#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.20.18 11:09 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 131 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6
Author Message
PostPosted: May.24.10 11:15 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Нөгөө ах сая бодит хөрсөн дээр бууж, босч нуруугаа тэнийлгээд, цагаа нэг харснаа над руу харвал нүүр нь шал өөр болсон байв. Тэгээд сая, “би сурвалжлагч хүн” гэж өөрийгөө албан ёсоор танилцуулав. Нэгэн ардчилсан сонинд ажилладаг гэв. Тэгтэл харин ярианы өнгө, зарим хэрэглэж байгаа үг нь надад гэнэт Вилли ахыг санагдуулсан билээ. Нөгөө талаар энэ ахын санасандаа хүрэх гэсэн улайрал, заримдаа Рабби багшийн хэрэглэдэг үгсийг ашигласнаараа бол бас Лайош ахтай зарим талаараа төстэй ярьдаг хүн юм гэж би дүгнэв. Ингэж хоёр авга ахыг санаад л сая би гэртээ ирж байна гэдэг нь жинхэнэ бодит үнэнээрээ толгойд минь бууж ирэв. Тийм учраас сурвалжлагч ахын сүүлчийн хэдэн үгийг нь нэг чихээрээ оруулаад, нөгөөдөхөөрөө гаргасан билээ. Уг нь тохиолдлоор таарсан “сайхан аз завшаан боллоо”, бидний ярилцлагын үндсэн дээр цуврал өгүүлэл бичнэ гэнэ, өгүүллийг өөрөө бичнэ, гэхдээ миний үгээр бичнэ гэнэ, ингэснээр би ч гэсэн амьдралаа эхлэх бага зэргийн мөнгөтэй болно, тэдний сонин шинэ учраас санхүүгийн хувьд одоогоор даруухан байгаа л гэнэ. Гэхдээ үүнээс чухал зорилтууд байна гэнэ. “Биеийн болон сэтгэлийн шархыг эдгээх, гэмт хэрэгтнүүдийг хариуцлагад татах, нийгмийн дуу хоолойг сэргээх, одоогийн унтаа байдлыг доргиох, тэр ч байтугай зарим талаар эргэлзээд байгаа хүмүүсийг зөв зүйтэй сэнхрүүлэх” гээд хийх ажлынхаа талаархи зорилтуудыг урсгаж гарав. Өнөөгийн байгууллагууд энэ талаар ямар ч ойлголтгүй тэдний зүгээс олигтой оновчтой санаачлага гарахгүй. Харин жинхэнэ шалтгаан, учир начир, жинхэнэ үнэнийг түмэн олонд дэлгэж өгөх хэрэгтэй байгаа хэдий ч тэр бүх зовлонг эргэж сануулан, шархыг сэдрээх боловч ингэж аймшигт үнэнийг олонд хүргэхээс өөр аргагүй гэж ярина. Харин миний хэлсэн үгэнд жинхэнэ тамыг туулсан хүний цэвэр үнэн байгаа нь илт байлаа гэнэ. Миний ярьсан зүйлс цаанаа эрин солигдож буй чухал цагийн толилууллаа гэнэ. Миний жишээ мөн түмэн ийм хувь хүний үер шиг жишээ нь өнгөрсөн цагийн гунигт тамга нь болж хоцорно гэлээ. Намайг энэ талаар юу гэж бодож байна гэж асуухад нь би өөрийгөө болгохыг л хичээмээр байна гэж хариулбал “Үгүй хүү минь, тийм биш. Энэ бол зөвхөн чиний хувь хүний хэрэг биш, энэ бол бид бүхний, түүгээр ч зогсохгүй дэлхий нийтийн хэрэг юм. Би тэгээд “тийм л байх даа ах аа, гэхдээ би одоо харихгүй бол болохгүй нь” гэвэл харин уучлалт гуйсан билээ. Тэгтэл бас л салж чадахгүй дотроо нэг юм эргэцүүлээд, хэсэг зогссоноо “Өгүүллэгийн цувралыг нутаг руугаа эргэж ирсний бэлэг дэмбэрэл болгон нэг гэрэл зургаар эхэлбэл ямар вэ?” гэвэл би юм дуугарсангүй. Тэрбээр “Уучлаарай манай мэргэжил зарим үед ийм танхай байхыг шаарддаг юм” гэж тайлбарласнаа, харин намайг хүсэхгүй бол тэрбээр нэг их хүчлэхгүй гэлээ. Тэгснээ хурдан сууж аваад, өврийн дэвтрээсээ нэг хуудсыг урж аван, нэг юм түргэн сараачаад, надад өгөнгөө “Энэ бол миний, тэгээд манай сонины газрын нэр, хаяг” гэв. “За ингээд удахгүй эргэж уулзана гэж найдъя” гээд таргандуу гараа надад тулгав. Гарыг минь чин сэтгэлээсээ атган, барьж авав. Түүнтэй ярьсан нь надад ч гэсэн таалагдсан билээ. Нэг хэсэг амарч дотор онгойх шиг болов. Тэгээд тэр ах олон хүний дунд алга болоход, би тэр цаасыг нь хаясан билээ.
Удалгүй хэд алхтал манай гэр дүрээрээ харагдав. Байшин маань бөмбөгөнд гэмтэж өртсөн юмгүй бүтэн, хуучин хэвээрээ байв. Дотогшоо орвол манай шатны нөгөө үнэр хэвээр ханхлав. Төмөр торон хонгилд лифт харагдана. Дээшээ гарвал шатны эргэх булангууд нь, дээр үеийн хүүхэд насыг санагдуулна. Гэрийн хаалганы хонхыг дартал хаалга онгойв. Гэхдээ дотуурх аюулгүйн гинжний уртаар тогтож, илүү нээгдсэнгүй. Тэр гинж, цүүний чимээ нь урьд өмнө огт сонсож байгаагүй чимээ байсан тул биб маш их гайхав. Хагас онгойсон хаалганы завсраар нэг дунд насны огт танихгүй эмэгтэйн ясархаг туранхай нүүр цухуйв. “Хэнийг асуусан юм?” гэхэд нь би энд амьдардаг гэлээ. “Үгүй дээ, энд бид амьдардаг” гээд хаалгаа хаахыг завдахад нь би хөлөө шургуулж амжив. Би учраа хэлж, тэр хатагтай эндүүрч байна гэж тайлбарлах гэтэл тэрбээр маш соёлтой, тайван харамсан, харин намайг эндүүрч байна, тэнд одоо энэ айл амьдардаг гээд хаалга ахаах гэж татаад байсан ч би хөлөө авахгүй, итгэж чадахгүй байв. Тэгснээ дээшээ харж, хаалганы дугаараа харвал манайх байв. Тэр хооронд би гайхсандаа хөлөө сулласан бололтой тэр авгай бушуухан шиг үүдээ тасхийтэл хааж амжаад, бас түлхүүрээ эргүүлэн авав.
Доошоо шатаар бууж байтал нэгэн хаалга хахиран дуугарах нь нэг л танил санагдав. Хаалга руу очиж хонхыг дарвал махлагдуу биерхэг авгай гарч ирээд олонтаа ийм юм үзсэн бололтой үг ч дуугаралгүй хаалгаа шууд хаах гэтэл ард нь нүдний шил гялалзаад, доторхи өрөөний бүрэнхийгээс Флайшман гуайн саарал нүүр цухуйв. Араас нь наалдсан юм шиг бүдүүн гэдсээ унжуулсан хэвээр, нөгөө салдаггүй шаахайтайгаа, гартаа нэг навчин янжуурын өөдөс барьсан шигээ Штайнер гуай гараад ирэв. Энэ хоёр яг тэр Чепелийн гааль руу очсон өдөр салсан хэвээр ямар ч өөрчлөлтгүй урд минь зогсож байв. Тэд намайг нэг хэсэг харж байснаа гэнэт нэрийг маань чанга хашгирав. Хөгшин Штайнер намайг байгаа чигээр минь тэр хувцас, хөлс, судалтай хүрэмтэй минь тас тэврээд авав. Тэр намайг хөтлөөд дотогшоогоо оруулбал Флайшман гуайн авгай бушуухан шиг хоолны юм бодъё гээд бужигнав. Тэд намайг түмэн асуултаар дарж, нөгөө л хэвшмэл хаанаас, хэдийд, хаашаа, яаж гэдгийг бүгдийг нь тодруулж авав. Дараа нь харин би юм сонирхвол манай байранд үнэхээр өөр айл орсон гэнэ. Тэгээд “аав минь яасан бэ?” гэж асуувал хоёр өвгөн таг болов. Тэгтэл нэг том хүнд гар бодвол Штайнер гуайнх байсан болов уу миний гар дээр зөөлөн бууж тас атгав. Тэгээд нэлээд учир начиртай бүгдийг ярьсан байх. Миний санаж чадаж байгаа минь “нас барсны мэдэгдэлд эргэлзэх аргагүй”, “хамт байсан нөхдүүд нь түүнийг баталсан” гэнэ лээ. Аав Германы нэг хорих лагерьт таалал төгссөн гэнэ. Нэрийг нь хэлэх гээд нэг хэсэг санахгүй байж байгаад, “Аа тийм, Маутхаузен! Тийм яах аргагүй Маутхаузен гэж нэрийг нь санасандаа баярласнаа, эргээд дуугүй болов. Ээжийн талаар тохиолдлоор ямар нэгэн сураг мэдэх бол уу гэж асуувал “өө, мэдэлгүй яахав, саявтар энүүгээр нэг ирсэн, чамайг бас асууж байсан, бид өөрсдөө уулзсан юм чинь...” гэж ярив. Би цааш нь хойт эхийн талаар сураглавал “тэр яахав залуу хүн, хань ижилтэй болсон” гэж ярилаа. Тэгээд хэнтэй суусыг нь сонирхвол хоёр өвгөн дахиад нэрийг нь санахгүй будилж, тэгтэл нэг нь “Ковач гэл үү дээ?” гэж чанга хэлэхэд, нөгөөдөх нь “үгүй дээ юу Ковач, нөгөө хэн гэсэн шүү дээ... ааа тийм Футо гэнэ лээ” гэж жаал будилав. “Шютё гэсэн биш үү” гэж аяархан асуувал тэд “яг үнэн Шютё, тэгэлгүй яахав Шютё” гэж сая бүхнийг бүрэн санаж, “тэр уг нь, тэгээд, хэцүү үед нь ихи тусалж, нуугдуулж ч явсан, тэгээд бас өмч хөрөнгийг нь ч аварч чадсан” гэж хоёр өвгөн бараг л нэг нэгэндээ тайлбарлаж, “аргагүй шүү дээ” гэж хоёулаа санал нэгтэй дүгнэв.
Ингээд гол асуудлаа тодруулж авсан би Флайшман гуайн хүрэн улаан зөөлөн буйдан дээр нилээд тухлан сууж, алжаалаа тайлсан билээ. Ингэж зөөлөн юман дээр суугаагүй хичнээн ч удлаа. Флайшман эгч ч гоё цагаан хээтэй тавган дээр гахайн өөхний нухаш түрхсэн талх, шинэхэн ногоон шүүслэг чинжүүтэй бас дээрээс нь нимгэн хэрчсэн сонгины цагирагнуудтай авчрав. Дээхэн үед ийм зуушинд амиа өгдөг байсансан гэж бодонгоо идэхэд, тууж өгдөг хэвээрээ байлаа. Намайг зуушаа зажлах зуур хоёр өвгөн энд нэг бүтэн жил бас ч гэж жаргалдаа пологтоогүйгээ ярьж өгөв. Сүүлийн үеийн мэдээнд автсан миний бодол санаа, тэр хоёрын яриатай давхардан, миний нозоорох зэргээс болж анхаарал ихэд суларсан билээ. Гэхдээ л тэр хоёр хөгшний хэллэг, ярианаас нь “тэгээд Чиллаг шоронд ирээд, дараа нь арван сарын арван тавны аймшигт явдал ирээд, дараа нь “нилаш” унгар фашистууд ирээд, дараа германы “гетто” ирээд, дараа нь Дунай мөрнийг гатлах өдөр ирээд, дараа нь эрх чөлөө ирээд” гээд сонсвол зүгээр суугаагүйг би ч гадарлав. Бас гэж хэрэндээ тэвдэж, айж ирж дээ гэж ойлгосон билээ. Нөгөө талаар хоёр настан нэгэнт өнгөрсөн их адал явдал, зовлон гачигдлыг цаг, минут, өдөр, хоногоор биш, тэр ч байтугай ядаж сар, долоо хоногоор нь биш ерөнхийд нь базаж чадах, тэгээд тэр амьдралдаа гомдох буюу баярлах хэмжээнд насалжээ гэдэг нь тодорхой байв. Өнгөрсөн түмэн зовлон, нэгэн оройн наргианы адал явдал ийнхүү ганц удаа нэг базаж дүгнэх хэмжээнд сэтгэл санаанд нь үлджээ гэдэг нь тодорхой байв. Хоёр хөгшин чадах ядахаараа өнгөрсөн цагийн тухай надад тайлагнаж, түүндээ ядран, нэг хэсэг дуугүй байснаа Флайшман гэнэт сэргэж, “гэвч тэгээд чи цаашид яах гэж байна, юу бодож сэдэж байна даа хүү минь?” гэж ажил хэрэгчээр асуувал би хүртэл тийм юм бодож яваагүйдээ бантаж юу гэж хариулахаа мэдэхгүй гацав. Тэгтэл Штайнер хөгшин, Флайшманд дандаа бэлэн хариу барьдаг заншлаараа гэнэт сэргэн, гараа өвдгөн дээр минь тавьж “Чи аан гэж бай миний хүү, юуны өмнө бүх аймшигт явдлыг март”. Би гайхаж “Яалаа гэж?” асуувал өвгөн “ердөө л цаашид амьдрахын тулд” гэж товч ухааруулав. Сая харин Флайшман ах санал бүрэн нийлж, “эрх чөлөөтэй амьдрахын тулд шүү” гэж, найзынхаа үгэнд хүч нэмэв. Штайнер гуай толгойгоо дохин “Сэтгэл зүрхэндээ ийм ихи ачаатай чи шинэ амьдрал эхэлж барахгүй хүү минь, нээрээ шүү” гэвэл би сая хоёр настантай бүрэн санал нийлэв.
Гэхдээ л нэгэнт хэзээ ч бүтэхгүй юмыг надаас хүсээд байгааг би ойлгохгүй байлаа. Нэгэнт тохиолдсон бөгөөд нэгэнт өнгөрсөн зүйл үнэхээр болж өнгөрсөн. Тэгээд ч хүний санаа бодлыг яаж хорьж дэглэх билээ. Би ухаандаа шинэ амьдралыг шинээр дахин төрж бабйж сая эхэлж болно гэж итгэж байлаа. Элдэв өвчин зовлон, бэрхшээл гачигдлыг надад хүсэхгүй бол би дахин энэ хорвоодоо мэндэлье. “Харин тэгж ярих юм бол би тэр их аймшигт зүйлийг мэдэрч амжсангүй билээ” гэж би үг унагаавал тэр хоёр настан нэгэн дуугаар “юу гэсэн үг вэ, яахлаар мэдэрч амждаггүй билээ” гэж бараг бухимдвал би тэр хоёрт өөрт нь асуулт тавьсан билээ. “Та нарын хэлдгээр хэцүү үед та нар юу хийсэн юм бэ?” нөгөө хоёр бүр гайхаж “юу гэсэн үг вэ? Бид мөрөөрөө амьдраад л байсан шүү дээ” гэж нэг нь хэлбэл нөгөө өвөө нь арай дутуу хэлчихэв үү гэсэн юм шиг “бид даван туулахыг хичээж ирсэн” гэж тодотгоно. Өөрөөр хэлбэл та нар ч гэсэн нэгийг бодон, урагшаагаа алхалсан байна шүү дээ гэж би тэдний хариуг тодруулав. “Алхална гэж юу яриад байгаа юм бэ?” гэж хоёр өвгөний толгой нь эргэв. Тэгэхэд нь бид Аушивицэд үйл явдал ямар эрэмбэ дараатай, хэрхэн өрнөснийг ярьж өгч нэг галт тэрэгний цуваанд гурван мянган хүн суулгаж ачаад, тэр Аушвиц руу хүргэсэн билээ гэж яриагаа эхлэв. Бусад галт тэргэнд хэд байсныг би мэдэхгүй л дээ, гэхдээ манай тэр галт тэргэнд гурван мянга байсныг л би ярьж байна. Жишээ нь тэдний дунд эрчүүл нэг мянга байж гэж бодъё. Эмчийн үзлэгэнд нэг хүнд нэг-хоёр секунд зарцуулсан гэж бодъё. Ихэвчлэн ганцхан секунд хангалттай байсан юм. Эхний буюу сүүлий хүнийг авч хэлэлцэхээ болъё. Тэд голдуу тооцоонд ордоггүй билээ. Тэгвэл цувааны тэг дунд нь би байлаа гэж бодъё. Тэгвэл түрүүний хэмжигдэхүүнээр бол би ээлжээ иртэл арав хорин минут хүлээх болно. Тэр эмчийн цэгт хүрээд, би нэг бол хийн байр руу, нэг бол дараагийн давааг давах боломж олж авна. Тэгтэл энэ бүхний цаана нь нөгөө хэсэг хүмүүсийн цуваа, тэр хувь заяаг нь шийдэх цэг хүртэл цувсаар дөхөж очих хэрэгтэй биз дээ? Өөрөөр хэлбэл хэсэг хугацаанд нэгийг алхах болно. Тэр хугацааг нийт цувааны хэм мэднэ.
Тэгтэл нэг хэсэг таг чимээгүй болцгоов. Флайшманы авгай орж ирээд, тавгийг маань авч яваад, дахиж орж ирсэнгүй. “Тэгээд юу гэж? Тэр цуваа энд ямар падтай юм? Юу хэлэх гээд байгаа юм бэ?” гэж хоёр өвгөн намайг ойлгохгүй байна. “Юу байхав дээ. Та нарын хэлдгээр ирээд биш байхгүй юу. Бид бас тийшээгээ, тэр аюул руу дөхөж очиж байсан. Одоо эргээд харахад бүх юм иж бүрнээр, эргэлт буцалтгүй бас гэнэт ороод ирсэн мэт санагдана” гэж ярьж, цааш нь тайлбарлахдаа бүх юмыг цаг хугацаа, орон зайнд нь, хөдөлгөөнд нь авч тунгаах хэрэгтэй гэж нотлохыг хичээв. Нэг гэнэн тохиолдлоор нэг охиныг үнсээд авах, үгүй бол тэр гаалийн газар бүтэн өдөр хий хоосон өнгөрөөх буюу тэгж яривал тэр хийгээр алдаг газар очиж өртөх нь хүртэл бүгд тухайн цагийн шаардлага билээ. Иймээс эргэж харж болсон юмыг базах буюу урагшаагаа харж төлөвлөх нь бүгд алдаа мадагтай хандлага. Түрүүний миний хэлснээр тэр хувь заяаг шийдэх хорин минут чинь уул шугамандаа бас маш их урт хугацаа билээ. Учир нь нэг минут нь дуусаж бабйж сая дараачийн минут эхэлнэ. Тэр хооронд элдэв юм тохиолдож, та бидний хувь заяа янз бүрээр эргэж болно. Дараачийн минут нь юу ч өөрчлөгдөөгүй нь үнэн хэдүй ч, гэхдээ л онолын ч гэх үү, тохиолдлын ч гэх үү үүднээс өөр юм тохиолдож болно. Тэгээд бүх юм өөрөөр эргэж мэднэ. Аушвицэд байхад ч тэр, аавыг гаргаж өгч байхад ч тэр, хувь заяа өөрөөр эргэх хугацаа байсан билээ.
Штайнер гуай намайг дуугүй сонсож сууснаа “Тэгээд бид яах ёстой байсан гэж? Бид юу өөрчилж чадах байсан гэж?” хэмээн асууж, хэл нэвтрэхгүйд жаал уур нь хүрээд байх шиг байв. “Юу ч хийгээгүй нь үнэн. Гэтэл огт юу ч хийхгүй байснаас нэгэн галзуу, ер бусын алхам хийж өөрчлөхииийг оролдох хэрэгтэй байсан байх. Түүнийгээ ч мэдээжийн алхам шриг ухаарах ёстой байсан байх. Гэхдээ би энэ тухай ярих гээгүй юм”. “Тэгээд чи яах гээд байгаа юм бэ?” гэж хоёр хөгшин нэлээд залхаж эхлэв. “Би тэр алхах тухай ярьсан юм. Алхах цаг ирвэл бид бүгд цаг орон зайндаа урагшаагаа алхалж ирсэн билээ. Би ч бас тэгж ирсэн. Би зөвхөн тэр Биркенуагийн лагерийн цуваанд алхсан биш. Би бүр түүнээс өмнө, энд гэртээ байхын тэгж урагшаагаа алхалж ирсэн. Аав ээжийнхээ хамт, Анна Мариатай ч тэр, нөгөө эгч дүү хоёрын эгчтэй нь ярихдаа ч алхсаар исрэн. Явж явж тэр харин хамгийн хэцүү алхам байсан байх. Одоо би тэр охинд “жүүд” гэж юуг хэлдгийг жинхэнэ утгаар нь хэлж өгч чадах билээ. Юу гэж хэлнэ гэвэл “жүүд” гэдэг чинь ямар ч утга агуулгагүй, хий хоосон авиа гэж хэлэхсэн. Үгүй дээ гэхэд миний хувьд ямар ч утгагүй гэдгийг би туулж мэдэрсэн.
Аливаа зүйлийн бүх утга агуулга гагцхүү алхаж эхлэхийн хамт эхэлнэ. Өөр цус, өөр арьс ч бай, юу ч бай, тийм юм байдаггүй билээ. Тэр бүгд худал. Тэгтэл нөгөө сурвалжлагчийн аятайхан тодорхойлолт санаанд орж ирж би “зөвхөн тухайн цаг, орон зайн нөхцөл гэж байдаг юм” гэж санаагаа сая нэг аятайхан буулгаад авав. Иймээс би ч гэсэн нэгэн өгөгдсөн тавиланг амсав. Тэр бол угтаа зөвхөн минийх гэж буй болсон тавилан бус. Гэхдээ би түүнийг эдэлж туулсан билээ. Ингэж ярих зуураа хоёр өвгөн бүбр толгой нь гашилсан, гөлөрч суугааг анзаарав. Намайг яагаад ойлгохгүй, миний энэ чухал санаа яагаад буухгүй байгааг би гайхаад байв. Би энэ бодол дүгнэлтээ нэг тийш нь болгож, нэг юманд тусгаж, утга төгөлдөр болгох хэрэгтэй, цааш н ярих, хүнд хүргэх, хүний сэтгэл ухаанд буулгах шаардлагатай байлаа. Эс тэгвэл “Би ингэж их эндүүрч байна гэж үү, ингэж хадуурна гэж үү, нэг бол миний туулсан, үзсэн юм бүгд худал байсан гэж үү? Арай ч дээ” хэмээн би барьц алдахад энүүхэд байв. Хоёр настан ойлгохгүйгээр барахгүй, зарим ярьж байгаа зүйл маань тэдэнд таалагдахгүй, бүр уурыг нь хүргээд байв. Жишээ нь Штайнер өвөө үе үе уцаарлан, үг хаяж, зарим үед бүр босоод ирнэ. Харин Флайшман гуай түүнийг хойш нь татаж, “За яах нь вэ дээ. Ярьж л байг даа. Хараач наадахь чинь сая дотор хуримтлагдсан юмаа гадагш нь гаргах гээд байна шүү дээ” гэж хэлж байгааг би сонсоод авсан билээ. Би харин хэлэх юмаа үнэхээр л гүйцээмээр байлаа. Ямар ч үр дүнгүй байж магадгүй, бас нөгөө талаар эмх цэгцгүй ч гэсэн санаагаа хэлж дуусгамаар байв. Тэгээд би цааш нь ярихдаа “Шинэ амьдрал эхэлнэ гэж хэзээ ч байхгүй, бид хуучныгаа л цааш нь үүрч явах болно. Би өөрөө тавилангийнхаа мөрийг гаргасан. Миний оронд өөр хүн тэр замыг туулж өгөөгүй. Би тэр өгөгдсөн хувь заяандаа үнэнч явсан. Миний алдаа гэвэл, ухаандаа намайг буруушаая гэвэл жишээ нь би энд ингэж ярьж байгаа явдал маань байж болно. Гэхдээ би үүнийг зохион байгуулаагүй. Ингэж алхаа минь таарч, энд та нартайгаа учирсан. Тэгээд энэ мөчийг хүртэл гаргаж ирсэн мөр минь буруу байсан гэж хэлүүлэх болж байна уу би? Яагаад хүмүүс ингэж гэнэт үзлээ солино вэ? Яагаад хүмүүс миний хэлснийг хүлээж авахаас татгалзана вэ? Нэгэнт зурсан зураг байвал эрх чөлөө нэгэнт оршдог номтой бол хувь заяа гэж юу байх билээ дээ?” гэж ярьснаа, түр яриагаа тасалж, амьсгаа авав.
Тэгснээ “Өөрөөр хэлбэл бид өөрсдөө, өөрсдийнхөө хувь заяа байна шүү дээ” гэж хэлээд авсан чинь сая би хамаг санаагаа товч бөгөөд оновчтой хэлж чадах шиг боллоо гэж дотор онгойв. Яг энэ ухаарах мөчид өөр ухаалаг, боловсролтой хүнтэй биш, энэ хоёр хөгшинд ухуулаад байгаадаа харамсах шиг болов. Тэгсэн бол бас нилээд хурц маргаж, өөр олон шинэ санаа төрж юу магад гэж дотроо нэг гаслаад авав. Гэвч нөгөө өгөгдсөн нөхцөл гэгчээр энэ хоёр өвөө надад бөмбөгдүүлэх байж. Нөгөө талаар аавыг маань гаргахад яг энэ хоёр настан байсан шүү дээ гэж байдлаа бас оновчтой болон утгатай болгохыг хичээв. “Тэгж яривал та хоёр ч гэсэн өөрийн алхмаа хийсэн шүү дээ. Та нар юу болохыг мэдэж л байсан. Тэгсэн мөртлөө аавыг минь тэр зам руу үдэж гаргасан. Том хүмүүс та нар бүгд мэдсээр байж, аавыг минь эцсийн замд нь хөдөөлүүлж байгаа юм шиг гаргасан биз дээ.
Намайг ч гэсэн хаашаа явж байгааг, өөрөөр хэлбэл эцсийн эцэст Аушвицэд тунаж үлдэнэ гэж мэдсэр байж, автобусаар уу, аль эсвэл трамвайгаар уу гэж та хоёр маргаж байсан шүү дээ” гэж яривал Штайнер өвөө суга үсэрч, Флайшман гуай ч босоод ирсэн билээ. Гэхдээ л Штайнер гуайг хойш нь татаад байлаа. Харин Штайнер өвөө цээжээ балбан, “Чи бас юу гэнээ, хө?” гээд орилж гарав. “Явж явж өөрсдөө хэлмэгдсэн бид эцэст нь гэмт хэрэгтэн болж таарч байна уу? Аан?” гэж хашгираад байвал би урьдаас нь “Гэмт хэрэгтэн гэж хэлээгүй л дээ. Харин тэгсэн шүү дээ гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Үгүй дээ гэхэд үнэнчээр тэгсэн гэж хэлэх нь зүйн хэрэг болохсон” гэж тайлбарлахыг оролдов. Тэгснээ “Та нэг юмыг л ойлгоод ав л даа. Би зөв ч биш, буруу ч биш бай болохгүй шүү дээ. Байр суурьтай байх буюу эндүүрэх ч эрхийг минь та бүү хасаач. Учир шалтгаангүй, үр дүнгүй юм гэж байдаггүй шүү дээ. Буруутай болчихгүйн тулд би амаа таглаж явах ёсгүй биз дээ? Та ядаж өчүүхнийг хүлээн зөвшөөрөөч, би танаас гуйж байна шүү дээ”. Хэл нэвтрэх шинжгүй байсан тул би малгай үүргэвчээ шүүрч аваад гарлаа, явлаа, баярлалаа ухааны хэдэн үг хэлсэн болоод гараад явчихав.
Гадаа гараад, одоо ээж рүүгээ очъё гэж шулуудав. Тэгтэл улаан мөнгөгүй гэдгээ санаад явган алхлав. Нэлээд алхаснаа талбай дээр хэсэг зогсож, хүчээ хуримтлуулав. Миний явах зүгт үүл ягааран, тэнгэрийн хаяа жагах нарны гэрэлд хүчтэй улайрна. Алсхан дэнж хөхрөн харагдана. Намг тийшээ хүргэх зам алсад бүдэгрэн алга болно. Эргэн тойрон харвал хөл цөөрч, чимээ намдсаныг ажиглав. Хүмүүс гэрийн зүг арай тайван алхалж, ярьсан яриа, дуу хоолой нь зөөлөн намуухан болжээ. Тэгтэл хорих лагерьт байхад яг ийм цагаар миний хамгийн их баярладаг үе байсан билээ гэж гэнэт санаанд орж ирэв. Тэр баярладаг мөчөө дурсахад, лагериа гуниг шаналгаатай ч гэсэн санах шиг болов. Лагерийн амьдралын бүх мөч гэнэт санаанд сэргээд исэн билээ. Гутаж гуних, айж эмээх, баярлаж инээх бух дурсамж дотроос маань оволзон гарч ирж, сэтгэлийг маань догдлуулав. Тодорхой хэмжээгээр тэндхийн амьдрал энгийн бөгөөд хүний мөсөөр арай цэвэр байсан юм. Бүх үйл явдал санаанд орж ирэн, бүх хүний дүрс ч нүдний минь урдуур өнгөрөв. Би яг одоо, яг энд байгаа маань Нимбэг Банди, Петька, Бохуш эмч тэгээд өөр зөндөө олон нөхдийн маань ач билээ гэж тэр хэдийгээ эргэн санаж, тэдэнд хайртай болсныгоо хүлээн зөвшөөрч, бас ганцаараа үлдсэндээ, тэдэндээ бас гомдох шиг болно.
За тэгээд аливаа юм хэтэрвэл дэмий гэгчээр бодлоо өөрчилж, яг одоо би гэгч хүн энд байна, тэгээд цааш нь амьдрах урам үнэнхүү байна гэдгийг өөртөө дахиж сануулав. Тэгээд үдшийн гэгээ тасрахын алдад, салхи татсан энэ гудамжаар алхалбал амьдрал гэгчийг хамаг бэрхшээлтэй нь үргэлжлүүлэх урам зориг, хүсэл эрмэлзэл алхам тутамд нэмэгдээд байгааг мэдэрч байв. Ээж минь хүлээсээр байгаа. Намайгаа хараад, яаж хагартлаа баярлах бол доо зайлуул. Миний багад намайг инженер юм уу, аль эсвэл эмч, ер нь тиймэрхүү нарийн мэргэжилтэй сэхээтэн болоосой гэж их мөрөөддөгсөн. Одоо ч ёстой болоод өгнө дөө, ээжийнхээ хүссэнээр. Ер нь миний жаргал энүүхэнд, намайгаа отож, энэ байшингуудын аль нэг булангийн цаанаас гэнэт цухуйж,тоглох гээд байна. Хорих лагерьт байхад тэр хар утаа баагиулсан яндангууд дунд амьдарч байхад бас л ингэж сэтгэл хөөрөх мөч гардагсан. Бас баярлах цаг гардаг л байсан байх нь ээ дээ. Хүмүүс тувтан аймшигтай юм яриад өг гэх юм. Дараа нь би бас яаж баярлаж явснаа яриад өгье байз. Мэдээж хэрэг, хэрвээ тэгж асуух хүн гарвал шүү дээ. Нөгөө талаар асуух хүн гартал би мартаж орхих ч мэднэ.

Төгсөв.

_________________
:3q:


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 131 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited