#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.15.18 10:29 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 65 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Mar.26.18 6:38 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Амьдрал баялаг, амьдрах сайхан гэж өөрийгөө хуурах гэж л байнга хэлдэг, бичдэгээсээ гэнэт маш ихээр залхав. Өөдрөг байх гэж, уран зохиол дээр гардаг хийсвэр, бүтэшгүй үлгэрт итгэн сажилсаар үнэхээр цуцав. Нэг хүнийг амьдралаа болгосон, нэг хүнээр хүсэл мөрөөдлөө хязгаарласан тэнэг охин... Итгэж найдаж явсан зүйл нь дахиад бүтэлгүйтжээ. Хүсэн тэмүүлж очсон хүн нь хүлээж авсангүй. Гунигтай байна. Бүүр маш их гунигтай байна. Дэндүү их гунигтай байгаа тул уйлъя гэсэн ч нулимс нь гарахгүй, хашгаръя гэхнээ ч хоолой нь гарахгүй... Харин инээд нь л хүрч байгаа бололтой. Өөрийгөө шоолоод ч байгаа юмуу. Анхнаасаа л бүтэхгүйг гэдгийг, иймэрдүү төгсгөл ирнэ гэдгийг тархи нь таамаглажээ. Гол нь зүрх, сэтгэлээ үнэхээр хорьж дийлээгүй тул зөнгөөр нь хаячхаж. Буугаад өгчхөж. Гэхдээ ямар ч хариу үйлдэлд бэлэн байж л дээ. Эцэст нь зөрүүд зүрх яахав, хүртэх ёстойгоо хүртэж, харин тархи нь түүнийг харан шоолж байна. Зүрх нь дахиж л тархинд саад бололгүй зөвхөн цус юүлэх ажилдаа л шамдахаар шийджээ. Сайн л биз. Тархи нь бүгдийг гартаа авсан цагт дахиж л ингэж айхтар шаналахгүй юм чинь. Ер нь бол нэг талаараа аз жаргалтай төгсжээ энэ түүх. Гэхдээ юм бүхэн хоёр талтай...

Одоо бол юу ч бодогдохгүй байна. Ер нь юм бодохыг ч хүсэхгүй байна. Яг л нэг хийх ёстойгоо хийж, болох ёстой юм болдгоороо болсон мэт. Ганц хэцүү нь үүнээс цааш санаж сарвайж, хүсэж тэмүүлэх зорилгогүй л болчих шиг. Гэвч амьдрах хэрэгтэй. Инээх хэрэгтэй. Амьд явах хэрэгтэй. Яагаад гэвэл би амьдрах дуртай. Амьдралд хайртай. Өөртөө ч бас хайртай. Гэхдээ түүнд бүр их хайртай. Магадгүй үгүй юм болов уу. Зүгээр л гоморхдог байх. Хаяад одсонд нь. Гэхдээ нэг мөсөн хаяад явчихгүй, өөрийгөө бүрмөсөн мартуулахгүй, тэгэс ингэсгээд л намайг аргалаад байлгаад байдагт нь... Тэгээд тэр гомдлоо тайлж чадахгүй болохоор шаралхаад байдаг байх. Үгүй ээ, энэ сүүлийн өгүүлбэрүүд үнэн биш. Гэхдээ өчигдөрхөн л би бурханчилан шүтдэг түүнийхээ өвөрт хэвтэж байсан. Өглөө болоход бид хоёр салан одно гэдэг айдсаас болж би жаргаж чадаагүй. Дахиад л нөгөө эцэс төгсгөлгүй хүлээлт үүсэж, хоосон найдвар бадамлан асна гэхээс халширч байв. Тиймээс түүнийг унтсаны дараа суларсан биеийг нь тэврээд хэсэг уйлсан. Унтаж буй түүний царай маш тайван, амарлингуй бөгөөд сайхан харагдаж байсан. Хэзээ ч шаналдаггүй, хэзээ ч зовдоггүй гэлтэй. Гэхдээ хүн л юм чинь зовж байгаа. Ялангуяа түүнд санааг нь зовоодог олон асуудал байдгийг би мэднэ. Зүгээр л тэр маш сайн нууж, зөвхөн дотроо хадгалж чаддаг юм. Би тэр бүгдийг нь хуваалцаж, байнга л түүндээ урам зориг өгч амьдрахыг хүсдэг. Ядаж л муухай өдрүүдийнх нь шөнийг гоё байлгахыг, амар тайван, урмаар дутаахгүй, үнэнч байхыг хүсдэг юм. Гэхдээ энэ бүгдэд хариу хэрэгтэй. Бид нэг баг байхын тулд ижил мэдрэмжтэй байх ёстой. Хамгийн гунигтай нь түүний ирээдүйд би огт байхгүй, одоод нь ч тэр, бүр бодолд нь хүртэл...

Өнөөдрийг хүртэл би чадах хүртлээ чиний араас явлаа. Чиний дэргэд байх боломжтой хамгийн ойрхон газар нь хүртэл ирсэн боловч бидний дунд олон өндөр уул, далай байгаа мэт эсрэгээрээ хэтэрхий хол санагдах аж. Магад бидний дунд олон уул бас далай байсан ч би чиний араас тэмүүлсээр байгаад оччих сэтгэлтэй гэдгээ л мэдлээ. Намайг сайхан юм бичиж уяраадаг боловч үйлдэл нь зөрдөг гэж чи сүүлд хэлсэн. Би чамд үгнээс илүү үйлдэл гэдгийг харуулах гэж тэмүүлсээр байгаад дэргэд чинь хүртэл ирчхээд байна. Би амьдралд өөр юун дээр ч ингэж тууштай, шаргуу байж үзсэнгүй. Энэ жинхэнэ хайр биш гэж үү. Өөр ямар эмэгтэй над шиг чамайг хайрлана гэж найдаад байдаг юм бол доо чи минь. "Чи миний алдаж болохгүй боломж" гэж хэлэхэд "ахиж олдохгүй сонголт" гэж гүйцээгээд, гарыг минь үнссэнээ санаж байна уу.

Энэ гомдлыг би эндээс цааш дахиж тээхгүй. Би хичээх болно. Би өнөөг хүртэл маш их хичээсээр, тэвчсээр, тэмцсээр ирсэн. Би түүний тухай бодол, дурсамжаар дүүрэн маш өндөр дөрвөн ханаар хашигдчихсан юм шиг... Хоорондоо дэндүү хол зайтай тэр ханануудад ямар ч хаалга, нүх сүв байгаагүй. Гэтэл дээшээ харахнээ гэрэл харагдах шиг. Одоо би зөвхөн тэр гэрэл рүү л мацах хэрэгтэй. Түүнд хүрчхээд би өөрийгөө шоолон инээж, хайрлан бахархахыг л хүснэ...


Top
   
PostPosted: Mar.28.18 5:05 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2470
Location: Musée du Louvre
zohiolch boluul deergui yu? :razz: uyangagiin halil, zuirlel muirlel mair2 bidnii hoorond dalai l gene uul l gene arai l garig, ogtorgui baigaa gej bichsengui :razz: :lol:

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Apr.08.18 8:36 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
“Чи яг л соронз шиг. Чиний дүр төрх, үйл хөдлөл, үг яриа гээд бүх зүйл чинь намайг татдаг. Чи хэн юм бэ, яагаад намайг өвдөг сөхрүүлээд байгаа юм бэ. Амьдралд шантраад, дотроо шатаж явахад чи гэнэт л миний амьдралд ороод ирсэн. Бүх зүйлд чинь баярлалаа. Би чамаас юу ч хүсэхгүй, бас хүлээхгүй. Тийм болохоор битгий намайг дорд үзэж, гомдоогоорой...”

Өчигдөр эдгээр үгсийг нэг хүнээс сонсоод нойр хүрэхгүй их хөрвөөлөө. Би тэр хүнд ямар ч сэтгэл зүрхний асуудал байхгүй л дээ. Гэхдээ л түг түмэн бодол эргэлдээд байлаа. Уур ч хүрэх шиг. Өөрөө сайхан сэтгэлээ онгойлгосноо, намайг бодолд автуулж зовоохдоо яахав дээ гэж. Гэхдээ нөгөө талаар баярлах ч шиг. Зүгээр л хариултгүй асуултууд, талархсан сэтгэл, хэмжээ хязгаарыг тогтоосон чин сэтгэлийн үгс. Миний оршин буйг нь ч хүртэл анзаардаггүй хүмүүсээс энэ мэт чин сэтгэлийн үгс сонсохоор би өөрөө зовоод байдаг юм. Учир нь би өөрт нь хайргүй хүнийг хайрлаж, байнга түүнийхээ араас чих тавьж, хэзээ ч бүтэхгүй хоосон найдлага тээж амьдрах үнэхээр хэцүү гэдгийг мэддэг учраас... Хүний чин сэтгэлээс гарж буй үгсийн ганц нь ч чихэнд наалдахгүй байгаад гунигтай л санагдаж байлаа. Миний сайхан үгс ч бас өөр хэн нэгэнд ингэж санагддаг байхдаа гэж бодогдоод. Ер нь цаашид чимээгүй л байж байсан нь дээр юм.

Гэхдээ ихэнх эрчүүд найрсаг занг сээтэн хаяж байна гэж ойлгодог бололтой гэсэн дүгнэлтэд хүрлээ.


Top
   
PostPosted: Apr.09.18 9:06 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Өчигдөр өөрт төрсөн их сонин мэдрэмжээ бичиж үлдээмээр санагдаад.
Нэг залуутай үгээр бооцоотой хөзөр тоглов. Хэн нь ч хожиж, хожоогүй л дээ. Гартаа байсан хөзрөө сайн нууж чадсанаас гадна яг л дүрмийн дагуу тоглосон.

Намайг барьц алдуулах олон зүйл асууж байна. Хэдхэн асуултаар л намайг ерөнхийд нь гадарлаад дүгнэлт хийчих шиг болсон. Би айсан. Мэдээж би түүний бүх асуултад бүдрээгүй хэдий ч юм маш их догдолсон. Юу ч бодогдоогүй хэдий ч зүрх минь яг л кардио хийсэн аятай хурдан хурдан цохилж байв. Гэхдээ тэр их гоё мэдрэмжүүд. Бардам, их юм боддог, ухаантай, зорилготой залуу. Үнэндээ би түүнд татагдахаас айсан.

“Айх хэрэггүй дээ Б минь, би ч бас чамд татагдахаас айж байна...” Түүний энэ үг нь л бүгдийг хэлээд өгөх шиг болсон доо. Амьд байгаагаа, сэтгэл зүрх минь ямар нэг зүйлд бэлэн байгаагаа мэдрэх маш сайхан байлаа. Унтарчихсан сэтгэлийн галд оч үсрэх шиг боллоо. Баярлалаа. Ийм хүн маш ховор хэдий ч бид хэзээ ч зам нийлэхгүй, нийлж ч болохгүй нь гунигтай.



Last edited by БаБу on Apr.09.18 5:12 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.09.18 11:08 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 761
Блогийг нь зорин байж орж ирж үзээд юм бичсэн байвал баярладаг шүү, бичиж байгаа зүйлс нь их ойр дотно санагдаад байдгийн.
Тэр хүнийг ор тас мартаагүй байлаа ч, өөрт нь сайн хүнийхээ хайр халамжинд умбаад жаргалтай байна гэж бичих өдөр удахгүй ирэх байх гэж найдаад л байна :cheerleader:

_________________
Төв


Top
   
PostPosted: Apr.11.18 9:35 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Тэр цаг мөч удахгүй ирнэ гэдэгт би ч бас найддаг аа хэхэ. Баярлалаа Fever, чамд ч бас амжилт, аз хүсье.

Хандивын талаар би нэг л өөр бодолтой байдаг юмаа. Хүн ер нь их амиа бодсон амьтан юм. Үнэндээ бусдад тусалж буй мэт ч өөрийгөө л бодож байдаг. Би энэ хүнд тусалчихвал эргээд надад хариу нь ирнэ, үр хойчид минь буян болно, би өөрөө аз жаргалтай болно гэх мэтээр боддог учраас. Мэдээж хүн бүрт ижил боломж байдаггүй тул илүү гарч байгаа зүйлээрээ бусдад туслах нь зөв л дөө. Гэхдээ материаллаг зүйлээс илүү тус бол урам зориг хайрлах юм болов уу гэж боддог. Хүн ер нь байнга л урмаар дутдаг юм шиг санагддаг аа.

Хүн төрөлхтөн үүссэн цагаас л хүчгүй нэг нь хүчтэйгийнхээ нөмөр нөөлгөнд амьдарсаар ирсэн. Харин одоо бидний эрин үед бол хүчтэй байх нэг их шаардлагагүй, ухаантай л байх хэрэгтэй. Харин ухаан гэдэг нь эхлээд сайн бодоод, бодож ханааад гаргасан шийдвэрээ буцалгүй гүйцэлдүүлчихээд, эргэж огт харамсалгүй дараагийн шийдвэрээ гаргадаг хүнийг хэлдэг юм болов уу гэж ойлгоод байгаа.

Алхам тутамдаа сонголт хийдэг энэ амьдралдаа бид аль болох л бусдын эрх ашгийг хөндөлгүй, өөрийгөө ч бас зовоохооргүй сонголтыг л хийх хэрэгтэйм шигээ. Аливаа үйлийн үр дагаврыг арав, хорин жилээ байгээ гэхэд хоёр гурван жилээр тунгааж, сонголтоо хийж, шийдвэрээ гаргадаг байх хэрэгтэй. Хэдий хэр хугацаанд амьд явахаа мэдэхгүй ч, сэтгэл санааны хувьд амар тайван байх нь аз жаргал ч юм шиг. Гэхдээ үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлөх болохоор их төвөгтэй л дөө. Өөөөр ч тайван дөө.


Top
   
PostPosted: Apr.28.18 4:01 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Өнөөх мөрийтэй хөзөрдөөд байдаг залуутайгаа хэсэг хугацаанд харилцаад... Бараг л сэтгэл зүрхний асуудал үүсчих шиг боллоо. Бараг ч гэж дээ, үнэнийг хэлэхэд тэр миний сэтгэл зүрхийг бүрэн эзэмджээ. Тэр намайг үүрд өөрийн болгочихсон мэт санагдаад...

Тэр хүнийг их ажигладаг. Хүний зан аашыг тодорхойлох олон төрлийн аргуудад суралцсан ба тэдгээрийг ашиглаад тухайн хүнийхээ ерөнхий зан төлөвийг мэдчихдэг. Харилцаанд орж, хүнтэй ярилцах их дуртай. Гэхдээ мэдээж өөрөөсөө илүү, өөртөйгөө ижил төрлийн, байгээ гэхэд өөртэй нь дөхүү ухаантай хүмүүстэй. Өргөн мэдлэгтэй учир маш олон сонирхолтой юм ярьдаг боловч өөрийн дотоод сэтгэлээ уудлах нь ховор. Сэтгэл хөдлөл, үйл хөдлөл, үг яриагаа байнга бодож тунгаадаг. Биеэ маш сайн захирч бас барьж сурсан. Залхуурч хойш суудаггүй, хариуцлагатай. Ном их уншдаг, юмны цаад учрыг тунгаан бодох дуртай. Тиймдээ ч учир битүүлэг юм шиг санагдах вий. Заримдаа хэт гүн, ойлгогдхооргүй юм ярьж залхаах нь ч бий. Өнгөц дүгнэлт хэзээ ч хийдэггүй. Багаасаа тэмцэж, бүгдийг өөрийн хүчээр босгосон учир өөртөө маш хатуу шаардлага тавьдаг, зарчимч байх магадлалтай. Тайван, эгэл амьдрал түүнд зохихгүй. Эрсдэлтэй, сонирхолтой, эрч хүчтэй, байнга өөрийг нь сорьсон зүйл рүү тэмүүлэх болно. Хүчтэй эмэгтэйчүүдийн дунд өссөн тул эмэгтэй хүнийг хайрлаж, жаргааж чадах ч эсрэгээрээ эмэгтэй хүнд мөсөн уул мэт хүйтэн зан гаргаж хялбархан гэгч нь зовоож чадна. Тэглээ гээд нэг их гэмшиж, тоохгүй л байх. Хэрэв түүнийг сайн уудалж чадвал түүнийг дотор хөөрхөн бяцхан хүү нуугдах боловч тэр нь барагтаа л илрэхгүй, учир нь түүний жинхэнэ дотоод сэтгэлээ уудалж, өөрийнхөөрөө байна уу үгүй юу гэдгийг ялгах тун хэцүү... Өөрийн хүрээлэлдээ хүссэн нэгнийг оруулдаггүй. Нэлээд их шалгаж, ярилцаж, туршиж байж итгэл дааж, нөхөрлөх хүнээ сонгодог. Мөн маш их мэдрэмжтэй.

Одоогоор түүний тухай энэ мэт дүгнэлтийг хийгээд байна. Харин тэр намайг дүгнэхдээ.

Чи тогтворгүй зантай. Бас эсрэг хүйстнээсээ хайрыг хүсдэг. Мэдээж хүн болгон тэгдэг. Гэхдээ би энэ утгаар яриагүй. Мэдрээгүй зүйлээ мэдрэхийг хүсэх хандлагатай. Хэрэв нөгөө хүн нь ийм хандлагад хүссэнээр чинь хариу үйлдэж чадахгүй бол чамд сонирхолгүй болоод эхэлчихдэг. Чи сонирхсон зүйлдээ л идэвхитэй байдаг. Ихэнх юм тийм ч сонирхолтой байдаггүй. Тийм болохоор чи ганцаардаж, бусдыг ажиглах дуртай байдаг байх. Чи авъяастай боловч эмх цэгцгүй. Бас өөртөө итгэлгүй.

Гэхдээ эдгээр дүгнэлт зөвхөн өнөөдрийн байдлаарх бөгөөд цаашид бид харилцах тусам өөрчлөгдөнө.

Намайг бүтэн нэрээр минь байнга дууддаг. Бас айх хэрэггүй, санаа зоволтгүй гэж байнга тайтгаруулдаг. Намайг өөртөө итгэлгүй байгаад минь их гайхахдаа “Хоёулаа ондоо чадвартай хүмүүс. Би чамайг өөрийгөө ингэж оркуудтай харьцуулахыг хармааргүй байна” гэж хэлсэн. Миний давуу талыг олж хараад надад тэрийг минь сануулж, урам өгөх нь маш сайхан байдаг. Байнга сонирхолтой байж, намайг их олон юм бодуулахад хүргэдэг. Би өөрийгөө заримдаа голдог ч түүний хажууд байх юм бол үнэхээр одоо байгаа байдлаасаа хэдэн зуун хувь өсөж, дэвшихээ мэдэрдэг.

Нөгөө талаар би түүний хэзээ чин сэтгэлээсээ яриад, хэзээд нь тоглоод байгааг ялгадаггүй. Мэдээж бас байнга мөрийтэй хөзөрдөх залхуутай санагддаг. Бас ийм хүмүүс тун аюултай. Өөрөө алдаа гаргадаггүй тул намайг хөнгөн хуумгай зангаасаа болж нэг л алдах юм бол маш хатуу сэтгэл гаргаж, өөрөөсөө хялбархан түлхэж чадна. Харин тэр их шаналалыг миний зүрх, сэтгэл давж гарч чадахгүй...

Гэхдээ бидэнд сонирхолтой байна. Гоё байна. Сайхан байна. Гэхдээ бас гайхацгаагаад л...


Top
   
PostPosted: Apr.29.18 12:42 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Apr.20.18 2:40 am
Posts: 35
.


Last edited by рөнэсанс on May.15.18 6:54 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.29.18 6:47 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Өөрийнхөөрөө хүчтэй орших гэж юу гэсэн үг вэ? Товчхондоо бол өөртөө эзэн нь байх. Бусдаас хамаарч баярлаж, гунидаггүй байх. Бусад гэдэг нь мэдээж өнгөрсөнд, хамгийн гол нь одоод болон ирээдүйд минь хамт байх үнэн зүрхний хайртай, дотны хүмүүсээс бусад шүү дээ. Магтууллаа ч, муулууллаа ч амар амгалан байх. Үнэндээ муулуулсан ч, магтуулсан ч юу ч хожихгүй. Мөн хүссэн үедээ хүссэн мэдрэмжээ гаргадаг байх их чухал юм шиг. Ерөнхийдөө өөрийн чиг шугамаа алдахгүй, өөртөө үнэнч байх гэсэн санаа л даа.

Мэдээж өөртөө эзэн байхын тулд сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Сэтгэлийн хатыг дээр дурдсан үнэн зүрхээрээ намайг хайрладаг хүмүүсээс авна. Гэхдээ би амьдралд авахаасаа илүү өгөхийг чухалчилдаг хүн учир авснаасаа ихийг тэдэндээ өгөх хэрэгтэйг байнга санаж, хэрэгжүүлэх... Хайрлаж, хайрлагдаж байна гэдэг миний хувьд бүх зүйл л дээ.

Мөн хүн гэдэг аливаа юманд өөрийн зөв, буруу гэсэн цензур тогтоох хэрэгтэй гэж би боддог. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн үзэл бодол, ёс суртахуунтай байх. Мэдээж хачир дээрээ туйлын зөв, туйлын буруу гэж үгүй. Хамгийн аюултай зүйл бол зөв гэж бодсон буруу байдаг. Тиймээс зөв, буруу гэж аливаа зүйлийг тодорхойлохоосоо өмнө маш олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Хэрэв зөв гэж бодсон зүйл маань буруу болж батлагдвал чин сэтгэлээсээ уучлалт хүсээд хүлээн зөвшөөрөх. Тэгэхээр юмыг хүлээж авдаг чанар их чухал байгаа биз. Хэт нэг тал руу туйлширч болохгүй, гарц олдохгүй бол бусдаас шийдлийг нь эр. Хүнтэй харилцаанд ор, ярилц. Хүнд байдаг хамгийн сайхан, нандин зүйл бол бусадтай харилцах гэж би боддог. Хэрэв ухаантай л бол хүнтэй зөв харилцаа үүсгэж, өөрийгөө ч, нөгөө хүнээ ч өөрчилж, зөв зам руу ордог. Гэхдээ зөв зам гэдэг нь юу юм бэ? Яг тэр мөч хүртэл өнгөрсөн амьдралаа эргээд харахад харамсах зүйл бага хийж, бусдад их тусалж, хайрлаж хайрлагдсанаа мэдэрч, ирээдүйн амьдралынхаа талаар биелэх нь тодорхой мөртлөө өөдрөг сайхан зураглалтай байх юм болов уу даа.

Би өдий насалчихаад өнөөг хүртэл өнгөрснөө бүрэн мартаж чадахгүй, эргэж харж, өөрийгөө чөлөөлж чадахгүй байгаадаа өөртөө маш их гутардаг байлаа. Ууг нь сайн бод, бодоод шийдсэн бол буцалгүй үйлд гэдэг уриатай хүн шүү дээ. Гэхдээ ихэнхдээ үүнийгээ баримталж чададгүй байв. Овоо нэг болоод ирэв үү дээ гэтэл буцаж уйтгар гунигаа нөмөрч аваад, гунирхаад суучихдаг байлаа. Тэр үед би гарц, шийдэл бодохгүй, зөвхөн дурсамжаа л боддог тул алдаж байжээ. Өнгөрсөнг өнгөрсөнд нь үлдээж сурах ёстой, болохгүй юм үнэхээр болдоггүй л юм байна. Гаргасан шийдвэртээ эргэлт буцалтгүй бат зогсдог байх хэрэгтэй. Тэгж байж би өөрийгөө ухаантай гэж тоох юм шүү.

Тэгэхээр бүхний шийдэл нь эхлээд өөрийгөө улам илүү таньж мэдэх аж. Би эсрэг хүйстэнтэйгээ гүн гүнзгий харилцаанд орсноосоо хойш өөрийгөө биш бусдыг их анзаардаг болчихжээ. Энэ тийм ч буруу зүйл биш боловч би тэнцүүлж, тунг нь тааруулаагүй байна. Ер нь хэнтэй ч ямар ч харилцаанд орсон ойлголцож, ярилцдаг байх хэрэгтэй. Өөрт төрсөн мэдрэмжээ нөгөө хүндээ бүрэн дүүрэн ойлгуулж чадахгүй бол мэдрэмж гэдэг хүний туулж ирсэн амьдралаас шалтгаалж өөр өөрөөр буудаг байх нь. Ярилцаад ч ойлголцдоггүй хүнийг өөрөөсөө явуулчих л хэрэгтэйм шиг.

Өөрийгөө гээсэн хүн юунд ч сэтгэл ханахаа байгаад, цог золбоогүй, байнга л хоосон оргиж, уурлаж бухимддаг, гутранги болчихдог юм байна. Одоо алдаагаа ойлгосон тул өөртэйгөө ажиллах ёстой. Тэгээд бодол санаагаа бага багаар цэгцлэх хэрэгтэй.

“Хэрэв чамд асуудал бий бол эхлээд өөртэйгөө ажиллах” гэдгийг дээрх хүн гарч ирж надад тултал нь ухаарууллаа. Юм бүхэн хоёр талтай л даа. Хэт өөртэйгөө ажиллах тусам өөрийн үнэлэмж нэмэгдээд, үнэ цэнэ өсөөд, өөртөө бардах гээд байдаг сул талтай л байдаг юм. Энэ нь дараагийн дотно харилцаа, магадгүй гэрлэлтэнд бага сага асуудал үүсгэж болох... Гэхдээ ухаантай хүн бол ярилцаад, харилцаад, зохицоод, хүлээж аваад, хөнгөхөн хөөрхөн аваад явчихна байх.

Тэнгэр ч цэлмэж байна шүү. Энэ сайхан халуун дулаан, гэрэл гэгээтэй мэдрэмжийг бараг мартах дөхжээ...


Top
   
PostPosted: Jun.07.18 11:23 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Баярт мэдээ дуулсан урам зоригоор дүүрэн сайхан өдөр байна. Хамгийн гол нь бас гоё нь миний өмнөөс хагартлаа баярлаж буй хайртууд минь байлаа. Би ер нь тэдэнгүйгээр хэн юм бэ, ганцаараа хэр хол явна гэж? Бүгдийг нь тэврээд, үнсээд, баярлуулмаар байна. Амьдрах хүслээр дүүрэн ийм өдрүүд амьдралд олон тохиодоггүй ч, хуваалцах хүмүүстэй учир улам ч амт ордог юм байна. Бүгдэд талархаж байна.

Хүнийг оршин тогтноход, хүчтэй амжилттай явахад, ер нь амьдрахад бусдын нөлөөлөл дэндүү их юм. Хүн гэдэг амьтан чинь ер нь бие биенийхээ тусгал юм бишүү. Бие биенээсээ сайн, муу аль ч талаар байнга л суралцаж, даган дуурайж, үлгэрлэж байдаг ч юм шиг. Тэгэхээр өөрийн оршихуйг хүлээн зөвшөөрч л байвал бусдынхыг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, мөн үү? Товчхондоо гол санаа нь хүний өмнөөс баярласан шиг баярлаж, зовлонг нь хуваалцсан шиг хуваалцдаг байгаасай л гэж. Заазаа дэмий балай юм бодох яахав, би үнэхээр баяртай, аз жаргалтай байна.


Top
   
PostPosted: Jul.19.18 6:27 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Life is all about balance. Энэ их гоё үгээ. Тунг нь тааруулах гэхээс илүү хязгаар гэвэл илүү дүйх юм уу. Барррраг л бүх зүйл дээр хязгаартай хандах хэрэгтэй. Илүүдүүлж, дутуудуулахгүй, тунг нь тааруулнаа л гэсэн үг. Ер нь хүний сэтгэл гэдэг илүүдсэн, дутуудсан зүйл дээр л хөдөлдөг шүү дээ. Баярлана, шанална гэх мэт. Бодол, хүсэл, шунал, мөрөөдөл, харилцан яриа, атаа хорсол, хайр дурлал гээд л бүгдийг нь хязгаарлаж, тунг нь тааруулахыг стрессгүй, амар амгалан амьдрал гэх юмуу. Сэтгэл хөдлөлөө байнга захирах хэцүү л дээ, ойлгомжтой. Гэхдээ л “practice makes things shine”. Эсрэгээрээ робот шиг болчих мэт санагдаж магадгүй ч, нэгэнт сурчихвал байгаадаа сэтгэл ханаж, аливаа юмыг байгаагаар нь хүлээж авдаг болж, өөрийгөө цэгцэлж, бусдыг таних гэх мэт маш олон давуу талтай. Ер нь буддын сургаальд ч нэг иймэрхүү юм заадаг даа. Ойрд нэг иймэрхүү юм л бодоод сууж байна даа.

Боролсон гараа харахаар л хайр хүрээд, тэртээх өдрүүдийн нар, салхи, тэнгэр, агаар бодогдоод, нүдэнд харагдаад сайхан байна аа. Түүнтэйгээ хамт хол явж үзнэ гэсээр Завхан явчихаад ирлээ. Хамтдаа хол замд явах нь бие биенээ улам илүү таньж мэдэхэд тустайгаас гадна хамтдаа бүгдийг хийнэ гэдэг нь харилцааг маань шинэ шатанд аваачина гэж найдаад... Тэгсэн юуун нөгөөхөө таних, өөрийгөө баахан таниулаад, хаврын тэнгэр шиг аашаа үзүүлж байгаад ирлээ дээ хахах. Би ч ёстой хүнтэй харилцана гэж гурилддаг хүн байна гэдгээ бас мэдэж авлаа. Хүний арга эвийг олно гэдэг ч бас л их ухаан, мэдрэмж, авъяас юмаа. Манай хүн бол хэнтэй ч, бүр хэнтэй чиг л учираа олчихсон ах, дүү болчихсон явж байна. Харин би бол өөрт таалагдсан хүнтэйгээ л харилцаад бусдыг нь шууд аниад, “би чамтай харьцахгүй ээ” гээд том хана барьчихдаг хүн лдээ.

Ямартай ч тэр хүн намайг хаана ч өлсгөхгүй, дааруулахгүй аваад явчих юм байна гэдгээ баталлаа. Бас би түүний хувьд нэгэнт сонгогдсон хүн нь гэдгээ ойлголоо. Ингээд бид хамтдаа улам хол явж, олон хүний хайр, зэвүүцлийг татах нь ойлгомжтой боллоо. “Хурдан явмаар байгаа бол ганцаараа яв, хол явмаар байгаа бол хамтдаа яв” гээд нэг хөөрхөн үг байдаг даа. Бид хоёр их ч хол явна даа л гэж мэдрэгддэг юм. Анхнаасаа л түүний хэлээд байсан бүх зүйл цаанаа нарийн утга учиртай, одоо л миний мэдэрч харж буй ирээдүйг харсан, зөгнөсөн байсныг одоо л ухаарч байна. Богино жолоотой ч амьтан бол доо би.


Top
   
PostPosted: Jul.19.18 7:32 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2019
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
тэмдэг

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Jul.25.18 9:28 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Mar.24.10 11:06 pm
Posts: 898
Ажлаасаа гарах өргөдлөө өгчихөөр бүүр нэг хамаг сэтгэл санаа тогтохоо байгаад, хийцгүйрээд эхэлчихдэг тэ? Зургаан сар ажилласан газар, ижилдэн дассан хамт олноосоо салахнээ. Мэдээж дараагийн дахин нэг том алхам, илүү боломжоос атгах гээд... Олон жил мөрөөдсөн зүйл минь биелэж, гадагшаа явж сурах болсон.

Сүүлийн ажил маань намайг кареерийн хувьд өсгөсөн гэхэд арай чамлалттай хэдий ч, юугаар ч сольж орлуулашгүй сайхан хүмүүсийг амьдралд минь оруулж ирлээ. Намайг явна гэхэд эхнээсээ уйтгарлаж, гуниглаад... үлдсэн цөөхөн хоногт минь надтай сайхан дурсамж бүтээлцчих гээд тал талаас ирж тэвэрч авч, наалдаад байгаа энэ хөөрхнүүдийг яаая даа нээрээ. Хайртай бүхнээсээ хол ажилладаг болохоор ч тэр үү, бид энд бие биедээ их л амь байцгаадаг юм. Хүн хүнээрээ дутдаг хорвоо гэж ярьдаг ч, бид дотны хүнээ алдах, салаа замын эрхээр хагацаж салах, уулзаж чадахгүй байх гэхэд өөр нэгнээр нь орлуулаад нөхөөд явдаг бололтой. Өөрөөр хэлбэл хүүгээ алдсан хүнд хүүг нь орлож, ижил мэдрэмж төрүүлэх нэгэн, найзаасаа хагацсан хүнд найзлах хэрэгцээг нь хангах бас нэг хүн хэрэгтэй байдаг байх нь. Харин орлох нэгэн нь олдсон бол хүн нэг их хүнээрээ дутаж, зовж шаналах нь бага байдаг юмуу л гэж бодлоо. Энэ гэхдээ ганцаардлаас галзууртлаа айдаг манийх нь л бодол шүү.

Сайхан байна аа, уужуу амьсгал авахтайгаа боллоо. Алгуурхан ч гэсэн амьдралд минь прогресстой байгаа тул утга учиртай, их л сайхан байна.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 65 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited