Энэ удаагийн “Урлан”-гаар “Монголжингоо” дээд сургуулийн загвар зохион бүтээгч багш Ч.Ганчимэг, Б.Лхам, Д.Отгонзаяа нарын ярилцлага, тэдний өвөрмөц содон бүтээлүүдээс толилуулж байна. Тус сургуулийн загвар зохион бүтээгч хамт олон “Гоёл-2008” наадмын Шилдэг загвар зохион бүтээгч товчоо номинацид өрсөлдөж шилдгээр шалгарсан юм.
Ч.Ганчимэг: Би чөлөөт байдлыг динамик дизайнаар шийдсэн
-Танайх энэ жилийн “Гоёл” наадамд хичнээн бүтээлүүдээр оролцов. Та нарын хувьд голдуу ямар загваруудаар өрсөлдсөн бэ?
-Манай сургуулиас “Гоёл-2008”-д таван загвар зохион бүтээгч оролцсон. Бид ихэвчлэн гоёлын даашинз, үндэсний хувцас, өдөр тутмын хувцасны загварууд хийсэн юм. Энэ жилийн хувьд манайхан гоёлын даашинзаа ерөнхийдөө эмэгтэй хүний гоо сайхныг тодотгосон корсет загвараар түлхүү хийлээ л дээ. Бид нийтдээ таван коллекц, 35 загвараар оролцсон. “Гоёл”-д хүн бүр доод тал нь нэг нэг коллекцтой ордог л доо. Нэг коллекцид хамгийн багаар бодоход зургаан загвар багтсан байх ёстой юм.
-Корсет гэж яг ямар загварыг хэлж байна?
-Энэ бол 17, 18 дугаар зуунд ид моодонд орж байсан загвар. Харин сүүлийн үед загвар зохион бүтээгчид корсетийг их хэрэглэдэг болчихлоо. Корсетийн загварыг тэр чигээр нь эсвэл арай өөрчлөн шинэчилсэн маягаар хийх болсон. Эсвэл энэ загварыг санагдуулам өргөн бүс их хэрэглэж байна. Корсет загварыг зөвхөн даашинз гэлтгүй бүх төрлийн хувцсанд хэрэглэх болоод байна.
-Харин таны загварууд ямар байв?
-Миний загварууд болохоор хувцасныхаа зохион бүтээлтийнх нь тал дээр илүү анхаарч ажилласан бүтээлүүд байгаа. Зохион бүтээлтэд хамгийн чухал нь хувцасны хэлбэр байдаг.
-Зохион бүтээлт гэж хувцасны хийцийг нь хэлж байна уу?
-Тийм ээ, хийц нь гэсэн үг. Тэгээд хувцасныхаа хэлбэрийг тодотгож гаргахын тулд хурц тод өнгөөр шийдэж өгсөн. Тиймээс би коллекцио “Динамик дизайн” гэж нэрлэсэн. Динамик гэдэг маань нэг ёсны имиж юм даа. Тэр имиж нь ихэвчлэн спортлог, өдөр тутмын загварт зонхилдог юм. Хөдөлгөөн, тогтворгүй байдлыг илэрхийлнэ. Загварт бол хөдөлгөөнт загвар гэж ойлгож болно. Энэ дизайн миний загварт баригдмал бус, чөлөөт байдлыг илэрхийлэх зорилгоор, загвараа тодотгох үүрэгтэйгээр орж ирсэн л дээ. Нэг ёсондоо би зохион бүтээлтийн хүнд хэцүү зүйлийг шийдэхдээ динамикийг ашигласан хэрэг. Мэдээж гоёл гэдэг утгаараа шүр шигтгээ, гоёл чимэглэлийн зүйлсийг нэлээд хэрэглэсэн. Мөн хувцсаа цогц болгохын тулд ээмэг, зүүлт гэх мэт чимэглэлүүдийг гар аргаар хийж хослуулсан.
-Тэгэхээр таны динамик дизайны бүтээлүүд даашинзны нийтлэг талуудыг эвдэхийг зорьсон гэсэн үг үү?
-Даашинзны талаархи тогтсон сэтгэлгээг арай эвдэж, өвөрмөц, этгээд байдлаар шийдэж өгсөн юм л даа.
-Ер нь загварын наадмуудаас харахад зохион бүтээгчдийн загварууд жилээс жилд хэр өөрчлөгдөх юм бэ?
-Жил жилийн “Гоёл” наадмыг харж байхад жил ахих тусам нэлээд чадал шаардсан загварууд хийсэн харагддаг. Энэ жилийн наадмын бүтээлүүдийг ажиглахад сэтгэлгээ нь урьд урьдынхаасаа илүү чөлөөтэй болчихсон, бүтээлүүд нь нэлээн чанартай болсон нь харагдсан. Аргагүй л дээ, амьдралын орчин, цаг үе нь бас тийм юм. нэг зүйлийг хэлэхэд, шилдэг загварын товчоо гэдэг нэлээн том үнэлгээ л дээ. Эрэмбээрээ бол Гран-при шагналын дараа орно.
-Энэ жил өдөр тутмын хувцсанд ямар өнгө зонхилох бол?
-Өнгөрсөн жил гялгар бөгөөд алтлаг, мөнгөлөг өнгөтэй материалууд моодны хандлагыг илүү тодорхойлсон шүү дээ. Энэ жил ч ялгаагүй байх болов уу. Ийм өнгө, материал гол нь гял цал, ганган харагддаг байхгүй юу. Энэ нь цаашид ч моодны чиг хандлагыг тодорхойлно.
Д.Отгонзаяа: Үндэсний хувцсанд өвөрмөц шийдэл хийсэн
-Энэ жилийн “Гоёл”-д оролцсон үндэсний хувцасны загваруудынхаа талаар ярьж өгөхгүй юу?
-Миний загварууд үндэсний хэв маягтай, үүндээ хээ угалз чимэглэлийг хайчилбарын аргаар хийсэн бүтээлүүд байгаа. Хээнүүд нь тодорхой утга санаа, өгүүлэмжтэй. Жишээ нь, говь байлаа гэхэд тэмээгээр зохиомжлоод, хүрээг нь элсний хэлбэр хэв маягаар зохиомжилсон. Загварууддаа би Монгол үндэстний олон ястнуудын өөрсдийнх нь эрхэмлэдэг өнгөнүүдийг ашигладаг. Олон өнгө холихоос татгалзаж ерөнхийдөө хоёр өнгөний хооронд өнгөний шийдэл хийсэн юм. Ер нь би олон хэлбэр давхацсан, олон өнгө оруулж шийдэхээс аль болох зайлсхийж энгийн тансаг үндсэн өнгүүдийг барьж ажиллахыг зорьсон л доо. Загвар болгон дээрээ үндсэн таван өнгө болох улаан, ногоон, цэнхэр, шар, цагаан өнгүүдээр шийдсэн.
-Ер нь үндэсний хувцасны загварт өөрчлөлт хэр орж байгаа вэ. Эсвэл тогтсон хэв маягийг хатуу дагадаг юм уу?
-Энэ жилийн хувьд хараад байхад үндэсний хувцсан дээр нэг их олон янзын шийдлүүд гарч ирээгүй. Голчлон XIII зууны үеийн хувцасны чиг хандлагыг барьсан загварууд орж ирсэн. Ерөнхийдөө нэг хэв шинжид баригдсан нь харагдаж байна лээ.
-Таны хувьд үндэсний хувцсан дээр өвөрмөц ямар алхам хийсэн бэ?
-Ерөнхий хэлбэр силует нь “А” хэлбэрийн, тэгээд додигны хэлбэрээс санаа авч энгэрийн загварын шийдэл хийсэн. Миний голчилж уран бүтээл хийдэг нэг төрөл бол хайчилбарын урлаг. Уран бүтээлээ голдуу эртний түүхэн аж байдлын сэдвээр хийдэг. Энэ онцлог маань эртний хатдын хувцасны гол элементүүд дээр чимэглэл болж орсон. Энэ нь үндэсний хувцасны загварт шинэлэг шийдлийг бий болгож чадсан гэж би хувьдаа бодож байгаа. Үүгээрээ өвөрмөц.
-Удахгүй цагаан сар болох гэж байна. Хүмүүс ерөнхийдөө ямар өнгө, загварын дээл хувцсаар гоёвол зүгээр вэ?
-Нэг их олон өнгө холиогүй, энгийн тансаг байвал зүгээр. Зохион бүтээлтийн хувьд суулт сайтай байх хэрэгтэй. Орчин үед насны онцлогт тохирсон, цаг үеийнхээ хэв маяг, үндэсний онцлогийг хослуулсан шийдэлтэй хувцсаар гоёвол зүгээр. Үндэсний хувцсан дээр дизайнерууд хүмүүсийн сонирхол татахуйц, өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой, өвөрмөц шийдлүүд гаргаж ирвэл хүмүүс өргөн хэрэглэдэг болно гэж боддог. Өнөөдөр үндэсний хувцасны хэрэглээ маш хязгаарлагдмал байна. Зөвхөн цагаан сар, наадам, хонхны баяр гэх мэт баяр ёслолын үеэр л хэрэглэж байна.
Сүүлийн үед барууны дизайнерууд загвартаа Азийн хувцасны хэв маяг, элементээс их ашигладаг болоод байна. Тэгэхээр манай дизайнерууд үндэсний хувцсан дээр өнөөгийн чиг хандлагад тохирсон дизайны шийдлийг хийх шаардлагатай болсон.
|