За Z30 загварыг бариад 10 хоног боллоо. Сэтгэгдэл, өөрийн бодлоо ерөнхийд нь бичье гэж бодлоо.
Сонирхсон, худалдаж авсан үе шатнаасаа эхэлдэг юм билүү дээ :D
Миний хувьд Blackberry 8700 загвараас эхэлж барьсан юм байна, дараа нь Bold 9000, Bold 9900 гэсэн загваруудыг нь барьж байлаа. 9900-аа эвдсэнээс хойш урваж S4 хэсэг бариад уйдаж, Blackberry 10 OS, тэр дундаа Z загвар нь илүү сонирхол татсан гэх үү дээ. Z загвар нь Q-сээ илүү 10 OS-доо зохицох юм шиг санагдсан гэж дээр хэлсэн санагдана.
Z30 загварын хувьд сүлжээний үелзлээс хамаарсан STA 100-2, 100-5, 100-1 гэх мэтчилэн загваруудтай. Минийх STA 100-2. Монголын хувьд аль ч операторт тохирно. 2013/10 сард нээлтээ хийсэн учраас Монголд орж ирсэн үгүйг сайн мэдэхгүй байна. Гарууд TEDY дээгүүр оруулаад ирсэн байж болох л юм. 9900 лав гараад удаагүй байхад оруулаад ирсэн байсан. Миний хувьд gsmnation.com сайтаас захиж авчрууллаа. Хайрцгандаа чихэвч, USB залгуур, 220V адаптер, танилцуулга номтойгоо ирсэн.
Ингээд утас руугаа оръё, гадаад байдлаас эхэлье гэж бодлоо.
Дэлгэц, ерөнхий загвар: Super AMOLED дэлгэц. Blackberry хувьд анхны AMOLED дэлгэцтэй утас байх. 720 х 1280 нарийвчлалтай. Бусад өрсөлдөгчдийн 1080 нарийвчлалтай утаснуудын хажууд өмнөх загвар мэт боловч хангалттай үзүүлэлт. 5 инч гэхээр нэлээдгүй томдоо орно. Харьцуулж барихад S4, Xperia Z-с үл ялиг том. Гэхдээ Z10-нхаа адил дэлгэцний доод хэсэгт илүү хэсэг бий. Full touch гэхийн учир нь back, menu цэс гэх мэт товчлуур байхгүй. Буцах үйлдэл нь 10 OS, Z загвар дээрээ доороос дээшээ swipe хийдэг болсон байна. (Энэ миний хувьд их аятайхан санагдаж байгаа, 10 үйлдлийн системтэйгээ зохицох, Blackberry Hub-тай ажиллах зэрэгт эвтэйхэн, хэрэглээнд хялбар болгож өгсөн). Background болон тохиргоо, цэс гэх мэтэд хар өнгийг ихэвчлэн оруулснаар батерей зарцуулалтыг ихэсгэнэ гэж бодож оруулсан бололтой. Зузаан нь 1см орчим, жин нь 170 гэхээр барихад илүү барьцтай, нэг тийм "юм" барьж байна гэсэн мэдрэмж төрүүлж байна лээ

Дэлгэц нягтралын хувьд харин 294 ppi (Z10 - 355ppi, S4 - 441ppi, iPhone 5S - 326ppi байдаг) ч гэсэн хэрэглээнд онц ялгаа мэдэгдэхгүй гэдгийг батлах байна.
Мемори, CPU гэх мэт: 16GB storage, 2GB RAM, 1.7GHz Dual-Core уламжлал ёсоор Qualcomm-нх. 2 цөмтэй CPU гэдэг одоо Quad, Octa-н хажууд энгийн, инээдтэй санагдаж магад. Гэвч би өмнөх бичлэгээр хэлж байсан, утасны үзүүлэлт хэдий өндөр ч үйлдлийн системтэйгээ зохицож ажиллах гэдэг чухал юм байна гэдгийг ойлголоо гэж. Хэдий ийм үзүүлэлттэй ч ачаалах хурд, апп ачаалах, эхлүүлэх, тоглоом тоглох, олон апп зэрэг ажиллуулах зэрэгт огтхон ч саатахгүй гэдгийг батлах байна. (Жишээ хэлэхэд Real Racing 3 тоглоом S4 дээр аймшигтай халалт өгдөг байсан бол Z30 дээр ямар ч тийм асуудал алга). 16GB багтаамжийн хувьд харин бага зэрэг асуудал болж мэдэх юм. BB10 үйлдлийн систем өөр дээрээ 5GB орчим эзэлж байсан, сул зай 11GB. Гэхдээ мэдээж мемори картаар нэмэгдүүлэх боломжтой.
Батерей, камер, оролтууд гэх мэт: Батерей хувьд нэг онцлог нь авагдах боломжгүй батерейтэй болсон байна. Гэхдээ 2880mAh. (S4 - 2600mAh, 5S - 1560mAh, neXus5 - 2300mAh, NoteIII - 3200mAh). Батерей муу гэж үргэлж гомдоллодог байсан бол одоо үгүй болсон. Миний хувьд бүтэн өдрийн турш, тоглох, ярих, мессеж бичих, 3G холбоотой байхад орой 20 хувьтай үлдэж байна. Ерөнхийдөө нэг өдөр тасралтгүй шахуу ашиглахад хангалттай, сэтгэл хангалуун байгаа.
Камерны хувьд арын камер 8МP, 1080 бичлэг хийх чадвартай, урд камер 2MP, мэдээж face detection, stabilization гэх мэт зүйлс ойлгомжтой. Өөлөх зүйл шөнө муу зураг авч байсан.
USB оролтын хажууд mini HDMI оролттой болсон. ТВ гэх мэтэд шууд залгаад юм үзэж болно (HDMI кабел нь дагалдаж ирдэггүй учраас оролдож үзэх боломж байсангүй).
Эцэст нь миний анзаарснаар онцлог, сэтгэл хангалуун байгаа зарим нэг зүйлсийг дурдъя.
1.
Blackberry HUB - Олон мэйл хаяг, олон сошиал апп ашигладаг хүмүүст маш эвтэйхнээр бүхнийг шийдэж өгсөн. Мессэж, хадгалагдсан дуудлага, мэйлүүд, ФБ, Твиттер бүгдийг нэг дороос уншиж харж, бичиж, зохицуулж болно. Надад маш их таалагдаж байгаа.
2.
Speaker - Дээрээ нэг, доороо хоёр спикертэй, дуугаралт чанга, дуу тавьж, кино үзэж байхад сайхан сонсогдов.
3.
Android апп суух - Application бага, сонголт муутай гэдэг хүмүүст тохирсон хариу. Цаашид Blackberry 10 үйлдлийн систем хөгжүүлэлт хийгдэж аpk файлууд албан ёсоор суудаг болох сурагтай байгаа. Одоогоор миний хувьд leaked 10.2.1 OS суулгаж apk файлуудыг утаснаасаа шууд инсталлдаж байгаа. Өөр дээр нь ирсэн official 10.2.0.хх систем нь аpk -> bar файл болгох зарчмаар суудаг юм билээ. Андройд дээр ашигладаг байсан апп-уудаа бүгдийг татаж суулгасан. Ихэнх нь асуудалгүй ажиллаж ганц хоёр нь crash хийсэн. Цаашдын хөгжүүлэлт дээр асуудалгүй болно гэж итгэлтэй байна.
4.
Сэтгэл ханамж - Үйлдлийн систем, үзүүлэлт, загвар хэрхэн зохицож гайхалтай бүтээл болдгийг үнэхээр харлаа. Бусад хүмүүсийн хувьд сонин биш байж магадгүй ч миний хувьд сэтгэл ханамж үнэхээр өндөр байна. Зорьж хүсч авсныг ч хэлэх үү, анх аваад хүлээлтэнд хүрэхгүй байж магад гэсэн айдас үгүй болсныг ч хэлэх үү, Blackberry бол Blackberry л байдаг юм байна.
Скрийншотууд











Blackberry