#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.10.18 5:17 pm

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 131 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Mar.11.10 1:32 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Мөн энэ бүх нээлтийн маань баталгаажуулж блокын дарга өглөө оройдоо нэрс тулгахдаа жагсаалтын зөрүүг тэмдэглэдэг болсон билээ. "Zwei im Revier", "Fier im Revier", "Dreizehn im Revier" гэж манай хэсгийн тооллогыг хийж бидэнд юу болж байгааг өөрийн эрхгүй тодоос тод ойлгуулсан билээ. "Abgang" гэж хорогдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж эхэлсэн ажээ. Тийм дээ. Тодорхой нөхцөл бүрдвэл хичнээн ч сайн санаа гаргаад ямар ч нэмэргүй болдог юм байна. Цаг нь ирвэл шоронгийн амьдралд хүн дасдаг юм гэж аль гэртээ байлаа нэгэн зохиолоос уншсан нь санагдаж байлаа. Тэр яахав юу ч гэх юм даа... ухаандаа соёлтой гэх үү дээ шоронг хэлсэн байлгүй дээ. Тийм нөхцөлд дасч болно гэж өнөөдөр хүн яривал би бүрэн итгэнэ. Тэр бол гарцаагүй. Харин ийм төвлөрүүлэн лагерьт дасах нөхцөлгүйг би даанч өөрийн биеэр амсаж, дэндүү сайн мэдэх болсон юм. Дасахын оролдоогүй биш оролдсон. Ямар ч гэсэн би бишгүйдээ хичээж үзсэн. Даанч тэгж өөрийгөө боловсруулах цаг олгодоггүй байлаа.
Хатуу бодит байдлаас зугтах хэд хэдэн арга байдаг билээ. Би лав гурвыг гадарлана. Энд хүмүүсийн ярих, өөрөө нүдээрээ харах буюу өөрөө туршиж үзэх гээд ийм итгэл төрүүлэх үндэслэл болсон юм. Юуны өмнө нэг хамгийн энгийн гэх үү дээ нэг арга бий. Би түүнийг олигтой хэрэгжүүлж чаддаггүй байлаа. Тэр нь юу гэвэл хүний нэгэн дийлж дарагдашгүй төрх шулуухан хэлбэл нэгэн салшгүй өмч чадавхийг хорьж барих аргагүй билээ. Жишээ нь би нөгөө хүрзээ барин аль болох боломжийн бага хөдөлж ажлын ачааллыг хэтрүүлчихгүйг хичээн, зогсоо зайгүй хөдөлсөн дүртэй байх хооронд би биеэ орхин одож, алс хол тэмүүлээд өгдөгсөн билээ. Нэгийг бодвол хязгаар гэж үгүй. Бие минь намайг лагерьт төлөөлбөл санаа жишээтэй. Ер нь энэ хорвоогийн хамгийн гоё өнцөг буланд очиж, жаргалаа эдэлж мэднэ. Яахав би угийн нялх номхон амьтан байсан тул ийм хийсвэр хорвоодоо хүртэл олигтойхон хөдөлж сэтгэж чадахгүй байж билээ. Чадсан маань Энэтхэгийн тэр Калькутта халуун хотоос нэг их даварч чадаагүйсэн. Гэхдээ л ухаан тархинд минь салхи оруулж, хөрсөн дээрээ эргэж буувал дотор онгойсон, тухайн өдрийн их ядарсныг нэхэн тэгшитгэж, өдрийг давах нэгэн суурь болдог байлаа.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.11.10 2:12 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Ингэж сэтгэлээ чөлөөтэй нисгэж, юмсыг хангарьд жигүүртний өндөрлөгөөс харвал маш олон зүйлийн зөв бурууг тайлж чадна. Жишээ нь урьд өмнө би үнэхээр буруу амьдарч ирж дээ гэж харамсах шалтаг гарч байсан билээ. Хорвоогийн өдрийг ашиглаж чадахгүй хий хоосон хичнээнийг үрэгдүүлсэн билээ. Ер нь л амаа барих зүйл тоолж баршгүй байв. Жишээ нь хоолоо голж жаал идсэн болоод эргүүлж цааш нь түлхчихдэг байсан араншингаа гайхан, "одоо байсан бол" гэж гасална. Тэр үед тэгж тэнэг аашилсныгаа ойлгож чадахгүй байлаа. Нөгөө талаар аав ээж хоёр надаас болж, тэгж ямар ч утгагүй хэрэлдэж, уур уцаар, уйлаан майлаан болж байсныг харамсана. "За яахав гэртээ нэг очиж байгаад" гэж гэнэт ийм энгийн гэнэн сэтгэж, ийм энгийн үг хэрэглэн, дотроо нэгийг бодвол надад яг энэ лагерьт тэрнээс өөр зовлон үгүй юм шиг сонин уймарч уярдаг байсан билээ. Гэхдээ л харьж байж тэр утгагүй бүхнийг нэг арилгаж, сайхан тайван түгших зовних юмгүй амьдарна гэж чин сэтгэлээсээ шийдсэн юм. Эргэж санахад мөн ч сонин юманд санаа зовж байх суух газраа олж яддаг байсныг эргэн санахад инээд ч хүрэх шиг, тэнэгтээ ч зэвүүцэх шиг болдогсон. Жишээ нь зарим хичээлээс их айна, тэр хичээлийн багшаас ухаан алдана, дуудвал буруу ярьж, муу дүн авбал яана гэж эвий тэр гэнэн цаг... муу дүн гэр рүүгээ чирж, аавдаа алуулна гэж сүнсгүй айдагсан. Одоо энд лагерьт тэр бүхнийг санаад өөрийгөө шоолж, өөрийгөө хөөрхөн саатуулчихдаг байсан билээ. Уярах бас нэг аятайхан сэдвийг би сэдсэн билээ. Ямар ч зовиургүй, идэж уух бүх юм хангалттай нэгэн гэгээн өдөр мэндэллээ гэж би мансууралд автан, тэр өдрөө ухаалаг өнгөрөөж байна гэж өөртөө кино найруулж, зарим өдөр хэдэн ч удаа тэр киногоо үздэгсэн. Ямар ч өөгүй бүх юм боловсронгуй ухаалаг өдөр мэндэллээ гэж бас нэг зохиол санаандаа туурвивал эцэст нь нөгөө л миний ядуу сэтгэлгээнээс болж, бас л нэг бүтэлгүй өдөр болж таардагсан. Учир нь нөгөө ид нойр хүрч байхад босох болдог, сургуульдаа хоцорч хөл алдана, үдийн хоол гэж олигтой цэс санаанд орохгүй хоёр төмснөөс дээш гарахгү байх, мөн тэгээд л бахь байдгаараа хамаг сайхан боломжийг орхигдуулсан ердийн зураг гардагсан. Гэхдээ л энэ лагерьт тавилангийнхаа нэгэн зурвасыг биеэр тууж байж, сая боловсронгуй ухаалаг өдөр гэж юу хэлэхийг, өмнөх амьдралынхаа хэмийг хэрхэн засч залруулах, хэрхэн эрчимжүүлэхийг үнэхээр маш тод тодорхой боловсруулж чадсан билээ. Ингэж би хүмүүсийн ярьдаг байсныг өөрийн биеэр үзэж, хүн гэдэг амьтны сэтгэлийг ямар ч шоронгийн хана хорьж чадахгүйг бүрэн итгэсэн юм. Ингэж уярах нь мөн ч сайхандаа. Ганц нэг сул тал байдагсан. Хэт хийсвэл гар нь дагаж алмайран, мансуурч хүрзээ умартана. Тэгтэл бодит зураг нь ташуур тас буух, нударга орж ирэх замаар хоёр гарт маань ажиллах эрхийг нь санагдуулж лагерийн хэмийг сэргээн тогтооно.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.11.10 2:26 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Нэгэн үес өглөөний нэрсийн дуудлагаар хүний тоо жагсаалттай зөрдөг болсон билээ. Манай хажуу дахь V2 блокын үзэгдлийг манай блок ийнхүү давтаж эхлэв. Чухам юу болоод байгаа нь тун тодорхой. Төвлөрүүлэн хорих лагерьт дахин сэрэхгүй хүнийг босгож чадахгүй нь байгалийн жам билээ. Энэ бол миний дээхэн ярьсан хатуу бодит байдлаас зугатах хоёр дахь арга байв. Энэ аргыг хэрэглэх гэж олон хүн оролдсон байх. Үгүйдээ гэхэд л санаанд орж ирдэг нэгэн хувилбар байлаа. Тэр бодол хүн бүрийг гижигдсан нь гарцаагүй. Чулуу шиг хатуужилтай нь хүртэл өглөө бужигнасан майхандаа сэрэх үед тэр аргыг хэрэглэх бодол толгойд орж ирсэн нь гарцаагүй. Би ч тэр аргыг хэзээ нэгэн цагт хэрэглэж магадгүй ч байсныг хэн мэдэхэв. Нимбэг ах тэр бодлыг маань уйгагүй хөөж чаддагсан.
Сэрж ядах гэж тэр өглөөний кофе ч тийм ч амин чухал биш гэж сүүл рүүгээ хүн бодож жагсахаа бодно. Өглөөний нэр тулгалтын үед алга болох нөхцөлгүй. Орондоо залхууран хэвтэж оройтно гэж бас байхгүй. Гэхдээ нэг чухал газар байдаг байлаа. Аль эртнээс хүмүүс түүнийг нүдлээд авсан байв. Зуун хувь баталгаатай газар гэж бүгд итгэнэ. Элдэв арга мэх төлөвлөгөө сэдэж, тиэр газрыг олоогүй, харин зүгээр дэмий чалчиж байх зуур "боломжийн газар" гэсэн тэр санаа гэнэт орж ирсэн учиртай. Майхны хамгийн доод хэвтэрийн доогуур мөлхөж орж майхны буланд нуугдан наагуураа дэрс, навч хогоор өөрийгөө нуувал хэзээ ч олдохгүй гэж бид итгэнэ. Зарим зоригтой нь түүнийгээ нэг ашиглаад үзье гэж боддогсон. Хүн болсон хойно заавал нэг хүний сул тал илэрнэ. Иймд зарим нэг маань "яасан ч яадаг юм тэр нүх рүү орж нэг сайн унтаад авах юмсан" гэж хүснэ. Өглөө нэрсийн дуудлагаас ингэж хоцорч үдээс хойш нь гарч ирээд оройн нэрсийн дуудлагаар эргээд тооллогонд гэмгүй ороод жагсчихна гэж боддогсон. Нэг цаг илүү унтаж авахын төлөө юунаас ч айхаа больсон хүн мэр сэр гарна.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.11.10 2:58 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Харин тэгээд тайван унтуулаад өнгөрнө гэж байхгүй билээ. Тэр дор эрэл хайгуулын хүмүүсийг томилж лагерийн дарга өөрийн бууны нохойгоо дагуулж, түүнийг блокын дарга нар, майхны дарга нар цувж урт мод, юм ухаж түнхэх төмөр үзүүртэй мод барьж V1 блоконд орж ирэн ажилдаа орно. Жаахан шуугиж түчигнэсний дараа "хөөе хараач" гэж нэг нь дуу алдаж оргодлыг олж гавьяа байгуулснаа зарлаж мэдэгдэнэ. Мөн "ёооё... иссс" гэж сонсогдон нөгөө оргодол төмөг шөвгөнд хатгуулж, модоор зодуулж шүдээ зууж дуу алдана. Мөн удалгүй уранхай цус нөж болсон хувцасны өөдөс унжуулсан хөдөлгөөнгүй болсон биеийг чирж гаргаж ирэн ил хаяна. Би тийм юм харах дургүй тул харцаа эргүүлдэгсэн. Тэгтэл энэ удаа хэн байсан бэ гэж өөрийн эрхгүй сонирхож, нүднийхээ булангаар нэг ширтээд авбал "аа тийми, тэр байна" гэж талийгаачийг санадагсан. Тэгтэл "Arbeitskommandos antreten!" гэж команд сонсогдож, үлдсэн бид ажилдаа ордог байлаа. Тийм адал явдалтай өдөр цэргүүд тухайн талийгаачийн ялыг бидэнд хуваарилж оногдуулна. Тэр өдөр нь бие бүтэн харин хүн гардаггүйсэн.
За тэгээд оргох гурав дахь хувилбар юу вэ гэвэл яг оргоно гэдэг үгийг цэвэр утгаар яс хэрэгжүүлэх гэж үзэх явдал билээ. Энэ аргыг сүрхий бэлтгэж бясалгаж байж туршиж үзэх нь чухал билээ. Нэг тийм явдал манай лагерьт гарсан нь анхны бөгөөд цорын ганц удаа болсон юм. Гурван литва хүн тэр аргыг сийлжээ. Хүмүүс ярих нь тэр гурав энд их удсан бөгөөд маш их туршлага хуримтлуулсан мөн германаар чөлөөтэй ярьдаг, эндхийн нутгийг сайтар судалсан ер нь хийвэл баараггүй хийж чадах гурав гэж хүмүүс шивэгнэж, зарим маань энэ хэдийн чадалтайг нь гайхан шүтэж, харуул манааны тэнэгийг нь дурьдаж, дотор нь нэг хэсэг онгойвол, өөр нэг нь тэдний жишээгээр өөрийнхөө хувилбарыг толгойдоо бясалгаж эхлэн, нэгийг сэднэ. Харин тэр шөнө нөгөө гурвыг хайж бид бүхнийг нэрсийн дуудлагын жагсаалд хэдэн цаг зогсоовол гурван нөхрөө шүтэж байсан бид дотроо харааж эхэлсэн билээ. Бид ч хэдэн цаг номхон зогсоод, салгалж унахгүй байхыг хичээж, тэр зуур "юу болж байгаа бол доо... нохой үнэрээр нь олж л таарна даа" гэж бид хэдийн зурсан зураг маань бутарч байлаа. Торгуулийн журам дуусч, майхандаа мөлхөж орсны маргааш орой нь бид дахиад жагсвал нөгөө гурвыг олоод ирсэн мэдээ тэр дороо тархав. Би баруун тийш харахаас айгаад байв. Гэхдээ л нэг гялсхийж хальт ширтвэл нөгөө гурвыг зогсож чадахгүй тул сандал дээр суулгаж... суулгах ч гэж дээ гурван улаан нялцгай махыг яаж ийж тогтоосон байлаа. Энгэр дээр нь том гэгчийн үсгээр "Ich bin wieder da!" буюу "Би буцаад ирлээ" гэж бичиж өлгөсөн пайз харагдана. Тэр гурвын дээр хоёр талд шон босгож, толгой дээгүүр нь гуалин хөндлөн тогтоосон байв. Иймэрхүү хөндлөн гуалинд манайхан гэртээ хивсээ гаргаж гөвдөгсөн. Яг толгойнд нь тохируулж олс унжуулсан байсныг анзаарвал "Энэ гурвыг дүүжлэх нь" гэж надад тодорхой болсон билээ. "Der ganze Lager: Achtung!" лагерийн дарга өөрөө чанга хашгиран команд өгөх нь бид бүхнийг сургамжлах онцгой арга хэмжээ болох гэж байгаа нь тодорхой болов. Гүйцэтгэгч нар жагсан гарч ирж, цэрэг журам дэгээр маш шуурхай тушаал биелүүлэв. Энэ удаа надаас нэлээд хол болсон тул би дотроо биеэ барьж, доошоо газар ширтэж, бүхнийг өнгөрөөв. Харин миний зүүн гар талд нөгө өганхаж, мөргөлөө уншдаг нь эхэлбэл би түүнийг анзаарсан болж анхаарлаа сарниулахыг хичээгээд байв. Арай өөр хоолой сонсогдох шиг болж хэн бэ гэж өндийвөл нарийн хүзүү, том монхор хамрыг анзаарч, нулимс дүүрэн гөлийсөн том нүдээр нь нөгөө рабби багшийг танив. Тэгтэл нөгөө миний гадарладаг... нарийндаа бол энэ финнүүдээс манай лагерийн хүн бүр олонтаа сонсож, сурч авсан хэдэн үг сонсогдов. "Йискадал, вёскадал" гэж олонтаа давтаж номоо уншина. Энэ финны жүүд хүмүүс нас барсан хүний төлөө ингэж залбирдаг билээ. Энэ маанийгаа жүүд хүмүүс "каддис" гэж нэрлэдэг. Маш итгэлтэй, маанийнхаа үгэнд бүрэн автан, уншиж байгааг харвал "тэгээд ингэснээрээ юу ч аварсангүй, юу ч өөрчлөгдсөнгүй шүү дээ" гэж би энэ хүний уйгагүй уншиж байгааг нь үл ойшоох байдалтай дотроо маргаж, байдлыг мартан, нөгөө гурван оргодлын зүг харвал дүүжлэгдсэн гурвын хөл нь татганаж байгааг харж, маш их айсан билээ. Эргээд рабби бабгш руу харвал түүний нүүр нь гэрэлтэх шиг болж, сэтгэл тайвширч, хүч орж байгаа юм шиг санагдав. Тэгтэл аль тэр тоосгоны үйлдвэрт байхдаа номоо бүхнийг умартан, ингэж уншиж байсныг нь анх би харж их гайхаж байсан маань санаанд ороод ирэв. Дотор минь нэг юм эргэж сая би энэ багшийн итгэлд нь атаархаж, жүүд мөргөлөөс ганцыг ч мэдэхгүйдээ харамсах шиг болсон билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.11.10 3:12 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
За ийм шалгуурыг сэтгэлийн дотоод хүчээр давж болдог бол өлсгөлөнг тойрох арга үгүй билээ. Уур уцаар, шүтлэг бишрэл хангалттай байж, залбирч мөргөсөн ч өлсөж үхэх л болно. Гэртээ байхдаа ч өлсөж байдагсан. За энэ нь ч арай тийм биш, зүгээр тэгж санагддаг байсан байлгүй дээ. Харин тэр тоосгоны үйлдвэрээс эхлээд, дараа нь тэр галт тэрэг, Аушвиц, Бухенвальдад ч мөн ялгаагүй ёстой тасралтгүй өлссөн дөө. Ийм зовлог бас байдгийг огт ухаардаггүй байжээ.
Би өөрөө өөртөө ёроолгүй сав шиг санагдаж, дотогшоогоо идэж уучих юм чихэж байвал энэ хорвоод оршихын утга мэт санагдах болсон билээ. Нүдний гол зориулалт идчих юм хайх, толгой гар минь харагдсан бүхнийг таньж, ходоод гэдэг ангал руу шидэх үүрэгтэй болсон байв. Мод, чулуу, төмөр ч бай зажилж даагаад, шингэдэгсэн бол юм үлдээхгүйсэн. Элсний амтыг ч хүртэл амсаж үзсэн билээ. Ногоо өвсийг үлдээнэ гэж байхгүй. Даанч манай ойр хавьд нэг өнчин өвч цухуйдаггүй билээ. Соёолсон сонгиныг хоёр хэрчим талхаар солино. Тансаг хоригдол хуруун чинээ цагаан буюу шар луувангийн төлөө мөн хоёр хэрчим талхнаас доош буухгүй дээ. Би тэр шар лууванд нь даанч сүнсгүй байдагсан билээ. Шар лууван сайхан шүүстэй дээ. Яахав эмч домч нар нөгөө цагаан лууван нь эрүүл мэндэд илүү сайн гэх л байх. Би тэгээд ч энэ удаад ямар эрүүл мэндээ тэтгэх гэсэн биш. Нөгөө талаар цагаан лууван гашуун бас нэлээд хатуу, зажлахад төвөгтэй. Таарвал тэгээд ч гашуун гээд буцаахгүй нь мэдээж билээ. "Бусад маань бас иддэг шүү дээ" гэж өөрийгөө тайвшруулна.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.12.10 12:39 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Харуулуудын үдийн хоолыг үйлдвэр рүү араас нь авчирдаг байв. Би тэднийг идэж байгааг нь өөрийн эрхгүй өрөөсөн нүдээрээ ч гэсэн ажигладагсан. Нэг их хараад ч байх юмгүй л дээ. Тэд хоол идэж байна ч гэж сэтгэж амжилгүй, бүгдийг ходоод руугаа чихдэг байлаа. Яг л булаачихвий гэдгээс айж, аль эсвэл дайсан ирж зугатах гэж байгаа юм шиг зажлахгүй гударна. Сая дуусвал хажуугаас н харж, амьсгаа авмаар санагддагсан. Нэг удаа командын дарга нарын цехэд яг нутгаас нь илгээмж ирсэн мөчид нь би тэнд байж таарсан билээ. Барзайтлаа үүнд баригдсан нэг гар, хөдөөнөөс ирсэн дарсан ногооны шилнээс урт гэгчийн иштэй ногоон вандуй гаргаж байсныг мартдаггүй юм. Би тэр вандуйг харж, дотроо тэр гараас "нэгийг өгөөч" гэж гуйх шиг болж байсан билээ. Гэтэл тэр гар муухайгаа мэдэхгүй бас шил ам хоёрын хооронд зогсоо зайгүй хүнсний бараа тээвэрлээд байсан билээ. Тэр гартай бараг л ярихын даваан дээр нэг том нуруу бүхнийг халхалсан билээ. Би тэр нурууг ойлгоно л доо. Намайг зовоохгүйн тулд бас ч гэж хүний нуруу тул миний зовлонг таслах гэж тэгсэн нь гарцаагүй. Гэхдээ л би тэр ногоон вандуйг харж, алга болж байгаа нь хүртэл нүдэнд гоо сайхан, сэтгэлд илчтэй бууж байгааг тэр өргөн нуруунд хэлэхийн даваан дээр ажлаа санасан билээ.
Нэг удаа би нэг финнтэй гайгүй юм амжуулж, хэдэн төмсний хальстай болсон. Тэр хальс нь бас шинэ биш аль өчигдрийн хальс учраас захаараа нэлээд хатсан байлаа. Яг үдийн завсарлагаанаар нэг алгын цаасны өөдсөн дээр чулуун давснаас тавьж, хальсаа түүнд дүрж, удаан гэгчийн ам руугаа гулгуулах гэснээ давсны амтыг нэг үзээд, намайг сая анзаарсан байдал гарган, "зарна шүү" гэдэг байгаа даа. Уг нь иймэрхүү наймаа хоёр хэрчим талх нэг бол нэг зүсэм маргаринаас хэтэрдэггүй билээ. Гэтэл энэ амьтан оройн шөлний хагасыг гэж болзол тавив. Би жаал үнэ хаялцах бүх аргаа хэрэглэгсэн билээ. "Ди бист ниүт канйид, ди бист шегэц" гээд нөгөө хачин хэлээрээ намайг ухаандаа жүүд биш гээд зэвүүрхэнэ. Миний уур хүрч "биш юм бол тэгвэл би энд юу гэж байх юм бэ?" гэж асуувал "би яаж мэдэх юм" гэж тэрбээр мангартав. "Ёстой өмхий жүүд байна шүү дээ чи муу гөлөг" гэж хамаг уураа түүн рүү цацвал "хээ тэгээд үнэ буулгахгүй шүү дээ" гэж гомдох шинжгүй хариулж миний амыг таглав. Нимбэг ах ч азаар хаашаагаа ч алга болсон байсан юм бүү мэд "наадхаа хая" гэж хэлэх байсан нь гарцаагүй. Би яахав тэгээд тэр наймаанд орохоос өөр аргагүй болсон билээ. Харин орой яг миний тавганд шөл хийтэл нөгөө литва гайхал гадар доороос гарч ирж таваг барилцав. Бас тэгээд өнөө орой яг сүүтэй гурил өгнө гэдгийг яаж түрүүлж мэдэж, намайг мунхруулав даа гээд л би хоосон хоцорсон билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.12.10 12:59 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Лагерьт ирж байж хүн зарим үгс хэллэгийг жинхэнэ утгаар нь ойлгох болно гэж би манай эндхийн хүмүүсийн нэгэн адил итгэлтэй хэлж чадна. Бага балчир насандаа "нэгэн сайн эр" гэж үлгэрийн баатар гарч ирж хааны охинтой суухын тулд жишээ нь долоо хоногийг ямар нэгэн шалгуураар давах ёстой байдгийг бишгүйдээ сонссон билээ. Нэгэн үлгэрт "хөөе чиний хэлдэг долоо хоног манай нутагт долоон жил болж сунадаг учиртай" гэж заль мэх хэрэглэж байгаа гардагсан. Энэ манай төвлөрлийн лагерьт хугацаа яг л тэгж өнгөрдөг билээ. Жишээ нь би өөрийгөө энд ирээд энүүхэн ахархан хугацаанд ингэж өвгөрч бие бялдар минь ингэж өтөлнө гэж хэзээ ч итгэхгүй байхсан. Гэрийн нөхцөлд миний дайтай тураалд орж, төрхөө алдахын тулд наад зах нь тавь наслах хэрэгтэй байхсан. Тэгтэл энд би гуравхан сарын дотор танигдахааргүй болсон билээ. Бие гэж сүүдэр гаргасан шувуу үргээх мануухай болдог байж. Өдрөөс өдөрт бидний эгнээ цөөрч байгааг сонсох нь айхавтар дарамттай билээ. Сүүлдээ ээлжээ хүлээх шиг болдогсон. Гэртээ бол биеэ нэг их анзаардаггүй байжээ. Гэхдээ л одоо эргэж санахад сонин ном унших зуур өрөөсөн гараараа гуяа илж, үсийг нь тэмтэрвэл тэр нь зөөлөн торгон байж, булчин ч одоо суусан байсныг сая эргэн санана. Одоо тэр булчин үгүй болж арьс маань хорчийж холцрон, хачин зэвүүн шороон шар туяа орсон нь харагдана. Энд тэндгүй элдэв сорви сэвх, батга, бас загатнана гэж нөхцөлгүй. Наадахь чинь арьсны хачигных гэж Нимбэг ах надад оношийг нь хэлж өгсөн билээ. Ёстой л нүдэн дээр турна гэдгийг би биеэрээ үзүүлэх шиг болж байв. Урьд өмнө яс, үе мөч гэж нэг их анзаардаггүй байсан бол одоо бүх ясыг тэмтэрч, ирмэг ховилыг нь нарийн судалж болох байлаа. Эцэст нь миний бие биш мэт санагддаг болсон юм. Өдрөөс өдөрт туйлын тураалын нэгэн шинэ аймшигт шинжийг илрүүлж, санаа сэтгэлээр унахгүйн тулд сүүл рүүгээ нүүр гараа угаахад ч цамцаа тайлахаа больж, усанд орох маань ховордсон билээ. Тэгээд яс арьс тул даарах нь ч энүүхэнд бас нөгөө гутлаа тайлах гэж бөөн ажил болно.
Энэ гутал үнэхээр надад гутал гэхээсээ илүү зовлон болсон билээ. Ер нь эндхийн хувцас өгөх нь баараггүй ч харин өмсөх нь тун ядаргаатай билээ. Намрын шиврээ бороо хэдэн хоногоор тэнгэр цоорсон мэт үргэлжилбэл тэр олсон утсаар нэхсэн хувцас нь брезент шиг модон хоолой болж нугарна гэж үгүй билээ. Нэг чийгтэж нороод авбал хатна гэж байхгүй. Биенд наалдаж аймшигтай хайрна. Норсон даавууны хатууг далимдуулж, биеэ хөндий байлгахыг хичээсэн ч нэмэргүй. Хүрэм шиг юм нь мөн нэмэргүй. Норвол доодох цамц нь мөнхийн нойтон болно. Манай лагерийн хашрууд цамцны дор цементний цаасан уутыг хийж дулаахан бөгөөд хуурай явахыг хичээнэ. Гэхдээ тэгж хувцаслах нь хориотой учраас цэргүүд модоор нуруу цээж рүү нэг гөвөөд л цаас шажигнавал сайн зодуулна даа. Харин шажигнахаа больсон байвал тэр цаас нь норж нэрмээс болно. Тайлья гэвэл мөн л нуугдаж байж сая сална.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.12.10 1:13 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Миний модон гутал маань ёстой гол зовлон болдогсон билээ. Нэн ялангуяа шавартай үед. Шавар шавар янз бүр гэх үү дээ. Гэртээ байхдаа хотын шавар үзээгүй биш. Туулж ч үзсэн. Харин эндхийн өвдөг хүрсэн шавар нь ердөө л зуурмаг гэсэн үг. Нөгөө модон гуталтайгаа тийшээ шигдэж ороод, хэд хүрзэдсэнээ хөлөө тэндээс татаж гарган, нэг алхаад л хоёр төө хэртээ зайнд дахиад живүүлнэ. Модон гутлын маань өсгий нь элэгдсээр нэг өдөр бүр хугараад унасан билээ. Сүүлд нь гутлын ул ар талаасаа хагарч цав гарсан юм. Гутлын улыг холтостой нь оронцоглож хийсэн тул холтос нь түрүүлж үйрэн унаж, холтосны завсар зайгаар нь шавар жижиг чулуу шигдэн орж, хөлийг нэл шарх болгоно. Шарх нь шүүрч, цус нь шавартай холилдон, цавуу шиг нийлж эцэст нь хөл гутал хоёрыг салгахаа больж, хөл минь гуталтай нийлж ургасан юм шиг санагддагсан. Хөлний минь ул мэдээгээ алдаж, бас мод шиг болж, би гутлаа огт тайлахаа больсон билээ. Сайн тал нь гэвэл шөнө дунд босч бие засах гэвэл гутлаа хайх хэрэггүй болсон юм. Майхнаас гарангуут прожекторын хүчтэй гэрэлд нүд гялбан, нойтон шавар дээр хальтран хальтран жорлон хүрдэгсэн.
Шөнө босч бие засах маань аажмаар олширч зарим үед бүр дөрөв ч босох хэрэг гардаг болсон билээ. Шөнө яахав элдэв зөвшөөрөлгүй нүхээ олж чадаж байвал болох нь тэр бол харин өдөр ажил дундуур бие засах болбол заавал зөвшөөрөл гуйх болно. Тоорцгоо тайлж бөхөлзөн уучлал гуйж, царай алдах болно. За тэгээд, гэдэс эвгүй оргин суулгаж эхэлсэн үед ч хэцүү дээ. Цэргийн ааш нь таарвал нэг хоёр удаа зөвшөөрч мэднэ. За тэгээд гуравдахь удаагаа харуул руу очихыг хэн ч зүрхлэхгүй дээ. Тэгснээс тэвчихийг оролдоно. Тэвчээр буюу базалсан гэдэс хоёрын аль нь дийлэхийг тэгээд л тэр өдрийн тэнгэр мэднэ дээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.14.10 3:11 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Ажлын өдрийн бас нэг хэмжүүр байдаг билээ. Буруутай буруугүй, гэнэдүүлж буюу гэнэдүүлээгүй нь гол биш, харин өдөртөө заавал цориулж, зодуулж балбуулдаг нь хэм билээ. Шалдан гар ч орж ирнэ, эсвэл герман даргын гарт байсан зүйл ч нүүр ам, нуруу хүзүүгүй аль тааралдсан газар тусна. Тэр нь улаан нударга, ташуур, бууны иш, мод, төмөр буюу гарт тааралдсан юу ч байж болно. Герман дарга гэвэл үнэндээ арай хэтрүүлсэн хэрэг болох байх. "СС" дарга нар бидэнтэй нэг их зууралдахгүй. Харин тэр "Тодт" гэдэг сүүлийн үед олширч ирсэн бүдэг шар хувцастай, бодвоос ажил гүйцэтгэлийг хариуцсан тусгай анги маягийн хүмүүс гарч ирж, биднийгээ дэглэдэг болсон билээ. Би нэгэнтэй нь ирсэн өдөр нь танилцсан юм. Тэр намайг зөв зүгээр байж, жаал бодолд ортол нуруун дундуур модоор гөвж "би ирлээ" гэж байгаа бололтой анх миний ухаанд туссан билээ. Мэдээж зүгээр зогсож, алмайрч суугаагүй билээ. Нөгөө цементтэй уутыг зөөж явах зуур балчир насны нэг явдал санаанд ортол тэр уутыг нь мөрнөөсөө гулгуулж унагаж орхив. Тэр уут газар унаж тас үсрэн цемент асгарсан учиртай. Тэгээд тэр үнэтэй барилгын материалд гамгүй хандсаных л даа. Уг нь тэр уут арав, арван тав килограмм хэртэй шалихгүй зүйлсэн билээ. Гэртээ байсан бол аравхан килийг өрөөсөн хөлөөрөө ч хол өшиглөх байсан байх. Ганц ялгаа нь энд ирээд хэдэн сар болсны дараа бидэнд тэр арван килограмм нь тонн хэртэй санагдах болсон билээ. Уг нь ч ачааны машин руу ойртож очоод зогсвол дээр байгаа хэн нэг нь мөрөн дээр чинь тавина. Түүнийг өөр нэг машин руу үүрээд аваад очвол өөр нэг нь мөрнөөс өргөөд авна. Буцаад нөгөө ачдаг газар хүрээд очвол хэдэн хүний дараа орж жаал хүлээх завшаан гарвал сая тэр мөчөө мөш их үнэлнэ. Эргэн тойрон ч харах зав гарна. Харин тэр уутыг унагаахад улаан нүүрэнд минь тас буун, би өөрөө газар унаж, уут хагарсныг төө хэртэй зайнаас харсан билээ. Газар унангуут хэвтэх зав гарахгүй билээ. Хатуу ширүүн гутал гэдэс хэвлийг хэлбэр галбирт нь оруулах гэж зогсоо зайгүй орж ирдэгсэн. Бас дээрээс нь германчуудын хараал туурвих хамаг авьяас нь сая багцаараа асгарна. "Archloch, Scheisskerl, verfluchte" буюу "аршлох, шайзэкерл, ферфлюхтэ" гээд л чихэнд хангинана. "Ich werde dich zeigen Judenhund" буюу "их вэрдэ дих цайгэн юдэнхунд" гэж "жүүд гөлөг" надад ёстой үзүүлэхээ амлана.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Mar.14.10 3:22 pm, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Mar.14.10 3:22 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Тэр хав дарга яагаад ч юм над дээр хамаг уур шар, бүх хороо гаргаж, тэгснээ "чамайг энэ насандаа дахиж шуудай унагаадаггүй болгоод өгн дөө гайгүй" гэж занаж жадтай ажиллаж эхэлсэн билээ. Тэгээд өөрөө машин дээр гарч надад уут авч мөрөн дээр минь тавьж эхэлсэн юм. Тэр уутыг аваачиж өгөөд буцаад ирвэл намайг "хайрлан" сонгосон шар хувцаст дарга жагсаалаас гадуур надад тэр уутнаас дахиад тавина. Намайг ядарч эцэн ухаан алдаж, унахыг л хүлээгээд байсан байх. Би эцэст нь хаана нь ачиж байна, хаана нь буулгаж байгааг ч ойлгохоо больж, хоёр тэрэгний хооронд холхиод байсан билээ. Тэгтэл нэг өндийж харвал шар хувцаст намайг дэглэн дийлж байгаадаа бах нь ханасан байдалтай уур шар нь арилж, бүр инээмсэглэн, уутаа бэлэн барьчихсан намайгаа угтдаг болсон билээ. Миний хувьд би шалгуурт тэнцсэндээ баярлахтай манатай байв. Сүүл рүүгээ бид хоёрын гар нийлж, би ч нүд харанхуйлж, толгой эргэсэн хэрнээ цааш наашаа зогсоо зайгүй гүйх шахна. Ганц ч уут унагаагүй тул тэрбээр надтай ийнхүү өвөрмөц мөрийгүй тоглож хожсон ухаантай. Харин тэр өдрөөс хойш дотор минь нэг юм засал авахгүйгээр тас үсрэх шиг болж, өглөө бүр минь сүүлчийн өглөө шиг санагддаг болсон юм. "За дүүрчээ яавал яаг босч барахгүй нь" гэж шийдэж ч үзнэ. Алхахад хүртэл дараачийн алхмыг хийж барахгүй нь гэж бодно. Эцэст нь мянга бодон санавч арга үгүй тул гүрийж л таарна.

7.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.16.10 7:44 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Амьдралд туйл гэж байдгийг мэдэх болсон билээ. Үнэн. Би биеэрээ үзсэн билээ. Тэр туйлыг ямар ч шинжлэх ухаанаар цаашлуулан холтгох аргагүй. Хад мөргөж зогссон туйл билээ. Тэр хийсвэр хадыг цөмлөж, цааш нь ахихыг түмэн удаа хичээгээд байвал нэгэн өдөр сэнхэрч, туйл гэдгийг ухаарч, сая хүн гэгч амьтны дотоод ертөнц нирваанаа олох байх. Ямар ч гэсэн би энэ лагерийн амьдралыг тэсч тэсвэрлэхийг дэндүү их зүтгэн хичээж, хамаг нөөц чадавхиа шавхан барж, нэгэн гэгээн өдрөөс энх амгалангийн дээд, учрыг ухаж, сая алжаалаа тайлж, хорвоогийн хамаг бүхэн хөндийрөн хийсч амьдрал гэгчийн аливаа өдөөн хатгалт, туршилтыг ирсэн хэрээр нь цааш нь гаргаж даадаг болсон билээ. Амьдралын ухаан, тухайн цагт тайлж тунгааж баршгүй ид шидэт нууц нь нэгэн өдөр паанч хэрэггүй, бужигнаан болсон билээ. Жишээ нь нэрсийн тулгалтын үед би тэнд сүүдэр гаргах төдий л оролцоно. Эгнээ цөөрч миний зогсох газар шавар шавхай байна уу, үгүй юу огт сонирхохоо болив. Их ядарсан байвал шууд тэр шалбааг усан дээр сууж орхино. Хажуугаас нөхдүүд өргөж босгохгүй бол суугаад л байна. Хүйтэн халуун, бороотой шороотой, орой шөнө байна уу надад огт хамаагүй болсон билээ. Өлсөхийг ч гэсэн зовлон гэж тусгахаа больж, зажлах юм хаана л тааралдана, гар минь миний мэдлээс гадуур аманд минь хийнэ. Ажлаа мөн гиюүрэн хийдэг болов. Хичээсэн дүр үзүүлэхээ аль хэдийнээ больсон. Миний хийж байгаа таалагдахгүй бол энэ хэд зодохоос өөр яаж чадах билээ. Нударгаар нэг шаагаад авбал би тэр дороо газар унана. Дараа нь хэн хичнээн цохисон нь ухаанд хүрдэггүйсэн. Учир нь би хэвтэнгүүт нойрондоо дийлдэн, нэг мөр тасардаг байв.
Ингэж бүх юм буурч сульдвал харин нэг чанар маань бүхнийг сөрж өсч нэмэгдэж ирсэн билээ. Тэр нь юу вэ гэвэл миний уур шар маш мэдрэмтгий, маш хурц боблж хувирсан юм. Миний тайван хөндийрсөн байдлыг аль нэг нь үймүүлж, тэр мансуурлын тухыг маань бусниулах гэвэл, жишээ нь цуваагаар жагсаж явтал би бүдэрч арын хүн маань өсгий дээр гишгэвэл би түүнийг алахад бэлэн болдогсон. Тэгээд нэгд надад алах боломж, хүч ч үгүй, мөн алах гэж эргэн гараа өргөвөл чухам яах гэж эргэснээ умартана. Нимбэг бас хажуугаас минь олон юм ярьж залхаана. "Бие барихгүй урсгалаар нь хаялаа" л гэнэ, дарга нарын нүдэнд өртөж гүйцлээ, надаас болж бусад маань их торгуулдаг, нөгөө хамуу томуугаа ч халдаалаа гээд л ядаргаан дээр ядаргаа болж билээ. Би Нимбэг надад юм хэлээд байна гэдгийг орон гаран ойлгодог байлаа. Нэг өдөр харин намайг барьж авч бүх хувцсыг маань тайлж, ах хүний хүчээр дийлэн, хүйтэн усаар шавшин, хамаг биеийг маань үрж угааж өгсөн билээ. Би эсэргүүцэж хашгиран, элдэв хараал хэлэн, бас нудраад авах гэж оролдоод ч нэмэр болсонгүй билээ. "Чи энд үхэх гээ юу муу новш оо? Чи гэртээ харимааргүй байгаа юм уу?" гэж Нимбэг хашгирч, би урьдаас нь "намайг тайван орхи, чам шиг шаард би яах нь ямар хамаатай юм бэ?" гэж орилоод байв. Тэгтэл Нимбэг ах нүд рүү минь нэг харж авснаа сүрхий цочрох шиг болсон билээ. Нөгөө лалынхныг яаж зэвүүцэн хардаг билээ. Тэр харцаараа над руу харсан юм. Цээрлэдэг юмнаас хүн ингэж зэвүүцэн ойж үсэрдэг байх. Тэр өдрөөс хойш Нимбэг намайг тойрдог болж, харин надад бүр амар болох шиг санагдаж байв.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.16.10 8:11 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Нэг өдөр харин өвдөг минь бүр тэсэхийн аргагүй өвдөв. "Яасан юм бол?" гэж сонирхон, өмднийхөө түрийг дээш нь татаж харвал өвдөг гэж улайсан яндан шиг хавагнаж томорсон байгааг олж харав. Өвдөг биш үхрийн дэлэн шиг том юм харагдав. Би ч их юм үзлээ гэхэд арай ч ийм юм болно гэж бодоогүйдээ сүрхий цочсон билээ. Би түрийгээ бушуухан шиг буулгаж, өвдгөө нүднээс зайлуулав. Манай лагерьт эмнэлгийн тасаг ухааны юм байдгийг ч би мэднэ л дээ. Гэтэл үзлэгийн цаг нь оройн хоолтой давхарддаг. Тиймээс хоол нь арай амьдралтай учраас явахгүй байлаа. Нөгөө талаар өвдвөл зам хоёр салж мэднэ гэж бас эмээнэ. Нөгөө эмч нь хүмүүсийг тэнцэнэ тэнцэхгүй гэж хоёр тийш ангилаад байсныг би мартаагүй билээ. Бас тэгээд тэр тасаг нь манай майхнаас аль хоёр эгнээ майхны цаана байдаг. Болж л өгвөл хөдлөхгүй байхын хүслэн болсон цагт гэж бодогдоно. Тасаг руу мод барьж хөөхгүй нь мэдээж. Эцэст нь нөгөө л Нимбэг ах мөн манай дэвсгэр хуваалцдаг гуравдахь залуутай хамтран бид багадаа хоёр гараа зөрүүлэн нэгийгээ дээр нь суулгаж тоглож байсан аргаар намайг суулган, хүргэж өгөх болсон билээ. Намайг шууд хагалгааны ширээн дээр тавьж яаралтай хагалгаа хийх хэрэгтэй гэж эмч шийдэн, мэдээ алдуулагч байхгүй тул шууд зүснэ гэнэ. Тэгснээ хутгаараа хоёр зөрүүлж зүсэн, гуянаас минь тоймгүй их юм шахаж гаргаж байгааг мэдрээд байв. Дараа нь нэг цаасан ариутгагчаар жийрэглэж, боолт хийж өгөв. Хөнгөрсөн үү, яасан бэ бүү мэд гэнэт хоол санаанд орвол ийш нь хоол авчирч өгнө, тайвширч үз гэсэн хариу сонсов. Тэгтэл үнэхээр л удалгүй оройн шөлийг авчрав. Харваас эмнэлгийнхэнд шөлний ёроолоос шанагалж өгдгийг мэдэв. Малын тэжээлийн цагаан манжинг байцаан манжин гэдэг үндэстэй хольж хийсэн шөл байлаа. Би тэр үндсэнд их дуртайг хэлэх үү. Тэр шөнө эмнэлгийн майханд мөн л гурван давхар модон орны хамгийн дээр нь мацаж гаран, гав ганцаараа хонов. Оройн нэрсийн тулгалтгүй гэж баярлавал шөнө дунд гүйлгэдэг маань яг цагаа барьж эхлэв. Өөрөө явж чадахгүй учраас хүн хар байна уу гэж эхлээд шивэгнэх төдий харанхуйд асууж, дараа нь арай чангавтал хэлбэл хэн ч хариулсангүй. Шөнөжин шахам орилоод, тусламж авалгүй баларсан билээ. Өглөө нь ачааны машинтай хэдэн цэрэг ирж майханд хоносон биднийг түлээ шиг ачаа руу хаялав. Тэгээд "Глайна" гэдэг газар аваачив. Тэнд жинхэнэ эмнэлэг байдаг ажээ. Кабины ар талд нэг сөхдөг вандан дээр өглөөний чийгэнд норсон буугаа өвдгөн дээрээ хөндлөн тавьсан сууна. Бид хэдийг хүргэх үүрэгтэй биз. Тэр цэрэг үе үе хамраа үрчийлгэн цаашаа харах нь бид хэдийн зүгээс үнэр танар хамарт нь хүрч байгаа бололтой. "Аргагүй л дээ гэхдээ одоо яая гэх вэ дээ" гэж би түүнийг харж, дотроо түүнд учраа тайлбарлаад байв. Тэгдэг маань энэ хүн агаараар дамжсан үнэнийг минь ойлгож зэвүүцэх вий гэж эмээснийх билээ. "Тэгж яривал ганц миний буруу биш, тэр үйлчлэх хүмүүс..." гэж би дотроо хэлээд байсан боловч бодит хэрэг дээр ямар итгүүлж чадах биш гэж ойлгоод, "за яршиг" гээд орхисон юм.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.16.10 8:55 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Биднийг эмнэлэгт очингуут нэгэн үйлчлэгч үг дуугаралгүй усны резинэн хоолой барьж, маш хүчтэй усаар ар өвөргүй гуядуулж, нөгөө урагдаж өмөрсөн хувцасны үлдэгдэл, биенд наалдаж хатсан хир, нөгөө боолтыг бүгдийг маань ховх ховх авч хаясан билээ. Тэр хүчтэй усанд цохиулж уначихгүйхэн шиг тогтохыг хичээвэл тэр ус хамаг бие рүү минь нэвт ороод байх шиг санагдаад байв. Усанд орсны дараа өөр нэг өрөөнд биднийг дагуулж ороод, хүн бүрт нэг нэг цамц өгч, хоёр давхар дэрсэн ууттай орны доод давхарт нь хэвтэж болно гэнэ. Сая нэг амраад авъя гэж дотроо баярлан хэвтвэл дэрсэн матрац нимгэн дээрээ бас овон товон, мөн миний өмнө энд хэвтэж байсан өвчтөнөөс үлдсэн маш сэжигтэй толбо, эвгүй үнэртэйг сая мэдэв. Толбыг тэмтрээд үзвэл нэлээд зузаан хатсан юмны үлдэгдэл байв. Тэгтэл сая чөлөөтэй үлдмэгцээ би шууд унтсан билээ.
Хүний сэтгэл ухаанд амьдралынх нь хэм, хэв нь нэлээд сайн суудаг бололтой. Би энэ эмнэлэгт өнгөрөөх хэдэн хоногт нөгөө лагерийн хэмээс нэг хэсэг гарч чадахгүй байлаа. Өглөө яг цагтаа цочиж сэрнэ. Нэг бол нөгөө нэрсийн дуудлагаас хоцорчихлоо, нэг бол харуулууд намайг эрж хайгаад уналаа гэж шөнө дунд суга үсэрч сэрнэ. Харин аажмаар сэтгэлийн түгшүүр нимгэрч цочиж босохоос өмнө би хаана байна гэж тайван ухаарч, лагериас хол байна гэдэгтээ сая итгэж эхэлсэн билээ. Хажууд байгаа хүмүүс мөн тайван байна. Жишээ нь нэг нь энд хажууханд тайван сууж байна. Тэнд хэсэг хүн тайван ярилцана. Цаахантай нь нэг хүн дээшээ гөлийж, амаа ангайлган хэвтэж, огт хөдлөхгүй байна. Шарх минь хөндүүрлэсээр, бас энэ амны цангаа гарахгүй нь түвэгтэй. Нэрсийн дуудлаганд жагсах хэрэггүй, цэргүүд буугаа барин орж ирэхгүй, тэгээд ажилдаа гарна гэж санаа зовохоо болихын тулд багагүй хугацаа шаардагдсан билээ. Ингэж жаргалаа эдлэхийн тулд ямар ч өвчнөөр өвдөхийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байлаа.
Намайг үе үе хоёр давхар руу аваачиж эмчид үзүүлнэ. Тэнд бас тогтсон, тэгээд нэг залуу хоёр эмч ажилладаг. Намайг ахмад эмч үздэгсэн. Туранхайвтар, падан хар үстэй, цэвэрхэн костюм гуталтай, нүдэнд дулаахан хүн байлаа. Тэрбээр бас гартаа тууз зүүнэ. Их юм үзсэн хашир хүний харцтай. Намайг хаанаас ирсэн, аль нутгийнх зэргийг асууж сонирхоно. Өөрөө Эрдей нутгийнх ажээ. Ингэж надтай ярилцаж, намайг саатуулангаа миний боолтны хатаж хатуурсан үлдэгдлийг ховхолж авбал тэр маань зэвүүхэн ногоон шар өнгөтэй болсон байв. Тэгснээ хоёр гараараа гуяыг маань чанга дарж, дотроос мөн л давтан юм шахаж гаргав. Нэлээд юм хуримтлагдсан бололтой. Дараа нь арьс махны хоорондуур шарх руу нэлээд гүн марли чихэж, шархыг дотроос нь цэвэрлэх зуур шархыг хэт эрт эдгэрүүлж битүүрүүлж болохгүй гэнэ. Би ч гэсэн эдгэрэх гэж нэг их яараагүй тул санаа сүрхий нийлээд байв. Сайн цэвэрлэж мөдхөн явж чаддаг болохын тулд бас нэг нүх хажуу талаас нь гаргавал сайнсан тэгвэл идээ бээр нь сайн гоожино гэвэл би толгой дохиж байснаа болив. Намайг зөвшөөрвөл тэгмээр байна гэвэл би бүүр амаа ангайлгасан билээ. Надаас зөвшөөрөл авна гэнэ, ухаандаа би гэгч хүн даалгавал хийгээд өгье гэж үү. Би гайхсандаа "тэгье эмч ээ" гэж тэр дор нь зөвшөөрөв. Эмч шууд хутга мэсээ аваад, шарх цэвэрлэж, зүсэж эхлэв. Нөгөө мэдээ алдуулагч нь энд бас байгаагүй бололтой. Би чимээгүй сууж чадахгүй хашгирвал "та ингэж орилоод байвал би ажиллаж чадахгүй нь" гэж эмч намайг дэглэвэл би үнэхээр амаа барьж дийлэхгүй нь гэж учраа хэлэв. Тэгтэл эмч хурдхан шиг хэдэн сантийн зүсэлт хийж дуусгав. Уг нь санаагаар нь бол дутуу хийжээ. Тэгснээ "за яахав энэ хэмжээнийх ч болох байх" гэж хагалгаагаа дуусгаснаа ойлгуулав. Одоо хоёр газраар идээг шахаж гаргавал учиртай гэж дүгнэв.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.16.10 10:04 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Цаг ямар зогсох биш энэ эмнэлэгт хоног өнгөрсөөөр байв. Нойрноос сая сэрвэл өлсөх, ам цангах, нэг бол ганц нэг хүнтэй хэдэн үг солих буюу эмчилгээндээ орох гээд л нэг талаар завгүй юм шиг өдөр хурдан өнгөрнө. Нөгөө талаар огт ажил хийх хэрэггүй байна гэдэг аз жаргалаа бүрэн эдэлж, баярлаж байв. Эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсээс хаанаас, аль блокоос ирсэн гэж сонирхож "тавдугаар блокын Нимбэг Бандийг таних уу? Нэг дунд зэргийн нуруутай, хугарсан хамартай, урд шүднүүд нь унасан залуу байгаа" гэж хүн бүрийг шаналгадаг байв. Таних хүн огт тааралддаггүй байж билээ. Харваас хүмүүс яг над шиг шархтай байх нь их байлаа. Нэг бол гуя, хөл, зарим хүнийх нь хонгон дээр, тэр ч байтугай бүр хаа байсан хүзүүн дээр нь гарсан харагдана. Анагаах ухааны хэлээр бол "флегмоне" гэдэг хар үгээр бол "хатиг" гэж хүмүүс ярихыг сонсож, би ямар өвчин туссанаа мэдсэн билээ. Харин эмч нар энэ хатиг ийм лагерийн нөхцөлд гарах нь ердийн үзэгдэл гэж тайлбарлаж байсныг бас сонссон юм. Ухаандаа энд гарахгүй бол өөр хаана гарах юм гэсэн утгатай ярьж билээ.
Тэгтэл нэг үеэс эмнэлэг рүү ирж байгаа хүмүүсийн хөлний харласан хуруунуудыг тайрах шаардлагатай болсныг сонирховол лагерьт өвөл ирж хүмүүсийн хөл нь модон гуталдаа хөлдөж эхэлсэн ажээ. Нэг өдөр мөн хоригдлын судалтай хувцастай хүн орж ирэв. Харваас тэр хувцсыг нь тусгай захиалгаар биенд нь тааруулж оёсон бололтой. Тиймээс их зиндаантай эрхэмсэг харагдана. Орж ирээд намуу дуугаар "Бонжуур" гэж сонин мэндлэхэд нь тэр дор энгэр дээр байсан шар гурвалжинг анзаарвал дээр нь "F" үсэг байгааг харж энэ хүн франц хүн юм байна гэж ойлгож, ханцуйн дээр нь "Обер Арцт" гэж бичсэнийг уншиж, эмнэлгийн ерөнхий эмч юм байна гэж мэдэв. Ийм цэвэрхэн хүнийг ойрд хараагүй юм байна гэж санаанд буув. Махлагдуу, төрөлх төрхөө огтхон ч алдаагүй, цэвэрхэн зүстэй, дугуй эрүүнийх нь хонхор түүнд их зохино. Жаал бордуу гэмээр царайных нь арьс гэрэл таарвал чинэрэн гялалзана. Гэртээ байхад Будапештэд хүмүүсийн нүүр ингэж цатгалан харагдаж, арьс нь гялалздаг байсан билээ гэж гэнэт санаанд орж ирсэн билээ. Ерөнхиий эмч гучаад насны залуу хүн байлаа. Түүнийг орж ирвэл бусад эмч тойрч, өвчтөнүүдийн биеийн байдлыг илтгэж, хөл алдана. Гэхдээ лагерийн журам маягаар үүргээ биелүүлэх утгаар биш харин гэрт байхын хүмүүс ингэж өөрийгөө харуулах гэж хичээдэгсэн. Мэдлэгтэй, чадалтай бас франц хэлийг нь сайн ярьдаг сэтгэгдэл төрүүлэхийг улайрна. Ерөнхий эмч тэр зүтгэлийг нэг их ойшоохгүй бабйдалтай өвчтөнүүдийн талаар сонирхож хааяа ганц нэг юм асууна. Гэхдээ л бие нь энд байж бодол нь алс хол байгаа юм шиг санагдана. Тэдэнтэйгээ яаралгүй намуун дуугаар ярьж, анхаарал тавьсан болно. Нүүрийг нь сая сайтар ажиглавал нүүр нь модоор сийлсэн юм шиг ямар ч хөдөлгөөнгүй, хоёр нүд нь гуниг дүүрэн харагдав. "Яасан юм бол доо? Нэгд ерөнхий эмчийн албан тушаалтай, хоёрт гэхэд нь хувцас чанартай, бас хоолоор нэг их дутаагүй байх..." гэж гайхаж суутал сая ухаарсан билээ. Ерөнхий эмч маань бидний адил хоригдол бөгөөд энд томилолтоор бус харин ялтангийн үүргээ гүйцэтгэж байгаадаа ийм гутрангуй ажээ. Түүнийг ойлгонгуут "эмч ээ гутрах хэрэггүй, энэ бол юу ч биш" гэж хэлчихээ дөхсөнөө, больсон билээ. Нэгд, би тайвшруулдаг хэн билээ, хоёрт яг францаар яриад гарна шүү дээ гэж санасных билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.16.10 10:44 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Нэгэн өдөр Зайцын лагерийн майхнуудыг буулгаж, оронд нь чулуун байруудыг барьсан гэж сонсогдон, нэг тийм байшинг эмнэлэг болгож, бид ч тийшээ нүүх болов. Бид хэдийг дахин ачиж хүргэсэн билээ. Би хагас унтаж, хагас ухаан балайртсан бололтой хөл хөдөлгөөнийг өнгөц гадарлаад байв. Харанхуй болж, их хүйтэн байсан тул өвөл болж гэж нүдээ нээлгүй мэдэж байв. Эмнэлэг рүү хүрч ирж, биднийг буулган, нэг их гэрэлтэй үүдний өрөө рүү орвол түүний голд нь нэг том модон онгоц нэг их өмхий эмтэй хүрэн усаар дүүрэн байгаа нь харагдав. Цаашаа дотогшоогоо орохоос өмнө нь бүгд тийшээ толгойтойгоо шумбаж цэвэрэн болох ёстой гэв. "Орохгүй барихгүй" гэж хэлсэн ч тоох биш. Би ч ороод явлаа. Уусмал маш хүйтэн, бабс тэгээд бүгд тийшээ шарх, сорви идээ бээртэйгээ орсон тул маш их сэжиглэсэндээ зогсоо зайгүй чичрээд унасан билээ.
Шинэ эмнэлэгт ганц нэг ялгааг эс тооцвол өдөр хоног үндсэндээ адил хэмээр өнгөрдөг байв. Ор нь яахав гурван давхар, эмчид үзүүлэх нь ховордсон билээ. Эрх биши байгалийн жамаар цаг нь ирвэл шарх маань ч аньж чадах ядахаараа эдгэртэл зүүн түнхэнд өвчин орох нь тэр. Удалгүй яг нөгөө өмнөх шарх шиг улайж хавдаж аймшигтай хөндүүр болов. Халуунаар төөнөж, чинэрч лугшиж байгаа нь нөхцөлгүй. Өөрөө эдгэчихвий гэж хий горьдон, хэдэн хоног алдсаны дараа аргагүйн эрхэнд сувилагчид хэлэв. Эмч дуудахыг хүлээж, бас дахиад хэдэн хоног алдсаны эцэст хагалгааны ширээн дээр гарч хэвтэх, нөгөө хэрээсэн зүсэлт хийлгэх, идээ бээрээ шахуулах гээд бүх давааг давсан билээ. Нөгөө босч чадахгүй хэвтсээр орондоо бие засах маань ч мөн давтагдсан юм. Яахав энэ удаад доод давхарт хэвтэж байсан маань ялгаатай. Шилгүй цонхны нүхээр мөнхийн бүрэнхий тэнгэр л харагдана. Цоорхойн амсраар бодвоос манай өрөөнөөс гарч буй уур цантаж, мөсөн эмжээр болно. Өвөл болсон биш өвчтөний нормын хувцас гэж бас нэг товчгүй цамц, чихэндээ угладаг дулаахан чихэвч, бас тэгээд тэшүүрчдийнх шиг гэх үү, нэг бол нөгөө чөтгөрийг тайзнаа дүрслэхэд өмсдөг дух руугаа унжсан хушуутай ногоон өнгийн малгай өгсөн билээ. Аминд ордог байсан тул бүгдийг нь дуртайяа хэрэглэдэг байлаа. Шиллээгүй цонхны дэргэд өвлийн хүйтэнд даарч л таарна. Тэр тусам нэг хөнжлөө хулгайд алдсаныг хэлэх үү. Алдах гэж дээ шууд дээрэмдүүлсэн юм. Нэг өдөр сувилагч ирээд алив нэг хөнжлөө түр өгөөд орхи гэж хэлж "зээл" аваад буцааж өгсөнгүй. Гуйгаад барахгүй болохоор гараас нь татаж зогсоох гэтэл надаас хамаагүй хүчтэй байж билээ. Алдахын цаадах утга нь аймшигтай дохио болж, совин татаад байв. Уг нь бүр найдваргүй болсон хоногоо хүлээж байгаа өвчтөний хөнжлийг авдагсан билээ. Тийм байдалд орсон өвчтөнүүд ч харин явж явж юунаас ч айхаа больж, эцсээ зоригтой тайван угтдагсан.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.16.10 11:45 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Нэгэн удаа манай өрөөний араар над шиг бас нэг давхарт хэвтэж, босдоггүй нөхөр шуугиад гарахад би сэрсэн билээ. Бид бас өдөржин хэвтэх зуур танилцаад авсан билээ. "Үгүй шүү, үгүй би зөвшөөрөхгүй, намайг ганцаараа хэвтэх хэрэгтэй гэж эмч хэлсэн, очоод асуухгүй юу" гээд хашгирч байгаа нь сонсогдов. Учир нь сувилагч бас нэг шинэ өвчтөнийг үүрч орж ирээд ор дутуу тул нэгийнх нь өвөрт чихэх гэнэ. Эцэст нь сувилагч намайг сонгож авав. Миний насны нэг залуу таарав. Шарласан нүүртэй, ёнхойсон нүдтэй тэр залууг нэг л харсан санагдав. Нөгөө талаар энэ эмнэлэгт бүгдийнх нь арьс шар туяатай болж хоёр том нүднээс өөр юм үлддэггүй билээ. Тэрбээр миний өвөрт оронгуут уух юм байна уу гэж асуувал би өөрөө ч уумаар байна гэж хариулав. Тамхи байна уу гэвэл би дахиад туслах боломжгүйгээ хэлэв. Тамхи байвал талхаар солино гэнэ. Би наймаалах гээгүй, угтаа тамхи хэрэглэдэггүй учраас зөв ойлгоорой гэв. Тэр залуу их халуунтай байсанд нь би дулаацаж "явж явж ашигтай хөрштэй боллоо" гэж бодтол тэрбээр шөнөжингөө аахилж уухилан эргэлдэж, нөгөө шархыг маань хөндөж, бүр гай болов. "Аяархан хөдлөөч шарх хөндөөд байна шүү дээ" гэж дургүйхэн анхааруулбал сая нэг юм намдсан билээ. Харин өглөө сэрээд, түүний тэвдэж байсны учрыг нь ойлгосон юм. Түүнд кофе ч хэрэггүй болсон байв. Сэрээж ухаан оруулах гээд бараагүй билээ. Сувилагч ирээд алив флягыг нь өг гэвэл би бушуухан өгсөн билээ. Орой мөн түүний шөлийг нь авав. Тэгтэл нэг өдөр тэрбээр маш эвгүй хачин татганахад нь би "ухаан орох нь уу" гэ жэргэж харвал тэрбээр нэг мөр намдсан байлаа. Сувилагчид учрыг хэлж, талийгаачийг авахуулаад, сая дахиад ганцаараа хэвтэх болов. Дотор нэг л эвгүй сэв үлдсэн билээ. Тэр азгүй хүн цаг их алдсан бололтой бас тэгээд ч бүгд тийшээ одох жамтай.
Энэ эмнэлэгт би өт гэдэг зургаан зүйлийн хамаг амьтны нэг төрөлтэй нь танилцсан билээ. Бүүргийн барьж авна гэж байхгүй дээ. Тун шуурхай цовоо. Арга ч үгүй. Над шиг тэжээл дутаж тураалд орсон биш. Харин бөөсийг барихад амархан. Гэвч нэмэргүй бөгөөд утга ч үгүй билээ. Тэд шигдээгүй газар гэж байхгүй. Ногоон малгай минь хүртэл буман бөөснөөс болж саарал өнгөтэй харагддаг болсон билээ. Сайн харвал малгай минь хөдлөөд байх шиг санагдана. Нуруугаар загатнуулж зовоовол гараа оруулж байгаад, эрхий хурууныхаа хумсаар нэг сайн явуулаад орхивол машинд дайруулж байгаа юм шиг бяцарч бараг подхийн үсэрч байгаа нь сонсогдоно. Аймгаар нь устгаж хариугаа авлаа гэж бодтол дахиад гараа хийх болно. Ингэж өдөр шөнөгүй дайн хийж хоногоо өнгөрөөтөл нэгэн өдөр хонгон дээр нэг гадны юм хөдлөх шиг болсон билээ. Сайн ажиглавал яг боолтын маань дор нэг юм арзасхийв. Боолтыг сөхөөд харвал хамаг бие арзайж хүйтэн хөлс минь асгарсан билээ. Ёстой нөгөө үстэй толгой минь арзайсан юм. Шарханд минь хар мянган өт шигдэж, махыг минь мэрж байв. Би сандран тэр хэдийг авч хаях гэж юмаар ухаж түнхэж, хусч эхэлсэн билээ. Тэгтэл наадахыг нь хусвал бүр гүнд байгаад нь хүрч чадахгүй шарх өвдөж, өвдөлтөөс болж тэднийг тэнд нь тэвчих болж, утгагүй тэмцэл гэж үүнийг л хэлэх байх гэж санаа сэтгэлээр их унасан билээ. Тэд бас араатан араншинтай хоолоо булаалгахгүй гэж улам гүн рүү нуугдан шигдэж, амьдрахын төлөө тэмцэнэ. Эцэст нь би тэднийг харж, ховдгийг нь гайхаж суув. Сүүл рүүгээ тэдний жаргаж, мөчөөгөө өгөхгүй, цаг алдахгүй байгааг нь харж, сая ойлгож эхэлсэн билээ. Сайн бодоод байвал аяга хоол, хэрчим талх нэг олдвол бид яг ингэж харагддаг байх нь дээ... Өдөр хоног өнгөрч, би байдалдаа дасч, санаа ч амрах шиг болсон билээ. Бүр зэвүүцэхээ ч больсон юм. Гэхдээ л баярлах зүйлгүй, тэгж яривал жаал гомдох талаа барьсан шигээ. Эцсийн эцэст намайг идээд байсан юм чинь. Гэхдээ л байгаль эхийн жам юм даа гэж сэтгэн, нэг их уурлахаа ч бобльсон билээ. Харин дахин тэдний тийшээ шагайхаас зайлсхийдэг болсон юм. тэр ч байтугай дахиж тэдэнтэй дайтахаа болъё, тайван амьдраг даа гэж боддог болов.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.27.10 12:34 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Sorry All,

Хэд хоног завгүй байгаад оруулж чадсангүй.


Хүн гэгч амьтан аз жаргалд итгэх найдвар итгэлдээ сүүлчийн алгын чинээ ч болохноо боломж өгч чадахгүй бол тайван оршиж, хорвоо ертөнцөө, цаг орон зайгаа бясалгах, хамгийг тайлан хайрлах ухаанаас хэзээ ч хүртэхгүй гэдгийг би махбодь, ухаан сүнсээрээ туулж ирсний хувьд баталгаатай хэлж чадах билээ. Яахав тэгэх боломж гарах эсэх нь өөр асуудал билээ. Эндхийн хэдэн өвчтөнийг засал авч, ажил хөдөлмөрт найдваргүй гэдэг ангилал бүртгэлд багтаж чадаагүй хэсэг хүнийг амь голтой дээр нь шуудангийн илгээмж шиг Бухенвальд руу шилжүүлэхээр шийджээ. Би явах болбол үлдсэн хэддээ нэг илүү аяга хоол, нэг илүү хэрчим талх үлдээх болсноороо өөрийн өвөрмөц буян үйлдэж, эмнэлгийнхээ өглөөний гайгүй боломжийн шөлний тухай дурсамжаа өвөрлөн, заяа нэгт нөхдөөсөө салж одсон билээ. Энэ хэдээсээ салж, ямар голдрил руу орж байгаагаа насны багаас ч библ үү даанч гадарлаагүй билээ. Наад зах нь гэхэд томилсон газар эсэн мэнд хүрч очиж чадах, нөгөө галт тэргээр хүргүүлэх, ачааны вагоны нөгөө бахь байдаг нөхцөлд хэдэн цаг, хоног өнгөрөөж давах гээд л тэр бүх адал явдлыг урьдчилан таах, санаандаа авах цаг нь болоогүй ажээ. “Сүнс нь хальж биеэс одов” гэдэг билээ. Хүн бурхан болж хорвоогийн мөнх бусыг үзүүлбэл тэгж тодорхойлдог гэж би ойлгож ирсэн билээ. Би хувьдаа амь голтой, үхээгүй байна гэдгээ ухаарах хэмжээнд байсан билээ. Цог нь унтраагүй голомт гэгчээр дотор минь, нэлээн гүнд, хэдэн цог бүлээхэн хэвээр байлаа. Тэгтэл нөгөө талаар бие минь энд хөндлөн хэвтэж байгаа нь харагдаж, би лав түүнээсээ салж, хөндий байгаа нь мэдрэгдэж, миний биен дээр өөр бусад бие өрөөстэй байгаа нь харагдана. Энэ хэдэн биеийн хувцас нь уранхай, шархнууд нь задарсан, гоожсон, элдэв шингэн нь нэг том толбо болж шалаар тарна. Хувцасны зарим өөдөс нь шарханд наалдаж хатсан байна. Тэгтэл энэ бүхэн дахин намайг шаналуулахгүй, би бүхнээс тасарч сая тайван болж, над дээр овоолсон биесүүд дахиж бухимдуулахгүй. Тэр ч байтугай бид хэдүүлээ, олуулаа, хамтаар байгаа маань таалагдаж, бид бүгд ахан дүүс, төрөл садан, бүгд миний адил байдалд, би олонтойгоо гэсэн сонин өвөрмөц сэтгэл төрж, би сая бүгдийг хайрлаж эхлэв. Тэ ч намайг сэтгэлдээ багтааж байгаа нь илт. Тэд хөдлөхгүй байна гэхдээ би мэдрээд байв. Тэгтэл нэг нь ёолсхийнэ. Нөгөөдэх нь намуухан дуугаар зориг оруулсан үг хэлж “олуулаа учиртай” гэж сэтгэлд тусна. Үг хэлээд зогсохгүй чаддаг нь хөдөлж нэг нэгэндээ туслана. Жишээ нь би шээмээр санагдвал нэг гар шар лаазыг тосч байлаа. Бид хүрэх газраа ирвэл хэсэг гар нурууг минь хайрч байсан вагоны вагоны шалнаас өргөж, гадаа гарган, цементэн талбайн мөстэй шалбааганд тавьсан билээ. Бухенвальд руу хүрч ирсэн буюу ирж чадаагүй бол сонирхолтой биш болсон байлаа. Ийшээ буцаж ирэх юмсан гэж дээр үед мөрөөдөж байсныгаа ч умартсан байлаа. Чухам хаана байгаагаа тусган авч чадахгүй байлаа. Галт тэрэгний буудал дээр байгаа юм уу, аль эсвэл дотуур байранд ирчихээд байна уу, ямар ч гэсэн нөгөө чулуу үүрсэн хүний хөшөөний дэргэдүүр өнгөрөөгүй гэдгийг яагаад ч юм ойлгоод байв.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Mar.27.10 1:42 am, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Mar.27.10 12:56 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Намайг оруулж тавьсан байдлаар нь хэвтэж, тайван сайхан, ямар ч хөдөлгөөнгүй, юу ч сонирхохгүй, тэвчээртэй хэвтээд байсан маань таалагдаад байв. Мөстэй чулуун дээр бараг хувцасгүй хэвтэж арьс маань хүйтэн халууныг дамжуулахаа ч больж, өвдөж байгаа зүйлгүй, нэг бол мэдрэх тэнхээгүй, нүүр рүү дээрээс цас унаад байгааг нүд минь харвал нүүр минь мэдрэхгүй байв. Би ямар ч хөдөлгөөнгүй, хөдөлж чадахаа больсон байдалтай эгц дээшээ харж хэвтэж байв. Сайн ажиглавал тэнгэр, өвлийн цагийн зузаан үүл, бас энд тэнд цоорхойтой байгааг сая ухаартал тэр цоорхойгоор нэгэн хурц харцтай нүд өнгийг нь сайн ялгаж чадахгүй байгаа над руу харж байгааг мэдрэв. Аушвицэд эмч над руу ингэж цоортол харсан билээ. Нүдний үзүүрээр яг толгойны минь дэргэд нэг өрөөсөн гутал, нөгөө талд минь нөгөө чөтгөрийн малгай, шарласан монхор хамар, эрүү ямар ч хөдөлгөөнгүй байгаа нь харагдвал вагоноос сая буулгасан, бас нэг хаягдал байгааг ойлгов. Нэгэн мөчөөс би орчныг сонсдог болж, эргэн тойрон амьдрал явагдаж байгааг мэдэрж эхэлсэн билээ. Нэг цаг болсон уу, нэг өдөр үү аль эсвэл бүтэн жил өнгөрсөн эсэхийг хэлж даанч чадахгүй билээ. Хажууд хэвтэж байсан хүнийг өргөсөн бололтой хоёр гар нь дээшээ савж, нэг тэргэнцэр рүү бусад цогцсон дээр овоолох гэтэл тэрбээр “Ү...үгүй шүү... үгүй...” гэж сая хамаг сонссон билээ. Тэгтэл “Was? Du willst noch leben?” гэж өөр нэг чанга лагерийг санагдуулсан герман хэл сонсогдож “Юу гэнээ? Чи одоо амьдармаар байна уу?” гэж гайхвал би ч бас хөндлөнгөөс нь “тийм дээ” гэж дотроо санал нийлэх шиг болсон билээ. Би санал нийлнэ дээ гэж бодтол намайг өөрийг маань шүүрээд авсан билээ. Тэгтэл нэг гар ширүүн хөдөлж, нүдийг маань таглах гэтэл би хараахан үхээгүй тул өөрийн эрхгүй гэдийсэн билээ. Тэргэнцэр дээр намайг арай л дэндүү унжуулж ачсан бололтой, гэхдээ одоо хааш нь аваачих нь вэ гэдэг нь огт сонирхолтой биш байлаа. Харин өөрийнхөө арчаагүйд зэвүүцэх шиг болж байв. Энэ Бухенвальдад байсан хирнээ эндхийн журмаар Аушвиц шиг хийгээр алдаг бол уу, аль эсвэл миний нэг сонссоноор тариа хийж унтуулдаг юм уу, нэг бол шулуухан сум суулгадаг болов уу аль эсвэл өөр ямар арга хэрэглэдэг бол доо гэж сураглаж мэдэж амжаагүйгээ гайхан хэвтэж байв. “Өвдөх бол уу, өвдөхгүй байгаасай” гэж найдаж хэвтээд байв. Хүн амь тасартал найддаг гэдэг нь үнэн юм.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.27.10 1:03 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Миний саяны бодол бас л найдварын нэг төрөл билээ. Найдсанаар ирээдүйгээс тасраагүй байна гэсэн үг. Тэгтэл яах бол гэж сонирхсон хэрнээ нэг удаа асуусангүй, тэр ч байтугай хэн нь биднийг энэ тэргэнцрээр түрж явааг эргэж хараагүй билээ. Үнэн хэрэгтээ бодоход хүч хэрэггүй билээ. Зам нэг тийшээ эргэвэл миний налуу хэвтсэний ач нь гарч, яг адил хэлбэрийн олон чулуун байшин, огт будаагүй банзан саравчнуудтай дэнжээр явж байгаа юм байна гэж ухаарав. Нөгөө таньдаг торон хашлага. Алсхан навчгүй сарвайсан мөчиртэй зуун модод харагдав. Тэгтэл бид хэсэг шалдалсан лалынхны дэргэдүүр өнгөрөв. Удалгүй нөгөө эрхэмсэг зиндааны ялтангуудын нэг хэсгийг харж амжив. Тэгтэл нөгөө нуруугүй ахар вандан харагдаж үсчингүүдийг таньсан билээ. Шинэ бүлгийг бүртгэж, усанд оруулж, үсийг нь авч байгааг ойлгов. Цаагаа явбал лагерийн чулуун өрлөгтэй гудамжаар хүмүүс цаашаа наашаа явна, төвлөрлийн төвийн амьдрал ид өрнөж байв. Лагерийн дарга нарын итгэмжлэгдсэн хоригдлууд, үндсэн оршин суугч анхны хоригдлууд, лагерийн ямбабтан, өвдөж хатсан зарим нэг ялтан, наймаачид бужигнана

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.27.10 1:08 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Харин холхонтой нөгөө сэжигтэй хар утаа цагаан гэнэн ууртай холилдон гарч байгаа нь харагдана. Хаанаас ч юм нөгөө төмөр балбаж хоолонд дуудаж байгаа нь сонсогдов. Дороос дэнж өөд мөрөн дээрээ хөндлөн мод тавьж түүн дээр нь уур савссан том савтай хоолыг дааж ядан дамжлалцан авчирч яваа нь харагдав. Өвлийн хүйтэнд хоолны үнэр түргэн тарвал манжинтай шөл ханхлав. Энэ бүхнийг харж дахин мэдэрсэн маань хэрэггүй байж уу даа гэж бодов. Учир нь сэтгэлийн гүнд гэнэт хачин юм оволзож, энэ төвлөрлийн лагерьт ч гэсэн нэг хэсэг амьд явмаар санагдаж, нүднээс нулимс унаж халуун оргиж, арьс маань юм мэдэрдэг болов.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.27.10 1:25 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
8.

Амьдралд тохиолдох зарим учир начрыг би үнэхээр тайлж тайлбарлаж чадахгүй байлаа. Өөрийн амьдралын туршлага гэж алгын чинээ юмнаас шавхах юм даанч хомс байсан билээ. Намайг зөөврийн хэвтрээс шууд газар дээр тавьж үсийг маань тайрч сахлыг маань хусч, усанд орох өрөөнд оруулан, нөгөө модон хавирган шалан дээр тавьж усанд оруулна, гэхэд учрыг ойлгохгүй эндүүрсэн байлгүй гэж бодон хэвтэж байв. Тэр их ууртай бөгчим өрөөнд миний толгойны хажуугаар хүмүүсийн шархтай, яртай, яс арьс болсон янз бүрийн тоймгүй хөл цааш наашаа бужигнаж байгааг би сонсож, дээшээ харвал уурнаас болж олигтой юм харагдахгүй байлаа. Ингэж л бужигнана даа гэж би бодож л байсан. Нөгөө Аушвицын халуун устай адилхан журам дэгтэй юм даа гэж бас бодов. Тэгтэл хүмүүсийн хөл цөөрч дээрээс гэнэт халуун ус маш хүчтэй асгараад ирэв. Халуун нь тун сайхан байсан боловч усны хүч арай л хэтрээд байх шиг байв. Би эсэргүүцэж чадахгүй учраас усанд умбаж амьсгалж амжихаа л хичээгээд байв. Тэгтэл тэр олон хөл дундаас хэдэн гар намайг дээш нь өргөж агаарт хөөрүүлэн нэг мэдэхэд намайг нэг цагаан даавуу, дээрээс нь нэг дулаахан хөнжилд ороосон байв. Дараа нь нэг хүчтэй гар намайг өргөж, мөрөн дээрээ хувцас өлгөх шиг тавиад нэг тийшээ аваад явав. Нэг хаалгаар өнгөрөөд нэг давчуу модон шатаар дээшээ өгсөж, тэгээд нэг томоохон өрөөнд оруулбал маш их гэрэлтэй бас тавилга тавьсан байгаа нь нүдэнд өртөв. Цэргийн тохилог хуаран шиг л санагдаж билээ. Тэгээд намайг сая мөрнөөс гулгуулж, нэг хэвтэх газар тавьбал тэр нь нэг хүний жинхэнэ ор байв. Сайтар чигжсэн дэрсэн гудастай, хоёр саарал хөнжилтэй. Хоёр хүн намайг дээрээс минь ширтэнэ. Харваас халзан биш, цэвэрхэн хувцасласан, цагаан өмдтэй, цагаан майктай, модон шаахайтай. Ийм гоё үзэмжтэй хүн үзээгүй хэр удсан билээ. Надад нэг мэдэхэд аятайхан аялгуутай боловч огт дуулаагүй хэлээр надад юм хэлж байгааг сая ухаарав. Нэг л юм асуух шиг боллоо. Би ойлгохгүй учраас толгойгоо сэгсэрч, хэл нэвтрэхгүй байгааг ойлгуулав. Тэгтэл нэг нь герман хэлний мэдлэгээ шавхан “Hast du Durchmarsch?” гэж асуувал “өө чацга алдаж байна уу” гэж асууж байх шив дээ гэж сая ойлгож “Nein” гэж үгүйсгэсэн маань миний бардам зан дийлсэнийх билээ. Тэд хариуг минь сонсож, яахаа мэдэхээ болин, нэг хэсэсг өөр хоорондоо маргалдсанаа хоёр гарт минь бариулж өгсөн нь бүлээхэн аяга кофе бас нэг хэрчим талх байлаа. Талх нь зургааны нэг байсныг би мэдэхтэйгээ байлаа. Гол нь зүгээр элдэв наймаа хонжоогүй өгсөнд нь би гайхан хоцорсон билээ. Би тэр юмыг нь нүд ирмэхийн зуур ходоод руу унагаав. Жаал байтал ходоод минь сая амьд гэдгээ харуулж хөдөлж ажилдаа орвол би түүнийг мартсан ажээ. Дотор тун эвгүй болж байсан. Ходоод минь ярьдаг байсан бол “чи үхлээ гэж бэлдээд намайг амраахаар болсон биш үү” гэж байх шиг байна. Дахиад ухаан орвол түрүүний хоёр хүний нэг нь эргээд ирсэн харагдана. Энэ удаад тэрбээр урт түрийтэй савхин гуталтай, маш гоё хар цэнхэр малгайтай, хоригдлын журмын хувцасныхаа энгэрт улаан гурвалжинтай.

_________________
:3q:


Last edited by Gandirsiin Hot on Mar.27.10 1:41 am, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Mar.27.10 1:33 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Тэгтэл намайг дахиад мөрөн дээрээ тавиад, шатаар эргэж буулгаад, бүр гадагшаагаа гарч, өөр нэг модон байр луу аваачив. Бас л эмнэлгийн зориулалттай, бодвоос нэг тасаг юм шиг байв. Үгүй дээ гэхэд надад тэгж санагдав. Энд нөгөө миний нэгэнт шийдэж юунд эсэргүүцэхээ больж, юу ч сонирхохоо больсны дагуу ажил явагдах нь гэж би тааж за ингээд бүх юм тавилангаараа болох нь шив дээ гэж тайвшрав. Харин өөд болохын өмнө тэр кофе, талх өгдөг нь ямар учиртай байсныг ойлгохгүй байлаа. Намайг тэр урт байрны нөгөө үзүүр рүү нь аваачив. Тэр хооронд би бас хоёр тийш ажиглаж амжаад байв. Нөгөө л гурван давхар модон орнууд, бүгд пиг дүүрэн байгаа нь харагдав. Эндхийн амьдралыг мэддэг хүн бол, жишээ нь биб өөрөө бас ч гэж эндхийн хуучин бууны хугархайн нүдээр энэ бүхнийг хальт ч гэсэн нэг ширтээд ихийг ойлгосон билээ. Нөгөө л хамар нүднээс бүрдсэн яс арьс болсон цайвар шар царайнууд, нөгөө л ярандаа баригдаж идэгдсэн хөл, булчингүй ясан шилбэнүүдийн тоог ажиглавал зарим нэг орны хайрцганд зургуулаа байгааг мэдэв. Тэгтэл зарим хайрцаганд ямар ч гудасгүй байгааг мэдэв. “Байхгүй бол тэр л биз унтахдаа хүрвэл түүнгүй ч болдог шүү дээ” гэж би дотроо бодож байв.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.27.10 1:48 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Намайг үүрч явсан ах зогсч, нэг хүнтэй юм ярихыг нь сонслоо. Тэр хооронд би бас дахиад хоёр тийш харвал энэ хэсэг хүчтэй гэрэлтэй тул орчин тойрон нь тод харагдана. Зүүн гар талд минь хоёр эгнээ нөгөө гурван давхар орнуудын тасалгаанууд харагдав. Хайрцагнуудаас хүүхдүүдийн халзан тогой цухуйна. Янз бүрийн насных байх шиг байлаа. Гэхдээ үндсэндээ миний насны залуучуудынх гэж ойлгов. Тэд улаан, ягаан, хөх, ногоон мөн бэх өнгөтэй хөнжил дээр хэвтэж яг тийм өнгийн хөнжлөөр дээрээсээ хучуулжээ. Тэгтэл намайг шууд шалан дээр буулгаж аваад, нэг гар намайг өндийлгөөд суулгаж авснаа, эргээд өнхрөөд уначихвий гэж юмаар түшүүлээд өгөв. Хөнжлийг маань авч, өөр нэг цамц өмсүүлж, шарханд минь нөгөө жийргэвч цаастай шинэ боолт тавиад өглөө. Тэгснээ намайг дунд давхрын хоёр хүүхдийн дундуур тэр хөнжил рүү шургуулан өгөв.
Ингээд намайг тоож, надад юу ч тайлбарлаагүй энд орхидог байжээ. Би юу болж байгааг ойлгохгүй өөрөө таах гэж бясалгаад байв. Ямар ч гэсэн энд амь голтой, хүмүүсийн дунд оршиж байна гэсэн эхний бодолд автав. Энэ хорвоог дахин сонирхож эхэлбэл би урт байрны үүдэн талд хэвтэж байгаа юм байна. Онгорхой хаалгаар нь гадагш харвал дарга нар, захиргааны албатан, эмч нар нааш цааш явж хөдөлж, ажлаа болгож байгаа нь харагдана. Орцны үүдэнд нэгэн ширээ шиг юм тавьж цагаан даавуугаар бүрхжээ. Бодвоос эмчийн хянах цэг байх. Тэр хооронд манай байрны хойд талын гэрэл муутай буланд, халдварт, гэдэсний хижиг өвчин туссан хүмүүс байгаа юм байна гэж хүүхдүүдийн ярианаас ойлгов. Зарим нь ид өвчтэй байвал зарим нь сэжигтэй бөгөөд удахгүй шинж тэмдэг нь илэрч хүндрэх ёстой гэнэ. Миний байгаа хэсэг нь дээхэн усанд орж байхад асуугаад байсан “Durchfall” эсвэл “Durchmarsch” өвчин буюу мөн л халдварт улаан суулга гэдэг өвчнөөр өвчлөгсдийн хэсэг ажээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.27.10 2:01 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Эндхийн хоол нь нөгөө Зайцынхтай үндсэндээ төстэй байв. Өглөө эрт кофе өгнө тэгээд нэг их удалгүй үдийн шөлийг хэрчим талхтай авчирна. Эндхийн талх нь дөрөвний нэг байлаа. Яахав бас үе үе нөгөө “zulade” дайвартай. Хаалга хаавал дотроо хорин дөрвөн цагийн хүчтэй гэрэлтэй тул кофе авчирвал өглөө болж байна, эмч “баяртай” гэж биднийг эргэвэл орой болж байна гэж өдрийг хэмждэг байлаа. Эмчийгэ эхний орой харсан билээ. Гэнэт урдаас минь нэг хүний буурал халимагтай, мөн дээшээгээ эргэсэн буурал нарийн сахалтай тарган нүүр яг тулаад ирэхэд би гайхаж, харцаа буулгаж харвал бүтэн урт сахалтай, намхандуу гэж ойлгохоор нуруутай өвөө зогсож байв. Сахлаа эрүүн дээрээ нарийн хушуулж самнасан бөгөөд их арчилдаг нь илт байв. Би энэ лагериудад анх удаагаа ийм бүрэн сахалтай хүнийг харж байгаа нь тэр байсан билээ. Их дэгжин малгайтай, хар өмдтэй, гэхдээ хоригдлын судалтай хүрэмтэй, гартаа мөн туузтай, тэгээд энгэр дээрээ нөгөө “F” үсэгтэй гурвалжин улаан тэмдэгтэй байв. Намайг шинэ ирсэн хүн гэж үзэж, нэг юм хэлбэл би францаар ганц мэддэг өгүүлбэрээ хэлсэн билээ. “Жё нё компран па мёсьё” гэж францаар ойлгодоггүй гэдгээ хэлбэл эмч өвөө “бон бон мон фис” гэж хариулж “зүгээр зүгээр хүү минь” гэх шиг болов. Тэгснээ надад нэг ширхэг жинхэнэ ёотонг яг хамрын урд тавив. Тэгээд эмч өвөө хүүхэд бүр дээр очиж, бүгдэд нь нэг нэг ёотон өгөв. Заримд нь зөвхөн ёотонгоо өгөөд цаашаагаа явж, зарим нэг дээр нь нэлээд удна. Учир нь тэр хүүхдүүд францаар мэддэг ажээ. Эмч тэр франц хэлтэй хүүхдүүдийг их өхөөрдөж толгойг нь илж, хацрыг нь зөөлөн чимхэж, тэрүүхэндээ юм шивэгнэн ярьж, тэднийг хайраараа баярлуулна. Хүн тэжээмэл шувуутайгаа тэгж тоглодог билээ. Франц хэл сайн ойлгодог хүүхдэд заримдаа хоёр ёотон өгч байгаа нь харагдана. Ийм үед аль тэр гэртээ байхын гадаад хэл сур гэж залхаагаад байсны ач холбогдлыг сая ойлгож, амаа барьж байв.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.27.10 2:14 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Ингэж би бага багаар эргэж, энэ хорвоо руу орж эхэлсэн билээ. Эхэндээ нүдээрээ харахаас цаашгүй байсан бол ухаан минь ч юмыг хуучин шигээ наанатай цаанатай нь бясалгаж эхэлсэн юм. Цааш нь тэгээд юу болох юм, нэгэнт амьдрах юм бол амьдрал минь хаашаа эргэх бол гэж хүлээдэг болсон билээ. Тэгтэл маргааш эмч өвөө гад руу хуруугаараа заавал намайг хөнжил дотроос татаж гарган, эмчийн ширээн дээр нь тавьлаа. Намайг зоригжуулсан хэдэн үг хэлснээ үзэж эхлэв, энд тэнд тоншиж, хүйтэн чихээ нуруу цээжинд тавьж сонсвол нарийн сахлынх нь үзүүр хатгаад байв. Гүн амьсгал гэнэ, ханиа л гэнэ. Дараа нь нэгэн туслахтайгаа нийлж, намайг дээш нь харуулан хэвтүүлж, боолтыг маань тайлж, эхлээд шархны ерөнхий байдлыг ажиглав. Дараа нь шархны орчинг аяархан тэмтэрвэл шархнаас бүлээн юм гоожоод ирэв. “Хм...” гэж эмч дуугарснаа толгойгоо сэгсэрнэ. Нэлээд бодолд орвол гарх минь түүнд таалагдаагүй бололтой. Тэгснээ бүгдийг эргүүлээд боож далд хийв. “За за тодорхой шив дээ” гэж эмчийг харан өөрөө бодов.
Дараагийн нэгэн шалгуурт би бас тэнцэхгүйгээ ойлгосон билээ. Миний хоёр талд байсан хоёр банди өөр хоорондоо тасралтгүй ярилцана. Нэг бол над дээгүүр өндийж, нэг бол бүр урагшаа тонгойн, толгой дээгүүр ярина. Намайг зүгээр нэг амьгүй эд байгаа юм шиг тоох шинжгүй тойрно. Уг нь анх ирэхэд хэн бэ, юу вэ гэж сонирхсон билээ. “Унгар” гэж хэлэхэд удалгүй хүүхдүүд шинэ ирсэн миний тухай мэдээг тарааж, “венгр, Венгрия, мадьярска, матьяр, онгруа” гэж элдэв янзаар хэлж байгаа нь сонсогдов. Тэгтэл нэг нь “Кенийр! Кенийр!” гэж нэг хүнийг дүрслэн дуурайвал бүгд инээд алдав. Энэ лагерьт “кеньер” гэж талх гуйдаг нэгэн унгарыг шоолж байгаа нь надад санагдав. Бидний унгарчуудын зан төрхийг айхавтар танин мэдэх шалтгаан урьд өмнө нь гарсан нь илт байв. Би намайг шоолсонд нэг гомдож үзээд, нөгөө талаар “унгарчууд чинь бид нарыг унгар гэж үздэггүй юм” аль эсвэл “тэгж яривал бид нар ч гэсэн тэднийг гуйлгачин гэдэг” гэж учрыг хэлчихмээр ч байлаа. Тэгтэл би өөрөө унгар хэлнээс өөр ямар ч хэл мэдэхгүй. Миний герман хэлний мэдлэг маань байхгүйтай адил гэдгийг би энэ лагерьт ойлгосон билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.29.10 8:27 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Би бас нэг өөр юмаар бусдаас доройгоо харуулж их гутдаг байлаа. Тэр дутагдлаа нуухын аргагүй байв. Учир нь бидний өвчний гол шинж тэмдэг нь суулгах байсан тул эндхийн хүн бүр өдөрт хоёр удаа хүндрэх болдогсон. Шаардлага гарвал нэг туслах асрагч бандийг дуудна. Тэрбээр нэг том бариултай хавтгай сав аваад ирнэ. Бид тэгээд хөнжил дотроо хүндрээд “Биттэ, фэртиг биттэ” гэж хашгирч түүнийг дахин дуудаж бие зассан гэдгээ мэдэгдэнэ. Би болсон хойно заавал бусдаас этгээд байж, өдөрт дөрөв явж, эргэн тойрны хүмүүс мөн нөгөө үйлчлэгч ахын дургүйг хүргэдэгсэн. Ойр хавийн хүүхдүүд хамраа барин миний онцгойд зэвүүцэнэ. Нэг удаа харин миний дараа тэр өтгөнтэй савыг шууд эмчид аваачиж үзүүлбэл эмч түүнийг хараад, нэгийг бодсоноо тэр асрагчид гараараа заан, нэг юм даалгав. Эмч оройн ёотонгоо өгвөл гайгүй юм байна гэж биб тайвшрав. “За за” гэж санаа алдан, хоёр хөршийнхөө дунд хөнжилдөө таваа олж, унтахаар шулуудав. “Ямар ч гэсэн энэ өдөр ийнхүү тайван өнгөрөх нь баттай боллоо” гэж нойрондоо автахаас өмнө бодож амжив.
Маргааш өглөө нь кофены дараахан нэг гадны хүн орж ирвэл харваас анхны хоригдол тансгуудын нэг нь ажээ. Зузаан хар драпан малгайтай, цав цагаан халаадтай, гутлын хар тосоор гялалзтал нь өнгө оруулсан түрийгүй гуталтай сайн эр ороод ирдэг байна. Эр хүний төрхийг ерөнхийд нь сийлж баримжааг нь гаргасан нүүр нь гэж арьс нь дутаж хэт нимгэрсний улмаас бараг мах булчин нь харагдсан тэр царайг анх хараад миний дотор хүйт оргиж, ойрдоо айгаагүйгээ айсан билээ. Маш өндөр нуруутай, булчин мах хангалттай суусан, шанаа нь бууралтаж эхэлсэн төлөв хүн гараа ардаа үүрсэн тул ханцуйн дээрх үсэг нь харагдахгүй, гэхдээ улаан өнгийн гурвалжин нь герман үндэстний аз дутсан эрлийз гэдгийг нотлоод байв. Нөгөө талаар анх удаагаа энгэрийн дугаар нь түмэн, мянгаар тоолох биш, тэр ч байтугай зуутаар ч биш аравтын дугаартай байсан нь зиндааны ялгааг нотолж байв. Манай эмч өвөө хүртэл хөл алдан түүнийг тойрч, сүрхий мэндлэн, халуунаар гарыг нь атган авч мэндлэх нь маш их үнэлж хүндэлж байгааг нь илтгэж байв. Тэгээд эндхийн байдлаа тайлагнаж, танилцуулж эхлэв. Гэтэл ярьж хөдөлж байгаагаас нь миний тухай ярьж байгааг би сая ойлгож, дотор палхийх шиг болов. Эмч маань ишууд над руу зааж, тэр гадны хүнийг ятгасан байдалтай ярих нь хэрэггүй юмнаасаа салах гэсэн наймаачин барааг нь сонирхсон хүнд түүнийгээ дээд зэргээр магтаж итгүүлэхийг хичээдэг шиг миний тухай ярьснаас нь “zu dir” гэдэг үгийг л ойлголоо. “Уухай намайг тэр хүний тасаг руу шилжүүлэх гэж хичээнгүйлэн сая чам рруу гэж ярьж байх шив” гэж эмчийн өчигдрийн бодол орж, өнөөдрийн энэ айлчлалыг холбож чадсан билээ. Гадны хүн нэг хэсэг чимээгүй сонсож, барааг тийм амар худалдаж авдаггүй хашир худалдан авагч шиг асуудлыг сайтар бясалгана. Тэгснээ шийдсэн бололтой толгой дохин, одоо шууд над руу өмчлөгчийн нүдээр харж, өвөө эмчиийн ятгалгыг нэг хэсэг цааш нь сонссоноо шууд гар барихад нь эмчийн дотор нь онгойх шиг болж, тохиролцоонд хүрсэн дээр нь гэсэн шиг бушуухан алга болов.

_________________
:3q:


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 131 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited