Намбар ваны Монголын төр шоронгийн хулгайчуудаар дүүрсэн гэж хэлсэн нь үнэн болж таарч байна.
ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД “ХАР ТАМГА” ДАРЛАА
Европын Холбооноос гаргасан хар жагсаалтад манай улс багтсаныг дэлхий нийтэд зарласан нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн хар үйл явдал байлаа. Хар жагсаалтад багтсан орнууд хамгийн түрүүнд Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болно гэдгийг BBC агентлаг мэдээлсэн. Гэхдээ үүнээс ч илүү хор хохирол учирч болзошгүй, тиймээс энэ асуудалд жижиг гэж хандаж болохгүй хэмээн манай эдийн засагчид хэлээд байгаа. Тухайлбал, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “…хар жагсаалтаас яаралтай гарах хэрэгтэй” гэсэн бол эдийн засагч Б.Лакшми “…Европын Холбоотой харилцдаг компани, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулалтын харилцаа холбоонд эрсдэл үүсэх магадлал бий” гэсэн. Мөн МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “…Энэ удаагийн мэдээлэлд гоомой хандаж болохгүй” гэв. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “…Энэ бол зүгээр л анхааруулга” гэсэн тайлбарыг хэлсэн нь олны гайхшралыг төрүүллээ. Энэ талаар олон улсад, тухайлбал Оросын хэвлэлүүдэд “…Монгол Улс оффшорын цөөрөм болсон” гэж мэдээлжээ. Харин энэ үйл явдал нь өнгөрсөн хугацаанд Евродын Холбооноос ирүүлсэн хоёр ч удаагийн сануулгыг үл тоосноос болсон. Нөгөөтэйгүүр Монгол Улс Оффшорын эсрэг хууль батлахдаа оффшорчдоо өмгөөлж, хамгаалсан бодлого барьсан тул Европын Холбооны хар тамгаар “шагнуулсан” гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн энэхүү хар жагсаалт нь нэг талаар Монгол Улсад дарсан хар тамга, нөгөөтэйгүүр Монголын эрх баригчдад өгсөн F үнэлгээ гэж ойлгож болно. Хамгийн гол нь энэ хар жагсаалтыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлээд байгаа шиг “…Зүгээр л анхааруулга” гэсэн байдлаар хүлээн авч хэрхэвч болохгүй гэдгийг учир мэдэх хүмүүс, мэргэжлийнхэн, эх сурвалжууд нэгэн дуугаар хэлж байгаа юм.