"Нисванис" хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалантай ярилцлаа. Энэ хамтлаг 1996 оны Пентатоник наадмын дебют хамтлаг, 2002, 2005 оны шилдэг рок хамтлаг, 2006 оны Пентатоник наадмын "шилдэг цомог"-ийн эзнээр шалгарч байв.
"Нисванис" хамтлагийн урын сан хэр баяжиж байна вэ?
Манай хамтлаг 1999 онд "Хүчилтөрөгч" гэж анхны цомгоо гаргасан. 2002 онд "Саарал үе", 2006 онд "Нисдэг таваг" гээд гурав дахь цомгоо гаргасан. Одоо нэг амплаггед цомог гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хуучин дуунуудынхаа заримаас нь найруулгыг нь жаахан өөрчлөөд шинэ цомогтоо оруулна. Хүнд хүрээгүй ч гэсэн бас гайгүй дуунууд бий. Тэднээсээ найруулгыг нь бага зэрэг зөөллөж, акустик хэлбэрт оруулаад цомог гаргах юм. Одоогоор ажлаа эхлээд явж байна.
Ерээд оны дундуур нийгмийн сэтгэлзүй ямар байсныг хүмүүс сайн мэдэж байгаа. Тэр нөхцөлд танай хамтлаг маш этгээд, хамгийн гол нь гайхалтай үнэн үгтэй дуунуудаа дуулан гарч ирсэн. Чухамдаа цаг үеэ олж гарч ирсэн гэх гээд байна л даа?
Бид нар чинь Багшийн сургуулийн хөгжмийн ангид тал талаас ирсэн оюутнууд байлаа. "Өчигдөр ба өнөөдөр" нэртэй поп-рок хамтлаг байгуулчихсан, 1993-1995 он хүртэл байж байгаад 1996 оноос "Соёл-Эрдэнэ" хамтлагийн өрөөнд бичлэгт орсныгоо "Нисванис" хамтлаг мэндэлсэн өдөр гэж явдаг юм. Одоо 12 дахь жилдээ уран бүтээлээ хийгээд явж байна. Модернист яруу найрагч Б.Галсансүх над дээр нэг өдөр ирээд ийм хамтлаг байгуулах сонирхолтой байгаагаа хэлсэн юм. Сэр-Од намайг зааж өгсөн юм билээ л дээ. Амгаа гээд сонин дуу зохиодог залуу байгаа, түүнтэй уулз гэж. Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од тэгэхэд манай дээд курсэд сурч байсан юм. Галсансүх болохоор "Нирвана" шиг стилиэр тоглодог хамтлаг байгуулах мөрөөдөлтэй байсан юм билээ. Тэгээд тал талаас бүх мөрөөдлүүд маань нэгдээд, цаг үе нь ч таарсан. Би бас бодсон л доо. Шинэ юм оролдож үзье гэж. Тэгээд "Өчигдөр ба өнөөдөр" хамтлагийнхнаа уруу татаад энэ хамтлагаа байгуулж байсан юм.
Манай хамтлагийн уран бүтээлд Б.Галсансүхийн нөлөө их л дээ. Мөн яруу найрагч Эрдэнэсолонго, тухайн үед гарч ирж байсан "Хүрээ хөвгүүд" нэртэй яруу найргийн бүлгэмийн хэсэг залуус бид хэд найзууд. Тэд маань ярьж байгаад манай хамтлагт "Нисванис" нэрийг өгсөн юм. Америкийн "Нирвана" гэж хамтлаг байдаг шүү дээ. Тэр хамтлагийн нэрний эсрэг утгаар нь бодож энэ нэрийг сонгож байлаа. "Нирвана" "Нисванис" хоёулаа л буддын ухааны хоёр категори юм чинь. Тэдгээр сайн найз нарынхаа хүчээр бид үзэл бодлын хувьд ч юм уу нэлээд "шатахуун" ихтэй явж байгаа л даа.
Хүмүүс "Нисванис"-ын дуунууд маш шударга, үнэн сонсогддогт нь илүү ач холбогдол өгдөг. Тиймээс таныг үзэл бодлын хувьд нэлээд гайгүй түвшинд төлөвшсөн юм уу гэж санадаг шүү дээ. Эсвэл угаасаа рок хөгжмийн мөн чанар нь тийм юм уу?
Ер нь бол барууны рокууд маш олон хэлбэрээр тоглодог л доо. Түүн дотроо өөр өөрсдийн үзэл бодлоор янз янзын зиндаанд тоглогдоно. Манайх болохоор ерөнхийдөө үзэл бодол нь төлөвшчихсөн, нэлээн дэвшилтэт үзэлтэй тийм хүмүүст зориулагдсан хамтлаг юм болов уу гэж би бодож байна л даа. Ерээд оны дундуур рок тоглодог хамтлаг нь цөөн байхад сонсдог хүмүүс нь олон, нийгэмд рокийг сонсох хэрэгцээ их байсан. Тэр хэрэгцээний нэг хэлбэрийг нь бид хангаж гарч ирсэн. Тэгэхдээ бид нар муу юм хийгээгүй. Тийм болохоор рок сонсогчид, үзэл бодол нь төлөвшчихсөн дэвшилтэт үзэлтэй залуучууд анхнаасаа биднийг маш их дэмждэг. Тэр дэмжлэгийн ачаар ч юм уу бид олон сайхан найзтай болсон. Хамгийн гол нь манай хамтлаг ерөөсөө худалдааны хөгжим тоглоогүй. Бид нар өнөөдөр ийм ч мундаг юм хийж байна гээд өдөр болгон зурагтаар гараад байхыг хүсдэггүй. Бид юу хийсэн бэ гэхээр тодорхой хүрээний хүмүүст зориулагдсан бүтээл хийсэн. Тийм л хамтлаг. Түүнээс биш од болох гээд ч юм уу, олны танил болох гээд өдөр болгон хоёрын хооронд юм хийчихээд олонд зарлаад яваад байдаг хамтлаг биш. Маш хатуу, бас амттай байх зарчмыг барьж явдаг.
Магадгүй урт үстэй, этгээд төрхтэй болохоор нь ч юм уу хүмүүс рок залуусыг ихэд хөнгөмсөг улс гэж өнгөцхөн боддог тал бий. Гэтэл тоглож байгаа хөгжим, хийж байгаа дуу нь бүр эсрэгээрээ гүн ухааныг санагдуулдаг. Танай хамтлагийн урын сан та нарыг гүн ухаан уншдаг гэж хэлээд байх шиг. Энэ нь бас л роктой холбоотой юу, эсвэл үнэхээр сонирхож уншдаг юм уу?
Яахав, нэг талаар гүн ухааныг сонирхдог гэж болно. Нөгөө талаасаа, рок хөгжим өөрөө гүн ухаан шаардсан зүйл байдаг л даа. Ерөөсөө тийм гүн ухааны хөгжим шүү дээ, рок. Тэгж хэлж болно. Хүмүүс хэлбэрийг нь хараад өнгөцхөн талаас нь хүлээж авдаг байж болох юм. Урт үстэй, аймаар нөхдүүд гэж боддог ч юм уу. Гэтэл үнэн хэрэгтээ рокууд ертөнцийг бусдаас арай өөр өнцгөөс нь харж чаддаг хүмүүс байдаг. Хөгжим нь ч гэсэн. Өөрөөр хэлбэл, рок хөгжим өөрөө яг тийм үг хэлэхийг шаарддаг л даа. Яг тэр хэмжээнд нь бид аль болох чадлынхаа хэрээр юмаа хийхийг хичээдэг.
Рок хөгжмийн энэ мөн чанар сонсогчдод маш хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг л дээ. Тэгэхээр рок хөгжмийнхөн ёс суртахууны хувьд асар чамбай хүмүүс байж болох юм. Гэтэл бодит амьдрал дээр тийм ч бахархмаар хүмүүс бас биш л байх жишээтэй, тийм үү?
Хүн болгон адилгүй л дээ. Барууны рокуудыг хараад байхад ер нь асуудалтай хүмүүс шүү дээ. Тэр байдлыг байгаа чигээр нь Монголд оруулаад ирнэ гэвэл хэцүү. Яахав, энэ бол бидний хувьд хувь хүмүүсийн хүмүүжилтэй холбоотой байх аа. Бид нарын дуулж байгаа дуунууд арай ондоо. Жаахан тийм сахилгагүй гэж болохоор дуу дуулдаг. Амьдрал дээр бол бид нар тийм биш л дээ.
-Үгүй дээ, та нарын дуулдаг дуунууд үзэл бодлын хувьд харин ч амьдралын үнэлэмж өндөр, илүү шударга, зарчимч шүү дээ. Тийм дуу дуулчихаад өөрсдөө амьдралд хайхрамжгүй ханддаг тал байна уу л гэж асуусан юм?
-Тийм байж болно л доо. Гэхдээ тухайн хувь хүнээс бүх зүйл шалтгаална байх. Жишээ нь, би дуундаа их болгоомжтой ханддаг мөртлөө хувийнхаа амьдралд хайхрамжгүй ханддаг байж болно.
-Жишээ нь таны хувьд амьдралд хандах үнэлэмж ямархуу вэ?
Амьдрал өөрөө асар баялаг, тийм үү. Бас их сонирхолтой, амттай зүйл шүү дээ. Тэр болгоныг л амтлахыг хүсдэг. Би дөнгөж арван найм, естэйгөөсөө рок хөгжим сонирхсон. Багшийн сургуулиа төгсөөд СУИС-д найрал дууны удирдаачийн ангид орсон. Дандаа сонгодог хөгжим сонсч байсан хүн чинь гэнэт рок орж ирэхэд миний амьдралд маш их өөрчлөлт авчирсан. Нэг ёсондоо залуу хүний зэвсэг болж өгсөн л дөө, рок. Залуу хүнийхээ хувьд би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэдгээ мэдэрсэн. Тийм шинэ зэвсэгтэй болсноороо өөрөө өөртэйгээ илүү их дотно танил болсон л доо. Өөр бусадтай биш өөртэйгээ. Тэр маань амьдралаас бас дахиад олон сайхан зүйлийг олж мэдэхэд их тус болсон гэж боддог.
Рок хөгжим тухайн нийгэм, цаг үеэ соргог мэдэрч, нийгмийнхээ дүр төрхийг маш ил тод, бас илүү томруун зурдаг гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Өнгөрсөн долдугаар сарын 1-ний үйл явдал монголчуудын сэтгэл зүйг бараг орвонгоор нь эргүүлчих шиг боллоо. Танай хамтлаг энэ тухай дуулах уу. Та нөхцөл байдлыг хэр эмзэг хүлээж авав?
Би тэр үед эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан л даа. Үйл явдлыг зурагтаар л харсан. Хүн чинь хэтэрхий хэцүү зүйл тохиолдохоор хэлэх үг олддоггүй, тийм үү. Яг тийм байдалд л орж байсан. Яахав зүгээр, тэр явдлыг нэг их айхтар сөхөж ирээд баймааргүй байна л даа. Тэр явдлыг манай хамтлаг уран бүтээлдээ тусгахгүй.
Танай хамтлагийн гишүүд бүгдээрээ дууныхаа хөгжмийг өөрсдөө хийдэг гэлээ. Тэр бүхэн хоорондоо хэр ялгаатай байж чадаж байна. Бие биенээ давтахгүйгээр?
Ялгаатай. Хүн болгон өөр өөр бичиж байна л даа. Манай Цацрал болохоор их аялгуулаг, донжтой, би эрч хүчтэй талдаа, Дарханбат маань яг хард рок, классик рок чиглэлээрээ ч юм уу иймэрхүү ялгаа байдаг. Ер нь бусад хамтлагуудыг харж байхад дуунууд нь хоорондоо адилхан болоод яваад байдаг. Манай хамтлагт харин тийм зовлон байдаггүй шүү дээ. Гурван цомог гаргасан, бүгдээрээ өөр.
Яаж өөрийгөө давтахгүй байж чадаж байна?
Манай хамтлаг нэг уриатай л даа. "Хамгаалагч сайтай багийн довтлогч зоригтой байх ёстой" гэж. Хөлбөмбөгийн баг шиг. Энэ юу гэсэн үг гэхээр би чинь хамтлагийнхаа довтлогч нь. Зурагтаар ч юм уу, сонинд ч юм уу ярилцлага өгөх болохоор би яриа өгдөг, нэг ёсондоо хамтлагийнхаа нүүр царай нь болж явах ёстой. Манай хэд бол ярих сонирхолгүй, юмаа хийгээд л явж байдаг. Тийм л байхгүй юу. Энэ маш хэрэгтэй зүйл л дээ. Монголчууд атаархуу зангаасаа болоод нэгийгээ дээш нь гаргаж чаддаггүй, тийм ээ. Манайханд бол тийм юм байхгүй. Хамтлаг, уран бүтээлийнхээ тусын тулд олны өмнө хааяа гарч байх нь нэг ёсондоо миний үүрэг болчихсон. Нөгөө талаас, хамтлагийн үзэл бодол дууны үгийн тал дээр бол цэвэр би хариуцдаг. Бодлогыг нь авч явдаг гэх юм уу даа.
Дууныхаа шүлгийг та өөрөө бичдэг. Та яруу найрагч уу?
Үгүй. Зүгээр л үг бичдэг.
Тэгвэл бүгдээрээ хөгжмөө бичдэг гэхээр та нар хөгжмийн зохиолчид уу?
Бид ая зохиогчид.
Клипүүдийг тань харахад та нар ихэвчлэн байшингийн дээвэр дээр дуулж байх юм. Ямар учиртай вэ?
Энэ бол санаандгүй тохиолдол.
Хувийн амьдрал тань ер нь юу болж байна?
Одоо бүгдээрээ нас гуч гарцгаалаа. Хувийн амьдрал ерөнхийдөө тогтох тал руугаа л орж байгаа даа. Харин бөмбөрчин маань биднээс залуу хүн байгаа. Тэгээд надаас бусад нь, нөгөө хоёр маань гэр бүлтэй, хоёулаа хоёр хүүхэдтэй, амьдрал нь тогтчихсон улсууд байгаа л даа.
Холливудын алдартай гоонь эр гэдэг шиг та гоонь эрийн имижийг сонгоогүй биз дээ?
Хувийн амьдралаа задлаад яахав дээ. Гэхдээ хүн л юм чинь найз бүсгүй байгаа. Амьдралдаа төлөвлөсөн зүйлүүд байгаа. Арай ч тийм нэг гоонь моонь болохгүй байх аа.
Н.Пагма
odriin sonin gejee
hezeeniih yum medehgui yum.
www.yadii.net -s unshlaa