#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.13.19 6:08 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 13 posts ] 
Author Message
PostPosted: May.09.10 2:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Quote:
"Мастер Маргарита хоёр" бичлэгийн уралдаан зарлаж байна.

хугацаа: 2010. 6н сарын 1н хүртэл.

Үгийн тоо, сэдэв, хэлбэрт утга заахгүй. Өөрийн хүссэнээрээ илэрхийлж болох тус уралдаанд өгүүллэг, шүлэг, шүлгэн эрхи, эссээ гэх зэргээр утга зохиолын хүрээн дэх аль ч хэлбэрээр бичлэгээ явуулж болно. Шүүгчээр миний бие ажиллана.

Шагнал: Монголд байдаг хүмүүст монгол, гадаад сэтгүүл нэг нэг, мөн сүүлд гарсан шинэ номноос нэгийг өгөх болно. Гадаадад байгаа оролцогч түрүүлбэл монгол сэтгүүлийн хамгийн сүүлийн дугааруудаас пдф файл хэлбэрээр мөн бусад хэлбэрээр шагнах болно. Түүнчлэн үнэхээр сэтгэлд хүрсэн нэг өгүүллэгийг нэр хүнд бүхий сонин, сэтгүүлүүдэд нийтэлж өгч болно. Амжилт хүсье залуусаа.

Шагналыг оролцогчидын тооноос шалтгаалж өөрчлөхөөр шийдлээ.
1-29 оролцогчтой үед дээрх шагналаар
30-69 оролцог орсон тохиолдолд чанар нэмэгдэх болно. 2 байр эзлүүлнэ.
69 - ээс дээш оролцогч орсон тохиолдолд чанар нэмэгдэнэ. 3 байр эзлүүлнэ.


хэрвээ тэмцээн /тэмцээн гэх нэр тийм ч оновчтой биш ч одоогоор ингэж нэрлэхээр шийдлээ./ амжилттай болвол цаашид үргэлжлүүлж өрнүүлэх бодолтой байна. Жишээ нь дараа сарын тэмцээний хөтөч Мастер Маргарита - Михайл Булгаков, Гэм зэм- Феодор Достоевский, Дурлалгүй ертөнцийн блюз - Г.Аюурзана гэх мэтээр үргэлжлүүлэх бодол байна. Залуусаа энэ тал дээр мөн санлаа илэрхийлээрэй.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Last edited by Songodog on Jun.07.10 4:27 pm, edited 6 times in total.

Top
   
 
PostPosted: May.31.10 10:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
За хө энэ маань ийнхүү удаж сунжирсанд та бүхнээс хүлцэл өчье.
Шүүх Чандаа маань орж ирээд шүүнэ гэж найдаж байна.
Хэрвээ тэгэхгүй бол би өөрийн зүгээс шүүчихъе :)
Хэрвээ Чандаа руу явуулчихаад над руу явуулаагүй хүмүүс байвал
ахиж надруу ПМ бичихийг хүсэж байна баярлалаа :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
 
PostPosted: Jun.01.10 9:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Sirus VS Simona
Гишүүний ирүүлсэн бүтээл :)
____________________________________
НОХОД
1.
Аймшигт сүйрлээс хойш гурван өдрийн дараа сая нэг юм арал үзэгдэж, тэр шөнөө далайн давалгаа тэр хоёрыг завьтай нь эрэг дээр гаргав. Аялалын усан онгоцны сүйрлээс ердөө хоёрхон залуу л амьд гарчээ. Ямартаа ч тэд энэ удаа үхсэнгүй. Амь эрсдэхээр ямар ч аюул тохиолдсон хүн үхэх хугацаагаа хэд хоногоор, эсвэл бүр, хэдэн цаг, хэдхэн минутаар ч хамаагүй хойшлуулахын тулд бүхнийг хийдэг ажээ. Завин дотроо тэд шөнийг ухаангүй өнгөрүүлээд нар мандмагц туранхай залуу эхэлж ухаан орлоо. Өнөөх л цэнхэр тэнгэр… Өндийгөөд харвал эргэн тойрон үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Мэдээж тийм аймшигт сүйрлийн дараа ийм сайхан арал дээр цор ганцаараа амьд сэрсэн гэж итгэхийг хүссэнгүй, ухаангүй хэвтэх намхан махлаг залууг сэрээх гэж тэр багагүй хичээлээ. Түүний оролдлого ч талаар болсонгүй. Энэ бүхний дараа тэд үл мэдэх үзэсгэлэнт арлаас ямар нэг зүйл хайж эхлэв. Ус, хүнс, ямар нэгэн амьд амьтан, бас дээр нь хүн... Магадгүй хүнд үүнээс өөр зүйлс чухал шаардлагагүй байж ч мэдэх л юм. Арал нилээд том бас дээр нь их нууцлаг тул аялахад үл мэдэг айдас төрөх ажээ. Тэд цэвэр ус бага зэрэг хүнс олоод нар жаргахтай зэрэгцэн эрэг дээр ирж хоёр бөөрөн дээрээ "Далайн хүзүүвч" хэмээн бичсэн завин дотроо орж хэвтэцгээв.
-Чи хаашаа явж байсан бэ?
-Би Мадиера арлаас Бахам орох гэж явсан юм. Тэнд нэг төрлийн загас байдаг юм. Хөгийн амьтан л даа. Харин түрс нь алмас эрдэнэ л гэсэн үг. Дээдсийнхний зоогийн ширээн дээр л залардаг эд. Гэтэл би энд ингээд хэвтэж байдаг.
-Чи ч тэгвэл нэг төрлийн загасыг үгүй хийхээр явж байжээ дээ. Лусын хаан хэнийг хэрхэн зогсоохоо ч мэдэх юмаа. Би ч бас мөнгөнд дуртай. Тэгээд ч нэг төрлийн алмас эрдэнийн араас явсаар Далайн хүзүүвчээр аялахад хүрсэн юм. Хөгшин ахмадын хүргэн болчихвол би ч гараад өгөх байсан гэхүү дээ... гэхэд цаадах нь шоолонгуй хараад “Тарган хүргэн” гэж амандаа шивнэв.




Арал дээр өглөө боллоо. Эрэл хайгуул үргэлжилсээр л. Хачин юм. Атлантийн далайн энэ хавьд ийм том эзгүй арал байх ёсгүй дээ. Тэд алхаад л... алхах зуураа хоорондоо ярилцана.
-Хөөе бүдүүнээ хоёулаа шинэ арал нээсэн бололтой.
-Тэгвэл энэ арлыг "Ясан хүзүүвч" гэж нэрлэвэл таарна. Далайн хүзүүвч хөлөг онгоцны зорчигч анх олж нээжээ. Тэр маш туранхай, дээр нь Далайн хүзүүвч хөлгийн зорчигч байсан болохоор өөрийн нээсэн арлаа Ясан хүзүүвч гэж нэрлэсэн байна гээд л шуугицгаах байлгүй.
-Ясан хүзүүвч... надад энэ нэр таалагдаж байна. Одооноос эхлээд миний нэр Ясан хүзүүвч болог. Харин чи өөрийгөө хэн гэж дуудуулмаар байна? Махан хүзүүвч?
-Өчигдрийн нэр чинь арай дээр юм байна.
-Үлдсэн ганц найзыгаа би хүссэнээр нь дуудна аа…

Тэд нар жаргахаас өмнөхөн завин дээрээ ирэв.
-Далайчны хүргээн. Би эзгүй арал дээр очиж байна гэж дандаа л мөрөөддөгсөн. Тэгээд өөрийн олж нээсэн арлаар тэнэж явтал нэг харанхуй бүдүүлэг омог олдог байгаа. Гэтэл тэр нь ямар омог байсан гэж санана?
-Хамартаа яс зүүсэн махан идэштнүүдийн омог уу?
-Үгүй дээ хүргэн минь. Үзэсгэлэнт хүүхнүүдийн омог. Тэд эр хүнийг хаан мэт тахин шүтдэг юм. Тэгээд би тэдний эзэн хаан нь болоод...
-Чи яг тэнэг байхаа. Тийм омгийн удирдагч болох хүсэлгүй эр хүн хаана байхав дээ. Тэгээд цааш нь яриач...

Туранхай залуу хэн нэгний муухай орилох чимээнээр цочин сэрээд завинаасаа огло үсрэн босов.
-Далайчаан юу болов оо? Ойн захаас бүдүүн найз нь гүйгээгээрээ орилно:
-Махчин... Тэнд маш том махчин байна.
-Хаана тэр вэ? гээд тэр завин дотроос сэлүүр олж атгав.
-Тэр... тэр, тэнд намайг идэхээр над руу гэтэж байсан. Маш том, хурц шүдтэй. Би ус авахаар явсан юм. Гэнэт л араас гараад ирсэн гээд тэр завь руу үсэрч оров.
-Чи бид хоёр бүтэн хоёр өдөр энэ арлаар тэнэхдээ ширхэг ч амьтантай таараагүй шүү дээ.
-Тэгвэл... яг зөв... тэр л бүгдийг нь идсэн.
Тэд сэлүүрийнхээ үзүүрийг цавчин зэвсэг хийж аваад горхины зүг яг л анчид шиг маш болгоомжтой явлаа. Мод руу ороход хаа сайгүй айдас цацчихсан юм шиг л байв. Мод, өвс, чулуу гээд ер нь юм бүхний араас хэн нэгэн тэднийг нууцаар хараад байх шиг. Эсвэл, мод, өвс, чулуу өөрсдөө тэднийг ажиглаад байх шиг санагдав. Явсаар горхины дэргэд "Далайчны" орхисон зүйлс дээр ирэв.
-Хаана байсан юм бэ? /шивнэнэ/
-Яг тэнд.
Гэнэт тэдний ирсэн зүгээс нохой хуцах чимээ гарав. Хоёр залуу зогтусан бие бие рүүгээ харснаа, завиныхаа зүг хар хурдаараа гүйв.
-Тэгэх ёстой.
-Юу
-Энэ арлыг тэд мэддэг л байж таараа.
-Хэн
-Онгоц сүйрсэн. Тэд аврах багаа нааш нь ирүүлж. Сүйрэл болсон газартай хамгийн ойрхон арал нь энэ байж таараа. Ингээд аврагдлаа. Аврагчид.
Гүйсээр ойгоос гартал завины дэргэд үнэхээр нэг том нохой байв. Харин ямар ч аврагчид, усан онгоц алга.
-За тэгэхээр Далайчны хүргэн минь, энд нохой байгаа юм чинь хаа нэгтэй эзэн нь байж л таараа. Чи бид хоёр буруу газраар хайгаад байснаас зайлахгүй. Энэ хавьд эзгүй, хүнгүй арал нэг ч байхгүй. Харин өнөөх нь шивнэх шахан:
-Ясан хүзүүвчээ болгоомжтой. Над руу гэтэж байсан амьтан чинь наадах чинь мөн юм шиг байна.
-За больж үз. Зүгээр л нэг нохой байна шүү дээ.
-Гэхдээ аварга том. Бас нүдийг нь чи хар л даа.
-Том байна аа. Чи өмнө нь Сенбернар харж байсан уу? Үүнээс ч том нохой байдаг юм шүү дээ. Тийм ээ нүд нь ч бас ширүүн юм. Гэхдээ чи бид хоёрыг энэ нохой идэхгүй ойлгов уу? Харин энд ахиад хэд хоновол бид үүнийг алж идэж болох юм. Сонс далайчаан, чи бид хоёр бол хүн. Хүн хэзээ ч нохойноос айдаггүй юм.
Нохой тэднийг шинжиж харах нь яг л үл итгэсэн хүний нүд шиг харагдана.
-Энэ эзгүй арал дээр чи энэ хагас зэрлэг Сенбернарыг ганцаараа юу хийж байна гэх гээ вэ? Тэгээд ч би олон Сенбернар харж байсан. Ийм Сенбернар хаа ч байдаггүй юм. Ер нь энэ нохой биш ч юм билүү гэхэд нь Ясан хүзүүвч ууртайгаар Далайчныг заамдан авч:
-Энэ гөлөг биднийг хүмүүс дээр аваачих болно. Далайчин минь чи наад айдсаа тэврээд наад новшийн завин дотроо унтаагаараа, үхсэн хадам эцгийнхээ араас очвол оч. Эсвэл надтай хамт яв гэж хэлж дуусмагцаа нүүрэн дэх догшин царайгаа хормын дотор өөрчилж огт уурлаагүй дүртэй болон захыг нь эелдэгээр янзлаад:
-Алив том найз минь биднийг гэртээ аваад оч хэмээн нохойд хандан хэлэв.
Нохой чив чимээгүй тэднийг ширтэн сууж байснаа ойн зүг шогшив. Ясан хүзүүвч нохойн араас гүйнгээ:
-Далайчаан завин доторх зүйлсээ аваарай. Бид энд эргэж ирэхгүй…
Залуус хэдэн цаг нохойн араас гүйв. Далайчны хүргэн зогсоо зайгүй ямар нэг юм үглэж харин Ясан хүзүүвч дув дуугүй гүйсээр байв. Хурд нь бага багаар саарсаар сүүлдээ тэд зүгээр л алхаж эхлэв. Аварга нохой тэднийг ийнхүү бүтэн өдөржин дагуулан шогшив. Нар жаргаж байхад тэдний өмнө нэгэн хачин этгээд тосгон гарч ирэв. Өнөөх дөрвөн хөлтэй, үсэрхэг газарчин ч тэднийг орхин тосгоны зүг гүйн одов. Залуус үнэхээр эцжээ. Хоёул гуйвсаар тосгон руу явж оров.
Ер бусын булчинлаг биерхүү эрчүүд энд тэндээс гарч ирэв. Залуус эхний хүмүүсийг хараад л хаашаа ч хөдлөхгүй нам зогсов. Зөвхөн толгой, нүд нь л айж гайхах зэрэгцэн хөдлөнө. Тэдгээр хүдэр эрчүүдэд хувцас гэж үгүй, зөвхөн бэлэг эрхтнээ ямар нэг ургамалаар халхалжээ. Эдгээр эрсийн өндөр нь бараг 3 метр шахам. Энд тэндээс ноход гарч ирэн тэр хоёрыг сонирхон харах нь үнэхээр далайчны хэлсэнчлэн идэш зууш руугаа харах мэт ажээ. Хамгийн гайхалтай нь хоёр метр давсан өндөртэй булиа эрчүүд бяцхан хоёр зочноосоо айж эмээсэн шинжтэй. Тэдний сууцны тал нь газар дор байх бөгөөд хаа сайгүй ноход гүйлдэнэ. Бүх зүйл нэг л биш... тэдэнд огт өөр гариг дээр ирчихсэн мэт санагдаж байлаа.

"Ясан хүзүүвч" далайд шумбан загаснуудын түрсийг сорж эхлэв. Эргэн тойрон хэдэн зуун хүмүүс загаснуудыг ийн сорно. Тэгээд эрэг рүү сэлсээр гарч шилэн сав руу түрсээ бөөлжиж гаргаад оронд нь уут дүүрэн алмас эрдэнэ авав. Гэтэл ууттай очир алмасыг нь нохой зуугаад зугтчих нь тэр. Хөгийн муу гөлөг гэж орилоод тэр сэрлээ. Далайчны хүргэн түүнийг гараараа бас хөлөөрөө тэврэн унтаж байв. Тосгон...
Том эрчүүдийн сууц…
Газар дорх хачин оромжинд нь нам унтжээ. Өндөр хүмүүсийн гэрний тал нь газар дор. Тиймээс хаалга нь тэр хоёрын хувьд цонхны үүрэг гүйцэтгэх ажээ. Ясан хүзүүвч цонхоор эргэн тойрноо харж зогсоно.
-Үнэхээр аварга, бас дээр нь булиа эрчүүд юмаа. Энэ их нохойгоор тэд юүгээ хийдэг байна аа гээд гэнэт зүүдээ эргэн санав бололтой Хөгийн муу гөлөгнүүд гэж шивнэв. Найз нь дэргэд нь ирж зогсоод:
-За, Ясан хүзүүвч минь... ямар ч байсан тосгон чинь байх нь байна. Гэхдээ царайлаг хүүхнүүдийн чинь оронд хоёр метр хол өндөр бадриун эрчүүд байх шив. Ингээд чи гладиаторуудын эзэн хаан болж харин би нохой маллах нь дээ.
-Энэ омгийнхон нохойг дээдлэн шүтдэг юм болов уу? Энэ их нохойг яах гэж тэжээдэг юм бол?
-Магадгүй ээ. Энэтхэгт үхэр, Монголд морь, Тайландад заан, Испанид бух, Мадагаскарт бөгжин сүүлт, Кувэйтэд ганц бөхт, харин энд нохой... яагаад болохгүй гэж? Ямар ч байсан энд бид аюулгүй гэж бодож байна.
Тосгонд үнэхээр ганц ч эмэгтэй хүн байсангүй. Тэнд жар шахам өндөр эрчүүд, бас дээр нь, янз бүрийн зуу гаруй нохой байх ажээ. Эрчүүдийн амьдрал нэг л уйтгартай. Учир нь тэд бүх л өдрийг зөвхөн загас барьж өнгөрөөх ба түүгээрээ эдгээр нохдыг хооллоно. Харин нохдын хувьд бидний мэддэг хүний үнэнч сайн нөхрөөс огт өөр. Хүнд эрхлэхгүй, хүнтэй тоглохгүй, ядаж мод шидэхэд араас нь гүйхгүй. Эндхийн эрчүүлд хэл яриа гэж байхгүй, дохиж зангах ч үгүй. Бие биеэ огт харахгүй байгаа мэт зөрөлдөнө. Харин ноход л хоорондоо ярилцах шиг энд тэнд архиралдана.

2.
Залуус энэ омогт ирээд бүтэн сар боллоо. Одоо тэд анх ирснээсээ огт өөр болсон байв. Тэдэнтэй хэн ч ярихгүй. Тэд юу ч хийхгүй. Орой хэн нэгэн өндөр эр загас үүдээр шиднэ. Тэд тэжээмэл амьтад шиг болжээ. Харин үе үе Далайчин хачин жигтэй зүйлс ярина.
-Энэ хүмүүс бол нохдын эзэд биш. Ноход нь ч тэдний тэжээмэл амьтад биш. Чи харахгүй байна уу, ноход маш зохион байгуулалттай байгааг? Хүмүүс нохдод хоол бэлдэж өгөх л үүрэгтэй. Хариуд нь ноход тэднийг амьд байлгаж байна. Энд хүн биш ноход эзэн нь. Адаглаад тэдэнд хүзүүвч ч алга.
-Миний нэр Ясан хүзүүвч шүү дээ. Би хэзээ ч нохойноос айж байгаагүй.
-За больж үз. Чи ч, би ч нохдоос айж байгаагаа мэдэж байгаа. Энэ том булиа эрчүүд яагаад ийм зориггүй, хоригдлууд шиг хоорондоо ч ярих эрхгүй байгаан бол гэж чи бодож үзсэн үү? Тийм ээ... чи хүртэл надтай ярихаас айж байна. Ноход сонсчихно тийм үү?
-Тэд хүний хэл мэдэхгүй шүү дээ Далайчаан.
-Чи өдөр бүр хаашаа явдгийг чинь би мэдсээн. Ясан хүзүүвч орноосоо огло үсрэн босч:
-Тиймээ би эрчүүдэд загасчлахад нь тусалдаг юм гэснээ хуруугаараа уруулаа оролдон ямар нэгэн зүйлийг бодох мэт хэсэг зогссоноо:
-За яахав, анх эрэг дээр ирээд завинд хэвтэж байхад би чамд нэг загасны тухай яриад байсан санаж байна уу? Далайчин толгой сэгсрэв.
-Бид хоёрын орой бүр иддэг энэ загас. Миний яриад байсан өнөөх амтат түрстэй загас шүү дээ. Хоёулаа эндээс явах хэрэгтэй. Тэгээд бүхэл бүтэн баг авчраад энэ эзгүй арал дээр өөрсдийн үйлдвэрийг байгуулна. Би очиж үзсэн. Хадан цохионы хүрхрээн цаана агуй байна лээ. Хүрхрээгээр өөрийгөө нуусан хэн ч мэдэхгүй агуй. Агуйн хүйтэн усанд тэд түрсээ шахдаг юм билээ. Далайчин Хүзүүвчийн үгэнд огт баярласангүй, тааз ширтэн хэвтээд маш тайвнаар:
-Чамайг өдөржин загас түрс гээд явж байхад би зүгээр л хардаг. Эргэн тойрноо, эндхийн амьдралыг ажигладаг. Энд бүх зүйл өөр байна. Чи бол хүн нохой, харин тэд нохой хүмүүс. Тэд бүхнийг удирдаж байна. Найз минь чи тэр хөгийн хэнд ч хэрэггүй түрснээсээ болоод сохорчихжээ. Чи бид хоёр нохойн хаант улсад байна. Энд бид хэн ч биш. Ямар ч амтгүй учраас л бид амьд байгаа юм. Эрчүүдийн нүдийг хараач. Хүний нүд ийм байдаг гэж үү? Бүх насаараа боолчлогдсон, эсвэл хоригдож дарамтлуулсан хүний нүд ч ийм байхгүй. Эндээс яаж явахаа чи тэгээд бодсон уу? Бас нохдыг яах болж байна? Гадаа ямар нэг чимээ гарч тэр хоёр шалавхан хаалгаар шагайвал бутны цаагуур ямар нэг юм шургачив. Лав л хүн биш. Энэ ярианаас гурав хоногийн дараа итгэхийн аргагүй зүйлүүд болж эхлэв.

Хэлгүй мэт явдаг эрчүүдийн хэн нэг нь муухай орилох дуунаар залуус хаалгаар авиран гарав. Бүгд нэг зүйл дээр овоорчээ. Эрчүүдийн хөл доогуур сүлжин мөлхсөөр харав. Юу гээч нь вэ? Бурхан минь...
Хоёр нохойг цавччихжээ. Гэхдээ цавчуулсан ноход амьд, юу ч болоогүй мэт нүдээ эргэлдүүлж байв. Гэтэл бие нь байдаггүй. Газар нохойн хоёр толгой хэвтэж байв. Хамгийн хачин нь дусал ч цус байхгүй. Хутгаар ч, сэлмээр ч ийм цэвэрхэн зүсэхгүй. Яг л ид шидийн үзүүлбэр шиг юм болоод байв. Залуус өмнө нь хэзээ ч үзээгүй зүйлээ харж байгаа тул орчин тойрноо ч анзаарсангүй. Нэг л мэдэхэд хүн нохойгүй бүгд тэр хоёрыг тойрон зогсжээ. Бүгдийнх нүд уур хорслоор дүүрсэн байв. Ноход ч яахав, хэзээний ийм нүдтэй. Харин үргэлж дальдчиж явдаг өнөөх аварга эрчүүдийн нүд яг нохдынх шиг хэрцгий болчихсон байв.
Тэгээд залуус гэм хийчихсэн мэт айж сандран, эрчүүлтэй хамт, шөнөжин цавчуулсан нохдын биеийг хайв. Мэдээж хүмүүс гэрэлтүүлж, хайцгааж, харин ноход араас нь дагана. Хянах мэт...
Үүрээр биеийг нь хаа байсан хадны ойролцоогоос оллоо. Бие нь ч мөн зүв зүгээр, сүүлээ хөдөлгөөд л, хойд хөлөөрөө биеэ маажаад сууж байв. Гэхдээ толгойгүй. Хүмүүс хэзээ ч нохдод гар хүрдэггүй, тэднийг чирдэггүй, дууддаггүй. Тийм болохоор энд байна гэж бусдад нь харуулаад л тосгон руугаа буцав. Шөнө тэд хэнд ч сонсогдохгүйн тулд хоорондоо тэврэлдэх шахам хэвтээд шивнэв.
-Ямар гээч новш нь болоод байна аа?
-Нүдээ нээж үз залуу минь. Энд бүх зүйл новшийн, бидний мэддэгээс огт өөр байна. Би аль эрт л мэдсэн. Чамд хэлсэн, анхааруулсан. Харин чи тэр новшийн түрсээ л бодоод тэнэг болчихсон. Харин тэд яагаад...
-Гэхдээ яаж? Дусал ч цусгүй, бас аминд нь хүрэхгүйгээр. Хэн энийг хийж чаддаг байна аа?
-Тэд бид хоёрыг л гэж бодож байх вий гэж айж байна. Найз минь би энд үхмээргүй байна. Би тэр эрчүүдийн нүдийг харсан. Тэд хаанаа алдсан үнэнч дайчид шиг л болчихсон байсан.
-Новш гэж тэр хөгийн толгойг... бие нь яахаараа тэнд оччихдог байна аа?

Маргааш нь цавчуулсан хоёр толгойг эс тооцвол бүх зүйл хэвийн үргэлжлэв. Эрчүүдийн нүд ч урдынх шигээ хүлцэнгүй болж тэр хоёроос дальдирсан хэвээрээ. Гэвч шөнө бүр нэгээс хоёр нохой ор сураггүй алга болж эхлэв. Тосгоныхон шөнөжин алга болсон нохдоо хайдаг шинэ ажилтай болов. Ноход алга болсоор тосгонд ная хүрэхгүй нохой үлдэв. Энэ нь хорь гаран нохой ор сураггүй болсон гэсэн үг. Гэхдээ цавчуулсан хоёр нохойноос хойш нэмж нэг ч нохой, ядаж нэг толгой эсвэл бие олдсонгүй. Нэг шөнө залуус энэ бүхний учрыг олохоор хулгайгаар гарав. Тосгоны бүх ноход хаашаа ч юм явчихжээ. Нүхэн оромжинд өндөр хүмүүс унтацгаана. Нохдын мөр залуусыг хадан цохионы агуйн ойролцоо аваачлаа. Тэнд тосгоны бүх ноход цуглажээ.
-За гөлөгнүүд минь юу хийцгээж байна даа гэж Ясан хүзүүвч шивнэхэд Далайчин түүнийг нудраад хуруугаараа заав:
Ноход амандаа ямар нэг юм зуусаар өнөөх ясан хүзүүвчийн түрсээр дүүрэн агуй руу сэлж байгаа үзэгдэв. Сайн харвал нохдын аманд хөл, толгой, сүүл… Алга болсон ноход бүгд өнөөх цавчуулсан хоёр нохой шиг энэ тэрүүгээрээ тасарсан бөгөөд тэдний биеийнх нь хэсгийг ноход агуй руу аваачиж байв. Энд тэндээс бөгсгүй цээж, цээжгүй толгой зуусаар ноход ирэх ба өөр ноход тэднийг зуун ус руу орцгооно. Залуус ирсэн мөрөө цэвэрлэсээр тосгондоо эргэж ирэв.

Маргааш өдөр нь тэр хоёр өндөр хүмүүстэй хамт загасчилахаар явав. Учир нь өндөр хүмүүс өнөөх агуйн ойролцоо загасчилдаг байв. Залуус үе үе агуйн зүг нууцхан ширтэнэ. Тэнд л… тэнд л түрснээс гадна өөр нэг нууц байна даа. Өндөр хүмүүс мангардуу дээр нь хурдан шалмаг биш болохоор тэдний нүдийг хариулж байгаад агуй руу очиход тийм ч хэцүү байсангүй. Ясан хүзүүвч өмнө нь түрснээс болж энэ агуй руу олон ирж байсан учир агуйн доторхийг ерөнхийд нь мэддэг байв. Агуйн үүд жижигхэн боловч дотроо жижгэвтэр усан онгоц багтчихаар уужим. Хойд хэсэгтээ ёроолгүй гүн устай, гурван харанхуй сувагтай. Тэдгээр нь хаашаа аваачдагийг Ясан хүзүүвч сонирхож байсангүй. Агуйн ус нар үзэхгүй тул их хүйтэн, дээр нь өнөөх амтлаг түрст загасаар дүүрэн. Тэрхүү загас нь нэг зүйлийн махчин пираны төрлийн шүдэрхэг, догшин тул агуйн усанд удаан байх боломжгүй. Тэгээд ч пираны төрлийн загаснууд дотроо хавьгүй том тул аюултай.
Өдөр нартайд эдгээр загас агуйд орж сэрүүцнэ. Харин шөнөөр агуйд илүү хүйтэн болж загаснууд агуйг орхидог тул залуус шөнө ирэхээр болов.
Шөнө нь ноход агуй руу явсангүй. Хийх ажлаа урд шөнө амжуулсан бололтой. Залуус маш болгоомтой, ямар ч чимээ үл гарган, хэнд ч харагдахгүйг хичээн мөхлөцгөөв. Учир нь ноход сайн сонсдог, харин муухан хардаг. Загасны хэсэг ясыг нийлүүлэн ороож хутга шиг зүйл хийснээ гартаа атгажээ. Тосгоноос нилээд холдтолоо тэд ийнхүү мөлхөв. Тосгоноос агуй хүртэл нилээд зайтай. Зогсолгүй гүйвэл цагийн дотор очно. Залуус замынхаа гуравны хоёрыг нь туулаад байв. Ясан хүзүүвч гүйж байснаа гэнэт зогсон, долоовор хуруугаараа уруулаа дараад:
-Сонсов уу далайчаан?
-…
-Тийшээ… гээд том хөгшин мод руу заав. Амьсгаагаа даран модон дээр хэсэг суулаа. Ясан хүзүүвч буруу сонссонгүй. Үнэхээр нэг том нохой тэднийг дагаж байжээ. Нохой модны ойрхон гүйж ирээд үнэр авсан бололтой явдлаа саав. Шиншилсээр яг модны дор ирэх үед Ясан хүзүүвч загасны ясан хутгаа сайтар атгаад дээрээс нь үсрэхээр бэлдэв. Далайчин түүн рүү үл мэдэг толгой сэгсрэв. Гэвч өөр арга байсангүй.
…Аварга нохойн хоолойд загасан хутгаар сүлбэж, бүдүүн мөчирөөр нурууг нь хуга цохижээ. Харин Ясан хүзүүвч гэдсэндээ хойд хөлийн хумсны гүн шарх авч, Далайчны баруун гарын шуу тэр чигээрээ салбаран урагджээ. Тэд алхсаар агуйн дэргэд ирсэн ч хамаг тамир тэнхээгээ барж, одоо хүйтэн усанд удаан сэлж чадахааргүй болжээ. Ойгоос нохдын хилэнтэйгээр яаран хуцалдах чимээ ойртоход Ясан хүзүүвч хорсолтойгоор:
-Муу гөлөгнүүд. Та нарыг нэг сайн хашраах юмсан. Бүгдийнх нь арсыг хуулах юмсан гэхэд Далайчин нохойд хүү татуулсан гараа цээжиндээ тэврээд:
-Арьсаа хуулуулах тийм ч аятайхан биш байна шүү. Новш гэж аавд минь нохойн арьсан гутал байдаг байж билээ.
-Торонд хоригдож, угаадсаар хооллуулж байхдаа таарсан гөлөгнүүд. Хоорондоо алалцан, бие биенээ хэмлэхийг чинь харж бооцоо тавин инээж суухсан. Ноход араа шүдээ яралзуулан залуусыг тойрох ба нүд нь өшөө хорслоор дүүрчээ. Энэ үед агуйгаас урд өмнө нь хэн ч сонсож байгаагүй уур хилэнгээр дүүрсэн, бачуурсан хоолой цуурайтав. Харанхуй агуйгаас маш олон нүд улайран гялалзсаар ямар нэгэн зүйл гарч ирэв.
-Ямар гээч новш вэ энэ чинь?
Өнөөх зүйл уснаас гарч ирлээ. Өнөөх цавчигдсан нохдыг эд эрхтнүүд нэгэн биетэй болжээ. Тоолохын аргагүй олон толгой, сүүл, хөл, энд тэндгүй араа шүд… Өөр амьтдын бие, эрхтнүүд ч бас нийлэн нэгэн цул араатанг бүтээжээ. Эвэр, туурай, араа, шүд болсон энэхүү араатныг тойрон бүх ноход түүнтэй нэгдэв.
-Ээ новш гэж хэмээн Ясан хүзүүвч зогсоо зайгүй үглэсээр аймшигт араатан түүнийг хэдэн хэсэг тасдан хаяхад Далайчин:
-Бурхан биднийг өршөөхгүй дээ гэж л хэлж амжив.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Last edited by Songodog on Jun.01.10 9:40 pm, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Jun.01.10 9:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
B.Batzaya
Гишүүний ирүүлсэн бүтээл :)
_______________________________________
НОГООН НУУРЫН МЕЛОДРАМ

1.
Гадаа үл мэдэг хүйтэн салхитай, зэврүүхэн орой байлаа. Хурандаагийн сэтгэл ч энэ цаг агаар шиг, эсвэл, оршуулгын газрын хүйтэн чулууд болоод, энэ л чулуудыг ширтсээр бараг л чулуу болох шахсан нүцгэн модод шиг... Зуны дулаахан орой биш, өвлийн хүйтэн боловч цэнгэг шөнө биш, хаврын нэг ийм л өдөр хурандаа гэмээ цайруулах гэсэндээ ч биш, ямар нэг далд хүчинд хөтлөгдөн энд ирсэн байв. Шинэхэн, даруухан булшны чулуун дээр ...Эдгар 1958-1982 он гэж их л чамбай бичжээ.

Бүх үйл явдал харин хавар биш намар эхэлсэн юм. Энэ үйл явдал харин үнэхээр болсон юм шүү. Тэр ч бүү хэл Ногоон нуур хэмээх тосгон одоо ч Мурмаскын орчим байсаар л, хүмүүс тэнд эл түүхийг хаа нэгхэн хүүрнэн амьдарсаар л байгаад би огт эргэлздэггүй. Одоогоос олон жилийн өмнө энэ явдал болсон юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн хөндийд, замагт ногоон нуурыг хүрээлэн нэгэн томгүй тосгон байдаг бөгөөд тэндхийн оршин суугчдыг энэ л нуурынх нь нэрээр Ногоон нуурынхан гэнэ. Нуурын баруунтаа үзэмжит сайхан ой ногоорон харагдах нь хамрах хүрээгээрээ нууртай эн зэрэгцэн дугуйрна. Эрт дээр үед энэ газар ямар ч нуур байсангүй, тэгээд ч ногоорон харагдах уг ойг л “Ногоон нуур” хэмээн адилтган нэрлэдэг байсан гэлцэнэ. Тэр ууланд зун дундаа орж, ид халж байх үед ч шүд ташим хүйтнээрээ байдаг цэнгэг горхи модод сүлжин урсах бөгөөд тосгоныхны Хүйтэн судал гэж нэрлэдэг энэ горхины дэргэд тавь орчим насны эр бодолд автан суух ажээ. Фио хэмээх энэ гуталчин эр их л даржин амь зуух ба энэ удаад гутал загнахад нь хэрэг болох жаахан давирхай цуглуулахаар энд ирсэн юмсанж. Тэгээд горхины дэргэд өөрийн өдий хүртэл тэсээд л ирсэн тарчигхан, учир утгагүй амьдралын тухай дотор хүнтэйгээ ярилцах гэж оролдоно.
Фио: -Яагаад, яагаад би энэ их зовлонг үзэж туулах ёстой юм бэ? Хэдий болтол энэ утга учиргүй, итгэл найдваргүй амьдрал үргэлжилж, хэзээ төгсөх юм бэ?
Дотор хүн (ДХ): -Ялгаагүй. Хүн бүрт өөр өөрийн зовлон байдаг. Тиймээс чамд ч бас өөрийн зовлон байх нь зүй ёсны хэрэг биш гэж үү? Чухам тэр зовлон хэдий чинээ их байна, түүнийг даах сэтгэлийн тэнхээ чамд төдий хэрээр л үүсэх болно. Хэрэв чи бусдаас их зовбол чамд бусдын багахан зовлон огтхон ч зовлон шиг биш санагдах болно шүү дээ. Энэ чинь давуу тал. Хэн их зовлонг үзнэ түүнд давуу тал бий болно. Хамгийн золгүй ч бай чи бол хүн. Хүн чинь зовлон даадаг шүү дээ.
Фио: -Яах гэж? Юуны төлөө тэр вэ? Хараач, навч унаж байна. Энэ сайхан ногоон навчис одоо бүгд хатаж гандана. Хэнд ч хэрэггүй хог болно. Магадгүй хэн ч тийм сайхан ногоон навч алга болсныг анзаарахгүй. Тэгээд нэг нэгээрээ, хүчтэй салхилсан үед бүр арав хориороо унасаар л байна. Бүгд оргүй болоход хүйтэн болно. Яг л үүн шиг миний хүсэл мөрөөдөл, итгэл найдвар нэг нэгээрээ, зарим үед бүр хэсэг хэсгээрээ хийсэн одсоор байна. Нэг л өдөр юу ч үлдэхгүй. Бүх амьдрал минь утга учиргүй, хүйтэн болно. Тэр үед чи намайг яаж ч тайвшруулах гэж оролдоод нэмэр болохгүй. Би аль хэдийн оршин байхаа болино. Өнөөх үл үзэгдэгч ойг цуурайттал инээн ийн өгүүлнэ:
ДХ: -Гэхдээ модод хавар болоход ахиад л амилж, нов ногоон шинэхэн навчис ахиад л нахиална шүү дээ! Итгэл найвдар хэзээд байж л байдаг. Гэхдээ зөвхөн хүсэж байвал л.
Фио: -Тэгвэл хэл л дээ. Би, би... би яаж нахиалах юм бэ? Булга татаад хаячихсан тэр модыг хар л даа. Тэр байна. Тэр чинь би, би тэр мод. Хэзээ ч ахиж ногоорохгүй.
ДХ: -Үгүй дээ, эргүүлээд хөрсөнд нь суулгахад л тэр ахин ургах болно. Өөрөө хүсэж байвал итгэл найдвар байж л байдаг юм. Найдах юм юу ч үлдээгүй хүнд хүртэл найдвар байдаг* (Плутарх) гэдэг шүү дээ.
Фио: -Өө хөө... Тэгвэл түүнийгээ батлаад өг. Намайг ногооруулаад аль, би навчилж нахиалмаар байна. Хүсвэл гэл үү? Тэгвэл би хүсэж байна. Би амьдармаар байна хэмээн галзуу хүн шиг орилж бархирч гарлаа.

Яг энэ үед бас нэгэн сулхан дуу хоолой түүний аймшигт дуу хоолойг даван сонсогдох нь:
Тэнгисийн эрэг дээр бүсгүй хүн дуулна
Тэр хоолойн суу билэг давалгаанаас өндөр* (Эдгар По) хэмээх мөртийг сануулахаар ажээ. Фио хэсэг чагнаж байснаа тэр дуу чимээ чухам хаанаас гараад байгааг чихээрээ хайж эхлэв. Итгэмээргүй юм. Өнөөх булга татаад хаячихсан өвгөн хус модны ёроолд бяцхан хүү өлгий дотроо тийчлэн хэвтэх агаад хүүгийн дээрээс навчис асгарах нь эгээ л хүүг аргадан хучих мэт, эсвэл, Фиогоос нуух гэж оролдох шиг харагдана. Тэд хоёулаа амьдрал нэхэн орилсон нь энэ байв. Харин нялх хүүгийн энхрийлэл хайр хүссэн дуу хоолой яаж тэр уур гутралаар дүүрсэн аймшигт хоолойг даван гарсан нь гайхмаар. Гуталчин эр ногоон ойн дунд булгарч унасан хөгшин хус модны ёсоолоос давирхай биш, амьдрах итгэл найдвар олов. Улмаар хүүг эвтэйхэн газар олж түр орхиод өнөөх булгарч унасан хус модыг их л хүч гарган хөрсөнд нь эргүүлж суулгаад хөлсөө арчив. Нэг бодлын бурхан түүний бүхий л асуултад нь хариулах шиг болов. Амьдралынх нь сүүлийн навч тасарч унах яг тэр мөчид бурхан тэнгэр түүнд дахин итгэл найдварыг өгчээ гэмээр. Урьд өмнө нь түүнд хайрлаж харамлах зүйл нэг ч байсангүй. Гэтэл одоо амьдрах итгэлтэй, хүсэл мөрөөдөл, хүлээх зүйлтэй, амьдралын зорилготой, Эдгар хэмээх хүүтэй болжээ. Эдгар хүүгийн ёроолд нь тийчэгнэн чарлаж хэвтсэн тэр хөгшин хус мод ч хорин гурван удаа ногоорон нахиалсан юм. Харин хорин гурван жилийн дараа хөгшин хус мод ахин… Миний ярих гээд байгаа түүх бол гуталчны хоёр дахь цус сэлбэлт буюу шинэ итгэл найдвар, хүсэл тэмүүлэл олж авснаас хорин гурван жилийн хойно болсон тэр л эмгэнэл дагуулсан халуухан хайр сэтгэлийн тухай болно.

Одоо хорин гурван настай, өндөр гуалиг биетэй, гэрэлтсэн хар нүд, гялалзсан хар үстэй залуу бол өнөөх гуталчин Фиогийн хүү Эдгар юм. Зовлон зүдүүр туулсан хүнд л байдаг тайван, шийдмэг харцтай ажээ. Гуталчин хөгшин түүнийг шулуун шударга, ухаалаг хүн болгон хүмүүжүүлсний дээр, ядуу хоосон амьдрал нь түүнийг ялан дийлдэшгүй, тэвчээр хатуужилтай болгожээ. Эдгар багаасаа л нуурын эрэг дээр өссөн болохоор яг л далайчин шиг хүдэр чийрэг өсөж торнижээ. Аавынхаа ажилд тусалж гутал загнах ба тосгоныхон түүний гайхалтай ур чадварыг нь үнэлэн Мастер гэж өргөмжлөх ба түүнийг ердөө хоёрхон хүн л Эдгар гэж дуудна. Нэг нь мэдээж хөгшин Фио. Тэр одоо 70 хол гарсан шүү дээ. Харин Эдгар гэж дууддаг хоёр дахь хүн нь түүний хажууд сууна. Үзэсгэлэнтэй залуухан энэ бүсгүйг Маргарита гэх агаад, тэр тосгоны сэхээтэн айлын ганц охин. Тормогор хар нүдээрээ инээх нь жаргалтай байгааг нь илтгэнэ. Залуу хос Ногоон нуурын эрэгт элдвийг хүүрнэн удаж, амраг хосын ярианаас алтан наран залхав уу гэлтэй аажмаар доошилсоор буйдхан тосгоны байшингийн сүүдэр уртсан уртассаар үдшийн бүрий болов.

Шөнийн харанхуйд дүнхийн харагдах том цэцэрлэгтэй, өндөр төмөр хашаагаар хүрээлсэн, хоёр давхар эдлэн бол өнөөх үзэсгэлэнт Маргаритагийн эцгийн эзэмшлүүдийн нэг бөгөөд ойролцоохон залуус маань салж ядан зогсоо харагдана. Уруул уруулдаа хүрч ядан зогсох хосыг саран авхайгаас гадна зочны өрөөний хөшигөн завсраар өтгөн ширвээ сахалтай, ширүүн хурц харцтай, тавь орчим насны эр харж зогссон нь Маргаритагийн эцэг Гемли байлаа. Түүнийг олон жил цэрэг цагдаагийн газартай холбоотой байснаас нь болоод ч юм уу их л хатуу ширүүн хүн гэх ба “Нэг бус хүнийг овоолсон шороо болгож хувиргасан хүн” хэмээн тосгоныхон жиг жуг гэлцэнэ. Түүнээс л болоод бүгд түүнийг Догшин хурандаа Гемли гэдэг байх гэж би таамаглаж байна. Зочны өрөөнийхөө торгон хөшигний завсраар ганц охиноо ядуу гуталчин Мастертай тэврэлдэн зогсохыг харснаас хэд хоногийн дараа хурандаа Гемли ил галын дэргэдэх зөөлөн буйдан дээрээ хоёр гараа зөрүүлэн суугаад Маргаритаг дуудуулав.
-Та намайг дуудуулаа юу?
-Наашаа суу охин минь. Чи бол ухаантай охин. Чиний хичээл зүтгэл миний урмыг хугалахгүй гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
-Та…
-Чшшш… гээд нүдээ анин долоовор хуруугаараа уруулаа даран их л намуухнаар:
-Зөвхөн бүдүүлэг хүмүүс л хүний яриаг тасалдаг юм шүү дээ гэснээ царайгаа огцом өөрчлөн:
-Хоёр хоногийн дараа Иван Николаевич чамайг Вольтасийн арал руу хүргэж өгнө.
-Яах гэж, би огтхон ч…
-Маргарита… Хэн хүний яриаг тасалдаг билээ. Чи “Алтан өд”-д суралцах болно. Уран зохиол, яруу найраг… Энэ гайхалтай биш гэж үү? Хоёр жилийн дараа дассан тосгондоо эргээд л ирнэ шүү дээ.

Гайхалтай. Хөнгөн шохоорхолыг ор тас мартахад хоёр жил хангалттай гэж хашир хурандаа бодож л дээ. Алтан өд гэдэг нь тосгоноос нилээд зайтай Вольтасийн арал дээр байдаг хэл бичгийн сургууль. Мэдээж Маргарита явах дургүй байсныг, мөн яаж гуйж, зальдах гэж үзсэнийг, хурандаагийн яаж ятгаж, зандарч байсныг өгүүлэх нь илүүц байх. Ингээд Маргарита эцгийнхээ үгнээс гарч чадсангүй Алтан өд рүү явах боллоо. Маргарита битгий хэл сайн эрс ч хурандаагийн үгнээс гарч байсан түүх байхгүй.

Нэг жил зургаан сар өнгөрчээ. Мастер маань баасан гараг бүр тосгоны захад байх “Сүйх тэрэг” нэртэй дэн буудалд очдог ажилтай болов. Учир нь шууданч өвгөн баасан гараг бүр энд буудаллан аяга дарс ууж замынхаа чилээг гаргаж амраад явдаг заншилтай. Мастер өвгөн шууданчийг энд тосон Маргаритагийн захиаг тэсэн ядан хүлээнэ. Одоо эрхэм хурандаа маань хаана, юу хийж явааг сонирхон дагая. Баасан гарагын өглөө тэрээр эртлэн босжээ. Сүйх тэргийн эзэнд урьдын өр зээлийнх нь хугацаа дуусч байгааг сануулахаар яваа нь энэ. Түүнийг орж ирэнгүүт буудлын эзэн болох бүдүүн лагс биетэй, хар хууз сахалтай, яагаад ч юм өөртөө зохиогүй ногоон нүдтэй эр хүндэтгэхээсээ илүү айж сандарсан янзтай угтан авч олон жил дарсан өнөөх л улаан дарснаасаа аягалан өмнө нь тавингаа:
-Би үүнийг зөвхөн хүндэт зочиддоо л хадгалдгийг та эрхбиш мэдэх биз гэж нялуурав. Тэрээр олон жил дэн буудал ажиллуулж байгаа бөгөөд тосгоныхон түүнд нэг их ам сайтай биш. Арга ч үгүй. Ногоон нүдэт эхнийхээ буудлыг шатааж хаячихаад, эхнэрээ өрөнд тавиад явуулчихсан гэж байгаа, бас болоогүй, мурийтай тоглоом болон үл бүтэх нөхдүүдтэй байнга холбогдож байдаг заяа нь хаясан этгээд байгаа юм. Мөнгөний төлөө хоёр ногооноо ч ухаад өгөхөд бэлэн тэнэг.
-Ноён Гемли, юу л даа, яасан хүндтэй зочин ийм эрт морилон явна вэ? Энэ таны дарс, манайд байгаа хамгийн сайн нь. Юу л даа, иймийг та ойрын хэдэн тосгоноос лав олохгүй гэдгийг би батлан хэлэх байна гээд шар шүдээ арзайлгав. Хурандаа түүн рүү харсан ч үгүй, үүдний ширээнд суугаа Мастерыг харан:
-Энэ гуйлгачин танайд ямар элэнцгээ хийж яваан бол гэвэл өнөөх нь жаахан хаширлаж:
-Юу л даа, хурандаа, та тэр залууг хэлж байна уу? Хэмээн тодруулвал өнөөх нь их л уцаарлангуй:
-Энд тэрнээс өөр гуйлгачин байхгүй байгааг чи харахгүй байна уу? Гэвэл буудлын эзэн өөрийг нь гуйлгачны тоонд оруулаагүйд баярлав бололтой:
-Үгүй тийм л дээ. Хэн мэдэхэв, Мастер манайд байнга л ирдэг шүү дээ. Өдөр бүр биш шүү ноёнтоон, баасан гараг бүр ирдэг л дээ. Юу л даа, аа тийм шууданч өвгөнийг хүлээдэг юм. Тэгээд аяга цай уунгаа... юу л даа, захиагаа уншчихаад л дараагийн баасан гараг хүртэл ор сураггүй арилж өгдөг юм. Надад олигтой орлого оруулах биш, хэрэв хүсвэл би түүнийг дахиж энд… гэхэд нь хурандаа үгийг нь тасалж (хэн хүний үгийг тасалдаг билээ)
-За за энэ ч миний байх газар биш бололтой. Чамд өрөө төлөхөд чинь ердөө гурав хоногийн хугацаа үлдсэн гэдгийг сануулахад таатай байна. Хурандааг ширээнээс босон эргэхэд ногоон нүдэт хөлсөө арчин хурандаад аягалсан дарсаа хөнтөрч орхиод түүнийг нүдээрээ үдэж гаргасан ба харин хурандаа гадаа шууданчийн сүйх тэрэгтэй таарав.
-Надад захиа байна уу? Гэвэл шууданч байхгүй ээ гэж хэлээд тэрэгнээсээ ямар нэг зүйл хайх ажлаа үргэлжлүүлэв. Хурандаа сүйх тэрэг рүүгээ эргэснээ нэг зүйл санав бололтой:
-Аа тэгвэл гуталчны хүүд? Гэхэд өвгөн шууданч түүн рүү дөхөж ирээд гэнэт:
-Ээ халаг надад уг нь гурав байх ёстой юм. Мунгинуур өвгөн нэгийг нь гээчихэж. Би өөрийгөө хэзээ ч уучлахгүй. Бүхэл бүтэн нэг захиа, цаас дүүрэн сэтгэлийн үгсийг би гээж орхиж гэж үглэн хурандаа руу галзуу хүн шиг ширтэн:
-Гэхдээ надад хоёр нь байна гээд цүнхээ яарч сандан ухаснаа:
-Энэ, энэ байна гээд хурандаагийн нүүр рүү дугтуй савчуулан энэ яруу найрагч Михаил Александровичд, аа харин нөгөөх нь миний байнгын үйлчлүүлэгч гуталчин Мастерт гэхэд нь хурандаа биеэ барьж чадалгүй хоёр дахь дугтуйг шүүрэн авч задалснаа:
-Үгүй ээ үгүй. Би хэрхэвч зөвшөөрөхгүй. Би хэрхэвч зөвшөөрөхгүй гэж үглэсээр захиаг нь урж хаяад дэн буудал руу, Эдгарын цаана нь сууж буй тэр хаалгаар явж оров. Шууданч өвгөн “Бүдүүлэг харанхуй хүн. Алуурчин. Сэтгэлийн алуурчин. Энэ чинь сэтгэл зүрхний үгс шүү дээ. Би хэзээ ч уучлахгүй. Би хэзээ ч уучлахгүй, хэзээ ч мартахгүй гэж орилсоор сөхөрч хоцров. Хурандаагийн нүд уур хорслоор дүүрсний дээр, хууртсан хүний гаргадаг тэр болчимгүй үйлдлүүдийн аль нэгийг хийх энүүхэнд байв. Ногоон нүдэт нөгөө л нялгануур зангаараа:
-Ноён Гемли таныг дахин харж байгаадаа баяртай байгааг минь хүлээн авна уу? Гэтэл нь хурандаа хорслоор дүүрсэн нүдээ Мастераас сая нэг салган буудлын эзнийг заамдан авч:
-Чи, чи муу гуйлгачин гэснээ гэнэт нэг санаа төрөв бололтой цамцыг нь засаад, ногоон нүдтийг хамгийн цаад талын цонхны гэгээ ч тусдаггүй ширээ рүү аваачиж суулгаад:
-Чи өргүй болмоор байна уу? Чамд сонголт байна. Гутлын их Мастер аяга цай уудаг гэсэн тийм үү гэсээр тонгойн суугаад их л нууц байдлаар яриагаа үргэлжлүүлэв.


2.
Эл явдлаас хойш Мастер баасан гараг бүр Сүйх тэрэгт ирсээр, захиагаа уншсаар, Ногоон нүдэт түүнд өөрийн гараар цай зөөж өгсөөр даруй дөрвөн сар өнгөрчээ. Харин тэр урьдынх шигээ цовоо сэргэлэн, эрүүл чийрэг харагдахаа больжээ. Түүний бие өдрөөс өдөрт муудсаар Маргарита ирэхэд ердөө хоёрхон сар үлдээд байхад Эдгар бүр хэвтэрт орчихов.

Өвгөн Фиогийн сэтгэл зүрх ямархуу байдалтай байгааг би дүрслэн хэлж чадахгүй нь. Залуу далайчин Дантесийг шоронд тарчилж байхад хөгшин эцгийнх нь сэтгэл ямар байсан бол? Магадгүй түүнийх шиг. Гектор хүүг нь хөнөөсөн Ахиллын гарыг үнссэнийхээ дараа өвгөн хаан Приам үхлийг яаж хараан зүхсэн бол? Магадгүй түүнийх шиг. Эсвэл бүр, хөгшин Периандр хүүгийнхээ амнаас “Та надтай үг сольсныхоо төлөө Аполлоны сүмд торгууль төлөөрэй” гэх үгийг сонсон уй гунигт автан, орь ганцаар энэлэн шаналсаар нас нөгчихөд ямар байсан бол? Магадгүй түүнийх шиг. “Уйлаад яахав, нэмэргүй шүү дээ” гэсэн нөхөддөө “Харин тийм ээ, ямар ч нэмэргүй учраас л би уйлж байгаа юм” гэсээр нас барсан хүүгээ тэврэн уйлж суухад нь Солоны нулимсыг чухам юу зогсоох байсан бол? Ээ золгүй хувь тавилаан! Гэж Лао Цзы юунд орилсон юм бол... Өвгөн Фиогийн сэтгэл зүрх тэднээс дутуугүй л эмтэрч байсан биз. Өвгөн Фио гутлын багаж хэрэгсэл хийсэн том цүнхээ үүрэн тосгоноор хэрэн хэсэхийг нь харсан зарим нэг нь түүнийг өрөвдөж, чухам тэр л өрөвч сэтгэлтнүүдийн ачаар Фио хүүгээ чадлаараа л эмнэж тордож байлаа. Нэг шөнө тэр урд өмнө нь учирч байгаагүй тийм нэг өрөвч сэтгэлтэнтэй гэрийнхээ үүдэнд таарчээ. Харанхуй байсан тул энэ ачтаны дүр төрхийг өвгөн Фио олж үзсэнгүй:
-Таныг би өдөржин дагалаа. Юу л даа ноёнтоон, хүүгийн чинь төлөө би үүнийг хийх ёстой хүн л дээ. Юу, таны хүү... Юу л даа, би өртэй байсан юм... тэгээд... Юу л даа, та... энэ миний өрний дэргэд шалихгүй мөнгө л дөө гээд ууттай мөнгө гарт нь атгуулаад зугатах шахан явж одов. Харин өвгөн Фио сайхан сэтгэлт хүнийг бурхан тэнгэртээ даатган залбирсаар гэртээ оров. Ээ золгүй хувь тавилаан!

Өвгөн Фиогийн уй зовлон түүнийг дотроос нь идэж байгаа шиг, Мастерийг дотроос нь хор идсээр, түүнийг үхэл рүү улам дөхүүлсээр байв.

Гурван сарын дараа Маргаритаг Ногоон нуурт ирэхэд Мастер аль хэдийн тэнгэрийн орны зочин болсон байв. Юу хамгаас мэргэн билээ? Цаг хугацаа. Учир нь тэр л ганцаар тайлагдаагүй бүхнийг нээдэг* (Фалес) тийм үү? Прометей нэгэнт хүнийг бүтээсэн шавраа усаар бус, нулимсаар зуурсан болохоор Маргаритагийн сормус хэдэн өдөр л нойтон явж. Харин хурандаа Гемли хоёр жилийн өмнө Маргаритад “Алтан өд” рүү явуулах тухай гайхамшигт төлөвлөгөөгөө ярьж суусан өнөөх л ил галын дэргэд хундага дарс шимсэн шиг гараа зөрүүлэн суугаад Маргаритад нэгэн цоо шинэ үлгэр ярьж өгчээ. Гэтэл ил галын дотроос ч юм уу аль эсвэл, анх залуу хосыг үнсэлцэн байхыг халхалж чадаагүй тэр гэмт торгон хөшигний араас ч юм уу “Хорвоо дээр жинхэнэ, үнэнч, үүрдийн хайр сэтгэл байхгүй гэж хэн чамд хэлсэн бэ? Тэр худалчийн шившигт хэлийг тас огтолвол таарна” гэж хэлтэл нь дээрх үг өрөөгөөр нэг цуурайтаж үнэхээр хурандаа үлгэрээ үргэлжлүүлж чадахгүй болов.

Яг энэ үед Сүйх тэрэг дэн буудал хаагдаад сарын нүүр үзэж байсан ба ногоон нүдтэй лагс бүдүүн эр дээд өрөөндөө орь ганцаар хатаж үхэж байв. Тэр юу ч уулгүй долоо хоног, магадгүй түүнээс ч удсан бөгөөд зүүдэнд нь Мастер түүний дарс руу, цай руу, худгийн ус руу хүртэл хор хийж зүүдлэгдээд байсан хэрэг. Тэр бараг л солиорчээ.
-Би өргүй хүн. Тийм ээ, өдөрт гурван дусал гэж тэр хэлсэн. Харин би өдөрт ердөө л хоёрыг дусаадаг байсан. Би догшин хурандаа шиг, үгүй ээ, алуурчин хурандаа шиг, биш ээ биш, хүнийг алуурчин болгодог тэр хурандаа шиг яахаа алдчихсан хүн биш шүү. Надаас чи юу хүсээд байна. Би өргүй хүн шүү, би өргүй хүн. Хэнд ч өргүй, чамд хүртэл би өрөө төлсөөн. Тийм ээ намайг Пилат гэдэг. Эцэгт чинь багагүй мөнгө өгсөн тэр уужим сэтгэлт Пилат. Эцэг чинь хүртэл намайг “Урт наслаарай” гэж ерөөсөн. Би өргүй, өргүй гэж үглэсээр байв. Харин түүний дотор хүн нь:
ДХ: -Би чиний дотор байгаадаа харамсаж байна. Намайг сулла, явуулаад өг. Эсвэл чи намайг зарчих. Би нилээд үнэ хүрэх байх шүү.
Пилат: -Хэд хүрнэ гэж. Үгүй ингэхэд Чи хэн бэ? Надад мөнгө хэрэггүй ээ. Юу ч хэрэггүй. Зүгээр л балга ус өгөөдөх.
ДХ: -Тэгэлгүй яахав. Ширээн дээрх усыг уу л даа.
Пилат: -Үгүй шүү. Чи намайг тийм тэнэг гэж бодоогүй биз? Тэр ус чинь хортой. Адгийн шаарнууд, аягүй бол тэнд дусал ч ус байхгүй бүгд хор. Тийм биз. Ядаж хоёр дусал ус ч байхгүй. Би чамайг бодвол хүн чанартай юм шүү. Хоёрхон дуслыг л хийдэг байсан.
ДХ: -Хүн чанараа харуул л даа. Намайг явуулчихаач, намайг суллаад тавьчих. Би чамд одоо хэрэггүй шүү дээ.
Пилат: -Чи хэн бэ? Хэн юм. Би чамайг хориогүй шүү дээ.
ДХ: -Би юу? Чи надаас асууж байна уу? Би бол шунал, хүйтэн цэвдэг сэтгэл, амиа хичээсэн хулчгар зан. Бас хоосон хардах сэтгэл. Өө тийм бас өргүй алуурчин. Өөр юу ч биш.
Пилат: -Тэгвэл яв л даа. Зайл, тэр чигээрээ тонилж үз. Чам шиг адгийн амьтныг ахиж хармааргүй байна гэж хатаж хагарсан уруулаа хуруунуудаараа тэмтрэн, хамаг хүчээ шавхан орилов. Түүнийг үнэхээр ахиж хэн ч хараагүй. Тэр шөнөө тэр өөрөө өөрийгөө энэ орчлонгоос үүрд хөөж орхисон юм. Энэ шөнө хурмаст эцэг хилэгнэн уурсаж хүйтэн бороогоор цутгаж, догшин Зевс аянга цахилгаанаа үе үе нүүлгэж, тэнгэр цуурчихав уу гэлтэй нүргэлэн байв.

Хэд хоногийн дараа ширүүн бороо ахин асгалаа. Аянга цахилгаан цахих бүрт хар торгон хөшигтэй зочны өрөөны цонхон цаана догшин хурандаа Гемлигийн хэрцгий нүд үе үе хурцаар гэрэлтэнэ. Тэр юуг ингэтэл ширтээ юм бол? Маргарита... Энэ усан борооноор Маргарита өөрөөсөө арван насаар ах чинээлэг хээнцэр эрийн хамт Вольтасийн арал руу үүрд явж байв. Догшин хурандаагийн Мастераар солихыг хүсээгүй тэр хүн нь Вольтасын арал дээрх эрх мэдэлтэн Каифа. Маргаритагийн амьдрал одоо түүнийх биш харин хөгшин эцгийнх нь өөр нэг амьдрал шиг л түүнд санагдаж байсан ч, яагаад ч юм тэр огт эсэргүүцсэнгүй. Сүйх тэрэг ч хөдөллөө. Үүдний төмөр хашааны дэргэд Гемлитэй гуч гаруй жилийг өнгөрөөсөн, Маргаритаг нялх байхад нь хурандаагаас нууж чихэр өгдөг байсан, хожим Алтан өд рүү хурандаагийн тушаалаар түүнийг оргуулчилгүй хүргэж өгсөн тэр л хүн зогсож үлдэв. Маргаритаг гаргаж өгсөн Иван Николаевич харин байшин руу эргэж оролгүй хурандаагийн цонх руу удаан гэгч нь ширтэх мөчид аянга цахилгаан гялбаж хурандаа Гемлигийн нүд маш ихээр үзэн ядсан харцтай тулгарав. Иван Николаевич бороон дундуур хаашаа ч юм явж одов. Хамгийн хачирхалтай нь чулуун зүрхт Гемлигийн цээж хавьцаа хатгуулах шиг болов.

Нэг сар өнгөрчээ. Гемли аварга том байшиндаа гав ганцаараа нэг сар амьдарчээ. Тэрээр өөрийн хамгийн үнэнч нөхөр нь болон үлдсэн буйдан дээрээ шигдэн суужээ. Энд хичнээн ч удаан суусан юм бүү мэд.
Гемли: - Чамайг хорин жил хоригдох ялтай байхад би эрх чөлөөг олгосон шүү дээ. Гэтэл энэ олон жилийн дараа чи хүртэл намайг үзэн ядлаа гэж үү? Яваг л дээ, бүгдээрээ яв. Сүүлд нь та нар цөм надад талархах болно.
ДХ: -Хорин жилийнх нь ялаас чөлөөлөх нэрээр чи түүнийг гучин жил зовоогоогүй гэж үү? Харин ч тэр шорондоо үлдсэн бол арван жилийн өмнө л эрх чөлөөтэй болчих байсан биз. Хэн чамд талархах юм бэ? Иван Николаевич уу, үгүй ээ үгүй. Тэр лав биш. Хайртай залууг нь хөнөөсний төлөө охин чинь талархах уу? Эсвэл ганц охинд нь өөрийнх шиг нь зовлон шаналалыг амсуулахаар хөгшин баян эртэй суулгасны чинь төлөө талийгч эхнэр чинь чамд талархах байсан юм уу?
Гемли: -Энэ чинь хэн бэ? Яасан танил дуу хоолой вэ? Аан таньлаа. “Хорвоо дээр жинхэнэ, үнэнч, үүрдийн хайр сэтгэл байхгүй гэж хэн чамд хэлсэн бэ? Тэр худалчийн шившигт хэлийг тас огтолвол таарна”... Чи байх нь ээ. Тийм ээ үүрдийн юм гэж байхгүй. Тэр түүнийг мартчихна л гэж би бодсон юм. Гэтэл энэ... гээд ширээн дээрх дугтуйг авч ахин задлав:
Үүрд түүнийх л байсан уруулаа өөр нэгэнд үнсүүлчихээд
Үзэн ядмаар ийм анир чимээгүйн дунд тэнгэр ширтэж сууна
Чи минь тэнд намайг хүлээж ядсандаа л шөнөөр ирээд
Чиний эцэг намайг хөнөөчихлөө гэж зүүдэнд шивнээ биз
Үсний минь ширхэг ганджээ. Би аль хэдийн үхээд эхэлчихсэн
Үзэн ядмаар ийм амьдралд хоргодох зүйл нэг ч алга... гээд цааш нь уншилгүй орхилоо.
Гемли: - Хараач. Вольтасийн арал дээрх уй гунигт Маргарита гэж хаяглажээ. Би түүнийг Алтан өд рүү явуулж хоёр жил уран зохиол, яруу найрагт сургахдаа, үүнийг л уншихыг хүссэн гэж үү? Тэгээд бас энэ... охины минь алчуур.
ДХ: -Түүний хойноос харамсах ч хэрэггүй. Сэтгэл нь аль эрт үхчихсэн шүү дээ. Зөвхөн хүнд л сэтгэл байдаг юм. Хэрэв сэтгэл үгүй болвол тэр хүн биш болно. Чиний суугаа буйдан, тэр хөшиг, эсвэл наад гаанс шиг чинь л хоосон бие... Чамд ч бас удахгүй сэтгэл байхгүй болно. Алчуур гэсэн үү? Хөөрхий охин. Алчуурыг нь үнэртээч харгис хурандаа минь. Хичнээн золгүй шөнө энэ алчуур түүний нулимсыг өөртөө шингээгээ бол? Одоо түүнд ахиж уйлах хэрэг гарахгүй. Тэгэхээр тэр чамд алчуураа үлдээсэн байна шүү дээ.
Гемли: -Яах гэж?
ДХ: -Чамайг хийсэн бүхнээ ухаарч уйлах байх гэж найдсан байлгүй дээ. Хөөрхий охин, чамд алчуураа үлдээж шүү дээ.
Гемли: -Чи яах гэж намайг ингэж зовоогоод байгаа юм бэ?
ДХ: -Өвгөн гуталчны үхсэн байхыг өчигдөр Хүйтэн судлын дэргэдээс олсон. Хөгшин хус модноос өөрийгөө дүүжилсэн байна лээ. Үүдний хонгилд ч бас урт олс бий шүү дээ. Чи ч бас Хүйтэн судал руу явж болно доо... Алчуур атгасан гараагаа нүүрээ даран тонгойж суусан хурандаа гэнэт босон:
Гемли: -Үүдний хонгилд уу? Чи намайг үхүүлмээр байна уу? Би... би ийм зүйлийг хүссэн гэж үү? Би ердөө л...
ДХ: -Үгүй, үгүй. Чи үхээд хэрэггүй юм байна. Тэнд чиний хэрэг байхгүй. Тэгээд ч Мастер Маргарита хоёр чамайг хүлээж авахгүй. Талийгч эхнэр чинь ч нүүр буруулах биз, өвгөн Фио хүзүүнд чинь олс угалж таарна. Хэрэггүй наанаа сууж бай. Үхэн үхтлээ амьдар даа хурандаа минь. Хэрэв тэгж чадвал энэ л чиний шийтгэл болог. Үүрд баяртай сэтгэлгүй амьтан минь.
Гемли: -Би тэгээд яавал дээр вэ?
ДХ: -...
Гемли: -Дуугараач... Чи хаачив аа... хэрэггүй ээ. Чи хүртэл намайг орхиж болохгүй шүү дээ. Чи чинь Би шүү дээ...

Тэр шөнө тэнд өөр юу болсныг би даанч мэдэхгүй. Ямар ч байсан өглөө эрт хурандаа гэрээсээ гарч ирсэн юм. Тосгоныхон бүгд түүнийг гайхан харсаар байтал тэр амьгүй мэт яваад л байж, яваад л байж. Явсаар Мастерийн булшны дэргэд ирэхэд түүний оч нь унтарч улайж аргасан нүднээс нулимс дусаж харагдав. Хурандааг хамгийн сүүлд хэзээ уйлсныг хэн ч мэдэхгүй. Ямар их үнээр энэ нулимс унав даа. Ээ золгүй хувь тавилаан!

Нулимс цийлэлзэх нүднээ Эдгар 1958-1982 он гэх бичиг бүрэлзэнэ. Энэ үед оршуулгын газрын ойролцоо явсан сүйх тэрэг зогсон дотроос нь шууданч өвгөн шоволзоод:
-Өө ашгүй энд байх шив. Сэтгэлийн алуурчин. Таньд энэ захиаг. Урна уу уншина уу таны дур. Өөдгүй хүмүүс, би хэзээ ч уучлахгүй, хэзээ ч та нарыг уучлахгүй, хэзээ мартахгүй гэж амандаа үглэсээр гараа савчуулан тэргэндээ суув. Дугтуйг задалвал:
Эрхэм хурандаа ноён Гемли таньд энэ мэдээг дуулгаж байгаадаа харамсаж байна. Таны охин, миний эхнэр Маргарита урд шөнө...
Хурандаа сандарсан шинжтэй халаасаа тэмтрэн ямар нэгэн зүйл тэнд байгаа эсэхийг шалгав. Ашгүй байж байна. Ногоон нүдэт Пилатад талыг нь өгөхдөө “Мастерийг баасан гараг бүр захиа авахаар ирэхэд нь цайнд нь гурван дуслыг хийгээд өөрийн гараар өгч бай” гэж захьсан тэр шингэн. Ашгүй тал нь одоо хүртэл түүний халаасанд байж байна.

Вольтасын арал. Аварга том шилтгээн. Өрөө. Амьгүй бие. Нээлттэй цонх. Салхи. Ногоон нуур. Ногоон ой. Хүйтэн судал. Ахин булгарч унасан өвгөн хус мод. Олс. Маш их навч. Сүйх тэрэг. Хоёр давхарын өмхий өрөө. Цогцос. Ширээ. Хагарсан шилэн аяга. Зоорь. Дарснууд. Мастер. Булшны чулуу. 1958. 1982. Хоосон лонх. Маргаритагийн алчуур.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
 
PostPosted: Jun.01.10 9:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Songodog
Гишүүний ирүүлсэн бүтээл :)
_________________________________
Мастер Маргарита хоёр: Оршил*
Бурхан дэлхий ертөнцийг бүтээгээд дээр нь оршин суугчидыг бүтээж эхлэв.Хамгийн эхэнд тэнгэрт нисдэг жигүүртнүүдийг үүсгэлээ. Өдөр бүр, цаг тутамд нэг төрлийг үүсгэн нисгэсээр байв. Зарим нь том, зарим нь жижиг. Нэг нь махчин, нөгөөх нь өөр гэх мэтчихлэн түм бумыг үүсгээд байлаа. Гэтэл жигүүртэн амьтад яах учираа олохгүй эргүүтэн эргэлдээд аль эсвэл нэгнийгээ алж талаад байв. Тэгээд ч зогсохгүй үүсгэсэн шувуу бүхэн нь нисэж ирээд гомдол мэдүүлнэ.

-- Би яах ёстойн!?
-- Амьдрах хэцүү байна!
-- Тэд нар бид нарыг бариж идээд байна...

Бурхан эцэст нь Хангарьд шувууг үүсгээд жигүүртэн амьтадын хаанаар өргөмжлөн хойшид альваа асуудлыг хангарьд хариуцсугай хэмээн зарлигдав. Ахиж жигүүртэн үүсгэсэнгүй.

Бурхан дараагийн удаа араатан амьтадыг үүсгэж эхлэв. Нисдэг бол өөрийг нь олж ирээд зовлонтой байсан тул арга сэдэн газраар явдаг амьтад бүтээсэн нь энэ байж. Буга, гөрөөс, чоно, үнэг гээд л нэг нэгээр нь, зэрэг зэрэг бүтээж байв. Гэтэл газар дэлхий араатан амьтдаар дүүрээд ирэхийн цагт амьтад нэгнээсээ зугтаж чадахгүй битүү чихцэлдээд алацах болов. Энэ бүх дуу чимээ бурханыг хаана ч байсан сонсогдоод байсан тул бурхан тэсэж тэсвэрлэхээ болиод хамгийн сүүлийн бүтээл болох арсланг араатан амьтдын хаанаар томилоод. Өөр өөртөө ахиж араатан амьтан үүсгэхгүй хэмээн андгайллаа.

Өмнөх алдаануудаасаа хаширсан бурхан энэ удаа сайтар бодолцож үзээд нисдэггүй, тулалдсан ч дуу чимээ нь тэнгэр хүртэл тархахааргүйгээр нь усны амьтадыг бүтээж эхлэв. Жараахайнаас авахуулаад аварга загас хүртэл бүхнийг үүсгэлээ. Усны амьтад бурхан дээр ирж гомдол мэдүүлэхгүй. Хоорондоо тулгаран алацсан ч дуу чимээ нь сонсогдохгүй байсан тул бурхан энэ бүхэнд урамшин төрөл төрлийн, зүйл бүрийн усны амьтадыг нэмэж бүтээлээ. Гэтэл тунгалаг, цэвэр ус цусанд булхагдан улаан болчихоод харахад ч хэцүү, амьтад уухад ч хэцүү болсон тул аргагүйн эрхэнд халим загасыг бүтээн усны амьтдын хаанаар зарлаад ахиж усны амьтан бүтээсэнгүй.

Дөрөв дэх удаагаа сайн туршлагажсан бурхан шавьжнуудыг хийж эхлэв. ялаа, шумуул, шоргоолж, эрвээхэй... гээд л. Нисдэг шавьж нар бурхан дээр нисэж ирж хүчрэхгүй, мөлхөдөг шавьж нарын дуу тэнгэрт байтугай тэмээнд ч сонсогдохгүй, усны шавьж нар алалдаж тулалдсан ч ус бохирдож булингартаад ер шалихгүй байлаа. Бурхан ч баярлахын ихээр баярлаж өөр өчнөөн олон төрлийг үүсгээд байтал бүхий л амьтдын хаадууд бурханд гомдол мэдүүлж эхэллээ. ¨Шавьж нар тэгэв, шавьж нар ингэв. Тэгсэнээс болж ингэв, ингэснээс болж тэгэв.¨ хэмээн зогсоо зайгүй гомдол гаргах болов. Шавьж нар харин гомдол гаргая гэсэн ч чадахгүй, гаргасан ч дуулдаж мэдэгдэхгүй байв. Энэ бүхэнээс бурхан залхаж гүйцээд бүхий л амьтдыг захир хэмээн эрэгтэй хүнийг бүтээв. Үүнээс хойш шавьжны тухай бодлоо орхижээ.

Нэг хэсэгтээ амьдрал аятай тухтай сайхан өрнөж байв. Гэтэл эрэгтэй хүний асуудалыг хүчээр шийддэг зангаас болоод хорвоо дэлхий орвонгоороо эргэн амьтад цугаар хүчтэй нь хүчгүйгээ хэмээгээд харгис хэрцгий болж эхэлсэн тул бурхан энэ бүхэнг харж эс тэвчээд эмэгтэй хүнийг бүтээлээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс эхлээд эвтэй найртай сайхан амьдарч байсан боловчиг сүүл сүүлдээ хэрэлдэж маргалдаад хэн нь амьтдыг залах захирахаа булаацалдаад бурханы амар заяаг үзүүлэхээ болив. Эрэгтэйг сонгохоор амьтад харгис хэцгий болоод эмэгтэйг сонгохоор наалинхай зөөлөн болчихоод алийг нь ч сонгосон нэг л болохгүй байсан тул бурхан хүний хүүхэд заяав. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс эвтэй найртай болон амьтад ч бурханы бодож байсан шиг амьдарч эхэллээ. Бурхан энэ бүхнийг хараад эрэгтэй, эмэгтэй хүнийг захирдаг сахиусан тэнгэр бүтээлгүй оронд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст хайр авчирдаг хүүхэд бүтээсэндээ баярлан сая нэг санаа амраад урт удаан хугацааны дараа сая нэг амрахаар хэвтлээ.


_____________________________________________
тайлбар:

Эх зохиолын төгсгөлд epilogue буюу төгсгөлийн үг байдаг билээ. Гэвч зохиол маань эхлэхдээ prologue буюу оршил хэсэггүйгээр шууд эхэлдэг тул энэхүү оршил хэсгийг зохиолд байх хэрэгтэй болов уу!? хэмээн бодсоны үндсэн дээр бичив. Тайлбарлачихвал утгагүй болчих тул өөр өөрсдийнхөөрөө тунгаан болгоосугай.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
 
PostPosted: Jun.01.10 9:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Энэ удаагын тэмцээнд их цөөхөн хүн оролцсонд их харамсалтай байна. Хэрвээ бүтээлээ явуулсан болов ч энд гараагүй бол амжиж гаргахыг хүсье. Хоёр хоногийн дотор Чандаа өөрөө орж ирж шийдвэрээ гаргахгүй бол би шүүхээс. Харамсалтай боловчиг өөр аргагүй болохоор уучлаарай :)

Хүндэтгэсэн
Songodog :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
 
PostPosted: Jun.07.10 4:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Энэ удаа бараг хүн ороогүй ч гэсэн одоо нэг нь түрүүлэх ёстой болохоор Б.Батзаяа гишүүний маань Ногоон нуур түрүүллээ. :)
За Б.Батзаяа гишүүн маань надтай холбоо барина бизээ :)

Sirus VS Simona гишүүний хувьд зохиолоо ирүүлсэнд баярлалаа. Өрсөлдөөнтэй олон хүнтэй болгож чадаагүй ч уучлаарай :) дараагийн удаа дахин оролцоно гэж найдаж байна. Баярлалаа :)

Хүндэтгэсэн
Сонгодог

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
 
PostPosted: Jun.07.10 4:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
За гишүүд уран зохиол сонирхогчид минь 3р цувралаар надад хоёр янзын санал байна.

1. Эхнийх нь бараг хүн болгон төсөөлөлтэй байдаг. Яах аргагүй хүүхэдийн шилдэг зохиолуудын нэг Петер Пан

2. Дараагийнх нь болохоор бараг Монгол хүн бүр эчнээ таних ¨Л.ТҮДЭВ: Хорвоо танилцсан түүх¨ аль нь байвал сонирхолтой байх бол :)

2-3 хоног гишүүдийн юу бодож байгааг хараад тэгээд 3р цувралыг Чандаа өөрөө зарлах байх гэж бодож байна :) . Миний хувьд гэвэл над шиг залхуу хүнд тохирохгүй ажил бололтой :D
тэгээд ч миний үзэл бодолоор бол би лав шүүнэ гэж худлаа эд байна. Олон байсан бол балрах нь л дээ би. :imhappy:
Баярлалаа :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Last edited by Songodog on Jun.08.10 9:00 am, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Jun.08.10 9:49 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Сайн уу, залуусаа. Өнгөрсөн сард уг сэдэвт анхаарал хандуулж чадаагүйг минь уучлаарай. Анх энэ сэдвийг нээхдээ зүгээр нэгэн уран зохиолын тэмцээн явуулах гэж нээгээгүй юм аа. Алис гайхамшгийн оронд, Мастер Маргарита хоёр зэрэг сэдвийг сонгож авсан нь шидэт реализмын уран бүтээлүүд байсан. Ингэснээр илүү фантазлих дуртай, сэтгэлгээгээ чөлөөтэй орхихыг эрмэлздэг, бичих дуртай хүмүүсийг нээн илрүүлэх зорилготой байсан юм. Өөрийн хариуцлагагүйгээс сэдвийн зохион байгуулалтыг сул орхисонд уучлаарай.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
 
PostPosted: Jun.09.10 10:41 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Quote:

84-ийг уншсан хүн л лав МАстэр-Марг уншсан хүнээс их байх нь ойлгомжтойм биш үү.
Мань яг одоо уншиж байна. 84-р сэдэв зарлалаа гэхэд хүмүүс яаж оролцохыг сайн хэлж мэдэхгүй юм. Харин чамд бичих санаа байвал наашаа "майлдчиж" болно шүү. Яг одоо 1984 - ийг уншиж байгаа. http://eliihouse.blogspot.com/ энд багахан сэтгэгдлээ үлдээсэн минь бий. Дараагийн удаа сэдэв зарлах бодол одоогоор алга байна. Магадгүй 9 сараас оюутнуудын хичээл эхлэхээр үргэлжилж болох юм. Тэр үед нэг биш олон сэдэв зарлаж болох байх. Жишээ нь:

- романтик, сентиментал
- нийгмийн, эрх чөлөөний
- реалист
- шидэт реалист, сюрреалист
- тэмдэглэл, бодролын

гэх мэтээр чиглэл чиглэлд нь тохирсон сэвдүүд байж болох юм.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
 
PostPosted: Jun.10.10 5:37 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
Сонгодогийнх дутуу байна шд. Бүтнээр нь унший л даа.

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
 
PostPosted: Jun.10.10 7:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Ер нь бол би цөөхөн хүн орсон гээд нээх сэтгэлээр унахгүй байгаа.
Харин ч хүмүүс айгаад эсвэл залхуураад бичихгүй байхад зориглоод хичээгээд
ямар нэг юм бичсэндээ бол баяртай байгаа шүү :)
Жоохон онгирч байж ч магадгүй :Д
Өө тийн минийх тэгээд дуусчихаж байгаа байхгүй юу :)
Бурхан яваад өгсөн амрахаар явчихсан.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
 
PostPosted: Jun.10.10 7:50 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
Quote:
Ер нь бол би цөөхөн хүн орсон гээд нээх сэтгэлээр унахгүй байгаа.
Харин ч хүмүүс айгаад эсвэл залхуураад бичихгүй байхад зориглоод хичээгээд
ямар нэг юм бичсэндээ бол баяртай байгаа шүү :)
Жоохон онгирч байж ч магадгүй :Д
Өө тийн минийх тэгээд дуусчихаж байгаа байхгүй юу :)
Бурхан яваад өгсөн амрахаар явчихсан.
Аан оршил гэдэг дээр нь * байсийн байна шд. Мунхаглажээ би.

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 13 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited