлүүлэгчдийн тэсэж ядан хүлээж буй зөвхөн тэр сэтгэл ханамж дээр төвлөрсөн юм. Тэрхүү сэтгэл ханамжийг хөндсөнөөр та түүний хүслийг бусдаас илүү биелүүлж, хэрэгцээг нь хангадаг биш харин тэгж чаддаг цорын ганц нь гэдгийг тэр илгээлт таны зохистой үйлчлүүлэгчид ухааруулах болно.
Ийм илгээлтийг худалдааны хосгүй санал буюу товчилбол ХХС гэх бөгөөд тэр нь таны бизнесийн ДНХ билээ.
ХХС: ТАНЫ ДНХ

ХХС нь худалдан авагчид олон өрсөлдөгчдийн дотроос таныг эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр сонгохын тулд таны тэдэнд амлаж буй хамгийн гол сэтгэл ханамж юм. Тэр нь таны бараа / үйлчилгээний үйлчлүүлэгчийн нүдээр харахад илүү чухалд тооцогдох онцлог талуудыг агуулсан, бусад өрсөлдөгчидтэйгөө харьцуулахад чухам ямар онцгой зүйл танд байна вэ гэдгийг харуулсан байдаг. Таны ХХС нь таны үйлчлүүлэгчид өөр бусдаас биш харин танаас худалдан авдагын чухам тэр учир шалтгаан билээ.
Хүмүүс ХХС-ыг ердийн маркетингийн овжин илгээлт маягаар хүлээн авдаг ч тэр нь үнэн хэрэг дээрээ хамаагүй ихийг агуулдаг. Хүчтэй ХХС нь шинэ брендын үндэс суурийг тавьж, компанийн үнийн бодлогыг тодорхойлж, ажилтнуудад үлгэр дууриал болж, өдөр тутмын бизнес үйл ажиллагааны хэдэн арван мянган шийдэл гарахад нөлөөлдөг. «Уолмарт» сүлжээ нь жижиглэн худалдааны дэлхийн томоохон сүлжээний нэг бөгөөд түүний эзэмшигчид энэ гаригийн хамгийн баян хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог билээ. Энэ бүхэн нь «"Уолмарт". Мөнгөө хэмнэ. Сайхан амьдар» гэсэн амжилттай бөгөөд хүчтэй ХХС-ын ач юм.
Сайтар бодож тунгаасан ХХС нь өөрийн үйл ажиллагааны утга учрыг хүн бүрд хүрэх нэгэн өгүүлбэр болгон зангидах боломжийг олгодог. Гэвч ихэнх компаниуд ХХС-ын талаар огт боддоггүй бөгөөд цаасан дээр хэвлэсэн компанийн зорилтууд нь хаа нэгтэйгээс (ханын самбарынх нь булангаас эсвэл захирлын ширээнийх нь шургуулганаас) олдож болох ч ажилтнуудынх нь 99 хувь нь тэдгээр зорилтууд чухам ямар учиртай болохыг огт мэддэггүй.
Та «Форд моторс» эсвэл «Женерал моторс» компанийн дээд удирдлагуудын зөвөлгөөнд сууж тэднээс хүн бүр 30 секундэд багтаан компанийнхаа зорилтуудыг бичихийг хүсвэл олон янзын хариу авах болно. Бид яагаад ингэж бодох болов? Бид «Женерал моторс» болон «Форд моторс»-ын үйл ажиллагааг гаднаас нь хараад ингэж дүгнэж байгаа юм. Тэд зохистой үйлчлүүлэгчидтэйгээ харьцах бүх холбоогоо алдаж үйлчлүүлэгч бүрд таалагдахыг оролдож байгаа бөгөөд энэ нь сүйрэлд шуудхан хөтлөх зам билээ.
Харин дээрхи асуултыг «Лексус» компанийн удирдлагын зөвөлгөөн дээр тавиад үзвэл тэнд хэдэн хүн байхаас хамаарахгүйгээр бүгд нэг ижил өгүүлбэрээр хариулах болно. Уг өгүүлбэр нь: «"Лексус". Төгс төгөлдөрийн эрэлд» гэсэн байх болно.
Яагаад? Яагаад гэвэл тэр хүмүүс бүгдээрээ компанийнхаа ХХС-ыг мэддэг учраас тэр. Зохистой үйлчлүүлэгч нь хэн бэ, тэд өөрсдөө хэн бэ гэдгийг тэд сайн мэддэг.
«Лексус» ба «Уолмарт»-ын ХХС нь зарчмын хувьд өөр байгааг та анзаарч байгаа байх. «Уолмарт»-ын ХХС нь хамгийн хямд үнэ дээр үндэслэсэн бол «Лексус»-ын ХХС нь харваас хямд байж таарахгүй өндөр чанарыг амласан байна. Гэхдээ энэ нь чухал биш бөгөөд тэд өөрсдийн ДНХ-г мэддэг учраас ажлаа гаргууд хийдэгт л гол нь байгаа юм.
Олон компани хэрэглэгчидээ татах зорилгоор өөрсдийн уриа, сурталчилгааны лого, таних тэмдэгийг бодож олцгоодог ч ХХС нь танд хамаагүй ихийг бүтээж өгөх болно. Энэ нь таны бизнесийн амин сүнс юм. ХХС нь гадаад ертөнц болон компанийн дотоодод чиглэсэн, бидний бизнесийн мөн чанарыг гүн тусгасан илэрхийлэл юм. Тэр нь үйлчлүүлэгч, хамтран ажиллагч, ханган нийлүүлэгч, хөрөнгө оруулагч гэх зэрэг бидний бизнестэй холбоотой хэнийг ч болов татахад тусалдаг.
Энэхүү бүлэгт бид гайхамшигт ХХС-ын зарим жишээг танилцуулж, таны өөрийн худалдааны хосгүй саналыг бүтээхэд туслах болно.

ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ТУХАЙ БИШ, ХАРИН
СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ТУХАЙ Л ЯРЬ

Маркетингийн үр ашигтай хөтөлбөр боловсруулах ажил нь танай компани чухам юу хийдэг, үйлчлүүлэгчиддээ чухам ямар сэтгэл ханамжийг амлаж буйг тайлбарласан тов тодорхой илгээлт бий болгохоос эхэлдэг. Худалдааны хосгүй саналын зорилго нь ийм юм. Сонирхол татахуйц, амьдрах чадвартай ХХС бий болгох нь өрсөлдөгчдийнхөө дундаас товойж гарахын тулд зайлшгүй хийх алхам юм. ХХС нь зөвхөн маркетингийн хувьд төдийгүй хамгийн эхний шатнаас авахуулаад үйлчлүүлэгчийн хүсэл биелэгдэх хамгийн сүүлийн шат хүртэлх нийт бизнесийн амжилтын гол шалтгааны нэг болж болох юм.
Гэхдээ ХХС-ыг зөвхөн үүсгэх нь бага хэрэг бөгөөд түүнийг хэрэглэж чаддаг байх хэрэгтэй. Цаг хугацаа, хүч чармайлт гарган байж бий болгосон тэрхүү өгүүлбэрээ бизнесийнхээ үйл ажиллагаанд оруулан хэрэглэх хэрэгтэй юм. Тэрхүү өгүүлбэр нь нэрийн хуудас, сурталчилгааны бүх материалууд болон танай компанийн вэб хуудсан дээр дурайж, үйлчлүүлэгчидтэй харьцаж буй танай ажилтнуудын амнаас ч бас сонсогдож байх ёстой.
Үр дүнтэй ХХС боловсруулснаар «байдаг л нэгэн» гэдэг ангиллаас амжилтанд хүрэгсдийн ангилалд шилжнэ гэсэн үг юм. Хэрэв та бизнест асар их амжилт олж, өөрийн салбартаа тэргүүлэгч нь болж, таны бизнес арвай, буудай мэт арвижан өсөхийг хүсэж байгаа бол ХХС амин чухал хэрэгцээтэй юм.
Ихэнх бизнесмэнүүд үйлчлүүлэгчдэд өгөх сэтгэл ханамжийг ярихын оронд бараа / үйлчилгээнийхээ үзүүлэлтийг сурталчилж алдаатай бодлого явуулдаг. Компьютерийг процессорын хурд, шуурхай санах ойн багтаамж, хатуу дискний хэмжээгээр нь сурталчилдаг. Зурагтыг дэлгэцийн хэмжээ ба төрлөөр нь, шингэн кристалл эсвэл плазм дэлгэцээр нь, өндөр давтамжтай видео дүрсийг гаргаж чаддаг эсэхээр нь сурталчилдаг. Автомашиныг хөдөлгүүрийн хүч, шатахуун зарцуулалтаар нь, тоон технологийн гэрэл зургийн аппаратыг мегапикселийн тоогоор нь , цангаа тайлах ундааг агуулж буй калорийн хэмжээгээр нь тодорхойлдог. Гэвч энэ бүхэн хэнд хэрэгтэй юм бэ?
Энэ бол үг, хөрөнгө хоосон урсгасан, хамгийн гол нь худалдан авагчдын анхаарлыг хэрэгцээгүй зүйлд хандуулсан хэрэг юм.
Үзүүлэлтүүд нь нэг бараа/үйлчилгээг нөгөөгөөс нь ялгадаг ч худалдан авагчдын шийдвэр гаргахад нөлөөлж чадна гэж үү? Тэр тусмаа тэдгээр үзүүлэлтүүд нь худалдан авагчийн итгэл үнэмшилд тохирохгүй байвал бүр ч үгүй юм. Аливаа худалдан авагч ухамсартайгаар эсвэл өөрөө ухааралгүйгээр үргэлж доорхи гурван асуултыг өөртөө тавьдаг:
Энэ надад ямар хэрэгтэй вэ?
Яагаад би заавал энэ бүтээгдэхүүнийг авах ёстой гэж?
Яагаад би заавал эндээс худалдаж авах ёстой гэж?
Таны ХХС энэ гурван асуултыг тавьж амжихаас нь өмнө хариуг нь өгдөг байх ёстой юм. ХХС нь тухайн бараа/үйлчилгээ нь чухам ямар маягаар үйлчлүүлэгчийн хүслийг биелүүлж, хэрэгцээг хангахыг мэдээлэх, таны компанийг өрсөлдөгчдийн эгнээнээс товойлгон учиртай юм.

«ЛИФТЭНД БОЛДОГ ЯРИА»

Таныг лифтэнд суухад дээд давхраас бууж яваа хүн тантай мэндлээд нөхөрсгөөр толгой дохилоо гэж бодъё. Таныг хариу мэндлээд түүний юу хийдгийг нь асуухад тэр хариулаад дараа нь «Харин та юу хийдэг вэ?» гэж танаас асуужээ.
Энэ асуултанд хариулахад гучин секундээс ихгүй хугацаа танд байна. Та юу гэж хэлэх вэ?
Энэ бол «лифтний яриа» хэмээн нэрлэгддэг, таны үйл ажиллагааны товч бөгөөд тодорхой, сайтар бодож тунгаасан тодохойлолтын сонгодог жишээ юм. «Лифтний яриа» нь танай компанийг хэзээ ч, хаа ч илэрхийлж товч танилцуулахад хэрэглэгддэг. Чухамдаа бол «лифтний яриа» нь таны ХХС-ыг өдөр тутмын жирийн амьдралд оруулсан хэлбэр юм.
Асуудал ба түүний шийдэл гэх хоёр хэсгээс бүрддэг, үр дүнтэй гэдгээ харуулсан нэгэн томьёо байдаг. Эхний хэсэг нь «Та ... гэдгийг мэдэх үү?» гэсэн үгээр эхлээд танай бараа/үйлчилгээтэй танилцах хүртэл үйлчлүүлэгчид тохиолдож байсан бэрхшээлийг тодорхойлж бичнэ. Хоёрдох хэсэг нь «Бид ...-г санал болгож байна?» гэж эхлээд таны бараа/үйлчилгээ нь үйлчлүүлэгчид учирсан бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэхийг тайлбарладаг.

«ЛИФТНИЙ ЯРИА» ХЭМЭЭХ ТОМЬЁО

«Та ... гэдгийг мэдэх үү?., (тохиолдсон бэрхшээл)»
«Бид ...-г санал болгож байна?., (таны бизнес санал)»
Хэрэв танд гучин секундэд амжуулахад бэрх юм шиг санагдаж байгаа бол та андуурч байна. Бүгд маш хялбархан. Жишээ нь:

«Та усны хоолойноос ус алдлаа гэж дуудлага өгөхөд ус сувгийн газрынхан бүтэн өдөр хүлээлгэж байж арай гэж ирдэгийг мэдэх үү?»

Таны лифтэнд танилцсан шинэ танил ойлгосон янзтай толгой дохиж байна. Тийм ээ. Энэ ямар байдгийг тэр мэднэ. Бид бүгд мэднэ. Түүнд ус сувгийн газрынхантай холбоотой хувийн туршлага байхгүй байсан ч тэр үүнийг дотроо төсөөлж чадна.
«Та ... гэдгийг мэдэх үү?» гэдэг шидэт үгс нь ярилцагчдыг агшин зуур нэг сэдэвт төвлөрүүлдэг. Таны арилгахыг хүсэж буй бэрхшээлийг эдгээр үгс дүрслэн илэрхийлдэг. Харин энд таны бизнес санал нь:
«Бид үйлчлүүлэгчиддээ хүндэтгэлтэй хандаж тэдний цагийг эрхэмлэн үздэг. Ийм учраас манай засварчид таны ая тухыг алдуулахгүйн тулд тогтоосон цагаасаа арван таван минутаас хэтрэлгүй очиж засварыг түргэн бөгөөд чанартай хийж гүйцэтгэнэ гэдгийг бид батлаж байна».

Сайн кино зохиол яаж бичдэг талаар нэгэн шог яриа Холливудад байдаг: «Эхний үзэгдэлд танай баатар модон дээр гацаж орхино, хоёрдугаар үзэгдэлд та түүнийг чулуугаар шиднэ, гуравдугаар үзэгдэлд тэр модноосоо бууна».
Лифтний амжилттай яриа нь 30 секунд үргэлжлэх кинотой илүү төстөй бөгөөд манай баатар модонд авиран тэндээ гацна, дараа нь гэнэт гайхамшиг биелж тэр модноосоо бууна. Та бэрхшээл ба түүнийг шийдэх аргын аман зураглалыг бий болгож буй хэрэг юм.
Рекламчдын ярьдгаар «Эхлээд шархдуулна, дараа нь анагаана». Хэн нэгнийг татахын тулд сэтгэлийн хөдөлгөөнийг нь ашиглах хэрэгтэй (энэ тохиолдолд үйлчлүүлэгчиддээ санаа тавьдаггүй ус түгээгүүрийн компанид эгдүүцсэн үйлчлүүлэгчийн бухимдал). Бид тэрхүү сэтгэлийн шархыг нь анагааж, түүнд талархсан үйлчлүүлэгч манай үйлчлүүлэгч болно.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ ӨДӨӨЖ,
УЧИР ШАЛТГААНД ТУЛГУУРЛА

Бүх худалдаа нь үйлчлүүлэгчдийн сэтгэлийг хөндөхөд чиглэсэн байдаг ч худалдаж авах шийдвэрийг дан сэтгэлийн хөдөлгөөнөөр гаргадаггүй. Энд мэдээж учир шалтгаан нь мөн чухал юм. Өөрөөр хэлбэл энэ бүхэн доорх зарчмаар ажилладаг.
Хүмүүс ямар нэгэн зүйлийг сэтгэлийн хөдөлгөөндөө автагдаж, түүнийгээ учир шалтгаанаар зөвтгөн худалдаж авдаг.
Ийм учраас үйлчлүүлэгчдэд өгөх сэтгэл ханамжаас гадна бараа/үйлчилгээнийхээ үзүүлэлтийн тухай мэдээллийг давхар өгдөг. Сэтгэл ханамж нь үйлчлүүлэгчийн үнэн хүслийн илэрхийлэл байдаг бол үзүүлэлт нь үйлчлүүлэгчийн худалдан авалт хийснээ учир шалтгааны үүднээс зөвтгөх хэрэгцээг нь хангаж өгдөг байна.
«Та ... гэдгийг мэдэх үү?» хэмээх өгүүлбэр нь таны үйлчлүүлэгчийн сэтгэлийг хүчтэй хөдөлгөж байх ёстой. Таны дүрслэн өгүүлж буй тэр нөхцөл байдалд чухам юу түүний бухимдал, дургүйцлийг төрүүлэх вэ гэдгийг сайн бод. Таныг эмчид үзүүлэхээр очиход юу таны бухимдлыг төрүүлдэг вэ? Мэдээж удаан хүлээх нь хэцүү. Хэрэв та хувийн эмнэлэг ажиллуулдаг бол таны өмнө өргөн боломж нээгдэж байна: жишээ нь, та өөрийн үйлчлүүлэгчдийн авсан цаг дээр арван минутаас илүү хүлээлгэхгүй гэсэн баталгаа гаргаж түүндээ хүрдэг байж болно.
Зоогийн газарт таныг юу бухимдуулдаг билээ? Сул ширээ гарахыг хүлээх, хажуугийн ширээнд сууж буй хүүхдүүдийн дуу шимээ, удаан үйлчилгээ, хоолны амт чанар хангалтгүй байх г.м. Өөрөөр хэлбэл тэнд шинэлэг санаа нэвтрүүлэх, илүү үр дүнтэй ХХС үүсгэх шаардлагатай уудам зай байна.
Сэтгэлийн чавхдасыг нь хөнд, тэгвэл үйлчлүүлэгчид танай ХХС-д заавал анхаарлаа хандуулна.

ТОВЧ ХХС ҮҮСГЭХ НЬ

Хэн нэгэнтэй «лифтний яриа» үүсгэн ярилцаж байх үед таны өрсөлдөх давуу талын жинхэнэ мөн чанарыг гаргаж хэлэхийн тулд ганц хоёрхон үгэнд багтаан тодорхойлсон илэрхийлэл, уриа хэрэглэх шаардлага гарах нь бий.
Ийм өгүүлбэр зохиохын тулд бодолдоо орж ирсэн бүгдийг сайн эсвэл муу гэж ялгалгүйгээр, юу бичиж байгаагаа ч бодолгүйгээр бичиж авах нь зөв бөгөөд; таны бизнес саналтай холбоотой «бодол урсгахыг» өөрийн оюун ухаандаа зөвшөөрч, ухаан сананаандаа орж ирсэн өгүүлбэр нэг бүрийг хичээнгүйлэн тэмдэглэж авагтун.
Мэргэжлийн олонх копирайтерууд (рекламны үг зохиогч) санамжийн карт хэмээх энгийн боловч өндөр үр дүнтэй нэгэн багаж ашигладаг. Энэ багаж нь дараах байдлаар ажилладаг. Хуудас цаас аваад голд нь компанийнхаа эрхэлдэг ажлыг бич (манай жишээн дээр тэр нь усны хоолой засах). Дараа нь таны үйлчлүүлэгчдэд гарч ирэх бүх л ашигтай талыг таны бодол санаанд хэрхэн орж ирсэн шиг нь дараалал харгалзахгүйгээр тоочиж нэрлэ. Жишээ нь ингэж:
«Санамжийн картын» нэг давуу тал нь дүн шинжилгээ хийхгүйгээр зөнгөөрөө ажиллах боломж олгодог. Хүний оюун ухаан ч мөн ингэж ажилладаг бөгөөд тэр нь тодорхой биш санамсаргүй дарааллаар ажилладаг. Оюун ухаанд бодлуудыг эмхэлж цэгцлэх шаардлага байхгүй юм. Санаа, бодлууд нь нэгэн зэрэг ирж буй хэдэн сая дохиоллоос бүрдэх бөгөөд бодол үүссэний дараа л тэдгээрийг эмхлэх арга замыг хайсан дүгнэн шинжлэх үйл явц эхэлдэг.
«Санамжийн карт» дээр бичигдэж буй нэг бодол нь эгшин зуур огт өөр бас нэг бодлыг үүсгэх чадвартай бөгөөд эмх замбараагүй үүсэж буй олон бодлууд дотор таны эрж буй тэр санаа хаа нэгтээ нь бий.

СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ЗЭРЭГЛЭЛ

Бүтээлч сэтгэлгээгээ «санамжийн картаар» гүйцээхийн тулд өөрийн бичсэн үйлчлүүлэгчид ашигтай талууд дотроосоо таны бодлоор үйлчлүүлэгчийн хувьд илүү ач холбогдолтойг нь ялгаж бич. Өөрийгөө үйлчлүүлэгчийн оронд тавиад хэрэв надад ус түгээгүүрийн засварчин хэрэг болсон бол би түүнээс юуг хамгийн их хүсэх байсан бол гэж өөрөөсөө асуу.
Зурсан схемээс харахад үйлчлүүлэгчийн хувьд илүү ач холбогдолтой үзүүлэлт нь «хугацаанд нь», «хүлээх хэрэггүй», «баталгааны хугацаатай, эсвэл үйлчлүүлэгч төлөхгүй байж мэднэ» гэсэн байна. Учир нь бүгдээрээ хэн нэгнийг хүлээхийг тэвчиж чаддаггүй шүү дээ. Харин «түргэн», «сайхан сэтгэлээр», «ёсоор нь » гэдэг нь яах бол? Ус түгээгүүрийн засварчин дуудахдаа бид эдгээрийг л түүнээс хүлээдэг. Тэгээд ч ус түгээгүүрийн засварчин бүр яг ингэж л ажилладаг гэж тангараглахад ч бэлэн байдаг. «Ажил нь маргааш хүртэл үргэлжилж магадгүй» гэдэг нь эерэг гэхээсээ илүү сөрөг талдаа юм. Харин «15 минутаас хэтрэхгүй очно» гэдэг нь «хүлээх хэрэггүй» гэдэгтэйгээ утга нь бараг ижил боловч тийм ч сайхан сонсогдохгүй байна.
Бүгдийг нь ангилсны дараа илүү ач холбогдолтой «хугацаанд нь», «хүлээх хэрэггүй», «баталгааны хугацаатай, эсвэл үйлчлүүлэгч төлөхгүй байж мэднэ» гэсэн үгс үлдэж байна. Товч ХХС зохиохын тулд тэдгээрийг нэгтгэж үзвэл доорх өгүүлбэр үүсэж байна:
«Усны хоолойн засварыг хугацаанд нь, хүлээлгэлгүй хийнэ. Эс тэгвээс та засварын хөлс төлөхгүй байж болно».
Ус түгээгүүрийн ажилтнаас ийм үг сонсвол бид түүнээс «Тэгээд та үүнийгээ яаж хийх юм бэ?» гэж асуух байх. Энэхүү ХХС нь чухам үүнд л чиглэгдсэн бөгөөд үйлчлүүлэгчдийн сонирхлыг танай бараа/үйлчилгээнд хандуулах зорилготой юм. Уриа дуудлага, эсвэл лифтний яриа хэлбэрийн танай ХХС-ыг сонссон хэн ч «Та үүнийг яаж хийдэг юм бэ?» гэж даруй асуудаг байх ёстой юм.



БОДИТ ТҮҮХ: «RE/MAX»

1970-аад оны үед үл хөдлөх хөрөнгийн ихэнх компаниуд өөрсдийн төлөөлөгчдөд дээрээс батлан тогтоосон хэмжээний тогтмол нэг хэвийн шимтгэл өгдөг байсан нь тэдний идэвх санаачлагыг боогдуулж байсан бөгөөд дээр нь тухайн салбарт ажиллах хүчний шилжих хөдөлгөөн их, зах зээл дээр туршлагагүй, мэргэжлийн бус ажилтнуудын илүүдэл өндөр байлаа. Дэйв ба Гейл Линигерүүд тэрхүү нөхцөл байдлыг өөрчилж, үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн өндөр төвшний шаардлагад бүрэн нийцэх агентлаг байгуулахыг хүссэн байна.
Линигерийнхэн өөрийн «RE/MAX» компанид ХХС бодож олсон бөгөөд түүнийгээ компанийн логоны хамт улаан-цагаан-хөх агаарын бөмбөлгөнд байрлуулан хөөргөх болсон ажээ. ХХС нь тэдний зорилтыг тусгаж, компанийн нь хосгүй үнэ цэнийг тэнгэрээс шууд илэрхийлэн, төдөлгүй америк хүн бүр тэдний «Бүхнээс өндөрт!» гэдэг уриаг мэдэх болсон байна. «Гайхамшигтай төлөөлөгчид, гайхамшигтай үр дүн» гэсэн өөр нэг уриаг ч мөн хэрэглэх болжээ.
«RE/МАХ» гуч гаруй жилийн турш жилээр биш сараар өргөжин цар хүрээгээ тэлж ирсэн бөгөөд энэ бүхэн нь өөрийн гайхамшигт ХХС-т үнэнч явж ирсний ач билээ.

БОДИТ ТҮҮХ: «ИНДИАН МОТОРСАЙКЛ»

1999 онд «Индиан Моторсайкл» бренд нэрийг худалдаж авахдаа үйлчлүүлэгчдэд шинэ компанийн үнэ хүндийг мэдрүүлэх, өөрөөр хэлбэл ХХС зохиох зайлшгүй шаардлагатай гэдгийг Мюррей сайн ойлгож байсан юм. Гэвч эхлээд өөрийн зохистой үйлчлүүлэгчийг тодорхойлох хэрэгтэй байв.
Шинэ «Индиан» нь байкеруудад мотоцикл зарж «Харли-Дэвидсон»-тай өрсөлдөх шаардлага байсангүй. Чанарыг үнэлдэг, түүнд мөнгө төлөхөд бэлэн, хангалттай орлоготой эмч, хуульч гэх мэт үйлчлүүлэгчдийг тус компани хайж байлаа. «Харли-Дэвидсон» компанитай өрсөлдөх байсан бол 13 000 долларын үнэтэй мотоцикл гаргах хэрэгтэй байсан ч бид үүний оронд 40 000 долларын үнэтэй мотоцикл гаргахын сацуу тухайн бүтээгдэхүүний шинэ ангиллыг бий болгосон юм. Харин 195 долларын үнэтэй савхин хүрэмний оронд 1200 долларын үнэтэй савхин хүрмийг «Индиан» санал болгох болсон юм.
Шинэ «Индиан» нь бүтээдэхүүнийг нь өндөр үнэлдэг, илүү ихийг төлөхөд ч бэлэн тийм үйлчлүүлэгчдийн анхаарлыг татахыг хүсэж байлаа. Чанарыг бүхнээс илүү үнэлдэг чухам тийм л үйлчлүүлэгчдийг олохыг Мюррей ба түүний багт даалгажээ. Компанийнхаа зорилтыг тодорхойлсны дараа Мюррей ба түүний хамтрагчид «Чанар нь үнээсээ давахуйд» гэсэн ХХС –ыг бодож олжээ.
Дараа нь «Индиан» тэрхүү ХХС-аа харанхуйг гэрэлтүүлэн зам заагч од болгон өөрийн үйл ажиллагаанд хэрэглэх болсон бөгөөд таталцлын хууль ч цааргалсангүй нөлөөлж, компани нээгдсний дараа үйлчлүүлэгчид үй олноороо татагдах болжээ.
ХХС бий болгохдоо үзүүрээс нь татахад компанийг тэр чигээр нь урагш хөдөлгөж, баригдмал байдлаас нь гаргах шижмийг үүсгэж буй мэт хандах хэрэгтэй юм.

БОДИТ ТҮҮХ: «ВАНКОУЧ»

Бид 2005 онд «ВанКоуч»-ыг үндэслэн байгуулж байхдаа мөн л дээрх зүйлсийг хийж гүйцэтгэсэн юм. Бид зохистой үйлчлүүлэгчээ тодорхойлох ажилд тун олон цаг зарсан бөгөөд түүнээс ч их хугацааг өөрийн бизнес дүрслэлээ зүлгэж өнгө оруулах хийгээд ХХС-аа томьёолоход зориулсан билээ.
Бидний зорилго нь зүгээр л нэг том бизнес биш харин мөрөөдлийн бизнесээ цогцлооход нь хүмүүст туслах явдал юм. «ВанКоуч» нь санхүүгийн ололт амжилтыг гол зорилгоо болгоогүй юм. Бид хүмүүсийн хамгийн нандин хүсэл мөрөөдлийг биелүүлэх тал дээр их амжилтад хүрэхийг хүссэн юм.
Бидний үздэгээр, амжилттай бизнесийг шууд нэг мөсөн байгуулж болохгүй бөгөөд энэ нь хүн өөрийн мөрөөдлийн амьдралд шилжих үйл явц юм.
Аливаа хүн зөвхөн санхүүгийн тал дээр ч биш, эрүүл мэнд, хувийн ба гэр бүлийн амьдрал, оюун санаа, шашин шүтлэг гэх мэт амьдралын олон тал дээр амжилтад хүрч болох билээ. Амжилт гэдэг нь ганц нэг тохиолдлоор илрэх үзэгдэл биш бөгөөд нэгдмэл нэгэн цул амьдралын бүх талын илрэл юм.
Энэ бүхнийг хэрхэн нэг өгүүлбэрт багтаах вэ? Олон дахин нарийвчилж тодруулсны үр дүнд:
«"ВанКоуч"». Арвин бизнес, арвин мөнгө, арвин амьдрал» гэдэг дээр тогтсон юм.

БОДИТ ТҮҮХ: «ФУНДАМЕНТАЛ ФИТНЕСС»

Сьюзен Томасын бизнесийг үндсээр нь өөрчлөх боломж өгсөн түүний шинэлэг санааны талаар эргэн нэг ярилцъя. Өөрийн зохистой үйлчлүүлэгчээ тодорхойлж, тэдний хүслийг биелүүлэх шинэ арга зам хайж байхдаа Сьюзен компанийнхаа жинхэнэ мөн чанар, амин сүнсийг тодруулж түүнийг илэрхийлэх товч ХХС бүтээхэд хэсэг хугацаа зарцуулжээ. Тэрээр юуны өмнө үнэ ба үнэ цэнэ хоёрын ялгааг гаргаж тавьжээ.
«Миний бизнест бүгд хямд үнээр өрсөлддөг. Би тэгэхгүй гэж шийдсэн юм. Би чанарыг санал болгосон» гэж Сьюзен хэллээ.
Эрүүл мэнддээ их анхаарал тавьдаг хүнийг Сьюзен өөрийн зохистой үйлчлүүлэгчээр төсөөлж байлаа. Түүний үйлчлүүлэгчид фитнесээр хичээллэхийг хэдий хүсдэг ч ажил ихтэй, чөлөөт цаг багатай хүмүүс бөгөөд тэдний хувьд үнээс илүү цаг хугацаа чухал гэдгийг тэрээр мөн ойлгож байлаа. Өөрийн зохистой үйлчлүүлэгчийн нэн тэргүүний хэрэгцээг тодорхойлоод Сьюзен доорхи ХХС –ыг богино хугацаанд бий болгож чаджээ.
«Бид таныг ердийнхөөс хоёр дахин богино хугацаанд хэлбэржүүлнэ»
Үйлчлүүлэгчид нь Сьюзен ба түүний ажилтнуудаас энийг яаж хийх тухай асуувал: «Таныг манай төвд анх ирэхэд чухам ямар дасгалаар, хэрхэн хичээллэдэг болохыг танд үзүүлнэ. Бид танд мэдэх ёстой бүхнийг тань хэлж өгч, хүссэндээ хүрэхэд тань туслах болно» гэж хариулдаг байна.

ХХС-ЫН ЗАРИМ ЖИШЭЭ

Таны унаж буй унаа таны тухай бүхнийг өгүүлнэ.
Бид дөрвөн одтой буудалдаа дэн буудлын үнээр буулгадаг.
Таны санхүүгийн үүргийг таны хөрөнгө болгоцгооё.
Халуун пицца арван таван минутад — баталгаатай!
Автомашин манайх байхдаа баталгаатай.
15 минутад автомашины даатгалынхаа 15 хувийг хэмнэ.

«ЛИФТНИЙ ЯРИА» ХЭРХЭН ҮҮСГЭХ ВЭ?
Одоо таны ээлж. Өөрийн зохистой үйлчлүүлэгчийн гол түлхүүрүүд болон танай компанийг өрсөлдөөн дундаас өөд нь татах шинэлэг санаануудыг санаж, үйлчлүүлэгчдийг тантай харьцахад хүргэж буй тэдний хамгийн амин чухал, хойшлуулшгүй асуудал бэрхшээлүүдийг цэгнэж үзэгтүн.
«Та ... гэдгийг мэдэх үү?» ба «Бид ...-г санал болгож байна» хоёр өгүүлбэр нь аль болох товч байвал зүгээр. Үг нь цөөн байх тусмаа үр дүн нь их байдаг.


МИНИЙ «ЛИФТНИЙ ЯРИА»
Та ______________________________________________________
_________________________________________________________
________________________________________
_________________ гэдгийг мэдэх үү?

Бид __________________________________________________
______________________________________________________
__________________________________________________________-г санал болгож байна.

ТАНЫ ТОВЧ ХХС

Одоо өөрийн зохиосон «лифтний яриаг» ихээхэн утга учиртай, тогтооход хялбар уриа болгох гээд үз. Санамжийн картын тусламжтайгаар санаануудыг чөлөөтэй сонгох боломжийг өөрийн оюун ухаандаа өгч, гол түлхүүрүүд тодорхойлох дасгалаа сөхөн харж, үйлчлүүлэгчийнхээ гол бэрхшээлүүд ба сэтгэл ханамжийн талаар дахин нэг бодогтун. Өөрийгөө үйлчлүүлэгчийнхээ оронд тавиад танай чиглэлийн бизнест чухам юу таны уур бухимдлыг төрүүлж, хамгийн их таагүй байдлыг үүсгэж байна вэ, энэ бизнес үнэхээр онцгой байхын тулд юу хийх хэрэгтэй байна вэ гэдгийг болон үйлчлүүлэгчдийн сэтгэл хөдлөл ямар байхыг өөрөөсөө асуу.
ХХС нь товч байх ёстой. Тохиромжгүй өгүүлбэр толгойд орж ирээд байвал санаа зовох хэрэггүй. Түнийг зөв томьёолж, засаж зүлгэхэд хугацаа хэрэгтэй. ХХС нь таны санал болгож буй бараа/үйлчилгээнд хүмүүсийн анхаарлыг хандуулах ёстой гэдгийг санагтун. Өгүүлбэрийг хүмүүсийн сонирхлыг үнэхээр өдөөж чадахаар болтол нь дахин дахин засаж хуулан бич. Та үүнд олон өдөр хоног, долоо хоног, сар зарцуулж ч магад. Харин бүтэмжтэй болсоныг нь хэрхэн мэдэх билээ? Тэр тун амархан. Хүмүүс «Тэгээд та үүнийгээ яаж хийх юм бэ?» гэж асуугаад эхлэнэ шүү дээ.
МИНИЙ ХХС
_____________________________________________________________________________
_________________________________________________________________

БОДИТ ТҮҮХ: «УОРЛД ВЕНЧУРЕС ТРЭВЕЛ»
Хүний хүчин чармайлт ямар нэг үр дүнд хүргэдэг болов уу? Үүнийг Дэйв ба Иветт Уллоа нараас асууя. Цагдаагийн ажилтан асан Дэйв нь Лос-Анжелес хотын цагдаагийн газар, харин эхнэр Иветт нь Бербенк хотын захирагчийн албанд эдийн засагч хийдэг байжээ. Тэд аялал жуулчлалын бизнес эрхэлж их мөнгө олъё гэж шийдэцгээжээ. Гэвч компани нь ашгаасаа давах дөхсөн зарлага гаргаж, орлого нь тэдний өмнө нь олж байснаас нэмэгдээгүй учир өөдлөж чадахгүй байсан тэр нөхцөл байдал нь бидэнд хандахад хүргэсэн байна. Бид тэдэнд «нейроны термостат» тавьж, нейроны төгөлдөржүүлэлтийн аргаар шинэ итгэл үнэмшил бий болгох, зохистой үйлчлүүлэгчээ тодорхойлж, ХХС-аа томьёолоход нь тусалсан юм.
Тийз захиалга болон хүүхэдтэй гэр бүлд зочид буудлын өрөө захиалахад нь туслах агентлагийн үйлчилгээг Дэйв, Иветт нар өөрсдийн үйлчлүүлэгчдэд санал болгодог байв. Тэдний ХХС–ын эхний хувилбар нь:
«Хүмүүс аяллал жуулчлалын үед зардлаа зөв зохистой хуваарилахад бид туслана»
гэсэн уриа байжээ.
Нуршуу, чамин, сонирхол татахааргүй байгаа биз? «Зардлаа зөв хуваарилах» гэдгийг сонсоод ихэнх үйлчлүүлэгчид хөмсгөө зангидаж, энэ чинь юу гэсэн үг вэ гэж асуух байх. Иймэрхүү утга учиргүй уриаг хүмүүс унших ч үгүй бизээ. Яагаад ч юм бүү мэд, ихэнх бизнесмэнүүд гоё ганган хэллэг ашиглан хүмүүсийг татна гэж бодддог. Харамсалтай нь хүмүүст чамин хээнцэр үг хэллэг огт хэрэгггүй юм. Тэд зүгээр л таны бараа/үйлчилгээ өөрсдөд нь юу өгөхийг л сонсохыг хүсэцгээдэг.
Дэйв, Иветт хоёр бүтэн гурван сар бидэнтэй ажилласны дүнд доорх ХХС-ыг бодож олсон юм:
Мөрөөдлийн аялалаараа мөнгө олоход тань бид туслана.
Энэ бол харин жинхэнэ ХХС юм. Учиртай бөгөөд товч тодорхой, сонирхол татахуйц, шууд л «Та тэгээд үүнийгээ яаж хийх юм бэ дээ?» гэсэн асуултыг өдөөсөн ХХС болсон байна. Ердөө л долоон үг бөгөөд хэрэв тооцож үзвэл нэг үг бодож олоход арван гурван хоног шаардагджээ. Ийм их хүчин чармайлт шаардлаа гэж үү? Шинэ ХХС хэрэглээд хэдхэн сар өнгөрөхөд тус агентлагийн оролого 400 хувиар нэмэгджээ.
Үр дүнтэй ХХС ийм хүчтэй ажээ.


ТАНЫ ХХС ТАНЫ АМНЫ УНШЛАГА БОЛОГ

Утга учиртай, үр дүнтэй ХХС бүтээсний дараа түүнийгээ өөрийн болгож, бусад ажилтнуудынхаа ухамсарт хоногшуулж, бизнесийнхээ эд эс бүхэнд шингэтэл ахин дахин давтах хэрэгтэй юм.
Дэйв, Иветт хоёр үйлчлүүлэгчидтэйгээ уулзах бүрдээ өөрсдийн ХХС аа ашиглах болсон бөгөөд үйлчлүүлэгчид ч тал бүрээс нь хүрээлэх болжээ. Мөн түүнчлэн муж улсынхаа худалдааны танхимын хурал дээр, төрөл бүрийн семинар дээр ч хүмүүстэй танилцахдаа хэрэглэх болсон байна. Өөрөөр хэлбэл ХХС-аа хаа сайгүй хэрэглэх болсон бөгөөд тэр тухай бүрд нь «Та үүнийгээ яаж хийх юм бэ?» тэднээс асууж байлаа.
Сайн ХХС-д үйлчлүүлэгчид гэрэлд цугласан дэнгийн эрвээхэй шиг л татагддаг. Түүний ачаар таны орлого эрс нэмэгдэж, ажилдаа ч өмнөхөөс өөрөөр хандаж, дотоод зөрчил, замбараагүй байдлууд үгүй болдог. Үр дүнтэй ХХС нь маркетинг мэтийн нарийн төвөгтэй салбарт ч амжилтын баталгаа болдог бөгөөд таны бизнест ашиглах гарын доорх хэрэглүүр билээ.
Олон хүн ХХС бүтээхийг хүсдэг. Гэхдээ ХХС бүтээх нь бүх алхмуудыг нь тодорхой дарааллын дагуу хийх ёстой үйл явц гэдгийг санах хэрэгтэй. Тийм гүн утгатай, тийм үр нөлөөтэй, тийм дур татам ХХС-ыг.шуудхан барьж аваад бүтээчихмээр санагдах нь энүүхэнд. Гэвч эхлээд бүх бэлтгэл ажлыг хийж гүйцээх хэрэгтэй бөгөөд таны зохистой үйлчлүүлэгч хэн болох, тэр жинхэнээсээ юу хүсдэгийг нь мэдэхгүйгээр түүний анхаарлыг татах гэж оролдох нь утгагүй юм.
Зохистой үйлчлүүлэгчийнхээ дүр зургийг тодорхойлсны дараа л ХХС боловсруулах ажилд орж болох билээ. Үүнд хэдий их хугацаа шаардагдаж байна төдий хугацааг харамгүй зориулах хэрэгтэй. Харин ХХС бэлэн болсон цагт хүрсэн амжилтандаа санаа амарч болохгүй бөгөөд өөрийн ХХС-ыг өдөр бүр өөр нүдээр харж, байнга хянан үзэж байх шаардлагатай юм.
Танай маркетингийн илгээлтийг зохистой үйлчлүүлэгчид хүргэх өөр, шилдэг аргууд үргэлж олдох бөгөөд бизнес эрхэлж байгаа цагтаа та тэдгээр шинэлэг аргуудаас хоцрохгүй байх нь зүйтэй билээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 15 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited