#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.16.18 12:14 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 131 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jan.09.10 1:51 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Имре Кертиесийн 2002 онд Нобелийн шагнал хүртсэн зохиолыг хүргэхээр шийдлээ. Энэ зохиол нь хэлмэгдэж буй нэгэн жүүд хүүгийн тавиланг түүний нүд, ухаанаар илэрхийлсэн юм.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.09.10 2:39 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Нэг.

Өнөөдөр сургуульдаа очсонгүй. Очих нь ч очсон л доо, гэхдээ л багшаас чөлөө гуйх төдийгөөр хязгаарлав. Аавын зурвасыг багшид өгч чөлөө авсан юм. Аав тэрүүхэн алгын чинээ бичигтээ "ар гэрийн шалтгаанаар" гэсэн учир начир өгүүлэх төдий юм бичээд намайг чөлөөлж өгөхийг хүссэн юм. "Юу тохиолдов хүү минь" гэж багш асуувал "албан татлагад дуудсан гэл үү" гэж аавыг нэг ажилд дуудсан ухааны юм ярих гэтэл багш элдэв таван үггүй тэр дөр нь явуулав.
Би гараад шууд манай дэлгүүрийг чиглэсэн билээ. Аав тэнд байх учиртай байв. "Түргэлж үзээрэй, чи надад хэрэгтэй болно шүү" гэсэнд нь би шуурхайлахыг хичээв. Үнэхээр л миний хэрэг гарсан тул шулуухан чөлөө гуйсан бололтой. "Замд одохоос өмнө дэргэдээ байлгамаар байна" гэж хэдэн хоногийн өмнө ээж рүү утасдахдаа миний тухай үг унагааж байсныг би санах юм. Пүрэв гараг байсан билээ. Уг нь пүрэв гараг, мөн бүтэн сайн өдрийн үдшийг би ээж дээр өнгөрүүлдэгсэн. Тэгээд бодвоос ээж намайг асуухад "үгүй энэ удаа Дюркаг явуулмааргүй байна" гээд тэр өөрийгөө удахгүй явах мэтээр учирласан байх. Тэгээгүй ч байж болох юм. Одоо бүү мэд дээ. Шөнө агаарын аюулын тохио тувт хангинасаар олигтойхон ч унтаж чадаагүй тул нойр хүрээд байв. Тийм учраас аав яг тэгж ярьж байсныг санах төдий ч чухам хэдийд билээ гэдэг нь толгойд орж ирэхгүй байлаа. Ер нь тэгээд ээжид ч тэгсэн юм уу бүү мэд. Яах аргагүй л удахгүй явах тухай ярьдаг болсон билээ.
Ээжтэй ч намайг яриулж байсныг санаж байна. Чухам юу ч ярилаа даа. Би "ийн уун" гээд дуу цөөнтэй байхад ээж үглээд байсан билээ. Би ч аавыг бодож дураар нь болохыг хичээн мөн яг дэргэд минь зогсож байсан тул ээжтэй олон юм яриагүй нь үнэн. Тэгээд ч аавд нэг л ноцтой юм болоод байгаа гэж таан хажууд нь байя гэж бодсоных. Ээж дээр очих өдөр хойт эх маань үүдэнд түр зогсоон аавын тухай надад цухас дурьдан "ийм гунигтай мөчид чи ч бас хань болох ёстой шүү дээ" гэж захих шиг болсон юм. Би ч юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Намайг дуугүй байхыг тэрээр буруугаар ойлгон цочирдох шиг болж миний сэтгэлд сэв суулгах гээгүй мөн одоо хүмүүжүүлэх цаг биш ухааны юм хэлж билээ. Арван тав хүрсэн эр юманд жинтэй хандаж манай гэр бүлд тохиолдсон аюулт харгайг ойлгож чадна хэмээн үргэлжлүүлсэн тул би үг хэлэлгүй толгой дохисон юм. Үүнд тэрбээр сэтгэл нь ханах шиг болов. Гараа над руу явуулах шиг болж бараг л тэврээд авах нь уу гэж эмээтэл ашгүй тэгсэнгүй. Харин нэг уртхан санаа алдан эргэв. Тэр зуур нүдэнд нь нулимс бүрэлзэж байгааг би ажиглаж амжсан юм. Би ч бушуухан шиг явахаа хичээв.
Сургуулиасаа шууд манай дэлгүүрийг чиглээд явган алхлаа. Хавар дөнгөж эхлэх төдий байтал хар өглөөнөөс дулаарч халууцах шиг болно. Ахархан пальтоныхоо товчийг тайльюу гэснээ болив. Гэнэт босох салхи пальтоны хормойг хойш нь савж энгэр дээрээ зүүсэн нөгөө ярайсан шар зургаан хошуут тэмдгийг нь халхалж дүрэм зөрчсөн асуудалд орчих вий гэж эмээв. Зарим талаар нилээд болгоомжтой байх цаг ирсэн билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.12.10 2:32 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Манай дэлгүүр энүүхэн хажуу гудамжинд нэгэн байшингийн зооринд байдаг билээ. Нэгэн огцом модон шат шууд дэлгүүрийн бүрэнхий рүү дагуулна. Аав, хойт эх хоёр контортоо байлаа. Контор ч гэж дээ нарны гэрэл татах гэж эргэн тойрон шилэн ханатай ёстой л загасны шилэн сав шиг шатны ёроол дахь зайг ашигласан давчуу нэг өрөө ухааны юм. Ноён Шютё бас тэдэнтэй хамт байлаа. Тэрбээр дээхнээ манай нябогоор ажиллаж байсан бөгөөд бас бидний агуулах гэж сүржин нэрлэдэг аж ахуйн хашааг гардан хариуцдаг байснаа сүүлд нь түүнийгээ манайхаас худалдаж авсан юм. Ухаандаа манайхан тэгж ярьдагсан. Шютё гуай гарал үүслийн хувьд азтай төрж түүний нүдэнд энэ удаад аргал хөдлөх учиргүй байсан билээ. Тиймээс бидний нэгэн адил энэ шар тэмдгийг ч зүүх шаардлагагүй. Энэ гурав манай дэлгүүрийг ноён Шютёгийн нэр дээр үлдээж орлогоор бүр тасарчихгүй байх арга мэхийг сэдэж юм найруулаад байв.
Би арай л өөр байдалтай түүнтэй мэндлэв. Бас ч гэж одоо чинь биднээс дээгүүр гаралтай хүн болж таарч байгаа билээ. Аав хойт эх хоёр ч бас өөр хандах болсон нь илт байв. Харин Шютё гуай аавыг хуучин шигээ "Эрхэм ноёнтон" гэж хойтыг "Эрхэм эзэгтэй" гэж юмны учрыг гадарлахгүй байгаа мэт дүр үзүүлж байлаа. Намайгаа хүртэл бахь байдгаараа өхөөрдсөн дүртэй цаашлуулна. Тэр л миний энгэр дүүрэн ярайсан шар одыг анзаараагүй л гэнэ. Би ирснээ ойлгуулаад дотогшоо оролгүй босгон дээр үлдэв. Тэд ч намайг анзааран түр зогссон яриагаа үргэлжлүүлэв. Эхэндээ юу ярьж байсныг нь гадарлаж амжаагүй билээ. Түр зуур нүд ч харанхуйлах болсон нь нартай газраас гэнэт орж ирснийх байв. Харин нэг зүйл ярингуут би тэр дор нүдээ нээв. Шютё гуай дугуй бор нүүрээ аав руу хандуулан хоорондоо зайтай үүдэн шүдээ гялалзуулсхийн анхааралтай сонсоно. Нарийн сахал нь хүртэл сонсч байх шиг болов. Нүүрэнд нь нарны толбо хаанаас ч юм тусч чичирнэ. Аав яриагаа үргэлжлүүлэн нэгэн "барааг" бас тэгээд "та аль болох түргэн эндээс аваад явсан нь дээр" гээд ширээнийхээ шургуулганаас торгон цаасанд ороож нарийн бүчээр эргэн тойрон бэхэлсэн жижгэвтэр боодолтой юм өгөв. Би түүнийг хармагц нөгөө манай алт, мөнгөн ид шид, бөгж ээмэг байдаг хайрцаг гэж тэр дор нь танив. Энэ хэд надаас юу гэж болгоомжилсон нь ойлгомжтой болов. Ноён Шютё энэ үүргийг тун дуртайяа биелүүлэхэд бэлхэн байгаа нь илт харагдана. Тиймээс ч тэр боодолтой юмыг түргэн гэгч цүнхэндээ шургуулж амжив. Тэгснээ тэр хоёр нэг нэгийгээ ятган хэсэг зуур завгүй болов. Шютё гуай нэг үзэг гаргаж ирээд л өгсөн авсан бичиг ухааны юм үйлдэх нь зүйтэй гээд бас уцаардуухан зүтгэхэд аав түүнд " за та боль доо, та бид түүнгүй болоод ирсэн шүү дээ" гэж ятгана. Аав ингэж ярих нь ноён Шютёгийн чихэнд нь тун ч дулаан сонсогдож байгаа нь илт байв. "Эрхэм ноёнтон надад итгэдэгт би баярлаж явдаг шүү дээ... гэхдээ л хэргийн баримттай нь зүгээр биз дээ" гэснээ бас хойтыг өөртөө татах байдлаар "ер нь тийм биз дээ, эрхэм эзэгтэй айн?" гэж нялуурна. Харин хойт эх ядруу царайлан инээмсэглэсэн болж "эрчүүд надгүй болно биз ээ" гэх шиг юм дуугарав.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.12.10 3:10 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Би хөндлөнгөөс нь залхаж эхэлтэл Шютё гуай сая бууж өгсөн болж үзгээ далд хийв. Тэгснээ тэр хоёр нөгөө аж ахуйн хашааны эд хогшлын тухай яриагаа үргэлжлүүлж тэнд байгаа баахан банзыг яах ийхийг ярив. Аав ч түргэлэх тийшээ л юмаа яриад байгаа нь сонсогдоно. Тэр аж ахуй энэ шинэ эрх мэдэлтний "нүдэнд нь өртвөл" гэж эмээн дахиад л ноён Шютёг ятгаад унав. Аав Шютё гуайг хойт эхэд сайн туслаарай "таны хашир ухаан, туршлага маш хэрэгтэй шүү" гэж аав ярихад Шютё гуай хойт руу нэг ширтэн "Мэдээжийн хэрэг, эрхэм эзэгтэй. Та бид ч бас зарим тооцоо мооцоо гээд л бишгүйдээ ярих юм гардаг шүү дээ, тийм биз дээ аан?" Нөгөө манай эдэлбэр газрын тухай үг өлгөөд авах шиг санагдав.
Тэгтэл ч ярих юмаа дуусч өндөрлөх болов. Шютё гуай аавын гарт нь наалдсан юм шиг түүнийг нь удаавтар сэгсэрнэ. Тэр зуур нүүрээ буруулж гуниглаж байгаагаа хүчлэн харуулж "ийм хэцүү мөчид юу ч гэх билээ дээ" гэж үг унагаана. "За юу гэхэв дээ, түргэхэн шиг эргэж ирээрэй дээ, эрхэм ноёнтон минь" гэж Шютё гуай хэлэхэд аав "Тэгэх болтугай" гэж инээмсэглэхийг оролдов. Хойт эх цүнхнээсээн алчуур гарган нүдээ арчина. Юм дуугарах ч чадалгүй хоолой нь бөглөрөх шиг болно. Тэгтэл бүгд дуугаа хураав. Маш эвгүй болбол биб хүртэл "яадаг билээ" гэж бодтол яахаа ч мэдсэнгүй. Ноён Шютё бас сая тулгамдан "Эрхэм эзэгтэй, бибеэ барина шүү..." гэж үнэхээр тэвдсэн байдалтай хойт эхийн гарыг аван бушуухан шиг уруулаа хүргэн салах ёс руугаа оров. Тэгснээ хаалганы зүг түргэлэв. Би арай гэж замаас нь зайлж амжлаа. Тэрбээр намайг тоохтой манатай явахаа бодов. Дотор бүгд чимээгүй зогсон, Шютё ноёны алхаа шатаар холдох нь сонсогдоно.
Тэгтэл аав "за ингээд нэг зовлонгоос салах шив дээ" гэж саяын тохиролцоог дүгнэв. Хойт эх уг нь эрх биш тэр бичгийг үйлдчихсэн бол зүгээр байсан биш үү гэж эргэлзвэл аав одоо ч элдэв бичиг хамаг утгаа алдсан цаг, харин ч тэгж ярих юм болл түүнийг нууж байгаад хайрцагтай чигээр нь хадгалснаас илүү ч аюулд нэрвэгдэж мэднэ гэж хаширлав. Тэгээд хойтод учрыг тайлбарлахдаа одоо энэ Шютё гэгчид "сохроор итгэхээс өөр ямар ч арга бидэнд алга байна шүү дээ" гэж яривал хойт эх хариуд нь юу я хэлсэнгүй. Тэгснээ аавыг маань зөвтгөх хэрнээ "уг нь тэр бичиг..." гэж эхлэх гэснээ дуугаа хураав. Түүгээр яах билээ гэдгээ тиэр тайлбарлаж чадахгүй байсных. Тэгтэл аав хийж болгоох ажил маш их байна. Бүгдийг амжуулах ёстой гэж яаруулна. Дэлгүүрийн санхүүгийн бүртгэлийн дэвтэр дансыг хойт эхэд хүлээлгэж өгөх ёстой ажээ. Аавыг хөдөлмөрийн лагерьт байхад тэрбээр наймаа арилжааны учир начрыг ойлгож дэлгүүрийн ажлыг тасалдуулахгүй байх ёстой гэж шулуудна. Тэр зуур намайг нэг анзаарснаа багш намайг элдэв чирэгдэлгүй явуулсан эсэх гээд юм асууж лавласан болсноо хойт эхтэй ажлыг дуусгатал "эндээ томоотой байгаад хүлээж бай" гэв.
Тэр хоёрын ажил дуусах шинжгүй удав. Нэг хэсэг тэвчээр гарган аавын тухай бодлоо төвлөрүүлэхийг оролдлоо. Аав маргааш явах нь тэгээд мөд уулзахгүй байх даа гэж нэг хэсэг бодолд автсанаа энэ санаанаасаа ч бас залхав. Би бодоод ч ямар нэмэр болох билээ гэж санаа алдан уйдаж эхлэв. Сүүлд суух нь ч хүртэл ядаргаатай болж өөрийгөө саатуулах гэж босоод цоргоноос ус ууж ч үзлээ. Тэр хоёр намайг тоосонгүй. Хожим хэдэн банзны араар орж шээв. Буцаж ирээд цоргоноос гараа угааж цүнхнээсээ үдшийн зуушаа гаргаж идэв. Зууш ч дуусч би дахиад л гараа угаав. Тэр хоёр намайг тоох ч шинж алга. Тэр хоёрыг хүлээн хийх юмаа олж ядан хичнээн ч их залхав даа бүү мэд.
Бүр үдийн алдад тэд юмаа эцэс бобллгож бид гудамжинд гарав. Нүд минь нарны хурц гэрэлд гялбан онийж нэг хэсэг юм харж чадахгүй байлаа. Аав хоёр саарал төмөр цоожийг цоожлох гэж нэлээн удав. Зориудаар ч удаад байна уу даа ч гэж бодогдоно. Аав түлхүүрийг хойтод өгч "за ингээд энэ надад дахиад хэрэг болох биш" гэж үг унагаав. Хойт эх цүнхээ онгойлговол дахиад бас уйлах вий гэж би санаа зовтол түлхүүрээ л хийх төдий нээжээ. Бид гурав нэлээд ширүүн алхаж гарлаа. Гэр рүүгээ харих юм гэж бодтол үгүй ажээ. Замдаа энээ тэрээ зарим барааг аавд нь нэмж авч өгөх ёстой гэж гэж хойт эх шуурхайлав. Нэлээд томхон жагсаалт урьдчилан бэлтгэсэн байгаа нь харагдав. Уг нь зарим зүйлийг өчигдөр авсан л юмсан. Одоо үлдсэн хэдэн чухал зүйлийг авах юм байх.
Тэр хоёртой зэрэгцэн явах нэг л эвгүй байлаа. Зэрэгцэн яваа гурвуулангийнх нь энгэр дээр шар од ярайна. Жагсаалаараа явж байгаа ч юм шиг. Бүү мэд дээ яагаад ч юм нэг л эвгүй байв.Ганцаараа байсан бол тэр тэмдэг инээдтэй чб юм шиг санагдахсан. Ойр хавийн дэлгүүрүүд ийм үдшийн цагт хүнээр пиг дүүрэн байдаг билээ. Хүмүүс бужигнасаар л байв. Харин үүргэвч авах гэж орсон дэлгүүрт бид гурваас өөр хүн таарсангүй. Дотогшоогоо орвол дэлгүүрт үүргэвчийн будсан брекээнтэн даавууны үнэр хачин их шингэсэн байлаа. Худалдагч гэж өрөөсөн гартаа тохойвчтой өнгө шингэрсэн нэг өвөө шүдээ гялалзуулан бидэнд үйлчилж гарав. Авгай нь гэж бас нэг бүдүүн эгч бидэнд туслах гэж бас хичээнэ. Өвөө авгайгаа "миний хүү" гээд юманд гүйлгээд байх нь тэр. "Үүнийг аваад ир, түүнийг олоод ир" гээд л хоёулаа бидний төлөө санаа тавина. Энэ дэлгүүр уг нь манайхаас холгүй тул би сайн мэднэ л дээ. Гэхдээ сая л анх удаагаа шагайж байгаа нь энэ. Биеийн тамир спортын барааны дэлгүүр ухаантай юм. Гэхдээ бас элдэв өөр юм худалддаг. Саяхнаас жишээ нь биднийх шиг адил шар одон тэмдгийг зарж эхэлсэн билээ. Учир нь энэ бол их эрэлт хэрэгцээтэй бараа болсон юм. Бидний тэмдгийг хойт эх өөр нэг газраас авсан гэнэ лээ. Энэ айлын шар тэмдэг нь гар үйлвэрийн аргаар нэлээд урлагтай хийсэн нь харагдана. Картонон цаасан дээр шар даавууг татан нааж ард нь бас зүүх зүүлттэй . Зарим хүн өөрийн боломжоор ийм од хийсэн нь даанч доожоогүй харагддаг билээ. Худалдагч хоёр хөгшин өөрсдөө бас шар тэмдэгтэй байлаа. Энэ хоёр бараагаа рекламдах гэж зориуд зүүсэн юм шиг санагдаад байв. Тэгээгүй нь ойлгомжтой билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.12.10 4:02 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Авгай арын өрөөнөөс бидний асуусан бараанаас авчирвал нөхөр нь тэр дашрамд "та бүгд хөдөлмөрийн лагерьт явах хүний юм цуглуулаад байна уу даа, тийм үү?" гэж лавлах байдалтай асууна. Хойт эх тийм гэж хэлбэл өвөө нэг санаа алдан хоёр гар нь өөрийн эрхгүй бухимдлыг нь илэрхийлсэн байдалтай дээшээ савласнаа толгойгоо нэг сэгсэрч, улам хичээнгүйлэн тусалж гарав. Хойт эх "үүргэвч бий юу?" гэж асуувал өвгөн худалдагч нэг юм бодсоноо "та нарт нэгийг аргалалгүй яахав" гээд авгай руугаа эргэн "миний хүү агуулахаас нэгийг нааш нь аваад ир" гэв. Үүргэвч бидэнд таалагдаж юмаа хийтэл өвгөн дахин авгайдаа нэг юм хэлж хэдэн юм авчруулав. Хашрын бодсоноор тэр нь аавд маш их хэрэг болно гэнэ. Худалдагч өвөө аав, хойт эх хоёртой маш эвлэгхэн ярьж нөгөө "хөдөлмөрийн лагерь" гэдэг үгийг аль болох тойроод байгаа нь ажиглагдав. Худалдагч хоол хийж явах хийгүй давхар ханатай төмөр сав, төрөл бүрийн багаж бүхий гэртэй тонгорог, хажуу талдаа өлгөөд явах цүнх гэх мэт маш их хэрэг болох эд юмсыг үзүүлэв. "Тэр газар очих болсон хүмүүс үүнийг их асуудаг юм билээ" гэж ярина. Хойт эх тэр тонгоргийг худалдаж авлаа. Надад ч мөн таалагдсан билээ. Ингээд аав хойт хоёр үндсэндээ хэрэгтэй бүх юмаа сонгож авбал өвгөн "хөөе бодоод өг" гэж авгайдаа хэлэв. Авгай нь багтаж ядсан хар өнгийн хувцастайгаа кассын аппарат, дэртэй сандал хоёрын хооронд биеэ чихэж оруулан үнэ цохиод унав. Худалдагч өвөө биднийг бүр хаалга хүртэл хүргэж "аз тань бүү орхиосой" гэж дуугүй салахгүй байхын тулд үгээ олсон нь тэр буюу. Харин аав руу тонгойж "та намайг ойлгож байгаа биз дээ" гэж аяархан хэлэв.
Гараад харин ёстой л гэрийн зүг явцгаав. Манайх гэдэг нэг том түрээсийн байшинд суудаг байлаа. Тэр нь трамвайн буудлаас холгүй талбайн захад байдаг билээ. Хоёр давхар руу гарч явтал хойт талоноор олгодог нормын талхаа авахаа мартсанаа гэнэт санаж, намайг талхны мухлаг руу гүйлгэв. Мухлагийн гадаа нэлээд дугаарлаж байгаад орвол худалдагчийн гэргий нь талхаа хэрчээд нөхөртөө өгвөл нөхөр нь түүнийг жин дээр тавьж хэмжинэ. Намайг мэндлэхэд тоосон ч гүй. Тэрбээр еврейчүүдийг үздэггүй гэж бүгд мэддэг билээ. Тэгээд ч хэдэн грамм бага нормын хэрчмийг над руу шидэхийн наана өгсөн болов. Энэ худалдагч ингэж залилан өөртөө илүү талх үлдээдэг гэж хүмүүс ярьдаг билээ. Түүнийг ууртайхан ширтэх зуураа гараараа эвтэйхэн ажиллаж чадаж байгаагаас нь түүний байр суурийг би сая ойлгосон билээ. Хэдийгээр жүүд хүмүүст дургүй ч гэсэн тэднийг улайм цайм мэхэлж байгаадаа ичиж болгоомжлон ингэж ханддагаа үзэл санааны байр суурь болгож өөрийгөө өршөөж байгаа бололтой харагдав. Аргагүй ч юм уу даа гэж санагдсан билээ.
Дотор нэлээд харлаж гэрийн зүг яарах зуур Аннамариа охинтой нүүр учирч үг солилцох төдий ахархан мөчийг түүнд зориулав. Би дээшээ тэрбээр доошоо бууж байв. Энэ охин манай давхарт Штайнерийнд амьдардаг. Харин тэднийхэнтэй манайхан сүүлийн үед өвгөн Флайшманыхныд уулздаг болсон билээ. Урьд өмнө нь энэ хэдэн айлыг манай хөрш гэж анзаардаггүй байлаа. Харин одоо төрөл нэг болсон биш эрх биш оройдоо хуран цугларч цаашид юу болох талаар санал бодлоо хуваалцдаг болсон юм. Харин тэр охин бид хоёр өөр юм ярина. Штайнерийнхэн бол түүний авга ах нь юм билээ. Охины эх эцэг нь салж охиноо хэрхэхээ шийдэж зохицож чадалгүй юу ч гэсэн аль алинаас нь холхон Штайнерийнхэнд нэг хэсэгтээ амьдраг гэж санал нийлсэн бололтой. Аннамариа урьд өмнө нь миний нэгэн адил шалтгаанаар дотуур байранд байдаг байжээ. Тэрбээр бас арван дөрөв орчим настай охин билээ. Түүний энгэртээ зүүсэн шар одны доор хөх нь томорч байгаа харагдана. Хүзүүнийх нь уртыг яана гээч. Мөн л над шиг талхаа авах гэж яарч байсан нь энэ. Үдээс хойш нөгөө хөрш эгч дүү хоёртой нийлж дөрвүүлхнээ жаал хөзөрдвөл ямар вэ? гэж тэрбээр надаас асууж амжив. Энэ эгч дүү хоёр манай дээр амьдардаг билээ. Би тэр хоёртой хааяа нэг шатан дээр тааралдах буюу сүүлийн үед агаарын аюулын дохионы үеэр зооринд нуугдаж цаг өнгөрөөх зуур таньдаг болсон юм. Тэр хоёрын бага нь арван нэг хоёр настай бол эгч нь Аннамариатай чацуу гэж Аннамариагаас мэдсэн билээ. Заримдаа хашаа руу харсан цонхтой өрөөнд суух зуур эгчийг нь гадагшаа гарах буюу гэртээ эргэж ирж байгааг нь нэг биш удаа харсан билээ. Яг орцны үүдэн дээр нүүр тулж байсан ч удаатай. Сая Аннамариагийн санал болгосноор тэдэнтэй бүр шууд танилцах боломж гарах нь гэж нэг бодогдсоноо гэнэт аав санаанд орж ирэн "Аавыг таталганд хамруулсан тул өнөөдрийн хувьд чадахгүй нь" гэж хариулав. Тэгтэл Аннамариа авга ах нь нэг тиймэрхүү юм ярьж байсныг сая санаж "аан нээрээ тийм" гэв. Нэгэнт яриа дууссан гэж бодтол гэнэт Аннамариа "тэгвэл маргааш тэгэх үү" гэж шууд залган хэлэхэд "Нөгөөдөр болъё" гэж би шийдсэн байдалтай хариулснаа бас "магадгүй" гэж нэмэв.
Гэртээ орж ирвэл аав хойт эх хоёр ширээний ард сууж байв. Хойт эх маань тавгийг маань гаргаж тавих зуураа "чи өлсөж байна уу?" гэхэд нь би "аймаар" гэж гэнэдэж үг алдсанаа тэр дороо ичих шиг боллоо. Нөгөө талаар тийм л байсан юм чинь гэж ч бас бодов.
Хойт эх надад таваг дүүрэн хоол хийсэн атал өөртөө жаалхан юм хийсэн болжээ. Би ч анзаарсангүй. Харин аав "чи өөртөө хийхгүй яав аа?" гэж хойтоос асуув. Тэгтэл хойт эх "энэ ходоод нэг л биш байх шиг" гэж тайлбарлахыг оролдвол би дөнгөж сая л юу болсныг ойлгов. Аав "өөрийгөө бас бодох хэрэгтэй" ухааны юм үглэж байгаа нь сонсогдов. Тэгтэл хойт эх юм дуугаралгүй уйлах шиг болоход нь харвал үнэхээр уйлж байв. Би дахиад л маш эвгүй байдалд орж таваг руугаа шагайж өндийж харахыг зориглохгүй байв. Аав гараа хойт эх рүү явуулж байгааг би нүдний үзүүрээр харж амжлаа. Жаал хүлээж байснаа сая зориглон өндийж харвал тэр хоёр гар гараасаа барилцан жинхэнэ хонгор хоёр шиг дуу чимээгүй сууж байв. Уг нь би энэ хоёрыг ийм байхад нь дургүй билээ. Одоо ч гэсэн яагаад ч юм эвгүй болов. Харин тэр хоёр дахиад яриад эхэлбэл би сая дотор онгойх шиг боллоо.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.12.10 4:16 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Тэр хоёр яриагаа үргэлжлүүлэн өдрийн тохиолдсон бүхнийг эргэн ярьж ноён Шютёг ч дурьдаад авав. "Тэгж ярих юм бол боломжийн зөв гарт шилжсэн л дээ" гэж аав хойт эхэд хэлэхдээ өөрийгөө тайвшруулж байгаа нь сонсогдоно. Хойт эх ч санаа нийлсэн хэрнээ "баталгаа хэрэгтэйсэн" гэх ухааны үг унагааж амжив. Учир нь ингэж аман амлалтаар юу болдог бол доо гэж эргэлзэж байгаагаа яаж ийж байгаад дахин сануулаад орхив. Хариуд нь аав өөрөө ч эргэлзэж байгаагаа үл нуун мөрөө нэг хавчиж авснаа "өнөөдөр амьдралыг аль ч талаас нь авч үзсэн итгэхийн аргагүй боллоо шүү дээ" гэж хариулахаасаа илүү өөртөө дүгнэлт хийх шиг болов. Хойт эх сая санал бүрэн нийлж нөгөө бичгийг дахин дурьдсандаа амаа барих шиг болж бүр гунигтай санаа алдана. Тэгснээ "ингэж бодож ярихаа болъё" гэж аавыг тайвшруулахыг хичээвэл аав урдаас нь "чи минь ганцаараа энэ их дарамтанд яаж болгох бол доо" гэж санаа зовбол хойт эх намайг байгаа юм чинь юунаас айхав ухааны юм ярьдаг байгаа. "Бид хоёр ч аавыгаа эргээд иртэл нэг нэгдээ давгүй түшиг боблж чадна" гэснээ надаас бас дэмжлэг авах гэж толгойгоо хазайлгасхийн над руу инээмсэглэн ширтэж "тийм биз дээ?" гэж асуувал "Тийм ээ" гэж би товч хариулав. Аав ч сэтгэл нь тайвширч хачин баярлаж намайг ширтэж байгаа нь нүдэнд харагдав. Би түүнд нь бас баярлаж яагаад ч юм тавагтай хоолоо цааш нь түлхэв. Аав түүнийг анзааран "Яагаав?" гэвэл "нэг их хоол идмээргүй байна" гэж би хариулж итгүүлэхийг хичээв. Аавд энэ алхам маань маш их таалагдаж өөрийн эрхгүй толгойг минь иллээ. Аав толгойнд гар хүрэхэд дотор гэнэт хачин болж хамаг бие арзайн шууд уйлчихгүй гэхэд дотор муухай ч болох шиг болж сэтгэл их хөдөлсөн байлаа. Биеэ барьж чадахгүй нь гэж эмээн аавыг бушуухан гараасай, намайг өрөвдчих вий гэж багагүй сандрав. Тэгтэл аз таарч зочид хүрээд ирлээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.17.10 8:36 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Энэ хэд ирнэ гэж хойд эх өмнөхөн нь дурьдаж "зөвхөн манай хэд л ирнэ" гэж анхааруулсан билээ. Аав нэг юм хэлэх гэж эргэвэл "Чамайг сайн яваарай л гэж хэлэх төдий шагайна. Ингэх нь зөв шүү дээ" гэж хойт түрүүлж хэлэв. Тэгтэл хонх дуугарч хойт эхийн эгч нь ээжтэйгээ ооод ирэв. Удалгүй аавын эцэг эх буюу миний эмээ өвөө хоёр ч хүрээд ирлээ. Эмээг хүмүүс угтан авч диванд тухлуулж суулгав. Учир нь эмээ томруулдаг шил шиг зузаан нүдний шилтэй хэрнээ түүгээрээ ч онц юм хардаггүй билээ. Сонсгол нь нүднийхээ адил нэлээн муудсан. Гэхдээ эмээ аливаа юманд оролцох дуртай хажуу хавиргаар нь болж байгаа бүхэнд хушуу дүрдэг цоглог хүн сэн. Эмээ ингээд идэвх гаргах нь маш түвэгтэй болдог билээ. Нэг талаас чанга хашгирч чухам юу болоод байгааг ярьж өгөх хэрэгтэй болно. Нөгөө талаар хэт их оролцох гэвэл бас дарж авахгүй бол будлиантуулж гарна.
Хойт эхийн ээж нь өндөр шөвгөр бөгөөд босоо ирмэгтэй шляпан малгай өмссөн харагдана. Түүн дээрээ уртхан өд хөндлөн зоосон байв. Малгайгаа авбал торгон шингэвтэр цав цагаан үс нь гялалзана. Маш нарийнаар нямбай сүлжиж зассан нь харагдана. Шаравтар туяа суусан гонзгой царайг нь хав хар хоёр нүд чимэглэнэ. Хүзүүний арьс нь эрүүнээс доош хоёр нимгэн дэлбээ болж унжина. Хальт харвал шувуу барьдаг ангийн нохойтой адил санагдана. Толгой нь байнга чичирсхийнэ. Энэ эмээд аавын үүргэвчтэй юмыг аятайхан эвлүүлж эвхэх үүрэг оногдов. Энэ талаар маш туршлагатай гэнэ. Тэгээд ч тэр ажилдаа шууд оров. Юмаа эвхэхдээ хойтын жагсаалтын дагуу хийнэ. Харин хойтын эгч нь нэмэр болох хүн биш ажээ. Хойтоос хамаагүй хөгшин бөгөөд төрсөн эгч гэж огт хэлмээргүй харагдана. Махлагдуу бөбгөөд нүүр нь юм үзээд ангайж гайхсан хүүхдийн зүстэй. Харин ам нь зогсоно гэж байхгүй. Яриан дунд уйлж ч үзэв. Хүн бүрийг хайрлан тас тэврээд авч амжсан билээ. Намайг тэвэрвэл би энгэсэг ханхалсан хоёр том хөхөнд нь бүтэж үхэхээ дөхөж арай гэж салав. Тэгээд тэрбээр сандалд сая суувал хамаг маи нь хоёр өвдгөн дээр нь бөөгнөрөв. Өвөөгөө ч нэг дурьдаад авъя. Өвөө маань эмээгийн диваны хажууд харуул манаа шиг зогсон эмээгийн элдэв зовиурыг сонсч нүүр нь зурсан зураг шиг өөрчлөгдөх шинжгүй нэг хэвийн байж уурлах буюу залхсан эсэх нь илрэхгүй байв. Эмээ эхлээд аавыг өрөвдөн баахан нулимс асгаруулснаа сүүлд нь түүнийгээ умартан өөрийн зовиурыг тоочиж эхлэв. Толгой нь дүүрч дүнгэнээд хагарах гээд л байна гэнэ. Бодвоос даралт нь зовоогоод байгаа бололтой. Өвөө хажууд нь зогссон хэвээр дараачийн зовлонг нь тэвчээртэй сонсоно. Нэг чихээр нь ороод нөгөөдхөөр нь гараад байна уу гэмээр. Тэгж гаргаж сурсан ч юм уу. Ямар ч гэсэн эмээгийн ярьсны хариуд нь ганц үг дуугарахгүй байж чадна. Өвөө тэр буландаа үдэш орой хөшөө мэт зогсож бүрэнхий болбол гэрэл зөвхөн дух хамрын нурууг нь гэрэлтүүлнэ. Хоёр нүд нь сүүдэртэн ёнхойж алга болов. Харин нүд нь хааяа нэг гялалзан бүхнийг сэмхэн хяналтандаа байлгаж байгаа нь илэрнэ.
Тэгтэл хойтын үеэл дүү гэгч нэг хатагтай бас ганцаараа биш нөхрөө дагуулан ирэв. Түүнийг "Вили ах" гэж би дууддаг билээ... билээ ч юу байхав нэг нь Вили юм чинь. Өрөөсөн хөл нь арай богино тул тэрүүхэндээ догдлоно. Тэгээд ч нэг талын гутал нь маш зузаан ултай билээ. Энэ удаа тахир дутуу нь түүнийг аварч нөгөө лагерь руу явах шаардлагагүй болжээ. Толгой нь гэж урвуу харуулсан лийр шиг. Энүүхэндээ ам бүлийн хэмжээнд түүний нэр төр гэж нөхцөлгүй өндөр. Учир нь өнөөгийн морин тойргийн конторыг нээхээс өмнө бас ч гэж сурвалжлагч байсан гэдэг. Энэ удаа ч гэсэн "маш найдвартай эх үүсвэрээс" олсон зарим "баараггүй мэдээгээ" хуваалцана гэнэ. Зөөлөн сандалд биеэ танхайдуу хаялан нөгөө гажигтай хөлөө тэр чигээр нь жийн бас хажуугаар нь хоёр алгаа шижигнэтэл нь үрж тэнд байсан бүгдийнх нь аазгайг хөдөлгөн айлтгах нь "бидний байдалд удалгүй үндсэн өөрчлөлт гарах төлөвтэй байгаа шүү" яагаад гэвэл "төвийг сахисан хүчний оролцоотойгоор германчууд буюу холбооныхон хооронд унгарчууд бидний талаар маш нууц яриа хэлэлцээ өрнөж тодорхой тохиролцоонд хүрэх нь шиг байна" гэж биднийгээ цочирдуулав. Вили ахын ухаарснаар бол германчууд "фронтод ямар ч найдваргүй болсныгоо өөрсдөө ч ойлгох болжээ".

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.17.10 9:06 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Түүний онолдож байгаагаар бол германчууд "Будапештын еврейчүүдийг" германчууд амиа аврах бол хөзрийн тамга болгох юм гэнэ. Учир нь "холбоотныхонтой бидний талаар наймаалж ашиг унагаах" юм байна. Холбооныхон бидний төлөө юу ч хийхээс ч буцахгүй бэлэн байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулж энэ бүхэнд нөлөө үзүүлэх "онц чухал хөшүүрэг" байдаг төдийгүй түүнийг "дэлхийн хамт олны байр суурь" гэж нэрлэн энэ томьёоллыг бараг өөрөө л дээхнэ сурвалжлагч байхдаа анх нэвтрүүлсэн шахам юм ярина. Тэгээд бидэнд тохиолдож буй өнөөгийн адал явдал тэр байр суурийг "сүрхий бухимдуулж" байгаа. Тэгээд энэ наймаа тун хатуу тул тэр нь эргээд жүүд үндэстэн бидэнд ингэж хатуу бууж байгаа нь энэ гэж тайлбарлана. Ингэхээс ч өөр аргагүй гэж бас ярина. Учир нь бид хэд мөн чанартаа "дэлхийн хэмжээний асар том найраа бооцоо болгон манёврлах гол хүчин зүйл" гэнэ. Гэхдээ хашир Вили ах энэ бүхэн "нууц мэх сүвэгчлэх" шол зорилгыг дэндүү сайн мэднэ гэлээ. Тэгээд энэ хэлэлцээ хийж буй цуурхал нь "нүд хуурсан заль" юм. "Ер нь тэгээд асуудал сүрхий өрнөж байгаа" тул биднийг нэг хэсэг тэвчээртэй бай гэж уриалав. Тэгтэл аав Вили ах руу хандаж "нүд хуурсан заль" юм бол хөдөлмөрийн лагерийн албан татлагын хуудсыг бас заль гээд очихгүй байвал яасан юм гэвэл Вили ах нэг хэсэг бантсанаа "тэр ч арай юу юм б дээ... тэгж болохгүй" гэнэ. Гэхдээ аав тун удахгүй буцаад ирэх нь баараггүй, үүнд бүрэн итгэлтэй байгаа гэж бас ярина. "Ер нь тэгээд тун дөхөж байгаа шүү. Босгон дээр нь хүрээд очлоо" гэж хоёр алгаа дассан байдалтай дахин шархийтэл өөр хооронд нь үрж "үүнд одоо яс итгэж байгаа шиг бусад бүх юманд ийм итгэлтэй байсан бол ингэж явна гэж үү" гэж амаа барин харамсах шиг болно. Тэгээд цааш нь ярих гэтэл хойт эх ээжтэйгээ бүх юмаа баглаж амжлаа гээд ороод ирэв. Аав тэр үүргэвч хэр хүнд болов гэж өргөж үзнэ.
Хойт эхийн том ах нь гэж Лайош гуай хамгийн сүүлд оройтож ирлээ. Тэрбээр манай гэр бүлд нэг л чухал үүрэг гүйцэтгэдэг. Чухам тэгээд юу вэ гэвэл бас тодорхой нэрлэж чадахгүй. Лайош өвөө орж ирэнгүүтээ аавтай нэг юм хоёулхнаа ярина гэхэд аавд түүний энэ хандлага нь огт таалагдаагүй бололтой. "За бас яах гэв? Алив түргэн" гэсэн байдалтай түүнийг сонссон болно. Тэгснээ Лайош гуай шууд над руу хандав. Надтай бас "жаал жуул ярих юм байна" гэнэ. Тэгээд намайг өрөөний холхон буланд дагуулж шүүгээний дэргэд урдаасаа харуулж зогсоов. Аав чинь "бид бүгдийг ийнхүү орхиж одох боллоо" гэж яриагаа эхэлбэл би мэднэ гэж хариулав. Намайг тэгээд аавыгаа санах уу гэж асуувал би "мэдээж" гэж хариулснаа гэнэт дутуу хэлсэн мэт санагдан "маш их санана" гэж үгэндээ хүч оруулав. Лайош гуай сайшаасан байдалтай бодолд орон удаан гэгч толгойгоо дохиж байв.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.17.10 11:19 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Өвгөн Лайош яриагаа үргэлжлүүлж урьд өмнө санаанд орж байгаагүй олон шинэ зүйл ярьж өгөв. Жишээ нь "аз жаргал дүүрэн балчир" нас минь ийнхүү аавыг явсанаар нэгэнт өнгөрсөн түүх болох гэнэ. Намайг "ингэж бодож яваагүй, гэвч өнөөдөр үүнийг сонсоод бас ч гайхсангүй биз дээ" гэвэл би санал нийлж толгойгоо дохиж байв. Аав явсанаар хойт эх минь харж халамжлах хүнгүй үлдэх нь. Мэдээж бид халуун ам бүлээрээ тусална. Гэхдээ л үндсэндээ "гол туслагч нь намайг болох ёстой" гэж сургана. "Амьдралын хатууг туулах, юмсын хомсыг амсах" гээд насанд минь ахадсан нэлээд шалгуурыг би цагаасаа арай эрт үүрэх нь. Үүнээс хойш амьдрал маань нэлээд бартаатай болно гэдгийг "насанд хүрсэн эр хүн" надаас нуух юун. "Одоо чи ч гэсэн жүүд хүний тавилангаас амсах цаг ирлээ" гэж зөндөө юм ярьж байснаа бүр цааш нь хальж "жүүд үндэстэн бид хийж ирсэн нүглийнхээ төлөө Бурхан багшийн зэмлэлийг хүлээж мянга мянган жилийн турш хөөгдөж, зовлон туулж" байгаа нь энэ юм. Тийм учраас энэ тавилангаа дуулгавартай хүлээн зөвшөөрч тэвчээрийн дээдийг гарган амьдрах ёстой юм. Иймд Бурхан багш өршөөж хайрлахыг хүсч, тэнгэрээс бидэнд тохоосон бөгөөд бидний хүч тэнхээ, ухаан авьяаст тохируулан заяасан орон зайг эргээд эзлүүлтэл энэ хүнд замыг туулахаас өөр арга үгүй" гэж баахан юм ярив. Бурхан багш биднийг ногдсон үүргээ хэрхэн дааж мөрөө хэрхэн гаргаж байгааг ажиглаж байгаа. Би хүртэл өрхийн тэргүүлэгчийн хувьд үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой" гэж заана. Тэгээд надаас энэ ачааг дааж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байгааг минь лавлаж асуув. Би хэлж байгаа юмыг нь сайн ойлгохгүй байлаа. Ялангуяа тэр... юун нүгэл, тэгээд жүүд байх нь яагаад азгүй гэж, бас тэгээд тэр Бурхан яасан ч гэлээ дээ, яах гээд байгаа ч гэлүү...? Гэхдээ л хэлсэн юм нь нэг л цаанаа сэтгэлд буугаад байв. Тэгээд би "чадна" гэж товч хариулбал миний хариулт маш таалагдсан нь илт байв. "Зөв хөө" гэж яриаг дүгнэж намайг "маш ухаалаг гүн сэтгэлтэй, ухамсар хариуцлагатай" гэдэгт огт эргэлзээгүй гэж сайшааж байгаа бололтой. Миний үгэнд үнэн сэтгэлээсээ баярлаж байгаа нь харагдана. Тэгснээ гараараа миний эрүүг өргөж нүүр рүү минь тулган сайтар ширтэв. Гар нь гэж хурууны нуруу нь нэл өтгөн үс, алган тал нь нэлдээ хатуурсан эвэр байгааг би ажиглаж амжив. Лайош өвөө "Аав чинь алсын замд одлоо. Чи аавынхаа төлөө мөргөсөн үү?" гэж асуувал би сая нэг ичих шиг болов. Яагаад би өөрийн ухаанаар энэ үүргээ сэдэж чадаагүй вэ? гэж аавынхаа өмнө буруутай болсноо сая сэнхэрч "үгүй, амжаагүй" гэж нүүр улайвал Лайош гуай "Алив явъя" гээд намайг шийдвэртэй уриалан хөтлөв.
Бид хашаа руу харсан дотуур өрөө руу оров. Манайхан энд мөргөл хийдэг заншилтай билээ. Энд хэдэн хуучирсан тавилгаас өөр юм үгүй. Лайош гуай халааснаасаа нэгэн жижигхэн хар торгон тоорцог гаргаж дагзан дээрээ тогтоож авав. Тоорцгоо яг халзарч байгаа хэсгийг дарах байдлаар тогтооно. Би ч гэсэн үүдний өрөөнөөс өөрийнхөө торгон тоорцгийг авчрав. Лайош өвөө халааснаасаа бас нэг улаан эмжээр бүхий хар бүрээстэй жижиг номонцор гаргаж ирээд энгэрийнхээ халааснаас нүдний шилээ гаргаад тэр номноос зохих мөргөлийг олж уншиж эхлэв. Лайош өвөө нэг хэсгийг уншиж түр зогсвол би тэр хэлсэн хэсгийг үгчлэн давтах ёстой байв. Эхлээд овоо цовоо явж байснаа сүүл рүүгээ би ядарч эхлэв. Нөгөө талаар залхаах шиг болов. Учир нь Бурхан багшдаа жүүд хэлний "хээбэр" аялгуугаар хандах ёстой билээ. Гэтэл би тэр хэлийг гадарладаггүй байв. Иймээс Лайош өвөөгийн амны хөдөлгөөнийг сайтар ажиглах шаардлагатай байлаа. Ингээд тэр хөлстэй бүдүүн махлаг уруулын хөдөлгөөн тэгээд үл мэдэх хэлний "бур бур хийсэн" чимээ л тэр аавын төлөө өргөсөн мөргөлийн дурсамж болж үлдсэн билээ. Бас тэгээд яагаад ч юм мөргөж байх үед Лайош өвөөгийн мөрөн дээгүүр нь нэг харвал хойт эхийн том эгч нь бид хоёрын сууж байсан өрөөний харалдаа хоёр давхрын хонгилоор гэр рүүгээ яаруухан орж яваа нь дүрээрээ харагддаг юм. Би түүнийг хараад түр зуур мөргөлөө тасалдуулсан билээ. Мөргөл дуусвал Лайош өвөө дотор нь онгойж сэтгэл нь хангалуун болсон нь илт байлаа. Над руу харвал "хоёулаа аавын чинь төлөө чухал юм хийж амжлаа" гэж хоёр нүд нь хэлээд байгаа юм шиг надад санагдсан билээ. Үнэхээр ч миний дотор онгойх шиг боллоо.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.18.10 12:00 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бид гудамж талын өрөө рүү эргээд оров. Нэлээд бүрэнхий болсон нь ажиглагдав. Агаарын довтолгооноос цонхны шилийг хамгаалах цаасан туузыг хэрээслэн наасан цонхоо хаалаа. Хавар цагийн агаарын чийг гадаа үнэртэнэ. Ингээд бид бүгд нэг өрөөнд цугларав. Олуулаа чигжүү байгаа нь надад ядаргаатай санагдаад байв. Түүн дээр тамхины гашуун утааг хэлэх үү. Өөрийн эрхгүй үе үе эвшээгээд гарав. Хойт ээж ширээ засч оройн хоолоо таваглаж эхлэв. Тэрбээр хоолыг гэрээсээ авчирчээ. Нэг том цүнхтэй ирсэн нь тэр байж. Махаа зах дээрээс авсан гэж орж ирэнгүүтээ үглээд унахад аав махны мөнгийг тэр дор нь төлсөн билээ.
Яг тухалж аваад хоолоо идэх гэтэл нөгөө Штайнер өвөө Флайшман гуайтай ороод ирэв. Аавтай гар барих гэж орж ирсэн буюу. "Хөөе тайван байгаарай. Би ердөө л Штайнер байна" гэж Штайнер гуай аль босгоноос уучлалт гуйв. Харвал багадсан хантаазны завсраар гэдсээ унжуулан нөгөө л уранхай шаахайтайгаа ороод ирсэн байв. Амандаа мөнхийн өмхий навчин янжуураа зуусаар л. Нүүр нь ямагт улаан. Данхайсан толгойтой бас тэгээд халимгаа хүүхэд шиг дундуур нь хоёр хувааж маш нямбай самнадаг билээ. Флайшман гуай хажууд нь хавьгүй жижиг биетэй, арьс нь жаал өнгө алдсан шороон туяатай, цав цагаан үстэй. Уг нь их цэмцгэр хүн билээ. Дугараг нүдний шил нь яг л шар шувуу шиг харагдуулна. Флайшман гуай нэг л тэвдсэн түгшсэн байдалтай харагддаг юм. Одоо ч гэсэн Штайнер гуайг дагаж орж ирээд юм дуугаралгүй толгой дохин мэндлээд хуруугаа нухчин зогсч байгаа нь уучлалт гуйж буй мэт санагдана. "Би биш энэ Штайнер шүү" гэж дотроо бодож байгаа нь сонсогдох шиг болно. Үгүй ч байж мэднэ. Надад л тэгж санагдав. Энэ хоёр хөгшин салдаггүй хоёр билээ. Үргэлж маргалдаж байдаг. Нэг удаа санал нийлнэ гэж байхгүй. Штайнер орж ирэнгүүт аавыг тас тэврэн мөрөн дээр нь хэд алгадаж зоригжуулснаа "За хөгшин минь тэгээд санаа сэтгэлээрээ хуга унацгаая, хамаг найдвараа хага чулуудъя, хэхэхэ" гэж тонгоруулж ярьсан нь өөрт нь их таалагдаж байгаа бололтой. Флайшман гуай бас аавтай гар барьж амжин "энэ хоёрыг бид цаашид ч харж байх болно" гэж над руу мөн хойт эх рүү толгойгоороо дохин ойлгуулна. Флайшман хойт эхиийг "залуу хатагтай" гэж дууддагсан. Тэгснээ аавыг өөртөө татан бас тэврээд авч амжив. Тэр хооронд зовхи нь баахан цавчив.
Тэр хоёр явж манай хэд хоолоо идэхээр шулуудаж таваг, халбагаа хангинуулж гарав. Хойт ээж хүн бүрт хангалттай хоол хийх гэж хичээвэл Лайош өвөө хоёр алгаа урдаа барьж тэнийлгэн "би гахайн мах идэхгүй" гэнэ. Шашин нь хорьдог тул ийнхүү татгалзаж байгаа юм гэдгээ ингэж сүртэй ойлгуулна. Тэр оройн дурсамжаас хойт эхийн том эгч юм зажилбал цулцайсан хоёр хацар нь чичрэн мөн Вили ахын халзан дагз нь чийдэнгийн гэрэлд үе үе гялалзаад байсан нь үлдсэн билээ. Вили ах нөгөө л улс төрийн байдлын нарийн нууцыг цааш нь задалж нэг удаа бүр бүгд таг чимээгүй болж тэрбээр илтгэл тавьж буй мэт "удахгүй бид бүгд эргэн цуглаж энэ халуун ам бүлээрээ эрүүл саруул дахин ингэж суух болтугай" гэж Бурхан багшаас биднийг төлөөлөн хүссэн нь толгойноос гардаггүй юм. Аав нүдэнд нэг их өртөөгүй билээ. Доошоо тонгойгоод байсан болов уу. Харин хойт эхийг хүн бүр сатааруулахыг оролдон сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа харуулахыг хичээж байлаа. Хойтын толгой нь өвдөхөд бараг л хүн бүр "эм уух уу... хүйтэн жин тавих уу" гэж сандрахад тэрбээр юу ч хүссэнгүй. Харин эмээг сайтар санадаг юм. Нөгөө л бүх юманд оролцох гэж улайрч эцэст нь хүн бүрт дараа болж байсан билээ. Хичнээн ч удаа диван руу нь эргүүлж суулгасан гээч. Эмээгийн хөлөрсөн томруулдаг шил шиг нүдний шил нь одоо ч тод харагдана. Тэгтэл гэнэт бүгд таг чиг болж босоцгоов. Салах мөч байгаа эсэх нь мэдэгдэхгүй байснаа яг гарахын даваанд гэнэт толгойгоо аавын цээжинд ширүүн тулгаж сая байр сууриа алдан хамаг бие нь чичрээд унах шахсан юм. Тэгээд бушуухан гарч одов. Хүмүүсийн сэтгэл доголдож өвөөд зам тавьж өгсөн билээ. Дараа нь хойт эхийнхэн цуврав. Хүн бүр намайг тэвэрч хамаг нүүрийг маань нойтон уруул шавж байсныг санах юм. Нэг мэдэхэд бид гурав үлдэж гэр ямар ч чимээ аниргүй болсон билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.25.10 1:08 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Тэгээд би ч бас ааваас салах цаг ирлээ гэдгийг мэдрэв. Үнэндээ аав надаас салсан гэвэл илүү оновчтой болох байх. Нэг мэдэхэд аав гаднаас орж ирж байсныг санах юм. Бодвоос томчуулыг бүр гудамж руу гаргаж өгсөн болов уу. Маргааш нь эрт үүрээр надаас аятайхан салж чадахгүй тул намайг унтахаас өмнө амжуулахыг хичээж и"хариуцлага", "насанд хүрлээ" гэх мэтийн юм захиж байв. Үндсэндээ Лайош өвөөгийн хэлснийг давтах шиг болно билээ. Харин Бурхан багш гэх мэтээр элдэв гоё үггүй бөгөөд маш товчхоноор хэлэх бүхнээ хэлж амжсан юм. Ээжийг маань дурьдаж "одоо чамайг эндээс татаж авахыг хичээнэ дээ" гэж анхааруулж байлаа. Үүнээс сүрхий болгоомжлоод байгаагаа нууж чадсангүй. Намайг өөртөө авах гэж аав ээж хоёр нилээд шүүхдсэн билээ. Шүүх тэгээд аавд намайг асрах эрхийг олгосон юм. Иймд энэ удаа өөрөө өөрийгөө мэдэх эрхгүй болсон цагт намайгаа алдах вий гэж тун их санаа зовж байгааг нь би бас гадарлаад байсан билээ. Гэхдээ надад хууль эрх гэж ярихаас болгоомжилж миний ухамсарт түшиглэхийг хичээж байлаа. Аав надад өөрөө "жинхэнэ голомт" буй болгосон, харин ээж намайг "хаяад одсон" гэнэ. Би энэ яриаг нь сайтар санаж буйн учир нь ээж яг эсрэгээр надад өгүүлсэн билээ. Тэгээд Дини гэгч өөр нөхөртэй болох шаардлага гарсан гэж байсан. Уг нь тэр хүнийг нь Денеш гэдэгсэн. Ээж яахав өхөөрдөн Дини гэдэг ажээ. Дини нь бүр түрүүчийн долоо хоногт өнөө хөдөлмөрийн лагерь руу явсан билээ. Тэгээд ч ээж аав хоёрын жинхэнэдээ хэн нь буруутай байсныг би мэдэж чадаагүй нь бас учиртай.
Аав яриагаа эргээд хойт руу хандуулж түүний ачаар би дотуур байранд байхаа больсон тэгээд одоо тэр тусмаа хоёулхнаа үлдсэн цагт "гэртээ дэргэд нь" байх ёстой гэж билээ. Аав хойтын тухай маш их удаан ярьсан юм. Хойт орж ирэхгүй байгааг би сүүлд нь ойлгосон юм. Тэрбээр ингэж өөрийг нь магтаж ярьвал их зовохсон биз. Харин би тэр ярианд залхаж эхэлсэн билээ. Тийм учраас гэртээ байгаарай гэж гуйхад нь би юу гэж хариулснаа санадаггүй юм. Харин урт ярианд ядарч нозоорох гэж байтал аав гэнэт барьж тас тэвэрснийг нь сайн санадаг. Би бүр гэнэдэж цочих шиг болсон билээ. Нүднээс минь нулимс гараад байсан нь ингэж тас тэвэрснийх үү, аль эсвэл бүр ядарч эцсэнийх үү бүү мэд. Хойт эх аль өглөөнөөс юм хэлж анхааруулаад байсан тул нулимс маань асгараад ириэх энэ мөчийг хүлээсэн ч байж мэднэ. Аав ингэж тэвэрсэн нь маш их таалагдсан билээ. Аав ч таалагдаж байгааг мэдрэн сэтгэл нь үнэхээр догдолж байлаа. Тэгээд аав намайг "явж унт" гэж явуулав. Би ч тэр орой маш ядарсныг хэлэх үү. Гэхдээ муу аз дутсан аавыг тэр хөдөлмөрийн лагерь гэдэг рүү нь бид бүгд боломжоороо маш сайхан гаргаж чадлаа гэж сэтгэл минь хангалуун үлдсэн билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.25.10 1:30 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
2

Аавыг явуулаад хоёр хонож байв. Гадаа ч зун хүчээ авч эхэллээ. Манай гимназийг аль хавар хааж дайн гарсан гэж тайлбарласан билээ. Удалгүй хаанаас ч юм бүү мэд үнэхээр л гэнэт онгоц ирж хотыг бөмбөгддөг болсон юм. Тэгтэл жүүд үндэстний талаар шинэ шинэ хууль цуван гарч хамаг амьдрал өөр болсон билээ. Би өөрөө ч ажилд дуудагдаад хоёр долоо хонож байв. "Байнгын ажилд томилогдлоо" гэж тэр ирсэн албан мэдэгдэлд бичсэн байлаа. "Кёдеш Дёрдь залуу туслах ажилтанд" гэж бичсэнээс нөгөө левентегийнхэн" байна гэж би тэр дор нь ойлгосон юм. Үйлдвэрийн газруудад арай насанд хүрээгүй залуучуудыг ажилд татаж байна гэж би өмнө нь дуулсан байв. Над шиг арван тав шүргэсэн арван найман залуу миний адил туслах хар ажилд татагдсан билээ. "Шэлд газрын тос боловсруулах үйлдвэр" гэсэн нэртэй гадаадын нэгэн улстай хамтарсан үйлдвэрт томилолт авсан юм. тэр үйлдвэр Чепел хороололд байдаг билээ. Бидэн шиг шар тэмдэг зүүсэн хүн хотын хязгаараас гарч болохгүй гэсэн хатуу журам байсан нь энэ удаа намайг хотоос гадуур байгаа үйлдвэрт томилсон тул надад цэргийн үйлдвэрийн командлагчийн тамга бүхий "хотын захын гаалиар дамжин өнгөрүүлэх" үнэмлэхтэй болох аз тохиов.
Тэр ажил нь гэж чулуу өнгөлөгч нарын туслах гэсэн нэртэй бөгөөд тийм ч сүрхий хүнд биш бас тэгээд өөрийн үе тэнгийн залуучуудтай харин ч зугаатай юм шиг санаддаг байв. Газрын тос хадгалах талбай бөмбөгөнд нэрвэгдсэнийг бид шуурхайхан засч хэвийн ажилд оруулах үүрэгтэй байлаа. Биднийг хариуцагч мастер ах бидэнд боломжийн хандаж долоо хоногийн эцсээр бас цалинг маань ч тасалдуулахгүй байсан билээ. Хойт эх миний үнэмлэхийг харж надаас илүү олзуурхаж байв. Урьд өмнө намайг гадагшаа гарах болгонд гэнэт юм тохиолдвол өөрийгөө хэн болохыг нотлох биеийн байцаалтгүй яадаг бол доо гэж санаа зовдог байсан бол одоо харин өөр хэрэг. Би нэг дэмий холхисон амьтан биш бас ч гэж аж албаны хүн гэдгээ харуулж элдэв шалгалтын албаныхан ч надад одоо шал өөрөөр хандах болно. Ар гэрийнхэн бүгд ингэж баярлаж байлаа. Хойтын эгч намайг өрөвдөж "миний хүү ийм аймшигт хүнд ажил хийх гэж гимназид суралцсан биш дээ" гэж уйлна. Энэ ажил бие чийрэгжихэд нэмэртэй гэж урьдаас нь ярив. Вилли ах ч намайг дэмжиж Лайош өвөө Бурхан багшийн шийдлээр болн биз гэж хэлээд гараа савлан хүн нэмбэл авга эгч сая намдаж байв. Харин Лайош ах намайг тусд нь дуудаж "хүү минь чи чинь одоо хамаг жүүд хүмүүсийн эрх ашгийг төлөөлж байгаа тул биеэ зөв авч явах ёстой гэж анхааруулав. Би яаж л авирлана вэ, энэ еврейчүүд тийм л хүмүүс гэж шууд ургуулан бид бүхнийг дүгнэнэ" гэнэ. Үнэндээ надад ийм санаа толгойд орох цаг, нас маань болоогүй байсных байх. Гэхдээ "тийм байх шүү" гэж би дотроо итгэв. Ааваас захиа тогтмол ирсээр л. Эсэн мэнд ажлаа гүйцэтгэж байгаа гэнэ. Яамай даа. Лагерийн албатнууд тэдэнд бас гайгүй ханддаг гэнэ. Ах эгч нар ч тэр захиаг нь уншиж бүгд л баяртай байгаа нь илт харагдана. Лайош өвөөгийн хэлснээр Бурхан багш аавыг ивээсээр л байгаа бололтой. Тиймээс цаашид ч өдөр бүр сайн мөргөж байх нь зүйтэй гэж анхааруулна. Тэгвэл Бурхан багш бид бүгдийг харгалзан үзэж аавыг цаашид ч ивээлдээ авна гэнэ. Вилли ах ч хоцрохгүй бас багагүй үг нэмж "Үндсэндээ нэг их удаж базаахгүй" гэж цэцэрхэнэ. Холбоотны зэвсэгт хүчнийхэн Францын эрэгт буусан нь Германчуудын "хувь заяаны зургийг нь ёстой нэг зураад өгсөн дөө" гээд л дахиад ухуулж гарав.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.25.10 1:31 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Хойт эх бид хоёр ч юугаар ч санаа зөрөхгүй өдий хүрлээ. Хийх ажил үүрэг нь ч нэр төдий болсон билээ. Цэвэр цустай хүн биш учраас наймаа арилжаа өрнүүлэх эрхээ хасуулж дэлгүүрээ хаах болсонд бухимдан байх газраа олж ядна. Аав Шютё гуайд итгэж бүх ажлаа түүнд даалгаж үлдээсэн нь ганц оносон хэрэг боллоо гэдэг нь удалгүй нотлогдов. Шютё гуай долоо хоног бүрийн эцсээр хойтод түүний ноогдол ашгийг авчирна. Манай тэр аж ахуйн хашаа орлогын гол эх үүсвэр болоод байсан. Хойт эхэд багагүй мөнгөө авчирч тушааж байхыг нь би нэг удаа өөрөө ч нүдээрээ харсан билээ.
Аавд амласан үгэндээ хөгшин Шютё ийнхүү үнэнч байлаа. Шютё гуай хойтын гарыг үнсдэг хэвээр, надад ч өхөөрдсөн үг унагаахаа үл мартана. "Эрхэм ноён" яамархуу байгаа талаар асууж лавлахаа ер мартахгүй. Нэг өдөр тооцоо хийчихээд гараад явах гэснээ түр зогсон нэлээд зовсон байдалтайгаар гэнэт юм санасан болж цүнхнээсээ жаал боодолтой юм гаргаад ирлээ. "Эрхэм эзэгтэй энүүхэн юм илүүдэхгүй байх" гээд хойтод гардуулав. Боодлыг задалбал гахайн тос, ёотон зэрэг наад захын хэрэгтэй зүйл байв. Бодвоос хар зах дээрээс авсан байлгүй. Жүүд хүний хүнс, барааны нормыг эрс багасгах тухай гарсан шийдвэрийг мөн уншсан нь гарцаагүй. Хойт эх "яахийм ийхийм" гээд унавал Шютё гуай бас бууж өгсөнгүй. Эцэст нь хойт хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж "уг нь ч илүүдэхгүй нь мэдээж" гээд Шютё гуайг анхаарал халамжтай байгаад их баярлаж байв. Харин дараа нь хоёулхнаа үлдвэл Шютё гуайн бэлгийг авсан нь буруутав уу, үгүй юу гэж надаас лавладаг байлаа. Би хойт эхийг зөвтгөж "авахгүй байсан бол Шютё гуай чин сэтгэлээсээ тусалъя гэж өгч байхад нь бид гомдоож мэдэх байлаа" гэв. Хойт маань ч яг ингэж бодсон гэж хэлснээ аав ч бид хоёрыг зөвтгөх байсан даа гэж өөрийгөө тайвшруулна. Би ч бас аавын талаар огт эргэлзэхгүй байлаа. Хойт маань түүнийг юу эс андахав.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.25.10 1:50 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Би долоо хоногт хоёр удаа ээж дээр очдог хэвээрээ. Тэгээд тэр өдөр нь үдээс хойшхийг ээжтэй өнгөрөөнө. Ээжтэй байхад бас ч амаргүй. Аавын тааж байснаар намайг аавынд амьдардгийг ер хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. "Чи ээжтэйгээ байх ёстой" гэж давтаж барахгүй. Намайг аав даах ёстой гэж шүүхийн шийдвэр гарсан тул аавын зөв гэж итгэдэг байв. Сая бүтэн сайн өдөр ээж сүрхий довтолгоо хийхээр шийдэж "одоо ганцаараа амьдарч байгаа тул би шийдэх бүрэн эрхтэй" гэнэ. "Ер нь тэгж яривал чи надад хайртай юм уу?" гэж хэлж үзэв. "Хайртай байлгүй яахав" гэж би сандарвал хайртай гэдэг бол тухайн хүнд "салахгүй наалдана" гэсэн үг гэж ухааран "чи тэр хойт гэгчид наалдаад" байна гэж үг хаяна.
"Үгүй дээ" би ч наалдсан юм юу ч байхгүй шүү дээ, аав л тэгж шийдсэн тул би яах юм гэж бас өөрийгөө хамгаалахыг оролдож байв. Ээж огт намдах шинжгүй намайгаа ухуулсан хэвээр "чиний амьдралын тухай асуудал учир чи шийдэх ёстой", хайрыг үгээр биш "үйлдлээр нотлох ёстой" л гэнэ. Тэр орой би санаа сэтгэлээр нэлээд унасан байдалтай харилаа. Ээж намайг түүнд хайргүй гэж бүү буруу итгээсэй гэж эмээхийн зэрэгцээ намайг амьдралаа өөрөө шийд гэдэг нь арай ч юу юм дээ гэж бодогдоод байв. Ер нь тэгж яривал аав ээж өөрсдөө шийднэ биз гэж би өөрийгөө аврах арга сэдсэн юм. Тэгээд муу аав минь тэр хөдөлмөрийн лагерьт цөлөгдсөн байхад нь би араар нь яаж итгэлийг нь хөсөрдүүлж болох билээ гэж шийдвэр төгс болсон билээ. Гэхдээ л эвий энэ муу ээж минь намайг өөртөө наалдмааргүй байна гэж буруу бүү ойлгоосой тэгээд ч надаас хамаарахгүй асуудал шүү дээ гэж дотроо гаслан трамвайнд сууж байлаа.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.25.10 1:52 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Ингэж санаа зовсны улмаас болов уу би тэр орой ээжээс салж харихыг нэг их яарсангүй. Ээж ч хий зай тааруулан "орой болж байна, тэгээд орой найман цагаас хойш шар тэмдэгтэй гадуур явж болохгүй" гэж ятгавал би тусгай үнэмлэхтэй болсныгоо энэ дашрамд ярьж одоо би тэр элдэв журам болгоныг нэг их мөрдөж бариад байх шаардлагагүй болсон гэж хэн болсныгоо ээжид өгүүлэв.
Трамвайнд оронгуутаа жүүд хүний суух ёстой газар нь буюу хамгийн арын эгнээнд очиж даруйхан байраа эзлэв.Журам бол журам шүү дээ. Гэртээ яг оройн найман цаг дөхөж байхад ирж амжив. Зуны дэлгэр цаг байсан тул хэдийгээр гэгээ тасрах хараахан болоогүй атал зарим айл цонхоо хар буюу хөх өнгийн хавтангаар битүү хааж эхэлж байв. Хойт эх ч бас тэсвэр алдахын ирмэг дээр байгаа нь харагдана. Гэхдээ үнэмлэхтэй гэдгийг мэдэж түүний хүчинд бабс ч гэж итгэж байгаа нь илт. Тэр оройг дадсан ёсоор Флайшманыд өнгөрөөв. Штайнер Флайшман хоёр өвгөн маргадаг хэвээрээ харин намайг ажил хийдэг болсныг дуу нэгтэй сайшааж билээ. Учир нь мөн л тэр үнэмлэхийг чухалчилсных. Намайг магтаж урам өгөхөд хүртэл нэг нэгнээсээ илүү гарах гэж бас л үг зөрүүлээд амжсан. Чепелийн зүг урьд өмнө нь хэн маань ч явж үзээгүй тул хойт эх бид хоёр тийш ямар унаагаар яаж хүрэхийг асууж билээ. Флайшман өвөө "тэр чиглэлийн трамвайд суугаад хүрэх шиг амархан юм байхгүй" гэвэл Штайнер өвөө мэдээж "тэр дэмий, автобусанд суусан нь дээр" гэж зөвлөнө. Автобус шууд газар дээр хүргэж өгнө нөгөө трамвайнаас буугаад баахан явган явах болно хэмээн өөрийгөө зөвтгөнө. Сүүлд үнэхээр тийм гэдгийг ч би газар дээр мэдэж авсан билээ. Харин энэ хоёрын маргах үед бид хэн нь зөвийг үл мэдэж ангайвал Флайшман өвөө "тувтан таны зөв байна гэж юу байдаг юм" гэж уцаарлана. Энэ хоёрын эцэс төгсгөлгүй маргааныг хоёр бүдүүн авгай таслахад хүрч Аннамариа бид хоёр хөгшчүүлийг харж баахан инээж зугаацдагсан.
Би Аннамариатай өвөрмөц гэх үү байдалд орсон билээ. Уржигдар буюу Баасан гаригийн агаарын довтолгооны үед хүн бүр газар доорхи цементен хонгилд нуугдах болов. Би ч ухаандаа амиа хичээж тэр зооринд нуугдахаар орсон боловч дор пиг дүүрэн байх болно гэж эмээгээд шатны хонгилд үлдсэн юм. Би уг нь Аннамариад эндээс гадаа гудамжинд юу болж байгааг харж мэдэрч болно гэсэн утгаар надтай үлдэхийг ятгатал тэр миний үгэнд орж доошоо буулгүй зоорийн гэрэл муутай бүдэг амсарт хоцорсон учиртай. Гэтэл нөгөө бөмбөг манай хонгилд маш ойр тусч сүрхий дэлбэрэлт болсон юм. Тэрбээр дэндүү цочиж айсандаа намайг хүзүүнээс тас тэврээд авсан билээ. Ний нуугүй хэлэхэд чухам юу болсныг би ч сайн ойлгосонгүй. Нэг л мэдэхэд өөрийн эрхгүй түүний уруулыг харанхуйд хайж олсон юм. Түүний халуун, нойтон, бага зэрэг наалдасхийсэн уруулыг нь би тэр мөчөөс хойш мартаж чаддаггүй юм. Уг нь анх удаа охины уруулд хүрнэ гэдэг ... еэ Бурхан минь би санаатай тэгээгүй билээ. Гэнэт хачин болоод л тэгээд нэг мэдэхэд ... Уг нь бөмбөг буухыг...

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.25.10 2:17 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Өчигдөр түүнтэй шатанд уулзахад тэрбээр бас юу болсныг ойлгоогүй гайхсан гэнэ лээ. Тэр бөмбөг муухай дэлбэрээд тэгээд цочиж айгаад л нэг мэдэхэд... Нээрээ тэгсэн юм шүү дээ. Тэгснээ энэ удаа элдэв бөмбөггүй бид хоёр үнсэлцэж... би хэлээр яаж тоглодгийг ч түүнээс сурсан билээ.
Өнөө орой ч гэсэн бид Флайшман ахын нөгөө жижиг өрөөнд байсан загасыг нь харахаар тохиролцсон юм. Урьд өмнө нь зөндөө л харсан л даа. Энэ удаа тэр хэдэн загасыг шалтаг болгохоор хоёулаа санаа нийлсэн. Бид хоёрын хэл яаж уялдан тоглосон билээ. Гэхдээ бид хоёр шуурхайлахыг хичээсэн нь нөхцөлгүй. Хөгшчүүл элдэв чимээ сонсчихвол яана гэж хоёулаа эмээв. Дараагийн нэг уулзалтаар Аннамариа намайг зүгээр нэг танил биш бас өөр учир начиртай болно гэж даанч бодоогүй гэж надад хэлснийг яана. Эхлээд намайг зүгээр нэг эрэгтэй хүүхэд гэж ойлгодог байжээ. Дараа нь намайг арай өөрөөр хүлээж авдаг болсон гэнэ. Бид хоёрын эцэг яс үндэс, гарал үүслийн хувьд яг адил байдалд орсон тул бид хоёр... тэгээд ч бид хоёрын сэтгэлгээ зарим талаар яг адил гэж нээлт хийсэн юм шиг ярьж билээ. Түүнээс хэтэрсэн юм бодоогүй шүү харин. Бид хоёрт энэ бүхэн тохиолдсоныг тэрбээр гайхаж гайхаж "ийм тавилантай байсан юм байх" гэж хэлэхдээ намайг юу гэх нь вэ гэсэн шиг над руу нэлээд ширүүн харвал би дотроо "уг нь бөмбөгнөөс болсон" гэж бодсон ч түүнд өөрийнх нь тайлбар илүү зохимжтой хувилбар гэдгийг надад нүдээрээ ойлгуулав. Би маргааш нь ажилтай тул "баяртай" гээд салах гэтэл Аннамариа гарыг маань барихдаа хумсаараа алга руу хатгаж нэлээд өвтгөв. "Ингээд хоёулаа нууцтай болсон шүү" гэсэн түүний дохио санаанд буув.
Харин маргааш нь Аннамариа нэлээд өөр байдалтай аашилж билээ. Би үдээс хойш гэртээ ирээд цамц гутлаа солиод, үсээ норгож самнаад урьд өмнө нь эгч дүү хоёрынд уулзана гэж тохирсон ёсоор ийнхүү бэлэн болсон юм. Аннамариа намайг тэр эгч дүү хоёрын ээж нь ч намайг их халуунаар хүлээж авав. (Тэр хоёрын эцэг нь мөн л хөдөлмөрийн лагерьт татагдсан аж) Тэдний гэр гэж хоёр том өрөө мөн хоёр охины арай багавтар нь тусгай өрөөтэй бас тагттай чинээлэг орон сууц байв. Гэр нь хивсээр дүүрсэн бөгөөд том өрөөний төвд төгөлдөр хууртай, энд тэндгүй баахан хүүхэлдэй мөн охидуудын хэрэглэдэг элдэв бусад новш ихтэй байгаа нь харагдана. Урьд өмнө бид хөзөр тоглодогсон. Энэ удаа эгч нь тоглох хүсэлгүй аж. Харин сүүлийн үед сэтгэлийг нь зовоогоод байгаа нэг бодлыг бидэнтэй хуваалцахыг илүү сонирхоно.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.25.10 2:44 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Энэ шар тэмдэг сүүлийн үед их бодолд оруулах юм гэж тэрбээр яриагаа эхлэв. Энэ тэмдгийг зүүдэг болсноос хойш хүмүүс түүнд нэг л өөр ханддаг боллоо гэнэ. Шулуухан хэлэхэд хүмүүс түүнийг үзэн яддаг болов. Өнөөдөр хүртэл ээжийнхээ даалгавраар үдээс хойш дэлгүүр явахад бүр илүү тод мэдэрлээ гэж ярихад нь арай хэтрүүлж байна уу гэж бодогдов. Ямар ч гэсэн би хүмүүс өөр ханддагийг ажил дээрээ мэдсэн билээ. Жишээ нь жүүд хүмүүсийг үздэггүй жирийн ажилчид энэ дундаа чулуу өнгөлөхөөс өөр чадалгүй хамгийн адгийг ажилчид хүртэл шүү! Тэдэнд тусалдаг хэдэн залуу бидэнтэй сайхан нөхөрлөдөг билээ. Мэдээж цаанаа өөр үзэлтэй хэвээр байгаа байх. "Тэр талх баригч ах жишээ нь" гээд энэ охинд байдал бас хавтгайдаа тийм биш гэж тайлбарлахыг оролдов. Тэд энэ охиныг яг өөрийг нь биш харин "жүүд" гэсэн үзлийг үзэн яддаг юм. Тэгтэл тэр охин "би ч бас тийм болов уу гэж гадарлаад байсан юм" гэж надтай санал нийлэв. Гэхдээ энэ үзэн ядалтын цаана нь ямар учир байгааг огт ойлгохгүй юм гэж ярина. "Тэр чинь шашны асуудал гэж хүн бүр мэднэ шүү дээ" гэж Аннамариа мэдэмхийрнэ. Гэтэл тэр охин "хүнийг яагаад үзэн ядаад байгааг мэдэх хэрэгтэй шүү дээ" гэж санаагаа үргэлжлүүлж ам нь сая жинхэнэ халав. Тэрбээр тухайн үед мөн ингэж гайхаж суусан. Тэгээд учрыг ойлгох гэж ном судар багагүй эргүүлжээ. "Жүүд үндэстэн бид бусдаас өөр" учраас биднийг үзэн яддагийг тайлжээ. Ингээд бусдаас ялгаатай гэдгээ мэдэрч явах нь ямар хэцүү байдгийг өгүүлэн зарим үед бахархах шиг ч болдог, зарим үед харин бүр ичих ч цаг гардаг гэнэ. Тэгснээ гэнэт биднээс хэрхдэгийг асуув. Хоёр охины бага дүү нь бөгөөд Аннамариа хоёр чухам яахыгаа эс мэднэ гэнэ. Би ч гэсэн өнөө хүртэл энэ тухай олигтой бодож дүгнэсэн зүйлгүй байлаа. Ер нь тэгээд хэрхэн хандахыг тухайн хүн өөрөө нэг их шийдэхгүй байх. Үүний тулд л энэ шар тэмдэг зүүж байгаа юм биш үү гэж хэлээд орхив. "Үгүйдээ энэ ялгаа нь бидний дотор агуулагдаж байгаа юм" гэж Аннамариа надтай зөрнө. Би ч өөрийнхөөрөө үлдэв. Бид хэд багагүй маргасан билээ. Чухам тийм их маргаад байх чухал асуудал юм уу даа ч гэж бодогдож байлаа. Тэр охин цаанаа нэг л учиртай юм хэлэх гээд байгааг би өөрөө сайн мэдэхгүй байгаадаа өөртөө бухимдав. Гэхдээ үнэндээ гол нь энэ маргаанд оролцоод байсан минь би ердөө л ялах гэж улайрсных. Аннамариа ганц нэг удаа хошуу дүрэх гэтэл тэр охин бид хоёр халуун маргаандаа түүнд боломж ч олгосонгүй.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.25.10 3:02 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Эцэст нь бодлоо нэг жишээн дээр дүрслэхийг хичээв. Энэ жишээг дээхэн хийх юмаа олж ядан бодролд орохдоо сэдсэн билээ. Саяхан нэг хаан хүү бас нэг ид шидтэй хүний тухай уран үлгэр уншсэн билээ. Түүнийг би ярьсан сэдэв рүү оруулж цааш нь ургуулан сэтгэсэн юм. Тэгээд миний ярьж өгсөн нь. Тэр хоёр танилцаж гарал үүслийн ялгааг авч хэлэлцэхгүй бол нөхцөлгүй адилхан байжээ. Тэгээд энэ хоёр нэг нэгийнхээ байрыг сольж азаа сорьж үзэхээр тохиролцжээ. Ид шидтэй залуу нь жинхэнэ хан хүү болж чадсан бол харин хаан хүү ид шидэт болж чадаагүй аж. Тэгээд тэр охинд мөн л өөрийгөө энэ маягаар жүүд биш охины байранд тавиад үз гэлээ. Яг одоо ингээд ургуулан таамаглахад хэцүү авч өөрийг нь бүр ярьж сураагүй нялх хүүхэд байхад хүн эндүүрээд түүнийг сольсон гэж бод гэлээ. Тэгээд тэр айл нь үндэстэн ястны хувьд ямар ч өөгүй айл байжээ гэж бодъё. Тэгвэл өнөөдөр түүний шар тэмдгийг шал өөр охин зүүж харин чи бичиг баримтынхаа дагуу өөрийгөө ямар ч өөгүй гэж бодож тэр ялгааг мэдрэх битгий хэл тийм асуудал байдгийг үл мэдэн явах байж л дээ. Хүмүүс ч чамайг тэгж итгэх байжээ. тэр охин дуугаа хураасныг бодоход миний үгэнд нэлээд цочирдсон бололтой. Тэгснээ хоёр уруул нь аажмаар салж юм хэлэх нь үү гэж бодтол гэнэт уйлаад унав. Ширээн дээр хоёр гараа нугалж тавиад суусан тул нүүрээ нугарсан тохой руугаа нууж уйлахад хоёр мөр нь үе үе доргино. Би сүрхий сандарсан билээ. Тэр охиныг уйлуулъя гэж огтхон ч бодсонгүй. Би босч ирээд "бүү уйл" гэсэн санаатай толгой мөрийг нь илэх гэж оролдлоо. Тэрбээр уйлж ээрэх хооронд бидний өөрийн мөн чанар ямар ч үүрэггүй юм бол энэ ялгаварлан үзэх явдал нь "ямар ч утгагүй" юм байна. Тэгвэл би шал өөр тавилан амсах заяатай л байж. Харин одоогийн байдал зөвхөн аз дутсан тохиолдол юм байна. Ийм утгагүй юманд "үнэхээр гомдож" байна гэж гашуунаар уйлна. Би үнэхээр яахыгаа мэдэхгүй байлаа. Буруутайгаа ойлгоод байв. Миний хэлсэн санааг ийм гүнзгий утгаар нь хүлээж авна гэж даанч бодсонгүй. тэгж яривал энэ ялгаварлан үзэх утгагүй юмыг тоох ч хэрэггүй. Би тэр охиныг лав гарал үүслээс нь болж дутуу үзэхгүй гэж хэльюү гэснээ амаа барьж амжив. Би өөрөө хэн билээ дээ. Тийм учраас миний тэгж ярих нь тэнэг сонсогдох байлаа. Гэхдээ чөлөөтэй сэтгэвэл нэг талаар үнэн гэж бас дотроо өөртөө уцаарлаад байв. Нөгөө талаар өөр халуухан байдалд орсон бол өөрөөр сэтгэх ч байсан билүү. За бүү мэд дээ. Яаж өөрийгөө туршиж үзэх билээ гэж бодогдов. Бодитоор авч үзвэл байдал ийм л байна шүү дээ гэж сэнхрэн анх удаагаа гарал үүсэлдээ ичих шиг болов.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.25.10 3:08 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Миний дээхэн ярьсан маань Аннамариаг сүрхий гомдоосныг би шатан дээр гараад мэдсэн билээ. Тэрбээр аль дотор байхын нэг хачин болсон юм. "Яав ийв" гэж асуутал дуугарсангүй. Гараас нь барих гэтэл гараа тас татаж аваад одсон билээ.
Аннамариа маргааш үдээс хойш ч харагдсангүй. Түүнгүйгээр би тэр хоёр охиныд ч очих эрхгүй болов. Учир нь дандаа хамт ордог байлаа. Ганцаараа орвол яасан ийсэн гээд байцаагаад унана. Тэр охины хэлсэн санаа нь сая дөнгөж бууж билээ.
Орой Флайшманыханд цуглардгаараа цугларвал Аннамариа бас ирсэн байлаа. Тэрбээр эхлээд дуугарч ядаад байснаа "нөгөө хоёр эгч дүү хоёртой үдээс хойш сайхан зугаацсан уу" гэж асуухад би тийшээ очоогүй гэж хариулбал сая уур нь намдах шиг болов. Яагаад очоогүй юм гэж асуухад нь би "чамгүй очмооргүй байсан" гэж үнэнийг хэлбэл хариулт минь түүнд таалагдав. Тэгээд бүр зөөлөрч байгаагаа харуулах гэж нөгөө өрөөнд орж загас үзье гэв. Загас үзсэний дараа бид хоёр жаргал дүүрэн буцаад гарч ирсэн билээ. Ингэж бид хоёр анх удаагаа муудалцсан түүхтэй.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.25.10 3:47 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
3

Маргааш нь надад нэг сонин юм тохиолдсон билээ. Өглөө эртхэн шиг босч тогтсон цагтаа ажлын зүг хөдөллөө. Халуун өдөр болох төлөвтэй байлаа. Автобус нөгөө л бахь байдгаараа пиг дүүрэн байв. Хотын зах өнгөрөөд ямар ч үзэмжгүй нэгэн ахархан төмөр гүүрээр Чепел арал руу гарч нэг хэсэг эзгүй газраар явж дараа нь зүүн талаар нэгэн том депо шиг байгууламжийн хажуугаар өнгөрвөл баруун гар талаар шилэн хүлэмжүүд цуварна. Тэгтэл автобус гэнэт зогсч албаны нэг хүн юм тушаагаад байгаа нь сонсогдов. Удалгүй тэр командыг хүмүүс ам амнаасаа дамжуулж миний сонорт хүргэв. Жүүд хүн байвал буу гэжээ. За нөгөө хотын захын гаалийнхан үнэмлэх шалгах юм байх гэж бодов.
Гараад ирвэл зам дээр нэг цагдаа зогсч байлаа. Би юу ч дуугаралгүй үнэмлэхээ гаргаад үзүүлэв. Тэгтэл цагдаа дохио өгч автобус ч хөдлөв. Энэ цагдаа миний үнэмлэхийн учрыг олсонгүй гэж бодож би чинь цэргийн үйлдвэрт ажилладаг тэгээд цагтаа очих ёстой гээд тайлбарлах гэтэл гэнэт бөөн шуугиан үүсч надтай хамт ажилладаг манай "Шелл"-ийн банди нар гэнэт гараад ирэв. Энэ цагдаа тэд нарыг миний өмнөхөн бусад автобуснаас буулгасан ажээ. Тэд тэгээд надаар наадах гэж далангийн цаана нуугджээ. Намайг гайхаж байгааг хараад тэд зөндөө инээлдэв. Цагдаа ах хүртэл инээмсэглэв. Харваас цагдаа тэдэнд уурласан зүйлгүй байжээ. Нээрээ ч юу гэж тэгэх билээ дээ. Би найзуудаасаа юу болсныг сонирхвол тэд ч одоогоор юу мэдэхгүй байлаа.
Цагдаа ах хотоос ирсэн автобус бүрийн урд нь зогсч зам хаан гараараа дохиж зогсоогоод байв. Бид хэдийг тэр хооронд далангийн цаана ор гэж тушаана. Тэгээд гарч ирсэн банди болгон гайхаж бид хэд гэнэт гарч ирэн бүгд хөхрөлдөж зугаатай байлаа. Цагдаад ч энэ явдал таалагдаад байгаа бололтой. Хориод минут энэ маягаар цувсан автобуснуудыг зогсоож манайхны залуучуудыг буулгаад байлаа. Зуны сайхан өглөө байсан билээ. Бид дараагийн автобус хүлээж далан дээр хэвтвэл нар улам хүчтэй шарж эхэлнэ. Манай үйлдвэрийн газрын тосны том агуулахууд алсад хөхрөн харагдана. Нүд хүрэх хязгаарт баахан үйлдвэрийн яндан утаа уураа хаялж бүр хамгийн захад нэгэн сүмийн цамхаг бүдэгхэн цагаарна. Автобус болгоноос залуучууд хоёр гурваараа цувж буусаар л байв. Бидний дунд нэлээд дуулиантай нэг сэвхтэй залуу бууж ирлээ. "Шевро дархан" гэсэн хочтой. Учир нь бид элдэв дээд сургуулиас ийшээ ирсэн бол тэрбээр анхнаасаа арьс шир боловсруулах газар ажилладаг байжээ. Бас "тамхичин" хочтой залуу бий. Түүний аманд байнга тамхи зуулттай байдаг билээ. Өөр нэлээд банди нар тамхи татдаг л даа. Би хүртэл жол харагдахгүйн тулд татаж үзсэн билээ. Харин "тамхичин" хочтон арай дэндүү ховдог татахыг нь яана гээч. Нүд нь гялалзаад түргэн түргэн цавчилж нэг л эвгүй сэтгэл төрүүлдэг. Би нэг удаа "ингэж их татахад юу нь гоё юм бэ?" гэж шулуухан асуугаад авсан билээ. "Хоол идсэнээс хямд" гэж товч хариулбал би цохиулах шиг болж сэнхэрсэн. Тэгээд тэр залууг бараг өрөвдөх шиг болон харвал над руу бас гайхан харсныг бодвоос би амаа ангайж тэнэгээ харуулсных байх. Асуусандаа ч зовох шиг болж холдов. Бусад хүүхэд түүнээс эмээдгийг би сая ойлгох шиг боллоо. Гэнэт сүрхий шуугиан гарвал банди нар "Торгон хүүг" угтжээ. Түүнийг найз нар нь тэгж хочилдог билээ. Хав хар тослог жигд үс нь үнэхээр нарийн торго шиг харагдана. Ер нь зан авир нь хүртэл хүний сэтгэл татсан зөөлөн билээ. Харин хожим хойно тэр хоч нь өөр утгатай гэдгийг надад хэн ч билээ нэг нь хэлж өгсөн юм. Өөрийнхөө хороололд охидуудын толгойг их эргүүлдэг их эр юм гэнэ лээ. Тэгтэл "Рози" ч өөрийн чиглэлийн автобуснаас буугаад ирлээ. Рози гэдэг хоч нь Розенфельд гэсэн овгийг нь хялбар болгосных гэнэ. Рози бидний дунд нэлээд нэр хүндтэй. Бид түүнийг мастер ах руу өөрийн төлөөлөгчөөр явуулдаг. Худалдааны сургуулийн төгсөх ангид суралцдаг гэнэ лээ. Их юм мэддэг бололтой. Нэг их сүрхий гонзгой нүүртэй, хөв хөх нүд, долгионтой шар үстэй учраас ямбатан гарал үүсэлтэй санагддаг билээ. Удалгүй Москович ч хүрээд ирэв. Энэ атигар залуу царай муутай нь арай дэндүү. Навтайсан өргөн хамар дээрээ манай эмээгийнх шиг зузаан гэгчийн нүдний шил зүүдэг нь түүнд бүр ч зохимжгүй. Тэгтэл хүүхдүүд бага багаар залхаж эхлэв. Нэг л эндүүрэл явагдаад байна уу даа? Ер нь л будлиан үүссэн бололтой гэж банди нар бүгд санал нийлнэ. Тэгээд Рози дүрдээ орж биднийг төлөөлөн цагдаагаас "бид ажлаасаа хоцорвол эвгүй юм болох биш үү? Ер нь тэгээд хэдий үеэр биднийг явуулах төлөвтэй вэ?" гэсэн байдлаар тандвал цагдаа ах уурлах ч шинжгүй "дээрээс л тийм тушаал ирсэн тэгээд цаашид яах ёстой талаар мэдэх юм алга" ухааны юм ярив. Тэгээд дараачийн тушаал иртэл бид бүхэн түүнийг энд хүлээх ёстой гэнэ. Үнэхээр ч тийм бололтой. Хүүхдүүд нэлээд гайхсан яах ч билээ дээ бид. Нөгөө талаар бид цэргийн үйлдвэрийн тамга бүхий үнэмлэхтэй тул цагдаагаас нэг их ч сүрдээд байх юмгүй гэж итгэж байлаа. Цагдаа ах "ухаалаг залучуудтай таарч" гэж биднийг нэлээд өндрөөр үнэлж цаашид ч "тийм байх нь" гэж сэтгэл хангалуун байгаагаа ч нуусангүй. Цагдаа ах ч өөрөө бидэнд таалагдав. Дунд насны, намхандуу нуруутай, нэлээд бордуу царайн дээр нь нүд нь асч байгаа мэт санагдана. Хөдөөний хүн юм болох нь аялгуунаас нь мэдрэгдэнэ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.25.10 11:50 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Долоон цаг ч боллоо. Автобуснаас дахин хүн буусангүй. Цагдаа ах бидэн рүү хандаж "нэмж хүн ирэх ёстой юу, бүгд байна уу?" гэж асуувал Рози "бүгд байх шив дээ" гэж хариулав. Цагдаа энэ зам дээр зогсоод яадаг юм билээ гэж тээнэгэлзэх шиг болно. Бид түүнд төвөг болж байгаа нь лавтай. Аргаа ядахдаа "одоо би та нараар яах болж байна вэ?" гэж мөн гэнэн байдалтай биднээс асуувал бид юу гэж хариулах билээ. Бид багшаа тойрсон хүүхдүүд шиг цагдаа ахыг тойрч будлиандаа зугаацан бүгд инээж шуугилдана. Цагдаа ах эрх биш нэг шийдвэр гаргаж чиг зүг өгөх ёстой учраас "Ер нь хэдүүлээ гаалийн газар очъё" гэв.
Гаалийн газар гэж нэг давхар навтайсан дан байшин байв. Дээр нь "Гаалийн газар" гэж бичсэн хаяг нь ч мөн их юм үзэж гандаж будаг нь ховхорсон харагдана. Тогтож байгаа нь яамай. Цагдаа ах цагирагтай баахан түлхүүр гаргаж тэр дундаас арай гэж нэг таарах түлхүүрийг олж үүдийг нээв. Дотор орвол харин сэрүүхэн байсан нь таалагдав. Нэг хуучин ширээ хэдэн урт вандангаас өөр онц тавилгагүй хоосон харагдана. Цагдаа ах дараагийн үүдийг түлхүүр тааруулж онгойлговол нэг жижигхэн өрөө байлаа. Харваас даргын албан өрөө бололтой. Хаалганы нугасны завсраар дотогш нь шагайвал нэг хивсэнцэр бабс нэг утастай уртхан хурлын ширээ харагдав. Цагдаа ах тийшээ ороод утсаар юм лавлана. Бодвоос одоо яах ёстой чиг зүгээ асуугаад байгаа бололтой. Тэгснээ эргээд гарч үүдээ хааж түлхүүрээ лавтай хэд эргүүлж авснаа "Сураг алга даа. Одооо хүлээхээс" гэнэ. Бид нарыг суу барь гэж уриалснаа "та нар нийтийн тоглоом мэддэг бол тоглож болно шүү дээ" гэж ёстой л аргаа ядна. Шевро хочит "алгаа цохьё" гэж санал болговол цагдаа гайхах шиг болно. Ийм ухамсартай бас харваас боловсролтой залуучууд тэр цаашаа харж алгаа нуруундаа гарган хэн түүнийг алгадсаныг таадаг хүүхдийн тэнэг тоглоом тоглоно гэж даанч бодоогүй бололтой гутах шиг ч болов. Тэгснээ бидэнтэй нийлж жаал марзганаснаа удалгүй залхан дараагийн юм сэдэж байгаа бололтой. Гол нь бид хэдийг саатуулж цагаа хурдан өнгөрөөж элдэв сахилгагүй юм гарахаас болгоомжилж байгаа бололтой. Үнэхээр ч түрүүн зам дээр хэлсэнчлэн ийм байдалд орж үзээгүй учир одоо хэрхэхээ даанч гадарлахгүй тэвдэнэ. Тэгснээ биднийг гаднаас цоожлоод нэг тийшээ явав.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.26.10 12:07 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Ингээд үндсэндээ онц хийсэн зүйлгүй нэлээд цаг өнгөрөөсөн билээ. Тушаал нь мөд ирэхгүй бололтой. Бид ч яахав хүнд хүчир ажил хийж хөлсөө цувуулснаас энэ сэрүүхэн газар юу ч хийхгүй цагаа өнгөрөөхөд илүү таалагдаж байв. "Шелл"-ийн газрын тосны талбайд түр гүйж ороод сэрүүцээд авах сүүдэртэй газар байхгүй билээ. Рози мастераас хэт халуун учраас цамцаа тайлж ажиллах зөвшөөрөл гуйсан юм. Уг нь тэгвэл нөгөө энгэр дээрээ шар тэмдгээ зүүх журмыг зөрчих аж. Харин мастер ах биднийг өрөвдөн зөвшөөрсөн юм. Бүгд цээж нүцгэн ажиллавал Московичийн цаас шиг цагаан арьстай бие нь л гялалзаад байх нь тэр. Халуун наранд удалгүй гал улаан болж хэд хоногийн дараа арьс нь ховхорч эхлэхэд бид түүнийг шоолж үхтлээ хөхрөлдсөн билээ.
Бид тэр цоожлогдсон өрөөндөө тухалж зарим нь шууд шалан дээр сууж хүлээгээд л байв. Ядартлаа онигоо ярьж баахан инээв. Тэгтэл үдийн зууш, янжуур тамхи гээд жоорууд гараад ирэв. Мастер ахыг ч санаж амжив. Бодвоос бүгд нэгэн зэрэг сураггүй болоход мөн гайхаш тасарч байгаа даа гэж бас хөхрөлдөнө. Дараа нь "бух" гэгч тоглоомыг тоглолоо. Би тэр тоглоомыг сая л сурав. Учир нь тахны нэг хадаасыг дээш нь хаялан нисч байх хооронд нь боломжийн хэрээр хадаас атган авч тэр унаж буй хадаасыг мөн шүүрч авна. Дараа нь хэн нь илүү хадаас атгасныг тоолно. "Торгонхүү" урт хуруутай учраас дандаа ялаад байв. Рози нэг дуу зааж бүгд түүнийг сурч ханатлаа дууллаа. Их сонин дуу байлаа. Үгийг нь шууд гурван хэл рүү орчуулаад дуулж болно гэнэ. Хэрэв Унгар үгийн өмнө "с" үсэг залгаж дуулвал Герман хэлээр дуулсан болно гэнэ. Хэрэв "ио" гээд байвал Итали хэл болно гэнэ. Харин "таки" гэж нэмвэл бүр хаа байсан япон хэл дээр дуулсан болдог гэнэ. Мэдээж энэ бүхэн хүүхдийн ямар ч утгагүй хошигнол билээ. Гэхдээ ийм нөхцөлд их л зугаатай байлаа.
Дараа нь цонхоор гадагш шагайж дараа дараагийн автобус ирж явахыг ажиглаад байвал нөгөө цагдаа ах том хүмүүсийг мөн бид нар шиг буулгаад байгааг олж харав. Биднийг энд орхиод оддог нь ийм учиртай байжээ гэдгийг сая ойлгов. Ганц нэгээрээ долоо найман хүн цугларав. Харвал эрэгтэй хүмүүс байлаа. Энэ том хүмүүс харин цагдаатай нэлээд маргаж цагдаа ах багагүй сандарч байгаа нь харагдав. Хүмүүс үнэмлэхээ гаргаж үзүүлээд юм асуугаад гараа хаялж толгойгоо бухимдан сэгсрээд байв. Цагдаа тэднийг бас гаалийн газар руу дагуулж бидэнтэй үлдээв. Томчуул бид нараас хэн юу, юу юм гэж баахан байцааснаа нэгийг ойлгон нэг буланд цугларч тэндээ өөр хоорондоо юм ярьж дүнгэнээд байв. Бид ганц нэг ванданг тэдэнд шилжүүлэв. Том хүмүүс юуны өмнө чухам ямар учраас тэднийг ингэж цуглуулаад байна, цааш нь яах гээд байгаа юм? гэсэн учрыг л олох гээд байв. Нэг нэгэндээ таамаглал хэлж байгаа нь сүрхий зөрнө. Би ч тэдний яриаг айхавтар сонсохыг хичээгээгүй билээ. Хальт сонсогдох үгнээс нь ингэж ойлгосон юм. Бүх учир нь хэн ямар баримт бичигтэй байхаас бүх юм хамаараад байна гэж би гадарласан билээ. Томчуул бүгд л ямарваа нэгэн үнэмлэхтэй байжээ. Тэгээд түүнийг харуулж Чепельд ажлаа хийнэ. Зарим нь хувийн асуудлаар Чепел орох эрх авсан бол бусад нь бид нар шиг улсад хэрэгтэй ажил хийдэг ажээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.26.10 12:23 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Тэр хэсэг том хүний дунд нэг нь ярианд огти оролцохгүй ном уншаад байв. Бодвоос бүр гэрээсээ авч гарсан бололтой. Нэлээд өндөр нуруутай, туранхайвтар хүн байлаа. Шар өнгийн цувтай, барзгар нүүрээр нь хоёр гүнзгий үрчлээс амных нь хоёр талаар бууж ирэн нүүрийг нь нэлээд гунигтай болгож хувиргана. Тэрбээр цонхонд ойр байрлахаар тооцоолж вандангийн хамгийн захад цаашаа харан хөлөө үүрч суув. Ингэж сууж байгаа нь очих газраа яарч галт тэргэнд суухдаа хажуугийн хүмүүсийн ярианд огт оролцохгүй бодолдоо автан бүхий л замын турш таг чимээгүй суудаг зорчигчийг санагдуулаад байв.
Энэ хүнээс гадна өөр нэг хүн анх нүдэнд өртөөд л санаанд орсон билээ. Нэлээд ахимаг насны бууралтсан шанаатай оройгоороо халцарч эхэлж байгаа толгойтой нэлээд цэмцгэр хувцасласан хүн байлаа. Цагдаа ах тэр хэдийг гаалийн газар руу дагуулж оруулахад маш их бухимдсан байв. Энэ хавиар ер нь утасдчих газар бий юу үгүй юу? гэж зэвүүцсэн байдалтай асуувал цагдаа ах "харамсалтай нь манай утас зөвхөн албан хэрэгцээнийх" гэж хариулав. Тэр ах маш их бухимдаж байгаагаа нуухыг ч оролдохгүй байлаа. Сүүлд бусад нь түүнийг байцаагаад байвал тэр ах хэдэн үг дөлж хариулснаас нь бидний адил Чепелийн нэгэн үйлдвэрт ажилладаг гэнэ. Гэхдээ мэргэжилтэн гэдгээ цохон тэмдэглэж байгааг тод сонссон билээ. Цааш нь дэлгэрүүлээгүйгээс нь бодвоос чухам юуны мэргэжилтэн гэдгээ хэлэхгүй нь дээр гэж бодсоных биз. Ер нь өөртөө итгэлтэй бардам гэж хэлчихмээр байлаа. Бид хэд шиг ажиллах шаардлагагүй бол тэр л биз гэж хандаад байх шиг надад санагдсан. Гол нь баривчилж байгаа маягаар хориод байгаад уур шар нь хүрээд байв. Тэрбээр цагдаа ахыг үнэнхүү дорд үзэн "хажуугаар нь энэ нэг муу цагдаа хөлөнд тээглээд" гэж хамаг байдгаараа илэрхийлэхийг хичээнэ. "Дээрээс нь нэг ерөнхий ухааны чиг зүг өгсөн юм уу даа гэтэл энэ мунхаг учрыг ололгүй хэтрүүлэн мушгиж улайраад" гэж үг хайрлахгүй доромжилно. Тэгээд дарга нар нь ирж "энэ мангарыг байранд нь тавих биз" гэж бусдад хэлэхээсээ илүү өөрөө өөрийгөө тайвшруулах шиг болно. Тэгснээ "хэдийд бол?" гэж өөрөө тэвчээр алдана. Би энэ их олон цаг энд байсных хэлэх үү сүүл рүүгээ ухаан балартах шиг болсон тул бүгдийг сайн санахгүй байх юм. Тэгээд ч би нэг их сонирхоогүй билээ. Харин тэр дэгжин ах нэг босоод, нэг суугаад, нэг нуруугаа үүрээд, нэг бол гэдсээ түшин цааш наашаа алхалж байсныг бас санах юм. Цагаа үе үе хараад байсан нь надад ч сонирхолтой байв. Гэхдээ би асууж тэр ах намайг тоож хариулахгүй нь мэдээж.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.26.10 12:56 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Аа, бас нэг өөр хөгийн ах байсныг сая санаж байна. Тэр нөхцөлгүй тос үүргэвч үүрчихсэн, бас голиф өмдтэй, аймаар том гуталтай ах байлаа. Нөгөө шар тэмдэг хүртэл түүнд томдож энгэрийг нь битүү дүүргээд байгаа юм шиг харагдаад байв. Хамар нь гэж хэн ч түүнийг хэн гэдгийг эргэлзэхээргүй дүрээрээ байв. Энэ сонгомол томоос том унжуу жүүд хамар уу. Тэр ах сандарч байгаа нь ёстой л торонд баригдаж цочсон зэрлэг амьтан шиг байлаа. Харваас азгүй төрсөн хүн байв. Хамаг бодол нь амаар нь гадагш урсана. Ингэснээрээ хүмүүстэй бодлоо хуваалцаж байгаа мэт харагдана. "Мөн азгүй өдөр таарчээ" гээд дуугарвал цаашдын ярианых нь оршил болно. Уг нь ч онц зүйл болоогүй билээ. Гэвч ярьж байгаа нь буюу нэг юмаа мянга давтсанаараа тун хөгийн байсан тул санаанд үлдсэн юм. Чепельд байгаа хүнд өвчтэй ээжийгээ л эргэх үүрэгтэй аж. Чепель хороолол нь хотын захын гадуур оршдог тул тийшээ нэвтрэх тусгай зөвшөөрлийг хөөцөлдсөөр байж захиргаанаас арай гэж олж авсан гээд хүн бүрт тэр зөвшөөрлийг үзүүлээд байв. Тэр нь ганцхан өдрийн зөвшөөрөл гэнэ. Тэр өдөр яг өнөөдөр үдээс хойш хоёр цаг хүртэл хүчинтэй байжээ. Тэгтэл тэр ахад "хойшлуулшгүй амин чухал аж ахуй, наймааны асуудал" гэнэт гарсан тул цагтаа хөдөлж чадаагүй гэнэ. Тэр асуудлаа маш хурдан болгох гэтэл конторт маш их оочертой байсан тул тэнд хамаг цагаа баржээ. Ер нь явж чадах нь уу, гүй юу гэдэг асуудал ч гарч байлаа гэлээ. Автобусны эцсийн буудал хүртэл трамвайгаар очно. Тэнд үдийн цагаар нэг автобус хөдөлнө. Тэр хооронд очих буцаж ирэх замаа цаг минутаар задалбал нөгөө зөвшөөрсөн хугацаанд багтах эсэхийг тооцоолж үзсэн гэнэ. "Тэр чухал зөвшөөрөл үхчих гээд байдаг... цаана нь эвий тэр өвчинд нэрвэгдсэн хөгшин ээж нь хүлээгээд байдаг... уг нь ээжийгээ хот руу нүүгээд ир гэж мөн их ухуулсан гэнэ. Гэтэл ээж нь тэр сарампай байшиндаа учиргүй хайртай гэдэг нь... ээж өндөр настай бас өвчтэй байхад нь яаж очихгүй байхав" гээд автобусанд суусан нь энэ гэнэ. Тооцоогоор бол цаг хугацаа маш давчуу гэж гарчээ. Тэгээд ийм гарцаагүй байдалд орсондоо санаа сэтгэлээр унан хоёр гараа дээш нь хаялан юм хэлэх гэснээ гэнэт больж буулгав. "Ер нь ингэж цаг хугацаандаа багтаагүй гээд сүрхий асуудалд орох бол уу яадаг бол? Цаг алдсан нь уг нь түүний буруу биш гэдгийг харгалзаж үзэх болов уу?" гэж бусдын үгийг сонсч авралын аргаа сэдэх бололтой. Тэгээд гүн бодолд орвол бусад асуудлыг өөрөөсөө асууж байгаа бололтой. Ээждээ очино гээд амлачихсан одоо очиж чадахгүй болсонд их гомдох болов уу? Гэртээ үдээс хойш цагтаа ирж чадахгүй бол авгай мөн хоёр хүүхэд нь юу бодох бол доо? Энэ ах энд байгаа хэсэг хүн дундаас мэргэжилтэнг их хүндэтгэж үгийг нь сонсохыг хичээнэ. Хэлсэн үг, байр суурийг нь их үнэлэх бололтой. Гэтэл мэргэжилтэн түүний зовлонг сонирхохтой манатай байна. Янжуур татаж янжуурынхаа мөнгөн хайрцгийг барьж түүний товгор үсэгтэй таганд нь тамхиа тогшиж үнсийг нь унагаана. Бодол нь лав алс хол байгаа нь илт байв. Иймээс энэ өрөөнд өрнөсөн яриаг огт сонсоогүй ажээ. Тэгтэл гэнэт сэрсэн юм шиг эргээд орчлон руугаа буцаж унавал нөгөө хүний сандарсан ярианы үргэлжлэлийг сая сонсов. "Ердөө л тавхан минут хоцорсон бол тэр үдийн автобуснаас ч хоцрох байсан юм. Тэгвэл одоо энд биш харин гэртээ сууж байхсан" гэсэн яриа чихийг нь хөндөв.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.26.10 1:06 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Тэр өдрийн хүмүүс дундаас бас нэг хүн санаанаас гардаггүй юм. Хамар хавчдаг алтан хүрээтэй нүдний шил зүүсэн өтгөн хар нарийн сахалтай, нэлээд биерхүү мяраатай нэг ах байсан билээ. Яагаад ч юм харангуут үнэг шиг санагдсан билээ. Тэрбээр тувт цагдаа ахтай ярих гэнэ. Бусдаас холхон байж нэг бол буланд оруулж, нэг бол хаалганы тэрүүхэнд очиж цагдаатай үг солихыг оролдоод байгаа нь анхаарал татсан билээ. "Ноён эрхэм ээ тантай ганц хоёр үг солиод авч болж байна уу?", "ердөө л ганцхан юм лавлах гэсэн юм", "юм асуугаад авбал боломж байна уу?" гээд сөөнгө хоолойгоор дүнгэнэн дагаж тойроод байв. Цагдаа нэг удаа тэсвэр алдан "юу гээд байгаа юм бэ?" гэж асуувал тэр ах харин гэнэдсэн байдалтай сандрав. Нүдний шил нь тэр хооронд нэг гялалзаад авав. Энэ удаа яг миний дэргэд ойрхон хүрээд ирсэн байв. Тэрбээр цагдаа руу улам бүр тонгойж дуу нь улам сул болж шивэгнэж эхлэв. Тэр хооронд үстэй баруун гар нь хүрэмийн дотуур халаас руу орох бололтой энгэр дээгүүр тэмтрэн орох нүхээ хайна. Хөнглөнгөөс харвал нэг том аалз, аалз ч биш далайн нэгэн зэвүүн амьтан цээжин дээгүүр нь мөлхөөд байгаа юм шиг санагдаад байсан билээ. Гар нь нүхээ олж яг орох нь үү гэтэл гэнэт тэр байрандаа гацав. Энэ ах нэг л чухал баримт бичиг, нэг бол сүрхий үнэмлэх гаргаж хэн гэдгээ харуулах нь уу гэж би бодсон билээ. Гэтэл гар нь цаашаа ч үгүй, наашаа ч үгүй дошин дээр тарвага хүлээж гэтсэн араатан шиг хөдлөхөө болив. Тэр хооронд тэр ахын ам нь мөч алдалгүй ажиллаад байлаа. Ердөө л ганц хоёр секунд болов уу тэгтэл цагдаа ах яриаг нь шулуухан тасалж нэлээд зэвүүцсэн байдалтай холдов. Хаа байсан хөндлөнгийн надад хүртэл тэр ахын гэтсэн араншин нь таалагдаагүй билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Jan.26.10 1:17 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бусад хүнийг нэг их санахгүй байна. Тэр өрөөнд хэт их удсаных уу сүүл рүүгээ тэнд болж байгаа юм, хүмүүс миний сонирхлыг татахгүй би бага багаар залхаж эхэлсэн билээ. Цагдаа ах томчуулыг гадуурхаад байсан ч харин хүүхдүүд бидэнд аятайхан харьцсан хэвээр байв. Үдэш болбол цагдаа ч залхаж байгаа нь илт болов. Нэг бол бидний дунд холхиод, нэг бол жижиг өрөөнд орж суугаад л бас утсаар хэд хэд лавласан ч чиг зүг гараагүй бололтой. Тэвчээр алдахдаа бидэнд хүртэл хандаж "ямар ч сураг алга даа" гэж биеэ барин бухимдлаа хуваалцана. Сүүлдээ тэрбээр өнгөрч яваа автобусуудыг ч тоохоо болив. Үд дөнгөж өнгөрч байхад бас нэг цагдаа дугуй унасаар хүрээд ирсэн билээ. Бодвоос хамт алба хаадаг найз нь байсан болов уу. Найз нь дугуйгаа гадаа байшингийн хананд түшиж орхиод дотогшоо орж тэр хоёр жижиг өрөөнд баахан ярив. нэлээд юм ярьж хөөрсний дараа гарч ирснээ бас чалчиж ханаагүй юм шиг үүдэнд баахан дохиж, нэг нэг рүүгээ хараад байгаа нь аав нэг иймэрхүү байдалтайгаар заримдаа түнш наймаачидтай ярьдаг байсныг санагдуулаад байв. Тэд ч яахав наймаа арилжааны зовлон бэрхшээлийг л тоочиж бардаггүйсэн. Энэ хоёр бас л амар биш зүйл, хүнд бэрх юм ярьж тэрүүхэндээ гаслаад байх шиг санаанд буусан билээ. Өөр ч тэр өдрийн тухайд гэвэл их л халууцаж, ам цангаж, ядарч нозоороод байсныг л санадаг юм.
Бараг бүтэн өдөр өнгөрөхийн даваан дээр яг нэг цагт цагдаа ахын амласнаар нөгөө тушаал гэгч нь ирэв. Баримт бичгээ "дээд байгууллагад дахин хянуулах" тухай ажээ. Ямар ч гэсэн цагдаа тэгж зарлав. Цагдаа ахад тушаал бичгээр ирэхээс өмнө утсаар хэлсэн байх гэж боддог юм. Нэг л биш болоод сандраад ч байх шиг. Утас нь үе үе дахин хангинаад л, өөрөө ч ийш тийш лавлаж асуугаад бүх юм хөдөлгөөнд орж эхлэх шиг болсон билээ. Чухам нарийн дэлгэрэнгүй зүг чиг өөрт нь өгөөгүй боловч бид нарын байдал шиг хуулийн маш тодорхой асуудлаар ёс төдий зарим арга хэмжээ зохиогдох юм шиг байна гэж цагдаа ах өөрөө хэлсэн билээ.

_________________
:3q:


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 131 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited